Categories
редакцийн-нийтлэл

Засгийн газар оюутнуудын хувьцааг луйвардлаа

Газрын хэвлийдээ асар их ашигт малтмалын нөөцтэй, чухам л дэлхийд ховор баян
орны иргэд хэмээн хөөрцөглөх бол­сон бидний монголчууд хэдэн хувьцааныхаа сур­гаар
чихээн дэлдийлгэн хүлээн суух
болов. Мон­гол гэдэг орны иргэн болс­­ны хувьд хүн
тус бүртээ хувьцаатай, хувь­цааны
орлого нь улам бүр нэмэгдэж
байна гэж сонсохоор аяндаа баясал төрмөөр. Газрын баялгийнхаа хувь хиш­гээр
сайхан амьдарна гэж олон хүн
нуруу тэнэгэр амьдрах болсон. Бас дэл­хийн улс орнуудад ядуу монгол биш баян Мон­голын
иргэн байна гэж нүүр бардам
алхана гэж ярих хүмүүс ч цөөнгүй.  Настайчууд нь хүүхдэдээ
“Энэ хувьцаа өв залгамж­лахгүй болохоор би сая төгрөгөө
авъя, харин та нар залуу хүмүүс хувь­цаа нь хэрэгтэй” гэж ирээд
л Монголын өнцөг булан бүрт хувьцааны тухай яриа өрнөөд удаж байна.

Гэвч Монголын иргэн бүрт газ­рын баялгаасаа хувь хувьцаа эзэм­ших боломж байгаа гэж үү. Уг нь байсан. Энэ боломжийг Ардчилсан нам бидэнд олгосон. Эх орныхоо газрын баялагт эзэн болж, баялгаа Хүний хөгжлийн сангаар дамжуу­лан хүртэх  баталгаа нь иргэн бүрийн гарт буй  Хүний хөгжил сангийн дэвтэр юм. Бас иргэн бүрт олгогдсон 1072 ширхэг хувьцаа юм.  Гэтэл Засгийн газар юу хийчих вэ. 

Уг нь Монгол оронд төрснийх газрын баялгийнхаа хувь хувьцааг хүртэж амьдрах нь зүйн хэрэг гэсэн яриа эртнээс гарч байсан. Бүр өмнөх сонгуулиар АН-ынхан энэ талаар хүчтэй ярьж байсан санаг­даж байна. Сонгуулийн амлалтад намууд халуурах үед иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох МАН-ын амлалт хуурай өвсөнд тавьсан гал мэт тарж, хүмүүс мөнгөний сургаар бүр зээл авч амьдарч эхэлсэн нь нууц биш. Хөдөөгүүр 1.5 сая төгрөгөө авахаараа төлнө гээд  баахан зээл тавьчихсан байсан талаар хэвлэ­лээр бичигдэж байлаа. Өгнө өгөх­гүй, хэзээ бол гэсэн хүлээлтийн эцэст 50 мянга, 70 мянга, сар бүрийн 21 мянган төгрөг өгөх болсноор 500 мянган төгрөг нь бэлнээр олгогдож, харин үлдэх нэг сая төгрөгийг бэлэн бусаар олгох болсон. Гэхдээ орон сууцны зээл, сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгал  гэх зэрэгт бэлэн бусаар авна хэмээн сурталчилж байснаас хувьцаа өгөх талаар яриа гараагүй байсныг олон хүн санаж байгаа байх. Ту­хайн үедээ хүмүүс өгч байгаа дээр нь авч байя гэсэн сэтгэлгээгээр голдуу хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг Хүнийн хөгжлийн сангийн мөнгө буюу өнөөх амласан мөнгөнөөс нь хийлгэсэн юм. Гэтэл өнөөдөр сур­галтын төлбөртөө түүнийг авч хэрэглэсэн оюутан залууст Монгол Улсын иргэн болж төрснийхөө төлөө авах хувь хувьцаа гэж үгүй болжээ. Тэдэнд тухайн үед хувь­цаа­гаа авах уу, төлбөрөө хийлгэх үү гэсэн ямар ч сонголт байгаагүй. Ийм саналыг хэн ч асуугаагүй.  Ерөөсөө бэлэн бусаар сая төгрө­гийг нь өгнө, оюутнуудад төлбөрөө хийлгэх боломж байгаа гэсэн л мэдээлэл байсан. Гэтэл сүүлээс яригдаж ирсэн хувь хувьцааны сонголттой зэрэгцэж, саяхнаас энэ асуултыг хөндөж байгаад сая төг­рө­гөө төлбөртөө авсан оюутнуудад хувьцааг өгөхгүй гэсэн шийдвэр гаргачихлаа. Ерөөсөө л дээрэм. Шууд дээрэм хийлээ. Монголын Засгийн газар адгийн луйварчин шиг аашилж, иргэнээсээ, ирээдүй үеийнхнээсээ хувьцааг нь булаан авав.

2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гаргасан тогтоолоороо Засгийн газар энэ луйврыг хийжээ. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” гэх уг тогтоолд хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр гаргах хүсэлт гарга­сан ахмад настан, хөгжлийн бэрх­шээлтэй иргэн, 2010-2011,
2011-2012 оны хичээлийн жилд сур­галтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцох гэж заажээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. “Үхэх хүний үгийг сонс” гэдэг шиг ямар ч хүнээс аливаа асуудал дээр сонголтыг нь авч, сонголтыг нь хүндэтгэх ёстой биз дээ. Ахмадууд нэг сая төгрөгөө бэлнээр авна гэж сонгож байж болох юм тэгвэл оюутан залууст ийм сонголт бай­сан уу. Тэднээс сонголтыг нь авсан уу. Үгүй. 2010-2011 онд сургал­тынхаа төлбөрийг хийж байсан оюутанд МАН-ын амалсан 1.5 сая төгрөгийн бэлэн бус саяасаа 500 мянган төгрөгийг сургалтын төл­бөр­төө шилжүүлж байна гэсэн мэдээлэл байсан болохоос бус хувьцаа авах уу, төлбөрөө хийлгэх үү гэсэн сонголт байгаагүй. Тэгээд ч өнөөдрийн сая төгрөгөөс мар­гаашдаа улам нэмэгдэж тооцогдох 1072 хувьцааг тэд сонгох нь лавтай.

УИХ-ын 39 дүгээр тогтоолд Таван толгойн хувьцааг иргэн бүртээ олгоно гэж заасан байдаг. Тэгвэл Монголын их, дээд сур­гуульд суралцдаг 170 гаруй мянган оюу­тан Монголын иргэн биш үү. Сургалтын төлбөрөө төлүүлсэн оюутнуудад хувьцаатайгаа үлдэх үү, төлбөрөө төлүүлэх үү гэсэн сонголтыг эрх баригчид хийлгэсэн үү. Үгүй билээ. Зөвхөн оюутнууд гэлтгүй ахисан түвшний магистр, докторын сургалтад сурч байгаа олон хүн энэ бурангуй луйврын золиос болчихоод байна. Үүнийг бичигч би хүртэл Монгол Улсын иргэнийхээ хувьд бусадтайгаа адил хувьцаа эзэмших эрхгүй болчихоод байгаа. Докторантурын сургалтын төлбөрийг хүний хөгж­лийн сангийн мөнгөнөөсөө шил­жүүл­сэн, өнөөдөр Засгийн газрын 116 ду­гаар тогтоолоор хувьцаагүй хоцорч байна. Хэрэв надад хувь­цаа­гаа авах уу, сургалтын төлбө­рөө төлүү­лэх үү гэсэн бол би эргэл­зэл­гүй хувьцаагаа авах байлаа.

Гэвч эрх баригчдын сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж хэт улайрч байгаагийн төлөөсөнд Монгол Улсын иргэн мөн эсэхээ мэдэхээ байв. Хэрэв мөн бол энэ газар нутагт төрснийх газрын хэвлийн баялгаасаа хувь хүртэх эрхтэй байх байсан биз. Угаасаа МАН-ынхан бүтэшгүй зүйл амалсан амлалтаа биелүүлэх гэж улайрахдаа иргэдээ гарцаагүй байдалд оруулж, болов­сон дээрэм хийж байна. Нэг бол мөнгөө ав, нөгөө бол хувьцаагаа хүлээ гэж. Хөөрхий, ядарсан ард түмэн минь олдож байгаа дээр нь гэж сая төгрөгөө авагсдын жаг­саал­тад нэрээ нэмж байна. Зүй нь амласан мөнгөө амласнаараа өгч, Монгол хүн болж төрснийх баял­гийн хувиа авах боломжийг нь ямар нэгэн шахалт шантаажгүй өгөх ёстой байсан. Тэгээд ч 1.5 сая төгрөг өг гэж хэн ч гуйгаагүй, МАН өөрсдөө л амалсан. Амласандаа бантсандаа хувь хувьцаа руу ороод явчихлаа. Сонголт хийлгээ­гүй байж, хувьцааг маань дээрэм­дээд авчихлаа. Ёстой лӨнгөт дөлний дүрс хоосон

Үдшийн зүүдний үүл хоосонгэдэг л болж байна. Гэхдээ

Үгэндээ эзэн болохгүй бол

Үгийнхээ
боол нь болдог”
гэсэн үг
байдаг билээ. Сонголтгүйгээр
хувьцаагаа луйвардуулсан оюутан залуус та бүхний
луйварт ямар дүн тавих бол
доо.

Categories
редакцийн-нийтлэл

Туул ирээгүй хавар

Жил жилийн хавар их хотын ч, сэтгэлийн минь ч дундуур урсан ирдэг Туул. Ирэх нь, урсах нь аяндаа сэтгэл аргадан тайтга­руулдаг тойром тоонотын гол минь. Гэвч, энэ жил ирээгүй л байна. Өвөлжин  нам гүмд ав­таад,  айсуй хаврын уя­сууд ирж ядах шиг байдаг Туул энэ жил эргэлт бу­цалт­гүй хулжсан эрмэг хүлэг шиг алга бол­жээ гэмээр. Яармагаас Сонги­нын гүүр хүртэл хаа од­сон нь мэдэгдэхгүй хуу­рай сайр үзүүлээд хатан Туул алга.

Харин үүнийг
нь мэр­гэжлийн хүмүүс “Хүний оролцоо гэхээсээ дэл­хийн дулааралтай хол­бон
ойлговол таарна.

Дэлхийн дулаарлаас болж бай­дал улам бүр муудах болсон. Туул гол жилийн энэ улиралд шургаж алга болдог. Тэр нь болж байна” гэх нь тайван амгалан байгаарай гэсэн янзтай. Үнэхээр Туул төрхөм, гэр хоёрынхоо хооронд гүйж, үнэ хүндээ барсан хүүхэн шиг ирж нэг баярлуулж, зугтаж нэг айлгадаг ааштай юмсан билүү дээ. Тиймгүй л билээ. Хан Богдын хормойд, хатан Туулын хөвөөнд мэндэлсэн хэмээн манай хотынхон өөрийм­сөн ярих дуртай. Тэгж ч онцлохоос аргагүй байх. Тэгвэл хотынхон дундаа Сансарын, эсвэл хороол­лын гэгдэх хүмүүсээс илүү 120 мянгатын ягаан, цагаан байшин­гуудын дунд тоглож, усанд сэлбэл Туулдаа, салхинд гарвал Зайсан толгой, их зугаалгаар явбал Залаа­тын сэвшээнд гэзгээ намируулж асан надад Туул юу юунаас ойрхон санагддаг аа.

Би Туул дээр “унасан” хүн. Намрын сэрүүн өвлийн жавраар солигдож, Туул мөхөөлдөслөн зайрмагтах цагт 120 мянгатын цагаан байрны жижигхэн нэгэн өрөөнд би хүн болон мэндэлсэн юм. Түргэний эмч гэрт орж ирэн­гүүтээ л “Наад хүүхдийн чинь толгой цухуйчихсан байна шүү дээ” гэж сандчин өгүүлсэн гэдэг. Төрөх хугацаанаасаа хамаагүй өмнө, бас дээрээс нь эмнэлгийн ариун бус орчинд төрсөн намайг хүн болно гэж тэр эмч огтхон ч найдаагүй бололтой юм билээ. Арван­нэгдү­гээр сар гарчихаад байхад доод давхрын айлын эгчийн есөн хүүх­дийг боосон сэмэрхий нимгэн өлгийнд боож аваад л гарсан гэдэг. Эмээ намайг эвийлэхдээ “Хүн болох дуртайдаа хүн болсон юм” гэж ирээд л үнсдэгсэн. Үнэхээр ч гэртээ төрсөн “бохир” хүүхэд гэд­гээрээ тухайн цагийн эмнэлэгт хуруу дарам цөөхөн инкубаторт ч орох эрхгүй шоовдорлогдсон на­майг хамгийн анх Туулын тунгалаг­хан агаар илбэн үнссэн болохоор би хүний хорвоод үлдсэн ч юм бил үү, есийн есийн хүүхэд дамжин ирсэн өлгийд боолгуулсан учраас ч мэнд хоцорсон юм бил үү. Ямар­тай ч хүн болох болохгүйн алтан зааг дээр Туулын сэрүүн амьсгал надтай хамт байжээ. Миний төрсөн орон зайн ай савд Туул урсдаг.  Миний сэтгэлийн дундуур Туул урсдаг. Иймийн л учир тийм л байдаг биз дээ. Туул амилах хав­рын цагт, Туул нойрсох намрын сүүлээр сэтгэл минь сонихноор догдолдог юм. Тэгээд л нутаг орон­доо хүлээн суугаа ээждээ очих мэт Туулдаа очмоор санагдана.

Туулын хөвөөнд би буй болсон юм. Хүнд төрсөн нутгийн уул, тог­лож, ууж өссөн гол ус нь ойрхон байдаг. Хотын унаган надад ч Туултай сүлэлдсэн дурсамж их. Туултай холбоотой олон олон дурсамж, хаврын бороо намайг сургаж, намайг буй болгосон билээ. Багаасаа л би их усны хөвөөнд сууж чимээ чагнан, урсгал харж суух дуртай байсан. Гэхдээ эмээ маань Туул гол руу ганцаараа явахыг хэзээ ч зөвшөөрдөггүй байлаа. “Ганцаараа явах бол Бааст голд оч” л гэнэ. Харин Туул руу явахдаа бэлдэж, бэлтгэж байгаад явна. Бааст гол буюу Дунд гол руу 120 мянгат, 19 дүгээр хорооллын хүүх­дүүд дуртай үедээ очиж, усаар нь тоглож, шавраар нь шидэлцдэг байсан сан. Гэхдээ би их тансаг­лахаараа хуушуур, халуун савтай цайгаа авч, яаруухан гарахаараа хар цай, зүсмэл боорцогтой хөдөл­дөг Туул орох аялалдаа тун дуртай байж билээ. Нэг литрийн жижигхэн халуун савтай цайгаа ах нарын эмээд илүүчилсэн бололтой бор спорт цүнхэнд хийчихээд бид хоёр алхдаг сан. Бас гол дээр очоод өргөх сокны шилэнд хийсэн сүүгээ мартахгүй. 120 мянгатын авто­бусны буудал орчмоос Туулын хөвөө хүртэл одоогийнхоор бол нэг буудал орчим юм уу даа. Гэхдээ Туултай холбоотой дурсамж яриа сонссоор явахад дорхноо хүрчих­дэг сэн. Эмээ өгүүлнэ. “Уг нь Туул голд саяхныг болтол салтай хүмүүс хөвдөг байлаа. Халхын голд олз­логд­сон япончууд мод бэлтгэж, тэрийгээ салаар нааш нь хот руу хөвүүлж орж ирдэг байсан. Тэгээд л хоол унд муутай нөгөө япончууд хөөрхий пүд хийтэл ус руу унаад л өгдөг байсан гэж байгаам даа” гэдэг сэн.

Гэрээс гараад Туул хүрэхийн хооронд гэдэс  өлсч, зугаалганы бор цүнх рүү хуушуур авахаар гараа явуулж, эмээдээ “Хүрэхийн хооронд сувардаад, хүн тэвчээртэй байж сурах ёстой” гэж загнуулж байсан маань өчигдрийнх мэт санагдана. Эмээ бид хоёр очоод суудаг чулуутай. Яг л тэр чулуун дээрээ сууж, бас тэрнээс цаадах мөлгөр чулуунаас цааш алхуулна гэж байхгүй. Хэдийгээр эмээгийн ярьж байсан сал хөвдөг өргөн Туул байхгүй болсон ч урсгал нь хүчтэй, хүүхэд байтугай том хүн хүссэ­нээрээ сэлж болдоггүй л гол бай­сан сан. 

Эмээ бас ярина. “Хүн хэзээ ч усанд ам гарч болдоггүй юм. Ус заавал хариугаа авдаг. Ус руу хамаагүй чулуу шидэж болохгүй, юм хаяж болохгүй, бохирыг бүр ч болохгүй. Туул үе, үе үерлэж хүмүүст анхааруулж байдаг юм. Туул голыг үертэй байхад нь ганц хүн л хөндлөн сэлж байсан юм билээ. Баяраа гэдэг тэр залуу усанд боогдчихоод гарч чадахгүй байгаа хүмүүст туслахаар Туулыг сэлж гарч байсан гэдэг юм” гэж хэлэхдээ эртний домог ярьж байгаа юм шиг бахархангуйгаар хэлдэг байлаа. Хүүхэд залуучуудын усан спорт сургалтын төвийг байгуулаг­даад удаагүй байхад нь сэлж сурахаар очих болсноор өнөөх үлгэр дом­гийн усч Баярааг нь анх харсан сан. Баяраа багш саяхныг болтол хүүх­дүүдэд усанд сэлэхийг зааж, уг төвийн даргын ажлыг хийж байсан юм. Түүнтэй таарах бүртээ эмээ­гийн­хээ ярьсан усчин баатрын тухай домгийг санадаг. Харин одоо Баяраа багш маань бурхан бумбын голд сэлэхээр явсан ч аавынхаа орыг залгаж, хүүхдүүдэд яаж сэлэхийг зааж байгаа охиныг нь харахаар эмээгийн яриа сэтгэлд дахиад л хөвөрдөг юм.

