Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Мөнхсайхан: Олон жил үйлчилсэн хуулийн илэрхий заалтыг үл тоосон нь шүүхийг илүү хараат бус болгох шаардлагатайг харууллаа


МУИС-ын Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Нэр дэвшиж буй зургаан ч хүнийг цагдан хорьсон. Энэ нь хуульд хэр нийцэж байна вэ?

-Сүүлийн хэдэн өдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нийт зургаан хүнийг цагдан хорих шийдвэрийг шүүх гаргав. Эхнийх нь нэр дэвшигчийг цагдан хориход хуулийн ямар шаардлага хангасан байх юм бэ гэдэг асуудал яригдана.

2019 оны сүүлээр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг цагдан хорихтой холбоотой маш тодорхой зохицуулалт бий.

Тус хуулийн 35.2-д зааснаар гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг баривчлах, саатуулах, цагдан хорих зэрэг ажиллагаа явуулахын өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос заавал зөвшөөрөл авна.

Үүнээс бусдаар дээрх ажиллагааг хориглосон. 2019 төдийгүй 2011, 2015 оны сонгуулийн хуулиудад яг ийм хориглолт тусгагдаж олон жил үйлчилж байгаа.

-Тэгвэл дээрх нэр дэвшигчдийг хорихдоо ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аваагүй гээд байгаа. Шүүх энэ ажиллагааг хэрхэн тайлбарлаж байгаа вэ?

-Шүүх нэр дэвшигчдийг цагдан хорих шийдвэрүүдээ ил гаргасныг хайж олсонгүй. Саяхан Сүхбаатар, Чингэлтэйн эрүүгийн анхан шатны шүүхээс мэдэгдэл гаргасан байхыг харлаа.

Мэдэгдэлд Сонгуулийн тухай хуулийн түрүүний 35.2 заалтыг юу гэж тайлбарласан байна вэ гэхээр “Уг баталгаа нь сонгуульд нэр дэвшсэнээс хойш эрүүгийн хэрэг үүсгэх, түүнтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа эхлүүлэхийг хориглож, ийнхүү эхлүүлэх тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах асуудалд хамааралтай байна.

Харин нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд хууль хэрэгжүүлэгчид урьд эхэлсэн ажиллагаандаа зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй” гэжээ.

Тэгэхээр шүүх эдгээр цагдан хоригдоод байгаа хүмүүсийн хэрэг нэр дэвшихээс нь өмнө үүсгэгдээд процесс явж байсан учраас Сонгуулийн тухай хууль үйлчлэхгүй гэсэн тайлбар хийж байгаа. Гэтэл, яг Сонгуулийн тухай хуулийн 35.2 заалтыг уншихаар нэр дэвшигчийг баривчлах, саатуулах, цагдан хорих тухайд заавал нэр дэвшихээс өмнө эсвэл дараа нь гэж ерөөс ялгаагүй, аль алинд нь үйлчлэхээр бичигдэж.

Шүүх хуульд огт байхгүй зүйлийг байгаа мэтээр гуйвуулж байгаа нь харамсалтай. Нэр дэвшигчийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, цагдан хорих зэрэг ажиллагаа хийхийг хориглоно л гэж хуулийн 35.2-т заасан байх бөгөөд үүнд нэр дэвшихээс өмнө, хойно гэсэн ялгаатай гэж бичигдээгүй.

Энэ 35.2 заалтын цаад учир утга нь юу гэхээр иргэний сонгогдох, сонгох эрх, ардчилсан сонгуулийг шударгаар явуулах баталгаа юм. Сонгуулийн үеэр улстөрчид, намуудын дунд маш ширүүн өрсөлдөөн явдаг. Энэ өрсөлдөөндөө шүүх, хууль сахиулах байгууллагыг ашиглаж сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөс сэргийлсэн нэг төрлийн хамгаалалт.

Ялангуяа манайх шиг шүүхийн хараат бус байдлыг бүрэн хангаж чадаагүй улсын нөлөөлөх замаар иргэдийн төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ эдлэх, өөрсдийн элчээ илгээж парламентыг бүрдүүлэхэд саад учруулах эрсдэлтэй.

-Тэгвэл цагдан хоригдсон хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат бий. УИХ-ын халдашгүй бүрэн эрхээр хамгаалагдсан хүнийг цагдан хорьсон явдлыг юу гэж ойлгох вэ?

-Цагдан хоригдсон зургаан хүний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат. Энэ хүний хувьд нэр дэвшигчийн төдийгүй гишүүнийх нь хамгаалалт бий. Монгол Улсын Үндсэн хуулийн 29.2-т “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан.

Үүний дагуу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2006 оны УИХ-ын тухай хуулийн 6.9.1-ээр УИХ-ын гишүүнийг “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж” эсхүл 6.9.2-ээр “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж,” улмаар Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэж заасан.

Мөн хуулийн 34.7-д “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж тодорхой заасан. УИХ-ын гишүүн гэдэг чинь иргэдийн төлөөлөл, ард түмний элч учраас ийм халдашгүй байдлын баталгааг анх 1997 оны УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд тусгаж 2006 оны УИХ-ын тухай хуульд уламжлан шингээсэн.

Энэ 23 жилийн хугацаанд хуулийн энэхүү заалтын хэллэгүүд нь маш тодорхой байж ирсэн төдийгүй энэ хугацаанд УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд түүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УИХ-аар шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих зэрэг ажиллагаа явуулж болохгүй гэж л ойлгож хэрэгжүүлж ирсэн юм.

Тухайлбал, яг адилхан 2006 оны УИХ-ын тухай энэ хууль үйлчилж байх хугацаанд өөр гишүүдийг баривчлах, цагдан хорих асуудал дандаа УИХ руу орж хэлэлцэгдэж байв.

Хамгийн ойрын жишээ бол УИХ-ын гишүүн Б.Батзориг, Н.Номтойбаяр, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор УИХ-д оруулж байсан. Энэ асуудал нь заавал түдгэлзүүлэх байдлаар биш харин хувь гишүүн нь өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж УИХ-аар шийдвэрлүүлж байв.

Гэтэл 23 жил тогтсон практик, олон жил үйлчилсэн хуулийн илэрхий зохицуулалтыг шүүх сахихгүй байгаа тул шүүх хараат бус байна уу гэдэгт эргэлзэж буй хүмүүсийг буруутгахгүй ээ.

-УИХ-ын гишүүнийг цагдан хорихдоо шүүхээс өөр ямар үндэслэл ярьсан бэ?

-Парламентын гишүүний халдашгүй байдал гэдгийг явцуу эсхүл өргөн утгаар ойлгодог. Парламентад хэлсэн үгнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн явцуу утгаар Вестминстер загвартай улсуудад хэрэглэх нь түгээмэл.

Франц зэрэг улсад энэ утга дээр нэмээд парламентын гишүүнийг парламентын зөвшөөрөлгүйгээр баривчлах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татахыг хориглох гэсэн өргөн агуулгаар хэрэглэдэг. Гишүүний халдашгүй байдал нь онолын хувьд ийм боловч улс бүр өөр өөрийн хуулиараа үүнийг зохицуулдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 29.2-т‘УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан.

УИХ-ын тухай хуульд хоёр янзаар энэхүү халдашгүй байдлыг хамгаалсан.

Нэгд, уг хуулийн 34.3-т “Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, бусад шийдвэрийн төсөл, хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэж заасан.

Хоёрт, УИХ-ын тухай хуулийн 34.7-д гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд гишүүнийг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих зэргийг хориглосон.

Ийм хоёр агуулга хуульчлагдсан байхад анхан шатны шүүх зөвхөн эхнийхээр нь явцууруулсан тайлбарыг мэдэгдэлдээ хийсэн. Тодруулбал, шүүхийн мэдэгдэлд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг “ард түмнийг төлөөлөх үндсэн үүрэгтэй нь холбоотойгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэх, санал өгөх эрхийг нь хамгаалж олгодог. Зөвхөн эдгээр онцгой чиг үүрэг, үйл ажиллагааг явуулсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн хязгаар нь бусад гэмт хэрэг, зөрчил, захиргаа, иргэний маргаанд бусдын адил татагдаж, хариуцлага хүлээхэд хамгаалалт болдоггүй” гэжээ.

Шүүх ингэж УИХ-ын тухай хуулийн 34.3, 34.7-д заасан зохицуулалтыг хольж хутган, нэгийг нь нөгөөгөөр нь үгүйсгэж буйд гайхаж байна.

-Цагдан хоригдсон хүмүүсийг буруугүй, буруутай гэж энд ярихгүй. Гол нь сонгуулийн үеэр нь хуулиа зөрчин байж гэнэт баривчилгаа явуулсан нь цаанаа ямар нэг улс төрийн санаа байна уу. Бүр цаашилбал шүүх, хуулийн байгууллагын томилгоог гартаа авсан Ерөнхийлөгчийн нөлөөлөл ч гэж хардах хүмүүс байна…?

-Судлаачийн хувьд шууд шүүхэд нөлөөлсөн гэж би хэлж чадахгүй. Гэхдээ явж байгаа процесс нь өөрөө их сонин. Юуны өмнө, нэр бүхий зургаан хүнтэй холбоотой хэргүүдийн хянан шийдвэрлэх ажиллагаа нэлээн удаан явагдаж байгаа.

Гэтэл, гэнэт сонгуулиас хэдхэн өдрийн өмнө эдгээр хэрэг шүүх дээр зэрэг зэрэг хэлэлцэгдээд байгаа нь тохиолдол уу? Хоёрдугаарт хэргийг өөр өөр шүүгчид шийдэж байж яагаад хуулийн илэрхий зохицуулалт, тогтсон ойлголт, өмнөх практикийг илт үгүйсгэсэн тайлбарыг нэгэн зэрэг хийж гайхаш төрүүлээд байна.

Гуравдугаарт Монголын эрх зүйн түүхэнд байгаагүй өндөр барьцаа тавьж үүнийгээ байрлуул, чадахгүй бол цагдан хорино гэсэн шаардлага тулгав уу? Ж.Эрдэнэбат гишүүн дээр ч, бас өөр хоёр нэр дэвшигч дээр ч яагаад яг адилхан 10 тэрбум төгрөгийн адил барьцааны хэмжээ тавив? Эдгээр нь арай сонгуульд нөлөөлөх зорилготой биш байгаа, сонгогчдын санал өгөлтөд нөлөөлөх, магадгүй цаашаа парламентыг хүчгүйдүүлэх зорилго байна уу гэж иргэд хардаж байгааг оргүй гэж бодохгүй байна.

-Ийм хардлага үүсэх шалтгаан нь юу вэ?

-Өмнөх Ерөнхийлөгчийн үед 5-6 жилийн өмнө ч бид ярьж байсан. 1992 оныхоо Үндсэн хуулиар Монголд анх удаа хараат бус шүүхийн тогтолцоог бий болгох суурийг тавьсан, эрх зүйн шинэтгэлүүд хийгдсэн, олон алхам урагшилсан. Гэхдээ маш том алдаа нь юу байсан бэ гэхээр Ерөнхийлөгч гэдэг институтийн зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлийг бий болгочихсон.

Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээс нь гадна маш олон бүрэн эрхийг Ерөнхийлөгчид ердийн хуулиар өгсөн нь шүүх эрх мэдэлд шууд нөлөөлөх эсхүл тэгж ойлгогдох байдлыг үүсгэсэн. Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор шүүгчийг томилох, Дээд шүүхийн санал болгосноор дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох л бүрэн эрхтэй.

Гэтэл Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид огт олгоогүй бүрэн эрхийг хуулиудаар нэмээд өгчихсөн нь одоог хүртэл үйлчилж байна.

Жишээлбэл, Ерөнхийлөгч Дээд шүүхээс бусад бүх шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, шүүгчийг огцруулах, чөлөөлөх, түдгэлзүүлэх шийдвэр гаргах хуулийн зохицуулалт Ерөнхийлөгч П.Очирбатын үеэс буюу 1993 оноос хойш үйлчилж байна.

Н.Багабанди Ерөнхийлөгч байхад 2002 онд батлагдсан хуулиас хойш Шүүхийн сахилга, ёс зүйн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч томилдог болсон.

2012 онд гарсан хуулиас хойш Ерөнхийлөгч шүүгчдийг томилоод зогсохгүй хуульчдаас шүүгчдийг шилж олох чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг бүгдийг нь томилдог болчихсон бөгөөд үүнийг санаачилж хийсэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө. За тэгээд Ерөнхийлөгч бол Шүүгч сонгон шалгаруулах журам, Шүүхийн ёс зүйн хорооны дүрэм гээд маш олон эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгсөн.

“Дайран дээр нь давс” гэгчээр өнгөрсөн жил буюу 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж батлуулсан хуулиар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах тухай зөвлөмж гарах юм бол Шүүхийн ерөнхий зөвлөл санал болгон Ерөнхийлөгчид өөрт нь уламжилдаг болчихсон. Энэ зөвлөмжид үндэслэл дурдахыг ч хууль шаардаагүй нь өөрөө шүүгчдэд маш том айдас үүсгэчихсэн.

Хэрвээ энэ хүчтэй институтээс ямар нэг зүй бус нөлөө ирэхэд үгүй гэж хэлэх юм бол Ерөнхийлөгчийн өөрийнх нь тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өөрийнх нь томилсон Ерөнхий зөвлөлд зөвлөмж очоод, улмаар Ерөнхийлөгчид өгч хугацаагүй түдгэлзүүлчихнэ, огцруулчихна.

Мөн, дөнгөж томилогдоод нэг жил болж байсан Дээд шүүхийн ерөнхий шүүгч шалтгаанаа нийтэд мэдэгдэлгүйгээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь энэ мэт эрсдэлтэй холбоотой биш биз гэж яригдсан. Эндээс харахад хэвийн юм шиг боловч шүүгчдэд айдас үүсгэчихэж байгаа байхгүй юу.

-Товчхондоо, шалгадаг, хянадаг, хариуцлага тооцдог эрх бүхий байгууллагууд хуулийн дагуу ажиллахаа байж ганцхан хүний эрх ашгийн төлөө ажиллаж байна гэж хэлж болохоор байна. Тийм үү?

-Ерөнхийлөгчийн нөлөө зөвхөн шүүхээр хязгаарлагдахгүй. Үндсэн хуулийн дагуу тэрбээр Ерөнхий прокурор, түүний орлогчдыг УИХ-тай зөвшилцөн томилдог. Ардчилсан Улсуудын ерөнхий прокуророос ялгаатай нь манай Ерөнхий прокурор бараг л “хаан” шиг эрх мэдэлтэй: доод шатны прокурорыг томилох, шилжүүлэх, тушаал дэвшүүлэх, түдгэлзүүлэх, огцруулах эсэхийг бараг л үзэмжээрээ шийддэг төдийгүй хүссэн хэргээ татаж хянах боломжтой.

Тэгэхээр Ерөнхий прокуророор дамжуулан ямар ч прокурорт нөлөөлөх эрсдэл бий. Үүн дээр нэмээд 2006 оноос хойш АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог болсон бөгөөд энэ хууль нь Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед батлагдсан. Дээрээс нь ахиад өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргавал Улсын ерөнхий прокурор, АТГ -ын дарга, дэд даргын бүрэн эрхийг дуусгавар болгодог болчихсон.

Ерөнхийлөгч өмнө нь шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагыг шууд томилох буюу санал оруулж томилуулдаг байсан бол одоо хүссэнээрээ огцруулах, түдгэлзүүлэх бүрэн эрхтэй болсон.

Шүүгчийг сонгон шалгаруулах, томилох, түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл ногдуулах гэх мэт ажиллагаа болон үүнийг хийх бүрэлдэхүүн тэр чигээрээ Ерөнхийлөгчөөс хамааралтай тухай түрүүн хэлсэн.

Энэ бүхнээс үүдэн авлигын хэргийг мөрдөн шалгадаг АТГ ч, түүнд хяналт тавьж ялладаг прокурор ч, түүнийг хянан шийдвэрлэдэг шүүх ч Ерөнхийлөгчийн нөлөөнд орох эсхүл тэгж ойлгогдох эрх зүйн орчин байсаар байна. Хэрэг маргааныг хараат бусаар, шударгаар хуулийн дагуу хянан шийдвэрлэж буй эсэхэд үүсгэж буй энэхүү эргэлзээг “шударга бусын хонгил” гэж нэрлээд байгаа.

-Шүүгчдэд хэрэг хуваарилах талаар та түрүүн хэлж байсан. Манайд ер нь хэрэг хуваарилах процесс хэрхэн явагддаг бол?

-Монголд 550 гаруй шүүгч бий. Тэдний олонх нь шударга, зарчимч, маш сайн ажилладаг гэдэгт итгэдэг. Гэвч, шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлүүд манайд өнгөрсөн 28 жилийн хугацаанд үүссэн талаар сая ярилаа.

Манайд төдийлөн сөхөгддөггүй боловч иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх хэрэгжихэд маш чухал нэг зүйл бол хэрэг хуваарилах журам юм. Гэтэл энэ манайд учир дутагдалтай явж ирсэн. Шүүхийн тухай 2012 оны хуулийн 25.2.8-д шүүгчдийн зөвлөгөөн “хэрэг хуваарилах журам”-ийг батална гэж заасны дагуу шүүх бүр энэ журмаа өөрөө тогтоож буй нь тодорхойгүй байдлыг үүсгээд зогсохгүй авлига, зүй бус нөлөө орох эрсдэл үүсгэдэг.

Шүүхийн ерөнхий зөвлөл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад хандан Монголын шүүхийн хууль тогтоомжид хөндлөнгийн дүгнэлт хийгээд өгөөч гэсэн хүсэлт тавьсан байдаг. Үүний хариу өнгөрсөн гуравдугаар сард ирсэн. Үүнд манай шүүх хэргийг хуваарилах журмаа өөрөө тогтоодог нь урьдчилан тогтоосон, тодорхой, ил тод, объектив эсвэл тохиолдлын шалгуураар хуваарилагдаж байх ёстой гэсэн эрх зүйт төртэй улсын зарчим хангагдахгүй байна гэсэн зөвлөмж ирүүлсэн.

Энэ яагаад чухал вэ гэхээр шүүх маргаанд ямар нэг ашиг сонирхолтой этгээд тэр хэргийг хэн шийдэх вэ гэдгийг сонгож эсхүл нөлөөлж болохгүй. Хүн, хуулийн этгээд өөрийнх нь ашиг сонирхолтой холбоотой хэргийг хүссэн шүүгчээрээ шийдүүлж болохгүй.

Шударга шүүхийн хамгийн наад захын баталгаа бол хэргийг тохиолдлын журмаар эсвэл урьдчилан тогтоосон объектив шалгуураар ямар нэг хувийн ашиг сонирхолгүй, хөндлөнгийн шүүгчид хуваарилуулах явдал юм. Манайд хуулийн ийм зохицуулалт алга.

-Шүүхийг хараат бус болгох гарц нь хуулиа сайжруулах гээд байгаа. Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн шүүхтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг хариуцсан ажлын дэд хэсгийг ахалж байсан. Энэ юу болсон бэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд батлагдсан. Шүүхийн асуудал нэлээд зовж байж батлагдсан. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд уг нь шүүхийг хараат бус, хариуцлагатай болгох есөн заалт байсан. Нэг хүнд эрх мэдэл хэт төвлөрч үүссэн эрсдэл буюу “шударга бусын хонгил”-ыг задлах агуулга цогцоороо орсон байсан.

Гэвч, өнгөрсөн жил наадмын дараа Ерөнхийлөгч энэ есөн заалтыг бүгдийг хас гэсэн санал өгсөн. Тухайн үеийн ЕТГ-ын дарга З.Энхболд хэлэлцүүлгийн үеэр гурван ч удаа “Ерөнхийлөгчийн саналыг авч шүүх дэх эрх мэдлийг нь үлдээхгүй бол Ерөнхийлөгч шинэ Үндсэн хуулийг дэмжээд явна шүү” маягийн ийм сүрдүүлэг мэт зүйл хэлсэн нь протоколд ч бий. Хоосон үг байгаагүй нь Ерөнхийлөгчийн засаглалаар ард нийтийн санал асуулга хийе гэсэн саналыг Ерөнхийлөгч хожим гаргаснаас харагдсан.

Гэхдээ, “чамлахаар чанга атга” гэснээр УИХ шүүхийг хараат бус, хариуцлагатай болгох дөрвөн чухал заалтыг Үндсэн хуульд оруулсан бөгөөд эдгээрийг хүлээн зөвшөөрч Ерөнхийлөгч зөвшөөрч өөрөө гарын үсэг зурсан.

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 33.4-д заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд нь л Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрх хуулиар олгож болно гэж заасан. Үндсэн хуулиар олгосноос гадуур бүрэн эрхийг Ерөнхийлөгчид хуулиар нэмж өгөхийг ийнхүү хориглосон нь шүүхийг хараат бус болгоход шийдвэрлэх үүрэгтэй. Тиймээс, Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид шууд олгоогүй бүрэн эрхийг нь ердийн хуулиас хасах ажлыг яаралтай хийх ёстой.

Жишээлбэл, АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүнийг томилох, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчдийг томилох зэрэг бүрэн эрхийг хуулиас хасаж зохистой зохицуулах нь чухал. Ингэж байж Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэсэн Үндсэн хуулийн байрандаа ирнэ.

Хоёрдугаарт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч томилохыг болиод, түүний 10 гишүүний тав нь шүүгчид дотроосоо сонгогдсон гишүүн, нөгөө тавыг нь нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно гэсэн заалт Үндсэн хуульд шинээр тусгагдсан.

Даргаа дотроосоо сонгох, гишүүдийн талыг нь шүүгчид сонгохоор заасан нь уг зөвлөлийг улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид байх нэг баталгаа. Шүүгчийн сонгон шалгаруулалтад шүүгчдийн явцуу ашиг сонирхол хэт ноёлохоос сэргийлэх үүднээс бүрэлдэхүүний тал нь шүүгч биш байна. Шүүгч биш таван гишүүнийг нь нээлттэйгээр нэр дэвшүүлэх, тал талын оролцоотой, тэнцвэртэйгээр сонгон шалгаруулах, нийтийн сонсгол хийсний үндсэн дээр томилох нарийвчилсан зохицуулалтыг хуульчлах шаардлагатай.

Гуравдугаарт, Шүүхийн сахилгын хороо гэж шүүгчид огцруулах хүртэл сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй байгууллагыг байгуулсан. Шүүгчийн сахилгын тогтолцоонд Шүүхийн ерөнхий зөвлөл ордог байсныг болиулаад бие даасан болгох зохицуулалт оруулсан. Ерөнхий заалт учраас мөн л бүрэлдэхүүнийг нь тал талын оролцоотой, тэнцвэртэй, ил тод байлгахаар хуульчлах, үйл ажиллагааны журмыг нь шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэрийг олж нарийвчлан хуульчилж байж энэ өөрчлөлт амилна.

Дөрөвдүгээрт шүүхийг тойргийн журмаар байгуулах. Дүүргүүдийг эсхүл аймгуудыг хамарсан тойргийн шүүх байгуулах, улмаар шүүхийн хүртээмж, чанарыг сайжруулах зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ дөрвөн зохицуулалтыг хуульд зөв буулгаад тууштай хэрэгжүүлбэл шүүхийг нэг талаас хараат бус, нөгөө талаас хариуцлагатай болгох боломжтой.

-Шүүхийн тухай хуулийг одоогийн УИХ баталчих боломж байсан хэдий ч зориуд гацаачихав уу?

-Хууль зүйн яам Шүүхийн тухай хуулийн төсөл боловсруулж ергөн барьсан.

Өргөн барихаасаа өмнө төслөө нээлттэй тавьж хуульчид, судлаачид, шүүгчдийн саналыг тусгаж харьцангуй чамбайруулсан байсан. Энэ төслийг засаж сайжруулаад энэ УИХ баталчихаасай гэж найдаж байсан. Гэтэл Ерөнхийлөгч Монголын хуульчдын холбоонд даалгавар өгч Шүүхийн багц хуулийн тусдаа төсөл бичүүлсэн.

Энэ төсөлд авчихмаар зарим заалт оруулсан боловч харамсалтай нь Дээд шүүхээс бусад бүх шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхэд оролцох зэрэг өнөөх Үндсэн хуульд байхгүй бүрэн эрхийг өөрт нь Ерөнхийлөгч үлдээх агуулгатай байсан. Хуульчдын холбоо өмнө нь хуулийн төсөлд саналаа өгөхдөө дандаа нээлттэй хэлэлцүүлж хуульчид, судлаачдын саналыг тусгадаг байсан ч энэ удаа тэгээгүйд гайхсан.

Тэгээд Ерөнхийлөгч энэ төслөө өргөн барьсан. Ингээд УИХ дээр хоёр төсөлтэй болчихож байгаа юм. Ерөнхийлөгчийн төсөл хууль тогтоомжийн хувьд олон нийтээр хангалттай хэлэлцүүлээгүй, цаг хугацааны шаардлага хангаагүй зэрэг асуудлаас болоод Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхээс татгалзсан ч нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэлгүй зогссон.

-Таныхаар бол Хууль зүйн яамнаас боловсруулсан төслийг одоо шинэ парламент гарч ирэхдээ даруй хэлэлцэж батлах л ганц найдвар гэх гээд байна уу?

-Шинэ УИХ, түүний байгуулах Засгийн газар нэгэнт өргөн баригдсан Шүүхийн тухай хуулийн төслүүдийг цааш хэлэлцээд явах уу, эсхүл татаж аваад шинээр боловсруулж ергөн мэдүүлэх үү гэдгээ шийднэ.

Энэ нь аль нам, эвсэл олонх болохоос хамаарах байх. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Шүүхийн тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсхүл шинээр батлахаас өөр аргагүй.

Өмнө хэлсэнчлэн үе үеийн Ерөнхийлөгч нарт эрх мэдэл төвлөрч шүүхэд хэт нөлөөтэй болчихсон. Уулнаас буусан цас доошоо уруудаж томорсоор өнөөдөр бид барьж дийлэхгүй хүчтэй болчихсон. Зарим ерөнхийлөгч нь өөрөө хуулийн төсөл санаачилж бүрэн эрх олж авсан байхад заримдаа бусад этгээд тал засаж эсхүл төрийн тэргүүн гэж хүндэтгээд эрх мэдэлжүүлсэн.

Ерөнхийлөгч бол улс төрч, маш идэвхтэй тоглогч тул бид түүнийг төвийг сахисан этгээд мэтээр төөрөгдөж болохгүй. Үүнийг шийдэх гарцыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нээсэн. Одоо зоригтой, тууштай хэрэгжүүлэх л чухал, тэгж чадвал шүүхийг бид хараат бус, бие даасан болгож чадна. Тиймээс дараагийн парламентад энэ хариуц-лагатай ажил шилжиж байна.

Нөгөө талаар улс төрийн, эдийн засгийн том ашиг сонирхол маргаан шүүхээр орж ирдэг. Ийм маргаан дээр жирийн иргэд энэ том ашиг сонирхолтой тулбал хуулийн хамгаалалтгүй хэрчүүлээд л өнгөрөх магадлал байна уу гэж бодогдох үйл явдал манайд гарч байсан.

Бид үр хүүхдэдээ, ирээдүй хойч үедээ сайн хүмүүжүүлж, мэдлэг боловсрол олгож, жаахан ч гэсэн хөрөнгө өвлүүлж болно. Гэвч, хараат бус, хариуцлагатай шүүхгүй бол ямар ч баталгаагүй, амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө гэх мзт үнэтэй цэнтэй бүхэн нь том ашиг сонирхлын өмнө хүчин мөхөстөх эрсдэлтэй байсаар байна.

Дийлэнх улстөрчид эрх мэдэлтэй, нөлөөтэй байхдаа шүүхийн шинэчлэл ярихаар тоодоггүй. Энэ талаар ярьсан ганц нэгнээ шахаж зайлуулна. Ерөнхий сайд, сайд, гишүүн байхдаа яг ийм байдлаар хандаж байсан зарим хүн үүнийхээ горыг нь өөрөө амсаад ирэхээр “хараат бус, шударга шүүх” гэж яриад эхэлж байгаа байхгүй юу. Зарим нэг нь “шударга бусын хонгил” гэж хашхираад өөрийнхөө гэмт буруутай үйлдлийг хаацайлж байхыг ч үгүйсгэхгүй.

Ирээдүй хойч үеийнхээ төлөө шүүхийг илүү хараат бус, хариуцлагатай болгохын тулд бид ойлголцож засаж сайжруулах ёстой. Шүүх бол хүний эрхийн баталгаа. Иргэн, хуулийн этгээд амьдралынх нь хамгийн чухал асуудал хөндөгдөхөөр шүүхэд ханддаг. Шүүх хуулийг хэрэглээд яг нотлох баримт, үндэслэлээрээ аль нь илүү байна, тэр талд нь шийдэх ёстой. Энэ хариуцлагатай, ёс зүйтэй тогтолцоогоо бид бүрдүүлж чадахгүй бол хэцүү.

Categories
мэдээ цаг-үе

Э.Эрдэнэбаатар: Сэрэмжлүүлэх самбар байсаар байтал иргэд үл тоомсорлон ус руу ордог

Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-Он гарсаар гол усанд живж эндсэн хүний тоо хэд хүрээд байна вэ?

– Он гарснаас хойш нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд усны ослоор долоон хүн эндэж нас барсан. Дөрвөн хүүхэд, гурван том хүн. Дөрвөн хүүхдийг та бүхэн мэдэж байгаа байх. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны газар нутагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд нуурын усанд 11-13 бага насны хүүхдүүд усанд тоглож байгаад осолдсон. Гурван том хүний хувьд 24-49 настай хүмүүс байсан.

-Нийслэлийн хэмжээнд гол устай холбоотойгоор өдөрт хичнээн дуудлага ирдэг вэ?

