Categories
мэдээ цаг-үе

“VIP” такси үйлчилгээнд гарчээ

 “VIP taxi service” гэсэн хаяг бүхий тансаг зэрэглэлийн такси үйлчилгээ иргэдэд үйлчлээд эхэлжээ. Монголд дээд зэрэглэлийн таксины үйлчилгээ нэвтэрсэн гэсэн үг. Тиймээс энэхүү тансаг зэрэглэлийн такси үйлчилгээг сонирхохоор зорчигчдод нь саад бололгүйгээр өдрийн турш үйлчилгээнд хамт явахаар жолоочид нь учирлав. 11.15 цаг: Ингээд бидний суусан таксины жолооч эхний дуудлагаа хүлээж авав. Таксины жолоочийг Ц.Сономцэрэн гэдэг аж. Түүнд төв удирдлагаас нь дуудлагын захиалга өглөө. Учир нь энэ үйлчилгээг “VIP taxi service” ХХК явуулж байгаа аж. Одоохондоо үйлчилгээгээ эхлээд удаагүй байгаа бөгөөд ирэх сараас үйл ажиллагаа нь жигдрэх талаар жолооч ярьж байсан. “Тэнгис” кино театраас “Гранд плаза” төвийн урд буух зорчигч такси дууджээ. Тэрээр дуудлагын дагуу зорчигчоо авах газраасаа суулгаад замдаа гарав. Зорчигчийг машинд суулгаж өгөхөөс эхлээд “VIP” үйлчилгээ ямар байх ёстой түүнийг гүйцэтгэж харагдав. Зорчигч гэрээсээ гарч ирэнгүүт таксины жолооч маань угтаж аваад шаламгай гэгч нь хаалга онгойлгож өгөв. Хаалга онгойлгож өгөхөд хүртэл олон улсад хэрэглэгддэг стандарт гэж байдаг аж. Тэрээр хаалга онгойлгоод нэг гараараа үйлчлүүлэгчээ суухыг урьж нөгөө гар нь хаалганы дээд хэсэгт зорчигч толгойгоо цохихоос нь сэргийлж гараараа барив. Энэ нь үйлчлүүлэгчид ч ихэд таалагдсан бололтой жолооч руу харж инээмсэглээд “Баярлалаа. Яасан сүрхий хүү вэ” гээд суув. Энэ зорчигч 40 орчим насны эмэгтэй байлаа. Тэрээр төмөр замд байрлах хүүгийндээ очих гэнэ. Таксинд суунгуут арын суудалд нойтон сальфетик, хуурай сальфетик, бакус, цэвэр ус зэрэг шаардлагатай үед хэрэглэх ахуйн зүйлсийг зорчигчид зориулж бэлджээ. Үүнийг тухайн зорчигч үнэгүй хэрэглэх гэнэ. Нэг удаа уг таксинд зорчигч суухад нь “Хэрвээ шаардлагатай бол эдгээр зүйлсийг үнэгүй хэрэглэж болно” гэсэн чинь “Нээрээ үнэгүй юм уу” гээд бүгдийг нь аваад цүнхэлчихсэн гэнэ. Бас нэгэн үйлчлүүлэгч “Цэвэр усныхаа мөнгийг таксиныхаа төлбөр дээр нэмээд авчих. Хүний юмыг яаж үнэгүй авах юм” гэх хүн ч таарчээ. Харин жолооч энэ бол таньд зориулсан үйлчилгээний нэг хэсэг” хэмээн тайлбарласан байна. Ийн хөөрөлдсөөр зорчигчийнхоо хүрэх газарт ирэв.

Жолооч өмнө суурилуулсан тоолуураас хичнээн км гарсан гэсэн баримт буюу тооцооны хуулгыг гаргаж үйлчлүүлэгчид өглөө. 5200 төгрөг гарсан байв. Өнөөх 50 орчим насны эмэгтэй 10000 төгрөг өгөөд 4800 төгрөгийн хариултаа аваад “Баярлалаа. Эгч нь найдвартай унааг эрхэмлэдэг. Би замын нөгөө талд гарахдаа ч такси барьдаг. Тэгэхгүй бол хэдэн төгрөг өөрөөсөө харамлаж байж амиа алдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай таксины жолоочид замын нөгөө талд эргээд буухад “Та яасан ямбатай юм. Юун ойрхон явдаг юм” гэсэн янзтай уурлаж загнах тохиолдол гардаг. Харин танайх ёстой иргэддээ хүрч ажилладаг юм байна” гээд буув. Жолооч мөн л өмнөх шиг шаламгай гэгч нь бууж хаалгыг нь онгойлгож өгөв. Ингээд дараагийн дуудлага ирлээ. Тус такси тарифаа километр бус метрээр тооцдог юм билээ. Тодруулбал, 100 метр газар явахад 300 төгрөг гэсэн үг. Нэг км явахад 3000 төгрөг аж. Тансаг зэрэглэлийн үйлчилгээний хувьд боломжийн үнэ аж. Үйлчлүүлэгчид нь үнэтэй байна гэсэн зүйл ярьдаггүй гэсэн. Харин ч үйлчилгээнд сэтгэл хангалуун үлддэг бололтой. Дараагийн дуудлага Aндуудаас Бөхийн өргөө хүрэх байв. Тав орчим насны хүүхэдтэй эмэгтэй суулаа. Хүүхэд нь таксины жолоочийн өмссөн хувцсыг ихэд гайхаж сонирхоно. Учир нь тус компанийн жолооч нар бүгд нэг өнгийн хувцсаар жигдэрсэн байна. Цагдаагийн малгайтай төстэй хар цагаан өнгийн оруулгатай малгай өмсч, хар өнгийн хослол, цагаан бээлий өмссөн байв. Мөнгөн завъяа орчмын хэсэгт 10 минут түгжрэв. Энэ хооронд жолооч тоолуурын “хүлээлгэ” гэсэн товчлуур дээр дарж км-ын мөнгийг  зогсоож харагдав. Түгжирсэн тохиолдолд км-ын мөнгө гүйхгүй  гэсэн үг. Ингээд төв замаар түгжрээ ихтэй байсан учраас жолооч зорчигчийн хүсэлтээр удирдлагын төвтэйгөө холбогдож хаагуур явбал хамгийн хурдан хүрэх газартаа очих талаар зам асуулаа. Ингээд зорчигчийг хүссэн цагт хүрэх газарт нь буулгалаа. Тус компанийн таксинууд бүгд GPS буюу байршил тогтоох төхөөрөмжтэй гэнэ. Мөн дугуйнд нь тусгай мэдрэгч төхөөрөмж суулгасан учраас жолооч тоолуураас илүү мөнгө зорчигчдоос авах ямар ч боломжгүй гэнэ. Ухаалаг тоолуур суулгасан аж. 

Заримдаа бид цүнхэндээ бэлэн мөнгөгүй тохиолдолд АТМ хайн таксинаасаа бууж мөнгөө авч өгдөг. Тэгвэл ийм тохиолдолд сандрах хэрэггүй болжээ. Тус такси карт уншигч суурилуулсан юм байна. Удахгүй “WiFi” суурилуулахаар бэлтгэж байгаа аж. Ц.Сономцэрэн жолооч тогтмол цалинтай ажилтан. Зарим таксины жолооч нар шиг таксигаа түрээсээр авчихаад тэр мөнгөө хийхийн тулд хүнээ булаацалдаж, зорчигчийнхоо төлбөр дээр мөнгө нэмж хэлэх ямар ч шаардлага байхгүй гэсэн. Удахгүй тус компани хүүхдэд зориулсан “Kids taxi”, эмэгтэйчүүдэд зориулсан “Pink taxi” үйлчилгээнд гаргах юм байна. Таксигаар үйлчлүүлж буй хэрэглэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс эмэгтэйчүүдэд зориулсан тохижилттой, итгэл төрүүлэхүйц эмэгтэй жолоочтой байх аж. Харин хүүхдэд зориулсан такси нь ажлаа амжихгүй эцэг, эхчүүдийн дуудлагаар хүүхдийг нь сургууль, цэцэрлэгээс эхлээд хүссэн газар нь найдвартай хүргэж өгөх юм байх. 

Ингэхдээ эцэг, эхчүүд гэрээ байгуулж болох ба гар утас дээрээ хүүхдийг нь авч яваа такси хаана явж байгааг GPS-ийн тусламжтайгаар харж болох гэнэ. Ийм үйлчилгээ удахгүй нэвтрэх аж. Ер нь үйлчлүүлэгчдийн хувьд тав тухыг дээд зэргээр төрүүлэхүйц үйлчилгээтэй юм. “VIP” таксинууд бүгд тас хар өнгийн “соната-7” маркийн машин. Тансаг зэрэглэлийн такси үйлчилгээ хэдийнэ байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ. Зарим зорчигчид үйлчилгээг үнэхээр мэдрүүллээ хэмээн жолооч нарт гарын мөнгө хүртэл өгдөг гэсэн. “VIP taxi service” компани амралтын газар болон нисэхийн урьдчилсан захиалгат дуудлага, дуудлагын жолооч, албан уулзалт болон хуримын цуваанд үйлчлэх машины түрээс зэрэг олон үйлчилгээг иргэдэд хүргээд эхэлжээ. 

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

О.Гүндэгмаа: Олимпийн шалгуур хүндэрсэн. Гэхдээ би олимпийн эрхээ авах болно

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Шведийн Гётеборг хотноо болсон өсвөрийн хөлбөмбөгийн “Готхиа Цуп” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн “Дэрэн” баг болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, паралимпид оролцох эрхээ аваад байгаа З.Ганбаатар нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад паралимпийн тамирчин З.Ганбаатар хүндэтгэх шалтгааны улмаас хараахан ирж амжаагүй юм. Ингээд энэ үеэр Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаатай цөөн хором ярилцлаа.Тэрээр өнгөрсөн зургадугаар сард дэлхийн цомын цуврал болох Германы Мюнхен хотноо болсон тэмцээний спорт гар бууны 25м-ийн дасгалд алтан медаль, Словени улсын Марибор хотноо болсон тэмцээнд мөн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ. 


-Юуны өмнө танд дэлхийн цомын тэмцээнүүдэд амжилттай оролцсонд баяр хүргэе. 

-Баярлалаа.

-Таны хувьд багагүй хугацаанд спортоосоо завсарлаад эргэн ирсэн гэхэд бэлтгэл сайн хангагдсан нь анхны тэмцээнүүдээс чинь л харагдаж байна. Ер нь гарт орчихсон чадвар гэдэг өөр байдаг уу?

-Би буудлагын спортоор 20 гаруй жил хичээллэсэн. Тиймээс хоёр жил бэлтгэл тасраад эргээд ороход нэг их хүндрэл байсангүй. Миний хувьд өнгөрсөн гуравдугаар сараас бэлтгэлдээ гарсан. Ер нь бол бэлтгэлийг маш эрчимтэй, шаргуу хийсэн гэхэд болно. 

-Германы Мюнхен хотод болсон тэмцээнд алтын төлөө Монгол Улсын гавьяат, ХБНГУ-ын тамирчин Д.Мөнхбаяртай өрсөлдөхөд хэр сандрав. Таны хүчтэй өрсөлдөгчдийн нэг шүү дээ?

-Нэг их сандраагүй. Анхнаасаа л финалд үлдэж, алтын төлөө өрсөлдөнө гэсэн зорилготой орсон. Мөнхбаяр эгч надтай ойролцоо оноо авсан учраас бид хоёр алтын төлөө өрсөлдөж таарсан. Тэмцээний дараа Мөнхбаяр эгчтэй уулзаад “2008 оны олимпийн үеэр болсон явдал дахин давтагдлаа шүү” гээд хоорондоо ярьж инээлдсэн. 

-Дүрэмд өөрчлөлт орсон нь хэр нөлөөлсөн бэ?

-Хоёр жилийн дараа шинэ дүрмээр өрсөлдөхөд бас тийм ч амар байсангүй. Гэхдээ манай дасгалжуулагч финалын шатны бэлтгэлд түлхүү анхаарсан. Үндсэн 25 сумнаас 15-18 сум оноход медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно гэж зөвлөсөн. Өмнө нь 16, 17 сум оноход бараг медаль хүртэх магадлалтай болчихдог байсан байхгүй юу. 

Олон улсын буудлагын спортын финалын шатны дүрэмд том өөрчлөлт орсон. Тэмцээнийг илүү үзүүштэй болгох үүднээс гэдэг ч юм уу финалын шатанд үлдсэн найман тамирчинг хоёр хоёроор өрсөлдүүлдэг болсон байна лээ. Финал дотроо дахин шинээр өрсөлдөөн гарч ирж байгаа юм. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдын гол зорилго алт, мөнгөн медаль авах байсан. Өмнө нь тамирчдыг тэмцээнээс хүрэл медаль авахад үзэгчид “Энэ чадахгүй байхдаа яадаг юм. Хүрэл медаль аваад” гэж чамлах тохиолдол гардаг байсан. Тэгвэл одоо хүрэл медалийг хүртэл тамирчид нөр их хүч хөдөлмөрөөр авах болж байгаа юм.

-Мюнхенд болсон тэмцээнийг дөнгөж дуусгаад дахин нэг дэлхийн цомын цуврал тэмцээнд орж мөнгөн медаль хүртсэн. Дараагийн тэмцээнд бэлтгэх боломж гарсан уу?

-Тэмцээний үед бэлтгэл хийх боломжгүй байдаг. Дэлхийн цомын тэмцээнд долоо хоногийн турш 80 гаруй орны тамирчид буудлагын арав гаруй төрлөөр өрсөлддөг. Тиймээс тамирчид дор дороо хувийн бэлтгэлээ л базаадаг. Бүх юм цагийн хуваарийн дагуу явагддаг. Явахаасаа өмнө л бэлтгэлээ сайн базаадаг.

-Ирэх сард ДАШТ болно. Бэлтгэл хэр хангагдаж байна?

-Бэлтгэл ерөнхийдөө жигдэрсэн. Есдүгээр сард Испанид ДАШТ болно. Энэ тэмцээнээс эхэлж “Рио-2016” олимпийн эрхийг олгох юм. Спорт гар бууны төрөлд шалгарсан эхний тав, хийн гар буунд шалгарсан эхний зургаан тамирчин олимпийн эрх авах тухай журамд заасан байгаа. 