Хүүхэд цагийн сайхан дурсамж, худал үнэний заагийг мэдэж өсдөг тэр л хонгорхон цагт минь Туул надад дэндүү ойрхон байж дээ. Дээд талын айлд маань надаас хэдэн нас илүү Нараа эгч амьдар­даг байв. Миний мэдэхийн Нараа эгчийн хөл муу. Гэхдээ хөл муу гэж түүндээ санаа зовох зүйлгүй. Ёстой л гунихаа мэддэггүй амьдардаг шиг санагддаг сан. Нэг талын өвдөг дээрээ гараа тулаад шатаар доош уруудах юм бол ширэнгэн дундаа дүүлж яваа Маугли л гэсэн үг. Түүний аав нь манай нэртэй эрдэмт­дийн нэг Нямдорж гэдэг хүн байв. Философийн багш, чоно Нямдорж гэхээр хүмүүс андахгүй л дээ. Эмээгийн ярьснаар залуухан багш гурав орчим насны өргөмөл охинтойгоо манай дээд давхарт нүүж иржээ. Гэтэл цахилгаан менин­гит гэдэг өвчин гарч, охин нь өрөөл татанхай болсон гэдэг билээ. Нараа эгч тухайн цагтаа мэдээллийг шуурхай дамжуулагч нэгэн байсан санагддаг. Гэхдээ мэдээлэл баталгаатай эсэх нь мань хүнд ёстой падгүй, сонссоноо л ярина. Бас зохиож ярьж ч байж магад. Түүний яриаг сонсч өссөн олон хүүхэд бий дээ. Тэдний нэг нь лав хүмүүсийн сайн танихаас нэвтрүүлэгч С.Чимгээ. Яг өөдөөс нь харсан хаалганд байдаг байсан юм чинь тархиа овоо “угаалгуулж” байсан байх. Гэхдээ С.Чимгээ надаас хэд эгч бас багаасаа хэрсүү охин байсан учраас наана цаада­хыг нь ялгадаг байсан биз ээ. Харин би багадаа Нараа эгчээс авсан мэдээллээрээ сургуульд ортлоо Туул голыг матартай гэж бодож явсан сан.

Нэг удаа, ерөөсөө анхны бө­гөөд эцсийн удаа би цэцэрлэгээсээ оргож харьсан юм. Гэхдээ гэртээ оролгүй дээд давхрын Нараа эгчийнд орлоо. Хамт яваа доод айлын Төмөрхүүтэйгээ Туул гол орох төлөвлөгөөтэй байгаагаа хэлэв. Нараа эгч ч зөвшөөрч бай­на, гэхдээ “Туул гол саяхнаас матартай болсон гэнэ лээ. Та хоёр явбал явахгүй юу. Гэхдээ битгий хамаагүй дөхөж очоорой. Матар их холоос сордог юм байна лээ. Эртээд би очоод, тэгсэн намайг сорох гээд арайхийж зугтаж гарсан” хэмээж билээ. Ингээд л тэр өдөр би Туул руу яваагүй. Харин сүүлд арван жилийн ангийн­хан­тайгаа зөндөө явсан. Тэр үед эмээ маань тас хорихоо байгаад болгоомжтой байхыг зөвлөдөг болчихсон бай­ж билээ. Ангиа­раа Туулын эргээр зугаалж, хоёр ч хүүхэд усанд унаж урсаад бөө­нөөрөө орилолдон эрэг дагаж гүйсэн дурсамж ч бий. Хүүхэд ахуй цагийн маань олон сайхан дурсамж Туултай холбоотой.

Туулын хөвөө эрэгт олон, олон хүн амьдралаа бүтээсний нэг нь л би.

Туулын хөвөөнд амьдарсан он жилүүд, түүх дурсамжууд гагц на­дад ч бус, олон олон хүнд хамаа­рах билээ. Миний эмээ алс баруун хязгаараас тавиад онд амьдрал хайн хотод ирэхдээ Туулын хө­вөөнд гэрээ анх барьж байсан гэдэг. Хөдөө аж ахуйн дээд сургуу­лийн эмчээр ажиллаж, бага насны хүүхдүүдээ тэндэхийн цэцэрлэгт өгч хотын хүн болох амьдралаа эхэлж байжээ. Ижий минь Туулын тухай олон сайхан дурсамжийг өөртөө хадгалдаг. “Зайсан толгойг хөвөөл­дөөд уулын ширүүн урсгалтай горхи урсдаг байсан сан. Нэг удаа ээж цэцэрлэгээс авахгүй удаад байхаар дүүг дагуулаад  өөдөөс нь тосох гээд явахдаа модон гүүрэн дээр ирээд усны чимээнээс сүрдээд буцсан” гэж ярьдаг. Ээжийг бага байхад байтугай намайг бага байхад одоогийн Бурхан багшийн сэрэг дүрийн харалдаагаар Туул руу уулын горхи урсдаг байсан билээ. Уулаас эх авсан олон горхи Туул руу уралдан жирэлзэн буудаг байв. Одоо суман могой мэт шунги­нан буудаг асан тэр л булаг горхио хатан Туул үгүйлдэг л байх даа, хөөрхий.

Ээжийн ярьдаг түүхүүдээс хам­гийн тод нь 1966 оны үертэй хол­боо­той. 1966 оны үерийн талаар олон хүн ярьдаг л даа. Тэр жил манайх Яармаг руу зусланд гарчих­сан байж. Гэтэл ээжийн сургууль Зайсанд. Хичээлээ тараад харил­гүй ангийнхаа охинтой үер үзнэ гээд Төв цэнгэлдэхийн тийш очсон байгаа юм. Тэр үед Туул халиад цэнгэлдэх хүртэл урссан байжээ. Эмээ харьсан чинь ээж байдаггүй, айл зусч буй ээжийн ангийн хүүхэд үер үзэхээр явсан тухай нь мэдээ дуулгаж, сандарсан эмээ буцаад л наашаа явжээ. Их ус, үймээн шуугиан болж байхад хүүхдийн дураар байх үзмэр шиг үер ч гэж юу байхав. Замаас нь хүмүүс загнаад буцаасан байгаа юм. Тэр үед Цэнгэлдэх тойроод битүү ус, дээд давхарлаг руу нь гарч суусан хэдэн хүний толгой шоволзож байсан тухай ээж ярьдаг билээ. Гэхдээ Богд хааны музейн орчимд ус хүрээгүй тойрсон байсан гэдэг. Хуучны хүмүүс газар усаа судлан байж, орд харшаа босгодог нарийн ухаантай байж дээ. Харин ээж, эмээ хоёр Яармагийн гүүр дээр зөрж, бүүр орой ядарч сандар­сан эмээ минь ээжид багагүй “эрүүний шөл” уулгасан тухай хууч сонстдог. Үнэндээ, тэр үед охиноо үер үзэхээр явсан гэж дуулсан эхийн сэтгэл ямар байхав. Сүүлд хүртэл намайг ус руу ойртуулдаггүй бай­сан нь арга ч үгүй байж. Тэр жилийн үер ч үнэхээр аймаар байсан гэдэг. Өчнөөн олон хүний амийг авч одсон. Баянзүрхийн гүүрэн дээрээс  л гэхэд автобус дүүрэн хүн үерт урсч орхисон гэдэг дээ.

Туул сэтгэлээр ундаалж урсдаг. Туул ирээгүй хаврын тухай бодол гол горойлгоно. Эмээтэйгээ Туул хөвөөлдөж суудаг байснаас нэлээд хойхно доо, нагац ахтайгаа голд сэлэхээр очихдоо Туулыг хөндлөн туулж байх үед төрсөн бодолтой яг ижил гуниг төрнө. Тэр үед бүсэлхийгээр нэлээд дээхнэ татсаар яваад Туулыг хөндлөн туулчихсан билээ. Халгаад ойртдог ч үгүй байсан гол минь ингэж татраад гэсэн олон бодол намайг гуниглуулж байсныг санаж байна. Гэтэл одоо туулах байтугай туучих ч Туулгүй болчихоод байна. Туул руугаа явмаар санагдлаа. Дунд сургуульд байхдаа аман шалгалт­даа бэлтгэж, боловс­руул­сан билетээ уншдаг байсан Ээр­мэлийн үйлдвэрийн спорт талбай хараг­дана. Энд тэндээсээ байшинд шахуулаад, хагарсан дугуй хураа­сан талбай болж дээ. Бага байхад жигтэйхэн том  санагддаг  байв. Би том болсных уу, талбай жижиг болсон юм болов уу. Уг нь энд шувуу шулганалдаад хичээлээ уншихад хамгийн сайхан газар байсан сан. Одоо машин тэрэг сүлжилдээд, шинэ хорооллын гүйцэд засаагүй замын энхэл дон­хол Туул хүрэхэд дэндүү хол бол­го­жээ. Урьд эмээтэйгээ хөтлөлцөөд Туул хүрэхэд дэндүү ойрхон байв. Харин Туул ирээгүй хаврын зэвэргэн өдөр ганцаар алхахад үнэхээр хол санагдлаа. Туул усаар биш сэтгэлээр урсдаг ажээ. Туулыг гэсэн, Туулаа гэсэн сэтгэл дут­санаас энэ жил Туул ирсэнгүй. Туул дээр унасан би хүртэл айлын нүүдлээс зугтаж яваа хүн шиг Туулынхаа дэргэдүүр тойрч өнгөрсөөр он жилийг үджээ.

Туул бол их хаадын үүх, түүх  моддын мөчир бүрт нь шингэсэн Хан Хэнтийн уулсаас эхтэй гол. Монголын их түүх, эх орны эх нь, эцэг нь болсон их усан билээ. Монгол хүн бүр Туулын хөвөөнд ирдэг, бас буцдаг. Ирж буцаж байгаа олон хүний сэтгэлийн дээжээр их Туул ундаалж иржээ. Сэтгэл дутахын, гарилдахын ган гачиг нүүрлэснээр Туул шургачиж дээ гэж бодогдмоор. Туул дээр ирэхдээ өргөлийн сүүгээ өвөртөлж ирдэг байсан хүүхэд хонгор сэтгэл шиг минь, гэрээсээ Туулын зүг цайны дээжээ өргөн өргөдөг хайрт эмээгийнх шиг минь олон, олон сэтгэлийн гол горхи тасарснаар хаврын хаварт ханаран ханарах Туул минь дургүйхэн, дуугүйхэн ирдгийм болов уу даа…

Categories
редакцийн-нийтлэл

АН ба МАН ойрын үед…

Гудамжинд
таарсан
хүмүүс,
цэцэр­лэгээр алхаж яваа өвгөчүүл, ангиараа уулзсан залуус ер нь хэн л бол хэн “Улс төр бужигнаж байна аа” гэж ирээд л ам хуурайгүй ярих аж. Яг үнэндээ улс төр нь бужигнаад байна уу, бужигнах гээд байна уу. Угаасаа УИХ-ын сонгууль хоёрхон сарын дараа болох гэж байгаа болохоор бужигнах нь тодорхой. Харин их хөдөлгөөний өмнөх айвуухан ганц хоёрхон өдрүүд газрын шар тос болсон хөвсгөр цастай өдрүүдтэй зэрэгцэж байх шиг. Улс төрд хамгийн ойрын үед яригдах сэдвүүдийг хамтдаа хөндөж, нам, нам дээр байдал ямар байгааг тоймлон хүргэж байна.

Ямартай
ч ойрын өдрүүдэд УИХ-ын сонгуулийг чухам хэдний өдөр явагдах нь тодорхой болно. Урьд нь дандаа амралтын өдөр хийдэг байсан бол шинэ хуулиар ажлын өдрийг сонгон авсан байгаа. Зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын нэг өдөр гэж заасан нь сонгогчдод хариуцлагыг нь мэдрүүлж, саналаа өгөх нь төрийн өмнө хүлээсэн бас нэгэн ажил гэдгийг нь ойлгуулах зорилготой хэмээн тухайн үедээ яригдаж байсан. Харин сонгууль болох өдрийн тухайд зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн даваад хоёр өдөр амарсан хүмүүс гурав дахь амралтын өдөр явж санал өгнө гэдэг худлаа, мягмарт монголчууд таатай ханддаггүй, амралтын өдрийн өмнөх баасан гаригт бас л худлаа болно гэж байгаа бөгөөд 27-ны лхагва, 28-ны пүрэв гаригийн аль нэгэнд сонгууль болох төлөвтэй байгаа юм. Үүнийг энэ долоо хоногт УИХ-аас товлох бөгөөд бараг зурга­дугаар сарын 28-ны өдөр сонгууль болж таарах болов уу. Учир нь ном судар мэддэг хүмүүсийнхээр 27-ны лхагва гариг тийм аятай тухтай өдөр биш байгаа бололтой.

Харин тавдугаар сарын 7-8-нд улс төрийн намууд СЕХ-нд бүртгүүлэх бөгөөд 18-20-ны өдрүүдийн аль нэгэнд нэр дэвшигчдийг зарлаж, улмаар зургадугаар сарын 28-нд сонгууль явагдах нь.

ЦЭЦИЙН ШИЙДВЭР

АН

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтыг Үндсэн хуулийн суурь зарчимд харшилж байна хэмээн Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт гаргаж УИХ-д хүргүүлээд буй. Харин УИХ үүнийг нь хүлээж аваагүй бөгөөд Цэц рүү буцааж, 
улмаар Цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэ­хээр болж байгаа юм. АН-ын хувьд Цэцийн энэ шийдвэрийг гаргахад эрх баригч МАН-ыг нөлөөлсөн гэж хардаж байгаа бөгөөд дээр нь гагцхүү хөх тэнгэр байх ёстой гэгддэг Үндсэн хуулийн Цэцэд аль нэг нам нөлөөлж байгаад эгдүүцэж байгаа юм. Цэцийн шийдвэрийг гишүүд нь гаргадаг, тэр гишүүд нь намаасаа түдгэлзсэн байдаг ч урвал угшил нь МАН-ынх учраас сөрөг хүчнийхний ийн хардах нь ч аргагүй юм. АН-ынхны хувьд гулсах, гулсахгүй байх нь чухал бус харин нэг намаас нөлөөлж Цэцээр дүгнэлт гаргуулж байгаа нь хэт шудар­га бус гэсэн байр суурьтай байгаа аж. Бас цэвэр өрсөлдөөний зарчмаар биш гэж үзэж байна. Өрсөлдөж хөлсөө гаргасан хүнд боломж ирдэг байтал дээшээ харж сууж байгаад хэдэн нөхөд дээшээ гарах нь шударга бус, ардчилал жинхэнэ утгаараа алдагдаж байнаа хэмээн өөрсөд дотроо ярьж байгаа сурагтай. Цэц асуудлыг удтал мухарлахгүй явж ирсэнд тэд унтуутай байгаа.

МАН

Энэ намын хувьд Сонгуулийн хуулийг баталсны дараа нөхцөл байд­лыг дүгнээд үзэхэд пропоционалийн 28-ын жагсаалтад бичигдэх эрхмүүдээ тойргоос буцаж ирэгсэд бус харин тусад нь зоох нь ихээхэн чухал гэдэг тодорхой болсон. Энэ намын архагууд болох Д.Лүндээжанцан Өвөрхан­гайгаас, Ц.Нямдорж Увсаас, С.Баяр Сүхбаатар дүүргээс гарах магадлал үнэнхүү бага байгаа нь хатуу ч гэсэн үнэн. Тиймээс нэр зоох магадлал яалт ч үгүй дээр болж байгаа юм. Мөн намын генсек У.Хүрэлсүхийн хувьд намаа сонгуульд удирдаж ороод дэвшиж бус харин намын жагсаалтаар гараад ирэх төлөвлөгөө байгаа нь ч давхацсан. Тиймээс ямар нэг аргаар Үндсэн хуулийн Цэцээр дээрх зүйл заалтыг хүчингүй болгож гэмээнэ энэ намд илүү боломж гарч ирэх нь ойлгомжтой. УИХ Цэцийн шийдвэрийг хүлээн аваагүй ч, их суудлын хурал­даанаараа өмнөхийн адил шийдвэр гаргачихвал уг хуулийн эл заалт хүчингүй болчихож байгаа юм. Тэгэхээр хууль бүхлээрээ хүчингүй болохгүй, зөвхөн гулсах боломжгүй болно. Цэцийн гаргах шийдвэрийг МАН-ынхан алга хавсран хүлээж суугаа бөгөөд асуудал тодорхой болмогц тоглоомын дүрмээ зарлахаар хүлээж байгаа аж. Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэдэг дээр УИХ-ын гишүүд санал нэгдсэн нь учиртай. Хэрэв шийдвэрийг хүлээгээд авчих юм бол УИХ-ын шийдвэрээр Сон­гуулийн тухай хуульд өөрчлөлт орохоор болж, сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулинд гар хүрсэн гэдгээр шинэ хууль хүчин төгөлдөр хэрэгжих боломжгүй болно. Харин Цэцээр үүнийг нь шийдүүлбэл асуудалгүй. Өөрөөр хэлбэл сонгуу­лиас зургаан сарын дотор хуулинд гар хүрнэ гэдэг асуудал УИХ-д хамаа­ралтай байдаг болохоос Цэцэд хамааралгүй ажээ.

ХОЁР СОНГУУЛЬ ЦУГТАА ЯВАХ ЭСЭХ

АН

Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг хамтад нь явуулах ёстой гэдэг байр суурийг энэ намынхан баримтлаад удаж байгаа. Гэвч МАН-ынхан үүнийг хамт явуулах ямар ч боломжгүй хэмээн тайлбарлаж эхэлсэн. Харин АН-ынхан “Бид үүнийг заавал хамтдаа, тусдаа гээд байгаа юм байхгүй ээ. Хамгийн гол нь та нар нэгэнт баталсан хуулиа биелүүлээч” гэсэн хариуг хэлдэг. Энэ нь ч аргагүй. 2008 онд батлагдсан Орон нутгийн тухай хуулинд УИХ, Орон нутгийн сонгуулийг цугт нь хийнэ гээд батал­чихсан байдаг. Энэхүү хуулийг батал­сан 2008 онд одоогийн МАН-ынхан олонхи байсныг хүмүүс мартаагүй.

Энэ хоёр сонгууль хамт явах уу, үгүй юу гэдэг олон хүний цаг нарыг барж, бас тэвчээрийг шалгаж байгаа. Уг нь цаг, мөнгө, олон хүний ажлыг нэг мөр болгож, олон улс оронд сонгуулиа нэгтгээд явуулчихдаг туршлагыг зөв зүйтэй гээд дөрвөн жилийн өмнө хуульчилсан хэдий ч МАН өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэж үзээд бултаж байна гэж үзэж байгаа юм. АН-ынхан МАН-ынхныг 
сонгуулийн
уламжлалт
булхайгаа
явуулах
зорилготойгоор
салгах гэж байна хэмээн үзэж байгаа сурагтай. Үнэндээ ч АН-ын дэргэд МАН-ын хөл ямар билээ гэдгийг улс төрийн хүрээнийхэн ойлгоно. Төрийн албан хаагчид сонгуульд ажиллах ч зүсээ нуусан чоно гэгчээр нам гэдэг нэрнээсээ салсан ч үзэл бодол нь янзаараа ажиллаж таарах байх. Хэрэв хамтдаа явуулах болбол гаршсан тэдгээр нөхөд тэнд байгаа орон нутгийн сонгууль дээр ажиллаад юун энд байгаа УИХ-ын сонгуулийг тоох билээ. Тиймээс тэд заавал тусдаа явуулах гээд байна гэж АН-ынхан битүүхэндээ хардаж байгаа болов уу.

Сүүлийн
үед хоёр намаас ажлын хэсэг гаргаж, үүн дээр нэгдсэн ойлгол­тод хүрэхээр ажиллаж байгаа ч бас үр дүнд хүрээгүй. Нийслэл, аймгийн сонгуулийг хамтад нь явуулах тал дээр АН-ын зүгээс санал тавьж, МАН зөвшөөрч байсан ч сүүлийн үед аймгаа УИХ-ынхаас тусад нь явуулах талаар яриад эхэлсэн. Үүнийг нь сөрөг хүчнийхэн нь бас л өөрсдийнхөөрөө тайлж байгаа сурагтай. Сүүлийн үед арав гаруй аймгийн Засаг дарга АТГ-т шалгагдаж байгаа. Тиймээс МАН-ынхан аймгийн сонгуулиа намар, нийслэлийг 
УИХ-ынхтай цугтаа гэдэг санал дээр хатуу зогсох болжээ.

МАН

МАН-ынхан орон нутгийн сонгуу­лийг яаж ч байсан цугтаа явуулах нь буруу хэмээн үзэж байгаа. Үүний төлөө бүх шатандаа ажиллахаар нарийн төлөвлөгөө ч гаргасан гэдэг. Тэд анхандаа АН-ынхан УИХ-ын сонгуульд ялах нь тодорхой боллоо. Монголчууд хүчний харьцааг тэнцвэржүүлж санал өгдөг болохоор УИХ-д АН олонхи болбол орон нутгаар МАН-д өгч таарна. Тийм учраас нэг дор бус зургаа, аравдугаар сардаа болох нь зөв гэсэн байр суурин дээр хатуу зогсч эхэлсэн. Харин нөгөө талд яах ч аргагүй хамт явуулна гэсэн хууль байдаг бас АН-ынхан үүнийг хатуу ярьж байгаа учраас тохиролцохоос аргагүйд хүрсэн гэж болно. МАН-ын хувьд гол ярьж байгаа зүйл нь сонгууль өгөх өдрийн зөрүүтэй тухайд юм. УИХ-ын сонгууль явуулах өдрийг зурга­дугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байна гэсэн бол орон нутгийн сонгууль нь хуучнаараа 
амралтын
өдөр гэдгээрээ байгаа. Тэгэхээр энэ хоёр сонгуулийг нэг дор явуулах боломжгүй гэж тэд хэлж буй. Бас нэг зүйл нь УИХ-ын сонгуулийг СЕХ зохион байгуулна гэж байгаа бол орон нутгийн сонгуулийг орон нутаг нь хариуцна гэдэг. Тэгэхээр болохгүй гэж ах намынхан хэлж байгаа билээ. Нөгөө талд үүнийг зохицуулахад ядах зүйлгүй, зөвхөн шалтаг гэсээр.

Ямартай
ч тэд хамт явуулаагүй биш заримыг нь хамт явуулах болсон гэсэн нэр зүүхээр УИХ-ын сонгуультай нийслэлийн сонгуулийг хамт явуула­хаар болж, бусдыг нь намар хийхээр бүлэг дээрээ санал нэгджээ.

Ц.НЯМДОРЖ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ

АН

Энэ асуудал яригдаж эхлэх үед овоо ч өрнөх нь дээ гэж ойлгогдож байлаа. Сөрөг хүчнийхэн биш харин нам дотроос нь Засгийн газрын нэг гишүүнээ огцруулах давалгаа өрнөсөн нь сонин байсан. Мэдээж, АН-ынхан уг боломжийг алдахыг хүсэхгүй, 100 хувь дэмжинэ гэдгээ тэр даруйд нь илэрхийлж байв. Гэхдээ тэд МАН-ын найман гишүүний оруулж ирсэн үндэс­лэлээр биш арай өөр үндэслэлээр огцруулна гэдгээ мэдэгдсэн. Сонгууль шударга явуулах гол үндэс суурь нь бүртгэлийн асуудал гэдэг хэнд ч ойлгомжтой. Харин бүртгэлийн бай­гууллага Ц.Нямдоржийн гарт орсноор энэ итгэл найдвар алдагдсан талаар АН-ынхан ярьдаг. Тэд эл байгууллага Ц.Нямдоржийн гарт ирснээс сайд цахим үнэмлэхийг болгох тухайд бус болгохгүй талаар ярьсаар байгаад өдийг хүрлээ хэмээдэг нь ч ортой.

Чадварлаг
залуучуудаас
бүрдүүл­сэн байгууллагын босгож ирсэн хамаг ололтыг намаар явж ирсэн хөгшин бурхиар сүйтгүүлэх гол ажлыг хийж байгаа Ц.Нямдоржийг огцруулна гээд АН-ынхан хүлээж байгаа. Үүнийгээ намынхаа хэмжээнд эргэж буцахгүй хийнэ хэмээж байгаа. Гэхдээ санал гаргасан МАН-ын нөхөд өөрсдөө яах бол. АН-ын 27 тэдэн дээр МАН-ын найм, дээрээс нь ИЗНН-ын С.Оюун, Д.Энхбат, бие даагч З.Алтай нар нэгдвэл УИХ-ын даргын суудлаасаа огцорч байсан Ц.Нямдорж гишүүн бас сайдынхаа албанаасаа огцорч, сэвтэй гуншинтай болох аюултай.

МАН

МАН дотроо Ц.Нямдорж сайдын дураараа, ааштай занд дургүй хүмүүс олон. Тэдэнд ч түүнийг сайдаас нь буулгачих хүсэл их байсан болов уу. Ямартай л түүнтэй нэлээд ойр, шатар хамт нүүдэг Д.Загджав гишүүн огцруу­лах хүсэлтийг санаачилж гаргасан нь үүний баталгаа. Түүний асуудал босч ирэх үед нэлээд юм болсон. Зарим нь намын нэр хүндээ бодсон ч огцруул­чихвал ямар юм гэж, зарим нь түүнээр туг тахиж Засгийн газраа авч үлдье гэх мэтээр зөндөө ярьсан. Харин эрхэм сайд өөрөө намынхаа удирдлагуудад нэлээд хатуу үг хэлж, “Би унавал хамт унана шүү” гэсэн санааг цухуйлгасан талаар хэвлэлээр бичигдэж байв. Ямартай ч Ц.Нямдорж сайдын хүчин чар­майлт нөлөөлсөн биз, түүний асуудал дээрх МАН-ынхны байр суурь өөрчлөгдсөн. Одоо МАН-ынхан түү­нийг авч үлдэх ёстой гэсэн удирдла­гынхаа санааг ойлгосон. Бас дээрээс нь АН-ынхантай хэдийнэ ажиллаад эхэлчихсэн. Тэднийг ганц нэгээр нь дуудан уулзаж, талдаа татахыг орол­дож байгаа. Угаасаа тэдний тактик АН-ын өөдөөс ганц хуцаж, эсрэг баримт гаргасан хүний борвиноос нь зуучи­хаад салахгүй байх хоточ нохойн үүргийг гүйцэтгэх Ц.Нямдоржийгоо хамгаалж таарна. Бас УИХ-ын сон­гууль хаалга тогшиж байхад намынхаа том эрх ашгийг бодоогүй нөхдийн толгойг илэх юу л бол. Нөгөө зоригтой байсан найман гишүүн ч нам гүмхэн болчихоод байгааг нь ойлгох хэрэгтэй. УИХ-д нэр дэвших квот авчихмаар байдаг. Нөгөө талд найдвар тавьж байсан МАХН гэж найдалтгүй болов. Н.Энхбаяр хэзээ гарахыг бүү мэд. Ийм л бодлууд тэдний толгойд хөвөрч байгаа. Зарим хүмүүсийн ярихаар МАН-ын удирд­лагууд Ц.Нямдоржид жаг­саалтын дээгүүрт орох тохироо хийж, нөгөөх нь Увс руу дахиж зүглэх­гүй намынхаа нийт эрх ашгийн төлөө зүт­гэнэ гэж тохирсон гэх. Тэгээд л ин­гэж үхэн хатан зүтгэж байгаа гэж ши­вэр авир хийх юм билээ. Юутай ч Ц.Ням­дорж сайдыг огцорно гэж бодож байгаа хүмүүсийн санаа талаар болох болов уу.

Жагсаалт
гэснээс
МАН-ынхан 28 хүний нэр бичих жагсаалтдаа МАН-ын дарга С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, экс дарга С.Баяр гэхчлэн жагсаах төлөвлөгөө гаргаж байгаа гэх бөгөөд АН-ынхан уг нь бүгд тойрог руугаа зүтгэнэ гэж байсан. Гэхдээ нөгөө нам нь лидерүүдээ жагсаагаад эхэлбэл АН ч бас тэр тактикийг нь харгалзахгүй бол болохгүй гэсэн яриа байгаа юм. Энэ мэтээр улс төрийн үйл явдал өрнөж байна даа.

Categories
редакцийн-нийтлэл

Монголын соёлын сар Бээжинд үргэлжилж байна

Сүүлийн нэлээд хэдэн жилийн хугацаанд Монгол, Хятадын соёлын сарын үйл ажиллагаа хөрш хоёр оронд харилцан зохиогдоогүй ажээ. Өнгөрсөн хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газрын түвшинд харилцан ярилцаж тохиролцсоны дагуу энэ дө­рөвдүгээр сард Монголын соёлын сарыг Бээжинд, найм­дугаар сард Хятадын соёлын өдрийг Улаан­баа­тарт хийхээр болсон юм бай­на. Энэ ажлын хүрээнд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй албаны болоод соёл урлаг, хэвлэл мэдээл­лийнхэн өнгөрсөн долоо хо­ногт Бээжин хотыг зорьж, Монголын соёлын сарын нээл­тэнд албан ёсоор орол­цоод ирсэн юм. Соёлын сарын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэхээр очсон БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар нарын Монго­лын төлөөлөгчид эхний өдөр Бээжин хотын баруун захад орших Лингуан сүмд саатлаа. Энэ сүмийг зорин очсон нь ч учиртай. Саяхан манайд бур­хан багшийн эрдэнийн шү­тээн буюу шүд олдсон талаар багагүй шуугиж, дэлхийд ховор олдворыг мөн эсэх улмаар хаана хэрхэн хад­галах вэ гэж багагүй яригдаж байсныг уншигчид санаж бай­гаа байх. Тэгвэл сайдын зорьж очсон Бадачу дүүрэгт байх Лингуан сүм нь бурхан багшийн эрдэнийн шүтээнд зориулан суварга бүтээн түүн­дээ хадгалж ирсэн сүм юм байна. Бурхан багшийг нирваан дүрийг үзүүлсэн цаг дор шашны зан үйлээр чан­дарлахад хоёр шүд нь үлдсэн хэмээн үздэг байжээ. Үүний нэг нь Шри Ланка, нөгөө нь Хятадын энэхүү сүмд олон зууны турш хадгалагдаж ир­сэн аж. Гэхдээ сүүлийн үед хоёр биш дөрвөн эрдэнийн шүтээн нь уламжлагдсан хэ­мээж байгаа бөгөөд БНХАУ, Шри-Ланкаас гадна Монгол, Японд буй гэж яригдах бол­сон. Тавдугаар зууны үед нэгэн хятад лам бурхан баг­шийн эрдэнийн шүтээнийг залж ирсэн цагаас хойш ма­най өмнөд хөршийнхөн байл­дан эзлэлт, түрэмгийл­лийн хэцүү цаг үед ч ямар нэг байдлаар хадгалан хамгаал­саар 1500 жилийн турш бур­хан багшийн гэгдэх шүдийг авч ирж чаджээ. Энэхүү Лингуан сүмийг наймдугаар зууны үед барьж, мянган бурхантай суварга байгуулж оршоосон аж. Харин сүүлд Манж Чин улсын нэгэн хаан ээжийнхээ ойд зориулан эрдэ­нийн сац бүтээлгэн шүдийг байрлуулж, Ардын засаг бай­гуулагдсаны дараа Хятадын Засгийн газрын мэдэлд шилж­сэн гээд олон түүх да­галддаг аж. Буддын сургаа­лыг дагадаг Азийн ор­нуу­дад Шагжмуни бурхнаас үлдсэн бүхэн үнэтэй байх нь мэдээж. Тэр ч утгаараа Лин­гуан сү­мийн үнэт шүтээн хаа­яа хил дамнан “айлчлал” хийх нь бий ажээ. Мьянмар, Хонконг, Вьетнам бас өөрс­дөө шүдтэй Шри-Ланкад хүр­тэл “очиж” байжээ. Ингэхдээ Хятадын Засгийн газраас зөвшөөрөл авч, тус улсын Буддын хол­бооныхонтой ярилцах гээд ажил багагүй байдаг болол­той.

Алтан бадамлянхуад байр­луулсан бурхан баг­шийн шүд нь хүмүүний шүд гэхэд дэндүү том юм. Гэвч тэнд тайлбар хийж байсан Хятадын буддын холбооны ажилтны хэлснээр Бурхан багш хоёр метр 50 см орчим өндөртэй хүн байсан гэнэ. Тийм өндөртэй хүнд ч ийм анзааны шүд байж таарах биз гэсэн бодол төрснийг нуух юун.

Манай албаны хүмүүсийн өөр хоорондоо ярьж байс­наар манайхаас олдсон бур­хан багшийн шүтээн ч нэг иймэрхүү хэмжээтэй аж. Нэ­гэн сүмийн ч хэрэг бус нийт сүсэгтэн олны шүтээн болж байгаа түүхийн олдворыг ямар журмаар хэрхэн хад­галбал зохистой талаар нэн шинэ тутам шүтээнтэй бол­чихоод байгаа бид бага­гүй туршлагыг энэ сүмээс авч буцаж болохоор байлаа.

БНХАУ дахь Монгол оюут­нуудын зөвлөгөөн 2011 онд анх удаа Бээжин дэх ЭСЯ-ны санаачилгаар зохион бай­гуулагдаж байжээ. Энэ жи­лийн хувьд БСШУ-ны сайдын ажлын айлчлалтай зэрэг­цүүлэн БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбоо, ЭСЯ-наас хамтарч ээлжит зөвлөгөөнөө зохион байгуу­лахаар бэлджээ. Манай Элчин сайдын яаман дээр болсон уг арга хэмжээнд Бээжин, Хөх хот, Шанхай, Чанчунь гээд Хятадын өнцөг булан бүрээс оюутнууд ирсэн байв. Хот хотоороо холбоо­гоо байгуулж, нэгдсэн холбоон­доо зангигддаг аж. Сайд Ё.Отгонбаяр дээд бо­ловс­ролын сургалтын чана­рыг сайжруулахад багагүй ан­хаарч ажиллаж ирсэн талаа­раа онцолж, өнгөрсөн хуга­цаанд 154 их дээд сур­гууль 90 болж үйл ажиллагаа­гаа явуулж байгаа болон Төрийн сангийн зээл, төрийн албанд ажилд орох болом­жуудын талаар оюутнуудын асуултад хариулж саналыг нь сонссон. Оюутнууд гадаадад сурч байгаа суралцагчдын тоо албан ёсоор гарсан эсэх талаар сонирхоход “Үнэндээ, яг манай яамнаас энэ тоог гаргана гэхэд бэрхшээлтэй. Засгийн газар хоорондын болон тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудаас гадна хувиараа суралцдаг маш олон оюутан бий. Дэлхийн өнцөг булан бүрт манайхан суралцаж байгаа. Манай яам­ны тухайд 70 хүнтэй бай­гууллага. Тэдний арав нь дээд боловсролын асуудлыг хариуцдаг. Тэгэхээр үнэндээ гадаадад суралцаж байгаа монгол оюутны тоог гаргана гэхэд бэрхшээлтэй. Харин та бүхэн бидэнтэй хамтран ажил­лавал цугтаа ихийг амжуулах боломжтой. Хэрэв оюутнууд газар бүртээ нэгд­сэн тоогоо гаргах зэргээр санаачилгатай ажиллаж, са­нал санаачилга гаргавал бид дэмжихэд бэлэн” гэж байв.