-Ер нь бол усанд осолдлоо гэсэн дуудлага ирвэл бид дуудлагаар шуурхай очно. Бид иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж Нийслэлийн засаг даргын захирамж гаргаад зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу завьт, болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Яагаад ажиллуулж байна гэхээр сүүлийн хэдэн жил уламжлал болоод гарчихсан, урьдчилан сэргийлэх байдлаар иргэддээ анхаарал тавьдаг. Ялангуяа зуны улирал эхэлчихсэн, өдөрт 25 хэмээс дээш халсан үед бол иргэд ихэвчлэн гол руу явдаг. Тэнд очиж сэрүүцэх гэж, зарим нэг нь зугаалгаар явдаг. Мөн бага насны хүүхдээ салхинд гаргах нэрийдлээр дагуулж явна. Тийм болохоор бид урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Үүнийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон манай НОБГ хамтран хөдөлгөөнт эргүүлд ажиллаж байна. Завьт эргүүлд Нийслэлийн аврах 105 дугаар ангийн хөдөлгөөнт эргүүлийн хоёр бүлэг ажиллаж байгаа. Хар усан тохойгоос Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Хадан хясаа гэсэн ийм маршрутаар Туул гол дагуу, Хэрлэн гол дагуух 25 км орчим, Тэрэлж голын 25-35 км орчим газарт хөдөлгөөнт, завьт эргүүлүүдийг ажиллуулж байна. Өмнө нь бол ялгаа байгаагүй. Сүүлийн таван жил ингэж явж байгаа юм. Захирамж гараад урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдээ хөдөлгөөнт болон завьт эргүүлээр хянана. Амарч байгаа хүмүүстээ урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгээ өгнө. Чанга яригчаар урьдчилж хэлнэ. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй байлгахгүй, голын усанд оруулахгүй шүү гэх зэргээр хяналт тавин ажиллаж байна. Энэ жилийн хувьд бид нэмэлтээр урьдчилан сэргийлэх самбарыг тодорхой цэгүүд дээр нэмж байрлуулж байгаа. Энэ нь хүмүүс осолдож байсан хэсэг болон цүнхээл гүнзгий хэсгүүдээрээ яг метрийг нь заагаад ойролцоогоор 2,80 метр гэдэг юм уу, эсвэл 2,70 метр ч гэдэг юм уу хэмжээг нь тавьж байгаад 10 ширхэг самбарыг өмнөх самбарууд дээр нь нэмэлтээр байрлуулна . Үүн дээр нэмэлтээр дүүргүүд мөн тодорхой хэмжээний самбарыг байрлуулахаар ажиллаж байна. Ямар ч байсан бид сонгуулийн өмнө амжуулна. Амжихгүй бол сонгуулийн дараа долоодугаар сарын нэгнээс өмнө бүх самбаруудаа байрлуулахаар төсөв мөнгийг нь шийдүүлэх гээд байж байна.

-Хүмүүсийн гол усанд ихээр эндэж буй шалтгаан юу байна вэ? Өөрсдийнх нь хэнэггүй байдалтай холбоотой байна уу?

-Олон шалтгаан байгаа. Голын усанд орж буй хүмүүс зугаалгаар, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө мөн сэрүүцэх гэж явж байна. Тэнд ихэвчлэн том хүмүүс очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Энэ үедээ бага насны хүүхдийнхээ хараа хяналтыг алддаг. Бага насны хүүхдүүд тэнд тоглож байгаад голын их ус руу орчихдог. Тэгээд усанд живэх асуудал гардаг. Мөн хүүхдүүд бөөнөөрөө нийлж буюу найзууд нийлээд гол руу очиж байгаа асуудал байна. Сүүлд осолдсон хүүхдүүдийн хувьд ерөөсөө л Дэнжийн мянгаас Цэцэрлэгт хүрээлэн рүү очиж урдах нуурын усанд нь тоглох гэж байгаад л осолдсон. Мөн сэрэмжлүүлэг самбар байсаар байтал иргэд өөрсдийн хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж, үл тоомсорлон ус руу ордог. Усанд би сэлж чаддаг гэж эрдэж гүнзгий хэсэг рүү шумбан гарч ирэхийн тулд орж байна. Гэтэл тухайн газрууд нь харагдаж байгаагаасаа огт өөр байх тохиолдол зөндөө байдаг. Эдгээр зүйлсээс болж осолдож байсан нөхцөл байдал бага гэлтгүй байгаа. Нийт ослын 80 орчим хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ усанд осолдсон байдаг.

– Хүүхдүүд бөөнөөрөө явж байгаад усанд осолдож байна. Хүүхдүүдэд усанд сэлэх арга техник, наад захын мэдлэг дутмаг байх шиг. Үүнд хэрхэн анхаарч болох вэ?

– Арван жилийн хүүхдүүдэд “Аюулгүй амьдрах ухаан” гээд 1,2,3 боть ном гарчихсан, манай ОБГ дээр энэ ботийг хүүхдүүдэд заагаад, хичээлийнх нь хөтөлбөрт орчихсон явж байгаа. Усанд осолдож болохгүй гэдэг юм уу, энэ байдлыг нэгдүгээрт эцэг эх нь өөрсдийнхөө хэмжээнд анхааруулах ёстой. Эцэг эх нь хүүхдүүддээ зааварлаад, хэлээд хараа хяналтаа сайжруулна гэсэн үг шүү дээ. Өглөө ээж аав нь гараад явдаг. Хүүхдүүд нь гэртээ үлддэг. Тэгээд хоорондоо нийлж дарвиад “За ийшээ Туул гол гаръя, тэнд очиж сайхан голын усанд оръё” гэдэг энэ хугацаанд л осол болоод байгаа юм. Ер нь бол голын усанд орж болохгүй гэдгийг л ойлгуулах ёстой. Хүүхдүүд ч гэсэн өөрсдийгөө гол усны ослоос сэргийлж усанд орж болохгүй, аюултай гэдгийг арван жилийн “Аюулгүй амьдрах ухаан” гэдэг хичээлээрээ дамжуулан тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан байх ёстой.

-Дээрх сэрэмжлэгүүдээс өөр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бид бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүргэж байна. Энэ нь улсын хэмжээнд явагдаж байгаа. Би зөвхөн гол ус гээд нийслэлийн хэмжээнд ярьж байгаа ч улсын хэмжээнд энэ ажил бүрэн утгаараа явагдаж байгаа юм. Нуур цөөрөм юу л байдаг юм, тэр болгонд бүх онцгой байгууллага, мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Бидний хувьд энэ урьдчилан сэргийлэх ажлыг хийснээрээ өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Адам и евагийн загас үржүүлгийн тэнд 17-20 насны хоёр эмэгтэй яг усанд осолдож байхад нь манай завьт эргүүлийнхэн очиж амь насыг нь аварсан. Тухайн хоёр иргэнээс юу болсон талаар асуухад зүгээр л тоглож байсан гэж байгаа юм. Тийм л болгоомжгүй байдлаас болж өөрсдийгөө эрсдэлд оруулж байна. Бүр цаашлаад амь насаа алдах нөхцөл байдлыг үүсгэж байна. Бид голын дагуу урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа нь иргэдээ аль болохоор голын ус руу оруулахгүй байх, голын усанд орсон байвал буцаагаад гаргах, дуудлага ирсэн үед яаралтай түргэн шуурхай очиж аврах үйл ажиллагааг явуулах зорилготой байна.

-Хөл хориотой холбоотойгоор хүмүүсийн очих газар нь гол л болж байна. Гол дагасан архидалт их байна уу?

-Үүнийг цагдаагийн байгууллага л мэдэх байх даа. Бид зөвхөн урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлгээ өгөөд явдаг. Осол болсон үед аврах ажиллагааг л зохион байгуулна. Хэдэн хүн архидсан, хаана хаана архидсан гэдэгт цагдаагийн байгууллагын хөдөлгөөнт эргүүлийнхэн тодорхой хэмжээний судалгаа хийгээд явдаг.

Б.МЯГМАРБОЛОР

Categories
мэдээ цаг-үе

М.Болдсайхан: Хүүхдүүд хугацаандаа ирж, суудлын хуваарьт заасан хэсгээр нэвтэрчихвэл хүндрэл үүсэхгүй

Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулагдах тов гараад байгаа. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтан М.Болдсайханаас зарим зүйлийг тодрууллаа.


-Энэ жилийн ЭЕШ өмнөх жилүүдийнхээс онцлогтой болох болов уу?

-Энэ жилийн ЭЕШ-ын хувьд манай элсэгчдэд болон шалгалтыг зохион байгуулж байгаа Боловсролын үнэлгээний байгууллагын хувьд их өөр сорилт дагуулсан онцлог шалгалт болж байгаа юм. Энэ жилийн шалгалтыг бид ариутгал халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйн их өндөр дэглэмийн дор зохион байгуулахаар ажиллаж байна.

-Улсын хэмжээнд ЭЕШ өгөх нийт хичнээн хүүхэд байна вэ?

-Улсын хэмжээгээр бүртгэлийг бид хоёрдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлүүлсэн. Бүртгэл дуусахад нийтдээ 30900 хүүхэд бүртгүүлсэн байна. Эдгээр хүүхдүүдийн 28 мянга нь энэ жил ерөнхий боловсролын сургуулийг төгсөж байгаа бол 2900 нь өмнөх онуудад ЕБС-ийг төгссөн боловч их дээд сургуулиудад хараахан элсч амжаагүй хүүхдүүд юм. 30900 хүүхэд давхардсан тоогоор 100 мянган шалгалт өгөхөөр байна.

-Суудлын хуваарилалтыг хэрхэн хийсэн бэ?

-Энэ жилийн шалгалтад зориулсан суудлын хуваарилалтыг өнөөдрөөс (өчигдрөөс) хүүхдүүдэд хүргээд явж байна. Энэ жилийн шалгалтын суудлын хуваарилалт өмнөх жилүүдээс илүү онцлогтой болсон. Жишээлбэл, тухайн хүүхдийн шалгалтад ирэх цаг, хугацааг нарийвчлан зааж өгөхөөс гадна яг шалгалтын байранд ирэх цагийг тусгайлан зааж өгсөн. Мөн шалгалтын байранд нэвтрэх хэсгийг зааж өгсөн байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу нэг дор олон хүүхэд бөөгнөрүүлэхгүй байх үүднээс шалгалтын байр руу нэвтрэхэд илүү хялбар, илүү хурдан нэвтрэх энэ боломжийг сонгоход нэвтрэх хэсгүүдийг нээж өгч байгаа юм. Зарим сургуулиуд дээр хүүхдийн тооноосоо хамаараад гурван нэвтрэх хэсэгтэй байх бол зарим нь хоёр нэвтрэх хэсэгтэй байна. Нэвтрэх хэсэг дээр ирэхэд нь эрүүл ахуйн үзлэгт хамруулах нэг хэсэг байна. Энэ нь хүүхдийн халууныг хэмжихээс гадна хүүхдийн гаранд ариутгал хийгээд амны хаалт зүүсэн эсэх дээр хяналт тавина. Амны хаалт зүүгээгүй бол зүүлгэх зэрэг ажлыг хийгээд сургууль руу нэвтрүүлэх эхний алхам нээгдэж байгаа юм. Хүүхэд эрүүл ахуйн хэсгээс гараад метал илрүүлэх буюу шалгах хэсэгт очно. Энэ хэсэгт хүүхдүүд маань шалгалтын журмын дагуу хориглогдсон зүйлс, өөр бусдад саад болж болзошгүй эд хэрэгсэл байгаа эсэхээ шалгуулна. Үүний дараагаар шалгалтад ороход шаардлагатай дөрвөн төрлийн бичиг баримтыг бүрдүүлсэн эсэхийг, тухайн хүүхдийн зураг нь тохирч байгаа эсэх зэрэг илүү нарийн шалгалтуудыг хийнэ. Хэрвээ тухайн нөхцөл байдал дээр хүүхэд маань ямар нэгэн байдлаар халуурсан ч юм уу эсвэл ханиадны шинж тэмдэг илэрвэл шалгалтын байран дотор урьдчилан бэлтгэсэн тусгаарлах байранд оруулна. Тухайн хүүхдийг огт шалгалт өгүүлэхгүй биш тэр сургууль дотор ажиллаж байгаа эмчийн хяналтан доор тусгаарласан анги танхимд шалгалт өгөх юм.

-Нэг хүүхдийг шалгалтын байранд нэвтрүүлэхэд ойролцоогоор хэдий хэмжээний хугацаа зарцуулахаар байна?

-Бид ачааллыг тооцож үзсэн байгаа. Тухайлбал, дор хаяж гурван нэвтрэх хэсгээр хүүхдүүд орно. 10:40 цагт нэгдүгээр хэсгээр хүүхдүүд нэвтрүүлж байхад тухайн цагт хоёрдугаар хэсгээр хүүхдүүд нэвтрүүлж байж болно. Энэ бол нэг цагийн дотор хүүхдүүдийг олон сувгаар дамжин ороход л зориулан хийгдэж байгаа юм. Мөн бид шалгалт хоорондын хугацааг тооцож үзсэн. Энэ жилийн шалгалтууд дор хаяж хоорондоо зургаан цагийн зайтай байгаа. Тэгэхээр энэ шалгалт хоорондын хугацаа маань бүх үзлэг шалгалтыг явуулахад хүрэлцэхүйц хугацаа гэж үзэж байна.

-Хэрвээ хүүхэд ямар нэгэн байдлаар тусгаарлалтад орвол нэг хүүхэд нэг ангид нэг эмчтэй байна гэсэн үг үү? Тусгаарлалтад орвол нэг ангид ойролцоогоор хэдэн хүүхэд байх вэ?

-Бид нэг ангид ширээ хоорондын зайг 1,5-2 метрийн зайтай байхаар тооцож үзсэн. Тусгаарлах ангидаа ямар ч байсан дөрвөөс хэтрүүлэхгүй хүүхэд байлгахаар зорьж байгаа. Стандартын хувьд. Магадгүй нөхцөл байдал хүндрээд дахиад хүүхэд нэмэгдэхээр байж болзошгүй. Тийм учраас нөөц хоёрдугаар ангийг бэлтгэсэн байгаа. Үүнийг тусгаарлах нөөц анги гэж нэрлэсэн ба нийт тусгаарлах хоёр анги байгаа гэж ойлгож болно. Ямар ч байсан эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн асуудлыг гайгүй шийдвэрлэчихэж болох байх гэж үзэж байна.

-Энэ жил цахимаар суудлынхаа хуваарийг авч байгаатай холбоотойгоор элсэгчид яг юуг анхаарах ёстой вэ. Ямар заавар зөвлөмжийн дагуу ЭЕШ-д оролцох ёстой вэ?

-Хүүхдүүд шалгалтад ирэхдээ нэгдүгээрт, суудлын хуваарь дээр заасан хугацааг маш сайн баримтлах шаардлагатай.Үүнд манай эцэг эхчүүд сайн оролцох хэрэгтэй. Суудлын хуваарь дээр тухайн хүүхдийн шалгалт өгөх цагийг заахаас гадна аль ангид ямар ширээ сандал дээр суухыг заасан байгаа. Тэгэхээр хүүхдүүд яг энэ хугацаандаа ирж, хүүхэд болгон өөрийнхөө суудлын хуваарьт заасан нэвтрэх хэсгээр л нэвтэрчих юм бол бидний хувьд нэг их ачаалал, хүндрэл үүсэхгүй юм. Тэгэхээр нэгдүгээрт, аль аль талдаа ачаалал үүсэхгүй гэсэн үг. Хоёрдугаарт, хүүхдүүд шалгалтын байранд ирэхдээ дөрвөн төрлийн бичиг баримтыг бүрдүүлж ирэх ёстой. Өмнөх жилүүдийг ажиглаж байхад хүүхдүүд бичиг баримтаа орхиж ирэх, үрэгдэж гээгдүүлсэн асуудал их гаргадаг. Тиймээс үүн дээр манай эцэг эхчүүд, анги удирдсан багш нар анхаарах хэрэгтэй. Хүүхэд болгон амны хаалт зүүж орох ёстой. Шалгалтын анги танхимд хүүхэд болгонд нэг удаагийн бээлий тавьж өгнө. Хүүхдүүдийн ашиглах балын харандаа, баллуурыг Боловсролын үнэлгээний төвөөс тавьж өгч байгаа. Мөн шалгалтын байр болгон дээр сургуулийн эмчээр ахлуулсан ажлын баг, хэсэг ажиллана. Давхар болгон дээр хоёр үйлчлэгч ажиллана. Ингээд сургууль дээр эрүүл ахуйн ариун цэвэр, ариутгал, нийтийн талбай, бие засах газар, анги танхим зэргийг цэвэрлэх, хаалганы бариулыг ариутгах, янз бүрийн дараалал үүсгэхгүй байх талаас нь ажиллах, дотоодын эрүүл ахуйг хангах цоо шинэ баг ажиллаж байгаа юм. Үүн дээр л гэхэд 85 эмч энэ жил шинээр ажилд хуваарилагдаж байна. Мөн 410 гаруй үйлчлэгч улсын хэмжээнд ажиллаж байна. Ингээд 600 орчим хүмүүс зөвхөн эрүүл ахуйн чиглэлээр ажиллаж байна. Сургуулийн гадна талд буюу зохион байгуулалтын хэсэг дээр 12-16 эмч эмнэлгийн ажилтан, зохион байгуулагч нар ажиллана. Энэ хүмүүсээс 500 орчим хүн зөвхөн хүүхдийн биеийн халууныг үзэх, гарын ариутгалыг хийх хэсэгт ажиллана гэсэн үг юм. Үлдсэн 10 орчим багш бичиг баримтыг шалгах, сургууль дотор чиглүүлэг зохион байгуулах, хүүхдэд зөвлөх, туслах ажлыг гүйцэтгэнэ.

