Categories
мэдээ цаг-үе

Фламинго

Нарийхан урт хөлтэй, урт хүзүүтэй фламинго шувуу нь ягаан, цагаан,
улаан гээд янз бүрийн өнгөтэйгөөс гадна Ягаан, Чилийн, Жеймсийн, Андын, Америк фламинго
гээд олон төрөл байдаг. Энэ шувуу Африк, Азербайжан, Казахстан, Өмнөд, Хойд Америк,
Зүүн өмнөд болон Төв Ази, Франц, Испанийн нутагт амьдардаг. Хойд Америк, Испани,
Францын өмнөд хэсэгт амьдардаг ягаан өнгөтэй нь нүүдлийнх гэгддэг. Фламинго устаж
үгүй болох аюул тулгарсан тул Улаан номонд оруулж, агнахыг хоригложээ.

Сүргээрээ намагт амьдардаг энэ шувууны нэг онцлог нь дотогшоо мурийсан
урт хошуутай. Ийм хошууныхаа ачаар усан дотроос хоолоо олж иддэг. Фламингогийн хошуу
бусад шувуудынхаас ялгаатай бөгөөд дээд тал нь хоолоо идэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Байгалийн хамгийн хүнд нөхцөлд амьдрах чадвартай нь фламингогийн нэгэн онцлог. Тэд
маш давсархаг, шүлтлэг ихтэй нууранд амьдардаг. Ийм усанд загас бараг байдаггүй,
хавч, наймаалж өсөн үржиж байдагтай холбоотой. Хавч, наймаалж нь каротин нэлээд
агуулсан байдгаас фламинго ягаан өнгөтэй юм. Түүнээс гадна усанд ургадаг янз бүрийн
ургамлаар хооллоно. Нэг өдөрт бараг нэг килограмм усны ургамал иддэг болохыг судлаачид
тогтоосон байна. Өндөр газрын нуурууд ихэвчлэн давсархаг устай байдаг. Тиймээс ч
фламинго ийм газар амьдардаг бөгөөд агаарын хэмийн эрс өөрчлөлтөд тэсвэртэй.

Фламингогийн далавчны дотор талынх нь өд хар өнгөтэй. Араатан амьтад
дайрахад нисч зугтдаг. Ийм үед далавчны дотор талын хар өд нь хамгаалагч нь болж
өгнө. Шувуунаас янз бүрийн өнгө ялгаран харагддаг тул араатан амьтдад онилоход түвэгтэй
байдаг гэнэ.

Давсархаг ус, намагт эмгэг бичил биетүүд маш ихээр үрждэг. Тиймээс
шувууны урт хөл жаахан шалбарахад халдвар авах аюултай. Фламингогийн хөлний арьс
нь нэлээд зузаан гэнэ. Өрөвтас зэрэг шувууд мөн л урт хөлтэй, усанд удаан зогсдог.
Ингэхдээ хөлөө амраах мэт нэг хөл дээрээ ээлжлэн зогсдог. Үнэндээ хөлөө ингэж дулаацуулдаг
юм байна. Хүн харахад түвэгтэй мэт санагдах боловч өөрсдөд нь зүгээр байдаг гэнэ.
Энэ нь фламингогийн биеийн бүтцийн онцлогтой холбоотой. Модны мөчир дээр сууж байгаад
унтсан ч унадаггүй нь мөн үүнтэй холбоотой. Учир нь хөлний сарвуу нь модны мөчрийг
сайн гэгчийн ороож авдаг.

Эрдэмтэн, судлаачдын тогтоосноор ягаан фламинго нь манай дэлхий дээрх
хамгийн анх бий болсон шувуудын нэг. Динозавр зэрэг том биетэй амьтад үхэж үгүй
болсон байхад нарийхан урт хөлтэй, туяхан хүзүүтэй энэ шувуу амьд үлдсэн болохыг
эрдэмтэд тогтоосон.

Африк болон Энэтхэгт хамгийн олон төрлийн фламинго амьдардаг. Түүнээс
гадна манайхтай хил залгадаг Казахстанд нэлээд бий. Дийлэнх нь нэг газраа хэдэн
жилээр амьдардаг нь фламингогийн бас нэг онцлог юм.

Фламинго 1.3 метрийн өндөртэй, гурваас дөрвөн килограмм жинтэй. Нэг
сүрэгт хэдэн зуун, мянган фламинго байдаг. Хүнээс зайдуу газрыг сонгон амьдардаг
онцлогтой. Усан дээр үүрнүүдээ маш ойрхон засна. Үүр нь ойролцоогоор 55 сантиметр
өндөр. Нэг удаа 1-3 өндөг гаргаж, 31 хоног дарна. Фламинго нь эхэндээ цагаан өнгөтэй
байх бөгөөд эхний 3-4 жилдээ өнгө нь өөрчлөгддөггүй юм байна. Өндөглөснөөсөө долоо
хоногийн дараа үүрнээсээ гарч явна. Ингэхдээ ээжийнхээ хамгаалалт дор гадаад ертөнцтэй
танилцдаг. Эхчүүд нь идэх юм олж ирэхээр явах хойгуур дөнгөж төрсөн фламингонуудыг
бүгдийг нь нийлүүлж томчууд нь харж хамгаална.

Фламингогийн хамгийн гол дайсан нь үнэг, тас, чоно зэрэг амьтад.
Өөрсдийгөө хамгаалахын тулд шөнөдөө сүрэг шувуудын нэг хэсэг нь унтаж, нөгөө хэсэг
нь манаанд гарна. Аюул нүүрлэж байгаа тухай дохио өгөхөд нэгэн зэрэг бүгд нисдэг
аж. Иймэрхүү маш нарийн зохион байгуулалт нь өөрсдийгөө хамгаалах бас нэг арга юм.

Фламинго шувууд бүжгээрээ алдартай. Энэ нь маш сонин үзэгдэл. Бүгд
нэгэн зэрэг алхах мэт явангаа толгойгоо хоёр тийш нь хөдөлгөнө. Ингэхдээ бүжгийн
нэгэн хамтлаг мэт бүгд зэрэг хөдлөх нь маш сонин. Заримдаа хошуугаа усанд дүрчихээд
биеэрээ тойрон эргэлдэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Борис Ельцин

ОХУ-ын бүх ард түмний сонгуулиар сонгогдсон анхны Ерөнхийлөгч Борис Николаевич Ельцин өнөөдөр амьд байсан бол 85 настай байх байсан. Оросын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн түүний талаар янз бүрээр ярьдаг. Тэрээр хоёр удаа төрийн тэргүүнээр улиран сонгогдсон, Оросын улс төр, эдийн засгийн тогтолцоонд шинэчлэл хийсэн улстөрч. 1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр өөрийнхөө хүсэлтээр албан ажлаа өгөхөөр болсноо ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ уламжилсан нь дэлхий нийтийн гайхшил төрүүлсэн үйл явдал байсан гэж болно. Ийм шийдвэр гаргасных нь төлөө түүний бүх алдааг уучилж болно хэмээн оросууд ярьдаг. Б.Ельцинг төрийн тэргүүнээр ажиллаж байхад Орос орны хувь заяаг шийдэх олон ээдрээтэй үйл явдал тохиосон билээ. 1991 оны наймдугаар сард Улсын онц байдлын хорооныхон төрийн эргэлт хийхийг завдахад Б.Ельциний удирдлага дор хуйвалдааныг дарсан. Тэрээр Орост Коммунист намын үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргаж, Зөвлөлтийн задралыг тууштай дэмжсэн улстөрч юм. Улс орондоо хувьчлалыг эхлүүлж, зах зээлийн эдийн засагт шилжүүлсэн. Түүнийг төрийн тэргүүн байхад буюу 1993 онд Оросын парламент хямралд автсан юм. Энэ үед Б. Ельцин зэвсэг хэрэглэхийг зөвшөөрчээ. Чеченийн байдал хурцдахад тэрээр тушаал гаргаж тус бүс нутагт цэрэг оруулсан гээд олон чухал шийдвэр гаргасан билээ.

Боря ОХУ-ын Свердловск мужийн Бутка хэмээх тосгонд жирийн нэгэн айлд төрсөн. 1917 оны хувьсгалаас өмнө Ельцинийх нэлээд чинээлэг айл байсан тухай тагнуулын албаны баримт бичигт дурдсан байдаг нь одоо ч архивт хадгалагдаж байгаа. Ельцинийх усан, салхин тээрэмтэй, 12 гектар эдлэн газартай, буудай бутлагч машинтай, хөлсний ажилчидтай, морь, ямаа, үхэртэй байжээ. Тэднийх маш их хөдөлмөрлөдөг, түүнийхээ ачаар чинээлэг амьдарч байв. Ийм айлуудад Зөвлөлт засаг дургүй байсныг бүгд мэднэ. Ингээд хамтрал байгуулах хөдөлгөөн өрнөхөд бүх эд хөрөнгөө хураалгажээ. Борис Ельциний аав Николай Ельцин хэлмэгдэж 1937 онд суллагдаад барилга дээр ажиллахаар хуваарилагдсан байна. ОХУ-ын анхны Ерөнхийлөгчийн ээж Клавдия Старыгина оёдолчин аж.

Боря сурлагадаа сайн байсан боловч нэлээд зүггүй бас зодоон хийнэ. Зарим судлаачид хичээлдээ тийм ч сайн байгаагүй гэдэг. Ангийн багш нь сурагчдаа зодож, шийтгэж байгаа нэрийдлээр гэрийнхээ ажлыг хийлгүүлдэг байсныг долдугаар ангийн сурагч Боря Ельцин эсэргүүцжээ. Багштайгаа тэрсэлдсэн түүнийг сургуулиас хөөсөн боловч бууж өгөөгүй. Хотын намын хороонд гомдол гаргаснаар өөр сургууль руу шилжсэн байна.

Б.Ельцин хүүхэд байхдаа зүүн гарынхаа хоёр хуруугаа тайруулсан. Өөрийнх нь ярьснаар гар бөмбөг дэлбэлэх гэж байгаад бэртсэн аж. Харин зарим судлаачид үүнийг үгүйсгэж, цэрэгт явахгүйн тулд ингэсэн гэдэг.

Тэрээр 1950 онд дунд сургуулиа дүүргээд Уралын политехникийн дээд сургуульд барилгын инженер мэргэжлээр суралцсан. Дээд сургуулиа дүүргээд мэргэжлээрээ ажиллаж байгаад 1968 оноос Оросын Коммунист намд ажиллах болсон. Улстөрч болох гараагаа ингэж эхэлжээ. Долоон жилийн дараа Свердловск мужийн намын хорооны даргаар томилогдож удалгүй Коммунист намын Төв хорооны гишүүнээр сонгогдсон байна. Ийнхүү намын шугамаар албан тушаал ахиж Улс төрийн товчооны гишүүн болсон. Гэвч 1987 онд намынхаа үйл ажиллагааг ширүүхэн шүүмжилснийх нь төлөө албан ажлаас нь огцруулжээ. Гэсэн хэдий ч Коммунист намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байна. Ингээд намынхаа XXVIII их хурал дээр М.Горбачевыг шүүмжилж, өөрөө намаасаа гарч байгаагаа олон нийтэд зарласан нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байсан түүхтэй.

Улстөрч Борис Ельцинийг дурсахад 1991 оны наймдугаар сард Москвад болсон

явдлыг дурдахгүй байхын аргагүй. Улсын онц байдлын хорооныхон төрийн эргэлт хийхийг завдахад тэрээр удирдан дарсан. Улаан талбайд танк оруулж байсан үе. Үүний дараахан тэрээр Оросын төрийн тэргүүний эрх мэдлийг өргөжүүлсэн тогтоолуудыг гаргаж ОХУ-ын Ерөнхийлөгч гэсэн албан тушаалтай болгох саналыг оруулсан юм. Ингэснээр Зөвлөлт, Оросын хоорондох зөрчилдөөн үүсчихээд байсныг зохицуулжээ. Тухайн үед Орос, Украин, Беларусийн төрийн тэргүүнүүд уулзаж Беловежийн хэлэлцээрийг байгуулснаар М.Горбачев ажлаа ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцинд хүлээлгэн өгсөн.

Өөрөөр хэлбэл, улс орныг удирдах ажлыг хүлээн авсан байна. Ингээд хувьчлал явуулж, зах зээлийн эдийн засагт шилжих ажлыг яаралтай эхлүүлсэн юм. 1992-1993 онд Ерөнхийлөгч болон парламентын хоорондох зөрчилдөөн дээд цэгтээ хүрч зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн. ОХУ-ын Дээд Зөвлөлийн гишүүд төв телевиз байрлах Останкиног эзэлж авахыг завдаж хариуд нь Ерөнхийлөгч Б.Ельциний цэргүүд парламентын байр руу гал нээж байсан билээ.

Б.Ельцинийг Ерөнхийлөгчийн албыг хашиж байхад Чеченийн салан тусгаарлагчид хүчээ авч эхэлсэн. Асуудлыг шийдэхээр ОХУ-ын Ерөнхийлөгч тус бүс нутаг руу цэрэг оруулжээ. Энэ нь түүнийг шүүмжлэх хамгийн гол бай нь болсон. Гэсэн хэдий ч Оросын төрийн тэргүүн барууны орнуудтай харилцаагаа сайжруулах алхмуудыг хийсээр байв.

