Categories
мэдээ цаг-үе

Л.Идэрбат: Норовбанзад багшийг шуранхайлахад тэнд байсан хөгжимчид бүгд босоод зогсчихсон

Хөгжим бүжгийн их сургуулийн морин хуурын багш, Монгол Улсын гавьяат жүжигчин, морин хуурч Л.Идэрбаттай ярилцсаныг сонирхуулъя.


-Энэ сарын эхээр Үндэсний урлагийн их театр таны уран бүтээлийн цэнгүүнийг хийсэн.

-Манайх чинь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга байсан шүү дээ. Саяхнаас Үндэсний урлагийн их театр болсон. Шинэ нэртэй болоод шинэ тоглолтынхоо хуваарийг гаргасан. Энэ хуваарийн хүрээнд миний уран бүтээлийн цэнгүүнийг зохион байгуулсан. Их Театрын уран сайхны зөвлөлөөс ахмад уран бүтээлчдийнхээ тайлан тоглолтыг хийе гэсэн санал дэвшүүлжээ. Ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад, Ардын жүжигчин, бүжиг дэглээч Ц.Сэвжид гээд олны танил болсон алдартай уран бүтээлчдийн цэнгүүнийг хийсэн юм. Би энэ театртаа 44 жил ажиллаад гавьяаныхаа амралтанд гарсан. 14 настайдаа анх орж байлаа. Одоо бол Хөгжим бүжгийн их сургуульд багшилдаг. Уран бүтээлийн цэнгүүн маань 70 насны ойтой давхацлаа.

-Та 14 настайдаа морин хуур тоглож сурсан гэсэн үү?

-1962 онд Л.Мөрдорж багш маань Үндэсний найрал хөгжмийг дөнгөж байгуулчихаад байсан үе. Тэр найрал хөгжмийн нэг эд эс нь би. Тухайн үед одоогийн Хөгжим бүжгийн сургууль Хөгжим бүжгийн дунд сургууль нэртэйгээр дөнгөж байгуулагдсан, төгсөгчгүй байсан. Би Үндэсний найрал хөгжимд орж, оройгоор сургуулиа төгссөн. Ингэж 14 настайдаа Үндэсний найрал хөгжимд дагалдан хөгжимчин болсон юм. Намайг тэр үеийн уран сайхны удирдаачаар ажиллаж байсан Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Ардын жүжигчин Л.Мөрдорж гуай хоёр шалгаж авч билээ. Л.Мөрдорж гуай манай чуулгын хөгжмийн багш байсан. Миний аавыг Лувсангомбо гэдэг. Хүмүүс халзан хуурч гэдэг. Өөрөө намайг дагуулж ирж шалгуулсан юм. Хөгжимчин хүн байсан болохоор намайг өөр шигээ морин хуурч болно гэж бодож. Ингээд шалгуулаад тэнцсэн. Тухайн үед хөгжмийн сургууль төгссөн хүн байгаагүй. Ингээд би Батбаяр гэж хүнд шавь орсон. Одоо 80 нас гарсан хүн бий. Морин хуурч болохоор сургалтаа дөнгөж эхлэх гэж байхад Л.Мөрдорж багш маань, Ардын жүжигчин Г.Жамьянг авчирч надад мэргэжлийн тавилт заалгуулж билээ. Морин хуурч болохоор олон хүүхэд суралцаж байхад Л.Мөрдорж багш ганцхан надад тавилт заалгуулах гэж Г.Жамьян гуайг дуудаж авчруулсан юм. Нарийн мэргэжил болохоор энэ нь их чухал л даа. Яагаад ч юм, Л.Мөрдорж багш маань надад их анхаарал хандуулдаг байсан. Ингэж яваад л мэргэжлийн морин хуурч болсон доо.

-Л.Мөрдорж гуай таныг авьяастай, сайн хөгжимчин болно гэдгийг мэдээд ингэж анхаарал хандуулсан байх аа.

-Тийм л алсын хараатай хүн байж гэж би ойлгодог. Намайг өдий хүртэл морин хууртай нөхөрлүүлсэн хүн дээ. Төрийнхөө хуурын буянг эдэлж байна аа. Л.Мөрдорж гуайн дараа Чойдог багш маань чуулгад ирсэн. Мэнд-Амар, Чойжилжав болон надад гээд хэдэн хүнд тусгайлан хичээл орно. Эргээд бодоход хүнээ олдог л байж дээ гэж бодогддог юм. Бид залуу байж, халааг нь аваад явчихна гэж боддог байсан байх л даа. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай манай уран сайхны удирдаачаар ажилласан. Мань хүн юм л бол намайг өрөөндөө дуудаад даалгавар өгнө. “Энэ үгэн дээр ая хийгээд надад үзүүл” гэнэ. Ая зохиогоод очихоор болохгүй байна гээд л буцаана. Д.Лувсаншарав багш маань нэг бүжгийн ая хийчихээд “Үүний оркестрыг хийгээд ир” гэнэ. Яаж хийхийг нь хэлж өгөхгүй. Миний ухааныг задлах гээд л тэр. Хийгээд очихоор үзчихээд болоогүй байна гээд ураад хаячихна. Тэр олон хөгжмийн оркестрыг хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цэрэндорж гэж хүн байлаа. Эдгээр хүмүүс надад маш ихийг зааж сургасан. Жаахан хүүхэд байсан болохоор үгэнд нь орохгүй, заасан юмыг нь суралгүй алдсан явдал бий. Ийм мундаг багш нарыгаа би их хүндэлж, хайрлаж явдаг юм. Чуулгынхаа гурван үеийг үзлээ би. Анх Улсын ардын дуу бүжгийн чуулга, дараа нь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга болсон. Одоо харин Үндэсний урлагийн их театр боллоо.

-Та чуулгад зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайтай цуг ажиллаж олон удаа хамт бэлтгэл сургууль хийж, тайзан дээр цуг гарч байсан гэсэн?

-Тэгэлгүй яахав. Анх уртын дууг тоглох ухааныг алдарт дуучин Ж.Дорждагва гуайгаас сурч билээ. Тэр чинь 1963 он, “Алтайн дуу” гэдэг концерт тоглох гэж байлаа. Ж.Дорждагва гуай тайзан дээр гарахдаа хүүхдээр хуурдуулна гээд. Тэгээд намайг хажуудаа суулгаад “Өвгөн шувуу”-г хуурдуулж өөрөө дуулж билээ. Уртын дуу хуурдахыг тэгж л анх сурсан. Намайг жаахан хүүхэд байхад аав маань ч уртын дуу их зааж өгнө. Их л холыг харж дээ. Морин хуур тоглож сурахад аавын маань зааж өгч байсан дуунууд цээжинд байж байсан шүү. Тэгээд л Ж.Дорждагва гуайгаас эхлээд Норовбанзад, Лхамжав, сүүлийн үеэс Баттөмөр, Түвшинжаргал, Нэргүй гээд бүгдтэй нь хуурдсан даа. Н.Норовбанзад гуайтай би анх удаагаа гадаад явж байлаа. 1966 онд Ташкентад болсон Монгол-Зөвлөлтийн залуучуудын их наадамд оролцсон юм. Н.Норовбанзад багш маань ч их залуу байж дээ. “Алтан Богдын шилийг дуулсан. Концерт дундаа ороод Монголын жүжигчдийг зарлалаа.

Тэр хооронд би морин хуурынхаа хөгийг нэлээд дээшлүүлчихсэн. Томоогүй байж л дээ. Ингээд л тоглоод эхлэхдээ “Дээшээ шуранхайлаад яадаг бол” гэж бодоод их айж билээ. Ингээд ая улам дээшээ явахад Н.Норовбанзад гуай толгойтой үс арзайтал шуранхайлж билээ. Тэгэхэд театрын яаманд сууж байсан хөгжимчид босоод ирсэн. Тэднийг дагаад үзэгчид боссон. Өөр гариг, ертөнцөөс ирсэн юм шиг уртын дууг их сайхан дуулдаг байсан. Тэгж л би Н.Норовбанзад гуайн агуу авьяас, ухааныг мэдэрсэн юм.

-Та Н.Норовбанзад гуай Японд очиж тоглоход нь цуг явж байсан биз дээ?

-Явж байсан. Зууны манлай уртын дууч маань өөрийн гарын хуурчтай байсан шүү дээ. Гавьяат жүжигчин Цогбадрах гэж байлаа, их сайхан тоглоно. Японд тоглолт хийхдээ “Уяхан замбуу тивийн наран”, “Хоёр бор”-ыг бас Японы уртын дуу маягтай дууг дуулна. Судалж байгаад яг япон үндсэн маяг ухааныг олж дуулдаг хүн байсан. Үзэгчид уйлаад л сүйд болно. Тоглолтоо дуусаад гараад ирэхэд нь гадаа хүмүүс хүлээж байгаад зургаа авахуулна гээд л. Тийм мундаг хүнтэй цуг явахад их сайхан байдаг байсан.

-Та манай алтан үеийн гэгддэг нэртэй жүжигчид, дуучидтай цуг ажиллаж байсан юм байна шүү дээ.

-Тийм ээ, бүгдтэй нь хамт ажилласан. Түмэндэмбэрэл, Дорждэрэм, Норовбанзад, Сүглэгмаа гээд л. Алтан үеийнхэн маань уран бүтээл дээрээ хэрхэн ажиллахын гайхамшгийг үзүүлж байсан. Тэр үеийн ардын урлагийнхан мэргэжлийн сургууль төгсөөгүй. Уртын, ардын дууны сургууль гэж байсангүй, хөгжмийн сургууль дөнгөж байгуулагдаад байсан үе.

-Та олон шавьтай биз дээ?

-50 –иад оюутан бий.

-Ингэхэд сүүлийн үед эмэгтэй морин хуурчид нэлээд их болсон. Энэ талаар ямар бодолтой байна. Урьд нь яагаад эмэгтэй хүн морин хуур тоглодоггүй байсан юм бол?

-Уламжлал, цаг үетэй холбоотой байсан болов уу. Ер нь яагаад болохгүй гэж, болно шүү дээ. Бүгд л эмэгтэй хүнээс төрдөг. Одоо бол цаг үе өөр болсон.

Categories
мэдээ цаг-үе

Мастеруудыг ялж улсын аварга үсчин болсон оюутан охин

Хэдхэн хоногийн өмнө болсон Үндэсний улсын аварга шалгаруулах үсчин гоо засалчдын уралдаанд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн 14 оюутан амжилттай оролцсон байна. Энэ удаагийн уралдаанд аваргалж алтан медаль хүртсэн тус коллежийн Үс мастер технологичийн 2а ангийн оюутан Ж.Мөнгөнсувдтай ярилцлаа.


-Яагаад үсчин болохоор шийдэж энэ сургуулийг сонгосон талаар яриагаа эхлэх үү?

-Нэг эгч маань үсчин. Их мундаг үсчин л дээ. Түүнийг хэрхэн үс тайрч байгааг хараад би ч гэсэн үсчин болж чадах юм шиг санагддаг байсан. Гэхдээ Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийг сонгох болсон шалтгаан нь гэвэл бас нэг эгч маань энэ сургуулийг төгссөн. Маш сайн сургууль, сургалт сайтай, төгссөн хүүхдүүд ч нэр хүндтэй байдаг гэж хэлснийг сонсоод л орохоор шийдсэн юм.

-Та оюутан боловч улсын хэмжээний тэмцээнд оролцож алтан медаль хүртлээ. Олон жил ажилласан туршлагатай үсчингүүдтэй өрсөлдсөн. Таныг түрүүлэхэд хэр хүлээн авав?

-Мундаг үсчингүүдээс урмын сайхан үг сонссон. Уралдааны үеэр засалтаа хийчихээд гарч ирэхэд таван удаа тивийн аварга болж байсан үсчин Алтаншагай ах надад “Мундаг байна, сайн хийсэн байна, баяр хүргэе” гэсэн. Ингэж хэлсний дараа хүмүүс надад “Чиний хийсэн засалтыг шүүгчид их хараад байна. Ер нь боломжийн хийсэн бололтой” гэж хэлсэн. Энэ тэмцээнд оролцоход сургуулийн маань дэмжлэг туслалцаа маш их хэрэгтэй байсан.

Намайг оюутан болж энэ сургуульд орж ирснээс хойш тэмцээн уралдаанд оролц гэж байнга шахаж шаарддаг байлаа. Багш нар маань “Чи оролцох ёстой, хичээ, хий, бэлд” гэж байнга хэлдэг. Үүний үр дүнд би энэ медалиудыг авсан гэж боддог.

-Оролцсон төрөл, хийсэн засалтынхаа талаар манай уншигчдад сонирхуулаач.

-Техникийн төрлөөр оролцсон. Эмэгтэй креатив засалт хийсэн. Ер нь бол нэлээн хүнд, тэр болгон үсчид хийгээд байдаггүй. Эмэгтэй, эрэгтэй креатив гэдэг маань дэлхийн хэмжээний тэмцээн дээр хийгддэг засалт.

-Та сая энэ бол нэлээд хүнд төрөл нь гэж хэллээ. Чухам юу нь хүнд байдаг юм бол?

-Энэ засалтыг хийхдээ сэнс, лак ашиглаад өөрийн төсөөлөлд байдаг зүйлээ үсээр илэрхийлнэ гэсэн үг. Үүнд маш олон төрлийн тайралт ордог, өнгөний уусалт, зохицолдоо гэх мэт. Орчин үеийн трендийг хүртэл тусгаж өгдөг маш нарийн ажиллагаатай. Хүн харахад хэлбэржүүлээд будаг тавьсан юм шиг санагдах боловч хийхэд маш нарийн ажиллагаа шаарддаг.

-Энэ тэмцээнд оролцохдоо ийм засалт хийнэ гэдгээ хэзээ шийдэж аль хэр удаан бэлдэв?

-Нэг их удаан бэлдээгүй. Багш нартайгаа ярилцаад олон улсын тэмцээнүүдийн засалтуудаас санаагаа авсан. Яагаад гэхээр сүүлийн үеийн чиг хандлагыг тусгаж өгсөн байх шаардлагатай гэж удирдамжинд заасан байлаа. Багш нартайгаа нийлж судалгаа хийж, өнгө зэргээ сонгосон. Монгол Улсын мастер үсчин Балжинням, Одгэрэл, Булгантуул багш нар маань намайг дасгалжуулж бүгд л дэмжсэн.

