Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн, дархан аварга, “жижиг” хэмээх А.Сүхбат: Хэт их хөрөнгө, баялгийн араас явбал хүүхдүүдэд минь гай болно. Хүний нас, худгийн ус хоёр хэмжээтэй

УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга, “жижиг” хэмээх Агваансамдангийн Сүхбаттай ярилцлаа.


-ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоог та юу гэж үзэж байна вэ. Өнгөрсөн баасан гаригт чуулганаар хаалттай хуралдаж Б.Хурцыг Элчин сайдаар томилчихлоо. Энэ томилгоотой зэрэгцээд Б.Хурцтай холбоотой иргэдийн гомдлыг хэлэлцсэн. Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт оролцсон цөөн хэдэн гишүүдийн нэг нь та байсан?

-Би УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Хаалттай хуралдаанаа болиоч. Нээлттэй хэлэлцүүлгийн дараагаар санал дүгнэлт гарсны дараа хэлэлцээч гэдгийг хэлсэн. Хохирсон байж болзошгүй иргэд өргөдөл, гомдол гаргасан байна. Иргэдийнхээ дуу хоолойг сонсооч. Бид ард түмнийхээ эрх ашгийг хамгаална гэж сонгогдсон” гэж хэлсэн. БНСУ-ын Элчин сайдаар томилох асуудлыг нээлттэй яагаад хэлэлцэх ёстой вэ гэвэл тэнд олон монгол хүн ажиллаж, амьдарч байна. Солонгосын тал монголчуудыг ажиллах хүчин гэж үзэж байна уу үгүй юу. Хоёр улсын эдийн засаг, найрамдалт харилцаа, бүс нутгийн асуудалд ямар байр суурьтай хандаж байна вэ гэдгийг нь ил нээлттэй сонсох ёстой. Ер нь Элчин сайдуудын томилгоог нээлттэй хэлэлцэж санал бодлыг нь сонсч үддэг биз дээ. Яахаараа БНСУ-ын Элчин сайдаар Б.Хурцыг томилохдоо хаалттай хэлэлцдэг юм бэ. Өнөөдрийн энэ байдал нь цагдаа, тагнуул, хүчний байгууллагын үнэн төрх байдлын нүүр царайг харуулж байна. Б.Хурц гэдэг хүнийг шүүмжлэхээс илүүтэй өнөөгийн хуулийн байгууллагын ялзрал, улс төртэй холбогдсон, тэдний нохойд барьдаг мод болсныг харуулсан. Сонгууль болоход өрсөлдөгчийг нь унагах баримт бэлдэж өгдөг, төрийн албыг хувийн компани шигээ ашиглаж өөрийн хувийн ашиг сонирхолд нийцүүлдэг гэх мэт олон алдаа дутагдал байгаа болохоор би энэ асуудалд анхаарал хандуулаад байгаа юм. Нээлттэй сонсгол явуулах ёстой гэж үзсэн 21 гишүүдийн нэг нь би. Ерөнхийлөгчөөс орж ирсэн энэ томилгоог УИХ хэлэлцэх боломжгүй гэж үзэн буцаах бүрэн эрх нь бий. Гэтэл тэгж чадсангүй. Үүнд сэтгэл тун гонсгор байна.

-Та өнгөрсөн хугацаанд ямар хуулийн төслүүдэд анхаарлаа хандуулан ажиллав?

-Манай улс нийт газар нутгийнхаа дөнгөж 0.5 хувьд хүрэхгүй газарт хүн амынх нь 50 хувиас дээш буюу 1.5 сая орчим хүн амьдарч байна. Хүн амын дийлэнх нь амьдарч байгаа байршил дээрх ус гэдэг бол Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц анхаарал татсан сэдвийн нэг. Улаанбаатар хотод 2025, 2030 онд ирээдүйд цэвэр усны нөөцийн асуудал яах аргагүй яригдана. Газрын гүнээс олборлон гаргаж байгаа усаа хоногтоо гэхэд 190 мянган м.куб хэмжээний усыг дахин ашиглахгүйгээр хог болгон асгачихаж байна. Бохир, хог хоёроо манай улс шиг шийдэж чадаагүй улс орон байдаг юм уу. Хотын төвлөрлийг анхнаас нь бий болгохдоо хог, бохир хоёроо шийдэх ёстой байсан байна. Хүний биеийн 70 гаруй хувь нь ус байдаг бол ямар ус ууснаас болж хүн эрүүл байх тухай яригдана. Усгүй бол амьдрал зогсоно. Ирээдүйд нүүрлэх цэвэр усны хомсдлоос улс орнууд урьдчилаад шийдчихсэн байдаг юм байна. Тиймээс бид урьдчилан тодорхой ажлуудыг хийх хэрэгтэй. Энэ тал дээр сэтгэл их зовниж явдаг. Туул гол зөвхөн монгол гэлтгүй Сэлэнгэ мөрөн, Байгал далай, Ангар мөрөн, Хойд мөсөн далай руу цутгадаг. Дэлхийн цэвэр усны 20 хувь нь Байгаль далайд хадгалагддаг гэж үздэг учраас том зургаар харах юм бол цэвэр усны асуудал зөвхөн Монголынх биш дэлхийн хэмжээний асуудал. Хэрвээ манай улс олон улсын гэрээ конвенцийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол олон улсын шүүхэд ч очиж мэднэ. Туул голыг тусгай хамгаалтад авна бие даасан хуультай болгоё хэмээн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Манай улс байгаль дэлхийтэйгээ зүй бусаар их харьцдаг болсон. Гол, мөрний бохирдол маш их байна. Зөвхөн байгаль эх дэлхийдээ сэтгэлгүй хандаж байгаа ч биш өнөөдөр манай улсад ёс зүй, ёс суртахуун их дутагдаж байна.

-Улстөрчдийн ёс зүй өнөөдөр яригдахаар хэмжээнд оччихлоо. Та хуулийг гууль болгож буй хариуцлагагүй улстөрчдийн талаар юу гэж хэлэх вэ?

-Ард түмнээсээ сонгогдоод Төрийн ордонд сууна гэдэг бол миний хувьд маш том нэр төрийн хэрэг. Үүгээрээ бахархаж, ард түмнийхээ захиас үүргийг ухамсарлаж сайн ажиллах юмсан гэж хичээдэг. Миний амьдрал их сонин, дандаа тэмцэл дунд байдаг. Би 20 жилийн турш монгол бөхийн хатуу ширүүн тэмцэл дунд чанагдсан. Эргээд улс төрийн тогоонд чанагдаж эхэлж байна. Тэгэхээр миний амьдрал тэр чигээрээ тэмцэл юм болов уу гэж би ойлгодог. Ажил хөдөлмөр хийх гэдэг миний хувьд амралт шахуу болсон зүйл. Би 10 настайдаа саальчин болсон, 12 настайдаа уурын зууханд галч хийж байсан. 15 настайдаа бөхийн секц дугуйланд орсон. Өнөөдрийг хүртэл надад нэг өдөр бүтэн амарч үзсэн түүх байхгүй юм билээ. Хайнань руу гэр бүлийнхэнтэйгээ нэг явж үзэх юмсан гэж би найзууддаа саяхан хошигноод хэлж байлаа. Миний хувьд амраад явчих цаг хугацаа өнгөрсөн хугацаанд байсан байж болно оо доо, зав үнэндээ байгаагүй.

-Та УИХ-ын гишүүн болоод бүр их завгүй болов уу?

-УИХ-ын гишүүн гэдэг нь их том дэгтэй сургуульд ороод ирж байгаа юм л даа. Зүйрлэвэл, айл, өрх гэдэг бол жижигрүүлсэн улс. Төр улс гэдэг маань их айл юм. Хэн нь санхүүгээ барьж явах юм, хууль журмыг хэн нь сахиулж явах гээд бүгд өөрийн хүлээх үүрэг, дэгтэй. Хүн бүр дэгийг барьж хууль журмыг баримтлаад явчих юм бол Монгол Улс цэнгэлийн манлайд хүрнэ. Хэсэг бүлэглэл болж хулгайлж хуйвалдаад явах юм бол Монгол Улс Африкийн араас л орно. Ганцхан жишээ хэлье. Оюутолгой бол Монголын толгой баялаг. Гэтэл улстөрчид өрдчихсөн. Оюутолгой хоногтоо 4000 гаруй тонн алт, зэсийн баяжмал гаргадаг. Хоногт таван сая гаруй ам.долларын борлуулалт хийж байгаа. Хоногийн тоо хэмжээг 365 хоногоор үржүүлвэл ямар өндөр тоо гарах вэ. Энэ өндөр ашгаас Монгол Улс ногдол ашиг роялти авдаг уу. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрдөө буцааж авахаар махаа идэж байна. Ард түмнээ бодсон шийдвэр гарахгүй байна л даа. Монголын төр энэ бүх алдаагаа засахгүй бол цаашаа явахгүй. Ийм шударга бус нөхдүүдтэй хамт ажиллаж, нэг агаараар амьсгалах хэцүү юм байна. Би цаашид ч шударга бус байдалтай эвлэрэхгүй гэдгээ хатуухан хэлчихье. Би аль нэг нам, аль нэг эвслээс Монгол Улсын дархан аварга цолыг аваагүй. Монголын ард түмнээсээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ цолоо авсан. Ард түмний тэр их хүндэтгэл хайрыг амжилт, үр дүнгээр харуулах юмсан гэж боддог. Хууль бус үйлдэл хийчихээд энэ удаадаа болчихлоо гэж зарим нэг хүн эндүүрдэг байх. Дээд тэнгэр харж байгаа. Хүнд буян, нүглийн сав гэж бий гэдгийг бодоорой.

-Монгол бөхийн барилдаан хийгээд жудаг өнөөдөр ямар түвшинд байна вэ. Бөхийн найраа ил цагаан болсон. Үзэгчид бөх үзэхээс ч дургүй хүрэх юм гэлцдэг болжээ?

-Намайг залуу байхад энэ найраа гээч юм байсан. Үзэгч түмнээ хуурч цол наймаалцдаг байдал монгол бөхийн мөхөл юм. Монгол бөх үзэгчгүй болчихвол яах билээ. “Монголчууд үнэн байхад л дуртай” нэртэй миний тухай ном бий. Үнэн байгаад дуусах юмсан гэж би боддог. Би залуучууд шавь нартаа үнэнээрээ яваарай гэдгийг захидаг. Харамсалтай нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд хэсэг нөхдүүд монгол бөхийг хувийн компани шигээ явуулж ирсэн нь өнөөдөр шүүхийн шатандаа яваа. Нэр ус нь тодорхой шүү дээ. Зарим нэг хүмүүс монгол бөхийг амин зуулгаа болгочихоод яваад байгаа. Одоо сумын наадам таван сая, аймгийн наадам 50 сая, улсын наадам 500 сая төгрөг хүрчихээд байгаа. Олимпийн наадам, олон улсын наадам ямар сайхан шударга шүүлттэй явагдаж байна вэ. Цаашид бусармаг нөхдүүдийн толгойг нь илээд байх юм байхгүй, шударгаар явуулах ёстой. Бөхийн найраа хийдэг хэсэг нөхдөд арга хэмжээг нь тооцоод засч залруулаад явах боломжтой. Би найрааг эсэргүүцэж зодог тайлж байлаа. Монгол үндэсний спортын төрөл болох монгол бөхөө шударга өрсөлдөөний талбар болгоё гээд ид барилдаж явсан залуу насандаа хатуу шийдвэр гаргаж байсан.

-Монголын төрд зөв шударга үлгэрлэл, манлайлал хэрэгтэй байна уу даа?

-Энэ улс орныг сайн сайхан аваад явчихдаг, дарга нь дарга шиг байдаг цэрэг нь цэрэг шиг байдаг тогтолцоо үндсэндээ алдагдчихаад байна. Энэ цаг хугацаанаас хойш тэгж явж болохгүй. Жишээ авъя. Айлын аав нь гэмт хэрэгтэн, хулгайч байя. Үр хүүхэд нь өсч том болоод нэг өдөр хулгай хийгээд ороод ирэхэд аав нь хүүдээ үг хэлэх нүүр байх уу. Загас толгойноосоо эхэлж мууддаг гэдэг шиг манай улстөрчид өөрсдөө хөгийн амьтад байх юм бол тэр хүмүүсийн үгэнд хэн ч орохгүй. Захирах захирагдах ёс, эрэмбэ дараа, төрийн албаны хууль хэрэгжилт байхгүй болно. Миний амьдралын гол уриа бол үнэнээр явж байгаад үхэх юмсан гэж боддог. Худал хуурмаг бол үзэж чаддаггүй зүйлийн нэг. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдохдоо хэлсэн үгэндээ “Ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө амь насаа ч золиход бэлэн” гэж хэлсэн. Энэ үгээр би голоо зогоож, итгэл тээж явна.

-Та хувийн ямар бизнестэй вэ?

-Би Монголынхоо ард түмний буянаар, дэмжлэгээр сайн сайхан барилдаж, өөрийнхөө овоохойг босгож довоо шарлуулчихсан хүн. Өөрөө ч би хичээсэн. Манайх газар тариалан, мал аж ахуйн бизнестэй. Одоо надад үүнээс илүү юу хэрэгтэй юм. Нэг хүн хэдэн амаар хоол идэж хэдэн машин унах ёстой гэж. Хүн хэд наслах билээ. Хүнд шуналын хязгаар гэж байх ёстой гэж боддог. Хэт их хөрөнгө, хэт их баялгийн араас явбал миний хүүхдүүдэд гай болно гэж би үздэг. Хүний нас, худгийн ус хоёр хэмжээтэй. Тиймээс хэмжээн дээрээ цэг тавьчихаж сурвал бид хол явах байх. Монголчуудын өвөг дээдсийн хэлж байсан үг, захиас сургаалыг ухаж ойлгох аваас тэр аяараа амьдралын философи байдаг. Сүүлийн үед би үхлийн тухай эргэцүүлэн бодох болсон. Хэрвээ хүн болгон үхлийн тухай бодож чадах юм бол тодорхой мэдлэг мэдээлэл эргэцүүллийг олж авах шиг байгаа юм. Хийж буй үйлдэл, ажил маань миний ирээдүйн үр хойчид гай болох уу тус болох уу би юу хийчихэв гэдгээ эргэцүүлж бодох ёстой байх.

-Таны хүү Хангайн талаар асууя. Сүүлийн үед сайн барилдаж байх шиг байна?

-Би хүүгээ ирээдүйд мундаг том бөх болгоно гэхээсээ илүү Монгол Улсад нэг сайн боловсон хүчин бэлдэж өгөх талаас нь хардаг. Хүүдээ “Чи сайн барилдах ёстой, өвөө чинь, аав чинь дархан аварга” гэж хэлж үзээгүй. Харин өөрийнхөө сонирхлоор яв. Гэхдээ эрдэм мэдлэгийг нэгт тавиарай гэдгийг хэлдэг. Хүүхдээ өнөөдрийг хүртэл сургаж явна, дахиад ч сургана. Миний хүү унаган англи хэлтэй. Гэхдээ хэт баруунжих биш монгол хэл соёлоо сайн мэдээд ав, дараа нь хүн бол гэж сургадаг. Монголдоо хэрэгтэй хүн болчихоосой гэж их бодох юм даа. Эцэг хүний хувьд мэдээж миний бөхийн удам судар, зодгийг маань хатаачихгүй аваад явбал сайн л байна гэж бас бодох юм.

-Та бөхийн ногоон дэвжээнээс улстөрч болсон хүн. Таны эзэмшсэн боловсролын талаар асууя?

-Би 1994 онд Биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Тамирчин, багш дасгалжуулагч хийсэн. Олон жил хувийн аж ахуй ажиллууллаа. Надад мэдэхгүй таван сэдэв байлаа гэхэд сертификат аваагүй ч амьдралаас олж авсан 10 мэргэжил байдаг юм. Саальчнаас эхлээд галч, газар тариаланч, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл гээд туулсан харсан болгон хүнд багш болдог юм байна. Би 2015 онд төрийн удирдлагын академид суралцаж төгссөн. Одоо төрийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Мэдлэг боловсролдоо байнга цаг зав гаргахыг боддог.

-Сумод болоод байгаа монгол бөхчүүдийг тойрсон асуудлыг юу гэж харж байна. Монголчууд нэгнээ зодсон гэх хэргээр Харумафүжи Бямбадорж зодгоо тайлсан?

-Мэргэжлийн сумод шударга ёс сахилга бат дэг журам тэнд байдаг. Ямар бөхөд ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь сумо бөхийн өөрийн дотоод асуудал байдаг. Монгол бөхчүүдээ хайрласан хамгаалсан сэтгэлээр ярих юм бол би бөхчүүддээ урам хайрлахын хажуугаар шүүмжлэлийг өөрсдөд нь урьд нь хэлдэг байсан. Та нар зугаа цэнгэлд ямар их цаг гаргаж архины төрлийн ундаа хэрэглэдэг юм бэ гэж шүүмжилж байсан тал бий. Японы сумод даваа үнэлдэг тухай асуудал мэр сэр яригддаг. Үүнийг би монголчуудтайгаа холбож үзэдэггүй. Монгол бөхчүүд японы мэргэжлийн сумод очихоос өмнө бөхийн найраа байсан нь анзаарагддаг. Тэгээд ер нь 130 сая хүн дотор барилдах, 3 сая хүн дотор барилдах өөр шүү.

-Танд бөхийн спортоос гадна сонирхдог өөр хобби бий юу?

-Би байгальд явах дуртай. Ажиглалт хийж амьтны амьдралыг сонирхдог. Хэрвээ барилдаагүй байсан бол амьтан судлаач болох байсан байх. Жишээ нь шувуу тайван байхдаа яаж жиргэж байна, сандраад ирэхээрээ яаж жиргэж байна, машин харахаараа яаж дуугарч байна тэр бүхнийг өөрийнхөөрөө анзаарч ажигладаг. Амьтан болгон хэлтэй. Ой модыг бас хэлтэй гэж үздэг. Тухайн байдлаас шалтгаалж өөр өөр эрчим хүч гаргадаг. Сав шим ертөнц гэдэг бие биентэйгээ зохицож амьдрахуй юм. Хүн хэрвээ байгальтайгаа зүй бус харьцаад байвал баялгийн хараал, гаслан, монголчуудын хэлдгээр лусын хорлол болдог юм байна гэж би ойлгодог. Өнөөдөр олон зуун гол горхи ширгэж, цөлжилт болж байна гэлцэж байна. Ирээдүйд манай улс бэлчээрийн мал ахуйтай байх эсэх ч хөндөгдөх хэмжээд хүрлээ.

-Манай улсын өнөөдрийн эдийн засгийн хямралаас гарах гарцыг та юу гэж байна вэ?

-Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд эерэг сайн байх ёстой. Өнөөдөр манай улс хар тамхины хэрэглээг дамжуулдаг байсан бол хэрэглэгч улс болчихлоо. Ядуурал, ажилгүйдэл, баян хоосны тэгш бус ялгаа зэрэг энэ байдлаа засахгүй бол олон улсад Монгол Улсын нэр төр сайныг дуулахгүй. Нэр төр муутай хүнээс хэн ч цэрвэдэг биз дээ. Түүнтэй адил бусад улс орон манайхаас цэрвэнэ. Монголын төр өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаанаас болж, гадны зарим нэг компанид хэт их найр тавьснаас болж маш их баялагтай хэрнээ эдийн засаг нь доройтсон. Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас аргагүй болсон. Монгол түмнээ амны хишигтэй гэдэгт итгэдэг. Ард түмний нуруу тэнийх өдөр ирэх байлгүйдээ гэж бодож зүтгэж байна. Энэ удаагийн парламентад 41 гишүүн шинээр сонгогдсон. Төрийн бусармаг үйл ажиллагаанд оролцоогүй нэр цэвэр улсууд сонгогдсон гэж би хараад байгаа. Энэ хүмүүсээс шударга ёс, хариуцлага үнэртэх байх гэж бодож байна. Миний хүмүүжил урдаа байгаа ажлыг төгс сайн гүйцэтгэхийг хичээдэг. Эргээд миний нэр гарна даа гэж ойлгодог. Төв аймгийн Баян сумын Зараа бригадын нэг эгч сонгуульд нэр дэвшээд явж байхад “Сүхбатаа чи заавал УИХ-ын гишүүн болж яах гээд байгаа юм” гэж асуусан. Би “УИХ-ын гишүүн болоод үзчихье гэсэн сэтгэлээр хандаагүй юм шүү” гэж хариулсан. Тиймээс би ард түмнээсээ дэмжлэг авч сонгогдсоны хувьд хариуцсан ажлаа сайн хийчих юмсан гэж хичээдэг. Өөрийн харьяалагддаг байнгын хороодын ажил, өөрийн хариуцсан өмнөх ажлаа сайн хийхийг чухалчилж байна. Ядаж хуралдаа хоцролгүй, таслахгүй оролцохоос эхлээд мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага байна. Хэрэгтэй үедээ ирчихээд өөрт нь ач холбогдолгүй үедээ ирдэггүй өөрийн үүргээ ухамсарлахгүй явж бас болоод байх шиг байгаа юм. Ингэж хандаж болохгүй л дээ. Төрийн түшээд бол Монголын ард түмний элч төлөөлөгч. Тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулах ёстой гэж үзэж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Улаан: Монголоос хөрөнгө оруулалтаа тат гэсэн шаардлага хөрөнгө оруулагчдад тавигдаж болзошгүй суурь бүрдчихэж байна

Холбоотой ЗурагУИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Та тойрогтоо ажиллаад иржээ. Хөдөө орон нутгаар өвөлжилт ямархуу байна?

-Тойрогтоо 10 гаруй хоног ажиллаад ирлээ. Манай Сүхбаатар аймаг УИХ-д нэг тойрогтой. 13 сум, 66 багтай 60 гаруй мянган иргэнтэй. УИХ саяхан төсвөө баталсан. Аймгийн ИТХ одоо төсвөө батлах гэж байна. Сумын ИТХ арванхоёрдугаар сарын 20-ны дотор төсвөө батлах ёстой. Ийм гурван шатлалтайгаар төсөв батлагдсаны дараа улсын төсөв жинхэнэ утгаараа бүрдэнэ. Шинэ Засгийн газраас ямар төсөв батлав, хөрөнгө мөнгөө юунд хуваарилав, нөөц бололцоогоо яаж дайчлах вэ зэргийг ид анхаардаг үе.

Тийм учраас төсөв үндсэн чиглэлийн бодлого тодорхойлох асуудлаар орон нутагт ажиллалаа. Түүнчлэн өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцахад өвөлжилтийн байдал амаргүй байна. Өнгөрсөн зун зуншлага монгол орон даяар сайнгүй байлаа. Сүхбаатар аймагт гэхэд 300 гаруй мянган мал оторлож байна. Үүнтэй холбоотойгоор бэлчээрийн зохион байгуулалтыг хийх, өвөлжилтийг хэрхэн шийдэх талаар аймаг, сумдуудтайгаа зөвлөлдөөд ирлээ.

-Ирэх 2018 оны төсөв батлагдсан. Ерөнхийлөгч төсвийн зарлагын хэсэгт хэсэгчилсэн хориг тавьж байснаас харахад төсөв зардал талдаа үрэлгэн, өндөр гарсныг харуулж байна. Батлагдсан төсвийн багцаа ямар байна вэ?

-Намайг орон нутагт томилолтоор ажиллаж байх хугацаанд төсөв дээр Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавьж, УИХ-аар хэлэлцээд шийдсэн байна. Хоригт тавьсан үндэслэлийг нь үзэхэд Òөсвийн тухай хуулийн зургадугаар зүйл буюу зарлагын хэсэг дээр хэсэгчилсэн хориг тавьсан байна лээ. Ерөнхийлөгч хориг тавьсныг зарлагаа оновчтой болгоё, аль болох үр ашигтай байлгая хэмнэе гэж үзэж байна гэж ойлгосон. Ãэхдээ бодит байдал дээр төсөвт хориг тавигдсанаар төсвийг сайжруулж ажиллахад цаг нар нэлээн хэрэгтэй болно. Аймаг, орон нутагт төсвөө хугацаандаа хэлэлцэж чадахгүй он дамжих эрсдэл үүснэ. Энэ байдлаас ургуулаад цаг хугацааны шахалтад орж хоригийг хүлээж авсангүй гэж ойлгосон. Ер нь ирэх оны төсөв дээр нарийвчлах, тооцоо судалгааг ултай хийж сайжруулах асуудал нэлээн бий. Он гарахаар явцын дунд үүнийгээ хийх бололцоотой гэж харж байна.

-Гаднаас зээл тусламжаар багагүй хөрөнгө орж ирэхээр болж байна. Энэ Засгийн газар хэр оновчтой бодлого хэрэгжүүлж чадахаас эдийн засгийн нөхцөл байдал сайжрах эсэх шалтгаалах уу?

-Засгийн газарт дотоод болоод гадаад боломжоо дайчилвал хөрөнгө санхүүгийн боломж байгаа. Олон улсын байгууллагуудын зүгээс ирж буй дэмжлэг тодорхой болж байна. Олон улсын Валютын сантай хэрэгжүүлсэн эхний хөтөлбөрөөр манай улсын Засгийн газрын бодлого болон ажлын эхлэлүүд нь зүйтэй байна гэсэн эерэг дүгнэлтийг гаргасан. Энэ эерэг нөхцлийг дагаад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, олон улсын байгууллагууд бидэнтэй хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх бодлогоо тодорхой болгочихлоо. Хоёр жилийн хугацаанд Дэлхийн банк 300-гаад сая ам.доллар, Азийн хөгжлийн банк 500 гаруй сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болж байна. Мөн Япон, БНХАУ, БНСУ зэрэг түнш орнуудаас оруулах мөнгөн эх үүсвэр ч тодорхой боллоо. Засгийн газрын үнэт цаасны эрэлт хэрэгцээ өндөр, харьцангүй хямд хүүтэй борлогдож байна. Ингээд үзэхэд зөв зүйтэй ашиглаж чадвал харьцангуй боломж бол байгаа нь харагдана. Байгаа боломждоо үр дүнтэй ажиллахыг нь одоо хүлээж байна. Төсөв нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхэд төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, боломжоо үр дүнтэй ашиглахад Засгийн газар онцгой анхаарч шуурхай чадвартай ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал олон төсөл хэрэгжиж эдийн засагт эерэг өөрчлөлт гарна.

-Эдийн засаг өсөлттэй явж байх үед хар жагсаалтад манай улсыг оруулсан явдал нь эдийн засагт сөргөөр тусч болзошгүй гэгдэж байна. Сангийн дэд сайд Х.Булгантуяа захидал бичсэнээс боллоо ч гэх юм?

-Европын холбоо Монголыг оффшор бүстэй адилтган үзэж хар жагсаалтад орсон гээд зарлачихлаа. Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн цар хүрээгээр харах юм бол үүнийг яаралтай засах ёстой. Монгол Улс бол зах зээлийн харилцаатай улс гэсэн дүгнэлтийг Европын холбооноос авахын тулд сүүлийн 10 гаруй жил нийгэм, эдийн засгийн хүчин чадлаараа ажилласан. Гэтэл өнөөдөр оффшортой адилтгасан байдлаар үнэлгээ авчихвал ямар ч улс манайхтай болгоомжтой хандах болчихоод байна. Дэлхийн улс орнуудын хандлага оффшорт байгаа хөрөнгө мөнгийг татаж хууль ёсны болгон эх орондоо оруулахын төлөө ажиллаж байна. Хар жагсаалтаас болж Монголоос хөрөнгө оруулалтаа татаж авчир гэсэн шаардлага хөрөнгө оруулагч нарт тавигдаж болзошгүй суурь бүрдчихэж. Тэгэхээр бидний хүсэн хүлээдэг хөрөнгө оруулалтыг татан оролцуулж дэлхийн улс орнуудтай хамтран ажиллана гэдэг нь өнгөрнө биз дээ.

-Манай улс хар жагсаалтад орох болсон гол шалтгаан нь юу байв?

-Албан ёсны мэдээллээс үзэхэд татварын мэдээлэл ил тод биш байна гэсэн үндэслэлийг ярьж байгаа. Дэлхий дахины тэр системтэй нийцэж байж олон улсынхаа хэмжээнд үнэн зөв үнэлэлт дүгнэлтийг авна. Олон улс шаардаж байхад манайд ийм зүйл байхгүй ээ гэсэн байдлаар хөндлөн суугаад байвал бидэнд ийм л үнэлгээ өгнө. Татварыг нууж хаана гэдэг нь цаанаа “но”-той байгааг нь харуулна. Тиймээс бодлого, үйл ажиллагаагаараа сайжруулж харуулах ёстой.

-Банкны тухай хуульд та ямар байр суурьтай байгаа вэ. Банкны хүүг бууруулах тухай сүүлийн үед ихээхэн ярьж байна. Ямар бодлого барьж хүүг бууруулах ёстой юм бэ?

-Монголбанкны тухай хуульд сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа гэдэгтээ би санал нэгтэй байдаг. Гэхдээ УИХ-ын гишүүд Төвбанкны тухай хууль санаачилж байгааг би хувьдаа дэмжихгүй байгаа. Засгийн газраар хэлэлцэгдэж өргөн баригдаж орж ирэх ёстой. Гишүүд төсөл боловсруулаад хэлэлцэгдэж байгааг би учир дутагдалтай гэж үздэг. Тэр тусмаа Засгийн газар нь дэмжээгүй байхад шүү дээ. Энэ Засгийн газраас санал аваагүй байхад УИХ-аар хэлэлцэх нь маш буруу. Манайх шиг өндөр хүүтэй банкны зээлээр аж ахуйн нэгжүүд бизнес хийх нь эрсдэлтэй, хүнд байгаа нь үнэн. Гэхдээ зээлийн хүүг захиргаадалтын байдлаар бууруулчихдаг юм биш. Бүхэлд нь эдийн засгаа сайжруулж үйл ажиллагаагаа идэвхтэй болгож байж хийнэ. Гол нь банкны үйлчилгээ явуулж буй зардал өндөр байгааг нь тал талаас авч үзэх ёстой. Банк өөрөө маш өндөр зардалтай байгаа бол хэмнэлтээ яагаад хийж болохгүй гэж. Банкууд асар өндөр ашиг олсон ч зардалдаа оруулж гаргадаг талтай. Монголбанк, Засгийн газар хамтран ажиллаж, бодлогын хүрээнд нь шийдэх ёстой юм. Төр аж ахуйн нэгжийн харилцааг төр өөр дээрээ шууд татан авах ёсгүй. Иргэн, аж ахуйн нэгж тохирчихсон үйл ажиллагаа дунд хэрэв төр орох гэж байгаа бол ачааг нь үүрэлцэж байж орох болно. Тэгвэл төрд ачаа үүрэх төсөв мөнгө бий юу. Түүнийхээ оронд юуны өмнө зээл олгож буй банкны үйл ажиллагааных нь хариуцлагыг өндөржүүлэх ёстой. Зээлдэгчийн хариуцлагыг ч сайжруулж байж зөв горим руу шилжинэ.

-Таван толгой, Оюу толгой, нефть боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүдээ хэзээ ямар байдлаар хөдөлгөж эдийн засгийн эргэлтэд оруулах бол гэсэн хүлээлт бий?

-Өнөөдрийг хүртэл хэрэгжсэн зарим төсөл Монголын талд туйлын ашиггүй зөвхөн хөрөнгө оруулагчдын аманд багтсан, давуу эрх олгож буй олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ харилцан ашигтай, ард иргэддээ өгөөжтэй аргаар хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар гэрээ хэлцлүүдээ хийж УИХ-д оруулж шийдээд явах нь зүйн хэрэг. 2008 онд УИХ-аас Тавантолгойг ямар бодлогоор яаж ашиглах тухай удирдамжийг гаргаж батлаад өгчихсөн. Тэр удирдамжийн дагуу асуудлаа боловсруулаад Засгийн газраас УИХ-д оруулаад ирэх хэрэгтэй. Одоо болтол орж ирээгүй л байна. Оюу толгойн гэрээ амжилттай хэрэгжээд явж буй ч анхны баталж өгсөн удирдамжийн дагуу үзвэл олон зүйл дутуу хэрэгжээгүй. Энэ Засгийн газраас өмнөх Засгийн газар Таван толгойн төслийг боловсруулж байна гэж байсан ч УИХ руу оруулж ирээгүй. Энэ нь эрх мэдэл бүхий хүмүүсийн хийсэн гэрээ хэлцэл арга механизм нь олон нийтэд ил гаргаж болохооргүй л байсан хэрэг. Тэгээд л дарагдсан байх. Тийм болохоор ил тод тодорхой ажиллах нь эн тэргүүний шаардлага юм.

-Энэ Засгийн газар таны харж байгаагаар ямар түвшинд ажиллаж байна?

-Засгийн газраас ард түмэн их зүйлийг хүлээж байна. Нийгэм, эдийн засагт тулгамдсан олон асуудлыг энэ Засгийн газар шийдэх болов уу гэсэн горьдлого байна. Шинэ Ерөнхий сайд чуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ “Ард түмнээ сонсч ажиллана. Эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлдөж ажиллана. Гаргаж буй шийдвэр бүхэн ард түмний эрх ашгийн төлөө байна” гэж хэлсэн. Хэлсэн үгэндээ хүрч ажиллаасай гэж хүсч байна. Засгийн газар хууль дээдэлж, шударга ёсыг тогтоож, буруутанд хариуцлагыг тооцож ажиллана гэж бас хэлсэн дээ. Эдгээр асуултад хариу өгөхөөр сайн ажиллах хэрэгтэй. Нэгэнт бодлогоо гаргасан бол бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө ажилла. Ам алдвал барьж болдоггүй гэдэг үг бий. Эрх барьж буй намын дэмжлэгээр сайд, дарга болох бол амархан. Ажил хариуцаад ард түмний өмнө тайлагнах сайд байх гэдэг амаргүй шүү. Дээрх шаардлагад нийцэж ажиллаж чадахгүй бол ард түмний урам хугарна. Ард түмний дэмжлэггүй Засгийн газар гэж байж болохгүй. Сая орон нутагт яваад харахад хариуцлагагүй байдал харагдаж л байна. Хамгийн наад зах нь хуулиа хэрэгжүүлдэггүй байдал байна. Аймгууд арванхоёрдугаар сарын 5-ны дотор төсвөө баталсан байх ёстой байтал төсвөө одоо болтол батлаагүй явж байна. Энэ ажил саатаж байна гэдэг нь Монгол Улсын нэгдсэн төсөвтэй байх бодлого алдагдаж байгааг илтгэнэ. Үүнд гэхэд л хариуцлага яригдах ёстой биз дээ. Ерөнхийлөгч хэд хэдэн удаа хориг тавиад байна гэдгийн цаана Засгийн газрын хариуцлагыг шаардаж буйн бас нэг илэрхийлэл. Манай улсын улс төрийн амьдрал дөрвөн жилээр хэмжигддэг. Дөрвөн жилийн эхний хоёр жил нь УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн гээд сонгуулийн жил болж таардаг. Хоёр жил сонгуульдахад ажлаа орхигдуулах, улстөржих, ажлын үр өгөөж навс унах байдал сүүлийн 20 гаруй жил ажиглагддаг нь үнэн. Үлдсэн хоёр жилд жинхэн хийж бүтээх ажлаа бүтээдэг цаг үе. Яг энэ үед шинэ Засгийн газар байгуулагдан ажиллахаар таарсан. Тийм болохоор одоо монгол оронд төрийн тодорхойлсон бодлогынхоо төлөө цаг, нартай уралдаж үр дүнг гаргах алтан боломж үлдсэн байна. Хийж чадах эсэх тухай биш, хийх ёстой гэдгээ ухамсарлаад харуулах цаг иржээ.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-4 хувийн хүүтэй зээл олгоно

– ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ТАТВАРЫГ НЭГ ХУВЬ БОЛГОНО –

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд ямар гол өөрчлөлт орж байгаа талаар ярилцлаа.

-Та хуулийн төслийг санаачлагчийн хувьд хуульд яагаад өөрчлөлт оруулах болов гэдгийг юуны өмнө ярихгүй юу?

-Өнөөдрийг хүртэл 200 хүртэлх ажилтантай, жилийн орлого 1.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүдийг жижиг, дунд үйлдвэрлэгч гэж үзэж ирсэн. Манай улсад нийт 127 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна гэж бүртгэгдсэнээс 63 мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж татвар төлдөг. Гэтэл үүнээс 54 мянган аж ахуйн нэгж нь буюу 84 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ангилалд хамаардаг. Манай улсын хөдөлмөрийн насны нийт хүний тоо 1.2 сая иргэн байгаагаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт 850 мянган хүн ажиллаж байна. Манай улсын бизнес эрхлэгч, хүн амын дийлэнх нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамаарч байгааг дээрх тоо баримт харуулна. Анх 2007 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хууль батлагдсан. Энэ хууль үр өгөөжөө өгсөн хэдий ч цаг үетэйгээ нийцүүлэх шаардлага бас урган гарч байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 2009 онд байгуулагдсанаас хойш нийт долоон мянган жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж 850 тэрбум төгрөгийн зээл олгож иржээ. Гэтэл иргэд маань 26 мянган төсөлд дөрвөн их наяд төгрөгийн санхүүжилт төрөөс хүссэн байдаг. Эндээс харахад эрэлтийнхээ дөнгөж 18 хувийг санхүүжүүлсэн нь хэрэв жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжээд өгвөл хөгжих боломж байгаа юм байна гэдэг нь харагдана.

-Хуульд ямар гол өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг нэг том тогоон дотор хольчихсон. Нэг хүнтэй, 200 ажилтантай компаниуд ижил шалгуураар явдаг. Олон жил хөдөлмөрлөсөн, тайлан балансаа гаргадаг нь, арай хөрөнгөтэй, танилтай нь олгож буй зээлийг авч чаддаг. Шинээр бизнес эрхлэгч нар зээл авах боломжгүй явж ирсэн. Хуульд өөрчлөлт оруулж бичил, жижиг, дунд эрхлэгч гэж дотор нь гурав ангилсан. Бичил бизнес эрхлэгч нь ес хүртэлх ажилтантай, жилийн орлого нь 50 сая төгрөг хүртэлх орлоготой, жижиг үйлдвэрлэл эрхлэгчид ажилтны тоо нь 9-50 ажилтантай, орлого нь 250 сая төгрөгийн орлоготой орно. Харин дунд бизнес эрхлэгчид 200 хүртэлх ажилтантай, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгж орно. Ингэж ангилж буй учир нь бичил болоод жижиг бизнес эрхлэгчдэд зээл олгохдоо арилжааны банкнаас тавьдаг өндөр шаардлагыг тавихгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгч нарыг дэмжих тогтвортой төрийн байгууллагын бүтэц буюу агентлаг бий болгож, агентлагаас зөвлөл гарч зээлийг олгоно гэсэн үзэл баримтлалаар хуульд тусгагдсан байна. Харин дунд бизнес эрхлэгчдийг банкаар дамжуулан зээл олгоно.

-Хэдэн хувийн хүүтэй зээл олгох вэ?

-Жижиг, дундын зээл одоо жилийн 7-8 хувийн хүүтэйгээр гарч байгаа. Бичил болон, жижиг бизнес эрхлэгчдэд жилийн 3-4 хувийн хүүтэйгээр зээл олгох боломжтой. Энэ нь арилжааны банкны хувь, шимтгэл ороогүйгээр гэсэн үг. Арилжааны банкнаас авах зээлийн хүүг 6-7 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлагыг тавина.

-Банкны шалгуурыг жижиг, дундынхан давж гардаггүй. Банкны шалгуургүйгээр агентлагаас зээл олгодог болох зөв санаа хэдий ч эрсдлийг хэрхэн тооцсон бэ?

-Жижиг дундын сангаас олгогдож байгаа зээлийн эргэн төлөлтийг банкаар дамжсан зээлийн эргэн төлөлттэй харьцуулахад банкаар дамжсан нь 97 хувийн төлөлттэй хувь нь өндөр байгаа нь үнэн. Сангаас шалгуур багатай, танил талаа дэмжсэн байдлаар зээл олгогдсон байдал ажиглагддаг. Энэ эрсдлээс гарахын тулд агентлагаас зээл олгохдоо агентлагийн дэргэд зөвлөл байгуулах юм. Хуулийн хэлэлцүүлгийн явцад таван улсын Элчин сайдын яамныхантай уулзаж, санал солилцон гадны улс орны туршлагыг судалсан. Төрийн албаны хүмүүсээс гадна хий нь гарсан нэр хүнд нь олонд танигдсан, улсынхаа төлөө юм хийе гэсэн хүмүүсийг оруулж корпораци болгон ажиллуулах санал ч гарч байна. Гадны орнуудад жижиг дунд үйлдвэрлэлээ дэмждэг олон арга замууд бий. Тухайлбал, банкууд тодорхой хөрөнгийг гаргаж, үлдсэн тодорхой хувийг төрөөс гаргаж корпораци байгуулчихдаг. Тэгээд жижиг компаниудаа дэмжээд явдаг. Ер нь цаашдаа ганцхан төрийг хараад суух биш. Үнэнийг хэлэхэд хууль гаргаад баталчихдаг, зээл олгох болсон чинь танил талаа харсан, хуулиасаа давсан журам баталчихсан байх вий гэдгээс эмээж байна. Дунд шатандаа хууль маань замхарчих вий гэдгийг анхаарах хэрэгтэй. Тийм учраас банк орж ирдэг юм уу өөрөө өөрсдийгөө хөгжүүлээд явчих зөв тойрогт нь оруулчих юмсан гэж хичээж байна.

-Хуульд орж буй дараагийн гол өөрчлөлт юу байна?

-Эрх барьж байгаа манай намын мөрийн хөтөлбөр болоод Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын хүүг нэг хувь болгож өгнө гэсэн амлалтыг энэ хуульд суулгаж өгсөн. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлогын албан татварыг 10 хувиар тооцож байгааг нэг хувь болгохыг хуульчилж байгаа юм. Манайд үзэмжээрээ хандаж байгаа аятай газар тариалан мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарын орлогын албан татварыг өнгөрсөн жилээс нэг хувь болгосон. Зөвхөн дөрвөн салбар чиглэлд гэлтгүй бүгдэд нь тэгш эрх олгоё. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нар бол жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг хэлж байгаа гэдгийг дахин сануулъя. Түүнээс томоохон бизнес эрхлэгчдэд хуулийн энэхүү өөрчлөлтөд хамаарахгүй.

-Эдийн засгийн хүндрэлтэй үед татварыг бууруулах боломж байгаа юу?

-Одоо авч буй 10 хувийн татварыг нэг хувь болгосноор төсөвт үүсэх дарамт 28 тэрбум төгрөг байгаа юм. 54 аж ахуйн нэгж, 850 мянган хүнд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлснээр эргээд нөхөгдөж орж ирэх боломжтой. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэнээр бизнес нь өргөжиж хүн амын орлогын татвараас гадна нийгмийн даатгалын шимтгэл, үндсэн хөрөнгийн татвар, гаалийн албан татвар, НӨАТ-ын татвараас эхлээд олон төрлийн татварыг аж ахуйн нэгжүүд эргээд төлж эхэлнэ. Энэ хуулийн өөрчлөлтөөр хамгийн багадаа 40 аж ахуйн нэгж шинээр байгуулагдлаа гэж үзэхэд нэг хоёрхон сарын дотор нөгөө хөнгөлсөн 28 тэрбум төгрөг улсад нөхөгдөөд ороод ирнэ.

-Дараагийн өөрчлөлтийг хэлэхгүй юу?