1996 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар Б.Ельцин дахин нэр дэвшиж эцсийн шатанд Коммунист намын дарга Г.Зюганов тэр хоёр тунаж үлдсэн. Б.Ельцин “Саналаа өгөхгүй бол ялагдана” гэсэн уриатай оролцсон нь ялалт байгуулахад хамгийн их нөлөөлсөн гэдэг. Нэг хэсэг маш богинохон хугацаанд ОХУ-ын Ерөнхий сайдыг дөрвөн удаа сольсон нь Оросын засаг төр хямралд автсаны нэгэн илэрэл хэмээн ажиглагчид тайлбарлаж байлаа.

В.Черномырдин, С.Кириенко, С.Степашин хамгийн сүүлчийнх нь В.Путин. Залуухан В.Путинг Засгийн газрыг тэргүүлэхээр болоход бүгд л халагдахыг нь хүлээж суулаа. Тэр үед Б.Ельциний бие тийм сайнгүй байсан тул самуурч байна гэсэн яриа ч гарчээ. Үнэндээ өөрийнх нь халааг авч чадахуйц шинэ удирдагчийг хайж байсан гэдгийг сүүлд ньмэдсэн байдаг.

ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан В.Путинг эхэндээ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм. Б.Ельцин түүнийг анх танилцуулахдаа л ирээдүйд халаагаа өгөх бодолтой байгаагаа илэрхийлжээ. Ингээд 1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хугацаанаасаа өмнө ажлаа өгөхөөр болсноо мэдэгдэхдээ В.Путинг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсноо хэлсэн.

Б.Ельцин ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр очихдоо онгоцноос халамцуу бууж, төрийн дууллыг тоглохоор очсон цэргийн найрал хөгжмийг удирдсан талаар нэг хэсэг хэвлэлээр шуугьж байсан билээ. Энэ тухай одоо ч ярьдаг. ОХУ-ын анхны Ерөнхийлөгч хоёр охинтой. Том нь Елена, бага нь Татьяна. Татьяна нь аавыгаа төрийн тэргүүн байхад Дьяченко гэсэн овогтой байв. Эцгийнхээ зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг Кремлийн хамгийн нөлөө бүхий хатагтай гэнэ. Тухайн үедээ Татьяна Дьяченког Оросын хамгийн чинээлэг эмэгтэй гэдэг байсан боловч энэ нь батлагдаагүй. Гэхдээ Оросын бизнесийн ертөнцөд маш их нөлөөтэй байсан гэдэг нь гарцаагүй.

Төрийн тэргүүнээр ажиллах сүүлийн жилүүдэд Б.Ельциний бие нэлээд мууджээ. Гэхдээ хугацаанаасаа өмнө ажлаа өгөхөд энэ нь нөлөөлөөгүй гэдгийг өөрөө хэлсэн байдаг.

1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ард иргэддээ хандан уламжлалт ёсоор шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ хэлсэн үгийг эргэн нэг харъя. “Эрхэм найз нар аа, миний эрхмүүд минь. Өнөөдөр би та нартаа хамгийн сүүлчийн удаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх гэж байна. Өөр ч хэлэх юм бий. Өнөөдөр би хамгийн сүүлчийн удаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд та бүхэндээ хандаж байна. Би шийдвэрээ гаргасан. Энэ талаар маш удаанаар нэлээд нухацтай бодлоо. Өнөөдөр өнгөрч буй зууны сүүлчийн өдөр би ажлаа өглөө” гэжээ. Тэрээр цааш нь ярихдаа эрүүл мэндийн байдлын улмаас бус, олон тулгамдсан асуудлын нөхцөл байдлын улмаас хэмээн тайлбарлааад ард иргэдээсээ хүлцэл өчсөн билээ.

Энэ мэдэгдлийн бичлэгийг хийсэн оператор хожим нь дурсан ярихдаа Б.Ельцин үгээ хэлж дууссаад нэлээд хэдэн минут хөдөлгөөнгүй суусан гэдэг. Энэ үед түүний хацрыг даган нулимс урсч байсан гэнэ. Тэр өдөр нь Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон В.Путин Б.Ельцинг хуулийн байгууллагын зүгээс мөрдөх, шалгах, түүний гэр бүлд эд хөрөнгийн хохирол учруулахаас хамгаалах тухай тогтоол гаргаж гарын үсэг зурсан юм. В.Путин амлалтаа биелүүлсэн.

Б.Ельцин амьдралынхаа сүүлийн жилүүдэд амар тайван амьдарч байхдаа нэлээд хэдэн дурдатгалын ном бичсэн. Тэрээр 2007 оны дөрөвдүгээр сард хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтон, Ж.Буш гээд дэлхийн нэртэй улстөрчид Москвад очсон байдаг.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баясгалан: Олон улсын хэмжээнд монголчуудын нээсэн теорем гэж ярьж, бичигдвэл хичнээн сайхан байхав

Б.Баясгалан багш бол уг нь онолын математикч мэргэжилтэй. Өөрийнх
нь ярьснаар хувь заяаны эрхээр багшилсан гэнэ. МУИС, Багшийн их сургуульд багшаар
ажиллаж байгаад “Олонлог” сургуулийг үүсгэн байгуулсан. Одоо ч математикийн олимпиадад
оролцох сурагчдаа өөрөө хичээл зааж бэлддэг, бүр тусгай өрөөтэй. Тэр өрөөний хананд
“Тархинд шулуун суумал. Тэнгэрт үүл нүүмэл” гэсэн өөрийнх нь хэлсэн үгийг бичсэн
нь ихэд содон харагдав. Б.Баясгалан захирал бид хоёрын яриа түүний нээсэн нэгэн
математикийн теоремоос эхэлсэн юм.

-Би бүр залуу байхдаа буюу 1988 онд Монгол Улсын математикийн олимпиадад
нэгэн бодлого дэвшүүлсэн. Тэрийгээ өргөтгөж, судалсаар яваад Монголоор овоглогдох
чухал теорем болж чадсан юм. Баяржаргал багш маань “Багш аа, та энэ бодлогоо нэг
янзлаач, их гоё шүү дээ” гэж хэлсэнийх нь дагуу нэлээд нухаж явсаар байгаад Багшийн
дээд сургуульд багшаар очиход оюутан байсан, Монголын дархан аварга математикчид
болсон Ганбилэг, Баяржаргал бид гурав нийлж уг теоремийг баталсан хэрэг. Энэ бол
үнэхээр гайхамшигтай теорем. Харамсалтай нь Монголдоо дэмжлэг авч чадалгүй хоёр
жилийг үджээ. Яагаад гэдгийг нь ойлгодоггүй. Би боломж гарангуут л уулзаж учирсан
дарга, сайдуудад түүнийгээ тайлбарлаж хэлээд л явдаг. Улаанбаатарын Матетматикийн
семинар дээр олон эрдэмтэнд нээлттэй хэлэлцүүлж буруу, зөвийг нь нягтлуулсан үр
дүн. Монголчуудаар овоглогддог учиртай нэгэн теорем бий. Их эрдэмтэн Мянгатын үр
дүн л дээ. Гэхдээ тэр нь Каталаны тоо гэж итали хүний нэрээр нэрлэгддэг. Гэтэл Каталанаас
70-80 жилийн өмнө монгол хүн баталсныг дөнгөж 2014 онд Америкийн зарим нэгэн сурах
бичигт Монголын эрдэмтэн нээсэн гэж бичсэн байдаг. Үүн шиг түүх давтагдах вий гэж
санаа зовдог. Хувийн сургуулийн нөхдүүд хийсэн юм гэнэ. Энд тэнд ярьж болохгүй,
сурталчилгаа болно гэж хэлдэг. “Дунд сургуулийн багш нар ийм гайхалтай теорем батлах
тохиолдол ховор шүү” гэж би хэлдэг юм. Энэ бол Баясгалан, Ганбилэг, Баяржаргалын
асуудал биш. Монгол хүний ухаанаар бүтсэн маш сайхан теорем тул цааш нь аваад яваарай
гэж хэлдэг. Олон улсын хэмжээнд монголчуудын теорем гэж ярьж, бичигдвэл хичнээн
сайхан байхав гэж боддог доо.

-Та олон улсын олимпиадад сурагчдаа авч явахдаа гадаадын мэргэжлийн
хүмүүст энэ теоремынхоо талаар ярьж, танилцуулдаг уу?

-Математикийн хөгжлийг тодорхойлдог том гүрнүүд жижиг орны математикчдийн
хийсэн зүйлд эргэлзэнгүй ханддаг. Хоёрдугаарт, бид Японы математикч Кавасаки болон
бусад мэргэжлийн хүмүүст явуулж байсан. Гадныхан гайхамшигтай үр дүн байна гэдэг.

1982 онд би есдүгээр ангиа төгсөөд Унгарт болсон олон улсын математикийн
олимпиадад явж байсан. Одоо бол нэлээд алдартай болчихсон Оросын математикч Г.Перельман
тэр тэмцээнд надтай цуг оролцож билээ. Тэр хүн нэг сая ам.долларын шагналтай бодлогыг
бодоод интернэтэд тавьчихсан. Түүнийг шагналаа аваач гэхээр авдаггүй “Надад шагнал
хэрэггүй. Энэ теоремын зөв гэдэг нь батлагдвал боллоо” гэж хэлдэг. Тухайн үед тэр
хүнтэй цуг олимпиадад орж байсан болоод ч тэр үү Г.Перлман надад их ойр санагддаг.
Түүн шиг бид нээсэн теоремоо интернэтэд тавьсан. Интернэтэд ороход баталгаа зэрэгтэйгээ
байж байгаа.

-Манайхан албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй теоремыг ингэж хамаагүй
интернэтэд байрлуулж болох уу. Зохиогчийн эрхийн асуудалд л санаа зовоод байна?

-Сайн тал нь гэвэл интернэтэд байрлуулсан он, сар, өдөр гэж байна.
Монголын “Олонлог” сэтгүүл дээр хэвлэгдчихсэн. Бид юуны түрүүн зохиогчийн эрхээ
хадгалах үүднээс яаралтай арга хэмжээ авсан байгаа. Чимээгүй дараад байх юм бол
харин ч өөр хүний хоол болох аюултай. Тиймээс ч Г.Перельманы жишээгээр олон түмэнд
задлаад тавьчихсан. Сүүлд Ираны нэг математикч түүнийг интернэтээс олж үзээд “Та
нарын баталсан теоремыг үзлээ. Маш гоё теорем баталсан байна” гэж бичиж байсан.
Жижиг улс орнууд өөрсдийн судлаач, эрдэмтдийн баталсан теорем, хийсэн нээлтийг нандигнан
хайрлаж байх ёстой. Хүн төрөлхтний оюуны бүтээлд Монголоос оруулж байгаа хувь нэмэр
гэдгээрээ гайхамшигтай. Ингэснээр 100 см диаметртэй тойрог дээр хоорондын зай нь
бүхэл байх хичнээн цэг байх уу гэдгийг монголчууд л мэднэ. Бид бол зургаа байна,
долоо байхгүй гэдгийг баталж чадсан. Цаашлаад бүх утган дээр хэд гарахыг монголчууд
л хариулж чадна даа. Би үүгээр бахархдаг. Математик өөрийнхөө дотоод хөгжлөөр явсаар
байгаад их хийсвэр, математикийн багш нар ч тайлбарлаж чадахааргүй тийм түвшинд
хүрчихээд байгаа. Өөрөөр хэлбэл, сонгодог математикт шинэ нээлт хийнэ гэдэг боломжгүй.
Яагаад би энэ талаар ярих их дуртай байдаг вэ гэвэл бидний нээсэн энэ теорем нь
сонгодог математикт гаргасан үр дүн. Бид гурвын нээсэн теоремыг дунд сургуулийн
хүүхэд ч ойлгоно.

-Та бол боловсролын салбарт олон жил ажиллаж байгаа хүн. Тэгэхлээр
энэ салбарын талаар ярилцъя.