Дэлхийн цомын тэмцээнд 80 орны 150 орчим тамирчин орсон. ДАШТ-нд олимпийн эрх олгодог учраас дэлхийн цомоос нэг дахин их тамирчид өрсөлддөг. Тиймээс миний хувьд бэлтгэлээ маш сайн, шаргуу базааж байгаа. 

-Шинэ дүрмээр ДАШТ-ээс гадна хэдэн тэмцээнд орж байж эрхээ авна гэсэн үг?  

-Олон улсын буудлагын холбооны дүрэмд орсон өөрчлөлтүүдийн нэг бол энэ. Олимпийн эрхийг ДАШТ-ээс гадна хойтон болох дөрвөн дэлхийн цомын тэмцээн, азийн аварга шалгаруулах тэмцээнээр олгоно. Өмнө нь найман дэлхийн цом, Азийн аварга, дэлхийн аваргын гээд нийт арван тэмцээнд олгодог байсан нь багассан. Энэ утгаараа тамирчдын шалгуур ч өндөрссөн гэсэн үг.

-ДАШТ-ээс олимпийн эрхээ авна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Тэгэлгүй яахав. Мэдээж тэр өдөр хэн сайн байсан, хэн сийрэг ажиллаж чадсан нь медаль авах байх. Финалд дахин шинээр өрнөж байгаа учраас бүгд л эрхээ авахыг хүсч байгаа тамирчдын дунд ширүүн өрсөлдөөн болох байх. 

-Таны хувьд өөрийнхөө төрөлд дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар нэгт бичигдсэн гэсэн. Ер нь онооны хувьд хэр нягтралтай байгаа вэ? 

-Миний хувьд оноо гайгүй. Сүүлийн хоёр тэмцээнээс тус бүр 584 оноо авсан нь төрөлдөө тэргүүлэхэд нөлөөлсөн байх.

-Сая сайдтай уулзах үеэр гадаа бэлтгэх хийх боломжгүй гэсэн асуудал яригдсан. Энэ талаар?

-Манай тамирчдын амжилт гаргах хамгийн боломжтой төрөл бол 25 м-ийн зайд бууддаг спорт гар бууны дасгал. Зуны цагт зохиогдож буй томоохон тэмцээний үеэр тус төрөл гадаа талбайд болдог. Харин манайд бол гадаа бэлтгэл хийх боломжгүй. Гадаа зориулалтын талбайд хийх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл гадаа буудахад нарны тусгал хүртэл буудлагад нөлөөлдөг. 2008 оны Бээжингийн олимпод бэлтгэж байхдаа гадаах буудлагыг Найрамдал зусланд хийж байсан. Уг нь Техник спортын төвд хийх ёстой байдаг. Гэвч заавал тус төвийн дасгалжуулагч нартай дахин гэрээ хийх зэргээс эхлээд чирэгдэл ихтэй учраас боломж байдаггүй. Ямартай ч өнөөдрийн /өчигдөр/ сайдтай хийсэн уулзалтын үеэр энэ асуудал сөхөгдлөө. Өнөө маргаашгүй  Техник спортын төвтэй ярилцаад долоо хоногт хоёр удаа ч юм уу бэлтгэл хийх юм шиг байна. 

-Одоо бэлтгэлээ хаана хийдэг юм бэ?

-Батлан хамгаалах их сургуулийн “Аварга” клубт бэлтгэл хийж байгаа. 

-Ер нь тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргаад ирэхдээ өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг үү?

-Тэмцээний үеэр бол айхтар догдлоод байдаггүй. Спорт хүнийг баргийн юманд хөөрөөд байхгүй ийм тэсвэр тэвчээртэй болгочихдог юм байна/инээв/. Ихэвчлэн эх орондоо ирээд, гэр бүлийнхээ дунд ирээд амжилт, алдаа оноогоо ярилцаад ирэхээр арай өөр болдог. Би анх энэ спортод хөл тавихдаа Отрядын охин Гүндэгмаа гэж олонд танигдсан. Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн, алдар нэр өссөн гээд юу ч өөрчлөгдөхгүй. Отрядын охин Гүндэгмаа хэвээрээ л байх болно. 

Би ямагт өөртөө энэ үгийг сануулдаг. Харин ээж, гэр бүлийнхэндээ маш их баярладаг. Байнга л тэмцээн уралдаан гээд явахад үр хүүхдүүдүүдийг минь харж хандан арын ажлыг минь ганц зохицуулдаг хүн. Тиймээс ээждээ маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хуримын даашинз дунджаар 400-700 мянган төгрөгийн үнэтэй байна

-ЭНЭ ЖИЛ МӨРГҮЙ,
ЗАГАСАН ЗАГВАРТАЙ ДААШИНЗ ЭРЭЛТТЭЙ БАЙНА-

Дурлалт хосуудын хамгийн сайхан баярын нэг бол яах аргагүй хурим.
Хосуудын амьдралд ганц тохиох баяраараа ямар даашинз, хослол өмсөх вэ гэсэн асуулт
толгойны өвчин болдог гэхэд болно. Хосуудын хуримын их ажлаас бага ч гэсэн хөнгөлж,
цаг завыг нь хэмнэх үүднээс хуримын даашинз болоод костьюмны үнийн талаар сурвалжиллаа.
Өмнөх жилүүдийг бодвол энэ жил хуримын даашинз худалдаалдаг дэлгүүр нэлээд олон
болжээ. Бидний сайн мэдэх “Торго” салон болон “Шилмэл загвар”-ын даашинзнууд хамгийн
үнэтэй төдийгүй өнгө загварын хувьд өргөн сонголттой аж. Үндэсний хээ угалз, өнгө
төрхийг илтгэснээрээ тус салоны даашинзууд тансаг зэрэглэлийнх гэдэг нь харагдаж
байв. “Торго” салоны хамгийн үнэтэй даашинз нэг сая 900 мянган төгрөг. Гэхдээ энэ
бол салон дээр нь бэлэн зарагдаж байгаа даашинз. Харин хүссэн загвараа сонгоод захиалгаар
хийлгэвэл үүнээс ч үнэтэй болох гэнэ. Гэхдээ захиалга ихтэй байгаа аж. Загварын
хувьд мөргүй, бэлхүүсээрээ барьсан загасан хэлбэртэй даашинз тус салонд эрэлттэй
байгаа юм байна. Мөн үндэсний хээ, угалз даашинзандаа шигтгэж өгчээ. “Шилмэл загвар”-ын
хувьд мөн л захиалга ихтэй байгаа бөгөөд энэ сарын сүүлээр дахин захиалга авах боломжтой
аж. Үнэ ханшийн хувьд 600.000-1.000.000 төгрөгийн үнэтэй бөгөөд сүйт бүсгүйчүүд
дизайнертайгаа уулзаж өөрийнхөө биед ямар загварын даашинз тохирох талаар ярилцаж
материалаа сонгоод захиалга өгөх боломжтой юм байна. Тус салонуудад  сүйт залуугийн хувцас мөн л хийц, өнгө загвараасаа
хамаараад үнийн хувьд өргөн сонголттой юм билээ.

Ингээд тэндээс гарч Улаанбаатар их дэлгүүрийн гурван давхарт байрлах
“Габаяа Гламур Бутик” дэлгүүрээр орлоо. Тус дэлгүүр хуримын даашинзнаас гадна гоёлын
тансаг загвартай даашинзуудыг худалдаалж байв. Мөн үдшийн цэнгүүн, баяр ёслол, багт
наадам, тоглолтын хувцаснуудыг нийлүүлдгээс гадна хуримын гэрч бүсгүйчүүд, хүүхдүүдийн
даашинз өнгө загварын хувьд өргөн сонголттой байна. Учир нь сүүлийн үед европ маягийн
хуримын заншлыг дуурайж сүйт бүсгүйн гэрч болох найз хүүхнүүд нь ижил өнгийн даашинзаар
гангарах болсон. Тус дэлгүүрийнхэн эдгээр даашинзуудаа Хонгконгоос оруулж ирдэг
ажээ. Загвар бүрээс нэг, нэг ширхэг л байгаа гэдгийг дэлгүүрийн эзэн дуулгасан.
Тус дэлгүүр нь үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр бүх төрлийн даашинзандаа энэ сарыг дуустал
30-70 хувийн  хямдрал зарлажээ. Одоогоор нийтдээ
38 төрлийн даашинз бэлэн худалдаалагдаж байгаа бөгөөд наймдугаар сарыг дуустал
500-700 мянган төгрөгийн хооронд зарагдана гэж “Габаяа гламур бутик” дэлгүүрийн
захирал   Ё.Байгаль хэллээ.

 

“Габаяа гламур бутик” дэлгүүрээс хуримынхаа гоёлыг сонгохоор ирсэн
20 гаруй насны О.Отгонханд гэх сүйт бүсгүйгээс зарим зүйлийг тодруулав.

 

-Хуримын
даашинзаа сонгохоор үзэж байна уу. Хэзээ хуримтай вэ?

-Тийм ээ. Ирэх сарын дундуур хурим болно.

-Ямар
даашинз таалагдаж байна?

-Хараахан сонголтоо хийгээгүй л байна. Дээгүүрээ мөргүй, сиси хормойтой
даашинз авдаг юм билүү гэж бодож байгаа. Элдэв гял цал чимэглэлгүй цэвэрхэн даашинз
л хайгаад байгаа юм.

-Ер
нь өөр дэлгүүрээр орж үзсэн үү?

-Тийм ээ. “Шилмэл загвар”, “Торго” салоноор орсон. Захиалгатай амжихгүй
гэсэн. 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг нэг газраар бас орсон. Түрээсэлдэг юм
билээ. Нэгэнт л дурсамж болгож үлдээхээс хойш түрээсэлснээс авсан нь дээр байх гэж
бодож байна.

-Сүйт
залуу чинь хослолоо сонгосон уу?

-Хамт л сонгоё гэж бодоод явж байна. Бид хоёр гурван настай хүүтэй.
Хүүдээ бас хослол харж байна.

-Та
гурвын хуримын гоёл хэдэн төгрөгт багтах юм шиг байна?

-Эрэгтэй хослол доод тал нь 300 мянган төгрөг гэж байсан. Хүүхэд
болохоор 100 мянгаас хэтрэхгүй байх. Харин даашинзаа дунджаар 450 мянгад л авч таарах
байх. Тэгэхгүй бол үндэсний хувцас, гоёлын хувцас гээд авах юм зөндөө байна.

-Ер
нь танай хуримд хичнээн төгрөг орох юм шиг байна?

-Саяхан нөхөр маань хуримдаа зориулж ажлаасаа 10 орчим сая төгрөгийн
цалингийн зээл авсан. Тэгсэн ажлаас нь хуримдаа хэрэглэ гээд хоёр сая төгрөг бэлэглэсэн
байна лээ. Харин надад бид хоёрын хуримтлуулсан таван сая төгрөг бий. Тэгэхээр ямартай
ч хүргэхийг л бодно доо. Хурим бол амьдралд ганц л тохиох баяр. Тиймээс хэн хэндээ
мартагдахааргүй сайхан дурсамж үлдээхийг хүсч байна гэв.

Тэндээс гараад зорьж очсон “Star shop” дэлгүүрт Италийн
“Aolisha” брендийн хуримын  даашинзуудыг худалдаалж  байв. Токио, Сөүл, Вашингтон гэх мэт дэлхийн
18 томоохон хотод салбартай “Aolisha” брэнд жилд 400 гаруй хуримын даашинзны загварыг
гаргадаг аж. Тус брэндийн даашинз 400 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд худалдаалагдаж
байна. Бүх загварыг “Аolisha”  брэндийн сайтаас
харж кодоор нь захиалах боломжтой гэнэ. Үүнээс гадна хүссэн даашинзаа бэлэн авахаас
гадна захиалах боломжтой. Захиалга өгсөн тохиолдолд 30-45 хоногийн дотор таны гар
дээр ирэх юм байна. Мөн хуримын даашинзтай дагалдаж гоёлын зүүлт, ээмэг, баглаа
цэцэг гэх мэт зүйлүүд худалдаалагдаж байгаа аж. Эрэгтэй хуримын хослол 140-300 мянган
төгрөгийн хооронд байв. Өнгөний хувьд хар, цагаан гэсэн ёслолын костьюмууд байгаа
гэсэн. Харин хосуудын хүүхдэд зориулсан охидын даашинз 38-100 мянган төгрөгийн хооронд
байна. Мөн жирэмсэн бүсгүйчүүдийн хуримын даашинзыг зарж байна лээ. Бүх даашинз
размерын хувьд өргөн сонголттой байлаа. “Star shop” дэлгүүр нь “MaxMall” дэлгүүрийн
гурван давхарт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Мөн “Love salon” нь хуримын хос дээл, хуримын даашинзнуудыг худалдаалах
болон түрээслүүлж байна. Хийц загвар материалаасаа шалтгаалаад, захиалгаар дээл
хийлгүүлэх  болон худалдан авахад 400-500
мянган төгрөгийн ханштай. Харин уг дэлгүүр хуримын даашинзаа Хонгконгоос оруулж
ирдэг байна. Хуримын даашинзны үнэ 400-500 мянган төрөг бол түрээслэхэд 200-250
мянга төгрөгийн үнэтэй гэнэ. Загварын хувьд өргөн сонголттой бөгөөд нэг загвар нэг
л ширхэг худалдаалагдаж байгаа “love salon”-ныхон ярив.

 Д.ДАВААСҮРЭН

 У.УУГАНЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Хайлаастын 72 дугаар сургуулийн хамгийн анхны сурагчид

2004 он. Ангийн багш Д.Зузааны Хөдөлмөр алдрыг тэмдэглэх баярын үеэр

1979 оны намар Хайлаастын гэр хороололд 71 дүгээр сургуулийн нэр дээр бэлтгэл анги бүрдүүлж  Батсуурь багшид 39 хүүхэдтэй нэг анги даатгаж өгчээ. 71 дүгээр сургуульд дахиад үндсэн  бэлтгэл анги бас байсан гэсэн үг. Ингээд Батсуурь багштай бэлтгэл ангийнхан өөрийн гэсэн хичээлийн байргүй учраас 71 дүгээр сургуульд орон тооны танхим гаргаж хичээлээ хийдэг байж. Ингээд тэндээсээ 49 дүгээр сургуульд танхим суллаж бас нэг хэсэг хичээллэж байтал Хайлаастын 15 дугаар хороонд шинэ сургууль баригдав. Айлын шоовдор хүүхэд мэт сургууль сургууль царайчилж байсан бэлтгэл бүлгийнхэн өөрийн гэсэн эрдмийн өргөөтэй болжээ. Энэ бол 72 дугаар сургууль ашиглалтад орсон үе. Батсуурь багштай анги “1а” гэсэн нэр зүүж сургуулийнхаа хамгийн анхны сурагчид болсон түүхтэй аж. Бүр сургуулийнхаа нээлтээр 1а ангийн сурагч Мажигсүрэн хонх цохиж, ангиараа зурагтаар гарчээ. Энэ явдлыг одоо ч мартдаггүй хэмээн 72 дугаар сургуулийн 1989 оны 10а ангийнхан 25 жилийн дараа ийн хөөрөлдөв. Энэ удаагийн “Нэг анги” булангийн зочид бол гэр хорооллын дунд сургуульд нэгэн арваныг үдсэн эгэл атлаа, сургуульдаа бол “онц” үлгэр жишээ хамт олон юм. 

1988 оны арванхоёрдугаар сар

Бид сургуулиа төгсөөд 25 жил болж байгаа ч анх нэг анги гэсэн нэгэн дээвэр дор инээд хөөр, сэтгэл зүрх, хүсэл мөрөөдлөөрөө нэгдээд 35 жил болсон шүү дээ хэмээн Ж.Зоригтбаатар ярив. Ж.Зоригтбаатарын хувьд ангийнхаа ганц зурагчин. Хаана л явна өнөө хэдийнхээ зургийг дарж өгнө. Өөрөө ч энэ ажилдаа дуртай болохоор одоо ч уулзахдаа зурагчин мэргэжилдээ ордог гэсэн. Тэрээр ангийнхныхаа зургийн цомгийг үзэж суунгаа “Ингээд л миний зураг байхгүй. Би дарсан байхгүй юу” гэж хошигноод авав. Харин ангийнхаа нөхдийг төгссөн цагаас нь эхлээд өдийг хүртэл холбоотой байлгаж холыг ойртуулж, холыг учруулагч гүүр болсон ангийн “ЗБ” С.Түмэндэмбэрэл “Гэр хороололд өсч торнисон болоод ч тэр үү манай ангийнхан их ажилсаг, хөдөлмөрч. Бас их дотно. Хоорондоо байнга холбоотой явна шүү дээ” гэв. Нээрээ ч хөдөлмөрч анги гэдэг нь илэрхий. Учир нь ангийнхан нь барилга, эрүүл мэнд гээд бүхий л салбарт өөрийн гэсэн байр сууриа олцгоожээ. Мөн найман сурагч гадаадад гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа аж. Хэдий харийн оронд байгаа ч байнга холбоотой байдаг гэсэн. Энэ намар 25 жилийн ойгоо тэмдэглэхэд нь ирэх гэнэ. 25 жилийн дараа эргээд бодоход мартахааргүй өчнөөн дурсамж бий гэж хоорондоо хөгжилдөнө.

Нэг нь “Манай ангийнхан донгодуулахаасаа магтуулах нь их байсан” гэв. Эцэг, эх нь багш мэргэжилтэй олон ч сурагч байж. Тийм болоод ч тэр үү сургуулиас өгсөн даалгавар, багшийн үүрэгдсэн хичээл номонд их нямбай хандаж хариуцлагатай гүйцэтгэдэг байсан гэнэ. Хоёр удаа айхтар донгодуулж байжээ. Тэр үед сурагчдыг “Хөдөлмөр” зусланд амраангаа төмс хүнсний ногоо хураалгадаг байж. Түүндээ гаршаад ч тэр үү, угийн санаачилгатай ажилсаг хамт олон болоод ч тэр үү Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйд очиж төмс хураалтын ажил хийхээр шийджээ. Ингэхдээ багшдаа хэлэлгүй шийдвэр гаргаад явах гэтэл ахлах ангийнх нь багш Д.Зузаан ажил гараад явахааргүй болж өнөөх нөхдийн төлөвлөгөөг сургуулиар нэг мэдчихэж. Бүр хүүхэд бүр 25 төгрөг нийлүүлж 14 хоногийн хүнсээ хүртэл авчихсан байж таарав. Үүнийг нь сургуулийн захиргаа мэдэж багш нарын хурлаар оруулж ангиар нь шөнөжин зогсоожээ. Энэ ажлыг ангийн зурагчин гэх Ж.Зоригтбаатар санаачилсан болж таарч нэлээд хатуу бангадсан байна. Ингэж сургуульдаа үлгэр жишээч “онц” ангийнхан анх удаа бангадуулсан нь хэдэн өдөртөө л сургуулиар нэг яриа болсон гэдэг. Эдний ангийнхан  бүгдээрээ л бараг сурлага сайтай. Мөнгөнбагана, Мөнхзул, Сайзмаа гээд хичээл номондоо тэргүүний хүүхдүүд олон бий. Мөнгөнбагана сургуулийнхаа “тооны бурхан”. Нийслэлийн тооны олимпиадад түрүүлсэн нь тоогоо алджээ. Харин Ганбаатар “спортын бурхан” нь. Чөлөөт бөхөөр тухайн үедээ их сайн барилддаг байсан төдийгүй 1987 онд Болгарт болсон тэмцээнээс алтан медальтай ирж ангийнхныгаа баярлуулж байсан удаатай аж. Ганбат урлагийн бурхан гэнэ. Тэрээр багаасаа л улсын циркт гимнастикаар хичээллэдэг байсан болохоор дээрээ таван хүн зогсоодог үзүүлбэрийг нь ангийнхан нь бөөндөө очиж үзэн, дэмждэг байсан гэнэ. Одоо тэрээр мэргэжлээрээ гадаадад багшилдаг болжээ. Харин Эрдэнэбаяр, Саран нар утга зохиолын бурхад гэсэн. Эрдэнэбаяр шүлэг яруу найраг сонирхож тэр үеийн “Пионерын үнэн” сонинд шүлэг нь байнга гардаг байж.  Саран ангийнхныхаа тухай ирээдүйд ямар хүн болох талаар нь зөгнөл зохиол бичиж байжээ. Одоо ч түүнд зөгнөл зохиол нь байдаг гэнэ. Тэрээр одоо Орост гэр бүлийнхээ хамт амьдардаг юм байна. Ангийнхан нь түүний ачаар “Болор толь”, “Зүрхний хилэн” зэрэг олон ном уншиж, номд дуртай болсон хэмээн хүүрнэв. Саран хамгийн гоё бичигтэй болохоор багш нар журнал дээр дүнгийн жагсаалт бичүүлдэг байж. Тэгсэн нэг удаа мань нөхөр тооны багш Лодойдамбын дүнг тавихдаа онц сурдаг хүүхдүүдийг дунд гээд дунд сурдаг сурагчдаа онц гээд солбиод тавьчихаж. Дур мэдэж дүн тавилаа гээд бангадуулахдаа тоосон ч шинжгүй “Дунд, сайн сурдаг хүүхдүүд ганц удаа ч гэсэн онц авч үзэг” гэж хэлж бөөн инээдэм болж байжээ. Ангиараа сургуулийн арга хэмжээнд идэвхтэй оролцохоос гадна кино театр руу их зүглэнэ. Нэг удаа ангийнхаа хүүхдийн аавд билет захиж байгаад “Хонгилдон” үзэхээр нэг төгрөг цуглуулж л дээ. Тэгсэн өнөөх хүүхдийн аав нь цагдаа байж таараад хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй кино гээд тас эсэргүүцсэн учраас киногоо үзэж чадаагүй гэнэ. 

Тэд ийн хэсэг хугацаанд хөөрөлдөхдөө Д.Зузаан багшийгаа байнга ярих. Заримынх нь нүдэнд нулимс цийлэгнэх нь харагдав. Багш нь сурагчдын амьдралд үлгэр дууриал болсон хүн аж. Хэл уран зохиолын багш болоод ч тэр үү хичээлээ сэтгэл хөдлөлтэй заадаг байж. Бүр яруу найрагч шиг уянгалуулж ирээд л хичээлээ ороход нь сурагчид завсарлагааны хонх битгий дуугараасай гэж боддог байсан гэнэ. Хамгийн сүүлд багштайгаа 2004 онд бөөнөөрөө уулзжээ. Тэр жил улсын тэргүүний багш нь хөдөлмөр алдраа тэмдэглэсэн юм байна. Д.Зузаан гэхэд II сургуулийнхан ч андахгүй хэмээн багшийгаа ам булаацалдан магтах аж. Багш нь ертөнцийн мөнх бусыг үзээд хэдэн жил болжээ. Ийн яриа дэлгэж тэднийг гуниглах зуур ангийн “ЗБ”-гийн тухай хөгжилтэй хийгээд, санамсаргүй сайн үйлсийг дурсав. Гоё бичигт Саран, “ЗБ” Түмэндэмбэрэл хоёр ангийнхаа хөвгүүн Энхбатын хайрын захиаг андуурч өгснөө хөөрөлдөв. Захиаг нь дамжуулахдаа доод ангийнхаа Нарантуяа гээд охинд аваачаад өгчихөж. Тэгсэн дээд ангийн Нарантуяад өгөх ёстойгоо мэдээд Энхбатад хэлэлгүй дахиж өөрсдөө бичжээ. Захиа хүргэхдээ охид уншчихсан болохоор  дахин бичихэд төвөг байсангүй.

Ингэж нэг юм жинхэнэ эзэнд нь захиаг нь хүргэж өгсөн нь хожим заяаны ханьтай нь учруулсан ерөөлтэй явдал болсон байна. Төөрч учирсан хоёр хос одоо хамтдаа барилгын компани удирдаж яваа бол энэ ангиас төрсөн хос болох Эрдэнэбаатар Насанбат хоёр дөрвөн хүүхдийн ээж, аав болж гадаадад амьдарч байгаа юм байна. 

Ингээд нар ч хэвийж бид ажлын зүг хөдөлж нэг ангийнхан маань ирэх намар 25 жилийнхээ ойгоор хаана, хэрхэн уулзахаа ярилцаад үлдэцгээв. 

Энэ зуур бага ангийн багш Батсуурьтаа мэнд дамжуулж нэр нь гараагүй ангийнхантайгаа үргэлж сэтгэл зүрхээрээ нэг шүү гэсэн сэтгэлийн үг дайлаа.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Мааз” хамтлаг: Бид дуулахаас гадна кино урлагийн салбарт амжилт гаргах болно

Сүүлийн үед хөнгөн, хөгжилтэй хэмнэлтэй дуугаараа олны танил болоод
буй “Мааз” хамтлагийн залуустай уулзаж ярилцлаа.

-Танай
хамтлаг саяхан шинэ дуу гаргасан гэж сонслоо. Үзэгчдэд хүрээд эхэлчихсэн байгаа
юу?

-Хоёрхон хоногийн өмнө үзэгчдийн хүртээл боллоо. “Candy Party” гээд
шинэ дуу маань “Youtube”-д тавигдчихсан байгааг фэнүүддээ дуулгахад таатай байна.

-“Би
дурламаар байна” дуу “Мааз” хамтлагийн анхны байх аа?

-Тийм. Ер нь царай муутай хүмүүс яагаад дуулж болохгүй гэж гэж бодоод
Төгсөө ахтай ярьж байгаад анхныхаа дууг бичсэн. Тэгээд ч бид нартай адил дурламаар,
дурлаж үзээгүй залуус зөндөө байгаа шүү дээ. Тэдний төлөөлөл болгож энэ дуугаа бүтээсэн.
“Би дурламаар байна” дуу залууст их таалагдсанд бид их баяртай байгаа.

-Хамтлаг
албан ёсоор хэзээ байгуулагдсан юм бэ. Одоо “Мааз” хамтлагийн гэх хичнээн уран бүтээлтэй
болоод байна вэ?

-Анх 2012 онд манай хамтлаг дөрвөн гишүүнтэйгээр байгуулагдсан. Манай
хамтлагийн эрчүүд багийн найзууд л даа. Тэгээд “Хэцүү анги” олон ангит кинонд хамт
жижигхэн ч гэсэн дүр бүтээсэн. Эндээс л бид хамтлаг байгуулъя гэсэн санаагаа олсон.
Одоо “Синдром”, “Би дурламаар байна”, “Сургууль минь баяртай”, “Би дурлачихжээ”
зэрэг нэлээд хэдэн дуутай болсон. Бас залуу уран бүтээлчидтэй хамтарч “Андринел”
гээд дуу гаргасан байгаа. Сая хамгийн сүүлд “Candy party” дуугаа өлгийдөж авлаа.

-Сүүлийн
үед охид, хөвгүүдийн олон хамтлаг уран бүтээл хийх болсон. Энэ дундаас та бүхэн
юугаараа онцгойрч олонд хүрэв…?

-Манай хамтлагийн хийж буй уран бүтээл ихэвчлэн хөгжилтэй, цоглог
талдаа байдаг. Энэ нь үзэгчдэд их таалагдсан болов уу. “Мааз” гэсэн хамтлагийн нэр
хүртэл инээд бэлэглэгч гэсэн утга агуулдаг шүү дээ. Тиймээс залуусын амьдралд тохиолддог
хөгтэй, хөгжилтэй явдлыг уран бүтээлээрээ тусгахыг зорьсон. Тэртээ тэргүй уянгын,
хайр харууслын талаар дуулдаг дуучид зөндөө л байгаа хойно нэг ч гэсэн хамтлаг хүмүүст
инээд хөөр, аз жаргал бэлэглэх нь зүйтэй гэж бодсон л доо. Тэр нь үзэгчдийг татсан
байх.

-Олонд
танигдсан нь уран бүтээлийн өнгө аясаас гадна та нарын дүр төрх юм шиг санагддаг.
Уншигчид ч санал нэг байгаа болов уу?

