Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Баттулга: Танил маань өндөр халуураад өөд болсон. Эмнэлгийн зүгээс сахарын өвчтэй нь холбоотой гээд байгаа


АНУ-д коронавирусийн халдвараар манай улсын нэг иргэн амиа алдсан гэх мэдээлэл байна. Талийгаач такси компанид ажилладаг байжээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-д амьдарч буй иргэн Ч.Баттулгаас тодруулга авлаа.


-Та АНУ-ын аль хотод амьдарч байгаа вэ. Нөхцөл байдал ямар байна вэ?-Чикаго хотод эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна. Эхний ээлжинд бүх газрыг хааж нэлээн сайн хөл хориог тогтоосон.

Одоо эргээд үйлчилгээний газрууд ажиллаад хэвийн амьдралдаа орж байна. Анх өвчтэй хүмүүс л амны хаалт зүү гээд хэлчихсэн байсан. Тэр халдварыг алдах нэг шалтгаан байсан байх гэж бодож байна. Одоо бол бүх хүн л амны хаалттай явдаг болсон.

-Ажил төрөл хэр байна. Хүндрэл бэрхшээл юу байна?

-Энд байгаа монголчуудын хувьд удаан хугацаанд хөл хориотой байгаад ирэхээр ажилгүй, мөнгө төгрөггүй болох хүндрэлүүд яалт ч үгүй үүсэж байна.

Дээрээс нь хүнс авах зэргээс шалтгаалаад дэлгүүр гарах, нийгмийн харилцаанд орох зайлшгүй шаардлага гарч байгаа. Энэ нь эргээд халдвар авах эрсдэлийг бий болгож байна. Нийгмийн халамжийн тухайд гэвэл харин саяхнаас улсаас cap бүр хүүхдэд 500 ам.доллар, том хүнд 1,200 ам.доллар олгож байгаа.

Олон хүүхэдтэй хүмүүст бол хэрэглээний зардлаа дарах, тодорхой хэмжээний дэмжлэг болж байна. Гэхдээ нийгмийн даатгалын дугаартай хүмүүс хамрагдах боломжтой. Нийгмийн даатгалын дугааргүй авч чадахгүй маш олон хүн бий.

-Таны танил коронавирусийн халдвараар амиа алдсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Миний таньдаг хүн коронавирусийн улмаас амиа алдсан. Уг нь сахарын өвчтэй байсан. Гэхдээ ойр дотныхон нь коронавирусээс болж өнгөрсөн гэж үзэж байгаа. Тухайн хүнийг сайн мэднэ л дээ. Бас энд байдаг монголчууд дотроо болон монгол эмч нарын дунд дахиад гурван монгол иргэн нас барсан гэсэн яриа байгаа.

-Талийгаач хэдэн настай хүн бэ. Өөд болоод хэр удаж байна вэ?

-40 гаруй насны л залуу. Дөрөвдүгээр сарын дундуур өндөр халуурсаар байгаад өөд болсон юм билээ.

-Америкт очоод удаж байсан юм болов уу?

-Өмнө нь ирж байсан, хэр удсан гэдгийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан сахарын шинжилгээ тогтмол өгдөг “миний сахар тэд болчихлоо” гээд ярьж байсан. Эмчтэй байсан эсэхийг мэдэхгүй.

-Үнэхээр энэ хүн коронавирусээс болсон уу, суурь өвчнөөс болж нас барсан уу гэсэн эцсийн шинжилгээний хариу гарсан уу?

-Найз нөхдийнх нь мэдэхээр тухайн хүн яг хүнд өвчтэй, өвдчихсөн хүн биш байхгүй юу. Ковид тусаад халуурсаар байгаад өөд болчихлоо гэж бодоод байгаа. Гэтэл нөгөө талаас сахарын өвчтэй байсан учраас тэр нь нөлөөлсөн гээд байгаа. Уг нь үхлийн хэмжээнд хүрэхүйц хүнд өвчтэй хүн биш.

-Талийгаачийн гэр бүлтэй холбоотой байгаа юу?

-Одоогоор холбоогүй байна.

-Гэр бүлийнхэн нь болон монгол дахь хамаатан садан нь холбогдох газруудад хандсан болов уу?

-Гэр бүлийнхэн нь АНУ дахь Элчин сайдын яаманд хандсан байх. Манайхан гэхдээ болсон бодит байдлыг нуугаад байх шиг байна.

“Ковид-19” халдвартай гэхээр хүмүүс цэрвэж, гадуурхдагаас болдог юм уу, ойр дотны хүмүүсээсээ санаа зовдог юм уу ямар ч байсан би халдвар авчихлаа, ингэлээ тэглээ гэж тэр болгон зохих газар нь хандахгүй байх шиг байна. Өндөр халуурах, хоолой өвдөх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэгтэй гэртээ хорионд байгаа хүмүүс байна.

-Тухайлбал таны ойр дотны хүмүүс дунд байна уу?

-Манай найзууд дунд хоёр ч гэр бүл халдвар авчихсан, гэрийн хорионд байгаа. Харин хүүхдүүд нь шинжилгээгээр гайгүй гарсан гэсэн. Бид хоол хүнс гэрийнх нь гадаа аваачиж тавихаар биднийг явсны дараа гарч ирж авдаг. Иймэрхүү маягаар л амьдарч байна.

Зөвхөн Америкт биш бусад орнуудад ч гэсэн хууль ёсны дагуу, хууль бусаар амьдарч байгаа бичиг баримтгүй гээд янз бүрийн л хүмүүс байгаа. Тиймээс халдвар авсан ч чимээгүй, нуугдмал байж амиа алдаж байгааг үгүйсгэхгүй.

-Америкт шинжилгээнд хамрагдах нөхцөл боломж хэр нээлттэй вэ?

-Төлбөр өндөр. Төлбөрөө төлбөл шинжилгээнд хамрагдахад нэг их асуудалгүй юм билээ. Би ойлгохдоо нэг, хоёр, гурав гэсэн өвчний хүндрэлийн зэргээр ангилаад байх шиг байгаа юм.

-Дөрөвдүгээр сарын дундуур монгол иргэн амиа алдсан байхад манай улс өдийг хүртэл яагаад чимээгүй байгаа юм бол. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Энэ тал дээр би ёстой хэлж мэдэхгүй байна. Магадгүй сахарын өвчтэй байсан гэдэг утгаар нь эмнэлгийн зүгээс коронавирусийн халдвараас болж амиа алдсан гэж үзэхгүй байж болох юм.

Categories
мэдээ цаг-үе

Н.Алтанхундага: Надаас гадна 30 гаруй оюутан ирэх замдаа халдвар авчихаад байхад цаашдаа анхаараач ээ л гэж хэлсэн

Коронавирусийн халдвар авч эмчилгээ хийлгэж буй иргэн А буюу уламжлалтын эмч Н.Алтанхундагатай холбогдож ярилцлаа.


-Таны биеийн байдал ямар байна вэ?

-Бид зургуулаа ирсэн. Хүү бид хоёроос халдвар илэрсэн. Ямар нэг шинж тэмдэг, зовиургүй л байна. Тэгэхээр хөнгөн хэлбэртэй л гэж ойлгоод байна. Харин хүүгийн маань уушгинд жаахан өөрчлөлт мэдэгдсэн учраас эмч нар эмчилгээ хийгээд эхэлсэн байгаа. Эмчилгээний тал дээр бол ярих юмгүй. Манай эмч нар сайн ажиллаж байна.

-Та цахим хуудсаараа дамжуулж Алтанбулагийн боомтоор орж ирснээс хойш халдвар авчихлаа гэж мэдээлсэн. Ийм боломжгүй гэдгийг ЭМЯ-наас мэдэгдсэн. Үнэхээр танд тэгж үзэх үндэслэл бий юү?

-Анх гуравдугаар сарын 28-нд Монголд орж ирсэн оюутнууд дунд миний Санктпетербург хотод надтай хамт ажилладаг байсан охин ирсэн. Тэр охин “Хундагаа эгчээ намайг ирэхэд их хүйтэн өдөр байсан. Их даарсан. Биднийг зургаа, долоон цаг гадаа хүлээлгэж зогсоосон. Сүүлдээ бид уурлаж байж автобусанд суусан. Тэгээд даарснаас болоод замдаа хоолой өвдчихсөн. Тэгсэн намайг шинж тэмдэгтэй, халдвартай байна гээд тусгаарласан” гээд ярьсан. Би ч ажил хийж байгаа хүмүүс алдаж онох зүйл байлгүй л яахав гэж хэлсэн. Дөрөвдүгээр сарын 11-нд дахиад хэсэг оюутнууд хилээр орсон. Ихэвчлэн Москва хотоос очсон хүүхдүүд байсан учраас эрсдэлтэй бүсээс ирсэн гээд Улаан-Үд автобус гаргаад нэгтгээд замдаа дэлгүүр ч оруулалгүйгээр Монголын хилээр гаргаж өгсөн юм билээ. Ингээд Монголын хилээр оронгуут дахиад 40 хүн орох вагонд 100 хүн чихсэн гэж байгаа байхгүй. Тэгээд л 30 оюутан ирсэн байхад нэг нэгээр илэрлээ гэсээр байгаад 10 гаруй оюутнаас халдвар илэрсэн. Нөгөө хүүхдүүдийг нийгэмд адлаад эхэлсэн. Тэр хүүхдүүд биднийг тэгж их чирэгдэлтэй авчирсан юм чинь халдвар авахаас аргагүй гэж ярьж байсан.

-Таны хувьд мөн л дээрх жишээтэй адил халдварыг замдаа авсан гээд байгаа. Хилээр нэвтэрснээс хойш яг ямар байдалтай тусгаарлах байрандаа ирсэн юм бэ?

-Бид нарын хувьд ирэхдээ хэн нь халдвартай, хэн нь халдваргүй гэдгээ мэдэх аргагүй. Ирэхдээ шинжилгээ өгсөн хүн байхад шинжилгээнд хамрагдаж чадаагүй маш олон хүн бий. Магадгүй далд үе дээрээ халдвартай байсан хүн байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Миний хувьд өөрийгөө маш сайн хамгаалсан гэж бодож байгаа. Би чинь 30 орчим жил уламжлалтын чиглэлээр ажилласан эмч хүн. Эмч хүн өөрийгөө халдвараас яаж хамгаалахаа эрх биш мэднэ биз дээ. 15 цаг хамт нэг вагонд сууж ирсэн хүмүүсээс 37 хүнээс нь халдвар зэрэг илэрч байна гэдэг ойлгомжтой шүү дээ. Жаахан логиктой харахад л ойлгочих зүйл. Нийтийн вагонд 36 мянган төгрөг төлөөд 15 цаг агааргүй орчинд олноор шахцалдаж ирсэн. Ийм олон цаг агааргүй орчинд явахаар халдвар авахгүй яах юм бэ. Уг нь дөрөвхөн купэтэй вагон гаргахад л нэг вагонд 40 хүн гэж бодоход 200 хүнд таван л вагон гаргахад болчих байсан. Гэтэл хоёр вагонд шахаж ирсэн. За бүр болиг ядаж агаар солилцуулж болох ш дээ.

-Яагаад цонхоо онгойлгочихож болоогүй юм бэ?

-Бид нар агааргүй бүгчимдээд цонх онгойлгохоор чанга яригчаар “Цонхоо хаа”, гээд л загнана. Манай хажуу талын залуу аргаа бараад нууцаар цонхоо онгойлгосон чинь чанга яригчаар “Улаан цамцтай залуу цонхоо хаа” гээд загнасан. Би бүр аргаа бараад муудалцаж үзлээ.Үнэндээ хүмүүс хүлцэнгүй юм. Дээрээс нь энэ халдвар яаж халддаг, ямар замаар халддаг, яаж сэргийлэх гээд ямар ч мэдлэггүй байна. 14 хоногийн хугацаатай. Тэр үедээ илрэхгүй байж байгаад дараа нь шинжилгээгээр илэрдэг. Энэ хүмүүс нууц хугацаандаа ямар ч шинж тэмдэггүй яваад Монголд ирээд шинжилгээр илэрч байна гээд яриад байгаа байхгүй юу.

Гэтэл нэгэн зэрэг 37 хүнээс халдвар илэрсэн байдаг. Энгийнээр тайлбарлахад халдвар авсан өдрөөс хойш вирус хамарт наалдлаа гэхэд эхний дөрөв хоног хамрын салст руу жаахан цаашлаад л байж байна. Тийм болохоор шинжилгээгээр хамрын бүр уг руу вирусийг нь арчаад авчихна гэсэн үг. Хамар залгиурын шинжилгээгээр вирусийг эхний дөрөв хоногт ямар ч эргэлзээгүйгээр илрүүлдэг. Тав дахь хоногоос эхлээд вирусийн тодорхойлогдох байдал бүдгэрсээр 14 хоногоос хамраас тодорхойлогдохгүй болчихдог. Хамраас вирус тодорхойлогдохгүй болно гэдэг чинь тэр хүн вирус аваад зөндөө удчихсан гэсэн үг. Эд нарын яриад байгаа шиг би магадгүй өмнө нь халдвар авчихсан байсан бол сая хамрын салстаас шинжилгээ авахад илэрч байгаа нь вагонд дахиад л халдвар авчихсан байна л гэсэн үг.

-Тухайн үед нь дахин шинжилгээ аваад нотолчих боломжтой байсан уу?

-Яаралтай шинжилгээ аваад хуучин халдвар уу, шинэ халдвар уу гэдгээ л нотолчих хэрэгтэй. Одоо бол надаас дахиад шинжилгээ авахад бараг хуучин халдвар гээд гараад ирэхээр хугацаа өнгөрчихлөө. Халдварын нууц үедээ явсан хүн нь магадгүй тэр сувилалд тусгаарлагдсан хүмүүс дунд байж болох юм. Үүнийг илрүүлэхийн тулд хамар залгиураас гадна вируслогийн шинжилгээгээ л давхар хийчих хэрэгтэй байсан. Алдаа гаргасан бол алдаагаа ойлгоод шуурхай арга хэмжээ авчихад л болох байсан.

-Та халдвартай болохоо мэдсэн даруйд энэ талаар эмч нарт ч юм уу, зохих шатны хүмүүст хандсан уу?

-Би анх энэ талаар тандалтын асуумж авч байсан эмчид хэлсэн. Би ингэж яваад ирсэн. Вагонд л халдвар авчих шиг боллоо гээд хэлсэн чинь цаашаа дамжуулсан бололтой хамт тусгаарласан хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарласан байсан. За ямар ч байсан анхааралдаа авч гэж бодсон. Тэгсэн чимээгүй. Надаас тандалтын маягаар асуусан ч үгүй. Уг нь бол энэ даруйд тухайн хүмүүсийг тусгаарласан юм бол хаагуур явсан, хэнтэй уулзаж байсан гэх зэргээр хавьтлыг хөөж тогтоож болно.

-Халдварт өвчтэй хүний нэрийг нийтэд зарлах эрх зүйн акц байдаг уу. Энэ байдлыг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Ямар ч тохиолдолд өвчтөний нэрийг зарлах ёсгүй. Би эрүүл мэндийн салбарт 30 орчим жил ажиллах хугацаандаа өвчтөний нэрийг зарлаж байсан тохиолдлыг лав сонсож байгаагүй. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүнийг л урьдчилан сэргийлэх үүднээс зайлшгүй тохиолдолд л зарладаг гэдгийг мэдэх юм байна. Ялангуяа дэлхий нийтийг хамарсан энэ халдварт өвчнөөр өвчилсөн хүнийг бараг ДОХ, тэмбүүтэй хүнээс дорд үзэж гадуурхаж байгаа энэ үед шүү дээ. Ёстой өөрөө эмч хүн тулдаа, миний ард надаас гадна 30 гаруй халдвар авсан гомдолтой хүнийг төлөөлж байгаа юм даа гээд л нүдээ аниад хүлээж авсан. Би Монголоос халдвар авсан гэж хэлээгүй. Гол нь олуулаа нэг вагонд чихэж ирснээс болоод 30 гаруй хүн халдвар авчихлаа. Тиймээс цаашдаа иргэдийг хилээс зөөж байгаа зохион байгуулалт дээрээ анхаараач ээ, сайжруулаач ээ гэсэн үүднээс би дуугарсан. Би эмч нарыг буруутгах гээгүй. Өвчлөхөөс өмнө нь хамгаалах чухал байна. Гэтэл ямар ч зохион байгуулалтгүй хэдэн мал ачиж авчирч байгаа юм шиг хандаж байна гэдэг чинь халдвар орж ирэхэд ийм хайхрамжгүй л байдалтай байгаагийн илрэл. Дахиад ОХУ-аас өчнөөн иргэнээ татаж авах гэж байна. Энэ бүгд дээрээ л УОК анхаарч ажиллаач ээ л гэж байгаа юм. Тэгсэн УОК-т хандаж анхааруулсан биш голоор нь ЭМЯ орж ирээд намайг буруутай мэт тайлбар хийгээд асуудлыг томруулчихлаа. Үнэндээ УОК-ыг удирдаж байгаа хүмүүс нь газар дээр нь очиж шалгадаггүй. Тэнд нэг хүн ахалж ажилладаг. Тэр нь ямар ч зохион байгуулалтгүй байгааг хэлсэн.

-Таныг Улаан-Үдэд халдвартай оюутнуудад эмчилгээ хийж байсан гэсэн?

-Эрүүл мэндийн яамнаас нэгдүгээрт намайг Алтанхундага иргэн гээд зарлаад байгаа. Би эмч хүн. Хэрвээ эмч гэж хэлсэн бол нийтээрээ үзэн ядаж байхад нэг хэсэг нь эмч хүн ингэж ярьж байгаа юм чинь нээрээ юу болсон бол гэж тунгаана. Улаан-Үдэд оюутнуудыг эмчилж байсан юм билээ гээд байгаа. Энэ бол худлаа гэдгийг надтай хамт Улаан-Үдэд тусгаарлагдаж байсан хүмүүс нотолно. Дөрөвдүгээр сарын 13-нд Улаан-Үдээс ирсэн гэсэн. Бид нар дөрөвдүгээр сарын 14-нд Улаан-Үдэд тусгаарлагдаж байсан байрнаасаа такси дуудаад хил онгойход ирсэн. Тухайн хугацаанд хоёр ч удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан гэж би өмнө нь хэлсэн.

Харин Санктпетербург хотод бол халдвартай монгол оюутнуудад эмчилгээ хийж байсан нь үнэн. Гэхдээ ганц ч удаа биеэр уулзаагүй. Онлайнаар холбоотой байж зөвлөмж, зөвлөгөө өгч байсан. Мөн таарч тохирч болох уламжлалтын эм тан өгсөн. Бид чинь яаж ажиллахаа мэднэ шүү дээ. Тэнд 20 гаруй оюутанд эмчилгээ хийж байгаа мэдээг ЭМЯ-нд мэдээлж байсан. Өөрсдөө мэдэж байгаа шүү дээ.

-Та одоо өрөө уламжлалтынхаа танг эмчилгээндээ хавсарч хэрэглэж байгаа юу?

-Та тангаа битгий хэрэглээрэй гэж хэлсэн. Тухайн үед оюутнууд Европын эмчилгээгээр эм зөндөө авч уусан хэрнээ олигтой үйлчлэхгүй байна гэж байхад нь би уламжлалтын тан зөвлөж өгч байсан. Тэгэхэд халдварын шинж тэмдэг маш хурдан хугацаанд арилж байсан. Эмнэл зүйн шинж зовиур нь арилсан гэсэн үг.

Б.Ууганбаяр: ОХУ-ААС ИРЖ БУЙ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ АЖЛЫГ МХЕГ-ЫН ДАРГА Н.ЦАГААНХҮҮ ӨӨРӨӨ ГАРДАН ХАРИУЦАЖ БАЙГАА

ОБЕГ-ын дэд дарга, шуухай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай холбогдож энэ талаар тодрууллаа.


-ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж буй иргэдээ авах ажил зохион байгуулалт муутайгаас 30 гаруй иргэн халдвар авчихлаа гэсэн асуудал үүсээд байна. Үнэхээр зохион байгуулалт дээр алдаа гарсан нь үнэн үү?

-Олон нийтийн сүлжээнд байгаа нуруугаа буруу харуулаад суучихсан зургууд аль эртнийх. Одоо дандаа том автобусаар иргэдээ авч байгаа. Ачаа тээштэйгээ холилдоод байсан зүйлгүй. Иргэд доор тээшний хэсэгт ачаагаа хийгээд ирж байна.

-Тэгвэл боомт дээр иргэдийг хүлээж авч буй хүмүүс хариуцлага алдаад байна уу?

-Яг газар дээр нь МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү ажиллаж байгаа. Тэгэхээр алдаа гаргах үндэслэлгүй. Үнэхээр сайн ажилласан уу, муу ажилласан уу гэдгийг нүдэнд харагдтал сайн ярина. ЦЕГ-аас шалгаад худлаа мэдээлэл гэж тогтоосон байсан. Энэ асуудалд Н.Цагаанхүү дарга үнэн зөв тайлбарыг өгөх байх.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээс энэ талаар тодруулах гэсэн боловч өрөөндөө эзгүй байсан бөгөөд дугаар нь холбогдох боломжгүй байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Л.Баттөр: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэх боловч нийт үйлчлүүлэгчдийн 50 орчим хувь нь энгийн иргэд байна

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор, хурандаа Лхагваагийн Баттөртэй ярилцлаа.


-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг бие даан шинээр үйл ажиллагаа явуулсан хугацаа яг хэзээнээс вэ. Уг нь 2017 оны эхээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг ч 2018 онд жигдэрсэн байдаг?

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн анхны суурь 1933 онд тавигдсан байдаг. Тэр түүхээс авч үзвэл энэ эмнэлэг 87 жилийн түүхтэй. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг 2012 онд Цэргийн төв эмнэлэгтэй нийлээд Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болсон. Гэхдээ 2016 оны наймдугаар сард Засгийн газрын тогтоолоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг дахин сэргээн байгуулъя гэсэн шийдвэр гарсан. Тэгээд бэлтгэл ажлаа хангаж явсаар 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд амбулаторийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Харин 2018 оны нэгдүгээр сараас хэвтүүлэн эмчлүүлэх үйл ажиллагаагаа эхэлсэн боловч олон шинэ тоног төхөөрөмжийн суурилуулалт, хүний нөөцийн бүрдэлт, эмч, мэргэжилтний сургалт хийгдсээр 2019 онд л эмнэлэг бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа.

-Анх эмнэлгийн байр ашиглалтад ороход тоног төхөөрөмжийн хувьд ч тэр нэлээд хүнд нөхцөл байдалтай тулгарч байв уу?

-2016 онд Цэргийн төв эмнэлгээс тусгаарлаад энэ байранд нүүж ирэхэд эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад тоног төхөөрөмжийн хувьд дутагталтай юм маш их байсан. Ингээд зарим тоног төхөөрөмжийг Хууль зүй, дотоод хэргийн яам, яамны харьяа агентлаг, байгууллагуудын дэмжлэгээр авч тухайн үед татан буугдаж байсан Тахарын албаны хэрэглэж байсан тавилга хэрэгслээс эмнэлгээ тохижуулж босгох зэргээр зохицуулалт хийж эхэлсэн дээ. Мөн 2018 онд Австрийн засгийн газрын долоон сая еврогийн төсөл хэрэгжсэнээрээ эмнэлгийн хэвтүүлэн эмчлүүлэх болон амбулаторийн тоног төхөөрөмж суурилуулагдсан. Ялангуяа хэвтүүлэн эмчлүүлэх хэсэгт ламинар урсгалтай орчин үеийн мэс заслын өрөөнүүд, эмнэлгийн хийн систем, дурангийн мэс заслын багажнууд, дүрс оношилгооны аппаратууд зэрэг бусад бүхий л шаардлагатай тоног төхөөрөмжөөр бараг бүрэн хангагдсан байгаа. Товчхондоо хэлэхэд манай эмнэлгийн оношилгоо шинжилгээний төрөл, тоо бусад улсын эмнэлэг, хувийн эмнэлгүүдээс илүү гэж харж байгаа.Манайд эх барихаас бусад бүх эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг гээд хэлэхэд буруудахгүй.

-Бусад улсын эмнэлэг болоод хувийн эмнэлэгт байхгүй, ховор ямар тоног төхөөрөмжүүд ашиглаж байна вэ?

-Нэн түрүүнд манай эмнэлэг Япон болон Монголын Нарлаг Улаанбаатар Ротари клубтэй хамтран 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Health Promotion center”буюу “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулсан. “Эрүүл мэндийг дэмжих төв” бол амбулаториос тусдаа бие даан нэг цонхны үйлчилгээ үзүүлж байгаагаараа давуу талтай юм. Нэг дор цус, шээсний шинжилгээ, рентген, эхо, зүрхний бичлэг гэх мэт шаардлагатай шинжилгээнүүдээ нэг дор бүгдийг өгчихнө гэсэн үг. Тэгээд эмчийн зөвлөгөө аваад гардаг. Энэ үйлчилгээ бол улсын эмнэлэгт анх удаагаа нэвтэрсэн гэдгээрээ онцлогтой. Мөн Монгол Улсад анхны “Нойрны төв”-ийг манай эмнэлэгт байгуулсан. Энэ төвийг Японы Эхимэ их сургуулийн эмнэлэгтэй хамтарч ажилладаг бөгөөд манай хэд хэдэн эмч, сувилагч гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж мэргэшээд ирсэн. Зөвхөн оношилгоо хийхээс гадна эмчилгээ хийгддэг.

-“Нойрны төв”-ийн эмчилгээний онцлог нь юу вэ?

-“Нойрны төв” гэхээр манайхан нойргүйдлийн төв гэж ойлгоод байдаг. Нойрны төв бол нойртой холбоо бүхий эмгэгүүдийг оношилдог, эмчилдэг төв. Тэр дотроо мэдээж нойргүйдэл орчихож байгаа юм. Энгийн үгээр тайлбарлавал хурхирдаг, унтаж байх явцдаа амьсгал тасалдах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг оношилж, эмчилгээ хийдэг. Зөвхөн оношлоод орхичихгүй. Энэ төрлийн эмгэгийг зориулалтын аппаратаар эмчилгээ хийдэг. Мөн эмнэлгийнхээ түүхэнд анх удаа 20 ортой хүүхдийн тасаг, диализын таван аппараттай үйл ажиллагаа нээж, анхны хэвлийн диализыг амжилттай хийгээд байна.Спорт заалтай эмнэлэг, 450 хүний судаалтай, лед дэлгэцтэй хурлын танхимтай, хэвтэн эмчлүүлэх тасгийн өрөөний ор хооронд хөшигтэй, эмчлүүлэгчид нэгэн жигд хувцастай, таних бугуйвчтай гээд сүүлийн үеийн эмнэлгийн чиг хандлага ямар байх ёстой тийм л нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байна. Эмнэлгийнхээ түүхэнд гэвэл харшлын шинжилгээ, гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ, зүрхний ЭХО, ачаалалтай зүрхний бичлэг, сонсголын бичлэг, ясны сийрэгжилтийн аппарат, мэдрэлийн судасны өнгөт аппаратууд, шүдний дэлгэмэл зургийг авдаг аппараттай болсон гээд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхэнд маш олон шинэчлэлүүд хийгдсэн байна. Шинэ технологиудаа энд дурдаад дуусахгүй юм байна.

-Эмчилгээний хувьд?

-Мөн хэвлийн хөндийн дурангийн мэс заслууд, үений дурангийн мэс засал, өвдөг түнхний үе солих мэс заслуудыг хийдэг. Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн өндөр технологиуд нь мэс заслын үйл ажиллагааг найдвартай явагдах боломжоор хангаж байдаг. Ходоод, бүдүүн гэдсний дурангаар төрөл бүрийн эмчилгээ, ажилбаруудыг хийдэг. Нийт 10 тасаг нэгжид орчин үеийн болон уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

-Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадамжийн тал дээр хэр анхаардаг вэ?

-Япон, Солонгос, Тайванийн эмнэлгүүдтэй маш ойрхон хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд жилд 100 орчим эмч, эмнэлгийн ажилтнуудыг гадаад руу сургалтад хамруулж, олон улсын хурал семинарт оролцуулж байгаа. Тухайлбал, 2017 онд БНСУ-ын хамтын ажиллагаатай эмнэлэг рүү анхны 17 эмч, мэргэжилтнүүдийг долоо хоногийн хугацаатай явуулсан. Тэд маань өөрсдийгөө “Анхны 17” гээд нэрлэчихсэн байх жишээтэй. Австрийн засгийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 30 орчим эмч Австри болон Герман зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлээд ирсэн байдаг. Эмч нараас гадна сувилагч, тусгай мэргэжилтэн нарыг сургалтад хамруулахыг зорьдог. Онцлох сургалтаас дурдвал манай тасгийн бүх ахлах сувилагч нар БНСУ-ын сувилахуйн чиглэлийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах аялал хийгээд ирсэн. Тайванийн эмнэлгүүдэд манай 10 орчим эмч, мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлээд ирсэн. Тайванийн гурван эмч тус бүр 1-1,5 сарын хугацаатай манай эмнэлэг дээр ажлын байрны сургалт хийсэн. Тэрний хүчинд өнөөдөр манай мэдрэлийн тасаг, бөөрний тасгийн үйл ажиллагаа сайжирч анхны хэвлийн диализыг хийсэн байгаа. Дээрээс нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх гол зүйл бол олон улсын мэргэжлийн нийгэмлэгт гишүүнээр элсэх байдаг. 2019 онд давсан орлогоосоо 20 эмч, мэргэжилтэнд тус бүр нэг сая төгрөгийн “Грант” олгосон байгаа. Уг нь энэхүү “Грант”-аар 2020 онд олон улсын хурал зөвлөгөөнд оролцох зардлаа төлөх ёстой байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор хойшлогдсон учраас олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн төлбөрөө төлөх, сэтгүүлүүдийг нь захиалж авах боломжийг олгосон. Ингэснээр олон улсын мэргэжил нэгт нөхөдтэйгөө адилхан мэдлэг, мэдээллээ аваад явах юм. Ийм эрдэмлэг, эрч хүчтэй хамт олон бол бидний бахархал юм.

-Энгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжууд хэр нээгдсэн бэ?

-Ихэнх хүмүүс манай эмнэлгийг зөвхөн Төрийн тусгай албан хаагчдын хаалттай эмнэлэг гэж ойлгодог. Нэгдүгээрт, мэдээж төрийн тусгай албан хаагчдад үйлчилнэ. Үндсэн үйлчилгээний хүрээнд төрийн тусгай албан хаагчийн эцэг, эх үйлчлүүлэх эрхтэй. Нэг албан хаагчийн цаана хоёр хүн үзүүлж болох нь. Дээр нь эхнэр эсвэл нөхөр нь. Дараа нь 0-16 насны хүүхдүүд. Тэгэхээр нэг албан хаагчийн цаана бараг 7-8 энгийн иргэн тус эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой байх нь. Мөн Чингэлтэй дүүргийн мэс заслыг энэ оны нэгдүгээр сараас авч эхэлсэн. 2019 онд эмнэлгийн хэмжээнд эхний нэгдүгээр улиралд 500 орчим мэс засал хийж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 700 гаруй мэс засал хийгдсэн байна. Энэ чинь үйлчлүүлэгчдийн хүрээ нэмэгдсэний тод илрэл гэж хэлж болно. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн I-VI хорооны 0-16 насны хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Ингээд харахад эмнэлгийн 50 орчим хувийг энгийн иргэд эзэлж байгаа биз.Зарим ачаалал багатай кабинетэд энгийн иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжийг бий болгосон. Тухайлбал, иргэн л бол дүүрэг, харьяа хамаарахгүй харшлын кабинетээр үйлчлүүлж байгаа. Гэвч эрүүл мэндийн даатгалаас авдаг санхүүжилт хязгаарлагдмал байдаг тул бид тэр төсөвтөө багтаан тусламж, үйлчилгээгээ үзүүлэх ёстой. Мөн Монгол Улсын өнцөг булан бүрт төрийн тусгай албан хаагчид байдаг. Хамгийн алслагдсан хил хязгаарт хилчид маань үүргээ гүйцэтгэж байдаг. Тэдэндээ эмнэлгийн үйлчилгээг хүргэх үүднээс хилийн хөдөлгөөнт бүлэг ажиллуулдаг. Яг энэ цаг мөчид манай нэг хөдөлгөөнт бүлэг баруун аймгуудаар явж хилчдэд эмнэлгийн үзлэг, оношилгоо хийж үйлчилгээ үзүүлээд явж байгаа.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Орхон голын хөвөөнд өссөн Орхон сумын 1995 оны төгсөлтийнхөн

“Нэг ангийнхан” буланд энэ удаа Сэлэнгэ аймгийн Орхон сумын арван жилийн 1995 оны төгсөлтийнхөн зочноор уригдан оролцлоо. Тус төгсөлтийнхөн “А”, “Б” бүлэг гэж хуваагдахаас илүүтэйгээр төгсөлтөөрөө нэгэн цул болж нэгдэж ирсэн амь нэгтэй ангийнхан гэдгээрээ онцлог юм. Н.Батбаяр, А.Энхболд, С.Мөнхчулуун гурав цэцэрлэгийн найзууд. 1985 онд найзууд сургуулийн босго алхахаар боллоо. Тэдний туйлын хүсэл нь нэг ангид орох.

Ингээд хүүхдүүдийг жагсаагаад нэг, хоёроор тоолуулж бүлэгт хуваахад гурван найз урдаа нэг нэг хүүхэд зогсоон тоолж багахан заль хэрэглэх аятай санасандаа хүрсэн байна. За тэгээд үүнээс хойш ангийн ч тэр, төгсөлтийнхний ч тэр дурсамж, паян энэ гурван найзаас салахгүй. Тухайн үед нэгдүгээр ангид 60 гаруй хүүхэд элсэн орж байсан ч нийгмийн шилжилтийн үе, амьдралын шаардлагаас хамаарч 10 дугаар ангиа 28 хүүхэд төгсчээ. Гэхдээ төгсөх ангийн хонхны баяр дээр 60 хүүхэд бүгд оролцож сургуулиа дүүргэж байсан нандин дурсамжтай аж. Цэцэрлэг, эцэг эхийн халамжаас сургуулийн ширээнд суусан бяцхан сурагч нарыг хөтлөн амьдралтай танилцуулж ирээдүйн гарааг нь тавьж өгсөн ачтан бол бага ангийн багш Доржжавын Уранжаргал юм.

Мөн О.Болдбаатар, Калара, Адъяасүрэн, Д.Бямбаа, Ё.Бямбасүрэн багш нар байна. Боловсролын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонт Д.Уранжаргал багш өдгөө Орхон аймагт багшилж байгаа аж. Ангийн хэсэг нөхөд багш руугаа утас цохив. “Байна уу. Сайн байна уу багшаа, би байна” гэх хариуд “Байна. За сайн уу. Сахилгагүй шар Батаа юу” хэмээн Д.Уранжаргал багш утсаа аван хэлж байна. Тэрээр “Та нар минь миний багш мэргэжлээр төгсөөд бие дааж авсан анхны анги учраас хэзээ ч мартдагддаггүй. Багш хүн олон мянган шавьтай болохоороо хооронд нь бишгүй л сольж холино. Гэхдээ та нарыг бол зүс царай, үйл хөдлөлөөр чинь андахгүй шүү дээ. Багш нь та нараараа бахархаж хайрлаж явдаг шүү. Нэг нэгэндээ их сайхан түшигтэй явдаг. Цаашдаа ч нэгэндээ дэм тустай, хань түшиг болж байгаарай” хэмээн багш сурагчдын холбоо өндөрлөв. Ангийнхан “Манай Уранжаргал багш биднийг сургуульд ч, амьдралд ч маш сайн чиглүүлж өгсөн” гэв. Үнэхээр ч уг төгсөлтийн С.Чулуунтуяа, Р.Энхтуяа, А.Энхболд, Б.Мэндбаяр, П.Баярмаа, С.Мөнхчулуун нар сурлагаараа сургуульдаа тэргүүлдэг тэргүүний сурагчид ихтэй анги байв. Харин спортоор ангиараа жигд манлайлагч байлаа. Учир нь дунд ангийн багшаар гар бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер, шигшээ багийн холбон тоглогч Ё.Бямбасүрэн ажиллаж байжээ. Тийм дээ ч спорт зааланд ихэнх чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Сургуулийн спорт, тэмцээн уралдаанд уг төгсөлтийнхөн ахлах ангийнхныгаа ч гаргаадаггүй чадварлаг байж. Урлагаар ч мөн тэргүүний сурагч их. Тухайлбал, Сангийн аж ахуйн дарга А.Энхболд хүү хоёр ч удаа сургуулийнхаа бүжгийн аварга болж байжээ.

Түүний ээж Б.Сармандах урлагийн хүн бөгөөд “Адуучин” бүжгийг өвөрмөц байдлаар дэглэж өгч байсантай холбоотой гэнэ. Харин Н.Батбаяр Өсвөрийн уртын дуу дуулаачдын улсын уралдаанд сум, цаашлаад аймгаас шалгарч оролцож “Найрамдал” зусланд 30 хоног амарч байсан удаатай. А.Энхболд өдгөө төрийн албан хаагч болж нэг хэсэг УТЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан бол Н.Батбаяр “ETV” телевизийн шилдэг зураглаачдын нэг болжээ. Мөн төгсөлтийнхнөөс Р.Энхтуяа БНСУ-д гэр бүлийн хамт амьдран суугаа бол А.Баянмөнх Улсын аварга малчин, Аймгийн аварга малчин Г.Мөнхтөмөр, Батбаатар, сумын аварга малчин С.Амарбаясгалан, нягтлан бодогч П.Баярмаа, хувиараа бизнес эрхлэгч Б.Хайдав зэрэг олон хүүхдийг энд онцлох байна. Уг төгсөлтийнхөн газар тариалан, мал аж ахуйн, бизнесийн салбарт ихэвчлэн ажиллаж буй. Өдгөө орон нутаг, улс эх орондоо өөр өөрсдийн ажил хөдөлмөр, мэдлэг оюунаараа хувь нэмрээ оруулж явна. Угаас Орхон сум олон жилийн өмнөөс газар тариалангийн үр шимээр Монголыг тэжээдэг байсан өгөөж баян нутаг билээ.

Манай зочдыг сурагч ахуйд Орхон сумын ард иргэд мал аж ахуй, газар тариалан түлхүү эрхэлдэг байсан болоод ч тэр үү намрын ургац хураалтад дайчлагдах, хонины ноос хяргаж тушаах, зурам агнаж арьс тушаах зэрэг ажилд гар бие оролцож явжээ. Ангийн охин П.Баярмаагийн өвөө Раш тухайн үед анх мах, ноосны чиглэлийн “Орхон хонь” үржүүлж Төрийн соёрхол хүртэж байсан түүхтэй юм байна. Ер нь сурагчдын амьдрал газар тариалан, Орхон голтой салшгүй холбоотой юм. Орхон голын хөвөөнд л өнжсөндөө бага нас минь гэж ангийн хүүхдүүд дуу нэгтэй дурсах аж. Нэг удаа Б.Хайдав дотуур өмдөө магтаж “Даалимбаар урласан дотуур өмд минь урагддаг ч үгүй, усанд урсдаг ч үгүй” хэмээн усан дээр тавьж нөхдөдөө маазарч зогсоод толгойгоо савандаад эргэхдээ савангаа дотуур өмдөн дээрээ тавьсан нь жин дааж усны ёроол руу алга болж.

Хамт байсан ангийнхан нь охид, хөвгүүдгүй шоолж хамаг хувцсыг нь аваад зугтчихжээ. Өдрийн гэгээнээр гол дагасан олон хүнээс ичээд мань хашир уснаас гарч чадахгүй тав, зургаан цаг голын усанд зогсож хөглөсөн түүхтэй. Устай холбоотой өөр нэг дурсамж гэвэл Н.Батбаяр 2015 онд Ламын гэгээний 375 жилийн ойгоор Баянхонгорт ажлаар явахдаа Түйн голд урссан хүүхдийг аварчээ. Энэ хүүхэд түүний уснаас аварсан тав дахь амь гэнэ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнагджээ. Ангийнхан нь түүнийг “Манай Батаа аргагүй л Орхон голын хөвөөнд өссөн хүүхэд мөн байгаа биз” хэмээн магтана.

А.Энхболд “Манай ангийнхан Орхон голын урсгал шиг дөлгөөн, тайван, сэтгэл сайхантай улс. Нутаг усныхаа аяыг нутгийн зон нь дуурайдаг гэж зүгээр ч нэг үг биш байх шүү” хэмээн ярив. Б.Хайдав “Манай төгсөлтийнхөн их хөдөлгөөнтэй. Юм юманд л авьяастай байсан. Бүх талаараа манлайлагч байсан. Тухайн үед шатсан уурын зууханд орж зодоон цохион хийнэ. Гарч ирээд шалбархай дээрээ шороо түрхчихээд л явна. Хэнд ч хэлэхгүй. Шороо нь ч эко байж. Одоо бол шороо түрхвэл халдвар орж бөөн юм болох байлгүй” хэмээн инээв. Харин П.Баярмаа “Манай ангийнхан манайд их цугларна. Захиа занаа их бичнэ. Би зуучлагч хийхийг яана. Хөвгүүд нэг захиагаа хуулж хэдэн янзаар бичээд л өгнө. Доторх үг нь адилхан. Осолдолгүй нэр нь өөр. Тэгээд хоорондоо хольж хутгалдаж бөөн бужигнаан үүсдэгсэн” хэмээн хөвгүүдээ цаашлуулж хөхөрнө.

Ийн хүүхэд ахуй насныхаа дурсамжийг хуваалцаж нэг нэгэн рүүгээ утас цохиж, хөгтэй явдлыг нь сануулж инээлдэнэ. Энэ мэтчилэн тэдний хөгтэй, хөгжилтэй сайхан дурсамжууд барамгүй. Өнөө жил тус төгсөлтийнхний 25 жилийн ой тохиож байгаа учир нэлээд ажил төлөвлөсөн бололтой.

Categories
мэдээ цаг-үе

Г.Батбаяр: Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдааныг хурдан дуусгаж, ял оногдуулах хүсэл сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс байна

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын хүмүүст холбогдох анхан шатны шүүх хурал Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр энэ сарын 20-нд болно. Дээрх хүмүүсийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэмээн буруутгаж буй юм. Үүнтэй холбоотойгоор Б.Хурц нарын өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.


-ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болох гэж байна. Өмгөөлөгчдийн зүгээс ямар байр суурьтай оролцохоор төлөвлөж байна вэ?

-Шүүгчдэгч нарын өмгөөлөгч нар энэ хэргийг хэрэгсэхгүй болоод бүгд цагаадаасай л гэх хүсэлтэй, байр суурьтай л оролцож байна. Тийм ч учраас Улсын Дээд шүүх хүртэл яг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг барьж тэнд заагдсан ямар хүсэлт, гомдол гаргадаг юм энэ бүх эрхийнхээ хүрээнд маргалдаж мэтгэлцэж явж ирсэн. Тэрнээс биш ямар нэг байдлаар шүүгч нь дураараа хугацаа хожоод байлгаад, шалтгаангүйгээр түдгэлзүүлээд, эсвэл шалтгаангүйгээр удаашруулсан зүйл бол байхгүй. Нийгэмд гараад эрүү шүүлт тулгасан, хүн зодсон гэх мэт буруу зөрүү ойлголтууд гараад байгаа. Харин энэ асуудал бол хэсэг улстөрчдийн хүсэл зорилгын хүрээнд, тэдний захиалгаар явж буй захиалгат нэвтрүүлэг, бичвэрүүдээс болж ард түмний дунд буруу ойлголт төрөөд байна л даа.Тэгэхээр энэ буруу ойлголтуудыг хүссэн хүсээгүй үнэн бодит зүйлд нийцүүлэхийн тулд шүүгдэгч нарын өмгөөлөгч бид хуулийн хүрээнд зохих байр сууриа илэрхийлж байна.

-Танай үйлчлүүлэгчид шүүх хуралд бүгд ирнэ биз дээ?

-Ирнэ.Шүүх хэн нэгний хүсэл зорилгоор явагдаад байгаа юм бол байхгүй. Хуулийн дагуу л бүх юм явагдаж байна. Харин хурлыг бол хурдтай хийх, ямар нэг байдлаар ял оногдуулах хүсэл зорилго зарим хүмүүст байна.

-Тухайлбал ямар хүмүүс?

-Би тэр, энэ гэж нэрлээд яахав. Нэгэнт л олон нийтэд ил тод байгаагаас хойш. С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсэг УИХ-д байгуулагдсан. Тэр ажлын хэсэг энэ шүүх хурлыг хурдан шийдээд, хэлмэгдсэн гэж үзээд байгаа хүмүүсээ гаргах хүсэл сонирхолтой байгаа. Шүүгдэгч нар хэлмэгдээгүй л гэж үзэж байгаа.

-Өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг удаа дараа тавьж байгаа. Хүсэлтийг хүлээн авахгүй байгаагийн цаана ямар шалтгаан байна гэж харж байна вэ?

-Төрийн нууцтай холбоотой янз бүрийн юм хурал дээр яригдана гээд байгаа боловч хэргийн маргааны гол зүйл болсон 26 минутын бичлэгийг олон нийтэд ил гаргаад тавьчихсан. Тэгээд нууц гээд байдаг. Тэгэхээр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зарим хэсгийг хаалттай хуралдуулаад, олон нийтэд ил болчихсон үйл явдлын талаарх баримтын мэтгэлцээнийг нээлттэй явуулчих л гээд байгаа. Тэгвэл бидний худал гэж үзээд байгаа, ард түмний эргэлзэж, тээнэгэлзээд байгаа зүйлүүд тодорхой болно шүү дээ.Нууц гээд байгаа зүйлийнхээ ихэнх хэсгийг олон нийтэд дэлгээд хаячихсан. Хүн болгон тэр дэлгэчихсэн баримтуудаас өөртөө ашигтай, өөрийнхөө хүсэл зорилгод нийцсэн байдлаар тайлбарлаад болохгүй байна. Тиймээс шүүх хуралдааныг нээлттэй болгоод өгөөч гэсэн хүсэлтийг өмгөөлөгч Б.Мэргэнээс авахуулаад өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандсан. Хэвлэлийн бага хурал хийсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бид хүргүүлсэн. Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т зааснаар шүүх хуралдааныг нээлттэй явуулах уу, үгүй юү гэдгийг Шүүх өөрөө шийддэг. Үүний дагуу шүүх хуралдааныг нээлттэй явуулаад өгөөч ээ гэсэн хүсэлтийг бидний зүгээс байнга тавьсан. Зарим УИХ-ын гишүүд хүртэл шүүх хуралдааныг нээлттэй явуулаад өгөхийг хүсч, оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч тухайн гишүүдэд нэгэнт хаалттай хурал учраас энэ боломжгүй гэсэн хариу өгч хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосон.

-Гол баримт нь олон нийтэд ил болчихсон юм бол одоо яг юуг нууц гэж үзээд байна вэ?

-Шүүх хуралдааны ажиллагаа болон гүйцэтгэх ажиллагааны шугамаар авагдсан мэдээ сэлт, эдгээр баримтуудыг нууцын зэрэглэлтэй гэж үзээд байгаа. Мэдээж хэрэг төрийн нууцтай холбоотой зүйлүүд бол байгаа. Тэдгээр хэсгийг нь хаалттай хуралдаад бусад зүйлсийг нээлттэй явуулчих нь зүйтэй. Тэгэх юм бол төрийн нууц гэсэн хүнд дарамтаас шүүгдэгчид гарах гээд байна л даа. Нууцтай холбоотой, энэ нууц шүү гэсэн зүйлийн цаана заавал хууль бус ажиллагаа явагдана гэж бид үзээд байгаа юм. Зарим улстөрчид ч гэсэн яриад байгаа “нууц” гэдэг юмны цаана жинхэнэ хууль бус ажиллагаа явагддаг. Та нар “нууц” гэдгээр С.Зориг агсны хэргийг буруу, зөрүү шүүсэн гээд хэлээд байгаа ш дээ. Энэ зүйл дахиад давтагдах вий дээ л гээд байгаа юм.

-Шүүх хуралдааныг нээлттэй явуулаад, хүсэлт гаргасан УИХ-ын нэр бүхий гишүүдийг оролцуулбал нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж үзэж байна уу?

-Арай өөр нөхцөл байдал үүснэ. Тэгэхгүй бол 2019 оны наймдугаар сард явагдсан шүүх хуралдаан шиг учир битүүлэг, үл ойлголцол ихтэй, ард түмний дунд маргаан мэтгэлцээн ихтэй болох талтай. Наймдугаар сарын хурлаас хойш шүүхийн шийдвэр гараагүй байхад шүүгдэгчдэд “яргачид” гэдэг нэр зүүлгэчихээд байгаа ш дээ.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1-т Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохыг хориглоно гэсэн заалт байдаг. Энэ заалт зөрчигдөөд байгаа юм. “Нууц” гэдэг нэрийн дор бусдын нэр хүнд гутаан доромжлогдоод байна. Тиймээс үүнийг болиулаад өгөөч. Шүүхийн шийтгэх тогтоол гарснаар л хүнийг гэм буруутай гэж үзнэ. Гэтэл шийтгэх тогтоол нь гараагүй, шүүх хурлын хянан шийдвэрлэх ажиллагаа дөнгөж явагдаж байхад л шүүгдэгчдийг “яргачид” гэж нэр зүүгээд аль хэдийнэ ял оноочихоод байна. Энэ буруу. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буруу тогтолцоогоор явагдаад байгаагийн илрэл юм. Наад зах нь ял авчихсан хүнийг ялтан чи, ийм тийм гэж доромжлохыг хориглодог ш дээ.

-Нэгэнт гурван шатны шүүхээр шийдэгдчихсэн хэргийг дахиад Б.Хурц нартай холбогдох хүмүүст авчирч наагаад буцаагаад задалчихлаа. Энэ нь өөрөө Монголын Шүүх ийм ялзарлын хэмжээнд хүрчихсний илрэл гэж шүүмжлэх хүмүүс ч байна?

-Ер нь бол шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан тэр журмаар явж байгаа. Тэрнээс биш цаг хугацааны хувьд удаашраад зүйл байхгүй. Энэ байдлаар Шүүхийг ялзралд хүрсэн мэт буруу ойлголт өгөөд байгаа хэсэг хүмүүс бий. Тийм юм бол байхгүй. Яг л ном журмын дагуу явж байна. Цаг хугацаа нь болоод л шийдвэрлэж байна, зарим тохиолдолд хурал хойшилж байна. Хурал хойшлуулах болгонд л шүүх ялзарчихсан мэт харж болохгүй. Хэргийн оролцогч нарын тэгш эрхийг хангахын тулд заримдаа хурал хойшлох зүйл байна, хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдлууд гарна, тэрийг хянах цаг хугацаа орно. Өнөөдөр хүсэлт гаргангуут орой нь шийдчихдэг зүйл гэж байхгүй ш дээ. Хууль өөрөө цаг хугацаа, дэс дараалалтай. Б.Хурц нарт холбогдох хэрэг анхан шатны шүүх дээр байсан, дунд шатны шүүхэд очсон, дээд шүүхэд очсон. Одоо эргээд анхан шатны шүүх дээр ирлээ. Үүнд хууль зөрчигдсөн зүйл үгүй. Харин шүүх ялзарчихсан байна, цаг хугацаа хожиж байна гэж буруу тайлбарлаад байгаа хүмүүс шүүхэд нөлөөлөөд байна. Шүүхэд нөлөөлөхгүй байх нөлөөллийн мэдүүлэг дээр хохирогч ч тэр, шүүгдэгчид ч тэр бүгд шүүхэд нөлөөлөхгүй гэх гарын үсэг зурдаг.Үндсэн хуульд зааснаар шүүгч хэнээс ч хараат бус байж зөвхөн хууль дээдлэх зарчмаар шүүн таслах ажиллагааг явуулна гээд заагаад өгчихсөн байдаг.

-Шүүхээс шүүгдэгчдийг буруутай гэж үзэн ял шийтгэл оноож энэ хэрэг эцэслэвэл С.Зориг агсны хэрэг хаагдах гээд байна гэдэг зүйлийг та дурдаж байсан. Энэ тухайд?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.12-т Эрүү шүүлт тулгах замаар нотлох баримт цуглуулсан байвал тухайн хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхгүй байх. Нотлох баримтаас хасах нөхцөл байдал үүсдэг. Тийм учраас 2015 онд илрүүлээд 2017 онд эцсийн шүүх таслах ажиллагаа явагдсан гээд байгаа хэрэг бүхэлдээ хүчингүй болох нөхцөл байдал үүсэх гээд байгаа юм. Тэгэх юм бол нөгөө захиалагч гэх мэт ойлголт байхгүй болоод. Дараа ямар нэг байдлаар хэн нэгэн энэ хэргийг үйлдсэн байна гээд гаргаад ирэх юм бол хүн хэлмэгдүүлж байна гэдэг ойлголт бий болно. Хууль сахиулагчдад, шүүхэд итгэх ард түмний итгэл үнэмшил хөсөр хаягдана. Тийм учраас бүхэл бүтэн хэргийн ял завшуулахгүй байх, гэм буруутай этгээдүүдэд шударга ёсны шийтгэл оноох хэм хэмжээ бүгд алдагдах учраас энэ эрүүдэн шүүсэн гээд байгаа хэргийг олон нийтэд ил тод нээлттэй явуулаач ээ, хэн нэгний нөлөөнд авталгүйгээр явуулаад өгөөч ээ гээд байгаа юм.

-Танай үйлчлүүлэгч нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүх ажлыг захиалаагүй, оролцоогүй гэдэг үндэслэл, нотолгоо хангалттай байгаа юу?

-Үндэслэл хангалттай байгаа. Яг тэр хэсгүүдийг нээлттэй явуулчих. Үнэхээр буруугүй гэсэн үндэслэл байгааг ард түмэн хараг, мэдэг. Өнөөдөр хамаг муу муухайгаар цоллууд байгаа энэ хүмүүс чинь ямар ч холбоогүй, захиалагч биш юм байна. Энэ хэрэг бол ялтан хоорондын асуудал гэдгийг ойлгох болно.Хоригдлууд бие биенийхээ эсрэг зодолдож нэгийгээ бэртээсэн байх юм бол Эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээрээ зүйлчлэгдэнэ. Бас сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн аль заалтыг зөрчсөн юм түүгээрээ л шийдэгдэх асуудал. Тэрнээс биш хүн зод гэхээр очиж зодчихоод түүндээ ямарч хариуцлага хүлээдэггүй. Тэгсэн хэрнээ тагнуулынхан тушаал өгсөн гэдэг зүйл байх уу. Дараа нь яах юм хүн алчихаад тагнуулынхан ал гэсэн гээд бас сууж байх уу. Ийм зүйл гэж байхгүй биз дээ. Энэ чинь өөрөө хэлмэгдүүлэлтийг дахин бий болгож болзошгүй. Өөрсдөө шүүх ажиллагаанд оролцоогүй, хэрэгт цуглуулсан баримт нотолгоонуудыг мэдэхгүй байж гаднаас нь энийг хурдан шийдээд өг, шүүх удаад байна гэдэг зүйл яриад байж болохгүй л дээ.

-Тэгэхээр манайд олны анхаарлыг татсан томоохон хэрэгт шалгагдаж байгаа хүн дээр дахиад өөр хэрэг нэмээд шалгаад явах үзэгдэл ажиглагдах болсон. Танай үйлчлүүлэгчидийг ч гэсэн өөр хэрэгт холбогдуулан татсан гэх мэдээлэл байна. Үнэн үү?

-Тэгдэг. Нийлмэл гэмт хэргийг гаргаад ирдэг байхгүй юу. За одоо энэ хүмүүс ингэсэн юм байна. Өө энд бас мөнгө идсэн юм байна. Энд нэг эмэгтэйг зодож байсан юм байна гээд баахан юм самраад гаргаад ирдэг. Манай үйлчлүүлэгчдийн тухайд тийм зүйл одоохондоо байхгүй байна. Магадгүй явцын дунд бас шүүхийн тогтоол гарсны дараа ч юм уу янз бүрийн байдлаар үйлчлүүлэгчдийг маань мөрдөн шалгах гэсэн, өөр зүйлд холбогдуулах гэсэн зүйл гаргаад ирэхийг мэдэхгүй ш дээ.

-Б.Хурцыг цагдан хоригдож байгаад амиа алдсан Д.Энхбатын үхэлд буруутгаад байсан. Тэр юу болсон бэ?

-Хүмүүс тэгж яриад л байдаг. Тэр хэрэг ямар ч холбогдолгүй. Буруутгаад, шалгаад, хянан цагдсан юм болоогүй.

-Та болон танай багийн өмгөөлөгчид үйлчлүүлэгчидтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Үйлчлүүлэгчдийн хувьд сэтгэл санаа ямаршуухан байгаа вэ?

-Бид уулзаж ярилцаж байгаа. Гэм буруугүй байхад нийгэмд эрүүдэн шүүсэн яргачин гээд ойлгуулчихаар ямар л сайн байхав.Манай ард түмний дунд нэг муу тал бий. Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад нэг өндөр албан тушаалтай хүн гарч ирээд ямар ч баримт нотолгоогүй юм яриад “Энэ муусайн буруутай. Ял өгчих” хариуцлагатайгаар мэдэгдэж байна гээд хэлчихвэл итгэчихдэг. Үнэн гээд ойлгочихдог. Энэ байдал үйлчлүүлэгчдээс гадна шүүгч нарыг бас хүнд байдалд оруулдаг. Манай үйлчлүүлэгчид бүгд л сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалтай жил гаруй явж байна. Тэр хүмүүсийн чинь цаана гэр бүлийнхэн нь бий. Давхар давхар дарамтад оруулж байгаа байхгүй. Үүнээс гадна өмгөөлөгч бидэн рүү ч гэсэн маш их дайралт, сэтгэл зүйн асар их дарамт ирж байна. Ямартаа ч өмгөөлөгч хүнд би сэтгэл зүйн хувьд дарамттай, асуудалтай байна үйлчлүүлэгчээ орхих эрх байхгүй шүү дээ.Ийм л байна.

-Энэ удаагийн хурлаар хэрэг эцэслэн шийдэгдэх болов уу?

-Ер нь эцэслэн шийдэгдэх байх гэж найдаж байна. Үйлчлүүлэгчид маань гэм буруугүй нь тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Бямбасүрэн: Хоёр ширхэг ECMO аппарат захиалсан. Хараахан ирээгүй байна

-ОДООГООР МАНАЙД НЭГ Ч ШИРХЭГ ECMO АППАРАТ АЛГА-

Манай улсад ECMO аппарат нэг ч байхгүй. Энэ аппарат бол амьсгал дутагдлын үед уушги орлох, зүрхний дутагдлын үед зүрх орлох чухал үүрэгтэй төхөөрөмж юм. Гэтэл дэлхий нийтийг айдаст автуулаад буй энэ цар тахлын үед хамгийн хэрэгтэй зүйл бол уг ECMO аппарат гээд байгаа. Манай Засгийн газраас бараг хоёр сарын өмнө энэхүү аппарат авах хөрөнгө мөнгийг нь шийдэж гаднаас захиалж авах үүргийг Эрүүл мэндийн яаманд өгөөд буй. Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээс тодруулсан юм.


-Цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас эрүүл мэндийн салбарт зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авч өгч байна. Ингэснээр тоног төхөөрөмжийн хувьд нэлээд чадавхижлаа гэж хэлж болох уу?

-Дэлхий нийтэд шинэ коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас нэлээдгүй арга хэмжээг авч байна. Үүнд Засгийн газрын нөөцөөс хөрөнгө мөнгийг нь шийдэж бидэнд хамгийн нэн тэргүүнд шаардлагатай байгаа амьсгалын аппаратуудыг авч байна. Яагаад гэвэл энэ өвчин ялангуяа уушгийг сонгомолоор гэмтээдэг учир уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэлтэй байгаа тул амьсгалын аппаратаар тухайн хүний амьсгалыг дэмжих шаардлагатай. Тэгэхээр энэ тал дээр Монгол Улсын Засгийн газраас эхний ээлжийн арга хэмжээнүүдийг аваад явж байна. Өнөөдөр Монгол Улсад 400 гаруй амьсгалын аппарат хэрэглэгдэж байна. Сая 72 аппаратыг шинээр авсан. Дахиад 400 гаруй аппарат авахаар төлөвлөсөн.

-ECМО буюу уушги орлуулах аппаратыг захиалаад авчихсан уу?

-ECМО аппаратыг бас хоёр ширхэгийг авахаар гэрээ хэлцэл нь хийгдээд нийлүүлэгдэхэд бэлэн болж байна.

-ECМО аппаратыг нэлээд дээр авахаар ярьж байсан. Тэрийгээ авчихаад дахиад авахаар ярьж байна уу. Одоо л авах гэж байна уу?

-Дэлхий дахинд амьсгалын аппарат болон ECМО аппаратын хомсдолд орчихсон байна. Хэрэгцээ, шаардлага нь өссөн учраас. Тэгэхээр тодорхой цаг хугацаа орж байна. Гэхдээ ямар ч байсан Монгол Улс амьсгалын аппарат нэмж авч байна. ECМО аппаратаар хангагдана гэсэн үг.

-ECМО аппарат яг одоогоор байхгүй юм байна. Тийм үү?

-Яг одоогоор байхгүй. Ирээгүй байна. Захиална, үйлдвэрлэнэ гээд порцедуртай байна.

Халдвар тархаад таван сарын нүүр үзэж байна. Гэтэл манай улс халдварын эмчилгээнд хамгийн чухал нөлөө үзүүлэх ECMO аппарат нэгийг ч оруулж ирж амжаагүй сууж байдаг.

Ямартаа ч албаны эх сурвалжаас авсан мэдээллээр бол уг аппарат ирэх долоо, наймдугаар сараас нааш ирэхгүй бололтой.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ууганбаяр: Иргэд өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлыг бодох хэмжээнд төлөвшсөн нь бүрэн итгэл төрүүллээ

Энэ сарын 6-8-ны өдрүүдэд ““Ковид-19” халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” томоохон дадлага сургуулилтыг зохион байгуулсан билээ. Уг сургуулилтын талаар ОБЕГ-ын дэд дарга, Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай ярилцлаа.


-Гурван өдрийн турш үргэлжилсэн цар тахлын үеийн гэх тодотголтой дадлага сургуулилтын гол зорилго, бодлого юу байв?

-Засгийн газрын хурал дээр Монгол Улсын Ерөнхий сайд коронавирустэй тэмцэх, бэлэн байдлаа сайжруулах үүргийг өгсөн. энэ үүргийн дагуу бид 14 хоногийн хугацаанд бэлтгэлээ хангаад дадлага сургуулилтыг зохион байгууллаа. шадар сайдын тушаал гараад дадлага сургуулилтын бодлогыг баталсан. гол бодлого бол Коронавирустэй тэмцэх, харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ гэсэн хүрээнд хийгдсэн. харилцан ажиллагаа гэдэг бол байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хэлж байгаа юм. Хариу арга хэмжээ гэдэг нь халдварын тохиолдол бий болчихсон үед шуурхай хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бусад байгууллагуудын үйлчилгээ гэсэн утга санааг агуулсан.

-Түүхэндээ анх удаа ийм том хэмжээний дадлага сургуулилтыг зохион байгууллаа. Шинэ, анхных гэдэг утгаараа төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хэр байв. Ямар нэг зөрчил, үл ойлголцол гарч байв уу?

-Эрүүл мэндийн сайд дадлага сургуулилтын удирдагчаар томилогдлоо. Түүхэндээ анх удаа бид халдварт өвчнөөр үндэсний хэмжээний том сургуулилт, сургалтыг зохион байгууллаа. Эрүүл мэндийн сайд анх удаа энэ том дадлага сургуулилтыг удирдаж ажиллалаа. Бусад байгууллагын хувьд сайдын удирдлага дор ажилласан. Сургууль өмнөө тавьсан зорилтоо бүрэн биелүүллээ. Сургуулийн бодлогод тусгагдсан арга хэмжээнүүдийг бүгдийг үе шаттайгаар хэрэгжүүллээ. Нэгдүгээрт, танхимын сургууль, хоёрдугаар практик сургууль гэсэн хоёр үндсэн үе шаттайгаар явагдсан. Танхимын сургуулиар бид дэлхий нийтийг айдаст автуулж, түгшээж байгаа энэ аюулт коронавирусийн халдвартай тэмцэх чиглэлийн ширээний дасгал сургууль буюу штабын дадлагыг зохиомол цагийн байдал дээр, хүндэрсэн нөхцөлд яаж авах вэ гэсэн зохиомжоор хийж үзсэн. Үүнд бүх бодлогын бичиг баримт, төлөвлөлтийн бичиг баримтуудыг төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлуудаа олон байгууллагууд чиглэл чиглэлээр ярилцлаа. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гадна аймаг, нийслэлийн Шуурхай штабууд цахимаар холбогдож ширээний хурлаа хийлээ. ДЭМБ болон бусад эрдэмтэн судлаачдын гаргасны дагуу аюул занал алгуурхан эхлээд оргилдоо хүртэл явагдах тэр мөч хүртэл төрийн байгууллагууд, бусад байгууллагууд бүх чадлаа дайчлан оргилдоо хүртэл нь ажиллалаа. Оргилдоо хүрсний дараа хяналтдаа аваад график, судалгааны дагуу буурдаг юм байна. Энэ хугацаанд амьдралаас ургасан, шийдэгдээгүй, цаасан дээр буугаагүй, төлөвлөлтөд тусгагдаагүй олон асуудлууд тулгарсан. Энэ болгоныг бид тэмдэглэж авсан. Бид хэдийгээр өнөөдөр орчин үеийн шинэ технологи нэвтэрчихсэн гэж бодож байгаа боловч яг энэ үед холбоо зохион байгуулалт гэдэг том хүндрэл болж болзошгүйг бид сая харлаа. Удирдагч хүний баруун гар бол холбоо байдаг. Холбоо зохион байгуулалттай байж холбоогоороо мэдээллээ цуглуулж, дүгнэлт шинжилгээ хийж хариу арга хэмжээ авах шийдвэр гаргадаг. Гэтэл энд хүндрэл учирч байгааг бид харлаа. Хоёрдугаар асуудал удирдлага зохион байгуулалт, бүтцийн тал дээр эргэж харах хэрэгтэй байна. Зарим зүйл дээр давхардсан бүтэц байгаад байна. Давхардсан үйл ажиллагаа явуулаад байна. Энэ бүгдийг нэгдсэн байдалтай явуулах шаардлагатай байна. Бид сайн тэмдэглэж авлаа.

-Сая 400 гаруй ор дэлгэж бэлтгэл хийж үзлээ. Үнэхээр халдвар тархаж, нөхцөл байдал хүндэрсэн үед эрүүл мэндийн салбарт үүнээс ч илүү нөөц хэрэгтэй болохыг тооцоолсон байх. Энэ талаар…?

-Гурав дахь өдөр Эрүүл мэндийн яам штабынхныгаа УОК-ын Шуурхай штаб дээр нэгдүүлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж чадсан. Ингэснээр хурлын үр дүн маш шуурхай гарлаа. Маш шуурхай ойлголцлоо. Ингэснээр олон нийтийг хамарсан цар тахал гарчихсан үед Эрүүл мэндийн байгууллага, эмч ажиллагсад, байрны асуудалд хүндрэл гарах юм байна. Байр сав бэлтгээд нөөцөө харуулсан ч ийм том хэмжээний аюул тохиосон үед хүрэлцэхгүй тохиолдол гарах юм байна. Энэ бүгдийг бид олж харлаа. Гэх мэтчилэн олон зүйлийг энэ сургуулийн хүрээнд олж харлаа, ярилцлаа, ойлголцлоо. Халдварын тохиолдол гарчихсан үед хэн хэндээ мэдээлэл дамжуулах юм. Стандарт ажиллагааны журмыг ч хөндөж ярьсан. Тохиолдол илэрлээ. Лабораторийн шинжилгээ хийхэд халдвартай гарлаа. Эхний ээлжинд ямар алхам хийх юм бэ гэдгээ хүртэл ярьж байгаа юм. Ингэж байж бид дараа дараагийн аюул ирэхэд сандрахгүй бухимдахгүй, хэн нэгэндээ асуудал үүсгэхгүй, зөрчилдөөн гаргахгүйгээр ажиллах нөхцөлийг бий болгож чадсан нь энэ сургуулийн том амжилт юм.

-Хамгийн чухал зүйл Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлсэн хөл хорио. Энэ үеэр иргэд хэр идэвхтэй байв. Зөрчил хэр гаргав?

-Бодит дадлага сургууль буюу практик сургууль. Чингэлтэй дүүргийн хүрээнд бодит дадлага сургуулийг хийж хөл хорио тогтоож үзлээ. Тантай ярилцаж байгаа энэ ярианыхаа далимд Чингэлтэй дүүргийн 150 мянган ард иргэддээ баярлалаа, та бүхэн сургуулийн үйл ажиллагааг маш сайн дэмжиж оролцлоо. Ард иргэддээ бүрэн итгэлтэй боллоо гэж хэлье.Чингэлтэй дүүргийн ард иргэд маш сайн идэвхтэй оролцлоо. Бодож байснаас илүү идэвхтэй байлаа. Ямар ч зөрчилтэй асуудал гаргаагүй. Яахав хөл хориотой бүс рүү орох гэсэн бусад дүүргийн иргэдийн зүгээс ганц нэг асуудал гарсан. Энэ талаар мэдээгүй гэдэг ч юм уу. Тухай бүрт нь манай алба хаагчид зохицуулалт хийж ажилласан. Бид дрон нисгээд ард иргэдээ дээрээс харж байсан. Гэр хорооллын иргэд гэрээсээ гарахгүй, гудамж талбайдаа гарахгүй, элдэв шалтаг шалтгаан хэлэхгүйгээр дуусгалаа.

-Тэгэхээр иргэд маань халдварын үед хэрхэн өөрийгөө болон өрөөлийг хамгаалах талаар ойлголт сайн байна гэж хэлж болох уу?

-Бид аюул занал тохиолдох юм бол ийм л арга хэмжээ авна. Энэ тохиолдолд яаж ажиллах ёстой, ямар хүндрэл гарч болохоор байна гэдгийг мэдэж авахыг хүссэн. Энэ олон гудамж, үйлчилгээний төвийг яаж хянах уу гээд туршиж үзлээ. Чингэлтэй дүүрэг гээд яриад байгаа боловч цаана Улаанбаатар хотыг цаашлаад Монгол Улсын хэмжээнд төсөөлж хэрэгжүүлж буй. Өнөөдөр ард иргэддээ итгэх итгэл бүрэн дүүрэн боллоо. Яах бол ийх бол, ямар хүндрэл гарах бол гэж үнэндээ шаналж байсан. Гэтэл манай ард иргэд одоо шал өөр ойлголттой, их эерэг хандлагатай болсон байна. Төр засгийнхаа хэлсэн үгийг ойлгодог болж. Өөрийнхөө болоод өрх гэрийнхээ аюулгүй байдлыг хангаж чаддаг болж. Миний аюулгүй байдал бусдын аюулгүй байдалтай хамааралтай гэдгийг ухамсарладаг болсон байна.

Бас нэг зүйлийг онцломоор байна. Хэвлэл мэдээллийн байгууллага энэ үйл явдалд маш том хүч болон ажиллалаа. Болж байгаа үйл явдлыг ард иргэдэд ойлгуулахаар олон талаас нь мэдээ, сурвалжлага бэлтгэж, бодитоор хүргэж чадсан учраас ард иргэдэд бас ингэж сайн хүрлээ гэж бодож байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууддаа баярлаж талархсанаа илэрхийлмээр байна.

-Дадлага сургуулийн үеэр нийт хэчнээн ор дэлгэсэн бэ?

-Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолбор дээр 300 ор дэлгэсэн. Энэ бол хөнгөн өвчтөнүүдээ хүлээж авах зориулалттай. Дараа нь Эх хүүхдийн 800 ортой эмнэлэгт 100 ор дэлгэж үзлээ. Энд хүндэрсэн, эмнэлгийн нарийн тусламж үйлчилгээ авахаар болчихсон, амьсгалын аппарат шаардлагатай өвчтөнүүдийг хүлээж авах орныхоо бэлтгэлийг хангаж үзлээ. Бид яг энэ тохиолдолд энэ байдлаар л ашиглана. Зургадугаар сар гараад энэ эмнэлэг ашиглалтад орно. 800 ортой болно. Тэгэхээр бидэнд дахиад орны нөөц гарч ирж байна гэсэн үг. ОБЕГ-ын харьяанд байдаг хээрийн эмнэлгээ анх удаа дэлгэлээ. Евро стандартын шаардлагад нийцсэн уг эмнэлгийг ажиллуулаад өвчтөн хүндэрсэн хүмүүсийг хүлээж авах боломжоо тодорхойллоо. Энэ мэтчилэн бид олон талаар бодит байдлаа тодорхойлж бэлтгэж үзлээ.

-Гэхдээ цар тахлын хэмжээнд хүрээгүй байхад ингэж ажил удаж хөрөнгө мөнгө үрлээ гэх шүүмжлэл ч бий?

-Саар зүйл бага байсан. Бид их хөрөнгө зарцуулаагүй. ОБЕГ-ын даргын тушаалаар 20 гаруйхан сая төгрөгөөр дадлага сургуулиа хийчихлээ. Нийслэлийн Онцгой комиссоос тодорхой хэмжээний зардал гаргасан. Гэхдээ гаргасан зардал нь жишээлбэл 300 орны бэлтгэлийг хангахад зориулсан зардал. Тэр ширээ, сандлыг дараа нь шаардлагатай үед хэрэглэчихнэ. ОБЕГ тэр дэлгэсэн орыг худалдаж авсан. Хээрийн эмнэлгийг дэлгэсэн. Бид үргүй зардал гаргаагүй. Нөөцөө бүрдүүлж байгаа юм. Нэг төгрөгийг ч үнэгүй зарцуулаагүй. Энд хардах зүйл байхгүй. Эдийн засаг ямар хүнд байгаа билээ. Би энэ бүгдийг бодолцож их л хянамгай ажиллаж байна.

-Хээрийн эмнэлэгт зориулж контейнер буюу чингэлэг худалдан авсан байсан. Манай нөхцөлд гэрээр орлуулсан бол бага зардал гарах байсан гэж байна. Евро стандартын эмнэлгийн онцлог юу вэ?

-Польшийн засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр иж бүрэн хоёр хээрийн эмнэлэг авч байгаа. Евро стандартын эмнэлэг нь дотор нь байгаа мэс заслын нарийн багаж хэрэгсэл, рентген аппарат энэ бүхэн чинь яг евро стандартад нийцсэн. Ямар битүүмжлэлтэй, ямар агаарт байх ёстой, ямар дулаанд байх ёстой гээд бүх зүйлийг тэр контейнер дотор нь хангаад тоноглочихсон байгаа. Контейнер дотор том генератор байгаа. Үүгээр эмнэлгийг тогоор хангана. Хээрийн эмнэлэгт гар нүүрээ угаана, усанд орно, ариун цэврийн өрөөтэй гээд бүгдийг евро стандартад нийцүүлээд манайд нийлүүлсэн. Бүгдийг гадны хамааралгүйгээр цогцоор шийдэж өгсөн гэдгээрээ онцлогтой. Харин гэрийг бид цаашдаа тусгаарлах байрны зориулалтаар ашиглах төлөвлөгөөтэй байна.

-Хээрийн эмнэлгийг дараа нь хаана ч зөөвөрлөн ашиглаж болно биз дээ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана ч ямар ч том аюул тохиолдсон хээрийн эмнэлгээ аваачиж дэлгээд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой боллоо.

-Хамгийн сүүлд Турк, БНЭУ, БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэсэн мэдээлэл өгсөн. Эхний ээлжинд аль улс руу нислэг үйлдэхээр зэхэж байгаа вэ?

-Бид гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулна. Гэхдээ Монгол Улсын Шадар сайдын тушаалаар гүйцэтгэнэ. Бид энэ дагуу тушаал гарсан тохиолдолд албан ёсоор олон нийтэд зарлана. Хараахан энэ чиглэлийн төлөвлөгөө батлагдаагүй байна. Дүн шинжилгээ хийж байна, нөөц бололцоогоо тодорхойлж байгаа.

-Сонгуулийн үеэр тусгаарлах байранд хүмүүс байлгахгүй гээд байгаа. Одоогоор яригдаж байгаа гурван нислэгээр ирэх хүмүүс энэ хугацаанд багтаж чадах болов уу?

-Бид тэгж тооцож, амжуулах гээд л яриад байна. Олон талаас нь сайн хэлэлцэж байж шийдвэрлэх болно.

Categories
мэдээ цаг-үе

​ Т.Адъяатөмөр: Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 30 хувь биш хоёр, гурав дахин нэмэгдүүлэх нь бодит дэмжлэг болно


Сүүлийн үед цар тахалтай холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх болон хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамруулах талаар яригдах болсон. Үүний нэг тод жишээ бол саяхан Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалтад орсон эрүүл мэндийн ажилтан, эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Мөн сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нар 30 хувийн нэмэгдэл өгөхөөр болсон. Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцны зээлд хамруулах. Ингэхдээ “Түрээслээдөмчлөх” гэсэн хувилбар хамгийн тохиромжтой гэж үзэж буй. Хөтөлбөрт хамрагдах эмч, эмнэлгийн ажилтан, тусгай үүрэг гүйцэтгэж буй, орон сууц шаардлагатай 6400 гаруй төрийн албан хаагч байна гэсэн тооцоо гарсан. Ямартаа ч энэ ажлыг судалж байгаа. Эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн ажилтны талаар Монголын Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл Холбооны тэргүүн, хүний их эмч Т.Адъяатөмөртэй ярилцлаа.


-Эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах хөтөлбөрийн талаар яригдаж байна. Үүнийг таны зүгээс хэрхэн дэмжиж байна вэ?

-Энэ тухай хэвлэл мэдээллээс харсан, уншсан. Коронавирусийн халдварын цар тахлын энэ үед хүний эрүүл мэнд, эрүүл мэндийн салбар ямар чухал болохыг нийгэм даяараа мэдэрч байгаа нь сайн хэрэг. Монголын эрүүл мэндийн салбар, Монгол эмч нарын талаарх иргэдийн өмнөх үнэлэмж, бодол өөрчлөгдөж эерэг хандлагатай болж байгаад баяртай байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарынхны цалин хөлс, нийгмийн халамжийг сайжруулах оролдлогууд хийгдэж байгаа нь сайшаалтай. Мэдээж дэмжилгүй яахав. Хэрэв эмнэлгийн ажилчид орон сууцны зээлийн хөнгөлөлтөд хамрагдаад нэг талаараа ч гэсэн нийгмийн халамж нь сайжирч байвал сайн байна. Ингэснээр эмч нар ядаж л наад зах нь орон сууцанд санаа зовохгүй ажлаа хийнэ. Энэ асуудал бол манай салбарын томоохон асуудлуудын нэг байсаар ирсэн шүү дээ. Гэхдээ нэг сөрөг талтай байж мэдэх вий гэж хардаж байна.

-Ямар утгаар нь?

-Энэ асуудлыг сонгуультай холбоотой, оноо авах гэсэн ажил болж хувирах вий гэсэн хардлага бас төрж байна. Муухайгаар яривал сонгуулийн шоу битгий байгаасай л гэж хүсч байна.

-Цар тахалтай холбоотойгоор урамшууллууд олгож байгаа. Зарим эмнэлгийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн. Бодит байдал дээр эмч нарын цалинг нэмэгдүүлэх чухал байна уу, нэг удаагийн ахиухан урамшуулал олгох нь чухал байна уу?

-Мэдээж нэг удаагийн урамшуулал өгөөд, нэг удаагийн цалингийн хувь олгоод өнгөрөх нь эрүүл мэндийн салбарынхны нийгмийн халамжийг шийдчихлээ гэж ойлгож болохгүй. Цалинг 30 хувиар нэмлээ гээд байгаа. Ингэж нэмсэн нь мэдээж сайн хэрэг.Гэхдээ манай салбарынхны цалин угаасаа бага. Дунджаар 500 мянгаас 1 сая төгрөг орчим л байгаа. Тэрний 30 хувь гэхээр хэдийгээр чамгүй их хувь юм шиг сонсогдож байгаа хэрнээ үнэн хэрэгтээ бага юмны их хувь бага тул багахан л хэмжээний нэмэгдэл болно. Тэгэхээр энэ бол бодитой нэмэлт болж чадахгүй гэж бодож байна. Гол нь цалинг эзэмшсэн мэргэжил, хийж буй ажлын нөхцөл үр дүнтэй нь уялдуулж тодорхой зорилтот хэмжээнд хүргэх нь чухал.

-Тэгэхээр яг яаж нэмэгдүүлэх нь эмч эмнэлгийн ажилтнуудад бодит дэмжлэг болж чадна гэж бодож байна?

-Өмнө нь бас нэг хэсэг цалингаа нэмүүлэх гээд л жагсаал цуглаан болж байсан. Энэ үед гал унтраах маягтайгаар тодорхой хувиар нэмлээ гээд өнгөрч байсан. Монгол эмч, эмнэлгийн мэргэжилтний үнэлэмж, гадны эмч нарын үнэлэмжтэй харьцуулахад асар ялгаатай байна. Эрүүл мэндийн салбар нь сайн хөгжсөн орнуудад эмч нарын цалин хамгийн их, үнэлэмж нь тухайн улсынхаа бусад салбартай харьцуулахад хамгийн дээгүүрт ордог. Үнэлэмж дээгүүр, үнэлгээ нь өндөр байна гэсэн үг. Харин Монголын эмч нарын үнэлэмж хамгийн доогуур шахуу эрэмбэлэгдэнэ. Энэ эрэмбийг бидний цалин бараг хамгийн бага нь гэхэд хилсдэхгүй байх. Тэгэхээр эмч нарын үнэлэмжийг бусад оронтой зэрэгцэхүйц болгож чаддаггүй юм аа гэхэд Монголынхоо хэмжээнд эмнэлгийн мэргэжилтний үнэлэмжийг бусад салбарын мэргэжилтнүүдтэй харьцуулахад харьцангуй дээгүүр түвшинд буюу 30 хувь биш, багадаа одоогийн байгаагаас хоёр, гурав дахин нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

-Одоогоор орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах шаардлагатай эрүүл мэндийн салбарын хэчнээн ажилтан байгаа бол. Энэ талаар танайх ямар нэг судалгаа хийж үзсэн үү?

-Манай байгууллагын хувьд эрүүл мэндийн салбарын хөгжил шинэчлэлийг мэргэжилтнүүдийн нийгмийн хамгаалал, цалин гэхээс илүүтэй бодлогын талаас нь анхааран судалдаг байгууллага тул энэ талаар нарийн тоо баримт хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын дийлэнх хувь нь орон сууцны зээлтэй болон орон сууцгүй байдаг гэсэн судалгаа сонсож байсан.

Манай улсын эрүүл мэндийн салбарын хамт олон үнэхээрийн сайн ажиллаж байгаа нь энэ цар тахлын үед харагдаж байна . Тэр өндөр хөгжилтэй орнууд болох Америк, Англи, Солонгост нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл манай улсын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал маш сайн байгаад зогсохгүй иргэддээ хүртээмжтэйгээс гадна бараг үнэгүй шахуу хүрч байгаад иргэд маань талархах хэрэгтэй. Тиймээс бид энэ салбарынхныгаа хөдөлмөрийг бодитоор үнэлэж, анхаарч ажиллах нь туйлын чухал зайлшгүй хэрэгцээтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ-ын Элчин сайдын яамны Ерөнхий консул Кил Кан Мүг: Солонгост байгаа монгол иргэдийн тоог багасгах үндэслэл, шалтгаан байхгүй

Монголд Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны Ерөнхий консул Кил Кан Мүгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-БНСУ-д анх халдвар гарч тархаж байх үеийн нөхцөл байдал одоогийн нөхцөл байдал хэр ялгаатай болсон бэ?

-Солонгост хоёрдугаар сарын 18-наас эхлэн “Covid-19” халдвартай холбоотой нөхцөл байдлын хувьд маш их өөрчлөлтүүд гарсан. Учир нь хоёрдугаар сарын 17-нд 31 дэх халдварын тохиолдол илэрсэн. 31 тохиолдол маань нэр бүхий шашны байгууллагаас гарсан, шашны байгууллагын гишүүн коронавирусээр өвчилсөн нь илэрсэн.

Тэр хүнээс эхлээд нэг, хоёр, гурав дахь хавьтал гээд маш олон хүнийг хамарч Солонгосын ард иргэдийн 80 хувийг эзлэхүйц хэмжээнд хүрсэн.Тэгэхээр 31 дэх тохиолдол бол эмэгтэй. Энэ эмэгтэй машины осолд орж гэмтэл авч эмнэлэгт анх хандсан байдаг. Улмаар халдвар илэрсэн учраас эмнэлэгт байнга хэвтэн эмчлүүлэх ёстой байсан. Гэтэл эмэгтэй эмнэлгээс гарч шашны цуглаан, хоёр ч хурим, нас барсан хүний буяны үйл ажиллагаанд оролцсон байдаг. Энэ хүний хувьд анх халдвар илэрсэн өдрөөс өнөөдрийг хүртэл бараг хоёр сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Би яагаад энэ эмэгтэйг онцолж хэлээд байна вэ гэхээр нийгэмд түүнийг ямар нэг байдлаар буруутгах, ад үзэх гэж бус нэг хүний хариуцлагагүй үйлдлээс болж нийгэмд хэрхэн асуудал томорч болохыг л хэлээд байгаа юм. Харин өнөөдрийн хувьд амьдрал хэвийн явагдаж байна. Зөвхөн Хятадын Ухань хотоос иргэдийг хил нэвтрүүлэхгүй байгаа.

-Тухайн үед БНСУ-ын Засгийн газраас халдварын тархалтыг хумих талаар ямар шийдвэрүүдийг гаргаж байв?

-31 дэх тохиолдол илэрсний маргаашнаас л өдөрт 800-900 халдвартай хүн шинээр бүртгэгдэх болсон. Өдөрт халдвартай 800-900 хүн гэдэг тоо бол улсын аюулгүй байдлын түвшинд хүрсэн үзүүлэлт. Нийгэмд нэлээд үймээн самуун үүссэн байсан үе. Тэгсэн ч манай улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого бол бүх зүйлийг хааж, хөл хорио тогтоосон зүйл байхгүй. Харин халдвар илэрсэн шашны байгууллагыг хааж, халдварын нэг, хоёр дахь хавьтлыг тогтоож карантилах арга хэмжээ авсан. Ард иргэдийн тайван байдлыг бүрдүүлэхийн тулд хувийн ариун цэвэр, байгууллагын ариун цэврийг хэрхэн сахих талаар заавар, зөвлөмжүүдийг сайн өгсөн байгаа.

-Гэхдээ хөл хорио тогтоогоогүй нь халдварын тархалтыг алдах шалтгаан байгаагүй гэж үү. Эргээд харахад тухайн үедээ гаргасан шийдвэр нь үнэхээр оновчтой байсан гэж үзэж байгаа юу?

-“Covid-19” халдвартай холбоотойгоор хоёр асуудал тулгарч байгаа юм. Карантилах, эсвэл эдийн засгаа бодох. Аливаа улс орон өөрсдийн нөхцөл байдалд таарсан арга хэмжээ авах байх. Солонгосын хувьд энэ хоёрыг тэнцвэртэй авч явах чухал байсан. Хүмүүсийн орж гарах хөдөлгөөнийг хязгаарлах нь ажил төрөлдөө явах, амьжиргаагаа залгуулах хүний эрх зөрчигдөх талтай. Нөгөө талаар карантин тогтоосноор иргэдийн худалдан авалт багасч эдийн засгийн сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс тухайн үед зөвхөн халдварын эх үүсвэртэй газрыг буюу Кёнсан аймгийн Тэгү хотыг хаасан нь Солонгосын хувьд зөв шийдвэр болсон.

“СОЛОНГОСТ 90 ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН”

-Судалгаанаас харахад Солонгосын нийт иргэдийн шинжилгээнд хамрагдсан тоо нэлээд өндөр үзүүлэлттэй байсан?

-Солонгосын Засгийн газраас авсан арга хэмжээ бол нэг тохиолдол илэрхэд түүний орсон гарсан явсан газрыг ССТV-ийн хяналтын камераар илрүүлээд анхны болоод хоёр гурав дахь зэрэг хавьтагчууд хэн байсныг шууд олоод коронавирусийн шинжилгээ авсан. Шинжилгээг түргэн шуурхай авч халдварыг эрт илрүүлэх нь хамгийн гол ажил байсан. Анх өдөрт 800-гаас дээш тохиолдол бүртгэгдэж байх үед ард иргэдийн 200 хүн тутмын нэг нь шинжилгээнд хамрагдсан гэж үзэж байсан бол өнөөдрийн хувьд 90 хүн тутмын нэг нь шинжилгээнд хамрагдсан статистик судалгаа байна. Солонгосын хувьд эрт илрүүлэх шинжилгээг сайн хийж байсан нь халдварыг тархаахгүй бас нэг шалтгаан байсан болов уу. Гадаад иргэдэд ч гэсэн шинжилгээнд хамрагдах боломжийг нээж өгсөн. Коронагийн шинжилгээ 160 мянган вонын төлбөртэй. Энэ төлбөрийг гадаад иргэдээс авахгүй байхаар зохицуулсан байгаа. Тухайн үед халдвартай хүнийхээ тоогоор Хятад улс тэргүүлж Солонгос 7000 гаруй халдварын тохиолдол илэрчихсэн хоёрт бичигдэж байсан. Нийгмийн, олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байсан бол өнөөдрийн байдлаар зургаан хүн, өчигдөр найман хүн халдварын шинэ тохиолдлоор бүртгэгдэж тоо эрс багасч байна.

-Хэдий халдварын тархалт нэмэгдсээр байсан ч Солонгосын зүгээс хилээ хаах шийдвэр гаргаагүй. Үүнтэй холбоотойгоор орох гарах иргэдийн урсгал их байсан байх. Тэгвэл гаднаас орж ирэх болон дотоод иргэдийн асуудлыг хэрхэн зохицуулж ажилласан бол?

-Солонгосын хувьд өнгөрсөн хугацаанд коронавирусийн улмаас агаарын хилээ хаагаагүй. Олон улсын нислэгүүд хэвийн явагдаж байсан. Гадаад иргэдэд виз олгохоо зогсоо, хязгаарлалт хий гэсэн зүйл бол байхгүй. Гэхдээ хоёр том асуудал үүссэн. Гадаадад ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн солонгос иргэдийн тал хувиас нь халдвар илэрсэн. Нөгөө нь Солонгост орж ирж буй гадаадад иргэдийг өөрсдийгөө гэртээ 14 хоног карантилах ёстой гэдэг зөвлөмжийг өгчихөөд байхад шаардлагыг биелүүлэхгүйгээр гадуур гарч халдварыг тараах асуудал гарч ирсэн. Анх иргэдийг гэрт нь тусгаарлах буюу карантилахдаа улсаас төлбөрийг нь төлөх байсан болов ч иргэд удирдамжийг дагахгүй гадуур дэлгүүр хэсэх ч юм уу гадаад иргэдийн хувьд гадуур аялах, зугаалах зэрэг зөрчил гаргах болсон учраас тусгаарлах төлбөрийг өөрсдөөс нь гаргуулах буюу 14 хоног гэртээ тусгаарлагдах удирдамжийг өгөөд байна. Монголын хувьд тогтоосон 21 хоног тусгаарлагдаад гэртээ дахин 14 хоног гээд явж байгаа шүү дээ. Солонгосын хувьд бол карантиныг 14 хоног заасан байгаа.

-Тэгвэл визний хязгаарлалтыг хийх болсон шалтгаан нь юу байв. Өмнө виз мэдүүлсэн иргэн дахин мэдүүлнэ гэсэн журам гарсан байсан?

-14 хоногийн тусгаарлалтыг иргэд биелүүлэхгүй байх явдал их гарсан учраас өмнө нь виз авсан байгаа иргэдийн визийг түр хугацаагаар хязгаарласан. Энэ ямар учиртай юм бэ гэхээр та өмнө нь виз авсан ч гэсэн Солонгос явах хүсэлтэй бол дахиад виз мэдүүлэх хэрэгтэй. Дахиж виз мэдүүлсэн тохиолдолд хариуг 14 хоногийн дотор гаргахаар удирдамж ирсэн. Тухайн иргэн дахиж виз мэдүүлэхдээ гурван төрлийн бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай болсон. Нэгт Солонгост очоод 14 хоног карантинд байхыг зөвшөөрөх зөвшөөрлийн бичиг, коронагийн шинж тэмдэг байхгүй гэсэн эмчийн магадлагаа, гуравт манайхаас бэлдсэн асуумжийг өөрийн гараар бөглөх юм. Харин 14 хоногийн дотор хариуг бид гаргахдаа тухайн хүнийг ажиглана аа гэсэн үг. Хэрэв халдвартай бол 14 хоногийн шинж тэмдэг илрэх хангалттай хугацаа гэж үзэж байгаа юм. Гол нь коронагийн шинж тэмдэггүй хүнийг хилээр нэвтрүүлье гэсэн зарчмыг баримталж байна.

-Солонгосын хувьд халдварыг бараг хяналтдаа авчихлаа гэж харж байна. Үүнд Засгийн газрын шийдвэрээс гадна эрүүл мэндийн салбарын чадавх нөлөөлсөн үү?

-Таны энэ асуултад би маш болгоомжтой хариулахыг хүсч байна. Манай улсад “эрүүл мэндэд бардам зан гаргаж болдоггүй” буюу монголоор бол ам гарч болдоггүй гэдэгтэй адилхан утгатай үг бий. Тиймээс одоогоор халдварыг хяналтандаа бүрэн авчихлаа гэж хэлэхгүй ч халдварыг тархаахгүй барьж чадлаа. Өмнө нь би халдварыг эрт илрүүлэх шинжилгээний талаар дурдсан. Энэ бол гол нөлөөлсөн зүйлийн нэг. Тэгвэл эрт үед нь иргэдийг шинжилгээнд хамруулахдаа ямар нэгэн шаардлага, болзол тавиагүй. Зарим оронд 37 хэмээс дээш халуураад дөрөв хонож байхад шинжилгээнд хамруулах жишээтэй. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээнд хамруулах боломжгүй гэж мэдээлж байсан. Энэ тохиолдолд яагаад заавал дөрөв хоног хүлээх гэж. Энэ хооронд аль хэдийнэ халдвар цааш хэдэн арван хүнд тархана шүү дээ.

Тиймээс Солонгосын зүгээс шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдэд болзол тавиагүй. Энэ хүн сэжигтэй байж магадгүй, нэг, хоёрдугаар хавьтал байж магадгүй гэсэн хүмүүсийг зөв тодорхойлж шууд шинжилгээ аваад явсан. Анхан үед нь шинжилгээ өгнө гэдэг маш бага галыг ус цацаад унтраахтай адил арга барилаар л ажилласан хэрэг л дээ. Хамгийн эхний асуудал бол энэ өвчнийг халдаахгүй байх. Эмчлэх шатанд хүргэхгүйгээр яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг чухал байсан. Иргэдэд эмнэлэгт очихгүйгээр шинжилгээ өгөх боломжийг олгохын тулд тусгай анхан шатны эмнэлгийн байгууллагыг бүрдүүлсэн. Халдвар авсан хүн шууд эмнэлэг дээр очих нь тухайн эмнэлэг тэр чигтээ халдвар тархчихлаа гэсэн үг. Тиймээс халдвар авсан иргэдийг их хүнтэй эмнэлэгт очуулахгүйгээр анхан шатны шинжилгээнүүдийг өгөх байруудыг хотуудад бэлдсэн. Халдвартай хүн шинжилгээ өгөхөөр ирэхэд аль хэдийнэ ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалтыг хийчихсэн байх жишээтэй. Хоёрт иргэд машинаасаа буух шаардлагагүйгээр шинжилгээгээ машин дотроосоо өгдөг болгосон. Жолооч 20 минут хүлээгээд хариу эерэг гарвал машиныг нь халдваржуулах зэрэг дараагийн арга хэмжээг авах бол сөрөг гарсан тохиолдолд явуулах зэрэг тухайн иргэнд чирэгдэл учруулахгүйгээр зохион байгуулалтыг шийдсэн. Мөн явган хүн шууд ороод шинжилгээ өгөөд хүлээж байгаад хариугаа аваад гарах боломжтой жижиг байрыг бэлдсэн. Тэрнээс эмнэлгээр хэдэн цаг дугаарлаад шинжилгээ өгөх нь халдвар авах, тархаах эрсдэлтэйгээс гадна иргэдийн хувьд хүндрэлтэй. Ийм тохиолдолд иргэд идэвхтэй шинжилгээ өгөх тоо ч буурна. Аль болох иргэдэд хүндрэлгүй байхыг л бодож хийсэн нь хүмүүст маш амар санагдсан байх. Энэ нь шинжилгээнд хамрагдсан иргэдийн тоо өндөр гарахад нөлөөлсөн. Гурав дахь түргэвчилсэн оношлуур буюу тест. Зарим орнуудын хувьд энэ тестийн хариу зөв оношлох магадлал 35 хувь гэдэг бол Солонгосын хувьд 90-95 хувийн оновчтой оношилгоо хийдэг гэж үзээд байгаа. Энэ тестийг манай улс аль хэдийнэ үйлдвэрлээд хэрэглээд эхэлчихсэн. Тест үйлдвэрлэж олон улсын стандартыг авч хэрэглэж чадсанаараа маш олон хүнийг шинжилгээнд хамруулж чадсан. Энэ гурван арга барил бол эрүүл мэндийн хувьд авсан чухал арга хэмжээ.

“МОНГОЛ ИРГЭДИЙН ТООГ ЦӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ, ШАЛТГААН БАЙХГҮЙ”

-Солонгосын талаас цар тахлын энэ үед гадаад иргэдийн тоог цөөлөх, визийг цуцлах бодлого барина гээд байгаа. Энэ үнэн үү?

-Энэ асуултыг тавьсанд таньд баярлалаа. Иргэдийн дунд нэлээд төөрөгдөлтэй, хүлээлттэй байгаа мэдээллүүд. Солонгост байгаа гадаад иргэдийг цөөлөх талаар мэдээлэл юуны өмнө ор үндэсгүй худал гэдгийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа монгол иргэдийн тоог багасгах үндэслэл шалтгаан байхгүй. Солонгост байгаа монгол иргэдийн тоо 50 мянга хүрэхгүй. Гадаадын 2.7 сая хүн Солонгост бий. Тэгэхээр 50 мянга гэдэг тоо бага шүү дээ. Хэрвээ ийм шийдвэр гаргахад хүрвэл монгол иргэдийг биш, харин хүн амтай улсаас эхлэх болов уу.

“СОЛОНГОС ЯВАХ ГЭРЭЭТ АЖИЛЧДЫНТОО ЖИЛ ИРЭХ ТУСАМ БАГАСЧ БАЙГААГ МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС АНХААРЧ БОДЛОГООР ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ САНАГДДАГ”

-Гэрээт ажилчдын квотыг багасгана гэсэн мэдээлэл бий. Энэ тухайд?

-Солонгосын хувьд Монголоос авах гэрээт ажилчдын квотыг жил бүр нэмж байсан. Гэвч бодит байдал дээр явж байгаа монгол ажилчдын тоо маш багассан. 2017 онд 1700 квот байхад 1400 хүн явсан. 2018 онд 2400 квот байхад 780 хүн явсан, 2019 онд 2100 квот байхад 790 хүн явсан. Харин 2020 онд 950 квот болгосон байгаа. Энгийн иргэдийн хувьд харахад квот нь багасаад байгааг хараад Солонгосын засгийн газраас гэрээт ажилчдын тоог хязгаарлах гээд байгаа юм байна гэж харах нь аргагүй л дээ. Солонгосын талаас нөхцөл байдлыг бодож үзэхэд тэдэн хүн ирэх ёстой гэж бодож байтал ажилчдын тоо дутуу очих нь тооцоолсон ажиллах хүчин дутагдаж тэр хэмжээгээр үйлдвэрүүд, байгууллагуудын үйл ажиллагаа алдагдах, доголдох эрсдэлтэй. Монголын талаас аваад үзэхэд иргэд квотыг ашиглаад тоогоо гүйцэд хүрээд Солонгост очиж ажиллаад, тэр хөдөлмөрөө үнэлүүлээд цалин мөнгөө аваад яваасай гэж би их хүсдэг. Гэвч явж чадахгүй байгаа нь Монголын эдийн засагт нэлээн хохиролтой гэж хараад байгаа юм.

-Тэгж харах шалтгааныг нь сонирхож болох уу?

-E9 буюу гэрээт ажилчдын ажиллах хугацаа дээд тал нь 9,8 жил буюу бараг 10 жил байдаг. Квотоо дүүргээд 10 жил Солонгост ажиллаад Монголд оруулж ирэх мөнгө нь нэг их наяд гэж тооцоолдог. Квотоо өдийг хүртэл дүүргэж чадахгүй байна гэдэг тэр их мөнгийг алдсан гэсэн үг. Гэтэл квотоо дүүртэл ажиллаад улсынхаа эдийн засагт хангалттай хувь нэмрээ оруулж болох тэр боломжоо алдчихаад иргэд санаа зовохгүй байгааг харах надад сэтгэл дундуур санагддаг. Гаднаас орж ирэх их хэмжээний валютаа алдчихлаа гэдэгт иргэн ч төр нь ч анхаарахгүй санаа зовохгүй байна. Энэ тал дээр төр засгийн зүгээс ямар нэг юм хийхгүй байгаад би жаахан харамсдаг. Үүнийг анхаарч хараасай гэж бодож явдаг.

-Гэрээгээр явах ажилчдын тоо буурахад гол нөлөөлж буй хүчин зүйл юу байна вэ?

-Гэрээт ажилчид авах шаардлага бүх оронд адилхан тавигддаг. Суурь шалгуур бол солонгос хэлний түвшин тогтоох шалгалт. Солонгос хэлний түвшин зургаан шаттай. Гэрээт ажилтнаар явахын тулд та анхан шатыг л хангахад болно. Гэвч анхан шатыг давах хэлний мэдлэгтэй хүн маш ховор байдаг. Эхний шатаа давж чадахгүйгээс болоод дараа дараагийн шатанд орох хүмүүсийн тоо багасчихаж байгаа юм. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бэлдэхийн тулд хүмүүс сургалтын төвд ханддаг юм билээ. “Гэрээт ажилчдын хэлний шалгалтад 40 хоног бэлдээд тэнцүүлнэ” гэсэн рекламыг ч би харж байсан. Энэ аюултай зүйл. Хүн гадаадад 10 жил ажиллаж амьдрах гээд байна. Ганц ажил хийгээд зогсохгүй гадуур гарна, дэлгүүр орно гээд нийгмийн харилцаанд орно. Тийм байтал яагаад дөчхөн хоног бэлдэж байгааг ойлгохгүй байна. Улсаас яагаад энэ тал дээр бодлого хэрэгжүүлээд явж болохгүй гэж. Тэгэхгүй бол иргэд ганц ганцаараа болсон болоогүй оролдоод квотоо алдаж байгаа нь үнэхээр харамсалтай.

“БОГИНО ХУГАЦААНЫ ВИЗТЭЙ ИРГЭДИЙГ НУТАГ БУЦАХ ХҮРТЭЛ НЬ ХЭДЭН Ч УДАА ХАМААГҮЙ СУНГАЛТ ХИЙНЭ”

-Богино хугацааны визтэй иргэдийн визийг БНСУ-ын зүгээс сунгаж байгаа. Тэгвэл иргэдийн хувьд визний сунгалт дууссан тохиолдолд дахин сунгуулах эсэх талаар ойлголтгүй байна?

-Солонгост богино хугацаагаар очоод буцаад гарч чадахгүй байгаа иргэд их байгаа. Энэ хүмүүсийн визийг нэг удаа, хоёр удаа гэсэн юм байхгүй. Эх орондоо буцах хүртэл хугацаанд хэдэн ч удаа сунгасан болно. Онцгой нөхцөл байдал учраас эх орондоо буцах хүртэл бид тэднийг ямар нэг асуудалгүй байлгах тал дээр ойлгож байгаа.

-Тусгай үүргийн нислэгтэй холбоотой хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

-Онгоц нисэх нисэхгүй гэдэг нь ганц Монголын талаас шийдэгдэх асуудал биш. Солонгосын тал дээр онгоц бууж байгаа учраас мэдээж манай зүгээс санал тавих, хамтран ажиллах үүрэгтэй. Гэхдээ хэнийг авчрах вэ гэдэг нь Монгол талын асуудал. Мэдээж бүх шийдвэрийг Монгол Улс гаргадаг.

“СОЛОНГОСЫН ГОЛЛОХ ХЭВЛЭЛД МОНГОЛЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙГАА ТАЛААР ГАРСАН НИЙТЛЭЛИЙГ ХАРААД БИ БАХАРХСАН ШҮҮ ”

-Та манай улсад багагүй хугацаанд ажиллаж амьдарсан. Энэ утгаараа манай соёл, улсын онцлогийг ч мэдэх байх. Таны хувьд цар тахлын үед авч байгаа Монгол Улсын шийдвэрийг хэрхэн харж байна вэ?

-Түрүүнээс хойш Солонгос маш зөв шийдвэр гаргалаа, сайн ажиллаж байгаа гэж ярьсан хэдий ч үүнийг өнөөгийн нөхцөл байдалд дагах, дуурайх ёстой гэж хэлэх гээгүй юм шүү. Аливаа улсын шийдвэр бодлого гэдэг маань тухайн орныхоо газар зүйн байрлал, онцлогоос хамаарч гардаг. Монголын засгийн газраас өнөөдрийг хүртэл 60-90 хоногийн турш хөл хорио тогтоож карантин тогтоолоо. Энэ бол маш зөв шийдвэр. Монголдоо таарсан оновчтой шийдвэр. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсгүүдийн гаргаж байгаа шийдвэрүүд үнэхээр оновчтой байна. Үүнийг би юу гэж сайшаахаа үгээр хэлж мэдэхгүй байна. Сая хоёрдугаар сарын эхээр Солонгосын үндэсний голлох хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад улстай 5000км зайтай оршиж байж Монгол Улс коронагийн халдвар илрээгүй нь дэлхий нийтийг анхаарлыг татаж байгаа талаар маш томоор нийтэлсэн байсан. Би хараад их гайхсан. Бас бахархсан. Тэр хэмжээгээр Солонгос ч тэр бусад орнууд ч тэр Монголын талаар сайшааж байгаа. Монголын Засгийн газраас маш сайн ажиллаж байгааг би харж байна. Улаанбаатар хотод нийт иргэдийн дийлэнх хувь нь төвлөрч амьдарч байна. Гэтэл халдварыг дотооддоо гаргахгүй ажиллаж байгаа нь үнэхээр сайшаахаас аргагүй байна гэдгийг хэлмээр байна.

-Монголд байгаа солонгос иргэдийн хувьд нутаг руу гаа явах хүсэлтэй байна уу. Сэтгэл санааны хувьд хэр тогтвортой байх шиг байна?

-Одоогийн байдлаар Монголд 2100 солонгос иргэн байна. Монголд амьдарч байгаа боловч Солонгос руугаа буцмаар байна гэхээс илүүтэйгээр Солонгос руу амралтаар ч юм уу түр зуур явчихаад буцаж наашаа ирж чадахгүй байгаа байнгын оршин суугчид их байна. Яг нарийн судалгаа хийгээгүй боловч Консулын хувьд миний мэдэрсэн, сонссон зүйл бол энэ. Тэр хэмжээгээр Монголд итгэж байна гэж хэлж болно. Дээрээс нь Монголд амьдарч байгаа солонгос иргэд хариуцлагатай хандаж байгаа. Солонгос иргэд маань Монголыг эх орон шигээ бодож анх халдварын тохиолдол бүртгэгдээгүй байхад “бид л гаднаас корона авчирч хүндрэл учруулахгүй юм шүү”, “бид л лай төвөг удахгүй юм шүү”, “анхдагч болохгүй юм шүү” гэсэн хандлагатай байсан.

Тийм ч учраас ариун цэврээ сайн сахиж гадуур хүнтэй уулзахгүй хичээж байгаа гэсэн иргэдийн яриаг би сонссон. 2-3 долоо хоногийн өмнө Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэгээс иргэдээ уриалаад Монголын эмнэлэгт 2000 гаруй түргэвчилсэн оношлуур хандивласан байгаа. 2000 гэхээрээ 2000 иргэнд шинжилгээ хийнэ гэсэн үг биш. 4000-5000 иргэнд шинжилгээ хийх боломжтой түргэвчилсэн оношлуурыг хандивласан байгаа.

Categories
мэдээ цаг-үе

“Халуун сэтгэл”-ийн З.Сарантуяагийнд өнжлөө

“Танайд өнжье” булангийнхаа энэ удаагийн дугаарт сайн үйлсийн аян, хүмүүнлэгийн ажлаараа олны дунд “Халуун сэтгэл”-ийн Сараа хэмээн нэрлэгддэг З.Сарантуяагийнд өнжлөө. Тэрээр “Хамтын халуун сэтгэл” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг билээ. Ингээд товлосон цагтаа хаалгыг нь тогшиход “Сайн байна уу. Өө бид хэд зуслан гарчихаад сая орж ирлээ. Араас хамаатнууд маань ирнэ гээд хоол унд бэлдээд гоё хувцсаа ч өмсөж амжсангүй” хэмээн хошигнон угтав. Дөрөв орчим настай охин нөгөө өрөөнөөс ном барьсаар гүйж ирээд “Ээж ээ, багшийн өгсөн номыг будаад дуусчихлаа. Одоо юу хийх вэ. Би найзуудтайгаа хамт цэцэрлэгтээ очиж болохгүй юм уу” гэхэд ээж нь “Миний охин хайчилбартай номоо аваад аавдаа оч. Ээж нь зочинтой байна” гээд духан дээр нь үнсээд явуулав. Зочны өрөөнд ой хүрээгүй бололтой бас нэг жаал хүү аавтайгаа тоглож харагдана. Гэрийн эзэгтэй Сарантуяа буюу Сараа “Карантинтай болохоор хүүхдүүд гэртээ бүр уйдаад байх боллоо.

Цэцэрлэгээс нь хайчилбартай, тооны мэдэгдэхүүнтэй, хүндлэх, мэндлэх ёсны талаар гурван ном өгсөн. Энэ номнуудыг л охин бид хоёр дуусгаж хаврын уртыг давж байна даа” гэсээр цааш оров. Бидний яриа түүний нутаг уснаас эхэллээ. Сарантуяагийн аав Ч.Зоригтсайхан Архангай аймгийнх, ээж Б.Оюунчимэг Говь-Алтай аймгийнх. Харин өөрөө Сэлэнгэ аймгийн Ерөөө сумын Бугант тосгонд төрж өссөн байна. Эцэг, эх нь эгэл уурхайчин хүмүүс.

БУГАНТ ТОСГОНООС ДАРХАН ХОТЫГ ЗОРЬСОН ШИЛЭН ТИРКОТОЙ ГАНГАН ОХИН

Тухайн үед Бугант хамгийн их оросуудтай, алтны уурхай тосгон байжээ. Орос сургууль, цэцэрлэг ч их байсан аж. Дүү нь орос цэцэрлэгт явдаг байж. Бага насныхаа талаар Сараа “Би орос цэцэрлэгт яваагүй ч сонирхолтой амьдралыг багадаа туулж өнгөрүүлсэн. VII ангиа төгсдөг жил алтны уурхайнуудын нөөц дуусаад хаагдсан учраас сум ч эл хуль болж эхэлсэн. Тиймээс дүү бид хоёрыг эцэг, эх маань Дарханы сургууль руу шилжүүлсэн. Дарханд дунд сургуулиа төгссөн дөө. Хэдийгээр гурван жил сурсан ч гэсэн хүний амьралд хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай үе юм шиг санагддаг. Дарханд анх ирээд сургуульд явсан чинь ганцаараа шилэн тиркотой, туфльтэй ирж билээ. Хүүхдүүд их гайхаад хаанаас ирсэн юм, гадаадаас ирсэн юм уу гэж ирээд л их шалгааж билээ. Уг нь сумын бүр тосгоны охин хот бараадаж ирсэн ухаантай. Харин Дарханы хүүхдүүд дүрэмт хувцас дээрээ трапизан өмдтэй, пүүзтэй байсан. Яахав, манай тосгонд оросууд их байсан учраас бараа бүтээгдэхүүн элбэг, илүү хөгжилтэй байсан санагддаг” хэмээн дурсамжаа хуваалцав. Ингээд Сараа дунд сургуулиа төгсөөд МУИС-д Гадаад харилцаагаар сурахаар шалгалт өгөөд тэнцсэн боловч аав нь түүнд арай өөр санал тавьж. Түүний аав “Миний охин хятад хэл ирээдүйд англи хэлний дараа орох чухал хэлд тооцогдох болно. Тиймээс охин минь Хятад руу явж сурах уу” гэж асуусан байна. Сонголтоо хийчихсэн Сараагийн хувьд сонин сонон санагдсан учраас аавынхаа саналыг ч төл удалгүй эрдэм сурахаар Хятадыг зорьжээ. Тэрээр Хятадад Улс төр судлалаар дөрвөн жил мэргэжил эзэмшээд эх орондоо ирсэн байна. 2009 онд сургуулиа төгсөж ирээд дахин Америкт улс төр судлалаар хоёр жил мэргэжил дээшлүүлжээ. Хятадад амралтаа эх орондоо ээж аавдаа хааяадаа ирчихдэг байсан бол Америкт бол жинхэнэ биеэ дааж хар бор ажил хийж сурсан тухайгаа ярилаа. Тэрээр “Америкт ээж, аав араас очих боломжгүй. Тиймээс ёстой л биеэ дааж сурсан. Олон ч ажил хийж үзэж, их ч юм сурсан. Америкт хоёр жил сурсан хугацаандаа хийж буй ажилдаа хэрхэн чин сэтгэлээсээ хандах, цалин олгож байгаа хүнд талархаж сурах гэдгийг ойлгосон доо” гэв. Тэрээр багадаа орос хэл сурсан бол одоо хятад, англи хэлтэй. Нийгмийг түүчээлж яваа залуу эмэгтэйчүүдийн нэг ажээ.

УЛС ТӨРӨӨС ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАРТ ДУРЛАСАН ТҮҮХ

Гадаадаас эрдэм өвөртлөж ирээд гадны хөрөнгө оруулалттай компанид ажилд орсон хэдий ч хүсэл сонирхолтой нийцээгүй учир өөр сонголт хийхээр шийдэж. Ингээд улс төрийн чиглэлээр хэсэг ажиллаж байгаад 2012 онд “Лантуун дохио” ТББ-ын Ч.Ганжавхлантай танилцаж хамтарч хүмүүнлэгийн чиглэлээр ажиллах гараагаа тавьж байсан түүхтэй. Тэд нийгэм рүү чиглэсэн юу хийх үү гэж ярилцаж байгаад анх эмзэг бүлгийн хүмүүст хувцас тараах ажил зохион байгуулсан нь цаашид ажиллах урам зориг, итгэлийг өдөөсэн гэнэ. Ингэж л улс төрөөс илүү хүмүүнлэгийн ажлыг сонирхох болжээ. Ганцхан өдрийн дотор иргэдээс 1500 хүний багц хувцас цугларчээ. Арванхоёрдугаар сард гадаа ид жавар тачигнаж байсан ч сэтгэлдээ халуун сэтгэл, баяр хөөр тээсээр хотын дөрвөн чиглэлд зорилго нэгтэй нөхдийн хамт өдөржин явж хандиваа тараажээ. Нийгэмд хамгийн өргөн хүрээг хамарсан анхны хандивыг ингэж зохион байгуулж түүнээс хойш хэдэн мянган ажил зохион байгуулж нийгэмд сайн үйлсийн аян, хандив, хүмүүнлэгийн ажил гэдэг ойлголтыг өгсөн нэгэн билээ. Шавилхан биетэй ч сайхан сэтгэлээр олон мянган айлыг гэрэлтүүлж чадсан хэмээн найз нөхөд нь ихэд хүндэлнэ.

Сайн дурын багийнхантай

САЙХАН СЭТГЭЛТ САРАА НӨХӨДТЭЙГӨӨ 400 ОРЧИМ АЙЛЫГ ГЭРТЭЙ БОЛГОЖ, 30 МЯНГАН ХҮҮХДЭДБЭЛЭГ ТАРААЖЭЭ

Сонгинохайрхан дүүрэгт нэгэн эмээг баярлуулсан нь бас л сонирхолтой түүх. Уг эмээ хүнд өвчтэй охиноо асрахын хажуугаар бяцхан зээгээ харна. Гэр нь хэзээ мөдгүй нурж унахын туйлд хүрч. Харин эмээ өөрөө өглөө гараад шил, лааз түүж орой орж ирнэ. Ингэхдээ 90 мянган төгрөгөөс дээш мөнгө олсон байх ёстой. Учир нь охиндоо өдөрт 90 мянган төгрөгөөр эм тариа авч өгдөг байж. Хөндлөнгийн хүн харахад энэ өндөр настай хүн яаж тэр их мөнгийг олдог байсан гэмээр хэмээн Сараа хоолой зангируулав. Түүний ачааг хөнгөлөхийн тулд “Лантуун дохио” ТББ-ын Ч.Ганжавхлантай хамт гэр босгож өгөхөөр аян зохион байгуулж. Эмээд амлаагүй ч тав хоногийн дотор шинэ гэр авч өгч чаджээ. Үүнээс би ганц л зүйлийг ойлгосон. Хэрвээ хүн хүсээд сэтгэл л байх юм бол хэнд ч тусалж, юу ч бүтээж чаддаг юм байна гэдгийг ойлгож авсан” хэмээн яриад одоо болтол тэр эмээтэй холбоотой байгаа гэдгээ хэлэв. Энэ эмээгээс гадна тав, зургаан эмээг жилийн дөрвөн улирал “Хамтын халуун сэтгэл”-ийн залуус эргэж тойрдог байна. Ер нь өнгөрсөн хугацаанд шинэ жил, хүүхдийн баяр, хичээлийн баяр зэрэг баяруудад 30.000 гаруй хүүхдэд бэлэг тарааж өгсөн бол 400 орчим айлыг өөрийн гэсэн орох оронтой болгожээ.

Түүний ярьснаар тусламж нүдээ олох чухал. Анх сайн үйлсийн аян эхлүүлж байхдаа туршлагагүй байсан. Хүнд амьдралтай айлд очиж уулзчихаад сэтгэл их өвдөж юм л бол уйлчихдаг байсан хэмээн хөгтэй ч гэсэн гашуун үнэнээ тэр хуваалцлаа. Анхны тусалж байсан арваад айлд хүнийг нь бус хүүхдүүдийг нь бодож тусалж. Тодорхой хугацааны дараа яваад очиход бахь байдаг хэвээрээ, босгож өгсөн гэрийг нь архинд зараад уучихсан тохиолдол гардаг гэнэ. Ялангуяа ганц бие өвөө нар хэцүү. Ганц бие эмээ нарт жаахан туслаад дэмжээд өгчихөд цаашаа өөрсдийгөө болгоод явах нь ч байна. Харин өвөө нараас эрэгтэй хүн арай л сэтгэлийн хат муутай юм уу даа гэх зүйл ажиглагддаг. Авч өгсөн гэрийг нь архинд тавиад уучихна. Эсвэл үр хүүхэдгүй гээд гэр орон авахуулчихдаг. Дараа нь очиход хүүхэд нь гарч ирээд гэрийг нь зараад үрэн таран хийгээд гудамжинд гаргачихсан байх жишээтэй. Өрх толгойлсон олон зуун ээж, эмзэг бүлгийн олон зуун айлд туслаад хоёр жилийн дараа эргээд очиход яг л өмнө угтсан шигээ байж байдаг нь бишгүй гэнэ.

М.Цэцэнгоо охин буурал өвөө Дархан аварга Х.Баянмөнхийн хамт

ДАРХАН АВАРГУУДЫН ДАРХЛАГДСАН БЭР

З.Сарантуяагийн ханийг Б.Магнай гэдэг. Хоёр хүүхэдтэй. Том охин Цэцэнгоо гурван нас найман сартай бол хүү Түшиг есөн сартай юм байна. Хэдий залуу хүмүүс ч хүүхдийнхээ бүхий л зүйлд ярилцаж, анхаарал хандуулдаг байна. Хүний нэр хувь заяаг тодорхойлдог гэдэг утгаараа цэцэн цэлмэг ухаантай, гоо үзэсгэлэнтэй байхыг бэлгэдэж Цэцэнгоо гэдэг нэрийг аав нь түүнд хайрлажээ. Харин ганц эгчдээ, ирээдүйд эхнэр хүүхдэдээ, цаашлаа олон түмэнд түшигтэй нөмөр нөөлөгтэй яваасай гэсэн үүднээс Түшиг гэдэг нэрийг хүүдээ ээж нь хайрлажээ. Харин нөхөр Магнай Бизнесийн удирдлагаар АНУ-д төгссөн. Багаасаа гадаадад амьдарсан болоод ч тэр үү их чөлөөт сэтгэлгээтэй. Одоо бизнесийн салбарт ажилладаг. Тэрээр гэргийнхээ нийгмийн идэвхийг дэмждэг учраас “Хийж буй зүйлийнхээ төлөө хэзээ ч шантрахгүй биз дээ” гэсэн ганц л зүйлийг захидаг байна. Харин Сараа “Ингэж хэлэхэд нь би ханийгаа миний хийж буй ажлыг дэмждэг учраас намайг улам хурцалж байна гэж ойлгодог ш дээ” хэмээн нөхөр рүүгээ инээмсэглэн харав. Нийгмийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явахын хажуугаар нэртэй хүний зүстэй хүүгийн эхнэр гэх үүргийг чамгүй сайн биелүүлж яваа нэгэн. Гэрийн эзэн Магнай нь Монгол Улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн зээ хүү, дархан аварга Агваансамдангийн Сүхбатын ууган хүү билээ. Хэдийгээр Магнай аав, өвөө шигээ барилдаж бэлтгэл хийгээд байдаггүй бизнесийн салбарт ажиллаж яваа ч хүссэн хүсээгүй бөхийн спорттой салшгүй холбоотой аж. Наадам, Цагаан сарын бэлтгэл гээд хаана ч бөхийн гал гарна тэнд очихоос ч аргагүй байдаг бололтой. Эхнэр Сараа “Манай нөхөр учиргүй зодог шуудаг өмсч барилддаггүй. Сонирхол бага ч гэсэн сая хүүгээ төрсөн чинь чихийг нь харчихаад бөх болох нь, аав нь хүүгээ бөх болгоно гэж ярьдаг байгаа” хэмээн гэрээр дүүрэн инээд болов. Биерхүү, хулгар чихтэй, шөрмөстэй гээд яах аргагүй бөхийн шинжтэй хэмээн ээж, аав нь хүүгээ өхөөрдөх. Тэд Баянмөнх аваргыг “Буурал аав” гэж хүндэлдэг байна. Буурал аав эрүүл мэндийн шалтгаанаас болоод ойрын хэдэн жил гадаадад байсан болохоор гэртээ золголт хийгээгүй. Ард түмний хүн их аварга болохоор Цагаан сараар золгохоор очиход зөндөө хүн зочилдог. Олны хөлд дарагдаад тэр ядаргааг нь гаргах гэж бид бараг хоёр сар эмчилгээ сувилгаа хийлгэдэг хэмээн ярив. Гэтэл дээр нь энэ жил цар тахал гээд гэрээсээ ч гараагүй уйтгартай, бууз салатаа хийж идээд гэртээ өнгөрөөсөн нь их сонин байсан шүү хэмээн гэрийн эзэгтэй хэлэв.

“Хамтын халуун сэтгэл”-ийн тусалдаг эмээ нар

УЛААНЧУЛУУТЫН 60 ГАРУЙ ИРГЭНИЙГ БИЧИГ БАРИМТТАЙ БОЛГОСОН Ч ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ОЧИХОДЭНЭ ТОО 200 БОЛСОН БАЙЖЭЭ

Тэрбээр эмзэглэж явдаг зүйлийнхээ талаар нэлээд яриа дэлгэв. “Төр нь иргэнээ хаячихсан. Уг нь иргэдийнхээ амьдрах чадварыг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Улаанчулуут дээр хэд хэдэн удаа хоол хийж аваачиж өгөхдөө ямар сэтгэгдэл төрсөн гэхээр төр тэр иргэдийг зүгээр хаячихсан санагдсан. Бичиг баримтгүй хүн маш их. Хэдэн малаа алдаад хот бараадаж ирээд хогийн цэг дээр амьдарч байгаа иргэд ч их. Монгол Улсын иргэд шүү дээ. Гэтэл иргэний үнэмлэхгүй, ямар ч бичиг баримтгүй, бүртгэлгүй байх жишээтэй. Тиймээс би 60 гаруй хүний бичиг баримтыг хөөцөлдөөд иргэний үнэмлэхтэй болгож, хэд хэдэн хүүхдүүдийг төрсний гэрчилгээтэй болгосон. Ингэхийн тулд нэлээд явсан. Цайныхаа цагаар л бичиг баримт хөөцөлддөг ажилтай. Гэтэл төрийн байгууллагынхан юу гэж хүлээж авсан бэ гэхээр “Чи энэ хүмүүсийн төлөө яваад юу нь юм. Энэ хүмүүс чинь өөрсдөө гартай хөлтэй биз дээ” гэдэг. Үнэндээ нөгөө хүмүүс нь өөрсдөө хөөцөлдөх гээд явахаар тэр үнэр танараас нь болоод бараг хог хаягдал хайж явж байна гэсэн нүдээр харж хөөж туудаг. Ерөөсөө л ийм. Бүр 60 хүний иргэний үнэмлэхийг авчихаад бөөн баяр болоод явж байхад “Наад хүмүүстээ юунд нь тусалдаг юм. Тэр хүмүүсийн тавилан нь тэр. Тэндээ л дуусна” гэж УИХ-ын гишүүн ч хэлж унтрааж байсан. Иргэдийнхээ төлөө хийх ёстой хүн нь тийм үг хэлсэн. Түүнээс хойш би төрөөс дэмжлэг хүсэхийн ч хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Энэ олон жилийн хугацаанд мэдэрч байна. Хоёр жилийн дараа нь би дахиад Улаанчулуут дээр очиход бичиг баримтгүй хүний тоо 200 гаруй болсон байсан. Үнэхээр харамсалтай. Мэдээж хүмүүс хотыг нэг л сайхан гээд зориод байна. Гэвч хот гэдэг утгаараа энд өртөг өндөр, хөлөө олох гэж удна. Энэ хооронд сэтгэл санаагаар унаж архинд орно. Бүр амьдрал дордоно. Тийм болохоор иргэд маань ч гэсэн энэ тал дээр сайн бодолцож, шийдвэрээ гаргах хэрэгтэй. Манайхан хот гэдэг үгийг төрийн ордноос урагшаа зайсан чиглэл рүү хэрэгжлүүлж хамруулж яриад байна. Гэтэл бусад хотын зах, хотын бусад бүсийн хөгжил цэцэглэлтийг хаячихаад байх шиг. Хотын захад амьдарч байгаа хүн нийслэлийн үйлчилгээг адилхан л авдаг байх ёстой. Халамжийн бодлого нь хүнээ олохгүй. Хэрвээ энэ цэгцэрчихвэл бид заавал ингэж яваад байх шаардлагагүй. Үүнийг найм, есөн жил ажиллахдаа харлаа. За мянга олон айлд гэр өгөөд, бичиг баримттай болгоод, ямар ч байдлаар туслаад нэмэргүй юм байна. Эргээд очиход яг хэвээрээ. Төр иргэнээ харахаа больчихсон учраас мянга сайхан хүмүүнлэгийн ажил хийгээд нэмэргүй байгаа байхгүй. Одоо хэн дуртай нь хүмүүнлэгийн ажил хийдэг болчихсон. Нүдээ олсон ч харагдаж байна. Гэхдээ залуу хүмүүсийг илүү бэлэнчилэх сэтгэлгээтэй болгож байна. За ажилтай, ажилгүй, нөхөртэй нөхөргүй хүмүүсээс тусламж гуйгаад болчих юм байна гэсэн хандлага сүүлийн үед их ажиглагдах болсон. Тиймээс төр иргэнээ хардаг нийгмийг л бий болгочих юмсан гэж бодох болж байна. Төрийн хийх ажлыг ард иргэд нь нөхөж хийгээд яваад байх юм бол хэзээ ч дуусашгүй” хэмээн ярив. Та улс төр судлалаар мэргэжил эзэмшсэн. Улс төрд орох бодол бий юү гэхэд “Одоо бол үгүй. Магадгүй одоо арван жилд сурч буй бидний ирээдүй санал өгөх насанд хүрэхэд найман жилийн дараа ч юм уу болох юм. Энэ хүүхдүүд арай өөр сэтгэхүйтэй гарч ирнэ гэдэгт би итгэдэг.

Зургадугаар сарын 1-нд алиалагч нарын парад гэж хийдэг байсан. Тухайн үед хэдэн дуу яваад л дуусдаг байсан. Манай “Хамтын халуун сэтгэл” ТББ түүнийг эхний жил 100 хүнтэй болгоод дараа нь 500, 1000 хүний бүрэлдэхүүнтэй парад зохион байгуулаад ирэхээр зарим хүмүүс ирээд “Та нар тэр даргыг ирээд үг хэлтэл хүлээж бай” гэхчлэн өөрсдийн ажилдаа ашиглах зүйл ажиглагдсан байна. Төр бол санаа авахдаа сайн. Эргээд сайн хийж чаддагтай нь хамтрах дургүй. Өөрсдөө төрийн бус байгууллага байгуулаад болсон болоогүй хийдэг гэдгийг их харсан даа” гэв.

Энэ хооронд утас дуугарч Сараа айлчин тосохоор гарах болж бид ч хамт гарав. Харин араас нь охин Цэцэнгоо “Ээж ээ орж ирэхдээ шоколад авч ирээрэй” хэмээн захиас дайгаад амжив. Тэрээр “Карантин гээд гэртээ суугаа хүүхдүүд ийм болж байна даа. Гарах ч эрхгүй. Удахгүй эрх дураараа гарч, орж тоглодог үе ирэх байлгүй дээ” гэсээр бидний зам саллаа.