Categories
редакцийн-нийтлэл

МАН-ынхан мэндчилгээгээрээ хэлмэгдсэн олныг дахин шархлуулав

МАН байгуулагдсан баярын өдрөөр тус намын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Зан­даншатар нарын намынхаа гишүүд, дэмжигчид, журмын нөхдөдөө хандан гаргасан мэндчилгээ олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж, бас хүмүүсийн эгдүүцлийг тө­рүүлж байна. Уг мэндчил­гээнд “Ардын нам ард түмнээ удирдан манлайлж, Монгол орноо гал усны гашуун зов­лон­гоос гэтэлгэн, эрх чөлөө­тэй, тусгаар тогтносон, бүрэн эрхт улсыг байгуулж “зуугийн нэг нь дутуу бичигтэй, зур­гаагийн нэг нь дуганд олбог­той” байсан монголчуудыг бие эрүүл, ухаан саруул бол­гож, энх цагийн бүтээн бай­гуулалтыг санаачлан өр­нүүлж, атрыг эзэмшин орчин үеийн үйлдвэр, хот сууринг сүндэрлүүлж, их Нацаг­дор­жийн хэлснээр “хуучин Мон­голыг шинэ Монгол”, “хуучин хүүг шинэ хүү” болгон өөрчил­сөн билээ” хэмээн дурджээ. Монголчуудын бараг нэгэн зууны түүхтэй холбогдох улс төрийн намын хувьд хийж бүтээсэн нь ч багагүй, хэлмэг­дүүлж орхидуулсан нь ч бас байдаг. Харин олон нийтийн дургүйцэн хүлээн авч байгаа нь “зургаагийн нэг нь дуганд олбогтой” байсныг болиул­сан тухайгаа сануулсан явдал юм. Зургаагийн нэг нь дуганд байсныг болиулсан тухай энэ сэдэв бол мон­голчуудад тун эмзэг хөндүүр. Монгол хүн нэгнээ үзэл бодол, баримтлал, ёс жаяг, шүтэх эрх чөлөөнийх нь төлөө гадуур­хаж хүний ёсноос гадуур там­лан хороож байсан түүх бол бидний хамгийн гунигт түүх билээ. Үүнийг аль болох мартаж, хайртай нэгнээ алд­сан хүмүүсийн хагацлыг сэд­рээхгүй, тэр хүнд өдрүүдэд хавчигдан гадуурхагдаж, бас тэр хэлмэгдүүллийн улмаас амьдралын зам мөр нь тэс өөр болсон хатуухан хувь заяг нь сануулахгүй байх нь чухал баймаар юм. Гэтэл тэрхүү хэлмэгдүүллийг гардан хий­сэн тус намын энэ цагийн удирд­лагууд ойн мэнд­чилгээн дээрээ яг үүнийгээ онцлон дурдсан нь харам­салтай. Тэгэхээр зургаагийн нэг нь дуганд байсныг үгүй бол­гохын тулд өч төчнөөнөөр нь сүм дуган хийд шатааж, олон мянган халуун амийг хороосон гэдгээ ингэж зарлах хэрэг байсан юм болов уу. 1922 оноос 1990-ээд оныг хүртэлх хугацаанд 36 мянга орчим хүн улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн байдаг. Тэр дунд 17 мянган лам хув­раг шийтгэгдсэний 14 мянгыг нь буудан хороосон юм. Бас нийгмийнхээ боловсролтой, сэхээрэлтэй уншиж мэдсэн хүмүүсийг нь сорчилж хэл­мэгдүүлсэн талаар түүхчид бүгд л хэлдэг. Дуганаас нь гаргах гэж мянга мянгаар нь хороож бас мянга мянгаар нь айдас хүйдэст автуулан хөдөөд хар болгон суулгаж байсан тэр гунигт явдлыг нь энэ баярын өдрөөрөө бахдал болгон сануулах хэрэг бай­сан юм болов уу даа. Мон­голчуудын итгэл бишрэл, сү­сэг сүжрэлээрээ өргөж босго­сон Мэгжид Жанрайсэгийг хэсэгчлэн харийн газар руу зэвсгийн үйлдвэрт явуулсан байдаг. Буяны үйлийг тохуур­хаж байгаа мэт бурхныг нь их бууны сум хийхээр явуулж байхад нэг талаас айдаст автсан нөгөө талдаа буддын сургаалыг дагадаг монгол­чууд толгой гудайн өнгөрүүлж байлаа. Аливааг хүлцэж өнгө­рүүлэх ёстой гэдэг бурхны шашных нь ч онцлог биз. Лалын шашинтнууд бурхан шүтээнийг нь үгүй хийх бай­тугай их зөнч Мохамедийг нь шоглон зурлаа гээд сүйд болохоо шахдаг. Коран суд­рыг нь урлаа гээд бөмбөг тавихаа дөхдөг шүү дээ. “Нэг хацрыг чинь алгадвал нө­гөөгөө тавьж өг гэдэг” Хрис­тосын шашинтнууд ч цагаа тулахаар тийм зөөлөн аядуу байхгүй. Манайхаас өөр газарт энэ мэт мэдэгдлийн дараа аюул болох байсан байлгүй. МАН-ынхны аз боло­ход манайхан эгдүүцэн дургүйцэж байгаа ч эсэр­гүүцлийн жагсаал хийж асуу­дал үүсгэхдээ аажуу тайвуун хүмүүс юм даа. Улс төрийн тулхтай хүчин гэдэг атлаа МАН-ынхан энэ удаад тун бүдүүлэг алдаа хийлээ. Намын удирдлагууддаа үгийг нь бэлдэж өгөгсөд, зөвлөхүүд нь уран гоё үг бичиж өглөө гэж санаж байж болох ч энэ бол монголчуудын сэтгэлийг сэм­лэсэн гунигт түүх, энэ намынхны ичиж, нууж явах ёстой алдаа нь юм. Атрын аяныг сайшаан дурдсан ат­лаа нэгдэлжих хөдөлгөөний талаар ган ч хийгээгүй байсан. Нэгдлийн талаар ярьчихвал өмч хөрөнгөө ний­гэмчлүүлж, хоосон үлдсэнээ хүмүүс дурсч, бас малыг хувь­чилж өгсөн АН-ын талаар саначих учраас дурдаагүй байж болох юм. Яг үүн шигээ л зургаагийн нэгийг дуганаас гаргаснаа орхичих байлаа даа.

Учир мэдэх хүмүүс “Ком­мунистууд олноороо дар­виж хөөрөхөөрөө хяналтаа алд­даг. Яг тэрүүгээрээ ийм алдаа хийлээ дээ” гэх нь сонстож байна. Дэлхийд хуучны ком­мунист намууд бүрэн утгаа­раа татан буугдаж шинээр дараа, дараагийн намууд байгуулагдсан түүх өдгөө ч үргэлжилж байгаа. Харин манай МАН татан буугдал­гүйгээр шинэ цаг ахуйд баг, арьсаа солин амьдарсан. Яг л тэр хэвээрээ яваагийн ба­тал­гаа нь мэндчилгээндээ үүх түүхээ сөхөн гаргаж, хэлмэгд­лийн сүүдэрт дайрагдсан хүмүүсийг дахин шархлуулж байна. Зүй нь үүнийхээ төлөө ард түмнээсээ уучлалт гуйж, бас ерээд онд татан бууг­даагүйн алдааг ч сөхөн ярих хэрэгтэй юм. Гэвч МАН олон жилийн турш эрх бариад энэ тухай ярих боломжгүй бай­лаа. Одоо бол сөрөг хүчин болсон учраас бүр бодохын ч эцэсгүй болов.

Уг нь коммунист нэрээсээ салчихсан байсан бол одоо­гийн гишүүдэд нь ч, дараа дараагийн дэмжигчдэд нь ч хэрэгтэй байсан юм. Дор хаяж мэндчилгээн дээрээ энэ мэт алдаа гаргахгүй байлаа.

Одоо нэгэнт сөрөг хүчний намаа татан буулгах тухай ярих байтугай санахын ч аргагүй учраас энэ яриа хэсэгтээ нам жим байж таарна, тэгээд ч эрх баригч хүчний хувьд сөрөг хүчнээ муу муухай нэртэй, хүч султай байлгахдаа дуртай байдаг учраас АН-ынхан ч МАН-аа муу нэртэй, луу данстай нь байлгахыг хүсч байгаа болол­той юм. “Манай намын 11 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа” гэж  нэгэн гишүүн нь ярилцлага өгсөн байна лээ. Эндээс нь харвал эрх баригчид нь ч сул дорой байлгах хүсэл их байгаа байх нь, бас нөгөө талаас нь хар­вал яагаад хэрэгт холбогддог улсууд юм гэсэн логик дараа­лал гарч ирж л байгаа юм.

Юутай чиг энэ нам ком­мунист түүхээсээ
салж, бас энэ мэт алдаа эндэгдлээ мэнд­чилгээндээ бахархал мэт дурдаж ард түмнээ шарх­луулж, доромжлохгүй байх нь хүмүүст хүргэх
хамгийн энэ­рэнгүй мэндчилгээ
байх байлаа.

Categories
редакцийн-нийтлэл

Сэтгүүлчид сэтгэл хамгийн чухал

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн салбарын үр нөлөө улам хүчтэй болсоор байна. Өдөр бүрийн хамгийн эхний эрэлтэт, амин чухал хэрэгцээ мэдээлэл. Монголд сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн өдөр хэдхэн хоногийн дараа тохионо. Энэ салбарт ажиллаж ирсэн үе, үеийн сэтгүүлч сурвалжлагчид, хэвлэл мэдээллийн салбартай ямар нэг шижмээр холбоотой бү­хий л хүмүүс ажил ихтэй, яриа хөө­рөө, явдал суудал жирийн биш байх шиг анзаарагдана. Ингэж хөл хөс болох ч учиртай. 1400-гаад онд дэл­хийн хүмүүс болж өнгөрсөн үйл явдлуудыг багцалж гараар хуулан бичсэнээ нэгэндээ тараах болж, 1600-гаад онд Германд анхны хэвлэмэл сонин материал, дахиад хэдэн жилийн дараа Англи, Фран­цад албан ёсны хэвлэмэл мэдээл­лийн хуудсууд түгээгдэн, 1622 онд анхны долоо хоног тутмын сэтгүүл уншигчдын гар дээр очсон байдаг. Дэлхийн ийм өндөр түүхтэй сал­барын тоолол манайд эхэлсээр нэгэн зуун болох гэж байна. Түүхэн ойн босгон дээр ирсэн манай сэтгүүл зүй чиг мөр хэрхэн замнаж буй талаар зориуд бичих ёстой гэж санагдана. Сэтгүүлчийн хөдөл­мөрийг гүний уурхайчны ажилтай дүйцүүлэн жишдэг. Энэ нь тийм ч хэтийдсэн үнэлэлт биш. Хагас цэрэгжсэн нөхцөлд ажиллаж, хэрийн хүн  зүрхшээх нөхцөл бүхий газарт сэтгүүлчид л явдаг. Мэр­гэжлийн нь үүрэг, сонголт. “Юу болоод байгааг мэдээлэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч алга. Сэт­гүүлчид юу хийдэг байна аа” хэмээн шүүмжилж,  мэдээллийг цаг үргэлж хүсдэгээ илэрхийлдэг атлаа, нийт олонхи маань сэтгүүлчдийн хүний мууд дуртайг гайхаж, олж сонсохгүй юм алга гэж шогшрохоо “зэрэг­цүүл­дэг”. Ихэнх тохиолдолд хү­мүүст таалагдахгүй байх гээд бай­даг хэцүүхэн мэргэжил. Гэхдээ өдөр тутмын хийж байгаа ажил нь бусад мэргэжлийнхийг бодвол хүний нүдэн дээр ил байдаг, сайн хийж чадвал өдөр бүр уран бүтээл туур­виж, үр хүүхдэдээ үлдээх өв бэлтгэж байдаг ашигтай ч гэмээр мэргэжил. Хамгийн гол нь нийг­мийн­хээ сайн сайханд үг, цэг бүрээ зориулдаг. Ер нь энэ мэргэжлийг сонгож авсан хүмүүс дур сонирх­лоороо, хүсэл мөрөөдлөөрөө шунан дурладаг учраас хэцүү бэрхийг нь үл огоорч зүтгэдэг билээ. Зуун жилийн босгон дээрээ ирсэн салбарынхан маань хийж бүтээсэн, нийгмээ түүчээлж ирсэн олон сайхан үүх түүхээ бахархан бататгахын хамт, хам­гийн гол нь болохгүй байгаагаа дэлгэн ярьж, зөвлөлдөж, хэт алсаа зөв төлөвлөх хэрэгтэй. Мөн өөрс­дий­гөө цэнэг­жүүлж, үйл хөдөл­мөрийнхөө зохимж­гүй үр тоосыг цэвэрлэх шаардлага байгааг ч илүү ухаарц­гаах хэрэгтэй байх аа.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа бид бурууд нүд хурц байж, болохгүй байгааг хэл, гар чигч байж л мэдээлж, бичдэг хүмүүс л дээ. Гэхдээ яг өөрс­дийн­хөө ажлын дутагдлыг олж харах, хүлээхдээ жаахан маруухан. Эрүүл нийгмийг бий болгохын төлөө, нийгмийнхээ болохгүй бү­тэх­­гүй байгааг цэвэрлэх гэж тон­шуул шиг ажилладаг хүмүүс өөрс­дөө гэмтэж сэвтэх эрхгүй. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд Мон­голын нийг­мийн тоншуулууд маань шуухинаа хүрчихжээ. Үүнийг бичигч ч сал­бар­таа байгаа алдаа­гаа нэгэн гишүү­ний хувьд зүй ёсоор хуваалцаж байна. Энэ салбарт хөл тавьсан он цагийг тооцвол ирэх онд хорин жил болж, тасралтгүй ажил­ласан жилээ тооцвол 15 жил болох гэж байгаа миний хувьд сэтгүүл зүйн сал­барынхны ханиад шуухи­наа нь миний ч, бидний ч алдаа гэж хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна.

Шилжиж өөрчлөгдсөөр буй өнөөгийн нийгэмд хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл хамгийн хүчтэй зэвсэг. Уг нь бурууг зөв рүү чиг­лүүлж, сайнд дагуулан түүчээлэхэд үүнээс илүү үр нөлөөтэй нь үнэн­дээ үгүй. Харамсалтай нь зарим нэг хүмүүс, тодруулбал улс төрийн хүрээнийхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийгөө хамгаалах, хуяглах хэрэгсэл гэж үзээд удлаа. Ийм нөлөөгөөр, ийм хуяглалын үр үндсээс үй олон телевиз, сонин сэтгүүл мэндлэв. Бизнесийн хуу­лиар сайн бүтээгдэхүүн нийлүү­лэгч нь хөл дээрээ тогтоод, чадах­гүй нь алга болдог жамтай. Гэвч, зарим нэгэн хүмүүс өөр бизнесээс олсон мөнгөөрөө хэвлэл мэдээл­лийн хэрэгслээ тэтгээд чирээд яваад байдаг. Зүйрлэж хэлбэл, өсөлтгүй, хөгжлийн гажигтай “мэдээл­лийн биетүүдээ” амь зогоох төдийд аваад яваад байдаг. Үр дүнд нь чадвар, чанарын тухайд ярих ч эрхгүй болсон. Сэтгүүлч болохоор мөрөөдөж байх үедээ МУИС-ийн сэтгүүлчийн анги хоёр жилд нэг удаа л элсэлт авдаг гэнэ гэж сон­соод гонсойдог байж билээ. Гэвч удалгүй жил бүр элсэлт авах болж, улмаар ганц МУИС биш эрээжил­тэл сэтгүүлчид бэлтгэх болсон билээ. Хэзээнээс сайн сэтгүүлч нүдний гэм байсан. Өнөө цагт редакциуд сайн сэтгүүлч гэж мө­рөө­дөх ч хэрэггүй, сэтгүүлч мэр­гэж­лээр төгссөн хүмүүсийг олж авах нь бараг зорилт болчихоод байна. Одоо сэтгүүлч мэргэжлээр төгссөн бүхэн ажилтай болж байна. Энд нэг сониноос гарвал тэнд нэг теле­ви­зэд очно. Ер нь сонинд байснаас телевизэд очвол олны танил болно гээд шинэхэн төгсөг­чид товлочихсон байдаг. Уг нь сургууль төгссөн бүхэн ажилтай болоод сайн л даа. Гэхдээ энэ зах зээлийн зарчмаараа бус хэн нэг­нийг хам­гаа­лах хаацайлах зэвсэг болж хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүд олширсноор эрэлт нийлүү­лэл­тийн зарчим алдагдаж, сэтгүүлч­дийн чанар ярих нь хий дэвсэнтэй ижил болоод байгаа юм.

