Categories
редакцийн-нийтлэл

Манхэтэн дүүргийн нэгдүгээр өргөн чөлөөнд …

НҮБ-ын
төв байр Нью-Йорк хотын Манхэтэн
дүүргийн нэгдүгээр өргөн
чөлөөний 44-46 дугаар гудамжинд байрладаг.
Яг ард талаар нь үзэсгэлэнт
Зүүн гол урсдаг энэхүү Яст мэлхийн булан нэр­тэй газарт
НҮБ-ын төв байрыг барих ажиллагаа 1949 онд
эхэлсэн гэдэг юм билээ. Нийт 69 мянган га газрыг нь тухайн үед 8.5 сая ам.доллараар авч байсан
гэдэг. Тэр үед газар хямд
байсан, одоо Манхэтэнд ч газрын үнэ
тэнгэрт хад­сан гэлцэнэ. Газар юу байхав. Сөөм
ч сул газар байхгүй юм чинь.
Монгол Улс НҮБ-д 1961 онд
эл­сээд 1964 онд одоогийн Суурин төлөө­лөг­­чийн газ­рынхаа бай­рыг авсан ажээ. Зургаан дав­хар
өн­дөр хуучны энэ ба­рилга одоо бас
л “ха­данд гар­сан” үнэтэй
бол­сон гэсэн. Суурин төлөө­лөгчийн газрын зөвлөх Э.Ганболд ах бидэнд тө­лөө­лөгчийн
газрынхаа талаар дэлгэрэнгүй
мэ­дээ­лэл өгсөн билээ.

Ер нь манайхан эртнээс дип­ломат албандаа алсын хараатай байж ирсэн нь олон зүйлээс анзаа­раг­даад байдаг. Түрээсэлж байс­наас худалдаад авах нь зөв гэдгийг дандаа мэддэг байсан бололтой. Парисын Булоньд байгаа ЭСЯ-ны байраа бас л олон жилийн өмнө нэг эмчээс худалдан авсан байдаг нь одоо бас л их үнэд хүрсэн дуулддаг.

Байрны хувьд нэг иймэрхүү. Харин НҮБ-ын суурин төлөө­лөг­чийн газар маань цомхон. Экс Ерөнхий сайдын зөвлөхөөр ажил­лаж байсан О.Оч сайдаар томилог­дож очоод удаагүй аж. Энд сайдаа­саа гадна дөрвөн дипломат, нэг нарийн бичгийн даргатай. Ерөн­хийдөө хүн хүч цөөнтэй. НҮБ намартаа хуралд­даг мэт боловч НҮБ-ын шугамаар хийгдэх ажлууд чөлөө завгүй. Манай УИХ шиг НҮБ-ын зургаан байнгын хорооны ажил байнга явагдана. Гадны улсууд нэг байн­гын хороон дээрээ гурваас тав түү­нээс олон хүнтэй байдаг бол ма­найх хоёр байнгын хороог нэг хүн хариуцаж байх жишээтэй аж. Ерөнхийдөө НҮБ-ын суурин тө­лөө­лөг­чийн газрын хүн хүчийг бод­ло­гоор нэмэгдүүлэхээр болсон шиг.

Суурин төлөөлөгчийн газраас гадна НҮБ-д ажиллаж байгаа мон­голчууд нэмэгдсээр байгаа юм билээ. Хэлтэй устай, чадалтай чадварлаг монголчууд НҮБ-ын төв оффист нь ажиллах болоод бас уджээ. Тэнд хорь орчим монгол­чууд хариуцдаг салбар, бүс нутаг нь өөр, өөр ч НҮБ дэх монгол­чуу­дын гэсэн баг хэдийнэ үүсгэж амж­жээ. Хамгийн удсан нь НҮБ-д хориод жил ажиллаж байгаа С.Эр­дэнэ­билэг. Тэрбээр монгол хүний хувьд НҮБ-д хамгийн өндөр карьерыг хийчихээд байгаа билээ. С.Эрдэнэбилэг гуай НҮБ-ын Да­лайд гарцгүй, буурай хөгжилтэй орнуудын бодлого хөгжүүлэх, зо­хи­цуулалтын газрын даргаар ажил­ладаг. Ерөнхийдөө үүнээс цааш дэвшинэ гэвэл НҮБ-ын ерөн­хий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга гээд улс төрийн албан тушаалууд байдаг учраас үнэндээ улс нь, тив нь дэмжиж байж тэр албануудад зүтгүүлэхээс ар­гагүй. Тэгэхээр одоогийн байдлаар монгол хүний НҮБ-д хашсан хам­гийн өндөр албан тушаал энэ бо­лоод байна. Ийм хүмүүсээ эх нутаг­таа авчирч, хүч чадал, туршлагыг нь хуваалцаж ашигламаар санаг­даж байсан шүү.

НҮБ-ын хуралд оролцохоор ирсэн дэлхийн төр засгийн удир­дагч нараас хамгийн сонирхол татам хүмүүсээс дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агент­ла­гууд ярилцлага авдаг. Ма­най хэвлэлийнхэн ч гэсэн хамгийн анхаарал татаж байгаа, бас олны сонирхож буй хүмүүсийг эрж хайж, сонгож авдаг шиг. Түүнээс бус тэдний эфирийн цаг хязгаартай, НҮБ-ын хуралд ирсэн 200 орчим орны дарга даамал бүгд л яриа өгөхийг хүснэ шүү дээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нью-Йоркт очих үеэрээ СNN-ийн  сэтгүүлч Кристина Аманпаурын ярилцлагад уригдсан. Иран гарал­тай тэр эмэгтэй дэлхийн хэмжээний бодлого тодорхойлогчдыг ярилц­лагадаа урьдаг онцлогтой. Өөрөө ч асуулт нь цэгцтэй, цөөн хэдэн минутад ярилцагчаа нээж гаргахын тулд бүгдийг хийдэг юм билээ. Тэр сэтгүүлч эмэгтэйн ард гэхэд бүхэл бүтэн баг ажиллаж байдаг боло­хоор арга ч үгүй юм гэмээр. Аман­паур эхлээд Катарын Ерөнхий сайдтай ярилцлага хийсэн бөгөөд үүнийхээ дараа “Жижигхэн орон ч гэсэн дэлхийд амжилтаараа үлгэр­лэж буй Катарын тухай та бүхэн мэднэ. Харин одоо Катараас илүү анхаарал татаж байгаа нэгэн орны тухай танилцуулах гэж байна. Та бүхэн дэлхийн хамгийн хурдацтай эдийн засгийн хөгжилтэй орны тухай мэдэх үү. Хэрэв та Хятад гэж хэлэх гэж байгаа бол алдаж байна. Энэ бол Монгол. Хятад, Орос хоёр гүрний дунд орших Мон­гол Улс эдийн засгийн хөгжлөөрөө Хятадаас хоёр дахин хурдан хөг­жиж байна. Энэ улсын Ерөн­хий­лөг­ч­ийг нэвтрүүлэгтээ урьж байна” гээд ярилцлагаа эхэлж байна лээ. Ерөн­хийдөө энэ удаагийн АНУ-д хийсэн айлчлалаар Ерөнхийлөгч “Тime” сэтгүүлийн томоохон тоймч нартай уулзаж, “Wall street journal”-д ярилц­ла­га өгсөн гээд манай сал­барынхантай ихэд “түншилсэн” шүү. “Time” сэтгүүл гэхэд 2012 оны онцлох гурван хүний нэгээр Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг нэрлээд байгаа юм гэсэн.

Ерөнхийдөө Ерөнхийлөгчөөс яриа, ярилцлага аваад байгаа
мэт боловч том утгаараа Монголын сурталчилгаа болж байгаа хэрэг. Бас Монголыг сурталчлах
чиг­лэ­лээр Вашингтон хотноо ажлууд өрнөсний нэг нь “National
Geographic”-т зочилсон явдал. Улс орнуудын хувьд улс төр, биз­несийн ямар нэгэн ашиг сэжмээр бус харин
“National Geographic” шиг хүмүүсийн сэтгэлд нь, тархинд нь хүрдэг арга замаар улс орноо сурталчлах
нь чухал билээ. “National Geographic”-ийн хувьд монголчуудтай эртний танил. Энэ
сэтгүүлийн хуудаснаа анх нь
хэвлэгдэж байжээ. Мөн энэ
сэтгүүлийн архивт
1920-1930-аад оны үеийн монгол­чуудын
амьдралыг харуулсан зураг цөөнгүй хадгалагдан үлдсэ­нийг Ерөнхийлөгчид сонирхуулж байлаа. Бас Вашингтон хотноо “Smithsonian
Institution” байгуул­лага дээр зочилсон. Өв
залгам­жилсан баян англи эрдэмтэн Жэймс Смитсон насан эцэс­лэ­хээ­сээ гурван жилийн
өмнө тун сонин гэрээслэл бичсэн байдаг
бөгөөд 1835 оноос хойш төрөх ач хүүдээ
хөрөнгөө өгнө, үүнээс өмнө өөрөө
нас барвал бүх өмч нь АНУ-д очно хэмээсэн байдаг.
Ингээд хэзээ ч очиж үзэж байгаагүй АНУ-д энэ хүн  бүх
хөрөнгөө үлдээсэн
нь тус улсын Сенатынхны шийдэх нэгэн том ажил болжээ. Түүний нас барснаас зургаан жилийн дараа АНУ-ын тал
түүний их өвийг сайн санааны төлөө зарцуулахаа мэдэгдсэн бөгөөд
энэ институтыг байгуулсан юм билээ. Уг байгууллагын өмнөх
том талбайд улс орон бүр өөрс­дий­гөө сурталчилдаг үйл ажиллагааг уламжлал болгон хийдэг
болсон бөгөөд ирэх хавар манайхан энэ боломжийг
ашиглах ажээ. Олон төрлийн
музей, галерей, олон сая үзмэртэй
энэ  байгууллага өв болгож үлдээсэн
тэр эрхмийнхээ нэрээр нэршжээ. Хэн нэгэн хүн
баян байж болох ч алсдаа үлдэх,
нэрээ үлдээх зүйлст зориулах ухаан гаргана гэдэг
мундаг ажээ. Алсын Америкт төрийн
тэргүүний хийсэн айлчлалыг
товчлон дур­да­хад ийм байна.

Categories
редакцийн-нийтлэл

Манхэтэн дүүргийн нэгдүгээр өргөн чөлөөнд…

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж НҮБ-ын чуулга уул­залтад орол­цо­хынхоо
өмнөхөн Бостонд очиж, магистр хийж хоёр жил суралцсан Харварддаа
лекц уншсан талаар өм­нөх тэмдэглэлдээ өгүүл­сэн би­лээ. Ангийнх нь хүүхдүүд Ерөн­хийлөгч ангийн анддаа хүндэтгэл үзүүлэн тал талаас Хар­вард сургуульдаа цуглан ирж, нэ­гэн
оройг хамтдаа өнгө­рүү­лэхээр шийдсэн нь сайхан санагдаж байс­­­ныг хэлэх
хэрэгтэй байх. Суралцаж төгссөн сур­гууль­даа очиж, түүнд өг­сөн
тэтгэлэг ер нь мон­гол­чуудад тэтгэлэг өгвөл хоо­сонгүй гэдгийг нэг тал­даа ба­талж өгчихөөд Ерөн­­­хий­лөгч НҮБ-ын хуралд үг
хэлэхээр Нью-Йор­кийг зорьсон билээ. НҮБ-ын
Ерөн­хий ассамб­лей жил бүрийн есдү­гээр сараас арванхоёрдугаар сар
хүр­тэл хуралддаг бө­гөөд бусад үед
нь зарлан ху­ралддаг онцлог­той ажээ. Есдүгээр
сард бо­лох нээл­тийн үеэр
нь ги­шүүн 193 орны төр зас­гийн тэргүүнүүд ирж оролц­­­дог уламжлалтай.

Өнөө жилийнх нь нээлт есдүгээр сарын 18-нд эхэлжээ. Харин манай Ерөнхий­лөгч 25-нд НҮБ-ын индрээс үгээ хэлсэн. НҮБ-ын танхимд суух дарааллыг улс орнууд жил бүр сугалаа татан тохирдог бөгөөд энэ жил Mьянмар улс нэг гэсэн оноол­тыг авсан учир суудлын дарааллыг эхлүүлж, манайх эхний эгнээний зүүн талаад суудал таарсан аж. Бас Ерөнхийлөгч үг хэлэх 26 дахь төрийн тэргүүн болжээ. Нью-Йор­кийн Манхэтэн дүүргийн нэгдүгээр өргөн чөлөөнд байрлах НҮБ-ын төв байр орчим жилийн энэ л улиралд онцгой харуул хамгаа­лалттай болж, хотынхоо бүх цаг­дааг энэ ажилд дайчилдаг гэдэг. Зарим гудамжийг нь хааж, автоза­мын ганц хоёр урсгалыг хорьж, энд тэндгүй америк биерхүү цагдаа нар зогссон харагдана. НҮБ-ын чуулганд оролцохоор очсон, сур­валжлахаар ирсэн бүхий л хүмүүс нарийн чанд шалгуурыг давах ёстой болно. Хэрэв цүнхэндээ уух усаа аваад орж байгаа бол заавал өөрөө ууж шалгуулж байх жишээ­тэй. Гэхдээ арга ч үгүй юм даа. Дэлхийн хамгийн лут хам­гаа­лалт­тай хүмүүс болох төрийн тэр­гүү­нүүд бүгд нэг дор тэнд цугларсан байна шүү дээ. НҮБ-ын байр руу орж байгаа бол ямар ч мундаг даргын хамгаалагч нь байсан буу зэвсэггүй ордог. Угаасаа тэнд зэвсэггүй бүс, нөгөө талаас НҮБ-ын хамгаалалтад орчихож байгаа гэж үздэг юм уу даа.

Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган “Хямралыг даван туулах, зохицуулах нь” сэд­вийн хүрээнд болж өнгөрсөн бө­гөөд ардчилсан засаглалыг унага­даг, хямралынх нь гол урхагт сур­валж болсон “Хуулийн засаглал” сэдвийн дор төр засгийн тэргүү­нүүд үгээ хэлсэн билээ. Ерөн­хий­лөгч хорин жилийн өмнө салаа замын уулзвар дээр зогсч байсан Монгол Улс өнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдаж байгаад бахархаж буйгаа хэлж, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн нь нийт ард түмэндээ хүрч мэдрэгдэх ёстойг, дэд бүтэцдээ анхаарах хэрэгтэй, төрийн нэрийн өмнөөс ялын дээд хэмжээ өгдөг тэр жишгийг халах гэж оролдож байгаа  тухай, боловсрол бол эрх чөлөөт ардчилсан орны хамгийн эхний хэмжүүр гэж боддог тухайгаа дэлгэ­рэнгүй ярьсан. Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтэд хандаж залуу охид, хөвгүүд сурах мөрөөд­лөө биелүүлэх ёстойг, энэ нь хүний эрхийн эхний хэмжээс болж бай­даг. Боловсролтой улс орны иргэд хариуцлагатай, хүний эрхийг дээ­дэлж чаддаг талаар мэдэгдсэн юм. Есдүгээр сарын эхээр манай Ерөн­хийлөгчийн Иранд очсон явдал нь дэлхийн цөөнгүй орны удир­дагч­дад, олон улсын ажиглагч нарт эргэлзээ төрүүлсэн байж болох юм. Дэлхий нийтэд хаалттай байдаг Натанз хотхон дахь цөмийн байгуу­ламждаа Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дор­жийг оруулж сонирхуулсан нь багагүй гайхшралыг дагуулсан байх. Гадны төр засгийн тэргүү­нүүдээс анх удаа хөл тавьсан хүн нь Монгол төрийн тэргүүн. Тэгэхээр ямар ч учраас Ц.Элбэгдорж Иранд очив, яагаад түүнийг оруулав гээд асуултууд дагасан байж болох юм. Олон улсын нөхцөл байдлыг ихээ­хэн сонирхдог бололтой нэгэн эр биднийг Монголын сэтгүүлчид гэж мэдмэгцээ ихэд шохоорхон олон зүйлийг асуусан бөгөөд үнэн­дээ өөрөө ч Монголын нөхцөл байд­лыг хөдөө амьдарч байгаа манай малчнаас дээр мэддэг юм билээ. Тэрбээр “Танай Ерөнхий­лөгч яа­гаад Иранд айлчлав” гээд байн байн асуугаад байсан юм. Түүн шиг асуулттай хүмүүс олон байсан байх. Зарим нь Монголыг төдийлөн сайн мэдэхгүйдээ Азид цөмийн зэвсгээр хөөцөлддөг нэг улс гарч ирэх нь гэж хардана бодож байсныг ч үгүйсгэмгүй. НҮБ-ын танхимд ч Монголын Ерөнхийлөг­чийг Ираны цөмийн байгууламжид орж чадсан гадаадын анхны тө­рийн тэргүүн болж чадсанд нь гайхаж, асуулттай ирсэн хүмүүс ч олон байсан биз. Харин тэр олон хүмүүст Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг мөр хариу өгч санааг нь амраасан. Монгол Улс хорь гаруй жилийн өмнө цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарласныг Ерөнхий­лөгчийг үг хэлэхээс хэдхэн өдрийн өмнө НҮБ-ын Байнгын зөвлөлийн таван орон албан ёсоор баталсан билээ. АНУ, Англи тэгээд цөмийн хэрэглээний тал дээр байр суурь нь тодорхой Хятад, Орос, Франц гээд бодохоор. Ямартай ч өнгөрсөн жилийн НҮБ-ын индэр дээрээс Монголын хөр­сөн дээр цөмийн хог хаягдал булах тухай асуудал байх­гүй гэж харин энэ удаад монгол­чуу­дын хорь гаруй жилийн өмнө харж чадсан өнцгийг батал­гаа­жуулс­ныг зарласнаараа онцлог болов.

Манай Ерөнхийлөгчийн “Авлига бол харанхуйд өсөн үржих халдварт өвчний нян мэт олон нийтийн итгэлийг үгүй хийж, хө­рөнгө оруулагчдыг үргээн айлгаж, иргэдийн боломж бололцоог дээ­рэмдэн тонож, улс үндэстний маань амин чухал дархлаанд халдаж байна. Бид харанхуйг гэрэлтүүлж, энэ өвчний эсрэг эрчимтэй дов­толж, таслан зогсоох ёстой” гэснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ардчилсан орнуу­дын хамтын нийгэмлэгийн хурлыг даргалах үедээ ишлээд байснаас харахад ихээхэн сэтгэгдэл төрүүл­сэн бололтой.

 АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама улс орондоо ирсэн төрийн тэр­гүү­нүүдийг урьж хүлээн авалт хийж, бас НҮБ-ын Ерөнхий нарийн бич­гийн даргын хувьд Бан Ги Мун бас нэгэнтээ зоог барьдаг юм билээ.

Өнөө жилийн хувьд Ерөнхий­лөгч Барак Обамгийн үг дэлхий нийтэд хандахаасаа илүүтэй до­тоодын иргэд сонгогчдодоо ханд­сан байлаа хэмээн олон улсын ажиглагчид дүгнэсэн нь үнэний ортой. Бараг ярианых нь 30 орчим хувь нь олон улс руу чиглэж, үлдсэн 70 орчим хувь нь өөрийн­хөө сон­гогчдод хандсан. Тэрбээр биднийг очих үед өрсөлдөгч Митт Ром­ни­гоосоо хувиар өндөр гарчихаад байсан үе нь билээ. Митт Ром­ни­гийн хувьд ард иргэдийн 47 хувьд засгаас тэжээлгэж, гар хардаг хүмүүс бай­гаа гэж ярьсан бичлэгийг нь ил болгосноор нэр хүнд нь жаахан уначихаад байсан. Харин эхний мэтгэлцээнээр хоёр хувиар эрхэм Ерөнхийлөгчөөсөө давж байх шиг байна. Гэхдээ л мэт­гэл­цээн дахиад хоёр ч байгаа шүү дээ. Ерөнхийдөө АНУ-д Ерөнхийлөгч дахин сонгог­дох магадлал юу юу­наас илүү. Ихэнх Ерөнхийлөгч найман жилээ гүйцээсэн байдаг нь дахин сон­гуульд өрсөлдөх шаард­лагагүй Ерөнхийлөгчөөс хамгийн шал­гар­сан шийдлүүд гардаг гэж үздэгтэй холбоотой билээ. Хэн нэгэн хүнд таалагдах гэж хичээ­гээгүй шийд­вэрүүд нь ард олондоо хамгийн хэрэгтэй байдаг гэж тайл­бар­ла­маар ч юм уу. Мэдээж, дэл­хийн хэмжээний том уулзалтууд төр засгийн тэргүүнүүд нэг нэгэн­тэйгээ уулзах том боломж байдаг. Гэхдээ тэр бүрт нь сэтгүүлчид очиж сур­валжлаад байх боломж тун муу юм. Зай талбай, хамгаалалт энэ тэрээс эхлээд асуудал их бий. Гэхдээ НҮБ-ын байранд нөгөө дэлхийн томчууд чинь бараг хам­гаалалт ч байхгүй алхаж байна шүү дээ. АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон гэхэд л энгийнээр хүмүүстэй ярилцаж, хүссэнтэй нь зургаа авахуулаад явж байна лээ. Ер нь ийм төрлийн хурал цуглаан маш том дипломат арга хэмжээ болдог. Манай Ерөн­хий­лөгчийн хувьд ч уулзалтууд нэлээд байсан. Чехийн Ерөн­хий­лөгч Вацлав Клаус, Швейцарийн  Ерөнхийлөгч хатагтай Эвелин Видмер, Шлумпф, Мьянмарын Ерөн­хийлөгч Тейн Сейн, Японы Ерөнхий сайд Нода гээд.

Японы Ерөнхий сайд манай Ерөнхийлөгчид бараалхах хүсэлт тавьж уулзсан нь Японы тал анх удаа Монголын талд хүсэлтээ тавьж уулзсан тохиолдол болж байгаа юм билээ. Хоёр талууд уулзах өрөөнд эхлээд манай Ерөнхийлөгч орж ирсэн. Тэгэхээр нь сэтгүүлч бидний нөхөд “Хоёр талаас орж ирээд уулздаггүй юм байх даа. Манайх түрүүлж ороод ирэх чинь, эсвэл манай тал хү­сэлтээ тавьсан болохоор хүлээгээд сууж байдаг юм байна л даа” гээд баахан таавар дэвшүүлээд байсан нь эсрэгээрээ байж. Харин манай тал хүлээж авч байгаа болохоороо нэг утгаараа гэртээ хүлээгээд сууж байгаа нь тэр аж. Энэ жижиг жишээ мэт боловч Монголын тал уулзах хүсэлт тавиад гүйгээд бай­даг цаг ард хоцорч л гэж хэлэх гээд байгаа юм.

НҮБ-ын чуулганы нээлтийн үеэр нэг хүн жигтэйхэн “од” болсон нь Мьянмарын Аун Сан Су Чи байлаа. Нобе­лийн Энх тайвны шагналт, ард­чилал хүний эрхийн тэмцэгч, Мьян­марын Үндэсний ардчилсан ли­гийн тэргүүн Аун Сан Су Чиг АНУ-д ирмэгц нь Сенат дээд шагналаа өгөөд, НҮБ-ын чуулганы хамгийн чухал хүн тэр болсон. Нийтдээ 15 жилийн турш гэрийн хорионд байсан тэрбээр нэг талаас бүр юу ч хийгээгүй мэт. Гэхдээ амьдралаа­раа, хань ижлээсээ хол төрсөн нутагтаа хоригдож ирсэн түүний гунигт амьдрал нөгөө тал­даа бирм­чүүдэд эрх чөлөө, хүний эрхийн үнэ цэнийг мэдрүүлж, дэл­хий дахинд ч үүнийг баталж чад­са­наар өнөөдөр дэлхий нийтийн талархлыг хүлээж байгаа мэт. Түүнийг гэрийн хорионд нь байхад сул­луулах талаар Мон­голын Ерөн­хийлөгчийн санаачил­гаар дэлхийн 60 гаруй орны төрийн тэргүүнүүд гарын үсэг зурж ил­гээсэн талаар хэвлэлээр бичигдэж байсан бөгөөд Аун Сан Су Чи ч суллагдангуутаа хамгийн түрүүнд Ерөнхийлөгч Ц.Эл­­бэгдорж руу утасдан та­ларх­лаа илэрхийлж байсан юм билээ. Тэд НҮБ-ын 67 дахь ассамблейн үеэр нүүр тулж уулзсан. Хатагтай Аун Сан Су Чи “Таны НҮБ-ын индрээс дөнгөж саяхан хэлсэн үгийг миний бие сэтгэл догдлон хүлээн авлаа.  Монгол Улс Ард­чиллын салбарт амжилт олж туул­сан туршлагаа бусадтай ху­ваал­цаж байгаад бид баяртай байна. Мөн Монгол Улс АОХН-ийг дар­галж олон сайн санаачилга гарган хүн төрөлхтний өөдрөг ирээдүйд хувь нэмрээ оруулж байгаад баяр­тай байна” гэсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Харвардад лекц унш­чихаад НҮБ-д ирсэн бол ха­тагтай Аун Сан Сун Чи НҮБ-ын хурлаасаа Харвард руу илтгэл тави­хаар явах гэж байсан билээ. Ард­чилсан орнуудын хамтын ний­гэм­лэгийг даргалж буй орны хувьд хурлыг манай Гадаад хэргийн сайд Л.Болд даргалж явуулсан бөгөөд дарга орны Төрийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг ху­ралдаан дээр орж ирж үг хэлсэн. Манай улс тус нийгэмлэгийн дар­гын хувьд Мьянмарын ардчилсан өөрчлөлтөд дэм болгох зорилгоор Ардчилсан орнуудын хамтын ний­гэмлэгийн Ажлын түр хэсэг бай­гуулах санаачилгыг өнгөрсөн дол­ду­гаар сард гаргасан ажээ. Харин энэ удаагийн хурлаар уг санаачилгыг дэмжиж, ажлын хэс­гийн анхны хуралдааныг хийсэн. Ингэхдээ даргаар нь Монголын талыг сонгосон билээ. Ер нь манай улсыг даргалж байх хуга­цаандаа маш идэвхтэй, өндөр үүрэг оролцоотой оролцсон гэж үнэлж байгаа гэсэн. Манай зүгээс ч энэ нийгэмлэгийг олон улсын байгууллага болгох са­наачилга гаргах гэж байгаа аж. Ирэх хавар дараагийн улсад хүлээлгэж өгөхдөө бас хийсэн юмтай байж чадвал монголчуудын нэр хүндэд хэрэгтэй юм даа.

НҮБ-ын хаш ногоон индэр бүхий том танхимд үйл явдал өрнөж байхад гадаа гудамд ч амьдрал буцалж байлаа. Ардчилал, эрх чөлөөний өлгий гэгддэг АНУ-д төр засгийн тэргүүнүүд ирсэн дээр гэсэн шиг үгээ ч үзэл бодлоо ч илэрхийлэх шиг болдог юм билээ. НҮБ-ын байнгын төлөө­лөгчийн газрын цэргийн зөвлөх С.Амарсайхан ах хурлын үеэр хүмүүс жагс­даг газар хэмээн урт гэгчийн гудамжийг зааж  байсан билээ. Үнэхээр ч эзгүй тэр гудамж хурлын үеэр жинхэнэ амь орох шиг болсон шүү. Энд тэндгүй уриа лоозон барьсан ул­сууд. Эхний өдөр “Free Tibet” гэсэн уриа лоозон барьсан хүмүүс “Ич ич, Хятад улс, Сэр сэр НҮБ” гээд л үг толгой холбож ирээд цуглаан хийж байх нь жигтэйхэн содон харагдсан билээ. Дэргэд нь бас хэдэн өндөр хар нөхөд зогсоод дэмжиж байх нь содон байв. Гэтэл тэд Түвдийн асуудал биш өөрс­дийнхөө зовлонг ярьж байгаа кон­гочууд байсан аж. Түвдүүд эрх чөлөөт Түвдийн төлөө амьдаараа зулын гол болж байгаа залуус, лам нарын зургийг нэр устай нь хэвлээд зогсжээ. Зари­мынх нь зураг ч олддоггүй бо­лолтой. Тэр хүмүү­сийн насыг нь харахад 17-18 тэгээд 19 настай нь гэх жишээтэй. Залуу нас л хүнийг юунаас ч айдаггүй, юуг ч бодуул­даггүй гэнэн тэнэг, эрмэг зоримог байлгадаг даа гэж бод­моор. Харин конгочууд одоогийн Ерөнхийлөгч Жозеф Кабилаг олон зуун хүний аминд хүрч байна гэж буруутгаж цугларчээ. Дараагийн өдөр нь бүр олон хүн цугларсан харагдана лээ. Тэнд Хятадын удир­дагчдыг буруут­гадаг Фалунго хө­дөлгөөнийхөн, Сирийн удир­дагч­дыг буруутгаж буй хүмүүс, Ираны Ахмадинежадын багийг бүр хэд хэдэн төрлийн дүр царайтай хий­гээд хип хоп аяанд бүжиглэгсэд гээд. Нэг хятад залуу “Шанхай хотын захиргаа манай газрыг булааж авах гээд ээжийг маань үхэлд хүргэсэн” гэсэн бичиг бүхий пайз барьчихаад ганцаараа зогсч байх жишээтэй. Тэд олон газрын өөр өөрийн асуудалтай боловч урт нарийн гудмаасаа гарна гэж байх­гүй, тэндээ л өөрс­дийн­хөөрөө дуу хоолойгоор өргөж байгаа харагд­сан. Тэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байна, бас гудмаар явах хүмүүсийн замд саад болохгүй хашиж тавьсан хашаандаа л орилж байна. Аме­рикт ингэж жагс­даг ажээ. Манхэтэн дүүргийн нэгдү­гээр өргөн чөлөөнд…

Categories
редакцийн-нийтлэл

Ард түмэн “заводын дарга” шиг нөхдөөр удирдуулахдаа дуртай байх уу?

