Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын өсөх идэр начин, Даншигийн арслан Р.Пүрэвдагва: Улсын ч бай, Даншигийн ч бай арслан гэдэг өөрөө бэлгэ дэмбэрэлтэй цол

“Даншиг наадам – Хүрээ цам 2015” шашин соёлын наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх зодоглосон билээ. Тус наадамд Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо, “Бөх­билэгт” дэвжээ, “Хера холдинг” компанийн бөх Монгол Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлж Даншиг наадмын арслан цол хүртсэн бол Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Баянзүрх дүүргийн бөх, Монгол Улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж заан цол хүртсэн юм. Ингээд Даншиг наадмын арслан, Монгол Улсын өсөх идэр начин Рэнчинбямбын Пүрэвдагватай ярилцсанаа хүргэе.

-Энэ олон жилийн дараа зохиогдсон Даншиг наадмаас арслан цол хүртсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. Бурхан шашны соёл, аугаа их түүхийг үр хойчдоо таниулж ойлгуулах, цаашлаад гадны жуулчдыг татах зорилгоор Даншиг наадмыг 93 жилийн дараа зохион байгууллаа.

Миний тухайд гэвэл энэ сайхан наадамд түрүүлж арслан цол хүртсэндээ баяртай байна. Учир нь хамгийн сүүлд 1924 онд зохиогдсон Даншиг наадамд манай Архангай аймгийн бөх Луу гүний Вандан аварга түрүүлж байсан бол энэ олон жилийн дараа би түрүүллээ. Энэ удаад мөн л манай аймгаас Даншигийн арслан төрж байгаад миний хувьд их бэлгэшээлтэй байгаа.

-Даншигийн арслан цол хүртэнэ гэдэг таны хувьд хэр хүндэтгэлтэй байна?

-Мэдээж хүндэтгэлтэй байлгүй яахав. Улсын ч бай, Даншигийн ч бай арслан гэдэг өөрөө бэлгэ дэмбэрэлтэй цол. Тиймээс миний хувьд их бэлгэшээж, хүндэтгэж байгаа. Даншигийн арслан араасаа улсын арслан, цаашлаад аварга дагуулах ерөөлтэй ч юм билүү.Бөх хүн цолныхоо хэмжээнд, цолоо дүүргэж барилдах их чухал гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор олон жил тасарсан Даншиг наадамд амжилттай барилдаж гараагаа сайхан эхлүүлсэндээ сэтгэл дүүрэн байна. Цаашдаа ч тогтмол сайн барилдана гэж бодож байгаа.

-Бөхийн барилдаан сугалааны зарчмаар явагдсан болохоор үзэгчид ч найраагүй, ёстой бяр чадалтай нь түрүүллээ гэж ярьж байна…

-Ерөнхийдөө наадмын зохион байгуулалтын тал дээр ард түмэн ам сайтай байгаа санагдсан. Бөхчүүд ч сайхан барилдлаа.

-Архангай аймаг аргагүй бөхийн нутаг юм аа. Гэхдээ ихэнх бөхчүүдийн гараа Буян гэдэг хүнтэй салшгүй холбоотой гэж сонссон. Та ч гэсэн Буян багшийн шавь гэв үү?

-Тийм ээ. Миний төрж өссөн Архангай аймаг бөхийн өлгий нутаг. Улсдаа хамгийн олон улсын цолтонтой аймаг. Ийм сайхан нутаг усанд төрснөөрөө би үргэлж бахархдаг. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Д.Рагчаа, заан Ч.Санжаадамба гээд энэ олон алдар цуутай бөхчүүдээ залгамжилж яваадаа өөрийгөө хувьтай хүн гэж боддог шүү. Архангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Ч.Буян гэж багш байсан. Манай багш аймгийн хурц арслан цолтой. Дархан аварга Г.Өсөхбаяр, гарьд Д.Рагчаагаас эхлээд Архангайн олон сайхан бөхийн анхны багш. Би отгон шавь нь. Манай багш намайг сайн бөх болно гэж ярьдаг байсан. Би одоо ч мартдаггүй. Цаашид миний араас нутгийн олон дүү нар улсын цолны босгоор алхана гэдэгт итгэл дүүрэн байгаа. Сэтгэл гаргаад хөдөлмөрлөж яваа хэнд ч давахгүй даваа гэж байхгүй болов уу.

-Та Монгол Улсын гарьд Д.Рагчаатай ураг төрлийн холбоотой байх аа?

-Тийм ээ. Би эцэг, эх хоёр талаасаа бөхийн удамтай. Гарьд Д.Рагчаа аавын талаас ураг төрөл. Мөн улсын харцага М.Батжаргал, аймгийн арслан Бат-Отгон, Гансүх гээд олон бөх бий. Мөн ээжийн аав нь Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат аймгийн заан Шагдар гэж хүн байсан. Сумандаа агент хийдэг байсан болохоор хүмүүс андахгүй. Үеийн хөгшчүүл өвөөг бас сайн бөх болох байсан гэж ярьдаг.

-Тэгэхээр бөх болох замнал аль бага наснаас тавигджээ?

-Тэгсэн шүү. Аав, ээжийн хамаатан алинд ч очсон бүгд л намайг ерөөсөө л бөх болох хүн гэдэг байсан. Би ч бөхөд дуртай.

-Аав тань бас бөхийн засуул гэсэн. Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Миний аавыг Рэнчин­бямба, ээжийг Оржпагма гэдэг. Манай аав нутагтаа бөхийн цол дууддаг засуул хүн. Би хоёр дүүтэй, айлын ууган хүү. Бага байхдаа үеийнхэнтэйгээ сав л хийвэл ноцолддог, их хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Намайг хүүхэд байхаас л аав маань бөх болгоно гээд наадам дагуулж хэсдэг байсан. Бүр наадам болгоноор ирж хүүгийнхээ дээлийн захыг мушгиж дэмждэг миний ганц фэн шүү дээ. Би аавынхаа ачаар улсын цол хүртээд өдий зэрэгтэй зүлэг ногоон дэвжээнд зодоглож яваа гэж боддог. Аав, ээжээрээ бахархаж, тэднийгээ хүндэлж явах шиг сайхан зүйл энэ орчлонд үгүй шүү дээ.

-Та Бөхийн өргөөний барилдаанд зодоглох гээд бүртгүүлж чадахгүй буцсан түүхээ ярьсан байсан. Энэ дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Би биеийн тамирын “Аварга” дээд сургуулийг төгссөн. Тухайн үед заалны бүх л барилдаанд зодоглохын тулд өглөө эрт Бөхийн өргөөний гадаа дугаарлаж бүртгүүлдэг байсан юм. Тэгсэн нэг удаа өвлийн хүйтэн өглөө эрт дугаарлаж зогсч зогсчихоод хасагдчихдаг юм. Шарандаа гэртээ харих замдаа уйлж билээ. Одоо хүртэл тэр өдрийг мартдаггүй юм. Сүүлдээ ч яахав гайгүй барилдаад ирэхээр хоцорч ирсэн ч гэсэн оруулчихдаг болсон. Барилдаад давах тусам түүндээ урамшаад, ер нь бөх гоё шүү дээ.

-Та гурван жилийн өмнө улсын цол хүртэж байсан. Ер нь бөхийн спортоор хэчнээн жил хичээллэж байна?

-Би арав гаруй жил барилдаж байна. Ардын хувьсгалын 91 жилийн ойн улсын их баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн. Төрийнхөө наадамд гурав дахь жилдээ зодоглодог жил И.Доржсамбуу гарьдаар начин болсон. Улсын цол хүртэнэ гэдэг хүссэн аавын хүү болгоны аваад байдаг зүйл биш юм билээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Нутаг ус, аав ээждээ залбираад, бөхийн ёс жудгаа сахиад, бэлтгэл сургуулиа тогтмол хийгээд, хувийн сахилга батаа анхаараад явж байхад хүссэн цолоо авах өдөр заавал ирдэг гэдэгт би итгэдэг. Тиймээс цаашдаа илүү их амжилт гаргах болно.

-Та заал, танхимын барилдааныг алгасалгүй оролцож, жигд амжилттай барилддаг бөхчүүдийн нэг. Тэгэхээр энэ амжилт таны уйгагүй хөдөлмөрийн үр дүн биз?

-Тэгж хэлж болно. Миний хувьд улсын цолтных ч бай, аймгийн цолтных ч бай аливаа барилдааныг алгасахгүй барилдахыг хичээдэг. Тэгээд ч хүний туршлага гэдэг ямар ч мэх, ямар ч бярнаас илүү байдаг гэдгийг би мэдэрсэн.

-Ер нь зан чанарын хувьд нэлээд хурц санагддаг. Учраа бөхтэйгөө барилдахдаа ч дайрч барилдаж харагддаг…

-Би их шартай. Ер нь шулуухан ч зантай байх. Дэвжээн дээр гарсан л бол унасан ч, давсан ч шуудхан дайраад л барилдчихдаг.

-Өөр спортоор хичээллэдэг үү?

-Чөлөөт бөхөөр л нэг үе барилддаг байсан. Олон улсын хэмжээний мастер. Анх чөлөөт бөхөөр барилдаад өсвөр, идэрчүүдийн УАШТ-д ордог байлаа. Чөлөөтийн улсын аваргын тэмцээнд орж л анх удаа Бөхийн өргөөтэй танилцаж байсан. Тэмцээний үеэр даралтад орчихоод дээшээ харахад гадаа байгаа юм шиг их л том санагдаж билээ.

-Одоо таны жин, өндөр хэд вэ?

-Өндөр 183 см, жин 120 кг.

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

“Болор цом“-д аман хүзүүдсэн Н.Билгүүн, тархины мэс засалч Ц.Энхбаяр тэргүүтэй төгсөлтийнхөн

Нэг ангийн 10 гаруй хүүхэд хөдөө болон гадаадаас ирж амжаагүй сурагчдынхаа өмнөөс гээд 21 Дарь эхиийг бэлгэдэж 21 мод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарилаа. Эдгээр сурагчид бол 1985 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын нэгдүгээр арван жилийг төгссөн 10а ангийнхан. Сурагчийн ширээнээс зах хязгааргүй хөврөх амьдралын их далайд хөл тавьснаас 30 жилийн дараа ангийн нөхөд ийн уулзаж байгаа юм. Тэд ангийнхаа уулзалтыг зүгээр нэг өнгөрөөхийг хүссэнгүй. Ангийн багшийнхаа хамт сайн үйлс бүтээж мод тарьж, хүүхэд ахуй цагтаа зочилж амжаагүй Монголын хүүхдийн ордноор морилж, өөрсдийнхөө хэмжээнд бяцхан улаан хивсний ёслолын арга хэмжээ зохиожээ. Аливаа зүйлийг албан ёсны, дэг журамтай, ажил хэрэгч зохион байгуулдаг нь энэ ангийн онцлог гэлтэй. Арвайхээрийн 10а анги бүрдсэн түүх бас л сонин тохиолтой. Учир нь тухайн үед Өвөрхангай аймгийн зарим сумдын сургууль найман жилийн төгсөлттэй байдаг байжээ. Тиймээс Арвайхээрийн нэг, хоёрдугаар арван жилийн сургуульд сумдаас ирсэн сурагчид хуваагдан ордог байж. Нэгдүгээр арван жилийн 10а-д бусад сумдаас ирсэн онц сурлагатан, шилдэг сурагчид нь оржээ. Тэр үед сургуулийн захирал ангийн бүрэлдэхүүнийг шийдвэрлэдэг байсан учраас анги даасан Ц.Хатанбаатар багшид ихэд завшаантай хийгээд хариуцлагатай ажил ногдсон гэдэг. Сурагчдынхаа тодорхойлолт, хувийн хэргийг хартал дандаа сурлага, авьяас билгээрээ бусдыгаа манлайлагчид нэг ангид цугларсан байжээ. Ц.Хатанбаатар өөрөө шинэ залуу багш учраас сурагчдаасаа сүрдэж байсан аж. Бүр толгойтой үсэнд нь ургасан ганц нэг цагаан үсээ үүр цайтал түүсэн удаатай. Учир нь ангийнхаа сурагчдын өмнө, арчаагүй, дорой, хөгшин харагдахгүй гэсэн бодолтой байж. Тэр үед ямар үсээ будах биш гээд энэхүү нууцаа ийн 30 жилийн дараа сурагчдадаа ярьж бөөн хөгжөөн болов. Ангийн багш нь хатуужилтай, их зарчимч, ажил хэрэгч, аливаа ажлыг хариуцлагатай хийдэг болохыг ангийн охин Б.Уранбилэг дурсав. Тиймээс аймагтаа төдийгүй улсад манлайлагч тэргүүний анги байжээ.

Тус анги 13 эмэгтэй, 24 эрэгтэй сурагчтай. Төгсөх жилээ улсын тэргүүний Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, аймгийн тэргүүний ХЗҮ-ээр шалгарч байсан байна. Тухайн үед урлаг спорт, нийтийн ажил, нийгмийн арга хэмжээнд идэвхтэй оролцож түрүүлж байж л улсын тэргүүний ХЗЭҮ-т тооцогддог байсан гэнэ. Ялангуяа орон нутгийн сургуулиас хүртсэн тохиолдол ховор. Тэд 1984 оны улсын шугам зургийн олимпиадын аварга анги төдийгүй сургуулийнхаа урлаг урлал, гар бөмбөгийн аварга анги болж байжээ. Мөн улсын багт наадмын хошой аваргын эзэн анги. Багш нар “Хэдий чинээ мундаг сурагчидтай байна төдий чинээ багш нь дагаж хөгждөг” гэж ярьдаг үнэн болохыг тус ангийнхан баталж байна.

Ц.Хатанбаатар математикийн багш учраас ангийнхан нь математикийн олимпиадад гаргууд оролцдог байж. Нийслэлийн нэгдүгээр сургууль, Орос гуравдугаар сургууль сурлагаараа манлайлдаг үед хотынхонтой эн зэрэгцэж улсын математикийн олимпиадад шавь Д.Энхцэцэг дөрөвдүгээр байрт орж байсан удаатай. Харин орос хэлний хичээлд Должинсүрэн, Ичинноров, Энхцэцэг, Мядагмаа зэрэг сурагчид бусдаасаа илүү сайн байсан бол шугам зурагт Г.Бат-Эрдэнэ гаргууд нэгэн. Түүний бэлтгэсэн ханын сонин аймагтаа байнга нэгдүгээр байрт шалгардаг байж. 10а ангийнхан сурлагаараа үеийнхнээ манлайлахаас гадна өөрсдөө хүүхэлдэй оёж хүүхэлдэйн театр ажиллуулж, мөн шил түүж олсон орлогоороо боломж тааруу сурагчдын ахуй амьдралд нь тусалдаг байсан гэнэ. Үе тэнгийнхнээ хошуучилж явсан нэг ангийнхан өнөөдөр ч өөрсдийн сонгон ажиллаж буй салбартаа ч мөн хошуучлагч нь болж эх орондоо мэдлэг оюунаараа тодорхой хувь нэмрээ оруулж явна. Анги болгонд улс төрийн дууны хамтлаг байсан гэнэ. 10а анги “Энхийн уриа” хамтлагтай. Тус хамтлагийнхан нь зарим гадаад дууг өөрсдийн сонсголоор бичиж дагаж дуулна, гитар тоглоно. Мөн л аймагтаа олон удаа түрүүлсэн. Хамтлаг Уранбилэг, Шүр, Ичинноров, Должинсүрэн, Мөнхцэцэг,Энхбаяр, Бямбаа гээд долоон гишүүнтэй. Уранбилэг нь Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн шавь хөгжмийн зохиолч Соёлын тэргүүний ажилтан С.Бямбасамдангийн охин юм. Түүний олон ч сайн шавь нар Монголын соёл урлагийн салбарт нэрээ гаргаж яваа билээ. Тэрээр аавынхаа авьяасыг өвлөж авсан нэгэн. Өдгөө Монголын хүүхдийн ордонд ерөнхий нягтлан бодогч мэргэжлээр ажиллаж байгаа ч ангийнхандаа зориулсан дуунд ая бичээд авсан шаггүй авьяастай нэгэн. 1990 оны яруу найргийн “Болор цом” наадамд яруу найрагч Б.Ичинхорлоо түрүүлдэг жил

“Тэнгэр түшсэн уулс хурмастын салхийг задалж

Тэртээх холын дуртгал зүрх тэмтрэн эгшиглэхүй

Бодол тээсэн амьдралын нүцгэн шороог үлгэж

Босоо хөх тэнгэрт зогсоогоороо мөргөмүү” хэмээн уншиж аман хүзүүдэж байсан Нямбуугийн Билгүүн энэ ангиас төрөн гарсан. Монгол Улсын ардын эмч, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, академич алдарт Х.Хайрулла эмчийн шавь Ц.Энхбаярыг тархины мэс заслаар Монголын урдаа барьдаг цөөхөн эмч нарын нэг гэгддэг. Тэгвэл тэрээр мөн л энэ ангиас төрөн гарсан. Түүнчлэн 10а ангийн Д.Энхцэцэг Засгийн газрын хэрэг эрхлэх газар ажиллаж байгаа бол багшийнхаа мэргэжлийг өвлөж боловсролын салбарт Г.Бат-Эрдэнэ, Л.Должинсүрэн, Н.Мөнхцэцэг нар багшаар ажиллаж байна. Тодруулбал, Г.Бат-Эрдэнэ, Л.Должинсүрэн нийслэлийн 28 дугаар сургуульд, Н.Мөнхцэцэг Дархан хотод багшилж байна. Мөн Ичинмөнх Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга бол Булган аймагт барилгын салбарт Л.Амарсайхан амжилттай ажиллаж яваа нэгэн. Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станцын инженерийн албаны дарга Б.Сүрмаахорол мөн л тус ангийг төгссөн. Тэрээр шүлэг бичих авьяастай. Нутгийнхаа тухай “Зүүн хоолой” дуу зохиож байсан бол энэ удаа “Миний ангийн андууд” дууны шүлгийг бичиж Б.Уранбилэг ая зохиож ангийнхаа нөхдөд бэлэг барьжээ. Мөн А.Бат-Эрдэнэ, З.Бямбаа нар бизнесийн салбарт амжилттай яваа аж. Тэд ангийнхаа уулзалтыг ивээн тэтгэхээс гадна ангийнхаа тухай ном хүртэл хэвлүүлж байгаа юм байна. Тиймээс анги хамт олон нь баярлаж талархсанаа манай сониноор дамжуулж хүргэсэн.

10а ангийн Д.Шүр, Д.Мядагмаа, Н.Билгүүн, Б.Оюунчимэг нар өдгөө гадаадад ажиллаж амьдарч байгаа бөгөөд ангийнхаа нөхөд, багш хамт олонтойгоо байнга холбоотой байдаг гэнэ. Уулзалтаар ирсэн ангийнхан нь эдгээр нөхөдтэйгөө интернэтээр холбогджээ. “Одоо үед ч амар болжээ. Хоёрыг уулзуулж холыг учруулдаг интернэт гэж сайхан холбоо байдаг болж” хэмээн ангийнхан наргив. Энэ удаагийн уулзалтаар яруу найрагч Н.Билгүүн шинэ номынхоо дээжээс ангийнхандаа мөн гардуулсан байна. Тэд “Бид нар тэргүүлэгч бүхий л зүйлд авьяастай байсан болохоор Монголын хүүхдийн ордонд орж үзэхийг их хүсдэг байлаа. Энэ бол манай ангийнхны мөрөөдөл. Харин сая уулзаж мөрөөдлөө биелүүллээ” гэж хожим биелэгдсэн хүслийнхээ талаар их л догдлонгуй ярив. 10а ангийнхан аймагтаа анх гандболын спортыг дэлгэрүүлж байсан бас л сонирхолтой түүхтэй. Энэ бүхэн нь Боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Цэстийн Хатанбаатар багштай холбоотой гэдгийг шавь нар дуу нэгтэй онцолсон.

Багшийнхаа аливаа ажилд хариуцлагатай ханддаг зан чанарыг өвлөж энэ нь өнөөдрийн ажил амьдралд нь нөлөөлсөн гэж шавь нар нь багшаараа бахархаж байсан. Саяхан Өвөрхангай аймгийн Арвайхээрийн нэг, хоёрдугаар арван жилийн сургуулийн 30 жилийн ойн баяр болжээ. Тиймээс тус сургуулийн нийт төгсөгчдөдөө 10а ангийн зүгээс баярын мэнд хүргэж буйгаа илэрхийллээ.

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

Ч.Амарбаясгалан: Анх хамтлагийнхаа эрчүүдээс ичээд нэг буланд очоод суучихдаг байсан

“Хөсөгтөн” хамтлагийн гишүүн, ятгачин
Ч.Амарбаясгалантай ярилцлаа.

-Танай хамтлагийнхан амраад ирсэн
сурагтай. Хаагуур амрав?

-Хөвсгөлийн Ханх суманд амрангаа тоглолтоо
хийгээд ирлээ. Өнгөрсөн хугацаанд бид том шоу тэмцээнд оролцсоноос хойш амарч амжилгүй
долдугаар сарын 9-нд Чойжин ламын музейтэй хамтран тоглолт тавьсан. Мөн наадмын
нээлтийн тоглолт болон хүндэтгэлийн тоглолт гээд манай хамтлагийнхан амсхийх ч завгүй
явсан. Сая харин хөдөө сайхан амарчихаад ирлээ.

-“Авьяаслаг Азичууд” шоунд оролцож
хоёр дугаар байрт шалгарна гэдэг хүссэн хүн болгоны гаргаад байх амжилт биш. Энэ
шоунд амжилт гаргахын тулд хичнээн сар нойргүй хонож, бэлтгэл сургуулилт хийсэн
бол?

-Тэгэлгүй яахав. Нойргүй хоносон хоногийн
тоогоо алдсан. Тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлээд өнгөрсөн тавдугаар
сарын 14-нд гала тоглолтоо хийж шилдгээ шалгаруулсан. Энэ хооронд очиж тэмцээнийхээ
шалгаруулалтад оролцож, энд ирж ажлаа хийхээс эхлээд мэдээж амаргүй л байлаа.Тэргүүн
байр эзлээгүй ч гэсэн энэ шоунд хоёрт орно гэдэг үнэхээр том амжилт. Манай хамтлаг
зөвхөн Азид төдийгүй дэлхий дахинаа уран бүтээлээ толилуулахаас гадна Монгол орноо
сурталчилж чадсандаа бахархаж байна. Хэдий түрүүлээгүй ч гэсэн энэ том шоунд хоёрдугаар
байр эзэлнэ гэдэг үнэхээр том амжилт байлаа. Хүн болгоны хүсээд авчих амжилт биш
байх. Бидний өмнө 90 сая хүн амтай Филиппин улсын уран бүтээлчид орсон. Тэгэхээр
гурван сая хүн амтай улсын хамтлаг хоёрт орно гэдэг ази, цаашлаад
дэлхийн хүмүүс биднийг дэмжсэн гээд бодохоор үнэхээр их баяртай байна.

-Тэмцээний шилдэг 24 оролцогчийн нэгээр
шалгарснаа мэдээгүй байсан гэсэн. Яагаад?

-Шоу Сингапур, Малайз хоёрын хооронд
болсон. Гала тоглолт нь Сингапур улсад болсон. Тэмцээний дүрэм нь нууцыг чанд хадгалах
ёстой. Учир нь шоуны бичлэг 20 хоногийн дараа хэвлэл мэдээллээр цацагдах хуваарьтай
байсан учраас тэмцээн дуусаагүй байхад оролцогчид тэмцээний талаар юу ч ярих, мэдээлэх
эрхгүй. Тэмцээний явцад нууц задруулсан гэх шалтгаанаар зарим нэг оролцогчид хасагдсан
тохиолдол хүртэл гарсан. Тийм болохоор бид тэнцлээ ч гэж хэлж чадахгүй, тэнцсэнээ
ч мэдэхгүй явсан. Хэрвээ шилдэг 24-т шалгарвал холбогдоно гэсэн. Тэгсэн гэнэт л
нэг орой дуудсан. Шалгарсан ч гэж хэлээгүй. Тэгсэн очсоны дараа танай хамтлаг шилдэг
24-т шалгарсан гэж хэлсэн. Энэ шоунд оролцох үед биднийг ойлгож тусалж дэмжсэн Үндэсний
дуу бүжгийн эрдмийн чуулга, СУИС-ийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье.