-Танай Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн зүгээс нэлээд дэмжлэг үзүүлсэн гэсэн. Энэ талаараа тодруулаач?

-Манай сургуулиас уг тэмцээнд оролцсон оюутнууддаа туслалцаа үзүүлж засалт хийдэг шинэ маникюр буюу толгой өгсөн байгаа. Тэр нь нэлээд үнэтэй л дээ. Түүнээс гадна тэмцээний бүртгэлийн хураамжийг төлснөөр том боломж олгосон.

-Мэргэжлийн өндөр түвшний үсчидтэй өрсөлдөж байхдаа ялна гэж бодож байсан уу?

-Ялахын төлөө хичээсэн. Яагаад гэхээр манай сургуулийн захирал бидэнтэй уулзалт хийхдээ “Аль болох хичээх хэрэгтэй шүү. Бид та нарт боломжоороо тусалж байна” гэсэн. Ийм өндөр зардал гаргаж тусалж байхад нь хичээх ёстой юм байна гэж бодсон. Тэмцээний өмнөх өдөр би таван минут ч унтаж чадаагүй. Нойргүй бэлдсэн.

-Дараагийн удаа ямар тэмцээнд оролцох юмсан гэж бодож байна?

-Дараагийн удаа дэлхийн хэмжээний тэмцээнд оролцохыг хүсч байгаа. Аль болох энэ мэргэжлээ хөгжүүлэхийг эрмэлздэг. Миний боддог ганц зүйл гэвэл дэлхийн хэмжээний үсчин болох. Тиймээс дараагийн удаа дэлхийн хэмжээний тэмцээнд оролцохын төлөө хичээх болно. Хамгийн гол нь энэ мэргэжлийг заалгасан сургуулийнхаа нэрийг, Монгол Улсаа авч явна гэж боддог.


Categories
мэдээ цаг-үе

О.Уранцэцэг: Миний хамгийн анхны үйлчлүүлэгч УИХ-ын гишүүн С.Жавхлан

Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн “Гоёл 2016” наадмын шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарсан “Эртний монгол хийц үндэсний хувцас урлалийн урлан”-гийн захирал, дизайнер О.Уранцэцэгтэй ярилцлаа.


-Та “Гоёл” наадамд урьд нь оролцож байсан уу. Хилийн чанадад болсон олон улсын хэмжээний уралдаанаас шагнал хүртсэн гэж сонслоо. Энэ жилийн “Гоёл” наадам ямар болов?

-“Гоёл” наадам маань сайхан болж өнгөрлөө. Энэ жил хоёр дахь удаагаа “Нүүдэличн гоёл 2” цуврал загваруудаараа оролцож гранпри шагнал хүртсэндээ их баяртай байгаа. Өнгөрсөн жил уг наадамд анх удаагаа оролцохдоо “Шилдэг залуу дизайнер” шагналыг хүртсэн. Үүний өмнө ОХУ-д болсон олон улсын үндэсний хувцасны гуравдугаар наадамд түрүүлж гранпри шагналын эзэн болсон. 2015 онд БНСУ-д болсон 30 орны залуу загвар зохион бүтээгчдийн уралдаанд оролцож хүрэл медаль авч байлаа.

-Энэ удаагийн “Гоёл” наадамд олон загвар зохион бүтээгч оролцсон. Өрсөлдөгчид аль зэрэг хүчтэй байв?

-Их хүчтэй байсан. Манай загвар зохион бүтээгчид маань их мундаг юм байна. Үндэснийхээ онцлог шинж чанарыг агуулсан мөртлөө өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой загваруудыг бүтээсэн байсан.

-Та “Нүүдэлчин гоёл” нэртэй цуврал загваруудыг гаргаж байгаа гэсэн. Энэ цувралаагаа “Гоёл”-д оролцсон. Яагаад “Нүүдэлчин гоёл” гэж нэрлэсэн юм бэ?

-Бидний өвөг дээдэс маань нүүдэлчид. Ерөөсөө л эртний монголчуудын хувцас дээр түшиглэж загваруудаа бүтээе гэж бодсон. Хоёрдугаарт, дээлний соёлоос тодорхой хэмжээгээр авч үлдэх зүйлээ уламжлан авъя гэж бодсон. Эртний монголчуудын хувцсыг орчин үеийн монголчуудад нийцүүлэн хөгжүүлж, өвөг дээдсээс уламжилсан энэ соёлыг орхидуулахгүй улам гоё болгоё гэсэн бодол надад байдаг юм. Ийм бодолтойгоор загваруудаа гаргадаг.

-“Нүүдэлчин гоёл 2” коллекцид хэдэн загвар орсон бэ?

-Бараг 40-өөд дээл орсон. “Гоёл”-ын гала тоглолт дээр түүнээс 20-30 загварыг үзэгчдийн хүртээл болгосон.

-Жил бүрийн “Гоёл” наадам өөр өөрийн онцлогтой болдог. Энэ жил ч гэсэн мөн адил. Тухайлбал энэ жил “Топ модел”-ийг тодруулаагүй. Нягтлан бодогч мэргэжилтэй та шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарлаа. Та хэзээнээс загвар зохион бүтээдэг болов?

-Загвар зохион бүтээгч гэдэг мэргэжилд би бүр багаасаа маш их сонирхолтой байсан. Багаасаа гоё загварын хувцас хийж өмсөх юмсан гэж боддог байлаа. Олон түмэнд хүссэн хувцсыг нь хийж өгдөг болно гэж бодож явсангүй. Өөрөө өөртөө л хувцас оёж өмсөөд өөр ажил мэргэжил эрхэлдэг байсан. Ингээд 2012 оноос эргэлт буцалтгүйгээр энэ чиглэлээр ажиллаж байгаа. Миний хамгийн анхны маань үйлчлүүлэгч УИХ-ын гишүүн С.Жавхлан, түүний эхнэр, уртын дууч Г.Эрдэнэчимэг хоёр. Энэ нь бас их учир жанцантай байсан гэж боддог. Энэ хүн миний оёсон дээлийг өмсөөд олонд таниулна гэсэн бодол ерөөсөө ч байгаагүй. Намайг хэн ч биш байхад тэр хоёр маань олж ирээд “Чамаар монгол дээл хийлгэе” гэсэн. Энэ нь надад маш их урам өгсөн.

-“Эртний монгол хийц үндэсний хувцас урлалийн урлан” олон үйлчлүүлэгчтэй гэсэн. Олны танил хүмүүс ч нэлээд байдаг гэж сонссон юм байна?

-Манай урлангаар маш олон хүн үйлчлүүлдэг. Би бямба, ням гаригуудад ч амарч чаддаггүй. Тэр дунд олны танил хүмүүс ч нэлээд бий. Би тэр тэр гэж нэр цохож ярих дургүй. Яагаад гэхээр олны танил болоогүй ч гэсэн мундаг хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Хүн чинь мундаг болох тусам даруухан болдог юм билээ. Миний бүх үйлчлүүлэгч мундаг. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой хүмүүс.

-Үйлчүүлэгчид тань ихэвчлэн ямар насны хүмүүс байдаг вэ?

-Ёстой л нөгөө найман настай балчираас эхлүүлээд наян настай буурлууд бий. Насны хязгаар гэж үгүй. Дээл маань аль ч насны хүнд таалагддаг. Хийсэн дээлийг маань өмсчихөөд “Би таван насаар залуу харагдаж байна” гээд баярлах хүмүүс их бий. Охид, хөвгүүд, залуучууд “Монгол хувцсыг овортой харагдуулдаг гэж бодсон чинь ямар дэгжин, өвөрмөц харагдаж байна вэ” гэдэг. Настай байх тусмаа дээл өмсөхөөр улам сайхан залуу харагддаг.

-Танай урланд хэдэн хүн ажилладаг вэ?

-6-8 хүн ажилладаг. Бид яг л нэг хүн шиг сэтгэж бодож, хамтран ажиллаж чаддаг. Тиймээс ч ажил маань өөдрөг байдаг болов уу гэж боддог. Бүгдээрээ л миний нэг хэсэг мэт их зөв хамтарч ажилладаг. Ганц хүний гараас юу ч гарахгүй шүү дээ. Би хичнээн сайхан загвар гаргасан ч гэсэн сайхан урлахгүй бол утгагүй. Монгол дээл хийнэ гэдэг тийм ч амар юм биш.

-Сүүлийн жилүүдэд монгол дээлний загварт нэлээд шинэчлэл хийж урлах болсон. Бидний үндэсний хувцасны загвар ирээдүйд ямар байх ёстой гэж боддог вэ?

-Монгол үндэсний хувцас нь дэлхийд гарах ёстой. Би монгол дээл урлаж эхлэхдээ л бүгдээрээ үндэснийхээ хувцсыг өмсдөг болоосой гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан. Тийм учраас түр зуурын хэрэгцээ мэт хийж болохгүй. Чанартай, бөх бат, даавуу нь ч гэсэн маш чанартай, өнгөний зохицол сайтай гээд бүх талын шаардлагыг хангасан байх ёстой. Цаад санаа маань бол монгол хувцсаа брэнд болгох явдал. Чанарын хувьд сайн байж л брэнд болно. Монголчууд бүгд үндэснийхээ дээлийг өмсдөг болбол сайхан шүү дээ. Хувцас гэдэг чинь бас нэг өв соёл. Эртний хэв загвартайгаар нь өмсөхгүй нь тодорхой. Дээр үед малаа маллаж, ан хийж амьдардаг, нөхцөл нь өөр байсан. Тийм ард түмний өмсч хэрэглэж байсан хувцас нь маш их шалгуур давсан гэсэн үг. Наад зах нь хүний хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах, эвтэйхэн, халуун хүйтний улиралд зохицсон гээд л. Үндэс суурь нь нэгэнт байж байгаа болохоор бид улам гоё болгож хөгжүүлэх хэрэгтэй.

-Чанартай монгол дээл урлах талаар та сая ярилаа. Үүнд даавуу их чухал. Ингэхэд дээлнийхээ даавууг танайх хаанаас авдаг бэ?

-Ганц газраас авчирдаггүй. Монголд бага хэмжээгээр даавуу үйлдвэрлэдэг. Тиймээс би эх орондоо үйлдвэрлэдэг даавууг судалж түүнээс худалдаж аваад өөртөө дээл хийж туршиж байгаа. Энэтхэг, Хятад, Солонгос, Австри, Италийн даавуунуудыг ч судалдаг. Ингээд хамгийн чанартайг нь сонгож дээл хийнэ. Италид үйлдвэрлэсэн хэрнээ Хятадын чанартай даавуунаас муу даавуу ч байдаг. Тиймээс тэндхийн даавуу сайн гэж хэлэхэд хэцүү. Бид нар Хятад гээд л муулаад байдаг. Гэтэл тэндхийн чанартай даавууг аваад хийхэд итали даавуунаас илүү байх жишээтэй.

-Ингэхэд та өөрөө хэдэн дээлтэй вэ?

-Загасчны морь усгүй гэдэг үг байдаг шүү дээ. Хийсэн дээлээ өмсөөд явж байхад “Энэ дээлийг чинь авмаар байна” гэдэг. Өмсч байгаа дээлээ өгмөөргүй санагддаг ч миний ур ухаанаар бүтсэн хувцсыг маань ойлгоод, өмссөн байсан ч хамаагүй авъя гээд байгаад их баярладаг. Тэгээд эхэндээ үгүй гэж байгаад л өгдөг л дөө. “Өмсч байгаа шигээ дээл хийгээд өгье” гэхээр “Үгүй, наадахыг чинь л авна” гэдэг тохиолдол ч бий. Хүний өмсч байсан хуучин дээл гэж бодохгүйгээр л авч байна гэдэг миний хийсэн юм ингэж их хүмүүст хүрч байна гэсэн үг гэж бодоод баярладаг. Намайг их сайхан энергитэй гээд л зарим нь онгироодог юм. “Энэ чинь шинэ дээлтэй болсноос гоё” гэж зарим нь хэлэхэд урамшдаг. Гэхдээ дээл бол надад байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Биата Транкман: Тогтвортой хөгжлийн зорилтууд Монгол дахь НҮБ-ын ажлын цөм байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкмантай ярилцлаа.


-Энэ жил Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнээр элссэний 55 жил ой тохиолоо. Өнгөрсөн хугацаанд хэрхэн хамтран ажиллаж ирсэн талаар яриагаа эхлэх үү?

-Юуны өмнө танай сонинд ярилцлага өгөх завшаан олгосонд талархъя. НҮБ байгуулагдсаны 71 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 55 жилийн ойг энэ онд тэмдэглэлээ. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсны нэг жилийн ой болж байна. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын 101 дэх гишүүн орон болсноос хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. Одоогийн байдлаар хүний эрх, ардчилсан засаглал, эрүүл мэнд, боловсрол, нийгэм эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих, хүүхэд эмэгтэйчүүд гээд НҮБ-ын 11 төрөлжсөн байгууллага нийгмийн сайн сайхны төлөө олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Монгол Улсын НҮБ-ын үйл ажиллагаанд оруулж байгаа хувь нэмэр асар их. Онцолж хэлбэл, энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон оронд Монголын энхийг сахиулагчдыг илгээж, энх тайвныг тогтооход хувь нэмэр оруулж байна. Өнөөдөр Суданы Дарфур, Конго, Баруун Сахар зэрэг оронд 950 гаруй монгол цэрэг энхийг сахиулж байгаа нь бахархууштай.

НҮБ-ын хувьд Монголд 1960-аад оноос хойш идэвхтэй ажиллаж ирсэн, хөгжлийн тусламжийн чиглэлээр нийтдээ 420 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Олон улсын байгууллагуудын сүлжээ, мэдлэг туршлага, зөвлөгөө тусламжийг хүртээмжтэй болгоход НҮБ томоохон хувь нэмэр оруулсан. Зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан нийгэм байгуулж шинэ бүтцийг бий болгож, хөгжлийн сорилтуудыг даван туулах явцад нягт түншлэн ажиллаж ирлээ. Түүнчлэн Монгол бүс нутагтаа ардчиллын хөтөч бамбар болж, бусад улс оронд үлгэр дуурайлал болж байгаа. Танай улс бол НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн идэвхтэй гишүүн, далайд гарцгүй орнуудын эрх ашгийн асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлэн манлайлдаг. Өнгөрсөн жил гэхэд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Монгол Улстай бидний хөгжүүлсэн сайн харилцаа, түншлэл хамгийн чухал үнэт зүйл юм. НҮБ-ын гүйцэтгэж ирсэн үүрэг, амжилтын түүх бол юуны өмнө Монгол орны амжилтын түүх. Цаашдаа ч олон жил амжилттай хамтран ажиллах нь дамжиггүй.

