Categories
редакцийн-нийтлэл

Гиннест бүртгүүлэх хийрхэл

Наадам бүрээр болдог нэгэн сайхан
арга хэмжээ бол яах аргагүй “Дээлтэй монгол” наадам. Хүн бүр өөртөө бай­гаа сайхан
дээл хувцсаа өмсч ирдэг энэхүү наадам жилээс жилд үндэстэн, ястны онц­логийг харуулсан
дээл хувц­саа ёс журмаар нь өмсөхөөс эхлээд дэг жаяг нь нарийс­саар байгаа харагддаг.
Өнөө жилийн дээлтэй наадам бо­роо, шороотойн улмаас до­лоо хоног хойшлоод өнгөр­сөн
долоо хоногт болов. Ма­найхан болж бүтэж яваагаа яаж ийгээд утгагүй болгохдоо сайн
улсууд л даа. Олон хүн дээл өмсч цугларсан гэд­гээрээ Гиннесийн номонд оруулна гэж
зохион байгуу­лагчид нь хөлсөж гүйгээд сүйд болж байна аа. Монголд юм л бол Гиннесийн
номонд оруулна гэдэг яриа бий болж. Гадаадад ажилладаг нуга­раач бүсгүйчүүд үегүй
юм шиг урлагийн төрлөөрөө Гин­несийн номонд бүртгүүлсэн талаар дуулдаж байхад бо­лохгүй
зүйлгүй мэт санагдаж байлаа. Гэтэл хамгийн олон бөхчүүд барилдаж Гиннест орлоо гэнэ,
хамгийн олон бие биелээчдийг бүртгүүлнэ л гэнэ. Одоо хамгийн олон хүн дээл өмсч
алхсанаар нь Гин­нест бүртгүүлнэ гэлцэж бай­на. “ДОХ л гээд байх юм, хотод очоод
надад тэр ДОХ-оос аваад ирээрэй” гэдэг шиг л Гиннес гээд сүйд болдог болж. Яг ямар
утгатай ч юм, тэрэнд бүртгүүллээ гээд бат­ламжилсан цааснаас өөр юу авдаг, том утга,
эрх аш­гаараа юу ч байдаг юм, манайханд мэдэж байгаа юм алга. Зүгээр л нэг сайхан
танил нэр, тэгээд л хөөрцөглөөд байх нь тэр. Гиннест бүртгүүлнэ гээд баа­хан биелээч
хүүхдүүдийг хө­дөө гадаанаас цуглуулаад хоноглох байр ч байхгүй, сургуулийн зааланд
хуа­раг­нуулж байсан шүү дээ. Сур­гууль олдсон нь ч их юм, бүр Сүхбаатарын биш ээ,
Чин­гэсийн талбай дээр хүртэл хоног төөрүүлж байсан. Нялх балчир хүүхдүүдээ идэж
уух хоол ч үгүй цемент дээр ун­туу­лахдаа хүрч сүйд болоод байдаг тэр Гиннес гэдэг
нь юу билээ.

1951 онд голын эрэг дээр шувуу буудан
зугаагаа гаргах цэнгээнд оролцож байсан Хью Бивер яах ийхийн зуур­гүй нисч алга
болоод байсан хурдан шувууны тухай тэм­дэглэж эхэлсtнээр Гиннесийн номын эхлэл тавигдсан
гэдэг. Хүмүүсийн асуудаг олон асуултад хариулт бол­гож энэ номыг жил бүр шинэч­лэн
хэвлэсээр иржээ. 2000 оныг хүртэл Гиннесийн дээд амжилтыг ном болгон хэвлэж байсан
бөгөөд өдгөө Гин­несийн дээд амжилтыг бат­ламжлах болсон. Харин одоо хүмүүс шинэчилсэн
дээд ам­жилт бүрийн эзэн болохоор хичээдэг болсноор анхны бий болсон үзэл санаанаасаа
өөр болчихоод байна. Дэл­хийн хамгийн, хамгийн гэсэн жагсаалтад багтах гэсэн хүн
гэдэг амьтны хүслийг яана аа. Үүнийг хүн гэдгээрээ бахар­хаж бардамнах сэтгэлээс
илүү­тэй адгууслаг чанар нь давамгайлж байгаа гэж ч тайлж болмоор. Эхэндээ хү­мүүст
шинэ содон, хамгийн, хамгийн гэсэн бүгдийг хүргэх зорилготой байсан бол өнөөдрийн
байдлаар энд нэрээ бичүүлж, алга дарам цаас авах гэсэн хүмүүсийн хийрхэл болсон
гэж хатуухан хэлэхэд болно. Ерөнхийдөө энд дээд амжилт тогтоолоо гэж үзэж болох
бүхий л төрлүүд байна. Нөгөө ногоон хурганы арьс, нохойн битүү туурайны сургийг
ч эндээс гаргаж магадгүй. Нэг жил нь амжилтын эзэн болсон бол түүнийгээ нэмэх гээд
дараа жил нь оролдоно. Бүр Гин­несийн амжилтыг бататгах гэсэн хийрхэл ч бий болжээ.
Биеийнхээ арьсны гадар­гууны 100 хувьд нь шивээс хийлгэсэн эр байна. Ерөөсөө ямар
ч цэг үлдээлгүй хэлээ хүртэл орхиогүй шивүүлс­нээрээ Гиннесийн эзэн бол­сон тэрбээр
ямар сайндаа, өөрийнхөө нэрийг Азтай Ал­мазан Баян гэж хөрвүүлж болохоор нэрлэж
байхав дээ. Дэлхийн дээд амжилтын эзэнд ээж, аавын өгсөн нэр нь таалагдахаа байсан
болол­той.

1979 оноос хойш дэлхийн дээд амжилтуудыг
ар араас нь шинэчилсээр яваа Ашриат Фурман гэж нэгэн эр бий. Тэрээр 450 дээд амжилтын
эзэн болж явсан бөгөөд одоо Гиннесийн 160 дээд амжил­тыг эзэмшдэг гэж байгаа. Дэлхийн
зургаан тивийн 30 оронд очиж дээд амжилт гаргаж болох юу л байна тэр бүгдийг оролдож
явдаг гэхээр өвчин биш гэж үү. 25 нас­тайгаасаа эхэлсэн энэ зо­рилго нь 58 нас хүрчихээд
байхад ч үргэлжилсээр байгаа нь нэг талаас бахархаж болох боловч нөгөө талаас зөвхөн
үүний төлөө л амь­дардаг болсон гэхээр бас л асуудалтай. Үсэрч, харайж, гүйж, бөмбөлөг
дээр үсрэх гээд юу, юу байдаг юм бүү мэд. Ер нь Гиннесийн номонд хумсаа урт ургуулж
бүрт­гүүлсэн эмэгтэй, хамгийн олон өндөг хагалахгүй шидэж чадсан амжилт, бага насандаа
хамгийн олон газраар аял­сан жаал гээд зөндөө ам­жилтууд бий. Хумсаа ургуулж амжилтын
эзэн болчихсон болохоор тэр эмэгтэйн хувьд гэрийн ажил хийх байтугай өөртөө цай
хийгээд уучихаж ч чадахгүй болж байгаа юм. Энэ хорвоогийн хамгийн эм­зэг өндгийг
хагалахгүй шиднэ гэдэг байгалийн хуулийн хаа­гуур ч яваад байгаа юм, мэ­дэхгүй.
Гэхдээ энэ амжилтын эзэн болж, онцгойрч байгаа хүмүүсийг буруутгахын арга­гүй. Өөрөө
өөрсдөдөө л зөв байлгүй. Тэгээд ч энэ Гин­несийн ном дэлхийн хамгийн гүйлгээтэй
ном болж, номын сангуудаас хамгийн их хул­гайлагддаг гэхээр хүн төрөлх­төн үүнийг
сонирхлоосоо гаргаж чадахгүйн баталгаа биз.

Мэдээж, хамгийн хамгийн болгоныг сонсч
дуулж, бас тэрний нэг байна гэдэг сайхан л даа. Дэлхийн хам­гийн жижиг эр, хамгийн
өндөр настан, хамгийн жижигхэн мэлхий гээд байгалиас заяа­сан онцлог бүрээрээ бүртгэг­дэж
байгаа дээд амжилтууд нэг хэрэг. Гэтэл энэ биеэ зовоож тамлан байж амжил­тын эзэн
болох зөв алхам биш байлтай. Хэдийгээр зохион байгуулагчид гаж, гаж ам­жилтаар рекорд
тогтоох гэдэг оролдлогыг зогсоож илд зал­гидаг, амьтны амь хороодог, их хэмжээний
согтууруулах ундааны төрөл буюу шар айраг уудаг гэсэн төрлүүдийг хассаар байгаа
ч дараагийн шинэ содон зүйлс нь гараад л ирэх юм. Монголчууд хүртэл гадныхны нүдээр
бикини буюу усны хувцас өмссөн мэт өмсгөлтэй эрчүүдээ олноор нь цуглуулж, бас үндэсний
хувцастай хүмүүсээ талбай­гаар алхуулж, бяцхан үрсээ өлсгөж дааруулан байж бү­жиглүүлэх
гээд сэтгээд байна шүү дээ. Монголчууд бид хүн төрөлхтний нэг хэсэг хэдий ч бидэндээ
л үнэ цэнэтэй хараг­дах уламжлалт бүхнээ өөрс­дөө л хүндэтгэлтэй хандаж сайхан авч
үлдэх нь чухал байгаа юм. Түүнээс Гин­несийн номд багтах гэсэн их хийрхэлд автан
байж, бүхий л зүйлээ Гиннест зориулж  хиймээргүй
байна. Тэгж яривал бидэнд Гиннест бүрт­гүүлж суухаас илүү хийх ажил их байгаа шүү.

Categories
редакцийн-нийтлэл

Авлигажсан намыг тарааж, алдааны нь золиос хүнээ аваръя

Сонгуульд ялагдсан МАН-ын­хан шинэчлэлийн
тухай өөд уруу­гүй ярьцгааж байна. Дарга нараа солиод, дараагийн хэдэн хүмүүс удирдлагад
гарч ирээд энэ нам шинэчлэгдэж чадах болов уу.

Дотор нь байдаг тулхтай гишүүд нь
ч энэ боломжгүй дээ, зөвхөн дахин хуваарилалтыг л ярьж бай­гаа болохоос ер гаруй
жилийн түүхтэй энэ намд бодит өөрчлөлт авчрахгүй гэлцэж байгаа юм. Гэх­дээ тэд яаж
өөрчлөх талаар ч сайн мэдэхгүйгээ хэлж байна. Энэ намын гишүүдийн цөөнгүй хүмүү­сийн
сэтгэлд намын шинэчлэлээс илүүтэй дээлээ нөмөрчихөлгүй яаж үлдэх вэ гэсэн бодол
эргэлдэж байгаа нь худлаагүй. Өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ алдаа
эндүүтэй ажилласан МАН-ын гишүүдийнхээ өмнө онгой­чихоод байгаа хаалгыг хаах гэж
оролдож үзээд барсангүй. Хэрэв тэр ялсан бол энэ намынхны дунд бий болоод буй их
айдас хүйдэс багасах байсан биз. Нийгэмд бай­гаа янз бүрийн уур амьсгалыг анирдвал
“Авлигачдыг зайлуулах нь зөв, Ардын намынхныг шоронд хийх нь зөв”, “Ардчилсан намын
авлигачдыг адилхан хийх хэрэг­тэй”, “МАН, АН гэлтгүй бүгдийг нь шоронд хатаа”,
“МАН-ынхан хэзээ нэгэн цагт ялж л таарна. Тэр үедээ АН-д хариуг нь өгнө дөө” гээд
дуу дуугаа авалцаад ярьж өгч байна аа. Үнэнийг хэлэхэд айдас хүйдэс, өс хонзон хэзээ
хэзээнээс илүүтэй мэдрэгдэж байна. Бас албан тушаа­лаа авч идэхийн боломж гэж ойлгож
ирсэн хүмүүст ч хатуу сургамж өгч байна. Мэдээж, энэ бол сайн хэрэг. Харин сайныг
дагаад ирж байгаа муу зүйл бол цөөхөн монгол тал тамцаг болтлоо хуваагдаж байгаа
явдал.

Одоогийн улс төрийн үйл явд­лыг өнгөцөөр
зураглавал МАН-ын урт гартай нөхдийг ар араас нь ял үүрүүлж, АН-аас бас хэдийг өшиг­лөнө.
МАН шинэчлэл нэрээр дараагийн удирдлагуудаа угтаж, өнөө хэд нь АН-ын Засгийн газрыг
унагахаар өөрсөдтэй нь хуйвал­даад эхэлнэ. Уг нь Засгийн газрууд дунджаар 50 орчим
хувийн рей­тингтэй байж ирсэн жишиг байдаг. Харин сүүлийн үеийн судалгаа­гаар Н.Алтанхуягийн
Засгийн газар 60 гаруй хувийн рейтингтэй байгаа гэсэн. Сонгогчид шүүмжлэхийн зэрэгцээ
ажиллаад байна, болоод байна гэж үзэж байгааг улс төрийн хүрээнийхэн өөрсдийн шүүлтүү­рээ­рээ
л харна. Эрх ашиг өөрт нь яаж тусч байна, түүгээрээ л зөв бурууг дүгнэдэг зан эдний
ертөн­цөд бий. Нэг удаа засаг унавал дараагийнхыг нөгөө хэд нь, түүний дараагийнхыг
энэ хэд нь гэж хандвал тэр тоолонд нь МАН, МАХН ээлжилж тоглолт хийгээд явж өгнө.
Энэ бол монголчууд бидний туулж ирсэн зам болохоор хэн хүнгүй гадарлацгааж байна.
Үүн­тэй зэрэгцээд шорон руу явуулах гэмт хэрэгтнүүдийн цуваа үргэлж­лээд байвал
байдал яах нь бүр ч ойлгомжтой. Авлига авч, албан тушаалаа хэтрүүлсэн хүмүүсийг
зөвтгөх гээгүй ч илүү том эрх ашгаа харвал цөөхөн монголчууд хоорон­доо хэмлэлдмээргүй
байна. Мон­гол­чууд бид хэд билээ, тэдэн дун­даа мэргэшиж боловсорсон нь хэд байхав.
Ямар ч нийгэмд хүн  хам­гийн үнэт капитал.
Тэр дундаа боловсорч туршлагажсан мэргэ­жилтнүүд шижир эрдэнэ. Ажил хийж байх үедээ
авлига авч алдаа гаргасан гээд тэр сэхээтнүүдээ аавынх руу ачаад байвал миний Монгол
Улсад дэндүү хохиролтой санагдаж байна. Улс төрийн хэл­мэг­дүүлэлтийн үед Монголын
тол­гой сэхээтэн, ном үзэж тархины сэвтээ нь арилсан хувраг, хувил­гаад, улс төр,
соёлын салбарын тэргүүн эгнээнд түүчээлж явсан хүмүүсээ бүгдийг нь хядаад дуус­сан.
Тэгээд хэдэн жилээр бид хойшоо суув. Тийм бүхэл бүтэн үеүдийг бэлтгэх ямар хугацааг
бид алдсан билээ. Тухайн цаг үед гадны гар хөл, бодлогоор хийгдэж байсан энэ алдааг
шинэ цагт бид өөрсдөө давтах ёсгүй. Түүний тулд өвөрмөц ууч зангаар цагаан захт­нуудыг
өршөөе. Ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг, авч идэх боломж нь байвал ухамсар заан
үлдэж хоцрох хүн тун ховор. Энэ бол хүний төрөлх зангуудын нэг. Ардчилсан тогтолцоонд
шилжсэн түүхэн замналтай зэрэгцээд алдаа, онооны замыг бүгд л туулж ирлээ. Нам дагасан
бодлого, нам шүтсэн тогтолцоо өнөөдрийн энэ бүгдийг бий болгожээ. Өнгөрсөн 24 жилийн
19-д нь төрийн эрхийг мэдэж, хэмжээгүй эрх мэдэлтэй байсан МАН-ынхан даахын хэрээрээ
л авч идэхийн үлгэрийг үзүүлж. Хэрэв АН-ынханд ийм боломж нь байсан бол бас л тэгэх
байсан биз. Тэгэ­хээр бид авдаг иддэг боломжийг тогтолцоогоороо хааж өгөөгүй байж,
өнөөдөр сэхээтнүүдээ цувуу­лан шорон руу илгээгээд баймгүй байна. Дараа нь дахиад
хэдэн жил өнгөрөхөд өнөөдөр эрх мэдэлтэй байсан хэсэг шорон руу гээд эх захгүй өс
хонзонгийн урсгал хөврөх.

Төрийн албыг хаших хүмүүсийг зүгээр гудамжнаас авчраад томил­чихдоггүй.
Шалгарсан шүүгдсэн хүмүүс энэ албанд тохоогддог байж таарна. Ар гэрийнхээ амьдралаа
аваад явчихаж дөнгөхгүй эр ардын амьдрал яриад суудаггүй гэж бод­дог. Бас төрийн
алба гэдэг нь аяандаа тэр хүнийг сургаж, боловс­руулж бэлтгэж өгдөг. Монгол төрийн
төлөө, монголчуудын төлөө ажиллах боловсон хүчин болгож бэлтгэж байдаг. Гэтэл тэр
хүмүүсээ ашиглах цаг дээр нь ашиглахгүй бол яах юм бэ. Дахин хэлэхэд Монголд байгаа
улс төрийн намын тогтолцоо нь өнөөдрийн суурийг бэлтгэсэн юм. Тэгээд ч хэрэг хийсэн
хэн нэгэнд хариуцлага тооцмоор байгаа бол гишүүдтэй нь биш намтай тооцъё л доо.
МАН бол  нэгэнт түүхэн үүргээ гүйцэтгэсэн
нам. Дэлхий даяараа коммунист тогтолцооноос салж, хуучны намуудаа татан буулгаж
байхад үлдсэн цөөхөн намын нэг. Ихэнх намууд татан буугдаж, тухайн намын гишүүд
нь шинээр эвлэлдэн нэгдэж зохион байгуулалтад орсон жишээ олон бий. Намын цаана
хүмүүс л байдаг, тэд хэвээр байхад татан буулгах бас шинээр өөр нэрээр нам байгуулахад
ялгаа юу байна гэж маргах хүн ч гарч магад­гүй. Гэхдээ нам бол хатуу үзэл баримтлал,
хатуу дүрэм журмаар явдаг учраас хуучны энэ малгай нь гишүүдээ өөрчлөгдөж, шинэчлэг­дэхэд
ямагт гай болсоор ирдэг юм. Хуучин МАХН-ынхан нэрээ сольж үүнийг өөрчлөх гэж үзсэн
ч тусыг эс олов. БНСУ-д Ханнара нам нэрээ сольж Саэнури болгосноор парламентад олонхи
болж, бүр эмэгтэй хүнийг төрийн тэргүүн болгочихоод байгаа амжилт бий. Харин манайд
ах намын хувьд нэрээ сольсон ч дараалсан олон ялагдлыг хүлээснээрээ нэрээ мянга
солиод нэмэргүй, татан буугдах цаг болсныг л баталсан юм. Намаа татан буулгаад буурин
дээрээ тэр бүрэлдэхүүнээрээ дараагийн шинэ намаа байгуулна уу, задрал нэгд­лээ хийнэ
үү хамаа алга. Тухайн цагтаа оросуудын ашиг сонирх­лоор бий болсон энэ нам хязгаар­таа
тулсан мэт. Хамгийн гол нь улс төр, эдийн засгийн сэдлээр монгол­чууд нэгнээ хорьдог
байдлыг болиул­маар байна. Могой ороосон хутгыг шуун дээр шивчихсэн эрүү­гийн хэрэгтнүүдэд
Өршөөлийн хууль баталж болдог юм чинь цагаан захтнуудад зориулсан Өршөөлийн хуулийг
баталж яагаад болдоггүй юм. Улсад учруулсан хохирол мөнгийг нь төлүүлээд, улс төрд
дахин орохгүй гэсэн хариуц­лага хүлээлгээд, харин шорон руу илгээхийг болих хэрэгтэй.
Эрх мэдэл эдэлж байвал идэх уух ёстой гэсэн буруу хэвшлийг залгамж­луулж ирсэн МАН-ын
үе, үеийн дарга нар болох Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд,
У.Хүрэлсүх гээд бүхий л дарга даамлуудыг улс төрд тэдэн жилээр оруулж ирэхгүй гэсэн
ёс суртахууны хариуцлага үүрүүлсэн ч болохгүй зүйлгүй. Тэд ч том эрх ашгийн төлөө
өөрсдийн эрсдлийг тоохгүй биз. Тэгэхгүй бол идсэн уусан гээд нэг хэсэг нь шоронд
тэдний хамтрагчид, хамаатан ах дүүс нь бөөн гомдол цөхрөл, өс хонзон. Дараа нь гарвал
нөгөө хэдийгээ хийнэ. Ингэснээр цөөхөн монголчууд маань хоорондоо хөлөө жийлцсээр
хожсон ч зүйлгүй харийнхны өгөөш болж дуусна. Насаараа төрийн албанд зүтгэсэн Т.Билэгт
гуайг хар л даа. Нам дагаж, дарга шүтсэн тогтолцоо нь энэ хүнийг алдахад хүргэсэн
байж болох юм. Тэглээ гээд насны бөг­сөнд хүний газар нуугдаж, эх оронд нь түүнийг
“Интерпол”-оор хайж байгаагаа зарлаж бас гадаадаас орогнол хүссэнийг мэдэгдээд.
Харин удтал нам гүм байсан тэрээр гэмт хэрэг хийсэн гэж байхад дуугүй байсан мөртлөө
хүний нутгаас орогнол хүссэн гэдгийг тэвчилгүй хэл дуулгаж байгааг нь харахад дэндүү
өрөвдмөөр байна. Ямар ч аюултай гэмт хэрэгтэн гэдгээс илүү эх орондоо үнэнч нэгнээрээ
үлдэ­хийг тэр хүсч. Монголчууд бид л нэгийгээ өрөвдөж, нэгэндээ өршөөнгүй ууч хандахгүй
бол хэн биднийг тэгж өрөвдөх юм бэ. Ажил хийж байсан хүн алддаг, юу ч хийж бүтээгээгүй
хүний гар, нэр цэвэр байдгийг бид гадарлахтайгаа бол­сон. Одоо алдаа оноогоо хамтдаа
дэнсэлж, нам болж талцаж нэгийгээ үзэн ядаж, өс зангидалгүй ураг­шилцгаая. Хүний
нийгэмд хамгийн үнэт капитал нь хүн өөрөө. Тэр дундаа Монгол шиг цөөхөн хүн амтай
оронд.  Ийм л учир авлигаж­сан алив намыг
тараагаад, алдаа­ны нь золиос болсон хүнээ л аваръя.

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилал гарч амины сууцтай болгосон шиг…

Сүүлийн үед хүмүүсийн ам дамжин ярьж, нэг нэгнээсээ асууж сураглаж байгаа гол зүйл бол орон сууцны найман хувийн зээлд хэрхэн хамрагдах вэ гэсэн яриа. Орон сууцтай болмоор байна, агаарын бохирдлыг бууруулахад тустай энгийн боловч ашигтай арга иргэдээ орон сууцаар хангах явдал гэж байнга сонссоор ирсэн ч орон сууцны эрэлт дэндүү амин чухал асуудал байсаар ирсэн нь яг энэ өдрүүдэд тод харагдаж байна.

Үнэхээр аав ээжийн гэрээс тусдаа гарах сан, хадмын хаяанаас холдох сон, түрээсийн бус өөрийн гэртээ өглөөд сэрж байх юм сан гэсэн бодол олон залуу, идэр гэр бүлийнхний өдрийн бодол байжээ. Бас нийтийн дулаантай, дотроо жорлонтой байранд амьдрах сан гэсэн мөрөөдөл мянга мянган хүмүүсийн сэтгэлд байсныг энэ шийдвэр тод болгож өглөө. 2012 оны байдлаар Монголын хүн амын 23.8 хувь, нийслэлчүүдийн 40 хувь нь л орон сууцанд амьдардаг гэсэн тооцоо байдаг.

Орон сууцтай болохын тулд жилд найман хувийн зээлийн хүү төлөөд байвал бас ч гэж болж байна шүү гэсэн бодол хэн бүрийн толгойд ороод ирж байна. Төрөөс айл бүрт орон сууц бэлэглээд байхгүйгээс хойш ийм бодитой зээл л чухал. Америк хүний мөрөө­дөл тансаг хувийн сууц байдаг гэлцдэг. Тэр ч утгаараа АНУ-ын Засгийн газраас америк мөрөөд­лийг биелүүлнэ гээд байрны зээлийг хамаа замбараагүйгээр олгосноос ипотекийн хямрал үүсч, эдийн засгийн хямралыг дагуулс­ныг хүмүүс санаж буй биз ээ. Ажил хийж зээлээ төлөх боломжгүй хүмүүст байшин бэлэглээд байвал улс нь дампуурах эрсдэл байгаа учраас иргэнээ сайхан амьдруулна гэсэн утоп, үнэгүй саналаас татгал­захаас аргагүй. Харин иргэдээ дэмжсэн, бизнесийн байгуулла­гууд­даа дарамт үзүүлэхгүй бас төр засагт эрсдэл дагуулахгүй яг ийм шийдвэр л бидэнд хэрэгтэй байсан юм.

Засгийн газрын гаргасан “Орон сууцны ипотекийн ерөнхий нөхцө­лийг тогтоох журмаас харахад бодитой боломжийг иргэддээ олго­сон харагдаж байна аа. Мэдээж, урьд өмнөх зээлүүдэд хамрагдаж байгаагүйг шаардах нь зүйн хэрэг. Бас 10-30 хувийн урьдчилгаа нэхэх нь ч зүйн хэрэг. Тэгэхгүй бол АНУ шиг баахан айл шинэ бай­ранд нүүгээд орчихдог, төлбөрөө төлөх зүтгэл ч, сонирхол ч байхгүй бол босч яваа эдийн засгаа татаад унагачих нь ойлгомжтой юм. Засгийн газраас 10-30 хувийн урьдчилгааг шаардана гэж журамдаа заасан бол Монгол Банк хийгээд арилжааны банкууд нийлж ярилцаад бүгд 30 хувийн урьдчил­гааг авахаар болсон юм билээ. Энэ нь ч одоохондоо эрэлт нийлүүлэл­тээ барьж байх эрүүл шаардлага байхыг үгүйсгэхгүй юм. Тэгэхгүй бол хүн бүр 10 хувиа төлөөд байранд орох гээд байдаг, баригдсан барилгуудын үнэ тэнгэрт хадаад явчихвал эргээд асуудал үүснэ. Харин цаашлаад монголчууд маань эсгий гэрээ тохь тухтай сууцаар солиод, шат шатаар энэ хүрээ нь нэмэгдээд ирвэл Засгийн газар урьдчилгаа хувь дээрээ ч уян хатан хандаж эхлэх биз. Зөвхөн шинэ байр гэлтгүй, хуучны байруу­даас ч сонголтоо хийх боломжийг олгож байгаа нь хүмүүсийн са­наанд яв цав нийлж байгаа юм. Хэрэв 60 сая төгрөгөөр байр ава­хаар сонирхож байгаа бол урьдчилгааны 18 саяыг төлчих хэмжээний хуримтлалыг цуглуул­сан байх шаардлагатай. Энэ нь нэг ёсондоо тухайн хүн орон сууцтай болохоор зорилго тавиад ажил­лаж байсныг баталж байгаа хэрэг. 20 жил буюу 240 сарын хугацаанд үлдэх 42 сая төгрөгтөө зээл авна гэвэл сард 351 мянган төгрөгийг зээлдэгч төлөх ёстой. Сар бүр нэг өрөө байранд түрээсийн 300-400 мянган төгрөг төлөөд явж байсан хүмүүст өөрийн гэсэн орон байрныхаа төлбөрөөс хугаслаад явж байх шиг сайхан нь хаана байх билээ. Хорин жил айлын байр хэсүүчлээд юу ч үгүй үлдэхийн оронд өөрийн гэсэн голомтоо цэцэглүүлчихнэ гэдэг сайхан хэрэг. Харин дээрх хэмжээний зээлийг авах хүмүүсийн өрхийн орлого багадаа 700 мянга, баталгаатай гэвэл 800 мянган төгрөг байвал банкныхан ямар ч асуудалгүй зээлээ өгч орхих ажээ. Өнөөдрийн байдлаар энэ шаардлага тийм ч хэтийдсэн шалгуур биш билээ. Хэн хэнээ хонжиж монжихгүй, нэгнээ дэмнээд хамтдаа урагшлах бод­логыг төр засаг гаргадаг байх нь чухал. Өнөөдрийн ипотекийн найман хувийн зээлийг бүхий л арилжааны банкууд байж болох хувилбар гээд хүлээн зөвшөөрсөн байгаа. Үүнээс бага бол ашиггүй учраас энэ төсөл зогсох аюултай. Харин яг боломжит хувийн цэг нь энэ найман хувь бололтой юм.

Нэг талдаа жилийн 18 хувийн хүүтэй зээлийг олгож байсан банкуудын ашгийг хаасан мэт боловч нөгөө талдаа баталгаатай, баталгаагүй бүх зээлүүдээ Орон сууцны корпорацид арилжиж байгаа хэрэг. Хамгийн чухал нь ард түмэнд тэр ашиг нь ирж байгаа нь хамгийн чухал юм. Өмнө нь банкнаас жилийн 16.2 хувийн хүүтэй 44 сая төгрөгийн зээл аваад сар бүр байрны төлбөр, зээлийн хүүдээ 653 мянган төгрөг тушааж байсан танилд маань зээлийн хүүгээ бууруулах хүсэлтийг банкнаас нь тавьсан гэж байгаа юм. Гэрээгээ өөрчилснөөр сард 438 төгрөг тушаах болсон гэнэ. Засгийн газраас гаргасан жилийн найман хувийн орон сууцны зээл шинээр зээл авах хүмүүст ч биш бас энэ төрлийн зээлийг аваад явж байсан олон мянган хүмүүст бодитоор мэдэгдэж эхлээд байна.  Хамгийн сүүлд зээлийн төлөлт зургаан сар байх ёстой гэсэн хатуу болзлыг ч зөөлрүүлж байх шиг байна. Мөн 30 хувийг төлж чадахгүй гэвэл аав, ээжийнхээ хэн нэгний байрыг нэмж барьцаалаад бага хувийн урьд­чилгаа өгч болох боломж ч бий аж. Бас энэхүү зээлийн нөхцөлөөр орон сууц худалдан авах боломж­гүй иргэдээ ч орхилгүй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг боловс­руулан баталсан юм билээ. Тэгэхээр тэр хүмүүс ч бодлогын гадна үлдэхгүй нь.

Манайхан юм бүрийг хардаж сэрдэж, харлуулж бүдгэрүүлж хү­лээж
авах дуртай улсууд. Ашигтай санал, сайн санаачилгыг сайнаар нь хүлээж авахгүй гээд
яах юм. Найман хувийн зээлийг сонгуулийн шоу гэж тайлбарлах хүмүүс ч мэр сэр байна.
Хуучны нэг намын засаглалтай үе биш болохоор арилжааны банкууд өөрсдөд нь ашиггүй
бол юу гэж хүлээж авахав дээ. Гэхдээ олон нийт бүгдийг ялгаж, салгаж ойлгодог нь
сайхан юм даа. Улсын мэдлийн сууцанд амьдардаг гэж өөрсдийгөө бодож явсан олон мянган
өрхөд орон сууцыг нь үнэгүй хувьчилж өмчтэй хөрөнгөтэй болгосон АН-ынхан энэ асуудлыг
гаргаж тавьж байгаа учраас тэд илүү итгэлтэй ч байх шиг. Өнгөрсөн он жилүүдэд тэр
л орон сууц нь тэдний хувьд бодит өмч хөрөнгө нь болж ирсэн шиг дараагийн он жилүүдэд
найман хувийн хүүтэй зээлээр авсан байрнууд нь ч дэм болно гэдэгт эргэлзэхгүй байгаа
юм билээ.

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Хулан: Эх орон, Төр орноо босгоход Элбэгээ Ерөнхийлөгч л бидэнд хэрэгтэй

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт,
Болор цом“-ын хо­шой тэргүүн шагналт Ц.Хулан­тай ярилцлаа.

Хэдхэн хоногийн өмнө таАлтан зэгсний ангирномынхоо баярыг Явуухулангийн цэцэр­лэгт нижгэрхэн тэмдэглэлээ. Эндээс яриагаа эхлэх үү?

-Тэгье.
Манай үе, үеийн яруу найрагчид олуулаа тэгшхэн оролц­сон миний номын баярыг сэтгүүл­чид маань гярхай бөгөөд дотно сайхнаар хүлээн авч олон нийтэд хүргэсэнд би их баяртай байна. Уг нь миний санаа бол шинэ номоо рекламдахдаа чухал нь биш, Явуу­хулан найрагчийн цэцэрлэгийг жинхэнэ зориулалтаар нь ашиглаж эргэлтэд оруулах явдал, генара­торыг анх түлхэх явдал байсан.  Юу гэсэн үг вэ гэвэл, дэлхийн том хотуудын төв талбайд, найрагчдын цэцэрлэгт, онгоцны буудлуудад, вокзал дээр… найрагчид шүлгээ чөлөөтэй уншиж, зураач нар бичил үзэсгэлэнгээ дэлгэдэг ийм нэг дуурайгууштай уламжлалыг Мон­голдоо бий болгох санаа байгаад тэр маань анх удаа амжилттай туршигдлаа. Яруу найраг өөрөө “ашгийн төлөө бус байгууллага” гэдэг шиг эд. Гэхдээ энэ үеэр шинэ номынхоо гарын үсэгтэй худалдаа явуулж чамгүй орлого ч бас амрал­тын өдрөөрөө олчихсон. (инээв)

Яруу найрагчид үнэхээр олуу­лаа ирсэн. Тэдний дундаас тантай ямагтшөргөө­цөлдөжявдаг Б.Галсансүх ч том ягаан сарнайн баглаа танд өгч харагд­сан. Та хоёр эвлэрчихээ юу?

-Шинэ
номоо гаргахаас өмнө­хөн би үеийнхээ нөхдөд хандаж “Та нарт миний тухай хэлэх ярих сайн, муу үг байдаг бол бичээд өг, хэзээ хойно худлаа магтаж, эсвэл худлаа матаж гоншигнохгүй, хэн хэндээ амар гэсэн юм. Тэгээд нэлээд хэдэн хүний буюу дээш, доош, дэргэдэх  үеийнхний үг овоо цугларчихаар нь хэвлэчихсэн. Сайхан л байна, үеийн нөхөд л хүнийг хамгийн ойр, хамгийн сайн мэддэг болохоор гомдлын үг над дээр нэг их дусаг­наад байдаггүйг мэдэж авсан. Б.Галсансүх хүртэл “Миний Хулан бол жинхэнэ найрагч” гэж бичсэ­нээс харахад, бид муудалцдаггүй л байгаа биз дээ. Ерөөс яруу найрагч гэдэг бол авьяасын зардас юм. Хэн нэг улстөрчид шиг, хэн нэг баячууд шиг эрх мэдэл, эд хөрөнгө булаалдах юмгүй. Алдрын шалдан титэмний үнэ цэнийг ойлгодог болоод ч тэр үү, яруу найрагчид нэг нэгнээ хайрладаг, өршөөдөг гэдгийн л өчүүхэн жишээ юм даа.

Улстөрчид нэгнээхайр­лах­гүйбайх ид үе буюу, Ерөнхий­лөгчийн сонгуулийн тухай та ямар бодолтой явна вэ. Учир нь та дөрвөн жилийн өмнөх сонгуу­лиар ч тэр, ерөөс улс төрийн хүчнүүдийн томоохон сэлгээ, өөрчлөлтүүдийн үеэр ямагт бо­дол санаагаа илэрхийлж дуугар­даг байсан. Харин энэ удаа яагаад нам гүм байна вэ?

-Юуных
нь нам гүм байх вэ. Хуулиар хориглоогүй газраа дуу­гарч л явна. Гэхдээ нэг ийм юм байна. Төрийн албан хаагч нө­лөөл­лийнхөө хүрээнд буюу ажил олгогчийнхоо зүгээс хамт олондоо нөлөөлөөгүй бусад бүх тохиолдолд улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гэдэг ч юм уу заалт, нэг ийм утга бүхий заалт сонгуулийн хуулинд нэмж оруул­бал зүгээр юм уу гэж харагдаад байх юм. Дуугүй хүн бүтэж үхдэггүй гэдэг үг байдаг ч эргэн тойронд худлаа яриад байх үед дуугармаар л болдог. Би ч тийм байна. УИХ-ын 2008 оны сонгуу­лийн үеэр нам намын нэлээд хэдэн улстөрчөөс “За харж байна уу. Хэдэн дуучин, хэдхэн яруу найрагч, хэдхэн сэхээ­тэншүү юмыг хуулиараа заазлаад хаячихаар энэ  нийгэм чиг барим­жаа­гүй болж, савлагаа ихдээд байна гэж харж байна уу гэж би амыг нь асууж байсан. Хот хөдөө­гийн хүмүүсийн холбогч гүүр бол­дог, худлаа ярихгүй, ярих ч эрхгүй мань мэтийн улс ингээд сонгуулиар дуугарах ч эрхгүй таг дуугүй болчи­хоор нийгмийн сэтгэл зүй тогтвор­гүйжээд, харин худлаа бурдаг өнөө хэд нь оодроод байгаа юм уу гэж харагдаад байна. Жишээлбэл, саявтархан манай нагац ах хөдөө­нөөс ирлээ. Нагац ах маань Бүрэн­гийнх. Хотоос үсрээд л 200 гаруй кило­метрт байдаг. Тэгтэл “Бүрэн нүү­чих­гүй л бол бүгдээрээ аваргадаа сонгуулиа өгнө өө” гэж байна. За, хүний сонголтыг улайм цайм заавар­даад байлтай нь биш гээд тэсээд л байлаа. Тэгсэн чинь, нагац ахын сонссоноор бол Элбэг­дорж  монгол хүн биш гэнэ. Тэгээд өгөхгүйгээр шийдсэн гэнэ. Хамаат­нууд нь хүртэл хятад гэдгийг нь илчилсэн гэж авч байна. Ийм хоц­рогдсон яриаг МАН-ынхан дахиад л хөдөөгүүр тарааж түгээж яваа юм байна л даа. Бүрэн сум бол хязгаар нутаг биш хотын хаяанд шахуу. Тэгвэл бүр алслагдсан орон нутагт сонгуулийн худал дэгс яриа гаарч байгаа юм байна л даа гэж бодлоо. Дээрх золбин яриаг нуудаг ор тас үгүйсгэх баримт хаа холын надад хүртэл байгаа. Манай нөхөр Д.Бат­баатар УБТЗ-д ажилладаг. Жолооч нь амралтаа аваад өөр жолооч түр ажиллахаар боллоо. Дэчинчулуун гэж өндөр бор залуу халгаж халгаж байснаа надад нэг юм ярьсан. Ховдын, тэр тусмаа Ерөнхийлөг­чийн маань нэг сум, нэг довны, бүр нэг удам угсааны залуу юм гэнэ ээ. Аав нь олон жил МАХН, одоогийн МАН-ын гишүүн явсан нөхөр,  нэрийг нь би мартчихаж, 2008 оны сонгуулиар “Цахиа гэдэг айлынх хилийн цаанаас, урдаас “нүүж ирсэн” ухааны юм ярьж балайрдаг өвгөн байдаггүй юу. Дэчинчулуун энэ өвгөний төрсөн хүү юм гэнэ. “Аав юу гэж балайраад шал худлаа юм яриад унав аа” гэж тэр уурлаад Ховд руу утасдаж, аймаар маргаан тэгэхэд гарсан байгаа юм. “Нэг нутаг усныхан төдийгүй найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс хүртэл зайгаа барьчихаад байгаа юм шиг санагдаад…” гэж Дэчин­чулуун жолооч ярьсан. “Аав чинь юунаас болоод ийм юм ярьсан юм бол” гэж намайг асуухад  “Хоёр зуун мянган төгрөг өгье” гэж МАН-ынхан нь хэлэхээр нь намын архаг гишүүн аав маань зохиогоод ярь­чих­сан гэсэн” хэмээн надад хэлсэн. Бүхэл бүтэн улс орон даяар ийм хөсрий яриа тарааж, намынхаа төлөө, хэдхэн халтар төгрөгийн төлөө төрсөн хүүгээ хүртэл хүний нүүр харах аргагүй болгож орхисон байдаг юм даа. Энэ мэтийн яриа байсан ч, эс байсан ч  Элбэгдорж  бол монгол шиг монгол, өөрийнх нь хэлснээр “Өндөр ууланд өссөн, эгэл малчны хүү”. Монголчуудын заяа хаячихаагүй л юм бол Элбэгээ Ерөнхийлөгч дахиад гарч л таарна.

Та дөрвөн жилийн өмнө Элбэгээ Ерөнхийлөгчийг дэм­жиж бүр шүлгээ хүртэл нийт­лүүлж байсан. Одоо энэ байр суурь тань хэвээрээ байгаа юу

-Мэдээж,
би Элбэгдорж Ерөн­хийлөгчөө дэмжинэ. Энэ хүнийг төрийн тэргүүн болсноос хойш миний, ер нь л олон хүний сэтгэл уужирсан. Төрийн жолоо эзэнтэй боллоо. Төрийг сульдааж, авлига, хулгай нүүрлэчихээд байсан тогтол­цоо дээрээсээ нурж эхэллээ. Ямар бузар муухай юм хийдэг байгаа вэ, МАН-ынхан. Харамс­маар, жигшмээр юм. Хүн шударга байж болдог, цалингаараа амьдарч болдгийг эх орондоо үзээд үхэх найдлага мань мэтийн хүмүүст төрдөг боллоо. Энэ маш чухал. Ерөнхийлөгчийн хэлсэн үг үзэл санаа болж, үзэл санаа нь үйл хэрэг болсоор байгааг бид дэргэ­дээс нь харж, дэмжиж, хэрэгтэй үед шүүмжилж ч чадаж байна. Ард­чилсан нийгэм гэж үүнийг л хэлдэг. УИХ-ын чуулганы нээлтүүдэд түүний хэлсэн үг цаг үеийнхээ хөтөч, луужин болдог. Зуун хувь өөгүй хүн, өөгүй улстөрч гэж мэ­дээж байхгүй. Элбэгээ Ерөнхий­лөгч хүнийхээ хувьд хар хорын санаа­гүй, хүнд их итгэнэ. Тийм болохоор шадар улс нь их л зөв, түүнд тэнцэж тохирсон өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай улс байгаасай гэж хүсдэг. Ерөнхий­лөг­чийнх болж ойлгогддог төрийн институциуд, ялангуяа шүүх, АТГ, хууль хянал­тынхан чадварлаг, шударга бай­гаа­сай гэж санагддаг. Ачиж байгаа улсынхаа араас ачиг­дахгүй байх тийм баталгаа бол өөрсдөө ч гар цэвэр, шударга байх явдал юм. Хоёрдугаарт, хэлмэг­дүү­лэлт гэж ярих, өөлөх өнцгийг хүмүүс өөрс­дөө бий болгохгүй байх ёстой юм байна л даа. Төрийн албан тушаалтан гар хөлийн үсгээ хаана юун дээр тавихаа мэддэг болох, хашир байх энэ тэрийг цаг үе бидэнд хэн хэнд маань сургамж болгож байна.

Улс төржиж талцах, хувь хүмүү­сийн захиалгаар хөдлөхгүй байх гээд шүүхийн шинэтгэлийн асар олон эерэг өөрчлөлтийг Элбэгээ Ерөнхийлөгч л цаашдаа хийж чадна. Галт тэрэг хөдөлчихлөө шүү дээ. Ерөнхийлөгчийн маань өнгө­рөгч дөрвөн жилд хийсэн, эхлүүл­сэн бүхэн зөвөөс зөв. Гагцхүү түүнийг доод улс нь хэрэгжүүлэх­дээ өндөр ур чадвартай, арга тактиктай байгаасай. Тэгж эс чад­ваас алдаа бүхэн Ерөнхийлөг­чийнх болж харагдана. Ерөнхий­лөг­­чөө дэмжье, цаана нь улс орноо хөг­жүүлье гэж бодож л байгаа юм бол хүн бүр дор бүрээ хичээх ёстой.

Таны шинэ номонд улс төрийн өнгө аястай шүлгүүд хэр олон орсон бэ. Заримаас нь уншигчдадаа хүргэж болох уу?

-Монголчууд аль юм болгон дээр эх орон, эх орон гэж цээжээ дэлдэх вэ. Найман зуун жил дар­лагдаж, хор­логдож, хийрхэж, тал­цаж ханалаа. Одоо больё. Эх орноос Төр орноо байгуулах цаг ирсэн. Оросоор бол Родина-гаас Отчизна руу явъя. Англиар бол Motherland төдийгүй Fatherland болгоё. Эх орон бол өвс ногоо, төрсөн гэрийн бууц, мал сүрэг, уул уурхай…Харин Төр орон бол энэ бүгдийг эзэгнэн хөдөлгөгч, хадга­лан хөгжүүлэгч. Эх орныхоо иргэ­дэд тэгш үйлчилдэг, тэгш өм­гөөл­дөг тийм хуулийн тогтолцоот, төрийн хүсэмжит дарангуйллыг Төр орон гэж хэлбэл болох болов уу. Ийм Төр орныг байгуулах хү­мүүстээ зориулж нэгэн шүлэг бич­сэн минь “Алтан зэгсний ангир” номд минь бас орсон байгаа. Түүнээсээ хэлье.

Голын нойтон хөвөөнд эртний хирэгсүүр…

Гоё хүрэн морь чинь тэнд, ногтоо чирээд идээшилнэ

Эх орон л гэж байсан, Төр орон гэж байсан юм уу?

Энэ хүрэн морь юу ч мэдэхгүй, би бас мэдэхгүй ээ

Шархайн шар талд дэрсэн толгой бөхөлзөнө

Шархадсан баатрын эцсийн бодол- ганц муу ижий нь л байсан байх…

Эх орон л гэж байсан, Төр орон гэж байсан юм уу?

Эртний баатар юу ч мэдээгүй, би бас мэдэхгүй ээ

Хаашаа л харна вэ хирэгсүүр… Эзэнт гүрний хирэгсүүр…

Халил хаданд орог бүргэд хо­шуу­гаа билүүдээд алсыг хараачлана

Эх орон л гэж байсан, Төр орон гэж байсан юмуу?

Энэ бүргэд юу ч мэдэхгүй, би бас мэдэхгүй ээ

Монголоо гэсэн нь үрэгдэж дуусдагийг л мэднэ

Морь, бүргэд, хирэгсүүр болсон биз ээ!

Эх орон л гэж байсан Төр орон гэж байх юм уу

Эцэстээ Монгол минь хаана хүрнэ

Би мэдэхгүй, Та бас мэдэхгүй ээ…

Энэ шүлгийн төгсгөл хэдийгээр жаахан гутрангуй аястай ч, цаг үе маань тийм юм. Ер нь хэзээ эх орончдын түүх өөдрөг, дарданхан байлаа даа. Ц.Элбэгдорж шиг улстөрч, хожмын нэгэн цагт түүхэн эх оронч болж дуудагдах цаг заа­вал ирнэ. Эх орон, Төр орноо босгоход Элбэгээ Ерөнхийлөгч л бидэнд хэрэгтэй. Үүнийг монгол­чууд бид өөрсдөө өнөөхөндөө зуун хувь хүлээн зөвшөөрөх тэнхэлгүй, ухааралгүй, цаг алдаж талцаад байгаа нь л гунигтай юм. Гэвч юм бүхэн аажуухан ч гэсэн урагшил­саар байна.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Хилийн чинадад байгаа монголчууд түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчөө сонгох эрхээ эдэллээ

Гадаадад суугаа мон­гол­­чууд анх удаа Ерөнхий­лөгчөө сонгох эрхээ эдэлж байгаа билээ. Манай тус­гай сурвалж­лагч Э.Энэрэл БНСУд амьдарч байгаа монголчууд Ерөнхийлөгчөө сонгох саналаа өгсөн та­лаарх мэдээллийг ирүүл­сэн. Энэ удаад тэрбээр БНХАУын Бээжин хотоос мэдээ ирүүллээ.

Солонгостой
харь­цуула­хад БНХАУ-д байнга оршин суудаг монголчуудын тоо цөөн. БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Хонконг, Эрээн хотуудад санал авах салбар хороод ажиллаж өнгөрсөн баасан гаригаас санал авч эхэлсэн юм. Бээжингийн хувьд санал өгөхөөр 293 хүн бүртгүүлжээ. Бээжин хот дахь санал авах долдугаар салбар хороонд өнгөрсөн баасан гаригт анх саналаа өгсөн хүн нь Кон­сулын хэлтсийн дарга Ц.Буян­бадрах байлаа. Тэр­бээр Эл­чин сайдын яамны хамгийн ахмад ажилтан 
юм байна. Бээжинд амьдарч байгаа иргэ­дийн олонхи нь оюут­нууд. Албан бус тоогоор тус хотод мянга орчим оюутан байдаг гэх. Их, дээд сургуу­лиудын шалгалт давхацсан учраас оюутнуудын оролцоо хангалтгүй байгаа бололтой.

Мөн Бээжин хот улам бүр тэлж байгаатай хол­боотой­гоор их, дээд сур­гуулиуд нь хотын төвөөс алслагдмал юм. Гэхдээ Монголын Элчин сайдын яамнаас автобус гаргаж, оюутнуудыг зөөж бай­сан. Уржигдар гэхэд Элчин сайдын яамны автобу­саар Бээжингийн Зам тээврийн их сургуулийн 20 гаруй оюутан ирж саналаа өгсөн юм. Мөн шалгалтаа өгөөд нэгдсэн унаанд сууж амжаагүй оюут­нууд өөрсдөө ний­тийн тээв­рээр ирж сана­лаа өгч байгаа нь харагд­сан. Бээжин дэх Монго­лын оюутны холбоо­ны­хон оюутнуудыг санал өгүү­­лэхэд Элчин сайдын яам­тайгаа хамтран ажил­­лаж байгаа юм байна.

Үүнээс гадна Бээ­жинд Монголын томоо­хон ком­паниу­дын төлөө­лөгчийн газар ажилладаг онцлогтой. Тухайлбал, МИАТ, “Улаан­баатар төмөр зам”, “Эрдэнэт” үйлдвэр болон 
“МАК”,  “Алтан тариа” компани, 
Голомт банк­ны төлөөлөг­чийн газрын ажилт­нууд хариуцлагатай­гаар сана­лаа өгч байлаа. “Эрдэ­нэт” үйлдвэрийн Бээ­жин дэх төлөөлөгчийн газ­рын ажилтан Г.Энхтай­ван гэргий Б.Мөнхзул­тай­гаа ирж сана­лаа өгөх­дөө бага насны гурван хүүхдээ дагуулжээ. Бага нь тэргэн дээрээ унтчих­сан яваа харагдсан. Энэ мэт­чилэн Бээжин дэх мон­голчууд Ерөнхийлөг­чөө сонгоход идэвх­тэй оролцож бай­сан юм. Ням гаригийн 12.30 цагийн байдлаар 153 сонгогч саналаа өг­сөн байлаа. 2012 оны УИХ-ын сонгуу­льд санал өгөхөөр 213 хүн бүрт­гүүлс­ний 125 нь саналаа өгч байжээ. Энэ тоотой харьцуулахад Бээ­жин дэх монголчуу­дын идэвх өмнөхөөсөө нэмэгдэж байгаа бололтой.

Бээжинд
МАН-аас нэг ажиглагч ажиллаж бай­лаа. Өчигдөр Бээжинд бороо орж байсан нь санал хураалтад нө­лөөлж байгаа бололтой байсан.

Санал авах үйл
яв­цын хувьд иргэд сана­лын хуудсаа бөглөөд өөрс­­дөө дугтуйд хийж наа­­гаад тусгайлан
ла­цад­сан хайр­цагт хийж байлаа. Санал өгөхөөр бүрт­гүүл­сэн монгол иргэ­дийн тоо­гоор
Бээжин­гийн дараа Хөх хот орж бай­гаа. Хөх хотод 275 хүн сана­лаа өгөхөөр бүртгүүлжээ.

Categories
редакцийн-нийтлэл

Хилийн чинадад байгаа монголчууд түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчөө сонгох эрхээ эдэлж байна

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол­чуудын хувьд сонгох эрхээ эдэлж чадахгүй олон сонгуулийг өнгө­рөөж байлаа. Тэгвэл өнгөр­сөн УИХын сон­гуулиас эхэлж гадаа­дад байгаа монголчууд саналаа өгөх боломж­той болсон бол энэ жил түүхэндээ анх удаа төрийн тэргүүнээ сон­гох сонгуульд харийн нутгаас оролцож бай­на. Манай тусгай сурвалжлагч Э.Энэрэл БНСУын Сөүл хотоос мэдээ ирүүллээ. Тэр­бээр мөн Хятадад бай­гаа монголчууд сана­лаа өгөх үйл явцыг Бээ­жин хотоос мэдээлэх юм.

БНСУ-ын хувьд мон­гол­чууд хамгийн олноо­роо амьдардаг онцлог­той. Тэнд 26461 монгол хүн амьдардагаас 17000 гаруй нь хууль ёсных гэдэг.  Эдний 5000 нь оюутнууд байдаг ажээ.  Харин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор БНСУ-д байгаа монгол­чуудаас 1500 гаруй хүн материалаа өгснөөс би­чиг баримтын зөрчилгүй 1436 хүний нэр сонгогч­дын жагсаалтад албан ёсоор баталгаажсан аж. Энэ нь гадаадад байгаа монголчуудаас саналаа өгөхөө илэрхийлсэн хү­мүү­сээс хамгийн их хүн­тэй газарт тооцогдож байгаа юм.

Өчигдөр Улаанбаата­рын цагаар 06.00-т буюу Сөүлийн цагаар 07.00-д БНСУ дахь Монголын Элчин сайдын яамны дэргэдэх санал авах 25 дугаар салбар хороо сон­гогчдодоо үүдээ нээлээ. Солонгост байгаа мон­гол­чууд төрийн тэргүүнээ сонгох анхны сонгуулийн шанг татсан хүн нь Элчин сайд Д.Ганболд байлаа. Харин түүний дараа энэ жил 18 насанд хүрч, анх удаа сонгуульд оролцож буй Г.Болормаа саналаа өгөв. Элчин сайдын яам­ны ажилтнууд саналаа ээлж дараагаар өгөөд тун удаагүй байтал бужигна­сан баахан залуус ороод ирсэн нь Намьянжу хо­тоос иржээ. Улаанбаатар хоттой эгч дүүсийн  хол­боо тогтоогоод арваад жил болж буй уг хотод Монгол соёлын төв байдаг юм. Энэ соёлын төвд хөөмийч, циркчин, уран нугараач гээд 35-36 монгол залуу ажилладаг бөгөөд ихэнх нь ерээд оныхон байв. Арав гаруй настай гурван нугараач охиноос бусад нь бүгд өглөө эртлэн босч сана­лаа өгөхөөр иржээ. Тэд өглөө зургаан цагт хотоо­соо гарч, цаг орчим дав­хисаар Элчин сайдын яаман дээр ирсэн байна. Өдөрт 11.00 болон 13.00 цагаас тоглолттой байдаг учраас өглөө эртлэн гарсан нь энэ гэж тэд ярьж байлаа. Бас залуучуу­даас “Та нар Монголдоо байсан бол саналаа өгөх байсан болов уу” гэхэд “Залуучуудыг санал өгдөг­гүй гэж байгаа ч бид хариуцлагатай хүмүүс. Өөрсдийнхөө төлөө сон­голтыг ирж хийлгүй яахав” хэмээж байсан. Энэ за­луус өнгөрсөн гуравду­гаар сард ирж ажиллаж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард гэрээ нь дуусах юм байна.

Санал хураалтын яв­цыг МАН-аас хоёр ажиг­лагч ажиглаж байлаа. Бусад намын тухайд ажиг­лагч байлгах хүсэл­тээ гаргаагүй ажээ. МАН-ын ажиглагч Я.Энхбаяс­галан санал хураалтын явцын талаар “Санал ху­раалт хэвийн үргэлжилж байна. Сонгогчдын идэвх маш сайн байна. УИХ-ын сонгуулийн үеэр би мөн ажиглагч хийж бай­сан. Түүнтэй харьцуула­хад залуучууд олноороо санал өгч байгаад талар­хахаас аргагүй” гэсэн юм. Сөүл дэх Элчин сайдын яамнаас монголчуудаа сонгуульдаа идэвхтэй орол­цохыг уриалан факс, гар утас, мессэж, захиа бүр олон хүн цуг­ларсан газарт очиж сон­гуульдаа оролцохыг са­нуулж, уриалсан байлаа. БНСУ дахь монголчуу­дын хувьд олонхи нь хөдөө, орон нутагт амь­дардаг. Тиймээс зарим хүмүүсийн хувьд интер­нэтийн хэрэглээ бага тул сонгогчийн материалаа бүрдүүлээд шууданд хий­вэл төлбөрийг нь хүлээн авагч тал хариуцах зэрэг зохицуулалтыг Элчин сайдын яамнаас хийжээ. Мөн Элчин сайдын яам­наас БНСУ-ын Цагаачла­лын албанд хандаж санал хураалтын үеэр баривчилгаа явуулахгүй байхыг хүсчээ. Ингэснээр хараар ажиллаж байгаа иргэдийн хувьд айдасгүй­гээр саналаа өгөх боломж бүрдсэн байна. Үүний үр дүнд  өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн санал хураалтаар 500 гаруй хүн саналаа өгөхөөр бүрт­гүүлж, 200 гаруй хүн сана­лаа өгсний дэргэд дахин өссөн үзүүлэлт гарч бай­гааг албаныхан хэлсэн. Өчигдөр баасан гариг учраас хүмүүс харьцан­гуй цөөхөн байгаа гэнэ. Санал хураалт баасан, бямба, ням гаригт үргэлж­лэх учраас саналаа өгө­хөөр ирэх хүмүүсийн тоо өснө гэдэгт албаны хү­мүүст итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Сон­гогчдын идэвхийг сайж­руу­лах үүднээс Монголд үүрэн холбооны опера­тор компаниуд сонгогч­дод 1000 нэгжийн урам­шуулал өгөх санал гарга­сан. Харин Солонгост яах нь тодорхойгүй байна. Хэрвээ сонгогчид урам­шуулал нэхвэл асуудал гарах янзтай.  

Хэдийгээр сонгогч цөө­хөн байна гэж алба­ныхан дүгнэж байсан ч оюутнууд, нэг байгуулла­гад ажилладаг хамт олон бөөнөөрөө ирж саналаа өгч байгаа нь олзуур­хууштай байв. Тухайл­бал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны БНСУ дахь Нийг­мийн хамгааллын үйл­чил­гээний төвийн хамт олон бөөнөөрөө саналаа өгсөн юм. Тус байгуулла­гад 15 хүн ажилладаг бөгөөд Нийгмийн даат­гал, Хүүхэд хамгаалал хөгжлийн гэсэн хоёр хэлтэс­тэйгээр ажилладаг. Үүнээс төд удалгүй БНСУ-д цэрэг, батлан хамгаалахын чиглэлээр суралцдаг монголчууд бөөнөөрөө ирж Ерөн­хий­лөгчөө сонгох саналаа өглөө. БНСУ-ын цэргийн сургуулиудад батлан хамгаалахын чиглэлээр 32 хүн суралцдаг байс­наас зургаа нь саяхан төгсөөд нутаг буцжээ. Одоо 26 офицер, сонсог­чид суралцдаг юм байна. Тэд бүгдээрээ ирж сана­лаа өгсөн юм. Сургуу­лийнх нь зүгээс тэдний саналыг хүндэтгээд авто­бусаар үйлчилж байгаа нь харагдсан. Санал өгөхөөр ирсэн тэдний дотор Батлан хамгаала­хын хэлний бэлтгэл инс­титудид суралцдаг гурван офицер, хоёр сонсогч 90 гаруй км-ийн цаанаас иржээ. Холоос саналаа өгөхөөр ирсэн учрыг нь асуухад сонсогч О.Баян­жаргал “Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох сонгуульд оролцолгүй яах вэ. Тэр тусмаа Зэвсэгт хүчний ерөнхий команд­лаг­чаа сонгох гэж байгаа учраас цэргийн хүмүүс бид өндөр ач холбогдол өгч байна” гэж байв. Мөн тус сургуульд суралцаж байгаа хоёр сонсогч анх удаа санал өгч байгаагаа хэлсэн. Тэдний нэг Бат­лан хамгаалах их сургуу­лийн сонсогч С.Хатан­баа­тар “Би анх удаа иргэн хүний хувьд саналаа өгч, сонгуульд оролцож бай­гаа­даа баяртай байна. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг эрдэм мэд­лэгтэй, улс орноо өндөр түвшинд удирдаад авч явах чадалтай лидер хүн байх ёстой гэж бод­дог. Тэр ч үүднээсээ сон­гол­тоо хийчихээд гарч ирлээ” гэж байлаа. Тэр­бээр хэлний бэлтгэлээ төгсөөд Сөүлийн Хуурай замын цэргин их сур­гуульд таван жил сурал­цах ажээ.

Categories
редакцийн-нийтлэл

Хэдүүлхэнээ хэл ам, хэрүүл шуугиангүй чимээ аниргүй сонгуульдаж байна

Монгол Улсад дөрвөн жилд нэг удаа болдог томоо­хон үйл явдлын нэг ид өрнөж байна. Монгол төрийн тэргүү­н­ээ сонгох энэ үйл явдал уг нь яавч нам гүм өнгөрөх зүйл биш л дээ. Гэхдээ Монголд сонгууль улам л нам гүмхэн, анир чимээгүйхэн хийгддэг боллоо. Уг нь ардчилсан хувьсгалын дараагаас монгол хүн жинхэнэ утгаараа сана­лаа өгч, сонголтоо хийдэг болсон. Тэр үед сонгууль тал, тал тийшээгээ салаалж мө­чирлөсөн, бүдүүн мод шиг байлаа. Салаа бүр дээр нь шувууд шулганалдаж, сайн муу бүгдийг нь сонгогчид дуулж, сонгуулийн сураг эр­тээс эхэлж, сонгуулиар ид буцалж, дууссан сонгуулийн анир удтал яригддаг байж билээ. Харин өнөө цагт ши­нээр батлагдсан Сонгуулийн хуулийн заалт бүрт хяргагдаж тайруулсаар сонгууль маань үр жимсээ ч өгдөггүй, навч нахиа ч байхгүй шувтан ёдор мод мэт болж дээ. Соёл урлаг, шашин шүтлэг, овоо тахилга, уралдаан тэмцээн, спортын арга хэмжээ, эмнэлгийн үйл­чил­гээ, хүүхэд багачууд, гурил будаа, ном сонин гээд салаа мөчир бүрээ таслуулчихаар нээрээ юу ч үлдэх вэ дээ. Аль болох нөлөөлөлгүй, шударга сонгууль хийнэ гэдэг санаа нь зөв боловч хууль баталдаг тэр хүмүүс аль болох өөрсдөдөө таатай, өөрс­дө­дөө боломж нээсэн тэр хувил­баруудыг сонгосоор байгаад хаврын дэлгэрч дэлбээлж байгаа мод шиг байсан чө­лөөт сонгууль маань навчаа байтугай мөчрөө гүвсэн на­мар оройн мод шиг болчих­сон байгаа нь энэ. Уг нь дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулиар хөдөө алсад амьдар­даг монголчууд маань алдартай дуучдыг амьдаар харах ганц боломж олдож, ном зохиолын захаас уншиж, хүүхдүүд санал өгдөггүй ч өөрсдөд нь зориулж хийсэн баярын ганц том эзэд болдог байсан сан. “Сонгууль боло­хоор нэр дэвшигчийн намтар багтаасан сонинууд ирэхэд “Өдрийн сонин”-ыхоо барааг хардаг сан. Хөдөөний бид­нийг өнөөх алдартай “Өдрийн сонин”-той сонгууль анх уул­зуул­даг байлаа. Одоо ч өн­гөрч дээ” гэж хөдөөний ун­шигч маань гомдол мэдүүлэн ярьсан нь оргүй зүйл биш ээ. Сонгуулиар нэр дэвшигчдийн тарааж байсан ном сонингууд олон хүний оюуны бүрэнхийд гэгээ татуулж, тэдний үр хүүх­дүүдэд номонд татагдах их буяныг хийснийг хэн үгүйсгэх билээ. Гэвч өөрийн өнгө бу­даг­тай өмнөх сонгууль алга болжээ. Үүнийг үе, үеийн улстөрчид үгүй хийсэн юм. Аль болох өөрсдөдөө амар хялбар байж болох бүх хувил­барыг шударга сонгууль зо­хион байгуулах нэрийн дор бэлтгэсэн. Хуучин хүмүүстээ ашигтай, шинэ тутам улс­төрч­дийг гаргаж ирэх болом­жийг хаасан хуулийн заал­туудыг шигтгэсээр. Энэ нь өөрсдөө суудал дээрээ удаан сууж, шинээр цус сэлбэхийг хаасан хэрэг л дээ. Хуучин улсад байтугай аймагт, аймагт бай­тугай сумынхны тал нь ч танихгүй хүн гараад ирж бол­дог байв. 2000 онд Л.Гүнда­лай гээд хөдөөд бай­тугай хо­тод хүн танихгүй Гер­ма­наас дөн­гөж шахам ирсэн залуу сон­гуулийн сурталчил­гааны үеэр нисдэг тэрэг хө­лөг­лөж явсаар байгаад га­раад ирж л байлаа. Энэ нь огт танигд­даг­гүй хүмүүст ч бо­ломж байсан гэд­гийн жишээ. Уг нь тэгш га­раан дээрээс өр­сөлдөж, сон­гогч­дод өөрийн­хөөрөө сон­гол­тоо хийх бо­лом­жийг өгөх нь шударга хэрэг. Алдсан оносон ч сон­гогчдод өөрийн­хөөрөө сон­гол­тоо хийх бо­лом­жийг олгож байгаа нь сон­гууль хэмээх модны амьд бай­гаа­гийн ба­талгаа болж байв.

Сайжруулсныг нь үгүйс­гэх­­гүй, гэхдээ бүгдийг болох­гүй бүтэхгүй гэж хассаар бай­гаад сонгууль болж байгаа нь ч мэдэгдэхгүй, үгүй нь ч мэдэг­дэх­­гүй юм болж.  Ямартаа л хэл амгүй, хэрүүл шуугиангүй хэ­дүүлхэнээ аниргүйхэн сон­гуульдаж байна даа гэхэв дээ. Заа­вал хэрүүл хийж, гэд­сэн­дээ хөлөө жийлцэнэ гээд бай­гаа юм биш. Энэ анир­гүй­хэн сонгуульд чинь ирж са­на­лаа өгөх хүн байна уу гэж эм­зэглэсэндээ ингэж бичиж бай­гаа юм. Улс төрийн том на­мууд асуудал ший­дэхдээ өвөр түрийндээ орж, хуй­вал­даанаар юуг ч хийж бол­но. Ха­рин хуйвалдаанд хуу­раг­даж, найраанд нийлдэггүй ганц юм сонгууль байдаг. Сон­гуульд ирц хүрэхгүй бол тэ­гээд л өнгөрөө. Татвар тө­лөгч­дийн мөнгөнөөс татаж, тө­рийн албан хаагчид дахин ажил­лахаас эхлээд зардал мун­дахгүй. Энэ удаагийн сон­гуулийн зардал 15,8 тэр­бум төг­рөгөөр батлагдсан байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүрэг болон хэсгийн хороо­дод 15863 хүн ажиллаж бай­на. Тэдэн дээр техникийн, бүрт­гэлийн, цагдаагийн алба хаагч­дыг нэмбэл явж өгнө. Сон­гуулийн хороодод ажил­лаж байгаа хүмүүс дээд тал нь 50, багадаа 40 хоног ажил­лаж байгаа юм билээ. Өнгөр­сөн УИХ-ын сон­гуулийн зар­дал 16,8 тэрбумаар батлаг­даж, тодорхой хувийг нь хэм­нэ­­с­эн байсан ч нэр дэвшиг­чийн хувь хүрээгүй шалт­гаа­наар СХД-т дахин сонгууль явуулахад 400 сая төгрөг зар­лагадаж байх жишээтэй. Орон нутгийн сонгууль яалаа даа. Ирц хүрээгүй аймгуудын 66 хэсэг, дүүргүүдийн 149 хэсэгт дахин санал хураалт явуулахад орон нутгийн төс­вөөс гарсан зардлаас гадна ул­сын төсвөөс таван тэрбум төг­рөг алга болж байх жи­шээтэй.

Үндэсний хэмжээний өдөр тутмын сонины хувьд бид сонгогчдын тодорхой хүрээлэлд судалгаа явуулж, тандалт хийхэд сонгууль бо­лох өдрийг мэдэж байгаа хү­мүүс алга, цаана чинь. Ялан­гуяа залуус сонгууль болох 26-ны өдрийг мэдэхгүй, харин амралтын өдөр бол­бол сал­хинд гарна гээд сууж байна. Харамсалтай ч гэсэн үнэн нь энэ. Улаан, цэнхэр гэлтгүй аль, аль улс төрийн хүчин үүн дээр анхаарал тавьж, Сон­гуу­лийн Ерөнхий хороо, сонин хэвлэлүүд, хувь хувьсгалгүй бүх байгууллага дор бүртээ хичээчихвэл уг нь зү­гээр юм­сан. Хариуцлагатай улс тө­рийн хүчнүүд нэр дэв­шиг­­чээ сурталчлахын зэрэг­цээ сон­гууль зургадугаар сарын 26-нд шүү гээд сануу­лаад авч байгаа харагдаж бай­на. Үүрэн телефоны ком­па­­ниуд са­налаа өгсөн хү­мүүст 1000 нэгж өөрсдийнхөө хө­рөн­гөөс шийдээд өгье гэ­сэн саналыг СЕХ-нд тавьсан нь дэмжигдэж байх шиг бай­на. Саналыг 1000 нэг­жийн тө­лөө биш өөрийн­хөө төлөө өгч бай­гаа гэдгээ мэддэг бол­тол нь ингэж л амь оруу­ла­хаас яах билээ. Салаа мөчир бүр дээр нь шувуу шаагилдаж бай­даг сонгуулийн модоо нүц­гэл­чи­хээр сонгууль хэзээ бо­лохыг мэдэх хүн цөөрчих юм даа.

Categories
редакцийн-нийтлэл

К.Сайран Монгол төрийн дайсан уу?

Монгол Улс сүүлийн өдрүүдэд К.Сайран гэдэг нэг дайсантай болж байх шиг. Монгол төрийн нууцыг гадаадад задалж, эх ор­ноосоо урвасан ял үйлдсэнийг нь шалгаж байгаа гэж дуулдах юм. Шалгах гэхэд нь эмчилгээ хийлгэх хүсэлт тавьж, тэгээд Германд эмч­лүүлээд буцаж ирэхэд нь байцааж эхэлсэн гэж зарим мэдээллийн хэрэгсэлд дурдсан байсан. Үнэ­хээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан, Монгол Улсыг төлөөлж гадаад улс орнуудад сууж байсан энэ эрхэм Монголын эсрэг ямар хэрэг өдүүлсэн юм бол гэсэн бодол хэн бүхний толгойд хамгийн түрүүнд орж ирэх болов уу. Болсон үйл явдлын мэдээллийг сөхөж харвал Казахстаны нэгэн сайтад тус улсын хүчний байгууллагад ажиллаж байсан нэгэн офицер гадаад улс орнууд дахь өөрийн тагнуулуудаа нэрлэснээс үүдэн K.Сайраныг шалгаж байгаа юм билээ. Уг сайтад тагнуулын мэдээ өгч байсан хүмүүс дунд “К.Сайран буюу нууц нэр нь Алтай. Монгол Улсаас Египетэд суугаа Элчин сайд” гэж бичсэн байснаас шалгах ажиллагаа өрнөсөн сурагтай.

Тэрбээр Египет болон Кувейт улсад Бүрэн эрхт сайдаар томи­логдон ажиллаж байсан хүн. Мон­гол Улсаа төлөөлөн хилийн чина­дад суух хариуцлагатай үүрэг хүлээсэн атлаа улсынхаа нууцад хамаарагдах мэдээллийг казахуу­дад өгч байсан хүн юм болов уу. Ер нь бид түүний тухай юу мэдэх билээ.

Кадырын Сайран гэдэг энэ хүн ардчилсан үзэл бодолтой, гадаа­дад өндөр боловсрол олж, эргээд Монголын гадаад харилцааны салбарт хүчин зүтгэж, бас Баян-Өлгий аймгийнхнаа төлөөлж УИХ-д сууж төр түшилцэж байсан казах гэж дийлэнх олонхи нь мэдэх болов уу. Бас Булангийн орнуудад буюу Арабын ертөнцөд ихээхэн нэр хүндтэй гэж манайхан ярилцдаг. Арабын ертөнц бол дэлхийн ихэнх улс орнуудад ойлгомжгүй газар байсаар ирсэн. Тийм ч учраас адармаатай тэр ертөнцөд нэвтэрч чадах гарц нь, гүүр нь энэ хүн болж байсан гэж учир мэдэх хүмүүс ч ярьдаг билээ. Магадгүй, тухайн улс орныг төлөөлөн Элчин сайдаар сууж буй хүн энэ бүхнийг хийх ёстой хэмээн мэтгэх хүмүүс ч гарч болох юм. Гэвч улс орны харилцаа гэдэг тухайлсан улс орны нэрнээ­сээ гадна хувь хүмүүсийн харилцаа байдаг гэдэг нь маргашгүй үнэн. Хойд Солонгосын хамгийн том дайсан бол АНУ. Хэдэн жилийн өмнө Америкийн хоёр сэтгүүлч эмэгтэй гэрэл зураг авч яваад умардуудад баривчлагдахад тэднийг нэг бол цаазаар авна үгүй бол бүх насаар нь хорино гэгдэж байсан билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон БНАСАУ руу өөрийн биеэр очоод өнөө хоёрыг аваад ирж байсан нь үнэхээр гайхаш төрүүлж байсан. Энэ бол улс орнуудын харилцаа гэхээсээ цэвэр хувь хүмүүсийн харилцааны асуудал байсан юм. Билл Клинтон АНУ-ыг тэргүүлж байхдаа хоёр Солонгосын нэгд­лийг байнга ярьж, хоёр Солонгосыг нэгтгэх Ким Дэ Жуны “Нарны илч” бодлогыг дэмждэг байсан. 2000 оны Сиднейн олимпод хоёр Солонгос анх удаа нэгэн тугийн дор жагсч байсан түүхт үе бий. Тэгэхээр өөрсдийг нь улсынхаа номер нэг дайснаар зарлаж байсан Ж.Бу­шийн өмнөх Ерөнхийлөгч Билл Клинтонд талархалтай хандах учир жанцан умард солонгосчуу­дад байгаа биз. Америк гэсэн улсаар нь бодох юм бол Билл Клинтонд баривчилсан хүүхнүүдээ өгөөд явуулах биш Ерөнхийлөгч асныг нь баривчилж аваад бөөн зүйл болмоор байгаа биз дээ.

Монголчууд өмнөд, хойд хоёр Солонгостой аль алинтай нь ойр дотно байдаг дэлхийн цөөхөн орны нэг. Н.Багабанди Ерөнхий­лөгч БНСУ-тай ойр байгаагаа хэд хэдэн удаа үг хэл, үйлдлээрээ илэрхийлснээс болоод БНАСАУ-ын зүгээс гомдож, 1998 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жуныг Монголд айлчлахын өмнөхөн Улаан­баатар хот дахь Элчин сай­дын яамаа татан буулгаж байсан билээ. Гэхдээ эдийн засгийн байдлаас болж хааж байгаа гэсэн тайлбар өгч байсан санагдаж байна. Харин түүний дараагийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ байдлыг эерүүлэх оролдлого гаргаж байсан бол түүний дараа­гийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНАСАУ-ын удирдагч нь улсдаа айлчлахыг урьсан байх жишээтэй. Улс орны харилцаа гэж томоор ойлгогддог ч үнэндээ хувь хүмүү­сийн харилцаатай шууд холбогд­дог юм.

К.Сайраны олон жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагаас  хара­хад Москвагийн гадаад харилцаа­ны сургуульд түүнтэй хамт сурал­цаж байсан хэдэн араб нөхөд амьдрал дээр  угсаа залгамжлах хунтайж нар байж. Язгууртан га­рал­гүй нь мэдлэг боловсролоороо өндөр албан тушаалд хүрсэн юм уу даа. Ямартай ч К.Сайраны оюутан цагийн нөхөд нь шах болох нь болж, сайдаар дэвших нь дэвш­сэн байжээ. Египетэд түүнийг Элчин сайдаар очиход нь Монго­лын элч төлөөлөгч гэдгээсээ гадна залуу цагийн ээнэгшсэн нөхдийн ёсоор харилцаа нь улам бүр гүнз­гийрсэн гэж ойлгогддог. Мэдээж Булангийн орнуудтай ойртох харилцаа жам ёсоороо явж байсан хэдий ч К.Сайран гэдэг хүний оролцоо байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх л ёстой. Тэрбээр Египетэд Элчин сайдаар сууж байхдаа Арабын олон сангуудын боломж бололцоог судалж үзээд монголчуудыг сургаж суралцуулах цөөнгүй хөтөлбөрт хамруулж байсныг хүмүүс одоо ч хэлдэг. Бас 2004-2008 онд УИХ-д сууж  байх­даа Парламентын ордон барих мөнгийг Арабаас олоод л ирсэн. Парламентын ордноо барих мөн­гийг зүгээр л бэлэглэе гэж байхад нь манайх барих газраа олж чадахгүй өнөөг хүргэсэн нь түүхэнд бичигдэх шилдэг онигоо л доо. Арван хоёр сая ам.доллар тухайн үедээ бага мөнгө биш байсан юм шүү. Сүү өгье гэхэд нь сав алга гээд авахгүй  гүйгээд байгаатай л адил­хан. Харин өнөөдөр тэр хүн төрийн эсрэг гэмт хэрэгтэн болох дээрээ тулчихаад явж байна. Нарийн ширийнийг нь мэдэхгүй юм. Гэхдээ захын нэг сайт дээр гарсан мэдээллээс болж ардын дайсан болтлоо хэрэг өдөөгдсөн гэвэл харамсалтай. Дэлхий даяар шуугиан тарьсан “Викиликс”-ийн мэдээлэл дээр дэлхийн томоохон гүрний хариуц­ла­гатай албан ту­шаал­тантай хол­боотой мэдээл­лүүд түм бумаараа байсан. Гэхдээ тэр сайт дээр гар­сан мэдээллээс болж, баривчлаг­даж ял хүлээсэн хүний тухай сонстоогүй л байна. Тэгээд ч гадаад харилцааны ажилтнуудад “Бага чулуугаар их чулуу түнших” арга энэ тэр байдаг л гэсэн. Тийм байсныг ч хэн үгүйсгэх билээ.

Яагаад ч юм болж буй үйл явдлын өрнөлийг харахад “Монго­лын төр зүтгэсэн хүндээ халгаа­тай” хэмээсэн энэ Монголын төлөө зүтгэж зүтгэчихээд эргээд улсын дайсан болж алагдсан Ерөнхий сайдын үг санаанд бууна. Одоо ямар 1937 он биш дээ. К.Сайран бол казах үндэстэй Монголын иргэн. “Гар хугаравч ханцуйдаа” гэгчээр цөөхөн монголчууд бид нэг нэгэндээ яс, үндсээр нь ялгаварлан хандамгүй байгаа юм. К.Сайран казахуудынхаа төлөө ч олон зүйл хийж ирсэн нэгэн. Ардчилсан Монгол Улсын хуулиар хүн бүрийн шашин шүтэх эрх нь нээлттэй гэж казахуудаа сэнхрүүлж, нэг намын дарамтаас гарсан манайхан лам хар, христ, бөө мөргөл гэж чөлөөтэй сонголтоороо явсан шиг үндэс угсаа нэг тэдэндээ ч боломж олгосон байдаг. Бас олон залууст Турк, Арабын орнуудад суралцах замыг тавьж өгсөн гэдэг. Тэд өнөөдөр төгсч ирээд Монголд л ажиллаж байна. Баян-Өлгийнхөн өдгөө ингэж ярь­даг юм билээ. “Тэр УИХ-ын гишүүнээр ажил­лаж байх­даа тойргийн сонгогч­додоо бусад шиг гурил будаа, нүүрс тараагаа­гүй. Бид тухайн үедээ түүний би­дэнд нээж өгсөн том боломжийг ойл­гож чадаагүй юм билээ. Зүгээр л өнөө­дөр хэн юу өгч байгааг бодсоноос бүхэлдээ хэн илүү том боломжийг нээж өгснийг ойл­гоогүй” гэж.

2008 оны сонгуульд АН нэр дэвшигчдээ тодруулахдаа ардчил­лын мөн чанарыг мөрдлөг болго­но гэдгээ зарласан бөгөөд намын­хаа анхан шатны байгууллагаас хэн дэмжлэг авч чадна түүнийг нэр дэвшүүлнэ хэмээж байсан билээ. Тэр үед АН-аас УИХ-д байсан хуучин гишүүдээс нь хоёрхон хүн аймгийнхаа намын хорооны хур­лаас гарч чадаагүй нь Дундговьд P.Эрдэнэбүрэн, Баян-Өлгийд К.Сай­ран байсан юм. Одоо баян-өлгийчүүдийн харамсч буйгаар  казахууд К.Сайраныхаа хийж чад­са­ныг үнэлж чадаагүй, өнөөдрийн ганц хоёр уут будаанд хууртсан бололтой байдаг.

Түүн шиг бид өнөөдөр К.Сай­ран хэмээх хүний Монголдоо хий­сэн гавьяаг нь үнэлэхээсээ урьтан буруушааж яллах гээд байх шиг байна. Тэр хүн яг ямар алдаа гаргаад улс орныхоо эсрэг ажилла­сан юм бэ. Гадны сайтын үнэн худал нь батлагдахгүй мэдээллээр сэжүүр болгож байгаа бол харам­салтай л байна. Үнэхээр буруутай байсан бол эмчлүүлэх нэрийн дор зугтчих боломж нь байсан л байл­гүй. Буцаад ирж байхыг нь бодвол нэрээ цэвэрлээд авъя гэж бодсо­ных юм болов уу гэж санагдана. Монгол төрийн төлөө, Монгол Улсын төлөө зүтгэж байсан хүмүү­сийн хийсэн бүтээснийг цэнэ­лэж жин­лэж үзмээр. “Монголын төр зүт­гэ­сэн хүндээ халтай” байх түү­хийг энэ казах эр дээр давтмааргүй байна.

Categories
редакцийн-нийтлэл

Цахиагийн Арсландорж: Энгийн даруу амьдарч ирлээ

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж нийслэлийн ир­гэд­тэй уулзах үедээ ах дүүсээсээ төрийн ал­банд ажилладаг хүн үгүй, төрийн ажлыг шу­дарга хийж, ачаа хөнгөн явах үүднээс анхнаасаа ч тэдэндээ энэ тухай хэлж байснаа тодот­гоод сүүлд ажилд то­ми­логдсон ахыгаа ч энэ шалтгаанаар ажлаас нь татгалзуулснаа олонд дэлгэсэн билээ. Энэ уулзалтын дараа тус танхимд сууж бай­сан түүний ах Ц.Арс­ландоржоос ярилцлага авахыг хүсэхэдБи ч юугаа ярихавгэж эхэн­­дээ цааргалсан ч зөвшөөрсөн юм. Төрийн тэргүүний төрсөн ах Цахиагийн Арс­лан­дорж­­той ярилцсанаа хүргэж байна.

Таныг нэг хэсэг Нийс­­лэлийн шинэ удирд­­лагын бүрэл­дэхүүнд орлоо гэж хэв­лэлээр бичиж байсан ч удалгүй ажлаа өгсөн дуулдсан. Та яг ямар албан тушаал дээр то­ми­логдсон байсан юм бэ?

-Би
өнгөрсөн найм­ду­гаар сарын сүүлээр Нийс­лэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн шийд­вэ­рээр Улаанбаатар хотын Зам засвар, ашиглалтын компанийн даргаар томи­логдож очоод нэг сар орчим ажиллаад ажлаа өгсөн дөө.

Таныг Ерөнхийлөг­чийн ах болохоор ажилд авсан гэж ойл­гох хүмүүс байсан байх. Танд энэ албан дээр ажиллах саналыг хэн тавьсан бэ?

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл надад энэ ажлыг хий­гээч, хам­тарч ажиллаач гэсэн санал тавихад дүүгийн минь нэрээр ажил өгч байна гэж би бодоогүй ээ. Харин миний энэ салбарт мэдэх туршлага, мэд­лэ­гийг маань хэрэглэхээр санал тавьж байна гэж бодсон. Надад ч тэгж хэл­сэн. Миний ажил амьд­ралын ихэнх нь нийслэ­лийн хот тохижилттой холбоотой өрнөж, үргэл­жилж ирсэн хүн.

БЗД-ийн тохижилт үйлчил­гээ­ний газарт гэхэд хорь гаруй жил ажилласан. Байцаагчаас нь эхлүү­лээд дүүрэг­тээ газрынхаа даргын албыг ха­шиж ирсэн. Амьдралын­хаа олон жилийг хотыг цэвэр цэмц­гэр байл­гахад зориулж ирсэн гэж болно. Миний туршлага мэдлэг энэ сал­барт хэрэгтэй юм байна, тэрий­гээ ч хоёргүй сэтгэлээр гаргаж ажиллана гэж бодож байсан. Харам­салтай нь удаан ажиллаж чадсангүй. Гэхдээ би ажилласан нэг сарын хугацаан­даа 1.5 тэрбумын өртэй компа­нийн­хаа нэг тэрбумын өрийг дарж, сарын 250 мянган төгрөгийн цалин­тай ажилчдынхаа цалинг хоёр дахин нэмүүлж чадсандаа сэтгэл дүүрэн явдаг юм. Бас Шар­хаднаас Улаанхуаран руу явдаг нэг км замыг нэг сарын дотор тавьж чадсан шүү. Манай хамт олон шөнө оройгүй зогсч байж тэр замаа тавьж байлаа. Миний хувьд дүүр­гээс нь эхлээд ажиллаж ирсэн хүний хувьд нийслэл хотоо өнгөтэй өөдтэй болгох их ажилд гар бие оролцох л хүсэлтэй байсан. Гэвч болсонгүй.

Ерөнхийлөгч хэлэхдээ на­дад ажилд оруулъя гэвэл до­лоон ах байна гэж хэлсэн. Та Ерөнхийлөгчийн хэд дэх ах вэ?

-Тийм ээ. Бид ах дүү наймуу­лаа. Би тав дахь нь. Манай Элбэгээ бид хоёрын дунд хоёр ч дүү бий. Би бага дүүгээсээ олон ах. Одоо жар хүрч яваа хүн шүү дээ. Дүүгээ­сээ аль эрт ажил амьдралдаа хүр­чих­сэн явсан хүн. Би дүүгээ хойно сургууль төгсч ирчихээд жагсаал цуглаан гээд яваад байхад нь санаа зовсондоо хамт явдаг бай­лаа. Хувьсгал хийх гэж яваад баригдах вий, өлсгөлөн зарлаж яваад өвдөх вий гэж, гэр бүл, үр хүүхдүүдэд нь дэм болъё гэж явж ирсэн. Сайд нарын зөвлөлийн Содном даргатай уулзах болоод Төрийн ордонд өмсч орох костюм алга гээд ирэхэд нь хадгаламжийн дэвтрээ шавхаж байгаад шинэ костюм авч өгөөд л сууж байсан. Ардчилсан хөдөлгөөний эхний өдрөөс л жагсаал цуглаанд нь дүүгээ дагаж явж, АН-ын гишүүн болж байлаа.

Ах нар маань хөдөө голдуу мал маллаж байсан хүмүүс. Одоо бүгд өндөр насны тэтгэвэртээ гарчихсан байгаа. Хамгийн том ах маань 72 настай хөгшин бий. Нэг ах маань бурхан болсон. Дараагийн ах маань Шар хаданд хоёр үнээтэй, үнээгээ эргүүлээд  л гэр зуур байдаг. Түүний дараагийн ах маань Бал­дорж гээд Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэгээд би. Миний доод талын хоёр дүү маань Эрдэнэтэд хувиараа ажил хийдэг. Нэг нь гэхэд Улаантолгойд төмөр зам руу орсон малыг тууж, тор татдаг ажил хийж байх жишээ­тэй. Бид ингэж л ажиллаж амьдарч ирсэн. Надад уул уурхайн лиценз байхгүй, тендер авч байсангүй. Энгийн дундаж амьдралтай хүн.

Нэг хэсэг ахыгаа ГОКт ажилд орууллаа гэж яригдаад байсан нь Балдорж ах тань байх нь ээ?

-Ах маань Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэр анх ашиглал­тад ороход нь ажилласан. 30 гаруй жил болж байгаа. Хөдөөнөөс аав, ээж, дүүг шилжүүлэн авчирсан юм шүү дээ. Тэгэхэд Элбэгээ маань наймдугаар анги төгсөөд ирж бай­сан санагдаж байна. Тэгэхээр ахыг тэнд ажилд оруулсан юм хаана байхав дээ. Манайхны хэн нь ч бага дүүгээсээ аль өмнө ажил амьдралаа залгуу­лаад явж байсан улсууд шүү дээ.

Та ингэхэд ямар мэргэжлийн хүн бэ, яг хаана, хаана ажиллаж явсан бэ?

-Би автын мэргэжилтэй хүн. Дээр үед дээ. Марксизм, Лениниз­мийн сургуулийг төгсч дараа нь Төрийн удирдлагын академийг төгссөн. Бас Германд төрийн удирд­лагын академид эрх зүйчээр сурч төгсч байсан. Надад бол айхтар өндөр боловсрол гэх зүйл байхгүй.

Ер нь би сүүн завод, төмөр зам, дүүрэг нийслэлийн хот тохижилт гэсэн хэдэн газрыг л тойрч ажил­лаж ирсэн байдаг юм. Дүүрэгт хорь гаруй жил ажилласан. Тэгээд төмөр замын автобаазын даргаар ажиллаж, тэндээсээ Баянбуурал амралтын газрын орлогч даргаар ажиллаж, байгаад Бээжинд төлөө­лөгчөөр суусан.

Тэр үед бас багагүй шуугисан санагдаж байна?

-Уг нь шуугиад байхаар ажил биш л дээ. Байгууллагаас л тэнд томилсон. Тэнд төмөр замтай холбоотой гарсан асуудлуудыг шийдэж, удирдлагаас өгсөн үүр­гийг биелүүлж, байгууллагаа тө­лөөлж суудаг хариуцлага ихтэй алба байсан. Тэнд би дарга даамал хийж байгаагүй. Мөнгө санхүү захирдаггүй, хангамж цалин ч өндөргүй алба. Ер нь би эрхэлсэн ажлаа чин шударгаар сайн хийх ёстой л гэсэн шугам баримталж ирсэн. Тиймдээ ч хүмүүс надад итгэж, ажил алба хариуцуулсаар ирсэн болов уу. Үнэндээ би дүү­гийн­хээ нөлөөгөөр ажилд орж байсан удаагүй. Харин дүүгээсээ болоод ажилгүй болж, намаас арга хэмжээ л авахуулж явсан гэвэл үнэн байх.

Өөрийнхөө амьдралаар ажил­лаад явмаар байдаг гэтэл дүү нь өндөр албан тушаалтай хүн болохоор хар дагуулаад байдаг. Танд гомдолтой байдаг уу?

-Гомдох юу байхав. Ах нь үнэн­дээ дүүгээсээ болоод ажилгүй болж байснаас ажилтай болж байсан маань үгүй юм. Би ч яахав. Дүү маань ард түмнийхээ сонгол­тоор итгэлийг нь даагаад ажиллаж байгаа хүн. Ямар ч холбоогүй байхад хүмүүс буруу зөрүү ойлгоод байх нь хэцүү байдаг юм.

Дүү тань Бага хурлын ги­шүүн болоод л ачаа хөнгөн явна шүү гэж хэлж байсан гэсэн

-Үнэндээ бид нарт ч нэгнийхээ нэрээр юманд хүрье гэсэн бодол, тийм хүмүүжил ч байхгүй. Намайг Ерөнхийлөгчийн ах юм чинь сайд, дарга болно биз гэж хүмүүс тог­лоом шоглоомын хооронд хэлж л байдаг юм. Надад, манайханд тийм бодол байсангүй. Бүгд л энгийн даруу амьдарч ирлээ. Ах дүүсээсээ төр нийгмийн ажилд арай ойр намайг гэхэд мөрөөрөө явахад ажил хийлгэхгүй юм байна шүү дээ.

Таны томилогдсон ажлыг их унацтай замын ажил гээд байсан шүү дээ. Тэр нь бас их хар дагуул­сан байх?

-Замын газар нь тусдаа юм ш дээ. Нийслэлийн авто замын газар нь олон хүнтэй, их төсөв мөнгөтэй л байх. Харин миний очсон алба зам засвар буюу замын эвдэрсэн цоорхойг нөхдөг ажил байгаа юм. Хар ажил гэх үү дээ. Уг нь хүний сонирхол ч татаад байх ажил биш л дээ. Энэ бол албан тушаалд дурладаг хүний хийх ажил биш, харин ч ажиллагаа ихтэй нажидтай ажил. Намайг Ерөнхийлөгчийн ах гэдгээр нь л хараад байгаа боло­хоос энэ хүн өөрөө юу хийж ирсэн, юу хийж чадах хүн гэдгийг нь харахгүй байгаад асуудал нь байна.

Тэгэхээр танд гомдолтой л байгаа биз дээ?

-Гомдолтой гээд ч яах билээ. Үе, үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын ар гэр, ах дүүс нар нь ажил хийхгүй байна гэхээр бас л сонин. Уг нь шударгаар хөдөлмөрлөж байвал хэн ч, хаана ч ажил хийж л байх ёстой. Үгүй бол огт ажиллахгүй гээд хуульч­лаад өгөх ёстой ч юм уу. Төрийн ажлыг аваад шударгаар ажиллаж байхдаа хууль зөрчиж, алдаа эндэгдэл гаргаагүй харин ч сайн ажилласан байж ажилгүй болох сонин л байдаг юм билээ. Гэхдээ ганц миний ажилтай байх хамаагүй ээ. Харин улс оронд минь ардчилал хөгжиж, ард түмэн амар амгалан байх нь чухал юм даа. Би ахын хувьд дүүгийнхээ нэрийг, иргэн хүний хувьд төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийнхөө нэрийг хамгаалж, хайрлаж явахаас өөр гарцгүй шүү дээ.

Та одоо ямар ажил хийж байна вэ?

-Одоо гэр зуур л байна даа. Нийслэл хотод зайлшгүй байх ёстой гэж боддог Үндэсний цэцэр­лэгт хүрээлэн байгуулагдаж бай­гаад ах нь их баярлаж суугаа. Ажилгүй хүн харьцангуй завтай ч байх юм. Би Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үед нь очиж тарилцдаг юм. Модноос нь тарилцаж, услалцдаг болохоор бараг тэндхийн орон тооны ажилтан шиг л байх болсон. Одоо арван мод хариуцаж аваад өглөө бүр зургаан цагт очиж модоо усалж байгаа. Хоёр ч хагас бүтэн сайнаар зүлэг тарихад нь хамт ажилласан л даа. Манайд хөрөнгө цаас нь ч болдоггүй юм уу үрээ цацаад дээрээс нь бүтээх юм байхгүй юм аа. Хятадууд зүлгээ тарих үедээ барилгын гадуур өлгөдөг ногоон торыг зүлгээ соёолоод гараад иртэл нь битүү тавьдаг. Би хот тохижуулахад олон жил ажилласан болоод ч тэр үү, Бээжинд байхдаа хотыг яаж тохижуулж, өнгөтэй зүстэй байлгаж байгааг их л ажигладаг байлаа. Хотоо хоггүй цэвэрхэн байлгахын тулд шөнө дөлөөр гарч хүмүүс нь ажилладаг. Тэр хүмүүст шөнийн нэмэгдэл, тусгай унаа, хамгийн өндөр цалинг өгдөг. Гэтэл намайг БЗД-т ажилла­даг байхад шар хантаазтанууд хамгийн бага цалин авдаг, бараг л мэдрэл муутай хүмүүсийн хийдэг ажил гэж үздэг байлаа шүү дээ. Ах нь тэнд олон жил ажиллахдаа дүүргээ нийслэлийн шилдэг дүүрэг болгож, хүмүүсийнхээ цалин хан­гам­жийг нэмүүлж байлаа. Харин сүүлд менежментийн хувьчлал нэрээр хөрөнгийг үнэгүйдүүлж хувьчилсан байсан. Бүхэл бүтэн компанийг 43 сая төгрөгөөр хувь­чилчихсан байсан шүү дээ. Тэнд байсан ганц гараажийг гэхэд сүүлд 520 сая төгрөгөөр зарсан байсан. Одоо буцааж авах асуудлыг хотын шинэ удирдлагууд ярьж байгаа юм билээ. Зөв л дөө.

Та ямар ажил хийе гэж бодож байна даа. Ер нь төрийн албанд ажиллах уу?

-Төрийн албанд худлаа биз дээ. Хаана ч очсон энэ хар дуусахгүй байх аа. Ерөнхийлөгчийг нийс­лэлийн иргэдтэй уулзаж үг хэлсний дараа манай найз нөхөд утасдаад “Ерөн­хийлөгч хүмүүсийнхээ төлөө олон сайн зүйл ярьж байна. Ганц­хан хүний эрх зөрчигдсөн нь чи­нийх. Төрийн албанд ажиллуулах­гүй гэдгийг чинь төрийн тэргүүн зарла­чихлаа” гээд ярьж байна. Ерөн­хий­лөгчийн зарлигийг дага­хаас яах билээ. Тэгэхээр хийж сурсан турш­ла­гадаа түшиглээд хот тохижилтын салбартаа хувийн ажил эрхэлдэг юм уу л гэж бодож сууна даа. Чаддаг ажлаа хувиараа хийсэн нь дээр юм байна. Удахгүй болох сонгуулийн ажилд явж таа­рах байх. Тэгээд чаддаг ажлаа хувиараа болов хийнэ дээ. Хотын­хоо хогийг цэвэрлэж, өнгө зүсийг торддог хүмүүстээ сайн цалин хангамж өгч ажиллуулж байж хот сайхан болно. Ер нь хотын гудамж бүрийг эзэнтэй болгож өгмөөр санагддаг юм. Тэгэхгүй бол хэн дуртай нь газар ухаж, тарьсан модыг шөнөөр нь хулгайлж, дуртай газраа хог овоолж байна. Би хэзээ­нээс хотын гудамд байгаа хогийг харж гутарч, шинэ тарьсан модыг харж баярлаж явдаг. Хотоо л хоггүй, өнгөтэй зүстэй болгочихмоор бай­гаа юм. Саяын хурлын үеэр хот маань жигтэйхэн цэвэрхэн болсонд тун их баярласан. Одоо дандаа ийм байлгах хэрэгтэй байна. Бас дугуйн замыг хотод бий болгох хэрэгтэй. Тэгвэл над шиг машин тэрэггүй хүмүүст дугуй шиг хэрэгтэй зүйл байхгүй. Бас эрүүл мэндэд ч тустай юм даа. Төрд ажиллахгүй гэж байгаа нь төрдөө гомдсон хэрэг биш шүү. Яг хийж чаддаг ажлаар маань бригад болов ахлаад хотоо сайхан болго гэвэл зүтгэхдээ дуртай л байж таарна.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Хотон шувууны зарц тураг гогой хүнээс илүү аюултай юу?

Сүүлийн үед монгол­чууд
нэг их айхтар аюул­тай дайсантай болоо­дохов. Тэр нь өнөөгийн нийгмийн бүхий л бухим­дал,
бүхий л замбараагүй байдал, шударга бус бай­дал, хууль хэрэгждэггүй хөгийн энэ байдлаас
нь илүү аюултай гэгдэх боллоо. Тэр нь хөгшдийн хар галуу гэж нэрлэсээр ирсэн тураг
гогой гэгч шувуу ажээ. Энэ шувуу л ихэссэнээс болж загас гээч амьтан цөөрч байна.
Хөөрхий хүн бол загасыг ганц нэгээр нь хороож байхад тэрхүү тураг гогой гэгч нь
цөлмөж өгч байгаа гэсэн ойлголт нийгэмд буй болжээ.

Энэ
талаар хэвлэ­лээр ч бичигдэж, манай шувуу судлаачид ч үзэл бодлоо уралдуулж тэр
амьтны хор хөнөөл­тэйн талаар шуугиж бай­на. Арваад жилийн өм­нөөс л үзэгдэх болсон
гээд энэ тураг гогойг харийн шувуу хэмээн онцолж байгаа. Гэхдээ дээр үеийн хөгшид
өмхий шу­вуу, хар галуу гэж нэр­лэж ирснийг нь бодоход зах зээлийн нийгэмд шилж­сэн
үеэс хойш орж ирсэн харь шувуу гэхэд хэцүү мэт. Хавар ирж, намар буцдаг нүүдлийн
шувуу. Зусах­даа л загас цөлмө­дөг гэгдэж байгаа. Үнэ­хээр ч томоохон нуур голуудад
тураг гогой илт нэмэгдэх болсон нь үнэн ажээ. Томоохон нууранд 4000-7000 тоо толгойгоо­роо
сүрэглэн суурьшиж байна гэж байгаа. Бас дээрээс нь загасыг өдөрт 20-30-аар нь барьдаг
тун хорлонтой амьтан гэнэ лээ. Ерөнхийдөө чоно шиг юм уу даа, хэд хэдээр нь барьж
идсэн ч загасыг хошуугаараа хатгаж, жадалж бах таваа хангаж цаддаг амьтан гэсэн.
Үнэ­хээр ч хорлонтой амьтан юм. Гэхдээ энэ л шувуу ихэссэнээс загас ховорд­сон,
үүнийг л цааш нь харуулахгүй бол загасгүй болох нь гэсэн яриа дэн­дүү өрөөсгөл санагдаад
байгаа юм. Байгаль өөрөө гайхалтай мене­жер билээ. Тэр бүгдийг зохицуулж, эко тэнцвэрээ
барьсаар ирсэн. Харин хүмүүс бидний зүй бус үйлдэл нь үүнд хаалт болж өгдгөөс байгалийн
аль нэг амьтан нөгөөхөө үгүйсгэх шалтгаан болж өгөхгүй л санагдаад бай­гаа юм даа.

Тураг
гогой бол шувууд дундаа яах аргагүй элбэг ангиллын шувуунд багтдаг гэдэг. Шувуудын
тоо толгой буу­саар ахуй цагт ан агнуу­рын бус зориулалттай болохоороо ч тэр үү
тураг гогойн тоо нэмэгдээд байгаа мэт санагддаг бололтой юм билээ. Энэ амьтны талаар
нарийв­чилсан судалгаа шин­жил­гээний ажил бараг үгүй yчраас бололтой юм билээ гэж
байгааг маань болгооно биз ээ. Тун идэмхий махсаг энэ шувууны мах өөрөө амт муутай,
өмхий гэгддэг. Тиймдээ ч хоёр амтын овоо хараанд өртдөггүй аж. Дээхний хөгшид тураг
гогойг хотон шувууны зарц хэмээн нэрийддэг байжээ. Улаан шунхан уруултай, хонин
цагаан хотон эрэг дээр тавлагхан гэгчийн тух­лахад шар хацартай ногоон нүдтэй хар
шувуу загас дөхүүлэн тууж өгдөг байжээ. Тууг­даж ирсэн загаснаас хо­тон хүссэ­нээрээ
зооглож, харин үлдэг­дэл өм зэмийг нь тураг гогой хүртдэг бай­сан аж. Тиймээс хотон
шувууyны зарц хар галуу хэмээдэг байсан санж. Одоо ч хонь мэт бөм­бийлдөх хотон
шувуу нь хаа байна, нөгөөх тураг гогой ч зэрэг дэвшиж даам гараад өөрөө эзэн суух
болжээ.

Тэд
загасыг өглөө эрт гүехэн устай газраар нарийн хоолойд хооллон явахад тал талаас
нь бүсэлж, янз бүрийн дуу авиа гаргаж, ус алгадан үргээгээд барьж авдаг аж. Мөн
загасыг түрсээ ша­хах тэр үеийг нь андахгүй ашигладаг гэж байгаа. Нийт жин нь гурван
кг орчим, далавчаа дэлгэх үед нь метр хагас шахам болдог энэ том шувуу түрсээ шахахаар
явж буй загаснуудыг гол сөргүү тууж эцээж байгаад авла­хаа сайн мэддэг гэсэн. Одоо
Дархадын цагаан загас чухам түүнээс болж үгүй болж байгаа гэж ярих хүмүүс их байна.
Чухам энэ нь үнэний хувьтай эсэхийг нарийн судалгаа шин­жил­гээний дүнд хэлэх ёстойгоос
биш хар шувуу ихэссэнээр загас ховорд­сон гэдгээр бүг­дийг тайл­барлахад хэцүү юм.
Япон, солонгосчууд энэ шувуу­гаар загас ба­риулаад гулгиулж загас агнуур хийдэг,
норвегчүүд эл хар шувууг харахаа­раа до­лоон бурхан од олж харсан шиг баярла­даг
гэсэн яриа байдаг юм билээ. Ер нь судлах л амьтан. Түүнээс загас агнах гэж тор байтугай
торх тавьж дэлбэлдэг муу арга хэрэглэж ирсэн бид өөрс­дийн бурууг халтар хар шувуунд
өгөөд халаг­лаж суух дүрийг эсгэх нь зөв биш биз ээ. Үнэхээр тураг гогойн хө­нөөл
их, хүн мал ховор­тойгоос нуур цөөрмийг эзэгнэн эзэрхийлээд өсч үржээд байна уу,
эсвэл бусад ан агнуурын шу­вууд нь ховордсоноос өмхий махтай хар шувуу үлдэж их
харагдаад байна уу гэдгийг нарийн судал­гаагаар ил болгох хэрэг­тэй. Тэгээд чухам
хэм­жээнээс хэр илүү гарч, тэр нь аль нуурын ямар за­гасны тоо хэмжээнд нө­лөөлж
цөөрүүлж бай­гааг мөн л тогтоох хэрэг­тэй байна. Түүнээс тураг гогой гэгч нэг том
дай­сантай болчихоод хүмүүс бид өөрсдийнхөө алдааг түл­хэх эзэнтэй болоод бай­гаа
юм биш үү гэсэн эмзэглэл төрж байгааг хэлэх хэрэгтэй биз ээ. Үнэхээр хотон  шувууны зарц хар галуу хүнээс илүү аюултай юу?

Э.ЭНЭРЭЛ