-Таны хувьд мэргэжлийн ятгачин. Харин
тэмцээний үеэр дуулсан нь содон санагдсан…

-Тийм ээ. Нэгдүгээр шат хамгийн хэцүү
байсан. Байгаа бүх авьяасаа хэдхэн минутын дотор харуулах ёстой. Эхний шатанд бид
Цэрэндорж гуайн Чингис хааны магтаалыг тоглосон. Тэгсэн шүүгчид Монгол орноор аялсан
юм шиг сэтгэгдэл төрлөө гээд их сайхан хүлээж авсан. Дараагийн шатанд ямар ч хөгжимгүйгээр
акабель төрлөөр Тэс голын магтаалыг хөөмийлсөн. Хөгжимгүй учраас манай хамтлагийн
таван эрэгтэй хөөмийлөхөөр миний хувьд хийх юмгүй болчихсон. Тиймээс яалт ч үгүй
ард нь дуулж аялгуу нэмэх шаардлагатай болсон. Давгүй аялчихсан шүү (инээв).

-Тэмцээний үеэр морин хуурын утас
сунахаас эхлээд хүндрэлтэй зүйл нэлээд тохиолдсон гэж сонссон?

-Уур амьсгалын хувьд чийгшилтэй орчинд
очихоор морин хуур, ятга хөгжмийн утас сунахаас эхлээд асуудал гарч байсан. Ялангуяа
гала тоглолтын үеэр тайзны голд түүдэг асаачихсан байсан. Хоёр морин хуурч түүдэгтэй
ойрхон суучихсан байсан учраас хүнд харагдсан. Гэхдээ мэдээж хөгжимчид тиймэрхүү
асуудлыг урдаас тооцоолж тухай бүрт нь хөгжмийнхөө утсыг мэдэрч тоглодог. Сая наадмаар
хүртэл хэт халуун тиймэрхүү асуудал гарч л байсан.

-Таны хувьд “Хөсөгтөн” хамтлагийг
чимж буй цорын ганц эмэгтэй. Эрчүүдтэй ажиллах хүнд байдаг уу?

-Би айлын бага охин. Гурван ах, дөрвөн
эгчтэй. Багадаа эрэгтэй хүмүүстэй нэг их ойр дотно байгаагүй болохоор их ичимхий,
дуу цөөтэй охин байсан. Анх 2008 онд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад орж хамтлагтай
болох үед хамтлагийнхаа эрчүүдээс их ичнэ. Ямар сайндаа ичээд нэг буланд чимээгүй
очоод суучихдаг байж билээ. Эхний хоёр жил хамтлаг анхныхаа цомгийг гаргах гээд
гэртээ ч харих завгүй, ажил дээрээ хононо. Өглөө нэгнийдээ очиж цай унд уучихаад
л дахиад л бэлтгэлдээ ордог байлаа. Одоо харин эрчүүдтэй ганцаараа ажилладаг гэдгээ
ч мартчихаж. Одоо бол шүүмлэх үедээ шүүмжилнэ, санаа бодлоо хуваалцана. Манай хамтлагийн
гишүүд бол миний хоёр дахь гэр бүл. Тэгээд ч эрчүүдтэй ажиллахад их хүндэтгэлтэй.
Илүү нөмөр нөөлөг, хайр халамжтай санагддаг.

-Яагаад заавал хамтлагийн нэг гишүүн
эмэгтэй хүн байж таарсан юм бол?

-Манайхан ярилцаад ямар дуугаралттай
хөгжим байвал зүгээр вэ гэж ярьж байгаад ёочин, ятга хоёрын аль нэгийг нь авахаар
ярилцсан юм билээ. Тэгээд ятгын дуугаралт илүү зохимжтой, тэгээд ч гадагшаа дотогшоо
авч явахад хөгжмийнхөө хувьд авсаархан гээд сонгоод надад санал тавьсан хэрэг.

-Гэр бүлийнхэн тань хэр хүлээж авдаг
байв?

-Манай эцэг, эх, хань маань их сайн
ойлгодог. Урлагийн хүн хэцүү ш дээ. Ялангуяа гэрийн эзэгтэй ар гэртээ харагдахаасаа
харагдахгүй нь их байна гэдэг. Манай хамтлагийнхан хүртэл хэлдэг. “Манай Амараагийн
хань маш сайн ойлгодог” гэж ярьдаг. Заримдаа хамтлагийнхаа залууст “та нарын эхнэр
ингээд уран бүтээл хөөгөөд гэртээ ч орох завгүй яваад байвал яахав” гэхээр “Би лав
ажил хийлгэхгүй. Тэгж байж чадахгүй” гэдэг ш дээ, өөрсдөө болохоор (инээв). Сайхан
ханьтай учирсандаа хувь заяандаа талархаж явдаг.

-Хань тань урлагаас ангид мэргэжилтэй
юу?

-Миний ханийг Сэр-Од гэдэг. Сэтгэл
судлаач, хуульч мэргэжилтэй. Манай хүн найзууддаа “Битгий урлагийн хүнтэй суугаарай.
Урлагийн хүнтэй гэр бүл болсон тохиолдол надаар дуусаг” гэж ирээд л наргидаг. Үнэхээр
намайг ойлгож гэр бүлээ авч яваа ханьдаа баярлалаа, хайртай шүү гэдгээ танай сониноор
дамжуулж хэлмээр байна. Мөн хоёр ээждээ ч гэсэн баярлалаа.

-Хүүхэдтэй юу?

-Нэг охинтой. Одоо гурван настай.
Охиноо гурван сартай байхад л орхиод гадагшаа тоглолтод явдаг байсан. Үнэхээр сэтгэлд
нэг юм тороод явж чадахгүй хэцүү байдаг юм билээ. Нэгэнт л миний сонгосон амьдрал,
талхныхаа мөнгийг олох ажил учраас явахаас аргагүй байсан даа.

-Танай аав, ээжийн нутаг хаана вэ?

-Манай аав, ээж Ховд аймгийн Булган
сумын уугуул. Аавыг маань Човжоо гэдэг. Нэгдлийн нягтлан бодогч байсан. Ээж насаараа
Булган сумын нэгдүгээр сургуульд багшилсан Хорлоо гэж хүн бий.

-Таны үндсэн мэргэжил ятгачин уу?

-Би Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийг
мэргэжлийн ятга хөгжим, гоцлооч багш мэргэжлээр дүүргэсэн. Миний төрсөн ах Амгаланбаяр
ятганд сонирхолтой. Миний хурууг барьж анх ятга хөгжимтэй танилцуулсан хүн. Би сумынхаа
сургуулийн хөгжмийн дугуйланд явдаг байсан. Сарангэрэл гээд багштай. Тэгсэн нэг
өдөр ах радиогоор хөгжим бүжгийн коллежид элсэлт авч байна гэсэн зар сонсоод намайг
хот руу дагуулж ирсэн. Бид хоёрыг хотод ирэхэд Хөгжим бүжгийн коллеж элсэлтээ аль
хэдийнэ аваад дуусчихсан байсан.

-Тэгээд яав?

-Намайг холоос зорьж ирсэн юм чинь
яаж буцаахав гээд бүртгэсэн. Манайх Улаанбаатар хотоос 1600 гаруй км зайтай ш дээ.
Нэг сарын дараа шалгуулаад орсон. Би Ховд аймгийн Булган сумын нэгдүгээр арван жилд
дөрөвдүгээр анги хүртэл суугаад хот руу шилжиж ирсэн.

-Гэр бүлээрээ юу?

-Тийм. Би айлын отгон хүүхэд болохоор
намайг мэдэхгүй газар хэцүүднэ гээд манайх хот руу нүүж ирсэн. Гэхдээ би нутагтаа
жил болгон очдог. Манай нутаг ёстой л говийн баянбулаг шүү дээ. Нутгийн түмэн олон
ч намайг их дэмждэг. Өнгөрсөн жил хамтлагийнхааа Адьяадоржтой хамтраад тоглолт хийхэд
нутгийнхан их дэмжлэг үзүүлсэн. Манай нутгийн “Торгууд нутаг” клуб их сайн харилцаа
холбоотой ажилладаг. Нутгийнхандаа баярлалаа.

-Ятгаас өөр хөгжим тоглодог уу?

-Багадаа гитар, мандалин, төгөлдөр
хуур тоглодог байсан. Ер нь хөгжмийн анги болохоор хэд хэдэн хөгжим заавал заана
л даа.

-Та урлагаас өөр юу сонирхдог бол?

-Киноны дуу оруулагч, хөтлөгч болох
юмсан гэж их боддог байсан. Оюутан байхдаа тэнхимийнхээ тайлан тоглолтыг хоёр гурван
удаа хөтөлж хүслээ биелүүлсэн. Манай ээж наадам болохоор стадионд микрофон бариад
зарлагч хийдэг байсан. Хоолойны өнгө нь их гоё. Надад ээжээс заяасан хоолойны юм
жаахан бий гэж боддог.

-Одоо “Хөсөгтөн” хамтлаг ямар шинэ
уран бүтээл дээр ажиллаж байна?

-Манай хамтлагийнхан хоёр дахь цомог
дээрээ ажиллаж байна. Цомгийн ажил 80 хувьтай явж байна. Анхны цомог хүмүүст их
хүрсэн. Тиймээс түүнээс илүү, давсан уран бүтээл хийхээр хичээж байгаа. Мөн энэ
жил Австрийн “Голден” театрт тоглох төлөвлөөгөөтэй байна. Төрийн соёрхолт Сосорбарам
ах санаачилж байгаа. Одоохондоо энэ талаар нууцалъя.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эцсийн мөчид…

Саяхан нэг
өгүүллэг уншлаа. Өгүүллэгт монголын нэгэн тансаг баян эрхмийн гэр бүлийн тухай гарах
юм. Тансаг зэрэглэлийн байранд дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч буй гэр
бүл. Эднийх хүү, охин хоёртой бөгөөд хүүхдүүд нь гадаадад сурдаг. Гэтэл энэ гэр
бүлд гай тохиож эцэг нь хүнд өвчнөөр өвчилж, эмчилгээний зардалд бүхий л зүйлээ
зориулж байлаа. Хоёрхон жилийн дотор ямар ч эд хөрөнгөгүй болж тансаг харшид байсан
айл хашаа байшин хөлсөлж, өнгөтэй өөдтэй явахад салдаггүй байсан найз нөхөд ч бараа
сураг нь тасарчээ.

Хоёр хүүхэд
нь сургуулиа ч төгсч чадалгүй эх орондоо ирж нэг нь барилгын туслах ажил хийж, нөгөө
нь эмнэлгийн үйлчлэгчээр ажилд орж аавынхаа эм тариа, хоногийн хоолныхоо мөнгийг
олохын төлөө эцэж, цуцталаа ажиллаж тансаг өссөн хүүхдүүд хүртэл туйлдаа хүрэв.
Энэ бүхэнд эхнэр нь хамгийн ихээр шаналж, шөнөжин уйлсан хоногийн тоо ч алдарчээ.
Ханиа харахаар хэзээ хорвоог орхих бол гэхээс зүрх нь шимширч, хар бор ажил хийж
яваа хүүхдүүдээ бодохоор сэтгэл нь сэмэрч байв. Ингээд эцсийн мөчид эхнэр нь хуримын
бөгжөө ломбарданд тавьж нөхрийнхөө гурав хоногийн тариаг авч байгаа зураглал гарна.