Монгол дахь НҮБ-ын байгууллагуудын гол зорилго нь Монгол Улсыг хөгжлийнхөө үр шимийг нийт ард иргэддээ тэгш хүртээж, ирээдүйн хойч үедээ байгалийн баялгаа хадгалж үлдээж чадахуйц эдийн засгийн өсөлтийг бий болгоход нь тусалж, дэмжин ажиллах явдал. Үүний тулд бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж, өөрсдийгөө ч өөрчлөн, хөгжлийн бодлого боловсруулах түвшинд цаг алдалгүй, оновчтой шийдэл гаргахад зөвлөж, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд итгэмжлэгдсэн түнш байхын төлөө зорьж байгаа.

-Одоогоос нэг жилийн өмнө Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассемблей дэлхий дахинд 2030 он хүртэл хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Үүнд манай улс ямар үүрэгтэй байх вэ?

-Дэлхийн 193 улс орны удирдагчид ирэх 15 жилд ядуурлыг бүр мөсөн устгах хөгжлийн хөтөлбөрийг олон түвшинд хэлэлцэж зөвлөлдсөний эцэст баталсан. Энэ бол хэнийг ч орхигдуулалгүй ядуурлаас ангижирч, хөгжлийн үр шимийг бүгдэд хүртээх, түүнчлэн дэлхийгээ хайрлан, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах, тэгш бус байдлыг багасгах, энх амгалан, хүн бүр ажилтай, тэгш эрхтэй сайн сайхан амьдрах боломжоор хангах, илүү тогтвортой нийгмийг цогцлоохын төлөө дэлхий дахины уриалга юм. Түүхэндээ анх удаа дэлхийг уур амьсгалын өөрчлөлтөөс аварч, экосистемийг хадгалахын төлөө дорвитой алхам хийхэд нэгдэн, хүн төрөлхтөн болон ирээдүй үедээ зориулж алсыг харсан нэн чухал түүхэн шийдвэр болсон.

Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг Монгол Улс хамгийн түрүүнд хүлээн авч идэвхтэй оролцож байгаа орнуудыг манлайлж байгаа. Урт хугацааны хөгжлийн чиг, баримжаагаа тодорхойлж, энэ онд УИХ-аар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг баталлаа. Түүнээс гадна холбогдох зорилтуудын хүрээнд шинэ Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө хөтөлбөрт уялдуулан ажиллаж байгаа. Тогтвортой хөгжлийн зорилт хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний жилүүд шийдвэрлэх ач холбогдолтой. Ялангуяа хөрөнгө, нөөц бололцоог нэн түрүүн нийгмийн салбарт чиглүүлэх, өмнөх Мянганы Хөгжлийн Зорилтуудын хугацаанд хүрсэн амжилтыг баталгаажуулж, улам ахиулах нь эдийн засгийн бэрхшээлтэй энэ үед нэн чухал.

Монгол Улс МХЗ-ын хүрээнд хагас сая хүнийг ядуурлаас гаргасан. Эх, нярайн болон таваас доош насны хүүхдийн эндэгдлийг эрс бууруулж чадсан цөөхөн орны нэг. Гэвч хүн амын хувьд 1998 онд ядуурлын түвшин 38,7 хувьтай байсан бол 2014 онд 21,6 хувь болж буурсан. Гэхдээ одоо таван хүн тутмын нэг нь ядуугаас доод түвшинд амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Хүмүүст чанартай боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээг хүртээмжтэй болгож, баталгаатай, зохистой үнэлэмжтэй ажил эрхлэх боломж, хот хөдөөгийн ялгаа, эдийн засгийн үр шимийн хүртээмж хангалтгүй байдал хэвээр байна. Ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн нөхцөлийг сайжруулах, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах шаардлага бий. Өнөөдөр Монголын эдийн засаг, нийгэм, улс төрд эмэгтэйчүүдийн үүрэг өндөр байсаар байна. Энэ жил болж өнгөрсөн Улсын Их Хурлын сонгуульд Монголын эмэгтэй парламентчдын тоо 14.5 хувь байснаас 17.1 хувь болж нэмэгдсэн. Монголын эмэгтэй улс төрчдийн тоо Ази, Номхон далайн бүсийн дундаж болох 22.9 хувь, дэлхийн дундаж 18.8 хувь руу дөхөж очсон нь дэвшилттэй үзүүлэлт болсон. Тогтвортой хөгжлийн зорилт нь илүү хүртээмжтэй, оролцоог хангасан нийгмийг бүтээх зорилготой.

-Хөгжлийн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар та юу гэж зөвлөмөөр байна?

-Улс орон бүр нийтээрээ хөгжин дэвшихийн тулд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх нь та биднээс хамаарна. Тэгш оролцоотой түншлэл бол хэрэгжүүлэх гол арга зам. Тал бүрийн оролцоо тухайлбал төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, судалгаа шинжилгээний байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдийн санаачилга нь гол түлхүүр байх ёстой. Зөвхөн улсын төсөв болон хөгжлийн туслалцааны санхүүжилт төдийгүй хувийн хэвшлийн үйл ажиллагаанд нэгдсэн бодлогын арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг тогтвортой бодлогын орчноор дэмжиж өгөх явдал юм. Монгол Улсын хувьд хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжсэн орчин бий болгох, байгаль орчинд ээлтэй технологи, эрчим хүч, бохирдлыг бууруулах чиглэлд хувийн хэвшил хөрөнгө оруулахад анхаарах хэрэгтэй гэсэн үг.

Хүн бүрийн хийж чадах, өөрсдөөсөө эхлэх зүйлс их бий. Хөгжлийг шинэ арга хэлбэрээр хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна. Хувь хүмүүс эрсдэлтэй зан үйлээ өөрчлөх, бизнес, ажил хэргээ өөрөөр явуулах, үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягаа өөрчлөх шаардлагатай болж байна. Хүн бүр хог хаягдлаа багасгах, хоол хүнсний зүйл хаяхгүй байх, ажилдаа явахдаа машин унах биш нийтийн тээврээр зорчдог байх зэрэг алхам байж болно. Энэ үйл явцад бүх хүн оролцох шаардлагатай болоод байна л даа. Харин Засгийн газар энэ бүхнийг хэрэгжүүлэх үндэс суурийг нь бэлдэж, хүн бүр хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж өгөх ёстой юм.

Иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн хувь нэмэр чухал ач холбогдолтой. Алслагдсан орон нутаг, эмзэг бүлгийн хүн амд хүрч, тэдний дуу хоолой, саналыг бодлогод тусгахын зэрэгцээ мэдлэг, мэдээллийг иргэдэд хүргэх гүүр болж манлайлах үүрэгтэй. Тогтвортой хөгжлийн зорилтууд нь Монгол дахь НҮБ-ын ажлын гол цөм нь байх болно.

-Энэ жил Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх НҮБ-ын “Хөгжлийн тусламжийн хүрээ”-нд гарын үсэг зурсан. Ирэх таван жилд НҮБ Монгол улсыг хэрхэн дэмжиж ажиллах вэ?

-Тийм ээ. Монгол Улсын НҮБ-ын хамтын ажиллагаанд шинэ үе шат эхэлж байна. “2017-2021 онд НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг нь Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Монгол Улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгасан зорилтуудыг хангах, хэрэгжүүлэх арга зам болон хэрэгжүүлэх явц, хяналт, тогтолцоог тодотгож дэмжих зорилготой юм. Үндсэн чиглэлийн хувьд байгалийн нөөцийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой менежмэнтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш нийгмийн үйлчилгээг дэлгэрүүлэх, олон нийтийн саналыг тусгах, тайлагнах зарчмыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлийг баримтална. Нийтдээ Монгол Улсад 79 сая ам.долларын хөгжлийн санхүүжилтийн үзүүлнэ. Ядуу болон эмзэг хүн ам, байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн үр дагаврыг бууруулах чадварыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой.Нийгмийн хамгааллын оновчтой тогтолцоо, ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээнд тэгш, шударга хамрагдах нь ТХЗ болон “хэнийг ч орхигдуулахгүй” байх дэлхий дахинызорилтуудыг хэрэгжүүлэхэд гол хүчин зүйл хэмээн НҮБ үздэг.

Эдгээр ажлыг явуулахад цогц хамтын ажиллагаа, их хүчин чармайлт шаардагдах учир бидэнд НҮБ-д хөгжлийн олон салбар, нийгмийн хүрээнд хамтран ажиллах, өөрөөр бодох, ажиллах шаардлага тулгарч байна. Монгол өөрөө амжилтын түүх гэж би түрүүн хэлсэн. Танай улс одоо дунд орлоготой орнуудын эгнээнд дэвшин орлоо. НҮБ-ын хувьд энэ нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд ажлыг өмнөхөөс өөрөөр явуулах цаг ирсний дохио юм. Одоо шууд үйлчилгээг дэмжих зэрэгт зөвхөн бид үйл ажиллагаагаа чиглүүлэхгүй, энэ чиглэлд Засгийн газар үүргээ гүйцэтгэх бүрэн чадавхитай. Үүний тулд бид Засгийн газар, бусад бүх түншлэгчээ Монгол орны өмнө тулгарч байгаа энэ төрлийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, тогтвортой, тэгш хөгжлийг хангахад шаардлагатай мэргэжил арга зүйн дэмжлэг, бодлогын зөвлөмж, мэдээллээр хангах чигийг барьж ажиллаж байна.

-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахын тулд Монгол Улс ямар арга хэмжээ авах ёстой гэж та үзэж байна вэ?

-Газар зүйн онцлог, байршил, далайгаас хол эх газрын орон, экологийн хувьд хэврэг тогтолцоотой Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн эмзэг орон юм. 2014 оны Дэлхийн уур амьсгалын эрсдэлийн индексийн эрэмбээр Монгол Улс 100 гаруй улсаас наймд орж байна. Сүүлийн 70 жилийн хугацаанд агаарын дундаж хэм цельсийн хоёр хэмээс өссөн байгаа нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн дулааралтын улмаас мөнх цаст өндөр уулын мөсөн голын гуравны нэг нь хайлж ширгэж байгаа судалгаа бий. Цаашлаад экологийн тогтолцоонд дарамт учирч, бэлчээр, ой болон усны нөөцийн доройтолд хүргэж байгаа. Үүнээс хамгаалахын тулд нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хий юм. Уур амьсгалын дулааралт, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны доройтол цаашид энэ хурдаар үргэлжилбэл улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын эрүүл мэнд, амьжиргаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх магадлал улам бүр нэмэгдэх болно. Дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын 77 хувийг эзэлж байгаа 100 гаруй улс орон Парисын гэрээг соёрхон баталсан. Cаяхан Мароккогийн нийслэл Маракешт Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Олон улсын дээд хэмжээний хурал амжилттай болж Монгол зэрэг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын хувьд шинэ итгэл найдвар төрүүлсэн үйл явдал боллоо. Дэлхийн 50 улс 2030-2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүч рүү 100 хувь шилжинэ хэмээн мэдэгдэл хийлээ.

Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн нөхцөлөөс ихээхэн хамааралтай малчид, тариаланчид, ард иргэдийн ажил, амьжиргаанд сөрөг үр дагавар үзүүлэх тул юуны өмнө уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, нөлөөллийг бууруулах тал дээр нүүрсний хэрэглээг багасгах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээг авах боломжтой. Мөн орон сууцанд дулааны алдагдлыг багасгах арга хэмжээг авч болно. Эдгээр асуудал дээр НҮБ-ын зүгээс анхаарал хандуулах ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Харин уур амьсгалын нөлөөнд дасан зохицох ажиллагааг идэвхжүүлэх нь ялангуяа хөдөө орон нутагт малчид, тариаланчдын амьжиргааг хэрхэн тогтвортой сайжруулах тал дээр ялангуяа усны хомсдолын эрсдэлтэй үед усны хэрэглээг хэрхэн зохистой болгох тал дээр дэмжиж ажиллаж байна.

Цаашид Монгол Улс нь эдийн засгийн өсөлтөө сэргээх, уул уурхай болон ХАА-гаас хамааралтай байдлаас ангижран эдийн засгаа төрөлжүүлэх, өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтийг улам хүртээмжтэй,байгаль орчинд ээлтэй, тогтвортой болгох зэрэг сорилтууд тулгарч байна. Түүнээс гадна орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөг гаргахад байгаль орчны асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицох арга хэмжээ, гамшгийн үеийн эрсдэлийг хэрхэн даван туулах вэ зэрэг асуудлыг тооцож ажиллахыг тусгадаг байх нь зүйтэй. НҮБ ч энэ чиглэлд дэмжиж ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

Фидель Кастро

Кубын удирдагч асан Фидель Кастро таалал төгсөв. Хувьсгалын удирдагч хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Кубад арванхоёрдугаар сарын тавны өдөр хүртэл гашуудал зарласан байна. Гавана хотын төв болох Хувьсгалчдын талбайд орших Хосе Мартийн нэрэмжит дурсгалын төвд түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол болсныг мэдээлсэн билээ. 47 жил Кубыг удирдсан түүний бие муудсан тул 2006 онд дүү Рауль Кастродоо ажлаа шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш арван жил нам гүм амьдарч дэлхийн улс төрийн байдал ч эрс өөрчлөгдсөн билээ. Кубын хувьсгалын удирдагч одоогоос 10-15 жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол түүнийг улстөрчийнх нь хувьд өнөөдрийнхөөс огт өөр хандах байсан хэмээн Испанийн “El Pais” сонинд бичжээ. Ямар ч байсан Куба төдийгүй Латин Америкийн орнуудын хувь заяаг өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн энэ хүн ХХ зууны түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм.