Японы хамгийн том мэдээллийн агентлаг болох “Kyodo news”, АНУ-ын “CNN”  гээд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн газруудад ажилладаг сэтгүүлчид нь дандаа нас тогтсон, төлөвшиж тогтсон хүмүүс байх нь анзаарагддаг. Харин манайд эсрэгээрээ. Дандаа залуучууд. Ингэснээр омголон, алдамтгай, ойворгон гэмээр ааш зан манай сэтгүүл зүйг өнгөлж,  хөнгөн хямд харагдуулдгийг үүний төлөө санаашрагч бүхэн зөв­шөөр­нө биз ээ. Өөр нэг таагүй хандлага бол, сэтгүүлч хүн гэхээрээ хэн нэгнийг айлгаж, сүрдүүлж болох юм шиг нийтлэг эрүүл бус ойлголт манай салбарынханд бий болсон нь юм. Энэ нь шантаажлах замаар зүй зохисгүйг нэхэх, шаар­дах байд­лаар илэрдэг. Дэлхийн хэм­жээнд манай салбарынханд бай­даг гэм л дээ. Хамгийн гол нь үүнийгээ өөрчилж, эерүүлэх сэтгэл­гээтэй байх нь чухал.

Сэтгүүлчийн мэргэжил тун өвөр­мөц. Зарим мэргэжлийн хувьд тухайлснаа л сурч эзэмшихийг шаарддаг бол бид бүгдийг мэдэж байх хэрэгтэй болдог. Харамсалтай нь дээр дурдсан эрэлт нь ихэс­сэнээс шалгуурын асуудлыг ч ярих эрхгүй болсон цаг дор энэ байдал яах ч аргагүй хойно үлдээд байна. “Мэдэхгүй ч юмгүй, мэддэг ч юмгүй” гэж бид өөрсдөө хошигнон ярьж байгаа ч мэдэхгүй нь ихдээд ирэ­хээрээ энэ мэргэжлийнхээ үнэлэм­жийг унагаж, уншигч, үзэгчдэдээ гологдоод эхэлж байгаа юм. Саяхан “Интерпол”-оор эрэн сур­валжлагдаж байгаа гэх Г.Аятунгаа бүсгүйн хэвлэлийн бага хурал дээр маш олон сэтгүүлч цугларсан. Өрнөж буй үйл явдлаа дагадаг манай мэргэжлийнхний онцлог учраас тэр  нь ч зүй ёсных байлаа. Тэр хурал дээрээс сэтгүүлч гэсэн мэргэжлээ хүн загнадаг гэж ойлго­сон, өөрсдөө юм мэдэхгүйгээ нуухын оронд ил дэлгэн, дэлгэн хүн загнаж зааварладаг дүр төрх нийтлэгээр харагдаж байна лээ. Манай нэртэй сэтгүүлч С.Жамбал­дорж гуай нэгэнтээ “Сэтгүүлч хүн гэж сэтгэдэг хүн байх ёстой, гаанс­ны сэтгүүр шиг хүн байх ёстой бас сэтгэлтэй хүн байх ёстой. Энэ үгийн язгуураас л шууд тэгж хараг­дана шүү дээ” гэж хэлж байсан билээ. Гэвч өнөө цагт сэтгүүлч хүн сэтгэлгүй хүн байх ёстой юм шиг нийтлэг ойлголт бидэнд бий бол­чихоод байна. Хэн нэгэн хүнээс ярилцлага авч байхдаа дандаа ярилцагчаа, эсвэл өгүүлэгдэж бай­гаа тэр хүмүүсээ бодож байх ёстой байдаг. Олны танил, нийгмийн хүн боллоо гээд тэр хүмүүст хувийн амьдрал байхгүй юм шиг, хорвоо­гоос хальсан алдарт­нуудад үлдсэн үр хүүхэд, гэр бүл байхгүй юм шиг өнгийх эс өнгийхийн заагийг ялга­даг­гүй нь бас л бидний алдаа болоод байгаа. Сэтгүүлчид сэтгэл хамгийн чухал. Сэтгэл зөв, хүнлэг байж гэмээнэ л сэтгүүлч гэж дуудуулах учиртай.

Сэтгүүл зүйн гал тогоонд орж ирээд анх анзаарсан нэг зүйл бол сэтгүүлч гэсэн дипломтой төгсдөг ч тэр алдар тээр дээр байдгийг анх мэдэрсэн явдал байсан сан. СУИС-ийн оюутнууд анх ардын жүжигчин байж байгаад гавьяат, жүжигчин, сайн дурын урын сайханч гэх мэтээр хэмжээгээ мэдэрсээр төгс­дөг гэдэг шиг диплом дээрээ сэт­гүүлч гэж бичүүлсэн ч сэтгүүлч гэж хэлүүлэх яагаа ч үгүй гэдгээ мэддэг байсан. Тухайн цагт Ш.Цэрэн­пил нарын цөөхөн хүмүү­сийг л сэтгүүлч гэж цоллодог байж билээ. Гэтэл удалгүй сургууль төгсөөд ирсэн хэн чиг ч сэтгүүлч тэр гэж телевизээр байн байн ярьсаар манай сал­барын­ханд байсан бичигдээгүй хууль ч алга болж дээ. Уг нь энэ салбарт ажиллаад хүлээн зөвшөө­рөгдсөн нь сэтгүүлч гэж нэрээ хэлэх эрхтэй болж, бусад нь сурвалжлагч л гэж даруухан хэлдэг байсан сан.

Сэтгүүлчдийн болохгүй бүтэх­гүй байгаа нь нийгэмд хэдийнэ яригдаад эхэлсэн нь нууц биш. Арга барсандаа арай сэхээрэлтэй хэсгийнхэн, бизнесийн салбарын­хан, зөв бодолтой улс төрийн хүрээнийхэн нь сэтгүүлчдийг ча­дав­хижуулж, чадваржуулах талаар ярилцах болж, зарим нь энэ сал­барт өөрсдөө хөрөнгө гаргаж орж ирэ­хээс аргагүй гэлцэх болсон дуул­дана. Аргаа барсан хүний ажил л даа. Гэхдээ сэтгүүлчид нийгмийнхээ урд нь байж, урагш нь чирч хөтөлж явах ёстой гэдгийг мэддэг учраас л тэгж байгаа байх. Гаднаас хүмүүс ингээд байхад дотор нь байгаа бид бахь байд­гаараа байна аа гээд гэдийгээд байж болохгүй ээ. Нэгэнт гажиг нийгмийн үр дагавар 100 жилийн ойгоо хийх гэж байгаа манай салбарт тусгалаа өгөөд байгаа учраас бид ч бас хичээх ёстой. Нэг үеэ бодвол сэтгүүлч эзэд нэмэгдэж, манай салбарт зөв урсгал орж ирсээр л байгаа.

Гэхдээ редакциуд өөрсдөө сэтгүүлчдээ чансаажуулж, чадвар­лаг болгох дээр анхаарч, хувь сэтгүүлчид бид ч боловсорч сэхээ­рэхээс аргагүй цаг болжээ. Хүн шүүмжлэхдээ сайн мөртлөө, шүүмж­лэлд дургүй нь сэтгүүлч бидний зан. Үе, үеийн сэтгүүлчдээс өөрсдөө бид болохгүй байна шүү гэж бичиж байсан нь цөөнгүй. Ойлгож авах нь ч байсан байх, үгүйсгэж дургүйцэх нь ч байсан байх. Энэ удаад ч бас тэгж хандах биз. Гэхдээ нийгмийнхээ өмнө нь зогсч, чирч явах ёстой бид араас нь үглэж дуулаад явж болохгүй ээ. Нийгмээ идээ бээрээс нь салгаж цэвэрлэх үүрэгтэй тоншуулууд бид нэгэнт хүрсэн шуухинаагаа хатгаа болохоос нь өмнө эдгээж аваад, үндсэн ажилдаа ормоор байна. 

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхийлөгчөө тангараг өргөхийг үзэх гэсэн америкчууд соёолонгийн тоосонд даруулах монголчууд шиг л байлаа

Ерөнхийлөгчийн Там­гын газрын дэмж­лэг­тэйгээр АНУд сур­галтад хамрагдаж буй манай тусгай сурвалж­лагч Э.Энэрэл Вашинг­тон хотоос мэдээлж байна.

Америкчуудын хувьд нэн чухал тэмдэглэлт арга хэмжээ энэ сарын
21-ний өдөр тохиов. Учир нь тус улсын Ерөнхийлөг­чийн 57 дахь тангараг өргөх
ёслолын ажилла­гаа болсон хэрэг. Вашинг­тон Улаанбаатар хотын хооронд даруй 13 цагийн
зөрүү бий. Тиймээс ма­найд хэдийнэ
22-ны өдөр гарч байх тэр агшинд энд ид баяр
хөөр болж туг далбаа намирч
байлаа. Энэ үйл явдлыг дэлхий
нийтээр телевизээр  шууд үзэж сонирхох нэг хэрэг ч  уур амьсгалыг газар дээрээс нь мэдэрч,  Ерөн­хийлөгчөө тангараг өргө­хийг үзэхээр шаагилдан байгаа америкчуудын дунд шахцалдан
зогсоо хүний нүдээр бичих нь бас өөр хэрэг болов уу. Америкчууд дөрвөн жилд нэг удаа болдог Ерөн­хий­лөгчийн
тангараг өргөх ёслолын ажиллагаанд ихээхэн ач
холбогдол өгдөг улсууд юм. Сүүлийн хоёр, гурван өдрөөс Ва­шинг­тоны гудмууд мэдэг­дэм их хүнтэй болсон нь бусад мужуудаас
нийс­лэл­дээ ирж, түүхэн үйл явдлын гэрч болох гэс­нийх байжээ.
Замаар явж байгаад очих газрынхаа хаягийг асуухад “Би юу ч мэдэхгүй ээ” гэж гараа савчих нь хөдөөнөөс
орж ирсэн хэн нэгнээс Гранд плаза хаана байдгийг  асуухтай агаар нэгэн бололтой. Бас метрон дотор
аль шугамаар явбал зорьсон газраа хүрэхийг
над мэтийн ши­нэ­хэн вашингтончоос асуух нь аргагүй.  Үнэндээ
хөдөөний америк хүний дэргэд над мэт нь багш болчихож
байгаа юм л даа. Энгэртээ “Тангараг өргөх ёслолын ажилла­гаа” гэсэн үнэмлэх зүүж ижилссэн бөөн хүнтэй  дэлгүүрт таарав. Тэд өөр хоорондоо “Бэлэг дурс­галын
аль  дэлгүүрт
Барак Обамагийн зурагтай  таваг, тэмдэг, футболк
хямд үнээр худалдаж бай­гаа
бол” хэмээн ярилцах нь сонстоно. Ярианаас нь үзвэл
тэд Тенниси мужаас ирсэн харууд юм байна. Зарим нь нэгийгээ цай уухыг ч хүлээж тэв­чих­гүй, юу юугүй гарч гүйчих гээд байх аж.  Энэ мэтчилэн америкчууд  дөрвөн жилд нэг удаа Вашингтон хотоо
зорьж, Ерөнхийлөгчийн танга­раг өргөх ёслолыг нүдээ­рээ
хардаг ажээ. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сон­гууль арваннэгдүгээр сард болдог. Харин шинээр сонгогдсон Ерөн­хий­лөгч тэр даруйдаа тангараг өргөчихдөггүй. Он солигдсоны дараа буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр тангаргаа өргөдөг билээ. Гэвч  өнөө жил энэ өдөр  амралтын өдөр таарсан тул 21-нийг сонгожээ.  Гэхдээ 21 бол АНУ даяараа өргөн тэмдэглэдэг Мартин Лютер Кин­гийн өдөр гэдгээрээ бэлгэшээлтэй болж байгаа юм. Хар арьстнуудын эрхийн төлөө дуугаа өргөж, арьсны үзлийг халж, эрх тэгш байдал, шударга ёсыг тогтоохоор тэмцэж явсан алдарт Мартин Лютер Кингд зориулсан баярын өдрөөр АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Барак Хуссейн Обама тангаргаа өргөхөөр болсон нь бас сонин тохиол болжээ. Барак Обама зориуд энэ өдөр тангараг өргөхөөр сонгож авсан гэж ярих хүн ч байлаа. Ямартай ч АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх өдрийн үйл явц тэр чигтээ хар арьстнуудын бахархал болж, “Мартин Лютер Кингийн мөрөөдөл биеллээ” гэх үг энд тэндгүй сонсогдож байсныг хэлэх хэрэгтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хуульд заасан өдрөө Цагаан ордондоо  тангаргаа өргө­сөн ч Мартин Льютерийн өдрөөр ард түмэнтэйгээ уулзахыг хүссэн нь энэ ажээ.

Бидний хэдэн сэтгүүлч өглөө эртлэн Цагаан ордныг чиглэн  гарч одсон билээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажилла­гааг ойроос харах гэсэндээ урд эгнээнд зогсох эрх бүхий ногоон урилганаас зургаан ширхгийг, баярын парад алхах үед нь үзэх эрхтэй хоёр шар урилга олдсон юм. Олдох юу байхав, Ерөнхий­лөг­чийн Тамгын газрын шугамаар сурахаар ирсэн сэтгүүлчдэд энэ түүхэн үйл явцыг нүдээр харах боломжийг олгосон нь тэр л дээ. Америкт сурахаар очсон 14 сэт­гүүлч давуу эрхтэй зургаан урилга дээр азаа үзэж, сугалаа татахад  азтайд тооцогдсон хэдийн нэгээр шалгарсандаа баяртай байлаа. 

Ингээд метронд суухад хүмүүс жирийн өдрүүдээс илүү хөл хөөр­тэй байгаа нь илт.  Ялангуяа нүдэнд нь аз жаргал гэрэлтсэн хар арьст­нууд олноороо яваа нь бусдаас илүү анзаарагдам байлаа. Үнэ­хээр ч АНУ-ын 300 гаруй сая хүний 40 орчим хувийн төлөөлөл болж анх удаа хар арьст Ерөнхийлөгч гарч ирсэн явдал нь харь арьст америк­чуудын хувьд баярлахаас өөр аргагүй зүйл юм.   

Тангараг өргөх ёслолыг үзэхээр ирсэн америкчууд олон цаг гадаа зогсох бэлтгэлтэйгээ ирсэн байв.   Хөнжил нөмөрсөн залуус ч харагд­сан юм. Хүмүүсийн өмссөн хувцас зүүсгэл нь ч ямар нэг байдлаар Обаматай холбоотой. Барак Обама  болон түүний гэр бүлийнх­ний зурагтай цүнх, футболк, зураг бүхий тэмдэг, малгай гээд төрөл бүрийн зүйл харагдана.  Дор хаяад л “44 дэх Ерөнхийлөгч Барак Обама” гэсэн нэртэй эд хэрэг­лэлээр гоёжээ. Бид ч яаж дутахав хүмүүсийг дуурайж, малгай авч өмсөцгөөсөн билээ. Энэ өдөр метронууд онцгой хуваариар явж байсан юм. Ёслолын ажиллагаа болох хэсэг дээр бөөн дараалал үүс­сэн байлаа.  Ерөөсөө л хөл хөл дээ­рээ гишгэх шахам Цагаан орд­ны зүг сөөм сөөмөөр урагшилж байв. Яг л манайхан наадмын өд­рөөр Хүй долоон худагийн  ганц чиг­лэлд автомашинууд явдагтай адил. 

Монголчууд соёолонгийн тоо­сонд даруулах хар үүрээр босч, зарим нь Хүйн долоон худагт хоно­дог. Тэгээд түрүүлээд ирсэн соёолон­гийн хөлсөнд хүрэхээр зүтгэж сүйд болдог. Ерөнхийлөг­чөө тангараг өргөхийг үзэх гэсэн америк­чууд энэ дүр зургийг санаг­дуулам ажээ. Бүгд л гол арга хэм­жээ болох төв талбайн зүг харж,  байраа эзэлнэ. Амжаагүй нэг нь тэнд байрлуулсан нийтийн жорлон дээр гараад сууцгаажээ. Хэдийгээр суухад тэнцвэргүй пөмбөгөр хэл­бэрийн жорлон ч болох нь ээ олж суусан хүмүүс азтайд тооцогдож байлаа. 

Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын  үйл явцыг хүмүүс нэгэнт телевизээр үзчихсэн  учраас түүнийг дахин сануулж, амт муутайхан дүрслэн бичих нь  илүүц болов уу.  Харин тухайн үед хүмүү­сийн байр байдал, уур амьсгал ямар байсан талаар өгүүлье.  Ерөн­хийлөгчөө тангараг өргөхийг харах гэсэн хүмүүс ёслолын ажиллагаа эхлэх яагаа ч үгүй байхад цугласан юм.  Нялх хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд ч харагдана. Газар хөнжил дэвсээд хүүхдээ суулгачихаад өмнө нь тоглоом тавиад өгчихсөн ч байх шиг.  Америкчууд хүүхдүүддээ бага балчраас нь эх орноороо, Ерөнхийлөгчөөрөө бахархах сэтгэл­тэй болгож хүмүүжүүлдгийн нэг жишээ нь энэ юм байна.  Өнгөр­сөн 2009 онд  АНУ-ын Ерөнхийлөг­чийг тангараг өргөх ёслолын үеэр 1.3 сая хүн цугларсан гэдэг.  Харин энэ удаад 600 мянган хүн ирнэ гэсэн тооцоо гараад байсан юм. Гэхдээ энэ тооцооноос давж, 800 мянган хүн цугларчээ.

