Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Дотоодын нэхмэлийн үйлдвэрүүд төрийн алба хаагчдын дүрэмт хувцсыг хийхээр төлөвлөжээ

Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн болон Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо хамтран төрийн алба хаагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэх хүсэлт гаргажээ. Энэхүү саналыг нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас ч бодлогоор дэмжиж байгаа бололтой. Тиймээс Монголын нэхмэлийн анхдагч үйлдвэр болох “Монгол нэхмэл” ХК-ийг зорилоо.

Тус үйлдвэр 1934 онд байгуулагдсан бөгөөд өдгөө хүртэл тасралтгүй ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ууган үйлдвэр юм. “Монгол нэхмэл” компани үйлдвэрээ өргөжүүлэхээр шинэ нэхмэлийн машин зэрэг техник суурилуулахаар бэлдээд тавьчихаж. Энэ сарын 15-наас үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлэх гэнэ. Одоогийн байдлаар үйлдвэр нэхмэл, сүлжмэлийн нийтдээ 10 гаруй машинтай ажиллаж байв. Өдөрт дунджаар 800 метр ноосон даавуу үйлдвэрлэж байгаа бөгөөд өнгөний хувьд өргөн сонголттой талаар ерөнхий технологич Д.Дуламсүрэн ярив. Үйлдвэрийн ажилчид зарим нь нэхмэлийн машины эд ангийг шалгах ажил хийх бол нөгөө хэсэг нь нэхмэл, сүлжмэлийн машин дээр даавуу урлаж энд тэнд нь өө сэв гаргахгүйгээр нарийн жигд явах үүргийг хянаж харагдана. Харин зарим нь утас ээрэх хэсэгт ажиллаж байв. Машин тус бүр дээр бор, бор шаргал, улаан зэрэг өөр өөр өнгийн даавуу нэхэж харагдав. Харин хамгийн захын машинд хүүхэд байхад айл болгонд харагддаг байсан улаан, цэнхэр, ногоон одела буюу ноосон бүтээлгийг одоо ч нэхэж байгааг нэхмэлчин харуулав. Үйлдвэр ерөнхийдөө нэхэх, сүлжих, гүйцээн боловсруулах хэсгээс бүтэх аж. Хонины ноосноос гадна сарлагийн хөөвөр, ямааны ноолуур, тэмээний ноосоор нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж.

Харин удахгүй төрийн алба хаагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэхээр зэхэж байгаа тухай компанийн удирдлагууд хэлж байлаа. “Монгол нэхмэл” компанийн захирал Р.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа. Түүний ажлын өрөө монгол ахуйг илтгэсэн дизайнтайгаас гадна өрөөнийхөө ханыг өөрсдийн үйлдвэрлэдэг ноосон даавуугаар чимэглэсэн нь их л өвөрмөц харагдах аж.

-Танай үйлдвэр төрийн алба хаагчдын хувцсыг ноосон даавуугаар үйлдвэрлэнэ гэж сонслоо?

-Монголд нэхмэлийн чиглэлээр дөрвөн ч компани үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн манайх гэлтгүй эдгээр компаниудын зүгээс ч мөн энэ саналыг гаргаж байгаа юм. Ийм учиртай юм л даа. Монголын ноос ноолуурын холбоо гэж байдаг. Тус холбооны зүгээс аливаа асуудалд хандахдаа зөвхөн ноолуураа ярихаас тэмээний хөөвөр, хонины ноосоор дотооддоо ийм үйлдвэрлэл явуулъя гэж ярьдаггүй байсан. Тиймээс “Улаанбаатар хивс”, “Эрдэнэт хивс”, “Сор”, манайх зэрэг хонины ноосоор бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүдээс гадна эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд ер нь өөрсдөө тулгамдсан асуудлаа шийдээд, хүчээ нэгтгэн зах зээлийн эрэлтийг хангах зорилт тавьж Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо байгуулсан. Олон ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь төрийн алба хаагчдын дүрэмт хувцсыг хийх санаа юм.

-Тэгэхээр бусад нэхмэлийн үйлдвэрүүдтэй хамтарна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Манайд хэдий нарийн нэхмэлийн технологи нэвтэрсэн ч эрэлт ихэсээд ирвэл хүчин чадлын хувьд бусад үйлдвэрүүдтэйгээ хамтрахаас аргагүй. Нөөц боломж бол манайд байна. Бид эхний ээлжинд онцгой байдал, цэрэг, цагдаа, гаалийн ажилтнуудын хувцсыг хийх хүсэлтэй байна. Хэрвээ төрийн байгууллагууд захиалга өгөх юм бол өнөөдрөөс хийгээд эхэлсэн ч болохоор байна. Бид сурагчдын дүрэмт хувцасыг үйлдвэрлэж эхлэхэд хүмүүс ихэвчлэн сөрөг талаас нь хүлээж авч байсан. Мэдээж эхний ээлжинд дотоодын үйлдвэрүүд хэрэгцээг хугацаанд нь хангаж амжихгүй байсан учраас Солонгост даавуугаа үйлдвэрлэсэн. Харин “Монгол ноос” үйлдвэр сурагчдын дүрэмт хувцасны даавууны ноосны хувийг бүр 40 болгож үйлдвэрлэж болохыг харуулсан. Тэгэхээр дотоодын үйлдвэрүүдэд боломж бүрэн бий. Бидний санаачилгаар малчид үндэсний үйлдвэрлэгч нарт тушаасан ноосны кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал авдаг болсон. Түүнчлэн Засгийн газраас урагш нь ноос гаргахыг хориглоод ирэхээр ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг манайх шиг үйлдвэрүүдэд түүхий эд хангалттай нийлүүлэгдэх болсон. Учир нь жилд улсын хэмжээнд 20 мянган тонн ноос авдаг. Үүний 7-8 мянган тонныг нь хивсний үйлдвэрүүд, 5-6 мянган тонныг эсгийний үйлдвэрүүд авдаг байсан. Үлдсэн хувийг урагш нь гаргадаг байсан. Тиймээс урагш гарч байгаа ноосыг нэмхэлийн үйлдвэрүүд хялгасыг нь ангилаад бүтээгдэхүүн хийе гэж шийдсэн. Ингээд шат дараалсан олон ажил хийж байгаа нь энэ.

-Төрийн алба хаагчдын хувцсыг ноосон даавуугаар хийх хэр зохимжтой юм бол?

-Мэдээж төрийн алба хаагчдын хувцсыг хийхийн тулд мэргэжлийнхээ онцлогоос хамаараад даавуунд агуулагдах ноос, ноолуурын хувь харилцан адилгүй байна. Онцгой байдлын алба хаагчдын хувцас галд тэсвэртэй байна гэдэг утгаараа ноосны хольц нь арай байдаг ч юм уу, цагдаа, цэргийн хүчнийх арай ноосны хувь их байна гээд зэрэглэл тогтоосон ч болно шүү дээ гэв.

Манайхан Австрали хонины ноосны чанарыг ихэд шагшраад байдаг. Гэтэл Монгол хонины ноос шинж чанарын хувьд Австрали, Шинэ Зеландын хонины ноосыг дагуулахгүй болохыг мэргэжилтнүүд хэлж байсан. Учир нь монгол хонины ноос нарийн ширхэгтэйгээс гадна голдоо нүхтэй байдаг нь вакуум орчинг бий болгож илүү уян хатан шинж чанартай болдог аж. Нэг үгээр хэлбэл ноолуураас ялгарахааргүй зөөлөн гэсэн үг. Тус үйлдвэрийн ноосон даавуу метр нь 45000 төгрөгийн үнэтэй. Барааны зах дээр зарж буй даавуутай харьцуулахад үнэтэй сонсогдох боловч 100 хувь ноосон гэдэг утгаараа боломжийн үнэ гэдгийг Р.Энхболд захирал онцолсон.

“Монгол нэхмэл” компани ноосон даавуунаас гадна өмд, цамц зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх болжээ. Сүүлийн үед хэрэглэгчид ноос ноолууран бүтээгдэхүүний нимгэн загварыг илүүд сонирхох болж. Ялангуяа хонины ноосоор хийсэн малгайтай цамц, эсгийгээр хээ дарж чимэглэсэн ноосон цамцыг эрэгтэй хүмүүс их худалдан авдаг байна. Ер нь ноосон бүтээгдэхүүнээр тухайн жилийн загварын чиг хандлагад тохируулаад ямар ч өнгө загвартай хувцас хийж болох гэнэ.

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ байранд шилжсэн дүүргийнхний хуучин байранд эмнэлэг оруулъя

Саяхан Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг долоон давхар шинэ байрандаа нүүж орсон билээ. Ямартай ч Баянгол дүүргийнхэн нэг хэсэгтээ даац хэтэрсэн, шинэ байр хэрэгтэй гэсэн зовлон сөхөхгүй бололтой. Тэгвэл бусад дүүргүүд нөгөө л хэдэн арван жилийн өмнөх нурж унах шахсан байрандаа өвчтөнүүдээ хүлээж авч байна. Бүгд л ачааллаа дийлэхгүй өвчтөнүүдээ хонгилдоо хүлээж авсаар байна.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлээр орлоо. Тус эмнэлэг дөрвөн давхар бөгөөд 1990 онд ашиглалтад оржээ. Анх дүүргийнхээ 80 мянган хүнд үйлчлэх нормтой баригдсан тус эмнэлэг өнөөдөр 160 мянга гаруй иргэдэд үйлчилж байна. 90 ортой энэ эмнэлэгт өчигдрийн байдлаар 100 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байв. Аль хэдийнэ ор дууссан учраас зарим өвчтөнүүд хонгилд хэвтэж байлаа. Өвчтөнүүдийн ярьж буйгаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай өвчтөнүүд дор хаяж долоо хоног хүлээж ор гардаг талаар хэлэв. Харин эмнэлгийн ажилтнууд хүнд өвчтэй гэсэн хүмүүсээ яалтч үгүй эхний ээлжинд авдаг талаар ярив.

Хонгилд үзүүлэхээр дараалалд суусан нэгэн эмэгтэй “Би нөхрийгөөхэвтүүлэх гээд бараг арваад хонож байна. Аргагүй байх л даа ачааллаа дийлэхгүй байгаа нь хонгилд хэвтэж байгаа хүмүүсийг харахад л илт. Гэлээ гээд энд ор хүлээж, цаг алдаж байгаад амиа алдахгүй гэх газаргүй. Нөхөр маань элэг муутай. Хувийн эмнэлэгт хандъя гэхээр группын мөнгөнөөс хэтрэхгүй бид хоёр хаанаас тэр төлбөр мөнгийг нь дийлэх билээ” гэв. Түүний хажууд суусан хөгшин “Манай дүүргийн дарга нар өөрсдөө сайхан ордон бариад суучихсан. Тэр хэмжээний эмнэлэг дүүрэгтээ барьж болохоор доо. Чадахгүй бол ядаж хуучин тамгын газрын байрандаа эмнэлгийн өргөтгөл хийчихэж болдоггүй юм байх даа” гэж ирээд их л зовнингуй хэлэв. Тэрээр мөн л ор гарахыг хүлээж байгаа гэсэн. Тус дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн “А” корпусыг 2005 он буюу Г.Мөнхбаярыг хотын мэр байх үед нураачихсан.Тухайн үед дүүргийн замын цагдаагийн газрын албан хаагчдад зориулсан орон сууц барихын тулд эмнэлгийнхээ физик, усан эмчилгээ явуулдаг корпусыг нураасан тухай хэсэг шуугиж эмнэлгийн ажилчид хүртэл эсэргүүцлээ илэрхийлж байсан удаатай. Тэр газартаа орон сууц барьсан ч юмгүй намжсан. Эмнэлгийн өргөтгөл барихаар бас л багагүй хугацаанд ярилаа. Есөн давхар өргөтгөлийн барилгыг барихад нийт 6.5-7.5 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга Т.Пүрэвчулуун “Эмнэлгийн өргөтгөлийн зураг төсөл бэлэн болсон. Ирэх оны төсөвт тусгахаар холбогдох хүмүүс нь ажиллаж байна. Хэрвээ есөн давхар өргөтгөл ашиглалтад орчих юм бол ачаалал буурна. Баянгол дүүргийн шинэ эмнэлэг шиг л болно гэсэн үг” гэв. Зарим иргэд эмнэлгийн өргөтгөлбаригдтал хуучин тамгын газрын байранд ч хамаагүй засвар хийгээд өвчтөнүүдээ хүлээж авч болдоггүй юм уу гэсэн санал хэлж байсан. Түүнчлэн ачааллаа дийлэхгүй амаржих газруудын өргөтгөл болгосон ч болно гэдэг саналыг хэлж байна. Одоохондоо хуучин тамгын газрын байранд дүүргийн шүүх нь үйл ажиллагаагаа явуулж байгаа бололтой. Өмнө нь дүүргийн шүүх барилгын нэг буланд ажиллаж болоод байсан атлаа олон давхар байрандаа багтаж шингэхгүй байгаа гэх.

