Categories
мэдээ цаг-үе

Мундаг зураач болчихоод аав, ээжийнхээ хөргийг зурна

Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ганзоригийн Төгсбуян “Сурагч нас” нэртэй үзэсгэлэнгээ энэ долоо хоногт Хүүхдийн ордонд гаргасан юм. Энэ жил сургуулиа төгсөх тул үзэсгэлэнгээ ийнхүү нэрлэжээ. Тэрээр хоёр дахь удаагаа өөрийн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож буй юм. Г.Төгсбуян хүү өнгөрсөн жил буюу 11 дүгээр ангидаа “Алхам” нэртэй анхныхаа үзэсгэлэнг гаргасан билээ. Уран бүтээлч хүүг “Өдрийн зочин” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолж байна.

Залуухан зураач маань энэ жил 16 настай. Цэцэрлэгт байхдаа л зураг зурж эхэлсэн гэнэ. Ер нь цэцэрлэгийн хүүхдүүд бүгд л зурдаг. Харин Г.Төгсбуянгийнх цаанаа л өөр байжээ. Дөрвөн настайдаа “Тулалдаан” зургаараа Хүүхдийн ордноос зарласан уралдаанд оролцож шилдэг 20 бүтээлд шалгарсан байна. Дөрвөн настай жаахан хүү юу дүрсэлсэн бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Харь гарагийн мангасууд хэрхэн дайтаж байгааг харуулсан бүтээлээ одоо болтол хадгалж байдаг гэнэ. Г.Төгсбуян 12 жил зураг зурж байгаа. Энэ хугацаанд бүтээл нь хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхоход зургийн түвшин дээшилсэн гэв. Өөрт нь хүртэл мэдрэгддэг аж. Бүтээлүүдээ реалист хэмээн тодорхойлж, бодит амьдралаас сэдэвлэн уран бүтээлээ туурвина хэмээж байв. Сүүлийн үед хөрөг нэлээд зурах болсон. Цуг сурдаг бүх хүүхдээ зураад “Сурагч нас” үзэсгэлэндээ тавьжээ. Ангийнхан нь үзэсгэлэнг үзээд бүгдээрээ Г.Төгсбуянг магтаж, өөрсдийг нь зурсныг хараад ихэд баярлажээ. Төгсөхдөө ангийнхандаа хөргийг нь бэлэглэнэ гэсэн бодолтой байгаа гэнэ.

“Сурагч нас” үзэсгэлэндээ Ш.Төгсбуян хөрөг, амьтан, байгалийн зургаас гадна өөрийнхөө сийлсэн дөрвөн морин хуур, хоёр товгор сийлбэрийг тавьжээ. Технологийн багш Доржсүрэн нь анх санал болгож наймдугаар ангиасаа эхлэн сийлбэр хийж байгаа.

Залуухан зураач маань айлын отгон хүү. Эгч, ах хоёр нь МУИСийн оюутан гэнэ. Аав, ээж, ах, эгч нь бүгдээрээ түүнийг дэмждэг. Ээж, аав хоёрынхоо хөргийг зурсан боловч өөрт нь таалагдаагүй гэнэ. Тэднийхээ зан чанар, сайхан сэтгэл, дотоод ертөнцийг нь гаргаж хараахан чадаагүй аж. Тиймээс тэдэндээ зургаа үзүүлээгүй. Мундаг зураач болсон хойноо аав, ээж хоёрынхоо хөргийг дахин зурах гэнэ. Өөрийнхөө бүтээлүүдээс “Охины хөрөг” нэртэй зургийг хамгийн сайн нь гэж боддог. Зурсан арга барилдаа сэтгэл нь ихэд хангалуун байдаг тул түүнийгээ анхныхаа үзэсгэлэнд тавьсан байна.

Үзэсгэлэн гаргана гэдэг тийм ч амар ажил биш. Сурагч байхдаа үзэсгэлэнгээ гаргасан хүүхэд маш цөөхөн. Энэ их ажлын ард зургийн багш Батбаяр болон аав, ээжийнхээ дэмжлэгтэйгээр гарчээ. “Сурагч нас” үзэсгэлэнд тавигдсан хоёр ч бүтээл нь зарагдсан байна. Мөн Г.Төгсбуянгийн таньдаг хүмүүс, фэйсбүүкийн найзууд нь захиалга өгч хөргөө зуруулдаг гэж байгаа.

Залуу зураачид маань Италийн нэрт уран бүтээлч Леонардо да Винчигийн бүтээл маш их таалагддаг гэсэн. Ялангуяа хөрөг зургуудынх нь өнгө. Г.Төгсбуян тэр өнгийг гаргах гэсэн боловч хараахан чадахгүй байгаа аж. Харин Монголын зураачдаас Марзан Шарав хамгийн их таалагддаг. Түүний бүтээлээс жинхэнэ монгол үнэртдэг хэмээн ярьсан юм. Г.Төгсбуян энэ жил СУИС-ийн дэргэдэх Дүрслэх, дизайн урлагийн сургуульд шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа юм байна. Монголын урлагийн ертөнцөд удахгүй бас нэгэн шинэ од гийж, шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй байна.


Categories
мэдээ цаг-үе

Ялалтын заан

Энэ долоо хоногт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Дали&Пикассо” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Улаанбаатар хотноо дэлхийд алдартай хоёр зураачийн эх бүтээлүүд анх удаа үзэгчдийн хүртээл болох юм. Испанийн алдарт хөвгүүн Сальвадор Дали бол зураач төдийгүй барималч, найруулагч, зохиолч байсан. Тэрээр ер бусын бүтээлүүдээрээ үзэгчдийн бишрэлийг төрүүлж, орчин үеийн урлагийн ертөнцөд хувьсгал хийсэн билээ. Түүний алдарт бүтээлүүдийн нэг нь “Ялалтын заан” хэмээх баримал бөгөөд энэ бүтээл нь “Дали&Пикассо” үзэсгэлэнд тавигдах юм.

Испанийн нэрт зураач маань уг бүтээлээ 1980 онд хийжээ. Хүрлээр хийсэн цутгамлын өндөр нь хоёр метр 65 см. Сальвадор Дали зааныг ихэд бэлгэшээдэг байсан гэдэг. Тиймээс ч түүний уран бүтээлд заан онцгой байр эзэлсээр ирсэн гэж болох юм. “Ялалтын заан” нь ХХ зууны импрессионист урсгалын төлөөлөл болсон бүтээл.

Хүч чадал, амар амгалангийн бэлгэдэл болсон амьтныг С.Дали маш сониноор дүрсэлжээ. Зааныг хүч чадал, амар амгалангийн бэлгэдлээс гадна ихэд гоёмсог амьтан гэдэг. С.Далигийн үзэж байснаар бурханаас түүнийг заяахдаа ганцхан алдаа гаргажээ. Энэ бол хөл нь. Тиймээс ч “Ялалтын заан” барималдаа бурханы алдааг залруулж бүдүүн хөлийг “сольж” тогорууных шиг нарийхан болгосон гэдэг. Зааны нуруун дээр тавьсан эмээлийг эрдэнийн чулуугаар чимэглэснээр эд баялгийг илэрхийлжээ. Энэ бүтээл нь хоёр өнгөөс бүрдсэн болохыг урлаг судлаачид онцолсон байдаг. Заан нь ногоон, түүний нуруун дээж зогсч буй охин тэнгэр алтан шаргал өнгөтэй. Охин тэнгэрийг бүрээ үлээж байгаагаар дүрсэлснээр амжилт, цэцэглэл, хөгжил, шинэ бүхнийг бэлгэдсэн байна.

Уг баримлыг харахад аварга том биетэн, жижигхэн сахиусан тэнгэр хоёр хэмжээний хувьд эрс тэс ялгаатай нь хамгийн түрүүн нүдэнд тусдаг. Агуу уран бүтээлч маань үүгээрээ өнгөрсөн, ирээдүй хоёрын заагийг харуулахыг хичээсэн байна. Цаг хугацаа гэдэг нисэх мэт өнгөрч байгааг ийнхүү илэрхийлсэн хэмээн урлаг судлаачид тайлбарласан юм. Харин хэмжээний хувьд нүдэнд тусахуйц жижиг, том хоёрыг нэг барималд хамтатган дүрсэлснээр өнгөрсөн ирээдүй хоёрын ялгааг дүрслэн харуулжээ.

Сальвадор Далид 1975 онд энэ баримлыг хийх санаа анх төрсэн гэдэг. Гэвч 1980-аад оноос эхлэн хэрэгжүүлж анхныхаа цутгамлыг хийсэн байна.

Испанийн нэрт уран бүтээлч маань амьд ахуйдаа нэр алдрын оргилд хүрч бүтээлүүд нь хэдэн сая ам.доллараар зарагдаж байсан юм. Тиймээс ч С.Дали нэг бүтээлээ нэгээс илүү хувь бүтээх болсон гэдэг. Тэрээр мөнгө олох үүднээс бүтээлээ олон хувь хийсэн байдаг хэмээн судлаачид бичсэн байдаг. Харин зарим нь өөрийнх нь уран бүтээл хожим нь өндрөөр үнэлэгдэнэ гэдгийг мэдэж байсан тул ингэсэн гэсэн тайлбар ч бий.

Алдарт зураач маань бүтээл дээрээ хичнээн хувь хийсний хэд дэх нь гэдгээ маш тодорхой тэмдэглэн үлдээж байжээ. Жишээ нь “Ялалтын заан” бүтээлээ найман хувь хийсэн бөгөөд 4/8 гэсэн тэмдэглэл тавьсан байдаг нь найман хувь хийсний дөрөв дэх нь гэдгийг илэрхийлдэг.

Хамгийн сүүлд С.Далигийн “Ялалтын заан”-ы 4/8 дугаартай баримлыг Лондон хотноо болсон “Bonhams” дуудлага худалдаагаар заржээ. Түүний эхний үнэ нь 250-350 мянган евро байжээ. Дашрамд дурдахад С.Далигийн “Поля Элюарагийн хөрөг” нэртэй бүтээл хамгийн өндөр үнэд буюу 21,7 сая ам.долларт хүрсэн юм. С.Дали 1989 онд нас барсан билээ.

Ийнхүү сайн сайхан ирээдүйг бэлгэдсэн “Ялалтын заан” эх баримлыг манайхан эх орондоо үзэж сонирхох боломж нээгдлээ.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Галсан: Энэ төхөөрөмжийг би биш Вилхелм Райх бүтээсэн

Зохиолч Ч.Галсан бороо оруулдаг нэгэн төхөөрөмж бүтээсэн байна. Түүнийг нь өчигдөр ДарханУул аймагт болох нэгэн үзэсгэлэнд тавихаар авч явжээ. Ингээд бороо оруулагчийн талаар бид Ч.Галсан гуайгаас өөрөөс нь тодруулсныг сонирхуулъя.

Та маргааш Герман явах гэж байгаа гэсэн. Аль хотод очих вэ. Бодвол уншигчидтайгаа уулзах байх?

-Штуттгарт хот орно. Энэ удаад би Туркээр дамжиж явна. Эхлээд Киргизийн нийслэл Бишкек, дараа нь Туркийн Истанбул орно. Тэндээсээ онгоцоо солиод маргааш оройдоо Штуттгартын онгоцны буудалд буух санаатай байна. Штуттгартын ойролцоо Нюртинген гэдэг жижигхэн хотод менежер маань амьдардаг. Тэр намайг тосч авах юм. Ирэх сард хийх ажлаа танилцуулна. Би бол менежерийнхээ ажилд ерөөсөө оролцдоггүй, хэрэгтэй үедээ надад юмаа танилцуулдаг. Би их ажилтай байдаг тул тэр болгон мэдээлэл аваад байхыг хүсдэггүй. Менежер маань олон жил надтай ажиллаж байгаа, туршлагатай ч болсон. Би энэ удаад Швейцарь, Австри, бас Германы хэд хэдэн хотоор орох ажилтай.

Таныг бороо оруулдаг төхөөрөмж хийсэн гэж сонслоо. Энэ төхөөрөмжөө танилцуулбал манай уншигчдад сонин байх болов уу?

-Төхөөрөмжийн тухай яриагаа холоос эхэлье. Би бол өөрийгөө оточ хүн гэж боддог. Оточ эмч гэхээр надад диплом байхгүй. Би бүр багаасаа багшийгаа дагаж хүн эмчлэхийг заалгасан. Таван настайгаасаа эхлээд. Хуянтай хөгшчүүлийг барьж, иллэг хийж тайвшруулна. Малын өвчнийг ихэнхдээ эмчилчихнэ. Адуу, хонь, ямаа, үхэр дөрөвдөө бол гайгүй. Тэмээ сайн мэдэхгүй. Гэхдээ тэмээтэй ноцолдсон. Ингээд нэг удаа бодож байсан чинь дэлхий ээж маань бүр болохоо байжээ. Бид чинь дэлхий ээж гэж ярьдаг шүү дээ. Монгол орныг өөрийнх нь үр хүүхдүүд алж, тонож байна, тиймээс үүнийг эмчлэх хэрэгтэй юм байна. Ингэхийн тулд би юу хийж чадах вэ гэж бодлоо. Нөгөө уулын модыг бүгдийг нь хөрөөдөөд байхад би түүнийх нь оронд шинэ мод тарьж байна. Би нэг сая модыг өөрийн хөрөнгөөр тарьж ургуулна гээд үүрэг авчихсан. Одоогийн байдлаар 550 мянган мод тарьчихаад байгаа. Гэхдээ зөвхөн газрыг эмчлээд нэмэргүй. Газар тэнгэр хоёр чинь нэг гэр бүл, эхнэр нөхөр, аав ээж хоёр шиг гэсэн үг шүү дээ. Тэнгэрт маань их зовлон байна. Юу гэвэл Монгол орны зовлон ган гачгаас болж байна. Яаж ган гачгийг давах вэ гэж бодлоо. Шинжлэх ухааны арга, шүтлэгийн аргаар аль алинаар нь бодсон үүнийг давах арга байна. Ингээд эрээд явж байтал задач гэж хүмүүс байсныг олж мэдлээ. Зад гэж хүн төрөлхтний хамгийн эртний шинжлэх ухаан. Одон орны ухаантай яг зэрэг гарч ирсэн. Түүнийг хийж байсан хүмүүс нь дуусаад үг нь үлдчихсэн. Тэнгэр задарвал яах вэ. Зав авна, зад тавина гэдэг. Шувууны зад гэж сонссон уу. Нүүдлийн шувуу ирж буцахад тэнгэр эвгүйтдэг. Нүүдлийн шувуу ирсний дараа хур тунадас ордог. Манай баруун Алтайд бол цас л ордог юм. Задын цас ч гэж ярьдаг. Холаш гэж нэг өвөө байлаа. Тэр санаанд маань орлоо. Зун халж бороо орохгүй өвс ногоо хатаад ирэхээр “Холаш өвөөг нэг залж авчирна байгаа” гэдэг байсан. Жаахан хар өвгөн ирээд сүү, архи, цайныхаа дээжийг авчир гэнэ. Сан тавьчих гээд арц асааж амандаа юм бувтнаж дом хийгээд за одоо болно биз дээ гээд явчихдаг. Тэр шөнөдөө, маргааш нь, удлаа гэхэд нөгөөдөр нь заавал бороо орно. Ийм хүмүүс байжээ. Бусад орны ардын аман зохиол, хүмүүсийн яриаг сонсож байхад хүмүүс тэнгэртэй шууд харьцдаг байж. Шинжлэх ухаан техник хөгжихийн хэрээр хүмүүс тэр чадвараа алдсан. Зун халуу шатаад ирэхээр хөгшчүүл шүдтэй хүүхдүүд гараад исгэр гэдэг байсан. Исгэрэхэд салхи сэвэлзээд л ирдэг. Хавар бол тэнгэр задраана гээд исгэрүүлдэггүй. Социализмын үед Майн баярыг хөдөө хүртэл тэмдэглэдэг байсан. Дөрөвдүгээр сарын сүүлээр хүмүүс чинь салхи хөдлөхөөс өмнө амжуулъя гээд туг далбаагаа хийсгэдэг байлаа. Энэ бүхнийг бодоод үзэхэд манайхан тэнгэртэй харьцдагаа мартаагүй. Ядахдаа салхи хэрэгтэй бол исгэрдэг. Зун гэрт ороод ирэхэд зуухны яндан хүүгэж байдаг даа. Нэг соролт явагдаад байна. Энэ бүхнийг бодож үзсэний эцэст нэг арга байна гэж бодлоо. Шинжлэх ухаан талаас нь хайхад Вилхелм Райх гэдэг хүний нэр гараад ирсэн. Тэр бол 1897 онд Австрид төрсөн еврей хүн юм. Тэр хүн бол гоц ухаантай хүн байсан. Бас жаахан шизофрин маягийн юмтай. Их ухаантай учир академийнхаа нөхөдтэй таарамж муутай байж л дээ. Тэр хүн маш их нээлт хийсэн. Нобелийн шагналыг хоёр удаа авдаг байсан бол энэ хүн л авах ёстой байсан. Европын эрдэмтэд түүнийг ихэд гадуурхсан. Яагаад гэхээр тэр нэг элементийг нээжээ. Тэр нь оргон. Хагд өвсийг (үхчихсэн өвс) усанд хийчихээд хэд хонуулжээ. Усыг нь шинжлүүлэхэд амьд биетүүд байсан гэдэг. Тэрнийг оргон гэж нэрлэсэн. Вилхелм Райхын сургаалыг малчны хүү би нэг үгээр орчуулж ойлгосон. Юу гэвэл тэнгэр нүдтэй, тэмээ шүдтэй гэж. Тувачууд ингэж хэлдэг юм. Вилхелм Райх үүнийг л нотолсон. Юу гэхээр газар дээр болж байгаа бүхнийг тэнгэр мэдэж байдаг. Тэнгэр өөрийн гэсэн ухамсартай. Сайн юм болоход сайнаар хариулдаг. Муу юмыг муугаар нь дарж өгдөг. Европ эрдэмтэд үүнийг мухар сүсэг гээд хүлээн зөвшөөрөөгүй. Вилхелм Райхын ярьж байгаа энэ зүйлс бол сүм хийдийн эсрэг гэж буруутгаж байсан. Тэр хүн шал өөр юм яриад байж л дээ. В.Райх Америк руу гарсан. Гэтэл бас л түүнийг ойлгоогүй, түүнийг шоронд хийж зүйл дууссан. Энэ бол 1951 оны явдал. Түүнийг Америк ч хүлээн зөвшөөрөөгүй бүх номыг нь шатаасан байдаг. Ингээд нэг хэсэг чимээгүй байж байхад Европт үлдсэн шавь нар нь түүний номнуудыг цуглуулж дахин хэвлүүлсэн.

Тэгэхээр Вилхелм Райхын хийсэн судалгаан дээр үндэслэн та энэ төхөөрөмжийг хийсэн гэсэн үг үү?

-Тийм. Би энэ төхөөрөмжийг бүтээсэн юм биш. Хүмүүс буруу ойлгосон байна лээ. Түүнийг бүтээсэн хүн бол Вилхелм Райх. Амьд байхдаа 1945-1947 онд шүү дээ. АНУ-ын Невадад элсэн цөлд цөмийн бөмбөг туршиж юу ч үгүй болгосон. Тэр цөлийг дахин юм ургуулж ногооруулж өгсөн ачтай хүн.

Энэ төхөөрөмжийг Арабын орнуудад аль хэдийнэ хэрэглэж байгаа гэсэн?

-Бараг 15 жилийн өмнөөс. Арабын орнууд бүгд ийм төхөөрөмжтэй. Нэрийг нь “Cloudbuster” гэдэг. Үүл бутлагч гэж орчуулах юм уу даа. Гэхдээ нэр нь оноогүй. Үүл бутлагч биш үүл бий болгогч гэсэн үг. Вильхелм Райхын энэ төхөөрөмжийг дэлхийн олон орон хэрэглэж байгаа. Газрын дундад тэнгисийг тойрсон орнууд.

Элсэн цөлтэй газруудад гэсэн үг үү?

-Бороо ордоггүй газар. Ердөө л бороо оруулахын тулд. Үүл гаргах, гарсныг нь доош нь татах.

Энэ төхөөрөмж яаж ажилладаг юм бэ?

-1945 онд Казахстаны Семипалатинскт оросууд цөмийн зэвсгээ анх ил дэлбэлж эхэлсэн. Оросууд Семпалатинскт надад мэдэгдэж байгаагаар 470 удаа цөмийн бөмбөг туршсан байдаг. Үүний тоос шороо, хог нь Монголд орж ирсэн. Монголын салхи дандаа баруун хойноос шүү дээ. Ингэж биднийг хордуулсан. Хятадын Лоб нуурт цөмийн туршилтын талбай байдаг. Монголын бараг хил дээр шүү дээ. Хятадууд өмнө зүгээс салхитай өдрөө туршилтаа хийдэг. Ингээд Монголын нөгөө талаас бас хор орж ирж байна. Монголын Мардайгаас уран олдчихсон гэж байна. Ингээд Төв Азийн өндөрлөг газрыг хаагаад нүдэнд үл үзэгдэх бүслэлт бий болчихсон. Тэр хана нь гадаад далайн үүлийг нэвтрүүлдэггүй. Үүл ойртохын аргагүй битүү хана босчихож. Тийм учраас ган болж байна. Өөрөөр хэлбэл бид том цөмийн бөмбөлөг дотор сууж байна гэсэн үг. Миний багажийн онцлог нь гэвэл тэр 20 том трубаны арав нь усан дотор, арав нь босоо байрлалтай. Таван метрийн диаметртэй бассейнд байгаа. Нэг талаас нь ус ороод гарахад эргүүлэг үүснэ. Энэ бол усны эргүүлгийг ашиглаж байгаа хэрэг. Үүнд цахилгаан, зай энэ тэр хэрэггүй. Байгалийн хуулийг ашиглаж байгаа юм. 20 ган труба гэдэг бол маш хүчтэй. Ганц гэрийн яндан яаж хүнгэнэдэг билээ. Түүн шиг 20 труба зэрэг сороход тэр битүү ханыг цоо сорно. Түүнийг цоолоход нураад эхэлнэ дээ. Ингээд л гадаад далайгаас хаагдаад байсан чийг ороод ирнэ. Тэр чийгийг л энд татаж буулгана. Энэ багажийг ажиллуулаад эхэлмэгц маш хүчтэй салхи гардаг. 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр бид анх энэ төхөөрөмжийг ажиллуулахад хүчтэй салхи дэгдсэн. Уржигдар бас салхи дэгдсэн. Тэр чинь энэ багажтай шууд холбоотой. Уржигдар бид багажаа нэлээд ажиллуулсан юм. Орой нь жаахан цас орсон доо, 2014 онд мөн л ингэсэн. Тэр өдөр агаарын хэм дөрвөөр доошилж хүйтэрсэн. 2012, 2013, 2014 онуудад бороо их орсон. Гэтэл 2015 онд ороогүй. Би өнгөрсөн жил энэ төхөөрөмжийг ажиллуулахад нь Германд байсан. Гэтэл бороо ордоггүй. Энд ирээд харахад салхинд эвдрэх гээд байна гээд троссоор хүлээд хаячихсан байсан. Тэгэхлээр яаж ажиллах билээ. Арван труба чинь чөлөөтэй хөдөлж байх ёстой. 180 градусын чөлөөт хөдөлгөөнд байх ёстой л доо.

Энэ төхөөрөмжийг хийхэд аль зэрэг их хугацаа зарцуулсан бэ?

-Бэлтгэл ажлаа их удаан хийсэн. Трубануудаа Германаас авчруулсан. Бавариас жинхэнэ дээд зэргийн ган труба захиалж авчруулсан. Урт нь дөрвөн метр. Би энэ төхөөрөмжөө нэг газар таван жил туршъя гэж бодсон юм. Энэ бол тэнгэр лүү буудахаас огт өөр. Үүл буудахад маш үнэтэй шүү дээ. Тэгээд ч тэнгэр рүү буудна гэдэг нүүдэлчин хүний сэтгэлд нэг л буухгүй байгаа юм. Бид бол залбирч авч байгаа. Эхлээд бид ёслол үйлддэг.

Төхөөрөмжөө ажиллуулж эхлэхээсээ өмнө гэсэн үг үү?

-Тийм. Сүү, цайныхаа дээжийг өргөж, тэнгэрээсээ гуйна.

-2012 онд бүтээсэн гэдэг чинь та дөрвөн жил туршсан юм байна шүү дээ. Үр дүн нь харагдсан гэсэн үг үү?

-Миний хувьд харагдсан. Надаас олон хүн энэ төхөөрөмжөө өгөөч гэж гуйсан. Намайг их л баян хүн гэж боддог юм шиг байна. Үүнийг бүтээхэд би 50 сая төгрөг зарцуулсан. Алжирийн Мажид Адель Азиз гэдэг хүнийг урьж авчирч ажиллуулсан. 12 хоног шүү дээ. Ингэхдээ нэг цагийн 100 еврогоор хөлсөлсөн. Энэ хүн “Диваажин” гэдэг гайхамшигтай цэцэрлэг байгуулсан.

Тэгэхээр олон газар очиж энэ төхөөрөмжийг хийж өгсөн гэж та ярилаа. Тэр газар болгонд нь бороо ороод ган гачиггүй байгаа гэсэн үг үү?

-Янз бүр гэсэн. Газрын дундад тэнгисийг тойрсон орнуудад бүгдэд очиж түүнийг хийж өгсөн. Тэнгисийн хажууд оршдог орнуудад ган болж байна гэхээр сонин байгаа биз. Тэр орнуудад нэг хэсэг ямаа их өссөн гэсэн. Ямаа өсөөд өвсийг үндсээр нь зулгаажээ. Ингээд ямаагаа цөөрүүлсэн байдаг. Энэ төхөөрөмж Грект ажиллаагүй гэсэн. Гэхдээ хойтон жил нь ажилласан гэж ярьж байна лээ. Би саяхан Атлантын тэнгисийн голд байдаг арал дээр очсон. Тэнд ган болчихсон байсан. Ган болохдоо хүрвэл хаана ч болдог юм билээ.

Categories
мэдээ цаг-үе

10 настайдаа Ази тивийн аварга болсон охин

Өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотноо өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ удаагийн тэмцээнд Монголоос нэлээд хэдэн залуу шатарчин амжилттай оролцжээ. Тэдний нэг нь 10 насны ангилалд Ази тивийн аварга болж, алтан медаль хүртсэн Даваахүүгийн Мөнхзул. Тэрээр нийслэлийн 33 дугаар сургуулийн сурагч. Аавынх нь ярьснаар Мөнхзул таван настайгаасаа эхэлж шатар тоглосон гэнэ. Түүнд хэн ч зааж өгөөгүй. Эгч, аав хоёрынхоо тоглож байгааг харж суудаг байсан жаахан охин нэг л өдөр тоглоод эхэлжээ. Ийнхүү таван жил шатар тоглохдоо Д.Мөнхзул нэлээд амжилтад хүрсэн. 2014 онд Өмнөд Африкийн Дурбан хотноо болсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож охидын найман насны ангилалдаа түрүүлж аварга болжээ. Уг тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 шатарчин хүчээ сорьсон. Үүний дараахан 2014 онд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хоёр медаль авчээ. Рафит төрөлд алт, блиц төрөлд мөнгө авч, стандарт төрөлд дөрөвдүгээр байрт шалгарсан. Дараа жил нь буюу 2015 онд Тайландын Паттайя арал дээр болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авчирсан. Хамгийн сүүлд энэ долоо хоногт Улаанбаатар хотноо болж өнгөрсөн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 10 насны ангилалд түрүүлж алтан медаль хүртсэн юм.

Ийнхүү Д.Мөнхзул охин хэдхэн жилийн хугацаанд олон улсын тэмцээнүүдэд маш амжилттай оролцож Монголын нэрийг дэлхийн дэвжээнд мандуулжээ. Байнга бэлтгэл сургууль хийдэг тул хичээл нь нэлээд тасардаг хэмээн аав нь ярьсан юм. Гэсэн ч ангийнхнаасаа хоцордоггүй онц сурдаг гэнэ. Хамгийн сүүлд гэхэд бэлтгэл сургууль гээд гуравдугаар сараас хойш хичээлдээ яваагүй. Тэмцээнээ дуусгаад саяхнаас сургуульдаа явж эхэлсэн байна. “Хичээл нь ямар байна” гэж асуухад “Нөгөө л юмаа үзэж байна лээ” гэсэн хэмээн ярихдаа аав нь өөрийн эрхгүй инээж байлаа. Мөнхзул охин удахгүй дахиад л бэлтгэлдээ гарна. Ирэх аравдугаар сард Гүржид болох Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

10 настайдаа Ази тивийн аварга болсон охин жаахандаа нэлээд нүүрэмгий, сэргэлэн охин байжээ. Цэцэрлэгт байхдаа дуулж, бүжиглэж янз бүрийн тэмцээнд оролцож, таван настайдаа “Бяцхан мисс” тэмцээний “Фото мисс”-ээр шалгарч байсан удаатай. Харин шатар тоглодог болсноосоо хойш их өөр болсон хэмээн аав нь ярив. Одоо бол юм асуухад нэлээд бодож байж хариулдаг болсон гэнэ. Шатрын спорт хүүхдийг төлөвшүүлчихдэг.

Дашрамд Д.Мөнхзул айлын дундах охин. Эгч Д.Хонгорзул, дүү Д.Өнөрзул нь мөн л шатар тоглодог. Ази тивийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд Г.Даваахүүгийн гурван охин гурвуулаа оролцжээ. Хүүхдүүд нь бүгд шатарчин болохоор аав нь ч тоглодог байж таарна. Гэвч Г.Даваахүү өөрийгөө сонирхогч хэмээн ихэд даруухнаар тодорхойлсон юм. Тэрээр Өсвөрийн шатарчдын эцэг эхийн зөвлөлийн дарга, Монголын шатарчдын удирдах зөвлөлийн гишүүн. Саяхан Улаанбаатар хотод болсон Ази тивийн өсвөрийн шатарчдын тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар ажилласан байна.

Даваахүүгийн Мөнхзул 2014 онд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарч Ерөнхий сайдаас шагналаа гардан авсан. Залуу аварга Д.Мөнхзул маань Гүржид болох Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ганзага дүүрэн ирж монголчуудаа баярлуулна гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Зөвлөлтийн анхны хөнгөн хөгжмийн хамтлаг “Весёлые ребята

1966 онд “Весёлые ребята” хамтлагийг байгуулсны дараахан

1960-аад онд Их Британид дөрвөн залуу нийлж орчин үеийн хөгжмийн “Битлз” хамтлагийг байгуулсан. Тэд эхэндээ Америкийн рок-н-роллыг дуурайн дуулсан боловч удалгүй өөрийн гэсэн хэв маягийг бий болгож чадсан түүхтэй. Дэлхийн орчин үеийн хөгжмийн урлагт шинэ хуудсыг нээсэн “Битлз” хамтлагийг ХХ зуунд хамгийн их нэрд гарсан хамтлаг гэдэг. 1960-аад оноос барууны ертөнцөд хөнгөн хөгжим ид моодонд орж, залуучуудыг байлдан дагуулж байв. Харин коммунист үзлийг сурталчлагч Зөвлөлт тэднээс хоцрохгүй байхыг хичээсэн юм. Тиймээс ч 1966 онд Москва хотноо төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Павел Слободкиний санаачилсаар “Весёлые ребята” нэртэй хамтлагийг байгуулжээ. Энэ нь Зөвлөлтийн анхны хөнгөн хөгжмийн хамтлаг болсон. 1968 онд Бүх холбоотын залуучуудын дууны уралдаанд “Весёлые ребята” түрүүлсэн нь Зөвлөлтөд поп, рок хөгжмийг албан ёсоор хүлээн зөвшөөрсний дохио байсан гэдэг.

1970 онд “Мелодия” дуу бичлэгийн газраас “Весёлые ребята”-гийн анхны пянзыг гаргахад залуучуудын дунд нэлээд шуугиан тарьжээ. Уг пянз 15 795 000 хувь хэвлэгдэж дэлгүүрүүдэд тэр дороо зарагдаж байлаа. Энэ үйл явдал Зөвлөлтийн урлагийн түүхэнд тэмдэглэгдсэн юм. Нөгөө талаас энэ нь нийгмийн шинэ үеийн төлөөлөгчид болох рок хөгжимчдийн эсэргүүцлийн илэрхийлэл болж байсан гэдэг.

1974 онд залуу дуучин Алла Пугачева “Весёлые ребята” хамтлагийн гишүүн болсон юм

Тус хамтлагийн “Алёшкина любовь”, “Портрет работы Пабло Пикассо”, “Тебе все равно” зэрэг дуунууд тухайн үед жинхэнэ хит болсон байдаг. 1970-аад оноос эхлэн “Весёлые ребята” хамтлаг нь өөрийн гэсэн хөтөлбөртэй болж Зөвлөлтийн хотуудаар аялан тоглолтоо хийжээ. Хамтлагийн нэр алдрын оргилд гарсан бас нэг шалтгаан нь өөрийн гэсэн тоглолтын хөтөлбөртэй байсантай холбоотой гэдэг. Хамтлагийн уран сайхны удирдаач Павел Слободкин авьяаслаг залуу хөгжмийн охиолчдыг урьж хамтран ажилласан. Ю.Антонов, Ю.Добрынин, С.Дьячков, О.Иванов зэрэг уран бүтээлчид нь “Отчего?”, “Если любишь ты”, “На земле живёт любовь” зэрэг олон сайхан дуунуудыг зохиож тэдгээр нь бүгд оросуудын сонсох дуртай дуу болсон. Оросын нэрт хөгжмийн зохиолч Д.Тухманов “Весёлые ребята”-д зориулан “Как прекрасен этот мир”, “Легко влюбиться”, “Скорый поезд” зэрэг маш олон дуу зохиосон. Тус хамтлагийг нэрд гарахад олон нэрт хөгжмийн зохиолчид чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэдгээр хөгжмийн зохиолчид бүгд өнөөдөр Оросын алдартай уран бүтээлчид болсон юм.

1973 онд Зөвлөлтийн “Мелодия” дуу бичлэгийн газрыг Английн Ливерпуль хотод жил бүр зохиогддог Олон улсын дуу бичлэгийн уралдаанд оролцохыг урьжээ. Түүнд нь “Весёлые ребята” хамтлагийн бичлэгийг явуулахад хоёрдугаар байранд шалгарсан байна. Зөвлөлтийн орчин үеийн хөгжим ийнхүү баруунд хүлээн зөвшөөрөгдсөн түүхтэй. П.Слободкин хамтлагийнхаа уран бүтээлийн санг улам бүр баяжуулсаар байв. Тэрбээр залуухан дуучин Алла Пугачеваг “Весёлые ребята”-д орж хамтран ажиллахыг урьжээ. Түүний “Арлекино” дууг монголчууд ч сайн мэднэ. Алла Пугачева энэ хамтлагийн гишүүн байхдаа Болгарын нийслэл Софи хотод жил бүр зохион байгуулдаг байсан “Алтан орфей” олон улсын дууны уралдаанд оролцож “Арлекино” дуугаараа тэргүүн байрын шагналыг хүртсэн билээ. Энэ дууны найруулгыг уран сайхны удирдаач П.Слободкин өөрөө хийсэн. Алла Пугачева анх ингэж нэрд гарсан юм. Хилийн чанадад тэр дундаа Европт болсон уралдаанд Зөвлөлтийн дуучин түрүүлсэн талаар тухайн үед хэвлэл мэдээллээр нэлээд шуугисан байдаг. Оросын нэрт дуучин ийнхүү олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж анх удаа бие даасан пянзаа сонсогчдын хүртээл болгожээ. Бүх юм үзэл суртлын хатуу хяналтад байсан тэр үед дуучин пянзаа гаргуулна гэдэг маш том амжилт. Ийнхүү нэг хэсэгтээ л Алла Пугачева “Весёлые ребята”-гийн нэрийн хуудас нь байсан билээ.

“Весёлые ребята” хамтлаг 1990-ээд оны эхээр

Түүнээс хойш олон улсын нэлээд хэдэн уралдаанд оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн. Зөвлөлтөд төдийгүй барууны орнуудад зохион байгуулагдсан томоохон тоглолтуудад оролцож тухайн үедээ дэлхий дахинаа алдаршсан “АВВА”, “Boney M”, Францын нэрт дуучин Мирей Матье зэрэг хамтлаг дуучидтай нэг тайзан дээр дуулж байлаа. Зөвлөлтийн үед хамтлагуудад ийм завшаан тохионо гэдэг ховор байв.

“Весёлые ребята”-гийн гишүүд хэд хэдэн удаа солигдсон нь бас нэгэн онцлог юм. Тус хамтлагийн гишүүн байсан уран бүтээлчдийн дийлэнх нь өнөөдөр Оросын нэртэй дуучид болсон. Алла Пугачева, Юрий Антонов, Александр Градский, Александр Барыкин, Александр Буйнов, Алексей Глызин, Александр Добрынин гээд л. Тэд бүгдээрээ өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа.

2006 онд “Весёлые ребята” хамтлагийнхан уран бүтээлээ туурвиж эхэлсний 40 жилийн ойгоо тэмдэглэсэн. “Мелодия” дуу бичлэгийн студиэс тус хамтлаг “Цагаан алтан диск №1”-ийг гардуулсан юм. Учир нь Зөвлөлт болон Орост зарагдсан пянз, дискнийхээ тоогоор тэргүүлсэн байдаг.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2013 онд тус хамтлаг нь “Неизданное” нэртэй арав дахь CD-гээ гаргасан. Тэдний шинэ дуунуудыг ч үзэгчид хүсэн хүлээж байдаг. 1966 оноос уран бүтээлээ туурвисаар байгаа тус хамтлагийн ийм урь удаан хугацаанд оршин тогтнож байгаагийн нууц нь мэдээжийн хэрэг чадварлаг хөгжмийн зохиолчидтой хамтарсан явдал. Түүнээс гадна дуунуудын сонголт, найруулга, чадварлаг дуучид гээд олон хүчин зүйл бий. Өнгөрсөн жил тус хамтлагийн үүсгэн байгуулагч Павел Слободкинд “Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн” хэмээх тусгай шагналыг олгосон байна. Харин “Весёлые ребята” нь байгуулагдсаныхаа 50 жилийн ойд зориулж шинэ цомгоо гаргасан билээ.

Тус хамтлагийн уран сайхны удирдаач П.Слободкин 2006 онд “Аладдиний шидэт дэнлүү” мюзиклийг найруулан үзэгчдийн хүртээл болгосон юм. Тэрээр өнөөдрийн хүртэл уран бүтээлээ туурвисаар байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

И.К.Азизов: Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалын товыг саяхан баталгаажуулсан

Энэ долоо хоногт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров манай улсад айлчлах юм. Үүнтэй холбогдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой ярилцсаныг сонирхуулъя.

-Элчин сайд аа, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров манайд ажлын айлчлал хийхээр пүрэв гаригт ирнэ гэсэн. Үүнээс яриагаа эхэлье гэж бодлоо?

-Тийм ээ, та зөв мэдээлэлтэй байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн нарийн бичгийн даргын газраас айлчлалын товыг саяхан баталгаажуулсан.

-ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал хэд хоног үргэлжлэх вэ. Айлчлалын гол зорилгыг юу гэж тодорхойлох вэ?

-Энэ бол нэг хоногийн айлчлал. Гол зорилгын хувьд гэвэл танай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй манай хоёр улсын харилцааны ерөнхий чиг хандлагатай холбоотой нэгэн чухал баримт бичигт гарын үсэг зурах явдал. Энэ баримт бичгийг хоёр тал удаан хугацааны туршид боловсруулсан. Бид зөвшилцөлд хүрсэн тул гарын үсэг зурахаар болсон. Та бүхэнд энэ баримт бичиг таалагдана.

-Энэ нь сайн мэдээ байна гэж найдаж байна.

-Сайхан мэдээ гэвэл С.Лавров танай сайд Л.Пүрэвсүрэнгийн хүсэлтээр Монголын Гадаад хэргийн яаман дээр тусгай зочдын өмнө үг хэлэхээр болсон. Уг арга хэмжээнд оролцох зочдыг Монголын Гадаадын сайдын нэрийн өмнөөс урьсан байгаа. Нээлттэй арга хэмжээ болохоор хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг оролцуулна.

-Та энэ албанд томилогдоод бараг гурван жил боллоо. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?

-Маш сонин асуулт байна. Энэ нь миний ажлыг эцэслэн дүгнэж байна гэсэн үг биш байх гэж найдаж байна. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд миний бодлоор манай хоёр Ерөнхийлөгчийн чармайлтаар Засгийн газрууд маань дипломат албадуудын дэмжлэгтэйгээр идэвхтэй, байнгын бөгөөд улс төрийн өндөр түвшний харилцааг сэргээж чадсан. Энэ бол маш чухал амжилт. Олон зууны туршид холбоотой байсаар ирсэн найрсаг харилцаатай хөрш улсын хувьд нэлээд өргөн хүрээтэй хамтран ажилласаар ирлээ. Үүнд харилцан визгүй зорчдог болсныг хэлмээр байна. Худалдаа, эдийн засгийн харилцаанд ч тодорхой ахиц гарсан. Юуны түрүүн Зөвлөлтийн үеэс үлдсэн Монголын өрийн асуудлыг эцэслэн шийдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ингэснээр санхүү, зээлийн салбарт хамтран ажиллах хууль эрх зүйн нөхцөл бүрдэж шинэ боломжууд нээгдлээ гэсэн үг. Гэхдээ энэ эрх нь одоо шууд л сэргээгдэнэ гэсэн үг биш. Парисын клубын дүрмээр өмнөх өрийн асуудал шийдэгдээгүй бол хоёр улсын санхүүгийн хамтын ажиллагаанд тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоодог.

Монголын хувьд ерөнхийдөө зээл, санхүүгийн асуудлаар гадаад ертөнцтэй харилцах боломжууд нэлээд нээгдсэн нь маш чухал. Энэ чиглэлээр бид цаашид хамтран ажиллана. Урьд нь байгуулагдсан манай хамтарсан байгууллагууд муугүй ажиллаж байгаа. ЕВРАЗИЙН эдийн засгийн холбоо, Монголын Засгийн газартай хамтран ажлын хэсэг байгуулсан. Энэ нь ОХУ зэрэг улстай худалдааны чөлөөт бүс байгуулахад маш том ахиц дэвшил болсон. Ингэснээр Монгол Улс барааныхаа экспортыг нэмэгдүүлэх таатай боломж бүрдэнэ. Ерөнхийд нь товчхон дүгнэн хэлэхэд ийм байна.

-Та хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсон тухай ярилаа. Үүнээс хойш ямар нааштай өөрчлөлтүүд гарав?

-Бид энэ асуудалд нэлээд хатуу байр суурь баримтлах ёстой. Тиймээс ерөөсөө визгүй зорчих бус, иргэдийг харилцан зорчих дүрэм журмыг хялбаршуулах тухай ярих нь зөв байх. 2014 оны арваннэгдүгээр сард хоёр улсын Засгийн газрууд гэрээ байгуулж харилцан визгүй зорчих журам гарсаны дагуу манай иргэд зорчихдоо 30 хоногоос хэтрэхгүй, хагас жилдээ 90 хоног зорчих эрхтэй болсон. Олон улсын хэмжээнд харилцан визгүй зорчиход ийм л дүрэмтэй байдаг. Дээр дурдсанаас удаан хугацаагаар байх бол виз авна. Визгүй зорчдог болсноос хойш аялал жуулчлал, ажил хэргийн харилцаа, соёлын хамтын ажиллагаа эрчимжсэн. Оросын хилийн хяналтын байгууллагаас авсан мэдээллээр хилээр нэвтэрч буй хүмүүс болон тээврийн тоо 2014 онтой харьцуулахад өнгөрсөн жил хоёр дахин нэмэгдсэн. Монголоос ОХУ-д зорчих хүмүүсийн тоог Оросоос танайд ирж байгаатай харьцуулахад арав гаруй дахин нэмэгджээ. Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлсөн. Ялангуяа бизнес эрхлэгчдийн хувьд. Түүнээс гадна хилийн ойролцоо амьдардаг хамаатан садангууд харилцаа холбоотой байхад илүү хялбар болсон. Нэг жишээ дурдъя. 2015 оны үзүүлэлтээр Буриад ОХУ-ын бусад субьектүүдээс жижиглэнгийн худалдааны хэмжээгээрээ тэргүүлсэн. Тодруулбал, бараа эргэлтийн хэмжээ нь хоёр дахин өссөн. Энэ нь Монголоос очиж буй жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбоотой. Визгүй зорчих нь соёл, хууль эрх зүйн хамтын ажиллагаа, байгалийн гамшиг нүүрлэх гэж байгааг урьдчилан мэдэгдэх зэрэгт эерэгээр нөлөөлсөн. Нэг үгээр хэлэхэд шинэ журам нь олон талын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шинэ боломжуудыг нээж өгсөн гэсэн үг.

Гэхдээ сөрөг талууд бий гэдгийг ч дурдах нь зүйтэй. Зорчиж буй хүмүүсийн тоо нэмэгдэхэд хилийн дэд бүтэц бэлтгэгдээгүй байсан. Нийтдээ 13 хилийн шалган нэвтрүүлэх цэг байдаг. Одоогийн байдлаар түүнээс 10 нь ажиллаж байгаа. Гэхдээ дээр дурдсан цэгүүдийн зарим нь 24 цаг ажилладаггүй. Хамгийн сайн тохижсон гэгддэг Алтанбулаг-Хиагтад гэхэд заримдаа хүмүүс болон машинуудыг олон цагаар хүлээлгэж байна. Үүнийг арилгахын тулд бид арга хэмжээ авч байгаа. Түүнээс гадна янз бүрийн зөрчлүүд гарсаар байгаа. Рублийн ханш буурсантай холбогдуулан Монголын иргэд нэлээд хэмжээний рублийг бэлнээр авч гарах явдал гарсан. 2015 оны нэгдүгээр сарын 31-нд гэхэд Монголын гурван иргэн Буриадын газар нутагт байдаг шалган нэвтрүүлэх цэгээр нэг сая гаруй рубль бэлнээр авч гарахыг завдсан. Малын хулгай нэлээд гардаг байсан. ОХУ-аас Монголоор дамжуулан гуравдагч орон руу мансууруулах бодис гаргах явдал ч бий. Манай хоёр улсын хилчид энэ бүхнийг хараад зүгээр суугаагүй арга хэмжээ авсаар байгаа. Үүний ачаар малын хулгай 67 хувиар буурсан. Хил дамнасан түймэр гарах явдал таван хувиар багассан.

-Манайхаас ОХУ-д экспортолж буй махны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Монголын талаас юунд анхаарах нь чухал вэ?

-Би Монголын хамгийн нөлөө бүхий сонинд ярилцлага өгч байгаа энэ завшааныг ашиглан тодорхой тайлбар өгье гэж бодож байна. Монголд улирлын онцлогоос, арваннэг, арванхоёрдугаар саруудад малаа нядалдаг. Энэ нь манай зах зээл дээр өрсөлөдөхөд яавч эерэгээр нөлөөлөхгүй. Оросын зах зээлд махыг жилийн туршид тогтвортой нийлүүлдэг байх шаардлагатай. Москва зарим орноос авдаг махны квотыг хязгаарласнаар Монголд нэлээд боломж олгосон боловч бидний хүсэн хүлээж байсан үр дүн гараагүй. Хоёр талын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар махны экспортод хамгийн их саад болж байгаа зүйл бол эрүүл ахуйн шаардлага. Танайд эрүүл ахуйн хяналт сул, малын халдварт өвчин байнга гарч байгаа нь тогтмол нийлүүлэлтэд саад учруулж байна. Манайд мах нийлүүлэхэд Оросын хорио цээрийн газраас тавьдаг шаардлагыг их хэмжээгээр экспортлогчид, бэлчээрийн бус малтай газрууд биелүүлэх боломжтой. Түүнээс гадна мах бэлтгэл, боловсруулалтыг сайжруулах шаардлагатай. Тиймээс танайхаас нийлүүлж буй махыг, адууныхаас бусдыг нь боловсруулах хэрэгтэй болдог. Энэ нь танай мах экспортлолд сөргөөр нөлөөлж байна. Монголын махны чанарын хувьд бол ярих юм байхгүй. Гэхдээ зах зээл дээр өрсөлдөж чадахуйц үнэ ханштай байх ёстой. Гэтэл монгол махны үнэ Латин Америкийнхаас илүү үнэтэй. Эцэст нь хэлэхэд манайх ч, танайх ч ДХБ-ын гишүүн тул олон улсын хэмжээнд тавигддаг эрүүл ахуйн шаардлагыг тойрч гарах боломжгүй.

-Элчин сайд аа, та ярилцлагын төгсгөлд ойрын үед хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Миний бодлоор юуны түрүүн манай хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаанд гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Худалдаа, эдийн засгийн харилцааг орчин үеийн түвшинд гаргах шаардлагатай. Ингэхийн тулд яах талаар Монголын хамтран ажиллагчидтайгаа ярилцах болно. Яавал хамгийн их үр дүнтэй байх талаар. Энэ жил бидний хувьд онцгой гэдгийг дурдмаар байна. 2016 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохионо. Тиймээс бүтэн жилийн туршид янз бүрийн арга хэмжээ зохион байгуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Стивен Хокинг: Ойрын 100 жилийн дотор хүн төрөлхтөн Ангараг дээр амьдардаг болно гэдэгт би эргэлздэггүй

Их Британийн нэрт физикч Стивен Хокинг манай дэлхийн ирээдүйн талаар Оросын “ТАСС” агентлагт өгсөн ярилцлагыг сонирхуулъя.

-Та нэг удаа интернэт хэрэглэгчдээс “Улс төр, эдийн засаг болон экологийн хямралд автчихаад байхад хүн төрөлхтөн дахиад хэрхэн 100 жил оршин тогтнох вэ?” гэж асууж байсан. 2006 онд та энэ асуултыг тавьсан. Түүнээс хойш хариултыг нь олсон уу?

-Цаашдаа, ирээдүйд ч оршин тогтнохын тулд бид энэ хэврэг дэлхийгээс гарч явах ёстой. Дэлхийг оршиход маш их аюул заналхийлж байна. Цөмийн дайн, дулаарал, удам зүйн аргаар гаргаж авсан вирус зэрэг нь шинэ технологи хөгжих хэрээр улам аюултай болно. Бид сансарт анхаарлаа хэт төвлөрүүлэлгүй оддыг чиглэх ёстой. Ингэсэн нөхцөлд манай дэлхий сүйрсэн ч хүн төрөлхтөн устаж үгүй болохгүй гэсэн үг.

-Гэтэл зарим судлаачид Х гариг буюу Нибиру нь манай дэлхийд аюул учруулна гээд байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Хамгийн сүүлд 70 сая жилийн өмнө дэлхий том гаригтай мөргөлдсөн. Гэхдээ үүнээс илүү гамшиг цаашид оршин тогтноход аюул учруулж магадгүй байгаа.

-Та “Миний богино түүх” (My Brief History) номондоо долоон удаа ЗХУ-д очсон тухайгаа бичсэн. Тэр үеэс юу нь таны сэтгэлд хамгийн ихээр хоногшиж үлдсэн бэ?

-Анх би оюутнуудын бүрэлдэхүүнд орж очсон. Тэр багт нэг баптист шашинтан байсан. Тэрээр орос хэл дээр хэвлэсэн Библийн судрыг авч явсан. Биднээс түүнийг нь хилээр авч гарахад туслахыг хүссэн юм. Бид авч гарсан боловч буцахад Зөвлөлтийн тал үүнийг мэдсэн тул хэсэг хугацаагаар саатуулагдаж билээ. Биднийг хууль бус зүйл авч ирсэн хэмээн буруутгасан бол олон улсын хэмжээнд тун эвгүй хэл ам гарах байсан тул хэдэн цагийн дараа явуулсан. Бусад зургаан удаад нь Оросоос баруун руу явахыг хориглосон эрдэмтэдтэй уулзахаар очсон.

– Жишээ нь та Оксфордын их сургуульд орос хэл сурч байсан өөрийн охин Люсия Хокингтэй хамт Орост очъё гэж боддог уу?

-Би Орост нэлээд хэдэн удаа очихдоо сэтгэл хангалуун буцсан. Тиймээс ч дахиад очихыг хүсдэг.

-Орос болон дэлхий даяараа хүн анх сансарт ниссэний 55 жилийн ойг удахгүй тэмдэглэнэ. Сансрын нисгэгчдийн өдөр шүү дээ. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр танд ямар сэтгэгдэл төрж байв?

-Орос, Америкаас түрүүлж сансарт хүн нисгэсэн нь надад нэлээд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн.

-Зөвлөлт задраад 25 жил өнгөрч Оросыг сансрыг эзэмшсэн улс гэх болсон. Таны бодлоор сансрыг эзэмших үйл явцад ямар боломж харагдаж байна?

-Олон улсын сансрын станцаас нисч, хөөрөх асуудал дээр Америк Орост нэлээд найдвар тавьж байгаа. Миний бодлоор иймэрхүү олон улсын хамтын ажиллагаа ирээдүйтэй.

-Өнгөрсөн жил та “The Breakthrough Initiatives” хэмээх томоохон төслийг дэмжсэн. Түүнийг Оросын бизнесмэн Юрий Мильнер санхүүжүүлж байгаа бөгөөд гол зорилго нь дэлхийгээс гадна амьдрал байгаа эсэхийг судлах явдал. Гэтэл зарим гутранги үзэлтнүүд үүнийг дэмий юманд мөнгө үрж байна гэсэн. Энэ төсөл амжилттай хэрэгжих болов уу?

-Би Юрий Мильнерийн санаачилсан дэлхийгээс гадна амьдрал байгаа эсэхийг судалж буй “The Break­through Initiatives” төслийн дэмжигч нь. Радиотелескоп, лазерын туяаны цацралын тусламжтайгаар дэлхий бол хүн төрөлхтний амьдралын эх үүсвэр нь зөвхөн манай гараг биш гэдгийг батлахыг оролдож байгаа. Ийм нээлт бидний сансрын талаарх төсөөлөлд хувьсгал хийнэ.

-Хөгжил, дэвшил гарсаар байна. Роскосмос, NASA хоёр хамтран Марс руу нислэг хийхээр төлөвлөж байгаа. Марс бол хүн амьдрахад тохиромжгүй гэдэг, үүнээс үзэхэд энэ төсөл хэрэгтэй юу?

-NASA болон бусад сансрын агентлагууд бүгд Марст анхааран ажиллаж байгаа. Энэ бол манай дэлхийтэй хамгийн их төстэй бөгөөд ойрхон, элстэй, агаар мандалтай гариг. Уг нь бол сарыг эзэмшвэл илүү хялбар байхсан. Манай дэлхийгээс ердөө гурав хоног яваад хүрэх газар. Марс илүү сонирхол татаж түүнийг бүрэн эзэмших шаардлагатай гэдгийг ойлгуулсан. Ойрын 100 жилийн дотор хүн төрөлхтөн Марс дээр амьдардаг болно гэдэгт би эргэлздэггүй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд түүний талаарх мэдлэгийг сайжруулахад зарцуулах хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сансрын туяанд хүн хэрхэн амьдрах, хүний бие хэрхэх гээд. Мөн дэлхийгээс гадна байхад амьдрахад зайлшгүй шаардлагатай зүйлс дутагдахад яахав гээд.

-Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулганы гол сэдэв нь үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгал “In­dastry 4.0” байсан. Онолын хувьд бол энэ нь роботыг хөгжүүлж хүнийг орлодог болгоно. Робот биднийг орлох юм бол хүн юу хийх вэ?

-Бидний хэрэгцээтэй бүхнийг роботууд үйлдвэрлэдэг болбол энэ бүхнийг хэрхэн хуваарилахаас бүх юм шалтгаална. Машины үйлдвэрлэсэн зүйлст хүн бүр сэтгэл хангалуун байвал амьдрал тансаг болно. Роботыг эзэмшигчид нь өөрсдийн нөлөөгөө эд материалын хуваарилалтад ашиглах юм бол хүмүүсийн дийлэнх нь ядуурна. Одоогийн байдлаас үзэхэд хоёр дахь хувилбар нь илүү ойрхон байна. Технологи хөгжих тусам тэгш бус байдал бий болдог.

-Та бол нэртэй эрдэмтэн, шинжлэх ухааныг сурталчлагч. Шинжлэх ухааны аль салбар таны сэтгэлд илүү нийцдэг вэ?

-Би бол юуны түрүүн эрдэмтэн хүн. Орчлон ертөнцийг ойлгоход өөрийн хувь нэмрээ оруулсандаа маш их бахархдаг. Миний ажил олны хүртээл болсонд баяртай байна. Учир нь эхэндээ сонин мэт санагдах бүтээлийг олон түмэнд ойлгох боломж олгох ёстой гэж би боддог.

-Таны нэг өдрийн ажлын төлөвлөгөө ямар вэ?

-Миний биеийн байдлын улмаас өглөө сэрснийхээ дараа нэлээд хугацаа шаардагддаг. Тиймээс ажилдаа үд дунд очдог. Ажлын төлөвлөгөө маань шинжлэх ухааны, олон нийтийн гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.

-Ажлаа дуусгаад та яаж амардаг вэ?

-Орой янз бүрийн цэнгээнт нэвтрүүлэг үзэж, хөгжим сонсож, кино эсвэл мэдээллийн хөтөлбөр үздэг. Би ер нь бага унтдаг.

-Профессор Хокинг, таны мөрөөдөл юу вэ?

-Би сансарт нисэхийг мөрөөддөг. Олон жилийн туршид энэ бол ердөө л мөрөөдөл гэж боддог байсан. Энэ дэлхий дээр тэргэнцэрт хадагдсан болохоор сансрын гайхамшгийг өөрийн төсөөлөл болон физикийн онолоор дамжуулан мэдэрнэ гэж боддог байлаа. Манай дэлхийг сансраас харж, хязгааргүй орчинг ширтэж суух боломж олдоно гэж хэзээ ч бодож байгаагүй. Надад “Vigrin Ca­latic” компанитай хамтран сансарт нисэх боломж бий.

Орчуулсан Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Манай тамирчид Олимп эхлэхээс арав хоногийн өмнө Рио-де-Жанейрод очно

Хэдхэн сарын дараа Бразилд 2016 оны зуны Олимп болох бөгөөд бэлтгэл ажил ид өрнөж байна. Саяхан Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын үндэсний Олимпийн хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Олимпийн бэлтгэл ажилтай танилцахаар Бразилийн нийслэл Рио-де-Жанейрод очоод иржээ. Дөрвөн жилдээ нэг удаа тохиодог томоохон тэмцээний бэлтгэл ажил хэрхэн өрнөж байгаа талаар Биеийн тамир,спортын хөгжлийн төвийн захирал, МУГД Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Та Олимпийн бэлтгэл ажлаар Рио-де-Жанейро яваад саяхан ирсэн байна. Ямар ажил амжуулав?

-Ирэх наймдугаар сард Бразилийн нийслэл Рио-де-Жанейро хотод болох Олимпийн тоглолтод манай баг тамирчид оролцоно. Бид бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаатай газар дээр нь очиж танилцаад ирлээ. Зохион байгуулах хорооны ажил ид өрнөж байгаа бөгөөд тус хорооны Ази, тэр дундаа Монголыг хариуцсан хүмүүстэй нүүр тулан уулзлаа. Бүртгэл, тээвэр болон спортын төрлүүдийг хариуцсан хүмүүстэй ярилцаж мэдээлэл авч, сонирхож байгаа асуудлуудаа хөндөж тодорхой тайлбар авлаа. Олимпийн тэмцээн дөрвөн газар болох юм байна. Түүнээс гадна Олимпийн тэмцээнүүд болох гурван газарт нь очиж үзсэн. Олимп болох алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнг үзэж сонирхсон. Тамирчдын байрлах тосгон, тэр дундаа Олимпийн паркыг ч үзлээ. Манайхны оролцох чөлөөт бөх, боксын тэмцээн болох заал нь баригдаад ерөнхийдөө дуусч байна. Мөн бусад заал танхимуудыг үзсэн. Хоёр дахь том ажил нь гэвэл Олимп болохоос арав хоногийн өмнө тамирчдаа Рио-де-Жанейрод аваачиж байрлуулахаар болсон. Нөөц тамирчидтайгаа очиж бэлтгэл хийх бааз байгуулах талаар ярилцаж хэдэн газраар очиж клубуудтэй танилцлаа. Рио-де-Жанейро хотоос 130-аад км-ийн зайтай газарт Монголын тамирчдын бэлтгэл хийх баазыг байгуулахаар Волта Редонда хотыг сонгоод бэлтгэлийн бааз, зочид буудал, зохион байгуулах компани зэрэгтэй санамж бичигт БТСХТөвийг төлөөлөн миний бие гарын үсэг зураад ирсэн. Удахгүй гэрээгээ байгуулна. Одоогоор хоорондоо мэдээллээ солилцож байгаа. Тэнд тамирчид, дасгалжуулагчид, спортын албаны хүмүүс, эрдэм шинжилгээний ажилтан, монгол тогооч нарыг хүртэл ажиллуулъя гэж байгаа. Тэнд нийтдээ 70-80 хүн байрлана. Бразилийн талын дөрвөн байгууллагатай ярилцсаны үндсэн дээр гэрээ байгууллаа. Нэг үгээр хэлэхэд бэлтгэл ажил ид явагдаж байна. Ер нь явсан ажил дажгүй бүтсэн.

-Бразил, Монгол хоёр олон цагийн зөрүүтэй. Тиймээс эртхэн очиж бэлтгэлээ хийж, цаг агаарт нь дасан зохицох нь чухал байх. Энэ талаар ямар арга хэмжээ авах гэж байна?

-Бид сая тэнд очихдоо наймдугаар сард тэндэхийн цаг агаар ямар байх, тамирчид цагийн зөрүүнд хэрхэн дасан зохицох зэргийг судалсан. Үүний үндсэн дээр Олимп эхлэхээс арав хоногийн өмнө тамирчдаа аваачих хэрэгтэй юм гэсэн дүгнэлт хийсэн. Риод-де-Жанейро хотод 2013 онд болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид нэг алт, нэг хүрэл медаль авсан. Тэд арваад хоногийн өмнө очиж бэлтгэлээ базаасан нь амжилт гаргахад ихээхэн нөлөөлсөн байх. Мөн спортын өөр төрлөөр тамирчид тэнд очиж богино болон урт хугацаанд дасан зохицохоор бэлтгэл хийж үзсэн. Ингээд нэлээд судалж үзсэний үндсэн дээр дунджаар арав хоногийн өмнө очих нь зүйтэй гэсэн дүгнэлт хийлээ. Олимпод оролцох тамирчдын эхний хэсэг долдугаар сарын 24-ний өдөр Рио-де-Жанейрод очсон байхаар тооцож байна.

-Олимпод манайхаас хэдэн тамирчин оролцох вэ. Бэлтгэл сургуулилт ямаршуу байна?

– Ер нь бол тамирчид маань Олимпийн тоглолт дуусангуут дараачийнхаа Олимпод оролцох бэлтгэлээ хийгээд эхэлдэг. Монголын тамирчид 2008 онд 28 эрх, 2012 онд 29 тамирчин эрх авч байсан. Харин энэ удаагийн 2016 оны олимпод 30-33, түүнээс дээш тамирчин эрх авна гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 13 тамирчин Олимпод оролцохоор болсон. Цаашдаа нэмж 18-21 эрх авах байх гэсэн тооцоотойгоор ажиллаж байна. Миний хувьд 2012 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд байхдаа Рио-де-Жанейрод болох Олимпод оролцох шигшээ багийг байгуулж, ажилд нь оруулж өгч байсан. Одоо Олимпийн бэлтгэлийн төгсгөл хэсэгт энэ байгууллагад ирж бүх л ар талын ажлыг хангаж өгдөг байгууллагыг тэргүүлэн ажиллаж, тамирчдынхаа бэлтгэлийг сайн хангуулахын төлөө олон байгууллага, хүмүүстэй хамтран ажиллаж байна. Олимпод оролцож амжилт үзүүлэх асуудал нь багийн ажил байдаг. Өмнөх хоёр Олимпийн мөчлөгт бид 4-5 медаль авч байсан бол энэ удаад медалийнхаа тоон амжилтыг буулгахгүй байхын төлөө байгаа. Бээжингийн Олимпоор авсан алтан медалийнхаа буухиаг үргэлжлүүлэх зорилготой байна. Ирэх долоон сарын эх хүртэл Олимпийн эрх нэмж авахын төлөө бүх ажлаа чиглүүлнэ. Долоон сарын эхээр Олон улсын Олимпийн хороо Рио-де-Жанейрод болох Олимпийн наадамд оролцох тамирчдын нэрсийг эцэслэн зарлана. Манай тамирчид маань Олимпийн эрх авахын төлөө дотоод болон гадаадад бэлтгэл сургуулилтаа хийж, Олимпийн олон эрхийн тэмцээнд орж, спортын хэрэглэл, материалаар хангах үйл ажиллагааг манай байгууллагаас тасралтгүй явуулж байна.

-Манайхаас яг хэдэн тамирчинд Олимпод оролцох нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Тэгэхээр ойролцоогоор ямар ямар төрлөөр хэчнээн тамирчин оролцох гэж байгаа нь манай уншигчдад сонин байх болов уу?

-Ойролцоогоор 30-33 тамирчин эрх авч РИО 2016 наадамд оролцоно гэж бид төлөвлөсөн. Энэ бол өмнөх Олимпоос ахисан үзүүлэлт болж байгаа. Нэг эрх гэдэг бол нэг хүн. Өмнөх Олимпоос нэг нэг эрхээр нэмэгдэж байсан бол энэ удаа нэлээн ахих төлөвтэй байна. Энэ бол спортын салбарын ажлын нэг үзүүлэлт юм. Одоогийн байдлаар чөлөөт бөхөөр есөн тамирчин эрхээ авчихсан. Цаана нь гурван эрх бий. Дөрөвдүгээр сарын сүүлээр Олимпийн эрхийн төлөөх тэмцээн Монголд болно. Энэ үеэр түүнийгээ авч чадвал чөлөөт бөхийн төрөлд 12 тамирчин оролцоно гэсэн үг. Чөлөөт бөх нь эрэгтэй, эмэгтэй гээд тус бүр зургаан жингээр олимпийн наадам явагддаг. Есөн эрх авчихсан байна гэдэг бол манай улсын баг олон эрх авсан орны тоонд зүй ёсоор орж байгаа. Боксын төрөлд 3-4 эрх авахын төлөө ажиллаж байна. Олимпийн эрхийн төлөөх боксын тэмцээн ид явагдаж байгаа болохоор эцсийн дүн хараахан гараагүй. Жүдо бөхийн тамирчид оноогоо цуглуулаад явж байгаа. Тиймээс хичнээн тамирчин эрх авсан талаар ОУОХ сүүлд зарлана. Ямар ч байсан 10-12 тамирчин эрх авах болзлыг хангах түвшинд явж байна. Буудлагаар гурван тамирчин эрхээ авсан, байт харваагаар нэг тамирчин олимпийн эрхээ авчихсан байгаа. Хөнгөн атлетикийн холын зайн марафон гүйлтийн төрөлд манай 3-4 тамирчин олимпийн нормативаа биелүүлсэн байгаа. ОУХАХ, ОУОХ-ноос нэрсийг нь зарлахыг хүлээж байна. Мөн хүндийг өргөлт, таэквондогийн төрөлд Олимпийн эрхийн тэмцээнд манай тамирчид оролцож хүч, хурдаа сорино.

-Латин Америкт тэр дундаа Бразилд зика вирус гарсан. Энэ вирусээс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Олимпийн наадам зохиох газарт зика вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ нэлээд авч байгаа болов уу гэж бодсон. Биднийг очиход Рио-де-Жанейрод өвчин гарсан гэх юм мэдэгдээгүй. Нисэх онгоцны буудалд үзлэг, танилцуулга, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм харагдаагүй. Зохион байгуулах хорооныхноос асуухад ОУОХ, ДЭМБ-аас мэдэгдэл гаргаж зика вирус нь Олимп зохиоход ямар нэгэн саад болохгүй гэж үзсэн. Тэгээд ч наймдугаар сар нь Бразилд өвлийн улирал тул 18-22 градус болж хүйтэрдэг болохоор нисэх шумуул ч байдаггүй гэсэн. Ерөнхийдөө шумуулын тос түрхэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тиймээс манай төвийн спортын анагаах ухааны албанаас Олимпод оролцох гэж байгаа болон үзэх гэж байгаа хүмүүс хандаж зика вирусийн талаар зөвлөмж, танилцуулга гаргасан байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай төвийн www.sport.gov.mn сайтаар орж үзээрэй.

Categories
мэдээ цаг-үе

Мароккогийн хоньчин охин Францын сайд болсон нь

Францын Засгийн газрын бүрэлдэхүүнд хэд хэдэн “гадаад” хүн байдаг билээ. Тэдний нэг нь өдгөө Боловсролын сайдын албыг хашиж буй Наджат Валло-Белькасем. Энэ бүсгүй 35 настайдаа Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хариуцсан сайдаар томилогдож Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн албыг давхар хашиж байсан. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2014 онд Ф.Олландыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход Боловсролын сайдаар томилогдож Засгийн газрын хамгийн залуу бөгөөд цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг болсон билээ.

Одоогоос хэдэн жилийн өмнө марокко гаралтай бүсгүйг Гэр бүлийн асуудал хариуцсан сайд болоход францчууд нэлээд эсэргүүцсэн гэдэг. Учир нь Наджат Валло-Белькасем нь ижил хүйстнүүдийг гэр бүл болохыг албан ёсоор зөвшөөрөх ёстой гэсэн зарчмыг тууштай баримталдаг улстөрч. Зарим францчууд энэ томилгоог уламжлалт гэр бүл хэмээх ойлголтыг төрийн зүгээс эсэргүүцсэн алхам хэмээн шүүмжилсэн юм.

Наджат Валло-Белькасем нь Социалист намын гишүүн. Улс төрд нэлээд эртнээс орсон нь түүний мэргэжилтэй холбоотой. Тэрээр дунд сургуулиа дүүргээд хуульч мэргэжлээр суралцаж байгаад Парисын Улс төр судлалын дээд сургуулийг онц сайн дүнтэй дүүргэсэн. Цагаачилж ирсэн хүний хувьд түүнд сурч боловсроход амаргүй байсан гэдэг. Францын боловсролын систем нь маш өндөр шаардлагатай хэдий ч Наджат Валло-Белькасем энэ бүхнийг өөрийн чадвараар давж гарсан юм.

Дээд сургуулиа дүүргэснийхээ дараа хуулийн чиглэлээр орон нутгийн хууль батлах дээд байгууллагад ажиллаж байгаад улс төрд орсон. Тэрээр эхнээсээ иргэдийг ялгаварлан үзэх явдалтай тэмцэж, эмэгтэй, эрэгтэйчүүдийг ижил эрхтэй байх ёстой гэсэн зарчмыг баримталсаар ирсэн. Энэ нь исламын шашинтай гэр бүлд төрж өссөнтэй ч холбоотой байж болох.

Мароккогийн жижигхэн тосгонд жирийн нэгэн айлд төрж, хонь хариулж явсан тэрээр долоон хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Аав нь амьдралаа залгуулахын эрхэнд Францад очиж барилга дээр ажилласан байдаг. Удалгүй Наджат Валло-Белькасем ээж, эгч, дүү нарынхаа хамт Франц руу цагаачилжээ. Энэ нь 1982 онд болсон бөгөөд тэр үед Наджат Валло-Белькасем таван настай байсан гэнэ. Шилбүүр барин хонь хариулж явсан жижигхэн охин Францад цагаачилсан нь түүний амьдралыг хожим орвонгоор нь эргүүлжээ. Гэхдээ сайн талаараа.

Өдгөө Францад эрх барьж буй Социалист намыг ирээдүйд авч явна хэмээн найдлага тавьж буй залуухан улстөрчдийн нэг нь Наджат Валло-Белькасем. Тэрээр Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байхдаа үр хөндүүлсэн бүсгүйчүүдийг бүрэн хохиролгүй болгох үүднээс нөхөн төлбөр олгох шинэ системийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа. Боловсролын салбарыг тэргүүлснээсээ хойш олон шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Түүний нэг нь бага сургуулийн сургалтын хөтөлбөрт “Тэгш эрхийн цагаан толгой”-г нэвтрүүлжээ. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд ижил эрхтэй гэдгийг сурагчдад багаас нь ойлгуулах зорилгоор уг хөтөлбөрийг Францын хэд хэдэн мужид хэрэгжүүлсэн байна. Гэвч гэр бүлийн үнэт зүйлсийг хамгаалагчид үүнийг эрс эсэргүүцсэн тул уг хөтөлбөрийг зогсоосон юм.

Наджат Валло-Белькасем нь био ёс зүйн хуульд өөрчлөлт оруулах ажилд ч идэвхтэй оролцсон улстөрчдийн нэг. Өөрөөр хэлбэл хүний эмбрион дээр туршилт явуулахыг дэмжигч. Социалист намын гишүүн болсноосоо хойш цагаачдын болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад илүү анхааран ажиллаж байгаа. Францын парламент нь “Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн бодит тэгш эрх” хэмээх хуулийг хэлэлцэн баталсан. Хуулийн төслийг санаачлагчдын нэг нь Мароккогоос гаралтай бүсгүй. Социалист намын залуухан гишүүн маань ижил хүйстнүүдэд гэр бүл болохыг албан ёсоор зөвшөөрүүлэхийн тулд нэлээд тэмцсэн. Францын сургалтын хөтөлбөрт бэлгийн боловсрол хэмээх хичээл заах ёстой хэмээн тусгасан байдаг. Мөн үр хөндүүлэх нь эмэгтэй хүний эрх хэмээн сурагчдад ойлгуулж, жендерийн асуудлыг хөндөөд зогсохгүй, бидний хэлдгээр хайр дурлал, бэлгийн харьцааны талаар өгүүлдэг уран зохиолыг ч үздэг. Харин хувийн сургуулиуд сургалтын хөтөлбөртөө ийм хичээлүүдийг тусгаагүй. Судалгаанаас үзэхэд Францад тавдугаар анги төгссөн хүүхдүүдийн 20 хувь уншиж, бичихдээ маш муу гэнэ. Тус улсын боловсролын салбарт тулгамдсан асуудлууд нэлээд бий. Наджат Валло-Белькасем энэ бүхнийг шийдэхийн төлөө ажилласаар.

Хамгийн сүүлчийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Наджат Валло-Белькасем нөлөө бүхий улстөрчидтэй хамтран ажилласан. Францын төрийн тэргүүн Ф.Олландын хамтран зүтгэгч Винсент Пельонтой нэлээд ойр байсан гэдэг. Энэ нь Мароккогоос гаралтай бүсгүй улс төрийн хариуцлагатай албанд томилогдоход нөлөөлсөн нь гарцаагүй. Харин зарим улс төрийн хүчнүүд Наджат Валло-Белькасемийг эрэгтэй, эмэгтэйчүүдийн хооронд нэлээд ноцтой зөрчил бий болгох үндэс суурийг тавьж байна хэмээн буруутгадаг. Зарим байгууллагууд Наджат Валло-Белькасемээр боловсролын салбарыг тэргүүлүүлснээр ирээдүйд улс оронд маш ноцтой сөрөг өөрчлөлтүүд гарах аюул тулгараад байна хэмээн нэг бус удаа мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй Францад ижил хүйстнүүдэд гэр бүл болохыг зөвшөөрсөн хуулийг баталсны дараа томоохон эсэргүүцлийн цуглаанууд болсон юм.

Наджат Валло-Белькасем энэ жилээс эхлэн Францын бага, дунд сургуулиудад томоохон шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Үүнд гадаад хэлний хичээл зэрэг нь хамрагдах юм. Англи, герман хэлийг улам эрчимтэй заадаг болгохоор төлөвлөсөн гэнэ. Гэвч үүнийг нь эцэг эхчүүд, багш нар, сэхээтнүүд шүүмжилж байгаа. Харин Наджат Валло-Белькасем үүнийг яасан ч байсан хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ бүсгүй оюутан байхдаа буюу 2005 онд франц залуутай гэр бүл болж хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Түүний Мароккогоос гаралтай гэдгийг үргэлж онцлон дурддаг. Гэвч үүнд огтхон ч эмзэглэдэггүй гэнэ. Харин ч өөрийгөө глобал үзэлтэй исламын шашинтан гэдэг. Баруунд, тэр дундаа Францад “гадаад” эмэгтэй улс төрийн өндөрлөгт хүрнэ гэдэг түүний ямар чадалтай улстөрч болохыг гэрчилж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Г.Чинболор: Эргээд харахад их л олон хайрын дуутай юм байна

“Гэгээн гуниг” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ олны танил болсон дуучин Г.Чинболортой уулзаж уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа сонирхуулъя.

-Та дандаа л хайрын тухай дуу дуулах юм. “Хайрын орчлон”, “Арганд ороогүй хайр минь” “Гэгээн хайр” “Хайрын наран жаргахгүй”, “Хайрын мишээл” гээд л…

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Ойрд танай сонинд ярилцлага өгөөгүй юм байна.

Би ч гэсэн энэ талаар бодсон. Өөртөө хүртэл асуулт тавьж байсан. Анх 2004 онд Б.Энхмэндтэй хамт дуулсан. “Хонгор зул” сониноос зохион байгуулдаг “Хайрын сүлд дуу” гээд дууны наадам болдог байлаа. Түүнд яруу найрагч Л.Ганзулын шүлэг Батхуягийн аялгуу “Жиндээх салхигүй хорвоо” гэдэг дуугаар Б.Энхмэндтэйгээ оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн. Түүнээс хойш хайрын тухай дуу нэлээд дууллаа. Н.Баянмөнхийн үг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжавын ая “Хайрын орчлон”, “Хайрын мишээл”, “Хайрын наран жаргахгүй” гээд л.

Уран бүтээлчид маань дуучдадаа тохируулж бүтээлээ туурвидаг л даа. Тэгээд Б.Энхмэнд бид хоёрын хоолой зөөлөн тембртэй. Хайрын тухай дууг хүн хашгирч дуулахгүй байж таарна. Тэрийг нь бодож хайрын тухай дууг өгдөг байсан болов уу. Эргээд харсан чинь их л олон хайрын тухай дуутай юм байна. Ганцаараа дуулсан хайрын сэдэвтэй дуу ч нэлээд бий. Үүнийгээ анзаарсан, тиймээс ч сүүлийн үед аав, ээж, нутаг усны тухай уран бүтээл түлхүү оруулж байгаа.

-Б.Энхмэнд та хоёр анх яагаад хамтарч дуулах болсон юм бэ?

-Бид хоёр Соёл урлагийн их сургуульд нэг ангид сурч байсан. Бүр нэг багш, гавьяат жүжигчин М.Найдалмаагийн шавь. Нэг анги, нэг багшийн шавь гэдэг илүү ний нуугүй ярилцдаг. Оюутан байхдаа пирожки зэргээ хувааж иднэ. Адилхан л хөдөөний хүүхдүүд байсан. Хамтарч уран бүтээл хийе гэж нарийн бодож төлөвлөсөн юм байгаагүй. Гэхдээ л юм хиймээр санагддаг даа. Тэгж яваад л анхныхаа дууг хамтран дуулсан. Соёл урлагийн их сургуулийн Оюутны холбоог би байгуулалцаж явлаа. Батхуяг холбооны даргаар сонгогдсон. Би өөрийнхөө факультетийг хариуцдаг байлаа. Тэр үед Батхуяг маань гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэд “Миний нутгийн нуур дөлгөөхөн” дуугаа дуулуулж тэр нь хит болсон байсан. Би надад гоё дуу хийгээд өгөөч гэж хэлдэг байлаа. Нэг удаа ангидаа сууж байсан чинь “Ийм дуу хийлээ сонс доо” гээд хүрээд ирсэн. Батхуяг төгөлдөр хуур дээр тоглож сонсгоход шууд л таалагдсан. Маргааш нь Б.Энхмэндийг хичээлдээ ирэхэд нь хамтарч дуулъя гээд дуулсан даа. Одоо эргээд бодоход дуу, дуучин хоёр бие биеэ олно гэдэг л тэр байх. Б.Энхмэнд бид хоёр хамтарч дуулах тавилантай байж. Бид хоёр нэлээд хэдэн дуу хамтарч дуулсан даа.

-Сүүлийн үед та хоёр хамтарч уран бүтээл туурвиж байна уу?

-Сүүлийн үед бид хоёр ганцаарчилсан уран бүтээл дээр нэлээд ажиллаж байгаа. Энхмэнд маань нэг цомог гаргасан. Миний хувьд ч гэсэн бие даасан дуугаараа цомог гаргасан. Анхнаасаа цуг дуулсан болохоор тус тусдаа дуулахад хүмүүс хүлээж авдаггүй юм шиг байгаа юм. Сүүлийн үед Т.Найданжавын ая Батсуурийн шүлэг “Сэтгэлийн амраг” гэх зэрэг хэд хэдэн уран бүтээл дээр ажилласан. Цаашдаа ч уран бүтээл дээр хамтрахаар ярилцаж байгаа.

-Та хоёрын бас нэгэн хамтын уран бүтээл болох “Гэгээн гуниг” гээд сайхан дууны талаар ярихгүй өнгөрч болохгүй нь. Энэ дууг дуулсан түүхээсээ дурсаач?

-Энэ бол 2006 оны дуу. Захиалгын дуу л даа. Бид хоёроор дуулуулъя гэж авч ирсэн. Түүхийг нь судлахад их сонин. Дунд сургуульд бие биедээ их сайн байсан хоёр хүүхэд. Нэг нь ээж, аавыгаа дагаад хотод очиж амьдрахаар явсан. Тэгээд олон жилийн дараа энэ хоёр хүн уулзжээ. Хоёулаа сургуулиа төгсчихсөн, амьдрал ахуйгаа зохиочихсон байсан. Тэгээд эрэгтэй нь ийм дуу хийлгэмээр байна гээд захиалсан юм билээ. Ингэж төрсөн дуу.

-“Ачийг тань мөнхөд санана” хэмээх ээжийн тухай дууг дуулсан?

-“Ачийг тань мөнхөд санана” гэдэг дуугаа бид өнгөрсөн жил бичүүлсэн. Л.Чулуунбаатар, Т.Батсайхан, Э.Оюумаа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа бид зургаагийн бүтээл. Ээжийн тухай сайхан дуу хийе гэж бодсон. Тэгээд хүний амьдрал мөнх бус. Бид бүхний ээжүүд энх тунх байгаа болохоор тэднийгээ мөнхлөн үлдээе гэж бодсон. Тиймээс “Ачийг тань мөнхөд санана” гэдэг дуугаа дуулсан. Цэн.Эрдэнэбатын ая, төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлэг л дээ. Он удаан жилийн туршид ар түмний маань сонсох дуртай дуу байгаасай гэсэн үүднээс энэ уран бүтээлээ туурвисан юм. Ийм дуу хүнд хурдан хүрдэггүй. Өнгөрсөн жил хийсэн дуу маань энэ жил Монгол телевизээс явуулсан хит парадад орж байна.

-Дуулах дуугаа хэрхэн сонгодог вэ?

-Эхний ээлжинд шүлгийг нь хардаг. Сүүлийн үед манайхан нэлээд шүүмжлэлд өртөөд байгаа шүү дээ. Дээр үед шүүмжлэгчид гэж байлаа. Зарим шүлэг логикоор бодоход буруу зөрүү байдаг. Түүнээс гадна аялгууг нь бас сонсоно. Ямар дуучин тохирох юм гээд л нэлээд юм байна. Хамгийн гол харах юм бол энэ хоёр.

-Өөрөөр хэлбэл шүүлтүүр байх ёстой гэж та хэлэх гээд байх шиг байна.

-Дууны шүлгэнд гэхэд утга, уянга, ухаарал гээд бүгд багтсан байх ёстой. Сүүлийн үеийн дууны шүлгүүд арай л шаардлага хангахгүй байгаа юм шиг санагддаг. Тийм шүлэг дээр ая хийгээд явж байгаа хүмүүс бас нэгийг бодох ёстой.

Энүүхэн дотроо л гэхэд тийм дууг нь аваад дуулж байгаа хүмүүс ч гэсэн. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг үг байдаг шүү дээ. Нийтийн дуучид утгагүй, замбараагүй дуу дуулдаг гэсэн яриа үүнээс гардаг.

-Хөдөө орон нутгаар явж тоглолт хийгээд дөнгөж ирсэн гэсэн?

-Саяхан “Ачийг тань мөнхөд санана” гэдэг тоглолтоо зүүн гурван аймаг, говийн аймгуудаар тоглоод ирлээ. Нийтдээ найман аймаг, хоёр суманд уран бүтээлээ хүргэсэн. Хэнтийн Бор-Өндөр, Өмнөговийн Цогт-Өлзий суманд буюу Оюу Толгой, Таван толгойн ажил ид өрнөж байгаа газруудад очлоо. “Ачийг тань мөнхөд санана” тоглолтоо өнгөрсөн жил гуравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд “UB Palace”-д хийсэн. Үүнийхээ үргэлжлэл болгон зүүн аймгуудад тоглолтоо хийлээ. Түүнийг маань үзсэн хүмүүс мэдэж байгаа. Би ганцаараа тоглоогүй. Соёлын тэргүүний ажилтан Т.Батсайхан, Э.Оюумаа, Л.Чулуунбаатар, Б.Энхмэнд гээд нэгэн үеийн уран бүтээлчидтэйгээ хамтарсан. Бид чинь бүгд оюутан байхаасаа л уран бүтээлээ эхлүүлсэн. Ойрд ийм бүрэлдэхүүнтэй яваагүй юм билээ. Ганц нэг уран бүтээлч хөдөө орон нутгаар явдаг. Тиймээс арай өөр өнцгөөс сонирхолтой байдлаар хийе гэсэн бодлоор ийм бүрэлдэхүүнтэй тоглолтоо хийсэн. Бид чинь Улаанбаатарт л тоглоод байдаг. Сонсох дуртай дуучид нь бөөнөөрөө яваад очиход сайхан мэдрэмж өгөх байх гэж бодлоо.

-Та нар оюутан байхдаа бүгд нэг анги байсан уу?

-Б.Энхмэнд бид хоёр нэг анги. Э.Оюумаа,Т.Батсайхан, Л.Чулуунбаатар бидний дээд ангид сурч байсан.

-Ийм том баг тоглолтоо хийхэд хөдөө орон нутгийнхан маань сайхан хүлээж авсан биз дээ?

-Хаана ч очсон сайхан хүлээж авдаг. Монголын ард түмэн маань дуундаа, дуучдадаа хайртай л даа.