Ер нь Капитолын өмнө цуглар­сан хүмүүсээс Америк орноороо, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама­гаар, түүний гэр бүлээр чин сэтгэлээсээ бахархаж байгаа нь илт анзаарагдсан юм. Америкчууд нэгэнт хийсэн сонголтдоо итгэл үнэмшлээ өгч,  олонхийн саналаар бий болсон үр дүнг хүндэтгэж чаддаг хүмүүс юм.  Барак Обама­гийн охидын нэрийг дуудахад, хатагтай Мишээл Обамаг гарч ирэх тэр агшинд америкчуудын баяр хөөр дээд цэгтээ хүрэх шиг болно.   Энэ сэтгэл хөдлөл, хайр бахархал хар, цагаан арьстан гэж ялгахгүй америк хүн бүрийн царайнд илт байсан билээ. Америкчуудын хувьд Ерөнхийлөгч нь жинхэнэ бахархал ажээ. Тангаргаа өргөхөд нь дагаж хөөрч, баярлан хашгирч байгаа тэдний нүднээс чин сэтгэлийн бахархал, итгэл найдвар үзэгдэнэ. Үүнийг харж зогссон бидэнд энэ тохиолдолд манайхан яадаг билээ, шүүмжилж, гоочлохоо урдаа барих байсан болов уу гэсэн бодол төрж байснаа нуух юун. Манайд Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн УИХ-ын танхимд Үндсэн хууль дээр гараа тавьж, тангаргаа өргөс­ний дараа өмнөх  Ерөнхийлөгчөөс тамгаа хүлээж авдаг.  Ингээд Сүх­баа­тарын талбай дээр болдог арга хэмжээнд оролцохоор гардаг шүү дээ. Ерөнхийлөгч бол  Зэвсэгт хүчний ерөнхий командлагч учраас цэргийн парад хийж таардаг. Үүнийг үзэж зогсоо монголчууд дундаас нэг нь Ерөнхийлөгчийг үг хэлэхэд нь  “Тийм шүү, Ерөнхийлөг­чөө” гээд хэлчихвэл эвэртэй туулай үзсэн юм шиг аашилцгааж,  тэрний хүн энэний хүн мэтээр элдвээр хардах биз ээ. Харин энд бол өөр юм. Ерөнхийлөгчөө хүндэтгэж бай­гаа америкчуудыг хараад ийм бодол төрж байлаа.  

Барак Обамаг үг хэлэхэд нь дуу алдаж, гараа даллахад нь орилол­дох америкчуудын нүдэнд худлаа жүжиглэлт байсангүй. Америкийн Ерөнхийлөгч болсон бол тэр ажлаа саадгүй хийх ёстой, түүнд нь бид  туслах ёстой гэсэн сэтгэлээр тэд ханддаг юм билээ. Тэгээд ч Обама­гийн жинхэнэ  ажиллах үе нь одоо ирлээ гэж үзэх америк хүн олон байна. Учир нь өмнөх дөрвөн жилд дахин нэг сонгуулийн гараа байсан учраас Обама олон нийтэд таалаг­дахын тулд хий жүжиглэлт ихтэй байсан гэдэг шүүмжлэл таныг дагаж байлаа. Тэгвэл одоо түүнд жинхэнэ бодож төлөвлөснөө хийж дуусгах  он цаг л үлдсэн.  Жинхэнэ Ерөнхийлөгчийн хугацаа гэгдэх энэ боломжийг америкчууд үе үеийн Ерөнхийлөгчдөд өгдөг уламжлал­тай. Залуу Буш, эцэг Буш, Билл Клинтон гээд л бүгдэд нь америк­чууд АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин  сонгогдох боломжийг олго­сон байдаг билээ. 

Ийнхүү
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тангараг өргөсөн
өдрийн оргил хэсэг нь мэдээж
түүний эхнэрээ бүжгэнд урьсан явдал байлаа. Ерөнхийлөгч Барак Обама эхнэрээ гайхалтайгаар танилцуулсны
дараа түүнийг бүж­гэнд урьж бүжиглэв. Дараа нь тэд хилийн чанадад
ажиллаж байгаа  цэргүүдээ дэмжиж буйгаа харуу­лах зорилгоор
эрэгтэй, эмэгтэй хоёр цэрэгтэй бүжиглэсэн
нь америк­чуудад ихээхэн таалагдах шиг болов. Тэргүүн хатагтай таавар уралдуулсан олны сэтгэлийг амрааж,
гоёмсог улаан даашинз­тай гарч ирэн  бүжиглэсэн билээ.

Categories
редакцийн-нийтлэл

Мишель Обама ямар даашинзаар гоёх вэ?

Манай тусгай сурвалжлагч Энхцагийн Энэрэл АНУын Вашингтон хотоос мэдээлж байна.

Ерөнхийлөгчийн Там­гын газ­раас сэтгүүлчдийг чадавхижуу­лахад дэмж­лэг
болгох үүднээс хэвлэл
мэдээллийн байгуул­ла­гын ажилтнуудыг АНУ-д англи хэлний сургалт бо­лон
мэргэжил дээш­лүү­лэх
сургал­танд энэ оны эхний сараас эхлэн хам­руулах болсон билээ. Англи хэлний
тодорхой шал­гуурыг давсан эхний 14 сэт­гүүлч
АНУ-ын Ва­шингтон хот­ноо өнгөрсөн долоо хоногоос хичээл­лэж эхэлсэн бө­гөөд хэл­ний хичээлүүдээс
гадна мэр­гэж­лийн дагуу олон улсад хүлээн
зөв­шөө­рөгдсөн
томоохон хэв­лэл мэдээл­лийн газ­руу­дын үйл
ажиллагаа­тай танил­цаж, турш­лага солил­цохоос гадна нэр хүндтэй томоо­хон про­фес­сор,
улс төр судлаач, дипло­мат­чид,
сэтгүүлч­дийн лек­цийг
сон­сох тун сонирхолтой бас нэ­лээд шахуу хөтөл­бөртэй бай­гаа ажээ.

Эхний ээлжийн сэт­гүүлч­­дийн хувьд тун азтай үед очиж тохиосон бай­гаа бөгөөд дэлхийн олон сая хүн үзэж со­нирх­дог АНУын Ерөнхий­лөг­чийн сон­гуулийн тангараг өргөх ёслолын үеэр Вашингтон хот­ноо байж таарч байгаа юм. Тус сургал­тад хамрагдаж байгаа манай тус­гай сурвалжлагч Э.Энэрэл АНУын Ерөнхийлөг­чийн тангараг өргөх ёслолын та­лаар тэндээс нь мэдээ­­лэх бол­но. Энэ удаагийн дугаартаа түүний тангараг өргөх ёслолын өмнө Вашингтон хотоос илгээ­сэн сурвалжлагыг хүргэж байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас тасралтгүй яригдсаар ирсэн нэг зүйл бол Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа байсан билээ. Америкчууд төдийгүй дэлхийн олон нийт энэхүү арга хэмжээнд гойд анхаардаг. Ойрын өдрүүдэд Ва­шинг­­тон хот хэзээ хэзээнээсээ илүү хөлтэй байгаа талаар эндхийн уугуул оршин суугчид ярьцгааж байна. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцох, сурвалж­лах, үзэж сонирхохоор нийт хоёр сая орчим хүн ирдэг гэх бөгөөд зургаан зуу гаруй мянган хүн амтай хотод нэгэн зэрэг хоёр сая орчим хүн ирчихээр хөл хөдөлгөөн нэмэг­дэхээс ч аргагүй билээ. Зочид буудлууд битүү, түрээсийн байрууд олдохгүй, оюутны байрнууд ч энд тун эрэлттэй байгаа нь олон зүйлээс анзаарагдаж байна. Бас гудамж талбайгаар дүүрэн Обама­гийн зураг хөрөг бүхий цамц мал­гай, хөргөгчний наалт хөвөрч бай­на. Гудамжинд бараа таваараа зарж буй хүмүүс “Тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулсан хувц­саа аваарай” хэмээн тасралт­гүй санал болгож байх юм. Юутай ч энэ сарын 21-ний өдрийн даваа буюу манайхаар мягмар гаригт болох уг арга хэмжээнд энэ улсын иргэд дор бүртээ чамбай бэлдэж байгаа бололтой. Одоогоос гурав, дөрвөн хоногийн өмнө Цагаан ордон руу очиход гаднаасаа бай­шин нь харагдахгүй болтол нь халхалсан хүндэт зочдыг суулгах суудлуудыг гадна талд нь байр­луулсан байсан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагууд хэдийнэ камераа суурилуулаад эхэлсэн  нь анзаарагдаж байсан билээ. Ерөн­хийлөгч Б.Обамагийн тангараг өргөх өдөр метронууд хязгаарлагд­сан хуваариар явна, хаагдсан байвал сандралгүй алхаад дараа­гийн буудлаас суугаа­рай, метроны­хоо картыг эрт цэнэглээрэй, тэгэх­гүй бол тангараг өргөх өдрөөр хүн бүр дугаарлаад их урт оочер үүс­дэг, илүү мөнгө ч төлөх хэрэг болж магад гэхчилэн мэдээллийг сургал­тын зохион байгуулагчид маань байнга өгч байгаагаас үзвэл бага­гүй хөлтэй зүйл болох нь уу гэмээр. Гэхдээ бас яахыг нь төсөөлөмгүй. Ер нь танга­раг өргөхтэй холбоотой арга хэм­жээ энд тэндгүй өрнөж байгаа нь харагдаж байгаа ч америк­чуудын сонирхлыг хамгийн ихээр татаж буй зүйл нь “Мишель Обама ямар даашинзаар гоёх вэ” гэдэг сэдэв бололтой. Энэ талаар л яриад байх юм. Уг нь тангараг өргөж, Ерөнхийлөгчийн албыг хаших гэж Барак Обама юу хэлж, юу хийж бас яаж хувцасласан байх нь сонин баймаар. Гэвч энд үгүй ажээ. Гэхдээ америкчууд асуудалд хэт мате­риал­лаг ханддагтаа ч юм уу, илүү дутуу зүйлд дурлаад байдаг­таа үүнийг сонирхоод бай­гаа биш бололтой. Харин тэргүүн хатагтай тангараг өргөх ёслол дээр юу өмсөх бол гэдгийг сонирхдог уламж­лал ихээхэн эртнийх ажээ. 1912 онд тухайн үеийн тэргүүн хатагтай Элен Тафт өмс­сөн даашин­заа Америкийн Үндэс­ний түүхийн музейд өгсөн тэр цагаас хойш тангараг өргөх ёслол дээр тэргүүн хатагтайн өмссөн даашинз, цүнх, гутал гоёлын эд зүйлийг музейд өгдөг уламжлал тогтсон ажээ. Үнэхээр ч уг музейд хэрэг болгон очиж сонирхоход энэ хэс­гийн үзмэр хүмүүсийн анхаар­лыг татахуйц хэсэг байсныг онцлох хэрэгтэй болов уу. Сүүлийн үеийн тэргүүн хатагтай нараас гэхэд л Ерөнхийлөгч Рейганы гэргий Нэн­сигийн нарийхан жижиг цагаан даашинз дэгжин гутал, цүнхний хамт байсан бол бусдаасаа нэлээд аривхан цэнхэр тансар хилэн орсон болов уу гэмээр Барбара Бушийн даашинз, түүнээс нь хол­гүйхэн бэр Лора Бушийнх нь улаан даашинз байж байх жишээтэй. Одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны залуухан бас гоолиг байх үедээ өмсч асан хөх торон даашинз бас тийм өнгийн цүнх, гутал нь ч нүд булаам харагдаж байна лээ. Харин хатаг­тай Бушид улаан гутал нь таалагд­сан юм уу музейд өгөөгүй болол­той, тэнд тавиагүй байлаа. Ерөн­хийлөгч, тэргүүн хатагтай нарын бүжиглэж байгаа бичлэгийг түүх болж буй даашинзнуудын зэргэл­дээ ханан дээр гаргаж байгаа нь музей үзэж байгаа хүмүүст давхар, давхар мэдээлэл болдог ажээ.

Дөрвөн жилийн өмнөх тангараг өргөх ёслол дээрээ Мишель Обама нэг талдаа мөртэй, гоёмсог хийцтэй цагаан даашинзаар гоёсон билээ. Анхны хар арьст тэргүүн хатагтай музейд өмссөн даашинзаа өгөх­дөө эрдэнийн чимэглэлээ ч бас өгсөн ажээ. Цагаан алтан дээрх очир эрдэнийн шигтгээтэй гоёлын зүүсгэл нь гэрэлд нүд гялбуулж харагдсан. Бас лав 41 размер элбэг хүрэх өндөр гэгчийн цагаан туф­лийг тавьжээ. Өөрөө өндөр тэгээд бас нэлээд өндөр өсгийтэй гутал өмсөөд нөхрөөсөө чамгүй өндөр харагдаж байгаа нь тэдний бүж­гийн бичлэгээс харагдаж байна шүү. Бодвол имиж мэйкер, хашир нарийн зөвлөгчид их л биз, мань мэтийн нүдээр бол тэр өндөр өсгийтэй гутлаас татгалзаж бусад эгч тэргүүн хатагтай нар шигээ даруухан дундаж өсгийний сонголт хийхгүй яасан юм бол гэсэн саваа­гүй бодол төрөөд л авна лээ. Ямартай ч дөрвөн жилийн өмнө хатагтай Мишель Обамагийн даашин­зыг урласан өмнө нь тэр бүр хүмүүс мэддэггүй байсан хятад гаралтай загвар зохион бүтээгч  Жэсон Ву одоо оддын хувцас урлаад завгүй болсон аж.

Энэ жил, тухайлбал өнөөдөр Мишель Обама юу өмсөх бол. Энэ нь америкчуудын
анхаарлыг тун ихээр татаж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллүү­дээс ч харагдана. Англи
хэлний багш Марк маань “Манай тэргүүн
хатагтай гараа гаргах дуртай. Тэгэхээр лав гараа гаргасан хувцас өмсөх биз дээ” хэмээн хөгжил­тэйгөөр ярьж байсан. Ёслолын
хувцасаа өмссөн Улсын тэргүүн, тэргүүн хатагтай хоёр ёслолын бүжиг хийдэг. Энэхүү бүжигт америк­­чууд ихээхэн ач холбогдол өгдөг. Энэ бүхэн
нь түүхийг бичиж байгаа
хэрэг учраас ач холбогдолд өгөхөөс ч яахав дээ. Өмнө нь хатаг­тай Мишель Обама “Би
Жаклин Кеннидигийн 50 жилийн өмнө өмсч байсан хувцасыг хараад, Мари Тод Линкольний
хэдэн зуун жилээр дамжиж ирсэн эд зүйлийг
хараад энэ бүхэн нь хүмүүсийг түүхийг
бүрэн утгаар нь ойлгоход
нэмэр болдог юм байна гэж ойлгосон. Энэ бүхэн
нь түүхийг хүмүүс бид өөрсдөө бичдэг гэдгийг надад ойл­гуул­сан”
гэж байжээ. Одоо түүхийг үргэлжлүүлэн бичилцэж байгаа энэ гэр бүл түүхийн сонин хачинд ямар нэмэр хачир оруулахыг
Америкийн ард түмэн хүлээж сууна. Тэргүүн хатагтайн энэ үеэр өмсдөг
загвар нь бас дараагийн дөрвөн жилийн чиг хандлагыг ч
тодорхойлдог гэж байгаа. Гэхдээ зүгээр
нэг сониуч хэрэг биш энэ үндэстний
бахархал болсон үйл явдал
нь уг арга хэмжээ болжээ. Нээрээ хатагтай Мишель Обама тангараг өргөх ёслол дээр ямар хувцасаар гоёх бол, тэд яаж бүжиглэх бол. Олон хүний сонир­хож байгааг тэдний
дунд орсон бид ч сонирхож сууна. Тангараг өргөх ёслол дээрээс сурвалжлага
хийснээ уншигч та бүхэндээ
хүргэх болно.