Бас оюутан залуустаа хандан “Эх орондоо хайртай гэж цээжээ дэлдэхээс илүүтэй биетээр үзүүлэх нь чухал. Сургуулиа төгсөөд нутагтаа ир. Оюутан байхад маш их цаг зав байдгийг бүү алдаарай. Намайг хойшоо сургуульд явахад ах маань ингэж хэлж байлаа. Би сургуулиа бас ч гэж улаан дипломтой төгсч ирсэн хүн өөрийгөө бо­ломжийн гэж додигор байсан. Гэвч ажил дээр гараад л өөрийгөө голж эхэлсэн. Бас ямар их цаг хугацааг алдаа вэ гэж харамссан. Та нар ч бас энэ үеийг битгий алдаарай. Хүчирхэг гүрэнд тэтгэлгээр суралцаад та нар боломжтой байна. Гэхдээ нэг орныг хэт шүтэж амьдарч болохгүй шүү” гэж тэдэнд захиж сануулаад авсан билээ.

Соёлын сарын хүрээнд Монголын БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-ын Соё­лын сайд Сай У нар уулзаж хэлэлцээ хийсэн. Манай та­лаас соёл урлагийн чиглэ­лээр БНХАУ-ын их дээд сур­гуулиудад оюутан сургах асуудлаар санал солилцож, бас урлагийн тоглолтоо Хя­тадын том зах зээлд арил­жааны зорилготой тоглуулах тал дээр ч хамтрах болом­жийн талаар ярилцсан. Бас түүхэн дурсгалт соёлын өвийг хилээр хууль бусаар гар­гахын эсрэг хоёр орны хам­тарсан хэлэлцээнийхээ дагуу ажиллаж байхаа батлан ярьсныг хэлэх хэрэгтэй байх. Үүнийгээ хороо гарган хамт­ран асуудлыг шийдвэрлэж байхаар тохирсон бөгөөд эц­сийн байдлаар ирэх найм­дугаар сард болох Хятадын соёлын сарын үед ярихаар болжээ. Түүнчлэн хэд хэдэн соёлын дурсгалт зүйлсийг хамтран засварлахаар тохи­роод авсан.

Ё.Отгонбаяр сайд Сай У сайдтай уулзахаас гадна Хя­тадын “Эксим” банкны дэд ерөнхийлөгчтэй уулзалт тов­лосон байсан нь өнөөх хэдэн багш нартай нь холбоотой асуудал байв. Багш нарын орон сууцны хорооллын төсөл, багш нарыг зөөврийн компьютертэй болгох “Шинэ зууны төсөл”, бас оюутны хотхоны дэд бүтцийг шийдэх төслүүд дээр манай Хөгж­лийн банк баталгаа гарган зээл авахаар ярьж байгаа юм билээ. Харин хөнгөлөлттэй зээлийг түргэвчлүүлэх зорил­гоор манай сайд Хятадын толгой банкныхантай ярилц­сан нь энэ.

Соёлын сарын хүрээнд уран зургийн үзэсгэлэн нээг­дэж, Уудам хүүгийн тоглосон “Хөх толбот монголчууд” ки­ног гаргахаар төлөвлөсөн бөгөөд БНХАУ-д Монголын соёлын өдрүүд болсныг зар­лаж “Хөх Монголын аялгуу” тоглолтыг Үндэсний түүхийн музейн концертын танхимд хийсэн билээ. Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн чуулгынхан, цирк, сонгодог болон рок попын төлөөлөл гээд өргөн хүрээнд тоглолтын бүрэлдэхүүндээ анхаарчээ. “Хөх Монголын аялгуу” тог­лолтыг найруулан тавьсан төрийн шагналт, ардын жү­жигчин Н.Жанцанноров ярих­даа “Бид Соёлын сарын хү­рээнд тавих тоглолтоо НҮБ-ын танхимд тавьсан тоглолт дээрээ суурилж хийх нь зөв гэж шийдсэн. Гэхдээ энэ удаад газар нутаг ойр учраас морин хуурчдаа боломжийн тоотой нь авч ирсэн. Бас зарим аялгуу дээрээ хөөмий оруулж найруулсан” хэмээж байсан билээ. Ер нь хөрш улс орнуудын хувьд энэ нь ма­найх, тэр нь эднийх гэсэн адилсал жижиг маргаан их байдаг. Тэр тусмаа БНХАУ-д монгол үндэстэн байдаг уч­раас манай хоёр орны дунд энэ мэт асуудал гарахыг үгүйс­гэхгүй. Үгүйсгэх ч юу байхав Хятад улс зарим биет бус соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлснээс болж багагүй шуугиан гарч байсан нь саях­ных. Түүний дараагаас хоёр улс аль болох асуудлыг хур­цатгахгүй асуудлаа шийдэж явахаар тохирсон сонстож байсан билээ. Энэ удаад манайхан соёлын сарыг Бээ­жинд эхлүүлэхдээ маргаан­тай байдаг хөөмий, морин хуур, уран нугаралтын тухайд амаараа ийм, тийм гэхийн оронд үзүүлж баталсан нь зөв гэж үзсэн бололтой. Үнэхээр ч “Хөх Монголын аялгуу” үүний баталж чадсан билээ. Монгол бүжгийн хэм хэмнэл, морин хуурын гайхалтай аял­гуу, бас сонгодог урлагийн шинэ залуу мастер Э.Амар­түвшиний баргил хоолой, дуучин С.Нарангийн хятад үзэгчдийг огшоон өөртөө та­тах авьяас. Ер нь бүгд нэг цогц байж чадсан.  Тоглолтын бүрэн бичлэгийг Хятадын олон улсын радиогийн мон­гол хэлний албаныхан бичиж, нэлээд хэд хэдэн хэвлэл мэ­дээллийн байгууллагаас сэт­гүүлч, сурвалжлагчид иржээ.

Ямартай ч монголчууд Хубилай хааны тухлан сууж амьдарч асан Бээжин хотноо соёл урлагийн сарын нээл­тийг дуулиантай эхлүүлж чад­сан. Нөгөө талаас Монголд элэгтэй, монгол цустай, Мон­гол Улсад алба хашиж бай­сан хятад хүмүүс энэ тоглол­тыг үзэхээр зориуд иржээ. Бас тэдэн дунд яаж ч харсан хань үндэстэн, гэхдээ эмгэнээ дагуулаад эртээ гэгч ирсэн өвгөнийг хараад залуу цагтаа Өвөрмонголд илгээлтээр очиж байсан хүн болов уу гэж бодогдсоныг яана. Монгол аялгуу, монгол зон олны уламжлал одоо ч сэтгэлд нь уяатай учраас зориуд Монгол Улсаас ирсэн уран бү­тээлч­дийн тоглолтыг үзэхээр ирсэн байх гэж таамагласан маань ортой биз. Ямартай ч нэг нь нэгнээсээ нүүгээд явж эс чадах, үүрд зэргэлдээ орших мөнхийн хөрш манай хоёр орны нэг нэгнийдээ айлсан сонирхуулах соёлын сарууд Монголын соёлын сараар эхэллээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Юу болов, юу болох вэ?

Ойрын өдрүүдэд жинхэнэ улс төр хийгээд үйл явдал бужигнаж байна даа. Улирагч баасан гари­гийн үүрээр МАХН-ын дарга, Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярыг мөрдөн байцаалтад удаа дараа ирээгүй шалтгаанаар албадан саатуулсан нь өнгөрөгч өдрүүдийн гол яриа байлаа. Бас дараа дараагийн олон өдрийн ярианы сэдэв, үргэлжлэх үйл явдлын гогцоо байхаар. Болж өнгөрсөн үйл явдалд улс төрийн хүчин, институц, байгууллага, улстөрчдийг нэр холбон янз янзаар таамаг гаргаж, бас байдал хэрхэн өрнөх талаар өөр өөрийн хүрээн­дээ шивэр авир гэцгээж байна. Улс төрийн үйл явц бол болж буй явдал дээр таамаг хийж, гаргалгаа гаргаж өрнөдөг салбар. Н.Энхбаяр гэдэг иргэнийг баривчилж саатуулсан үйл явдал хууль ёсных уу, эсвэл шинэ тутам намын дарга, Монгол төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнийг улс төрийн зорилготой хэлмэгдүүлэв үү. Хүмүүс өөр, өөрийн­хөөрөө дүгнэлт хувилба­руу­дыг гаргаж байна.

НЭГДҮГЭЭР ХУВИЛБАР:

Үүнийг эрх баригч МАН сонгуу­лийн гол өрсөлдөгчөө дарж авах гэсэн оролдлого гэж дийлэнх олонхи хүн харж байгаа. МАХН гэсэн нэрийг ашиглах зөвшөөрөл олдож, Дээд шүүхээс шинэ намыг бүртгэн авснаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН гэсэн нэртэй намыг дахин тэргүүлэх болсон билээ. МАН-ын хувьд хэзээ ч бай­гаагүйгээр дор орсон рейтингийг чухам энэ цаг үед үзсэн нь МАХН-ыг буруутгах гол шалтгаан. АН түүхэндээ анх удаа эрх баригч намаасаа өндөр рейтингтэй бол­чихоод байгаа учир МАН-ынхан нэгийг бодохоос аргагүй. Нөгөө талд хөдөө орон нутагт МАН хийгээд МАХН-ыг ялгахгүй байгаа  гэдэг. Мөн Н.Энхбаярт үнэнч үлдсэн үзэл санаа хийгээд бидний мэдэх мэдэхгүй олон сэжмээр холбогдсон УИХ-ын гишүүд нийлж бүлэг байгуулах тухай яриа гарах болсон нь Н.Энхбаярыг дарж авах гэсэн МАН-ын том хөзөр гэгдэж байна. Хэдийгээр МАХН гэсэн нэрээр бүлэг байгуулах боломж хуулийн хүрээнд байхгүй гэгдэж байгаа ч бүлэг байгуулах хэмжээ­ний гишүүд үзэл бодлоороо МАХН-даа үнэнч гэж зарлаад, парла­ментад МАХН-ын дарга Н.Энхбая­рын дуу хоолой болоод эхэлбэл эрх баригч намд яавч таатай байхгүй. МАН-ын хувьд 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ын Н.Энхбаяр, бас нэр нь танил тэр нам байхгүй л бол ялчихна гэж тооцож байгаа. Тиймээс энэ акцыг тун яаралтай хийсэн байх магад­лалтай. Өнөөдөр МАН-ын гарт гүйцэтгэх засаглал, хүчний бай­гуул­лага тэр чигээрээ бий. АТГ-ын даргын нэрийг УИХ-д Ерөнхийлөгч санал болгодог хэдий ч УИХ энэ байгууллагын дарга, дэд даргыг томилдог. АТГ бол хуулиараа Ерөн­хийлөгчийн бус УИХ-ын дэргэ­дэх байгууллага. Тэгвэл УИХ-д МАН олонхи байгаа. Бас хүчний байгууллага ч энэ намаас томи­логдсон сайдын тушаалаар хөдөл­нө. Гэтэл ХЗДХ-ийн сайд Ц.Ням­дорж инээвхийлэнгээ “Энэ талаар юу ч мэдэхгүй” байгаагаа хэлсэн нь олон хүний гайхшралыг төрүүлсэн. Энэ үед нь олон хүн сайд Ц.Ням­дорж, Н.Энхбаяр нарын удтал үргэлжилсэн хэрүүл маргааныг санаж, бас баривчлуулж шалгуулах тухай анхааруулж байсныг нь ч эргэн тунгаасан гэж болно. Бас энэхүү баривчлах арга хэмжээг Ерөнхий сайд нарийн мэдээгүй байсан мэдээлэл тарсан нь хүмүүст үнэмшилгүй санагдаж байгаа. Нөгөө талаар Н.Энхбаяр баригдах­даа нэр бүхий хүмүүсийн нэрийг онцолж хэлсний дотор МАН-ын дарга, экс дарга, генсек, сайд нарыг онцлон хэлсэн нь уг үйл ажилла­гаанд МАН оролцсоныг бүрэн дүүрэн баталж байх шиг.

Мөн хүмүүсийн харж байгаа­гаар Н.Энхбаярыг баривчилсан нь УИХ-ын энэ удаагийн болоод ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль гээд хоёр ч сонгуульд энэ хүний орж ирэх боломжийг хааж байгаа хэрэг. Нэгэнт ийм хэлбэрээр баривч­лаад явсан үйлдэл нь төрд орж ирэх боломжгүй болгож байгаа хэрэг гэнэ. МАХН гэдэг нам УИХ-д хэр олон суудал авах нь тодор­хойгүй ч Н.Энхбаяр гэдэг хүн сонгогдох нь тодорхой гэдэг дээр олон хүн санал нийлдэг байсан юм.

ХОЁРДУГААР ХУВИЛБАР:

МАН шууд оролцоотой мэт хараг­дах ч үнэндээ оролцоогүй байсан гэх хувилбар. Үүнийг МАН-ынхан болоод уг намтай ойр хүрээ­нийхэн хувилбар болон гаргаж ирж байгаа. Тэд эрх баригч намын хувьд ийм тоглоомд хамгийн тэнэг байдалтай хохирогч болж байгаа нь том намын хувьд байж боломгүй гэнэн хэрэг боллоо гэгдэж байна. Улс төрийн шинжлэх ухаанд бай­даг аsping гэдэг нэр томъёог үүн дээр хэрэглэж байна. Америкчууд бас Орост В.Путин иймэрхүү аргыг ихээхэн хэрэглэдэг гэх бөгөөд өрсөлдөгч намаа унагахын тулд шорон, буу, хүний амь гэх мэтээр шуударсан арга хэрэглэх явдал аж. Гэхдээ энэ ажиллагааг тун эвтэйхэн хийхгүй бол өөрсдөө эвгүй байдалд орчихдог талтай гэгддэг. Энэ арга ихэвчлэн эрх баригч намын зүгээс хийгддэг бөгөөд нөгөө талдаа эвгүй тусдаг. Гэтэл энэ удаад эрх баригч нам тэрхүү мэхэнд уналаа гэх хувил­барыг гаргагчид байгаа юм. Энэ үйл явдлын дараа хамгийн их нэр хүнд нь унаж байгаа нь МАН байна. Үнэхээр тэд ийм эрсдэлийг тооцох­гүй энэ алхмыг хийсэн гэж үү. Судлаачдын гаргасан үзүүлэлтээр өнгөрсөн баасан гаригийн үйл явдал МАН-ын нэр хүндийг 25 хувиар унагасан байна. МАН-ынхны хэлж байгаагаар бол аsping-ийг АН, Н.Энхбаяр хамтран хийсэн байх магадлал бий гэнэ. Бас үүн дээр АН-аас сонгогдсон Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн оролцоо ч бий гэж тайлбарлацгаах нь байна. Үүнийг батлахдаа сүүлийн үед АН-ын гишүүд тухайлбал, Х.Баттулга гишүүний хийж байсан акцууд, бас дээрээс нь Н.Энхбаяр баригдахаа сайтар мэдэж, бас түүнээс хэдийнэ холдож явсан гэгдэж байсан УИХ-ын гишүүд ирээд хамт сууж байсан явдал гэх мэтээр ярьж байна. Н.Энхбаярын хувьд энэ мэтээр хохирогч болж харагдах нь түүнд ашигтай тусах нь ойлгомжтой.

ГУРАВДУГААР ХУВИЛБАР:

АН хийгээд Ерөнхийлөгчийн оролцоотойгоор хийгдсэн гэх хувил­бар. МАН, МАХН сүүлийн үед эвсэх тал дээр нэлээд хүчтэй яригдаж байсан гэлцэж байгаа. Дээд түвшиндээ сонгуульд эвсч орох талаар ярьж, бүр ирэх сарын 1-нд болох Бага хурлаараа МАН-ынхан энэ талаар хөндөх гэж байжээ. Хэрэв тэгсэн тохиолдолд Хамтарсан Засгаас гарснаар нэр хүнд нь муудах болсон АН-д бүр л муу болж таарна. Тэгэхээр тэднийг нэгтгэхгүй байх сонирхол АН-д байж таарна. Гэхдээ одоо МАХН-ын дарга Н.Энхбаярыг МАН-ын эрх барьж байгаа Засгийн үед дөрвөн мөчөөс нь дамжилж аваад шоронд аваачиж хийсэн тул энэхүү хамтдаа амар сайхан жаргах үлгэр ингээд төгсч байгаа юм.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жийн оролцоог үүн дээр 2013 оны сонгуулийг харсан нүүдэл гэж тайлбарлаж болох. Бас шударга ёсыг гол тугаа болгож байгаа Ерөнхийлөгчид ажлаа хийх том боломж байсан ч гэж байна. Юутай ч Н.Энхбаярыг баривчилсан энэ хэрэг олон сэжиг таамаг, хэсэгтээ л яригдах сэжмийг өгч байна. Түүнийг баривчлуулах нь хэнд ашигтай байсан бэ гэдэг дээр хүмүүс өөр өөрийнхөөрөө хувилбарыг ярьж байгаа ч бас ингэсэн нь юуг дагуулах вэ гэдэг дээр олон хүний санал бодлыг чилээж байна.

Хэрэв нэгдүгээр хувилбар буюу МАН-ын зүгээс үүнийг хийсэн бол Н.Энхбаяр хийгээд түүнийг тойр­сон бүх сүлжээг нэгмөсөн задална. Аалзны сүлжээгээр холбогдсон бүх хүмүүсийг тодорхой болгоно. МАХН гэдэг нэрийг зүүх хүсэл олон хүнд төрөхөө байх вий. Удаан хугацаанд МАХН руу урвуул­чих­гүйн тулд арга эвийг нь олох гэж ядаж явсан гишүүдээ хүссэн газар руу нь тавьж явуулна. Тэд сонгууль болохоос хэдхэн сарын өмнө хорь гаруйхан хувьтай байж байгаад хуучцуулынхаа оронд шинэ залуу боловсон хүчнийг гаргаж ирээд олонхи болж чадсан Солонгосын намын жишээг дагах оролдлого хийх байх. Нэг бол МАН, МАХН нийлж Н.Энхбаяраа хамгаалж, энэ хоёр нам нэг байгаагаа харуулах ажиллагаа хийнэ. Энэ нь тусдаа салсан ойлголтыг маш сүр дуу­лиан­тайгаар нийлүүлж өгөх юм. Гэвч өчигдөр өрнөж байгаа байд­лаас харахад МАН-ын зарим гишүүд нэгийгээ огцруулах өргөдөл барьж байгаагаас харахад нийлс­нээ зарлах бус маш хүчтэй хагарал гарах бололтой. Ц.Нямдорж сай­дыг огцруулах саналыг АН-ынхан дэмжинэ гэдгээ бүлгээрээ тодорхой болгосон бол МАН-ынхан шөнө дөл болтол хуралдаж, дараа өдрөө үргэлжлүүлэн хуралдахаар бол­сон. Хоёрдугаар хувилбараар явагд­сан бол сонгуулийн өмнөхөн Н.Энхбаяр суллагдаж гарч ирнэ. Ингэхдээ сонгуулийн сурталчилгаа явуулах ямар ч шаардлагагүйгээр сонгогдоно. Монголын ард түмэн түүнийг авлигын загалмайлсан эцэг хэмээн нэрийдэж байснаа мартаж ардын баатар шиг хүлээн авах байх. Харин үүнтэй зэрэгцээд МАН-д сонгуульд ялах ямар ч боломж үлдэхгүй. Энэ нь мэдээж АН-д мөнхийн сөрөг хүчин байдаг хэцүү албаас нь салгах боломжийг өгөх билээ.

Гуравдугаар хувилбараар буюу МАХН оролцоогүй тохиолдолд МАН, МАХН-ыг задлах арга үр дүнтэй болох бөгөөд Н.Энхбаярт цөөнгүй жилийн ял ирэх байх. Энэ тохиолдолд олон жил Н.Энхбаярыг өмнөө барьж ирсэн ах намын нэр хүндэд мөн муугаар нөлөөлж таарна.

Гэх мэтээр янз бүрийн хувил­бар, гаргалгааг тоочиж болно. Н.Энхбаяр гэдэг хүнийг баривчил­сан нь зөв буруу, аль нэг хүнд ашигтай ашиггүй хийгээд баривч­лах үйл явц бүдүүлэг болсон эсэх тухай яриа үнэндээ тийм ч чухал биш билээ. Харин төрийн өндөр дээр албан тушаал хашиж байсан хэн боловч үнэнч шударгаар, ил тод ажиллаж байхгүй бол төрд шударга ёсны асуудал яригдаж эхэлж болдог юм байна гэдэг ойлголт нийгэмд төрүүлж чадаж байгаа нь чухал.

Ард түмний
дунд эрх мэдэлтэн яаж ч авирлаж болдог, эгэл иргэдийн хувьд аврал үгүй гэсэн ойлголт төрөөд олон жил боллоо. Тэгвэл энэ
удаад төрийн тэргүүний албыг хашиж байсан хүнийг шалгана гээд аваад явсан нь
ард олонд итгэл бас авлигач дарга нарт айдас төрүүлж байна. Болох, болохгүйн заагийг авлигачдад өгч байгаагаараа үнэтэй гэж ойлгогдож байна. Н.Энхбаярыг
баривчилж болдог юм чинь одоо хэнбугайг ч баривчлахад сонин биш гэсэн ойлголт хүмүүст төржээ.
Хэрэв шүүх хяналтын байгуулла­гаар
шалгагдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Н.Энхбаяр
гэдэг хүн буруугүй гэдэг нь тогтоогдвол насаараа
авлигын эцэг энэ тэр гэсэн нэр хоч зүүж
явахгүй харин ч өөрт нь сайн хэрэг болох биз. Ямартаа
ч шударга ёс, үнэн худлаагийн
дэнс энгийн иргэдэд л яригддаг, дарга нарт хамаагүй
байдаг гэсэн ойлголтыг халж өгснөөрөө чухал явдал болж байх шиг.

Categories
редакцийн-нийтлэл

Ирэх сонгуулиар ардчилал ялах гээд л байна даа

Хэдийгээр хамгийн төгс төгөл­дөр нь биш ч гэсэн хүн төрөлхтөнд байгаа хамгийн аятай тохитой тогтолцоо нь ардчилал хэмээдэг билээ. Дэлхийн өнцөг булан бүрт ардчиллыг тогтоохын төлөө тэм­цэж, энэ замналыг сонгосон нь хөрсөн­дөө бат нот суулгахын төлөө хаа сайгүй махран зүтгэж байна.

Цагаан морин жилд хийсэн хувьсгалаараа ардчилсан замна­лаар явна гэдгээ шийдсэн монгол­чууд өнгөрсөн 22 жилийн хуга­цаанд ардчиллаа баттай суурь­шуулахын төлөө зүтгэж ирлээ. Гэхдээ олон шалтаг шалтгаан, нөхцөл байдлын улмаас Монголын нийгэмд ардчилал бүрэн утгаараа шингэж, ялж чадахгүй явсаар ирэв. Ардчилсан зам­налаар явж байгаа гэсэн ч хуучин коммунист нам нь 18 жилийн турш эрх барьж ирсэн байх жишээтэй. Хэрэв ардчилсан хувьс­галын дараа хуучин коммунист намыг татан буулгачихсан байсан бол энэ төрлийн эргэлзээ үүсэхээр­гүй байсан байх л даа. Гэвч яахын аргагүй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, социалист нийгэмд төр засгийг удирдаж байсан МАХН тэр л нэр усаараа, тэр л угшил гарвалаараа хориод жил төр барьсан шүү дээ.

Харин энэ зун ардчилал жинхэнэ утгаараа ялахаар байх шиг. Улс төрийн нөхцөл байдал ч их өөр болжээ. Коммунист угшил­тай нам маань хоёр хуваагдчих­лаа. Одоо өөр хоорондоо тэмцэл­дээд өөд уруугүй л байцгаана. Нэрээ сольсон ч үндсэн голомтоо сахиж ирсэн МАН нь ардчилалд харш бүхий л зүйлийг хийж ирлээ. Үүнийг ардчилсан нийгэмд амьд­рахыг хүсдэг олон мянган иргэд ялгаж салгаж байна. МАН-ыг бүх олигархиудын нам гэж хэлэхэд хилсдэхгүй. Бүр энэ намын гишүүн Н.Ганбямба хүртэл УИХ-ын чуулганы танхимд үүнийг батлан хэлж, олигархиудыг буудъя гэж байхав дээ.

Бас энэ нам сонгуулийг шу­дарга явуулсангүй, санал луй­вард­лаа гэж үзэл бодлоо илэрхий­лэн жагссаных нь төлөө иргэдээ буудсан. Ямар тоталитар дэглэм­тэй орон биш, яагаад иргэдээ буудав гээд буруутныг нь шүүх гэсэн чинь цагдааг нь эргээд босгож байна. Ерөөсөө ардчилалд хар­шил­даг бүх зүйлийг энэ намынхан хийж байна. Өнгөц харахад МАН-ынхан цагдааг өмөөрөөд байгаа юм шиг. Үнэндээ цагдааг уу, өөрс­дийгөө юу гэвэл хариулт нь өөр гарна. Цагдаа буруугүй гээд байна, тэгвэл буруутан нь хэн бэ гэхээр байхгүй. Хэн нэгэн харь гаригийн хүн ирээд л хүний амь хороосон юм шиг ярина. Сайндаа ч цагдааг өмөө­рөөд байгаа биш харин буруутан нь өөрсдөө болчих гээд байгаа учраас ийн улайран хамгаалж байна гэж олон хүн ярьж байгаа нь үнэн. Үүрэг өгсөн хүнийг нэрлэчих вий гэхээс энэ намынхан үхтлээ айж байна. Тийм ч учраас долду­гаар сарын 1-ний хэргийг утга учиргүй болгохын төлөө бүгдийг хийж байна. Бүр сүүлдээ Ерөнхий­лөгч рүү дайрч эхэлсэн. Хүмүүсийн сайн мэдэж байгаагаар тэр хүн хэрэг явдлаас жилийн дараа ард түмний саналаар төрийн тэргүүний албанд очсон доо. Нөгөө талаас сумны хонгио халаасанд байна гэж хэлсэн Ц.Элбэг­дорж гэдэг хүнээс асуудлыг мухарлах хэрэгтэй хэмээн энэ намынхан мэдэгдэж байна. Ард түмний ой санамж богинохон гэж эрх баригчид андуурч боддог нь үнэн юм. Тухайн үед, бүр тодруул­бал гэгээн цагаан өдөр сургуулийн сум, хаймран сумаар ард иргэдээ буудаж байсанд олон хүн эгдүүцэн дургүйцэж байсан билээ. Тэгэхэд сөрөг хүчний намын дарга тэр талаар хөндөж халаа­санд нь сум­ны хонгио байгаа талаар Ерөнхий­лөгч Н.Энхбаярт хэлэхэд телеви­зээр үзсэн олон хүн үүнд нь талархалтай хандаж байсан. Үнэн­дээ ардчилсан Монгол Улсад иргэд рүүгээ хаймран сумаар ч болов буудна гэхэд итгэхгүй бас тэрнийг байж боломгүй явдал гэж боддог байсан юм, бид. Гэтэл онц байдал зарласан 00 цагаас хойш өнөөх хаймран сум ч энүүхний явдал болж бүр галт зэвсэг хэрэглэсэн шүү дээ. Ард иргэдийн ой санамж хэдэн цагийн үед жагсагчид руу ямар сум хэрэглэж байсан, Ц.Элбэг­дорж ямар хонгионы тухай ярьж байсныг бас хэдэн цагаас хойш галт зэвсэг хэрэглэж хүний амь хороосныг санахтайгаа л байна. Дөрвөн жилийн өмнөхийг ч санах­гүй мэт гуйвуулан үйл явдлын чигийг өөрчлөх гэж улайран байгаа нь энэ намынхан үнэхээр л эзэн­гүйдүүлэхийн тулд бүх арга саамаа хэрэглэж байгааг батлан харуулж байна. Ард түмэн гээд эзэн биегүй мэт боловч ялгаж салгахаа салга­даг, үзэж харахаа хардаг их хүчин байдаг. Тийм ч учраас сонгуулиар нэг дүнгээ тавиад өгчихдөг билээ. Хэрэв тэдний өгсөн саналыг луй­вардчихгүй л бол үнэний багцаа­тай гарч ирнэ. Энэ утгаараа ирэх зургадугаар сард болох их сунгаа­гаар Монголд ардчилал ялах магадлал өндөр болж байгаа юм.

Гэхдээ бас анхаарч харах хүчин зүйлүүд байгааг ч хэлэх хэрэгтэй. Учир нь үрнээс дөнгөж соёлсон нялх ардчиллыг тэртээ ерээд онд суулгах үед шороог нь нааш цааш зөөж ирсэн хэдэн нөхөд бий. Тэд өөрсдийгөө ардчиллын партиза­нууд гэдэг. Хэд хэдэн жагсаал цуглаанд оролцож явсан тэр нөхөд соёлсон нахиагаа ургуулж, тойлохын тулд юу ч хийгээгүй атлаа шороо зөөж явснаа байнга ярьдаг. Бас өөрсдийгөө гавьяатай гэж төмөр болгоныг зүүх гэж нэхэж, байр сууц шагналд авах ёстой гэж урвайдаг. Тэд үнэхээр ардчиллаа Монголын хөрсөнд бат нот суулгах гэж хичээж, нялх нахиагаа арчилж байсан бол юу гэж өнөөдрийнх шиг болох билээ дээ. Тэгэхээр ардчил­лын партизанууд гэж өөрсдийгөө өргөмжлөгчдөд хандахад хорин жилийн өмнө зүтгэсэн шигээ одоо нэг зүтгэх цаг болжээ. Ингэхийн тулд хий дэмий цээжээ дэлдэлгүй, яль шалихгүй гоморхол, амбицаа даран байж хамтдаа зүтгэцгээгээч ээ. Ардчиллын партизануудын хийх зүйл ард чинь өнгөрсөн биш харин урд чинь байна гэдгийг хэлмээр байна. Ардчиллыг ургуулж дэлбээлүүлэхийн төлөө хорь гаруй жил тууштай тэмцэж байгаа бусды­гаа лидер гэж хэлүүлж байгаад нь уурсан хилэгнэж “Би ч бас тэгж явлаа” хэмээн өнгөрснөө мянга дахин томруулахын оронд хийх зүйл өмнөө байна гэдгийг ухаа­рах нь ирэх зуны ардчиллын ялал­тад шууд нөлөөлөх юм. Ардчиллыг Монголын хөрсөнд суулгах гэж анхнаас нь зүтгэж ирсэн С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Р.Гончиг­доржоос эхлээд М.Энхсайхан гээд олон хүн бий. Нам сольж явсан ч ардчиллыг гэсэн жанжин шугамаа­саа холдоогүй гэж үзэж байгаа учраас М.Энхсайханыг ч энд дурсч байна.

Хэрэв МАН ирэх сонгуулиар ялагдвал 2000 онд ардчиллынхан ялагдчихаад гудамжинд лааз өшиглөхөөр гарсан шиг суудлаа амар тавьж өгөхгүй нь олон зүйлээс харагдаж байна. Энгийн жишээ нь л саяхан болж өнгөрсөн хурандаа нарын асуудал. Одоо ч энэ асууд­лаар жинхэнэ өргөн фронтоор тэмцэл өрнүүлж байгаа. Үүнээс өмнө ч түүндээ бэлтгэж байсан. 2008 оны долдугаар сарын 1-ийнх шиг хэрэг явдал гарвал цагдаа нар хэрхэх талаар бэлтгэл сургуулилт хийхдээ заримыгаа босогчид, заримыгаа цагдаа нар болгон бэлдэж байгаа талаар манай сонин сурвалжлан хүргэж байсан. Тэр бэлтгэл сур­гуулилт ч яахав, хамгийн эмгэ­нэлтэй нь босогч болсон тал нь “Эрх чөлөө” гээд орилоод ирэхэд цагдаа нар нь “Эрх чөлөө чинь ингээд дуусдаг юм” гээд цохиж унагаж бэлтгэлээ хангаж байсан билээ. Ардчилсан нийг­мийн үнэт чанар болсон эрх чөлөө гэдэг үгэнд яагаад ингэтлээ зэвүүцнэ вэ. Хүн төрөлхтөнд тэр чигээрээ таагүй санагддаг “Алан хядлага” эсвэл “Терроризм” гэсэн үг байж болдоггүй юм уу. Энгийн мэт боловч энэ жишээ нэгийг хэлнэ. Нэгж шатандаа хүртэл ардчиллын эсрэг үзэлтэй энэ нам эрх мэдлээ өгөхгүйн тулд бүгдийг хийх нь тодорхой байгаа юм. Бүр Ерөн­хийлөгч онц байдал зарлаж, уг намыг татан буулгахад хүрэхэд ч гайхахааргүй харагдаж байна.

Ээ дээ, ардчиллын партизанууд минь элдэв жижиг амбицаа дарж,
АН-д борооны дараа буцалдаг мөөг
мэт бужигнасан фракцууд нь ашиг сонирхлоо зөөллөж, ардчил­лын төлөөх зүрх
сэтгэлээ нэгтгэж чадвал, ирэх сонгуулиар ч ардчи­лал ялах гээд л байна даа.

Categories
редакцийн-нийтлэл

“Бумрунград”-д буусан тэмдэглэл

“Бумрунград” эмнэлгийн гадаад харилцааны ахлах ажилтан хэмээн өөрийгөө танилцуулсан тайланд залууг Нуттавут Лертшримонгкол гэдэг ажээ. Урт гэгчийн үргэлжил­сэн нэрнээс нь монгол гэж байгаа юм шиг монгкол гэдэг төгсгөл нь ойрхон санагдсан боловч Нуттавут гэж дуудаж болно, бүр Нуй гэсэн ч болно хэмээлээ. Тэрбээр нутагтаа сургууль төгсөөд Сингапурт сурал­цаж, тэндээ хэсэг ажиллаж байгаад эх орондоо ирсэн нэгэн аж. Ерөн­хийдөө энэ эмнэлгийн гадаад харилцаа дэндүү өргөн учраас жилийн 365 хоногийн дийлэнхийг гадаадад өнгөрүүлдэг гэнэ. Манай Улаанбаатарт гэхэд өнгөрсөн намар ирээд буцсан юм билээ.

Миний түүнд тавьсан эхний асуулт “Танайх хэдэн сувилагчтай юм бэ”. Учир нь тэнд үүднээс оро­хоос эхлээд л хүмүүс дагаж, үйлч­лээд энд ч нэг гарч, тэнд ч дагаж гүйгээд байсан болохоор тэр.

Харин түүний хэлснээр дунд­жаар нэг сувилагчид дөрвөн үйлч­лүүлэгч оногддог аж. Гэхдээ тэд­нийхний хүндээ хүрч үйлчилдэг нь дөрвөн хүнд нэг сувилагч ногдох биш бараг нэг хүнд дөрвөн сувилагч оногдоод байх шиг.  Бум­рунград эмнэлэг анх 1980-аад онд 200 орчим ортойгоор үүдээ нээж байжээ. Гэхдээ дээд зэрэглэлийн чанартай эмчилгээ, үйлчилгээг ирсэн хүмүүстээ үзүүлж, сэтгэл хангалуун гаргана гэсэн хатуу шаардлага тавьж ажилласан уч­раас өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс эднийхийг зорьж хүмүүс ирэх болж, тэр ч хэмжээгээрээ орлого, үйчилгээний чанар нь өндөрт хүрчээ. Энэ эмнэлгээр жилд 190 орны сая гаруй хүн үйлч­лүүлдэг юм байна. Энд 1200 эмч ажилладгийн 220 нь АНУ-ын анагаахын сургуулиудын эмчлэх эрхийн диплом гэрчилгээтэй, мөн 900 гаруй сувилагч, 200 орчим орчуулагч ажилладаг гэж байгаа. Тэр ч ут­гаараа эднийхийг Тай­ландын гэ­хээсээ Олон  Улсын эмнэлэг гэх юм билээ. Угаасаа зочид буудлын лобби танхим шиг том зааланд нь олон хэлний орчуулагч нь суугаад л ирсэн хүмүүсээ угтаж авч, үйл­чилж байх нь гадаад хэлний сур­гууль мэт. Өдөрт 300 хүн хэвтэн эмчлүүлж, 3000 хүн амбулаториор нь үйлчлүүлдэг аж. 2010 онд 1,2 сая хүн үйлчлүүлсний 40 орчим хувь нь гадаадынхан байжээ. Бас жилдээ манай улсын хүн амын тоогоор лабораторийн нарийн шин­жилгээ хийдэг гэж байгаа.

“Бумрунград”-д Хойд Амери­каас жилд 25 мянга орчим хүмүүс ирж эмчлүүлдэг. Эмчилгээ үйлчил­гээний чанар өөрийн орныхтой нь адил, харин үнэ нь 30-70 хувь хямд бөгөөд дээр нь Азийн нэг оронд аялангаа, эмчилгээ хийлгэх бо­ломж­той байдаг учраас дуртай нь аргагүй явдаг гэнэ.  АНУ-ын эмнэ­лэгтэй “Бумрунград”-ын  эмнэлгийн үнийг харьцуулсан танилцуулга гаргасныг хичээнгүйлэн тэмдэглэж авснаа та бүхэнтэй хуваалцъя. АНУ-ын эмнэлэгт нуруу нугаламын хагалгаа хийлгэхэд 41 мянган ам.доллар бол “Бумрунград”-д 11,800 ам.доллар, энэ нь даруй 71 хувиар хямд. Үүн дээр нь замын хийгээд хүний нутагт байгаа нэмэлт зардлаа нэмлээ гэхэд 6600 ам.дол­лар. Ингэлээ ч даруй 55 хувь хямд гэсэн тооцоо байгаа юм. Тийм учраас л өртөг өндөртэй Европын орнуудаас олон хүн зорин, зорин ийш ирдэг байх. Тэрнээс гадна Япон, Солонгос, Хятад, Зүүн өмнөд Азийн хөрш Вьетнам, Лаос, Кам­бож, Мьянмар, Бангладешаас байнга ирж эмчлүүлдэг гэнэ билээ. Харин хамгийн их нь хаанахын хүмүүс гээч. Арабууд.

Заримдаа ч Азийн Тайландад байна уу, Арабын Эмиратад байна уу гэж гайхаш төрмөөр олон ара­бууд байх юм билээ. Ойрхи Дорно­доос жилд 100 мянга орчим хүмүүс ирж эмнэлгээр нь үйлчлүүлдэг гэж Нуттавад найз маань танил­цуул­сан билээ. Түүний хэлснээр 2000 оноос өмнө арабууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сайн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар АНУ-ыг зорьдог байжээ. Харин дэлхийн түүхийг өөрчилсөн гол үйл явдал гэгдэх 2001 оны есдүгээр сарын 11-ний хэрэг явд­лаас хойш АНУ-д нэвтэрнэ гэдэг арабуудад амаргүй зүйл болж. Үнэхээр ч араб л бол алан хядагч юм шиг санагддаг байсан үе шүү дээ. Энэ үед л “Бумрунград”-ынхан жинхэнэ сэт­гэж бас ажиллаж чад­сан бололтой юм. 1999 онд магад­лан итгэмж­лэгдэж, 2002 онд АНУ-ын ЖСиАй-ын шалгуурыг давж, Азийн хамгийн анхны Олон улсын эмнэлэг болсон цаг үе ч давхцаж. Арабаас АНУ руу зургаан цаг, Тайланд руу бас зургаан цаг ниснэ. АНУ-д алан хядагч мэт, Тайландад Арабдаа байгаа шах мэт. Ингээд газрын тосныхоо буянаар дэлхий даа­мааргүй баяжсан арабчуудын  эрүүл мэндийнхээ төлөө мөнгөө бариад гүйх их урсгалыг тайланд­чууд энэ эмнэлэг рүү татаж чаджээ.

“Арабуудад
дэлхийн хэмжээний эмнэлэг барих мөнгө хангалттай байгаа. Тэд яагаад нутагтаа эмнэ­лэг барихгүй, танайх руу ирээд байдаг юм бэ” гэхэд гадаад харил­цааны ахлах ажилтан тэрбээр жоготой нь аргагүй жуумалзаад “Арабад тийм эмнэлэг бариад хэн тэнд ажиллах вэ? Тэнд нь ажиллах хүн байхгүй. Өвдвөл улсаас нь өгөх мөнгөөрөө манайд аялж зугаа­лангаа үзүүлчихэд болно” гэсэн билээ. Түүний яриагаар хоёр ул­сын даатгалын газрууд нягт хам­тын ажиллагаатай ажилладаг бө­гөөд Засгийн газрын түвшиндээ мөнгө цаасаа шилжүүлчихдэг бо­лолтой юм.

Харин бүр зуу зуун мянгаараа Тайланд руу мөнгөө аваад ирж байгаа арабуудын өмнөөс уур хүрэх шиг.

Үнэхээр “Бумрунград”-д ара­бууд хөлхөж байна аа. Эрчүүд нь цагаан пансан дээлтэйгээ, хүүх­нүүд нь битүү хар хувцастайгаа. Гол шиг гунхалзсан охиноо дагуулсан ээжүүд, настай эхийгээ хөтөлсөн бавгар сахалтай залуу эрчүүд битүү явна.

Араб эрчүүд тун дураараа гэдэг нь ч анзаарагдам. Эмэгтэйчүүдийн хувцас сольдог өрөөнд эхийгээ хөтлөөд орох гэж зүтгэх тэднийг найрсаг нь дэндсэн тайланд суви­лагч нар бөхөлзсөн хэрнээ цааш түлхэнэ. Эмнэлгийн үйлчлүүлэгч­дийн нэлээд хувийг эзлэх арабуу­дад зориулсан булан, араб бичиг­тэй ном танилцуулга дүүрэн. Бас VIP зочдын өрөөнд нь аанай л арабууд эзэгнэн суусан нь хараг­дах юм билээ.

Арабуудад ч тэгдэг юм байж, харин Монголд төр нь бодлогоороо дэмжиж ийм зиндааны эмнэлэгтэй болгочихоосой. “Хэрэв манайх ийм нэг сайхан эмнэлэгтэй болчихвол бид юу гэж хүний газар мөнгөө өгөх гээд явах вэ. Одоо эрүүл сайхан амьдралынхаа төлөө хаана батал­гаатай газар байна, тийшээ л явж байна шүү дээ. Бид чинь эрүүл саруул амьдрах эрхээ эдлэх гэж л  яваа” гэж хүний нутагт ирсэндээ гэмшилтэй ч байгаа юм шиг ярьж байсан олон хүний магнай тэнийх байх даа. “Өвчин зовиураа­саа салахын тулд мөнгөө бариад харийн нутгийг зорьж байгаа тэр мөнгөний урсгалыг өөрсдөдөө авч үлддэг бол ” гэж Монголдоо үлдэх­гүй байгаа тэр их мөнгөний төлөө харамсал төрж  байсан бөлгөө.

Энэ эмнэлэг нь зах зээл дээр хувьцаагаа гаргаж, хөрөнгө босго­жээ. Хувьцааны ихэнх нь тайлан­дуудын гарт байдаг. Сүүлийн үед арабууд бас худалдан авахыг сонирхох болсон тухай дуулдсан. Харин менежмэнтийн удирдлага нь америкчуудын гарт.

Энэ мэтээр эмнэлгээр танилцан явах зууртаа үе, үе монголчууд­тайгаа таарч л явав. Манай аяллын багийн гишүүдээс гадна өөр рей­сээр энд ирсэн, бас хувиараа эмчилгээ үйлчилгээ авч яваа хүмүүс цөөнгүй.

Манай багийнхны эхний хэсэг өглөө эртлэн босч нарийн шинжил­гээндээ оржээ. Оношилгоо шин­жил­гээний хувьд ерөнхий шинжил­гээ, дэлгэрэнгүй шинжилгээ, төрөл­төд бэлтгэж өгөх шинжилгээ, ху­рим­лахын өмнөх багц гээд өөр өөрийн зорилготой, тус тусын үнэтэй байх жишээтэй. Ерөнхий шинжилгээ нь 200 орчим ам.дол­лар бол дэлгэрэнгүй нь 450 ам.доллар хэрэв 40-өөс дээш насны эмэгтэй бол 550 болоод явчих жишээтэй. Харин энэ удаад Монголоос гарсан эрүүл мэндийн багийнхнаас 40-өөс дээш насны эмэгтэй­чүүдийн багц шинжилгээнд орж байгаа бол 10 хувийн хямдрал үзүүлэхээр болсон билээ.

Эхлээд таарахад шинжилгээгээ өгчихсөн гээд цоглог харагдаж зогссон багийнхан маань хэсэг явж байгаад таарсан чинь шинжил­гээний дүнгээр зарим нэг зүйлүү­дийг тодруулж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх болсон гээд жаахан баргардуу байхтай таарлаа. Тэд манай багтаа ахмадууд нь болох жар гаруй насны эгч нар л даа. Гэхдээ эрч хүчтэй, цоглог эмэгтэй­чүүд. Хүүхдүүд нь ч гадаад, дотоо­дод амьдардаг болтой юм билээ. “Эмч домчид үзүүлэх бол наашаа ир л гэдэг юм. АНУ руу нисэх гэж арав гаруй цаг зовлогоо барж, дээрээс нь үйлчилгээ нь өндөр үнэтэй. Харин ийм болом­жийн аялал гарахаар нь наашаа суучихсан. Бас дэлгүүр хоршоо нь хямд болохоор цагаан сарынхаа гарын бэлгийг ч цуглуулчих санаа­тай” гэж тэдний нэг нь надтай хууч хөөрсөн билээ. Шинэ танил маань тэнд нэгэн монгол бүсгүйтэй таарч гэнэ. Түү­нээс дуулснаа дүүгээ сэтгүүлч хүн болохоор сонсоод аваг гэж бодоод ярьж байна гэж аминчлан сонир­хуулсан юм. Эгч­тэй таарсан залуу бүсгүй бараг эндхийн хүн болоод байна гэсээр яриагаа эхэлжээ. Бага залуу гэлт­гүй түүний бие өвдөж, юунаас болоод байгаагаа шинжлүүлтэл манайхан ходоодны хавдар байна гээд тайрна хагална гэж мэдэгдсэн юм даг уу даа. Тэгэ­хээр нь гомдлын мөр, гайгүй газар ирээд үзүүлье гээд ирсэн чинь өнөөх ходоод нь эв эрүүл болж таарч. Харин цусны хавдар гэдэг өвчинтэй гэж онош­логджээ. Ингээд л багагүй хуга­цаанд эмчлүүлсээр одоо бараг эрүүл болж байна гэж ярьсан аж. Хэдий Монгол бүсгүйн эрүүл болсон сайхан түүхийг ярьж эгч маань инээмсэглэсэн ч хэд, хэдэн эмчид үзүүлэх ёстой болж, цаг авахаар явсан хоёр найзыгаа бодсон уу, эсвэл маргааш өглөө ходоодоо дурандуулахад ямар хариу гарах бол гэж бодсоных уу цоглог нүдэнд нь үл ялиг гуниг хурах шиг. Ходоодыг нь дурандахдаа унжуулж байгаад дурандчихдаг гэнэ.

Ямар ч байсан эгч нарын өглөө авч гарсан тайланд мөнгөн тэмдэгт болох Батт нь дууссан бололтой, ам.доллараа солиулах ажилтай болжээ. Уг нь ч эмнэлэг дээр ажил­ладаг ченж байдаг юм билээ. Манай орчуулагч нар утасдаад дуудаад өгөхөөр байгаа тасгийн үүдэнд нь ирээд солиод өгдөг гэсэн. Энэ өдрүүдэд олон хүн ирээд ачаалалтай байх шиг байна лээ. Уг нь ч ам.доллараар төлбөрөө төл­сөн ч болно л доо. Гэхдээ эмнэл­гийн ханшаас ченжийнх нь арай хэдэн цаасны илүүтэй дэг ээ.

 Цоглог эгч нарынхаа нүдэнд айдас хургасныг хараад хүн тодор­хой цаг хугацаанд тогтмол урьдчи­лан сэргийлэх шинжилгээнд орж байх ёстой юм байна. Машинаа жил бүр оношлуулаад байдаг байж, өөрийгөө хагас жилд үгүй юм гэхэд жилдээ оношлуулж байхгүй бол хэмээн хатуу ухаарсан билээ. Бас ээж шиг минь сайхан эгч на­рын маань шинжилгээний хариу нарийвчлаад үзээд ирэхээр элдэв асуудалгүй гараасай хэмээн зал­бирлаа.

Монголчуудтайгаа хэсэг саа­таад эмнэлэгтэй танилцах аяллаа үргэлжлүүлэв. Хүүхдийн
төв гээд газар байна. Нэг
л цэцэг, зураг тоглоом болсон газар. Энд ирсэн ямар ч хүүхэд өөрийгөө эмнэлэгт байна гэж айдас хүйдэст автахгүй нь. Гулгуур дээр гулсаж
байхад нь эмч нар чагнаж ч байх шиг. Манайд цагаан хувцастай хүн хараад хүү­хэд уйлж, аав ээж нар нь
тариулна шүү гэж айлгадаг
даа. Харин тэнд­хийн хүүхдийн
төвөөр хальт ша­гайхад ийм дүр зураг харагдсан юм. Тэгээд
диабет, диализ, нүд,
хамар хоолой, харшил, эмэгтэйчүүд,
урологи, зүрх, эмэгтэйчүүдийн төв гээд дурсаад байвал дуусашгүй олон төв, эмнэлэг, институуд тэнд
байна. Маргааш өөрөө үзүүлэх
үедээ заримтай нь
танилцаад амжчих байх хэмээн найдлаа. Тэнд эмнэлгийн өрөө
буюу манайхны хэлдгээр палатаар орохдоо нүд
маань орой дээрээ гарчихсан харайж явсан билээ. Энгийн дөр­вөн
ортой өрөөнөөс эхлээд хоёу­лаа, бүр ганцаараа байх гээд сонголт олонтой.
Ганцаархнаа байх нь хагас люкс, люкс гээд явж өгнө. Өрөөндөө зуухтай, хөргөгч, телевиз, дөрвөн хүн сууж хооллох ширээ сандал, интернэт гээд бүхий л зүйлтэй өрөө өдөрт
8000 батт буюу 260 ам.доллар орчим. Цааш­лаад манайхны 100 м кв байр шиг нэг
талдаа өвчтөний өрөө,
голдоо зочны өрөө, нөгөө
захдаа өвчтөний дагалдан яваа ар гэрийнхэн
байр­лах унтлагын өрөө, хоёр 00, шүр­шүүртэй тасаг ч байна. Түүнд нь голдуу Арабын баячууд тухалдаг гэнэ билээ.
Тэр нь гэхэд өдрийн 20
мянган батт гэсэн. Ер нь эмнэлэг үйлчлүүлэгчийн сонголтыг дээд
зэргээр хүндэтгэн үздэг аж. Бас өвчтний ар гэрийнхний сахиж
суух тав тухыг нь бодож, ор бүрийн
дэргэд жижиг буйдан байрлуулсан байна лээ. Гэхдээ энгийн дөрвүүлээ байх өрөөнүүд ч тохитой үнэ
хямд  байлгүй
яахав. Бас тус эмнэлгийн буудалд нь эмчлүүлэгчтэй
хамт яваа хүмүүс нь байрлах бүрэн боломжтой. Хэрэв эмнэлгийн
зочид буудлыг үнэтэй гэж үзвэл эмнэлгээс хоёр минутад
алхаад очих газар ч боломжийн буудлууд  зөндөө. Ер нь тэнд байр, хоол хямд. Урьд нь манайхтай
л адилхан гэдэг байсан бол одоо манай юм тэнгэрт хадаад тэнд­хийнх бүүр хямд болчихсон ч гэмээр.

Categories
редакцийн-нийтлэл

АН-ын гишүүн байх гэмт хэрэг үү?

АН Хамтарсан Засгаасаа гарах нь орсон
өдрийнх шигээ л тодор­хой байсан. Харин тэр нь хэзээ вэ гэдэг цаг хугацааных байсан
байх. Одоо гарна гарахгүй, цаг нь болсон болоогүй гэж яригд­саар энэ оны нэгдүгээр
сард хоёр намын хамт­ран байгуул­сан гэх Засгийн газар туурга тусгаар болсон билээ.

Туурга тусгаар бол тусын дай­сан гэдэг
шиг асуудалд ханддаг явдал эл шийдвэр дуулдав уу үгүй юу Монголын төрд яригдаж эхэлсэн
юм. Уг нь төрийн эрхэм чанар, зал­гамж хэлхээ гэдэг аль нэг нам Засагт байсан байгаагүй,
гарсан ялгалгүй байж байх ёстой юм шиг санагддаг. Хэ­дийгээр нам дагаж төрийн өндөр
дээд албан тушаалд очсон ч асуудалд намын бус тө­рийн нэрийн өмнөөс хан­даж байх
ёстой байх. Гэвч МАН, АН салмагц л угшлаар нь хөөгөөд хэн нэгнийг зай­луулах, холдуулах
тухай яриа гарах болсон нь харамсал­тай. Төрийн албаны тухай хуулиар аль хэдийнэ
намаа­саа татгалзаад төрийн ал­бан­даа үлдэж хэдэн жилийн нүүр үзсэн байсан ч гарвал
угшил нь нөгөө намынх гэд­гээр нь цэвэрлэгээ хийх их ажил Монголын төрд гарах юм.

Ерөөсөө Засгийн газрын түш­мэ­дүүд
Засгийн газраа дангаар байгуулж, сайд на­раа ч товлоогүй байж Засгийн газрын харьяа
агент­лаг, газ­руудаас хэн хэнийг зайлуу­лах жагсаалтаа гаргачихсан бай­сан гэдэг.
Нам дагахгүй ээ, төрөө дагана гээд шийдвэрээ гаргачих­сан төрийн албан хаагчид ч
уг жагсаалтад багт­сан байв. Үзэл нь улаан биш цэнхэр гэдэг шалтгаа­наар. Тэр жагсаалтын
эхэнд нь гэхэд Оюуны өмчийн дэд даргаар ажиллаж байсан урлагт элэгтэй, улс төрд
зүт­гэлтэй С.Гантөмөр агсны нэр байсан гэж учир мэдэх хүмүүс ярьж байв. Учир нь
тэр АН-ын ҮЗХ-д Булган аймгийг тө­лөөлж байсан гэдэг шалтгаа­наар. За тэгээд яам,
нийслэл, дүүрэг гээд том жижиг гэлтгүй бүхий л шатнаас 70 гаруй хүний нэрийг жагсаасан
бай­сан гэж байгаа. Нэг хэсэг Нийслэлийн орлогч дарга Да.Ган­болдоос ажлыг нь авах
тухай яриг­даж эхэлсэн байв даа. Ажлаа муу хийсэн гэд­гээрээ бус харин ард­чилалд
олон жил зүтгэж, Шадар сай­дын албыг хүртэл шаргуу ха­шиж, Ерөнхий сайдад хүртэл
нэр нь хэдэнтээ дэвшиж яв­сан нөгөө намын эсэргүүн учраас шүү дээ. Уг нь Монго­лын
хүн амын тэн хага­саас илүү нь сууж байгаа нийслэлд үзэл нь нөгөө талдаа ч гэсэн
турш­лага нь, зангараг нь, нас нь чухал тэр халзан нөхөр байж л байх хэрэгтэй байхгүй
юу даа.

Бас хэд хэдэн газрын дар­га нарт хариуцлага
тооцох­доо орлогч нартай нь хамт хусаад хаячихсан гэж байгаа.

Уг нь ажлаа муу хийсэн МАН-ын угшилтай
албан тушаалтныг шийтгэж байгаа хэрэг л дээ. Гэвч аз дутахад орлогч нь нөгөө намын
гар­валтай учраас хамтдаа ху­суул­чихаж байгаа юм. Азгүй золиг, хэрэв АН-ынх биш
МАН-ынх бай­сан бол жин­хэнэ дарга болохгүй юу.

Бас шинэхэн сайдуудын өрөв­дөм томилгоо,
халаа сэлгээнүүд нийт намынхаа нэр хүндийг доош татаж л дуулдах юм. Залуу байлаа
гээд тэнэг баймааргүй л бай­гаа юм. Ж.Энхбаяр сайдын зөвлөхүү­дээ­сээ эхэлсэн то­милгоо
нь сүүлдээ улс төрийн бус төрийн албан хаагчид руугаа орж, одоо өөрөө суу­далдаа
үлдэх эсэх нь хэцүү­хэн болчихоод л байна. Одоо АН-ын гишүүн бол гэмт хэрэг­тэн
гэж авто­матаар ойлгогд­дог болчихож дээ. Ер нь АН-ын гишүүн чинь гэмт хэрэгтэн
юм уу?

Ийм нэгэн инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй
ч юм шиг үйл явдлууд Монголын төрд өрнөсөөр.

Уг нь ямар намынх нь хамаагүй, ажлаа
сайн мэддэг хүнээр л төрийн албаа са­хиулмаар санагддаг юм. Нам тусдаа байж болно.
Гэвч эх орон нэг гэдгээ энэ улстөрчид санаж баймаар. АН төрийн эрхэнд гардаг жилүүдэд
тө­рийн компаниу­дын захир­луудыг халдаг “хар баа­сан” гариг тогтсон билээ. Тэгээд
яав. Ардчилагчид сонгуульд ялагдаад, 2000 онд төрийн 15 мянган албан хаагч аж­лаасаа
халагдаж байв. Үүнийг хуучин Ху намын дар­га Н.Энхбаяр гардан хийж байсныг хүмүүс
мэднэ.

Энэ үеэр урьд нь халагд­сан хүмүүсийн
тоо хэд дахин нуга­ларсан дуулддаг.

Их өс хонзон бүр ч их өшөө авалтыг
дагуулж бай­даг. Тухайн үед АН-ынхны хийсний хариуг МАН ингэж барьж байжээ. Харин
одоо МАН-ын хийж байгаа бүхний хариуг АН ялчихвал яаж ба­рих бол гэж бодохоор яс
хавтайна.

Дээрээс нь хорин жилийн түү­хэнд АН
рейтингээрээ өр­сөлдөгч намаасаа хувь илүү өндөр гарсан судалгаа аль ч намынх нь
гаргасан ил хий­гээд нууц судалгаагаар то­дорхой болоод байгаа. Ард түм­ний дундах
үзэл санаа салхинд найгах өвс шиг ган­хаад байдаггүй учраас МАН-ынхан ялахгүй бол
яах вэ гэдгээ бодмоор байгаа юм.

Арслангийн сүрэгт шинэ удир­дагч тодроход
хуучин удирдагчийн бүх нялх зулза­гын шилийг тас хаздаг юм гэсэн. Үүн шиг одоо­хондоо
МАН нь АН-ын угшилтай тө­рийн албан хаагчдыг толгой дараалан халж, өөрсдөө засаглаж
байна. Энэ нь эр­гээд өөрсдөө унах нүхээ ухаж байгаатай адил хэрэг. Суусан мөчрөө
хөрөөднө гэгчээр ард түмнээ ялгаварлахаар яаж түмний итгэлийг олох юм бэ.

Тиймээс амьхандаа араа бо­доорой л
гэж зөвлөх гээд байгаа хэрэг шүү дээ. “Буца­хаа мэдсэн эхнэрийн царай хүйтэн, буцалж
бургилсан цайны үүр нойтон” гэдэг шиг хөрзийж зэвүүрхэж байгаад сонгуулийн дараа
бүр их өс хон­зонгийн золионд явчих вий.

Рейтингээр доогуур бүү хэл өөрсдөө
дангаараа ноёлж байгаад ялагдсан дэг­лэмүүд дэлхийгээр нэг. Хаа газрын ард түмэн
адилхан. Арабууд дэглэмээсээ уйддаг, мон­голчууд уйддаггүй гэж хэн хэлээд байгаа
юм. Ах намын дэглэм бараг зуугаад жил болчихлоо. Энэ сон­гуу­лиар солигдох нь бараг
тодор­хой. 

Нам дагасан хүмүүс нам нь ялахаар нар нь мандаж,
ялагда­хаар ичдэг тарвага шиг дархлаатай болчихсон байж болох юм  л даа. Тэр ч утгаа­раа энэ мэтэд цочир­доггүй байх. Харин “Төрийн сүлд өршөө” гэж дээдэлдэг ард түмэн бид чинь төр нь уламж­лалтай, залгамж­тай,
өвлөгд­дөг бодлоготой байхыг хүсч байна. Төрийн
нэрээр өс хонзон зангиддаг.
Нэгэн цагт зан­гилагдсан хонзогнол нь дараагийн үед
бүр хүчтэй өс болдог тийм жижигхэн юмыг хармааргүй байна. Монгол­чууд бид чинь жижиг
юманд дургүй том ард түмэн шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Урвагаруудын Засгийн газар унтаж байгаа, хуралдаж байгаа нь ялгагдахгүй юм

Үгүй нээрээ, манай Засгийн газар унтаад
байгаа юм уу, ху­ралдаад байгаа юм уу. Яаж байгаа нь ч мэдэгдэхгүй, дэндүү унхиагүй
доожоогүй, урвайж дорвойсон нөхөд л байх юм. Уг нь гүйцэтгэх засаглалынхан чинь
гав шув хий­сэн хэлж байгаа, хөдөлж байгаа нь шуурхай, хийж байгаа, бүтээж бай­гаа
нь харагдахуйц тийм баймаар юм аа. Гэтэл АН-ынхан Хамтарсан Засгаас гарснаас хойш
энэ Зас­гийн газар улам л хийморь лундаа нь үргэчихсэн шиг харагдах боллоо.

Бөөн хэл ам, дуулиан шуугиан болон
байж шинээр тодруулсан сайд нар нь эхнээсээ хэл аманд орооцолдож, ажил биш сонгуульд
бэлдэх гэж очсон нь батлагдаж эхлэв.

Энэ Засгийн газрыг командалж буй Ерөнхий
сайд С.Батболд эцэг­гүй олон хүүхдийнхээ учрыг олж ядаж яваа өрх толгойлсон ганц
бие эх шиг үзэгдэх юм. Уг нь Ардчилсан намынхан саналаараа Засгийн газраас гарсны
дараа МАН Зас­гийн газраа УИХ дотроосоо бус харин цэвэр мэргэжлийн, салба­раа мэддэг
хүмүүсээр нөхөж чад­сан бол сонгуулийн өмнө нэр хүнд нь ихээхэн өсөх байлаа. Бас
цэвэр мөнгөний гэж харагдаж байгаа дэд сайдуудын орон тоогоо цомхотго­чихож чадсансан
бол бүр ч гараад өгөх байв. Гэвчиг өгснийхөө хариуг нэхэгсэд, нам дагасных ам тосдох
ёстой гэж бодогсод нь намын удирдлагуудаа ацан шалаанд оруулаад асуудлыг бүр ч дор­дуулчихсан
билээ. Ядахад хэл ам болон байж сайдын албан ту­шаалд ирсэн хүмүүс нь нүдний гал
цог ч үгүй, үг нь бүдэг, урвайж ярвай­сан улсууд байх юм. За тэр царай зүс нь ч
яахав гэхэд, албан ту­шаалаа аваад хийж байгаа үйлдэл эхний тушаал журмуудаас нь
авах юм алга аа. Ерөөсөө хэн нь манай нам бэ, хэн нь нөгөө нам бэ гэж л асуудалд
хандаж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллээс тод харагдана.
Энэ Засгийн газрын хамгийн том ажил нь амласан зорьсноо биелүүлэх болохоос аавын
хүүхдүүдийг үзэл бодлоор нь ялгаж, нэг намт нийг­мийн цэвэрлэгээ хийх ажил биш л
баймаар.

Уг нь зуун жилийн түүхтэй гэж ирээд
л томордог энэ намд салба­рын сайдын ажлыг зангарагтайхан шиг цогтой шиг хийгээд
явчих хүмүүс бас бий дээ. Одоогийн кабинетаас харвал Ц.Нямдорж сайд л хэлчихвэл
хэлж, хийснийхээ төлөө хариуцлагаа ч хүлээнэ гээд сууж байж магадгүй. Өөр тэгэх
сайдын анзааны хүмүүс үзээд өгье гэсэн ч харагдахгүй байна. АН-ын сайд нартай харьцуулахад
асууд­лаа мэдэж, ажлаа танилцуулчих­даг байсан С.Баярцогт шиг, хүний нүд рүү хүн
шиг харж байгаад байдлыг ойлгуулчихдаг байсан С.Ламбаа шиг сайд нар байна уу, байхгүй
л байгаа байхгүй юу.

Насаараа төрийн ажилд зүтгэ­сэн Ч.Улаан,
Р.Раш, Х.Бадамсүрэн нар шиг нь сайд болсон бол яая гэхэв. Залуучуудаас ч гэсэндээ
галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй зоригтой зүрхтэй, эрчтэй хүчтэй итгэл
даах залуучууд энэ намд зөндөө л байна ш дээ. Гэтэл яагаад театрын уйлж байгаа маск
шиг хүмүүсийг нэг дор цуглуул­чихаад сонгуулийн өмнөх түүхэн цаг үеийн Засгийн газраа
байгуул­чихлаа гэж бодож байгаа юм бол, энэ намынхан.

Боловсон хүчин маань хэдэн мянгаараа
жагсч байна гэж тэд ярьдаг. Уг нь ч гадаад, дотоодын сайхан сургуулиудыг чанартай
сурч төгссөн залуучууд байх нь байна аа. Гэхдээ мянга мундаг байлаа гээд дээрээ
татаасгүй бол нам дотроо явдаггүй зарчим дэндүү хатуу үйлчилдэг бололтой юм. Төрд
ажиллаж үзээгүй, яаманд хэлтсийн даргын алба ч хашиж үзээгүй хүмүүс суга, суга үсрээд
сайд.

Адуу азаргагүй бол сүрэг болж чаддаггүй,
галуу тэргүүнгүй бол цуваа болж чадахгүй гэдэг. Гүйцэт­гэх засаглалаа дангаараа
бүр­дүүлсэн гэж байгаа ах намынхан энэ Засгийн газартайгаа сонгуульд орно гэхээр
өмнөөс нь санаа зов­нимоор. Уг нь Засгийн газар бай­гуулагдсан цагаасаа хойш өдрийн
товгүй ээлжит бус хурал хийж байгаа сурагтай. Гэхдээ тэр нь янз бүрийн шинэ томилгоо
энэ тэр байхаас өөрөөр хэтрэхгүй боло­хоор урвагарчуудын Засгийн газар унтаад байна
уу, хуралдаад байна уу гэсэн бодол төрнө.

Эсвэл ажлаа мэдэхгүй боло­хоороо урвайчихаад,
тэр нь би­дэнд асуудалтай харагддаг байж болох юм. “Алба мэдэхгүй ноён улсын чөтгөр,
ааш муутай хүн олны чөтгөр” гэж үнэхээр л үнэн үг ажээ. Хэдийгээр сайд улс төрийн
албан тушаал ч гэсэн тохироогоор бус ажлаа мэддэг хүмүүсийг тодруулж гаргаж ирэх
нь зүйтэй талаар учир мэдэх хүмүүс олонтаа өгүүлж байсан даа.

Гэвч хүмүүсийн амыг таглах жижиг улс
төрөө хараад ирж буй сонгуульд амжилт дагуулах том улс төрөө тооцоолж чадаагүй нь
МАН-ын том алдаа болж байх шиг. Үнэн үг урдаа цогтой, худал үг хойноо цогтой гэдэгчлэн
хатуу үгээ урьд нь хэллээ.

Урвагар царайлж, унтаж бай­гаа нь мэдэгдэхгүй, хуралдаж байгаа нь ч мэдэгдэхгүй засаг төрийг түших нь ард олон бидэнд халтай юм аа. Ирж буй баяр,
наашилж буй хавраар махны үнэ
улам бүр нэмэгдэж олдохгүй боло­хоос эхлээд ардуудад асуудал
их байна. Тиймээс эрх мэдлээ авсан шиг хариуцлагаа хүлээн байж асуудлаа шийдээрэй, сайд нар аа. Бидэнд
тэр нь хэрэгтэй, сонгуульд ялах нь та нарт хэрэгтэй байх.

Categories
редакцийн-нийтлэл

Сайншандыг Монголын хөгжлийн зүтгүүр болно гэв

-ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭРТ АЖИЛЛАЛАА-

Монгол Улсын Ерөн­хий­лөгч Цахиа­гийн Эл­бэг­дорж өнгөрсөн
баа­сан, бямба гаригт Дорно­го­вийн Замын Үүд,
Сайн­шанд, Говьсүмбэрийн Чойрт
ажиллалаа. Тэр­бээр төрийн
тэргүү­нээр сонгогдон ажиллаж
бай­гаа хуга­цаандаа бүх айм­гуудад
очиж, ард иргэ­дийнх нь амьдрал ахуй, асуудал­тай нь танилцаж ажиллахаар төлөв­лөс­нөө­рөө яваад өндөрлөж байгаа ажээ. Энэ удаа­гийн газрууд нь төмөр зам дагасан, хилийн, бас сүү­лийн үед яригдаад байгаа аж үйлдвэрлэлийн цог­цолборыг байгуулах га­зар учраас
ярьж хэлэлцэх асуудал ихтэй газрууд байлаа. Тэрбээр томи­лолтоо Замын-Үүдээс эхэлсэн юм.

ЗАМЫН-ҮҮД

Замын-Үүдэд буусан
даруйдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эдийн засгийн чөлөөт бүсийн мэргэжлийн албадын
нэгдсэн байранд очиж бай­далтай газар дээр нь танилц­сан юм. Замын-Үүдийн чөлөөт
бүсийн талаар яриад чамгүй олон жил өнгөрчээ. Гэхдээ тэнд нэг байшингаас өөр зүйл
босоогүй талаар хүмүүс их ярьдаг. Харин энэ томилолтын үеэр Замын-Үүдийн чөлөөт
бүс цуу яриа, мөрөөдөл биш бодит ажил болох замдаа орсон гэдгийг хүмүүс хэлж байлаа.
Одоогоор 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулал­таар хашаа хам­гаа­лалт, цахилгаан
дамжуулах шугам, трансформаторын дэд станц, хөрсний инженер геологийн болон хот
төлөвлөлтийн тойм судал­гаа, байгаль орчны нарийв­чилсан үнэлгээ, усны хайгуул,
усан хангам­жийн судалгаа хийгээд бай­гаа талаа­раа ярьж байв. Ямартай ч төрийн
тэргүүнээ ирэхэд хэлсэн энэ үгээр бол хоёрхон жилийн дараагаас он удтал яригдсан
Замын-Үүдийн чөлөөт бүс үйл ажиллагаагаа явуулаад эхлэх нь бололтой. Ерөнхийлөгч
Ц.Элбэг­дорж ч “Нэг үеэ бодвол урагшилсан байгаа нь сайн хэрэг. Газар дээр нь байдлыг
харж ажилд нь дэмжлэг урам өгч, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах зорилготой
ирсэн” гэдгээ хэлж байсан. Улс орныхоо өмнөд хаалганд ирсэн төрийн тэргүүн чөлөөт
бүсээс гадна гааль хилийн үйл ажил­лагаа, га­даа­дын иргэн харьяат, төмөр за­мын
үйл ажиллагаатай танилцсан. Тэр дундаа хил гаалиар хар тамхи, алт биедээ нууж авч
гарч байгаа байдал бас гаднаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг
хангахад хэрхэн анхаарч байгааг нэлээд нухацтай асууж байсныг хэлэх хэрэгтэй.

Ерөнхийлөгч Замын-Үүдийн
иргэд­тэй уулзахдаа “Хөдөө орон нутагт ажиллаж байхдаа төрийн тэргүүний хувьд хийж
байгаа ажил, төр засгаас хийж байгаа ажлуудаа ярьж танил­цуулаад явдаг ч Замын-Үүдэд
энэ газар оронтой холбоо­той асуудлыг хөндөж ярих нь зүйтэй гэж үзэж байна. Замын-Үүд
түүнээс хэдхэн метрийн зайтай байгаа Эрээний хөгжлийг байнга харьцуулж ярьсаар ирсэн.
Ийм зөрүү­тэй ялгаатай байгаад олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь өдий олон
жилийн хугацаанд Замын-Үүдийг төмөр замын нэг өртөө гэж харж тооцож ирсэнтэй холбоотой.
Одоо энэ газар өртөө биш 20 гаруй мянган хүнтэй хот болж байна. Төмөр замын бай­гуул­лага
энэ олон жилийн хугацаанд ачааны хүндийг үүрч ирсэнд бид баярлалаа гэж хэлэх ёстой.
Одоо төр засаг энэ үүргээ хүлээн авч ажиллах цаг болсон. Ердөө 2010 онд л Замын-Үүдийн
ерөнхий төлөвлөгөө гэж батлагдлаа шүү дээ. Замын-Үүдэд усны асуудал, гэрэл цахилгаан,
цэвэрлэх байгуу­ламж гээд шийдэх зүйл олон бай­на. Газар олголтын асуудалд эх­нээс
нь ил тод, тодорхой зарчмаар ажиллах шаардлагатай. Хилийн цаана салхин сэнс олноороо
ажил­лаж байна. Говийн нар, салхийг хэрэглэж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж, усаа
эргүүлэн ашиглах тухайд эхнээс нь анхаарч ажиллах хэрэгтэй байна. Эндхийн бас нэг
тулгамдсан асуудал бол цаад талаас найман урсгалаар авто­замын урсгал орж ирж байхад
энд хоёр замаар л хүлээж авч байгаа явдал. Өөрөөр хэлбэл нөгөө тал 80 литрийн бидоноор
ус зөөвөрлөхөд бид хорьтын бидонтой очиж бай­гаа­тай адил байна. Энэ бол Замын-Үүдийн
хамгийн том тул­гамд­сан асуудал мөн. Одоо эхний шатанд 40 сая орчим ам.долларын
хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж байна. Үүнийг ямар хөрөнгө оруу­лалтаар олж болох
талаар хамтдаа ярьж, шийдэцгээе” хэмээж байсан. Замын-Үүдийнхэн ч Ерөнхийлөгч­тэй
хийсэн уулзалтын үеэр өөр өөрийн харж байгаа өнцгөөрөө асуудлаа тавьж, бас зарим
нь хувийн хүсэлт бодлоо ч хэлээд авч байлаа. 
Хилээр хуучны орос ма­ши­нуудыг гаргахгүй гэсэн шийдвэр гаргасан нь олон
хүний эрхийг зөрчиж байгаа, Монголын нүүрс, төмрийн хүдрийг урагшаа зөөгөөд дууслаа,
Японы тусламжаар баригд­сан 60 айлын сууцанд амьд­ран суудаг хүмүүс хэзээ байраа
хувьчилж авах вэ, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүд болдог байдлыг болиулмаар
байна, хүнд өвчин туссан ой гаруй настай хүүд тусалмаар байна, Японы сургуу­лиас
урилга авсан хүүхдийг Зас­гийн газрын тэтгэлэгт хамруулж туслаач, Засаг дарга М.Баянмөнх
шударга ажиллах­гүй байна гээд хүмүүс өөр өөрийн­хөөрөө л чухал хэмээсэн асуудлууд
дэлгэн тавьж байлаа. Тэр дундаас иргэн н.Цэ­рэн­дорж Ерөнхийлөгчийн чуул­ган дээр
хэлсэн үгнүүдийг нь нэгбүрч­лэн ишилж та ингэж хэлсэн, үүний­хээ хэрэгжилтэд хэрхэн
анхаарч байна гэж ирээд л асууж байлаа. Ялангуяа “Та төрийн албан хаагч­дад ардаа
алагчлан үзэхгүй бай­хыг анхаа­руулж байсан. Бас төрийн албыг өөрийн алба болгож
байгааг шүүмжлэн хэлж байсан. Үүнийг үнэхээр анхааруулж ажил­ламаар байна” гэсэн
юм. Замын Үүдийнхэнтэй үг солиход нэлээд хүний амнаас Засаг дарга М.Баян­мөнхтэй
холбоотой газрын асуу­дал, Мэргэжлийн хяналтын газрын даргын­хаа дөрвөн шүдийг бул­галж
цаадах нь шүүхэд өгсөн, хуурамч дипломын хэрэг, Замын-Үүд сангийн буруу зарцуулалт
энэ тэр гэсэн яриа гарч байсныг хэлэх хэрэгтэй байх. Залуу Засаг дарга ч цаашдынхаа
хэрэгт анхаарч ажил­лах биз ээ. Ер нь манай­хан шу­дарга улсууд. Даргаа Ерөн­хий­лөгчтэй
зэрэгцээд сууж байхад л улалзтал хэлээд орхидог. Тэнд үг хэлсэн олон хүн Монгол
төрийн тэр­гүүн бол ард түмнийхээ аав нь учраас хэлэх үгээ хэлмээр байна гэж тодот­госоор
санал бодлоо хуваалцаж байна лээ. Тэдний хувьд “аав”-ынх нь гарга­сан архи биш сүү
өргөж амьдрах уриалга нь хамгийн сэтгэлд ойр санаачилга байсан гэдгийг хэлж байсан.
Дарга томчуудтай хийж буй уулзалт дээр хорь гаруйхан настай залуучууд ирж, “Таны
архигүй Монгол уриал­гыг бид дэмжиж байгаа. Бид шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэ­сэн.
Ийм уриалга гаргасан танд баярлалаа” гэж хэлэхийг харахад аятай санагдаж байсныг
хэлэх хэрэгтэй байх аа. Замын-Үүдийн­хэн лав сард гурван ч удаа архи зардаггүй өдөртэй
болсон гэнэ. Сарын эхний өдөр, бас дунд талын хоёр баасан гариг гэсэн. Бас бид­нийг
очдог өдөр сарын эхний баасан байсан ч гэсэн Ерөнхийлөг­чийг ирсэн болоод тэр үү
дэлгүүрүүд нь архи зардаггүй өдөр гээд бичиг хадаж шилтэй цэнхрүүдийг бүгдийг нь
бүтээчихсэн байна лээ.

Ерөнхийлөгч ч “Архиар
нэгийгээ шахдаг нь гэмт хэрэгт тооцогдох хэмжээнд бид үздэг болох хэрэгтэй гээд
төсвийн мөнгөөр ганц шил архи ч худалдан авч болохгүй” хэмээн үзэж байгаагаа хэлсэн.

САЙНШАНД

Замын-Үүдээс Сайншандад
ирсэн даруйдаа Ерөнхийлөгч шинээр ашиглалтад орсон засмал зам, өмнөд бүсний шинэ
төмөр замын барилгын явц, мэргэжлийн сургалт үйлчилгээний төвийн үйл ажиллагаа,
“Аж үйлдвэрийн парк”-ийн талаар мэдээлэл авч, танил­цав. Дорноговь аймгийн Засаг
дарга П.Ганхуяг “Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөрийг нийтээрээ хэлэлцэн гаргаж,
их бүтээн байгуу­лалтыг эхлүүлээд буйгаа ярьж байсан билээ. Гадаадад сургууль соёл
төгсч ирсэн дарга нь боловс­ролтой залуу эрч хүчтэй хүмүүсээр багаа бүрдүүлж, томоохон
зорилго тавиад ажиллаж байгаа юм болов уу хэмээн анзаа­рагдсаныг хэлэх хэрэгтэй
байх. Бас Сайншандад Аж үйлдвэрийн парк байгуулах шийдвэр гарсан нь тэднийг хийх
шийдэх их ажилтай болгожээ гэдэг нь харагдаж байсан. Аймгийнхаа төвийн салхин дор
байгуулах аж үйлдвэрийн парктайгаа зэрэгцүү­лээд эко таун буюу байгаль орчинд ээлтэй
хотхоныг байгуулахаар төлөвлөжээ. Газрын гүний дулаан, салхи, нарны эрчим хүчээр
цахил­гаан дулаанаа шийдээд явахаар төлөвлөж байгаа гэдгээ хэлж бай­сан. Ер нь хийнэ
бүтээнэ, ийм төлөвлөгөө байна гэсэн ажил хэрэгч яриа энэ үеэр олонтоо сонстсон шүү.

“Монголын төмөр зам”
төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэт­гэх захирал Б.Батзаяа ч ингэж ярьж байсан.
Монголчууд дангаа­раа хариу­цах энэ төмөр замын байгууллага анх байгуулагдах
2009 онд 13 сая, 2010 онд 975 сая, 2011 онд 2.5 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан
байгаа юм. 5600 км төмөр замыг гурван үе шаттай барьж эхлэх бөгөөд ТЭЗҮ нь бэлэн
болоод хөрөнгө оруулал­тын асуудлаа хараад сууж байгаа аж. Б.Батзаяа захирлын хэлснээр
дэлхийд нэр хүндтэй 12 банк энэ төсөлд оролцоход бэлэн буйгаа илэрхийлжээ. Ерөнхий­лөгч
түүнээс хөрөнгө оруулалт хэзээ­нээс хойш хүлээгдэж байгааг лавла­сан бө­гөөд өнгөрсөн
наймдугаар сарын 31-нээс хойш мөнгөө хүлээж бай­гаа, Хөгжлийн банкинд өнгөрсөн арван­хоёрдугаар
сард 20 сая ам.дол­лар орж ирсэн ч одоогоор уг төсөлд мөнгө гаргаагүй байгаа гэсэн
хариултыг авсан. Ерөнхий­лөгчийг дагалдан яваа албаны хүмүүсийн бүрэлдэхүүнд Дорно­говиос
сонгогдсон хоёр Бат­суурь гишүүн, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Улаанбаатар
Төмөр замын дарга Г.Очирхүү гээд олон албаны хүмүүс явсан нь харил­цан ойлголцож
шийдэл оло­ход дөхөм байсан. Аж үйлдвэрийн парк байгуулах талаар Үндэсний хөгжил,
шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун танил­цуулсан бөгөөд зэс хайлуулах, нүүрс
шин­гэрүүлэх гээд бүхий л үйлдвэ­рүүдийн техник эдийн засгийн үзүү­лэлтийг гаргахдаа
урьд нь энэ чиглэ­лээр ажиллаж байсан хувийн хэвш­лийнхний гаргасан судалгаан дээр
үндэслэх бодолтой байгаагаа хэлж байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж ч Төмөртэйн уул
хилийн цаана нүүгээд гарах нь хэмээн анхааруулсан бөгөөд усаа дахин ашиглах зэргээр
анхнаас нь ашигтай боломжтой хувилбаруу­дыг авч хэрэглэхийг сануулж бай­сан юм.
Мөн Монголдоо хамгийн томд тооцог­дох Мэргэжлийн сур­галт үйлчилгээний төвийг энд
бай­гуулж, томоохон машин техникийг ажиллуулах, засварлах боловсон хүчнээ энд бэлдэх
болсныг сайшааж байлаа.

Тэрбээр иргэдтэй уулзсан
уул­залт дээрээ ч хийж бүтээнэ гэсэн бүхий л зөв санаачилгыг төрийн тэргүүний хувьд
дэмжихэд бэлэн байгаа гэдгээ дахин дахин хэлж байсан. Өнгөрсөн зууны хамгийн том
бүтээн байгуулалт гэгдэх Эрдэнэт бол ганц зэс баяжуул­даг бол энд бүхий л төрлийн
үйлдвэр байгуулагдах гэж байна. Мөн мон­гол­­чууд өөрсдөө бараа бүтээгдэ­хүүнээ
авч хил даваад, хүний хэлсэн үнээр биш өөрсдөө эндээ суугаад хүссэн үнээрээ өгөх
цаг болсон гэж байв. Тэрбээр “Сайн­шандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдсэн
нь учиртай. Далайд гарцтай байна гэдэг нь дэлхийн зах зээлд гарцтай байхыг хэлж
байгаа хэрэг юм. Тэгвэл дэл­хийн хамгийн том зах зээл бол манай өмнөд хөрш боллоо.
Дэл­хийн хамгийн том зах зээлд ойрхон ийм байршилтай учраас Сайн­шан­дад аж үйлдвэрийн
цогцол­борыг барих болсон. Сайншан­даар хуучин вагоны зүтгүүр л өнгөрдөг байсан
бол одоо Мон­голын хөгжлийн зүтгүүр өнгөрнө гэж ойлгоорой. Говьд хүн болж төрснөөс
гээд элдэв янзаар хэлдэг үг сонстдог байсан. Тэгвэл одоо говьд хүн болж төрсөндөө
баяр­лаж, бахархах цаг ирж байна. Ер нь ажил хэргээ бүтээхийн тулд ярилцаж ойлгол­цох
нь чухал. Хэрлэн говь төсөл нэг хэсэг яригдаж байсан. Уг нь тэр бол чухал төсөл
байсан. Гэхдээ хоорон­доо ярьж ойлголцоогүйгээс Хэрлэн голыг үгүй хийх нь гэсэн
буруу ойлголт яваад бүтээгүй. Уг нь ярьж ойлголцох л хэрэгтэй байгаа юм.

Энэ бүс нутагт хүүхдийн
цэцэр­лэг, сургууль, эмнэлэг амин чухал асуудал болсныг орхиж болохгүй. Иргэд та
бүгдийн яриаг сонсоод би хөдөө орон нутагт ажилласан талаараа чиглэл гаргаж, Засгийн
газар хүргүүлнэ” хэмээж байсан. Сайншандын иргэдийн хувьд төмөр зам гэж хязгааргүй
эрх мэдэлтэй газар байдаг, уг нь нэг аж ахуйн нэгж биш юм уу гэж, орон нутгийн зам
орон нутгийн зам биш боллоо, уурхайн нүүрсний зам боллоо гэж, “Саран хөхөө” чуул­гын­хан
шинэ жилээ архигүй тэмдэг­лэж, архигүй хамт олон болсон гэж, бэлчээрийг ашиглах,
өмчлөх тал дээр тодорхой хууль тогтоомж гаргаж өгөөч гэж, цаазын ялаас татгалзуулсан
нь цагаа олсон явдал мөн үү гэж, хүнсний үйлдвэр хувьчлагдсанаас хүнсний аюулгүй
байдал хэцүүхэн боллоо гэж, айм­гийн дулааны цахилгаан станц Ерөнхий­лөгчийг Ерөнхий
сайд байхдаа гаргаж өгсөн 100 сая төгрөгөөр овоо явж ирсэн ч одоо хэзээ мөдгүй гал
алдахад бэлэн аваарын дохиотой ажиллаж бай­гааг анхаараач гэж маш олон асуулт хүсэлтийг
хүмүүс тавьж бай­сан. Бас гучин хэдтэй эмэгтэйг хөгшин гээд ажилд авахгүй байгаа
нь шударга явдал уу гэж асуух ч ээж байлаа.

ГОВЬСҮМБЭР

Ерөнхийлөгч Говьсүмбэр
аймагт ажиллах үед иргэдийн тавьж байсан санал хүсэлт дунд энэ аймагт МАН-ын гишүүн
л бол хүнд тооцогддог хэцүүхэн он жи­лүүд өнгөрсөн тухай ярьж, хүнийг үзэл бодлоор
нь алагчил­даг энэ байдал, шүүх цагдаагийнхны шу­дарга бус байдал хэзээ алга боло­хыг
асууж байсан юм. Бас “Ж.Баян­мөнх Засаг дарга буруутай нь нотлог­доод явж байх шиг
байна. Оронд нь хэнийг тавибал дээр гэж та хэлэх вэ, “Цагаан сараар ууц, боов тавих
нь зөв үү, нэг сая төгрөгөө цагаан сараас өмнө авч болох нь уу” гээд асуухгүй асуулт
хөндөхгүй сэдэв гэж үгүй байв. Засаг даргын тухайд асуудлыг шийддэг хүн нь би биш
ээ, тэр хүн тийм байсан одоо тэр нь зүгээр гэж би хэлэх боломжгүй, бас ийм идээ
ундаа тавь гэхэд хэцүү. Би хувьдаа зочин ирэхэд сайхан аарцаа бу­цал­гаад өгдөг.
Заавал ууц гээд байхгүй боломжоороо идээ ундаа­гаа тавьж, ааруул цагаан идээ­гээрээ
тавгаа засч болно шүү дээ. Манай гэр бүлийн хувьд цагаан сараар гарын бэлгээ дандаа
Мон­голын бараа бүтээгдэхүүн авдаг. Хэрэв та бүхэн сая төгрөгөө аваад л урагшаа
явах юм бол энд байгаа охиноо л ажилгүй болгож байна гэж бодох хэрэгтэй. Тэр мөнгө
Монголдоо байж гэмээнэ л тус нь ирнэ шүү дээ гээд асуудлыг жижиг гэлтгүй хариулж
байсан. Бас то­моо­хон агуулахууд, зарим агент­лагуудыг хотоос гаргаж, Чойрт ирүүлэхэд
болохгүй зүйлгүй гэж ярихад тэндхийнхэн талархалтай­гаар алга ташиж байв. Бас иргэнээ
сонсдог Иргэний танхимтай болго­сонд нь талархаад орон нутагтаа ч салбарыг нь байгуулах
хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ашиг тусыг нь Ерөн­хийлөгчөөр тайлбарлуулан хэлүүлэх
хүсэлтэй хүн ч байсан. Монгол төрийн тэргүүнийн Говь­сүм­бэр аймгийн Чойр хотноо
иргэ­дэд хандан хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна. Хэлсэн үгийг
XX, XXI нүүрээс хүлээн авч уншина уу.

Э.ЭНЭРЭЛ