Шинэчлэлийн Засгийн га­зар байгуулагдаад шил ши­лээ дарсан ажлууд төлөвлөөд сүрхий л байх шиг. Эхнээсээ авч байгаа арга хэмжээнүүд нь ч ард түмэнд таалагдаж, сэтгэлд нь хүрч байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ бас юм бай­на аа байна. Тэр дундаас жижиг ч гэмээр нэг зүйлийг зориуд хэлмээр байгаа юм. Хэдийгээр том ажлын дэргэд энэ шүүмжлэл яамай байна аа гэж хэлж болох ч аливаа юм жижигддэггүй билээ. Тэр тусмаа том ажил хийх гэж яваа бол жижиг асуудал гэж байх ёсгүй.

Шинэчлэлийн Засгийн газ­рын гишүүд гэж нэг л цамц­ныхаа захыг гозойлгосон нөхөд байх юм. Тэр хүмүүст зангиа зүүхгүй, энгийн хув­цас­лаж байвал ажил хийдэг хүн шиг харагдаж, ард түмэнд таалагдана гэж хэн нэгэн нь хэлчихсэн болтой юм. Гэтэл яг үнэндээ дээхнэ үеийн сүүн заводын дарга нар шиг л харагдаад байна. Соц цагийн сүүн заводын дарга нар гэж заваандуу сорочкин цамцаа сүү цөцгийн тосонд халтартсан өмдөөрөө даруу­лаад өмсчихсөн нөхөд явж байдаг сан. Сахал үсэндээ баригдчихсан, бас тэрүү­хэн­дээ хөөрхөн гүзээтэй. Хөдөө нутагт байгаа нэгждээ хам­гийн ойр төр засгийн төлөө­лөл ч гэмээр. Гэвч багахан сэтэртээ таарамгүй энгийн тэднийг хэн ч дарга даамал гэж хардаггүй байв. Тэдний өмссөн зүүсэн нь, өрвийсөн үс нь, нэрмэл эргүүлж, илүү дутууг гоочилж яваа нь тийм итгэл үнэмшил төрүүлж чад­даггүй байв даа.

Шинэчлэлийн Засгийн газ­рын гишүүд ч хуралдаа зангиагүй, иргэдтэй уулзаж явахдаа ч зангиагүй, бүр спорт хувцастай, телевизийн ярилцлагад орохдоо ч там­хины утаа сааралтуулж үнс­ний саваар чамирхаж байна. Шинэ залуу дэд сайд нар нь ч ингэдэг юм байна гээд бод­чихсон футболктой ажил яриад явж байна. Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэсэн шиг хувцаслах юм. Уучлаа­рай, та бүхэн ерөөсөө төрийн сайд шиг харагдахгүй байна. Харин сүүн заводын дарга нартай адил байна.

Цайвар цамц, ба­раан хослол өмсөөд цэмцгэр гэгч нь зангиа зүүсэн дүр төрх бол дэлхийн стандарт ажил хэрэгч хүний дүр төрх. Үүнийг цагаан захтан, хоосон хээн­цэрлэл гэж буруутгах хэрэггүй. Ямар ч орны төрийн ёслолын албанд ийм жишгийг л барь­даг. АНУ-ын хар арьст Ерөн­хийлөгч Б.Обама ч зангиа зүүж, Солонгос, Хятадын өтөл хашир улстөрч нар ч энэ жишгийг дагадаг. Төрдөө хүн­дэтгэлтэй хандаж байгаа­гийн, түмэн олноо хүндэлж байгаагийн илрэл болгож энэ жишгийг барьж, төрийн буу­рал тэргүүнүүд үсээ ч товло­сон хугацаанд будуулдаг гэж байгаа. Хойд Солонгосын парламентын дарга, түшээд ч гэсэн өөрсдийн үйлдвэрийн хийц муутайхан гонжоомоо ч хилийн чинадад жимбийл­гээд өмсөөд явж байдаг. Энэ бол тогтсон жишиг. Гэтэл манай ардчиллынхан дадаж сурснаараа явах гээд байх шиг байна. Одоо та нар хуу­чин шигээ гудамжинд лааз өшиглөж яваа биш, парла­ментад олонхи суудлыг нь авч Засгийн газраа байгуул­чи­хаад байгаа шүү дээ. Ард түмэн сүүн тасгийн дарга нар шиг хүмүүст биш харин өөрс­дөд нь хүндэтгэлтэй хандаж буйгаа гадаад байдлаараа эхний шатанд илэрхийл­чих­сэн үсээ самнаад, гэдсээ тат­чихсан хүмүүст илүү итгэнэ л дээ. Ер нь өөрийгөө аятайхан аваад явчихгүй байгаа хүнийг өөрсдийг нь аваад явна гэдэгт хэн итгэх юм бэ. Одоогоос хэдэн жилийн өмнө Ядам­дорж гэдэг хурандаа Замын цагдаагийн газрын дарга болонгуутаа “Гүзээтэй замын цагдаа гэж юу байдаг юм. Ийм хүнийг ажлаа хийхгүй бай­гаад тооцно” гэж бүгдийг нь эрээн мод бариулаад гаргаж байсан гэдэг. Ажлаа хэрхэн хийж буй нь байгаа байдлаас нь харагддаг ажил мэргэжил гэж бас байх юм. Түүн шиг шинэчлэлийн Засгийн газар гээд хүний сэдэхгүйг сэдээд, хийж бүтээгээд мундаг байж болно л доо. Гэхдээ жаахан юм шиг боловч үүн дээрээ анхаарчихмаар байна.

Шинэчлэлийн Засгийн газ­рын сайд нарт зааж зөв­лө­дөг имиж мэйкер энэ тэр байдаг л байлгүй. Үүнийг хэлж туслаач ээ. Ажил мундаг хий­дэг хүний дүр бүтээж байгаа нь энэ гээд зангиагаа тайлж хаяад чөлөөтэй хувцаслаад яваад байгаа нь тийм ч зөв шийдвэр бишийг. Амралтын өдрөөр Засгийн газар хурал­даж байгаа нь энэ гээд арван жилийн хүүхдүүд шиг цугларч ирмээргүй байна. Нэгэнт л төр засгийн ажлыг ярьж бай­гаа бол тэгж итгэл төрүү­лэхээр харагдах ёстой. Тэгэх­гүй бол нэг л алхаг залхуу, замбараагүй харагдаж бай­на. Тийм хүнийг элэг барьдаг л байхгүй юу. Нүдээрээ олзлогдоод л эхэлнэ.

Муу хэлүүлсээр
ирсэн МАН-ынхан гэхэд ядаж үүний­гээ
мэддэг болчихсон байсан шүү
дээ. Одоо АН-ынхан гудамжинд байсан имижээ гээж, төр авч яваа хүмүүсийнхээ төрхөнд ор­моор байна. Ядаж л нүдээрээ хараад эрх баригч гэдэгт тань итгэмээр байна
ш дээ. Ард түмэн “сүүн заводын дарга” шиг нөхдөөр удирдуулахдаа дуртай байдаггүй юм.

Categories
редакцийн-нийтлэл

Харвардын хаялга

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцохоор өнгөрсөн сарын 19-ний өдөр АНУ-ыг зорьсон билээ. НҮБ-ын хуралд оролцохынхоо өмнө Харвардын их сургуульд лекц уншихаар Бостон хотод хүрэлцэн ирсэн юм. Массачусэттс мужийн Кэмбриж болон Бостонд байр­ладаг Харвардын их сургуулийн нэрийг өнөө цагт дуулаагүй хүн үгүй гэхэд болно.

Харвардын их сургууль нь АНУ-ын  хамгийн эртний сургууль гэдгээ­рээ бас хамгийн нэр хүндтэй төг­сөгч­дийг дэлхийн хэмжээнд бэлт­гэдгээрээ орон зайгаа тодор­хойлчихсон газар. Харвард төгссөн хүмүүсийн ажиллах өндөр албан тушаал, компаниудын жагсаалт тодорхой байдаг гэлцдэг. Ерөөсөө энгийн компаниудад эндхийн төг­сөгч анкетаа өгдөггүй, өгсөн байлаа гэхэд нөгөө тал нь “Уучлаарай тан шиг ийм нэр хүндтэй сургууль төгс­сөн хүнд таарах ажлын байр бидэнд байхгүй” гэсэн хариулт сонсдог гэсэн яриа байдаг билээ. Авахгүй гээд буцаадаг нь юу л бол. Гэхдээ л Харвард гэдэг нэр нь тэр чигээрээ мэдлэг чадвар, итгэл үнэмшлийн тод нэрийн хуудас болдог нь үнэн. Харвардын эртний улаан тоосгон байшингуудтай модот гудмаар нь ороод ирэхэд тэс өөр сэтгэгдэл төрнө. Ерөөсөө тэнд сурах ёстой гэсэн бодол л төрдөг байх гэмээр. Харвардад АНУ-ын найман Ерөнхийлөгч, Нобелийн 75 шагналтан суралцаж төгссөн, бас одоо амьдарч буй 62 тэрбумтан эдний бүтээгдэхүүн. За тэгээд АНУ-аас гадна хэчнээн улсын Ерөн­хийлөгч ч байдаг юм, нэмэгдэж таарна. Ямартай ч Харвардаас бас нэг Ерөнхийлөгч төрсөн нь манай улсын Ерөнхийлөгч. Харвардын их сургууль нь дотроо 12 сургуультай бөгөөд 21 мянган оюутны 14500 орчим нь магистр түүнээс дээш зэрэг горилон суралцдаг гэж бай­гаа. Дээрх 12 сургууль дотроо хамгийн нэр хүндтэй нь Жон Кен­недийн нэрэмжит сургууль гэгддэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2001 онд тус сургуулийн оюутан болж ирж байсан бол дахин ирэхдээ сургуулийнхаа оюутнуудад лекц тавихаар очсон нь энэ. Мэргэжлийн онцлогоосоо шалтгаалж сургууль сургуулийн оюутнууд янз бүрийн эрдэмтэн мэргэд, нээлтийн эзэдтэй уулздаг бол хууль, улс төрийн сургуулийг багтаасан Жон Кенне­дийн сургуульд дэлхийн томоохон удирдагч, улстөрчдийг урих нь элбэг. Есдүгээр сард хамгийн их лекцтэй байдаг гэх бөгөөд манай Ерөнхийлөгчийн лекцийн дараа Мьянмарын ардчиллын тэмцэгч  Аун Сун Су Чи, Аргентиний Ерөн­хийлөгч Кристина Фернандес нар есдүгээр сарын 27-ны өдөр 17.30 ба 20 цагаас дараалаад форумд оролцохоор зар гарсан нь хараг­дана. Ер нь Харвардын оюутнууд нэг талдаа туйлын их зантай. Хэр баргийн хүний лекцийг тоож ирдэг­гүй гэгддэг. Үнэхээр сонирхсон хүнийхээ лекцэнд сандалгүй ч гэсэн зогсч байгаад л суудаг бол зарим дээр нь гол гороймоор ирдэггүй гэж байгаа. Ямартай Монгол Улсын Ерөнхийлөгчийн уулзалт их зантай Харвардын оюутнуудын анхаарлыг татжээ. Энэ нь Монгол гэдэг улс сонин байгаа­гийнх биз нөгөө талаас өөрсөдтэй нь адилхан Харвард гэсэн бичигтэй цамц өмсөөд явж байсан нөхөр нэг улсын Ерөнхийлөгч хэмээн уриг­даад лекц уншиж буй нь сонирхлыг өдөөсөн байх. Ямартай ч Жон Кеннедийн сургуулийн лекц болох танхим хөл тавих зайгүй болжээ. Сүүлд тэндхийн оюутнуудаас сон­со­ход энэ удаад лекцийн тасалбар урьд өмнөхтэйгээ харьцуулахад туйлын эрэлттэй байсан аж. Тасал­бар авах эрхийн төлөө хоорондоо сугалаа татсан гэнэ. Манай Ерөн­хийлөгчөөс Ираны цөмийн зэвс­гийн талаар тун нухацтай асуугаад байсан оюутан залуу “Танай орныг үнэхээр сонирхож байгаа. Монгол дэлхийд анхаарал татаж байгаа орон. Тэр утгаараа бас ардчиллын удирдагч Ерөнхийлөгчийн яриаг сонсохыг үнэхээр хүслээ. Аз боло­ход тасалбар нь олдсон шүү. Ма­най найзууд бүгдээрээ сугалаа­гаар тасалбар авч, энэ лекцэнд сууж чадсандаа сэтгэл хангалуун байна” гэж байсан билээ. Бас тэнд суралцдаг монгол оюутнууд ч баяр хөөртэйгөөр цугларчээ.

Уг уулзалт форумыг Кеннедийн сургуулийн декан Дэвид Эллвуд нээхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийг оюутнуудад дэлгэрэнгүй танил­­цуулсан юм. Чингэхдээ сур­гуулийнхаа шилдэг төгсөгч гэдгээр нь бахархаж буйгаа үгийнхээ эхэнд дурдаад “Тэр энэ сургуулиас олж авсан мэдлэг, ур чадвараа бодит амьдрал дээр үйл хэрэг болгож, улс орноо амжилттай удирдаж хүний эрх, эрх чөлөө шударга ёсны төлөө тууштай тэмцэж яваа” хэмээн тодот­госон юм.