Categories
редакцийн-нийтлэл

Цагаан сарын өмнө…

Монголын улс төрийн амьдрал томоохон баяр наадмын дараа бас үндэсний хэмжээний баярын өмнө­хөн нам гүм болчихдог юм. Гэнэ­тийн томоохон үйл явдал өрнө­чихгүй бол шүү дээ. Учир нь баярын үеэр, баярын өмнө хэнбугай нь ямар ч том улс төр хийж байсан сонирхох сөхөөтэй хүмүүс байхгүй учраас  илүү ажил гаргах хэрэггүй гэж улстөрчид, нам эвслүүд үздэгээс тэр. Шинэ жилийн баяр дуусч, Цагаан сарын их хөл хөдөл­гөөн эхлэх завсрын үе ид ноёлж байна. Энэ завсрын үед улс төрийн үйл явц намдуухан ч гэсэн хэрхэн долгилж байгааг анирдаад үзвэл:

МАНЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙ САЙДЫГ ХҮЛЭЭСЭЭР

 УИХ дахь МАН-ын бүлэг албан ёсоор байгуулагдаад удаагүй бай­на. Тэд албан ёсоор байгуулагд­санаар Засгийн газрын гишүүдийг, Ерөнхий сайдыг “дуудаж уулзах” эрхтэй болчихож байгаа хэрэг билээ. Удтал бүлэггүй байж чадуул­сан тэд хэд хэдэн асуудал дээр тодруулга авахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дууджээ. Гэвч Ерөн­хий сайд ямар нэгэн тайлбар хийсээр очихгүй байгаа аж. МАН-ын бүлгийнхэн хуулийн хүрээнд бичгээр хүртэл хүсэлтийг хүргүүл­чихээд байхад “ээлжит булталт”-аа хийлээ гээд тун дургүй байгаа сурагтай. Уг нь өнөөдөр болох бүлгийн хурал дээр Н.Алтанхуяг сайдыг дуудаж, бондын асуудал болон Орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан АН-ын 12 Засаг даргыг батламжилсан атлаа МАН-ын ялалт байгуулсан есөн аймгийн гурваас бусдыг нь батламжлахгүй байгаагийн учир юу вэ гэж асуух гэж байсан ч Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригт очих боломжгүй гэдгээ мэдэгдсэн тул МАН-ынхан ихээхэн ууртай байгаа гэнэ. Нэг талаас тэдний уурлах нь ч аргагүй л байх. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын бүлгийн хурал дээр Даш.Зоригтоос эхлээд сайд нар нь дуудагдан асуугдаж, бас Ерөнхий сайд С.Батболд ч очиж мэдээлэл хийж байсан болохоор тэгцгээж байгаа биз. Нөгөө талд Н.Алтанхуяг сайдад ч амаргүй байгаа. Бүлгийн хурал дээр бөө­нөөрөө боорлож байгаад асууж өгдөг гэм бий. Бас өмнөх дөрвөн жилд хамтарчихаад гээд дайрах хүмүүс ч олон байгаа учраас хал­гаж байгаа биз ээ. Нөгөө талдаа ойлгомжтой асуудал дээр бүлгийн хурал дээр тайлбар хийгээд байх шаардлагагүй хэмээж байж ч болох юм.

МАН бүлэгтэй болсон гэснээс энэ намынхны хөнгөхөн боловч хийж байгаа жижиг пиар нь “Ерөн­хийлөгчийн сонгуулийн хуулийг баталсны дараа бидний бүлэгтэй болох асуудал шийдэгдэв” гэсэн яриа. Бүлэгтэй болох боломж УИХ-ын анхдугаар чуулган хуралдахад л МАН-д байсан ч буруу ишилсэн сүх шиг хуульчид нь буруу замаар будаа тээлгээд олон сараар сул гишүүд шиг явуулахад хүргэсэн. Тэгээд АН болон бусад намын гишүүдийг МАН-гүйгээр олон асууд­лыг шийдэхэд хүргэснийг өөрсдийн­хөөрөө тайлбарлахаа тэд мартсангүй. Хамгийн сүүлд гэхэд л Ерөнхийлөгчийн сонгуу­лийн хууль батлагдаж байж  бид бүлэгтэй боллоо гээд байгаа. Үнэн­дээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль нь Монгол Улсад Ерөн­хий­лөгч болох хүнийг сонгох үйл явцыг тодорхойлж өгч байгаа хууль боло­хоос одоогийн Ерөнхийлөг­чийн асуудлыг шийдэж байгаа хууль биш билээ. Энэ хууль батлагд­санаар дараа, дараагийн олон удаад Ерөнхийлөгчөө сонгоход, урьдын адил амралтын өдөр сон­гууль нь болох уу, сүүлийн үед хүмүүст таалагдаад байгаа шиг ажлын өдрийг сонгуулийн өдөр болгоод амрах уу гэх зэрэг олон зохицуулалтыг шийдсэн. Түүнээс найман хүүхэдтэй айлын отгон хүүхэд нэр дэвших эрхтэй гэх мэтээр Ц.Элбэгдорж гэдэг хүнд зориу­лагдсан зүйл байхгүй гэдгийг ялгаж салгамаар байгаа юм. Улстөрч­дийн хувьд энгийн иргэдэд үл ойлгогдох байдал төрүүлэхээр явуургүй энэ мэтийн улс төрийг хийх нь элбэг юм даа. Бүр хүмүү­сийн тархийг угааж, хэвлэл мэ­дээллийн хэрэгслүүдээр санаатай эсэх нь мэдэгдэхгүй зөрүүтэй мэдээ­лэл тараах нь ч харагдах юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн төс­вийг хэлэлцэх үеэр сонгуулийн төсвийг Ерөнхийлөг­чийн тамгын газрын хөрөнгө мөнгөтэй зөрүү­лээд л бичсэн байгаа нь харагдсан. Тэс өөр зүйлүүд шүү дээ. Ерөн­хийлөгчийн сонгуулийн төсөв бол УИХ-д суудалтай улс төрийн намуудаас тодорсон хэд хэдэн хүний дунд улс орон даяар болох сонгуулийн төсөв. Гэтэл үгэн дээр тоглоод л хүмүүст хүргэчих гээд үзээд байх юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЧИМЭЭ

Дөрвөн жил тутамд хэвлэл мэдээллийн хуудаснаа ийм гарчиг­тай тоймууд гарч эхэлдэг. Хэдий­гээр зарим хэвлэлээр нэр дэв­шихээр яригдаж байгаа гэсэн нэрс гараад эхэлсэн хэдий ч яг үнэндээ нарийн яриа хөөрөө нь эхлээ ч үгүй байгаа гэх. АН-ын хувьд нэр дэв­шигчийн тухайтад яриад байх зүйл байхгүй, харин Цагаан сарын дараагаас улс төрийн намуудын сонгуулийн өмнө хийдэг шиг судал­гаа руугаа орно гэлцэж байгаа аж.  МАН-аас сүүлийн үед УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Ерөнхий­лөг­чийн сонгуульд нэр дэвшигчээр  тодруулахаар яригдаж байгаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэх болсон ч үүнийг давхар зорилготой мэдээ­лэл, зарим нэг зүйлд зориулсан сөрөг арга хэмжээ, ерөндөг гэж харж байгаа улс төрийн тоймчид олон байгаа юм. Үнэндээ МАН-ын хувьд хэнийг явуулахаа ч яриагүй, одоо­хондоо намын даргынхаа амыг л харж байгаа аж. Сүүлийн үед хэвлэлээр бас нэг явж байгаа мэдээлэл бол МАХН-ын даргын эхнэр О.Цолмон нэр дэвших санаатай яригдаж байгаа гэсэн яриа хөөрөө. Магадгүй өөрөө ийм бодол санаатай байхыг үгүйсгэхгүй ч тус намын хувьд санаанд оромгүй амжилт үзүүлсэн УИХ-ын сонгуу­лийн амжилтын хөөс нь улам бүр дарагдсаар байгаа. МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эхний босгоо давах 45-аас дээш настнуудын нэрсийг жагсааж, гишүүдийнхээ дунд судалгаа явуулж байгаа нь үнэн аж. Тэр дунд нь О.Цолмонгийн нэр байгаа бололтой. Үнэндээ МАХН-д Д.Тэрбишдагва, Ч.Улаан гээд энэ сонгуульд өрсөлдчих сонирхолтой хүмүүс цөөнгүй байхад О.Цолмон гэгдэх нь юу л бол. Гэхдээ сон­гуулийн өмнө нэр дэвшилттэй холбоотой олон л мэдээ мэдээлэл хөвөрч байдаг шүү дээ. Аль ч улс төрийн хүчний хувьд тандалтын хэлбэрээр мэдээлэл цацдаг тэр үе шат нь эхлээд явж байна даа.

БОНД ХЭМЭЭХ

БОНДГОР

Толгойн дээрх бондойчихсон булдрууг байн байн цохиод байвал хэцүүхэн л байдаг сан. Энэ Засгийн газрын хувьд Бонд гэдэг сэдэв бондгор булдруу шиг л байх юм. Гэхдээ МАН-ынхан л энэ сэдвээр оролдож, булдруу шиг болго­чи­хоод байгаа хэрэг л дээ. Олон улсад анх удаа бонд гаргаж, санаанд оромгүй мөнгө босгож чадсан нь энэ Засгийн газрын хийж чадаж байгаа олон ажлуудын нэг нь. Чингэс нэртэй бонд олон улсад борлуулж, тэр мөнгө нь ороод ирсний дараахан МАН-ынхан “Бид­ний өнгөрсөн үед хийж байсан ажлуудын үр дүн л яваад байна. Бид нар ч бас бонд гаргаж борлуулж байсан” гээд хэвлэлээр яриад эхэлсэн билээ. Харин сүүлийн өдрүүдэд Засгийн газрыг буруутгахдаа их хэмжээний хүү төлөөд эхэллээ, тэр хөрөнгөөр тэдэн цэцэрлэг барих мөнгө хэмээж улс төрөө хийж байгаа харагдах юм. Иймэрхүү ажлыг бид ч хийсээр ирсэн гэж эхэндээ явуулах гэж үзээд олон нийт сонсохгүй боло­хоор нь одоо бондыг нь буруутгаж, үнэ хүндийг нь унагах ажиллагаа хийж эхлэх шиг. Ямартай ч Хөгж­лийн банк дансандаа хөрөнгөтэй болж, хөгжлийн бодлогуудаа дэм­жих хөрөнгөтэй болчихоод байгаа нь сайн хэрэг. Харин цаг алдахгүй томоохон хөрөнгө оруулалт шаард­лагатай ажлуудаа эхэлж, бондын хүүд мөнгө өгч байна гэсэн сөрөг улс төрийг зогсоовол дээр байх. Тэгэхгүй бол сөрөг хүчнээс нь явуулж байгаа бондоо зах зээлд яаран гаргасан, хөгжлийн хөтөл­бөрүүдээ тодорхой болгож, цаасан дээр эхний мөрүүдээ гаргасныхаа дараа хийхгүй, хүүнд нь сул мөнгө өгсөөр байна гэдэг ойлголт газар авбал муу. Үнэндээ ч одоо орж ирээд байгаа 1,5 тэрбум ам.дол­лар, ирэх жил орж ирэх 3,5 тэрбум ам.доллараа долоо хэмжиж нэг огтолж байж хянуур шийдэхээс ч аргагүй. Тэгэхгүй бол эргүүлж төлөх төслүүд шүү дээ.

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРҮҮД

 Шинэ Засгийн газрын шийд­вэрүү­дийг хүмүүс өөр, өөрийн­хөөрөө л ойлгож хүлээн авч байгаа. Дийлэнхдээ хийж бүтээж байгаа ажлуудыг нь эерэгээр хүлээн ав­сан. Тэдний хувьд ч бас шийдэхийг хүлээж байсан олон зүйлийг нь шийдэж, тийш анхаарлаа хан­дуулсанд нь иргэд дуртай байгаа. Гэхдээ сүүлийн үед “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр хэт асуудалд тулж орж байна хэмээн олон нийт дургүйцэх болсныг анхаа­ралдаа авбал зүгээр болов уу. “Дугаарын хязгаарлалтыг дий­лэнх хүмүүсийн эрх ашигт нийцэж байвал нэг өдрийн асуудал яамай байна” гэж хүмүүс үзэж байсан бол сүүлийн өдрүүдэд буруу талдаа жолоотой машины асуудлыг хөн­дөөд ирэхэд дийлэнх олонхи таа­гүй хандаж байгаа нь анзаарагдаж байна лээ.

Засгийн газрын зүгээс хийж байгаа сайн алхмууд байгаа ч бас алдаатай ажиллагаанууд гарч байгааг нь үгүйсгэх аргагүй. Үнийг тогтворжуулах хөтөлбөр гэж нэлээдгүй мөнгө зарцууллаа. Үнэхээр ч үнийг тогтоож байвал мөнгө зарцуулсан ажил нь үр дүнгээ өгч байна гэхсэн. Махны үнийг тогтвортой болгох 87 тэрбум, шатахууны үнийг барихад зар­цуулж нефть импортлогч компа­ниудад тараасан бага хүүтэй 167 тэрбум тэгээд хаана байна. Махны үнэ дээд оргилдоо хүрсэн өнгөрсөн жилийн өдийд хонины цул мах 7500 төгрөг байсан бол энэ жил 7000-7300 төгрөг, үхрийн ястай мах 7500-8000 төгрөг байсан бол одоо 7200-7500, ямааны цул мах 5500-5800 байсан бол одоо 5500-6000 төгрөг байгаа юм билээ. Тэгэхээр ингэж мөнгө тараачихаад өнгөрсөн жилийн өндөр үнээс бууж мах идэхгүй бол ямар хэрэг байна гэж МАН-ынхан нотолж байгаа бол АН-ынхан “Хуучин эрх баригчид шиг цаасан дээр мах бэлтгэхгүй. Хатуу хяналт дор махаа бэлдэж байгаа. Тиймээс махны үнэ ид өсдөг цагаар үнэтэй мах идэхгүй” гэлцэж байгаа билээ. Бас шатахууны үнийг нэмэхээр зэхэж, түгээх газруудаа хааж айлгаж байгаад 167 тэрбумыг авсан нефть импортлогч компаниуд үнээ саяхан өсгөчихлөө. Уг нь өсгөхгүй гээд л мөнгө авсан улсууд шүү дээ. Энэ мэт үр дүн нь гарахгүй үрэлгэн бодлогууд олширвол бас харам­салтай. Ямартай ч байдал хэрхэхийг нь харж л байя даа.

Намууд улс төр
хийж өөр хоорондоо цэц булаацалдаж,
өөр өөрийнхөөрөө
тайлбарлаад байхаар хажуугаас нь харж байгаа ард олон бүр төөрөлдчих юм. Улс төрийн хүрээнийхний ярьж байгаа нь байдал дээрээ бас ямар байгааг
Цагаан сарын өмнө анир­дахад ийм байх шив дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Хөгжилтэй шувуудын арал

Хөгжилтэй шувуудын арлын тухай үлгэрийг та сонссон уу. Хэрэв сонсч байгаагүй бол ярьж өгье. Далайн гүн дэх нэгэн арал дээр шаагилдсан олон шувууд бие биеийнхээ чимээг дарах мэт ган­гал­дан гунганалдан нэг нэгээсээ хэрхэн мундаг болох талаар мэт­гэл­цэн шулганалддаг байжээ. Тэр үед нь шилүүс ёстой дуртайгаасаа шилж байгаад л шүүрэн авч одох бөгөөд хэрэлдэж орилолдож байгаа шувууд түүнийг нь хэзээ ч мэддэггүй байлаа. Махчин араатан өнөөх шувуудаас нэг нэгээр нь хороосоор харин нөгөө хэд нь бусдыгаа муулан, өөрийгөө дээ­гүүрт тавин чарлал­дах тул үүнийг анзаарахгүй хэвээрээ он цаг улир­саар. Нэгэн удаа чарлаа шувуудын арал дээр хөхрөн цэнхэртэх их далайг туулан шинэ шувуу ирсэн байна. Тэрбээр дандаа л муу муухайгаа дуудуулан хэрээ дээр очин “Амар байна уу та. Ямар гоё гил хар үстэй юм бэ. Та надаас илүү гоё бас надаас илүү ухаантай ажээ. Би тантай найзалмаар бай­на” гэжээ. Харин хэзээ ч ийм үг сонсч байгаагүй хэрээ балмаг­дахын дээдээр балмагдаж, хэсэг зуур амандаа ус хийсэн мэт зогтус­санаа “Харин та өөрөө надаас илүү сайхан бас ухаантай юм байна. Би өөртэй чинь найзлахдаа дуртай байна” гэжээ. Ингээд л дандаа бусдыгаа давж гарах гэж, өөрийгөө мундаг гэж цээжээ дэлд­дэг байсан энэ арлын шувууд нэг нэгэндээ найрсаг таатай үгийг хэлж эхэлсэн байна. Шувууд нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж эхэлсэн энэ явдал нэг мөчрөөс нөгөө рүү шилжсээр энэ арлын шувууд бие биедээ найрсаг үгийг харамгүй хэлдэг болж гэнэ ээ. Харин нэгийнхээ үгийг сонсохгүй, давж гарах гэсэн шуугиан дунд нь сэм гэтэн бор ходоодоо борлуул­даг байсан шилүүсэнд асуудал гарч эхлэв. Урьдын адилаар шувууд руу мярайн очиход, бие биедээ хорон муу үг биш, маг­таалын үгийг эелдгээр хэлж суугаа шувууд дорхноо мэдэн дэрхийн нисдэг болсон байна. Аливаа амьтан уур уцаартай, бусдадаа муу үг хэлэхдээ өндөр дуугаар орилдог бол сайн сайхан үгийг аядуу тайван, амар амгалан хэлж байдаг ажээ. Ингээд шилүүс­ний хувьд урьдын сайхан цаг нь ул болж, шувуудын хувьд нэгэн­дээ сайхан үгийг харамгүй хэлдэг, баяр хөөрөөр дүүрэн, шулганал­даж жиргэсэн гайхамшигтай газар болсон байна. Тэгээд ирэхээр бусдын идэш болж, ижил олон сүргээсээ ч алдахаа байжээ. Үргэлж хөгжилдөн шуугилдаж байдаг энэ сайхан газрыг Хөг­жилтэй шувуудын арал хэмээн нэрийдэх болжээ гэж үлгэр маань төгсдөг.