-Сүүлийн үед сургалтын үйл явцын гол тоглогч нь сурагч өөрөө гэж
яригдах боллоо. Өөрөөр нь өөрийг нь хөгжүүлэх хандлагууд нэлээд гарч байна. Үүнийг
би маш том алдаа гэж боддог. Энэ нь зөв байж болно, гэхдээ хүмүүст ихэнхдээ буруу
утгаар буудаг. Сургалтын үйл явцын гол хөтлөгч нь багш. Сайн багш дээр сайн шавь
таарахгүйгээр сайн сургалт гэж байхгүй. Хоёр талаасаа шүү дээ. Нэгдүгээрт, эцэг
эхээс заяасан хүмүүжил, удамшлын тухай асуудал. Энэ нь хүүхэд. Хоёрдугаарт, багш.
Хичнээн сайн хүүхэд байгаад олигтой багштай таарахгүй бол амжилт байхгүй. Би л гэхэд
тавдугаар ангидаа Монгол Улсын Гавьяат багш Алтайгаар тоо заалгаж байсан. Дараа
нь Нэгдүгээр сургуулийн тооны ангид шилжиж ирээд Монголд математикийн гүнзгийрүүлсэн
сургалтын суурийг тавьсан гавьяат багш Шарав, Цагаан багш нараар заалгасан. Тэдний
ачаар олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль хүртэж байлаа. Медаль авсан
гээд ОХУ руу шалгалтгүйгээр сургуульд явуулж байлаа. Тэнд дэлхийн II дайны үед Урал
рүү шилжээд ирчихсэн еврей багш нараар хичээл заалгалаа. Би 26 настайдаа математикийн
ухааны доктор хамгаалсан нь эдгээр багш нарын маань ач. Нэг үгээр хэлэхэд, үргэлж
мундаг багштай байсан. Ялангуяа Монгол шиг жижиг орон бол боловсролыг массыг хамарсан
үйлдвэрлэл мэтээр явж болохгүй гэж боддог. Монгол Улс бол еврейчүүд шиг Израил улс
шиг иргэн болгоноо боловсролтой болгоно гэсэн бодлоготой байх ёстой. Үүнд онцгой
анхаарал хандуулж, хүүхэд бүр сайн сурах ёстой гэсэн зарчим баримтлах нь зүйтэй.
Зоргоор нь тавих юм бол хүн хэзээ ч сурдаггүй. Үүнийг хүн бүр практикаас мэддэг.
Би их, дээд сургуульд багшилж үзсэн. Хувь заяаны эрхээр дунд сургуультай холбоотой
болчихлоо. Миний шавь нар багш болчихоод надтай цуг ажиллаж байна. Багшийн ажил
бол сурагчдын гол удирдагчаас гадна үндэсний аюулгүй байдал, тухайн үндэстэн оршин
тогтнох гол баталгаа нь юм байна гэсэн бодол надад үргэлж төрдөг. Багш хүн ёс зүйтэй,
хариуцлагатай, чадвартай, хүнлэг байж улс орон аятайхан болно. Хүний уураг тархины
чадамж удамшдаг нь бараг нотлогдсон зүйл. Ээж, аав хоёр нь хичнээн их ном уншина,
бодож сэтгэнэ үр хүүхэд чинь төдий чинээ ухаалаг төрнө. Еврейчүүдийн парадокс гэж
хэлдэг. Яагаад тэд бүх салбарт мундаг байдаг вэ гэхээр гуталчин аав хуримтлуулсан
бүх мөнгөө хүүхдүүдийнхээ боловсролд зориулдаг. Ингэж удмаа сайжруулж байна. Манайх
шиг гурван сая хүн амтай оронд энэ бол их чухал. Хүн болж төрсөн утга учрын нэг
нь дараа үеэ бэлдэх. Багшийн албанд зүтгэж, Монголын дараа үеийг бэлдэхэд өөрийн
бие, хүчээ зориулж байгаадаа баяртай байдаг. Намайг ийм болоход гол үүрэг гүйцэтгэсэн
багш нартаа талархаж явдаг даа.

Дашрамд дурдахад эрх чөлөөний баталгаа болсон танай сонинд ч талархаж
явдаг гэдгээ хэлмээр байна. Аль ч цаг үед гарч л байдаг. Танай сонинтой холбож өгсөн
талийгаач, миний анд Ж.Гангаа найздаа, “Багш” буландаа урьсан та бүхэнд талархаж
явдаг шүү.

Categories
мэдээ цаг-үе

М.Амбага: Далай ламын захиасыг жирийн нэг монгол эрдэмтэн биелүүлсэн

Монгол Улсын төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага нэгэн шинэ онол нээсэн билээ. Түүний шинэ нээлттэй холбоотой бүтээлийг Германы “Lam­bert” хэвлэлийн газраас ном болгон өнгөрсөн наймдугаар сард хэвлэсэн юм. Доктор М.Амбагатай сүүлийн хэдэн арван жилийн туршид хийсэн судалгааны ажил, шинэ онолынх нь талаар ярилцсан юм.

-Анагаах ухааны салбарынхан таныг андахгүй сайн мэддэг. Та манай уншигчдад өөрийнхөө эрдэм шинжилгээний ажлын талаар товчхон танилцуулаач?

-Би бол жирийн нэгэн эрдэмтэн, судлаач хүн. Дөчин жил эрдэм шинжилгээний ажил хийж байна. 1977 онд 22 настай байхдаа л ШУА-ийн Байгалийн нэгдлийн хүрээлэнд доктор Ц.Хайдавын удирдсан Уламжлалт анагаах ухааны судалгааны байгууллагад эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар анх ажилд орж байлаа. Энэ дөчин жилд би нэг л чиглэлийн ажил хийсэн. Гэхдээ өөрийгөө хүн хийдэггүй том юм хийсэн гэж хэлэхгүй. Дөчин жилийн хугацаанд нэг ч өдөр, давруулж ярих юм бол нэг ч цаг шинжлэх ухааны ажлаа мартаж байсангүй. Эргээд харахад миний эрдэм шинжилгээний ажил, хэвлэгдсэн бүтээлүүдийг хэн нэгэн надад тэг ингэ гэж зааж өгөөгүй ч зөв замаар явсан юм уу даа гэж бодогддог. Би хэд хэдэн түүхэн хугацааг дурдмаар байна. 1977 онд анх Байгалийн нэгдлийн хүрээлэнд ажилд орчихоод байсан үе. Маарамба Чойжамц, Доржжанцан, Санжаажав, Баавгай гуай гээд түвд хэлтэй мундаг хүмүүс тэнд ажиллаж байлаа. Тэдний ярьдаг юм нь гэвэл одоо миний судалж, хэлж тайлбарлах гээд оролдоод байгаа хий, шар, бадган, таван махбодын онолын холбогдолтой зүйлүүд байлаа. Ажилд орсон эхнийхээ өдрөөс л би энэ сонирхолтой яриаг сонссон хүн. Гэхдээ тэр чиглэлийн судалгаа руу айхтар гүнзгий орж чаддаггүй байлаа. 1979 онд аспирантурын шалгалт өгөөд ОХУ-д эрдмийн зэрэг хамгаалсан. Тэнд бас нэгэн азтай учрал тохиосон. Миний багш мембраны онолын хүн байсан. А.Х.Коган багш маань надад их хэрэг болсон. Багшийн маань надад ярьсан зүйл дотор мембраны төлөвүүдийн талаарх яриа багагүй гардаг байсан. Тэр ч бүү хэл багш бид хоёр энэ талаар нэг ном бичих санаатай байсан боловч амжаагүй юм. Ингээд настай мундаг маарамбуудаас хий шар, бадган, таван махбодын онол, нөгөө талаас гадаад багшаасаа мембраны төлөвийн талаар сонссон нь яваандаа эдгээр нь хоорондоо холбогдох учир барилдлага болсон. Энэ бол ёстой л нөгөө бурхны аврал байсан гэх үү дээ. Өөрчлөн байгуулалт болж хий, шар, бадганы онолыг судлах талд хандлага зөөлөрсөн. Ингээд аспирантураа төгсөөд 1985 онд энэ сэдвийг аваад судлах боломж бүрдсэн. Тэр үеэс л би хий, шар, бадганы онолыг тайлбарлах гэж оролдсон хүн дээ. Энэ оролдлогын дотор амьд эс дотор гурван төлөв бүхий нэг том тогтолцоо байдаг юм байна гэсэн бодол салаагүй. Гэтэл 1990 оны намар нэг өглөө гэнэт хий, шар, бадганы гурвалсан онол, мембраны гурван төлөв хоёр холбоотой юм байна гэсэн сонин бодол төрж билээ. Дөрвөн жилийн дотор судалгаа шинжилгээний ажлаа хийгээд 1994 онд энэ сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Үүнээс хойш 1995 онд “Хий, шар, бадган ба мембрант байгууламж” гэсэн анхны номоо бичиж хэвлүүлсэн. 1996 оноос анхны шавиа эрдмийн зэрэг хамгаалуулж түүнээс хойш дөчөөд хүний эрдмийн ажлыг удирдлаа. Хий, шар, бадган, мембраны гурван төлөвт зохицуулгын чиглэлээр 200-гаад ном, 400-гаад өгүүлэл хэвлүүлсэн. Зөв замаар яваад байсан юм уу даа гэдэг маань үүнийг л хэлээд байгаа юм. 2000 онд энэ чиглэлээр сургууль байгуулсан. Одоогийн Шинэ анагаах ухааны дээд сургууль. Ингээд оюутнуудад энэ чиглэлээр өөрөө лекц унших хэрэгтэй болсон тул яавал ойлгомжтой хэлбэрээр ярих талаар өдөр болгон боддог болсон нь онолоо улам боловсронгуй болгоход их сайнаар нөлөөлсөн. Миний эрдэм шинжилгээний бүтээлүүд гадаадын, тэр дундаа өөр өөр улс орны нэр хүнд бүхий арваад томоохон сэтгүүлд нийтлэгдсэн. Энэ бол том алхам гэж боддог. Саяхан Германы хэвлэлийн газраас номыг маань хэвлэсэн. Нэг ийм л үргэлжилсэн удаан атлаа өгссөн хэлбэрийн судалгаа шинжилгээний үйл амьдрал ар араасаа өрнөсөн юм даа.

-Та бол NCM буюу шинэ анагаах ухаан гэсэн нэр томьёоллыг бий болгосон. Яагаад шинэ гэх болсон юм бол, ямар учраас NCM гэж нэрлэснээ тайлбарлаач?

-Уламжлалт анагаах ухаан ба орчин үеийн анагаах ухаан хоёрыг цоо шинэ мэдлэгээр холбож өгснөө би ингэж нэрлэсэн. Эхэндээ би “Уламжлалт анагаах ухаан судлал” гэж нэрлэдэг байсан боловч энэ нэрээрээ уламжлалт анагаах ухаан чиглэлээр хийгдсэн бусад хүмүүсийн судалгаанаас миний эрдмийн ажил ялгарахгүй байсан. Бараа бүтээгдэхүүнээр ярих юм бол давтагдахгүй, брэнд нэртэй болох ёстой юм байна гэж бодлоо. Эхлээд монгол нэр өгье гэж бодсон боловч болоогүй. Тиймээс NCM (Newly Coded Medicine) гэсэн нэр өгсөн. New гэдэг нь шинэ, Code гэдэг нь нэг талаас уламжлалт анагаах ухаан, нөгөө талаас орчин үеийн анагаах ухааны үзэл баримтлалыг холбосон шинэ мэдлэгэн код-хоорондоо үл нийцэгч мэдлэгүүдийг нэгтгэн холбогч гүүр код гэсэн утгатай үг юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний бий болгосон хоёр том анагаах ухаан хоёр талдаа байхад бидний олсон, бий болгосон шинэ мэдлэгийн код тэдний дунд нь зогсч, хооронд нь нийлүүлснээр цоо шинэ гуравдагч анагаах ухаан бий болж байна гэсэн санаагаар NCM гэж нэрлэсэн. Сургуулиа мөн ингэж нэрлэе гэж бодсон боловч гадаад нэр өгч болохгүй гэсэн тул “Шинэ анагаах ухаан” гэж нэрлэсэн.

-Та өөрөө орчин үеийн анагаах ухааны чиглэлээр сурсан. Энэ хоёр анагаах ухааныг холбож өгөхийн тулд уламжлалт эмчилгээ, эм зэргийг нэлээд судалсан байж таарна.

-Амьд эс гэдэг бий болоод 4.4 тэрбум жил болсон. Уламжлалт анагаах ухаан бий болоод гурван мянган жил болжээ. Хүн, амьтны бие эсээс тогтдог гэдгийг нээгээд 400-гаад жил өнгөрсөн. Анх 1665 онд Роберт Гук, дараахан нь Левенгук амьд эсийг дуран авайн тусламжтайгаар нээсэн юм. 1665 онд хүртэл уламжлалт анагаах ухаан их давамгай байсан бөгөөд амьд эсийн тухай ойлголт байгаагүй. Хүний бие дотор бодитой байгаа юм бол амьд бие, амьд бадган, амьд шар гэж бүгд ойлгодог, үүнийг хэн ч эсэргүүцдэггүй, эсэргүүцэх үндэс ч байгаагүй. Тухайн үедээ бол асар дэвшилттэй төсөөлөл, үзэл баримтлал байсан. Ийнхүү 1665-1860 оны хооронд Европт амьд эсийн тухай үзэл баримтлал төлөвшсөн. Амьд бие амьд хий, амьд шар, амьд бадганаас тогтдог тухай ойлголтыг яаж амьд эсийн тухай энэ хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлалтай зөв, зөрчилдүүлэхгүй, аль нэгийг нь буруутгахгүйгээр холбох вэ гэдэг асуудал гарч ирсэн. Энэ л бидний судалгааны үндэс болсон. Уламжлалт анагаах ухаан бол бие дотор байдаг гурван төлөвт байдал бий гэдгийг хэлсэн байдаг. Ер нь уламжлалт анагаах ухаан бол амьд эсийг анх удаа хий, шар, бадгана гэсэн гурвал кодоор томьёолсон гайхамшигтай анагаах ухаан шүү дээ. Энэ хий, шар, бадганаар кодлогдсон зүйл маань угтаа 1665 оноос амьд эс гэдэг нэрээр яригдах болсон тэр зүйл дотор байдаг нь тодорхой болсон хэрэг. Хүний бие дотор 14 триллион эс байдаг гэж үздэг. Эдгээр олон миллиард эсийн доторх мембрант байгууламжийн төлөв байдал өдөрт гурван удаа өөрчлөгдөж байдаг. Өглөө нэг өөр, өдөр нэг өөр, орой нэг өөр. Адууны мах идэхэд нэг өөр, үхрийн мах идэхэд бас нэг өөр болно. Бага балчир насанд, идэр залууд, хөгшрөхөд өөр өөр. Улирал бүр өөрчлөгдөнө. Бидний энэ үзэл баримтлал гарахаас өмнө энэ хоёр шинжлэх ухаан хоорондоо багагүй зөрчилддөг байлаа. Эрдэмтэд нь хоорондоо ойлголцохгүйд хүрдэг явдал ч гардаг байсан. Харин бидний энэ онолоор нарийн ярих юм бол электрон протоны урсгал, мембран дахь гурван төлөв байдал дээр энэ хоёр анагаах ухааны онолууд хоорондоо нийлэн зангидагдаж байдаг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, хоорондоо зөрчилдөх юм юу ч байхгүй нь тодорхой болсон. Сайн муу, илүү дутуу гэж ярихын оронд энэ хоёр анагаах ухааныг NCM буюу шинэ анагаах ухаан руу нийлүүлэн оруулж сургалт, эмчилгээ, эмийн бодисыг судлахдаа ч ашиглаж болох үндэслэлийг бид гаргасан юм. Уламжлалт анагаах ухааны нэг гайхалтай жор байлаа гэхэд түүний үйлдлийн механизмыг мембраны төлөв дээрээ судлаад тайлбарлаад байхад зөрчилдөхгүй. Сая Улаан-Үдэд болсон олон улсын хурал дээр би илтгэл тавьсан. Тэр илтгэлдээ би хоёр номын агуулгыг харьцуулан ярилаа. Нэг нь 1980-аад онд Дарамсалад хэвлэгдсэн “Уламжлалт анагаах ухааны онолын үндэс” гэсэн нэртэй ном. Тэр номын ар дээр Далай ламын хэлсэн гайхалтай үгийг бичсэн байсан. Юу гэхээр, “Уламжлалт, орчин үеийн анагаах ухааныг хооронд нь сөргөлдүүлэхгүйгээр, аль нэгийг нь сайн муу гэлгүйгээр, хооронд нь хольж хутгалгүйгээр энэ салбарын эрдэмтэд хамт суугаад шинэ онол баримтлалыг бий болгох юм бол хүн төрөлхтний түүхэнд энэ хоёр гайхамшигтай анагаах ухааныг багтаасан анагаах ухааны гурав дахь тогтолцоо гарч ирнэ” гэсэн байдаг. Энэ номыг би санамсаргүй олж уншсан юм.

-Далай ламын хэлсэн тэр санааны биелэл нь таны нээсэн шинэ онол буюу NCM мөн үү гэж танаас асуух гээд байна?

-Тийм ээ, мөн. Үүнийг 1980-аад оны үед Далай лам хэлсэн байгаа юм. Дээрхийн гэгээнтэн маань иймэрхүү юм байх ёстой гэдгийг зарчмын хувьд тэр үед тодорхойлсон байна. Гэтэл Монголын эрдэмтэн түүнийг нь мэдээгүй, дуулаагүй байхдаа энэ хоёр анагаах ухааныг холбосон. Далай лам бол ерөнхий санааг нь хэлсэн. Би Дээрхийн гэгээнтэнтэй уулзаж байгаагүй, намайг мэдэхгүй. Гэтэл түүний захиасыг жирийн нэг монгол эрдэмтэн биелүүлсэн байна. Шинжлэх ухаан гэдэг маань нэг иймэрхүү л зам мөрөөр явдаг бололтой юм.

-Хоёулаа тодорхой жишээн дээр ярья л даа. Таныг гаргасан NCM-ийн онолыг ямар өвчнийг эмчлэхэд туршин ашигласан бэ?

-Бидний бүтээсэн салимон, нефромон, хоффитас гээд эмүүд бий. Жишээ нь, дархлаа сайжруулах үйлчилгээтэй эмийг Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж байсан хэдэн зуун ургамал дотроос олж гаргана гэвэл хий, шар, бадганы ямар кодчиллоор энэ ургамлууд хэрэглэгдэж байсныг эхлээд судлах хэрэгтэй. Тэндээсээ хөөгөөд энэ нэг хэсэг ургамлууд л дархлаа сайжруулах үйлчилгээтэй эм болох боломжтой юм байна гэдэг урьдал санааг мембраны онолын үүднээс туршилт эхлэхээс өмнө оюун бодлын хүрээнд гаргаад ирнэ, дараа нь үүнийгээ батлах судалгааг амьтад дээр явуулна.

Арван мянган жороос яг оновчтойг нь сонгоно гэдэг эрдэмтэн хүний мэдрэмж, зөн совин багагүй оролцдог зүйл шүү дээ. Утга учиргүй судалгаа явуулаад л баахан цаг үрээд, мөнгө зарцуулаад байх хэцүү. Бүр тодруулж хэлбэл, орчин цагийн анагаах ухаанд хэрэглэгдэх зайлшгүй шаардлагатай нэг эмийг гарган авах хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэгвэл мембраны онол, редокси потенциалын онол, протоны урсгалын онолыг ашиглаад уламжлалт жоруудаас эрэл хайгуул хийдэг. Ингээд арван мянган жороос гурван мянгынх нь дотор хайлт хийнэ гэсэн үг. Тэрнийгээ багасгасаар байгаад сүүлдээ тав, арван жорыг үлдээж аваад харин тэдэн дээрээ бол ёстой маш нарийн судалгааг явуулах жишээтэй. Өөрөөр хэлбэл, судалгааныхаа ажлын чиг баримжааг өөрийнхөө онолоос авдаг гэсэн үг. Энэ бол зөвхөн шинэ эм дээрх жишээ. Тэгвэл өвчин дээр авч үзье. Халдварт шар өвчнөөр гурван хүн өвчилсөн байна гэж бодъё. Бүгд нэг хүн эсвэл эмнэлгийн хэрэгслээс авсан байж болно. Эмч нар бол дийлэнхдээ үүнийг гурвуулаа адилхан эмгэг жамтай гэж ойлгодог. Тиймээс нэг ижил чиглэлээр эмчилдэг. Бидний шинэ онолоор бол нэг өвчтөн нь төрөлхийн шарын хийсвэр кодтой. Нөгөө нь бадганы хийсвэр кодтой, гурав дахь нь хийн хийсвэр кодтой байсан байж болдог. Энэ тохиолдолд уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы онолыг оновчтой ашиглаагүйгээс болоод зарим нэг алдаа гарах магадлал өндөр. Мөн дээр нь бидний энэ онолыг дээрх уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы онолоо тайлбарлахад ашиглаж альфа гамма төлөв түвшинд дахиад авч үзвэл алдаа бүр багасна.

Тэгэхлээр биднийхээр бол хий, шар, бадганы онолоо ашиглан оношоо алдалгүй тавиад, дахин орчин цагийн анагаах ухааны оношоо тавиад, дараа нь гурав дахь онолоо барьж байгаад мембраныг түвшинд электрон протоны урсгалын түвшинд бидний нээсэн гээд байгаа протоны урсгалын есөн дамжлагат битүү хэлхээний аль үе шат дээр эсийн түвшинд илүүтэй гэмтсэнийг тогтоож оношоо бүр тодруулаад эмчилгээ явуулбал алдаа тэр хэмжээгээр багасна. Ингэхэд бидний боддогийн эсрэг эмчилгээ хийх үндэслэл гарахыг ч үгүйсгэх аргагүй. Үүнийг сонссон хүмүүс ямар эсрэг юм яриад байна гэж бодож магадгүй. Ингэж эмчилсэн тохиолдолд халдварт шар өвчний дараахь архагшилт үлэмж багасах боломж байгааг бид амьтан дээрх туршилтын нөхцөлд баталсан юм. NCM анагаах ухаан нь бүх өвчний оношлогоо, эмчилгээнд иймэрхүү хандлагыг шинээр бий болгосон. Мэс заслын практикт ч энэ хандлагыг хэрэглэж болно.

-Таны энэ онолыг манай эмч, эмнэлгүүд авч хэрэглэхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Бидний энэ онол хугацааны хувьд сүүлийн 20-30 жил дотор л яригдаж байгаа шинэ зүйл. Иймээс одоохондоо анагаах ухаанд шууд авч хэрэглэхгүй байгааг зөвтгөх зүйлүүд бий. Гэхдээ ОХУ-ын эрдэмтэдтэй энэ талаар бидний эхлүүлсэн зүйлүүд зарим нь хэрэгжээд эхэлсэн. Манай эмнэлэг, эмч нар батлагдсан стандарт эмчилгээ, оношлогоогоо л баримталдаг. Түүнийгээ баримтлахгүйгээр янз бүрийн шинэ санааг хэрэгжүүлээд эрсдэл үүсэх юм бол хэцүү, хууль ч чанга болчихсон байна. Манай улсын эмч, эрдэмтэд бидний онолыг олон улсын түвшинд хэр баталгаажих нь вэ, гадаадын эрдэмтэд хэр зэрэг хүлээн зөвшөөрөхийг хүлээж байсан байх л даа. Гэхдээ сүүлийн хоёр жилд дэлхийн эрдэмтэд бидний шинэ санааг улам бүр хүлээн зөвшөөрсөөр байгаа нь мэдээж судлаач бидэнд бол хамгийн чухал зүйл юм. Гадаадын анагаах ухааны чиглэлээр дагнасан томоохон сэтгүүлүүд бидний бичсэн, явуулсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг дэлхийн эрдэм шинжилгээний төвүүд рүү илгээж, мэргэжлийн өндөр түвшний эрдэмтдээс санал авахдаа “Таны энэ санаа өмнө нь байгаагүй, давтагдашгүй чанартай болжээ” гэсэн дүгнэлтийг ирүүлээд хэвлэж байгаа нь бидний дөчин жилийн хөдөлмөр талаар болоогүйг харуулж байгаа юм.


Categories
гадаад мэдээ

Нобелийн хоёр удаагийн шагналтан МариЯ Кюри

Физикч, химич Мария Кюри шинжлэх ухааны хөгжилд маш том хувь нэмэр
оруулсан эмэгтэй эрдэмтэн. Мария Кюри гэдэг нь түүний франц нэр. Харин Польшоор
Мария Сколодовская-Кюри. Тэрээр Нобелийн шагналыг хүртсэн анхны эмэгтэйчүүдийн нэг
төдийгүй, энэ нэр хүндтэй шагналыг хоёр удаа хүртсэн эрдэмтэн. Өнөөдрийг хүртэл
Нобелийн шагналыг хоёр удаа хүртсэн эрдэмтэн үгүй.

Мария Кюри багаасаа маш нямбай хүүхэд байсан гэдэг. Тэрээр хичээлээ
уйгагүй давтдаг, маш сайн сурдаг байжээ. Хэт мэрийж, өдөр шөнөгүй хичээлээ давтсанаас
ядаргаанд орж сургуулиа төгсөөд хэсэг амрахаас өөр аргагүй болсон гэдэг. Тэр үед
Польш нь Оросын эзэнт гүрний нэг хэсэг байсан бөгөөд их, дээд сургуульд элсүүлэх
эмэгтэйчүүдийн тоо хязгаартай байжээ. Тиймээс Мария “Нисдэг их сургууль” нэртэй
нууц сургуульд сурсан гэсэн мэдээлэл ч бий. Мария эгч Брониславатайгаа сургалтын
төлбөрөө хэрхэн олох талаар ярилцаад ээлжлэн ажил хийж, суралцахаар тохиролцжээ.
Ингээд хамгийн эхэнд Борнислава Парисийн анагаах ухааны их сургуульд суралцаж Мария
энэ хугацаанд гэрийн үйлчлүүлэгчээр ажиллаж сургалтын төлбөрийг нь олдог байжээ.
Эгч нь эмч болсны дараа Мария Сорбоны их сургуульд элсэн орсон. Парист дээврийн,
халаалтгүй өрөөнд идэх юмгүй шахуу амьдарч байхдаа бүх хүчээ дайчлан сурч шилдэг
оюутнаар шалгарсан байна. Физикч, математикч гэсэн хоёр дипломтой сургуулиа дүүргэсэн
түүний шаргуу, хөдөлмөрч зан нь багш нарын анхаарлыг татжээ. Тиймээс бие даасан
судалгаа хийх зөвшөөрөл авчээ.

Мария Кюри бол Сорбоны их сургуулийн анхны эмэгтэй багш.Тэрээр
1894 онд физикч Пьер Кюритэй найзындаа танилцжээ. Тэр үед Пьер Кюри Хотын захиргааны
дэргэдэх үйлдвэрлэлийн хими, физикийн сургуулийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж
байсан гэдэг. Тэдний танилцуулсан найз нь Марияг тус лабораторид ажилд оруулах бодолтой
байсан гэдэг. Пьер Кюри болор болон бодисын соронзон шинж чанарын талаар судалгааны
ажилдаа бүх л хүчээ дайчлан ажиллаж байсан үе. Харин Мария гангийн соронзон бус
байдлыг судалж байжээ. Танилцсанаасаа хойш нэг жилийн дараа Мария, Пьер Кюри хоёр
гэр бүл болсон юм.

Мария Кюри, Пьер Кюри нар лабораторидоо ажиллаж байгаа нь

Залуухан эрдэмтэн бүсгүй анхныхаа хүүхдийг төрүүлчихээд цацраг идэвхтэй
туяагаар докторын зэрэг хамгаалахаар судалгааны ажлаа хийжээ. Дэлхийн I дайн эхлэхийн
өмнөхөн Парис хотноо Радиевийн цацраг туяа судлалын хүрээлэн байгуулагдаж Марияг
тасгийн эрхлэгчээр томилжээ. Дайны үед эрдэмтэн бүсгүй туяаг хэрхэн эмчилгээнд хэрэглэх
талаар эмч нарт тусгай хичээл заасан байна. Францын физикч Антуан Анри Беккерел
тухайн үед энэ чиглэлээр дагнан ажилладаг байсан цөөхөн эрдэмтдийн нэг байсан бөгөөд
халалтын хэмээс үл хамааран уран нь цацраг туяа ялгаруулдаг гэдгийг тогтоочихсон
байжээ. Түүнээс гадна уран рентгений туяатай нэлээд төстэй гэдгийг ч Антуан Анри
Беккерел судалгаагаараа баталчихсан байсан үе.

Мария Кюри нөхөртөө янз бүрийн газраас олборлон гаргаж авсан ураны
нийлмэлүүдийг харьцуулахыг санал болгосон. Тэдэнд ажлаа хийх тохиромжтой өрөө байгаагүй
тул хүрээлэнгийнхээ хашааг лаборатори болгон ашиглаж тэндээ найман тонн уранинит
боловсруулан гаргаж авсан байна. Судалгааны ажлын явцад уранинит нь цацраг туяа
ялгаруулдаг бас нэгэн элемент агуулдаг болохыг олж тогтоосон юм. Түүнийгээ ради
хэмээн нэрлэсэн бөгөөд шинэ элементийг нээсэн түүхтэй. 1898 онд Мария, Пьер Кюри
нар хоёр дахь элементээ нээгээд Мариягийн төрсөн нутаг болох Польшийг үргэлж санан
дурсаж байдгаа илэрхийлэн полони хэмээн нэрлэжээ.

Цацраг идэвхт туяаг нээсний дараа патент авах шаардлагатай болсон.
Гэвч нээлтийг нь хүн төрөлхтний эрх ашгийн төлөө ашиглуулах зорилгоор патентлуулаагүй
гэдэг. Мария Кюри, Пьер Кюри, Анри Беккерел нар 1903 онд Нобелийн физикийн шагналыг
хүн төрөлхтний түүхэнд цацрагийн талаар хийсэн судалгаа, нээлтээрээ авсан юм. Тэд
судалгаа хийдэг лаборатори нь шаардлагатай бүх тоног төхөөрөмжтэй болох боломж бүрдлээ
хэмээн баярлаж байсан гэдэг. Байнга цацраг туяатай ажилласнаас Мария, Пьер хоёрын
гар нь шархалсан байжээ. Гэвч үүнээс үүдэн цацраг туяаг анагаах ухаанд ашиглаж болох
юм байна гэсэн санаа анх төрсөн аж. Пьер Кюри Нобелийн шагналыг гардуулах ёслол
дээр хэлсэн үгэндээ энэ тухайгаа дурдсан байдаг.

Гэр бүлийн хоёр шинжлэх ухааны хөгжилд асар их хувь нэмэр оруулсан
гавьяатай эрдэмтэд. Харамсалтай нь 1906 онд Пьер Кюри зам гарч яваад сүйх тэргэнд
дайруулсны улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Мария Кюри нөхрийгөө нас барсны
дараа судалгааныхаа ажлыг үргэлжлүүлсэн. Парисын их сургуульд тэнхимийн орлогч эрхлэгчийн
ажилд томилогдож ажилдаа бүх л цаг заваа зориулжээ. Тэрээр 1910 онд Антуан Анри
Беккерелтэй хамтран ямар нэгэн хольцгүй цэвэр ради гарган авч үүнийхээ төлөө Нобелийн
шагналыг хоёр дахь удаагаа хүртэж түүхэнд бас нэгэн шинэ амжилт тогтоосон юм. 12
жил тууштай судалгаа хийсний үр дүнд ради нь биеэ даасан химийн элемент гэдгийг
ийнхүү баталжээ.

Нэлээд хэдэн эрдэмтдийн шаардлага шахалтаар 1910 онд Мария Кюриг
Францын Шинжлэх ухааны академийн гишүүнд дэвшүүлсэн түүхтэй. Өмнө нь нэг ч удаа
эмэгтэй хүнийг уг байгууллагад элсч байгаагүй тул зарим эрдэмтэд эрс эсэргүүцсэн
байна. Эмэгтэй хүнийг гишүүнээр элсүүлэх асуудлаар Францын Шинжлэх ухааны академийн
гишүүд хэдэн сар маргалдсан гэдэг. Эцэст нь санал хураахад ердөө нэг хүний санал
дутсанаас гишүүн болоогүй. Шинжлэх ухаанд амьдралаа зориулсан Мария хоёр удаагийн
Нобелийн шагналынхаа мөнгийг цэргийн эмнэлэгт тэр дундаа радиолог буюу рентгений
тоног төхөөрөмж авахад зориулсан юм. 1929 онд Мария хоёр дахь удаагаа АНУ-д очихдоо
хоёр грамм радиг хандиваар авч түүнийгээ Варшав хотын нэгэн эмнэлэгт хийсэн эмчилгээний
туршилтад зориулжээ. Нобелийн шагналтан маань өөрийн эх орон болох Польшид байнга
очдог байсан. Польшийн эрдэмтэн, судлаачдад зөвлөгөө өгч, лекц хүртэл уншдаг байжээ.

Мария, Пьер Кюри нарын нээлтийн ачаар өнөөдөр цацраг туяаг маш олон
салбарт ашиглаж байгаа. Тэдний хийсэн нээлт түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Мария
Кюри амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Радиевийн дээд сургуульд багшлахдаа радиолог
буюу рентгенийг анагаах ухаанд хэрхэн хэрэглэх талаар хичээл зааж, энэ чиглэлээр
сурч байгаа оюутнуудад зөвлөгөө өгдөг байжээ. Үүний хажуугаар нөхрийнхөө намтрын
номыг бичиж хэвлүүлж амжсан юм.

Нобелийн шагналтан эрдэмтэн Мария Кюри 1934 онд хорвоогийн мөнх бусыг
үзүүлсэн. Туяаны архаг өвчний улмаас бие нь муудаж сувиллын газар эмчлүүлж байгаад
таалал төгссөн. Түүнийг Парис хотноо нөхрийг нь нутаглуулсан газар оршуулсан юм.

Нобелийн шагналтан хоёр эрдэмтдийн шарилыг 1995 онд Францын Ерөнхийлөгч
Франсуа Миттераны зөвшөөрлөөр Парисаас Польшид шилжүүлсэн. Шарилыг шилжүүлэхэд тухайн
үеийн Польшийн Ерөнхийлөгч Лех Валенса чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Кюригийн хүүхдүүд эцэг эхийнхээ адил эрдэмтэн судлаачид болжээ. Охин
Ирен Жолио-Кюри нь ээж шигээ Сорбоны их сургуулийг дүүргэж, Нобелийн химийн шагнал
хүртсэн. Харин отгон охин Ева Кюри нь төгөлдөр хуурч, зохиолч, сэтгүүлч, шүүмжлэгч.
Тэрээр ээжийнхээ тухай дурдатгалын ном бичиж энэ бүтээлээрээ Америкийн үндэсний
утга зохиолын шагналыг хүртсэн юм.

Ийнхүү Кюригийнхэн гэр бүлээрээ дэлхийн шинжлэх ухааны түүхэнд нэрээ
мөнхлөн үлдээсэн айл. Мария Кюри шиг хоёр удаа, хоёр өөр салбарт Нобелийн шагнал
авсан эмэгтэй эрдэмтэн байхгүй билээ.

Парисын
их сургуульд тэнхимийн орлогч эрхлэгчийн ажилд томилогдож ажилдаа бүх л цаг заваа
зориулжээ. Тэрээр 1910 онд Антуан Анри Беккерелтэй хамтран ямар нэгэн хольцгүй цэвэр
ради гарган авч үүнийхээ төлөө Нобелийн шагналыг хоёр дахь удаагаа хүртэж түүхэнд
бас нэгэн шинэ амжилт тогтоосон юм.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ цаг-үе

Акош Мадари: Унгарын бизнес эрхлэгчид Монголыг их сонирхож байгаа

Энэ өдрүүдэд “Улаанбаатар хот дахь Унгарын долоо хоног” тохиож байна. Уг арга хэмжээ даваа гаригт 1956 оны Унгарын хувьсгал, эрх чөлөөний тэмцлийн 60 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ. Энэ үеэр Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Акош Мадаритай уулзаж, манай хоёр улсын харилцаа сүүлийн үед хэрхэн хөгжиж байгаа талаар ярилцсан юм. Дашрамд дурдахад тэрээр Москвагийн их сургуулийн оюутан байхдаа монгол хэл сурсан бөгөөд өмнө нь манайд ажиллаж байсан туршлагатай дипломатч юм байна.

-Нэг хэсэг үйл ажиллагаагаа зогсоосны дараа 2015 онд Унгар улс дахин Улаанбаатарт ЭСЯ-аа нээсэн. Өнгөрсөн хугацаанд танай яамнаас хийсэн ажлынхаа талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Өнгөрсөн оны тавдугаар сард манайх Монгол Улс дахь ЭСЯ-аа дахин нээсэн. Үүнээс өмнө Унгарын Ерөнхийлөгч, дараа нь манай Гадаад хэргийн сайд танайд айлчилсан. Өнгөрсөн оны есдүгээр сард хоёр улсын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтарсан комиссын ээлжит хуралдаан болсон юм. 2016 оны нэгдүгээр сард Унгарын Ерөнхий сайд Монголд айлчилсан бөгөөд түүнийг дагалдан 100 төлөөлөгч ирсэн. Энэ бол маш өндөр ач холбогдолтой үйл явдал гэдгийг хэлмээр байна. Учир нь манай хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжихөд нөлөөлсөн. Унгарын ЭСЯ дахин нээгдсэнээс хойш манай хоёр талын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа. Ялангуяа эдийн засаг, соёл, боловсролын салбарыг онцлон хэлэх нь зүйтэй болов уу. Түүнээс гадна бид янз бүрийн салбарт төслүүд хэрэгжүүлэх талаар ярилцаж байгаа. Саяхан танай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Унгарт айлчилсан бөгөөд энэ үеэр Биокомбинатын шинэчлэлийн ажлын талаар ярилцсан. Удахгүй энэ ажлыг ямар арга, технологиор хийхийг нарийвчлан тохирно. Хамгийн гол нь Унгарын технологийг хэрэглэх юм. Ирэх арванхоёрдугаар сард Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан Будапешт хотноо болох бөгөөд Монголын бизнесийн төлөөлөгчид энэ үеэр Унгарт очно. Ер нь Унгарын бизнес эрхлэгчид Монголыг их сонирхдог, бараг долоо хоног бүр манайхаас төлөөлөгчид ирж байна. Тэд янз бүрийн төслийн талаар санал тавьдаг. Сүүлийн жил манай хоёр улсын гадаад худалдааны гүйлгээ нэмэгдсэн. Унгарын үнэт цаас хэвлэдэг компани танай шинэ иргэний үнэмлэхийг хэвлэж байгаа. Электрон иргэний үнэмлэх нь чиптэй, орчин үеийн технологийг ашиглан хийгдсэн. Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг Унгарын компаниуд сонирхож байна. Энэ чиглэлээрх төслийн санхүүжилтийг шийдэх бөгөөд манай EXIN банк энэ ажлыг дэмжиж байгаа. Өөр нэгэн Унгарын компани Монголд газрын тос олборлох, цэвэрлэх инженерийн технологийг нэвтрүүлэхээр судалгаа хийж байна. Ер нь бол хамтран ажиллах боломж нэлээд байна. Жишээ нь Будапешт, Улаанбаатар хоёр идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Энэ жил Унгарын нийслэлийн орлогч дарга танайд айлчилсан. Ирэх арваннэгдүгээр сард Улаанбаатар хотын захирагч Будапештад айлчилна. Энэ үеэр нийслэл хотууд эдийн засгийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцох юм. Мөн “Смарт сити” төслийн технологийн талаар ярилцахаар төлөвлөсөн. Манай техник технологи нь чанарын хувьд сайн, Франц, Герман зэрэг орнуудынхтай харьцуулахад хамаагүй хямд. Эдийн засгаас гадна боловсролын салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа. 2015, 2016 онуудад хэдэн зуун монгол залуус Унгарт суралцахаар явсан.

-Эдгээр залуус нь Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа юу?

-Тийм ээ. Манай Засгийн газраас сургалтын төлбөрийн асуудлыг шийдсэнээр ийм боломж бүрдсэн. Унгарын Ерөнхий сайд Монголд айлчлахдаа суралцагсдын тоог ирэх жилээс 200 болгон нэмэх шийдвэр гаргасан юм. Энэ бол миний бодлоор хамгийн сайн тусламж. Учир нь сайн боловсон хүчин Монголыг хөгжүүлэх хүч нь болж өгнө. Танайд хөдөө аж ахуйн салбар хөгжиж байгаа. Тиймээс энэ чиглэлээр суралцах Монголын залууст тэтгэлэг олгож байгаа. Техник, технологийн мэргэжлээр суралцагсад эх орондоо ирээд сурч мэдсэнээ нэвтрүүлнэ.

-Монгол-Унгарын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд учирч байгаа гол бэрхшээл нь юу вэ?

-Хамгийн гол бэрхшээл нь хоорондын зай. Хоёр улс 4000 орчим км зайтай оршдог. Сүүлийн үед Монголд Унгарын барааг нэлээд оруулж ирсэн. Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хамтарсан төслүүд бий гэхдээ тэднийг ямар аргаар санхүүжүүлэхийг хараахан шийдээгүй байна. Төслүүдийг зээлээр хэрэгжүүлэх боломжтой гэж үздэг боловч банкны баталгаа хэрэгтэй.

