Categories
мэдээ цаг-үе

“Полтавын тулаан”

Оросын нэрт эрдэмтэн М.В.Ломоносов маш олон талын авьяастай хүн байсан. Эрдэмтэн, зохиолч, зураач байсан тэрээр Орост хамгийн анх томоохон хэмжээний мозайк буюу шигтгэмэл зургийг бүтээсэн түүхтэй. “Полтавын тулаан” мозайк нь өдгөө Санкт-Петербург хотноо хадгалагдаж байдаг. XIX зууны хоёрдугаар хагас хүртэл өнгө өнгийн шил шигтгэн бүтээл туурвихыг Италийн мастерууд л хийдэг байжээ. Эртний Грект шил шигтгэн бүтээл туурвидаг байсан гэдэг. Гэвч энэ нь хэсэгтээ мартагдсан бололтой. Италийн мастерууд ч энэ урлагийнхаа нууцыг чандлан хадгалж чадсан байна. Гэвч удалгүй нууц задарч Франц болон Европын бусад орнуудад мозайк хийдэг болжээ. Шил шигтгэн хийсэн нэгэн бүтээлийг үзсэн М.В.Ломоносов ихэд биширсэн гэдэг. Тэрээр энэ чиглэлээр 1742 онд химийн лаборатори байгуулах зөвшөөрөл авч түүнээс хэдэн жилийн дараа шилний үйлдвэр байгуулсан.

Үүний дараахнаас М.В.Ломоносов өнгө өнгийн шил шигтгэн зураг бүтээх ажлаа эхлүүлжээ. Тэрээр нэлээд хэдэн бүтээл туурвиснаас хэмжээний хувьд хамгийн том нь “Полтавын тулаан”. Санкт-Петербург хотноо Оросын хаан Петр I-ийн шарил хадгалагдаж буй Петропавловын сүмийн ханыг чимэхээр 12 бүтээл захиалгаар хийлгүүлсний нэг нь байжээ. Уг бүтээл нь өдгөө тус хотын Шинжлэх ухааны академийн байранд байдаг бөгөөд 4.81х6.44 метрийн хэмжээтэй.

Алдарт М.В.Ломоносов түүхэн үйл явдлыг шигтгэмэл урлагаар дүрслэн харуулахын тулд хамгийн түрүүн Л.З.Кристинек хэмээх зураачаар эхийг нь зуруулсан гэдэг. Ингээд долоон туслагчийнхаа хамт ажлаа эхлүүлжээ. 1709 оны долдугаар сарын 27-ны өдрийн өглөө Оросын хаан Петр I, Шведийн хаан Карл XII нар Полтав хотын ойролцоо халз тулсан түүхтэй. Оросын арми энэ дайнд ялалт байгуулснаар Европ дахь Шведийн ноёрхлыг зогсоосон юм. Энэ бүтээлийг нэг сая 30 мянган ширхэг жижиг шил шигтгэн хийжээ.

М.В.Ломоносов мозайк зургаараа юуны түрүүн Оросын эзэн хаан болон түүний цэргийн сүр хүчийг илтгэн харуулсан. Бүтээлийнхээ гол хэсэгт жирийн цэргүүдийг дүрсэлснээр энэ тулаанд ялалт байгуулахад тэд хамгийн их гавьяа байгуулсан болохыг илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл энгийн цэргүүд Петр I-ээс илүү үүрэгтэй байсан гэдгийг харуулсан байна. Эзэн хааныг мозайкийн голд бус зүүн хэсэгт морио унасан байдалтайгаар дүрсэлсэн юм. Зоригтойгоор цэргүүдээ тулаанд дагуулан орж буй Петрийн морь дээш цоройно. Ногоон өнгийн цэрэг хувцас өмссөн эзэн хааны харц шийдэмгий, гартаа сэлмээ барьсан нь тулаанд орж байгааг харуулна. Түүний ард шадар туслахууд нь болох Б.П.Шереметев, А.Д.Меншиков нарыг уран бүтээлч дүрсэлжээ. Харин өмнө нь жад барьсан энгийн нэгэн цэрэг хааныхаа замыг хаахыг завдаж байгааг та бүхэн харж байна. Тэрээр Петр I-ийг хайрлан хамгаалж, халз тулааны гүн рүү оруулахгүй хэмээн хөндөлдсөн нь энэ аж. Ийнхүү ард түмэн нь эзэн хаан, төрөө дээдлэж байгаа гэдгийг илэрхийлжээ. Тулаан ид өрнөж байгааг дүрслэхдээ Орос болон Шведийн цэргүүдийг ялгагдахаар харуулсныг урлаг судлаачид онцолсон байдаг.

Тэдний хувцсыг тод өнгөөр дүрсэлснээр хаана нь хэний талын цэрэг байгааг түвэггүй ялгах боломжтой. Уг бүтээлийн арын хэсэгт алсад буй хот, юу юугүй тулаанд орж байгаа цэргүүд, тэнгэрийн үүл зэргээр байдал тун ч ээдрээтэй байгааг илэрхийлсэн юм. Шигтгэмлийн баруун хэсэгт суунагласан утаа нь тулаан ид дундаа байгааг харуулжээ.

Уг бүтээлд өнгийг маш чадварлагаар хослуулан хэрэглэсэн болохыг урлаг судлаачид дурдсан байдаг. Энэ үйл явдал Оросын төдийгүй Европын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Учир нь 1700 онд Шведийн хаан Нарвд болсон тулаанд ялалт байгуулснаасаа хойш Европын орнуудыг эзлэх аян дайнаа эхлүүлсэн юм. Оросын хаан Петр I Шведийн эсрэг дайтаж Ливонийг эзлэн аваад Санкт-Петербург хотыг үндэслэн байгуулах ажлаа эхлүүлсэн. М.В.Ломоносов энэ бүтээлийг Санкт-Петербург хотноо туурвисан зэрэг нь нэлээд учиртай. Ливонийг алдсан Шведийн хаан Карл XII ялагдлынхаа хариуг авахаар Оросын төв хэсгийг эзлэн авах аян дайнаа эхлүүлсэн түүхтэй. Тэрээр Москваг эзлэн аваад Оросын гүнийг зорино хэмээн төлөвлөжээ. Полтавын тулаан энэ аян дайны эхний тулаан байсан гэдэг.

1709 оны долдугаар сарын 27-нд шөнийн хоёр цагт тулаан эхэлсэн байна. Дөрвөн эгнээгээр жагссан Шведийн цэргүүд Оросын арми руу довтолж араас нь морин цэргүүд довтлоход бэлэн байсан гэдэг. Үүнээс хэдэн цагийн дараа буюу есөн цагт гар тулаан эхэлжээ. Гэвч 11 цаг гэхэд Шведийн цэргүүд зугтаж байсан гэдэг. Түүхэн баримт бичгүүдэд ийнхүү тэмдэглэгдэн үлдсэнээс үзэхэд ямар хэмжээний тулалдаан болсон нь ойлгомжтой. М.В.Ломоносов ч үүнийг “Полтавын тулаан” шигтгэмэл зургаараа дүрслэн харуулж чадсан. “Полтавын тулаан” бүтээлээ хоёр жил буюу 1762-1764 онуудад хийсэн юм. Энэ бүтээл нь бэлэн болоход М.В.Ломоносов явж чадахаа больсон байжээ. Тиймээс суугаагаараа бүтээлээ хүлээлгэн өгсөн гэдэг. Харин “Полтавын тулаан”-ыг нь алтадсан хүрээгээр чимжээ.

М.В.Ломоносов нь шигтгэмэл урлагийг ашиглан нэлээд хэдэн бүтээл туурвисан. Тэдгээрийн дийлэнх нь хөрөг зургууд. Тэрээр Петр I, Александр Невский, хатан хаан Елизавета гээд 40-өөд бүтээл туурвисан бөгөөд тэдгээр нь өнөөдрийг хүртэл “Эрмитаж” зэрэг газруудад хадгалагдаж байдаг.

Ийнхүү нэрт эрдэмтэн, уран бүтээлч маань Орост мозайкийн үндэс суурийг тавиад зогсохгүй шил үйлдвэрлэл болон түүний ашиглалтын эхийг тавьсан түүхтэй. Түүний шигтгэмэл бүтээл нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн бүтээлүүдээс ялгаатай, өөрийн гэсэн онцлогтой байжээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Батбаяр: Энэ сайхан хайр хүндлэлийг үеийн үед дааж явах юмсан гэж боддог

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батбаяр тоглолтын бэлтгэл хийгээд тун завгүй байхад нь уулзахаар очсон юм. Морины хэмээн олноо алдаршсан дуучин маань саяхан хөдөө орон нутагт тоглолтоо хийгээд ирсэн тухайгаа ярив. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцсаныг сонирхуулъя.

Ямар концертод оролцох гэж байна?

-Манай Цэргийн дуу бүжгийн чуулгын 95 жилийн ойн концерт болох гэж байна. Мөн манай зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулсан тоглолт юм. Энэ концертод “Тогтохоо болилоо”, “Хардэл бэйсийн унага” гэсэн хоёр дуугаараа оролцож, хоортой цуг дуулна. Өнөөдрөөс эхлээд нэмэх хэмд ороод гадаа их сайхан байна. Дулаарч байна. Миний хувьд хамгийн гоё улирал бол хавар. Юм болгон цэцэглэж дэлгэрч байгаа болохоор их сайхан байдаг. Хаврыг би ер нь дандаа маш гоёор төсөөлж бодож явдаг хүн.

Та саяхан хөдөө орон нутагт тоглоод ирсэн гэсэн. Аль аймгаар явав?

-Хөвсгөлд тоглоод ирлээ. Дундговийн хэд хэдэн суманд очиж үзэгчдэдээ уран бүтээлээ хүргэсэн. Ирээд Мартын 8-ны тоглолтод оролцлоо.

Үзэгчид маань таныг их сайхан хүлээж авсан биз дээ?

-Миний ард түмэн хайрлая, сонсъё гэсэн уран бүтээлчээ үеийн үед дээдэлсээр ирсэн. Мөн үеийн үед тусалж дэмжиж явдаг ард түмэн. Их сэтгэлтэй тул би олон түмэндээ баярлаж явдаг дуучин. Яагаад гэхээр автомашины осолд орж үнэхээр хэцүү байсан үед миний Монголын ард түмэн намайг орхиогүй. Өнөөдрийг хүртэл уран бүтээлийг маань шимтэн сонсож “Тэр дуучин яасан бол оо. Хөл нь гайгүй болсон болов уу. Бие нь гайгүй болов уу. Яагаад дуугаа дуулахгүй байна?” гэж үргэлж асууж сураглан тусалж дэмждэг. Үүний хүчинд би өнөөдрийг хүртэл мориныхоо уран бүтээлийг өргөн бариад явж байгаа.

-“Хардэл бэйсийн унагабол таны брэнд дуу гэж болно. Яаж яваад энэ дууг дуулахаар болсон түүхээсээ уншигчдадаа сонирхуулаач?

-Миний брэнд нэлээд олон дуу бий. Соёлын тэргүүний ажилтан Батцэрэнгийн ая, яруу найрагч Ж.Саруулбуянгийн үг “Ээжээ зорьё”, “Хардэл бэйсийн унага”, “Төрийн минь магнай”, “Адуучны жаргал” гээд. “Хардэл бэйсийн унага” дууны хувьд гэвэл би чинь анх Хилийн цэргийн ансамблиас гараагаа эхэлсэн дуучин. Анх морины уран бүтээлд хөтлөн оруулсан дуу бол “Гал шаргын унага”. Уг ансамбльд байхдаа Ж.Саруулбуян гуайгаас “Хардэл бэйсийн унага” дууны үгийг нэлээд олон хоног хөөцөлдөж байж авсан. Түүнд Соёлын тэргүүний ажилтан Батцэрэн аялгуу хийсэн. Би шүлгийг нь авчирч өгчихөөд Халх гол руу яваад ирэхэд Батцэрэн гуай аяыг нь хийгээд бэлэн болгочихсон байсан. Хөдөөнөөс ирэхэд Батцэрэн гуай намайг хүлээгээд байж байсан. Төгөлдөр хуур дээр тоглоод “Нэг ийм дуу боллоо” гэж билээ. Сонсоод болох юм байна гэсэн бодол төрсөн. Ингээд Монголын радиод бичүүлж энэ дуу нийтэд түгсэн байгаа юм.

Анх сонсонгуут л сэтгэлд тань буусан гэсэн үг үү?

-Тийм ээ. Сонсонгуут л буусан. Анх бичүүлэхдээ дээд нотыг яаж авах вэ гэж жаахан бодсон. Бүтэн хоолойгоороо дуулах уу гээд нэлээд эргэлзэж байхад Хаянхярваа гуай бүтнээр нь авсан нь дээр гэж зөвлөсөн. Нэлээд хөдөлмөр гаргасны эцэст сайхан уран бүтээл болсон. Түүнээс хойш бараг өдөр алгасалгүй энэ дуугаа дуулж явна.

-“Гал шарын унагабол бас л таны брэнд дуу. Яагаад дуулах болсон түүхээсээ хуваалцаач?

-Тэрбишийн хөгжим, Ардын уран зохиоч П.Бадарчийн шүлэг. Бас их сонин түүхтэй. Хилийн цэргийн ансамбльд манай дарга Урлагийн гавьяат зүтгэлтэн хурандаа Төмөрбат гэж байсан. “Цэнхэр хангайн нутаг” гээд дуугаа би гайгүй дуулсныг Тэрбиш гуай сонссон юм байлгүй. Манай Хилийн цэргийн ансамбль дээр дуугаа барьж ирээд “Г.Батбаяр гэдэг залуу дуучнаар дуулуулмаар байна. Шинэ уран бүтээлдээ оруулж өгөөч ээ” гэж хэлсэн. Ингэж л олны хүртээл болсон түүхтэй.

Сүүлийн үед ямар шинэ уран бүтээл туурвиж байна?

-Сүүлийн үед нэлээд шинэ уран бүтээл хийж байгаа. Том охин маань дуулаад эхэлчихсэн. Сонгуулийн өдөр төрсөн болохоор Сонгууль гэдэг нэртэй. Охин маань зууны манлай дуучин, Ардын жүжигчин Х.Уртнасангийн шавь. Хүргэн маань Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад дуучин Дөлбадрах . Х.Үнэнхүү багшийн шавь. Саяхан охин, хүргэн хоёр маань надтай хамтран “Монголдоо би хайртай” гэдэг уран бүтээлээ хийсэн. Одоо тус тусдаа бүтээлээ туурвиж байгаа. “Тэмүүлэл”, “Зүүдний өнтэй нутаг” зэрэг дуунуудыг дуулсан. Охины маань дуулсан “Зүүдний өнтэй нутаг” нь TV 10-ийн “Гоё” гэдэг хит парадыг гурван удаа тэргүүлчихээд байгаа. Би өөрийнхөөсөө гадна хүүхдүүдийнхээ бүтээл дээр нэлээд ажиллаж байна. Тэднийгээ сайхан ард түмний хайртай дуучин болгочих юмсан гээд л хичээж явна. Аавынх нь хувьд тус дэм болох гээд л. Миний хувьд гэвэл морины тухай шинэ уран бүтээлүүд гарсан. Хүн бол эх орон, ард түмэн, хань ижил, үр хүүхдээрээ баян байдаг. Хамгийн сүүлд “Монголоороо би баян” гэдэг дуу дууллаа. Бас их сонин сэдэв. Хүмүүс мөнгөтэй бол баян гэж ойлгодог. Гавьяат Ч.Бат-Эрдэнийн ая “Суман хүрэн” гэж шинэ дууг дууллаа. Ноднин жил дуулсан “Егзгөр хээр” гэдэг дуу маань одоо яг хүмүүсийн дуулуулах дуртай дуу болоод байна. Миний уран бүтээлийг радиогоор явуулах эсвэл фэйсбүүкт тавихад өөрийн эрхгүй хүмүүс өлгийдөж аваад явчихдаг. Ийм сонин уран бүтээл хийдэг хүн л дээ. Би чадалтайдаа биш, ард түмэн маань маш сайн сонсдог гэсэн үг.

Таны охин Б.Сонгууль тань Ардын жүжигчин Х.Уртнасангийн шавь гэж та ярилаа. Дуурийн дуучнаар сурдаг юм уу?

-Охин маань сургуулиа төгсөөд бараг хоёр жил болж байна. Хүүхэдтэй болсон.

Ойрын үеийн уран бүтээлийнхээ төлөвлөгөөнөөс сонирхуулаач?

-Цэргийн баярт зориулсан тоглолтод оролцсоны дараа хийх ажил их бий. Янз бүрийн концертууд байгаа. Миний дуунуудын клипний чанар муудчихаад байгаа. Тиймээс морины тухай уран бүтээлээ шинэчлэх ажилдаа орно. “Хардэл бэйсийн унага”, “Гал шарын унага”, “Адуучин миний жаргал” зэрэг дууныхаа клипийг шинэчилнэ. Энэ ажлаа эхлүүлнэ. Хүүхдүүдийнхээ уран бүтээлийг түлхүү явуулна. Ирэх аравдугаар сард хүүхдүүдтэйгээ хамтран CD гаргах гэж байгаа.

Шинэ дуу дуулуулах санал их ирж байна уу?

-Тэгэлгүй яахав. Саяхан Соёлын тэргүүний ажилтан Дашзэвэг морины тухай шинэ дуу өгсөн байгаа. Өчигдөр очиж нотыг нь авсан. Ойрын өдрүүдэд дуулна. Морины уран бүтээлүүд надад түлхүү ирдэг. Морины тухай сайхан дуу дуулдаг болохоор өглөө босохдоо ч их цоглог байхаас өөр арга байдаггүй. Ард түмэндээ ийм сайхан бүтээлүүд хүргэсэндээ маш их омогшиж явдаг.

Бие тань их сайн байгаа бололтой, та их сайхан харагдаж байна.

-Баярлалаа. Энэ бол миний уран бүтээлийн хүч, миний ард түмний хүч. Үеийн үед л хайрлаж хүндэлж байдаг. Эмнэлэг дээр яваад очсон ч Батбаяр гуай яасан туслах юмсан гэдэг. Би ийм л сайхан хайр, хүндлэлд умбаж явдаг хүн дээ. Тиймээс энэ сайхан хайр, хүндлэлийг үеийн үед дааж явах юмсан гэж боддог.

Categories
мэдээ цаг-үе

Э.Сүхжаргал: “Take off“ гэдгийг бид монголчлоод дэвжин дээшлэх гэж тайлбарладаг

Саяхан болж өнгөрсөн олон улсын
эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Take Off” хамтлаг тоглолтоо хийсэн юм. Одоогоос
12 жилийн өмнө байгуулагдсан тус хамтлагийн залуус уран бүтээл дээрээ ажиллаад тун
завгүй байгаа гэнэ. Тэднийг Эрдэнэт, Дарханд очиж тоглохооос нь өмнөхөн тус хамтлагийн
ахлагч Э.Сүхжаргалтай ярилцсаныг сонирхуулъя.

-Хэдхэн хоногийн өмнө буюу гуравдугаар
сарын 8-ны өдөр танай хамтлаг тоглолтоо хийсэн. Тоглолт ямар болов?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдадаа
энэ өдрийн мэндийг хүргэе. Гуравдугаар сарын 8-ны өдөр “Take Off” хамтлаг маань
“Зүрхний” нэртэй шоу тоглолтоо “Crocus”-д маш амжилттай зохион байгууллаа. Энэ бол
манай хамтлагийн найм дахь тоглолт. Хамтлаг маань 2004 онд байгуулагдсанаасаа хойш
уран бүтээлээ туурвисаар байна.

-Энэ удаад үзэгчдийнхээ сонорыг
ямар дуугаар мялаав?

-“Надаас өөр хэнд ч ирээгүй дурлал”
киноны саунд трейкийг дуулсан. Түүнийгээ толилууллаа. Нийтдээ 26 дуу дуулсан. Хамтлагийн
сор болсон “Гүнж”,”Буцаад хоёулаа”, “Хэзээ ч мартахгүй” бүтээлээрээ үзэгчдийнхээ
сонорыг мялаалаа. Мөн шинэ дуунуудаасаа ч дуулсан.

-Хамтлагаа яагаад “Take Off” гэж
нэрлэсэн юм бэ?

-Энэ нэрийг бид хоорондоо ярилцаж
байгаад өгсөн. Урьд нь “Аялгуу” гэдэг нэртэй, шөнийн клубуудээр англи дуу дуулдаг
залуучууд байлаа. 2004 онд албан ёсоор “Take Off” гэдэг нэрийг өгсөн. 2003 онд манайх
UB Palace-ийн дэргэдэх хамтлаг байсан. UB Palace-ийн захирал Баяр ах маань “Аялгуу”
гэдэг нэрийг солих санал тавиад энэ нь ардын цөөхүүл хамтлагийн нэр шиг сонсогдож
байна гэсэн. Цоглог, залуу хүмүүсийн эрч хүчийг харуулсан нэр өгөхийг санал болгоод
бид хоорондоо ярилцаад шинэ өнгө төрхтэйгөөр уран бүтээлээ туурвих гэж байгаа тул
нэрээ сольсон. Эхэндээ “Take Off” гэдэг чинь юу гэсэн үг вэ гэдэг байсан бол хэсэг
хугацааны дараа буюу 2004 онд уран бүтээлээ туурвиад явж байхдаа харин ч маш их
тохирсон нэр юм шиг санагдсан шүү. Ер нь бол “Take Off” гэдэг нь газраас тасрах,
хөндийрөх, гэрэл унтраах гээд олон утгатай үг л дээ. Бид бол монголчлоод дэвжин
дээшлэх гэж тайлбарладаг.

-Анх ямар дуугаар уран бүтээлээ
эхэлсэн бэ?

-“Boyz II Man” хамтлагийн “Song
For A Mama”, “My Love” “Backstreet Boys”, “Bee Gees” хамтлагийн “How Deep Is
Your Love” зэрэг дуунуудыг дуулдаг байлаа. Ер нь барууны хамтлагуудын дуунуудаас
дуулж эхэлсэн. “Аялгуу” гэдэг нэртэй байхдаа МУГЖ дуучин Т.Ариунаагийн “Оюутан нас
аялгуу” дууг “Гурван охин” хамтлагтай хамтран дуулсныг үзэгчид маань сайн мэднэ.

-Тухайн үед барууны хамтлагуудын
дууг дуулахад үзэгчид яаж хүлээж авсан бэ?

-Бид олон хоолой салгаж, акапель
гэдэг л дээ, дуулдаг байлаа. Англи дуу дуулахад үзэгчид маш сонин хүлээж авдаг байсан.
UB Palace-ийн “Laser Land” клубт дуулна. “Let it Be” гэж баар байсан тэнд бас дуулдаг
байлаа. Тухайн үед амьд хөгжмийн хамтлагууд нэг их байгаагүй. Биднийг сонсох гэж,
англи дуу, хэллэгийг нь сонсох гэж хүмүүс их ирнэ. Тэр үед хэлний төвүүдийн захирлууд
сурагчдадаа “Тэр англиар дуулдаг хамтлагийг очиж сонс” гэж хэлдэг байсан гэсэн.
Саяхан нэг таньдаг эгч маань надад энэ тухай ярьсан.

-2004 онд хамтлагаа байгуулсан гэж
ярилаа. Тухайн үед “Камертон” хамтлаг нэлээд нэрд гарч байсан үе л дээ.

-Boy band-үүд уран бүтээлээ туурвихаа
болиод зогсонги байдалд орсон байсан үе гэж болно. “Камертон” 2005 оноос хойш нэг
хэсэг чимээгүй болсон. Яг тэр үед boy band-үүд зогсонги байдалд орсон байхад бид
уран бүтээлээ туурвисаар байсан. 2004-2009 он хүртэл идэвхтэй ажилласан.

-Та Англид сурч, ажиллаж байгаад
ирсэн. Тэнд байхдаа барууны хамтлагууд ямар түвшинд байгааг өөрөө харсан байх. Энэ
нь танай хамтлагийн уран бүтээлд ч нөлөөлсөн байх?

-2009 онд Англи яваад гурван жил
гаруй болсон. Залуудаа юм үзэж аливаа зүйлийг өөр өнцгөөс харъя гэсэн бодолтойгоор
явсан. Манай хамтлагийг тарсан гэсэн яриа гарсан байсан. Бид тараагүй. Би ирэнгүүтээ
уран бүтээлийнхээ ажилд орсон. Гадаадад байхдаа маш олон тоглолт үзсэн. Урлаг гэдэг
бол хүн залуу насандаа хийдэг ажил л даа. Тэр дундаа эстрад, поп урлаг. Би Англид
байхдаа “Backstreet Boys”, Бритни Спирс гээд дэлхийд нэртэй олон хамтлаг уран бүтээлчдийн
тоглолтыг үзэж харьцуулах юмтай болсон. Түүнээс сурах юм маш их байсан. Үзсэн зүйлсээ
ирээд хамтлагийнхаа уран бүтээлд тусгахыг хичээсэн.

-Харьцуулах юмтай болсон гэж та
сая хэллээ. Ер нь гадаадын хамтлагуудыг манайхтай харьцуулахад ямар санагдав?

-Ерөнхийдөө бол манайх гайгүй. Монголын
шоу бизнес, тоглолтууд сүүлийн үед өндөр хэмжээнд хүрсэн. Барууны хамтлагуудын тоглолтуудаас
нэг их дутахгүй. Баруунд бол тоглолт менежерийн удирдлага дор байдаг бөгөөд нэг
жил, зургаан сарын өмнө бүх юм нь төлөвлөгдчихсөн, тасалбар нь зарагдаад дуусчихсан
байдаг. Манайхан бол нэлээн тулгаж байж хийдэг. Ингээд сурчихсан монгол зан ч гэдэг.
Харьцуулах юм зөндөө бий. Тайз гэхэд л манайд караказ зангиддаг бол тэнд бүх юмыг
гэрлээр LED дэлгэцээр шийдэж байна. Дэлгэц нь өөрөө урлаг болчихсон. Манайд ч
LED-ийг ашиглаад эхэлчихсэн байгаа.

-Танай хамтлаг удахгүй шинэ CD-гээ
гаргах гэж байгаа гэж сонссон?

-Ирэх тавдугаар сард бид шинэ цомгоо
гаргахаар ажиллаж байгаа.

-Хэдхэн хоногийн дараа Эрдэнэт,
Дарханд очиж тоглох гэж байгаа гэсэн?

-Тийм ээ. Энэ сарын 17,18-нд бид
Эрдэнэт Дарханд очиж тоглолтоо хийнэ. Эрдэнэт хотын залуучууд маань биднийг ирж
тоглооч ээ гэсэн. Очоогүй нэлээд удсан. Тиймээс VIP тоглолтыг амьд хөгжимтэй тоглоно.
Ирэх арваннэгдүгээр сард бид Европын орнуудаар тоглолтоо хийхээр төлөвлөчихсөн байна.
Бид хамгийн сүүлд 2009 онд Лондонд тоглолтоо хийж байсан.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг

Олон нийтийн сүлжээнд хэрэглэгчийнхээ тоогоор тэргүүлдэг фэйсбүүкийг үндэслэн байгуулагчид өнөөдөр нэлээд амжилттай яваа. Марк Цукерберг, Крис Хьюз, Эдуардо Саверин, Дастин Московиц гээд бүгд баячуудын жагсаалтад багтдаг. “Форбс” сэтгүүлээс өнгөрсөн жил гаргасан судалгаагаар дээр дурдагсдаас Дастин Московиц хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтын тавдугаарт орсон юм.

Түүний албан ёсны намтарт 1984 онд АНУ-ын нийслэлд амьдардаг еврей гэр бүлд төрсөн хэмээн бичсэн байдаг. Жирийн нэгэн айлын хүүгийн бага нас үеийнхнээсээ ялгараад байх зүйлгүй өнгөрсөн гэдэг. Дастин Московиц “Vanguard High School” ахлах сургуулийг дүүргээд эдийн засаг сонирхдог байсан тул энэ чиглэлээр суралцахаар Харвардын их сургуульд элсэн оржээ. Уг нь бол нисгэгч болно хэмээн ярьдаг байсан гэнэ. Оюутан байхдаа Марк Цукерберг, Крис Хьюз, Эдуардо Саверин нартай танилцаж хувь заяа нь орвонгоороо эргэсэн гэдэг. Дотуур байранд нэг өрөөнд цуг амьдардаг байсан залуус сургуулийнхаа дотоод сүлжээг ашиглах зөвхөн оюутнуудад зориулсан the­facebook хуудсыг санаачлан ажиллуулжээ. Түүгээр нь дамжуулан Харвардынхан бие биеэсээ хичээлийнхээ хуваарийг асууж, сонин хачнаасаа хуваалцана. Энэ нь өнөөгийн хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон фейсбүүкийн үндэс нь болсон. Хэдхэн жилийн дараа фейсбүүк нь сая сая хэрэглэгчтэй болж, үүсгэн байгуулагчдаа тэрбумтан болгоно хэмээн тэр үед зүүдлээ ч үгүй байх.

2004 оны зургадугаар сард Марк Цукерберг сургуулиасаа чөлөө авч компаниа байгуулах ажилд шамдан оржээ. Тэрээр Пало-Альтод суурьшиж найман хүн ажилд авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Шон Паркер гэгч залуу сүүлд тэдэнтэй нэгдэж хөрөнгө оруулагч олж өгснөөр интернэтэд жинхэнэ хувьсгал хийсэн түүхтэй. Дастин Московиц компанийнхаа техник төдийгүй стратеги болон хэтийн хөгжлийн асуудлыг хариуцаж байжээ. Гэвч 2008 онд тэрээр нөхдөөсөө “өрх тусгаарласан” юм. Тэрээр олон нийтийн сүлжээний амин сүнс болсон ажлын хэсэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар сэтгэл шулуудан “Asana” компаних байгуулжээ. Энэ ажилдаа өөрийгөө бүрэн зориулахаар шийдэж сургуулиасаа гарсан. Үүндээ одоо ч харамсдаггүй гэнэ. “Asana” компани байгуулагдаж гуравхан жилийн дотор хоёр томоохон компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хугацаанд дэмжигчид нь есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг маш үр бүтээлтэй ашиглаж чадсан юм. Эхний хоёр жил нь өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй болохын тулд өдөр шөнөгүй ажилласан. Удалгүй “Asa­na” гар утсанд хэрэглэгддэг “Path” нэртэй зураг авдаг программыг бүтээжээ. Үүний дараахан Дастин фэйсбүүкт цуг ажиллаж байсан Жастин Розенштайнтай хамтран “Luna” фреймворкийг зохион бүтээж салбартаа бас нэгэн том дэвшил гаргажээ.

Өнөөдөр Дастин Московиц манай дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг. Эмэгтэйчүүдийн сэтгүүл түүнийг бүсгүйчүүдийн сонирхлыг татдаг гоонь залуусын жагсаалтад нэг бус удаа оруулсан. Түүнийг шинэ үеийн тэрбумтан ч гэдэг. Ийнхүү нэрлэх хэдэн хэдэн шинж тэмдгийг хүртэл дурдсан юм. Тэдний нэг нь хувийн амьдрал болон намтрын талаарх мэдээлэл тун хомс гэнэ. Зарим нь Дастиныг АНУ-ын нийслэл Вашингтонд бус Флорида мужийн Гейнсвилл хотод төрсөн хэмээн ярьдаг.

Залуухан тэрбумтан маань хэдэн жилийн өмнөөс “Wall Street Journal” сэтгүүлийн сурвалжлагч Кери Тюнатай дотно харилцаатай болжээ.Тэд 2011 онд “Good Ventures” хэмээх буяны байгууллагыг санаачлан байгуулж 4.5 сая ам.доллар хандивласан. Гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах, хумхаа өвчинтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага нь саяхнаас Билл Гейтс, Уоррен Баффет нарын хэрэгжүүлж буй “Giving Predge” сайн санааны төсөлд нэгдсэн. Дашрамд дурдахад энэ төсөлд нэгдсэн баячууд нь эд хөрөнгийнхөө талыг үүнд хандивлах ёстой юм билээ. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн чинээлэг гэгддэг хүмүүс бараг бүгд уг төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн нэгдчихээд байгаа.

Хорин хэдхэн насандаа тэргүүн баячуудын жагсаалтад орсон Дастин Московицийн хувьд эд хөрөнгө нь дараа болдог гэнэ. Тэрээр хүүхэд байхдаа мөнгөөр нэлээд гачигдаж байсан тухайгаа дурсан ярьдаг. Тэр үед яаж мөнгөтэй болох вэ хэмээн толгойгоо гашилгаж байсан бол одоо түүнийгээ яаж зөв үйлсэд зарцуулах вэ хэмээн сэтгэл зовнидог болжээ. Тиймээс хамгийн чухал гэгддэг дэд бүтэц, боловсролын салбарт хандив өргөж, хүмүүсийн амьдралыг сайжруулахад дэмжлэг үзүүдэг. Тодорхой хүмүүсийн амьдрал ахуйд нь тусалдаг гэнэ.

Дастин Московиц энэ жил 32 нас хүрнэ. Хэдхэн жилийн өмнө найзуудаас нь өөр хүн таньдаггүй байсан залуу шаргуу хөдөлмөрийнхөө ачаар олны танил болсон. 2010 онд фэйсбүүкийг санаачлан байгуулсан залуусын талаар “The Social Network” кино хийсэн. Гол баатруудын нэг нь Дастин Московиц байсан бөгөөд түүний дүрд жүжигчин Жозеф Мацелло тогложээ. Харамсалтай нь энэ бүтээл түүнд таалагдаагүй. Харвардын их сургуулийн дөрвөн оюутан хэрхэн амжилтад хүрснийг харуулсан уг бүтээл бодит байдлыг харуулж чадаагүй гэнэ. Нэлээд хэтрүүлэгтэй, зарим хэсэгт нь бодит амьдрал дээр болоогүй юмыг хүртэл оруулсан байна.

Дастин Московиц 2008 онд фейсбүүкээс гарсан хэдий ч гол хувьцаа эзэмшигчдийн нэг хэвээр байсан. Түүнийхээ ачаар өөрийн компаниа байгуулж, хөрөнгөө арвижуулж чаджээ. 2013 онд “Форбс” сэтгүүлийн газраас Америкийн хамгийн чинээлэг 400 хүний жагсаалтыг гаргасныг уншигчид санаж байгаа байх. Түүнд 45-аас дээш насны 20 хүн орсон байдаг. Тэдний нэг нь Дастин Московиц. Өөрөөр хэлбэл тэрээр 26 настайдаа 2,6 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй байсан бөгөөд залуухан баячуудын жагсаалтад бичигдсэн.

Анх бизнест хөл тавьж байхдаа эрсдэлтэй алхам хийхээс өөр арга байгаагүй хэмээн ярьсан байдаг. Түүнд маш болгоомжтой байж, нэг зэрэг олон ажил барьж авахгүй байхыг зөвлөсөн аж. Ингэх нь маш их хугацаа шаардахаар нэлээд мөнгө хэрэгтэй болох тул амжилтад хүрэх магадлал тун бага хэмээн анхааруулсан гэдэг. Харин Дастин Московиц үүнтэй санал нийлдэггүй. Болж өгвөл олон ажлыг нэгэн зэрэг эхлүүлэх ёстой. Түүнээс нь хоёр, гурав нь бүтвэл зорилгодоо хүрлээ гэсэн үг. Ингээд л цаашаагаа дайраад байх хэрэгтэй хэмээн Дастин бизнест хүчээ үзэхийг залууст зөвлөдөг. Залуухан тэрбумтан нэгэн ярилцлагадаа “Аз, шаргуу хөдөлмөр хоёр огтлолцож байж амжилтад хүрдэг” хэмээн ярьжээ. Түүнээс гадна Дастин Московиц лхагва гаригт ямар нэгэн уулзалт, чухал ажил төлөвлөдөггүй гэнэ. Фэйсбүүкт байхдаа ингэж сурсан ба лхагва гаригт хувийнхаа ажлыг амжуулдаг юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Хэлэх үгтэй, хийсэн ажилтай анги

Хосе Мартийн нэрэмжит нийслэлийн 52 дугаар дунд сургуулийн 10А ангийнхан 1975 онд сургуулиа төгсөж бүгд дотоод, гадаадын их, дээд сургуульд элсэн оржээ. Тухайн үед дунд сургууль төгссөн хүүхдүүдийг сурлагаар нь жагсаан улаан шугам татаж их, дээд сургуулийн хуваарь авах эсэхийг шийддэг байв. Ингэсний дараа элсэлтийн шалгалтаа ямар өгснөөс хамааран сургуулиа сонгодог байлаа. Нэлээд хатуухан даваа давсны эцэст оюутны ширээний ард суух эрх авдаг байсан гэсэн үг. Ийм цаг үед нэг ангийн 38 сурагч бүгд их, дээд сургуульд орно гэдэг ховор тохиолдол. Хан-Уул дүүрэг буюу хуучнаар Ажилчны районд байрлах 52 дугаар дунд сургуулийн 10А ангийнхан нийгмийн идэвхтэй, нийслэлийн тэргүүний эвлэлийн үүр болж, сурлага, спортоор сургуульдаа төдийгүй хотод тэргүүлж байсан, хэлэх үгтэй, хийсэн ажилтай хамт олон байжээ.

Тэднийг Цагаан сарын дараахан уулзаж байхад очсон юм. Ер нь бол ойр ойрхон ангиараа цуглардаг, байнга холбоотой байдаг гэсэн. Хүний амьдрал гэдэг эрээнтэй, бараантай, жаргал зовлон аль аль нь хосолж байдаг. Тэр бүхэнд цугларч бие биедээ тусалж, баяр жаргалаа хуваалцана. Хамгийн сүүлд гэхэд төрсөн нутаг болох Хан-Уул дүүргийнхээ нэгэн цэнгээний газар ангиараа амьд хөгжмийн аялгуунд шинэ жилээ тэмдэглэсэн тухайгаа ярив. Удахгүй болох Мартын 8, цэргийн баяраар ч уулзацгаах гэнэ.

Харин энэ удаагийн уулзалтыг, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа зав чөлөөгөө гарган байж зохион байгуулжээ. Тэрээр ангийнхаа бахархал болсон сурагчдын нэг. Төрийн түшээ болсон ангийнхаа охиноор хамт олон нь ихэд бахархдаг гэнэ. Р.Бурмаа сургуульд байхын л нийгмийн идэвхтэй, онц сурлагатан төдийгүй, ангийнхаа эвлэлийн үүрийн дарга байжээ. Гэтэл ганцхан биеийн тамирынхаа хичээл дээр сайн гарах гээд болдоггүй. Ингээд л ангийн багш Ж.Жамъянжамц нь хөөцөлдөнө. Биеийн тамирын багш нь бөмбөг шидээд шийтэнд оруулах юм бол онц гаргана гэсэн болзол тавихад ангийнхан нь бүгд яаж шидэх талаар баахан зөвлөгөө өгдөг байсныг дурсан ярив. Хамт олныхоо дэмжлэгтэйгээр ямар ч байсан бөмбөгийг оруулж онц авдаг байжээ. Тэрээр Хүнс, хөдөө аж ахуйн яамны анхны эмэгтэй сайд. Тиймээс ч энэ жил анх удаагаа улсын сайн малчин цолыг эхнэр, нөхөр хоёрт хоёуланд нь олгуулсан. Урьд нь бол зөвхөн өрхийн тэргүүнд олгодог байсан гэнэ. Р.Бурмаа сайд, хуульч С.Оюундэлгэр хоёр арван жил нэг ширээнд суужээ. С.Оюундэлгэр нэрт хуульч Г.Совд гуайн охин, аавынхаа мэргэжлийг өвлөсөн аж. Хууль зүйн тэргүүний ажилтан тэрээр одоо ч энэ салбартаа ажиллаж байгаа.

10А ангиас зургаан доктор төрсөн. Тэдгээрийн эмэгтэйчүүд нь бүгд Жаргал, эрчүүд нь Баяр гэсэн үг орсон нэртэй гэдгийг онцолж байлаа. Геологийн доктор Л.Жаргал, биологийн ухааны доктор Д.Энхжаргал, анагаах ухааны доктор Д.Баярсайхан, биологийн ухааны доктор Л.Баярбилэг, цэргийн эдийн засгийн ухааны доктор Ж.Энхбаяр, хөдөө аж ахуйн доктор Д.Түмэнжаргал. Монгол Улсын гурван зөвлөх инженертэй. Тэдгээр нь хурандаа Л.Гүнтэвсүрэн, геологич минерологч Л.Жаргал, хоол үйлдвэрлэл үйлчилгээний С.Эрдэнэчимэг.

Эдний ангид их, дээд сургуулийн багш, хурандаа, хуульч, цахилгааны, дулааны инженер, хилийн цэргийн хошууч, цэргийн хурандаа, сайд, УИХ-ын гишүүн, улс төр судлаач, биологич гээд бүх салбарынхан байдаг. Бүгд эмээ, өвөө болсон хэдий ч сэтгэлээрээ бол залуухан, эрч хүч дүүрэн. Уулзахаараа 40 гаруй жилийн өмнөх хүүхэд насандаа очсон мэт л болно.

Тухайн үед Улаанбаатар хотын арван жилийн сургуулиудын дунд жил бүр тооны олимпиад болно. Түүнд нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн тооны ангийнхан үргэлж тэргүүлдэг байсан гэнэ. Харин 52 дугаар сургуулийн 10А ангийнхан анх удаа түрүүлж аваргуудыг буулгаж авчээ. Энэ нь тооны хичээл заасан Ардын багш Ү.Маамын гавьяа зүтгэл байсан хэмээн бүгд ярьж байлаа. Хамгийн гол нь алдарт багш нь логик ухааныг хөгжүүлж өгсөн бөгөөд хожим сурагчдынх нь амьдралд тус болсоор байгаа гэв.

Ангийн багш Ж.Жамъянжамц гэргий Г.Долгорын хамт

Эдний анги маш журамтай. Энэ нь салаа салаагаа даахаас эхэлнэ. Соёл, урлаг, спортын арга хэмжээнээс эхлүүлээд хуулах нь хүртэл маш нарийн зохион байгуулалттай. Ингэж л сурлагаараа бусдаасаа жаахаан хоцорч яваа нэгнийгээ авч гарна. Шалгалт болоход хамгийн түрүүнд сурлагаараа тэргүүлдэг таван охин орно. Тэдний араас тусламж авах ёстой нөхдөө оруулна. Ингээд л онц сурлагатнууд нь жинхэнэ авьяас чадвараа шавхан байж цаасаа дамжуулдаг байсан гэнэ.

нгиас нь хэн хамгийн их хөдөлгөөнтэй, сэргэлэн байсныг асуухад “Манай В.Батсайхан” хэмээн бүгд хэлж байлаа. Польшид дээд сургууль төгссөн өдгөө хувиараа бизнес эрхэлдэг тэрээр онигооны мастер. Энэ удаагийн уулзалтыг зохион байгуулахад ч багагүй үүрэг гүйцэтгэсэн тэрээр боломж л гарвал онигоо ярьж өгч бусдыгаа инээлгэнэ.

Хилийн цэргийн хошууч Ш.Одонгэрэл хэмээх сайхан эмэгтэй олон жил ангийнхантайгаа уулзаж чадаагүй гэнэ. Тэрээр улсынхаа хилийг хамгаалж үүргээ гүйцэтгэж явсан тул ирж амждаггүй байжээ. Ангийн хамгийн царайлаг охидын нэг бөгөөд одоо ч сайхан хэвээрээ. Хүүхдүүд нь бүгд хилийн цэрэгт алба хаадаг гэнэ. 10А ангийнхан салхи, шуурга, савдаг гээд л янз бүрийн хочтой. Нэг нь босч үг хэлэхэд “Салхи шуурлаа, араас нь шуурга босно шүү” хэмээн бие биетэйгээ тоглоом хийнэ. Уулзалт болгоныг ивээн тэтгэдэг Б.Намнандоржийг манай Ричард Гир хэмээн цоллоно. Үнэхээр ч Холливудын алдарт жүжигчинтэй тун ч төстэй. Ангийнхныхаа уулзалтыг ихэнхдээ ивээн тэтгэдэг тул түүнийг Ричард бус Ричи хэмээн нэрлэхээр болов.

Ангийн багш Ж.Жамъянжамцын хүү Ж.Болдбаатар мөн 10А ангийнх. Багш нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тул хүүг нь бүгд багш хэмээн дуудах нь ихэд сайхан сонсогдсон юм. Ингээд аавыгаа төлөөлөн хүү нь ангийнхандаа хандан үг хэлсэн юм. Энэ мөчид бүгд л Ж.Жамъянжамц багшаа дурсаж байлаа. Тэрээр олон ангийг дааж авч төгсгөсөн хэдий ч энэ ангиа үргэлж дурсан ярьдаг байсан гэнэ. Ж.Жамъянжамц багш нь 1928 онд Завхан аймагт төрж, Багшийн дээд сургуулийг дүүргэсэн. Шинэ бичгийн анхны тооны багш тэрээр Политехникум, нийслэлийн 52, 18, 75 дугаар сургуульд багшаар ажиллажээ. 2000 онд бичсэн дурсамжийнхаа номонд миний шилдэг зургаан шавь хэмээн Р.Бурмаа, Тогтохбаяр, Алтангэрэл нарыг дурдсаныг хүү нь ярьж байлаа. Дашрамд дурдахад түүний эхнэр монгол хэлний багш Г.Долгор 10А ангийнханд тав, зургадугаар ангид нь монгол хэл, уран зохиолын хичээл заадаг байжээ. Харин хүү Ж.Болдбаатар нь гэртээ ч, ангидаа ч ээж, аав хоёрыгоо багш аа хэмээн дуудна. Ангийнхан нь ихэд гайхаж “Яагаад ээж, аавыгаа багш аа гээд байгаа юм” хэмээн асуудаг байсныг дурсав.

10А ангийнхан ердөө хоёр л багшийн гар дамжсан. Анхных нь А үсэг заасан багш А.Батнямсүрэн гэнэ. “Манай ангид Ардын багш Ү.Маам, монгол хэл, уран зохиолын багш Г.Долгор хоёрыг ороод ирэхэд бүгд нам болж, ялаа нисэх нь хүртэл сонсогддог байж билээ” гэцгээв.

Энэ удаагийн уулзалтаар 10А-гийнхан бас нэгэн чухал ажил амжуулсан юм. Ангийн даргаа ил санал хураалтааар ардчилсан байдлаар сонгов. Олон жил энэ нэр хүндтэй албыг хашиж буй Д.Наранчимэг үүрэгт ажлаа сайн гүйцэтгэсэн тул энэ удаа ч улиран сонгохоор 100 хувь санал нэгтэйгээр дэмжсэн юм. Даргаа сонгосныхоо дараа олон жилийн өмнөх нэгэн явдлыг дурслаа. Эднийхэн Оросын хоёрдугаар сургуулийн нэг ангитай шефийн холбоо тогтоожээ. Гэтэл түүнээс хойш ангийнх нь сор болсон залуучууд Орос сургууль руу гүйдэлтэй болж алдах шахсан гэнэ. Зарим охид нь хөвгүүдээ “Ямар ч байсан чи тийшээ гүйдэлтэй болсон байсан” хэмээн бөөн инээдэм болж байснаа байхгүй нэгнийгээ дурсав.

Ангийн анд Л.Баярбилэг нь сурлага, мэдлэгээрээ бусдаасаа онцгой ялгардаг нэгэн аж. Москвагийн их сургуулийг дүүргэсэн ангийн анд нь 1980 онд Зөвлөлтөд сурдаг монгол оюутнуудыг төлөөлөн Ю.Цэдэнбал даргыг Москвад очиход үг хэлж байсан гэнэ. Харамсалтай нь бусдаасаа онцгой хүмүүс богино настай байдаг бололтой хэмээн ярьж билээ.

Хөдөө аж ахуйн ухааны доктор, дэд профессор Д.Түмэнжаргал нь ангийнхаа бас нэгэн бахархал. Тэрээр Булган аймгийн Сайхан сумын нутаг Эрээний нүүрсний уурхайд биологийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэсэн нь тун амжилттай болжээ. Өдгөө Сайханы зургадугаар багийн малчид тэндээс хадлан авдаг. Энэ нь Монгол Улсад жишиг болсон нүүрсний уурхайн цогц нөхөн сэргээлт.

Хуучнаар Ажилчны районы нутаг дэвсгэрт хамаарах Бааст гол дээр хүүхдүүд өвөл нь гулгаж, хоккей тоглоно. 10А-гийн Ж.Энхбаяр байнга хоккей тоглодог байсан тул Бааст голын Харламов гэдэг болжээ. Нэг орцонд амьдардаг ангийн хүүхдийн аав нь Ж.Энхбаярыг байнга тоглож байгааг анзаараад “Энэ Бааст голын Харламов хичээлдээ явж байна уу, дандаа л тоглож харагдах юм ” хэмээн асуусан гэнэ. Ингэж л эцэг эх нь хүртэл хүүхэдтэй нь нэг ангид сурдаг хүүд санаа тавина.

10А ангийнхнаас өдгөө гадаадад амьдарч байгаа хэдэн хүүхэд бий. Ангийн анд Х.Энхтайван нь АНУ-ын Вашингтонд, Ч.Энхтуяа Денверт, харин Л.Энхжаргал нь Канадад амьдарч байгаа. Мөн Бельгид байгаа найз Ч.Энхсайханаа ч дурсан ярьж байлаа.

10А ангийнхан бүгд л ээлжлэн босч үг хэлэв. Ёстой л хийсэн ажилтай, хэлэх үгтэй хамт олон байна гэсэн бодол төрсөн юм. Тэд ангиараа цугласан боломжоо ашиглан ирж чадаагүй ангийн анд Ш.Батсууриа эргэхээр явсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Ая зохиогчийн ээж

Ая зохиогч Б.Ангирмаа одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө тоглолтоо хийхдээ ээждээ зориулан зохиосон дуугаа үзэгч олондоо хүргэсэн билээ. Түүнд:

Орчлонд ганцхан ижийдээ

Оддын тоогоор үнсүүлэхсэн

Дусал нулимс шиг үр чинь

Духаа цоортол мөргөе дөө

гэсэн мөрүүд бий. Б.Ангирмаа, түүний ах сэтгүүлч, ая зохиогч Б.Долгионыг хүмүүс сайн мэднэ. Харин тэдний ээж, аавыг төдийлөн сайн мэдэхгүй л болов уу.

Б.Долгорсүрэн хэмээх жирийн нэгэн монгол бүсгүй, сайн ээж, гэргий гэхэд огтхон ч дэгсдэхгүй. Тухайн үедээ бусдынхаа л адил эгэл амьдралыг туулж өнгөрүүлсэн тэрээр үр хүүхдүүддээ бол хамгийн эрхэм, сайхан хүн. Архангай аймгийн Тариат сумаас гаралтай, Улаанбаатар хотод төрж өссөн. Б.Долгорсүрэнгийн өвөө Гомбо хэмээх хохь тайж хүн байсан. Аав Г.Барбаатар нь ардын хувьсгалын дараахан хөрөнгийг нийгэмчлэх үед байсан бүхнээ хураалгажээ. Б.Долгорсүрэн 13 хүүхэдтай айлын хамгийн отгон нь.

Түүнийг бага байхад хотжих үйл явц эхэлж Улаанбаатар хотод анх барилга баригдаж бүтээн байгуулалт ид өрнөж байсан тухай хүүхдүүддээ сонин түүхүүд ярьдаг байсныг хүү нь дурсав. Элдэв-Очирын нэрэмжит кино театр буюу одоогийнхоор Хөрөнгийн биржийн байшинг дайны үед олзлогдсон япон цэргүүд барьж байсан үе. Хүүхэд байсан болохоор их сониуч, эгч Б.Улятайхүүгийн хамт япон цэргүүд хэрхэн ажиллаж байгааг хашааны завсраар харж зогсдог байсан гэнэ. Хот байгуулах аян дөнгөж эхэлж байсан болохоор бүх юм сонирхолтой санагдана. Ээж нь ийнхүү ярихад тухайн үеийн Хүрээний охидын дүр зураг нүдэнд шууд л буудаг хэмээн Б.Долгион ярив. Тэр үед монголчууд бүгд хашаа байшинд амьдардаг байсан. Б.Долгорсүрэн одоогийнхоор Соёл урлагийн их сургуулийн тэр хавьд амьдарна. 1937 онд аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тул ээж ах хоёр нь түүнийг өсгөжээ. Ингээд удалгүй нутгийн залуу Ч.Балчинжавтай танилцаж, гэр бүл болоод таван хүүхдийн эх болсон байна. Том хүү Мандахыг ах Б.Ванчинд өргүүлсэн аж.

Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргэсэн Б.Долгорсүрэн насаараа бичиг хэргийн ажил эрхэлсэн. Мөн арван хурууны бичээч байсан. 1990-ээд он хүртэл тун ч чухал гэгддэг байсан энэ мэргэжлийг маш сайн эзэмшжээ. Одоогийнх шиг компьютер энэ тэр байсангүй. Мастер бичээч маань Барилгын яам, Ойн аж ахуйн яам, Төлөвлөгөөний комиссын дарга асан Бат-Очир, сайд Тлейхан, Жамбал нарын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Б.Долгионыг хүүхэд байхад нь харах хүнгүй тул ээж нь хааяа ажилдаа дагуулаад явна. Ингээд л нарийн бичгийн даргын өрөөнд өдрийг өнгөрөөнө. Бяцхан хүүг харчихаад “Ажлын цагаар энэ хүүхэд энд юу хийж байгаа юм” хэмээх дарга нарын харц одоо болтол сэтгүүлч Б.Долгионы сэтгэлээс гардаггүй гэнэ.

Ер нь олны танил, түмэнд алдартай хүн л мундаг байна гэж юу байхав. Хүн жирийн амьдарна гэдэг хамгийн сайхан хэмээн олон алдартан хэлсэн байдаг. Ийм хүмүүс л амьдралын амтыг хамгийн ихээр мэдэрдэг.

Б.Долгионыг хүүхэд байхад аав нь Москвад ажиллахаар болж гэр бүлээрээ Оросыг зорьсон байна. Тэрээр Москва хотын 93 дугаар дунд сургуульд нэгдүгээр ангид оржээ. Тэр үед ангийнх нь орос хүүхдүүд “Танай ээж чинь ямар гоё хүн юм бэ” гэж хүүд нь хэлдэг байсан гэнэ шүү. Харин Б.Долгион бага байсан тул тэр болгон анзаардаггүй байснаа дурсав. Орос хүүхдүүд хүртэл ингэж хэлдэг байсныг бодоход үнэхээр сайхан эмэгтэй байжээ. Хүүхдүүд гэдэг хамгийн ариун, шударга, харсан бодсоноо шууд л хэлдэг. Тиймээс үүнээс илүү үнэн гэж юу байхав. Москвад байхдаа бяцхан хүүдээ маш их юм үзүүлж, нүдийг нь нээж өгсөн гэдэг. Тэр бүхэн одоо Оросын нийслэлд очих бүрийд нүдэнд нь харагддаг тухай дурсав. Эргээд бодоход үзүүлж харуулсан бүхэн нь их учиртай байжээ. За тэгээд Б.Долгион том болсон хойноо хааяа “сахилгагүйтэж” ээжийнхээ сэтгэлийг чилээж байснаа ярив. Хүний амьдралд тохиолддог нэг тиймэрхүү эвгүй үед ээж, эхнэр хоёр маань хөөцөлдөж татаж авсан даа хэмээн хүүрнэв. Д.Долгион ээжийгээ 41 настайд нь эмээ болгожээ. “Зарим эцэг эх бол ийм эрт эмээ, өвөө болохгүй гэдэг. Манай ээж бол ач хүүхдүүддээ бүхнээ зориулсан” гэв. Бэр С.Сэлэнгэдээ маш их хайртай. Үүнийг батлах баримтыг ч би мэдэх юм байна. Б.Долгионы охин Д.Тэнгисмаагийн багш Д.Маамхүү гуай Б.Долгорсүрэн, С.Сэлэнгэ нарын тухай магтаж ярьсныг сонссон.

Б.Долгионы аав, ээж нь урлагт нэлээд авьяастай, сайхан дуулдаг хүмүүс байсан гэнэ. Дунд ангийн сурагч байхдаа ээжийнхээ дуу аялж байгааг сонсоод маш сайн сонсголтой хүн юм байна гэдгийг мэдэрчээ. Б.Долгион, Б.Ангирмаа гээд хүүхдүүд нь авьяастай, урлагт сэтгэлтэй байдаг нь яахын аргагүй ээж, аав, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн гэдэг нь эргэлзээгүй. Дашрамд дурдахад аавынх нь аав хуурч Б.Чадраабал гэж авьяастай хүн байсан. Харин аав нь тенор хоолойтой хачин сайхан дуулдаг байжээ. Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Г.Хайдав нар хүртэл аавынх нь сайхан дуулдаг байсан тухай ярьдаг. Аав нь гэртээ үргэлж дуулна. Нэрт дуучдын дуутай пянзыг байнга тавина. Ээж нь хөгжим сонсох зэргийг нь хэзээ ч хориглож байгаагүй нь цаагуураа дэмждэг байсны нэгэн илэрхийлэл байжээ. Ийм гэр бүлд өссөн хүүхэд яаж ч хөгжим сонирхохгүй байх билээ. Б.Долгионы дүү Б.Оргил нь дуулаачдын тэмцээнд оролцож түрүүлж байсан гэнэ. Мөн Б.Ангирмаагийн эгч Б.Энхриймаа нь дуулах авьяастай нэгэн. Дүү нь ая зохиогоод эхлэхэд ах Б.Долгион нь төдийлөн тоогоогүй гэнэ. Харин ээж нь “Чи дүүгээ дэмжээч” хэмээн хааяа хэлнэ. Б.Долгорсүрэн хүүхдүүдээ загнадаггүй, заримдаа сахилгагүйтэхэд нь “Иш, энэний байж байгааг нь” хэмээн хамгийн хөдөлгөөнтэй байсан Б.Долгионыг зэмлэнэ. Өөр юм хэлдэггүй. Хүү нь урлагийн хүн болох гэхэд аав нь нэлээд эсэргүүцнэ. Харин ээж нь маш чимээгүйгээр дэмждэг байсан гэдэг.

Өнөөдөр хүмүүст хамгийн ихээр дутагдаж буй жудагийн талаар бид ярилцсан юм. Худлаа хэлэхгүй, хулгай хийж болохгүй, хүн чанартай байхыг Б.Долгорсүрэн гуай хүүхдүүддээ маш сайн суулгаж өгсөн. Ээжийнх нь бас нэгэн чанар бол маш цэвэрч, тэр үед л зөв хооллолтод анхаарч байжээ. Б.Долгион “Монгол масло идэхгүй орос масло иднэ хэмээн ихэд “томордог” байснаа одоо бодоод ихэд ичдэг” хэмээн ярив. Харин ээж нь хүүхдүүдээ идэх дуртай зүйлээр нь таслаагүй гэнэ. Эцэг, хүүхдүүдийн хоорондох зөрчилдөөн мөнхөд байсан, байсаар байх ч болно. Үүнийг ч ээж нь эмэгтэй хүний нарийн ухаанаар зохицуулна. Аав нь улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж явсан. Гэтэл энэ бүхнийг хүүхдүүддээ огтхон ч мэдэгдүүлээгүй гэнэ. Энэ бол ээжийнх нь л гавьяа аж. Ямар ч хэцүү байсан давж гарч чаджээ. Хүүхдүүд нь энэ тухай бүр хожим мэдчихээд ихэд цочирдсон гэдэг. Энэ бүхнийг эргээд дурсахад ээж нь үнэхээр тэвчээртэй эмэгтэй. Хүүхдүүдээ бага насандаа аз жаргалтай байг гэж ихэд хичээсэн байдаг.

Б.Долгорсүрэн гуай тэтгэвэрт гарсныхаа өмнөх жилүүдэд Ан олдворын газарт боловсон хүчнээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд суужээ. Гэвч зүгээр суухыг хүсээгүй. Тэр жил “Мандухай цэцэн хатан” кино хийгдэхээр болж зургийн даргаар нь гэр бүлийн найз Зинаамэдэр ажилласан. Б.Долгорсүрэнг киноны жижиг хэрэглэлийн нярваар авч ажиллуулжээ. Киноныхон “Догоо эгч” гээд анддаггүй юм билээ. “Естой сайн эгч байж билээ” хэмээн дурсахыг хүүхдүүд нь нэг бусдаа сонссон .

Хүмүүс аавынхаа хувь заяаг давтдаг гэдэг. Б.Долгион хэнз охинтой гэнэ. Д.Төгснаран охин нь одоо 14 настай. Тиймээс хэнз охин, дүү Б.Ангирмаа нь эцэг эхийнхээ хувьд ямар эрхэм хүүхэд байсныг өөрийн биеэр мэдэрсэн хэмээн ярив. Б.Долгорсүрэн гуайн хүүхдүүд бүгд л сайхан дуулдаг, урлагтаа үнэнчээр зүтгэсээр. Хэдийгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч үр хүүхдийнхээ сайн сайхан явааг тэнгэрээс харж байгаа байх.


Categories
мэдээ цаг-үе

Адель: “Album-21” цомог богино хугацаанд том амжилтад хүрсэн

Их Британийн нэрт дуучин Адель өнгөрсөн оны өмнөхөн шинэ бүтээлээ үзэгч олондоо толилуулсан. Оскар, Грэммигийн шагналт тэрээр ээж болж нэг хэсэг чимээгүй байсан. Харин саяхан шүтэн бишрэгчдэдээ шинэ клипээ толилуулж түүнийг нь олон нийтийн сүлжээгээр хэдэн сая хүн үзжээ. Аделийн “Zeit Magazin”-д өгсөн ярилцлагыг товчлон сонирхуулъя.

Адель, та бол фитнессийн цонхоор бүсгүйчүүд хэрхэн бэлтгэл хийж байгааг атаархан хардаггүй хүн. Ингэж биеэ зовоохын оронд цадталаа иднэ гэдэг байсан. Гэтэл гэнэт яагаад бодлоо өөрчлөв?

-Яагаад гэдгийг танд хэлж өгье. Маш хөдөлгөөнтэй гурван настай хүү гарч ирсэн. Цаашдаа түүнийхээ дэргэд байхын тулд спортоор хичээллэхээс өөр аргагүй болсон. Тэгээд ч би ээж хүн, ажил маань нэлээд хүнд. Байнга л хэзээ зав гарах бол хэмээн хүлээдэг. Тоглолтууд хэзээ эхэлдгийг та мэдэх байх.

Ер нь бол орой.

-Зөв. Гурван жилийн өмнөөс эхлээд тоглолтын үеэрээ би юу хийдэг болсон гээч. Унтдаг болсон. Хүүтэйгээ цуг яг 20:00 цагт орондоо орно. Ээжийн ажил гэдэг амаргүй шүү дээ. Орондоо орсон хойноо лэптоп дээрээ захидал биччихээд дараа нь унтдаг болсон. Ийм байхад хэзээ нь загвар өмсөгч шиг биетэй болох гээд дасгал хийх билээ.

Нэрт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд таныг тарган байна гэж шүүмжилсэн. Үүнд нь гомдсон уу?

-Үгүй. Надад бол үнэндээ хамаагүй байсан. Хамгийн их бухимдуулсан юм нь гэвэл надаас хүлцэл өчиж “Chanel”-ийн нэлээд үнэтэй цүнх явуулсан гэж хүнд ярьсан байсан. Тэрийг нь би аваагүй. Тэр цүнх явуулсан байж магадгүй, гэхдээ надад ирээгүй.

Таны шинээр гарсан “Album 21” цомгийн талаар нэлээд цуу яриа гарсан. Гэхдээ тэдгээрийг батлах нэг ч баримт байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Энэ бүхнийг яаж хүлээж авав?

-Чин үнэнээ хэлэхэд хэцүү байсан. Өчигдөр орой орондоо хэвтэж байхдаа яагаад ийм яриа гарсан талаар бодоод ихэд гайхсан. Уг нь бол бүгдийг ямар нэгэн асуудалгүй хийхийн тулд нэлээд олон хүнийг хөлслөн ажиллуулсан. Тэд ам алдаагүй. Тиймээс яагаад ийм юм болсон гэдэг нь их чухал. Учир нь итгэл гэдэг маш үнэ цэнтэй зүйл. Би хэдхэн ажилтантай.

Та хэдэн ажилтантай вэ?

-Тав. Хоёр менежер, хоёр нийтлэлч, миний дуу бичлэгийн компанийн дарга. Ингээд л болоо.

Тэгвэл таны найзууд?

-Миний нууцыг бусдад тараадаг байсан тул найз байхаа больсон. Маш дотнын хоёр найз бүсгүй байсан. Тэд нууцыг задалсан хэрэгт холбогдсон. Бас дээр нь миний найз залуу.

Та фэйсбүк, твиттерт урьдынх шигээ идэвхтэйгээр орохоо больсон. Бодлогоор ингэсэн үү?

-Үгүй. Та миний талаар юу ч мэддэггүй юм байна. Чин үнэнээ хэлэхэд олон нийтийн сүлжээ үнэхээр хүчирхэг гэж боддог үе байлаа. Интернэтээр дамждаг бүх л үйлчилгээг авсан. Гэтэл хэн нэгний тусламжгүйгээр банкныхаа данс руу нэвтэрч чаддаггүй болсон шүү.

Та таван жил уран бүтээл туурвихгүй завсарлага авч тайван амьдарна гэж одоогоос хэдэн жилийн өмнө хэлсэн. Гэтэл тав биш гурван жил завсарласан. Энэ хугацаанд хүссэнээрээ тайван амьдарч чадсан уу?

-Таван жил завсарлага авна. Ингэсэн бол үнэхээр сайхан байх байсан. Маш сайхан. Гэхдээ би таван жил тэсэхгүй байсан байх. Би бараг хоёр жил бүх юмнаас хол байлаа. Хөл хүнд байхдаа “Жеймс Бонд-“Skyfall” киноны дууг дуулсан. Намайг төрөхийн өмнөхөн киноны нээлт болсон тул би оролцож чадаагүй.Төрснөөсөө хойш хоёр жил жинхэнэ амьдралаас таашаал авсан. Түүнээс нэг сарын өмнө би шагналаа гардаж авахаар Холливудад очсон.

Жишээ нь “Skyfall” киноны дуугаараа Оскар, Грэммигийн шагнал авсан.

-Гэхдээ энэ хоёр жил гэдэг бас ч бага хугацаа биш шүү.

Таны “Album 21” цомог нь нэлээд шуугиан тарьсан. Үүний дараа хэсэг чимээгүй байх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн үү?

-Маш богино хугацаанд том амжилтанд хүрсэн. Мэдээжийн хэрэг сайхан байсан хэдий ч бас амаргүй байлаа. Үнэхээр бүх юмыг орвонгоор нь өөрчилсөн үе байсан шүү. 2011 онд “Mercury Awards” шагналыг гардуулах ёслолоос хойш бүх юм өөрчлөгдсөн. “Album 21” цомог маань шагналд дэвшихэд бахархах сэтгэл төрж билээ. Би олон жил “Mercury Awards” шагнал гардуулах ёслолыг телевизээр үздэг байсан бол гэнэт өөрөө гол баатар нь болчихсон. Харамсалтай нь үүний дараа бие маань өвдсөн. Тиймээс хоёр тоглолтоо цуцалж, шагнал гардуулах ёслолд оролцоогүй. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа ч яахав, харин шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээж байгаа тоглолтыг цуцална гэдэг онцгүй . Дараа нь нэг тоглолт хийхэд намайг бөөн хүмүүс бүчин авч билээ. Би бүр цочирдсон шүү. Зөв ойлгоорой, тэд бүгд намайг хүндэтгэдэг, гоё үг хэлэх гэсэн хүмүүс байсан.

Та бол супер од болсон. Үүндээ дасч байна уу?

– Дасах ёстой. Тэгээд ч би уран бүтээлээ туурвимаар байгаа, үүнээсээ болих бодол байхгүй. Тодорхойгүй хугацаанд би алдартай байх болов уу. Тиймээс энэ бүхэнд дасахаас өөр арга алга. Өөрөөр хэлбэл арван жил чөлөө завгүй байна гэж бухимдаж суух эсвэл энэ бүхнээс таашаал авах хоёр л зам байна. Би хоёр дахийг нь сонгосон. Гэхдээ “Би од болсон. Гоё” гэж хэлэхгүй, бүх баярын арга хэмжээнд оролцож зургаа авахуулахгүй. Би тийм хүн биш. Улс орнуудаар явж тоглолтоо хийж энэ бүхэнд зохицож сурна, түүнээсээ таашаал авдаг болно.

Орчуулсан Ю.Дэлгэр

Categories
мэдээ цаг-үе

Нанзадын Чулуунхүү гавьяаттай хөөрөлдсөн нь

Шинийн арваннэгний билэгт өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин Нанзадын Чулуунхүүгийнд өнжсөн юм. Гавьяат маань ер нь л их завгүй хүн. Цагаан сарын золголт ч хараахан дуусаагүй байлаа. Тэрээр хийх ажлаа өдөр бүр төлөвлөн, жижигхэн цаасан дээр бичнэ. Түүнийгээ харж байгаад л ажлаа амжуулдгаа ярьж өнөөх “ажлын тайлан”-гаа үзүүлэв. Биднийг очихын өмнө тэрээр уугуул нутаг Завхан аймгийн Тэлмэн сумын золголтод очиж амжжээ. Яриа хөөрөө маань монгол бөхийн дуунаас эхэллээ. Бөхийн өргөөнд болдог барилдаан

Хангарьдын дэвэлтээр дэвээд

Харцага шонхорын шүүрэлтээр шүүрээд

Хараа өндөр өө гараа сүрлэг ээ

Хавтай сайхан бахтай бардам аа

Монгол түмний цэнгэлийн манлай

Мохошгүй зоригт харьшгүй хүчтэй бөхчүүд минь ээхэмээх дуугаар эхлэх нь бий. Уг дууны шүлгийг ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав бичиж Н.Чулуунхүү гавьяат ая данг нь тааруулсан байна. Ерээд оны үе. Чулуунхүү гуай цэргийн 013 дугаар ангийн санхүү аж ахуй эрхэлсэн орлогчоор ажиллаж байснаа дурсан ярив. Картын бараанд шилжсэн, нийгэм зэврүүхэн байсан тэр цагт Сүрэнжав гуайн шүлэг сэтгэлд нь яваад л байсан хэрэг. Нэгэн өдөр өрөөнд нь улсын заан Ч.Гочоосүрэн, “Ерөнхийлөгчийн бөх” гэгддэг Ж.Чулуун начин нар ороод ирсэн байна. Тэдэнд дууныхаа тухай яриад “Алив та нар нэг дэвээд орхи, би дуугаа аялъя” гэхэд хариуд нь “Хурандаа нэг шил юм гаргавал ч болно” хэмээн тоглоом шоглоом хийсэн гэдэг. Байсан ганц хатуухан “юм”-аа гаргаж, хоёр хүчтэн ч сайхан дэвж дууны ая нугалаа ч зохирсон байна. Ц.Түвшинтөгс гавьяатаар дуулуулна хэмээн бодож байсан ч нэг танил нь С.Эрхэмбаяр начныг сайхан дуулдгийг шагшин магтаад гавьяатын сонорт хүргэчихэж. Ийнхүү бөхийн тухай дууг улсын цолтой бөх хүн дуулж олны хүртээл болгосон түүхтэй. 1993 онд улсын начин С.Эрхэмбаяр энэ дуугаар “Морин хуур” уралдаанд оролцсон нь бий.

НЭГДЛИЙН ДАРГА БОЛОХ МӨРӨӨДӨЛ

Н.Чулуунхүү сургуульд байхын л нийгмийн идэвхтэй, дуулна, бүжиглэнэ, шүлэг уншина бас ангийн дарга. Бөөн идэвх байсныг нь ангийн нөхөд нь уулзах бүртээ дурсан ярьдаг гэнэ. Зуны амралт эхлэнгүүт хүүхдүүд хөдөө гэр рүүгээ явна. Харин сурагч Чулуунхүү явах тун дургүй. Наадмын концертын бэлтгэл энэ тэр гээд л үлдчихнэ. Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн дунд сургуулийг төгссөн түүний хүүхэд нас хөдөө өнгөрсөн. Хүргэн ахыгаа дагаж аймгийн төвд ирж аравдугаар ангиа төгссөн аж. Сурлагаараа сайн байсан тул шалгалтаа өгч аль ч сургуульд сурах бүх болзлыг хангасан байна. Гэвч яагаад ч юм Хөдөө аж ахуйн дээд сургуулийн малын эмчийн ангид орох хүсэлтэй байж. Гадаадад суралцах бодол байгаагүй гэдэг. Хөдөөний хүүд малын эмч шиг том хүн үгүй. Малын эмч нь сум, нэгдлийн дарга болдог тул тэдэн шиг мундаг болно хэмээн мөрөөддөг байж л дээ. Тухайн үеийн хөдөөний хүүхдийн мөрөөдөл гэх үү дээ. Ингээд Хөдөө аж ахуйн дээд сургуульдаа ч орсон. Гэтэл 1964 оны арваннэгдүгээр сард гэнэт Улсыг агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн анги байгуулагдаж карантингүйгээр татагджээ. Дээд сургуулийн нэг, хоёрдугаар курс, тухайн үед техникумын төгсөх курсын оюутнуудыг татаж, Оросын офицеруудаар хичээл заалгуулсан байна. Пуужин, локатр, холбооны ангиуд байгуулж байсан тул зүгээр нэг цэргүүдийг бус оюутнуудаас шилж авсан байх хэмээн Чулуунхүү гуай ярив. Тэр үед түүнтэй цэрэгт цуг татагдсан залуучуудаас хожим нь олон генерал төржээ. Цэрэгт очоод хэдхэн сарын дараа гурван залууд бага дэслэгч цол олгосны нэг нь Чулуунхүү байсан гэнэ. Ингэж салаан дарга болон дэвшиж удаа ч үгүй ротын дарга болон мандаад өгч. Гэвч дуу хуураа орхиогүй. Хожим Ленинградын цэргийн академид элсэн орж оюутан байхдаа ч дуугаа дуулсаар. Гадаадын оюутнуудын дунд зохиогддог урлагийн үзлэгт орж гран при шагналыг хүртээд авсан удаатай. Түүний дүүргэсэн академи нь өнгөрсөн жил 105 жилийнхээ ойг тэмдэглэжээ. Энэ сургуулиас Монголын 12 генерал төрсөн гэнэ. Харин гавьяат жүжигчинтэй хамт цэрэгт алба хааж байсан залуучуудаас Улаанхүү, Жалбажав, Бямбажав, Дашзэвэг гээд нэлээд хэд нь генерал цол хүртсэн. Мөн галтай хэдэн хурандаа цолтон төрснийг он жав нь онцолж байлаа.

Хурандаа Н.Чулуунхүүд “Эх орны төлөө” шагнал гардуулж байгаа нь

Ж.ГҮРРАГЧАА БААТРЫН РОТЫН ДАРГА

Гавьяат жүжигчинг Ленинградын цэргийн академид явахын өмнөхөн түүний ротод Ж.Гүррагчаа хэмээх залуу ирсэн байна. Ердөө сар гаруй л ротынх нь дарга байсан гэдгээ дуучин маань дурссан юм. Ийнхүү Чулуунхүү гавьяат Монгол Улсын баатар, сансрын нисгэгчийг захирч байсан сайхан түүх бий ажээ. Гүрээ баатар тэр хоёр насаар тун ойрхон. Баатар ч гавьяатын ижил Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурч байсан гэнэ лээ. Ж.Гүррагчаа баатар гавьяаттай хаа чиг таарсан “Ротын дарга” хэмээн хүндэтгэн дууддаг гэнэ. Тэгэхэд нь нүүр хийх газаргүй болж ичдэг байснаа ярив. Тэр үед хөгжмийн зохиолч Сэргэлэн “Арван дүүгийн зулайг гишгэсэн” хэмээх нэгэн сайхан дууг зохиож, Чулуунхүү дуулжээ. Нэг удаа Ж.Гүррагчаатай таарсан чинь гэртээ аваачиж энэ дуугаа сансрын нисгэгчийн аавд дуулж өгч сонорыг нь мялаасан гэнэ. Ингэж суухдаа “Та намайг олон хүний дунд битгий ротын дарга аа гэж дуудаарай” хэмээн гуйхад өөдөөс нь “Үнэн юм чинь яадаг юм” хэмээн инээд алдсан гэдэг. Баатар Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байхдаа ротынхоо даргыг дуудаж нэлээд хэдэн удаа гуйж байж Цэргийн музейн дарга болгосон юм билээ.

Чулуунхүү гавьяат гитартай холбогдсон түүхээ ийнхүү сонирхуулсан юм. “Радиогоор дуучин Зоригоогийн гитар дарж дуулдаг дуу их явна. Түүнийг сонсох болгонд гитар дарж сурмаар санагдана. Цуг алба хааж байсан, хожим нь хурандаа болсон Батцэрэн маань Улсын филармонийн Нацагдорж гэдэг хүнтэй танилцуулж, гитар заалгаж байлаа. Ингээд л гитараас салахаа больсон доо. Эхэн үед надад хэн ч дуугаа өгч дуулуулах билээ. Тиймээс ардын дуугаар уран бүтээлээ эхэлсэн. “Юндэн гөөгөө”, “Өдтэй бичиг”, “Гандий мод” зэрэг дууг дуулж радиогийн алтан фондод бичүүлж байлаа” гэв.

Тэрээр олон жил дуулагдаагүй “Ванлий”-г дуулж радиод бичүүлсэн байна. Үүнээс улбаалан “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр сонсогчид заавал захиалдаг болсон гэнэ. Ардын дуунууд нь ийнхүү радиогоор цацагдаад эхлэхээр хөгжмийн зохиолчид ч дуугаа дуулуулах хүсэлт тавьжээ. Зохиолын дуунуудаас анх соёлын гавьяат зүтгэлтэн Р.Энхбазарын хөгжим “Ижилсэн жаргая хоёулаа” дууг олны хүртээл болгосон гэдэг. Уг бүтээлийг хүмүүс одоо хэр нь сонсох дуртай.

Хос гитартай, ятгатай, гобойтой, морин хууртай дуулснаа Чулуунхүү гуай сонирхуулж байв. “Ер нь гитартай хослуулах боломжтой бүх хөгжмийг ашигласан. Уран бүтээлийн амтанд орж ажлын хажуугар зав гарангуут л хөгжмөө барьж аваад л дуулна. Ямар сайндаа л гитараа тоглож байгаад тэврээд унтчихсан байдаг сан”.

ХӨГЖИМ ЗОХИОХ ИХ УЧИРТАЙ

Хэдийнээс дууны ая зохиодог болсныг гавьяатаас сонирхоход “Хөгжим зохиох их учиртай” гэв. Хөгжмийн зохиолчдоос хамгийн анх Төрийн шагналт Цэдэн-Ишийн Чинзоригтой танилцсан гэнэ. Нэг нь дуулдаг, нөгөө нь хөгжим зохиодог болохоор ихэд тохирно хэмээн дотнын найз нь танилцуулсан байдаг. “Нэрт хөгжмийн зохиолч маань тэр үед оюутан байсан, төгөлдөр хуур, гитар их сайхан тоглоно, зохиосон ая нь бүр ч сайхан. Тиймээс хэрхэн уран бүтээл туурвиж байгааг нь уулзах бүртээ анхааралтай ажиглана. Нэг удаа П.Сандуйжав гуайтай тааралдахад тэрээр “Настан буурал эмээ” шүлгээ барьчихсан “Үүнд хэд хэдэн хүн ая хийсэн юм. Тэгсэн мөртлөө гаргаж ирэхгүй юм” гэв. Би хүнээр ая хийлгүүлэхээр болж шүлгийг нь аваад гэртээ хариад харж суутал гэнэт ая нь ороод ирдэг байгаа” хэмээн өгүүлэв. Ийнхүү “Настан буурал эмээ” дуу төрж, Чулуунхүү ч анхныхаа аяыг зохиосон байна. Ая зохиосон гэдэгтээ бараг өөрөө ч итгэж чадаагүй гэнэ. Чинжиг найз дээрээ очиж түүнийгээ дуулж өгөхөд ихэд сайшаан дахин дахин дуулуулжээ. Нэрт хөгжмийн зохиолч нотыг нь өөрөө бичиж өгөөд зогсохгүй Хөгжмийн зохиолчдын холбоогоор хөөцөлдөж байж батлуулсан гэнэ. Цэрэнчимэд дуулж олон түмний сонсох дуртай дуу болсон. Дараа нь “Хүмүүс минь амьдрах сайхан” дуугаа зохиосон нь бас л хит болсон. Ингэж л дуучин, хурандаа Чулуунхүү ая зохиогч болжээ.

Ардын дууг зүгээр ч нэг бус маш олон бадгаар дуулж байсан гэнэ. “Гандий мод” дууг 14-16, “Юндэн гөөгөө”-гийн Сийриймаад зориулсан үгээр нь 15-16, “Сандуйтай мод” дууг 28 бадаг дуулжээ. Ардын дууны үг бичсэн хоёр, гурван том дэвтэр байдаг тухайгаа сонирхуулав. Нэг удаа аз таарч радиод “Сандуйтай мод”-ыг ардын хөгжимтэй дуулж бичүүлсэн байна. “Тэр үед бичлэгт орно гэдэг одоогийнх шиг биш. Компьютер энэ тэрээр бичдэггүй болохоор тун ярвигтай. Нэг удаа л алдахад дахиад л эхнээс нь эхэлдэг. Ингээд л бичлэгт орж “Сандуйтай мод” дууны 28 бадгийг зогсолтгүйгээр 30 минут дуулсан. Дуусахад хөлс минь дусалж байлаа. “Энэ цэргийн дарга чадах болов уу” гэж хоорондоо ярьж байсан хөгжимчид алга ташин баяр хүргэсэн юм даг” гээд инээмсэглэж суулаа.

Түүний дуулсан “Ванлий” дууг нэг хэсэг радиогоор явуулахаа больжээ. Нэлээд хэдэн сар хүлээсэн боловч нэвтрүүлэхээ больсонд ихэд гайхаж сураг тавьсан байна. Тэгтэл радиод хэн нэг нь завхай дууг олны хүртээл болголоо хэмээн алтан хошуу хүргэжээ. Үүнийг сонсоод ихэд гомдсон тэрээр ангийнхаа улс төрийн газрын дарга генерал Балжинням дээр оржээ. Чулуунхүүг хэл үггүй уйлаад эхлэхэд генерал ихэд гайхан юу болсныг нь асуув. Дуулсан дууг нь нэвтрүүлэхээ больсон тухай дуулгахад тэр даруйд нь арга хэмжээ авч “Балжинням генерал энэ дууг захиалсан юм” гэж хэлээрэй хэмээн радио руу утасдсан байна. Тэрээр уран бүтээлийнхээ төлөө ийм л хоёргүй сэтгэлээр зүтгэж өдий хүрсэн нэгэн.

Охин Мөнхжаргалын хамт

ААВ, ОХИН ХОЁР ХОЁУЛАА “МОРИН ХУУР”-ЫН ЭЗЭН

Чулуунхүү гавьяатын ээж нь өдгөө 94 настай буурай байдаг гэнэ. Залуудаа сайхан дуулдаг байжээ. Харин аав нь дуулахаас гадна исгэрнэ. Дүү нар нь ч дуулна. Ер нь авьяас гэдэг удам дамждаг гэдгийг өөрөөрөө мэдэрчээ. Түүний охин хөгжмийн зохиолч Мөнхжаргал аавынхаа авьяасыг өвлөсөн. Охин нь дуучин болох хүсэлтэй байсан боловч аав нь ятгасаар байж хөгжмийн зохиолч болгосон. Хөгжмийн багшийн сургууль, Соёл, урлагийн их сургууль, Санкт-Петербург хот дахь Хөгжмийн дээд сургуулийн дээд курс гээд хамгийн сайн л гэсэн сургуульд охиноо сургасан аж. Ийм олон жил мэргэжлээрээ сурчихаад симфони бичихгүй байна хэмээн охиноо зэмлэж байсан удаатай. Аавын зэмлэлийг Мөнхжаргал охин удаа ч үгүй хүлээн авч бүрэн хэмжээний хоёр симфони зохиосон нь Монголын хөгжмийн зохиолч эмэгтэйчүүдээс анхных гэнэ. “Морин хуур” хөгжмийн наадамд Мөнхжаргал 2010 онд түрүүлсэн бол аав нь 2015 онд тэргүүлсэн аж. Аав охин хоёр “Морин хуур” уралдаанд түрүүлсэн анхны тохиолдол.

“Морин хуур-2014” шилдэг дууны уралдааны үеэр

Чулуунхүү гуайнх таван хүүхэдтэй, ач зээ нь арав аль хэдийнэ гарсан. Нэг хүүхэд нь Бельгид, нэг нь Америкт, нэг нь Перуд амьдардаг. Техник технологи хөгжсөн энэ үед гадаадад байгаа хүүхдүүдтэйгээ бараг л өдөр болгон утсаар холбогддог гэнэ. Гадаадад амьдардаг монголчууддаа зориулж “Амин хайртай Монгол минь” хэмээх цомог гаргажээ. Авч явахад хялбархан, маш нимгэн хийгдсэн нь CD-ний нэг онцлог нь болсон. Цомгийнхоо ард “Амин хайртай Монголоо санагалзан эх орноосоо алс хол ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчууддаа зориулав” хэмээн бичжээ. Хамгийн сүүлд “Шилдэг дууны түүвэр клип” нэртэй DVD гаргаснаа бидэнд үзүүлсэн юм.

Гэргий М.Мөнхбуянтын төрсөн өдрөөр

ХАНИА ОЛНО ГЭДЭГ ХАМГИЙН ЧУХАЛ

Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү гуайн гэргий М.Мөнхбуянт хэмээх дөлгөөхөн эмэгтэй. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг дүүргэсэн. Дээд, дунд, тусгай дунд боловсролын улсын хороо, Монголын эмэгтэйчүүдийн хороо, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороо, МОНЦАМЭ агентлагт ажиллаж байжээ. Харин одоо бол гавьяаныхаа амралтанд сууж буй. Нэг ёсондоо гавьяат дуучны шадар туслах нь гэж болно. Ар гэрийнхээ бүх л ажлыг амжуулна, нөхрөө тоглолт хийх газар нь хүргэж өгнө, авна, ая хийлгүүлэхээр хүмүүсийн авчирсан шүлгийг нь янзалж өгнө. Гавьяаныхаа амралтанд суусныхаа дараа машин барьж сурсан гэнэ. Эхэндээ ихэд сандарч байсан бол одоо туршлагатай жолооч болжээ. Чулуунхүү гуай ярихдаа “Эхэндээ сандраад надаас яах уу гээд л асуудаг байлаа. Одоо бол би дөрвөн жил жолоо мушгиж байгаа хүн шүү гээд үг хэлүүлэхээ больсон” гээд бөөн инээдэм болж “Энэ маань л миний төлөө санаа тавьж, хүний биед сайн гэсэн бүхнийг л идүүлж уулгана. Ер нь ар талыг бүрэн хариуцдаг” хэмээн ярив. Чулуунхүү гуайн ээж, ах дүү нар нь бэрдээ хүүгээсээ илүү сайн гэнэ шүү. Ханиа олно гэдэг юунаас ч илүү чухал болохыг гавьяат маань дурдаж байлаа.

Н.Чулуунхүү бол манай соёл урлагийн нэртэй зүтгэлтэн төдийгүй улс орныхоо батлан хамгаалах салбарт өөрийн хувь нэмрээ оруулсан хүн. Тиймээс ч хурандаа Н.Чулуунхүүд Батлан хамгаалах салбарын дээд шагнал болох “Эх оны төлөө” шагналыг олгосон байна. Уг шагналыг ердөө зургаахан хүн хүртсэн юм билээ. Биднийг ярилцаж суухад утас нь дуугарч дуучин СТА М.Бямбажав багшийнхаа амар мэндийг асуухаар залгаж байлаа. Чулуунхүү олон ч шавьтай. М.Бямбажавтайгаа хамтран олон уран бүтээл туурвиж, хичнээн удаа тоглолт хийснийг ард түмэн мэднэ. Шавийгаа үзэгч сонсогчдын адилаар гавьяат жүжигчин цолыг авчихаасай хэмээн хүсэн хүлээдэг гэдгээ ч нуугаагүй юм. Удахгүй тэр хоёр хөдөө орон нутгаар явж уран бүтээлээ толилуулах гэнэ. “Явахгүй бол болохгүй. Биднийг сонсох дуртай малчид маань хүлээж байгаа шүү дээ. Олон ч сумаар орно, ядрах л байх даа” хэмээн ярив. Гавьяат далан насны даваан дээр гарч ирсэн гэхэд итгэмээргүй залуу сайхан харагдана. Өнөө л жавхаатай, гялалзсан хэвээр, гитараа бариад л

Ай даа хүмүүс минь амьдрал сайхан

Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээхэмээн дуулж олон түмнийхээ сонорыг мялаасаар л.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Батзаяа: Гэрэл зургаараа Монголоо сурталчлахыг зорьсон

Хэнтий аймгийн Батноров суманд болсон адууны баярын үеэр Ч.Батзаяагийн авсан шарга азарганы зураг Их Британийн төдийгүй барууны томоохон хэвлэлүүдэд нийтлэгдсэн юм. Сошиал ертөнцөд нэлээд шуугиан тарьсан энэ зургийн эзэн мэргэжлийн гэрэл зурагчин биш. Тэрээр арав гаруй жил аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа нэгэн. Зураг авах нь түүний хобби. Ингээд “Аян трэйвел” компанийн захирал Ч.Батзаяатай уулзаж баруунд шуугиан тарьсан зургийнх нь талаар ярилцсаныг сонирхуулъя.

-Хэдхэн хоногийн өмнө таны авсан шарга азарганы зураг Их Британийн томоохон хэвлэлүүдэд нийтлэгдэж нэлээд шуугиан тарилаа.

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Хэнтий аймгийн Батноров суманд адууны баяр болсон. Гэрэл зурагчдад зориулсан аялалд оролцож байхдаа авсан шарга азарганы зураг маань Их Британийн томоохон хэвлэлүүдэд нийтлэгдсэн. Хэнтий аймгийн Батноров суманд өнгөрсөн өвөл анх удаагаа адууны фестиваль зохион байгуулсан юм билээ. Батноров нь манай улсын хамгийн олон адуутай сумдын нэг. Адууны соёлыг харуулсан уг арга хэмжээг цаашдаа жил бүр хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Энэ жил Хэнтийд нэлээд хүйтэрсэн тул тийм ч өргөн дэлгэр болж чадаагүй ч уургалах, морин дээрээс юм шүүрэх зэргийг харуулсан. Би энэ үеэр авсан зургуудаа Их Британийн хэвлэлийн агентлаг руу явуулсан юм. Шарга азарганы зургийг сонгон авч хэвлэлд нийтэлсэн байсан. Их Британийн “Telegraph” гэж сонин байдаг. Түүний өдрийн онцлох зургаар сонгогдсон. Дэлхийн 19 орны зургуудаас шилж авдаг юм билээ. Миний авсан зургийг интернэтэд тавигдсаны маргааш нь буюу шинийн гурванд Английн “Telegraph” ,“The Sun”, “Guard­ian”, “Daily News” гээд бүх том сонинууд нийтэлсэн.

-Зураг дээрх шарга азаргыг Английн поп од Элли Голдингтэй адилхан хэмээн Их Британийн сонинд бичсэн байсан?

-Тийм ээ. Поп од Элли Голдингтэй зүйрлэсэн нь онлайнаар бүр ч их шуугиан тарьсан. Инстаграм, твиттер, фэйсбүүкээр маш олон хүн шэйрлэсэн байна лээ. Шарга азарга алдартай дуучинтай адилхан байх нь чухал биш л дээ. Хамгийн гол нь Монгол, манай уламжлалт ёс заншил зэрэг нь дэлхий нийтийн хүртээл болсон явдал. Тэр өдөр Англиас Монголын вэб сайтуудад хандах хандлагын тоо эрс нэмэгдсэн гэж би бодож байгаа.

-Нэрт дуучин Элли Голдингэд энэ зүйрлэл таалагдсан болов уу. Түүний PR-ыг хийдэг баг нь үүнд ач холбогдол өгч, сурталчилсан байж магадгүй шүү дээ?

-Тийм байх аа. Тэрээр үүнийг хүлээн зөвшөөрөөд шэйрлэсэн нь бүр их олон хүнд хүрсэн байна лээ.

-Шарга азарга хэн гэдэг малчных вэ?

-Би өөрөө ч анхандаа хэнийх гэдгийг нь мэдээгүй. Сүүлд зохион байгуулагчдаас нь асуухад Хэнтий аймгийн Батноров сумын дөрөвдүгээр багийн мянгат малчин О.Төмөрбаатарынх гэсэн.

-Өмнө нь өөрийн тань авсан хэд хэдэн зураг барууны хэвлэлүүдэд гарсан гэж сонссон?

-Тийм ээ, зургууд маань барууны төдийгүй олон орны хэвлэл болон сайтуудад тавигдсан. Анх бүргэдийн баяраар авсан зураг маань дэлхий нийтийн хүртээл болсон түүхтэй. Үүний дараа өвөл монголчууд адуугаа хэрхэн малладаг мөн монголын намар гээд хэдэн хэдэн зураг хэвлэлүүдэд нийтлэгдсэн.

-Та мэргэжлийн гэрэл зурагчин биш. Яаж яваад зураг сонирхох болов?

-Ер нь би аялал жуулчлалын салбарт ажилладаг. Энэ салбарын хүн гэрэл зураг сонирхох шалтаг, шалтгаан хангалттай олон бий. Нэгдүгээрт, аялал жуулчлалын компаниа сурталчилж вэб сайт, танилцуулга хийхэд Монголын тухай зураг их хэрэгтэй болдог. Эхэндээ би найзуудаасаа, ирсэн жуулчдаас зураг гуйж авдаг байлаа. Тэдгээр нь чанар, агуулгын хувьд сэтгэлд хүрдэггүй байсан гэх үү дээ. Яалт ч үгүй өөрөө зураг авах шаардлагатай болсон. Хоёрдугаарт, би арван жилийн өмнө баруун Африкийн Сахарын цөлөөр аялсан. Үзэж харсан сонин зүйлсээ гэрийнхэндээ харуулахын тулд тухайн үедээ нэлээд дэвшилтэт, нягтрал сайтай, жижигхэн камер авч байлаа. Тэгээд Францад очихдоо авсан зургуудаа найзууддаа үзүүлэхэд мэдрэмж сайтай байна хэмээн ихэд урам хайрлаж билээ. Франц найзууд маань намайг хурцалж өгсөн гэх үү дээ. Түүнд нь маш их баярлаж зураг авбал зүгээр юм байна гэсэн бодол төрсөн. Аяллын зураг гэдэг өдөр тутмынхаас өөр л дөө. Ингэж л бага багаар зураг авч эхэлснээс хойш түүнийгээ онлайнаар бусдад үзүүлж санал сэтгэгдлээ хуваалцдаг болсон. Ажлын шаардлагаар хийж байсан зүйл маань яваандаа хобби болж өнөөдөр нэлээд идэвхтэй зураг авдаг болчихоод байгаа. Гэрэл зурагт дурласан хүн ч гэж хэлж болно. Үүгээрээ дамжуулан мэргэжлийн олон гэрэл зурагчинтай найз болсон.

-Английн хэвлэлийн агентлагтай хамтран ажилладаг гэсэн. Энэ талаараа манай уншигчдад ярьж өгвөл сонин байх болов уу?

-Авсан зургуудаа фэйсбүүк, твиттерт тавьчихдаг байсан. Уржнан жил хүртэл шүү дээ. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн гэрэл зурагчдын вэб сайтуудад ганц нэг зураг байрлуулсан. Түүнийхээ талаар мэргэжлийн хүмүүстэй сэтгэгдлээ хуваалцаж, өнгөрсөн жил фото нийтлэл буюу нэг сэдвийн хүрээнд нэлээд хэдэн зураг болгож гадаадын сайтуудад байршуулсан. 2015 онд болсон бүргэдийн баярын үеэр авсан зургийг сайтад тавьсныг Английн нэг мэдээллийн агентлаг олж үзээд надтай хамтран ажиллах гэрээ байгуулах санал дэвшүүлсэн юм. Энэ нь өнөөдөр яригдаад буй азарганы зураг олон түмэнд хүрч, барууны төдийгүй дэлхийн томоохон хэвлэлүүдэд нийтлэгдэх эхлэл нь болсон.

-Зургийн тайлбараа та өөрөө хийдэг үү?

-Миний зураг, миний тайлбартайгаар гарвал барууныханд хүрэхгүй л дээ. Би бол ерөнхий мессэжийг өгнө. Миний хэлэх гээд байгаа гол санаа энэ, Монголыг ингэж гаргахыг хүсч байна гэдгээ бичнэ. Тэд заримдаа бараг бүгдийг нь өөрчилнө, заримдаа санааг маань оруулна. Миний хамгийн гол зорилго бол Их Британид төдийгүй дэлхийд Монголоо сурталчлах явдал. Би өөрөө аялал жуулчлалын салбарт ажилладаг хүн болохоор маш их хөрөнгөөр хийдэг ажлыг өөрийнхөө боломжийг ашиглан амжуулж байгаа. Сэтгэл зүрхээрээ л эх орноо сурталчлах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байна.

-Шарга азарганы зураг дээр та ямар тайлбар бичиж өгсөн бэ?

-Чингис хаан яг л энэ морийг унаж дэлхийн талыг эзэлсэн юм шүү. Тэр соёл одоо ч хүртэл байгаа гэсэн. Чингис хаанаа ч магтаад, эх орноо ч гоё сайхнаар гаргахыг хичээсэн. Үүнийг сонин дээр гарсан зургийн тайлбар дээр ч бичсэн байгаа.

-Нэг хэсэг баруунд нэлээд шуугиан тарьсан казах бүргэдчин охины зургийг ч та авсан гэл үү?

-Тийм ээ, хоёр жилийн өмнө анх бүргэдчин охины зургийг авсан.

-Та гадныхантай нэлээд олон жил хамтран ажиллаж. Монголын ямар зураг тэдний сонирхлыг хамгийн их татдаг вэ?

-Би жуулчидтай нэлээд явсан. Сүүлийн арваад жилд энэ талаар нэлээд туршлага хуримтлуулсан. Миний мэдэрдэг зүйл гэвэл бид өөр соёлтой, өөр ахуйд амьдардаг тул тэдний сонирхлыг татдаг. Монгол ахуй, монгол соёл, монгол хүн тэдний хувьд их сонин. Зүгээр хажуугаар нь өнгөрөхгүй заавал эргэж харна.

Ерөөсөө Монголын байгаль. Манай нүүдлийн соёл, уламжлал, байгаль нь цогцоороо ямар ч гадны хүний анхаарлыг татдаг.

Categories
мэдээ цаг-үе

“Одод түгсэн шөнө”

Нидерландын алдарт зураач Винсент Ван Гогийн “Одод түгсэн шөнө” зураг нь дэлхийн шилдэг 33 бүтээлд багтдаг. Өдгөө Нью-Йоркийн Орчин үеийн уран зургийн музейд тавигдсан байдаг билээ. Ван Гог энэ бүтээлээ 1889 онд зурсан. Тухайн үед нэрд гараагүй, хэн ч мэддэггүй зураач Сен-Реми хотын нэгэн эмнэлэгт эмчлүүлж байхдаа энэ бүтээлээ туурвижээ. Урлаг судлаачид түүнийг Ван Гогийн сор болсон бүтээлүүдийн нэг гэдэг.

“Одод түгсэн шөнө”-ийг алдарт зураач эмчилгээ хийлгэж байхдаа зурсныг дахин дурдъя. Сэтгэл санаа нь тогтворгүй болж, үе үе ухаан алдаж, ааш зан нь нэлээд хувирсан байжээ. Нэрт зураачид эмчилгээ хийлгэж байхдаа зураг зурахыг эмч нар хориглосон гэдэг. Бие нь сайжирсан нөхцөлд уран бүтээлээ туурви хэмээн анхааруулж байжээ.

Ван Гог тэр үед итгэж, биширч явсан Христосын шашнаасаа татгалзсан байлаа. Залуудаа шашны номлогч болж, ядарч зүдэрсэн хүмүүст тусална хэмээн боддог байсан тэрээр ийнхүү огт өөр шийдвэр гаргасан байна. Шашнаас татгалзсныхаа дараахан бичсэн нэгэн захидалдаа “Надад шашин ихэд дутагдаж байна гэж хэлэхийг өөртөө зөвшөөрлөө. Яагаад гэхээр би шөнө гадаа гарч оддыг зурж эхэлсэн” гэжээ. Энэ бүтээлээ шөнийн тэнгэрийг харж байгаад бус сэтгэл санаанд нь хадгалагдан үлдсэн дурсамжаараа туурвисан гэдэг. Урлаг судлаачид “Одод түгсэн шөнө”-ийг нэрт зураачийн “Арвайн тал дахь хэрээнүүд” бүтээлтэй холбон тайлбарладаг. Эдгээр нь Ван Гогийн бүтээлийн онцлогийг хамгийн тод илэрхийлсэн зургууд.

Ер нь бол сарны туяанд гэрэлтэн харагдаж буй зүйлсийг дүрслэх нь Голландын уран зургийн нэгэн уламжлалт онцлог юм. Энэ бүтээлийг ойроос бус зайнаас анхааралтайгаар ажиглахад ер бусын гайхамшиг нь юундаа байгаа нь мэдрэгддэг аж. Түүнийг зурсан арга барил, техник зэргээр нь Ван Гогийн бүтээл болох нь шууд танигддаг. Өөр ямар ч зураачтай андуурахын аргагүй гэнэ.

Тэнгэр, одод, сарыг нэгэн хэмнэлээр дүрсэлсэн энэ бүтээлийг сэтгэлийн хөдлөлөөр бус нэлээд тунгааж бодсоны эцэст зурсан болохыг гэрчилнэ хэмээн судлаачид үздэг. “Одод түгсэн шөнө”-ийн амин сүнс нь алсад харагдах уулан дээгүүр, тэнгэрт түгсэн алтан шаргал өнгөтэй одод болон сар юм. Одод, сар хоёр нь хамгийн түрүүн үзэгчийн нүдэнд тусна. Харин уулын бэлд орших тосгон бараг анзаарагдахгүй. Үүгээрээ байгаль дэлхий юунаас ч илүү хүчирхэг гэдгийг нэрт уран бүтээлч харуулахыг хичээжээ.

Оддыг бөөрөнхий хэлбэртэйгээр дүрсэлж, тэдний эргэн тойронд салхи шиг юм хуйлран эргэлдэж байгаа нь тэнгэрийн заадас, сансар, огторгуй мөнхийн хөдөлгөөнд байгааг харуулсан байна. Цэнхэр өнгөөр дэвсгэр хийсэн нь бүх юм тайван тогтуун, ертөнцийн жамын дагуу амьдрал үргэлжилсээр байгааг илтгэсэн. Ван Гог энэ бүтээлдээ арваннэгэн одыг томоор зурж хажууд нь хавирган хэлбэртэй сарыг дүрсэлсэн байгааг та бид харна. Үүгээр Библид гардаг Христосын 12 үнэнч шавийг төлөөлүүлсэн хэмээн урлаг судлаачид тайлбарласан байдаг. Оддыг ер бусын томоор зурсан нь үүнтэй холбоотой. Тэдгээрийг шар өнгийн дугуй дотор байгаагаар зурсан нь мөнхийн хөдөлгөөнд байгаагийн илэрхийлэл болжээ.

Энэ зургийн бас нэгэн гайхамшиг нь эрс тэс өнгүүдийг хэрэглэсэн явдал. Гүн цэнхэр, алтан шар, ногоон, саарал өнгүүдийг гайхамшигтайгаар хослуулснаар Ван Гог өөрийн авьяас чадвараа харуулжээ. Зургийн урд хэсэгт дүрсэлсэн модыг санагдуулахуйц ургамал нь нэг талаас эрс тэс өнгөний хоршлыг илтгэж, нөгөө талаас тэнгэр, одод, хотын харьцааг тэнцвэржүүлж өгчээ. Мөн энэ мод, газар, тэнгэр зэрэг нь хоорондоо холбоотой гэдгийг илэрхийлсэн. Ван Гогийн хувьд мод маш чухал байсан гэдэг. Дээшээ тэмүүлэн ургаж буй нь нэг л мэдэхэд газраас салахын дохио аж.

Уулын бэлд орших тосгоны байшингийн цонхыг харагдахуйц тодоор дүрсэлснээр зураач сэтгэлийнхээ бас нэгэн гунигийг илэрхийлсэн гэдэг. Хүүхэд ахуй насандаа амьдарч байсан гэрээ санагалзжээ. Сүмийн оройг бусад байшингуудаас онцгойлон тэнгэр өөд шовойлгон зурснаар нэг хэсэг өөрийгөө шашинд зориулах хүсэлтэй байснаа илэрхийлсэн байна.

Зургийн баруун захад хэсэгхэн газар хар өнгийг хэрэглэсэн нь өөрөө нийгмээс тусгаарлагдсан байдлаа харуулсан хэмээн судлаачид үздэг. Харин тэнгэрт буй оддыг тойрсон зураасууд бүгдээрээ доошоо бөхийж буй мэтээр дүрсэлсэн нь эмнэлгээс гарах хүсэл эрмэлзэл дүүрэн байсантай холбоотой аж. Сэтгэл санааны хувьд тун гундуу байсан тул “Одод түгсэн шөнө” бүтээлд шөнийг дүрсэлсэн аж. Ийнхүү нэрт зураач Ван Гог уг бүтээлээрээ өөрийн сэтгэл санааны байдлаа илэрхийлж, амьдарч буй ертөнцийн талаар сэтгэлд нь хоногшин үлдсэн дүр зургийг буулгажээ. Хэдийгээр энэ бүтээл нь энгийн мэт санагдах боловч нэрт зураач түгээрээ дамжуулан ертөнцийг үзэх үзлээ илэрхийлсэн гэдэг. Судлаачид энэ бүтээлийн талаар ярихдаа Ван Гогийн голланд гаралтайг үргэлж дурддаг аж.

Ер нь Ван Гог нэг бус удаа тэнгэрийг дүрсэлсэн бүтээл туурвисан бөгөөд тэдний нэг нь “Ронын шөнийн тэнгэр” нэртэй зураг.

Дашрамд дурдахад түүний энэ бүтээлийг олон зураач хуулбарлан зурсныг хүмүүс гэртээ тавьсан байдаг. Ер нь зураачдаас Ван Гог шиг тэнгэрийг ийнхүү ер бусынаар дүрсэлсэн бүтээл байхгүй гэж болно. Алдарт зураач маань 1888 онд “Оддыг хараад би үргэлж мөрөөдөлд автдаг. Тэнгэрт буй тод цэгүүдэд яагаад бид Францын газрын зураг дээр байдаг хар цэгүүд дээр очдог шиг хүрч чаддаггүй юм бол” хэмээн бичсэн байдаг.