-Элсэгчид ямар бичиг баримттай ирэх ёстой вэ?

-Иргэний үнэмлэх, түүнтэй дүйцэх бичиг баримт, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суудлын хуваарь, бүртгэлийн хуудастай ирнэ.

-Шалгалтын сэдэв даалгаварт өөрчлөлт гарсан уу. Зарим хэсэг хасагдсан гэж байсан?

-Зөвхөн шалгалт зохион байгуулалтаас гадна шалгалтын сэдэв, даалгаварт коронавирус нөлөөлж өөрчлөлт гарсан. Учир нь хичээл, сургалтын үйл ажиллагаа үндсэндээ хоёрдугаар сарын 20-ноос хойш хагас жилийн турш завсардсан. Тиймээс энэ жилийн шалгалтын сэдэв, даалгавар дээр бид сурагчдын 10, 11 дүгээр ангийн агуулгыг бүтнээр нь хамруулах, 12 дугаар ангийнх нь судлаагүй агуулгыг хамруулахгүйгээр зохицуулсан. Мөн энэ жилийн англи, орос, монгол хэлний хичээлүүдийн сонсоод ойлгох даалгаврууд хасагдана. Мөн монгол хэл, бичгийн шалгалтыг хассан. Монгол хэл, бичгийн шалгалт нь задгай даалгавартай учир машинаар засах боломжгүй, заавал багш нар гараар засдаг тул цаг их орох байсан. Гэтэл ЭЕШ долдугаар сарын 5-нд дуусаад их, дээд сургуулиуд 8-9-ний өдрүүдэд элсэлтээ зохион байгуулах урьдчилсан товтой байсан тул цуцлах нь гарцаагүй байсан.

-Танай төвөөс элсэгчдэд зориулаад зөвлөгөө заавар гаргасан уу?

-Бидний хувьд долоо хоног бүрийн лхагва гаригт бүртгэлд хамрагдсан хүүхэд болгоныхоо и-мэйл хаяг руу нь захидал бичиж байгаа. Энэ нь ЭЕШ-д хэрхэн бэлдэх зөвлөмжүүд, видео хичээлүүд, онлайн давтлагууд, сүүлийн 2017, 2018, 2019 оны сэдэв даалгавруудыг зөв хариу, бодолтынх нь хамт явуулж байгаа юм. Долоо хоногийн гурав дахь өдөр болгон хүүхдүүдэд зөвлөмж, туслах арга хэмжээнүүд байнга явагдаж байна. Түүнээс гадна help.eec.mn шинэ цахим хаягийг нээж ЭЕШ-тай холбоотой бүх мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн байгаа. Мөн тухайн сайт руу хүүхдүүд дата ашиглалгүй орох боломжтой.

Б.МЯГМАРБОЛОР

Categories
мэдээ цаг-үе

А.Лхагва-Очир: Хүүхдүүд ингээд эх орондоо ирчихлээ гэж үү гээд итгэхгүй баярлаж хөөрцгөөсөн

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг болон Лаос улсаас нийт 251 иргэнээ эх орондоо авчирсан билээ. Үүнээс 212 нь Энэтхэгийн Гоман дацанд сурч байсан лам хүүхдүүд бөгөөд зургаа нь тэднийг хариуцан ажилладаг багш лам нар байна. Ямартай ч хүнд байдалд ороод байсан лам хүүхдүүд эх орондоо ирээд туйлын баяртай байгаа аж. Ингээд тэдний төлөөлөл болох шашны сургуулийн сурагч А. Лхагва-Очиртой ярилцлаа.

-Сайн явж ирсэн үү. Хаана тусгаарлагдаж байгаа вэ?

-“Сэнтий” зочид буудалд тусгаарлагдаж байна.

-Өрөөндөө хэдүүлээ байгаа вэ?

-Өрөөндөө ганцаараа байгаа. Анх онгоцны буудлаас автобусаар тосоход өрөөндөө хэдүүлээ байх уу гэж асуугаад хуваарилсан. Зарим нь хоёр, гурваар байгаа гэсэн.

-Танай дацангаас хичнээн хүн ирсэн бэ?

-Нийт 251 хүн ирснээс 216 нь манай дацангийн лам хүүхдүүд. Зургаа нь биднийг хариуцсан багш лам нар.

-Эх орондоо ирчихсэн сэтгэгдэл ямар байна?

-Маш гоё байна. Манай лам хүүхдүүд замдаа “Ингээд эх орондоо ирчихлээ гэж үү”, “Биднийг ингээд гэрт минь авчирчихаж байгаа юм уу” гэж ирээд итгэхгүй хоорондоо бөөн баяр болж хөөрцгөөж байсан. Өглөө сэрэхэд эх орондоо ирчихсэн, ээж аавынхаа хажууханд байгаа гэж бодохоор сэтгэл үнэхээр сайхан, амгалан байна. Биднийг Монголдоо ирэхэд туслалцаа үзүүлсэн лам багш нар болон Улсын онцгой комиссын нийт бүрэлдэхүүн гээд бүх хүмүүстээ лам хүүхдүүдээ төлөөлөн маш их баярласнаа илэрхийлмээр байна. Эх орон минь амгалан тайван оршиж, буян нь бум түм болон дэлгэрэх болтугай.

-Хэрэв тэнд удсан бол байдал хүндэрч байсан уу?

-Анх Энэтхэгт халдвар эрчимтэй тархаж эхлэнгүүт дацангийн лам нарыг хоорондоо тодорхой зай барьж, амны хаалт зүүж хичээлээ заах ёстой гэсэн дүрэм мөрдөгдөж эхэлсэн. Хэдхэн хоногийн дараа халдвар бүр эрчимтэй тархаж буйтай холбоотойгоор дацангийн үйл ажиллагааг ерөнхийдөө зогсоосон. Бидний байсан тосгон хүн ам ихтэй, ядуус ихтэй учир удаан тэнд байсан бол халдвар авах эрсдэл их байсан. Ялангуяа ядуус ихтэй учраас бохир заваан байдалтай нь холбоотойгоор халдвар маш эрчимтэй тархаж байсан. Иргэд нь ч гэсэн сэтгэлзүйн хувьд угаасаа халдвар авна, үхнэ байх гэсэн түгшүүр айдастай болохоор бидэнд хурдхан нутаг буцах юмсан л гэж бодож байсан.

-Хоол унд хэр хүрэлцээтэй байв?

-Анх дацангаас хоол өгдөг байсан. Халдвартай холбоотойгоор нийтэд нь хоол бэлтгэж өгөхөө болиод өөрсдөө мөнгөөрөө тосгоны дэлгүүрээс хүнсээ долоо юм уу 14 хоногоор бэлтгэх болсон. Гэхдээ ингэж бэлдэхээр хүнс амархан дуусч ойр ойрхон тосгон орох болж халдвар авах өндөр эрсдэл үүссэн. Тийм болохоор дацангаас хоолоо өмнөх шигээ бэлтгэж том лам нарын удирдлагаар тарааж, зохион байгуулалтад орсон.

-Танай дацангаас манайхаас өөр улс лам нараа татсан уу?

-Гоман дацанд нийтдээ 2000 гаруй хүн сурдаг. Гадаадын олон газраас шашны сургуульд сурахаар ирсэн хүмүүс бий. ОХУ-аас тува, буриад зэрэг хүмүүсээ татсан. Иргэдээ татсан хоёр дахь улс нь манай Монгол Улс.

-Онгоцны буудал хүртэл нэлээд олон цаг явсан гэсэн. Наашаа ирэх хүртэл хичнээн цаг явав. Ирэх замдаа халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахиж ирэв?

-Гоман дацангаас Гоа хот дахь онгоцны буудал хүртэл долоон цаг гаруй автобусаар явсан. Наашаа онгоцоор нэлээд хэдэн цаг гээд бараг бүтэн нэг өдрийн дайтай хугацааг туулж ирсэн. Хүн бүр битүү хувцастай, амны хаалттай, цагаан бээлийтэй ирсэн. Гэсэн хэдий ч эх орондоо ирж байгаа болохоор хүнд санагдаагүй. Цаанаас гарахад л лам багш нар “За эх орон чинь энэ их зардал мөнгө гаргаж, ажил болгож ирж авч байхад та нар ганц өдөр өөрсдийнхөө төлөө, өрөөлийн төлөө тэвчээрэй” гэж захисан нь ч хүүхдүүдэд нөлөөлсөн байх.

-Өөрийн тань хувьд Энэтхэгт шашны сургуульд сураад хэр удсан бэ. Халдвар намжсаны дараа үргэлжлүүлэн сурах уу?

-Би одоо 19 настай. Энэтхэгт таван жил сураад өнгөрсөн жил эх орондоо, гэртээ ирээд гэр бүлийнхэнтэйгээ уулзаад буцсан. Шашны сургуулиар бол бага ангиа төгсөөд дунд анги руу орсон байсан гэсэн үг. Дахиж нэг жил сурахаар очоод байсан юм. Сургуулийн зүгээс та нар халдвар дарагдсаны дараа даруй ирж хичээл номоо үзээрэй гэж захисан. Миний хувьд энэ жил шалгалттай байсан. Хэрэв удаан хугацаанд үргэлжилбэл хичээлийг онлайнаар явуулах талаар шийднэ гэсэн.

С.АДъЯАДОрж: ХҮҮТЭйГЭЭ уулзААГҮй ч ИРчИХСЭН ГЭж БОДОХООР л САйХАН БАйНА

Лхагва-Очирын аав Адъяадоржтой цөөн хором ярилцлаа.

-Хүүтэйгээ холбоо бариа юу?

-Тусгаарласан болохоор уулзах боломжгүй. 21 хоног тусгаарлалтад байх юм байна. Ирснээс нь хойш утсаар, фэйсбүүкээр л ярилцаж байна.

-Хүүтэйгээ хурдхан уулзах юмсан гэж яарч байна уу?

-Энэтхэгт байхад нь хэзээ онгоц нисэх бол, хэзээ авчрах бол гээд тайван ч унтаж чадахгүй байсан. Харин ирчихээр нь тайвшраад санаа амарчихдаг юм байна. Хүүтэйгээ уулзаагүй ч эх орондоо ирчихсэн гэж бодохоор тусгаарлалтын 21 хоног хоёр, гурав хоног шиг ойрхон санагдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Н.Монсор: Одоо л гарц гаргалгаа олохгүй бол том компани байсан ч жамаараа л дампуурна

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн санхүүч Н.Монсортой ярилцлаа.


-Цар тахал удаан үргэлжилбэл эдийн засгийн байдал улам дордоно гээд байгаа. Эдийн засгийн уналтад бага өртөхийн тулд бид одооноос юуг анхаарах ёстой вэ?

-Аливаа бизнес ч гэлтгүй улс орны хувьд хамгийн аймшигтай юм юу байдаг вэ гэхээр ирээдүй тодорхойгүй байх. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй байх нь өөрөө эрсдэлийг үүсгэнэ. Цар тахлын үед болгоомжлоод байгаа зүйл бол ямар хувилбаруудаар ирээдүй явах вэ гэдгээ мэдэхгүй байгаад байгаа юм. Хувийн бизнесийн хувьд бол сайн, муу гэсэн хувилбаруудаа бодно, түүндээ бэлдэнэ өөрсдөөс нь хамаарах юм харьцангуй бага. Яагаад гэвэл ирээдүйд өөрсдөөс нь гадна олон оролцогч тал байгаа учраас. Бидний хувьд ирээдүйд ойлгомжгүй зүйл олон байна. Хувийн хэвшил болон бодлого боловсруулагч талуудын хувьд аль аль нь ирээдүйд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хувийн бизнесийнхний хувьд бүсээ чангалах ёстой. Бүсээ чангалах ёстой гэхээр манайхан буруу ойлголттой байдаг. Ажилчдаа халах гэж хамгийн түрүүнд ойлгодог. Мэдээж сонгодог утгаараа тэгж цалингаа, зардлаа танаж болно. Шинэ орчинд бид бүсээ чангалах гэдэг дээр байж болох зардлууд дотор юуг тэвчиж, танаж болох вэ гэдэг эрэмбэ дараалалтай жагсаалтыг гаргах нь чухал. Хувийн бизнесийн үнэт капитал нь хүн байдаг. Энэ утгаараа баруунд бизнесээ зогсоож болохгүй. Ингэхдээ хүнээ битгий халаарай гээд захиад байгаа. Тиймээс өөр юуг танаж болох вэ гэдгээс эхлэх ёстой.

-Тухайлбал, таны сайн мэдэх үл хөдлөхийн салбарын зах зээлд ашиглалтад ороод зарагдаагүй олон мянган орон сууц байна. Үүнийг эргэлтэд оруулж эдийн засагт дэмжлэг үзүүлэх боломж бий юү?

-2009 оны манайд болсон хямралын дараа 2012 онд яг энэ асуултыг надаас асууж байсан. Баахан барилга баригдчихлаа. Худалдан авалт муудчихсан, хүмүүс авахгүй юм биш үү гэж. Монгол Улс ямар ч тоон үзүүлэлт, статистикаар нь аваад үзсэн залуу орон. Залуу улсын хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Энэ хүмүүсийн тал нь гэр хороололд амьдардаг. Тэгвэл эдгээр хүмүүс ямар нэг байдлаар өөрсдийн ахуй амьдралаа дээшлүүлж орон сууцтай болох эрэлт хэрэгцээ гарна. Эрүүл мэнд, орчны бохирдол, эдийн засаг талаасаа харсан ч орон сууцанд орох шаардлага тулгарна. 2012 онд одоогийнх шиг ипотекийн найман хувийн зээл гэж байгаагүй. Би хэлж байсан. Олон улсын жишгээс харахад манай улсад жамаараа бага хүүтэй орон сууцны зээл гарч ирэх байх гэж. Энэ зээл гараад ирэхээр үнэ унаж алга болохгүй. Байдал хамгийн муугаар эргэлээ гэхэд орон сууцны үнэ хэвийн түвшинд байна, сайнаар яривал нэмэгдэнэ. Хамгийн зөв байршилаа олсон бүтээгдэхүүн эзнээ олж очих боломж нь л нээгдэнэ гэж байсан. Өнөөдөр яг адилхан байна. Тэр үеэс өөрчлөгдсөн зүйл гэвэл худалдан авах чадвар буюу урьдчилгаа төлбөрөө төлөх чадвартай хэсэг орон сууцандаа орчихсон байна. Хэн үлдчихсэн байна вэ гэхээр хуримтлалгүй хүмүүс, залуучууд орон сууцанд орж чадахгүй үлдчихээд байна. Их сургуулиа төгсөөд дөнгөж ажилд орсон залуу гэр бүлүүд өнөөдөр түрээсийн орон сууц эсвэл аав, ээжийн халаасны өрөөнд амьдрах сонголттой байна. Тэр хүмүүсийн анхны хөрөнгө оруулалт юу байдаг, юу байх ёстой вэ гэхээр өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө буюу орон байр. Энэ дээр л төрийн бодлого нь ч тэр, компаниуд нь ч тэр анхаарч ажиллах ёстой гэсэн.

-Гэхдээ гадны хөрөнгө оруулалтаар, эсвэл дотоодын томоохон компаниудынх хөрөнгө хаяж барьсан барилгууд зарагдахгүй олон жил хоосон байгаад байдаг. Хөрөнгөтэй хүмүүсийн хувьд тэнд мөнгө нь түгжигдэх сонин биш. Зах зээлийн өсөлтийг хүлээдэг. Тэгвэл ашиглалтад орсон жилээс нь хамаарч зарагдаагүй бол орон сууцанд татвар ногдуулж эдийн засгийн тодорхой хэмжээний эргэлтийг хийх боломжтой юу?

-Тэгж болно. Гэхдээ манайх ардчилсан улс. Ардчиллын чухал зүйл нь хувь хүний хөрөнгө байдаг. Энэ утгаараа бид хувь хүний хөрөнгөд халдах эрхгүй болчихоод байна. Тэгш боломжийг олгоно гэчихээд баян хүнээ шахна гэсэн үг биш. Татвар ногдуулна гэдэг тухайн бизнесийг татвараар шахахтай л адил юм л даа. Үл хөдлөх дээр эзэмших, өмчлөх хэлбэр дээр татварын асуудал байж болно. Барилга чинь өөрөө бизнес учраас та бизнесээсээ сал гэж байгаатай ялгаагүй зүйл болох байх л даа. Товчхондоо татвар тогтоох нь би Яармагт үнэтэй материал ашиглаад өндөр өртөг зараад барилга барьчихсан байхад миний алдагдлыг тооцохгүйгээр наад барилгынхаа үнийг буулга гэж хүчээр хэлэхтэй адилхан зүйл юм л даа. “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор гадны орны Засгийн газрууд хувийн хэвшлүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй байхыг баримталж ажиллаж байна. Тэр нь ямар үр дүнг авчрах вэ гэхээр ажилгүйдлийг бага түвшинд барих, иргэдийнхээ ирээдүйгээ, маргаашаа харах итгэлийг нь унтраахгүй байх. Маргаашдаа итгэлгүй байгаа хүн өнөөдөр ажлаа тоохгүй, орчноо мэдэхгүй, цаашлаад нийгэмд гарч болох бүх сөрөг үр дагаврын эхлэл болдог. Ялангуяа дэлхий дахин хүнд байгаа энэ үед. Зах зээлийн хүнд үед одоо л ямар нэг байдлаар уян хатан байж гарц гаргалгаа олохгүй бол том компани ч өөрсдөө алдагдлаа хүлээгээд жамаараа л дампуурна. Хэрвээ найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжээгүй бол өнөөдөр зах зээлд үүнээс ч их хоосон шинэ байр байх байсан. Тэгэхээр энийг л бодлогын түвшинд шийдэх гээд байгаа юм. Үүн дээр өшөө юу оруулж ирвэл эргэлтийг ихэсгэж болох вэ гэдгээ эдийн засгийн тооцоотой судалгаатай хийх ёстой. Харин улсын хувьд энэ тал дээр ямар бодлого баримтлах ёстой вэ гэхээр тэр хөрөнгөтэй хүмүүсийг орхиод иргэдэд орон сууц худалдаж авах боломж, чадамжийг нээж өгөх хэрэгтэй. Тэндээсээ хөөгөөд эрэлт тал дээрээ боломжийг олгож өгснөөр нийлүүлэлтийн хэсгийг ямар нэг байдлаар маневрлаж болно гэж бодож байна.

-Гэхдээ энэ байдал нь томоохон компаниуд жижиг компаниудыг зах зээлээс шахах бас нэг үзэгдэл болоод байна. Энэ зах зээлийн хувьд шударга зарчим гэж үү?

-Энэ хямрал тухайн компани том жижгээс хамаарахгүйгээр адилхан нөлөөлж байна. Эрсдэлийн цохилтыг хүчээр нь аваад үзвэл том компанид илүү хүчтэй тусдаг. Хүнд жинтэй хүн унахдаа илүү бэртдэг гэдэг шиг л. Жижиг компаниудын хувьд эргэж хөрвөх, маневр хийх чадвартай байдаг. Тэгэхээр аль аль нь давуу болон сул талтай л даа. Гарц гаргалгаа нь хүртэл өөр өөр. Гэхдээ жижиг дунд бизнесийн хувьд бол энэ хямралын үед шигшигддэг нь үнэн. Тэд ямар ч хуримтлалгүй, хөл дээрээ ч босч амжаагүй байгаа үед шуурганд өртөхөд амархан байдаг. Харин барилгын салбарт үүнтэй төстэй үзэгдэл бол барилгын туслан гүйцэтгэгч компаниудыг хэлж болно. Дотор засал, шавар, өрлөг, цахилгаан хийдэг ч юм уу жижиг туслан гүйцэтгэгч компаниудын хувьд ажилгүй болох, мөнгөө хүлээх хооронд цалингаа тавьж чадахгүй болох зэрэг хүнд байдалд хүрдэг. Энэ бүхнийг эрэлт талаас нь харж гарц, гаргалгаа хайх нь хамгийн үр дүнтэй. Бодит эрэлт, бодит бус эрэлт гээд манайх хоёр хуваачихдаг. Бодит эрэлт буюу урьдчилгаа 30 хувиа төлөөд байрандаа орчихсон хэсгийг хэлээд байгаа юм. Тэд байрандаа орчихсон. Цаана нь урьдчилгаа төлөх боломжгүй бодит бус эрэлт үлдчихээд байгааг яах ч боломжгүй гэж яриад байгаа. Энэ бол өрөөсгөл ойлголт.

-Яагаад?

-Жилд манай улсад 10 мянга орчим гэр бүл бүртгэгддэг юм байна. Гэр бүл болгон л нэг орох оронтой болчих гээд зүтгэнэ биз дээ. Бодлогын түвшинд ингэж харж эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах ёстой.

-Хямрал удаан үргэлжилбэл бид бэлтгэлтэй байх талаар та түрүүн ярьсан. Тухайлбал, эдийн засгийн хямралд бага өртөхийн тулд ямар бэлтгэлийг хангавал зохих вэ?

-Түрүүн миний хэлсэн таналтыг зөв хийх. Бүсээ чангалах.Улсын төсөв дээр маш сайн анхаарах ёстой. Зарим хөрөнгө оруулалтын шинж чанартай төсвийн зарцуулалт дээр маш болгоомжтой эдийн засгийн эерэг нөлөө үзүүлэх хөрөнгө оруулалтыг л хийх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, ажлын байрыг тогтвортой бий болгох боломжтой тал дээр анхаарах нь зүйтэй.Аль болох эдийн засгийн эргэлт хурдан үр дүнгээ богино хугацаанд өгөх зүйлд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх нь илүү тохиромжтой. Цар тахлын үед дэлхийд хумигдахгүй явж байгаа эдийн засаг бас бий. Үүнийг олж харж, туршлага судлах хэрэгтэй. Хямрал өөрөө аюул. Нөгөө талдаа боломж байдаг. Бид боломжийг л олж харах хэрэгтэй байна.

-Үл хөдлөхийн салбарт тухайлбал, цар тахалтай энэ үед ямар уналт ажиглагдаж байна. Үүнтэй зэрэгцээд бас ямар боломж гарч ирж байна вэ?

-Худалдааны салбар цар тахалтай холбоотойгоор хумигдаж байна. Хүн бүр өөрийнхөө эрүүл мэндийг бодоод дэлгүүр хэсч шууд худалдан авалт хийхээс зайлсхийж байна. Үүнтэй зэрэгцээд түгээлт, онлайн худалдаа эрэлттэй болж байна. Үл хөдлөх яг адилхан. Хүмүүс ийм л шийдлийг хүлээж байна. Үүн дээр хэн шинэлэг санаа, шийдэл үйлчилгээ гаргаж ирнэ тэр л цаашаа ирээдүй рүү явах хандлагатай байна.

-Цар тахлын дараах үл хөдлөхийн чиг хандлага яаж өөрчлөгдөх хандлагатай байна вэ?

-Тэгэхээр хямралын үеэр амьд үлдэх бизнес гэж байна. Тэсч гарч чадахгүй бизнес гэж байна. Орон сууц буюу хүний амьдрах төрлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хувьд дайн дажин, цар тахлын үед ч тэр олон жилийн турш явж л ирсэн салбар. Тэгэхээр нэг их өөрчлөгдөхгүй байх. Задалж хэлбэл үйлчилгээний төрөл үндсэндээ уначихсан бол агуулахын төрөлд өссөн үзүүлэлттэй байна. Оффисын байрын эрэлтийн тухайд хэдий цар тахалтай ч бүгд гэртээ ажлаа хийхгүй нь ойлгомжтой. Тийcмээс энэ төрөл учиргүй уначихсан зүйл байхгүй. Байшингийн эрэлт хот байгаа цагт зах хязгааргүй тэлсээр байх учир эрэлт хэвээрээ байна. Харин орон сууц хямралтай холбоотойгоор худалдан авах чадвар тодорхой хугацаагаар зогсонги байх боловч уналтын хэмжээнд хүрэхгүй байх.

-Таны хувьд эдийн засаг хэдий хүнд байгаа ч манай улсын ирээдүй гэрэлтэй байж болох хувилбарыг харж байна уу?

-Манай улс хангалттай байгалийн нөөц, баялагтай. Маш цөөхөн хүнтэй. Гурван сая гаруйхан хүнийг хангалттай хэмжээнд амьдруулах нь толгойны өвчин болоод байх зүйл биш гэж боддог. Нөгөө талаар манайх залуу улс.Зөвхөн сонгуультай холбоотой сонгогчдын насны судалгааг харахад залуучуудын тоо өндөр байна. Энэ залуус ажил хийдэг, хэрвээ итгэл мөрөөдөл дүүрэн байх юм бол аливаа бэрхшээлийг даван туулах чадвар өндөр байдаг. Энэ хүмүүс ирээдүйг гэрэлтүүлж чадна. Япон, Солонгос, Хятад гээд орнуудын өнөөдрийн нийгмийг бүтээсэн хүмүүс нь тухайн үед залуу хүмүүс л байсан шүү дээ. Тиймээс бидэнд тэр боломж нь байна. Ямар ундны ус ч үгүй болчихсон, байгалийн нөөц баялаггүй болчихсон, ирээдүйгээ төсөөлөхөд бэрх, залуучуудынх нь итгэл мөрөөдөл бөхчихсөн улсад байгаа биш дээ.

Categories
мэдээ цаг-үе

Булган аймгийн Хоёрдугаар сургуулийн бүтээлч 10а ангийнхан

“Нэг анги” булангийн энэ удаагийн зочноор Монголын анхны олимпийн аварга Н.Түвшинбаяр, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нарын сурч байсан Булган аймгийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийн 1992 оны төгсөлт 10а ангийнхныг урьлаа. 10а ангийнхан 1982 онд анх сургуулийн босго алхан оржээ. Анх Г.Оюун багштай 1а болон Д.Цэцгээ багштай 1б гэсэн хоёр бүлэг байсан бөгөөд наймдугаар ангийг Ж.Даваасүрэн, Г.Алимаа багш нар төгссөн байна. Улмаар 1992 онд хоёр ангийг нийлж 10а болоход нь Б.Галя багш удирдан төгсгөж амьдрал хэмээх их далай руу хөтлөн оруулсан дурсамж саяхан мэт санагдана. Бага ангидаа хэдий хоёр бүлэг байсан ч цөөхөн хүүхэдтэй учир нэг анги мэт ижилдэн дасч, их л дотно нөхөрлөдөг байж. Тиймээс анги дэвших тусам нэгэн цул болж хамтдаа хичээл сурлага, тэмцээн уралдаан, спортын наадам, урлагийн тэмцээнд ихэвчлэн тэргүүлдэг болжээ. Үүний нэг тод жишээ бол хоёрдугаар ангид байхдаа “Уриа” хамтлаг байгуулан дуу, шүлэг, жүжиг бэлдэн багшийнхаа оролцоогүйгээр өөрсдөө Булганы цэцэрлэгүүд болон хорооллын айлуудаар явж хүүхэд хөгшдөд концерт тоглож өгдөг байж. Мөн аймгийн төвийн байшингууд дээр хүмүүсийн сараачсан зүйлсийг шохойдож арилган, сургууль дээрээ сурагч нөхөрлөл байгуулан ангиудаар явж ариун цэвэр шалгадаг, бага ангийн дүү нарынхаа хичээлийг давтуулдаг байв. Сурлага, урлаг спортын олон тэмцээн уралдаанд сургуульдаа төдийгүй аймаг улсдаа амжилт гаргаж байжээ. Тухайлбал, зургадугаар ангидаа монгол хэл, бичгийн улсын олимпиадад ангиараа III байр, есдүгээр ангидаа орос хэл, бичгийн улсын XI олимпиадад ангиараа мөн III байр эзэлж аймаг, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явсан нь түүх болон үлджээ. Түүнчлэн Э.Сундуй, Д.Хосбулаг, Ц.Тэмүүлэн, Ч.Мөнхөө, Д.Алтанзагас, Р.Ариунбилэг, Д.Лхагвасүрэн, Ч.Төмөрбаатар, Б.Баярмаа нар анги хамт олон, сургууль, аймгаа төлөөлөн математик, хими, физик, орос хэл, цана, тэшүүр, хөнгөн атлетикийн аймаг, улсын олон тэмцээн уралдаан, олимпиадад амжилттай оролцдог байжээ. Тэр үед сургууль, анги танхим маань их л өнгөлөг, багш нар маань маш чадварлаг, хичээл номын зэрэгцээ урлаг, спорт, нийгмийн маш олон гоё арга хэмжээ байнга зохиогддог, ёстой л эрдэм ажил буцалсан их өргөө байсан даа хэмээн ангийнхан дурсана.

Он жил өнгөрч, хүмүүний амьдрал өөрчлөгдсөн ч багын дурсамж сэтгэлээс хэзээ ч гардаггүй, эргээд санахад өчигдөрхөн юм шиг л тодхон байдаг. Энэ дурсамжуудын нэгээхэн хэсэг бол яахын аргагүй тухайн үеийн намрын ургацын ажилд оролцох билээ. 10а ангийнхан зургадугаар ангиасаа намрын ажилд явж, тариа хураалт, төмс хураалт, барилга барихад хүртэл ажиллаж байв. Хишиг-Өндөр сумын дэлгүүрийн барилгыг барихад хүртэл оролцож байсан гэнэ. Хамтдаа намрын ажилд явна гэдэг сурагчдын хүсэн хүлээдэг ажил байв. Есдүгээр ангид ордог 1990 оны намар бид Бүрэгхангай суманд төмс хураалтанд явлаа. Үйлчлэх хөдөлмөрийн багшаар шинэ төгсөж ирсэн Оюунчимэг гэж залуухан багш болон түүхийн Дашцэрэн багш сурагчдыг удирдаж явжээ. Дашцэрэн багш сурагчдад олон сонирхолтой түүх ярьж өгнө. Төмс хураалтад өдөрт тэдэн шуудай гээд норм тогтооно. Нэг хөвгүүн нэг охин нийлж нэг баг болоод уралдана. Гэрээсээ авчирсан боов боорцог, ногоо голдуу шөлтэй хоолоо идээд, өдөржин ажилласан ч ядрахыг мэдэхгүй оройжин инээлдэж тоглодог балчир насныхаа тухай ярьцгаана. Дашцэрэн багш үг үсэг холбож ярьж хүүхдүүдийг хөгжөөнө. Төмсний талбай дээр ажиллаж байхад “Амыг нь онгойлгоод үзэхэд, аргагүй том төмс байвал аваад ирцгээ хүүхдүүд ээ!” гэх юмуу, эсвэл орой майхныхаа урд гал түлээд сууж байхад “Урдаасаа салхитай байхад учиргүй гал өрдөөд боль наадахаа” гэж хөгжөөнө. Сурагч О.Бат-Эрдэнэ нэг өглөө түрүүлж босч цай чанах жижүүртэй, цайгаа чанаад майхны гадаа сууж байтал, багш нь “Болсон уу цай?” гээд хашгиртал О.Бат-Эрдэнэ багшийнхаа ярианы өнгөнд тааруулан “Болоогүй байна цай” гэж хашгирахыг сонсоод майханд байсан хүүхдүүд нирхийтэл инээлдсэн нь одоо ч мартагддаггүй байна. Хаа нэг бороотой өдрөөр нэг их дуу хуур гээд байдаггүй Лхагвасүрэн гитар даран

“Суусрын гүйдэл салхинд шанхаар наадан сэвэлзээд

Суурь хөлгөн асрын шашдир цэцэг дэрвээ юү

Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос

Суран жолоо атгуулан өнгийн цэцэг дэрвээ юу” гээд дуулахад охид хөнгөн гунигтай сонсон суух нь одоо ч тодхон хэмээн ангийн хөвгүүд нь дурсах. За тэгээд намрын ажлаа дуусгаад харих үед Д.Бат-Эрдэнэ хэзээний шооч зангаар “Охид оо, та нарын наад хацрын сайр сар болсон ч арилахгүй гэж мөрийцье” хэмээн бөөн инээдэм болгоно. Бас ажлын хөлс гэж хэдэн төгрөг аваад Боко буюу Болорын ээжийн ажилладаг ресторан руу гүйж том улаан боорцог аваад идчихнэ. 10а ангийнхан намар, өвлийн спартакиадад их идэвхтэй, зохион байгуулалттай оролцоно оо. Дээгүүр ч байр эзэлнэ. Манай Төөмөө (Төмөрбаатар), Баярмаа, Оёко (Оюунтуяа), Эрдэнэбаяр, Бадингоо (Батмөнх), Хосоо (Хосбулаг), Жанчив, Загасаа, Мөнхөө нар маань цана, тэшүүр, хөнгөн атлетикийн ганцаарчилсан төрлүүдэд оролцоно.

Хосоо тэшүүрээр, Баярмаа цанаар улсын чанартай олон тэмцээнд амжилттай оролцсон байна. Түүний зэрэгцээ сурагчид Ачуутын голынхоо урд уулан дээр амралтын өдөр бүр л цана чаргаар гулгана, цасаар байлдаж тоглоно.

Сурагчдыг долдугаар ангид ордог жил буюу 1989 онд Халхын голын ялалтын 50 жилийн ой болж, улс даяар өргөн арга хэмжээ болж. Үүнтэй холбоотойгоор

Орос хэлний баяр болох гээд ангиараа Б.Галя багштайгаа шаргуу бэлдэв. Гэтэл нэг өдөр Тулгаа (Баттулга) гэнэт шалан дээр подхийтэл ухаан алдаад уначихаж. Хэт их ачаалалттай бэлдсэн нь тэр байж. Хүүхэд болохоор ядрахаа ч мэдээгүй биз. Тэр жил ангиараа Халхын голын дайнд оролцсон, Булганд амьдардаг ахмад дайчин Шаравжамц гэдэг өвөөд тусалж хүүхэд бүр нэг, нэг төгрөг нийлүүлэн гурил, будаа, сахар, тос гэх мэт хүнс авчээ. Ингээд ангиараа гэрт нь очиж, хөвгүүд түлээг нь хөрөөдөж хагалаад, охидууд олон жил ганц биеэрээ амьдарч утаа угаарт идэгдсэн бор гэрийг нь цэмцийтэл угааж цэвэрлэн өгчээ. Өвөө их л баярлан хоймрынхоо авдарнаас Халхын голын дайнд оролцож байсан гэсэн үнэмлэх, өөрийнхөө болон бурхан болсон охиныхоо зургийг үзүүлэн, дайнд оролцож явсан тухайгаа хуучилж өгч байжээ. Мөн энэ жил зочид буудлын арын сааданд, тэр үед дөнгөж баригдаад байсан баатруудын хөшөөний яг дэргэд таван хошуу хэлбэртэй цэцгийн мандал байгуулан, хаанаас ч юм олсон сумны хонгионууд, цэргийн малгай, усны сав гэх мэт зүйлсээр баяжуулан ангидаа Халх голын дайны тухай танин мэдэхүйн түүхэн булан байгуулан, төв сааданд Булганы бүх ахмад дайчдыг урьж авчран хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж байсан зураг нь одоо ч байдаг аж. Хамгийн гол нь энэ бүхнийг бид ямар ч багшийн шахалт шаардлагаар биш, өөрсдөө санаачлан зохион байгуулдаг байсан нь нөгөө талаас сургууль багш нарын маань биднийг багаас нь идэвх санаачилгатай, чадвартай, биеэ даасан хүүхдүүд болгож хүмүүжүүлж байсны ач гавьяа юм шүү хэмээн ярьцгаана. Ангиараа хот явж үзэхээр өөрсдөө хөдөлмөрлөж мөнгө олжээ. Ингээд 1991 оны хавар Улаанбаатар хотод ангиараа аялж мөрөөдлөө биелүүлжээ. ПАЗ автобусыг хөлсөлж аваад Б.Галя багштайгаа Улаанбаатар хотод ирж. Улаанбаатарт ирээд Зайсан толгой, Сүхбаатарын талбай гэх мэт хотын бүх л сайхан газруудыг үзэж кино театрт кино үзэн, Залуучуудын холбоон дээр тухайн үеийн хит болж байсан “Харанга” хамтлагийнтай уулзалт хийн, зургаа хамт авахуулсан нь сурагчдын хувьд хэзээ ч мартагдашгүй сайхан аялал болжээ. 1992 оны хавар сургуулиа төгссөнөөс хойш өөр өөрийн амьдралын зам мөрөөр жигүүрлэж явсан хэдий ч ижилдэн дассан нэг ангийнхан гэдэг нэг насны нөхөрлөл учир өнөө ч уулзахаараа биесээ багын хочоор нь дуудаж, инээж хөөрдөг гэнэн томоогүй зан нь хэвээрээ ажээ. Одоо уг ангийнхан Д.Лхагвасүрэн, С.Жанчив, М.Тунгалаг, Д.Хосбулаг, Л.Ганчимэг, Б.Баттулга, Д.Батхүрэл, Ч.Мөнхөө, Н.Хонгорзул, М.Болормаа, М.Сүнжидмаа, Л.Дэжид, Д.Пүрвээ нар маань Булган нутгийнхаа голомтыг манан аймаг орон нутагтаа ажиллаж амьдарч байна. Харин Б.Баярмаа, Д.Сувдаа хоёр Өвөрхангай аймагт, Ц.Саранчимэг, Ш.Бат-Эрдэнэ нар Эрдэнэт хотод, Ц.Цэцэгсайхан Сэлэнгэ аймагт, Энх. Ганзоригт Өмнөговь аймагт, Б.Үүрдмөнх Дархан-Уул аймагт, Н.Ганчимэг (АНУ), Ц.Тэмүүлэн (АНУ), Э.Сундуй (Африк), Н.Түвшинбаяр (Испани) нар гадаадад амьдарч байгаа аж. Д.Болор, Д.Бат-Эрдэнэ, Ч.Төмөрбаатар, Ц.Төмөрчөдөр, Д.Доржпүрэв, Р.Ариунбилэг, Д.Алтанзагас, Г.Хишигдэлгэр, Б.Алимаа, Г.Цэнджав, Ц.Эрдэнэсайхан, О.Бат-Эрдэнэ, М.Золзаяа, Д.Оюунтуяа, Д.Батмөнх, С.Отгонбаяр, О.Уянга, Д.Эрдэнэбаяр, Н.Буянзаяа, Энэ.Ганзориг нар Улаанбаатар хотод хань ижил, үр хүүхэд, ажил албатай түвшин сайхан амьдарцгааж байна. Тус ангийнхан 2017 онд төгсөлтийнхөө 25 жилийн ойг Булган аймгийн төвийн сургуулиудын 1992 оны нийт төгсөгчдийн нэгдсэн уулзалт болгон тэмдэглэхдээ хамтын хүчээр Булган хотдоо “Сургууль төгсөгчдийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг санаачилжээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажил өнөөдөр үе үеийн төгсөгчдийн хүчээр өргөжин дэвжиж, цэцэрлэгт нь хүүхэд залуусын очих дуртай газар болжээ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнхцэцэг: Жирэмсний үеийн сэтгэл гутралыг эрт оношилж эмчлэхгүй бол амь насанд аюултай өвчин

Сэтгэл зүйч, сэтгэл судлаач Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Сэтгэл гутрал гэж яг юуг хэлээд байна вэ?

-Сэтгэл гутрал бол оюун ухаан, сэтгэл хөдлөл, бие махбодид сөргөөр нөлөөлдөг сэтгэцийн эмгэг юм. Биеийн хавдар гэдэгтэй адил сэтгэлийн хавдар. Эрт үед нь оношилж, эмчлэхгүй бол амь насанд аюултай өвчин.

-Таны хэлээд байгаа сэтгэлийн хавдрыг эрт үед оношлох чухал гэлээ. гэтэл тухайн хүн сэтгэл гутралд орсноо ч мэддэггүй. Тэгвэл аль эрт бидний анзаарахгүй, тоодоггүй жижиг зүйлээр илэрч эхэлдэг байх тийм үү?

-Сэтгэл гутралын дараах есөн шинж тэмдэг ямар нэг байдлаар их, бага хэмжээгээр илэрч байдаг. Нэгдүгээрт, өдөр бүр, өдрийн ихэнх үед цөхөрсөн, хоосон, найдваргүй байдал мэдрэх. Хоёрдугаарт өдөр бүр, өдрийн ихэнх хэсэгт амьдралын идэвхи сонирхолгүй болж, урьдын хийх дуртай, сонирхдог байсан зүйлсээ сонирхохоо болих. Гуравдугаарт, хоолны дэглэм барихгүй жин хаях эсвэл жин нэмэх. Дөрөвдүгээрт, өдөр бүр шахуу нойргүйдэх эсвэл хэт их унтах. Тавдугаарт, давчдах, эсвэл биеийн хөдөлгөөн удаашрах. Зургадугаарт, өдөр бүр шахуу ядарч, сульдсан, тамир тэнхээгүй болох. Долдугаарт, өдөр бүр сул дорой байдал мэдрэх, өөрт хамаагүй зүйлд өөрийгөө болон бусдыг буруутгах мэдрэмж үүсэх. Наймдугаарт, өдөр бүр бодох, төвлөрөх, шийдвэр гаргах чадваргүй болох. Есдүгээрт, үхлийн тухай байнга бодох, амиа хорлох тодорхой төлөвлөгөөтэй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээрээс дор хаяж таван шинж хоёр долоо хоногийн турш илэрч байвал сэтгэл гутралд орсон байна гэж үзнэ. Харамсалтай нь манайхан хангалттай шинж тэмдэг илрээд байхад анзаарахгүй, тоомжиргүй хандаж асуудлыг даамжруулдаг. Хэрэв шинж тэмдэг илэрсэн л бол зайлшгүй сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

-Эмэгтэйчүүдэд тохиолддог хамгийн түгээмэл гутрал бол төрсний дараах сэтгэл гутрал гэдэг. Гэхдээ энэ төрлийн гутрал жирэмсний үеэс эхлэлтэй байдаг уу?

– Тийм, дааврын өөрчлөлтөөс болж жирэмсэн үеэс эхэлдэг. Жирэмсний сэтгэл гутрал төрсний дараах сэтгэл гутралд нөлөөлдөг. Гэтэл сэтгэл гутралын тухай мэдэхгүй хүмүүс дээрх есөн шинж илэрч байгаа ээжийг залхуу байна, арчаагүй байна, унхиагүй гэх зэргээр нэмж дарамталдаг. Ялангуяа сүүлийн үед ахмад настай хадмуудынхаа хатуу ширүүн дарамтнаас болж сэтгэл гутралд орсон эмэгтэйчүүд их ирдэг болсон. Хадам ээжүүд хүүгээ бэрээсээ харамлах, өмөөрөх, амьдралд нь оролцох, эсвэл төрөөд удаагүй, сэтгэл санааны хувьд таагүй, хямралтай байхад нь ойлгохгүй гэр орноо цэвэрлэсэнгүй, хүүд минь анхаарал хандуулсангүй гэх зэргээр дарамт их байдаг болж. Хэдий бидний амьдралд энгийн мэт дүр зураг боловч энэ байдал эмэгтэйчүүдийг сэтгэл гутрал руу түлхэж буй том шалтгаан болоод байна. Учир нь сэтгэл гутрал гэдэг нэг төрлийн өвчин гэсэн шүү дээ. Бид өвчтэй хэвтэж байгаа хүнийг бос “гэрээ цэвэрлэ, ажлаа хий” гээд байдаггүй биз дээ. Үүний оронд харин ч санаа тавьж, анхаарал халамжлах хэрэгтэй.

-Жирэмсний дараах сэтгэл гутралд өөр юу нөлөөлдөг вэ?

-Сэтгэл гутралд орчин хамгийн их нөлөөлдөг. Бие сэтгэлийн хүчирхийлэл амсч буй хүмүүс сэтгэл санааны хувьд гутралд хамгийн ихээр өртдөг. Нөхөртөө, хэн нэгэнд зодуулах, элдвээр хэлүүлэх зэрэг нь сэтгэл гутралд орох гол хүчин зүйл болдог. Хэрэв ээжүүд хүчирхийлэл дор амьдарч байгаа бол аль болох аюулгүй орчинд байх хэрэгтэй. Өөрийгөө бие сэтгэлийн хувьд аюулгүй байлгах нь хамгийн чухал. Харин биологийн талаасаа төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар болох эстроген болон прогестроны ялгаралт эрс багасдаг. Ингэснээр Серитонин буурдаг. Энэ бол манайхны хэлдгээр аз жаргалын гормон ялгаруулагч тэнцвэрээ алддаг учир хүн сэтгэл санаагаар амархан унаж, айдасд амархан автах, мартах, нойргүйтэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

– Жирэмсний сэтгэл гутралаас ангид байх энгийн арга зам юу байна?

-Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх эхний алхам бол өөрт сэтгэл гутралын шалгуур шинж илэрч буйг мэдэх. Улмаар энэ нь өвчин гэдгийг хүлээн зөвшөөрөх. Түүнчлэн мэргэжлийн тусламж үйлчилгээ буюу сэтгэл зүйн зөвлөгөө авч эхлэх. Хэрэв хүндэрсэн бол зөвлөгөөг эмтэй хослуулах нь үр дүнтэй. Хөнгөн үедээ бол ээжүүдэд бүх төрлийн тусламж хэрэгтэй. Хангалттай нойр авах боломж олгох, агаар салхинд гаргах, йог, бассейнд явах, найзуудтайгаа уулзах зэрэг нь сэтгэл санааны хувьд дэмжлэг болж ганцаардал, сэтгэл гутралаас хол байлгахад тусалдаг.

-Гэр бүлийн хүчирхийлэл дунд байдаг эмэгтэйчүүдийн хувьд өөрийгөө чөлөөлнө, тайван байлгана гэдэг амаргүй. энэ тохиолдолд эмэгтэйчүүд яах ёстой вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлд байдаг, нөхөр нь үргэлж зодож дарамталдаг эмэгтэйчүүд хүлцэнгүй болж, хүчирхийллээс салж чадахгүй, хувь тавилан мэтээр өөртөө итгүүлж чимээгүй явах нь их. Гэвч ингэснээр байдал хэзээ ч сайхнаар эргэхгүй шүү дээ. Харин ч хэзээ нэгэн цагт амиа алдах эрсдэлд дөхсөөр байдаг. Тиймээс хүчирхийлэгчтэй тэмцэх хэрэгтэй. Эцэг, эхдээ хэлэх, наад зах нь дотны найз нөхдөдөө зовлонгоо хуваалцаж сэтгэлээ онгойлгох нь чухал. Сэтгэл дотроо хамаг зовлонгоо гадагшлуулахгүй, миний л зовлон гэж хадгалсаар сэтгэл гутралд орж, улмаар өөртөө итгэх итгэлээ алдаж амьдрах хүсэлгүй болж хүндрэх тохиолдол их ажиглагддаг. Энэ бол буруу. Хүн сэтгэлийн амьтан учраас сэтгэлээ нээж, өөрийгөө чөлөөлж байж дараагийн шийдвэрийг гаргах итгэл төрнө шүү дээ.

-Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор гэртээ байгаа ээжүүдийн хямрал илүү болж буй шинж ажиглагдаж байна уу?

-Сэтгэл зүйн зөвлөгөө авах иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй. Яг үнэндээ би ачааллаа дийлэхгүй л байна. Өчигдөрхөн гэхэд 25 настай нэг хүн амиа хорлох тухай бодох болсон талаараа ярьж зөвлөгөө авсан. Ер нь хөл хорио тогтоосноос үүдэн зарим эмэгтэйчүүд ч гэлтгүй хүмүүс ажилгүй, орлогогүй болж дээр нь гэрээс гарахгүй байх нь улам сэтгэл гутралд орсон хүнийг хязгаарлачихаж байгаа юм. Дэлхий нийтэд сэтгэл зүйчид энэ айдастай үед сэтгэл гутралд орсон хүмүүсийг улам л түгшүүрт оруулж сэтгэл санаагаар унагаж байна гэж үзэх болсон.

-Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн талаар сэтгэл эмзэглүүлэм хэргүүд гарах боллоо. хамгийн сүүлд гуравхан сартай охиноо тэврээд нэгэн ээж хорвоог орхилоо. тохиолдол сэтгэл зүйн гүн дарамт, хямралд орсон байх магадлалтай юу?

-Ямар ч эрүүл хүн амиа хорлох, тэр дундаа үр хүүхдээ хөнөөх тухай бодохгүй. Тэгэхээр гэр бүлийн бие сэтгэлийн хүчирхийлэл дор байсан л гэсэн үг.

-Та энэ сард гэхэд сэтгэл гутралын чиглэлээр нэлээд олон сургалт зохион байгуулах гэж байгаа юм байна. энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ. Энэ сарын 11-нд эмэгтэйчүүдэд зориулж жирэмсний сэтгэл гутрал гэсэн сэдвээр сургалт явуулах бол 12-нд нь сэтгэл гутрал 25 – 35 насныханд, 13- нд сэтгэл гутрал ба нойргүйдэл 15 – 25 насныханд, энэ сарын 18-нд донтолт зөвхөн ээжүүд болон эмэгтэйчүүдэд, 19-нд донтолт зөвхөн эрчүүд болон аавуудад зэрэг энэ сар дуустал хийх сургалтуудын хуваарь гарсан байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Талийгаачийн эгч: Эхнэрээ хөнөөж, гурван хүүхдээ өнчрүүлсэн хүнд шүүх үүрэх ёстой ялыг үнэн мөнөөр нь өгөх хэрэгтэй

Говь-Алтай аймгийн болон сумдын Засаг дарга нартай холбоотой гэмт хэргүүд шил шилээ даран гарч байгааг бид өмнө нь мэдээлсэн. Үүний нэг бол Тонхил сумын Засаг дарга Р.Даваадоржтой холбоотой хүн амины ноцтой хэрэг юм. Хэрэг тавдугаар сарын 15-нд гарсан байдаг. Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр “Тавдугаар сарын 15-ны 11:00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Тонхил суманд эмэгтэй хүн гэртээ нас барсан байна гэсэн дуудлага мэдээллийг Аймгийн Цагдаагийн газарт эмнэлгээс өгсөн. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа, хэргийн газрын үзлэг хийсэн. Аймгийн төвөөсөө 260 орчим км зайд орших Тонхил суманд Аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн 15:00 цагийн орчим хэргийн газарт очиж ажиллагааг явуулсан. Хэргийг шалгаж байна” гэсэн мэдээллийг өгсөн. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачийг гадны нөлөөтэйгөөр нас барсан болохыг тогтоосон байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийг хэрэг гарахын урьд орой буюу тавдугаар сарын 14-нд 23:00 цагаас үүрийн 05:00 цаг хүртэл хэрцгийгээр зодож биед нь хүнд гэмтэл учруулсан байна. Олон цагийн турш яргалалд өртсөн эмэгтэйн биеэс бүтэн зүйл үлдээгүй гэх. Бүхэлдээ биеийн хэсгүүд нь хөхөрч, няцарч, гар хөл нь хугарч гэмтсэн байжээ. 30 гаруйхан настай нэгэн эмэгтэй гурван хүүхдээ өнчрүүлээд нөхрийнхөө гарт харамсалтайгаар хорвоог орхисон энэ аймшигт хэрэг гарах болсон шалтгаан

юу байв. Нутгийн хүмүүс, талийгаачийн ойр дотны хүмүүсийн ярьж буйгаар Засаг ноён Р.Даваадорж эхнэрээ байнга зодож, дарамталдаг байсан гэх. Р.Даваадорж нь 2016 онд тус сумын Засаг даргаар томилогдсон бөгөөд өмнө нь сумын Төрийн сангийн мэргэжилтнээр ажилладаг байжээ.

Одоогоор хэргийг шалгаж байгаа бөгөөд бид талийгаачийн эгчтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Таны дүүгийн амиа алдах шалтгаан нь нөхөр нь олон цагийн турш маш хэрцгийгээр зодсонтой холботой гэх мэдээлэл байна. Таны бодлоор…?

-Тийм. Угаасаа зодсон нь үнэн.

-Өмнө нь зоддог байсан юм болов уу?

-Хоорондоо муудалцлаа. Тэглээ, ингэлээ гээд ярьдаг байсан. Яг өнөөдрийнх шиг цохиж, зодоод амь насыг нь хөнөөчих хэмжээнд хүрдэг байсан гэж бодсонгүй.

-Хүмүүсийн яриагаар талийгаач дүүг тань олон жил гэр бүлийн хүчирхийлэл дунд байсан. эцэстээ ийм байдалд хүрлээ гээд байгаа. Хичнээн жил нөхөртэйгөө хамт амьдарсан бэ?

– Хэрэг шалгагдаж байгаа учраас хамаагүй юм яримааргүй. Хүүхдүүдийн тухайд гэвэл том охин нь энэ жил 14 настай. Тэгэхээр гэр бүл болоод бараг 15, 16 жил болсон байх.

-Талийгаач танд гэр бүлийнхээ талаар, нөхрийнхөө дарамтын талаар ярьдаг байв уу?

-Би Улаанбаатар хотод амьдардаг болохоор төдийлөн уулзалдаад, сэтгэл дэх бүхнээ уудлаад ярилцаад суух боломжгүй байсан. Яахав, муудалцлаа, эргээд эвлэрлээ л гээд ярьдаг байсан. Тухайн үед нь эхнэр, нөхөр хоёр муудалцаж л байдаг гээд өнгөрдөг байлаа. Дүү маань ажлаар ч тэр, хувийн шугамаар ч тэр хот, хөдөө хоёрын хооронд ирж буцаж л байдаг байсан. Тухайн үед нь дүүтэйгээ ойр байж сэтгэл, санааг нь дотроо хадгалж явдаг байсан зовлонг нь хуваалцаж, асууж байхгүй яав даа гэж харамсаж сууна.

-Талийгаач хамт олныхоо дунд нэлээд хүндтэй, ажил албандаа сайн нэгэн байсан гэсэн. Ер нь хэдэн хүүхэдтэй айлын хүүхэд вэ?

-Бид эхээс арвуулаа. Дүү маань шулуун шударга, хүнд муу санаад байдаггүй хүн байсан. Өнөөдөр хүнтэй муудалцлаа гэхэд маргааш нь мартаад л мэндлээд явдаг хүн байсан. Эдийн засгийн мэргэжилтэй. Мэргэжлээрээ сум орон нутагтаа ажилладаг. Төрийн банкны захирлаар ажиллаж байсан. Ажилдаа мундаг хүн л дээ.

-Талийгаачийн нөхөр одоо хоригдчихсон байгаа юу?

-Аймагт хоригдчихсон байгаа. Манай ах дүү нарын ихэнх нь аймагт байдаг болохоор сүүлд яг юу болж байгааг сайн мэдээгүй л байна. Ажил явдлыг нь дуусгаад ирсэн. Хэрэг шалгагдах шатандаа л явж байгаа байх.

-Ээжийнх нь бие нэлээд муу байгаа гэж сонссон?

-Ээж маань элэгний хорт хавдартай. Сая энэ гэнэтийн аймшигт явдлаас болоод даралт нь ихсээд эмнэлэгт хэвтсэн. Сэтгэл санааны хувьд хүнд, бие нь тааруу л байна.

-Талийгаачийнх гурван хүүхэдтэй гэсэн. Хүүхдүүдийг нь хэн асарч, харж байгаа бол?

-Гурван хүүхэд нь аавынхаа талын айлд байгаа. Цагдаагийн байгууллагаас очоод хаана байх эсэхийг өөрсдөөс нь асуухад том охин нь аавынхаа талд байх санал гаргасан байсан.

-Танай хүргэн ер нь ямаршуухан ааш, аягтай хүн бэ. хэрэг явдлаас хойш та нартай нүүр тулж уулзсан уу?

-Уулзаагүй. Тийм боломж ч гараагүй. Аймгаас цагдаа нар аваад явсан.

-Хүргэний талаас уулзсан уу?

-Үгүй. Хүргэний ээж урд талын хашаанд нь байдаг. Ээж нь хэрүүл маргаан, зодоон нүдээн болохыг мэдээгүй л гэж хэлсэн байна лээ. Мэдээж мэдсэн л байж таараа.

-Хүргэнийхээ талаар хэр мэдэх вэ?

-Яахав, түргэн ууртай гэдгийг л мэднэ. Баярын үеэр аймагт байдаг ах, дүү нарынхаар бол орж гардаг л байсан. Тэрнээс хол байгаа бид нартай бол хоёр жилдээ л нэг уулзвал их юм. Тэгж ойр ойрхон уулзаад байх боломжгүй шүү дээ. Хүний санаанд багтамгүй зэрлэгээр зодож эхнэрээ хөнөөж, гурван хүүхдээ өнчрүүлчихлээ. Шүүх үнэн мөнийг тогтоогоод энэ хүнд үүрэх ёстой ялыг шударгаар өгөх хэрэгтэй л гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

Д.БАТТӨР: МИАТ компани нэмэлт орлого олохын тулд олон улсын карго нислэг, гадны агаарын тээвэрлэгчийн онгоцнуудыг засварлаж байна

МИАТ ТӨХК цар тахалтай холбоотойгоор нэлээд алдагдалтай ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч гарц боломж хайж саяхнаас олон улсын карго тээврийн чиглэлээр ажиллах болсон билээ. Энэ талаар МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөртэй ярилцлаа.

-Коронавирусийн халдвартай холбоотойгоор Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн хувьд зогсонги байдалд орж хүндхэн байгаа. Одоогоор үйл ажиллагааны хувьд нөхцөл байдал ямаршуухан байна вэ?

-Компани хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байна. Хуваарьт нислэг хойшилж байгаагаас орлогын урсгал маш их багассан. Агаарын хөлгийн түрээс, зээлийн төлбөр, бусад төлбөрүүдийг хэлэлцээр хийж боломжийн хэрээр хойшлуулсан. Цар тахлын үед эм эмнэлгийн бүтээгдэхүүн тээвэрлэлт хийж тодорхой хэмжээний орлоготой явж байна. Хуваарьт нислэгийн билетийг өдөр өөрчлөхөд ямар нэг төлбөр хураамж авахгүй нөхцөлтөйгөөр борлуулж байгаа.

-МИАТ ТӨХК дотоод нөөц боломжоо ашиглан олон улсын карго ачаа тээврийн нислэг үйлдэж эхлээд байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-МИАТ компанийн ашиглаж байгаа бүх агаарын хөлөг нь зорчигч тээвэрлэлтийн зориулалттай бөгөөд өмнө нь зөвхөн карго тээвэрлэх нислэгийн туршлагагүй байсан хэдий ч өөрийн хамтран ажилладаг гэрээт агентууд болон олон улсын цахим эх сурвалжууд дээр тавигдсан эм эмнэлгийн бүтээгдэхүүн тээвэрлүүлэх санал тавьсан байгууллагуудтай харилцан ажилласны дүнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд эхний карго нислэгээ Бээжин, Хамбург хотуудын хооронд амжилттай хийсэн. Мэдээж энэ нислэгийг хийхийн тулд онгоц үйлдвэрлэгч “Боинг” компанийн зөвлөмжийн дагуу шаардлагатай өөрчлөлтийн ажлуудыг гүйцэтгэж ИНЕГ болон Ирландын Иргэний нисэхийн байгууллагуудад хандаж эдгээр карго нислэгийг хийх зөвшөөрлөө авсан байгаа. Карго нислэгийг хийх замаар МИАТ компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх дахин нэг боломжийг бид нээж чадлаа гэж үзэж байна.Цаашид хүрсэн амжилтаа баталгаажуулах зорилгоор онгоцны бүхээгт ачих ачааны жин, эзэлхүүнийг богино хугацаанд тооцоолдог болох, илүү олон чиглэлд ачаа тээвэрлэх боломжийг судлах ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна.

-Ер нь карго ачаа тээвэрлэх олон улсын тендерт оролцоход ямар шалгуур тавьдаг юм бол?

-Ачаа тээврийн нислэгийг олж авахын тулд ачаа тээвэрлэх агаарын хөлгийн хүчин чадал, ялангуяа тээвэрлэх боломжтой жин, эзэлхүүний талаар мэдээлэл бэлтгэх тараах, манай онгоцыг сонгосон байгууллагуудад тээвэрлэлтийн үнийн саналаа явуулах замаар шалгаруулалтанд оролцож байгаа, гэхдээ хамгийн гол сонгогдох үзүүлэлт нь үүнийн саналаас гадна өмнө нь энэ төрлийн үйл ажиллагааг явуулж байсан дадлага туршлага, нислэгийн цаг баримтлал зэрэг бөгөөд МИАТ компанийн хамгийн давуу тал нь сүүлийн хэдэн жилд хийсэн нойтон түрээсийн нислэгүүдийн цаг баримтлал маш өндөр үзүүлэлттэй байсан явдал гэж бид ойлгож байгаа. Энэ зах зээлд бодит нэг оролцогч байхын тулд нислэгийг тогтмол цаг хугацаанд нь гүйцэтгэх, илүү олон чиглэлд илүү олон байгууллагын ачаа тээвэрлэж зах зээлд танигдсан компани болох шаардлага бидний өмнө байна.

-Одоогоор аль аль улсын хооронд ачаа тээвэр зөөвөрлөж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын хоёр хотоос Европын таван хотын чиглэлд ачаа тээвэрлэж байна. Мөн бидэнд булангийн орнууд болон европын бусад улсууд руу нислэг гүйцэтгэх саналууд ирж байгаа ч тавдугаар сарын турш бид нислэгийн захиалгаа аваад дууссан учир ирэх зургадугаар сард дээрх шинэ чиглэлүүдэд нислэг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа

-Амны хаалт, хамгаалалтын хувцас, эм хэрэгсэл зөөж байгаа гэлээ. Өөр ямар ачаа тээвэр хийж байгаа вэ?

-МИАТ компанид Иргэний нисэхийн байгууллагуудаас олгогдсон зөвшөөрлийн хүрээнд бид зөвхөн эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх эрхтэй.

-Өөрсдийн баг оролцож байна уу эсвэл онгоцоо түрээслэх байдлаар карго үйлдэж байна уу?

-Эдгээр карго нислэгүүдийг 100 хувь МИАТ компани дангаараа гүйцэтгэж байгаа, бүр ачааг ачиж байгаа ачигч нар маань хүртэл манай компанийн ажилтнууд. Карго нислэгтэй холбоотой компанийн хэлтэс хоорондын уялдаа холбоо нэмэгдэж байгаагийн нэг жишээ нь ачигч нар бүхээгийн ажилтнуудын хоорондын, техникийн газар нислэг үйлдвэрлэл зохицуулалт инженерингийн хэлтэс хоорондын хамтын ажиллагаа зэргийг нэрлэж болно.

-Олон улсын карго ачаа тээврийн тендерт оролцож ажил авснаар цаашдаа ямар боломжууд нээгдэж болох вэ?

-Карго тээврийн нислэгүүдийг гүйцэтгэсэнээр бид өөрсдийн боломж, үр өгөөжийг дараах гурван үзүүлэлтээр багцлан харж байна. Нэгдүгээрт МИАТ компани олон улсад илүү танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн агаарын тээвэрлэгч болох, ирээдүйн боломжуудаа нээх явдал. Хоёрдугаарт МИАТ компанийн ажилтнуудын ажлын ур чадвар, дадлага туршлага нэмэгдэх өргөн боломж байна. Мэдээж эцэст нь эдийн засгийн үр өгөөж, ашиг орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж харж байна.

-Алдагдал ихтэй ажиллаж байгаа энэ үед өөр ямар боломжуудыг эрэлхийлж байгаа вэ?

-МИАТ компанийн хамт олон цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор манай үндсэн үйл ажиллагаа болох зорчигч тээврийн нислэгүүд зогссон хэдий ч нэмэлт үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэ ажил эхлэх зэргээр ажиллаж байгаагийн нэг нь карго нислэг. Мөн гадны агаарын тээвэрлэгчийн онгоцнуудыг засварлах замаар нэмэлт орлого олохоор ажиллаж, саяхан ОХУ-ын Алроза, Роял Флайт компанийн Боинг 737, Боинг 767 онгоцнуудын засвар үйлчилгээг хийж дуусгаад байна.

Энд нэг асуудлыг заавал онцлон хэлэх нь зүйтэй. Цар тахлын хүнд үед бидний саналыг хүлээн авч, биднийг дэмжин ажиллаж байгаа ЗТХЯ, ГХЯ, ИНЕГ, Улсын онцгой комиссын шуурхай штаб, МХЕГ, ХӨСҮТ-ийн хамт олонд талархлаа илэрхийлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Говь-Алтай аймгийн “задарсан” Засаг дарга нарын хэрэг хэрхэн шийдэгдэх вэ

– ХАЛИУН СУМЫН ЗАСАГ ДАРГА ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ ШАЛГАГДАЖ БАЙНА –

Сүүлийн үед Говь-алтай аймагтай холбоотой ноцтой хэргүүд гарах боллоо. аймгийн Засаг даргаас эхлээд сумдын Засаг дарга нар ар араасаа олныг цочирдуулсан ноцтой гэмт хэрэгт холбогдсоор байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд Говь-алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа үүрийн 04:00 цагийн үед машиндаа нас барсан байдалтай олдсон байдаг. Уг хүн амины хэрэгт аймгийн засаг дарга асан В.Рэнцэндорж холбогдон шалгагдаж байгаа. Учир нь тухайн өдөр түүний ажлын өрөөнд архидалт болж С.Болормааг гэрээс нь дуудуулж авчирсан бөгөөд шөнө өргөөд гарч байхыг гэрч харсан байдаг. Говь-алтай аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж архидан согтуурсныг тогтоосон. Улмаар засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хэргийг шалгаж байгаа билээ. Тэрээр талийгаачийг үргэлж дарамталж, ажилгүй болгоно гэдэг байсныг ойр дотныхон нь хэлж буй. Үүний дараа тус аймгийн Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж мөн хүн амины хэрэгт холбогдон шалгуулж байгаа. Энэ сарын 15-нд түүний эхнэр харамсалтайгаар амиа алдсан. Учир нь Засан дарга эхнэрээ зодож амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэж үзэн шалгагдаж байгаа. Талийгаач гурван хүүхэдтэй бөгөөд эхнэртэй үргэлж гар хүрдэг байсан гэх мэдээлэл бий. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Р.Даваадорж эхнэрээ шөнийн 23:00 цагаас үүрийн 05:00 цаг хүртэл бүтэн зургаан цагийн турш зодсон байсан. Маш хүнд гэмтсэн учраас гэмтлээ даалгүй өөд болсон. Ер нь байнга эхнэрээ зоддог байсан юм билээ” хэмээсэн. Говь-Алтай аймагтай холбоотой хэрэг үүгээр дууссангүй. Дахин нэг Засаг дарга хэрэгт холбогдоод байна. Говь-Аймгийн Халиун суманд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэрэг гарсан талаар мэдээлэл гараад буй. Уг хэргийг тус сумын дарга а гэгч үйлдсэн байж болзошгүй бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Учир нь хохирогч талаас Засаг даргатай холбогдуулан цагдаагийн байгууллагад өргөдөл өгчээ. Уг асуудлаар бид хэд хэдэн эх сурвалжтай холбогдож мэдээлэл авсан юм.

ЗАСАГ ДАРГА АГЭГЧ БАГА НАСНЫ ОХИНТОЙ НЭГ БУС УДАА БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРЖЭЭ

Тухайн хэрэг хэн ч мэдэхгүй өнгөрч болох байж. Харин энэ хэргийг анх ил болгосон хүн нь Халиун сумын засаг дарга А-ийн эхнэр бололтой. Тэрээр нөхрийнхөө хувийн фэйсбүүк хаягны чатаас насанд хүрээгүй охинтой дотно холбоотой, хоорондоо харилцаатай болохыг мэджээ. Ингээд гэр бүлийн маргаан үүсч улмаар бухимдлаа нутгийнхаа цахим хуудсанд дэлгэсэн бололтой. Ингэхдээ “жаахан хүүхэд байж айл гэр бусниуллаа” гэх утгатайгаар элдвээр доромжилж бичсэн байна. Үүнээс үүдэн хохирогчийн эцэг, эх мэдэж цагдаагийн байгууллагад хандсан болохыг нэгэн эх сурвалж хэлж байна. Цагдаагийн байгууллагаас байцаалт авч, шалгалт явуулж байгаа бөгөөд а гэгч насанд хүрээгүй охинтой нэг бус удаа бэлгийн харьцаанд орсон гэх мэдээлэл байна.

“ҮЛ ОЙЛГОЛЦОЛ ҮҮССЭНЭЭС ИЙМ ХЭРЭГ БОЛСОН”

Харин Халиун сумын Засаг дарга А энэ талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Ер нь бол үл ойлголцол үүссэнээс ийм хэрэг болсон. Нөгөө талаас цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм билээ. Одоогоор намайг цагдаагаас дуудаж, байцаасан зүйл алга. Би ажлаа хийгээд л явж байна” гэсэн тайлбар өгсөн байна. Ямартаа ч уг хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа аж. Хэрвээ шүүхээр хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогдвол насанд хүрээгүй хүүхэд уруу татсан, хүчиндсэн, бэлгийн дур хүслээ хангасан зэрэг нэлээд хүндхэн асуудал үүсэх юм. А гэгч 2016 онд Халиун сумын Засаг даргаар томилогдож байжээ.

ӨНӨРЖАРГАЛ: ЯМАР Ч БАЙСАН ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ. ГУЙВУУЛСАН МЭДЭЭЛЭЛ ЯВААД БАЙНА

Говь-Алтай аймгийн Халиун сумын ИТХ-ын дарга Өнөржаргалаас энэ талаар тодруулахад “Эзэн холбогдогчгүй, хуурамч хаягнаас худлаа мэдээллийг санаатайгаар цацаж байна. Худлаа мэдээлэл шүү. Ямар ч байсан хүчингийн хэрэг хийгээгүй. Гуйвуулсан мэдээлэл яваад байна. Улс төрийн зорилгоор сөрөг хүчнээс гарсан мэдээлэл гэж бид бодож байна. Манай намаас анхаарал тавьж, эх үүсвэр нь юу байна гэдгийг тогтоохоор ажиллаж байна” гэлээ.

Н.ЦЭЭПИЛМАА:БИД НАР СУДАЛЖ БАЙНА. ОДООХОНДОО НОТЛОГДООГҮЙ АСУУДАЛ

Энэ талаар Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Цээпилмаагаас тодрууллаа.


Халиун сумын засаг дарга хүчингийн хэрэгт холбогдсон байна. энэ талаар танайх мэдээлэл авсан уу?

-Мэдэж байгаа.

-Засаг дарга өөрөө үгүйсгэсэн байсан?

-Наад асуудал чинь тодорхой болоогүй байна. Гадуур яригдаад байгаа ч одоохондоо нотлогдоогүй юм байна лээ.

-Та бүхэн хохирогч талтай холбогдсон уу?

-Бид нар судалж байна. Гэр бүлийнхэнтэй нь холбогдсон. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

БИГЭР СУМЫН ЗАСАГ ДАРГА Ш.ЛХААСҮРЭН АНД ЯВСАН НЭГНЭЭ БУУ АЛДАЖ ГЭМТЭЭЖ БАЙСАН УДААТАЙ

Говь-Алтай аймагтай холбоотой үүнээс гадна хэд хэдэн ноцтой хэрэг бас бий. Тухайлбал, тус аймгийн Бигэр сумын Засаг дарга Ш.Лхаасүрэн өнгөрсөн жил анд явахдаа буу алдаж хамт явсан хүнээ хүнд гэмтээжээ. Ингэхдээ гэмтсэн хүнээс гадна нэг бөхтэй хамт явсан байж. Шүүх дээр буу алдсан хэргийг бөх залуу нь үүрээд гарсан бололтой. Харин гэмтсэн хүн бэлхүүснээс доош мэдээгүй болж тэргэнцэр дээр суугаад хохироод л өнгөрч. Тухайн үед буудуулсан хүний ойрын эх сурвалжтай холбогдож тодрууллга авлаа.

Сумын Засаг дарга хамт анд явсан хүнээ буу алдаж нэлээд хүнд гэмтээсэн байдаг. тухайн хүний биеийн байдал одоо хэр байгаа вэ?

-2019 оны арваннэгдүгээр сарын 9-нд энэ хэрэг болсон. Засаг дарга лхаасүрэн анд явна гээд манай хамаатныг бас нэг хүнийг хамт авч явсан. Яг тухайн үед буу алдаад хүнд гэмтээсэн байсан. Одоо тэр хүн нь тэргэнцэр дээр суудаг болсон.

-Хэргийг шүүхээс хэрхэн шийдсэн бэ?

-Шүүхээс буруутайг нь тогтоогоод хохирлын хэмжээг барагдуулах шийдвэрийг гаргасан. Гэхдээ Засаг дарга биш нөгөө хүн нь буу алдсан болж таарсан. Яг хэн нь буу алдсаныг хохирогч сайн анзаараагүй юм билээ.

-Тэгээд хохирлыг нь барагдуулсан болов уу. Эмчилгээний зардлыг гаргаж байгаа юу?

-Эмчилгээний зардалд 150 сая төгрөг хэрэгтэй гэж сонссон. Эхнэр нь нөхрөө аваад байсхийгээд л Улаанбаатар руу эмнэлгээр явдаг. Эмч нар дахиж хөл дээрээ босох боломжгүй гэж хэлсэн гэсэн. Гэхдээ эцсийн найдвар гадаадад эмчлүүлэх үлдээд байгаа юм билээ. Уг нь зардлыг нь Засаг дарга олж өгч гадаад руу эмчилгээнд явуулна гэсэн боловч ойрдоо коронавирусийн халдвар гараад чимээгүй л байгаа бололтой. Ойр зуурын бага зэрэг зардлыг бол гаргадаг гэж байсан.

-Буудуулсан хүн ямар ажил эрхэлдэг байсан юм бэ?

-Сувиллын газар ажилладаг тээврийн жолооч хүн л дээ. Тэднийх таван хүүхэдтэй. Эхнэр нь төрийн байгууллагад ажилладаг байсан. үнэндээ нөхрөө асрахын тулд одоо ажилгүй чөлөө авчихсан байна. Эхнэр нь нөхрөө асарна, таван хүүхдээ тэжээх гээд нэлээд хүнд ачаа үүрч яваа. Гол гэр бүлээ авч явдаг хүн нь ийм байдалтай болно гэдэг тэр айлд юугаар ч зүйрлэшгүй гарз хохирол юм. Ямартаа ч хохиролоо барагдуулж эмчилгээнд явуулж өгөх байх гэсэн найдлагатай л сууж байгаа бололтой.

ХӨХ МОРЬТ СУМЫН ЗДТГ-ЫН ОРЛОГЧ ДАРГА БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Ч ТЭГСХИЙГЭЭД ДАРЖЭЭ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын орлогч насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэрэгт холбогдож байжээ. Тэрбээр 2017 онд бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгт холбогдож нэлээд шуугиан болж байж. Гэвч хохирогчийн гэр бүлийнхэн олонд ил болчихвол хүүхдийнхээ ирээдүйн амьдралд хар толбо үлдээчихнэ гэж үзээд хэрэг намжсан бололтой. Энэ суманд хэрэг үүгээр дууссангүй яг жилийн дараа буюу 2018 оны хавар тус сумын Төрийн банкны захирал, сумын ИХТ мөн бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгт холбогджээ. Гэвч хүүхдийн ар гэрийн гачигдлыг зальжин ашиглаж хэдэн төгрөгөөр хохирогчийн аавын амыг таглаад өнгөрч.

Энэ мэтчилэн орон нутгаа хөгжүүлж, ард олноо сайн сайханд түүчээлж амьдрал ахуйг нь дээшлүүлэх үүрэгтэй засаг ноёд маань шил шилээ даран ноцтой гэмт үйлдэгчид болж хувирсаар байгаагийн цаад шалтгаан юу вэ. Эзэмшсэн боловсрол мэдлэг дулимагийнх уу, Засаг даргын сэнтийг “Хаан” гэж ойлгосных уу, эсвэл алс хөдөө хэн намайг хэлэх юм гэж таахалздагийнх уу. Ямартаа ч Засаг ноёдтой холбоотой хэргүүд хааш хэрхэн эргэх нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна.