Categories
мэдээ нийгэм

Рави Шанкер: Бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс онгоцны тасалбар болон байрлах зочид буудал үнэ төлбөргүй байх нь бий

“Экспо Монголиа- 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурал тав дахь жилдээ “Мишээл экспо” төвд болсон билээ. Энэ үеэр Бүгд найрамдах Энэтхэг улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга ноён Рави Шанкераас хоёр улсын бизнес хамтын ажиллагааны талаар тодрууллаа.


-Энэтхэг, Монгол Улсын бизнес хамтын ажиллагаанд ямар ахиц гарч байна вэ?

-Манай хоёр улсын улс төрийн харилцаа өндөр хөгжсөн. Монгол Улс, Энэтхэг улсын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Одоогийн байдлаар жилдээ 28 сая ам.долларын худалдаа эрхэлж байгаа боловч худалдааны энэ мөнгөн дүнг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын зээлийн шугамыг Монгол Улсад нээж өгсөн. Монгол Улсын Засгийн газраас тус зээлийн шугамыг дэд бүтцэд зарцуулагдана гэж яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын худалдаа хамтын ажиллагаа нэмэгдэнэ байх гэж бодож байна. Үүнээс гадна мэдээлэл, технологийн төв байгуулахад хамтран ажиллахаар болж энэ төсөл маань удахгүй хэрэгжих гэж байна. Дэлхийд худалдан авах хэмжээгээрээ дөрөвт ордог томоохон эдийн засгийн боломжтой Энэтхэг улстай монголчуудын хувьд хамтран ажиллахад бэлэн зах зээл хүлээж байна.

-Таны харж байгаагаар ямар салбарт хамтран ажиллах боломж байна вэ?

-Энэтхэгийн бизнес эрхлэгчдэд Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол өндөр байдаг. Сүүлийн үед Энэтхэгийн компаниуд уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулалтаа хийгээд эхэлсэн. Австралийн нүүрсний уурхайд Энэтхэгийн томоохон компани хөрөнгө оруулалт хийсэн нь олны анхаарал татсан. Энэтхэг улс нүүрсний хувьд гэхэд л жилдээ 160 сая тонн буюу 40 сая ам.долларын хэмжээгээр гаднаас импортолж оруулж ирдэг. Алтны хувьд тэрбумаас 40 тэрбум ам.доллар хүртэлх худалдан авалтыг импортолдог. Гурван тэрбум ам.долларын өртөг бүхий зэс болон зэсийн баяжмалын бүтээгдэхүүнийг жилдээ гаднаас импортолдог гэсэн мэдээлэл байна. Монгол Улс Энэтхэг улсын хувьд нэн тааламжтай нөхцөлтэй гэрээтэй улс. Эдгээр хоёр орон хоорондоо худалдаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь Монголын бизнесмэнүүд асар боломжтой зах зээлийг нээж илрүүлэх, санаачилгыг гаргах хэрэгтэй юм. Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрлэлд хамтран ажиллах боломж бий. Мөн банкны салбарын үйлчилгээ, мэдээлэл технологийн салбар гэх мэтээр маш олон боломжууд байна. Өдгөө Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон Энэтхэгийн Аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Мөн Улаанбаатар хотын худалдааны танхим –Дели дэх PHD нэртэй Худалдаа, Аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллаж байна. Бизнесийн боломжийг нээх зорилгоор манай улсад болох арга хэмжээнд оролцох хүсэлтэй бизнес эрхлэгчдийг зарим тохиолдолд онгоцны тасалбар болон байрлах зочид буудлаар хангаж, үнэ төлбөргүй оролцох боломжтой . Мөн бизнес эрхлэгчид манай улсад нэвтрэх визийг үнэгүй олгодог юм. Тиймээс манай хоёр орны аж ахуйн нэгж хамтран ажиллах боломж үргэлж нээлттэй байгаа гэсэн үг. Манай талаас Монголд боловсрол, эрүүл мэнд, уул уурхай гэх мэт олон салбарт хамтран ажиллах боломжтой. Мөн Энэтхэгийн Болливуудын кинонуудын зураг авалтыг ч Монголд хийх боломж бий. Ингэвэл манай орны олон жуулчин Монгол Улсыг сонирхон ирэх болно. Хоёр орны хооронд шууд нислэг үйлддэг болох талаар ярилцаж байгаа. Үүнийг Энэтхэгийн талаас бүрэн дэмжсэн. Одоо БНЭУ-ын Элчин сайдын яамнаас 2017, 2018 онд тус улсад болох олон улсын үзэсгэлэн, томоохон арга хэмжээнүүдийг танилцуулж, оролцогчдыг бүртгэж байна. Олон улсын арга хэмжээнд оролцох сонирхолтой бизнес эрхлэгчид энэ талаарх мэдээллийг манай Элчин сайдын яамны India in Mon­golia (Embassy of India, Ulaan­baatar, вэб хуудаснаас харж болно гэв.


Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Би энэ УИХ-ыг тараасай гэж бодож байна

УИХ-ын гишүүн, Их хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Шинэ сайд нарын нэрсийг ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн барьсан байгаа. АН шинэ сайд нарын томилгоон дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхий сайдад Ерөнхийлөгч хуулийн хугацаанд хариу өгөх ёстой. Хуулийн хугацаа долоо хоног. Бидэнд одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байна. Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилоход АН-ын бүлэг төрийн эрх ашгийн үүднээс нээлттэй, шударга хандсан.

Улс оронд өнөөдөр үүссэн нөхцөл байдал, цаашид бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх зарчмуудад тулгуурлаж асуудалд хандана шүү гэдэг цар хүрээгээр харилцан ойлголцсон. Гэтэл өнөөдөр 15 сайдыг нэр дэвшүүлэхдээ тохиролцсон гэдэг мэдээлэл яваад байна.Энэ нь улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс үү, эсвэл талуудын ашиг сонирхлын тохиролцооны журмаар явагдав уу. Сайдын суудлыг эрх ашиг дор нэгдсэн бүлэглэлүүд харилцан тохиролцож хуваах хэлбэрээр шийдсэн бол зарчмын хувьд буруу юм.

МАН Засгийн газраа сая огцруулахдаа олон шалтаг шалтгаануудыг гаргаж тавьж байсан. Засгийн газрыг огцруулах шалтгааны нэг нь төрийн албыг худалддаг, 60 тэрбум төгрөгийн тухай асуудал байсан.Энэ нь олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл дагуулсан. Гэтэл тэр шалтгаантай холбоотой гэх хүмүүсийг хуваарилалтын зарчмаар Засгийн газарт одоо оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ. Энэ нь бидний Ерөнхий сайдад итгэсэн итгэлийг тодорхой хэмжээгээр алдагдуулж байна.

-Засгийн газрыг тогтвортой байх үүднээс Ман дотроо ойлголцож, тохиролцож орж ирэхээс аргагүй нөхцөлтэй байгаа болов уу. Тиймээс у.Хүрэлсүх томилгоон дээр буулт хийхээс аргагүй байсан байх?

-Тохиролцож байгаа нь буруу. У.Хүрэлсүхийг аливаа нэг тохиролцоонд орохгүй, шударга хандах чадвартай гэж харж найдлага тавьсан. Үнэхээр энэ Засгийн газрыг өөрийнх нь хүсээд байгаа шударга ажиллачих мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж магадгүй гэж бид дэмжсэн.

Тэгтэл 60 тэрбум төгрөгийн асуудалд орооцолдсон нөхдүүдтэйгээ буцаад тохиролцоод ороод ирж байгааг юу гэж ойлгох вэ. Энэ Засгийн газрыг зөвхөн тогтвортой байлгахын төлөө өөрсдөө шүүмжилж байсан нөхдүүдтэйгээ тохиролцоно гэдгийг юу гэж ойлгох вэ. Бид Ерөнхий сайдтай бодлогын зүйл дээр хамтран ажиллах тухай ярилцсан. Сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхдээ аль болгоныг өлгөж авч гацаахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн.

-Энэ Засгийн газрын сайд нар 100 хувь давхар дээлтэй орж ирлээ. Үүнийг буруу гэж харж байгаа хүмүүс олон байна?

-Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн бишийн хувьд УИХ-тайгаа ажлын бодлогын уялдаа холбоотой байхын тулд Засгийн газрын гишүүдийн нэг хэсэг нь буюу ялангуяа ерөнхий чиг үүргийн яамдууд давхар дээлтэй байж болох юм гэдэгт АН-ын зүгээс байр сууриа илэрхийлсэн. Энэ нь Засгийн газар УИХ-тай харилцан ойлголцоход бодлогын тэнцвэр нь гэж харсан. Тиймээс тодорхой хэмжээнд давхар дээлтэй байх нь байж болох асуудал. Өмнө нь АН-ын засаг барьж байх үед “давхар дээл”-ийг эсэргүүцэж талбай дээр багт наадам хийж байсан МАН өнөөдөр өөрсдөө Засгийн газар нь 100 хувь “давхар дээл”-тэй орж ирж байна.Энэ нь шударга ёс, Үндсэн хуулийн зарчмаас эхлээд олон зүйлийг алдагдуулж байгааг нь харуулж байна. Засгийн газрын бүтцийн асуудлаар АН-ын бүлэг байр сууриа дахин гаргана. Засгийн газрын ямар сайдыг дэмжих үү үгүй юу, ашиг сонирхлын зөрчил байна уу үгүй юу, хууль тогтоогч нар 100 хувь Засгийн газарт орох нь зөв үү буруу юу гэх мэт засгийн асуудалд АН-ын бүлэг өөрсдийнхөө шийдлийг гаргана.

-Хэрэв Ерөнхийлөгч сайд нараас татгалзвал хэрхэх вэ?

-Үндсэн хуульд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хугацаа долоо хоног гэж заасан. Хэрэв Ерөнхийлөгч долоо хоногийн дотор хариу өгөхгүй бол Ерөнхий сайд өөрөө УИХ-д сайд нарынхаа асуудлыг оруулах бүрэн эрхтэй.

-Засгийн газрыг огцруулахад АН-ын бүлэг нөлөөлж чадсан. Одоо нэгэнт тохиролцооны засаг байгуулагдаж байгаа бол УИХ дахь МАН-ын 65 гишүүн шийдээд явчихна биз дээ?

-Бидэнд зарчим барих нь чухал. УИХ дахь АН-ын есөн гишүүн нийгмийн хүсэн хүлээж байгаа захиалгыг биелүүлэхийн төлөө шаардлага тавих нь бидний үүрэг мөн. Энэ есөн хүний ард бүхэл бүтэн Ардчилсан нам, Ардчиллын үнэт зүйлийг тээгч иргэд байгаа. Энэ есөн хүний ард нийгмийн олонх болсон масс бий. Бид тэдний дуу хоолой гэдэг үүднээс бидний үгийг сонсох учиртай. Түүнээс энэ танхимд орж суучихаад бид нар 65-уулаа, та нар есхөн хүн гэж хандах хэрэггүй.Улс төрийн олонх, хүний олонх нь хаанаа байна вэ гэдгээ эхнээсээ соргогоор олж харж чадахгүй бол цаашаа явахгүй. Одоо нийгмийн нөхцөл байдлыг хар. Хүмүүсийн бухимдал ямар хэмжээнд хүрчихсэн байна вэ. Сонгуулиар амласан амлалт нь хаачив, хичнээн нь биелэчихсэн байна. Тиймээс бодит байдал дээр нийгэм бухимдалтай, хүлээж авахгүй байхад бид зөв явж байна гэж өөрсдийгөө зөвтгөх хэрэггүй юм. Бид шүүмжлэх зүйлээ шүүмжлэнэ. Дэмжих зүйлээ ч дэмжинэ.

-Засгийн газар товлосон хугацаандаа эмхлэгдэхгүй бол тарах ч хуулийн заалт бий. АН-ыг ийш нь аваачих сонирхол байна гэж хардаж байсан нь бий. Та шинээр байгуулагдаж буй энэ Засгийн газрыг хэр тогтвортой, урт настай гэж харж байна вэ?

-УИХ тарах тодорхой хуулийн хэд хэдэн заалт байдаг. Миний харж байгаагаар үнэмлэхүй олонх 65 хүнд УИХ-ыг тараах сонирхол байхгүй л болов уу. Би бодлоо хэлчихэд энэ УИХ-ыг тараасай гэж бодож байна. Яагаад вэ гэвэл бодлогын ямар ч шийдэл алга байна. Нам дотроо олонх, цөөнхөөрөө талцчихсан. Энэ талцал нь зөвхөн эрх ашгийн талцал гэж харагдаж байна. Ийм байдлаар бий болсон Засгийн газар үр дүнтэй ажиллаж чадах уу. Хэрэв алдаа гаргасан бол улстөрийн хариуцлагаа хүлээх нь зөв. УИХ-д 65-уулаа байгаа МАН дотроо хоёр хуваагдчихаад буцаад 65-уулаа кноп дарвал ашиг сонирхол дээрээ нэгдэж байгаа гэж харагдана. Одоо бид нар 65-уулаа, тохиролцчихлоо гээд кноп дарах ч биз.

Өнөөдөр нийгмийн ухамсартай хэсэг нь бухимдаад эхэлчихлээ. Нийгмийн бүх хэсэг бухимдаад эхлэх нь лав сайны дохио биш. Улстөрчид үүнийг мэдрэх ёстой. УИХ-д дөрвөн жил суух нь чухал байна уу эсвэл улс орны эрх ашгийг харж ажиллах нь чухал байна уу. Миний дотоод бодол бол алдаатай явж байгаа энэ бүх зүйлийг шинээр эхлэх юмсан гэсэн бодол байна. Бодлого ярихаа ч байсан, сандал ширээтэй зууралдсан энэ болохгүй зүйл юунаас эхэлсэн юм бэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Монгол орон уул уурхайгаа ашиглаж эхэлснээс хойш бидний зовлон эхэлсэн гэж хэлж болно. Баялаг байгаагүй үед бид хэдэн малтайгаа гахай үүрээд ч хамаагүй хөдөлмөрлөчих юмсан гэсэн цаг үе байсан. Өнөөдөр баян, ядуугийн ялгаа хэтэрхий их байгаа гэдэгтээ би санал нийлдэг. Баялгийг ард түмэнд хүртээж чадаагүй эхний гарааны алдаа бидэнд өнөөдөр маш хүндээр тусах болсон. Манай улсын баялгийн хуваарилалт хяналтгүй, гадны нөлөөлөл орсноос бидний зовлон эхэлсэн.

Уул уурхайг дагасан лиценз, гадагшаа урссан мөнгө уг нь Монголын мөнгө байх ёстой байсан. Монголын мөнгө болгож чадаагүй, бодлого байгаагүйгээс хэсэгхэн улсуудын хармаанд орж хямрал эхэлсэн. Уул уурхайн хууль бус мөнгөнөөс эхлэлтэйгээр Монголын ард түмний саналыг мөнгөөр худалдаж авдаг руу шилжсэн. Энэ засаг төрд шударга хүмүүс цөөхөн болсон. Бид цаашдаа ингээд яваад байх хэрэг үү. Тийм учраас баялгийн хуваарилалтаа өөрчилж иргэддээ ногдуулдаг болох зам руу орох ёстой. Ерөнхийлөгч сая сонгуулийн үеэр бүгдээрээ баялгийн хуваарилалтаа зөв хийе гэсэн мессэж өгснийг дэмжиж байгаа.

-Баялгийн тэгш хуваарилалтыг хэрхэн зөв хийх вэ?