Яг иймэрхүү дүр зураг Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй гээд аль ч дүүргийн эмнэлэгт очсон харагдана. 100 айлын автобусны буудал дээр байрлах Сүхбаатар дүүргийн эмнэлэг 1970 онд баригдсан. Өнөөдөр мөн л ачааллаа дийлэхгүй эмч нар нь арга барсандаа өвчтөнүүдээ гэртээ хонуулах нь холгүй байна. Анх хүүхдийн эмнэлэг нэрийн дор баригдсан уг эмнэлэг 125 ортой. Харин дүүргийн хүн ам 130 мянга аль хэдийнэ давжээ. Их засвар гурван ч удаа хийсэн боловч гаднаас нь харахад хэзээ мөдгүй нураад өгөхөөр суурь муутай барилга. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ “Манай эмнэлэг хэдий он залуу ч суурь муутай баригдсан. Орон сууцны барилгыг барихад нэг гаргасан загвараа дээш нь хэдэн ч давхар болгох боломжтой. Тийм амархан. Харин эмнэлгийн барилга орох гарах гарцнаас эхлээд зохион байгуулалтын хувьд нарийн ажиллагаатай. Одоо нийслэлд байгаа эмнэлгүүдийг барихад нийслэлийн хүн ам дөнгөж хагас сая байсан. Харин өнөөдөр албан бус тоогоор гурван сая давчихаад байна. Гэтэл түүнд үйлчлэх эмнэлгийн норм яг хэвээрээ байна. Орчин үеийн тоног төхөөрөмжтэй, дэлхий нийтийн жишиг эмнэлэгтэй болно гэж удаан ярилаа. Өнөөдөр эмнэлгийн тусламж нэг хүүхдэд л хүрч чадахгүй үлдэхэд ирээдүйд сул дорой, суурь өвчтэй хүн илгээж байна гэсэн үг. Наад зах нь цэргийн насны хүүхдүүд жил ирэх бүр эрүүл мэндээрээ тэнцэхгүй байх тохиолдол ихэсч байна. Тиймээс нэн даруй шинэ эмнэлэг барихаас гадна эрүүл мэндийн салбарт салхи оруулах хэрэгтэй” гэв. Гэтэл үүнийг шийдэх удирдлагууд нь хэдхэн алхмын урд шил толь шиг байрандаа санаа зовсон шинжгүй сууна. Нэгэнт даргын суудалд сонгогдсон хойно сонгогчдын эрүүл мэнд тэдэнд хамаагүй бололтой. Сүхбаатар дүүргийн тамгын газрын ордон Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй ойролцоо хөрөнгөөр баригдсан юм байна. Тэр бүү хэл долоон тэрбум орчим төгрөгөөр дөрөв, таван боломжийн эмнэлэг барьж болох тухай мэргэжилтнүүд хэлж байна. Уг нь дүүргийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөл баригдах тухай яригдаж байгаа гэсэн. Бүр барилгын сууриа тавиад эхэлсэн гэх боловч зураг төсөл нь бусад эмнэлгийн адил цаасан дээр үлдэх вий. Шинэ эмнэлэг бариад өгчихөж чадахгүй бол дүүргийн удирдлагууд хуучин тамгын газрын байрандаа засвар хийгээд эмнэлгийн мэдэлд өгчихөөч гэх хүн олон байна. Сүхбаатар дүүргийн тамгын газрын хуучин хоёр давхар байшин одоо ч цоожтой л харагдсан. Ядаж л айлын байранд сарын хэдэн арван сая төгрөгийн түрээс төлж буй Түлэнхийн төвөө тэр байрандаа оруулж болмоор санагдах юм. Түлэнхийн төв “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээс төлж байрлаад ч өвчтнөө дийлэхгүй байна. Гэтэл хүйтний улиралд хөл гараа хөлдөөсөн, чих хамраа хайруулсан гээд дуудлага эрс нэмэгддэг тухай эмч нар ярьсан.

Дүүргийн удирдлагууд нь шинэ байрандаа тарвалзаж суухад өвчин зовлон туссан иргэд нь эмнэлгийнхээ шалан дээр орь дуу тавьж хэзээ эдгэрэх бус хэзээ ор гарах бол гэсэн ганцхан горьдлоготой хэвтэж байна.

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зурийг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Азийн загварын шилдэг гэрэл зурагчин БАТСАЙХАН

Хятадын Чонкин хотноо “Fashion Asia” наадмын шилдгүүдийг шалгаруулах ёслол болж өнгөрлөө. Тус наадмаас Монголын гэрэл зурагчин Ж.Батсайхан “Шилдэг загварын гэрэл зурагчин” номинацид нэр дэвшиж, шилдгээр шалгарсан байна. Энэхүү наадам нь Азийн загварын салбарын хамгийн нэр хүндтэй наадам гэгддэг бөгөөд нэг номинацид олон мянган хүн өрсөлддөг аж. Ийм л өрсөлдөөн дундаас манай зурагчин цойлж гарч ирсэн нь монголчуудыг төдийгүй Азийн орнуудын мэргэжилтнүүдийг гайхшруулсан явдал боллоо. “Fashion Asia” наадам 13 төрлөөр шилдгээ шалгаруулсан бөгөөд энэ жил манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон зургаан оролцогч шилдэг тавд үлдээд байсан юм. Гэрэл зурагчин Ж.Батсайханаас гадна стилист Б.Золжаргал, дизайнер Ч.Янжиндулам, загвар өмсөгч О.Амгаланбаатар, хөтлөгч Х.Болорбат, дуучин Ч.Уранхолбоо буюу Ану нар финалд шалгарсан байжээ. Эдгээр номинациудын хувьд бүгд загварлаг гэсэн тодотголтой юм. Загварын салбарт тивдээ хэн нь шилдэг вэ гэсэн наадам учраас тэр.

Хорвоо ертөнц дэх үйл явдал хийгээд өөрийн үзэл бодлыг камерынхаа тусламжтайгаар бусадтай хуваалцдаг хүмүүс бол гэрэл зурагчин. Зүгээр нэг кадр үрээд болчихдог юм биш. Хальсанд юуг, хэрхэн, яаж өнгө будаг, гэрэл, сүүдрийг нь тааруулж өөрийн санаагаа дүрслэдэг нь мэргэжлийн гэрэл зурагчдын онцлог. Тэгвэл Азийн шилдэг гэрэл зурагчнаар шалгарсан Ж.Батсайханы хувьд хүний нүцгэн биеийн гоо сайхныг урлаг талаас нь харуулахыг зорьдог өвөрмөц шийдэлтэй зурагчин гэнэ. Тэрээр 1988 онд төрсөн бөгөөд эцэг, эх нь урлагийн салбарын мундаг жүжигчид. Түүний аав “Хасар” хэмээн алдаршсан гавьяат жүжигчин Жаргалсайхан бол ээж нь гавьяат жүжигчин Урнаа юм. Урлагийн салбарт тэд өөрсдийн гэсэн өнгө төрх, орон зайтай чадварлаг жүжигчид. Тэгвэл хүү нь мөн л гэрэл зургийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө дүрслэл, илэрхийлэлтэй яваа уран бүтээлч болжээ. Батсайханыг “Big Bro Baagii” гэсэн автороор нь мэргэжил нэгт нөхөд нь төдийгүй, уран бүтээлийг нь сонирхогчид андахгүй аж. Түүнийг мэргэжил нэгт нөхөд нь “Манай Баагий их даруухан. Дотогшоо хүн. Гэхдээ сүүлийн үед уран бүтээлээс нь их задарч, нээгдэж байгаа нь илт байгаа. Үнэхээр сайн зурагчин” гэв.

Тэрээр гэрэл зургаар амьсгалж, амьдарч яваа нэгэн. Гурван жилийн өмнө багийн андууд болох Б.Соронзонболд, М.Бат-Очир, Б.Болдбаатар нартай хамтарч “IC CREATIVE DIVISION” студиэ байгуулсан байна. Хүүхэд байхын л гэрэл зураг сонирхдог байсан гэнэ. Студиэ байгуулахаас өмнө урд хөршид хуримын гэрэл зургийн студид ажиллаж багагүй туршлага хуримтлуулжээ. Одоо түүний студиэр “Гоёо”, “Cosmo”, “MCS”, “Таванбогд” зэрэг Монголын томоохон байгууллагууд реклам, сурталчилгааныхаа зураг авалтыг гүйцэтгүүлдэг болсон байна. Ихэнхдээ манай урдаа барьдаг загварын агентлагууд, моделиудын зургийг авдаг гэсэн үг. Студийн залуусын гол зорилго нь гэрэл зургийн энтертаймент чиглэлийг гадны улс орнуудын дайтай хөгжүүлж, гадагш таниулахад оршдог байна. Ж.Батсайхан 2013 оны “Шилдэг гэрэл зурагчин”-аар тодорч байснаас гадна олон тэмцээн, уралдаанд амжилттай оролцож байжээ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Сугаржаргал: Жүдогоор жил барилдаагүй. Гэхдээ холбооноос хассан гэж надад л лав юм хэлээгүй

Монгол Улсын начин Б.Сугаржаргалыг жүдо бөхийн шигшээ багаас хассан гэх мэдээлэл гарах болсон. Учир нь тэрээр улсын баяр наадмаар гурвын даваанд аймгийн арслан Г.Баасандоржтой барилдаж уначихаад хөлийн цэцээр ажиллаж байсан улсын харцага Д.Сэрээтэрийг буруушааж хэл амаар доромжилсон явдал гарсан. Тухайн үед хөлийн цэцээр ажилласан Д.Сэрээтэр ч энэ тухай Монголын үндэсний бөхийн холбоонд гомдол гаргаж байсан удаатай. Тэгвэл түүнийг ёс зүйгүй загнасан хэмээн Монголын жүдо бөхийн холбоо үзэж шигшээ багаасаа хассан гэх. Б.Сугаржаргалын хувьд жүдогийн +100 кг-ын жинд барилддаг тамирчин билээ. Ямартай ч ёс жудаггүй аашилсан түүний үйлдэлд зохих шийтгэл гэж үзэх нэгэн ч байна. Харин Монголын үндэсний бөхийн холбооноос хоёр бөх хоорондоо гомдолгүй гээд учраа олсон гээд орхисон бололтой. Энэ талаар улсын харцага Д.Сэрээтэрээс тодруулахад “Наадмаар Б.Сугаржаргал начин үнэхээр муухай аашилсан. Намайг шанаадаж олны дунд эвгүй байдалд оруулсан. Ах нь гэлүү нэг залуу “Чамайг ална. Чиний амь миний гарт байгаа шүү” гэж хүртэл сүрдүүлж байсан. Гэхдээ би залуу хүн омголон зангаа барьж чадаагүй юм байлгүй гээд гомдолгүй болохоо мэдэгдсэн. Бид хоёрыг тухайн үед цагдаагийн газраас дуудаж нүүрэлдүүлсэн. Сүүлд Сугаржаргал нэг найран дээр таараад надаас “Дүүгээ муухай зан гаргасан бол уучлаарай” гээд уучлал гуйсан. Би тэгэхэд нь залуу хүн буруугаа ухаарч, уучлал гуйж сурах нь зүйтэй хэрэг гэж түүнд хэлсэн. Ядахдаа миний цолыг хүндэлдэггүй юм аа гэхэд насыг минь энэ залуу бөхчүүд хүндлэх хэрэгтэй шүү дээ” гэсэн тайлбар өглөө. Ингээд жүдогийн шигшээ багаас хөөгдсөн гэх улсын начин Б.Сугаржаргалтай ярилцсанаа хүргэе.

-Таныг жүдогийн шигшээ багаас хөөгдсөн гэх яриа байна?

-Би энэ тухай сонсоогүй юм байна.

-Ер нь сүүлийн үед татамид зодоглож харагдсангүй. Тэгэхээр үнэн юм биш үү?

-Одоохондоо надад холбооноос тэгсэн, ингэсэн гэсэн юм хэлээгүй л байна. Би “Женко” дэвжээндээ байгаа ш дээ. Томоохон тэмцээн уралдаанд л оролцохгүй байгаа болохоос биш. Миний хувьд сүүлийн нэг жил жүдогоор барилдсангүй. Тиймээс иймэрхүү хэл ам гарах болсон юм байлгүй.

-Яагаад жил гаруй хугацаанд барилдаагүй юм бэ. Бэлтгэлээ хийж байгаа юм уу?

-Жүдогийнхонтойгоо байнга бэлтгэл хийж байна. Шигшээ баг жил болгон шинээр байгуулагдаж багаа бүрдүүлдэг. Би 2012 онд шинээр байгуулагдсанаас нь хойш шигшээ багт ороогүй. Яагаад гэхээр жүдо бөхийн УАШТ-д 2011, 2012 онд амжилттай барилдаагүй. Шигшээ багт тухайн жилийн аварга орж, тэмцээн уралдаанд улсаа төлөөлөн оролцдог шүү дээ. Гэхдээ шигшээ багийн тамирчин гэсэн батламж байгаа. Энэ хугацаанд ганц, нэг барилдаанд бол оролцсон юм байна. Олон биш. Тэгээд л хүмүүс тэгж ярьж байгаа байх.

-Өнгөрсөн наадмаар таныг хөлийн цэц Д.Сэрээтэрийг цохиж, доромжилсон гэсэн учраас шигшээгээс хассан гэх юм?

-Энэ болоод өнгөрсөн асуудал. Тухайн үед Сэрээтэр гуай бид хоёр учраа ололцсон шүү дээ.

-Та уучлал гуйсан юм уу?

-Гуйсан. Сэрээтэр гуай ч хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа надад гомдолгүй гэдгээ хэлсэн байгаа ш дээ.

-Тухайн үед түүнийг цохисон юм уу. Яагаад хөлийн цэц рүүгээ уурлах болов оо?

-Цохисон юм байхгүй. Үл ойлголцож маргалдсан нь үнэн. Хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ. Аймгийн арслан Баасандорж бид хоёр барилдах үеэр барьц сонгох болж эхлээд би барьц сонгосон боловч алдсан. Ингээд өрсөлдөгч бөх барьц сонгох болсон. Барьц сонгоход тухайн бөх надтай цээжээ зөрүүлээд барьцаа аваад барилдах ёстой шүү дээ. Ингэсний дараа би барьцаа авах ёстой. Гэтэл Баасандорж миний суган доогуур орчихоод барьц авч ч болохгүй байхад хөлийн цэц буруу хараад алхчихсан. Тэгэхээр барьцаа зөв аваагүй хэрнээ намайг барилдаагүй байхад гэнэт хаячихаар надад гомдолтой биз дээ.

