Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн нэгийг нурааж, тансаг зэрэглэлийн хаус барихаар төлөвлөжээ

Нийслэлийн ундны усны эх үүсвэр болсон гүний худгийн нэгийг нурааж, барилга барихаар хашаа хатгасан гэх мэдээлэл манай редакцид ирсэн юм. Энэхүү мэдээллийн мөрөөр “Маршал”-ын гүүрний баруунхантай байх “River tower” барилгын өмнө очлоо. “River tower” барилгын урд талд ердөө 100 метрийн зай­тай хашаа барьж хаалт хийсэн байв. Дотогш орвол хашаалсан талбайн голд байсан худгийг экскаватор нураагаад дуусч байв. Нураа­сан суурийг тойроод дөрөв, таван хүн байх бөгөөд худгийн гүнд байрлах техникийн эд ангийг авахаар ажиллаж байгаа нь энэ. Тэд уг худгийг нураахаар хоёр өдөр ажиллажээ. Ажилчдын хувьд “Бид өгсөн чиг үүргийн дагуу л хөлсөө авч ажиллаж байгаа. Энэ худгийг нурааж доторх тоног төхөөрөмжийг нь авахад тав хоног шаардагдана. Тийм хөлсөөр ажиллана гэж л тохиролцсон. Өөр зүйл мэдэхгүй. Ямар ч байсан ашиглагдахаа болиод удсан худаг юм билээ” гэв. Мөн тэд “Ганаа ах биднийг хариуцаж байгаа” гэсэн тайлбарыг өгөв. Худгийн барилгыг бүрэн нураах ажлыг өчигдөр өглөө гүйцэтгэжээ. Худгийн гүнд байрлах тоног төхөөрөмж дээр “1998 онд Япон улсын хөрөнгөөр барив” гэсэн тэмдэг­лэл цаг минуттайгаа тодоос тод бичээстэй харагд­сан. Тэгэхээр актлаад байх хугацаа ч болоогүй юм байж гэсэн бодол зурсхийв. Худгийг цагаан тоос­гоор барьжээ. Зарим эх сурвал­жийн мэдээлж буйгаар уг худгийг хэдэн жилийн өмнө лацадсан гэх яриа байна. Ашиглах боломжгүй болсон энэхүү худгийг акталж Ус сувгийн удирдах газрын мэдлээс Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжжээ. Тэгвэл одоо уг худгийг тойруу­лаад “Их Модун” компани хашаа татсан бөгөөд худгийг нураах ажлыг ч тус компанийн ажилчид гүйцэтгэж байгаа юм байна.

Ажилчид хувиараа худаг нураах ажлыг гүйцэтгэж байгаа гэх боловч хашаанд чингэлэг байрлуулж хоол унд хийж нэлээд тухалж олон хоног ажиллах бололтой харагдсан. Мөн чингэлгийн нэг буланд “Их Модун” компанийн логотой барилгын ажил гүйцэтгэх явцад дагаж мөрдөх аюулгүй байдлын талаарх мэдээллийг өлгөсөн самбар байрлуулсан байв. Хашаалсан талбайн хувьд нэг га орчим хэмжээтэй юм.

С.Гансүх: Бид нийслэлийн өмчийг нийслэлийн зөвшөөрлийн дагуу л нурааж байна

Ингээд ажилчдын ярьж буй Ганаа гэх хүнтэй холбогдлоо. Тэрээр “Их Модун” ХХК-ийн инженер С.Гансүх гэдэг хүн юм байна.

-Таныг худаг буулгах ажлыг хариуцаж байгаа гэсэн. Худаг нураах зөвшөөрлийг хэн өгсөн юм бэ?

-Нийслэлийн өмчийн харилцааны газрын албанаас энэхүү худгийг нураалгаж байгаа. Би өчигдөр хотоос гараад дөнгөж хөдөө ирээд байж байна. Одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Саяхан бас хүмүүс бөөн хэл ам хийгээд телевизээс хүртэл хүн ирсэн. Би холбогдох бүх бичиг баримтаа үзүүлсэн.

-Ашиглагдахаа байсан худаг гэх юм. Засаад ч хамаагүй эргэн ашиглах боломж байгаагүй юм уу?

-Энэ хавьд акталсан гурван худаг байдгийн нэг нь энэ худаг. Тэрийг би мэдэхгүй. Ямар ч байсан Нийслэлийн өмчид хамаардаг худаг.

-Хэзээ акталсан юм бол. Танай компани худгийг нурааж энэ газарт ямар нэгэн объект барих гэж байгаа юм уу. Эргэн тойрон дахь газрыг хашаалсан харагдлаа?

-Манайх Нийслэлийн өмчийн харилцааны газрын албаны чиг үүргийн дагуу л худгийг нурааж доторх тоног төхөөрөмжийг нь нийслэлд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Тэд цаашид яахыг би мэдэхгүй. Өмнө энэ худгийн хэрэгтэй чухал гэсэн техникийг авч Ус сувгийн удирдах газар хүлээлгэж өгсөн байгаа. 2002 онд акталсан байсан байх аа гэсэн тайлбарыг өгсөн.

Худаг нурааж суурин дээр нь тансаг зэрэглэлийн хаус барихаар төлөвлөжээ

Худаг ч яахав нураалаа гэж бодоход газарт нь хэн санаархаж байна вэ. Оршин суугчдын ярьж буйгаар худгийг нураан зайлуулж тус газарт тансаг зэрэглэлийн хаус барихаар төлөвлөж байгаа гэх. Түүнчлэн оршин суугчид төдийгүй нийслэлийн иргэд нэг ч гэсэн ундны усны эх үүсвэрийг сэргээхийн оронд ийн нурааж үгүй хийж нэг компанийн өмч болгож байгаад бухимдалтай хандаж буйгаа илэрхийлж байв.

“Маршал”-ын гүүрний зүүн талаас Баянзүрхийн гүүр хүртэлх гүний бүх худаг Ус сувгийн удирдах газрын өмч бөгөөд цагдаагийн байгууллагаас цаг минут тутамд тусгай хамгаалалттай байх юм. Албаны эх сурвалжийн ярьснаар бол нийслэлд актлагдсан 11 худаг байснаас нураасаар одоо гурван худаг үлдсэн байна. Үүний нэг нь “Их Модун” компанийн хашаан доторх худаг. Харин өнөөх хоёр нь Маршалын гүүрнээс Цагаан хаалга (хуучнаар) хүрэх зайд байрладаг аж.

Оршин суугч С-ээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ худгийг хэзээнээс нурааж эхэлсэн бэ?

-Хоёр хоногийн өмнөөс л экскаватортой залуус харагдах болсон. Тэгсэн өнөө (өчигдөр) өглөө бүр сууриар нь нураачихлаа.

-Хашаа хэзээ хатгасан бол, мэдсэн үү?

-Сайн анзаарсангүй. Бас хэд хоногийн өмнө байх. Миний мэдэхээр хоёр, гурван жил энэ худгийн эргэн тойронд хашаа ч үгүй байсан. Тэгсэн нэг өглөө л хашаа босоод учиргүй нураагаад эхлэх юм. Би бүр та нар гүний худгийг нурааж болохгүй гэж очиж хэлсэн. Тэгсэн чинь эгчээ, ажиллахаа байгаад удаж байгаа худаг гэсэн. Миний сонссоноор бол өндөр зэрэглэлийн тансаг хаус барих юм гэнэ лээ. “Их Модун” гээд компани гэсэн. Эзэн нь Цогтсэргэлэн гэсэн байх аа. Ямар эрх мэдэлтэй хүмүүс гэхээрээ бүхэл бүтэн хотын ундны эх үүсвэр рүү халдаж байдаг юм. Холбогдох газрууд нь үүнийг даруй зогсоох хэрэгтэй ш дээ.

“Маршал”-ын гүүрнээс Цагаан хаалга хүртэлх худгуудыг баячуудад зориулж акталсан уу?

Зарим хүмүүс “Маршал”-ын гүүрнээс хуучнаар Цагаан хаалга хүртэлх худгуудыг ашиглагдахгүй, эвдэрсэн, хуучирсан гэх шалтгаанаар акталсан болохыг хэлж байна. Тэгэхээр эвдэрсэн худгуудыг бохирын шугамтай холбогдуулан ашиглах боломжгүй гэж акталсан уу эсвэл усны судал дээр гол дагасан тансаг зэрэглэлийн хаус барихаар хөрөнгө хаяж буй баячуудад зориулж акталсан уу гэдэг нь хэн ч харсан тодорхой байна. Гол дагасан усны судал газар дор байхад гүний ус гарахгүй байна гэж байхгүй. Уг асуудлыг тодруулах гэсэн боловч Нийслэлийн өмчийн харилцааны газрын албаны хариуцсан мэргэжилтэн амралтаа авсан гэх. Ямартай ч уг худгийг Ус сувгийн удирдах газраас “Акталсан учраас манайд ямар ч хамаагүй” гэдгээ мэдэгдсэн. Харин актлах шийдвэрийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргадаг байна. Ингэхдээ гүний худгийг ерөөсөө л хуучирсан, ашиглах боломжгүй эсвэл барилга байгууламжийн бүст орсон гэх шалтгаанаар ашиглахыг хориглож Ус сувгийн удирдах газарт үүрэг өгдөг болохыг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхээр Нийслэлийн өмчийн харилцааны газар Ус сувгийн газарт үүрэг өгөх боловч хөшигний цаана газрыг нь хэн нэгэнд дамладаг болохыг ярих хүмүүс ч байна. Нийслэлд дэл сул газрыг нийслэлийн өмч нэрээр хэдэн жил хоосон байдлаар иргэдийн нүдэнд дасгаж байгаад нэг өглөө эрх мэдэлтэй нэг компани нь хашаа босгоод барилга барьчихдаг тод жишээ бол энэ юм.

“Их Модун” компани хэнийх вэ?

2013 оноос хэрэгжиж эхэлсэн “Улсын хөгжил сумаас, сумын хөгжил иргэдээс” гэсэн уриатайгаар “Шинэ сумын төв” төслийг Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг суманд хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд канад технологиор дээрх суманд сургууль, цэцэрлэгийн барилгууд барьсан. Уг төслийг “Их модун” ХХК гүйцэтгэж байсан аж. Тус компанийн ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн.

Тэрээр 1998-2008 оны хооронд БНСУ-ын барилгын компанид хараар ажиллаж байгаад баригдаж эх орондоо ирсэн гэх мэдээлэл байна. Ингээд Монголд ирээд бригад байгуулж барилгын салбарт зүтгэх болж. “Их модун” ХХК байгуулагдаад зургаан жил болж байгаа аж.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Б.Намуун: Би энэ амжилтдаа ханахгүй. Олимпийн аварга болно

БНСУ-д энэ сарын 23-26-ны өдрүүдэд Олимпийн таеквондогийн өсвөрийн ДАШТ болж өнгөрлөө. Тус тэмцээний бага насны ангилалд буюу -47 кг-ын жинд Б.Намуун хүрэл медаль хүртсэн билээ. Түүний гаргасан амжилт нь Монголын таеквондогийн түүхэнд бичигдэж байгаа бөгөөд анх удаа ДАШТ-ээс медаль хүртэж буй тохиолдол болоод байгаа юм. Ингээд Болдбаатарын Намуунтай ярилцлаа.

-Өөрийн тань жинд хичнээн тамирчин оролцсон бэ?

-Хоёр дахь удаагаа зохиогдож буй өсвөрийн ДАШТ-д 75 орны 750 гаруй тамирчин оролцсон гэсэн мэдээлэл байсан. Миний жинд 27 тамирчин өрсөлдсөн.

-Хичнээн тулаан хийж медалийн болзол хангасан бэ?

-Би гурав хожиж хүрэл медалийн болзол хангасан. Эхний тулаандаа Энэтхэг улсын тамирчинтай таарч 32:1 онооны харьцаатайгаар илт давуу байдлаар хожсон. Дараагийн тулаандаа Английн тамирчинг 10:8 харьцаатайгаар мөн буулгаж авсан. Ингээд хүрэл медалийн төлөө Америкийн тамирчинтай тулалдаж 15:7 харьцаатайгаар ялалт байгуулсан.

-Мөнгөн медалийн төлөө мөн хүч үзсэн боловч ялагдсан шүү дээ. Бичлэгээс харахад өрсөлдөгч тань чац өндөртэй харагдсан. Тулааны үед өндөр, нам маш чухал биз?

-Тийм ээ. Надаас өндөр. Би мөнгөн медалийн төлөө Францын тамирчинтай тулалдаж 20:12 харьцаатай хожигдсон. Надаас өндөр л дөө. Гэхдээ надад хожих боломж бүрэн байсан.

-Өндөр тань хэд вэ?

-170см.

-Тэгээд яагаад боломжоо бүрэн ашиглаж чадсангүй вэ?

-Анх удаа дэлхийн аваргын тулаанд оролцож байгаа учраас нэлээд сандарсан. Гэхдээ мөнгөн медаль хүртэл явна гэдэг анх удаагаа оролцож буй миний хувьд том амжилт шүү дээ. Тиймээс энэ хүртэл явсан юм чинь дахиад ч ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан маань бага зэрэг нөлөөлсөн байх. Өөртөө итгэлтэй үед өрсөлдөгчөө басах, өөр юманд сатаарах зэргээс болж цохилт алдах тал бий. Би хоёр удаа толгойндоо цохиулж оноо алдсан.

-Хэдэн оноо алдсан бол?

-Зургаан оноо алдчихсан. Толгойнд ямар ч байдлаар цохилт хийсэн нэг цохилт бүр гурван оноо байдаг. Миний хувьд эхний үеийн тулаанд зургаан оноо алдсан. Их оноо алдчихаар тоглолтын явцад нөхөж гүйцэх хүнд байсан. Уг нь миний толгойны цохилтуудын оноог өгсөн бол би нэг онооны илүүтэйгээр хожих боломж байсан.

-Яагаад оноог нь өгөөгүй гэж?

-Би Францын тамирчны толгойд гурван удаа онооны цохилт хийсэн. Харамсалтай нь миний цохилтод оноо өгөөгүй. Хэрвээ оноо өгсөн бол ялах боломж байсан.Энэ ялагдал надад асар том туршлага, сургамж болсон. Би ялагдсан тамирчинтайгаа дахин тулалдаж заавал буулгаж авах болно. Мөн миний амжилт зөвхөн үүгээр зогсохгүй. Намайг азийн аварга, ДАШТ, олимп хүлээж байгаа. Би энэ амжилтдаа ханахгүй. Олимпийн аварга болно. Би улам их хичээх болно.

-Энэ удаагийн өрсөлдөгчид хэр нэр хүндтэй тамирчид байсан бэ?

-Америк, Англи, Франц гээд бүгд л Европын аварга, цуврал тэмцээнүүдэд дандаа эхний гуравт ордог туршлагатай тамирчид гэсэн. Европын тамирчид нуруу өндөртэй санагдсан. Нуруу өндөртэй тамирчдын хөлний цохилт хүчтэй жийлттэй ирж байсан. Хамгаалахад бэрх. Гэхдээ би ямар ч тулаанд өрсөлдөгчөөсөө айдаггүй, дайрч тулалддаг.

-Тэмцээний үеэр ямар багш дасгалжуулсан бэ. Тулалдах үедээ шүүгчийнхээ хэлж буйг сонсч хэрэгжүүлж чаддаг уу?

-Тэмцээний дасгалжуулагчаар Солонгосын Хон Инёон багш ажилласан. Ринг дээр гарах үед багшийнхаа хэлж байгаа үгийг маш сайн сонсдог. Мэдээж дасгалжуулагчаа сонсч, мэдэрч байж тулаандаа тусгаж алдаа оноогоо тэнцвэржүүлдэг. Мөн энэ завшааныг ашиглаад Ү.Ган-Эрдэнэ, Эрдэнэбаатар багш нартаа баярласнаа илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, илүү их амжилт гаргах болно.

-Тулааны арга барилаасаа хуваалцахгүй юу?

-Тулаан минут 30 секундээр гурван үе үргэлжилдэг. Эхний үед тамирчдын аль аль нь анаж отсон шинжтэй тоглоно. Дараагийн үеүдэд өрсөлдөгчийнхөө сул талыг ашиглаж тоглолт гаргадаг.

-Хүрэл медаль хүртэж Монголын таеквондогийн түүхэнд тэмдэглэгдлээ гэж багш тань хэзээ хэлсэн бэ?

-Тулааны дараа хэлсэн. Таеквондогийн спорт Монголд хөгжөөд 24 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд дэлхийн аваргаас медаль хүртсэн удаагүй юм билээ. Би түүхэн амжилт гаргасандаа баяртай байна. Яг хүрэл медалийн болзол хангах өмчид үнэхээр их баярласан. Өөрийн эрхгүй нулимс унагасан. Анх удаа ийм том тэмцээнд орсон болохоор хэсгийн тулаандаа их хичээж тулалдсан. Харин хүрэл медаль авчихаад амьсгаа авах сэхээтэй болсон шүү.

-Өмнө нь хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан гэсэн. Яагаад сонирхол өөрчлөгдчихөв өө?

-Би богино зайн гүйлт болон уртын харайлтаар хичээллэдэг байсан. “Алтан гран при” тэмцээнд оролцож 100 метрийн гүйлт, уртын харайлтаар алтан медаль хүртэж байлаа. Дүүргийн аваргаар гурван ч удаа тодорсон ш дээ. Миний аав С.Болдбаатар хөнгөн атлетикийн спортын мастер тамирчин. Тиймээс аавыгаа дагаж нэг хэсэг хөнгөн атлетикаар хичээллэсэн дээ.

-Тэгээд яагаад таеквондог сонгов?

-Юуны өмнө ээждээ баярлалаа. Намайг ямар л тэмцээн уралдаанд орно надтай байнга л хамт байж, ар талыг минь сайн зохион байгуулдаг. Миний хувьд 2013 оноос таеквондогоор хичээллэж эхэлсэн. Манай ээж Г.Туяа намайг анх таеквондогийн клубт дагуулж очсон. Тухайн үед 48 цаг эхнэрээ зодож хөнөөсөн аймшигтай хэрэг Монголд гарсан байсан. Хүн болгон л энэ хэргийн талаар мэдэж байгаа байх. Тэгсэн ээж тэр мэдээг үзээд “Нийгэм эрээнтэй бараантай зүйлээр хослон байдаг. Охин хүн ядаж өөрийгөө хамгаалах анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Ядаж л гудамжинд цүнхээ булаалгачихгүй ганц цохичих чадалтай бай” гээд таеквондогийн спортыг санал болгосон. Ээж бид хоёр хаана ямар клуб байдгийг мэдэхгүй 1950 лавлахаас лавлаж байгаад “Элит” төвийн “Олимп” таеквондогийн клубт очсон. Эхэндээ биеэ хамгаалах зорилготой л хичээллэж эхэлсэн. Хоёр сар хичээллээд ганц нэг тэмцээнд ороод байр эзлээд ирсэн чинь гоё санагдаад ер нь мундаг тамирчин болно гэж эргэлт буцалтгүй шийдсэн. Тэгээд ч дэлхийн таеквондог бодвол олимпийн таеквондогийн төрөл хамгаалалт хэрэгсэлтэй, олимпод оролцдогоороо онцлогтой. Тулааны 80 хувийг хөл, 20 хувийг гарын цохилт эзэлдэг. Тиймээс гэмтэж бэртэх тохиолдол ч бага гардаг.

-Танай аав, ээжийн талд олон нэртэй тамирчид байдаг гэсэн?

-Тийм ээ. Манай өвөө Самдан Монгол Улсын начин. Гавьяат тамирчин, дугуйчин Ж.Өлзий-Орших ах, Ж.Өлзийбаатар ах, Ж. Өлзийсолонго эгч нар манай ээжийн дүү нар. Би айлын бага. Манай ах бас жүдогоор хичээллэдэг байсан. Ж.Өлзий-Орших ах намайг дугуйчин болгох гэж мөн ч их ятгасан даа.

-Өнгөрсөн хугацаанд таеквондогоор ямар амжилт үзүүлсэн бэ?

-2014, 2015 оны улсын аварга, 2014 онд Солонгост болсон олон улсын нээлттэй тэмцээнээс алт, Тайванд болсон Азийн бага насны аваргаас хүрэл медаль хүртэж “Шилдэг эмэгтэй тамирчин” цом авсан.

-Тулалдахаас өөр ямар сонирхолтой вэ?

-Дуулах, бүжиглэх сонирхолтой. Гэхдээ шүлэг уран унших хамгаас илүү дуртай.

-Ямар шүлэг уншдаг юм бэ?

-Эхийн тухай л бол ямар ч хамаагүй. Яруу найрагч, зохиолч Б.Лхагвасүрэнгийн эхийн тухай олон сайхан шүлгийг унших дуртай. Би сургуулийнхаа урлагийн үзлэгт байнга оролцдог. Дүүргийн урлагийн үзлэгт уран уншлагын төрөлд хүрэл медаль хүртсэн байгаа.

-“ТВ9” телевизийн “Гоёо гоёо” хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсан байх аа?

-Тийм. Таван жилийн өмнө бага ангийн сурагч байхдаа хөтөлдөг байсан. Гэхдээ би телевизээс илүү спортод сонирхолтой юм байгаа юм.

-Одоо хэддүгээр анги вэ?

-Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч.

-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байна вэ?

-Энэ сарын 5,6 нд клубын нэрэмжит тэмцээн болно. Мөн Хүүхдийн спортын V их наадамд оролцоно доо.

Categories
мэдээ цаг-үе

П.Цагаан: Чөлөөлөх дайн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, энх амгаланг тогтоохын төлөөх ариун үйлс байсан

Ирэх сарын 3-нд БНХАУ-д болох чөлөөлөх дайны 70 жилийн ойд манай улс хэрхэн оролцох талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодрууллаа.

-БНХАУ дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойн баярт бэлтгэж байна. Дайныг дуусгахад, ялалт байгуулахад монголчууд ч хувь нэмрээ оруулсан гэдэг. Бээжинд болох энэ арга хэмжээнд Монгол Улс хэрхэн оролцох вэ?

-БНХАУ энэ түүхэн ойг анх удаа олон улсын түвшинд ийм өргөн хэмжээнд зохион байгуулж байна. БНХАУ-ын Дарга Си Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Мөн манай улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөл Тяньянминий талбайд болох цэргийн парадад оролцож, жагсана. Баярын арга хэмжээний үеэр хоёр орны удирдагчид хоёр талын уулзалт хийнэ.

-Бээжинд болох цэргийн парадад хэчнээн орон оролцох бол?

-Дэлхийн 16 орны цэргүүд жагсана гэж сонссон. Парадад оролцох Монголын цэргүүд Бээжинд очиж,бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.

-Дэлхийн II дайн дууссаны баяр гэх юм. Бас Чөлөөлөх дайн ч гэх юм. Аль нь зөв бэ?

-Бидний хувьд аль аль нь зөв.1945 оны есдүгээр сарын 2-нд милитарист Япон үг дуугүй бууж өгөх актанд гарын үсэг зурсан гэдэг утгаар дэлхийн II дайн дууссан өдөр. Монгол Улсын хувьд бол 1945 оны наймдугаар сарын 10-нд милитарист Японд дайн зарлаж, чөлөөлөх дайнд оролцсон нь тусгаар тогнолоо бэхжүүлэх, Зүүн хойд Хятад, өвөр монгол ахан дүүсээ харийн дарлалаас чөлөөлөх ариун зорилготой байсан. Чухамдаа энэхүү Чөлөөлөх дайнд оролцсон нь манай улс тусгаар тогтнол, статус кво-гоо тухайн үед дэлхийн бодлогыг тодорхойлж байсан их гүрнүүдээр зөвшөөрүүлэх болон хоёр хөршөөрөө албан ёсоор баталгаажуулахад чухал түлхэц болсон.

Хорьдугаар зуун бол монголчууд бидний хувьд тусгаар тогтнолоо сэргээн тогтоох, эрх чөлөөгөө бүрэн олох тэмцлийн зуун байсан. Тэрхүү урт, бартаат тэмцэл, түүхийн нэгэн нэн чухал, содон үйл явдал бол чөлөөлөх дайнд оролцсон явдал.

-Энэ хавар Москвад болсон Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд Ерөнхийлөгч оролцсон. Одоо Бээжинд оролцоно. Чөлөөлөх дайнд монголчууд яг яаж оролцсон бэ. Тоо, баримт дурдаж болох уу?

-Чөлөөлөх дайн бол дэлхийн II дайны төгсгөл. Монголчууд дэлхийн II дайны бүхий л үед ямар нэг байдлаар маш идэвхтэй оролцож, бараг чадлаасаа ахадсан хувь нэмэр оруулсан гэж боддог. 1941 оны зургадугаар сараас 1945 оны тавдугаар сар хүртэл монголчууд дайны ар талын үүрэг гүйцэтгэж, “Бүхнийг ялалтын төлөө, Бүгдийг фронтод” гэдэг уриан дор өдөр, шөнөгүй ажиллаж, бүр өлсгөлөнд нэрвэгдэн байж, байдаг бүхнээ ЗХУ, Улаан армид зориулж байсан. Ганц жишээ хэлэхэд, Монголын сор болсон хагас сая агт морьд дайн тулааны гал дундуур туулж, зарим нь Берлин хүрсэн түүхтэй. 1945 оны тавдугаар сарын 9-нд Европт дайн дууссан. Түүнээс хойш Холбоотон гүрнүүд Алс дорнодод дайныг дуусгахад шуурхай бэлтгэж эхэлсэн. Манай улс ч ялгаагүй. 35 хүртэлх насны бүх эрчүүдийг цэрэгт татсан. Ажлын цагийг уртасгаж, ээлжийн амралтыг халсан. Зөвлөлтийн армитай хамт цэрэг дайны бэлтгэлээ базааж, улмаар хилийнхээ дээс алхан өдөрт 80-100 км урагшлан давшиж, Зүүн хойд Хятадыг чөлөөлж, Жанчхүүгийн даваа, Цагаан хэрэм хүрсэн түүхтэй.

Энэ дайнд, манай улс Монгол ардын хувьсгалт цэрэг буюу арми, хилийн цэргийн ангиуд, дотоодыг хамгаалах байгууллагын хөдөлгөөнт отрядууд, ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд гээд тухайн үеийн Зэвсэгт хүчний бүх бие бүрэлдэхүүн, анги нэгтгэлийн төлөөлөл болсон 21 мянга гаруй цэрэг, офицер бүхий дөрвөн морьт дивиз, мото-хуягт бригад, танкийн хороо, нисэх анги, мотоциклийн анги, эмнэлэг болон ар талын ангиудыг бэлтгэж оролцсон. Дайны дараа БНМАУ-ын Засгийн газар Өвөр Монголын засаг захиргааг сэргээхэд ч тусалж байсан түүхтэй. Тухайн үед манай улсын хүн ам 700 мянга гаруйхан байсан. Товчхондоо, бидний өвөг дээдэс Хятадын ард түмнийг энх тайван, эрх чөлөөтэй амьдрахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан түүхтэй. Тийм ч учраас 70 жилийн ойн арга хэмжээнд манай улс өндөр дээд хэмжээнд уригдаж байгаа болов уу.

-Халх голын дайн, Чөлөөлөх дайн гээд ярихаар бидний сайн нөхдийн нэг Япон Улс эмзэглэн хүлээн авах тал бий юу. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Түүхийг засварлах боломжгүй. Өмнөх үеийн алдаа оноог одоогийн болон ирээдүй хойчид халдаах нь зохисгүй.Монгол улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжих үед хамгийн ихээр тусалсан улс орнуудын нэг бол яахын аргагүй Япон бөгөөд өнөөдөр ч энэ хамтын ажиллагаа эрчимтэй үргэлжилж байна. Монголчууд бид өнгөрснөө бус, ирээдүйгээ харж амьдардаг.


Categories
мэдээ цаг-үе

У.Цасжин: Би хүүхэд бүрийг инээж байгаасай гэж хүсч байна

“Aurora Films”-ийн найруулагч Б.Чингүүний бүтээл “A Family Portrait” буюу “Гэр бүлийн хөрөг” богино хэмжээний кино “London short film awards” наадмын шилдэг бүтээлийн нэгээр шалгарчээ. Тус наадамд 100 гаруй уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэн бөгөөд наадмын шилдэг эмэгтэй гол дүрд Ононгийн дүрд тоглосон У.Цасжин охин нэр дэвшжээ. Шилдэг эмэгтэй гол дүрийн номинацид зургаан хүн нэр дэвшсэнээс хоёр нь охин ажээ. У.Цасжин “Хөгжилтэй гэр бүл” олон ангит инээдмийн кинонд тоглосон бөгөөд гурван жилийн өмнө “Х түц” продакшны “Сэрүүн хасын нууц” драмын жүжигт бяцхан охины дүрийг бүтээж байжээ. Ингээд У.Цасжин охинтой ярилцсанаа хүргэе.

-Олон улсын кино наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн номинацид дэвшжээ. Энэ тухай анх хэнээс дуулсан бэ?

-Б.Чингүүн ах над руу утсаар ярьж хэлсэн. Бас энэ тухай мэдээллийг фэйсбүүкээр шэйрлэсэн байсныг нь би уншсан. “Гэр бүлийн хөрөг” богино хэмжээний кино 2014 оны тавдугаар сард цацагдсан. Б.Чингүүн ах энэхүү киногоороо дамжуулж бидний харж байгаа болон нүднээс далд байгаа гэр бүлийн хүчирхийллийг гаргахыг хүссэн болов уу гэж боддог.

-Нэр дэвшсэн жүжигч­дийн дунд өөрөөс чинь гадна бас нэг охин байгаа гэв үү?

-Тийм. Миний мэдсэнээр бол зургаан эмэгтэй нэр дэвшсэнээс дөрөв нь насанд хүрсэн хүн, хоёр нь бага насны охин юм билээ.

-Кинон дээр гардаг Онон охины дүрийг тодруулахгүй юу?

-Хойд аавдаа ад үзэгдэж, зодуулдаг хөөрхийлөлтэй охины дүр.