Үлгэр бүр өөрийн утгатай, үйл учрыг дагуулж байдаг билээ.  Хөг­жилтэй шувуудын арал ч бидэнд нэгийг сануулж л байгаа. Үнэхээр хэн нэгэнтэй муудалцаж, тэмцэл­дэн арцалдаж байвал ухаан санаа эргэн тойрноо анхаарч чадахгүй зөвхөн хэрхэн давж гарахаа л бодож байдаг. Үүнийг дагаад алдах нь их. Зүгээр л бусдын идэш л болно гэсэн үг. Үгийг нэгэндээ бодож хэлж, бусад­тай ойлгол­цох­доо аядуу тайвнаар хэлж ярих нь чухал ажээ. Бид бүгдээрээ жигтэй­хэн гэгээрчихсэн амьтас биш учраас өдөр тутамдаа алдаад л байдаг. Нэгийгээ гом­доох­гүй юмсан гэж хичээвч тухайн хэдхэн хормын бууж өгөхгүй гэдэг сэтгэл­гээн дээрээ бусдыгаа шарх­луулах хатуу үгийг хэлчих нь элбэг. Тэгэхээр аль болох ийм алдаа гаргахгүйг хичээн дахин дахин нэгэндээ хэлж, давтан давтан өөрийнхөө энэ биед хэлэхэд юун муу байх билээ.

Өөр хоорондоо хэмлэлдэн муудалцвал өрөөл бусдын л аманд орно. “Гэдэс хагаравч тогоондоо” гэсэн ардын цэцэн үг бас л тунгааж ширгээж бүтээсэн үгс байж таарна. Манайхан болж л өгвөл таарч тохирохгүй байгаагаа гадагш цацаж, гадны хэн нэгнээс дэм дэмжлэг авах гээд байдаг. Гэхдээ гэр дотроо яахаа алдчихсан биш гэрийн асуудалд саахалтын хүн ирээд дэм өгч, сайн сайхан болго­чих нь юу л бол. Харин дараа нь сул талыг маань өөр нэг зүйлд ашиглах нэг үүдийг л нээдэг байх. Монголчууд ойлголцохгүй боло­хоо­роо эсвэл буруугаа нэгнийхээ өмнө хүлээн зөвшөөрч чадахгүй болохоороо гадаад ертөнц рүү хандаад эхэлдэг. Монголд үй олноор хоморголон алаад байгаа мэт, Монголд хүний эрхийн асуудал юу ч үгүй улан дор гишгэгдсэн мэтээр бүр төлбөр төлж байгаад гадны хэвлэлүүдээр бичүүлээд байдаг. Үнэхээр Монгол гэдэг шаар­лагдсан улс болсон юм уу гэхээр бас тиймгүй. Нэг бол байгаль орчноо хамгаалж байна гээд манай­хан гол усаа ийш нь урсгах гээд байна, энэ нь танай гол нууранд ийм аюултай гээд захиа занаа бичээд байдаг. Тэгээд нэгийгээ давж гарах гээд их дуугаар тэмцэлдээд л байна, тэмцэлдээд л байна. Ялж гарсан нь ч байхгүй, хамаг муу муухайгаа дэлхийгээр нэг цацчихдаг. Одоо энэ байд­лаасаа салмаар байна аа. Орилоо шувуудын арал шиг биш хөгжилтэй шувуудын арал болгоё л доо, Монголоо.

Хүнд зориулан хэлсэн сайхан үг, сайхан инээмсэглэл яг тийм хариуг л авчирч байдаг. Гудамжинд хэн нэгэн инээчихсэн алхаж явааг харахад өөрийн эрхгүй дагаад инээмсэглэл төрдөг биз дээ. Монгол шиг хэн нэгэн рүүгээ харж инээмсэглэдэггүй газар орон ховор. Гадны аль ч хотод очсон өөдөөс тань хараад инээж байгаа хэн нэгэнтэй та таардаг шүү дээ. Тэнд ч гэсэн бид тэдэнтэй адилхан бусдад инээмсэглэл бэлэглэж, гэрэл цацруулж чаддаг гэдгээ мэддэг. Харин энд бол тэгж зүгээр инээд гарздана гэж байхгүй шүү гээд л үзэж тараад эхэлдэг юм даа. За тэгээд, муу муухай үгийг бол нэгнээсээ харамлана гэж байхгүй. Бас бусдыгаа үгээр шархлуулж гомдоох энүүхэнд. Үгээр хүнийг үхүүлж бас сэхээж болно гэж ярь­даг. Үүнтэй утга нэгэн үг ном зо­хиол, бүхий л шашны сургаалууд дээр ч байдаг билээ. Библид гэхэд л “Амтат жимс мэт идэх хэлийн хүчинд үхэл, амьдралын аль аль нь багтдаг” гэсэн үг бий. Хэлний хүч гэдэг нь мэдээж үгийн хүчийг хэлээд байгаа хэрэг л дээ. Бас “Амаа хамхиж чадсан хүн амьдралаа хамгаалдаг, аль болох том ангайл­гасан нь сүйрлээ дууддаг”, “Бол­чим­гүй үг илд мэт сүлбэдэг ч эргээд хэлийн хүчээр эдгээж болдог” гээд олон сургаал байдаг.

Хажуу хавиргынхаа хүмүүсийг бодоод муу үг амнаасаа унагахгүй гээд хичээхээр насандаа баймгүй энэрэнгүй хүн болчих гээд байж болох юм. Тэгвэл болъё л доо. Өөрийгөө бодоод амнаасаа муу үг бүү
унагаарай гээд хэлчихье. Хүн
төрөлхтний нэгэндээ харагдаж байгаа
бие дүрс бол тухайн хүний биеийн ердөө л гурван хувь нь гэгддэг. Үлдсэн 97 хувь нь үл харагдах вертуал буюу гэрлэн
биед оршиж байдаг ажээ. Хүний
гэрлэн бие, аураны талаар шинж­лэх ухаанаар нэгэнт батлагдсан учраас мухар сүсэг энэ тэр гэж уурлахаасаа урьтан
цааш үргэлж­лүүлэн уншаарай. Тэгэхээр хэн нэгэнд
зориулан муу үг хэлж байгаа
бол таны уруулаас унасан үг
тань тэр хүн дээр шууд очихгүй нь. Харин таны гэрлэн биеийн
хэд хэдэн давхаргыг давж өнгөрсний­хөө дараа муу санаж хэлсэн хүн дээр чинь хүрнэ.
Тэгэхээр тэр сөрөг энергитэй үгийнхээ гол золиос нь эхлээд та
болдог хэрэг байна шүү дээ.
Ийм байтал амнаасаа муу үг
унагаж, өөрийгөө ч, өрөөлийг
ч шархлуу­лаад байх хэрэг байна уу даа. Эцэг, эхчүүд
ч гэсэн үр хүүхдээ зэмлэн загнахдаа аль болох
муу үг хэрэг­лэхгүй байх нь чухал гэх юм билээ. Зарим
хүмүүс “Үхээд өг,
Сайн явахыг чинь харна аа” гэж ирээд л загнаад байдаг. Мэдээж үр хүүхдээ үхүүлэхийг хэн хүсэхэв, бас сайн сайхан яваасай
л гэж бодож байгаа. Гэхдээ уурын мунхагтаа хэлсэн тэр үгийн тань хүч
асар хүчтэй байдаг гэдгийг
санаарай. Тэр биеийг бүтээсэн
ээж, аавын амнаас гарч буй үгийн
хүч тухайн хүндээ тун хүчтэй нөлөөлдөг гэлцэх болсон байна лээ. Нэг
нэгэндээ сайн сайхан үгс олныг
хэлж, нэгэндээ урмын дуулгаж бас сай­хан үг
хариу сонсч тэжээгдэж байхаар байгаль дэлхийгээс бид бүтээгдсэн билээ. Хэн нэгэнд сайхан үг хэлж, хэлсэндээ баярлаж байгаа
нь, бас сонсч сонссондоо хөөрч
байгаа нь хүний л мөн чанар. Тэгэхээр үгийн сумаар нэгнээ шивээлэлгүй, бас их дуугаар орилж давж гарах
гэж муудалцахдаа бусдын олз бололгүй
Хөгжилтэй арлын шувууд шиг
амьдарцгаая л даа.

Categories
редакцийн-нийтлэл

Д.Баясгалан: Сүүлийн арван жилд ОУОХ их өөрчлөгдөж, шинэчлэгдсэн

-БИД Ч ДҮРЭМДЭЭ ЭНЭ ӨӨРЧЛӨЛТ
ШИНЭЧЛЭЛИЙГ ТУСГАХ ЁСТОЙ-

МҮОХны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мон­голын Оюут­ны спор­тын холбооны ерөн­хийлөгч, Олон улсын оюутны спортын хол­бооны ерөнхий санхүүч, хяналтын зөвлөлийн гишүүн Д.Баяс­галан­тай ярилцлаа. Түүнийг хүмүүсГоломт“-ын Баясгалан гэдгээр нь анддаггүй.

Эрт цагт улс гүр­нүүд хүчир­хэгээ бат­лахын тулд дайтаж байлд­даг байсан бол одоо спор­тоор өрсөлд­дөг гэгдэх болсон. Харин орчин цагийн энэ өрсөл­дөөнд Монгол Улс хэр бэлт­гэлтэй байгаа бол?

-Улс гүрнүүд олон ул­сын тав­цанд өөрсдийгөө гаргаж харуулах олон арга зам байна л даа.

Харин монгол­чуудын хувьд өнгөрсөн цаг хуга­цаанд төр зас­гийн зүгээс ч, мэргэж­лийн байгуул­лагын зүгээс ч ямар ч бодлогогүй явж ирсэн. Спортын байгууллагууд нь хувьчлагдаад бараг алга бол­чих­сон, хүмүүсийн ойлголт ч тэр, төр засаг, мэргэж­лийн байгуул­лагын хувьд ч нэгдсэн цогц ойлголт байхгүй болчихсон. Нэг хэсэг ма­най­хан юун спортоо анхаарах манатай л байлаа шүү дээ.

Спорт бол эрүүл мэнд, сахилга бат, эрүүл амьдрах үндэс суурь. Хүн эхээс төрөхдөө спортлог байх албагүй. Гэхдээ эрүүл чийрэг байх хэрэгтэй. Тэр эрүүл чийрэг байхад нь хөдөлгөөн хийж, спор­тоор хи­чээл­лэх шаард­лага бий. Харин тэр боломжийг төр засаг нь бодло­гоороо гаргаж өгөх ёстой. Энэ бол нийтийн биеийн тамирыг хөг­жүүлэх явдал юм даа.

Нийтийн биеийн тамирыг хөг­жүүл­дэг гадны жишиг ямар бай­даг юм бол?

-Дэлхийн
орнуудад хөлбөмбөг, сагсан бөмбөг гээд спортын тан­хим, талбайг төр засаг нь бодлого гар­гаад энд тэндгүй барьж байгуу­лаад өгчих­дөг. Хүүхэд ахуй цагаас нь гүйж тоглож, спортоор хичээллэх бо­ломж нь нээлттэй байхад ямар ч хүн өөр байж таарна аа даа. Их спор­тоор хичээллэх нь хичээллэж, мэр­гэж­лийн тамирчин болохгүй байлаа гэхэд энэ дадал зуршил насан туршид нь үлдчихдэг. Гэтэл юунд чадвартайгаа ч мэдэж чадах­гүй, насан туршдаа бөмбөг ч өшиг­лөж үзэхгүй байвал харамсалтай. Ний­тийн биеийн тамир хөгжсөн орон, хөгжөөгүй орнуудын спортын ам­жил­тыг харьцуулаад үзэхэд арав дахин зөрүүтэй байдаг гэдэг. Ма­найд байгалиасаа заяасан спортоор явах ганц хоёр хүнээ дасгалжуулагч нар нь хоорондоо булаацалдаад л, тэдний гаргасан амжилтаар спорт хөгжиж байна гэж үзээд байдаг. Гэтэл үүний цаад талд нийтийн биеийн тамир үнэ­хээр хоцрогдчихоод байгаа нь үнэн.

Тэгэхээр үүнийг хөгжүү­лэ­хийн тулд хэн ажиллах ёстой юм бэ. Олимпийн хороо юу, эсвэл Засгийн газар Биеийн тамир, спортын хороогоороо дамжуулж хийх ёстой юм уу?

-Дэлхий
дээр 200 гаруй спор­тын холбоод байгаа, тус бүртээ өөрийнхөөрөө хөгжөөд явж байгаа. Тэдний нэг нь болох FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн хол­боог хүмүүс андахгүй. Олимп өөрийн спорт гэж байхгүй дандаа бусад спортын холбоодыг өөрийн тог­лолт­доо оруулан арга хэмжээ зо­хион байгуулж ирсэн. Тэр нь өнөөдөр дэлхий нийтийн анхаар­лыг татсан, тэр хэмжээгээрээ бага­гүй ашигтай ийм арга хэмжээ болж хувирчихаад байгаа юм. Үнэндээ олимпийн төрөлд 28 спортын тө­рөл багтдаг. Гэхдээ үндэсний спор­тын төрлүүд бусад спортуудыг оруулаад 1000-аад спортын төрөл байдаг гэдэг. Энэ бүх спортыг хөгжүүлэх нь тухайн улс орны засаг төрийн ажил. ОУОХ бол олимпизмийн хөдөлгөөний үзэл санааны дор олимпийн наад­муудад дэлхийн улс орны тамирч­дыг аль болох олноор нь оруулж, өрсөлдөх үүд хаалгыг нь нээж өгдөг байгууллага юм. Дээрээс нь олон улсын спортын хороодтой, төр засагтай хамтран ажилладаг тийм л байгууллага юм шүү дээ. Хүмүү­сийн дунд Олим­пийн хороо бол Биеийн тамир, спортын улсын хороо гэсэн буруу ойлголт яваад байдаг. Тийм биш.

Бодлого алдагдсанаар спор­тын салбар уналтад орсон та­лаар та хэлсэн. Үнэхээр ч Сид­нейн олимпоос медальгүй ирэх үе ч гарч байсан. Тэр үед л илэрч гарч байжээ дээ?

-Ер
нь ийм нөлөөлөл 10-15 жилийн дараа илэрдэг гэдэг. Ерээд оноос хаягдаж хоцорсон бодлогын үр дагавар 2000-гаад онд мэдрэг­дэж байсан байж болох юм. Ямар ч байсан манай спортынхон зүт­гээд, үр үндсээ таслахгүй шиг авч яваад өнөөдрийг хүргэлээ. Энэ бол төр засгийн биш, харин спортод элэгтэй, спортод хайртай хүмүү­сийн л гавьяа юм шүү дээ. Тухайн цагт юун спорт гэх үе байсан л байх. Нэг үеэ бодвол манайх эдийн засгийн хувьд чадалтай болоод ирлээ, хүмүүс ч эрүүл зөв амьд­рахын тулд спортоор хичээллэх нь тустайг мэдэрч бас ч өөрсдөө сонирхоод ирлээ. Төрөөс ч  ийм шаардлага бий болчихоод байгааг мэдэрч байх шиг байна. Тэгэхээр суурь нь бий болж байна. Одоо нийтийн биеийн тамирыг хөгжүү­лэхдээ яаж, юуг түшиглэж, хэнтэй хамтарч хөгжүүлэх вэ гэдэг дээр жинхэнэ бодлогоо тодорхой бол­гож ажиллах хэрэгтэй байна.

Дэлхийн бусад орнуудад нийтийн биеийн тамирыг хөгжүү­лэх тал дээр ямар бодлого барьж ажилладаг юм бэ?

Бээжингийн олимпод зориул­сан барилга бай­гуу­ламжийн тэн хагасыг нь их сургуулиудынхаа мэдэлд өгсөн. Мөн улс орнууд нийтийн биеийн тамирыг хөгжүү­лэхийн тулд олон нийтэд нээлттэй спортын цэцэрлэгт хүрээлэн ол­ноор барьж байгуул­даг. Сайхан алхчихдаг, дуртай нь зундаа роли­коор, өвөлдөө тэшүү­рээр гулга­чихдаг ийм газар бай­гуул­чихаар аандаа хүмүүс тийшээ зориод эхэлдэг. Уг нь нийтийн биеийн тамир гэдэг чинь нөхцөлийг нь зөв тавиад өгвөл аяндаа хөгж­чих­дөг л дөө. Түүнээс зээл туслам­жаар, хувийн байгууллагуудын дэмж­лэгээр үүнийг бий болгоно гэж төөрөлдөөд байх хэрэггүй.  Цэвэр төрийн бодлого л хэрэгтэй. Манай­хан шиг хандиваар үүнийг хөгжүүл­нэ гэвэл энэ нь явах ч үгүй, бүтэх ч үгүй. Спорт нь хөг­жөөд ирэхээр клубүүд олноор бий болж, улмаар өрсөлдөөн чанга­раад ирдэг. Үүний дараа тэртэй тэргүй олон хүн со­нир­хоод эхлэ­хээр арилжааны өнгө аяс оруулаад улам бүр хөгжөөд явдаг. Нийтийн биеийн тамир хөгжиж байж, мэр­гэж­лийн спорт нь хөгжөөд явна. Энэ бүхнийг тодор­хой үе шат, дараа­лалтай хийдэг. Мөн нэмж хэлэхэд барилга байгуу­ламж барих нь нэг хэрэг, спортын байгууллагын удирд­лага зохион байгуулалт, менежментийг нь ан­хаа­рахгүй бол  hardware-ээ
хий­чихдэг software нь байхгүй бол болохгүй шүү дээ. Багш дасгал­жуулагч, спортын бай­гуул­лагын удирдан зохион бай­гуулах мэргэ­жилтнүүдээ анхаарч бэлдэхгүй бол бас болохгүй. 

Манайд спортын аль нэг хо­роо дотроо хагарал ихтэй, нэг нь ажил хийх гэхээр нөгөөх нь дэм­жих­гүй гэсэн маргаан их ажиг­лагдах юм аа. Энэ бүхнийг зохи­цуулсан хууль эрх зүйн орчин бидэнд бий юу?

-Бусад
орнуудад Спортын бай­гуул­лагуудын хууль гэж бий. Харин манайд олон нийтийн байгуул­лагуудын хуулиар л зохицуу­лагд­даг. Гэтэл спортын байгууллага бол марк цуглуулагчдын, мод таригч­дын холбоо зэрэг олон нийтийн байгууллагаас ялгаатай шүү дээ. Хэдийгээр тухайн спортод дуртай хүмүүсийн төлөөлөл бо­ловч цааш­лаад Монгол Улсаа олон улсад төлөөлдөг онцлогтой. Тийм учраас төрийн оролцоо байх хэрэг­тэй, тэр бүхнийг зохицуулсан хууль эрх зүйн орчин зайлшгүй байх хэрэгтэй болж байгаа юм.

Барууны орнуудад спортын өрсөлдөөн, спортын байгуул­лагуу­дын зөрчлийн асуудлыг дээд зэр­гээр ялгаж тодорхой болгож өгдөг. Сайн засаглалын тогтолцоогоор бүх зүйл нь нээлттэй ойлгомжтой байхыг дүрэм журам дээрээ заа­чих­сан учраас яаж ч оролдож чадахгүй. Гэтэл манайд залуу зандан цагтаа өрсөлдөж байсан улсууд нэг нь аль нэг холбооны удирдлагад очихоор нөгөөхөө унагах гээд л эхэлчихдэг.  Энэ бол спортын өрсөлдөөнөөс тэс ондоо. Манайд энэ асуудлыг хөндөж, баримт бичиг дээр тусгаж асуудлыг шийдэх цаг болсон. Ха­рам­салтай нь хэн ч ярьдаггүй.

Спортын төрлүүдийн дүрэм журам байнга өөрчлөгдөх юм. Байнга тэгж өөрчлөх хэрэгцээ байдаг юм байх даа?

-Спортын
өрсөлдөөнийг аль болох хамгийн шударга, ижил тэгш, допинггүй, нэг гараан дээр байлгах ёстой гэдэг үүднээс дүрмийн өөрч­лөлт шинэчлэл байнга хийгдэх болсон. Спортын төрлүүдээс гадна ОУОХ, олон улсын спортын хороо­дын дүрэм ч ихээр өөрчлөгдөж байгаа. Сүүлийн арван жилд гэхэд ОУОХ маш их шинэчлэгдэж өөрч­лөг­дөж байгаа. Эв нэгдлийн бэлгэ­дэл болсон олимп маань арил­жааных болж байна гэсэн шүүмж­лэл гарах болсон. Тиймээс аль болох сайн засаглалыг тог­тоож, шударга өрсөлдөх болом­жийг нээж, нээлттэй, ёс зүйтэй байхыг шаардах болсон. Энэ чиглэлээр ч дүрэм журамдаа өөрч­лөлт оруул­саар байгаа. Өнгөрсөн оны найм­дугаар сард хийсэн өөрч­лөлтөөр санхүүгийн асуудал нээлт­тэй, ил тод байх ёстой гэдгийг тун тодор­хой оруулсан байдаг. Бас ерөнхий­лөгч нь хоёр удаа л сонгог­доно, ОУОХ-ны гишүүд насаараа сон­гогд­дог байдлыг хална, улс төрийн ямар ч нөлөөлөл байхгүй гэдгийг тун тодорхой заасан. Бас сонгуу­лиа шударга явуулж, нээлт­тэй нэр дэвшүүлдэг байх, хажуу­гийн ажиг­лагч нар байх ёстой гэсэн олон өөрчлөлтүүд орж ирсэн. Мөн олимп зохиох эрхийг дагалдаад хээл хахуулийн асуудал яригдаад бай­даг учраас ёсзүйн байдлыг хатуу суулгаж, арьс өнгөөр ялгаварлах тухайд чанд бодлого барьж байгаа. Бас олимпийн эзэн хотод байгаль орчны тал дээр өндөр шаардлага тавьдаг болсон. Бас олимп тухайн улс орондоо хөгжил авчирч байх ёстой гэсэн шаардлагыг тавих болсон. 2004 оны Афины олимп үнэндээ Грект дампуурал авчирсан шүү дээ. 12 тэрбум еврогийн алдаг­дал авчир­сан. Тэгэхээр ийм асууд­лыг үүсгэх­гүй байх шаардлага ч хөндөгдсөн.

Спортын тэмцээний дүрэм журмыг дор дор нь дагаад ява­хаас аргагүй байх. Харин ОУОХны сайн засаглалтай, нээлттэй болох өөрчлөлтийг манай МҮОХ хэр тусгаж байгаа бол. Удахгүй болох чуулганаараа дүрмийн өөрчлөлтийг хийх болов уу?

-Дөрвөн
жилд нэг удаа болдог манай чуулган болох гэж байна. Хэлэлцэх асуудлын дараалалд дүрмийн өөрчлөлтийг тусгах асуу­дал багтаагүй байсан. Гэхдээ ОУОХ-ны гаргасан дүрмийн өөрч­лөл­тийг бид аль болох түргэн хуга­цаанд  дү­рэм­дээ тусгаад л явах хэрэгтэй байгаа юм.

МҮОХг цаанаасаа буюу ОУОХноос их мөнгө авдаг гэж хардах хүмүүс ч байдаг. Яг үнэн­дээ авдаг юм уу, үгүй юм уу бид мэдэхгүй. Нээрээ санхүүгийн байдлаа ил тод болгочихвол ийм хардлага явахгүй юм байна даа?

-ОУОХ,
Азийн олимпийн зөвлө­лөөс манай МҮОХ-нд санхүүгийн зардал өгдөг л дөө. Үүнийг нь гишүүд дээ тайлан гаргаад танил­цуулаад явдаг. Гэхдээ авах санхүү­жилтээ нэмэгдүүлж, аль болох спортын байгууллагууддаа ихийг өгч дэмжээд явах хэрэгтэй.  МҮОХ-ын зарим зүтгэлтнүүд хэлдэг юм. “Бид засгаас юу ч авдаггүй юм чинь бид тайлагнаж танил­цуулах алба­гүй. Манайх бие даасан байгуул­лага гэдэг.” Үүгээрээ ам хаах гээд байдаг. Гэтэл олимпийн наадамд оролцож байгаа бүх та­мир­чин, шигшээ багийн зардлыг засаг гаргадаг. Дэлхийн улс орнуу­дад төр засаг нь, үндэсний олим­пийн бай­гуул­лага нь хоорондоо нягт хамт­ран ажилладаг. Харин манайд бол хамтын ажиллагааг дарамт шахалт гэж үзэх гээд байдаг тал бий. Ер нь улстөрчид, хууль хяналтынхныг янз бүрийн байдлаар олимпизмийг улс төрийн сонир­холдоо ашиг­лахыг хорьдог. Харин төр засагтай хамтран ажиллахыг дэмждэг. Үүний ялгааг нь салгаж, ялгаж ойлгомоор байгаа юм. Али­ваа нэгэн улсад олимпийн наадам боллоо гэхэд тэр улсын төрөөс л мөнгө, хөрөнгийг нь гаргадаг. 

-1996 оны Атлантагийн олим­поос ганцаараа медальтай ирсэн Д.Нармандахад төр засгаас ам­ла­сан байраа өгч чадахгүй бай­саар дараагийн олимптойгоо зол­гож байсан. Тэр үетэй харь­цуу­ла­хад одоо мөнгө их амладаг болжээ. Тэр их мөнгөний амлалт амжилтад шууд нөлөө үзүүлдэг болов уу?

-Мэдээж
үзүүлнэ. Гэхдээ та­мирч­ны цаана дасгалжуулагч, бэлтгэл хангагч, бүхэл бүтэн баг байдаг гэдгийг мартаж болохгүй. Тамирчдад хэтэрхий их мөнгө амлах буруу гэж би боддог. АНУ-д олимпийн медальтнууддаа 25 мянган ам.доллар, Европын орнуу­дад 25-30 мянган евро өгдөг. Гэтэл манайх тав, зургаа дахин их мөнгө амладаг.

Бусад орнуудад нийтийн биеийн тамираа хөгжүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, спортод дуртай болгож үүнийг нь дагаад спортын нэр хүнд өсөөд ирэхээр мэргэжлийн тамирчдадаа бусад арилжааны нөхцөлтэйгөөр орлогоо нэмэгдүүлэх боломжийг нь гаргаж тамирчдаа дэмждэг. Түү­нээс манайхан шиг өм цөм мөнгө ам­ладаг­гүй. Нэг удаа мөнгө өгөөд тэгээд орхидог нь зөв биш. Харин сар бүр мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гарсан нь зөв зүйл болсон шүү.

Олимпизм, спортын зүтгэлт­нүүд өөрсдөө спортын хүмүүс эсвэл спортын хорхойтнууд байдаг. Та яаж яваад санхүүгээс спортын салбар руу ороод ирчи­хэв?

-Бидний
үеийнхэн спортод элэг­­тэй, спортоор хичээллэдэг байсны нэг адил би ч спортод дуртай. Гэхдээ цаашид үүгээр явах уу үгүй юу гэдэг сонголтыг бол өөрөөр хийсэн л дээ. Спортод сонирхолтой болоод ч тэр үү би 1995 онд Оюут­ны спортын холбооны ерөнхийлөгч болсон. Тэр үед “Голомт” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж бай­сан. Да­раа нь 2003 онд Олон улсын спор­тын холбооны гүйцэтгэх зөв­лө­лийн гишүүн болсон. 2007 онд онд Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч бол­сон. Энэ шу­га­маараа олон улсын бүх спортын байгууллага, спорттой холбоотой олон нийтийн байгуул­лагуудын маш олон семинар, хурал зөвлө­гөөнд оролцож, цөөн­гүй танилтай болсон. Олон ч зүйл сонсч мэдлээ. Өөр газар оронд өөр юм яригдаад хэрэгжээд байдаг тэрийг нь Мон­голд мэдэхгүй бай­хаар хийх ёстой юм байна л гэж бодож зүтгэж явна даа.

Та волейболоор хичээл­лэ­дэг байсан гэдэг. Өөр ямар спор­тоор хичээллэж байна вэ?

-Волейбол
ч сүүлийн үед тогло­хоо байгаад байна даа. Болгоомж­той байхгүй бол бэртэж гэмтчих гээд байх юм. Монголд багийн спорт хөгжих магадлал муу юм. Миний бодлоор манайхан ган­цаар­чилсан төрөлд илүү ам­жилт үзүүлнэ дээ. Волейбол гэхэд наад зах нь арван хүн, хөлбөмбөг гэхэд хорь гаруй хүн хэрэгтэй болно. Гэтэл баг нь бүрэлдэж өгдөггүй нэг явдал бий. Олон жи­лийн дараа юу юм гэхээс хэсэгтээ багийн спорт манайд тиймхэн болов уу.

Би сүүлийн үед ууланд л авирч байна даа, уулын спортын мастер цолтой.

Яаж яваад энэ спортод татаг­дав. Үзэгчгүй спорт, өөрийгөө ялдаг спорт гээд янз янзаар хэлдэг

-Хэдэн
нөхдөө дагаж явсаар байгаад л ууланд авирдаг болчих­сон доо.

Өөр ямар спортоор хичээл­лэж байна?

-Би
сүүлийн үед керлингийн спортыг хөгжүүлэх тал дээр ан­хаарч байна. Багийн спорт манай­ханд жаахан тийм гэж дээр хэлсэн дээ. Гэхдээ хамгийн ойрын үед олон улсын хэмжээний тэм­цээнд багийн спортоор өрсөлдөх төрөл керлинг байж магадгүй шүү. Сая­хан манай эмэгтэй баг тамир­чид Харбинд анх удаа олон улсын хэмжээний бэлтгэл хийхээр явсан байгаа. Болж өгвөл өвлийн олим­под энэ төрлөөр анхны баг тамирч­даа илгээх хүсэл байна. Дөнгөж хөгжиж байгаа спорт.

Керлинг мөсөн дээр өрнөдөг нь мөсөн харваа зэрэг уламж­лалт спорттой манайханд ойр байх тал бий юу. Шал арчиж байгаа юм шиг мөс зүлгээд их сонин харагддаг.

-За
даа, их өөр дөө. Мөс нь их барзгар. Маш сайн зүлгэж байж, явах чигийг нь тодорхой болгодог. Бүх насныхан тоглодог спорт.

Та Олон улсын Оюутны хол­боо­ны ерөнхий санхүүч гэсэн албан тушаалтай. Спортын бай­гуул­лагын ерөнхий санхүүч гэ­хээр ямар алба юм бол гэсэн бодол төрж байна?

-Олон
улсын спортын ихэнх байгууллагад ерөнхийлөгчөөс гадна санхүүгийн даргыг сонгодог. Энэ бол олон улсын тогтсон жишиг. Ерөнхийлөгчөөс хараат бус байл­гах гэж байна аа даа. Санхүүг зөв удирдах, тайлагнах, арвижуулах үүрэг санхүүгийн даргад ирдэг. Энэ албыг би 2007 оноос хойш хашиж байна. Хоёр жил тутам санхүүгийн тайлангаа тавьдаг.

Манайх хэдэн онд олимпийн наадмыг зохиох бол. Та багцаа хэлэх үү?

-Үүнийг багцаалж хэлэхэд хэ­цүү. Олимп бол 18 хоногийн хуга­цаанд 200-гаад орны 12 мянган тамирчин нэгэн дор цуглаж өрсөлд­дөг наадам. Бид үүнд эхлээд өөрс­дөө бэлэн болох ёстой. Үүний өмнө маш олон удаа олон улсын тэмцээнийг Монголдоо зохион байгуулах хэрэгтэй. Барилга бай­гуу­лам­жаас гадна олон улсын зэрэглэлтэй шүүгчид, өндөр зэрэг­лэ­лийн техник хэрэгсэл, эрүүл мэндийн ажилтнууд, олон улсын зэрэгт хүрсэн телевизийн дам­жуулалт, хэвлэлийнхэнд зориул­сан байр сав, нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн байдал, сайн дурынхан гээд цаашлаад ард иргэд нь хүртэл үүнд сэтгэл санаа­ны бэлэн байдалтай байх хэрэгтэй. Үүнийг зохион байгуулна гэдэг тоглоом биш. Зүүн хойд Азийн тоглолтыг эхлээд нутагтаа зохион байгуулж, туршлага суух хэрэгтэй. Бид үнэндээ одоо олимп зохион байгуулахад юу хэрэгтэй болдог тухай төсөөлөл ч алга байна шүү дээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Дөш шиг нягтарсан дөчин гишүүнтэй болцгооё

Улс төрд ээлжит бужиг­наан нь эхэллээ. МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдан, Засгаас гарах шийдвэр гар­гав. Засгийн газарт багтдаг “Шударга ёс” эвслийн нэг нам нь ингээд мэдэгдчихээр эвс­сэн МҮАН байдалд орж цааш­лаад Засгийн газрыг бүрдүүлсэн намууд ч хэрхэх талаар толгойгоо ажиллуулж эхэлж байх шиг байна. Ер нь энэ мэтийн бужигнаан Мон­голын улс төрд ёс мэт байнга өрнөсөөр ирлээ. Энд тэндгүй улс төржиж, гэдсэндээ хөлөө жийлцэж, нэгийнхээ араас хутга шаан харин энэ бүх­нийгээ улс төр хэмээн нэр­лэнэ. Үүнийгээ улс төр өрнөж байна гэх бөгөөд улс­төрж­сөнөөр баялаг бүтээгдэж, улстөржсөнөөр монгол хүн сэтгэл, гэдэс цатгалан явдаг бол ёстой цадахаар нэг бол­лоо доо. Гэвч тэгсэнгүй. Өнөөх л хэрэлдэж уралддаг хэдэн хүний хэсэг нь нэг зууртаа дарга болж бусад нь шүүм­жилж, өөр нэг цагт өнөөдүүл нь мандаж үлдсэн нь гундав хэмээн дээр дороо орсоор ирэв. Нэмэгдэхүүний байр­лал солигдсон ч нийлбэрийн чанар нь бахь байрандаа явсаар ирлээ.

Одоо ингэмээргүй байна. Энэ мэт яваад л байвал бу­жигнаж дуусалгүй хорин жил өнгөрсөн шиг дахиад жаран, зуун өнгөрөх гээд байна. Харин одоо Монголын улс төрд, Монголын  төрд, Монгол Улсад, монголчуудад дөш шиг нягтарсан дөчин гишүүн л хэрэгтэй байна. Мянга, мянган мундаг сэтгэлтнүүдтэй болъё гэж мөрөөдөөд юүхэв. Монголын төрийг, парла­ментат засаглалыг бужиг­наан­гүй тогтвортой явуулах дөчин гишүүн л юуны өмнө хэрэгтэй байна. Дөшийг яаж ч балбасан задарсан гэж дуулсангүй. Яг үүн шиг ямар ч ашиг сонирхол, ямар ч улс төрөөс ангид байж Монголын гэсэн эрх ашгийг харж ажил­лаж чадах дөчин хүн л би­дэнд хэрэгтэй. Тэд АН-ынх байна уу, МАН-ынх байна уу. ИЗН, МҮАН бүр засгаас гарна гээд байгаа МАХН байсан ч хамаагүй. Дөш шиг нэг цул байж, энэ улсын хөгжлийн төлөө зогсч чадах л хүмүүс байх ёстой. Одоо УИХ-д АН-ын  31, МАН-ын 25, МАХН-ын зургаа, МҮАН-ын дөрөв, бие даагч гурав, ИЗН-ын хоёр гишүүн байгаа бөгөөд МАН-аас Д.Арвин тангараг өргөх нь тодорхой мөн Өвөрхан­гайгаас АН-ын хоёр, СХД-ээс АН, МАН-ын аль нэг бас МАХН-аас нэг хүн орж ирэх нь үлдчихээд байгаа. Гэхдээ аль нэг намын тоо нь олон­хийн тоонд хүрэх эсэх нь хамаагүй харин Монголд одоо тарж бутарч биш нэгдэж нийлэх цаг хугацааны онь дээр ирээд байна гэдгийг ойлгодог намч бус номч сэт­гэлгээтэй хүн хэрэгтэй байна. Энэ бол нийгмийн, түүхийн захиалга болчихоод байгаа нь үнэн билээ. Тиймээс тэр энэ нам гэлгүйгээр нэг цул болж ажиллаж чадах дөчин хүн л бидэнд хэрэгтэй гээд давтан, давтан хэлээд байгаа юм. Тэр нь МҮАН-тай нийлээд 40 болно уу, МАН-тай ний­лээд 40 болно уу үнэндээ хамаагүй юм. Ямартай ч намынх нь үнэт зүйл нь аль нэг дарга, толгойлогчийнхоо төлөө биш монголчуудын нийт эрх ашгийн төлөө гэж тодорхойлогддог нам байж таарна.

Ер нь улс төрийн намуудын үнэт зүйл нь юу байдаг талаар илүү ойлгомж­той тодорхойлолт бидэнд хэрэгтэй болсон шиг. Сүү­лийн үеийн намууд ерөөсөө хэн нэгэн хүн, дарга даамлаа л намынхаа үнэт зүйл гэж ойлгоод байх юм. Мөхөс ма­ниусын бодоход улс төрийн намуудын үнэт зүйл, зорьж буй зорилго нь арай өөр бай­маар. Гэтэл сүүлийн үед өөр болсон дог оо. Мэдэхгүй юм даа. Намууд тус бүртээ жиг­тэйхэн гоё сайхан уриа лоо­зонг зохиож олдог. Төрөө хямралаас түмнээ ядуур­лаас, Монголдоо сайхан амь­даръя, Шударга ёсыг тог­тоож… юу, юу ч билээ дээ. Мянган гоё үг бодож оллоо ч эцсийн зорилго нь ард түмэн нь сайн сайхан амьдрах л явдал шүү дээ.

Ямартай ч Монгол Улс хэзээ хэзээнээсээ илүү тогт­вортой байх чухал цаг үе ирсэн гэдгийг олон хүн мэ­дэрч, ухамсарлаж байна. Улстөрчдийн хоосон үг хоол болдоггүй гэдгийг хорин жил харлаа. Алийн бүр хоосон цэцэрхэж, хоорондоо улстөр­жихөд нь уруу татагдаж ядуу дорой явахав, ард түмэн. Улстөржиж ханалаа, урал­цаж муудалцаж ч боллоо ш дээ. Улс төрийн тэмцэл хий­гээд байх нь угаасаа утгагүй болчихсон. Ер нь улс төрийн тэмцлийг хийдэг шалтгаан нь ердөө нийгмийн баялгаас түлхүү хүртэх, захиран зар­цуулах эрхийн төлөөх л тэм­цэл байдаг. Тэгвэл монгол­чуу­дад баялгаас ахиу хүртэх гэж хоорондоо уралцаад байх шаардлага байхгүй бол­чихлоо шүү дээ. Монголын хөрсөн дор хоёр сая байту­гай, хорин сая хүнийг хагартал нь баяжуулж, тансаг сайхан амьдруулах баялаг байна. Харин энэ баялгаа жинхэнэ утгаар нь баялаг болгож, эрх тэгш хуваарилахын тулд тогт­вортой төр засаг байхад л болно. Энэ утгаараа бидэнд хэзээ хэзээнээс илүү тогтвор­той засаг хэрэгтэй байна. Тэр байдлыг авчрах дөш шиг цул дөчин гишүүн хэрэгтэй байгаа юм. Тулхтай, зөв бодолтой, өчүүхэн эрх ашгийг нийтийн эрх ашгаас дээгүүр тавьдаг­гүй, эрх мэдлээ ашиглан хө­рөнгө мөнгөтэй болъё гэхээ­сээ төрийн хүн байж чадсан гэдгээрээ бахархаж чадах тийм хүмүүсийг л нийгэм маань нэхэж шаардаж байна.

Тэр дөчин гишүүн Оюу тол­гойн бүтээн босголтыг гүйцээж, Таван толгойг ашиг­лалтад оруулж, төмөр замыг бариулах ёстой. Мөн Монго­лыг нефть нэрдэг үйлдвэртэй болгож, зэс хайлах үйлдвэр бас гангийн үйлдвэртэй ч болгомоор байна. Дараа нь ямар ч нам нь засаг барилаа гэсэн Монголын төлөө хийсэн энэ бүхэн нь нугарч хөдлө­хөөргүйгээр болтол нь хөл дээр нь босгомоор байна. Тэгээд ирсэн цагт улс төрийн тэмцэл ч хийх шаардлагагүй болчих учраас тэр, энэ намыг засаг барих үед гэдэг ч тийм сонин биш болох биз ээ. Мэдээж, босгоод өндийлгөөд үр шимийг нь үзээд иртэл хугацаа шаардаж таарна. Тэр болтол дандаа тэмцэл хийдэг улстөрчид маань ч багагүй жүжиг ший тавьж таарах вий. Нөгөө нягтарч нийлэх гэсэн 40 гишүүнд маань ч дарамт их ирж таар­на. Магадгүй тэр түүхэн үүрэг гүйцэтгэх хүмүүст Монголын төлөө шийдсэн шийдвэр бүрт нь хувь хишиг тооцсон ч бо­лохгүй юу байхав дээ. Яагаад гэвэл тэд хувь хүнийхээ хувьд дарамт шахалтыг бусдаас илүү мэдэрч таарна. Байхгүй болтол нь зүхэх ч энүүхэнд биз. Гэхдээ жижигхэн эрх ашгийг биш том эрх ашгийг харж, том цараагаа мэдэрч чадсаных нь төлөө тэдэнд хэдэн үеэрээ талархах болно. Шинэчлэлийн бүлэг гэдэг ч юм уу, сүүлийн үед моодонд ороод байгаа нэрийг өгсөн ч яахав. Зөвхөн зөв сэтгэлтэй бүлэг монголчуудад хэрэгтэй байгаа юм. Одоо тэр нам засгаас гарлаа, энэ эвсэл саллаа хэмээн ярьсаар цаг хугацааг өмнөх шигээ алдах гээд байна. Засагт орох бо­ломжийг ард түмнийхээ төлөө зүтгэж, шударга нийгмийг цогцлоох боломж гэж харж чадахгүй, намын даргынхаа даамлын эрх ашгийг хамгаа­лах чадамж гэж харж байгаа хүмүүстэй удаан ч хамт байж чадахгүй биз ээ. АН-ынхан ч ард олны өмнө биш даргын өмнө хариуцлага хүлээдэг ийм намтай хол явахгүй байх. МАНАН ч гэгдэнэ үү, АНМАН ч гэнэ үү арай хариуцлага хүлээж чадах улс төрийн хүчинтэй эвсч, Монголын эрх ашгийн төлөө зүтгэх цаг бол­жээ. Хорин хоёр жил хоолоо хоорондоо булаалдлаа. Хүрч чадсан нь бага, авч чадсан нь ч бага. Газраар нэг цацчих­лаа. Одоо миний, чиний гэлт­гүй цугтаа урагшилмаар байна. Өнгөрсөн дөрвөн жил манан будан татууллаа гэж шүүмжлүүлсэн ч бодлогын чанартай олон зүйл дээр нэгдэж чадсан. Тэгсэндээ ч олон зүйлийн суурийг тавь­сан билээ. Одоо үүнийгээ цааш нь үргэлжлүүлэх цаг үеийн шаардлага бидэнд иржээ. Тогтвортой төр засаг л цаашид хэрэгтэй болохоос аль нам нь, алинтайгаа бялуу хүртэж байгаа нь хэнд ч сонин биш. Хийх ёстой ажлаа хийж чадаж байвал хэн нь хэнтэйгээ удаан нийлж байгаа нь бүр ч сонин биш ээ. Үнэндээ арай хариуцлагатай, арай боловсролтой, арай дээд хэсгийнхэн нь л нийлж нийгмээ урагшлуулж явдаг болохоор тэр, энэнтэй удаан нэгдсэн гэсэн нэр зүүхээс айгаад байх шаардлага ч байхгүй юм. Сонгогчид тэрэнд тооцоо бодоод байх ч үгүй. Харин үр дүнд нь юу үлд­сэнийг л харна. Тэр ч байтугай сонгуулийн жил буюу 2016 он болтол хамтарч ажиллачи­хаад өмнөхөн нь Засгаас гарахыг ч ойлгоно. Зөвхөн ажиллах гурван жилдээ л амжиж ажил хийсэн байхыг шаардана.

Ер нь цаашлаад намын гишүүнчлэлийг халах талаар ярьж, үүнийг хуульчлах хэрэг­тэй. Намын гишүүнчлэлгүй болчихвол цөөхөн хэдэн монголчууд гадаа гэртгүй улстөржих нь багасч, намууд ч эрүүл солиотой нь мэдэг­дэхгүй хүмүүсийг жагсаал­таар оруулж ирэх боломжгүй болно. Харин хамгийн зөв бодолтой, элдэв муу асуу­далд нэр нь сэвтээгүй хүмүү­сийн нэрсийг жагсааж байж өөрсдөө оршин тогтнох учраас улс төржилтийн хөлд хорь гаруй жилд үрэгдсэн бидний хэдэн монголчуудад хэрэгтэй юм даа.

Ард түмэн саналаа өгч төлөөллөө болгосон тэр хү­мүүсээс тогтвортой байдлыг л хүсч, нэхэж хүлээсээр. Өөрийн тогтсон үзэл бодол, үнэт зүйлгүй, захын хүний хатгаасаар л төрийн тулгаа хөмөрчих гээд байдаг хүмүү­сээс холдож, эхний ээлжинд дөш шиг нягтарсан дөчин гишүүнтэй л болчихвол их учир байна даа. Тэгвэл дотны ямар ч хүчин, гадны ямар ч эрх ашиг Монголыг хөдөлгөж чадахгүй.

Categories
редакцийн-нийтлэл

Ялагдсан МАН-ынхан яаж бужигнах вэ?

Орон нутгийн сонгуулийн дүн албан ёсоор гараагүй ч МАН ялагдсан гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. УИХ-ын сонгуулийн дараа болж буй энэ ялагдал ах намыг улс төрийн тавцан дээр бүрэн уналтад орсныг нь баталж өглөө. Орон нутгийн сон­гуульд АН, МАН гэсэн үндсэн хоёр том намын суудлын харьцаа 50:50 хувьтай бай­лаа гэхэд л МАН-ыг ялагдал хүлээсэн гэж үзэх бүрэн үндэстэй байсан юм. Учир нь МАН өмнөх дөрвөн жилд 21 аймгийн 18-д нь, есөн дүүр­гийн наймд нь засаглаж бай­лаа шүү дээ. Гэтэл энэ удаа­гийн сонгуулиар есөн дүүр­гээс ганцад гэхчлэн эсрэгээ­рээ болчих нь тэр. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд парламентад цөөнх байсан ганцхан тохиолдолдоо буюу 1996-2000 онд ч тэд үүн шиг ялагдал үзээгүй юм. 1996 оны УИХ-ын сонгуулиар ардчил­лын залууст итгэл хүлээл­гэсэн сонгогчид намар нь болсон орон нутгийн сонгуу­лиар тэнцвэржүүлж байгаа нь тэр гээд тухайн үеийн МАХН-д орон нутгийн эрх мэдлийг өгсөн. Тэгэхэд л сонгогчид хөл толгой нь өөр бол ямар хэцүүг ой тойндоо ортол мэдэрсэн байх. Өнөө жилийн хувьд ч МАН-ынхан тэр л аргаараа төрийг тэнц­вэр­жүүлэх нь зүйтэй, хяналт­тай байлгах нь чухал гэж сурталчилгаагаа хийсэн ч ард түмэн АН-д итгэсэндээ итгэх нь зөв хэмээн үзлээ. Олон түмний итгэл өөрсдөөс нь алсарч байгааг сүүлийн гурван удаагийн сонгуулиар МАН-ынхан мэдэрч, ойлгож байгаа бололтой. Энэ удаа­гийн орон нутгийн сонгуульд МАН-ынхан санаж байсныг бодвол гайгүй ялагдлаа хэмээн үзэж байгаа юм билээ. Эрх мэдэл, сүр хүч, мөнгө төгрөгөөр бял­хаж байх үедээ УИХ-ын сон­гуулиар ялагдаж цөөнх бол­сон тэд юу, юу ч үгүй энэ үедээ бас ч гэж хэдэн аймагт эрх мэдлээ хадгалж үлдсэнээ тэгж тооцож байгааг нь үгүйсгэх аргагүй.