-Ер нь сүүлийн үеийн залуу бөхчүүд барилдахаасаа таахалзах нь их боллоо гэж шүүмжлэх хүмүүс ч байна…

-Бөхчүүд бүтэн жил наадмын барилдааны төлөө бэлтгэл хийдэг. Тийм хариуцлагатай барилдаанд хөлийн цэц хариуцлагагүй хандаж болохгүй шүү дээ. Бөхчүүд ч гэсэн нэгнийгээ луйвардах шахан байж давж болохгүй. Ийм явдлаас л болж бөхчүүд хэл аманд орж, бидний буруу болж үлддэг. Тухайн үед ямар ч бөх байсан ийм нөхцөл байдалд бухимдах байсан гэж би бодож байна. Уураа бариагүй нь миний буруу л да а. Гэхдээ би зүгээр зогсч байсан хөлийн цэцтэй очоод муудалцаад байсан юм биш. Хөлийн цэцээс өөр тэнд маргалдах хүн байхгүй л дээ. Үнэн мөнийг тогтоох хүн. Гэтэл Сэрээтэр гуай тухайн үед шударга биш байдлыг хэлэхэд “Чи унасан, чамтай юу ч ярихгүй. Монгол бөх чамаар дутахгүй” гэсэн утгатай юм хэлсэн. Тэгээд л би цэнгэлдэхээс гараад явсан. Яг барилдааныг харсан хүмүүс бол хэнийх нь зөв, хэнийх нь буруу болохыг мэдэж байгаа.

-Та чинь аймгийн заанаас шууд улсын цолонд хүрсэн бөх. Начин болохдоо сэргээш хэрэглэсэн гэж бас нэлээдгүй баалуулсан. Цаашдаа үндэсний бөхөөр барилдах уу?

-Нэгэнт өнгөрсөн явдлыг энд сөхмөөргүй байна. Үндэсний бөхөөр ч тэр, жүдогоор ч тэр барилдана. Он дөнгөж гаргаад жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

-Таны жинд саяхан залуучуудын дэлхийн аварга болсон Ө.Дүүрэнбаяраас эхлээд олон хүчтэй жүдочид гарч ирж байна шүү?

-Тийм ээ. Ө.Дүүрэнбаяраас гадна Тэмүүлэн гээд сайн бөх байна. Өрсөлдөгч бол их бий. Тиймээс бэлтгэл, сургуулилтаа сайн хангах нь чухал.

-Өөрийг тань хүмүүс үндэсний бөхөөс илүүтэйгээр жүдогийн тамирчин гэдгээр илүү мэдэх байх. Ер нь их спортод анх хөл тавьсан үеэсээ дурсахгүй юу?

-Би анх 2005 онд Улаанбаатар хотод орж ирсэн. Ахтайгаа хамт. Тэр цагаас эхэлж жүдогоор хичээллэсэн дээ. Жүдогоор анхны “Чингис хаан” цомын тэмцээнээс эхлээд олон тэмцээн уралдаанд оролцож чамлахааргүй амжилт гаргасан. Харин үндэсний бөхөөр 2008 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Тэрэндээ урамшаад л 2009 оноос үндэсний бөхөөр хичээллэсэн.

-Аавыг тань сайн бөх байсан гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ. Ах дүү хоёрт ааваас өвлөж үлдсэн сайхан дурсамжууд олон биз?

-Тэгэлгүй яахав. Миний аав Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Болдпүрэв гэж сайхан хүн байсан. Ах бид хоёрыг битүүхэндээ удам залгасан бөх болоосой гэж боддог байсан байх. Бага байхад хүч тамир сууна гээд түлээ хагалахаас эхлээд гэрийн хар бор ажил их хийлгэдэг байсан санагддаг. Намайг ухаан орох үед аав 40 гаруй настай дэвжээнд зодоглохоо больсон болохоор тэр болгон барилдааныг нь мэддэггүй. Хааяа аавын үеийн бөхчүүдээс барилдааных нь талаар сонсдог. Аавын дархан мэх нь даацтай сайн хавирах гэж нутгийн бөхчүүд ярьдаг. 1988 онд манай аавтай Өвөрхангай аймгийн баяр наадмаар үзүүр түрүүнд үлдэж аавыг давж аймгийн арслан болсон Мөнхнасан ахтай нэг барилдаан үзэж байсан чинь “Танай аав яг энэ барьцнаас даацтай хавирдаг бөхдөө. Хавираанд нь орвол гарч чадахгүй бүтэн эргэж унадаг” гэж хэлж билээ.

-Ээжийн тань удамд бас бөх байдаг гэж сонссон?

-Яг бөх хүн бол байхгүй. Манай ээжийг Нарангэрэл гэдэг. Ээжийн аав Гимнайсүрэн гээд том биетэй хүн бий. Залуудаа тээврийн жолооч байсан гэсэн. Ер нь ээжийн талынхан биерхүү. Харин аавын талд Даншигийн заан хүн байсан гэдэг. Нэрийг нь сайн санахгүй байна. Аав маань байсан бол тэр хүний тухай сайн юм ярих байх. Өлзийт, Хужирт сумын хавиар байсан хүрээний лам бөх байсан гэж ярьдаг.

-Ах чинь бас бөх байх аа?

-Тийм ээ. Аймгийн харцага Б.Өнөржаргал. Аймгийн 80 жилийн ойн наадмаар ах харцага, би заан цол хүртэж байсан. Ах маань надаас нэг ах. Бид хоёрын барилдаан төстэй ч өөрсдийн гэсэн онцлогтой. Ах баруун талдаа хашиж мордох мэхэндээ сайн. Би тэр мэхийг нь хийж чаддаггүй. Намайг дөрөв, ахыг тавдугаар ангид байхад манай аав бид хоёрыг дагуулаад Энхболд гэдэг ах дээр очиж адилхан зодог шуудаг урлуулж өгсөн. Ааваас минь үлдсэн хамгийн үнэтэй цэнэтэй бэлэг дээ. Аав найзууддаа “Миний хөвгүүд улсын цол хүртэж, аварга болно” гэж ярьж бахархдаг байсан. Тиймээс ах бид хоёр аавынхаа хүслийг биелүүлж, түмэн олондоо хүндлэгдсэн сайхан бөх болохын төлөө хичээх болно. Тэр жил улсын начин болчихоод есөн хөлт цагаан тугаа тойроод алхаж байхад битүүхэн гуниг төрж аавыгаа үгүйлсэн.

-Олимпийн аварга Н.Түвшинбаярыг танай хүргэн гэдэг. Та эхээс хэдүүлээ юм бэ?

-Би нэг ах, нэг эмэгтэй дүүтэй. Энэ талаар би тэр бүр ярьж байгаагүй юм байна. Түвшинбаяр аваргын эхнэр манай аавын өмнөх эхнэрийн охин. Бид нэг эцгийн хүүхдүүд. Эцэг маань бага байхад нэг нэгэндээ хань болж яваг гээд их ойр дотно өсгөсөн. Бараг л нэг гэрт өссөн. Сайхан эгч дүүс. Анх “Аварга” дээд сургуулийн дотуур байранд ахтай хамт амьдардаг байсан юм. Тэгэхэд манай байранд Түвшинбаяр ах, улсын начин Энхбат гээд ах нар байлаа. Хамт бэлтгэл хийнэ. Тухайн үед манай эгч бид хоёрыг байнга эргэж тойрдог байсан юм. Тэр үед л аваргатай танилцсан байхгүй юу.

-Хүргэн ах бэлтгэлд чинь их санаа тавина биз?

-Бэлтгэл байнга шахаастай шүү дээ. Их анхаарч бэлтгэлийг маань шахна гэдэг илүү санаа тавьж байна гэсэн үг биз дээ (инээв).

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр: Би “тавхай“ Лувсан зааны ач хүү шүү дээ

АНУ-ын Лодердейл хот­ноо болсон жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс +100 кг-д барилдсан Ө.Дүүрэн­баяр алтан медаль хүртэж, аварга болсон билээ. Тус тэмцээнээс манай жүдо бөхийн баг тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм. Залуучуудын дэлхийн аварга Дүүрэнбаярын хувьд өдгөө 20 настай бөгөөд эцэг, эх нь бөхийн удамтай хүмүүс. Түүний аав нь Архангай аймгийн Баян-Улаан сумын харьяат улсын заан Дашийн Лувсан­гийн хүү улсын начин Өлзий­баяр гэдгийг бөх сонирхогчид мэдэх байх. Лувсан гуай “тавхай” нэрээ­рээ олноо алдаршсан домогт бөх бөгөөд Энхбаяр, Өлзийбаяр, Батбаяр гэсэн гурван сайхан хүүтэй. Өлзийбаярын ах нь гавьяат тамирчин, улсын начин Лу.Энхбаяр билээ. Харин Батбаяр мөн л сайн барилддаг бөх байсан гэдэг. Лу.Энхбаяр чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальтай. Тэрээр 1990 оны цагаан морин жилийн наадмаар Архангай аймгийн харьяат Гочоосүрэн заанаар начин цолны болзол хангажээ. Тэгвэл Дүүрэнбаярын аав Өлзийбаяр 1996 оны баяр наадамд тав давж улсын начин цол хүртэж байсан юм. Зөвхөн аавын удам гэлтгүй Дүүрэнбаярын ээж Бурмаа мөн л цуутай бөхийн үр удам. Ээж нь улсын заан Рэгжийбуугийн Даваанямын төрсөн дүү билээ. Ингээд бодохоор арга­гүй бөхийн удамтай энэ хүү их спортод ийм ам­жилт гаргах нь дамжиггүй юм.

Тэрээр эхний барил­даандаа Эстонийн бөхтэй учраа таарч хоёрхон секун­дын дотор цэвэр ялсан бол дараа нь Египетийн жүдоч Селим Халидыг буулгаж авсан. Харин хэсгийн авар­гын төлөө БНСУ-ын жүдоч Чой Мин Янгийг иппон үнэлгээгээр ялсан. Улмаар хагас шигшээд Украйны тамирчин Кхаммен Лаки­выг юко үнэлгээгээр буул­ган авч аваргын төлөө өрсөл­дөхөөр болсон юм. Авар­гын төлөө Ө.Дүүрэн­баяр Гүржийн жүдоч Кибордзалидзе Гугаг мөн л хоёр секунд ч хүрэлгүй цэвэр ялснаар ийнхүү аваргын алтан медалийг эх орондоо авчирсан билээ.

Ингээд залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэн­баяртай ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө залуу­чуудын дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Азийн наадмаас ирээд шууд том тэмцээнд оролцох амаргүй байсан болов уу?

-Баярлалаа. Залуучуудын ДАШТ-ий өмнө Инчонд болсон Азийн том наадамд оролцсон байсан учраас бэлтгэл хангалттай хангагдсан гэж болно. Гол нь амжилт гаргахад л хамаг оюун санаа төвлөрүүлж байлаа.

-Азийн наадмаас алт атгаад алдсан учраас энэ удаа заавал аварга болно гэсэн зорилготой байв уу?

-Тэгсэн. Би Азийн наадамд аваргын төлөө Японы бөхтэй барилдаад ялагдсан. Тиймээс энэ удаа алдаагаа давтахгүй байхыг хичээсэн.

-Японы бөх сая ирсэн үү. Тэгэхээр барилдаануудаа урдаас төлөвлөжээ?

-Японы бөх ирээгүй. Японы бөхтэй барилдахдаа мэхээ дутуу хийснээс болж харамсалтайгаар ялагдсан. Тиймээс залуучуудын ДАШТ-д аль болох мэхээ гүйцээж барилдана гэж бодсон.

-Хамгийн хүчтэй өрсөл­дөгч ямар бөх байв?

-Зооны аваргын төлөө Украйны бөхтэй таарах байх гэж тооцоолж байсан учраас эндээс явахаасаа өмнө судалгаа хийсэн. Украйны бөх энэ тэмцээний өмнө Европ тивийн аварга болсон байсан. Барилдааны бичлэгийг нь харахад хоёр талдаа барилддаг, ерөнхийдөө ямар мэх хийх нь тодорхойгүй замбараагүй барилдаантай бөх санагдсан. Тиймээс энэ барилдааны эсрэг зүүн гар дарж, нэг их салбагануулаад байхгүй барилдана гэж бодсон. Хамгийн ухаан гаргасан барилдаан болсон байх. Хүчтэй гэх юм бол Египетийн бөх байсан болов уу. Ер нь дэвжээн дээр таарсан бөх болгон л хүчтэй байсан даа.

-Өрсөлдөгчдөө буулгаж аваад аваргын тавцанд зог­сох тэр мөчид юу бодогдсон бэ?

-Залуучуудын ДАШТ-ээс медаль хүртээгүй хэсэг завсардсан байсан. Тиймээс би Азийн наадмаас ч илүү энэ тэмцээнд ач холбогдол өгч дөрвөн жил бэлтгэл хийсэн. Зорилгынхоо ард гарчихаад төрийн дууллаа сонсоод зогсох тэр мөчид хамгийн түрүүнд гэр бүлийнхэн маань нүдэнд харагдсан. Манай аав, ээж гэр бүлийнхэн маань намайг тэмцээн уралдаанд оролцох бүр байнга санаа тавьж, тусалж дэмждэг. Мөн ийм сайхан амжилтад хүрэхэд анхны багш Хаштогтох, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Балжинням зэрэг багш нар маань хамгаас илүү нөлөөлсөн. Тиймээс багш, дасгалжуулагчид, тамирчин ах, эгч нартаа бүгдэд нь баярлаж, талархаж явдгаа хэлмээр байна.

-Танай ааваас эхлээд өөрийн тань удамд олон сайхан бөхчүүд бий. Ээжийн тань талд бас олон бөх байдаг гэсэн?

-Манай өвөө улсын заан Лувсан. Аавын ах Лу.Энхбаяр гээд начин байна. Харин ээжийн төрсөн ах нь улсын заан Давааням. Мөн ээжийн талд Харүмафүжи Д.Бямбадорж, улсын заан Д. Лхагвадорж, улсын гарьд Н.Ганбаатар гээд бөх байдаг. Бас чөлөөт бөхөөр сүүлийн үед нэлээд амжилттай барилдаж байгаа Д.Баасандорж ах байна. Мөн хүргэн ах улсын гарьд Ч.Бат-Эрдэнэ гээд ах нарын зүгээс ч тэр, аавын зүгээс ч тэр хэлж захих зүйл зөндөө. Анх үндэсний бөхөөр барилдаж сурсан болохоор ч тэр үү жүдогоор хичээллэхэд их нөлөөлдөг.

-Үндэсний бөхөөр хэр бэлт­гэл хийж байна. Айм­гийн начин цолтой билүү?

-Тийм. 2012 онд Говь-Алтай аймгийн наадамд тав давж аймгийн начин цол хүртсэн. Мөн үндэсний бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай.

-Цаашдаа үндэсний бөхөөр зодоглох бодол байна уу?

-Аав мэднэ. Аав барилд гэвэл барилдана. Одоохондоо их спорт болох жүдогоороо амжилтад хүрчихээд дараа нь үндэсний бөхөөр барилдана гэсэн бодол байгаа. Аав үндэсний бөхөөр барилдахад нас залуу байна гэдэг.

-Одоо хэдэн настай вэ. Биеийн өндөр, жин хэд байна вэ?

-20 настай. Өндөр 184 см, жин 125 кг байгаа.

-Багадаа ер нь мяраалаг хүүхэд байсан гэж аав чинь ярьсан. Анх бөхийн спор­тоор хичээллэхдээ хэдэн кг жинтэй байсан бэ?

-/Инээв/. Хүүхэд байхаасаа л мяраатай байсан. Тавдугаар ангидаа 74 кг жинтэй байсан. Аав, ээж маань жингээ хасч, булчин болго гэж хэлдэг байсан. Үндэсний бөхөөр тэмцээнд орох гээд аавын зодог шууд­гийг өмсөх гэсэн бага­даад ороогүй. Тавдугаар ангиасаа жүдогоор хичээл­лэхээр Хаштогтох багш дээрээ очиход их жинтэй байна гэж зэмлүүлж байсан юм байна.

-Аль сургууль төгссөн юм бэ?

-“Галакси” сургуулийг төгссөн.

-Одоо их сургуульд сурч байгаа юу?

-Үгүй ээ. Гэхдээ МУБИС-ийн спортын сэтгүүлчийн ангид орох санаа байна.

-Бөхөө орхиод сэтгүүлч боло­хоор шийдсэн хэрэг үү?

-Бөхөө орхихгүй. Харин ч амжилтад хүрэхийн тулд илүү их хичээх болно. Бэлтгэл сургуулилтаа сайн хийх болно. Манай эгч спортын сэтгүүлч, найз охин маань “Зохиомж” дээд сургуулийн сэтгүүлчийн гуравдугаар курс болохоор энэ мэргэжлээр сурахаар шийдсэн юм.

-Бөхчүүдээс хэнийг илүүд хүндэлж, үлгэр дуурайлал авч байна?

-Н.Түвшинбаяр аваргын барилдааныг их хардаг. Аваргатай тэмцээн уралдаанд хамт явахад маш их зүйл сурч авдаг. Аварга шиг болохыг хүсдэг дээ.

-Хамт бэлтгэл хийж байна уу?

-Хийж байгаа.

МОНГОЛ УЛСЫН НАЧИН Л.ӨЛЗИЙБАЯР: ХҮҮГЭЭ АВАРГА БОЛОХ ҮЕД НУЛИМСАА ХАНЦУЙГААРАА ШУДРААД СУУЖ БАЙЛАА

-Хүүгээ залуучуудын дэлхийн аваргаас өглөө угтсан гэв үү?

-Тэглээ. Хөдөөнөөс дөнгөж орж ирээд хүүгээ тосч аваад явж байна.

-Аварга болох тэр мөчид та барилдааныг нь үзэж амжсан уу?

-Эхнэр бид хоёр хүүгийн­хээ барилдааныг интернэтээр үзсэн. Хүүгээ аварга болж төрийн дуул­лаа харийн тэн­гэрт мандуулахыг хараад би энд баярын нулим­саа ханцуйгаараа шударч суулаа шүү дээ. Хүүгийн­хээ дасгал­жуулагч багш нарт талар­хаж явдгаа илэрхийлье.

-Хүүгээ барилдах мөчид аварга болно гэдэгт нь итгэлтэй байв уу?

-Өрсөлдөгчдийн хувьд дандаа хүчтэй сайн бөхчүүд харагдсан. Гэхдээ эцэг хүний зөн совин хүүгээ ялна гэдэгт итгэл төгс дагуулж байсан. БНСУ, Украйны жүдочид чансаа­гаараа дээгүүрт ордог. Тиймээс миний хүү сайн барилдаарай гэж дотроо залбирч байлаа. Хүү минь ч сайхан барилдаан харуулж өрсөлдөгчдөө ялсан. Хүүгээрээ бахархаж байна. Улам илүү амжилт гаргаарай гэж хэлье.

-Тэмцээнд явахаас нь өмнө хүүдээ өөрийнхөө арга барилаас зааж зөвлөдөг үү?

-Би одоохондоо Замын-Үүдэд ажиллаж, амьдарч бай­гаа болохоор тэр болгон хүүгийн­хээ бэлтгэлд оролцоод, зааж зөвлөж амжихгүй юм. Уг нь ийм мэх хийвэл гэдэг ч юм уу бага сага хэлж ярих юм харагддаг. Гэхдээ хүүгийн маань бэлтгэлийг нагац ах нь болох улсын гарьд Ганбаатар хангадаг.

-Танай хэд дэх хүүхэд вэ?

-Манайх таван хүүхэдтэй. Дээ­рээ нэг эгч, гурван дүүтэй.

-Их дөлгөөн гэж найзууд нь үнэлдэг юм билээ?

-Тийм шүү. Миний хүү даруу­хан. Хүн амьтантай мэнд устай, сүрхий хүү. Бага байхын л аавыгаа дагаад дэвжээ хэсч явдаг байлаа. Намайг хаана л очиж барилдана тэнд хүү минь дагаад явдагсан.

-Мэдээж танд хүүгээ үндэс­ний бөхөөр хичээллэж, амжилт гаргаасай гэсэн битүү­хэн бодол байдаг байлгүй?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ их спортод одоохондоо амжилт гаргаж байгаад яваандаа цаг нь болохоор зүлэг ногоон дэвжээнд зодоглоно байх даа.

Д.ДАВААСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бөхчүүд буяны үйлсийг дэлгэрүүлдэг болоосой

Хуучин цагт үндэсний их баяр наадам, цагаан сараар л томоохон барилдаан болдог байлаа. Одоо бол үндэсний их баяр наадам, аймаг сумдын ой, Үндсэн хууль батлагдсаны ой гээд цаашилбал нэг компанийн үүсгэн байгуулагдсан өдөр, нэртэй цуутай эрхмүүдийн төрсөн өдөрт зориулаад жилдээ заал, дэвжээний тоймгүй олон барилдаан болдог болж. Бөхчүүд ч аль л шагнал бай өндөртэйг нь сонгон байж барилдаж харагддаг. Энэ зун хичнээн ч аймаг, сумын 90 жилийн ойн барилдаанууд болов. Нэг сумын ойн барилдаанд түрүүлэхэд л дор хаяж хоёр сая төгрөг халаасалчихаж байгаа юм, бөхчүүд. За тэгээд том компанийн нэрэмжит барилдаан хэдэн саяар бай шагнал яригдана. Ингээд бодохоор бөхчүүд орлого өндөртэй байгаа биз. Татвар өгдөг тухай мэддэг ч үгүй байх. Бодвол олсон хэдэн төгрөгөө ёстой өнөөх цолны найраандаа цацдаг биз. Ер нь бөхчүүд сайн үйлсийн аян, буяны үйлст хандив өргөдөг болбол яасан юм бэ. Нутгийн бөх улсын цол хүртлээ гээд л нутаг уснаас нь эхлээд жил бүрийн наадмын дараа Бенз, BMW, Ланд машин, байр орон сууц, насаараа барж идэхээргүй л мөнгө төгрөг тэдэнд өгдөг. Монгол бөхөө дээдэлдэг ард түмэн л бөхөө гээд байхаас биш бөх нь ядарсан нэг ч иргэнд хандивын гараа сунгалаа гэж лав сонсоогүй. Үндэсний бөхчүүдээс шүү. Бусад салбарт амжилттай яваа хүн болгон л нийгэмдээ сайн сайхныг хийж бүтээдэг, боломж бололцоогоороо хувь нэмрээ оруулдаг болчихож, бөхчүүд минь.

Д. ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.БАТСҮХ: Магадгүй сайн өрсөлдөгч байгаагүй бол сайн уран бүтээл гарахгүй байсан

Номинталст” хамт­лагийн ахлагч Д.Батсүхтэй ярилцлаа.

Удахгүй болох тоглол­тынхоо үеэр шинэ цомгоо танилцуулна гэсэн. Тоглол­тынхоо сонин хачнаас сонирхуулаач?

-Юуны өмнө манай хамт­лаг тоглолт хийх болсон шалт­гаанаа үзэгчдэдээ тайл­барласан нь зүйтэй болов уу гэж бодож байна. Манай хамтлагийн шинэ цомгийн ажил дууссантай холбоотойгоор “Strings” клуб цомхон хүрээнд тоглолт хийхийг бидэнд санал болгосон. 2012 оны тоглолтоос хойш манай хамтлагийг тоглол­тоо хийхгүй юм байх даа гэсэн хүлээлт фэнүүдийн маань дунд байсан. Биднээс ч тоглолтын талаар асуудаг байлаа. Бид жил болгон цомог гаргаад, тоглолт хийхийг хүсээд байдаггүй. Тодорхой хэмжээний цаг хугацааны шалгуурыг уран бүтээлдээ тавьдаг. Харин энэ удаа шинэ цомгоо үзэгчдэдээ танилцуулахын зэрэгцээ “Номин талст”-ыг сонсох дуртай үзэгч фэнүүдтэйгээ дуу хуураа хуваалцъя гэсэн үүднээс цомхон хүрээнд фэн уулзалт маягаар тоглолтоо зохион байгуулах саналыг хүлээж авсан.

-“Мишээл экспо” төвд бол­но гэхээр үзэгчид босоо байдлаас үзнэ гэсэн үг үү. Хичнээн хүн танай тоглол­тыг үзэх боломжтой вэ?

-Заалны зохион байгуу­лалтын хувьд үзэгчид босоо байдлаас тоглолтыг үзэх бөгөөд бид тайзаа заалны голд байрлуулах болно. Ингэснээр тойрон хүрээлж буй үзэгчидтэйгээ илүү амьд харилцаатай байх болов уу. 1000-2000 хүн тоглолтод ирэх байх гэсэн тооцоолол байна. Тоглолт дуусаад үргэлжлээд шоу арга хэмжээтэй болохоор энгийн тоглолтоос арай өвөр­мөц болно гэдэгт итгэлтэй байна.

Тоглолтын тасалбарыг 1000 ам.доллар гэсэн яриа байна?

-Тоглолт энэ сарын 29-нд болно. Зохион байгуулагчийн зүгээс заалны зохион байгуу­лалт, тасалбарыг хариуцаж ажиллаж байгаа гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Бид зөвхөн уран бүтээлээ л хариуцаж байна. Тасалбарын тухайд 40 мянган төгрөгийн үнэтэй. Сууж үзэх цөөхөн хэсэг бий. Ширээ тойроод. Тэр нь 100 мянган төгрөг. VIP өрөө нь 1000 ам.доллар юм билээ. Энэ дотроо идэх уух бүх зүйл багтсан багцын үнэ гэсэн. Найз нөхдөөрөө, хамт олноороо ч юм уу арваад хүн нийлээд л багцын сонголтыг хийж болох юм билээ. Бид өөрсдийгөө нэг их айхтар үнэлээд тавьчихаад байгаа гэж ойлгож болохгүй. Мэдээж багц дотроо орсон хоол унд нь хэр үнэтэй зэргээс хамаараад ийм тарифтай байгаа болов уу. Ер нь тэгээд манайхан урлагийг арай өөр өнцгөөс хардаг болчихсон байна шүү дээ.

Шинэ цомогт хичнээн дуу багтсан бэ. Мэдээж анх гаргаж байсан дуунуудыг бодвол энэ олон жилийн дараа дуулах дууны өнгө аяс, илэрхийлэх санаа хүртэл өөр болсон байлгүй…

-Тэгэлгүй яахав. Бидний найм дахь цомог. Цомгийн ажлыг нэлээд удаан гүйцэт­гэлээ. Шинэ цомогт ямар уран бүтээл оруулах, шинэ уран бүтээлээ хэрхэн сонсогч­додоо хүргэх гээд тал талаас нь бодолцож хоёр жилийн хугацаанд хийсэн. Цомог “Чамайг санахдаа” дууг эс тооцвол бүгд шинэ уран бүтээлээс бүрдсэн бай­гаа. Уран бүтээлийн чанар, хөгжмийн дуугаралт, найруулгын хувьд олон шинэ шийдлийг илэрхийлсэн, мэр­гэжлийн өндөр түвшинд бүт­сэн гэж болохоор дуунууд бий. Өмнөх уран бүтээлүүдийг бодвол өвөрмөц илэрхийлэлтэйгээс гадна хоолойны тавилтаас эхлээд их сайн ажилласан. Хөгжмийн найруулгын хувьд мэргэжлийн өндөр шаардлага хангасан. Хөгжмийн дуугаралтууд дээр дандаа амьд филорманийн хөгжимчид ажилласан, амьд хөгжимтэй. Манай цом­гийн хөгжмийн найруул­гыг гитар­чин Өөжгий ах хийсэн бол ая зохиогчоор Болорхүү гээд залуу ажил­ласан. Тиймээс энэ хоёр уран бүтээлчдээ талархсанаа илэрхийлье.