Энэ айлд
үүнээс өөр үнэд хүрээд байх зүйл ч үлдсэнгүй. Нөхөр нь эхнэртээ зориулж 2000 ам.доллараар
авч байсан боловч ердөө 500 мянган төгрөг л хүрсэнд эхнэр нь жаахан гонсгор гэртээ
харив. Гэвч нөхөр нь гомдсонгүй нөгөө мөнгийг нь авч дарга байхаас нь жолоочийг
нь хийж ирсэн хөгшинд өгөв. Энэ гэр бүлд ганц тус болдог хүн нь цагтаа эхнэрийнх
нь арчаагүй, заваан гэж ад үзэж байсан өнөөх жолооч байсан юм. Жолооч ч өнөөх мөнгийг
аваад эм, тариа авчрахаар гарав. Яг энэ мөчид нөхөр нь амьсгал хураалаа. Маргааш
нь уй гашууд нэрвэгдсэн эхнэрт жолооч нэгэн захиа өгөв. Энэ бол түүний нөхрийн үлдээсэн
захиа.

Захианд хоёр
хадгаламжийн дэвтэр болоод тэдний амьдралд хүрэлцэхүйц хангалттай хөрөнгө үлдээсэн
болохыг мэдэв. Захианд “Би нэгэнт эдгэршгүй өвчтэй учраас чинийхээ төлөө ийм шийдвэр
гаргасныг минь уучлаарай. Зовлон үзээгүй өссөн хоёр үрээ эцгийгээ үгүйд барьц алдаж,
ээжийгээ ямар ихээр зовоох бол гэж бодохоос элэг эмтэрч зориуд амьдралд сургасан
юм шүү. Одоо та гурав минь алзахгүй ээ. Намайгаа дахин уучлаарай” гэсэн байжээ.
Эцэг хүн ийм л алсын хараатай, агуу хүмүүс байдаг аж.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хайртай бүсгүйдээ дөрвөн машин цэцэг бэлэглэжээ

Хурим найрын улирал эхэлсэнтэй холбогдуулан хуримын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд хөл ихтэй байна. Сүүлийн үед хосууд хуримаа хийхдээ мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлэхийг илүүд үзэх болжээ.

Учир нь хосуудын ярьж буйгаар бол хуримын даашинз, хослол, машин, ресторан, зурагчин гээд бүхий л зүйлийг нэг дороос хөлслөх нь цаг хугацаа алдахгүй, хийх ажлыг нь хөнгөвчилдөг байна. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд ч олон болжээ. Бид шинээр гал голомтоо бадраахаар зэхэж буй хосууддаа зориулж хэд хэдэн газраар орлоо. “Best event” студи, “Жакс” энтертаймент групп, “Me” энтертаймент, “Crocus event hall” зэрэг олон газар хуримын цогц үйлчилгээг зохион байгуулдаг юм байна. “Crocus event hall” гэхэд л саяхан хуримаа хийхээр төлөвлөж буй хосуудад зориулж хуримын нээлттэй өдөрлөг хүртэл зарласан байна. “Таны хуримын хамгийн жаргалтай мөч бүхнийг бид сэтгэлд тань мөнхөлнө” уриатай ажилладаг “Me marketing” энтертайментаар орлоо. Тус газарт хуримын захиалга өгөхөөр 25 орчим насны хоёр хос уулзаж байв. Тэд энэ сарын дундуур хуримаа хийх гэнэ. Сүйт залуу тус газрын видео бичлэг, зурагчин, гэнэтийн бэлэг зэрэг үйлчилгээг сонгохоор төлөвлөж байгаа юм байна. Харин сүйт бүсгүй даашинз, хослолоо өөр салонд захиалж хийлгэж байгаа талаараа ярив. Тэд хуримаа хийхэд хичнээн төгрөг зарцуулж болох талаар олон талаас нь судалгаа хийжээ. Дунджаар 15 сая төгрөгөөр хурим хийхээр төлөвлөсөн гэнэ. Хоёулаа төрийн байгууллагад ажилладаг бөгөөд хуримаа хийхийн тулд 10 орчим сая төгрөгийн цалингийн зээл авсан байна. Үлдсэн мөнгийг хоёр талын аав, ээж нэмэрлэжээ. Өөрсдөө бүх зүйлээ худалдаж аваад, зохион байгуулна гэхээр явдал ихтэйгээс гадна насан туршид нь дурсагдах ганц аз жаргалтай мөч нь учраас аль болох дурсгалтай хийхийг хүссэн гэнэ. Тиймээс ийн мэргэжлийн байгууллагад хандаж байгаа юм байна.

Ингээд “Me marketing” энтертайментын захирал Т.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танайх хуримын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад хичнээн жил болж байна вэ?

-Манайх үүсэн байгуулаг­даад зургаан жил болж байна. Анх найзтайгаа хамтарч хуримын видео бичлэг хийж гүйцэтгэдэг байсан. Эхэндээ хурим зохион байгуулахдаа нийтлэг энгийн маягаар л хийдэг байлаа. Яваандаа илүү туршлага суусан. Ер нь хосуудын амьдралын хамгийн аз жаргалтай мөчийг дахин давтагдашгүй гайхамшигтай зохион байгуулвал үйлчлүүлж буй хүмүүст ч үлдэцтэй, хэзээ ч мартагдахааргүй байх болно шүү дээ. Тиймээс арай шинэлэг санаа, шийдлийг илэрхийлж, аль болох өвөрмөц байдлаар хийхийг хичээдэг болсон. Өнгөрсөн хугацаанд 80 гаруй хуримыг бие даан зохион байгуулсан бол 200 гаруй хуримыг хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа хийсэн байна.

-Танайд хуримын захиалга хэр байна?

-Энэ наймдугаар сард манай байгууллага таван хурим зохион байгуулахаар захиалга авчихаад байна. Бид аль болох чанарын өндөр түвшинд хурим зохион байгуулахыг хүсдэг. Тиймээс давхцаж захиалга авдаггүй. Хурим зохион байгуулна гэдэг маш нямбай, хариуцлагатай ажил. Шинэ гэр бүл болж буй хосуудад сэтгэгдэл төрүүлэх нь хамгийн чухал. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд хосууд мэргэжлийн байгууллагад хандах нь эрс ихэссэн.

-Сүүлийн үед хосууд ямар хэлбэрээр хурим хийхийг илүүд үзэж байна. Ерөнхийдөө европ маягийн хурим хийх хандлагатай болсон юм шиг?

-Тийм. Үзэгдэх байдлаараа европ хандлагатай болчихсон. Гэхдээ хуримын агуулга нь үндэсний хэв шинжийг илэрхийлдэг. Жишээ нь ураг батжих үйлийг хийхдээ мөнгөн аяганд сүү хийгээд хосууд солилцож уудаг. Сүүлийн үед олон давхар хундганд хийдэг мода дэлгэрч байгаа. Мөн фэйсбүүк, твиттер гээд сошиал медиа орчноос хүмүүс олон санаа авч түүнийгээ бодит амьдралд ашигладаг болж. Олон сайхан санаагаар хурим хийж болно. Бид ашгийн төлөө байгууллага хэдий ч үндэсний ёс заншил, уламжлалаа хадгалсан хурим зохион байгуулахыг хичээдэг. Тийм санал үйлчлүүлэгчидээ тавьдаг. Өнгөрсөн жил XIII зууны үеийг харуулсан хурим зохион байгуулсан чинь “Соронз” сэтгүүл дээр гарсан Монголын топ 12 хуримын нэгээр шалгарч зураг нь тавигдсан байсан. Ер нь л хуримыг илүү өвөрмөц, энтертаймент байдлаар хийх нь хосуудад илүү сэтгэгдэл үлдээдэг.

-Танайхаар хуримаа зохион байгуулуулхаар гадаадаас хүртэл санал ирдэг гэж сонссон?

-Тийм ээ. Манай хаягаар холбогдоод хуримаа зохион байгуулахыг хүсдэг. Гадаадаас эх орондоо ирээд хуримаа хийнэ гээд хугацаагаа хэлээд захиалга өгдөг. Манайх зөвхөн хурим гэлтгүй хайр сэтгэлээ илэрхийлсэн олон гэнэтийн бэлэг барих үйлчилгээг явуулдаг. Гэхдээ зарим тохиолдолд үйлчлүүлэгчид эхнэрээ гомдоочихоод гэр бүл салах хэмжээнд тулсан үедээ эхнэртээ гэнэтийн бэлэг барихыг хүсдэг. Тийм тохиолдолд би арай өөр зөвлөгөө өгдөг. Асуудал хурцадсан үед ганц гэнэтийн бэлэг бариад хүний сэтгэл өөрчлөгдөнө гэж байхгүй шүү дээ. Бид яахав орлогоо бодоод хийж өгч болно. Гэвч миний хувьд мөнгөнөөс илүүтэйгээр хосуудын аз жаргалын төлөө ажиллахыг хүсдэг. Хэрвээ хайртай л бол эхнэртээ, нөхөртөө өдөр болгон хайртайгаа илчилж өөрөө хичээх ёстой шүү дээ.

Мэргэжлийн байгуул­лагуудын хуримын цогц үйлчилгээ дунджаар 20-40 сая төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Цогц үйлчилгээнд хуримын бөгжнөөс бусад бүх зүйл багтсан гэсэн үг. Тухайлбал, хуримын чимэглэл, гоёлын нүүр будалт, мастер үсчний гоёлын үс засалт, уран сайхны найруулгатай видео цомог, мэргэжлийн гэрэл зурагчин, хөтлөгч, хамтлаг дуучид, сюрприз бүхий эвэнтүүд, хүлээн авалтын ресторан зэрэг үйлчилгээг үзүүлдэг байна. Түүнчлэн сүүлийн үед хосууд бүрэн хэмжээний баримтат кино хийлгэх захиалга их өгдөг болж. Мөн хуримын өмнөх гэрлэх санал тавих үйлчилгээ их эрэлттэй болсон гэнэ. Саяхан нэгэн залуу хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавих үйлчилгээ авчээ. Энэ үйлчилгээнд дөрвөн портер машин цэцэг орсон байна. Ер нь залуус илүү өвөрмөц байдлаар хайр сэтгэлээ илэрхийлэхийг хүсдэг болсон талаар мэргэжлийн хүмүүс ярьж байсан. Хуримын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салон, автомашины үйлчилгээ үзүүлдэг газрууд ч олон байдаг юм байна. Хуримын даашинз дунджаар 500 мянгаас хоёр сая төгрөгийн үнэтэй бол нэг удаагийн түрээс буюу прокатын үнэ нь 200 мянган төгрөг байдаг аж. Мэдээж өнгө дизайн, хэлбэр хийцийн хувьд өргөн сонголттой. Загварын хувьд сиси болон нуруу нь ил гардаг торон даашинз моданд орж байгаа гэнэ.

Харин автомашины цуваа сонирхвол ”Lexus” 470, 570 ”Ланд-200” машинуудыг 150 мянган төгрөгөөр түрээсэлж болох бол Лимузин зэрэг тансаг зэрэглэлийн машин цаг нь 200 мянган төгрөгөөс дээш үнэтэй аж.

Д.Даваасүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ууганбаяр: “Тайга” бол цэвэр сэтгэлзүйн драмын бүтээл

“35 films”продакшн “Тайга” бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ. Тус киноны ерөнхий найруулагч, зохиолч Д.Ууганбаяртай ярилцлаа.

-Бараг л өдөр болгон нэг шинэ кино нээлтээ хийдэг болж. Эдгээрээс танай продакшны шинэ уран бүтээл юугаараа ялгаатай юм бэ?

-“Тайга” уран сайхны кино нь сүүлийн үед ихэд дэлгэрэх болсон инээдэм, хайр дурлалын сэдэвтэй кинонуудаас ангид ялгаатай бүтээл юм. Цэвэр сэтгэхүйн драм буюу психологи жанрын уран бүтээл гэж хэлж болно. Үүгээрээ бусад уран бүтээлээс арай өөр зүйлийг үзэгчдэд өгөх байх. Түүнчлэн манай уран бүтээл олон улсын стандартад нийцсэн төдийгүй дуу дүрсний өндөр чанартай бүтээл гэж хэлмээр байна.

-Яагаад заавал энэ төрлийг барьж авч кино бүтээв?

-Мэдээж энэ төрлийг дуртай хүн болгон бариад байдаггүй. Ялангуяа кино урлаг нь арилжааны хэлбэрээр хөгжсөн манай улсад тийм ч зохистой биш л дээ. Гэхдээ манайхан нэг ташаа ойлголттой яваад байдаг. Монголчууд сэтгэхүйн драмм гээд ярихаар ойлгомжгүй, энгийн үзэгчдэд зориулагдаагүй, утга учиргүй зүйл мэт хүлээж авдаг. Тэгж ч ойлгодог. Яг нарийн судлаад үзвэл кино урлагт энэ төрөл нь дэд жанр гэгддэг. Сэтгэхүйн драм жанраар ихэвчлэн аймшгийн эсвэл драмын төрлийн уран бүтээл хийгдсэн байдаг юм билээ. Тиймээс манай продакшныхан инээдмийн төрлөөс ч юм уу арай ангид уран бүтээл хийхийг хүссэн хэрэг.

-Киногоороо дамжуулж үзэгчдэд чухам юу хүргэхийг зорьсон бэ?

-“Тайга” кинонд байгаль эх дэлхийдээ хайр гамтай хандаач ээ, хэн нэгэн хүссэн хүн газар шороо, уул усаа ухаж төнхөөд байж болохгүй гэдэг санааг гаргахыг хичээсэн. Хэрвээ энэ сайхан онгон зэрлэг байгаль, уул, ус, ой модоо сүйтгээд байвал хэзээ нэгэн цагт үйлийн үр гээчийг амсдаг юм шүү гэдгийг харуулсан. Гол нь энэ амьд яваа насандаа үйлийн үрээ үүрдэг гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн киногоороо дамжуулж ард түмэнд хүргэх гэсэн бас нэг мессеж бол бөө нарын тухай.

-Бөөгийн шашинг дэмжсэн юм уу?

-Үгүй. Нийгэмд анхааруулга хүргэсэн гэх үү дээ. Сүүлийн үед өөрийгөө бөө, сахиус, онгод тэнгэртэй гээд түүндээ хэт итгэчихсэн хүн манай өнөөгийн нийгэмд хэтэрхий олон болчихож. Манай кинонд мөн л сүрхий онгод сахиустай, тэнгэртэй холбогддог гээд бодчихсон, тэр итгэл үнэмшлээрээ өөрийгөө тайгын эзэн мэт авирлаж буй дүр гардаг. Үр дагавар нь эцэстээ бусдын хувь заяа, амь насанд хүрээд дуусч байгаа тухай өгүүлдэг. Тиймээс олон мянган хүн энэ талаар бас нэгийг бодох болов уу.

-Нууц биш бол киноны үйл явдлын тухайд тодруулахгүй юу?

-“Тайга” кинонд хүмүүсийн хүсэн хүлээсэн гоё эмэгтэй хүн ч юм уу, нийтлэг зүйл гарахгүй. Маш үнэд хүрэх эртний булшийг хаана байгааг нь мэдчихээд ухаж төнхөхөөр явж байгаа, түүнчлэн хөвч тайга, уул ус савдаг сахиустай, бидний дээр тэнгэр гэж хүчин зүйл байгаа тухай киноны үйл явдалд гардаг. Ингэснээр дүрүүдийн хооронд сэтгэлзүйн зөрчилдөөн үүсч байгаа юм. Зөрчилдөөн үүсэхээр хүн яаж өөрчлөгддөг, би чухам хэн бэ, юунаас болж зан авир зөрчилдөөн үүсгэж байна, зөрчилдөөн үүсэхээрээ хүн яг ямар авир төрх гаргадаг гээд маш олон зүйлийг та бүхэн киноноос харж болно.

-Сэдвийн тухайд асуумаар байна. Саяхан бас тайга, хөвчийн ахуй амьдралыг харуулсан “Содура” кино үзэгчдэд хүрч байсан шүү дээ?

-Бид 2013 онд киноныхоо сэдвийг сонгоод зохиолоо бараг биччихсэн байсан. Тухайн үед “Содура” киноны зураг авалт эхэлж байна гэж сонссон. Хөвч тайга зөвхөн Хөвсгөлд байдаггүй шүү дээ. Манай орны зүүн хойд хэсэгт Хэнтий аймгийн Батширээт зэрэг суманд үнэхээр сайхан байгалийн үзэсгэлэнт газар байж л байна. Бид кино зураг авалтыг ч гэсэн Хөвсгөлд хийгээгүй. Өөр газар хийсэн. Мэдээж өгүүлэх өгүүлэмжийн хувьд ч тэр “Содура” киноноос эрс ялгаатай. Эртний эдлэл, булш бунхан ухаж гадагш дамладаг нинжа нар өнөөдөр ч энэ нийгэмд үй түмээрээ байна. Тэгсэн хэрнээ хүмүүс “энэ нөгөө булш ухдаг эсвэл эртний эдлэл хил давуулдаг нөхөр байна” гээд хараад хэлж чаддаггүй шүү дээ. Хүмүүсийн нүдэнд харагдахгүй хэрнээ нийгэмд хурцадчихсан асуудлыг л бид гол сэдвээ болгон барьж авсан.

-Киноны дүрийн тухайд танилцуулаач. Цөөхөн дүртэй гэсэн?

-Дүр сонголтыг МУСТА Л.Таванбаяр найруулагч хийсэн. Жүжигчин А.Цэгмид /СТА/, Н.Төмөрбат /СТА/, Н.Ялалт /СТА/, Л.Баярсайхан /СТА/, Б.Дамдинсүрэн, Р.Баттогтох нар тоглосон. Мөн ерөнхий зураглаач, продюссероор О.Энхбаяр, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн Б.Эрдэнэбат, дууны найруулагчаар С.Нэргүй /СТА/, кастинг найруулагчаар Л.Таванбаяр /СТА/ , нүүр хувиргагчаар Ц.Дэлгэр нар ажилласан.

-Танай продакшн өмнө нь уран бүтээл хийж байсан уу?

-Өмнө нь бид тус тусдаа ганц нэг кинонд ажиллаж байсан туршлагатай. Энэ бол манай уран бүтээлчдийн анхны хамтын бүтээл. Мэдээж кино уран бүтээл хийдэг ах нараасаа зөвлөгөө авч авах гээхийн ухаанаар хандсан. Найруулагч Бадамрагчаа ах зохиол дээр зөвлөгөө өгсөн. Ганзориг, Түмэнбаяр ах мөн зөвлөгөө өгсөн. Та бүхэндээ баярлалаа гэж нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс хэлмээр байна.

-Хэзээ нээлтээ хийх вэ?

-Ирэх сарын 5-нд “Тайга” киноныхоо нээлтийг хийнэ. “Тэнгис”, “Өргөө-1”, “Өргөө-2”, “Соёмбо”, “Хүннү молл” болон хөдөө орон нутгийн кино театруудаар манай киног хүлээн авч үзээрэй. Мөн манай кинотой давхцаад “Гэгээнтэн цогцолбор”-ын “Гэгээнтэн” кино театр нээлтээ хийх юм билээ. Тус кино театраар мөн гарна. Ямар ч байсан манай киног үзсэнээр сонирхолтой байх болно гэдгийг хэлэхэд таатай байна. Үзэгчид ихэнх киног үзээд гарахдаа бүх зүйл ойлгомжтой, маш сайхан сэтгэгдэлтэй театраас гардаг хэрнээ тав алхаад л тухайн киногоо мартдаг. Харин манай киног үзэхэд багагүй тархи ажиллаж, маш олон асуулттай л гарах байх.

-Тэр асуултын хариуг үзэгчид өөрсдийнхөө үзэл бодлоор дүгнэж өгөх нь ээ?

-Тэгж ойлгож болно. Тэртэй тэргүй хариулт нь манай нийгэмд бэлхнээ дэлгээстэй байна.

-“Тайга” кино олон улсын зах зээлд гарна гэж сонссон юм байна. Үнэн үү?

-Бид киногоо олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын Хөх хот, Манжуур хот, ӨМӨЗО-ы Шилийн гол, ОХУ-ын Улан-Үдэ хотуудад гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Сумогийн “домог” зодог тайллаа

Монголчууд аль ч бөхийн төрөлд, цаашлаад ямар ч спортод дэлхийн хэмжээнд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсаар байна. Үүний нэг тод жишээ бол сүүлийн хэдэн жилд мэргэжлийн сумод гаргасан Монгол бөхчүүдийн амжилт юм. Арлын Японы сумогийн дэвжээг монголын сумочид эзэгнэж байна. Бахархаж байна.

Сумогийн олон ч амжилт, рекордыг манай бөхчүүд эвдэж ёстой нэг хүч чадал, эр зориг, уран зоримог барилдаанаараа аархаж байна гэхэд буруудахгүй биз ээ. Тэгвэл мэргэжлийн сумод домог болж яваа нэгэн Монгол бөх зодог тайлах тухайгаа мэдэгдлээ. Энэ бол гурван жилийн өмнө буюу 38 насандаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд аварга болсон Кёкүтэнхо Н.Цэвэгням юм. Түүний энэхүү амжилт сумогийн түүхэнд тэмдэглэгдсэн. Учир нь мэргэжлийн сумогийн дээд зиндаанд Кёкүтэнхо шиг олон жил барилдаж, аварга болж байсан бөх байхгүй аж. Тиймээс Японы ард түмэн, хэвлэл мэдээллүүд нэг хэсэг манай бөхийн амжилтыг онцлон шагшин магтаж байлаа. Мэдээж энэ түүхэн амжилт бол түүний уйгагүй, нөр их хөдөлмөрийн үр дүн. Сумогийн дэвжээнд олон жил ийн амжилттай барилдаж яваа тэрээр уржигдар Нагоягийн зуны башё дууссаны дараа зодог тайлахаа албан ёсоор мэдэгдсэн билээ.

Сумогийн алтан хараацай

Нямжавын Цэвэгням өдгөө 40 настай. Түүнийг Арлын Японы мэргэжлийн сумод анх зодоглосон алтан хараацайнуудын нэг гэдэг. Анх 1993 онд Н.Цэвэгням аварга болох хүсэл мөрөөдөл сэтгэлдээ тээн Японд хөл тавьжээ. Тэгсэн хэрнээ сумогийн талаар бараг л мэдэхгүй Наритагийн онгоцны буудалд буусан гэдэг. Ингээд Кёкшюүзан Батбаяртай хамт нэг дэвжээнд орж, Ошима дэвжээний бөх болсон байна. Тэр цагаас хойш мэргэжлийн сумод монгол бөхчүүдийн замыг татсан алтан хараацайнууд бол яах аргагүй Кёкшюүзан Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням нарыг хэлнэ. Тэд Асашёорюү Д.Дагвадорж, Харүмафүжи Д.Бямбадорж, Хакухо М.Даваажаргал гээд үе үеийн аваргуудыг араасаа дагуулж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн сумочид. Монголын сумочид бүгд алтан хараацайнуудын нөлөөгөөр сумод хөл тавьсан байдаг. Арга ч үгүй биз. Залуу бөхчүүдийн итгэл найдвар, үлгэр дуурайл нь шүү дээ, тэд. Тиймээс Кёкшюүзан Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням нарт дүү бөхчүүд одоо ч ихэд хүндэтгэлтэй хандаж заавар зөвлөгөө авдаг гэсэн.

Хүний нутагт харийн спортод амжилт гаргана гэдэг амаргүй даваа

Кёкүтэнхогийн хувьд үеийнхээ бөхчүүдээс хавьгүй хожуу зодог тайлж байна. Н.Цэвэгням анхныхаа барилдааныг ирсэн жилийнхээ гуравдугаар сард хийж байжээ. Түүнд сумогийн хүнд бэрх бэлтгэл сургуулилт нь хэцүү санагдаж нэг бус удаа нутаг буцах бодол тээж байсан гэдэг. Сумогийн дэвжээнд аварга болно гэж ирсэн хүн чинь Монгол Улсын Элчин сайдын яам руу оргож очоод нутаг буцаж байсан гэнэ. Харин Ошима багш нь Монголд ирж, аргадаж ятган Японд аваачиж байсан тухайгаа Н.Цэвэгням дурсаж байсан удаатай. Ингээд багшаараа аргадуулан байж сумогийн дэвжээнд зодоглож 1998 оны арваннэгдүгээр сард анх удаа макүчи буюу дээд зиндаанд барилджээ. Ингэж л дээд зиндаанд дэвшсэн нь түүнийг сумод эргэлт буцалтгүй амьдралаа зориулахад хүргэсэн байна. Түүнээс хойш тасралтгүй дээд зиндаанд барилдаж озеки Кайогийн дээд зиндаанд 1444 удаа барилдсан рекордыг эвдээд байна. Дээд зиндаанд барилдсан цагаасаа хойш аварга болох юмсан гэсэн бодол түүнийг өдөр шөнөгүй чилээх болж. Бүр аварга болж байна гэж зүүдэлдэг байжээ. Зүүд зөнтэй гэж монголчууд ярьдаг. Н.Цэвэгням үүнд итгэдэг. Хүүхэдтэй болчихоод тэрээр нэг шөнө аварга болчихсон, хүүхдээ өвөр дээрээ суулгаад гэр бүлээрээ зураг татуулж байна гэж зүүдэлжээ. Энэ зүүдний дараахан 2012 оны зуны башёд 38 настайдаа түрүүлж эзэн хааны цомыг авчээ. Түүнийг хувь заяа ивээсэн гэдэг. Учир нь сумогийн дэвжээнд ноёрхож яваа аварга Хакухо Даваажаргал тухайн сард тааруухан барилдсан ч хүчтэй өрсөлдөгчдийг нь өвдөг шороодуулж өгсөн байна. Ингэж тэрээр сумогийн түүхэнд хамгийн ахмад настай түрүү авсан бөх хэмээн тэмдэглэгджээ.

Сумогийн амьд домог

Кёкүтэнхо аварга болчихоод дараагийн сарын башёд 13 удаа унасан цорын ганц бөх. Түүхэнд энэ үйлдлээрээ мөн л тэмдэглэгдсэн. Япончууд ч их шуугисан. Гэхдээ тэрээр ясны бөх гэдгээ харуулж дараагийн хоёр сар нь амжилттай барилдсан. Тиймээс япончууд Кёкүтэнхог сумогийн “Legend” буюу “Домог” хэмээн хүндэлдэг. Үнэндээ домог байхаас ч аргагүй бөх. 1998 оноос хойш сумогийн дээд зиндаанд тасралтгүй барилдаж башёд зодоглосон тоогоороо түүнийг гүйцэх бөх одоохондоо алга. Ингэхдээ дээд зиндаанаас буулгүй барилдсан бөх гэдгийг цохон тэмдэглэмээр байна.

Кёкүтэнхо Н.Цэвэгням: Би зодог тайлж “Ошима” дэвжээг өвөлнө

Кёкүтэнхо Н.Цэвэгням мэргэжлийн сумод 23 жил зодоглосон. Тэрбээр сүүлийн өдрийн барилдааны дараа нулимс урсган дэвжээнээсээ бууж харагдсан. Сумо сонирхогчдын хувьд үнэхээр харамсалтай мэдээ боловч тэрээр ирээдүйд сумогийн дэвжээнд олон монгол бөхчүүдийн нэрийг гаргах суурийг тавина гэдэгт итгэлтэй байна. Н.Цэвэгням Япон эхнэртэй. Кейко гэдэг. Япон иргэншилтэй учраас тэрээр зодог тайлж “Ошима” дэвжээг өвөлж авах юм байна. Түүнтэй манай сонины Япон дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг өчигдөр зодог тайлах тухайгаа мэдээлэх үеэр нь ийн сэтгэгдлийг нь хуваалцжээ.

-Барилдаанаа нулимстай дуусгасан. Яг тэр агшинд юу бодогдож байсан бэ?

-Эргээд бодоход би сумогийн дэвжээнд 23 жил гаруй барилджээ. Энэ барилдаан хамгийн сүүлчийн, дэвжээн дээрээ дахиад хэзээ ч гарахгүй гэж бодохоор л биеэ барьж дийлэхгүй байсан. Бас үзэгч, хөгжөөн дэмжигчдийн дуу, түрлэг, нэрийг минь бичсэн самбар бариад уухайлж байгаа хүмүүсийг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлсөн дөө.

-Хакухо аварга түрүүлж, хамт алхаж явахад ямар санагдаж байв. Аваргатай юу ярив?

-Манай дэвжээ аваргынхтай нэг гал болдог. Олон жил хамт бэлтгэл сургууль хийж, аваргатай цуг амьдралынхаа багагүй цагийг өнгөрүүлжээ. Өчигдөр аварга шийдвэрлэх барилдаантай байсан учир нүдээрээ хоёулаа дохилцоод өнгөрсөн. Аваргыг харахаар л цээжин дээр нэг юм тээглээд байсан. Аварга гарыг минь бариад л олон жил та хичээсэн шүү гээд нүдээрээ хэлэх шиг болсон. Аваргатай хамт туг барьж, ялалтын парадад цуг суугаад явахад үнэхээр сэтгэл их хөдөлж, баярлан бахдах сэтгэл төрж байсан.

-Танд одоо юу бодогдож байна вэ?

-Өнөөдөржингөө (өчигдөр. сур) сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөөд тун завгүй л байна. Дөчин нас хүртлээ барилдаж болдог юм байна гэдгийг залуу үеийнхэндээ харууллаа гэж бодож байна. Их л олон юм бодогдож байна даа.

-Цаашид та юу хийх вэ?

-Одоо хоёр жил гаруй “Ошима” дэвжээнийхээ туслах багш хийнэ. Ирээдүйд дэвжээгээ өвлөн авч ояаката болно доо. Тэр хүртэл суралцах зүйл их байна.

-Үсээ авахуулах ёслолын өдрөө товлов уу?

-Ирэх жилийн тавдугаар сард хийхээр ярьж байна.

-Таны тухай ном гарах гэж байгаа гэл үү?

-Тийм ээ. “Бейсбол” хэвлэлийн газраас “Кёкүтэнхогийн намтар” хэмээх ном удахгүй энэ оны есдүгээр сард хэвлэгдэн гарна.

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

Түүнийг дэлхийн аварга, цаашлаад олимп хүлээж байгаа

Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Тюмень хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж өнгөрсөн. Тус тэмцээнээс Монголын жүдочид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа гуравдугаар байрт орсон амжилт үзүүлсэн билээ. Тюмень хотоос цорын ганц алтан медаль авчирсан тамирчин бол 63 кг-ын жинд зодоглосон Цэвэгсүрэнгийн Мөнхзаяа байлаа. Түүнийг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа онцолж байна.

Цэвэгсүрэнгийн Мөнхзаяа 1986 онд төрсөн бөгөөд жүдо бөхөөр олон жил уйгагүй хичээллэж буй шилдэг тамирчдын нэг яах аргагүй мөн. Өнгөрсөн хугацаанд тэрээр олон сайхан амжилт үзүүлж улсынхаа төрийн дууллыг харийн тэнгэрт олон ч удаа эгшиглүүлсэн Монголын нүүр царай болсон жүдоч. Олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзаяа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, “Их дуулга” тэмцээний аварга гээд бараг олимпоос бусад тэмцээний медалийг хамсан гэхэд болно. Гэхдээ түүнд олимпийн туршлага бий. “Лондон-2012” олимпод зодоглож байсан түүний барилдааныг ард түмэн одоо хэр мартаагүй. Сийрүүлбэл, ОУХМ Ц.Мөнхзаяа “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдахдаа хагас шигшээд гарч Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын гурван хүрэл медальт, Словенийн Урска Золниртой барилдаж цэвэр ялагдсан. Хоёр бөхийн хүч чадал, барилдаан эн тэнцүүхэн байсан хэдий ч шүүгчид манай бөхөд ялагдал хүлээлгэсэн гашуун түүх бий. Гэвч манай бөх хэнд ч ялагдашгүй гэдгээ цуврал тэмцээнүүдэд харуулж байна. Үүний тод жишээ бол өнөө жилийн Кувейтэд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан тохиолдол юм. Тэрээр Кувейтийн татамид жинхэнэ ясны тамирчин, мятрашгүй монгол бөх гэдгээ харуулж, бусад орны тамирчдын зүрхэнд шар ус хуруулаад авсан.

Учир юу гэвэл 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа аваргын төлөө Японы жүдоч, Токиогийн “Их дуулга”-ын хүрэл медальт Нишикава Махотой барилдаж, вазари үнэлгээгээр ялж, Ази тивийн аварга болсон. Барилдааны үед манай жүдоч зүүн мөрөндөө бэртэл авч, мөрөө мулталчихсан. Гэсэн хэдий ч бэртэл авлаа гээд унжийж суухын оронд харин ч баргийн эр хүнээс гарамгүй зориг, тэсвэр тэвчээр заан барилдааныг дуусгасан юм. Тиймээс Азийн аваргын алтан медаль түүнд, монголчуудад хамгийн үнэ цэнтэй байлаа. Арга ч үгүй биз, Монголын эмэгтэй жүдочдыг нэгэн үе дэлхийн жүдогийн дэвжээнд гялалзаж явсан Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од дасгалжуулж байгаа шүү дээ.

Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа зэрэг дасгалжуулагчдын шавь нар энэ цаг үеийг эзэгнэсэн баатрууд болж яваа гэхэд хилсдэхгүй байх. Нарийн яривал Ц.Мөнхзаяагийн гарын багш хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох. Дэлхийн аварга Ш.Чанарав, олимпийн анхны медальт Ц.Дамдин, Р.Даваадалай, 1989 оны дэлхийн аварга Х.Баттулга, О.Балжинням, олимпийн аварга Н.Тvвшинбаяр, олимпийн хvрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, М.Бундмаа, Х.Эрдэнэт-Од гээд дэлхийд нэрээ цуурайтуулсан тамирчид бүгд түүний шавь гэдэг. Тэгэхээр төгс бэлтгэгдсэн мэргэжлийн жүдоч юм.

Ц.Мөнхзаяагийн амжилтын бас нэг үндэс бол яах аргагүй гэр бүлийн хүн нь. Түүний нөхрийг Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар гэдгийг мэдэх биз ээ. 73 кг-ын жинд Х.Болдбаатартай дүйх тамирчин ховор байсан үе саяхан. Тэрээр өөрийнхөө үлдээсэн орон зайг эхнэрийнхээ амжилтаар дүүргэхээр зүтгэж явна. Жүдогийн төлөө, эх орныхоо төлөө хорвоод амьдрах хоног өдрүүдээ элээж яваа хүмүүс гэвэл тэднийг хэлнэ. Удахгүй болох ДАШТ-д Ц.Мөнхзаяа зодоглоно. Тиймээс дэлхийн татамигаас ганзага дүүрэн ирэх байх гэж найдаж байна, монголчууд итгэл хүлээлгэж байна. Тэр чадна. Түүний дараа Мөнхзаяаг олимп хүлээж байгаа…

Д.Давааүрэн

Э.Анужин

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуванцар бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах чадалтай “Эко пластик” үйлдвэр нээгджээ

Монголчуудын
өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй хоол хүнс, хувцас, унаа машин гээд бүгд л
гадны бүтээгдэхүүн. Нэг ёсондоо бид гадны импортыг алхам тутамдаа дэмжиж ирсэн
хэрнээ дотоодын үйлдвэрлэлийг голдог. Өндөр үнэтэй, чанар муутай гээд аливаа
дотоодын бүтээгдэхүүнийг голох шалтгаан олон байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд
үндэсний үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд гарах эрмэлзэлтэй байхын зэрэгцээ
дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж импортыг тэглэх төр засгийн бодлого,
шийдвэрийг дэмжиж ажилладаг болжээ. Үүний нэг тод жишээ бол “Эко пластик”
үйлдвэр юм. Тус үйлдвэр нь бүхий л төрлийн пластик бүтээгдэхүүнийг эх орондоо
үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. “Эко пластик” үйлдвэр нь “Номин холдинг”
компанийн харьяа бөгөөд Таван шарын автобусны буудлаас холгүй байрладаг юм
байна. Биднийг очих үед ажил нь ид өрнөж байв. Саяхан зах, худалдааны төвүүдэд
урд хөршөөс орж ирдэг усны савыг хүний бие хортой гэж холбогдох албаныхан
мэдээлж байсан.Тэгвэл энд байгальд ээлтэй, хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй
эко сав үйлдвэрлэж байна. Мөн хогийн сав зэрэг ахуйн зориулалттай ашиглах том,
дунд, жижиг хэмжээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Ер нь хуванцраар буюу
пластикаар юу хийж болж байна тэр бүгдийг үйлдвэрлэж эхэлсэн гэсэн. Эдгээр
бүтээгдэхүүнийг хийхэд нэг их чирэгдэл, ажиллагаа шаарддаггүйг үйлдвэрийн дарга
П.Өлзийбат онцолж байв. Үйлдвэр бүхэлдээ автомат ажиллагаатай. Ердөө түүхий
эдээ будагтай холиод машинд хийх л гар ажиллагаа. Үүнийг эс тооцвол хүний гар
хүрээд байх ажил харагдсангүй.

