Categories
мэдээ цаг-үе

Х.СанЧир: Бид Нью-Йорк хотод долоон том тоглолт хийсэн

Өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн урлагийн байгууллагуудын шилгүүдийг тодруулж “Мөнгөн мод” шагналыг гардуулсан билээ. Энэ жил шилдэг хөгжимчнөөр Улсын филармонийн хөгжимчин Х.Санчир тодорсон юм. 21 настай залуухан хийлч өнгөрсөн жилийн сүүлээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд зориулан олон улсын залуучуудын оркестрын “Энх тайвны төлөө” тоглолтод амжилттай оролцож, “Дөрвөн улирал” бие даасан тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд хийснийг нь үнэлэн энэ шагналыг олгосон юм. Ингээд залуу уран бүтээлчтэй уулзаж ярилцсаныг сонирхуулъя.

-“Мөнгөн мод” шагналын эзэн болсонд баяр хүргэе. Та НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганд зориулан зохион байгуулсан олон улсын залуучуудын оркестрт орж эх орноо төлөөлөн тоглосон юм байна.

-Баярлалаа. 2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган болж байгаатай холбогдуулан анх олон улсын залуучуудын оркестрын тоглолтыг зохион байгуулсан. Үүнд би эх орноо төлөөлөн оролцсон. Энэ арга хэмжээ “Парти тоглож эх орныхоо дуу хоолой болъё” уриан дор болж өнгөрсөн юм.

-Энэ оркестрт оролцох хөгжимчдийг ямар шалгуураар сонгон авсан бэ?

-Шалгуурын хувьд гэвэл сурсан сургууль, тоглох ур чадварын түвшин зэргийг харгалзан үзсэн. Хөгжимчдийн явуулсан бичлэгийг зохион байгуулах багийнхан сонсоод сонгож авсан юм билээ. Би өөрийнхөө тоглолтын бичлэгээ явуулсан.

-Та нэлээд том шалгуураар орсон юм байна. Залуучуудын оркестрт хэдэн хөгжимчин оров?

-Нийт 70 орны 70 орчим залуу хөгжимчин орсон.

-Хийл бол оркестрын амь нь гэдэг. Хөгжимчид нь тэр дундаа хийлчид хэддүгээр эгнээнд сууж байгаа нь тэдний мэргэжлийн ур чадварыг илтгэж байдаг гэж болно. АНУ-д залуучуудын оркестрт тоглохдоо хэддүгээр эгнээнд суув?

-Хоёрдугаар эгнээнд. Биднийг очиход тоглуулж үзсэний үндсэн дээр суудал хуваарилсан. Намайг оркестрын хийлчдийн хоёрдугаар эгнээнд суулгасан. Хөгжимчдийн суудлыг тоглолт болгон дээр сольж байсан. Харин минийхийг өөрчлөөгүй.

-Мэргэжлийн хүний нүдээр харахад бусад орнуудын хөгжимчдийн ур чадвар ямар санагдав?

-Үнэнийг хэлэхэд анх очоод жаахан сандарсан. Ямар байх бол гэж санаа зовж, эх орныхоо нэрийг сэвтээхгүй юмсан гэж бодож байлаа. Эхний бэлтгэлийн дараа Монголын сургалт дажгүй юм байна гэсэн бодол төрсөн. Надаас тааруу ч, сайн ч хөгжимчид байсан.

-Залуучуудын оркестр Нью-Йоркт нийт хэдэн тоглолт хийв?

-Бид долоон том тоглолт хийсэн. Бүх тоглолт маань Нью-Йорк хотод болсон. Нью-Йоркийн Их сургуулийн задгай талбайд, алдарт Карнеги холлийн хамгийн том танхим зэрэг газруудад.

-НҮБ-ын байранд тоглолт хийсэн үү?

-Үгүй. Гэхдээ биднийг НҮБ-д оруулж үзүүлсэн.

-Америкт байхдаа дэлхийд алдартай хийлчтэй хамтран тоглосон гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?

-Бид мастер класс тоглолтууд хийсэн. Орос гаралтай Америкийн алдарт хийлчин А.Марковтой хамтран тоглохоос гадна хэдэн хөгжимчдийг шилж аваад нээлттэй хичээл заалгуулсан. Би Шостаковичийн хийлийн концертоор мастер класс буюу хичээл заалгуулсан. Дэлхийд алдартай хийлч үнэхээр өөр юм билээ.

-Хаанахын хийлч хамгийн сайн байв?

-Туркийнх. Оркестрын концертмейстер, ахлах тоглогч нь АНУ-д сурч байгаа Туркийн оюутан залуу байсан. Бидэнтэй гоцлол тоглосон. Үнэхээр сайн байсан.

-Та хэдэн онд сургуулиа төгссөн билээ?

-2015 онд Хөгжим бүжгийн коллежийг Г.Энхтуяа багшийн удирдлага дор бакалавр зэрэгтэй төгссөн. Оюутан байхдаа л Улсын филармонид гэрээгээр ажилладаг байсан.

-Хөгжим бүжгийн коллежид сурч байхдаа нэлээд хэдэн тэмцээн уралдаанд оролцож байсан гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?

-Анх 2005 онд Улаан-Үд хотод зохиогддог “Найдал” нэртэй олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд амжилттай оролцсон. Үүний дараа 2006, 2008 онд Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд мөн л амжилттай оролцсон. 2013 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит улсын хөгжимчдийн уралдааны тэргүүн байрт шалгарсан. 2010 онд Чехэд болсон олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд оролцож дөрөвдүгээр байранд орсон.

-Ойрын үед хийхээр төлөвлөж буй уран бүтээлийнхээ төлөвлөгөөнөөс сонирхуулаач?

-Найзуудтайгаа нийлээд утсан хөгжимчдөөс бүрдсэн “Солис” хэмээх хамтлаг байгуулсан. Бидний зорилго бол сонгодог тэр дундаа утсан хөгжмийн үнэлэмжийг Монголд дээшлүүлж, хүмүүст таниулах явдал. Мөн хүүхдийн боловсрол хэрхэн эерэгээр нөлөөлдөг зэрэгт анхаарна. Одоогийн байдлаар манай хамтлаг гурван удаа цуврал тоглолт хийчихээд байгаа. Мөн саяхан Улаан-Үдийн филармонид уригдан тэндхийн хөгжимчидтэй хамтарсан тоглолт хийсэн.

Categories
мэдээ цаг-үе

Украины баатар Н.СавЧенко

Украины зэвсэгт хүчний дайчин, ахмад Надежда Савченког тойрсон хэл ам бараг хоёр жил үргэлжилсэн юм. Украин, ОХУ-ын харилцааны нэг хэсэг нь Надежда Савченко болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Хоёр тал нэлээд удаан хэлэлцээ хийсний эцэст энэ долоо хоногийн эхээр түүнийг суллаж нутаг руу нь явууллаа. Ахмад Н.Савченко Украины үндэсний баатар болоод байна. Түүнийг Киев хотын “Борисполь” нисэх онгоцны буудалд Украины Ерөнхийлөгч П.Порошенко өөрөө угтаж авч байгааг телевизээр шууд дамжуулсан. Харин уржигдар Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Савченкод Украины баатар цол олгожээ.

Дэлхий нийтийн анхаарлын төвд байсан энэ хэрэг чухам юунаас эхэлснийг эргэн дурсъя. Украины нисэх хүчний гуравдугаар хорооны ахмад, “Ми-24” байлдааны онгоцны нисгэгч Надежда Савченко 2014 онд зуныхаа амралтаар зэвсэгт мөргөлдөөн болж байсан зүүн нутагт сайн дураараа очжээ. Краматорск нисэх онгоцны буудал дээр Украины дайчдад тус дэм болж байгаад байлдааны үйл ажиллагаанд оролцсон байна. 2014 оны зургадугаар сарын 18-19-ний өдрүүдэд Луганск хотын Металлист хэмээх тосгонд болсон тулалдааны үеэр шархадсан цэргүүдэд тусалсан аж. Энэ үеэр Оросын талыг дэмжигчдэд олзлогдсон байна. Украины талын мэдэгдсэнээр 2014 оны долдугаар сарын наймны өдөр ахмад Н.Савченко Оросын Воронеж хотод хоригдож байна гэсэн мэдээлэл тарсан. Тэр өдөр нь Украины Ерөнхийлөгч П.Порошенко хэргийн учрыг олж олзлогдсон ахмадыг нутагт нь эргүүлэн авчрах талаар арга хэмжээ авахыг ГХЯ болон Ерөнхий прокурорын газарт үүрэг болгосон юм. Украины талын үзэж байгаагаар Н.Савченког Оросын талыг дэмжигчид олзлоод хууль бусаар Орос руу авч гарчээ. Энэ бол уг хэргийн талаарх Украины талын хувилбар.

ОХУ-ын талын мэдэгдэж байгаагаар Украины “Айдар” хорооны эсрэг цэргийн ажиллагаа явуулах үеэр Н.Савченког баривчилсан гэдэг. Агаарын довтолгооны үеэр зугтаж амжсан хэмээн бичжээ. Ингээд ямар ч бичиг баримтгүй дүрвэгчийн дүрээр Украин-Оросын хилээр гарах гэж байхад нь саатуулсан хэмээн Оросын мөрдлөгийн хорооны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн юм. Н.Савченког Оросын сэтгүүлч И.Корнелюк, А.Волошин нарын амийг бүрэлгэсэн хэргээр буруутгаж 22 жил хорих ял оноосон.

2014 оны зургадугаар сараас хойш Орост хоригдож буй Украины иргэн Н.Савченкогийн асуудал хөндөгдсөн. Түүнийг Украины зүүн нутагт “Айдар” хорооны бүрэлдэхүүнд байлдааны ажиллагаанд оролцохдоо Оросын сэтгүүлчдийн багийн байршлын талаар мэдээлж байсан гэдэг. Ингээд байршил руу нь гал нээж амийг нь хороосон аж. 2015 оны нэгдүгээр сард ОХУ-ын хилийг хууль бусаар давсан хэмээн хэрэг үүсгэсэн юм.

Украин, Оросын харилцаа нэлээд ээдрээтэй байсан тэр үед энэ хэрэг байдлыг улам хүндрүүлсэн. Н.Савченког шоронд хоригдож байх хугацаанд Украины “Батькивщина” нам түүнийг гишүүнээр элсүүлж, парламентын сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн. Ингээд парламентын гишүүнээр сонгогдсон юм. Украинд хууль батлах байгууллагын гишүүн болоход тангараг өргөж гарын үсэг зурна гэсэн хуультай. Н.Савченкогийн гарын үсэг зурсан бичиг баримтыг тухайн үед Украины телевизээр үзүүлсэн билээ. Ингээд удалгүй Верховная Рада түүнийг Украин дахь Европын Зөвлөлийн парламентын ассамблейн (PАСЕ) байнгын төлөөлөгчийн бүрэлдэхүүнд оруулсан юм.

Энэ хооронд түүнийг суллах шаардлагыг Киевээс Москвад тавьсаар байсан. Гэвч хоёр улсын харилцаа ээдрээтэй байсан нь энэ хэрэгт нэлээд нөлөөлсөн. Н.Савченког Воронежийн урьдчилан хорих төвд хорих хугацаанд шүүх хурлыг хаалттайгаар хийсэн. Буруутан гэгдэж байсан түүнийг биечлэн оролцуулаагүй. Шүүх хурал, хоригдож байсан өрөө хоёрыг видеогоор холбожээ. Украины дипломат байгууллагын төлөөлөгчид, сэтгүүлчдийг ч шүүх хуралд оролцуулаагүй юм. Оросын хүний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид Н.Савченког чухам ямар нөхцөлд хорьж байгаатай танилцахаар очсон. Ингээд халуун, хүйтэн устай, шаардлагатай бүх зүйлсээр нь хангагдсан хэмээн мэдэгдсэн байдаг.

2014 оны арванхоёрдугаар сард Н.Савченко шоронд өлсгөлөн зарлажээ. Чих нь үрэвсэж өвдөхөд эмнэлгийн тусламж үзүүлээгүй явдлыг эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн. Өлсгөлөнгөө зогсоохгүй гээд өөрийг нь суллах шаардлага тавьсан. Амь үрэгдсэн ч хамаагүй өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн байдаг.

Украины эрх баригчид уг асуудлаар ОХУ-тай хэл амаа ололцоогүй тул олон улсын хүний эрхийг хамгаалах зэрэг байгууллагуудад хандсан. Европын парламентын гишүүн хүртэл шударга бус явдал хэмээн эсэргүүцэн өлсгөлөн зарлаж түүнийг нь Испани, Польш, Чехийн гишүүд дэмжжээ. 2015 оны гуравдугаар сард бие нь нэлээд муудсан тул аргагүйн эрхэнд хуурай өлсгөлөнгөө зогсоосон юм.

Энэ хооронд Н.Савченког суллахыг дэмжсэн хөдөлгөөн улам бүр идэвхжсэн. Европын Холбооны төр засгийн тэргүүнүүд, АНУ-ын эрх баригчид гээд бараг бүгд уг асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгчид хандсан юм. Түүгээр ч зогсохгүй Оросын иргэд украин бүсгүйг суллах хүсэлтийг тавьж 115000 хүний гарын үсгийг цуглуулж В.Путинд хүргүүлжээ. Тэдний дотор Оросын алдартнууд нэлээд байсан гэдгийг ч дурдах нь зүйтэй.

Хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага, АНУ-ын Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч, НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан газар гээд Оросын төрийн тэргүүнд хандаагүй хүн үгүй.

Өнгөрсөн оны долдугаар сард Н.Савченкогийн өмгөөлөгч Марк Фейгин Украин, ОХУ-ын тагнуулын газрууд түүнийг Донбасст баривчлагдсан Оросын хоёр иргэнтэй солилцох талаар хэлэлцээ хийж байгаа тухай мэдэгдсэн юм. В.Путин П.Порошенко нар өнгөрсөн дөрөвдүгээр сард утсаар ярихдаа энэ асуудлыг хэлэлцжээ.

Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Савченкод өршөөл үзүүлжээ. Оросын амь үрэгдсэн хоёр сэтгүүлчийн ар гэрийн хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр В.Путин ийм шийдвэр гаргасан хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм. Үүний хариуд Украины Ерөнхийлөгчийн тогтоолоор ОХУ-ын иргэн А.Александров, Е.Ерофеев нарыг ч сулласан.

Ростов-на-Дону хотоос Украины Ерөнхийлөгчийн онгоцоор Н.Савченког Киев хотод авчирчээ.

Н.Савченко 1981 онд төрсөн. Хүүхэд байхаасаа байлдааны онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг байсан хэмээн ээж нь ярьсан байдаг. Украин сургуульд сурсан. Киевийн үндэсний их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж байхдаа гэрээгээр цэргийн алба хаажээ. 2004-2005 онд Украины энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд орж Иракт зургаан сар болоод ирсэн даруйдаа нисгэгчээр суралцахаар шийдсэн. Ингээд Украины Батлан хамгаалахын сайдын зөвшөөрөлтэйгөөр Харьковын Агаарын хүчний их сургуульд элсэн оржээ. Оюутан байхад нь хоёр удаа нислэгт тохирохгүй хэмээн хасагдаж байсан боловч эрхээ сэргээлгүүлсэн байна.

Н.Савченко өөрийг нь Оросын сэтгүүлчийн амийг хороосон хэргийг анхнаасаа улс төрийн сэдэлтэй гэдгийг хэлсэн. Тэрээр Киевт ирсэн даруйдаа “Одоо болтол амьд байгаадаа та бүхнээс хүлцэл өчиж байна. Хүүхдүүд нь олзлогдсон бүх эхчүүдээс уучлал гуйя. Би амь үрэгдэгсдийг эргүүлэн авчирч чадахгүй ч гэсэн Украины төлөө амиа өгөхөд бэлэн байна” гэжээ. Надежда Савченко Украины Жанна д’Арк гэгдэх боллоо.

Categories
мэдээ цаг-үе

Ирээдүйн нийтийн тээвэр

Хятадын мэргэжилтнүүдийн
бүтээсэн ТЕВ

Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо
Олон улсын технологийн үзэсгэлэн болж өнгөрлөө. Энэ үеэр Хятадын мэргэжилтнүүд нэгэн
шинэ тээврийн хэрэгслийг танилцуулсан нь олны анхаарлыг татжээ. ТЕВ буюу
Transit Elevator Bus хэмээн нэрлэсэн энэ унаа нь замын хөдөлгөөний ачааллыг багасгах
гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь ирээдүйн нийтийн тээврийн хамгийн
гол хэрэгсэл болох юм байна. Хятадын мэргэжилтнүүдийн бүтээсэн ТЕВ нь тусгайлан
тавьсан төмөр замаар явах тул зарим нь түүнийг трамвай ч гэж нэрлэжээ. 1200 хүний
багтаамжтай, өргөн нь хоёр урсгалтай замтай тэнцэнэ. Өндөр нь бараг дөрвөн метр.
Доод хэсэг нь хоёр метрийн өндөртэй арк мэт. Өөрөөр хэлбэл доогуур нь хоёр эгнээ
машин чөлөөтэй явах боломжтой. ТЕВ нь эргэх зэрэг үйлдэл хийхээсээ өмнө доогуур
нь явж буй машины жолоочид дохио өгнө.

Шинэ үеийн тээврийн хэрэгсэл нь
замын хөдөлгөөнд бөглөрөл үүсгэхгүй, өөрөө ч бөглөрөлд зогсохгүй давуу талтай хэмээн
түүнийг бүтээсэн мэргэжилтнүүд ярьжээ. Тиймээс бусад тээврийн хэрэгслүүдийг тун
удахгүй хэрэглээнээс шахаж гаргах магадлал өндөр гэнэ. Өнөө үед хамгийн хурдан,
ямар нэгэн саадгүй явдаг тээврийн хэрэгсэл нь метро. Гэхдээ түүнийг барихад нэлээд
хэмжээний хөрөнгө зарцуулагддаг. Харин ТЕВ нь үүнтэй харьцуулахад хамаагүй бага
зардлаар үйлдвэрлэгдэх юм.

Устөрөгчөөр
явдаг трамвай

Хятадын мэргэжилтнүүд Бээжин хотноо
болсон олон улсын технологийн үзэсгэлэн дээр шинэ тээврийн хэрэгслээ танилцуулахдаа
энэ жилийн хоёрдугаар хагаст турших гэж байгаагаа мэдэгдсэн. Түүнийг эхлээд Цинхуандао
хотоор явуулах юм байна. Хятадын мэргэжилтнүүд сүүлийн үед нийтийн тээврийн салбарт
томоохон дэвшил гаргаж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Өнгөрсөн жилийн яг өдийд
устөрөгчөөр явдаг трамвай бүтээсэн тухайгаа мэдэгдсэн. Дэлхийн түүхэнд анх удаагаа
устөрөгчөөр явдаг нийтийн тээврийн хэрэгсэл бүтээсэн нь энэ. Циндао хотын CSR
Sifang хэмээх зүтгүүрийн үйлдвэрийн бүтээгдэхүүн гэж танилцуулсан. Технологийг нь
ганцхан Хятад эзэмшдэг гэж байгаа боловч устөрөгчөөр явдаг трамвай төдийгүй автобусыг
Германы “Fraun­hofer” хүрээлэнгийнхэн бүтээсэн байдаг.

CSR Sifang үйлдвэр нь шинжлэх ухаан-судалгааны
хүрээлэнгүүдтэй хамтран 2013 оноос энэ төслийг хэрэгжүүлжээ. Шинэ трамвайг хөдөлгөдөг
хамгийн гол хүч нь устөрөгчөөр ажилладаг зай. Ердөө гурван минутын дотор цэнэглээд
70км/цаг хурдтайгаар 100 км явна. Трамвай нь гурван хэсэгтэй, нэгэнд нь 60 хүн,
гурвууланд нь дээд тал нь 380 хүн тээвэрлэх боломжтой. CSR Sifang-ийн төлөөлөгчдийн
ярьснаар устөрөгчөөр ажилладаг трамвайг бүтээхийн тулд дэлхийн хамгийн сүүлийн үеийн
шинэ технологи, нээлтүүдийг ашигласан байна. Энэ унаа нь маш богино хугацаанд хурдаа
авдаг, ашиглахад засвар зэрэгт их хөрөнгө зарлагадахгүй. Мөргөлдсөн тохиолдолд зорчигчдод
аюул учруулах магадлал хамгийн бага. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлын дэлхийн
EN15227 стандартын шаардлагыг бүрэн хангасан байна. Устөрөгчөөр явдаг анхны трамвайг
2015 оны нэгдүгээр сард бэлэн болгож амжилттай туршжээ.

Израилийн мэргэжилтнүүдийн бүтээсэн
дээгүүр явдаг нийтийн тээвэр

Ер нь түлшний оронд устөрөгчийг
хэрэглэх шинэ нээлтийг нэлээд хэдэн жилийн өмнөөс мэргэжилтнүүд хийсэн билээ. Өнгөрсөн
ХХ зууны дунд үеэр анхны туршилтаа амжилттай гүйцэтгэсэн. Мэргэжилтнүүдийн үзэж
байгаагаар 2020 он гэхэд машин, нийтийн тээврүүд нь зөвхөн устөрөгчөөр явдаг болох
гэнэ.

Ирээдүйн нийтийн тээврийн чиглэлээр
Израилийн эрдэмтэд маш сонин төсөл хэрэгжүүлж байгаа. Замын ачааллыг багасгахын
тулд шинэ зам татах юм. Газраас нэлээд хэдэн метрийн дээр шугам татаж түүгээр жижиг
бүхээгнүүд явах юм байна. Нэгд нь хоёр хүн багтах энэ унааг зохион бүтээхэд Израилийн
“SkyTran” компани нь АНУ-ын Сансар судлалын төв буюу NASA-тай хамтран ажиллажээ.
Хэдэн сарын өмнөөс Тель-Авив хотноо энэ унааг туршиж эхлэхээр төлөвлөжээ. Хэрвээ
амжилттай болбол АНУ, Франц, Энэтхэгт шинэ нийтийн тээврийг нэвтрүүлэх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

“Улаан сарнай” хамтлагийн багш Б.Номингэрэл: Анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо хагас финалд шалгарсан

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэргэдэх цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлаг нь Цэнгээнт бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч ирэх намар ХБНГУ-д болох дэлхийн аварга шалгаруулах стандарт формейшн бүжгийн тэмцээнд оролцохоор болсон. Тус хамтлаг өмнө нь уг тэмцээнд хэд хэдэн удаа амжилттай оролцож байжээ. “Улаан сарнай” хамтлагийн гишүүд сурч, ажиллахынхаа хажуугаар бүжиглэдэг жинхэнэ урлагт хайртай залуус. Тус хамтлагийн удирдсан багш Б.Номингэрэлтэй ярилцсаныг сонирхуулъя.

-Та “Улаан сарнай” хамтлагт их олон жил бүжиглэсэн гэсэн. Яагаад энэ хамтлагт орох болов?

-1998 оноос хойш энэ хамтлагтай холбоотой яваа. 1998 онд анх Санхүү, эдийн засгийн дээд сургуульд оюутан болж орсноос хойш орж бүжиглэсэн. 2006 оноос хойш арав дахь жилдээ тус хамтлагт багшилж байна.

-Танай хамтлаг энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон. Өмнө нь оролцож байсан тухайгаа манай уншигчдад сонирхуулаач?

-2011 онд бид анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо хагас финалд шалгарсан. Энэ тэмцээнд олон жил хүчээ сорьсон хамтлагуудтай өрсөлдөж ийм амжилт гаргасан. 1986 оноос хойш дөнгөж оролцсон хамтлагуудаас хагас финалд шалгарсан тохиолдол байгаагүй гэж зохион байгуулагчид нь ярьж байсан. 2015 онд оролцохоосоо өмнө хоёр жил өнжсөн нь санхүүтэй холбоотой. Хорин хэдэн хүний зардал хэцүү л дээ. Гэхдээ энэ хооронд хамтлагаа залуу халаагаараа сэлгэсэн. Бидний энэ жилийн зорилго бол уг тэмцээний финалын шатанд шалгарах цаашлаад медаль авах явдал. Манай хамтлагийнхан дор бүрнээ л ийм зорилт тавьж бэлтгэлээ хийж байгаа. Нэгэнтээ л ийм их зардал гаргаад явж байгаа болохоор амжилт гаргахын төлөө ажиллана.

-Хамгийн сүүлд буюу 2015 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо ямар амжилт гаргав?

-Дахин хагас финалд шалгарсан. Манай багт 16-аас 22 хүртэл насны хүүхдүүд байсан. Маш залуухан баг маань дэлхийн хамгийн мундаг бүжигчидтэй өрсөлдсөн. Цэнгээнт бүжиг гэдэг бол багийн спорт. Ер нь бид гаргасан амжилтдаа сэтгэл маш хангалуун байгаа. Яг одоогийн энэ бүрэлдэхүүнээрээ гурваас дөрвөн жил бүжиглэх байх. Манай хамтлагт маш их нөөц харагдаж байгаа гэдгийг ч хэлмээр байна. Тэмцээнд явахад санхүүгийн асуудал тулгардаг. Түүнийг аль болох хүүхдүүддээ дарамт болгохгүйгээр шийдчихвэл амжилт тун ойрхон харагдаж байна.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог багуудаас хаанахын баг нь хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?

-Шилдэг багууд гэвэл Герман, Оросынх. Хоорондоо ана мана үзэлцдэг. Оросын “Вера” гэдэг баг маш хүчтэй өрсөлдөгч. Бид тэднээс юугаараа дутах гэж. Тэдний хэмжээнд бүжиглэнэ гэж зорьж байгаа.

-Азийн орнуудаас ямар орон оролцдог вэ?

-Яг энэ стандарт формейшн бүжгээр Монголоос өөр хамтлаг оролцдоггүй. Азид спорт бүжгийн энэ чиглэлээр сайн бүжигчид байлгүй яахав. Гэхдээ Азийн орнуудаас хосын бүжгээр оролцдог.

-Энэ жил танай хамтлагийн 30 жилийн ой тохиож байгаа. Энэ хугацаанд танай хамтлагт олон хүн бүжиглэсэн байх?

-Хамтлагийг төлөөлж тэмцээн уралдаанд оролцсон гэдгээр нь тооцох юм бол 300-гаад гишүүн байгаа. Манай дэргэдэх дугуйланд явдаг хүүхдүүдийг оруулах юм бол 1000-аад хүн бий.

-Танай хамтлагийн гишүүн болоход нэлээд өндөр шалгуур тавьдаг гэж сонссон. “Улаан сарнай”-н дэргэдэх дугуйланд явдаг байх ёстой, улсын хэмжээний тэмцээнд оролцсон байх гэх зэрэг?

-Бидний зүгээс гэхээсээ илүү урлаг маань өөрөө өндөр шаардлагатай. Хараад байхад хамгийн шилдэг хүүхдүүд шигшигдэн үлддэг. Энэ бол онцлог нь юм даа. Манай хамтлагийнхан нэгдүгээрт хичээлээ хаяж болохгүй, ээж аав нь хүүхдээ сургах гээд хэдэн саяын төлбөр төлсөн байгаа. Тиймээс хичээлээ сайн хийх хэрэгтэй, бүжгээ сайн мэддэг, түүндээ хайртай байх ёстой. Бэлтгэлээ таслахгүй байх ёстой. Нэг хүүхэд бэлтгэлдээ ирэхгүй байхад үлдсэн арван хэдэн хүний маань хөдөлмөр талаар болно. Түүнээс гадна хүүхдүүд чинь дүүгээ харна, аав, ээждээ тусална гээд бас ажилтай. Өөрөөр хэлбэл асар олон зүйлийг зохицуулах хэрэгтэй болно. Хувийн зохион байгуулалт маш өндөр байх ёстой. Хараад байхад явсаар байгаад л хамгийн сайн хүүхдүүд нь шигшигдээд үлддэг.

-Та нар хэзээнээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эхлэх вэ?

-Таван сард улсын хэмжээний тэмцээн дуусна. Ингээд оюутнуудын маань хичээл, шалгалт зэрэг нь явсаар байгаад зургаан сард дууссаны дараа жигдэрч эхэлдэг. Тэгээд л санхүүгийн асуудал, хүүхдүүдийн хувцас гээд бөөн юм болдог. Ер нь бол найман сараас бэлтгэл жигдэрдэг. Гэхдээ энэ хооронд хэсэгчилсэн бэлтгэлээ хийнэ. Найман сараас бүгд жигдэрнэ.

-Та бол өөрөө мэргэжлийн бүжигчин хүн биш. Яаж энэ хамтлагийг ийм амжилттай авч явж байна. Нууц нь юундаа байна?

-“Улаан сарнай” хамтлагийн өөрийнх нь нууцад байгаа болов уу. Миний хоёр багш амьд сэрүүн байхдаа олон зүйлийг зааж өгсөн. Багаар ажиллана гэдэг ийм байдаг. Ганц би өөрөө удирдаад бүх юмыг болгоод байгаа юм биш, үе үеийн “Улаан сарнай”-чууд байна. Манай төгсөгчид бидэнтэй үргэлж холбоотой байдаг. Зарим нь тэмцээн болох гэж байхад хүрч ирээд болохгүй байгаа юмыг нь хэлж өгнө. Би өөрөө бол бүр багаасаа бүжиглэсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Горняк” соёлын ордонд найман настайгаасаа эхлээд бүжиглэсэн. Түүнээс хойш тасралтгүй гээд бодохоор хорин хэдэн жил бүжиглэж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Музейнүүд хүүхдүүддээ үнэгүй үйлчилнэ

Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бөгөөд энэ баярыг жил бүр орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Соёл урлагийн байгууллагууд, тэр дундаа Улаанбаатар хотын музейнүүд энэ баярыг тэмдэглэхэд идэвхтэй оролцдог. Өчигдөр хэдэн музейгээр орж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр залуу үзэгчдэдээ зориулан юу хийхээр төлөвлөж байгаа талаар сонирхсон юм. Орсон музейнүүд нэлээд ачаалалтай, хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей энэ өдөр “Урлаг ба хүүхэд нас -2016” өдөрлөгийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа тухай захирал У.Сарантуяа ярилаа. Зургадугаар сарын 1-ний өдөр хамгийн түрүүн өглөө эрт музейн өмнөх талбайгаа угааж цэвэр цэмцгэр орчноороо залуу үзэгчдээ угтах гэнэ. Энэ жил тус музей нь анх удаагаа нээлттэй микрофоноо ажиллуулахаар болжээ. Бяцхан тайзан дээр хүссэн хүүхэд нь гарч дуртай дуугаа дуулж, шүлэг унших юм байна. Баярын өдөр тус музейг үзсэн хүүхэд бүрийг хонжвортой сугалаанд оролцуулах аж. Нийтдээ 200 орчим сугалаа бэлтгэсэн бөгөөд бүгд хонжвортой. Харин хонжворт нь зүгээр нэг тоглоом, амттан бус соёлын утга агуулгаар баяжигдсан урлагийн бүтээлүүд өгөх гэнэ. Жишээлбэл, зураач Б.Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлээс загварлан хийсэн зурагт эвлүүлдэг “Puzzle” тоглоом гэх мэт. Дүрслэх урлагийн музей нь хүй нэгдлийн үеэс XX зууны эхэн үеийг хүртэлх Монголын урлагийн дурсгалыг хадгалж хамгаалж байдаг. Тиймээс урлагийн янз бүрийн төрлийн арга технологийг танилцуулах үүднээс VII-XVII зууныг хүртэлх долоон төрлийн үзмэрийг хүүхэд багачуудад гараараа барьж үзэх боломж олгох юм байна. Эдгээр үзмэрүүдээ зориулалтын материалаар жинхэнээс нь ялгарах зүйлгүйгээр тусгайлан хийлгүүлжээ. Хүүхдүүддээ зориулан бас нэгэн бэлэг бэлтгэснийг сонирхуулъя. Үзэгч хүүхдүүд маань ханан дээр өөрийнхөө дуртай зургийг зурж болох юм. Тус музейн боловсролын өрөөний нэг ханыг үүнд зориулан бэлдсэнээр бяцхан үзэгчдэд өөрсдийнхөө авьяасыг харуулах боломж олгож байгаа юм.

Үндэсний түүхийн музей нь өнөөдөр буюу тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдэд мөн үнэгүй үйлчилнэ. Жил бүр энэ өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал олон жилийн өмнөөс тогтжээ. Энэ жил “Үлгэрийн баатрын ертөнцөөр аялсан нь” хэмээх сонирхолтой арга хэмжээ болно. Үндэсний түүхийн музейн өмнөх талбайд хүүхдүүдийг үлгэрийн баатрууд угтах бөгөөд хүсвэл тэдэнтэй цуг зургаа авахуулж болох юм байна. Улс орны түүхийг өгүүлсэн уг музейд XIII-XIV зууны үеийн Монголын хаад, хатад, баатруудын хувцас хадгалагдаж байдаг. Түүнийг самбар дээр зурсан бөгөөд толгойгоо хийж зургаа авахуулахад өмссөн мэт харагдах. Монголын үндэсний хорол, үйчүүр, алаг мэлхий зэрэг оюун ухаан хөгжүүлдэг үндэсний уламжлалт тоглоомууд байдаг. Өнөө үед эдгээр нь бараг мартагдсан гэж болно. Тиймээс Үндэсний түүхийн музейн хамт олон тэдгээрийг залуу үедээ эргэн сануулах зорилгоор тэдгээр тоглоомуудыг хэрхэн тоглохыг хүүхдүүддээ зааж өгөх юм байна. Тус музейн боловсролын өрөөнд Монголын уламжлалт ахуй амьдралыг харуулсан бяцхан гэр байдаг. Үүнийг ч үзэх боломж олгож байгаа юм. Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас залуу үеийг хүмүүжүүлэхэд музейн оролцоо чухал үүрэгтэй хэмээн үздэг аж. Тиймээс тус музейн захиргаа 10 дугаар ангийн хүүхдүүдийг үнэгүй үзүүлдэг болсон байна. Зургадугаар ангиасаа хойш дөрвөн жил түүхийн хичээлийг заалгуулсан хүүхдүүд улс орныхоо өнгөрсөн үеийн тухай тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болсон тул тус музейг үзэхэд яг тохиромжтой хэмээн үзжээ.

Чойжин ламын сүм музей “Бүтээлч хүүхдүүд-2016” өдөрлөг зохион байгуулахаар бэлтгэсэн байна. Энэ жилийн арга хэмжээнүүдээ “Хүүхэд бүхэн хөөрхөн” уриан дор явуулахаар болжээ. Өмнөх жилүүдэд болсон өдөрлөгүүдэд үзэгч хүүхдүүд маш идэвхтэй оролцсоор ирсэн нь Чойжин ламын сүм музейн хамт олонд урам зориг хайрласан байна. Тиймээс энэ жил гар зураг, зохион бичлэг, уран бичлэгийн уралдаан болох бөгөөд бас нэгэн онцлог нь гэвэл зорилтот бүлгийн 1000 гаруй хүүхдийг тусгайлан зохион байгуулж буй арга хэмжээнүүддээ хамруулахаар болжээ. Нийслэлийн V сургуулийн дэргэдэх ардын урлагийн “Эгшиглэн-3” хамтлаг, залуу уран бүтээлч Ата Боргужин, “Хурган крью” хамтлаг энэ үеэр үзэгч хүүхдүүдэд уран бүтээлээ толилуулах юм байна. Ийнхүү Чойжин ламын сүм музейд очсон хүүхдүүд маань түүхийн дурсгалт үзмэрүүдтэй танилцаад зогсохгүй урлагийн тоглолтыг үзэж сонирхох боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Ирээдүйн шилдэг лидерүүдийн нэгээр шалгарсан монгол бүсгүй

Хэдхэн хоногийн өмнө “Ernst&Yang”-аас Зүүн өмнөд Азийн ирээдүйн шилдэг маркет лидерүүдийг шалгаруулсан юм. Түүнд бизнесийн салбарт хүч үзэж буй 16 залуу орсны нэг нь “Сиберри Фарм Продактс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болортуяа. Түүнийг “Өдрийн зочин” буландаа онцолж байна.

Д.Болортуяа АНУ-д ахлах сургуулиа дүүргээд Хойд Калифорнид орших Дюкийн их сургуулийг барилгын инженерээр суралцаж бакалавр зэрэгтэй төгсчээ. Дараа нь Калифорнийн Олон улсын их сургуульд олон улсын бизнес, худалдаа, татварын хуулиар магистрын зэрэг хамгаалжээ. Оюутан байхдаа л “CAILYN Cosmetics”-д ажилд орж брэнд менежерээр есөн жил ажилласан. Тус компани нь дэлхийн 161 оронд салбартай нэлээд өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг. Д.Болортуяа энэ брэндийг бий болгохоос нь эхлээд ажиллаж чамгүй туршлага хуримтлуулсан бүсгүй. Аав нь охиноо эргэхээр нэг удаа очихдоо “Америкийн компанийг л баяжуулаад байх юм. Монголдоо ирж юм хийгээч” гэж хэлсэн гэдэг. Энэ үг одоо болтол санаанаас нь гардаггүй хэмээн ярив. Ингээд л нутагтаа ирж Монголын хөрсөнд ургасан органик чацарганын найрлагатай гоо сайхан болон хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн байна. Чацарганыг сонгосон нь учиртай. Д.Болортуяагийн аав нь насаараа цэргийн газар ажилласан генерал цолтой хүн. Өдгөө гавьяаныхаа амралтыг эдэлж буй тэрээр Төв аймгийн Алтанбулаг суманд чацарганын аж ахуйтай. Тиймээс Д.Болортуяа чацаргана ямар ид шидтэй жимс болохыг харуулахаар “Сиберри Фарм Продактс” компаниа байгуулжээ. Гурван жил гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа явуулахдаа АНУ, БНСУ, Япон зэрэг орнуудын экспертүүдийг ажиллуулан, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж аваад зах зээлд нийлүүлсэн. Үүнд чацарганатай нүүрний тос зэрэг гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнээс гадна хүнсний нэмэлт бүтээгдэхүүн орно. Өнөөдрийн байдлаар дэлхийн 12 оронд бүтээгдэхүүнээ борлуулж, гадаадын 20 гаруй компанитай хамтран ажилладаг. Эдний бүтээгдэхүүнүүд Монголдоо 29900-79900 төгрөгийн үнэтэй зарагддаг юм байна.

Д.Болортуяа Америкт гоо сайхны салбарт ажилласан тул шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд хэрхэн нэвтрүүлэх туршлага нь нэмэр болсон тухайгаа ярьж байлаа. Ер нь бизнес гэдэг зөвхөн ашиг олохын төлөө байх нь өнөө үед ерөөсөө тохирохгүй. Аль аль талдаа ашигтай байх ёстой гэсэн зарчмыг баримтлах ёстой. Хүмүүст хэрэгтэй зүйл хийснээр өөрөө ч сэтгэл хангалуун байна. Гэхдээ бүтээгдэхүүнээ хилийн чанадад үйлдвэрлэдэг. Монгол чацарганаар Индонезид үйлдвэрлэсэн гоо сайхан, хүнсний бүтээгдэхүүнээ “Made in Mongolia” гэсэн бичигтэйгээр зах зээлд борлуулдаг ажээ. Д.Болортуяагийн хувьд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр улам бүр таниулах нь чухал. Ер нь ямар ч бараа бүтээгдэхүүнийг экспортолно гэдэг алхам алхмаар хийгдэх ажил. Харин манайхны арга барил нэлээд дутагдалтай байгаа тухай тэрээр ярьсан юм. Тиймээс улс орны ирээдүй болсон залуусыг эртнээс бэлдэх нь чухал хэмээн ярив. Ер нь аливаа улс орны хөгжлийн үндэс суурь нь чадварлаг боловсон хүчин. Тиймээс ч түүний компани нь хүүхдийн байгууллагуудтай нэлээд хамтран ажилладаг гэнэ.

Зүүн өмнөд Азийн ирээдүйн шилдэг маркет лидерүүдийг шалгаруулахад хэд хэдэн болзол тавьдаг юм байна. Үүнд компанийн алсын хараа, эдийн засгийн үзүүлэлт, стратегийн бодлого, манлайлах чадвар, инноваци зэргийг нь хардаг аж. Өөрөөр хэлбэл, Монголын компанийн захирал энэ бүх шаардлагыг бүрэн хангаж чаджээ. Ирээдүйн шилдэг маркет лидерүүдийг шалгаруулахад нэг зүйл анзаарагдсан тухай Д.Болортуяа ярьсан юм. Ази тив гэдэг маш том зах зээлээс гадна мэдээллийн технологи, эрүүл мэнд гэсэн хоёр салбар нь хамгийн ирээдүйтэйд тооцогддог. Хятадын зах зээлд нэг жилд 578 тэрбум ам.доллартай тэнцэх гоо сайхны бүтээгдэхүүн эргэлдэж байдаг гэнэ. Тэр зах зээлд тодорхой орон зай эзлэх нь “Сиберри Фарм Продактс” компанийн эрхэм зорилго аж.

Categories
мэдээ цаг-үе

Рок хөгжмийн түүхэнд нэрээ үлдээсэн “Gun’s Roses”

Рок хөгжмийн түүхэнд ер бусын үйлдэл, онцгой уран бүтээлээрээ хамгийн их шуугиан тарьж байсан хамтлаг бол “Gun’s Roses” буюу “Ганзес Роузес”. Секс, хар тамхи, рок гэсэн уриатай байсан энэ хамтлагийг Эксл Роуз хэмээх залуу байгуулсан. Тарах болсон шалтгаан нь мөн л Эксл Роуз болсон. Нэг үгээр хэлэхэд “Ганзес Роузес” хамтлаг энэ хүнтэй салшгүй холбоотой. 1980-аад онд залуусыг байлдан дагуулж байсан тус хамтлагийн гишүүд одоо ч байдаг. Дуучин Эксл Роуз, ритм гитарчин Иззи Стрэдлин, басс гитарчин Дафф Макаган, бөмбөрчин Стивен Адлер. Тус хамтлагийн бүрэлдэхүүн нэлээд хэдэн удаа солигдсон бөгөөд Эксл Роуз анхнаас нь байсан цорын ганц гишүүн.

Тэрээр Индиана мужийн Лафайет хотод төрсөн. Аав нь нэлээд танхай байсан тул хүүгээ төрсний дараахан эхнэр хүүхдээ орхин явсан байна. Эксл Роуз багадаа хичээлдээ сайн, сүмийн найрал дуунд явдаг үлгэр жишээ хүүхэд байсан гэдэг. Үнэндээ бол хойд ааваасаа нэлээд айдаг байсан тул үгнээс нь гардаггүй байжээ. Гэвч томрох тусам сахилгагүйтэж дийлдэхээ больсон гэдэг. Нэлээд дэггүй түүнийг цагдаа нар анддаггүй байв. 15 настайдаа цагдаа нарын хяналтад орсон. Архи ууж, цагдаа нарыг хэл амаар доромжилсон хэргээр хэдэн удаа саатуулагджээ. Сургуульд байхдаа Иззи Стрэдлилн хэмээх залуутай танилцаж хоёулаа хөгжим сонирхдог байсан тул санаа бодол нийлж, хамтран панк-рок тоглодог байв.

Эксл Роузес сургуулиасаа хөөгдөж, төрсөн эцэг нь ямар хүн байдгийг мэдчихээд овгоо хүртэл сольсон. Гэрийнхнийхээ үглэхээс залхсан Эксл 1980-аад оны эхээр найз бүсгүйтэйгээ цуг Лос-Анжелест амьдрахаар явжээ. Хамгийн сонирхолтой нь тэнд Стрэдлин Роузтай таарсан байна. Тэр үед Стрэдлин Роуз янз бүрийн хамтлагт дуулдаг, нэлээд ирээдүйтэй дуучин гэгдэж байв. Ингээд гитарчин Трейси Ганз, бас гитарчин Даффа Маккаган, бөмбөрчин Стив Адлер нартай танилцаж “Ганзес Роузес” хамтлаг байгуулагдсан түүхтэй. Удалгүй Калифорни даяараа тус хамтлагийг андахгүй болсон гэдэг. Сонирхлоороо нийлсэн залуус юу ч үгүй байсан. Вики Хэмилтон хэмээх шүтэн бишрэгч эмэгтэйг менежерээрээ ажиллуулсан юм. Ийм менежертэй хамтлаг хаа нэгэнтээ очиж тоглолт хийнэ гэдэг зүгээр л сайхан мөрөөдөл байв. Хамтлагийн залуус Сансетэд агуулах байсан байшинд амьдарч байжээ. Дээврээс өөр юу ч үгүй, агуулах гэхэд ч хэцүү нуранги гэж болохоор газар байв. Идэх юм авах мөнгөгүй байсан тэд аз таарвал ойролцоох гуанзнаас хулгайлсан махаа ил гал дээр шарж идэн амь зууна. Заримдаа орон гэргүй хүмүүсийг хооллоход нь хамрагдаж, аврагчдын армиас зохион байгуулдаг нэг ам.долларын хоол олж иднэ. Агуулахын газар хөгжимчдийг цуглуулж урлагийн талаар ярилцаж, дуулах нь хамгийн жаргалтай үе нь байсан хэмээн хожим нь дурсан ярьжээ. Амь зуухын эрхээр хар тамхи хэрэглээд зогсохгүй зардаг байсан үе. 1986 онд залуус “Troubadour” клубт албан ёсоор анхныхаа тоглолтыг хийсэн. Түүнийг нь нэлээд хэдэн дуу бичлэгийн компанийн төлөөлөгчид үзсэн байна. Өөрийн гэсэн өнгө төрхтэй хамтлаг урлагийн мэргэжилтнүүдийн анхаарлыг ихэд татжээ. Онгорхой гутал, уранхай хувцастай, байнга хар тамхи хэрэглэснээс нүүр царай нь хачин болсон залуусыг харсан хүмүүс тэднийг ямар ч ирээдүйгүй хэмээн ярьцгааж байв. “Gef­fen Records” дуу бичлэгийн газрын төлөөлөгч Том Зутаут гэгч тэр тоглолтыг үзэж суухдаа новшийн хамтлаг байна хэмээн муулсан гэнэ. Гэхдээ дөрвөн сарын дараа тэдэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Үнэндээ бол хамтлаг түүнд маш их таалагдсан бөгөөд өрсөлдөгчдөдөө алдах вий хэмээн болгоомжилсондоо ингэж ярьсан гэдэг.

“Ганзес роузес”-ийн дэггүй залуусыг жаахан ч гэсэн хянахын тулд дуу бичлэгийн компаниас байшин хөлслөн өгч Алан Нивен гэгч менежертэй болгосон байна. Ингээд менежер нь тэднийг орой болгон тоглолт хийхэд нь хар тамхи хэрэглүүлэхгүй хэмээн сахиж суудаг болжээ. Удалгүй “Ганзес роузес” хамтлаг анхныхаа цомгийг гаргах ажилд орсон . “Ap­pertite for Destruction” хэмээн нэрлэсэн анхны цомогт нь орсон дуу болгон өөрийн гэсэн маш сонин түүхтэй. Ийнхүү тус хамтлаг алдарших гараагаа эхэлжээ.

1987 онд “Ганзес роузес” Америкаар аялан тоглолтоо эхлүүлж үнэхээр юунд ч дийлдэхгүй хэцүү залуус гэдгээ харуулсан гэдэг. Тэд хард-рок тоглож байсан боловч панкууд шиг л аашилдаг байжээ. Их Британийн “Sex Pistols” хамтлаг шиг хамгаалагчидтайгаа зодолдож, тайзан дээр морь харж, гудамжинд унтана. Тэднээс хамгийн хэцүү нь Эксл Роуз. Тэр үед Америкийн залуус тус хамтлагийн гишүүдийн энэ бүх гаж үйлдлийг нь дуурайж нийгэмд нэлээд сөрөг дагавартай байсан. 1988 онд “Alice Coo­per”, “Iron Maiden” хамтлагтай цуг хоёр дахь удаагаа аялан тоглолт хийжээ. Энэ үеэр тайзны өмнө эмх замбараагүй байдал үүссэнээс хүний амь хүртэл эрсэдсэн гашуун түүхтэй. “Ганзес роузес” аялан тоглолтынхоо үеэр тайзан дээр хоорондоо муудалцаж байсан. Архи, хар тамхинд нэлээд орсон хэдий ч залуус уран бүтээлээ туурвисаар байв. “G N’ Lies” нэртэй шинэ цомгоо гаргаж тэр нь хитээр шалгарчээ. Түүнд орсон “Your Illusion I”, “Use Your Illusion II” дуунууд нь рок түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бүтээлүүд. Шинэ цомог худалдаанд гарсан даруйдаа чартыг тэргүүлсэн бөгөөд хүнд рокийн түүхэнд өнөөдрийг хүртэл түүнийг гүйцэх цомог гараагүй.

Архи, хар тамхи байнга хэрэглэж байсан хамтлагийн залуусыг удаан амьд явахгүй гэж хүмүүс ярьж байсан гэдэг. Тэдний гаж үйлдлийн талаар хэвлэлээр байнга бичиж байлаа. Гэсэн хэдий ч уран бүтээлээ туурвисаар. Тэд дахин дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлж 1993 онд гэхэд дууссан юм. “Ганзес роузес” нэр алдрын оргилд хүрч тэдэнтэй өрсөлдөхүйц цорын ганц хамтлаг нь “Metal­lica” байлаа. Тэдний клипэнд Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварценеггер тоглож, “Грэмми” шагналд хүртэл дэвшсэн байна. Аялан тоглолтоо дууссаны дараа “The Spaghetti Inci­dent?” цомгоо гаргаснаар тус хамтлагийн түүх дууссан гэж болно. 1995 онд “Ганзес Роузес”-ийг байгуулсан Эксл Роузес хамтлагаасаа гарч байгаагаа мэдэгдээд нэрийг нь өөрөө авна гэжээ.

Тус хамтлаг байгуулагдсанаасаа хойш бүрэлдэхүүнээ нэлээд хэдэн удаа сольсон. Эксл Роузес хуучин хамтрагчдаасаа салж шинэ бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлжээ.

2008 онд Эксл Роузес шинэ хамтлагтайгаа “Chinese Democracy” буюу “Хятадын ардчилал” нэртэй цомгоо үзэгчдийн хүртээл болгосон юм. Шинэ буюу зургаа дахь цомгийг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж байсан. Түүгээр ч зогсохгүй цомгийг худалдан авсан хүмүүст уух юм үнэгүй дагалдана гэсэн зарыг хүртэл тарааж байжээ. Ингээд цомгийг Европ, Австрали, Хойд Америкт нэгэн зэрэг худалдаанд гаргасан. Гэвч нэлээд хэл ам гарсан. Эксл Роузес хамтлагийнхаа менежер асан Ирвинг Азоффийг цомгийн борлуулалтыг таслан зогсоосон хэмээн шүүхэд өгсөн. Тэрээр таван сая удаа менержертэйгээ шүүхэдсэн. Энэ явдлаас хойш “Ганзес Роузес” хамтлаг тоглолтоо нэг бус удаа таслахад хүрсэн. Дублин хотноо концертоо тоглохдоо нэг цаг 30 минутаар хожигдон иржээ. Үүгээр дууссангүй “Welcome to the Jungle” дуугаа дуулж байгаад гэнэт зогсч дахин тайз руу шил шидэх юм бол тоглолтоо зогсооно хэмээн үзэгчдийг загнасан удаатай.

“Chinese Democracy” цомог нь шүтэн бишрэгчдэд нь огтхон ч таалагдаагүй гэдэг. 1980-аад онд хард рок ертөнцөд шинэ уур амьсгал оруулсан бүтээлийнх нь хажууд юу ч биш хэмээн шүүмжилсэн байдаг.

Ийнхүү тус хамтлаг тарснаас хойш 20 жил өнгөрлөө. Харин саяхнаас “Ганзес Роузес” энэ жил Калифорни мужид болох “Coachella” хөгжмийн наадам дээр эргэн нэгдэх гэж байгаа хэмээн “Consequence of Sound” сэтгүүлд бичсэн. Түүгээр ч зогсохгүй энэ зун 25 тоглолт хийхээр төлөвлөсөн байгаа гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Үнэртний хаан Chanel №5

Одоогоос 95 жилийн тэртээх 1921 оны тавдугаар сарын тавны өдөр хүмүүсийн сайн мэдэх “Chanel№5” үнэртэй ус анх худалдаанд гарчээ. Судлаачдын бичсэнээр манай дэлхий дээр нэг минут тутам нэг шил “Chanel№5” зарагддаг. ХХ зууны хамгийн тансаг үнэртэн нь гоо сайхны ертөнцөд хувьсгал хийж уламжлалыг эвдэн огт өөр үнэрийг анх бий болгожээ. Янз бүрийн цэцгийн үнэрээс уйдсан тул шинэ үнэр хүмүүст ихэд таалагдсан байна. Тиймээс ч “Chanel№5”-ийг эмэгтэйчүүдийн үнэр гэдэг.

Түүнийг бүтээсэн түүх Франц төдийгүй дэлхийн загвар болон гоо сайхны ертөнцөд шинэ хуудсыг нээсэн Коко Шанельтэй салшгүй холбоотой. 12 настайдаа өнчин хоцорсон охин католик сүмийн асрамжийн газар хүмүүжиж байхдаа юм оёж сурсан байна. 18 настайдаа хувцасны дэлгүүрт худалдагчаар ажилд орж хажуугаар нь цэнгээний газар дуулдаг байжээ. Тэрээр Их Британийн бизнесмэн Артур Капел хэмээх залуутай танилцаж түүний дэмжлэгтэйгээр 1910 онд Парис хотноо малгайны дэлгүүр нээж бизнесээ эхлүүлсэн байна. Харамсалтай нь загварын ертөнцөд шинэ хуудсыг нээсэн бүсгүйг дэмжиж байсан Артур Капел залуудаа ослын улмаас нас баржээ. Уй гашууд автсан Коко Шанель “Меланез” хэмээх амьдарч байсан харшийнхаа өрөөнүүдийн таазыг хүртэл хараар будсан гэдэг. Амьдрал нь утга учиргүй санагдаж байсан бүсгүй Оросын сүүлчийн хаан Николай II-ийн үеэл, гүн Дмитрий Романовтой танилцсанаар шинийг бүтээх урам зоригтой болсон гэдэг. Түүгээр дамжуулан үнэртний мэргэжилтэн Эрнест Бо хэмээх орос залуутай танилцсан байна. Коко Шанель түүнтэй уулзахдаа уламжлал болсон цэцэгний үнэртэй уснаас огт өөрийг бүтээх тухай ярьжээ. Энэ чиглэлээр мэргэшсэн Эрнест Бо нь Москвад төрсөн бөгөөд аав нь “Rallet” хэмээх үнэртэй усны үйлдвэрийн эзэн байжээ. 1917 онд Орост хувьсгал гарсны дараахан Эрнест Бо Франц руу цагаачилсан байна.

Цэцгийн үнэртэй ус л Коко Шанельд огтхон ч таалагддаггүй байв. Үнэндээ тэрээр дэгжин загварын хувцас хийж байснаас биш үнэртэн хийх тухай бодож байгаагүй гэдэг. Усанд орсны дараах цэвэрхэн үнэрийг хамгийн сайхан хэмээн бусад ямар ч үнэрийг хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Эрнест Бо түүний саналыг хүлээн авч Шанель ч шинэ төслийг санхүүжүүлнэ гэдгээ амласан байна. Хамгийн гол нь жинхэнэ эмэгтэй хүний гоо сайхныг илтгэсэн үнэр гаргаж авах хэрэгтэй гэсэн болзол тавьсан байдаг. Эрнест Бо шинэ төсөл дээр уйгагүй ажилласны эцэст янз бүрийн үнэр гарган авч түүнийгээ хуруу шилнүүдэд хийж дугаарласан байна. Коко Шанель бүгдийг нэгд нэгэнгүй үнэрлэж үзээд тав гэсэн дугаартай үнэрийг ихэд таашаажээ. Тиймээс ч үнэртэй усыг өөрийн нэрээр нэрлэж дээр нь хуруу шилэн дээрх тав гэсэн дугаарыг тавьсан аж. Ингэж алдарт “Chanel№5” үнэртэй ус “төржээ”. Коко шинэ үнэртний саванд нэлээд анхаарал хандуулсан. Тэр үед үнэртэй ус үйлдвэрлэгчид савыг нь хэт их чимэглэдэг байсан. Ингэхдээ ихэвчлэн үнэт чулуунууд шигтгэн болороор хийдэг байв.

Харин Шанель энэ уламжлалыг эвдэж маш энгийн, тэгш өнцөгт хэлбэртэй шилэн саванд савласан юм. Тэр үед эрчүүдэд зориулсан үнэртнийг ийм саванд хийдэг байжээ. Харин Шанель үүнийг шинэ бүтээгдэхүүнийхээ онцлог болгосон. Бүхэл бүтэн зууны нүүр царай болсон шинэ үнэртэн ингэж худалдаанд гарчээ. Гэхдээ Коко Шанель түүнийг шууд худалдсангүй. Эхэндээ найзуудыгаа дуудан өгөхдөө “Үгүй, үгүй би чамд зарахгүй, зүгээр л бэлэглэж байна” гэжээ. Ингэхдээ нэлээд чинээлэг, дээдчүүдийн хүрээний бүсгүйчүүдэд сурталчлах байдлаар бяцхан заль хэрэглэсэн гэдэг. Шинэ үнэртэн бэлгэнд авсан бүсгүйчүүд ихэд баярлаж хүлээн авалт, үдэшлэгт ирэхдээ түүнийгээ түрхэж, ер бусын тансаг үнэртэй шинэ бүтээгдэхүүн гарсан тухай бусдадаа дуулгана. “Chanel№5”-ийн тухай яриа амнаас ам дамжин нэг л мэдэхэд Парист түүнийг эрхэмлэгч бүсгүйчүүдийн клуб бий болсон гэдэг. Ийнхүү дээдчүүдийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөний дараа Коко Шанель шинэ үнэртнээ худалдаанд гаргасан юм.

“Chanel№5” худалдаанд гарснаас хойш 95 жил өнгөрчээ. Өнөөдөр хамгийн тансаг бөгөөд үнэтэй үнэртэнд тооцогдсон хэвээрээ. Цаг хугацаа өнгөрч маш их зүйл өөрчлөгдсөн. Амьдрал үргэлжилж, загварын ертөнц өөрчлөгдөж, олон шинэ, сонин зүйлийг бүтээсээр. Хэдэн зуун шинэ үнэртэн худалдан авагчдын хүртээл болж өнөөгийн бүсгүйчүүд заримдаа алийг нь сонгохоо мэдэхгүйд хүрдэг. Жил ирэх тусам өрсөлдөөн улам ширүүссээр, харин “Chanel№5”-ийг эрхэмлэх бүсгүйчүүдийн тоо буурсангүй, эсрэгээрээ нэмэгдсээр. Энэ үнэртэнг ямар ч шинэ бүтээгдэхүүн зах зээлээс шахан гаргаж чадсангүй. Коко Шанель “Би хүмүүст зориулан ер бусын зүйл бүтээмээр байна” хэмээн хэлж байсан гэдэг. Тэрээр өөрийнхөө хүслийг биелүүлж чадсан.

Үнэртний мэргэжилтэн Эрнест Бо

Харин Эрнест Бо хожим нь “Chanel№22”, “Bois des iles”, “Cuir de Russie”,” Gardenia” зэрэг олон ус бүтээсэн. Тэдгээрээс аль нь ч “Chanel№5”-ийг гүйцсэнгүй.

Цаг хугацааны шалгалтыг давж чадсан энэ үнэртэнг дэлхийн алдартай загвар өмсөгч, жүжигчид сурталчилсаар байгаа. Харин анхны сурталчилгааг 1937 онд Коко Шанель өөрөө хийжээ. Түүний дараа Францын алдарт жүжигчин Катрин Денев “Chanel№5”-ийн сурталчилгаанд тоглосон. 1970-аад онд алдарт жүжигчин энэ үнэртний нүүр царай нь болжээ. 1980-аад оноос эхлэн Карла Буке сурталчилсан юм. Ингэхдээ маш шинэлэг уур амьсгал оруулжээ. “Chanel” компани түүний энэ гавьяаг өндрөөр үнэлж зөвхөн үнэртэй ус төдийгүй, шинэ загварын хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, гоёл чимэглэл сурталчлуулаад зогсохгүй тус компанийн нүүр царай болгосон. Түүнтэй нийтдээ 15 жил хамтран ажилласан юм. Ингээд 1996 оноос эхлэн жүжигчин, загвар өмсөгч Эстелла Уоррен сурталчилж “Chanel№5”-ийн баглаа боодолд шинэчлэл хийсэн байдаг. Түүний халааг Холливудын алдарт жүжигчин Николь Кидман авсан. Нэрт жүжигчний тоглосон сурталчилгаа нь хамгийн өндөр өртөгтэйд тооцогддог. Николь Кидман “Chanel№5”-ийн сурталчилгааны нэг минутын хөлсөнд таван сая ам.долларын хөлс авч, тус компанитай дөрвөн жил хамтран ажилласан юм.

2009 онд “Chanel№5”-ийн ой тохиох үед Францын жүжигчин Одри Тоту тоглосон. Ингэхдээ тэрээр Коко Шанелийн дүрийг бүтээсэн юм. Дэлхийн олон алдартан энэ үнэртэнг сурталчилсан бөгөөд тэдгээрээс алдарт Мэрилин Монро сурталчилгаагаа үнэгүйгээр хийжээ. Сэтгүүлчид алдарт шаргал үстээс ямар унтлагын хувцастай унтдагийг нь сонирхоход “Нэг дусал “Chanel№5” байхад хангалттай” гэсэн хариулт өгсөн байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Герман гаралтай Америкийн тэрбумтан

Хэдхэн сарын дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Мужуудад болж буй урьдчилсан санал асуулгаар Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдээс тэрбумтан Дональд Трамп тунаж үлдлээ. Гурав хоногийн өмнө түүний хамгийн гол өрсөлдөгч Сенатын гишүүн Тед Круз намын сунгаанаас гарахаар болсноо мэдэгдсэн. Ийнхүү тус намаас Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп өрсөлдөхөөр боллоо. Одоогоор Ардчилсан намаас Хиллари Клинтон авсан саналынхаа тоогоор тэргүүлж яваа. Үүнээс үзэхэд Д.Трамп, Х.Клинтон нар тунаж үлдэн Америкийн төрийн тэргүүнд өрсөлдөх магадлал нэлээд өндөр байна. Бүгд найрамдахчуудаас тэрбумтан өрсөлдөх болсон нь тус намын дотор нэлээд зөрчил үүсэхэд хүргээд байгаа. Уржигдар төрийн тэргүүний албыг хашиж байсан аав, хүү хоёр Буш Д.Трампыг дэмжихгүй хэмээн мэдэгдсэн.

Д.Трамп бол бизнесмэн, улстөрч. Аавынх нь аав буюу өвөө нь 1885 онд Германы Кальштат хотоос Америкт цагаачилжээ. Тэрбумтны ээж нь шотланд гаралтай, 1930 онд Нью-Йорк хотноо болсон нэгэн баярт оролцохоор ирэхдээ аавтай нь танилцаж гэрлэсэн гэдэг. Тэрбумтан Д.Трамп 1946 онд Нью-Йорк мужийн Кунис хотод төрсөн. Аав нь хүүгээ 13 настайд нь өөртөө итгэлтэй, зөв хүн болгохын тулд Нью-Йоркийн цэргийн академид оруулжээ. Д.Трамп тэнд маш ихийг сурсан. “Хэлэлцээ хийх урлаг” номондоо “Би 1964 онд Нью-Йоркийн цэргийн академиа төгсчихөөд киноны сургуульд орох талаар бодсон. Гэвч эцэст нь үл хөдлөх хөрөнгийн наймаа илүү ашигтай гэдэг дүгнэлтэд хүрсэн” хэмээн бичсэн байдаг. Ингээд Фордэмийн их сургуульд орсон боловч сургалт нь таалагдаагүй тул Пенсильванийн их сургуулийн дэргэдэх Уортоны бизнесийн сургуульд суралцжээ. Төгсөөд шууд л аавынхаа “Trump Orga­nization” компанид ажилласан байна.

Дональд оюутан байхдаа анхныхаа бизнес төслийг маш амжилттай хэрэгжүүлсэн. Огай мужийн Цинциннати дахь 66 хувь нь түрээслэгдээгүй байрыг шинэчилж 12 сая ам.доллараар борлуулаад зургаан сая ам.долларын цэвэр ашиг олжээ. Энэ төсөл амжилттай болсон бас нэгэн нууц нь нийгмийн дундаж давхаргад чиглэсэнтэй холбоотой. 1971 онд тэрээр Нью-Йоркийн төв болох Манхэттенд нүүж ирээд нөлөө бүхий хүмүүстэй танилцсан. Энд барилгын салбарт бизнес хийх асар их боломж байгааг ч олж харсан байна. Ер бусын дизайнтай байшингууд барьж нэлээд ашиг олж, түүний бариулсан барилгууд ч хүмүүст таалагджээ. Бараг нурсан “Commodore” зочид буудлыг шинэчлэх төслийн тендерт ямар нэгэн хөндлөнгийн дэмжлэггүйгээр ялж, Нью-Йорк хотын захиргаанаас түүнд 40 гаруй жилийн хугацаатай татварын хөнгөлөлт үзүүлсэн юм. Түүгээр ч зогсохгүй банкууд 70 сая ам.долларын зээл олгохдоо Вест-Сайд дүүргийн өнгө төрхийг сайжруул гэсэн ганцхан болзол тавьсан байдаг. Зургаан жилийн дараа гэхэд Манхэттений оршин суугчид тэнгэр баганадсан шилэн байшингуудаар бахархаж ирээдүйн тэрбумтан ч хөрөнгөө арвижуулж авчээ. Д.Трамп энэ төслийг амжилттай хэрэгжүүлснийхээ дараа “Hyatt” сүлжээ зочид буудлыг худалдан авчээ. Бизнесийн шинэ санаа ар араасаа ундарч байх тэр үед Нью-Йоркийн “Tiffany&Co” үнэт эдлэлийн дэлгүүрийн эсрэг талд байршилтай тавдугаар авенюд нүд унагасан гэдэг. Яагаад заавал энэ гудамжийг сонирхсоныг асуухад “Энэ дэлгүүр хавиар Нью-Йоркийн хамгийн чинээлэг хүмүүс эргэлддэг” хэмээн тайлбарлажээ. Хэдхэн жилийн дараа энэ газарт 58 давхар “Trump Tower” хэмээх тэнгэр баганадсан байшин сүндэрлэсэн юм. Нью-Йоркийн хамгийн өндөр байшингийн орон сууцууд ердөө хэдхэн сарын дотор зарагдсан гэдэг. Ийнхүү “Trump Tower” нь дээдсийн цуглардаг газар болж Д.Трамп 200 сая ам.долларын ашиг олжээ. 1977 онд Нью-Жерсид мөрийтэй тоглоомыг хуулиар зөвшөөрсөн. Чинээлэг эр энэ боломжийг ч овжин ашигласан юм. Тэрээр Атлантик-Ситид газар худалдан авч “Trump Plaza Hotel&Casino” төвийг бариулав. Энэ төсөлд 250 сая ам.доллар зарцуулжээ. Гэвч түүний бизнес дандаа амжилттай байгаагүй. 1990-ээд онд нэг тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй байсан Д.Трампт үл хөдлөх хөрөнгө, агаарын тээврийн компани, хөлбөмбөгийн клуб, янз бүрийн үйлдвэрүүд гээд байхгүй юм байгаагүй гэдэг. Сүүлдээ өөрөө ч бараг юутайгаа мэдэхээ больж хяналтаа алдсан гэдэг. Зээл авч бизнесээ улам бүр өргөжүүлж байсан боловч нэг л мэдэхэд бөөн өрөнд унасан байв. 1990-ээд онд 9,8 тэрбум ам.долларын өртэй, түүнээс 900 сая ам.долларыг өөрөө төлөх ёстой болов. Ингээд дампуурлын ирмэгт ирсэн тул “Trump Tower” байшингаа барьцаалахаас өөр арга байсангүй. Санхүүгийн нэлээд хүнд байдалд орсон байхад нь хэвлэл мэдээллээр түүний хийсэн алхам бүрийг шүүмжилж байсан гэдэг. Гэсэн хэдий ч өрнөөс гарч чадсан. 1997 он гэхэд бүх өрөө төлж барагдуулаад шинэ төсөл хэрэгжүүлж эхэлснээс үзэхэд жинхэнэ бизнесмэний шинж чанартай, ямар ч бэрхшээлийг сөрж чадах эр гэдгээ харуулсан.

Дональд Трамп аавынхаа хамт

XXI зуун гарангуут Трамп телевизийн салбарт хүчээ үзэхээр шийдэв. Тэрбээр “Candidate” хэмээх телевизийн реалити шоу нэвтрүүлгийг санаачлан компанийнхаа шилдэг менежерээр ажиллах хүнийг шалгаруулж авсан байна. Үүнээс нэг жилийн дараа NBC телевизтэй хамтран та бидний сайн мэдэх “Ертөнцийн гоо бүсгүй”-г шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг “Miss Uni­verse Organization” компанийг худалдан авчээ. Тэрбумтан үзэгчдийн таашаалыг хамгийн ихээр хүртсэн кинонуудын нэг болох “Гэртээ ганцаараа”-д хүртэл тоглосон юм. Тэрээр алдарт Ларри Кингийн нэвтрүүлэгт уригдан оролцохдоо бага Ж.Бушийн явуулж байгаа бодлого болон алдарт Анжелина Жолигийн төрх байдлыг ширүүхэн шүүмжилсэн нь шуугиан тарьсан. Тэр үед “Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Р.Жулианни, Хиллари Клинтон хоёрыг заавал дэмжинэ” хэмээн хэлсэн байдаг. Энэ үгэндээ хожим нэлээд ороогдсон.

Д.Трампт ороогүй салбар гэж бараг үгүй. 1980-аад оноос түүнийг Ерөнхийлөгчид өрсөлдөх гэж байгаа тухай яригдаж эхэлсэн. 2009 онд тэрээр Бүгд Найрамдах намын гишүүн болж 2011 онд төрийн тэргүүнд нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж байсан гэдэг. Гэвч бизнесийн салбарыг орхих хараахан болоогүй гээд больсон. Ингээд өнгөрсөн жил тэрээр Бүгд Найрамдах намаас нэрээ дэвшүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн даруйдаа бэлтгэл ажлаа эхлүүлсэн юм. Маш нарийн бодож боловсруулсан төлөвлөгөө гарган ажилласан гэдэг. Хамгийн түрүүн Бүгд Найрамдах намын өлгий гэгддэг Нью-Гэмпширт очиж дараа нь Невада, Калифорни мужуудаар айлчилжээ.

Намын сунгаанд тунаж үлдсэн тэрээр эрүүл мэнд, цагаачид, дотоод бодлогын асуудал дээр юун дээр анхаарахаа маш тодорхой ярьсан. Хөрш Мексик, Ойрхи Дорнодын эсрэг хатуу бодлого явуулах нь зүйтэй гэдэг дээр тууштай байгаа тэрбумтан Ерөнхийлөгчөөр сонгогдвол Цагаан хэрэм шиг ханыг Мексикийн хил дээр босгоно хэмээн амлаж байгаа. Түүгээр ч барахгүй “Лалын улс” бүлэглэлийг тэр дор нь устгах гэнэ. АНУ-д үйлдвэрүүдийг эргэн сэргээхээ амлаж буй тэрбээр Хятадтай худалдааны дайн зарлах гэнэ.

Дональд Трамп эхнэр, хүүхдүүдийнхээ хамт

Тэрбумтны хувийн амьдрал нэлээд сонин. Тэрбээр хэд хэдэн удаа гэрлэж байсан. Анх хуучин Чехословакийн загвар өмсөгч Иванка Зельничкова гэх бүсгүйтэй гэрлэсэн. 2005 онд зүүн Европоос гаралтай Мелани хэмээх загвар өмсөгчтэй нижгэр хурим хийж байв. 45 сая ам.доллар зарцуулсан гэрлэх ёслол нь хамгийн өндөр өртөгтэй хуримд тооцогддог. Түүнийг эхнийхээ эхнэрээс салсны дараа хэвлэлийнхэн “The Donald” гэх болсон. Хоёр дахь эхнэрийг нь Марле Мейплз гэдэг. Д.Трамп таван хүүхэдтэй. Иванка, Эрик, Дональд,Тиффани, Беррон гээд. Саяхан болсон сонгуульд Охин Иванка, хүү Эрик хоёр нь цагтаа бүртгүүлээгүй тул саналаа өгч чадаагүй гэнэ. Үүндээ ихэд гэмшиж байгаа хэмээн аав нь ярьжээ. Харин хамгийн бага хүү Бэрроны сонгуульд оролцох нас нь болоогүй. Тэрбумтан найман ач, зээтэй.

“Форбес” сэтгүүлийн энэ жилийн судалгаагаар Д.Трамп нь дөрвөн тэрбум гаруй ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй. Энэ жил маш сонин сонгууль болно хэмээн ажиглагчид бичсээр байгаа. Тэрбумтан Д.Трамп, экс тэргүүн хатагтай Х.Клинтонтой “хүчээ” үзэх болов уу. Хэрвээ Д.Трамп ялалт байгуулж чадвал АНУ-ын түүхэн дэх анхны тэрбумтан Ерөнхийлөгч болно. Хэрвээ сонгогдож чадвал шүү дээ. Харин Д.Трамп “Би хамгийн агуу Ерөнхийлөгч болно” хэмээн хэлсэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

Александр Шадрин: Сальвадор Далигийн эхнэр Гала нь Чингисийн удмын хүн

Оросын Екатеринбург хотын бизнесмэн, цуглуулагч А.И.Шадрин “Пикассо&Дали” үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гаргасан. Түүнтэй цуглуулгынх нь талаар ярилцсаныг сонирхуулъя.

-Агуу зураач С.Далигийн эхнэр Гала Далиг та монгол гаралтай хэмээн ярилаа?

-Агуу эрэгтэйн ард агуу эмэгтэй байдаг гэдэг. Гала Дали бол нэрт уран бүтээлчийг хөдөлгөх хүч нь болж байсан. Эхнэр нь нас барснаас хойш С.Дали нэг ч шинэ бүтээл туурвиагүй. Гала Далигийн (жинхэнэ нэр нь Елена Дьянконова) хаана төрж өссөн талаар нэг хэсэг ямар ч мэдээлэл байгаагүй. Хүү нь нэлээд судалж чамгүй хугацаа, мөнгө зарцуулсан байдаг. Бид Гала Дали нь хаана төрсөн болохыг судалж мэдсэн. Тэрээр нэлээд баян банкны эзэн, худалдаа арилжаа эрхлэгч гэр бүлээс гаралтай. Эцгийн тал нь Оросын Казанийн мурза хүмүүс. Казанийн мурзууд нь Алтан ордны хүмүүс. Чингссийн удмын хүмүүс л мурза гэгддэг байсан. Одоогийн Татарстаны татарууд биш шүү дээ. Өөрөөр хэлбэл Чингис хааны удмын хүмүүс гэсэн үг. Чингисийн удмын олон хүн Орост агуу үйлс бүтээж, цол хэргэм хүртэж байсан. Жишээ нь, нэрт түүхч Карамзин бол Чингис хааны удмын хүн. Гала Дали нь маш авьяаслаг эмэгтэй байжээ. Хамаатнууд нь ч гэсэн. Тэр Европын бараг бүх хэлээр ярьдаг байсан. Гала Далигийн ээж нь Орост хувьсгалч, аав нь Оросын хаан Николай II-ийн үед прокурор байсан. Гала Дали өөрийнхөө өвөг дээдсийг өөртөө шингээж явсан гэж болно. “Би Казаньд төрсөн” гэж өвөг дээдсийнхээ нутгийг хэлж байж л дээ. Үнэндээ бол тэр Томскт төрсөн. Эднийхэн удам угсааныхаа талаар зөвхөн хүүхдүүдээ л хэлж ярьдаг байж.

Чингис хааны удам болох энэ эмэгтэй С.Далид уран бүтээлээ туурвих онгод, эрч хүчийг өгч байлаа. Гала Дали бол славян бус ази, удирдагч зан чанартай байсан гэдэг. Дээдсийн гаралтай гэдгээ ч өөрөө мэдэрч байж л дээ. Аав нь нас барсны дараа тэрээр Москвад очиж өвөө, аавынхаа мөнгөөр амь зуусан. Түүний талаар эгч, дүү Цветаева нар ингэж бичсэн байдаг. Гала Дали хувцас муутай байсан хэдий ч маш боловсролтой охин байжээ. Үеийнхээ хүүхдүүдээс хамаагүй ухаалаг, маш олон гадаад хэлээр ярьдаг. Яг л хатан хаан шиг ихэмсэг, эргэн тойрныхоо хүмүүсийг бүгдийг үгэндээ оруулдаг, бүгд түүнд маш хүндэтгэлтэй ханддаг байсан гэнэ. Амьдралынхаа туршид хүрээлж байсан хүмүүсээрээ өөрийгөө хүндлүүлж чадсан. Түүнийг хөгшин болсон хойно барууныхан “орос төмөр эмгэн” гэж хочилдог байсан гэдэг. Нэг тийм зураг байдаг. Зургаан морь хүлэглэсэн сүйх тэрэгт Гала сууж харин Дали зэрэг хүмүүс түүнийг түлхэж байгаа. Бүгдийг нь ташуурдаж байгаагаар дүрсэлсэн. Энэ нь түүний зан чанарыг маш тодоор илтгэсэн зураг.

Ингээд С.Далиг хурцлагч эмэгтэйн өвөг дээдсийн нутагт нэрт зураачийн бүтээлийг авчрах нь сайхан санаа гэж бодогдсон.

-Тэгэхлээр таныг цуглуулгын талаар хоёулаа ярилцъя. Та хэзээнээс энэ хоёр алдартай хүмүүсийн бүтээлийг цуглуулж эхэлсэн бэ?

-2000 онд анх С.Далигийн график зургийг нь худалдаж авсан. Үндсэн цуглуулгаа 2006 онд Бенжамин Ливигээс авсан. Парист байдаг Далигийн музейгээс шууд авч билээ. Үнэ бөгөөд үзмэрийн тоон дээр тохиролцож чадахгүй байсан тул найман жил хэлэлцээ хийсэн. Эхэндээ бол худалдаж авах бус түрээслэх тухай яригдсан. С.Далигийн бүтээлийг нэг жилийн хугацаатайгаар түрээсэлж аваад Орост үзүүлэх тухай ярьсан. Хэлэлцээг эхлээд охин, дараа нь хүү маань хийж, би түрээсийнхээ мөнгийг ч төлсөн. Миний хүү англиар чөлөөтэй ярьдаг. Тэгэхэд 14 настай мөртлөө миний орчуулагчаар ажилласан. Ингээд мөнгөө төлөөд бүтээлүүдийг аваад явах гэсэн боловч Швейцарь, Европт даатгал хийх компани олдоогүй. Бүгд татгалзсан.

-Үүнийг би гайхахгүй байна. 2006 онд Оросын байдал ямар байлаа?

-Тийм ээ. Баруунтай нэлээд зөрчилдөөнтэй асуудлууд байсан. Ингээд даатгал хийх компани олдоогүй тул гэрээгээ шинэчилж үзмэрүүдийг түрээслэх бус худалдаж авахаар болсон. Худалдаж авсан нь зөв болсон. Учир нь нэг жил үзэсгэлэнг гаргасан мөнгөөр би үзмэрийн түрээсийнхээ мөнгийг төлж дийлэхгүй байсан.

-Тэр үед та ямар бизнес эрхэлж байсан бэ?

-Худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан. Яг худалдаа ч биш л дээ. Манай компани бөөнөөр нь бараа нийлүүлдэг байлаа.

-Хаанаас?

-Европ, АНУ.

-Ингээд анх С.Далигийн хэдэн бүтээлийг худалдаж авсан бэ?

-40. Тухайн үед “The Art Newspaper” сэтгүүлд гарсан нийтлэлийг энд байгааг та харж байна. “Оросын олигархи С.Далигийн 40 бүтээлийг худалдаж авлаа” гэсэн гарчигтай. Энэ сэтгүүлийн сурвалжлагч Парист очиж надад юмаа зарсан хүнтэй уулзаж байж бичсэн.

-Энд эдгээр бүтээлүүдийг хэдээр авсан тухай бичсэн үү?

-Ойролцоогоор бичсэн байгаа.

-Та ойролцоогоор хэдээр авснаа хэлж болох уу?

-Энэ нийтлэл дээр ч ойролцоогоор авсан мөнгөний дүнг бичсэн. Нэлээд үнэтэй авсан. Би хэлж болохгүй. С.Далигийн өмгөөлөгч байсан Бенжамин Ливитэй хийсэн миний гэрээнд зааснаар хэлэхийг хориглосон. Бенжамин Ливи нь С.Далиг амьд байхад түүнээс бүтээлийнх нь эрхийг худалдаж авсан. Өөрөөр хэлбэл танайд тавигдаж байгаа энэ эх бүтээлүүдийн зохиогчийн эрх зөвхөн Бенжамин Ливид байдаг. Парис дахь Далигийн музейд очоод бүтээлүүдийг худалдаж авахад нэг баримлыг зарахгүй гэсэн. Учир нь ердөө ганцхан хувь гэж тайлбарласан. Би түүнийг авахаар 12 жилийн өмнө захиалга өгсөн, хүлээж байна. Хэрвээ авч чадвал С.Далигийн цаг хугацааг харуулсан бүх бүтээлийн цуглуулгатай болно. Ийм таван бүтээл байдгаас дөрөв нь надад бий. Би юуг хэлэх гээд байна гэхээр та мөнгөтэй бол дуудлага худалдаан дээр очоод авчихна гэж бодож байгаа бол эндүүрч байна. Тэгдэггүй.

-Тэгэхлээр та 2006 оноос хойш С.Далигийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж байгаа юм байна. Хэчнээн оронд гаргав?

-Нэг их олон биш. Гэхдээ Оросын маш олон хотод гаргасан. Ер нь бол үүнээс өмнө өөр үзэсгэлэн гаргаж байлаа. Ново компромистуудын маш сайхан бүтээлүүдээр гаргасан. Орост надаас өөр ийм үзэсгэлэн гаргасан хүн үгүй. 2010 онд П.Пикассогийн шавраар хийсэн бүтээлийг Рамье гэдэг хүнтэй олон жил хэлэлцээ хийж байж авсан юм. Ингэсний эцэст “Chris­tie’s” дуудлага худалдаагаар авч билээ. Би Хонгконгт утсаар дуудлага худалдаатай холбогдож хүү маань намайг төлөөлөн танхимд байлаа. Би зөвхөн дуудлага худалдаагаар бус алдартай хүмүүсээс авахыг хичээдэг.

Нэгдүгээрт, энэ нь бүтээлийг улам ач холбогдолтой болгодог, хоёрдугаарт, эх бүтээл мөн гэдэгт ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйн тулд. Энэ бол маш чухал. Тиймээс би П.Пикассогийн бүтээлийг Жорж Рамьегээс худалдаж авах сонирхолтой байлаа. П.Пикассо нэг л буюу Ж.Рамьегийн урланд л бүтээлээ туурвидаг байсан. Ингээд хийсэн бүтээлийн 95 хувийг уран бүтээлч өөрөө, үлдсэн таван хувийг Ж.Рамье авдаг байж л дээ. Түүнийг нас барсны дараа тэр урлан хаагдсан. Ингээд түүний бүтээлүүдийг Жорж Рамье нь хадгалж байгаад хүү Алан Рамье өвлөн авсан. Би Рамьег таньдаг, түүнд хадгалагдаж байсан бүтээлүүдийг нь худалдаж авахаар хэлэлцээ хийсэн. Өөрөөр хэлбэл П.Пикассогийн хамгийн том цуглуулгатай болох гэсэн. Учир нь дуудлага худалдаанд орвол үнэ нь өснө шүү дээ. Би түүнтэй уулзахаар хоёр ч удаа очиж байсан. Өөрөөр товоо хэлчихээд уулзаагүй. Гэтэл намайг очоод үүдэнд нь зогсч байх тэр үед “Christie’s”-гийн хүмүүс ирчихсэн, аваад явах гэж байсныг би хожим нь мэдсэн. Рамье П.Пикассогийн ажиллаж байсан урлангийн шалны хавтанг хүртэл зарсан. Түүн дээгүүр Пикассо явж байсан гээд. Ингээд дуудлага худалдаа болоход П.Пикассогийн бүтээлийн үнэ нь зургаа дахин өссөн.

-Танд энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд эх нь мөн гэдгийг баталсан сертификат байгаа юу?

-Байгаа. Түүнийг би үзүүлэх бодолгүй байгаа. Хуулбарыг нь хийж болдоггүй. Учир нь ердөө ганцхан удаа л өгдөг. Тэгээд ч та бид түүнийг уншаад ойлгохгүй. Мэргэжлийн хүмүүс л мэддэг. Үзүүлж болно л доо. Түүнээс гадна надад ОХУ-ын Соёлын яамнаас миний цуглуулгыг үндэсний соёлын өв гэсэн ангилалд оруулсан тухай гэрчилгээ бий. Орост музей болгонд ийм юм олгоод байдаггүй. Түүгээр ч барахгүй миний эзэмшигчийн эрх хязгаартай. Энэ нь би түүнийг хамаагүй худалдаж болохгүй гэсэн үг.

гарах энтертайнмент ертөнц холгүй байна аа гэдгийг л хэлмээр байна.