Цомгийн нэр юу билээ?

-Шинэ цомогтоо “2014” гэсэн нэр өгсөн. Маш энгийн байдлаар тухайн цомог бүтсэн он цагийг илтгэх үүднээс ийм нэр өгсөн. Ер нь цомогт багтсан дөрөв, таван дууны видео клип үзэгчдэд аль хэдийнэ хүрчихсэн байгаа.”Намайг”, “Чинийх” дуунаас гадна “Бид” дууны шинэчилсэн хувилбар гээд хүмүүс санаж байгаа байх.

Танай хамтлаг сүүлийн үед аливаа тоглолтод дуу­лахдаа тайзан дээр гурван гишүүнтэй гардаг болж. Сонсох нь ээ хамтлагийн дуучин Т.Хангэрэл буюу Хаазаагийн ажилтай холбоотой гэх?

-“Номинталст” хамтлаг гурван гишүүнтэйгээр яагаад дуулаад байгаа талаараа өмнө нь ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй. Харин энэ удаа танай сониноор дамжуулаад сонсогч, үзэгчдэдээ тайлбар хийсэн нь зүйтэй байх гэж бодлоо. Хаазаагийн хувьд төрийн алба хашиж байгаа учраас тэр болгон бэлтгэл сургуулилт дээр ирээд байх боломж гардаггүй. Төрийн алба бол хариуцлагатай ажил. Төрийн ажлыг алдагдуулахгүйн тулд хамтлагаасаа албан ёсоор чөлөө авсан байгаа.

Хамтлагаасаа гарчихсан юм биш үү?

-Түр хугацаагаар чөлөө авсан. Тэрнээс хамтлагаас гарсан юм бол байхгүй.

Тэгвэл шинэ цом­гийн дуунууд гурван гишүүн­тэй­гээр бичигдсэн байгаа юу?

-Бүх дуугаа бүрэн бүрэл­дэхүүнээрээ дуулж бичүүлсэн. Зөвхөн тоглолтод л оролцохгүй байгаа. Нэг гишүүн дутуу байлаа гээд бидэнд нэг их хүндрэлтэй зүйл тулгарахгүй байна. Харин үзэгчдийн хувьд дөрвөн гишүүнтэйгээр хүлээж аваад сурчихсан болохоор эвгүй харагдаж байгаа байх. Магадгүй гурвуулаа дуулна гэдэг илүү их хичээл зүтгэл шаардаж байна. Нэг гишүүнээ завгүй гээд бид гурваас чанаргүй уран бүтээл гарах ёсгүй. Биднийг сонсох дуртай фэнүүдийнхээ итгэлийг алдахгүй. Гэхдээ бид харьцангуй шинэ залуу хамтлаг биш. Тодорхой хэмжээний туршлага байна. Цаашид урлагт хүчин зүтгэх цаг хугацаа ч бидэнд байна.

Дөнгөж өсч яваа дөрвөн хүү хамтлаг байгуулж, урла­гийн тогоонд орох үед төрсөн сэтгэгдлээсээ хуваал­цахгүй юу. Энэ тухай өнөө­дөр ч та бүхэн дурсдаг байх?

-Манай хамтлаг чинь “Номин” гээд дууны, “Талст” гээд бүжгийн хамтлагаас бүрд­сэн гэдгийг хүмүүс ихэнх нь мэднэ. Тухайн үед Дэлгэрмөрөн, Хаянхярваа, Хан­гэрэл бид дөрөв “Номинталст” гээд хамтлаг байгуул­чихаад хамтлаг хаана, хэзээ ямар амжилтад хүрэхээ мэдэхгүй догдолж байлаа. Магадгүй өнөөдрийнх шиг олон мянган сонсогчидтой, фэнүүдтэй болж өнөөдрийн энэ өндөрлөгт хүрнэ гэж зүүдлээ ч үгүй. Тийм боломж ч бага байсан. Хамтлаг байгуулаад дуу дуулж тайзан дээр гарна гэхээр л баярлаж байж дээ. Гэхдээ бид “Номинталст”-ыг хүн бүхний сонсох дуртай хамтлаг болгохын тулд зорил­гоо нэгтгэж, зүтгэсэн, хөдөлмөрлөсөн. Харин бид зорьсондоо хүрсэн. Цаашдаа ч хамтлагийнхаа төлөө бүх сэтгэл зүрхээ зориулсан хэвээр байх болно.

Мэдээж нэртэй хамтлаг болохоос гадна олон ч хүсэл мөрөөдлөө хоорондоо хуваалц­даг байсан биз. Одоог хүртэл санаанаас гар­даг­гүй дурсамж бий юу?

-Маш олон сайхан дурсамж бидэнд бий. Гэнэн томоогүй хүүхдүүд юм хойно бүтэх, бүтэхгүй олон зүйл мөрөөднө. Ихэвчлэн материаллаг буюу санхүүгийн асуудал их тулгардаг байсан. Тухайн үед нэрээ дуурсгасан мундаг хамтлаг болохоос гадна жижиг мөрөөдлүүд байнаа. 1997 онд анх гар утас орж ирж байлаа. Биднээс арай ах хамтлагийнхан гар утас барихыг хараад “Дөрвүүлээ хэзээ гар утастай болох юм бол. Гар утастай болох юмсан” гэж ирээд л хоорондоо ярина. Бас өөрсдийн гэсэн хөгжимтэй болох юмсан гэж мөрөөднө. Тухайн үед тоглолтын хувцсаа ч авах мөнгөгүй болох үе байсан. Гэхдээ энэ бол жижиг асуудал. Бидний зорилго харин жижиг байгаагүй, том байсан даа/инээв/. Хэдий мөнгөгүй ч гэсэн Энх-Манлай, Хоовон, Өөжгий зэрэг ах нар их тусална. Бид нар гуйж дуугаа бичүүлнэ. Ононбат ах гэхэд л манай хамтлагийн анхны цомгийг хандив маягаар зүгээр хийж өгч байлаа. Ингээд л хүмүүст танигдаад ирэхээр аяндаа ивээн тэтгэгч нар ч гараад ирдэг юм билээ.

Хэн ч мэдэхгүй байсан хөвгүүд олонд танигдаад ирэхээр биеэ тоохоос эхлээд их өөрчлөлттэй тулгарна биз?

-Сэтгэл зүйд маш том өөрчлөлт гардаг юм билээ. Хүмүүсийн хандлагыг буруу хүлээж авбал эвдрэх амархан санагдсан. Хоёрхон жилийн хугацаанд олонд танигдаад амжилт гаргаад ирэхээрээ зан араншин эвдрэх зүйл хэн хэнд нь ажиглагддаг байсан. Хамтлагийн гишүүд хоорондоо ч тэр, өөр хүмүүстээ харилцахдаа ч тэр биеэ тоох, нялх одын өвчин тусч эхэлдэг юм билээ. Гэхдээ энэ дундаас өөрийн­хөөрөө үлдэнэ гэдэг суурь хүмүүжилтэй холбоотой байх.

Бас амжилт гаргана гэдэг сайн өрсөлдөгчтэйн шинж байдаг уу. Ялангуяа “Камертон” хамтлагтай танай­хыг байнга харьцуулж, хоорон­доо өрсөлдөж ирсэн гэдэг?

-Сайн өрсөлдөгч амжилтын үндэс гэдэгтэй санал нийлж байна. Манай хамтлагийг гарч ирэхэд “Сүнс”, “Камертон” хоёр хамтлаг байсан. Тиймээс бид энэ хоёр хамтлагийн амжилтыг давахын тулд араас нь их л хөдөлмөрлөж,хөөж, өрсөлдөж явсан юм уу даа. Тухайн цаг үедээ нэгнийгээ эрчлээд хор шарыг нь малтаад явж байсан нь үнэн. Магадгүй сайн өрсөлдөгч байгаагүй бол сайн уран бүтээл гарахгүй байсан байх. Гэхдээ хүмүүс дэндүү дөвийлгөж, харьцуулж яриад сурчихсан зан манайханд ажиглагддаг. Хаа нэг уран бүтээлийн хувьд ч юм уу, гишүүдийн хооронд үл ойлголцох муудалцах зүйл бол гардаг л байсан. Тэрнээс насаараа тэмцэлдээд ирчихсэн юм биш шүү дээ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Баярсайхан: Би таван орны 5000 орчим цэрэгтэй батальоныг захирна

Өмнөд Судан улс 2011 онд тусгаар тогтносон хэдий ч дотооддоо улс төрийн үймээн самуун ихтэй байна. Тиймээс тус улсад НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаа өрнөсөн юм. Тэгвэл энэ жил НҮБ-ын Аюулгүйн зөв­лөлийн тогтоолоор тус ажил­лагааг өргөжүүлж үүрэг гүйцэтгэх цэргийн тоо 6500 байсныг 12500 болгосон байна. Ингээд нийт цэргийн хүчийг дөр­вөн бүсэд хуваажээ. Тэгвэл дээрх дөрвөн бүсийн нэг болох хойд бүсийн олон улсын хүчний команд­лагчаар монгол хүн томилогдсон байна. Ингээд НҮБ-ын энхийг сахиу­­лах ажиллагааны хойд бүсийн командлагчаар томи­­логдсон БХЯ-ны Стра­тегийн бодлого, төлөв­лөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баяр­сайхантай ярилцлаа.

Таныг НҮБ-аас шинэ албан тушаалд томилох шийдвэрийг хэзээ гаргасан юм бэ?

– НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны командлагчийн орлогчоор ажиллах асуудал яригдаад өнгөрсөн хоёрдугаар сард би ярилцлага өгсөн юм. НҮБ-аас бидэнтэй интернэтээр шууд визийн ярилцлага хийсэн. Наймдугаар сард бүсийн командлагчийн ярилцлага дахиад өгсөн. Англи хэлний мэдлэгийг голчилдог. Хоёр дахь удаа шалгалт өгөхдөө утсаар холбогдож ярилцлага авсан. Гол нь цэрэг, армийн мэргэжлийн хэллэгийг илүү шалгадаг юм билээ. Түүнчлэн өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байдлыг харж үзсэн байх. 2004 онд миний удирдлага дор үүрэг гүйцэтгэсэн ахлагч Г.Аззаяа, Д.Самбуу-Ёндон нар амиа золиослогчдын халдлагыг таслан зогсоож байсан удаатай. Энэ бүх хүчин зүйл нөлөөлсөн болов уу. Дөрвөн албан тушаалын төлөө долоо найман хүн өрсөлдсөн юм шиг байна лээ. Ингээд НҮБ-аас бүсийн командлагчид томилсон болохоо есдүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэн.

Хичнээн хүн захирна гэсэн үг вэ?

-Миний хариуцах хэсэгт манай 850 хүний бүрэл­дэхүүнтэй мотобуудлагын батальон үүрэг гүйцэтгэж байгаа. Мөн Гана, Энэтхэг, Руанда, Этиоп зэрэг таван улсын 5000 орчим алба хаагчийг захирах юм билээ.

Таны туслахаар хэд хэдэн офицер эндээс явна гэсэн үү?

-Одоогоор бүсийн команд­лалын штабын даргаар Мон­гол Улсын Зэвсэгт хүчний нэг хурандаа явах байх. Бас штабт ажиллах хэд хэдэн офицер томилогдоно. Одоохондоо хэдэн хүн гэдгийг мэдэхгүй. Энэ сарын 19 гэхэд үүрэгт ажилдаа орно.

Таны командлах бүсийн онцлог юу вэ, ямар нөхцөл бай­дал хүлээж байгаа бол?

-Би Өмнөд Суданы өнөөгийн нөхцөл байдлыг олон арга замаар судалж байна. Цагийн байдалтай танилцаж очоод аль болох хурдан үүрэгт ажилдаа жигдрэхийг бодож байна. Би Малакал хотод очиж штабаа зохион байгуулж байрлуулах юм билээ. Миний очих гэж байгаа сектор их төвөгтэй юм шиг байна. Иргэний дайны шинжтэй мөргөлдөөн хурцадсан. Бас нэг хүчин зүйл бол Өмнөд Суданы эдийн засгийн бүс болсон нефть олборлох үйлдвэр тэнд байдаг юм байна. Тиймээс тэнд эдийн засагтай холбоотой асуудал гарвал юу ч болж мэднэ. Дараагийн том хүчин зүйл бол гэр орноосоо дүрвэсэн олон сая хүн. Зөвхөн манай цэргүүдийн байрлаж байгаа газарт гэхэд л 50 мянга орчим дүрвэгсэд байгаа гэсэн. Мөн гурван сая орчим хүүхэд өлсгөлөнд нэрвэгдээд байгаа юм билээ. Үүнээс гадна хүмүүсийн анхаарал татаад байгаа халдварт эбола вирус Африкийнхаа баруун эрэгт тархсан ч бидний байрлах зүүн эрэгт орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй. Мөн адил төрлийн халдвараар нэг хүн амиа алдсан гэх мэдээлэл ч байна.

Дайн дажингүй орноос цаг минут тутамд бараг буудалцаж байдаг орныг зорино гэхэд сэтгэлзүйн хувьд ямар байна. Ялангуяа тэр том армийг удирдахаар явж байгаа шүү дээ?

-Ямартай ч Монголоос анх удаа Монгол хүн ийм том албан тушаалд томилогдоно гэдэг сайн хэрэг. Энэ бол маш их үүрэг хариуцлага. Надад “Яана аа, тэнд дайнтай байгаа шүү дээ” гэж эмээх зүйл алга. Цэргийн хүн сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн байдаг. Тиймээс би энэ албыг нэр төртэй биелүүлээд ирнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Хэр хугацаанд бүсийн командлагчаар ажиллах юм бэ?

-Нэг жилийн хугацаатай.

Эцэг, эх тань цэргийн хүн байсан гэж сонссон?

-Манай ээж, аав хоёр цэргийн хүмүүс. Уг нь хотын хүмүүс. Гэхдээ нутаг усаар нь хөөвөл ээж маань Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн юм билээ. Эцэг, эх маань Дорноговийн Зүүнбаянгийн цэргийн ангид ажиллаж байсан. Аав сургалтаар цэргийн боловсрол эзэмшсэн ч дивизийн автотехникийн албаны дарга хийж байсан. Ээж цэргийн ангийн хүн эмнэлгийн эмчээр ажилладаг байсан. БиУлаанбаатар хотод мэндэлсэн ч аравдугаар ангиа төгсөх үед аав, ээжийгээ дагаад Зүүнбаянд цэргийн ангид очиж, тэндээ алба хаасан.

Таны намтрыг харахад цэргийн боловсролыг ихэвч­лэн гадны сургуулиудад дээшлүүлсэн харагдсан?

-Тухайн үед аравдугаар анги онц, сайн төгссөн хүмүүсийг ЗХУ руу цэргийн сургуульд явуулдаг байсан. Тэгсэн би цэргийн хүн болохгүй гээд Багшийн дээдийн биеийн тамирын дээд сургуульд орсон байхгүй юу. Хөлбөмбөг их сонирхоно. Харин ээж загнаад шууд хойш нь сургуульд явуулсан. Тэгж л ЗХУ-ын Артиллерийн Инженерийн дээд сургуулийг 1985 онд төгсч ирээд Зэвсэгт хүчний 015 дугаар ангид галт хэрэгслийн тасгийн даргаар ажиллаж эхэлж байлаа. Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа сайн хөгжсөн. Үүний ачаар гадны сургуульд боловсролоо дээшлүүлсэн хэрэг. Энэ журмаар АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллежийг 1995 онд, Голландын Энхийг сахиулагч ажиглагчийн дамжааг 1997 онд, АНУ-ын Энхийг сахиулах ажиллагааны хуулийн дамжааг 1999 онд, АНУ-ын Хуурай замын цэргийн дайны коллежийг 2004 онд төгссөн.

Энэ хугацаанд ямар албан тушаалд томилогдож байв?

-Манайхан гадаадад сургуульд сурсан гэхээр тав, зургаан жил тэр оронд нь очиж сурсан мэт ойлгоод байдаг. Цэргийн сургуулиудад сурахад дээд тал нь нэг жилийн хугацаатай байдаг. Миний хувьд энэ хугацаанд сурахын хажуугаар Цэргийн их сургуулийн багш, зэвсэглэлийн багш, Цэргийн тагнуулын газрын Мэдээллийн хэлтсийн ахлах офицер, мөн газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Мөн ЗХЖШ-ын Энхийг сахиулах албаны ахлах мэргэжилтэн, Стратеги удирдлага, төлөвлөлтийн газрын орлогч дарга, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалах атташе,ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2010 оноос БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргын албыг хашиж байсан.

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Улсын начин Н.Адъяабат: Үнэндээ би хоёр дахь шинжилгээг хийлгэе гэж мөнгө төлөөгүй

Өнөө жилийн наадмаар Монгол Улсын начин цол хүртсэн Н.Адъяабат, Б.Суманчулуун нар шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь илэрчээ. Энэхүү мэдээллийг Монголын үндэсний бөхийн холбооноос албан ёсоор өчигдөр мэдээлсэн юм. БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн төв лабораторид хүргүүлсэн сорьцын хариу хэд хоногийн өмнө ирсэн бөгөөд “А” сорьцын шинжилгээгээр хоёр бөхөөс допинг илэрсэн гэдэг мэдээлэл ирсэн байна. “А” сорьцоор допинг илэрсэн гэх хоёр бөх хүсэлт гаргасны дагуу БНСУ дахь лаборатори дахин “В” сорьцын шинжилгээг хийж хариуг ирүүлжээ. Уг хариугаар начин Б.Суманчулуун, Н.Адъяабат нар допинг хэрэглэсэн болох нь батлагдсан байна. Өнөө жилийн наадмаар Улсын начин цолны болзол хангасан Балжиннямын Суманчулуун нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх билээ. Тэрээр 1983 онд төрсөн бөгөөд 2003 оноос барилдаж эхэлжээ.

Б.Суманчулуун 2007 онд аймгийн арслан цол хүртэж байжээ. Түүнийбагш нь “Хантайшир” дэвжээний үндэсний бөхийн багш, Улсын начин Д.Бадрах билээ. Тус дэвжээнээс өмнө нь Улсын заан Б.Соронзонболд допинг хэрэглэж байсан удаатай.

Харин Найдангийн Адъяабат бол Архангай аймгийн Тариат сумын харьяат “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх юм. Тэрээр 1984 онд төрсөн бөгөөд арав гаруй жил бөхийн спортоор хичээллэж байгаа аж. Түүний хувьд 2010 онд аймгийн арслан цолыг хүртсэн бөгөөд дасгалжуулагч багшаар Улсын заан Ч.Гочоосүрэн ажилладаг байна.

Шинжилгээний эхний хариу ирэх үеэр энэ жилийн наадмаар түрүүлсэн Улсын арслан Н.Батсуурь болон харцага цол хүртсэн Б.Пүрэвсайхан, начин цолны болзол хангасан Л.Лха-Очир нарыг хэмээн яриа гараад байсан. Тийм таамаг ч бөх сонирхогчдын дунд байсан нь үнэн. Гэвч эдгээр бөхчүүдээс нэг нь ч байсангүй. Харин шинээр улсын цолны болзол хангасан бөхчүүд байсан нь гэнэтийн мэдээ байлаа. Зарим хү­мүү­сийн ярьж буйгаар гурван бөх гэж яригдаж байсан гэтэл нэгийг нь МҮБХ сугалаад аваад үлдчихлээ гэх яриа ч олны дунд байна. Түүнчлэн өнөө жил Улсын харцага цол хүртсэн Б.Пүрэвсайхан өмнөх хариунд байсан гэх нь бий. Гэхдээ энэ бүхэн бол баримтгүй яриа гэдгийг хэлье.

Ингээд допинг илэрсэн бөхөөр зарлагдсан Улсын начин Н.Адъяабаттай уулзаж тодруулга авснаа хүргэе.

Таны шинжилгээний хариу допинг хэрэглэсэн гэж гарлаа. Танд хариуг чинь мэдэгдсэн биз дээ?

-Мэдээгүй. Энэ тухай мэ­дээллийг би өдөр интернэтээс л олж харлаа.

Допингийн төрөлд орох эм бэлдмэл хэрэглэсэн нь үнэн үү?

-Үүнд би тэгсэн, тэгээгүй гэдэг тайлбар өгмөөргүй байна.

Таныг наадмын үеэр хөлөндөө эмчилгээ хийлгэж байсан гэсэн. Ямар эмчилгээ юм бол?

-Тэр үнэн. Наадмын өмнөхөн зүүн хөлний өвдөгний нүдэн дээр хатиг гарчихсан. Өвдгөн дээр гарсан хатиг цоордоггүй юм билээ. Долдугаар сарын 9-ний орой хөдөө бэлтгэлээс орж ирээд III эмнэлэгт зүсэлт хийлгэсэн. Тэгээд 10-ны өдөр өвчин намдаах тариа хийлгэж өнжөөд 11-нд наадмын дэвжээнд гарч барилдсан. 13-нд дахиж эмнэлэгт очиж зүсэлт хийлгэсэн. Тэгсэн бүр сэдэрч идээлээд хоёр газар зүсүүлсэн байхгүй юу. Наалт наагаад барилдчихсан чинь дотуураа идээ гүйчихдэг юм билээ. Наалтыг авангуут идээ гоожсон. Бараг 3 см зүссэн.

Тухайн үед эмч нар ийм тариа, эм хэрэглэж байна шүү гэж хэлж байсан уу?

-Өвдөлтөндөө юун тэрийг сонсох. Өвдөхийн эрхэнд би өвчин намдаах хүчтэй эм, тариа хэрэглэхгүй гээд яах юм бэ. Эм ууж, лаа хийгээд, та­риа тариулж байсан. Мэдээ алдуулагч хийлгэсэн. Цэвэрлэгээний зориулалтаар натри фурамид, феркс болонтрамадол лаа хийлгэж, өвчин намдаах морфин тариулж байсан.

Тэгэхээр барилдааны үеэр эм тариа хэрэглэж байсан гэсэн үг үү?

-Өвчин намдаах та­риа өглөө нэг хийлгээд, барилдахын өмнө бас хийлгэсэн. Наадмын дараа эмч “Насан туршдаа хөлгүй болох байлаа. Амьдралаа золиослон байж барилджээ” гэж зэмлэсэн. Үнэхээр тийм эрсдэл гарч болох байсан. Энэ л эм, тариаг хэрэглэсэн нь допинг хэрэглэсэн болж таарахгүй юм бол би өөр ямар юмныхаа юмыг хэрэглэх вэ дээ. Би хүүхэд байхаасаа л барилдсан.Би баруун хөлөндөө бас гэмтэлтэй. Таван жил болж байгаа байх. Өнгөрсөн хавар наадмын бэлтгэлд гарахаасаа өмнө эмчилгээ хийлгэсэн. Одоо болтол бүрэн эдгэрээгүй. Бэлтгэл сургуулилт гээд барилдах болгонд сэдрэх гээд байдаг.

Ер нь допингийн төрөлд багтдаг эм, бэлдмэлүүдийг мэдэх үү?

-Яг нарийн бол мэдэхгүй. Ерөнхийдөө өвчин намдаах, тайвшруулах, жин нэмэх, булчин задлах гэдэг ч юм уу тоймлоод л мэднэ. Наадмын бэлтгэлийн өмнө допингийн эсрэг гарын авлага маягийн ном өгдөг. Мэргэжлийн хэллэгээр нь биччихсэн эмийг тэр болгон бид ойлгохгүй, тайлбарлаж чадахгүй ш дээ.

Одоо танд ямар хариуц­лага тооцно гэж бодож байна?

-Дөнгөж түрүүхэн мэдсэн болохоор энэ талаар бодоо ч үгүй явна. Хоёр жил хүртэлх хугацаанд барилдах эрх хасах, эсвэл цол, чимгийг нь хураадаг гэж заасан байдаг биз дээ.

Анх допинг хэрэглэсэн гээд гурван хүний нэр яваад байхад та ямар бодолтой байв. Өөрийгөө байна гэж…

-Энэ тухай юу ч бодоогүй. Огт тоогоогүй.

Шинжилгээний хариуг та мэдээгүй гэж түрүүн хэлсэн. Шинжилгээний эхний хариуг бол мэдсэн байсан биз дээ?

-Эхний хариуг олон хоногийн өмнө мэдсэн. Гэхдээ хоёрдугаар шатны шинжилгээг өөрийн хүсэлтээр тухайн бөх өөрөөсөө мөнгө төлж хийлгэдэг гэж интернэтээс харлаа. Үнэндээ би хоёр дахь шинжилгээ буюу тэр “B” шинжилгээ гэдгийг нь хийлгэе гэж мөнгө төлөөгүй. Миний өмнөөс хэн нэгэн төлсөн юм уу би мэдэхгүй. Үнэхээр надаас допинг илэрсэнд нь би гайхаж байна. Би нэг их нэр төр, карьер хөөгөөд байдаггүй учраас ач холбогдол өгөхгүй байгаа. Олон жил барилдахдаа би өөрийнхөө бэлтгэл сургуулилтын үр дүнд л өнөөг хүрсэн. Бөхөө дээдэлдэг ард түмэн өөр, өөрсдийнхөөрөө тунгаан бодож хүлээж авах байлгүй. Надад өөр хэлэх зүйл алга даа гэв.

Түүний багш Улсын на­чин Ч.Гочоосүрэнтэй утсаар холбогдоход “Би наад мэдээл­лийг тань өөрөөс тань л сонслоо. Би хөдөө яваад өчигдөр ирсэн. Дэвжээний хэдтэйгээ холбогдоогүй л байна. Харин маргаашнаас МҮБХ-гоор орж бэлтгэл хийх заал, ойр зуурын ажил хөөцөлдөж ордог юм билүү гэж бодож байлаа. Н.Адъяабат хавар эмчилгээ хийлгэлээ гэж байсан. Наадмаар бас хагалгаатай байж тийм өндөр даваанд хүрсэн сайн бөх. Би допинг хэрэглэсэн гэж итгэхгүй байна” гэв.

Харин Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад ийн хариулт өгсөн юм.

Допингийн шинжил­гээний хариуг нэлээд удаж дэлгэлээ. Танай холбооны зүгээс зарим бөхчүүдийг санаатайгаар татахаар ийн удаасан гэх яриа байна?

-Допингийн шинжилгээг БНСУ-ын лабораторид хийлгэдэг. Манайх өөрсдөө хийдэг бол өөр хэрэг. Бид олон улсын олимпийн хорооны журамд заасны дагуу ажиллаж байна. Шинжилгээг хоёр шаттай хийдэг. “А” сорьцоор допинг хэрэглэсэн гэсэн бөхчүүд хариуг зөвшөөрөхгүй бол дахин “В” сорьцын шинжилгээнд шилждэг. Уг нь допингийн хариуг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо олон нийтэд танилцуулах ёстой. Зохион байгуулах хороо танилцуулаагүй тохиолдолд МҮБХ танилцуулна. Журмын дагуу бид мэдээлэл хийж байна. Тэгээд ч холбооны зүгээс болон хэн дуртай нь шинжилгээний хариуг өөрчлөх гэсэн асуудал байхгүй.

Допинг хэрэглэсэн гэх бөхчүүдэд хариуг мэдэгд­сэн байх ёстой. Допинг хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрч байх юм уу?

-Тухайн бөхчүүд одоохон­доо хариуг эсэргүүцсэн зүйл алга. Харин эмчилгээтэй байсан, эм тариа их хэрэглэсэн гэдэг тайлбар өгч байгаа. Барилдааны үеэр хоёулаа бэртэлтэй эмчилгээ хийлгэж байсан юм билээ. Гэхдээ эм хэрэглэх байсан бол Допингийн эсрэг төвд хандах ёстой. Бөхчүүд үүнийг мэдэж байгаа. Тэгэхээр энэ тайлбар нь допинг хэрэглээгүй гэх баталгаа болж чадахгүй.

Бэртлийг тодруулахгүй юу?

-Б.Суманчулуун гарандаа бэртэлтэй байсан бол Н.Адъяабат наадмын өмнөх өдөр хөлөндөө хагалгаа хийлгэсэн байсан гэсэн.

Одоо ямар арга хэмжээ авах вэ?

-Хоёр жилийн хугацаагаар барилдах эрхийг нь хасах эсвэл цол хураах арга хэмжээ авах байх. Ямар шийтгэл оногдуулахыг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо шийднэ. Энэ жилийн наадмын комиссыг Шадар сайд Д.Тэрбишдагва ахалсан шүү дээ.

Допингийн шинжил­гээнд хамрагдаагүй бөх бий юу?

-Үндэсний их баяр наадмын тухай хууль, допингийн журамд зааснаар, энэ жилийн баяр наадамдтаваас дээш давсан 16 бөх шинжилгээ өгсөн. Шинжилгээ өгөхгүй, татгалзсан бөх байхгүй. Хэрэв татгалзсан тохиолдолд тухайн бөхийг допинг хэрэглэсэн гэж үздэг журамтай юм. Тиймээс бөхчүүд татгалзаагүй.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

С.Батсүх: Өөрийгөө олчихсон хүнээс төгс бүтээл төрдөг

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүхтэй ярилцлаа.

-Сүүлийн
үед хийж буй шинэ уран бүтээлийн чимээ юу байна?

-“Өөртэйгөө ярилцахуй” гээд шинэ цомог дээр ажиллаж байна. Энэ цомогт
орсон дуунуудынхаа сэдвийг яруу найрагчдад өгч шүлгийг нь бичүүлсэн. Мөн дуу бүрийн
аяыг өөр өөр хөгжмийн зохиолчдоор бичүүллээ. Бүх дууныхаа хоолойны бичлэгт орчихсон.
Цомог бэлэн болсон. Цаг нь ирэхээр үзэгчдэдээ хүргэхээр хадгалаад байж байна. Миний
арав дахь цомог.

-Дууныхаа  сэдэв, санааг хүртэл захиалж хийлгэсэн гэхээр
дан таны ертөнцөөр ард түмэн аялах нь ээ?

-Тэгэлгүй яахав. Цомгоос гадна 
дуугаа сэргээж тайзан дээр дуулахаар зэхэж байна. Энэ дууг хэдэн жилийн өмнө
дуулаад телевиз, фм-үүдэд өгөлгүй өнгөрсөн юм. Хаа нэг бясалгалын төвүүдэд энэ дуу
маань эгшиглэж сонсогддог байлаа. Харин саяхнаас нэг лам залуу миний хоолойн дээр
ам бариад их аятайхан, дотоод сэтгэлээсээ дуулж байгаа бичлэг файсбүүк хуудсаар
тархах болж. Хүмүүс ч их сайхан дуу гэж байна.

Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай

Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий

Насан өндөр аав, ээжээ хайрлаарай

Нартын жам нь булаачихна ай хөөрхий… гээд үгийг нь Бавуудорж,
аяыг нь “Баянмонгол чуулга”-ын хөгжимчин Нармандах бичсэн. “Нандин цэнхэр тэнгэрийг
хайрлаарай” гэдэг нэртэй байсан чинь ард түмэн “Орчлонг хайрлаарай” гээд нэрлэчихэж.
Очсон газар болгон намайг энэ дуугаа дуулаач гэдэг боллоо. Тиймээс би энэ дууг тайзан
дээр дуулах цаг нь иржээ гэж бодлоо. Байгаль эх дэлхийтэйгээ зүй бусаар харьцах
болсон өнөөгийн нийгэмд зориулагдсан дуу. Нийгмийн захиалга юм уу даа. Миний нэг
зарчим байдаг л даа. Дуугаа ард түмэнд танигдаж хүрсний дараа тайзан дээр дуулдаг.

-Яагаад.
Чанартай, чанаргүй олон уран бүтээл гаргаж байснаас ард түмний сэтгэлд хүрсэн ганц
бүтээл хийе гэдэг утгаараа юу?

-Урлагийн хүн уран бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөх ёстой.
Хэрэглэгч нь ард түмэн учраас. Тиймдээ ч би шинэ дуун дээр сургууль хийж тайзан
дээр дуулж үзэгчдийг хуурахыг хүсдэггүй. “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Завхан гол”,
“Бүүвэй ээж”, “Аав уул минь” зэрэг дуу ард түмэнд хүрчихсэн, сэтгэлд нь хоногшчихсон
учраас үзэгчид намайг дуулахыг хүлээж, хүсч байна. Хэдэн жилийн өмнө тоглолтыг минь
үзэх гэж очдог байсан бол өнөөдөр ард түмэн надтай хамт дуулах гэж Бөхийн өргөөнд
очиж байна. Хүмүүс чөлөөт цагаараа караокедож хайртай дуучныхаа дууг өөрсдөө дуулахыг
илүүд үздэг болсон үе. Урлаг илүү цэнгүүн тал руугаа хөгжиж байгаа илрэл л дээ.
Өнөөдөр олон сайхан шинэ уран бүтээлч төрж байна. Урлагийн хүний гол зорилго нь
нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж сайн сайхан зүйлийг гурван бадаг дуугаараа ард түмэнд
ойртуулах гэдгийг мартаж болохгүй. Аливаа арга хэмжээ, тайзан дээр гараад шинэ дуугаа
хүргэхээсээ илүүтэйгээр тэдний хүсч байгаа дууг дуулах хэрэгтэй. Ингэхдээ амнаасаа
гарч буй хий болгоныг чин сэтгэлээсээ гаргадаг байх ёстой. Ингэж байж ард түмэн
чамайг сонсоно, ард түмэн чамайг хайрлаж хүндэлнэ, уран бүтээл чинь хүнд хүрч үзэгчдийн
сэтгэлийг баярлуулна шүү дээ.

-Чин
сэтгэлээсээ дуулж сурна гэдэг уран бүтээлч зөв замаараа явж байгаа нэг илрэл гэж
ойлгож болох уу?

-Үг үсэг, хэлж байгаа авиа хүртэл чин сэтгэлээсээ, үнэн байх ёстой.
Монголын ард түмэн намайг дуулаад дуусахад дуулж байгаа дуу, гоё хоолой руу биш
миний чин сэтгэл рүү минь баярласнаа илэрхийлж алга ташдаг байхгүй юу. Ер нь нэрд
гасан амжилтад хүрчихсэн мундаг дуучдыг хараад байхад их сэтгэлээсээ дуулж байгаа
нь харагддаг. Яагаад гэвэл тэд өөрт нь диваажин, шүтдэг уул ус, бүхий  л аз жаргал нь байгааг олчихсон, юуны тулд дуулж
буйгаа ухаарчихсан хүмүүс. “Харанга”-ын Лхагвасүрэн, Өлзий-Орших, Сарантуяа, Түвшинтөгс
нарыг хар. Гоё дуулахдаа биш. Дуу нь тэдний 
амьдрал болчихсон, дуун дотроо амьдардаг учраас үзэгчдэд хүрээд байна. Тэр
ятга тоглодог хөгжимчин Мөнх-Эрдэнэ байна. Бүр хөгжим дотроо амьдардаг, ятгынхаа
хөг бүрт чин сэтгэлээ зориулж байна. Үүнийг л өөрийгөө олох гээд байгаа юм. Өөрийгөө
олчихсон хүнээс төгс бүтээл гарна. Гэтэл манай залуус өөрийгөө олно гээд хаа нэгтээгээс
юм олох юм шиг хайгаад байдаг. Тийм биш л дээ. Мөн чанараа ухаараагүйн л шинж.

-Таны
дуулсан хуучны олон сайхан дуу бий. Бараг таны нэрээр овоглодог гэхэд буруудахгүй
болов уу?

-Аан тэгж ярьж болохгүй. Тэр домог болсон бурхан шиг хүмүүсийг би
яаж гүйцэж дуулахав. Өөрийнхөө хэмжээнд жаахан хэмнэлийг нь өөрчилсөн төдий. Гэхдээ
их цөөхөн. Нэг цомогт нэг дуу л ордог. “Зам дээр гээгдсэн цэцэг” дуу байна. Би цомог
болгондоо хүүхэд ахуйдаа дуулдаг байсан дуунаас заавал нэгийг оруулдаг. Хамгийн
анхны цомогтоо Зангад гуайн “Монгол бүсгүйн үзэсгэлэн” дууг оруулсан. Арай хөнгөн
болгож дуулсан. Дараа нь “Отрын адуучин” дууг хоёр дахь цомогтоо оруулсан байх жишээтэй.
Учраа мэдэхгүй хүүхэд байхдаа хашгирч, амандаа байнга хүлхэж явсан дуугаа юун төлөө
дуучин болсон билээ гэж бодоод дуулсан хэрэг л дээ. Хүний дууг дуулна гэдэг бэлэн
хоол шүү дээ. Зангад гуай миний өмнө мах шөл, сонгино ногоог нь тааруулаад таваглаад
өгчихсөн л хоол байхгүй юу. Цомгоо борлуулахын тулд л нэр хүндтэй хүний бэлэн хоол
ашигласан явдал шүү дээ, нуулгүй хэлэхэд.

-“Гоёлоо
өмссөн ээж” дууг мэдэхгүй хүн байхгүй. Энэ дуу мэндэлсэн дурсамжаас хуваалцахгүй
юу?

-“Гоёлоо өмссөн ээж” дуу миний аав, ээждээ зориулсан дуу. Соёлын
төвийн эрхлэгч Ганбаатар гээд ая зохиодог хүнийх. “Ханийн сэтгэл” гээд дууны аяыг
бас бичсэн. Би аав, ээжийгээ сүрхий жаргааж, сэтгэлд нь байсан тэр өнгө, өнгийн
дээлийг олныг сольж өгч чадаагүй хүн. Тийм болохоор ирээдүй хойч залуус минь эцэг,
эхийнхээ ачийг амьд сэрүүн үед нь багахан ч хариулаасай гэж зориуд төрсөн дуу. Эх,
эцгийн ачийг хариулна гэдэг цэцгийн шүүдрийн дусал түүж цай чанахыг хэлдэггүй юм
шиг байгаа юм. Гол нь амьдарч буй нийгэмдээ биеэ зөв аваад, өөрсдийгөө арчлаад,
төрийнхөө гар хараад байхгүйгээр амьдрахыг хэлэх байх. Энэ эх оронч гээд яваад байгаа
залуус ч мөн адил. Ер нь миний уран бүтээлийн хамтрагч нөхөд маань өөрийн гэсэн
онцлогтой хүмүүс. “Аав уул”, “Завхан гол”, “Намрын борооноор цувгүй алхахдаа”,
“Ээжтэй орчлон” зэрэг олон сайхан дууны минь аяыг бичсэн манай УГЗ Ц.Жамъян багш
аяа эхлээд биччихээд дараа нь шүлгээ тааруулдаг, Цэвээнравдан болохоор шүлгэнд ая
хийдэг хүн. Харин Ц.Бавуудорж яруу найрагч болохоор надаас арваад дүү мөртлөө намайг
“Баагий” гэж дууддаг найз. Ц.Бавуудоржийн надад өгсөн эхний шүлэг нь нэг хэсэг нэлээд
шуугиулсан арван хэдхэн настай байхдаа бичсэн “Хөхнийх нь товчинд хүрсэн ч биш дээ”
дуу бол хоёр дахь нь  “Бүгээн анир” гээд номонд
нь орсон “Дөрвөн улирлын өнгө” юм. Намрын борооноор цувгүй алхахдаа

Навчнаас дутуугүй гуниг тээдэг дээ гээд шүлэгтэй дууг надад
авчирч өгөөд  Ц.Жамъян багшаар ая хийлгэсэн.
Ц.Жамъян багш номыг нь бүр авчирч байгаад ая хийтэл дахилтгүй байсан. Тэгээд  Мөн чиг холоос харагдсан даа

Мөнгөн залаат уулс Отгонтэнгэр минь гээд дахилт хийгээд
бүтсэн дуу.

-Таныг
“Завхан гол” дууг анх дуулахад жалга довны үзэл гаргалаа гэж их л шүүмжилж байсан
гэдэг юм билээ?

-“Завхан гол” дууг хүмүүс жалгын дуу гэдэг байсан нь үнэн. Тухайн
үед “Саа мөнгөн Хэрлэн” гээд дууг хүн бүр, би ч дуулах дуртай байлаа. Хэн ч жалга
довны гэдэггүй мөртлөө “Завхан гол”-ыг хол явахгүй гэж байлаа. Харин өнөөдөр Монголын
ард түмэн бүгд л мэддэг сайхан дуу болсон байна. Н.Лутбаяр гээд яруу найрагч байна.
Манай Завханы дуучид хот руу Лувсаншарав, Бирваа  гуай нар руу “ая өгөөч”, яруу найрагчдаас шүлэг
гээд гуйгаад гүйгээд байдаг байсан. Миний онцлог нь хажуудах авдраа уудалж тэднийхээ
дууг гаргаж ирэх  зарчимтай хүн л дээ. Лутбаяр
Сүхбаатар аймгаас манай аймагт хүргэн болж ирээд байж таарсан үе. “Завхан гол” дуу
анх нэг их гоё аятай хэрнээ үг нь “Цус гүйсэн хүний амь…” зэрэг хүнд,
хатуу байсан.  Аяыг нь Жамъян багш аль хэдийнэ
хийгээд үгийг нь тааруулаад биччихсэн байсан. Яг тэр үед улсын баяр наадам болох
гээд баярын концертод орох номерыг аймгийн комисс хянах гээд ирчихдэг байгаа. Тэгэхээр
нь би дуулахдаа хүнд үгтэй хэсгийг аль болох тод хэлэхгүйгээр цааш нь залгиад дахилтны
Ээ Завхан
гол, элсний нүүдэл шиг чив чимээгүй
гэсэн хэсгийг үзэгчдэд өгөөд дууллаа.
Тэгсэн намайг магтаад “Ёстой амьдрахаар гоё дуу байна” гэж билээ. Үгийг нь ч анзаараагүй
байх.

-Тэгээд
үгээ хэзээд нь өөрчилж амжив?

-Тэндээсээ гараад Н.Лутбаяр дээр очоод үгийг нь хэлэхэд их эвгүй,
эвлэхгүй байна. Өөрчилсөн нь дээр гэж хэлтэл манай хүн ч  шууд л “Өрнийн шаргалыг хоргойлсон, Өмнийн нарыг хүлхсэн,
Хадаг яндар Завхан гол, Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ”
гээд л бүх бадгийг
нь биччихсэн. Лутбаяр шүлгээ бичихдээ тухайн үеийнхээ салхиар бичдэг бол Бавуудорж
их бодож тунгаадаг байх жишээтэй.  “Аав уул”-ыг
бас Лутбаяр бичсэн. Сүүлийн үед морь уяад, бизнес хийгээд таарахаа байсан. Хааяа
таарахдаа гялс нэг шүлэг гээд авдаг.

-Аймгийн
театрт хичнээн жил ажилласан юм бэ?

-Би 1983 онд аймгийн театрт орсон. Арав гаруй жил ажилласан даа.
Аймгийн театрт байхдаа олон хүмүүстээ том бригадаар явах дургүй. Жүжигт тоглох дургүй.
Ганцаараа л уран бүтээл хийх дуртай, жожиг байж л дээ. Харин хөдөөний малчдыг их
дуулсан. Тэндээс л үзэгчидтэйгээ амьд холбоо үүсгэж, үгээ ард түмэнд хүргэж сурсан
юм болов уу гэж боддог. Зарим айлд орохоор униараа дүүрэн үхсэн хурганы арьс зүүчихсэн.
Аймгаас ирсэн дарга нараасаа чаваас даа айгаад эгцэлж харж чадахгүй, юун дуу сонсох
манатай. Хот мал нь бүрэн бүтэн онд орчихсон тарган хонины мах чанаад угтаж авч
байгаа малчныд ороод дуулах бас өөр.

-Таныг
гагнуурчин байсан гэдэг. Тэгээд яаж яваад урлагтай амьдралаа холбочихов оо?

-Аймагт Барилгын ТМС төгсөөд цэрэгт явсан. Тэгээд цэргээс ирээд ажилгүй
байж байхаар барилга дээр гагнуур хийхээр болсон юм. Тухайн үед  албан байгууллага болгон нэг гитартай. Гитар тоглодог
байсан учраас гагнуурчин болохгүй юу. Өдөр нь барилга дээр цэгэн гагнуур хийгээд
орой нь гитар дардаг байлаа шүү дээ. Урлагийн үзлэгт их орно. Тэгж явахдаа урлагийн
хүмүүсийг заяагдсан байдаг байх даа гэж боддог байлаа. Нэг өдөр аймгийн соёлын ордон
театрт болж өргөжөөд дуучин авна гэхээр нь очиж шалгуулсан. УГЗ Ц.Жамъян багшид
шалгуулаад тэнцэж байлаа. Ер нь манай аймгийнхан энэ нөхөр нэг тиймэрхүү дуулдаг
гээд мэддэг болчихсон байсан. Зангад гуайн дуунуудаас дуулж шалгуулж байсан. Ингээд
театрт орлоо тэгсэн нөгөө нэжигнэтэл алга ташдаг үзэгчдийн ташилт театрын ажилтан
гэхээр багасдаг юм билээ. Үзэгчид чинь өндөр мэдрэмжтэй. Гавьяат болохоор бүр суларна.
Мэргэжлийн хүнээс илүү ихийг шаардаж байхгүй юу. Тэгээд за дэмий ч юм болов уу гэж
бодол төрсөн. Тэгсэн Намхайнямбуу гуайн сонинд өгсөн “Москва Ленинград хоёр чинь
миний хотон дотор байсан юм байна ш дээ” гээд гарчигтай ярилцлагыг уншаад юу ч байсан
хоёр жил ажиллаад театраас гаръя гэж бодсон. Шууд гарчихвал миний амьдралд тохиох
хайр сэтгэл, амьдралын гол өнцөг булан бүрийг орхичих юм шиг санагдсан. Намхайнямбуу
гуай хонио хариулж, уул хадаар дуулж, малаа өсгөхөөс гадна сүүлд УИХ-ын гишүүн болсон
мундаг амьдралын ухаантай ихүн байсан юм билээ. Хаана хоосон булан байна тэнд нэг
морин хуурч залуутай дуугаа дуулаад явдаг байсан. Тэгээд “Завхан гол” дуу зэргийг
дуулсан. Тэрнээс хойш арав гаруй жил ажиллачихсан ш дээ.

-Аймгийн
театрт байхдаа МУГЖ авсан юм байна. Тийм үү?

-Тийм 1993 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг авч байсан.

-Тухайн
үед ялангуяа хөдөөний уран бүтээлч гавьяат авна гэдэг амаргүй даваа байсан биз?

-Одоо бодоход МУГЖ гээд сайхан л байна. Гэхдээ манай аймгийнхан нэг
гавьяат, нэг хөдөлмөрийн баатартай болох гээд л зүтгэсэн явдал болчихсон. Доржсамбуу
гуай хөдөлмөрийн баатар болж би гавьяат авсан байхгүй юу. Төрийн тэр өндөр цолыг
авна гэдэг сэтгэлзүйн хувьд хэцүү. Хөдөөний, дөнгөж цухалзаж гарч ирж байгаа уран
бүтээлч төрийн тэр өндөр шагналыг хүртэхэд ёстой бүх булчирхай л ажилладаг юм байна
лээ. Тэгээд ч аймгийн дарга, Ерөнхийлөгчтэй найзууд байсан юм шиг байна лээ. Ёстой
л арын хаалгадаад надад гавьяат авч өгч байсан байх (инээв). Гэхдээ нэг зүйлд би
их бэлгэшээдэг. Тухайн үед Ерөнхийлөгч, Аймгийн дарга, Театрын дарга,  Намын төв хорооны дарга нар бүгд Очирбат гэдэг
нэртэй байсан. Миний анхны хүүг Очир-Эрдэнэ, эхийнхээ хэвлийд байсан хоёр дахь хүүгээ
хүртэл Очирхуяг гэдэг нэр өгнө гээд бодчихсон байж таарсан. Тэр олон Очирууд тохиосон
нь бас л учиртай байж л гэж боддог. Харин СТА цолыг би зургаан жилийн өмнө авсан.
Үүндээ их хайртай. Би чинь СТА аваагүй гавьяат болсон хүн байхгүй юу (инээв). Одоо
харин гавьяатын энд очиж байгаа байх гэж боддог.

-Гэхдээ
МУГЖ авахдаа найр хийж байсан байлгүй?

-Хийсэн. Их хөгтэй юм болсон (инээв). Гавьяатын тэмдэг зүүгээд гараад
ирсэн чинь банкнаас мөнгө зээлээд төлж чадахгүй дампуураад өрөнд орчихсон юм шиг
л мэдрэмж төрсөн. Одоо тэгээд нэгэнт тийм том төрийн хишиг хүртсэн хүн чинь найр
хийхгүй яахав. Хүн амьтнаас бага багаар гуйсаар байгаад 300 мянган төгрөг зээлчихсэн
байдаг байгаа. Найраа ч яахав хүнээс мөнгө зээлээд хийчихлээ. Тэгсэн нөгөө мөнгөө
төлж чадахгүй бөөн юм болсон. Гэрийн утас дуугарахаар айгаад авч чадахгүй, шөнө
нойр хүрдэггүй арай гэж төлж билээ.

-Тэр
үед та хэдэн төгрөгийн цалинтай байсан юм бэ?

-600 төгрөгийн цалинтай. Уг нь хамгийн өндөр цалинтай байсан нь би.

-Та
хүүхэд ахуй насаа дурсахгүй юу. Аавыг тань сэхээтэн хүн байсан гэдэг юм билээ?

-Миний аав Санжаажав гээд орос хэлтэй сэхээтэн хэрнээ малчин хүн
байсан. Их бурхан ухаантай. Түрүүчийн нийгэмтэй дотроо зөрчилдөөнтэй хүн байсан
санагддаг. Үр хүүхдүүдээ “Өөрийнхөө төлөө өөрөө зүтгэ”, “Бүтээж байгаа бүтээлийнхээ
боол нь бай. Эзэн нь түрүүлээд явчихвал бүтээл төрөхгүй” гэж сургамжилдаг байсан.
Би энэ олон жил аавынхаа зам мөрөөр л явсан. Аав маань “50 нас хүрээд Отгонтэнгэрийн
орой дээр гараарай” гэж захисан. Би өнгөрсөн зун захиасыг нь биелүүлж Отгонтэнгэрийнхээ
оргил дээр гарлаа. Ээж болохоор сайхан дуулна, даруухан, зөөлөн хүн байсан. Харин
аав жаахан ёрдгордуу хүн байж билээ. Би эхээс наймуулаа. Нэг нь бурхан болоод одоо
долуулаа сайхан л амьдарч байна. Хүүхэд ахуйд нөлөөлсөн бас нэг зүйл гэвэл Хөхморьт
сумаас Дэндэв гээд төрөлхийн хараагүй эмгэн манайд ирсэн юм билээ. Тэр хөгшин их
үлгэр ярьж өгнө. Уран цэцэн үгтэй хүн байдаг. Орой болгон бидэнд үлгэр ярьж өгнө.
Тэр үлгэрийг сонсоод л их мөрөөднө. Бага байхдаа дэр ч бай өөрийн гэсэн юм болгон
дээрээ “БНМАУ БАТСҮХ” гээд биччихдэг хүүхэд байсан. Манай ах дүү нар сайхан дуулдаг
ч би урлагийн зам мөрөөр явах тавилантай байж. Оносон байна. Өнөөдөр ард түмэндээ
хүндлэгдээд сайхан л байна. Миний 60 гаруй дууг микрофоноо өгөхөд шууд дуулж байхыг
үзээд миний мөрөөдөл биелжээ гэсэн сэтгэл төрдөг.

-Таныг
намрын цагаар найр хуримын урилга, заллага ихтэй байдаг гэж ярьдаг?

-Яахав  “Найр хурим дээр дуулаад
өгөөч” гэсэн хүн их ярина. Манай Завханыхан олуулаа, би ганцаараа юм (инээв). Зөвхөн
Завханыхан ч гэлтгүй сүүлийн үед залуус хуримаа хийхдээ дуучдыг их дуулуулах сонирхолтой
болж. Аргагүйн эрхэнд миний утасны дугаарыг олоод нутгийн таньдаг хүмүүс ярихаар
арай ч “үгүй” гэж хэлж чадахгүй ганц нэг хурим дээр очиж дуулж байна. Нэг удаа бүр
манай нутгийн нэг хөгшин утсаар яриад “Охин маань хуримаа хийж байгаа юм. Хань маань
бурхан болчихсон. Та ирээд хойморт аавынх нь оронд суугаад өгөөч” гэж ярьж байх
жишээтэй. Би ер нь үзэгчдийн дунд байх дургүй. Шууд тайзан дээр гарч харагдаж дуугаа
дуулаад буцаад хүнд харагдахгүйгээр гараад явдаг.

-Ард
түмэн дуучны царайг харж танихаас илүүтэйгээр уран бүтээлийг нь мэддэг байх ёстой
гэж үү?

-Урлаг үнэтэй цэнтэй байх ёстой. Энэ утгаараа миний царайг харахаас
илүү чихээрээ дууг минь сонсоод тоглолтыг, дууг нь очиж үзэх юмсан гэсэн сэтгэл
төрдөг байх ёстой. Төр нь ялангуяа дуурийн дуучдаа, чуулгын дуучдаа халаасандаа
аваад урлагийн үнэ цэнийг ард түмэнд дээд зэргээр хүргэдэг байх ёстой шүү дээ. Гэтэл
хөөрхий манай уран бүтээлчид өдөржин тор барьж дэлгүүр хэсээд, эсвэл найр хурим
хэсч хэдэн төгрөгийн халтуур хийж аваад орой нь тайзан дээр тоглолт дээрээ дуулж
байна. Тэгж өдөржин гүйсэн хүн ямар юмныхаа сайхан, чин сэтгэлээсээ дуулах вэ дээ.
Би нэг суманд очоод тоглосон ч байрласан буудлаасаа гарахгүй, хүн амьтанд үзэгдэхгүй
байж байгаад шууд тайзан дээр гараад явдаг. Хэрвээ гудамжаар явж байгаад хүнтэй
таарлаа гэхэд “Өө Батсүх гээд бүдүүн нөхөр ирсэн л байна лээ” гээд үзэгчид хасагдах
жишээтэй, наад зах нь. Би дэлгүүр ч ордоггүй.

 Д.ДАВААСҮРЭН