-Царай муутай, марзан төрх гэж үү. Угаасаа хүмүүс тэгдэг л дээ. Хүний
нүдэнд наалдацтай царайтай гэж (инээлдэв). Ер нь урлагийнхан, ялангуяа хамтлагийнхан
өндөр, гоо зүйн талаасаа зөв төрхтэй байдаг ш дээ. Гэхдээ бид урлагт заавал хөөрхөн,
царайлаг хүн байх ёсгүй гэдгийг илтгэх байх. Цахим хуудсанд бидний зургийн доор
нэг фэн маань “Танай хамтлагт амжилт хүсье. Танай хамтлагийг шоотой эрээн цамцтай
гурван царай муутай эрэгтэйгээр төсөөлдөг шүү” гэсэн байсан.

-Яагаад
заавал эмэгтэй гишүүнтэй болохоор шийдэв?

-Олон харчуудын дунд эмэгтэй гишүүн маань өнгө үзэмж нэмэхээс гадна
хамтлагийн уян  хатан байдалд их нөлөөлдөг
гэдэг үүднээс Минжиндээ санал тавьсан. Минжин маань ч дуулах дуртай, сайн ч хоолойтой
байсан учраас ийм шийдвэр гаргасан гэж боддог.

-Дууныхаа
үг, аяыг хэрхэн бичдэг вэ?

-Төгсбаяр ахтайгаа ярилцдаг. Үгээ хоорондоо ярьж байгаад бичдэг.

-Гадны
уран бүтээл хийгээд дотоодын ямар дуу хөгжим сонсдог бол?

-Ер нь тэр энэ гэлтгүй монгол болоод гадаадын бүхий л төрлийн уран
бүтээлийг сонсдог. Шинэ залуу ямар хамтлаг гарсан байна, ямар хамтлаг шинэ уран
бүтээл хийсэн байна гээд аль болох урлагийн ертөнцөд болж буй шинэ соргог мэдээллийг
алдахгүй байхыг хичээдэг. Энэ нь эргээд бидэнд том туршлага шүү дээ.

-Туршлага
гэснээс танай хамтлагийнхантай “Guys” хамтлагийн дуучид ажилладаг гэсэн. Хэзээнээс
хамтарч ажиллах холбоо тогтоосон юм бэ?

-“Хэцүү анги” олон ангит киноноос хойш “Guys” хамтлагийн ах нартайгаа
хамтарч ажиллах болсон. Бидний хамгийн ойр дотны багш нар. Ерөнхийдөө хамтлагийн
продюсерээр тус хамтлагийн дуучин А.Төгсбаяр ах ажилладаг. Мөн ая зохиогч Г.Хишигбүрэн
ах хөгжмийн тал дээр түлхүү ажилладаг байгаа. “Guys” хамтлагийн ах нартаа,
Imagination film “Rec Records”-ынхондоо болон хамтарч ажилладаг уран бүтээлчидтэй
баярлалаа гэж хэлмээр байна. Мөн залуу уран бүтээлчдийг дэмжиж бид бүхнийг урьсан
“Өдрийн сонин”-ы хамт олондоо талархсанаа илэрхийлмээр байна. Учир нь бидэнд хичээлийнхээ
хажуугаар уран бүтээлээ хийгээд явахад санхүүгийн хувьд маш хүндрэлтэй байдаг. Саяхан
аав, ээж найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр өөрсдийн гэсэн студитэй болсон. Ер нь манай
хамтлагтай хамтарч ажиллах сонирхолтой хэнд ч бай бид зарим залуу уран бүтээлчид
шиг их зан гаргалгүй уриалгахан хүлээж авах болно.  

-Зуны
амралтаа хэрхэн өнгөрөөв. Урлагийн чиглэлийн оюутнуудын хувьд бол амралт гэдэг шинэ
уран бүтээл гаргах том боломж байдаг болов уу?

-Тэгэлгүй яахав. Амралтаа ямартай  ч хий дэмий өнгөрөөсөнгүй.  Ирэх оны ихээр гаргах цомгийн ажилдаа их бэлдлээ.
Мөн хамтлагаараа кино уран бүтээлийн зурганд орсон. Удахгүй үзэгчдийн хүртээл болох
байх.

-Анхны
цомог чинь ирэх оны эхээр гарна гэлээ. Шинэ цомгийнхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл
өгөхгүй юу?

-Гайгүй гэсэн дуугаа сонгоод CD-гээ гаргах бодолтой байна. Ямар ч
байсан ирэх оны хоёр сараас цомог маань үзэгчдийн хүртээл болох байх.

-Цомогт
ихэнхдээ хөнгөн дуу орох уу. Арай өөр уянгын чиглэлийн ч юм уу дуу оруулах бодолтой
байна уу?

-Тийм бодол бол байгаа. Жүжигчний ангид сурдаг гэдэг утгаараа өөрсдийн
гэсэн уянгын клиптэй дуу дотроо бодоод төлөвлөсөн байгаа. Саяхан нэг уянгын талын
дууны хоолойнд орсон байгаа.

-Цаашдаа
жүжигчин, дуучин гэсэн хослолыг хамт авч явах уу. Эсвэл сургуулиа төгсөөд аль нэг
продакшны жүжигчин болно гэж төлөвлөж байгаа юу?

-Ямартай ч бид дуу хөгжимд дурласан нэг хүсэл зоригоор нэгдэж өөрийн
гэсэн уран бүтээлүүдтэй болсон. Тиймээс цаашдаа үүнээс ч илүү, чанартай, сайн уран
бүтээлийг хийсээр байх болно. Бид жүжигчин гэсэн мэргэжлээр дөрвөн жил сурч номын
дууг нь сонсоод төгсч байгаа учраас  хэзээ
ч орхигдуулах бодолгүй байна. Энэ утгаараа ямар ч дуу байсан клипийг нь цацах нь
зүйтэй гэсэн хамтлагийн бодлого баримталдаг. Харин ч үндсэн мэргэжлийнхээ дагуу
өмнөө тавьсан том зорилго бий. Гол нь бид дуулахаас гадна жүжигчин гэдэг маань уран
бүтээл хийхэд давуу тал болж өгч байгаа юм. Тэгээд ч сүүлийн үед манай хамтлагийнхан
киноны уран бүтээлд их дурлах болсон. Олон сайхан уран бүтээлд тоглох байх аа.

-Танай
хамтлагийн ги­шүүдийн гэр бүлд урлагийн хүмүүс байдаг уу?

Хамтлагийн
ахлагч Г.Жан­чив:
-Манай өвөө жү­жигчин байсан гэсэн. Тэрнээс өөр урлагийн
хүн байхгүй.

Хамтлагийн
гишүүн Р.Сүхболд:
-Ээж, аав хоёр их сайхан дуулдаг хүмүүс бий. Тэгэхээр
надад бага ч гэсэн авьяас өвлөгдсөн гэж боддог. Би “Universe best songs” наадамд
гурван ч удаа оролцож байсан.

Хамтлагийн
гишүүн И.Тө­мөрхуяг:
-Манай ээжийг нутаг усныхан нь сайхан дуулдаг гэдэг.
Миний хувьд багаасаа л хэд хэдэн телевизэд хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж байсан. “Гэр”
гээд олон ангит кино, “Хэцүү анги” зэрэг цөөнгүй киноны зурганд орж байсан. “Гэр”
кинонд Одгэрэл эгчийн том хүүгийн дүрд тоглож байсан.

Хамтлагийн
гишүүн У.Минжин:
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Гэхдээ манай өвөө
Лантуу намын төв хорооны нарийн бичиг байсан. Өвөө их зарчимч, ажил хэрэгч. Тиймээс
өвөөгийнхөө тэр занг баримталж, ирээдүйн амьдралдаа үлгэр дуурайлал авахыг боддог.

 

 Д.ДАВААСҮРЭН

О.АНХЗАЯА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өөрөө ургадаг цэцэг тарья

Нийслэлд нэг хэсэг булан тохой бүрийг ашиглаж, болсон болоогүй барилга барьдаг байлаа. Одоо ч барьж байгаа л даа. Гэхдээ замбараагүй барьсан барилга эргээд ард түмэнд тээршаагдаж эхэлсэн. Үнэндээ цэцэрлэг, эмнэлэг, дэлгүүр, зам, за тэгээд явган хүн багтах ч зайгүй барьсан нь тэр. Харин одоо бол арай өөр шаардлагыг тавьдаг болсныг бид мэднэ. Байгальд ээлтэй экологи тал руугаа аль ч салбар ханарч байна. Наад зах нь зуны цагт нийслэл хотынхоо гудамж талбайг цэцэгжүүлэхээр мэрийж байгаа. Сүүлийн жилүүдэд улсаас хөрөнгө гаргаж хотыг цэцэрлэгжүүлэх болсон. Энэ ажлыг хэн нэгний бизнес гэх боловч ямартай ч иргэдэд ач тусаа өгөөд эхэлсэн. Учир нь хотын зам дагуу тарьсан өнгө өнгийн цэцэг иргэдийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь амьд ургамал эм тарианаас илүү хүчтэй зэвсэг болохыг харуулж байгаа хэрэг. Өнөө жил нийслэлд бут сөөг, цэцэг тарихад нийтдээ 5.6 тэрбумыг зарцуулсан гэсэн мэдээлэл бий. Үүнээс 500 саяыг цэцэг суулгахад төсөвлөжээ. Тэгэхээр хотын үзэмж хийгээд хүний биед  хэрэгтэй ч хэтэрхий их мөнгө зарцуулж байна гэж дургүйцэх хүмүүс ч байна. Тэгвэл өөрөө үрээ цацдаг цэцэг тарьж болохгүй гэж үү. Манай орны уур амьсгалд зохицсон дараа жил нь заавал хүний гар хараад байхгүй өөрөө байгалийнхаа жамаар ургадаг цэцэг байж л таараа. Яахав усалгаа зэрэг наад захын ажиллагааг хийдэг л юм байгаа биз.  Энэ нь иргэдийнхээ эрүүл мэнд, хотын үзэмжийг бага төсвөөр зохицуулчихаж болохоор ажил юм шиг.

Д.ДАВААСҮРЭН  

Categories
мэдээ цаг-үе

А.Александр: Задгай онгоцоор нисэхэд яг л шувуу болчихсон юм шиг мэдрэмж төрдөг


Дэлхийн уламжлалт
хар­­вааны аваргаар шалгар­сан анхны Монголын Уламж­­лалт харвааны хар­ваач, уулын
шүхрийн мэр­гэж­лийн тамирчин, багш зааварлагч, Хэт хөнгөн онгоц болон автожирын
нисгэгч  А.Александртай ярилцлаа. Тэрээр  Төв айм­гийн Эрдэнэ сумын Баян давааны ард орших
“Цон­жин болдог” хэмээх түү­хэн га­зарт МУ-ын Гавьяат нисгэгч Т.Сугарын нэрэм­жит
Хөн­гөн онгоцны хөгж­лийн “Нислэг төв”-ийг үүс­гэн байгуулжээ. Ингээд түүн­­тэй
ярилцсанаа хүргэе.

-Таныг найзууд
чинь нисч болох бүхнээр л нис­дэг гэж ярьдаг юм билээ. Уулын шүхрээр (параг­ладер)
гадаадад хэд хэдэн тэмцээнд орсон гэл үү?

-Далавчтай, далавчгүй,
дээрээ сэнстэй сэнсгүй гээд маш олон төрлийн онгоцны бараг бүх төрлөөр нисч үзсэн.
Уулын шүхрээр 1996 онд Франц руу явж тэмцээнд орж байсан юм. Бас Болгар явж байлаа.  Миний хамгийн дээд амжилт бол 12 дугаар байр.
Олон улсын чанартай тэм­цээн байсан юм. Ер нь нисдэг бүх хэрэгслэлийн  хамгийн чухал үзүүлэлт бол хурд. Хурдтай байж
л агаарт тог­то­но. Шувуу  хурдтай байж л
агаарт тогтдогтой адил. Уулын шүхрийн өөрийнх нь хурд цагт  35-45 км байдаг. Тэр хурдыг л барьж явахад асуудал
байхгүй.

-Хэр их бэртэж
байв?

-Газрын хатууг ёстой
нэг үзнэ шүү дээ. Дельтаплан гэдэг гурвалжин далавчтай, хэвтэж нисдэг төхөөрөмж
байдаг юм. Нэг удаа нисч байгаад Хуушийн амны дээр маш хүчтэй агаарын хуйлрал­танд
орж огцом эргэн шидэг­дэж нэг мэдхэд би өөрөө далавчны дээр байрлалтай унаж байсан
юм. Азаар миний дэргэд миний шавь нар байсан учир намайг тэр дор нь Гэмтлийн эмнэлэгт
аваачсан.

-Тэр үед дахиж
нисэхгүй дээ гэж бодож байсан уу?

-Хүн уначихаад айдаг
даа, зүрх  үхдэг. Харин би тэгээгүй. Юунаас
болоод уначихав, дараа нисэхдээ энийг анзаа­рах ёстой юм байна шүү гэж бодож байсан
/инээв/.  Ер нь би хүссэн зүйлийнхээ ард гарч
байж санаа амардаг шиг байгаа юм.

-Таныг дэлхийн
уламж­лалт харвааны анхны мон­гол харваач гэж сонссон?

-Тийм ээ. Анх надад
миний найз орос бизнесмэн хүн нум сум бэлэглэж “тэн­гэр­лэг дайчин хүн нумгүйгээр
байж болохгүй” гэж хэлж байсан юм. 2006 оны үед санагдаж байна. Гэнэт нөгөө нумаа
татмаар санагдаад гадаа гарч  хэд хэд сум
тави­лаа. Тэгсэн хажууханд байсан хэсэг хүмүүс инээлдээд явчих­сан. Улсын сурын
шигшээ багийнхан бэлтгэлд гарчих­сан байж таарсан хэрэг л дээ. Тэгээд  сурын талбай дээр очиж  бэлтгэл хийж эхэлсэн хэрэг. 2008 оны наадмаар
дээгүүр орох боломж байсан ч аз дутаад ганц хуруудчих­сан. Тэр  наадамд орж чадаа­гүй. Гэхдээ тэр жилийн наад­маас
өмнөх бараг бүх хар­ваанд дээгүүр орж байлаа.

-Таны өмсгөл, нум
сум бусдаас арай өөр юм аа?

-Би харваж эхлэнгүүтээ
нум сум анх хаана үүссэн, ямар хэлбэртэй байсан гээд нэлээд нарийн судалсан юм.  Тэгээд, 12-13 дугаар зууны манай эртний дайчдын
хэрэг­лэж байсан нум ямар сайн байж, тэр үедээ гайхамшгийг бүтээ­сэн болохыг мэдсэн.
Тэр үеийн  нумаар 200 сум тавь­сан ч яах ч
үгүй, хүйтэн халуунд хуви­ралт бага байв. Гэтэл одоо­гийн нум сум бол юун 200 сум
харвах. Дөрвөн сум тавиад л амраахгүй л бол дараагийн сум бол дутаж бууна шүү дээ.
Харамсалтай нь үүнийг манай нум үйлд­вэр­лэдэг дархад мэддэг хэрнээ яаж ч чаддаггүй
юм.  Тиймээс би Тайванийн нум хийдэг маш сайн
дарха­наар дээр үеийн нум хийлгэж 331м хол зайнд харваж ре­корд тогтоож байсан.
Одоо­гийн нумнаас огт өөр л дөө. Тэр л нумаараа 2011 онд Солонгосын Пусанд болсон
тэмцээнд тэргүүн бай­ранд орсон. Тэр тэмцээнд 32 орны 370 гаруй тамирчид оролц­сон
юм. Дэлхийн бүх орон өөрийн өвөрмөц хар­ваа­тай. Хоорондоо харвах зай, бай нь хүртэл
ондоо. Энэ тэм­цээнд нэг л дүрэм байдаг. Олимпийн нум, сум хэрэглэх­гүй. Уламжлагдан
ирсэн  эвэр элэгтэй нумаар сум уралдуу­лан
харвана. Орон орны зай хүртэл өөр. Канад, Амери­каас эхлээд сонин нумтай хүмүүс
ирнэ. Солонгосууд чавх шиг, африкийнхан на­рий­­хан гээд их сонин. Унга­рын бай
гэхэд л хөдөлдөг гахай байх жишээтэй. Одоо харин нэг их харвах зав ч гарахаа больсон.

-Та багаасаа л
нисэх хүсэлтэй байсан уу. Аав, ээжийн нөлөө байв уу?

-Би Ховдын Буянтын
хүн. Аав маань Фрунзын дээд командлалын академи төг­сөж ирээд насаараа цэргийн алба
хашиж тэтгэвэрт гараад буцсан. Харин ээж мань хойд зүгийн хүн, сэрүүн байгаа. Нисэх
бол миний хар багын мөрөөдөл. Би Зөвлөлтийн 14 дүгээр сургууль, Төмөр замын коллеж
дүүргээд  1993 онд Москвагийн иргэний агаа­­­рын
тээврийн их сур­гуульд сурж байсан. Тэгээд эх орондоо ирээд МИАТ-т нэг жил,  ЦЕГ-ын тусгай тасагт таван жил ажилласан. Энэ
хугацаанд женерал авиа­цыг Монголд хөгжүүлье гэсэн бо­дол толгойноос огт гараагүй.
Тэгээд л гавьяат нисгэгч агсан Т.Сугар багш­даа 
шавь орж тэнгэрээр чөлөө­тэй нисэж эхэлсэн дээ.

-Цагдаагийн ерөнхий
газарт байхдаа аль ангид нь алба хааж байсан юм бэ?

-Цагдаагийн ерөнхий
газ­рын 3-р Тусгай тасагт. Хаана ноцтой гэмт хэрэг гарна. Тий­шээ явна. 1994 онд
Авдран­таас гурван хоригдол оргож байсан даа. Оргохдоо гурав, дөрвөн хүний амийг
хороо­гоод, хүн барьцаалж зугтсан айхтар хэрэг. Тэр  хоригд­луу­дын араас манай бүлэг явж байлаа.

-Хэдүүлээ явсан
бэ. Тэр үед яг юу болсон юм бэ?

-Тухайн үед манай
отол­тын бүлэгт тав зургаан хүн байдаг байсан. Мөрөөр нь хөөнө. Түгшүүр аваад Төв
аймгийн Жаргалант сум руу явлаа. Хоригдлууд барьцаал­сан машинаа ууланд хаячи­хаад
уулын хяр бариад явсан байсан. Хөөж байгаад мөрийг нь алдчихдаг байгаа. Бугын хэвтэр
орчихсон байсан юм.  Гэтэл “Мөр таарлаа” гэсэн
мэдээ гэнэт ирсэн. Мэдээ аваад л  модны зах
руу ортол оргосон хоригдлууд өөдөөс гал нээж бага зэргийн буу­дал­­цаан болж тэд
баригдсан юм.

-Бусад аялал жуулч­ла­лын
баазаас танайх их со­дон юм. Агаарын аяллыг манайхан хэр сонирхож байна?

-Женерал авиацын төлөө­­­­лөл
болсон хэт хөнгөн онгоцоор иргэдэд агаарын аяллын үйлчилгээ үзүүлээд бараг хоёр
жил болж байна. Нислэгийн баазтай болох санаа надад аль эртнээс төр­сөн. Өөрийнхөө
мэдэрч ирсэн тийм сайхан мэдрэмжийг бус­дад хүргэхсэн гэж их хүсдэг байлаа. Хаана,
ямар баазтай болох талаар багагүй судал­гаа хийж, тохиромжтой газар  нэлээд хайсан. Тэгээд 2010 онд “Цонжин болдог”-ийн
зүүн талд газар авахаар хөө­цөлдтөл бүгд аль хэдийнэ эзэнтэй болсон байсан. Яг одоо
манай байгаа энэ жалга дагуу хэсэгхэн газар л эзэнгүй байдаг байгаа. Энэ газрын
хаана нь нислэгийн зурвас байх гээд зураг төслөө гар­гаад Эрдэнэ сумын Засаг дарга
Жам­бал­доржоос зөв­шөө­­рөл авч уг төвөө нээсэн. Хүмүүс  сүүлийн үед агаарын аяллыг нэлээд  сонирхож байгаа шүү. Ганц манайхан ч биш гадныхан
ч их ирж бай­на. Ер нь хүмүүс амралтын өдрүүдэд гэр бүлээ­­рээ ирж амрах дуртай.

-Яагаад “Х-ТЕАМ”
гэж нэр­лэ­сэн юм бэ?

-“ТЕАМ” баг гэсэн
утгатай. Харин “Х” гэдэг экстрим буюу эрсдэл. Аливаа үйлдлийг аюултай гэдгийг мэдсээр
байж тэр аюулыг сөрөн давж ялалт байгуулахыг хэлнэ. Манай бааз руу эргэхэд “Хөх
тэнгэрт хүслээрээ” гэсэн хаяг байгааг харсан биз дээ. Тэр үгийн ид шидийг нисч байж
л мэднэ дээ.

-Тэгвэл хүмүүс агаарт гараад хамгийн
түрүүнд юу мэдэрдэг бол?

-Хүмүүс маш бага өндөр,
хурд­тай нисч агаараас сай­хан зүйлийг мэдэрдэг. Манай онгоц чинь задгай. Задгай
учраас биеэрээ агаар­тай харьцаж яг л шувуу шиг нисч байгаа мэт мэдрэмж төрдөг.
Битүү том онгоцонд суугаад нисч байгааг нь цон­хоор хара­­­хаас биш биеэрээ салхи
мэдэрч чадахгүй шүү дээ.

-Одоогоор танайх
хэдэн төрлийн онгоцоор иргэдэд үйлчилж байна вэ?

-Автожир, дель­талёт
гээд хоёр төрлийн онгоц байна. Хоорондоо заг­ва­рын хувьд өөр. Гэхдээ өөр өөрийн
онц­лог болон давуу талтай. Дель­талёт онгоц нь шувуу шиг далавчтай хэрнээ доо­роо
гурван дугуйтай тэр­гэн­цэртэй. Анх уулархаг орч­мын хүмүүс дельтаплан гэдэг нис­дэг
далавч бүтээж ниссэн бол талын хүмүүс уг далав­чин дээр хөдөлгүүртэй тэр­гэн­­цэр
бүтээж тавиад нис­лэг үйлддэг бол­сон. Харин авто­жир маань хархад нисдэг тэрэг­
шиг хэрнээ газраас хөө­рөх нь онгоц шиг буух нь нис­дэг тэрэг шиг марзан нисдэг
төхөө­рөмж юм. Автожирын цорын ганц давуу тал нь маш хүчтэй салхинд ангижрахгүй
нислэг үйлддэгт байдаг. 

-Дельталёт онгоц
хам­гийн дээд тал нь цагт хич­нээн километр хурдтай явах боломжтой вэ?

-Маш ашигтай хурдаар,
маш бага шатахуун зарцуулж зорьсон газраа хүрдэг онгоц. Дельталёт 100 морины хүч­тэй
мотортой. Москвагийн “Агаарын гүүр” компанид үйлд­­­­­вэрлэсэн. “Жи-13” буюу  сузуки мотортой. Дээд хурд нь 125 км цаг. Ямар
ч нислэ­гийн үед Монголын уур амьс­га­лыг бодолцох хэрэгтэй. Манай аэродром нь далайн
түвшнээс 1400 метрийн өн­дөрт байдаг учраас маш их сий­рэгжилттэй байдаг. Сий­рэг
агаарыг хутгаж явахад ямархуу хэмжээний энерги шаардагдах нь тодорхой. Тиймээс онгоцныхоо
хөдөл­гүү­рийн хүчин чадлыг бодол­цож нисэх хэрэгтэй. 100 мори­­ны хүчин чадалтай
онго­цоор хөөрөхдөө 60 морины хүчээр нисч байвал цаана нь 40 хувийн хүчин чадлын
нөөц  байна гэж тооцоолдог.

-Тэгэхээр үлдсэн
40 хувийн хүчин чадал юунд хэрэгтэй юм бэ?

-Үлдсэн хувийг тооцоо­лоо­гүй,
санаандгүй, гэнэтийн үед ашиглах юм л даа. Ер нь бүх хүчин чадлаараа хэзээ ч нисдэггүй.

-Ямар түлш хэрэглэх
үү?

-АИ-95 хэрэглэнэ.
30 лит­рээр бараг 400 километр явна. 100 километрт  7-8 литр шатахуун зарцуулна. Энэ онгоцыг тариа
будаанд хор цацах ажилд их ашигладаг юм. 1000 га газарт хор цац­лаа гэж бодоход
газрын тех­ни­кээр дор хаяж арван хоног зарцуу­ла­хаас гадна хаа хо­лоос усаа зөөнө,
найруулна, хүн хүч, шатахуун тос гээд бөөн асуудал үүсдэг.  Нэг га-д гур­ван тонн ус орно. Манай онгоц бол
эдийн засгийн хувьд авч үзвэл нэлээд хэм­нэлт­тэй. 120 литрийн саванд бэлдмэл хийнэ.
Нэг цацахад 20-40 га-г 15 мин орчим цац­на. Нэг га-д дөрвөн литр бэлд­мэлийг бүр
хэт тоосруулж цацдаг. Энэ мэт давуу тал ихтэй учраас олон хүмүүс түрээсэлдэг.  Харин автожи­рыг урлагийнхан клип, кино­ны  зураг авахад их хэрэглэ­дэг. Хамгийн сүүлд “Зэрлэг
цэцэгсийн хүлэмж” киноны зураг авалтын зарим хэсгийг бид хамт явж авч өгсөн.

-Тэгвэл автожирын
хүчин чадал хэр вэ?

-Автожир гэдэг онгоцоо
Германаас оруулж ирээд удаагүй байна. Дэлхий дээр автожирын төрөл, загвар болох
1500 гаруй ийм онгоц нислэг үйлдэж байна. Ма­найд байгаа энэ автожир бол “МТО спорт”
загварынх. 100 морины хүчтэй. 30-185 кило­метр хурд­­­тай ниснэ. Сүүлийн үед хэт
хөнгөн онгоц­­ны зо­хион байгуулалт илүү на­рийсч даац нь нэмэг­дэж бай­гаа. Хуулиараа
бол гур­ван хүн суухыг хориг­лосон байгаа шүү дээ.

-Хэт хөнгөн онгоцны
нис­лэгийн үед өөр юуг хориг­лодог бол?

-Энэ онгоц бол задгай
ил харааных. Тиймээс шөнө, цастай, бороо­той, манантай зэрэг орчинд нислэг үйлдэх  хорио­той. Үзэгдэх орчноо харж байх ёстой.

-Тэгэхээр өвлийн
ули­ралд нислэг үйлдэх боломж­гүй гэсэн үг үү?

-Яахав болно л доо.
Авто­жир бол хасах 30 хэмээс дээш тохиолдолд нисч болох­гүй гэсэн дүрэмтэй. Гэхдээ
би дельталётоор өнгөрсөн жил хасах 32 хэмд нисч байсан.

-Тэгээд яасан?

-Яагаа ч үгүй. 

-Хэт хөнгөн онгоц
эмзэг гэхээр осол их гардаг юм шиг санагдлаа?

-Хамгийн сонирхолтой
баримт хэлье. Би 1986 оноос хойш нисч байна. Ийм төр­лийн онгоц нэг ч удаа техни­кээс
болж осолдож байгаагүй. Хамгийн найдвартай техни­кийн шийдлийг гаргасан учраас тэр
гэж хэлэх гээд байна л даа. Харин Жене­рал авиацид ихэвчлэн мундаг нисгэгчид алдаа
гаргадаг.

-Яагаад?

-Дур мэдэж элдэв арга
туршиж үзэж байгаад осол гаргах тохиолдол цөөнгүй. Түүнчлэн архи, авиац хоёр хэзээ
ч нэг шугамд байдаггүй. Ялангуяа нислэгийн өмнө шарталтын байдалтай байж байгаад
нисэх юм бол нислэг биш там болж хувирдаг. Архи болохгүй гэсэн л бол болох­гүй.
Миний шавь нартаа болон өөртөө тавьдаг ганц шаардлага энэ.

-Ийм бааз байгуулахад
чамгүй хөрөнгө орно биз?

-Мэдээж онгоц гэдэг
утгаа­раа багагүй хөрөнгө зарсан. Нэг автожир дунджаар 120 гаруй сая төгрөгийн үнэтэй.
Гэхдээ миний эцсийн зорилго бол ерөнхий зориулалттай нисэхийн салбарыг хөгжүү­лэх.
Өнөөдөр Монголд гадны жуулчид ирээд хэдэн хийд, сүмээр л аяллын маршрут нь хязгаарлагдаж
байна. Хүн нэгэн хэвийн зүйл үзэж ха­раад байхаар уйддаг. Дахиад манай оронд ирэхийг
хүсэх­гүй шүү дээ. Харин агаарын аяллаар огт өөр мэдрэмжийг тэдэнд санал болгож
болно.  Одоо манай нөхцөлд жене­рал авиац
хөг­жих шатандаа орчихоод бай­на. Тэрнээс биш ганц хоёр клубийн хэм­жээнд байдаг
бай­сан.

-Танай онгоцоор
нисэ­хийг хүсвэл хөлс мөнгөний хувьд ямар байдаг бол?

-10 минут нь 50 мянган
төгрөг. Маш боломжийн үнэ, мэдээж Европд бол илүү үнэтэй шүү дээ.

-Өдөрт хичнээн
хүн үйлчлүүлж байна?

-Хоногтоо арваад хүн
тогт­мол ирнэ. Манайд байн­гын ирдэг хүмүүс ч бий.

-Үйлчлүүлэгчдээс
хуга­цаа­гаа уртасгадаг ч юм уу, арай өөр үйлчилгээ авах тохиолдол байх уу?

-Байлгүй яахав. Эхлээд
хүмүүс чинь нисч үзэхдээ айна. Гэр бүлээрээ ирчихээд эхнэр, хүүхдүүдээ түрүүлж нисгэнэ.
Өөрөө болохоор айгаад нисэхгүй. Их сонин ш дээ. Тэгээд өөрийнх нь ээлж болохоор
больё гэх нь ч бий. Би тэр үед нь “надад итгээд зүгээр суу” гэдэг юм. Нөгөө айж
байсан хүн чинь агаарт хөөрөөд ирэхээр эхлээд дуу  нь ч гарахаа байна. Дотоод холбоогоороо “зүгээр
үү, ямар байна” гэхээр хэсэг байж байгаад “Үгүй ээ мөн сонин юм аа. Ниснэ гэдэг
чинь ийм сайхан байдаг юм уу” гэдэг. Арван 
минутын дотор тэр хавийг тойроод танилцуулчи­хаад “одоо газардана” гэхээр
дахиад жаахан нисье гэдэг. Төлбөр мөнгөн дээр санаа зоволтгүй өгнө гээд нисэх тохиолдол
гарч байсан.  Бүр тав, зургаан цагаар түрээс­лээд
явах хүмүүс ч бий.  Хосуу­дад зориулсан үйлчил­гээ
ч байна.

-Ямар үйлчилгээ юм бол?

-Найз охиндоо хайраа илчлэх гэсэн  залуус их ирнэ. Найз охиныг нь аваад нисэх хооронд
манай шавь нар “Би чамд хайртай” гэсэн бичиг бариад, найз залуу нь бичиг­ний голд
цэцэг бариад суу­чих­на. Тэгээд маршрутын дагуу нисээд буцаж ирэхэд “Тэр доор харагдаж
байгаа бичгийг чамд зориул­сан юм биш үү. Ямар гоё юм бэ” гэхээр баярлана гэж жиг­тэй­хэн.
Залуу хосуудын хувьд энэ хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж шүү дээ.

-Шавь гэснээс та хэр олон гарын шавьтай вэ?

-Одоо миний хажууд хамт нислэг хийж байгаа хоёр гарын шавь байна.
Г.Мягмар­сүрэн болон А.Билгүүн  гээд. Маш
ирээдүйтэй залуу­чууд байгаа. Манай сургал­таар төгссөн дөрөв, таван залуу бий.
Энэ хэдээ сайн нисгэгч болгочих юмсан гэж их хичээж ажиллаж байна даа.

-Онгоцондоо эвдрэл, гэм­тэл гарсан тохиолдолд өөрсдөө засах уу?

-Аливаа гэмтэл үүссэн тохиолдолд нэг л дүрэм бий. Үйлдвэр рүү
нь гэмтлийн талаарх мэдээллийг явуулах. Онгоцны тогтсон цагийн зас­вар үйлчилгээ
гэж байна л даа. 25 цаг, 50 цаг яваад тосны шүүлтүүрийг солих, 75 цаг яваад  тос масло, агаар шүүгчээ солих гээд цагийн үйлчилгээг
өрсдөө хийж бол­но. Тэрнээс биш мотор хугар­сан тохиолдолд үйлдвэр рүү нь явуулна.
Бидэнд тийм эрх байхгүй. Үйлдвэр өөрсдөө цаанаасаа тохиргоог нь хий­гээд баталгаа
гаргаж өгдөг. Бид өөрсдөө оролдсон тохиол­­долд та нар өөрсдөө оролдсон байна гээд
хүлээж авахгүй.

-Түрүүн та нисэхдээ нэг газартай холбогдоод бай­сан. Ямар учиртай
юм бэ?

-Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх онгоц нисэх­дээ Агаарын
хөдөлгөөний албанд мэдэгддэг. Хаана, ямар нислэг үйлдэх гэж бай­гаа­гаа мэдэгдэх
ёстой. Өөр төрлийн онгоц нислэг үйлдэж байгаа онгоц­той агаарын шугамд давхац­чих
вий гэсэн­дээ тэр л дээ. Хувийн онгоц­той хүмүүс дур­тай үедээ Чин­гис олон улсын
буудалд ни­сэх, буух эрх хаагд­мал шүү дээ. Одоохон­доо манайд Женерал авиа­цын
хууль байгаа ч төдийлөн мөрдөж чадахгүй байна.

Д.ДАВААСҮРЭН



Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алдрын танхим”-д өргөмжлөгдсөн анхны Монгол хүн

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу ФИЛА-ний танхимд дэлхийн 200 гаруй улсаас ердөө найман хүнийг хүндэтгэн өргөмжилсөн байдаг билээ. Тэгвэл саяхан нэгэн том үйл явдал боллоо. Учир нь дэлхийн сая сая хүнээс ердөө гарын арван хуруу ч хүрэхгүй цөөхөн хүн өргөмжлөгдсөн “Алдрын танхим”-д анх удаа Монголоос Адуучийн Басхүү шүүгч өргөмжлөгдөж, бөхийн салбартаа дэлхийн ес дэх хүндэт хүн боллоо. Тиймээс энэ удаа Адуучийн Басхүүг “Өдрийн зочин” буландаа онцолж байна. 

А.Басхүүгийн Монголын болоод дэлхийн чөлөөт бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг энд тоочвол дуусахгүй биз ээ. Тэрээр бөхийн спортын төлөө бүхий л амьдралаа зориулсан гэхэд болно.  1971 онд анх улсын шигшээ багийн тамирчнаар орж 1975-1980 онд “Замчин” нийгэмлэг ба Октябрийн районы БТС-ын хороонд дасгалжуулагч, 1980-1982 онд БТСУХ-ны Спортын сургалтын төвд бөхийн багш, 1982-1987 онд Улсын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, 1987-1989 онд Улсын шигшээ багийн дасгалжуулагч, 1989-1993 онд Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1993-2009 онд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Түүнчлэн  2012 оноос ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байгаа тэрээр ёстой л багаас нь өндөрлөгт хүртлээ шат бүрт нь ажиллаж явснаараа Монголд ганцхан гэгддэг аж. А.Басхүүгийн амжилт бүр аавтай нь холбоотой. Түүний аавыг Доржийн Адууч гэдэг. Монголын Ардын арми, Төр захиргаа, ХАА-н үйлдвэрлэлд 40 гаруй жил хөдөлмөрлөж, эх орныхоо аюулгүй байдлын төлөө зүтгэсэн гэдгээр нь нутгийн зон андахгүй.  А.Басхүү аавынхаа тухай ярихдаа “Миний өнөөдрийн амжилт аавтай минь салшгүй холбоотой. Аавын маань хийж бүтээсэн арвин их ажил бүтээл, хойч үеийнхэнд өв болон үлдээсэн олон арван барилга, зам харгуй, цэцэрлэг одоо ч Монголын баруун зах хязгаар Ховд аймгийн Ховд хот болон Булган суманд чимэг дурсгал болон гялалзсаар байна” гэв. 

Нээрээ л Ховд аймагтаа домог болсон Адууч даргыг Ховдчууд дэлхийд данстай хөвгүүдээс нь ч илүү хүндлэн дурсдаг юм билээ. Харин түүний ээж Шагдаржавын Дунхүү арван сайхан хүүхэд төрүүлсэн нь өдгөө бүгд эх орондоо хийсэн бүтээсэн зүйлтэй, ёстой л эцэг, эхийнхээ хайрласан нэрийг өндөрт өргөж яваа улс. Эхээс арван сайхан хүүхэд зулай зулайгаа гишгэлэж төрсөн ч өдгөө гурван нь бурхан болжээ. Түүний эгч Гантогтох гавьяат багш, тэрээр ард түмний хайртай дуучин Адарсүрэнгийн эхнэр байсан бөгөөд таван сайхан хүүхдийг нь өсгөсөн нэгэн. Харин Ганболд эгч нь хүний их эмч, ах Батхүү жолооч, дүү Бархүү бизнесмэн төдийгүй боксын дэд мастер цолтой аж. Түүний дүү нар ахаасаа дутахгүй спортод амжилт гаргаж яваа хүмүүс. Дүү Баатархүү гавьяат тамирчин, улсын начин гээд бараг ахаасаа  их гуншинтай нэгэн байсан. Баатархүүгийн хувьд 1983 оны Зөвлөлт холбоот улсын Бүх ард түмний VIII нээлттэй спартакиадад оролцсон гадаадын 22 орны тамирчдаас цорын ганц мөнгөн медалийг Монголын бөх А.Баатархүү авсан нь чөлөөт бөхийн хувьд манай улс төдийгүй дэлхийн бөхийн спортын түүхнээ давташгүй амжилт байв. Харин Баасанхүү дүү нь өдгөө зэрэг дэвээрээ Басхүү ахынхаа дараа бичигдэж буй олон улсын шилэгдмэл шүүгч гэдгийг мэдэх байх. Отгон дүү охин Туяа нь зураг зүй, геодизын мэргэжилтэй юм байна.  

Д.Адууч болоод түүний хүүхдүүдийн эх орондоо оруулсан хувь нэмрийг өгүүлсэн киног Монгол кино үйлдвэр Мосфильмтэй хамтран бүтээж байсан удаатай аж. 

А.Басхүүг “Алдрын танхим”-д олон жил уйгагүй ажилласан гээд зүгээр ч нэг өргөмжилчихөөгүй. Анх 1976 онд улсын шүүгч болсноосоо хойш түүний амжилт гэрлийн хурдаар ахисан. Тэрээр 1983 онд олон улсын шилэгдмэл шүүгч болж 2009 оноос олимпийн зэрэглэлийн шүүгч болж байлаа. Энэ хугацаанд олимпийн их наадамд найм, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30, “Дэлхийн цом”-ын тэмцээнд дөрөв, Европын болон Азийн аварга шалгаруулах тэмцээн,  Азийн наадмыг 45 удаа тус тус шүүжээ. Энэхүү амжилтыг нь үнэлж 1991 оноос Азийн бөхийн нэгдсэн хорооны шүүгчийн комиссын гишүүнээр, 2006-2008 онуудад Олон улсын бөхийн холбооны Шүүгчийн зөвлөлийн гишүүнээр томилогдож байлаа. Түүний хамгийн хүндэлж  хайрлаж явдаг шагнал нь 1988 оны  Сөүлийн олимпийн  наадмаас хүртсэн “Алтан шүгэл” шагнал гэсэн. Энэ шагналыг хүссэн хүн болгон хүртээд байдаггүй учраас тэр. Одоо тэрээр хэдий шүүгчийн ажлаа хийхгүй байгаа ч “Монголын чөлөөт бөхийн салбарт салхи оруулж, ийм тактикаар явбал дэлхийн манай тамирчид одоогийнхоос ч илүү амжилт үзүүлнэ” хэмээн сэтгэл нь зовнингуй ярьж суусан. Түүний үндсэн ажил нь дасгалжуулагч учир чөлөөт бөхийн олон арван шавь нар бий. А.Басхүүгийн бэлтгэн дасгалжуулсан тамирчдаас нь гавьяат тамирчин 11, олон улсын хэмжээний мастер 26, спортын мастер 37, дөрвөн гавьяат дасгалжуулагч төрөөд байна.     

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Монополь болчихсон барилгын компаниуд орон сууцныхаа талбайгаас байнга хумсалдаг гэлээ

Сүүлийн
үед шинээр ашиглалтад орж буй ихэнх орон сууцны метр квадрат дутах болсон талаар ШӨХТГ-т иргэдээс байнга гомдол ирэх болжээ. Тухайлбал, М.Нарантуяа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Залуус” 22.1 метр квадрат нэг өрөө байр худалдан авсан байна. Гэтэл мэргэжлийн компаниар хэмжилт хийлгэхэд 18.67 метр квадрат байсан аж. Түүнээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулсан юм.

 М.Нарантуяа: НЭГ ӨРӨӨ БАЙР ЗАХИАЛСАН
ЧИНЬ ДӨРВӨН МЕТР КВАДРАТ ДУТЧИХСАН

Танайх
хэзээ, ямар компанийн барьсан орон сууцанд орсон юм бэ?

-Би “Ханхур холдинг” ХХК-тай 2012 оны арваннэгдүгээр сарын
23-нд гэрээ байгуулсан. Ингэхдээ
Тус компанийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Залуус”
нэртэй залуучуудад зориулсан орон сууцны F загвар
болох 22.1 метр квадрат талбай
бүхий нэг өрөө байрыг
худалдан авсан юм.

Тооцоо
ямар хэлбэрээр хийсэн бэ?

-Бэлэн мөнгөөр хийсэн. Тухайн
үеийн ханшаар нэг мкв-ыг нэг сая
323 мянга 509 төгрөгөөр буюу нийт 29 сая
249 мянга 550 төгрөгөөр худалдаж аваад захиалга өгсөн.

Байрны
тань хэмжээ хэр дутаад байгаа юм бол?

-Бараг дөрвөн мкв дутсан.
“Ханхуур холдинг” компанийн байрны захиалга авах
план зураг дээр F загварын
нэг өрөө байр 22.1 мкв
гэсэн мөртлөө яг гэрээ
хийсэн чинь 20.4 мкв хэмжээтэй гээд
биччихсэн байсан. Учрыг нь
асууж гомдол гаргахад тус
компанийнхан   “Ашиггүй
талбай болох тагтны талбайг
хасан 30 хувиар оруулан тооцож
20.4 мкв болсон” гэсэн. Тэгээд
байр ашиглалтын төлбөр чинь бага
гарна гэж хэлсэн. Тиймээс
үнэхээр бодит байдлыг мэдэх
гэж талбай хэмжилтийн газарт
хандсан.

Ямар?

-“Инжкон” гээд мэргэжлийн компанид
хандаж орон сууцны талбайн
нийт хэмжээг тогтоолгосон. Тэгсэн
тактны 30 хувийг оруулбал 18.67 мкв
юм байна гэсэн. Үнэхээр
гомдолтой байна. Тиймээс тухайн
компанийг даруй гомдлыг маань
барагдуулж метр квадратын зөрүүг
төлөхийг шаардсан. Бас анх 2013 оны
III улиралд байр ашиглалтад орно
гэж байсан боловч хугацаа
хэтэрч ашиглалтад орсон. Анх хугацаа
хэтэрвэл тодорхой хэмжээний алданги тооцож нөхөж
олгоно гэж гэрээнд заасан.
Тиймээс энэ бүх алдангийг
гэрээнд заасны дагуу бодож
олгохыг хүсч байна.

 

Ү.Ганчулуун: МОНОПОЛЬ БОЛЧИХСОН
БАРИЛГЫН КОМПАНИУД ОРОН СУУЦНЫХАА МЕТР КВАДРАТААС БАЙНГА ХУМСАЛДАГ

Дээрх
иргэн шиг орон сууц худалдан авсан тохиолдолд метр квадратаа хэмжүүлж шалгуулах бол энэ төрлийн хэмжилт хийдэг албан ёсны 400 орчим компани байдаг аж. Гэвч иргэд хаана, хэнд хандахаа тэр болгон мэддэггүйгээс болж хохирч үлдэх явдал ихэсчээ. Тиймээс талбайн хэмжилт хийдэг барилгын зураг төсөл инженерийн “Тоонтой гранд”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Ганчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.

 

Иргэдээс
орон сууцны метр квадрат дутсан гэх гомдол байнга гарах боллоо. Танай компанид энэ төрлийн гомдол хэр  их
ирж байна?

-Манай компани 2010 онд байгуулагдсан. 2012 онд
барилгын зураг төслөөр үйл
ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл
авсан. Энэ хугацаанд иргэдээс
байрны метр квадрат дутлаа,
талбайн хэмжилт хийгээд өгөөч
гэсэн хүсэлт бага ирдэг
байсан. Харин өнгөрсөн оны
аравдугаар сараас худалдаж авсан
орон сууцныхаа талбайг хэмжүүлэх гэсэн
иргэд эрс нэмэгдсэн. Нэг
удаагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
хэдэн компани ШӨХТГ-тай
хамтран МҮОНТ-ийн нэвтрүүлэгт
орсон юм. Ялангуяа тэр
нэвтрүүлгийн дараа зөвхөн манайд
гэхэд л өдөрт дунджаар
200 хүн хандаж байрныхаа метр
квадратыг хэмжүүлэх захиалга өгдөг байсан.

Тэгэхээр
иргэд мэдээлэл муутай байна гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Шинэ байр
худалдан аваад гэрээнд заасан
метр квадратдаа хүрэх үү, үгүй
юу гэдгийг тэр болгон
мэдэхгүй. Стандарт хэмжээ ямар байх
ёстой, яаж хэмжээд үнэлгээ
гаргадгийг ч мэдэхгүй хувь
хүн гэлтгүй барилгын компани
байдаг.

Өөрсдөө
барилга барьчихаад тэрнийхээ стандартыг мэддэггүй гэж үү?

-Тийм. Байрны гадна талын
хананаас нөгөө талын гадна
хана хүртэл хэмжээд түүнийгээ
талбайн хэмжээнд оруулдаг. Зарим нь мэддэг
хэрнээ санаатайгаар хэмжилтийг гадна хананаас хийсэн
байх тохиолдол бий.

Яг
стандарт хэмжээнд юу гэж заасан байдгийг тодруулахгүй юу?

-MNS6058:2009 гээд
стандарт бий. Стандартаараа бол
байрны дотор хананы хооронд
хэмжээг тогтоодог. Ингэхдээ шалны түвшингээс дээш
хааш хаашаагаа 1. 20 метрт хэмжилт хийх
ёстой. Гэтэл зарим компаниуд
үүнийг мэдсээр байж санаатайгаар
цонхны тавцан зэргийг оруулж
хэмжээ тогтооно. Цонхны тавцанг талбайн
хэмжээнд оруулдаггүй. Бас хаалганы доод
шалны хэсгийг хүртэл хэмжээнд
оруулж боддоггүй. Харин хуучны орон
сууцнууд гал тогоо, ариун
цэврийн өрөө, үүдний хонгил
зэргийг байрны метр квадратад
оруулдаггүй байсан. Одоо бол
энэ бүхэн талбайн хэмжээнд
ордог болсон. Харин тагт,
лоожны 30 хувийг бодож талбайн
хэмжээнд оруулдаг.

Юугаар
хэмждэг юм бол?

-Зөвшөөрөгдсөн
зориулалтын төмөр тууз болон
лазераар хэмжилтийг хийдэг.

Танай
компани одоогийн байдлаар хичнээн айлын орон сууцанд хэмжилт хийгээд байгаа вэ?

-Нийт 30 гаруй барилгын компанийн
500 гаруй айлын байранд талбайн
хэмжилт хийж метр квадратыг
нь тогтоож өгсөн байна. 

Ихэвчлэн
хэдэн метр квадрат дутах уу?

-Янз бүр. Олон өрөө
байрнаас 50 метр квадрат дутах
тохиолдол ч байна. Ихэнхдээ
2-10 метр квадрат дутна. Тухайн
барилгын компани иргэдтэй анх
гэрээ хийхдээ 30 метр квадрат байр
гээд гэрээ хийлээ гэж
бодъё. Гэтэл мөнгөө төлөөд
байрандаа орсныхоо дараа хэмжээд үзтэл
25 метр квадрат болчихдог. Ингээд
иргэд ер нь болохоо
байлаа гээд сандраад мэргэжлийн
хэмжилт хийдэг манайх шиг
компаниудад ханддаг. Бид стандартын дагуу
хэмжилтийг хийгээд албан ёсны
тамга тэмдэгтэй дүгнэлт гаргаж өгдөг.
Үүнийгээ тухайн байр худалдан
авсан иргэн аваад барилгын
компанитайгаа уулзаж бодит байдлыг
хэлээд гэрээнд зааснаас метр
квадрат дутуу байгааг мэдэгдэж
зөрүү мөнгөө авахыг шаардана.

Талбайгаас
нь дутсан тохиолдолд зөрүү мөнгөө эргүүлэн авсан тохиолдол хэр их байдаг бол?

-Тэр болгон хохирлоо барагдуулаад
байх айл ховор.

Яагаад?

-Манайхаас
дүгнэлт гаргаад өгчихсөн байхад
улайм цайм гүрийдэг компани
байна. Эсвэл гэрээнийх нь
хуулбарыг аваад дахин засчихаад
анх ийм л хэмжээ
гэж гэрээн дээрээ заасан
байна шүү дээ гэж
гүтгэх тал байна. Янз
бүр. Зарим нь дахин
шалгалт хийгээд манай компани
алдаа гаргасан байна гээд зөрүү
мөнгийг 100 хувь өгөх ч
тохиолдол байна. Гэхдээ энэ
тохиолдол бол ховор. Ихэнхдээ
хүмүүс 50 хувиар тохиролцлоо гэж
ярьдаг.

Ер
нь ямар компанийн барьсан барилгын орон сууцнаас метр квадрат дутах тохиолдол их гарч байна вэ?

-Өнөөдөр Монголд орон сууц
барьж буй жижиг болоод
томоохон олон компани байна.
Өдөрт олон зуун мянган
айлын хотхон сүндэрлэж ашиглалтад
орж байна шүү дээ.
Энэ дундаас тэр компанийн
барилгаас метр квадрат нь
дутсан гээд тоочих хэцүү.
Ер нь бол хувь
хүн гэхээсээ илүү барилгын салбарт
монополь байр суурь тогтоочихсон
компаниуд барилгынхаа метр квадратаас байнга
хумсалсан байдаг. Иргэд байрныхаа
метр квадратыг шалгуулаад дүгнэлт аваад очихоор
“Тэгвэл захиалгаа цуцал. Манай орон
сууцанд амьдрахаа больчихгүй юу. Цаана чинь
байранд орох сонирхолтой олон
мянган хүн байна” гэж
их дээрэнгүй ханддаг юм билээ.
Байраа алдчихвий гэсэндээ иргэд айгаад асуудал
үүсгэлгүй, зөрүүгээ ч авч чадалгүй
чимээгүй болдог. Яагаад гэвэл
бүгд л банкны зээл,
лизингээр шинэ байранд орж
байгаа юм чинь. Ихэнхдээ
арай гэж зээлд хамрагдсан
залуу хосууд байдаг.

Тэгэхээр
иргэд хохироод үлддэг байх нь ээ?

-Тэгж ойлгож болно. Иргэд
метр квадратаараа хохироод зогсохгүй ус, дулааны илүү
мөнгө төлж байгаа гэсэн
үг шүү дээ. Уг
нь бол талбайн хэмжилт
хийдэг компаниудаар хэмжилт хийлгээд метр
квадрат нь дутсан л
хариу гарвал шүүхэд хандах,
эсвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн
төлөөх газарт хандах хэрэгтэй.
ШӨХТГ иргэдийн хүсэлтийг хүлээж аваад өөрсдөө
мэргэжлийн байцаагчдаар хэмжилт хийж өгөөд
үнэхээр зөрчил гарсан тохиолдолд
торгуулийн арга хэмжээг авдаг.
Шүүхийн шийдвэр ч тэр
эцэстээ иргэдийн талд л гардаг
гэдгийг хүмүүс мэддэггүй юм
шиг байна лээ.

Монополь
болчихсон, дээрэлхүү гээд байгаа компаниудаас нэрлээч?

-Шууд хэлчихэд хэцүү. Эргээд бидэн
шиг жижиг компанийг дарамталдаг.
Дандаа ардаа том эзэнтэй
хүмүүсийн мэддэг л компаниуд
шүү дээ.

Тэгвэл
та нарын гаргаж буй дүгнэлт ч метр квадрат нь таарч байна гэсэн худлаа хариу гарах тохиолдол байдаг юм биш үү?

-Энэ тал дээр бол
бид хатуу байр суурьтай
ажилладаг. Хэдэн төгрөгийн төлөө
ажлаа худалдах сэтгэл бидэнд үнэндээ
байхгүй. Бид залуу хүмүүс.
Хэдий жижигхэн байгууллага ч ард түмний
төлөө үйлчлэх үүргээ ухамсарлах
ёстой гэж боддог.

Ер
нь бол барилгын компаниудаас мөнгө төгрөг өгье, хариугаа өөрчлөөч гэсэн хүсэлт тавина биз?

-Тэгнэ. Мөнгө өгье дүгнэлтээ
тэгээд гаргачих гээд хүсэлт гэхээсээ
илүүтэйгээр дарамт их гардаг.
Тэр болгонд бид үгүй
хэлдэг. Компанийн нэр төр гэж
бас нэг юм байна
шүү дээ. Бас бүх
зүйл бараан байдаггүй. Зарим
байрны метр квадрат илүү
гарах тохиолдол ч байна. Тэр
нь ханаа жаахан цааш
нь тавьчихсан байдаг ч юм
уу.Гэхдээ эргээд хажуугийн
айлаас нь метр квадрат
нь дутна гэсэн үг
л дээ. Илүү
гарсан тохиолдолд иргэд харин зөрүү
мөнгөө өгье гэж хэзээ
ч хэлэхгүй чимээгүй
өнгөрдөг. Энэ бол ховор  тохиолдол
л доо.

Танайхаас
гадна энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хичнээн компани байдаг вэ?

-Барилгын зураг төслийн чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг 400-гаад компани талбайн
хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй.
Гэхдээ одоогоор хэмжилт хийдэг компани
нь үүнээс цөөхөн юм
шиг байна лээ. Зарим
нь олны хэл амнаас
төвөгшөөгөөд зөвхөн зураг төслийн
чиглэлээрээ л ажилладаг гэж
сонссон.

Ер
нь метр квадратыг хэмжих үйлчилгээний ханш хэд вэ?

-Манайх нэг метр квадратыг
2000 төгрөгөөр үнэлж хэмжилт хийдэг.
Нийт хэмжээгээ үржүүлж тооцоогоо хийнэ
гэсэн үг. Манайх зөвхөн
талбайн хэмжилт хийх л
эрхтэй болохоос биш биднийг хэмжилтээр
орон сууцнуудаар явж байхад ер
нь сүүлийн үед зөвхөн
метр квадрат гэлтгүй цонх
цантдаг, ус алддаг, өвлийн
цагт хүйтэн зэрэг орон
сууцны талаарх гомдол их
байдаг юм билээ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Хүрз шороо даахгүй ганц бие хөгшин хаашаа ч нүүх юм билээ”

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 640 хүүхдийн
багтаамжтай жишиг бага сургууль барихаар төлөвлөжээ. Тус сургуулийг барихаар
төлөвлөсөн газар тав зургаан айл байгаа бөгөөд ихэнх нь газраа чөлөөлж нүүсэн
байна. Харин иргэн Д.Цоодол газраа чөлөөлөхгүй байгаа тул түүнийг зарим хэвлэл
мэдээлэл болон хороо, дүүрэг, Нийслэлийн өмчийн харилцааны газраас буруутгаж
гэмт хэрэгтэн мэт дайрах болж. “Pixar” энимейш­ний бүтээл болох “Up” буюу “Дээшээ”
нэртэй Америкийн хүү­­­хэлдэйн киног бид бишгүй үзсэн. Нас дээр гарсан нэгэн
өвгөний газрыг авахаар хэдэн талаас нь янз бүрээр шахаж дарамталж эцэстээ
тэрээр арга барж байшингаа олон мянган агаарын бөмбөлгөөс уяж агаарт хөөрдөг.
Тэрээр хор­воо ертөнц дээр байж суухын аргагүй болж хүний орчлонгоос шахагдаад
агаарт хөөрөн гарч буй нь энэ. Яг үүнтэй адил үйл явдал манайд үүсээд байна.
Хүүхэлдэйн ки­но­ны өвгөн Чингэлтэйн иргэн Д.Цоодол гуай хоёр яг адил нөхцөлд
орсон санагдлаа. Хэдий олон зуун хүүхдийн эрх ашгийн төлөө сургууль барих гэж
байгаа ч нөгөө талаараа бас л хувь хүний эрх ашиг зөрчигдөж байгаа юм. Ингээд
Д.Цоодол хөгшинтэй уулзахаар Хайлаастын эцсийн буудал хүрлээ.

Буудлаас холгүйхэн замын баруун талд гурав, дөрвөн гудамж яваад
Д.Цоодол гуайнд хүрэв. Гудамжны хэсэг айлууд саяхан нүүсэн бололтой хуучин
буурь байх бөгөөд хогийг нь цэвэрлэжээ. Ганц
эвдэрхий машины сэг л харагдав. Харин хажууханд нь хашаа хороо татсан юм­гүй
хуучны цагаан байшин харагдана.  Хэдэн
залуус шинэ бан­заар хашаа хатгаж байх юм. Хашаа барьж буй талбай нь жижигхэн ч
байшингийн үүд хүртэл нэлэнхүйдээ ногоон сонгино тарьсан нь багсайтал
ургачихаж. Ингээд байшингаас 70 гаруй насны өвгөн нуруугаа үүрсээр гарч ирээд
хэсэг саравчилж харснаа “Хүн ирэхээр л айдаг боллоо. Өчигдөр МҮОНТ-ээс хүмүүс
ирээд ярилцлага аваад байсан. Орой баахан муулсан юм гаргана лээ” гэж бидэнд
хандаж хэлээд “Гэрт ор” гэв. Ингээд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай
энд сургууль барих гээд ганцхан таныг газраа чөлөөлөхгүй байна гэх юм. Яг юу
болоод байгаа юм бэ?

-Манай газрыг трасст орсон учраас даруй газраа чөлөөлж эндээс
нүү гэсэн шаардлага надад ирсэн. Энэ байна Нийслэлийн өмчийн харилцааны газар
гээд. Тэгэхээр нь би Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч Батсайхан гэдэг
даргатай очиж уулзлаа. Би ганц бие хүн. Газар чөлөөлж чадахгүй гэдгээ хэлсэн.
Тэгсэн эндхийн айлуудыг миний эсрэг босгосон.

-Яаж?

-Газраа чөлөөлөөд нүүж байгаа айлуудыг цуглуулж миний эсрэг
босгож хөөж туугаад зогсохгүй “Чи бол үхэхээс өөр юмгүй өвгөн байна” гэж дайрч
доромжилсон. Тэр шөнө хоёр согтуу залуу манай хашааны хаалга балбаж “Чамаас
болж бид нар мөнгөө авч чадахгүй байна. Гөлөг минь чи ингэж байхаар зайлаач”
гээд явдаггүй. Нохой боргож байсан тулдаа арай гэрт дайрч орж ирээгүй явсан.
Ингээд л насны эцэст хүний гарт үхэх юм байна гэж бодоод маргааш нь арга
барсандаа зах руу явсан. Зах дээр дорвинк байдаг юм билээ.

-Та
тэгээд буу авсан хэрэг үү?

-Аваагүй. 70 мянган төгрөг гэдэг юм байна. Надад тэр мөнгө нь
хаа байхав. Тэгээд ч сум нь олдоогүй. Одоо бүр арга тасраад хутга бэлдчихээд
хэн намайг хэзээ ирж алах юм бол доо гээд бүлтэлзээд сууж байна. Энэ төр засаг
анх гарахдаа малыг малчинд, газрыг иргэдэд нь, орон сууцыг эзэнд нь өглөө гээд
чухам л биднийг “Америкуудаас ч дутахааргүй эрх чөлөөтэй боллоо. Сайн, муу
амьдрах нь хамаагүй өөрийн өмчиндөө л насаа элээх болно гэж хэлж байсан. Ингээд
зогсохгүй “Сахих тун, Бишрэх тун” гэж ирээд л сүрхий яриад байсан. Гудамжинд
тэвэг өшиглөж байсан ажил, амьдралгүй юмнууд төрд гарчихаад өнөөдөр ингэж ард
түмнээ дарамталж суух гэж. Хаа байна. Нөгөө хувийн өмч, иргэнээ хамгаалдаг төр
засаг. Дээр, дооргүй дарга нар нь хуйвалдаж иргэдийнхээ алга дарам газрыг авах
гэж улайрч байна шүү дээ.

-Танай
эргэн тойрны айлууд бүгд нүүчихсэн үү. Шаардлагыг яг хэзээ тавьсан юм бэ?

-Өнгөрсөн жилийн долдугаар сарын 2-нд надад шаардлага ирсэн.
Ингэхдээ гурав хоногийн дотор шаардлагыг биелүүл гэж заасан байсан. Анх
хорооноос надад энд бага сургууль барих талаар юу ч мэдэгдээгүй. Тэгсэн мөртлөө
таны газар трасст орсон байна гэсэн. Хэрвээ трасст орох байсан юм бол өмнө нь
оршин суугчдад хэл дуулгаж, уулзах ёстой шүү дээ. Би замын цаана сургууль барьж
болохоор хоосон газар байна гэж зөндөө хэлсэн. Заавал энэ хэсгийг иргэдээс
булааж авч байгааг ойлгохгүй байна. Хоёр айлыг газраа чөлөөлбөл дундаас нь
тодорхой хэмжээний хувийг Нийслэлийн өмчийн харилцааны газрынхан авдаг гэх яриа
чих дэлсээд байгаа. Тиймээс би цаана нь ямар нэг хуйвалдаан байгаа гэж хардаж
байгаа.

-Нүүсэн
айлуудад мөнгө төгрөг өгч байгаа юм уу. Таныг газраа чөлөөлбөл мөнгө өгнө гэх
юм уу?

-Надад бол ямар ч мөнгө төгрөг хэлээгүй. Эндээс нүүж газраа
чөлөөл гээд хөөгөөд байгаа. Нүүсэн айлуудын хувьд мөнгө төгрөг авсныг нь
мэдэхгүй. Хоёр согтуу нөхөр манайхаас болж мөнгөө авч чадахгүй байна гэж агсам
тавьсныг бодвол ярьсан хэлсэн юм байгаа юм байлгүй. Батсайхан дарга хүртэл
танаас болж энэ хүмүүс мөнгөө авч чадахгүй байна гэдэг. Тэгэхээр мань мэтэд
мэдэгдэхгүй л байгаа байх гэв.

Тэрээр газраа алдахгүйн тулд хашаа босгож байгаа гэнэ. Эмчилгээ
хийлгэхээр тэтгэврийнхээ мөнгөнөөс цааш хийж байсан хэдэн төгрөгөөрөө хэдэн
ширхэг банз аваад таньдаг хүнээ гуйж хашаагаа бариулж байгаа аж. Бидний хооронд
ийн яриа өрнөх зуур тэрээр хоол хийхээр бэлдэв. Хашаа барьж байгаа гурван хүнд
хоол хийж өгөх гэнэ. Хоол хийнэ гэхээр учиргүй мах гаргаад, ногоо цагаа
арилгаад байсан юм алга. Ширээ, сандал гээд байх ч сүрхий юм байхгүй болохоор
жаахан мах гаргаад шалан дээр тавьсан гурилын модон дээр хэрчээд гоймонтой хоол
хийхээр болов. Гэр оронд нь хүний нүдэнд нэг их тусах юм байсангүй. Банзаар ор
хийсэн бололтой дээр нь гудас хаяжээ. Орны талын хананд залуудаа гэр бүлийнхээ
хүнтэй татуулсан зураг өлгөөстэй харагдав. Орой нийгэмд өрнөж буй үйл явдлын
мэдээллийг сонсдог гэх хуучны хар зурагтаас өөр эд хогшил гээд байхгүй юм.
Хэдий тэтгэврийн мөнгө гээд сардаа 200 мянган төгрөг авдаг ч түлээ түлш, тогны
мөнгөндөө зарцуулаад илүү гардаггүй гэсэн. Тиймээс өөрийнх нь хэлснээр турж
үхэхгүйн тулд “Нарантуул” зах дээр тор, бал, харандаа зарж оройдоо өл залгуулах
мөнгөтэй ирдэг байна. Бөөний төвөөс бидний хэлдгээр шар тор аваад 50 төгрөг нэмж
зараад сайн ажиллавал өдөртөө 5000 төгрөг олно. Тэр мөнгөөрөө тансаглалаа гэхэд
л малын бөөр, зүрх, элэг гээд дотор мах авч жаахан шөлтэй хоол хийж иддэг
гэсэн. Харин тэрээр хашаандаа санаа зовсоор сүүлийн 20-иод хоног зах гарч
чадаагүй байгаа юм билээ.

Д.Цоодол гуай энэ 
байшиндаа 30 жилийг үдсэн гэх. Тэрээр гурван ч удаа газраас болж хөөгдөж
байжээ. Д.Цоодол гуай анх Завханаас хотод ирээд Дэнжийн мянгын тэнд зам дагуу
нэг газар буусан аж. Тэгсэн зах руу явах зам тавьж байна гээд хөөсөн байна.
Газраасаа хөөгдөөд яах учраа олохгүй нутаг буцаж Улиастайд бас нэг газар хашаа
байшин ухаантай юм босгож оромж барьтал тэр үед Раднаарагчаа гээд сайд ирээд
цэцэрлэгжүүлнэ гээд дахиад хөөжээ. Одоо хэр нь Улиастайд тэр газарт нэг мод ч
тариагүй, айлууд шаваад буучихсан хэвээрээ байдаг гэж Д.Цоодол гуай ярив. Мөн
Дэнжийн мянгын газар  ч ялгаагүй гуу
дагуулж зам тавиад айлууд буучихсан л байгаа аж. Ингээд хотод энд тэнд хар бор
ажил хийж байгаад энэ газрыг 30 жилийн өмнө 20 мянган төгрөгөөр худалдаж авч
бөөн баяр болж байсан тухайгаа ярингаа тэрээр хоолой нь зангирав. Арай гэж
санаа амарч өөрийн гэсэн газартай болтол түүнийг өнгөрсөн оноос дахиад хөөгөөд
эхэлсэн нь энэ. Түүнээс хэрвээ эндээс нүүхээс аргагүй нөхцөл байдал үүсвэл та
яах вэ гэж асуухад “Одоо бол надад нас ч алга, тэнхэл ч алга. Би бол нүүж
чадахгүй гэдгээ шууд хэлж байна. Хүрз шороо дийлэхгүй, ганц хадаас хадаж
чадахгүй хөгшин хонины насгүй ганц бие өвгөн хаана очиж, хашаа хороо барьж суух
юм бэ. Гэтэл зурагтаар Хотын дарга Э.Бат-Үүл ярьж байна. Газраа чөлөөлөхгүй
байгаа айлуудын тогийг тасална, ажлаас нь хална, хорооны иргэншлээс хасч хотоос
хөөж гаргана гэнэ. Энэ ямар учиртай юм бэ. Өчигдөр хаясан шүлс өнөөдөр хатаж
амжаагүй байхад нийслэлийн дарга ингэж ярьж болох уу. Э.Бат-Үүл гэр хорооллыг
төвийн шугаманд холбож, халуун хүйтэн устай болгоно гэж ярьж байсан нь саяхан.
Монгол хүн байхад Монголын нутаг дэвсгэрээс хөөнө гэдгийг би ойлгохгүй байна.
Залуу насанд нь улс ашиглачихаад хадан гэртээ хэзээ харихаа хүлээж байхад ядаж
амар тайван явуулах хэрэгтэй ш дээ, өндөр настнуудаа. Үндсэн хуулин дахь амар
тайван амьдрах эрх зөрчигдөж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Бямбасүрэн та анхааралдаа авч ажиллаач ээ гэж хандаж хэлмээр байна” гэв. Тэрээр
залуудаа байгууллагын машинаар хүн зөөдөг байсан аж. Гэр бүлтэй, нэг хүүтэй,
хоёр охинтой гэх боловч хоёр охин нь хамт амьдардаггүй гэсэн. Нэг охин нь
жирэмсэн, нөгөө нь өөртэй нь адил зах дээр аар саар зүйл зарж амьдрал
залгуулдаг бололтой. Харин ганц хүү нь аль эрт өөд болжээ. Одоо түүнд хамаатан
садан гээд байх хэн ч байхгүй. Д.Цоодол гуай “Up” хүүхэлдэйн киноны өв­гөн шиг
бусдад дээрэлхүүлж, ганцаардаж өдөр хоногийг өнгөрөөж байна. Нээрээ л ту­салж
дэмжих хүнгүй, өөрөө хүрз шороо даахгүй энэ настан нүүгээд хаачих ч билээ.
Түүнд өөрийн гэсэн өмчилсөн газартаа л үлдсэн насаа барах цорын ганц мөрөөдөл
бий. Тэгээд ч түүний эхнэр хүүхэдтэйгээ өнгөрүүлсэн аз жаргалтай, сайхан
дурсамж бүхэн энэ л газарт, энэ л байшинд нь өнгөрсөн нь дамжиггүй.

Одоогийн байдлаар Д.Цоодол гуайн баруун талын зургаан айл нүүсэн
гэнэ. Мөн хоёр айл удахгүй нүүхээр бэлтгэж байгаа аж. Уг нь Д.Цоодол гуайн
газар 500 метр квадрат юм байна. Тэрээр гэрээ тойруулаад сургуулиа барьчих
гэсэн хүсэлт тавьсан боловч зөвшөөрөхгүй заавал газраа чөлөөл гэсээр байгаа аж.

Д.ДАВААСҮРЭН