Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ариунаа: Эдийн засгийн тогтворгүй байдлын гол шалтгаан нь төсвийн алдагдал, гадаад өр өндөр байгаатай холбоотой

Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, эдийн засгийн ухааны доктор Л.Ариунаатай ярилцлаа.

-Монгол Улсын 2018 оны төсөв батлагдсан. Алдагдал өндөртэй төсөв баталлаа. Мэргэжлийн хүний нүдээр харахад 2018 оны төсөв ямар багцаатай байна вэ?

-Манай улсын хувьд эдийн засгийг өсгөх, ажилгүйдлийг бууруулахад төсвийн бодлогыг илүүтэй хэрэглэж байна. Ерөнхийдээ хөгжиж буй орнуудад төсөв давамгайлсан бодлого хэрэгжүүлдэг, түүнтэй адил дүр зураг байна. Сүүлийн 10 гаруй жилд манай улсын төсөв тэлэх бодлого хэрэгжүүлж, төсвийн алдагдал өндөр байна. 2018 оны хувьд ОУВС-гийн тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд төсвийн орлого, зарлага болон төсвийн алдагдлын нийт хэмжээ нь уг хөтөлбөрт тусгагдсан дүнгээр батлагдсан. Мөн 2018 оны төсвийн зарлагын өсөлтийн 60 гаруй хувь нь халамжийн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөгдсөн байна. Түүнчлэн улсын салбарт ажиллагсдын тоо 4000 гаруйгаар нэмэгдэхээр төсөвт тусгажээ. Засгийн газрын гадаад өр их хэмжээтэй байгаа. Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн хэмжээ нь ДНБ-ий 80 хувь, Засгийн газрын нийт өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн хэмжээ нь ДНБ-ий 101.3 хувь /ОУВС-ийн тооцоо/ байгаа нөхцөлд бол нэлээд их тэлсэн төсөв болсон. Бид энэ өрийн асуудлаа шийдэхийн тулд төсвийн орлогоо нэмэгдүүлэх, зарлагаа бууруулах эсвэл зарлагаа өсгөхгүй харин хуваарилалт, зарцуулалтын үр дүнг сайжруулах зарчмын томоохон өөрчлөлт хэрэгжүүлмээр л байгаа юм. Батлагдсан төсвийн баримт бичигт энэ талын бодлого, арга хэмжээ сайн харагдахгүй байна.

-Бүсээ чангалсан төсөв байх болов уу гэсэн хүлээлт байсан ч халамжийг дэмжсэн урсгал зардал ихтэй төсөв болсон талаар эдийн засагчид хэлж байна?

-Орлогоо нэмэгдүүлэхийн тулд зардал нэмэх бус тогтолцоогоо сайжруулах, бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй болгох замаар бизнесийн орчинг зохистойгоор бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал үндэсний бизнес эрхлэгчид ялангуяа жижиг дунд үйлдвэр, гарааны бизнесийн хувьд инновацийг нэвтрүүлэх тогтолцоог зохистой болгож урт хугацаандаа ашигт малтмалын үнийн хэлбэлзлийн эрсдлийг бууруулж тогтвортой орлогоо өсгөхөд анхаарах ёстой. Төсвийн зардлын төлөвлөлт, хэрэгжилтийг гүйцэтгэлтэй уялдуулах замаар хэмнэлт гаргах буюу хөтөлбөрөөр төсөвлөх аргыг 2008 оноос хойш хэрэгжүүлж байгаа хэдий ч тодорхой үр дүн гарахгүй байгаа. Энэ нь гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг зөв тодорхойлж чадахгүй байгаагаас үүдэлтэй гэдэг нь бидний судалгаагаар нотлогдсон. Тиймээс хөтөлбөрийн төсөвлөлтийн хэрэгжилтийг бодитой практик үр дүн гаргахад анхаарах хэрэгтэй. Төсвийн хуваарилалтын асуудал нь зах зээл болон шударга ёс хоёрыг холбогч нугас болдог чухал асуудал. Төсвийн хуваарилалтын зохимжтой тогтолцоог бүрдүүлэхийн тулд төсвийн зарлагын шинжилгээ буюу чиг үүргийн шинжилгээг 2-3 жил тутамд хийх хэрэгтэй. Энэхүү чиг үүргийн шинжилгээнд үндэслэн орлогын хуваарилалт болон төсөв хоорондын санхүүгийн шилжүүлгийг шийдсэнээр төсвөө үр дүнтэй хэмнэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төр засаг нь иргэндээ ойр болох, иргэд оролцох хянах боломж нөхцөл бүрдэнэ.

-Сүүлийн жилүүдэд Засгийн газар бонд гаргаж байгаа. Гаргасан бондыг банкууд худалдан авснаар эргээд иргэдэд зээл бараг гаргахаа больсон. Засгийн газар бонд гаргадаг нь инфляцийг өсгөх шалтгаан болж байна?

-Зээлийн хүү гэдэг бол нэг талдаа мөнгө зээлэх өртөг, нөгөө талдаа зээлийн үйлчилгээ болон зээлийн эрсдлийн нөхөн төлбөр юм. Тэгэхээр зээлийн хүү өсөх, буурахад зээлийн эрэлт болон нийлүүлэлт нөлөөлнө. Тухайлбал зээл авсан хүмүүс зээлээ төлж чадахгүй хойшлуулснаар муу зээлийн хэмжээ өсч зээлийн хүүг өсгөнө. Зээлийн хүүгийн хэмжээнд инфляцийн түвшин шууд нөлөөлнө. Инфляц өндөр байх нь хүүг өсгөнө. Засгийн газрын бонд гаргах хэмжээ нь мөнгөний бодлогоор дамжин зээлийн хүүд нөлөөлж болно.

-УИХ-аас инфляцийг бага байлгана гэсэн байгаа. Нөгөө талаас төсвийн алдагдлаа өндрөөр баталчихлаа. Зээлийн хүүг бууруулах талаар улстөрчид, эдийн засагчдын түвшинд хаа, хаанаа ярих боллоо. Өнөөдрийн байдлаас харахад зээлийн хүүг бууруулах боломж бий юу?

-Инфляцийг мөнгөний бодлогоор зохицуулан удирдана. Өөрөөр хэлбэл Монголбанк мөнгөний нийлүүлэлтийн хэмжээгээ зөв зохистой удирдах замаар инфляцийг тогтвортой байлгах, бууруулах боломжтой. Мөнгө бол эдийн засгийн хүчтэй машин. Тэгэхээр энэ машины тосолгоо арчилгааг тохируулах нь аль ч орны төв банкны үндсэн үүрэг юм. Манай орны хувьд санхүүжилт босгох эх үүсвэр нь үндсэндээ зээл л байна. Хувьцаа үнэт цаас гаргах, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа, даатгалын зах зээлийг илүү хөгжүүлбэл зээлийн хүү буурахад нөлөөлнө. Эрэлт, нийлүүлэлт хоёрын огтлолцол дээр зах зээлийн үнэ тогтдог. Тиймээс энэ зарчмаар л төр, засаг ажиллах ёстой. Тодруулбал, нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр үнэ тогтворжиж, эрэлтийг зохицуулдаг. Гэтэл манайд хэт туйлширсан тогтолцоо яваад байна. Ер нь аль ч салбарт зах зээлд хэдхэн том компани давамгайлах байр суурьтай байгаа юм. Түүнийг олигополь зах зээл гэж нэрлэдэг. Манай орны банкны зах зээл нь нэлээд олигополь шинжтэй. Тиймээс өрсөлдөөний бодлогоор энэ зах зээлд шударга өрсөлдөөнийг дэмжээд өгвөл зээлийн хүү буурна гэж бодож байна. Жишээлбэл үүрэн холбооны операторын үйлчилгээний зах зээлд нэг компани ажилладаг монополь байхад хичнээн хүн гар утас хэрэглэж ямар өндөр төлбөр төлдөг байлаа даа. Одоо олигополь өрсөлдөөнт зах зээлийн нөхцөлд үнэ төлбөр маш их буурч бараг хүн бүхэн гар утас хэрэглэх боломжтой болсон. Эдийн засгийн бодлого нь уг нийгмийн дэг журмыг тогтоох өөрөөр хэлбэл тоглоомын дүрмийг тогтоох, үйл явцыг зохицуулах болон эдийн засгийн бүтцийг тодорхойлоход чиглэх учиртай. Ер нь бол эдийн засгийн ерөнхий нөхцлийг бүрдүүлэхэд өрсөлдөөн, хөдөлмөрийн зах зээл, хүрээлэн буй орчны бодлого зэрэгт ихээхэн анхаарах хэрэгтэй.

-Зарим улстөрчид зээлийн хүү, хадгаламжийн хүүн дээр хязгаар тогтоох ёстой гэх болсон. Энэ зөв алхам мөн үү?

-Зах зээлийн зарчмаар үнэ тодорхойлогдож нөөцийн зохистой хуваарилалт хэрэгжих зайлшгүй нөхцөл нь шударга өрсөлдөөнтэй байх явдал юм. Тэгэхээр энэ зах зээл хэр өрсөлдөөнтэй байна гэдгээс хамаарч зохицуулалт явагдах учиртай. Хэрвээ монополь зах зээл байгаа бол үнийг хязгаарлах зохицуулалт хийх шаардлагатай. Манай орны хувьд эдийн засгийн дэг журмын бодлого тухайлбал өрсөлдөөний бодлогыг сайжруулах үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага байна. Ингэж чадвал зах зээлийн механизм гацаж доголдохгүй ажиллаж ганц зээлийн хүү гэлтгүй олон асуудлыг шийдэх боломжтой

-Хадгаламжийн хүү багасч, зээлийн хүүг бууруулах алхмыг хийснээр банкуудад эрсдэл үүсэх үү?

-Банкуудын үйл ажиллагаа идэвхжиж жинхэнэ утгаараа санхүүгийн зуучлалын үйлчилгээгээ сайжруулахад анхаарах байх. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч эхэлсэн байгаа. Татварын төлөвлөгөө гүйцэтгэлээс харахад хадгаламжаа татаж өөр төрлийн хөрөнгөд байршуулах үйл явц эхэлсэн байна. Эдийн засгийн энэ идэвхжил нэмэгдэх байх гэж таамаглаж байна.

-Манай улс эдийн засгийн хямралд өртөх болсон шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?

-Макро эдийн засгийн тогтворгүй байдлын гол шалтгаан бол төсвийн алдагдал, Засгийн газрын гадаад өр өндөр байгаатай шууд холбоотой. Тиймээс бид өрийн таазыг зохистой түвшинд хүртэл аль болох орлогоо нэмэгдүүлэх, зардлаа өсгөхгүй байж төсвийн илүүдэл бий болгоход чиглэсэн төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Манай улсын төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн бодлого эмх замбараагүй явж ирсэн. Алсыг харсан бодлого хэрэгжүүлэхгүй байна уу даа?

-Төсвийн алдагдлыг бууруулж өрийн дарамтаас гарахын тулд төсвийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт нь тодорхой тогтсон дүрмээр явдаг байх хэрэгтэй л дээ. Тэрхүү дүрэм нь одоогийн байгаа нөхцөл шиг жил бүр өөрчлөгдөхгүй харьцангуй тогтвортой байх шаардлагатай. Харамсалтай нь манайд энэ байдал сул байна. Мөн төсвийн байгууллагын хувьд зардлын бүртгэл болон хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах ажил хиймээр байна.

-Багш нарын цалинг нэмэх тухай яриа нэлээн өрнөсөн. Цалин нэмснээр боловсролын салбарт ахиц гарах уу?

-Багш нарын цалин бага байгаа гэдэгтэй санал нэг байна. Ер нь боловсролын салбарын бодлогоо шинэ түвшинд гаргах шаардлага байна. Ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэлийн гол үр дүн бол Монгол хүн төлөвшүүлэхэд чиглэх ёстой. Монгол хүн ямар ёс суртахуунтай, ямар ур чадвартай, соёлтой байх вэ гэдгээсээ эхлэх хэрэгтэй байх. Бусад орны туршлагыг судлах хэрэгтэй л дээ. Гэхдээ эхлээд монгол хүнээ судлах хэрэгтэй байх. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид яг ямар хүн болж гарч байна. Их дээд сургууль төгсөгчид дэлхийд өрсөлдөх чадвартай байж чадах уу гэх мэт бодитой судалгаандаа үндэслэж бодлогоо боловсруулах хэрэгтэй болов уу. Бид өнөөдөр сургууль, цэцэрлэгийн тоо хүртэхгүй байна гэх мэт анхан шатны хэрэгцээгээ ярьсаар 20 гаруй жил боллоо.


Categories
мэдээ цаг-үе

“Болор цом”, доктор профессортой “УЗА”-ынхан

Хонхны баяр 2002 он

Улсын Боловсролын их сургуулийн сэтгүүл зүйн ангийг 1998-2002 онд төгссөн оюутны нэг ангийг энэ удаагийнхаа буланд онцолж байна. Багшийн дээдийн “Утга зохиолын ажилтан буюу УЗА” гэсэн нэршилтэй анги бол Монголын үе үеийн яруу найрагчид, сэтгүүлчдийг төрүүлэн гаргасан боловсон хүчин бэлтгэж ирсэн угшилтай анги юм. Өдгөө УЗА гэсэн нэршил “Сэтгүүлч-Орчуулагч” гэсэн нэрээр солигдон өөрчлөгджээ. 1998 оны есдүгээр сарын 1-ний өдөр бол хот, орон нутгаас ирсэн 31 хүүхэд биестэйгээ бишүүрхэнгүйхэн танилцаж, сурагчийн формоо тайлж оюутан хэмээх их айлын эгнээнд багтан орсондоо итгэн ядан байсан соньхон үе гэлтэй. Ардын аман зохиол судлаач, доктор Ш.Гүндалай багшийн удирдлаган дор 31 шавь анхны сонгуульт ажлаа хийж Өвөрхангай аймгийн Сант сумаас ирсэн Л.Моломжамц хэмээх бүрэг даруу хүүг ангийн даргаараа тавьсан хэрэг. Л.Моломжамц маань хичээлдээ их мэриймтгий хичээлийн хэнхэгтэй гэгдэтлээ номын араас явдаг хүүхэд байв. Хожмоо Монголын шилдэг яруу найрагчидтай мөр зэрэгцэн бүтээл номоо туурвиж яруу найргийн дээд шагнал болох “Болор цом”-ын эзэн болж ангийнхныхаа бахархал болсон нэгэн. “УЗА” ангийн нэг онцлог нь нэлээд олон багш эрдэмтдийн хүүхдүүд нэг дор цуг сурч байсныг онцлох байна. Монголын анхны сурах бичгийг зохиож байсан Монгол Улсын гавьяат багш, төрийн соёрхолт эрдэмтэн судлаач Д.Цэндийн зээ охин С.Бэлэгмаа, Монголын орчин үеийн хүүхдийн уран зохиолын нэрт мастер доктор, профессор Д.Оюунбадрахын хүү О.Одонбаяр, Монголын философийн нэрт төлөөлөгч н.Дагдан багшийн хүү Д.Амаржаргал, хэл шинжлэлийн нэрт хүмүүн доктор Ш.Одонтөрийн төрсөн дүү Ш.Баттөр, утга зохиол судлаач доктор Ц.Банзрагчийн охин Б.Долзодмаа, МУБИС-ийн багш, доктор Д.Амартүвшингийн дүү З.Мягмарсүрэн зэрэг багш, эрдэмтдийн хүүхдүүд нэг ангид суралцаж байв. Тухайн үед багш нар хоорондоо эд нарыг одоо яана аа гэж ил далд хэлэлцэх, магтах, шүүмжлэхийн хооронд ч яриа өрнөж байсан нь бий. Хожмоо сайн хүний үр сүүт гүүний унага гэгчээр нийгэмд өөрсдийн зохих хувь нэмрийг оруулсаар л явна даа. Тухайлбал, Ш.Баттөр 23 насандаа хамгийн залуу хэл бичгийн ухааны докторын нэг болж саяхан профессор хэмээх эрхэм хүндэт цолыг 36 насандаа хүртжээ. Тэрбээр Улаанбаатар их сургуулийн монгол хэл уран зохиол, сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. С.Бэлэгмаа нь “Өглөөний сонин”-г үүсэн байгуулагдах цагаас эхлэн ажиллаж орлогч эрхлэгч, Ерөнхий эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өдгөө “Реоple” сэтгүүлийг эрхлэн гарган, Ерөнхий эрхлэгчээр нь ажиллаж байна. Сэтгүүлч С.Бэлэгмаагийн хүний сэтгэлийн утсыг хөндсөн уншууртай сайхан ярилцлагуудыг уншигчид эчнээ мэднэ, санаж буй биз ээ. Б.Долзодмаа нь их сургуулиа төгсөөд “Өдрийн сонин” хэмээх их айлын гал тогоонд чанагдаж өдгөө сэтгүүл зүйд нэрээ үлдээсэн шилдэг сайн сэтгүүлчдийн нэг болжээ. Монголын сэтгүүл зүйд цахиур хагалж яваа сэтгүүлчид энэ ангид цөөнгүй бий. Монголын Үндэсний Радиогийн Хүүхэд залуучуудын Редакцийн редактор Б.Нарангэрэл нь 2010 онд Ази Номхон далайн бүсийн орнуудын сэтгүүлчдийн дунд зохиодог бүтээлийн уралдаанаас “Зөв золиос” жүжгээр шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн. 2009 онд Ираны Олон Улсын сэтгүүлчдийн тэмцээнээс ахмад сэтгүүлч Д. Чулуунцэцэгтэй хамтран “Радиод мөнхөрсөн хүүхэд нас” бүтээлээрээ гуравдугаар байрыг хүртэж хоёронтоо Монголоос олон улсын шагнал хүртсэн сэтгүүлч юм. Б.Мягмарсүрэн бол хөдөө орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж ирсэн ба 2006 оноос хойш Завхан аймгийн “Завхан” сонины эрхлэгчээр ажиллаж байна. Тэрбээр Монголын “mont­same” агентлагийн Завхан аймаг дахь сэтгүүлчээр давхар ажилладаг. Сайн засаглалын үндэсний сургагч багш, Тогтвортой хөгжлийн боловсрол олгох үндэсний сургагч багш, Юнескогийн Соёлын биет бус өвийг судлан сурвалжлах эрх бүхий сэтгүүлчдийн нэг. “Глоб” интернэшнл ТББ-аас олгодог “Үнэний төлөө тэмцэгч” шилдэг сэтгүүлч шагналыг хүртэж байсан үнэн шударга зүйлийн төлөө цогтой тэмцэгчдийн нэг. Б.Мөнхзул нь МҮОНРТ-д 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд “Дөрвөн урилга” нэвтрүүлгийн хөтлөгч, редакторын нэг гэдгээр үзэгчид андахгүй сайн мэднэ. Тэрбээр залуучуудын нэвтрүүлгийн албандаа “Үдшийн хэмнэл” нэртэй байхаас нь эхлээд арын фронтод сэтгүүлч, редактораар ажиллаж яваа манай улсын шилдэг сэтгүүлчдийн нэг билээ. Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа заримаас нь дурдахад ийм байна. Хүний амьдралын хамгийн дурсамжит сайхан нас бол яах аргагүй оюутан нас. Тохой залгаж суусан дөрвөн жил бол гэрэлт дурсамж, мөнхийн найз нөхдийн бат холбоо болж үлдэх жим юм. 1998 оны тухайн үе бол гар утас хэрэглээнд нэвтрээд удаагүй, автобусанд утас нь дуугарвал их л баярладаг, утсаа аваад бахархалтайяа ярьдаг байсан цаг шүү дээ. Багшийн дээд сургуулийн А байрны үүдэнд картаар ажилладаг таксофон ажиллана. 211 дугаараар эхэлж залгадаг 10 оронтой тоотой картын дугаарыг ард нь зогсож байгаа нь нууцаар цээжилж авчихаад дараа дугаарыг нь хийгээд ярьчихдаг байсан үзэгдэлтэй үе. “УЗА”-ны ангийнхан тэнхим дотроо эрч хүчтэй, олон нийтийн арга хэмжээнд идэвхийлэн оролцдог гэдгээрээ “толгой цохиж” явсан. Доктор, профессор Ш.Баттөр уртаас урт үстэй, уранхай загварын өмдтэй, рок сонсдог, англи оросоор ярьчихдаг, багш нартайгаа ном хаялцаж пээдийчихдэг байсан нь одоогийн номын мөр хөөсөн нүдний шил зүүсэн профессорын төрхөөс олж харахгүй л сонирхолтой дүр гэж бодогдоно. Ангийн охид дотроос өндөр гоолиг бие, царай зүсээрээ ялгарсан тэр дундаа хэл ярианы хөгжил сайтай А.Бумансорыг ангийнхан нь одоо ч Монголын улс төрд оройлогч байдагт нь гайхахгүй. А.Бумансор нь Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаа бөгөөд “Орхон” аймгийн НАМЭХ-ны даргаар олон жил ажиллаж, эмэгтэйчүүдийн оролцоог улс төрд бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулж яваа. Уран зохиол, сэтгүүл зүйн ангийн хувьд шүлэг бичдэг охид, хөвгүүд цөөнгүй л байлаа. А.Бумансор нь өөрийн бичсэн шүлгээ найрагч Ц.Хулан лугаа адил хоолойгоор уншиж, уран уншлагыг төвөггүйхэн хийдэг байсныг нь эргээд санахад хожмоо Хуримын ордны даргаар ажиллаж байсантай нь холбож үзэхэд урьдаас бас зөгнөж байсан юм болов уу гэж бодогдохоор. Хичээл эхлэх үед багш нараа “сэмхэн” шоглох үе бас гардаг байсныг нуух юун. Англи хэлний улаан гуталтай багшийгаа мөн ч их элдэвлэчихдэг байж дээ. Ангид ороод ирэхтэй зэрэгцэн “улаан гуталт орж ирлээ” гэцгээгээд англи хэлдээ сайн нь цэц булаалдаж буруу зөвийн тухай яриад л англи хэлдээ муу оюутнууд нь ядарсан хүнээр битгий тоглоом хийгээд бай, уншиж чадахгүй нь ээ гэцгээгээд л хэсэгхэн хугацаанд дүрсгүйтэж багшийнхаа уурыг барж байж билээ. Ардын аман зохиолын хичээл дээр манай Д.Сувдаа “Монголын нууц товчоог” бүрэн эхээр нь цээжилчихсэн А, Б-гүй цээжээр уншиж байдагсан. Багш маань ч бүр бахархалтайгаар Сувдаагаас та нар жишээ ав гэж хэлж байж билээ. С.Мөнхтөгс бас цээж сайтай. Төгсөө, Сувдаа хоёр Солонгост магистрын зэрэг хамгаалсан. Д.Сувдаа Сөүлийн их сургуулийн шилдэг монгол оюутан болж байсан ба түүний зураг хүндэт самбар дээр одоо ч хадаатай бий. Угийн цээж сайтай “толгой”-той байсны хувьд саяхан төрийн албан хаагчдын шалгалт өгөхөд нэгээр гарч ирсэн байдаг. Багшийн дээдийн ангийн хувьд хөдөө орон нутгаас элсэгч ихтэйн хувьд сургуулиа төгсөөд буцаад нутагтаа ажиллаж буй хүн бас цөөнгүй бий. Тухайлбал, Булган аймагтаа Ч.Баттуяа, Хөвсгөлдөө багшаар Ц.Азжаргал ажиллаж байгаа бол Б.Оюунсүрэн Дархан-Уул аймагтаа амьдарч “Оюу толгой”-н шилдэг сайн менежерүүдийн нэгээр ажиллаж байх жишээтэй. МУИС-ийн Эрдэнэт салбарын сургуульд сургалтын албаны мэргэжилтнээр Ж.Цэрэндулам ажиллаж байна. С.Асель Казахстанд суурьшин хувиараа бизнес эрхэлж байна. Англи хэлний багшаар ажиллаж байсан Ч.Энхзул бизнест хөл тавьж зочид буудал, үйлчилгээний газрууд нээн ажиллуулж байна. Хувь хувьсгалдаа бизнес эрхэлж буй хүмүүс нэлээн бий. Тохижилтын чиглэлээр бизнес хийж байгаа нэгэн байхад Баян-Өлгий аймагтаа ангийн анд З.Мягмарсүрэн мөн л бизнес хийдэг. Ангийн андуудаасаа холдож хорвоогийн мөнх бусыг үзсэн Д.Амаржаргалыгаа дурсахгүй байхын аргагүй. Францад ажиллаж амьдарч байсан Д.Амараа маань “101.7” радиод мэргэжлээрээ ажиллаж байсан билээ.

II курсын оюутнууд 1999 он

Хичээлээ тараад ангидаа цуглацгаан, шүлэг бичдэг хэдээ хөөргөн, шүлэг уншуулан элдвийг хууч хөөрөн сургуулийн жижүүрээс хөөгдөх шахам гүйж явсан оюутан ахуй үеэс хойш 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд ангийнхан бүгдээрээ олуулаа уулзалдаж хараахан амжаагүй ч 2013 онд багш Л.Гүндалайдаа хүндэтгэл үзүүлж баярлаж талархаж явдгаа илэрхийлж амжсан. Саяхан Л.Гүндалай багш “Эрдмийн ажлын эрхэм мөр” нэртэй номоо гаргахад шавь Л.Моломжамц хэвлүүлэх ажилд нь тусалжээ. Нэгнийхээ номын баяраар л уулзалдах боломж гарах нь бий. БНСУ-ын Коокмин их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа Д.Бямбасүрэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа газруудад Халамжийн албаны дарга, нэг цэгийн үйлчилгээний дарга зэргээр төрийн албанд олон жил ажиллаж байгаа шилдэг боловсон хүчний нэг гэдгийг дурдахад таатай байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын туслах, бие төлөөлөгчөөр С.Баярцэцэг ажиллаж байна. Хүний амьдралын гэгээн үеийг мөнхлөн үлдээж сэтгэлийн хоймортоо урьдаг “Нэг ангийнхан” нэртэй энэхүү буланд эрхэм нэр алдраа эгнэгт түгээж, хөдөлмөрлөж яваа андуудыгаа бүгдийг нь нэг бүрчлэн тоочих боломжгүй тул зарим нөхдийгөө төлөөлөл болгон дурдсан нь дээрх билээ. УБИС-ийн “УЗА” ангийн шижигнэсэн охид, хөвгүүд эрдэм заасан ачит багш нарынхаа чихийг халууцуулалгүй, харин ч бахархал баяслыг нь төрүүлж явдаг гэдэгт итгэнэм.

Ангийн багш Л.Гүндалай багштайгаа 12 жилийн дараа уулзаж талархснаа илэрхийлэв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын XXVIII Их хурал үргэлжилж байна

– МАН-ЫН ШИНЭ ДАРГА ӨНӨӨДӨР ТОДОРНО –

МАН-ын XXVIII Их хурал өчигдөр Соёлын төв өргөөнд өглөө 09 цагт эхлэв. Нийт 1309 төлөөлөгч оролцож байгаа. Гурван өдөр үргэлжлэх хурлыг нээж МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавив. Илтгэлээ тавихын өмнө хурлын тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр баталж, төвийн бүсийн тэргүүлэгчээр М.Энхболд, нийслэлийн бүсийн тэргүүлэгчээр Д.Амарбаясгалан, А.Ундраа, Ө.Энхтүвшин, хангайн бүсийн тэргүүлэгчээр Я.Содбаатар, говийн бүсийн тэргүүлэгчээр Н.Наранбаатар, Б.Сэмжидмаа, Б.Өлзийбаян, А.Женисхан нараар хурлыг удирдан зохион байгуулахаар батлав.

Ингээд мандатын комиссын илтгэл, Хяналтын ерөнхий хорооны тайланг сонссон. МАН-ын Их хуралд оролцохоор Баян-Өлгий аймгаас хүрэлцэн ирсэн 13 төлөөлөгчийг хасч, Улаанбаатар хотоос 30 төлөөлөгч нэмээд байсан. Үүнийг эсэргүүцсэн төлөөлөгчид хурлын зааланд ‘болъё’ хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн хашгирч, Баян-Өлгийн төлөөлөгчдийг Их хуралд оруулахыг шаардсанаар Баян-Өлгийн төлөөлөгчдийг оруулахаар болсон юм. Ингээд МАН-ын дарга М.Энхболдын илтгэлээс онцлон хүргэе. Тэрбээр “Манай намын гол үнэт зүйл бол эв нэгдэл юм. Энэ үнэт зүйлийнхээ ачаар л бид түүхэн цаг хугацааны туршид алдаж оносон аливаа бүхнээ зөв дүгнэн, оновчтой шийдэж ирсэн уламжлалтай. Бусад улс төрийн хүчинтэй харьцуулахад эв нэгдлээ үнэт зүйл болгосон нь бидний маргашгүй давуу тал. Манай намд улс төрийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байна. Сонгуулийн үр дүн нь зөвхөн нэр дэвшигчийн хувийн амжилт биш, нам хэмээх үндэсний хэмжээний байгууллагын бодлогын ялалт, хамтын хүчин чармайлтын үр дүн байдаг. Гишүүд, дэмжигчидтэйгээ ямагт хамт, ойр байх зарчмыг лоозогнолоос салгаж, энгийн бодит үйл ажиллагаа болгох нь шинэчлэлийн чухал зорилтын нэг юм. Намаа засах, шинэчлэх түүхэн тодорхой шийдвэрийг энэ Их хурлаараа Та бид гаргаж, намын нийт гишүүд, дэмжигчдийнхээ өгсөн даалгаврыг биелүүлэх учиртай. Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, улс төрийн тогтвортой байдал, Засгийн газрын хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүх талаар хангах зарчмыг бид тууштай баримталбал зохино.

Сөргөлдөж тэмцэлдэхийг хойш тавьж, гар нийлэн ханаа дугуйлж, санаа нийлэн тоосгоо өрж байж л өргөө гэрээ босгож чадна” гэх мэтээр эв нэгдлийг сахих тухай үгийг голчлон илтгэлдээ дурдсан. М.Энхболдын илтгэл цаг орчим үргэлжилсэн бөгөөд МАН-ын даргын албыг хоёр удаа хашиж ажилласан тайлан, 2012-2016 онд цөөнх болж, сөрөг хүчнээр ажилласан болон 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалт, Ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа дараалан ялагдсан зэргийг тэрбээр илтгэлдээ онцолж байв. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлийг сонссоны дараагаар 12 цагт төлөөлөгчид завсарлага аван гадагшаа гарч Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн олуулаа дурсгалын зургаа татуулсан юм.

Энэ өдрийн хуралдаанаар намын дүрмийн шинэчлэл, мөрийн хөтөлбөрийг голлон хэлэлцэх бөгөөд маргааш өдөр нь буюу өнөөдөр МАН-ын даргад нэр дэвшигчдийг дэвшүүлэн санал хурааж намын даргаа тодруулах юм. МАН-ын даргад өрсөлдөхөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл нар нэрээ дэвшүүлж буйгаа олон нийтэд зарласан байгаа.

Заалнаас нэр дэвших эрх бий бөгөөд Ж.Энхбаярыг нэр дэвшиж болзошгүй гэсэн яриа дуулдаж байв. Мөн тус намын гишүүн “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн г.Майцэцэг намын даргад нэрээ дэвшүүлж буйгаа илэрхийлж, хүсэлтээ хүргүүлсэн гэх боловч г.Майцэцэг энэ өдөр Их хуралд оролцохоор ирсэн ч дотогшоо нэвтэрч чадаагүй. Түүнийг мандатгүй тул Их хуралд оролцох боломжгүй байна гэдгийг хурал зохион байгуулагчид мэдэгдэж байв. Харин “Exclusive“ компанийн захирал г.Майцэцэг “Намайг хүрээд ир гэж дуудсан. Би дотогшоо хурал руу орох шаардлагатай байна” гэдгээ хэлж байлаа.

МАН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧИД ИНГЭЖ ЯРИВ

МАН-ын Их хурал хаалттай болж байгаа бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэлийнхэнд мэдээлэл өгөөгүй бол бусад нэр дэвшигчид нэр дэвшсэн шалтгааныхаа талаар ингэж ярив.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: -Их хурлаар яригдах хамгийн гол асуудал бол намын боловсон хүчний асуудал юм. Манай нам бол өөрийн гэсэн үзэл баримтлалтай. Энэ удаад гишүүдийн байр суурьт тулгуурлаж гол шийдвэрийг гаргана. Миний хувьд боловсон хүчний бодлогын алдаа, өмнө нь ямар алдаа гаргасан бэ гэдэгт дүгнэлт хийнэ. Алдагдсан үнэт зүйлээ сэргээх нь шинэ зүйл хийхээс илүү гэж үзэж байна. МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл: -МАН-ын хувьд хариуцлагатай Их хурал болж байна. Хэдийгээр бид олонх болсон ч намын рейтинг байнга унаж байна. Дээр нь 65 эрх ашиг хөөж явсаар байгаад хоёр хуваагдсан. Ийм үед намынхаа эрх ашгийг бодох уу, улс орныхоо эрх ашгийг бодох уу, эсвэл 32,33 гэсэн хоёр том бүлэглэлийн эрх ашгаар явах уу гэдгийг өнөөдрийн хурлаар шийдэх ёстой. Хоёрдугаарт, МАН шинэ бүтэц зохион байгуулалтад орох шаардлагатай. Жишээ нь Удирдах зөвлөл 33 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг ч өнөөдрийн нөхцөлд энэ бүтэц тохирохгүй байна. Тиймээс бид энэ намынхаа Удирдах зөвлөлийг 10-20 хүнтэй болгох ёстой. Нэгэнт намын дарга, Удирдах зөвлөлдөө итгэл үзүүлж байгаа бол эрх мэдлийг төвлөрүүлэх ёстой. Намынхаа удирдлагад шантааж хийдэг идээ бээрээсээ МАН салах ёстой. МАН-ын гишүүн Г.Майцэцэг: -МАН бол хамгийн ардчилалтай нам юм. Би бол жирийн иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа намын даргад нэр дэвшихээр шийдсэн. Монголын эмэгтэйчүүд нуруун дээрээ маш их ачааг үүрээд явж байна. Гэтэл эрчүүдийн байр суурь түүнээс дээгүүр байдаг ч эв нэгдэлгүй харагдаад байгаа юм. Хэрэв би МАН-ын дарга болох юм бол өнгөрсөнтэйгөө зууралдаж, хэн нэгэнд хариуцлага тооцохгүй. Яагаад гэвэл манай намын лидерүүд чин сэтгэлээсээ зүтгэж байсан гэдэгт би баттай итгэж байна. Харин ч өнөөдрөөс илүү маргаашийг харж ажиллах болно. Би 2010 онд МАН-д элссэн. Зорилго нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх байсан. Тиймээс Баянгол дүүргийн 120 дугаар үүрийн гишүүн болсон. Түүнээс өмнө өөр намд элсэж байгаагүй гэв.

МАН-ын 28 дугаар Их хуралд оролцож буй төлөөлөгчидтэй уулзаж байр суурийг нь авсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Одоо мөрдөж буй намын дүрмээр бол “Хэрэв нам нь сонгуульд ялах юм бол Ерөнхий сайдыг намын даргад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг. 2016 онд энэ дүрмийн заалт зөрчигдснөөр дараа дараагийн зовлонгууд гарч ирсэн. Намын дарга гэдэг хүн сонгуульд оролцохдоо ирэх дөрвөн жил хийж хэрэгжүүлэх намын мөрийн хөтөлбөрөө боловсруулж эргээд ард түмэндээ тайлангаа тавьдаг. Ерөнхий сайд нь намын дарга болдог энэ жишгийг дагахгүй л бол цааш явахгүй. Энэ утгаараа би Ерөнхий сайдад боломж олгон нэр дэвшихээс татгалзсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш амаргүй давааг туулж ирлээ. Янз янзын хөдөлгөөн хийгдэж байгаа нь алдаа дутагдлаас ангижирч, элдэв бусармаг үйлдлээс ангижрах зорилгоор явагдаж байгаа юм. Энэ удаагийн Их хурлаар шинэ дарга сонгогдоно, Ерөнхий нарийн бичгийн дарга, Бага хурал, Удирдах зөвлөл гээд шинэ бүрэлдэхүүнтэй болно. Удирдлагын шинэ баг гарч ирж байж шинэчлэл хийгдэнэ. Удирдах зөвлөлд одоо 30 гаруй хүн байгаа. Тоог нь өөрчлөх байх, мөрийн хөтөлбөрийг өөрчилнө. Ер нь энэ намын шинэчлэлээс энэ улсын цаашдын хувь заяа харагдана. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: -Энэ хурал эв найрамдлын хурал болох учиртай. Хурлаар намд тулгамдаж байгаа асуудал, шинэчлэлийн зорилтуудыг ярилцдаг. Эрх баригч нам дараагийн жилүүдэд ямар бодлого барих, улс орны хөгжлийн бодлогын талаар ярилцдаг. Бидэнд нийгэм, эдийн засаг, санхүүгийн шийдвэрлэх асуудал их байна. Намаа шинэчлэх, дүрмээ шинэчлэх шаардлага байна. Бид эрх баригч хүчин учраас намынхаа мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, сонгуульд тусгасан амлалтуудтай уялдуулж боловсруулах ёстой. 2020 онд ялалт авч ирэхийн тулд, ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлэхийн тулд тогтвортой байдал эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Д.Оюунхорол: -Намын үнэт зүйл бол боловсон хүчний бодлого байдаг. Улс төрийн нам бэхжиж, төлөвшихийн тулд боловсон хүчний бодлогоо шатлан дэвших зарчмаар явуулах шаардлагатай. Их хуралд хүрэлцэн ирсэн 1300 төлөөлөгч ч мөн адил ийм хүлээлттэй байгаа болов уу. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал: -Намын даргын илтгэл маш сонирхолтой илтгэл байлаа. Цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа намын боловсон хүчний асуудлыг хөндөж тавилаа. Хэн нэгэн гэнэт гарч ирээд намын нэрээр төрийн өндөр албан тушаал хашдаг. Энэ нь гишүүдийн итгэлийг алдагдуулдаг, төрийг эргээд муухай харагдуулдаг. Боловсон хүчний ажиллах жил, үнэлэмжийг тооцдог болох тухай хөндсөн нь сэтгэлд нийцлээ. Манай Баянхонгор аймгаас 38 төлөөлөгчид ирж оролцлоо. Энэ хурлаар намын шинэчлэл хийгдэнэ гэдэгт итгэж хүлээж байна. Өнөөдөр 1300 гаруй төлөөлөгчид хариуцлагатай сонголт хийж намын даргаа сонгоно. Засгийн газрыг, намыг нэгдсэн удирдлагаар хангах бодлогын шийдвэр гаргах нь зүйтэй. Намын дарга нь Ерөнхий сайд байх зарчимд нийцнэ. Хэрэв өөр байдлаар шийдвэр гарвал эргээд Засгийн газраа унагах аюулд хүргэж, цаашлаад УИХ тарахад хүргэх вий гэсэн эмзэглэл байна. Үүнийг бодолцож төлөөлөгчид шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Уул уурхайн сайд асан Д.Зоригт: -Дөрвөн жилд болдог намын их хурал бол намын даргыг сонгох нь гол биш намыг шинэчлэх, дэвшиж хөгжүүлэх асуудлыг хөнддөгөөрөө гол онцлогтой. Төр өнөөдөр тогтвортой ажиллах хэрэгтэй байна. Төр тогтвортой байхын тулд нам нь тогтвортой, эв нэгдлийг хангасан байх шаардлагатай. Үүрийн гишүүтэй уулзахад энэ Их хурлаараа үл ойлголцол маргаанаа нэг мөр зогсоогоорой гэдгийг намын олон гишүүд хэлж байна. Тиймээс эв нэгдэл, тогтвортой байх нь маш чухал юм гэв. МАН-ын Их хурал түр завсарлаад эргээд орсон. Үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.раднаасэд “МАН-ын дүрмийн шинэчлэл”-ийн талаар “Дүрмийн өөрчлөлтийн хүрээнд найман чиглэл 50 гаруй зүйл заалтыг өөрчилж байгаа. Тоймлоод хэлэхэд шийдвэр гаргах түвшинд намынхаа анхан шатны гишүүдийг оролцуулдаг байх зохицуулалт хийнэ. Удирдах зөвлөл болон Хяналтын хорооны гишүүдийн тоог багасгана. Хариуцлагатай, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэл тусгасан. Улс төрийн намын санхүүжилт хаалттай байна. Үүнийг дагаад авлига хээл хахууль авдаг гэж яригддаг. Өнөөдөр МАН-ын санхүүжилтийн үйл ажиллагааг журамд оруулж, тэрхүү журмыг Бага хурлаар баталснаар намын санхүүжилт ил тод нээлттэй болох нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн намын гишүүдийн ёс зүйн асуудалтай холбоотой шинэ бүтцийг бий болгож оруулж ирлээ” гэв. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МАН-д шинээр элсэх гэж байгаа гишүүн энэ намыг ямар үзэл баримтлал, ямар бодлого, үнэт зүйл, үзэл санааг баримталдаг вэ гэдэг талаас нь мэдэх ёстой юм. Намын гишүүн болсон бол ямар зарчим баримтлах ёстой вэ гэдгээ зарлаж, түүнийхээ төлөө зүтгэх учиртай. Энэ удаагийн намын мөрийн хөтөлбөрт бид орчин үеийн үзэл санааны суурь үндсийг илүү тодорхой болгох нь зүйтэй гэсэн чиглэл баримталж байгаа. Энэ утгаараа хүн төвтэй намын бодлого үзэл санааг шингээж өгөхийг зорьсон” гэв. Үүний дараа Их хурлаас гарах уриалгын талаар хэлэлцсэн. Албан ёсны илтгэлүүд явсны дараагаар хуралд оролцож буй төлөөлөгчид асуулт асууж санал хэлэх явц эхлэв. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр асуулт асуусны дагуу харилт өгсөн. Намын дүрмийн өөрчлөлт оруулахад намын эмэгтэй гишүүд бойкот хийж эмэгтэйчүүдийн квотыг 25 хувь байсныг 30 хувь болгон нэмэгдүүлэх санал гаргасан нь нэлээн их дэмжигджээ. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүд нь намын дарга байхыг эсэргүүцсэн санал гарчээ. Намын хариуцлагыг сайжруулах тухай нэлээн яригдсан байна. Намын боловсон хүчний бодлого буруу явж байна. Өнгө мөнгийг харж, хэн ч таньж мэдэхгүй хүмүүс нэр дэвшиж дарга болдог боллоо гэх шүүмжлэл нэлээн яригджээ. Хурлын уур амьсгалаас харахад МАН-ын даргад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж буй нийт төлөөлөгчдийн 60 хувьтай байгаа бол нэр дэвшигч Д.Хаянхярваа дээр үлдсэн 40 хувь ирж байх шиг байна гэнэ. Тодруулбал, Д.Хаянхярвааг Дархан-Уул аймаг тэр чигтээ дэмжиж байгаа бол Архангай аймгийн дэмжигчид Ж.Мөнхбатын нөлөөгөөр нэмэгдэн орж ирж байгаа. Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн тал хувь нь дэмжиж байгаа гэдэг нь тодорхой болжээ. Засгийн газрыг огцруулж шинээр байгуулахад УИХ дахь МАН-ын гишүүд 32, 33 болж хуваагдсан. У.Хүрэлсүхийг дэмжигчид өөр зуураа Д.Хаянхярвааг 65 хүнтэй МАН-ын бүлгийг удирдаж чадахгүй, хоёр хуваасан байж яаж намын дарга болох юм гэж ярилцаж байгаа бол Д.Хаянхярвааг дэмжигчид У.Хүрэлсүхийг намын даргын түвшинд ажиллах буурь суурьтай хүн биш гэсэн яриаг гаргаж байгаа бололтой.

Өчигдрийн Их хурлын хувьд намын шинэчлэлийг хэрхэн хийх, юун дээр бид алдав гэдгийг ярилцсан хурал болж байна. Их хурал дугаар шилжих мөчид буюу 21 цагийн байдлаар хурал үргэлжилсээр байсан бөгөөд 24.00 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байв.


Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Ирэх онд зээлийн хүүг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч эхэлнэ

УИХын чуулганаар 2018 оны төсвийг баталсан. Ирэх оны төсөв ямархуу дүр зурагтай байгаа талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Монгол Улсын 2018 оны төсөвт орж буй гол өөрчлөлтүүдээс ярилцлагаа эхэлье?

-Төсвийн зарлага талдаа хэд хэдэн гол өөрчлөлт орлоо. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн гурван ээлжээр хичээллэж байгааг зогсоох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах үүднээс 236.9 тэрбум төгрөг тавигдсан. Нийтдээ 82 сургууль, 127 цэцэрлэгийг ашиглалтанд оруулна. Азийн хөгжлийн банк, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд хөрөнгө санхүүг нэмж шийдсэнээр 2019 он гэхэд сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлыг бүрэн арилгая гэж зорьж байгаа. Дараагийн орж буй гол өөрчлөлт бол иргэдийг орлогожуулах үүднээс тэтгэвэр, халамж дээр өмнөх жилүүдээс тодорхой хэмжээний мөнгө нэмэгдэж тавигдсан. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр болсон.

Нийтдээ 137 тэрбум төгрөг зарцуулагдана. 2014 оноос хойш цалин, тэтгэвэр тэтгэмж нэг ч төгрөгөөр нэмээгүй өдий хүрсэн. Энэ жил төсвийн тодотголд төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор болсон, ирэх жил мөн олгоно. Олон улсын Валютын сантай 2019 оны нэгдүгээр сарын 01-нийг хүртэл цалинг нэмэхгүй гэж өмнөх Засгийн газар тохирсон. Төсвийн орлого давж тодорхой эх үүсвэр бий болбол зөвхөн нэг удаагийн арга хэмжээнд зарцуулна гэсэн гэрээ хэлцлийн хүрээнд төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгохоос өөр гарц байгаагүй. Үүнийг зарим хүмүүс халамж олголоо гэж шүүмжлээд байгаа нь угтаа тийм зүйл биш юм. Ирэх жил олгогдож байгаа 56.2 тэрбум төгрөгийг Олон улсын Валютын сантай хэл амаа ололцвол цаашдаа төрийн албан хаагчдын цалинг нэмэх тал дээр анхаарна.

Түүнчлэн манай намын мөрийн хөтөлбөрт орсон “Цалинтай ээж”, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг барих тухай асуудал, “Оюутны хөгжлийн зээл”, малчны тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах зэрэг ард түмэнд хэрэгтэй шийдлүүд энэ оны төсөвт тусгаж, шийдвэрлэгдэж байна.

-Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтад төсөв яаж тавигдсан бэ?

-Эдийн засгийн хямралаас шалтгаалаад сүүлийн 2 жил шинэ обьект төсөв дээр тавигдахгүй байсан. Мөн төсөв хүндрэлтэй байгаа нэрээр орон нутагт өгдөг хөрөнгө оруулалтыг багасган, танаж ирсэн. Энэ жил эдийн засгийн өсөлт бий болж байгаа учраас аймаг, дүүрэг бүрт тулгамдаж буй хөрөнгө оруулалтын асуудалд анхаарлаа хандуулж хөрөнгө санхүүг шийдсэн. Энэ удаагийн төсөвт орон нутгийн эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс хөдөө орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг багагүй нэмэгдүүлсэн. Орон нутгийн хөгжлийн сан дахь орлогын хэмжээг 35.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж нийт 88.6 тэрбум төгрөг тавигдсан. 21 аймгийн суурь зардлыг 59 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Нэг аймагт дунджаар 6.7 тэрбум төгрөг буюу нийт 147.6 тэрбум төгрөгт хүрнэ.

-Концессын төлбөрт төсөвт хичнээн төгрөг зарцуулахаар орж байгаа вэ?

-Концессын төлбөрт 82.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна. Концессоор хийгдэх ажлын гүйцэтгэлийг хянаж шалган, Үндэсний аудитын газраас нэгдсэн дүгнэлт гаргуулж байж нэг мөр цэгцлэх хэрэгтэй байна. Ер нь цаашдаа хувийн компанийн дэд бүтцийг “барих-шилжүүлэх” хэлбэрээр концесст хамруулахаа болих хэрэгтэй. Зөвхөн нийтийн эрх ашигт чиглэсэн бүтээн байгуулалтыг концессын гэрээгээр шийдвэрлэдэг зарчмыг мөрдөх хэрэгтэй.

-Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар өөрчлөлтүүд орж байна вэ? Тухайлбал, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохтой холбоотойгоор бэлэглэлийн гэрээнээс татвар авдаг болох дээр нэлээн маргаан дагуулж байсан?

-2018 оны төсөв хэд хэдэн онцлогтой батлагдсан. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Төсвийн тухай хуулийг дагалдуулан хэд хэдэн хуульд өөрчлөлтүүд орж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, шилжүүлэх мөн газар ашиглах эзэмшихтэй холбоотойгоор шинээр хуулийн зохицуулалт орж ирсэн. Энэ нь бэлэглэлийн гэрээ нэрэн дор татвар төлдөггүй байдлыг цэгцэлж, газрын болон лицензийн наймаа явагддаг гэсэн хардлагыг алга болгож, нээлттэй ил тод болгох, тэгш боломжийг олгох өөрчлөлт орсон. Татвар нэмж байгаа нь төсөвт орлого оруулан нөгөө талдаа хээл хахууль авлигын асуудлыг цэгцлэх алхмыг шинэ Засгийн газар оруулж ирлээ.Төсөвт орж буй бас нэг гол өөрчлөлт бол Эрүүл мэндийн даатгалын санг Нийгмийн даатгалын сангаас салгаж байгаа. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг зах зээлийн харилцаанд нийцүүлэн зөв тогтолцоог бий болгох, иргэдэд хүрч буй тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад Эрүүл мэндийн даатгалын санг Нийгмийн даатгалаас салгасан нь түлхэц өгөхүйц томоохон шийдвэр боллоо. Цаашдаа бид Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын санг Засгийн газрын хараат бус байгууллага болгох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Иргэдийн өөрсдөдөө зориулж буй мөнгө учраас даатгуулагчдын эрх ашгийг хангах үүднээс даатгалын мөнгийг зөв менежментээр зарцуулах нь даатгуулагчдын өөрсдийнх нь эрхийн хүрээнд байх ёстой. Өнөөдрийн нөхцөл байдлаар эдгээр санг салгаж байгаа нь эхний алхам.

-Төсвийн нийт орлого, зарлага, алдагдал ямар хэмжээнд байгаа вэ?

-2018 оны нэгдсэн төсвийн орлого 7.2 тэрбум, зарлага 9.6 тэрбум байхаар тооцсон. Мөн нэгдсэн төсвийн алдагдал 2.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий найман хувьтай тэнцэж байна.Төсвийн алдагдлыг бууруулах бодитой алхам хийхийг оролдож байна. Нийт дүнгээр аваад үзвэл энэ удаагийн төсөв нэлээн сайжруулж баталсан төсөв боллоо гэдгийг хэлэх байна. Өмнөх Засгийн газрын төсөөллөөр төсвийн алдагдал 9.2 хувь байсан нь одоо 8 хувьтайгаар баталсан байх жишээтэй.

-Одоо батлагдсан төсвөөс шүүмжлэлтэй талаас нь хэлэх зүйл юу байна?

-Хоёр Засгийн газар ажлаа өгөлцөж авалцаж байсан. Шинэ Засгийн газрын дэвшүүлэн тавьж байгаа бодлого, зорилт тодорхой биш байгаа үед төсвийг хэлэлцэн баталж таарлаа. Энэ утгаараа төсөв дээр хэд хэдэн шүүмжлэлтэй зүйл гарав уу даа гэж харж байна. Төсвийг бүтцээр нь аваад үзвэл зарлагыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх талдаа ямар стратеги барих юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. Ер нь төсвийн орлого, зарлагыг дунд хугацааны болон урт хугацаагаар харж тодорхойлох хэрэгтэй. Төсвийг аваад үзвэл 1 их наяд гаруй төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөр, хүүнд төлж байна. Ахиад 2 их наяд төгрөгийг цалингийн санд зарцуулж байна. Дахиад 2 их наяд төгрөгийг халамж, үйлчилгээнд зарцуулж байна. Төсвийн энэ гол багцуудаа цаашид яаж бууруулах вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал, энэ төсөв дээр өмч хувьчлалын асуудлыг тоймтой оруулж ирж чадсангүй. Өмч хувьчлалаас нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн орлого 2018 онд орж ирнэ гэж тооцсон. Түүний 75 тэрбум төгрөгийг Төрийн банкны хувьчлалаас оруулж ирнэ гэж тусгажээ. Гэтэл өнөөдөр манай улсад 90 гаруй төрийн өмчит үйлдвэрийн газар бий. Мөн орон нутгийн өмчит газрууд үйл ажиллагаа явуулж байгаагаас ихэнх нь алдагдалтай ажиллаж байгаа. Цаашдаа өмч хувьчлалд нийгмийн салбарын хувьчлалыг эхлүүлэх хэрэгтэй гэж хардаг. Төсвийн зарлагыг бууруулах цогц бодлого үгүйлэгдэж байна. Мөн орлого нэмэгдүүлэх эх үүсвэрүүдийг оруулж ирэх хэрэгтэй. Эдийн засгаа хэрхэн томруулах вэ, аль аль салбартаа ямар төслүүдийг хэрэгжүүлэх вэ, Цаашдаа эдийн засгаа хэрхэн олон тулгуурт болгох вэ гээд шинэ Засгийн газар эдийн засаг, санхүүгийн бодлого ойрын үед хөрөнгө оруулагч, ард иргэдэд ойлгомжтойгоор тодорхойлон зарламаар байна.

-Төсөвтэй зэрэгцээд Төрөөс мөнгөний бодлого дээр баримтлах үндсэн чиглэлийг баталдаг. Банкны зээлийн хүүг бууруулахад ямар бодлого баримтлах гэж байна?

-Төрөөс баримтлах мөнгөний бодлого дээр хэд хэдэн чиглэлийг баталж байгаа. Зээлийн хүүг бууруулах тухай асуудал бол иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйл мөн. Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг бууруулахын тулд Засгийн газраас үнэт цаас гаргаж, дотоодоос зээл авах байдлаар нөхөж ирсэн талтай. Энэ нь эргээд аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусч байгаа. Арилжааны банкууд иргэдээс хадгаламж татчихаад үүнийгээ жилийн 12-18 хувийн хүүтэй Засгийн газрын бондод байршуулчихдаг. Зарим арилжааны банкинд нэг их наяд төгрөг хүртэлх Засгийн газрын бонд хуримтлагдсан байна. Тийм учраас Засгийн газрын үнэт цаасыг аль болох гаргахыг зогсоох чиглэл рүү алхам хийх хэрэгтэй болж байна. Хэрэв ингэж чадвал аж ахуйн нэгжид зээлийн олдоц ихэснэ, тэр хэмжээгээр банкны хүү буурна. Санхүүгийн тогтолцоог зөв голдиролд нь оруулахын тулд зээлийн хүүг бууруулахад бодитой эрс алхмуудыг авч хэрэгжүүлэх ёстой. Банкны зээлийн хүүг болдог бол эхний ээлжинд жилийн 20-иос доош хувьд оруулах шаардлагатай байна. Өнөөдөр арилжааны банкууд 2-3 хувийн, банк бус болон ломбардууд 3-5 хувийн хүүтэйгээр зээл олгодог. Үндсэндээ аж ахуйн нэгжүүд 24-50 хувийн хүүтэйгээр зээл аваад, олсон орлого ашгаа зээлэнд л өгч байна. Цаана нь хэдхэн банкийг л тэжээх болдог. Зээлийн хүү бууруулахад олон хүчин зүйл бий. Зээлийн хүүний дээд хязгаар таазыг тогтоосон улс орнуудын жишиг байна. Мөн мөнгө хүүлэлтийн эсрэг хуультай улс орнууд байна. Олон улсын жишиг хандлагыг зах зээлтэйгээ уялдуулж зарим үед эрс арга хэмжээг авах шаардлага тулгарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоох хуулийн төслийг нэр бүхий гишүүд санаачлаад явж байна. Монголбанк ч гэсэн зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулж, хуулийн төслүүд дээрээ ажиллаж байна.

-Олон улсын Валютын сан эхний хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд долоон төрлийн татварыг нэмж байсан. Одоо хөтөлбөрийн дараагийн хэсгийг хэрэгжүүлэх үед энэ нь төсөвт ямар байдлаар нөлөөлөх бол?

-Олон улсын Валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд банкны активын чанарын үнэлгээ хийгдэж байгаа. Энэ чанарын үнэлгээний тайлан мэдээ ирэх 12 дугаар сард гарчихна. Үүнийг дагаад Банкны тухай хууль, эрх зүйн орчинг сайжруулах, мөнгө санхүүгийн зарим арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Тэгэхээр ирэх онд банк санхүүгийн салбарт шинэчлэл нэлээн сайн хийгдэж эхлэх болов уу гэж харж байна. Банк санхүүгийн салбарын тогтолцоог зөв болгож байж эдийн засагт зөв сигналыг өгнө. Үүнийг дагаад бодлогын хүү буураасай гэдгийг хэлэх байна. Өнөөдөр бодлогын хүү 12 хувьтай байгаа нь манай нийт эдийн засагт тодорхой хүндрэлийг бий болгодог. Сонгуулийн дараагаар гадаад төлөлтүүд тулчихсан, эдийн засгийн нөхцөл байдал маш муу байх үед бодлогын хүүг өсгөж, тэгснээр савалгаагүйгээр эдийн засгийг авч гарч байсан удаатай бол одоо эдийн засаг харьцангуй өсөлттэй байгаа үед бодлогын хүүг нэг оронтой тоо руу оруулахыг эрмэлзэх хэрэгтэй болж байна.


Categories
мэдээ цаг-үе

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын ажлын нэг өдөр

Монгол Улсын баатар П.Шагдарсүрэнгийн гэрт

Энэ удаагийн “Танайд өнжье” буландаа сайдын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сурвалжилсан юм. Төрийн албаны ажил өглөөний 8.30 цагаас албан ёсоор эхэлдэг бол өнгөрсөн баасан гаригийн 8.00 цагт Гадаад харилцааны яамны ажил хэдийнэ эхэлсэн байв. Хамгийн эхэнд Технологи, инновацийн судалгаа, мэдээллийн зөвлөл байгуулах тухай ажлын хэсгийн хуралдаан болсон бөгөөд тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар болон Төрийн захиргааны удирдлагын газрын захирлуудтай шуурхай зөвлөгөөн хийв.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол Улсын экспортыг төрөлжүүлэх, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд технологи, инновацийн асуудлыг тус яам онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгож байв. Шинэ Засгийн газар байгуулагдаад сар орчим болж байгаа бөгөөд Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайдаар томилогдож ирээд энэ хугацаанд жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзан, орчин үеийн дэвшилтэт технологи, инновацийн судалгаа, мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Технологи, инновацийн судалгаа, мэдээллийн зөвлөл”-ийг байгуулахаар болжээ. Уг уулзалт болж байх үед Гадаад харилцааны яамны 13 газрын дарга нар яамны шуурхай хуралдаа орохоор сайдыг хүлээзнэж байв.

Төв цэвэрлэх байгууламжийн асуудлаар ажлын хэсгийн хуралдаан дээр

Ингээд 8.40 цагт яамны шуурхай хурал эхэлж сайд Д.Цогтбаатар хэд хэдэн үүрэг даалгавар өгч байсны нэгд нь Ерөнхий сайдад Гадаад харилцааны яамтай хамааралтай арга хэмжээг долоо хоногийн өмнөөс танилцуулж байх үүргийг өгсөн юм.

Хоёр жил тутамд хийдэг Элчин сайдын зөвлөгөөнийг энэ жил хийх үү гэж асуухад сайд Д.Цогтбаатар “Хурлыг хэзээ хийх цаг хугацааг тооцоорой. Засгийн хурал дээр интернэтээр Элчин сайдуудтай холбогдож хурлыг явуулж болно” гэсэн саналыг гаргаж байв. Дараа долоо хоногоос Орос руу явж онгоц угсарч байгаа төсөлтэй танилцана гэх мэтээр яамтай холбоотой асуудлын талаар санал солилцож байтал цаг 9.00 болсон тул Төрийн ордон руу яаралтай явахгүй бол болохгүй нь гэж хэлээд шуурхайгаас түрүүлж гарлаа. Энэ өдөр Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Батцэцэг гадаадад ажлаар явсан, Бүгд Найрамдах Парагвай улсад ажлын айлчлал хийж байгаа бол Төрийн нарийн бичгийн дарга мөн гадаад улсад албан ажлаар явсан байсан. Гадаад харилцааны яам бол шөнө унтдаггүй яам. Манай систем 24 цагийн турш ажиллаж байдаг. Бидний дээр нар жаргадаггүй. 40 гаруй улсын Элчин сайдын яамтай. Улс орнуудын цагийн зөрүүний байдлаас улбаалж тасралтгүй 24 цагийн турш ажиллаж байдаг гэж энэ яамны онцлогийг яамныхан хэлсэн.

Сайд Д.Цогтбаатар машинд сууж ордныг чиглэн явах замдаа Мянганы сорилтын сангийн захиралтай санал солилцож мөн төсөлтэй танилцаж амжив. Тэгээд гүйхээрээ шахам Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөө рүү ороод явчихав. Ажлын хэсгийн хуралдаанд гар утастай орохыг хориглодог бөгөөд дотогш орж буй хүмүүс бүгд утсаа үүдэнд үлдээгээд орж байв. Уг хуралдаанд сэтгүүлчийг дотогш оруулах боломжгүй гэдгийг дуулгалаа. Гэсэн ч дотор ямар хурал болсон талаарх мэдээллийг авахад Ерөнхий сайдын захирамжаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ өдрийн хурлаар төв цэвэрлэх байгууламжийг барих санхүүжилтын эх үүсвэрийг хаанаас байж болох вэ гэсэн сэдвийн хүрээнд санал солилцжээ. Барилга, хот байгуулалтын сайд ажлын хэсгийг даргалж байгаа бөгөөд Сангийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Гадаад харилцааны сайд нар гишүүнээр ажиллаж байгаа юм байна. Төв цэвэрлэх байгууламжийг барихад шаардлагатай санхүүжилт, ямар эх үүсвэрээр босгох вэ гэдэг дээр Гадаад харилцааны яамны зохицуулалт, оролцоо их бий. Ямартаа ч ойрын үед Төв цэвэрлэх байгууламж барих асуудал нааштайгаар шийдэгдэхээр болж байгаа бололтой юм. Ерөнхий сайдын өрөөн дэх уулзалтад орсон хойгуур Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын туслах Б.Мөнхтүшигтэй ярилцаж сайдын ажил алба хэрхэн өнгөрдөг талаар бид яриа дэлгэсэн юм. Сайдаар ирээд амралтын хагас, бүтэн сайн өдрүүдэд байнга ажиллаж байгаа ба оройдоо гэртээ бараг унтах гэж л ордог. Сайдын ажил эхлэхээс өмнө Б.Мөнхтүшигийн ажил эхлээд сайдын ажил дууссаны дараа түүний ажил дуусдаг. Өдөртөө заримдаа цайндаа орох завгүй явах нь энүүхэнд гэв. Тэд гүүгль календариар сайдын ажлын хуваарийг долоо хоногийн өмнөөс гаргадаг. Тухайн өдөр бүрийг шинэчилдэг. Ингэхдээ арга хэмжээ эхлэхийн 30 минутын өмнө сануулга өгөх дохиотой. Сайд, туслах залуу, жолооч гуравт уг календарийн хуваарь байдаг. Цаг нартай уралдаж гардаг болохоор жолооч хаашаа ямар хуваариар явахыг урьдчилан мэдсэн байх нь цаг хожиход нэмэр болдог гэнэ. Сайд Д.Цогтбаатарын харьяанд ёслолын албаны хүн байдаг, хурал арга хэмжээ болохын өмнөх бүх бэлтгэлийг ёслолын албаны дарга нь хариуцдаг аж. Энэ өдрийн хуваарьт гэнэтийн өөрчлөлт орсон нь 12 цагт Шүүхийн шинжилгээний хүрээлэн дээр дөрвөн хуулийн танилцуулгыг ажлын хэсгийн гишүүний хувьд Д.Цогтбаатар сайд оролцох хэрэгтэй болжээ. Туслах залуу сайддаа 12 цагийн хуралд оролцох ёстойг дуулгана даа гэж байв. Ингээд 10.25 минутад ажлын хэсгийн хуралдаанаас сайд гарч ирэнгүүтээ Төрийн ордны нэг давхрын визит өрөөнд Италийн Элчин сайд Андре Де Филиптэй уулзлаа. Тэд нөхөрсгөөр мэндлээд харилцан яриа өрнүүлэв. Д.Цогтбаатар сайдын хувьд унаган орос, англи хэлтэй. Герман, кхмер, тай хэлээр бас ярьдаг. Гадаад харилцааны яамнаас ажлын гараагаа эхэлсэн түүний хувьд дипломат ёс дэг жаяганд түүртэхээргүй гадаад харилцааны салбарт нүүр тахлах хэмжээний улстөрч болох нь илэрхий харагдаж байв. Энэ өдөр үдээс хойш Чех, Кувейт, Туркийн Элчин сайдуудтай уулзалдах хуваарьтай байгаа юм байна. Шинээр томилогдсон сайдын хувьд гадны Элчин сайдуудтай танилцах, хамтын ажиллагааны яриа хөөрөө өрнүүлэх үүднээс элчингүүдтэй уулзалдах хуваариудыг ээлж дараалан гаргажээ. Сайд Д.Цогтбаатар хэлэхдээ “Дипломатч хүн бусдын ярианд автахгүй, харилцан яриаг өөрийн талд давамгайлуулж өрнүүлэхийн тулд мэдээлэлтэй, мэдлэгтэй байх ёстой. Тиймээс унших, судлах цаг зав маш их хэрэгтэй байдаг. Ажлын цаг тарсны дараагаар оройдоо жаал суудаг” гэж байсан. Энэ өдөр УИХ-ын чуулганы хуралдаан болж байсан бөгөөд ирэх оны төсвийг хэлэлцэж байв. Сайд Д.Цогтбаатар УИХын гишүүний хувьд яам, төрийн ордон хоёрын дунд “гүйдэг” болох нь илэрхий. Чуулган 11 цаг өнгөрөөгөөд эхэлсэн. УИХын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар чуулганы хуралдаан дээр дараахь асуултыг асуув. “Төсвийн төсөөллийг ярьж байна. Сангийн яам эрхбиш мэргэжлийн яам болохоор төсөөллүүдээ хийхдээ Монгол Улсын эдийн засгийн макро, микро үзүүлэлтийг арав түүнээс дээш жилээр харж тооцон төсвийн төсөөллийг гаргаж байгаа байх. УИХ дээрээ Төсвийн байнгын хороон дээр хэлэлцэхэд гишүүд өөр өөрсдийнхөө тойргийн тухай эхэлж ярьдаг. Урт хугацааны төсөөллийг харахгүйгээр ярьдаг тал бий. Цаанаас орж ирж буй бодлогыг улстөрчдийн хүрээнд эвддэг нь үнэн. Төсвийн хүрээний хэлэлцүүлгийг явуулж байхад урт хугацааны дүр зургаа харж байж хийж байгаа юу гэдгийг асуух байна. Тухайлбал, 2025 он гэхэд ДНБ тэдэн хувьтай байна, төсвийн тэнцэл тэд байна үүнд хүрэхийн тулд өнөөдөр ийм бодлого алхам хийж байна гэх мэтээр тооцоололтой, ярьж байж хэлэлцүүлгээ хийж байгаа юу. Эсвэл өнөөдрийн амьдралдаа хөтлөгдөөд саналуудаа оруулаад явж байгаа юу гэдгийг асуумаар байна. УИХ дээр тогтвортой урт хугацааны хөтөлбөрүүдийг батлан гаргадаг. Гэхдээ төсөв хэлэлцэхдээ тэр зургаар оруулан ирж ярихгүй шиг харагдаад байна. Төсвийн байнгын хорооноос үүнийг асуумаар байна? гэсэн асуултад Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн хариулт хэлж байгаа харагдав. Чуулганы хуралдаан дундуур Д.Цогтбаатар гишүүн гадагшаа гарч Монгол Улсын баатар, ахмад дайчин П.Шагдарсүрэн гуайнд очиж золголт хийхээр Сансарт байдаг гэр рүү нь зорив. Сэтгүүлч миний хувьд машин дотор энэ хугацаанд л сайдтай тухтай ярилцах цаг зав гарсан. Д.Цогтбаатар сайд ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан үеийнхээ талаар ингэж ярьсан юм. Их сургуульд оюутан байхдаа Гадаад харилцааны яаманд дадлага хийсэн. 1994 онд сургуулиа төгсөөд Зүүн өмнөд Азийн орныг хариуцсан атташегаар томилогдон ажилласан. 1990-ээд оны өмнө хаалттай байсан Малайз, Сингапур, Тайланд улстай харилцаагаа дөнгөж эхлүүлж байх үед ажиллаж байсны хувьд суралцсан зүйл их байдаг. Эдгээр гадаад улс орон руу төрийн албан хаагчдыг сургах ажлыг хийж байлаа. Амьдрал дээр хүн их зүйл сурдаг. Тухайн үед манай улс бүх зүйл хэмнэлтийн горимд байсан. Гадныхнаас санаа зовох зүйл гардаг л байсан. Жишээлбэл, гадныхан айлчлалаа хийхдээ принтер, компьютераа авчирдаг байсан. Яагаад гэвэл Монголд лазер принтер ч байхгүй үе. Юмхнаар юм хийж сурах эрмэлзэл өөрийн эрхгүй тэндээс төрдөг юм байна лээ. Бүх зүйл дутагддаг байсан болохоор миний толгойд “Бид нар хэзээ эд нар шиг болох вэ” гэж бодогддог байсан. Гадаад харилцааны яам бол миний хөлийг дөрөөнд хүргэж, гарыг ганзганд хүргэсэн сайхан газар, хамт олон маань. Яамнаасаа гадагшаа сургуульд явж мэдлэг боловсролоо дээшлүүлж байсан. Өнөөдрийн намайг бий болгосон ачтай буянтай газар бол энэ яам маань гэдгийг онцлон хэлсэн. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан яаман дээрээ сайдаар сая ирэхдээ гадаад бодлогыг нэг ч гэсэн иргэндээ бодитойгоор хүргэдэг, хүрч ажиллахыг эрмэлзэж байна гэдгээ дуулгасан. Гадаад яам улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлаа дипломат улс төрийн аргаар хангахын тулд дэлхий дахинд хэрсэн дипломат сүлжээг бий болгосон. Эдийн засгийн хөгжлийг илүү их эрхэмлэх хэрэгтэй. Дипломат хүн том бодлогын асуудлаасаа гадна иргэнд хүрэх эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах ажлыг хийх ёстой. Судалгаа шинжилгээг хийж байх, гадны хөрөнгө оруулагч нартай холбох, гадны технологийг олж ирэх ёстой. Жижиг дунд үйлдвэрүүдэд яаж хүрч ажиллах зэргээр бодитоор төрийн үйлчилгээг иргэддээ хүргэж ажиллах өнцгөөр ажиллаасай гэж үздэгээ ярьсан. Иймдээ ч инновацийн төв байгуулахаар сэтгэл шулуудсан бололтой. Зөвхөн яам гэлтгүй улстөрчид тодорхой ур чадварт суралцсан байх ёстой. Энэ нь хялбаршуулсан маркетингийг богино хугацаанд хийх юм. Манайхан үүнд сурах ёстой гэж боддогоо ярьсан. Ингээд бидний яриа үргэлжилсээр зорьсон газартаа ирэв. Маршал Чойбалсангийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн гуай 100 насыг зооглож байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд өөрийн биеэр ирж хүндэтгэл үзүүлж байгаа юм байна. П.Шагдарсүрэн гуай: Сайд та өөрийн биеэр ирсэн нь нам, төрд олон жил зүтгэсний хүндэтгэл гэж хүлээн авч байна. Өөрийг чинь гадаад харилцааны мэргэжлийн дипломат хүн гэдгийг чинь сонссон. Ийм хүн сайдаар томилогдон ирсэнд баяртай байна. Баяр хүргэх завшаан гарлаа” гэхэд сайд Д.Цогтбаатар: Бид их баярладаг. Танай үеийнхэн Монгол Улсын гадаад харилцааг ийм сайхан түвшинд авчирсан. Та бүгдийн үе бас амаргүй байсан. Дайнтай тулаантай үед тусгаар тогтнолын асуудал ойлгомжтой биш байсан. Хамгийн хүнд үед та бүхэн маань ажиллаж байсан шүү” гэв. Гадаад харилцааны сайдаар 40 насандаа томилогдон, 40 гаруй жил тус салбарт ажилласан буурай сайд Д.Цогтбаатар хоёрын дунд энгийн сайхан яриа хөөрөө өрнөсөөр. Сайдад ажлын цагаар архи өгөхийг хүсэхгүй байна. Гэхдээ хүндэтгэлтэй хандаж байгаа болохоор үүнийг задалчихаж болох уу гэсээр шил хатуу юм гаргаж ирэв. Тэгээд тэдний яриа үргэлжилж нутаг усны тухай өрнөв. Д.Цогтбаатар: -Манай аав Төв аймгийн Лүн сумынх. Ээж Дундговь аймгийн СайханОвоогийнх. Би өөрөө Улаанбаатарынх болохоор Түшээт хан аймгийнх гээд хэлчихэж болно байх гэхэд П.Шагдарсүрэн гуай: -Бид хоёр чинь нэг аймгийн улсууд юм байна. Би Төв аймгийн БаянӨнжүүлийнх гэв. П.Шагдарсүрэн цэргийн анхны сургуульд суралцаж Япон улс манайх руу довтлоход Зөвлөлтийнхөө нөхөдтэй зориг төгөлдөр тулалдаж бөмбөгдөлтөд өртөж гуяндаа шархдаж байжээ. Дайн дууссаны дараагаар маршал Чойбалсангийн туслах, нарийн бичгийн даргаар есөн жил ажиллажээ. Тэгээд ОХУ руу суралцаж ирээд Гадаад харилцааны салбартай хувь заяагаа холбожээ. Тэрбээр засаг төрийн тухайд санаа зовниж явдгаа ийн ярьсан “Хүнд үед Засгийн эрхэнд гарлаа. Манай нам эв нэгдлээ эрхэмлэх ёстой. 65 гишүүнд хэлэхэд яльгүй асуудал дээр зөрөлдөж хуваагдаж болохгүй. Хэдүүлээ сууж байгаад алийг нь хийж чадах уу алийг нь хийж чадахгүй гэдгээ ард түмэндээ үнэнээ хэлчихвэл болоо.

Италийн Элчин сайдтай уулзав

Одоогийн эдийн засгийн хямралаас гарах нь нэгдүгээрт болоод байна” гэсэн бол МАН-ын Их хурлын тухай “Намын Их хурлын бэлтгэлийг хангаж байгаа байх. Намын бодлогын гүнзгий түүхэн ач холбогдол хийсэн их хурал болоосой гэж бодож байна. Энэ их хурлаас гарсан шийдвэр бол зөвхөн өнөөдрийн хямралын тухай биш ирээдүйн Монгол Улсын хөгжлийн бодлого, цаашдаа ямар замаар яаж хөгжих үү гэдгийг тодорхойлсон хурал болоосой гэж би монгол сэтгэлээсээ хүсч байна шүү” гэсэн юм. Сайдын завгүй их ажлынхаа хажуугаар сэтгэл гаргаж ирсэнд баярласнаа илэрхийлээд Д.Цогтбаатар сайдыг үдэж өгсөн.

Сайд Д.Цогтбаатар бид хоёрын яриа бас л машинд эргээд үргэлжлэв. Завгүй их ажлынхаа дундуур стрессээ хэрхэн тайлж байна вэ гэж асуухад “Фитнесст явахыг боддог. Бүтэн сайн болгон найзуудтайгаа дэвжээн дээр гарч барилддаг. Хэд сайн шидүүлчихээр стресс арилж барцад арилчих шиг болдог. Хүн найз нөхөдтэйгөө байхад стрессийг тайлдаг. Чөлөөт цагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг эрмэлздэг” гэв. Дашрамд дурдахад Д.Цогтбаатар сайд жүдо бөхөөр хичээллэдэг, хар бүстэй гайгүй сайн барилддаг хүмүүсийн тоонд ордог аж.

100 нас зооглож буй П.Шагдарсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв

Давхар дээлтэй учраас УИХын гишүүний хувьд сайдын ажлыг хийхэд цаг хугацаа хэр давчуу байна вэ гэхэд “Амжуулаад явах л ёстой. Цаг завын хувьд ачаалалтай ажиллахаас өөр арга байхгүй” гэсэн юм. Сайдын ажил өдөр бүр наад зах нь оройн 21 цагаас нааш дуусдаггүй. Гадны ёслолын олон арга хэмжээ ажлын цагийн дараа болдог. Хүлээн авалтын давуу тал нь богино хугацаанд олон хүнтэй уулзаж, ярилцах боломж гардаг. Монгол Улсыг төлөөлж уулзаж байгаа бол нөгөө хүндээ хөтлөгдөж ярих биш, нөгөө хүнийхээ юу ярихыг мэдчихсэн, ярих юмаа урьдчилан харсан мэдсэн байх ёстой. Ингэхийн тулд материалууд нэлээн унших ёстой. Олон шатны шалгуурыг давчихсан өндөр боловсролтой гадны хүмүүстэй өдөр бүр нүүр тулдаг. Би тэднээс дутаж харагдах юм бол энэ улсын нүүр царай гэж харагдана. Тиймээс би асуудал болгон дээр маш их мэдээлэлтэй, мэдлэгтэй байхыг эрмэлздэг. Яамнаас ирүүлсэн санал дээр би мэдлэг, дүн шинжилгээ өгөх чадвартай байх ёстой. Ийм учраас уншиж суух нь их дээ гэж ярьж байв. Ийн ярьсаар Төрийн ордонд эргээд 14.30 цагт орж ирэв. Элчин сайд нартай уулзах, чуулганы хуралдаандаа суух зэрэг товлосон ажлууд ээлж дараалан хүлээж байв. Энэ өдрийн чуулганы хуралдаан 22 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд сайд Д.Цогтбаатарын ажлын нэг өдөр хараахан дуусаагүй л байлаа. Яамаараа дайрч ороод харина даа гэсээр сайдын ажлын нэг өдөр албан ёсоор дуусч байгаа нь тэр гэнэ.

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Энэ Засгийн газар бүх зүйлд гоё харагдах гээд байх хэрэггүй

Ж.Бат-Эрдэнэ зурган илэрцүүд

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та сайдаар ирээд ажлаа юунаас эхлүүлж байна вэ. Салбартаа Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд олон жил ажилласан туршлагатай хүний хувьд ажилдаа шууд орж байгаа нь анзаарагдаж байна лээ?

-Хуучин ажиллаж байсан салбар маань намайг ажиллаж байсан үеэс хойш гурав, дөрвөн жилийн хугацаанд ахиц дэвшил гаралгүй яахав. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад анхаарах гол асуудал нь яамны үйл ажиллагаанаас шууд хамаараад явчихдаг. Миний хувьд сайдаар ирээд сахилга бат, хариуцлага талаас нь анхаарч ажиллаж байна. Энэ Засгийн газар хариуцлагыг нягт хэрэгжүүлнэ гэсэн амлалттай, хүлээлттэйгээр байгуулагдсан. Ер нь төрөөс явуулж байгаа үйл ажиллагаа эмх цэгцээс их шалтгаалдаг. Яамны ажилд анхнаас нь сахилга, хариуцлагыг чангатгана гэдгээ хэлсэн. Өнгөрсөн хугацаанд салбарт хийгдсэн ажлуудтай нэлээн танилцлаа. Нэн тэргүүнд анхаарал тавих ажлын нэг нь Тавантолгой Гашуун сухайтаар гарч байгаа нүүрс тээвэрлэлтийг жигдрүүлэх шаардлагатай. Одоо 20 гаруй сая тонн нүүрс гаргаж байгаа бол 2018 онд 30-аад сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй байна.

-Төмөр замын ямар бодлого барьж ажиллах вэ. Саяхан Хятадын талтай энэ чиглэлд хамтран ажиллах тухай ярилцсан байсан?

-Таван толгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг дуусгах нь шинэ Засгийн газрын тэргүүний зорилтот ажлын нэг юм. Төмөр замын салбарт дамжин өнгөрөх ачаа тээврийн чадавхийг сайжруулах, зүтгүүрийн вагоныг нэмэгдүүлэх, замын даац, чанарыг сайжруулах саналыг хүргүүлээд байна. Сая БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайдтай уулзахдаа төмөр зам болон хөрөнгө оруулалтыг нэлээн ярьсан. Түүхий эд нийлүүлж байгаа, хүлээн авч байгаа хоёр талын тээврийн уялдааг хангах талаар ярилцсан. Хятадын талаас тавьж буй саналууд бол зөвхөн төмөр зам гэхгүй эдийн засгийн үр өгөөж талаасаа хамтарч эзэмших, олборлох, борлуулах гэх мэтчилэнгээр бүхэлд нь авч үзэх саналуудыг хэлж байсан.

8Түрүүч нь I нүүрт8

Уул уурхайн яаман дээр ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа бөгөөд манай яам ажлын хэсэгт нь орсон. Уул уурхайн бүтээгдэхүүнийг авах зах зээл нь хаана байна тэнд хүрч ажиллая гэсэн шийдэлтэй байна. Төмөр замын шинэчлэлийг хийснээр тээвэрлэлтийн хүчин чадал дээшлэх юм.

-Төмөр замд манай улсын баримтлах гол бодлого нь юу байх вэ. Сүүлийн жилүүдэд өргөн, нарийн царигийн тухай их яригдлаа?

-Төрөөс төмөр замд барих бодлогыг 2010 онд баталсан. Тавантолгой Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам нарийн царигаар явж байгаа. УИХ-аас гарсан энэ шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаагийн хувьд энэ царигийнхаа хүрээнд тодорхой ажлууд хийгдэнэ. Монгол Улсын өнөөдрийг хүртэл явж ирсэн гол үндсэн цариг маань бидний ярьдагаар өргөн цариг шүү дээ. Энэ царигтай холбогдож байгаа трансууд бүдүүн царигтай холбогдоод явах ёстой. Уул уурхайн гадагшаа гарч байгаа царигууд түүхий эд, бүтээгдэхүүн хүлээн авч байгаа цаад хүлээн авч байгаа царигуудтайгаа нийлж явах бодлого нь үр дүнгийн хувьд өндөр.

-Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж томоохон бүтээн байгуулалтын ажил ойрдоо хийгдэхгүй шинжтэй байна уу. Тухайлбал, танай яамны гол бодлогын ажил болох зам барих ажлууд хэр хийгдэх вэ?

-Нэн тэргүүнд баруун аймгуудаа Улаанбаатар хоттой холбож дуусгах байна. Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий гэсэн аймгууд засмал замтай холбогдоогүй үлдсэн байгаа. Эдийн засгийн үр өгөөж өгөх салбаруудыг бүсчилсэн байдлаар харж, дараагийн алхмуудаа хийнэ. Үүнд уул уурхайн замууд орж ирнэ. “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс, БНХАУ-тай хамтран ач холбогдлоороо Азид тэргүүлэх чиглэлд тооцогдох Замын үүд-Алтанбулагийн хатуу хучилттай замыг барих зэрэг зорилтууд багтаж байна. Төсөвт хөрөнгө оруулалтын ажлууд бага сага тусгагдсан ч төсвөөс гадуур хөрөнгө босгох тухай анхаарч ажиллана.

-Нислэгийн тийзний үнэ бууруулахаар та бодит ямар алхам хийх вэ?

-Тийзний үнэ бууруулах нь Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Монгол Улсын хэмжээнд Нисэхийн ХААБ болох, шинэ Нисэх буудлыг ашиглалтад орох зэрэг гол томоохон зорилтууд бидний өмнө тавигдаж байна.

-Нислэгийн тийзний үнэ Монголд яагаад ийм өндөр үнэтэй байдаг юм бэ. МИАТ, “Корейн Эйр”-ийн монополийг тас цохих боломж байхгүй байна уу гэдэг асуудал бас хөндөгддөг?

-Төрийн үйлчилгээ иргэд рүүгээ хандсан байх ёстой. Агаарын тээврийн үйлчилгээ бол осол авааргүй, тав тухтай, дээр нь өртөг багатай, үйлчилгээ сайн байх ёстой. Ингэхийн тулд үнийг багасгах, өрсөлдөөнийг бий болгох, бусад хүчин зүйлийн зохицолдоог зөв харах ёстой гэж ойлгодог. Олон компанийг орж ирэх бололцоог нь хангах ёстой. Бидний өмнө нэг зүйл тулгардаг л даа. Нэг хэсэг нь өөрийн гэсэн баталгаатай, үндэсний агаарын тээвэрлэгчтэй байх ёстой гэж ярьдаг. Нөгөө талаасаа МИАТ-ийн үнийг бууруулахын тулд өрсөлдөгч компаниудыг оруулаад ирэхээр МИАТ компани эргээд хүнд байдалд орох тухай ярьдаг. Энэ хоёрын тэнцвэрийг барих нь зүйтэй. Сая гэхэд манай улсын агаарын чиглэлд гаднаас орж ирье гэсэн хэд хэдэн компаниуд манай яаманд эхнээсээ саналаа ирүүлж байх шиг байна. Үүнийг судалж үзэх үүрэг даалгавар өгчихөөд сууж байна.

-Та яамандаа халаа сэлгээ бүтцийн өөрчлөлт хэр хийх вэ. Зарим сайд нарын хувьд халаа сэлгээг хийнэ гэдгээ шууд хэлж байгаа?

-Урьдны Засгийн газрын үед мэргэжилтнүүдийн тоо их талдаа нэлээн өргөн хэмжээнд бүрдүүлээд явчихсан юм болов уу гэж харагдаж байна. Халаа сэлгээг ярихаас өмнө миний гол баримтлах бодлого бол хариуцлага талаасаа хүмүүсийг ажлыг нь сайн хийлгэх тухай юм. Яамдууд бол бодлого хэрэгжүүлдэг газрын дарга нартай байх ёстой. Бодлого ярьдаггүй ажилдаа сэтгэлгүй хандаж буй хүмүүсийг өөрчлөх солих тухай ярина.

-Энэ оны төсвийн тодотголыг яаран баталсан. Одоо 2018 оны төсвийг батлах гэж байна. Шинэ сайд нарын хувьд төсөвтэйгөө танилцаж санал оруулах боломж хэр байв?

-Төсвийн тодотголд Ерөнхийлөгч хориг тавьчихсан байна. 2018 оны төсвийг өмнөх Засгийн газраас оруулж байсан төсвийг бид эргэж хараад төсвийн алдагдлыг багасгах тал дээр нэлээн анхаарсан. Одоогийн гарч байгаа шүүмжлэл бол нийгмийн халамж тал руугаа анхаарсан төсөв боллоо гэж байна. Энэ үнэн. Хөрөнгө оруулалт харьцангуй бага орж ирж байна. Жишээлбэл, манай яамны хувьд ирэх онд 63 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Бодит хөрөнгө оруулалтууд багасаад нийгмийн халамж тал руугаа төсөв тавигдсан байдалтай сууна. Төсвөөс нэгэнт хөрөнгө оруулалтыг танасан болохоор өөр эх үүсвэрээс мөнгө босгох гарцыг бид эрэлхийлнэ. Манай салбарт юуны түрүүн Улаанбаатар төмөр замыг чадавхижуулах тухай асуудал, Тавантолгой Гашуун сухайтын төмөр замыг дуусгахад 400-гаад сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа зэрэг шийдэгдэх асуудлууд хүлээгдэж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүн хүлээн авч байгаа улс оронтой буюу хамгийн түрүүнд БНХАУ-тай ямар байдлаар хамтрах бололцоо байна гэдгийг судална. Авто замын хөрөнгө оруулалтад төсөв дээр жаахан мөнгө суусан учраас бас л хөрөнгө оруулалт татах, концессоор эхлүүлсэн ажлыг дуусгах тухай яригдана.

-Гишүүд тойрогтоо 72 тэрбум төгрөг батлуулж авах гэлээ гэсэн шүүмжлэл гарсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай та түлхүү ярьдаг хүний нэг. Сая орж ирсэн 72 тэрбум төгрөг таны ярьдаг төсөл мөн байсан уу, үгүй юу?

-Төсвийн тодотголд жижиг дунд үйлдвэрийг дэмжих санаачилга хасагдсан. Засгийн газрын хүрээнд “Шинэ хөдөө”-г байгуулах тухай би удаа дараа ярьж, санал хэлж байсан. Миний гол санаачлага жижиг дундыг дэмжих асуудал. Ингэхдээ тухайн тойрогт ямар үйл ажиллагаа явуулж болохыг том зургаар нь харъя. Зөвхөн нэг хүний тойрог биш том зургаар нь үр дүнгээр харах байсан боловч ч гишүүдийн мөнгө гэсэн буруу ойлголттойгоор энэ санал уначихсан. Энэ нь тэгээд ч гишүүн бүр тойрогтоо мөнгө авах хуваарилах биш жижиг дундын сангаар дамжиж хэрэгжих төсөл байсан.

-Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийг буцалтгүй тусламжаар олгохыг та хэр дэмжсэн бэ. Ерөнхийлөгч үүнд хориг тавьчихаад байгаа?

-Цалин дээр нэмж өгөх байр суурьтай байсан ч Олон улсын Валютын сантай хийсэн гэрээгээр цалин нэмэхгүй байх гэсэн заалт нэгэнт орчихсон тул нэг удаагийн тэтгэмж болж хувирсан. Монгол Улсын боловсон хүчнийг анхаарч цалин нэмэгдүүлэх тухайд би санал нэг байдаг.

-Шинээр байгуулагдсан Засгийн газар ямар гол бодлогыг барьж ажиллах ёстой вэ?

-Бүх сайд нар ажил хийнэ гэж зэрэг дуугарч ханцуй шамлаад битгий байгаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл Засгийн газрын кабинетын хүрээнд нэн тэргүүнд хийх төслүүдээ эхэлж хийхэд төсвөө чиглүүлэх нь цаг үеийн хувьд үр дүнтэй. Байгаа хүчин чадлаа хэдэн тийш нь тараагаад хүчийг нь сулруулчихмааргүй байна. Бүх Засгийн газрын хийдэг ажил бол тухайн цаг үе нийгэмд тулгамдсан асуудлаа хөгжлийн бодлоготойгоо уяж эхэнд нь барьж авч зөв тодорхойлж чадсан нь өгөөжтэй ч байдаг, нэр хүндтэй ч байдаг. Түүнээс бүх зүйлд гоё харагдах гээд байх хэрэггүй. Засгийн газрыг уначихна гэж айгаад тэр ч хүнээс, энэ ч хүнээс эмээж барьцаанд орсон байдлаар ажлыг шийдээд явбал үр дүн төдийлөн сайнгүй байх болов уу.

-Энэ сард МАН-ын Их хурал хуралдана. Энэ хурлаас танай энэ Засгийн газрын тогтвортой байх эсэх шалтгаална гэлцэж байна?

-Намын Их хурал болдгоороо болоод л явна. Хурлаас би улс төрийн томоохон давалгаа болно гэж харахгүй байна. МАН хангалттай савлачихлаа. Хэзээ ч санаанд багтаж байгаагүй санал зөрөлт, үл ойлголцолд хүрсэн. Нийгэмд үнэлгээгээ хангалттай алдчихлаа. Үүнээс цааш салаа зам гэж бидэнд байхгүй.

-Чуулган дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга уул уурхайтай холбоотой гэх 30 гэр бүлийн тухай шүүмжилж ярьсан. Та үүнийг юу гэж харсан бэ?

-Тамгын газрын дарга З.Энхболд жишээ болгож 30 гэр бүлийн тухай ярьсан гэдгээ өөрөө хэллээ шүү дээ. Чуулган дээр гишүүд ч дотоод итгэл үнэмшлийнхээ хувьд ийм зүйл ярьж байна гэдгийг хэлж байсан. Ер нь энэ Засгийн газрын гол баримтлах зарчмын нэг бол төрөөс томилогдож байгаа сайд дарга нар уул уурхайгаас хол явъя, цэвэрхэн байя гэдгийг ярьж байгаа. Энэ Засгийн газар төсийн хөрөнгө оруулалтыг эрх ашгийн эрэмбийг яс барина гэж байгаа. Улсын эрэмбэ хамгийн түрүүнд байна. Засгийн газрын хуралдаан дээр өөрийнхөө тойргийн тухай ярихгүй гэсэн нөхцөл ч бас тавигдаж байгаа. Давхар дээл нэгэнт өмссөн тул өөрийн тойрог дээрх эрх ашгаа урьтал болгохгүй ээ гэсэн үг.

-Засгийн газрын гишүүд бүгд давхар дээлтэй байгаагийн хувьд ажил цалгардах асуудал хэр гарч байна. Мөн дэд сайд нарыг хэрэгтэй эсэх тухай хөндөгддөг?

-Би 2007 оноос хойш таван жил Төрийн нарийн бичгийн дарга хийж байхад манай сайд нар бүгд л давхар дээлтэй байсан ч манай баг сайн ажилласан гэж би үздэг. Багийн хамтын ажиллагаа зөв, уялдаа сайтай байхад ажил сайн явдаг. Цаг завын хувьд мэдээж шахуу ч гэсэн удирдамжаа зөв өгөөд явахад ямар нэгэн хүндрэлтэй асуудал гарахгүй. Дэд сайд нарын хувьд тэдний хийх ажлын хүрээнд яаманд гүйцэтгэдэг үүрэг маш их байдаг. Тэгэхээр дэд сайд нар бол зайлшгүй байх ёстой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавихад хүргэсэн тодорхой шалтгаан байгаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.


-Монгол улсын Ерөнхий-лөгчийн 2017 оны төсвийн тодотголд тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж уиХ дахь МАн-ын бүлгээс үзэж байна. Ерөнхийлөгчийн хоригт хууль зөрчсөн гэсэн асуудал дурдагдаагүй учраас хоригийг хүлээн авах боломжгүй гэж байгаа юм байна?

-Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд “Төсвийн тогтвортой байдлыг хангах, иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх” зэрэг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмуудыг баримтлах ёстой. Энэ зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэхийг 6 дугаар зүйлд нь заасан. Тухайлбал Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ” гэсэн маш тодорхой заалт байдаг. Энэ заалт зөрчигдсөн.

Мөн төсөвт тодотгол хийх таван тохиолдлыг Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байдаг. Энэ заалт мөн зөрчигдсөн. Учир нь “төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” нь төсөвт тодотгол хийх нэг үндэслэл болдог. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасан энэ зохицуулалтыг хууль зүйн үндэслэл болгож төсөвт тодотгол хийсэн нь бодит байдалтайгаа нийцэхгүй байгаа юм.

-Ерөнхийлөгч Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьснаар бүтээн байгуулалт хийсэн санхүүжилт, цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө зэрэг олгогдохгүй асуудал үүсэж байна гэгдээд байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс төсөвт хориг тавьсны гол учир нь юу юм бэ?

-Ерөнхийлөгч шинэ Засгийн газрыг Монгол Улсын орших, хөгжихийн үндэс болдог эрүүл мэнд, боловсролын салбартаа онцгой анхаарч эмч, багш нарынхаа цалинг нэмэх, улмаар нийт төрийн албан хаагчдын цалинг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийн төлөө ажиллах ёстой гэж үздэг. Эмч, багш нарын тавьж байгаа шаардлага ч мөн ийм байгаа. Гэтэл төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаа 300000 төгрөгийн тусламж олгож, төсвийн 55 тэрбум төгрөгийг үр ашиггүй тараах нь ямар ач холбогдолтой юм. Харин энэ мөнгөөр арьс ширний гэх мэт нэн шаардлагатай үйлдвэрүүдийг барьж үр өгөөжтэй зарцуулах хэрэгтэй.

Тиймээс Ерөнхийлөгч халамж ч юм шиг, авлига ч юм шиг нэг удаагийн, үр ашиггүй ийм бодлогыг дэмжих боломжгүй гэж үзээд хориг тавьсан. Харин төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавихад хүргэсэн тодорхой шалтгаан байгаа. Би дээр хэлсэн төсөвт тодотгол хийхдээ зарлага нэмэгдүүлэх бодлогын шийдвэрийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлэх хуультай гэж. Гэтэл төсөв боловсруулсан, түүнийг нь хэлэлцэж баталсан хүмүүс нөгөө тараах гэж байгаа мөнгөө төсөв захирагчдын багцад тарааж хуваарилаад нуучихсан. Тэгэхээр бүхэлд нь хориг тавихаас өөр аргагүй болж байгаа юм.

-уиХ-ын чуулганаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Ерөнхийлөгчөөс хориг тавьсныг хэлэлцэж уг хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Энэ талаар юу хэлэх вэ?

-Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Хоригоор монгол хүн бүрт хамааралтай тодорхой бодлогын асуудал хөндөгдсөн. Үндсэн хуулийн 6.1 дэх заалт цаасан дээр үлдэх юмуу. Ашиг сонирхолтой хүмүүсийг гүйцэтгэх засаглалаас хол байлгаач гэх мэт. Монголын ард түмэн 20 жил байгалийн баялгаараа ажилтай, орлоготой, дэд бүтэцтэй болох байх гэж хүлээсэн ч өнөөдрийг хүртэл үр дүнгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогзолмаа: Би багш нараа үхэртэй зүйрлэх хүн биш ээ

Image result for БСШУС-ын сайд Ц.ЦогзолмааБСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Багш нар цалингаа нэмүүлэхээр өмнөх Засгийн газрын үеэс шаардаж эхэлснээр таныг шинээр томилогдоход асуудал хурцадмал байсан. Үүнийг шийдэх талаар ямар алхам хийж байна вэ?

-Шинэ Засгийн газар байгуулагдаад арваад хонож байна. Ажил хүлээн авахад амаргүй нөхцөл байдал угтсан ч ажлын хүндээс бэрхшээх, асуудлаас зугтах, бүтэшгүй амлалт өгөх эрх надад байхгүй ээ. Энэ салбарыг удирдахаар ирсэн тэр мөчөөс хойш тулгамдсан асуудлыг нааштайгаар шийдэх арга замыг эрэлхийлж, судалгаа хийж, аль болохоор л зөвшилцөж, ойлголцож, үр дүнтэйгээр шийдэхийг хичээн ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ч талуудын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцээрийн явцтай танилцаж, тодорхой шийдэлд хүрсэн. Тэмцлийн хэлбэрт шилжилгүйгээр ширээний ард сууж ойлголцож, гарцыг олох нь чухал байна.

-Нэг удаагийн буцалтгүй тусламжийг аргацаасан шийдвэр боллоо гэлцэж байна. Бодит ямар үр дүнтэй байх вэ?

-Зөвхөн багш нарын цалингийн асуудал гэлгүй энэ салбарт тулгамдсан асуудлыг цогцоор шийдэх, ажлын нөхцөл байдлыг сайжруулах талаар хамтран ажиллахаар ярилцаж байна. Өнгөрсөн даваа гаригт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”, Боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, БСШУС-ын яамны төлөөлөлтэй хамтран уулзалт хийсэн юм. Би өөрөө багш хүн. Тийм болохоор яавал багш нарынхаа ахуй хангамжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж байгааг эрэлхийлж, дэмжиж, хамтран ажиллана. Зөвхөн төсвөөс хамааралтай асуудлууд хуулийнхаа дагуу шийдэгдэнэ. Мөн дотоодын боломж, эх үүсвэрийг судалж үзэхийг Санхүү, хөрөнгө оруулалтын газрынханд үүрэг өгсөн. 2018 онд дотооддоо сайдын эрх мэдлийн хүрээнд хуваарилагдаад ирсэн төсөв хөрөнгийн зарим нэгэн зардлыг тэвчих байдлаар зөвхөн багш нарын улирлын урамшуулалд өгөх ямар боломж байгааг судална. Улирлын урамшууллыг 45 хувь хүртэл авах ёстой байтал өнөөдөр 15 хувь ч хүрэхгүй олгодог нийтлэг дутагдал байгаа.

-Нэг удаа 300 мянган төгрөг өгч хуураад орхих нь гэсэн ойлголт түгээд багш нар маш их бухимдсан юм биш үү?

-Нэг л удаа гал унтраах нь гэсэн буруу ойлголт яваад байна. Үнэндээ бол ийм санаа, зорилго байхгүй шүү дээ. Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэхгүй гэсэн гэрээ хэлэлцээртэй. Тиймээс цалин нэмэх гэдэг томьёоллоор биш харин төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх гэсэн хэлбэрээр гарц, шийдлийг хайж байгаа юм. Тэр дагуу л Монгол Улсын Засгийн газар нөөц боломжоо харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг үнэлэх байдлаар ажлын үр дүн, хариуцлагатай нь холбож 300 мянган төгрөг 2017 онд олгохоор шийдсэн. Мөн хэмжээний зардлыг 2018 онд үргэлжлүүлэн олгохоор 56.6 тэрбум төгрөг төсвийн төсөлд тусгасан байгаа. Тэгэхээр нэг удаагийн арга хэмжээ биш юм.

-Та “Үхэр тэжээл өгөхөд дургүйцдэггүй шиг багш нар 300 мянган төгрөг тараахад татгалзахгүй” гэж хэлсэн нь үнэн юм уу?

-Салбарын сайдаар томилогдож ирсэн хүний хувьд багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх асуудал дээр тууштай байна гэдгээ удаа дараалан мэдэгдсэн. Харамсалтай нь өнгөрсөн тав дахь өдөр салбараа үхэртэй зүйрлэсэн гэж мушгин гуйвуулсан мэдээлэл цацагдаж эхэлсэн юм шиг байна. Би багш нараа үхэртэй зүйрлэх хүн биш ээ. Хэзээ ч ийм үг хэлээгүй. Өөртөө таалагдахгүй хүнд нэр хоч зүүх, тэрийгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээг ашиглан тараах хандлага гарч байгаад би хувь хүнийхээ хувьд үнэхээр харамсч байна. Сошиалд хуурамч хаягнаас хүнийг гүтгэж болдог гэдгийг харлаа. Одоо ч дахин хэлье. Хэрвээ өөрийнхөө дуу хоолойгоор ингэж ярьсан бол тэр бичлэгийг нь л цацна шүү дээ. Ийм мэдээжийн зүйлд итгэх хэрэггүй. МҮЭ болон багш нарын төлөөлөлтэй байнга хамтран ажиллаж зөвшилцлийг үр дүнтэй болгохын төлөө л цаг заваа зарцуулж байгаа болохоор цахим орчинд өрнөж байгаа мэдээллийг үнэндээ унших завгүй ажиллаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Болорчулуун: Гол оффшор данстай орнуудыг жагсаалтаас хассан нь санамсаргүй зүйл биш

Х.Болорчулуун зурган илэрцүүдУИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай оффшорын сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Засгийн газраас оффшор бүсэд хамаарах гадаад улс орны жагсаалтыг батлахдаа гол 13 орныг хассан гэж та бүхэн мэдээлэл хийлээ. Уг жагсаалтыг Засгийн газраас хэзээ баталсан байна вэ?

-Засгийн газраас оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг өнгөрсөн аравдугаар сард баталсан байна. Чоно борооноор гэгчээр Засгийн газар огцорсон, шинээр байгуулагдах завсрын үед буюу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг үүрэг гүйцэтгэгч байх үед жагсаалтыг гаргасан байгаа юм. Оффшор данс нээлгэж болохгүй улс орнуудын жагсаалтыг гаргахдаа оффшорын мөнгө гол хадгалагддаг улс орнуудыг зориудын гэмээр байдлаар жагсаалтад оруулахгүй хасчихсан байна. Швейцарь, Панам, Малайз, Сингапур, Макао, Арабын нэгдсэн Эмират зэрэг 13 орныг жагсаалтаас хасчихсан. Ялангуяа Швейцарь, Панамын улсууд оффшор бүсээр тэргүүлдэг орон. Эдгээр гол улс орнуудаа хасчихаар ямар юмных нь оффшортой тэмцэх болж байна вэ. Засгийн газраас баталсан 42 орныг харахад бараг оффшоргүйд тооцогдох улс орнуудыг түүгээд оруулчихсан харагдаж байна. Үүнийг эсэргүүцэж бид хэвлэлийн хурал хийсэн л дээ.

-Яг аль яам энэ жагсаалтыг гаргасан бэ?

-Гадаад харилцааны яам зонхилно.

-Манай улс оффшорт хамаарах улс орны жагсаалтыг анх удаа гаргаж ирж байгаа. Тэгэхдээ өөрсдийн оффшор дансаа нээлгэсэн улс орнуудаа зориудаар хасч байна гэхээр өмнөх Засгийн газар хувийн эрх ашгийн сонирхлоор хандсан гэж харагдаж байна уу?

-Улс орнуудыг оффшор бүсэд байх эсэхийг гурван үзүүлэлтээр авч үздэг. Гурван үзүүлэлтийг бүрэн хангахуйц Швейцарь зэрэг улсыг оруулаагүй хэрнээ зөвхөн татварын орчин сул гэсэн үзүүлэлтийг хангаж байгаа орнуудыг жагсаалтад оруулчихсан байх жишээтэй. Бид УИХ дотор оффшорын эсрэг лобби бүлэг байгуулаад ажиллаж байгаа. Зөвхөн УИХ-аас оффшортой тэмцэх бүлэг ажилласнаар амжилтад хүрэхгүй л дээ. Гүйцэтгэх засаглалын хууль хяналтын байгууллагууд, олон нийтийн байгууллагууд бүгд хамтран тэмцэж байж үр дүнд хүрнэ. Тэгэхгүй бол их мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс чинь аливаа зүйлийг баллуурдах, аргалах, бултах талдаа мэргэшсэн байна шүү дээ.

-Эрх ашгийн зөрчилтэй байгаа жагсаалтыг сая шинээр байгуулагдсан Засгийн газар өөрчлөн шинэчилж чадах уу?

-Оффшорын мөнгө бол нууцлалын зэрэг өндөртэй их хэмжээний мөнгө эргэлддэг учраас оффшортой холбоотой бүхий л мэдээлэл ил тод байх ёстой. Хөгжилтэй орнуудад өндөр татвартай байдаг болохоор татвараас зугтаах эсвэл хууль бус мөнгө буюу хар тамхи, зэвсгийн наймааны мөнгө оффшороор эргэлддэг.

Манай улсын хувьд Африктай адилхан ихэвчлэн байгалийн баялаг, газар шороогоо зарсан мөнгө гадаад улс орны оффшор бүсэд хадгалагдаж байгаа. Монгол Улс байгалийн баялагтай гэж яригддаг мөртлөө гаднаас зээл тусламж авч төсвөө бүрдүүлсэн арчаагүй сул дорой байдалтай сууж байна. Гэтэл нэг хэсэг хүн уул уурхайтай холбоотой мөнгийг оффшорт аваачаад хийчихдэг байж таарахгүй. Бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ орхигдсон улс орныг нэмж оруул гэсэн шаардлагыг хүргүүлсэн байна. Тиймээс Засгийн газар хийсэн энэ хуудуутай зүйлээ эргэн харж, орох ёстой улс орнуудыг нэмж оруулна гэдэгт итгэж байна.

-Оффшор данстай хүмүүсийг 49 хоногийн дотор мөнгөө оруулж ирэхийг Ерөнхийлөгч хүртэл уриалаад нэмэргүй байна. Энэ хугацаанд нэг л хүн мөнгө оруулж ирсэн тухай мэдээлэл бий. Оффшорын мөнгө буцаад эх орондоо орж ирэх найдвар ер нь байна уу?

-Найдвар харагдахгүй байна. Нуугдчихаад оруулж ирэхээсээ айж түгшин, итгэхгүй байна. Харин ч бултах нуугдах аргаа илэрхийлээд эхэллээ. Ерөнхийлөгч 49 хоногийн хугацааг хуулиар зааж өгсөн. Энэ хугацаанд үндсэндээ мөнгө орж ирээгүй гэдэг юм билээ. Нэг л хүн оффшорын мөнгөө оруулж ирсэн гэгдэж байгаа. “Петровис”-ийн Давааням дөрвөн сая ам.доллар оруулж ирсэн гэсэн. Энэ бол бага мөнгө л дөө.

-Манай улсад оффшор данстай нийт хичнээн хүн бий вэ. Оффшор данстангууд голчлон ямар улс оронд данстай байх магадлал өндөртэй вэ?

-Яг хичнээн хүн, хэн гэдэг хүн оффшор данстай талаар баталгаатай мэдээлэл одоогоор хараахан алга. Саяны хасагдсан улс орнуудад нэлээд хэсэг нь байх ёстой гэж үзэж байна. Манайхан санаатай юу эсвэл санамсаргүй юу оффшорт хамаарагдах гол улс орнуудыг хасчихсан сууж байна. С.Баярцогт гэхэд Швейцарийн оффшор бүсэд данстай нь илэрлээ гэсэн мэдээлэл түгж байсан даа. Ингэж мөнгө хадгалсан байх гол улс орнуудыгаа хасчихаар манай улс яаж оффшортой тэмцэх гэж байгаа юм бол.

-Оффшор данстай эсэхийг тогтоох боломж хомс байна. Хуулийн хүрээнд оффшортой өргөн хүрээнд яаж тэмцэх вэ?

-Оффшорын эсрэг Парис төвтэй эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага гэж бий. Энэ төвд Монгол Улс элсэх ёстой. Ингэж байж Монгол Улс оффшорын тухай хуулийн дагуу харилцан мэдээлэл солилцох эрх үүснэ. Мөн манай улсын Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллагууд оффшортой тэмцэхэд бэлэн биш, нэгж хэлтэс нь сул ажиллаж байна. Прокурорын байгууллага гэхэд гадаад харилцааны хоёрхон хүнтэй байдаг. Оффшор бүстэй улс орнуудтай харилцаа үүсэхэд дан ганц англи хэл төдийгүй Европын орнуудад өргөн хэрэглэгддэг хэлээр улс орнуудтай харилцахаас эхлээд чадвартай мэргэжилтэн хэрэгтэй байна. АТГ, прокурорын байгууллагын чадавхийг сайжруулж байж оффшортой тэмцэх ажлыг өргөн хүрээнд явуулна.

-Оюутолгойн гэрээ байгуулахад оролцсон дөрвөн компанийн хоёр нь оффшор компани бий гэдэг мэдээлэл байгаа. Ямар дөрвөн компани юм бэ. Нэрлээч?

-Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз Монголия инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл холдингс лимитед” гэсэн дөрвөн нэртэй компаниуд оролцсон гэдэг. Оюутолгойн гэрээ байгуулахад маш их луйвар орсон. Магадгүй оффшор данстай холбоотой эхний сэжүүр Оюутолгойн гэрээг хийсэн, энэ компанитай холбоотой хүмүүсээс гарч ирэх байх. Ухвал их зүйл гарч ирнэ дээ. Яагаад вэ гэвэл Оюутолгойн гэрээнээс Монгол Улс хүртэх ашиггүй шахам гэрээ байгуулагдсан. Дубайн гэрээ бол Монголыг бүр өрөнд оруулахаар болчихсон. Энэ бол цэвэр луйвар. Үүний цаана авлигал хээл хахууль нуугдаж байгаа нь ойлгомжтой. Одоогийн УИХ-д ч тэр Оюутолгойн гэрээг байгуулахад гар бие оролцож явсан хүмүүс үлдсэн л байна.

-Оффшортой тэмцэх хууль батлагдан гарсан. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

-Оффшорын хуулийг хэрэгжүүлэх үндэслэл алга. Харин ч хамгаалсан хууль болж байна. Оффшорын тухай хуульд төрийн өндөр албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэгт оффшор данстай эсэхээ үнэн зөв тайлагнах ёстой. Хэрэв ингэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт бий. Тэгсэн хэрнээ оффшор данстай гэдгээ ил тайлагнаж бүртгүүлж байгаа байдал алга л байна. Хэрвээ оффшортой тэмцэх ажил олон нийтэд нээлттэй явахгүй бол хааж нуугдах байдал бий болж байна. Заавал байх ёстой орнуудыг хассан нь санамсаргүйгээр зүйл биш гэдэг нь тодорхой.


Categories
мэдээ цаг-үе

Д.Сумьяабазар: Үндэсний “Зэс” корпораци байгуулаад албан ёсны хувьцаа гаргаж, олон улсын бирж дээр зарж борлуулах ажлыг хийж хэрэгжүүлэх ёстой

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазартай ярилцлаа.


-Та уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын ажлыг хүлээж аваад ажлаа юунаас эхлүүлж байна вэ?

-Улс орны эдийн засаг хүнд үед сайдын албаа хүлээн авлаа. Өмнө маань амаргүй даваа хүлээж байгаа гэдгийг сайн ойлгож, мэдэрч байгаа.

Би ажлын гараагаа таван зүйлээс эхэлнэ гэж бодож байгаа. Нэгдүгээрт, эдийн засаг үйлдвэрлэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх, хоёрдугаарт хариуцлагын тогтолцоо, гуравдугаарт урамшууллын тогтолцоо энэ салбарт зайлшгүй байх ёстой. Дөрөвдүгээрт, даатгалын тогтолцоо байх ёстой. Даатгалын тогтолцоо бол эрдэс баялаг, уул уурхайн салбарт үйлдвэрийн гэнэтийн аваар осол, урт богино хугацааны зогсолтууд гэх зэрэг олон зүйл дээр эрсдэл их гардаг учраас даатгалын тогтолцоо зайлшгүй шаардлагатай. Тавдугаарт бодлогын технологийн тогтолцоог нэвтрүүлэх нь чухал байна.

Намууд улс төрийн сонгуульд оролцохдоо үе үеийн мөрийн хөтөлбөрт байнга уул уурхайг түшиглэсэн хүнд үйлдвэрийг хөгжүүлэх түүнийг дагаад ажлын байрыг нэмэгдүүлэх амлалтууд байдаг. Өнгөрсөн сонгуулиар ч энэ амлалтыг амалж, сонгогдсон байгаа. Үүнийг хийж, хэрэгжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно. Ялангуяа зэс хайлуулах үйлдвэр, нүүрс, ган, нефть боловсруулах үйлдвэр гээд ажлын байр ихээр нэмэгдүүлсэн, эдийн засгийг дөрөв дахин тэлэх ийм үйлдвэрүүдийг байгуулахад онцгой ач холбогдол өгч ажиллана.

-Хуучин сайд, яамны хамт олонтой уулзалдахад юуг чухалчилж захиж байх юм. Шинэ сайд нарын зарим нь очоод халаа сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Таны хувьд яамны бүтцийг ямар байдлаар авч явах вэ?

-Ц.дашдорж сайд бодлогын асуудлуудаа болон хийхээр төлөвлөж байсан ажлуудаа танилцуулсан. Мэдээж хэрэг Монгол төрийн залгамж чанар алдагдах учиргүй гэдгийг хэлээд үргэлжүүлэхээ илэрхийлсэн. Халаа сэлгээний тухайд бол төрийн алба гэдэг бол зарчимтай, хариуцлагатай ажил. Мэргэжлийн мэргэшсэн хүмүүс заавал ажиллах ёстой. Ялангуяа нарийн мэргэжлийн мэргэшсэн хүмүүсээр баг бүрдүүлж ажиллаж байж төрийн ажил явах ёстой. Хэн нэгний шахаагаар орж ирсэн эсвэл ажлаа хийдэггүй тасалдаг, дүрэм журмаа зөрчдөг хүмүүс байвал хариуцлага ярина.

-Уул уурхайн салбарт орооцолдсон хүмүүсийг улс төрд оруулж ажиллуулмааргүй байна гэж Ерөнхийлөгч хэлж байсан. Гэтэл таныг чуулган дээр “уурхайтай холбоотой хүнийг оруулж ирж байгаа нь эрх ашгийн зөрчил биш юм уу” гэж хэлсэн. Танд уул уурхайтай хамаарах тодорхой хэмжээний хамаарал байдаг уу. Та ер нь эрх ашгийн зөрчил гэдгийг юу гэж ойлгодог вэ?

-Намайг уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болоход ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг Авлигатай тэмцэх газар хянаад, шалгаад цагаан дээр хараар албан тоотоо гарган УИХ-д хүргүүлсэн. Иймээс би өөрөө хэлэх биш төрийн чиглэлийн газар нь шалгачихсан тул энэ асуудлаар нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй. Би салбартаа ашиг сонирхлын зөрчилгүй. Ашиг сонирхлын зөрчил гэдэг хуультай нэгдсэн ойлголттой асуудал. Би ч хуулийн хүрээнд ойлгодог.

-Уучлаарай таныг томилох үед яригдаж байсан нэг зүйлийг асууя. Таныг их аварга Д.Дагвадоржийн төрсөн ах гэдгээр чинь харсан уу, сайдын томилгоон дээр Ерөнхийлөгч Х.Баттулга таны нэрийг оруулж ирэхэд анхаарсан гэх мэдээлэл бий. Та сайд болох тухай анх хэзээ сонсов, ямар байдлаар нам дотроо шийдэгдсэн юм гэдгийг нэг асуучих уу. Магадгүй олон нийтийн дунд явж буй уг мэдээлэлтэй холбогдуулаад та өөрийн байр сууриа илэрхийлчих нь зүйтэй байх?

-Ганцхан намайг ч биш сайдаар яригдсан бүх хүмүүсийг янз бүрийн байдлаар хардах, мэдээлэл тараах явдал гарсан. Энэ үеийн үед л байсан асуудал. Дүү маань Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч болохоор хүмүүс холбож хардсан байх. Дүү маань намайг МАН-ын гишүүн, улстөрч гээд өөрийн үзэл бодлоо хаагаад суух аргагүй. Хувь хүний орон зай, үзэл бодол гэж байна. Дагвадорж бол Монголын ард түмний хайртай хүү. Тэр утгаараа хийсэн үйлдэл бүхэн нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг болж байдаг. Үүнд буруу зүйл байхгүй гэж боддог. Харин ч дотоодод хийгээд гадаадад олсон нэр хүндийг нь Монгол төр, монголчууд хэрэгтэй үедээ ашиглаад авах ёстой гэж боддог. Харин сайдаар миний бие томилогдох болсон явдалтай одоогийн Ерөнхийлөгч болон дүү маань ямар ч холбоогүй гэдгийг энд эцэслэн хэлэх нь зүйтэй.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшихээр төлөвлөж эхлэхээсээ өөрийн танхимаа хэн хэнээр бүрдүүлэн ямар багаар улс орныг авч явах вэ гэдэг тооцоогоо гаргасан байх. Өөрөө надад санал тавьсан. Ачааны хүндийг үүрэн хамтдаа зүтгэе гэсэн саналыг нь би зөвшөөрсөн. Түүнээс хүмүүсийн яриад байгаа шиг хэн нэгэн хүнээр дамжуулаад зуучлуулаад байсан юм байхгүй. Би МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга, нийслэлд нэг, УИХ-д хоёр сонгогдсон гишүүн хүн. Надад намынхаа дарга нь ч бай, цэрэг нь ч бай хэнтэй ч харьцсан, асуудал ярьсан зуучлагч хэрэггүй.

-Та Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан хүмүүсийн нэг. Өнгөрсөн Засгийн газрыг яагаад огцрох ёстой гэж үзсэн юм. Тухайн үед гарын үсэг зурсан хүмүүс сайд болохгүй гэж мэдэгдэж байсан ч өнөөдөр зарим нь сайд болцгоосон нь бий. Та яагаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байсан бэ?

-Өнгөрсөн Засгийн газар концессын гэх мэтээр хууль бус үйл ажиллагаанууд явуулсан, дээрээс нь ахицтай, тууштай ажиллаагүй. Иймээс МАН олонх болоод байгаа энэ цаг үед улс орныг, эдийн засгийг өөд нь татах хэрэгтэй гэж үзээд огцруулах бичигт гарын үсэг зурсан. Бид МАН гэдэг том айлд багтаж байгаа гишүүд. Төрд төлөөлж байгаа төлөөлөл. Иймээс тэр энэ фракц гэхээсээ илүүтэй дөрвөн жилийн доторх энэ хугацаандаа улс оронд МАН үүнийг хийлээ гэсэн ололттой, 2020 оны сонгуулиар нүүр дүүрэн ард түмэнтэйгээ уулзах ёстой л гэж би бодсон. Миний итгэл үнэмшил ийм л байсан.

Мөн шуудхан хэлэхэд 60 тэрбумын гэх хэргээс болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар манай нам ялагдсан гэж би дүгнэдэг. Иймээс тэр схемийг намын даргад танилцуулаад зогсож байсан Сандуй, Ганбаатар гэх мэтийн нөхдөд хариуцлага тооцох ёстой байсан. Толгойг нь илээд өөгшүүлээд явснаараа 90 гаруй жилийн түүхтэй намыг маань гадна талд муухай харагдуулсан, бүх гишүүд нь шударга бус мэт ойлголтыг олон нийтэд өгсөн. Тэр бичлэгийг та сонссон байх. 60 тэрбумын ажиллагаагаа явуулахад саад болно гээд миний нэрийг хэлдэг. Тэднийг тийм юм яриад явж байхад би дүүргийн намаа хүн шиг аваад явъя, нийслэлд болон УИХ-д Сонгинохайрхан дүүргээрээ 100 хувь ялалт байгуулъя гэж зүтгэсэн. Санасандаа ч хүрч 2016 оны сонгуулиар нийслэлд 9, УИХ-д зургаа нийт 15-уулаа ялалт байгуулсан. Сонирхолтой нь Сонгинохайрханаас гарсан нийслэлийн есөн төлөөлөгчийн нэг нь Сандуй. Намын нэр хүндийг өргөөд бэлдчихсэн хөрсөн дээр ирээд ялалт байгуулсан хүн маань цаашаа хараад юу төлөвлөөд яриад явсныг өнгөрсөн хойно нь л мэдсэн юм шүү.

-Шинэ Засгийн газар байгуулагдсанаар урьдахаасаа юу өөрчлөгдөх юм. Яаж ажиллах ёстой юм. Хуучнаасаа дээрдэхгүй бол гэсэн хүлээлт та бүхний өмнө үүссэн байгаа. Ийм үед та юуг чухалчилж ямар зарчим, бодлого баримтлан ажиллах вэ?

-Том хүлээлт байгааг мэдэж, мэдэрч байна. Юуны өмнө хийх ажлаа эрэмблээд цаг алдалгүй ханцуй шамлан орно. Уул уурхай, хүнд үйлдвэр гэдэг маань хоорондоо салшгүй холбоотой. Нэг цонхны бодлого барин ажиллана. Мөн шударга ёс, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, нээлттэй ил тод байдал, улс оронд үр өгөөжөө өгөх хамгийн боломжит хувилбарыг сонгох гэсэн зарчмаар ажиллана. Ингээд ажилласны дараа аяндаа олон нийт дүнгээ тавина биз ээ. Бид УИХ-аас томилолтоо аваад дөрөв л хонож байна шүү дээ. Бид амралтын өдрүүдээр амрахгүй ажилласан, цаашдаа ч ийм байх төлөвлөгөө байна.

-Уул уурхайгаар улсын хөгжлийн суурийг тавих ёстой. Гэхдээ уул уурхайн баялгийн хуваарилалтыг ард түмэндээ өгөх хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгчөөсөө эхлээд улстөрчид их ярих болсон. Үнэндээ ард түмэнд уул уурхайгаас орж ирж буй ашгийг хүртээж чадаагүйгээс улстөрчид, эрх мэдэлтнүүд уул уурхайгаас ашиг хонжоо хайн “зодолддог” болчихлоо. Уул уурхайн баялгийг ард түмэнд бодитоор хүртээх боломж бий юу. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Ерөнхий сайд баялгийн тэгш хуваарилалтын бодлого барьж ажиллахаа УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдсэн. Салбарын сайдын хувьд ч, Монгол хүнийхээ хувьд ч би ард түмэн байгалийн баялгаасаа тэгш хүртэх ёстой гэсэн бодолтой явдаг. Тухайлбал, 2010 онд Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудал хүчтэй яригдаж байсан. 2012 оноос энэ асуудал зогсонги байдал руу орсон. 2014 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль Үнэт цаасны тухай хууль гээд холбогдох гол бичиг баримтуудаа баталж гаргасан. Ер нь УИХ-ын гишүүдийн дийлэнх нь компанийн засаглалыг сайжруулах, хариуцлагатай ил тод байдлыг хангаж, ард иргэдэд үр өгөөжтэй байлгах талаар захиж хэлсэн. Бид цаг хугацааг алдаж болохгүй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний болон өнгөт металлийн үнэ өсч байгаа байгаа энэ боломжийг маш хурдтай ашиглаж ажиллах ёстой гэдэг зарчмын байр суурьтай байгаа. Дэлхийн хэмжээний компаниудыг бий болгох шаардлага байна. Жишээ нь Эрдэнэтийн 51 хувь, магадгүй 49 хувь нэмэгдээд ороод ирвэл 100 хувь дээр Оюутолгойн 34 хувийг нийлүүлээд үндэсний “Зэс” корпораци байгуулаад албан ёсны хувьцаа гаргаж, олон улсын бирж рүү гарган зарж борлуулах ажлыг хийж хэрэгжүүлэх ёстой. Ингэж байж бид цаашид дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай, ил тод нээлттэй чадамж сайтай аж ахуй нэгжүүдийг бүрдүүлж ашиг орлогоо авч ирнэ.

-Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил дөнгөж эхэлж байгаа. Та үүнийг цааш үргэлжлүүлэн явуулах уу. Манай улс хүнд үйлдвэрийн хувьд ямар бодлого баримтлах вэ?

-Газрын тосноос сүүлийн жилүүдэд төсвийн орлогын бүрдүүлэлтэд орж ирж байгаа орлого нэлээн жин дарж байгаа. Жилдээ 8.1 сая баррель нефтийг олборлож байгаа. Ер нь бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг нь тогтвортой байдлын гэрээ юм билээ. Судалж үзэж байгаад холбогдох байнгын хороон дээр нь мэдээллийг өгөх ёстой гэж бодож байна. Газрын тосыг хэдий хэмжээгээр олборлоно тэр хэмжээгээрээ манай Засгийн газарт ноогдох хувь нь өсөн нэмэгдэх учиртай тодорхой заалтууд гэрээн дээр байдаг. Тухайн орон нутгийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа байдлыг харна. Тухайлбал, Матад, Сүмбэр сумын ард иргэдийн нийгмийн асуудал, газрын тосны салбарт ажиллаж байгаа монгол ажилчдын эрхийг хангаж, тогтвортой байлгах гээд олон зүйл үүний ард яригдана. Мэдээж хэрэг боловсруулах үйлдвэрийг байгуулахын төлөө явна.

Үйлдвэрлэлийн эдийн засгийн тогтолцоог эрхзүйн шинэчлэлд хийх шаардлагатай. Тэр дундаа тээвэр ложистикийн бодлогыг шинэ шатанд гаргах, нэг цонхны бодлогыг тууштай дэмжинэ. МАН-ын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зэс хайлах үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, ган боловсруулах үйлдвэр, нүүрсийг гүн боловсруулах үйлдвэр гээд хүнд үйлдвэрийг барьж байгуулах талаар орсон байгаа. Үүнийг үе шаттай хийж, хэрэгжүүлэхээр ажиллана.

-Ирэх сард МАН-ын Их хурал болно. Намын дарга хэн байх вэ гэдгээс энэ Засгийн газрын тогтвортой байх эсэх бас шалтгаална гэж буй хүмүүс бий. Ерөнхий сайд нь намын дарга байх хэрэгтэй талаар удаа дараа ч яригдаж байгаа. Таны хувьд намын даргыг ямар байдлаар ямар хүнийг сонгоосой гэж харж байна?

-Манай намын дүрмээр Ерөнхий сайд, намын дарга байдаг. Намын их хурал ирэх сард хуралдана. Их хурлын гишүүд маань намынхаа, улс орныхоо ирээдүйг харсан эерэг сонголтыг хийн шийдвэрээ гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Манай нам ардчилалтай нам учраас намын даргад өрсөлдөх нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулаад зарчмаараа явах болно.