-“Улаанбаатар дахь Унгарын долоо хоног”-ийн хүрээнд ямар ямар арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Энэ жил 1956 оны Унгарын хувьсгал, эрх чөлөөний тэмцлийн 60 жилийн ой тохиож байгааг дурдсан. Үүнтэй холбогдуулан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг даваа гаригт хийлээ. Үүнд манай нэрт хөгжмийн зохиолч Бела Бартокийн талаар өгүүлсэн зургууд тавигдсан. Үүнээс гадна Унгарын хамгийн сайн чанар бүхий, дэлхийд нэртэй бүтээгдэхүүнүүдийг монгол анд нөхдөдөө толилууллаа. Энэ үеэр Унгарын дарс импортлогчдыг дэмжиж тэдний бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан. Мөн Унгарт төгсөгчдийн холбоо, Монгол-Унгарын найрамдлын нийгэмлэг гэж бий. Танайд Унгарт их, дээд сургууль төгссөн 600-гаад хүн байдаг. Тэднийг бид дэмжин ажиллахыг хичээдэг. Энэ долоо хоногийн арга хэмжээний хүрээнд Унгарт төгсөгчдийн холбоотой хамтран найрсаг уулзалт зохион байгуулна. Энэ үеэр оролцогсод хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар саналаа хэлэх байх. Даваа гаригт болсон үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монголын хоёр компани оролцсон. Эдгээр компаниудын дарга нь Унгарт төгссөн бөгөөд маш чанартай арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Түүнийг нь би өөрөө хүртэл худалдан авч унгар найзууддаа бэлэглэхэд маш чанартай юм байна гэж их магтаж байсан. Манайд сургууль төгссөн хүмүүс ийнхүү амжилттай ажиллаж байгаад миний сэтгэл маш хангалуун байдаг. Тиймээс ч бид ийм хүмүүсийг заавал дэмжих ёстой гэж боддог.

-Ингэхэд та монголоор их сайн ярьж байна. Хаана сурсан бэ?

-Би 1992-1997 онд Монгол дахь Унгар улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Би Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд монгол хэл сурсан.

Categories
мэдээ соёл-урлаг

Нобелийн утга зохиолын шагналтан Боб Дилан

Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналыг Америкийн дуучин, яруу найрагч Боб Диланд олгохоор болсон. Түүний жинхэнэ нэрийг Роберт Алан Циммерман гэдэг. Тэрээр зөвхөн дуучин, яруу найрагч төдийгүй зураач, жүжигчин. Түүний зохиосон “Browin’ ih the Wind” , “The Times They Are A-Changin’n” дуунууд нь Америкт иргэний эрх, дайны эсрэг хөдөлгөөний сүлд дуулал болсон юм. 2010 онд “Rolling Stone” сэтгүүлээс явуулсан санал асуулгаар орчин үеийн дуучдаас хөгжмийн салбарт оруулсан хувь нэмрээрээ тэрээр “Битлз” хамтлагийн дараа хоёрдугаарт бичигдсэн. Нобелийн хорооноос түүнд энэ шагналыг олгохоор болсноо “Америкийн агуу хөгжмийн уламжлалд яруу найргийн шинэ хэлбэрийг бий болгосон явдалд” хэмээн тодорхойлжээ. Боб Дилан долоон удаа “Грэмми” шагнал хүртэж, таван дуу нь Рок-н-роллын алдрын танхимд тавигдсан. “Вундеркинд” киноны “Things Have Changed” дууг зохиож “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шагналуудыг хүртсэн юм. “Тайм” сэтгүүлээс гаргасан XX зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад түүнийг оруулсан билээ.

Нобелийн зохиолын шагналыг 1901 оноос эхлэн олгож байгаа. Харин дууны шүлэг зохиогчид анх удаагаа хүртээхээр болсон нь энэ. Нобелийн хорооноос гаргасан шийдвэр олон түмний гайхлыг төрүүлэн “ёстой л нүдээ олсон шагнал” хэмээн бичжээ. Уг шагналыг олгох дүрэмд “Уран зохиол төдийгүй хэв маяг, хэлбэрийн хувьд уран зохиолтой дүйцэхүйц үнэ цэнэтэй бүтээлд олгоно” хэмээн бичсэн байдаг. Шүүгчдийн шийдвэр журмын энэ заалтад яг тохирч байгаа юм. Уламжлалт ёсоор шагналын эзэн тодорсны дараа Нобелийн хорооноос утасдаж энэ тухай мэдэгддэг. Шведийн академийн нарийн бичгийн дарга бүхэл оройжингоо Боб Дилан руу залгасан боловч холбогдож чадаагүй гэнэ. Аргаа бараад бие төлөөлөгчтэй нь ярихад түүнийг Лас-Вегас хотноо тоглолт хийхийнхээ өмнө унтаж байгаа гэжээ. Нэрт дуучин маань өнгөрсөн пүрэв гаригт тоглолтоо хийхдээ үзэгч олонд нэр хүндтэй шагнал хүртсэн гэдгээ хэлээгүй.

Боб 1941 онд АНУ-ын Миннесот мужийн Дулуте хотод төрсөн. Эцэг нь бизнес эрхэлдэг байсан гэдэг. Дуучны аав, ээж хоёр нь орон нутгийн еврейчүүдийн байгууллагын идэвхтэй гишүүн байжээ. Эцгийн тал нь Оросоос гаралтай, Одесс хотод амьдарч байгаад 1905 оны үймээний үеэр Америк руу гарсан.

Боб Дилан, Жон Ленон нар

Боб багаасаа хөгжимд дуртай, Хэнк Уильямс, Вуди Гартер нарын дуу маш их таалагддаг мөн блюз хөгжим сонсдог байсан гэнэ. Ялангуяа Вуди Гартер түүнд нэлээд нөлөөлсөн бөгөөд гитар тоглохыг нь хүртэл дуурайдаг байв. Боб өөрийн шүтээн болсон хөгжимчинтэй нэг л удаа уулзсан. Вуди Гартерийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байхад нь Боб эргэн очжээ. Гитар хөгжмөөр чадамгай тоглодог тэрээр дунд сургуульд байхдаа ардын дуу дуулдаг хамтлагуудад хөгжимчнөөр ажиллаж орой үдэш баар цэнгээний газруудад тоглолт хийдэг болсон. Тэрээр аман хуур хөгжмөөр ч чадварлаг тоглодог. Миннесотын их сургуульд оюутан болохдоо ч хөгжмөө орхиогүй. Денвер хотод очоод мэргэжлийн хөгжимчин болохоор шийдсэн гэдэг. Ингээд 1961 онд Нью-Йоркт нүүж ирээд удалгүй Гринвич-Виллижид алдаршсан байна. “Bob Dy­lan” хэмээх анхны пянзандаа өөрийн зохиосон хоёр дуугаа оруулсан. Бусад нь сонгодог болон ардын дуунуудыг блюз болгон дуулсан байдаг. Үүний дараахан албан ёсоор нэрээ өөрчилж Боб Дилан болсон.

Анхныхаа цомгийг гаргасны дараа нэг хэсэг улс төрийн сэдэвтэй дуунууд зохиож байжээ. Энэ үеэд “Browin’ ih the Wind” буюу “Агаарт дүүлэгсэд” дуугаа бичиж тэр нь иргэний хөдөлгөөн болон дайныг эсэргүүцэгчдийн сүлд дуу болж алдаршсан. Түүнд

Хүн гэж хэлүүлэхийн тулд

Хичнээн их замыг туулах ёстой вэ?

Эрэг дээр очиж нойрсох гэсэн тагтаа

Хэдэн далайг гатлан нисэх ёстой вэ?

Хичнээн сумаар буудаж байж

Буун дуу гаргахыг мөнхөд хориглох вэ? гэсэн мөрүүд бий. Дашрамд дурдахад энэ дуу хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэгчдэд төдийгүй дэлхийн хэмжээний рок одуудад нөлөөлсөн гэдэг. Түүний бүтээл нь “Битлз” хамтлагийн дуунууд шиг уянгалаг биш. Гэхдээ поп хөгжмөөр дамжуулан нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөж, олон түмэнд хүргэж болдог гэдгийг харуулсан билээ. “The Freewheelin’ Bob Dylan” нэртэй хоёр дахь пянзанд нь ч улс төрийн байдлыг эсэргүүцсэн дуунууд орсон.

1960-аад оны дундуур Боб Дилан рок хөгжим руу оржээ. Тэр үед мотоцикльтой явж байгаад осолд орсон нь түүний уран бүтээлд нэлээд нөлөөлсөн. Энэ үед шинээр хэд хэдэн цомог гаргаад зогсохгүй кантри-рок хэмээн шинэ урсгалыг бий болгожээ. 1970-аад оны эхэн үед уран бүтээлчийн хувьд хамгийн хүнд үе байсан гэдэг. Энэ нь удаан үргэлжлээгүй, харин ч шинэ санаа төрөхөд чухал үүрэг гүйцэтгэжээ. Үүний дараахан түүний зохиосон “Blood on the Tracks” цомог гарч энэ нь нэг хэсэгтээ хит болоод зогсохгүй хамгийн олон хувиар борлогдсон байна. Үүнд урамшсан уран бүтээлч маань цомогтоо орсон дуунуудаас бүрдсэн аялан тоглолт хийжээ.

Боб Дилан нэг хэсэг дууныхаа сэдвийг өөрчилж шашинтай холбоотой бүтээл туурвисан. 1990-ээд онд 20 дахь цомгоо алдарт Элтон Жон, Жорж Харрисон нартай хамтран гаргасан юм. Үүний дараахан уран бүтээл нь дахин зогсолтын байдалд оржээ. Гэвч тэрээр бууж өгөөгүй. Бобийг Италийн Болонью хотод очиход католик шашны тэргүүн 200 мянган хүнд “Browin’ ih the Wind” дуугаар нь сэдэвлэсэн сургаал айлдсан юм. Тэр жилдээ нэрт дуучныг АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон хүлээн авч “Кеннедигийн төв” шагналыг олгосон. Олон түмэнд нөлөөлсөн бүтээл туурвисныг нь ийнхүү өндрөөр үнэлсэн юм. Үүний дараахан “Time out of Mind” цомгоо гаргасан байна. Түүнийг нь сонссон хүмүүст нэрт уран бүтээлч маань өнгөрсөн бүхэнтэйгээ хагацаж байна хэмээн бодогдуулжээ.

Боб Дилан залуудаа зураач Сьюз Ротоло хэмээх бүсгүйд дурласан байна. Харамсалтай нь бүсгүй түүнтэй амьдрахыг хүсээгүй гэдэг. Үүнд сэтгэлээр маш их унаж энэ талаараа нэлээд хэдэн дуу зохиосон. Боб Дилан нэрт дуучин Жоан Баэзтэй нэг хэсэг холбогдсон. Дараа нь “Playboy” сэтгүүлийн загвар өмсөгч Сара Лоундстэй танилцаж гэр бүл болж дөрвөн хүүхэдтэй болжээ. Гэвч удалгүй салсан. Түүний хоёр дахь эхнэр нь Кэрол Дэннис.

Дуучин маань 1992 оноос хойш ганц бие гэгдэх болсон бөгөөд байнга аялан тоглолтоо хийдэг. Дээр дурдсанчлан Нобелийн шагнал олгосон тухай мэдэгдэхээр утасдахад Лас-Вегаст тоглолтоо хийх гэж байжээ.

Нобелийн шагналтан маань өөрийн гэсэн амьдралын зарчимтай хүн. Тэрээр “Би мэдээ үзэх бүрт хөгжим сонсдоггүй хүмүүс энэ дэлхийг удирддаг юм байна гэдгийг ойлгодог” хэмээн хэлсэн байдаг. Тэрээр өөрийгөө яруу найрагч гэж хэлүүлэх дургүй. Ер нь яруу найрагч гэдэг үг түүнд таалагддаггүй гэнэ.

Ийнхүү анх удаагаа хөгжмийн урлагт өөрийн хувь нэмрээ оруулсан хүн Нобелийн утга зохиолын шагналыг хүртэхээр боллоо. Үүнийг Боб Дилан өөрөө хэрхэн хүлээн авсан талаараа одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа.

Түүний зохиосон “Browin’ ih the Wind” , “The Times They Are A-Changin’n” дуунууд нь Америкт иргэний эрх, дайны эсрэг хөдөлгөөний сүлд дуулал болсон юм.





Categories
мэдээ соёл-урлаг

Т.Жинжмаа би энэ кинонд тоглосондоо өөрийгөө маш азтай хүн гэж боддог

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Цагаан хадаг” уран сайхны кино саяхан нээлтээ хийсэн билээ. Олимпийн мөнгөн медальт тамирчин Д.Сумьяагийн амьдралаар сэдэвлэн хийсэн уг киноны гол дүрд тоглосон СУИС-ийн Театр урлагийн сургуулийн III курсын оюутан Т.Жинжмаатай уулзаж ярилцсан юм. “Хүлэгү пикчерс”ийн хамт олон болон найруулагч Ж.Сэнгэдоржтой хамтран ажилласан нь түүний хувьд маш азтай завшаан байсан гээд манай сониноор дамжуулан жүдо бөхийн улсын шигшээ багийнханд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

-“Цагаан хадаг” киноны гол дүрд тоглох болсон талаараа манай уншигчдад ярьж өгөөч?

-Манай сургууль дээр “Цагаан хадаг” киноны дүрд тоглох хүнийг хайж проб хийж байгаа тухай яригдсан. Оюутнуудаас пробонд орж би ч зургаа авахуулаад явуулсан. Сарын дараа “Хүлэгү пикчерс”-ийн найруулагч утасдаад ирж уулз гэсэн. Ярилцлаганд орсноос хэд хоногийн дараа найруулагч Ж.Сэнгэдорж дуудаж уулзахдаа “Спортоор хичээллэдэг үү, чадах уу?” гэж асуухад нь “Чадна” л гэж хариулсан. Үүнээс хэд хоногийн дараа манай нэгдүгээр найруулагч яриад энэ киноны гол дүрд тэнцсэн талаар хэлж билээ. Ингээд маргааш нь “Хүлэгү пикчерс” дээр очиж дахин уулзахад “Бэлтгэлээ хэр зэрэг хийхээс бүх юм шалтгаална. Бид чамайг авна. Хамгийн гол нь мэргэжлийн ур чадвартайгаас гадна биеийн тамирын бэлтгэлтэй хүн хэрэгтэй” гэсэн. Ингэж хэлэхэд хамгийн гол нь бэлтгэлээ сайн хийх ёстой юм байна гэж бодсон. Маргаашаас нь шууд жүдогийн шигшээ багийн тамирчидтай бэлтгэл хийж эхэлсэн. Хоёр сар бэлтгэл хийж, яаж өнхрөх, уналтууд зэргийг сурсан. Бэлтгэл хийж эхэлснээс хоёр долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 26-наас зураг авалт эхэлсэн дээ.

-Өөрөө урьд нь спортоор хичээллэдэг байсан уу?

-Сагс тоглодог байсан, мэргэжлийн түвшинд спортоор хичээллэж байгаагүй.

-Анх удаа киноны гол дүрд тоглох ямар байв. Энэ бол зүгээр нэг дүр бус, олимпоос медаль хүртэж нэлээд амжилтад хүрсэн тамирчин бүсгүйн дүр…

-Анхандаа Д.Сумьяа эгчийн тухай кино гэж би мэдээгүй. Бодит хүний амьдралаас сэдэвлэсэн жүдогийн эмэгтэй тамирчины тухай бүтээл гэдгийг мэдэж байлаа. Надаас “Яах уу?” гэж асуухад нь “Яана аа би чадах болов уу” гэсэн бодол хамгийн түрүүн төрж билээ. Эмэгтэй хүн барилдана гэдэг маш хэцүү. Ингээд бэлтгэл хийж эхлэхэд зөвхөн бяр чадалтай байгаад зогсохгүй маш их зүйлийг сурах хэрэгтэй болсон. Кино зохиолоо уншихад шал ондоо байсан. Хамгийн гол нь бодит хүний тухай. Өнөөдөр бидний дунд амьдарч яваа хүний дүрийг бүтээнэ гээд бодохоор айдас төрж байсан шүү. Бид бол хэзээ нэгэн цагт амьдарч байсан хүний тухай кино үздэг шүү дээ.

-Бэлтгэл хийгээд эхлэхэд ямар санагдсан?

-Хэцүү байсан. Эмэгтэй тамирчид пад, пад гээд л унаад. Яана аа л гэж бодож байлаа. Тамирчидтай бэлтгэл хийгээд эхлэхэд тэд бүгдийг нь тайлбарлаж өгсөн. Тэдэнтэй маш сайн танилцаж, надад ч их тусалсан даа. Сүүлдээ дунд нь ороод л барилддаг болсон. Тэгж байж л жүдогийн ертөнцөд илүү гүн орж, наад зах нь айдасгүй зөв унадаг болсон. Мөн техник, яавал бэртэл авахгүй байх гээд л олон юм сурах шаардлагатай болсон шүү. Ер нь тамирчин хүний хамгийн анхаарах зүйл бол бэртэл. Яавал бэртгэл авахгүй, техниктэй байх талаар жаахан гадарладаг болоод байгаа. Зураг авалт эхлэхээс өмнө бэртчэх вий гээд ихэд анхааралтай байсан.

-Анх олимпийн мөнгөн медальт, тамирчин Д.Сумьяатай уулзахад ямар байсан?

-Намайг бэлтгэл хийж эхлэхэд Д.Сумьяа эгч маань Парисын их дуулгын тэмцээнд оролцохоор явчихсан байсан. Эхэндээ би түүнийг хаана байгаа юм бол гээд л Спортын төв ордноор хайдаг байлаа. Хөдөөний зураг авалтаа дуусгаад дахиад бэлтгэлдээ ороход тамирчид Парисаас ирчихсэн байсан. Ингээд Спортын төв ордон дээр анх Д.Сумьяа эгчтэйгээ танилцаж билээ. Би ч хараад л сандраад, бүх юм нь мундаг харагдаад. Жүдогийн талаар жаахан гадарладаг болчихсон тул мэхээ хийж байгааг нь хараад биширнэ “Ямар гоё цэвэрхэн хийдэг юм бэ” гэж бодно. Сайн танилцахад би өөрөө Д.Сумьяа эгчтэй их төстэй юм шиг санагдаж билээ.

-Юугаараа төстэй санагдав?

-Тамирчид намайг хараад “Энэ нөгөө Д.Сумьяагийн дүрд тоглох охин гэсэн. Нээрээ энэ хоёр адилхан юм байна” гээд л ярина. Санаа дагаад ч тэр үү, би өөрөө Д.Сумьяа эгчтэй их адилхан юм шиг санагдаад л, сүүлдээ бид хоёр хоорондоо төстэй тухайгаа ярьдаг болсон. Д.Сумьяа эгч маань харьцахад их гоё, амар, энгийн, чөлөөтэй хүн, надад ч их тусалсан. Маш зөв хүн. Намайг маш халуун дотноор хүлээн авсанд нь их баярладаг.

-Зураг авалтын үеэр Д.Сумьяа эгч нь чамд зөвлөгөө өгсөн үү?

-Өгөлгүй яахав. Мэх болгон дээр зөвлөгөө өгч тусалж байлаа. Барилдааны талаар үндсэн зөвлөгөө өгч бэлтгэлийн дараа бид хоёр хоёулхнаа бэлтгэл хийнэ.

-Тэгвэл олимпийн мөнгөн медальт тамирчинтай барилдсан юм байна.

-Барилдсан. Надад маш их юм зааж өгсөн. Бид хоёрын Буянт-Ухаа дээр бэлтгэл хийж байгаа бичлэг ч интернэтэд тавигдсан байна лээ.

-Кино зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Хоёр сар үргэлжилсэн.

-Хоёр сарын туршид зураг авахуулж нэлээд шаргуу ажилласан юм байна. Киногоо анх хэзээ үзсэн бэ?

-Үзэгчидтэйгээ цуг нээлтэн дээр үзсэн. Бүр сандраад л, сэтгэл догдлоод л. Үзэж

Дэлгэрмаа

байхдаа “Ингэсэн бил үү. Үүн дээр ингэчихсэн бол” гэж бодогдож билээ. Кино дууссаны дараа хүмүүс алга ташиж, над дээр ирээд баяр хүргэхэд их баярласан. Би энэ кинонд тоглосондоо өөрийгөө маш их азтай хүн гэж боддог. Зарим хэсэг дээр ингээд тоглочихдог байж гэж боддог юм билээ.

-Таны мэргэжлийн багш хэн бэ?

-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Отгонбат.

-Багш тань киног нь үзээд юу гэж байна?

-Багш маань киноны нээлтийн өдөр маш чухал ажилтай байсан тул ирж үзэж амжаагүй. Гэхдээ киноны трейлерийг үзчихээд “Чи тэр хэсэг дээрээ ингэж тоглосон уу? Трейлерийг үзэхэд тэгсэн байсан” гэж асууж байсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн талаасаа ярьсан.

-Ингэхэд яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Би багадаа телевизэд хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Дунд сургуульд байхдаа “Сэтгүүлч болох уу, жүжигчин болох уу” гэж боддог байлаа. Багш нар маань жүжигчин болохыг зөвлөсөн. Гэрийнхэн болохоор намайг чадах уу гээд л , өөрөө шийд гэж байлаа.

-Таны анхны бүтээл болох энэ киног яагаад “Цагаан хадаг” гэж нэрлэсэн юм бол?

-Цагаан хадаг бол бүх сайн сайхныг бэлгэдэл. Тиймээс л ингэж нэрлэсэн байх.

Ю.Дэлгэрмаа

Categories
мэдээ цаг-үе

Элсэн цөл дундаас Израил улсыг босгосон Шимон перес

Израилийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Шимон Перес энэ сарын 28-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнийг оршуулах ёслол өчигдөр боллоо. Шарил дээр нь “Хэтэрхий залуугаараа таалал төгссөн” хэмээн бичээрэй гэж талийгаач захисан гэнэ. 70-аад жил төрдөө зүтгэсэн түүнийг дэлхийн хамгийн өндөр настай улстөрч гэдэг. Урт насалсан нууцаасаа хуваалцаач гэхэд маш их ажиллаж, мөрөөдөхийг зөвлөөд “Амралт авах хэрэггүй. Амьдралд хамгийн сонирхолтой юм бол ажил” хэмээн хариулж байжээ.

Шимон Пересийн амьдрал Израил улсын түүхтэй салшгүй холбоотой. Ерөнхий сайдын албыг хэд хэдэн удаа хашсан тэрээр улсынхаа ес дэх Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Тэрээр 12 Засгийн газарт ажиллаж, 1959-2007 онд хууль батлах дээд байгууллага болох Кнессетийн гишүүнээр тасралтгүй улиран сонгогдсон улстөрч.

Израил улс байгуулагдсаны дараахан 1947-1949 онд еврейчүүд арабуудтай дайтсан. Еврейчүүд үүнийг эрх чөлөөний төлөөх дайн гэдэг. Тэр үед залуухан Шимон Перес Батлан хамгаалах яамны ерөнхий даргын (сайдын дараахь албан тушаал) туслахаар ажилд оржээ. Тухайн үед Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байсан Давид Бен-Гурион чадвартай, ирээдүйтэй залуу хэмээн Шимон Пересийг ихэд дэмжсэн. Тиймээс ч цэрэгт явуулалгүй яамны зэвсэг худалдан авалт, цэрэг татлага зэрэг хамгийн чухал асуудлуудыг хариуцуулжээ. Израил улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал нэн чухал байсан үе.

Ерөнхий сайд залуухан боловсон хүчинд маш их итгэл үзүүлж АНУ дахь Израилийн БХЯ-ны төлөөлөгчөөр томилжээ. Шимон Перес Нью-Йоркт ажиллахын хажуугаар Харвардын их сургуульд суралцаж, судалгаа хийж. Нутагтаа эргэж очоод 29 настайдаа Батлан хамгаалахын яамны ерөнхий даргаар томилогдож зэвсэг үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьж гадаадаас захиалга авдаг болгожээ. Ийнхүү ажиллахдаа сайшаалын үг нэлээд сонссон гэдэг. Түүнээс ч дутахгүй шүүмжлэлд өртсөн хэдий ч маш сайн гүйцэтгэгч гэдгээ харуулсан байна. Найз нарынх нь ярьснаар Ш.Перес шинжлэх ухааны судалгааг ашиглан үйлдвэрлэл хөгжүүлэх үндэс суурийг тавьсан гэнэ. Израил 1954 онд байлдааны онгоц, танк үйлдвэрлэх анхныхаа захиалгыг Францаас авсан. “Рафаэль” онгоцыг захиалгаар нийлүүлж, зэвсэг үйлдвэрлэдэг болсон нь яахын аргагүй Ш.Пересийн гавьяа. Өнөөдөр тус улс нь онгоц, цахилгаан хэрэгсэл, зэвсэг үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Шимон Перес Израилд цөмийн төслийг хэрэгжүүлэхийг анх санаачилж Димон, Сорекет цөмийн хөдөлгүүрийг бариулсан. Энэ бүхэн улс орны эдийн засаг хөгжих үндэс суурь нь болжээ. Элсэн цөл дунд орших улсыг хөл дээр нь босгож дэлхийд тэргүүлдэг болгоход түүний оруулсан хувь нэмар асар их.

1956 онд Израил Францтай хамтран Египетийн эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулсан. Ерөнхий сайд Давид Бен-Гурион энэ талаар Францын талтай нууц хэлэлцээ хийхээр хамгийн их итгэдэг хэдхэн хүнээ дагуулан Парисыг зорьсон гэдэг. Тэдний нэг нь Шимон Перес байж. Хожим нь түүнийг тусгай ажиллагааг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэсэн хэмээн Францын Ерөнхийлөгч “Хүндэт Легион”-ы одонгоор шагнасан юм.

Ш.Перес Кнессетийн сонгуульд анх нэр дэвшихдээ ялалт байгуулж Батлан хамгаалах яамны орлогч сайдын албыг давхар хашсан. 1960-аад оны эхээр Израилд нутгийн ажилчны намын даргын албан тушаалд тус улс төрийн хүчний залуу болон ахмад үеийнхний хооронд нэлээд ширүүн тэмцэл өрнөсөн түүхтэй. Хэрвээ залуучууд ялсан бол Шимон Перес Засгийн газрын тэргүүн болох байсан гэдэг. Гэвч залуу гишүүд ялагдаж Ш.Перес нэг хэсэгтээ төрийн албанаас холджээ.

