Categories
мэдээ цаг-үе

Б.Отгонтүвдэн: Монголынхоо тухай зурж байж л дэлхийд танигдана, манай сэдэв шавхагдашгүй

Урчуудын эвлэлийн хорооны “Арт галерей”-д зураач Б.Отгонтүвдэн “Монголын түүхийн хөлгөн судар” үзэсгэлэнгээ гаргасан юм. Санкт-Петербург хотын Репиний нэрэмжит уран зураг, график, архитектур, баримлын академийг шилдэг дипломтой дүүргээд дэлхийд нэртэй тус сургуульд урилгаар багшилж буй зураачтай ярилцсаныг сонирхуулъя.

-Та хэдэн онд Репиний нэрэмжит академийг төгссөн бэ?

-2004 онд Воронеж хотын Улсын урлагийн академид дөрвөн жил сураад Санкт-Петербургийн Репиний нэрэмжит академийг 2012 онд төгссөн.

-Төгсөөд шууд л багшаар ажилласан уу?

-Миний сурч байсан урлангаас нэг оюутанг шалгаруулж, шилдэг дипломтой төгсгөдөг. Хуучнаар бол алтан медальтай төгссөн гэсэн үг. Түүнд нь шалгарсан. Дипломын хамгаалалт дээр сургуульдаа үлдээж ажиллуулмаар байна гэсэн саналыг манай захирал гаргасан. Диплом хамгаалалт дээр Оросын Урчуудын эвлэлийн хорооны гишүүнээр элсүүлсэн.

-Оросын Урчуудын эвлэлийн хороо гадаадын иргэдийг элсүүлдэг гэсэн үг үү?

-Маш цөөхөн гадаадын иргэн байдаг. Миний үнэмлэх дээр биччихсэн байгаа. Би зургаа дахь гадаадын иргэн, гишүүн нь юм байна лээ. Гэхдээ энэ бол Санкт-Петербург хотод шүү дээ. Москвад бол өөр.

-Таны багшийг хэн гэдэг вэ?

-Би дөрвөн үндсэн багштай байсан. Тэднээс гол багш нь Оросын Ардын зураач В.С.Персиков гэдэг хүн. Персиковын нэрэмжит урлан гэж ч бий. Хоёр дахь багш маань мөн Оросын Ардын зураач Н.Репин. Монголоор бол хоёулаа төрийн соёрхолт, ардын зураач. Манай сургуулийн зураачийн ангийнхан урлангийн системээр суралцдаг.


-Таны төгссөн сургууль бол Орост төдийгүй дэлхийд нэртэй. Түүнийг дүүргэсэн Монгол зураач залууд багшлах санал тавина гэдэг нь таны ямар хэмжээний уран бүтээлч болохыг илтгэж байна. Багаасаа л зураач болохоор шийдсэн үү?

-Би багаасаа л зурдаг байсан. Бага байхдаа лам болно гээд л нэг, хоёр дугаар ангидаа бурхан зурдаг болно гээд л. Наймдугаар ангиа төгсөөд Үйлдвэрлэл урлалын дунд сургуульд ороод төгссөнийхөө дараа нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн чимэг оюутан болоод 2004 онд Орос руу сургуульд явсан юм.

– Та академидаа дөрөв дэх жилдээ багшилж байгаа гэсэн. Шавь нартай биз дээ?

-Би туслах багшаар ажилладаг. Манай сургуулийн багш нар 80,90 нас гарчихсан хүмүүс байдаг. Залуу гэгддэг багш нар нь 50-иад настай. Би бол нэлээд залууд нь ордог, тиймээс ч туслах багш гэж явдаг. 2015 онд Монголын залууг стажер буюу бэлтгэл ангид суралцуулахаар авчирсан. Бэлтгэл ангид ороход бас амаргүй л дээ, шалгуур нэлээд өндөр. Ирэх аравдугаар сард Монголоос бас нэгэн оюутныг бэлтгэл ангид суралцуулахаар болсон. Тэд маань үндсэн ангид орохын тулд нэлээд хүнд шалгалт өгнө.

-Таныг Монголд нэлээд хэдэн удаа үзэсгэлэн гаргасан гэж сонссон?

-Тийм ээ, “Монголын түүхийн хөлгөн судар” нь миний эх орондоо гаргаж буй тав дахь үзэсгэлэн. Жил бүр үзэсгэлэнгээ гаргадаг. Харин өнгөрсөн жил өнжсөн. Дөлгөөн гээд миний үзэсгэлэнгийн менежментийг хийдэг залуу бий. Орост эдийн засагч мэргэжлээр төгссөн. Түүний санаачилгаар эх түүхээ зургаар харуулсан төсөл хийе гэсэн санал дэвшүүлсэн. Оросын томоохон музей, галерейг үзэхэд зургийг нь хараад тус улсын түүх бараг уншигддаг. Үүнээс санаа аваад 30 зургаас бүрдсэн XIII зууны Монголтой холбоотой музей байгуулъя гэж бодсон. Тиймээс энэ үзэсгэлэн маань цаашдаа хоёр жил үргэлжлэх төсөл юм. “Монголын түүхийн хөлгөн судар”-ын өмнө “Цагаан шөнө”, “Түвэргээн чимээ” гэсэн үзэсгэлэн гаргасан. 2012 онд Улаанбаатар, Москва, Шанхай гурван хотод үзэсгэлэнгээ зэрэг гаргаж байлаа.

-Би таны Монголын түүхэн хөлгөн судар үзэсгэлэнг үзлээ. Таны бүтээлүүд нэлээд хүнд тал руугаа, сонгодог хэлбэртэй юм байна. Энд тавигдсан бүтээлүүдэд бараан өнгө давамгайлсан гэдгийг онцолмоор санагдлаа. Тэр дундаас Эцгийн захиас гэдэг бүтээл их таалагдлаа. Энэ зураг хэрхэн бүтсэн бэ?

-Энэ төслийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө зүүн аймгуудаар түүх судлаачидтай цуг тойрон аялал хийсэн. Дорнодын Халх гол ороод ирэхэд дөрвөн зургийн санаа төрж Орост очсон хойноо зургаа эхлүүлсэн. Зурах тусмаа дараа дараагийн санаа төрж байлаа. Энд тавигдсан Тэмүүжин, Бөртэ хоёрын хүүхэд байхдаа шагай тоглож байгаа зургийн эскизийг гэхэд хэд хэдэн хувилбар гаргасан. Зургандаа түүхийн аль болох энгийн байдлыг, ахуйг нь харуулахыг хичээсэн. Тэгээд ч энэ жил ASEM, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой тохиож байгаа. Үүнд зориулж энэ үзэсгэлэнгээ гаргасан. Түүхэн сэдэвт зургууд нь том хэмжээтэй байж масс нь харагддаг. Хүндийн хувьд гэвэл жижиг зураг ч хүнд байдаг шүү дээ. Эдгээр бүтээлүүд маань арилжааны бус зориулалттай, музейд зориулагдсан бүтээл учир хүнд санагдсан байх. Өмнө нь хэсэг хугацаанд саатаад ажиглах юм бол аяндаа агуулга нь мэдрэгдэнэ.

Жамухын өчил зургийн зохиомж нь их содон санагдлаа…

-Эхлээд Жамухыг ганцааранг нь зурж байгалиар арын фоныг хийсэн. Тэгээд яваандаа ард нь Тэмүүжинг зогсч байгаагаар дүрсэлсэн.

-Орос бол уран зургийн салбарт маш том байр суурь эзэлдэг, олон алдартай зураачтай. Өнөө үед уран зургийн салбарын хөгжил ямар байна гэж боддог вэ?

-Уран зургийн уламжлалыг хадгалж яваа дэлхийд цорын ганц академи нь манайх. Мөн Оросын эзэн хааны нэрэмжит байсан, 250 гаруй жилийн түүхтэй том сургууль, бааз сууриа ч алдаагүй. Оросын уран зургийн хөгжлийн түвшний талаар ярих юм бол дэлхийд нэлээд дээгүүр ордог хэвээрээ. Сүүлийн үед Европ, АНУ, Ази тэр дундаа Хятадаас маш олон оюутан ирж сурдаг болсон. Яагаад гэхээр сонгодог уран зураг хэзээ ч уналтад орохгүй. Орчин үеийн зургийг зурж болно, гэхдээ түүний суурь нь сонгодог зураг. Импрессионистууд гэгддэг Ван Гог, Пикассо нарын реалист зургуудыг харахад үнэхээр өөр байдаг. Жишээ нь, манайд гэхэд зураач До.Болд ах байна. Монголын уран зурагт асар ихийг хийсэн. Түүний бүтээлүүдийг аваад үзэхэд оюутан үедээ зурсан реалист зургууд нь үнэхээр чадварлаг. Монголын орчин үеийн уран зургийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс эхлээд сонгодог зургаа ойлгож байж дараа нь өөр юм руу орвол илүү амттай бүтээл төрдөг. Маш олон орноос манай академид ирж суралцдаг нь үүнтэй холбоотой.

-Уран бүтээлч хүний хувьд таны хэтийн төлөвлөгөө юу вэ?

-Маш их зорилго байна. Түүхэн сэдвээр монгол ахуйтай зураг зурна гэж боддог. Бид чинь Монголынхоо тухай зурж байж л дэлхийд танигдана. Тэдний хийдэг зүйлийг хийгээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Манай Монголын сэдэв бол шавхагдашгүй.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн ХҮН

МЭӨ 570-490 онд амьдарч байсан алдарт
гүн ухаантан, математикч Пифагорыг мэдэхгүй хүн үгүй. Шашин, гүн ухааны сургуулийг
үндэслэн байгуулагч түүний амьдралыг домог шиг л гэдэг. Тэрээр Самос арал дээр амьдарч
байсан Мнесарх, Партенида нарын хүү болон мэндэлсэн юм. Пифагорын аав Мнесарх нь
Тира хотод арилжаа наймаа эрхэлдэг нэлээд чинээлэг хүн байжээ. Ган болсон жил тэрээр
хүмүүст үнэгүй талх тарааж буян үйлдсэнийхээ төлөө Самосын иргэншил хүртсэн юм.

ифия хэмээх далдыг харагч Мнесарх
хүүтэй болно гэдгийг анх хэлсэн байдаг. Хүүхэд нь хүн төрөлхтний түүхэнд үнэлж барашгүй
агуу үйлс бүтээх бөгөөд түүн шиг хүн дахин төрөхгүй хэмээн хэлсэн гэнэ. Үүнийг сонссон
Мнесарх ихэд баярлаж эхнэрийнхээ нэрийг Пифаид болгон өөрчилжээ. Харин дөнгөж төрсөн
хүүдээ Пифагор хэмээх нэр хайрласан байна. Пифагор гэдэг нь Пифиягийн урьдчилан
хэлсэн хүн гэсэн утгатай юм байна.

Мнесарх хаашаа ч явсан эхнэрээ үргэлж
дагуулж явна. Пифагор ойролцоогоор МЭӨ 570 онд Сидонд төрсөн. Бүр багаасаа л ер
бусын авьяастай болох нь мэдэгдсэн гэдэг. Антикийн үеийн түүхэн баримт бичиг, ном
сударт бичсэнээр Пифагор тухайн үеийн Грек, Перс, Египетийн нэртэй эрдэмтэдтэй бүгдтэй
нь уулзаж, мэдлэгээ улам бүр гүнзгийрүүлэхийг чармайн уйгагүй хөдөлмөрлөж байсан
гэнэ. Пифагорыг Олимпийн боксын тэмцээнд ялалт байгуулсан хэмээн түүхэн барим бичигт
дурдсан байдаг. Үнэндээ бол түүнийг хамаатны залуутай нь андуурсан аж.

Пифагор залуудаа Египетийг зорьж
эрдэмд шамдан суралцсан байна. Самос арлыг удирдаж байсан Поликрат нь фараон Амасист
захидал бичиж залууд сурах боломж олгохыг хүсчээ. Ийнхүү Египетэд ангаах ухаан,
математикийн ухааныг заалгажээ. Түүгээр ч барахгүй гадаадын иргэдэд суралцахыг хориглосон
бусад салбарын сургалтад хамрагдаж чадсан. Ийнхүү 18 настайдаа төрсөн Самос арлаасаа
явж юм үзэхийн сацуу ном заалгажээ. 22 жил харийн нутагт амьдарсан түүнийг хүчээр
Вавилонд авчирсан байна. Харин Вавилонд 12 жил амьдрахдаа ер бусын ид шидтэй хүмүүстэй
холбоотой байж, далдын хүчийг судалсан юм. Олон жил хилийн чанадад амьдарч 56 настайдаа
төрсөн нутаг болох Самос арал дээр эргэн ирсэн. Нутгийнхан нь түүнийг агуу эрдэмтэн
гэдгийг ч хүлээн зөвшөөрчээ. Тэр үед амьдарч байсан эрдэмтэн Ямвлих Пифагорын талаар
нэлээд зүйлийг бичсэн байдаг. Түүндээ “Пифагорын гүн ухааны онол улам бүр түгсээр
Эллада тэр чигээрээ биширч хамгийн ухаалаг, шилдэг хүмүүс түүнтэй уулзаж сургаалыг
нь сонсохоор Самост очдог байлаа. Түүнээс олон нийтийн ажилд идэвхтэй оролцохыг
ч шаардаж байв. Пифагор улс орныхоо хуульд захирагдахын сацуу гүн ухааныг судлах
нь ямар хэцүү болохыг мэдэрсэн. Философчид харийн нутагт амьдралаа өнгөрүүлдэг байсныг
ч анзаарсан юм. Зарим хүмүүсийн ярьснаар энэ бүхнийг сайтар бодолцсоны үндсэн дээр
өөрийг нь төдийлөн сайн үнэлээгүй тул Италийг зорьсон” хэмээн бичсэн байдаг.

Ингээд Италийн өмнөд хэсэгт орших
Кротоне хотод суурьшихад сургаалыг нь дагах хүн маш их байсан гэдэг. Пифагор шавь
нартайгаа хамтран үзэл бодол нэгтнүүдээ эгнээндээ нэгтгэсэн бүлгэм байгуулж түүний
сургаалыг эрхэмлэн дээдэлдэг байсан. Тухайн үеийн хамгийн оюунлаг хүмүүс эрдэмтэд
тэдэнтэй нэгдсэн юм.

Пифагорын сургаалыг үндсэн хоёр
хэсэгт хуваана. Нэгдүгээрт, ертөнцийг таньж мэдэхэд шинжлэх ухааны үүднээс хандах,
хоёрдугаарт, шашны нууцлаг үзэгдэл. Тэрээр хүний сүнс нэг биеэс нөгөөд шилждэг талаар
бичсэн байдаг. Эртний Грекийн гүн ухаантан Аристотель нь Пифагорыг ихэд дээдлэн
хүндэтгэдэг байв. Платон ч түүнийг шүтэн бишрэгчдийн нэг байв. Пифагоризмын үндсийн
талаар анх гурван ном хэвлүүлэхэд Платон найз нарынхаа зөвлөснөөр нэлээд өндөр үнээр
худалдан авсан түүхтэй.

Пифагорын теоремыг бүгд дунд сургуульд
заалгадаг. Тэгш өнцөгт гурвалжны катетуудын уртын квадратуудын нийлбэр гипотенузын
уртын квадраттай тэнцүү. Өөрөөр хэлбэл, а2+b2=c2. Ер нь Пифагорын
сургуулийнхан математик болон сансар судлалд маш их хувь нэмэр оруулсан. Тэрээр
шашны салбарт ч том шинэчлэл хийсэн. Түүний байгуулсан нууц бүлгэм улс төрийн зорилго
тавиад зогсохгүй нууц сургаалын ачаар хүн хэрхэн сэтгэл санаагаа ариусгахыг сургана.
Пифагор бүлгэмээ 25 жил удирдсан юм.

Агуу эрдэмтэн 60 настайдаа өөрийн
сурагч Феано хэмээх бүсгүйг эхнэрээ болгожээ. Хоёр хүү, охин гээд гурван хүүхэд
нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлсэн. Энэ эрдэмтний тухай ярихад тухайн үеийн улс
төрийн нөхцөл байдлын талаар ярихгүй байхын аргагүй юм. МЭӨ IV зууны сүүлч V зууны
эхээр эрх баригч язгууртнуудын эсрэг ард иргэдийн бослого идэвхжсэн.Пифагорын амьдарч
байсан Италийн Кротон хотод ч байдал тун тогтворгүй болжээ. Тэрээр энэ бүхнээс зугтаж
шавь нарынхаа хамт Тарент руу нүүсэн байна. Гэвч удалгүй Тарен үймээнд автсан. Гэтэл
яг энэ үед Пифагорын тэргүүлдэг нууц бүлгэмийг ард иргэд нэлээд буруутгах болсон
гэдэг. Тэднийг эрх баригчдад нөлөөлсөн хэмээн шүүмжилжээ. Зарим түүхэн баримт бичигт
дурдсанаар нэгэн үймээний үеэр Пифагор амиа алдсан гэдэг. Математикч, гүн ухаантан
80 настайдаа ийнхүү хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Түүнийг хэрхэн амиа алдсан талаар
бас нэгэн хувилбар байдаг. Килон хэмээх чинээлэг эр Пифагор дээр ирж ах дүүгийн
барилдлага тогтоохыг хүссэн боловч татгалзсан хариу авчээ. Килон түүнд өс санаж
гэрийг нь галдсан байна. Нэгэн шавь нь өөрийгөө золиослон байж багшийнхаа амийг
аварчээ. Үүнд Пифагор ихэд харамсаж, сэтгэл санаагаар унасаар эцэстээ амиа хорлосон
ч гэдэг. Гурав дахь хувилбараар түүний эсрэг хуйвалдааныг Килон хэмээх чинээлэг
эр зохион байгуулсан байна. Түүнээс зугтаан Метапон хотод шилжин суурьшсан боловч
хойноос нь ирж амийг бүрэлгэжээ.

Пифагорыг амьд байхад нь түүний
талаар үлгэр домог мэт зүйлс яригддаг байсан гэдэг. Сүнсийг удирддаг, хараалыг зайлуулж,
амьтдын хэлийг ч мэддэг хэмээн ярьдаг байжээ. Түүнээс гадна ургамлыг ашиглан янз
бүрийн өвчнийг хэрхэн анагаах талаар гаргууд мэдлэгтэй хэмээн хүмүүс биширнэ. Эргэн
тойрныхондоо маш их нөлөөлдөг гэнэ. Нэгэн удаа Пифагор шавьдаа ихэд уурласан аж.
Сурагч нь сэтгэл санаагаар унасандаа амиа хорлосон байна. Түүнээс хойш Пифагор хүнд
уурлахаа больсон гэдэг.

Геометрийг шинжлэх ухаан болгосон
нь Пифагорын гавьяа. Тэрээр дэлхий бол бөөрөнхий хэлбэртэй, нар сар, түүнийг тойрон
эргэлдэж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байсан.

Categories
мэдээ цаг-үе

Америкийн хамгийн чинээлэг гэр бүлүүд

“Форбс” сэтгүүлийн газраас 2016 оны Америкийн хамгийн чинээлэг 25 гэр бүлийн жагсаалтыг гаргасан байна. Энэ жилийн судалгаагаар нэгдүгээрт “Wall-Mart” сүлжээ дэлгүүрийг байгуулсан Уолтоны гэр бүл бичигдлээ. Америкийн хамгийн чинээлэг гэр бүлээр тодорсон Уолтоных дөрөв дэх удаагаа ийнхүү уг жагсаалтыг тэргүүлэв. Тэднийх 82 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй юм байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулах юм бол хөрөнгө нь дөрвөн тэрбум ам.доллараар хорогджээ. Анх Уолтоных хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан. Үнээгээ сааж, хүмүүст хүргэж өгөх ажлыг хариуцдаг байсан хүү Сэм Уолтон сурагч байхдаа сэтгүүлийн захиалгын хуудас тараах, сонин хүргэгчээр ажиллаж байжээ. Тэрээр дайны дараа жижиглэнгийн худалдаа эрхэлж наймаагаа улам боловсронгуй болгох тал дээр байнга ажилласан. 1962 онд анх “Wall-Mart” дэлгүүрээ нээж түүнийгээ улам өргөжүүлжээ. 1979 онд АНУ даяар 230 сүлжээ дэлгүүртэй болсон. 1984 онд Сэм Уолтон нь “Форбс” сэтгүүлээс гаргасан Америкийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. Тэрээр нас барахдаа хөрөнгөө эхнэр, дөрвөн хүүхдэдээ өвлүүлснээс хойш эдний гэр бүлийнхэн Америкийн хамгийн чинээлэг айлын тоонд багтах болжээ.

2016 оны Америкийн хамгийнчинээлэг гэр бүлийн жагсаалтын хоёрдугаарт Кохынхон бичигдлээ. Ах, дүү хоёр болох Чарльз, Дэвид Кох нь “Koch Industries” холдинг эзэмшдэг. Тэдний аав Кох нь газрын тос боловсруулдаг холдингийг анх байгуулж, өнөөдөр АНУ-д нэлээд томд тооцогддог, жилийн 100 тэрбум ам.долларын орлоготой ажилладаг. Уг нь бол түүний хувьцааг Кохын гэр бүлийнхэн бүгд эзэмших ёстой байжээ. Гэвч 1983 онд Чарльз, Дэвид хоёр хоорондоо муудалцаж хамаатнуудад байсан хувьцаануудыг бүгдийг худалдан авсан байна. Ах, дүү хоёр Америкийн хамгийн чинээлэг арван хүний тоонд багтдаг. “Форбс” сэтгүүлээс гаргасан жагсаалтын гуравдугаарт орсон Марсын гэр бүл 78 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй юм байна. Жаклин, Жон, Форрест Марсын эзэмшдэг компанийн бүтээгдэхүүнийг хүмүүс андахгүй. Бидний амтархан иддэг “Mars”, “M&M” зэрэг шоколад эднийх. Одоо тус компани нь амттан төдийгүй гэрийн тэжээмэл амьтанд зориулсан хоолыг үйлдвэрлэдэг. “Форбс” сэтгүүлийн судалгаагаар 49 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй Каргилл-Макмилланы гэр бүл дөрөвдүгээрт бичигджээ. Хөдөө аж ахуйн салбарт тодруулбал, бяслагаараа алдартай “Cargill” компани нь мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. Тус компанийг 1865 онд Шотландын армид алба хааж байсан ахмад цолтой Уильям Уоллес Каргилл анх байгуулсан түүхтэй. Тэрээр XIX зууны сүүлчээр төмөр замыг эрчимтэй ашиглаж эхлэх үед хөлжсөн байна. Түүнээс хойш тус компанийн үйл ажиллагаа амжилттай яваа. Одоо хувьцааг нь энэ гэр бүлийн зургаан гишүүн эзэмшдэг бөгөөд олны анхааралд аль болох өртөхгүй байхыг хичээдэг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус компани нь хөрөнгөө дөрвөн тэрбум ам.доллараар арвижуулсан байна.

2016 оны хамгийн чинээлэг гэр бүлийн жагсаалтын тавдугаарт Коксын гэр бүл оржээ. 1898 онд Жеймс Кокс “Dayton Evening News” сонинг худалдан авснаар бизнесээ эхлүүлжээ. Өнөөдөр тус компани нь машины арилжаа, кабелийн телевиз, телевиз, радио гээд нэлээд өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг. Харин хувьцааны 50 хувийг Жеймс Коксийн охин Жеймс Анн Кокс Чембер саяхныг болтол эзэмшиж байсан гэдэг. Жеймс Коксийн ач хүү нь захирлын зөвлөлийн даргаар нэг хэсэг ажилласан байжээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгөө 1,5 тэрбум ам.доллараар арвижуулсан “Johnson’s Preparad Past Was Company”-ийн эзэд болох Жонсоны гэр бүлийнхэн зургадугаарт орсон юм. 1886 онд тус компани байгуулагдсан бөгөөд эхэндээ пракетан шалыг арчлахад зориулагдсан тусгай бүтээгдэхүүн худалдаж байв. Герберт Фиск Жонсон энэ бизнесээс насны эцэст хүртлээ эрхэлж хүү Гербөрт нь өвлөн авч, гоо сайхан, ариутгалын зэрэг эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгожээ. Өдгөө “Johnson&Johnson” -ийн ялангуяа хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнээрээ дэлхийд алдартай билээ.

Америкийн хамгийн чинээлэг 25 гэр бүлийн жагсаалтын есдүгээрт бичигдсэн Херстийн гэр бүлийг онцлохгүй байхын аргагүй юм. Уильям Рэндольф Херст 1887 онд “Hearst Corp” корпорацийг байгуулжээ. Түүний амьдралаар сэдэвлэн “Иргэн Кейн” киног хийсэн бөгөөд “San Francisco Exam­iner” сонинг анх худалдаж авчээ. Өнөөдөр тус корпораци нь 49 сонин, 340 сэтгүүлтэй бөгөөд дэлхий даяар борлогддог. Түүнээс гадна гурван ч кабелийн телевизтэй. “Hearst Corp” корпорацийн эзний ач хүү Уильям Рэндольф Херст нь нэлээд алдартай сэтгүүлч болсон. Корпорацийнхаа удирдах зөвлөлийн даргаар ажилладаг тэрээр Пулитцерийн шагналыг хүртсэн байна.

2016 оны Америкийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтын эхний аравт орсон гэр бүлүүдийг сонирхуулъя.

1.Уолтон-130 тэрбум ам.доллар

2.Кох-82 тэрбум ам.доллар

3.Марс-78 тэрбум ам.доллар

4.Каргилл-Макмиллан – 49 тэрбум ам.доллар

5.Кокс-41 тэрбум ам.доллар

6.Жонсон-30 тэрбум ам.доллар

7.Притцкер-29 тэрбум ам.доллар

8.Жонсон (Эдвард)-28.5 тэрбум ам.доллар

9.Херст-28 тэрбум ам.доллар

10. Данкан-21,5 тэрбум ам.доллар


Categories
мэдээ цаг-үе

Энэ жилийн наадмын дээл ямар загвартай байх вэ

Наадам хаяанд ирлээ. Үндэснийхээ баяраар гоёх хувцсаа хүмүүс аль хэдийнээс бэлдээд эхэлжээ. Тэгвэл энэ жилийн үндэсний баяр наадмаар ямар загвартай, ямар өнгийн дээл илүү эрэлт хэрэгцээтэй байгаа талаар сурвалжлахаар хэд хэдэн газраар орлоо. Үндэсний үйлдвэрлэгч, ноолууран бүтээгдэхүүнээр нь монголчууд төдийгүй гадныхны сайн танил болсон “Говь” компани наадамд зориулан нэлээд хэдэн загварын шинэ дээлийг үйлчлүүлэгчдэдээ санал болгожээ. Тус компани таван жилийн өмнөөс наадмын шинэ загваруудыг гаргадаг болж уламжлал тогтсон. Энэ жилийн шинэ загваруудын онцлогийг принттэй хэмээн тодорхойлж байлаа. Принттэй гэдэг нь зурсан зургийг ноолууран нимгэн даавуун дээр хэвлэснийг хэлнэ.

Түүгээрээ янз бүрийн загвартай үндэсний хувцас үйлдвэрлэжээ. Баярын шинэ загварууд нь бас нэгэн онцлогтой болохыг тус компанийн мэргэжилтнүүд дурдсан юм. Шинэ загварын дээлнүүддээ тохирсон ноолууран шааль мөн бүрх малгайг дагалдуулжээ. “Говь” нь зурган хээтэй шаалийг хэдэн жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн. Харин бүрх малгайг энэ жил тусгай захиалгаар Японд хийлгүүлсэн юм байна. Түүнээс гадна монгол захтай, нимгэн тод өнгийн эмэгтэй цамц, ханцуйгүй дан дээл, ханцуй нь хоёр өөр өнгийн ноолууран даавуугаар хийсэн, хүннү захтай дээл зэргийг үйлчлүүлэгчдэдээ санал болгожээ. Ханцуй болон захаараа торгон оруулгатай нимгэн хүрэм нэлээд эрэлт хэрэгцээтэй байна. Харин эрчүүдэд зориулан нимгэн ноолууран даавуугаар хийсэн монгол захтай богино цамцнуудаа бүрх малгайтай хослуулжээ. Энэ жилийн наадмын шинэ загварууд болох принттэй бүтээгдэхүүнээ “Говь” компани нь маш цөөхөн ширхгээр үйлдвэрлэсэн. Түүнийгээ үйлчлүүлэгчдэдээ хүргэх зорилгоор үйлдвэрийнхээ хажуу дахь төв дэлгүүртээ зургаан минутын загварын шоуг нэг өдөрт 3-4 удаа хийж байна. Хэрвээ та баяраар “Говь”-ийн бүтээгдэхүүнээр гоёх гэж байгаа бол энэ шоуг үзэж үндэсний хэв шинжийг агуулсан үндэсний хувцаснаас ямрыг сонгохоо шийдээрэй.

Үндэсний хувцсаар дагнадаг “Монгол костюмс төв”-өөр наадмынхаа гоёог хийлгэж байгаа хүмүүс цөөнгүй байлаа. Тэдний дунд олны танил болсон алдартнууд ч нэлээд бий. Тус төвийн ажилтнуудын ярьснаар баяраар үндэсний хувцсаар гоёх хүмүүс аль хэдийнээс захиалга өгч эхэлсэн гэв. Ингэхдээ голдуу хөнгөн, нимгэн материалыг сонгожээ. Үндэсний хувцасны бүх элементийг багтаасан мөртлөө нимгэн материалаар хийсэн дан дээлийг бүсгүйчүүд илүү их захиалсан байна. Наадмын дээлийг хийхээр тус төв нь энэтхэг сари, индонези даавуу болон торгон батик захиалан авчирчээ. Эдгээр даавуу нь торгоноос арай өөр, хөнгөн, халууцуулахгүй, биед эвтэйхнээрээ онцлогтой. Энэ жилийн наадмаар завсрын өнгөтэй дээлийг хүмүүс түлхүү сонгож байгаа гэнэ. Тод өнгөөр хийлгэж байгаа хүмүүс ч байгаа гэнэ. Ер нь монголчууд үндсэн өнгүүдийг сонгодог. Харин сүүлийн үед завсрын, уусмал өнгийг сонгож байснаа энэ жилээс эргээд үндсэн өнгө рүүгээ орох хандлага ажиглагдаж байна хэмээн “Монгол костюмс төв”-ийн үндэсний хувцас судлаач Г.Дамдиндулам ярилаа. Тод улаан, цэнхэр өнгийн дээл үргэлж эрэлттэй байдаг аж. Урт, богино, ханцуйтай, үндэсний дээл шиг захтай мөртлөө даашинзан загвартай хувцсыг үйлчлүүлэгчийнхээ эрэлт хэрэгцээнд тохируулан хийсэн нь маш сайн зарагдаж байгаа гэнэ. Харин энгийн загвартай дан дээл нь 200-250 мянган төгрөгийн үнэтэй. Залуухан эрэгтэйчүүд монгол захтай цамцыг илүү сонирхдог нь учиртай аж. Машинд суух, буух мөн морь унахад хормой нь саад болдоггүй, биед амар байдагтай холбоотой юм байна. Хүннү захтай дээл хийлгүүлдэг байсан бол энэ жилээс эргээд монгол хэмээн хүмүүсийн ярьдаг дөрвөлжин захтайг захиалах болжээ. Баярын өмнө батик даавуугаар хийсэн дээлүүд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаагаас гадна хүүхдүүддээ зориулан үндэсний хувцас нэлээд захиалдаг болсон гэнэ.

Үндэсний хувцсыг урладаг “Торго” салон энэ салбартаа үйл ажиллагаа явуулаад 16 жил болж байгаа. Тус салон нь 2016 оны үндэсний хувцасны каталогтоо 300 гаруй шинэ загварыг оруулжээ. Тиймээс наадмын дээлээ захиалах гэж байгаа хүмүүс түүнээс нь сонгон авах боломжтой байлаа. Сонгодог болон үндэсний хэлбэрийг хослуулан хийсэн загварууд нь хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа. Харин өнгөний хувьд цайвар цэнхэр, саарал, бор зэрэг завсрын өнгийг хүмүүс илүүтэй сонгож байгаа тухай тус салоныхон ярив. Наадмын гоёо болгон үндэсний хэв загварыг хадгалсан банзал, цамцны хослолыг захиалж түүндээ тохируулан эсгий болон төмрөөр хийсэн чимэглэлүүдийг хийлгэж болох гэнэ. Тус салонд Хятад, Тайландаас авчирсан хүр хорхойн сайн чанарын зуун хувийн цэвэр торгоор дээл хийлгүүлж ч болох юм байна. Наадмаар өмсөхөд зориулж силк, торон материалаар үндэсний хэв шинжийг хадгалсан цамц ч хийж байгаа гэнэ. Сүүлийн үед залуухан бүсгүйчүүд маань урт дээл ихэд сонирхох болжээ. Өнгө өнгийн цэцэг, монгол хээ, соно, галбингааг “Торго” салоны дээлнүүдээс л харах боломжтой. Тиймээс загвар зохион бүтээгч нь үйлчлүүлэгчидтэйгээ зөвлөлдөж байгаад тухайн хүнд тохирсон цорын ганц загварын дээл урладаг нь энэ салоны онцлог юм байна.

Б.Уранчимэг

Categories
мэдээ цаг-үе

Ч.Амаржаргал: Ангараг гариг дээр хүн амьдрах боломжтой гэдэг нь олон зүйлээр батлагдсан

Өнөөдөр манай дэлхий дээр сансар судлал хэрхэн хөгжиж байгаа талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амаржаргалтай ярилцсаныг сонирхуулъя.

-Өнөөдөр дэлхий дээр сансар судлал ямар түвшинд байгаа талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Сансар судлал 1961 оноос хойш асар өндөр түвшинд хүрсэн. Яагаад 1961 онтой харьцуулж байгаа юм бэ гэхээр тэр жил хүн сансарт анх ниссэн. Энэ үйл явдал хүн төрөлхтний анхаарлыг сансрын орчинд татсан. Сансар судлалаар өнөөдөр дэлхийд арван орон тэргүүлж байгаагаас АНУ, ОХУ, Япон гурав манлайлж байгаа. Энэ гурван улс нь өөр өөр түвшинд судалдаг.

-Та үүнийгээ тодруулаач. Манлайлж байгаа гурван орон маань ямар түвшинд судалж байна?

-АНУ бол 1961 онд ОХУ-тай өрсөлдөж сансарт хүн илгээхэд илүү анхаарал хандуулсан. Харин саран дээр хүнээ буулгаснаас хойш судалгааны арга барилаа өөрчилсөн. Энэ ажилд нэлээд хөрөнгө мөнгө зарцуулагдах юм байна гэдгийг ойлгосон. Судалгааг хэнд, юунд зориулж хийх вэ гэдэг бодлогодоо өөрчлөлт оруулсан. Ерөөсөө дэлхийн хүн төрөлхтний өмнөөс судалгаа хийдэг гэж болно. ОХУ бол 1961-1990-ээд он хүртэл аюулгүй байдал, хүчин чадал гэсэн чиглэлд илүү анхаарч ирсэн. Япон энэ чиглэлийн судалгаанаас бид хоцрох ёсгүй гээд 1980-аад оноос орж ирсэн. Ингэхдээ судалгааны ажлыг боловсронгуй болгох ёстой гэж үзсэн юм. АНУ бол одоо Ангараг гариг дээр хүн буулгах зорилгоор том төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Түүнээс гадна сансар судлалын ажилд хувийн хэвшлийн оролцоог маш их дэмжиж ажилладаг. Энэ нь Оросоос ялгаатай тал нь гэж болно. Чадах хүмүүс нь төслийг худалдаж аваад хэрэгжүүлнэ гэсэн зарчим барьдаг. Харин ОХУ-ын хувьд мэргэжлийн байгууллагуудаараа дамжуулан ажиллаж байгаа. Япон бол сансар судлалын чиглэлээр хийгдэж буй ажлууд нь дэлхийд бус бидний амьдралд ямар үр дүн өгөхийг судалдаг. Хамгийн энгийн жишээ гэхэд хиймэл дагуул байна. Бидний амьдралд хамгийн их өөрчлөлт өгсөн зүйл бол хиймэл дагуул. Үүнийг дагаад цаг агаарын мэдээ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, үүрэн холбоо зэрэгт том өөрчлөлт орсон. Хиймэл дагуул бол хамгийн дээд зэргийн бизнес. Өндөр төлбөртэй, өртөгтэй.

-Тэгвэл манай улсын хувьд ямар байна?

-Манай улс хиймэл дагуул хөөргөнө гэж төлөвлөж байгаа. Энэ бол нэгдүгээрт буюу их сургуулийн түвшинд яригдаж байгаа. Мөнгө хөрөнгийн асуудлаас болоод чадахгүй байгаа. Манай төр засгаас бодлого хэрэгжүүлэх юм бол дахин хүн хөөргөх боломжтой. Бааз суурь нь бэлэн байна. Төрийн бодлогын түвшинд л хэрэгжүүлэх хэрэгтэй.

-АНУ-д сансар судлалын ажилд хувийн хэвшлийнхнийг дэмжин оролцуулдаг гэж та ярьсан. Хиймэл дагуул хөөргөнө гэдэг бол хамгийн өндөр өртөгтэй бизнес юм байна. Тэгвэл энэ чиглэлээр Америкийн ямар компани хамгийн их амжилттай ажиллаж байгаа вэ?

-Эхлээд хиймэл дагуулаа ямар зорилгоор хөөргөдөг талаар ярья. Ер нь бол дөрвөн төрлөөр хөөргөдөг. Стратеги, батлан хамгаалах, цаг уур, орчны шинжилгээ, физик газар зүй, дөрөв дэх нь гариг судлал. Энэ төрлүүд дээр сансар судлалын тэргүүлэгч арван орны ихэнх нь өөрийн гэсэн пуужинтай болчихсон, түүнийгээ хөөргөдөг. Цаг, улирлыг шинжлэх хиймэл дагуулыг хөөргөх дээрээ түлхүү ажилладаг. Харин АНУ, ОХУ, Япон гурав болохоор энэ дөрвөн чиглэлээр судалгаа хийдэг. Америкийн энэ компани илүү гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэхээр хиймэл дагуул хөөргөнө гэдэг бол зардал нэлээд өндөртэй. Пуужингаасаа хамаараад сонголт нь ихэсдэг. Жишээ нь том хэмжээний хиймэл дагуулыг хөөргөнө гэвэл АНУ-ыг дагахаас өөр арга байдаггүй.

-Тэгвэл АНУ, ОХУ хоёрын судалгааны ялгааг та тодруулан тайлбарлаач?

-АНУ бол би дээр хэлсэн хүн төрөлхтний өмнөөс судалгаа хийж байгаа. Чиглэл нь тодорхой. Дэлхий дээр ирэх аюул, заналхийллийг багасгах. Оросуудын хувь гэвэл харахад ижилхэн юм шиг мөртлөө Зөвлөлтийн үеийн уламжлалаа хадгалаад батлан хамгаалах, хүчин чадал дээрээ илүү төвлөрсөн судалгаа хийдэг. Гэхдээ энгийн тал руугаа оруулах гээд үзээд байгаа. Америк, Орос хоёр судалгааныхаа арга зүйгээр байнга өрсөлдөж байдаг нь шинжлэх ухааны энэ салбарыг чирч явдаг давуу талтай. Жишээ нь БНАСАУ нэг пуужин хөөргөж тэр нь Японы арал дээр уналаа гэхэд Америкийн судалгаа өндөр хөгжсөн ч гэсэн пуужинг бариад авах радарын систем буюу дэлхий дээрх судалгааны түвшин хоцрогдсон байдаг. Оросууд бол хаанаас ямар пуужин хөөргөж байгааг хиймэл дагуулаараа хянаад, барьж аваад замд нь устгах дээрээ илүү. Олон улсын харилцаанаасаа хамаараад судалгаа нь үе үе идэвхждэг.

-Сүүлийн үед яригдаад байгаа Ангараг гаригийн талаар ярья. Бид бол энэ талаар өнгөцхөн л ойлголттой, мэдээлэлтэй байдаг. Судлаач хүний хувьд Ангараг гариг дээр хүн амьдрах боломж бий юу?

-Товчхоноор хэлэхэд хүн амьдрах боломж бий. Энэ нь олон зүйлээр батлагдсан. Саяхан NASA Ангараг гариг дээр өөрөө явагч робот машинуудыг маш олноор нь буулгасан. Тэндээс ирсэн өнгөт зургуудыг боловсруулсан. Одоогоор бол хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол тэнд робот буулгачихаад эргэж авчирч чадахгүй байгаа. Хэрвээ тэндээс шорооны дээжийг нь аваад ирэх юм бол эцсийн дүгнэлт гарна. Дэлхийгээс тийшээ хүн явахад бэлэн байгаа. Хамгийн гол нь Ангараг гариг маань маш их хүхэрлэг, улаан өнгөтэй, бүрхэг тул нарны туяа орох зай бага. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хий үүсчихсэн. Хүн амьдрах юм бол багтай ажиллана. Ямар нэгэн лабораторид ороод хувцсаа тайлж болно. Харин ил байхдаа заавал баг өмсөнө, агааржуулагчтай. Тийм л орчинтой.

-Тэгвэл хүн амьдарч болох юм уу?

-Үүнийг хүн төрөлхтөн их гэгээлгээр бодож байгаа. Манай дэлхий 4,5 тэрбум жилийн настай гэж үздэг. Хэзээ нэгэн цагт галав юүлэх, ямар нэгэн биет ирээд мөргөхөд нэгээхэн хэсэг нь Ангараг дээр үлдэж өсөн үржээд вакум орчинтой байна. Хүний оюун ухаан гэдэг агуу, тиймээс яаж ч болно. Магадгүй Ангараг дээр очоод баггүй явдаг болох ч юм бил үү. Миний ойлгож байгаагаар 2023 он гэхэд Ангараг дээр хүн буух байх. Энэ чиглэлийн судалгаа хөгжсөн орнууд хоорондоо нэлээд өрсөлддөг. Оросууд саран дээр бууж чадаагүй. Одоо зургаан эмэгтэй нисгэгчийг бэлдэж байгаа. Саран дээр буусан анхны эмэгтэйчүүд гэдгээрээ түүхэнд үлдэх юм. Тэгэхлээр Ангараг дээр хэн нь түрүүлж буух вэ гэдэг бол сонин байна.

Ер нь дээрх гурван орон өрсөлдөж байсан бол дөрөв дэх нь Хятад болсон. Ангараг руу хүн илгээнэ гэдэг бол улс орнуудын хувьд маш нууц түвшинд явагдаж буй өрсөлдөөн.

-Ингэхэд манай өмнөд хөрш БНХАУ-д сансар судлал ямар түвшинд байна?

-Хятадуудыг бол үнэлж баршгүй. Маш сайн байгаа. Зөвлөлтийн сансар судлалын түүх гэж бий. Анх нохой, дараа нь хүн хөөргөсөн. Тэгвэл БНХАУ нь яг энэ замналаар явж байна. 2003 онд анхныхаа ничгэгчийг илгээсэн. Янь Ли нь “Союз” хөлгийн лиценз дээр хийгдсэн “Шэньжоу” хөлгөөр сансарт ниссэн. Хятадууд одоогийн байдлаар нийт арван хүн сансарт нисгэчихээд байгаа. Түүнээс хоёр нь эмэгтэй. Хоёр дахь эмэгтэй нисгэгч нь Хятадын сансрын станцад сонирхолтой туршилтууд хийсэн. Хятадуудад бол станц тийм ч сонин биш. Саран дээр анхныхаа хиймэл дагуулыг буулгачихсан. Саран дээр хүн буулгана гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа.

Судлаачийн хувьд би үүнийг өөрөөр харж байна. Хятадуудад сар бол тийм ч чухал биш. Ангараг дээр илүү хүч хаяж байгаа, гэхдээ үүнд дэлхий нийтийн анхаарлыг татахгүйг хүчээж байгаа. Ер нь бол Хятад сансар судлалд маш их хөрөнгө хаядаг. Хятадууд их гүрнүүд сансраар хөөцөлддөг, тиймээс бид ч гэсэн энэ салбарыг хаяж болохгүй гэсэн зарчмыг 1973 оноос эхлэн баримталсан. Монгол хүн Оросын эсвэл Хятадын хөлгөөр сансарт нисэх боломжтой. Нэг бодлын ийм хоёр хөрштэй бид азтай л даа.

-Сансар судлалыг нэлээд хөгжүүлсэн бас нэг Азийн орон бол Иран. Цөмийн пуужинтай гэдэг. Ираны хувьд сансар судлал ямар байна?

-Сансар судлалыг хөгжүүлэхэд үүнийг түрүүлээд хөгжүүлчихсөн орнууд энгийнээр хэлэх юм бол бусдыгаа дардаг. Цөмийн цэнэгт пуужин хөөргөх гээд байна гэсэн нэрийн дор дарж өөрсдөөсөө илүү байлгахыг хүсдэггүй.

Өөрсдөд нь хожим дайсан болох вий гэсэн дээ. Иранд сансар судлал нэлээд өндөр хөгжсөн. Өөрийн зөөгч пуужинтай болно гэдэг нэгдүгээр алхам. Ер нь бол бүх шинэ санаа нь хийгдээд дуусчихсан. Тиймээс сансарт үүнийг хийж үзвэл яах бол гэдэг л үлдсэн. Иймээс ч сансар бол шинэ салбар мэт харагдаж байгаа. Үүний нэг жишээ нь олон улсын сансрын станц. 16 орон нэгдээд станцаа барьчихсан, тогтмол гурван орны зургаан сансрын нисгэгч байгаа. 170-180 хоног ажилладаг. Энэ бол урьд өмнө нь байгаагүй ажил юм.

Categories
мэдээ цаг-үе

Барак Обаматай уулзсан монгол бүсгүй

Дэлхийн Энтерпренёрийн чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил уг арга хэмжээ Америкийн Калифорни мужийн Пало Альто хот дахь Стэнфордын их сургуулийн кампуст зургадугаар сарын 22-ны өдөр эхэлсэн юм. Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээлснээр Төрийн Департаментаас нийт 170 орны 700 энтерпренёр, 300 хөрөнгө оруулагчийг сонгон авч урьж оролцуулсан байна. Өмнө нь уг арга хэмжээг Турк, Арабын Эмират, Малайз, Марокко, Кени зэрэг улсад зохион байгуулсан. Харин анхных нь Вашингтон хотноо Цагаан ордонд болсон.

Энэ жилийн чуулга уулзалтад манай улсаас Бат-Ирээдүйн Хонгорзул, Бүдээгийн Амартайван нарыг сонгон урьж оролцуулсан байна.

Барак Обаматай уулзсан монгол бүсгүй, Бат-Ирээдүйн Хонгорзулыг “Өдрийн зочин”-доо онцолж байна. Тэрээр Лондон хотын Сант Мари Эбботс бага сургууль, 10 жилийн Лаборатори I дунд сургууль, Лондон хотын Stanton School of English сургуулийг тус тус дүүргэжээ. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөнийхөө дараа Японы Акитагийн олон улсын их сургуульд суралцсан байна. Мөн Монголын Үндэсний олон нийтийн радио, Азийн сан, Токио хотноо “Interac Co. Ltd” компанид тус тус ажиллаж байжээ. 2012-2014 онуудад Бостон хотын Тафтс их сургуульд суралцаж олон улсын харилцаа, эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн. АНУ-ын Засгийн газрын нэлээд нэр хүндтэйд тооцогддог Фүлбрайтын тэтгэлэгт хамрагдсан энэ бүсгүй спорт, урлаг, шинжлэх ухаан гурвыг ихэд сонирхдог гэнэ. Түүний хобби нь дэлхийн улс орнуудаар аялж, түүх, соёлтой нь танилцаж, орон орны хоолыг амталж үзэх. Эмэгтэйчүүд, хүүхдийн эрх ашгийг хамгаалахыг тууштай дэмжигч бүсгүй маань шударга бус байдалтай тэмцдэг нэгэн.

Б.Хонгорзул нь 15 настайгаасаа тэтгэлэгт хамрагдаж, гадаадын нэр хүнд бүхий сургуульд элсэн орж сайн боловсрол эзэмшихийг зорилгоо болгожээ. Түүндээ хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөсний үр дүнг ч хүртсэн.

Б.Хонгорзулын ээж, аав хоёр нь хоёулаа монгол хэлний багш. 1991 онд аав нь Лондонгийн их сургуульд багшлахаар болж гэр бүлээрээ Их Британийг зорьсон. Ингэж эцэг эхийнхээ ачаар багаасаа англи хэл сурсан байна. Нутагтаа эргэж ирээд орос хэл сурч, МУИС-д герман хэлний ангид оржээ.

Их сургуулиа төгссөнийхөө дараа гадаадын томоохон байгууллагад ажиллаж, тэндээ үлдэх боломж байсан гэнэ. Ингээд шийдвэр гаргах мөч ирэхэд найз нөхөд, танилуудтайгаа нэлээд ярилцаж зөвлөлджээ. Монголд ирээд хэрэггүй, хямралд автаад хэцүү байна хэмээн хэлж байсан хүмүүс ч цөөнгүй гэнэ. Гэсэн хэдий ч хүний нутагт гууль болж байснаас эх орондоо алт болсон нь дээр хэмээн Монголдоо эргэж иржээ. Нэгэнт л нутагтаа амьдрахаас хойно эртхэн ирж байр сууриа олох нь дээр хэмээн бодсон гэдэг. Аав нь ч эртхэн нутагтаа төвхнөсөн нь дээр хэмээн зөвлөсөн байна. Ингээд Улаанбаатартаа эргэн ирсний дараахь нэг сард сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд байсан гэнэ. Эргээд бодоход нутагтаа ирсэндээ баярладаг хэмээн Б.Хонгорзул нэгэн ярилцлагадаа дурджээ.

Дэлхийн энтерпренёрийн чуулга уулзалтад оролцогсдыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Худалдааны сайд Пенни Притцкер, Жижиг бизнесийн газрын зохион байгуулагч Мария Контрерас-Свийт, АНУ-ын ОУХА-ийн зохион байгуулагч Гэйл Смит, Дэлхийн эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан Тусгай үүргийн Элчин сайд Кэтрин Рассел болон Олон нийтийн дипломат ажиллагаа, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Стенгэл зэрэг өндөр дээд албан тушаалтнууд хүлээн авч уулзсан байна.

Ийнхүү Монголын хоёр залуу энтерпренёр Дэлхийн энтерпренёрийн чуулга уулзалтад эх орноо төлөөлөн оролцож байгаа нь үнэхээр бахархууштай юм.


Categories
мэдээ цаг-үе

Ш.Цогтхүү: Унгарын морин тойруулгын уралдаанд Монгол анх удаа оролцоно

Унгарын уламжлалаас үүдэлтэй “Nemzeti Vag­ta” морин тойруулгын уралдаан нь ирэх есдүгээр сард Будапешт хотын төвд орших Баатруудын талбайд болох юм байна. Олон улсын хэмжээнд нэр хүндтэй уг тэмцээн нь морьтон ард түмний уламжлалуудыг бэхжүүлэх дэмжихийн зэрэгцээ оролцогч орнуудтай байгуулсан эдийн засаг, соёл, улс төрийн харилцааг гүнзгийрүүлэх зорилготой аж. Энэ тэмцээнд энэ жил манай улсаас анх удаагаа “Хан Монгол” морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүү оролцохоор болжээ. Өчигдөр Унгараас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мадари Акош тэмцээнд оролцох урилгыг Ш.Цогтхүүд гардуулж өгөхийн өмнөхөн ярилцсаныг сонирхуулъя.

-Та Унгарын үндэсний морин тойруулгын уралдаанд улсаа төлөөлөн оролцохоор болжээ. Морь уралдуулах гэдэг бол Монголын уламжлалтай салшгүй холбоотой. Харин морин тойруулгын уралдаан манайд хэр хөгжсөн юм бол?

-Тойргийн уралдаан гэдэг ойлголт нь хожуу гарсан. Суурин иргэншилтэй ард түмэн олон хүнд нэг дор үзүүлэхийн тулд тойргийн хэлбэрт оруулсан, уралдаан гэдэг нь нэг л чиглэл. Монгол уламжлалд уралдаан нь байсан. Түүнийг орчин цагийн сонгодог хэлбэрт оруулж тойрогт уралдуулж байгаа. Манай Морин уралдааны төв дээр тойргийн уралдааныг зохион байгуулж байсан. Яармагт олон улсын стандартад нийцсэн сонгодог морин уралдааны төв баригдаж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орно. Ер нь манайд тодорхой хэмжээнд хөгжчихсөн гэсэн үг. Хоёр жилээс хэтрэхгүй морин тойруулгын уралдаан зохион байгуулж эхлэх байх.

-Та хэзээнээс тойргийн уралдаанаар хичээллэсэн бэ?

– Хөдөө төрсөн хүүхдүүдээс хар нялхаасаа морь унаж уралдаж үзээгүй хүүхэд ховор байх. Одоо цагт ямар болсныг мэдэхгүй. Урьд нь бол аав нар нь уяач, хүүхдүүд нь унаач тийм л уламжлалтай байсан. Би багаасаа морь унасан гэхдээ нялхдаа уралдаж байгаагүй. Том болсон хойноо наадам Буянт-Ухаад болдог байхад гурван километрийн тойргийн уралдаан зэрэгт оролцож байсан. Хэнтий аймагт тойргийн уралдаан зохион байгуулахад оролцсон. Тэр бол Монголд сонгодог хэлбэрийн анхны уралдааны эхлэлийг тавьсан гэж болно.

-Хэнтий аймагт тойргийн уралдааныг хэдэн онд зохион байгуулсан бэ?

-Бараг арав гаруй жилийн өмнө. Буянт-Ухаад ч ийм тэмцээн зохион байгуулагдаж байсан.

-Тойргоор, тал нутгаар уралдана гэдэг огт өөр хоёр зүйл. Түүнд оролцох морьдыг ч өөр өөрөөр бэлтгэдэг байх?

-Тэгэлгүй яахав. Их хурдтайгаар тойрог хийхэд тодорхой хэмжээний налалт үүсдэг. Налалт үүсэхэд төвөөс зугтаах хүч үйлчилнэ. Унаач хүнээс морин дээр төвөөс зугтаах хүчээ зохицуулах, голоо барьж явах, эргэлт дээр хаагуур нь гүйцэж түрүүлэх тактикаа боловсруулна. Зүгээр нэг гүйцэж түрүүлнэ гээд дайраад байхгүй, аюулгүй байдлаа хангах гээд эрсдэл нь илүү өндөр байдаг. Морины явдал гэхэд нар зөв тойрч байхад баруун хөл нь урдаа байх жишээтэй. Морь дотор талын хөлөө урд нь тавьж давхидаг, гэтэл яг энэ алхаагаараа нар буруу тойроход явдал нь өөрчлөгдөж хурданд нөлөөлдөг. Морины хөлний ээдрээ гарахаас эхлүүлээд тойрогтоо дасч уралдах гээд маш нарийн. Нар буруу тойрч уралдаад сурсан адууг нар зөв тойрогтой уралдааны замд уралдуулахад хурданд нь маш их нөлөөлдөг. Амьд жишээ гэхэд “Макс” группийн Ганбаатарын хурдан морь АНУ-д түрүүлсэн. Дараа нь өөр газар очоод уралдахад уралдааны тойрог нь нөгөө тал руугаа байсан нь нөлөөлсөн. Тойргийн чиглэл өөрчлөгдөхөд хөлөө солих зэргээс эхлүүлээд нэлээд зүйл нөлөөлдөг.

-Та сая нар зөв, буруу тойргийн тухай ярилаа. Улс орон болгонд морин тойруулгын уралдааны талбай нь өөр өөр байна уу. Олон улсын стандарт гэж байдаг биз?

Стандарт гэж бий. Гэхдээ улс орны онцлогоос шалтгаалаад нар зөв ч бий, нар буруу тойргууд ч бий. Тэр битгий хэл элсэн замтай, зүлгэн замтай тойргийн уралдаан гэж байдаг. Энэ нь улс орны онцлогоос шалтгаалдаг. Миний оролцох гэж байгаа Унгарт болох уралдаан нь сонгодог морин тойруулгын уралдаанаас арай өөр. Унгарын уламжлалт морин уралдааны төрөл.

-Унгарын уламжлалт морин уралдаан нь ямар онцлогтой юм бэ?

-Сонгодог шиг тойргоор уралдана. Гэхдээ сонгодог уралдаанд морьдыг төхөөрөмжинд оруулж байгаад хаалга нь нэгэн зэрэг нээгдэхэд уралдаж эхэлдэг. Харин Унгарынх бол бүгдээрээ морио унаад шогшиж байгаад буюу задгай байж байгаад хонх дуугарахад эхэлдэг. Сонгодог уралдаанд бол эмээлтэйгээ зогсч байхад морь унаачийн жин хэд байх ёстойг заасан байдаг. Харин Унгарынх бол унаач нь насанд хүрсэн байх ёстой, жин хамаардаггүй. Мөн өөрийн улс орны онцлогтой хувцас өмсч уралдах боломжтой.

-Тэгэхлээр та үндэснийхээ хувцастай уралдана гэсэн үг үү?

-Үндэснийхээ хувцастай очиж уралдах байх. Яг юу өмсөхөө шийдээгүй байна. Аюулгүйн ажиллагааны каск, нурууны хамгаалалттай байх шаардлага тавьж байгаа. Тиймээс нэлээд бэлтгэл хэрэгтэй болно.

-Унгарын үндэсний морин тойруулгын уралдаанд хэдэн орон оролцох юм бол?

-Анхны байдлаар бол 12 орны тамирчид оролцоно. Энэ удаад Монгол, Франц хоёр анх удаагаа оролцож байгаа юм билээ. Уг тэмцээн өмнө нь орон нутгийнх байсан бөгөөд дөрвөн жилийн өмнөөс олон улсын чанартай болсон.

-Та эндээс морио авч явах уу?

-Олон улсын тэмцээн хэдий ч морио авч явахгүй. Тэнд очоод мориныхоо сонголтыг хийнэ. Тэгээд бэлтгэл хийж мориныхоо ростыг мэдэж аваад түүнтэйгээ оролцох юм.

-Тойргийн уралдаанд монгол морь хэр зэрэг тохиромжтой байдаг вэ?

-Тойргоор монгол морьд уралдвал жаахан хэцүү. Богино зайд уралддаг учраас чац урттай морьдод ашигтай. Монгол адуу бол холын уралдаанд тохиромжтой байдаг.

Учир нь халах тусам улам хурдалдаг, цуцдаггүй. Европ, араб морьд бол богино зайд хурдалчихаад амархан цуцдаг. Том морьдтой холилдоод уралдах юм бол монгол адууны хөлийн хурд, рост нь дутдаг.

-Та ийм уралдаан зохион байгуулдгийг хэзээ мэдсэн бэ?

-Өнгөрсөн жил “Марко Поло” киноны зурагт авалтад орлон тоглогчдын багийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тэгэхэд Унгарт ийм тэмцээн болдог тухай мэдээлэл авсан. Тэгэхэд Будапешт хотын төв талбай дээр элс асгаад, тойрог зам хийгээд уралдаан зохион байгуулдаг гэдгийг мэдсэн юм. Монгол дахь Унгар улсын ЭСЯ-наас ч бидэнд оролцох хүсэлт тавьсан.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Билдербергийн клуб буюу дэлхийг удирддаг нууц засгийн газар

1950 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссинжер байхдаа Билдербергийн клубийн анхны хуралдааныг хийлгэх саналыг гаргажээ. Удалгүй тус клубын гишүүд болох дэлхийн нөлөө бүхий хүмүүс жил бүр цугларч дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлыг хэлэлцдэг уламжлал тогтсон. Гэхдээ уулзалтын талаар олон нийтэд зарладаггүй бөгөөд оролцогсод, гишүүддээ онцгой урилга илгээдэг. Тиймээс хэвлэл мэдээллийнхэн, хөндлөнгийн хүн түүнд оролцоно гэсэн ойлголт үгүй. Хуралдаан аль оронд болно тус улс нь гишүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Билдербергийн клубийг дэлхийн хувь заяаг шийддэг нууц Засгийн газар ч гэдэг. Нөлөө бүхий хүмүүс уулзаж тулгамдсан асуудлуудыг шийдэх ямар гарц байгаа талаар ярилцаж, санхүү эдийн засгийн байдлыг хамгийн түрүүн хөнддөг.

Тэгвэл “Британника” толинд Билдербергийн клубийг хэрхэн тайлбарласан болохыг сонирхуулъя, “Чуулган нь албан бус, үндэсний болон олон улсын хэмжээнд нөлөөтэй хүмүүс бие биетэйгээ танилцаж, ижил тулгамдсан асуудлыг нөхцөл байдлыг харгалзахгүйгээр ярилцах боломжийг бүрдүүлж өгдөг. Билдербергийн чуулган болгоны дараа албан бус тайлан гаргаж түүнийгээ зөвхөн гишүүддээ хүргүүлдэг” гэжээ. Тус клубийн Олон улсын зохион байгуулах хороо нь жил бүр хэнийг байнгын бус төлөөлөгчөөр сонгохыг шийддэг.

Билдербергийн клубийн гишүүдийн хэдэн хувь нь аль орны иргэнболохыг харуулсан судалгаа


Билдербергийн клубийн гишүүдийн хэдэн хувь нь аль салбарт ажилладаг болохыг харуулсан судалгаа

Билдербергийн анхны уулзалт 1954 оны тавдугаар сард Голландын Остербеке хотын “Билдерберг” зочид буудалд болсон. Түүнд 12 орны 70 хүн оролцож клубийг зочид буудлын нэрээр нэрлэжээ. Зочдод Нидерландын хатан хаан Беатриксийн аав, хунтайж Бернард Липпе-Бистерфельд урилга илгээсэн байдаг. Тиймээс Нидерландын хунтайжийг тус клубийг үндэслэн байгуулагчдын нэг гэдэг.

Билдербергийн клубийн гишүүдийн жил бүрийн хавар болдог уулзалт олны анхаарлыг ихэд татдаг. Алдартай улстөрчид, хаан, хатан хаан, хунтайж, гүнж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бизнесмэн томоохон банкны эзэд гээд алдартнууд нэг дор цугларахад сонирхол татах нь аргагүй. Бие хамгаалагч, нарийн бичиг, тогооч нар нь дагалдан ирдэг тул бүр ч сүртэй. Харин уулзалтын талаар ямар ч мэдээлэл алдагддаггүй. Дууссан хойно нь өгч болно хэмээн үзсэн мэдэллийг л олны хүртээл болгодог юм байна.

Тус клубийн төв нь Нью-Йорк хотноо Карнеги сангийн байранд байрладаг, нийтдээ 383 гишүүнтэй. Байнгын гишүүд нь Генри Киссинжер, Дэвид Рокфеллер, Нельсон Рокфеллер, Роберт МакНамара, Дональд Рамсфельд, Збигнев Бжезинский, Алан Гринспен, Ричард Перл, Пол Вулфовиц. Дээр дурдсанчлан байнгын бус гишүүд нь жил бүр солигдох бөгөөд хэнийг сонгохыг тус клубийн дэргэдэх Олон улсын зохион байгуулах хороо шийддэг.

Билдербергийн клуб өнгөрсөн жилийн хуралдаанаа зургадугаар сарын 11-14-ний өдрүүдэд Австрийн Тельфс-Бухен хэмээх үзэсгэлэнтай газар байрлах дээд зэрэглэлийн “Interal­pen” зочид буудалд хийсэн. Тэр үеэр ойролцоогоор 140 хүний захиалга өгсөн гэсэн мэдээлэл бий. Арга хэмжээнд 133 гишүүн оролцсоноос 21 нь улстөрч байжээ. Их Британийн Сангийн сайд Ж.Осборн, АНУ-ын Ерөнхийлөгчийн санхүү, эдийн засгийн зөвлөх Лоуренс Бун, Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте нар оролцсон гэдэг. Харин ОУВС-ийн тэргүүн К.Лагард байгаагүй нь олны анхаарлыг ихэд татсан байна. Өнгөрсөн жилийн хуралдаанд оролцсон гишүүдээс 106 нь эрэгтэй, 27 нь эмэгтэйчүүд байжээ. Сэтгүүлчид болон ажиглагчид тус клубийн хуралдааны талаар мэдээллийг ашиглаж болно. Гэхдээ хэнээс авсан, тэр гишүүн нь ямар байгууллагад хамааралтай зэргийг олны хүртээл болгохыг хориглодог.

Энэ үеэр “Intreal­pen” нь гадны нэг ч хүнд үйлчлээгүй, цагдаагийн бүрэн хамгаалалтад ороод зогсохгүй хамгаалалтын компаниудаас нэмэлт хүч татсан байдаг.

Билдербергийн клуб анх байгуулагдахдаа коммунизмтай хэрхэн тэмцэх асуудлыг гол зорилгоо болгосон юм. Мөн Европ болон Америкийн дээдчүүдийг нэгтгэхийг чухалчилж байсан гэдэг. Өнөөдөр бол дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдэх арга замын талаар ярилцдаг. 2008 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Билдербергийн уулзалт дээр Барак Обама, Хиллари Клинтон хоёр хамтран ажиллахаар тохиролцсон гэсэн яриа байдаг. Түүнээс гадна 1974 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон, Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер нарыг огцруулах, Югославын хямрал, АНУ Иракт цэргээ оруулах зэрэг асуудлыг шийдэхэд тус клубыг нөлөөлсөн гэдэг.

Маш онцгой гэгддэг тул хүссэн болгоныг гишүүн болгоод байдаггүй. Хэнийг авахыг зохион байгуулах хороо л шийднэ. Уулзалтын үеэр гишүүд нь өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг бөгөөд дүрэмд нь хэн нэгнийг дагуулж ирэхийг хатуу хориглосон байдаг.

Тэгвэл клубийн гишүүд нь хуралдааныхаа талаар юу гэж ярьдгийг сонирхъё. Тэдний нэгнийх нь хэлснээр тухайн үеийнхээ улс төр, эдийн засгийн асуудлыг хэлэлцдэг гэнэ. Янз бүрийн санал гардаг нь янз бүрийн салбар, янз бүрийн үзэл бодолтой гишүүд байдагтай холбоотой. Харин зарим нь хуралдааныг ямар нэгэн улс орны ашиг сонирхлыг харгалзалгүйгээр хөгжлийнхөө замыг тодорхойлох боломж хэмээн хэлсэн байдаг. Тэгвэл хэний ашиг сонирхлыг харгалзан үздэг юм бэ гэсэн асуултыг нэг бус удаа тавьж байсан.

1954 оны тавдугаар сард Голландын Остербеке хотын “Билдерберг” зочид буудалд болсон Билдербергийн клубийн анхны уулзалт

Билдербергийн клуб, Билдербергийн групп, Билдербергийн чуулган гээд тус тусдаа байдаг боловч үйл ажиллагаа нь хоорондоо нягт холбоотой. “Guardian” сонинд тус клуб ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг нэг л өгүүлбэрээр тодорхойлсон байдаг. Түүнийг Их наймын уулзалтаас илүү чухал гэжээ. Зарим хэвлэлд түүний хамгийн гол зорилго нь дэлхийг нэгдсэн нэг Засгийн газартай, нэг зах зээлтэй, нэгдсэн банк зэрэгтэй болгохыг зорьж байгаа хэмээн бичсэн байдаг.

Одоо тэгвэл гишүүдийнх нь хэдэн хувь нь ямар улсын иргэд байдгийг сонирхуулъя. Гишүүдийнх нь 33 хувь нь америкчууд аж. Түүний дараа Их Британи, Франц ордог. Харин ОХУ-аас ердөө ганцхан хүн ордог. Тэр нь эдийн засагч Сергей Гуриев юм.

Эдгээр гишүүдийн хэдэн хувь нь ямар салбарт ажилладаг болох нь уншигчдад мөн л сонин байх болов уу. Үүнээс үзэхэд 31 хувь санхүү, эдийн засгийн салбарт ажилладаг.

Энэ жил Билдербергийн клуб уламжлалт ёсоороо зургадугаар сарын 9-12-нд Германы Дрезден хотын “Taschenbergpalais” зочид буудалд хуралдсан юм. Энэ жилийн хуралдаанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссинжирээс гадна ОУВС-гийн тэргүүн К.Лагард, “Deutsche Bank”-ийн ерөнхий захирал Жон Крайан, Bloomberg-ийн ерөнхий редактор Жон Миклевтей зэрэг хүмүүс оролцсон байна. Энэ жил Хятад, дүрвэгсдийн асуудал, Ойрхи Дорнодын байдал, ОХУ, кибер аюулгүй байдал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, өр зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Түүнээс гадна технологийн салбарт гарч буй шинэ дэвшилтэт санааг анх удаагаа авч хэлэлцжээ. Энэ жилийн хуралдааныг Францын удам дагасан язгууртан “АХА” группийн тэргүүн Анри де ла Круа де Кастри удирдан явуулсан байна. Томоохон компанийн тэргүүлэгчдээс гадна “Financial Times”, “The Wall Street Journal” зэрэг дэлхийд нөлөө бүхий хэвлэлийнхний төлөөлөгчид оролцжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ирээдүйг хардаг Элон Маск

“Space X” компанийг үүсгэн байгуулагч Элон Маск АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картертай уржигдар Пентагонд уулзсан тухай Америкийн хэвлэлүүдэд бичсэн. Хаалттай уулзалтын үеэр юун тухай ярьсан нь нууц. Пентагоны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Батлан хамгаалахын сайд сүүлийн үед дэвшилтэт технологийн салбарт үйл ажилагаа явуулдаг компаниудын удирдлагатай уулзаж ямар шинэ технологи нэвтрүүлэх гэж байгаа талаар сонирхож байгаа гэв. Харин сэтгүүлчдийн ярьснаар Элон Маскийн тэргүүлдэг “Space X” компани нь Америкийн Засгийн газартай хамтран ажиллах шинэ гэрээ байгуулах гэнэ. Тодруулбал, шинэ хиймэл дагуул хөөргөхөөр тус компанитай хамтран ажиллах юм байна.

Шинэ технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын төлөөлөгчдийн нэг бол яах аргагүй Элон Маск юм. Түүнийг XXI зууны хөрөнгө оруулагч, тэрбумтан, шинэ технологийн зохион бүтээгч гэдэг. Өөрөөр хэлбэл, Билл Гейтс, Стив Жобс нарын халааг авах хүн.

Тэрээр төлбөрөө интернэтээр хийх, нарыг эрчим хүч гаргаж авахад ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “SolarCity” зэрэг компаниудыг байгуулсан. Ирээдүйд Ангараг гаригийг бүрэн эзэмшиж, нарны эрчим хүчийг хэрэглэж, байгаль орчинд ээлтэй машиныг улам боловсронгуй болгож, дэвшилтэт технологид суурилан бүтээсэн шинэ тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг нь түүний зорилго.

Элон Маск 1971 онд ӨАБНУ-ын Претор хотод төрсөн. Ээж нь загвар өмсөгч, аав нь бизнес эрхэлдэг инженер мэргэжилтэн хүн байжээ. Гэвч Элоныг багад нь эцэг, эх хоёр нь салж, бяцхан хүү аавтайгаа үлдсэн байна. Эцэг нь түүнийг боловсролтой хүн болгохын тулд чадах бүхнээ хийсэн гэдэг. Элон үеийнхээ хүүхдүүдээс огт өөр, спорт зэргийг сонирхдоггүй байжээ. Сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдэд дээрэлхүүлж, нэг бус зодуулж байж. Хэд хэдэн удаа сургуулиа сольсон боловч найзтай болоогүй бөгөөд номноос салдаггүй байсан гэдэг. Арван настайдаа анхныхаа компьютерийг бэлгэнд авснаар ирээдүйд бизнес хийх гараагаа эхэлсэн гэж болно. “Commodore VIC-20” компьютер дээр 12 настайдаа анхныхаа программыг зохиож 500 ам.доллараар худалджээ. “Blast Star” нэртэй харь гаргийнхныг лазерын буугаар бууддаг тоглоом зохиосон байна. Үүнээс хойш эмийн үйлдвэрлэл эрхэлдэг компанийн хувьцааг худалдан авч ханш нь ямар байгааг сониноос байнга хянаж байсан гэдэг. Хувьцаагаа нэлээд ашигтай зарж хэдэн мянган ам.доллартай болжээ. Ингээд Канад явахаар шийдсэн гэдэг. Эцэг, эх нь эрс эсэргүүцэж байсан боловч Элон бүгдийг өөрийнхөөрөө хийсэн. Ингээд их сургуульд элсэн орох хүртлээ Канадын Кингстон хотод хамаатныдаа амьдарч тэндээ оюутан болжээ. Стэнфордын их сургуульд шилжин суралцсан боловч төгсөөгүй, бизнес эрхэлсэн. 1996 онд ахтайгаа хамтран “Zip2” хэмээх программын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг компани байгуулж гурван жилийн дараа “Zip2”-ийг “Compaq” компани 308 сая ам.доллараар худалдан авахад түүнээс долоон хувь буюу 22 сая ам.доллар Элонд оногдсон байна.

Нэлээд ашиг олсон тул “X.com” нэртэй шинэ компани байгуулж тэр нь удалгүй “Confinity”-тай нэгджээ. Түүний нэг салбар болох PayPal нь интернэтээр мөнгөн гуйвуулга хийх ажиллагааг хариуцдаг байв. Гэвч компанийн дотоод зөрчлийн улмаас Захирлын зөвлөлийн хурлаар Элон Маскийг ажлаас нь халжээ. Энэ хооронд тус компанийн үйл ажиллагаа улам хүчээ авч нэрээ өөрчилж “PayPal” болж хувьцаа нь хөрөнгийн бирж дээр борлогдох болсон. Тус компанийг “eBay” 1,7 тэрбум ам.доллараар худалдан авчээ. Энэ үед Элон Макс “PayPal” компанийн хувьцааны 11,7 хувийг эзэмшиж байсан. Өөрөөр хэлбэл 165 сая ам.доллар оногджээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө тэрээр гурав дахь компани болох “Space Х”-ийг байгуулж сансрын тойрог замд гардаг пуужин бүтээх ажлаа эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл сансрын системийн арилжааны оператор болсон гэсэн үг. 2008 оны арванхоёрдугаар сард Америкийн сансар судлалын агентлаг (NASA) нь “Space X” компанитай 1,6 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм. Уг гэрээнд зааснаар есөн ширхэг “Falcon 9”-ийг хөөргөхөөр болжээ. Элоны ярьснаар энэ төслийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны зөгнөлт роман, Айзек Азимовын хүн төрөлхтнийг аврахын тулд сансрыг хэрхэн эзэмших талаарх үзэл бодол зэрэг нь нөлөөлсөн гэдэг.

Элон Маск сансарт нисэх зардлыг арав дахин багасгах зорилт тавьсан. Энэ нь “Space X” компанийг байгуулах болсон шалтгаан болсон бөгөөд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ оны өнгөрсөн нэгдүгээр сард Хонгконгт болсон хөрөнгө оруулалтын чуулган дээр Элон Маск есөн жилийн дараа буюу 2020-2025 онд компани нь Ангараг гариг руу нислэг үйлдэнэ хэмээн мэдэгдсэн.

Өнгөрсөн жил Элон хиймэл оюун ухааныг бүтээх ажилд 10 сая ам.доллар хандивлажээ. Тиймээс ч XXI зууны хөрөнгө оруулагч гэгдэх болсон. Элон Маск нарнаас эрчим хүч гаргаж авах, харь гаригийг эзэмших, байгаль орчинд ээлтэй машин бүтээх гээд дэвшилтэт технологи, өөрөөр хэлбэл дэлхийн ирээдүйтэй холбоотой шинэ технологийг бүтээдэг.

Тэрээр 2013 онд “Hyper­loop” хэмээх тээврийн шинэ хэрэгслээ танилцуулсан. Шилээр гадаад ертөнцөөс тусгаарлагдсан унаа нь дээгүүр тусгайлан барьсан замаар 1200 км/цаг хурдтай давхих аж. Түүнийг бүтээхдээ сансарт хөөрөхөд хэрэглэдэг шинэ технологийг ашиглажээ. Энэ унаа хурднаас гадна хамгийн бага зардалтай. Шинэ тээврийн хэрэгслийг Калифорнид барихад ердөө дөрвөн жил шаардлагатай гэнэ. Үүнд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй юм. Зарим хүмүүс энэ төслийг хэрэгжинэ гэдгийг төсөөлж чадахгүй байна гэж байж.

Элон Маск энэ тухайгаа анх 2012 онд сэтгүүлчдэд ярьсан юм. Калифорни мужийн захирагч, Ерөнхийлөгч Б.Обама нартай энэ тухай ярина гэдгээ ч хэлж байжээ. Ингэхдээ Сан-Франциско-Лос-Анжелес хоёрыг холбосон зам тавихыг санал болгосон байдаг.

Цахилгаанаар ажилладаг унаа бол түүний анхаарлын төвд байдаг. Анх “Tesla Roadster” цахилгаан машин бүтээхэд хүмүүс түүнийг нь нааштайгаар хүлээн авсан. Компаниуд ч цахилгаан машин захиалаад эхэлсэн. Ихэд урамшин цахилгаан машиныг олноор үйлдвэрлэх гэж үзсэн ч бүтээгүй, дампуурах шахсан гэдэг. Энэ үед “Space X” компани нь “Falcon 1” пуужинг бүтээхээр хөдөлмөрлөж байжээ. Нэг үгээр хэлэхэд хоёр ч том шинэ бүтээл дээр ажиллаж байсан бөгөөд бүгдийг өөрсдөө санхүүжүүлсэн. Тиймээс ч 2008 он гэхэд Элон Маск бараг юу ч үгүй үлдэхээ шахсан. Энэ бол түүний амьдралд тохиосон хамгийн амаргүй үе. Түүний шинэ санаа амжилтад хүрнэ гэдэгт хэн ч итгэхгүй байсан. Гэтэл гэр бүлийн амьдралд нь нэлээд асуудал үүсчээ. Таван хүүхдийг нь төрүүлсэн Жюстинээс салсан. Ингээд өмч хөрөнгөний асуудал дээр нэлээд маргаан үүссэн байна. Тэрбумтан таван хүүхдийнхээ эхтэй мөнгөнөөс болж маргаад байгаа нь ойлгомжгүй байна хэмээн тэр үед хэвлэлүүдээр нэлээд шуугисан. Ингээд эцсийн мөчид тэрээр хөрөнгө оруулагч олж чадсан бөгөөд “Tesla” машин амжилт олж чадна гэдгийг итгүүлсэн. Түүнээс гадна NASA-тай хэлэлцээ хийж сансрын тойрог зам ачаа тээвэрлэх ажлыг гүйцэтгэж чадна гэж итгүүлснээр 1,5 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.

Ингэж л дахин хөл дээрээ боссон. Хэлсэн амандаа ч хүрсэн. Өнөөдөр “Space X” компани нь нэлээд хэдэн дээд амжилтыг тогтоочихоод байгаа. Элон Маск ч энэ амжилтаар цааш нь улам ахиулах бодолтой байна. “Tesla Roadster” машины борлуулалт муугүй байгаа. Түүнээс гадна үеэлтэйгээ хамтран байгуулсан “So­lar City” компани нь нарны эрчим хүчээр ажилладаг зайг нийлүүлдгээрээ Америкт тэргүүлдэг. Өнгөрсөн жилийн байдлаар тус компанийн үндсэн хөрөнгө нь долоон тэрбум ам.доллараар үнэлэгдсэн юм.

Элон өмнөө гурван том зорилт тавьсан тухайгаа ярьсан байдаг. Нэгдүгээрт, хүн төрөлхтнийг байгаль орчинд ээлтэй унаагаар хангах, нарны эрчим хүчний хэрэглээнд оруулах бөгөөд Ангараг гаригийг эзэмших явдал.

Эхний хоёрыг биелүүлэхэд тун ойрхон байгаа бол гурав дахийг нь хэрэгжүүлэхэд нэлээд хугацаа хэрэгтэй гэнэ. Түүний үзэж байгаагаар Ангараг гаригийг эзэмшихэд халуун цөмийн зэвсэг хэрэглэхийг санал болгож байгаа.

Ирээдүйг хардаг гэгддэг Элон Маскийг XXI зууны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Тэрээр долоо хоногт 100-гаас дээш цаг ажилладаг. Бараг ажил дээрээ амьдарч, өөр өөр хотуудад байршилтай компаниудынхаа хооронд үргэлж онгоцоор нисдэг. Харин мөрөөдөл нь гэвэл Ангараг гариг дээр амжилттай газардаад үхсэн ч гомдолгүй аж.


Categories
мэдээ цаг-үе

Наадмын хуушуураа санасан хүмүүс Төв цэнгэлдэхийг зорьдог

Нар хур тэгширч бөхтэй, морьтой, суртай монгол наадам айсуй. Үндэсний дээл хувцсаараа гоёсон монголчууд наадмын талбайгаар орж хэн түрүүлж, хэний морь хурдалж, хэний сум мэргэн байгааг сонирхохын сацуу хуушуураа заавал амтархан идэцгээдэг. Хуушуурын амт ямар байсан тухай яриа ч нэг хэсэгтээ тасардаггүй. Тиймээс наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Бид энэ удаад амтат хуушуураар олонд үйлчилдэг Төв цэнгэлдэхийн нэгэн гуанзанд өнжлөө.

Төв цэнгэлдэх хүрээлэн, сур харваачдын талбай хоёрын хооронд байрлах “Үхрийн махтай хуушуур” гэсэн хаягтай дан байшинг тэр хавийн оршин суугчид андахгүй юм. “Танайхыг наадмын хуушуураар мэргэшсэн гэж сонсоод ирлээ” гэхэд гуанзны эзэн Б.Тамир ихэд уриалгахан хүлээн авав. Биднийг үдийн алдад очиход хүн ихтэй, хуушуур гарахыг хүлээгээд сууцгааж байлаа.

Тэрбээр гуанзаа 2011 оноос хойш ажиллуулж байгаа аж. Анх 2010 онд бизнес эрхлэхээр Төв аймгийн Жаргалант суманд ногоо тарьжээ. Гэтэл тэр жил нь эдийн засгийн хямрал нүүрлэснээс төмс ногоо үнэгүйдэж “шатсан” гэнэ.

Хурааж авсан төмсөө “Портер” машинд ачиж ирээд Төв цэнгэлдэх хүрээлэн дээр борлуулах гэсэн ч төдий л амжилт олоогүй гэнэ. Наймаагаа хийхээр өдөр болгон тэнд зогсдог байсан болохоор ойр хавийнхантайгаа танил болж. Түүгээр ч зогсохгүй одоо гуанз ажиллуулж байгаа байшингаа ногооны дэлгүүр болгохоор түрээсэлж аваад сайхан засварласан байна. Гэтэл наадам дөхөж Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлага байшингаа гурван хоногийн хугацаатай чөлөөл гэжээ. Хөлс хүчээ гарган засварласан болохоор хүмүүс муухай болгочихно гэсэн “харам” сэтгэлээр өөрөө хуушуур хийж зарахаар шийдэж. Ингэж л хуушуурын бизнест орсон түүхтэй аж. Түүнээс хойш таван наадмаар хуушуур хийжээ. Одоо бол зөвхөн наадмаар төдийгүй жилийн туршид хуушуурын гуанзаа ажиллуулдаг. Байшин нь зуных тул өвлийн ид хүйтнээр аргагүй эрхэнд хаана. Өвөл ч гэсэн бизнесээ зогсоохгүйн тулд дуулаалга хийж үзсэн гэнэ. “Зуны зориулалттай байшин яаж ч дулаалаад болдоггүй юм билээ” хэмээн ярив.

“Үхрийн махтай хуушуур” гуанзны эзэн Б.Тамир Эднийх

Хуушуур хийж чаддаггүй монгол хүн гэж бараг үгүй. Харин олон түмэнд хуушуураар үйлчилнэ гэдэг арай өөр ухаан. Махнаас гадна гурил, тос, амталгаа зэрэг нь хамгийн чухал. Ялангуяа гуриланд ихэд анхаарах хэрэгтэй гэнэ. Гурилын чанар жил бүр өөр өөр байдаг. Чанар нь өөрчлөгдөж байгаа нь тухайн жилийн ургацтай холбоотой гэдгийг онцолж байв. Өнгөрсөн жилээс хуушуур хийхэд таардгаар нь “Алтан тариа”-г сонгон хэрэглэж байгаа. Хуушуур хийхэд гурилнаас дутахгүй чухал зүйл нь тос. Зарим нь хайрах үед нүд хорсгож харшил өгдөг. Тиймээс “Янта”, “Eco oil”-ийг сонгон хэрэглэдэг хэмээн савыг нь үзүүлэв. Ер нь тос хамгийн их зарлагатай нь юм байна.

Б.Тамирын гуанз зөвхөн үхрийн махаар хуушуураа хийдгээрээ онцлогтой. Ийм хуушуурыг идэхэд л андашгүй. Нэгнээс нь хоёр халбага хэртэй бор шөл гардаг бөгөөд энэ нь эдний хуушуурын гол онцлог гэж болно. Хуушуурынх нь амтыг үзэхээр авч идэхэд нэлээд шөлтэй байсан нь анзаарагдсан. Давс, сонгино, сармис, хар чинжүүгээр амталдаг бол махыг нь заавал машиндсан байх ёстой аж. Гараар татвал нэг тийшээгээ гүйж, салангид, үйрмэг болдог гэнэ. Эднийх хуушуураа хурдан шуурхай хийхийн тулд тавагны ирмэгээр дарж чимхдэг. Тогооч бүсгүйчүүд хуушуураа тун ч сурамгай, түргэн чимхэж байх нь шууд л нүдэнд туссан. Энэ нь нэгдүгээрт хурдан, хоёрдугаарт ариун цэвэр талаасаа илүү тохиромжтой байдаг. Ер нь хүний гарын үзүүр, тэр дундаа өндөг, хумсанд хамаг л нян хуримтлагддаг гэдгийг бүгд мэднэ. Тиймээс гараар чимхэж хийх нь төдийлөн тохиромжтой бус. Тэгээд ч чимхэлт бол зөвхөн үзэмжний асуудал хэмээн Б.Тамир ярив.

Биднийг ийнхүү ярьж суутал нэг л мэдэхэд гуанз үйлчлүүлэгчээр дүүрч, сул суудалгүй болсон байлаа. Дэрвэгэр даашинз өмссөн гурван настай бяцхан охин “Идье, идье” хэмээн өвөөгийнхөө гараас хөтөлсөөр орж ирэв. Өвөө, охин хоёр гурван хуушуур захиалаад хоол нь бэлэн болох хооронд ундаа ууж суув. “Үхрийн махтай хуушуур” гуанзны гол үйлчлүүлэгчид нь “Хурд” хорооллынхон.

Бас хажууханд бэлтгэлээ базаадаг сурын тамирчид болон Олимпийн хорооныхон. Түүгээр ч зогсохгүй байнга үйлчлүүлдэг гадаадын хэд хэдэн үйлчлүүлэгчтэй гэж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд олон шинэ барилга баригдсаар байгаа. Тэнд ажилладаг Хойд Солонгосын барилгачид эдний хуушуурыг амтархан иддэг гэнэ. Мөн “Дэрэн” клубт урилгаар ажиллаж байгаа Өмнөд Солонгосын дасгалжуулагч өдөр болгон орж ирэхдээ “Хуушуур күүл” гээд л иддэг тухай ярив. “Хурд” хорооллын хүүхдүүд эднийхийг андахгүй. Зарим багачууд хажуугаар ч өнгөрөхдөө “Ийшээ” гээд л тэдний гуанзыг заасаар ээж, аавтайгаа орж ирдэг тухайгаа хуучлав. Байнгын үйлчлүүлэгчид нь баяр наадмаар хамаатан садан, найз нөхдөө дагуулсаар орж ирнэ. Бас наадмын хуушуураа санасан хүмүүс Төв цэнгэлдэхийг зорьж эднийхээр үйлчлүүлдэг. Жаахан хүүхдүүдэд хурцдаж, гэдэс ходоод нь өвдчих вий хэмээн сэтгэл нь зовдгоо Б.Тамир нуугаагүй. Гэтэл нэг сарын зөрүүтэй хоёр ачийгаа дагуулсан эмэгтэй орж ирээд гуанзны эзэнтэй мэндлэв. Б.Тамир ч сайн таньдаг бололтой хэдэн үг солив. Эндхийн байнгын үйлчлүүлэгч нь гэнэ. Хоёр ачийгаа хардаг болохоор хааяа хоол хийж өгч амждаггүй тухайгаа эмээ ярив. Ийм үед эдний гуанзанд ирж ач нараа хуушуураар хооллодог. Хүүхдийн гэдэс ходоодыг өвтгөдөггүй, амт нь сайхан тул ирдэг тухайгаа хуучлав.

Зун болж “Үхрийн махтай хуушуур”-ын улирал нь ид эхэлж байгаа үе. Дулаанд гадаанаа сүүдрэвч засч гурван том ширээ тавьдаг гэнэ. Ачаалалтай үед энд 30-аад хүн багтдаг. Зуны халуунд хүмүүс дотор орохоосоо илүү гадаа тухалдаг.

Эднийх зөвхөн хуушуур төдийгүй гурилтай шөл, цуйван, гуляш, будаатай хуурга зэргийг захиалгаар хийдэг. Хоол идэж байгаа хүмүүс заавал юм ууна. Нэг өдөрт дунджаар 10-20 литр цай чанадаг. Түүнээс гадна үзэмний шүүс, MCS компанийн ундаа, шүүсээр үйлчилнэ.

Өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд олон цэг хуушуураар үйлчилж, зарим нь борлуулалт муу байсан хэмээн ярьж байсан нь тодхон санагдав. Харин Б.Тамирын гуанз анх удаагаа нэг өдөрт 7000 хуушуур борлуулж дээд амжилтаа тогтоосон гэнэ. Ер нь байнгын үйлчлүүлэгчдийн хөл тасардаггүйн гол нууц нь амт, чанар болон үнэ нэмээгүй 1000 төгрөг хэвээрээ байгаад хэмээн тайлбарлав.

Хуушуур зарна гэдэг нарийн ажил. Тиймээс ч анхандаа Б.Тамир энд тэндхийн гуанзанд очиж амтыг нь үзэхээр хуушуур авч иддэг байсан тухайгаа ярив. Харин одоо бол ингэх шаардлагагүй гэнэ. Хуушуурын борлуулалтад амтнаас гадна цаг агаар нөлөөлдөг. Нартай, дулаахан өдөр хүмүүс хуушуур авч идэх нь элбэг, харин сэрүүн өдөр шөлтэй хоол илүү зооглоно. Бас хүмүүс гэртээ хиншүү тавьж, тос үсэргэхээс түвэгшээж хуушуурыг гаднаас авч иддэг бололтой юм.

“Үхрийн махтай хуушуур” гуанзанд таван хүн өглөөний 10:00- 20:00 цаг хүртэл өдөр бүр ажилладаг. Б.Тамирыг ийнхүү ярьж суухад хуушуур захиалгаар хүргүүлэх гэсэн дуудлага тасарсангүй. Захиалгын болон авч явах хуушуурыг бор цаасан уутанд савладаг нь содон харагдав. Гуанзнууд бол гялгар уутанд хийгээд л өгчихдөг. Харин эднийхэн цаасан уутанд савлаад гадуур нь гялгар уутанд хийж өгдөг байна. Үндэсний үйлдвэрлэгчээсээ нэг цаасан уутыг 120 төгрөгөөр авдаг бөгөөд дотор нь арван хуушуур багтдаг гэнэ. Харин гуанзанд нь үйлчлүүлэх үйлчлүүлэгчдэдээ ясаар хийсэн тавганд хуушуурыг нь тавагладаг. Хятадаас захиалж авчруулсан энэ таваг нь хагардаггүй тул тохиромжтой гэдгийг онцолж байсан юм.

Б.Тамир гадуур хөөцөлдөх ажил ихтэй тул байнга орж гарна. Баянзүрх захаас махыг нь тогтмол нийлүүлдэг бол гурил, тос зэргээ өөрсдөө очиж авдаг. Өдөрт хичнээн хуушуур зарагдсаныг нь хэрхэн мэддэг тухай сонирхоход ерөнхийд нь махныхаа хэмжээгээр барагцаагаа гаргадаг гэв. Гэхдээ хэдийг зарсан гээд ажилчдаа нарийн хянаад байдаггүй гээд “Хамгийн гол нь харилцан итгэлцэл дээр ажил явагддаг” гэв. Ерөнхийд нь чиглүүлж өгнө, нарийн ширийн ажилд нь оролцдоггүй. Анхнаасаа хүнийг ажилд авч, гэрээ хийхдээ энэ бүхнийгээ сайн ярилцаад тохирчихдог. Тиймээс хатуу үг хэлэхэд гомдож туниад байдаггүй, урамшуулахад хэт хөөрдөггүй итгэлтэй хүмүүстэй ажилладгаараа бахархдаг аж. Хамгийн гол нь үйлчлүүлэгчдээ хуурахгүй, сайн материалаар хийх нь чухлыг тэрээр онцлов.

Биднийг байх үед байт харвааны оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мөн улсын шагайн харвааны тэмцээн болж байсан тул бүр ч их хөл хөдөлгөөнтэй байлаа. Үйлчлүүлэгчид ар араасаа цувсаар байв.

Ер нь ашиг орлогын хувьд өдөр өдөртөө янз бүр. “Олох үедээ олдог, гарах үедээ гардаг. Оллоо гээд хэмжээгээр нь цацаад байж болохгүй. Гарлаа гээд гуанзаа хааж болохгүй. Хамгийн гол нь олсон орлогоо зөв зарцуулах нь чухал” хэмээн тэрбээр ярив.

Б.Тамир “Улаанбаатар” лицейг төгсчээ. Дараа нь Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн оройн ангийг дүүргэсэн. Яваандаа нийтийн хоолны чиглэлээр Хятадад суралцах бодолтой гэнэ. Хятад бол хоолны орон, том ч зах зээлтэй, тиймээс тэндээс энэ чиглэлээр нэлээд зүйл сурч, туршлагааа улам баяжуулна гэж боддог. Цаашдаа гуанзаа өөр түвшинд аваачиж, гадныхны жишгээр ариун цэврийн шаардлага хангасан street fast food маягийн болгох төлөвлөгөөтэйгөө бидэнтэй хуваалцав.

“Үхрийн махтай хуушуур” гуанзны эргэн тойрон хотын төв шиг харах орчин хязгаарлагдмал биш. Гэвч дохиололтой хэдий ч гуанзанд нь хэд хэдэн удаа хулгай орсон тул аргагүйн эрхэнд цонхоо төмөр тороор торлуулж.

Хуушуур бол өдөр болгон идээд байх хоол биш. Ер нь хурц талдаа. Гэтэл өдөр бүр орж ирж иддэг байнгын үйлчлүүлэгч нэлээд бий. Тиймээс ходоод гэдэс нь өвдөх вий хэмээн гуанзны эзэн санаа нь зовдгоо ярилаа. Гуанз руу нь заасаар аав, ээжийгээ оруулж ирж байгаа бяцхан үйлчлүүлэгчдийнх нь дотор нь хямрах вий хэмээн бас санаа нь зовно.

Ер нь хоол хийнэ гэдэг хөгжим тоглохтой адил гэнэ. Сайхан аялгуу эгшиглүүлэхийн тулд нот бүрээ чадварлаг тоглох хэрэгтэй. Түүн шиг хоол хийнэ гэдэг орц, найрлагаа сайн тохируулж чадвал сайхан амт бий болно. Гэхдээ хамгийн гол нь сэтгэлээсээ хийх нь чухал гэдгийг Б.Тамир дахин дахин хэлж байлаа.

Ажил ихтэй Б.Тамирт ээж нь ар тал нь болж өгдөг гэнэ. Орой очиход халуун цай, хоол бэлэн. Гуанзны ажлын ачаалал ихсэхэд ээж нь л ирж тусална. Харин ах нь тусдаа бизнес эрхэлдэг болохоор тэр бүрий тусалж амждаггүй аж.

Ийнхүү биднийг ярьж суутал нэг мэдэхэд үд хэвийсэн байлаа. Өглөөнөөс хойш хичнээн хуушуур зарагдсан болохыг сонирхоход “Ойролцоогоор 300 зарагдсан байх аа” гэв. Биднийг очсон өдөр цаг агаар ч сайхан, үйлчлүүлэгчид ч нэлээд байлаа. Наадмын хуушуураа санасан хүмүүс эднийхийг зорьсоор.