Фидель Алехандро Кастро Рус нь коммунист үзэлдээ тууштай үнэнчээр үлдсэн улстөрчдийн нэг. Гаванын их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж байхдаа империализмын эсрэг үзэлтэй болжээ. Газрын эзний хүү тэрээр оюутан ахуйдаа барууны үзлийг баримталдаг Доминикан болон Колумбийн эрх баригчдыг эсэргүүцэх бослогод идэвхтэй оролцсон. 1953 онд Монкада хэмээх цэргийн хотыг эзлэн авах нууц ажиллагаанд оролцсон боловч энэ нь бүтэлгүйтэж баривчлагдсан байна. Тэр жил Фидель Кастрог шүүх хурал болоход “Та нар намайг буруутга, надад хамаагүй. Тэртэй тэргүй түүх намайг зөвтгөнө” гэж хэлж байсан гэдэг.

Шоронгоос суллагдсаныхаа дараа тэрээр Мексикт очиж алдарт Эрнесто Че Гевартой нэгдсэн юм. Дүү Руаль Кастро, Эрнесто Че Гевартай хамтран “Долдугаар сарын 27” хэмээн нэрлэдэг хөдөлгөөнийг удирдсан. Кубад ирснийхээ дараа Батистийн дэглэмийн эсрэг тэмцлийг өрнүүлсэн түүхтэй. Сьерра-Маэстра ууланд үзэл бодол нэгт нөхдийнхөө хамт нуугдаж байхдаа тэмцлээ үргэлжлүүлжээ. Батистүүдийн ирээдүй бүрхэг болох хэрээр Фидель Кастро улам нэр хүндтэй болсон гэдэг. Ердөө нэг жил гаруйн хугацаанд босогчдоос бүрдсэн арми байгуулж чадсан байна. Ингээд 1959 оны нэгдүгээр сарын нэгний өдөр түүний удирдсан цэргүүд Гавана хотыг эзлэн авчээ. Түүнээс хойш Фидель Кастрог Кубын хувьсгалын удирдагч гэх болсон. Ер бусын зоригтойгоороо гайхагдсан, уран илтгэгч тэрээр хэдэн цагаар үг хэлж цугларсан олныг байлдан дагуулах чадвараараа бусдыг үнэнхүү гайхшруулдаг байв. Үүнд гаднах байдал, дүр төрх нь нөлөөлсөн хэмээн зарим судлаач тайлбарласан байдаг. Зарим судлаачийн үзэж байгаагаар Фидель аргагүйн эрхэнд марксист болсон гэнэ. Улс орон нь хуучин ЗХУ-аас эдийн засгийн хувьд хараат байсантай холбоотой аж. Харин Америкийг үзэн ядах үзэл нь Фиделийн яс маханд шингэсэн гэх. 1958 онд тэрээр нэгэн танилдаа бичсэн захидалдаа “Энэ дайн дуусахаар (Батистуудын дэглэмийн эсрэг) миний хувьд өөр, илүү удаан хугацаагаар үргэлжлэх агуу дайн эхэлнэ. Тэдний (америкчууд) эсрэг дайныг эхлүүлнэ. Энэ бол миний жинхэнэ хувь заяа байх болно” гэжээ. Тухайн үед Куба нь америкчуудын очиж амарч зугаалж цэнгэдэг газар байсан. Ерөнхийлөгч агсан Ж.Кеннедигийн туслах тухайн үед Гавана хотод америкчууд хэрхэн зугаацан цэнгэдэг байсан талаар бичсэн байдаг. Фиделийн үзэн ядалт нь үүнээс улбаатай бололтой.

Кубын хувьсгалын удирдагч хуучин ЗХУ-тай ихэд дотно харилцаатай болсон нь АНУ-ын эрх баригчдад огтхон ч таалагдаагүй. Тиймээс хэд хэдэн удаа Фиделийг устгах нууц ажиллагааг зохион байгуулсан боловч бүгд бүтэлгүйтсэн юм. Кубын эсрэг эдийн засгийн хориг тавих зэрэг янз бүрийн арга хэмжээ авсан нь зөвхөн тус хоёр улсын хоорондох тэмцэл байсангүй. Капитализм, коммунизм хоёрын дундах үзэл суртлын дайн байсан юм. 1961 он нь энэ тэмцлийн оргил үе байв. Ийнхүү тэмцэл хурцдах тусам Кубын хувьсгал улам социалист өнгө аястай болж байсан гэдэг.

ЗХУ задарч, социалист гэгдэж байсан улс орнууд ардчиллыг сонгоход Кубын байдал эдийн засгийн хувьд нэлээд хэцүүдсэн. Харин саяхнаас АНУ-тай харилцаа харьцангуй сайжраад байгаа.

Кубын хувьсгалын удирдагчийг үзэл бодолдоо үнэнч байсныг нь судлаачид үнэлдэг. Гэвч нөгөө талаас нь авч үзвэл хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байсан дарангуйлагч болон хувирсан аж. Үүний уршгаар Кубаас хэдэн сая иргэн дүрвэн гарч, улс орон нь ядууралд автсан юм.

Фидель Кастрогийн аав Анхел Кастро нь Испаниас Кубад дүрвэн очиж нишингийн тариалан эрхэлдэг, нэлээд том газартай байсан гэдэг. Хүү Фиделийг нь 1926 онд төрсөн хэмээн албан ёсны бичиг баримтад дурдсан боловч үнэндээ 1927 онд мэндэлжээ. Сургуульд оруулахын тулд насыг нь нэмсэн боловч сүмд адислахад нь төрсөн он, сарыг бичсэн нь одоо ч байдаг гэнэ. Маш сурлагатай, зорьсондоо заавал хүрдэг хүү коллежоо онц дүнтэй дүүргээд Гаванагийн их сургуульд хуульч мэргэжлээр суралцсан байна. Сургуулиа дүүргээд мэргэжлээрээ ажиллаж байхдаа ядуу хүмүүст ихэд тусалдаг байсан гэдэг. Тухайн үед Кубын ардын намын гишүүн болж парламентад дэвшүүлэхээр яригдаж байтал Ф.Бастист засгийн эрхийг булаан авсан тул Кубын Конгрессыг тараажээ.

Карибийн хямрал нь Ф.Кастротой холбоотой бас нэгэн үйл явдал. 1962 онд АНУ, Кубын харилцаа нэлээд хурцадсан. Кубын эрх баригчдыг Венесуэлийн хувьсгалчдад дэмжлэг үзүүлдэг хэмээн буруутгаж тус улсын эсрэг худалдааны хориг тавьсан түүхтэй. Энэ явдал нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан. Кубын удирдагч байхдаа манай улсад айлчилж байсан түүний талаарх сонин баримтуудыг толилуулъя.

Кубын удирдагч агсан түүнийг төрснийх нь дараахан сүмд адисласан гэдгийг дээр дурдсан. Тэгвэл 1962 онд Католик шашны тэргүүн Иоанн XXIII түүнийг сүмийн гишүүнээс хассан байна. 1964 онд дүү Хаунито Кастро нь АНУ руу дүрвэн гарч Флорида мужид суурьшиж 1960-аад оны эхээр ТТГ-тай хамтран ажиллаж байсан гэдэг. Фидель Кастро Гиннесийн номд бичигдсэн. Тэрээр НҮБ-ын индрээс хамгийн олон цаг үг хэлсэн хүнээр тодорчээ. 1960 оны едсүгээр сарын 26-нд НҮБ-ын хуралдаанд оролцохдоо дөрвөн цаг 29 минут цаг үг хэлсэн байна. “Reuters” агентлагийн уламжилснаар Кубын Коммунист намын III их хурал дээр долоон цаг 10 минутын турш үг хэлжээ. Америкийн хоёр ч кинонд тоглосон тэрээр зөвхөн “Rolex”-ийн бугуйн цагийг зүүдэг байсан гэнэ. Кубын удирдагчийн амь насанд бараг зуун удаа халдахыг завдсан хэмээн бичдэг. Татдаг тамхи, тоглодог бейсболын бөмбөгөнд нь хүртэл хор шингээж байсан удаатай. Амь нас нь байнга дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан удирдагчдын нэг бол Фидель Кастро. Аманд нь байнга навчин тамхи зуугаастай байдаг тэрээр 1980-аад он энэ зуршлаасаа салжээ. 2000 онд Майн нэгний баярын арга хэмжээнд оролцохдоо цагаан өнгийн пүүз өмссөн байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд орсон удаатай. Бүтээгдэхүүнээ сурталчлуулсан компани хариуд нь Кубын хүүхдүүдэд үнэгүй гутал тараасан гэдэг.

Фидель Кастро Нобелийн шагналт зохиолч Габриэль Гарсиа Маркес хоёр дотнын найз байсныг хүмүүс сайн мэднэ. Алдарт зохиолч Кубын удирдагчийн талаар нэгэн найздаа ийнхүү ярьжээ. Г.Маркесийн хэлснээр Ф.Кастро бол эхнээсээ л засгийн эрхийг булаан аваад түүнийгээ ямар ч хамаагүй үнээр хадгалан үлдэх зорилготой байсан гэдэг.

Ингээд нэгэн жижигхэн арал улсыг 47 жилийн туршид удирдсан. Засгийн эрхэнд удаан байх тусам улс орон нь өөрийнх нь нэгэн хэсэг мэт санагдах болжээ. Шударга ёсыг тогтоож, ард иргэдээ эрх чөлөөтэй болгох гэсэн хүн яваандаа дарангуйлагч болон хувирсан. Засгийн эрхэнд улам ганцаардах болж төрсөн дүүгээс нь өөр халааг нь авах найдвартай хүн түүний хувьд байгаагүй.

Нэгэн судлаачийн бичсэнээр Фидель Кастро бол аймшигтай чөтгөр биш гэхдээ ариун хүн ч биш байж. Тэрээр эрх мэдлийг гартаа байлгахад бүх амьдралаа зориулсан аж.

Categories
мэдээ цаг-үе

Н.Амгалан: Сийлэгмаа бид хоёрын “Ханан сүлжээ нэхээс” дууг ард түмэн сонсохыг хүсдэг

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, МУГЖ Н.Амгалан хэдхэн хоногийн дараа “Ардын дуундаа жаргалтай” нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж байгаа юм. Түүнтэй уулзаж ярилцсанаа сонирхуулъя.


-Та бол ардын дуугаар дагнасан уран бүтээлч. МУГЖ Б.Сийлэгмаа та хоёрын дуулсан “Ханан сүлжээ нэхээс”-ийг “Монгол тулгатны 100 дуу”-д оруулан дүрсжүүлсэн бичлэгийг саяхан үзлээ. Энэ дууг хамтран дуулах болсон талаараа яриач?

-Энэ бол 1988 онд зохиогдсон дуу. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл бид хоёр дуулж байгаа. Яагаад ийм урт удаан настай дуу вэ гэхээр, бид хоёрт зориулж хийгдсэн бүтээл. Тиймээс өнөөдрийг хүртэл үзэгчид, сонсогчид маань шинэ мэт хүлээж авдаг. 1980, 1990-ээд онд төрсөн хүүхдүүд ч шинэ дуу юм уу гэдэг. Энэ дуу маань үе, үеийн сонсогчдын сонорыг мялааж байгаад баяртай байдаг. “Ханан сүлжээ нэхээс” дуунаас хойш Б.Сийлэгмаа бид хоёрын хамтран дуулсан олон дуу бий. “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Алтан сайхан хоёр луу” гээд. Хамгийн сүүлд Саруулбуянийн шүлэг, Батсүрэнгийн ая “Эрхний хээ” хэмээх дуу дуулсан. Энэ дуугаа хэдхэн хоногийн дараа болох уран бүтээлийн цэнгүүнийхээ үеэр үзэгчдийн хүртээл болгоно.

-Та бие даасан уран бүтээлийн цэнгүүн дээрээ “Ханан сүлжээ нэхээс”-ээ дуулах уу. Энэ дууг яагаад дуулах болсон юм бэ?

-Б.Сийлэгмаа тоглолтод оролцож байгаа л бол “Ханан сүлжээ нэхээс” дууг ард түмэн сонсохыг хүсдэг юм. Бид хоёр хааяа өөр дуу дуулъя гэхээр ард түмэн ч заавал энэ дууг сонсох гээд байдаг юм л даа. Тиймээс дуулалгүй яахав. 1987 онд Б.Сийлэгмаа бид хоёр Хилийн цэргийн ансамбльд хамт орсон. Тухайн үед уран сайхны удирдаачаар нь миний хайртай багш урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Бадарч ажиллаж байлаа. Тухайн үед нэг нь сопран, нэг нь альт хоолойтой хоёр ижилхэн охин яваад байж л дээ. Тэгээд бид хоёрт зориулж нэг дуу хийе гэж бодож. Тэр үед театр зэрэг урлагийн газруудад утга зохиолын ажилтан гэж байлаа. Тэгээд бодлогоор дуу, шүлгийг нь дуучдадаа зохионо. Манайд ийм уран бүтээл хэрэгтэй юм байна гээд бүтээлээ туурвидаг байж. Яг ийм байдлаар бид хоёрт зориулж энэ дууг зохиосон түүхтэй. Яруу найрагч Б.Доржпалам, УГЗ Д.Бадарч гэж энэ хоёр агуу хүн зохиосон. Ингээд дуугаа хийчихээд, хувцасныхаа эскизийг гаргаж, багштайгаа хамт Их дэлгүүр рүү ороод дээлнийхээ өнгийг сонгож авсан. Энэ л өнгө таарна гээд надад ногоон, Сийлэгмаад бор өнгийг авч байлаа. Унждаг сувдан ээмэг, бас сийрсэн малгай авч өгөөд, дээлнийх нь эмжээрийг хүртэл ижилсүүлсэн. Ингэж дуу маань бүтсэн дээ.

-Энэ дуугаа анх Хилийн цэргийн ансамблийн тоглолт дээр дуулсан гэсэн. Үзэгчид хэрхэн хүлээж авч байв?

-Маш сайхан хүлээж авсан. Энэ дууны үг нь ч тэр, ая нь ч тэр ардынх юм шиг. Бид хоёр ч хүүхэд байсан болохоор хүмүүс их өхөөрддөг байлаа. Шляп малгай тавиад, цагаан ороолт зүүчихээд л. Хүрээ хүүхэн шиг, хувцаслалт ч тэр, донж маягийн хувьд ч тэр нэгэн цаг үеийг санагдуулсан байна л даа. 1980-аад онд энэ дуугүй юм байгаагүй. Дуэт дуу маань үнэхээр олон түмэнд хүрсэн. Өмнө нь бол дуэт зөндөө дуулагдаж байсан л даа. Цэцэгээ, хүүхдийн дууны Долгор гуай нар хоршин дуулсан байдаг. Гэхдээ эмэгтэй хоршил дуу өгүүлэгдэж байсан үе. Б.Сийлэгмаа бид хоёрт ороогүй тоглолт, концерт гэж байгаагүй. 1980-аад онд бол одоогийн хэлдгээр энэ дуу хит болж байлаа.

-Та хоёрын хослон дуулсан “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” гэж бас нэгэн сайн дуу бий.

-Энэ бас их сайхан дуу. Гэхдээ энэ дууг бид хоёроос өмнө олон сайхан дуучид дуулчихсан байсан. Бид хоёрыг Хилийн цэргийн ансамбльд байсан учир бодлогоор дуулуулсан. Аливаа бүтээл уламжлагдаж байдаг болохоор.

-Сүүлийн үед ямар шинэ бүтээл туурвив?

-Би 23 жил Үндэсний урлагийн их театрт ажиллаж байгаа уран бүтээлч. 1993 оноос эхлэн ажилласан. Хуучнаар бол Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга маань жилд хоёр удаа уран бүтээлээ тайлагнадаг. Тэр бүгдийг алгасдаггүй. Манайх хорин хэдэн дуучинтай, тиймээс ч бүх тоглолтод оролцдог. Бүжгийн дуугаа ч дуулна, гоцлолоо ч дуулна. Миний хамгийн сүүлд гаргасан том бүтээл гэх юм бол 2015 онд найруулагч Ганболдын тавьсан “Оройн дээд” нэртэй дуулалт жүжгийн Дондогдулам их хатны дүрд тоглосон. Энэ бол үнэхээр гайхамшигтай дүр. Ийм мундаг түүхэн хүний дүрд би хоёр дахь удаагаа тоглолоо. Хоёр дахь нь найруулагч Болдын “Үлэмжийн чанар” гээд дуулалт жүжгийн хутагтын баруун гар байсан Дачура хэмээх бодит хүний дүр. Ийнхүү уран бүтээлээ хийгээд ер нь их завгүй л явна. Энэ жил манай Үндэсний урлагийн их театр АСЕМ-ын үеэр тоглолт хийлээ. Монголын нүүр царай болсон энэ театрт хийх ажил зөндөө, тиймээс ч завтай байх нь ховор.

-Та бие даасан уран бүтээлийнхээ тоглолтоор үзэгчдэдээ ямар “бэлэг” барих гэж байна?

-Уг нь бол энэ нууц байсан юм. Гэхдээ яахав хэлье. Би хүүхэд байхаасаа л Д.Бадарч багшийнхаа “Хөх даалимбан тэрлэг”-ийн бүүвэйн дууг хоортой дуулж үзэх юмсан гэж мөрөөдсөн. Энэ мөрөөдлөө биелүүлж байгаа. Цэргийн дуу бүжгийн ансамблийнхаа жаз оркестртой, хоортой дуулна. Өчигдөр би очоод бэлтгэлээ хийхэд багш маань нүдэнд харагдаад хоолой зангирч байлаа. Хүн нас ахиад ирэхээр багшийгаа их санадаг юм байна. Бүтээлээ хийгээд явахаар тэр сайхан багш нарын хүчинд өдий зэрэгтэй яваа даа гэж улам их бодогдох юм.

-Таны багш УГЗ Д.Бадарч бол Монголын урлагт өөрийн хувь нэмрээ оруулсан хүн. Багшийнхаа тухай яриач?

-Миний багш үнэхээр агуу хүн байсан. Түүний зохиосон дуунуудыг одоо ч залуучууд дуулдагт их баярладаг. Би ч багшийнхаа дууг залуучуудад өгч дуулуулдаг. Багш маань эгэл даруу, ихэмсэг сайхан, маш сайхан инээмсэглэдэг хүн байлаа. Би багшийнхаа уурлаж байгааг хараагүй, дандаа л инээмсэглэж явдаг. Ямар ч сайхан царайлаг хүн байсан юм бэ дээ. Их гоё үстэй, сайхан хүн байсан даа. Багш маань нэг их сургаал хайрлаад байдаггүй хүн л дээ. Сайхан дуулах хэрэгтэй л гэж хэлдэг байсан. Дуучин хүн бол дуулж л явах хэрэгтэй гэнэ. Хүн ирээд чамайг дуулаад өгөөч гэвэл гүйж очоод л дуулаад өг гэнэ. Дуулж л байвал сайхан уран бүтээл хийнэ гэдэг байлаа. Тэр үед их дэгтэй байсан. Багшийгаа хараад хамаагүй юм ярихгүй, их хайрлана бас эмээнэ, болгоомжилно. Юу гэж хэлэх вэ, юу гэж асуух вэ гэж их боддог, хүмүүжилтэй байлаа. Багшийгаа бид чинь аав гэж дууддаг байсан. Морины Батбаяр, Сийлэгмаа бид хэд ингэж дуудна. Багш маань ч яг л аав шиг минь байсан. Биднийг “Миний охид” гэнэ. Тухайн үед намайг ирэхэд Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайд “Чамд хоёр сайхан охиноо өглөө. Миний хоёр охины уран бүтээлийг нь дэмжиж байгаарай” гэж захисан байдаг. Би чуулгад ирэхдээ Цэргийн дуу бүжгийн ансамбльд орлоо гээд худлаа хэлсэн юм. Тэгэхгүй бол тухайн үед намайг бас явуулахгүй байсан. Гэтэл багш маань аль хэдийнэ мэдчихсэн, цаагуур нь захиж байсан байгаа юм. Бүр сүүлд нь Д.Лувсаншарав гуай надад түүнийг нь хэлсэн.

-Таны хүү морин хуурч гэж сонсон юм. Таны тоглолтонд оролцох уу?

-Би урьд урьдынхаа тоглолтонд хүүгээсээ гадна ахыгаа оролцуулдаг байлаа. Ах маань манай театрт эвэр бүрээчин, саксфон, бишгүүр тоглоно, надаас илүү авьяастай хөгжимчин бий. Энэ удаад ах, хүү хоёроо оруулахгүй гэж бодож байгаа. Урьд нь үзсэн тоглолт мэт болчихно. Тиймээс энэ удаад ЦДБЭЧ-ын уран бүтээлчидтэй, манайд тавигдсан дуулалт жүжгүүдээсээ толилуулна. Зөвхөн дуулаад байдаггүй бас дуулалт жүжгүүдэд тоглосон юм шүү гэдгээ харуулахыг хичээсэн.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагвасүрэн: Найзууд маань намайг их гэрэл гэгээтэй бичлэгтэй гэж хэлдэг юм

“Утгын чимэг-2016” богино өгүүллэгийн наадамд Монголын радиогийн “Алтан сан” радиогийн продюсер, зохиолч, яруу найрагч Балсангийн Лхагвасүрэн “Яргуй нүдлэх цагаар” бүтээлээрээ түрүүлсэн юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Таныг Ховдын багшийн дээд сургуулийг төгссөн гэж сонслоо. Хэдэн онд дээд сургуулиа дүүргэсэн бэ, та аль нутгийнх вэ?

-Би Завхан аймгийн Цагаанхайрхан сумынх.1992 онд Ховдын багшийн дээд сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргэсэн. Аравдугаар ангиа төгсөөд уралдаант шалгалтад орохдоо МУИС-ийн сэтгүүлчийн ангид орох санаатай байсан ч чадаагүй. МУИС-ийг сонирхож байсан болохоор Ховдын сургууль руу их л дургүй явж байлаа. Хожим нь эргээд бодоход Ховдын багшийн дээд сургуульд сурсан нь маш их хувь заяа байж гэж бодогддог. Тэнд л хамгийн сайхан багш, найз нөхөдтэйгөө учирсан. Азаар надад олон сайхан уран бүтээлч найз нөхөд бий. Урд нь гараад манлайлаад байсангүй ч ард нь нэг их хоцорчихгүй, сураг ажиг тасарчихгүй шиг явж л байна. Монголын радио гэх энэ эрхэм айлын оноож өгсөн албыг цалгардуулахгүй бусдын дайтай сэтгүүлч гэж хэлэгдэх хэмжээнд хүргэсэн нь миний багш нарын ач гавьяа, тиймээс баярлаж урамшсан энэ өдрүүдэд багш нарыгаа л бодож байна даа.

-Багш гэснээс таныг зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэвийн шавь гэж сонслоо.

-Би их азтай хүн бололтой. 1991 оны “Морин хуур” наадамд миний үгийг нь бичсэн “Салж эгээрэх хорвоо” дуу дэд байрын шагнал хүртсэн. Тэгэхэд би оюутан байсан. Үүнээс хойш “Салж эгээрэх хорвоо”-гийн Лхагвасүрэн гэдэг нэрийн хуудсаар олон сайхан уран бүтээлчтэй танилцсан. Намайг анх Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Д.Баянтунгалаг ах Монголын радиогийн дарга байсан зохиолч П.Баярсайхан дээр дагуулж ирээд танилцуулахад “Аан нөгөө “Салж гэгээрэх хорвоо”-гийн Лхагвасүрэн үү” гэж билээ. Тэгээд Баярсайхан дарга зохиолч С.Пүрэв гуайг өрөөндөө дуудаж танилцуулаад тухайн үед С.Пүрэв ахын удирдаж байсан Уран зохиолын редакцид ажиллаж эхэлснээр би радиогийн хүн болсон доо. Ингэж анх удаа тэр гайхалтай мундаг том зохиолчийг харж билээ. Манай уран зохиолын редакцид нэрт зохиолч МУСГЗ Д.Намсрай, СГЗ Ж.Саруулбуян, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, нэрт сэтгүүлч П.Соёлдэлгэр зэрэг уран бүтээлчид ажиллаж байлаа. Ийм мундаг хүмүүстэй ажиллана гэдэг дахиад нэг их сургууль дүүргэсэнтэй адил болсон. Би С.Пүрэв ахыг та миний багш гэж байгаагүй, Пүрэв ах ч намайг чи миний шавь гээгүй. Гэхдээ өдөр тутам тэднээсээ үлгэр авч, тэдний хүн, уран бүтээлч байх ухааны зах зухаас өөрийн хэрээр өөртөө үлдээсэн гэж боддог.

“Утгын чимэг” наадамд С.Пүрэв ахтайгаа цуг оролцсон. Би ер нь ямар нэгэн уралдаанд оролцож байгаагүй, нам гүм байдаг хүн, анх удаа л энэ нэр хүндтэй наадамд найз нөхдийнхөө шаардлага түлхээсээр оролцлоо. Би нэг их авьяастайдаа биш сайхан багш нар, мундаг сайхан найз нар дэргэд маань байдаг учраас хүн аргагүй өөртөө шаардлага тавьж, тэднийхээ энд хүрч цойлохгүй ч гэсэн араас нь явах гэдэг юм уу, нэг юм байдаг юм билээ. 1990-ээд онд уран бүтээлээ туурвиж эхлээд өдгөө нэртэй яруу найрагч, зохиолчид болсон олон сайхан найз нар минь намайг цаг үргэлж дэргэдээ дагуулж чимээ алдраад алга болчихолгүй бич, номоо гарга гэж шавдуулдаг. Одоо үгэнд нь орноо. Энэ үйл явдал надад маш их урам зориг итгэл өглөө. “Утгын чимэг” наадмын шилдэг 10 өгүүллэгийн нэг нь болжээ гэж сонсоод би үнэхээр их баярласан. “Миний өгүүллэг шилдэг аравт орчихлоо. Энэ чинь найзад нь түрүүлснээс ялгаагүй” гээд л найз нартаа гайхуулж байлаа. Гэтэл түрүүлчихсэн чинь их гоё байна. Хүмүүс намайг мэдэхгүй, Батын Лхагвасүрэн эгчтэйгээ зэрэгцээд сууж байсан чинь түүнд баяр хүргээд. Тэгсэн Батын Лхагвасүрэн эгч маань “Энэ хүн” гээд заасан. Миний урд талын эгнээнд нэрт орчуулагч Ж.Нэргүй сууж байсан. Эхний таван өгүүллэг уншигдсаны дараа эргэж хараад “Лхагвасүрэн гэж чи юу, өгүүллэг чинь түрүүлнэ ээ” гэж хэлээд надад баяр хүргэхэд үнэхээр их догдолсон. Миний өгүүллэг тав дахь өгүүллэг болж уншигдсан юм л даа. “Утгын чимэг”-ийн тэргүүн байран дээр нэмэх бас нэг том шагнал байсан нь Ж.Нэргүй ахын хэлсэн тэр үг.

-Та урьд нь ямар ч тэмцээн, уралдаанд оролцож байгаагүй гэлээ. Яагаад “Утгын чимэг”-т оролцохоор шийдэв?

-Уг нь би оролцоно гэж бодоогүй. Манай радиогийн дарга зохиолч, сэтгүүлч Б.Баярсайхан нэлээд дээхнэ чи “Утгын чимэг” наадамд өгүүллэгээ өгөөрэй” гэж байсан. Тухайн үедээ би чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн ч Баярааг харахаараа нээрээ өгүүллэгээ бичье байз гэж бодоод л өнгөрнө. “Утгын чимэг”-ийн өгүүллэг авч дуусах сүүлийн өдөр манай “Шинэ эрин”-ий сэтгүүлч Цогт-Эрдэнэ орж ирээд “Та нар “Утгын чимэг”-т өгүүллэгээ өгсөн үү. Манай Бавуу ах, Мийгаа ах, Нямлхагва ах аль хэдийнэ өгчихсөн” гэж байна. Тэгэхээр нь би тоглоомоор “Хөөе Эрдэнэ-Очир оо, нөгөөдүүл чинь өгчихсөн гэнэ шүү. Бавуу хүртэл өгүүллэг өгсөн байна шүү дээ… Хоёулаа эднийг нам дарах уу” гээд л марзаганаж билээ. Тэгсэн А.Эрдэнэ-Очир маань “Хүүе тэгье. Надад ч нэг юм байгаа. Тэрийгээ янзлаад маргааш аваад ирье. Чи ч гэсэн өгүүллэгээ өгчих” гэхэд юугаа өгдөг билээ гэж бодсон. “Намар оройхон” гэж нэг өгүүллэг бичээд арай дуусаагүй байсан. Миний бодлоор бол их гайгүй. Гэтэл “Утгын чимэг”-ийн шалгуур нь гурван хуудаснаас хэтрэхгүй байх ёстой. Тиймээс “Яргуй нүдлэх цагаар” өгүүллэгээ маш хурдан бичсэн. Санаа нь сэтгэлд байсан л даа. Тийм болохоор амархан бичигдсэн.

-Нэг шөнө суугаад бичсэн гэсэн?

-Тийм ээ, бүтээл авах сүүлийн өдөр болохоор их ч сандарсан. Гэхдээ санаа нь сэтгэлд явж байсан. Уран уншигчид өгөхөөсөө өмнө төгсгөлөө жаахан зассан юм. Миний өгүүллэгийг жүжигчин Т.Энхдөл үнэхээр сайхан уншсан. Дорноговийн театрын жүжигчин Төмөрбаатар гэдэг хүний хүү юм байна лээ. Аргагүй урлагийн хүний хүүхдийн сэтгэл ур мэдрэмж байна даа гэж бодсон.

-Та түрүүн “Салж эгээрэх хорвоо” дуу 1991 онд “Морин хуур” наадамд дэд тэргүүн байр эзэлсэн гэсэн. Энэ дуу яаж төрсөн бол?

-Тэгэхэд би гуравдугаар курсийн оюутан байсан. Манай Ховдын “Жангар” гэж гоё хамтлаг байлаа. Нэг өдөр завсарлагаанаар ангийнхантайгаа цонхон дээр яриад зогсож байтал тус хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Н.Цолмон ирээд ээждээ зориулж дуу хийх гэсэн юм, шүлэг бичиж өгөөч гэсэн. Одоо санахгүй байна аа, нэг шалтгаанаар их л яаруу, өнөөдөр байвал сайн байна гэсэн. Цолмон бас иймэрхүү санаатай байвал зүгээр гэж хэлж өгсөн л дөө. Тэгээд л “Тэгье, одоо бичээд өгье” гээд цонхны тавцан дээр сууж байгаад шүлгийг нь бичиж өгч билээ. Тэгээд “Юу ч гэсэн үүнийг аваад явж бай” гэсэн. Орой нь очоод гурав дахь бадгийг нь бичихээр болсон. Гэтэл цааш нь бичих гэсэн боловч ерөөсөө болоогүй. Ингээд л хоёр бадагтай дуу болсон доо. Тэр үед ээждээ зориулж дуу хийх гээд яарч сандарч яваа Цолмонг хараад өрөвдсөн үү, ээжийгээ хачин их санадаг байсан болохоор тэр үү. Тэр дууны үг их л хурдан гарсан даа. Тухайн үед сургуулийнхаа яруу найргийн дугуйланд явдаг байсан. Бас яруу найрагч, миний багш Дашзэвэгийн Мөнхтөр болон яруу найрагч Д.Цогбадрах, Т.Баянсан, Х.Эрдэнэбаатар, М.Уянсүх нарынхаа хөг аялгуунд автаж шүлэг их бичдэг байсан. Би ер нь дандаа л сайн найз нар, багш, хамт олонтой учирч явдаг юм байна. Тэдний маань нөлөө маш их юм даа.

-Та бичсэн шүлэг, өгүүллэгээ ширээнийхээ нүдэнд хадгалаад байдаг юм уу даа, “Утгын чимэг” наадамд түрүүлээд шагналаа гардан авч байхдаа “За одоо нэг ном гаргана даа” гэж бодогдож байв уу?

-Бодогдсон. Шагнал гардуулсны дараа манай уран бүтээлчид Зохиолчдын хороон дээр очсон. Тэр үед надад нэг юм бодогдсон. “Яргуй нүдлэх цагаар” өгүүллэгээс маань илүү байж магадгүй өгүүллэг надад байгаа ч юм шиг. Өгүүллэгийнхээ номыг гаргая, ном болчих шүлгүүд ч бий. Тууриар дагнах юм бол мөн л нэг ном болох байх даа гэсэн юм бодлоо. Найз нөхөд маань баяр хүргэж жаахан суусны дараа сэтгэл их догдолчихсон гэртээ ирээд шөнөжин хэдэн хавтсаа эргүүлээд харж суухад нэлээд юм байна лээ. Гэртээ сэтгэлд хүрсэн сайхан бичгийн ширээ, тухтай сандал, их олон тэмдэглэлийн дэвтэртэй. Бас үнэхээр сайхан амттай чанадаг кофе чанагчтай. Энэ хэдтэйгээ нөхөрлөөд л чимээ аниргүй удаан явлаа. Одоо номоо гаргаж уран бүтээлчдийн дунд орж ном бүтээлээр нь мэддэг болсон хүмүүсээ зүс төрхөөр нь таньдаг болъё доо, намайг тоовол тэмдэглэлийн дэвтэртээ тэдний ухааны далайгаас чадлын хэрээр тэмдэглэж үлдээе дээ гэж л бодож байна. Тэмдэглэл ямар үнэ цэнэтэйг би Ж.Саруулбуян ахаасаа сурсан.

-Бичсэнээ эргээд харахад ихэвчлэн ямар сэдвийг илүү хөндсөн байна?

-Найзууд маань намайг их гэрэл гэгээтэй бичлэгтэй гэж хэлдэг шүү. Би цэнхэр, хөх гэдэг үгийг их хэрэглэдэг. Шүлгэнд маань гэхэд тав, зургаа, бүр арав гаруй удаа цэнхэр гэдэг үг орсон байдаг. Тэглээ ч нэг үг олон давтагдсан гэсэн сэтгэгдэл төрүүлдэггүй гэж уншсан хүмүүс хэлдэг. Би өөрөө ч тэгж боддог. Харин саяын түрүүлсэн өгүүллэгийн эхний хэдхэн мөрөнд хөх гэдэг үг дөрөв тав орсон байгаа. Ингэж болох уу гэж нэг уншигч сайтад тавигдсан өгүүллэгийн маань доор сэтгэгдэл хэсэгт нэлээн шүүмжилсэн байна лээ. Би ер нь алив нэг юмны тухай удаан боддог. Амьдрал энгийн амар амгалан байгаасай. Хүмүүс ч гэсэн бие биедээ ээж аав, ахан дүүс, хань ижлийн сэтгэлээр дулаан дотно хандаасай. Мянга мянган жил амьдрахгүй болохоор хүйтэн сэрүү татмаар биш найрсаг дулаахан байгаасай л гэж боддог. Гаднаас нь харахад үнэтэй тансаг өмсгөлтэй гоё ганган хэдий ч ширэв татаад ихэмсэглээд алив бүхэнд ялгавартай хандаж байгаа хүнийг хараад яагаад ч юм өрөвддөг, бас жийрхдэг.

-Та Монголын Зохиолчдын Эвлэлд элсээгүй гэсэн байх аа?

-Тийм ээ. СГЗ, яруу найрагч Ц.Чимэддорж, П.Баярсайхан ах маань амьд сэрүүн байхдаа намайг батлан даагаад элсүүлье гэж байсан боловч би жаахан хойш суугаад элсээгүй. Дараа нь Ц.Бавуудорж, Б.Баярсайхан хоёр маань элсүүлье гэсэн боловч бас л хойш суугаад хоцорсон. Хувь хүнийхээ хувьд би тиймэрхүү хэнэггүй ч юм уу, дорой ч юм уу, чимээ аниргүй нам гүмд л ном уншаад тав тухтайхан сууж байвал сайхан санагддаг хүн л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Меланья Трамп

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч тэрбумтан Дональд Трамп ялалт байгуулсан тухай мэдэгдсэн даруйд шинэ тэргүүн хатагтайн тухай яригдсан. Тус улсын түүхэнд хоёр дахь удаагаа хожим нь Америкийн иргэн болсон бүсгүй тэргүүн хатагтай болж байгаа юм. XIX зуунд Ерөнхийлөгч асан Жон Куинс Адамсын эхнэр Луиза Жонсон нь англи эмэгтэй, АНУ-д төрөөгүй анхны тэргүүн хатагтай байсан. Харин Меланья Трамп 2001 онд ногоон карт авч, арван жилийн өмнө АНУ-ын иргэн болжээ.

Меланья Трампын жинхэнэ нэр нь Меланья Кнавс. Тэрээр хуучнаар Югослав, одоогийн Словенийн Севнице хэмээх хотод 1970 онд төржээ. Аав нь хуучин машин засч зардаг, ээж нь хүүхдийн хувцасны үйлдвэрт ажилладаг тарчигхан амьдралтай айл байсан гэдэг. Харин охин Меланья нь аливаа юманд шаргуу, зорьсондоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөдөг байсан хэмээн цуг сурсан найзууд нь хожим дурсан ярьжээ. Тэрээр маш эелдэг зантайгаас гадна муухай үг хэлдэггүй байсан гэнэ.

Америкийн шинэ тэргүүн хатагтайг тэрбумтан нөхрийнхөө ачаар олны танил болсон гэж зарим нь боддог. Үнэндээ бол тийм биш. Меланья нь Д.Трамптай танилцаж гэр бүл болохоосоо өмнө олны танил болчихсон байжээ. 16 настайгаасаа загвар өмсөгчөөр ажиллаж нэлээд амжилтад хүрсэн. Түүгээр ч зогсохгүй кино урлагт хүчээ сорьсон. Хичээлдээ маш сайн Меланья дунд сургуулиа дүүргээд Любянскийн их сургуульд архитекторч мэргэжлээр суралцсан. Оюутан байхдаа нэгэн гэрэл зурагчинтай танилцаж царайлаг бүсгүйг загвар өмсөгч болохыг ятгажээ. Ингээд л Меланья сургуулиа орхисон. Загварын ертөнцөд хүчээ сорихоор Италийн нэгэн загварын агентлагтай гэрээ байгуулж Миланыг зорьсон байна. Удалгүй Парист ажиллахаар болжээ. Тэр үед хамар, урууландаа гоо сайхны мэс засал хийлгэж хөхөө томруулсан. “GQ”, “Max” сэтгүүлийн эхний нүүрэнд түүний зураг гарсан нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан гэдэг. Ингэж Меланья барууны загварын ертөнцөд алдаршчээ. “Vogue”, “Glam­our” зэрэг сэтгүүлтэй гэрээ байгуулан ажиллаж байсан боловч Европт загварын ертөнц санхүүгийн хувьд уналтад орсон тул Америкийг зорьжээ. 1990-ээд оны дунд үеэс Нью-Йоркт суурьшиж 1999 онд түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн үйл явдал тохиосон юм. “Allure” сэтгүүлд зургаа авахуулж байхдаа тэрбумтан Дональд Трамптай танилцсан байна. Д.Трам 52, Меланья 28 настай байсан үе. Бүсгүй тэрбумтанд ихэд таалагдсан тул шууд л утасных нь дугаарыг гуйсан гэдэг. Эхэндээ Меланья нүүр өгөөгүй бөгөөд хожим нь энэ талаараа “Тухайн үед Дональд Трампын талаар би тийм ч сайн мэддэггүй байсан. Би өөрийн гэсэн амьдралтай, ертөнцтэй байлаа. Тиймээс түүний ямар амьдралтай талаар ойлголтгүй байсан” хэмээн дурсан ярьсан байдаг. Д.Трамп нэлээд хичээл зүтгэл гаргаж байж залуухан бүсгүйн сэтгэлийг эзэмдсэн.

Нэртэй загвар өмсөгч бүсгүйд хайртай болсноо Дональд өөрөө олон түмэнд зарлаж байсан түүхтэй. Нэгэн радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо үлдсэн амьдралаа цугтаа өнгөрүүлэх хайр сэтгэлтэйгээ учирсан тухайгаа ярьжээ.

2004 онд залуу хосууд сүй тавьж, Меланья 12 кратын алмаазан шигтгээтэй, 1,5 сая ам.долларын үнэтэй бөгж бэлгэнд авсан. 2005 оны нэгдүгээр сарын 22 бол тэдний амьдралын хамгийн баяртай өдөр. Тэд Флоридагийн “Bethesda-by-the-Sea” сүмд хуримласан юм. Тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан хурим болсон талаар одоо ч яригдаж бичигддэг. Арнольд Шварценеггер, Билли Жоэл, Рудольф Жулиан зэрэг алдартнууд гээд нийтдээ 350 зочин цайллагандаа урьсан.

Дашрамд дурдахад, саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Трампын өрсөлдөгч асан Хиллари нөхөр Билл Клинтоны хамт тэрбумтны цайллаганд оролцсон байдаг. Тухайн үед хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр энэ хуримын талаар мэдээлсэн гэнэ. Ёслолын ажиллагаанд зориулсан баялууг 3000 сарнайгаар чимсэн аж. Харин сүйт бүсгүй Меланьягийн 200000 ам.долларын үнэтэй хуримын даашинз онцгой сэдэв байлаа. 20 кг жинтэй даашинзыг урлахад 550 цаг зарцуулсан байна. Гэхдээ яг хэдэн ам.доллараар захиалан хийлгэсэн талаар янз бүрээр ярьцгаадаг. Меланья Трамп нэгэн ярилцлагадаа 100000 ам.доллар төлсөн гэжээ. “Christian Dior”-ийн загвар зохион бүтээгч Жон Гальяно даашинзыг 100 метр цагаан атласаар урлаж сувд зэрэг эрдэнийн чулуугаар гоёжээ. Меланьягийн хуримын даашинзтай зургийг “Vogue” сэтгүүл эхнийхээ нүүрэнд тавьж тэр дугаартаа “Тэрбумтантай гэрлэх арга” гарчигтай нийтлэл гаргасан юм. Энэ бол Дональдын гурав дахь гэрлэлт байсан.

Одоогоос арван жилийн өмнө Меланья хүүгээ төрүүлж Бэррон Уильям Трамп гэдэг нэр хайрласан. Хүү 10 настай хэдий ч хослол өмсч, аавтайгаа гольф тоглож, заавар, тушаал өгөх дуртай аж. Бэррон Уильямыг бага Трамп ч гэдэг. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп цагаачдын талаар ямар бодлого баримтлахаа сурталчилгааныхаа үеэр маш тодорхой ярьсан байдаг. Меланья ч энэ бодлогыг нь бүрэн дэмжиж байгаа гэнэ. Үүнийг сонссон олон хүн гайхаж байгаагаа илэрхийлээд хэдхэн жилийн өмнө Меланья өөрөө АНУ-ын иргэншилгүй байсныг сануулжээ. Дональд Трамп улс төрийн чухал асуудлаар ч эхнэртэйгээ зөвлөлддөг гэнэ.

Дональд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд словенчууд хамгийн их баярласан гэнэ. Словен бүсгүй Америкийн тэргүүн хатагтай болно хэмээн тус улсын иргэд ихэд бахархаж байгаа гэнэ шүү.

Ирэх онд албан ёсоор АНУ-ын тэргүүн хатагтай болох Меланья Трамп ямар асуудал дээр анхааран ажиллахаа саяхан мэдэгдсэн билээ. Олон нийтийн сүлжээгээр ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг доромжлох явдалтай шийдэмгий тэмцэх аж. Өөрөө арван настай хүүтэй болохоор хүүхэд ямар эмзэг болохыг сайн мэддэг гэнэ. АНУ-д олон нийтийн сүлжээгээр дамжин сэтгэл санааны хохирол амссан хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд 88 хувиар нэмэгдсэн байна. Ийм асуудлаар олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах “Childline” байгууллагад нэг жилд гэхэд 4500 хүүхэд ханджээ.

Нэг хэсэг өөрийн загвараар гоёл чимэглэл болон цаг зах зээлд гаргаж байсан Меланья удахгүй нөхөр, хүүхдийнхээ хамт Цагаан ордонд нүүж очно. Словен, серби, англи, франц, герман гээд таван гадаад хэлтэй түүнийг дээд сургууль төгсөөгүй хэмээн нэг хэсэг өөлсөн. Өнгөрсөн долдугаар сард Меланья Трампын 1995 оны үед авахуулсан нүцгэн зургийг нь “New York Post” сонин хэвлэсэн. Үүнд Дональд тайлбар хийхдээ “Тэр үед Европт ийм зураг моод байсан” гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн явуулсан санал асуулгаар нэр дэвшигч Хиллари Клинтон ялна гэсэн дүн гарч байсан. Гэтэл Бүгд найрамдах намаас нэр дэвшигч ялалт байгуулсан нь америкчууд төдийгүй дэлхий нийтийн гайхшралыг төрүүлсэн билээ. Шинэ тэргүүн хатагтай юу хийхийг одоогоор урьдчилан хэлэхийн аргагүй. Ямар ч байсан энэ сарын 10-ны өдөр Цагаан ордонд Дональд Трамп, Барак Обама нар уулзахад Меланья Трамп, Мишель Обаматай ярилцсан юм. Энэ үеэр удахгүй тэргүүн хатагтай болох тэрээр Цагаан ордны дотоод ажилтай танилцсан байна. Америкийн түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй гэгдэж буй тэргүүн хатагтай удахгүй Цагаан Ордонд нүүн ирж нарийн бичгийн дарга, тогооч, бие хамгаалагчтай болно. Харин тэргүүн хатагтайн хувьд юу хийхийг цаг хугацаа л харуулах байх.

Categories
мэдээ цаг-үе

Н.Сома: Түүнийг нь уншаад, дэлхийн түүхийг үзэхэд бүгд биеллээ олчихсон

Монголын Эзотерик ухааны академийн тэргүүн Н.Сома саяхан “Сионийн
мэргэдийн протокол” номыг уншигчдын хүртээл болгосон юм. Түүнтэй энэ талаар ярилцлаа.

-Монголын Эзотерик ухааны академиас “Сионийн мэргэдийн протокол”
номыг хэдхэн хоногийн өмнө уншигчдын хүртээл болгож нээлтээ хийсэн. Энэ номоо манай
уншигчдад товчхон танилцуулаач.

-Өнгөрсөн хавар нэгэн хөдөлгөөнийг төлөөлдөг хүн над дээр ирээд
“Сионийн мэргэдийн протокол”-ийг хүнээр орчуулууллаа. Өөрийн тань “Алтан эрин үү,
цахим гяндан уу” номыг үзсэн гэсэн. Ингэхдээ сонин юм ярьсан. “Сионийн мэргэдийн
протокол” номыг өөрөө уншаагүй мэдээжийн зүйл учраас сонирхож орчуулуулсан гэж байгаа.
Гол нь үнэн эсэх нь эргэлзээтэй, хүмүүс ч баттай зүйл биш гэцгээдэг гэж хэлсэн юм.
Энэ нь надад их сонин санагдсан юм. Тиймээс өөрөө орчуулахаар шийдсэн. 1988 онд
би Москвагийн Их сургуульд философич мэргэжлээр сурахаар элссэн. Өөрчлөн байгуулалт
эхэлчихсэн, марксизм-ленинизмээс татгалзаж, бүх хаалттай номнууд гарчихсан, юм чөлөөтэй
яригддаг болчихсон үе. Философи бол бүх измүүдийг судалж, танин мэдэхүйн үүднээс
дүгнэлт өгөх үүрэгтэй. Наад зах нь шашнуудыг судална. Жүдаизм гэхэд хөлгөн судрууд
эх сурвалжуудаас нь үзнэ. Эндээс гарсан нийгмийн хөдөлгөөнүүд гэхээр коммунизм,
социализм тэгээд сионизм. Ингээд л сионизмын гүн үндсийг уудлах хэрэгтэй болдог
юм. Ер нь социализмын үед сионистуудын тухай муу үзэл хэмээн их яригддаг байсан.
Одоо ч энэ үзэл дэлхий нийтэд хэвээрээ байдаг. Түүний тулгуур бичгүүдийг үзэхэд
“Сионийн мэргэдийн протокол” заавал яригдаж судлах хэрэгтэй болдог. Энэ бол хүн
төрөлхтний эсрэг аймшигтай нууц төлөвлөгөөний талаарх баримт бичиг. Түүний эх үүсвэрүүд
нь бүр мянган жилийн өмнөх үед хамаардаг. Үүн дээр үндэслээд философич хүний хувьд
жинхэнэ шинжлэх ухаан, гүн ухааны үүднээс, үндэс сууриас нь судалдаг мэргэжлийн
хүний хувьд хэлэхэд энэ бол жүдаизмийн үзэл суртал дээр тулгуурласан жинхэнэ баримт
бичиг.

-Хүн төрөлхтний эсрэг аймшигт баримт бичиг гэж та хэллээ. Үүнийгээ
тодруулаач?

-Товчхондоо хэлэхэд дэлхийн хүн төрөлхтнийг тодорхой, сонгомол, бурхнаас
сонгогдсон нэг ард түмэн бүрэн эрхшээлдээ оруулах тухай баримт бичиг. Өөрөөр хэлбэл,
эрхшээлдээ оруулах программ, арга хэрэгслүүд нь. Үүнд 24 протокол байгаа. Түүнийг
нь уншаад, дэлхийн түүхийг үзэхэд бүгд биеллээ олчихсон. Одоо хамгийн сүүлчийнх
нь буюу иудейн эзэн хааныг тунхаглаад, дэлхийн хүмүүсийг бүгдийг нь нэг дээвэр дор
нэгтгээд, эрхшээлдээ оруулаад хаанаа залах л үлдсэн байгаа.

-Сонгомол ард түмэн гэдэг чухам ямар хүмүүсийг хэлээд байгаа юм бол?

-Сонгомол ард түмэн гэдэг нь еврейчүүд, еврейчүүдийг зарцлагч хар
язгууртнууд левитүүдийн угсаа. Еврей хүн болгон муу биш шүү дээ. Еврейчүүдийг боол
мэт хэдэн мянган жил ашигласан хар язгууртнуудыг хэлээд байгаа юм. Хар язгууртан
дотроос сонгож Давидын угсааны хүнийг хаан ширээнд суулгана гэж энэ номонд бичсэн.
Нэгэнт дэлхийн III дайн эхэлчихээд байгаа. III дайны эцсийн үр дүн нь үүгээр төгсөнө.

-Манай дэлхийн ойрын ирээдүйн талаар хар язгууртнууд юу төлөвлөж
байна вэ?

-Манай дэлхийн хүн амыг наад зах нь 500 сая болгон цэвэрлэнэ. Та
бидний сайн мэдэх дэлхийн тэргүүн баян Б.Гейтсийн “Bill & Melinda Gates” сан
нь ямар ажил хийдэг билээ. Дэлхийн хүн амыг маш үр ашигтайгаар вакцин вирус зэрэг
бусад зүйлийн тусламжтайгаар устгах программыг ивээн тэтгэдэг юм билээ. Тэр нь ч
нууц биш. Янз бүрийн шинэ вирусыг гарган авах ажилд хөрөнгө оруулдаг. Билл Гейтс
нь ийм вирусүүдийг нээснээр дэлхийн хүн амыг тэд болгож багасгана гээд төлөвлөгөөгөө
ил тод илтгээд явдаг. Энэ мэтчилэн хар, шар, цагаан арьстнуудыг хэрхэн цөөлж үржлийг
нь зогсоох талаар, өвчтнүүдийг эмнэхгүй зөвхөн симптомыг нь намжаах, эмээр өвчөнүүдийг
эдгээхгүй байх бодлого ажиллаж байна. Бид өвчнийг эмчлэх бус симптомыг л дарна гээд
эм үйлдвэрлэдэг компаниас эм зүйчдэд хэлчихсэн. Хүн амыг цөөлөх бодлогод өртчихөөд
байгаа хүмүүсийг үүнд анхаарлыг нь хандуулахгүй гээд элдэв бусын төөрөлдүүдсэн янз
бүрийн зөрчилтэй мэдээллээр дарчихаад байна. Тиймээс ч үнэн худлыг нь ард иргэд
мэддэггүй, өөртөө хэрэгтэй мэдээллийг ялгаж авч чаддаггүй.

-Ингэхээр бид яах ёстой юм бэ?

-Гүн ухаантнуудын хэлж байсан нь үнэн юм байна. Энэ ертөнц чинь харанхуйн
эзний эрхшээлд байдаг гэж яриад байсан. Хувьсгалаас өмнөх Оросын гүн ухаантан гэх
Бердяев, Антихрист болон сатанын дундаас гарсан чөтгөрийн үр удам дэлхийг атгах
болно гэж бичсэн нь бий. Гэтэл энэ бүхэн нь зүгээр нэг хийсвэрлэл биш болж таарлаа.
Их зохиолч Л.Толстой хүртэл энэ төлөвлөгөөг сайн мэдэж байсан түүнд оролцож явсан
хүн. “Дайн ба энх” зохиолдоо П.Безуховыг магтаад л биччихсэн байдаг. Бид нар ер
нь түүхийг маш сайн мэдэж байх ёстой. Худал, үнэнийг ялгаж, худал өмсгөлөөс нь салгаж,
жинхэнэ үнэнийг л олох хэрэгтэй. Үнэний хойноос л хөөцөлдөх ёстой. Эс тэгвэл худал
хуурмаг хөшиглүүлчихсэн байна. Хар язгууртнуудын хөлсний түүхчид эрдэмтэн нэр зүүсэн
этгээдүүд дэлхийн түүхийг тэр чигээр нууцлан гуйвуулж, үнэнийг хүмүүст мэдүүлэхгүй
байхын тулд маш ихээр чармайсаар иржээ. Л.Толстой ч хэлж байсан хагас галзуу хүмүүс
дэлхийг атгадаг гэсэн. Дэлхийд нэртэй сэтгэл засалч Хатчнекер гэдэг АНУ-ын хэд хэдэн
Ерөнхийлөгчийн сэтгэл зүйчээр ажиллаж, эмчилж байсан хүн байна. Өөрөөр хэлбэл, тэдгээр
Ерөнхийлөгчид юмтай хүмүүс байж л дээ. Тэр хүн өөрөө еврей хүн байсан бөгөөд хагас
галзуу хүмүүс дэлхийг атгаж иржээ гэдгийг бараг шууд утгаар хэлсэн байгаа. Яагаад
гэхээр улс төр, бизнест цойлоод байгаа хүмүүс үе удам дамжсан сэтгэцийн өвчний түүхтэй
байдаг юм байна. Хатчнекер өөрөө еврей хүн ч гэсэн үүнийг хэлсэн. Энэ бүх мэдээллийн
хэрэгслийг 1913 онд Хадгаламжийн системийг хувьчлан өөрсдийн гарт оруулахдаа л дэлхийн
мөнгөний эзэд өөрсдийнхөө мэдэлд эцэслэн оруулсан шүү дээ. Үнэний төлөөх сэтгүүлчид
хүнд байдалд ажилладаг. XIX зуунд тодорхой хэмжээнд үнэнийг хэлж болдог байсан бол
одоо бол болохоо байчихсан байна. Үнэн ганц гэдгийг энэ Протоколыг бичсэн хүмүүс
өөрсдөө маш сайн мэдэж байдаг. “Сионийн мэргэдийн протокол”-д ч гэсэн үнэн гэдэг
бол ганц гээд биччихсэн. Өөрсдөө нэгдмэл ганц бурхныг шүтдэг. Тиймээс үнэн гэдгийг
маш сайн ойлгодог. Хүн болгоны тоогоор үнэн байдаг гэдэг харьцангуйн үзлийг дэвэргэхэд
харьцангуй онолыг нээсэн еврей Эйнштейн тэдэнд том гавьяа байгуулжээ. Маш их сул
талтай онол бөгөөд физикчид ч өөрсдөө түүнийг буруу гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр
хэлбэл, энэ нь гойчуудад зориулсан онол. Гой гэдэг нь мал гэсэн үг. Малуудад зориулж
дэлгэрүүлсэн үзэл онол. Хүн бүр өөрийнхөө дураар ярьж, үзэл бодлоо бусдад тулгаад
ирэхээр нийгмийн цогц, нэгдмэл байдал үгүй болдог. Ингэхээрээ нийгэм нурдаг. Хувь
хүний эрх чөлөөг, ээж аав, үзэл баримтлал, үнэний гээд бүх юмны дээр тавьчихсан.
Одоо бүр хэр хэмжээнээс давсан тэр үйлдлийг хэвийн зүйл гэж хүмүүст ойлгуулах болжээ.
Ингээд ирэхээр сэтгэцийн гажиг заавал үүснэ. Хувь хүний эрх чөлөөг бүх үнэт зүйлсийн
дээр л залаад дээдэлчихээр, хүмүүсийн хамгийн цадиггүй бурангуй, захирч номхотгож
байгууштай бүх бузар хүслүүд зад алдаж, хүн ба адгуус хоёрыг заалгасан тэр зааг
үгүй болдог. Ингээд ирэхээрээ дээд зэргийн анархизм, задрал, самуурал эзэгнэж, хүн
төрөлхтөн сөнөх жинхэнэ аюул нүүрлэдэг. Өөрөөр хэлбэл биднээр тоглосон байна.

