Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Халуун там Зимбабве, хүйтэн там Монгол DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……..

Эрлэг Номун хааны хүйтэн, халуун тамын тухай бид мэддэг ч энэ биеэрээ очиж үзсэн хүн үгүй учраас тэр нь тийм, энэ нь ийм гэхэд хэцүү юм. Тэгвэл өнөө цагт энэ ертөнцийн халуун там нь Зимбабве, харин хүйтэн там нь Монгол хэмээн дэлхийн улс гүрнүүд хэлцэх болжээ. Авлигын индексээрээ нэг зэрэг зиндаанд очиж, ардчиллын үнэт үзүүлэлтийн эсрэг заалт болсон авч өгдөг уламжлалаараа ав адилхан тэргүүлсэн учраас ийм цол гуншин хүртэх болсон юм байна. Ер нь Африкийн Зимбабве, Азийн Монгол хоёрт адилтгах зүйл асар их. Гол ялгаа нь тэнд халуун тогоо хөмрүүлсэн мэт халуун байдаг, харин манайд хүйтэн жавар үлээсэн сэрүүн байдаг нь л байх. Азийн цээжинд Их Монгол Улс байгуулагдаж амжихаас өмнө буюу XI зуунд Африкийн цөл дунд Их Зимбабве улс байгуулагдчихсан байжээ. Хувцас сэлтийг алт, зэс, зааны соёогоор арилждаг байсан энэ эзэнт гүрэн монголчууд ид мандан бадарч байх үед Африктаа арабуудтай хийсэн худалдаа наймаа нь амжилттай тул хүн ардын амьжиргаа нь сүрхий сайн байсан аж. Харин XV зуунд Шоно гүрэн Их Зимбабвег унагаж, харин сүүлдээ өөрсдөө XVII зууны үед колоничлогчдын гарт орсон байх юм. Ерөнхийдөө Монголын түүх л харагдаж байгаа биз дээ. Монголчууд өөр хоорондоо эе эвийг эвдрэлцэх үедээ бусдын өөшинд амар ордог байсан шиг Зимбабвегийн харууд ч нэгийгээ хүчгүйдүүлэхийн цагт өөрсд өө англичуудын аманд орчихсон байх юм.

Сецил Жон Родес гэдэг уул уурхайн магнат, улстөрч, бизнесмен эрийн нэр энэ улсын түүхтэй салшгүй холбогддог. 1853 онд Их Британид төрсөн тэрбээр хорвоо дээр зуугийн талыг ч насалж амьдарч чадаагүй ч их зүйлийг амжуулсан эр. Түүний байгуулсан алмаз эрдэнийн “De Beers” компани гэхэд өдгөө салбартаа хатуу алмазын 40 хувийг зах зээлд нийлүүлдэг юм. Англи эрийн Африк тивд байгуулсан нэрнээс нь улбаалсан Родезиа улс нь удалг үй хойд, урд Родезиа хэмээн хуваагдсан бөгөөд саяхнаас л Замби, Зимбабве гэсэн нэрээр хүмүүс мэдэх болсон гэхээр тавь хүрэхгүй насандаа юу амжуулж чадсан эр вэ гэдэг нь зах зухаасаа мэдэгдэж байгаа биз дээ.

Зимбабвечүүд 1888-1965 оныг колонийн үе хэмээн түүхэндээ тэмдэглэдэг. Дэлхийн II дайнд энэ нутгаас очсон хүмүүс Их Британийн тө- лөөнөөс тулалдаж явсан гэхээр саяхныг хүртэл колони орон байжээ. Манжийн дарлалаас салж чадсан монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрэнхэн хойд урд хөршүүдийнхээ эзэрхийллээс Ардын хувьсгал хийн байж чөлөөлөгдөж байлаа. Социализмийн чиг баримжаагаар замнасан ч монголчууд хөгжиж, урагшилж асан бол манай африк нөхөд колоничлол дууслаа маргаашаас нь иргэний дайнд буу шийдмээ агсацгаажээ. Харин эдний тусгаар тогтнолын он жилүүд бол 1980-1999 он юм. Монголд өөрчлөлт шинэчлэлийн салхи сэвэлзэж, ардчиллын залуус “Хонх”-ны дууг аялж, Азид ардчилсан хувьсгал ямар ч эрсдэлгүйгээр ялж, ардчиллын залуус хэт олонхи болж засаг барьж байх үед Зимбабвегийн анд нөхөд маань тусгаар тогтнолоо олох гээд л зүтгэж байсан байна шүү дээ. Харин иргэний дайны үеэс эхлэн тусгаар тогтнолоо тунхаглах хүртэл энэ улсын улс төрийн амьдралд Мугабе гэсэн нэр салахгүй яваад байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

Ази тивийн далайд гарцгүй Монголд Африкийн Камерун улсын хоёр нөхөр ирж, монгол бүсгүйд ХДХВ халдааснаар манай улс ДОХ-ын тохиолдол хоёртой гэгдэж байв. Харин тэр үед Африк тивийн далайд гарцгүй Зимбабвед хүн амын 25 хувь нь ХДХВ-ын халдвартай болсон байсан юм. Хар цагаан арьстнуудын хэн нь нийгэмд өндөр байр суурь эзлэх талаар цуцалтгүй тэмцэж, тамын тогооны үлгэр жинхэнэ утгаараа энэ улсад өрнөж ирсэн нь түүхээс харагддаг. Магадгүй колоничлож ирсэн зэвхий царайтнуудтай арцалдах чанар харуудын цусанд нь байдаг ч байж болох юм. Халуун тамд энэ мэт ялгаанууд бий ч адил зүйл их. Тэдний иргэдийн гар дээр орж ирж буй мөнгө нь уул уурхайн салбар, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбараас цуглардаг нь манайхтай яг адилхан. Зимбабвечүүд бол малчин хүмүүс. Бид таван төрлийн амьтдыг гаршуулан малладаг бол Зимбабвегийн малчид заан хариулдаг байна.

Эдийн засгийн хувьд муугийн муу үзүү- лэлттэй энэ улсын хувьд Олон улсын Эмнести интернэшнл, НҮБ-ын Хүний эрхийн хорооноос байнгын тэнсэнтэй явдаг гэж болно. Харин манайхан өнгөрсөн жилийн долдугаар сарын 1-ний явдлаараа тэдэнтэй адил хар дансны улс болчих шахаад байгаа билээ. Зимбабве бол бидний дэргэд хүн ам олонтой улс. Бид гурван сая дөхөөд явж байгаа бол тэд биднээс даруй дөрөв дахин илүү хүн амтай. Харин тэдний ердөө 2.5 хувь нь цагаан болон өнгөт арьстнууд. Манайд албан ёсны хэл ганц бол тэнд гурав. Англи, шона, ндебел гэсэн хэл байна. Ерөнхийдөө Европын орнуудын колони байсан учраас христийн шашинтнууд хүн амынх нь 62 хувь байдаг юм билээ.

Бас энэ улсын тухай баримт дурдахад анхаарал татахаас аргагүй нэгэн зүйл бий. Монголчууд 60 хүрч ухаараад, 61 настай талийдаг гэлцдэг. Энэ нь манайхны дундаж наслалттай холбоотой гарсан үг байх. Аз болоход монголчуудын дундаж наслалт сүүлийн үеийн мэдээгээр 63 болж нэмэгдээд байгаа. Харин Африкийн анд нөхөд маань ухаарч ч амжааг үй талийгаач болдог эмгэнэлт хувь заяатай хүмүүс юм. Зимбабвед эрчүүдийн дундаж наслалт 37, харин эмэгтэйч үүдийнх 34. Энэ бол дэлхийн улс гүрнүүдээс хамгийн муу үзүүлэлт. Өлсгөлөн гуйланчлал, ДОХ, цагаачид, иргэний дайн гээд тэр олон аймшгуудаас дөчин насны босгыг давах хүн энэ улсад цөөн. Гэвч дөч байтугай ная гаруй насыг зооглоод явж байгаа нэгэн зимбабве эр бий. Тэр бол Роберт Мугабе. Энэ улсын сүүлийн нэгэн жарны түүхтэй түүний нэр салшгүй холбогдох биз ээ. Дундаж наслалт 37 байдаг энэ оронд 85 насыг шүргээд тэгээд улс орноо удирдаад явж байна гэдэг бол гайхмаар үзүүлэлт биш гэж үү.

Түүнийг нэгэнтээ XXI зууны Гитлер хэмээн нэрийдсэн байдаг. Үнэндээ хар царай дээрээс нь тэр бүрийд сахал нь тодордоггүй ч Гитлер шиг сахал тавьчихсан байдгийг нь сайн харвал анзаарагдана. Гэхдээ тэр зөвхөн сахлаараа Адольфтой ижилсдэг хэрэг биш л дээ. Түүний огцом мэдэгдэл, гэнэтийн шийдвэр өөрийнхөөрөө зан нь ийм ойлголтыг тө- рүүлдэг юм. Тэр олон жил улс төрийн хоригдол явж үзсэн. Гэхдээ тэглээ гээд мөн л шоронд олон жил болсон Нельсон Манделатай адил сайн нэр хүнд түүнд үгүй. Ерөнхийлөгч учраас нь хү- мүүс түүнд дургүй байдаг гэж ойлгож болохгүй юм. Нельсон Мандела ч Ерөнхийлөгчийн албыг хашиж явсан хүн шүү дээ. Тээр нэг жил манайд холер гэгч өвчин гараад хөл хорио тогтоон бөөн ажил болж байсан даа. Тэрхүү холер саявтар Зимбамбвед чухам дэгдэх шиг болж, 700 гаруй хүн нас баржээ. Харин энэ үед ямар нэг байдлаар асуудлыг зохицуулж байх ёстой Ерөнхийлөгч нь англичууд тэднийг дахин эзлэн авахын тулд биотерроризм үйлдэж байгаа тухай мэдэгдээдэхсэн билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 792 хүнийх нь амийг авсан өвчнөөр халдварласан хүмүүсийн тоо 60 мянгад хүрэх аюултай байгааг анхааруулж, бас өвчний халдвар гаднаас орж ирсэн байх магадлал үгүйг онцолсон ч Африкийн Гитлер англичууд энэ өвчнийг санаатай тараасан хэмээн зүтгэсээр байсан юм.

Тэр 1998 оноос хойш гайхаш барсан шийдвэрүүд гаргах болсон нь дотоод болон гадаад ертөнцийнхний анхаарлыг татаж эхэлсэн юм. Мугабег зимбабвечүүд хар арьст баатар хэмээн үзэж байсан үе бий. Шоронд 11 жилийн турш хоригдож, бас тэр хугацаандаа гурван ч мэргэжлийн диплом өвөртөлс өн түүнийг олон хүн хүндэтгэдэг байжээ. Тиймээс ч тэмцэгч Мугабед1980 оноос эхлэн энэ улсын удирдах түвшинд ажиллах боломжийг өгчээ. 1980-1987 онд Ерөнхий сайдаар ажиллаж, 1990 оноос Зимбабвегийн их сургуулийн захирлаар ажиллаж байв. Түүний хачирхалтай мэдэгдл үүдийн нэг гэвэл ижил хүйстнүүдийн тухай ойлголт юм. Тэрбээр Зимбабвегийн ард түмэн дунд бэлгийн чиг хандлага нь өөр хүмүүс урьд хожид байгаагүй хэмээн мэтгэдэг билээ. Өөрөөр хэлбэл, колончлогчдын үед л ийм буруу зүгийн хэм хэмжээ тогтсон гэж үздэг юм. Бас түүний газрын шинэчлэл гэж явуулсан өвөрмөц бодлого бий. Тэрбээр өөрийнхөө өмн өх Ерөнхийлөгч буюу тус улсын анхны Ерөнхийлөгч Бананагийн гаргасан бодлогуудыг буруутган түүнийг засч залруулах үйл ажиллагааг эрх мэдлийг авсныхаа дараа эхлүүлж эхэлсэн билээ.

Мугабе түүний шийдвэр үүдээс дандаа ичдэг байсан гэсэн бол Бананагийн талынхан үүнийг нь болиулах боломж байсан ч тэгээгүй байж одоо ингэж шоудах ямар хэрэг байна гэлцэж байсан юм. Бас түүнийг дэлхийд өвөрм өц удирдагчаар нь алдаршуулахад хүргэсэн явдал бол Дэлхийн байгууллага хэмээх НҮБ-тай арцалдсан хэрэг юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хорооноос байгууллагынхаа 60 жилийн ойн үйл ажиллагаанд Ромд урьж, тус улсад хүнсний тусламж өгөх асуудлаар ярих гэсэн боловч өнөөх хөгшин чинь тэдний өгсөн хоолоор ард түмнээ хооллохдоо тулаагүй гээд гэдийчихсэн гэж байгаа. Тэндээс улсдаа өндөр наслах азтай цөө- хөн хүмүүсийн нэг болсон Роберт Мугабе хохироогүй байж болно л доо. Жигтэйхэн баян юм чинь. Харин уг хөтөлб өрт хамрагдаж чадаагүй нь 40 нас хүрээд өнгөрөх байсан олон мянган зимбабвечүү- дийн хоногийн тоог хагасалсан байх. Сүүлийн үед нэгэн үеийн баатар гэж үздэг байсан Роберт Мугабег зөнөөд тэнэг алхам хийгээд байна гэж үзэгсэд цөөнгүй болсон гэж байгаа. Гэхдээ үүнийгээ ил хэлэх хүн үгүй л дээ. Нээрээ Роберт Мугабе бол дэлхийн улс орнуудад хүссэн цагаараа айлчлаад байх боломжгүй хүн юм.

Тус улсад болсон 2002 оны сонгуулийн дараагаас түүнийг Европын холбоо өөрийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтдаг 94 оронд зорчих эрхийг нь хаасан. АНУ ч бас үүнтэй адил арга хэмжээ авсан байдаг. 2005 оны дө- рөвдүгээр сард Роберт Мугабе Ромын пап Йонн Павелийг оршуулах ёслолын ажиллагаанд оролцсон бөгөөд Ватиканы зүгээс гаргасан онцгой хүсэлтийн нь дагуу түүнд эл эрхийг олгожээ. Мөн НҮБаас зохион байгуулж байгаа арга хэмжээ дээрх улс орнуудад зохиогдож байвал түүнд виз олгохыг зөвшөөрс өн байдаг аж. 1980 онд Родезиа улсын цагаан арьст удирдагчдын эсрэг тэмцэж байсан марксист үзэлтэй Роберт Мугабе сонгуульд 64 хувийн санал авснаар Африкийн улс гүрн үүдээс өөрийн гэсэн онцлогтой удирдагч болж чадсан юм. Түүний сонгуульд амжилт үзүүлдэг он жилүүд үргэлжилсээр 2002 он ирлээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан өөрчлөлтийн хөдөлгөөний удирдагч Морган Цвангирайтай өрсөлд өн 56.2 хувийн саналаар ялалт байгуулсан юм.

Гэхдээ 41.9 хувийн санал авсан Цвангирай болон Их Британи, Европын холбоо, АНУ зэрэг улсууд энэ сонгуулийг хуудуутай болсон гэж үздэг. Эгээ манайхан өөр зуураа өнгөрс өн УИХ-ын сонгууль нэг л сонин гэж ярьдаг шиг гайхширдаг гэсэн үг л дээ. 2005 оны парламентын сонгуульд түүний тэргүүлдэг нам бас л олонхи болов. Энэ үед сөрөг хүчний үүргийг Цвангирай тэргүүтэй Ардчилсан өөрчл өлтийн хөдөлгөөн гүйцэтгэсээр байлаа. 2007 оны гуравдугаар сарын 11-нд Морган Цвангирай цагдаа нарт баригдсан бөгөөд сүсэгтэн зодсон хэргээр баривчлагдсан байна. Энэ мэт Мугабегийн хязгааргүй эрх мэдэл нэмэгдсээр, манайд сөрөг хүчний намын хоёрхон гишүүний нэг болох Л.Гүндалайг хүчээр баривчлан авч явж, хүмүүс дэмий л нэг арга барагдаж байсан тэр үетэй л адил цаг хугацаа үргэлжилсээр өнгөрс өн жилийн гуравдугаар сарын сонгууль болжээ. Өнгөрсөн жил Зимбабвед Ерөнхийлөгч, парламентын сонгуулийг нэг дор хийсэн бөгөөд эрх баригч ZANU-PF нам олонхийн суудлаа алдсан аж. Харин энэ үед Ерөнхийл өгчийн сонгуулийн дүн гарсангүй хүлээгдэж эхэлсэн байна. Бүр таван долоо хоног өнгөрөөд байхад дүн нь тодорхойг үй хэвээр л байлаа. Ингээд тавдугаар сарын 2-нд Зимбабвегийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдээс хэн ч 50 хувиас илүү санал авч чадаагүй учир дараагийн шатны сонгууль явуулах хэрэгтэйг зарлав. Гэхдээ эхний шатны байдлаар Мугабе 43.2 хувийн санал авч, нөгөөх нь 47.9 хувийн санал авсан тул мань Ерөнхийлөгч ялагдал хүлээсэн нь тодорхой харагдаж байлаа.

Харин ихэнх хүмүүс Мугабег ялагдсан хэдий ч луйвраар дараагийн шатны сонгуулийг хийлгэхээр болов гэлцэж байсан юм. Энэ сонгуулийн үеэр улс төрийн хүчирхийллийн улмаас 85 хүн нас барж, Сонгуулийн тойрогт ажиллаж байсан зуугаас илүү ажилтан баригдсан гэхээр ямар чигийн юм болсон нь ойлгомжтой байгаа биз ээ. Сонгууль булхайгүй болдог орны иргэд үүнийг ойлгохгүй л дээ. Харин манайхан энэ талаар дээр, дооргүй сайн мэддэг учраас Зимбабвегийн сонгуулийн байдлын талаар тайлбарлаад байх шаардлагагүй биз. Монголд УИХ-ын сонгууль болох өдрөөс хоёрхон өдрийн өмнө Зимбабвед Ерөнхийлөгчийн төгсгөлийн шатны сонгууль болсон юм. Харин дүн нь манайд сонгуулийн санал хурааж байсан өдөр гарчээ. Ямар дүн гээч. Мугабе 85.5 хувийн санал авч, харин түрүүнд нь тэргүүлээд байсан азгүй Цвангирай ердөө 9.3 хувийн санал авсан байх юм. Ингэж XXI зууны Гитлер зургаа дахь удаагаа Ерөнхийл өгчийн тангараг өргөсөн билээ. Ингэж тэр хүчээр Ерөнхийлөгч болж авснаар хоёрхон суудлын зөрүүгээр цөөнх болсон намаа Засагт оруулах ажлыг эхлүүлсэн гэж болно. Хэдэн өдөр маргалдаж, хэрэлдэж, айлгаж янз янзаар болсны эцэст Зимбабвегийн улстөрчид хамтарсан Засгийн газрыг байгуулж ажиллахаар болсон билээ.

За даа, цаг хугацааны хувьд манайхтай бараг адилхан даа. Ингэж л ямар нэг сэжмээр холбогдоод байдаг халуун тамын анд нөхөдтэйгээ бид ижилсдэг юм. Бас өнгөрсөн Бээжингийн олимпоор цагаан арьст зимбабве бүсгүй Керсти Ковентри нэг алт, гурван мөнгөн медаль авч нутаг нэгтнүүдээ баярлуулсан. Бид бас анх удаагаа алт аваад баярлаж байх үед Африкийн энэ ард түмэн ч баяраа тэмдэглээд сүйд байсан. Гэхдээ тэд 1980 онд эмэгтэйчүүдийн талбайн хоккейн төрөлд анх удаа алтан медаль хүртэж, 2004 оны Афины олимпоос мөн Керсти Ковентри нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байснаараа биднээс ялгаатай. Гэхдээ тэд олимпийн гурван алтан медальтай нь бидэнтэй бас л адил. Энэ мэтээр дурдаад байвал хаа байдаг нь мэдэгдэхгүй Зимбабве бидэнтэй адил төстэй нь ихээр анзаарагдана. Халуун там Зимбабве, хүйтэн там Монгол оо гэж

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Баяр: Би том амбицтай хүн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2010 ОНЫ АРХИВААС ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА


УИХ-ын
гишүүн, МАН-ын нарийн бич­гийн дарга С.Баяртай ярилц­лаа.


-Өнгөрсөн
хавар дуу­лиантай эхлээд одоо замхарсан гэмээр нэг асуудлаас ярилц­лагаа эхэлье.
Таныг Ерөн­хийлөгчийн сон­гуу­лийн үеэр нэр дэв­шиг­чийнхээ эсрэг ажил­ласан гэж
нэр дэвшигч Н.Энхбаяр мэдэгд­сэн байдаг. Та хариуд нь асууд­лыг хянаж өгнө үү гэсэн өргөдөл МАХН-ын
Хяналтын хороонд гар­га­сан гэдэг. Тэр асуу­дал одоо яасан бэ. Та­най намын их хурлын
өмнө, хойно энэ талаар ямар ч мэдээлэл гар­сангүй…

-Тэр
асуудал яав л гэж, чааваас. Хийсэн мэ­дэгдлээ нотолно уу, зохих баримт, тайлбар
гаргаж өгнө үү гэж түүнээс Хя­налтын хороо өнгөрсөн хавар хүссэн гэсэн. Тайл­бар,
нотлох баримтаа гаргаж өгөл­гүй явсаар тэрээр өнөөг хүргэсэн. Намын их хурлын өмнө
Хяналтын хорооноос Удир­дах зөвлөлд энэ та­лаар мэдээлэл хийсэн. Тэгээд л тэр. Өнгөрсөн
хавар сүр дуулиан­тай үлээсэн гүтгэлгийн хөөс тэр хаврын шуургатай хамт замхарсан
гэж ойл­гож болно. Эхнээсээ л бүх юм ойлгомжтой байсан шүү дээ.

-Танай
нам МАХН байснаа МАН боллоо. Одоо та өргөдлөө МАН-ын хяналтын хороонд да­хин бичих
юм уу, асуудал тий­шээ аяндаа шилжих юм уу?

-Адгийн
зарга арав хоног гэдэг. Ийм утгагүй юмтай арван хоног бай­тугай, арван минут ч зуу­ралдах
сонирхол надад алга.

-Та
тэгээд хаяна гэж байгаа хэрэг үү?

-Бишгүй
дээ л элдэв хөөс үлээж байдаг. Нэгээр илүү, нэгээр дутуу ялгаа юу байна. Тэр хөөснөөс
нь холхон зогсож байвал л барав.

-Сул
гишүүнээр та удаан явсан­гүй. Намын нарийн бичгийн дарга болж намынхаа дээд удирд­лагад
дахиад ороод ирлээ. Гэхдээ на­мын­хаа хамгийн том дарга байсан хүн одоо орон тооны
бус нарийн бичгийн дарга төдий болж тушаал буурч байх шиг. Энэ нь танд ямар нэгэн
бодол төрүүлж байна уу?

-Намын дарга
байсан хүн на­рийн бичгийн дарга боллоо гэхэд тушаал буурсан харагдаж болох л
доо. Гэтэл би намын даргаасаа болиод хагас жил гаруй болж байна. Таны
томъёолсноор бол, сул гишүүн л явж байлаа. Сул гишүүнээс намын нарийн бичгийн
дарга болно гэдэг суга дэвшлээ л гэсэн үг (инээв). Шинэ томилгоо бол шинэ даал­гавар.
Намын даал­гавар. Авсан даалгавраа ном ёсоор нь биелүүлэх хэрэг­тэй. Ийм л юм
бодогдож байна даа.

-Та
ингэж хариулах нь ойл­гомж­той л доо. Гэхдээ таны амбицийн хэмжээнд арай л жол­дох
албан тушаал юм биш үү?

-Амбицийн
том жижгийг албан тушаалын зэрэг дэв төдийгөөр хэмжихгүй. Арай өөр хэмжүүр бий. Амбиц гэснээс, саяхан чуулганы танхимаас гарч
явах замд нэг сэт­гүүлч охин надаас “Таныг УИХ-ын дарга болох гэж том амбицлаад
байгаа тухай ярьж байна. Энэ үнэн үү” гэж асуулаа. Босч суухын зуур яриа өрнүүлэх
би хэзээнээс дургүй л дээ. Түүнийгээ ч хэлж “Надад тийм амбиц байхгүй ээ, миний
дүү” гээд зөрөөд өнгөртөл “Та өөрийгөө амбицгүй хүн гэж хэлэх гээд байгаа юм уу”
гэж араас асууж байх юм. Сурвалжлагч охин ярилцлага авч чадаагүйдээ бухимдаж байгаа
нь тэр бололтой. Өхөөрдмөөр ч юм шиг, өөрийгөө уудлаад бодмоор ч юм шиг. Өрөөндөө
орж ирээд, амбиц гэж чухам юуг хэлээд байгаа юм бол доо, нээрээ би амбицтай хүн
үү, биш үү, ерөөс амбиц гэдэг маань чухам юу билээ гээд жаал бодлоо. Ухаж бодоод
байхнээ сонин, сонин юм толгойд орж ирэх л юм.

-Тэгээд
танд юу бодогдов доо. Ер нь амбиц гэдгийг та чухам юу гэж ойлгодог юм бэ?

Амбиц гэдэг нь цоо шинэ
үг, ойлголт биш л дээ. Идэвхтэй эргэл­тэнд ороод харин ч удаагүй байх. Маркет, менежер,
рейтинг гэх мэт үгтэй зэрэгцээд л бидний үгсийн санд орж ирсэн байдаг. Шинэ цагийн
аясаар л орж ирсэн. Амбиц гэх энэ үг эерэг, сөрөг утга аль алиныг нь агуулдаг. Харин
манай­даа бол энэ үгийг тэр сөрөг, муу утгаар нь гол төлөв ойлгож, хэрэг­лэсээр
ирсэн. Нэр алдар, албан тушаалын хэнээ, дон гэсэн сөрөг агуулгаар нь ойлгож хэрэглэдэг.
Гэтэл “аmbitio” гэх латин гаралтай энэ үг толь бичигт илүү өргөн ут­гаараа тусгагдсан
байдаг юм байна.

-Өргөн
гэдэг нь яг ямар юм. Таны өрөөнд одоо толь бичиг байна уу?

-Энэ
“Webster” тайлбар толь байна. За тэр, хар даа… “Ambition”, “ambitious” гэсэн үгийг хоёр утгаар буулгасан байна. Нэгдүгээрт,
“ам­жилт, алдар нэр, эрх мэдэл, эд хөрөнгө зэрэгт хүрэх хүсэл эрмэл­зэл” гэжээ.
Хоёрт, “тэмүүлэл, хүсэл зориг, агуу зорилго, агуу их” гэж тайлбарласан байна. Жишээ
бол­гоод “ambitious project” гэдэг үг тавьж. Энэ нь монголоор “агуу төсөл” гэж буухаас
“хэнээтэй, донтой төсөл” гэхгүй нь ойлгомж­той. Эндээс үзвэл “амбиц” гэх үг сөрөг
гэхээсээ эерэг агуулга, утга­тайгаар бууж байна.

-Гэтэл
манайд яагаад зөвхөн тэр сөрөг утгаар нь
орчуулж хэрэглэдэг юм бол?

-Мэдэхгүй.
Би хэл судлалын хүн биш учраас барин тавин хэлж мэдэхгүй юм байна. Гэхдээ үүнийг
зөвхөн хэл судлалын талаас ч тайлбарлах аргагүй байж мэднэ. Нийгмийн сэтгэл зүй,
тухайн үеийн үзэл сурталтай ч холбоотой байж болох юм. Жишээ нь, амбиц гэх ойлголт
нь индивидуалист буюу бодгальч үзэлтэй шууд холбоотой буудаг. Хувийн эрх ашгийг
нийг­мийн эрх ашгаас дор үздэг байсан нь саяхан. Бодгальч үзлийг хувиа бодогч хөрөнгөтний
үзэл гэж марк­сизм-ленинизмийн үүднээс зэмлэн буруушаадаг байлаа. Хувь хүний хүсэл
тэмүүлэл, амбицийг хөрөн­гөтний энэ үзлээс гаралтай гээд тун таагүй ханддаг байв.
Хуучин ЗХУ-ын үед гарсан орос тайлбар толь бичгүүдээс “амбиция” гэдэг үгийг олоод
үзээрэй. Дандаа л муу, сөрөг талаас нь тайлбарласан байдаг. Манайд ч үүнээс ялгаагүй.
Тэр үед гарсан Орос-Монгол толь бичиг ч энэ байна. “Амбиция” гэдгийг “их зан, биеэ
тоох, сагсуурах” гэж буулгасан байна. За цаашлаад, нөгөө бодгальч үзэл буюу “индиви­дуализм”
гэдгийг “хувийн эрх аш­гийг нийгмийн эрх ашгаас чухалд үзэх хөрөнгөтний үзэл” гээд
л муулсан байна.

-“Амбицтай
хүн”, “амбиц­ла­на” гэж бид их ярьдаг. Нээрээ ч сөрөг талаасаа ойлгогдох нь бий.
Ялангуяа улстөрчидтэй холбож “амбицлаж байна” гэж ярих, би­чих нь цөөнгүй, тийм
үү?

-Харин
тийм. Муу хэлэгддэг нь л бид мэт болохоос амбицладаг нь зөвхөн улстөрчид биш л дээ.
Жи­шээ нь, “Би олимпийн алтан меда­лийн төлөө үзнээ” гэж байгаа та­мирч­ныг яаж
байна гэх үү. Ам­биц­лаж байгаа л хэрэг шүү дээ. Заавал олимпийн тоглолт, дэлхийн
аварга гэлтгүй. Спортын аль ч түвшний тэмцээнд, сум, багийн аваргын төлөө үзэлцэж
байгаа тамирчин бүрт амбиц бий. Ялах, алтан медаль авах, үгүй дээ л шагналт байранд
орох гэж л үзэж тарж байгаа биз дээ. Өөр нэг жи­шээ. Сэтгүүлчид та нар байна. Олныг
шуугиулсан ярилц­лага авах, онцлог шинэ мэдээ олж нийтлэх, тансаг сайхан сурвалж­лага
бичих, ингэснээрээ бусдаасаа дээр гарах, нэр алдартай болох гэж үздэггүй гэж үү,
та нөхөд… За тэгээд цааш­лаад оны шагнал авах, “Ган үзэг­тэн” болох, “тасархай”
сэтгүүл­чээр тодрох гээд гоё, гоё бодол дотроос чинь гижигддэг биз дээ (инээв).
Хэн тэгж гижигдээд байгаа юм бэ. Амбиц чинь л гижигдээд байгаа хэрэг. Бас нэг жишээ.
Яруу найргийн “Болор цом” байна. Асар их амбицууд тайзан дээр ил алалц­сан, нэн
сонирхолтой үзмэр болдог. Ийм жишээ түм бум байна.

-Хүний
амбиц хуучин нийг­мийн үед дарагдаж байгаад одоо л зад тавьж байна гэж та хэлэх
гээд байна уу?

-Яг
тэгж хэлэх нь хаашаа юм. Хуучин цагт социалист уралдаан, таван жилийн гавшгайч гэх
мэтийн хөшүүрэг байлаа. За тэгээд элдэв диплом, баярын бичиг, шилжин явах цом, одон,
медаль гээд л. Бас л хүмүүсийн амбиц хөдөлгөх, тэгс­нээрээ хөдөлмөрийн бүтээмжийг
нь өсгөх гэсэн оролдлого. Гэхдээ хуучин нийгэмд хүмүүсийн улс төрийн амбицийг хага
дардаг байж. Тэр талаасаа одоо зад тавьж бай­гаа байж магадгүй л юм. Үүнийг орхиод
бүр эртний жишээ авъя. Монголчуудын эрийн гурван наа­дам байна. Бусдыг хаяж түрүүлэх,
сур харваж мэргэнээ харуулах, хурдан морьтой гэдгээ нотлох хүсэл. Бас л амбиц шүү
дээ. Үүнийг том зорилго тавиад түүндээ хүрэх гэж байгаа хичээл зүтгэл, хүсэл тэмүү­лэл
гэж сайн талаас нь хэлж болно. Эсвэл нэр төр хөөцөлдлөө, гайхуул­лаа, хувиа хичээлээ,
саг­суур­лаа энэ тэр гэж муулж ч бас болно. Нэг еэвэнгийн хоёр тал юм даа.

-Нэг
еэвэнгийн хоёр тал гэ­лээ. Ерөөс амбицийг дотор нь сайн муу, том жижиг гэж ялгаж
салгаад яриад байдаг байдаг юм биш үү?

-Аль
ч үзэгдлийг сайн муу, том жижиг гэж ялгаж болдгийн адил амбицийг ч бас ангилж болох
биз ээ. Дээр нь улс төрийн, урлагийн, спортын гээд мэргэжлээр нь хөө­гөөд ангилж
бас болох. Хувь хүний амбиц, улс үндэстний амбиц гэж бас эрэмбэлж болно. Гаж марзан
гэмээр ч амбиц бас байдаг. Жишээ нь, Гиннесийн номонд орсон олон баримтууд байна.
Сайн муу, эрүүл өвчтэй гээд шууд оноод хэлчих аргагүй үй олон сонин марзан ололт,
амжилтын цуглуулга байдаг. Хамгийн урт хумстай хүн ч гэж байх шиг. Эсвэл хорвоогийн
хамгийн ховдог хүнээр шалгарсан нөхрийн ч зураг байна. Олон улсын ховд­гийн тэмцээнд
ороод түрүүлсэн хүн гээд бод доо. Улс улсаас, газар газраас ховдгоороо шалгарсан
хүмүүс нэг газар цуглаад үзүүр түрүү булаацалдаж байна гээд төсөөлөөд үз л дээ.
Үүнийг эрүүл амбиц гэх аргагүй л байх. Гэтэл хажууд нь суут нээлт хийсэн эр­дэмт­ний
хөрөг зэрэгцэж байх шиг. Насаараа хө­дөл­мөрлөж байгаад нээлт хийж. Цаана нь олимпийн
уртын харайл­тын аварга байж байна. Бусдаасаа урт харайх гэж зүтгэсээр, бэлтгэл
дасгал хийсээр байгаад амжилтад хүрсэн хүн… Хүний амбиц, түүний илрэл гэж сонин
эд шүү.

-Таныхаар
сайн ч бай, муу ч бай хүний амбиц гэдэг нь байх ёстой зүйл болж таарч байна аа даа?

-Байх
ёстой, ёсгүй гээд ч яах билээ. Ерөөс хүн байгаа учраас л түүний амбиц нь дотор нь
байж л байдаг. Бүх хүн амбицтай. Тэр нь ил гардаг, заримдаа нуугддаг биз. Хүнээсээ,
нөхцөлөөсөө хамаараад хүчтэй, сулхан гээд янз янзаар л ил гардаг биз. Хүний амбиц
гэдэг маань гаднаа илэрч байгаа хэлбэр, талбар талаасаа л өөр байх. Харин доторх
агуулга нь ив ижилхэн. Бусдаас ялгарах, аль нэг талаараа бусдаасаа илүү гэдгээ харуулах,
өөртөө болон өрөөл бусдад үүний­гээ нотлох гэсэн хүний ердийн л хүсэл эрмэлзэл юм
шүү дээ. Адгуус­наас ялгарах хүний ялгаа энэ.

-Ярилцлага
маань амбицийн тухайд нэлээд үргэлжиллээ. Улс төр рүү эргээд оръё. Манайд УИХ-ын
гишүүн болохыг амжил­тын оргил гэж бодох явдал тү­гээ­мэл байна. Тэгвэл энэ нь насны
эцэст бахархах гол ам­жилт мөн үү. Бурхан гэж байгаад өмнө нь очвол та бүхэн юу
ярих бол. УИХ-ын гишүүний хувьд хариулахад хэцүү асуулт байна гэж та үзвэл хариулахгүй
байж болно л доо…

-Хөөрхөн
чимхсэн асуулт бай­на, тиймээ… Гэхдээ хариулахад амар асуулт юм. Яагаад гэвэл
улс төр бол ул сууриараа, үр дүнгээрээ маш тодорхой ажил. Тодорхой бодлого, зорилготой
ажил. Энэ ажлын тодорхой үр дүн гарна, эсвэл гарахгүй. Тийм учраас бур­хан асуух
асуултын хариу ч тодор­хой. УИХ-ын гишүүн байхдаа хийж бүтээсэн юм байна уу, үгүй
юу гэдгээр л эцсийн хариу гарна. Гарт баригдах, нүдэнд харагдах, аманд амтагдах
бүтээл, ажлын үр дүн байна уу, үгүй юу гэдэг нь л эцсийн дүндээ чухал. Аль нэг хүн
өндөр, нам албан тушаалд байв уу, үгүй юу гэдэг нь чухал биш. Харин тэнд байхдаа
зүтгэж ирсэн бодлого зорилго, ажил үйлс, тэдгээрээс гарсан тодорхой үр дүн байна
уу, үгүй юу гэдэг л чухал. Үр дүн байхгүй бол хумсаа урт ургуу­лахаас ялгаа байхгүй
шахуу л үзүүлэлт болно доо (инээв).

-Бүх
хүн амбицтай гэж та тү­рүүнд хэллээ. Таны улс төрийн амбиц эрт илэрч эхэлсэн юм
шиг. Социализмын үеийн, бүр Содном гуайн Засгийн газрын хамгийн залуу орлогч сайд
бай­сан гэж ярьдаг. Дараа нь Улсын Бага хурлын гишүүн, Стратегийн хү­рээ­лэн­гийн
захирал, Ерөн­хийлөг­чийн тамгын газрын дарга, Элчин сайд, намын Ерөнхий на­рийн
бичгийн дарга, Ерөнхий сайд, намын дарга гээд олон том ажил эрхэлж байж. Одоо УИХ-ын
ги­шүүн. Цаашдаа яах вэ. Таны амбиц таныг хаашаа хөтлөх бол, шулуухан асуухад, таны
амбиц хэр их вэ?

-Янз
янзын л алба хашиж байж. Улсын Ерөнхий сайдаар ч ажил­лаж үзлээ. Монголынхоо хамгийн
том, ууган намын дарга ч хийв. Надад хэр их амбиц байгаа вэ гэж асуулаа. Шулуухан
асуусан тул шулуухан л хариулъя. Би том амбицтай болсон хүн. Яг ямар амбиц вэ гэвэл,
тусгаар Монгол улсынхаа түүхэнд бичигдэж үлдэх­сэн гэсэн амбиц байна. Бичиг­дэх
бичигдэхдээ хийсэн, бүтээсэн, эхлүүлсэн ажлынхаа тов тодорхой үр дүнтэйгээ улсынхаа
түүхэнд эерэг, сайнаар дурсагдаж бичүү­лэхсэн гэсэн том мөрөөдөл, том амбиц надад
байна. Улсын Ерөн­хий сайд байсан хүн үүнээс бага амбицтай байж хэрхэвч таарахгүй
гэж боддог.

-Нээрээ
л том амбиц байна. Гэхдээ цаашдаа яах бодолтой байна вэ, таны том амбиц таныг одоо
хаашаа хөтлөх бол гэсэн асуултад та хариулсангүй…

-Цаашдаа
яах бодолтой вэ гэж үү, би. Бурхны хөх инээдийг нь хүргэе гэвэл цаашдаа яах бодлоо
ярь гэсэн үг байдаг. Хүн боддог, бурхан болгоодог гэсэн үг ч бас байдаг. Еврейчүүдийн
хэлэх дур­тай үг. Еврейчүүд ухаантай улс шүү. Цаашдаа яахыг маань хэн мэдлээ. Бурхан
л мэдэх байх. Юутай ч тэр том амбицдаа хир буртаг хал­даа­чих­гүй юмсан л гэж бодож
явдаг. Надаас хамаарах нь тэр байх.

-Та
хэзээний л том амбицтай байсан хэрэг үү?

-Яалаа
гэж. Эр өсч, эсгий суна­хын хэрээр л амбиц нь дагаад өсдөг биз. Гэхдээ л тухайн
хэр чинээндээ багтаж ядсан том, том амбицтай явсан юм шиг. Тэрнээсээ ч болж юм юм
үзсэн, амссан бай­даг. Оюутан сурагч байхдаа ч тэр, янз янзын алба хашиж явахдаа
ч тэр. Гэхдээ сүүлийн энэ том амбиц бол арай л өөр. Анх Ерөнхий сайд болж, алд цэнхэр хадганд ороосон
тамгаа гардаж аваад, Төрийн орд­ны хоёр­ду­гаар давхарт байрлах албан тасалгаандаа
орж ирэхэд нэг сонин мэдрэмж төрсөн санагд­даг. Гэхдээ хүн амьтан орж гараад, бужигнаад
төвлөрөх ямар ч бо­ломж байгаагүй. Бүр дараа нь, шөнө орой болсон хойно өрөөн­дөө
ганцаараа сууж байтал нэг бодол орж ирсэн. Тэр­нээс хойш л тэр том амбиц төрсөн,
би тэр амби­цаа ухаарч ойлгосон байх.

-Тэгвэл
таны Ерөнхий сайд, намынхаа суудлаа онцолж зал­гамж­луулсан С.Батболд гэдэг хүн том амбицтай хүн мөн үү?

-Ерөнхий
сайдын тэр албан тасалгаанд эзэн нь суухаар орж ирсэн хэнбугайн ч том амбиц нь сэрдэг,
хөдөлдөг байх гэж бодож байна. Хөдлөхөөс ч өөр аргагүй тийм орчин, тийм тасалгаа
байгаа юм. С.Батболд Ерөнхий сайд ч нэгийг бодсон биз. Энэ тухай өөрөөс нь асуугаарай.
Өмнөөс нь би яриад яахав.

-Гэхдээ
түүний талаар таны бодол юу вэ. Та түүнд Ерөнхий сайд, намынхаа даргын суудлыг ногоон
гэрлээр залгамжлуулж бас байнга л хамгаалж,
өмгөөлж яваа харагдах юм?

-Ер
нь бол тэр том, тэр эерэг амбицийн багтаамж түүнд байна гэж мэдсэн, мэдэрсэн учраас
л түүнийг онцолж тэр том албаа шилжүүлсэн байж таарна биз дээ. Амбицийн багтаамж
нь жижиг хү­нийг тэр албан тасалгаа руу ойртуу­лах ч хэрэггүй. С.Батболд даргыг
байнга хамгаалж, өмгөөлж яваа гэдгийн хувьд гэвэл, тэр тийм биш ээ. Тэгэх шаардлага
ч байхгүй. Харин би түүнд туслах учиртай, бүр үүрэгтэй ч гэж хэлж болно. Хүний ёсоор,
ахын ёсоор туслах, чадлаа­раа дэмжих үүрэгтэй. Өөрийнхөө том амбицийг гүйцэлдүүлэх
үүд­нээс ч гэсэн би туслах ёстой болж таарна аа даа. Ерөнхий сайд С.Батболдын ажил
бүтэмжтэй бай­на гэдэг бол миний эхлүүлсэн ажил ч бүтэж байна гэсэн үг. Нөгөө түүхэнд
эерэ­гээр үлдэхсэн гэсэн том амбицид маань энэ нь хэрэгтэй, тустай учраас ч тэр…
(инээв).

-Амбицийн
багтаамж жижиг хүн гэж та сонин үг хэллээ. Яг ямар хүн байх уу?

-Яахав
дээ, хувиа бодож, довоо шарлуулахаас цаашгүй хүнийг л хэлэх байх даа. Албан тушаал
нь томорсон ч амбиц нь жижигхэн хэвээрээ үлдэчихсэн хүмүүс бас байдаг даа. Тийм
л хүмүүсийг хэлж байна.

-Та
үүнийгээ жаахан тодор­хой болгохгүй юу?

-Надаар
заавал хэлүүлээд яа­хав. Эргэн тойрноо, дээшээ доошоо нэг сайн хар л даа. Жишээ
биш­гүйдээ л бэлхэн харагдана. Хүний нийгэм учраас сайн муу, том жижиг амбицүүд
холилдоод л оршдог хорвоо шүү дээ. Зөвхөн Монголд ч биш, хаана ч гэлээ тийм л байдаг
байх. Харин Монголын онцлог гэж нэг юм бас бий. Ер нь монгол­чуудын суурь амбиц
бол том тал­даа гэмээр шүү. Би эрдэмтэн суд­лаач биш учраас айхтар шинжлэх ухааны
үндэстэй юм хэлж чадах­гүй л дээ. Зүгээр заримдаа нэг тийм бодол төрдөг юм. Монголчууд
санаа бо­дол, хүсэл эрмэлзлэлийн хувьд жижиг, авсаархан байж чадахгүй болчихсон
үндэстэн юм шиг. Дэл­хийн талыг эзэлж явсан их гүрний хойч үе болоод ч тэр үү, хосгүй
түүхтэй ард түмэн учраас ч тэр үү одоо хэр, өнөөгийн нөхцөлд ч гэлээ нэг их жижигрээд
байж чадахгүй болчихсон ард түмэн юм шиг. Юу­тай ч хувь хүмүүсийн санаа бодол, хүсэл
амбиц нь яав ч жижиг биш. Юм л бол эзэн Чингэсээ дурсаж, дүр­сэлж байдаг маань ч
үүнтэй холбоо­той байх. Уламж­лалт нүүдлийн амьдрал ахуй маань бидний өвөг дээдсийг
ихээхэн бие даасан, тө­рөл­хийн бодгальч үзэлт­нүүд бол­госон юм шиг. Америкчууд
өөрс­дийгөө туйлширсан бодгаль­чид гэж үздэг. Гэтэл монгол нүүдэл­чин бодгальчдын
дэргэд тэд бол нэгд­лийн гишүүд гэмээр сэтгэл­гээтэй улс. Нүүдэлчин ахуй бол байгаль
дэлхийгээсээ л хараат байхаас өөр юунаас ч хараат байх боломжгүй тийм л ахуй, тийм
л орчин. Эрт балар цагт ч, Манжийн ч үед, социализмын ч үед нүүдэл­чин монголчуудыг,
тэдний санаа бодол, хүсэл тэмүүл­лийг хяналт, захиргаандаа оруулах гээд чадаа­гүй.
Суурин газрын хүмүүсийг бол элдэв жааз, хайрцагт тэгсгээд оруулчихаж болдог бол
зөвхөн байгальтайгаа харьцаад явдаг нүүдэлчин бодгальчдыг бол хянах, хайрцаглах
хэцүү. Тэгэх тусмаа тэдний дотоод ертөнц, хүсэл бо­дол, амбицийг нь бол бүр ч хэцүү.
Монголчуудын эрт дээрээс үе, үе гаргадаг байсан, бэлчээрээ тэлж байгаа нь энэ гээд
тив, дэлхийн хагасыг байлдан дагуулчихдаг бай­сан хязгааргүй том амбиц эндээс ч
үүсэлтэй байж мэдэх л юм.

-Одоо
тэр хязгааргүй амбиц нь хаачсан хэрэг вэ?

-Цагийн
эрхээр хумигдсан л даа. Гэхдээ л ёзоор үндэс нь хаачив гэж. Байж л байгаа. Монгол
хүн бүрийн мах цусанд шингээстэй л байгаа. Энэ амбицтай холбоотой бас нэг юм бий.
Өөр нэг том хүчин зүйл. Бид харьцангуй цөөн хүн амтай ард түмэн. Биднийг хэдэн зуун
саяар тоологдох харийн хүн далай хү­рээлж байна. Тэр далайн дундах жижиг арал дээр
байгаа ард түмэн, бид. Үүгээрээ бид еврей­чүүд, армя­нууд, польшууд зэрэг харьцангуй
цөөн хүн амтай улстай ижил. Ийм ард түмнүүд нийтлэг нэг шинжтэй. Энэ бол үндэсний
нэгдэл нягтрал. Цөөхүүлээ учраас бие биеэ хайр­лаж, хаана ч байлаа бие биедээ тусалж
явдаг үндэсний сэтгэлгээ. Хүмүүс л юм хойно дотроо зарим­даа муудсан ч гадаг­шаа
бол зангид­сан гар шиг байх үндэсний чадвар. Цөөхүүлээ ч гэлээ тойрсон харийн олонд
идүүл­чихгүй юм шүү гээд шүд зуусан үндэсний амбиц. Тэр сэтгэл­гээ, тэр чадвар,
тэр амбиц бидэнд уг нь бий. Зарим нь одоо цагт бүдгэрсэн байлаа ч үндэс суурь нь
бол бий. Бусдыг байлдан дагуулах амби­цийн тухай би яриагүй. Харин одоо бусдад уусахгүйн
тулд, бус­даас царайчилж амьдрахгүйн тулд, бусдын дайтай амьдрахын тулд, цаашлаад
бусдын хүрээгүйд хүрэ­хийн тулд орчин цагийн
шинэ том, эерэг амбиц бидэнд гарцаагүй хэрэгтэй. Шинэ орчин цагт нийцсэн шинэ амбицийн
тухай би ярьж байна.

-Шинэ
амбиц гэснээс шинэ залуу үеийнхний амбиц ёстой нэг сад тавьж байгаа мэт харагдаж
байна. Ялангуяа танай нам до­тор. “Одооны залуучууд арай хэтэрч байна” гэж танайхан
ярих болж. Шинэ үеийнхний амбиц таны үеийнхээс өөр үү?

-Амбиц
бол амбиц. Хуучин, шинэ үеийн амбиц гээд ялгарах юм юу байхав. Харин илрэх илрэл
нь бол өөр. Бидний үеийнхэн бол бага балчраасаа л даруу байх тухай сонсч, сургамжлуулж
өссөн боло­хоор амбиц байлаа ч түүний га­дагш­лах хэлбэр нь одооныхоос шал өөр байв.
Шинэ үеийнхний амбиц одоо гадагшаагаа ямар нэгэн саад, хаалт­­гүй илэрч байна. Тэрийг
нь хараад дэндүү даруу биш бай­на, задгай байна, бүр сагсуу байна ч гэж заримдаа
ярьдаг. Магадгүй л юм. Гэтэл орчин цаг өөрчлөгдөж, хүн биеэ авч явах, өөрийгөө илэр­хийлэх,
амбицаа гаргах хэлбэр ч бас өөрчлөгдөж байна. Илүү чө­лөө­тэй, илэн далангүй, заримдаа
бүр ичих зовох юмгүй гэмээр болж байгаа нь үнэн. Зөв ч бай, буруу ч бай энэ бол
шинэ цагийн маяг, хандлага. Гэхдээ хандлага нь ийм юм гээд эрээ цээрээ алдаж бас
таарахгүй л дээ. Залуу ч бай, хөг­шин ч бай ялгаагүй. Эрээ цээрээ алдсан амбиц эзэндээ
амжилт гэхээсээ алдас авчирч байгаа жи­шээ нэг алхаад хоёр таарч байх шиг. Юутай ч “Одооны энэ залуу­чууд уу, хэрэг алга” гэсэн
хэлц, ярианд би дургүй. Платоны ч ал­дарт үг байдаг. “Өөрөө залуу яваагүй мэт, өөрөө
алдаж онож байгаагүй мэт ярвайх хэрэггүй шүү, хөгшөөн” гэсэн утгатай үг байдаг.

-Та
залуучуудынхаа амби­цийг арай илүү дэмжээд байгаа нь илт харагддаг. Сая болсон намын
их хурлаар л гэхэд таны үеийн Ө.Энхтүвшин намын дар­гад нэрээ дэвшүүлэхэд та С.Бат­болдыг
дэмжинэ гээд шууд хэлж байх жишээтэй. Ерөөсөө тэгэж шууд байр сууриа илэрхийлэх
ямар шаардлага байсан юм бэ?

-Байр
суурийг минь асуусан учраас л хэлэх шаардлага гарсан. Намын их хурлын үеэр элдэв
яриа гаргасан юм билээ. “С.Баяр наанаа энийг, цаанаа тэрнийг дэмжиж байгаа” гэсэн
утгатай мөлхөө явган яриа, жиг жуг гаргаад эхэлсэн тухай сонсогдсон. Нэг өглөө,
хуралдааны өмнө хэсэг төлөөлөгчид надтай зориуд уулзъя гэж уулзаад энэ талаар хэлсэн.
Ийм нөхцөлд байр суурь маань маш тодорхой, ойл­гомж­той, шулуухан л байх ёстой.

-Тэгэж
хэлснээр үеийнхэн чинь гомдож, дургүй нь хүрэхгүй гэж үү?

-Манай
үеийнхэн бол хал үз­сэн, халуун чулуу нижгээдийг атгаж явсан, хатуужсан нөхөд шүү
дээ. Нялуунаас шулуун нь дээр гэсэн нэгэн үзлээр хүмүүжсэн товари­щууд, бид. Тэгээд
ч залуу халаа, шинэ үеийнхний хүчтэй түрлэг намын ирээдүйд амин чухал гэд­гийг надаар
заалгахгүй болсон хаш­рууд. Тэднийг буруу, солгой ойлгоно гэж санаа зовох хэрэггүй.
Тэгээд ч дан залуучууд дэвшээд байгаа юм алга. Нам дотроо бид­ний барьдаг бодлого,
ярьдаг зар­чим бол ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ юм. Энэ зарчмаараа яваад
ирсэн, цааш­даа ч явна.

-Намын
даргаар С.Батболд сонгогдох нь тодорхой байсныг хэн хүнгүй л ярьж байгаа. Энэ тохиолдолд
нэрээ дэвшүүлс­нээр Ө.Энхтүвшин ямар тоглолт хийв гэлцэх хүмүүс ч байна. Ө.Энхтүвшин
даргад сонгогдох шаанс байсан уу?

-Сонгогдох
шаанстай, дэвших шаардлагатай гэж үзсэн, тооцсон учраас л нэр дэвшээ биз. Үүнд буруу
юу байхав.

-Өөрөө
тэгж үзсэн юм уу, эс­вэл хүмүүсийн ятгалга явуул­га байсан хэрэг үү. Бөөн эрсдэл
дагуулан нэр дэвших нь ямар хэрэгтэй юм бэ?

-Хэн
ч, юу ч гэж ятгаж болно. Гэхдээ ийм асуудлыг эцсийн дүндээ өөрөө л шийддэг. Ө.Энхтүвшин
дарга ч өөрөө шийдсэн гэдэгт эр­гэл­зэх­гүй байна. Эрсдлийн хувьд гэвэл, эрсдэл
бол аль ч сонгуулийг сүүдэр шиг дагадаг. Тэр сүүдрээс айх юм бол улс төрд байгаад
ч яахав дээ. “Эрсдэл даахгүй бол шампан дарс байхгүй” гэдэг.

-Танай
намд албан ёсны бод­ло­гоо сөрж танхимаас нэр дэв­шээд хол явдаггүй биз дээ. Бод­лого
сөрөөд дэвшдэг практик ч нэг их түгээмэл биш санагддаг?

-Яалаа
гэж. Харин ч түгээмэл. Бодлогоо дагаад, бодлогоо сөрөөд янз бүрээр л нэр дэвшдэг.
Би жишээ нь, 2005 онд намын XXIV их хур­лаар бодлогоор биш, танхи­маас нэр дэвшээд
намын даргад үзэж л байлаа. 2007 онд намын XXV их хурлаар ч ялгаагүй. Танхи­маас
л нэр дэвшиж байв. Зөвхөн би ч биш. 1997 онд Н.Багабанди дарга танхи­маас нэр дэвшээд
намын дарга болж байсан. Өөр юу билээ…
Өө тийм, “Ардчиллын үнэр оруулна аа, хөө” гээд л хамрын тамхиа энгэр дүүрэн
цацчихсан нэг нөхөр УИХ-ын дарга, дэд даргын сонгуульд танхимаас байн байн нэр дэвшин
үзээд л байдаг байлаа. Тэр бол Д.Лүндээжанцан дарга юм. Ийм жишээ манай намд олон
бий.

-Бодлого
сөрөөд дэвшинэ гэдэг нь Ардчилсан намд бол байдаг л зүйл. Харин танайх шиг хатуу
дүрэмтэй, сахилга баттай намд энэ нь нэг л сонин санаг­даад байх юм. Ерөнхийлөгч
асан Н.Багабанди, Д.Лүндээжанцан дарга, таныг намын бодлогоо сөрж нэр дэвшээд, тэгээд
ялаад, сонгогдоод явж байна гэхээр нэг л үнэмшилгүй…

-Юун
сонин байхав дээ. Манай нам дүрэмтэй, дүрмээрээ тогтоогд­сон сахилгатай гэдэг нь
үнэн. Гэх­дээ бас ардчилсан журам, өрсөл­дөөнийг
эрхэмлэдэг нам гэдэг нь ч үнэн. Үүний жишээ олон бий. На­мын даргаа сонгох, дүрмээ
шинэч­лэх, нэрээ өөрчлөх гээд аливаа шийдвэр гарахаас өмнө өргөн хэлэлцдэг, маргадаг,
өрсөлд­дөг. Харин шийдвэр нэгэнт гарсны дараа бол түүнийгээ дагадаг, түүн­дээ захирагддаг.
Энэ бол ардчил­лын суурь зарчим юм. Тоглоо­мын дүрэм гэж ч бас ярьдаг.

-Тоглоомын
дүрмээ зөрчөөд явж байгаа гишүүн бас бий шүү дээ, танай намд. Үүнийг та юу гэх бол?

-Тийм
гишүүн манай намд ч л байна, айлын намд ч л байна, харамсалтай нь. Тоглоомын дүр­мээ
зөрчдөг явдал бол үнэн ядар­гаа. Зөвхөн намуудад ч биш, нийт ний­гэмд маань тохиолдож
байгаа том хүндрэл, том бэрхшээл бол энэ юм. Асуудал нь жижиг юм шиг хэрнээ хор
хөнөөл нь мөн ч их. Дүрмээ барьдаг болчихвол өдөр тутмын амьдралын маань элдэв зовлон
нэн хөнгөрмөөр байгаа юм даа, уг нь. Өнөөгийн Улаан­баата­рын гудамж­ны хөдөлгөөн,
улс төрийн амьдрал хоёрыг ижилхэн доройтуулж байгаа зүйл юу вэ, мэдэх үү.

-Юу
гэж ?

-Дүрмээ
барьдаггүй явдал. На­мын дүрмээ ч тэр, замын дүрмээ ч тэр. Түүнээс болж гаднаа сэвтэй
машин, нэрэндээ сэвтэй улстөрч элбэг болсон. Зам яагаад түгжирдэг вэ гэхэд машин
тэрэг хэт олшроод, гудамж зам хэт нарийдаад гээд шалтаглаж болно. Гэтэл манай­хаас
нарийн гудамжтай, манайхаас олон машинтай Европын хотуудад яа­гаад манайх шиг түгжирдэггүй
юм бэ. Дүрмээ ягштал барьдаг учраас. Жолооч ч тэр, явган зорчигч ч тэр. Жолооч хүн
маргааш явгарахаа мэднэ, явган хүн машин барихаа тооцно. Дээр нь бие биедээ найр­саг
ханддаг учраас замаа таг гээд түгжиж орхидоггүй. Гэтэл манайд яадаг билээ дээ. Өөрийн
машинаа хайрлаагүй хүн, хүний машин хайр­лана гэж байхгүй. Хагас хо­ром, хагас сөөм
ч найр тавихгүй дээ гээд тултал шахна. Дураараа дур­гина. Тэгж яваад осолд орчихоод
хагас хором байтугай, хайран хэдэн цаг, хэдэн өдөр, хэдэн жил алдахаа тоохгүй. Эгнээндээ
явах­гүй хүний эгнээ булаана, тэгснээ эгнээ огт үгүй мэт сүлжиж давхина. Тэгснээ
гэнэт эсрэг эгнээнд орж урсгал сөрнө. Гарцгүй газар зүт­гэнэ. Зогсох газар хаа­зална.
Хурд­лах тэнхээгүй атлаа урдуур орж зам түгжинэ. Гэмгүй царайлна. Хараал урсгана.
Байнга чигнаал­дана… Улаанбаатарын танил дүр зураг байгаа биз дээ. Би чамд зөвхөн
замын хөдөлгөөний тухай ярилаа гэж бодож байна уу.

-Замын
хөдөлгөөнөөс гадна өнөөгийн улс төрийн амьдралын тухай давхар ёжлоод байгаа юмаа
даа, та?

-Тийм.
Яг үнэн (инээв). Ийм л дүр зураг харагддаг. Уг нь жолооч нарын дийлэнх олонхи нь
журам дүрмээ барьдаг гэж байгаа. Гэтэл нэг хэсэг дэггүй этгээд чанга чиг­наал­даад,
эгнээ сүлжиж давхиад, хөдөлгөөнд хөндлөнгөөс улаан галзуу ороод ирэхлээр бүгд л
тавгүйтээд эхэлдэг. Тэгснээ тэр журам барьдаг олонхиос зарим нь тэвчээр алддаг,
дагаад дэггүйтэж эхэлдэг. Замын хөдөлгөөн бүр хэцүүддэг. Ийм л хорлонтой эд байгаа
юм даа, тоглоомын дүрмээ зөрчих гэдэг. Үүнийг яалтай билээ. Ядаргаатай, зовлонтой
эд. За юутай ч, хоёулаа нэлээд удаан ярьчих шиг боллоо. Урт сунжирсан яриа болго­мооргүй
байна. Одоо яриагаа өн­дөр­лөвөл яасан юм бэ.

-Тэгье.
Гэхдээ ганц нэг зүйл тодруулмаар байна. Танай МАХН Ардын нам болсон, хуучин нэрээ
сэргээсэн тухай яриа сүүлийн үеийн хамгийн ихээр яригдаж байгаа сэдэв. Бөөн сүр
дуулиан, нэг л их баяр хөөр болсон хүмүүс “хурай, хурай” гэж хашгираад л…

-Сэтгэл
хөдөлгөсөн сайхан ёс­лол болсон. Хүүхэд төрөхөд чихэнд нь нэрийг нь энхрийлэн шивнэдэг.
Энэ бол муугийн ёс биш, Монголын ёс. Манай нам хорвоод анх мэнд­лэхэд чихэнд нь
“Ардын намаа…” гэж шивнэсэн байдаг. Тэр нэрийг хэн хайрлаж, хэн шивнэсэн юм бэ.
Монголын ард түмэн. Эх орон, эрх чөлөө гэсэн ариун бод­лоороо нэгд­сэн ард түмэн.
Эх орондоо эзний ёсоор амьдаръя, хэдэн зуун жилийн дарлалаас одоо нэг ангижиръя,
гадны эзлэн түрэм­гийлэгчдийг да­руй хөөн зайлуулъя гэсэн ариун сэтгэл, гэгээн хүсэл,
том амбицаар нэгдсэн Монголын харц ард, тайж ноёд, лам хувраг нар нэгдсэн. Өөр хоорондоо
үлэмж зөрчилтэй явсаар ирсэн Монголын нийгмийн энэ олон хэсэг бүлэг нэг л юман дээр
санаа бодол нь яв цав нийл­сэн байдаг. Тэр бол Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө.
Ийм ариун сэтгэлээр тэд нэгдэж, шуд­арга тэмцлийг нь ман­лайлах улс төрийн байгууллагаа
төрүүлжээ. Түүндээ Ардын нам гэсэн нэр хайр­лажээ. Монгол Улсын маань тус­гаар тогтнолын
төлөө ариун тэмц­лийн туг болсон энэ сайхан нэрээ бид сая сэргээж авлаа. Түүхийн
нэг үе шувтарч дараагийн шинэ үе эхэлж байна. Сэтгэл хөдлөлгүй яахав.

-Сая
болж өнгөрсөн танай намын их хурал дээр нэрээ өөрч­лөх, бэлгэ тэмдгээ солих гээд
бүх ажиллагаа нарийн дэг­лэгдсэн байсан юм шиг. Бүх сценари, бүх дэглэлт таныхаар
явсан гэсэн яриа, сэжиг байгаа. Та юу гэж хариулах вэ?

-Би
намын мөрийн хөтөл­бө­рийн ажлын хэсгийг ахалж ажил­ласан. Өөр бусад ажилд оролцох
боломж, шаардлага надад гараа­гүй. Үүнээс өөр тайлбар хэлэмгүй байна. Яахлаараа
заавал “дэг­лэлт, сценари” гэх талаас нь хардаг байна аа. Намайг ерөөс муу хүн гэж
үзэж болно. Ардын намыг угаасаа л муу нам гэж үздэг байж болно. Гэхдээ хүмүүсийн
сэтгэл аяндаа хөдлөөд, баяр хөөр болж, омогшиж байгааг хараад ойлгох монгол хүний
сэтгэл, үүнийг мэдрэх мэргэж­лийн увдис баймаар юм. Дашрамд хэлэхэд, асуудлыг сайн,
муу олон талаас нь харж, дүрсэлж чаддаг байх нь увдисын илрэл. Харин юм болгоныг
зөвхөн бараан саарал, буруу хазгай талаас нь хардаг, дүрсэлдэг байх нь увдис­гүйн
илрэл гэж боддог. Намын их хурал, намын нэр сэргээх үйл явдлын талаар гадна, дотно
гарсан нийтлэлүүдийг би зориуд олж уншсан. Шууд хэлэ­хэд, танай “Өд­рийн сонин”-д
гарсан хорсол дүүрэн зарим нийтлэлүүд арай л онцгүй санагдсан. Муулж болно, үзэн
ядаж ч болно, харин тэглээ гээд арай л бэлгэ дэмбэ­рэлгүй үг нийт­лэж, монголоо
алдаж болом­гүй баймаар. Цөөхөн монгол­чууд шүү дээ, бид хэд чинь. Энэ үгийг минь
хасалгүй нийтлээрэй гэж хүсье.

-Таны
хэлсэн үгийг хасахгүй ээ. Хамтарсан Засгийн газар байгуулах тухай гэрээний нэг тал
МАХН гэх хуулийн этгээд байхгүй боллоо. Одоо гэрээнд өөрчлөлт орох уу.

-Гэрээнд
оролцогч нэг этгээдийн нэр л өөрчлөгдсөн. Энэ үнэн. Гэхдээ гэрээ байгуулсан хуулийн
этгээд нь шинэ нэртэйгээ хэвээрээ л байж байна. Энэ бас үнэн. Үүнээс үүдээд хамтарсан
Засгийн газар­тай хол­боо­той ямар нэгэн өөр асуудал үүсэх үндэс огт байхгүй. Үүн дээр мэдэн будлиад
байх юм огт үгүй. Намын нэр солигдоно гэдэг жирийн үзэгдэл. Бидэнтэй хамтрагч АН
гэхэд л үүсгэн байгуу­лагдсан цагаа­саа нэрээ мөн олон сольсон. МоАН, МҮАН гээд
л өөрч­лөгдөөд байсан санагддаг. Одоо бол АН. Гэхдээ нэр олон солигдлоо гээд АН-ын
мөн чанар, үндсэн агуулга нь өөрч­лөгдөөгүй л байх. Мөнөөх л хуулийн этгээд мөн
гэж ойлгогддог. Бусад намууд ч гэсэн. ИЗН гэхэд л нэг хэсэг ИЗН-БНН болоод явж байсан
байх. Тэглээ гээд энэ намын зорилго, агуулга нь хэвээрээ л байгаа гэж ойлгодог.
Тэгэхээр манай нам нэрээ өөрчил­сөн явдал бол Монголын нэн шинэ түүхэнд огт шинээр
гарч байгаа зүйл биш. Харин үүнийг тойруу­лаад суртал ухуулгын элдэв бохир утаа
манан татуулах гээд байгаа, иргэдийг тэр хиймэл утаа манан дотор оруулж төөрүүлэх
гээд бай­гаа нь л шинэ үзэгдэл гэлтэй. Гэхдээ энэ бол өөр сэдэв. Шаард­лагатай бол
жич ярилцаж болох сэдэв.

-Намын
нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулж асуух бас нэг асуулт байна. Ардын нам нэртэй болоод сонгуульд ялагдвал ха­риуц­лагыг
нь би хүлээнэ гэж генсек У.Хүрэл­сүх мэдэгдсэн. Ер нь ялагдвал хариуцлагыг нь хэн
хүлээх ёстой вэ ?

-Маш
тодорхой. Намын дарга С.Батболдоос эхлээд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх
дагаад, намын нарийн бичгийн дарга болсон мань мэт хамрагдаад бүгд л хариуцлага
хүлээнэ. Намын Удирдах зөвлөл, Бага хурал гээд бүгд хүлээнэ. Үүн дээр асуугаад байх
ч зүйл байхгүй. МАХН гэсэн нэрээрээ, Ардын нам гэсэн нэрээ­рээ ч байлаа адилхан.
Ялагдсан бол хариуцлага хүлээдэг тэр зарч­маараа л явна.

-Дараагийн
Ерөнхийлөгчийн сонгуульд танай намаас нэр дэвших боломжтой хүн хэн, хэн байна вэ?

-“Нэг
боссон дээрээ Ерөн­хий­лөг­чийн төлөө хундага өргөе” гэх шог яриа байдаг. Тэрэн
шиг нэг уулзсан дээрээ бүх асуудал хамрах гэх юм байна л даа (инээв). Наад асуудлыг
чинь ярих болоогүй. Учир нь, нэгдү­гээрт, Ерөнхийлөгчийн дараа­гийн сонгууль дэндүү
хол байна. Түрүү­чийн сонгуулийн тоос зарим газраа бүрэн буугаагүй явна. Хоёрт,
нэр дэвших боломжтой хүн дэндүү олон. 2009 оны сонгуулийн өмнө л гэхэд би намын
даргын хувьд манай намаас нэр дэвших боломжтой гэж үзсэн арваад хүн­тэй уулзсан
бай­даг. Одоо тэр тоо нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй. Гуравт, одоо тийм хүмүүсийг нэр­лэх, тэдний тухай
албан ёсоор ярих эрх намын одоогийн даргад
хадга­лагдана.

-Та
намын дарга байхдаа то­дор­хой хүмүүстэй уулзаж бай­сан гэлээ. Нууц биш бол, яг
хэн, хэн хэнтэй уулзаж байсан юм бэ?

-Би
тэр үед Н.Багабанди, Н.Энх­баяр, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин,
Н.Энхболд, Ч.Улаан нартай уулзаж байсан. Өөр ганц нэг хүн орхигдсон байж магадгүй.
Тэр үеийн сониноос олоод харж болно. Энэ тухай дэлгэ­рэнгүй мэдээлэгдсэн байдаг.
Нууц­лаад байх юм үгүй.

-Эдгээр
хүмүүс дотроос нэг хүний тухай би онцолж асуумаар байна. Сая болоод өнгөрсөн танай
намын их хурлын үеэр Ерөн­хийлөгч асан Н.Багабанди гуай, намын одоогийн удирдлага
болох С.Батболд, У.Хүрэлсүх болон таны хооронд ихээхэн дотно харилцаа байгаа нь
илэр­хий харагдаж байсан. Н.Бага­банди гуай Ерөнхийлөгчөөр хоёр ч удаа сонгогдоод
дундаа хоёр ч бүрэн эрхийн хугацаа алгасаад байж байгаа. Түүнд Ерөнхийлөг­чийн сонгуульд
да­хин нэр дэвших боломж нь одоо нээгдсэн үү?

-Жил
хагасын өмнө ч боломж нь нээлттэй байсан. Одоо ч хэвээр. Бусад хүмүүсийн ч хувьд
гэлээ боломж нь нээлттэй л байгаа болов уу гэж тааж байна. Гэхдээ тэр бол миний
шийддэг, ярьдаг асуудал биш гэж би түрүүнд хэлсэн. Миний ярьж болох асуудлаар би
хангалт­тай ярилаа.Түүн дотроо “амбиц” хэмээх сонирхолтой сэдвийг чадан ядан хөндлөө.
Цаашаа ухаад бай­вал өөр олон шинэ бодол төрөхөөр сонин сэдэв юм шиг. Тал засахгүй,
талцаж муудахгүй, амбиц хөдөл­гөсөн асуулт асууж, сайхан ярилц­санд баярлалаа.

-Танд
бас баярлалаа. Амжилт хүсье.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

П.Анужин: Би хорвоогийн түг түмэн өнгөний нэг л өнгө нь DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС… УИХ-ын гишүүн П.Анужинтай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр өдөр тутмын сонинд анх удаа ярилцлага өгч байв.


Сүүлийн үед телевиз үзэгч­дийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа нэвтрүүлэг “Мон­гол тулгат­ны 100 эрхэм” болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Уг нэвтрүүлгийг хүмүүсийн мэдэх “Херо” продакшн бэлтгэж, ар­дын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай хөтөлдөг. Харин түүнтэй хамт нэвтрүүлгийг хөтөлдөг бүсгүйг хүмүүс тэр бүр мэдэх­гүй бас тэр хэрээрээ мэдэхийг хүсэх болсон нь анзаарагддаг. Хэвлэл мэдээл­лийн зарим хэрэг­сэл, сайтуу­даар ч түүнтэй холбоотой мэдээлэл мэр сэр гарах болоод байгаа.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвт­рүүл­гийн хөтлөгч, продюсер П.Анужин сүүлийн үед өөртэй нь холбоотой яригдах болсон олон сэдвээр өдөр тутмын сонинд анх удаа ярилцлага өгч байна.


-“Монгол тулгатны 100 эр­хэм” нэвтрүүлэг телевизийн дэлгэцээр гарах болсоор чамгүй олон үзэгчтэй болжээ. Ер нь энэ нэвтрүүлгийг хийх болсон зо­рилго, учир шалт­гаан нь юу бай­сан юм бэ?

-Анх “Hero entertainment”-ийн зүгээс шинээр хийх гэж байгаа “Чухал 100” нэвтрүүлгийнхээ хөт­лөгч хийх саналыг надад тавьсан юм. Нэвтрүүлгийн анхны санаа нь сонгуульд зориулсан улс төрийн ток шоу байсан. Хамтран ажиллах саналыг хүлээн авсныхаа дараа бодож байгаад түр зуурын, богино хугацааны уран бүтээл хийхээс илүүтэй утга гүн, үлдэц их нэвт­рүүлэг хийе гэсэн саналыг тэдэнд зөрүүлэн тавьсан. Mонгол түмэн маань гэгээтэй, бахар­халтай юмаар дутаж, оюун санаа нь гун­даж мохоод байна уу даа гэсэн зовнил байнга миний толгойд эргэлддэг байлаа. Ер нь бид дот­роо байгаа, өөрсөд дундаа байгаа сайн сайхныг нэрлэж, мундаг сайн хүмүүсээ хүлээн зөвшөөрч чадахаа байгаа юу даа гэсэн эмзэглэл төрөх болоод байсан юм. Монгол тул­гатны түүхийг бичиж байгаа гай­хамшигтай хүмүүс маш олон бий. Бид өмнөх түүхээ мэдэж, бас энэ үеэ таньж байж л ирээдүйгээ ал­даа оноо багатай бүтээнэ шүү дээ. Тэдний дотоод хүн, хүсэл зорилго юу байдаг юм, тэд юуг санаж эгээрч, бодож сэтгэж явдаг юм бас хүсэл зорилго нь ямар юм гэдгийг бүгдийг нь хойч үедээ өвлүүлэн үлдээх энэ төслийг нөхрийн маань удирддаг “Мизү” компани дэмжин хамтран ажиллахаар болсон.

-Тийм учраас л таныг хөт­лөгчөөс гадна продюсер гэж нэрлээд байсан хэрэг үү?

-Шууд тэгж ойлгох нь өрөөсгөл юм аа. Гэр бүлийн маань хүний “Мизү” компаниас гадна үндэсний компаниуд болох “Юнител”, “Пепси” компаниуд ч бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Про­дюсер гэх болсны тухайд монгол тулгатан даяарын эрхэм хүмүүсийн тухай бүтээл хийх санааг минь үнэлэн ингэж нэрийдэх болсон байж болох.

-Үнэндээ телевизүүдээр ийм анзааны нэвтрүүлэг явахаа бо­лиод удсан болохоор хүмүүс талархан хүлээж авсан шүү. Үзэгчдэд таалагдахын хэрээр ч янз бүрийн яриа хөөрөө гарч байна. Оролцогчоосоо тавь, жаран сая төгрөг авдаг ч гэх шиг. Сонгуулиар багагүй мөнгө хийх нь гэж байтал гэнэт завсарлаж байгаагаа зарлалаа ч гэх юм?

-Бидний энэ нэвтрүүлгийг хийх зорилго өөр байсаан гэдгийг би дээр хэлсэн. Ер нь сонгуулийн жил уран бүтээл хийх нь байтугай юм хийж бүтээх гэж яваа хувь хүний алхаа гишгээг хүртэл яаж ийж байгаад сонгуультай холбон тайл­барладаг бололтой юм. Бид энэ нэвтрүүлэгт оролцсон хүмүүсээс нэг ч төгрөг авч байгаагүй. Нэвт­рүүл­гийн дэргэдэх тусгай зөвлөл хуралдаж байж, хэнийг урихаа тодруулдаг. Манай нэвтрүүлэгт оролцсон хүмүүсээс би оръё гэж орсон нэг ч хүн байхгүй. Харин бид тусгайлан жаазалсан заллагаа хүргэж, тухайн хүнээ нэвтрүүлэгтээ урьдаг. Сонгуулийн жил гэлтгүй бүх зүйлийг улс төртэй холбож, улмаар хүний нэр төр, үнэ цэнэ, дотоод сэтгэл рүү улайран дайрч, гүтгэн юу ч хийхээс буцахаа байдаг айхтар жишиг манайд бий болсон юм байна. Бид үзэгч түмэн, нэвтрүүлэгт маань уригдан орсон эрхэм хүмүү­сийнхээ итгэл сэтгэлийг хэзээ ямагт хүндэтгэж бас тэднийгээ хам­гаал­на. Тийм ч учраас энэ хардлага, дайрлага, улс төрийн идэвхжлийг зогстол уран бүтээлээ түр завсар­ласан. Уг нь нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, поп хатагтай Б.Саран­туяа, “Монголоо эрсэн монгол” хөтөлбөрийн Ц.Санчир, баруу­­ны орнуудад бүтээлээрээ шуугиулж байгаа Буриадын уран барималч, зураач Даши Намдаков, шог зураач С.Цогтбаяр гээд олон сайхан хүмүүсийн талаар нэвт­рүүлгээ бэлдчихсэн байсан.

-Сайн уран бүтээлийг хийхэд мөнгө хөрөнгө их хэрэгтэй гэлц­дэг. Танайх энэ нэвтрүүлгээ хийхэд багагүй мөнгө гарзддаг биз. Бас олон телевизээр ца­цуулахдаа мөнгө төлдөг гэдэг үнэн үү?

-Мөнгөн хэмжээсээр ярих юм бол хүмүүсийн ярьж байгаа шиг мөнгөөр бүтдэггүй ээ. Бидний үнэлж цэгнэж, итгэхээ байчихсан сэтгэл гэж маш том зүйлээр нэвт­рүүлэг маань бүтдэг юм. Хэрэв сэтгэлийг өнөөгийн хүмүүс шиг мөнгөөр хэмждэг бол харин их үнэтэй бүтдэг нэвтрүүлэг шүү.

Телевизүүдэд мөнгө төлдөг асуудал байхгүй. Бид нэвтрүүлгээ дамжуулах гэж нэг ч телевизэд мөнгө төлөөгүй. Харин бидний энэ төслийг чин сэтгэлээсээ дэмжин, хамтран ажиллаж байгаа тэр уран бүтээлчдэд баярлаж явдгаа хэл­мээр байна. Энэ нь Монголын ард түмний төлөө хийж буй мөнгөөр хэмжигдэшгүй, үнэтэй хөрөнгө оруулалт юм шүү.

-Телевизийн эфирт дийлэнх­дээ хориод насны залуучууд гардаг. Гэтэл гэнэт намбалаг бас ихэмсэг, тавьж байгаа асуулт нь даацтай ид насны бүсгүй гарч ирсэн нь олон хүний анхаарлыг татах шиг болсон. Ингэхэд та ямар мэргэжлийн хүн бэ?

-Би гадаад албаны ажилтан, олон улсын хуульч мэргэжилтэй бас макробиотик судлаач хүн. Сэтгүүлч бол миний хүүхэд ахуй насны мөрөөдөл байсан. Аравдугаар ангиа төгсдөг жил, ер нь тэр үеийн хүүхдүүдийн дунд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд орох явдал нэр төрийн хэрэг шахуу болчихсон байсан даа. Бүгд л тийшээ ёстой шуурч байлаа. Тухайн үедээ цаг үеийн нөлөөгөөр ч тэр үү, энэ л сургуульд орох ёстой юм байна гэж бодоод орж байсан.

Энэ нэвтрүүлгээ эгэл жирийн, чин сэтгэлийн жинхэнэ монгол хөөрөл­дөөн болно гэж бид анх­наасаа хэлж байсан. Ер нь хүнтэй хууч хөөрнө гэдэг чинь хүн төрөлхт­ний төрмөл чадвар гэж би боддог. Хүний сэтгэлийг нээж, сайхан яриа дэлгэхэд сэтгүүлч гэдэг мэргэжил, мэргэжлийн үнэмлэх заавал хэрэг­тэй гэж бодож байсангүй.

-Та түрүүнд өөрийгөө макро­биотик судлаач гэлээ. Чухам юу судалдаг тухайгаа манай ун­шигч­дад дэлгэрүүлж өгөхгүй юу?

-Товчхон хариулбал макробио­тик гэдэг нь арга билгийн тухай ухаан, хүн хүнээрээ амьдрахуйг судалдаг ухаан. Хүн тэр дундаа хүний бие махбодийг бүтээж бай­даг хоол тэжээл, түүнээс шууд шалтгаалан хувирч өөрчлөгдөж байдаг эрүүл мэнд, сэтгэлзүйг судалдаг ухаан юм. Миний бие энэ чиглэлийн судалгааг нэлээд хуга­цаанд хийж, өөрийгөө эрүүл бол­гож чадсан. Бид бие махбод эрүүл мэнддээ хандах оюун санааны хувьсгалыг нэн яаралтай эхлүүлэх цаг нэгэнт болсон.

-Хүмүүст ийм юмыг ярьж суудаг багшийн тухайд тураах клубийн багш гэж хэлэгдэхээр ямар санагддаг бол?

-Яг үнэндээ юу хэлэхээ мэд­дэггүй юм аа. Тураах, турах гэдэг үг миний үгсийн санд байдаггүй. Бид энэ сайхан цагт төрж өсч, ээж, аавынхаа, хань ижлийнхээ хай­ранд энхрийлүүлэн өлгийдүүлж байж яагаад турж эцэх гэдэг үгийг хайр найргүй хэрэглээд явна вэ. Би өөрийн олон жилийн туршлага, судалгаа, хичээл зүтгэлийн дүнд бий болгосон эрүүл бие сэтгэлийг нандигнан авч явах мэдлэг, бо­ловс­ролоо хүмүүстэй хуваалцаж, зааж сургаж яваа л жирийн нэг эмэгтэй. Боловсролыг бидний өвөг дээдэс орчноо эзэгнэх чадвар гэж үзэж байсан. Өөрт заяасан алгын чинээ биеийнхээ учрыг олж, энэ биедээ эзэн сууж чадаж байгаа эсэхээс боловсролын хэмжүүр яригдаж эхлэх ёстой гэж би боддог. Тийм ч байдаг. Энэ биеийнхээ учрыг хэрхэн таньж мэдэж, эрүүл биетэй, эрүүл сэтгэлтэй явах арга байдаг талаар би хүмүүст саналаа хуваалцдаг. Зөв хооллож, зөв амьд­рахын ухааныг мэдээд ирсэн хүний тэлж өргөссөн бие аяндаа агшаад ирдэг. Турах биш шүү, агшдаг.

-Та харьцангуй нам гүм амь­дарч байсан хүн яагаад гэв гэнэт улс төрд ороод ирэв ээ?

-Тийм ээ, би хүмүүс бужигнасан газар төдийлөн явдаггүй ээ. Өөр­тэйгээ танилцаж, өөрийн хэргийг хамааран захирахад цаг хугацаа хамгийн их шаардагддаг. Миний өөрчлөлт, миний хийж байгаа зүйлийг хүмүүс харж, улмаар сонир­­хож, тэдэнд миний хэрэгцээ гарсан учраас би хүмүүстэй ажил­лаж эхэлсэн. “Ганц хүн айл бол­доггүй, ганц мод гал болдоггүй” гэдэг үг үнэн. Нийгэмд тогтсон ташаа ойлголтыг ганцаараа, цөө­хүүлээ өөрчилнө гэдэг ч хэцүү. Миний хичээлд сууж, эрүүл сайхан амьдрах, эрүүл байх боломж өөрийн гарт нь бүрэн байдаг гэд­гийг мэдэж ойлгосон хүмүүс үүний­гээ хүмүүст таниулж, нийгмийн хэм­жээнд бодлого болгох нь чухал гэж хэлдэг байсан. Өнөөгийн Монгол төрийн тогтолцоо ямар билээ. Улс төрийн намуудаар бүхий л бодлого хэрэгж­дэг. Монголчууддаа эрүүл зөв амьдрах боломжийг чиглүүлж өгөх тэр бодлогыг тодорхой болго­ход өөрийн судалгаа, хуримтлуул­сан туршлагаараа хувь нэмрээ оруулъя гэж бодсон. Ийм л байр сууринаас би намд элсэн орсон. Нам гэдэг бол бөөн цөөнөөрөө хуваагдан тогло­дог тоглоом биш ухаанаа урал­дуулж, бодлогоо хэрэгжүүлэхийг хэлдэг гэж би ойлгодог. Гэхдээ намд элссэнийг улс төрд орно гэж хэлэх хэр тохиромжтой юм бол доо. Намын гишүүн болох, улстөрч болох, төрийн хүн болохын хоо­ронд асар их зааг, ялгаа бий. Би Монгол төрийн өндөр дээд босгыг ямагт хүндэтгэн дээдэлж явдаг нэгэн.

-Таны хэлж байгааг ойлгож байна л даа. Гэхдээ намын ги­шүүн болж, улмаар төрд ордог жишиг манайд бий. Тэр дундаа хэн нэгнээр хөтлүүлж, чирүүлж ор­дог уламжлал ч бий болчи­хоод байгаа. Таныг ч зарим улс­төрч­дөөр хөтлүүлж оруулсан гэж бичих болоод байгаа?

-Та сүүлийн үед бичигдэж бай­гаа сэдвийг хөндөж байх шиг бай­на. Намайг намд элсэхийг санал болгосон хүн бий. Гэхдээ тэр хүн зарим хүмүүсийн бодож байгаа шиг эрэгтэй улстөрчид биш. Харин эмэгтэй хүн. Улс төрийн болоод сэтгэлийн хаттай сайхан эмэгтэйн гараас хөтлөн намын гишүүн бол­сон нь үнээн. Тэр бол Д.Оюунхорол гишүүн. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй гэдэг худал болохыг баталсан жишиг бол миний жишээ.

-Тантай холбоотой гараад байгаа зарим мэдээллийг өөрөөс тань лав­ламаар байна. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн завсар­лах болсон шалтгааныг сон­гууль­тай холбо­хоос гадна өөр шалтгаан яриад байгаа. Танай нэвтрүүлгийн най­руулагч та хоёрыг холбож ярьж байгаагийн тухайд?

-Нэвтрүүлгийн найруулагч, най­руулагчийн гэргий хоёр хоёулаа миний оролцоогүйгээр олонд та­нигд­сан, хайр талархлыг нь хүлээ­сэн хүмүүс. Ер нь олны танил гэр бүлийн хоёрын амьдралыг олон нийт байнга сонирхож, элдвээр бичиж, хэн нэгэнтэй холбож байдаг нь дэлхий нийтийн хэв маяг юм биш үү. Тэр л жишгээр ийм яриа гарлаа гэж би ойлгож байгаа. Ийм таагүй ярианд нэр холбогдоход яаж аятай байхав.

Гэр бүл оршин тогтнохуйн үндэс нь агуу их хайр, харилцан хүндлэл, ойлголцол бас итгэлцэл байдаг. Эдгээр чухал зүйлийг бүрдүүлсэн гэр бүл бат бөх үндэстэй мод шиг найгаж, ганхахгүй оршино. Миний гэр бүлд гадны хэн нэгэн давхиж орж ирээд үймүүлж, бужигнуулж чадахгүй тийм бат бөх. Бусдын гэр бүл ч бас тийм байдаг биз ээ.

-Танай гэр бүлийн хүн А.Эрдэнэбат НАМЗХ-ны дэд ерөн­­хийлөгчөөр ажиллаж бай­гаад өөртэй нь холбоотой сөрөг мэдээлэл гарсны дараа­хан өргөд­лөө өгөөд гарч байсан санагдаж байна. Харин одоо та НАМЭХ-ийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай. Танай гэр бүлийн хэн нэгэн нь улс төрд байх ёстой гэж боддог юм аа даа?

-Үүн дээр нийтлэг ойлголттой санал нийлдэггүйгээ хэлмээр санаг­даж байна. Манайд ямар нэг зүйлд хүрэх арга замаа улс төр, нам гээд боддог хүмүүс дийлэнх нь байх шиг байна. Уг нь өөрийгөө боловсруулсан, тодорхой амжил­тад хүрч, баялаг бүтээж чадсан хүн энэ салбарт хөл тавьж, юу хийж чаддагаа харуулах ёстой болов уу.

Нөхөр бид хоёр арван жилийн нэг ангийнхан. Бид нэг гэр бүл ч тус тусын үүрэг, хийж бүтээ­хийн даал­гавартай энэ хорвоод ирсэн. Би оюун санааны эрх чөлөөг эрхэм­лэн дээдэлдэг учраас хэний ч оюун санааг шүүж, тунгааж тэр хил хязгаарыг нэвтлэхийг оролд­доггүй. Үүнийгээ би бусдад түгээж байгаа хайр бас бусдыг хүндэтгэх хүндэт­гэл гэж ойлгодог. Нөхөр маань өөрийн хийж босгож яваа ажлын­хаа хүрээнд залуу­чуудын байгуул­лагад дуу хоо­лойгоо өргөж байсан байх. Би ч бас өөрийн хүрээлэл, үзэл бодлоороо яваа.

Хийж бүтээхийн их хүсэлд хорсч атаархахын өчүүхэн сэтгэл тээг садаа болж улмаар цаг хугацаа, сэтгэлзүй, эрүүл мэндэд нөлөөлж болдгийг манай гэр бүл үнэндээ үзэж л явна. Бидний нас харь­цангуй залуу ч сэтгэл зүйн овоохон хат суухаар хэмжээнд богино хуга­цаанд давтагдаж, хатуужсан. Таны асуултад ингэж л хариулмаар байна даа.

-Таны нөхрийг УИХ-ын даргыг Японд айлчлахад ч, сая Ерөнхий сайдыг айлчлахад ч дагаж явлаа гэж бичээд байх юм. Ямар учраас тэгж дарга нарыг байн, байн дагаж яваад байдаг юм бэ?

-Өнгөрсөн хугацаанд манай гэр бүл багагүй давтагдаж хатуужсан гэж би хэлсэн дээ. Ер нь ийм зорилготой гүтгэлэг удаа дараа гарсан. Гүтгэлэг гэж нэг ч үнэн байхгүй худлааг хэлдэг. УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хэнийг нь ч Японд айлчлахад манай нөхөр айлчлах бүрэлдэхүүнд нь багтаж яваагүй. Улсын хил гаалиар орж, гараагүйг нь гэрчлэх баталгаа олон хүнд бүх зүйл гүтгэлэг байсныг нь батлах энгийн нэг жишээ болох биз ээ.

-Таныг УИХ-ын гишүүн Р.Будын охин гэдэг. Харин таны овог Пүрэв-Очир гэх юм. Бас Р.Буд гишүүний квотыг авч өөрөө дэвших гэж байгаа ч гэх юм?

-Хувь тавилангийн эрхээр би өөрийн төрсөн эцэгтэйгээ өсч өндийгөөгүй. Гэвч хувь тавилангаар би төрснөөс өөрцгүй сайхан аав­тай болсон хүн. Хувь тавилан таагдашгүй. Хоёр аав минь арван жилийн нэг ангийн хүүхдүүд ш дээ. Ээж маань ч бас нэг анги. Арван жилийн сур­гуулиа төгсөөд аав маань хойшоо сургуульд явж, ээж эндээ сураад үлдсэн гэдэг. Ээж бид хоёр аавынхаа (Р.Буд.сурв) ээжтэй зургаан жил хамт амьдарсан. Нэг л өдөр ээж маань намайг дагуу­лаад тэр гэрээс явсан. Энэ үйл явдал ээжийн минь бусдыг бодсон өрөвч, уужуухан сэтгэлийн илрэл байж дээ гэж одоо бодогддог юм.

Миний энэ зэрэгтэй яваа нь энэ биеийг бэлэглэсэн аав, намайг хүн болгож төлөвшүүлсэн гэр бүлийн маань халуун дулаан уур амьсгал, хайр энэрэл, хүндлэл хариуцлагын үр дүн гэж би хэлмээр байна.

Уйлахад минь уйлж, ухаарахад минь баярлаж, миний амьдралын торгон мөч бүхэнд хамт байдаг, намайг өсгөсөн аавдаа би хайртай. Эр хүний уужуу тавиухан, сайхан сэтгэлийн амьд жишээ надтай дэндүү ойрхон байдаг юм. Энэ биеийг минь бэлэглэсэн, ухаан санаа, хувь тавилангийн минь ундарга болсон төрсөн аавдаа ч би хайртай.

Тэр сонгуулийн тухай асуултын тань хувьд “Хүн ахтай дээл захтай”, “Ёс ёмбогор төр төмбөгөр” гэдэг зүйр үгсийн утгыг дэндүү сайн ухан ухаарч өссөн учраас таны асуул­танд хариулах ухаанаа үнэндээ олохгүй л байна. Тийм ч учраас миний дотоод сэтгэлд сонгуульд нэрээ дэвшүүлэх бодол хормын төдий төрж байсангүй. Үүнийгээ л хэлье дээ. Харин би аавыгаа жин­хэнэ төрийн хар хүн гэж боддог шүү.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Хэт дотоод руу чинь халдаж асуусан бол өршөө­гөөрэй.

-Сэтгүүлч хүнийхээ хувьд ун­шигч­­дынхаа өмнөөс асуулт тавьс­ныг тань ойлгож байна аа. Энэ хорвоо ертөнц түг түмэн өнгө­ний зохицол. Хүмүүс өөр өөрийн өнгө­тэй хэрнээ түүнийгээ тоотой хэд­хээн өнгөнд хамаатуулж цөөн хэмжүүрээр биесээ хэмжих гээд байдаг юм уу гэсэн бодол маш их төрөх юм. Би хүмүүсийн мэддэггүй түмэн өнгөний нэг л өнгө. Нэгийгээ өөрийнхөө мэддэг өнгөний хэмжүү­рээр биш, байгаа тэр л өнгөөр нь харж байгаасай гэж хааяа бодох юм. “Сайн үйл дэлгэрэхийн үнд­эс нь сайхан үг” гэсэн үгээр яриагаа өндөрлөмөөр байна.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Б.Баабар: Гүрний шастир хүний цэдгээс эхтэй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС 11 ЖИЛИЙН ӨМНӨХ НЭРТ НИЙТЛЭЛЧ БААБАРТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Нийтлэгч Б.Баабартай ярилцлаа.


-“Нэпкокомпаниас таны ор­чуул­гаар бүтсэн Эдвард Рад­зинс­кийнСталинном дахин хэвлэгд­сэн байна. Урьд нь хэдэн хувь хэвлэг­дээд дуусчихав, зүгээр сонирхож байна?

-Өнгөрсөн жил хоёр мянган хувь хэвлэгдээд гурван долоо хоногийн дотор борлогдож дууссан. Үнэндээ би өөрөө ч их гайхсан. Манайхан намтар ингэж их сонирхоно гэж санаагүй.

Их сонирхолтой ном байсан. Бичлэг нь ч таны бичлэгтэй төстэй юм шиг

-Би энэ номыг анх арваад жилийн өмнө гарахад нь л уншсан. Маш сонин санагдаад. Ялангуяа Радзинскийн бичлэг, зохиомж бол тансаг юм билээ л дээ. Түүнээс болоод би Радзинскийн бичсэн бараг бүх номыг олж уншлаа. Уг нь жүжгийн зохиолч юм билээ. Гэхдээ тэр намтар судлалаар мэргэшиж III Александр, II Николай, Напо­леон, Сталин, Распутин нарын намтрыг бичжээ. Гэхдээ эдэн дот­роо Сталины намтар шилээвэр нь. Сталин ч өөрөө маш сонирхолтой намтартай хүн юм. Намтар гэдэг чинь ч “машид туулсан”, “яруу сайхнаар өнгөрөөсөн” гэсэн утга­тай түвд үг юм шүү дээ. Юутай ч гэсэн Сталин бол машид сонир­холтой амьдрал туулсан хүн. Ер нь намтар бол түүх, түүх гэдэг бол сургамж, сургамж гэдэг бол ирээ­дүйн үүд хаалга. Бид түүхийг засаж өөрчилж чадахгүй, харин түүнээс маш үнэтэй сургамж олж авдаг.

Түүх маш их гуйвдаг шүү дээ

-Түүхийг гуйвуулна гэдэг том гэмт хэрэг дээ. Түүх гуйвахаар, түүхийг тодорхой зорилгоор өөрч­лөн тайлбарлахаар сургамж үл­дээх гол зорилго нь алга болж хүмүүст ертөнцийн тухай хуурмаг ойлголт буй болгоно. Хүн ч, ард түмэн ч алдаанаас хамгийн том суралцдаг. Гэтэл хуурмаг ойлголт­той болсон хүмүүс болдоггүй юмыг болдог, болох юмыг болдоггүй мэтээр ойлгож өмнөх алдааг улам томруулан давтана. Эсвэл алдаа нь улам лавширна. Түүх олон шалтгаанаар гуйвдаг. I Элизабэт Шекспирт захиалан III Ричард хааны тухай жүжиг бичүүлжээ. Шекспир бол хүчирхэг дуу хоолой. Түүхчид Ричард хааныг тийм ч адгийн амьтан байгаагүй гэж нотол­дог ч хүмүүс Шекспирийнхээр л хүлээгээд авчихсан. “Заримдаа араатанд ч гэсэн өрөвдөх сэтгэл төрдөг, харин би араатан биш” гэсэн үг нь тэр хүнийг аймшигт дүртэй болгожээ. Энэ бол өс хон­зонгоос төрсөн гуйвуулга. Араб, Персийн түүхчид ч Чингэсийн байлдан дагуулалтанд хорссон­доо маш гуйвсан түүхийг дэлхий даяар тараан хүмүүсийн тархинд үе дамжуулан шингээсэн. Үзэл суртлын зорилгоор түүхийг гуйвуу­лах явдал байна. Үүнд юун түрүүн Ленин, Сталин, Унгерн, Сүхбаа­тар, Данзан, Гэндэнгийн намтар орно. Ер нь 1917, 1921 оны үйл явдлуудын тайлбар судлал тэр чигээрээ гуйвуулга шүү дээ.

Домог юм биш үү. Гуйвсан түүх улмаар домог болдог шүү дээ?

-Домогт дуртай ард түмэн улам гоё сайхан болгох гээд түүхийг сайн санаанаасаа гуйвуулдаг. Шилийн сайн эр гэгддэг одоогийнхоор бол эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн тухай домог үүсгэсэн нь дараа үеийнхэнд ямар хүчтэй нөлөө үзүүлдгийг саяхан болсон “Кино код” хэмээх кино шалгаруулах шоу харууллаа. Манжийн дарлалыг эсэргүүцсэн шилийн сайн эрс ч гэх шиг. Тэмцээд байх манж нар нь ч Монголд байгаагүй. Нийт дөрвөн газар л Манжийн төлөөлөгч суудаг байсан юм шүү дээ. Сайн эрс чинээлэг хөрөнгөтэй монгол айлыг л тононо. Малаас өөр хулгайлах юм байсан биш. Холын ая даахаар нь адуу л хулгайлна. Замын ая даахгүй байдас гүү унага даагахныг замын айлуудад үлдээнэ. Эрх биш төр гэж юм байдаг болохоор малын хулгайтай тэмцэж өнөө хэдийг баривчилна, шийтгэнэ. Сүүлд нь марксист түүхчид өнөөхийг нь Манжийн колончлол, феодалын дарлал, ангийн тэмцэл энэ тэр гээд солиороод явдаг байгаа. Одоо Сүхбаатарт Торой бандийн хөшөө бий. Хулгайчид хөшөө босгосон өөр газар мэдэхгүй юм байна. Энэ бол домог яаж хөгждөгийн жишээ.

Нууц товчоо бол уг нь утга зохиолын том эх сурвалж. Чухам энэ талаас нь эрдэмтэн Ш.Гаа­дамба гуай сайн судалсан. Гэтэл үүнийг түүхийн хөдөлшгүй баримт болгосон тайлбар их гардаг. Энэ нь бас л гуйвуулгын нэг үүд хаалга. Буруу ойлгосноос болж бас түүх гуйвдаг. Библийн Хуучин гэрээ иудай хэлээр анх гарчээ. Хожим герег хэлэнд орчуулахдаа Мойжэ­сийг толгой дээрээ эвэртэй байсан гээд орчуулчихсан аж. Уг нь Мойжэ­сийн толгойноос гэрэл сацардаг л гэж байж. Үүнээс болж Миклоан­желлогийн Мойжэс хэмээх гай­хамшигт барималд түүнийг ишиг шиг дээрээ хоёр жижиг эвэртэйгээр дүрсэлсэн аж. Нууц товчоо“-д нэгэн тулалдааны дараа өстөнүү­дээ барьж аваад далан тогоонд чанадаг. Ийм маягаар кино ч бол­го­сон байна. За яахав, тийм зэрлэг гэж бодъё. Гэтэл маш хөнгөн явдаг нүүдэлчдийн арми хүн багтахуйц далын далан тогоотой явна гэж байхгүй шүү дээ. Тийм том олон тогоонд ус дүүргээд буцалгана гэдэг ч говийн нөхцөлд байж болох уу. Одоогийн Баянхонгор орчимд болсон тулалдаан. Галт уулын үлдэгдэл тогоо олонтой газар. Ингэхээр тулалдаан Далантогоо гэдэг газар болсон бололтой.

Яриа жаахан хазайчихлаа. Би уг нь танаас намтар суд­лалын тухай асуух гэсэн юм. Нам­тар судлал гэж ер нь бий юу?

-Байлгүй яахав. Эртний Герег Ромд ч байсан. Юлий Цэзарийн намтар, эсвэл Цэзарийн өөрийнх нь бичсэн Галийн дайны тухай өөрийн намтрын хэсэг байна. Гэхдээ намтар судлалыг арабууд анх хөгжүүлсэн гэдэг юм билээ. Махмэдийн намтрыг янз бүрээр бичиж эхэлсэн бололтой. Францыг үндэслэгч Шарламань хааны тухай түүний бараа бологч Айнхард бичиж үлдээсэн нь түүхийн асар үнэт эх сурвалж болсон. Үүнээс хойш Европын язгууртнууд хөргөө зуруулахаас гадна намтраа би­чүүл­дэг моод гарсан байх юм. Удахгүй “автобиограф” буюу өөрийн намтар, нэг үгэндээ өөрийн намтар цэдгээ өөрөө бичдэг төрөл ч буй болсон. Хамгийн шуугиан­тайн нэг нь Казановагийн өөрийн намтар байх аа. Европын бараг бүх хатан гүнж нартай унтаж явсан түүхээ ном болгосон юм. Хожим Фэллини үүгээр үнэн гоё кино хийсэн.

Орчин үеийн намтар судлал арай өөр болсон биз. Яаж дэв­шиж өөрчлөгдсөн бэ?

-Утга зохиол төдийгүй урлагийн бүх төрлийн нэгэн том салбар болон хөгжжээ. Намтар судлал нь зүгээр нэг он цагийн хэлхээс биш урлаг уран сайхны нарийн хэм­жүүрт зүйл болж. Вэнигүтийн Тав­дугаар мах комбинат бол үүний нэг жишээ. Өнөө намтар нь Дрез­дэний бөмбөгдөлтөөс эхлээд өөр гариг дээрх явдал хүртэл зөгнөл фантазийг багтаадаг. Намтар зүй гэж нэрлэе л дээ, энэ нь утга зохиолоо халиад кино, зурагт болон бусад малтимэдиа хэлбэр рүү хүчтэй түрсэн. A&E, The
Biography Channel
, The History Channel, History International
гээд зөвхөн намтар үзүүлдэг телеви­зийн тусгай сувгууд гараад ирж. Намтартай кино хамгийн олон үзэгч дагуулдаг. Намтрын номын борлуулалт ердийн уран зохиолыг борлуулалтаараа дагуулахгүй. Ер нь ХХ зуунаас баримт бичлэг утга зохиолд хүчтэй нэвтэрч уран зохиолыг шахаж эхэлсэн. Роман тууж новэллийн төгсгөл ирлээ ч гэж ярьдаг байлаа. Харин шинэ зууны зааг дээр Харри Поттэр болон Дэн Брауны цуврал романууд уран зохиол тодорхой нөхцөлд өөрийн орон зайгаа хадгалсаар байна гэдгээ харууллаа.

НЭПКО эдгээр номыг ор­чуулж гаргасан байх аа?

-Тиймээ. Харри Поттэрийн эх­ний хоёр боть, Дэн Брауны гурвал романыг бид орчуулж хэвлэн гаргасан.

Танай компани Маогийн ту­хай ном гаргах гэж байгаа гэсэн?

-Тиймээ, бид намтрын олон цуврал гаргахаар бэлдэж байна. Юн Чан, Жон Холлидэй нарын Танигдаагүй Мао гэдэг номыг орчуулж дууслаа. Гомбосүрэн гуай, Аким гуай бид нар орчуулсан юм. Өнөөгийн Солонгосыг босгож ирсэн Пак Жон Хигийн намтрыг хоёр ботиор хэвлүүлж байна. Хэд хоногийн дараа худалдаанд гарна. Маш сонин дүр. Гол нь тэр ядуу зүдүү Солонгосыг хорь хүрэхгүй жилийн дотор дэлхийн хамгийн хөгжингүй орон хэрхэн болгож чадсан гайхамшгийг задалж бич­сэн байна билээ. Оросын судлаач С.Кузьминий Барон Унгерн гэсэн шинэ ном орчуулагдаад дуусах гэж байна. Орчуулгыг судлаачийн эхнэр Оюунчимэг хийж дууслаа. Цаашид бид Ленин, Гитлер, Чөр­чилл зэрэг түүхэн хүмүүсийн хам­гийн шилдэг намтруудыг орчуулан хэвлүүлэх болно. Шилдэг гэдгийн учир нь Наполеоны намтрын маш олон ном байгаагаас хамгийн шилдэг, хүмүүсийн ой тойнд шин­гэснийг нь шилэх болно гэсэн үг.

Ийм ном хэвлэхэд зохиог­чийн эрхийн төлбөр өндөр биз?

-Янз янз байдаг юм аа. Ихэнх ном мянган долларт багтдаг бо­ловч толь бичиг энэ тэр замба­раагүй үнэтэй. Бид Коллинзийн толийг гэхэд 20 мянган ам.долла­роор авсан. Сталин номын эрхийг маш үнэтэй авсан. Эрх нь Орост байдаг юм байх гээд орчуулаад эхэл­чихсэнийхээ дараа хандсан чинь нэг америк авгайд эрх нь байдаг юм байна. Тэр ёстой чанга авгай байна билээ. Кузьминий Унгерн гэдэг энэ ном дөнгөж сая орос хэлээр анх удаа хэвлэгдлээ. Бараг зэрэг монголоор гарч байгаа юм. Иймээс тийм ч хямд биш л дээ.

-“Британникатольд Монго­лоос анх удаа маш олон хүний намтар орлоо. Энэ нь мөн намтар суд­лалд орох уу?

-Орно. Гэхдээ энийг “намтар” гэдгээс арай өөрөөр нэрлэбэл зүгээр мэт. “Цэдэг” гэвэл яасан юм? Адилхан түвд үг л дээ. Гэхдээ энэ нь тун товчхон хэлбэрээр анкетний маягтай, гол гавьяаг нь дурдсан товч эд. CV гээд байдаг шүү дээ. Бүтэн ном туульстай харьцуулш­гүй нь ойлгомжтой. Бид Британ­ника-д 1300 орчим монгол хүний цэдэг цуглуулж хэвлэсэн. Цаанаа­саа шалгуур тавьдаг учир өөр олон багтчихмаар хүний цэдэг орж ча­даа­­гүй. Анхдагч болон онцлог байдал гэсэн шалгууртай юм билээ. Харин бид энэ намартаа багтааж Монгол Британника хоёр ботиор хэвлэхээр ажиллаж байна.

Тэнд хэн хэн орох вэ?

-Найман боть үндсэн “Британ­ник”-д орсон Монголтой холбоотой дөрвөн мянга шахам толгой үг дээр хоёр мянга орчим нэмэлт хийгээд гаргах юм. Монголын ихэнх дээд ургамал хөхтөн, хэр баргийн жижиг гол ус даваа гүвээг багтаах юм. Түрүүнийхийг бодвол шалгуурыг нь бид өөрснөө энд тавих учир 600 гаруй хүний цэдгийг нэмж оруулж байгаа. Гэхдээ шалгууртай, ухаан нь улсын наадамд түрүүлсэн бүх бөхийн цэдэг багтана гэхээр л энэ нь шалгуур мөн биз дээ. Зураг хөрөг ч гэсэн элбэг тавина. Тиймээс тольд багтаж буй хэн ч өөрийн гэрэл зураг эсвэл зураач бол бүтээлийнхээ зургийг яаралтай авчирч өгвөл сайн байна.

Мөнгөө төлөөд нэрээ оруулж намтраа бичүүлдэг явдал га­даадад ч манайд ч элбэг байдаг бололтой. МонголБританник“-д тэгж болох уу?

-Тэгвэл тэр том толины нэр хүнд шууд унана биз дээ. Тэгэхийг тэд зөвшөөрөх ч үгүй. “Британ­ника” толийн албан ёсны нээлт энэ сарын 9-нд болно. Нээлтэнд “Бри­танника” толийн ерөнхий ре­дак­тор профессор Дэйл Хойлбэрг өөрөө ирж оролцоно. Бид уг ком­панитай тохирсон ёсоор Монгол Британ­ника буюу Монголтой холбоотой тусгай ном гаргахаас гадна Монгол намтар “Британни­ка” гаргахаар төлөвлөж байгаа. Тодорхой шал­гуур давсан хэдэн мянган хүний цэдэг багтаана. Британийн үндэс­ний цэдэг гээд ном байдаг, тэнд улс орны алдар­тай бүхий л хүмүү­сийн цэдгийг багтаадаг юм билээ. Харин хүмүү­сээс мөнгийг нь аваад Дэлхийн алдартнууд гэх маягаар ном бол­гон эздэд нь зардаг тийм бизнес их тархмал юм билээ. Дэлхийн алдартнуудын лавлахад манай­хаас тэр тэдэн удаа орлоо гээд л ялангуяа дивтаат болохоор нэр дэвшсэн хүмүүс их сурталчилдаг шүү дээ. 50 орчим доллар төлөөд л тэнд нь ядах юмгүй орж болдог. Тэдний явуулж буй рекламд сонирхож буй өөр таних мэдэх хүн байвал цааш нь хэлээрэй гэсэн байдаг юм. Надад л лав ийм захиа зуугаад удаа ирж байсандаг. Ямар ч нэр хүндгүй ийм юманд нэрээ хавчуулаад жалгандаа л баахан пээдийх юм биз дээ, чааваас.

-“100 жилийн 100 хүнгэдэг альбом хамтран хийж байгаа талаараа зурагчин Цацралт ярилцлага өгсөн байсан

-Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой энэ жил болж байна. Бид АНУ-ын алдарт “Нэйшнэл жографик” хэвлэлийн газартай ярьж тохироод энэ ойд зориулан хэд хэдэн ном хамтарч гаргахаар болсон. 1907 онд анх Нэйшнэл Жографик сэтгүүл Мон­го­лын тухай бичсэн байх юм. 1960, 1980, 1996 онуудад
Монголын талаар тусгай дугаар ч гаргасан байна. Энэ болгоныг нэгтгэн орчуулж ном болгоно. Монголын түүхийн ном гаргана. Мөн “100 жилийн 100 хүн” гэсэн альбом бэлэн болж байна. 100 шилдэг хүн гэсэн үг биш шүү. Мэдээж манай түүхийг нийт ард түмэн бүтээсэн. Гэхдээ үүнд голлох нөлөө үзүүлсэн 100 хүнийг сонгож авсан юм. Тэнд Барон Унгерн ч бий, Сталин ч бий, 1932 оны бослогыг толгойлсон Түгж ч бий, хядлага зохион байгуу­лагчдын нэг Лувсаншарав ч бий. Бидний түүх сайнтай муутайгаа нийлээд л нэгэн цогц болж байгаа шүү дээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Баясгалан: Буурал аав минь ханийг маань илгээсэн гэж боддог DNN.mn


УНШИГЧ ТАНД ӨДРИЙН СОНИНЫ 11 ЖИЛИЙН ӨМНӨХ АРХИВААС МУГЖ, ДУУЧИН Т.БАЯСГАЛАНТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Түвшинжаргалын Баясгалантай ярилцлаа.


-Гэр бүл зохиож, шинэ хүнтэй болоод уран бүтээлийн хэсэг завсарлага авсан дуучин Т.Баяс­галанг хэзээ шинэ дуугаа хү­мүүст хүргэх бол гэж хүлээж байгаа хүмүүс цөөнгүй. Гэтэл дуучин маань шинэ дуугаар бус кинонд тоглоод гараад ирлээ. Юу болж байгаа нь энэ вэ гэж асуу­маар байна?

-Би хэсэг хугацаанд уран бүтээ­лийн завсарлага авсан нь үнэн. Гэхдээ сүүлийн үед зүгээр суусан­гүй. Шинэ уран бүтээлүүдээ хийж эхлээд байгаа. Удахгүй үзэгч, сонсогч олондоо уран бүтээлээ хүргэх болно. Одоо гэхэд Монголын анхны 3D клипийг үзэгчдэдээ хүргэ­хээр төлөвлөөд ажиллаж байна.

Киноны хувьд одоогоос гурван сарын өмнө “Рашаантын 18” киноны уран бүтээлчид надад хандсан юм. “Хэцүү анги” киноны захирал, багш нарын дүрээр нь хүмүүс андахгүй жүжигчин Навчаа, Сараа эгч нар энэ кинон дээр хамтран ажиллаж, ивээн тэтгэж өгөөч ээ гээд орж ирсэн л дээ. Урьд нь кинонууд дээр хамтран ажиллах санал ирдэг байсан ч дуунаас сэдэвлэж кино хийх гэж байгаа гэдэг нь надад содон санагдсан. Биднийг бага байхад орцонд “Рашаантын 18” гэдэг дуу хаа сайгүй хангинаж, хүмүүс дагаж дуулдаг байсан даа. Ардын дууны хэмжээнд хүртэл түгж чадсан энэ дуунаас сэдэвлэж кино хийнэ гэдэг нь, нөгөө талаас хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчид хамтраад нэг баг болж байгаа нь надад таалагдсан. Харин багийн­хан маань энэ кинонд нэг дүр бүтээчихээч гэсэн учраас сүүлд нь нэг нүдний эмчийн дүрийг бүтээх гэж оролдлоо. Ер нь киноны багийнх­ны нэг сэтгэлээр нэг цул болж ажилладаг нь надад тун сайхан санагдсан. Нэг нэгийгээ сайхан энергиэр цэнэглэж, хур­цалж байдаг нь тун гайхалтай.

-Өөрөө кино шиг л клипүүд хийдэг байсан даа. Тэгтэл шинэ орчин санагдаагүй байлгүй?

-Чөлөөт уран бүтээлч бол ган­цаараа бүгдийг хийдэг бол кинон дээр жинхэнэ багаар ажиллахын чухлыг харуулдаг юм билээ. Нэгнээ өвдчих вий, алдаа гаргачих вий гэж жинхэнэ нэг гэр бүлийнхэн шиг биенээ халамжилж байдаг. Нэг нь алдчих юм бол киноны багт тэр чигт нь нөлөөлж байдаг учраас хичээ­хээс аргагүй. Кино маань инээд­мийн кино. Амьдрал дээр өдөр тутамд гарч байдаг тэр үйл явдлыг хөг­жилтэй хэлбэрээр харуулсан. Би өөрөө инээдмийн кинонд их дуртай л даа.

-Сүүлийн үед бүхий л хүмүүс кино руу хуйлрах болжээ. Зарим кино тэрбумаар нь ашигтай байдаг гэх юм. Тийм болохоор л та кино бизнес рүү оржээ дээ?

-Кино хийж байгаа хүн бүр овойж оцойтол мөнгө олж байгаа гэдэг нь юу л бол. Олж байгаа нь ч байна, олохгүй байгаа нь ч нэлээд байна. Сүүлийн үед л энэ талаар судалж байна л даа. Арваас ганц хоёр нь л ашиг олдог байх. Миний хувьд элдэв ашиг харахаасаа илүүтэй дуу кино болж байгаа гэдгийг нь олзуурхан дэмжсэн хэрэг л юм.

-Дууны уран бүтээлдээ зү­гээр суугаагүй гэлээ. Гэвч Баяс­га­лангийн гэсэн тодотголтой шинэ дуу сонсоогүй санагдаад байх чинь. Яагаад уран бүтээ­лийн тал дээр ийм хойрго байгаад байдаг болов оо?

-Би “Өвөлжих хун” гээд нэг сайхан бүтээл дээр ажиллаж бай­гаа. Нэгмөсөн дуугаа дүрсжүүлээд хүмүүст хүргэе гэж бодож байна. Хуучин бас ч сайхан дуунууд дуулж байжээ. Би хэсэг уран бүтээлийн засварлага авлаа. Тэгэхээр өмнөх дуунууддаа дүйцэхүйц хийгээд давж гарахуйц уран бүтээл хийе гэж бодож, хүлээж байна. Үнэнийг хэлэхэд санаанд хүрсэн сайхан дуунууд ирэхгүй л байна шүү. Санаанд хүрсэн дуу ирвэл өнөөдөр ч гэсэн дуулахад бэлэн байна.

-Хүмүүсийн танил болж, ал­дар цол авчихаар хуучин шигээ дэврүүн сэтгэлээр шинэ бүтээ­лээ хүмүүст дор, дор нь хүргэж чадахгүй хянаад байдаг тал байдаг уу?

-Би үнэндээ тэгж хэцүү талаас нь хүлээж авдаггүй. Хүн хүн өөр өөр л байдаг байх. Үнэнийг хэлэ­хэд хэсэг уран бүтээлийн завсар­лага авлаа, нөгөө талаас нэгэнт гавьяат гэдэг цолыг хүртсэн хүний хувьд мэргэжлийн дуучин хүний чансааг шалгасан, дуучнаас техник шаардсан тийм дууг дуулахсан гэсэн хүлээлт байна аа. Шинэ залуу дуучид ч олноор гараад ирж, тэдэндээ ч бас боломж олгох нь зөв байх, тийм үү.

-Шинэ залуу дуучдад боломж олгоно гэдэгтэй санал нийлэхгүй байна аа. Ер нь хүнийг ид бүтээх үед нь шагнаж, урам өгч байх нь чухал гэдэг ч уран бүтээлийн хувьд царцааж хөргөчих юм бол хэрэггүй юм биш үү?

-Бусдадаа боломж олгоно гэдэг нь тэр газарт миний гэсэн орой зай үгүйлэгдэж байна уу, үгүй юу гэдгийг харж байгаа хэрэг л дээ. Түүнээс Баясгаланг дуу хуураас холтгон төсөөлөхийн аргагүй. Дуугаа дуулаад л гараад ирнэ. Би гавьяат цолыг хөл хүнд байхдаа хүртсэн. Хүүгээ төрүүллээ. Хүү маань одоо ой есөн сартай боллоо. Би жил бүрийн гурав, зургадугаар сард уран бүтээлээ үзэгч олондоо барьдаг байсан. Уг нь хоёр жил л өнжсөн юм шүү дээ. Гэтэл танаас эхлээд хатуухан шаардаад эхэлж байна. Одоо уран бүтээлдээ илүүтэй анхаарч, үзэгч олондоо чамбай сайхан бүтээлүүдээ барьж эхлэх болно.

-Хэзээ?

-Тун удахгүй. Одоо бяр амтагдаж байна шүү.

-Олимпийн аварга төрдөг өдөр Кёкүшюүзан та хоёрын хотын гудмаар машинтай дав­хиж байсан зураг энд өлгөөтэй байна. Ингэхэд та хоёр хэдэн онд танилцсан юм бэ?

-Бид хоёр 2007 онд танилцсан юм. Хуримаа 2009 онд хийсэн.

-Цагаан хоолны ресторан нээсэн байх аа. Баясгалан маань цагаан хоолтон болчихсон уу?

-Би цагаан хоолтон биш л дээ. Монголчуудаа цагаан хоолтон бол гэж уриалахгүй. Гэхдээ махны хэрэглээгээ хянаж байгаасай гэж хүсдэг. Цагаан хоолны “Хайрын зоог” ресторан бол махны хэрэг­лээгээ багасгаж цагаан хоол идэхийг хүссэн тэр хүмүүст зориул­сан ресторан л даа.

-Сүүлийн үед энергийн ойл­голт, бясалгалын тухай их ярих боллоо. Өөрөө бага залуугаасаа бурхан шашны дуу дуулдаг бай­сан. Ямар нэг чиглэлийн бясал­гал хийдэг үү?

-Өвөө, эмээ маань бурхны шашин шүтдэг байсан. Багадаа буурал ааваараа тарни заалгуулж, хааяадаа уншчихдаг хүүхэд бай­лаа. Тиймдээ өөртөө тэрүүхэндээ итгэлтэй нэгэн байсан, хүүхэд байхаасаа л. Бурхан харж байгаа, нүгэл үйлдэхгүй, бурхан шүтдэг болохоор сайхан амьдарна гэж л бодож өссөн. 2003 оноос бурхны тарни, буддагийн дуунуудыг дуулж эхэлсэн. 2009 онд хөл хүнд байх­даа “Баяр баясгалан” гээд бурхны дуунуудаар цомог гаргаж байлаа.

Бясалгалын хувьд 2003 онд Шри шригийн бясалгалд анх сууж байсан юм. Хүн бага боловч бясал­гаж байх хэрэгтэй. Тэгэхийн тулд заавал ажил цагаа алдаж бясал­гаад байх хэрэггүй хэсэг хугацаанд сэтгэлээ чөлөө­лөөд бясалгах нь чухал гэж боддог юм. Машиндаа ч юм уу, унтахынхаа өмнө ч юм уу. Түүнээс хэт автаад хажуу хавиргын хүмүүсээ үгүйс­гээд, таарч нийлэхгүй байх нь дэмий юм шиг санагддаг болсон шүү. Бид чинь монгол хүмүүс. Монгол нүүдэлчин ахуйн амьдрал өөрөө агуу шүү дээ. Сүүлийн үед би бүр илүүтэйгээр үүнийг ойлгоод байгаа. Заавал Энэтхэгийн аль нэг шашны урсгалд хэт автах бус нүүдэлчин соёлоо шүтэж амьдрах ёстойг. Бясалга­лаас авах юм бол бий. Би хэт дэврүүн, омголон байх хорин гурван настайдаа бясалгалд анх яваад нэг зүйлийг ухаарч ойлгосон нь сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандахгүй байж сурсан явдал юм.

-Баясгаланг эмээ, өвөөгийн охин гэдгийг нь хүмүүс мэднэ. Хоёр буурайдаа зориулж дуул­сан сайхан дуу ч байдаг. Хөгшид нь энх тунх байгаа юу?

-Би чинь төрсөн цагаасаа л зуны амралт болонгуут хоёр хөгшин рүүгээ гүйдэг охин байв. Уг нь би хотод төрсөн хүн ш дээ. Нийслэлийн 89 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж, арван жилийн хоёр­дугаар сургуулийг төгссөн хүүхэд. Амралт эхлэнгүүт хөдөө явж, хичээл эхлэхээс хэдхэн хоногийн өмнө ирдэг байсан. Би хоёр хөгшин дээр өссөнийгөө их азтай хэрэг гэж боддог юм. Хөгшдийн өвгөдөөсөө өвлөж авсан тэр агуу ухааныг боломжийн хэрээрээ шингээж өссөн дөө.

Тоглолт болгондоо хоёр хөгш­нийгөө хамгийн сайхан суудалд урьж, Юндэн Нансалмаа хоёр маань гэдэг байлаа. Сүүлд хоёр буурлыгаа өөртэйгөө ойрхон байл­гах гэж Багануурын Гордок тосгонд мал хуйтай нь авчирч, боломж л олдвол тэдэн рүүгээ гүйдэг байв даа.

Буурал өвөө маань гурван жилийн өмнө таалал төгссөн. Бас аавын минь аав саяхан бурхан боллоо. Одоо хоёр хөгшин ээж маань байна даа. Буурал аавыг өнгөрснөөс хойш эмээ маань зундаа Гордоктоо, өвөлдөө ээжтэй минь хамт өвөлжиж байгаа. Өнөөдөр гэхэд эмээ маань манайд ирчихсэн л байна. Эмээгийнхээ наадмын дээлийг хийж өгөх гээд л хөл болж байна даа, бид.

-Эмээ зээ охиндоо эрхэлж өгч байна уу?

-Тэгэлгүй яахав. Эрхэлнэ ш дээ. Би хоёр буурайдаа “Та хоёр намайг өчүүхэн нялхаас минь алган дээрээ бөмбөрүүлж, айлын хооронд үүр­дэг байсан. Одоо миний ээлж ирсэн. Надад сайн эрхэл. Одоо би алган дээрээ бөмбөрүүлж, айлын хооронд үүрнэ” гэж хэлдэг юм. Буурал аав маань охиндоо эрхэл­сээр ная гараад бурхан болсон доо.

-Баясгалан гэдэг дуучин олны танил болсон тэр үеийг сөхвөл С.Жавхлан гэдэг дуучин заавал холбог­доно. Та хоёрыг нэг нэгээс чинь салгах аргагүй. Сүүлийн үед С.Жавхлан дуучин маань уран бүтээл гэхээс илүү­тэй гал тахиж, улс төр хийгээд, Баясгалан нь бясалгал хийж, айлын гэргий болоод нам бол­чих­лоо гэж хүмүүс яриад байгаа?

-Ангийн маань анд Жавхлан­гийн сүүлийн үед хийгээд байгаа алхмуудыг харахад залуу хүний эрч хүч, алдахаас айдаггүй тэр л сэтгэлээрээ үгээ хэлж, хийж яваа юм шиг санагдсан. Миний хувьд гэр бүлийн аз жаргалыг эдэлж, гэр бүлдээ цаг заваа илүүтэй гаргаж яваа. Урьд нь дуучин Баясгалан байхад өөрийнхөө төлөө л амь­дарч явлаа. Өөрийнхөө босно гэсэн цагтаа босч, орно гэсэн тоглол­тдоо оролцоод явдаг байсан. Харин одоо ээж Баясгалан хүүгээ сэрсэн цагт дагаж сэрээд аяар нь байж байна даа.

-Мэдээж, гэр бүлээ гэлгүй яахав. Эмэгтэй хүн бүр айлын галыг сахиж, ээж болдог. Гэхдээ бусдаас уран бүтээлийн авьяас­тай Баясгалан уран бүтээлээ ч хийж, ар гэртээ ч анхаарлаа тавиад явж болохгүй байгаа юм. Зэрэгцүүлж чадахгүй байна гэж үү?

-Зэрэгцүүлэхээр үү. Зэрэгцүү­лэхээр…

Гэхдээ зуун хувь урьдынх шигээ байна гэж байхгүй л дээ. Гэлээ гээд таг болчихгүй. Урьдын адил жилд нэг удаа хийдэг шигээ уран бүтээлийн тоглолтоо хийгээд л явна.

Үнэндээ урьдынх шиг сайхан бүтээлүүд ирэхгүй байна аа. Ямартай л би тоглоом шоглоомын дундуур яруу найрагч, хөгжмийн зохиолч нартаа “Та нарын авьяас билэг чинь шавхагдчихаа юу. Та нар бүтээлээ хийхгүй байгаагаас би хийхгүй харагдаад байна” гэж гомдоллодог юм. Баясгалан шинэ уран бүтээл гаргахгүй байна гэх шүүмжлэл байгаа ч энэ нь зөвхөн надаас шалтгаалахгүй байна. Чаддагсан бол би үгээ бичээд, аялгуу зохиох сон. Даанч, чадахгүй. Нэг хэсэг дууны бүтээл маш ихээр төрдөг байлаа. Зарим нь хоорон­доо ялгалгүй шахам. Магадгүй нэг талаас үзэгчдээ залхаасан байхыг ч үгүйс­гэхгүй. Ер нь яагаад уран бүтээл хийхгүй байна вэ гэдэг асуултаа хөгжмийн зохиолчид, яруу найрагч­дад та нар тавих хэрэгтэй байна.

-Өөрөө дуурийн дуулаачаар төгссөн хүн. Сонгодог дуулах төлөвлөгөө байна уу?

-Байлгүй яахав. Надад сүүлийн үед поп опера чиглэл их таалаг­даад байдаг болсон. Энэ чиглэлээр дуулна аа.

-Таны нөхөр урьд нь гэр бүл зохиож байсан хүн. Хоёр ч хүүхэд­тэй. Тэгэхээр гэргийн хувьд илүү ухаан зарах хэрэг гардаг болов уу?

-Тийм ээ. Хань маань өмнө нь амьдрал зохиож, хоёр ч сайхан хүүхэдтэй болсон хүн. Яахав, өмнөх амьдрал нь болж бүтээгүй хоёр тийшээ болсон юм билээ. Ганц бие болоод гурван жил болсных нь дараа бид нийлсэн гэдгийг зарим­даа онцолмоор санагд­даг юм. Аавгүй өсч байгаа хүүхдүүдийн сэтгэл эмзэг байдгийг би мэднэ ээ. Би өөрөө ч хойд аавтай өссөн хүүхэд. Хүүхдүүд байнга аавтайгаа уулзахыг хүсч мөрөөдөж байдаг юм. Тиймээс би өөрийнхөө хувьд энэ асуудал дээр нээлттэй байхыг хичээдэг. Харин ээж нь хүүхдүүдээ аавтай нь хэр ойр байлгахыг хүсэх эсэх нь тэр хүний л асуудал шүү дээ.

-Нэг хэсэг хэвлэлээр Кёкүшюү­зан өмнөх эхнэртээ мөнгө өгөх­гүйн тулд хамаг эд хөрөнгөө Баяс­галангийн нэр дээр шилжүүлсэн гэнэ, шүүхдэж шүүхдэж 500 сая төг­рөг өгөх болж гэнэ гээд баахан бичсэн учраас ингэж асууж байна л даа?

-Хоёр хүүхэд болон урьдынхаа эхнэрт өгөх ёстой юмыг нь хан­галттай өгчихсөн гэж ойлгож болно.

-Өгөхгүй гэж шүүхдээд, бие биенээ үзэхгүйдээ асуудал хүр­сэн юм уу?

-Тийм айхтар сүртэй юм болоо­гүй. Манайхан чинь юмыг дэвэргэдэг улсууд шүү дээ. Өгөх л ёстой юм чинь өгөлгүй яахав дээ.

-Хүүгээ ах, эгч хоёртой нь уулзуулсан уу?

-Одоохондоо уулзаагүй л байна. Би хувьдаа нэгэнт ах дүүс улс хойно уулзах хэрэгтэй гэж боддог. Ээж нь ирүүлэх дургүй байдаг юм аа. Гэхдээ уулзуулах л байлгүй дээ.

-Бас нэг асуух зүйл байна аа. Иймэрхүү зүйл асуугаад байгаад уучлаарай. Гэхдээ өөртэй чинь уулзсаных гадуур яригддаг зүйлсийг тодруул­маар байна л даа. Баясгалан аавын­хаа гэр бүлийн хүн ар­дын жү­жиг­чин Ш.Чимэд­цэеэ­тэй таа­рамж муутай байдаг гэдэг тухайд юу хэлэх вэ?

-Эмзэглэх юу байх вэ. Би аав­тайгаа үргэлж холбоотой байдаг.

Саяхан аавын ээж болох буурал ээж маань хөдөөнөөс ирсэн. Тэр хэдтэйгээ уулзалдаад сайхан л байлаа. Дуучин болох удмын үүргийг оноосон хүн бол миний аав. Тийм болохоор би дуулж явах үүрэгтэй хүн. Анхны­хаа ярилцлагыг өгч байхдаа аав минь намайг орхиж явсан ч авьяасыг нь өвлөж авсандаа баярлаж явдаг гэж хэлж байлаа. Одоо ч түүнийгээ л хэлнэ.

Ш.Чимэдцэеэ эгчийн хувьд би багадаа түүний бүх дууг нь цээжээр мэддэг байлаа. Ямар царайлаг, яасан ч гоё эгч вэ гэж бодож, жинхэнэ шүтэн бишрэгч нь байлаа шүү дээ. Харин сүүлд нь аавын маань эхнэр болсон. Би анхнаасаа аавтайгаа өсөөгүй хүн. Ээжийн минь дараа аав өөр амьдралтай байсан гэдгийг хүмүүс мэдэх байх. Дараа нь Ш.Чимэдцэеэ эгчтэй амьдрал холбосон. Ш.Чимэдцэеэ эгчийн хувьд намайг мэддэг ч үгүй байсан биз. Тэд дөнгөж хоёр талаас нийлж, ааваас маань гадна хоёр хүүхдэд нь анхаарлаа тавьж байхад нь гэнэт том болсон охин гараад ирэхээр цочирдоо байлгүй дээ.

-Ямар ч аав нар бөх хүргэнд дур­тай. Дээрээс нь танай аав уртын дууч бас бөхийн засуулч хүн. Кёкүшюүзантай гэр бүл болох мэдээг хэр хүлээж авсан бол?

-Их сайхан хүлээж авсаан. Манай хүн аавын хүндэлж, шүтэж явдаг бөх нь байсан.

Би ханийгаа Монголыг Чингэс хаан шиг дэлхийд сануулж өгсөн хүн гэж боддог ш дээ. Аав маань ч манай хүнээр их бахархдаг. “Буянтай учрал бэлэглэсэн өвөг дээдэстээ үргэлж залбирч байдаг болохоор удмыг нь сайхан авч явах хэрэгтэй” гээд уулзахаараа л надад захидаг юм.

Аав минь их ухаантай хүн. Миний ээж ч бас ухаантай мундаг эмэгтэй. Хамаг залуу насаа миний л төлөө зориулж, миний төлөө амьдарсан хүн. Одоо охин нь энэ зэрэгт хүрч сайхан амь­дарч байгаад сэтгэл нь амарч байгаа байх даа гэж боддог.

-Танай Элбэгбаяр хүү чинь хоёр ой хүрэх гэж байгаа байх. Дахиад төрөх гэж байна гэсэн яриа сонстож байлаа. Бүл нэмэх төлөвлөгөө юу байна?

-Миний амьдралын нэлээдийг нь хүмүүс зохиочихдог юм ш дээ. Амны бэлгээс ашдын бэлгэ гэж л боддог юм. Хүүдээ дүү гаргаж өгөлгүй яахав.

-Дуу дуулаад явдаг Баясгалан телевиз удирдаж, янз бүрийн бизнес эрхлээд яваа харагдах юм. Бизнес хийх дуу дуулахаас хэр ялгаатай юм бэ?

-Тун өндөр хариуцлага шаард­даг юм байна. Алдах эрхгүй л ажил юм даа.

Телевиз бол урлаг. Би өөрөө урлагийн хүн. Тиймээс надад теле­виз ойрхон санагддаг. Чадал­тай хамт олонтой учраас түүртэх юм алга аа. Монголд олон телевиз байгаа ч соён гэгээ­рүүлсэн телевиз байдаггүй байв. Байгуулагдаад жил гаруй болж байгаа ч манай “Эх орон” телевизийг мэдэхгүй хүнгүй болсон учраас бид баяртай байдаг юм. Гэхдээ судалгааны ажлаас эхлээд анхаарах зүйл их байдаг юм байна. Телевизийнхээ техник технологийн хувьд ч гэсэн нэлээд шинэчлэлийг хийж байгаа.

Мөн “Баясгалантай дэлхий” гээд жирэмсэн эхчүүдийг амраах төв байгуулж ажиллуулж байгаа. Йогийн дасгал, жирэмсэн эхчүү­дийг ямар нэгэн эм уулгахгүй, стресст оруулах­гүйгээр амар­ тайван байлгаж бай­гаад төрүүлэх зорилготой сайхан газар бий. Ер нь олон хүнийг удир­даад аваад явна гэдэг амаргүй ч бас сайхан ажил юм. Би аль болох залуучуудыг дэмжиж ажилд авахыг боддог. Бас ахмадуудаар хүрээ­лүүлэх дуртай. Тэднийхээ туршлагыг залуу­чууд­даа хүргэх гүүр болно гэж боддог юм. Дуулдаг байхдаа зөвхөн өөрийн­хөө ажлыг зохицуулаад гүйдэг байсан бол одоо зуугаар тоологдох хүмүүсийг ажлын байр­тай болгож, том баг удирдаж ажиллах үүрэгтэй болсон.

-Танай өрөөгөөр жүжигчин Б.Нэргүй­­баатар, шог зохиолч Л.Одончимэд гээд аваргууд их хөлхөж байна шүү?

-Манай хэд чинь ажлаа хийнэ бас хажуугаар нь надад эрхэлнэ ээ эрхэлнэ.

-Анзаараад байхад Кёкүшюү­зан та хоёрын зан араншин их төстэй бололтой?

-Ер нь төстэй шүү. Манай хүн урлагт хайртай, хөгжилтэй, нийтэч хүн. Бас л багаасаа амьдралын төлөө зүтгэсэн, тэвчээртэй. Энэ мэт адилхан талууд бий.

-Амьдрал юм хойно зөрөл­дөх үе байдаг л биз дээ?

-Бид ямар сэтгэлийн хөөр­лөөр суучихсан жаахан хүүхдүүд биш. Байгаа амьдралаа бүр илүү сай­хан авч явахын төлөө л явж байгаа. Нөгөө талаас Монго­лынхоо нүүр царай болсон гэр бүлүүдийн нэгийн хувьд өндөр хариуцлага үүрч амьдарна шүү дээ.

Ер нь амьдралаа сайхан авч явах эсэх нь эмэгтэй хүнээс шалт­гаалдаг шиг санагддаг. Аливаа асуудал гарахад 99 хувиар би буулт хийдэг.

-Яагаад?

-Манай хүн угаасаа асуудалд зөв ханддаг. Би бүрэн итгэдэг болохоор тэр шүү дээ. Тэгээд ч хэлэх юм байвал сүүлд нь хэлчих арга бий, бий. (инээв)

-Таныг хадам ээжтэйгээ тун адилхан гэж ярих хүмүүстэй олон тааралдсан?

-Хүн болгон тэгдэг юм шүү. Хадам ээж маань их бурханлиг, залуу сэтгэлгээтэй, ойлголцоход их амар хүн. Хүүгийнхээ төлөө 16 жил залбирч суусан хүн шүү дээ. Хүүгээ гэмтэл бэртэлгүй барил­даасай гэж сэтгэлээ чилээж амь­дарч ирсэн эх хүн. Би хадам ээжтэйгээ, харин манай хүн миний ээжтэй адилхан ш дээ. Хоёр ээж маань хоёулаа Жав­зандулам нэртэй. Овог нь адил­­хан Ж гэж байгаа. Бид хоёу­лаа л Жавзандулам нэртэй ногоон дарь эхийн хүүхдүүд болох хувь тавилантай хүмүүс байжээ гэж би боддог юм. Бас бид хоёр адилхан өвөө, эмээ дээрээ өссөн.

-Өвөө, эмээгийн хүүхдүүд цаанаа л өөриймсүү байдаг шүү?

-Тийм ээ. Манай хүн багадаа Авиа, Адиа хоёр дээрээ өссөн юм билээ. Би бол угаасаа буурал эмээ, өвөөгийн хүүхэд хойно. Буурал аав маань сумо их үздэг байлаа. Кёкшюүг хараад “Тэр уул овоо шиг Хавай арлын бөхийг хаячихдаг. Сайхан хүү шүү” гэж ирээд шимтэн үздэг байсан сан. Өвөө маань сумын заан, бас их сайхан дуулдаг хүн байлаа. Ханиа хараад байхад тэр чигээ­рээ буурал аав маань. Унтаж байгаа нь хүртэл адилхан хараг­даж, илүү ихээр хайр хүрдэг гээч. Миний буурал аавыг архи ууж, тамхи татаж байхыг нь энэ ертөнц дээр хэн ч харж байгаагүй. Хүн битгий хэл бурхан ч хараагүй. Тун гэр бүлсэг, гэр амьтай хүн байсан. Тийм хүний дэргэд өссөн боло­хоор би буурал аав шигээ л хүнтэй сууна гэж боддог байлаа. Харин буурал аавыгаа бурхан болсноос хойш нэг их удалгүй ханьтайгаа танилц­сан юм. Тэгээд ч тэр үү, буурал аав маань надад ханийг минь илгээсэн байх гэж боддог доо.

-Батбаяр гишүүн та хоёрыг хааяа гэр барьж зусдаг гэсэн яриа сонссон юм байна…

-Батбаяр бид хоёрын зундаа орж суудаг тэр гэр учиртай гэр л дээ. Ханийн маань өвөө, эмээ болох Авиа, Адиа хоёр маань гучаад онд дөрвөн ханатай энэ гэрийг барьж айл болж байсан байгаа юм. Тэд яг бидэн шиг тахиа, үхэр жилтэй хүмүүс байсан гэдэг. Тэгээд олон жил хамтдаа сайхан амьдарч, өнөр өтгөн айл болсон болохоор нь бэлгэшээдэг юм. Анх гэр бүл болохдоо бид зориуд энэ гэрт орж, гурван сар амьдарсан гээч. Одоо ч өнөө маргаашгүй гэрээ барьж орох гээд л байж байна. Аавынх нь өссөн гэр болохоор би хүүгээ ч тэнд байлгах их дуртай байдаг юм.

-Танай хүн Монголын сумо­гийн холбооны ерөнхийлөгч байх аа. Бас тэнд байгаа монгол сумоч­­дынхоо албан бус хол­бооны дарга шиг харагдах юм?

-Монгол сумочид Японд асуу­далд ороход манай хүн эндээс аав нь юм шиг л явна шүү дээ.

Сумогийн дүрэм нь өөрөө хатуу. Тусгай дэг жаягтай, бараг л улс доторх улс шиг юм билээ. Хэдэн зуун жил явж ирсэн тэр дүрэм журмаараа хэний ч нөлөөгүйгээр асуудлаа шийддэг.

-Танай хүн болон их аварга Д.Дагвадорж хоёр таарамж муутай гэгддэг. Түүнийг зодог тайлах болсныг хэрхэн хүлээж авч байсан бол?

-Эр хүмүүс дэвжээн дээр ба­рил­­дахдаа омогтой шартай байдаг. Монголчууд чинь их шартай хүмүүс ш дээ. Тэр утгаар нь хүмүүс таарамж муутай гэж харж байсан байж болох юм. Түүнээс надад тийм байдлаа илэрхийлж, хэлж байсан нь үгүй ээ. Тэгж яривал Дагваа аварга чинь аавын минь нутгийн бөх. Би гэр бүлийнх нь хүнтэй найзууд. Заримдаа сургаар асууд­лыг хурцатгахад хүмүүс үнэн гэж хараад байдаг тал байх юм аа.

-Саяхан их аварга Дагвадорж улс төрд орох бодолтой гэсэн байна лээ. Танай хүн Японоос ирээд УИХ-д сонгогдсон. Ер нь бөхчүүд ингээд төр түшээд байх нь хэр зөв юм бол?

-Заавал бөх энэ тэрдээ биш улс эх орондоо нөлөөтэй, зөв сайхан сэтгэлтэй хүн л гарах ёстой гэж би боддог. Бас гадаадад ч дотооддоо ч нөлөөтэй байвал сайн байх. Би хувьдаа сонгинохайрханчуудыг их зөв сонголт хийсэн гэж үздэг. Итгэлийг нь ч манай хүн сайн дааж яваа. УИХ-ын гишүүний зарцуулах төсвөөс 16 дахин давуулсан хөрөнгө оруулалтыг тойрогтоо хийсэн хүн шүү дээ. Тиймдээ ч АН-аас хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн гишүүнээр саяхан тод­руулсан болов уу. Бага байхаасаа л амласандаа хүрдэг байсан гэгд­дэг тэр чанар нь одоо ч байдаг. Цаашид ч тийм байх хүн.

Сонгогчдынхоо хүсэлт шаард­лагад тун анхааралтай ханддаг. Юу л байна тойрог руугаа гээд байна шүү дээ. Тэгэх ч ёстой байх.

-Олон сайхан бөхчүүд маань Японы иргэн болж, харийн бүс­гүйтэй гэрлэж байгаа нь харагд­даг. Монголд нь авчирч, сонгогч олны үүрэгт даруулж амьдрах замыг сонгуулсан танд баяр хүргэх ёстой юм шиг санагддаг шүү?

-Баярлалаа. Бас ч тийм тал бий шүү. (Инээв)

Илэн далангүй ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Энэ дашрамд зуны дэлгэр сайхан цагийн мэндийг “Өдрийн сонин”-ы уншигчдадаа хүргэмээр байгааг минь дамжуулж өгөөрэй.



Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Стивен Сигалын эхнэр Б.Эрдэнэтуяа: Монголын иргэнээрээ үлдсэн минь миний сонголт байсан

Стивен Сигалын үзэсгэлэнт гэргий гэдгээр манайхан андахгүй Батсүхийн Эрдэнэтуяатай ярилцлаа.


-Таныг хэвлэл мэдээлэлд төдийлөн нээлттэй нэгэн биш гэдгийг мэднэ. Юуны өмнө ярилцлага авах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Ер нь сүүлийн үед хүмүүс сошиал орон зайгаас мэдээллээ авч, бас бусдад түгээдэг болжээ. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Бид яалт ч үгүй мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Хүссэн, хүсээгүй бидний амьдарч байгаа цаг үе маань өөрөө ийм сошиал ертөнцийг бий болгочихож. Энийг бид бүгд өөрсдөө л бүтээсэн, өөрсдөө л эерэг сөрөг бүх үр дүнг нь үзээд, үүрээд явж байгаа. Худал үнэн сүлэлдсэн, хэрэгтэй, хэрэггүй элдэв мэдээлэл холилдсон энэ орчин, энэ орон зай бол хүн төрөлхтний хөгжил дэвшил, аюулгүй байдал, хүний оюун санаа, ухамсрын түвшинд сайнаар нөлөөлөхгүй гэж боддог. Мэдээж сайн сайхан давуу тал бий, гэхдээ муу нь илүү юм уу гэж хардаг. Хүн уншсан, сонссон байтугай, харсан зүйлдээ ч итгэхэд бэрх болсон цаг үе байна шүү дээ.

-Өөрийн тань сошиал орчинд нээлттэй хүргэдэг сургамжтай үгс, шүлэглэсэн үгсийг тань дагаж хүлээдэг хүмүүс цөөнгүй болжээ. Ер нь хэдийнээс ингэж бичих болсон бэ. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна, тэр нь танд яаж мэдрэгдэж байна вэ?

-Миний номын багш их мундаг хүн байдаг юм. Тэр багштайгаа учирч, адис хүртсэнээс хойш ингээд л өөрөө урсаад байдаг болсон. Одоогоос дөрвөн жил хагасын өмнө юм байна. Багш маань хүний сүнс, өөрийнх нь өгөгдлийг сэрээж өгдөг увдис чадалтай хүн л дээ. Багш маань энэ судар сургаал, бичвэрүүдээ нийтэд тавих цаг болсон гэж зөвлөсний дагуу олонд түгээдэг болоод одоо бараг хоёр жил шахуу болж байх шиг байна. Монголчууд минь тэнгэр язгууртай, тээсэн их буянтай, суу билигтэй, сургаал судартай агуу сайхан ард түмэн гэдэг нь нийтлэл доорх сэтгэгдлүүдээс маш тодорхой харагддаг. Ард түмэн минь сэрж ухаарч, авьяас билгээ хөглөж, уг язгуураа өнгөлөн гоёж, өдрөөс өдөрт дэлгэрч байгаа гэдэгт бат итгэлтэй байдаг.

-Бүсгүй хүн эрхэлсэн ажил мэргэжил, хашиж байгаа алба, авьяас чадвар бас хань нөхрөөрөө ч овоглогдож явдаг. Та эмэгтэй хүнд харьяалагддаг олон цол гуншингаас чухам алинаар нь нэрлэгдэхийг хүсдэг вэ?

-Би чинь их олон янзын нэр, цол гуншинтай хүн шүү дээ. Аав ээждээ шар охин, анд нөхдөдөө Эрка, америк сургуульдаа Эрика, алс нутагт Эль, амраг ханьдаа Кандро, алаг үрдээ Ээж, Маам гэх мэт. Бурхны шашинд Ренбүчи хүний гэргийг Кандро (Хандмаа) юм уу Санюма гэж хүндэтгэн дууддаг. Монголоор дагина гэж орчуулж болох. Хань минь намайг нэг бол Кандро нэг бол Маам гэж дууддаг. Хүмүүс намайг бүжигчин гэдгээр нь ихэвчлэн мэддэг байсан, харин одоо шүлэгч, найрагч гэж бодоод байх шиг байгаа юм. Миний бичвэрүүд уг нь шүлэг найраг биш юм байгаа юм. Бичвэрүүд маань их энгийн байдаг. Учир нь би үгийн урныг хөөдөггүй, уянгын халилд автдаггүй, үгийн хүчийг ашиглаж, үнэн жам мөрийг сануулж, түмэн олондоо хайр ухаарал илгээхийн төлөө бичдэг. Энэ олон нэр, гуншингийн дотроос “Ээж” хэмээн дуудуулах л миний хувьд хамгийн эрхэм дээд хувь ерөөл юм даа. Үртэй байхын жаргал бол дээдийн жаргал.

-Анзаараад байхад танай гэр бүл, тэр дундаа та Монголдоо багагүй хугацаанд байна. Жилийн 12 сарын хэдэд нь аль улс оронд амьдарч байна вэ?

-Манай гэр бүлийг жинхэнэ орчин үеийн нүүдэлчин гэр бүл гэж хэлж болох байх шүү. Нэг газраа тогтвортой суурин амьдарна гэж бараг байхгүй. Уран бүтээлч, тэр тусмаа кино урлагийн хүмүүсийн амьдралын хэв маяг гэж хэлж болохоор. Америкт амьдардаг нэртэй, алаг дэлхийгээ тойроод л нүүдэллээд л байна. Сүүлийн гурав, дөрвөн жилийн 70 хувьд нь би Монголдоо амьдарсан гэж хэлж болно. Хүүгээ монгол хэл бичиг, оюуны дархлаатай, монгол сэтгэлгээтэй болгохын тулд Монголдоо амьдарч, хүүгээ монгол сургуульд сургаж, эмээ өвөө, элгэн садантай нь ойр байлгаж, их зүйлийг хүүдээ сургаж чадсандаа маш их баяртай байгаа. Хүү маань одоо монгол англи хос хэлтэй, энэ жилээс орос хэл сурч байгаа. Манайх АНУ-аас нүүх төлөвтэй, одоогоор Орост төвлөрч амьдарч, ажиллаж байна даа.

-Нүүгээд байхаар хүүхдийн сургуулийн асуудал хөндөгддөг. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ. Бас хүү нь монгол хэл соёлыг хэр хүлээн авч, тусгаж сурсан бэ?

-Хэдийгээр хань бид хоёр байнга аялдаг ч, хүүгээ Монголд хоёр жил яс сургасан. Одоо хүү маань Москвагийн Олон улсын сургуульд шилжин суралцаж байгаа. Бид хоёр гадагшаа явах үед эмээ өвөө нь ирж хүүгээ харж өгдөг. Аав ээж хоёр маань хүүдээ амь болохоор дуудангуут л уухайн тас хүрээд ирнэ шүү дээ. Хүү маань монгол сургуулиасаа явахгүй гэж зөндөө л юм болсон. Өчнөөн гуйж учирлаж байж зөвшөөрүүлсэн. Миний хүү чинь Монголдоо маш их хайртай, монгол сэтгэлгээтэй хүүхэд. Монгол хэл нь англи хэлнээсээ илүү, одоо хэл ам нь гүйцэгдэхгүй болсоон.

-Стивен Сигал Оросын иргэн болсон, амбан захирагч ч болж магад гэсэн яриа сонстож байсан. Танай гэр бүл алсын Америкаас наашаа дөхөөд л байгаа юм байна…

-Манай хүн хэдэн жилийн өмнөөс ОХУ-ын иргэн болж, иргэний паспортоо В.Путин ерөнхийлөгчөөс гардаж авсныг дэлхий нийт харсан шүү дээ. АНУ, ОХУ-ын давхар иргэншилтэй гэсэн үг. Нөхрөө дагаад намайг бас Америк, Оросын иргэн болсон гэж хүмүүс боддог шиг байгаа юм. Би чинь зөвхөн Монголдоо гэдэг шиг хүн шүү дээ. Манай улс давхар иргэншил зөвшөөрдөггүй болохоор Монголын иргэнээрээ үлдсэн нь миний сонголт байсан. Харин Оросын зүүн хязгаарын амбан захирагч болох тухай яриа бол хэвлэлийнхний тараасан худал цуу шүү. Нэг арга хэмжээн дээр “Манай муж захирагчгүй байгаа, та манай захирагч болчих л доо” гээд хүн тоглоод хэлэхээр нь “Өө тэгье л дээ” гээд бас тоглоод хариулсан юм. Тэгсэн энэ нь 30 минут ч хүрэлгүй мэдээ болоод дэлхийгээр нэг цацагдаж байж билээ. Ийм л цаг үед бид амьдарч байна. Сэтгүүлчдийн ёс зүй хаа сайгүй амаргүй байна аа.

-Таны нөхөр Стивен Сигал ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй тун ойр. Тэр ч утгаараа өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр танай гэр бүлийнхэн нэлээд тод харагдаж байсан. Тэдний нөхөрлөлийн талаар сонирхуулаач…

-Миний хань В.Путин ерөнхийлөгчийг дэлхийн хамгийн шилдэг удирдагч гэж үздэг. Түүний алдар гавьяа, амжилт ялалт, арга ухааныг нь асар их үнэлж, хүндэлж, үйл хэргийг нь ямагт дэмнэж, үнэн сэтгэлээр зүтгэж яваа. Ханийг маань ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны Онцгой Эрхт Элчин Сайдаар томилсон нь Ерөнхийлөгч Путин болоод ОХУ-ын Засгийн газрын зүгээс ханийг маань хэрхэн үнэлж хүндэлдэг, мөн ямар их итгэл найдвар хүлээлгэж байгаагийн тод илрэл гэж би хувьдаа боддог. Миний хань Орос Америкийн харилцааг сайжруулахын төлөө эцсээ хүртэл зүтгэнэ гэж ярьдаг хүн. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд уригдсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг байсан.


-Хүйтэн дайн дууссан гэдэг ч өнөөдрийн нөхцөл байдалд өрсөлдөөн үргэлжилсээр байна. Таны хань С.Сигал энэ харилцааг хэрхэн сайжруулах гэж?

-Хүйтэн дайн далдуур үргэлжилсээр байгаа нь америк хүмүүсийн Орос оронд хандах хандлагаас тод ажиглагддаг. Хэвлэл нийтлэл, мэдээллийн сувгуудаар байнга Оросын эсрэг буруу ташаа мэдээлэл цацаж, америкчуудын тархийг угаана, Оросын эсрэг турхирна, айлгана, хамгийн аюултай улс орон гэж сурталчилна. Гэтэл бодит байдал бол тийм биш гэдгийг өнгөрсөн зуны хөл бөмбөгийн дэлхийн аварга харуулсан шүү дээ. Наад захын америк хүн Орос орон руу зүглэхээс айдаг гээд бод доо. Гэтэл эсрэгээрээ Америк өөрөө хамгийн аюултай орон болчихлоо шүү дээ. Миний хань энэ буруу ташаа ойлголтыг засахад хувьдаа хичээж хаана ч арга хэмжээ, уулзалтанд оролцохдоо энэ тухай нээлттэй хэлдэг, залруулдаг, сошиал хуудсаараа нийтэлдэг. Өөр өөр улс гүрний иргэд хүмүүсийг холбож, ойлголцуулж, ойртуулж чаддаг гүүр бол ямагт урлаг, спорт байдаг. Тэр дундаа кино уран бүтээл бол хүнд бодрол ухаарал хайрлах тал дээр маш далайцтай, өгөөжтэй, наалдацтай байдаг шүү дээ. Миний хань энэ том салбаруудын том төлөөлөл болсон хүний хувьд давуу талуудаа ашиглаж, Орос, Америкийн харилцааг сайжруулахад хүчин зүтгэж яваа.

-Тангараг өргөх ёслолын үеэр та гоёмсог шар дээлтэй харагдсан нь нүдэнд тусч байсан. Гадны хэвлэлийнхний анхаарлыг ч ихээр татсан. Тэр үеэр зориуд үндэсний дээлээрээ, тэр дундаа тод өнгөөр гоёхоор шийдсэн үү?

-Тийм хүндэтгэлтэй том арга хэмжээнд үндэсний хувцсаараа гоёхгүй бол өөр юугаараа гоёх билээ. Би уг нь дэрвэгэр хормойтой хар ногоон дээл авч очсон байсан юм. Тэгсэн нэг л болдоггүй, хань маань ч таалдаггүй. Тэгээд л ээжтэй яриад, яаралтай цэвэрхэн, энгийн монгол дээл хийгээд явуулах арга байна уу гэлээ. Тэгсэн аав ээжийн минь цагаан сараар надад бэлэглэсэн тэр шар торго гэрт байж таараад, ээж минь тэрийгээ аваад л оёдолчин руу гүйсэн байсан. Тэгээд л нэг шөнийн дотор оёулаад, үүрээр Москвагийн онгоцонд дайж, би шууд тосч аваад л тангаргийн ёслолд өмсөөд зогсож байлаа шүү дээ. Тийм содон дээл болж олны анхаарлыг татна чинээ огт бодоогүй ээ. Би тэр өдөр тэр ёслолд тэр алтан шар дээлийг өмсөөд зогсож байх ёстой байсан болоод л бүх юм ингэж бүтсэн байх даа.

-Стивен Сигал жүжигчин монгол цустай гэгддэг. Бас орос цустай ч гэж сүүлхэнээс ярьж байна. Танай хүү бол тун монголжуу төрхтэй хүү байдаг. Хүүдээ хэл, соёлыг нь сургах дээр хичээдэг талаар бас дээр ярилаа. Сайхан санагдаж байна…

-Манай хүн чинь ээж талаасаа индиан цустай, эцэг талаасаа якут буюу түрэг урианхай ястай хүн. Бүгд л хөх толботой үндэстэн, ястангууд шүү дээ. Тийм болохоор хүү минь хөх толботой, монгол төрхтэй төрөлгүй яахав. Зарим нэг хүмүүс намайг харь хүнтэй суусан гээд их бухимдана аа. Монгол гэдэг нэр томьёо чинь асар өргөн цар хүрээтэй, зөвхөн өнөөгийн Монголын гурван сая хүнийг л монгол гэх юм бол асар өрөөсгөлийн дээр бид өөрсдийгөө асар их хумьж, жижгэрүүлж байгаа хэрэг болно. Дэлхийгээр нэг түгсэн монгол яс, цус байгаа гэдгийг мартаж болохгүй л дээ.

-Таныг гадны хүнтэй гэрлэсэнд бухимдах нь танд эхэндээ ямар санагддаг байсан бэ, он жил өнгөрөхөд тэр хүмүүсийн хандлага өөрчлөгдөж мэдрэгдэв үү?

-Хүмүүс мэдэхгүй юмаа мэддэг юм шиг ярьж бичдэгт нь л бухимдал төрдөг. Манай хүний жинхэнэ гарал үүсэл, язгуур яс цусыг нь огт мэдэхгүй байж л харь хүн, гадаад хүн гэцгээдэг. Гадаад улсад төрсөн гадаад иргэн бүхэн харь хүн биш шүү дээ. Миний хань хөх толботон хүн, мөн улааны шашны Ренбүчи хүн. Хүмүүс мартчихдаг юм уу, эсвэл атаацаад байдаг юм уу, нэг л их миний үр удмын яс цусанд санаа зовсон улс. Сошиал хуудсаараа орчлон хорвоогийн тухай бичиж байхад л, орж ирээд хувь хүн над руу дайрах хүмүүсийг би гайхдаг. За тэгээд хүн аль юм болгон амьдралаа, алив бүхнээ хүнд тайлагнаж явах вэ дээ. Буянаараа болог гээд л орхичиход их амар байдаг. Гэхдээ зууны ерэн найман хувьд нь хүмүүс их сайхан эерэг хандлагатай байдаг шүү.

-Та анх Америк тивийг зорьсноос хойш олон жил өнгөрчээ. Харь нутагт олон жил амьдрахад өөрөөр тань монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, монголчуудын талаар ойлголт авч байсан хүмүүс их байсан байх. Хэр нэр хичээж амьдарч ирсэн бэ?

-Өө, хичээлгүй яахав, чадлаараа л хичээнэ шүү дээ. Нэр хугарахаар яс хугар гэж, хүн хаана ч явсан нэр хичээж, буянд мөрлөж, сайнд тэмүүлж явах хэрэгтэй. Алхсан гишгэсэн, амьсгалсан газар бүхэнд тань мөр тань, үнэр тань үлдэж байдаг. Би хар багаасаа л сургуулиа, сумаа, аймгаа, улсаа төлөөлөөд уралдаан тэмцээн, хурал чуулган, баяр наадамд явдаг байсан болохоор багаасаа биеэ дааж, өөрийгөө олны өмнө хэрхэн зөв авч явах уу, би эх орон элгэн түмнээ яаж зөв сайхан сурталчлах уу гэж ихэд хичээж ирсэн. Монгол бүсгүйчүүд ийм хаттай, ухаантай, чадалтай, боловсролтой, шударга дайчин хүмүүс байдаг юм байна гэдэг урмын үгсийг үргэлж сонсч ирсэндээ бахдалтай байдаг.

-Монголоос гараад амьдрахаар бараг илүү эх оронч, илүүтэй их улсынхаа нэрийг боддог гэлцдэг. Энэ үнэн үү?

-Тэр миний л хувьд маш үнэн. Цаг явах тусам улам л Монгол руугаа тэмүүлдэг болсон. Тэмүүлсээр байгаад Монголынхоо хаяанд ирчихлээ шүү дээ. Монголоо бодохоор л нүдэнд минь нулимс хурж, хоолой минь зангирч, сайн сайханд нь баясан бахдаж, саар мууд нь сэтгэл чилж, өдөр бүр өргөл ерөөлөө өргөж, өөдөлж дэвжээсэй, өв уламжлал минь сэргээсэй, өсөх залуус минь сэрээсэй, өндийгөөсэй гэж байнга залбирч явдаг.

-Таны олон нийтэд шүлэглэн хүргэдэг санамж сэрэхүйгээс өв уламжлал, ёс заншлаа гэсэн сэтгэл нэвт мэдрэгддэг. Түрүүнд номын багшаасаа адис хүртээд урсаад байдаг болсон гэж хэлсэн. Буддын шашны багш уу, эсвэл өөр үү?

-Миний багшийг Ичинноровын Мөнхсаруул гэдэг. Аль нэгэн шашинд харьяалагддаг нэгэн биш, бөө удган биш, лам хувраг ч биш, йогчин бясалгагч бас биш. Тэртээх он цагуудыг туулаад монголчуудыг цөвүүн цагийн зовлонгоос гэтэлгэхийн төлөө, дэлхийд энх амгаланг цогцлоохын төлөө тэнгэрээс илгээгдсэн амьд Дарь-Эх л дээ. Өндөр дээд зөн билигтэй, өгөгдсөн их шид хүчтэй, хосгүй их ур увдистай, хорвоод ховорхон хүн дээ. Ертөнц, байгалийн хууль, орчлон хорвоогийн жам ёс, амьдрахуй оршихуйн учир жанцан гээд өвгөд эмгэдийнхээ таньсан их билгүүнээс тархи оюундаа татан буулгаж, хөх зөнгөө чимээлж, хүрэн зүрхээ уудалж, хүн оршихуйг цэвэрлэхийн төлөө амсхийх чөлөөгүй, алдарч унах сэхээгүй ихийг хийж, үйлдэж бүтээж яваа хүн. Монгол түмнээ сэрээж, мартагдсан бүхнээ сэргээж, ёс болгож үйлддэг зан үйл болгоны цаадах их гүн ухаан, өвгөд эмгэдийн эрдэм ухааныг таниулахын төлөө улс орон даяар олон нийтэд олон удаа айлдвар тавьсан, хүмүүс таньдаг болсон байх учиртай. Манай монголчууд чинь сурсан зангаараа янз бүрээр л хүлээж авч, ярьдаг шиг байгаа юм. Айлдвар дээр нь нэг удаа ирж үзээгүй байж их хүн шүүнэ ээ. Би ханиа дагаад олон дээрхийн гэгээнтэн, лам хувраг, гүрү багш нартай уулзаж явсан, олон ч мэргэн түргэн хүмүүстэй уулзаж учирч явлаа. Миний багш бол хорвоод хосгүй хүн гэж л хэлэх байна.

-Ер нь ингэхэд өөрөө ямар мэргэжлийн хүн билээ. Хүүхэд байхаасаа бүжиглэдэг байсныг нь мэдэх юм?

-Би МУИС-ийн ОУХДС-ийн Япон судлалын анги төгссөн. Сургуулиа төгсөөд Япон улсад магистрын сургалтанд явах гээд бүх юмаа зэхчихсэн байсан үед ханьтайгаа учирсан л даа. Тэгээд кино продакшндаа ажиллах санал тавьснаар Японд сурахаа хойш тавьж, би гэдэг хүн алсын Америк тивийг дахин зорьж байж билээ. Дахин гэдэг нь урьд нь оюутан солилцооны шугамаар нэг жил Америкт сурч амьдарсан юм. Бүжгийн хувьд таван настайгаасаа л бүжиглэж эхэлсэн. Сэвжидийн Сүхбаатар багш маань намайг Хөгжим Бүжгийн Коллежид оруулаагүй юм. Миний охин ясны бүжигчин хүн, тэнд сурах хэрэггүй, харин хэл сурч, тархи оюунаа цэнэглэж ав гэж зөвлөсний дагуу Чойроос хот руу нүүж ирээд, гадаад хэлний сургалттай 38 дугаар сургуулийн англи хэлний ангид шилжин суралцаж байж билээ.

-Өөрт чинь амьдралдаа үүний оронд тэрийг хийсэн бол, тэндээ сурсан бол гэдэг ч юм уу өөрчлөхийг хүсдэг зүйл байдаг уу?

-Би бүжгээсээ хөндийрсөндөө харамсаад байдаг юм. Ханьтайгаа учрахад амьдралын минь нэгэн шинэ хуудас нээгдэж, алдарт Холливудын ертөнцөд хөл тавьж, кино урлагт орсон. Хичнээн цаг наргүй ажиллаж байсан ч бүжгээ хажуугаар нь хийгээд явах боломж байсан л байх даа гэж өөрийгөө жаахан зэмлэж суудаг. Гэхдээ би одоо өнгөрсөн, одоо хөгширсөн гэж огт боддоггүй. Хүн хэд ч хүртлээ дуулж, хөгжимдөж, урлан бүтээж болохтой адил, хүн хэд ч хүртлээ бүжиглэж бас болох. Манайд нэг тийм нийтлэг буруу хандлага байгаад байдаг. Бүжгийн урлаг биед халтай, хатуу урлаг, 40 хүрээд тэтгэвэрт гарсан нь дээр гэж. Бүжиг бол бурхнаас бидэнд заяасан хамгийн сайхан, тансаг ур авьяас. Хүн яагаад тодорхой насанд бүжиглэхээ болих гэж. Саяхан нэг олон улсын арга хэмжээнд Японы бүжгийн ансамблийн тоглолтыг үзсэн. Тэгэхэд талаас дээш хувь нь 50-иас дээш насны бүжигчид байсан шүү, зарим нь 70-аас дээш. Надад гайхалтай санагдсан. Манай хөөрхий ахмад бүжигчид хааяа нэг тоглолтонд орохоороо нүүрэнд нь оч бадраад л цээжинд нь гал дүрэлзээд байдаг. Би удахгүй нэг сайхан уран бүтээл хийнэ дээ гэж боддог, тэгээд үхэн үхтлээ бүжиглэнэ гэж боддог хүн шүү дээ. Хэн юу гэх бол гэж бодож эмээлгүй хүн өөртөө л үнэнч байж, авьяас билгээ өнгөлж, аз жаргалтай байхыг хүсдэг.

-Гоо сайхнаа удаан хадгалж үлдэх гэдэг багагүй ухаан, хичээл зүтгэл шаарддаг. Өөрөө энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-Гоо байх гэдгийг би их өргөн цар хүрээтэй ойлголт гэж боддог. Миний хувьд аливаа хүн бие, хэл, сэтгэл, бүхий л оршихуйгаараа гоо орших ёстой гэж боддог учраас тийм байхын төлөө хувьдаа хичээж явдаг. Энэ боломжтой юу гэвэл туйлын боломжтой. Хичээл зүтгэл, хүчин чармайлт, эрдэм боловсрол, уйгагүй хөдөлмөр, тууштай зан мэдээж шаардагдана. Гэхдээ тэнгэр бурхан, өвгөд дээдэс, аав ээжээс заяасан энэ сайхан амьдрал оршихуйг тултал нь сайн сайхан, гэрэл гэгээтэй авч явж чадахгүй бол энэ бидний л арчаагүйнх. Сайн явах, саар явах ихэнхдээ бидний сонголт байдаг гэж боддог шүү.Хүн уг нь зөв хооллоод, зөв ярьж сэтгээд, зөв үйлдэл хийгээд явахад л цаанаасаа гэрэлтээд байдаг юм шдээ. Түүнээс яаж ч оёж шидээд, татаж тэлээд, будаж шунхдаад дотроо пад хар бол, гаднаа мянга гялалзаад яах юм бэ. Зүс биеэрээ тоглох бол сайн зүйл яавч биш гэж санадаг.

-Хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо манайхан юун дээр алдаад байгаа харагддаг вэ?

-Хүн уг нь төрж өссөн газар шороо, нутаг усныхаа уламжлалт хоол хүнсээрээ хооллох нь хамгийн зөв байгаа юм. Гэхдээ ямар хүнсийг хэзээ, ямар үед, хэр хэмжээтэй, яаж бэлтгэж, ямар хольцтой идэх үү гэдэг тун нарийн. Манайхан гадны хамаа замбараагүй янз янзын хүнс, хоол, ундаа жүүсийг маш ихээр идэж ууж “хордож” байна. Тэр дундаа хятад, солонгос, турк хүнс, түргэн хоол, чихэр шоколад, боов жигнэмэг маш ихээр идэж хэрэглэж байна. Хамгийн органик, ориг, сайн хүнстэй ард түмэн атлаа, хамгийн муу хогон хүнсээр хооллоод, үр хүүхдээ тэжээгээд байх юм. Тэгээд дээрээс нь байгаа сайхан органик мах өөх тос, гурил будаа, сүү, сүүн бүтээгдэхүүнээ дандаа хэтрүүлж, буруу цагт буруу хольцтой хэрэглэнэ. Өвгөд эмгэд эртнээс мах сүүг хольж иддэггүй, бүр нарийн яривал арвай хүртэл сүүн голтой ургамал тул мах гурилыг ч хольж иддэггүй байсан байдаг шүү. Мах, элсэн чихэр, цагаан давс, цагаан гурилны хэтэрсэн хэрэглээ, мах сүүгээ хольж хэрэглэсний, гадны хогон хүнс болоод архи дарс их хэрэглэсний хор уршгийг ард түмнийхээ дундаж наслалтын тооноос харж болно. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд, сайн гэсэн бүхнийг аваад шууд хэрэглэлгүй, орц найрлагыг нь сайн харах хэрэгтэй. Олон химийн найрлага орсон байвал арьсаар тань нэвчээд, биед тань хор бохирдол болдог гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Аль болох байгалийн бас цөөхөн орц найрлагатай, үнэр багатай, чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Чанартай, сайн бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна арьсны өдөр тутмын уйгагүй арчилгаа маш чухал.

-Нээрээ өөрийн чинь нэгэн гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болж, бүжиглэж байгаа рекламыг харж байсан. Стивен Сигалын гэргийг бүжиглүүлсэн, өнгө будаг гоётой сайхан энергитэй сурталчилгаа санагдаж байсан шүү…

-Тийм ээ, “Decello Cosmet­ics” гоо сайхны брэндийн нүүр царай болоод бараг жил болох гэж байна. Би олон жилийн өмнөөс химийн найрлагатай гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс татгалзаж, органик, байгалийн бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэсээр ирсэн. Үнэртэй ус, духи бол бүр огт түрхэхээ больсон хүн. Хоёр жилийн өмнөөс энэ брэндтэй танил болж, өөрийн гэсэн судалгаа, туршилт хийсний үр дүнд арьсанд минь маш сайн зохиж, үр дүн нь мэдэгдэхүйц сайн байсан болохоор брэндийн нүүр царай нь болооч гэхэд дуртайяа зөвшөөрсөн. “De­cello Cosmetics” бол дэлхийн гоо сайхны ертөнцөд шинэ хувьсал хийж чадсан, хүний арьс толигор зөөлөн, нөсөө толбогүй байхад хамгийн их нөлөөтэй амин хүчлүүд, пептид уургийн агууламж маш өндөр бөгөөд байгалийн цэвэр тос, ургамал, жимсний найрлагатай байдаг нь надад таалагддаг.

-Та бол дэлхийн хөгжлийн түрүүнд нь яваа тэр нийгэмд амьдарч ирсэн хүн. Түрүүлж алхаж байгаагийн алдаа тэр улсын хүмүүст тусдаг уу, магадгүй хоцроод явж байгаа нь зарим талдаа давуу болох ч юм уу. Тэр харьцааны заагийг хамгийн сайн анзаарч байгаа байх гээд асууж байна л даа…

-Хөгжил гэдгийг аль утгаар нь харж ойлгохоос шалтгаалаад маш олон янзаар хариулж болох. Миний хувьд нийтлэг хөгжингүй гэж хэлэгддэг улс орнууд үнэхээр хөгжөөд байна уу, хөглөөд байна уу гэдгийг хэлэхэд амаргүй санагддаг. Дэлхий даяараа улс төр, эдийн засгийн байдал тун тогтворгүй болсон, хямрал, дайн дажин, терроризм, өвчин зовлон, гэмт хэрэг, худал хуурмагууд олширсон маш амаргүй цаг үед бид амьдарч байна. Миний эх оронд төр хямарсан, түмэн олон минь зүдэрсэн гээд амьдрал төдийлөн таатай биш байгаа ч дайн дажингүй байна аа гэдэг чинь л асар их аз буян гэж боддог. Би Монгол минь яана даа гэж бодохоос илүү Америк орныг яана даа гэж хувьдаа хардаг. Төр нийгмийн бодлого, улс төр, эдийн засгийн байдал, хэвлэл мэдээлэл, түмэн олны хандлага, хил хязгаар, цагаачдын асуудал, терроризм, гэмт бүлэглэлүүдийн асуудал гээд маш олон хүчин зүйлүүдийг хараад амаргүй ирээдүй хүлээж байгаа улс нийгэм гэж харж дүгнэдэг. Гэхдээ улс орон ямар ч бай, тухайн улс гүрний нэгж бүрэлдэхүүн болсон хүн гээч бодгалийн хувь хөгжил, боловсрол, ухамсар гээч зүйл хамгийн чухал юм байна гэж ойлгож яваа.

-Байгаа бүхнээ ерөөж амьдрах хэрэгтэй талаар “Ерөөлийн хүч” гэсэн бичвэр тань сошиалд дөрвөн мянга хол илүү шэйрлэгдсэн байсан. Үгэнд, сэтгэлд их хүч байна аа даа. Та сэтгэлээ хэрхэн чөлөөлж, хэрхэн ариун амгалан байлгахыг хичээдэг вэ?

-Миний хувьд амандаа хийж байгаа бүхнээ, амаараа хэлж буй бүхнээ, алд биеэрээ үйлдэж буй бүхнээ хянадаг. Дээр нь йогоор хичээллэдэг, бясалгадаг, өөрийгөө магтдаг, ерөөлийг ерөөдөг, байгаа бүхэндээ талархдаг, өвгөд дээдэстээ залбирдаг, газар тэнгэртээ сүсэлдэг, заяа тавилангаа хүндэтгэдэг. Ер нь сэтгэлээс бүх юм угтай. Сэтгэлийг зөв залахад хүний үг, үйлдэл зөв болоод л, царай зүс хүртэл аятай таатай болоод ирдэг. Хүний сэтгэл оюун, махан бие тун нарийн холбоотой тул сэтгэлийг зөв залахын тулд хүн махан биеэ бас эрүүл зөв авч явах хэрэгтэй. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг чинь ээ дээ ихийг хэлээд байдаг юм. Хүний ааш аяг, уцаар бухимдал, гуниг гутрал гэх мэт хүний сэтгэлийн сөрөг өнгө бүхэн махан биеийн өвчин эмгэг, зовлон зүдгүүрийн толь байдаг. Эсрэгээрээ сайн сайхан эрчим, тайван амгалан ааш аяг, баяр баясал, өөдрөг сэтгэл гэх мэт эерэг сэтгэлийн өнгө нь эрүүл саруул бие оршихуйн толь. Хүний бие эрүүл байхад цэвэр агаар, цэвэр ус, зөв зохистой хоол хүнс, дасгал хөдөлгөөн, зөв сайн амралт гэсэн үндсэн хэдэн чухал зүйлтэй л сайн тулж ажиллах хэрэгтэй байдаг.

-Холливудын одод шашин тэр дундаа буддын шашинг ихээр шүтэж эхэлсэн. Нэг үе маш хүчтэй давлагаа бий болж байсан. Тэр нийгэмд буддын шашны үзэл санаа чухал байсных уу, эсвэл мода болж байв уу?

-Би түрүүнд цухас дурдаад өнгөрсөн. Ямар ч нийгэмд хувь хүний хөгжил нэн чухал юм гэж. Америк орны соёл хүмүүжил, боловсролын бодлого нь хувь хүний хөгжил дээр түлхүү анхаардаг шиг санагдсан. Эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг улсын хувьд ард иргэд нь шашны эрх чөлөөтэй, санаа бодлоо нээлттэй илэрхийлдэг, оюун санааны аливаа хувьсал, хөдөлгөөн, үзэгдэлд маш анхаарал сонирхолтой ханддаг, сайныг дагаж дуурайхдаа их шаргуу сайн гэж боддог. Амьдрал нийгэм хэцүү болж, хүмүүсийн бие сэтгэлийн дархлаа унаж, стресс бухимдал, өвчин зовлон нэмэгдээд ирэхийн хэрээр амьтай бүхэн амар амгаланд тэмүүлж, аль сайн сайхан арга ухаанд суралцахаар тэмүүлж байна гэж хардаг. Дан ганц Америк гэлтгүй дэлхий нийтээрээ дорнын гүн ухаан, үзэл баримтлал, йога бясалгал, анагаах дом эрдэмд татагдаж үй олноороо энэ зүг руу хуйларч байх шиг. Түүнчлэн Хятад, Түвдээс оргон дайжиж, амь гарч Энэтхэгт хүрч дийлсэн олон олон хутагт хувилгаад, номын багш нар, ренбүчи нар Америкт олноор ирж багшилж, ном тавьж, өөрсдийн сүм хийдээ босгож, олон олон шавь дагагсадтай болсон байхыг олонтаа харж байсан.

-Танай гэр бүлийн хүн хэдийнээс шашин шүтэж эхэлсэн бэ. Ренбүчи гэдэг цолыг бол бас зүгээр ч хүнд өгөөд байдаггүй байх?

-Энэ тухай би урьд нь тайлбарлаж байсан л даа. Ренбүчи гэдэг нь эрдэнэт нэгэн гэсэн утгатай түвд үг бөгөөд эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд эргэж эх дэлхийдээ ирсэн түмэн олныг зовлонгоос гэтэлгэж гэгээрэлд дагуулах андгай тангарагтай, үүрэг хариуцлагатай, тэнгэрийн тамгатай хүмүүс байдаг. Тэд төрмөл болохоос олдмол биш юм л даа. Таалал төгсөтлөө улааны шашны тэргүүн хэмээн өргөмжлөгдөж явсан Дээрхийн Гэгээнтэн Пэнор (Бадамноров) ренбүчи миний ханийг 1997 онд Түвдийн Номун Хаан Гүртэн Чундагдорж хувилгааны хойд дүрээр тодруулсан байдаг юм.

-Стивен Сигал бол тулааны урлагийн томоохон төлөөлөл. Биеийн хүчний дасгал, бэлтгэлээ хийж байгаа юу, орхисон уу. Одоо ер нь ямар чиглэлд ажиллаж байгаа вэ?

-Манай хүн “Тэншин Дожо” Айкидогийн сургуулийн тэргүүн мөн ОХУ-ын Айкидогийн нийгэмлэгийн тэргүүн, гранд мастер. Нийгэмлэгийнхээ ажлын хүрээнд олон улсын сургалт семинар, тэмцээн уралдаан зохион байгуулж, байнга зааж сургаж, бэлтгэл сургуультай л байдаг. Одоо гол нь ОХУ-ын ГХЯ-ны элчин сайдын томилолт ажлаа хийж байна. Мөн Айкидогийн нийгэмлэгийн ажлаа хийж байна. Хажуугаар нь кино бүтээл, урлаг уран сайхны ажлаа ч давхар хийж байгаа. Монгол жүжигчдийг ч кинонд тоглуулах тал дээр бид чадах ядахаараа туслахыг боддог. Сайн англи хэлтэй сайн жүжигчин бас тэр бүр олддоггүй. Жүжигчин Баярцэцэгийг Тайландад хийсэн “Атришёон” кинондоо тоглуулсныг манайхан санаж байгаа байх. Энэ мэтчилэн олон олон монгол уран бүтээлчдээ гадны кино компани, продакшнтай холбох гүүр болж чадна гэж итгэж явдаг.

-Бид дотроо байгаа болохоор хуучин буруу зуршил, хэв маягаа анзаарахгүй мэдрэхгүй байх нь бий. Танд гаднаас нь харахад зөвлөж хэлмээр санагддаг зүйл юу вэ?

-Манайд мухар сүсэг их байна, атаа жөтөө маш их байна, шунаг шунахай хүмүүс их олширч, худал хуурмаг бүр дэндэж, нүүдэлчин монгол суурин Монгол болох замдаа хурдтай явж байна. Өөрсдөө хийхгүй, зүтгэхгүй, сэтгэхгүй байж, хийж бүтээж чадаж байгаа нэгэндээ бүр хонзонтой мэт атаархаж, муулж, элдэвлэж, ухаж төнхөцгөөдөг, нэгнээ дэмждэггүй тийм нэг атгаг муухай зангаасаа болоод л нийтээрээ хөгжихгүй, дэвжихгүй байна гэж хэлмээр. Нэгэн хэсэг нь Христ, Мүүн шүтээд явчихсан, үлдсэн хэд нь Бурхны шашинтан гэсэн хэрнээ бурхны гүн ухаан, ном сургаалын мөн чанарыг огт ухахгүй, өөртөө оршоохгүй, зөвхөн маань мэгзэм унших, Гандан хийдэд ном уншуулж, ламаар засал хийлгэх төдийхнөөр болчихлоо гээд явж байдаг, бас л овоо уужуухан хүмүүс юм даа гэж боддог шүү. Өвгөд дээдсийнх нь өвлүүлж үлдээсэн бэлэн эх орон, эрхэт төр, эрдэм ухаан, эм дом, газар нутаг, хэл соёл, ёс заншил байна, бид үүн дээрээ л түшиглэж санаж сэрж, харж ухаарч, хийж бүтээж, өсч дэвжих хэрэгтэй. Гэхдээ нэгэн үеэ бодоход монголчууд маань асар ихээр сэрж, агуу ёс заншлаа сэргээж, өөрийгөө болоод өвгөд дээдсээ таньж, өгөгдөл хүчээ уудалж, өв их соёл, өгөөж баян нутаг усаа хамгаалахын төлөө сэтгэл нэгдэж, хүчин зүтгэж эхэлснийг харахад тун таатай байдаг шүү.

-Ярилцсанд баярлалаа.

-За танд бас гялайлаа. Таны ажил амьдралд аз жаргал, амжилт бүтээлийг хүсэн ерөөе өө.

Categories
мэдээ цаг-үе

С.Ганбаатар: Надад төлөвлөгөө бий

“Өдрийн сонин”-ы 2017.06.14-ний Лхагва гаригийн №133(5700) дугаараас авч нийтлэв.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатартай ярилцлаа. Түүнийг сонгуулийн сурталчилгаагаа эхлэхээс өмнө энэ ярилцлагыг авсан юм.


-УИХ-д суудалтай гурван намын нэг болох МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд та нэр дэвшээд байна. Таныг Баянхонгорын гаралтай гэдэг ч яг аль сумынх болох талаар мэдэх хүн ховор байсан шүү?

-Миний аав, ээж Баянхонгор аймгийн хүмүүс. Нэг буурал аав маань Баян-Овоо сумын, нөгөө буурал аав маань Архангайн гаралтай. Миний аав Б.Сайнхүү инженер хүн байлаа. Би долоон хүүхэдтэй айлын том нь. Баянхонгор аймагт төрж, Дарханд гурван настайдаа ирээд, долдугаар ангиасаа эргээд нутаг руугаа нүүсэн. Аав маань социалист нийгэмд ч дарга нарынхаа болохгүй бүтэхгүйг нь ил гаргаж, шүүмжилчихдэг нэгэн байсан. Ажилтнаа шударга бусаар халсан дарга нараа шүүмжилснээс нутаг буцахад хүрсэн. Би аавынхаа захиж хэлсэн зөв байх, шударга байх зарчмаар өдийг хүртэл явж ирлээ. Аав, ээж маань харьцангуй эрт хорвоогоос буцаж дээ. Ээжийнхээ захиснаар дүү нараа эрдэм номтой хүн болгоё гэж зорьж ирсэн.

-Аравдугаар ангиа төгсөөд ямар сургуульд орсон, яагаад сургуулиа төгсч чадаагүй юм бэ?

-Би Германы инженерийн бэлтгэл ангийн хуваарь авч байлаа. Бэлтгэлд явж ирээд үндсэн сургуульдаа сурах үедээ гадагшаа явж чадаагүй. Миний хуваарийг даргын хүүхдэд өгснөөр Политехникийн дээд сургуульд шилжин суралцсан. Амьдралынхаа анхны гараанаас эхлээд шударга бустай би нүүр тулж эхэлсэн нь энэ. Тэр цагаас л надад шударга бустай тэмцэх ёстой гэсэн үзэл санаа суусан юм болов уу даа. Оюутан цаг маань хүнд хэцүү өнгөрч, дүү нараа авч явах гэж зүтгээгүй бол, гүрийж хичээгээгүй бол өнөөдөр түмэн олны төлөө тэмцэж дуугарах хат суугаагүй ч байсан байж болох гэж би боддог. Ижийнхээ захиасыг биелүүлэхээр тэр үедээ өөрөө сурахаа орхиод ч болов дүү нараа боловролтой болгохоор зүтгэж чадсандаа би одоо ч баяртай явдаг.

-Та хэд хэдэн сургуульд ороод дуусгаж чадаагүй байдаг. Ядаж нэгийг нь төгсгөчихсөн байсан бол өнөөдрийн энэ хэл ам гарахгүй байсан даа?

-Тухайн үедээ сургуулиа дуусгаж чадахгүй, мөнгө санхүүгийн байдлаас болоод сургуулиа орхиж байгаа маань хэцүү санагддаг байсан. Би аяга угааж байсан ч давхар толгойгоо цэнэглэж байсан. Харин Оюутолгойн гэрээг хийсэн улстөрчид толгойгоо угаалгаж, түрийвчээ цэнэглэх арга ухаанд суралцаж байсан байх. Тэр үеийн хариуцлагыг ойлгож мэдрэх ухаан намайг уул уурхайн асуудал дээр Монголын баялгийг зүгээр тавиад туучихаж болохгүй гэдгийг ойлгуулсан. Монголын баялгийг ард түмэндээ ашигтайгаар үлдээж, ажлын байрыг бий болгохын төлөө мань мэт шиг хүмүүс зүтгэхгүй бол тэр чигт нь тавиад алдчих мэт санагддаг. Түүнээс тэрийг энийг төгссөн гэсэн цаас авчих байж дээ гэж харамсч байгаагүй, одоо ч харамсахгүй байна.

-Гэхдээ хөрөнгө оруулагчдаа хөөж туугаад байж болохгүй биз дээ?

-Би уул уурхайг зогсоож, баялгаа олборлохыг зогсооно гэдэггүй. Ганцхан Оюутолгойг яаж ашигтай ашиглах вэ, монголчуудад ашиг нь яаж ирэх вэ гэдгийг л асуудаг. Баялгийн эх оронч үзлийн тухай бид ярих ёстой. Хэдхэн хүн, хэдхэн гэр бүлд ашигтайгаар шийдэх биш нийт монголчууддаа ашигтайгаар шийдэх тийм эх оронч үзэлтэй байх ёстой. Оюутолгойн талаар анх ярьж, тэмцэж байхад яагаад гацаагаад байгаа юм бэ гэдэг байлаа. Харин одоо “Оюутолгойг бид нар тавиад туучихсан юм байна. 2038 он хүртэл ногдол ашиг авахгүй юм байна, 2039 онд нөөц нь дуусах юм байна. Одоо нэгэнт өнгөрчихөж, наадахаа хаяач” гэж хэлж байна. Асуугаад адлуулаад явахаас айж болохгүй ээ. Хэрэв тэгэх л юм бол бид алдана. Би бол айхгүй байна, эрдэм номыг нь ч сурсан, хэнтэй ч ярьж мэтгэлцэхээс эмээхгүй.

-Та сургуульд нь сурсан байж болох ч албан ёсны дипломоо аваагүй. Яагаад төгссөн гэсэн юм бэ?

-Би энэ сургуулийг төгссөн гэхээсээ, энэ сургуульд суралцаж байсан гэж анхнаасаа хэлж бичдэг байсан. Би сурч байсан гэж бичихээсээ хэзээ ч ичиж байгаагүй. Яагаад гэвэл тэнд миний хөдөлмөр шингэсэн амьдралын маань үнэ цэнэтэй он жилүүд учраас. Аяга угааж олсон мөнгөөрөө, ямар ч төр засаг, ямар ч аав ээж, ах дүүсийн дэмжлэггүй зүтгэж сурч байсан маань миний түүх. Улс төрд хүнийг харлуулахад их амархан. “Непко” хэвлэлийн газраас “Британика Монгол” хураангуй толийг хийхдээ намайг олон нийтийн хөдөлгөөний удирдагч, Монголын Үйлдвэрчний эвлэлийн түүхэнд ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч гэж оруулсан байдаг юм. Тэр үед намайг намтраа бичиж өг гэхэд би суралцаж байсан бүх сургуулиудаа жагсаагаад суралцаж байсан гэж бичээд өгч байсан. Магадгүй миний тэр бичиж өгсөн хадгалагдаж байдаг байх. Би чинь үнэндээ Хөдөлмөрийн дээд сургуульд магистрын зэргийг хамгаалсан хүн шүү дээ. Баклавргүй гээд магистрын ангид сурсныг үгүйсгэж байвал, хамаагүй ээ. Би арван жилийн боловсролтой гэдгээрээ үлдэе. Тэглээ гээд миний уншсан харсан, үзсэн дуулсан надаас явчихгүй. Хамгийн гол нь сэтгэл минь хаана байна гэдгийг ард түмэн мэднэ. Маргарет Тетчер “Намайг асуудал гаргаж тавихад тэр асуудлаа биш өөр зүйл рүү ороод байна. Уг нь асуудал тавихад асуудлаа л ярих ёстой” гэж хэлсэн байдаг. Түүн шиг намайг Оюутолгойн гэрээг засч сайжруулья гээд ярихаар 25 жилийн өмнө намайг хаана байсныг яриад байдаг нь нэг талаасаа би бусад улстөрчид шиг элдэв зүйлд хутгалдаагүй, хамгийн цэврээрээ байгаа улстөрч гэдгийн баталгаа юм даа.

-Та үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллаж, дараагийн сонгуулиар нь дахин сонгогдож бараг 2017 он хүртэл ажиллахаар болсон байсан. Ажлаа өгөхөд хүрсэн шалтгаан юу байсан бэ?

-Тийм ээ, би дөрвөн жил ажиллаад 100 хувийн саналаар улиран сонгогдож, хоёр жил шахам ажилласан. Би үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зарим өмч хөрөнгийг авахын тулд маш их тэмцэл хийсэн. Энэ нь намайг олон дайсантай болгосон. Тэр хүмүүс Цэцэд гомдол гаргасан. Гомдлыг шийдэх явц удаан үргэлжилдэг, тэр нь бидний ажлыг хойш татах учраас албан тушаалдаа хорогдож холбооныхоо ажлыг баллахыг хүсээгүй. Тэгээд өргөдлөө өгөөд гарч байлаа. Үйлдвэрчний байгууллага надад ихийг сургасан. Ажилласан зургаан жилдээ зургаан удаа цалин нэмүүлж, хоёр удаа тэтгэвэр нэмүүлсэндээ баяртай явдаг.

-Таныг тэр ч энэ ч намд элсэх нь гэдэг байсан. МАН-ын НАМЗХ-ны Алтан сарнайг хүртэж байсан, ИЗН-ын хуралд суугаад байна ч гэж бичигдэж байсан. Өнгөрсөн жил ХҮН намын дарга болж, өнөө жил МАХН-аас нэр дэвшиж байна…

-Ер нь надад МАН ч, АН-д ч элсэн орж, улс төрийн үйл ажиллагаа явуулах боломж эртнээс байсан. Гэхдээ надад энэ хоёр том намын явуулж байгаа бодлого нэг бууж өгдөггүй байсан. Тэдний явуулж байгаа бодлого нь ард түмний хүсэл зоригоос өөр байгаа нь мэдрэгддэг байсан. НАМЗХ 2012 оны Алтан сарнай шагналаа шилдэг нийгмийн зүтгэлтэн гэж гардуулахад талархалтай хандсан. Гэхдээ энэ нь МАН-д элссэн гэсэн үг биш шүү дээ. ИЗН-ын хувьд анхнаасаа хүндэтгэлтэй хандаж ирсэн. Дотно сайн нөхөд маань ИЗН-ынх. ХҮН намыг байгуулсаан. Залуучууддаа тусалж, нийгмээ эрүүлжүүлье гэж зорьсон. Гэвч хоёр том нам зорилготойгоор хяхаж хавчин, бодлогоор хүмүүсээ оруулж буталсан. Манай залуучуудад буруу байгаагүй ээ, бодлогоор хоёр том намын хийсэн ажил.

-МАХН-тай хэдийнээс холбогдчихов?

-МАНАН-ын эсрэг тэмцэх ёстой юм байна, үүний тулд бүгдээрээ нэгдэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр даргыг дэмжээд явж байтал тэр нэр дэвших боломжгүй болсон. Хэрэв сонгуульд Н.Энхбаяр дарга нэр дэвшсэн бол ялах байсан, үүнийг та бид мэдэж байгаа. Ингээд түүний ялалтыг баталгаажуулах үүднээс надад нэр дэвших боломж олдсон.

-Нам төлөөлж нэр дэвшихэд намын гишүүнчлэлтэй байх ёстой биз дээ. Та МАХН-д элссэн үү?

-Би саяхан МАХН-д элссэн.

-Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол намын гишүүнээс түдгэлзэж таарна…

-Тийм ээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн намын гишүүнчлэлээс татгалздаг. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ дундаас гарч ирсэн, тэднийхээ хүрээлэлд байдаг хүн байх ёстой гэдгийг намууд ойлгох ёстой. Түүнээс аль нэг намд хатуу гүйж байснаа, намынхаа халуун үнэмлэхийг өврөөсөө гаргаж тавьчихаад ард түмнийхээ талд байна, нам бус гэж хэлэх үнэмшилгүй санагддаг. МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд намайг нэр дэвшүүлсэн нь өөрийн, намын эрх ашиг гэхээсээ нийт ард иргэдийн эрх ашгийг дээдэлж, ардчилалтай нам гэдгээ харууллаа гэж бодож байна.

-Сонгуульд нэр дэвшиж байгаа хүн өөрөө сонгуулийнхаа зардлыг гаргана гэж МАХН-ынхан зарласан. Тэр ч утгаараа зарим нэр дэвшигчид нэрээ татсан дуулдаж байсан. Та тэр их мөнгийг яаж хувиасаа гаргах юм бэ?

-Би Монголынхоо ард түмний итгэл найдвараар өдийг хүртэл тэмцэж ирлээ. Энэ их хэцүү, хатуу улс төрийн нөхцөл дунд өдийг хүртэл намайг хамгаалж, дэмжиж ирсэн ард түмэндээ би баярлаж явдаг. Би тэдний л бүтээл. Өнгөрсөн 27 жилийн монголчуудын туулж өнгөрүүлсэн зовлон жаргал, бэрхшээл ололтын бүтээл нь би юм. Нэг нийгмээс нөгөөд шилжиж, иргэд нь яахаа мэдэхгүй бор зүрхээрээ зүтгэж явсан гуч орчим жилийн Монголын түүх биднийг бүтээсэн. Би тэр ард түмний төлөөлөл. Надад аав, ээжээс өвлөгдөж ирсэн эд хөрөнгө, бизнес хийж эсвэл төрийн эрх мэдлээр олж хураасан юу ч байхгүй. Би ард түмнээсээ гуйж бас ард түмнийхээ төлөө ажиллана. Би оффшорчдын төлөө зүтгэхгүй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, бор зүрхээрээ бизнес хийх гэж яваа тэр хүмүүсийн төлөө, эгэл жирийн ард иргэдийнхээ төлөө зүтгэх болно.

-Та Н.Энхбаяр даргыг УИХ-ын даргаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан удаатай. Гэхдээ яагаад ч юм та гудамж руу жагсахаар гарч, та хоёрын харилцаа нэг хөндийрсөн санагддаг байсан. Тийм явдал байсан уу?

-Би УИХ-ын даргын Нийгэм эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Н.Энхбаяр дарга намайг зөвлөхөөрөө ажиллуулахаар болсон нь надад том боломжийг өгч байсныг мартах учиргүй. Тэгэхэд анх төр түмний төлөө ажиллахын эхлэлийг тавьж байлаа. Банкны салбарт удирдах ажил хийж, Удирдлагын академид цагаар багшилдаг байсан залуугийн хувьд шинэ орчин байсан. Айж эмээх зүйл ч байлаа. Улс төрийг дотроос нь харж уурлаж бухимдах цаг ч байсан. Тэгэхэд улс төр гэдэг ямар бохир болохыг анх мэдсэн. Улс төр яаж явдгийг ойлгосон. Засгийн газрын гишүүд, тойрон хүрээлэгчдийг хараад миний ой гутаж байсан. Тэр хүмүүс хорвоо дэлхийг эрүүл нүдээр харахаа больж, вакуумд орчихсон байдаг юм билээ. Тийм учраас өөрчлөх ёстой юм байна, засах ёстой юм байна гээд иргэний хөдөлгөөн байгуулж удирдаж эхэлсэн. Энэ байдлыг засах ганц арга бол тэднийг ухаарах гэгээрэхийг хүлээж суух биш тэднийг ойлголтол нь шахдаг ард түмний тэмцэл чухал гэдгийг би ойлгож байсан.

-Та УИХ-ын даргын зөвлөх, томоохон банкинд албан тушаалтан, багш хийж байхдаа ямар диплом үзүүлж ажилд ордог байсан юм бэ?

-Би их азтай хүн. ХААН банкинд ажилд орохдоо удирдлагуудад нь би үнэнээ хэлсэн. Ийм ийм бэрхшээл тулгараад сургуулиа төгсч чадаагүй ээ. Гэхдээ надад туршлага нь байна, мэдлэг нь байна гэхэд гадаад захирлууд нь ажилд авсан. Боловсрол өөрөө ашигллагддаг байх ёстой, хэрэглэгддэг байх ёстой. Түүнээс шошго шиг, хүмүүст харуулдаг цаас шиг байж болохгүй. Дараа нь Удирдлагын академи, Санхүүгийн дээдэд цагаар багшилж байхдаа ч би үнэнээ хэлээд орж байсан. УИХ-ын дарга зөвлөхөөрөө тавихдаа ч миний нөхцөл байдлыг мэдэж байсан, сүүлд ажлаа өгөхдөө ч сурах хэрэгцээ байна гэхэд ойлгож ажлаас чөлөөлж байсан.

-Та өнгөрсөн жилүүдэд Монголын хамгийн өндөр рейтингтэй улстөрч гэгдэж байлаа. Гэтэл жижиг тойрогт ялалт байгуулж чадаагүй. Тэр судалгаа худлаа байсан уу?

-Би тэр судалгааг худлаа байсан гэж боддоггүй ээ. Харин над шиг ийм хүмүүсийг парламентад дахин оруулж ирэхгүйн тулд эрх баригчдын хийсэн ажил. Тойргийг жижиглэж, сонгуулийн хуулийг өөрчилсөн. Тойрог жижиглэнэ гэдэг мөнгөгүй хүмүүст аюултай. Мөнгөний нөлөөлөл жижиг тойрогт их. Харин одоо гурван хүн Монгол даяараа нэг том тойрогт өрсөлдөж байна. Энэ тохиолдолд мөнгө биш үзэл санаа, чин сэтгэл, шударга байдлыг олон түмэн дүгнэнэ гэдэгт итгэж байна.

-Та “Надад төлөвлөгөө байна” гэсэн. Танд ямар төлөвлөгөө байгаа вэ?

-Монголын ард түмэнд миний санал болгох зүйл бол баялгийн эх оронч үзэл. Ийм үзлийг бий болгосноор гадаадын хөрөнгө оруулагчдад ч, Монголынхоо ард түмэнд ч харилцан ашигтай байлгаж болно. Уул уурхайн лиценз олголт, уул уурхайн салбар шударга болоод ирэхэд Засгийн газар шударга болно. Засгийн газар нь лицензийн наймаанд оролцдог болохоор бохирдоод байгаа юм. Засгийн газар нь шударга ажиллавал төр нь цэвэршиж, хариуцлагатай болж улмаар нийгэм нь цэвэршинэ. Бидэнд эв нэгдэл хэрэгтэй байна. Эв нэгдэл гэж муудалцаж байгаа нам, фракцууд эвлэлдэж нийлэх явдал биш харин нийгмээрээ нэг зүгт хөдлөхийг хэлж байгаа юм. Нийгмээрээ гэдэг нь нийгмийн оролцогч талууд болох үйлдвэрчний эвлэл буюу ажилчдын эрх ашгийн төлөөллийн байгууллага нь жирийн бизнес эрхлэгч, баялаг бүтээгчийн төлөөллийн байгууллагуудтайгаа, Засгийн газартайгаа нэгдэж ажиллахыг хэлж байгаа юм. Энэ жил улсдаа зэс хайлуулах үйлдвэр барина гэж, дараа нь хөдөө аж ахуйн салбараа өөд татна гэж том, том төслүүд дээрээ хамт байхыг хэлж байгаа юм. Үйлдвэрчин, эзэн, Засгийн газар гээд бүхий л төлөөлөл нэгдэж чадвал улс орон даяараа нэг зүгт хөдөлж чадна. Энэ талууд нэгдэж ойлголцож чадаагүйгээс хоёр том бүлэглэл, том оффшортнууд, олигархи бүлэглэлүүд зодолдож, улс орныг талцуулж байна шүү дээ. Бас миний хэлдэг үг бол гурван талт хэлэлцээр. Хоорондоо зөвшилцөж, хэлэлцэж ойлголцож байж урагшилна. Эрдэмтэн шинжээч нарын дүгнэлт дээр талуудын эрх ашгийг хангаж, харилцан ярьж байж сайн шийдэлд хүрнэ. Гэтэл өнөөдөр Монголын Засгийн газар, Монголын төр үндэстэн дамнасан корпорациудын гар хөл болсон олигархи, оффшортнуудын барьцаанд байна. Эндээс нийгэм даяараа зөвшилцөж байж гарах ёстой. Үүнийг хийх механизм нь Ерөнхийлөгч юм.

Би МАНАН-г арилгаж, наран мандаахын төлөө зүтгэж байна. Би төлөвлөгөөтэй хүн. Надад төлөвлөгөө байна, бидэнд төлөвлөгөө байна. Монгол орноо хэрхэн яаж хөгжүүлж, мандуулахын төлөө төлөвлөж бас зүтгэнэ. Хор найруулаад хурдан яваад байгаа улстөрчид байна. Хор найруулж албан тушаалд хүрчихээд ард түмний төлөө зүтгэнэ гэж байдаггүй юм. Илүү хордож, илүү өндөр албанд хүрэхийг хүсдэг. Би хэвтэрт байгаа Монгол орноо аварна, сайхан улс болгож хөгжүүлнэ гэсэн чин сэтгэлээр урагшлуулж чадна. Улс төр бол эр зоригийн ухаан гэсэн үг бий. Гэхдээ цавчихын төлөө эр зориг байдаг юм биш хайрлахын төлөө эр зориг байдаг. Үүнийг туулж ойлгосон хүний хувьд би зүтгэж чадна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс дөрөв дэх нэр дэвшигч нь илүү хийморьтой харагдах юм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил ид өрнөж байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс дөрөв дэх нь илүү байгаа талаар дурдсан нь МАХНын дарга Н.Энхбаярыг хэлээд байгаа хэрэг л дээ. Хэдийгээр тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нэрээ дэвшүүлсэн ч СЕХноос түүнийг бүртгэх боломжгүй гэсэн учраас МАХНынхан хуулийн хугацаандаа амжихаар яаран хуралдаж УИХын гишүүн асан С.Ганбаатарыг оронд нь нэр дэвшүүлсэн билээ. Албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэх авсан хүн нь гурав. Албан бусаар харагдаж байгаа нь дөрөв. Н.Энхбаяр С.Ганбаатартай мөр зэрэгцэн явж, “Надад итгэж байгаа хүмүүс С.Ганбаатарыг маань дэмжээрэй” гэх нь дөрвөн хүн нэр дэвшиж байгаа мэт санагдуулж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн мягмар гаригаас албан ёсоор эхэллээ. Яагаад ч юм Монгол төрийн тэргүүнийг тодруулах энэ үйл ажиллагаа, тэрхүү албан тушаалд нэр дэвшигч нарыг таниулах түүхэн арга хэмжээ нэг л сүр муутайхан шиг, хийморь лундаа тааруухан эхлэх шиг мэдрэгдэх юм. Хэзээнээс монголчууд сонгуулийн үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг ялангуяа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд гойд анхаардаг. Ёстой л юун наадам, юун цагаан сар болдог байлаа. Гэтэл сүүлийн үед төрт ёсны чухал арга хэмжээ сонгууль нэг тийм гундуухан болдог болжээ. Магадгүй сүржин хийхээр идсэн уусан, тасарсан гээд элдвээр хэлэгдэнэ гэж болгоомжилдог байж болох юм. Гэхдээ хөлтэй хийхээсээ илүү аливаа зүйлд харагддаг хийморь лундаа, од гүйсэн өнгөтэй байдал тун чухал. Үнэндээ аль ч нэр дэвшигчдээс тийм зүйл бага анзаарагдлаа.

Хуучин цагт сонгууль болохоор хөдөө орон нутгийнхны нар нэг гардагсан. Эрүүл мэндийн үйлчилгээ хаягдсан хөдөө газар нэр дэвшигчид ирэх үед дагаад эмчилгээ, оношлогоо ирдэг байлаа. Бараг л “Нацагийн хүүгийн ачаар ходоодны хавдраа эрт үед нь мэдсэн” гэж ярьдаг байв даа. Ойрд үзэж хараагүй урлагийн тоглолтууд, дуучид жүжигчдийн үзүүлбэрээр цангаагаа тайлдаг байв. Цаашлаад ном, бэлэг дурсгал өгчихвөл баярлаад л явчихна. Урьд цагт сонгууль ингэж л явдаг байлаа. Дагаад хоёр талдаа хэн хэн нь сэтгэл хангалуун. Санал өгөх үйл явдлыг тэмдэглэлт явдалд тооцон торгон дээлээ өмсөн, морьдоо ижилсүүлэн ирдэгсэн. Харин одоо бүх зүйл зогсчээ. Гэхдээ энэ нь саналыг худалдаж авахуулахгүйн тулд гэсэн сайхан тайлбартай л даа. Энэ бүх хорио санал худалдагдана гэхээсээ улс төрд байгаа хэдэн хүн өөрсдийнхөө улс төрийн замналыг урт удаан настай байлгах гэж хийсэн зүйл юм. Шинэ хүн гарч ирэх боломжгүй болгож, танигдах ямар ч боломж өгөхгүйн тулд сонгуулийн сурталчилгааг маш богино хугацаанд бас хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хязгаарлалттай хэмжээгээр өгөхийг тэд хуульчилсан. Сонгуулийн тухай хуульд байс гээд л гар хүрдэг байсныг санаж байгаа байх. Сонгуулийн жил зургаан сарын өмнө гар хүрэхгүй гэдгийг ч зориуд мартан байж өөрчилж ирсний үр дүнд өнөөдрийн энэ байдал бий болсон. Телевизийн нэвтрүүлгийн цагийг хянаж, хэвлэмэл материалыг ч тийм ийм хэмжээтэй гээд ирэхээр шинэ тутам хүмүүс улс төрд орж ирэх ямар ч боломжгүй, өөрийгөө таниулж олны итгэлийг хүлээх нь худлаа болж ирсэн. Улстөрчид халаасандаа хэд хэдээр нь халаасалдаг вэб сайтуудыг хянаагүй болохоос бусад нь бүгд хязгаарлагдсан. Чадал чансаатай шинэ залуус телевизээр гарч, хэвлэлээр танигдах боломжгүй болоод ирэх нь өч төчнөөн жилээр төрийг зайдалсан, улс төрд удаан байхаар дархлагдсан хүмүүст эртнээс танигдсанаараа боломж үүсгэх болсон. Ийм л зорилго санаатай өөрчилсөөр ирсэн Сонгуулийн хуулийн үр дүнд сонгуулийн үйл явц ийм сүнсгүй, сүр сүлдгүй өрнөдөг болжээ. Тэгээд хувь нэр дэвшигчид нь цог золбоо, хийморь лундаагүй бол бүр гуниг болоод явчих нь тэр. Энэ долоо хоногт болсон нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлтийг харахад хэд хэдэн зүйл анзаарагдлаа. Нэр дэвшигчдийн нээлтийн үг олон зүйлийг тодорхойлж таарна. Манай нэр дэвшигчид үгэн дээрээ ажиллаж, сайжруулмаар санагдлаа. М.Энхболд нэр дэвшигч гэхэд эхний үгийн төгсгөл дээр дараагийнх нь орж ирээд л нэг л ороолцолдсон ойлгомжгүй. Тэр дундаа “Хүчирхэг Ерөнхийлөгч гэж хүч чадалтай Ерөнхийлөгч биш” гэсэн нь үнэндээ илүүдсэн. Уг нь өрсөлдөгчөө дайруулж хэлж байгаа нь хэнд ч ойлгомжтой л доо. Гэхдээ ийм хэмжээний намын даргын хувьд урагшаа хараад явахад л болмоор мэт. Түүнээс өрсөлдөгчөө дайраад, үгээр давах гэж оролдох нь жижигдэж байгаа мэт харагдсан шүү.

Х.Баттулга нэр дэвшигчийн хувьд яг л бөхчүүдийн яриагаар яриад байна лээ. Балжаа аварга онигоо яриад өөрөө тэрэндээ инээгээд бусад нь дуугүй байсан гэдэг шиг л. Ямар ч албан ёсны зүйлгүй. С.Ганбаатар нэр дэвшигчийн хувьд цангинаад л, янгинаад л явчих нь тэр. Нөгөө жагсаалаа хийж байгаа мэт, Үйлдвэрчний байгууллагын хурлаа хийж байгаа юм шиг. Уг нь нэр дэвшигчдийн хувьд хэлж байгаа үг, үйлдэл нь анхнаасаа төрийн тэргүүний буурьтай хүрвэл сонгогчдын саналыг авахад дөхөмтэй мэт санагдана.

Нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийн нээлтээ Хэнтий аймгаас эхэлсэн. Эзэн Чингис хааны өлгий нутгаас эхэлж байгаа нь Монгол ялна гэсэн уриатайгаа авцалдсан нь үнэн. Гэхдээ урианы хувьд хэр зөв байсан талаар олон нийт хэлэлцүүлэг өрнүүлээд эхэлчихсэн байна лээ. Хамгийн гол нь түүний хэлж ярьж байгаа нь тусгаар тогтносон улсад гэхээсээ өөр газар оронд ярьж баймаар үг санагдаж байсныг нуух юун. Манай урд хөршийн өмнөд монголчууд маань Альшаадаа юм уу, Хөлөнбуйртаа ингээд зогсч баймаар юм шиг санагдаад байлаа. “Монголын заяа их, монгол хүний ухаан уужим, сэтгэл цэлмэг. Монгол гэх гайхамшигт эх орныг бидэнд өгсөн өвөг дээдсийнхээ гэгээн үйлсийг үргэлжлүүлж, Монголын төлөө монголчууд намайг дэмжинэ, Монгол ялахын төлөө нэгдэн нягтарна гэдэгт би бүрэн итгэж байна” гээд сонсохоор гоё байгаа юм л даа. Омогшил төрмөөр ч юм шиг. Гэхдээ жаахан ухаад бодохоор би хаана байгаа юм, бид яг яачихаад байгаа юм гээд хоосон хийрхсэн үгэнд догдолж байгаагаа ойлгоно. Хөнгөн зуурын улс төр хийхийн оронд эдийн засгийн тусгаар тогтнол, хөгжлийн боломжуудын тухай яривал илүү үнэмшилтэй. Одоо ямар 1945 оны аравдугаар сарын 20ны өдрийн бүх нийтийн санал асуулгад оролцож, Монгол улсыг тусгаар улс болохыг хүсч байгаа эсэхээ илэрхийлж байсан дал гаруй жилийн өмнөх үе биш. Хүмүүс өөрчлөгдсөөн. Хөдөө орон нутгийнх гээд мэдээлэлгүй үлддэг байсан үе ч өнгөрсөн.

Нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн нээлтээ намынхаа байранд хийсэн. Гадна, дотно гэсэн ажиллагаа нь аль аль нь төв, албан ёсны болсныг онцлох хэрэгтэй. Элдэв хийрхэл, гоёчлол байхгүй. 2000, 2004 онд сүр хүчийг үзүүлэн нээлт хийж алдсанаа тэд сайн мэддэг болжээ.

Сүүлийн сонгуулиудад МАНынхан сонгуулийн нээлтээ даруу атлаа хий гаргахгүй хийдэг болсон тэр зарчим давтагдсан. Хувцаслалт дээр ч албаны байсан нь болоод явчихсан. Гэхдээ өглөө нь эндээ албан ёсны хувцастай нээлтээ хийчихээд орой нь Дорнодод улаан дээл өмсчихөөд дахиад нээлт хийгээд яваад байсан нь сонин харагдаж байлаа. Ер нь сонгуулийн үеэр нэг тогтсон имиж дүр төрхөө баримталбал дээр байдаг талаар мэргэжлийнхэн зөвлөдөг. Заавал хөдөө гэхээр дээл өмсөөд байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Өрсөлдөгч нь дээлтэй нээлт хийснийг дагаад байгаа мэт харагдсаныг хэлэх нь зөв байх. Х.Баттулгын хувьд олны дунд хоногшсон одтой даавуун дээлээ өмсч сонгуулийн нээлтээ хийсэн. Женко дээл гээд хүмүүсийн дунд түгсэн уг дээлний хувьд өөлөхийн аргагүй. Гэхдээ зуны халуун өдрүүдэд баагилдаж, халуудмаар болоод явчихсан шүү. Цаашдаа бас бодмоор.

С.Ганбаатар нэр дэвшигч нээлтээ хийх газраа олж авах гэж сурталчилгааны өдрөө хөөрхөн тэмцэлдээн хийгээд авсан гэж байгаа. Эрх чөлөөний талбай дээр электрон барааны үзэсгэлэн худалдааны завсар чөлөөгөөр амжиж нээлтээ хийхгүй гэж жагсаал шахуу зүйл болж байж сүүлдээ бүр төв талбай дээр нээлтээ хийсэн. Тэрбээр МАНАНг үгүй хийнэ, МАН, АНын дарангуйллыг хазаарлана гэдгээ онцолж байгаа. Гэхдээ төрийн тэргүүнд нэр дэвшигчийн үг гэхээсээ жагсаал дээр сонсогддог л үг л дээ. Нөгөө талаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувьд алдаатай тактик. Хоёр том намын олон жилийн эрх мэдэлд дургүйцэх хүмүүс байдаг ч бас нөгөө сонгогчид чинь энэ хоёр намаа бараадаж амьдарч ирсэн гэдгийг мартах учиргүй. Тэгэхээр энэ хоёр намаас салгана, энэ хоёр намыг устгана гэх нь бүх хүмүүст таалагдана гэвэл учир дутагдалтай болов уу. Гэх мэтээр гурван нэр дэвшигчийнхээ талаар өөлж, шүүмжлээд байвал байна аа байна. Гэхдээ аль нэгийг нь дөвийлгөх гэж муулсангүй. Сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаан дээрээс ажиглагдсаныг тоочлоо. Үнэнийг хэлэхэд албан ёсны гурван нэр дэвшигчээс илүү дөрөв дэх нэр дэвшигч буюу албан бус нэр дэвшигч Н.Энхбаяр манай гурваас хамаагүй дээр харагдсныг хэлэхгүй өнгөрч боломгүй. Хэлж буй үг, бие авч яваа цэгц, үйл хөдлөл нь хамаагүй өөр байна. Үнэндээ тасархай байна даа. Улс удирдах гэж байгаа хүн биеэ яаж удирдаж чаддаг гэдгийг тэр буй байдлаараа харуулж байгаа. Хэлж байгаа үг нь цэгцтэй, өөлчлөх зүйлгүй. Цагтаа Н.Энхбаяр дарга бусад улстөрчдөөсөө тааруу ярьдаг нь байсан. Урт өгүүлбэрээр орооцолдуулж ярьдгийг нь сэтгүүлчид өөр хоорондоо ярьдаг л байлаа. Харин одоо өөрчлөгджээ. Логик сайтай, цэгц мундаг. Гадуураа пиджак өмсөлгүй цэвэрхэн цагаан цамц өмссөн нь Обамаг санагдуулам. Буурал үс нь салхинд хийсэх нь үзсэн туулсан, туршлагажсан нь илүү гэдгийг баталж байна гэж ярих хүмүүс олон байна. Ямартай ч хиймортой хүн нь манай дөрөв дэх нэр дэвшигч Н.Энхбаяр байна. Уг нь тэр биш нөгөө гурав нь албан ёсны нэр дэвшигчид, тэр гурваас л Монгол Улсын Ерөнхийлөгч тодорно. Гэвч хажуугийн хүнийг давж харагдахгүй байхын учир юу вэ.

Мэдээж сонголтод мөрийн хөтөлбөр, хийх ажил, замнаж ирсэн зам мөр гээд нөлөөлөх зүйл олон. Нөгөө талаас харагдах байдал, төрүүлэх сэтгэгдэл чухал. Сонгуулийн нээлтийн ажиллагаанаас хэрхэн харагдаж байгаа талаар хуваалцлаа. Мэргэжлийн мундаг имиж бүтээгчид, пиарчид нь бодолцох биз ээ. Төрийн ажилд зүтгэх улсууд аль болох албан ёсны, аль болох итгэл үнэмшил төрүүлэхүйц байх ёстой байх. Нөгөө талаас ард түмэнтэйгээ ойр байна гээд энгийн хувцаслаад, эгэл даруухан байвал амжилтад хүрнэ гэж бодвол алдаж ч магад. Сонгогчид идэж уусан зүйлгүй, эгэл жирийн хүнд дуртай ч өөрөөс нь тааруухан, өөрөөсөө маруухан хүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Итгэж үнэмшүүлж, дагуулж чиглүүлж явах өөрөөсөө мундаг хүнд л итгэдэг бас хүндэлдэг шүү дээ. Тэгэхээр олон талаас нь бодох хэрэгтэй биз ээ. Сонгууль ч дөнгөж эхэлж байна. Хичээж, анхаарахгүй бол одоогийн байдлаар дөрөв дэх “нэр дэвшигч”ийг барах нь харагдахгүй байна шүү.

Categories
мэдээ цаг-үе

Элчин сайд Зимдал Галт: Бид Америкийн хөрөнгө оруулагчдыг татах зорилт тавин ажиллаж байна

“Өдрийн сонин”ы 2017.06.08 Пүрэв гаригийн №129 (5696) дугаараас авч нийтлэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал Галттай ярилцлаа.


-Та Монгол Улсад ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа өнгөрсөн хугацаанд хийж амжив уу. Хийсэн ажлуудаасаа ямар ажлыг онцлох вэ?

-Монгол Улсад АНУ-ыг төлөөлөн суугаа элчин сайдын хувьд миний ажлын зорилго, хийсэн ажлуудаас онцлон асууж байгаад баярлалаа. Ирсэн цагаасаа хойш нэлээд хэдэн ажлыг зохион байгуулснаас гол зорилтуудыг маань тодотгох зарим нэгийг нь онцлоё. Юуны өмнө, 2016 онд Монголд Энхтайвны корпус үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 25 жилийн ой тохиосон билээ. Энэ үеэр Вашингтоноос тус байгууллагын тэргүүн Монгол дахь үйл ажиллагаагаа дэмжиж сурталчлахаар Монгол улсад айлчилсан. Энэ айлчлалын үр дүнд энэ оны тавдугаар сараас эхлэн Энхтайвны корпусаас нийгмийн эрүүл мэндийн томоохон хөтөлбөр эхлүүлээд явж байна. Хоёр дахь онцлох үйл явдал бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн Монгол Улсад өнгөрсөн жилийн зургадугаар сард хийсэн айлчлал байв. Энэхүү айлчлалын үеэрээ тэрээр миний санаачилсан Залуу манлайлагчдын LEAD хөтөлбөрийг нээсэн. Гуравдахь онцлох чухал үйл явдал бөгөөд энэ ярилцлагын маань гол сэдэв бол энэ онд тохиож буй манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой юм. Энэ үеэр өмнөх хамтын ажиллагаагаа эргэн харж дүгнэхээс гадна ирээдүйд хамтран ажиллаж болох шинэ боломжуудыг эрэлхийлэх ач холбогдолтой юм. Тиймээс үйл ажиллагааны нэлээдгүй зорилго маань үүнд чиглэгдэж байгааг хэлэх хэрэгтэй. Бид үйл ажиллагаандаа гурван гол зорилтыг тавьж ажиллаж байна. Үүнд Монголын эдийн засгийг сэргээж төрөлжүүлэх, ардчилал, ардчилсан институцийг бэхжүүлэх, мөн бүс нутгийн болоод олон улс дахь Монгол улсын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

-Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ үед бид Монгол Улсыг дэмжиж ажиллана гэж хэлсэн. Монгол Улс ОУВС-тай хамтран ажиллах болсныг бид сайшаан харж байгаа. Ингэснээр Монгол улс санхүүгийн сахилга батаа сайжруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн замаар орох юм. Мөн манай хоёр улсын байгуулсан Ил тод байдлын хэлэлцээр энэоны гуравдугаар сарын 20-ноос хэрэгжиж эхэллээ. АНУ-ын хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгсөн энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхдээ бид баяртай байна. Бид Монгол дахь Америкийн худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран АНУ-аас илүү их хөрөнгө оруулалтыг татах тал дээр дэмжин ажиллаж байна. Бид хөдөө аж ахуйн салбарыг сонгон авч хэдэн сарын өмнө “Мерси Кор” олон улсын байгууллагаар дамжуулан 10,5 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь монгол үхрийн махыг экспортлох боломжийг бий болгох зорилготой. АНУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллаж буй өөр нэг салбар нь сэргээгдэх эрчим хүчний салбар юм. Мөн Мянганы Сорилтын Корпораци хоёр дахь компакт гэрээг хийхээр Монголын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах юм. Ардчилал, ардчилсан институцийг бэхжүүлэх тал дээр шүүхийн шинэчлэлийг дэмжих, авлигатай тэмцэх, ил тод байдлыг хангах зэрэг хэд хэдэн ажлыг хийж байна. Үүн дээр нэмээд иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх ажил орох нь зүй юм. Тухайлбал, Энхтайвны корпусын шинэ хөтөлбөр, Залуу манлайлагчдыг дэмжих LEAD хөтөлбөр, мөн энэ жил шинээр эхлүүлсэн ахлах сургуулийн сурагч солилцооны FLEX хөтөлбөр зэргийг дурдаж болно. Бид мөн Америкийн соёл, мэдээллийн төвүүдээ өргөжүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотод Америкийн соёл, мэдээллийн төв ажиллаад удаж байгааг хүмүүс мэдэх байх. Саяхан гэхэд Ховд аймаг дахь Америкийн төвийн арван жилийн ойд оролцоод ирлээ. Мөн Улаангом хотод шинээр ийм төвийг байгуулсан бөгөөд цаашид ч соёл, мэдээллийн төвийнхөө тоог нэмэгдүүлэх байршил хайж ажиллана. Бид хот, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахдаа чухам хаана байх вэ гэдэг дээр нэлээд судалдаг. Түүнчлэн хүүхдийн цэцэрлэг шинээр барих ажлыг хийж байна. Энэ жил Улаанбаатар хот болон Замын-Үүдэд хүүхдийн цэцэрлэг барихаар шаваа тавиад барилгын ажлаа эхлүүлээд байна. Цаашид шинээр цэцэрлэг барих газрыг судалж байгаа. Миний дараагийн зорилго бол бидний амжилттай хамтран ажиллаж буй батлан хамгаалах салбарын түншлэлийг өргөжүүлэх явдал юм. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд бид энхийг сахиулах үйл ажиллагаан дахь Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бий болгох тал дээр дэмжлэг үзүүлж ирснээрээ бахархдаг. Одоо бид монголчуудын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа идэвх зүтгэлийг өндрөөр үнэлдэг. Монголын энхийг сахиулагчид маш нэр хүндтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай бөгөөд тэд Афганистан, Өмнөд Судан гээд дэлхийн хамгийн халуун цэгүүдэд очиж ажиллаж байна.

Олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын оролцооны хувьд, бид Монгол улстай Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгт (АОХН) бие биенээ дэмжиж оролцдог. Энэ жил АНУ тус байгууллагыг тэргүүлж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард Вашигтон хотод АОХН-ийн ээлжит хурлыг зохион байгуулах юм. Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол улс гишүүнээр нэгдэн орох асуудлыг сүүлийн жил гаруйн хугацаанд дэмжиж ажиллалаа. Энэ зөвлөлд хүний эрхийг хангах тал дээр Монгол улстай бид маш ойр хамтран ажиллаж байна.

-Таны яриан дунд үхрийн мах гадагшаа гаргахад дэмжиж ажиллана, бас цэцэрлэгүүд барихаар ажлаа эхэлсэн талаар дурдлаа. Монголчууд бэлчээрийн амт шимттэй малынхаа махыг гаргах хүсэлтэй ч эрүүл ахуйн тал дээр алдаад байдаг. Бас цэцэрлэгийн хангамж ч манай халуун сэдэв л дээ…

-Казахстан саяхныг болтол гадагшаагаа мах гаргадаггүй байлаа. Харин USAID буюу АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА) хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр тэд сайн чанарын үхрийн мах нийлүүлэгч дэлхийн томоохон орнуудын нэг болоод байна. Энэ загварыг Монголд ашиглахад бүрэн боломжтой гэж бид үзэж байгаа учраас бид АНУ-ын ОУХА-аар дамжуулан хамтран ажиллаж эхлээд байна. Энэ хөтөлбөрт багтах олон бүрдэл хэсгүүд бий. Юуны өмнө эрчимжсэн хөдөө аж ахуй, малын тэжээлийн салбарт АНУ-ын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг авч ирэхээр ажиллаж байна. АНУ-ын хувийн хэвшил, Хөдөө аж ахуйн яам зэрэг байгууллагууд нь Монголын Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын Ерөнхий газар гээд төрийн болон холбогдох байгууллагуудын чадавхийг сайжруулах, малын гаралтай өвчинтэй тэмцэх зэрэг олон асуудлаар сургалт явуулж байна. Жилийн өмнөөс эхэлсэн энэ ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд малчдыг сургах, амьдрах нөхцлийг сайжруулах, мал эмнэлгийн талаас дэмжлэг үзүүлэх гээд малын өвчинтэй тэмцэхэд урт хугацааны хамтын ажиллагаа хэрэгтэй. Өнгөрсөн жилийн өдийд АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын компаниудын худалдааны төлөөлөгчид ирж энэ салбарт хөрөнгө оруулах боломжийг судалж байгаад буцсан. Ирэх есдүгээр сард салбарын хоёр дахь худалдааны төлөөлөл ирэхээр төлөвлөж байна.

Манай талаас БСШУСЯ-тай цэцэрлэг байгуулах тал дээр тун нягт хамтран ажилладаг. Хамтын ажиллагааныхаа хүрээнд тус яамнаас сургууль, цэцэрлэгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр гаргасан зорилт хөтөлбөрт нь хамтраад явж байна. Эхний шатанд нийслэлийн алслагдсан хэсэг болох Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд болон БСШУСЯ-наас хэрэгцээ өндөр байгаа гэж тодорхойлсон Замын-Үүд суманд цэцэрлэг барихаар ажилдаа орсон. Цаашид ч байршлыг тодорхойлохдоо БСШУСЯ-наас шаардлагатай гэж тогтоосон газруудыг түлхүү сонгох болно. Энэ цэцэрлэгүүдийг манай Аляскийн үндэсний гвардийн барилгын инженер, ажилчид барих гэж байгаад бахархалтай байна. Агаарын солилцоо, дулаан хангамж, газар хөдлөлтөд тэсвэртэй Альяскын стандартаар барьж байгаа. Манай талаас ирэх есдүгээр сараас өмнө цэцэрлэгийн барилгыг бүрэн барьж Монголын талд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаашид Монголын тал бүх үйл ажиллагааг нь хариуцаад явах юм.

-Та урьд өмнө манайд ажиллаж байсан Элчин сайдуудаас тун нээлттэй байдаг нь анзаарагддаг. Твиттерт идэвхтэй жиргэж, хоёр хэлээр хөтөлж явуулдаг. Нэг талаас технологийн давуу тал, цаг үе нөлөөлж байгаа байх. Нөгөө талаас та бусадтай харилцах тал дээр нээлттэй байдаг таны зан чанар нөлөөлдөг байх?

-Би нийгмийн сүлжээнд маш идэвхтэй байдаг. Монголд ирэхээсээ өмнө ч тийм байлаа, энд ирээд ч олон нийтийн сүлжээнд тун идэвхтэй байна. Би үүнийг биеэр уулзаж чадахаасаа илүү олон хүмүүстэй харилцах боломж гэж хардаг. Өөрөөр хэлбэл, хоёр газар нэг зэрэг байх боломжийг олгодог гэж болно. Нийгэмд өрнөж буй үйл явдлуудтай цаг алдахгүй нүүр тулах боломж нь олон нийтийн сүлжээ гэж ч хэлж болно. Мэдээж идэвхтэй байдаг нь миний хувь чанартай холбоотой байж болно. Би аль болох бусадтай нээлттэй байхыг боддог. Мөн энэ нь харилцаа холбооны чухал хэрэгсэл юм гэдгийг ойлгодог ч гэж болно.

-Гэхдээ дипломат албаны хүнд хэт нээлттэй байдал нь алдаа дагуулдаг болов уу?

-Ил тод, нээлттэй байдал бол Америк, Монгол гэлтгүй, аливаа амьд ардчиллын үндэс суурь юм.

-Далай ламтай уулзуулж өгсөн Ерөнхийлөгчид баярлалаа гэсэн таны жиргээ анхаарал татсан. Тэр ямар учиртай жиргээ байсан бэ. Манай төр засгийн зүгээс Далай ламын айлчлалд ямар ч холбоогүй гээд мэдэгдсэн байсан, урд хөршийн зүгээс гомдолтой байсан тэр үе л дээ…

-Далай лам бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны болон соёлын лидер. Монголчуудтай олон зуун жилийн өмнөөс шашин, уламжлалын хувьд холбогдож ирсэн. Одоогийн Далай лам Монголд хэдэнтээ ирж байсан шашны зүтгэлтэн. Би хувь хүнийхээ хувьд түүнийг ихэд хүндэтгэдэг. Монголд ажиллаж байхдаа түүнтэй уулзах боломж тохиосонд тун баяртай байсан. Түүнийгээ жиргэсэн хэрэг. Би угаасаа нийгмийн сүлжээнд ч түүнийг дагадаг юм.

-Тэгэхээр таныг Монголын Ерөнхийлөгч уулзуулсан юм уу?

-Үгүй ээ. Би хувиараа түүнтэй уулзсан.

-Манай хоёр улс дипломат харилцаа тогтоох тэр үетэй харьцуулахад харилцаа хэрхэн өөрчлөгдсөн гэж та боддог вэ?

-Монголд ЭСЯ байгуулагдахаас өмнө буюу Бээжингээс хэргийг хавсран гүйцэтгэж байх үед элчингүүд нь үе, үе тодорхой хугацаагаар ирж байрладаг байлаа. Албан ёсоор энэ яамныхаа байранд орж үйл ажиллагаа эхэлсэн гэвэл ирэх жил гучин жилийн ой нь болно. Анх дипломат харилцаа тогтоож байх үед бидний зүгээс ардчиллыг хөгжүүлж бэхжүүлэхэд тусалдаг байлаа. Харин одоо нэг нь тусалж, нөгөө нь туслуулна гэхээсээ хамтрагчид болсон. Энэ бол хамгийн том өөрчлөлт. Одоо хоёр улсын харилцаа маань худалдаа болон харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлаж байна. Тухайлбал энхийг сахиулах ажиллагааг дахин жишээлж дурдаж болно. Гучаад жилийн өмнө Монголын батлан хамгаалах салбар нэг тогтолцооноос нөгөөд шилжиж, дахин шинээр төлөвшиж байсан бол одоо дэлхий нийтэд танигдсан Монголын армитай бид энхийг сахиулах үйлст хамтран зүтгэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жэймс Бэйкер ЭСЯ-ыг нээх арга хэмжээнд оролцож байхдаа гуравдагч хөрш гэсэн хэллэгийг анх хэрэглэж байсан байдаг. Тэр цагаас хойш АНУ Монголын гуравдагч хөрш байж ирсэнд бахархалтай байдаг. Ингэж хоёр улсын харилцаа хамтрагчид болон өргөжиж, 30 жилийн өмнөхтэй харьцуулахад маш олон салбарт хамтран ажиллаж байна. Энэ бол өнгөрсөн хугацаанд гарсан хамгийн том өөрчлөлт гэж хэлж болно.

-Ардчилал эмзэг, бүрэн төлөвшөөгүй байх үед манай иргэд ямар нэгэн асуудал гарахад АНУ-ын элчин юу гэх бол гэж чиг харж хүлээдэг байсан тал бий. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа гэхэд хүмүүс танай зүгээс юу гэх бол гэж харж байсан нь нууц биш. Харин одоо хандлага өөр болсон. Энэ байдал танд мэдрэгдэж байна уу?

-Үүнийг би сайн тал руугаа өөрчлөгджээ гэж хэлнэ. Монголын ардчилал, засаглалын тогтолцоо эрийн цээнд хүрчээ. Бусад улс орнууд юу хэлэхийг харж хүлээх биш, өөрсдөө бие дааж байна гэдэг чухал ололт. Бүхий л талуудтай ижил тэгш харилцаж, хамтарч ажиллаж байна гэдэг сайн хэрэг гэдгийг хэлмээр байна. Монгол улс нь тусгаар тогтносон улс учир өөрийн дотоод болон гадаад бодлогоо тодорхойлж, тус бодлогоо сайжруулахад бусад хамтрагч орнуудтай хамтран ажиллаж байна. Энэ бол эерэг тал.

-Манайх ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Хэдийгээр бид эдийн засгийн хувьд асуудалд орсон нь харамсалтай ч энэ удаад хөтөлбөрт хамрагдсан нь давуу талыг авчирна гэж найдаж байна. Яг ямар боломжийг бидэнд авчрах бол?

-Монгол Улсын хувьд ерээд оноос хойш ОУВС-гийн хөтөлбөрт зургаа дахь удаагаа хамрагдаж байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудын хөтөлбөрт хамрагдана, эдгээр байгууллагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонирхолтой байна гэдэг Монголын эдийн засагт сайн үр дүнг авчирна. ОУВС энэ удаад Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Өөрсдөө бид хэрэгжүүлнэ гэж санал гаргадаг биш Засгийн газрын хүсэлтийн дагуу хэрэгжүүлэхээр болж байгаа гэдгийг онцлох ёстой байх. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай улс дэлхийн бусад орнуудтай хамтран ОУВС-гаар дамжуулан Монгол Улсад дэмжлэг үзүүлэх гэж байгаадаа баяртай байна. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар хоёр гол сайн өөрчлөлтийг авчирна гэж харж байгаагийн нэг нь Монгол улсын төрийн санхүүгийн сахилга батыг сайжруулах явдал юм.Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд АНУ болон бусад улсын дэмжлэгээр Монгол Улс санхүүгийн бэрхшээлийг дампууралгүй давж, 2018 оноос эдийн засгийн өсөлттэй үр дүн гарна гэж харж байна.

-Дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудын гол хөрөнгө оруулагчид болох АНУ, БНХАУ гэсэн хүчирхэг улсуудын бодлогыг дээрх байгууллагууд хэрэгжүүлдэг гэсэн хар сэр байдаг л даа. Та үүн дээр юу гэж хариулах вэ?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах саналыг Монголын Засгийн газар гаргаж, тэдний хүсэлтээр энэ дэмжлэг хийгдэж байгаа гэдгийг дахин хэлэх хэрэгтэй байх. Мөн хөтөлбөрөө хоёр тал хамтдаа сууж боловсруулж гаргасан. Нэгэнт хоёр тал сууж байгаад шийдвэрээ гаргасан бол бидний зүгээс туслахад бэлэн.

-Монголд ажиллаж байсан Минтон, Слуц нарын зарим элчин сайд нар нутагтаа Монголыг зөвөөр таниулах тал дээр хамтран ажилладаг гэж дуулж байсан. Таны өмнөх элчин сайд Пайпер Монголд хөрөнгө оруулах хэрэггүй гэж хэлж байсан дуулддаг. Хөрөнгө оруулагчдын хувьд элчин сайдуудын үг чухал биз?

-Мэдээж чухал байлгүй яахав. Хөрөнгө оруулагчдад элчин сайдын үг тун чухал. Миний элчин сайдаар ажиллаж хоёр жилийн хугацаандаа гол зорьж байгаа асуудал бол аль болох олон америк хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах явдал юм. Үүний хүрээнд зайлшгүй хийх ажил нь Ил тод байдлын хэлэлцээр байсныг бид баталж чадсан. Бид хөрөнгө оруулагчдыг татахаар олон төрлийн арга хэмжээ авдаг. Утсаар хүртэл холбогдож, мэдээлэл өгдөг. Монголд хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломж байна, шинээр нисэх онгоцны буудал ашиглалтад орох гэж байгаа, дэд бүтцийн нөхцөл өөрчлөгдөж байна гээд мэдээллийг дор бүрт нь өгөх жишээтэй.

-АНУ руу зорчих виз хүсч хэдэн хүн хүсэлт гаргадгаас хэд нь авч байгаа вэ. Таныг ирснээр энэ тоо өссөн үү?

-АНУ руу зорчих монголчуудын тоо өссөөр байгаа. Би виз олголт хариуцсан консулаасаа албан ёсны мэдээллийг авчихаад сууж байна л даа. 2015 онд 9972, 2016 онд 10200 гаруй хүн АНУ руу зорчсон байна. Мөн 2016 онд 2400 хүн суралцахаар оюутны виз авсан байгаа юм. Би энэ тоо өсөх бүрийд баяртай байдаг. Гэхдээ визтэй холбоотой асуудал дээр зориуд хэлмээр асуудал бас бий. Монголчууд АНУ-д зорчих асуудал дээр хариуцлагатай хандаж байгаасай гэж хүсдэг. Хэрэв оюутны визээр явсан бол ажил хийж болохгүй, визний хугацаагаа хэтрүүлэлгүй буцаж ирэх хэрэгтэй. Энэ нь дараа дараагийнхаа хүмүүсийн визийн гаралтад нөлөөлдөг учраас эхний хүмүүс бусдадаа түвэг удахгүйн үүднээс хариуцлагатай байгаасай гэж хэлмээр байна. АНУ-ын шинэ засаг захиргаанаас хилийн болон визийн талаарх бодлогоо нэлээдгүй өөрчилж байгаа учраас анхааралтай хандах ёстой. Виз хүсч, АНУ руу зорчиж байгаа монголчууддаа зориулан танай сониноор дамжуулан онцлон хэлэхийг хүсч байна.

-Монголчуудын хувьд 160 ам.доллар шаггүй үнэтэйд тооцогддог. Дэлхийн улс орнуудад адил хураамжтай байдаг уу. Зарим улс орны ЭСЯ виз гараагүй тохиолдолд хураамжийг нь буцааж өгдөг. Танай яамны зүгээс ийм байж болохгүй юу?

-АНУ-ын визийн хураамжийн үнэ дэлхийн бүх оронд ижил байдаг. Энэ төлбөрөөр виз олгох, хүсэлтийг хянах, бичиг баримт, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулдаг. Тийм учраас виз өгсөн, өгөөгүй адил зардал гардаг учраас буцааж өгөх боломжгүй байдаг юм. Энэ бол зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн бүх улс оронд баримталдаг зарчим юм шүү. Манай ЭСЯ-ны албан ёсны вэб хуудсан дээр бүх мэдээлэл хоёр хэлээр байгаа. Хүмүүсийг уншиж танилцаарай гэж зөвлөе.

-Та Засаг захиргаа өөрчлөгдсөн талаар дээр дурдлаа. Дональд Трамп Ерөнхийлөгч болсноор АНУ, Монголын харилцаанд өөрчлөлт гарах уу?

-АНУ-ын Монголд болон Азийн орнуудад баримталж ирсэн бодлого өөрчлөгдөхгүй. Ер нь АН, БНН гээд ямар ч намын нэр дэвшигч сонгуульд ялсан өөрчлөгдөлгүй хоёр орны харилцаа хөгжсөөр ирсэн. Цаашид ч урьдын адил байх болно.

-Ерөнхийлөгч Д.Трамп нэр дэвших үедээ Мексикийн хил дээр хэрэм барих талаар ярьж байхдаа Цагаан хэрэм болоод Монголын түүхийн талаар андуу мэдээлэлтэй явдаг нь харагдаж байсан. Та Монголд ажиллаж байгаа Элчин сайдын хувьд тэр ойлголтыг нь засахын тулд ажиллаж байгаа юу?

-Мексикийн хилийн дагуух хэрмийн талаарх мэдээллийг Цагаан ордны вэб хуудсаас аваарай. Би Мексикийн хилийн хэрэм Цагаан хэрэмтэй ямар холбоотойг мэдэхгүй байна.

-Монголд ирээд хамгийн гайхашруулсан бас сэтгэл хөдөлгөсөн зүйл юу вэ?

-Гурван зүйл байгаа. Монголчууд маш элэгсэг, зочломтгой ард түмэн юм. Энэ нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Дараагийн нэг зүйл нь гайхалтай уудам хөх тэнгэр. Миний төрсөн нутаг Колорадог санагдуулам хөх тэнгэр байсан. Гурав дахь нь гэвэл алс хол, хэл яриа, зүс царай өөр ч Азийн энэ оронд миний орных шиг ардчилал эрх чөлөөт улс үндэстэн байгаа нь надад сайхан санагдсан.

-Таны нэр Галт гээд монгол хэлээр галиглаад буухаар монгол нэртэй адил харагддаг. Та энэ талаар хэзээ мэдсэн бэ. Таны Галт гэдэг нь ямар утгатай үг вэ?

-Миний нэрний дуудлага монгол нэртэй адил гэдгийг сонсоод сайхан санагдаж байсан. Галт бол миний нөхрийн овог л доо. Шотланд нэр байгаа юм. Монголоор галт гэсэн үгийн утгыг сонсоод их таалагдсан. Маш их эрч хүч өгөх утга бүхий нэр байсан.

-Таны гэр бүлийн хүн ямар мэргэжлийн хүн бэ. Тантай хамт Монголд байгаа юу?

-Тийм ээ. Гэр бүлийн хүн маань хамт ирсэн. Эхний жил хүү маань хамт ирээд энд ахлах сургуулиа төгсөөд явсан. Одоо хоёр хүүхэд маань АНУ-д их сургуульд суралцаж байгаа. Гэр бүлийн хүн маань зохиолч хүн. Чикагогийн хэвлэлийн компанид ажилладаг байсан. Хүүхдүүдээ бага байхад ажлаасаа гарч тэдэндээ илүүтэй анхаарч байсан бол одоо хүүхдүүд томорч тэрээр уран бүтээлдээ шамдаж ороод байгаа.

-Зохиолч хүний хувьд Монголын талаар уран бүтээлдээ тусгана гэж найдаж байна. Танд цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа.

-Баярлалаа. Би нөхөртөө заавал дамжуулна аа. Та бүхэнд баярлалаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид юуг хийж болохгүй вэ?

Хүн гэдэг амьтны хийж болох хийгээд хийж болохгүй зүйлс хязгаартай. Үүнийг хүний нийгэм өөр, өөрийн хэмжүүрээ тавьж зохицуулаад явчихдаг. Гэхдээ ерөнхий хэм хэмжээнээс өөр аль нам, аль засаглалын үед болно, болохгүй гэсэн хэм хэмжээс бас байна аа, ялангуяа Монголд. Ухаандаа 2012-2016 онд АН эрх барьж байхад болж байсан зүйлс 2016-2020 оны МАН-ын засаглалын үед болохгүйгийн жагсаалтад орж, цаашилбал гэмт хэрэгт тооцогдоод явж байгааг харж байна. Харах юу байхав, гэрч нь болж цаашлаад туршилтын туулайнууд нь болоод явж байна даа. Нэг хэсэг хоёр нам хамтарч засаг барьж байхдаа АН-ынхны санаачилгаар арванхоёрдугаар сарын 10-ныг Ардчилсан хувьсгалын өдөр болгон тэмдэглэлт өдрийн тоонд оруулахад зөрүүлээд МАН-ынхны санаачилснаар гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгож албажуулж байлаа. Хүүхэд аятай нэг нэгтэйгээ барьцдаг энэ зан одоо ч үргэлжилсээр. Сүүлдээ болдог байсан юм нь хуулиар болохгүй болчихоор олон болох, болохгүйн дунд энгийн иргэд бид чинь төөрч ч байх шиг. Хуучин наяад оноос, дараахан 2001 оноос зуны цагийн хуваарьт шилждэг байсан үе нэг хэсэг мартагдаж, хүний биологийн цаг нарыг хүчээр өөрчилж байгаа нь буруу гээд зогсоосон байсан бол 2015 оноос Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын шийдвэрээр дахин урагшлуулж, ухраадаг болсон. Эдийн засаг амаргүй байгаа үед байгалийн нарыг ашиглаж, ажлаа амжуулж ихийг бүтээх хэрэгтэй гэж тайлбарлаад зуны цагийн хуваарьт шилжээд явж байсан бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар өөрчлөхгүй гэлээ. Засаг төр шийдвэрээ гаргалгүй л яахав, гэхдээ бид чинь ямар тоглоом биш дээ. Дасч эхэлмэр болоод тас. Ямар сайндаа өнөө жил зарим гар утасны операторуудын тохиргоо өнгөрсөн жилийнхээрээ ажиллаж, цаг өөрчлөгдөж хүмүүс баахан будилж мунгинав. Энэ бол хамгийн энгийн жишээ. Бидний хийдэг байгаад хийх эрхгүй болсон зүйлсийн жагсаалтыг гаргана гэвэл дуусахгүй янзтай.

Хүүхдүүд маань төрөөс мөнгө авдаг байлаа. Монгол Улсын иргэн болсныхоо хувьд 18 нас хүртлээ сар бүр “цалин” хүртдэг байв. АН-ынхны сонгуулийн уриа болж гарч ирсэн ч гэсэн хүүхдүүддээ мөнгө өгдөг энэ уламжлал эдийн засаг ямар ч хэцүү үед, засаг аль ч талдаа очсон харин ч нэг хэрэгжээд явж байсан юм. Харин эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж УИХ-аас өнгөрсөн есдүгээр сарын 7-нд 38 дугаар тогтоол гаргаснаар бүх хүүхдүүд сар бүр мөнгө авах эрхгүй болов. Амьжиргааны түвшнээс нь шалтгаалан хоёр өөр хугацаанд хүүхдийн мөнгийг олгоно гэж сүрхий тайлбарлаж байсан ч бүгд худлаа болсон. Босго оноог нь давсан цөөхөн хүүхдүүд сар бүрийн 20 мянган төгрөгөө авч, ихэнх нь 2019 онд мөнгөө нөхөн авна гэж бодож байсан бол молиго үмхсэн. Төр нь нөхөж өгнө гэж амлаад, хүүхдүүдээ луйвардсан энэ хэрэг түүх болон үлдэнэ биз. Сүүлдээ авахаас аргагүй гэж шалгуурыг давсан жаалууд ч авах боломжгүй боллоо. Овоо тогтвортой урт удаан үргэлжилж ирсэн хүүхдийн мөнгө энэ цаг үед устаж үгүй болов. Бидний хүүхдүүд энэ улсын ирээдүйн иргэн болж байгаагийнхаа хувьд урам хүлээж авдаг байсан 20 мянган төгрөгөө нэхэх эрхгүй болов. Бас айлууд өрхийн амьжиргааны түвшингээ тодорхойлуулахаар болсон бөгөөд индүү, угаалгын машинтай айлууд подхийсэн амьжиргаатай айлуудад тооцогдож эхэллээ. Нэг талаасаа улсынхаа шалгалтад ороод амьжиргаа өндөрт тооцогдсондоо баярламаар ч юм шиг, нөгөө талаас идэж уух, амьдралын түвшин маань нэмэгдэх бус муудаад байгаад гайхшрах ч шиг. Нийгмийн халамжийн бодлогын хүрээнд иргэдэд олгодог тусламжид нөлөөлдөг энэхүү судалгаанд 600 мянга гаруй өрх хамрагдсан гэх бөгөөд 4.5 тэрбум төгрөгийг зарцуулсан дуулдаж байсан. Хэдийгээр бодит амьдрал дээрдээгүй ч бичиг цаасан дээр дээрдсэн нь амны билгээс ашдын билэг гэдэг монголчуудад маань таалагдах байх гэж найдахаас. Хүүхэдтэй холбоотой бас нэг зүйл бий. Бага насны хүүхдээ асарч байгаа ээжүүдэд цэцэрлэг олдохгүйгээс ажил эрхэлж чаддаггүй. Тиймээс өөр нэг хүүхдээ асарч байгаа ээж хүүхэд асрах үйлчилгээ үзүүлбэл түүнд нь өөрийнхөө нялхыг үлдээгээд ажил эрхлэх боломж гарч байлаа. Хоёулаа гэр гэртээ хүүхдээ хараад ажилгүй сууснаас нэг нь ажиллаж, нөгөө нь түүнд хөлс өгнө гэсэн үг л дээ. Тэгэх боломж бас энэ үед хаагдсан билээ.

МАН засаглах болсоор маниус хийж болохгүй зүйл зөндөө, зөндөө. Приус унах боломжгүй болсон. Ард түмний унаа гэгддэг Приус буюу хос хөдөлгүүрт унааг шатахуун хэмнэх, байгаль орчиндоо ээлтэй хандах үүднээс монголчууд сонгох болсон. Үүнийг дэмжиж татварыг тэглэдэг байсныг зогсоолоо. 50 хувийн татвар гаргаж ирснээр өнөөх хэмнэлттэй хүлгийн үнэ нэмэгдэж ард олон авч унахад амаргүй болов. Татвар нэмэхгүй гэж амлаж гарч ирсэн улс төрийн хүчин долоогийн долоон татварыг гаргаж ирсэн. Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэлийг илүүтэй төлж, халаасанд орж байгаа нь нэмэгдээгүй ч гарах нь өссөн байх жишээтэй. Хувь хүний орлогын албан татвар ч шатлалтай нэмэгдэх болсон. Тамхи, согтууруулах ундааны татвар нэмэгдсэнийг хамаагүй гэлээ гэхэд шатахууны онцгой албан татвар нэмэгдлээ. Долдугаар сарын 1-нээс нэмэгдэж, дахиад аравдугаар сараас нэмэгдэнэ гэж байгаа. Шатахууны үнэ өсөхөд Монголд бүх зүйлийн үнэ өсдөг.

Бас юуг хийх эрхгүй болсон бэ гэвэл хадгаламжинд мөнгө хадгалах эрхгүй болсон. Хадгаламжийн хүүгээс татвар аваад ирэхээр хэн хуримтлал үүсгэхийг бодох билээ. Банкууд ч, эдийн засагчид ч хуримтлал хэрэгтэй, өнгөрсөн он жилүүдэд иргэн бүр хуримтлал цуглуулж байсан бол одоогийнх шиг хэцүү байдалд орохгүй гэдэг. Гэхдээ өнөөдрийн идэх хоолноосоо хумслан байж хадгаламжинд хийлээ гээд дэд сайдуудыг тэжээх татвар болж очно гэхээр гонсойх хүмүүс олон байгаа болов уу.

Өнгөрсөн дөрвөн жилд ам.долларын үнийг хаданд гаргасан гээд л байсан өнгөрсөн есдүгээр сард 2272 төгрөг хүрэхэд хэвлэлүүд түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж байсан ам.доллар хэдийнэ 2700 гараад явсан удаатай. Таван толгойн нүүрсээ гадаад зах зээл нь өсөөд байхад бага үнээр борлуулж байна.

Бид юуг хийх эрхгүй болсон бэ, ингэхэд. Лав 60 хүрээд тэтгэвэрт гарах боломжгүй боллоо. Дахиад таван жил буюу 1825 өдөр зүтгэж байж төрд татуулж байсан тэтгэврээ авах эрхтэй болно. Гэхдээ монгол хүний дундаж наслалтыг харахаар гадны хөгшид шиг тэтгэврээ аваад дэлхийгээр аялах гэдэг худлаа байх.

Үр хүүхдүүдээ ипотекийн зээлээр ч болов тусад нь гаргах гэдэг асуудалтай болсон. Өмнөх Засгийн үед шинээр 86 мянга, нийтдээ 120 мянган иргэн ипотекийн зээлээр орон байрны асуудлаа шийдсэн гэгдэж байсан бол энэ боломж хаагдсан. Энэ зээлийг хаагаагүй гээд байгаа ч ипотекийн зээл, нөгөө найман хувийн зээлээр сүүлийн нэг жил байр савтай болсон хүн ойр хавьд чинь байна уу. Үгүй л болов уу. Нөгөө сайн хашаа, сайн оюутан, сайн малчин гээд олон сайн хөтөлбөрүүд бүгд алга болсон. Уг нь аль тэр намын санаачилсан нь иргэдэд нэг их хамаатай биш байгаа юм л даа. Хэн хэрэгжүүлж байна, үнэхээр хэрэгтэй байна уу гэдэг л чухал. Хашаагаа инженерийн дэд бүтэцтэй болгож тохижуулахад хөнгөлөлттэй зээл аваад, тав тухтай амьдарна гэж бодож байсан хүмүүс байсан байх, сайн малчин гээд малчдад жилийн 10 хувийн хүүтэй зээлийг санал болгож байлаа. Тэр чигээрээ банкны зээлээр амьдрал ахуйгаа авч явдаг тэдэнд том боломж байсан. Харин одоо тэр хүү 30 хувь болсон. Өөрөөр хэлбэл, малчид хямд хүүтэй зээл авах эрхгүй болж таарсан. Оюутнууд төлбөрөө зээлээр төлдөг сайн оюутан хөтөлбөр сураггүй, тэр ч байтугай сарын 70 мянган төгрөг ч байхгүй болсон. Зүгээр ч мөнгийг нь хасаад зогсохгүй сурдаггүй, ажилгүй гээд цоллох нь яана гээч. Энэ мэтээр үргэлжилбэл жагсаалт дуусахгүй янзтай. Чингисийн болсон талбай буцаад хуучин нэрээрээ, сүүлдээ Чингис гэж амнаасаа үг унагаж болох ч юм уу, үгүй ч юм уу. Ээжүүд хөхний сүүгээ яах ёстой ч юм бүү мэд. Бас гарцаар гардаггүй нөхөд, гудамжинд сарьж зогсдог амьтаст торгууль шийтгэл чангарч байгаа. Ер нь өөрчлөлтүүд олон болж байна аа. Мэдэж байгаа нь бий байх, мэдэхгүй яваа нь байгаа байлгүй. Та минь цаана чинь олон зүйл өөрчлөгдөж байгаа шүү. Бидний хийж болдог байгаад хийх ёсгүй болсон зүйл зөндөө байгаа билээ. Уншиж судлаарай. Тэгэхгүй хуучнаараа ганхаж явбал гэмт хэрэгтэн болно шүү гэж сайн санасандаа зөвлөж байна.