-Газрын гүнээс гарч буй баялаг бүрийн үнэ цэнэ ард түмэнд очдог хүртээлтэй байх ёстой. Гадагшаа гарч байгаа баялагийн мөнгөний хэдэн хувь нь Монголд орж ирж байна вэ гэдэг дээр УИХ-аас хэн ч ярихыг хүсдэггүй.Энэ тухай ярихаар энэ төрлийн асуулга УИХ дээр унадаг. Шударга бус зүйл энэ төрд бат бөх болчихсон байгаа.Манай улс уул уурхайн ганц тулгуурт эдийн засагтай улс орон. Баялгийн үнэ өсөхөөр эдийн засаг жаахан өсдөг. Эдийн засаг гайгүй дээшилсэн хэрнээ иргэдийн хармаанд таван төгрөг ч нэмэгдэггүй. Оюутолгойн гэрээ анх байгуулагдахад дөрвөн компани оролцсон. Тэрний хоёр нь оффшор компани байсан. Нэг нь монгол компани, нөгөө нь Айвенхоу майнз. Дөрвөн компани энэ гэрээг байгуулснаар дөрвөн талд ашиг хүртэж байгаа. Хоёр нь хэний ашиг вэ гэдэг дээр хариулт өгөх шийдвэр гаргах түвшний хүн өнөөдөр олддоггүй. Хэн нэгний яллахын тулд би үүнийг яриагүй юм шүү. Шударга байхын тулд хэрвээ буруу зүйл хийсэн бол түүнийхээ хариуцлагыг хүлээдэг, алдаагаа бид хамтдаа засах ёстой. Тэгж байж гадагшаа гараад буй мөнгө Монголдоо үлдэж, иргэдийн амьдрал ахуй сайжирна.

-Өнгөрсөн дөрвөн жил АН олонх байхдаа юу хийж байсан юм гэж та бүхнийг хэлэх хүн байдаг?

-Үнэндээ оролдоод дийлээгүй. Гадны дарамт манай улсын бодлогод тодорхой хэмжээгээр орж ирж байхыг үгүйсгэхгүй юм. Заримдаа улс орноо бодож зарим зүйлд зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөлд хүрэх ч үе бий. Сайханбилэгийн Засгийн газрын Дубай хэлэлцээг шүүмжилж ярьдаг. Хэрэв Дубай хэлэлцээ хийгдээгүй байсан бол, Оюутолгойн далд уурхайн ажил зогсож өнөөдрийнхөөс ч дор амьдрах байсан байж мэдэх юм. Ганцхан тулгуурт эдийн засагтай улсад шууд үүнийг нь аваад хаячихвал сүйрнэ биз дээ. Одоо харин зөв бодлогын эхлэлийг хамтдаа хийх хэрэгтэй байна.

Дараа дараагийн олон ордууд ашиглалтад орно. Эхнээсээ харамсалтай мэдээллүүд ч гарч байна. Бид энд алдаагаа дахин давтах эрхгүй. Үндэсний томоохон компаниудаа дэмжих хэрэгтэй. Оффшор компани байгуулж гадныхантай нийлж хувь цохиж суудаг хэрнээ алийн болгон үндэсний компаниа ажил хийснийх нь төлөө яллаад сууж байх ёстой юм бэ.УИХ-д сууж байгаа зарим улсыг хар л даа. Гаднаа сайхан сайхан зүйл ярина. 1.2 сая төгрөгийн цалинтай хэрнээ үнэтэй хаус эдлэнтэй, насаараа бизнес хийж үзээгүй мөртлөө хөрөнгөжсөнийг юу гэхэв. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар шинээр томилогдохдоо яг ийм шахалтаар байгуулагдах юм бол урт нас байхгүй.

-Хармагтайн орд хэний шийдвэрээр хэнд шилжчихэв гээд л яригдаад байна?

-Гадны хүний нэр дээр байдаг орд сурагтай.Манай улсад гадны улс хүрз барьж орж ирээд шууд ухчихаад манай улсаас зөвшөөрөл авах чинь лав тулгадаг хэрэг биш биз дээ. Тэрний цаана хэн нэгэн байгаа. Хэн нэгэн байхдаа улстөрчдөөс байгаа гэж би харддаг. Гадныханд эхлээд дулдуйддаг, дараа нь тэдний боол болж байна. Ийм л дүр зураг Монголд бий болсон.

-АН шинэчлэл явуулж намын бүх гишүүдээсээ асуудаг болсон. Энэ нь фракц, бүлэглэлийн хүчийг харьцангуй сулруулсан гэж харагддаг. Үнэндээ МАНАН бүлэглэл ч юм уу хувийн эрх ашгийн нэгдэл хэвээр байгаа цагт аль ч намд итгэл үзүүлсэн ялгаа алга гэлцэж байна?

-Намууд дотор үзэл бодол, санал нийлдэг хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл байдаг юм. Гагцхүү ямар эрх ашгийг нэгдүгээрт тавьж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Манай АН-ын шинэчлэл явагдаад нийт гишүүдээсээ асуудаг болсон процесс нь үзэл бодлын тодорхой зөрүү байсан ч бид эцсийн үр дүнгээ хүлээн зөвшөөрдөг болсон. Яг үнэндээ АН дотор фракцууд саармагжсан уу гэвэл саармагжсан. Яагаад саармагжсан бэ гэвэл нэгэнт бид Ардчиллын шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд өөрсдийнхөө дүрмэнд захирагдаж явах ёстой гэдгийг ойлгож байгаа. Энэ зөв эхлэлээ цааш нь яаж институт болгох уу гэдэг дээр санаа зовж байна. Дан ганц манай нам үүнийг хийхгүй юм. Ер нь улс төрийн бүх нам ийм байх ёстой гэсэн хандлага сүүлийн үед ажиглагдаж байна. Тийм учраас Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй байна. Төрийн бодлого улс төрийн намаар дамжиж байгаагийн хувьд улс төрийн намуудаа хариуцлагатай болгож, гишүүддээ тодорхой шалгуур тавих цаг ирсэн байна. Үнэндээ улс төрийн намын далбаан дор бодлогогүй, амбицтай хүмүүс орж ирж үймүүлдэг болсон. Бодлого ярьдаг хэсэг нь шахагддаг болсон. Намууд өөрсдөө цэвэршиж өөрчлөгдөөгүй цагт төрийн бодлогыг тунгалаг болгох нь хол байгааг өнөөдрийн зовлон нотлоод байгаа юм. Бүх намууд хамтраад Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын 2030 он хүртэлх бичиг баримтыг өмнөх Их хурлаар баталчихсан. Яг үүгээр Монгол төрийн бодлого явах ёстой юм.

Харамсалтай нь сонгуулиар ялж гарч ирээд МАН төрийн бодлогыг хаяж, зөвхөн намынхаа дотоод зодоонд орсон. 2030 он хүртэл Монгол Улс юу хийх зорилттой вэ гэдэг томьёоллыг бүх салбаруудад нэг бүрчлэн гаргасан байгаа. Гэтэл үүнийг ерөөсөө дурсахаа ч больсон. Бодлогогүй болчихоод байгаа төр гэж би үүнийг хэлээд байгаа юм.


Categories
мэдээ улс-төр

С.Амарсайхан: Ц.Сандуйгийн захиалгаар дахин завсарлага авсанд бүлгийн гишүүд бүгд дургүйцэж байгаа

НИТХ-ын даргыг сонгох хуралдаан удаа дараа хойшлоод байгаа. НИТХ-ын даргад нэр дэвшигч С.Амарсайхантай ярилцсан юм.


-НИТХ-ын даргад та болон Д.Баярсайхан гэсэн хоёр хүн нэр дэвшсэн. Танай намын бүлэг удаа дараа завсарлага авч байна. МАН-ын бүлэг дотор юу болоод байна вэ. Таныг нэрээ татахыг шахаж байгаа гэсэн. Үнэн үү?

-Хэн байхдаа гол нь биш л дээ. Хурал хуулийн дагуу үргэлжилж, санал хураалтыг эцэслэх ёстой. Өнөөдрийг хүртэл сайн, муу бүхий л аргаар миний нэрийг татуулах оролдлого, дайралтыг нэр бүхий хүмүүс хийсээр байгаа. Гэвч би шантрахгүй. Нийслэлчүүдийн нийтлэг эрх ашиг болон шударга үнэний төлөө хийсэн бидний үйл хэргийн эсрэг давшилж байгаа явуургүй бүлэглэлийн явцуу эрх ашгаас болж хурал сунжирч байна. Би Д.Баярсайхан төлөөлөгчийг улс төрийн хатуу ширүүнийг өдий хүртэл туулж яваа эх хүн, нэг танхимд суугаа хамгийн ахмад, туршлагатай улс төрч эмэгтэйнх нь хувьд хүндэлдэг. Миний хувьд Д.Баярсайхан гуайг үгүйсгэх, буруутгах асуудал огтхон ч байхгүй. Байх ч ёсгүй гэж үздэг. Харин дэмжиж байгаа гэх хамтрагчид нь нүүрийг нь харж инээж, нурууг нь харахаараа жинхэнэ хор хутгаж, хувь хүний халдашгүй дархан орон зай, гэр бүл, удам угсаа, хань ижлийг нь гүтгэн доромжилж, миний эсрэг турхирч байгаад нь үнэхээр харамсдаг.

-Нийслэлийн асуудлыг нэг хүн, нэг гэр бүл шийддэг болсон гэж та хэлсэн байдаг. Энэ тухай ярихгүй юу?

-Нэг хүн, түүний ард байдаг бүлэглэл Нийслэлийн ажлыг яаж гацааж, хууль журмыг яаж гажуудуулж чаддагийг та бид харж байна. Сүүлийн үед л зах зухаас нь нийтэд ил болж байгаа болохоос биш өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийслэлийн, мөн намын ажил яг ийм дүр зурагтай л явж ирсэн. Би яагаад нам гэж хэлж байна гэхээр эрх барьж байгаа намын бодлого нь улс орны хөгжил, нийтийн эрх ашгийн төлөө байх ёстой боловч тийм хэмжээнд явуулж чадсангүй.

-Өнгөрсөн даваа гаригт НИТХ дахь МАН-ын бүлгийн хурал хэдэн цагаар үргэлжилсэн. Хаалттай болсон уг хурлаар юу яригдав. Ц.Сандуй хуралдаа сууж байгаа юу. Та бүхэн дотооддоо ойлголцолд хүрч чадсан уу?

-Ц.Сандуй ажлаа өгсөн гэж байгаа ч санаа сэтгэл нь сандалдаа, гар хуруу нь бүлгийн асуудалд дүрээтэй л байгаа. Өнөөдрийг хүртэл бүлгийн дарга нэртэй хүнийг шууд удирдсаар байгаа учраас ямар ч үндэслэлгүй шалтгаанаар олон хоног завсарлага авч байна. Тэд бүлгийн хурлыг бүлгэмийн цуглаан, будлианы үүр болгож байгаад бүлгийн гишүүд маань дүгнэлт хийж байгаа байх аа.

-Танай бүлгийн дарга С.Мөнхчулуун дахин завсарлагын хугацааг сунгаж буйгаа хэлсэн. Ингэхдээ нэр дэвшсэн хүмүүсийг өөрчлөх эсэх тухай асуудлыг хөндсөн. Хуульд зааснаар ийм боломж бий юм уу. Тухайлбал, АН-ын бүлгээс ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүнийг оруулж ирэх боломжтой талаар ярилцлага өгч байгаа?

-Хуулийг зөвхөн өөрт ашигтайгаар тайлбарлаж, өөртөө зориулж хууль, журам гаргаж, албан тушаал завшиж, хулгай хийж сурсан хүмүүсийн шидийн зан ил гарч байна. Завсарлага авах нь бүлгийн албан ёсны байр суурь биш байсан. Чоно борооноор гэдэг шиг Ц.Сандуйгийн захиалгаар гэнэт дахин завсарлага авсанд бүлгийн гишүүд бүгд дургуйцэж байгаа. Хоёр нэр дэвшигч дээр дахин санал хураах хуулийн заалт маш тодорхой бий. Тийм ч учраас хурлын даргыг сонгох ээлжит хурлыг хаагаагүй, завсарлуулсан.

-Дээд шүүхийн тайлбарыг хэлэлцэнэ гэдэг нь юу гэсэн үг юм?

-Хууль тайлбарласан дээд шүүхийн тогтоолыг тэр хүн хэлэлцдэг онцгой эрхтэй, бас түүнд нь зориулсан тусгай хууль, тайлбар байдаг гэж зүүдэлсэн юм байлгүй дээ.

-Шинээр нэр дэвшигчид оруулж ирэх боломж байхгүй ч нэгэнт бүлгийн дарга чинь нэр дэвшигчдийг шинээр оруулж ирэх асуудлыг хөндсөн. Хэрвээ энэ асуудлыг хүчээр оруулаад ирвэл яах вэ?

-Жинхэнэ хууль зөрчсөн, нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, сонгогчидоо басамжил-сан үйлдэл болно. Тийм эрх хэнд ч байхгүй.

-НИТХ дахь АН-ын бүлгээс МАН хурлаа ч хийж чадахаа байлаа гэж шүүмжлэлтэй хандаж байгаа. Үнэхээр ийм байдал хүрсэн байгаа юм уу?

-Даравч далдайж, булавч бултайгаад байгаа юмыг нуух гээд яахав дээ. Цөөнхийн оролцоог хангаж, шүүмжлэлийг нь хүлээж авч байж л ажил урагшилна.

-Иргэдийн хурлын даргаа сонгож чадахгүй удаж байгаагаас хотын ажил цалгардах аюулд хүрч байгаа юу. Өвөл хаяанд ирчихлээ?

-Зөвхөн даргыг сонгохтой холбоотой удааширч байгаа асуудал биш. Нийслэлийн ажил өвөл, зун, өдөр, шөнө гэлтгүй тасралтгүй явах ёстой. НИТХ-ын үйл ажиллагаа олон сар зогсонги байдалд явж ирсэн. Хурлыг бид гацаанаас гаргаж үйл ажиллагааг нь хэвийн явуулах үүрэгтэй. Тийм ч учраас хариуцлагын асуудал яригдсан.

-Та НИТХ-ын даргад өрсөлдөж байгаагийн хувьд ямар мөрийн хөтөлбөр, бодлоготой оролцож байна вэ. Өнөөдөр Нийслэлд юуг хамгийн түрүүнд хийх ёстой байна вэ?

-Нэн чухал ач холбогдолтой, нийгмийн захиалга болсон олон асуудлууд бий. Юун түрүүнд Нийслэлийн засаглалын чадавхыг бэхжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг дотоодын нөөц бололцоо, давуу болон сул талууд, эерэг сөрөг нөхцөл байдлууд, гадаад, дотоод хүчин зүйлүүд, ирээдүйд хүрэх зорилттойгоо уялдуулан тооцсон, цогц шийдэл гаргах замаар урт хугацааны тогтвортой хөгжлийн сууриа тавих нь юу юунаас чухал байна. Үүний тулд Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж оновчтой зохион байгуулах,бүх шатанд эрх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, боловсон хүчний ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлж, урьд өмнөхөөсөө ч илүү хурдтай, эрс шийдвэртэй, зоригтой, зорилготой ажиллах цаг үе бидний өмнө байна.

-Утаа агаар, хөрсний бохирдол, гэр хорооллын дахин төлөвлөлт гээд байнга л яригдаж байдаг хэрнээ шийдэгддэггүй асуудлуудыг яах ёстой вэ. Мөн зам, нийтийн тээвэр, түгжрэл зэрэг шийдвэрлэх олон асуудлууд бий?

-Хот төлөвлөлтийн хоцрогдсон сэтгэлгээ, хуучирсан арга барилыг халж, олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн шинэ шийдэл бүхий хотын нэгдсэн стандартыг нийслэлд нэвтрүүлэх шаардлага байна. Гэр хорооллын хөгжил, орон сууцжуулах хөтөлбөрийн шийдлийг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх, утаа агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлж, цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, зам дэд бүтэц, нийтийн тээврийн томоохон төслүүдийг урагшлуулж, замын ачааллыг бууруулах зэрэг ажлууд хүлээгдэж байна. Мөн Жишиг хот тосгоныг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, хот дүүргүүд бие дааж хөгжих боломжийг нээх гээд шийдлээ хүлээсэн олон ажлыг цаг алдалгүй хийж, хэрэгжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийг ч нийслэлийн хэмжээнд хоосон үгээр бус бодит үйлдэл дээр дэмжин ажиллах асуудлууд бий. Энэ бүхнийг маш богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх гарцууд ч бий.

-Хот маань хөгжиж, өөрчлөгдөж л байна, гэхдээ хүндрэл бэрхшээл огт тасрахгүй байна. Дэлхийн хөгжингүй хотуудтай хөл нийлүүлэн алхахын тулд бид яах ёстой вэ?

-Амьдралын наад захын ахуйн хэрэгцээ шаардлагын асуудлаа бүрэн шийдэхгүйгээр хөгжингүй орнуудтай хөл нийлүүлэн өрсөлдөх тухай ярих ямар ч боломж байхгүй юм. Юун түрүүнд аль эрт шийдвэрлэгдсэн байх ёстой боловч өнөөдрийг хүртэл бидний өдөр тутмын ажил, амьдралд байнга эрсдэл, аюул дагуулдаг агаар орчин, хөрсний бохирдол, цаашилвал худаг усны аюулгүй байдал, гэрэл, дулаан цахилгааны хангамж, зам, дэд бүтцийн чанар гээд олон арван жил хур болтлоо хуримтлагдсан олон асуудлуудыг нэг мөр шийдвэрлэх ёстой. үүний зэрэгцээ орчин үеийн хотын хөгжлийн дараагийн үе шат болох ухаалаг хотын суурийг зөв тавьж, хэрэгжүүлж чадвал бид дэлхийн хот болоход ойрхон байна.

-Ухаалаг хотын талаар олон жил ярьж байна. Гэр хорооллын айл өрхийг интернеттэй болгох ажил бас хийлээ л гээд байсан тэр ажил юу болж байгаа бол?

-Ухаалаг хотыг зөвхөн интернетийн сүлжээ бий болгох төдийхнөөр төсөөлөх нь өрөөсгөл. Интернет болон мэдээлэл, холбооны шилдэг технологид суурилан хотын бүх байгууллагыг мэдээллийн нэгдсэн системд холбодог. Өөрөөр хэлбэл дулаан, цахилгааны эх үүсвэр, усан хангамжийн шугам сүлжээ, хог хаягдлын удирдлага, онцгой байдал, хууль, хүчний байгууллага, эмнэлэг, сургууль, номын сан, зам, дэд бүтэц, нийтийн тээврийн систем, иргэд оршин суугчдад хүргэх хот, нийтийн үйлчилгээ гээд хотын бүхий л ажил үйлчилгээ, үйл ажиллагаа өөр хоорондоо харилцан уялдаа холбоотойгоор, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, хянагдан зохицуулагдаж байдаг. Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангадаг төдийгүй хот, нийтийн өмчийг ч эрсдэлгүй, зөв удирдаж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ухаалаг хотын цогц шийдлийн тухай юм.

-Нийслэлийн өнөөгийн өнгө төрх, нөхцөл байдал, иргэдийн амьдрал хүнд байгааг бүгд ярьдаг. Таны сэтгэлийг юу хамгийн их зовоож байна?

-Монгол Улсын хүн амын дийлэнх нь энэ хотод амьдарч байна. Утаандаа угаартаж, хогондоо дарагдаж, хоол хүнсэндээ хордож, улс төрөөс залхаж, ирээдүйдээ итгэл алдарсан хүмүүс дүүрэн газар бид бүгд амьдарч байна. Монгол орны ирээдүй, монгол төрийн үнэ цэнэ эрүүл, саруул, боловсролтой, мэдлэгтэй монгол хүн байна гэдгийг хүн бүр ярьдаг. Харамсалтай нь бид одоо юу хийж, яаж амьдарч байна вэ, ирээдүйд энэ хотод, энэ улсад эрүүл иргэн, Монгол хүн оршин тогтнох уу үгүй юу гэдэг эрсдэлтэй нүүр тулаад байгаа. Гэвч үүнийг ярьсаар,мэдсээр байж дорвитой ямар ч алхам хийлгүй ирлээ. Ирээдүйд хичнээн мөнгө зараад, юу ч хийгээд нөхөж барахгүй гарз хохирол та бидний эрүүл мэнд, удам угсаанд учирчихаад байгааг ихэнх нь мэдрэх сөхөөгүй бас мэдсэн ч шийдэх мэдэлгүй байна. Харин мэддэг, шийддэг хүмүүс нь сэтгэлгүй, санаачилгагүй байгаад сэтгэл их зовнидог. Гэхдээ бид хурдтай, зөв ажиллаж чадвал эдийн засгийн өсөлтөөрөө, хүний хөгжил, оюуны чадавхаараа, хот төлөвлөлтийн дэвшилтэт бодлого, шийдлээрээ, хүн амьдрахад таатай, эрүүл, аюулгүй нөхцөлөөрөө дэлхийд тэргүүлэх, Монгол хүн бүрийн бахархал болсон их хотыг хамтдаа богино хугацаанд бүтээх боломж бүрэн дүүрэн байна гэдэг би огтхон ч эргэлздэггүй.

-Ингэхэд Та НИТХ-ын даргад өрсөлдөх шийдвэрийг яагаад гаргасан юм?

-Би есөн хүүхэдтэй, эгэл амьдралтай уурхайчны гэр бүлд найм дахь хүү нь болон мэндэлсэн. Аав ээж маань биднийг элэг бүтэн, гэдэс цатгалан өсгөсөн хэдий ч би долоон наснаасаа эхэлж зуны амралтаараа ах нартайгаа хамт аавыгаа дагаад сургууль, цэцэрлэгийн засвар, будаг шунх хийж хичээлийн хэрэгсэл, формоо авдаг байлаа. Энэ хүмүүжил, төлөвшил минь өнөөдөр ч бидний бүтээлч байх хүслийг хөгжөөж, хурцалж байдаг. Бид гэр бүл ах дүүгээрээ 25 жил бизнесийн салбарт ажиллаж, унаж босч, урагшилж, хөгжиж ирэхдээ нийгэмд тустай, хүнд хэрэгтэй олон ч ажлыг хийж бүтээж, өнөөдрийг хүртэл олон мянган хүнийг ажлын байр, амьдралын баталгаагаар нь хангаж, тогтвортой ажиллаж ирсэн. Энэ хэрээр улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд ч багагүй хувь нэмрийг оруулж ирсэндээ бахдам байдаг. би л болж байвал бусад нь хамаагүй гэж дуугүй явах, эсвэл болохгүй байна гэж зовлон тоочиж суух нь хувь хүнийг ч, нийгмийг ч үгүй хийдэг гэж ойлгодог. Нэр дэвших шийдвэр гаргаж, бат зогсож байгаагийн минь гол шалтгаан нь, Монгол хүн бүр, эх орондоо эзэн нь байж, сэтгэл амгалан, баян чинээлэг амьдрах ёстой гэдэг хатуу үзэлтэй минь холбоотой. Тийм боломж та бидэнд хангалттай байна. Хамгийн гол нь иргэн бүр амьдралдаа, хариуцсан ажилдаа, эх нутагтаа, зөвхөн иргэн нь төдий бус харин эзэн шиг нь эзэн байж, нэгдмэл зорилго, сэтгэлээр хөдөлмөрлөж, зүтгэж байж дэлхийн хөгжилтэй хөл нийлэх ёстой гэж боддог.

-Таныг боловсрол өндөртэй, гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсныг тань мэдэх юм байна. Та өөрийнхөө ажил мэргэжил боловсролынхоо талаар танилцуулахгүй юу?

-бусдын жишгээр сурч хөдөлмөрлөж, хийж бүтээе гэж зүтгэж яваа нэгэн. налайхад бага, дунд сургуулиа дүүргэсэн. АнУ, Их британи улсад сурч боловсорсон. Эрх зүйч мэргэжилтэй. Ажлын гараагаа 1991 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, Мэдээлэл технологийн төвөөс анх эхэлж байсан. Мөн 2000-2004 онд Монгол Улсаас бнХАУ-д суугаа Элчин сайдын яамны консулын ажилтан. Мөн 2005-2007 онд гадаад худалдааны салбарт ажиллаж байгаад түүнээс хойш өнөөг хүртэл бизнесийн салбарт ажиллаж ирсэн. Миний гол хийж буй ажил бол нИТХ-ын төлөөлөгчөөр 2012 оноос хойш хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

-МАН дотроо фракц бүлэглэлтэй гэдэг нь харагддаг. Тухайлбал, та хотын фракцын өмнөөс сөрж байгаа гэж харагдаж байна. Ер нь Та өөрөө ямар фракц бүлэглэлд харьяалагддаг хүн бэ. Танд бодит хэний дэмжлэг байна вэ?

-бугшиж идээлсэн буруу тогтолцооны эсрэг сөрж байна. Фракц бүлэглэл хаана ч байдаг. Гэхдээ эрх ашиг, туйлын зорилго нь юу вэ гэдгээс их зүйл шалтгаалдаг байх. Аль нэг фракц бүлэглэлд харьяалагдах гэхээсээ илүүтэй санаа зөв, зорилго сэтгэл нэгтэй олон нөхөдтэйгээ зөв зүйлийн төлөө хамтраад л зүтгэдэг. Хүний ажил амьдралын амжилт, бүтээл хэлбэр төдий уриа лоозон, хүч түрсэн зохион байгуулалтаас илүүтэй хүмүүс хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, үнэт зүйл дээр л тогтдог. би болзолгүй нөхөрлөдөг олон сайхан нөхөдтэй. Тэдний минь итгэл үнэмшил, дэмжлэг, туслалцаа надтай үргэлж хамт байдгаар бахархдаг юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Бат-Үүл: Монголын улстөрчид алтаа булаацалдсан дээрэмчид шиг болчихлоо

УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн Засаг дарга асан улстөрч Э.Бат-Үүлтэй ярилцлаа. Тэрбээр одоо НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа билээ.


-Ярилцлагаа нийслэлээс эхэлье. Нийслэлийн иргэдийн хурал даргагүй удлаа?

-МАН олонх байж өөрсдөө иргэдийн хурлаа гацаачихсан олонхынхоо үүргийг биелүүлж чадахгүй байгаад бид нар үнэхээр их санаа зовниж байна. Уг нь сөрөг хүчин чинь нөгөө талаа муу байвал болж дээ гэсэн байдлаар ханддаг биз дээ. Гэтэл бид анхны хуралдаанаас эхлэн “Та нар битгий хагараач ээ. Хоорондоо учраа олооч. Олонх шиг байгаач. Ажлаа хийгээч ээ. Энэ чинь цаанаа олон сөрөг үр дагавартай шүү” гэдгийг сануулж байгаа. Эрх баригч олонхынхоо төлөө аргаа барсандаа л сөрөг хүчин нь санаа зовнихдоо туллаа. Өвлийн хүйтний улирал руу шилжиж байгаа өнөө цагт хотын ажил их, ид өрнөдөг. Тэгэхээр ажлыг нь хийлгэмээр байх юм.

-Өнгөрсөн даваа гаригт НИТХ дахь ан-ын бүлгийн төлөөлөгчид МАН-ын төлөөлөгчдөө орж ирэхийг гурван цаг хүлээж суусан. НИТХ-ын даргад нэр дэвшсэн хоёр хүнийхээ асуудлыг МАН яг юунаас болоод шийдэж чадахгүй байгаа юм бол?

-Би доторх нарийн учир шалтгааныг нь мэдэхгүй юм. Гэхдээ эрх мэдлээ булаацалдаж байна гэдгийг нь сайн мэдэж байна. Хурлын даргын албан тушаалыг л булаацалдаж байна.

-Шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтцээ шинээр эмхлэн бүрдүүлэх гэж байна. Засаг төрийн энэ үйл явцыг та юу гэж харав. Тантай ярилцах хүсэлт тавьснаас хойш хэсэг хугацааны дараа хоёулаа ярилцаж бас таарлаа л даа?

-Би үнэндээ хөдөө амьдарч байгаа. Ном бичиж байна, мал аж ахуй эрхэлж байна. Хөдөө гараад фермэр болчихоор цаг зав муутай болчихдог юм байна. Ялангуяа намрын үед хадлан тэжээл, малын хэвтэр бууц бэлдэхээс эхлээд маш завгүй байна. Сая би Иргэдийн хуралд суух гэж хот руу орж ирлээ. Төвөөр яг юу болоод байгаа талаар нарийн мэдээлэл байхгүй байна.

-Эрх барьж байгаа намын гэхээсээ илүү улс доторх бужигнааныг та анзаарах завгүй байна гэж байхгүй биз ээ?

-Засгийн газрыг огцруулах үндэслэлд сонгуулийн хариуцлагын тухай асуудлыг хөндсөн байна лээ. Хэрэв сонгуулийн дүнд хариуцлага тооцож байгаа бол намын даргадаа улс төрийн хариуцлагыг нь тооцох ёстой баймаар юм. Иргэдийн хурлын дарга Ц.Сандуй “Би сонгуулийн хариуцлагаа хүлээж байна” гэж хэлээд огцорсон. Ц.Сандуйгийн үгийг ойлгоход их төвөгтэй байсан л даа. Би уг нь гайгүй ажилласан юм, урьд нь ялуулсан. Тэгснээ одоо сонгуулийн хариуцлага хүлээж байна ч гэх шиг. Нэг бол нөхдөө муулаад ч байгаа юм шиг. Хэрвээ Ц.Сандуй нь улс төрийн хариуцлагаа хүлээдэг юм бол М.Энхболд нь яагаад УИХ-ын даргаасаа огцрохгүй байгаа юм бол. Доороо хариуцлагаа нэг нь хүлээчихдэг, гэтэл дээрээ яагаад хариуцлагаа хүлээдэггүй юм. Ардын намын дүрэм нь дотроо ийм ялгаатай үйлчилдэг юм уу. Нийслэлийн намын хурал нь ч хуралдаагүй, намын даргаа ч Ц.Сандуй өгөөгүй байгаа. Тэгсэн хэрнээ Иргэдийн хурлын даргын ажлаа өгөөд явчихлаа. Ингэж улс төрийн хариуцлага нь яагаад төрийн хариуцлага болж хувирч байгаад гайхаж байна. Сонгуульд ялагдсан явдалд төр ямар буруутай юм бэ. Улс төрд их ойрхон явдаг би хүртэл сүүлдээ яг юу болоод байгаа учрыг нь ч олохоо байлаа.

ОДООГИЙН ТӨР ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ БОЛСОН

-Ан төрийн эрхийг барьж байх үед Засгийн газар огцорсон. МАн бүр олонх болоод Засгийн газраа сая огцруулчихлаа. Ер нь Засгийн газрыг огцруулснаар дээрддэг юм байна уу?

-Н.Алтанхуягийг огцруулсан асуудал саяны Засгийн газрыг огцруулж буй асуудлаас шал өөр тусдаа асуудал. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан гол учир нь яг улс төрийн хариуцлагыг хөндсөн. Намын дарга нь дур мэдээд өөр намын дарга дээр гүйж очоод сонгуулийн тойрог хуваарилсан гэрээ байгуулчихсан байсан. Намын дүрмээрээ намын даргын эрх мэдлийн хүрээнд шийдчих асуудал биш. Гэтэл намын дарга дур мэдэн сонгуулийн тохироо хийсэн учраас намын даргатайгаа хариуцлага тооцсон юм. Одооны Засгийн газар огцорсон, огцруулсан шалтгааны учрыг үнэндээ ойлгохгүй байгаа л даа. Хэрвээ сонгуулийн хариуцлага тооцож байгаа юм бол яагаад М.Энхболдтойгоо хариуцлагыг тооцохгүй байгаа юм. М.Энхболд Ц.Сандуй шиг ажлаа яагаад өгөхгүй байгаа юм. Улс төрийн хариуцлага хүлээхийн оронд яагаад шууд Засгийн газрын асуудал болоод явчихав. Үүнэээс үзэхэд улс төрийн энэ хүчинд бодлого энэ тэр гэж огт алга. Дүрэм журам, зарчим ёс зүйн тухай ойлголт ч алга. Зөвхөн хоорондоо засгийн эрх мэдлийг л булаацалдаж байгаа дүр төрх харагдах юм.

-Засгийн газрыг огцруулсан хүмүүсийн гол тайлбар бол хулгайч нөхдүүдээсээ салж, шударга ёсыг тогтоохын тулд гэдгийг хэлдэг шүү дээ?

-Өнөөдрийн улс төрийн хүчин өөр хоорондоо намынхаа эрх мэдлийг булаацалдахгүй мөртлөө төрийн эрх мэдлийг булаацалдаад байх юм. Зүй нь намын эрх мэдэл нь солигдоод төрд ажиллаж байгаа боловсон хүчиндээ халаа сэлгээ хийвэл нэгэнт эрх барьж байгаа намын хувьд эрх мэдэл нь бий. Би нэг жишээ яръя. Япон гэх мэт гадны улс оронд Засгийн газар нь солигдож л байдаг. Засгийн газар нь солигдлоо гээд Японтой хамтарч ажилладаг олон улсын байгууллага, бусад улс орнуудын хөрөнгө оруулагч, хамтрагсад нь сандарч тэвдэх зүйл гардаггүй. Яагаад вэ гэвэл Японы төр нь улс төрөөсөө тусдаа байнгын ажиллагаатай байдаг. Төр нь ажилладгаараа ажиллаж гэрээ хэлцэл явдгаараа л явна. Зөвхөн хүн л солигдож ирнэ. Төр нь өөрөө ийм дархлаатай. Японы төрд улс төрийн бодлого өөрчлөгдөнө гэхээрээ урт хугацааны, дунд хугацааны хөгжлийн жанжин шугаманд нь өөрчлөлт орж байгаа болохоос биш төрийн нэгэнт хийгдсэн ажил өөрчлөгддөггүй. Манайд болохоороо сонгуулийн үеэр төрийн байгууллагаар ороход ажилладаг хүн бараг байдаггүй. Одоо Засгийн газар солигдож байна. Яамдуудаар яваад үзээрэй. Ажиллаж байгаа хүн байхгүй. Тэгээд одоо байгаа дарга нь солигдчихвол дараагийн дарга нь шал өөр юм яриад эхэлнэ. Ингэж улс төрийн халаа сэлгээ, албан тушаал нь төрийгөө нэрвээд хаячихаж байна. Энэ нь төр нь улс төрөөсөө шууд хараат байгааг харуулж байна. Уг нь сонгуулиар чинь зөвхөн улс төрийн албан тушаал л солигдох ёстой биз дээ. Цаашдаа төрийн албаны дархлаагаа бэхжүүлэхгүй бол улсын хөгжлийн бодлого гэж үгүй болно.

-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй замыг туулж байна. Өнгөрсөн хугацаанд АНийм хүнд байдалд хүргэсэн талаар энэ засаг, төрийнхөн байнга хэлж ярьдаг. Та бүхэн үнэхээр хүнд нөхцөлд оруулчихсан юм уу?

-УИХ-ын 2016 оны сонгууль болсны дараагаар улс орноороо тоглох эмгэнэлтэй үйл ажиллагаа эхэлсэн л дээ. Шинэ эрх баригчид гарч ирэнгүүтээ бид нарыг муулах гээд улсаа дампуурчихсан гээд зарлачихсан. АН-ыг харлуулах гэж байгаад улсаа харлуулчихсан. Сүүлдээ бүр хувийн компанийн өрийг улсын өр болгож яриад, өр авлагуудыг чинь хольж хутган уран сайхны хэтрүүлэг халилтай явж өгсөн. Эрх баригчид сонгогдож гарч ирчихээд ийм зүйл хийчихсэн. Бид дуугүй л байсан. Яагаад вэ гэвэл иргэдийн сонголтыг хүндэтгэж, гарч ирсэн улс төрийн хүчин нь урдах ажлаа хийгээсэй, саад болохгүй юм шүү гэсэн байр сууринаас хандсан. Та бүхэн хотын дарга С.Батболдын 2016 оны хотын төсвийг үзээрэй. Намайг хотын дарга байх үед батлуулж байсан төсвөөс даруй 90 орчим тэрбум төгрөгөөр илүү байгаа. Намайг чинь чухам дампууруулчихсан байна гээд л гүжирдэх мөртлөө сонин нь миний үеийн төсвөөс хамаагүй илүү төсөвтэй, илүү мөнгөтэй байгаад байгаа байхгүй юу. Тэгсэн хэрнээ ажил хийх гэхээр болж өгдөггүй гээд урдахаа муулаад суугаад байдаг.

-Улс төрийн тулхтай намыг тогтвортой ажиллана гэж үзээд ард түмэн сонголтоо МАн-д өгсөн. Тэгтэл өнөөдөр дотроо ингэж хагарал, тэмцэлтэй байгаад нь сэтгэл дундуур байна. Юунаас үүдэлтэйгээр МАн урьд байгаагүйгээрээ эвдрэлцэв. эсвэл намын шинэчлэл нь энэ юм уу?

-Одоо энэ намд учраад байгаа хямрал ганц энэ намынх биш. Манай нам болон бусад аль ч намыг хамарсан өвчин. Өнөөдөр улс төр нь эрх мэдлийн наймаа, булаацалдаан өрнөдөг зах болчихсон. Улс төрийн бараа бүтээгдэхүүнийг наймаалцдаг зах болчихсон. Юун тэр нийгмийн амьдрал, хүмүүсийн амьдралыг бодох, улс орныг хөгжүүлдэг хөтөлбөрөө ч ярихаа байсан. Бие биенийгээ тагнаж чагнадаг тухай л ярьдаг болсон. Бие биенийгээ алж хядах тухай ярьдаг болсон. Одоогийн төр эрүүгийн шинжтэй төр болсон. Төрийн хүмүүс байж нэгнээ гэр орноор чинь хүйс тэмтэрнэ шүү гэж хэлсээр байтал нэг нөхөр “Сүртэй ш дээ. Эр улсын яриа” гэж донгосч байгааг хараад хэлэх үг алга. Ер нь эрүүгийн гэмт хэрэгтэн, шоронд л нэгнээ алах, хядах тухай ярьдаг биз дээ. Хэзээ байхдаа Монголд улстөрчид нь Төрийн ордонд ингэж ярьдаг болчихсон юм бэ. Хэрэв гадны улс оронд ингэж ярьсан бол улс даяараа донсолж цунами болно доо. Манай нийгэмд үүнийг юу ч болоогүй мэтээр хүлээн авч байна шүү дээ. Энэ бол аюул. Ийм муу зүйлд эхлээд дасч эхэлдэг юм. Дараа нь тэр муу зүйл хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Энэ нь бид эрүүжсэн төрд дасч эхэлж байгаагийн илэрхийлэл. Цаашдаа ямар ч нам хүчин ялгаагүй дотроо хямарна. Эрх мэдлээ хоорондоо булаацалдана. Өнөөгийн Монголын улс төр жинхэнэ утгаараа улс төр биш байхаа больсноос үүдэлтэй. Улс төр ерөөсөө л хувь хүмүүсийн бизнес болоод хувирчихсан. Бизнесээ булаацалдаад бие биенийгээ занаж байна шүү дээ. Монголын улстөрчид алтаа булаацалдсан дээрэмчид шиг болчихлоо. Их хурлын гишүүн гэсэн гоё нэртэй сэтэр зүүчихсэн болохоос сэтгэлгээ, соёл нь эрүүгийн хэмжээний сэтгэлгээ соёлтой байгаа хэрэг. Уг нь улстөрчид чинь нийгэмдээ үлгэр загвар байх ёстой улсууд байхгүй юу. Цаашдаа ална тална гэх мэт ийм буруу үлгэрлэлийг хүүхдүүд маань дууриагаад эхэлвэл яах уу. Миний гол харлаж байна.

Улстөрчид нь нийгМээ хөгжүүлэх чАдвАргүй бОлчихООрОО эргээд нийгэМдээ гАй бОлдОг юмбайна

-Аль ч нам ялгаа алга гэж төрд итгэх итгэл үнэхээр буурч байгаа. энэ нь юутай холбоотой вэ. хэрвээ эрх мэдэл албан тушаал олдохын цагт танай АНч ялгаагүй байх уу?

-Ер нь АН эрх барьж байх үедээ ч ингэж хагарч л байсан. Үнэндээ улстөрчид оролцоогүй газарт амьдрал хэвийн явж, урагшаа хөгжиж байна. Улстөрчид давхиж очиж буй болгонд бөөн тулалдаан, аюул болж байна. Улстөрчид нь нийгмээ хөгжүүлэх чадваргүй болчихоороо эргээд нийгэмдээ гай болдог юм байна. Магадгүй манай улс улстөрчидгүй байсансан бол илүү хөгжчих гээд байна. Гэхдээ хичнээн өмхий гэлээ гээд хүн хошногоо ухаад аваад хаячихаж чаддаггүйтэй адил заавал сонголт хийх л болдог. Ер нь явж явж 2004 онд “62-ын бүлэг” бий болсноор улс төрийн ийм балиар тогтолцоо бий болох эхлэл нь тавигдсан.

-“62-ын бүлэг”-гээр МАнАн бүлэглэлийн эх суурь тавигдсан гэгддэг бил үү. тухайн үед юу болж байлаа?

-2004 онд манай намын нэг хэсэг нөхөд Ардын намын хэсэг нөхөдтэй нийлж нэг бүлэг болсон. Би долоон нөхдийнхөө хамт “Та нар яаж ингэж чадаж байна аа. Та нар социалист, коммунизмынхантай яаж нийлж чадаж байна аа” гэж хашгираад л үлдэж байлаа. Тэрнээс хойш МАНАН-гийн улс төр бий болсон. Монголын улс төр үнэт зүйл, бодлогогүй болсон. Зөвхөн эрх ашгийн төр болсон. Эрх мэдлээ арилжиж наймаалцдаг байсан бол одоо шууд дээрэм тонуул хийдэг болжээ. Удахгүй алаан хядаан болохыг үгүйсгэхгүй юм. Эхнээсээ заналхийлээд эхэлчихлээ.

-Ан-ын шинэчлэл хэр сайн явагдаж байна вэ?

-Уг нь манай намын шинэчлэл их амжилттай хэрэгжсэн. Гэхдээ сүүлийн үед нам дотор захиргаадалтын байдал тогтоох гэж байна уу даа гэж зарим нэг зүйлсээс нь харагдах боллоо. Хэрэв ингэвэл энэ нь аюултай. Урьд нь Н.Энхбаяр Ардын намыг удирдаж байхдаа дарангуйлах гэж оролдоод, энэ намын хямрал тэндээс эхэлсэн.

-Таны цаашдын улс төрийн карьерыг чинь сонирхъё. Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаад нэрээ татчихсан. Таны улс төрийн нүүдэл чинь Ерөнхийлөгч үү, эсвэл таны байнга ярьдаг хот уу?

-Би хотынхоо ажлыг л хийх сонирхолтой. Миний төрсөн хот, өссөн гэр орон минь. Гоё сайхан болгомоор байна. Түүнээс өөр албан тушаалыг үнэхээр сонирхдоггүй. Одоо ч гэр хорооллыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд дээр анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Монгол Улсын хөгжил рүү хөтлөх гол машин бол гэр хороолол юм. Улс хөгжье гэж байгаа бол гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй байна. Энэ тухай эрх баригчид болон өөрсдийнхдөө ойлгуулах гээд үзээд л байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний тухайд намын нөхдүүд маань намайг Ерөнхийлөгчид та л нэр дэвших ёстой гээд шахаад байсан. Манай Р.Амаржаргал ярилцлагадаа “Бат-Үүл Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой. Түүний нэр дэвших эсэхийг Бат-Үүл дангаараа шийдэх ч асуудал биш. Намын асуудал” гэж хэлсэн байдаг. Намын VII их хуралд орон нутгаас ирсэн намын гишүүд Та л дэвших ёстой гэцгээгээд байсан. Нэгэнт намын нөхдүүд намайг нэр дэвших ёстой гэсэн шахалтыг өгөөд байсан болохоор би нэр дэвшдэг баатар болохгүй юу даа. Тэгээд нэр дэвшихээр болчихоод харсан чинь намайг нэр дэвшүүлээд явуулах сонирхол ер нь алга аа. Фракцууд маань тохирчихжээ. Тэгээд би нэрээ дэвшүүлээгүй татсан юм. Эргээд харахад бүгд мэхт мэхэндээ болсон л доо. Харамсмаар юм болсон. Намайг нэр дэвшүүлэхгүй гэж зүтгэсэн улсууд одоо амаа барьж байгааг би мэднэ. Гэхдээ би нэр дэвшээгүйдээ баярладаг. Яагаад вэ гэвэл би эрүүжсэн улс төрд оролцмооргүй байна. Би чинь боловсролтой, ард түмнийгээ олон сайн зүйлд дагуулсан үйл ажиллагаанд тэргүүлж оролцож байсан. Хэр баргийн олдохооргүй сайхан үйл хэрэгт оролцсон хувьтай хүн. Тийм байж өөрийгөө доош нь хийж байгаа юм шиг эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн дайны хөгийн улс төрд би оролцохгүй. Оролцоогүйдээ эргээд баярласан.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Эв нэгдэл нэрийн дор дарга нарыг хамгаалж үлдэж болохгүй

“Өдрийн сонин”-ы 2017.09.21-ний пүрэв гаригийн №203 (5770) дугаараас авч нийтлэв.

Related imageУИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.


-Ман-ын Бага хурлаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?

-Намын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвших асуудлыг хэлэлцэнэ байх. Намын бодлого үйл ажиллагаа, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлтийг өгнө.

-Ерөнхий сайдад нэр дэвших хүмүүсийг оруулж ирэх Ман-ын удирдах зөвлөл хэзээ хуралдах вэ. Танд дэмжиж байгаа хүн бий юу?

-Одоогоор хуралдаагүй байна. Сайд дарга нарт хэний нэрс яригдаж байгаа талаар надад л лав дуулдаагүй байна. Нэр дэвших хүмүүсийн нэр тодроогүй учраас би дүгнэлт хэлэхгүй.

Сая унасан засгийн газрыг эрх барьж байгаа танай нам байгуулсан. Та сангийн сайдаар удаа дараа ажиллаж байсан хүн. Тухайлбал, Сангийн сайдад эдийн засагч, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц санхүүгийн туршлагатай хүнийг тавих шаардлагыг тавьж байсан байх. Та бүхэн яг ямар шалгуураар сайд нараа томилж байсан юм бэ?

-Тэр үеийн тавигдаж байсан шаардлага их өөр шалгуур байсан болов уу даа. Тэр шалгуураа нам дотроо илэн далангүй яриагүй шүү дээ. Сонгуульд ялалт байгуулсан намын дарга санал оруулаад томилсон. Би хувьдаа огт өөр шалгуур явлаа л гэж бодсон. Сангийн сайдын хувьд хэлэхэд төрд ажилласан сайн шалгууртай хүн байх. Гэхдээ мэргэжлийн яамны хувьд буруу сонголт байсан. Энэ хүн энэ системд ажиллаагүй. Гал тогоон дунд буцлаагүй хүн. Ний нуугүй хэлэхэд танин мэдэхүйн шатандаа явсаар байгаад дууслаа гэж бодож байна. Тухайлахад, УИХ-аас Засгийн газарт концессын асуудалд маш тодорхой чиглэл өгч байсан. Өнөөгийн нөхцөл байдалтай зохицуулж үр ашигтай хэлбэрийг нь сонгож, зөвхөн нийгмийн салбарт байх ёстой гэдэг дээр тогтсон байсан. Өмнө байгуулсан концессын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгтөл шинээр нэмж концесс битгий байгуул гэдгийг хэлсэн. Гэтэл Сангийн сайд нь мэдээгүй байхад концессын гэрээ байгуулсан тухай асуудал хүртэл чуулганы хуралдаан дээр яригдсан.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ямар түвшинд ажиллав гэж та үзэж байна. Та засгийг огцруулахыг дэмжсэн хүний нэг?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг би анхнаас нь дэмжиж байсан. Санхүүгийн системд анхан шатнаас нь эхлэн ажилласан хүн. Сургууль төгсч ирээд миний удирдлагад ажиллаж байсан. Төрийн сангийн тогтолцоог Монгол Улсад бий болгоход бид нэг баг болж хамтарч ажилласан. Сангийн сайд хийсэн. Би энэ хүнийг Монгол Улсын эдийн засгийн хямралын нөхцөл байдлыг даван гарах бодлого үйл ажиллагааг удирдаж чадах хүн гэдэгт итгэлтэй байсан. Харамсалтай нь энэ хүний хүчин чадлыг бүрэн ашиглаж чадаагүй. Монголын төр тэр дотроо УИХ-д олонх болсон манай намын бүлэг энэ хүнийг ажиллуулж чадаагүй. Эхнээсээ л оруулж ирсэн бодлогыг нь өөрчлөөд засаад эхэлсэн. Анхны төсвийн тодотголыг хэлэлцэх үед эдийн засгийн чухал хөтөлбөрийг тусгасан бодлогууд оруулж ирж байсныг нь санаж байна. Үүнийг УИХ дээр унагасан. Тэр үеэс энэ Ерөнхий сайдад байдал маш хүнд байх юм байна даа гэдгийг би ойлгосон.

Энэ хүнийг боловсон хүчний бодлогыг бие даан явуулах бололцоог нь нам, намын дарга дээрээс нь хязгаарласан. Намын дарга бараг бүх сайдуудыг нэрийг зааж томилсон. Энэ нь Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлээгүй. Тэгэхээр энэ хүнийг ажил хийлгээгүй дээ. Ерөнхий сайд гэдэг бол Засгийн газрын тал хувьтай тэнцэхүйц өндөр албан тушаал. Гэтэл нөгөө талд нь өөртэй нь тэнцэхүйц өөр бүтэц бий болчихсон. Засгийн газрын тэргүүндээ захирагдаж ажиллахаас илүүтэй томилсон эзэдтэй захирагдаж ажиллах уур амьсгал бий болсон. Үүнд манай нам том алдсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Нөгөөтэйгүүр Засгийн газар Засгийн газар шиг байр суурин дээрээ хатуу зогсч чадаагүй. УИХ юу л өгнө тэрийг нь хүлээж авдаг. Заримдаа оруулсан бодлогоо танихаа байтал нь өөрчлөгдөн орж ирсэн ч хүлээж авдаг болсон. Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй бүх хүнд таалагдсан бодлого явуулах гэж оролдсон нь Засгийн газрын алдаа. Ер нь намын дарга Ерөнхий сайдын ажлыг давхар хийсэн юм биш үү. Манай намын дарга дэндүү олон ачааллыг өөр дээрээ авчихсан. УИХ-ын дарга, намын дарга, Ерөнхий сайд, хотын дарга, дээрээс нь нэмээд уяачдын холбооны дарга гэсэн таван албан тушаалтай гэж манай намын нэгэн гишүүн ярьж байсан. Энэ бол манай намын гишүүдийн дунд гарсан яриа.

-Та УИХ-ын дарга М.Энхболдын тухай яриад байна уу?

-УИХ-ын сонгуулиар манай нам том ялалт байгуулсан. Энэ бол намыг удирдаж байгаа удирдлагуудын нөр их хичээл зүтгэл мөн. Харамсалтай нь нэг жилийн дотор хүрсэн үр дүн амжилтуудаа өөрсдийн гараар үгүй хийлээ. Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар буртагладаг гэдэг шиг өмнөх гавьяа их бий боловч түүнийгээ баталгаажуулах шатандаа том алдлаа даа. Өнөөгийн алдаа дутагдалд өмнөх гавьяа түүнийг хаах хаалт болохгүй юм.

-Одоо шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, томилгоог ямар байдлаар хийхээр яригдаж байна вэ?

-УИХ-ын 2016 оны сонгуульд манай нам нэгдсэн мөрийн хөтөлбөртэй оролцохдоо мэргэжлийн Засгийн газрыг байгуулна гэсэн амлалттайгаар сонгогдож гарч ирсэн. Ард түмэнд энэ хүлээлт байсан. Гэтэл нэг жилийн хугацаанд энэ итгэл алдарлаа. Яагаад итгэл алдрав гэдэг дээр дүгнэлт өгөх ёстой. Одоо Засгийн газарт тавигдах тэргүүн эгнээний шаардлага бол жинхэнэ мэргэжлийн Засгийн газар байгуулах тухай байгаа байх. Мэргэжлийн гэдгийг тодотгоход хариуцах асуудлаараа мэргэжлийн мэдлэг, боловсролтой, тухайн салбарын үйл ажиллагааг мэддэг, салбартаа танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Мөн төр засгийн түвшинд ажиллаж, ачаа үүрч сурсан дадлага туршлагатай байх ёстой байх. Бодит үнэнийг хэлэхэд 2016 оны сонгуулийн дараа ард түмний урам хугарсан гэж би боддог. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн чинь мөнгөний Засгийн газар байгуулчихдаг байна ш дээ гэсэн уур амьсгал олны дунд дороо л тарсан. Энэ байдал одоо засагдах болов уу даа гэж харж байна.

-Нам дотроо алдаа оноогоо ярилцаад засаг төрийг заавал бужигнуулахгүйгээр дотроо асуудлаа шийдэж болоогүй юм уу?

-Одоо дарга нарын хоорондын эв нэгдэл гэдгийг ярихаас илүүтэй намын нэгдмэл цул байдлыг ярих цаг болсон байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн манай намд дүнгээ тавьсан. Энэ сонгууль дохио өгсөн. Сургамж авах ёстой байсан. Гэтэл энэ сонгуулиас хойш гурван сарын хугацаанд таг чиг байсан нь уур амьсгалаа мэдрэхгүй байна гэдгийг нь харуулсан. Энэ нь намын гишүүд, дэмжигчид, сонгогчдоосоо манай дарга нар тасарчихсан хол байна гэсэн үг. Болж байгаа зүйлээ бататгаад болохгүй байгаагаа засаад шинэ уур амьсгалаар явах ёстой. Гэтэл тогтвортой байна гэдэг нэрийн дор ямар ч дүгнэлт хийхгүй, юу ч өөрчлөхгүй хариуцлага ярихгүй байж болохгүй. Эв нэгдэл нэрийн дор дарга нарыг хамгаалж үлдэж болохгүй. Ийм л уур амьсгал цухалзаад л байсан л даа.

-Та огцруулах тал дээр шийдвэрээ хэрхэн гаргасан бэ. Засгийн газрыг огцруулахад та гарын үсэг зураагүй байсан хэрнээ эцсийн мөчид кноп дарчихсан?

-Би гэнэт шийдвэр гаргадаг хүн биш. Асуудлын эцсийн шийдвэр гаран гартал харж хүлээзнэсэн. Би намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр урьд нь удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. Бид ингэж таг чиг байж болохгүй. 60 тэрбум төгрөгийн асуудалд үүссэн эргэлзээг тайлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Сонгуулиас хойш алдаа оноогоо дэнслэх тухай яръя, хэлэлцье гэсэн шаардлагыг намын удирдлагууддаа тавьсан. Гэтэл дүгнэлт огт хийгээгүй. Яагаад ярихгүй байна вэ гэдгийг нь дүгнэн харахад давхар дээлтэй дарга нарын албан тушаал эрх мэдлээс урган гарсан амин ашиг сонирхол нь намын гишүүд, олон нийттэй нэг замаар явахгүй, нийлэхгүй байсанд байгаа юм. Ингээд ижил түвшнээс асуудлыг ярихын тулд албан тушаал эрх мэдлийг нь хязгаарлах ёстой юм байна гэсэн шийдэлд яалт ч үгүй хүрсэн. Засгийн газрыг өөрчлөх ёстой гэдэг дээр хатуу итгэл үнэмшилтэй байсан. Кноп дарах хүртлээ намын удирдлагууд маань дүгнэлт үнэлэлт хийгээсэй, Удирдах зөвлөл өөр дээрээ хариуцлагаа хүлээгээсэй гэсэн байр суурийг баримталж байсан. Тэгээд эцэст нь болж бүтэхгүй байгаа зүйлийн төлөө эр зориг гаргаж байгаа итгэл үнэмшилтэй санал нэгдсэн.

-Одоо байгуулагдах шинэ Засгийн газраас юу хүлээх вэ?

-Амьдрал гэдэг үнэний шалгуур. Нэгэнт өөрчлөлт хийж байгаа бол бүх зүйлийг засан сайжруулна гэсэн итгэлээр хийж байгаа. Засгийн газар огцорсноор эерэг, сөрөг үр дагавар аль аль нь байгаа. Дараагийн Засгийн газар яаж ажиллахаас энэ бүхэн шалтгаална. Нэгэнт өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа бол үр дүнгийн төлөө байх ёстой.

-Одоо МАН дотроо хэр ойлголцолд хүрч чадаж байна?

-Саяхан болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас хараад одоо бүгдээрээ ижил түвшингээс нэг зүйлийн төлөө хараад явцгаая гэж байгаа юм байна гэж ойлгосон. Эерэг өөрчлөлт гарсан байна. Нам дотор хагарал зөрчил гарсан гэж би үзэхгүй. Олон ургалч үзэл, үзэл бодлын олон хувилбарыг л бид өөр хоорондоо ярьж байна. Зарим нэг хүмүүсийн яриад байгаачлан албан тушаалын булаацалдаан болж байна ч гэж харахгүй байна. МАН бодлого, үйл ажиллагаагаа сайжруулъя гэж байна. Үндсэн зарчим ноён нуруун дээрээ нэгдмэл байгаа гэдэгт би итгэлтэй байна.

-Тантай уулзаж ярилцсаных манай улсын эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар асууя. Гадаад өр хэр хэмжээнд хүрчихсэн байна вэ?

-Социализмын үеэс өвлөж ирсэн өр одоо бидэнд байхгүй, 2004 онд бүрэн хаагдсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи өр авлага байна. Хандивлагч орнуудаас авсан хөнгөлөлттэй зээл нэлээд байдаг. 20-40 жилийн хугацаанд төлөгдөх урт хугацааны, жилийн хүү маш бага, төсөвт хүндрэл болдоггүй учраас би өр гэж үзэхгүйгээр зээлийн төлбөрийн үлдэгдэл байдаг. Ойролцоогоор 4-5 тэрбум ам.доллар байгаа байх. Сангийн яамнаас дэлгэрэнгүй мэдээллийг нь аваарай. Хоёрдугаарт гадаад зах зээл дээр босгосон зээлийн өр буюу бондын өр гэж байна. Нэр бүхий бондуудын төлбөр богино хугацаанд төлөгдөнө. Зээлийн хэмжээ нь багцаагаар арван тэрбум ам.доллар руу дөхөх байлгүй дээ. Гуравдугаарт, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн гаднаас авсан зээл, өр гэж байна. Хоёр, гурван тэрбум байгаа байх. Энэ зээлд хэрвээ эрсдэл үүсвэл төр эрсдлийг хуваалцана. Миний хэлсэн дээрх гурван өр бол тооцоотой, бүртгэлтэй, хяналттай ил тод өр. Үүний цаана далд байдаг нэг хэсэг өр гарч ирж байна. Томоохон ашигт малтмалын орд газруудад авсан өр зээл хэдий хэмжээгээр нэмэгдэж байна, хорогдож байгаа нь Монголын төрийн хяналтад огт байдаггүй . Жишээлбэл, Оюутолгой байна. Бид гадаадын хөрөнгө оруулалт сайн сайхан гэж амаа олохгүй магтаад сууж байгаа. Тэр хооронд бидний баялагийг биднээс асуухгүйгээр барагдуулаад явж байгаа. Эцэстээ монголын баялгаар нөхөгдөж байгаа өрний талаар бид санаа зовних ёстой. Бид байгалийн баялгаа ашиглуулаад эцэст нь өртэй үлдэх вий дээ.

-Монгол Улсын төсвийн байдал ямар байна?

-Маш хүнд байгаа. Төсөв нь орлогоороо зарлагаа хааж чадахгүй их хэмжээний алдагдалтай байна. Хуримтлагдсан өр байнга нэмэгдэж байна. Орлого бий болгодог үйлдвэрлэл үйлчилгээний салбар нь уначихсан. Гол эх үүсвэр бүрдүүлдэг уул уурхай бидний хяналтаас гарчихсан байна. Одоо өрийг барагдуулах сонголт улам хумигдаж байгаа. Бүсээ чангалаад зүтгээд ч энэ их өрний багахан хэсэгхэнийг л өөрсдөө төлж чадна. Олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааг авах аргад шилжсэн, авахаас ч аргагүйд хүрсэн. Дараагийн арга нь тулчихсан байгаа өр авлагын хугацааг нь сунгаж, хүүг нь багасгаж өрийг өрөөр дарахаас өөр аргагүй байна.

-Ер нь яагаад ийм их өртэй болчихсон юм бэ?

-Бодитой авч үзэх юм бол Монгол Улсын төр засаг энэ өрийг авсан. 1990 оноос хойш хоёр нам ээлжлээд төр засгийн эрхийг барилаа. Энэ хугацаанд манай улс эдийн засгийн хөгжлийн бодлогогүй явж ирсэн. Эдийн засаг санхүүгийн сахилга бат туйлын хангалтгүй явж ирсэн. Манай улсын төрийн захиргааны бүтэц нүсэр, данхайсан. Төрийн байгууллагад тогтвортой ажиллах мэргэшсэн боловсон хүчний бодлого алдагдсан. Би тун ч олон удаа төрийн бүтэц бүрэлдэхүүнийг оновчтой байлгах тухай санал боловсруулан оруулж ирж байсан ч авч хэлэлцдэггүй байсан. Сонгуулиар ялсан намууд амлалтдаа хүрэх гэж шинээр бүхнийг эхлүүлэх гэж үйл ажиллагааны алдаа гаргасан. Ялалт байгуулсан нам болгон өөрийн эрх ашгийг өндөрт тавьж, төр засгийн бүтэц бүрэлдэхүүнийг өөртөө зориулж өөрчилж ирсэнтэй холбоотой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Багш нарын цалин гэдэг таны хүүхдийн ирээдүйн цалин юм

Багш нар ажил хаялт зарлажээ. Цалин бага гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлэн өчигдөр зарим сургуулийн хичээл орсонгүй. Үнэндээ багш нарын цалин бол хүнд хэлэхээс ч ичмээр бага. Бага цалинтай багшаас сайн үр дүн хүлээхэд бэрх. Цалиндаа таарсан муу сургалт явагддаг. Манай улсын боловсролын хамгийн сул зүйл бол багш нарын үнэлгээний асуудал. Тийм ч учраас ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарт ахиц гардаггүй. Багшийн ажил гэдэг бол шавь нартаа оюун ухаанаа чилээн сэтгэл зүтгэлээ гарган байж үр дүнгээ өгдөг амаргүй ажил. Улсын хөгжлийн гол түлхүүр гэгддэг багш нарынхаа хөдөлмөрийг бодитойгоор үнэлсэн улс хөгждөг. Яагаад вэ гэвэл багш хүн цоо шинэ хүнийг бүтээдэг. Аливаа хүн болох суурийг боловсрол олгодог. Сургуулийн нас бол хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, хүний төлөвшлийн суурь чухал үе. Бага насандаа сураагүй хүүхэд цаашдаа ч сурах нь хол. Нэгэнт сайн дүнтэй суралцаж чадаагүй бол мэргэшсэн мэргэжилтэн болж чадахгүй. Сайн мэргэжилтэн болж чадаагүйгээсээ бага цалин хүртэх ёстой болдог. Хэрвээ хүүхэд байхаасаа сайн суралцаж чадсан бол хожмоо чадварлаг боловсон хүчин болж өндөр цалин авдаг нь хууль. Багш нарын цалин явж явж таны, бидний хүүхдийн ирээдүйн цалин юм. Ингэж хүний амьдралын чиг шугамыг багш нар маань шууд заадаг. Аливаа улсын хөгжил хүнээсээ хамаарч, хүний хөгжил багшаас шалтгаалдаг гэж үздэг. Шавийн эрдэм багшаасаа ч гэдэг үг бий. Багшдаа суурилсан боловсрол хөгжинө гэх мөртлөө багш нарынхаа цалин хангамжид гар сунгаж ирээгүйнхээ горыг монголчууд бид амсдаг.

Categories
мэдээ цаг-үе

​ Л.Гүндалай: Ерөнхий сайдын албанд Ж.Эрдэнэбат үнэндээ жулдсан

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа.


-Та юу хийж байна вэ. Ойрд хэвлэлийнхэн тантай уулзаагүй байх?

-Юу ч хийхгүй байгаа. Өөрийнхөө дур зоргоор байна. Кофе уугаад, аятайхан газар байвал хоол идчихнэ. Гадагшаа заримдаа явчихна. Гэр бүл ойр орчиндоо анхаарал тавьж байна. Юу дуртайгаа л хийж амьдарч байна даа.

-Бизнес хийж байна уу?

-Манай бизнес юу хийж байгаа нь товч тодорхой. Уул уурхай энэ тэр байхгүй. Би компанийнхаа өдөр тутамд оролцоод байдаггүй. Байгаа юмандаа сэтгэл хангалуун болж л байна. Саяхан 20 жилийн өмнө өөрийнхөө барьсан таван давхар байшингаараа орлоо. 1998 онд Монголд өөрийн хөрөнгөөр байшин барьчихдаг хүн байхгүй байлаа шүү дээ. Улс төрд орохоосоо өмнө хамгийн том бизнесийг хийж байсан байна. Би одоогийн энэ яриад байдаг оффшор данстай байвал байхаар баян хүн. Надад гэхдээ тийм данс байхгүй. Бодвол мөнгө нь илүүдсэн, бас нуух шаардлагатай хүмүүст оффшор данс хэрэг болдог байх.

-УИХ-ын сонгуулийн өмнө “Ард түмнээ хайрлая” нэртэй нам байгуулж сонгуульд оролцсон. Танай нам нийт хичнээн гишүүнтэй вэ?

-Идэвхтэй үйл ажиллагаа явуулсан зүйл алга. Сонгууль болохоор намуудын хийгээд хүмүүсийн улс төрийн идэвх илтэд сэргэдэг. Тухайн үед яах вэ гэдгээ харзная.

-Өнгөрсөн хавар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө та АН-д орох хүсэлтээ илэрхийлэхэд таныг аваагүй гэсэн яриа бий?

-Намайг авахгүй гэж хэлсэн. Уг нь би АН-д ороод намын даргад өрсөлдчих санаатай очсон юм. Таны асуудлыг жич шийдье, намын удирдлагууд хуралдана гэж хэлчихээд дараа нь утсаар “АН таныг авахгүй” гэж хэлсэн. Надад бол хаалттай юм билээ.

-Та АН-д нийт хэдэн удаа орж, гарсан байдаг билээ?

-АН-д намайг буцаад ор гэж хэлж байгаад оруулж байсан. Би 2005 онд намаас гараад 2008 онд эргээд ор гэсэн хүсэлтийн дагуу орж байсан. Орсон гарсныг маань үүгээр ойлгочихож болно байх.

-УИХ-д 65 суудалтай МАН Засгийн газраа сая огцруулчихлаа. Та улс төрийн халуун энэ сэдвийг анхаарав уу?

-Болох ёстой юм болдгоороо л боллоо. Анхнаасаа ялсан намын Ерөнхий сайд Засгийн тэргүүн болох байсан. Тэгээд өөрийнхөө талын хүмүүсийг тавьчихсан. Тэнд мэдлэг, боловсрол, туршлага огт байгаагүй. Магадгүй хэн намдаа хэдэн тэрбум төгрөг өгсөн нь сайд болсон биз. Хотын хэмжээнд 60 тэрбум төгрөг гэсэн юм чинь улсын хэмжээнд хичнээн тэрбум төгрөг босгосон юм бүү мэд. Бодвол мөнгө босгосон хүмүүс нь албан тушаал авсан биз дээ. Анхнаасаа ийм байдлаар боссон Засгийн газар нэг их удахгүй л дээ. Энэ Засгийн газрын үйл ажиллагаа, нэр хүнд асар муу байсан. Засгийн газрын нэр хүнд нь ард түмний дөнгөж 19 хувийг хамарч байсан. Ард түмний 80 хувь нь энэ Засгийн газрын үйл ажиллагаанд дургүй байлаа. Нэр хүнд нь навс уначихсан байхад ч огцрохгүй гээд сандал ширээтэйгээ зууралдацгаасан. Уг нь намаараа яриад дундаа шийдвэр гаргаад явчихсан бол нэг нь огцрохгүй гэж гүрийгээд нөгөө нь огцруулна гэж хоорондоо байлдан булайгаа дэлгэхгүй байсан байх. Гадны улс оронд Засгийн газраа огцруулах нь гарч л байдаг зүйл. Соёлтой улс оронд бол өргөдлөө сайн дураараа өгөөд огцордог л байхгүй юу.

-Засгийн газар огцорсны сөрөг талыг та юу гэх вэ?

-Засгийн газар огцорсноор улс төр тогтворгүй болдог ч юм биш. Гол нь Засгийн газраа огцруулчихаад өнөөдөр долоо хоночихоод байхад таг болчихож болохгүй. Шинэ Засгийн газраа яаралтай эмхлэн байгуулах хугацаа болчихлоо. Аливаа зүйл тэргүүнээсээ буюу толгойноосоо удирдагддаг. Засгийн газрын тэргүүн нь хэрэгжүүлэх бодлогоо яаралтай гаргаж танилцуулаад ажилдаа шууд орох ёстой. Ер нь лидер удирдагчийн мэдлэг, туршлага, сэтгэлтэй их холбоотой. Төрийн ажил удаашрах, царцахыг чинь харин төрийн тогтворгүй байдал гэж нэрлэнэ. Шийдвэрээ гаргаж чадахгүйгээс болж энэ хугацаанд төрийн ажил зогсдог.

-Одоо Засгийн газар яаж ажиллах ёстой юм бэ?

-Гарч ирсэн лидер бодлогоо тодорхойлдог. АНУ-д Дональд Трамп гарч ирээд тэр хүний бодлого АНУ-ын бодлого болоод явж байна. Манай монголчуудын яриад байдаг төрийн залгамж халаа гэсэн зүйл тэнд огт байдаггүй. Бодлого гэдэг чинь лидерээр дамждаг. Манай Монголд өнгөрсөн хугацаанд даанч олигтой лидер төрөн гарсангүй. Ойроос нь яривал С.Баярын Засгийн газар таван төгөлдөршил гээд л ярьсан. Ямар үр дүн гарсныг нь мэдэхгүй. Н.Алтанхуягийн Засгийн газар шинэчлэл гээд л ярьсан. Ч.Сайханбилэгийн шийдлийн Засгийн газар эдийн засаг яриад л байсан. Сая мэргэжлийн засаг гарсан. Нүдэнд харагдах ямар үр дүн гарав. Улс төрийн лидерүүд бодлогоо тодорхойлж чадаагүйгээс гараас нь гардаг ажил гэж байдаггүй. Яг сэтгэлд нь толгойд нь хөгжлийн гарц, гаргалгаа байгаагүй л байхгүй юу.

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад таны хэлээд байгаа лидерийн манлайлал байв уу?

-Анхнаасаа Ж.Эрдэнэбат өөрийгөө Ерөнхий сайдад бодож, бэлтгээгүй хүн. Аймгийн Засаг дарга байсан, УИХ-д нэг удаа сонгогдсон, Сангийн сайд байж үзсэн хүн. Ерөнхий сайд болонгуутаа энэ хүн юу хийхээ мэдэхгүй балмагдсан. Хүний захиалгаар хэдэн сайд цуглуулаад өөрийнхөө компаниа удирдаад байгаа ч юм шиг нэг аймаг удирдан авч яваа юм шиг ажил хийх гэж оролдсон. Тэр нь тэгээд яаж бүтэхэв дээ. Ажилгүйдэл, ядууралтай эдийн засгийн хүчгүй байгаа улс орныг авч явна гэдэг чинь гарцаа олчихсон, мэдлэг чадвартай хүмүүсийн хийдэг ажил. Маш их мэдлэг, мэдээлэл, судалгаа, мэдрэмж, олон жилийн улс төрийн туршлага шаардагдана. Үгүйдээ дэлхий ертөнцөд юу болж байна вэ гэдгийг анзаардаг, эдийн засгийн бодлогыг нь мэдэрдэг, бусад улс орны туршлага, алдаа оноог дуулсан хүн Монгол орныг авч явна. Юу ч үзэж харж мэдээгүй, сонсоогүй, судлаагүй хүн бол ямар ч шийдвэр гаргаж чадахгүй. Зөв зам гарцаа олж чадахгүй. Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбат жулдсан. Ч.Сайханбилэг жулдсан. Н.Алтанхуяг ч мөн адил. С.Баяр ч гэсэн бүгд жулдсан.

-Жулдаагүй Ерөнхий сайд гэж байна уу?

-Байхгүй ээ.

-Одоо МАН-ын 65 гишүүн дотроос Засгийн тэргүүнээ сонгох байх. Энэ дотроос Ерөнхий сайд хийчих мэдлэг, чадвартай хүн харагдаж байна уу?

-Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нарыг би улс төрийн маш их туршлагатай гэж боддог. Харамсалтай нь нийгэм, эдийн засгийн мэдлэг чадвартай хүмүүс биш. Энэ 65 хүнээс Ерөнхий сайд хийчихээр аавын хүү ээжийн охин харагдахгүй л байгаа даа. Үнэндээ манай улс төрийн хууччуул хоцрогдлын туйл шүү дээ. Тэд нарт улс төрийн туршлага байгаа нь байгаа л байх. Гэхдээ нийгэм, эдийн засгийн тухайд А үсэг ч байхгүй хүмүүс. Ерөнхий сайд хийх хүн бол Монголын хамгийн номер нэг улстөрч байх ёстой. Яагаад гэвэл энэ хүнд улс эх орныхоо төлөө ажиллах бүх эрх мэдэл нь ирдэг. Томилгоогоо хийнэ. Багаа бүрдүүлнэ. Хийх ажлаараа ард түмэн, өөрийнхөө намын хийгээд сөрөг хүчнээ уриалан дуудах ёстой. Манайд үнэндээ манлайлал дутаад байна.

-МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдод итгэл хүлээлгэж болох уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн дүн тавьчихлаа. Засгийн газрыг унагаж өөрийнх нь нам нь бас дүнгээ тавьчихлаа.

-АН-аас Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсон. УИХ, засагт МАН дийлэнх байгаа үед Ерөнхийлөгчөөс хүлээлт хэр их бий вэ?

-Сонгогдсон хүн амласан зүйлээ хийх ёстой. Амлалтаа хэрэгжүүлэхээр явах байлгүй. Манай улсын Ерөнхийлөгчид мөнгөний эрх мэдэл анхнаасаа байдаггүй. Аливаа бүтээн байгуулалт, ажил хөрөнгө оруулалтгүйгээр явдаггүй. Эцсийн дүндээ бүх зүйлийг мөнгөөр хийдэг. Мөнгөний эрх мэдэлгүй Ерөнхийлөгч яг үнэндээ юу хийх юм бэ. Тэр тусмаа УИХ-д МАН олонх байгаа цагт АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчөөс хүлээлт бага юм даа.

-Энэ Засгийн газрын гол хийсэн ажлыг Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт орсон гэж хэлж болно. Энэ хөтөлбөрт орсноор ямар үр дүнг хүлээж болох вэ?

-Зээл тусламж авахын тулд энэ хөтөлбөрт орлоо. Зээл тусламж горьдохоосоо өмнө байгаа зүйлээ хэмнэж, концесс нэрэн дор хувааж идэж буй бялуу зэрэг үргүй зарж байгаагаа эхлээд багасгах хэрэгтэй. АН-ын Засгийн газар муу ажиллаж, өрөнд оруулчихсан. Бид өрнөөс гарахын тулд энэ нөхдүүдээс гуйж олон улсын хөтөлбөрт хамрагдсан гэдэг тайлбар гутамшигтай. Энэ чинь л Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байгааг харуулна. Ардын намын чадваргүйг харуулна. Ажил хийх боловсон хүчин, бодлого гаргаж буй нам юу ч хийж чадахгүй байгаагийн илэрхийлэл. Чадахгүй учраас бүдэрсэн.

-Манай улсын өнөөгийн нөхцөл байдал ямар байна. Ойрын үед хямралтай гэдгээс өөр мэдээ дуулдахаа байлаа?

-Монгол орон капитализмын зам руу явж байгаа. Хөрөнгөтний нийгмийн том сул тал нь баян нь улам баяжиж, том нь жижгээ залгидаг. Дэлхийн томоохон улс орнуудад ч ялгаагүй хэдэн корпорациуд нь бүгдийг залгидаг. Тэгээд нийт ард түмэн нь ядуурдаг. Капитализмын энэ гаж нөлөө Монголд маш тод гарч ирсэн. Одоо Монголын зах зээл хэдэн том корпораци, олигархи бүлэглэлд эзлэгдсэн. Ажилчин, малчин ардын гэр бүлээс төрж байгаа хүүхдэд дээшээ гарах боломж бололцоо бараг хаагдчихсан гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр дэлхийн 200 гаруй улс орон дотроо хүчтэй нь бусдыгаа залгидаг. Хүчтэй гэж юуг хэлж байна вэ гэхээр мөнгөтэй, ноухау патент, лизензтэйг нь хэлж байна. Нэгэнт түрүүлээд хөгжсөн улс орны араас хэзээ ч гүйцэхгүй. Капитализмын хатуу ширүүн тэмцэлд улс орондоо ч тэр олон улсын хүрээнд ч тэр Монгол ялагдчихсан улс. Энэ янзаараа бол бид хэзээ нэгэн цагт томорно, Азийн бар болно гэж горьдоод ч нэмэргүй.

-Бид ямар замаар явбал зүйтэй юм бэ?

-Бид барууны сонгодог капитализмыг дуурайж болохгүй юм. Монгол өөрийн гэсэн бодлоготой байх ёстой. Тэр тусмаа Монгол улс цөөн хүн амтай өвөрмөц онцлогтой. Өөрийн гэсэн арга замаар улс орноо удирдан жолоодоод аваад явах бололцоотой. Бид нийгмээрээ нийтээрээ аятай амьдрахын тулд зөвхөн баячуудаа тэтгэсэн тогтолцоогоо халах хэрэгтэй. Шинэ хүмүүсийг, шинэ компаниудыг, ядуусыг тэтгэсэн нийгмийн бодлого руу явах ёстой.

-Та цаашид улс төрд хэр идэвхтэй байх вэ. Таны ярьж байгаа хөгжлийн бодлогыг ямар арга замаар хэрэгжүүлэх боломжтой вэ?

-Сая сүүлд болсон сонгуулиас хойш би сэтгэл гонсойж, гомдох ч гэх юмуу улс төрөөс холдъё гэж бодсон тал бий. Гэхдээ улс төрөөс тэтгэвэрт гарчихъя гэхээр арай залуудаад байх юм. Хоёрдугаарт би бол их биеэ тоосон хүн л дээ. Нэлээн бардам хүн. Миний уншсан, судалсан, сурсан мэдлэг, туршлага, миний бодож явдаг сэтгэл зүрх минь улс төрөөс яг гарчихъя гэхээр наанаа байж бай гэж хэлээд байдаг. Би дотроо зөрчилдөөд явж байна. Нэг талаасаа монгол түмэнд чиний хэрэгцээ байхгүй юм байна. Чамайг бол авч хэлэлцэхгүй юм байна. Ийм байхад энэ хүмүүсийн төлөө чи явах хэрэггүй юм байна гэж бодогдсон. Тэгээд ч би ямар заавал төлөх ёстой өртэй биш. Нөгөө талаасаа жулдаж байгаа, сэтгэхгүй байгаа, ард түмнээр тоглож байгаа нөхдүүдийг харахаар арай ч дээ гэж бодогдох юм. Яг үнэндээ энэний оронд би байсан бол алаад өгөх байсан даа гэж хүртэл бодогдох юм. Цаг нь болохоор зам нь тодорно гэдэг Герман ардын зүйр үг байдаг. Зам минь хэрвээ тодрохгүй бол цаг нь болоогүй юм байна даа гэж бодоод явж байя.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн МАН-ын дарга Су.Батболд болох уу?

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа огцрох өргөдлөө саяхан өгсөн. НИТХ-ын даргын албан тушаалаас гадна Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаал эзгүйрч үлдсэн. Одоо энэ хоёр том албан тушаал дээр хэн очих вэ гэдэг тулаан ид өрнөж байна. НИТХ-ын даргад Ц.Сандуйг огцруулах хөдөлгөөнийг тэргүүлсэн гэгдэх МАН-ын Бага хурлын гишүүн төлөөлөгч С.Амарсайханы нэр явж байгаа бол нөгөө талаас буюу Ц.Сандуйг огцруулахад гарын үсэг зураагүй төлөөлөгчдийн нэг болох Ц.Сандаг-Очирыг нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. Нийслэлийн МАН-ын хорооны даргын улс төрийн албан тушаалын хувьд УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар дарга болох сонирхлоо ил цухалзуулж байгаа. Хэдийгээр эдгээр хүмүүсийн нэрс дуулдаж эхэлсэн ч нэгэн битүү морь сунгаанд давхиж яваа юм. Нэр нь огт яригдахгүй байгаа тэр хүн бол хотын дарга Су.Батболд. Ер нь МАН-д Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хийж буй гол улс төр бол намын дарга нь Ерөнхий сайд болох тухай яриа болсон. Намын дарга нь Ерөнхий сайд болоогүйгээс өнөөдрийн хагарал хийгээд Засгийн газар огцрох хэмжээнд хүртлээ туллаа гэсэн шүүмжлэл хүчтэй яригдах болсон. Дашрамд дурдахад М.Энхболдыг УИХ-ын сонгуулийн дараагаар Ерөнхий сайд болно гэсэн хүлээлт байсан ч үүнийг эвдэж УИХ-ын дарга болсон. Одоо М.Энхболдын гол алдааг намын дарга байсан мөртлөө Ерөнхий сайд болоогүй гэж үзэж байгаа. Энэ нь засаг төдийгүй намын эв нэгдэл, бэхжилтэд сөргөөр нөлөөлсөн гэдгийг улс төрийн лидерүүд, ажиглагчид хэлж буй юм. Энэ үзэл санаа явсаар одоо Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаал дээр яригдаж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн МАН-ын дарга байх ёстой гэсэн яриаг улс төрийн хашир туршлагатай хүмүүсийн амнаас дуулах боллоо. Ингэж байж улс төрийн хийгээд төрийн ажил урагштай явна гэсэн яриа нийслэлийнхний дунд ид яригдаж байна. Энэ яриа хуурай өвсөнд түймэр ассан мэт ид өрнөж байгааг хэлэх байна. Засгийн газраа огцруулахдаа тулсан МАН-ын бужигнааныг нэг толгойтой яваагүйгээс гэж өөрсдөө товчхондоо дүгнэчихсэн. Тиймээс Нийслэлийн намын хорооны даргын улс төрийн албан тушаалыг хотын дарга нь авч явах нь зүйтэй гэсэн хувилбарыг дэмжиж буй хүн олон гарч байна.

Тэгээд ч энэ нь байж болох боломжтой хувилбар юм. Сая Нийслэлийн намын дарга нь хотын даргаасаа тусдаа байснаас хоёр толгойтой болсон гэлцдэг. Нэг сүүлтэй 1000 толгойтой могойн үлгэр гэдэг шиг. Сая нийслэлийн ажилд шүүмжлэлтэй хандах болсон асуудлууд үүсэхэд ч цаад углуургаараа үүнээс болсон гэсэн дүгнэлтийг хийжээ. Тиймээс Су.Батболдыг намын даргаар тавихаар ярьцгааж байгаа гэдэг нь баараггүй болж байх шиг байна. Хотоо ч бодсон ирэх сонгуулиудаа ч бодсон нийслэлчүүдийн сэтгэлд нийцсэн ажлуудыг хийхийн тулд хот маш сайн ажиллах хэрэгтэй болоод байгаа. Ц.Сандуйгаас болж сэвтсэн нэрийг эргээд авах хэрэгтэй байгаа. Ийм үед улс төрийн хамгийн оновчтой шийдлийг Су.Батболд гэж харж байгаа бололтой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мэргэжлийн шийдэлтэй чухал төслүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна

Гэр хорооллыг орон сууцжуулах тухай яриа аль ч засгийн үед анхаарал татсан гол сэдвийн нэг байдаг. Газраа чөлөөлж иргэдийг орон сууцжуулах гэр хорооллын дахин төлөвлөлт ахицтай байсан ч нийт үр дүнгээрээ тийм ч амжилттай хэрэгжиж чадаагүй. Тэгтэл жил хүрэхгүй хугацаанд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нийт гэр хорооллын 30 хувийг амины орон сууцанд оруулах шийдлийг гаргачихсан байна. Нийслэлийн есөн дүүргийн гэр хороолол бүхий бүх хороод руу инженерийн шугам сүлжээ татаж бичил төв байгуулан халуун дулаан устай байлгах боломжийг тэр олж харжээ. Зөвхөн төлөвлөгөө төдий ч биш санхүүгийн эх үүсвэрээ БНХАУ-аас буцалтгүй хоёр тэрбум ам.долларын хөрөнгийг зарцуулах гэх зэргээр дэс дараатайгаар шийдвэрлэхээр болжээ. Энгийнээр хэлэхэд инженерийн шугам сүлжээг улсаас шийдээд өгчихвөл иргэд зээлээр хаусаа бариад явчихна гэсэн үг. Нэг айл 80 м2-аас ихгүй талбайтай хоёр давхар амины орон сууцыг ипотекийн зээлээр өөрсдийн хүссэн сонголтоороо барилгын компаниудаар бариулах юм байна. Одоо улсын хэмжээнд олгогдож буй ипотекийн зээлийн хэмжээ 300 орчим тэрбум төгрөг байгаа бол энэ онд нэг нугалж 700 гаруй тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр болжээ. Дараа жилээс нь нэг их наяд төгрөгийг төсөвт оруулаад явчихвал үндсэндээ нийт гэр хорооллын 30 хувь нь амины орон сууцтай болно гэдгийг хэлж байна. Иргэдийн тав тухыг хангасан амины орон сууцтай зэрэгцээд агаарын бохирдол, хөрсний бохирдол зэрэг тулгамдсан олон асуудлууд хамт арилна. Мэргэжлийн яамны мэргэжлийн шийдэл гаргаж буй энэ Засгийн газрын инженер сайд Г.Мөнхбаярт санаачилга гаргаж, ажил хэрэг болгож буй олон шийдлүүд бий. Тухайлбал, цэвэрлэх байгууламжийн усыг үйлдвэрлэлд оруулах ажлыг хэдийнэ эхлүүлчихсэн яваа. Манай улс Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийнхаа усыг анх удаагаа үйлдвэрлэлд ашиглаж эхлэх гэж байна. Нойлынхоо усыг ундны цэвэр усаар биш дахин үйлдвэрлэлд орсон усаар ашигладаг цаг мөдхөн ирэх нь. Нийслэлд урьд хийгдэж байгаагүй инженерийн томоохон шийдлийг хийчихсэн хэрнээ ажлаа чимээгүй даруу хийж яваа Г.Мөнхбаяр сайд шиг яралзсан хэдэн сайд байхад л энэ Засгийн газар ган төмөр мэт бат бэх байх биз ээ. Ажил хийдэг хүн дуу чангатай байдаггүй гэж эртнээс монголчууд хэлдэг. Г.Мөнхбаяр сайдыг хэвлэлийнхэн ярилцлагад урьдаг ч ажлаа хийж байгаад дараа болъё гэх хариултыг хэлэх нь олонтаа байдаг. Хотын даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр хотын тулгамдсан асуудлыг андахгүй мэддэг аж. Хамгийн гол нь юу хамгийн чухал оновчтойг олж харж байгаа учраас жил хүрэхгүй хугацаанд чамгүй их ажил амжуулжээ.

Өнөөдөр засаг огцроно, огцрохгүй гэж яригдсаар л байгаа. Ямартаа ч ажлын арвин их туршлагатай, улс төрийн холын хараатай сайд нараа цааш нь ажлыг нь хийлгэхээс өөр арга зам харагдахгүй байна. Засаг солигдсон эс солигдсон бай ард түмэн гагцхүү сайн үр дүнг л хүлээдэг гэдгийг саная. Тиймээс мэргэжлийн шийдэлтэй маш чухал төслүүдээ хэрэгжүүлэхэд одоо төрийн тууштай бодлого хэрэгтэй байна.


Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхбаяр: Засгийн газар мэргэжлийн оновчтой шийдэл гаргаж ажиллаж байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Барилга, хот байгуулалтын сайд, МАН-ын Бага хурлын гишүүн Г.Мөнхбаяртай ярилцлаа.


-Засгийн газар огцрох эсэх эцсийн шийдвэрийг өнөө, маргаашгүй гаргах гэж байна. Сайдын хувьд танд ямар хүлээлт байна вэ?

-Нэгэнт УИХ-ын 31 гишүүн гарын үсэг зурж огцруулах асуудлыг өргөн барьсан учраас УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм байна. Манай их хурлын гишүүд ухамсартай хандаасай, намын дотоод эв нэгдлийг хангаасай гэж найдаж сууна. Гишүүдтэй уулзаад явахаар Их хурал ийм шийдвэр гаргасан байхад Засгийн газар нь сөрж ийм ийм ноцтой алдаа гаргалаа гэсэн шүүмжлэл, хариуцлага тооцох тухай тайлбар алга байна лээ. Засгийн газрыг огцруулахгүйгээр ойлголцож болох хэмжээний тайлбарууд хэлж байна. Тиймээс би хоорондоо ойлголцчих юм байна гэж харсан.

-Засаг огцроход хэд хэдэн хувилбарыг яриад байгаа гэв үү. Танд ямар мэдээлэл байна?

-Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх МАН-ын бүлгийн хурал дээр биднийг оруулаагүй. Тийм учраас хэн юу гэж ярьсныг нь сайн мэдэхгүй байна, дүгнэлт хийх нь зохимжгүй байх. Засгийн газрыг буруутгаж байгаа үндэслэлүүдийг сонсож байхад тайлбараа зөв харилцан авчихвал ойлголцчих л юм билээ.

-Таны хувьд энэ Засгийн газрыг ямар хэмжээнд ажиллаж байна гэж дүгнэх вэ?

-Энэ Засгийн газар байгуулагдаад жил орчим хугацаа боллоо. Засгийн газар байгуулагдаж байсан Монгол Улсын тэр үеийн нөхцөл байдлыг өнөөдрийнхтэй харьцуулахад байдал хамаагүй дээрдсэн. Тухайн үед төсвөө яах юм, цалингаа яаж тавих вэ, гадны өрийг яаж дарах вэ гээд ойлгомжгүй олон зүйлтэй тулгарсан. Ийм хүнд нөхцөлд байгуулагдсан Засгийн газар харин ч өнөөдөр нийт эдийн засгийн хэмжээнд сайн үр дүнг харуулж эхэлж байна. Ялангуяа Сангийн сайдыг би магтмаар байна. Сангийн сайд эрчтэй, зөв ажилласнаар дампуурал руу явж байсан эдийн засгийг уналтад орохоос зогсоож чадлаа.

Олон улсын дэмжлэгийг авах нөхцөлийг Сангийн сайд бүрдүүлж чадсан нь үнэн. Салбар хариуцсан сайд бүр хичээж ажилласан, тэрний үр дүнд эдийн засгийн хувьд бидний санааг зовоож байсан асуудлын ард ямартаа ч гарчихлаа. Зарим нэг хүмүүс засгийг унагаачихъя, сайд болоод ажиллачих юм байна гэсэн итгэл төрсөн учраас засгийг огцруулах тухай идэвхийлэн ярьж байгаа болов уу. Хэрвээ энэ Засгийн газар муу ажиллаад эдийн засаг хүнд байсан бол ийшээ ингэж улайрч зүтгэхгүй дээ. Ямар ч байсан эдийн засгийн өсөлт хүний сонирхол татах хэмжээнд хүргэж чадсан байна. Монгол Улстай хөрөнгө оруулалт хийж хамтраад ажиллаж болно гэсэн гаднынхны итгэл үнэмшил ч сэргэсэн. Өнөөдөр гадаад, дотоодын хэн ч бай Монголд төр засгийн тогтвортой бодлого л маш их хэрэгтэй байна гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр бид хариуцлагатай байх ёстой юм. Хувиа бодох ёстой юм уу, эсвэл ард нийтийн эрх ашгийг бодолцох ёстой юу гэдгээ ухамсарлах хэрэгтэй л дээ.

-Таны хувьд Барилга хот байгуулалтын сайдаар томилогдож очсоноос хойш ямар ажилд гол анхаарлаа хандуулан ажиллав?

-Монгол Улсын гадаад өр өндөр байна. Бондын өр гэхэд л 560 сая ам.доллар төлнө. Дахиад 360 сая ам.доллар төлнө. Яамдуудад төсөв гэж үнэндээ цалин тавихаас илүү гарахгүй шахам тавигдсан. Гэхдээ байгаа боломжоороо асуудлыг шийдэж байна. Олон ажил хийгдэж байгаагаас гол хоёр ажлыг онцлон хэлье.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг чухалчлан авч үзсэн. Барилгын компаниуд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтыг хийсэн үү гэвэл хийсэн байна. Гэвч дэд бүтцийг шийдвэрлээгүйгээс болж энэ салбар уналтад хүрэхэд нөлөөлсөн.

Бид яамны төсвийн зардлаар Дэнжийн мянгын цагаан байр руу дэд бүтцийг шийдвэрлэж шугам сүлжээ татсан. Тийшээгээ халуун устай, халаалттай болж байна. Тэнд байгаа айлуудыг заавал нийтийн орон сууцанд ор гэж шахахгүй. Ипотекийн зээлээр 80 м2 талбайтай амины орон сууцтай байх бодлогыг энэ Засгийн газар эхлүүлэх гэж байна. Бид бүх шийдлээ гаргачихсан. Хэдийнэ үүнийг шийдээд явах боломж байсан ч өмнөх Засгийн газар эхлүүлээгүй цаг алдсан тал бий. 3, 4 дүгээр хороололд гэхэд дахин төлөвлөлтөд хамрагдсан барилгын компани найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч дэд бүтэцгүйгээс таг зогсчихсон байх жишээний. Өмнөх хотын удирдлагууд манайхыг өөрсдийн хөрөнгөөр барьж бай, шугам сүлжээг улсаас татаж өгнө, хүлээж бай гэж хэлсэн гэдэг. Баянгол дүүргийн X, XI хорооны нутаг дэвсгэрт байрлах энэ асуудлыг манайхаас шийдэж шугам сүлжээг хонгилын системээр шийдлээ. Мөн Нэхмэлийн шар байрууд байна. Гадна шугам сүлжээг шийдэлгүй байж актлагдсан Нэхмэлийн шар байруудыг хэдийнэ нураагаад эхэлчихсэн. Одоо гадна шугам сүлжээг шийдээд өгөхөөр Нэхмэлийн есөн байранд олон иргэд орох боломжтой болно. Энэ мэт байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэд бүтцийг нь юуны өмнө шийдэж байж гацаанаас нь гаргана гэдгийг олж харж оновчтой шийдвэрүүдийг гаргаад явж байна даа. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сэлбэ, Баянхошуунд дэд төв байгуулах ажлыг өмнө нь эхлүүлсэн байсан. Тэнд уурын зуух барина гэснийг нь би болиулчихлаа. Үүний оронд төвлөрсөн шугам сүлжээнд холбоод өгчихлөө. XXI зуунд гадны зээлээр татвар төлөгчдийн мөнгөөр эргээд төлөгдөх төсөл дээр уурын зуух барина гэсэн шийдлийг хийж болохгүй л дээ. Юуг хэлэх гээд байна вэ гэвэл бид байгаа мөнгөө зөв хөрөнгө оруулалтад зарцуулахгүй бол хэн юу бодсон нь тэрийгээ дураараа хийгээд байж таарахгүй. Мөн цэвэрлэх байгууламжийн усыг үйлдвэрлэлд ашиглах томоохон ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн усыг манай улс анх удаагаа үйлдвэрлэлд ашиглаж нэвтрүүлнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг нь Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр шийдвэрлэж энэ ажлыг эхлүүлчихсэн байна. Польш болон Азийн хөгжлийн банкны зээлээр аймаг орон нутгийн цэвэрлэх байгууламжийг иж бүрэн шинэчилнэ. Миний хийсэн хоёр дахь том шийдэл энэ юм. Гүний усыг барилга байшин, цахилгаан станцын дотоод хэрэглээ зэрэг бүгдэнд нь шууд хэрэглэдгийг болиулна. Ядаж айлууд нойлынхоо усыг ундны усаар биш цэвэрлэх байгууламжийн усаар шийдэх цаг иржээ. Мэргэжлийн Засгийн газрын мэргэжлийн яамны мэргэжлийн шийдвэрүүд гэж үүнийг хэлэх байна. Миний зорьж байсан ажил хэрэг болж байгаад баяртай байна.

-Тэгэхээр гэр хорооллын иргэд амины орон сууцтай болох боломж тун ойрхон ирсэн гэсэн үг үү?

-Ипотекийн зээлээр гэр хорооллын иргэд амины орон сууцтай болох ажлыг эхлүүлчихсэн яваа. Дэд бүтцийг нь шийдэж байгаа нь энэ Засгийн газрын мэргэжлийн шийдэл юм. Засгийн газар үүнийг зүйтэй гэж дэмжиж БНХАУ-аас ирэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг 2017-2020 оны улсын төсөвт үе шаттайгаар тусган инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүдийг байгуулах төсөлд зарцуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын гадна шугам сүлжээнд зарцуулна. Ингэхдээ хоёр хэлбэрээр шийднэ. Нэгдүгээрт, гэр хорооллын дахин төлөвлөлт гээд барилгын компаниуд хөрөнгөө хийчихсэн нөгөөтэйгүүр иргэдийг чирэгдүүлж буй асуудлыг гацаанаас нь гаргана. Хоёрдугаарт, бүх дүүрэгт олон хороод руу шинээр шугам сүлжээ татна.

-Нийт гэр хорооллын хичнээн хувийг шийдэж чадах юм?

-Гэр хорооллын 30 хувийг хамарна. Энэ Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд ийм л том амбиц барьж орж ирсэн. Тэр ажлаа хэдийнэ эхлүүлчихсэн. Нийт гэр хорооллын 30 хувийг утаанаас салгаж, халуун хүйтэн устай болгоод өгчихвөл эерэг үр дүн гарна биз дээ.

-Дэд бүтцээ шийдчихлээ гэж үзье. Амины орон сууцтай болох ажлыг хэрхэн эхлүүлэх вэ. Гэр хорооллын иргэдэд тэр болгон өөрсдөөсөө хөрөнгө гаргаад хаус барих боломж байхгүй?

-Ипотекийн зээлээр 80 м2 дотор амины орон сууц барина. 80 м2-аас илүү талбайтайг барихгүй. Нэг загварын хоёр давхар амины орон сууцны барилгын зургийг нь батлаад өгчихнө. Тэгэхээр гэр хорооллын иргэд амьдарч буй харьяа хороон дээрээ очиж энэ миний хашаа мөн гэсэн тодорхойлолтыг авна. Тодорхойлолт, амины орон сууц барих зураг төслөө бариад банкнаас зээл авна. Манай улсад маш олон барилгын үйлдвэрүүд ашиглалтад орчихсон байгаа шүү дээ. Тэндээс сонголтоо хийж амины орон сууцаа бариулна. Ойролцоогоор тооцоход 80 м2 амины орон сууцанд 58-60 сая төгрөгийн ипотекийн зээл олгогдох нь. Тиймээс бид энэ жил ипотекийн зээлийг нэмж төсөвт оруулж байгаа.

-Ипотекийн зээлийн төсвийг энэ Засгийн газар бүрэн шийдвэрлэх боломж бий юу. Эдийн засгийн хямралтай төсөв хүнд байгаа учраас асууж байна?

-Засгийн газар өөртөө байгаа боломжоороо шийдэж байгаа. Одоо ипотекийн зээлд 300 орчим тэрбум төгрөг төсөвлөгдөж байгаа бол энэ жил 720 орчим тэрбум төгрөг болгон нэмж төсөвт суулгахаар Сангийн сайдад саналаа хүргүүлчихсэн. 2019 он гэхэд жилд нэг их наяд төгрөгийг төсөвт тавьж чадах юм бол ипотекийн зээлээр амины орон сууцтай болох боломж үндсэндээ бүрдэнэ. Засгийн газар оновчтой бодлогоо тодорхойлж, ажлаа хийж байгаа. Бодлого байна уу байна. Хөрөнгийн эх үүсвэрийн шийдлийг олсон байна. Одоо гагцхүү тогтвортой төр засаг хэрэгтэй байна.

-Засгийн газрыг огцруулах болсон үндэслэл шалтгааны талаар эргээд хоёулаа ярилцъя. Энэ Засгийн газрын сайд нар 800 тэрбум төгрөгийн концессыг өөрсдөө дотроо хуваан авч байгаатай эвлэрэхгүй гэж УИХ дахь АН-ын бүлэг хийгээд манай МАН-аас сонгогдсон УИХ-ын 31 гишүүн үзсэн. Энэ нь засгийг огцруулах гол үндэслэлийн нэг болоод байгаа?

-Өмнөх засгийн газрын үед шийдэгдсэн концессууд юм билээ. Нэр бүхий сайдууд руу хаяглаж хэлээд байгаа. Шалгаад үзэх хэрэгтэй л дээ. Урьдны Засгийн газрын хийж байсан концессын үргэлжлэл хийгдэж байгаа. Бид урьд хийж байсан бүх зүйлээ баллуурдаад байж болохгүй биз дээ. Одоо үүнийг улс төр хийж татаж гаргаж байгаа юм билээ. Ул суурьтай шалгаж үзээд ярьсан зүйлээ нотлох хэрэгтэй л дээ.

-Тухайлбал, таны хариуцсан Барилга, хот байгуулалтын яамаар дамжсан концесс бий юу?

-Засгийн газар байгуулагдсан нэг жилийн хугацаанд манай яамаар концессын нэг ч гэрээ орж ирээгүй, оруулаагүй. Урьд нь хийгдээд эхэлчихсэн концесс бий. Засгийн газрыг унагаах хэмжээнд Ж.Эрдэнэбатын Засгийн газар алдаа гаргаж ажиллаагүй гэдгийг хэлэх байна. Угтаа нэг жил ажилласан суурин дээрээ дөрвөн жил ажиллавал илүү үр дүн гарна. Улс төр тогтвортой байх юм байна гэдэг дээр тулгуурлаж Олон улсын Валютын сангийн хөтөлбөр орж ирсэн болов уу. Хэрэв засаг унавал олон улсын итгэл улам л буурна.

-Ер нь Засгийн газрыг огцруулах хэмжээндээ хүртэл МАН-ынхан яагаад талцав?

-Засаг огцрох энэ асуудал бол УИХ-ын сонгуульд нэр дэвшиж мандат авсан гишүүн болгоны хариуцлагын л асуудал. Хаана ирчихэв, хэн болчихов, ямар ачаа үүрэг хүлээж байна гэдгээ тогтож сайн ухамсарлахгүй байна уу даа. Хувь хүний хариуцлагаас нийгмийн хариуцлага бүрддэг дээ. Ялангуяа шийдвэр гаргадаг хүмүүс алхам тутамдаа хариуцлагатай байх ёстой. Монголын улс төр гэхээрээ бужигнаантай байдаг юм биш шүү дээ.

-Таныг хотын буюу М.Энхболдын фракцид хамаардаг гэгддэг. Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал юунаас эхтэй байв. Төрийн албыг наймаалцах тухай 60 тэрбум төгрөгийн бичлэгийг та юу гэж харсан бэ?

-Нэгдүгээрт ойлгосон зүйл бол орчин үеийн сонгууль их өөр болчихож. Цаашдын ч сонгуулиуд өөр болох юм байна. Технологийн уралдаан болох нь л дээ. Түүнээс хэн ямар бодлого ярьж байгаа нь сонин биш байх нь. Хоёрдугаарт, шийдвэр гаргаж байгаа гэх юм уу улс төрийн намуудын түвшинд ажиллаж байгаа боловсон хүчний тавигдах шаардлага их өөр болох ёстой юм байна. Үнэндээ улс төрийн туршлагагүйгээс ийм яриа хөөрөөнд өртсөн л байхгүй юу. Тэрийг нь хөзөр болгочихсон хэрэг. Энэ бол улс төрийн туршлагагүй, ажлын туршлагагүйг харуулж байна. Намын гал зууханд байсан туршлагатай хүн хэзээ ч танихгүй хүн орж ирэхэд тэрэнд автдаггүй л байхгүй юу. Алсын хараатай зориудын ярианд хөтлөгдөж ороогдсон юм байна гэж харсан.

-Та үүгээрээ Ц.Сандуйг хэлээд байна уу?

-Ажил, амьдралын туршлагагүй нь харагдаж байна. Ийм эрүүл бус юм ярихад чи хаалгаа хаа гэж хэлэх ёстой. Сонгуулийн үеэр янз бүрийн технологи ярьцгааж л байдаг. Ийм технологи байна гэж ярьсан ч тэрэнд автаж болохгүй л байхгүй юу. Хүний өнөөдрийг хүртэл туулж ирсэн ажлын дадлага, туршлага, мэдрэмж, хандах хандлага харагдана. Бид залгамж халаагаа бэлдэж боловсон хүчнийг томилохдоо маш анхаарах ёстой юм байна.

-МАН-ын даргыг хэн болно гэж харж байна. Тан шиг улс төрд туршлагатай хүнтэй ярилцсаных үүнийг асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Уг нь намын сонгуулийн цикль нь УИХ-ын сонгууль. Намын хэмжээнд Их хурлын сонгуульд ялчихсан хэрнээ намын даргаа яагаад өгнө гэж хэлснийг нь сонсоод гайхсан. Гэхдээ яаран мэдэгдэл хийх хүн бас биш. Ер нь намын даргыг олоод тавихдаа хүрвэл хуралдаж байгаад л тавьж болно.

-Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа өгөх өргөдлөө гаргасан. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-У.Хүрэлсүх бол туршлагатай улстөрч. М.Энхболд, У.Хүрэлсүх нар хэн нэгний хөндлөнгийн оролцоогүйгээр бие биесээ маш сайн мэднэ. Хоорондоо учраа олчино доо.

-Саяхан төв замын хөдөлгөөнийг зүүн тийш эргэх шийдвэр гараад цуцлагдлаа. Та энэ шийдвэрийг дэмжсэн үү үгүй юу?

-Энэ шийдвэрийг хотын даргын эзгүйд гаргачихсан юм биш үү. Өөрөө энэ шийдвэрийг би гаргаагүй гэж хэлсэн байсан. Ямартаа ч зүүн тийш эргэх шийдвэр оновчтой шийдвэр биш. Ямар нэгэн шийдвэрийг иргэдээс асууж, аливаа хүний үзэмжээр шийдэх бус тооцоо судалгаан дээр үндэслэж гаргадаг юм. Ам нээснийх гэж хэлэхэд хотын хөдөлгөөнийг зохицуулахын тулд эдийн засгийн хөшүүрэг рүү оруулах цаг болчихжээ. Давхар замуудаа хийх ёстой. Нийтийн тээврээ хөгжүүлэх ёстой. Намайг хотын даргаар ажиллаж байх үед давхар зам хийх зураг төсөл нь бүгд бэлэн болчихсон байсан ч Э.Бат-Үүл дарга маань харамсалтай нь хийсэнгүй. Уг нь уулзвар өргөтгөсөн тэр өртгөөр давхар замуудаа хийж эхлэх ёстой байсан юм.