Categories
мэдээ цаг-үе

Ч.Батсайхан: Улсын баяр наадмыг морин хуурынхаа аялгуугаар 36 жил нээлээ

Монгол Улсын Ардын
жүжигчин, морин хуурч Ч.Батсайхантай ярилцлаа. Тэрээр уртын дуу болон ардын
дууны татлагуудыг чадвар­лаг тоглодог цөөхөн хөгжимчдийн нэг. Ялангуяа  түүний тоглосон Төрийн хошой шагналт
Н.Жанцанноровын морин хуур, симфони найрал хөгж­мийн концертыг хөгжим
сонирхогчид гайхамшигтай тоглосон хэмээн ярьдаг билээ.

 -Сүүлийн үеийн уран бүтээлийн
сониноосоо хуваалцахгүй юу?

-Манай Үндэсний
дуу бүж­гийн чуулга жилд 2-3 бүтээл туурвидаг. Энэ жил “Морьтон Монголын
аялгуу” хэмээх тог­лол­тоо ард түмэндээ хүргэхээр ерөнхийдөө бэлэн болоод
байна. Энэхүү тоглолт Монгол орны маань ахуй амьдрал шингэсэн маш сайхан
тоглолт болно. Учир нь Монголын сор болсон уран бүтээлчдийн сор бүтээлүүд
тоглолтод тавигдах юм. Тухайлбал, хамгийн анхны бүжгэн жүжиг “Нарны домог”,
Мэнд-Амарын “Монгол бахархал”, Нацагдоржийн “Нүүдэл”, Шаравын “Алтан ураг”,
Мөнхболдын “Их хатдын дууль”, Жанцанноров гуайн бүтээлүүдээс тоглогдоно. Үүнээс
гадна сонгодог бүтээ­лүүд, морины тухай бүтээ­лүүд тоглогдохоороо энэ удаа­гийн
тоглолт онцлог болох юм. Тоглолтын ерөнхий удирдаа­чаар Буянбаатар мөн Цэдэн-Иш
ажиллаж байгаа. Тоглолт энэ сарын 20, 21-нд болно.

-Хувийн уран бүтээ­лээсээ
сонирхуулаач?

-Соёлын гавьяат
зүтгэлтэн Л.Балхжав надад зориулаад “Талын Монгол айл” дууны аяыг морин хуураар
бичиж өгсөн. МУГЖ Т.Ариунаа энэ дууг ард түмэнд хүргэсэн шүү дээ. Энэ дууны
морин хууртай хэсгийг би анх тоглож байсан юм. Харин энэ дууны аяыг бүтнээр нь
морин хуураар тоглоход бас ямар сонсогдох нь сонирхолтой байх болов уу гэж
бодож байна. Тиймээс энэ удаагийн тоглолтод анх удаа энэхүү уран бүтээлээ
үзэгчдийн хүртээл болгох болно.

-Морин хуур уртын дуу хоёр зайлшгүй
хамт оршин тогтнодог. Энэ утгаараа та олон сайхан уртын дуучидтай уран бүтээлд
хамтарч байсан болов уу. Тэрхүү дурсамжаасаа яриач?

-Би анх 1978 онд
Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд Ардын дуу бүжгийн чуулгад орлоо. Тэр үед уртын
дуучинтай хамтран тоглож үзээгүй байсан юм. 1979 онд гавьяат жүжигчин, уртын
дуучин Сүглэгмаатай Энэтхэг явж тайзан дээр анх уртын дуутай нийлж үзлээ.
Тэгсэн манай уран сайхны удирдагч байсан Д.Лувсаншарав гуай “Морин хуур уртын
дууныхаа ард дагаж явдаг юм. Чи зохиолын дуу шиг зэрэгцээд байна. Уртын дуу
сайн мэддэг хүн л дуучнаасаа түрүүлдэг юм” гэж билээ. Уртын дууг мэддэггүй хүн
дуучнаа сонсч араас нь дагаж аяа тоглодог. Тэр болгон хөгжимчин дуучинтай
зэрэгцэхгүй. Би уртын дууг нэлээд сайн ойлгож, мэдэрч хөгжимдөж сурсан хэрэг.
Хөгжим бүжгийн коллежид байхад морин хуурын багш Төрийн шагналт, Ардын жүжигчин
Г.Жамъян “Та нар морин хуурыг гадны сонгодог аятай хослуулна гэж томордог.
Уртын дуу өөрөө морин хуурын сонгодог зохиол. Уртын дуу сайн тоглож сур” гэж
захидаг байсны гавьяа байхгүй юу. Түүнээс хойш Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат
жүжигчин Лхамжав, Түвшинжаргал, гавьяат жүжигчин Сарантуяа, Баттөмөр, Базарбат
зэрэг олон сайхан уртын дуучинтай хамтарч тоглосон. Гавьяат жүжигчин Лхамжав
гуайтай “Жаахан шарга” дууг тоглодог байлаа. Түүнчлэн Төрийн шаг­налт,
Хөдөлмөрийн баа­тар, Ардын жүжигчин Н.Норовбанзад гуайн олон ч уран бүтээлийг
тоглож байсан даа. Дуучин болгоны нугалаа өөр өөрийн онцлогтой. Тэр болгоныг
сурна гэдэг маш их туршлага байхгүй юу. Түүн дээрээ тулгуурлаж хөгжмөө
тоглохдоо өөрөө бас тохируулж нугалаа гаргаж сурна.

-Зууны манлай дуучин Н.Норовбанзад
гуай дуугаа дуулахдаа Ардын жүжигчин Ц.Батчулуун та хоёрыг л хуурчнаараа
сонгодог байсан гэж сонссон?

-Н.Норовбанзад
гуай бид хоёртой л уртын дуугаа дуулна гэж уран сайхны зөвлөлд хандсан удаатай.
Шархүүхэн гуай доод өнгөө тод гаргадаг байхад Н.Норовбанзад гуай дээд өнгөө их
мундаг гаргадаг. Тиймээс дуучныхаа цар хүрээ, өнгөнд нь тохируулж хуурдана
гэдэг хуурчаас их ур шаарддаг. Дуучныхаа дуулж байгаа дууны аяыг нэг барилаар л
ингэх ёстой гээд тоглоод байвал хөгжимчин хүн хөгжихгүй. Харин ч өөрийнхөө арга
барил, сурсан зүйлийг дуучныхаа онцлогт тааруулж мэдрэмжтэй байх хэрэгтэй.
Тэгээд ч Норовбанзад гуайг дуулахад ард нь хуурдаж байгаа миний гар аяндаа
дагаад тоглодог. Норовбанзад гуай уртын дууг оргилд нь хүргэчихсэн, байгалиасаа
заяасан авьяастай хүн. Нэгэнт оргилд нь хүргэсэн зүйлийг хойч үе нь тэр
хэмжээний авч явна гэдэг их хэцүү. Өнөөдөр маш олон уртын дуучин байна. Гэхдээ
Норовбанзад гуайн хэмжээнд хүрэх болоогүй санагддаг. Ялангуяа уртын дуучид нас
ахих тусам хоолой задардаг гэдэг. Норовбанзад гуай бол 50 нас гарч байж хоолой
нь илүү задарч цээлхэн болсон. Тиймээс манай өнөөгийн дуучдад ахиад ажиллах
олон жил байна гэсэн үг. Тухайн үеийн хуурчид дундаа бид хоёрыг зууны манлай
уртын дуучин тоосонд үнэхээр хувь тохиол гэж боддог. Хамгийн сүүлд Норовбанзад
гуай есөн дуутай уртын дууны CD гаргасан юм. Би бүх дууных нь аяыг тоглосон.
Тэгэхэд л есөн уртын дууг нэг дор ердөө 20 минутын дотор л бичүүлчихсэн. Гэтэл
одооны дуучид чинь нэг дууг бараг дөрөв таван цаг бичүүлэх тохиолдол байна. Ард
нь тоглож байгаа хөгжимчин хүртэл залхдаг байхгүй юу. Бид хоёр олон ч уран
бүтээлд хамтарч гадна, дотны тоглолтод оролцож явлаа. Энэ гавьяаг үнэлээд
Норовбанзад гуайн нэрэмжит шагналыг олгож байсан. Энэ бол хөгжимчин хүний хувьд
нэр төрийн хэрэг.

-Чадварлаг хуурчид бол шинэ дуучдыг
дагуулах үе бас байх уу?

-Байлгүй яахав.
Морин хуурийн ая дууны дундуур орх, гарах үе байна. Заримдаа морин хуур орж
түрнэ. Араас нь хөөнө, зарим газраа түрүүлнэ. Шинэ дуучид бидний тоглож буй
аяыг сонсоод хөтлөгдөх үе ч гардаг. Дэлхийн өөр хаана ч дагаж явдаг хөгжим
байдаггүй. Үүгээрээ морин хуур агуу, энэ нь миний сонирхлыг анх татсан. Анх
морин хуурч болно гэж бодоогүй байсан. Аав, ээж маань Сүхбаатарын Дарьганга
сумын хүмүүс. Урлагийн салбарт ажилладаггүй мөртлөө бага байхад ээж ямар ч
билээ нэг хөгжим авч өгсөн юм. Тэгээд намайг Хөгжим бүжгийн коллежид оруулсан.
Тухайн үед үлээвэр хөгжмийн ангид орох гэтэл багш нь “Амаа ангай” гэснээ “Чи
тэнцэхгүй” гэж билээ.

-Яагаад?

-Шүд тэнцэхгүй
орсогой байхгүй юу/инээв/.

-Тэгээд аргагүй эрхэнд морин хуурын
ангид орсон байж ээ?

-Яахав надад
байгалиас заяасан жаахан ч гэсэн авьяас байна гэдгийг миний багш алдарт морин
хуурч Г.Жамъян харсан байж л дээ. Намайг дагуулаад ангидаа орсон. Тэр цагаас
хойш морин хуурнаас салсангүй дээ.

-Өнөөг хүртэл ҮДБЭЧ-ын гоцлол хуурч
явлаа. Энэ хугацаанд тоглосон бүтээлээс тань хамгийн их сэтгэлд тань үлдсэн
бүтээл юу байна вэ?

-Анх төгсөөд
удаагүй байхдаа “Үүлэн бор” зохиолыг Мэнд-Амарын баяжуулж найруулснаар тоглож
ард түмэнд хүргэж байлаа. Намайг ард түмэнд таниулсан бүтээл. “Үүлэн бор”-ыг
тоглосноос хойш Батсайханы “Үүлэн бор” гэдэг болж. Одоо ч энэ тэнд арга
хэмжээнд очихоор “Үүлэн бор”-оо тоглооч гэдэг. Эндээс харахад  зохиолыг их, бага гэж голох бус сэтгэлээсээ
тоглож л үзэгчдэд хүргэх юм бол хүний сэтгэлийг хөнддөг юм болов уу гэж боддог.
Тэрнээс зохиолыг их, бага гэж голдоггүй. Хичнээн мундаг алдартай том зохиолыг
тайзан дээр тоглоод үзэгчдэд хүрэхгүй үе байна шүү дээ. 

-Анх чуулгын босгыг яаж давж байв
даа. Хүссэн хөгжимчин бүр чуулгад ороод байдаггүй гэдэг?

– Дөнгөж Хөгжим
бүжгийн коллежийг төгсөөд байтал Монгол Зөвлөлтийн их наадам болдог байсан. Тэр
наадамд би морин хуураар Сенсани /хун/ гээд балетын аяыг дуурийн театрт
тоглосон юм. Тэгэхэд миний ард чуулгын оркестр тоглож байлаа. Тэднийг хараад би
“Ямар гоё юм бэ. Чуулгад орох юмсан” гэж бодсон. 1978 онд уралдаан болоод дэд
тэргүүн байр эзэлчихлээ. Тэгсэн чуулгад хуваарилсан. Тухайн үед УГЗ Цэрэндорж
багш намайг хөгжим бүжигтээ багшаар үлдээнэ гээд харин Жамъян багш чуулгын
хөгжимчин болгоно гэж маргалдсан байгаа юм. Цэрэндорж багш дараа нь надад
“Жамъян багшийн зөв байжээ” гэж хэлж байсан удаатай. Өөрөө чуулгын хөг­жим­чин
болохыг хүсч байсан болохоор уралдаанд хичээж, их эрч хүчтэй тоглосон байх.
Ингээд чуулгад орлоо. Тэгсэн чуулгад морин хуурын оркестрын суудалд намайг
суулгахдаа Батчулууны хажууд тэргүүн эгнээнд суулгадаг байгаа. Нөгөө чуулгад
орохыг хүсч байсан хүүхэд чинь олон жил ажилласан хөгжимчдийн тэргүүн эгнээнд
суусандаа эмээгээд болдоггүй. Уг нь уралдааны ач холбогдлоороо нэгдүгээр эгнээнд
суулгасан байж таарахгүй юу. Тэр явдал надад их урам зориг, магадгүй өнөөдрийн
энэ амжилтад хүрэх эрч хүчийг өгсөн байх.

-Таны хувьд Ардын жүжиг­чин хэмээх
эрхэм цолыг хүртсэн. Хөгжимчид ялангуяа оркестрын дундаа олонд танигдана гэдэг
амаргүй байдаг болов уу?

-Миний багш
Г.Жамъян Төрийн шагналт, Ардын жүжигчин. Мөн багшийн минь шавь Ц.Батчулуун
Ардын жүжигчин. Энэ хүмүүс бол морин хуурыг хосгүй эзэмшсэн. Харин миний хувьд
1993 онд гавьяат, 2009 онд Ардын жүжигчин болж байлаа. Хөгжимчин ардын жүжигчин
ховор. Тоглогчийнхоо үүргийг гүйцэтгээд Ардын жүжигчин  цол хүртсэн нь намайг гэж багш минь хэлдэг.
Одоо энэ оркеструуд, найрал хөгжим дунд надаас өөр Ардын жүжигчин битгий хэл
гавьяат байхгүй. Би чуулгад орсон цагаасаа эхлээд л морин хуурын оркестрын
тэргүүн эгнээний хөгжимчиний үүрэг гүйцэтгэж байна. Ер нь хөдөлмөр байгаад
авьяас байхгүй бол хэцүү л дээ. Миний хувьд ямар нэгэн тоглолт, концерт,
уралдаан тэмцээнд өөрийнхөө давуу талыг харуулахын тулд их хөдөлмөрлөдөг
байсан. 

-Таны морин хуураар улсын баяр наадам
нээлтээ хийдэг. Хичнээн жил наадмыг нээж хуураа татаад байна вэ?

-Их найрал хөгжим
бол улсын нүүр царай байдаг. Үндэснийх нь урлагаар тухайн улсыг дүгнэдэг. 36
жил улсын баяр наадмын нээлтийн концертод тоглож наадмыг морин хуураар
эхлүүлсэн байна. Манай симфони оркестрын хөгжимчид, хамт олон бол маш их
авьяастай, чадварлаг хөгжимчид. Бид зөвхөн улсын баяр наадам гэлтгүй төрийн
айлчлал, хүндэтгэлийн арга хэмжээ гээд маш олон ёслолыг уран бүтээлээрээ нээж
яваа их хувьтай хүмүүс.

-Морин хуураа татахад таньд хамгийн
түрүүнд юу  буудаг вэ?

-Морин хуураа
бариад суулаа татлаа нэг их сайхан тал нутаг, амгалан тайван хөдөөгийн амьдрал,
морин дээл дээр хийсэх хязгааргүй эрх чөлөө шууд буудаг. Манайхан монголдоо
морин хуураа ойлгохгүй хэрнээ гадаадад очоод амьдарч байхад нь тоглолтоор
очиход морин хуурын аялгуу сонсмогцоо уйлцгаадаг. Учиргүй сүйд болдог. Морин
хуур бол бидний үндэсний хөгжим. Үндэсний хөгжим нь аливаа улсынхаа уламжлал,
ёс заншил, амьдрал ахуйг тусгасан, илэрхийлсэн байдагтай холбоотой шүү дээ. Тиймээс
би ирээдүйд морин хуураа дэлхийн хэмжээний хөгжим болгож түгээхийг хүсдэг. Хийл
хөгжим Италид анх үүссэн болохыг хүн бүр мэддэг. Тэгсэн хэрнээ аль ч оронд
сонирхож тоглодог, бараг чадахгүй хүн ховор болтлоо түгсэн байна шүү дээ.

-Морин хуурын сонгодог аялгуу гэж
болохоор ямар бүтээлүүд байдаг вэ?

-Шубертын
(Серенада), Сенсани (хун), Дворжак (аялгуу), Чайковский (Анданте кантабиле)-г
морин хуурын дөрвөл, Броме (Унгар бүжиг)гээд нэрлэж болно л доо. Морин хуур
хөндий утастай. Хөндий утастай учраас нугалаа хийнэ. Хоёрхон утастай хол
даралттай хөгжмөөр дөрвөн утастай хийлийн сонгодог бүтээлийг бүрэн тоглоно гэж
байхгүй. Ер нь морин хуурын сонгодог зохиол бол уртын дуу. Бололцоотой хэсгийг
л тог­лодог. Хэзээ ч бүтэн сонгодог зохиолыг морин хуураар тогло­но гэж
байдаггүй. Харин морин хуурын даралтад зориулсан хэсэгхэн тоглолтыг л тоглодог.
Гэтэл сүүлийн үеийн залуус морин хуураар сонгодог бүтээл толгочихлоо гээд
ардынхаа юмыг хаях гээд байдаг. Гэтэл уртын дууны­хаа аяыг тоглохдоо нотноос
хэтэрдэггүй. Гэтэл тэрийг чинь өөрөө донжийг нь тааруулж, мэдрэмжээрээ тоглож
болно шүү дээ. Тэгсэн хэрнээ сүүлийн үеийн хүүхдүүд уртын болон ардын дууны
бүтээлээс тоглуу­лахаар дургүй шинжтэй харагддаг.

-Та ингэхэд хичнээн шавь­даа авьяасаа
өвлүүлж байна даа?

-Тоглогч хүнд нэг
зовлон байна. Чуулгад ажиллаж байхдаа багшилна гэж байхгүй. Байнга гадагшаа,
дотогшоо тоглолтоор явна. Амьтны хүүхдийн амьдрал ахуйгаар тэгж тоглоод яахав.
Харин сүүлийн морин хуурын дөрвөн CD нэг DVD гаргаад амжсан. Үнэндээ манайд
морин хуурын цомог гэж бараг байхгүй. Би саяхан 26 дуутай морин хуур, уртын
дууны цомог гаргасан анхдагч байх шүү.

-Та хичнээн морин хуур сольсон бэ.
Хуучны хөгшчүүл морин хуур удах тусмаа аялгуу нь тодордог гэж ярьдаг юм билээ?

-Насан туршдаа
хоёр л хуур сольсон. Нэг нь Батсайханы “Улаан хуур” гээд нэрлэчихсэн анхны
модон цартай хуур. Хүмүүс андахгүй. Бирваа, Жүгдэр гээд хоёр урлаач урласан
байдаг. 40-өөд жил барьсан. Хөгжим бүжигт ороход л Жамъян багш өгч байсан юм.
Энэ сайхан хуурынхаа буянаар Энэтхэг, Шри Ланк, Швецарь, Франц, Итали зэрэг
гадаадын 30 гаруй оронд очиж, эх орноо хэдэнтээ тойрлоо шүү дээ. Одоо элэгдээд
200 гаруй нөхөөстэй болчихсон. Тийм болохоор гэртээ нандигнаад хадгалчихсан.
Мод чинь олон жил болох тусам бараг өөрөө дуу орж, илүү уянгалаг болдог гэдэг
нь үнэн.  Гэхдээ хуучин хуураа хадгалаад
сая Энхболд гээд урлаач залуугаар шинэ хуур хийлгэсэн.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

С.Цэрэнчимэд: Олимпийн аварга болж одоо байгаа амьдралаа илүү сайхан болгоно

-ИЖИЙГЭЭ ТАКСИНД
ГАРАХ БОЛГОНД НЬ ТАНЫГАА ЖАРГААХ БОЛНО ОО ГЭЖ ӨӨРТӨӨ АМЛАДАГ-

Саяхан Узбекийн Таш­кент хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид нэг алт, гурван хүрэл медальтай ирсэн
билээ. Эмэгтэйчүүдийн хасах 60 кг-ын жинд зодоглосон С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж
дэлхийн аварга боллоо. Түүнийг хүн бүр л 20 нас ч хүрээгүй мөртлөө хашир барилдаж,
бяр чадлаараа ёстой л дэвжээг эзэгнэсэн гэж ярьж байна. Үнэхээр ч бяртай эмээгийн
үр удам гэдгээ тэрээр харуулаад авсан. Харин дэлхийн аваргатай уулзаж ярилцахад
хүүхэд зангаараа гэнэн цайлган инээд цацруулж хүсэл мөрөөд­лийнхөө тухай хуваалц­сан
юм. Ингээд түүн­тэй ярилцсанаа хүргэе.

 -Сая
бэлтгэлээс ирсэн гэлээ. Дөрөө мултлаад л бэлтгэлдээ оржээ. Ямар тэмцээнд орох гэж
байна вэ?

-Тэглээ. Энэ сарын сүүлээр АНУ-д цэргийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээн болно. Тэр тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байна. Өглөө Америкийн элчин
орж бичиг баримтаа зохицуулаад ирсэн.

-Дэлхийн
аваргаас ирэхэд онгоцны буудал дээр гэр бүлийнхэн тань гээд нэлээд олон хүн угтсан
харагдсан. Зорилгоо биелүүлчихээд ирэхэд ямар сэтгэгдэл төрдөг юм байна?

-Үнэхээр сайхан. Онгоцонд ирж явахдаа хурдхан шиг л бууж ээждээ үнсүүлэх
юмсан гэж бодож байлаа. Онгоцноос
буухад ээж, ах, эгч, Хосоо багш,  “Алдар”
спорт хорооныхон гээд хүмүүс намайг угтах байх гэж бодсон. Тэгсэн ээж, ах нараас
гадна Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх Алдар спорт хорооны дарга Өсөхбаяр дарга, Цог-Эрдэнэ дарга нар хүлээж
аваад тусгай өрөөнд хүлээж авдаг юм билээ. Тэгээд тэр өрөөнөөс гараад ирсэн чинь
манай спорт хорооны хамт олон, найз нөхөд, хамаатан садан гээд зөндөө хүн ирсэн
байсан. Би бүр гайхсан. Тийм их хүн намайг хүлээж байна гэж зүүдлээ ч үгүй болохоор.
Манай спорт хорооны нярайлаад, бэлтгэлдээ ороогүй эгч хүртэл баяр хүргэхээр ирсэн
байсан шүү. Тэр хүмүүсийн хүндлэл, баяр надад үнэхээр гэнэтийн бэлэг болж чадсан.

-Ц.Хосбаяр багш тань санхүүгийн байдлаас
болоод үлдсэн гэсэн. Аварга болох тэр мөчид хэн заавар, зөвлөгөө өгч байсан бэ?

-Уг нь Хосбаяр багш
намайг аварга болох үед дэргэд минь байсан бол сайхан байхгүй юу. Даанч санаснаар
болсонгүй. Гэхдээ Цогтбаяр багш байсан болохоор газардсангүй. Цогтбаяр багш маань
Хосбаяраас дутахааргүй бас л миний багш. Цогоо багш барилдаж байхад зөвлөгөө өгч
байсан. Бас дотроо багшийнхаа зааж, зөвлөсөн захиасыг биелүүлэхийн төлөө л зүтгэсэн
дээ.

-Нэгэн тамирчин “Дэвжээн дээр гарсан хойно
ямар ч аврагч бурхан гэж байдаггүй, гагцхүү араас тэг ингэ гэж орилж буй дасгалжуулагч
л миний бурхан” гэсэн байдаг. Ер нь дэвжээн дээр барилдаж байгаа үед дасгалжуулагчийн
хэлж ярьж байгааг сонсдог уу?

-Зөвхөн өрсөлдөгч
бөхөөс гадна цаг, шүүгч, дэвжээтэй барилддаг. Өөрөө л сайн төвлөрч тайван, бүхнийг
тооцоолж чадвал дасгалжуулагчийнхаа заавар зөвлөгөөг сонсч чаддаг. Сая барилдааны
үеэр Цогтбаяр багш болон үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Батбаяр, Сүхээ, Дүвчин
багш нар дэвжээний булангаас зөвлөгөө өгч байсан. Дасгалжуулагчийн зөвлөгөөг барилдааны
үеэр сайн сонсч чадвал тухай бүрт нь барилдах арга барилаа боловсруулаад явчихдаг.

-Аваргын төлөө Азар­бейжаны бөхтэй барилдсан.
Өөрөөс тань насаар нэлээд эгчмэд туршлагатай бөх харагдсан. Яах бол гэж сандарсан
уу?

-Азарбейжаны бөх Раткевич
28 настай тамирчин байсан. Өмнөх барилдаануудынх нь бичлэгийг үзсэн. Давхар хамах
мэхэндээ сайн юм билээ. Тийм болохоор би сайн хамгаалж, өөрийнхөө мэхийг хийнэ гэсэн
бодолтой гарсан. Тэгээд ч нас залуу, цус шингэн гэдэг утгаараа би илүү хөдөлгөөнтэй
барилдана гэж бодсон. Нэг их сандраагүй. Эхлээд нэг оноо алдаад хоёр оноо аваад
дахиад хоёр оноо алдсан. Гэхдээ оноо алдчихлаа гэж сандралгүй тайван барилдаж мэхээ
гүйцээнэ гэж зүтгэсэн. Шилбэдэж, давхар хамах мэхийг хэд хэдэн удаа хийж оноо авсан.
Энэ мэх манай Хосбаяр, Цогтбаяр багшийн дархан мэх. Цогтбаяр багш ч “Чимэдээ чаддаг
мэхээ хий” гэх нь сонсогдож байсан.

-Энэ удаа барилдсан өрсөл­дөгчидтэйгөө
өмнө ихэвчлэн учраа таарч байсан гэлээ. Ялангуяа Японы бөхөд ялагдаж байсан байх
аа?

-Эхлээд Оросын бөхтэй
барилдсан. Бэртэл аваад хоёр жил барилдаагүй байж байгаад барилдсан тамирчин. Дараа
нь Японы бөхтэй барилдсан. Долоо нойлоор би буулгаж авсан. Японы бөхийг эхлээд хөмөрч
дөрвөн оноо аваад шилбээр давхар хамж хоёр оноо дахин авсан. Цаг дуусахын өмнө цэвэр
ялсан. Өмнө нь манайд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Японы бөхтэй
учраа таараад харамсалтайгаар ялагдсан. Дахиад таарах байх гэсэн тооцоолол байсан
болохоор энэ удаа давна гэдэгтээ итгэлтэй байсан. Харин зооны аваргын төлөө Финландын
бөхтэй таарсан. Бас л өмнө барилдаж байсан болохоор барилдааныг нь сайн мэднэ. Тэгээд
ч ямарваа юманд өөр­төө итгэлтэй, зоригтой байх юм бол ард нь гарч чаддаг юм байна
гэдгийг би маш сайн ойлголоо. Ялангуяа Японд байхад тэндхийн тамирчид ямар их хүнд
бэлтгэл хийж, хамаг амьдралаа зориулан байж амжилтад хүрдгийг би мэдэрсэн.

-Японд байсан тухайгаа ярихгүй юу. Сурахаар
явсан юм уу?

-2013 онд насанд хүрэгч­дийн
улсын аваргад түрүүлээд Японд сурах эрхээр шагнуулсан. Тэнд очоод Олон улсын харилцааны
сургуульд сурахаар хэлний бэлтгэлд явж байлаа. Бас хажуугаар нь бэлтгэлээ хийнэ.

-Ямар мэргэжлээр сурах гэж байсан юм бэ?

-Дасгалжуулагч багшаар
төгсөх байсан.

-Тэгээд яагаад хүрээд ирсэн юм бэ?

-Ээжийн маань бие
муудаад хүрээд ирсэн. Би багадаа аавынхаа өвөр дээр тоглож ч амжаагүй бурхны оронд
алдсан. Харин ээжийгээ амьд мэнд байгаа дээр нь хажууд нь байж тус нэмэр болъё гэж
шийдсэн. Хэдий эрдэм сураад ирээрэй гээд явуулсан ч гэлээ хүний нутагт охин үрээ
яажшуухан амьдарч байгаа бол гээд санаа нь байнга зовдог байсан байх. Тэгж бодоод
санааг нь чилээгээд яахав гээд эргээд ирсэн. Тэгээд ч эндээс явахад гэр бүлээсээ
гадна Хосоо багшийгаа орхиод явах надад хүнд байсан. Би Монголоос Япон руу явахдаа
зөндөө уйлсан. Аргагүй л багаас минь бөхийн дөртэй болгосон хүн шүү дээ. Тэнд очоод
надад бэлтгэл чинь болж байна, одоо ингэ тэг гээд хэлээд өгөх хүн ч үгүй үнэхээр
хэцүү санагдсан. Ганцаардах, уйлах үе ч зөндөө байсан (хоолой нь зангирч уйлав).
Энд Хосоо багш маань нуруундаа хагалгаатай, хадаастай мөртлөө өөрөө дэв­жээн дээр
гарч ирээд бэлтгэл хийлгэдэг байхгүй юу. Харин тэнд бэлтгэлээ хийгээд ганцаараа
сууж байхдаа дэл­хийн аваргын тэмцээнд түрүүлчихээд эх орныхоо төрийн далбааг өндөрт
өргөөд багш руугаа гүйж байна гэж мөрөөдөж жаахан ч гэсэн тайвширдаг байлаа. Харин
тэр мөрөөдөл минь биелэлээ. Ер нь хүн ганцаараа байхдаа алдаа оноогоо их тунгааж
бодохоос эхлээд аливаад их тэвчээртэй, илүү мэриймтгий болдог юм билээ.

-Аав нь хэдэн настай бай­хад тань өөд
болсон юм бэ?

-Аав хоёр настай байхад
бурхан болсон. Даралт ихтэй хүн байсан гэж ээж ярьсан. Би аавыгаа ямар хүн байсныг
мэддэггүй. Ерөнхийдөө тийм хүн байсан байх даа гэсэн төс л орж ирдэг.

-Хааяа шантарч аавыгаа үгүйлэх үе гарна
биз?

-Тэгэлгүй яахав. Бага
байхад аав маань байсан бол гэж арай ч ингэж амьдрахгүй дээ гээд шантрах үе гардаг
байсан. Миний аав Сүхээ гэж сайхан бөх байсан гэдэг. Их бяртай. Ер нь манай аавын
талынхан их бяр чадалтай хүмүүс байдаг гэж ээж хэлсэн. Би хүртэл бага байхдаа хамаатнуудынхаа
үеийн хөвгүүдтэй барилдаад бүгдийг нь унагаадаг байсан. Аав маань надад ийм сайхан
авьяас үлдээсэнд нь би их талархдаг. Аавынхаа үргэлжлэл байж, ээжид үгүйлэгдсэн
аавын  орон зайг нөхөх юмсан, нөмөр нөөлөг
нь болж явах юмсан гэж боддог. Хааяа аавыгаа санахаар аавын дүү Цэрэнбат гээд ахыг
нүдэндээ төсөөлдөг. Их адилхан. Надтай бас адилхан /санаа алдав/.

-Ах тань Солонгост ажиллаж олсон мөнгөөрөө
тэмцээниий тань зардлыг гаргадаг байсан гэж сонссон?

-Ах, ээж хоёр анх
намайг “Алдар” спорт хороонд оруулж Хосбаяр багшийн шавь болгож байсан. Тухайн үед
өсвөр, залуучуудын олон улсын чанартай тэмцээнд явах гэхээр зардал олдохгүй хэцүү
байдаг байсан. Үндэсний шигшээ баг биш болохоор. Ээж нэг хэсэг дэлгүүр ажиллуулдаг
байсан. Гэхдээ олсон орлогоороо гэртээ идэж, уух хоолны юм аваад таарна. Харин ах
Солонгост хүнсний үйлдвэр, барилга дээр ажиллаж олсон мөнгөө миний тэмцээнд орох
зардалд явуулдаг байсан. Бас багш маань энд тэнд хүн амьтантай уулзаж, байгууллагын
хаалга сахиж байж шавь нарынхаа тэмцээнд орох мөнгийг олдог байлаа. Тэгж л олон
тэмцээнд оролцсоны үр дүн өнөөдөр гарсан гэж би бодож байгаа. Ах өөрөө чөлөөтөөр
барилддаг байсан болохоор намайг их дэмжинэ. Аавын орон зайг орлож ар гэрээ авч
явж байгаа хүн ах. Аав маань нэгэнт үгүй болсон болохоор ахыгаа л түшиж тулдаг.
Ахдаа маш их хайртай. Заавал та хэдийнхээ ачийг хариулах болно гэж амлаж байна.

-Тэгэхээр таны зорилго амжилтад хүрч гэр
бүлээ авч явах байх нь ээ?

-Тийм ээ. Анх барилдаж
эхлэхэд бөх зүгээр л сонирхолтой санагддаг байсан. Харин Цагаанбаатар, Түвшинбаяр
зэрэг мундаг ах эгч нарыг хараад энэ хүмүүс шиг том тамирчин болж ар гэрээ авч явж
болох юм байна гэж бодох болсон. Миний чин хүсэл бол олимпийн аварга болох. Хэрвээ
олимпийн аварга болох юм бол миний амьдралд их өөрчлөлт гарна гэж би боддог. Одоо
чинь олимп, дэлхийн чанартай тэмцээнээс медаль авах юм бол төрөөс тогтмол урамшуулал
хүртэл өгдөг болчихсон. Тиймээс би сайн барилдаж ээж, ах, эгч нарынхаа амьдралыг
сайхан авч явна гэж боддог. Ижийгээ өглөө таксинд гарах болгонд өр минь эмтэрч,
таныг удахгүй жаргаах болно оо гэж дотроо амладаг.

-Найз залуутай юу?

-Байхгүй.

-Дэлхийн аварга болчихлоо. Төрөөс ямар
нэгэн шагнал өгөх болов уу?

-Сайн мэдэхгүй байна.
Миний сонссоноор гавьяат тамирчин болж магадгүй гэсэн. Миний жин олимпод байхгүй
болохоор Ерөнхийлөгчийн санаачилсан урамшууллаас ямар нэгэн шагнал авахгүй юм шиг
байна лээ.

-Тэгвэл олимпод орохын тулд жингээ нэмэх,
эсвэл хасах хэрэгтэй гэсэн үг үү?

-58 кг эсвэл 63 кг
руу хөрвөх байх. Доошоо жинд барилдана гэхээр би жин их хасах болно. Жин хасахаар
их ядарч сульддаг. Одоо миний жин 64 кг. 63 кг-д барилдана гэхээр бас л хөдөлмөрлөх
хэрэгтэй болно.  Ямар ч байсан Цэргийн аварга
шалгаруулах тэмцээнээс ирээд л багш нартайгаа ярьж байгаад шийдэх байх.

-Олимпийн аварга болохоос гадна амьдралаас
юу мөрөөддөг вэ?

-Анх би 2008 онд Баянзүрх
дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд орж хүрэл медаль хүртэж байсан юм. Миний жинд
гуравхан хүүхэд ороод би хоёуланд нь ялагдсан хэрнээ хүрэл медаль хүртэж байсан.
Одоо бодоход их инээдтэй санагддаг ч миний өнөөдрийн амжилт тэгэхэд л суурь нь тавигдаж
байж дээ гэж бэлгэшээдэг. Би тамирчин хүн. Мундаг нэр хүндтэй тамирчин болчихоод
барилгын салбарт бүтээн байгуулалт хийнэ гэж мөрөөддөг. Гол спортын цогц цогцолбор
барина гэж боддог. Одоо манайд спортын төрлүүдийг нэгтгэсэн том цогцолбор алга байна.
Энэ бол миний хамгийн том мөрөөдөл. Уг нь энэ жил ШУТИС-д барилгын инженерээр оръё
гэсэн боловч элсэлтийн шалгалтаа өгч чадаагүй.

-Яагаад?

-Азийн аварга шалгаруулах
тэмцээн давхцчихсан. Барилгын инженер болоод өөрөө цемент зуураад суухгүй. Тэр үед
мөнгөтэй болчих юм чинь хөрөнгийг нь гаргаж өгөөд ерөнхийдөө удирдаад сууж байна
гэж мөрөөддөг дөө (инээв).

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо

Узбек улсын Ташкент хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс
61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, 65 кг-ын жинд гавьяат тамирчин
Г.Мандахнаран нар хүрэл медаль хүртээд байгаа билээ. Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн
хасах 60 кг-ын жинд зодоглосон С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж эх орныхоо төрийн
далбааг Ташкентын тэнгэрт мандууллаа. Яг энэ цаг мөчид бид түүний гэр бүлийнхэнтэй
хамт алтан медалийн төлөөх барилдааныг үзэж, баяр хөөрийг нь хуваалцсан юм.

С.Цэрэнчимэд ээж, ахынхаа хамт “Цайз” захын Алтан-Өлгийн гэр хороололд
амьдардаг юм байна. “Цайз” захаас дээш Цагаан даваа явах замаар гурван километр
орчим яваад дөнгөж барьж буй хашаа байшинтай туллаа. Түүний төрсөн ах Майдар биднийг
тосонгоо “Манайх байшингаа янзалж орох санаатай. Жаахан ундуй, сундуй л байгаа даа”
гэсээр санаа зовсон байдалтай дотогш орлоо. С.Цэрэнчимэдийн ээж Д.Лхагвадулам ногоон
торгон дээл өмсчихсөн, төрсөн эгч Баярмаа нь нөхөр Отгонбаатартайгаа Эрдэнэтээс
ирсэн гээд хамт дүүгийнхээ барилдааныг үзэхээр зурагтаа тойроод сууцгааж байв.

Байшингаа янзлахаар барилгын ажил хийж байгаа болохоор гэрийн тавилгаа
нэг булан руу нь хураачихаж. Харин зурагтаа байшингийнхаа голд тавьчихсан байв.
Зурагтынхаа хажууд охиныхоо медалиудыг, мөн залуучуудын ДАШТ-д аварга болж байсан
зургийг нь тавьсан харагдав. Ах Майдар
нь “Ээж бид хоёр өдөр гадуур ажилтай яваад гэртээ барилдааныг нь үзэж чадаагүй.
Интернэт орж үзсэн юм. Оростой барилдахад нэг их айгаагүй. Японы бөхтэй барилдахад
уначих вий дээ гэж жаахан сандарсан. Утсаар бичлэг хийж байсан чинь бүр гар чичрээд
байсан. Миний дүү ёстой мундаг барилдсан” гээд инээд алдан их л сэтгэл хангалуун
ярив. Харин ээж нь хүүгийнхээ яриаг өлгөж аваад “Өдөр интернэтээр охиныхоо барилдааныг
үзэхдээ олны газар байгаа гэдгээ ч мартчихаж. Бараг л хашгирчихсан” гээд духныхаа
хөлсийг арчин бурхныхаа зүг босов. Бурхныхаа өмнө очоод хоёр алгаа хавсран амандаа
маани уншин “Хань минь охиныхоо заяаг тэнгэрээс түшиж хайрла. Охин чинь ямар мундаг
хүн болсныг чи минь харж байгаа биз дээ” гэх нь сонстов. Нэлээд удаан залбирч, бурхныхаа
өмнө арц уугиулж, хүрд эргүүлээд эргээд зурагтынхаа өмнө суув. Цэрэнчимэдийн аав
Ж.Сүхээ өөд болоод нэлээд олон жил болж байгаа юм байна. Д.Лхагвадулам ханийгаа
нутаг усандаа алдартай бөх хүн байсан учраас охиноо аавыгаа дуурайсан сайн бөх болно
гэдэгт ямагт итгэж явдгаа ярьсан. Хэнтий аймгийнхан түүнийг Заан Сүхээ гэхэд андахгүй
гэнэ.

Ингээд аваргын төлөө
барилдаан ч эхэллээ. Хүргэн ах, эгч хоёр нь ч зурагтандаа дөхөж дүүгийнхээ бэлтгэлд
өмсдөг, төрийн далбаатай цамцыг нь гаргаж ирэн захыг нь мушгиж харагдав. Харин ээж
нь хоёр алгаа хавсран суух бөгөөд өндөлзөн, ухас ухас хийнэ. Майдар ах нь “Миний
дүү аварга болж чадна шүү” гэж чанга дуугаар байнга зоригжуулах аятай хэлж байв.
Барилдааны үеэр Цэрэнчимэд их л зоригтой дайрч барилдсан. Ээж нь “Азарбейжаны бөх
миний охиноос яасан эгчмэд юм бэ. Хашир байгаа даа” гэж сандарна. Хэдий нас бага
гэдэг нь дэвжээнд барилдахад илт харагдаж байгаа ч хэд хэдэн удаа дэвжээн дээр угзарч,
бяраар илүү харагдаж байв. Үүнийг харсан ах нь “Миний дүүд аавын бяр байна шүү”
гэх. Эхний 30 секундэд нэг оноо алдахад нь сандарч байсан ч өрсөлдөгчөө 12:3 оноогоор
буулгаж авсан. Бас болоогүй өрсөлдөгч нь хоёр торгуулсан байв.  Цэрэнчимэд сайхан барилдаан үзүүлж өрсөлдөгчөө
давсан бол гэрийнхэн нь түүний давахыг хараад хоорондоо тэврэлдэн ёстой л уйлалдаж,
зурагтаараа хамт байсан юм.

Хүн бүр дор бүрнээ
тогтож чадахгүй, бие бие рүүгээ харцгаах.

Ингээд аваргын ээж
Д.Лхагвадуламаас сэтгэгдлийг нь хуваалцав.

-Юуны өмнө охин тань дэлхийн аварга болсонд
баяр хүргэе. Үнэхээр тэсч ядан гэр бүлээрээ хүлээлээ шүү?

-Тэглээ. Миний охин
эх орныхоо, эцгийнхээ, хамт олныхоо нэрийг дэлхийн давцанд цуурайтуулсанд баяртай
байна. Охиноороо үнэхээр бахархаж байна (хоолой нь зангирч, нулимс унагав).

-Охиныгоо тэмцээнд явахад юу гэж захиж
байсан бэ?

-Миний охин сайхан
амжилт үзүүлээд ирээрэй. Бид нар байшингаа янзлаад л хүлээж байя” гэж хэлээд үнсээд
үлдсэн. Харин охин маань “Би том амжилтад хүрэх болно” гээд явсан. Эгч нь өглөө
болгон цайныхаа дээжийг өргөж, мэддэг маани мэгзмээ уншиж залбирч байлаа. Уржигдар
сугалаа сугалах өдөр нь гандан орж ном уншуулаад, тагтаа хооллоод ирсэн.

-Таны хань бөх хүн байжээ?

-Миний хань Хэнтий
аймгийн Цэнхэрмандал сумын хүн байсан. 1998 онд өөд болсон. Аймгийн заан Жигжидсүрэнгийн
Сүхээ гэж хүн байлаа. Хэнтий аймгийнхан “Заан” Сүхээ гэхээр андахгүй мэднэ. Том
биетэй, бяр чадалтай хүн байсан. Ер нь ханийн тал их хүчтэй хүмүүс байсан гэдэг.
Манай хадам ээж Тунбааш гээд хөгшин их бяртай хүн байсан гэж нутаг усныхан ярьдаг.
Сүхээ цэргээс ирчихээд эмнэг сургаж хоёр чихийг нь хулмайтал нь барьчихаад “Алив
ээж барьж чадах уу. Би гэрээс хазаар аваад ирье” гэхэд “Үзээд алдъя” гээд эмнэг
морийг чихдэж байсан гэдэг. Манай аав, ах дүүс нь их бяртай хүмүүс байсан гэж ярьдаг.
Тэгэхээр охин маань их юм дуулгана гэдэгт итгдэг.

-Ах Майдар бас барилдаж байсан гэв үү?

-Миний хүү 2007 онд
Солонгос руу ажил хийхээр явсан юм. Явахаасаа өмнө дүүгээ “Алдар” спорт хороонд
аваачиж Хосбаяр, Цогтбаяр багш нарт шавиар оруулж байсан. Өөрөө “Аварга” дээд сургуульд
сурдаг, чөлөөтөөр барилддаг байсан юм. Даанч бэлтгэлийн үеэр гэмтэл аваад спортоо
орхисон. Уг нь тухайн үед Бат-Эрдэнэ аварга миний хүүг овоо бөх гарч ирнэ гэдэг
байсан юм билээ. Хүү л дүүгээ сайн бөх болгоно гээд энд байхдаа өглөө гүйлгэж, мэх
заадаг байсансан. Саяхан харь нутгаас ирээд ээж, дүү хоёртойгоо байшин барьж орох
санаатай үзэж тарж байна.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Холбооны техникч
хийж байсан.

-Одоо юу хийж байна?

-“Цайз” захаас Алтан-Өлгийн
гэр хороолол руу 500 төгрөгөөр хүн зөөж байна. Өөрийн нэг жижиг тэрэг бий. Түүгээрээ
өглөө 06 цагаас эхлээд орой болтол өгсч, уруудах хүн зөөдөг. Өвлийн хүйтэнд манай
энд чинь хэцүү. Даарч бээрсэн хүүхдүүд таарвал мөнгөгүй аваад “Цайз” зах руу бууна.

-Өдөрт хэдэн төгрөг олох уу?

-Хүн ихтэй үед бол
30 мянган төгрөг олчихноо. Олсон мөнгөөрөө хоол ундаа болгочихдог л юм.

-Цэрэнчимэд гэрийн ажилд хэр вэ?

-Сайн. Хүн болгоныг
л ахаа, эгчээ гээд мэндлээд сүрхий гүйнэ. Хоол сайхан хийнэ. Хаана ингэж сурсан
юм бол гээд байсан чинь бэлтгэлд гарахдаа л хоолоо хийж сурсан юм шиг байгаа юм.
Усанд явна. Бага байхын л эмээтэйгээ шуудайнд үхрийн нойтон баас хийчихээд “би дийлнэ,
дийлнээ” гээд чирээд явдаг хүүхэд байж билээ. Их сэргэлэн. Хүний заасан зүйлийг
хурдан сурдаг. 

-Одоо хэдэн настай юм бэ?

-Миний охин чинь
18 нас хүрч байна. 16 настайдаа Олон улсын мастер болсон шүү дээ. Охины маань амжилт
Хосоо багштай нь салшгүй холбоотой. Бид их баярлаж явдаг Хосоо багшдаа.  Ийш тийшээ тэмцээнд явахад нь багш нь л өнчин
өрөөсөн, амьдрал ахуйг маань мэддэг учраас хүн амьтантай уулзаад мөнгө төгрөг, зардлыг
нь олоод өгье гээд их зүтгэж авч явдаг. Ганц манай хүүхэд гэлтгүй бусад шавь нарынхаа
аавынх нь оронд аав болж, хүний хүүхдийн төлөө төрсөн хүн шүү дээ.

-Охин тань барилдахаас гадна сурч байгаа
юу?

-Их сургуульд одоохондоо
ороогүй. Уг нь МУИС-д эдийн засагчаар сурна гэж байсан. Энэ жилдээ чадсангүй.

Залуучуудын дэлхийн
аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ С.Цэрэнчимэд
эхний тойрогт дэлхийн аваргын таван медальт, Европын таван удаагийн аварга ОХУ-ын
бөх Наталя Гольтцыг онооны илт давуугаар ялж Японы тамирчин бөхийг мөн цэвэр ялж,
хагас шигшээд шалгарсан. Ингээд мөнгөн медалийн төлөө Финландын бөхийг ялж, финалд
шалгарсан юм. Ингээд  алтан медалийн төлөө
Азербайжаны бөх Раткевичтэй барилдаж ийн ялж аваргын алтан медалийг хүртсэн юм.

 Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

А.Ганчимэг: Ээж болно гэдэг хорвоогийн хамгийн сайхан зүйл юм байна

“Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” хэмээх дэлгэцийн шинэ бүтээл
үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Энэхүү киноны ерөнхий продюсероор Монгол
Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг ажилласан бол зургийн даргаар Соёлын тэргүүний
ажилтан Д.Ганцэцэг ажиллажээ. Тэгвэл кино зохиолыг залуу жүжигчин А.Ганчимэг бичсэн
байна. Ингээд Соёлын тэргүүний ажилтан А.Ганчимэгтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны
өмнө шинэ уран бүтээлээ өлгийдөн авч байгаа “Хувьсал” продакшны хамт олонд баяр
хүргэе. Киноны зохиолыг та бичсэн гэлээ. Зохиолын сэдэл хэзээ төрсөн бэ?

-Баярлалаа. Манай “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл
болох “Зүрхээр наадагч” кино үзэгчдэд тун удахгүй хүрэхэд бэлэн боллоо. Кино зохиол
бэлэн байсан гэхэд болно. Өнгөрсөн жил үзэгчдэд хүргэсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”
киноны зохиол анх бичигдэхэд давхар орж ирсэн санаа байсан. Тухайн үед манай продакшныхан
хоорондоо ярилцаад эхлээд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоо хийгээд дараа нь “Зүрхээр
наадагч” кино хийе гэж төлөвлөсөн байсан. Тиймээс зохиол дээрээ нэлээн тогтож, өмнөх
киноноос өнгө төрх, өрнөж буй үйл явдал, илэрхийлэх гэсэн санаа, агуулгын хувьд
яавал өөр болгох тал дээр илүү ач холбогдол өгч ажилласан. Хэдий анх зохиолын санааг
нь гаргасан ч би ямар мэргэжлийн зохиолч, яруу найрагч биш нэг их мундаг зохиолыг
нь ганцаараа бичээд дуусгачихсан юм байхгүй л дээ. Энэ бол манай хамт олны “Хувьсал”-ын
бүтээл.

-Таны
хувьд энэ удаа ямар дүр бүтээв?

-Ялгуун гэдэг охины дүрийг бүтээсэн. Миний дүрийн хувьд “Зэрлэг цэцэгсийн
хүлэмж”-ийн дүрээс огт өөр. Хөнгөн, гэгээлэг дүр гэж болно. 

-Кинонд
яг юуны тухай өгүүлэх вэ?

-Асрамжийн газар өссөн дөрвөн найзын тухай манай кинонд өгүүлдэг.
Тэд том болоод өөр өөрсдийн амьдралын мөрийг хөөж, хувь тавилангийн эрхээр таран
оддог. Гэхдээ заяа төөргөөр дахин бие биенээ олж хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг
хамтдаа биелүүлж байгаа тухай кинонд гарна. У.Уранчимэг, Д.Ганцэцэг эгч, загвар
өмсөгч О.Мөнхдалай бид дөрөв гол дүр. Харин бид дөрвийн бага насыг Монголын хүүхдийн
ордны драмын дугуйлангийн сурагч болох А.Цэнгүүн, А.Саранжил, М.Бат-Эрдэнэ, Х.Марал
нар тоглосон. Үнэхээр авьяастай мундаг хүүхдүүд байна лээ.

-Киноны
зураг авалтыг хаана авсан бэ?

-Киноны зураг авалт сар хагас үргэлжилсэн. Кинон дээр гарч буй үйл
явдлын зургийн 20 хувийг хотын захаар, 10 хувийг Хөвсгөл далайд, дийлэнх хувийг
Улаанбаатар хотод авсан.

-Зураг
авалтын үед хүндрэлтэй зүйл юу байв?

-Манай кинонд олны хэсэг маш их гардаг. Хүн их цуглардаг газруудад
олны хэсгийн зураг авах л бага зэрэг хүндрэлтэй байсан болов уу. Бас нэг нууц задлахад
манай кинонд насны хувьд гурван өөр үеийнхэн бүжгээр өрсөлддөг хэсэг гардаг. Бүжигтэй
хэсгийн зургийг авахад амаргүй санагдсан. Гэхдээ киноны ерөнхий зураглаачаар
“UB фильм” медиа группын захирал, СТА Б.Отгонзориг ах ажилласан болохоор хүндрэлтэй
зүйл нэг их гараагүй. Отгонзориг ахын хувьд “Хувьсал” продакшны өмнөх бүтээл “Зэрлэг
цэцэгсийн хүлэмж” киноны зураглаачаар ажиллаж байсан их туршлагатай, чадварлаг уран
бүтээлч. Ер нь манай энэ удаагийн кино их өнгөлөг, хурц тод өнгийн шийдлүүдээр дүүрэн
гэж хэлэхэд таатай байна.

-Кино
хоёр дуутай. Нэг дууг нь жүжигчид өөрсдөө дуулсан байсан. Киноны хөгжим болоод дууны
аяыг хэн бичсэн бэ?

-Киноны эхний дууны хөгжмийг МУУГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав ах
бичсэн. Харин шүлгийг СТА П.Одгэрэл зохиож “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар,
дуучин Хишигдалай нар дуулсан. Харин хоёр дахь хип хоп  дууны үг, аяыг реппэр Н.Цэцэнбилэг бичсэн. Гоё
дуу болсон. Урнаа эгч бид хоёр дуулсан байгаа. Дууны үг хүртэл их энгийн хэрнээ,
өвөрмөц санагдаж байгаа.

-Жүжигчид
кинонд тоглохынхоо хажуугаар зохиолдоо анхаарч ажиллана гэдэг амаргүй ажил биз?

-Тэгэлгүй яахав. Өмнө нь хэн нэгний кинонд тоглохдоо зураг авалтадаа
ороод л яваад өгдөг байсан. Харин өөрсдийнхөө бүтээлд ажиллаж байгаа болохоор зураг
авалт, найруулга, хувцас хунар, маркетинг гээд бүх зүйлд анхаарал тавьж гар бие
оролцдог юм байна. Урнаа эгч, Ганаа эгч, бид гурав жүжиглэхийн хажуугаар киноныхоо
зураг, найруулга, үзэгчдэд санаагаа хэрхэн хүргэх вэ гэж байнга л ярилцдаг байсан.
Хоорондоо ярьж, зөвшилцөж байж тухай бүрт нь шийдвэрийг гаргаж байсан даа.

-Залуу
уран бүтээлчийн хувьд У.Уранчимэг, Д.Ганцэцэг гээд чадварлаг уран бүтээлчидтэй ажиллахад
төхөм төдийгүй суралцах зүйл их гардаг болов уу?

-Мэдээж би залуу байна. Мэдэх, мэдэхгүй зүйл их гардаг. Тэр болгонд
продакшныхаа хоёр эгчээс суралцаад явж байна. Бид яг л найз шиг, заримдаа эгч дүүс
шиг санагддаг. Ур чадварын хувьд ярих юмгүй мундаг, дайчин бүсгүйчүүд шүү дээ. Тиймээс
би “Хувьсал” продакшнд орсондоо хэзээ ч харамсдаггүй. Харин ч өөрийгөө азтай хүн
гэж боддог.

-Нэг
нь хурц ширүүн зан төрхтэй, нөгөө нь уян зөөлөн зантай юм шиг харагддаг. Энэ хоёр
өөр араншин таныг нэг хэв маягт баригдахгүй өсч дэвжих бас нэг түлхүүр юм шиг санагддаг?

-Яг тэгдэг. Үнэхээр өөр өөрийн өвөрмөц зан төрх нь надад, тэр дундаа
уран бүтээлд түлхэц болж өгдөг шүү.

-Та
ээж болоод удаагүй байгаа. Тэгэхээр нярай биетэй хэрнээ зураг авалтад орно гэдэг
тийм ч амаргүй байсан болов уу?  

-Тийм ээ. Амаржаад удаагүй байхдаа шинэ уран бүтээлдээ орсон. Энэ
миний ажил хойно бүх ажлаа зохицуулах л ёстой. Ар гэрийн амьдрал, ажлаа ч тэр зохицуулаад
л зураг авалтад орсон. Би нялх биетэй гээд хамт олныхоо ажлыг хойш татах эрх надад
байхгүй.

-Одоо
таны хүүхэд хэдэн сартай вэ. Охин уу, хүү юу?

-Охин. Одоо гурван сартай.

-Ээж
болох үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Үнэхээр гоё. Ээж болно гэдэг их сайхан зүйл юм байна. Охиноо харахаар
л орчлон хорвоогийн юм бүхэн өнгөлөг харагддаг.

-Таны
нөхрийг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамт тоглосон Б.Энхтүвшин гэдгийг мэдэх
байх. Сүүлийн үед та хоёрыг салсан яриа гарах болсон. Үнэн үү?

-Тэгж ярьж л байг. Бичих дуртай нь бичиж л байг. Шар мэдээ бичдэг
зарим сэтгүүлчид хосуудыг дуртай үедээ салгаж, нийлүүлээд л биччихдэг санагддаг.
Тиймээс би энэ ярианд нэг их эмзэглэхгүй байгаа. Үгүй тийм биш гээд тэр болгонд
би амьдралаа тоочоод байх ч дургүй. Миний ажил амьдрал, ер нь бүх зүйл сайхан л
байна.

-Кино
хэзээ нээлтээ хийх билээ?

-Энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 5, 6-нд “Өргөө”, “Тэнгис”,
“Соёмбо” кино театруудад “Зүрхээр наадагч” киноны нээлт маань болно. Хүссэн хүн
бүрт нээлттэй. Та бүхнийг урьж байна.

 

Д.ДАВААСҮРЭН

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Малчин сумын анхны нэг ангийнхан

“Манай ангийн дарга яг л хэвээрээ шив дээ. Багын л нямбай шар охин байсан сан” хэмээн хоорондоо ярилцаж “Батхүрэлийнхээ ачаар бид хэд ингэж уулздаг байжээ” гэж ирээд л хөгшчүүд гар барин мэндэлнэ. Энэ бол Увс аймгийн Малчин сумын анхны сурагчид болох “1а” ангийнхан. Тэд сургуулиа төгссөнөөсөө хойш 50 гаруй жилийн дараа анх удаа ангиараа уулзаж байгаа нь энэ. Нэг ангийнхан Сонгинохайрхан дүүрэгт байрлах цахилгаан шуудангийн гадаа уулзав. Ангийн дарга Л.Батхүрэл ангийнхантайгаа холбоо тогтоож өглөө 08.00 цаг гэхэд бэлэн байхаар үүрэг өгсөн бололтой. Харин хоёр эрэгтэй, дөрвөн эмэгтэй уулзалтынхаа хугацаанаас цаг гаруйн өмнө ирж ийн дуу шуу болсон хэрэг. Ихэнх нь үр, хүүхдээрээ унаа тэргээр хүргүүлж ирж харагдав. Ингээд арваад хүн цугларлаа. Ангийн дарга Л.Батхүрэл гэх 60 гаруй насны шав хийсэн хөдөлгөөнтэй хөгшин автобусны жолоочид хөдлөхийг үүрэгдэв. Замаараа Чингэсийн талбайгаас ангийнхаа хэсэг нөхдийг аваад Тэрэлж орох юм гэнэ. Учир нь Тэрэлжид бага ангийн багш Басангийн Пэлжээ 85 насныхаа ойг тэмдэглэж байгаа аж. Ингээд багшийнхаа баяраас хоцорч болохгүй гэсээр хөгшчүүл яаран хөдлөв. Машин хөдлөө юу үгүй юу хоорондоо шуугилдах агаад шуугилдсан анги дунд яваад орчихсон мэт санагдав. Нэг нэгнийгээ ануухан, залуухан хэвээрээ байна гэж байнга л магтана. Автобусны арын суудалд суусан хоёр эрэгтэй “Манай Сэрчмаа, Н.Огоо ирсэн үү, одоо хэдэн хүн талбай дээрээс суух юм бэ” гэж ангийн даргыгаа шалгаана. Энэ зуурыг хөөрөлдсөөр талбай хүрлээ. Автобусны буудлын сандал дээр сууж байсан зургаа долоон хүн шуугилдсаар автобусанд орж ирэв.

Цэнхэр дээл өмсч, жанжин малгай тавьсан уяач болов уу гэмээр 70 орчим насны эрэгтэй их л хөнгөн шингэн хөдөлгөөнтэй аж. Хүн бүр дэргэд нь очиж гар барин, хөөрөг зөрүүлээд “Үгүй ээ мөн ийм сайхан өдөр ирдэг ээ” гэсээр хөлсөө арчих аж. Тэрээр хөдөөнөөс иржээ. Хөдөөнөөс ирсэн гэх тав зургаан хүн байлаа. 50 гаруй жилийн дараа ангийнхантай уулзаж байгаа болохоор ч тэр үү сэтгэл хөдлөөд ойрын гурван хоног нойргүй хонолоо гэх хүмүүс ч байв. Зарим нь нэгнийгээ танихгүй бишүүрхэж хэсэг зогсонгоо “Чамайг гэж таньсангүй ш дээ. Эвий минь бие нь сайн уу, хаана амьдарч байна” гээд л тэврэлдэж хоолой нь зангиран, нулимс унагаж харагдав. Харин насаараа цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэх офицер эр “За хөвгүүд минь мэнд мэдээд охидоо үнсэхдээ үнсэлцэхгүй шүү” хэмээн хошигноод авав. Ингээд мэнд усаа мэдэлцэж аваад багшийнхаа зүг яаравчлан хөдөллөө. 

Хэдий 70 дөхөж яваа ч инээд цалгисан их өргөөндөө, хүүхэд ахуй цагтаа эргээд оччихсон юм шиг л хоорондоо хөгжилдөж, хөөр баяраар бялхсан инээд автобусаар нэг цангинана. Эрчүүд нь “Манай ангийн охид”, эмэгтэйчүүд нь “Хөвгүүд ээ” гэж дуудах аж. Тэгсэн хэрнээ хэн хэдэн хүүхэдтэй, хэдэн ач, зээтэй болсон гэж ирээд л яриа дэлгэнэ. Барилгын инженер О.Базар “Миний багш 20-хон настай, хонгор зүстэй байхад бид сэвлэг даахиа ч авахуулаагүй үе байсан. Тийм л залуугаараа биднийг хорвоотой танилцуулсан хүн дээ. Хичээлийн анхны өдөр 1958 оны есдүгээр сарын 25-нд манай ангийнхнаас хэдэн оны хэдэн сарын хэдэнд төрсөн болохыг асуулаа. Хэн ч төрсөн өдрөө мэддэггүй. Тухайн үед аав, ээж чи хавар, намар төрсөн л гэж хэлэхээс биш нарийвчилж хэлэх биш. Тэгсэн багш та нарын хорвоод шинэ хүн болж мэндэлсэн өдөр энэ өдөр байх болно гэж хэлж билээ. Одоо бидний ихэнхийнх нь иргэний үнэмлэх дээр төрсөн өдөр нь 1958 оны есдүгээр сарын 25 гэсэн байдаг” гэж ярив. Тэрээр ангийнхаа хамгийн үг яриа хурц, уран цэцэн үгтэй нэгэн гэнэ. Бусад нь ч ам булаацалдан “Багш ёстой л шинэ хүн болгосон” гэх. Ингээд зорьсон газраа ирлээ. Нэг ангийнхан багштайгаа уулзана гэхээс их л догдолж харагдана. Автобусны хаалгаар эрчүүд нь эхэлж буулаа. Харин эмэгтэйчүүд цүнхнээсээ гоёлын дээл гаргаж өмсөцгөөв. Бүгд л дээлийнхээ энгэрт эхийн нэг, хоёрдугаар одон гялалзуулж, зарим нь тэргүүний ажилтан зэрэг хэд хэдэн тэмдгээр гоёжээ. Автобусны хаалгаар буунгуут эрчүүд нь “Манай хэд чинь нөгөө хувцсаа өмсөөд нүүрээ будчихаараа дажгүй харагдаж байна” гэж ангийнхаа охидыг цаашлуулна. Багшдаа өгөхөөр хөдөөнөөс айраг, цагаа хүртэл авчирсан байв. Бага ангийн багш Басангийн Пэлжээ нь өдгөө 85 нас зооглож яваа бөгөөд жаахан чих хатууг эс тооцвол ануухнаараа байна. Тэрээр 400 гаруй шавь нартай хүн аж. Нэг ангийнхан багшдаа хадаг барин золгож үнсүүлнэ. Багш “Миний анхны шавь нар. Ширээ сандал дээрээ ч яаж суухаа мэдэхгүй будилж явсан үрс одоо намайг дагаад өтөлжээ” гэсээр нулимс унагаж сүйд болов. Пэлжээ 30 гаруй жил багшилсан нэгэн, 400 гаруй шавьтай гэнэ. Түүний шавь нараас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, өмгөөлөгч Монгол зэрэг улс төр, нийгэмдээ танигдсан олон хүн бий.  

Түүнийг 14 настай байхад анх крилл үсэг гарч “шинэ үсгийн багш”-аар хөдөө томилжээ. Хөдөө айлуудаар явж малчдад бичиг үсэг заана. Ингээд 1955-1958 оны хооронд Багшийн их сургуульд сурч ирэхэд шинэ сургууль ч нээгдэж анхны ангийг нь дааж авчээ. 

Пэлжээ багш нь морьтой явж ангийнхаа хүүхэд бүрийн гэрээр орж сургуульдаа явахыг шаарддаг байсан гэнэ. Шинэ залуу багшийн ангийнханд ч “Хорвоотой анх танилцсан нь”  зохиол дээр гардаг шиг  бүх зүйл ховор, сонин, содон харагддаг байж. О.Базар “Багийн даргын балыг харж байснаас гарнаас нь авч барьж үзээгүй байсан үе” хэмээн тухайн цаг үеэ тодотгоно. “1а” ангийнхан хоёрдугаар ангид ороход  сургуулийн хамгийн том ах эгч нар болж хувирахын зэрэгцээ доод ангийнхнаа асрах ажил гүйцэтгэдэг байжээ. Одоогийнх шиг паартай байшин, паалантай жорлон байх биш үүрийн 05 цагт босч хоёр хоёроороо сургууль дээрээ ирж жижүүрлэдэг байсан аж. Гал түлнэ, ангиараа мод хөрөөднө гээд аав, ээжийнхээ өврөөс ч гараагүй бяцхан багачуудын хувьд ахадсан ажил байсан нь тодорхой. Харин тэдний хувьд хамт олонтойгоо хөгжилдөж, эрдэм ном сурна гэдэг дээдийн жаргал байсан гэнэ. Нэг удаа М.Жөвжөө гэх охин ангийнхаа цоожийг хөшөөд эвдчихэж. Эрт ирээд ангидаа орох санаатай явсан нь тэр. Цоож онгойлгох гэж байгаад багшийнхаа хайчийг хүртэл хугалж байсан паянгаа ярьж “Тэр үед чинь хайч ховор байсан байхгүй юу” хэмээн ангийнхандаа хэлж инээлдэв. Мөн ангийнхаа зуухан дээр мөнгөлөг цаас тавьж байгаад элсэн чихэр хайлуулж иддэг байснаа дурсав. Бас болоогүй тэрийгээ булаацалдаж байгаад нэгнийхээ гарыг түлэх энүүхэнд байж. 

Тэд ангийнхаа даргыг сонгохдоо сумын төвийн цагаан охин гэх шалтгаанаар Л.Батхүрэлийг сонгосон гэнэ. Бүгд л малчдын хүүхэд байсан болохоор сумын төвийн хүүхэд арай өөр байх гээд шууд л гар өргөж сонгожээ. Харин ангийн дарга нь “Тухайн үед би сумын төвийнх гэлтгүй адилхан хөдөөний л хүүхэд байж таарна ш дээ” хэмээн даруухан инээнэ. Олон жил уулзалдаагүй ангийн нөхөд энэ мэт олон дурсамж хүүрнэж багшдаа “Үзэг барьсан турьхан гарт минь үг холбох аргыг заасан … Бага ангийн багшдаа баярлалаа” хэмээн нүдэндээ нулимстай аялж өгч Ц.Гунгаа, М.Жөвжөө, Н.Огоо, П.Долгор, Ц.Батчулуун, О.Базар, О.Хартолгой, Ж.Улаантолгой, Ц.Сэржмаа, И.Бат-Очир, С.Дэмбэрэл, Н.Лхагваа, Н.Дүүрэн, Л.Батхүрэл, Д.Дэмбэрэл гэж нэрээ бичсэн дурсгалын зүйлс гардуулав. Ингээд нар ч шингэж, нэг ангийнхан ч яарсаар хотын зүг хүлгийн жолоо залав. Буцах зуур нь нэг нь  “Энэ бидний ангиараа цугларсан сүүлчийн уулзалт байх даа” гэж гунигтайхан хэлэхэд нөгөө нь “Яалаа гэж багш минь буянтай хүн юм биднийг уулзуулаад. Үүнээс хойш холбоотой байж байнга уулзана шүү” гэсээр салцгаав.

Д.ДАВААСҮРЭН   

Categories
мэдээ цаг-үе

Цус сэлбэлт судлалын үндэсний төв цусны хомсдолоос гарчээ

Иргэдийн амралт, зугаалгатай холбоотойгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төв цусны хомсдолд ороод байсан билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд тус төвөөр үйлчлүүлэх цусны доноруудын хөл тасрахаа байсан аж. 

13 цагийн үед тус төвөөр ороход цусаа хандивлахаар ирсэн 10 гаруй хүн байлаа. Эдгээр хүмүүсийн ихэнх нь 1-3 удаа цусаа өгч байсан гэнэ. Зарим нь тусгай сандал дээр сууж цусаа өгч байсан бол нэг хэсэг нь үүдэнд ээлжээ дугаарлана. Харин цусаа өгсөн хэсэг нь үүдний  танхимд цай уунгаа амрах аж. Сувилагч нарын ярьснаар бол ойрын өдрүүдэд донорууд эрс нэмэгджээ. Үдийн үеэр 40 гаруй хүн цусаа хандивласан байв. Ингээд цусаа өгөөд гарч ирсэн охинтой цөөн хором ярилцлаа.

-Анх удаа цусаа хандивлаж байна уу?

-Би анх удаа өгч байна. Бид энд тавуулаа ирсэн. Хоёр нь өмнө нэг удаа өгч байсан. Харин гурав нь анх удаа цусаа өгч байна.

-Сэтгэгдэл хэр байна. Та нарын хандивласан цус бусдын амийг аварч байгаа шүү дээ?

-Сэтгэл өндөр байна. Цусаа өгнө гэж бодохоор их айдаг байсан. Яагаад ч юм өвдөх юм шиг санагдаад. Харин цусаа өгөхөд хүндрэлтэй зүйл огт байхгүй юм байна. Ялангуяа цусаа өгөөд сууж байхад миний цус олон хүнд хэрэгтэй. Би олон хүнд буян үйлдэж байна гэж бодохоор их гоё санагдсан.

-Оюутан уу?

-Тийм ээ. Одоо хоёрдугаар курсийн оюутан.

-Хэр их цус хандивласан бэ?

-350 грамм цус хандивласан. 

-Одоо бие тань зүгээр биз дээ?

-Зүгээр ээ. Цусаа өгч байхдаа л юүлж байгаа цус руугаа харахаар дотор муухай оргиод байсан. Одоо дажгүй. Цусаа өгсөн хүн бүрт цай, печень, 2000-4000 төгрөг өгдөг юм байна. Цайгаа уугаад хэсэг амарч байгаад гараарай гэж эмч хэлсэн. Сургууль орохоор найзуудыг дагуулж ирээд хамт өгнө өө. Хүнд буян үйлдэж байна гэж бодохоор их гоё санагдах болсон гэв.

Цусны төвөөр үйлчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь оюутнууд бололтой. Гурав, дөрвөөрөө явж харагдсан. Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зөвхөн цус авахаас гадна сийвэн цуглуулах өрөө гэж байдаг юм байна. Уг өрөөнд хоёр охин хэвтэж байв. Тэд сийвэн буюу зөвхөн цагаан эс өгч байгаа аж. Шар өнгөтэй уг шингэн цусны өвчин, хавдартай өвчтөнүүдэд хамгийн хэрэгтэй зүйл гэнэ.  

Сийвэн авахын тулд  өвчтөнөөс цусны шинжилгээ авах бөгөөд нэг удаад цуснаас арай их хэмжээгээр буюу 600 граммаар авдаг аж. Гэхдээ хүн бүр сийвэнгээ хандивлах боломжгүй юм байна. Шинжилгээ авч байж авах эсэхээ шийддэг аж. Сийвэнг их хэмжээгээр авдаг ч 7-10 хоногийн дотор ахин төлждөг бөгөөд анх өгч байгаа хүмүүс 14 хоногийн давтамжтайгаар дөрвөн удаа өгөх ёстой гэнэ. Харин дахин цусаа бэлэглэх бол эрэгтэй хүн хоёр сар, эмэгтэй хүн гурван сарын дараа өгч болох юм байна. Ингээд тус төвөөс Монголын Залуучуудын холбоо орлоо. Тус холбоонд явуулын цусны төв ажиллаж байв. Учир нь “Монголын залуучуудын өдөр” өчигдөр тохиосон бөгөөд Монголын залуучуудын холбоо олон ажил зохион байгуулсны нэг нь цус хандивлах арга хэмжээ байлаа. 

Тус холбооны явуулын цусны төвд мөн л 50 орчим залуучууд цусаа өгөөд байв. 

Энэ үеэр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн донорын эмч Р.Энхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Одоогийн байдлаар хичнээн хүн цусаа хандивлаад байна вэ?

– 09.00-13.00 хооронд нийтдээ 40 орчим хүн цусаа хандивлаад байна. Монголын залуучуудын  холбооноос гурав дахь жилдээ залуучуудаа донорын эгнээнд нэгдье арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдрийн хувьд жаахан идэвхи муутай байна. Гэхдээ өдөр тийшээ залуус ихсэх байх аа.

-Танай төв нэг хэсэг цусны хомсдолд орлоо гээд байсан. Одоогоор донор хэрэгтэй хичнээн өвчтөн байна вэ?

-Зуны улиралд ерөнхийдөө амралтын уур амьсгал орчихдог болохоор цусны хомсдолд орох тохиолдол гарна л даа. Бүлгийн хомсдол бага зэрэг гарсан. Гэхдээ бүр нөөц дуусчихсан юм байхгүй. Тэгээд ч сүүлийн үед фэйсбүүкийн 70, 80, 90-ээд оныхон, хөлбөмбөгийн фанатууд гээд олон группын залуус ирж донор болж цусаа хандивлаж байгаа. Ер нь иргэд, залуус маань ухамсартай болчихсон байна. Нэг удаа цусаа хандивласан хүн заавал дараа ирж идэвхтэй донор болж байна. Мөн манайх албан байгууллагуудаар явуулын цусны төв ажиллуулж байна. 

-Ямар бүлгийн цус хомсддог вэ?

-Жишээлбэл, хавдарт яаралтай эмчилгээ хийлгэж буй хоёр хүнд өвчтөн байлаа гэхэд хоёуланд нь нэгдүгээр бүлгийн цус хэрэглэж байдаг. Гэтэл I эмнэлэгт хагалгаа хийлгэж байгаа хүнд мөн нэгдүгээр бүлгийн цус хэрэгтэй болно. Бусад эмнэлэгт байгаа нэгдүгээр бүлгийн цусаа бүгдийг нь авах жишээтэй. Гэхдээ одоогоор бол айхтар хомсдсон юм бол байхгүй.

-Нэг хүний өгсөн цус хэдэн хүний амь аврах вэ?

-Нэг хүн дунджаар 350 грамм цус өгч байгаа. Тухайн цусыг нь сийвэн, хавдарт хэрэгтэй гэхчлэн гурав хувааж ангилаад хадгална. Тэгэхээр насанд хүрсэн гурван хүний амийг та цусаа хандивласнаар аварч байна гэсэн үг. 

-Сүүлийн үед ямар өвчинд цус их шаардагдах болсон бэ? 

-Хүн ам өдөр болгон л хэдэн мянгаар нэмэгдэж байна. Тиймээс бүх төрлийн л өвчинд цус шаардлагатай болдог. Гэхдээ элэг шилжүүлэх хагалгаанд маш их цус хэрэглэх болсон. Ер нь сүүлийн үед эрхтэн шилжүүлэх мэс засал ихэссэн. Энэ мэс заслын үеэр цус их алддаг учраас ийм төрлийн хагалгаанд цус илүү шаардлагатай болдог. Эрхтэн шилжүүлэх хагалгааны үеэр 200 хүний цус хэрэглэх тохиолдол ч гарна.

-Монголчуудын дийлэнх хувь нь ямар бүлгийн цустай вэ?

-Манай улсын хүн амын 40 орчим хувь нь нэгдүгээр бүлгийн цустай, 30 гаруй хувь нь гуравдугаар бүлгийн цустай гэсэн судалгаа байдаг. Харин үлдсэн хувь нь II, IV бүлгийн цустай. 

-Цусаа хандивлаж байгаа хүмүүсийн хувьд ихэвчлэн ямар цустай байна вэ?

-Нэгдүгээр бүлгийн цустай байна. Хуучин нэгдүгээр бүлгийн цусыг бусад бүлгийн цустай хүмүүст хэрэглэдэг байсан бол одоо тухайн бүлгийн цусыг нь л хэрэглэдэг болсон. Тиймээс дөрвөн бүлгийн цус бүгд хэрэгтэй гэв.

Ер нь хичээл сургууль орохтой холбоотойгоор донорууд ихсэх хандлагатай байдаг аж. Оюутнууд ч цусаа хандивлах сонирхолтой болжээ. Тиймээс цусаа бэлэглэхийг хүссэн хүмүүс өмнө нь шаралж байгаагүй, ДОХ, Тэмбүү зэрэг халдварт өвчингүй байх шаардлагатай аж. 17 нас хүрсэн иргэн та цусаа өгөхөөр шийдсэн бол урьд орой нь согтууруулах ундаа хэрэглээгүй, өөх тостой хоол, будагтай жимс, хүнсний ногоо хэрэглээгүй байх ёстой аж. 

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Энэ жил тариаланчид арвин ургац хурааж магнай тэнийх нь

Ногоочдын магнай тэнийж тонн тонноор төмс хурааж байгаа бол тариаланчид тэнгэрийн таалалд талархаж улаан буудайгаа хугацаанаас нь өмнө ангилан хадаж эхэллээ. “Жаргалант харвест” компани 1800 га талбайд улаан буудай тарьжээ. Тариан талбайд ормогц буудайны өндөр нь дунд зэргийн нуруутай хүний мөрөөр татах аж. Энэ сарын эхээр бороо татарч, хэд хоногийн турш нар ээсэн болоод ч тэр үү улаан буудайн болц гүйцжээ. Уг нь бол тариаланчид есдүгээр сар гаргаад ургацаа хураадаг. Комбайн тариан талбайгаар тоос татуулсаар өнгөрөхөд алтран шаргалтах тариан түрүү ханаран унана. Энэ л дүр төрхийг харж зогсоо Р.Ууганбаяр тариаланчийг харахад юутай аз жаргалтай. Шанаа даган урсах хөлсөө шороотой гараараа шудраад комбайны гаргасан тариан мөрөөр гүйн очиж, ургацынхаа дээжийг нандигнан халааслаад  “Энэ жил нар, хур тэгширсэн үнэхээр сайхан зун болж, эх дэлхий өгөөжөө хайрлалаа” гэсээр өөдөөс угтав.  Өнгөрсөн хавар улсаас элит сортын үрийг тариаланчдад тонн тутмыг нь 800-900 мянган төгрөгөөр худалдсан. Тэгвэл Р.Ууганбаярын  “Жаргалант харвест” компани уг элит сортын үрээс авч тарьжээ. Улаан буудай эрт боловсорсон нь цаг агаараас гадна элит сортын үрийн онцлогт оршиж байгаа гэнэ. Хурдан боловсрохоос гадна цутгалт сайтай, дээд зэргийн чанартай улаан буудай ургадаг аж. Одоогийн байдлаар тус компани га-гаас 20 центнер буюу хоёр тонн улаан буудай хурааж авч байгаа гэнэ. Монголд цөөхөн байдаг есөн метрийн урт хадууртай “Challenger” талбайд тоос татуулна. Тус комбайн хог хаягдал бага гаргадаг байна. Эдний хувьд ангилан хадах аргаар тариагаа хурааж байгаа. Учир нь тарианы иш өндөр ургасан. Хэрвээ богинохон иштэй бол шууд хадах арга замаар тариагаа хураадаг бололтой. Гэхдээ энэ нь их хаягдал гаргах магадлалтай аж. Элит сортын үрийг хойтон жил гаднаас үнэтэй авч байхаар дотоодын компаниуд өөрсдөө үрээ улсад нийлүүлэх сонирхолтой байгаа гэсэн. Р.Ууганбаяр гэхэд л “Энэ жил манайх 3000 тонн үр улсын нөөцөд худалдах бодолтой байна” гэв. Ингэснээр хэн, хэндээ ашигтай аж. Элит сортын үрээ тариаланчид тонныг нь 500 мянгаар худалдах бодолтой байгаагаа ҮХАА-н дэд сайд Ц.Туваанд  илэрхийлж байв. Ингээд Сүмбэр сумыг зорилоо. Мөн л тариаланчид нь ангилан хадалт хийгээд эхэлчихэж. Сүмбэр сумын хувьд газар нутгийн хэмжээ багатай учраас 10700 га талбайд тариалалт хийжээ. Харин Засаг дарга Р.Билэгсайханы яриагаар бол хадлангийн газаргүй гэнэ. 37 мянган толгой малтай учраас Баруунхараа, Орхонтуул зэрэг зэргэлдээх нутгуудаас туслалцаа авдаг бололтой. Сүмбэр суманд саяхан алт гарсан сургаар энэ тэндээс хэдэн мянган хүн цугларч хөрсийг нь самрах шахсан. Тэгвэл эдгээр нинжа нарыг тарааж, алт гарсан гэх уулыг лиценз эзэмшигч Оросын компани мэдэлдээ авчээ. Засаг дарга Р.Билэгсайхан “Арав гаруй аймгаас цугларсан алтны нинжа нэртэй өчнөөн мянган хүнийг гурван удаагийн оролдлогоор албадан тараасан. Үнэхээр аюулын түвшинд хүрчихсэн байсан. Ухсан шороогоо булаацалдаад эмэгтэй хүний хацрыг урчихсан хэрэг гарсан. Гэтэл өнөөх эмэгтэй нь хацрынх нь арьс урагдаад унжчихаад байхад буцааж наагаад нүх рүүгээ шороо ухах гээд орно гэдэг юу гэсэн үг вэ. Цаг алдсан бол үүнээс ч аймаар хэрэг гарах нөхцөл бүрдчихсэн байсан” гэв. Харин одоо орон нутгийн иргэд тайвширч тариа, ногооныхоо ажилд гараад байгаа гэсэн. Гэхдээ тус газрын зөвшөөрлийг цуцалж улсын мэдэлд өгөх эсэхээ удахгүй сум, аймгийн удирдлагууд хуралдаж шийдвэр гаргах бололтой. 

Төв аймгийн хэмжээнд нийт 66 мянга гаруй га талбайд тариалалт хийснээс 80 орчим хувьд нь улаан буудай  тарьсан бай­на. Цээл, Аргалант, Эрдэ­нэсант, Борнуур, Жаргалант, Угтаалцайдам, Сүмбэр зэрэг ихэнх сумдад ургацын гарц сайн байгаа аж. 

Харин Сэлэнгийн тариаланчид хараахан ангилан хадалтад ороогүй байна. Хур бороо ихтэй байгаа учраас тариа алаг цоог болцтой байв. Харин “Гацуурт”, “Арвин хур” зэрэг томоохон компаниуд дэвшилтэт технологи ашигласны үндсэн дээр улаан буудайн гарц сайнаас гадна зэрлэг гэх юмгүй ургажээ. Аймгийн хэмжээнд тариа, ногоо хураалтад 100 хувь бэлтгээд байгаа аж. Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат “Манай аймаг нийт 164 мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 138 мянган га-д улаанбуудай, үлдсэн талбайд тос, тэжээлийн ургамал тарьсан. Урьдчилсан балансаар бол өмнөх жилийнхээс хэд дахин их ургац авах төлөвлөгөөтэй байна” гэсэн товч мэдээлэл өгөөд авлаа.  Сэлэнгийн Зүүнбүрэн, Цагааннуураар байрлах тариалангийн талбай бүрийн хажууд будаа хадгалах элеватор харагдсан. Ийм бетон элеватор ҮХАА-нд 180 мянга гаруй тонн хадгалах нөөцтэйгөөр байгаа юм билээ. Ер нь бол хоёр, гуравхан жилийн өмнө тариаланч ч тэр, улс ч тэр будаа хадгалах сав хомс, тариагаа их хэмжээгээр нь нөөцөлж чадахгүй хөгцрүүлж хаях тохиолдол их гардаг байлаа. Тэгвэл энэ зовлон нэгэнт ард хоцорчээ. Тариаланчид хувийн өмч гэлтгүй үнэхээр хөдөлмөрлөдөг, хийж буй ажилдаа сэтгэл гаргаж ажилладаг болж. Үнэхээр улсаас тийм дэмжлэг, ийм дэмжлэг хэрэгтэй байна гэх үг амнаасаа унагаах тариаланч таарсангүй. Харин тийм бололцоог олговол өөрсдөө, орон нутагтаа тийм үйлдвэр барьж босгоё гэх хүн олон тааралдсан. Хувь хүмүүсээс гадна “Гацуурт”, “Арвин хур” гэх томоохон компаниуд хөдөө аж ахуйн салбарт том орон зай эзлэх болсон нь тод харагдсан. Газар тариалангаас гадна мал үржүүлгийн аж ахуй, өвс хадлан бэлтгэх, зөгий үржүүлэх гээд хийхгүй ажил тэдэнд алга. Ингэхдээ орон нутагт ажлын байр нэмэгдүүлж, бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийдэг бололтой. “Арвин хур” компанийн асар том усалгааны систем гэхэд л Монголдоо анхдагч төдийгүй ганцхан гэгдэх систем. Тус компани улаан буудайнаас гадна рапс тарьж ургамлын тос хийх болжээ. Нэг литрийн савлагаатай “Арвин хур” тос 10 мянган төгрөгөөр хотын сүлжээ дэлгүүрүүдэд зарагдаад эхэлжээ. Герман технологийн дагуу хийж буй уг тос цэвэр гэдэг утгаараа бага зэрэг үнэтэй юм байна. Эдний хамгийн том зорилт бол уг тосыг экспортлох аж. Өдөрт 200 литр тос одоогоор үйлдвэрлэж байгаа талаар үйлдвэрийн ажилтан ярьсан. Ийм л бүтээн байгуулалт, шинэ ажлууд хөдөөд ид өрнөж байна. 

Сэлэнгийнхний хувьд дотоодын улаан буудайн хэрэгцээний 60 хувийг хангадаг гэхэд болно. Мөн хүнсний ногооны дийлэнх хувийг тус сумын Шаамар зэрэг нэр бүхий сумд нийлүүлдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд ашиг багатай, ажиллагаа ихтэй гээд ногоочид тариа болон зөгийн аж ахуй руу урвах болсон байна. Энэ жил гэхэд 100 гаруй ногоочин зөгийн аж ахуй руу оржээ. Уг нь энэ аж ахуй хэрэгтэй ч хэтдээ хүнсний ногооны хомсдолд орж, ёстой л урдаас орж ирсэн ногоогоор бөмбөгдүүлэх вий гэсэн айдас аймгийн удирдлагуудыг түгшээх болжээ. Мөн Зүүнхараа, Баруунхараа зэрэг нутгаар ургадаг “Жиргэвэр үү, дэргэвэр үү” гэх ургамал асуудал дагуулах болжээ. Энэ ургамалыг хятадууд их хэмжээгээр авдаг бөгөөд монголчуудаас багагүй мөнгөөр худалдаж авдаг байна. Эсвэл өдөрт хэдэн төгрөг өгөөд түүлгэдэг гэнэ. Чөдөр өвстэй төстэй уг ургамлыг юунд хэрэглэдэг нь одоогоор тодорхой бус байгаа ч ургамлын цэцэг бус үндсийг нь ашигладаг юм байна. Үндэс нь газрын гүнд 20-30 см гүн ургадаг учраас газрын хөрсийг ихээр гэмтээдэг аж. Иймэрхүү ганц нэг зовлонг эс тооцвол Сэлэнгийнхэн сэрүү орохоос өмнө тариа, ногоогоо хураах гээд тун ч завгүй байна. 

Д.ДАВААСҮРЭН  

Categories
мэдээ цаг-үе

Жаргалантын ногоочид ургац арвинтай, болж бүтэж байна гэсэн амны бэлгэтэй явна

Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваанаар ахлуулсан ажлын хэсгийнхэн
газар тариалангийн бүс нутгаар явж тариаланчдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Манай улс энэ жил нийт 420 мянга гаруй га-д тариалалт хийсэн. Үүнээс 310 мянга гаруй
га-д үр тариа тарьснаас 293 мянган га-д улаанбуудай тарьсан бол 13 мянган га-д төмс,
7.9 мянган га-д хүнсний ногоо тарьсан байна. Монголын хүнсний ногоо болон улаанбуудайны
хэрэгцээний дийлэнх хувийг Төв, Сэлэнгэ аймгийн ногоочид хангадаг. Тэгвэл тус аймгийн
тариаланчид аль хэдийнэ ургацаа хураагаад эхэлжээ.

Ногооны талбайд капатал паржигнана. Тракторын гаргаж буй энэ их чимээнээр
талд хургасан шувууд дэр хийтэл ниснэ. Харин талбайд ногоочид амсхийх завгүй бөхөлзөнө.
Капатал өнгөрөв үү үгүй юу шуудай барьсаар хоёр хоёроороо төмс түүнэ. Үр, таваар
гэлтгүй шуудайлах аж. Төв аймгийн Жаргалант сумын “Сав” хоршооны ногооны талбайд
төмс хураах ажил ид өрнөж байгаа нь энэ. Тус хоршоо энэ жил 40 га-д төмс, хоёр га-д
сонгино, 1.5 га-д лууван манжин, байцаа тарьжээ. Байцаагаа аль хэдийнэ хураагаад
авчихаж. Харин төмсөө энэ сарын 18-ны өдөр ийн хурааж эхэлж буйтай таарсан юм. Намрын
их ургац хураалтын өмнө ургацынхаа гарцыг судлахаар бага хэмжээний туршилт маягаар
төмс хурааж байгаа гэнэ. Өнөө жил ногооны гарц сайн байгаа талаар хоршооны тэргүүн
С.Нямрагчаа хэлэв. Нэг га талбайгаас дунджаар 20 тонн төмс авч байгаа аж. Одоохондоо
хөрс суугаагүй, хальс нь нимгэн байгаа учраас жижиг төмсийг үрэнд нөөцлөхөд тохиромжгүй
гэнэ. Тиймээс аль болох хаягдалгүй түүхийг ажилчдадаа анхааруулж байгаа нь сонстов.
Уг хоршоо герман сортын үрийн төмс тарьжээ. Шаргалтсан өнгөтэй том төмс харагдсан.
Эхний ээлжинд хураасан төмсөө хот руу зах зээлд нийлүүлэн мөнгө болгоод түүгээрээ
үлдсэн ургацаа хураах бензэн тос, ажилчдын хөлс зэргээ зохицуулдаг юм байна. “Сав”
хоршоо өнгөрсөн жил улсын шилдэг хоршоогоор шалгарчээ. Харин энэ жил өмнөхөөс илүү
ургац хурааж авахаар зорилт тавьсан байна. Жаргалантад төмс бөөндөө кг нь хэдэн
төгрөгийн үнэтэй байгааг ногоочдоос сонирхвол 350-450 төгрөгийн үнэтэй гэв.  Тэгвэл хамтдаа  бяцхан тооцоо хийж үзье. “Сав” хоршооны хувьд
нэг га талбайгаас 20 тонн төмс дунджаар хурааж байгаа гэсэн. 40 га талбайгаасаа
нийт 800 тонн төмс хурааж авах тооцоолол бий. Ингээд 800 тонн төмсөө кг-ыг нь
350 төгрөгөөр бөөндлөө гэж бодоход 280 сая төгрөгтэй болно гэсэн үг. Гэхдээ энэ
бол урсгал зардлыг оруулаагүй гаргасан тооцоо. Энэ ашгаа хоршооны найман иргэн хувааж
авах юм. Ингээд бодохоор Жаргалантын иргэдийн ганц амин зуулга нь газар тариалан
гэдэг нь тод харагдаж байгаа болов уу. Тус суманд хашаандаа ногоо тарьдаггүй айл
гэж байхгүй. Бүгд өөрсдийн боломж бололцоогоороо хүнсний ногоо тарьж амьдралаа залгуулж
байна. Сүүлийн үед ногоочид олноороо нийлж хоршооллын бизнес эрхлэх болжээ. Энэ
нь эрсдэл багатай төдийгүй нэгдэж нэг ажлын ард гарахад дөхөм байдаг гэнэ. Сумын
хэмжээнд нийт 2560 га-д төмс тарьсан байна. Суманд нийт 70 орчим хоршоо байдаг юм
билээ. Үлдсэн нь хувиараа ногоо тарих эсвэл улирлын чанартай ажил хийж мөнгө олно.
Талбайд төмс шуудайлж буй нэгэн хүүтэй уулзлаа.

-Аав,
ээжтэйгээ төмс хурааж байна уу?

-Аавтай хамт ирсэн.

-Жаргалантынх
уу?

-Үгүй ээ. Би Хөвсгөлөөс ирсэн. Энд хамаатныдаа намрын ажил хийгээд
түр байгаа.

-Хэддүгээр
анги вэ. Энд ирээд хичнээн төгрөгийн ажил хийв?

-Одоо тавдугаар анги. 600 мянган төгрөг авсан. Хичээл орох дөхүүлээд
хот явж цүнх, номоо бэлдээд аавтайгаа нутаг буцна.

-Өдөрт
хичнээн шуудай төмс шуудайлж байна?

-Өдөрт үү, 15 шуудай.

-Нэг
шуудай нь хэд вэ?

-800 төгрөг гэв. Ер нь намрын ажлын үеэр Архангай, Говь-Алтай, Хөвсгөлөөс
хүмүүс ирж ногоо хураах ажил хийдэг байна. Ногоо хураах цагаар сумын хүн ам
3000-аар нэмэгддэг талаар сумын Засаг дарга Д.Ганболд онцлов. Ингээд ногоочин Ү.Эрдэнэбилэгийн
талбайд очлоо. Эднийх мөн л эрт болцын ногоогоо хураагаад эхэлжээ. 60 га талбайд
төмс тарьсан байна. Эрт болц гэдэг нь 60 хоногийн хугацаанд ургаж гүйцэх үр тарьсан
гэсэн үг. Эрдэнэбилэг эхнэртэйгээ 20 орчим жил ногоо тарьж байгаа юм байна. Энэ
жил га-аас 17-20 орчим тонн төмс авч байгаа бололтой. Нийтдээ 1000 гаруй тонн төмс
авах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Харахад их тоо боловч ашгийн 50 хувь нь хүн хүч
ажиллуулахаас эхлээд урсгал зардалд явчихдаг гэнэ. Бусад ногоочдыг бодвол ногоогоо
борлуулахын тулд нэгэн санаа бизнестээ нэвтрүүлжээ. Нэг, хоёр кг-аар савласан ногоо
хотын сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлж эхэлсэн байна. “Нийслэл” гэсэн хаягтай төмс кг
нь 1000 төгрөг бол хоёр кг нь 2000 төгрөгийн үнэтэй юм байна. Мөн сонгино, төмс,
лууван гээд цуглуулга нь 2000 төгрөг аж. Ингэж савласан ногоог авах сонирхолтой
үйлчлүүлэгч ч ихэсчээ. Гэхдээ савласан ногоог зах зээлд гаргахын тулд ажиллагаа
их ордог талаар түүний эхнэр ярьсан. Ногоогоо хураахдаа талбайд сумын иргэд болон
сургуулийн сурагч, цэргүүдийг гэрээгээр ажиллуулна. Ингээд хураасан ногоогоо талбайгаас
ачиж сумын төв дэх хашаандаа аваачиж ангилан ялгаад шорооноос салгаж хот руу оруулдаг
байна. Ингээд хотод түрээсэлдэг түрээсийн байрандаа буулгаж бэлдсэн уутандаа дахин
ажилчид хөлсөлж савлуулдаг байна. Ингэж хэрэглэгчдийн гарт савлагаатай ногоо хүрдэг
аж. Ер нь Жаргалантын ногооны гарц сайн байна. Гарц сайн байгаа нь хөлсөөр ажиллаж
буй хүмүүст ч таатай байгаа бололтой. Ү.Эрдэнэбилэгийн талбайд ажиллаж буй Д.Болормаа
бүсгүй гэр бүлээрээ хотоос ирж ажиллаж байгаа юм байна. Нөхөр, хоёр хүүхэдтэйгээ.
Том охиныхоо хичээлийн хэрэгслийг бэлдэх гэж хотоос иржээ. Харин бага хүүг нь харах
хүн байхгүй болохоор аваад ирж. Өдөрт дунджаар гэр бүлээрээ 40 шуудайгаас дээш түүчихдэг
байна. Тэгээд өдөрт гурван удаа хоол үнэгүй иднэ. Ер нь хүн хөлсөлж ажиллуулж буй
ногоочдын яриагаар бол сумын иргэд, сургуулийн хүүхдүүдийг ногоо хураахад дайчилсан
нь илүү хурдан, бүтээмж өндөртэй байдаг бололтой. Цэргийн байгууллагатай гэрээ хийж
цэргүүд ажиллуулахаар өдөрт нэг цэрэгт 25 мянган төгрөгийн цалин өгдөг гэнэ. Харин
цэргүүд капатал руу огтхон ч ойртдоггүй байна. Учир нь дарга нь амиа алдав гэсэн
хатуу сануулга өгч явуулдаг бололтой. Тиймээс “Дарга техник рүү ойртож болохгүй”
гэсэн тушаал буулгасан гээд хөдөлдөггүй аж. Гэхдээ цэргүүд шуудайтай төмс, ногоо
машины тэвшинд ачиж, буулгах хүчний ажилдаа тун ч шаламгай аж.  Ногоочдын ярьж буйгаар байцаа, хулуу зэрэг хүнсний
ногоог тогоон чинээ ургуулж болдог байна. Арчилгаа сайтай ямар ч ногооны болц сайн
байдаг төдийгүй хэмжээ нь томордог байна. Нэг байцаа 5-7 кг татах нь ч бий. Гэвч
дэлгүүрийн лангуун дээр очихоор иргэд төдийлөн тийм том байцаа авах сонирхолгүй
байдаг байна.  

 

Талбайд ажиллаж буй сурагчтай цөөн хором ярилцлаа.

 

-Хэддүгээр
анги вэ. Ангиараа ажиллаж байна уу?

-Найзуудтайгаа ажиллаж байна. Хичээл орохоор ургац хураах ажилд дайчлахаар
долоо хоног амардаг. Ангийн багш ногоочидтой гэрээ хийгээд бид ажилладаг.

-Ер
нь хичнээн төгрөг олдог вэ?

-Би нэг удаа сая гаргаж цалин авсан. Зуны амралтаар ажилласантайгаа
нийлээд л дээ. Ангийнхантайгаа явахдаа дор хаяж 200 мянган төгрөгийн ажил хийчихдэг.

-Ядардаг
уу?

-Одоо ахлах ангид орчихсон болохоор гайгүй. Анх гурав хоног төмс
шуудайлахад  өөрийн эрхгүй ядраад шөнө хар
дараад унтаж чаддаггүй байсан. Бүр зүүдэнд төмс түүгээд, тракторын чимээ чихэн дээр
дуугараад хэцүү байдаг. Одоо бол зүгээрээ. Өлсөхгүй л бол ядрахгүй.

-Хичээлийнхээ
хэрэглэлийг бэлдсэн үү?

-Бэлдсэн. Зун ногооны зэрлэг зулгаагаад олсон мөнгөө ээжийг хот явахад
өгөөд хичээлийнхээ хэрэглэлийг авчихсан. Би айлын том хүү. Дороо гурван дүүтэй.
Хоёр дүүгийнхээ хичээлийн хэрэглэлийг бас олсон мөнгөөрөө авч өгсөн гэв.

Ногоочид хүн хөлсөлж ажиллуулахдаа цалинг нь өдөр өдөрт нь өгчихдөг
юм байна. Тийм болохоор иргэд ч ажиллах сонирхол их байдаг аж. Жаргалантын хувьд
манай улсын хүнсний ногооны 30 орчим хувийг дангаараа нийлүүлдэг байна. Байгаль
дэлхий нар, хураа харамгүй хайрласан болоод ч тэр үү энэ жил тус сум арвин ургац
авах бололтой. Харин ногоочдын хувьд нэг асуудал тулгарч байсан нь зоорь. Болж өгвөл
сумандаа зоорь барих талд нь төр засаг дэмжиж ажиллахыг хүсч байсан. Тэрнээс ногоочид
алхам тутамд тулгардаг жижиг сажиг асуудлаа хүний гар харахгүй өөрсдөө зохицуулдаг
болжээ. Тухайлбал, Жаргалант суманд төмсний хаягдлыг боловсруулах үйлдвэр барьж
байгаа аж. Төмс хуурах үед жижиг болон хагарч бяцарсан төмс их гардаг. Тэгвэл үүнийг
ашиглаж үйлдвэрийн аргаар цардуул цавуу, чипс зэрэг хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн
хийхээр төлөвлөж байгаа юм билээ.

 Д.ДАВААСҮРЭН

Үргэлжлэл бий>>

Categories
мэдээ цаг-үе

Хувийн цэцэрлэгүүдийн сарын төлбөр дунджаар 120-450 мянган төгрөг байна

Энэ сарын 25-наас улсын цэцэрлэгүүд бүртгэлээ албан ёсоор эхлэх гэж
байна. Улсын хэмжээнд нийт 1017 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг аж. Үүнээс 764 нь
улсын цэцэрлэг бол 303 нь хувийн эзэмшлийн цэцэрлэг. Нийслэлд нийтдээ 430 гаруй
цэцэрлэг ажиллаж байгаагаас ердөө 178 нь улсын цэцэрлэг аж. Тэгэхээр төрийн ачааг
хувийн хэвшил нэртэй цэцэрлэгүүд ерөнхийдөө хөнгөвчилдөг гэж ойлгож болно. Хувийн
цэцэрлэгүүд аль хэдийнэ бүртгэлээ эхэлжээ. Өчигдөр гэхэд л 25 дугаар эмийн сангаас
III, IV хороолол руу өгсөх замд байрлах “Гэгээн өргөө” цэцэрлэг нээлтээ хийж, элсэлтээ
авч эхэллээ. Тус цэцэрлэг бага буюу хоёр наснаас доош болон холимог бүлэгтэй. Хоёр
бүлэгт нийтдээ 30 хүүхэд хүлээн авах боломжтой гэнэ. Нээлт хийсэн эхний өдөр л дөрвөн
ч хүүхэд хэдийнээ бүртгүүлээд орчихсон байв. Эдгээр хүүхдүүд өнгөрсөн жил уг цэцэрлэгт
сурч байсан юм байна. Эцэг, эх нь нээлтээ хийхээс нь өмнө хүүхдүүдийнхээ бичиг баримтыг
бүрдүүлээд утсаар яриад захиалга өгчихсөн байжээ. Ер нь тэр хавийн оршин суугчдын
хүүхдүүд ихэвчлэн суралцдаг гэнэ. “Гэгээн өглөө” цэцэрлэгийн хувьд хотын төвд байрлалтай
төдийгүй сувиллын үйлчилгээг багачуудад үзүүлдгээрээ онцлогтой.

Төлбөрийн тухайд гэвэл сарын 200-220 мянган төгрөг аж. Хэрвээ нэг
гэр бүлээс хоёр, түүнээс дээш хүүхэд тус цэцэрлэгт бүртгүүлсэн тохиолдолд нэг хүүхдийн
төлбөрийг сарын 200 мянгаар тооцож авдаг юм байна. Энэ үеэр зарим эцэг, эхчүүдтэй
цөөн хором ярилцлаа.

-Та
анх удаа энэ цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлж байна уу?

-Тийм ээ. Манайх “UB palace”-ийн хажуугийн байранд амьдардаг. Гэртэй
ойрхон болохоор хүүхдээ энд өгдөг юм билүү гээд нөхөртэйгөө хамт үзэж явна.

-Улсын
цэцэрлэгт бүртгүүлэхгүй байсан юм уу?

-Ойр хавьд нэлээд хэдэн хувийн цэцэрлэг бий. Улсын цэцэрлэг жаахан
зайтай. Тэгээд ч олон хүүхэдтэй шамбааралдуулж байхаар гээд энд бүртгүүлчихлээ.

-Таны
хүүхэд хэдэн настай вэ?

-Хоёр ойтой.

-Төлбөрийн
хувьд хэр санагдав?

-Манай байрнуудын дунд нэлээд хэдэн цэцэрлэг байдаг. Ер нь л сарын
300 мянгаас буухгүй юм. Хотын төв рүүгээ тэрнээс ч үнэтэй юм билээ гэв.

Ингээд хотын төвийн хэд хэдэн цэцэрлэгээр орлоо. Үнийн хувьд
250-450 мянгын хооронд хэлбэлзэх аж. “Компьютер ланд”-ын хажууханд байрлах “Монцакира”
орос цэцэрлэг мөн л элсэлтээ аваад эхэлчихэж. Сарын 300 мянган төгрөг юм байна.
Хувийн цэцэрлэгүүд ихэнхдээ л хоёр мэргэжлийн багш, хоёр туслах багштай үйл ажиллагаа
явуулж байна. Орчны хувьд сургуулийн өмнөх боловсрол олгох газар ямар байх ёстой
тийм л нөхцөлийг бүрдүүлсэн байлаа. Гурван настай хүүхдээ тэвэрсэн хосуудтай таарлаа.
Тэд цэцэрлэг хайж яваа гэнэ. Уг нь Баянгол дүүргийн харьяатай хэдий ч жил болгон
улсын цэцэрлэгт оруулж чаддаггүй гэдгээ хэлэв. Тэгээд ч удахгүй нөхөр нь намрын
ажилд гарах гэж байгаа болохоор хүүхдээ хувийн цэцэрлэг бараадуулахаар шийджээ.
Эхнэр нь төрийн албан хаагч гэнэ. Хосууд хүүхдээ цэцэрлэгт оруулахаар хэд хэдэн
хувийн цэцэрлэгээр орсон бололтой. Ингээд Модны хоёрт байрлах нэг цэцэрлэгт оруулахаар
болжээ. Төлбөр нь сарын 280 мянган төгрөг юм байна.

Ингээд гэр хорооллын ганц, нэг үүдээ нээсэн цэцэрлэгээр орлоо. Сонгинохайрхан
дүүргийн VI хороо буюу “Алтантариа” гурилын үйлдвэрийн хажууд гэр хороолол дунд
“Тэвхэн багачууд” гээд цэцэрлэг бүртгэлээ аваад эхэлчихэж. Энэ хэсгийн айлууд хотын
төвөөс алслагдмал, үйлдвэр ихтэй газар юм. Тиймээс оршин суугчид дор хаяж Таван
шарын автобусны буудал руу хэдэн км уруудаж байж хүүхдээ өгдөг байж. Гэхдээ ихэнх
айлууд хүүхдээ хүн хөлсөлж харуулах, эсвэл гэртээ цоожлоод явдаг байсан бололтой.
Тэгвэл өнгөрсөн жилээс ойр орчмын эцэг, эхчүүд хүүхдээ “Тэвхэн багачууд” цэцэрлэгт
өгөөд эхэлжээ. Тус цэцэрлэг сарын 140 мянган төгрөгийн төлбөртэй төдийгүй цагаан
хоолтой юм байна. Эцэг, эхчүүд хоолны цэсийг нэлээд сонирхох болжээ. Гэр хорооллын
цэцэрлэгүүд сарын төлбөр дунджаар 100-180 мянган төгрөг юм билээ. Хувийн цэцэрлэгүүдэд
та хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийнхээ эрүүл
мэндийн шинжилгээнд хамрагдсан эрүүл мэндийн дэвтэр болон хоёр хувь цээж зураг,
сарын төлбөрийн мөнгөтэйгөө очиход л хангалттай аж. Өөрөөр хэлбэл харьяалал хамаарахгүй
гэсэн үг.

Харин улсын цэцэрлэгүүд 2-5 насны хүүхдүүдийг бүртгэхдээ ямар бичиг
баримт бүрдүүлэхийг эцэг, эхчүүдэд энэ сарын 20-ны дотор мэдээлэх аж.

 Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Бартаат замын “ХАНХҮҮ”

“Сайн байна уу” гэсээр нүдээрээ инээсэн туранхай бор залуу хаалга тайлж өглөө. Тэрээр орноосоо босоод удаагүй бололтой “Та нарыг хүлээгээд сууж байлаа” гэсээр угтав. Өглөөний 09.00 цагийн үед “Танайд өнжье” булангийнхаа энэ удаагийн зочныд яаравчлан очсон нь энэ. Түүнийг олон улсын хэмжээний мастер, Монголоос төрөн гарсан Ази тивийн  анхны аварга Э.Халиунболд гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ нэрийг сонсмогц уншигч түмэн мото спортын Халиука гэдгээр нь андахгүй биз ээ. Учир нь тэрээр Монголд мото спортын ямар л тэмцээн уралдаан болно тэргүүн байрт л ордог тамирчин. Зөвхөн Монгол гэлтгүй гаднын олон тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг гаргаж мотоциклийн бартаат замын уралдаан буюу мото кросс төрөлд манлайлагч нэгэн билээ. Түүний аав Ш.Эрдэнэбилэг, ах Ууганбаяр гээд гэр бүлээрээ мото спортын Монголын нэртэй тамирчид. Тиймээс энэ удаа хурдны хаадынд ийн зочилсон хэрэг. Э.Халиунболд “Олимп” хотхонд хоёр өрөө байранд ганцаараа амьдардаг юм байна. Харин биднийг очих үед аавындаа байсан юм. Гэрийн эзэн Ш.Эрдэнэбилэг хөдөө ажлаар авсан гээд эзгүй байлаа. Харин Халиукагийн ээж Н.Энхжаргал  мэнд мэдээд цай унд авчрахаар гал тогооны өрөө рүү орж харагдав. Халиунболд эхээс гурвуулаа. Түүний ахыг олон улсын шүүгч, нэгэн үе мотоциклийн бартаат замын уралдаанд өмнөө тамирчин оруулдаггүй байсан Ууганбаяр гэдгийг спорт сонирхогчид мэднэ. Тэрээр гэр бүлээсээ өрх тусгаарласан ч биднийг очих үед ирсэн байв. Харин эгч Ундраа нь Японд амьдардаг ажээ. Зочны өрөөнд нь дүүрэн цом, өргөмжлөл, медаль харагдана. 

Энэ бол аавынх нь амжилт. Харин хоёр хүүгийнх нь өөрсдийнх нь гэрт байдаг гэнэ. “Манай харчуул бүгд мотоцикльд хоббитой. Охин маань энд байхдаа хүртэл мотоцикль сонирхдог байлаа. Харин эгч нь мотоцикль сонирхох нь битгий хэл айгаад араар нь ч сундалж явдаггүй”  хэмээн эзэгтэй Н.Энхжаргал хөөрөлдөв. Н.Энхжаргал нөхөр, хоёр хүүгийнхээ уралдааныг үзэхээр олон ч тэмцээн уралдаанд дагаж явдаг байсан гэнэ. Уралдааны замыг нүдээр харах, биеэр туулах хоёрын хооронд тэнгэр газар шиг л ялгаа байдаг талаар тэрээр ярив. Энгийн хүн уралдааны бэлтгэсэн замаар хэд алхаад л цуцаж, энхэл донхол руу нь хөл алдаж гишгэхээс эхлээд үнэхээр хэцүү гэдгийг тэрээр ярив. Хэдий өөрөө сонирхдоггүй ч нөхөр, хүүхдүүдээ дэмжиж, ар талын албыг нь сайн авч явдаг “фэн” нь гэсэн. Хоёр хүү нь ээжийгээ хамгийн сайн хөгжөөн дэмжигч гэж магтах аж. Ууганбаяр, Халиунболд хоёр ч мотоспорт бол хамгийн эрсдэлтэй, хурд хүч, тэсвэр тэвчээр шалгасан хүнд спорт гэдгийг хэлж байлаа.

ААВД НЬ ХАРАМСАЛТАЙ ЯВДАЛ ТОХИОЛДСОН Ч ХӨВГҮҮДИЙГ МОХООСОНГҮЙ 

Энэ гэр бүл удмаараа мото спортын тамирчид гэдгийг дээр хэлсэн. Учир нь Эрдэнэбилэгийн аав Шагдарсүрэн анхны мото спортын клубийг Сэлэнгэ аймагт үүсгэн байгуулж байсан түүхтэй. Мото спортод төрсөн түүний шавь хүү Эрдэнэбилэг, гавьяат тамирчин Баасанжаваас эхлээд олон бий. Аавынхаа хоббиг өвлөж авсан Эрдэнэбилэг гуай 1990-ээд оны эхээр ёстой мото спортод шуугиулж явсан нэгэн. Тэрээр бүх ард түмний спартикиадын 16 удаагийн аварга төдийгүй авто машины “Батхүлэг” уралдааны анхны аварга юм байна. Мөн улсын дээд амжилт тогтоогч, авто машины олон улсын  уралдааны хүрэл медальт, Буриадын хошой аварга гээд түүний амжилтыг дурдвал нэлээд хэдэн хуудас цаас хөвөрнө. Эрдэнэбилэг 1996 онд дэлхийн цомын уралдааны гуравдугаар байранд явж байгаад хүнд бэртэл авч тэргэнцэрт насаараа суух болсон билээ. 

Энэ аймшигт явдлыг эргэн дурсвал дэлхийн цомын мастер раллид уралдаж явсан Эрдэнэбилэг Францаас Монголын нутгаар дамжин уралдах үедээ осолдсон юм. Үүнийг тэрээр “Замын ялихгүй бартаанаас болоод гэмтсэн. Энэ уралдаан миний сэтгэл зүрхнээс хэзээ ч арчигддаггүй” хэмээн ярьсан байдаг. Энэ бол хурдны хаадын гэр бүлд тохиолдсон хамгийн аймшигт явдал. Түүнээс хойш ээж нь хоёр хүүгээ уралдах бүрт сэтгэл нь байнга зовних болжээ. Гэхдээ гэнэтийн тохиолдсон явдал энэ гэр бүлийг мотоциклиос хөндийрүүлж чадаагүй юм. Хоёр хүү нь аавынхаа хүслийг гүйцээхээр уралдсан уралдаан бүртээ түрүүлж байсан нь Эрдэнэбилэгийг их спортдоо эргэн ирэх шалтгаан болсон юм. Одоо Эрдэнэбилэг Техник спортын төвийн мото спортын ахлах дасгалжуулагчаар ажиллаж Монголын мото спортын үе үеийн тамирчдыг бэлтгэн гаргаж байгаа. “Аавынхаа ослоос болоод ч тэр үү өөрийг тань раллид уралддаггүй, зөвхөн мото кросс төрөлд уралддаг гэж хүмүүс яриад байдаг” гэж асуухад “Яг ч тэгж ойлгож болохгүй. Миний сонирхол бол мотоциклийн бартаат замын уралдаан. Мэдээж нас ахиад ирэхээрээ Дакар раллид уралддаг Батболд, Болдбаатар ах нарынхаа араас орох байх” гэв. Батболд, Болдбаатар нар бол Дакар раллид уралддаг Монголын шилдэг тамирчид юм.

АХЫГАА ГАДАГШ ЯВСАН ХОЙГУУР МОТОЦИКЛИЙГ НЬ УНАЖ НАСАНД ХҮРЭГЧДИЙН АВАРГАД ТҮРҮҮЛЖЭЭ 

Ах дүү хоёр хоорондоо яг л найзууд шиг дотно юм. Ахыгаа үг хэлэхэд Халиука ихэд хүндэтгэн хүлээж авна. Төрсөн ах дүү, тэгээд адилхан мото спортын хоббитой, олон улсын хэмжээний тамирчид. Ууганбаяр “Аав бид хоёрын эдэлж хэрэглэж байсан зүйлс гараашид байгаа. Нэг их хэрэглэхээ байсан. Харин Халиукагийнх л гэрээр дүүрэн байна даа” гээд инээв. Халиунболдын аав, ах нь мотоциклийн хорхойтнууд байсан учраас аль бага байхаасаа л тэрээр мото спортод хөл тавьсан нь тодорхой. Өдгөө Халиука 25 настай. Түүнийг ах нь “Манай дүү дөрвөн настайдаа л мотоцикль унаж сурсан. Энэ нь Монгол Улсад бага болон өсвөр насны хүүхдүүд мото спортоор хичээллэх үндсийг тавьснаар зогсонги байдалд ороод байсан Монголын мото спортын үсрэнгүй хөгжлийн суурь нь болсон төдийгүй тив, дэлхийн топ тамирчид төрөн гарах үндэс болсон” гэж ирээд л дүүгээрээ бахархаж байгаа нь нүдэнд нь тодроод ирнэ. Ууганбаярын хувьд дүүгийнхээ өмнөх үеийн шилдэг тамирчин гэхэд болно. Тэрээр мото спортын мастер, мөн анхны олон улсын шүүгч, мотоциклийн бартаат замын уралдааны улсын аваргын мөнгө, хүрэл медальт, холын зайн ралли уралдааны улсын аваргын мөнгөн медальт, Сибирийн аваргын багийн хүрэл медальт төдийгүй   2000-аад онд авто машины төрөлд гурав, дөрвөн ч  удаа уралдаж хоёрдугаар байр болон шагналт байрт шалгарч байсан аж. Түүнчлэн эх орноо төлөөлөн Азийн аваргын уралдаануудад уралдаж байжээ. Харин тэрээр гадагшаа хэсэг хугацаанд явахаар болж уралдааныхаа мотоциклийг үлдээсэн гэнэ. Ахыгаа эзгүй хойгуур Халиука мотоциклийг нь унаж насанд хүрэгчдийн улсын аваргад анх удаа уралдаж түрүүлжээ. Энэ бол 2003 он. Тэрээр 14 настайдаа улсын аваргад түрүүлэв. Энэ уралдаан түүнд урам зориг өгч мото спортод эргэлт буцалтгүй оржээ. Одоо харин ах, аав хоёр нь түүний хамгийн сайн дасгалжуулагчид. Ер нь бол гэр бүлээрээ Монголын мото спортыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж яваа хүмүүс юм.

АМЖИЛТААР БЯЛХСАН ЗӨВХӨН ТҮҮНИЙ ОРОН ЗАЙ

Ингээд энэ гэр бүлийн их спортын түүхийг эргэн дурсах зуур нар хэвийж Халиука ч ажилдаа явах дөхлөө. Тэрээр ажилдаа ойрхон гээд “Олимп” хотхонд ганцаараа амьдардаг юм байна. Гэртээ хонодог ч аав, ээждээ дээрээ зав л гарвал очдог гэнэ. Ингээд ажлынхаа хувцсыг өмсөх ёстой гээд гэрийн зүг хөдлөв. Бид ч түүнтэй хамт гэрт нь очихоор явав. Цахилгаан шатанд сууж долоо гэсэн давхрын товчлуурыг дарлаа. Ингээд хаалгаар ормогц нэлэнхүйдээ цомоор чимэглэгдсэн өрөө өөдөөс угтлаа. “Хичнээн цом байгаа вэ. Аавынд чинь байснаас их юм аа” гэхэд “Тоогоо алдсан. Аав тавиур нэмж тавина гэсэн амждаггүй. Багтахгүй болохоор нь цонхон дээр өрчихсөн байсан юм. Та нарыг ирнэ гэхээр чинь энд өрөөд тавьчихлаа” гээд нүдээрээ инээв. Түүний амжилтыг зөвхөн өрсөн цомоос нь харахад л тодорхой. Тавиур дээгүүр битүү өрж, гал тогооны шүүгээн дээгүүр үргэлжлүүлэн өрөөд, багтахгүйг нь шалан дээр жирийтэл тавьсан байв. Эдгээр цомыг хараад түүгээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Харин тэрээр их даруухан инээмсэглэж цомуудаа тэдэн онд, тийм тэмцээнээс авсан хэмээн тайлбарлах аж. 

Ганцаараа байдаг болоод ч тэр үү энэ гэрт зөвхөн түүний л гэх эд зүйлс харагдана. Тэрээр мотоциклийнхоо хажуугаар төрийн албан хаагчийн үүргийг гүйцэтгэдэг аж. Тэмцээн уралдаангүй үедээ бусад залуусын л адил ажлаа хийнэ. Тэрээр ЦЕГ-ын Төрийн хамгаалалтын тасагт цагдаа зохицуулагч ажилтай. Төрийн тусгай айлчлалын үеэр хамгаалалтад зогсоно гэсэн үг. Энгийн үед замын хөдөлгөөнийг зохицуулна. Энэ ажилдаа ороод нэлээд удаж байгаа юм билээ. Цагдаагийн малгайгаа ихэд хүндлэн тавиур дээр тавьсан харагдав. Тэрээр Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамт олны өмнөөс мото кроссын төрөлд уралдаж хошой алтан медаль хүртэж байсан юм байна. Ажлын хамт олон нь түүнийг аливаа тэмцээний үеэр их дэмжиж ажилладаг талаар тэр ярив. Ам нээх бүртээ л мотоциклийн талаар ярих аж. “Түүнээс найз охинтой юу” гэж асуухад жаахан ичингүйрч “Байгаа. Мото спортод 30 наснаас хойш уралдахад зохимжгүй. Одоо надад тавхан жил л байна. Энэ хугацаанд өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх бодолтой байна. Харин дараа нь гэр бүлээ төлөвлөх байх” гээд аядуухан хэлэв. Ярианаас  нь  хүсэл тэмүүлэл, эрч хүч сонсдох мэт энэ залуу өнгөрсөн хугацаанд Монголын мото спортын түүхэнд олон амжилтыг эвдсэн аж. Тухайлбал, мотоциклийн бартаат замын төрлөөр Монгол Улсаас төрөн гарсан анхны Ази тивийн аварга, Ази тивийн аваргын таван мөнгөн медаль хүртсэн,  Монгол Улсын  хамгийн залуу, хамгийн олон удаагийн улс, хот, спартакиадын аварга, анхны өсвөрийн тамирчин, анх Монгол улсаас Дэлхийн аваргад өрсөлдсөн тамирчин, АНУ-ын аваргад анх уралдсан, суперкросс төрлөөр анх дэлхийн аваргад уралдсан ба Монгол улсаас анх мэргэжлийн тамирчин болсон гээд л хөвөрнө. Одоо тэрээр Монголын автомото спортын холбооны шигшээ баг, Техник спортын төв, “Монголын үндэсний авто мото спортын клуб”-ийн тамирчин билээ. 

Э.Халиунболд хамгийн анх 2001 онд Ази Номхон далайн орнуудын АШТ-ий өсвөрийн ангилалд  V байрт орсон бол хамгийн сүүлд Орост болсон Дорнод Сибирийн уралдаанаас хошой медаль хүртжээ. Сүүлийн тэмцээнээс хүртсэн хоёр цомоо сонирхуулангаа уралдааны үед тохиолддог эрсдлүүдийн талаар яриагаа үргэлжлүүлэв. 

2000-2014 он хүртэл тасралтгүй улсын аварга болсон цом өрөөстэй харагдана. Нэг хэсэг тэрээр төрөлдөө өрсөлдөгчгүй байсан учраас олон улсын тэмцээнд орох бэлтгэлээ ганцаараа хангадаг байсан гэнэ. Одоо харин шинэ залуу тамирчид гарч ирсээр байгаа аж. Хэдий шилдэг нь ч “Гараанаас гарч байгаа тамирчид бүгд миний өрсөлдөгч” хэмээн даруухан загнах. Мото спорт эрсдэл өндөртэй хүнд спорт учраас тэр болгон хүмүүс хичээллээд байдаггүй бололтой. Бас өртөг өндөртэй. Хананд өлгөсөн жааз руу зааж “Энэ миний хамгийн анх өмсч уралдсан хувцас. Одоо уралдааны арав гаруй хувцастай болсон” гээд хувцасны шүүгээнээсээ нэг өмд гаргаж ирлээ. Уг өмд хэсэг газартаа түлэгджээ. Учрыг асуувал олон улсын уралдааны үеэр мотоциклийнхоо янданд түлчихсэн гэнэ. Уралдааны үед осолдсон тохиолдолд мотоцикльдоо дарагдах, янданд нь түлэгдэх энүүхэнд гэнэ. Уг нь гаднын уралдаанд очоод мотоцикль түрээсэлж уралддаг болохоор нэг их эвдрэл гараад байдаггүй аж. Учир нь олон улсын нэртэй уралдаанд очиж уралдахдаа заавал мэргэжлийн мотоцикль түрээсэлдэг гэсэн. Дор хаяж 1500 ам.доллараар түрээслэнэ. Харин уралдааны шагнал тэрнээс ч баг байдаг гэнэ. Америкийн шагнал өндөртэй уралдаанд орж болох боловч өртгийг нь дийлдэггүй аж. Америкчууд асар үнэтэй, чанартай мотоцикль унадаг байна. Яагаад гэвэл мото спорт хөгжчихсөн оронд хамгийн сүүлийн үеийн мотоцикль худалдаанд хараахан гарч амжаагүй байхад л тамирчдадаа зориулаад нэмэлт тоноглол хүртэл хийгээд аваад өгчихсөн байдаг аж. Нэг удаа Халиунболд дэлхийн аваргад уралдах үед түүнийг Америкийн тамирчин хараад “Чи наад мотоцикльтойгоо уралдаж үхэхээр шийдээ юу” гэж ихэд гайхаж байжээ. Тэд бол мото спортод юугаа ч хайрлахгүй, бас боломжийн амьдралтай хүмүүс байдаг ажээ. 

Харин манай тамирчид нэг тэмцээнд орохын тулд дунджаар 50 сая төгрөг хэрэгтэй болдог. Энэ мөнгийг мото спортыг дэмждэг “Алтай констракшн” зэрэг компаниас гаргадаг гээд тусалж дэмждэг ах нартаа баярласнаа илэрхийлэв. Энэ мэт мото спортын эргэн тойрон дахь сонин хачныг ярих зуур түүнээс хэдэн мотоцикльтойг нь асуусан юм. Тэрээр 6000-7500 ам.долларын үнэтэй хоёр уралдааны зориулалтай мотоцикльтой аж. 

Түүний утас дуугарав. Сүүлийн үед дугуй сонирхох болсон гэнэ. Амралтын өдрүүдэд найзууд нь дугуй уная гэж утсаар ярьсан бололтой.  Арван жилийн хэдэн хүүхдүүд түүнийг танихгүй дугуй унахыг нь хараад “Та чинь харин овоо дугуй уначихаар ирээдүйтэй харагдаж байх чинь” гэж ёжлоод авчээ. Тэрээр “Би ч хөөрхөн хэдэн багш нартай болсон шүү” гэв. Ингээд түүний ажилдаа явах цаг болж бид ч төрийн ажил цалгардуулахгүйн тулд өндөрлөв. 

Дашрамд дурдахад манай тамирчин дэлхийн долоон удаагийн аварга тамирчныг эгнээндээ нэгтгэсэн “AXO” брэнд, Италийн “SURFLEX” брэндийн АНУ дахь нүүр царай тамирчин болоод амжжээ. Мөн Японы “Dirt Freak” компанийн нүүр царай тамирчин юм байна. 

 

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН