Categories
редакцийн-нийтлэл

Хүсээгүй зүйл хүсээгүй үр дагаврыг авчирна

Нийгмийн сүлжээгээр “Гур­ван сая удаа үр хөндөлт хийгдсэн
байна. Зөв бол бид гурав биш зургаан саяулаа байх байжээ” гэсэн жиргээ ойрмог
нэлээд тархлаа. Үр хөндөлтийг хориглодог бай­сан бол бараг л зургаан сая иргэнтэй
болох байсан юм шигээр ойлгож байх шиг. Хууль санаачлах эрх бүхий УИХ-ын гишүүн
үүнийг анх­лан тараасан нь үр хөндөл­тийг хориглох хуулийг бий болгох
санаатайнх бололтой. Үр хөндөлтийн тухайд хүн бүр өөр өөрийн санал бодолтой
байдаг. Тухайн хүний үзэл баримтлалыг хүндэтгэж үзэ­хээс аргагүй. Гэхдээ
дэлхийн дийлэнх улс орнууд үр хөн­дөл­тийг хууль ёсных хэмээн үзэж хуульчилсан
байдаг юм. Яагаад гэвэл ургийг тээж төрүүлэх, эх байх эрхээ өөрөө шийддэг байх
нь ард­чиллын суурь зарчимд нийц­нэ гэж үздэгийнх билээ.

Дэлхийн улс орнуудын 25 орчим хувь үүнийг зөвшөөр­дө­г­гүй.
Харин үлдэх 75 хувь нь сонголтоо эдлэх эрхийг өгсөн байдаг. Үр хөндөлтийн
асуудалд хатуу хандлагатай газрууд бол Латин Америк, Африкийн орнууд. Европоос
Ирланд, Мальта, Польш. Азиас Бангладеш, Индонез, Лаос, Шри Ланка, Филиппин гэх
мэт. Дийлэнх шалтгаан нь шашны үзэл баримтлалын улмаас зөвшөөрдөггүй. Ха­рин
ардчилсан улс орнуудад үүнийг хүний эрх, эрх чөлөө­ний илэрхийллээр авч үздэг.

Жендерийн тэгш эрхийн талаар хүчтэй тэмцдэг, энэ чиглэлд олон
судалгаа шин­жил­гээний ажил хийсэн Авст­ралийн их сургуулийн багш, доктор
эмэгтэйн яриа анхаар­лыг маань ихэд татсан юм. Шийдвэр гаргах түвшин дэх
эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд квот гаргах тухайд тэр таагүй ханд­дагаа
нуугаагүй. Уг нь түүний баримталдаг байр сууриар бол эмэгтэйчүүдийн тоог нэ­мэх
боломж бүрийг л ашиг­ла­маар. Гэвч тэрээр квотоор орж ирсэн эмэгтэйчүүд тухайн
намын байр сууриа илт дагаж, эмэгтэйчүүдийн эрхийг хам­гаа­лах тал дээр
ажилладаггүй учраас квотын гишүүдэд итгэ­хэд бэрх гээд АНУ-ын Бүгд найрамдах
намын эмэгтэй сенатуудыг шүүмжлэн жи­шээл­сэн нь үндэслэлтэй. Бүгд
найрамдахчууд харин хуу­чин­саг үзэлтэйнхээ хувьд үр хөндөлтийг ихэд
эсэргүүцдэг. Намынхаа байр суурийг дэм­жих үүднээс эмэгтэй гишүүд ч энэ талд нь
зогсдог байна. Тэгэхээр жендер судлаачид эмэгтэй гишүүдийн тоо олон байхаас
илүү эмэгтэйчүүд ээж болох эсэхээ өөрөө шийддэг эрхтэй байх нь хамгийн чухал
аж.

Одоогоос хэдэн жилийн өмнө БНН-аас сонгогдсон сенатын гишүүн
Кристофер Смит төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонд нөхөн үржихүйн
бодлого тэр дундаа үр хөндөлтийн талаар асуулга тавиад ам руугаа алгадуулж
байсан удаатай. Хатагтай Хиллари Клинтон Бразилийн эмнэлэгт хүсээгүй
жирэмслэлтийн золиос болсон эмэгтэйчүү­дийг харж, Африкт 12, 13 настай охидыг гэдсэндээ
хүүхэд тээж байгааг үзэж бас үр хөндөлтийг зөвшөөрдөггүй Азийн орнуудад ч энэ
бүхэн ямар асуудалтайг нотлоод, үр хөндөлт аюулгүй, баталгаа­тай бас хууль
ёсных байх хэрэгтэй. Бас үүний зэрэгцээ аль болох үр хөндүүлэхгүй­гээр асуудлыг
шийдэх мэдлэг мэдээллийг түгээхэд давхар анхаарах ёстойг хэлж байсан юм. Гэхдээ
үр хөндүүлэх эсэ­хээ шийдэх эрх нь эмэгтэй­чүү­дэд үлдэх ёстойг онцолсон.
Тэрбээр сенатын гишүүний нүд рүү харж байгаад ард­чил­лын бэлгэ тэмдэг болдог
орны хууль тогтоогч ингэж ч ярих гэж дээ гэсэн шиг байр сууриа хатуу
илэрхийлэхэд өнөөх нь эрхгүй дальдчиж байсан сан. Хиллари Клин­тон тэргүүн
хатагтай байхаа­саа л өсвөр насны охидыг жирэмслэхээс сэргийлэх, мэ­дээ­лэл
өгөх арга хэмжээнүү­дийг зохион байгуулж ажил­лаж ирсэн байдаг. Үнэхээр үр
хөндөлтийг аюулгүй, хууль ёсны хүрээнд байлгахаас гадна хүсээгүй жирэмс­лэл­тээс
сэргийлэх арга замуудыг таниулан сурталчлах арга боломжууд их бий. Түүнээс үр
хөндөлт нь улс орны хүн амын тоог нэмэгдэхэд саад болж байна, эсвэл хэн нэгэн
хүний амь насыг хороож бай­на гэдгээр нь асуудалд ханд­вал хэт өрөөсгөл. Тэгээд
ч үр хөндөлтийг хууль бус гэж үзээд хуульчилбал ямар сөрөг үр дагавартайг
иргэнш­сэн түүхийнхээ ул мөрөөс монголчууд мэднэ. Тэр хатуу хуулийн улмаас амь
нас, эрүүл мэндээрээ хохирсон, ээж байх хувь тавилангаараа хохирсон хүмүүс ч
нийгмийн дунд бий.

Хүүхэд ахуй цагт, нэг орцны хүмүүсийн амьд­рал уйлж, дуулсан
ч хамтдаа байж дээ. Айлын маань эгч төгсөх жилдээ жирэмсэн болж, гадагшаа
сургуульд явах хуваариа алдах нь дээ гэж орцныхон хэсэгтээ ярьсансан. Удалгүй
өвгөн бариач гэрт нь ирсэн тухай, саван зуурч суусан тухай бас баа­хан ярьсан.
Бас тэр орой бие нь огцом муудаж эмнэлэг аваад явсныг ч санаж байна. Тэр хаврын
дуулиан тэгсгээд мартсан ч айлын маань эгч хүүхэд гаргаж чадахгүй болсон билээ.
Хорио бүрийн цаана ийм гунигт амьдрал үргэлжилдэг. Хөдөөд ч хүүх­нүүд хашаан
дээрээсээ үсрээд л зогсч байдагсан гэсэн ахмадуудын дурсамж сонсогддог. Харин
тэр бүхэн хичнээн халуун амийг эрс­дэлд оруулж, эрүүл мэндээр нь хохироосныг
хэлж мэдэх­гүй. Зарим судалгаагаар дэл­хийд жилд 80 мянган эмэгтэй баталгаагүй
үр хөндөлтийн улмаас амь насаа алддаг гэдэг. Африкийн орнуудаас ганц Өмнөд
Африкийн Бүгд Найрамдах улс үр хөндөл­тийг хууль ёсных гэж зөв­шөөр­сөн байдаг.
Саяхан таа­лал төгссөн Нельсон Ман­деллаг төр барьж байх үед буюу 1997 онд
ӨАБНУ үр хөндөлтийн тухайд тун либерал хуультай болж чад­сан юм. Гэхдээ үүнийг
олон жилийн тэмцэл зүтгэлийн үр дүнд олж авсан юм билээ. Тус улсад үр
хөндөлтийг хууль­чилс­наар олон эмэгтэй амь насаа харамсалтайгаар алд­даг
байдал багассан гэж бай­гаа. Яг үүнтэй эсрэгцүүлэн яригддаг нэг газар бол
Польш. Польш коммунист дэглэм нуран унасны дараа­хан буюу 1994 онд үр хөндөл­тийг
хориглосон юм билээ. Гэхдээ хориглосон гээд хэн ч үр хөндүүлээгүй гэвэл худлаа.
Харин хууль бус үр хөндөлт ихэсч, баталгаагүй арга замаар үрээ хөндүүлэх үедээ
эндэгсдийн тоо нэмэгдсэн байгаа юм. Үр хөндөлтийг хориглох асуудал яригдах үед
үүнийг давхар бодол­цохоос аргагүй. Бас гэмт хэр­гийн золиос болж хүчиндүү­лэх
үедээ жирэмсэн болсныг яахав гээд шийдэх зүйлс их. Амьдралын баталгаа байх­гүй,
хүүхдэдээ сүү аваад өгөхийн чадалгүй хүмүүс бас яахав. Энэ зовлон бэрхшээ­лийн
талаар үзүүлсэн “Вера Драке” хэмээх кино бий. Найруулагч Майк Лейхийн энэ
бүтээл 1950-иад оны Лондонгийн амьдралыг харуул­даг. Бүсгүй хүний зовлонг
нимгэлэх гэсэндээ үр хөндөлт хийдэг хижээл насны эмэгтэй хуулийн өмнө
буруутдаг. Түүнд 18 жилийн хорих ял оноохоор хуульч­лагд­сан ч, үйлдлүүд нь
дандаа хүнд тусалсан, хүний эрх чөлөө, сонголтыг эдлүүлж байсныг нь харгалзан
үзээд 2,5 жилийн ял оноодог тухай гардаг билээ. Энэ кино Венецийн кино наадмаас
“Алтан арслан” хүртсэн бөгөөд хэдийгээр уран сайхны бүтээл ч гэсэн амьдралд
байгаа зөрчлийг гаргаж чадсанаараа ийн үнэлэгдсэн биз ээ.

Мэдээж хүний
хорвоод ирж буй нэгэн шинэ амийг буцаана гэдэг хялбаргүй. Хүний мөн чанар,
ухамсар хийгээд шашны үйлийн үр, нүгэл буян бодсон ч хэцүү. Гэхдээ үр
хөндөлтийг хориг­лоно гэдэг дутахгүй том асуудлыг дагуулж байдгийг бодолцоосой.
Үр хөндөлтийг хориглодог хуучны хатуу цаг 1989 онд Эрүүлийг хамгаа­лахын
хуулиндаа өөрчлөлт оруулснаар өөрчлөгдөж бай­сан. Сүүлд 1998 онд Эрүүл мэндийн
хуулийн 36 дугаарт үр хөндөлтийг эмнэлгийн нөхцөлд, номыг нь үзэж дипломыг нь
гардсан эмч хүн хийх талаар тусгаж өгсөн байдаг. Энэ мэт шалгууруу­даа л чинад
сайжруулан мөрд­мөөр. Дээрээс нь үр хөндөл­тийн хор уршгийг таниулсан мэдээлэл
мэдлэгт тун анхаар­чих хэрэгтэй. Баталгаагүй эм хэрэглэхийг, оруулж ирэхийг
хориглож болно. Манайд байдаг судал­гаагаар 1000 амьд төрөлт тутмын цаана 200
орчим үр хөндөлт бий гэсэн. Үр хөндөлтийг аль болох батал­гаатай орчин нөхцөлд,
багасгаж цөөрүүлэх үндсэн мэдлэг мэдээллийг түгээх дээр ажиллах нь л  ононо. Гурван саяыг устгасан байна, тэгээгүй
бол хүн ам маань зургаан сая болох байлаа гэх нь мөн чанарт таарахгүй. Хүний эрх,
хүсэл сонголтыг хүндэтгэх, салба­рын оновч­той зөв бодлогын үндсэн дээр нөхөн
үржихүйн үйл явц хэвийн явагдах учир­тай. 
Хүсээгүй зүйл хүсээгүй үр дагаврыг авчирна. Хүнийг хүсч, хүндэлж ирүүлэх
хэрэгтэй.

Categories
редакцийн-нийтлэл

Н.Алтанхуяг: Илүү олон зүйлийг даацтай, далайцтай хийх болно

Ерөнхий сайд Но­ровын Алтанхуягтай
уул­заж ярилцлаа.

Нэг. ЭХНИЙ ШАТАНД
ГЭР ХОРООЛЛЫН УТААГ БАГАСГАНА

-Сайхан өвөлжиж бай­на уу, та.
Ярилц­ла­гаа ямар асуултаас эхэл­бэл дээр вэ гэж бодож суулаа. Харин та утааны хэлэлцүүлэг
хийгээд дуусч байхтай таарлаа. Улаанбаа­тарын утаа цаашдаа яах вэ?

-Утаатай тэмцэнэ гэж олон жил ярьж,
олон тэр­бум төгрөг зарцуулсан ч яг юу хийхээ ойлгоогүй явж иржээ гэвэл хатуу­дахгүй
болов уу. Хууль журамд нь өөрчлөлт орж, Ерөнхий сайдын хариу­цах ажил болж ирснээс
хойш би байнга утааны асуудлаар мэргэжлийн хүмүүстэй нь уулзаж, ярилцаж байна. Өмнө
нь утааг багасгахаар хийж байв. Утаа гэж юу юм бэ. Голомт нь чухам хаана байна,
Улаанбаатарт хич­нээн яндан байна, тэр нь хэр хэмжээний утаа гаргаад байна гэдгийг
сүүлийн сар орчмын хуга­цаанд нарийн судалж 
үзэж байна. Харамсалтай нь судалгаа дутмаг, дээрээс нь авч ирсэн арга хэмжээ
нь эрээвэр хураа­вар явж ирж. Ерөөсөө энд тэнд л тэмцэж байна гээд байснаас судалгаандаа
тулгуурлаж гаргаж ирсэн нэгдсэн бодлого гэж байх­гүй, баахан  мөнгө л ца­цаад байсан байна. Харин сүүлийн нэг
сарын хугацаанд утаа гарах шалт­гаан нөхцөл байд­лыг судлаад үзэхэд утаа­ны талаар
нэг дүр зураг гарлаа. Өмнө нь Улаан­баатар хотод хэчнээн тонн нүүрс түлж байна вэ
гэхэд хариулах хүн байх­гүй байлаа шүү дээ.

-Танай Засгийн газар бямба гаригт
хуралд­дагийг хүмүүсийн хянал­таас хол болдог гэх нь бий, нөгөө талд таныг бүтээн
байгуу­лалтын цаг, Ерөнхий сайдын 30 минут гээд хэтэрхий их ярьж байна ч гэдэг…

-Нөгөө дуугүй бай­хаар донгио гэнэ,
дуутай байхаар юу гэдэг билээ. Засгийн газрын хурал­даан дуусангуут бүх мэдээллийг
zasag.mn-ээр олон нийтэд тарааж, манай хэвлэлийн албаны дарга Ц.Мөнхтөр албан ёсны
мэдээлэл хийдэг шүү дээ. Манай Засгийн газрын нэг онцлог бол нээлттэй байдал. Би
бол үүнд илүүтэй хүчин чар­майлт гаргадаг. Би нээлт­тэй байхыг хүсдэг. Бас албаны,
даргар­хаж бус харин иргэддээ энгийн ойлгомжтой ярьж ойлгуу­лахыг хичээдэг. Долоон
буудлын Должин эмээд ойлгомжтой байхаар л ярьж байх ёстой. Ингэ­хээр хамаагүй задгай
ярьж байна гэх нь ч бий. Төр засаг нь нээлттэй, иргэддээ ойл­гомжтой л байх нь чухал.
Юм хийхээр шүүмжлэл ирдэг. Зүй тог­тол нь тэр юм. Юм хийхгүй бол шүүмжлэл байхгүй.
Яг үнэндээ бүг­дийг хууч­наар нь байл­гахыг хүсдэг хүмүүс бай­на. Өөрчлөгдөх дургүй
нэг хэсэг бүлэг нийгэмд байдаг юм байна. Өглөө есөн цаг хүртэл  сайхан унтах байсан чинь наймд ажил эхлүүлээд
хөөгөөд босголоо гээд л эхэлнэ. Эрх ашиг нь хөн­дөгдсөн улсууд бол ямагт шүүм­жилсээр
л байх юм билээ. Урьд нь хуйвал­даанаар  хэдэн
төгрөг нэмж зараад ашиг олдог байсан чинь Шинэч­лэлийн Засгийн газар гараад тэгж
ч бо­лохгүй, ингэж ч болохгүй гэж хууль сахиулсанд бухимдаж бай­гаа хэсэг бий. Гэхдээ
бид олонхийн эрх ашгаа л дээ­дэлнэ. Харин зо­рил­готойгоор, нэг нь мөнгө өгөөд,
нөгөө нь мөнгө аваад муулж байгааг яах ч юм билээ. Тийм юмнуудыг бид тоох ч үгүй.

-Саяхан танай кабинетийн хоёр сайдын
асуудал орж ирэ­хэд олонхиороо аваад үлдлээ. Үнэндээ хэнийг нь ч сугалуу­лахгүй
гэсэн шиг хамгаалж үлдэ­хийн оронд явуулчих нь энэ Засгийн газар өөрөө бат бөх байхад
нэмэр болох байсан гэлцэх юм. Та энэ багаасаа хэнийг ч гаргахгүй гэсэн хатуу бодолтой
байгаад байна уу?

-Үгүй. Муу ажиллаж байгаа бол сэлгэх
л хэрэгтэй. Гэтэл энэ удаа манай овоо гайгүй ажиллаж байгаа хоёр сайдыг огцруулах
асуудлыг оруулж ирсэн. Эдийн засаг хямраад дээрээс нь өмнөх өр зээлийн асуудал гээд
хэцүү байхад олон улсын зах зээлээс мөнгө босгож, хэрээрээ зүтгэж байгаа хоёр сайдыг
маань огцруулна гэсэн. Би бол үгүй л гэсэн. Олонхио­роо ч огцруулах шаардлагагүй
гэж үзсэн.

Тав.ХУВЬЧИЛНА ГЭХЭЭСЭЭ
ЭЗЭНЖҮҮЛНЭ ГЭЖ ЯРИХ НЬ ЗӨВ

-Валютын ханш өдрөөс өдөрт чангарч,
дийлдэхгүй байна. Үүн дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Бид хичээж байгаа ч хийж чадахгүй
ажлууд байгаа юу гэвэл бий. Үүний нэг нь валютын ханш. Валютын ханшийг мөнгөний
бод­лого явуулдаг ганц газар болох Монголбанктайгаа хамтраад зохи­цуулах ёстой.
Үүн дээр бид ахиц дэвшил гаргаж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрнө. Валютын ханш
савласаар байна. Гэхдээ энэ са­вал­гааг экспортыг дэмжиж, гадагшаа гардаг валютаа
багасгаж байж хийнэ. Манайд бараг хиймэл хомсдол үүсээд байна. Дотооддоо хэдэн төгрөг
олонгуутаа гадагшаа авч гараад л хэрэгтэй, хэрэггүй хог авчраад байна шүү дээ. Үүнийг
багасгахаас л эхлэх хэрэгтэй.

-Болиулах нь Засгийн газрын хийх
ажил мөн биз дээ?

-Тийм.

-Тэгвэл Засгийн газар энэ чиглэлд
ажлаа хийж чадахгүй байна гэвэл та хүлээн зөвшөө­рөх үү?

-Энэ ч нэг өдөр хийдэг ажил биш л
дээ. Дотоодын үйлдвэрүүдээ дэмжээд, гадагшаа гаргадаг экспортоо олон жилийн өмнөөс
дэмжээд явсан бол болох л байсан. Нэлээд олон жилийн бодлоготой үйл ажиллагаа явуулж
байж тогтоно. Тэр дотоодын үйлдвэрээ дэмжээгүй, экспорт нэмэгдээгүй  байх үед яагаад болоод байсан юм гэж та асуух
байх. 2011, 2012 онд Оюутолгой асар их ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, гадны
хөрөнгө оруулалт оргилдоо байсан үе шүү дээ. Ямартай ч бид гадаадын хөрөнгө оруулалтыг
үргээчихсэн алдаа дутагдлаа засч, хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчиллээ.

-Шинэчлэлийн Засгийн га­зарт гадаадаас
хөрөнгө оруу­лалт татах байтугай хөөдөг хүмүүс багтсан гэсэн шүүмжлэл бий. Бас энэ
хуулийг баталсан ч өөхөнд боосон чулуу гэгчээр тэдэнд таагүй эргэчих гох дэгээ бий
учраас хөрөнгө оруулагчид сонирхохгүй байгаа гэлцэж байна?

-Худал үнэнээр тэгж цоллодог юм. Гэхдээ
манай Засгийн газрын үед л хөрөнгө оруулалтын хууль батлагдлаа шүү дээ. Хэдхэн хоногийн
өмнө “Инвест Монголиа” гэсэн арга хэмжээгээрээ бид хууль эрх зүйн орчноо шинэчилсэн,
Монголд хөрөнгө оруулалт хийвэл хуулийн орчин нь ойлгомжтой, түвэг чирэгдэл, хүнд
сурталгүй болсон гэдгээ зарласан. Иймэрхүү арга хэмжээ нэлээд олныг зохион байгуулж
хөрөнгө оруулагчдаа татах болно. Хөрөнгө оруулалтын хуулийн тухайд гадныхан ахиц
дэвшил гарлаа гэж баярлаж бай­гаа­гаа илэрхийлж байна. Гадны компаниудын хувьд болгоомжлох
зүйл байгааг үгүйсгэхгүй. Хуулийг хийхдээ элдэв далд санаа агуулсан зүйл байхгүй.

-Төрийн зүгээс бизнесийн­хэнд үзүүлэх
дарамт байхгүй гэдгийг батлан харуулах нь ухаа­лаг төрийн бодлого гэх боллоо. Үүний
тулд таны тэр­гүүл­дэг Засгийн газар юу хийх вэ?

-Төрийн хүнд суртлыг арилгая, хээл
хахууль авлигыг устгая,тэмцье. Бизнес эрхлэх нөхцөлийг сайж­руулъя, түвэг чирэгдлийг
алга болгоё гээд хийж байгаа ажлууд байна. Мэргэжлийн хяналтын тог­тол­цоог их чирэгдэлтэй
гэдэг бай­лаа. Тиймээс бид үүнийг өөрчлөх хуулиа өргөн барьсан. Энэ хууль батлагдвал
34 төрлийн мэргэж­лийн хяналтаас 14-ийг нь алга болгож, үлдсэн хориос 11-ийг нь
чиг үүр­гийнх нь яамдад өгнө. Үлдсэн хэсэг нь зөвхөн хүний аюулгүй бай­далтай холбоотой
асуудлыг хяна­даг болох юм. Төр бизнесийн сал­барт дарамт биш дэм болдог байхын
төлөө ажиллана. Олон улсын үнэлгээний байгууллагуу­дын судалгаагаар Монголд бизнес
эрхлэх орчин сайжирч байгаа, тэр дундаа барилгын бизнес эрхлэх боломж өмнөхөөсөө
нэлээд хэдэн байр урагшилсан мэдээ байгаа. Бизнес эхлүүлэхэд шаардагдах хоног цөөрсөн.
Гэхдээ цахилгаан, дулааны зөвшөөрөл авахаас эхлээд асуудал бий. Бид энэ онд хангалтгүй
үзүүлэлтүүдээ сайжруу­лахын төлөө ажиллана.

-Авсан идсэнтэй холбоотой асуудлууд
байнга л яригдаад байдаг. Энэ болгоныг шалгаж улс төр, тогтворгүйтэл, талцал тэмцэл
болохын оронд зөвхөн урагш хараад явах нь манайх шиг цөөхөн хүн амтай орны хувьд
чухал гэсэн яриа бий. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Далд эдийн засгийг ил бол­гохын тулд
авч хэрэгжүүлдэг арга замууд бий. Эдийн засгийн бүрт­гэлд ороогүй өч төчнөөн хөрөнгүүд
байдаг. Ил гаргахаар яаж олсон  юм бэ, хууль
зөрчиж олсон эсэхийг тогтооно гээд асуудлууд үүсдэг. Ялангуяа төвлөрсөн төлөвлөгөөт
эдийн засгаас чөлөөт зах зээл рүү ороход анхны хөрөнгийн хуримт­лал янз бүрийн арга
замаар үүссэн байдаг. Далд эдийн засгаа ил болгох арга хэмжээ авсан дэлхийн зарим
улсууд байдаг. Хэрэв ил болговол хэрэгт татахгүй эсвэл урамшуулал өгнө гэдэг ч юм
уу янз бүрийн арга зам байдаг. Энэ бүхнийг бодолцох л хэрэгтэй.

-Сүүлийн үед төрд өмч бай­гаад
хэрэггүй. Хүмүүст хувьч­лаад харин зохицуулах үүргийг гүйцэтгээд явах нь зөв гэж
байгаа. Энэ зөв үү?

-Төрийн өмчийг хувьчилна гэхээр манайхны
дунд цөөхөн хэдэн хүний өмч болоод үлдчихнэ гэх ойлголт бий. Тэгэхээр хувь­чилна
гэхээсээ эзэнжүүлнэ гэж ярих нь зөв юм. Төрийн өмчийг эзэнжүүлэх нь зөв. Хоёр, гурван
хүн хувьчлаад авах биш хувьцаа гаргаад олон нийтийн өмч болгодог дэлхийн жишиг ч
байна. Төрийн үйлчилгээний газар байлаа гэхэд обьект нь төрийнхөө нэр дээр байдаг,
үйлчилгээг нь хувьд өгчихдөг. Олон янзын арга зам, хөшүүрэг бий.

-Одоо танай намын хувьд түүхэн,
хариуцлагатай он цаг үргэлжилж байна. Засгийн эрхэнд гарсан жилүүд байсан ч дараа
нь түүнээсээ олон жил сөрөг хүчин явсан. Одоо хи­чээхгүй бол дахиад сөрөг хүч­нээр
үлдэх зовлон бий. Танайхыг дахиад сон­го­хоос өөр аргагүй нөхцөлд хүр­гэхийн тулд
та нар юу хийх вэ?

-2012-2016 он манай намын хувьд хариуцлагатай
дөрвөн жил гэдэг нь үнэн. Гэхдээ дахиж сон­гогдохын тулд гэхээсээ илүү бидэнд, ардчилалд
итгэж саналаа өгсөн тэр хүмүүст, бусдад нь юу чаддагаа харуулах ёстой. Үүний төлөө
бид борви бохисхийлгүй ажиллах ёстой гэдгээ ойлгож байгаа.

Зургаа.БИДЭНД АЛДАХ
ЭРХ БАЙХГҮЙ

-Танай намынхныг дарга даамал гэж
эмээлгүй хэлэх үгээ хэлдэг, байгуулсан Засгийн газ­раа хэд хэдэн ч удаа унагачихаж
магадгүй хүмүүс гэсэн ойлголт байдаг. Тэр ойлголтыг арилга­хын тулд намын даргын
хувьд, Засгийн газрын тэргүүний хувьд ухаан зарж ажиллах хэрэгтэй болдог уу?

-Би нэг юманд найддаг юм. Манай намынхан,
УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс сөрөг хүчин байхын зовлонг биеэ­рээ туулсан.
Дандаа цөөнх байлаа шүү дээ. Гэхдээ бид үүнээсээ том сургамж авсан. Бид дотроо зөр­чилд­дөг
байсан нь үнэн. Эв нэг­дэлгүй байдал, дотоодын мөчөөр­хөл биднийг урагшлуулаагүй
гэд­гийг ч бид ойлгосон. Яс махаараа мэдэрсэн. Нөгөө талаас бас турш­лагажсан. Олон
жилийг алдсан даа. Дээр нь өрсөлдөгчийнхөө мэхэнд унахгүй байх хэрэгтэйгээ ч мэдсэн.
Бид залуудаа өрсөлдөгч намынхаа мэхэнд уначихаад л хоорондоо үзэлцдэг байлаа. Одоо  мэддэг, хариуцлагатай болсон. Бидэнд алдах эрх
байхгүй. Ард түмнийхээ итгэлийг дааж, илүү олон зүйлийг даацтай, далайцтай хийх
болно.

-МАН-ынхан таныг удаа дараа Үндсэн
хуулийг зөрчсөн гэж мэдэгдээд байгаа…

-Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг МАН-ын
бүлэг ч юм уу, хэн нэгэн хүн харж байгаад хэлчихдэг зүйл биш л дээ. Тэд юу ч гэж
хэлж болно. Үндсэн хуулийн Цэц л эцсийн шийдвэрийг гаргадаг.

-Сүүлийн үед МАХН-ыг хам­тарсан
Засгийн газраас гаргаад МАН-тай нэгдэж магадгүй гэсэн яриа байна. Энэ яриа хамтрах
итгэл өвөртөлсөн МАН-ын зарим нэгнээс ч гарч байх шиг. Танай намынханд тэдэнтэй
хамтрах төлөвлөгөө байгаа юу?

-Би энэ Засгийн газрыг байгуулж байхад
л анх хэлсэн дээ. МАН-тай хамтармааргүй байна. Шударга ёс эвслийнхэнтэй хамтрах
болно оо гэж.

-Нөхцөл байдал өөрчлөгдвөл эсвэл
сонгуулийн өмнө өөрчлөг­дөх зүйл байхгүй юу?

-Байхгүй. Ер нь энэ төр засаг тогтвортой
ажиллаж, тогтвортой байх нь хэнд хэрэгтэй гээч. Хэдэн хүн дарга байх нь чухал биш
бодлогоо тасралтгүй далайцтай  явуулах нь
чухал.  Шинэчлэлийн Засгийн газрын хийж амжуулах
ажил ард иргэдэд маань л хэрэгтэй. Бодож төлөвлөснөө амжуулахад дөрвөн жил ч багадаж
байна. Гэхдээ цаг хугацаатай уралдаж бид энэ дөрвөн жилийн хугацаанд нэлээд ажлуудыг
хийж чадна.

-Гэхдээ улс төрийн нөхцөл байдал
яаж ч эргэж болно шүү дээ. Таны Ерөнхий сайд байх эсэх дээр тулаад ирвэл энэ бодлоо
өөрчлөх үү?

-Үгүй.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан
цагаасаа хойш ард түмнийхээ амьдралд дэм болох ийм, ийм ажлуудыг хийлээ гэдгийг
тэргүүнийх нь хувьд таны амнаас сонсмоор байна. Уучлаарай, гэхдээ “11 11” утас ч
юм уу, Төрийн ордон нээлттэй болсон гэсэн зүйлсийг оруулахгүйгээр шүү. Яг шийдэлд
хүргэсэн асуудлуудаас?

-Ямар ч байсан бид бүтээн байгуулалтыг
эхлүүллээ. Бодитой зүйл болгож байна. Өнгөрсөн хугацаанд иргэд маань зам тавьж болдог
юм байна, гудамжны уулз­варыг янзалж болдог юм байна гэдгийг харлаа, итгэлээ. Энэ
ханд­лага нь өөрөө их чухал юм. Хүнд суртлыг багасгах тал дээр бид бодитой ажлуудыг
эхлүүлсэн. Төрийн түшмэдийн царайг харахгүйгээр төрийн үйлчилгээг авч болох олон
боломжуудыг нээлээ. Цаашид ч олныг нэвтрүүлнэ. Зарим иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүллээ.
Найман хувийн зээлэнд хамрагдсан иргэд их хэмжээний мөнгийг өөртөө үлдээж чадлаа.
“Нүүрс” хөтөлбөр багагүй хэмжээний мөнгийг ард иргэдэд  үлдээсэн гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Бензин шатахууны
үнийг жилийн турш тогтвортой байлгас­наас гадна литр нь 50 төгрөгөөр хямдарсан нь
иргэдийн ахуй амьд­ралд бодит нэмэр болсон гэдэгт итгэлтэй байгаа. Үнийн өсөлт
14,5 хувьтай байсныг 2013 онд нэг оронтой тоонд шилжүүлнэ гээд чадсангүй. Гэхдээ
10.5 хувьд хүргэ­лээ. Үнэ тогтворжуулах хөтөлбө­рийг бүтэн дөрвөн пунктээр буул­гасныг
муугүй гэж үзэж байгаа. 2014 онд нэг оронтой тоонд оруулахаар зорьж ажиллана.

-Үнэ тогтворжуулах хөтөлбө­рийн
үр дүнг би нэг л сайн ойл­гохгүй байна. Үнийн өсөлтийг буулгасан гээд байдаг гэтэл
гадуур бүхий л бараа таваарын үнэ өсчихөөд байгаа шүү дээ?

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг
ярьж байгаа юм. Түлш шатахуун, гурил, мах, нүүрс, барилгын материал гээд үндсэн
бараа бүтээгдэхүүний үнийн өсөл­тийг бид тогтворжуулсан. Өсөөд байгаа үнэ бол ихэвчлэн
гадаадаас авдаг бараа бүтээгдэхүүнийх. Гад­наас авдаг шатахуун дээрээ бод­лого явуулснаар
өсөлтийг барьж чадсан. Бусад бүтээгдэхүүний үнэ ханштай Засгийн газраас ноцол­доод
байх боломж байхгүй. Үүнийг мушгиад юмны үнэ өсгөхгүй гэсэн яалаа гэх нь бий. Хоёр
өөр төрлийн үнэ ярьж байгааг салгаж ойлгох хэрэгтэй.

Тантай уулзсаных Г.Дэнзэн­гийн
талаар асуухгүй өнгөрч боломгүй байна. Ерөнхий сай­дын хүргэн Г.Дэнзэн гээд багагүй
шуугисан. Тэр дуулианаар чадал­тай залууг цаашид өсөх боломжгүй болгосон гэж та
боддог уу, эсвэл тэр нөхрөөс болж өөртөө баахан түвэг удлаа гэж санадаг уу. Тэр
одоо хаана ажиллаж байгаа вэ?

-Надад түвэг энэ тэр болсон гэж бодогддоггүй.
Г.Дэнзэн бол чадал­тай залуу. Одоогоос арван жилийн өмнө түүнийг МУИС-ийн мате­ма­тикийн
багш байхад нь дэргэдээ ажиллуулахаар авсан юм. Тэр үед манай нам УИХ-д зөвлөл болж
ажиллаж байсан. Нарийн тооцоо гаргаж чадах мэргэжлийн хүн хэрэг­тэй байсан учраас
би судалж байгаад чадалтай мэргэжилтэн гэж тэр залууг олж авсан. Улсын мате­ма­тикийн
олимпиадад гуравдугаар байранд шалгарчихсан сүрхий хүүхэд байсан. Миний дэргэд олон
жил ажиллаж, миний шалгуур болгодог ачааллыг даагаад сурчих­сан. Манай дүүгийн охинтой
танил­цаж хамтдаа амьдрах болсныг нь баахан шуугисан. Одоо Тони Блэйрийн багт ажиллаж
байгаа.

-Та өөрөө физикийн багш мэр­гэжилтэй.
Байгалийн шинж­лэх ухааны хүн болоод ч тэр үү, тооцоо судалгаа гэж их ярих юм аа?

-Тооцоо судалгаагүйгээр юу ч явахгүй.
Заавал судалж, тооцоолж байж ажил явах ёстой. Сэтгэлийн хөдөлгөөнөөр ажил хийж болдог­гүй.
Үүнийг надад физик гэдэг шинжлэх ухаан сургасан юм. Яс маханд маань шингэсэн үзэл
бодол энэ юм. Манайхан тооцоо судалгаагүйгээр л асуудлыг шийд­чих гээд байдаг. Утаатай
тэмцэнэ л гээд байдаг ямар ч тооцоогүй л явж ирсэн байх жишээтэй. Тэгэхээр утаа
яаж алга болох вэ дээ.

Долоо.БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН
ЦОО ШИНЭ АРГААР АЖИЛЛАЖ БАЙНА

-Таныг заримдаа жижиг зүйлд их
оролцдог гэж шүүмжлэх нь бий. Ерөнхий сайд байж гудамжинд нүүрс тараалаа гэж яригдсан.
Жижиг зүйлд ордог гэсэн шүүмжлэлийг та хүлээж авах уу?

-Би багаасаа олон хүүхэдтэй гэр хорооллын
айлд өссөн. Гэр хорооллынхны зовлон жаргалыг сайн мэднэ. Манай иргэдийн дий­лэнх
нь гэр хороололд амьдар­саар л байна. Тэнд амьдардаг хүмүү­сийн хувьд өвлийн цагт
нүүрс ямар чухал билээ. Өвлийн улиралд таван тонн нүүрс авахад нэг тонн нь 200 мянга
гэвэл сая төгрөг болчихож байгаа юм. Үүнийг буул­гах боломж байна уу гэж судлаад
үзэхэд гараас гарт дамжуулахад үнэ нь хоёр дахин нэмэгдэж хү­мүүст очдог байсан.
Үүнийг зохион байгуулалт хийгээд гар дээр нь шууд хүргэхэд 200 мянга биш 80 мянган
төгрөг болгосон. Тэгэхээр өвөлдөө сая төгрөг зарцуулдаг байсан айл 600 мянган төгрөгөө
хэмнэж эхэлсэн. Ард иргэд нь бодит орлогоо нэмэгдүүлж байгаа нь Ерөнхий сайд хүний
хувьд жижиг ажил юм уу. Даргад том, жижиг асуудал гэж байх ёсгүй. Би үүнийг жижиг
асуудал гэж ерөөсөө боддоггүй. Айл өрхийн асуудал бол том юм байхгүй юу. Хэн нэгэн  иргэн маань мөнгөө хэмнэж байгаа нь манай Засгийн
газрын нэг амжилт. Тэгээд ч манайд үе, үеийн сайд дарга нар асуудлын гүнд ордоггүй,
доод хүмүүсийнхээ бэлдсэн мэдээл­лээр ажилладаг, амьгүй албат шиг болсон байдал
ажиг­лагд­даг. Би тэгж ажиллаж чадахгүй. Асуудал бүрээ мэдэж, мэдэрч ажил­лахыг
хичээдэг. Үүнд дургүйцэж байгаа хүмүүс ч бас 
байх шиг л байгаа юм.

-“Гудамж” төсөл шиг хүмүү­сийн
хэрэгцээг хангасан, сэтгэлд хүрсэн ямар ажлыг танай Зас­гийн газар ойрын үед хийж
амжуулах вэ?

-Уг ажил үргэлжилнэ. “Гудамж” төслийн
хүрээнд хурдны замуудын ажил энэ онд эхэлнэ. Бас нэлээд олон жил ярьсан ч ажил болж
амжаагүй төмөр замын асуудал бий. Тавантолгойгоос урагшаа явсан төмөр зам энэ оноос
босч эхэлнэ. Дуусах үгүй нь тодорхойгүй байгаа. Таван толгойн цахилгаан станцын
ажил эхэлж байна. Айл өрх бүрт мэдрэгдэх ажлууд гэвэл III цахилгаан станцын хүчин
чадлыг нэмсэн. IV цахилгаан станцын хүчин чадлыг аравдугаар сард нэмж дуусгана.
Өмнө нь жилд арван мянга гаруй айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол өнгөрсөн
жил 21 мянга болсон. Энэ жил 30 мянгад хүргэх зорилт бий. Бас аймаг бүрт 1000 айлын
орон сууцыг барих ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн жил дөрвөн аймгийг нийслэлтэй авто замаар
холбосон бол энэ жил Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Завхан, Говь-Алтайн замыг
дуусгана. Ингэхээр цаана нь баруун гурван аймаг үлдэж байгаа юм. Гэхдээ бид энэ
ажлаа нарийн тооцоолж, тө­лөв­лөж хийдэг учраас ашиглалтад оруулна гэсэн бол оруулах
л болно. Бид төлөвлөчихөөд зүтгэж ажил­лаж байна. Хоцорч байгаа ажлаа хурдасгах
гээд түмэн янзаар л ажиллаж байна даа. Бид бүтээн байгуулалтын цоо шинэ аргаар ажиллаж
байгаа. Зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтыг хараад суухгүй. Төсвийн хөрөнгө оруулалт,
бонд, бас хувийн хөрөнгө оруулалт гэсэн гурван эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар
бүтээн байгуулна.

Бид хувийн хөрөнгөөр өөрсдөө барьж
ашиглалтад оруулж, ашгаа олчихоод төрд шилжүүлдэг, эхлээд хөрөнгө гаргаж гүйцэтгээд
төрөөс мөнгөө авдаг маш олон төрлийн ажлыг дэмжиж байгаа. 2014 онд ямар ажлуудыг
Концессийн гэрээ­гээр гүйцэтгүүлэх жагсаалтын эхний­хийг нь танилцуулсан, удах­гүй
үргэлжлэлийг нь зарлана. Ингэ­хээр хувийн хэвшлийнхэн маань томоохон бүтээн байгуулалтанд
оролцох боломжтой.

-Дулааны V цахилгаан станцын асуудал
хэрхэх бол. Мөн ч удаан яригдаж байна даа?

-Их түвэгтэй явж байгаа. Газрын асуудалтай
байсныг нь бид газар­тай болгосон. Хоёр компанийн маргаан байсныг нь бас шийдсэн.
Тэгтэл үлдсэн ганц компани нь зарим тооцоогоо буруу хийсэн, нүүрснийхээ үнийг оруулаагүй
байсан гэх жишээтэй өртөг өсгөх юм яриад жаахан бүтэл муутай ч хэлэлцээрийн түвшинд
л явж байна даа.

Найм.УЛСЫН ТУСГААР
ТОГТНОЛ БОЛ ЧИНЭЭЛЭГ МОНГОЛ ИРГЭН ГЭЖ БИ ХАРДАГ

-Улаанбуудайн нөөцгүй болж импортоор
авах болсон нь анхаа­рал татаж байгаа. Буудайгаа гаднаас авахаар болно гэдэг танай
кабинетийн энэ салба­рынхан ажлаа хийж чадахгүй байгаа гэвэл та хүлээн зөвшөөрөх
үү?

-Үгүй л дээ. Өмнө нь ч гэсэн улаанбуудайн
нөөцийг импортоор авдаг байсан. Дөрвөөс таван жилдээ гаднаас  авч үр сэлбэдэг тэр жишгээрээ л явж байгаа хэрэг.

-Одоо рапс гээд ургамал тариалаад
газрын хөрс гэж юу ч үгүй боллоо гэх боллоо?

-Энэ асуудал яригдаад эхлэ­хээр би
энэ чиглэлийн эрдэмтдийг авчраад сонссон л доо. Гэтэл тийм зүйл байхгүй ээ, улаанбуудайтай
ээлжлээд тариалдаг ургамал гэж байна. Харин ямар сортыг нь тариалах вэ гэдгээрээ
ялгаатай юм байна лээ. Ургамлын тос гаргаж авч байна, дизель түлш гаргаж авч байна.

-Цагаан будаа үнэд орлоо гэхэд
та тэгвэл гурил идчихгүй юу гэж хэлээд шүүмжлүүлсэн. Бас өндөг үнэтэй боллоо гэхэд
тансаг хэрэглээ гэж хэлсэн гээд бас л хэл аманд орсон. Та ингэж гоочлуулах үгээ
өөрөө хэлээд байх шиг?

-Би өндгийг тансаг хэрэглээ гэж хэлээгүй
юм аа. Үнэтэй болсон гэхэд нь идэхээ байчихгүй юу гэсэн юм. Манай гэр бүлийн хүмүүжил
байдаг. Энэ болохгүй, тэр болохгүй гээд хэзээ ч урваганаж сууж байгаа­гүй. Хэрэв
энэ байхгүй бол тэрийг идчихнэ, энэ болохгүй бол тэрийг гээд боломжиндоо л байж
өссөн. Байхгүй болохгүйг нь харахаасаа өмнө байгаагаа эхэлж харж хү­мүүж­сэн. Тэр
зангаараа л хэлчи­хээр буруудаад байгаа нь тэр. Ер нь Монгол нутгийн маань хөрсөнд
ургасан ногоо, гурил, манай малын мах шиг эрүүл хүнс хаана ч байхгүй гэж би боддог.
Харин гаднаас орж ирж байгаа импортын хүнс, эмийн хэрэглээн дээр бид анхаарахаас
аргагүй болсон. Энэ онд бид энэ тал дээр анхаарч ажиллана. Нилээд юм хийх болно.

-Та Ерөнхий сайд болоод Япон руу  бас урд хөрш рүүгээ айлчилсан. Бас хойд хөршдөө
ч айлчлах талаар яригдаж байсан. Ер нь манай улсын хувьд хоёр том хөрш бас гуравдагч
хөршийн бодлого гэж аль алийг нь чу­халчлан авч явах ёстой байдаг…

-Манай улсын гадаад бодлогын чиг баримтлал
нь хоёр хөрштэйгөө ойр дотно бас гуравдагч хөршүүд­тэйгээ ойр байж сайхан харилцах
явдал. Манай урд хөрш Хятад бол асар том зах зээл. Энэ том зах зээлийг дагаад бид
хөгжих боломж­той. Айлчлалын үеэр Хятадад нүүрс гаргахаа албан ёсны болго­сон нь
олон улсын зах зээлд манай улсыг баталгаатай орлоготой байх нь гэдгийг нэг талдаа
батлан харуулж байгаа юм. Бид бас хамт­ран нүүрснээс хий гаргахаар тохир­сон. Мөн
асар өргөн уудам нутгаар хиллэдэг, түүхэн харилцаа­тай, хойд хөрштэйгээ хамтран
ажиллах боломжууд ч их бий. Өнөөдрийн хавтгай дэлхий дээр бид нэг нэгийгээ дэмжиж,
харилцан ашигтай хөгжих ёстой. Монгол Улсын тусгаар тогтнол бол чинээ­лэг монгол
иргэн гэж би хардаг. Аль болох эдийн засгийн хувьд хөгжиж, иргэдийнхээ ахуй амьдралаа
сайж­руулах нь бидний тусгаар тогтнолын баталгаа юм.

 Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Монцгор төртэй байснаас монжсон иргэдтэй байсан нь дээр

Ерөнхийлөгчийн гаргасан “Том төрөөс ухаалаг төр
рүү” гэдэг санаачилгыг чухам дээр дооргүй л ярьцгааж байна. Сөрөг хүчин хүртэл үүнийг
дэмжиж, урьд өмнө өөрсдөд нь падгүй байж байгаад чухам одоогийн төрд л хамаа­тай
юм шигээр ярьцгааж байна аа. Гэхдээ энэ тэр нь хамаагүй, хамгийн чухал нь данхайсан
толгойтой, цүр­дий­сэн гэдэстэй төртэй байс­наас иргэд нь гэдэс дүүрэн, халаас бүтэн
байхыг хаа хаанаа мэдсэн нь сайн юм. Төр нь монцойчихсон, иргэд нь мөр унжгар явснаас
хон­жоо монжоо нь иргэддээ ирдэг байх нь хэрэгтэй юм аа. Төр бизнест нь оролцоод
байдаггүй, ашиг сонирхлын зөрчилтэй биш бас өөрсөд­тэй нь өрсөлдөөд байдаггүй байгаасай
гэж бизнесийнхэн хүсч байгаа. Тэгээд ч төр гэдэг зангараг ханхлуулж сүрдэм сонстдог
ч тэнд эзэн байдаг­гүй билээ. Төрд очсон өмч бүр үнэгүйдэж тэндээс алдагдал л хүлээж
байдаг нь үнэн. Төрийн өмчийн нэр дээрх байгууллагын тоо урьдын адил их сонстсоор.
Одоо эднийг эхнээс нь хувьчилж, төрийн мэдлээс гаргах нь том төр данхайж бус харин
зөв менежмент хийж ухаалаг шийдвэр гаргадаг болоход хүрнэ. Тухайлбал МИАТ, Эрдэнэт,
Монросцветмет, Оюутолгойн төрийн мэдлийн хувийг, улсын эмнэлэг, сур­гуу­лиуд, МОНЦАМЭ,
МҮОНРТ, Монгол шуудан, цахилгаан станцууд, Хөтөл, Шивээ овоо, Багануур хувьцаат
компани, Монголын Цахилгаан холбоо компани, Дарханы төмөр­лөгийн үйлдвэр гээд төрийн
нэр дээр буй олон газрууд бий. Яагаад эднийг хувьчлах ёстой вэ.

МИАТ компанийг төрийн өмчийн гэдгээр нь үндэсний
агаарын тээвэрлэгч статустай болгосон. Гэхдээ энэ статус компанийн өмнөх тодотголыг
нэмэгдүүлсэн болохоос биш зорчигчдын халаасан дахийг хэмнэхэд ширхэг ч тусаа өгөө­гүй.
Тэр ч байтугай агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг бий болгоно гэсэн төрийн бодлогын
баримт бичигтэйгээ зөрчилдөхөд хүргэсэн. Төр агаарын нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэх,
аюулгүй байд­лыг шинэ түвшинд гаргах, замын зардлыг багасгах ямар ч бодлогыг хийхгүй
харин өөрийн мэдлийн компаниа аргацааж авч явах боломж бололцоогоо нэгдүгээрт тавиад
байхаар ямар юмных нь ухаалаг төр болж чадах вэ дээ. Гэтэл чөлөөт өрсөлдөөн бодит
амьдрал дээр яаж тус­га­лаа олж байдгийг сүүлийн хэдэн жилийн дотор иргэд харж байна.
МИАТ ашиггүй гээд хаячихсан, үүнийг нь дагаад тав тухтай, аюулгүй байдлын асуудал
бүр хаягд­чихсан орон нутгийн нислэг бас ч гэж сайжраад байгааг бид харж байна.
“Изинис”, “Аэро Монголия”, “Хүннү эйр” гээд хувийн компаниуд энэ салбарт орж ирснээр
дааж давамгүй байсан үнэ өртөг бас ч гэж боломжийн болоод байгаа. Одоо гадаадын
ашиг­тай нислэгүүд нь төрийн ком­па­нидаа үлджээ. Үндэсний гэдгээрээ томордог ч
ижил төрлийн бусад авиа ком­па­ниу­дынхаа аманд ороод л нислэгийн тоо нь улам цөө­рөөд
л байдаг. Өөр сонголт­гүй зорчигчид нь харийн ком­па­ниудын аманд багтсан үнээр
өртөг өндөртэй нислэ­гээр явсаар удлаа. Гарах гарц нь хойно байгаагаа сэгсрүү­лээд
нисэхээс өөр яах билээ дээ. Сэтгэл дутдаг, эзэнгүй байдаг төрийн компанийн жишгээр
МИАТ ч бас алдаг­дал­тай ажилладаг. Дөрвөн онгоцтой төрийн компанид 780 хүн ажилладаг
бол 3-5 онгоцтой хувийн компаниу­дад 200-230 хүн ажилладаг гэх юм билээ. Бас том
ялгаа байгаа биз. Төрийн мэдлийн компанид бол хэнбугай ч ингэж ханддаг. Ямар өөрөөс
нь мөнгө гарах юм биш шир­хэг хадаасыг хоёр хүн дамж­лаад явах боломжийг хайж байдаг.
Харин хэмнэлт ашиг харж байдаг хувийн секторт шуудайтай хадаасыг нэг хүн үүрэх үүргийг
өгдөг. МИАТ-ийн удирдлагуудын идсэн уусан хэргийг бид залхатлаа л сонслоо. Төрийн
нэрийн дор эрх мэдэлтэй хэдэн хүмүүст идэж уух эрхийг нь өгөхийн оронд Монгол Улсын
төрөөс МИАТ-ийг шугамаа булаалга­даг­гүй харин ч тэр “Korean air”, “Air china”,
“Aeroflot”-той өрсөлдөх үүрэг өгөх байсан юм. Энэ бол ухаалаг төрийн хийх ажил байв.
БНСУ-ын төрөөс хэцүү бэрх цагт “Daewoo”-г яаж дэмжиж бас дэмнүүлж, “Samsung”-т дэл­хийн
хэмжээний компани болох үүрэг өгч байсныг жишээ болгож ярьдаг. МИАТ компаниас хөрөнгө
мөнгө шамшигдуулсан хэрэгт бурууд­сан хүмүүсийг шоронд олон жилээр хорих тухай ярихаас
илүүтэй алдсанаа тэднээр төлүүлж, тултал нь ажиллуулах тухай шийдвэр гаргавал ухаалаг
шийдэл болох байсан биз. Тэгж яривал цөөхөн монголчууд дунд боловсролтой чадалтай
хүмүүс цөөн. Тэр дундаа нисэхийн салбарт ажилладаг мэргэшсэн толгойнууд хуруу дарам
цөөхөн. Тиймээс тэднийг унасан салбарыг босгож, МИАТ-ийг дэлхийн хэмжээний авиа
компани болгож нүглээ наминчлах боломжийг өгвөл хэн хэнд нь хэрэгтэй байсан байж
болох юм. Шийтгэлийг хорьж биш харин ухаан хүчийг нь шав­хан авдаг хувилбарыг ма­найх
ер боддоггүй, шоронж­сон тогтолцоогоо л өөгшүү­лэ­хийг хичээдэг. Хадгаламж зээлийн
хоршооны хэргийг манайхан одоо ч ярьсаар. Хоршооны эзэд нь “Бид мөн­гөө босгох аргаа
мэдэж бай­на. Хүмүүсийг хохиролгүй болгож чадна. Битгий хориоч” хэмээцгээж бүр хохирсон
хүмүүс ч “Эднийг хориулал­гүй байж л бид мөнгөө авч чадна” гэж байсан ч хуулийн­хаа
дагуу гээд аваачаад л хийсэн. Тэгээд хохирогчид олж долоосон юм ч байхгүй, хадгалуулсан
мөнгө нь өнөөх бизнесмэнүүдийн хуруу хум­саа хугалан байж цуглуулсан хамаг хөрөнгийн
хамт Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх газ­рынх­ны гараар ороод л дуус­сан. Хуулиа дагаж
мөрдөх ёстой ч төр ухаалаг байсан бол аль ч талдаа ашиггүй ийм алхмыг хийх хэрэггүй
байв.

Үлгэр домог мэт үргэл­жилж байж арайхийн батал­сан
Оюутолгойн гэрээн дээр ч ярих асуудал бий. Страте­гийн ордын нөөцөд батлагд­сан
болохоор төр тодорхой хувийг нь авна гэдгээрээ л зүтгэчихсэн. Төр хамтрагч болоод
эхлэхээр хөрөнгө оруулж таарна. Бас хариуц­ла­гаа ч хамтдаа үүрэх бол­чих­но. Хөрөнгө
оруулах мөнгө­гүй болохоороо зээл авна. Гэтэл төр бүх төрлийн татвараа аваад явчихсан
бол үүнээсээ хамаагүй дээр байх байсан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгэхээр төрийн
мэдлийн хувь дээрээ ч бид бодолцмоор байгаа юм. Төрд өмч авах биш харин өмчгүй болгоод
ухаалаг зохицуулалт хийх боломжийг л эрэлхийл­мээр. Чөлөөт зах зээлийг мөрдлөг болгодог
олон улсын жишиг ингэж л явдаг.

Төрийн мэдэлд байдаг МОНЦАМЭ агентлаг, олон нийтийн
тодотголтой МҮОНРТ-ийн талаар ч ярил­гүй өнгөрч боломгүй. 1998 онд батлагдсан Хэвлэлийн
эрх чөлөөний тухай хуулиар төр мэдэлдээ хэвлэл мэдээл­лийн хэрэгсэлгүй болохоор
болж, улмаар ОНРТ-ийн хууль батлагдаж төрийн мэд­лийн радио, телевиз байхгүй болж
байв. Үүнийг төр биш олон түмэн маань л мэдээл­лийн хүчирхэг хэрэгсэлтэй болсон
гэж байгаа амьдрал дээрээ худлаа. Мөнгө нь төрийнх, томилгоо нь улс­төрийнх, байшин
барилга нь ч төрийнх. Тэгэхээр төрийн бус олон нийтийнх гэсэн жүжигт хэн хэн маань
ч итгэх­гүй. Ядаж гаргаж буй контент нь олон нийтийн хэрэгцээг хангадаг ч биш. Энэ
салбарт чөлөөт өрсөлдөөн байхгүй болохоор бас л эрүүл биш.

Цахилгаан, дулааны стан­цуу­дын хувьд үнийг нь
чөлөөлж, хараат бус болгож байж л бид эрчим хүчээ бор­луу­лах талаар бодож эхлэх
байх. Түүнээс хараат байд­лаа­раа бол юун гадагшаа гаргах, бусдын аяыг хардгаа­раа
л байна. Шуудангийн байгууллагыг хувьчилдаггүй юм аа гэхэд үйл ажиллагааг хувьд
шилжүүлэх тухай бид бодох л хэрэгтэй болж байна. Төр баялгийг үйлдвэрлэнэ гэж хэзээ
ч байхгүй. Төр үйл ажил­лагаа явуулаад ашиг олно гэж ч байхгүй. Харин баялаг үйлдвэрлэх
боломж, ашиг олдог чиг замыг нь аж ахуйн нэгжүүд, иргэддээ л нээж өгмөөр. Хорин
жилийн өмнө ярьж байснаа одоо давтаж, дороо эргэл­дэх эргүү төлөг шиг байгаа ч дахиад
хорин жил эргэлдэх­гүйн тулд одоо эхэлмээр бай­на. Төр мэдэлдээ өмчтэй бай­гаад
үржүүлж нэмэгдүүлээд иргэддээ өгнө гэж үгүй. Харин төрд эзэн байдаггүй учраас хэн
эрх мэдэлтэй байна, хэн зувчуулах боломжтой байна тэр хүний хуруун салаагаар л гарна.
Магад тэгээд нэг нам нь ялахаар нөгөөхөө барив­чилж, нөгөө нь дараагийнхаа гэх мэтээр
явж өгнө. Дуусаш­гүй өс хонзон. Төр өмчтэй байх нь ийм хэргүүд гарахын үндэс болчихдог.
Тиймээс хэн яаж мөнгөтэй хөрөнгөтэй болс­ныг олж тогтоож судал­даг, буруутгах гэж
оролддог тогтолцоогоо ерөөсөө төр нь хөрөнгөтэй байдаггүй тогтол­цоогоор халмаар
байна. Төр хөрөнгө нэмэх гэж ухаан, цаг зарахын оронд хүмүүсээ яаж хөрөнгөтэй мөнгөтэй
байлгах вэ гэдэгт л анхаарвал таарна. Угаасаа төрийн хөрөнгө иргэнд ирж наалддаггүй
юм. Баян төртэй байснаас баяж­сан иргэдтэй болж, монцгор төртэй байснаас монжсон
ардтай байсан нь дээр хойно.

Categories
редакцийн-нийтлэл

Шекспир бол он жилүүд биш бүхий л цаг хугацаа

Сүүлийн 400 гаруй жилийн хугацаанд
дэлхийн өнцөг булан бүрт тасралтгүй тоглогдож, үзэгчдийн хүртээл болж байсан бүтээл
бол Уиллиам Шекспирийн жүжгүүд. Шекспирийн сонгодог бүтээлийг тоглож байж дэлхийн
театрууд академик нэр зүүдэг гэлцдэг. Бас түүний бүтээлүүд жижигхэн хот, тосгоны
театр клубуудэд ч тавигдаж байдаг, алдартай нэртэй жүжигчдээс эхлээд оюутнууд хүртэл
тоглож байдаг хамгийн хүртээмжтэй зохиол бүтээл байдаг билээ. Урлагийн сургуулийн
оюутан биш атлаа би хүртэл гадаадын уран зохиолын хичээл дээрээ Шекс­пирийн “Отелло”-гийн
Дездемоны дүрийг бүтээхийн тулд Дуурийн театраас Х.Уртнасан гуайн өмсдөг байсан
гэх хүрэн хилэн даашинзыг гуйж аваад сүлбээрдэж байгаад өмссөн олон жилийн өмнөх
явдлаа санахад хөгжилтэй гэмээр. Уил­лиам Шекспирийг тойрсон том судлал хэдийнэ
бий болжээ. Энэ судлал уран бүтээл хийгээд хувийн амьдрал гэсэн хоёр чиглэлээр хөгжсөн
байдаг. Гэхдээ түүний уран бүтээлүүд нарийвчлан суд­лагдахын хэрээр хувийн амьдрал
нь нууцлаг байдаг хэмээдэг юм.

Сүмийн бичиг баримтад тэмдэг­лэгдэн
үлдсэнээс харахад Уил­лиам Шекспирийг 1564 оны дө­рөвдүгээр сарын 26-нд сүмд адис­ласан
байдаг ажээ. Тиймээс тухайн үеийн уламжлалаас тооцоолоод нэрт зохиолчийн  төрсөн өдөр нь үүнээс гурав хоногийн өмнө буюу
23-нд гэгддэг юм. Бас түүнийг энэ ертөнцөд ирсэн өдрөө хор­воогоос буцсан алдартан
ч гэдэг. Бас үхсэн өдөр, төрсөн өдрийг нь зориуд нэг өдөр болгосон ч хэмээдэг. Тэрбээр
1616 оны дөрөвдүгээр сарын 23-нд насан эцэслэсэн байдаг юм.

Хийсэн бүтээснээрээ дэлхийн түүхэнд
бат нот үлдэж хоцорсон энэ хүний мэндэлсний 450 жилийн ой өнөө жил тохиож байна.

Шекспирийн төрсөн хот гэд­гээрээ мөнхөрч
үлдсэн Стрэтфорд Лондонгоос баруунтайд байх зээл наймаа төвлөрсөн жижиг хот байжээ.
Арьс ширний худалдаачин Жон Шекспир багахан шиг газрын өв залгамжлагч Мэри Арден
нарын гэр бүлд Уиллиам Шекспир мэндэлжээ. Тэр дээрээ хоёр эгчтэй, дороо гурван дүүтэй  байж. Түүнийг төрж байх үед аавынх нь худалдаа
наймаа цэцэглэж, олз омогтой байсан гэдэг. Гэхдээ аугаа зохиолчийг зургаан нас хүрэх
үеэс тэдний орлого муудаж, тааруу найруухан амьдрах болжээ. Тухайн үеийн энгийн
ардын хүүх­дүүд суралцдаг байсан үнэ төлбөргүй “Хааны шинэ сургууль”-д орж, уншиж
бичихийг заалгасан байх гэж судлаачид таамагладаг бөгөөд хувийн багш авч чаддаггүй
байсан нь зохиолчийн бичих авьяасыг өдөөж сэрээж өгсөн гэцгээдэг юм. Нэгэнт гайхалтай
бүтээлүүд туурвисан хүний түүхийг сэргээж босгоход юу ч гэж тайл­барлаж болох байх
л даа. Хэрэв боломжтой айлд өсч хүмүүжсэн бол өндөр боловсрол олгосных л гэж тайлах
байсан биз гэж бодогдмоор.

Залуу Шекспир 18 насандаа Энне Хэйтвэй
хэмээх өөрөөсөө найман насаар эгчмэд бүсгүйтэй гэрлэсэн ажээ. Бүсгүй жирэмсэн болсон
учраас гэрлэхээс өөр арга байгаагүй аж. Тэд 1582 оны арваннэгдүгээр сард гэрлэж
дараа жилийн тавдугаар сард охин нь төржээ. Үүнээс хоёр жилийн дараа хоёр ихэр хүүхэдтэй
болсон ч нэг хүү нь 11 насандаа тодорхойгүй шалтгааны улмаас нас барсан байдаг юм.
Энэ цагаас хойш Шекспирийн амьдралын гээгдсэн хэдэн жил эхэлдэг. Өөрөөр хэлбэл түүний
тухай ямар ч мэдээлэл байдаггүй.

Түүнийг нэг хэсэг газрын эзнээсээ
зугтаж амьдрахаас аргагүйд хүрсэн эсвэл бөглүү газар очиж туслах багшаар ажилласан
гэцгээх нь бий ч хамгийн магад­лалтай нь Лондонгийн театрт морь маллагчаар ажиллаж
байсан хэмээдэг. Бас түүний намтарт театрын туслах ажилтан, тайзан дээр үгээ мартсан
жүжигчинд хажуугаас үгийг нь сануулан хэлдэг ажилтай байсан талаар бичсэн байдаг.

1592 оны түүхэн бичиг ба­римтаас харахад
аугаа Уиллиам Шекспир театрт зохиол бичиж, жүжиг тоглоод цалин авдаг болгочихсон
байсан нь батлагддаг ажээ.

1597 он гэхэд Уиллиам Шекспирийн
37 жүжгийн 15 нь хэдийнэ бичигдсэн байв. 33 настай идэр эр Лондонгоос мо­риор дөрвөн
өдрийн турш явж байж хүрдэг төрөлх хот Стрэт­фордынхоо хамгийн сайхан байшингуудын
нэгийг худалдан авсан байсан гэхээр цалин цуух нь боломжийн байжээ гэмээр. Гэхдээ
тэр голдуу нийслэлдээ амьдарч бүтээлээ туурвиж байсан бөгөөд театр хаагддаг Лантены
40 хоногт төрөлх хотдоо очдог байсан ажээ. Арванзургадугаар зуунд театрын жүжигчин,
уран бүтээлчдийг нийгмийн дээд давхаргынхан гэж үздэггүй ч язгууртан дээдэстэй найз
нөхдийн харилцаатай байх нь элбэг байв. Шекспирийн уран бүтээлд ч язгууртан нөхдөдөө
зориулсан шүлгүүд байдаг. 1599 онд Уиллиам Шекспир бизнесийн түншүүдтэйгээ хамтран
өөрийн гэсэн театр байгуулснаа “Бөмбөрцөг” гэж нэрлэжээ.

Түүний анхны уран бүтээл тэр үеийнхээ
хэв шинжийг агуулсан гэнэн хэв маягтай инээдмийн болоод түүхэн бүтээлүүд байсан
гэгддэг. 1590-ээд онд бичигдсэн бүтээлүүд дунд Английн хаадын тухай цуврал жүжгүүд,
“Ромео Жульетта” жүжиг нь байдаг. Удалгүй тэр өөрийн өнгө аясаа харуулсан бүтээлүүд
туурвих болсон бөгөөд уран бүтээлийн хоёр дахь үе буюу алдарт эмгэнэлт жүжгүүдээ
1608 он гэхэд бичсэн байв.

Түүний “Гамлет”, “Лир ван”, “Отелло”,
“Махбет” гээд тус бүртээ түүх дагуулсан алдарт бүтээлүүд чухам энэ үед бичигджээ.
Ид үедээ бичигдсэн бүтээлүүд нь хүний ёс суртахуун, урвалт, хар санаа өш хонзонг
багтаасан гэгддэг бол сүүлдээ эмгэнэлт инээдмийн жүжгийн зохиолуудыг туурвисан байдаг.
Гэхдээ амьд сэрүүн ахуйд нь хүн төрөлхтөн гайхалтай бүтээлүүдийг нь мэдэрч мэдээд
шагшиж байсан гэвэл үгүй. Түүнийг насан эцэслэснээс 150 жилийн дараагаас Шекспирийн
зохио­луудыг утга зохиол шүүмжлэгч нар сонирхож эхэлсэн бөгөөд сүүлд 19 дүгээр зуунд
л театрууд бүтээлийг нь тайзнаа амьдруулах болсон юм. Үүнийг дагаад Шекспир судлал
ч хөгжиж тэртээ он жилүүдэд улирч үлдсэн түүхийг сэргээх гэж оролдох болсон билээ.
Энэхүү аугаа уран бүтээлчийг хэн байсныг нээх гэж оролдохоос гадна тэрхүү гайхалтай
бүтээл дээр буусан санаа, философийг судалж эхэлсэн юм. Тэр ч байтугай бүх зохиолоо
өөрөө бичсэн үү гэдгийг нь Стрэтфордын сургуулийн дүрмийн хичээл энэ тэртэй нь харьцуулан
байж судалсан ажээ. Ямартай ч тэрбээр бүх зохиолоо өөрөө бичжээ гэдгийг нь баталж.
Шекспирийн Оксфордын нийгэмлэг 1957 онд байгуулагдсан бөгөөд энэ газарт түүний уран
бүтээлтэй холбогдолтой бүхий л судалгааг хийж, элдэв таамаг сэжигт эцсийн хариуг
нь гаргаж байдаг юм.

Бас Шекспирийн театр ч хүмүүсийг татах
нэгэн газар болсоор ирлээ. 17 дугаар зуунд гэхэд л Шекспирийн жүжиг, шүлгийн жинхэнэ
зохиогч хэн бэ гэсэн томоохон хэлэлцүүлэг өрнөж байсан болохоор арга ч үгүй биз
дээ. Одоогоос дөрвөн зуу гаруй жилийн хугацаанд уран бүтээлээрээ амьдарч, сүүлийн
нэг зуун жилийн турш эмгэнэлт бүтээлийн хаан, тайзны уран бүтээлийн гайхамшиг болсон
гэгдэж буй энэ хүний түүх намтар тийм ч тодорхойгүй. Гэр бүлийн амьдрал нь тунгалаг
тодорхойгүй, амаргүй хувь тавиланг туулж ирсэн болов уу гэж таамаглагддаг.

Өөрөөсөө эгч бүсгүйтэй учирч тэр нь
жирэмсэн болсон учраас яалт ч үгүй гэрлэсэн азгүй хувь тавиланг туулсан гэдэг бол
бас залуу эрд хайртай байсан гэх  явган яриа
ч бий. Гэхдээ гэрлэсэн эмэгтэйд зориулан бичсэн “Харанхуйн эмэгтэй” сонет нь түүнийг
эсрэг хүйстнээ сонирхдог нэгэн байсныг баталдаг гэдэг билээ.

Уиллиам Шекспирийг хүүхэд байхад нь
шахам төрсөн охин Сюзанна эмчтэй, ихрийн өрөөсөн  Жудиф нь дарс нэрэгчтэй гэрлэсэн байдаг. Түүний
бага хүргэн Томас  гэр бүлээсээ гадуур хүүхэдтэй
болсон нь Шекспирийн гэр бүлийг гутамшигт оруулсан юм. Хүргэнийх нь хүүхдийг гаргасан
хүүхэн төрөх үедээ нас барснаар хэрэг илэрч, сүмээс дарс нэрэгч эрийг олон нийтийн
өмнө нүглээ наминчлах шийтгэл оноожээ. Харин энэ хэрэг илэрсний дараа буюу насан
эцэслэхээсээ сар орчмын өмнө Уиллиам Шекспир гэрээслэлээ өөрчилсөн байна. Түүний
сүүлийн хүсэлтээр ихэнх өв хөрөнгийг том охин нь залгамжлан авах болсон бөгөөд түүний
үр удмаас төрсөн хүүд дамжуулан өгөх үүргийг хүлээжээ.  Бага охин нь гурван хүүхэдтэй байсан бөгөөд хэн
ч гэрлэж амжилгүй нас барсан бол том охин нь ганц охинтой байжээ.

Өв залгамжлагчийг төрүүлэх ёстой Элизабет
хүүхэд гаргалгүй явсаар 1670 онд нас барснаар Уиллиам Шекспирийн үр удам тасарчээ.
Түүний өв хөрөнгийн гуравны нэгийг авсан эхнэрийн талаар мэдээлэл хомс. Хэдийгээр
үр хүүхдийн хувьд тийм байсан хэдий ч түүний оюун ухаанаасаа ургуулан байж төрүүлсэн
уран бүтээл нь дахиад хэдэн зуунаар дуурсч орших нь тодорхой. Түүний бүтээл үйл
явдлын өрнөл, дүрийн онцлог, жанрын хувьд бусдаас яахын аргагүй ялгардаг. “Ромео
Жульетта” бичигдэхээс өмнө хайр дурлалын сэдэв эмгэнэлтэйгээр төгсдөггүй байсан
гэлцдэг. Бас түүний бүтээл дараа дараагийн олон гайхалтай зохиолын сэдэв, шүншиг
болсон хэмээдэг юм.

Судлаачдын гаргасан нэгэн сонирхолтой
тоогоор Шекспирийн бүтээлтэй холбоотой төрсөн 20 мянган дууны бүтээл байдаг гэнэ.
Бас өч төчнөөн зураачийн бүтээл энэхүү англи эрийн уран бүтээлээс сэдэвлэгдсэн байна.
Түүнчлэн өнөөдрийн англи хэл мөн л Шекспирийн бүтээлтэй холбогдож стандартад орж,
дүрэм,бичлэгийн хувьд сайжирсан юм байна. Бас “Отелло”, “Венецийн худалдаачин” гэх
зэрэг зохиолууд дээр хэрэглэгддэг олон үг өнөөдрийн хэлц үг болж үлдсэн байдаг байна.

“Шекспир бол он жилүүд биш юм. Тэр
бол бүх цаг хугацаа” гэж түүнийг тодорхойлон хэлсэн нэгэн үг байдаг. Үнэхээр л тэр
цаг хугацаагаар мөнхөд зорчиж, бүтээл туурвилаараа ертөнцөд шинээр мэндэлж байгаа
хүмүүстэй уулзсаар л байна. Хэдийгээр түүний дүр төрхийг үлдээж хоцорсон ганц ч
хөрөг зураг байдаггүй , 18 дугаар зуунд түүнийг төсөөлөн зурсан зургаар мөнхөрч
үлдсэн ч тэр ямар төрхтэй байсан нь хүмүүст сонин биш байна. Харин үргэлж шинээр
уншигдаж, танигдаж байдаг бүтээлүүд нь байнгад хүмүүсийн анхаарлыг татсаар байна,
тэгсээр ч байх болно.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Москвагаас монгол хэлээр ярьсаар байсан юм уу?

Москвагаас монгол хэлээр явуулдаг
байсан нэвтрүүлэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн манай үндэсний радиогийн
өргөн долгионоор нэвтрэхээ бай­жээ. Харин үүнийг сонссон хүмүүс “Москвагаас монгол
хэлээр ярьсаар байсан юм уу” гэж хачирхан өөр нэгнээсээ асуун, ам дамнуулан ярьц­гааж
байна. Энэ нэвтрүүлгийг явсаар байсан гэдгийг мэдэ­хээ ч байсан хүмүүс боль­чихс­оныг
нь шинэ мэдээ бол­гож ярьцгаах нь тэр. Цагтаа “Москвагаас монгол хэлээр ярьж байна”
гэсэн нэвтрүүл­гийн эхлэл хөгжим эхэлмэгц сандлаа дөхүүлэн араажав­даа дөхөх хүмүүс
олон бай­сан. Бахархал болсон алтан Москвагаас монголчуудад зориулан нэвтрүүлэг
бэлтгэж, түүнийг нь монгол нэвтрүүлэг­чид уншиж байгаа нь гайх­маар байсан нь дамжиггүй.
Цаг үе гэдэг гольдрилоо солих гол шиг юм даа. Энэ нэвтрүүлэг 1964 оноос эхлэн тасралтгүй
өдөр бүр нэвтэр­сээр сар гаруйхны өмнөөс зогсов. Гэхдээ радиогийн төв шугамаар долгион
дээр нэвт­рэхээ больсноос бус богино долгион болон онлайнаар олж үзэж болох л юм
билээ. Гэвч оросууд үүнийгээ зогсооход л явсаар байсныг нь манайхан анзаарч байна.
Түүнээс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тийм нэвтрүүлэг байгаа үгүй нь сонин биш
явж иржээ. Бид оросуудын нөлөөнөөс гарч, Кремлийн хэн нэгэн даргын хэлсэн үг энд
байгаа бидэнд падгүй болсонтой зэрэгцээд л энэ нэвтрүүлэг явж байгааг анзаарахаа
байсан юм байна. Далан жилийн турш төрийн жолоо цулбуураас маань зууралдаатай явж
ирсэн оросууд цэргээ гаргаж, бид шинэ замналаар засаг­лаж ирснээс хойш энэ нэвт­рүүлгийн
ач холбогдол, үнэ цэнэ буурчээ. Оросууд өөрч­лөлт шинэчлэл гээд юун маний­гаа гэх
цаг үеүд бай­лаа. Хил дээр өндөр хэмжээ­ний татвар тавьчихаад л дотоод дахь асуудлаа
ший­дээд алга болсон. Ерээд оноос хоёр мянгаад оны дунд хүртэлх цаг үеийг монголчуу­дын
хувьд алтан үе байсан гэж судлаачид үздэг. Чухам л үүлэн цоорхойн нар шиг он цаг
байв. Хоёр хөрш маань өөрсдийнхөө хэрэгт анхаа­раад манийг сонирхохгүй байсан энэ
цаг дор бид өөрс­дийнхөөрөө урагшлах боломж­той болж, бас гурав­дагч хөршийн талаар
зориг­той ярьж эхэлсэн байдаг. Харин манай хоёр аль, аль нь асуудлаа шийдээд, бүр
дэлхийн хэмжээний улс болох өрсөлдөөнд хүч үзэх үедээ гэнэт хөрш Монголоо сана­сан.
Мэдээж дэлхийн хэм­жээнд хүлээн зөвшөөрөгдө­хийн тулд бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдөх
ёстой, ингэ­хийн тулд Монголд нөлөөл­лөө нэгнээсээ өрсөн хүчтэй болгох ёстой. Ийм
байдлаар урд, хойд хөршүүд маань ажиллаж байгаа үед бид ч бас өөрийн нарийн ухаантай
байх ёстой билээ. Нүүгээд явж чадахгүйгээс хойш бид айл саахалт хүмүүстэйгээ эв
түнжинтэй, найрсаг сайхан харилцах ёстой. Тэгээд ч монголчууд хоёр том гүрний дунд
байдаг нь бидний сул тал гэж ярих дуртай бол одоо үүнийгээ давуу тал гэж харах хэрэгтэй.
Аз болоход Монгол Улс хоёр хөрштэйгөө хилийн ямар нэгэн маргаангүй. Бас элдэв ноцтой
гомдол санал, зөрчил байхгүй. Тиймээс хоёр хөрштэйгөө эрх тэгш, найрсаг, ойлголцож
орших нь зүй. Бас бидэнд гуравдагч хөршүүд бий гэдгийг нотлон харуулахаа ч мартах
ёсгүй.

Ер нь гуравдагч хөршийн бодлого маань
хоёр хөршийн нөлөөллийг тэнцвэржүүлэх л энгийн үүрэгтэй. Аль нэг талынх нь нөлөөлөл
ихсээд ирэхээр л монголчуудад муугаар нөлөөлчихдөг нь түүхэнд ил. Богд Жавзун­дамба
хүртэл үндэсний эрх чөлөөгөө зарласны дараахан Япон, Швейцарь, АНУ гэхчлэн бусад
арваад улс руу элч төлөөлөгч, захидал илгээж байсан нь гуравдагч хөршийн бодлогыг  эрэлхийлж байсан нь тэр. Бас 1990 оны найм­дугаар
сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жэймс Бейкер манайд айлчлахдаа “БНМАУ хоёр
том хөрштэй. АНУ тэдэнтэй харилцахдаа танай харилцаанд сэв суул­гахгүй. Монгол Улс
АНУ-ыг оролцуулан гурван том улстай сайн харилцаатай байж болох юм” хэмээн мэдэгдсэн
байдаг. Тиймээс ч энэ үг хоёр хөршийнхөө хооронд тэнцвэр барьж, өөр нэг орны дэмжлэгийг
авах гэсэн Монголын гадаад бод­логын нэг стратегийн оноо­сон нэр томьёо
болоход түлхэц болсон хэмээн судлаачид үздэг билээ.

Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн
засгийн тогтолцоог чиг хандлагаа болгож, хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийг үндсэн
зарчмаа болгож яваа орон.  Харин манай хоёр
хөрш маань авторитар дэглэмээрээ. Мэдээж, бид тэдний сонгол­тыг, тэд биднийхийг
хүлээн зөвшөөрч ирсэн, зөвшөөр­сөөр ч урагшилна.

Өөр өөрсдийнхөөрөө урагш­лах ч үзэл
суртлын гол зэвсгийн хувьд бид илүүтэй анхааран үзэх ёстой санагда­на. Бараг тавин
жилийн турш Монголын үндэсний радио­гоор нэвтэрсэн “Москвагаас ярьж байна” буюу
сүүлдээ “Оросын дуу хоолой” нэвтрүү­лэг болсон монгол хэл дээрх нэвтрүүлгийг үргэлжлүүлэх
хүсэлтэй байгаагаа Оросын тал өнгөрсөн жил хүртэл нотолж байсан гэдэг. Оросууд Монгол
дахь нөлөөллөө улам бэхжүүлэхийг сонирхож байгаа өнөөгийн цаг үед уг нэвтрүүлгийг
бодлогоор зогсоох учир байхгүй. Зөвхөн радио нь дотооддоо гарсан үл ойлголцлоос
болж радио­гийн өргөн нэвтрүүлгээр гаргахаа байсан гэх яриа нь үнэн байж таарна.
Харин хагас зууны түүхтэй энэ нэвтрүүлэг зогслоо гэсэн мэдээлэл эргээд олон зүйлийг
эргэцүүлэн харах боломж өглөө.

Одоо “Алтан Москвагаас ярьж байна”
гэдэг шиг “Алтан Вашингтоноос ярьж байна” гэсэн нэвтрүүлэгтэй болох талаар бодож
болох юм. Энэ талаар зохих хүмүүстэй нь ярьж, лобби хийхэд ч болохгүй газаргүй.
Учир нь бидний чиглэж байгаа чиглэл, зам мөр нь нэг зүгт болохоор тэр. Заримдаа
ч бидний замнаж байгаа зам мөрөөс тэс хөндлөн үзэл санаа хэвлэл мэдээллээр их явах
юм аа. Тиймээс үзэл суртлын зэвсэг болсон хэвлэл мэдээ­лэлдээ анхаарвал гэж байгаа
нь тэр л дээ. Хувийн өмчтэй нэгнийгээ үзэн ядаж, хувийн өмчинд халдаж хураах талаар,
төрийн эрхийг үндсэн хуулийн бус замаар авах талаар ч хүртэл хэвлэл мэдээл­лийн
хэрэгслээр чөлөө­тэй нийтэлсэн харагдах юм даа. Хэдийгээр хэвлэн нийтлэх эрх чөлөө
ардчил­лын буянд бидэнд олдсон ч замнаж байгаа нийгмийнхээ эсрэг үзлийг бид тараагаад
байж боломгүй. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал юм.

“Москвагаас монгол хэлээр ярьсаар
байсан юм уу” гэсэн явган ярианы эргэн тойронд энэ мэтийг эргэцүүл­лээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Эхнэртэйгээ таарамж муутай хүнтэй хэзээ ч бүү нөхөрлө

Гудамжинд хэн нэгнийг хүчир­хийлж
биед нь гэмтэл учруулсан бол, эсвэл заналхийлэн сүрдүүлж, эд хөрөнгөд нь халдаж
эвдэлж хэмхэлсэн бол эрүүгийн хэрэг үүсч гэмт хэрэгт тооцогддог. Харин энэ бүх хэрэг
гэр бүлийн хүрээнд буюу хаалганы цаана болж байвал хэнд ч хамаагүй мэт сэтгэхүй
бидэнд бий. Бид гэр бүлийн хүчирхийллийн талаархи уламжлалт ойлголтоо өөрчлөх болжээ.
Хувь хүний асуу­дал, эр эмийн хэрэг гэж боддог энэ сэдэв бол эрүүл нийгмийн хамгийн
чухал нь. Хүчирхийллийн үр дага­вар өнөөдөр хэн нэгэн бүсгүй зо­дуу­рын улмаас амь
насаа алдса­наар, өөрийгөө хамгаалах гэж, эсвэл арга барагдаж үр хүүхдээ дарамтаас
чөлөөлөх гэсэндээ эр нөхрөө хороож шоронгийн хаалга татсанаар дуусч байна. Ингэж
төгсгөлгүйгээр өөрчлөх олон арга ухаант хүнд бий сэн. Үүний тулд эхлээд толгойд
гүн бат суусан тэр ойлголтоо өөрчлөх хэрэгтэй байна. Мэдээж үүнтэй зэрэгцээд  хууль эрх зүйн өөрчлөлт, эрх хязгаарлах боломжууд,
үүнийг хянаж нягталж байх олон шаардлага бий.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж юуг хэлдэг,
энэ нь гэмт хэрэгт тооцогд­дог талаар бидний дийлэнхэд нь тогтсон ойлголт байдаггүй
л дээ. Дунд сургуульд байхад доод дав­харт маань байдаг найз охин зарим өглөөд жигтэйхэн
гунигтай, ааш муутай гарч ирдэг байлаа. Зарим өдөр жаахан гараа зангидчихаад “алчихмаар
санагдаж байна” гэж нулимс цийлэгнүүлдэгсэн. 
Тэгэхэд нь урд шөнө аав нь тэднийг зовоож дээ гэдгийг би мэддэг байлаа. Ээж
нь гэж даруухан, ажилдаа ч мундаг эмэгтэй. Хүний өөдөөс сөрнө гэж байхгүй. Аав нь
ажил хийхээ байж, өдрийн норм мэт архи нэхэж уух атлаа оройд тэднийг зовооно. Сүүлдээ
найз маань ээжийгээ хамгаалж аавтайгаа тэмцэхэд шөнө орондоо орсон хойноо ээжийг
нь чимхэлж шөнөжин там­лаж, дагавар хүүхэд нь тэрсэлж байгаа талаар баахан гоншигнодог
байсан гэдэгсэн. Энэ нь гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл байж гэдгийг хорь гаруй
жилийн дараа л ойлгов. Жендерийн чиглэлээр хилийн чинадад номын дуу сонсч байхдаа
гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал гэсэн тусгайлсан хичээл үзэж байж ойлгож
байгаа хэрэг шүү дээ. Ааш муутай аавтай тэдний гэр бүлийн асуудал нь гэр бүлийн
хүчирхийлэл, гэмт хэрэг байжээ гэж. Над мэт ийм ойлголт­той хүмүүс өнөөдөр зөндөө.
Би бол Монголын нийгмийн нэг нэгж, нэг үзүүлэлт нь. Тиймээс ч гэр бүлийн хүчирхийлэл
гэж юу болох талаар бид тогтож ирсэн үзэл бодол, ойлголтоо өөрчилье гээд байгаа
хэрэг.

Тун саяхан 21 настай залуухан бүсгүй
хамтран амьдрагчдаа зодуу­лан амь насаа алдав. Хохи­рог­чийн найз охин алуурчныг
зү­гээр өнгөрөөмөөргүй байна гэж хэвлэлд хандсанаар олон нийтийн анхааралд орсон.
Гэвч бэл бэнчин­тэй сэжигтний ар гэрийнхэн шүүх эмнэлэгт нөлөөлснөөр өөрсдөдөө ашигтай
дүгнэлт гаргуулаад авчихсан байгаа талаар бичигдэж байгаа билээ. Хэрэв найз охин
нь хэвлэлд хандаагүй бол энэ хэрэг тэгсгээд л өнгөрөх байсан биз. Бас өнгөрсөн долдугаар
сард Булганы Бугатад нөхөртөө жирэм олмоор зодуулсаар байгаад хорвоог орхи­сон гурван
хүүхдийн эх бүсгүйн хэрэг одоо дэлгэгдэж байна. Хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн
талаар яриад ирэхээр охиноо алдсан ээж дуугарч эхэлсэн нь энэ. Энэ мэт мэдэгдэхгүй
хэчнээн хэрэг гардаг бол.

Өнгөрсөн есдүгээр сард Говь­сүм­бэрийн
багш эмэгтэйг нөхөр нь барилгын багажаар зодож бүх ясыг нь хугалж амь насыг нь хөнөөсөн
байдаг. Хамт амьдрах 21 жилийн хугацаанд 31 шүдийг нь булга цохисон гэх. Ямар амьдрал
вэ. Өвчин намдаах эм хийлгээд ава­хуул­сан ганц шүд яаж шаналгадаг билээ. Бусдын
буулганд тэгж там­луул­чихаад, бүх ясаа хэмхчүүлэн амиа алдан алдтал нь түүнийг
хэн ч анзаараагүй, түүнд хэн ч тус­лаагүй гэхээр харамсалтай. Төр улс, хууль цааз
гэж байдаг юм бол хүнийг амьдаар нь тамлан алж байхад хаана байсан юм бол доо. Энэ
бүхэн бидний тогтсон ойлголт бас хууль нь хүнийхээ төлөө хийгдээгүйтэй холбоотой.

2010 оны арванхоёрдугаар сараас
2013 оны есдүгээр сарын хооронд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх 49 хэрэг цагдаагийн
байгууллагад бүртгэгджээ. Гэвч энэ бол үй олон хэргийн цөөхөн нь. Хүмүүс ихэвчлэн
үүнийг гэр бүлийн хүрээний хэрэг гэж боддог. Ичдэг нуудаг. Нэр төр, гэр бүлээ хам­гаалж
байна гэсэн нэрийн дор тэвчсээр байгаад эмгэнэлтэй төгс­дөг. Нийгэм нь тухайн хүнийг
гэмт хэргийн золиос боллоо гэж бод­дог­гүй. Бараг хохирогчийг буруутгадаг. Цагдаа
ирлээ ч нэмэр болохоосоо нэрмээс болдог. Энэ төрлийн таван хэргийн нэг нь л цагдаад
бүртгэгд­дэг гэсэн судалгаа байдаг боло­хоор цагдаагийн мэдээллээр бид чих амар
суугаад байж боломгүй. Дээрээс нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нэлээд нь цагдаа
болон хүчний байгууллагад ажил­ла­даг хүмүүс байдаг гэсэн цочир­дом баримт байна.
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажилла­гаа явуулдаг байгууллагад хандаж байгаа
хүүхнүүдийн нэлээдийнх нь нөхрүүд цагдаагийн байгууллагад ажилладаг эсвэл ажиллаж
байсан хүмүүс байдаг байна. Тэд ил хараг­дах­гүй газруудыг олж зодохоо мэддэг, голдуу
биеийн доод хэсэг рүү нь өшиглөж зоддог аж. Бас хоргодох байранд нуугдсан бай­хад
нь мэдээлэл олж авах давуу эрхээ ашиглаад араас нь нэхээд ирчихдэг гэсэн.

Өмнөговьд нэг бүсгүй нөхрийн­хөө хүчирхийллээс
айж хээр нууг­даж байна гэсэн мэдээллийг найз хүүхэн нь өгснөөр Хүчирхийллийн эсрэг
төвийнхөн орон нутаг руу нь хандсан байгаа юм. Гэвч өнөөх хүчирхийлэгч нь цагдаагийн
газарт ажиллаж байсан нэгэн, бусад нь ч ямрыг нь мэддэг. Тэглээ гээд хөөр­хий бүсгүйд
тусалж байгаа нь үгүй, арга ядахдаа намрын сэрүүн хэдийнэ орсон цагт хээр хөдөө
амь зулба­сан байхав дээ. Энэ мэт халдлагад өртөгсдийн хажуу хавиргынх нь улсууд
ч үүнийг мэдээлэхээ хариуц­лага гэж мэдэрч, хууль шүүх нь ч хэв маягаа өөрчлөх ёстойг
анхаа­руулж байгаа юм. Энэ талаар өнгөрсөн баасан гаригт Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж
мэдэгдэхдээ анхааруулсан билээ. Ямартаа ч улсын тэргүүн нь үүнд анхаарлаа хандуулах
ёстой болсныг мэдэгд­лээ, үүнийг шат шатны байгууллага нь, хувь хүмүүс бидний асуудал
гэж бодож хүлээж аваасай. Хэрэв хэн нэгэн хүүхэд хүчирхийлүүлж, дарамт­луулж байгааг
мэдсэн ч мэдээгүй юм шиг байж, зохих газарт нь мэдэгдээгүй бол гэмт хэрэг үйлдсэн
гэж үзэж ял оноодог хууль Австралид байдаг. Бас эрх хязгаарлах шийдвэрийг шүүхээс
гадна цагдаа гаргадаг болсон байна лээ. Гэтэл манайд цагдаа эрх хязгаарлах эрх байдаг
гэдгийг нь танилцуулах л үүрэгтэй. Ийм дуудлагаар ирсэн цагдаагийн­хан гэр бүлийн
маргаан бидэнд хамаа­гүй гэж үздэг бөгөөд хоорон­доо зохицохыг заавардаад орхиод
явчихдаг. Бүр ихэдлээ гээд 72 цаг урьдчилан хорьдог. Ингэхдээ тэр хүний бодол санаа,
хэв маягт нь өөрчлөхийн тулд юу ч хийдэггүй бөгөөд гарч ирэхдээ бүр их өс хонзогнол
өвөртлөөд гарч ирдэг.  Хэдэн жилийн өмнө Хан-Уул
дүүрэгт арван настай хүү  хойд эцэг нь урьдчилан
хорихоос гарч ирдэг өдөр “Надаас болж аав таныг илүү их зовооно. Танд туслахын тулд
хүү нь явлаа” гэж бичээд хөшигний төмрөөс өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн байсан
билээ. Ер нь Монгол Улс Гэр бүлийн хүчирхийл­лийн эсрэг хуультай болоод есөн жил
болж байгаа ч энэхүү хуулин­даа оруулах өөрчлөлтийг хамт батлаагүйгээс энэ мэт өрөөсгөл
зохицуулалт нэмэр болох байтугай нэрмээс болж иржээ. Бас урьдчи­лан хорих төвөөс
гаргаж авахын тулд өнөөх зодуулж жанчуулсан эмэгтэй талхныхаа мөнгөнөөс илүүч­лэн
байж төлбөр төлөөд гаргаж авна гээч. Үүнийг Ерөнхий­лөгч “Эр хүний гараас мултраад
төрийн хүчирхийлэлд ордог” гэж тодорхойлсон билээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд өрт­сөн хүмүүсээс
гадна хүчирхий­лэгчтэй нь ажилладаг арга олон улсын жишигт бий. Хэдийгээр тэр хүмүүсийн
хэв маягийг өөрчлөхөд багагүй цаг хугацаа ордог ч амжилт дагуулдаг л юм билээ. Австралид
цагаан туузтнууд буюу эрчүүдтэй­гээ ажилладаг төрийн бус байгуул­ла­гууд бий. Тэдэнд
Засгийн газ­раас нь хөрөнгө мөнгө төсөвлөн өгдөг. Тийм байгууллагын ажилтан нэг
эр ярихдаа “Тэдэнд айлын хүүхнийг зовоож болохгүй гэж ярихаасаа чиний охин хүүхдийг
хэн нэгэн эр ингэж байна гэж төсөөл дөө” гэж ярихад их нөлөөл­дөг гэж ярьж байсан
санагдана. Гэхдээ тэнд гэр бүлийн хүчирхий­лэл аборжинал өрхүүд буюу уугуул иргэдийн
дунд их гардаг гэж бай­гаа. Манайд ийм хөтөлбөр байх ёстойг тодорхойлсон ч ажил
хэрэг болж байсан нь үгүй. Мэргэжилтэн бэлтгэхээс эхлээд хийх зүйлүүд ч их гэнэ
лээ.

Хажуу айлынх нь эхнэр, хүүхэд амь
эрж, зодоон нүдээн болж байхыг дуулчихаад туслах гэж ордог хүмүүс бидэн дунд хэр
олон байгаа бол. Бараг байхгүй дээ. Гэр бүлийн дотоод хэрэгт оролцож болохгүй гэж
өөрсдийгөө зөвтгө­дөг. Гэвч энэ бол гэмт хэрэг. Бүр хүчирхийлэгч нь зорилготой үйлд­дэг
гэмт хэрэг гэж байгаа шүү. Манайд энэ асуудалд оролцсон хүмүүсийг хэрэгт дуртай,
хүний мууд дуртай гэж ирээд яллах гээд байдаг. Харин одоо иргэний үүргээ биелүүлж
байгаа гэж зөвтгөдөг болмоор байна.

Өнгөрсөн тавдугаар сард таван настай
хүүгээ заазуурдсан айм­шиг­тай эцгийн талаар мэдээ сонсч байсан л байх. Энэ мэдээллийг
олон нийтийн сүлжээгээр цацсан эмчийг хүмүүс буруутгасан байсан.  Бас энэ хэргээс хэдхэн хоногийн өмнө бага насны
хүүхдээ мөнгө хулгайлсан хэрэгт буруутган өдөр­жин тарчлаасан эцэг, эх хоёрын хэрэг
бий. Хаалгыг нь цохиж, хүүхдээ зодохгүй байхыг шаардаж эцэст нь цагдаа дуудсан бүсгүй
сэтгүүлч нэгэн байсан болоод ч тэр үү энэ хэрэгт харьцангуй мэдрэмт­гий хандаж чаджээ.
Гэвч манайд хүчирхийлэлд өртсөн хүүхдийг төр хамгаалалтдаа авна гэж хуулинд заасан
ч хэн, яаж гэдэг нь тодор­хой­гүй учраас эргээд асуудал үүссэн. Сүүлдээ энэ мэдээллийг
өгч, цагдаа дуудсан бүсгүйг  буруут­гаж эхэлсэн
билээ. Гэтэл гадны орнуудад эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан тохиолдолд заавал
хамаатан ах дүүс гэлтгүй зөв бодол, хэвшилтэй гэр бүлд (child carer) өсгүүлэхээр
өгдөг юм билээ. Хүүхдэд хэрэгцээтэй зардал мөн­гийг улсаас тухайн айлд өгч байх
жишээтэй.

Хөрсөн дээрээ зохицуулалт нь буугаагүй
бас нэг асуудал бол дээр дурдсан эрх хязгаарлах арга хэм­жээ. Манайд үүнийг зөвхөн
шүүх гаргах эрхтэй бөгөөд эрх хязгаар­ласан шийдвэр гарлаа гээд тэр нь хэрэгжиж
байгаа нь хэнд ч падгүй. 2012 оны дөрөвдүгээр сард 22 настай үсчин бүсгүй нөхөртөө
22 удаа хутгалуулж амь насаа алдсан хэрэг гарсан. Тэрбээр цагдаа, шүүхийн байгууллагад
өөрийгөө хамгаалуулахаар удаад дараа хандсан ч Монголын төр түүнийг хамгаалж чадаагүй
юм. Шүүхээр эрх хязгаарлуулах шийдвэр гаргуу­лахаар хүсэлт гаргасан ч шүүхээс хороо
хорины даргын тодорхой­лол­тыг нэхэж, өнөөх дарга нь амраад явчихсан байсан. Ингээд
л хөөрхий бүсгүй амь насаа алдаж, нөхөр нь 22 жилийн ялтай, гурван настай хүүхэд
нь өнчирч хоцорсон байх жишээтэй. Үнэндээ шүүхээс эрх хязгаарласан байлаа ч гэсэн
дахиж очоод дарамталж хүчирхий­лэ­хээс нь сэргийлэх хяналтын тогтолцоо бидэнд алга.
Гэтэл олон улсын жишигт шүүхээс эрхийг нь хязгаарлачихаад байхад очиж зодох дарамтлах
байтугай гэр, ажил дээр нь очихыг хориглож, хүүхдийнхээ сургууль дээр үзэгдэх­гүй
байх, утсаар ярьж, мессэж бичиж бүр дагаж, алсаас харж дарамт үүсгэхгүй байхыг хориг­лодог.
Хэрэв үүнийг зөрчвөл хохи­рог­чийн мэдээлэл хийгээд хянал­тын багажийн тусламжтай
мэдэж баривчлан саатуулахаас эхлээд ялыг нэмчихдэг учраас тэнэг хүн ч хэрэгжүүлж
таардаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүмүүсийг сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэж
эндүүрч боломгүй. Эрүүлээр ба­рах­гүй тэр хүмүүс байнга зорилго­той­гоор энэ хэргээ
үйлддэг учраас гэмт хэрэг үйлдэхийг нь зогсоож зохицуулах л хэрэгтэй байгаа юм.

“Эхнэр, илжиг хоёрыг сард нэг удаа гөвж бай” гэсэн араб гаралтай
үгийг зарим эрчүүд бахархалтай хэлж байгаа харагддаг. Бас “Эр, эмийн хооронд илжиг
бүү жороол” ч гэсэн үг бий. Гэхдээ хэл язгуур хол харийн үг, хэн хэзээ хэлсэн нь
тодорхойгүй хэдэн зууны өмнөх үг өнөөдрийн нийгэмд тохирохгүй. Тэр ч байтугай гэмт
хэрэг үйлдэж байгаа гэдгээр нь жигшиж сэрэмж­лэх хэрэгтэй. Эхнэрээ зодож, хүүх­дээ
зовоож байгаа хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл гэсэн гэмт хэрэг үйлдэж, эр эмийн хооронд
жороолохгүй гэж байгаа хүмүүс эс үйлдэл хийн, иргэний үүргээ бие­лүүлээгүйгээрээ
бас л гэм үйлдэж байгаа юм. Гүн ухаантан Пифагор “Эхнэртэйгээ таарамж муутай хүн­тэй
хэзээ ч бүү нөхөрлө” хэмээн манай тооллын өмнөх тавдугаар зуунд хэлчихсэн юм билээ.
Эхнэрээ хайрлаж чадахгүй, хамт байгаа ханьтайгаа таарч нийлж чадахгүй байгаа хүн
хэзээ ч танд найз нөхөр болж чадахгүй л байхгүй юу. Тиймээс ийм сэтгэлгээгээр л
тэдэнд хандаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг өөгшиж сагах боломжийг хаах хэрэгтэй
байна. Тэгэхгүй бол хаалттай хаалганы цаана болдог гэмт хэргийг хэн нэгэн эмэгтэй
амьдралаа цаг бусаар дуусгаснаар л мэддэг болоод удлаа.

Categories
редакцийн-нийтлэл

“Гацууртын” гэх Л.Чинбатын телевиз сэтгүүл зүйн алтан “харти”-г зөрчлөө

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагынхны
төдийгүй, онлайн ертөнцөөр дамжиж айл өрх бүрт яригдаж буй нэг сэдэв бол
Монголын толгой хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн муу, муухай ажилладаг
гэдгийг батлахаар Монгол
HD телевизээс олон улсын түргэн хоолны сүлжээ “Мак Доналдьс” Монголд салбараа
нээх гэж байгаа хуурамч мэдээллийг тараасан явдал болов. Тэд энэ сарын 11-ний
өдрийн мэдээллийн “Оргил цаг” хөтөлбөрийнхөө эхэнд “Бид өнөөдөр нэгэн чухал
сэдвийг онцолж байна. Энэ юу вэ гэхээр Монголын ихэнх хэвлэл мэдээллийн
байгууллагууд авлигад автсан, мэргэжлийн бус, бохир сэтгүүл зүйтэй байгааг хүргэхээр
бэлтгэсэн юм” хэмээн мэдэгдээд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд мөнгө
өгвөл ямар ч хамаагүй мэдээлэл гаргахад бэлэн байдаг гэж батлахыг оролдов. Монгол
HD хэмээх уг
телевизийн зохион байгуулсан акц нь сэтгүүл зүй гэж юу болох талаар дахин харж,
эргэн хөндөхөөс аргагүйд хүргэж байна. Тэдний мэдээлснээс Монголын сэтгүүлзүй
гэж худалдагдсан салбар, сэтгүүлчид нь гэж худалч хүмүүс байдаг гэж олон нийт
ойлгохоор байна. Бас хүмүүст хүргэж буй мэдээлэл бүр мөнгөөр тавигддаг гэсэн
ойлголтыг төрүүлэв. Төөрөлдүүлэв.

Харамсалтай нь нийгэмд тун ноцтой ойлголтыг төрүүлсэн
Монгол HD телевизийнхэн
маань мэдээ болоод зар сурталчилгаагаа ялгаж чаддаггүй ажээ. Хүмүүст шинэ тутам
мэдээ мэдээлийг түргэн шуурхай хүргэхдээ хараат бусаар ажиллах гол нөхцөл нь
зар сурталчилгаа болж өгдөг. Зар сурталчилгаанаас олсон орлого нь хэвлэл
мэдээлийн хэрэгслийн үнэн зөвөөр ажиллах үндэс болдог энэ зарчим дэлхийн аль ч
улс оронд хүчин төгөлдөр мөрдөгддөг билээ. Гэвч Монголын хэвлэл мэдээллүүд мөнгө
л төлж байвал худал үнэн нь хамаагүй мэдээ, мэдээллийг тавьж байдаг, ёс зүйгүй
гэдгийг батлахын тулд сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг зөрчлөө. Сэтгүүл зүйд
баримталдаг алтан харти бол сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээ
мэдээллийг авахдаа гагцхүү шударгаар мэдээ мэдээллийг олж авах ёстой байдаг. Энэ
бол дэлхийн сэтгүүл кодод дархлагдсан зарчим. 2005 онд батлагдсан МСНЭ-ээс баталсан
ёсзүйн зарчим, Брюссельд төвтэй Олон улсын сэтгүүлчдийн холбооны ёс зүйн дүрэмд
үүнийг зааж өгсөн байдаг.

Хэрэв та мэдээ мэдээлэл олж авах гэж байгаа бол нууцаар,
элдэв арга башир хэрэглэлгүй үнэн шударгаар мэдээллээ олж авч олон нийтэд
түгээх ёстой. Түүнээс та элдэв арга башир хэрэглэж, худал нэр ашиглаж мэдээлэл
олж авснаа түгээх тараах эрхгүй. Ёс зүйн ийм алдаа гаргаж, хариуцлага хүлээж
байсан тохиолдлууд ч олон. Кембрижийн гүнж Кэйт Мидлтон хөл хүнд эмнэлэгт
хэвтсэн үед нь хатан хаан Элизабет болоод ханхүү Чарльз болж утсаар ярьж
мэдээлэл авсан Английн радиогийн хоёр сэтгүүлчийн хэрэг дэлхийд шуугиулж
байсныг санаж л байгаа байх. Тэд хааны гэр бүлийн шинэ төрөх хүний талаар мэдээлэл
олж авсандаа хөөрч байсан  ч хууран
мэхлэх замаар мэдээлэл авсандаа шууд буруутсан бөгөөд тэдэнд итгэж мэдээлэл
өгсөндөө өөрийгөө буруутган сувилагч бүсгүй амиа хорлосны дараа байдал бүр ч
ноцтой болж байв. АНУ-ын алдартай хэвлэл болох “Чикаго Трибун” 1980-1990-ээд
оны хооронд сэтгүүлзүйн дээд шагнал Пулитцерийн шагналыг 11 удаа хүртсэн байдаг.
Тэд эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр шуугиулсан бүтээлүүд гаргаж байсан бөгөөд аль
болох шинийг сэдэж олох гээд багагүй улайрсан гэдэг. Тус сониныхон өөрсдөө
хуурамч хоолны газар нээж, тэндээ сэтгүүлчдээ ажиллуулсан бөгөөд хаа газар
ялгаагүй хойно татварынхан, мэргэжлийн хяналтынхан гээд төрийн нэрийн өмнөөс
ажиллаж илүү дутуу харж явдаг хүмүүсийн талаар нэгд нэгэнгүй баримтыг
цуглуулан, түүнээ бичиж шуугиулсан нийтлэлээ гаргаж байв. Үүнийгээ ч Пулитцерийн
шагналд нэр дэвшүүлж, бараг л хүртсэн гэж өөрсдөө баярлаж байх үедээ буруудсанаа
мэдсэн. Учир нь тэд мэдээллийг шударгаар бус, хууль бусаар олж авсандаа
асуудалд орсон. Шагнал бус лицензээ хураалгах анхааруулгыг авсан юм.

Саяхны хэрэг болохоор манайхан санаж байгаа байх. Дэлхийн
хэвлэлийн магнат Руберт Мурдокын эзэмшлийн хэвлэлийн корпораци цагдаагийнханд
авлига өгч, улстөрчид, хааны гэр бүлийнхний утсыг чагнадаг байсан нь ил болсон
нь бас л дуулиан дагуулсан. Бас л сэтгүүл зүйн алтан хартиг зөрчиж, ёс зүйн
алдаа гаргасан учраас алдартай хэвлэлийн магнат маань “Rupertgate”, “Murdochgate” гэсэн хэргийг
нэрээрээ нэрлүүлж, алдартай “The
Sun”, “The Times” сонингууд хаагдахдаа тулсан. “The Sun” дэлхийд зартай
шар сонин бол нөгөөх нь даян дэлхийд алдраа дуурсгасан алдарт “The Times” байлаа.    

Харамсалтай нь сэтгүүл зүйн үндсэн зарчмаа мэдэхгүй зарим
нөхдөд маань сэтгүүл зүйгээ гоё сайхан болгоно гээд хөөрөлхөж илүү том алдаа
гаргаж байна. Сэтгүүл зүйг эрүүл сайхан болгоно гэж зорьж байгаа бол сайн хэрэг
байна. Гэвч мэдээ мэдээлэл бүрийг төлбөртэй тавьдаг мэт андуу ташаа мэдээлэл
өгч, үүнийгээ батлахын тулд бизнесийн өөр нэг байгууллагын өмнөөс худал
мэдээлэл тарааж, өрсөлдөгч өөр нэг байгууллагын нэр хүндэд халдсан мэдэгдэл
хийж хамгийн гол нь мэдээллийг шударгаар олж авах ёсзүйн дүрмээ уландаа
гишгэжээ. Гэвч өөрсдөө үүнийгээ ч мэдэхгүй шударга байгаагаа магтаж,
нэгнээ  хөөргөж, өөрсдөө хөөрөлхөж байгаа
биз ээ. “Гацууртын” хэмээх Л.Чинбатын өмчлөлтэй телевизийнхэн дээрх хэвлэл
мэдээллийн газруудын үйлдсэн хууль бус аргатай яг адилхан алдаа гаргалаа.

Бизнесийн аль ч салбарт шинэ хөрөнгө оруулалт орж ирэхэд дургүй
хүн байхгүй. Сэтгүүл зүйч бизнесийн салбар. Гэхдээ үүний үр ашиг нь олон түмэнд
шинэ тутам мэдээ мэдээлэл болж очдогоороо онцлогтой. Сэтгүүл зүйн салбарт шинэ
хөрөнгө оруулагчид орж ирэх нь сайн хэрэг ч сэтгүүл зүй гэж юу болохоо ч
мэдэхгүй хүмүүс хөрөнгө хаяж санаархаж байгаа нь харамсалтай юм. Үүни хор
хөнөөл хөөрхий муу салбарт нь, тэнд ажиллаж байгаа редакци, сэтгүүлчдэд ирдэг
нь гунигтай. Сэтгүүл зүйн гал тогоонд ажиллаж, мэдээллийг шивээлэх суман
дундаас олж ирдэг сэтгүүлчдийн хөдөлмөрийг огт мэдэхгүй хүмүүс орж ирэх нь маш
аюултай юм байна. “Гацуурт” компани хөрөнгө мөнгө хаяж шинэ техник технологи
нэвтрүүлж Монгол HD телевизийг
байгуулсан нь сайшаалтай ч сэтгүүл зүйн наад захын ийм ойлголт байхгүй хүмүүс удирдаж
байгаа нь эргээд хөнөөл тарьж байна. Зүгээр л сэтгүүл зүй бохир байна гэж зарлаад
үүнийг цэвэрлэчихдэг ч юм биш. Арваад сонин телевизэд 400 000-1 000 000 нийт
долоо, найман сая төгрөгийг нэг өдөрт гаргаснаар мууг нт батлаад
эрүүлжүүлчихдэг хэрэг биш билээ. Бизнесээ сурталчилах гэж буй дундаж компани ч
ийм мөнгийг нэг дор гаргаж чадахгүй. Тэрбумаар тоологдох хөрөнгөтэй Л.Чинбат
түүний охин Номингийн толгойлдог Монгол HD
телевиз л шударга болох гэж шударга бус замаар мэдээлэл цуглуулахын тулд ингэж
авирлаж байгаа байх. Гэхдээ сэтгүүл зүй тэдний сайн мэддэг үнээний ферм харамсалтай
нь биш юм. Энэ салбар өөрийн дүрэмтэй журамтай, ёс зүйтэй бас залгажм халаатай.

Ер нь сүүлийн үед цаг тутамд нэг их ухаантай нөхөр гэнэт
гарч ирээд л сэтгүүл зүйг хорлож байх боллоо. Редакцийг эздээс салгана гээд л
байгаа. Гэхдээ эзэд байхгүй бол хөрөнгө оруулалт байхгүй, хөрөнгө мөнгөгүй бол
жинхэнэ хэн нэгний аманд багтаж, халаасанд орох аюул нүүрлэж байгааг ойлгохгүй
юм. Бас хөрөнгө оруулагчид 30-аас илүү хувь эзэмшиж болохгүй тухай ярьж байгаа.
Гуч хүрэхгүй хувийн хөрөнгөтэй, тэгээд түүндээ хөрөнгө оруулаад сууж байдаг хөрөнгө
оруулагчид бусад салбаруудад ч байхгүй болов уу. Бас зарим хүмүүсийн бодож
байгаагаар реклам сурталчилгааг хязгаарлаж багасгах тухай ойлголт ч энэ
салбарыг өөрин жамаараа урагшлахад ихээхэн халгаатай юм. Зар сурталчилгаа
байхгүй бол хөрөнгө мөнгөний хувьд редакци бэхжихгүй. Энэ нь мэдээлэл олон
нийтэд хүрэхгүй, хараат бус байдлаа алдана гэсэн үг.

Дэлхийн жишиг болсон реклам сурталчилгаа болон мэдээллийн
хувь хэмжээ ямар байдаг нь хөрсөн дээрээ буухгүй, амьдралаа мэдэхгүй атлаа
эрүүл сэтгүүл зүй яригчдад огтхон ч хамаагүй бололтой юм аа. Тэгээд саяны энэ
Л.Чинбатынхны хэвлэл мэдээллийг хорлож байгаа үйл явдал. Ойрын үед гарах гэж
яригдаад байгаа “Олон нийтийн зар сурталчилгааны тухай хууль” лав л сэтгүүл
зүйд хорлонтойгоор тусах үүд хаалгыг эдгээр мэдээ, зар хоёроо ялгахгүй залуус
нээгээд өгөв бололтой. Энэ бүхэн эл салбарт ажиллаж амьдралаа залгуулдаг жирийн
сэтгүүлчдийг л хорлоод байгааг эдгээр хүмүүс мэддэг болов уу. Хэвлэл мэдээлэл
улам бүр л төвөгтэй байдал руугаа явж байна.

Хамгийн гол нь сэтгүүл зүйгээ мэдэхгүй цэцэрхэгчдийн энэ
үйлдэл сэтгүүлчдэд, сэтгүүлзүйд асар их хор хөнөөлт тарьж байна. Хөгжлийг нь
саатуулж, хойш нь уяж байна. Тэгээд ч сэтгүүл зүйн алтан хартийг зөрчсөн Монгол
HD телевизээс лицензийг
хураах хүртэл арга хэмжээг авахад болохгүй гэх газаргүй. Тэгэхгүй бол энэ мэт
хүмүүс яаж ч хамаагүй заль мэх зохиогоод мэдээлэл цуглуулах үүрэг даалгаврыг сэтгүүлчдэдээ
өгөх нь. Харин учир мэдэхгүй залуус үгээр нь явж шоронгийн хадаам болоод
дуусна. Монгол HD телевизийнхэн
ухаантайдаа ийм өгөөш хаяж мэдээлэл цуглуулж бусад нь тэнэгтээ үүнийг
хэрэглэхгүй байгаа хэрэг биш шүү дээ. Эрхбиш заль мэхээр, шударга бусаар мэдээ
мэдээлэл олж болдоггүй гэдгийг дуулсан л хүмүүс байдаг юм.  

Э.Энэрэл

Categories
редакцийн-нийтлэл

Оргилуун цоглог

Манай сурвалжлагч Э.Энэрэл Австралиас
бичиж байна.

Дэлхийн шоу бизнест Латин Америкийн
дуу хуу­рыг үнэд оруулж чад­сан гол төлөөлөгчийн нэг бол Рики Мартин. Түү­нийг үеэ
өнгөрөө­сөн, ид үе нь ард хоцорсон гэж өөрийнхөө­рөө дүгнэх хэ­сэг бүлэг байх. Гэвч
нэ­гэнт цомог нь бүх цагийн үеийн хам­гийн борлуу­лалттайгаар тодорч л байсан бол
на­сан турш­даа бүр таалал төгссөн хойноо ч од хэ­вээрээ үлд­дэг бичиг­дээ­гүй хууль
бий. Грэммийн шаг­нал­тан түүнийг Авст­ра­лиар аялан тоглох тухай тав­дугаар сард
хэв­лэлүү­дээр нь бичиж, ба­га­гүй шуугиж байсан юм билээ. Мэдээж дэлхийн од түү­ний
тоглолт сонин байж таарна. Түүнээс гадна АНУ-ын “X factor” шиг Австралийн
“Voice” нэвт­рүүл­гийн шүүгчээр сууж, эндэхийн үзэгчдийн хайрыг татаж чадсан уч­раас
австраличууд түүний тоглолтыг бүр илүүтэй хүсч хүлээж байжээ. Дэл­хийн 60 гаруй
оронд аялан тоглож байсан тэр­бээр арваад жилийн дараа дахин Австралид аялан тоглосон
нь энэ. Энэ аравдугаар сард  Авст­ралийн таван
том хотод тоглолтоо толи­луулж байгаа бөгөөд Өм­нөд Авст­ралийн нийслэл Аделейдэд
ирэх үед тог­лолтыг нь үзсэнээ уншиг­чидтайгаа хуваалцаж бай­на. Өмнө нь манай сонин
Женифер Лопе­сийн Шанхайд болсон тоглолтыг сурвалжлан хүргэж байсныг уншиг­чид санаж
буй биз ээ.

Тасалбар дээрээ 19.30 цагаас гэж товло­сон  ч дэлхийн хэмжээний одыг хүлээх нь ёс мэт зүйл
хэмээн эндэхийнхэн яри­на. Тогтсон цагаас гучин минутын өмнө тоглолт болох газарт
хүмүүс би­түү цугларч, Рики Марти­ны цомог, нэрийг нь бич­сэн уут, зурагт хуудсыг
авахаар хүмүүс дугаар­лан зогсоно. Цомог нь 30 австрали доллар, даа­вуун уут 20
австрали дол­лар гэх аж. Тэрбээр 70 гаруй сая цомог борлуул­сан уран бүтээлч билээ.

Үзэгчдийн хувьд дийлэнх нь эмэгтэйчүүд. Тэр дундаа нас тогтсон
нь элбэг байх юм. Гэхдээ Австралид ямарваа нэгэн тоглолт болоход залуу­чууд нь гэхээсээ
нас тогт­сон үеийнхэн хамгийн ихээр үздэг гэх юм билээ. Бас бааранд ороход за­луучууд
биш нөгөө ажил­тай албатай, орлоготой тэр насныхан л байдаг гэж байгаа. За энэ ч
яа­хав, Рики Мартины галзуу улаан фэнүүд хүүхнүүд байсаар ч ирсэн, бэлгийн чиг хандлагаа
өөр гэж зарласан ч тэд үнэнч хэвээрээ үлджээ гэмээр. Дуучны талаар товчхон өгүүлбэл,
Рики Мартин Өмнөд Америкийн Пуэрто Рико улсаа мөн Lатин Америкийн урла­гийг дэлхийд
хамгийн тодоор харуулж чадсан уран бүтээлч юм. Латино урсгалыг үнэд хүргэж чад­сан
нь түүний гавьяа.

Түүнийг бага байхад эцэг, эх нь салж
авга эмээгийн­хээ асрамжид  өссөн байна. Аав
нь түүнийг есөн настай байхад нь анх телевизийн рекламд тоглуулснаар урлагийн хаалгыг
татсан байдаг.  Тэрбээр 13 настай байхдаа
тухайн үедээ ихээхэн нэр хүндтэй “Менудо” хэмээх хөвгүү­дийн хамтлагийн гишүүн болов.
Нас бага, намхан гэж гологдож байсан ч түүний тайзан дээр биеэ авч яваа байдал,
жүжиг­лэлт нь продюссорын анхаарлыг эрхгүй татаж байсан тул шинэ гишүүнээр  тодорсон аж. Балчир хөвгүүн хамт­лагтайгаа маш
олон улс орноор аялан тоглож, арав гаруй цомгийг гаргасан байна. Ачаалалтай, байн­гын
аялал, тог­лолт дунд өсвөр насаа өнгөрөөх­дөө 18 насанд хүрэхийг л яарч байжээ.
17 нас хүрээд хамтлагаа­саа гарч, нутагтаа очиж сургуулиа төгсгөсөн бөгөөд жилийн
дараа 18 нас хүрээд АНУ-ыг зорьсон байна. Хүүхэд ахуй цагтаа хөдөлмөрлөж олсон мөнгөө
зарцуулах эрхтэй болмогцоо тэр мөрөөдөл болсон АНУ-ыг зорьжээ. Багагүй хуга­цаанд
чармайн зүтгэ­сэн тэр ерээд оны дунд үеэс тодорч эхлэх болов. Түүнийг мэд­дэггүй
байсан олон хүн 1998 оны Францад бол­сон хөлбөм­бөгийн ДАШТ-ий дараагаас андахаа
байсан билээ. Дэлхийн аваргын тэмцээний сүлд дуу “Livin La Vida Loca”-г ч түүний
тоглолтыг үзэх­дээ сонсч чадна гэж най­даж байсан маань талаар болоогүй билээ.

Эхлээд Австра­лийн нэрд гарч яваа
дуучин нэлээд хэдэн дуу дуулж, үзэгчдийг доргиосны дараа зав­­сарлага болов. Өнөөх
од маань хэ­зээ гарч ирэхийг үзэгч­дийн хэн ч мэ­дэх­гүй. Гэхдээ тэд үүд рүү гарч,
энд­хийн­хэн үзвэр бүртээ ёс мэт болсон зан­шил ёсоор цагаан, улаан дарсаа барь­саар
орж ирнэ. Дарс хийх зориулалтын гоёмсог хөлтэй хун­дага нь шилэн биш, нэг хэрэглээнийх.
Аде­лейд хотын бү­хий л том соёл, спор­тын арга хэм­жээ бол­дог “Adеlaide Enter­tain­ment
centre” 12 мян­ган хүний суудалтай юм билээ. Анх орж ирэхэд Миланы Ла Скалад ороод
ирсэн мэт сэт­гэгдэл төрөх нь улаан хүрэн сууд­луудтай, тэр нь нэлээд огцом дээшээ
засагд­саных байх. Рики Мартин үзэгч­дийг бас ч тэгтэл чилээсэнгүй. Тээр алсад испани
хөг эгшиг цуурайтах шиг болонгуут л хүмүүс алга ташаад эхлэв. Шахам­дуухан засагдсан
шиг санагдаж байсан тайзыг тусгаарласан цагаан хөшиг гэнэт унаж, бөөн гэрэл дундаас
өнөөх Рики Мартин цав цагаан хослолтой дуулж эхлэ­хэд танхим тэр аяараа орилсон.
Сүүлийн синглдээ багтсан “Come with me”-гээ дуулсныхаа дараа “Livin La Vida
Loca”-гаа дуулж хүмүүсийг бүр хөөргөөд авлаа. Түүний тоглолт эхнээсээ л халуу­хан
болж байв. Оргилуун цоглог. Үзэгчдийг дор­гиох, халаах шаард­лага ерөөсөө байхгүй
үзэгчдээ хүндэлсэн даруу байдал нь, бас маш их эрч хүч нь найрсч нийлэхээ­рээ арав
гаруй мянган хүнийг дор нь босгож байх шиг санагдсан. Тэгээд ч бүх дуу­нууд нь хүмүүст
хүрч, танил болсон байдаг боло­хоор хит дуугаа төгс­гөлдөө дуулна гэж нөөцөлдөггүй
ч юм уу гэмээр. Нэг дуу дуулаад жижиг боловч хувцас солих ажил­лагаа заавал хийнэ.
Нэг хантааз сольж өмсөх ч юм уу, тайлах зэр­гээр өөрч­лөлтүүдийг хоёр дахь дуунаа­саа
л хийгээд явчих юм билээ. Тэгэхээр түүнийг нь үзэгчид аяндаа хүлээж, дараагийн дуунд
юу өмсч гарч ирэх бол гээд хүлээгээд эхэлчихэж бай­гаа юм. Тэрбээр хар бариу цамц,
нарийхан өмд, ув улаан гутал, бас хоёр гарын бул­чин дээрх шивээс нь ил хараг­дах
савхин хантааз, бас өмдөн дээр урт цамц юм уу, хормой­той ч юм уу гэж харагдах цамц,
саан оруулга гээд олон өвөр­мөц хувцас өмссөн бай­сан. Гэхдээ бүгд түүнд гайхалтай
зохиж байсныг хэлэх хэрэг­тэй. Түүнийг энэ тоглолтын турш 10-15 удаа хувцсандаа
өөрчлөлт хийсэн талаар эндэхийн хэвлэл дээр бичсэн билээ. Гэхдээ ихэдсэн мэт сэтгэг­дэл
төрүүлэхгүй бага, багаар шилжилт хийж хувцсаа сольдог нь анзаарагдаж байсан. Ер
нь Рикигийн тоглолт эр, эм бүжигчид төдийгүй хөгжимчид нь ядаж нэг удаа хувцсаа
сольдгоороо бусдаас ялгагддаг гэх. Тэрээр нэг дуун дээрээ бүсгүйчүүд түүнийг эргүүлж
харин өөрөө тоохгүй явж байгаа зохиомж гарган бүжиглэн­гээ дуулж байв.

Өнгөрсөн он жилүүдэд тэр өөрий­­­­гөө
ижил хүйстэн гэж мэдэгд­сэнийг эс тооцвол түүнтэй холбоо­той элдэв сөрөг мэдээлэл
ховор оддын нэг. Хүмүүнлэгийн ажил олныг хийж, хүүхдүүдийн сайн сайхны төлөө багагүй
хөрөнгө зарж ирсэн. Тэрбээр 2010 оны гуравдугаар сард өөрийн вэб хуу­дас дээрээ
“Би хувь төөргөөрөө ижил хүйстэн нэгэн болж төрснөө хэлж буйдаа бардам байна” гэж
бичсэн нь багагүй дуулиан тарьсан билээ. Тэрээр Мехсикийн телеви­зийн хөтлөгч бүсгүйтэй
14 жилийн турш дотно харилцаатай явж ирж, 2005 онд хоёр тийшээ болсон бөгөөд
2008 онд үр тээгч эмэг­тэйгээс хоёр ихэр хүүхэдтэй болсон юм. Харин өөрийнхөө олон
жилийн турш нууцлан явж ирснээ дэлгэх болсноо “Би хүүхдүү­дийн­хээ өмнө хуурмаг
амьдрахыг хүсээ­гүй” хэмээсэн байдаг. Од болох зам нь нээгдэх он жилүүдэд эмэгтэй
биш эрэгтэй хүнд татагддагаа тэр мэ­дэрсэн бөгөөд түүнийгээ өөрчлөх гэж, хэл амнаас
айж багагүй он цагийг алдсанаа сүүлд ярьсан бай­даг. Тэрбээр өөрийнхөө бэлгийн чиг
хандлагаа зарласны дараа чөлөөлөлтийг мэдэрсэн бөгөөд дахиад арван жилийн өмнө үүнийг
дэлгээгүйдээ харамсч халаглаж байжээ. Гэхдээ тэр хэн гэдэг нь хэнбугайд ч падгүй,
зөвхөн гайхал­тай уран бүтээлч гэдгээр нь үзэгчид түүнийг хайрлаж байгааг тоглол­тынх
нь үеэр мэдэрч байсан. Тэ­рээр шинэ залуу уран бүтээлчдийг гаргаж ирэхдээ хоёргүй
сэтгэлээр дэм болдог нь австраличуудад ихээхэн таалагдсан гэдэг. Өөрийн­хөө тоглолт
дээр түүний багт бай­сан залуу дуучин Лук Кенниди, Катерина Торрес нартай хамтран
дуулсан нь ёстой “алаад хаясан”. Тэрбээр тайзныхаа дороос гарч ирэх найруулгыг энэ
тоглолтдоо ашиглажээ. Үсрээд тайзан дороос гарч ирэх бөгөөд доод тавцан хаагдах
үед тэр газардаж таарах жишээтэй. Бүх үзэгчдээ босгож, бүгдийг нь ижил хөдөлгөөнөөр
бүжиглүүлж чадна гэдэг шоу биз­нест хүч үзэж яваа хүмүүст амаргүй л даваа байх.
Гэхдээ тэр чаджээ. Түүний тоглол­тын талаар эндхийн хэвлэлүүд бичсээр л байна. Нэгэн
сэтгүүлч бичихдээ “Тэр хэзээ ч секси байх гэж оролдож, дүр үзүүлж байгаа­гүй. Тэр
зүгээр л заяанаасаа тийм” гэхчилэн дүгнэсэн харагдана лээ. Рики Мартин  хувцсаа солих гээд тайзыг хэсэгхэн орхих үед том
дэлгэцнээ бичлэг гарч эхлэв. Шивээснүүдийг нь тооцвол өмссөн зүйл байхгүй энэхүү
зураг авалт эртний грекчүүдийг санагдуулам. Тал талаас өнгө өнгийн будаг цацарч,
биед нь наалдаж байгаа мэт компьютерийн аргаар бэлд­жээ. Харин бичлэг дуусахад улаан
будаг цацарсан мэт цамцтай Рики Мартин гарч ирэх жишээтэй. Тог­лолтын найруулга
нэг иймэрхүү. Гэхдээ манайх шиг тэгтэл их нүсэр, удаан үргэлжилсэн тоглолт бол­доггүй
бололтой. Тоглолт нь ердөө нэг цаг хагасын хугацаанд болсон. Энэ хугацаанд тэр амсхийлгүй
бүжиглэж дуулсан. Өнөөх л урьд нь бичлэгээс харж байсан гоёмсог хөдөлгөөн, бүжгээ
эрч хүчээр дүүрэн хийсээр. Хоёр залуу од хамт дуулсныг эс тооцвол түүний тоглолт
түүнийх л байдаг аж. Сүүлд нь нэг алга ташуулж гарч ирээд ганц сайн бут ниргэж өгөөд
талархлын үгсийг харамгүй хэлээд төгсгөж байсан.

Түүний хөгжимчид бүжигчдийн ёсолгоо
харин өнөөх нэртэй одоо­соо давсан бардам болж байсныг хэлэх нь зөв байх. Рики Мартинаа­саа
удаанаар тайзан дээр ёсолгоо хийж, бөмбөрчин нь цохиураа үзэгчдэд дурсгал болоод
шидчих юм билээ. Хүний нүд цохичихоогүй байгаа гэж санаа зовсон шүү. Гэхдээ өнөөх
хэд нь баярлалдаад авч байхыг харвал гайгүй бололтой. Нээрээ тасал­барын хувьд үнэ
нь 99 австрали доллараас эхэлнэ. Тэгээд 150 болж, тайзанд ойртох тусам үнэ нь
500 гэх мэтээр нэмэгдсээр оройн хүлээн авалтад хамт орж, зургаа татуулах гэх мэт
нь 1000 доллар болж өснө. Рики Мартины тоглолтыг үзсэнээ уншигчдадаа үгээр товч
боловч дүрслэхийг оролдлоо.

Categories
редакцийн-нийтлэл

Австралид сонгуулийн өдөр сурталчилгаа илүү хүчтэй явагддаг

Шинэ Ерөнхий сайд гэр бүлийн хамт

Австралиас манай тус­гай сурвалжлагч
Э.Энэрэл бичиж байна.

Сүүлийн хэдэн өдөр сон­гуулиар нэвт
амьсгал­сан но­гоон тив-Авст­ра­лид бүх ний­тийн сонгуу­лийн санал ху­раалт бямба
гаригт буюу энэ сарын 7-ны өдөр болж дуус­лаа. Сонгуулиар сүүлийн зургаан жилийн
турш эрх барьж байсан Хөдөлмөрийн нам бай­раа тавьж, хүчтэй сөрөг хүчин байж ирсэн
либе­ральчуудын эвсэл ялалт бай­гуулаад байна. Ерөн­хий сайд Кевин Раддын тэргүүлсэн
хөдөлмөрийн намын хувьд сүүлийн 100 жилийн түүхэнд байгаа­гүй­гээрээ ялагдал хү­лээ­сэн
нь энэ. Ерөнхийдөө Хөдөлмөрийн намынх­ныг иймэрхүү ялагдал хүлээх ма­гад­лалтай
та­лаар Кевин Рад­дын өм­нөх Ерөнхий сайд хатаг­тай Жулия Гиллардын үед ч яригдаж
байсан. Авст­ралийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болох түүнээс албыг нь
авахаар Кевин Радд тэргүүтэй хүмүүс нэлээд эртнээс хөөцөлдсөн билээ.

Хатагтай Жулиягийн өмнө Ерөнхий сайдын
албыг хашиж байсан Кевин өнгөр­сөн зургадугаар сард нам дотроо чухам хэнд нь илүү
итгэл үзүүлэх талаар санал асуулга явуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд
томоохон сонгуулийн өмнө энэ нь ихээхэн эрсдэлтэй хэрэг байсан юм. Гэвч нам доторх
энэ мэт тэмцэл ялан­гуяа эрх баригч намынханд гардгийг манайхан юу эс андах билээ.
Гэхдээ тэр нь дандаа ашиггүй байдгийг бид бас л гадарлахтайгаа улсууд хойно.
2010 оноос эхлэн Ерөнхий сайдаар ажиллаж ирсэн Жулия хэн ялагдсан нь улс төрөөс
явъя гэсэн шаз­руун мэдэгдэл хийж, үр дүн түүний эсрэг гарснаар Кевин Радд дахин
Ерөнхий сайд болсон байдаг. Гэвч  тун удсангүйгээр
албаа өгөх болж байна. Тэрбээр ялагд­лаа хүлээж, Австралийн 28 дахь  Ерөнхий сайдаар Тони Аббот болох нь тодорхой болмогц
сонгуулийн орой буюу өнгөрсөн бямба гаригт ялагдлаа хүлээж мэдэгдэл хийсэн. Эрх
баригч нам болж, Ерөнхий сайдын суудлыг авахад 76 суудал хангалттай бөгөөд Либерал
намын дарга Тони Абботын удирдсан эв­сэл Төлөөлөгчдийн танхимын 150 суудлын 89-ийг
аваад байна. Ялагдал хүлээсэн Хөдөлмөрийн нам 56 суудал­тай үлджээ.

Австралийн сонгуулийн дүн цаг хугацааны
хувьд тун амархан гарч байгаа нь анзаа­рагдаж байна. Ердөө санал хураалт дуусаад
цагийн дараагаас Тони Аббо­тын нам ялсан талаар улс төрийн тоймчид телевизээр яриад
эхэлсэн билээ. Санал авах хугацаа 8-18 цагийн хооронд бөгөөд заавал сана­лаа өгөх
ёстой сонгогчдын хувьд амралтын өдөр гэлтгүй эртлэн босоод саналаа өг­чих­дөг бололтой
юм. Сүүлийн хэдэн өдрүүдэд зэврүүхэн байсан Австралид сонгуу­лийн өглөө тэнгэр цэлмэж,
дулаарч эхэлсэн. Манай сон­гуулийн үйл явцтай харьцуу­лан харахад энд ялгаатай зүйл
цөөнгүй. Манайд сонгуу­лийн өдрөөс нэг өдрийн өмнө хэвлэл мэдээллийн суртал­чилгаа,
гудамжны зурагт сам­бар, тараах материалыг хорь­чихдог бол энд үгүй. Гудам­жинд
нэр дэвшигчдийн хам­гийн сайхнаараа инээж ава­хуулсан зурагнууд өлгөөтэй хэвээр
байх. Заримыг нь манайд ч санаатай санамсар­гүй нь мэдэгдэхгүй үйлддэ­гийн адил
шүдийг нь харлуу­лан будаж, Гитлер сахал тавьсан шиг шоглосон нь санал хураалт дууссаны
дараа ч харагдаж байна лээ. Тэр ч байтугай зурагт хуудсыг  энэ өдөр л жинхэнэ тараах юм. Сонгуулийн байрны
үүдэн дээр нэр дэвшигчдийн кампанит ажилд оролцож буй оюутан голдуу нөхөд нэг нэг­нээ­сээ
өрсөн тараах мате­риа­лаа хүмүүст өгч уралдана. Австралийн сонгуулийн үйл явцыг
дунд нь орж ажиглах гэсэн хүсэл маань сайн дурын ажилтнаар нэг өдөр ажил­лахад хүргэсэн
нь энэ. Ингэс­ний хүчинд ч уншигчдадаа өөрийн ажиглаж харснаа хүргэх боломжийг эдэлж
бай­на. Гэхдээ том намаас нэр дэвшиж байгаа биш харин бие даагчдын кампанит ажилд
тусалсан. Нэг багш маань найздаа тусалж, кам­панит ажилд нь оролцож байгаа учраас
Австралийн сонгогчдод тараах материал түгээх ажил олдсон гэх үү дээ. 

Манайд санал болох өдөр тараах материал
ба­риад зогсч байвал өөрөө төдийгүй нэр дэвшигчээ бал­лаад хаячихна. Харин авст­раличууд
хэнд саналаа өгө­хөө шийдэхэд нь дөхөм болно гэж үздэг бололтой юм. Манайд санал
өгөх өгөхгүй нь мэдэгдэхгүй айл бүрт тараах материалаа оруулж өгдөг бол энд ирж
байгаа хүмүүст атгуу­лах гээд шамдчих юм билээ. Ер нь сонгуулийн сүүлийн өдөр л  сурталчилгаагаа илүү хүчтэй хийдэг гэмээр юм уу
даа.

Хаа газрын сонгогчид ялгаа­гүй л юм
даа. Ерөнхий­дөө манай АН, МАН шиг энд­хийн Хөдөлмөрийн хийгээд Либерал гэсэн хоёр
том намын дэмжигчид бол андаш­­гүй. Ногоон нам, бие даагч энэ тэрийн материалыг
тоож авахгүй. “Манай Хөдөл­мөрийн намынх хаана байна” гэвэл энэ үед тухайн намын
материалыг тарааж байгаа нөхрийн нүүрэнд мишээл тодрон бахархалтайгаар өгөх бол
бусад нь жаахан атаар­хангуй хоцрох жишээтэй. Австрали ч түмэн газрын холимог улс
болохоороо ёстой зүсэн бүрийн хүмүүс санал өгөх байрны гадаа ирээд дугаарлан зогсоно.
Дугаарлаж байгаад л ороод явчих юм билээ. Цагаанууд ч тараах материал авахгүй, эвсэл
сонголтоо хийчихсэн гээд тун сүрхий. Азиуд хаа очиж даруухан улсууд юм. Хэн тараах
цаас өгнө бүгдийг нь аваад л харж эргүүлж той­руулна. Залуучуудын хувьд бараг хэн
дэвшиж байгаа, хэнд саналаа өгөх вэ гэдгийг тэнд дугаарлан зогсч байхдаа шийдэж
байх шиг. Тэгэхээр тэрхүү манайд хууль бус гэж тооцогдох тараах материа­лаа сонгуулийн
өдөр ч өгч байдаг арга зүгээр мэт санагдсан шүү. Сайн дурын ажилтан хийж байхдаа
ан­заар­сан нэг зүйл бол харууд их үндсэрхэг юм. Угаасаа ч арьс өнгөний зөрүүнд
хавчиг­даж ирсээр цусанд нь ч байдаг юм уу. Сонгуульд заавал оролцож саналаа өгөх
үүргийнхээ дагуу ирж буй хип поп хар залуучууд хар нэр дэвшигч байвал заавал түүнд
өгье гээд л асуудлаа шийд­чихэж байх жишээтэй. Би Рибнга Грин, Зита Адут Нгор гэсэн
эрэгтэй, эмэгтэй хоёр нэр дэвшигчийн материалыг тарааж байлаа л даа. Тэдний гарал
үүсэл тавьсан зургаас нь илт. Харин хар залуучууд тэдний материалыг авангуу­таа
дараагийн нөхдийнхийг тоож авахаа болих бөгөөд энэ байдал нэлээд хэд хэдэн удаа
давтагдсан билээ. Зарим сонгогчид Хөдөлмө­рийн болоод Либерал болон Үндэсний намын
эвслийн тараах материалыг аваад хэрхэн саналаа бөглөх та­лаар анхааралтай ажигласан
шиг зогсоно. Тараах мате­риал ерөнхийдөө энгийн. Нэр дэвшигчийн зураг, саналын хуудсыг
хэрхэн бөглөх талаар гарын авлага, мэдээж өөрс­дий­гөө сонгохыг сануулна. Бас тухайн
намын гол уриа, амлалт байна. Энэ үеэр биз­несийн байгуулагууд ч зүгээр суухгүй.
“Өлсгөлөнг бүү сон­гоорой” гэсэн бичээс бүхий цамц өмссөн охид сагстай шоколадыг
тэнд зогссон хүмүүст тарааж амталгаа хийлгэж яваа харагдсан. Ийн­хүү “Сникерс” брэнд
сонгуу­лийн үеэр сэргэлэнтэж байх жишээтэй.

Хэвлэл мэдээллийн хувьд өмнөх өдрөөс
нь сурталчил­гаа таг болох ч сонгуулийн өдрөө мэдээллийг харамгүй цацаж байх юм
билээ. Хэний кампанит ажил ямар болсон хэн юу гэж амласан гээд сануулсан тойм бичлэгүүд
их гарч байсан. Мөн саналын эхний дүн гараад эхлэхээр жагсаалтын эхэнд бичигдсэн
Кевин Радд эсвэл Тони Аббот сенатад үлдэх нь тодорхой болж байна гээд явж өгнө.
Манайхан шиг ялагдсаны талд нь өгч, тэнцвэржүүлэх гээд байдаг сэтгэлгээгээр бол
сонгуулийн үр дүн эхнээсээ тодорхой болоод явах нь буруу ч юм шиг. Сонгуулийн үйл
явцыг гаднаас нь ажиг­лахад иймэрхүү зүйлс бодогдож байснаа хуваалц­лаа. Энэ удаагийн
сонгуулийн хувьд аль, аль нам нь сошиал буюу интернэт дэх нийгмийн сүлжээнд ихээхэн
анхаарсан гэх юм билээ. Албан мэдээ­лэл хийж байхад нь нүүр амаа хачин болгон, нүдээ
томруулж ирээд зэрэгцэн зургаа авахуулах залуу сонгогчдод дарга нар туйлын эелдэг
байгаад байсан нь үүнтэй холбоотой л байх. 
Харахад энгийн бага залуу ч твиттерт хэчнээн дагагчтай ч юм, фэйсбүүкийн
хэдэн ч найзтай юм хэн мэдлээ дээ гэж боддог биз. Хормогч зүүж хоол хийж байгаа,
бөмбөг өшиглөж байгаа хоёр том намын дарга нарын дүр зураг голлон үргэлжилсэн сонгуу­лийн
кампанит ажил ийн сөрөг хүчин нь ялагч болс­ноор дууслаа. Сонгуулийн үеэр охидоороо
гоёж, албан ёсны мэдэгдэл уулзалт бүр дээр нэг нэгээр нь дагуулан явж байсан Тони
Абботт ийн­хүү Ерөнхий сайд болж бай­на. Тэрбээр ялалтаа зарлаж хэлсэн үгэндээ
“Өнөөдрөөс эхлэн Австрали улс шинэ менежментээр явах болсныг зарлаж байна” гэсэн
билээ. “Илүү хүчирхэг Засгийн газар, илүү хүчирхэг Австрали улс” гэсэн уриатай оролцсон
эвс­лийнхэн хоёр сая ажлын байр бий болгож, шинэ замууд барьж, агаарын бохирдлын
эсрэг бодлогыг татвараар зохицуулж, үргүй зардлыг багасган, хөлөг онго­цоор олноороо
бууж байгаа цагаачдын асуудлыг зохи­цуулна хэмээсэн. Ийм зорил­го бодолтой эвслийнхэн
сон­гуульд яллаа. Бизнесийг нээлттэй болгоно гэж тэд онцолж буй. Сонгуулийн шөнө
баяраа тэмдэглэсэн ч ням гаригийн өглөө 6.30 цагт дугуйгаа унангаа ажлаа хийж, уулзалтуудаа
хийсэн талаар Австралийн шинэ Ерөнхий сайдын талаар ням гаригийн өглөөний сонингууд
мэдээлээд эхэлжээ. Тэгэхээр түүнийг хэр ажил хэрэгч бай­хыг цаг хугацаа л харуулах
нь бололтой.

Categories
редакцийн-нийтлэл

Х.Бат-Учрал: Монголд олсон орлого Монголдоо л шингэж байж бид хөгжиж урагшилна

Нэг үеэ бодвол мон­гол­чууд
олон зүйлээ өөрсдөө хийж чаддаг болжээ. Үндэс­ний үйлд­вэрлэлээ дэмжинэ гэж ярьдгийг
бодит амьд­рал дээр нэг үндэсний ком­пани үндэснийхээ нөгөө компанийн бараа бүтээгдэ­хүүнийг
ху­дал­­дан авах за­маар хэрэгжүүлдэг болж. Бас гадныхан хэдийнэ эзэлж авсан зах
зээ­лийг бага, багаар өөрс­дийнх бол­гох арга за­мыг эрэлхийл­дэг бол­жээ. Ийм нэгэн
бо­дол санаатай залуу захир­лыг “Шинэ цагийн Мон­гол” булан­гийн­хаа зочноор ури­лаа.
Залуу сео Х.Бат-Учрал бол бетон зуурмаг, бетон эд­лэлийн үйлдвэр­лэлийн сал­барт
хүч сорьж яваа үндэс­ний хөрөнгө оруу­лалттай компаниудын нэг “Про­со­лид Стандарт”
ХХК-ийн гүйцэтгэх захир­лаар ажилладаг юм.

-Барилга байшин­гийн тулгуур болдог
бе­тон зуур­магаа монгол­чууд өөрсдөө хийхгүй байна, гадныхан энэ салбарт хүч түрэн
орж ирсэн нь Үндэсний аюул­гүй байдалд ч сөр­гөөр нөлөө­лөх талтай гэж саяхан бол­тол
яригддаг байсан. Танай салбарт хаана­хын хө­рөнгө оруулалт­тай ком­па­ниуд давам­гайлдаг
юм бэ?

-Ер нь ямар ч улс орны хувьд барилгын
салбар тэр дундаа бетон зуурмаг, барил­гын бат бэх, даац, чанар, аюулгүй байдалд
их ан­хаар­даг. Манай улсын хувьд ба­рилгын
салбарт тэр дун­даа бетон зуурмагийн үйлд­вэрүү­дийн дийлэнхийг нь Солон­гос, Хятадын
хөрөнгө оруу­лалттай компаниуд үйлдвэр­лэж байна. Харин сүүлийн үед Монголын ком­па­­ниуд
энэ салбарт хүч түрэн орж ирж байгаа. Иргэдийнхээ аюулгүй амар тайван аж тө­рөх
батал­гаа болох энэ чухал салбарт монголчууд бид өөрс­дөө зүтгэл гарган орол­цож,
тө­рөөс ч бодлогоороо дотоо­дынхоо компаниудыг дэмжин ажиллаж байна. 

Өмнө нь бетон зуурмаг үйлдвэрлэдэг
гол компаниуд нь дандаа гадны хөрөнгө оруулалттай компаниуд байс­наа бодвол дотоодын
хөрөн­гө оруулалттай компаниуд бас ч гэж нэмэгдэж байна. Гэхдээ зах зээлд хөлөө
ол­чих­сон тэдгээр компаниудтай харьцуулахад бид бага багаар ахисаар л явна.

-Танай компани байгуу­лагдаад удаагүй
байх аа. Гадны хөрөнгө оруулалт­тай том компаниудтай өр­сөлдөхөд амаргүй л байдаг
байх?

-Манай “Просолид стан­дарт” ХХК байгуулагдаад
удаагүй л дээ. Үйлдвэр маань ашиглалтад ороод жил л болох гэж байна. Гэхдээ мон­голчууд
өөрсдөө үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарч үзэхээс аргагүй энэ чухал салбартаа
гар бие орол­цох нь зөв гэдэг үүднээс дотоодын хөрөнгө оруулаг­чид хамтарч байгуулсан
ком­пани юм. Манайх бетон зуур­маг, бетон эдлэлийн үйлдвэр­лэл, барилга угсралт,
барил­гын материалын үйлдвэрлэ­лийн чиглэлээр үйл ажилла­гаа явуулахаар байгуулагд­сан
компани. Мэдээж, ихээ­хэн хөрөнгө оруулалт хийг­дэж бас зах зээлд хөлөө ол­чих­сон
тэдгээр компаниудтай өрсөлдөхөд амаргүй. Гэхдээ монголчууд бид өөрсдөө бетон зуурмагаа
үйлдвэрлэж цутгадаг байх ёстой, монгол­чууд бид нэгнийхээ бизнесийг дэмжиж, хамтран
ажиллаж байж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэдэг том зорилго­той байгуулагдсан
учраас зам зуурын бэрхшээлийг тоохгүй л зүтгэж явна даа.

Бидний уриа бол “Эх орон­доо ихийг
бүтээе” гэж байгаа. Энэ уриа маань ол­ныг нуршилгүй гол зорилго, утга санааг маань
илэрхийлнэ гэж бодож байна. Бид зорил­гоо “Хөгжигч хүний нөөцийг эрхэм болгон хэрэглэгчдэдээ
чанартай бүтээгдэхүүн, үйл­чилгээг найдвартай хүргэж салбартаа үндэсний тэргүү­лэгч
компани болох” гэж тавьсан юм.

Ер нь болж өгвөл бүхий л салбарт үндэсний
компаниуд л тэргүүлэгч нь болох ёстой. Тэгж байж л бид хөгжинө. Ялангуяа гадны хөрөнгө
оруу­лалт харьцангуй багасч байгаа өнөө үед Монголд олсон орлого Монголдоо л шингэж
байж бид хөгжиж урагшилна гэж би бодож явдаг.

-Өөрөө чухам ямар мэргэжлийн хүн
бэ. Аль сургуулийг төгссөн бэ?

-Би МУИС-ийн газрын эдийн засаг, кадастрын
ан­гийг төгсч, бас МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистраа хамгаалсан. Хэ­дий­гээр
барилгын салбарын хүн биш ч магадгүй энэ цаг үед маш чухалд тооцогдох энэ салбарт
өөрийн хүсэл сонирхлоор хүч сориод явж байна даа. Миний хувьд үн­дэсний үйлдвэрлэлээ
хөг­жүүлж монголчууд өөрсдөө зах зээлдээ эзэн нь болж явах ёстой гэж бодож явдаг.
Харин энэ бодол санаа маань яг энэ салбарт, удирдаж байгаа компанийн маань үйл хэргээр
ил болох учраас өөрийнхөө тухай гэхээс компанийн үйл хэргээ яривал тодорхой бол­но.
Энэ бүхнийг гүйцэлдүү­лэхэд манай компанийн гар сэтгэл нийлсэн мэргэжлийн ажилтнуудгүйгээр
төсөөлө­хөд бэрх л дээ.

-Ажилтнууд гэснээс хамт олныхоо
талаар дурд­вал?

-Манай компани байгуу­лагдаж үйл ажиллагаа
явуулж эхэлснээр 30 гаруй хүнийг ажлын байраар хангасан. Эдгээр ажлын байранд ганц
ч гадаад ажилтан ажил­луулаагүй. Бид багаа монгол ажилчид тэр дундаа тодор­хой ажлын
туршлагатай ин­женер, техникийн ажилтнуу­даас бүрдүүлсэн. Манай ком­панид барилгын
материал үйлдвэрлэлийн техникийн ухааны магистр, мэргэшсэн инженер зэрэгтэй хүмүүс,
лаборант-технологич инже­нер, механик инженер, ца­хилгааны инженер, хөдөлмө­рийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер гээд инженер техникийн ажилчдаас бүрд­сэн чадварлаг
хамт олон ажилладаг. Мөн гүйцэтгэх захирлын дэргэд удирдлага болон инженер техникийн
ажилтнуудаас бүрдсэн хө­дөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл ажиллаж компанийн
үйлдвэрлэл, үйл­чилгээний ажилд хөдөлмө­рийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг
цогц байд­лаар шийдвэрлэн ажилладаг юм.

-Барилгын салбар хам­гийн түргэн
хөгжиж байгаа салбар гэх боловч сайн, муу нь хамтдаа л явж байх шиг санагддаг. Гэхдээ
дэвшил­тэт технологиуд бага ба­гаар нэмэгдсээр байгаа нь ажиглагдаж байна. Манай­хан
нэг хэсэг каркасаа цутгаад тоосго, блокоор голдуу завсар хоорондын өрлөг, дүүргэлт
хийдэг байсан бол одоо аль болох бүрэн цутгамалаар хийхийг эрмэлздэг болоо юу даа?

-Тийм ээ. Нэг хэсэг хагас цутгамал
буюу хөнгөн блокон өрлөгтэй барилга ихээр баригдаж байсан бол одоо цутгамал төмөр
бетон каркас бүхий барилгын дэвшилтэт технологи өргөн нэвтэрч бай­на. Тийм учраас
барилгын даацын бетон, төмөр бетон бүтээцийг чанартай нийлүү­лэх манайх шиг бетон
зуур­магийн үйлдвэрийн үүрэг хариуцлага ч илүү өндөрсөж байгаа хэрэг. Мэдээж, энэ
нь барилгын чанарт шууд нө­лөөлнө. Хэдийгээр хуучнаа­саа зардлын хувьд өсч бай­гаа
ч манай барилгын сал­барт технологийн дэвшлийг авчирч байгаа гэж болно л доо. Энэ
нь эргээд барилгын чанар, насжилтад шууд нө­лөөлдөг, хүний эрүүл, аюул­гүй орчинд
амьдрах нөхцө­лийг бүрдүүлж өгдгөөрөө давуу талтай юм.

-Та сая барилгын бат бэх чанар
бетон зуурмагтай шууд холбоотой байдаг гэж ярилаа. Түүхий эдийн хувьд бетон зуурмагт
ямар, ямар материал ордог вэ. Олдоц хэр байх вэ?

-Элс, хайрга, цемент бас нэмэлт бодисууд
зэрэг байдаг л даа. Бетон зуурмагийн гол түүхий эд нь цемент гэдгийг хүмүүс мэднэ.
Үндэсний ком­паниуд бетон зуурмагаа үйлдвэрлэдэг болж байгаа нь нэг дэвшил ч одоо
аль болох үндэсний бүтээгдэхүүнээрээ хийдэг болоосой гэж би бод­дог юм. Үнэндээ
манай дотоо­дын хэрэгцээг үндэсний цементийн компаниуд ний­лүүлж амжихгүй байгаа
учраас бид урд хөршөөсөө авахаас аргагүйд хүрч байна л даа. Бидний яриад байгаа
үндэсний аюулгүй байдал талаасаа харвал уг нь гад­наас авмааргүй байгаа юм. Гэхдээ
нэг үеэ бодвол гэрэл гэгээтэй олон сайхан мэдээ дуулдах болсон. Үндэсний томоохон
компаниуд цемен­тийн үйлдвэр байгуулах ажил­даа орчихоод байгаад бид баяртай суугаа.
Одоо “Монполимет”, “МАК” гээд манай үндэсний том компа­ниудын үйлдвэрлэх цемент
ямар үнэ өртөгтэй гарч ирэх бол гэж хүлээж байна. Гэхдээ дотоодын томоохон үйлдвэр­лэгчдийнх
шиг үнэтэй бай­гаад байвал хэдийгээр үндэс­ний компаниа дэмжмээр бай­гаа ч бас бэрхшээл
үүсэхийг нуух аргагүй. Уг нь бидний бетон зуурмагийн үйлдвэ­рүүд мөнгөө Хятад руу
биш нутагтаа үлдээх хүсэл их бай­даг юм. Гэвч эндэхийн цемент нь урдаас худалдаж
аваад тээвэрлэж авчрах өртгөөс өндөр байгаад байвал алийг авах вэ гэдгээ бид бодож
л таарна аа даа. Гэхдээ ши­нээр нээгдэх үйлдвэрүүдэд бид асар их найдвар тавьж байгаа.
Бидний гаднаас ав­даг үнийн багцаанд цементээ нийлүүлэх болов уу гэсэн хүлээлт байна.

Таны хэлж байгаа нэ­гийгээ дэмжиж
байж хамт­даа урагшилна гэдэг их сайхан санагдаж байна л даа. Ийм компаниуд, ийм
залуус олон байгаасай гэж бодож байна шүү?

-Манайхан нэг үеэ бодвол өөр болсон
шүү дээ. Гадаа­дын хөрөнгө оруулалттай компани, дотоодын хөрөнгө оруулалттай компани
байвал үндэснийхийгээ дэмжих жи­шээтэй. Барилгын салбарт энэ байдал илүү мэдрэгдэж
байгаа. Бүр хэд хэдэн барил­гын компаниуд нэгдэж барил­гын корпораци болж хамтран
ажиллах болсон. Бидний хувьд албан ёсоор нэгдэж ороогүй ч үйл хэргээрээ тэд­нийгээ
дэмжээд л явж байгаа.

-Барилгын материалыг монголчууд
өөрсдөө үйлд­вэрлэхийг дэмжих нь зүй­тэй гэж Засгийн газраас тусгайлан хөтөлбөр
гарга­сан байх аа?

-Тийм ээ. “Монгол Улсын Үндэсний аюулгүй
байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын хөгжлийн үзэл баримт­лал”, “Барилгын материалын
үйлдвэрлэлийг 2007-2015 онд хөгжүүлэх мастер төлөв­лөгөө” болон “Шинэ бүтээн байгуулалт”
дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг бод­логын баримт бичигт тулгуур­лан хөтөлбөр
боловсруулсан байдаг. Монгол Улсын хэм­жээнд хийгдэх бүтээн байгуу­лалт, барилгажилтын
ажлыг олон улсын стандартын шаардлагад нийцсэн эх орны үйлдвэрийн, гол нэр төрлийн
барилгын материалаар хан­гах, ийм төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, барил­гын
материалын үйлдвэрлэ­лийг хөгжүүлэх зорилготой хөтөлбөр л дөө. Нэгэнт төр засгаас
бодлогоо гаргачих­сан, бизнес эрхлэгч бидний хувьд өөрсдөө хийх шаард­лага зорилгоо
ойлгочихсон болохоор энэ салбар дорх­ноо хөгжинө гэж итгэж явдаг шүү.

-Бетон зуурмагийн чанар бол барилгын
чанарт шууд нөлөөлж таарна. Хэр бат бөх болсныг яаж шал­гаж мэддэг юм бэ. Нарийн
лабораториор тодорхойлно биз?

-Бетон зуурмаг нарийн технологиор
хийгддэг. Эн­гийн ойлголтоор шороо уч­раас шороо тоос хамаагүй гэж үзэж болдоггүй.
Бетон зуур­магийн чанарт тоос шороо нөлөөлж байдаг учраас агуу­лахын цэвэрлэгээнээс
эхлээд анхаарах зүйлүүд бий. Хүнс­ний үйлдвэртэй адилтгахгүй ч чанартай бүтээгдэхүүн
хийе гэвэл стандартыг өндөр түв­шинд барихаас аргагүй. Тиймээс бид түүхий эдийн
агуулахаа бетон хучилттай болгож, машин техникийн угаалгын хэсэг зэргээ тус­гайлан
засч тохижуулсан. Сайн чанарын түүхий эдийг сонгож авахаас л ажил эхэл­нэ шүү дээ.
Манай компани хяналтын иж бүрэн төхөө­рөмж бүхий лабораторитой л доо. Гол түүхий
эд болох цемент, элс, хайрганы чана­рыг тогтмол шалгаж, бүтээг­дэхүүн болоод гарахаар
нь бас байнгын туршилт сорилт явагдаж байдаг. Элсний чийг­лэг, ширхэглэлийн бүрэлдэ­хүүн,
элсэн дэх хайргын хэм­жээ, хайрганы нимгэн үзүүр­лэг хэсэг, элэгдэх чанар, це­ментийн
барьцалдаж эхлэх, дуусах хугацаа, шахалт гулзайлтын бат бэх гээд өч төчнөөн нарийн
шалгуур бий. Бетон зуурмаг дээр гэхэд л конусын суулт, агаарын агуу­ламж, бетоны
температур гээд хянах зүйл их бий. Зөвхөн бид өөрсдийн лабораториор чана­рын баталгаагаа
гаргаад байдаггүй бусад итгэмжлэгд­сэн лабориторид тогтмол ху­га­цаанд шалгуулж,
чанараа баталгаажуулж байдаг юм.

Бетон зуурмаг гурав хо­ног­тойдоо
30-50, долоо хо­ног­тойдоо 50-80, 28 хоног­тойдоо 80-100 хувийн бат бэхийг авсан
байх ёстой байдаг. Бид бүхий л нийлүүлж буй бетон зуурмагтаа албан ёсны гэрчилгээ
дагалдуулж, бетоноо цутгахдаа анхаарах мэдээлэл, хэрхэн арчлах, шаардлагатай тохиолдолд
хэв хашмалаа хэдэн цагийн дараа задлах, халуун хуурай нөхцөлд хэрхэн цутгах гээд
дагалдах зөвлөгөөг нь хэрэг­лэгч, захиалагчдадаа өгч байдаг.

-Танай компанийн “бүтээл” хаана
ямар бүтээн байгуулалт болж байна вэ?

-Одоо ид хийгдэж байгааг нь жишээлэхэд
СХД-т бариг­даж байгаа 240 айлын орон сууцны барилгын ажлыг нэр­лэж болно. СХД-ийн
ЗДТГ-ын захиалгаар “Номтын ам” компанийн гүйцэтгэж байгаа бүрэн цутгамал барилга
л даа. Төрийн албан хаагчдыг хямд өртгөөр орон сууцтай болгох уг төсөлд бид хамтран
оролцож байна. Өнөөдөр бүрэн цутгамал байрны нэг м/кв-ын үнэ 1.8 саяас л эхэлж байгаа
шүү дээ. Харин уг барилгын хувьд арай хямд өртөгтэй. Өмнө нь ярьсан дээр тодруулж
хэлэхэд бид хэрэг­лэгчийн захиалгын да­гуу стан­дартын шаардлага хан­га­сан БМ100-500
мар­кийн бетон зуурмагийг орц нор­мын дагуу, тухайн захиа­лаг­чийн хүсэлтийг харгалзан
цаг уурын байдалд тохируу­лан үйлдвэрлэж хэрэглэгчдэд 24 цаг тасралтгүй, түргэн
шуурхай нийлүүлдэг.

Түүнчлэн барилгын тал­байд хяналт
тавьж ажиллах боломжийг бүрдүүлэн хэрэг­лэгч, захиалагчийн сэтгэл ханамжийг дээд
зэргээр хан­ган ажиллахыг хичээдэг. Ер нь ойрын үед цахилгааны саатал их гар­даг
болсон уч­раас бид өөрс­дийн нөөц болом­жийг ашиг­лан нэмэгдэл эх үүсвэрийн асуудлыг
шийд­вэрлэж ди­зель генератор суурилуулж холболт хийсэн нь энэхүү эрсдлээс бүрэн
хамгаалж чадсан.

Энэ мэт бидний хийж байгаа, хийхээр
төлөвлөсөн олон ажил байгаа. Манайх салбартаа шинэ компани ч үндэсний аюулгүй байдлын
хэмжээнд анхаарагдах энэ салбарт дотоодын хөрөнгө оруулалттай компани гэгдэж, том
зорилго тавиад ажиллаж байгаа маань бидний бахар­хал гэж хэлмээр байна даа.

Э.ЭНЭРЭЛ