Сионистууд харин өөрсдөө хаанаа тунхаглаад ирэхээрээ бусад үзлийг
бүгдийг нь хаагаад ганцхан тэр хааныг л шүтүүлнэ.

Бид яах ёстой вэ гэвэл уламжлалт соёл шашин үндэсний үзэл эх оронч
сэтгэлээ сэрээж, эх нутагтаа эзний ёсоор амьдардаг, арчаатай хөдөлмөрч ард түмэн
болж ёс зүйгээрээ ариусч төлөвших хэрэгтэй байна даа. Ингээд бусдын изм шашнаас
хамааралгүй болж, харийн хоосон балай үзлийг дагаж далдганахаа зогсоогоод, биеэ
даасан соёл үзэл баримтлалтай, бахархах баатарлаг түүхтэй гэдгээ нийтээрээ ухамсарлах
маш энгийн гарц байна.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөөнөөс гараагаа эхэлсэн хүүхдийн эмч нар

Хүүхдийн эмч гэдэг хамгийн хүнд мэргэжил. Юу нь өвдөж, ямар зовуурьтай
байгаагаа хэлж чадахгүй болохоор нялх хүүхдүүд бүр ч хэцүү. Тиймээс өвдсөн тохиолдолд
эмчээс гадна эцэг эхийн асаргаа сувилгаа, анхаарал халамж хамгийн чухал. Манай эцэг,
эхчүүд хүүхдийнхээ өвчин, биеийн байдлыг шууд л эмчтэй холбох гээд байдаг гэнэ.
Хүүхдийн эмч өвчтөнөөсөө гадна эцэг, эх, эмээ өвөө гээд ар гэрийнхэнтэй бүгдтэй
нь холбоотой болдог. За тэгээд худууд, хадам бэр, хүргэнүүд хоорондоо муудалцаж,
тэрнээс л болж хүүхэд өвдчихлөө, тэрэнд тэгээд хэлээд өгөөч гээд л эмч нарт зовлонгоо
тоочиж гардаг гэнэ. Хүүхдийг нь эмчилж байгаа эмч ар гэрийн асуудлыг хүртэл зохицуулах
нь энүүхэнд аж.

Хүүхдийн эмч хэмээх энэ амаргүй мэргэжлээр 1986 онд Анагаахын дээд
сургуулийг 80-аад оюутан дүүргэсэн байна. Тухайн үед Хүүхдийн факультет гэдэг байсан
бөгөөд дотроо группээр хуваагдана. Нэг групп 12 оюутантай. 1986 онд дээд сургуулиа
дүүргэсэн Хүүхдийн факультетийн долдугаар группийг бид энэ удаа “Нэг ангийнхан”
буландаа урьсан юм. Ч.Ванган, Г.Цэен, Ж.Батжаргал, Ч.Нямаахүү, Ч.Энх-Амгалан, Ч.Сэрчмаа,
Ц.Алтанцэцэг, А.Алтантуяа, Ц.Сэржмаа, Г.Оюунцэцэг, Д.Тунгалаг хэмээн нэг нэгийгээ
овогтой нь хэлж байлаа. Аргагүй л зургаан жил цуг сурсан гэдэг нь мэдрэгдэж байв.
Тэд саяхан төгсөлтийнхөө 30 жилийн ойг тэмдэглэжээ.

1986 он гэдэг цаг өөр байсан үе. Арваннэгүүлээ төгссөн долдугаар
группийнхэн дипломоо гардаж аваад бүгд хөдөө ажиллахаар томилогдсон байна. Ингээд
гурав, дөрвөн жилийн дараа ихэнх нь хотод ирж мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллажээ.
Хөдөө орон нутгат ажиллах тэр жилүүдэд л холбоо тасарсан аж. Түүнээс хойш хамгийн
багаар бодоход жилд хоёр удаа уулздаг.

1981 он нэгдүгээр курс

Уулзах болгондоо оюутан ахуй цагаа, хэрхэн хичээлдээ шамдан мэрийж,
өдөр шөнөгүй давтдаг байснаа ярина. Эдний групп бүгд л жигд сайн сурдаг, маш даруухан,
хичээлээ тараад л номын санд сууцгаана. Группээрээ нийлж хичээлээ давтахдаа бие
биедээ ярьж өгнө, тайлбарлана, тусална. Бусад их, дээд сургуулийн оюутнууд хичээлээ
тараад кино үзэх гээд явж байхад эднийхэн номын санд очно. Бие биетэйгээ өрсөлдөнө,
атаархана гэсэн ойлголт байгаагүй гэнэ. Хичээлээ тараад 50 мөнгөний гөөхий нэгийг,
10 мөнгөний үнэтэй аяга хар цай уухад л болчихно, тэгээд л номын сан руу явна. Нэг
төгрөгтэй байхад бол өлсөхгүй. Хагас порц аарц 50 мөнгө, печень 40 мөнгөний үнэтэй
байсан цаг. Стипенд буух бол хамгийн аз жаргалтай үе. Мөнгөтэй болохоороо группээрээ
“Улаанбаатар” орж хуйцаа авч иднэ. Завсарлагаанаар явдаг болохоор хичээлийн цаг
болчихоод яарцгаана. Ингэж суухдаа “Ресторан гэдэг бол хүлээнэ гэсэн үг” гээд л
бие биеэ тайвшруулдаг байжээ. За тэгээд архи ууна гэсэн ойлголт байгаагүй гэнэ.
Эмэгтэй хүн бол согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэсэн бодолтой, хоорондоо ам
мурийж байсан үе үгүй гэхэд хилсдэхгүй.

Долдугаар группийн ахлагч Ч.Ванган. Тэрээр хуучнаар бол сайд нарын
буюу Нэгдсэн II эмнэлэгт ажиллаж байгаад Анагаахын дээд сургуульд орсон болохоор
аль ч талаасаа бодсон хамгийн туршлагатай, насаараа ч ахмад нь. Тэгээд ч ангидаа
цорын ганц эрэгтэй. Ч.Ванган л бүгдийг нь зангидан, удирдаж, зохицуулж, зааварлаж,
хичээлийг нь давтуулдаг байжээ. Дөнгөж аравдугаар анги төгсөөд ирсэн охид түүнийг
Ванган ах аа гэж дуудна. Одоо ч ингэж дууддаг гэнэ. Цагаан сараар бүгд Ванган ах
дээрээ очиж золгодог бичигдээгүй хуультай.

Эдний группт өнөөдрийг хүртэл хүүхдийн эмчээр ажиллаж байгаа хоёр
хүн байдаг. Ийм хэцүү ажлыг 30 гаруй жил хийж байгаа нь үнэхээр бахархмаар хэмээн
биширнэ. Тэдний нэг Г.Цэен. Баянгол дүүрэгт амьдардаг эцэг эхчүүд түүнийг анддаггүй.
Г.Цэен эмч Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлгийг байгуулалцсан эмч нарын нэг. Одоогоос
гуравхан жилийн өмнө буюу 2013 он гэхэд тус дүүрэг нь Хүүхдийн эмнэлэггүй цорын
ганц дүүрэг байсан гэдэг. Г.Цэен эмч одоо бол гавьяаныхаа амралтыг эдлээд сууж байх
ёстой юм. Гэвч хүүхдийн эмч ховордсон энэ үед түүний туршлага, мэдлэг чадвар нь
юу юунаас илүү үнэтэй тул эмнэлгийнхэн нь үргэлжлүүлэн ажиллаач хэмээн гуйжээ. Г.Цэен
дээд сургуулиа дүүргээд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хуваарилагдан очсон. Түүнд
Ж.Батмөнх даргын албан даалгавраар томилолт өгсөн бөгөөд тухайн суманд нэг эмчийн
орон тоог нэмж гаргаж байсан түүхтэй. Ингээд л гуравхан сартай хүүхдээ тэвэрчихсэн
очихдоо ажил дээрээ ч очиж амжилгүй дуудлагаар явж байснаа дурсав. Эмнэлэгт жижүүр
эмчээр хоносон өдрүүдээ нийлүүлээд бодоход зургаан жил болсон гэнэ. Эдний группийн
А.Алтантуяа мөн мэргэжлээрээ 30 жил ажиллаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн
эмнэлгийн эмч. Ангийнхныхаа уулзалтад ирэх гэсэн боловч өвчтөн хүүхдийнх нь бие
хүнд байгаа тул очиж чадахгүй нь хэмээн утасдав.

1982 он хоёрдугаар курсийн дадлагын
хичээл

“Нэг ангийнхан”-ы маань бас нэгэн бахархал нь доктор Ж.Батжаргал.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол судлалын төвийн захирлаар ажилладаг. Эх,
хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн стандартыг боловсруулахад оролцож түүгээрээ докторын
зэрэг хамгаалжээ. Хүүхдийн эмчээр төгссөн долдугаар группийн зарим нь уламжлалын
эмч болсны нэг нь Ц.Сэржмаа. Тэрээр өдгөө “Монгол эмнэлэг” төв буюу хуучнаар “Улаанбаатар”
сувилалд ажилладаг. Хөдөлмөрийн баатрын охин Д.Тунгалаг нь “Шинэ эрин” сувиллын
эмч. Өдгөө Чехэд амьдарч байгаа Г.Оюунцэцэг уламжлалын чиглэлээр дагнан хилийн чанадад
эмчээр ажилладаг.

Анагаахын дээд сургуулийн оюутан болоод анхны хичээл нь 111 дүгээр
өрөөнд орсныг дурсав. Анатомийн хичээл заахаар орж ирсэн багш нь шууд л оросоор
лекцээ уншсан байна. Ер нь тухайн үед Ангаах ухааны дээд сургуулийн бүх хичээл орос
хэл дээр ордог байсан гэнэ. Номнууд нь ч бүгд орос. Тиймээс маш сайн сурсан аж.

Ийнхүү хүүхдийн эмчийн долдугаар группийнхэн нэг л мэдэхэд IV курстээ
орсон байв. Зөвхөн хичээлдээ шамддаг байсан охид бүгд найз залуугүй байгаагаа гэнэт
анзаарчээ. Мэргэжлийн хичээлүүд нь түлхүү ордог болж ачаалал нь харьцангуй хөнгөрсөн
байсан гэнэ. Харин V курстээ бүгд найз залуутай болцгоож зарим нь гэрлэж ээж болцгоосон
байна. Хамгийн сайн багш нараар хичээл заалгаж байсан тэд өөрсдийгөө их азтайд тооцдог
аж. Ингээд багш нарыгаа дурсав. Доктор, профессор Агваандорж, Хөдөлмөрийн баатар,
гавьяат эмч Гэндэнжамц, гавьяат эмч, доктор, профессор Малчинхүү, гавьяат эмч, мэс
заслын багш Ичинхорлоо, ардын эмч Жав. Тухайн үед багш нар нь маш хариуцлагатай
ажилладаг, оюутнууддаа ихэд анхаарал тавьдаг байв.

Эдний группийн зарим нь одоо ч хөдөө орон нутагтаа ажиллаж байгаа.
Ч.Нямаахүү гэхэд Ховд аймагт хүүхдийн мэдрэлийн эмчээр ажилладаг. Ч.Энх-Амгалан
нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга. Ц.Сэрчмаа нь Өвөрхангай аймгийн Засаг
даргын харьяа Эрүүл Мэндийн газрын даргаар ажилладаг.

Тухайн үед сангийн аж ахуйд явах нь хамгийн сайхан байсан гэж бүгд
л хэлцгээх. Зарим нь бүр сангийн аж ахуй явна гэж уйлж байжээ. Анх оюутан болсон
намраа л явсан. Нийтдээ таван жил дараалж явахдаа ургацын далайгаа идээд л, орой
нь намжаадна. Бүжиглэхээ ингэж хэлдэг аж. Болоогүй, группийн дарга Ч.Ванган хангалтын
албыг хариуцдаг байсан болохоор охидууддаа талх, мах арын хаалгадаж өгнө.

Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор 1000 оюутны жагсаал болж байж.
Түүнд эдний групп оролцсоноо дурсан ярив. Хөдөө аж ахуйн дээд сургууль дээр байрлаж,
Төв цэнгэлдэх хүрээлэн дээр бэлтгэл хийнэ. Бүгдийнх нь биеийг борлуулна гээд Туул
голын эрэг дээр аваачиж наранд шарна.

Эмч хүн гэдэг гэртээ ч, ажил руугаа явах замдаа ч үргэлж өвчтөндөө
сэтгэл зовниж байдаг гэнэ. Эмнэлгийн хаалгаар орж ирэхэд шөнө ажилласан сувилагч
нарын царайг хараад өвчтөнүүд нь ямар хоносныг мэдэж болдог. Царай нь баргар бол
нэг л юм болсон гэсэн үг. Харин намбатайхан алхаад, царай нь гэрэлтэж байвал бүх
юм зүгээр.

Хүүхдийн эмч нар маань өөрийнхөө хүүхдүүдийг бол эмчилчихдэг гэнэ.
Харин ач, зээ нараа бол зүрхэлдэггүй аж. “Өөрөө эмчилж байна гээд хүндрүүлбэл хэцүүднэ”
гэж боддог. Тиймээс хүүхдүүдийнх нь хүүхдүүд өвдөхөд ангийнхан руугаа утасдаад л
“Алив чи үзээдэх, одоо очлоо” гэнэ.

Ер нь эмч хүн гэдэг хамгийн гол нь хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй
байх нь хамгаас чухал хэмээн тэд ярьцгааж байв.