Насаараа Израил улсын төлөө зүтгэсэн тэрээр Польшийн нутаг байсан өдгөө Беларусийн нийслэл Минск хотын ойролцоо орших Вишнево тосгонд 1923 онд төрсөн. Жинхэнэ нэрийг нь Сеня Перский гэдэг. Өвөөтэйгөө ихэд дотно байсан бөгөөд түүний ачаар яруу найрагт дуртай болжээ. Өвөө нь ач хүүдээ Л.Толстой, М.Достоевскийн зохиолыг уншиж өгч, шашны сургаал айлдана. Ш.Перес хожим нь “Өвөө маань маш ухаалаг хүн байсан” хэмээн ярьсан байдаг. Тэр үед Вишнево тосгон болон түүний ойролцоо 200 еврей гэр бүл амьдардаг, бүгд л Палестин руу цагаачлах хүсэлтэй байжээ. 1931 онд Шимон Пересийн аав Палестинд очиж улаан буудайн наймаа эрхэлж чамгүй ашиг олж эхнэр хүүхдээ татан авчээ. Шимон Палестинд очиж Бальфур хэмээх нэлээд нэр хүндтэй гимназийн сурагч болсон. 18 настайдаа сионист хөдөлгөөний гишүүнээр элсч улстөрч, зохиолч гээд нөлөө бүхий хүмүүстэй танилцсан гэдэг. 1946 онд Швейцарийн Базел хотод болсон Дэлхийн сионистуудын 22 дугаар чуулганд оролцсон нь түүнийг улс төрд ороход хамгийн ихээр нөлөөлсөн.

Ойрхи Дорнодын байдал дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байгаа. Еврей болон палестинчуудын зөрчилдөөн одоо ч үргэлжилсээр. Тус бүс нутагт энх тайвныг тогтоох эсэх нь Шимон Пересээс хамаарч байсан үе ч бий. Тэрээр Ерөнхий сайдын албыг хашихдаа асуудлыг бүрмөсөн шийдээгүй ч маш их дэвшил гаргасан хэмээн дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Хэзээ ч эвлэрэхгүй гэгддэг Израил, Палестины эрх баригчдыг 1993 онд Билл Клинтон АНУ-ын Ерөнхийлөгч байхдаа хэлэлцээрийн ширээний ард суулгаж чадсан юм. Палестины удирдагч Я.Арафат, Ш.Перес хоёрын гар барьж байгаа зургийг дэлхий нийтээр цацаж байсан түүхтэй. Түүгээр ч зогсохгүй Израилийн эрх баригчид хамгийн их зөрчилддөг Сири, Иорданитай хэлэлцээ хийж эхэлжээ. Ийнхүү Ойрхи Дорнодод энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Шимон Перест Нобелийн энхтайвны шагнал олгосон. Тэр үед “Палестинчууд бидний хамгийн ойрын хөрш. Миний бодоход тэд бидний хамгийн сайн найз болж чадна” хэмээн хэлсэн нь нэлээд шуугиан тарьж байлаа. Учир нь Израилийн улстөрчдөөс палестинчуудын талаар ингэж нааштайгаар хэлсэн хүн байдаггүй.

Улс төрийн өндөрлөгт гарахын тулд Шимон Перес 30 жил тэмцсэн гэдэг. Нам дотроо ширүүхэн дайралттай тулгарсан ч энэ нь түүнийг улам хатуужуулсан байна. Юмыг маш хурдан хүлээж авдаг, ер бусын шинэ санаа гаргаж, зорьсондоо хүрэхийн тулд тууштай тэмцдэг чанарын ачаар ялалт байгуулж чадсан гэдэг. Л.Толстой, В.Набоков, А.Камю, Жан-Поль Сартрыг шүтдэг, зохиолыг нь шимтэн уншдаг тэрээр Гадаад хэргийн сайд, Бүс нутгийн хөгжлийн сайд, Батлан хамгаалахын сайд гээд ажиллаагүй салбар үгүй.

“Авод” намыг байгуулсан тэрээр 2007 онд Израилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Гурван хүүхдийн аав, зургаан ач, зээтэй. Иврит, идиш, польш, англи, франц хэлтэй түүнийг агуу мөрөөдөгч гэдэг байсан. Тэрээр “Том мөрөөдөлтэй бай. Хэдий чинээ том мөрөөдөлтэй байна, төдий чинээ амжилтад хүрнэ” хэмээн хэлжээ.

Ю.Дэлгэрмаа

Categories
мэдээ цаг-үе

Ри багшийн зээ Ардын жүжигчин багш

Шавь Сангидоржийн Саянцэцэгтэй

Түүнтэй уулзахаар Соёл урлагийн их сургууль дээр очиход гуравдугаар давхарт суудаг хэмээн зааж өгөв. Өрөөний үүдэнд очиход төгөлдөр хуурын уянгалаг аялгуу сонор мялаана. Үүдэнд нь Монгол Улсын Ардын жүжигчин, профессор Тувааны Цолмон гэсэн хаяг хадаастай байлаа. Хичээлд нь саад болох вий хэмээн үүдийг нь сэмээрхэн онгойлгон шагайхад шавь нь төгөлдөр хуураа тоглож, Т.Цолмон багш хажууд нь суугаа харагдав. Цолмон багшийн гэр бүлийн хүн Москвад ажлаар томилогдсон тул тэнд байж байгаад нэг жилийн өмнө ирээд Соёл урлагийн их сургуульдаа ажиллаж байгаа. Өнгөрсөн жил оюутан багатай, харьцангуй ачаалал гайгүй байсан тухайгаа ярьж байв. Т.Цолмон багшийг гадаадаас ирсэн сургаар түүн дээр суралцах хүсэлтэй залуус нэлээд байгаа гэнэ. Түүнд шавь орохоор Өмнөд Монголоос хүртэл иржээ. Харамсалтай нь Т.Цолмон багш ачаалал маш их байгаа тул хүсэлт гаргасан хүн бүрийг авах боломжгүй байгаагаа ярив.

Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртсэн төгөлдөр хуурч манайд бараг байхгүй. Тэрээр ажлынхаа гарааг Хөгжим бүжгийн дунд сургуулиас эхэлсэн. Түүнийг мэргэжлийн төгөлдөр хуурчдыг бэлдэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан сурган хүмүүжүүлэгч гэдэгтэй маргах хүн үгүй. Дашрамд дурдахад, Т.Цолмон багш маань Монголын бичгийн их хүн Бямбын Ринченгийн зээ охин. Харин аав нь Эрүүл мэндийн яамны сайдын албыг олон жил хашсан Г.Туваан гуай. Т.Цолмон багш хуучнаар Гнисений нэрэмжит хөгжмийн академийг төгсч ирснээсээ хойш төгөлдөр хуурын багшаар ажиллаж байгаа.

-Та төгөлдөр хуурын багшаар хэд дэх жилдээ ажиллаж байна?

-1975 онд Гнесиний нэрэмжит хөгжмийн академи төгсч ирээд 1975-1976 оны хичээлийн жилд багшаар ажиллаж эхэлсэн гээд бодоход 41 жил болжээ. Гэхдээ тасралтгүй ажиллаагүй л дээ. Нөхөр маань гадаадад ажиллахаар хэд хэдэн удаа томилогдож дунд нь нэлээд хэдэн жил тасарсан.

-Анхны шавь нарынхаа талаар яриач?

-Миний анхны шавийг манайхан сайн мэднэ дээ, Н.Нарантунгалаг гэж төгөлдөр хуурын багш бий. Одоо хөгжмийн коллежид багшилж байгаа, Монголын шилдэг төгөлдөр хуурын багш нарын нэг. Их авьяастай, сурагч байхдаа маш их бие даасан хүүхэд байсан даа.

-Төгөлдөр хуурын багш гэдэг маш их онцлогтой. Хамгийн энгийн жишээ гэхэд ганцаарчилсан хичээл ордог?

-Ганцаарчилсан хичээл ордог болохоор 10-20 хүүхэд төгсгөхгүй. Би нийтдээ 100-гаад хүүхэд төгсгөсөн байдаг. Олон жил багшлах тусмаа төгөлдөр хуурч гэдэг ямар хүнд мэргэжил вэ гэсэн бодол төрдөг. Яавал суралцаж эхэлж байгаа бяцхан хүүхдүүдэд ойлгомжтой хялбар заах вэ гэж бодох болсон.

-Төгөлдөр хуурч С.Саянцэцэг, Ц.Энхтөр, Т.Анар, хөгжмийн зохиолч, “Эмоушн” хамтлагийн Б.Чинбат гээд монголчуудын сайн мэддэг уран бүтээлчид таны шавь байх аа. Тэднийхээ талаар яриач?

-Тэд маань надаас сурах, авах юмаа их сайн авсан юм шиг санагддаг. Үнэхээр сайн ч уран бүтээлчид. Сайн уран бүтээлчийн цаана их авьяас байдаг. Хүнээс сурах ёстой юмаа авч чаддаг. Авьяастай хүмүүс. Бага байхдаа хүртэл хүний хэлснийг маш хурдан тусгаж авдаг. Юм хэлж дуусаагүй байхад л ойлгоод, хүлээгээд авчихдаг байсан. Ингэж чадна гэдэг бас л авьяастайн шинж. Эд чинь зөвхөн надаас суралцаагүй, гадаадад дээд сургуульд сурахдаа тэндхийн мундаг багш нараас маш их зүйлийг мэдэж авсан. Манай С.Саянцэцэг гэхэд Москвад Фёдорова гээд их сайн багш дээр сурсан. Б.Чинбат бол их авьяастай. Харамсалтай нь 1990-ээд онд бүх юм өөрчлөгдөөд амаргүй байсан үед сурч таарсан. Тэгээд ч тэд маань өөрсдийгөө дайчилж сайн сурсан. Чинбааг би “Эмоушн” хамтлагтай ажиллаж байхыг нь харсан. Маш нарийн ажилладаг юм билээ. Бас Бирваагийн Мөнхболд байна. Их сонин, намайг их тэвдүүлдэг хүүхэд байсан. Б.Мөнхболд маань өөрөө их тайван, налгар. Шалгалт болох гээд л би өмнөөс нь сандрахад намайг тайвшруулдаг байж билээ. Энэ бүх чанар нь хөгжмийн зохиолч болоход нь нөлөөлсөн байх. Би хүүхдүүдийнхээ суурийг нь зөв тавьж өгсөн байх гэж боддог. Төгөлдөр хуурч гэдэг мэргэжилд нь дурлуулж, амьдралаа энэ хөгжимгүйгээр төсөөлж чадахгүй болтлоо мэргэжилдээ орсон.

-Яаж мэргэжилдээ хайртай, дуртай болгож байна?

-Би өөрөө төгөлдөр хуурч мэргэжилдээ маш их дуртай, сонирхолтой. Тиймээс ч шавь нараа тийм болгосон байх. Өөрөө ямар ч сонирхолгүй, цагаа хараад л хичээлээ заадаг багш нар байдаг шүү дээ. Би өөрийгөө тийм биш байх гэж боддог. Хүүхдүүдтэйгээ улайраад л орчихдог.

-Төгөлдөр хуурч гэдэг бол маш нарийн мэдрэмж шаардсан мэргэжил. Ингэхэд хичээл заах хүүхдүүдээ та өөрөө шалгаж авдаг уу?

-Залуу байхад хүүхэд хуваарилаад өгчихдөг байсан. Яваандаа өөрөө авдаг болсон. Хүүхдүүдийн ээж, аав нь над дээр сургана гээд аваад ирнэ. Төгөлдөр хуурч шиг нарийн мэргэжил олон талын ажиллагаа шаарддаг. Хүүхдийг биеийг нь дааж сургахаас эхлээд. Гэхдээ хамгийн гол нь дур сонирхол, ажилсаг байдал. Дөнгөж сурч эхэлж байгаа жаахан хүүхдэд бол эцэг, эхийн анхаарал их чухал. Гэрт нь хөгжмийг нь ээж, аав нь давтуулна шүү дээ.

-Та барууны орнуудад олон жил болсон. Тэндхийн хөгжмийн сургалт ямар байгааг сайн мэдэж байгаа. Манайхаас юугаараа ялгаатай байна?

-Манайх бол Оросын сургалтыг дагадаг. Арай хүнд программыг дагаад байгаа юм уу гэсэн бодол байдаг. Тэндхийн оюутнууд олон зохиол тоглохоосоо илүү өнгөний чанар чансаанд илүү анхаарч, эхлээд тоглох зохиолоо ойлгохыг чухалчилдаг. Сурагчид тоглох гэж буй бүтээлээ маш сайн судалдаг.

-Та бас БНХАУ-д багшилж байсан. Тэнд ажилласан талаараа манай уншигчдад яриач?

-Тэндхийн оюутнууд бол маш ажилсаг. Ер нь авьяас, ажилсаг байдал хоёр нь цуг явж байдаг.

-Мартсанаас, та өөрөө маш мундаг багш нартай байсан гэсэн?

-Тийм ээ, манай алдарт уртын дуучин Дорждагва гуай намайг бага байхад манайд хичээл заадаг байлаа. Жаахан хүүхдүүд болохоор бид үймүүлээд л. Дорждагва багш маань биднийг чимээгүй болгож чадахгүй, би нэг нэгээрээ чихэнд нь очиж дуулж өгч дүнгээ тавиулдаг байлаа. Ийм агуу дуучин бидэнд зааж байна гэдгийг сүүлд нь ойлгосон.