Ерөнхийлөгч Харвардын оюут­нуудад хандан “Миний гартаа зүүсэн Харвардын төгсөгчийн бөгж бол надад хамгийн үнэ цэнэтэй эд. Гэрлэлтийн баталгаа болсон бөг­жөө эхнэрийнхээ зөвшөөрөлтэй тайлж Харвардын бөгжөө салгал­гүй зүүж ирлээ” гэхэд танхим дүү­рэн хөгжилдөн инээж, жигтэйхэн өөриймсүү болох нь ажиглагдсан. Тэрбээр сургууль төгсөөд юу хийх вэ гэж бодсон талаараа, энд сур­сан номоо зах зухаас нь хүмүүст хүргэхийн тулд “Нүүх үү, үлдэх үү” лекц уншсан талаараа, авлига гэдэг ардчилсан төрийн асуудал болох тухай, ажил аваад авлигын эсрэг тэмцэж ирснээ, хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллахдаа авлигын эсрэг эхлүүлсэн ажил нь түүнийг хоёр ч удаа хугацаанаас нь өмнө унагасан талаар, парла­мент дэмжихгүй ч ард түмэн дэм­жиж байсан талаар ярьсан. Мөн байгаль орчны салбарт хийж ирсэн ажлуудаасаа сонирхуулсан. Тэр­бээр Монголын газар нутгийн 46 хувь буюу Альяска мужийн газар нутагтай дүйхээр газар нутаг нь уул уурхайн лицензүүдэд хэрэгдсэн байсан нь одоо 15 хувь болтлоо багассан гэж харьцуулан ярих нь сонсч буй оюутнуудад ойр бууж байгаа бололтой. Хэдийгээр Ерөн­хийлөгч манайхны хувьд мэддэг зүйлсийг яриад байгаа мэт ч нөгөө талд ардчиллыг тайван замаар хийж одоо хөрсөндөө бат бэх суулгах гэж байгаа Монгол Улс, байгалийн асар их нөөцтэй Монгол Улс, хөдөө малчин айлын найм дахь хүүхэд коммунист ЗХУ-д сургууль төгсчихөөд нутагтаа ирж ардчилсан хувьсгал эхлүүлсэн нь, Харвардад төгсөөд нутагтаа очоод дахин Ерөнхий сайд дараа нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажил­лаж байгаа тэр түүх нь тэдэнд бүхэлдээ сонин байгаа нь харагдаж байсан юм. Тэр сонин нөхрийн лекцийг сонсохоор азын сугалаа­гаар орж ирсэн нөхөд ч хоосонгүй гэдэг нь асуултуудаар нь харагдав. Манай Ерөнхийлөгчийн өнгөрсөн наймдугаар сард Иранд хийсэн айлчлал нь барууныхны анхаар­лыг ихэд татсан гэдэг нь Харвар­дын оюутны асуултаас мэдрэгдэж байлаа. Гэхдээ Монгол Улс бүр хорь гаруй жилийн цөмийн зэвсэг­гүй бүс нутаг болохоо зарлаж, түүнийг нь хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн орнууд бүгдээрээ баталсан тэр баримт нь тэдний эргэлзээнд нэг талаасаа хариулт өгч байгаа юм. Ерөнхийдөө Монгол Улс дэлхийн том орнууд ч харилцах гээд бардаг­гүй Иран, Хойд Солонгостой эрт­ний найрсаг харилцаатай улс тэг­сэн атлаа барууны улс орнуудтай ч ойлгомжтой ойрхон харилцаатай онцлог гүрэн гэдгийг ирээдүйн дэлхийн томчууд болох харвард­чууд ойлгосон байх аа. Бас Өмнөд Суданаас ирсэн гэх нэгэн оюутан Ерөнхийлөгчийн тодотгосон авлигын тухай сэдвийг хөндөж асуулт тавьж байгаа нь содон байв. Харин дараахан нь өөр асуултын хариуг өгөхдөө Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж “Манай улс энхийг сахиулах үйлсэд гар бие оролцож байгаа. Түрүүнд өмнөд Суданы оюутан асуулт тавьж байсан. Өмнөд Суданд гэхэд манай найман зуу гаруй энхийг сахиулагч алба хааж байгаа” гээд яриан дунд хавчуулаад авсан нь тэдэнд бага­гүй сэтгэгдэл төрүүлсэн байх. Ерөн­хийдөө Монголын Ерөн­хий­лөгчөөс Монголын асуудлыг бус дэлхийн хэмжээний, бүс нутгийн асуудлуудыг сонирхож байсныг онцлох хэрэгтэй болов уу.

Ерөнхийлөгчид асуулт тави­хаар дугаарласан оюутнуудын цөөнх нь л асуултаа тавьж амжсан. Учир нь тэд асуулт тавихаар жаг­саад зогсчихдог юм байна лээ. Декан нь асуулт тавих оюутнуудын дугаарыг таслахад үлдсэн хэд нь урамгүйхэн сууж харагдсан. Ийм төрлийн форум дээр зөвхөн оюут­нууд бус эрдэмтэн багш нар нь олноороо суудаг юм билээ. Хар­вардын их сургуулийн маршал гэж хуучны ланжгар албыг Жеки О Нил хэмээх хатагтай хашдаг аж. Ерөн­хийлөгч Клинтоны арын албанд ажиллаж байсан гэх мундаг эмэгтэй Ерөнхийлөгчтэй уулзах үедээ тэтгэлгээ зөв хүндээ өгч гэж юуны өмнө онцолсон билээ. Тэдний хувьд итгэж тэтгэлэг өгсөн оюутан нь амжилтад хүрээд, улс орныхоо тэргүүн болоод явж байна гэдэг хамгийн том бахархал хүндэтгэл нь байж таарна. Кеннедийн сургуу­лийн сургалтын албаны захирал эмэгтэй гэхэд л “Танай Ерөнхий­лөгчийг сурч байхад би энд байлаа” гээд байн байн бахархан яриад байсан билээ.

Маршал Жеки О\’Нил “Монгол Улс бол ардчиллын үлгэр дуурайл болсон, өөр нийгмээс шилжих шилжилтийн хугацаандаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэх тал дээр хамгийн өндөр амжилтад хүрсэн орны нэг. Харвардын судлаач оюутнуудыг Монголд ажиллуулан, харилцан оюутан солилцож турш­лага судлах чиглэлд хамтран ажиллах сонирхол байна. Бас монголчуудын арвин их түүхийг судлан, монгол судлалыг хөгжүү­лэх сонирхолтой байна” гэж байлаа. Харвард газар газрынхаа судлалыг зарим их сургуулиудад алдчихаад байгаа болохоор сүүлийн үед тухайлсан орон суд­лал дээрээ анхаарч ажиллах нь гэж дуулдсан нь үнэн бололтой. Харвар­дын хувьд монголчуудад илүү нээлттэй байх бодлого барим­талж ажиллах нь тэдний ярианаас мэдрэгдэж байлаа. Тэнд суралцдаг монгол оюутнууд хэлэхдээ “Бид бүгдээрээ тэтгэлгээр суралцдаг. Жилийн орлого нь жаран мянган ам.доллараас бага улс орнуудын оюутны хувьд тэтгэлгээр суралц­даг. Тэгэхээр өөрийгөө сурч чадна гэдгээ харуулж чадсан хэнд ч энэ сургууль нээлттэй. Харвард гэхээр манайхан халгаад байдаг. Хэн юу хийж чадахаа харуулбал хэцүү биш ээ, энэ сургууль” гэж байсан билээ. Ерөнхийлөгчид ч тус сургуулийн удирдлагууд тан шиг ийм төгсөгчид ирэх юм бол Харвард илүү нээлттэй байх болно гэсэн хандлагыг илэр­хийлж байсан билээ. Харвардын хувьд жилийн төлбөр нь өндөр гэдэг ч сурч чадах, эрмэлзэл нь их. Төгсөөд юу хийж чадахаа харуулах бол харин ч тэтгэлэг гэдгийг өгөөд байдаг газар шиг билээ. Энэ сур­гуу­лийн хувьд сайн төгсөгчдөөрөө бий болгосон нэр хүндээр их мөнгө төлж Харвардын оюутан болох хүсэлтэй баячуудын хүүхдүүдийг татаж байдаг юм шиг санагдсан. Саяхан л гэхэд хар арьст загвар өмсөгч Тайра Бэнк­сийг хэдэн долоо хоногийн бизнесийн сур­галтад сууж, диплом хүртсэн гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр жигтэйхэн шүүмжилж байсан билээ. Нээрээ ч супер загвар өмсөг­чийн хэдэн долоо хоногийн хуга­цаанд сурч гийгүүл­сэн нь юу л бол. Гэхдээ түүний өгсөн 100 мянган ам.доллар нь өөр нэг ирээдүйн лидерийн сур­галт байрны тэтгэлэг болж очино гэхээр бас буруутгаад ч байх зүйлгүй мэт. Алдар нь дөрвөн зууны турш энэ сургуулийн, энд­хийн төгсөгчдийн нэрийн хуудас болж яваа Жон Харвард тус сургуулийн энгийн нэгэн төгсөгч байсан. Гэхдээ тэр гэрээслэлдээ өөрийнхөө хөрөнгийн тэн хагас болох 780 фунт стерлинг, 320 боть номыг өгөх болсноор энэ сургуу­лийн хамгийн том хандивлагч болсон байдаг. Ийм сэтгэлийг шингээж чадсанаараа ч Харвар­дын номын сан АНУ-ын хамгийн том бас дэлхийд томд тооцогдох номын сан болж чадсан биз ээ. Тэгэхээр их ирээдүйг ямар нэгэн байдлаар өглөг хаялга дагалдаж явдаг л хойно арга ч үгүй юм уу. Харвардын хаялга бидэнд ардчил­сан Ерөнхийлөгчтэй болох боломж бас олон арван ирээдүйн залуу чадвартнуудыг өгч байгаа. Тэр хаялгыг хүртэхийн тулд залуучууд маань том зорилго, том мөрөө­дөлтэй баймаар юм байна. Энэ мэт бодлууд Харвардын эрхэмсгээр  дүнсийх улаан тоосгон байшингууд дунд алхаж байхад төрж байсан билээ.

Үргэлжлэл бий.
Э.ЭНЭРЭЛ

 

 

Categories
редакцийн-нийтлэл

МАН дахин Коминтернд хандлаа

Коминтерн хэмээх бай­гуул­лага монголчуудын амьд­ралд, Мон­голын
түүхэнд ямар “гавьяа” бай­гуулсан
гэдгийг бид одоо хэр мар­таагүй.
Мон­голын хамгийн сэхээр­сэн боловсорсон хүмүүсийг, хам­гийн гэгээрсэн, уншсан
лам хув­рагуудыг хороож тэдний гэр бүл,
үр хүүхэд ахан дүүсээр нь дам дамаа хэл­мэг­дүүлэн тарчлаасан билээ. Тэгэхийн
үндэс шалтгийг тухайн үеийн МАХН харин одоогийн МАН хийсэн.
Тэр үеийн намын удирд­лагууд
Коминтернд хандаж захиа бичин хар, шар феодалуудыг дарахад туслахыг хүссэн бай­даг. Их хэлмэгдүүлэлт ингэж л эхэлсэн. Ид насны
олон эрчүүд насны хэмжлээс
өмнө буцаж, олон эмс хүүх­нүүд өнчирч,
Монголд хүн амын бодлого алдагдаж,
ард олон айдас хүйдэстэй өдрийг өнгөрөөж аймшигт хэлмэгд­лийг биеэр туул­сан
билээ. Ташуур бороохойгоор зэвсэг­лэсэн үзэл
бодол өөр хүмүү­сийн тэмцлийг Коминтерний тус­ламжтай танк, нисэх
онго­цоор өвч зэвсэглэн байж
дарж авсан юм. Тэр үеийн дайсан
гэгдсэн хүмүүс нь хувийн өмчтэй байхыг чухал­чил­сан, шашин
шүтэх эрх чөлөөгөө
хүсэмжилсэн, бүг­дийг нийтийн болгохыг хүлээн зөвшөөрөөгүй нэг үгээр
эрх баригчдынхаа эсрэг үзэл
бодолтой хэсэг байсан. Олгой хагаравч тогоондоо, гар хуга­равч ханцуйдаа гэгчээр
асууд­лыг до­тоод­доо ший­дэхийн оронд гадны байгуул­лагаас тусламж хүсэн захи­дал илгээснээр эл хар
түүх эхэлсэн юм. Коминтернд
захи­дал илгээж байсан нам болох МАН-ынхан сая мөн
тэр байгууллагадаа захидал илгээсэн нь анхаарал татаж байна. Өнөөгийн Социнтерн бол хуучин цагийн Коминтерн билээ.
Бүр анх 1864 онд социалист,
коммунист, анар­хист улс төрийн
хүчнүүд бо­лон үйлдвэрчний эвлэлийн­хэн нэгдэж
хөдөлмөрчин ангийн эрх ашгийг хамгаа­лахаар байгуу­лагдаж
байсан тус байгууллага 1919 онд Москвад болсон гурав дахь удаагийнхаа хурлаар Комин­терн
гэгдэх болсон. 1943 он болтол Коминтерн нэрээр үйл
ажил­лагаа­гаа явуулж байсан эл байгууллага 1951 оноос Социнтерн нэрээрээ жигдэрсэн
байгаа. Одоо дэл­хийн олон намыг багтаасан, олон орны улстөрчдийг ар­даа жагсаасан томоо­хон
бай­гуул­лага. Тэгвэл хуучны Комин­­тернд МАН-ын ерөн­хий нарийн бичгийн дарга Г.Зан­даншатар өөрийн гараар нэгэн захидлыг илгээжээ.
Ардчил­сан нам сонгуульд ялснаар ард­чилал­гүй
боллоо гэж эмзэглэж буйгаа илэр­хийлсэн уг захидалд АН-ыг олонхиороо түрий барьж, МАН-ыг үл тоомсорлож удаа дараа­гийн хүргүүлсэн мэ­дэгд­­лүүдийг
тоохгүй байгаа талаар өгүүлсэн байна. Тэ­гээд эрхэм ерөнхий нарийн бичгийн дарга Луис
Аяалаг бодит нөхцөл байдлыг Со­цин­терний ах дүү намуудад өөрийн шугамаар тайлбар­лаж үнэн зөв мэдээлэл өгө­хийг хүсчээ.  Энгийнээр
хара­хад нэг байгуул­лагын гишүүн
нь дарга даамалдаа хандаж захидал илгээсэн мэт боловч монголчуудын хувьд эмзэг­лэл
төрүүлэм, хар дарсан он жи­лүүдийг эргүүлж сануулж айдас хургуулж байна.
Энэ намын удирд­лагууд нэгэн цагт мөн
л энэ байгууллагад хандан захидал илгээн айм­шигт хэлмэгдүүлэлт болж байсан шиг бас л энэ
намынх­ны бичсэн захидлын араас ард түмэн
хохирох үйл явц болох вий
гэсэн айдас төрж байгаа юм.
Өнөө цагт нисэх онгоц, танк илгээн гишүүн байгууллагаа харж үздэг хууч­­ны асуудал өнгөрсөн.
Харин эдийн засгийн хувьд дөнгөчих хөөрхөн
арга бий.  Дэлхийн 100 гаруй орны 150 орчим
улс төрийн намуудыг эгнээндээ
багтаасан Социн­терн бол хүчтэй
байгуул­лага. Гишүүн орнуудын
цөөнгүй нь улс орондоо эрх баригч хү­чин. Харин тэднээс ирэх ша­халт
хэнд дарамт болж ирэх вэ. Ерөөсөө ард түмэнд. Уул уурхай дээр юм уу, гадаа­дын хөрөнгө
оруулалт дээр ямар нэг хэлбэрээр ороод л ирнэ. 
Аль нэг нам эрх баригч бо­лоо­гүй
юм уу, бүлэг бай­гуулж чадсан
эсэх  нь дийлэнх олон­хид огтхон ч падгүй бай­даг. Ардчилсан намынхан бү­лэг­­гүй, Л.Гүндалай
тэнд орилж, Ж.Наранцацралт дуу­гүйхэн
гуниг­лаж суух нь тэр ард түмэнд
сонин биш бай­сан, дараа нь эвсэл задарч мөнөөх АН дахиад л бүлэггүй болж МАН-д дагаар орох гээд гүйж байх нь бас л хэнд ч сонин биш
байсан. Одоо МАН нь бүлгээ
байгуулмаар байна гээд, харин АН-ынхан нь боож байгаа нь бас л тэдэнд чухал биш.
Ард түмэн дараа нь сонгуулиар
л хэн нь шог­тож, согтож байсныг нь дүгнэ­чихдэг.  Гэтэл энэ удаад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Зандан­ша­тар
Социн­терн хийгээд Олон улсын парламентын хол­боонд хошуу өргөв. Дотоод­доо хэл амаа олоод явахын оронд хил дамнан
заргын бичиг илгээж байна. Хамгийн хоржоонтой нь хэл­мэгдэгс­дийн дурсгалыг хүн­дэт­гэх өдрөөр түүнийгээ
явуулжээ. Коминтернд захи­дал илгээж тусламж хүсч,
тэр хүсэлтийнх нь дагуу алж
хо­роо­сон 37 мянган хүний
дурс­галыг хүн­дэт­гэх өдрөөр шүү.
Арай эдийн засгийн хэлмэг­дүүлэл­тийн
эрин энэ захидлаас улбаалах юм биш байгаа. 
Танкийг хүлээд зог­соо­чихож
болно гэсэн бодол­той байсан ташуур бороохой барьсан үзэл бодлын зөрүү­тэй хүмүү­сийг
хүчирхэг тех­никээр нух­чин
дарж, он жил үргэлжил­сэн
хэлмэгдүүлэл­тийг хийж байсан
энэ намын гай нь түүгээрээ
л дуусаасай билээ. Өнгөрсөн сонгуулийн өмнө­хөн хэлмэгдүүлэлтийг
МАН биш харин Коминтерн гэх гадны хүчин
хийсэн мэ­тээр ярьж сурталчилж байсан МАН-ынхан энэ удаад да­хиад л тэр байгууллагадаа
хандсан нь юуг зөгнөнө вэ?

Categories
редакцийн-нийтлэл

Есөн бүсгүйдээ захих үг

УИХ-ын 2012 оны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэг­дүүлэх тал дээр манайхан хаа хаанаа л хичээв. Сонгуулийн тухай хуулиндаа квотын асуудлыг ший­дэж, олон улсын байгууллагуудаас эхлээд төрийн бус байгууллагаа хүртлээ нийгэмдээ хандсан ухуулга сурталчилгаа багагүй явуулсан билээ. Төрийн тэргүүн хүртэл “Би үнэхээр эмэгтэйчүүдийг улс төрд орж ирвэл итгэнэ. Эмэгтэйчүүд нийгмийг бүхэлд нь харж байдаг. Эмэгтэй хүн олдсон эрх мэдлээ хуваадаг, олдсон баялгаа хуваадаг юм. Эмэгтэй авлигач гэж сонссон уу, эмэгтэй дарангуйлагч гэж сонс­сон уу. Эмэгтэйчүүдийг Монголын төр бүх шатанд дэмжих ёстой” гэж нийслэлийн иргэдтэй уулзах уул­зал­тын үеэр байр сууриа илэр­хийлж байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч улс төр дэх эмэг­тэй­чүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухайд нийтлэлийн бодлогоо чиг­лүүлж, өдөр тутмын сонины эмэг­тэй эрхлэгч нар нэгдэн улстөрч эмэгтэйчүүдээ дэмжин сонины зай талбайнаас эхлээд бүхий л боломжоороо дэмжиж байсан. Сэтгүүлч миний бие “Гурвыг гуч болгоё” хэмээн бичиж байсандаа өнөөдөр баяртай байна. Гуч болоо­гүй ч гурав дахин олуулаа болсонд. Ер нь Монголын нийгэм хэр хэрээрээ л дэмжсэн юм.  Хэдий­гээр 2008-2012 онд парламентанд сууж байсан гурван эмэгтэй гишүү­ний тоо гурван гурвын ес болж үржсэнд олон хүн сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ заавал эмэгтэй хууль тогтоогчийг өсгөх тоон ялгаан­даа бус харин Монголын нийгмийн тэн хагасыг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл шийд­вэр гаргах түвшиндээ харь­цаа, дүн бараа нь ойролцоо байх ёстой гэсэн шударга зарчмын төлөө шүү дээ.

Ямартай ч УИХ маань дөрвөн нам эвслийн бүр задалбал таван ч намын (АН, МАН, МҮАН, МАХН, ИЗНН) есөн эмэгтэй гишүүнтэй боллоо. Энэ бүсгүйчүүд маань төр түшилцэх түүхэн үүрэг хүлээснээ­сээ гадна Монголын төр дэх хүйсийн тэгш байдлыг тогтоох, эмэгтэйчүүд улс төрд орсноор юуг эрүүлжүүлж, юуг өөрчилж чадах вэ гэдгийг батлах давхар үүрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр энэ парламентын эрчүүдээс илүү үүрэг, хатуу хариуцлага та нарт ногдож байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Үнэхээр энэ төрд бүсгүй хүний хатан ухаан дутаж байжээ, аав эжий хоёрын арга билгийн ухаанаар айл гэр явдаг шиг энэ төрд эрэгтэй, эмэгтэй түшээдийн уралдуулсан ухаанаар улс хөгжих нь гэдгийг баталж өгөх үүрэг та хэдэд байна. Магадгүй үүнээс өмнөх УИХ-ын эмэгтэй гишүүдэд ийм шаардлага ч байгаагүй, дараа дараагийн бүсгүйчүүдэд ч ийм хэрэг гарахгүй байх. Харин та бүхэнд л ийм торгон ир дээр төр түших хувь ногджээ.

АН-ын Ц.Оюунгэрэл, М.Бат­чимэг, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, МАН-ын Д.Оюун­хорол, ИЗНН-ын С.Оюун, “Шударга ёс” эвслийн Г.Уянга, З.Баянсэлэнгэ та есөн гишүүнд шүү дээ. Хэрэв БЗД-ийн дахин санал хураалтаар экс гишүүн Д.Арвин ороод ирвэл арав болно.

Саяхан УИХ-д сонгогдсон эмэг­тэйчүүд маань нэгдэж эмэгтэй­чүүдийн бүлэг байгуулсан, сайхан л харагдаж байна лээ. Гэхдээ бүлэг байгуулж нийгэмд сайхан харагдах нэг хэрэг. Харин үйл хэргээрээ зөв харагдаж, батлах л чухал шүү дээ.  Одоо Монголын нийгэм тэр чигээрээ та хэдийг ажиж байна. “Янтгар хатан зарга шүүдэггүй” гэж өөлөн суугаа эрчүүд, эмэгтэй­чүү­дэд санал өгөхдөө хамгийн хойрго эмэгтэй сонгогч нар, Монголын төр эмэгтэйчүүдээ дэмжих ёстой гэж төрийн тэргүүн юунд хэлэв хэмээн толгой гашилган суугаа улс төрийн идэвхтнүүд бүгд л та нарыг ажиж шинжин суугаа. Эмэгтэй түшээд бодлого ярьж ухаан уралдуулах нь уу, хов ярьж хөгөө чирэх нь үү гэсэн мянга мянган нүдний хурц хараан дор ирэх дөрвөн жилд та бүхэн маань ажиллах нь.

Шинэ цагийн Монголын улс төрийн үүх түүхийг ажиглаад бай­хад эмэгтэй улстөрчдийг нохойд барьдаг мод шигээ хандах гээд байдаг тал их. Барьж байгаа улсууд нь нөгөө эрчүүд л дээ. Аль ч улс төрийн хүчинд энэ байдал ажиг­лагддаг. Эмэгтэйчүүдээ хооронд нь өрсөлдүүлж, улс төрийн тэмцэл хорондоо хамгийн түрүүнд нөгөө хэдээ л барьдаг. Харин сүүлд нь “Хүүхнүүд та нар л өөрсдөө ингэдэг шүү дээ” гэж даапаалах нь бий. Нам дагаж улс төр хийх гэж байгаа хүүхнүүд ч хоорондоо өр­сөл­­дөж, эрчүүдийн ховын хутгуур, гар хөл болж ирсэн эмгэнэлт түүх бий. Ай даа, одоо та хэд ухаантай­хан ажиллах цаг энэ шүү.

Өнгөрсөн хэдэн хоногийн хугацаанд болж буй үйл явдлууд дээр бүсгүйчүүд байр сууриа сүрхий яарангуй илэрхийлсэн харагдана лээ. Илэрхийлэх ч ёстой биз. Зарим нь зарганд яараад ч байх шиг.

Ингэхдээ жин дааж, ухаан зарж байр сууриа илэрхийлээсэй билээ гэж хамгийн түрүүнд бодогдож байлаа. Эмэгтэй хүн хичнээн мундаг байлаа ч эрчүүдэд заавал давуу тал нь оччих гээд байдаг шударга бусын ялгаа энд тэндгүй байдаг. УИХ-ын чуулганы танхимд Д.Тэрбишдагва гишүүн С.Оюун гишүүн рүү, Байнгын хорооны хурал дээр Ц.Нямдорж гишүүн Б.Мөнхтуяа гишүүн рүү дайрч давшилж байхад сурвалжлага хийгээд сууж байлаа. Тэгэхээр төрийн түшээдээсээ эхлээд үзэл бодол нь эмэгтэй улстөрчдийг хүлээн зөвшөөрөхдөө маруухан хөрсөн дээр бид амьдарч байна. Эрэгтэй улстөрчдөөс давж үг хэлсэн ч тэнцүүлж хүлээж авдаг уламжлал дээр бид зогсч байгаа. Зөв мэдэгдэл, алхам хийсэн ч сөргөөр нь хүлээн авах нь элбэг нөхцөлд байна. Тиймээс хэлж буй үг, мэдэгдэж буй байр сууриа илэр­хийлэхдээ далд давхрыг сайтар бодоосой гэж хүснэ. Бас өөр хооронд яс хаях нь элбэг эрэгтэй улстөрчдийн тоглолтод аль болох орохгүй бол сайн юмсан.

Саяхан болсон МАН-ын Бага хурал гэхэд эмэгтэйчүүдийн асууд­лаа­саа болж хоёр өдөр саатсан гэлцэнэ. Удирдах Зөвлөлд багтаах эмэгтэйчүүдийн нэр дээрээс болж багагүй маргажээ. Дам дуу­лахнээ экс дарга нь буюу эрэгтэй улстөрч өөрийн гар хөлийн хүнээ шургуу­лах гээд хүүхнүүдээ хооронд нь үзэлцүүлсэн бололтой юм. Үүний тулд олонхийн санал аваад явж байгаа хүнээ хараахан олныг авч чадаагүй хүнээр солихын тулд заалнаас бас нэг эмэгтэй хүнээр санал гаргуулжээ.

Ядахад өнөөх эмэгтэй нь МАН-ын Бага хурал болгон дээр эцсийн мөчид босч санал гаргаж, хор найруулгын гар хөл болдог эмэгтэй гэж ирээд МАН-ын Бага хурлын гишүүд нь бөөн уур унтуу. М.Энхболдыг намын даргаас нь унагаж С.Баярыг болгоё гэдэг санал гаргадаг шигээ л бөөн юм болсон юм даг уу даа. Хамгийн гол нь эмэгтэйчүүд маань эрчүүдийн улс төрийн тоглолтын гар хөл болж, түүнийг нь олон нийт хүлээж авах­даа “Эмэгтэйчүүд ингэнэ дээ” гэж сөрөг ойлголтоо лавшруулаад байх нь нийт бүсгүйчүүдэд хөнөөлтэй юм аа.

Шар будаатай цай шиг бужиг­насан он жилүүд бидний өмнө байна. Ирэх дөрвөн жилийн улс төрийн дэргэд өнгөрсөн
жилүү­дийнх хүүхдийн наадгай шиг байх биз. Үзэл бодлоо илэрхийлж, улс төрөө хийлгүй
яахав. Гэхдээ 2012-2016 оны парламентад суух нэр бүхий та есөн
гишүүн түүхэн үүрэг хариуцлагыг хүлээж
байгаа гэдгээ бүү мартаарай.
Тэтгэврийн насны ахмадууд, ид насны бүсгүйчүүд, оюутан охин, сургуулийн сурагч, цэцэрлэгийн жаахан
охидын өмнө та бүхний хүлээх
хариуцлага саналаа дугуйлж танд саналаа өгсөн хүмүүсийн
эрхтэй зэрэгцэн оршихыг бүү
мартаарай.

Categories
редакцийн-нийтлэл

Улс төрийн өрөг дээрх ЯЛАГЧ ХЭН БЭ?

Намууд хоорондоо өр­сөлдөөд л, нам дотор фракц бүлэглэлүүд цаашлаад хувь улстөрч нар хоорондоо үзэж тараад байгаа мэт боловч үнэхээр Монголын улс тө­рийн өрөг дээр цөөхөн хэдэн хүний тэмцэл сүүлийн арав гаруй жилийн хугацаанд байж ирлээ. Цөөхөн хэдэн улс төрийн топ лидер хоорондоо ур мэхээ уралдуулж, ялж нэг ялагдаж нэг тоглосоор ирсэн. Харин бусад нь их гарын тоглоомчдыг даган баясч дагаж суусаар ирэв.

Монголын ууган улс төрийн хүчин гэдэг энэ нам удсанаараа ч, улс төрд хий­сэн ял гавьяагаараа ч хам­гийн их тэмцлийг хадгалж ирэх нь тодорхой. Энэ нам доторхи зөрчил маргаан на­мын даргын суудлын төлөөх Н.Багабанди, Н.Энхбаяр на­рын тэмцлээс эхлэн хурцад­сан гэгддэг. Аль, аль нь намын дарга болох их хүсэлтэй­гээрээ адилхан, Н.Багабанди нь намдаа арай илүү занга­рагтайгаараа ялгаатай бай­лаа. Тэгээд Н.Багабанди на­мын дарга, Н.Энхбаяр ерөн­хий нарийн бичгийн дарга болж ахмад нь энэ удаад ялалтаа авсан юм. Тун удал­гүй Н.Ба­габанди Ерөнхий­лөгчийн сон­гуульд нэр дэв­шиж явс­наар Н.Энхбаярт хүссэн суу­дал нь аяндаа ирсэн түүхтэй. Тэглээ гээд энэ хоёр хүний зөрчил намжсан­гүй. Нэгэнт шан нь татагдсан зөрчлийн шуудуу гүн гүнзгий болсоор.
Ерөнхий сайд Н.Энхбая­рын хязгааргүй хаанчлал эхэлж, гүйцэтгэх засаглал ч гэлтгүй УИХ ч түүний үгээр хөдөлдөг болсон байв. Үе, үе хуулийн төсөл санаачлан оруулах төдийгөөр Ерөнхий­лөгчийн зүгээс байр сууриа илэрхийлэх ч хэт олонхи МАХН-ынхан сөрөг хүчнээ ч, Ерөнхийлөгчөө ч шоглоод өнгөрдөг байсныг олон хү­мүүс санаж байгаа. Ерөнхий­лөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Т.Баясгалан дандаа унагах гэсэн зорилготой асуултуудад гэм зэмгүйхэн шиг хариулаад даруухан гарч явдгийг нь хуучны пар­ламентын сэтгүүлчид одоо ч өөр хоорондоо ярьдаг. Тэр үед Н.Энхбаяр ялж байлаа, Н.Багабандийг. Гэхдээ хууч­ны ланжгар түүнийг үе, үе чадахаа мартахгүй. Эхэндээ даавуунд боож, боож шидсэн чулуу мэт сулаар эсэргүүцдэг байснаа сүүлхнээс чуулганы нээлт, хаалтын үеэр үг хэлэх боломжоо алдахгүй болсон. Нэг намын дангаар засаг­лалыг өөрөө тэр намаас нэр дэвшиж ялсан Ерөнхий­лөгч гэлтгүй хатуу хэлдэг байс­наараа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, өөртөө ч хувь улстөрчийн имижээ хангалт­тай бүрдүүлж чадсан. Түү­нийг намын ерөнхий нарийн бичгийн дарга байхад, дараа нь намын дарга болоод яриг­даж байсан бүх сөрөг ойлголт энэ үед нь л арилсан. Тэрбээр “Урт шар дээлтэй хүнээс бол­гоомжил”, “Шинэ сонголт” гэсэн алдарт үгнүүдээ хэлсэн нь Н.Энхбаяртай хийж бай­сан тэмцлийнх нь зэвсэг бай­лаа. Тухайн цаг үед покерийн ширээн дээр Н.Энхбаяр чу­хам л эзэрхийлж, бүх мөрийг хамж байсан юм.
2004 оны сонгуулиар МАХН олонхи болж чадалгүй эвсэхээс аргагүйд хүрсэн. Гэхдээ тэд тоглолтыг яг л үнэмлэхүй олонхи шигээ хийж байлаа. Эвслийн Зас­гийн газрыг байгуулж, хам­тарсан Эх орон-Ардчилал эвсэлдээ Ерөнхий сайдын сууд­лыг өгч нөгөө талд нь өөрөө УИХ-ын дарга болсон. Хэд­хэн сарын дараа Ерөн­хий­лөгчийн сонгуульд нэр дэв­шиж Ерөнхийлөгч боллоо. Монголын түүхэнд төрийн гурван өндөрлөг гэгддэг ал­бан тушаалыг гагцаараа тэр хашиж үзсэн хүн болов. Тэр ялсаар байв. Тэр Ерөнхий­лөгчөөр нэр дэвшихээр явах үедээ М.Энхболдыг гараас нь хөтлөн тайзан дээр гаргаж ирээд намын даргаар тохоож нөгөө талд нь чихэр горьдсон хүүхэд шиг С.Баяр эвгүйцэн хоцорч байсныг хүмүүс бас л санаж байгаа. Н.Багабанди болон Н.Энхбаярын тэмцэл үргэлжлээд С.Баяр болон Н.Энхбаярынх болон хувирс­ныг хэлэхээ мартаж. Бүх цаг үед Н.Багабандийн дэргэд байсан С.Баяр аандаа Н.Энхбаярын хувьд хамгийн аюултай хүн болж хувирсан. Н.Багабанди амбиц хөөлгүй титэм үгээ бичсээр улс төрийн хаалгыг хаасан ч өөрийнхөө халааг авах хүн үлдээсэн нь С.Баяр байлаа. М.Энхболд Н.Энхбаярын хүссэн зоргоор хөдөлж өгөхгүй зовоож, хяз­гаарлагдсан эрх мэдэлтэйгээ мартан урьдын адил гол дүр байх гэх оролдоход нь дэм болоогүй нөхөр. Үүний эн­гийн нэгэн жишээ Асгатын ордын дуулиан. Үндэсний Эв нэгдлийн Засгийн газар гэсэн сүржин нэртэй Засгийн газ­рыг ердөө сонгуулиас зур­гаахан сарын өмнө С.Баяр намын даргын суудлын хамт авсан билээ. Тэр Ерөнхий сайд болж, сонгуульд яаж гэдэг нь хамаагүй ямар ч байсан ялалт байгуулж, бас тэгээд Засгийн газартаа сө­рөг хүчнээ оруулж авсан. Бас Оюу толгойн гэрээг бай­гуул­сан. Энэ бүх үйл явцын ард Н.Энхбаяр дандаа ялагдал хүлээсээр байв. Оюу толгойг өөрөө гардан байгуулах мө­рөөдөл нь талаар болов. Н.Энхбаярын үг урьдын адил намд хүчтэй байхаа больж, түүнийг дагалдагчид нэг нэ­гээрээ алсарсаар, эрхбиш намаас нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэв. Гэхдээ 2005 онд нэр дэв­шүүлэн байсан өнгө төрх, уур амьсгалаас тэс өөр байлаа. Бушуухан дэвшүүлсэн бо­лоод зайлуулахын түүс байгаа нь нэвт ханхалж байв. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэр ялагдал хүлээв. Төрийн ордноос ганц Ө.Энх­түвшин гаргаж өгсөн. Түүний гарт баглаа цэцэг бариулаад машинд суулгуулаад л үдэж байлаа. Н.Энхбаяр ч удаан алга болсонгүй гарч ирэхдээ нам нь сонгуульд ялагдуу­лахын тулд бүгдийг хийсэн ялангуяа намын удирдлагууд нь хэмээн мэдэгдсэн билээ. Тэр С.Баярыг хэлж байв. Үнэхээр тэгсэн ч байж болох. Харин энэ цочир мэдэгдэлд С.Баяр ч хариуг нь өгсөн. “Тахиа донгодсон донгодоо­гүй үүр цайдгаараа цайна” гэсэн нь Н.Энхбаяртай, Энх­баяргүй улс төр, улс орон болж л таарна гэснийх байв. Энэ үед улс төрөөс явж ча­дахгүй байгаа Н.Энхбаяр нийгэмд улам бүр муухай харагдсаар байв. Харин С.Баяр намын даргын сууд­лаа, бүр Ерөнхий сайдын суудлаа санаачилгаараа өгч, тэр хоёрын байр суурь эрс ялгарч байлаа. С.Баяр гол тоглогч байсаар. Намын экс дарга нар цугларахад тэр хоёрын контраст бүр тодорч харагдана. Намын нэрийг солино солихгүй гэсэн мар­гаан үргэлжилж, МАХН-ын 26 дугаар их хурал дээр Н.Энх­баяр ба бусад нь гэдэг ялгаа ил болов. Нэрээ халж урьдын нэрээ авсандаа хүн бүр баярлан алга ташиж байхад гагц Н.Энхбаяр гараа хумхин барайж суугаа зураг сонины хуудсанд үлджээ. Энэ үед хүн бүр Н.Энхбаярыг том ялагд­сан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан юм. Харин ялалтын эзэн нь С.Баяр, үгүй ээ бүр эртний хонзонт Н.Багабан­дийг хэмээж байлаа. Удаан тэвчсэн Н.Багабанди ялжээ.
Ялалт ялагдлын амт, ну­лимс ээлжилсээр, өрөг дээрх тоглогчид харин хэвээрээ. Улс төрийн өрөг дээр бас нэг том тоглогч байсан нь АН-ын Ц.Элбэгдорж. Тэрбээр бас л ялж ялагдсаар өнөөдрийг хүрсэн. Цөөнх байхдаа боор­луулж, адаг сүүлд нь “Олуу­лаа болоод эргэж ирнэ ээ” гээд чуулганы танхимыг орхин гарч явахад нь олонхи нь ялагдаж байна гэж харж байсан байх. Дараа нь хэлс­нээрээ тавиулаа болоод Зас­гийн газраа байгуулж байлаа. Удалгүй ардчиллын залуус ялагдал хүлээж УИХ-ын 76 гишүүний 72 нь МАХН-ынх болсон.
2004 оны сонгуулийн үр дүнд Хамтарсан Засгийн га­зар байгуулагдахаас арга­гүйд хүрэхэд Ерөнхий сай­даар нь Ц.Элбэгдоржийг томилж байв. Тэрбээр 2004 оны наймдугаар сараас 2006 оны нэгдүгээр сар хүртэл Засгийн газрыг толгойлсон. Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж, УИХ-д нэг сул суудал гарсан нь УИХ-ын 65 дугаар тойрог буюу Баянгол дүүрэг байсан санагдана. Тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан байгаагүй нэрээрээ очиход УИХ-ын гишүүн болох байлаа. Гэвч Эвслийн Зас­гийн газраа энх тунх авч явах ацгаар түүний нэрийг татуулж М.Энхболдыг УИХ-д оруул­сан юм. Хэзээ ч хагарахад бэлэн өндөг барьж яваа гэж өөрийгөө зүйрлэж байсан түүнийг Үндсэн хуулийн цэцийн ойн өдрөөр огцруулж нөгөөх М.Энхболдыг нь Ерөн­хий сайд болгохдоо Н.Энх­баяр ялж байгаа гэж санаж байсан биз ээ. Гэвч ялалт тухайн цаг үеийнх байдгаас бүх цаг үеийнх байдаггүй гэдэг нь дараалан өнгөрсөн олон зүйлээс харагдана. Олон ч үйл явдал өнгөрчээ. МАХН гэсэн нэрийг булшлах гэсэн МАН-ын  санаархлыг Дээд шүүхээс тас цохисон нь МАН-ын дарга С.Батболдын төрсөн өдрөөр тохиосон юм. Хувь тавилангийн тохуурхал ч гэмээр юм уу. Бас удтал нүүр тулаагүй ах намын хоёр лидер С.Баяр, Н.Энхбаяр нар шүүх дээр таарсан нь долдугаар сарын 1-ний хэ­рэгт гэрчээр дуудагдсан хэрэг байв. Харин энэ хэргийн үнэн мөнийг тайлах ёстой гэж ха­туу зогссон хүн нь нөгөөх Ц.Элбэгдорж байлаа. Өөрөөр хэлбэл, тэр өнөөх хоёрыг уулзуулж. Бас түүний эхлүүлсэн шударга ёсыг нийгэмд тогтоох эрмэлзэл явсаар Н.Энхбаярын хэрэг дээр тулж ирчихээд байна. Үнэхээр нийгэмд шударга ёсыг тогтоох юм бол авлигын загалмайлсан эцэг гэгддэг тэр хүнээсээ эхэл гэсэн шаард­лага олон нийтээс гарсан нь харагдаж байсан. Харин өнөөх Н.Энхбаяр нь шорон­гоос ч улс төр хийсээр байгаад гарч ирсэн. Бас УИХ-ын сон­гуульд байгуулагдаад хэдхэн сар болж буй нам нь хан­галттай олон суудал авч чад­сан билээ. Зарим хэвлэлүү­дэд бичсэнээр гадны хэвлэ­лүүдэд их хэмжээний мөнгө төлж, захиалгат нийтлэл гар­гаж Монголд дарангуйллын нийгэм тогтоосон мэт ойлголт төрүүлэхийг хичээж байгаа гэлцэж байна. Ямартай ч ах нам доторхи тэмцлээр Н.Энх­баяр үнэмлэхүй ялалт бай­гуулсан харагдаж байгаа нь үнэн. Хэвлэлүүд ч ялалтын эзэн Н.Энхбаяр гэж бичиж байна. Түүнтэй нэгэн үе тэм­цэж байсан С.Баяр нь бүх зүйлээс зугтаж алга болсон. Өөрийнхөө хариуцлага ал­быг хэн нэгэн хүнд ацаглаж үлдээгээд зугтан одсон. Покерийн ширээнээ бүгдийг нь буюу all in хэмээн бай­гаагаа тавьчихаад алдсан гэж тайлбарлаж болох.
Гэхдээ бүх зүйлийг өнөөд­рийнхөөр нь дүгнэж хэн нэгнийг нь ялагч, ялагдагч гэж дүгнэх аргагүй. Магадгүй явсан хүмүүс эргэн ирж, бас өнөөдөр чадаад байгаа нь алдаад байж ч болох юм. Харин сонирхон харахад улс төрийн топ лидерүүдийн тэм­цэл тавиад оны дундаас жа­раад оны дунд тэр үеийнхний дунд л үргэлжилж байна. Үе залуужих болоогүй бололтой.
Аливаа зүйл түүх болж үлдэх цаг хугацаа гэж бий. Харин баримт түүх болон хоцроход ерөнхий бүхлээрээ хэн нь ялагч, ялагдагч байх бол гэдэг нь л сонин байна. Өчүүхэн башир арга, заль мэхээр биш харин нийт ард олны төлөө, Монгол эрх ашгийн төлөө байж чадсан нь ялагч болж түүхэнд үлдэх биз ээ.
Улс төрийн
өрөг дээрх ялагч хэн бэ? 

Categories
редакцийн-нийтлэл

Өвөл ирдгээрээ ирнэ

Сонгууль дууслаа. Наа­дам эхэллээ.
Наадам ч өндөрлөнө. Маргааш нь на­мар. Сонгууль
гэж монголчууд бид ёстой л хуваагдаж боло­хоороо хуваагдаж, талцаж болохоороо талцаж
тоглолоо. Сонгууль гэж хөлтэй  нь хөл­хөж, хөлгүй нь мөлхөж уралд­лаа. Төрийн албан хаагчдаас бага
албатууд нь сонгуулийн ажилд дайчлагдаж, томчуу­дын тал нь дэвшиж үлдсэн нь менежерээр ажилласаар өнгөр­сөн гурван сарыг барав.

Төрийн
том ажил болох сонгуулиа явуулах гэсээр байтал нөгөө талд төрийн жижиг гэлтгүй өдөр тутмын ажил маань ёстой л цалгар­даж хоцрох шиг болов,
та минь.

Өнөөдөр ялсан нэг нь ялал­­тын уухайгаа үргэлж­лүүлж, унасан нь сэтгэлээ
засах гээд завгүй байгаа байх. Магадгүй
зарим нь юун тө­рийн ажил цалгардлаа, сэн­тэг хэнхэг хог вэ хэмээн уцаар­лах
юм. Гэхдээ “Хүн хэлэхээс, цаас чичихээс нааш” гэдэгч­лэн сонгууль дуусав
уу үгүй юу хэлж дуул­гаж байхгүй бол нэг мэдэхэд намар болчихсон сууж байхыг үгүйсгэх аргагүй.

Лав одоо хэд хоног баяр­лаж, гуниснаа
тэмдэглэх биз. Үргэлжлээд наадмын өдрүүд эхэл­чихнэ. Өнөө жилийн наад­мын амралтын уртыг хэлэх үү, долдугаар сарын талаас өнгөрч байж ажил эхэлнэ. Цаашлаад  мон­гол­чуудын зуны зугаатай өдрүүд эхэлнэ. Бодвол сонгуулийн
хөлд хаа сайгүй ядарч зүдэр­сэн нөхөд хөдөө гадаа га­раад явчихна. Ингээд л сон­гуулийн бэлтгэл хийгээд
ажил­­лаагүй хугацаа­гаа оруул­бал Монголын хээр талд жилийн 365 хоногийн
тэн хагаст нь төрийн ажил зогс­чих гээд байгаа юм даа. Тиймээс сон­гууль
ч дууслаа, наадам ч дуусна  тэгээд на­мар
шүү дээ хэмээн сануулж хэлээд бай­гаа юм аа.

Замын ажил гэж манайд нүсэр алба бий. Жил жилийн намар замын ажлууд гэнэт сэхээ
орсон мэт хийгддэг. Хөдөө гадаанаас гурван сая монгол маань цугаараа Улаан­­баатартаа
цугларсан байх наймдугаар сарын сүү­лээр энэ ажил ид эхэлдэг
учраас замын түгж­рэл дээд зэрэгт хүрч,
хүмүүсийн сэт­гэлийн түгжрэл оргил цэгтээ очдог. Өнгөрсөн жил эрт эхэл­сэн зам засварын ажил өнөө жилийн сонгуулиар хаягд­чихсан
байгаа нь хараа­жаар илт. Томоохон дорвитой за­мын ажлууд ерөөсөө явсан­гүй. Ганц нэг бэлэн боржуур нааш цааш болгохоос хэт­рээгүй гэдгийг хэвлэлийнхэн хэдийнэ бичээд эхэлчихлээ. Орон
сууцны дундах хороол­лын замууд, Урт цагааны урд талын замыг наадмын өмнө ашиглалтад өгнө гэж байсан. Гэтэл таг
зогсчихлоо. Бороо устай холбоотой зогсоо юу гэтэл үгүй гэнэ ээ. Шугам сольж
байж замаа засах гэнэ. Шугамаа сольё гэтэл зөвшөө­рөл хэрэгтэй аж. Харин зөв­шөөрлийг өгөх дарга нар нь сонгуульдаад
явчихсан юм байна. Ер нь замын бүх аж­лууд жижиг сажиг шалт­гаа­наар
зогссон нь ердөө дар­гын гарын үсэг байхгүйгээс. Харин дарга нар сонгуулийн дараа болно гэсэн шийд
өг­сөн аж. Ийм л маягтай байна
шүү дээ. Өнөө жил НИТХ-ын сонгууль УИХ-ынхтай зэрэг явж байгаа учраас
хотынхон тэр чигтээ сонгуульдлаа. Хо­тын дарга нь өөрөө, орлогч дөрвөн даргын гурав нь нэр дэвшээд
үзэв. Тэгэхээр хотод лав ажил хийх хүн байсангүй. Яг л энэ жиш­гээр шат
шатан­даа л бужиг­налаа. Ерөнхий сайдаа оруу­лаад
14 сайдтай энэ Засгийн газрын дөрвөөс бусад нь бүгд УИХ-д нэр дэвш­лээ.
Дагаад яамны жар далан албан хаагч ил нэг, далд нэг бүгд л сонгуульдлаа. Үр
дүнд нь төрийн ажил таг.

Хууль тогтоох дээд бай­гуул­лагаа
томилох энэ ажил бидэнд юу юунаас чухал учраас үүнээс
боллоо гэж үглэж дуулах нь хаашаа юм. Харин үлдэж байгаа цаг ху­гацаандаа ажлаа хийгээсэй гэсэндээ энэ
бүгдийг бичиж суугаа юм шүү.
Замын аж­лаас гадна цахил­гаан стан­цуудын засвар, өвлийн бэлт­гэл ажил, хадлан, ургац гээд сэрүүн бүсийн Монголд хийх ажил
хаанаас мундах билээ. Сонгуульд хурдалсан морь­дынхоо талаар хэдэн өдөр ярьж, үргэлжлээд наад­маар хурдалсан аргамагуу­дынхаа талаар шагшсаар
байтал ирэх сар шувтарчих гээд бай­гаа учраас хаа хаанаа төрийн ажлыг цалгар­дуулалгүй ха­риуц­лагатай хиймээр байна. Сонгууль ч дуусна, наадам
ч дуусна бас өвөл ирдгээрээ л ирнэ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Нэр цэврийн учир

Энэ удаагийн
сон­гуульд нэр дэвшиж байгаа хүмүү­сийн сурталчилгааг анзаарч байхад нэр цэ­вэр гэдэг тодот­гол
хам­гийн чухал, дээгүүр үнэ­лэмж  болж байна.
Үнэ­хээр ч сонгогч олон түмэн
нэр цэвэр хүнд итгэж, төрд өөрс­дийгөө төлөө­лүүлэн явуу­лахыг хүсч байгаа учраас үнэхээр нэр цэвэр бол тэгж онц­лохоос өөр ч яах билээ. Улс төрд
хөл тавьж бай­гаагүй шинэ тутам нэр дэвшигчид
энэ тодот­го­лыг харьцангуй ихээр ашиглаж байх шиг байна. Харин урьд өмнө нь сон­гог­дож, хариуцлагатай
алба хашиж байсан хү­мүүс дун­даас нэр цэвэр хэмээн зо­ригтой дуугарч чадах хүмүүс цөөн. Тийм хүмүүсээс үнэхээр нэр цэвэр байж чадаж
байгаа нь ховор юм аа. Тэр цөө­хөн хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн
Гарьд­хүү­гийн Баяр­сай­хан юм.

Үнэхээр ч элдэв ашиг со­нирхлын
зөрчлөөс ангид байж, итгэж сон­го­сон
ард түмнийхээ талд байхдаа хуга­рах нугарах зүйлс зарим нөх­дөд гардаг л сураг дуулд­даг. Тэр тусам нь ард түм­нийхээ талд, олон­хийн­хоо ашиг сонирхолд ний­цүүлж байж чадсан хү­мүүсийг онц­лон дахин итгэл үзүүлмээр байгаа юм. Гарьдхүүгийн Баяр­сайхан урт нэртэй хууль гэж хүмүүсийн андахаа бай­сан хуулийг
анх са­наачлан, УИХ-аар бат­луул­сан гишүү­дийн нэг. Урт нэртэй
хууль бол уул уурхайн компаниудыг голын эх, ойн сав газар хай­гуул хийж, олборлолт
хийхийг хориглосон хууль. Үүнийг гар­гуу­лах­гүйн тулд хө­рөнгөтэй мөн­гөтэй уул уурхайн ком­паниуд
хэвлэл мэдээл­лээр ямар хүчтэй пиар суртал­чилгааг
явуулж байв даа. УИХ-ын гишүү­дийн дунд ч хүчтэй лобби явуулсан нь анзаа­рагд­даг. Ямар сайндаа энэ
хуулийг санаачлаад явж байсан зарим гишүүд нэрээ татаад нөгөө талд болиулах хууль санаач­лаад
явж байхав дээ. Уул уурхайн компаниуд мөн­гөтэй учраас болж л өгвөл асуудлыг худалдаалан шийд­чих гээд байдаг. Үүнд нь автан нэрээ сэв­тээж, хамгийн гол нь түмэн олныхоо итгэ­лийг алдаг­сад цөөнгүй. Хам­гийн аймшигтай нь
үүнийг да­гаад гадаадын орнуудын нөлөөлөл, гадныхны бод­лого явж байдаг би­лээ. Тийм уч­раас тэдэнд
амар худал­даг­дахгүй, бай­галь орчноо хам­гаалж
монголчуудынхаа эрх ашгийн төлөө зогсч чаддаг эх оронч төрийн
түшээ бидэнд хэрэгтэй байгаа юм. Дэлхий ний­тээрээ ногоон
үзэл ба­римт­лалтай улстөрчдийг
онцлох болсон. Тэгвэл УИХ-ын Ногоон бүлгийн ахлагч Гарьдхүүгийн Баяр­сайхан өнгөрсөн он жилүүдэд энэ тал дээр багагүй
ажил хийжээ. Өөрөө ч экологийн чиг­лэлээр
ажиллаж ирсэн туршлагатай хүн учраас төрийн бодлогод байгаль хамгаалах  явдлыг, бай­галь орчиндоо эерэгээр хандсан үзлийг заавал  суулгаж
өгөх ёстойг онц­лоод байгаа.
Үнэхээр ч ухаж л хөгжих тухай ярьж байгаа
хүмүүс олон бай­гаагаас ургуулж
урагшлах тухай ярьж байгаа нь цөөн. Тэр цөөн хүмүү­сийн дундаас Гарьд­хүү­гийн
Баярсайхан гишүү­ний дуу хоолой ялгарч чаддаг билээ. Цөмийн хор хөнөөл, хог хаягдлыг Монголд булш­лах дуу­лиан яригдаж эхэлсэн
цагаас тэр үүний эсрэг байж ирсэн. Монголд ийм асуудал байж болохгүй гэдгийг тэр хатуу хэлж ярьдаг хүн. Мөн монгол­чуудын хөрөнгийг гад­ныхан дур мэдэн
зардаг тийм болчимгүй байдал байж бо­лохгүй гэдгийг ч их хэлдэг. Гадны компа­ниудын хувьд, уул уур­хайн
компаниудын хувьд Гарьдхүүгийн Баярсай­хан гишүүн хамгийн найд­­варгүй
хүн санагддаг байх. Харин нийт олонд тэр хам­гийн найдвартай
хүн юм. Эх орноо, газар шороогоо юу­гаар ч арил­жихад бэлэн
хү­мүүс олон болсон. Ялангуяа
тийм хүмүүс төрд олноор шур­галсан өнөө цагт  түүн шиг найдвартай хүмүүс ол­ноо­роо хэрэгтэй байгаа нь үнэн. УИХ-ын гишүүн З.Энх­болд хэлэхдээ
“Гарьд­хүүгийн Баяр­сай­хан шиг гишүүд дахиад хэдээрээ нэмэгд­чих­вэл учиртай даа. Үүний тулд АН-д та бүхэн
саналаа өгөө­рэй” гэж иргэдтэй уулзсан
уулзалтын үеэр хэлж байсан нь ч учиртай. Бас түүний хувьд онц­логддог зан чанар гэвэл тэр хэлсэн ярьсандаа,
үзэл бодолдоо үнэнч, тууштай байдаг байдал.
Тэр хэзээ ч урьд нь газар дор ортол үгүйс­гэдэг бай­сан хүнтэйгээ
улс төрийн үзэл бодлын хувьд нэгд­чихээд
тэнгэрт тултал магтаж явсангүй. Ерөн­хийдөө  Гарьдхүүгийн Баярсайхан гишүүн бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хатуу
зогсч байсан байр суурь, ба­римталж ирсэн үзэл бод­лоороо УИХ-д яахын
аргагүй тодорч харагдаж байсныг онцлох хэрэгтэй. Тэрбээр УИХ-ын
Ёс зүйн дэд хорооны даргаар энэ хугацаанд ажил­лаж ир­сэн. УИХ-д
долоон байн­гын хороо, 11 дэд хороо бий. Өөр өөрийн онцлог, хийх ажлын хүрээтэй ч Ёс зүйн дэд хорооны ажил амаргүй. Учир нь энэ дэд хороо нь УИХ-ын болоод гишүүний ёс зүйн асууд­лыг хариуцдаг
боло­хоор хамгийн адармаатай дэд хороог Гарьдхүүгийн
Баяр­­сайхан гишүүн дар­галж байсан гэсэн
үг. Эл хорооны даргыг томилох үед УИХ-д багагүй яриа гарч байсныг олон
хүн санаж байгаа байх. Бусад төрийн түшээдийг зан­дарч захирч
чаддаг, ахимаг настай амандаа сахалтай хүнийг даргаар тавих нь зөв ч гэсэн санал гарч байсан. Гэхдээ эцэст нь парламентын
гишүүний ёс зүйн асуудлыг ярих хүн өөрөө ёс зүйтэй, нэр цэвэр, элдэв
асуудалд ороо­цол­доогүй байх нь чухал гэж үзээд Г.Баярсайханыг томилсон юм. Тэрбээр ч гишүүдийнхээ ёс зүйн асууд­лыг бол заримдаа
хатуу гэ­мээр шүүмжилж байгаа ха­рагддаг. Сүүлд л гэхэд МАН-ын хатуу самар Ц.Ням­дор­жийг ёс зүйгүй үйлдэл хийсэн хэмээн буруутгаж, нөгөөх нь ёс зүйн дэд хорооны дар­гаа­саа, бусад гишүү­дээ­сээ бас Монголын ард иргэдээс ууч­лалт гуйж байгаа
харагдсан. Тэгэ­хээр настай намбатай­даа бус харин өөрөө нэр цэ­вэр, бусдын өмнө бу­руу­тай хэргээрээ толгой
бө­хийхгүй хүн энэ хорооны дарга болох нь чухал байжээ хэмээн ун­шиг­даж
байгаа юм.

УИХ-ын
гишүүн Гарьд­­хүүгийн Баярсай­хан өдгөө УИХ-ын 24 дү­гээр тойрог буюу Чин­гэл­тэйд дахин нэр дэвшиж байна.
Тэр тойрог сольж ирсэнгүй, явсангүй. Урь­дын адил Чингэлтэйдээ нэр дэвшиж байна. Тэр сон­гогч­дынхоо
итгэлийг дааж, нэр цэвэр явж ир­лээ. Тэр амласнаа бие­лүүлж, Чингэл­тэй хайрх­наа төрийн тусгай хам­гаа­лал­тад оруулж чад­сан. Итгэл дааж
чадах түүнд итгэл хүлээлгэн төрд тө­лөөллөө болгох хүсэл олон хүнд байна. Учир нь тэр нэр
цэвэр хүн билээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Элчин сайдуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэе

Ямар хэргээр гэж үү. Энэ удаад элдэв тамхины хэрэг биш. Харин Монгол төрийн том ажил сонгуу­лийг зохистой явуулж, иргэдийн сонгох эрхийг хангаж чадаагүйнх нь төлөө ийм ял хүлээлгэхээр болжээ. Сонгууль будлиантуула­хыг төрийн эсрэг гэмт хэрэг хэмээн үздэг. Сонгууль шударга явагдах ёстой. Сонгуулийг шударга бол­гохын төлөө санал өгч байгаа нь ч, зохион байгуулж байгаа нь ч мэрийх ёстой билээ. Манай сонин хэд хэдэн цуврал нийтлэлээрээ энэ тухай хөндөж, санаатай бо­лоод бас бусаар сонгууль будлиан­туулахад оролцож, эрүүгийн хариуцлагад татагдав аа хэмээн анхааруулж бичсээр байгаа. Харин хилийн чинадад Монгол Улсаа төлөөлөн сууж буй, төрийн ажлыг яаж хийд­гийг хамгийн их үлгэр дуурай­лалтай харуулах ёстой улсууд хамгийн том будлианыг тарьж орхилоо.

Гадаадад байгаа монголчуу­дын тоо 150 мянга гэсэн албан тоо гараад тодорхой болчихсон. Хаа яваа нь мэдэгддэггүй, хэнэггүй гүдэсхэн монголчуудын гадаадад байгсдын тоо бүр 300 мянгад ч хүрнэ гэсэн яриа байдаг. За тэр бүгдийг орхилоо гэхэд 2010 онд хийсэн Хүн ам, орон сууцны шинэ­чилсэн бүртгэлээр 100 мянга гаруй монгол хүн хилийн чанадад ажил­лаж, амьдарч байгаа гэдэг нь тодор­­хой болсон билээ. Гэтэл тэр хүмүүс анх удаа хилийн чанадаас сонгогдох эрхээ эдлэхэд нь ердөө 2779 хүн саналаа өгсөн гэхээр үнэхээр гомдмоор, харамсмаар байгаа юм. Гэхдээ үүнд хүний газар гүний нутагт байгаа хүмүүсээ эхэлж буруутгамааргүй байна. Нэрээ бүртгүүлэхээр заавал биеэрээ ирэх ёстой гэж хүнд суртал эхэндээ гаргасан. Бүртгүүлэх гэж очиж, өгөх гэж очих цаг зав гаргах амаргүй. Тэгээд ч хэдэн зуун км-ийн цаанаас ЭСЯ, консулын газартаа хүрнэ гээд асуудал их байсан биз.

Сонгуулийн тухай хууль орой­хон батлагдсан ч санал өгөгчдийн тоо хангалтгүй байсанд иргэддээ хангалттай мэдээлэл өгч, суртал­чилгаа хийж чадаагүй ЭСЯ-д, элчин сайдууд буруутай. Монгол Улсаа төлөөлөн харьд сууж байгаа хариуцлагатай ажил хийдэг гэх хүмүүс Монгол төрөө эмхлэн зо­хион байгуулах чухал ажилд хариуц­­лагатай хандаж, үүргээ биелүүлж чадсангүй. Сэтгэл, зүтгэл дутав. Үнэндээ ч дарга нарын цүнх зөөж, эхнэрүүдийг нь дэлгүүр да­гуулж явахаа Монголоо төлөөлж, харьд сууж байна гэж андуурдаг хүмүүс сонгуулийг яагаад төрийн ажил гэж хэлж байгааг ч ойлгохгүй биз ээ. Шинэчилсэн бүртгэлд бичигд­­­сэн 100 мянган хүнээс 4321 хүн бүртгүүлж, тэгээд тэднээсээ 2779 нь саналаа өгсөн гэдэг дэндүү бага тоо. Дахиж бүртгэл гээчийг хийж гадаадад ердөө 30 мянга гаруй монгол хүн байна хэмээн ГХЯ-ны Төрийн захиргаа, Удирд­лагын газрын дарга Б.Баярсайхан мэдэг­дэж байсан нь үнэхээр хэтийд­сэн мэдэгдэл байлаа. Хам­гийн ойрын Солонгост л төдий тооны хүн бай­даг гэдэг дээ. Энэ хэлсэн тоогоор нь байлаа гэхэд тэднээс ердөө 3000 хүрэхгүй хүн саналаа өгч байгаа нь тэд ажлаа хийж чадаагүй гэсэн үг. Хүн амын бүртгэлд хам­рагдсан 100 мянган хүний ердөө дөрөвхөн хувь нь бүрт­гүүлж, хоёрхон хувь нь сана­лаа өгчээ. Ерөөсөө ЭСЯ-дад ажил­ладаг хүмүүс, тэднийг дагаж очсон ар гэрийнхэн нь голдуу тэгээд эх оронч, идэвхтэй цөөхөн иргэд л өгч. Яамд хүмүүстээ мэдээлэл өгөх тал дээр хангалтгүй ажиллажээ. Сон­гууль өгөх тухай журам өөрч­лөг­дөж, биеэр ирж бүртгүүлэх­гүйгээр онлайн, факс, мэйлээр бүртгэл хийхээр болж өөрчлөгд­сөнийг тэд бараг зарлаа­гүй.

Үнэндээ монгол иргэдийг саналаа өгөхийг уриалж мэдэгдэл, мэдээлэл хийж байсан хүмүүс нь ЭСЯ-д биш харин “Бид сонгох эрхтэй” клубийн залуучууд байсан гэвэл та итгэх үү. Аль нэг намыг дэмжиж биш зүгээр л гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол хүнийг Монгол Улсын төрийг бай­гуулах сонгуульд оролцохыг уриалж тэд үйл ажиллагаа явуулж байсан. Facebook, Twitter, YouTube болон монгол иргэдийн сурч, ажил­лаж, амьдарч буй 10 гаруй улсын 30 орчим сүлжээгээр тэд бусдыгаа уриалсан байсан. Тэгснийх ердөө 1000 хүн бүртгүүлсэн байсныг арав хоногийн дотор 4200 гаруйд хүргэ­сэн. Хэрэв ЭСЯ-д эртнээс тэднийх шиг аргаар ажилласан бол асуудал өөр байх байлаа. Хийх ёстой үүрэгт ажлаа хийгээгүй учраас тэдэнд хариуцлага хүлээлгэх ёстой гээд байгаа юм. Төрөө төлөөлж харьд сууж байгаа хүмүүс төрийн хамгийн чухал ажилд ханцуй шам­лан орох байв. Гэвч тэгсэнгүй. Яагаад тэр вэ.

Энгийн логик байгаа. Одоо ЭСЯ-дад ажиллаж байгаа хүмүүс бүгд МАН нэрээр, энэ намын нөлөө­­­гөөр тэнд ажиллах эрхээ авсан хүмүүс, цаашлаад энэ намын зүтгэлтнүүдийн танил тал, үр хүүхэд. Элчин сайдууд нь голдуу энэ намын визээр томилогдсон гарууд. Угшил нь тэр чигээрээ МАН.  Гадаадад байгаа монголчууд ард­чил­лын төлөө саналаа өгөх нь дийлэнх гэсэн яриа байдаг. Харин МАН-аас өгсөн чиг бол аль болох гадаадад байгаа монголчуудын саналыг авахуулахгүй байхыг үүрэгдсэн явдал. Ерөөсөө энэ ашиг сонирхлын үүднээс тэд ажлаа хийсэнгүй. Ялангуяа Вашингтон, Лондон, Токиод энэ байдал илүү­тэй мэдрэгдсэн талаар тэнд ажиллаж амьдардаг монголчууд илэрхийлжээ. Одоо чинь хил хяз­гаар­гүй болсон үе шүү дээ. Амери­кийн монголчуудын санал хураал­тад оролцсон байдал бүр гайхаш төрүүлж байгаа юм.

Вашингтонд 114, Сан Францис­код 65 хүн саналаа өгсөн гэж байгаа. Гэтэл АНУ-д 20 мянган монголчууд амьдардаг гэдэг. Дээрх хоёр хотод л тус бүртээ 3000-5000 монголчууд байгаа гэсэн тооцоо бий. Дээрээс нь Америкийн монгол­чууд ардчиллын мөн чанарыг мэдэрдэг, амьдрал нь боломжийн, өөрсдийн унаатай, үзэл бодлоо хүндэтгэдэг учраас саналаа очоод өгчих анхан шатны ойлголттой, бас цагаачлалын албанаас айж зугтал­гүй ЭСЯ дээрээ явж очоод санал өгчихөөр хүмүүс. Саяхан АНУ-ын элчин сайд хэвлэлийн­хэнтэй уул­зах үедээ тус улсад 3500 орчим оюутан суралцаж байгаа гэсэн. Энэ бол албан ёсны визтэй хүмүү­сийн хамгийн наад захын тоо. Тийм улсад ийм дүн гарсан гэхээр ерөө­сөө л Элчин сайдын ажилтай нь шууд холбоотой гэхээс аргагүй. Үнэндээ ч Вашингтон дахь Мон­голын ЭСЯ тэдэндээ хамгийн хаалттай газар байдаг. Монголын иргэн нь яваад очихоор хүргэн ч юм уу, хаалгач нь юм уу нэг нөхөр ЭСЯ-ныхан бүгдээрээ Канадад хуралд суухаар ч билүү амрахаар ч билүү явсан гээд байж байдаг гэлцдэг. Юун ч дуусдаггүй хурал, яасан ч барагддаггүй амралт юм.

Гадаадад байгаа монголчуу­дын сонгуульд оролцсон энэ үзүү­лэлт харьд суугаа дипломат ажилт­нууд ажлаа хэр хийдгийг бидэнд ил тодоор баталлаа. Тэд ажлаа хэн гэдэг даргад үйлчилж, чемодан барьж гүйснээрээ хэмждэг бол бид төрийн нэрийн өмнөөс хийж бай­гаа ажил­даа яаж хандсанаар нь дүгнэнэ. Одоо тэднийг үүргээ гүйцэт­гэж, ажлаа хийж чадаагүй учраас эх оронд нь татаж хариуц­лага хүлээл­гэвэл ямар вэ.

Гадаадад байгаа монголчууд саналаа өгсөнтэй холбоотойгоор дэгдсэн бас нэг асуудал нь саналаа өгсөн хүмүү­сийн 80 хувь нь МАН-д саналаа өгсөн гэх яриа. Үүнийг хэн ямар зорилготой гаргав. МАН-аар дам­жиж өнөөдрийн амьд­ралд хүрсэн ЭСЯ-д тойрсон иргэдээсээ л санал авч бусдаас нь аваагүйгээ батлан үүнийг ярьсан хэрэг үү. Эсвэл сонгууль луйвар­даж, сана­лын хайрцгийг мото­цикльтой авч зугтдаг шиг аргаа­раа саналын хайрцгийг онгоцтой авч зугтана гэж ингэв үү.

Төр төлөөлсөн яамд нь олигтой ажилалгүй, хүмүүстээ мэдээлэл өгөхгүй болохоор бараг л өмнөөс нь ичсэн­дээ сурталчилгаа хийж, бусдыгаа уриалсан “Бид сонгох эрхтэй” клубийнхэн exit poll-ыг сонгууль болсон зургадугаар сарын 10-ны өдөр хийсэн юм билээ. Гадаадын улс орнуудад саналаа өгөөд гараад ирсэн хүмүүсээс хэнд санал өгснийг нь тодорхойлуулан анкет бөглүүлээд судалгаа гаргадаг ийм ажиллагаа байдаг. Гэхдээ энэ нь манайхны гаршсан хэнд санал өгснийг нь харгалзаж мөнгө атгуул­даг сонгуу­лийн луйвраас өөр гэд­гийг эхлээд хэлчихье. Сонгуулийн өмнө ба хойно нь хийж болдог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судал­гааны хэлбэр гэж байгаа. Үүнийг Вашинг­тон, Сан-Фран­циско, Лондон, Сөүл, Токио гээд таван хотод саналаа өгсөн 711 иргэний 249 хүний дунд хийжээ. Ингэхэд АН-д 109 сонгогч буюу 44 хувь нь, МАН-д 62 сонгогч буюу 25 хувь нь, МАХН, МҮАН-ын эвсэлд 30 сонгогч буюу 12 хувь нь, бусдад нь 16 буюу 6 хувь нь сана­лаа өгсөн гэсэн тооцоо гарчээ. Тэгэхээр тэр МАН-ыг дэмждэг гэх 80 хувь гэдэг хаанаас гарч ирэв. Тэдний хийсэн ажил саналын хайрцаг задлагдах үед ямар нэг байдлаар баримт болох буй за. Монголчуудын нүүр царай болж, шилэгдэн томилогддог дипломат ажилтнууд төрийнхөө үйл хэрэгт ийм сэтгэлээр хандлаа. Энэ удаа­гийн сонгуулийг намын бус төрийн албан хаагчид зохион байгуулж байгаа. Та нар минь л шударга ажиллаарай. Шинэ хуулиар, эрүү­гийн хариуцлагад татагдан дээлээ нөмрөхөд ойрхон л байгаа шүү.

Э.ЭНЭРЭЛ