Үйлдвэрийн
хүчин чадлын тухайд үйлдвэрийн дарга П.Өлзийбатаас тодрууллаа.

-Танайх
өдөрт хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна?

-Манай
үйлдвэр 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ өдөрт нэг хэвээр 150-160 бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг.

-Тэгэхээр
өдөрт нэг л төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж үү?

-Тэгэлгүй
яахав. Тухайн бүтээгдэхүүнээс хамаарна. Хэдэн хэвтэйгээс шалтгаална гэсэн үг.
Жишээлбэл, хувин хийлээ гэж бодоход эхний өдөр их биеийг нь хэвлэж гаргасан бол
дараагийн өдөр мөн тооны сэнж, бариул, дараагийн өдөр тагийг нь үйлдвэрлэнэ.
Ингээд дөрвөн өдрийн дараа тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд бэлэн
болох юм. Хэрвээ зөвхөн нэг хэвээр бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулах юм бол сард
1800-2000 ширхэг бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай.

-Үйлдвэрлэл
явагдаад хэр удаж байна. Эрэлт өндөр
байна уу?

-Манай
үйлдвэр одоо л жигдэрч байна. Ер нь цаашдаа эрэлт ихтэй байх төлөвтэй байгаа.
Бид нарийн судалгааны дагуу ажилладаг.

Тэрээр
Германд техникийн мэргэжлээр сурсан учраас машин техникийн тал дээр асуудалгүй
ажилладаг болол­той. Тухайн автомат машиныхаа үйл ажиллагааг байнга хянаж,
хаана нь юу болохгүй байгааг дор нь оношилчихдог аж. Автомат ажиллагаатай
энэхүү пластик бүтээгдэхүүний машиныг гурван жил туршсан гэсэн. Үйлдвэрийн бүх
ажил автомат учраас нэг ээлжээр ажиллаж байгаа юм билээ.

Ахуйн
хэрэглээнээс гадна автомашины акумляторын корпус, бариул, гэрлэн дохио,
суудлаас эхлээд 50 гаруй төрлийн эд анги үйлдвэрлэдэг юм байна. Ямар ч
пластик бүтээгдэхүүн хийхэд хоёрхон төрлийн түүхий эд буюу орц шаардагддаг
байна. Иран, Кувейт, Солонгосоос будаатай адилхан хэмжээ бүхий зориулалтын
түүхий эд оруулж ирдэг юм байна. Хатуу, зөөлөн гэсэн хоёр өөр шинж чанартай.
Түүнийгээ будаг оруулагчтай холиод хүссэн материалаар гаргаж болдог гэнэ. Бас
ямар ч бүтээгдэхүүн хийхэд хэв чухал аж.

Дундаж
хэмжээтэй 250 ширхэг хогийн сав хийхэд 25кг түүхий эд, нэг кг өнгө оруулагч
будаг хэрэгтэй болдог бол дээрх тооны бүтээгдэхүүн хийхэд дөрвөн кг хаягдал
гардаг байна. Түүнийгээ дахин хэвэнд цутгаад өөр өнгийн хогийн сав хийдэг гэнэ.
Өнгөний хувьд бараан талдаа. Учир нь дахин шатаахаар өнгө нь бараан талдаа
гардаг байна. Түүнчлэн тус үйлдвэрт нийлэг уут буюу бидний нэрлэж заншсанаар
гялгар уут үйлдвэрлэдэг юм байна. Хэрэглэх түүхий эд нь мөн л пластик
бүтээгдэхүүнтэй адил. Гэхдээ бидний хэрэглээд хаясан уут, ундааны савыг дахин
боловсруулж гаргаж авсан будаа шиг зүйлээр түлхүү хийдэг байна. Тус үйлдвэр
одоогийн байдлаар манай улсын гялгар уутны жилийн хэрэгцээний 15 хувийг хангаж
буйг О.Хаш-Эрдэнэ онцлов. Тодруулбал, өдөрт зургаан машин дээр 15 мянган ширхэг
уут үйлдвэрлэж байна. Энэхүү уут нь харахад энгийн ч гурван жилийн дотор өөрөө
задарч байгальд шингэх бодисоор хийгдсэн байдаг аж.

Ингээд
“Эко пластик” үйлд­вэрийн ерөнхий захирал Д.Жаргалсайханаас зарим зүйлийг
тодруул­лаа.

-Үйлдвэрийн чадамжийн тухайд тодруулахгүй юу. Энэ төрлийн
үйлдвэрлэл хөгжих боломж, зах зээл хэр байна?

-Монгол
Улсад өндөр технологийн аж үйлдвэрийн салбар хөгжих хууль эрх зүйн орчныг УИХ
наадмын өмнө баталж гаргалаа. Тэгэхээр үүгээр дамжуулаад машинт үйлдвэрлэлийн
салбар хөгжих бүрэн боломж нээгдэж байна. Зөвхөн машин гэлтгүй халбага, сэрээ,
хутга, шанага гээд металл болон химийн аргын үйлдвэрлэл өргөжиж байна. Манайх
үйлдвэрийн хувьд автомашины суу­дал, авто­бусны сандал, акумляторын гадна
корпус, өргөн хэрэглээний олон мян­ган энгийн пластик бүтээг­дэхүүн үйлдвэрлэх
зорилт тавин ажиллаж байна. Үүнээс олноор бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэхүү
туршилт амжилттай боллоо. Анхны бүтээгдэхүүн үйлдвэрээс гарч хэрэглэгчдийн гарт
хүрч эхэллээ. Цаашдаа авто­машины толины суурь, гэрлийн бүрхүүл гээд хуванцраар
хийж болох юу л байна үйлдвэрлэх бүрэн боломжтой.

-Бүтээгдэхүүн
зах зээлд хэр үнэтэй гарч байгаа бол?

-Дотоодын
бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнтэй үнээрээ өрсөлдөх ёстой. Гэхдээ үндэсний
үйлдвэрлэлээ хөл дээр нь босгохын тулд төрөөс гааль, НӨАТ-sг хөн­гөлөхөөс
эхлээд олон ажил хэрэгжүүлж байгаа. Япон улс 60 хувийн татвараар дотоодын зах
зээлээ хамгаал­сан байдаг шүү дээ. Нэг автобус оруулахад л Хятад үнийн дүнгийн
40 хувь, Орос 50 мянган ам.дол­ларын татвартай байх жишээтэй. Гэтэл манайд
нөхцөл байдал ямар билээ. Тэгэхээр дотоодын үйлдвэр гэдэг утгаараа зах зээл
дээрх импортын бараанаас хамаагүй хямд үнэтэй байна.

-Нэг
хогийн сав хэдэн төгрөгийн үнэтэй
үйлдвэрээс гарч байна. Иргэд бодит үнийг сонирхож байгаа шүү дээ?

-Үнийн
хувьд бүтээг­дэхүүний түүхий эдээс
хамаарч харилцан адилгүй. Дахин боловсруулсан, Мон­голд үйлдвэрлэсэн, байгальд
ээлтэй зориулалтын эко бүтээг­дэхүүнээр хийсэн гэдгээ­рээ ялгаатай. Дунд
зэргийн хогийн сав байлаа гэхэд дээрх орцоосоо хамаарч бөөний үнэ нь 7500-9500
төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Бид шохойн чулууны туузан дамжуулах шугамыг хийж
байгаа. Мөн цанын баазын агаарын дүүжин хийхээр төлөвлөж байна. Технологийн
хямд чанартай шийдлээр шатахуун түгээх станцын саравч хийх төлөвлөгөөтэй байна.
Тэгэхээр бид хуванцар бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг 100 хувь хангаад
зогсохгүй гадагшаа экспортод гаргах бүрэн боломжтой. Товчхон хэлэхэд манай улс
нийгмийн баялгийг үйлдвэрлэл технологиор дамжуулж шударгаар хуваарилдаг Япон
хөгжлийн загварт шилжиж байна гэсэн үг.

Д.Даваасүрэн

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын харцага Н.Батзаяа: Дархан аварга Г.Өсөхбаяр надаас “Би уначихсан уу” гэж асуусан

Монгол
Улсын харцага Н.Батзаяатай ярилцлаа.

-Та
энэ жилийн наадмаар өнгөтэй сайхан барилдлаа. Олон жил наадмаар зодог­лож,
уйгагүй бэлтгэл хийсний үр дүн гарлаа шүү дээ?

-Би олон
жил зодоглож байж улсын цолонд хүрсэн. Түүнээс хойш зургаан жилийн дараа Монгол
Улсын харцага гэсэн энэ эрхэм цолонд хүрлээ. Үнэхээр сайхан барилдлаа. Наадмын
зүлэг ногоон дэвжээ маань намайг ивээлээ. Их баяртай байна.

-Таны
энэ жилийн даваа бүрийг бөх сонирхогчид үзүүштэй, уран барилдаан харуулсан
гэдэгтэй санал нийлэх байх. Ялангуяа тавын даваанд Зүүний магнайд гарсан Дархан
аварга Г.Өсөхбаяртай барилдсан барилдаан багагүй шуугиан дагууллаа…

-Би
барилдааны явцад нэг ард нь гарч барьц авсан. Тэр яахав, хөлийн цэцийн
шийдвэрээр дахиж барилдсан. Хоёулаа зэрэг шахуу газардсан. Хүмүүс гурав дахиж
барилдсан гэж яриад байгаа. Барилдааны явцад бол тийм зүйл болоогүй. Тэгээд
камерын бичлэг шүүхэд би арай сүүлд газардсан гэдгээрээ давсан. Энэ жилийн
хувьд МҮБХ болон Монголын телевизүүдийн холбоо хамтарч цэнгэлдэхийн эргэн
тойронд камер суурилуулсан нь шинэ шийдэл болсон санагдсан. Өмнө нь бол дэвжээний
хаана нь хэн унаж, хэн даваад байгааг зэрэг харах боломжгүй байсан. Үүнээс
болоод бөөн маргаан гардаг байсныг үзэгчид мэдэж байгаа.

-Дархан
аварга тахимаа өгөхгүй нэлээд унжиж байх шиг харагдсан. Харин наадамчин олон
таны талд уухайлж байсан. Аварга тантай шивнэлдээд байсан уу?

-Аварга
эхлээд барьц сонгоод барилдахдаа надаас “Би уначихсан уу” гэж асуусан. Тэгээд
камерын бичлэг хүлээсэн. Хоёулаа л хэн түрүүлж унаснаа мэдээгүй. Г.Өсөхбаяр
аварга жудагтай сайхан бөх. Мэдээж би аварга цолтой хүнийг хүндлэлгүй яахав. Ер
нь нийт масс өндөр цолтой, бага цолтой бөх хоёрын мэдээж бага цолтойг дэмждэг
шүү дээ. Намайг аваргыг даваад цаашаа илүү сайн барилдаад цол хүртээсэй гэж
бодсон хэрэг.

-Г.Өсөхбаяр
аваргатай өмнө нь барилдаж байв уу. Чац өндөртэй бөхийг давна гэдэг амаргүй
шүү?

-Тэгэлгүй
яахав. Хэцүү. Би Дархан аваргатай нэг удаа зургаагийн даваанд таарч барилдсан.
Зургаан жилийн өмнө Монгол Улсын начин цолны болзлыг Мягмарсүрэн заанаар
хангачихаад дараа­гийн даваандаа аваргатай таарч өвдөг шороодож байлаа. Яахав,
дэвжээн дээр гарахдаа би ийм мэх хийнэ, тэгж барилдана гэж яг төлөвлөж
гардаггүй шүү дээ. Өрсөлдөгч ямар мэх хийж, ямар алдаа гаргана тухайн үед тэр
хийг тааруулж мэдэрч барилдах л чухал.Би тэгж л барилдсан.

-Өндөр
цолтой бөхтэй таарахаараа залуу бөхчүүд биеэ бариад барилдаан гаргаж чаддаггүй
талтай. Харин та зоригтой, шийдсэн барилдааныг үзүүлсэн?

-Дархан
аваргатай барилдахдаа өөрийнхөө бодсоноор л барилдъя гэж гарсан. Хэрвээ
давчихвал начин цолоо баталчихна. Тэгээд ч шинэ цолонд хүрэх зам гэрэлтээд ирсэн.
Надад тийм боломж дахиад олдоо ч уу үгүй ч үү гэж бодоод л шуудхан дайрсан.
Гэхдээ аваргаа хүндэлж барилдана шүү дээ. Тэгсний хүчинд сана­сан­даа ч хүрсэн.
Санасан­даа хүрсэн болохоор сэтгэл уужраад, наадмаас хойш цэлмэг, хөл газар
хүрэхгүй л явна.

-Дараагийн
даваанд Намсрайжавын Батсуурь арсланг давж, харцага цолны болзол хангасан.
Давчихвал шинэ цолонд хүрнэ гэж бодохоор сэтгэл зүйн хувьд дарамттай байдаг уу?

-Тэгэлгүй
яахав, шинэ цол хүлээж байгаа учраас нэлээн их юм бодож байж барилдсан даа.
Батсуурь сайн бөх. Шинэ цол шүргээд барьж чадалгүй уначихсан бол бас л
харамсалтай шүү дээ. Ер нь төрийн наадамд зодоглож буй бөхчүүд бүгд сайн
барилдах юмсан, улсын цолонд хүрэх юмсан гэж дэвжээнд зодоглодог болохоор муу
өрсөлдөгч гэж байхгүй. Муу барилдаан л харин гаргадаг. Өрсөлдөгчөө нягтлах
хэрэгтэй. Нэгийн даваанаас эхлээд бүгд л хүчтэй өрсөлдөгч. Тиймээс өөрийн нөөц
бололцоогоо зөв хуваарилах хэрэгтэй. Миний хувьд нэгийн даваанд Архангай
аймгийн залуу бөхтэй таарсан. Хоёрын даваанд Говь-Алтай аймгийн заан Д.Буянтыг
давж гурвын даваанд аймгийн арслан Э.Ванданцэрэнг даваад дөрөв дээр
Баянхонгорын Улсын начин Ж.Чулуунбатыг өвдөг шороодуулсан. Чулуунбат начин бол
их спортоор хичээллэдэг дэлхийн дэвжээнд өрсөлдөж Монголынхоо нэрийг гаргаж
яваа мундаг бөх шүү дээ.

-Чөлөөт,
жүдогоор барилддаг хүнтэй үндэсний бөхөөр барилдах амаргүй. Арга барилын хувьд
баялаг гэдэг. Тиймээс танд бас бодсон хариу мэх байсан л байлгүй?

-Монгол
Улсыг төлөөлж дэлхийн дэвжээнд зодоглодог тийм мундаг бөхтэй барилдана гэдэг
нэр төрийн хэрэг. Өмнө нь хоёр удаа таарч барилдаж байсан болохоор барилдааны
арга барилыг нь жаахан гадарлана. Нэг хаяж, нэг унаж байсан удаатай.
Тиймээс зүүн сугадуулахгүйгээр зодоглож
барилдъя гэсэн хоёрхон сонголттой л барилдсан.

-Энэ
жил наадмынхаа бэлтгэлийг хаана хийсэн бэ. Ховдын бөхчүүд хоёр хуваагдаж
бэлтгэлд гарсан сурагтай байсан?

-Тэгсэн.
Батзориг, Амартүвшин харцага, Лхагвасүрэн начин, Цогбаяр, Мөнхбаатар начин гээд
энэ сайхан бөхчүүдтэйгээ бэлтгэлд гарсан. Бид цагдаагийн байгууллагын бөхчүүд
учраас “Сүүж” амралтанд очиж бэлтгэл сургуулилтаа хийсэн.

-Энэ
жил цэнгэлдэхэд хиймэл зүлэг тавьсан. Хүмүүс нэлээд эсэргүүцсэн. Яг дэвжээн
дээр гарч буй бөхчүүдэд хэр санагдав?

-Болдог
юм байна лээ. Хамгийн гол нь хотгор гүдгэргүй тэгш талбай байх нь чухал. Бороо
орсон бол харин ямар байхыг мэдэхгүй байна. Хальтарч магадгүй. Энэ жил бороогүй
сайхан байлаа. Хэрвээ бороо ороод хальтраад уначихвал тэр их хөдөлмөр талаар
болно гээд бодохоор харамсалтай шүү.

-Олон
жилийн дараа та харцага цолны болзол хангалаа. Зарим хүн бөхчүүд нас харих
тусам гаргах амжилт нь бүдгэрдэг гэж ярьдаг. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Би хоёр
хүнээс их том үлгэр дуурайл авсан. Эрхэмбаяр аваргыг начин байхаас л
барилдааныг нь хардаг байсан. Мөн Ганхуяг байна. Бөхийн спортод орсон хүн бөхөд
үнэнч, тууштай байж уйгагүй, тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийх ёстой юм
байна гэдгийг ойлгосон. Тэгээд ч миний аавын надад өгсөн хүмүүжил ч агаар нэг.
Тиймээс би яг л тэдний жимээр жилийн жилд наадамд тасралтгүй зодоглож ирсэн.
Мөн заал, танхимын барилдаанд ч тогтмол амжилттай барилдаж ирсэн. Ямартай ч үр
дүнг нь биеэрээ мэдэрлээ. Харин энэ сайхан цолоо авч явах нь хүртэхээс
илүүтэйгээр үүрэг хариуцлага ирдэг. Тиймээс цолоо хүндэлж, цолондоо эзэн болж
илүү их амжилт гаргана. Ер нь цолны эрэмбэ бөхчүүдэд хамгийн агуу хичээл,
сургамж болж өгдөг.

-Таныг
ажиглаад байхад тогтуун хүн юм аа. Таныг
П.Сүхбат агсантай адил унасан ч давсан ч инээгээд л явж байдаг бөх гэдэг
юм билээ. Аавын өсгөсөн хүмүүжил байна уу?

-Таны
хэлсэнтэй адилхан үгийг зөндөө сонсч байсан. Уначихаад уйлалтай биш дээ.
Инээгээд явж байх чинь ер нь их сайхан шүү дээ. (инээв) Би ер нь их тайван хүн
шиг байгаа юм. Аав минь тийм хүн л дээ. Бас их зарчимч хүн.

-Аавыгаа,
гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай
хоёр хөгшин хоёулаа Ховдын Булган сумын уугуул. Ховд аймгийн Чандмань суманд
аав маань 1979 онд нэгдлийн ерөнхий нягтлан болж очоод олон жил ажилласан.
Ширнэнгийн Нямаа гэж хүн бий. Одоо Чандмань сумын Тамгын газрын дарга. Миний
ээжийг Чойжилын Нацагсүрэн гэдэг. Аав
маань надад хөрөнгө мөнгө, сайхан мэргэжлээс илүүтэйгээр энэ амьдралдаа хүн шиг
хүн явахыг захидаг. Хүн заримдаа амьдралаас өөрийгөө ч олж харахгүй үе бий гэж
аав минь ярьдаг. Тиймээс аавынхаа захиасыг алхам бүртээ бодож амьдралд
хэрэгжүүлэхийг хичээж байна даа.

-Хүүхэд
байхдаа ааваасаа болж сумын наадамд олон барилдсан гэсэн?

-Тийм
ээ. Аав дарга, сумын захиргаанд ажилладаг болохоор наадмаар бөхийн тоо
гүйцэхгүй, юм л бол намайг “Миний хүү барилд” гэдэг байсан. Би ч яахав гараад л
ах нартай барилдаж нэгийн даваанд уначихна. Хүний тоо нөхөх маягтай. Би сумын
наадамд 11 удаа гарч байсан. Аав ажил ихтэй завгүй байдаг болохоор сүүлдээ
ахыгаа дагаад л наадам хэснэ. Барилдана. 16 насандаа анх Ховдын Зэгс сумын
наадмаар сумын начин болж байсан. 18 насандаа Чандмань сумын заан болж байсан
юм даг.

-Та
эхээс хэдүүлээ юм бэ. Танай удамд өөр барилддаг хүн бий юу?

-Би
тавуулаа. Айлын хоёр дахь хүү. Гурван
дүүтэй. Надаас өөр хүн байхгүй. Харин ээжийн талд олимпийн мөнгөн медальт
Буядаа гуай байна. Аавын талд бол ноёны бөх байсан гэж ярьдаг.

-Гэргийгээ
танилцуу­лаач. Энэ сайхан амжилтын ард мэдээж хүний хань ижил байдаг. Дурсахгүй
байхын аргагүй болов уу?

-Тэгэлгүй
яахав. Бөх хүний амжилтад нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол ар гэрийнхэн.
Бөх хүн бэлтгэл сургуулилт гээд цаг зав бага шүү дээ. Манай эхнэрийг
Ширэндэвийн Энхжаргал гэдэг. Ховдын Чандмань сумынх, хуульч мэргэжилтэй. Одоо
Хууль зүйн яаманд ажилладаг. Манайх хоёр хүүхэдтэй. Том нь Элбэгбаяр 84 дүгээр
сургуульд сурдаг одоо хоёрдугаар анги. Бага нь Дүүрэнжаргал гээд дөрвөн настай
охин бий. Миний хань өнөөдөр намайг өдий зэрэгтэй явах гол тулгуур болж ирсэн
мундаг эмэгтэй. Тиймээс танай сониноор дамжуулаад эхнэртээ хайртай шүү гээд
баярлаж явдгаа хэлье. Эрчүүд бид чинь ямар өдөр болгон сэтгэлээ илэрхийлээд
байх биш. Түүнчлэн Цагдаа­гийн ерөнхий газар, “Од” груп­пийн хамт олондоо болон
нийт монголчууддаа баярлалаа.

-Цол
нэмсэн гэсэн. Одоо Цагдаагийн албанд ямар алба хашиж байна вэ?

-2006
онд Цагдаагийн дотоодын цэрэгт анх орсон. Одоо есөн жил болсон байна. 2006 онд
ахлах цолтой байсан. 2008 онд офицер болоод 2009 онд ахмад цолтой болсон. Харин
сая энэхүү хөдөлмөрийг минь үнэлж ЦЕГ-аас хошууч цолоор шагнаж мөрийг минь мялаалаа. ЦЕГ амжилт гарга­хад минь хамгийн
их нөмөр нөөлөг болдог газар. Цагдаа бол их хариуцлагатай, дэг журамтай
болохоор миний арга барилд, бэлтгэлд их нөлөөлдөг гэж боддог.

-Та
их спортоор хэр хичээллэдэг вэ?

-Чөлөөт
бөхөөр их хичээлэдэг, 2002 оноос хойш хичээллэж эхлэсэн. Спорт бол Үндэсний
бөхтэй минь салшгүй холбоотой. Бас воллейбол, сагс их сонирхдог. Ямар сайндаа
эхнэртээ гараад машинаа тавьчихаад ирье гэж хэлээд Спортын төв ордон ороод лиг
үзээд суучихна шүү дээ (инээв).

-Нээрээ
бөхчүүд наадмаараа хэр баярладаг бол?

-Бөхчүүд
баярлах нь ховор. Бид барилдаж дуусаад л
наадам дуусдаг шүү дээ.