-Төр нийт төсвийнхөө биш зөвхөн тухайн жилийнхээ хөрөнгө оруулалтад зарцуулагдах зардлынхаа 10 хувиас доошгүй хувийг жижиг дунд үйлдвэрлэлд олгодог болгох саналыг оруулж байгаа. 2018 онд хөрөнгө оруулалтад 700 тэрбум төгрөг тавигдсан байгаа бол 10 хувь гээд 70 тэрбум төгрөгийг тавих жишээний. 2017 онд жижиг, дундад 20 тэрбум төгрөг олгогдсон. 2018 онд 56 тэрбум төгрөг олгогдоно гэж тусгагдсан ч бодит байдлаар 10 гаруй тэрбум төгрөг нь орж, үлдсэн нь наана цаанаас орж ирнэ гэсэн тооцоололтой байх шиг байна лээ. Цаашдаа сангийн сайдын үзэмжээр жижиг, дундад дуртай тоогоо тавьж шийдүүлмээргүй байна л даа. Өнөөдөр Хөдөө, аж ахуйн яамны дэргэд долоохон хүнтэй хэлтэс жижиг дунд үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж байгаа. Эрэлт их байгаа энэ олон аж ахуйн нэгжид жилдээ 20 орчим тэрбум төгрөгийн зээл олгочихоод араас нь дэмжээд байхад явдаггүй гэх мэтээр муу хэлцгээдэг биз дээ. Ад үзсэн байдлаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хандсанаар нийгмийн бүтээлч сэтгэлгээг хааж байна гэдгээ ойлгох хэрэгтэй.

-Хууль хэзээнээс хэрэгжих вэ?

-2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Хуулийн шинэчилсэн найруулга одоо төслийнхөө хэмжээнд явж байгаа. УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүдийн санаачлагаар өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд есөн дүүрэг 21 аймгаас ирсэн төлөөлөл болох 800 гаруй хүний саналыг авсан чуулганыг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээс харахад зарим хүн зээлийг үйлдвэрлэл эрхлэгчид олгоод үйлчилгээний салбарт олгохгүй байя гэсэн саналыг гаргаж, санал хураалт явуулахад үйлчилгээний салбарынхандаа зээл олгодгоороо олгоё гэдэг дээр нэгдсэн. Мөн бичил компанийн жилийн орлогыг 50 сая биш 100 сая төгрөг болгох зэрэг жилийн орлогын хувь хэмжээг нэмэгдүүлэх саналыг бизнес эрхлэгчид гаргаж байна лээ. Хуульд орж буй томоохон бас нэг өөрчлөлт бол хөгжлийг бүсчилсэн байдлаар харъя гэж байгаа. Сэлэнгэ аймагт юу хөгжих ёстой юм, Өмнөговь аймаг юу хөгжих ёстой юм гэдгийг бодлогоор дэмжье. Нэг аймагт сонгино тарих зээлийг 20 компанид биш хоёрт нь өгье. Нэгнээ татаад унагачихгүй талаас нь бодолцоё. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ дэмжсэн шиг дэмжихийн тулд гаргасан бүтээгдэхүүнийг нь худалдан авахад нь анхааръя гэж байгаа. Төрийн худалдан авалт болон уул уурхайн бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд зайлшгүй дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авдаг байх хэрэгтэй. Ингэхийн тулд нийт худалдан авалтын 10 хувиас доошгүй авдаг байх бодлогыг уяж өгье гэж байгаа. Уул уурхайн компаниудын худалдан авалтын жагсаалтыг үзэхэд бичгийн цааснаас эхлээд цай, чихэр, ёотон, компьютер зэрэг нь монголын компаниас авсан гэх жагсаалт байхаас биш Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бараг нэг ч байдаггүй.

-Хууль батлагдан гарснаар ямар үр дүн гарах вэ?

-Сүүлийн үед төрд орж дарга болж ажиллая гэсэн сэтгэлгээ нийгэмд давамгайлах болжээ. Бүтээлч нийгмийг бий болгомоор байна. Хамгийн гол нь бизнес эрхлэх сонирхлыг дээшлүүлэх юм. Их сургуулиа төгссөн хүнд төрийн албанд орж ажиллах уу, эсвэл бизнес хийх үү гэх мэт олон сонголтууд бий. Хэрвээ төрөөс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхийг дэмжээд өгвөл сангаас зээл авч бизнес хийж эхлэн алсдаа томоохон аж ахуйн нэгж, татвар төлөгч болох эх суурийг тавихад манай энэ хууль бага ч атугай болов нөлөө үзүүлж чадна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогзолмаа: Шинжлэх ухааны шинэ бүтээл, оновчтой санал санаачилгыг дэмжихэд чиглүүлж зарцуулна

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.

-2018 оны төсөв батлагдсан учраас ирэх онд тоймтой ямар ажил хийгдэх вэ. Бусад салбаруудтай харьцуулахад хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүллээ?

-Монгол Улс эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр ирсэн атлаа хурдлахгүй, удаашралтай байгаагийн гол шалтгаан нь хүнээ хөгжүүлэх, боловсролоо дэмжих, өв соёлоо дээдлэх, шинжлэх ухаанаа хөгжүүлж, тэргүүний техник-технологи, инновацийг нэвтрүүлэхдээ хойрго хандаж ирсэнтэй шууд холбоотой гэж би боддог. Тийм болохоор Монголын төр засаг харамлах ёсгүй зүйлдээ гар татахгүйгээр хөрөнгө оруулж, тулгамдсан асуудлыг зоримог шийдэх хэрэгтэй юм. Сүүлийн 20 гаруй жилд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын төсвийн бүтцэд шинжилгээ хийж үзэхэд төсвийн ихэнх хувь нь урсгал зардал, байшин барилга, засвар үйлчилгээнд зориулагдаж ирсэн байна. Салбаруудынхаа төсвийн бүтцийг зөв болгож, хүн рүү чиглэсэн оюуны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шинжлэх ухааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, багшийнхаа чадамж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. 2018 оны улсын төсөв хэлэлцэж байхад энэ бүх хэрэгцээ шаардлагууд байгааг сайн хэлж, хэлэлцүүлсний үр дүнд УИХ-аар боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сангийнхаа төсвийг тодорхой хувиар нэмэгдүүлж чадсандаа баяртай байгаа. Чамлахаар чанга атга гэдэг. Энэ хөрөнгийг ирэх жилд оновчтой зарцуулах нь чухал юм. Сайдын багцад байгаа төсвийг багш нараа чадавхжуулах, давтан сургах, хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бий болгох, соёл урлагийн байгууллагуудаа дэмжих, нийтийн биеийн тамир спортыг дэмжих, шинжлэх ухааны шинэ бүтээл, оновчтой санал санаачилгыг дэмжихэд чиглүүлж зарцуулна.

Би нэг тоог жишээ татаад хэлчих үү.

-Тэг л дээ?

2012 онд долоон сургуулийн 1761 сурагч гурван ээлжээр хичээллэдэг байсан бол 2016 онд 32 сургуулийн 8755 хүүхэд оройн цагаар хичээллэдэг болсон байгаа юм. Үүний 5145 хүүхэд нь I-III ангийнхан. Тийм балчир насныхныг харуй бүрий болтол гуравдугаар ээлжээр хичээллүүлэх нь олон сөрөг дагавартай. Олон жил шийдэж чадаагүй сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар цогцоор нь шийдэхэд анхаарч байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, энэ салбарт үүсээд байгаа асуудлуудыг шийдэх зоримог алхмыг хийж байна.

Ирэх онд боловсролын салбарт 1 их наяд, 632.3 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр улсын хэмжээнд шинээр болон он дамжсан 82 сургуулийн барилгыг барьж ашиглалтанд оруулна. Үүний үр дүнд сургуулиуд гурван ээлжгүй хичээллэх бүрэн боломжтой гэж тооцоолж байна. 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд бүрэн шилжинэ. Боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улсын хэмжээнд 127 цэцэрлэгийн барилгыг барина. “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотын огт цэцэрлэггүй 25 хороонд цэцэрлэгийн асуудлыг улсын төсвийн хөрөнгөөр иж бүрнээр шийдэж байгаа. Бас цэцэрлэгийг бүрэн камержуулна.

Мөн Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөл, БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг барьж ашиглалтад оруулах замаар боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлнэ. Энэ бүхний үр дүнд эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж толгойны өвчин болж, сугалаанд азаа туршдаг байдал төгсгөл болно.

-Оюутны зээлийг ямар хугацаатай олгох вэ?

-МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оюутны зээлийн санг байгуулж, оюутны сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх амлалтыг өгсөн. Засгийн газар мэдлэг бүтээхийн төлөө байгаа хүүхэд, залуучуудаа дэмжиж ажиллана. Оюутанд сурч мэргэжил эзэмшихэд нь зориулж боловсролын зээл олгоно. Арилжааны банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан чирэгдэл багатай, эргэн төлөх хугацаа урт зээлийг оюутанд олгоно. Тухайн суралцагч сургуулиа төгсөөд 5-10 хүртэлх жилийн хугацаанд мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх явцад бүрэн төлж барагдуулах бололцоотой байхаар шийдвэрлэж байгаа. 2018 онд нийт 75 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулахаар төсөвлөсөн.

Нөгөө талаар төрөөс ийнхүү оюутан, залуусыг сурч, хөгжихөд нь дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч бид тэрхүү дэмжлэгийнхээ үр дүнг давхар хянаж, дүгнэж байх ёстой. Дөрвөн жил цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулж буй оюутнуудыг чадвартай боловсон хүчин болгож бэлтгэхгүй бол дээд боловсрол эзэмшсэн дипломтой ажилгүйчүүд олшрох байдал буурахгүй. Манайх гурван сая хүн амтай атлаа 97 их, дээд сургуультай, чанараас илүү тоо, ашгийг шүтэж, голдуу нийгмийн салбарын мэргэжилтнүүдийг олноор бэлтгэж байна. Гэтэл 30 сая хүн амтай атлаа 30 хүрэхгүй дээд сургуультай улс ч байна. Олон жил бэлтгэж ирсэн уламжлалт мэргэжлийн чиглэлүүдээс гадна хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн эрэлт, хэрэгцээнд суурилсан мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх шаардлага бидэнд тулгарч байгаа. Дэлхийд өрсөлдөх чадвартай, дотоодын зах зээлдээ эрэлт хэрэгцээтэй, уул уурхай, шинжлэх ухаан, технологи гээд салбар бүрийн нарийн мэргэжлийн боловсон хүчин болон мэргэжлийн, хөрвөх чадвар бүхий мэргэжилтэнг бэлтгэх нь маш чухал байгаа юм. Энэ чиглэлд их, дээд сургуулиуд маань бодлогоо чиглүүлж, сургалтын агуулга, стандарт, чанараа ахиулах шаардлага тулгарч байна. Үүнийг бодлого боловсруулж байгаа шийдвэр гаргагчид ч анхааръя, хэрэгжүүлж буй их, дээд сургуулиуд маань ч анхааръя.

-Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төсвийг нэмэгдүүлэхээр эмэгтэй гишүүд нэгдээд бичиг өргөн бариад байсан. Шийдүүлж чадсан уу?

-Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, З.Нарантуяа бид нэгдэж, 2018 оны төсөвт хүүхэд хамгааллын үйлчилгээний зардалд таван тэрбум төгрөг нэмүүлэхээр Төсвийн ажлын хэсэгт албан бичиг хүргүүлж, асуудал тавьснаар 2018 оны төсөвт 6.5 тэрбум төгрөг болж батлагдсан. Хүүхэд харах үйлчилгээг стандарттай болгож, чанарт анхаарч ажиллана. Манай улсад хүүхэд харах, хамгаалах үйл ажиллагаа явуулдаг 136 төв байгаагийн 132 нь олон улсын байгууллага, гадаадын төрийн бус байгууллагын санхүүжилттэй. Дөрөвхөн нь улсын төсвөөс санхүүжилт авдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын цаана ний нуугүй хэлэхэд шашны чиглэлийн үйл ажиллагаанууд байгааг үгүйсгэх аргагүй шүү дээ. Үр хүүхдүүдийг маань өсч торниж, төлөвшиж байгаа үед нь гадны шашны урсгалаар тархийг нь цэнэглэвэл яах билээ. Тиймээс төр засаг хүүхдийн сайн сайхны төлөө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, бодлогоор дэмжих учиртай. Өмнөх жилүүдэд хүүхэд хамгааллын зардалд хоёр тэрбум төгрөг төсөвт тусгаж, 95 хувийг нь хүүхэд хамгаалах чиглэлийн төрийн байгууллагуудын ажилтнуудын цалинд зарцуулж, үлдсэн тавхан хувийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулдаг байсан юм билээ. Үүнийг үндсээр нь өөрчилж байгаа.

-Та түрүүн хариуцаж байгаа салбаруудынхаа төсвийг нэмэгдүүлсэн гэж дурдсан. Соёл, шинжлэх ухаан, спортын салбарт ямар ахиц гарсан юм бэ?

-Зөвхөн боловсролын салбар гэж туйлшралгүй соёл, спорт, шинжлэх ухааны салбаруудын хөгжлийг сайн төлөвлөж, ижил жигд түвшинд авч явах нь миний үүрэг. Дэргэдээ сайдын зөвлөл, бодлогын зөвлөл ажиллуулна. Биеийн тамир хөгжүүлэх санд өнгөрсөн жилд 1 тэрбум төгрөг баталсан юм билээ. 2020 оны олимп болох хугацаа ойртож байхад манай тамирчид бор зүрхээрээ оролцоод ирэг, амжилт гаргачихдаг юм гээд тоомжиргүй хандаж болохгүй. Спортын ялалт амархан ирдэггүй. Тамирчны тэвчээр, бэлтгэл сургуулилт, дасгалжуулагчийн нөр их хөдөлмөр, багийн зүтгэлээс гадна төр засгийн дэмжлэг, хөрөнгө хүчний туслалцаа зайлшгүй хэрэгтэй. Тийм болохоор л улс орнууд олимп дуусаад маргаашнаас нь л дараагийн олимпт бэлдэж эхэлдэг. Спорт нь хүүхдийг зөвхөн эрүүл чийрэг байлгахад нөлөөлдөг бус, сэтгэхүйн хувьд ч тэвчээр хатуужилтай, ухаалаг болгодог гэдгийг шинжлэх ухаан нотолчихсон. Нийгмийн аль ч хэсэгт хамгийн хүчтэй нөлөөлж чаддаг зүйл бол спорт гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Том утгаараа спорт бол ард түмнийг эвлэлдэн нэгтгэж чаддаг агуу их хүч. Хэрвээ 2020 оны олимпт манай тамирчид одтой, амжилттай байж чадвал монгол хүүхдүүдийн үлгэрлэн дуурайх, спортоор хичээллэх хүсэл зоригийг улам л бадраана шүү дээ. Энэ үүднээс асуудал тавьж, биеийн тамир спортын бодлогыг дэмжих талаар ярилцаж, төсөв 2.1 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байгаа. Шинжлэх ухааны салбарт Монголын төр онцгойлон анхаарах ёстой. Тогтвортой хөгжлийн тухай ярих гэж байгаа бол эхлээд шинжлэх ухаанаа, эрдэмтэн судлаачдаа дэмжих, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээс өөр гарц байхгүй. Энэ жилийн хувьд огцом нэмэгдэж чадаагүй ч шинжлэх ухааны зардал 3.5 тэрбум төгрөг болж өссөн байгаа. Их сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааг шинэ шатанд гаргах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдыг бэлтгэх ажил маш чухлаар тавигдаж байна. 2024 он гэхэд Монголоос 4 их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд оруулах зорилтыг өмнөх Засгийн газар дэвшүүлээд ажиллаж байсан. Бид түүнийг нь үргэлжлүүлэн ажиллаж байна. Тиймээс их, дээд сургуулиудаа бодлогоор дэмжих, төрөөс хөгжилд хөтөлсөн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар онцгой анхаарал хандуулах болно. Хөгжингүй орнуудын туршлагаас харахад их, дээд сургуулиуд зөвхөн сургалт явуулдаг биш судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлдэг болсноор сургалт-судалгааны их сургуулиас судалгаа-сургалт-үйлдвэрлэлийн гэсэн хэв шинжид шилжсэн дүр зураг харагдаж байна. Тиймээс бид их, дээд сургуулиудыг зөвхөн сургалт дагнасан байдлаар хөгжүүлэхэд чиглэсэн уламжлалт бодлогоо эргэн харах цаг болсон гэж үзэж, дүгнэж байгаа. Мөн түүнчлэн ШУА-ийг өөрийн гэсэн байртай болгож, академийн харьяанд ажиллаж буй шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд бие даасан орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орчныг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Ийм орчинг бүрдүүлж чадвал эрдэмтэд маань хүн төрөлхтөний хөгжлийн уриа болгосон шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжлийг буухиалан авчирч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Шинжлэх ухааны салбараа үл тоосон үндэстэн хөгждөггүй. Багш, эрдэмтэн, инженер, агрономич, технологийн нарийн мэргэжилтнүүдийнхээ оюуны бүтээгч чадварыг ашиглаж чадахгүй байна шүү дээ?

-Ойрын үед, дунд хугацаанд, алсдаа буюу 20 жилийн хугацаанд шинжлэх ухааны салбар ямар стратеги барьж хөгжих вэ гэсэн концепц боловсруулах ажлын хэсэг байгуулна. Олон салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулна. Ерөнхийдөө бодлогын концепци тодорхой болж, бодлогын баримт бичиг гараад ирэхээр боловсон хүчнээ ямар байдлаар ажиллуулах, хэр хэмжээний төсөв хөрөнгө шаардагдах, хэрхэн хөгжүүлэх дүр зураг тодорхой болно. Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаанд зориулалтаар хуваарилагдаж байгаа хөрөнгийг бид нар үр дүнтэй ашигладаг зөв хандлагад суралцах хэрэгтэй байна. Хэн нэгэн дарга даамал эсвэл танил талынхаа хүнийг дэмжээч гэхээр цохолт хийж өгдөг биш ямар үр өгөөжтэй судалгаанд, ямар шилдэг бүтээлд хөрөнгө хуваарилах вэ? гэсэн шалгууруудыг маш тодорхой болгож, түүнийгээ хэрэгжүүлж байж шинжлэх ухааны салбар босч ирнэ гэж харж байгаа. Мөн шинжлэх ухааны салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны олон салбарт хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагууддаа манай яам гүүр болж ажиллана.

-Монгол үндэстний даяарчлалын эринд оршин тогтнох дархлаа нь яах аргагүй өв соёл. Гээгдсэн салбараа ирэх жилүүдэд хэрхэн өөд татах бол гэдэг нь сонирхол татаж байна л даа?

-Соёл урлагийн салбарт төрөөс хэрэгжүүлж ирсэн бодлогын залгамж чанар сүүлийн 20 гаран жилийн хугацаанд алдагдсан. Манай уран зургийн галерей гэхэд л түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Хадгалалтын стандартад нийцсэн зориулалтын сан хөмрөгийн өрөөгүй гээд бүгдийг тоочоод байвал олон л асуудал хөвөрнө. Хэдийгээр төр засгаас улсын сан хөмрөгийг баяжуулахад тодорхой хэмжээгээр анхаарч байгааг үгүйсгэж болохгүй ч, уран бүтээлчдээ үнэлэх үнэлэмж нь үнэхээр доогуур байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй ээ. Соёл урлагийг дэмжих сан өмнө нь нэг тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол энэ жил 2.1 тэрбум болж нэмэгдсэн байгаа. Үүнийг бид хүүхдийн кино, монгол контентыг дэмжих чиглэлд зарцуулна. Сүүлийн жилүүдэд гадны соёл маш ихээр түрж орж ирэх боллоо. Телевизийн олон ангит уран сайхны кино, хүүхэлдэйн кино ихэнхдээ гадны контент байна.

-Дунд сургуулийн сурах бичгийн чанарын талаар иргэд их гомдолтой байх юм. Агуулгын хувьд ч, мөн дүрмийн алдаа их байна гэж шүүмжилдэг. Бас уран зохиолын хичээлийг бага ангийн хөтөлбөрөөс хассныг эргэж харах уу?

-Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх үйл ажиллагаанд цогц байдлаар дүн шинжилгээ хийнэ. Даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцөд Монгол хүн Монголоороо үлдэх тэр дархлаа бол соёл урлагийн бодлогоор дамжиж үлддэг. Тийм учраас цэцэрлэгтээ ямар монгол дуугаа дуулж сурах, дунд сургуульдаа ямар уран зохиолын ном уншсан байх гэх мэтчилэн сургалтын хөтөлбөр, сургалт нь соёлынхоо бодлоготойгоо хамт явж байх ёстой. Нэг зүйл тодруулж хэлэхэд, дөрөвдүгээр ангид уран зохиолын хичээл ордог байсныг бүтэн гурван жил алгасаад долдугаар ангиас нь ордог болоод хэдэн жил болсон байна. Яг уншиж сурах, сууж сурах, ойлгож сурах насанд нь Монголынхоо уран зохиол, үндэстнийхээ тэр уламжлагдаж ирсэн домог түүх, үлгэрийг хүүхдүүддээ уншуулж, ухамсар, сэтгэхүйд нь үлдээх ёстой байтал орхигдуулсан. Үүнийг засч өөрчлөхийн төлөө ажиллана аа.

-Шинээр олон сургууль, цэцэрлэгийн барилга барихаар хөрөнгийг шийджээ. Гэхдээ зураг төслийн боловсруулалт, тендерийн маргаан, ажлыг хойшлуулах зэргээс болоод хугацаа алддаг. Энэ байдлыг яаж шийдэх вэ?

-Үр дүнтэй, хариуцлагатай, зохион байгуулахын тулд би яаман дээрээ тендер зарлаад, зохион байгуулаад байя гэж бодохгүй байгаа. Орон нутагт нь маш хариуцлагатайгаар эрхийг нь шилжүүлээд тендерийг ил тод, нээлттэйгээр сонгон шалгаруулж барилгын ажлыг зэрэг эхлүүлэхгүй бол цаг хугацааны хувьд хэрэгжүүлэх боломжгүй болно. Төсөв, бичиг цаасны ажлыг нь өвөл 12, нэгдүгээр сард хийгээд хавар барилгын ажлыг цаг алдахгүй эхлүүлье гэсэн чиг барин ажиллаж байгаа. Зураг төслийг бүгд өөр өөрөөр хийнэ гэж хөрөнгө зарлагадаж, хугацаа алдахгүйгээр шийдэх гарц байгаа. Нэг стандартаар, нэг зураг төслөөр сургууль, цэцэрлэгийг баривал зураг төсөлд зарцуулах хөрөнгийг хэмнэх боломж бий. Саяхан Жайка олон улсын байгууллагын суурин төлөөлөгчтөй уулзахад Монголын газар, хөрсний шинжилгээг Японы инженерүүд ирж хийгээд зургийг нь гаргаад өргөтгөл, шинэ сургууль барих гэж байна. Тэгвэл тэр зургийг яагаад авч Улаанбаатар хотод баригдах сургуулиудад ашиглаж болохгүй гэж.