Ямартай ч МАН-д томоо­хон өөрчлөлт, нэг тийм үлэмж хөдөлгөөн хэрэгтэй байгаа нь өнгөрсөн УИХ-ын сонгууль, энэ удаагийн орон нутгийн сонгуулиар батлагдаж байна. Бас нам дотроо ч нэгийг са­наж, хүлээж байсан хүмүү­сийн хувьд хүлээж байсан орон нутгийн сонгууль нь дууссан болохоор ярьж хийж эхлэх нь тодорхой. Ер нь ялагдаж байгаа, болохгүй байгаа улс төрийн хүчин л дотроо бужигнаж өөрчлөгд­дөг болохоос болоод байгаа бүтээд байгаа нь хөдлөөд байдаггүй. Тэр жишгээр өнгөр­сөн он жилүүдэд АН л бужигнаатай, МАН тулхтай мэт харагдаад байдаг байс­наас биш ялгаагүй билээ. Одоо эрх мэдлийг авсан АН-аас илүү гудамжинд байгаа МАН-д гол хөдөлгөөн ирж таарна. Энэ бол зайлшгүй ирэх зүй тогтол юм. Орон нутгийн сонгуулийн дүн албан ёсоор зарлагдсаны дараагаас энэ бүхэн эхэлж таарах болов уу. Тэгвэл МАН-ынхан хэрхэн хөдөлж бужиг­нах бол. Хамтдаа таамаглац­гаая.

Хувилбар нэг

Ер нь эртнээс яригдсаар ирсэн нэгэн зүйл бол энэ намыг татан буулгах явдал гэгддэг. Коммунист тогтолцоо нуран унасан тэр цагт дэл­хийн ихэнх оронд коммунист намуудыг татан буулгаж, суурин дээр нь либерал үзэл­тэй шинэ намууд төрөн гар­сан байдаг. Манайд ч энэ талаар яригдаж байсан ч тухайн үедээ “Цаг нь болоо­гүй” гээд татан буулгах ажил­лагаа орхигдож үлдсэн. Одоо­­гийн Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар “Цаг нь болоогүй” гээд үлдээсэн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгвэл одоо энэ намыг татан буулгах цаг нь болсон байхыг үгүйсгэх аргагүй. Хэрэв тэр үед татан буулгачихсан бай­сан бол одоогийнх шиг ийм навс уналтыг эд мэдрэхгүй байсан байж ч болох юм. Дал, ная, ерэн жилийн настай­гаа­раа дуудуулсаар энэ нам хэд хэдэн сонгуульд дараалан унаж байна. МАН дотор ч “Тухайн үед манайхыг татан буулгачих байсан юм. Тэгсэн бол 2012, 2016 оны сонгуу­лиар айхгүй явж болох бай­сан юм” гэж хэлэх хүмүүс олон жилийн өмнө ч байсан. Тэр байдлыг цайруулах гэж нэр солих ажиллагаа хийсэн ч засралыг олж амжаагүй. Тэгэ­хээр ерөөсөө энэ намыг татан буулгаад суурин дээр нь ши­нээр ном эмхлэх хувилбар байж болох юм. Хамаг хүмүүс нь намд хуваагдчихаад бай­гаа Монголын төрд ажиллах бо­лов­сон хүчин ч олдохгүй байна шүү дээ. Боловсон хүч­ний хямралд орчихоод бай­хад хорин намыг хоёр, хоёр намыг нэг болгож цааш­лаад намыг гишүүнчлэлгүй болох асуудлыг ч хөндмөөр санагд­даг юм.

Хувилбар хоёр

Унасан бөх ууртай. Олон унасан бол бүр ч ууртай жишгээр МАН-ынхан орон нутгийн сонгуульд ялагдал авчирсан удирдлагууддаа хариуцлага тооцох тухай ярьж таарна. УИХ-ын сонгуу­лиар ялагдал хүлээсэн дарга С.Батболд, генсек У.Хүрэлсүх бас Удирдах зөвлөлийн ги­шүүд­дээ хариуцлага хүлээл­гэн өөрчилсөн уламжлалаа үүн дээр давтаж таарна. Ерөн­­хийлөгчийн сонгуулиас эхлэн унасан уналтаа Ерөн­хийлөг­чийн сонгууль дээр эргүүлж авахын тулд намын­хаа рейтин­гийг өсгөхөөр ажил­­лаж эхлэх нь энэ на­мынхны хамгийн эхний ажил. Намын рейтингийг өсгөхийн тулд намын удирд­лагуудаа солих нь зөв гэж бодогсод цөөнгүй байгаа гэсэн. Гэхдээ цаг хугацааны хувьд удахгүй шинэ жилийн хөөрөл эхлээд нэгдүгээр сар гарангуут их хур­лаа хийхгүй бол цагаан сар болчихно. Тэгээд хэдхэн сарын дараа­гаас Ерөнхий­лөг­чийн сон­гууль эхэлчих учраас шинэ дарга нарыг томиллоо ч үр дүн нь тодор­хойгүй.

Гэхдээ МАН энэ хувил­бараар явах гэж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ нэлээд эрт­нээс тодруулж таниулах үйл ажиллагаа хийх шаард­лага­тай. Боловсон хүчний хан­галт­тай нөөцтэй гэдэг МАН-ын хувьд энэ удаагийн Ерөн­хийлөгчийн сонгуульд өр­сөлд­чих хүн олох нь шүдний өвчин болоод байгаа гэнэ лээ.

Хувилбар гурав

Хэдийгээр шинэ удирдла­гууд нь Орон нутгийн сон­гуульд ялагдал авчирсан ч дөнгөж ажлаа аваад хэдхэн сар болж байгаа тэднийг ойл­гож итгэл үзүүлэхээр үлдээж магадгүй. Шинэ Удирдах зөв­лөлийнхөн ажлаа аваад юу юугаа мэдэлгүй бас дээрээс нь их ялагдлын шоктой бай­сан болохоороо дараагийн ялагдалд хүрсэн гээд уучилж үзэх талтай. Тэгээд ч нөгөө тулхтай зангарагтай гэдэг имижтэй ах нам чинь хэдхэн сар болоод л дарга нараа тонгорч унагаад байвал олон нийтэд харагдах ойлголтод ч муу байх талтай. Нөгөө талаас дараагийн дарга хэн болох вэ гэдэг хэцүү даал­гавар тулгарна. Энэ намд хүссэн хүсээгүй С.Батболд, М.Энхболд, У.Хүрэлсүхийн нөлөө алсарч амжаагүй бай­гаа. Бага хурлын гишүүд яг энэ гурвалжингаар бүрэлдсэн учраас Бага хурлыг бүрэн өөрчилж байж шинэ шинэ удирдлагуудын нөлөөлөл хүчтэй болж ирнэ. Тэгэхээр одоодоо МАН-ын улс төр тэднээс хамааралтай байгаа. Нам дотроо хөлтэй нөлөөтэй байгаа ч аль аль нь намын­хаа удирдлагад явж байгаад ямар нэг шалтгаанаар унасан учраас тэднийг дахиж гаргаж тавихыг гадна талд нь хүлээж авахгүй. Гишүүнээсээ тат­галз­сан У.Хүрэлсүхийг “Хүнд хэцүү үед намаа орхиж явсан” гээд нам дотроо олон хүн дургүй байгаа юм билээ.

Үнэндээ энэ намд дарга хийчих хүн асуудалтай бай­на. Одоогийн хоёр даргаа тааруу ажиллаж байна гэж үзэгсэд цөөнгүй байгаа. Гэхдээ  Ө.Энхтүвшинг хэвээр нь үлдээх нь зөв ху­вил­бар бөгөөд энэ тохиол­долд түүн­тэй хамтрах ген­секийг тавих нь дээр гэсэн нийтлэг уур амьсгал энэ намд байгаа юм. Хэдийгээр өнгөр­сөн хурлаар шинэхэн томи­логд­сон намын дарга одоогийн нарийн бич­гийн дарга Ж.Сүх­баа­тартай гар нийлж ажил­лахаа илэр­хийл­сэн ч Г.Зан­даншатар том­чуудын дэмж­лэгээр гараад ирснийг хэв­лэлийнхэн тухайн үедээ би­чиж байлаа. Гэхдээ гаднаас нь хараад ойлгогддог­гүй нам доторх ертөнцөөр бол Ж.Сүх­баатар намдаа дороос нь ажиллаж гарч ирээгүй учраас үл хүлээн зөвшөөрөг­дөх асуудал бай­даг шиг юм билээ.

Сүүлийн
үед энэ нам до­тор хүчтэй, залуу генсекийн тухай яригдах
болсон байна. Үүн дундаас
Ж.Энхбаяр, С.Бям­бацогт нарын нэр яригдаж байгаа аж. Гэхдээ тэд УИХ-ын гишүүд учраас орон тооны албан тушаал
болох ерөнхий нарийн бичгийн
даргын албан тушаал дээр очвол УИХ-ын гишүүнээсээ
татгалзах шаардлага гарч таарна. Харин гишүүнээ
өгөхгүй
гэвэл намын даргад үзэх хувилбар
байж болох бөгөөд далаад оны залуусын хувьд өөрсдийгөө эрт “булш­лах” эрсдэлтэй учраас ийм алхам хийхгүй болов уу.

Categories
редакцийн-нийтлэл

Орос нефтийн эзэн найтаахад, Оюунгэрэл авхай ч ханиад хүрчихлээ

Манайхан ч энд тэндгүй л нефтийн үнэ нэмэгдэх нь гэж ам амандаа шивэр авир гээд яриад эхэллээ. Оросууд неф­тийнхээ үнийг нэмж байгаа бололтой юм, дагаад манай импортлогч нөхөд ч нэмэхээр төлөвлөж. Үүнийгээ хэв­лэл мэдээллийн байгууллагуу­даар ил далд мэдэгдээд эхэл­чихлээ. Оросууд дээрэлхэж байна, үнээ нэмэхээс аргагүй  гээд л  пиар нь явж өгсөн. Хүмүүс ч шатахууны үнэ нэ­мэг­дэх нь гэдгийг тэндээс нь хэдийнэ ойлгочихоод өөр зуураа мэдээлэл солилцоод эхэлчихжээ.

Шатахууны үнэ нэмэгдэх нөх­цөл байдлыг харахаар оросууд ч нөлөөлж байгаа байх нөгөө талд нь үгсэн хуйвалдаж үнэ нэм­сний­хээ торгууль 17 тэрбумыг төлөх болсондоо шатахуун импорт­логч компаниуд шаралхаад нэмж бай­гаа юм шиг харагдаж байгаа юм. Өнгөрсөн нэг­дүгээр сард шатахуун им­порт­логч компаниуд хэрэг­лэгч­дээ годрой­тож унатал шатахуу­ныхаа үнийг нэмсэн билээ. Үүнийг нь Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хянаж үзээд 17 тэрбум төгрөгийн торгууль тавьж харин удалгүй хоёр дарга нь ажлаасаа халагдсан байдаг. Үүний дараахан очсон дарга нь зөвлөлөө хуралдуулаад 17 тэрбум төг­рө­гийн торгуулийн мөнгийг импортлогч компаниудаас авах шаардлагагүй гэсэн шийд­вэр гаргаж бүх зүйл амар тайвандаа орсон билээ. Гэтэл “гайхал” О.Магнай очоод торгууль авах ёстой гэсэн шийдвэр гаргачих­сан. О.Магнайгийн хийсэн ажил бүр нь хэрэглэгчдэд таалаг­даж, бас тэр нөхөр хэнээс ч айхгүй гэдэг нь тодорхой учраас торгууль төлөх нь бодитой асуудал болж ирсэн гэж болно. Иймээс л шатахуун импорт­логч компаниуд шар­хаа нөхөхөөр үнээ нэмж байх шиг байна. Тор­гууль тавьж байгаад нь дургүйцсэндээ үнийн өөрчлөлтийг хөндсөн ч бай, оросууд нь үнээ нэмэх болсон ч бай эцсийн бүлэгт хэн нэгнээс хараат байгаа нь л өөрөө асуудал юм. Москва найтаахад Монголд ханиад хүрдэг гэдэг худлаа үг биш. Ерөөсөө л ийм хамааралтай явж ирлээ. Энэ нь Орос, Хятад­даа ч бус ерөөсөө бид өөрийн хийж чаддаг зүйлгүй ирж, хэн нэгнээс хараат бол­сонтой маань холбоотой. Хийж чадахгүйдээ биш хийх хүсэлгүй явж ирсний маань буруу.

Нэгэнт Монгол Улс ОХУ, БНХАУ гэдэг хоёр том гүрний дунд оршдог. Хөршөө том байна, хөршдөө дургүй бай­на гээд нүүгээд явж чадах­гүй­гээс хойш энэ хоёр хөрштэй­гөө зөв сэтгэлээр ойлголцож амьдрах нь зөв. Аялдан да­гал­дахгүй бас муудалцчихгүй алтан дунджаар бодлогоо тодорхойлж бас цаанаа са­наа­тай явах нь бидний хувьд ямар ч гуравдагч хөршийн бодлогоос чухал биз. Манай­хан яахав дээ, нефтийн үнэ нэмэгдэх сургаар оросуудад жигтэйхэн дургүй болж, тэд­нээс муу хүнгүй болдог нь гэм биш зан. Тэглээ гээд өөрсдөө юуг ч өөрчлөөгүй, юуг ч хийж амжаагүй. Нэг орноос, нэг колонкоос хамааралтай мөрт­лөө юу ч хийхгүй. Неф­тийн үнэ нэмэх сургаар нөөцийн савны тухай ярьж, олон газраас шатахуунаа авдаг болох тухай хөндөж, нефтийн үйлдвэр барих төс­лөө салхи оруулж, нүүрснээс шууд нефть нэрэх асуудлыг ярьж эхэлдэг. Таг хаясан асууд­лаа яг л энэ үед ярьж, оросуудаас муу хүнгүй мэт тодорхойлох болсоор удлаа. Одоо бас жүжгийн энэ үзэгдэл давтагдаж байна. Үнэндээ асуудал нь хүн чанаргүй оросууддаа биш, бидэнд бай­на. Тэгээд ч оросууд тэгтэл хүн чанаргүй улсууд биш гэдгийг ханилж нөхөрлөж ирснийхээ хувьд манайхан мэддэг. Харин манай үе, үеийн хэл­сэн­дээ хүрдэггүй, хулхи дарга нараас болж тэд ингэж ха­туурхдаг болсон. Манай том дарга нар Уралаас цаашаа явахаараа урваганаж шарва­ганаж гүйгээд юу хүссэнийг нь өгөхөөр болчихоод ирдэг, Сибириэс наашаа гараад ирэхээрээ сэрвээн дээрээ сүүлээ хаячихаад хэлж амлаж байснаа мартчихдаг. Ийм хоёр өөр зан гаргаад байхаар хэний ч дургүй хүрнэ ээ дээ. Өгнө өгнө гээд амла­чихсан байхад авна л гэх нь хэр шүү дээ. Авахын тулд чангалдаг ч байх. Урьд өмнөх дарга нар дандаа л ингэж ирлээ. Тэглээ гээд хийж бүтээ­сэн нь алга. Ямар нэгэн эрх ашиг, сонирхол зөрчил бай­даг л байлгүй. Одоо оросууд шинэ Засагт, шинэхэн дарга нарт ойлгуулах гээд ганцхан манайд шатахууны үнээ нэмж мэдрүүлж байна. Одоо­гоос сарын өмнө нэг тонн дизелийн түлшээ 90, А-92-ыг 44, А-80-ыг 32 ам.дол­лараар нэмнэ гэж байсныгаа төрөл бүр дээр 50 ам.дол­лараар нэмэхээр болсон гэх. Моно­поль газар монополь байхаас яахав. Тэд дөнгөж найтаах төдийд манайх хэ­дийнэ ха­ниад хүрчихээд үнээ нэмэхээс аргагүй гэж байна. Бас л монополь эрхтэй оруулж ирдэг газрууд тэрий­гээ ма­ниус­таа ойлгуулахаас яахав. Тэдэнд гомдож гонш­гонож суухын оронд нөөцийн саваа гагнаад эхэлмээр бай­на. Юу байна, хамгийн их байгаа нүүрснээс шатахуун нэрдэг технологио хэрэг­жүүлж, ийм ололттой техно­логи нэвт­рүүлж байгаа газ­руу­даа дэм­жээд өгмөөр бай­на. Ганц хойноос биш эндээс, тэндээс оруулж ирдэг бол­моор байна. Он жилээр салхи оруулаагүй нефтийн үйлд­вэрийн төс­лүү­дээ эргэж нэг хармаар байна. Ингэхийн тулд өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан асуудал гэж хойш хаялгүй, урьд хой­дынх гэж ялгалгүй ажил бол­гож эхлэх ёстой. Төрийн зал­гамж чанар гэж юм байх ёстой доо. Тэгэхгүй бол хамгийн эмзэг энэ асуудал маань хам­гийн топ сонгуу­лийн шоу бо­лоод удлаа. Оросууд үнээ өсгөөд ирэхээр нэг хөндөнө, сонгууль дөхөөд ирэхээр бас л ёс мэт чухал­чилна. Бусад үед нь жам ёсоороо хаягдана. Одоогийн Засгийн газар үүнийг л бүрэн эрхийнхээ хугацаанд ажил хэрэг бол­гохгүй бол мянга сайхныг хийгээд хэрэг алга. Бид зам­наж ирсэн шигээ ийм өөдгүй төр, ийм өөдгүй төр засагтай баймааргүй байна.