-Та сайдаар томилогдохоосоо өмнө халаа сэлгээ хийнэ гэдгээ зарласан. Гэтэл өнөөг хүртэл таг чиг. Хэрэгжүүлэхээ больж байгаа юм уу?

-Хална гээд үзэгний үзүүрээр хүний хувь заяагаар тоглох асуудал бишээ. Би нэг зүйлийг Боловсролын салбараас эхлүүлье гэж бодож байгаа. Яамныхаа ажилтнуудын дунд аттестачлал явуулна. Аттестачлал явуулах журмаа батлаад 12 дугаар сараас хэрэгжүүлнэ. Ажлын байран дээрээ тэнцэж байгаа нь үлдээд, тэнцэхгүй байгаа хүний оронд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Энэ шалгуураар мэргэжлээрээ ажиллах чадварлаг хүмүүс яаманд орж ирнэ гэдэгт итгэж байгаа. Би хэн нэгэн танил хүнээрээ энэ яамыг дүүргэхгүй ээ. Өнгөрсөн хугацаанд манай яамтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ЭСЯ, Олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Бүгдийнх нь амнаас нэг л үг сонсч байна. Яамны ажил дэндүү удаан, ажил явдаггүй гэцгээж байна. Хятадын буцалтгүй тусламжаар долоон сургууль, 1 цэцэрлэгийг өнгөрсөн жил барих байсан. Бүтэн жил тендерийн хороо, үнэлгээний хороон дээр асуудал үүсээд явуулаагүй байх жишээний. Би сая сарын дотор очоод цэгцэлсэн. Хятадын ЭСЯ-наас уулзаад та үнэхээр жил яваагүй асуудлыг сарын дотор шийдлээ, баярлалаа, одоо бид энэ мөнгөө алдахгүйгээр ажиллана гэж байна. Учир нь ашиглаагүй мөнгийг оны сүүлээр буцаан таталт хийдэг, хайран биз дээ. Төрийн байгууллагын хүнд суртлаас болоод цаана нь өчнөөн хүүхэд шинэ сургууль, цэцэрлэгтэй болох боломжоо алдана гэдэг дэндүү харамсалтай шүү дээ.

-Таныг ажлаа авахад багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцээд эхэлчихсэн байсан. Багш нартай юун дээр тохирсон болоод ажил хаялт зогсов?

-Томилогдож ирснийхээ маргааш өдөр нь багш нарын төлөөллийг хүлээж авч уулзсан, асуудлыг нь сонссон, ярилцсан. Бараг 21 хоногийн турш л хамт байлаа. Улаанбаатар хотын 122 цэцэрлэг, 78 сургууль ажил хаясан гэдэг чинь бараг 50 хувь нь ажил хаялтад оролцсон гэсэн үг л дээ. Гэхдээ гудамжинд гарч жагсаагүй. Ажлынхаа байран дээрээ ийм нөхцөл байдал үүсч байна гэдэг чинь багш нар үндсэндээ эцсийнхээ арга хэмжээг л авч байгаа хэлбэр. Төр засаг сонсоосой, анхаарч асуудлыг маань шийдээсэй л гэсэн тэмцлийн арга. Ийм нийгмийн шинж чанартай асуудал үүссэн учраас ажил хаялт зарласан өдөр шууд Ерөнхий сайдтай уулзаж нөхцөл байдлыг танилцуулсан. Үдээс хойш нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, бид хоёр багш нарын төлөлөөлтэй уулзалт хийсэн. Энэ уулзалтыг маш үр дүнд хүрсэн гэж боддог.

Хэлэлцээр олон хоног үргэлжилсэн ч саяхан шийдэлд хүрч, намайг АСЕМ-ын хуралд яваад ирэхэд гурван талаас хамтарсан хэлэлцээртээ гарын үсэг зурсан байсан. Цалин, урамшуулалтай холбоотой асуудлыг нь Сангийн яам, ХНХЯ-тай зөвшилцөж нэгдсэн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд оруулна. Урьдчилсан байдлаар харахад багш нарт сар бүр олгох урамшууллыг нэмэгдүүлэхээр ярилцаж байна. Олон давхардсан журмуудыг цэгцэлж, урамшууллыг ажлаа сайн хийсэн багш 45 хувь хүртэл авах нөхцөлийг бүрдүүлнэ. Гэхдээ цалин нэмэгдүүлэх болон бусад асуудлыг хойш тавьж болохгүй. Сүүлийн 20 гаруй жилд боловсролын салбарын хүндийг багш нар үүрч ирсэн юм шүү дээ. Тийм болохоор багшийн ажлыг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, багш нараа сургах, үнэлгээний систем нэвтрүүлэх, сургалтын орчныг сайжруулах, сурах бичгийн асуудлыг оновчтой шийдэх, гурван ээлжээр хичээлүүлэхгүй байх, нэг багшид ногдох хүүхдийн тоог бууруулах гээд олон талаас нь судалж, ерөнхий зураглал гаргаж байгаа. Зөвхөн цалингийн асуудлыг шийдчихвэл сайхан болчихно гэвэл дэндүү өрөөсгөл болно. Ингэж цогцоор нь харж, төлөвлөлт гаргаснаар аль нь нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай вэ? гэдэг зарчмаар дараалал тогтоож, 2018 оны сайдын багцад хуваарилагдсан төсвөөс тулгамдсан ямар асуудлаа түрүүнд нь шийдэх үү гэдгээ тодорхой болгож байгаа. Тодруулж хэлбэл, 21 хоног хамтарч ажилласны үр дүнд багш нарынхаа оролцоотойгоор өөрсдийнх нь асуудлыг шийдэх дүр зургаа гаргалаа гэсэн үг.

-Цалин нэмэхгүй гэсэн үг үү?

-Улс орны эдийн засаг, төсвийн нөхцөл байдал, ОУВС-ийн шаардлагаас үүдээд 2019 он хүртэл төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжгүй байгаа. Төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгоход зориулан энэ жил 56.2 тэрбум төгрөг төлөвлөсөн. 2018 онд ч энэ урамшуулал үргэлжилнэ. Хэлэлцээрт тусгаснаар багш нарт олгох үр дүнгийн урамшууллын хувь хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ хууль батлагдвал ямар боломж нээгдэх юм бэ?

-УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн ордонд саяхан зохион байгуулсан. Бид хуулийнхаа үзэл санааг тойрон ярилцаж багшийн хөгжлийн хууль гэх үү, багшийн хөгжлийг дэмжих хууль гэх үү гэдэг дээр цаашид бодолцох асуудлууд нэлээд бий. Хөгжлийг хуульчлах асуудал байж таарахгүй байх. Хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчин, зохицуулалт зайлшгүй. Энэ утгаар нь багшийн хөгжлийг дэмжих хууль гэдгээр цаашид хуулиа нэрлэж, концепцийг нь гаргаад явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Монгол Улсын хэмжээнд 35 мянган багш байна. Багш хүн өдөр бүр хөгжиж байх ёстой. Энэ хуулийн хүрээнд сургууль, цэцэрлэг бүр дээр багшийн хөгжлийн төв байгуулах юм. Сайн багшаас сайн сурагч төрнө гэсэн зарчмыг үндэслэн үнэлгээний шинэ журмыг боловсруулж байгаа. Үнэхээр ажлаа сайн хийж байгаа бол өндөр цалин өгье. Шаардлага хангахгүй байгаа бол цалин хөлстэй нь хариуцлага тооцох зарчим барина. Нэг багш 60 хүүхдэд хичээл зааж байна. Хуулийн төслийг баталбал багшийн мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутнуудыг туслах багшаар ажиллуулах боломж бүрдэнэ. Туслах багштай байна гэдэг олон улсын жишиг юм.

-Үнэлгээний системийн талаар тодруулахгүй юу?

-Сүүлийн 20 гаруй жил багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлэх сайн систем байсангүй. Багшийн ажлыг үнэлдэг тогтолцоог бий болгохын тулд журмаа боловсруулж багш нартайгаа ярилцаж байж шийднэ. Багш ур чадвараа сайжруулж, суралцагчдын сурлагын амжилт дээшлэх тусам өндөр урамшуулал авдаг болбол боловсролын тогтолцоонд ч чанарын ахиц гарна гэж тооцоолж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Эрдэнэжамъян: О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын зарлаж байгаа хуралд санаатай буюу санамсаргүй гэх нэрийдлээр очсон бол намын гишүүнээс хасагдсанд тооцох болно

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.


-МАХН-ынхан уржигдар хоёр талд хэвлэлийн хурал хийлээ. Энэ арванхоёрдугаар сарын 16,17-ны өдрүүдэд танай намын Их хурал болно гэсэн мэдээллийг О.Баасанхүү гишүүн өгч байгаа. Намынхаа хурлаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?

-Би намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын зарлаж байгаа хуралд МАХН-ын гишүүн нэг ч хүн очихгүй гэдгийг мэдэгдэж байна. Хэрвээ тэр хуралд санаатай буюу санамсаргүй гэх нэрийдлээр очсон бол намын гишүүнээс хасагдсанд тооцох болно. Угаасаа цаад санаа зорилго нь МАХН-ыг устгах, шинээр нам байгуулах, улмаар улс төр, эдийн засгийн буруу бүлэглэлд үйлчлэх зорилгоор зохион байгуулагдаж буй хуралд оролцсон бол ойлгож уучлах арга байхгүй. Хууль бус хуралд оролцсон л бол намын аль ч шатны байгууллагын албан тушаалд сонгох, томилох, улмаар сонгуульд манай намын зүгээс ямар нэг хэлбэрээр оролцуулах талаар яриа байхгүй гэдгийг хатуу сануулж байна. Манай намын дүрэмд намын Их чуулганыг Намын дарга, Бага чуулган зарлан хуралдуулах бүрэн эрхтэй. 2018 онд МАХН-ын Их Чуулганыг хуралдуулах төлөвлөгөө бий. Нэгэнт намын Их чуулган хуралдвал Намын даргын сонгууль болж таарна. Хэн, хэн өрсөлдөх талаар ярих арай эрт байна. Хууль, дүрэм зөрчиж, намын нэр барин залилан хийгээд явбал бид хуулийн байгууллагад нь хандах болно.

-МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх хүлээн авахаас татгалзсан. Энэ ямар хүсэлт байсан бэ. Шүүх татгалзчихаар цаашид яах вэ?

-Манай нам Сонгуулийн хууль, тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дотоод бүтэц зохион байгуулалтаа өөрчилж, 76 тойрог тус бүр намын мянгатыг байгуулах журам гаргасан. Үүнийгээ дүрмийн хэмжээнд оруулахаар 2016 оноос эхлэн ажиллаж байна. Нэгэнт дүрмийн өөрчлөлт яригдаж эхэлсэн учраас намын гишүүд, хяналт ёс зүйн хорооны зүгээс намын гишүүнтэй хариуцлага тооцдог болох, намын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зохицуулалт хэрэгтэй байна гэж үзсэн. Ийм утгатай дүрмийн өөрчлөлтийг өнгөрсөн 19 дүгээр Бага чуулганаар шийдвэрлэсэн. Улс төрийн намын тухай хуульд намын Их хурлын чөлөө цагт намын төлөөллийн төв байгууллага нь намын дүрмэнд өөрчлөлт оруулж болох тухай заалт байдаг. Үүний дагуу хуулийн хүрээнд Улсын дээд шүүхэд намынхаа дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр өгсөн. Харин УДШ зөвхөн Их хурлаараа дүрмийн өөрчлөлтөө бүртгүүл гэсэн шийдвэр гаргаж бүртгэхээс татгалзлаа. Улс төрийн намын тухай хуулиар УДШ зөвхөн Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцсэн эсэхийг л хянах ёстой байтал МАХН-ын дүрмэнд Бага чуулган дүрмийн өөрчлөлт хийх эрхгүй байна гэж үзсэн. Тиймээс 2018 онд хуралдах Намын Их чуулганаар энэхүү дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн, дахин УДШ-д бүртгүүлнэ. УДШ манай намын дүрмийг ягштал баримтлах шаардлага тавьж байгаа нь О.Баасанхүүд ч хамааралтай. УДШ-ийн шүүгчид О.Баасанхүүд намынхаа дүрмийг баримтлах, хэрвээ намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар элдэв гомдолтой байгаа бол шүүхэд биш намынхаа хяналт ёс зүйн хороонд хандахыг зөвлөсөн. Бас намынхаа дүрмийг баримталж ажиллахыг сануулсан.

-Яг одоо УИХ-ын гишүүн О.Баасанхүү танай намын гишүүн мөн үү. Танай нам парламентад төлөөлөлтэй нам мөн юм уу үгүй юу?

-Хэлбэрийн хувьд гишүүн хэвээрээ мэт, харин бодит байдал дээр намын гишүүн биш болсон. Нам ч мөн адил хэлбэр талаасаа гишүүнтэй мэт, харин бодит байдал дээр гишүүнгүй нам. Улс төрийн нам гэдэг бол үзэл санаагаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл шүү дээ. Гэтэл О.Баасанхүүд тийм итгэл үнэмшил, МАХН-тай ижил үнэт зүйл байхгүй болсон. Гурван жишээ л хэлье. Нэгд. Эрдэнэтийн 49 хувийг хууль бус аргаар нэг хэсэг бүлэглэл авах гээд байна гэдгийг МАХН-аас Засгийн газрын гишүүн байсан Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон нар эсэргүүцэж, мэдэгдэл хийж анх олон нийтэд мэдэгдсэн. Улмаар миний бие Орхон аймагт ажиллан Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өгөх, Эрдэнэтийн иргэдэд давуу эрхийн хувьцаа олгох талаар гарын үсэг цуглуулан хуулийн төсөл боловсруулсан юм. УИХ дахь ганц төлөөлөл, Эрдэнэтээс сонгогдсон гэдэг утгаар нь О.Баасанхүүгээр өргөн бариулъя гэж үзсэн юм. Энэ үеэс эхлээд О.Баасанхүү нам дээр огт үзэгдэхээ байж, утсаа ч авахгүй болж зугтсан. Гэтэл Эрдэнэтийн 49 хувийг авсан Худалдаа хөгжлийн банк, Б.Хурц нарын талд орчихсон ажиллаж байсан юм билээ. Үүнийг ард түмэн тэртээ тэргүй мэдсэн.

Хоёрт: МАХН Дээд хууль буюу шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлж эхэлсэн. Гэтэл О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нар хэлэлцүүлэгтээ урьсаар байтал нэг ч удаа ирээгүй мөртлөө Төрийн ордонд хэд хэдэн удаа эсрэг хэлэлцүүлэг хийж, ХМХ-ээр удаа дараа гутаасан мэдэгдэл гаргасан.

Гуравт: МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын эсрэг ажилласан. Тэр бүү хэл сонгуулийн хууль зөрчсөн самбар Орхон аймагт хэд хэдийг өөрөө дур мэдэн байршуулсан. Шүүхээс манай намыг торгох, нэр дэвшигчийн нэрийг татуулах хүртэл шийтгэл оногдуулахаар завдсан ба нам энэ хэрэгт огт хамаагүй гэдгээ нотолсон учраас бие төлөөлөгчөөр нь ажиллаж байсан Чинбат гэдэг залуу торгуулаад өнгөрсөн. Энэ шийтгэлийг хүлээсэн О.Баасанхүүгийн бие төлөөлөгч Чинбат одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байгаа шүү дээ.

Ер нь манай нам луйвардуулаад луйвардуулаад ердөө 900 хүний саналаар дутаж гуравт орсон байдаг. Хэрвээ 900 хүн манайд санал өгсөн бол М.Энхболдоос илүү гарчих байлаа. Тэгэхлээр Манай намын ёс зүйн дүрэм, хэм хэмжээний дагуу намын эсрэг, нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан О.Баасанхүү тэргүүтэй хүмүүстэй ёс зүйн хариуцлага тооцно. Тиймээс нэр дээрээ манай намын гишүүн мэт царайлж байгаа боловч үнэн хэрэгтээ аль хэдийн үйлдэл, үзэл бодлоороо огт өөр нам, бүлэглэлийн гишүүн болчихсон хүн.

-О.Баасанхүү намын дарга болох сонирхлоор Н.Энхбаяртай зөрөлдсөн гэж үнэн үү?

-Үнэн шүү дээ. Намын дарга болчихоод Эрдэнэтийн 49 хувь гэх мэт улс төр бизнесийн бүлэглэлд үйлчлэх санаатай юм байлгүй.

-МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн С.Ганбаатар танай намд ямар албан тушаалтай байгаа юм бэ. Танай намд ёс зүйн дүрэм гэж байдаг уу. С.Ганбаатар гадны хүнээс мөнгө авч хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон?

-Сонгуулийн дараа хуралдсан Бага чуулганаар сонгуулийн тайланг хэлэлцэж дүгнэсэн. Намын зүгээс болон нэр дэвшигчийн зүгээс сайн ажилласан гэж дүгнэлт гаргасан. Хэдийгээр луйвардуулсан гэдгийг ард түмэн харсан ч гэлээ ноёны бөхийг давуулдаг хөлийн цэц сонгуулийг зохион байгуулж байгаа учир арга байсангүй. Далайцэрэн давсан гэдгийг та ч харлаа би ч харлаа, ард түмэн бүгдээрээ л харлаа шүү дээ. Сонгуулийн өмнө ба явцын дунд хийгдсэн бүх л судалгааны үр дүн С.Ганбаатар бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болохыг харуулж байсан. Хоёр дахь шатанд С.Ганбаатар үлдэх нь тодорхой, нэгэнт хоёр дахь шатанд үлдвэл нөгөө хоёрын хэнтэй ч тунасан С.Ганбаатар давах байсан юм. Харамсалтай нь ноён, хөлийн цэц, арван тавны цагдаа бүгд нийлж байгаад л хөөлөө шүү дээ. Гэхдээ дахин хэлэхэд энэ бол манай намын гишүүд дэмжигчдэд ялалтын мэдрэмжтэй сонгууль болж өнгөрсөн учраас бид С.Ганбаатарыг намын дэд даргад нэр дэвшүүлэн сонгосон. Тагнуулын байгууллага С.Ганбаатарын эсрэг ажиллагаа явуулсан гэдгийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулган дээр мэдэгдлээ шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Малчдад хямд өвс тэжээл очих, гурилын үнийг тогтвортой байлгах бодлогын алхам хийгдлээ

УИХ-ын гишүүн, хүнс өдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой ярилцлаа.


-Шинэ Засгийн газарт чухал салбар хариуцсан сайдаар томилогдоод та багагүй хугацаа өнгөрч байна. улс орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр гээд томоохон салбарыг зангидсан яамыг удирдаж эхэлснээс хойш хийж буй ажлын чинь талаар ярилцлагаа эхэлье?

-Засгийн газрын гишүүнээр томилогдоод 43 дахь хоногтоо тантай ярилцаж сууна. Уул нь би үр дүн нь гараагүй байгаа ажлаа ярих дургүй. Гэхдээ танай сонины уншигчдыг хүндлээд таны урилгыг хүлээн авч бодож байгаа, зорьж байгаа, эхэлчихсэн ажлуудаа ярья. Таны хэлснээр маш чухал салбарт буюу энэ салбартаа би шинэ хүн биш учраас салбартайгаа танилцаж цаг үрсэнгүй. Өмнө эхлүүлчихсэн, огт орхиогүй авч явсан ажлуудаараа би энэ салбартай байнга холбоотой явсан.

-Тодорхой хугацаанд дэд сайдаар ажилласнаа та хэлж байна уу. Тухайлбал, эхлүүлсэн ямар ажлуудаа орхиогүй хийж ирэв?

-2015-2025 он хүртэлх ойрын арван жилд Хүнс хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулалцаж батлуулалцсаны хувьд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хөгжлийн хувьсгал хийх цаг үе ирсэн гэдэг миний итгэл үнэмшил бий. Энэ итгэл үнэмшлээрээ дэд сайдаар ажиллаж байхдаа ч, УИХ-ын гишүүний хувиар ч анхаарлаа байнга хандуулж байсан. Эхлүүлсэн орхиогүй ажлуудаасаа бодит үр дүн гарч эхэлснээс нь хэлбэл, мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр анхны ажлын хэсгийг нь ахалж ажиллаж байсан. Энэ ажлын хэсгийн эхлүүлсэн олон ажил үе шаттайгаар хэрэгжиж явсны үр дүнд сүүлийн арван жилд анх удаагаа махны экспорт 20 мянган тонноос давлаа.

-Манай улс өвлийг өнтэй давах нь уу. Энэ жил зуд болно гэцгээгээд малчид зарим аймаг руу нүүцгээж байсан?

-Одоогоор нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Өдөр болгон шахуу их, бага хэмжээгээр нэмж орж байгаа цаснаас шалтгаалж дагтаршсан бүрхүүл тогтож эхэлж байгаа нь хамгийн санаа зовоож байгаа юм. Энэ жилийн зуншлагаас шалтгаалан малчдын түвшинд өвс, тэжээлийн хангалт муу байгаа.

Тиймээс малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж зээл олгон дутагдаж байгаа өвс, тэжээлийг ОХУ-аас импортлон аймаг сумдад хүргэж, хамгийн бага үнээр борлуулахаар өвс, тэжээлийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэ сарын дундуур импортоор оруулж ирсэн малын тэжээл худалдаанд гарч эхэлнэ. ХХААХҮЯ өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг аймгуудаас авч, дүгнэлт хийж, шаардлагатай үед тулгамдсан асуудлыг Улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлж ажиллах зорилгоор “Шуурхай штаб”-ыг байгуулан ажиллуулж байна.

Учирч болзошгүй цаг үеийн онцгой нөхцөл байдалтай уялдуулаад малчдын зүгээс авах хоёр арга хэмжээ байгаа. Мал махны борлуулалт, өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх. Тийм учраас бид үүн дээр нь бодлогоор дэмжиж махны борлуулалтыг нэмэгдүүлэхээр үржлийн бус бог малыг экспортлох буюу хөлөөр нь гаргах Засгийн газрын тогтоол гаргуулсан.

Энэ жил манай улс ургацынхаа 60 хувийг алдсан. Саяхан Засгийн газраас импортоор авах малын тэжээл, өвс, хүнсний үрийн буудайг ОХУ-аас Гаалийн татвараас чөлөөлөх шийдвэр гарсан. Энэ нь яг малчдад бодит дэмжлэг болох уу. Эсвэл тодорхой бизнесийн бүлэглэлд ашиг өгөх үү гэдэг асуудал бий?

-Засгийн газар “Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх” тухай хуулийг өргөн барьж батлууллаа. Энэ хуулиар 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225 мянга хүртэл тонн хүнсний улаанбуудай, 10 мянга хүртэл тонн үрийн улаан буудайг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт хийгдэж байгаа юм. Ингэснээр өнөөдөр дутагдалтай байгаа 50-иас дээш мянган тонн хүчит тэжээлийг импортоор авах болон шаардлагатай байгаа 225 мянган тонн улаанбуудайг импортлон авч малчдад хямд өвс тэжээл очих, гурилын үнийг тогтвортой байлгах бодлогын алхам хийгдлээ. Энэ бодлого малчид тариаланчдаа дэмжих зорилготой бодлого. Зорилгоо ч биелүүлнэ. Хивгээр жишээ авъя л даа. Тэжээлийн хивэгний үйлдвэрийн үнэ кг нь 420-450 төгрөгөөр харин гадна худалдаанд кг нь 500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тэгвэл импортоор орж ирж байгаа тэжээлийн хивэгний тухайд хууль батлагдахаас өмнө тендерт шалгарсан аж ахуй нэгжүүдийн хамгийн хямд худалдан борлуулах үнэ өрсөлдсөөр 420 орчим төгрөгөөр эцсийн шалгаруулалтад орсон. Одоо “Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх” тухай хууль батлагдсаны дараа үнээ дахин буулгах хэлцэл явагдахад 375 орчим төгрөг болж байна. Эндээс хэн хожих нь ойлгомжтой байгаа биз дээ. Ер нь бол 12-16 хувиар үнийг буулгаж чадах дүр зураг харагдаж байна. Тодорхой бизнесийн бүлэглэлд ашиг өгөх үү гэж та асуусан. Бүлэглэлсээд байх юм байхгүй дээ. Бүх сонгон шалгаруулалт олон нийтэд нээлттэй зарлагдаж нийтдээ 58 аж ахуй нэгж өрсөлдсөнөөс 29 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулсан. Эдгээр аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулахдаа худалдааны туршлага, тэжээл борлуулах боломжийг нь судалж бүгдтэй нь бодлогын, зээлийн, барьцааны гэсэн гэрээг үе шаттайгаар байгуулсан. Дээрээс нь зээлийн мөнгөө зориулалтын бус зүйлд зарцуулахаас сэргийлж 25/75 хувийн харьцаагаар буюу 25 хувь нь үйл ажиллагааны зардалд 75 хувь нь зөвхөн нийлүүлэгчийн данс руу орох нөхцөлтэйгөөр зохицуулалт хийж өгсөн. Нэг зүйлийг зориуд тодотгож хэлэхэд энэ хууль зөвхөн зээлд хамрагдсан аж ахуй нэгжүүдэд зориулагдсан зохицуулалт биш. Өвс тэжээл импортоор оруулж ирж байгаа бүх аж ахуй нэгжүүдэд хуулийн хугацаандаа ижил үйлчлэх хууль юм шүү.

-Гаалийн татваргүйгээр өвс, тэжээл ороод ирлээ. Малчид нэг тонныг нь хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ. Малчдад бэлэн мөнгө хомс байна?

-Өвс тэжээлийн борлуулалтыг аж ахуй нэгжүүд өөрсдөө хийнэ. Бидний харж байгаагаар гурван арга зам байна. Нэгдүгээрт мэдээж бэлэн мөнгөөр худалдан авах, хоёрдугаарт өвс тэжээл борлуулж байгаа аж ахуй нэгжүүд үнийн дүндээ мал мах авах эсвэл мал мах бэлтгэж байгаа аж ахуй нэгжүүдтэй гэрээлж ажиллах. Гуравдугаарт, 2017 оны ноос, арьс ширний урамшууллын дүндээ өвс тэжээл дүйцүүлэн авах гэх мэт. Ер нь бол борлуулалтын ихэнх хувь мал махаар байх болов уу.

-Газар тариалангийн салбарт яамнаасаа дэмжлэг ихээхэн өгдөг. Техникийн тусламж болон хөнгөлөлттэй зээл олгох, гаднаас үрийн буудай авах гэх мэтээр. Тариалан эрхлэлтийг дэмжих сан ажилладаг. Тэгсэн хэрнээ энэ жил гэхэд ургацынхаа 60 хувийг алдчихсан ОХУ-аас авч байна. ОХУ-аас үрийн буудай нэрэн дор чанарын шаардлага хангахгүй буудай оруулж ирдэг тухай яриа гарч байсан?

-Энэ жилийн ургац алдалт цэвэр байгалийн давагдашгүй хүчин зүйл цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас стратегийн бүтээгдэхүүн гурилын хангамж, үнийг тогтвортой байлгах, 2018 оны тариалалтад дутагдах үрийн буудайн нөөцийг бүрдүүлэхээр төрөөс бодлогоор зохицуулалт хийж “Үрийн буудай, хүнсний улаан буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл 15,5 хувиар татварыг бууруулж байгаагийн хэрээр хямд үнээр гурил, үрийн буудай орж ирэх ийм нөхцлийг бүрдүүлсэн гэсэн үг. Би бол энэ бодлогоос тариаланчид, ард түмэн, улс хожино гэж бодож байгаа шүү. Бизнесийн зорилгоор аж ахуй нэгжүүд гурил татваргүй оруулж ирээд зараад ашиг олоод байх боломж байхгүй. Жишээ нь, хүнсний улаан буудайн квотыг олгохдоо зөвхөн гурил үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд тодорхой шалгууртайгаар олгоно. Өнгөрсөн жилийн ургацаас авсан буудайн хэмжээ, мөнгө төгрөгөө цаг хугацаанд нь төлдөг эсэх, үйл ажиллагаа нь тогтвортой юу гэдгийг нь харна. Буудайн чанарын тухайд хяналтын байгууллага шат шатандаа хянадаг. Хилийн мэргэжлийн хяналт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрууд норм стандартынхаа дагуу хяналтаа тавиад хилээр нэвтрүүлдэг.

-Малын махыг гадагш гаргахыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Ерөнхий сайд сая “Мах маркет” ХХК-д очиж тус компанийн чадавхийг сайжруулахад анхаарна гэж хэлж байна лээ?

-Махны экспортыг нэмэгдүүлэх бүх боломжийг судалж тодорхой шийдвэрүүдийг гаргаж байна. 2016 оны тооллогоор мал сүрэг 61.5 сая толгойд хүрсэн. 27.8 сая хонь, 25.5 сая ямаа, 3.6 сая адуу, 4.0 сая үхэр, 400 мянган тэмээтэй. Дотоодын махны хэрэгцээ жилд 10-12 сая толгой мал, мах байна. Энэ хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй жилд есөн сая толгой мал, мах экспортлох нөөц байна. 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 21.5 мянган тонн мах ОХУ, БНХАУ, Казахстан, Япон, Иран, Катарт экспортолсон. Энэ тоог өнгөрсөн таван жилийнхтэй харьцуулахад махны экспорт тав дахин нэмэгдсэн байна. Мөнгөн дүнд шилжүүлэн үзвэл энэ онд 108 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүний экспорт хийгээд байгаа юм. Энэ дүн долоо дахин нэмэгдэх боломжтой гэсэн судалгааг манай яамнаас гаргасан. Энэ бол эдийн засгийн нөөц мөн. Ерөнхий сайд мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлынхаа хүрээнд дотоодын экспортлогч компаниудынхаа чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх бодлого барьж ажиллахыг үүрэг болгосон байгаа.

-Мал сайхан өсөөд 70 орчим саяд хүрчихлээ. Тиймээс хөдөө аж ахуйн салбарынхан хөөцөлдөөд жилд 15 сая хонь, ямаа экспортолж болно. Тэр мөнгөөрөө эдийн засгийнхаа хүнд нөхцөлийг шийдэж болно гэж та чуулган дээр хэлж, ярьж байсан?

-Үнэн шүү дээ. Нөөцөөрөө бол ийм боломж бүрэн дүүрэн бий. Малын эрүүл мэндийн асуудал хүндрэл учруулаад байгаа болохоос. Тийм л учраас малаа эрүүлжүүлье, тооноос чанарт шилжье, малынхаа ашиг шимээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гээд байгаа юм. Гадаад зах зээл бидэнд хангалттай байна.

-Таны томилгоотой холбоотой нэг яриа дуулдаж байсан. Таныг сайд болгох санал Ерөнхийлөгчөөс оруулсан гэж яригдаж, бичигдэж байсан. Сайд болох санал анх хэн, хэрхэн танд тавьсан юм бэ?

-Таны хаанаас ямар мэдээлэл авсныг би мэдэхгүй юм. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхээсээ өмнө салбар салбарын эрдэмтэн судлаачидтай санал солилцсон юм билээ. Намайг санал болгосон салбарын цөөнгүй хүн байсан гэж Ерөнхий сайд надад хэлсэн. Энэ нь миний сайных биш. Хувь тохиолоор ч гэх юмуу би энэ салбарын ойрын 10 жилд төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулахад оролцсон. Энэ баримт бичгийг ажил хэрэг болоосой гэж бодож явдаг хүмүүсийн дэмжлэг, даалгавар Ерөнхий сайдыг шийдвэр гаргахад нөлөөлсөн байх. Анх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүнээр ажиллуулах санал тавихдаа салбарын хөгжлийг юу гэж харж байна вэ гэж асуусан. Би өөрийн итгэл үнэмшлээ л ярьсан.

-Тухайлбал юу гэж ярьсан бэ?

-Их урт яриа болсон доо. Товчхондоо Хөдөө аж ахуйн салбарт хувьсгал хийх ёстой тэр нь хөгжлийн хувьсгал гэсэн санаа.

-Таны эзэмшсэн үндсэн мэргэжил юу вэ. Салбар удирдахад цаашид ямар бодлого барьж ажиллана гэж үздэг вэ?

-Анх эзэмшсэн мэргэжил маань савхин эдлэлийн эсгүүрчин. Ажлын гараагаа жирийн ажилчнаас эхэлж байлаа. Дараа нь эдийн засгийн чиглэлээр сурсан. Нэг л тодорхой юм байгаа шүү дээ. Салбарын хөгжлийг яавал богино хугацаанд түргэтгэж улс орны эдийн засагт нэмэр тус болох вэ гэдэг. Үүний тулд өөрөөс шаардагдах бүх нөөц бололцоогоо шавхана. Зорилгоо өмнөө тавиад хариуцлагыг өндөржүүлж зоригтой шийдмэг алхмуудыг хийнэ. Энэ миний салбар удирдахад барьж ажиллах зарчим. Салбарын хөгжлийн чиг баримжаа бол тодорхой. Газар тариалангийн бүс нутаг нь тодорхой, газар тариалангийн бүс хот суурин газраа түшиглээд эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрээ сэргээсэн, гурван сая иргэнээ экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангасан, экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлнэ гэсэн чиг баримжаатайгаар бүх бодлогоо гаргаад хэрэгжүүлэхээр зорьж явна. Одоогоос 15 жилийн өмнө Монгол Улс 20 гаруй сая малтай, эрчимжсэн мал аж ахуй уналтад орсон, улаан буудай жилдээ зуун мянган тонн орчим хураадаг, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл зогсонги байдалд орсон гэхэд хилсдэхээргүй байсан. Сүүлийн 15 жилийн дотор манай салбар яаж хөгжиж байгааг статистикийн үзүүлэлт харуулж байна. Мал өсөж 66.6 сая боллоо, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангадаг болоод удаж байна. Эрчимжсэн мал аж ахуй яаж хөгжиж байна. Одоо бид экспортын тухай ярьж байна. Цаашдаа экспортын чиг баримжаатай, чанарт түшиглэсэн, өрсөлдөх чадвартай салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилго тавьчихсан явж байна.

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай уулзаж байгаагийнх малчдаа дэмжсэн ямар бодлого баримталж байгааг асууя. Малчид бүтээгдэхүүнээ хямд өртгөөр ченжүүдэд биш худалдан авагчдад шууд яаж хүргэх вэ?

-Малчдын талаар төрөөс баримтлах бодлогод тодорхой тусгасан зорилтууд бий. Тухайлбал, малчин хүнийг өөрийг нь хөгжүүлэх замаар малчин өрхийн ашиг, орлогыг нэмэгдүүлэн амьдралын түвшинг дээшлүүлэх, мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний бөөний болон биржийн худалдаа явуулах тогтолцоог бий болгож, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах жижиг, дунд үйлдвэр орон нутагт байгуулан ажиллуулж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт. Тодорхой байгаа бодлогоо хэрэгжүүлэхийн тулд төрөөс үзүүлэх бодлогын дэмжлэг, хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Миний зорьж хүсэж байгаа зүйл бол бодлогоо богино хугацаанд хэрэгжүүлэх боломжийг бий болгох. Өөрөөр хэлбэл хөгжлийн зөв суурийг бий болгох юм. Суурь нь зөв бодлого нь дэмжлэг болохуйц байвал бусад нь хөгжлийнхөө замаар зах зээлийнхээ хуулиар цаашаа явчихна. Асуудал ченж гэдэг хүндээ биш тогтолцоондоо байгаа юм. Түүхий эд бэлтгэлийн тогтолцоо нь бүрдээгүй дэлхий нийтээр мөрдөж байгаа стандарт гэдэг юмаас хол байгаа нь өрсөлдөөн үүсэх нөхцлийг бий болгохгүй байна. Үүн дээр бас л эрхзүйн зохицуулалт бодлогын томоохон шийдлүүд гарах ёстой.

-Малын хөлийн татвартай байх тухай яриа саяхнаас гарах болсон. Та татварыг авах ёстой гэдэгт санал нэг байна гэдгээ хэлсэн байсан?

-Малын хөлийн татвар заавал байх ёстой. Мэдээж бэлчээрийн даац, малын чанарыг зохист харьцаанд нь байлгах зохицуулалт хэдий боловч үр ашигтай байлгах талаас нь бодож үзэх ёстой. Хувь хэмжээнээсээ илүүтэй энэ татвараас хуримтлагдаж байгаа орлого эргээд малчдаа, мал аж ахуйгаа дэмждэг байхад л гол асуудал байгаа гэж би боддог. Эндээс цугларч байгаа хөрөнгөөрөө худаг усаа гаргадаг, дундын өвс тэжээлийн цэг байгуулдаг гэх зэргээр үр ашигтай байх үүрэгтэй байж сая үр дүн гарна. Одоо бидний өмнө өвөл, хаврыг яаж өнтэй давах вэ гэдэг цаг үеийн тулгамдсан асуудал байна. Энэ асуудал зөвхөн манай яам, Засгийн газрын асуудал биш ээ. Дор бүрнээ хариуцлагатай бие биенээ дэмжиж байж хүндрэлийг даван гарна. Тиймээс би салбарын сайдын хувьд иргэдээ, малчдаа нөөц бололцоогоо зөв тооцож боломжуудаа цаг алдалгүй ашиглаж учирч болзошгүй хүндрэлд бэлтгэлтэй байхыг уриалж байна. Өвлийг өнтэй сайхан давахын ерөөл тавья.


Categories
мэдээ улс-төр

Ш.БАТЦЭЦЭГ: Ядууралтай тэмцэх тусам Монголд баян ядуугийн ялгаа улам нэмэгдсээр л байгаа учир юунд байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөх Ш.Батцэцэгтэй ярилцлаа. Манай улс анх удаа Бүгд Найрамдах Индонези улсад Элчин сайдын яамаа нээхэд анхны Элчин сайдаар Ш.Батцэцэг томилогдон гурван жил гаруй хугацаанд ажиллаж байгаад гурван сарын өмнө эх орондоо эргэн ирсэн билээ.Тиймээс бидний яриа Индонези, Монголын харилцааны тухай бас үргэлжилсэн юм.

-Та Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр одоо ажиллаж байгаа. Таны эрхэлсэн асуудлын хүрээнд шинээр хийх гэж зорьж байгаа ажлаас ярилцлагаа эхэлье?

-Миний эрхэлсэн асуудал их өргөн агуулгатай, хамрах хүрээ том. Үндсэндээ улс орны эдийн засгийн чадавхиас их хамааралтай асуудал юм. Энэ бол ядуурал ба хөдөлмөр эрхлэлт. Нэг сар гаруй хугацаанд сууж байж Монгол Улсын ядуурлын өнөөгийн байдалд бодит дүгнэлт гаргаж авсан. Дэлхийн Банкнаас боловсруулсан арга зүйн дагуу Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос явуулдаг Өрхийн нийгэм, эдийн засгийн 2012 оны судалгааны тооцоогоор Монгол Улсын ядуурлын хамралт 29.8 хувь(бараг 30 хувь) байсан бол 2017 оны наймдугаар сарын 21-ны байдлаар улсын хүн ам 3 сая 119.9 мянга, нийт өрхийн тоо 772.8 мянгад хүрч өссөн байна.Үүнээс ядуурлын түвшинг нийт хүн амаас 21.6 хувиар (ҮСХ 2014) авч тооцвол нийт 673.8 мянган ядуу иргэд, манай улсын дундаж гэр бүл дөрвөн хүнтэй гэж тооцвол 167 мянган өрх ядуу амьдарч байгаа тоо гарч байна. Гэхдээ энэ тооноос хавьгүй олон иргэд, өрх гэр бүл ядуу зүдүү нөхцөлд амьдарч байгаа гэсэн таамаглал ч бас бий. Манай оронд эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдсээр байтал өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт хүн амын дотор хамгийн бага хэрэглээтэй 20 хувийнх нь эзлэх жинд өөрчлөлт гарахгүй байгаа нь иргэдийн амьжиргааны тэгш бус байдал буурахгүй харин ч таван хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байгааг нэн яаралтай анхаарвал зохих асуудал болоод байна. Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 896.8 мянган төгрөг болж, нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлагын хэмжээ 970.0 мянган төгрөг болсон байна. Орлогоосоо давсан зардалтай иргэд хэрэглээгээ хэрхэн зохицуулдаг нь сонирхол татах учир энэ талаар ахин судлах асуудал болж байна.

-Ядуурлыг бууруулах нэртэй маш олон хөтөлбөр гадны төсөл хэрэгждэг. Бодит үр дүн гарч байна уу?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын байгууллага, иргэд түүн дээр Засгийн газрын холбогдох яамд, агентлаг, банкны байгууллагуудаас ядуурлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байсан хийгээд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, судалгааг тооцохын бол бидний санаанд оромгүй их тоо гарч, түүнд зарцуулсан хөрөнгийг тооцвол хэдэн их наядаар хэмжигдэх хүрээнд иржээ. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийн хэд нь “амжилттай” хэрэгжсэн, манай өрхийн хэд нь ядуурлаас гарсан тухай хариулт тоо харин энэ чиглэлээр иргэддээ үйлчлэх ёстой төрийн байгууллагуудад алга. Дор бүрнээ ямар нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх авч үүнийг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хянах төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа эзэн алга. Хачирхалтай бөгөөд даажинтай нь ядууралтай тэмцэх тусам Монголд баян ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байна. Шуудхан хэлэхэд ядуурлыг бууруулах төсөл хөтөлбөрүүд нь хороондоо уялдаа холбоогүй, нэгдсэн зохицуулалт илт дутагдаж цагийн байдлыг ашиглаж түүгээр мөнгө ологсдын халаасыг түнтийлгэж байна гэж дүгнэж болохоор байна.

-Энэ талаар цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ. Гуравхан сая хүнтэй бид ядуурлаас гарах боломж бий юу?

-Ерөнхийлөгчийн зүгээс макро эдийн засгийн асуудлын салшгүй хэсэг болсон ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон өөрийн мөрийн хөтөлбөртөө тусгасан зорилтууд дээр тулгуурлан ирэх дөрвөн жилд багагүй ажил хийхээр төлөвлөж байгаа. Хамгийн гол нь иргэдээ ядуурлаас гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тэр хүмүүс эхлээд сэтгэлгээний ядуурлаас гарч, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэлтэй байх ёстой юм. Тухайлбал, байгалийн баялаг ашигласнаас олох орлогыг тусгай санд хуримтлуулан уул уурхайн бус салбарын хөгжил, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зарцуулах бодлогыг санаачилж эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байгаа. Ядууралтай хийх тэмцлээ баг, хороо, хэсгийн дарга нартай хамтарч, тооцоо судалгаатай, системтэй эхлүүлэх, 167.000 мянган ядуу өрх дээрээ анхаарал, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажил эрхлэх боломжтойг нь ажлын байраар, мэргэжил эзэмшүүлэх шаардлагатайг нь мэргэжилтэй болгох, заримыг нь тодорхой зах зээлийн эрэлттэй уялдуулан богино хугацаанд мэргэшүүлэх, өөрөөр хэлбэл ядуурлын үндсэн шалтгааныг нь өрх бүрээр тодорхойлж, бүртгэлжүүлэн гаргах хэрэгтэй байна. Тэдэнд чиглэсэн төрийн болон төслийн үйлчилгээг нэг урсгалд оруулан зохион байгуулах, өрхийн ядуурлыг арилгах явцад төрөөс зайлшгүй халамж анхаарал хэрэгтэй тэр хэсэгт халамжийг нь шат дамжлагагүй хүргэх ажлыг асуудал хариуцсан газар, агентлагууд шуурхай, чанартай хүргэж үр дүнг танилцуулж байх , удаан хугацаанд ажилгүйдлийн түвшин нь байнга өндөр байгаа нутаг дэвсгэрт төрийн шууд дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн оролцоо ихтэй үйлдвэрүүдийг байгуулах зэргээр цаашид нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэхэд санаачилга, томоохон шинэчлэлийн бодлого үгүйлэгдэж байна. Түүнчлэн “Цалинтай ээж”, “Орлоготой оюутан”, “Нэг үндэстэн-Нэг цэрэг” гэх мэт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр бэлтгэл ажил явагдаж байна. Иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гарах арга зам дээр бид эргэж буцалтгүй зогссон.Эцэст нь ядуурлаас өрхөө, иргэдээ гаргах, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилтай, орлоготой болгох энэхүү олон талт үйл ажиллагааг нэг шугаманд оруулж нэгэн удирдлага хяналт дор зангидаж ажиллах мөн үүрэг, хариуцлагаа ч тооцох механизмаа бүрдүүлэх шаардлага харагдаж байгаа юм.

-Та Элчингээс бууж ирээд гурван сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч дараагийн ажилдаа ханцуй шамлан орсон байхыг харах сайхан байна. Хоёулаа ярианы сэдвээ түр өөрчилж, таны Индонези улсад Элчин сайдаар ажиллаж байсан тухай ярилцъя. Таныг маш нээлттэй ажилласан, хоёр улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Элчин сайд гэж үнэлдэг юм билээ?

-Баярлалаа. Хүн гэдэг урмаар тэтгэгддэг гэдгийг л мэдэрч сууна (инээв). Ямартай ч би хичээсэн. Ер нь ч гайгүй ажилласан гэдэгтээ итгэлтэй байгаа. Төсвийн жаахан мөнгөндөө найдаад ажилласан бол Монгол Улсаа таниулах арга хэмжээ зохион байгуулах битгий хэл шинэ газар, шинэ Элчин сайдын яамаа нээх гэж хамаг цагаа зарцуулсаар байгаад өнгөрөх гурван жил шүү дээ. Ер нь ганц Индонези ч биш бусад бүх Элчин сайдын яамдуудад төсөв хөрөнгөний гачигдал адилхан байдаг бололтой юм билээ.

-Тэгээд та юунаас ажлаа эхлүүлэв?

-Одоо эргээд санахад том зорилго мөрөөдөлтэй минь зэрэгцээд багагүй айдас байсан. Юунаас эхлэх, хэрхэн хийх, яаж бусдаас дэмжлэг авах гэх мэт. Тэгж байхдаа нэг зүйл бодсон маань “Гадаад харилцаа бол тус хоёр орны иргэд хоорондын харилцаа”. Тиймээс би ажлаа хүмүүстэй уулзах, асуудлаа зөв танилцуулах, олон дунд орох зэргээс л эхлүүлсэн. Дипломат алба, дипломат харилцаа нь өөрийн хэм хэмжээ, дэг жаягтай ч эцсийн бүлэгт монгол, индонези, англи, америк нь хамаагүй гол нь тухайн улсын иргэд хоорондын л харилцаа, ойлголцол, хамтын ажиллагаа болж таарч байгаа юм. Би хүнтэй харилцахгүйгээр Монгол Улсыг төлөөлж, Монгол Улсын төлөө юу ч хийж чадахгүй. Дипломат харилцаатай улс орны хувьд өндөр түвшний төрийн айлчлал бараг 5-8 жилдээ ганц удаа болдог учраас тийм айлчлал, арга хэмжээг хүлээвэл ажил урагшаа явахгүй нь тодорхой байсан л даа. Цоо шинээр шаваа тавьж эхэлж байгаа Элчин сайдын яамны хувьд бол ийм айлчлал эхлүүлэх, үр дүнг нь харах гэдэг юун гурван жил, арван жил ч хүрэлцэхгүй байх. Индонезид Монгол улс Элчин сайдын яамаа нээлээ гэсэн мэдээллээр олон ч хүн уулзах, танилцах санал тавьсан. Дипломат арга хэмжээнд ч олон оролцлоо. Уулзалт, яриа бүрээсээ харилцан ашигтай хамтран ажиллах хүсэл тэмүүллийг аль аль талд төрүүлэхээр ярилцах зорилго бол надад эхний ээлжинд байсан. Найрамдалт харилцаа тогтоосон өнгөрсөн 60 жилийн хугацаанд анх удаа Элчин сайдын яам байгуулагдаж байгаа нь айлын талд ч их сонирхолтой байсан байх. Ер нь аль аль талаасаа сонирхсон, оч үсэргэсэн уулзалтуудын ард л амжилт ирнэ шүү дээ. Дээр нь, анхны Элчин сайд гэдэг их сайхан нэр хүндтэй байдаг юм байна. Та түүх эхлүүлж байна, Монгол Индонезийн харилцаанд түүхэнд бичигдэх шинэ зам тавьж байна гэж айлын тал хүндэтгэлтэй хандсан нь ойлгомжтой. Анхны завшаан бол Индонезийн Ерөнхийлөгчид Элчин сайдын жуух бичгээ барих тэр үе. Миний хувьд тэр хүнтэй байнга уулзаж чадахгүй нь ойлгомжтой учир уулзалтын таван минутыг хэрхэн үр ашигтай, сэдэл тэмүүлэл төрүүлсэн уулзалт болгох вэ гэдэгт анхаарсан. Ер нь л их юм бодно шүү дээ. Засгийн газар, парламент, бизнес эрхлэгчид гээд уулзаж болох бүх л чиглэлээр уулзалтаа эхлүүлсэн. Тэр хугацаандаа бас Элчин сайдын яамаа тохижуулах ажлаа зэрэгцүүлсэн дээ.

-Та зөвхөн БНИУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд төдийгүй АСЕАН-д суух элчин төлөөлөгч байсан гэж ойлгосон. Энэ чиглэлээр юу хийв?

-Монгол Улсыг тус байгууллагын яриа хэлэлцээний түнш болгох чиглэлээр АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газартай нягт холбоотой ажиллаж ирлээ. АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад анх удаа айлчилж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсон. Мөн АСЕАН-ы Сангийн удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал олон солилцсон. АСЕАН-ы Эдийн засгийн хамтын нийгэмлэг 2015 онд байгуулагдсантай холбогдуулан, Нарийн бичгийн дарга нарын бүтцэд өөрчлөлт орж, Монгол Улсыг хариуцах нэгж 2016 онд тодорсон. АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болохын тулд АСЕАН-ы гишүүн орнуудтай явуулж буй эдийн засгийн, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг ахиулах, монголын талаас АСЕАН-ы бүс нутгийн хүрээнд болж буй арга хэмжээнд оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатайг ч АСЕАН-ы ерөнхий нарийн бичгийн дарга удаа дараа хэлж байсан. Цаашид манай улс ERIA-тай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлснээр Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцоход түлхэц өгнө гэж ойлгож байна.

-Таныг Төв аймгийн Батцэцэг гэхээр улс төрийнхөн ч, төрийн бус байгууллагынхан ч андахгүй. Тухайн үед таныг “Төв аймгаасаа ажилдаа ирж очдог” гэдгээр ярьдаг байсан санагдаж байна?

-Тиймээ. 2004-2008 он хүртэл НХХЯ-нд ажиллаж байхдаа Төрийн ажлаа залгуулах гэж Төв аймгаас явдаг л байсан. Миний бодож явдаг нэгэн зүйл бол бие хүний төлөвшлөөс улс орны хөгжил заяа их шалтгаалдаг. Монголчууд одоо өөрөөсөө гадна бусдад туслах сэтгэл зүйд суралцмаар л байгаа юм. Ажиглаад байхад бусдад урмын үг хайрлах, мэдлэг дамжуулах зэрэгт их харам хандаад байх шиг санагддаг. Улс төрд би 27 жил бусдыг бас эмэгтэйчүүд, залуусаа сургах, бэлтгэх ажлыг хийж ирсэн. Одоо ч үргэлжилж байна. Тухайн цаг хугацаанд, ногдсон үүргээ нэр төртэй биелүүлэхсэн гэдэг миний бодол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Төр надад ямар ажил хийхийг даалгана, би түүнийг сайн л хийхийг хичээдэг. Бид цөөхүүлээ ажилласан ч маш сайн баг хамт олон болж ажилласны үр дүнд Индонези улс бидний тухай, Монгол орны тухай сэтгэл өндөр бодолтой үлдсэн байх гэж боддог. Дэлхийд хүн амын тоогоороо дөрөвт, эдийн засгийн өсөлтөөрөө эхний 20 яваа Индонези улсад ажилласан цаг үеэ би ямагт сайн сайхнаар бодож явах болно. Тэнд олон сайхан нөхөд минь байгаа.


Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн гэж Н.Золжаргалыг шалгаж байгаа бол улсад учруулсан хохирол байхгүй гэдгийг хэлье

Уих-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай уиХ хэлэлцэж байна. Банкны тухай хуульд арилжааны банкны зээлийн хүүг Монголбанк тогтооно гэсэн заалт орохоор болж байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Монголбанкны тухай хууль банкны үйл ажиллагааг сайжруулах, алдаа доголдлыг арилгах, мөнгөний бодлогыг зөв зүйтэй тодорхойлох зэрэг нэн хэрэгтэй зүйтэй тал руугаа чиглэсэн сайн хууль болж чадаагүй. Өнгө будаг зассан төдий өөрчлөлт хийснээ их л мундаг өөрчлөлт хийлээ гэж буй нь үнэнд нийцэхгүй. Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ зөв тодорхойлж чадахгүй, улстөржсөн үйл ажиллагаа явуулах болсон. Монголбанк арилжааны банкны зээлийн хүүгийн хувийг тогтоох нь оновчтой шийдэл биш. Яагаад вэ гэвэл Монголбанк мөнгөний бодлогоо тодорхойлж арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг мөртлөө арилжааны гол хэрэгсэл болсон зээлийн хүүг тогтооно гэдэг нь бүх арилжааны банкийг хараат байдалд оруулж, бие даасан үйл ажиллагааг нь байхгүй болгоно гэсэн үг. Монголбанк гэсэн монополь ганц банктай л болно доо.

-Таны санаачилсан Мөнгө хүүлэлтийн эсрэг Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа яваа. Банкны зээлийн хүүний таазыг тогтоож өгснөөр иргэдэд эргээд очих зээл бага хувийн хүүтэйгээр гарч чадахгүй болно гэсэн дүн шинжилгээ бас гарч байгаа?

-Зээлийн хүүний хувь хэмжээг тогтоох нь уг нь зах зээлийн эрэлт нийлүүлтээрээ зохицуулагддаг. Гэвч манайд эрэлт нь давамгайлчихсан нийлүүлэлт бага байна. Арилжааны банк ашгийн байгууллага ч гэсэн хэт монополь байдалтай хэвээр цаашид байж болохгүй. Нэгэнт зах зээлийн харилцаагаараа зохицуулагдахгүй байгаа харилцаанд төрийн зохицуулалт тодорхой хэмжээгээр орж болно. Хэт либералчлахаар алдаа руу ордог доо. Манай улсын анхны хувьчлал ямар ч төрийн тодорхой зохицуулалтгүй явснаас хэдхэн цөөн тооны хүн хожиж дийлэнх нь хувьчлалаас хүртэж чадаагүй. Энэ нь төрийн зохицуулалт байгаагүйгээс болсон. Хуулиар зээлийн хүүний хувийн хэмжээний дээд хязгаарыг зохицуулж өгье. Тодорхой хугацаанд хязгаарлалт хийж, зөв зохистой эрэлт нийлүүлэлт бий болсон цагт хуулийг эргээд хүчингүй болгож болно. Банкны зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоогоод өгөхөөр үүнтэйгээ уялдаад хадгаламжийн хүүний хувь хэмжээ буурна гэсэн үг. Нэгэнт хадгаламжийн хүүний дээд хязгаарыг тогтоогоод өгөхөөр түүнээс давсан өндөр хүүтэй зээлийг олгож чадахгүй. Учир нь хадгаламжид хуримтлагдсан мөнгийг эргэлтэд оруулахаас нааш ашиг олж чадахгүй учраас зээлээ гадагш гаргана.

Монголбанк ч гэсэн үүнийг дагаад мөнгөний бодлого дээрээ анхааралтай судалгаатай хандах ёстой болно. Өнөөдөр банкууд монополь байдлаа ашиглаад зээлийн хүүгийн хувь хэмжээг дураараа тогтоож байна шүү дээ. Арилжааны банкинд байгаа нийт активын хэмжээ төсвийн нийт орлоготой тэнцэхүйц их хэмжээний мөнгө хадгалагдаж байна гэсэн тооцоо бий. Тэр мөнгө арилжааны банкинд хадгаламж хэлбэртэйгээр хэвтэж байх ёстой юу эсвэл зах зээл рүү гарч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт руу гарч байх нь хэрэгтэй юу. Монголд өнөөдөр сэтгэл ханамж нь дүүрэн, ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа хүн тун цөөхөн. Үүний гол шалтгаан нь зээл болон хүүгийн дарамт. Яагаад ингэж хэлэх болов гэхээр арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагаас олгогдож байгаа зээлийн хүү асар өндөр байна. Хүү яагаад ийм өндөр байна вэ гэхээр банкууд чинь амьдрахын тулд хадгаламж татна. Хадгаламжаа өндөр хүүтэй татаж байгаа. Нэгэнт өндөр хүүгээр татсан мөнгөө ашигтай эргэлтэд оруулахын тулд эргээд өндөр хүүтэй зээл гаргаж байна. Энэ тогтолцоо нь сүүлдээ хэвшил болоод тогтчихсон. Иргэдийн нуруун дээр асар их мөнгөний дарамт үүсгэж байгаа энэ асуудлыг төр зохицуулах үүрэгтэй. Бусад улс орнуудад ч төр нь банкуудын хадгаламжийн зээлийн хувь хэмжээг тогтоож, хуульчилсан байдаг. Маш олон улс оронд ийм зохицуулалт байдаг. Тэдгээр улсууд зээлийн дээд хязгаарыг тогтоохдоо янз бүрийн хэлбэрээр тогтоосон байна. Жишээ нь, тодорхой нийгмийн аль нэг бүлэг хэсэгт эсвэл нийтэд нь тогтоосон байх гэх мэтээр янз бүрийн аргачлалыг ашиглаж байна.

-Манай улсын төсвийн алдагдал жилээс жилд их болсоор байгаа. Төсөв болон мөнгөний бодлого дээр зах зээлээ мэдэрсэн бодлогыг төр засгийнхан гаргаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг судлаачид хэлдэг. Улстөрчид эдийн засгийг эргээд самраад байгаа юм биш үү?

-2012-2016 онд төсвийн нийт алдагдал 2-4 хувьтай байсан. Сая төсвийн алдагдал 18 хувьд хүрлээ. Төсвийн тодотголоор 2018 оны төсвийн алдагдлыг бууруулсаар 8 хувьтай батлагдлаа. Түрүүчийн Засгийн газрын үед байсан төсвийн алдагдал жил гаруйн хугацаанд нэг дахин нугарчихсан байна. Инфляци 3 хувьтай байсан бол 5-6 хувьд хүрчихсэн байна. Энэ 2017 оны төсвийн давсан орлогыг хэрэгтэй, хэрэггүй зүйлд цацахын оронд хямгатай хандаж, 2018 оны төсвийн алдагдлыг бууруулах, хуримтлал бий болгох замаар эдийн засгийн үр ашигтай байдлаар хандаагүй. Олсон хэдэн мөнгөө яавал бушуухан үрж цацаад, өр зээл тавих вэ гэсэн байдалтай харагдаж байна. Өндөр алдагдалтай баталж буй төсвийн дийлэнх нь гишүүдийн тойрог руугаа хандсан, нийгмийн салбарт бүтээн байгуулалт хийнэ гэсэн хэлбэртэй байгаа боловч цаанаа тендерийн булхай луйвар, мөнгө угаах ажил руу л чиглэж байна. Инфляцийг онилсон эдийн засаг, мөнгөний бодлого хэрэгжихгүй байгаагаас эдийн засаг өдрөөс өдөрт унаж байна. Ядаж төсвийн алдагдлаа багасгаж, баланс барьсан хэмжээнд боловсруулах бодлого үгүйлэгдэж байна. Монголбанкны төсөв, мөнгөний бодлого ноцтой алдагдсан гэдэг нь харагддаг. Гадаад валютын нөөцийг 2.2 тэрбум ам.доллартай болчихлоо гэж одоо баярлалдаад байна л даа. Өнгөрсөн жил Монголбанкны удирдлагууд ажлаа хүлээж авахад гадаад валютын нөөц 1.5 тэрбум ам.доллар байсан. Үүнийг тухайн үед хасах 400 сая ам.долларын алдагдалтай байна гэж зарласан. Үүнээс болж валютын ханш огцом өсч, ам доллар 1900 гаруй байснаас 2700 болж галзууртлаа өссөн. Энэ бодлогын алдааг өнөөгийн Монголбанкны тэргүүн Н.Баяртсайхан тэргүүтэй нөхдүүд хийсэн. Хууль хяналтын байгууллагууд эдгээр хүмүүсийг шалгаж хариуцлагыг нь тооцох ёстой. Энэ үйлдэл магадгүй санаатай ч байж болно. Ам.долларын зөрүүнээс асар их ашиг олсон тодорхой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Яагаад ийм алдаатай тооцоолол хийж, нийгэмд яаран зарлах болов. Тэр алдаатай бодлогоос болж эдийн засагт ямар их хор хохирол учрав. Энэ бол эдийн засгийн зохион байгуулалттай маш том гэмт хэрэг байж болох талтай шүү.

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотойгоор шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зарцуулагдсан мөнгө, санхүү бүрэн төлөгдчихсөн. Ямар ч өр авлага байхгүй. Тэгэхээр юу шамшигдуулчихсан байх вэ. Хэн ямар хохирол амссан гэж шалгагдаад байгааг нь би сайн мэдэхгүй юм. Би нэг зүйлд гайхаад байгаа юм. Хэрвээ ипотекийн зээл авсан 82 мянган айл өрхийн мөнгийг төлөгдөж дуусаагүй, авлагатай гэж үзээд байгаа бол өрийг нь Н.Золжаргал дээр гаргаж, 20 жилийн хугацаанд төлүүлэх гээд байгаа хэрэг үү. Авсан эзэн нь ойлгомжтой эргэж төлөгдөх хүү нь ч ойлгомжтой. Харин ч ипотекийн зээлд хамрагдаж 82 мянган айл өрх орон сууцанд орсноор агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр болсон байх. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг би өмөөрч, хамгаалах гээд байгаадаа биш. Бодит байдлыг хараад улстөрчийн хувьд үнэлэлт дүгнэлт өгч байна. Магадгүй өөр үйлдсэн янз бүрийн гэмт хэрэг байгаад тэрэнтэй холбож шалгаж байгаа үгүйг нь би сайн мэдэхгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн гэж буруутгаж байгаа бол улсад учруулсан хохирол байхгүй гэдгийг хэлье.

-Улс төрийн нөхцөл байдлаас болж Н.Золжаргалыг баривчлан шалгаж байна гэсэн яриа бас бий. Хэрвээ үнэ тогтворжуулах хөтөлбөр алдаа мадаггүй байсан юм бол яагаад Н.Золжаргалыг шалгах болов. Та юу гэж харж байна?

-Н.Золжаргалыг баривчлан шалгах гэхэд нь шүүхээс баривчлах тогтоолыг нь батлаагүй юм биш үү. Хэвлэлийн мэдээнээс тэгж ойлгосон. Хэрвээ үнэхээр тэр хүнийг баривчлах, хорих, саатуулах үндэслэл байхгүй бол шүүх баривчлах бичиг гаргахаасаа татгалзах ёстой. Хүний эрх чөлөөнд халдах тухай ойлголт бол хүний нийгэмд анхаарал татсан хамгийн том асуудал. Дэлхийн улс орнууд ч үүнд маш болгоомжтой ханддаг.

-Ипотекийн зээлийг Засгийн газраас санхүүжүүлдэг болох тухай одоо яригдаж байна. Монголбанкаар дамжихгүй Барилга хот, байгуулалтын яам зээл олголтыг явуулна гэж байна. Энэ зөв үү?

-Уг нь зөв явж байсан хөтөлбөрийг зогсоочихсон. Засгийн газар төсвөө яая даа гэж байж яаж санхүүжүүлэх гэж байгаа юм бол. Ипотекийн зээл рүү мөнгө оруулах нь битгий хэл тэтгэвэр, тэтгэмж, сургууль цэцэрлэг барих, агаарын бохирдлыг бууруулах зэргээс эхлүүлээд олон шийдвэрлэх ажил бий. Асар их мөнгө шаардлагатай байгаа. Энэ жил ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг тавьсан байсан. Энэ мөнгөөр олон айл зээл авч, хүртээмжтэй байж чадах уу. Зөв голдрилоороо явж байсан ипотекийн зээлийг зогсоож, тэгсэн хэрнээ ямар хэлбэрээр явуулах гарцаа олж чадахгүй будлиад л байгаа хэрэг.

-Одоогоос яг жилийн өмнө Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдаж байсан. Энэ хууль эргээд хүчингүй болгосон. Та хууль санаачлагчын хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Хамтын тэтгэврийн тухай хууль төсөвт дарамт болохгүй. Эдийн засгийн үр дагаврыг тооцож хийсэн хууль байсан. Хүний насан туршдаа хуримтлуулсан Нийгмийн даатгалын санд хуримтлуулсан тэтгэврийн сангийн мөнгө бол хувь хүмүүсийн хадгаламжийн мөнгө болохоос биш төрийн төсвийн мөнгө биш. Хуримтлуулсан мөнгөнийхөө үр ашгаа өөрөө үзэж чадахгүй бурхан боллоо гэхэд насан туршдаа ханилсан хань нь амьдрах хугацаандаа тэтгэврийг нь давхар авч амьжиргаагаа залгуулах тухай хууль байсан. Гэр бүлийн бат бөх байдлыг дэмжсэн, ахмад настнуудыг эдийн засгийн эрсдлээс хамгаалсан хэрэгтэй хууль байсан. Харамсалтай нь өрсөлдөгч нам санаачилсан гэдэг байдлаар улстөржиж энэ хуулийг хүчингүй болгосон. Үүний оронд гарч ирсэн Насны хишиг олгох тухай хууль бол иргэдийг насаар нь ангилж ялгаварласан, хүртээмжгүй хууль болсон. Энэ мэт хүмүүсийг хуурсан байдлаар хууль гаргаж болохгүй л дээ.

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуульд өөрчлөлт орж, ИТХ-ын төлөөлөгчид төрийн албанд ажиллахаар болж байна. Энэ хуулийг АН-ынхан эсэргүүцэж чуулган дээр үг хэлж байсан. Та ямар саналтай байна?

-Аливаа зүйлд ёс суртахуун эрээ цээр байх ёстой. Дөрвөн жилийн өмнө Сүхбаатарын талбайд давхар дээлийг эсэргүүцэж хэн жагслаа. Өнөөгийн давхар дээлтэй эрх баригчид өөрсдөө л жагсч байсан. Одоо бүр цаашлаад анхан, дунд шатны төрийн байгууллага руу орж хуульчилж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн хуралд байгаа улстөрчид, намын гишүүдээ төрийн албанд ажиллуулах хууль ёсны эрхийг нь нээж өгөх гэж байна. Энэ нь монгол төрийн дархлааг сулруулж байгаа. Улстөрчид төрийн ажилд албан ёсоор ажиллах эрхийг нээж өгснөөр Төрийн албан хаагчид улс төрийн харьяалалгүй байна гэсэн хуулийг үгүйсгэх болж байна. Төрийн албаны тухай хуулийг батлахдаа төрийн албыг улс төрөөс ангид байлгах, тогтвортой байлгах гэж анх баталж гаргасан юм шүү дээ. Энэ хууль батлагдсанаар төрийн албаны дархлааг сулруулж, улс төрийг төрийн албатай хольж хутгах нь. Цаашлаад тогтвортой ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг улстөрчид дураараа халж сольдог болох нь. Ийм бусармаг зүйл рүү явах нь зөв үү.

-АН сая дотоод сонгуулийн сунгааг улс орон даяар явууллаа. Удахгүй АН-ын Удирдах зөвлөгөөн болох гэж байна. Намын шинэчлэлийн ажил хэр явцтай явж байна вэ?

-Манай намын үндсэн дүрмэнд орсон өөрчлөлтөөр бүх шатны сонгууль, удирдах албан тушаалтнуудыг намын гишүүдийнхээ саналаар сонгодог байх заалт орсон. Энэ дүрмийн хүрээнд манай Ардчилсан залуучуудын холбоо удирдлагаа 90 гаруй мянган гишүүдийнхээ оролцоотойгоор улс орон даяар сунгаа явуулж сонголоо.

Залуучууд маань маш идэвхтэй оролцлоо. Нэр дэвшигч нар ч мэдлэг чадвараа харуулсан. Залуучуудын хувьд ардчиллын шинэ алхмыг тавилаа. Энэ арванхоёрдугаар сарын 6-ны өдөр АН шинэчлэлийнхээ хоёр дахь давалгааг эхлүүлж, анхан дунд шат руу чиглүүлсэн аяныг эхлүүлэх гэж байна. Аяны нээлт болгож бүх удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнийг хийнэ. Намын гишүүдээ чадавхжуулах, намын анхан дунд шатны үйл ажиллагааг дэмжих ажил эхэлж байна.


Categories
мэдээ цаг-үе

М.Уранчимэг: Алдар нэр, амар тайван нэг саванд багтдаггүй

“Гранд” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, эрхлэгч Манханы Уранчимэгтэй ярилцлаа. “Гранд” сэтгүүл саяхан 100 дахь дугаараа өлгийдөн авч, баярын арга хэмжээгээ арванхоёрдугаар сарын 04-нд шинэ номынхоо нээлтээр хийхээр зэхэж байна.


-“Гранд” сэтгүүл 100 дахь дугаараа гаргажээ. Долоон жилийн турш сэтгүүлээ тасралтгүй гаргаж ирсэн, уншигчдын хүлээлтийг үүсгэж чадсан сэтгүүлийн эрхлэгчийн хувьд 100 дахь дугаараа гаргах үед яг ямар сэтгэгдэл төрж байв. Юуны тухай бодов?

-Хэн нэгэнд өгсөн хайр сэтгэлтэй жишиж үзэх юм бол нэг ч өдөр ухарч няцаж, урваж шарвахгүйгээр сэтгүүлдээ бүхнээ зориулж өдий хүрч ирлээ. 100 дахь дугаараа нэр төртэйгээр гаргачихъя, магадгүй бид дараагийн алхмаа хийх ёстой байх гэсэн шүү юм бодогдох юм билээ. Сэтгүүл хийж байсан, энэ салбарт ажилладаг, жаргал зовлонг нь мэддэг хүмүүсийн зүгээс бүхэл бүтэн 100 дугаар уу, мундаг байна гэж байгаа юм. Нээрээ л тийм юм уу гэж бодсон нь бий. Үнэхээр нүсэр хөдөлмөр байдаг л даа.

-100 дахь дугаарын баяртаа зориулж “Цэнхэр оймстнууд” нэртэй ном гаргаж байгаа юм билээ. Өмнө нь 2012 онд “Grand хүмүүс” нэртэй ярилцлагын ном гаргаж байсныг санаж байна. “Цэнхэр оймстууд”-ын онцлог юу вэ?

-Анхны “Grand хүмүүс” номны тухайд аавынхаа дурсгалд зориулж ном гаргая гэсэн нэг өнцөг байсан. Нөгөө өнцөг нь он цаг өнгөрсөн ч үнэ цэнэ нь буурахгүй, унших тутамд цоо шинэ мэдлэг, мэдээлэл, мэдрэмж авч байхаар сайн ярилцлагуудыг ном болгоод эмхэтгээд гаргачихвал уншигчдад илүү өгөөжтэй байх юм байна гэдэг үүднээс гаргаж байсан. Ер нь сайн ярилцлагчидтай хийсэн ярилцлагууд он цагийн тоосонд дарагдаад, хэвлэлийн шарласан хуудсанд түүх болоод үлдчих гээд байдаг талтай шүү дээ.

“Цэнхэр оймстууд”-ын тухайд “Гранд”-ын долоон жилийн түүх, 100 дугаарт гарч байсан шилмэл сайн ярилцлагууд мөн хөрөг, эссе нийтлэлүүдээс агуулга нь бүрдэж байгаа. Энэ ч зүгээр юм, тэр ярилцлага ч өгөөжтэй юм гэж түүсээр байтал 44 хүний ярилцлага, цөөнгүй нийтлэл эссе нийлээд 600 нүүр ном болсон. Номынхоо нээлт, 100 дахь дугаарын баяр Дуурь бүжгийн эрдмийн театрын фоенд арванхоёрдугаар сарын 04-нд болно. Өдөр нь сэтгүүл зүйгээр мэргэшиж буй оюутнуудад лекц унших төлөвлөгөө манай баярын бас нэг хэсэг байх юм.

-Номоо “Цэнхэр оймстууд” гэж яагаад нэрийдэх болов? Анхаарал татсан сонирхолтой нэр санагдсан.

-Цэнхэр оймстууд гэдэг нэршил манайхны хувьд шинэ тутам үг байх. Харин утга санааны хувьд бол өнөөгийн клубийн соёлын эхлэл үетэй холбогддог салоны нэг нэршил л дээ. XVII зууны Европын тэр дундаа Францын язгууртны нийгэмд үүссэн соёлын нэг хэлбэр. Язгууртны хүрээлэл дэх оюун санааны элитүүд наадаж наргих мөн үзэл санаагаа хуваалцах зорилгоор үе үе нэгнийдээ цуглаж урлаг, утга зохиол, соёл улс төрийн талаар яриа өрнүүлдэг байсан. Олон ч алдартай салонууд тэр үед нээгдэж, нийгмийнхээ оюун санааны амьдралд маш олон талаар нөлөөлсөн байдаг. Салонуудаас Европын алдартай зохиолчид, улс төрчид, гүн ухаантнууд ч төрөн гарсан гэж үздэг. Тэднийг цэнхэр оймстуудын нийгэмлэг гэж бас нэрийддэг байсан. Салоны соёл хүчтэй дэлгэрсэн XVII зуунд цэнхэр оймстны нийгэмлэг гэдэгт эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс хамрагддаг байсан. Гэтэл XVIII зуунаас өнөөг хүртэл цэнхэр оймстон гэж зөвхөн оюунлаг, боловсролтой эмэгтэйчүүдийг тодорхойлдог нэршил болсон нь салоны соёлыг дээдсийн хүрээний үзэсгэлэнтэй, нэр нөлөө бүхий, хөрөнгөлөг, боловсрол мэдлэгтэй эмэгтэйчүүд анх дэлгэрүүлсэнтэй холбоотой юм билээ. Товчхондоо нийгмээ оюун санааны тухайд түүчээлж, чиглүүлж явдаг оюун санааны элитүүдийг цэнхэр оймстууд гээд байгаа юм. Номонд ярилцлага нь орсон ноёд, хатагтай нар бүгд салбар салбартаа хийж бүтээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны элитүүд. Тэднийгээ манай нийгмийн цэнхэр оймстууд байгаасай, энэ үүргээсээ хэзээ ч битгий ухарч няцаасай гэсэн санаа “Цэнхэр оймстууд” номын гол концепци нь гэх үү дээ.

-“Гранд” сэтгүүл бол оюуны талх үйлдвэрлэгчдийн нэг. Манай улсад таны ярьж буй “салон” хэр их хэрэгтэй гэж та боддог вэ?

-Аль ч нийгэмд ямар ч цаг үед хэрэгтэй зүйл байх аа. Гол нь тэд дуу хоолойгоо, үзэл санаагаа олон нийтэд хүргэж байх нь чухал гэж би хувьдаа боддог. Харамсалтай нь ихэнх нь хөшигний ард л байцгаах юм. Энэ чинь нэг талаараа амиа бодож байгаа бэртэгчин үзэл мөн шүү. Тийм ч учраас “Гранд” сэтгүүл ярилцлагынхаа хойморт аль болох цэнхэр оймстуудыг урьж, үзэл санаа, үгийг нь сонсч, олон түмэнд хүргэхийг зорьж ирсэн. Жишээлбэл, хамгийн сүүлийн буюу 100 дахь дугаарт Монголын сэтгүүл зүйн хатан хаан, нэрт сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлага орсон. Тэр манай нийгмийн цэнхэр оймстон мөн үү гэвэл мөн. Өөрийнх нь хэлсэнчлэн Б.Ганчимэг бол сэтгүүл зүйд тавилангаа өгч,үзгээ нэг ч өдөр хойш тавихгүйгээр бичиж, нийтэлж энэ нийгмийн болж бүтэхгүй зүйлстэй “байлдаж”, болж байгааг нь сайшааж, урамшуулж үүгээрээ нийгмийнхээ оюун санааны амьдралд том үүрэг гүйцэтгэж ирсэн фигур. Хүний сэтгэлийн тухай бичдэгээрээ ч тэр гайхалтай. Б.Ганчимэгийн ярилцлагаас уншигчид маш олон үзэл санаа, ухаарал, бас урам зориг авсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Үүний өмнөх дугаарт антропологич Ш.Туяа гээд залуухан эрдэмтэн бүсгүйн ярилцлага нийтлэгдсэн. АНУ-д харьцуулсан уран зохиолоор магистр хамгаалсан, өдгөө Английн алдарт Кембрижэд антропологиор докторын зэрэг хамгаалах гэж байгаа түүний ярилцлагаас ямар их мэдээлэл, үзэл санаа олж авна гээч. Бид эрдэмтдийнхээ үг, байр суурийг байнга сонсч байх нь ямар их ач тустай болохыг Ш.Туяагийн ярилцлагаас олж мэднэ шүү. Цаашилбал, түүхч Д.Өлзийбаатар доктор, түүхч Т.Лхагваа багш, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, эзотерикч Н.Сома багш, Н.Сома багшийг би хувьдаа ёс суртахуунч гэж нэрийдсэн, ёс зүйн нэгдмэл төрмөл зарчмын тухай маш сонирхолтой онол ярьдаг хүн л дээ,Холливудын од Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяа гэх мэт олон сайн ярилцагчдын сайн ярилцлагууд “Цэнхэр оймстууд” номонд багтсан.Чухам эрдэмтэн докторууд, цэнхэр оймтсуудынхаа үзэл санааг олон нийтэд түгээж, хүргэх нь сэтгүүлч бидний нэг үндсэн үүрэг юм. Соён гэгээрүүлэх үүрэг гэдэг шүү дээ. Цэнхэр оймстуудын дуу хоолой манай өнөөгийн нийгэмд чухал байгаа зүйлсийн нэг.

-“Гранд” сэтгүүл бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлүүд дотроос юугаараа онцлогтой гэж хэлэх вэ?

-Фото зураг их, бичвэр бага байдаг нь “Гранд”-ын үндсэн онцлог. Сэтгүүл нэг талаас бизнес. Эрэлт нийлүүлэлтийн зарчмаар явдаг. Энэ зарчмын үүднээс бол өнөөдөр ийм сэтгүүл өндөр эрэлттэй байна. Гадны улсуудад ч гэсэн оддын амьдралыг бичдэг, папараци зураг голцуу супер маркетуудаар талх шиг зарагддаг “Реорle”, “ОК” гэх мэт сэтгүүлүүд байдаг л даа. Тэрний нэг хувилбар юм уу даа. Магадгүй фото зураг ихтэй учраас уншигчид их таатай хүлээж авдаг байх. Мэдээллийн энэ их урсгал, давалгаа заримдаа дарамт мэт санагддаг болсон юм шиг ээ. Урт бичвэр уншихаас зайлсхийдэг хэв маяг их ажиглагдах юм билээ. Нийгмийнхээ энэ араншин дээр “Гранд” долоон жил оршин тогтнож ирлээ. Редакцийн зүгээс баримталдаг гол бодлого маань үнэн байх, шударга байх, мөн үзэл санаатай байх. Нэг шар мэдээ бичсэн ч гэсэн үзэл санаа ард нь байх ёстой гэдэг бодлого баримталдаг. Энэ өнцөг “Гранд”-ыг бас тодорхойлно шүү.

-Танай жанрын сэтгүүлийг шар хэвлэлийнхэн гэцгээдэг. Үүнд ямар байр сууринаас ханддаг вэ?

-Шар хэвлэл бол аливаа нийгэмд байх ёстой сэтгүүл зүйн гол жанр шүү дээ. Тэгж яривал Америкийн CNN их yellow тал руугаа хэлбийсэн нийтлэлийн бодлоготой байдаг. Энэ нь сэтгүүл зүй нийгмийнхээ ёс зүйн манаач байх ёстой хоточ нохойн үүргээ гүйцэтгэж байгаа нэг хэлбэр юм. Манай шар хэвлэлүүд гэхээр ерээд оны үед чөлөөт хэвлэлийн хэв маяг анх орж ирж байсан үеийнх нь саваагүй, зарим талаараа мэргэжлийн бус ч гэмээр имижээр нь тодорхойлох гээд байдаг. Харь гаригийн нисдэг тавагт бууж гэнэ, алмастай нүүр тулж гэнэ гэх мэт мэдээллүүд тэр үед л гарч байлаа шүү дээ. Олон нийт ч их гэнэн итгэмтгий байсан юм шиг байгаа юм. Ийм зүйлс бичсэн сонин талх шиг зарагддаг байсан гэж байгаа ш дээ. Одоо ийм зүйл бичвэл хэн ч итгэхгүй. Бүр элэг доог болно.

Ер нь бол чөлөөт хэвлэл байх ёстой. Сайд, ялаа хоёрыг сонингоор цохиж “ална” гэдэг чинь зүгээр нэг үг биш шүү дээ. Ёс зүй, хууль шүүхээс айхаа больсон эрх мэдэлтнүүд хэвлэлийнхнээс ядахдаа л жийрхдэг биз дээ. Энэ үүднээсээ ёс зүйн гайгүй сайн манаачийн үүргийг бид чадах хэрээрээ гүйцэтгэж явна. “Гранд” жишээ нь хүн төвтэй сэтгүүл зүйг хөгжүүлж явна. Нийгмийн аль ч түвшний амьдрал хүнтэй, хүний үйл ажиллагаатай холбоотой байдаг учраас хүний тухай, хүний сайн муу, сайхан муухайгийн тухай, тэдний ёс бусын тухай бас сайн ёс зүйн талаар бид бичих л ёстой. Тэгж байж нийгмийн ёс зүй, соёл хэлбэршинэ гэж боддог ш дээ. Энэ үүргээ олны танил хүмүүс буюу манайхны нэрийдэж заншсанаар оддоор дамжуулан биелүүлж байна. Оддын хувцаслалтыг олон нийт даган дуурайж байна гэдэг чинь од хүн нийгмийнхээ нөлөө бүхий гишүүн гэсэн үг мөн биз. Тэгвэл тэр од маань хувцаслалтаас гадна үг үйлдэл, ёс зүйгээрээ үлгэр жишээ байх ёстой. Нэг үүрэг нь гэсэн үг. “Од юм бол од шиг бай!” гэж Б.Ганчимэг эгчийн хэлдэг энэ байхгүй юу. Тэдний амьдралын хэв маяг, ёс зүйн хэм хэмжээ, соёл дээр энэ нийгмийн соёл, ёс зүй, амьдралд хандах хандлага тогтоно. Тэгэхээр бид яалт ч үгүй тэдэнтэй “тулж” ажиллах хэрэгтэй болдог доо. Тиймээс бид сэтгүүлийнхээ сайн, муу бүх баатруудад хайртай байдаг.

-Тэгвэл ёс зүй гэж юу юм бэ?

-Ёс суртахуун бол оюун ухаант хүнийг амьтнаас ялгаж буй гол зүйл шүү дээ. Жишээ нь миний хүүхэд миний ахын хүүхэдтэй яагаад суудаггүй юм бэ! Энэ бол ёс суртахуун. Харин ёс зүй бол хүмүүсийг дотор нь сайн, муугаар нь ялгах гол үзүүлэлт юм уу. Ёс зүйтэй хүн бол соёлтой хүн, сайн хүн. Ёс зүйгүй нэгэн бол муу хүн, нийгмийн хог шаар гэдэг ангилал руу ороод явчихна. Соёлын түвшин өндөрсөх тусам хүний байгалийн мөн чанарт үзүүлэх дарамт хүчтэй болдог гэж Зигмунд Фрейд онолдсон байдаг шүү дээ. Тэгэхээр л ёс зүйн шаардлага гэдэг чинь хүнийг тодорхойлох гол хүчин зүйл мөн байгаа биз дээ.

Хүмүүс одоо ёс зүй гэж их ярих болж. Улс төрийн ёс зүй, бизнесийн ёс зүй, сэтгүүл зүйн ёс зүй гэх мэт. Би бодохдоо ийм өндөр түвшний ёс зүй ярихаасаа өмнө хүний ёс зүйн тухай ярих хэрэгтэй. Хувь хүн ёс зүйтэй байх юм бол дараагийн түвшний ёс зүй аяндаа хэлбэршинэ. Жишээ ярья л даа. Ёс зүйн хувьд асуудалтай хүнийг шүүмжилж бичсэн сэтгүүл зүй ёс зүйгүй юм уу эсвэл гэр бүлээсээ гадуур амьдрал зохиогоод буй тэр нэгэн “од” ёс зүйгүй юм уу? Бодох л асуудал. Хэн нэгэн хоёр, гурван эхнэртэй байхыг одоогоор манайд хуулиар шийдэж, шийтгэж чадахгүй байна. Социализмын үед гэр бүлээс гадуур “завхайрсан” нэгнийг намын гишүүнчлэлээс хөөж, хөдөө орон нутаг руу цөлдөг байж. Одоо бол энэ мэт ёс бус явдлаа ардчилал, хүний эрх гэдэг том бамбайн дор нуудаг, халхавчилдаг болсон. Ардчилал анархизм руу хальтирчихсан байгаагийн нэг жишээ энэ. Гэтэл үүнийг бичиж, шүүмжилж байгаа хэвлэлийнхнийг ёс зүйгүй амьтад, хүний ор хөнжлийн явдал хэнд хамаатай юм, эсвэл баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд хамаатай юм гэдэг энэ тэр чинь ер нь явж явж зэрлэг анархизм шүү дээ. Үндсэндээ манай нийгэм тун ч адгуусжиж байна гэж харагддаг даа.

-Танайх сэтгүүлээс гадна grandnews.mn гээд сайттай. Сошиалд хэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Усыг нь уувал ёсыг нь дагана. Цахим мэдээллийн хэрэгсэл яалт ч үгүй чиг хандлага. Гэхдээ хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл хэзээ ч үнэ цэнээ алдахгүй ээ. Илүү бодитой, мэргэжлийн мэдээллийг тэд хүргэж чадаж байна. Тэр хэрээр үнэ цэнэтэй хэвээр байна. Grandnews.mn сайтын тухайд чиг хандлагад дулдуйдаж, цаг үеийнхээ араншинг дагаж гарсан нэг салбар маань. Гэхдээ миний хувьд сэтгүүлдээ л хамаг хайр сэтгэлээ өгсөн хэвээр байна. Сайтынхаа ажилд үнэхээр оролцож чаддаггүй.

-Сэтгүүл дээр олны танил хүмүүс ихэвчлэн бичигддэг. Танай сэтгүүлийн гол дүрийн баатрууд эргээд сэтгүүл рүү ямар байдлаар хариу үйлдэл гаргадаг вэ гэдэг нь сонин байна. Нэг талаар од болгоод өгч байгаад талархах уу эсвэл бухимдаж уурлах нь элбэг үү?

-Янз бүрийн л реакци ирнэ л дээ. Хүнээсээ шалтгаалдаг. Сэтгүүл гарч байсан эхний жилүүдэд бухимдал, гомдол заримдаа ч рекет маягийн юмс их л ирдэг байлаа. Тэр үед нөгөө л жанжин шугам үнэн шударга зарчимдаа бүхнийг даатгана. Ер нь манайхан байнга л алтан цээжтэй, мөнгөн бөгстэй гэж бичүүлэх дуртай улс шүү (инээв). Сүүлийн жилүүдэд харьцангуй уужуу ханддаг болсоон. Би сайн ч бай, муугаар ч бай бичүүлж байгаа нь би од, олны танил гэсэн үг юм байна, нийгэм олон нийт намайг анзаарч харж байгаа гэсэн үг юм байна гэдгийг илүү ойлгодог болсон байх.

Ер нь алдар нэр, амар тайван амьдрал хоёр нэг саванд хэзээ ч багтдаггүйг ойлгох хэрэгтэй л дээ. Энэ алтан зарчмыг ойлгочихвол одууд маань их уужуу, тайван болох байх шүү. Гэтэл манайхан ихэвчлэн нэр алдартай хэрнээ ажин түжин амьдрахыг хүсээд байдаг юм шиг. Зарчмаа мэдэхгүй байгаагийн гай л даа. Нийгмээс хайр хүндлэл хүлээчихээд долоон буудлын Должин эмээ шиг гэртээ нам гүм амьдраад байна гэж яг үнэндээ тэр болгон байхгүй шүү дээ. Зарим маш цөөн тооны хүмүүс л алдар нэрийхээ хувь заяатай эвлэрчихсэн, хүлээн зөвшөөрчихсөн байдаг.

-“Гранд Урнаа” хувийн амьдралаасаа танилцуулаач? Уншигчид танай сэтгүүлийг сайн мэддэг ч сэтгүүлийг эрхлэн гаргадаг хүн өөрөө ямар хүн байдгийг магадгүй сонирхож байгаа байх. Аль сургууль төгссөн, гэр бүлтэй юу гэх мэт.

-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын сэтгүүл зүйн ангийг төгссөн. Саяхан өөд болчихлоо, нэрт сэтгүүлч, романч СГЗ Д.Цэмбэл, нэрт сэтгүүлч, зохиолч, СГЗ До.Цэнджав хэмээх хоёр агуу багшаас номын дуу сонсч мэргэжлийн чиг баримжаатай болсондоо баярлаж, бахархаж явдаг. Нэгдүгээр курсээсээ эхлэн сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн тэр цагаас хойш 17 жил тасралтгүй үзэг, цаастай нөхөрлөж явна. Амьдрал маань ердөө сэтгүүл зүйн тогоонд эргэлдсээр өдий хүрч ирлээ л дээ. Бараг анхны гялгар сэтгүүлүүдийн нэг “Гялбаа”-д ажиллаж байхдаа гоё сэтгүүлтэй болох юмсан гэж мөрөөдөж байсан. Хэдий анх мөрөөдөж байсан шигээ классик сэтгүүлтэй болоогүй ч сэтгүүлтэй болох мөрөөдөл маань биелсэн. Ажилдаа гаргадаг цаг зав маань хэтэрхий их байснаас тэр үү, одоогоор гэр бүлийн амьдрал зохиож амжаагүй байна.



Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Өндөр алдагдалтай төсөв баталчихаад, зээлийн хүү бууруулна гэж байгаа нь хоосон улс төр

Эдийн засагч Ч.Отгочулуутай 2018 оны төсөв болон эдийн засгийн хэрэгжүүлж буй бодлогын бодит байдлын талаар ярилцлаа.


-2018 оны төсөв ямархуу багцаатай төсөв болов?

-Төсвийн зардал 10 жилийн өмнөхтэй харьцуулвал бараг 10 дахин өсчихсөн. 2018 оны төсөвт ч энэ идэвхтэй өсөлт хэвээр хадгалагдсан байна.Дэлхийн ихэнх орон бүсээ чангалж аль болох л хэмнэлт хийхийг эрмэлзэж байгаа. Гэтэл манайх эдийн засаг хүнд байна гэх атлаа төсвийн тэлсэн бодлого хэрэгжүүлэх гэж байгаа нь ирэх онд инфляци өсөхөд нөлөөлж мэдэхээр байна.

-Төсвийн алдагдал инфляцид яаж нөлөөлдөг юм бэ. Үр дагавар нь юу байх вэ?

-2018 оны төсвийн алдагдал өндөр буюу ДНБ-ий есөн хувьд хүрэхүйц алдагдалтайгаар батлагдаж байгаа юм байна гэж ойлгосон. Ёсчлон батлагдсан хувилбарыг олж үзээгүй л байна. Уг нь бүсээ чангалсан, зоримог төсөв байх болов уу гэсэн хүлээлт байсан ч бодит байдал дээрээ эсрэгээрээ нэг удаагийн нийгмийн халамж тараах гэх мэтээр аргацаасан зүйл ихтэй усархаг төсөв байна. Энэ төсвийг УИХ-д дахин сонгогдох сонирхолтой, жижиг тойргоос гарч ирсэн гишүүд баталсан. Тэр утгаараа гишүүд өөрсдийн сонгогдсон тойргоо тойглоход чиглэсэн бодлогоор төсөв баталжээ гэж харахаар байна. Ер нь улстөрчид тойрогтоо хийсэн ажил ихтэй болж харагдах сонирхолтой байдаг л даа. Үүнийг нэг талдаа буруутгах арга алга. Гэхдээ ингэж тойргийн баатрууд олноор гарч ирдгийн сүүдэр нь эдийн засгаа хорлож, унагаж байдаг. Өнгөрсөн 2008, 2012 онд гэхэд сонгогчдод амласан мөнгөө бэлнээр тараана гэснээс болж эдийн засгаа яаж хямраалаа. Сонгуулийн амлалтыг биелүүлэхийн тулд гаднаас урьдчилан мөнгө зээлж тараасан. Тэгтэл 2012-2016 оны хооронд зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд гурав дахин уналаа шүү дээ. Нөгөө урьдчилаад зээлээд авчихсан мөнгөнийхөө өрийг төлөх гэтэл баялгийн үнэ буурснаас болж мөнгө орж ирдэггүй зовлон эхэлдэг. Ингээд инфляци ба ханшны уналт үргэлжлэхээр төсвийн бодлого маань зөвхөн улстөрчдөд ашигтай харин жижиг, дунд үйлдвэрлэгчдэд нэн хортой болж хувирдаг. Учир нь инфляцийг бууруулах нэрийн дор бодлогын хүүг өсгөнө. Дагаад зээлийн хүү өсөхөөр хөрөнгө оруулалт бас хэрэглээ хумигдаж ажлын байр устана, ядуурал өснө. Ирэх оны төсвийн багцтай танилцаж байхад бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулж буй зардал харьцангуй бага байсан. Харин төсвийн урсгал зардал нийт зарлагын багагүй хувийг эзэлж байгаа нь эдийн засагт сайн үзэгдэл биш. Инфляцийг өдөөсөн төсөв ажлын байрыг устгадаг. Ирэх 2018 оны төсөв ч инфляцийг тэжээсэн төсөв болчихлоо гэж харсан.

-2018 оны төсөв их л шуугиантай тэгсэн хэрнээ бодлогын хувьд их ойлгомжгүй батлагдаж байна гэсэн шүүмжлэл бий?

-Зөв шүүмжлэл. Энэ оны төсвийг хэлэлцүүлэг хийх хугацаа давчуу гэсэн нэрийдлээр шахаж яаран баталлаа. Уг нь төсвийг дөрвөн удаагийн хэлэлцүүлэгт оруулж нухацтай хэлэлцэж баталдаг. Олон нийтийн хэлэлцүүлэг, хяналт, оролцоо ч байх ёстой юм. 2018 оны төсвийн боловсруулалт, чанар талаас нь харахад сайн гэж хэлэхэд хэцүү.

-2018 оны төсвийн алдагдал өндөр батлагдсан. Төсвийн алдагдлыг багасгах боломж байсан уу?

-Төсвийн алдагдал нь инфляцийг тэжээж байдаг. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд мөнгөний нийлүүлэлт өсдөг. Нөгөө талаас төсвийн алдагдлыг өрөөр нөхөж байна. Энэ нь ирээдүйд татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгай хийж байна гэсэн үг. Ойлгомжтойгоор тайлбарлая л даа. 10 хүүхэдтэй айл байна гэж бодъё. Том хоёр хүүхдээрээ ажил хийлгэхгүй, гадаадад аялуулах эсвэл төрсөн өдрийн баярыг нь нүсэр тэмдэглэж, их мөнгө зарцуулж эрхлүүлээд байлаа гэж бодъё. Том хоёр нь аав, ээжээсээ нэхэж, шаардлага тавьдаг учраас тэдний амыг нь хаах гэж нялх хүүхдүүдийнхээ өмнөөс зээл аваад том хоёрыгоо өнөөдөр тансаглуулж байна гээд ойлгочих. Энэ тансаглалыг айлын бага хүүхдүүд том болсон хойноо төлнө. Төсвийн алдагдлын цаад утга учир нь дээрх хэлсэн жишээтэй дүйцнэ. Төсвийн алдагдал оргүй хоосноос бий болчихгүй. Ямар нэгэн байдлаар өр тавина. Тэр өрийг ирээдүй хойч үе маань төлнө. Та жишээ нь хүүхдийнхээ нэрийн өмнөөс тэгж их өр тавих уу. Энэ сахилга бат мөн үү. Сэтгэлгүй л байгаа хэрэг.

-Сүүлийн жилүүдэд Засгийн газраас бонд гаргаж байгаа нь эргээд макро түвшинд эдийн засгаа хумих байдлыг бий болгож байна гэсэн шүүмжлэл байдаг?

-Засгийн газрын бодлогоос инфляци хамаарна. Өнөөдөр банкууд бизнес эрхэлж буй хүмүүст зээл олгохын оронд амарчилж Засгийн газрын бондыг худалдаад авчихаж байна. Тэгээд дундаас нь өндөр хүү авдаг. Энэ нь банкны буруу биш, бодлого гаргаж буй улстөрчдийн алсын хараагүйг харуулна. Засгийн газрын бондын мөнгө татвар төлөгчдийн мөнгө болохоос биш УИХ-ын гишүүд, сайдын хармаанаас гарч байгаа мөнгө биш. Үнэндээ Засгийн газар бонд гаргасан нь өөрөө өөрсдийгөө хуурах хэрэгсэл болоод хувирчихсан учир сүүлийн хэдэн жил төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхдөг жишиг тогтчихлоо. Гэтэл дэлхийн эдийн засгийг доргиосон 2007, 2008 оны хямралын цаана баталгаа, барьцаагүй үнэт цаас гаргаж, эрсдлийг эрсдэлгүй мэтээр хаасаар явсны эцэст засаг хямарсан. Яг үүнтэй адил Засгийн газраас гаргаж байгаа бонд улстөрчдийн хүсэл хэрэгцээг хангадаг ид шидийн сав болж хувирсан. Гэтэл үүний цаана бодит эдийн засаг дээр эрсдлийг татвар төлөгчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үүрч, төлж байгааг хэн ч ярьдаггүй. Энэ нь манай улсын эдийн засгийг хямраах томоохон хүчин зүйлийн нэг. Ирэх жил Засгийн газар бонд гаргахгүй гэх баталгаа алга. Шинэ Сангийн сайдыг бизнесийн санхүүгийн эрх чөлөөг дэмжсэн, нийлүүлэгч талаа дэмжсэн байх болов уу гэсэн хүлээлт байсан ч бас л нэг удаагийн халамжийг дэмжсэн төсөв оруулж ирлээ. Эдийн засагт мөнгө, төсвийн бодлого хоёр харилцан уялдаа холбоотой байдаг. Гэтэл мөнгөний бодлого хэрэгжүүлдэг Төв банкны удирдлага нь гадаад валютын цэвэр нөөц, гадаад цэвэр актив хоёроо ч ялгахгүй мэдэгдэл хийдэг. Ингэж макро эдийн засгийн бодлогыг барьж буй хүмүүс санаатай ч юм уу санамсаргүй ч юм уу бодит байдлыг худлаа илэрхийлж, хэлснийхээ эсрэг зүйл ярьж байдаг нь зах зээлд сөрөг дохио өгдөг.

-Тухайлбал, эдийн засагт ямар дохио өгч байна?

-Монголбанкны гадаад валютын цэвэр нөөц хасах 400 сая ам.доллар гарлаа гэж өнгөрсөн жил зарлаад байсан. Гэтэл энэ нь гадаадын цэвэр актив байсан бололтой юм. Монголбанкны албан статистик тооноос харахад нөөц нь нэг тэрбум ам.доллар байсан. Бас тэр своп нь хэрэгсэл юм билээ. Нэг дор шууд төлдөг эд ч биш. Өөрөөр хэлбэл албан ёсны вэб хуудас рүү нь ороод харахаар өөр тоо, өөрсдөө тайлбарлахдаа огт өөрийг хэлж байгаа нь улс төр ч юм шиг. Мөн өнгөрсөн жил Сангийн сайд манай төсвийн алдагдал ДНБ-ий 30 хувьд хүрчихжээ, удахгүй 70 хувь хүрэх нь гэсэн мэдэгдлийг хийсэн. Тэр мэдэгдлийн дүнд манай улсын зээлжих зэрэглэлийг хоёр шатаар шууд бууруулчихсан. Төсөв, мөнгөний бодлого барьж буй албан тушаалтнууд эдийн засгийн бодит нөхцөл байдлыг хэлдэггүй, улстөржүүлж худлаа ярьдаг эсвэл хольж хутгаад буруу зөв хэлдэг нь цаад том агуулгаараа эдийн засгаа хорлоод байдаг. Төсөв, мөнгөний бодлогод улстөржсөн өнгө аясаар хандвал эдийн засаг хэзээ ч урагшаа явдаггүй. Төсөв мөнгөний бодлогын эцсийн хэрэглэгч нь зах зээлд оролцож буй хэрэглэгч, жижиг дунд үйлдвэрлэгч ард түмэн байдаг. Харамсалтай нь төсөв, мөнгөний бодлогоо улстөрчдийн өөрсдийгөө тодруулдаг чимэг эсвэл өрсөлдөгчөө балбадаг зэвсэг болгож хувиргасан. Энэ нь улс төрийг ч тэр, эдийн засгийг ч татаж унагаж байна. Манайхны жишээ татах дуртай Чили, Норвегид төсвийн бодлогыг боловсруулахдаа иргэдийн хяналтыг зайлшгүй оруулахаар хуульчилсан. Төсвийг тайлагнахдаа эдийн засгийн хараат бус зөвлөл байгуулж, улстөрчдийн оролцоогүйгээр мэргэжлийн хүмүүс төсвийг тайлагнаж байна. Гэтэл манайд Сангийн яамыг дээрэлхээд сурчихсан хэдхэн улстөрчид төсөв боловсруулдаг. Төсвөө хийхдээ өөрсдийнхөө мөрөөдлийн жагсаалтаа оруулж ирдэг, сонгогдох тухайгаа боддог, тэгээд эргээд өөрсдөө хянаж тайлагнадаг. Үнэндээ тэдний тансаглалыг төсөв даахаа больчихоод байна. Уг нь төсвийн бодлого ард түмэндээ хамгийн ойр, шилэн байх ёстой юм. Гэтэл манай улсын төсөв хэдхэн хүний гарт монопольчлогдсон гэмээр байна даа. Өнгөрсөн жил эдийн засаг хасах 1.7 хувьтай гарч байсан нь улстөрчдийн буруу мэдэгдлээс үүдэлтэйгээр хэрэглээний шок их нөлөөлсөн.

-Үүнээс гарах гарц юу байна вэ?

-Төсвийн шинэчлэл, реформ гэсэн гоё үгнүүд ч яах вэ. Гол нь эдийн засгийг эрүүл орчныг бүрдүүлэхэд улстөрчдийн эр зориг дутаад байна. Төсөв, мөнгөний бодлогын сахилга батыг сахиулахын тулд хийх реформ нь сонгогчдод заавал таалагдах алба байхгүй. Эрүүл эдийн засгийг дараагийн үеийнхэндээ яаж үлдээх вэ гэсэн алсын хараатай төрийн зүтгэлтэн алга байна. Хэрвээ 2020, 2030 оноос эдийн засгийн эрүүл орчныг бүрдүүлье гэвэл энэ жил зоригтой шинэчлэл хийхээс аргагүй. Дан ганц ОУВС ид шидийн юм шиг бүхнийг сайхан болгочихно гэж байхгүй. Алдагдалгүй төсөв батлах эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Манай улс гадаад өрийг эдийн засгийн 40 хувиас дээшлүүлэхгүй гэсэн хуультай боловч 60 хувь болгосон өнгөрсөн жил 88 хувь болгочихсон. Дүрмээ эхэлж зөрчих юм, тэгээд зөрчилгүй харагдахын тулд дүрмээ өөрчилчих юм. Ирэх 2019, 2020 онд сонгуулийн жилүүд эхэлчих учраас төсөв бүр долоон дор болж батлагдана. Үүнээс гарахын тулд тогтолцооны хувьд төсвийн бодлого дээр бие даасан хараат бус зөвлөлийг бий болгох хэрэгтэй. Тэгж байж сонгуулийн галзуурлаас төсвөө аварч чадна. ОУВС-гаас ч хөтөлбөрийн хүрээнд танайх төсвийн зөвлөлтэй бол гэсэн шаардлагыг манайд өгсөн гэж ойлгосон. Төсвийн зөвлөлийг байгуулахгүй бол, ер нь реформ хийхгүй л бол тэр аймагт төчнөөн төгрөгөөр зам тавихад мөнгө алга, багш нарт халамжийн мөнгө тараасан байна гэх тухай яриад хол явахгүй.

-Багш, эмч нарын цалинг 50 хувиар нэмэх бодит бололцоо байгаа юу. Тэдний цалинг нэмнэ гэсэн хүлээлт нийгэмд үүссэн байгаа?

-Цалин нэмэх бодит бололцоо байхгүй байна гэмээр харагдсан. Би төсвийн задаргааг харсан л даа. Урсгал зардал өндөр байна лээ. Өрийн үйлчилгээний зардал бас өндөр байна. Хичээгээд ямар боломж байна вэ гэж үзвэл хэрвээ зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өндөр байгаад төсөвлөснөөс илүү их хэмжээний орлого орж байгаа бол боломжтой байж болно. Багш нарын цалингийн фонд таван жилийн өмнө 30 тэрбум төгрөг байсан бол одоо 300 тэрбум төгрөг болчихсон байна лээ. Үүнийг 50 хувиар нэмье гэж үзвэл концесст төлөх гэх мэт өөр бусад зардлуудаа танаад 150 тэрбум төгрөг гаргая гэвэл болох л байх. Тэгэхдээ бодлогын хувьд зөвхөн багш нарын цалинг нэмчихлээ гэхэд нийгэмд хүлээлт үүснэ, цаашлаад бүгд барьцаж цалингаа нэмүүлэх гэнэ. Эмч нарын цалинг нэмэх ёстой гэж бас ярьж байгаа биз дээ. Тэгээд араасаа хувийн хэвшлийнхнийг чирнэ. Миний хувьд цалин нэмэхийн эсрэг байгаа юм биш. Гэхдээ бодит нөхцөл байдал дээр цалин нэмэгдэхэд юмны үнэ өсдөг зүй тогтлоос л айж байна. Дахиад инфляци өсч зээлийн хүү өснө. Зээлийн хүү өссөнөөр эдийн засаг хумигдана. Ажлын байр байхгүй болно. Ийм чөтгөрийн тойрогт орчихдог талтай. Цалин нэмж, зах зээлд шууд мөнгөөр шийдэх гэвэл чөтгөрийн тойрогтоо улам л шигдэж, хойч үедээ улам их өр үлдээхийн цондон болно. Тэгэхээр багш нарын цалинг 50 хувиар нэмэх нь боломжгүй зүйл болов уу.

-Энэ Засгийн газрын мөнгөний бодлогын гол хийх ойрын ажил банкны хүүг бууруулна гэгдээд байгаа. Энэ хэр бодитой хэрэгжиж чадах вэ?

-Зээлийн хүү өөрөө үнэ байдаг. Аливаа юм олдоц муутай ховор байх тусмаа үнэ цэнэ өндөр байдаг. Сүүлийн жилүүдэд инфляци харьцангүй тогтвортой байсан бол сая долоон хувьд хүрчихсэн байна. Манай улсын мөнгөний нийлүүлэлт жил болгон 10-11 их наяд төгрөгт багтдаг байсан бол одоо 14 их наяд болсон. Нэгхэн жилийн дотор мөнгөний нийлүүлэлт гурван их наядаар өссөн байна. Ингэж мөнгөний нийлүүлэлт өсч байгаа нь үнийг эргээд өсгөдөг. Үнэ өссөнөөр инфляци бий болно. Инфляци өсөхийн зэрэгцээгээр ам.долларын ханш нэмэгдэж байна. Шатахуун дизелийн түлшний татварыг нэмэх шийдвэрийг гаргачихсан. Энэ бүх нөхцөл байдлаас үзэхэд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь зайлшгүй, бодлогын хүү өсөх нь гарцаагүй болох вий дээ.

-Зээлийн хүүг бууруулах асуудлыг төсвийн бодлоготойгоо нийцүүлж хүчээр шийдэж болдог уу?

-Мөнгөний бодлогоороо УИХ инфляцийг найман хувиар бага байлгана гээд үүндээ зориулж бодлогын хүүг тохируул гэлээ. Нөгөө талдаа төсвийн алдагдлаа өндрөөр баталчихлаа. Үүний золиосонд жижиг, дунд үйлдвэр явна. Яагаад вэ гэвэл, Монголбанк инфляцаа барихын тулд бодлогын хүүг өсгөж л таарна. Өөрөөр хэлбэл ийм өндөр алдагдалтай төсөв баталчихаад аман дээрээ зээлийн хүү бууруулна гэж байгаа нь хоосон улс төр хийж байгаа л хэрэг. Төсвийн шинэчлэл явуулж зээлийн хүүг бууруулна гэдэгт үнэхээр итгэл төрөхүйц эдийн засгийн бодлогыг би л лав олж харахгүй байна. Манай улсын эдийн засгийн өсөлт маань бодитой өсөлт мөн үү эсвэл үнийн өсөлт үү гэдэг нь эргэлзээтэй. Эдийн засгийн өсөлтийг харахад нэлээд хувийг нүүрсний экспорт эзэлсэн байна лээ. Тэгэхээр яг иргэдэд хүрсэн амьжиргаанд нөлөөлөхүйц эдийн засгийн өсөлт биш болж таарч байна. Ялангуяа инфляци өссөн үед эдийн засаг өсч байна гэдэг нь өөрсдийгөө хуурч буй л хэрэг.