-Киноны үйл явдлаас яриач…?

-Аав нь бурхан болоод ээж нь өөр хүнтэй гэр бүл болдог. Ингээд хойд аавынхаа гэрт ээжтэйгээ хамт амьдрахаар очсон. Тэр айлын аав надад маш дургүй. Намайг их зоддог.

-Өөр хүүхэдтэй юм уу?

-Ээжтэй гэрлээд нэг хүүхэдтэй болдог. Тэгээд гэр бүлийн хөрөг зураг авахуулсан чинь би гай болсон юм шиг байна лээ. Үүнээс болоод үйл явдал өрнөдөг.

-Аав, ээжийнх нь дүрд ямар уран бүтээлчид тоглосон бэ?

-Ээжийн дүрд тоглосон эгчийг би сайн танихгүй ш дээ. Аавд Болд ах тоглосон.

-Танай аав ээжийг хэн гэдэг вэ. Ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ?

-Аав Ууганбаяр зэвсэгт хүчинд алба хаадаг. Ээж Батцэцэг маань Монголын үндэсний радио телевизийн сэтгүүлч. Миний дүү Цэлмүүн зургаан настай.

-Хүчирхийлэлд өртөж аавдаа зодуулж чичлүүлдэг дүрд тоглоход хэцүү байв уу. Ямар санагдсан бэ?

-Үнэхээр аймаар. Уг нь зодуулсан ч уйлахгүй тэвчээртэй, шазруун дүр гаргах ёстой. Гэхдээ яг зоддог хэсэг дээр нь би тэсэхгүй уйлчихсан.

-Тэгээд уйлсан чигээрээ зураг авсан хэрэг үү?

-Тэгсэн. Хэдий намайг хуурамчаар зодсон ч гэсэн би дүрдээ хэт орсон байсан учраас айгаад дахиж зураг авч чадаагүй. Тэгээд кинон дээрээс уйлсан чигээрээ гарсан. Манай эмээ, өвөө хоёр тоглосон киног маань үзээд зөндөө уурласан гэсэн. Өвөө бүр босч ирээд “Энэ нэг юм чинь хүүхэд алаад хаячихлаа” гээд байсан гэж эмээ хэлсэн. Эмээ хүртэл кино үзээд их уйлсан байна лээ. Анх манай аав, ээж хоёр ч гэсэн энэ кинонд тоглохыг эсэргүүцэж байсан.

-Тийм үү?

-Тийм. Найруулагч Б.Чингүүн ахыг санал тавихад бага насны хүүхдэд ахадсан дүр гэж ярьж байсан. Би гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн байхгүй юу. Тиймээс би хүүхэд бүхнийг аз жаргалтай байгаасай гэж хүсч байна.

-Аль сургуульд сурдаг билээ?

-Би 48 дугаар сургуулийн 5б ангийг төгссөн. Одоо зургадугаар ангид орно. Сая кино зураг авалтын үеэр би 11 нас хүрсэн. Өдөржингөө зураг авалтад ороод завгүй байсан болохоор төрсөн өдрөө тэмдэглэж чадаагүй. Тэгсэн зураг авалтын дараа найруулагч маань торт авч өгөөд миний төрсөн өдрийг гоё тэмдэглэж өгсөн.

-Саяхан телевизээр цацагдсан “Хөгжилтэй гэр бүл” кинонд тоглосон. Энэ кинонд тоглох саналыг хэн тавьсан бэ?

-Надад санал тавиагүй. Боловсрол телевизээр дүр шалгаруулах тухай реклам гарсан. Би ээжид хэлээд очиж проб өгсөн. Зөндөө хүүхэд шалгаруулалтад орсон. Хэдэн үе шаттайгаар проб өгсөн. Би тэнцсээр байгаад ганцаараа шалгарч үлдсэн. Тэгээд СТА жүжигчин Д.Энхбаяр ах, Н.Цэнд-Аюуш эгчийн охин Мишээлийн дүрд тоглосон доо.

-“Хөгжилтэй гэр бүл” кинонд МУГЖ С.Лхагвасүрэн, СТА С.Өлзийхүү зэрэг олон нэртэй жүжигчидтэй хамт тоглоход ямар санагдсан бэ?

-Дандаа л зурагтаар гардаг мундаг жүжигчидтэй тоглосондоо баярлаж байна. Эхлээд жаахан ичээд биеэ барьж байсан. Дараа нь илэн далангүй болсон. Энэ кинонд тоглосноос хойш намайг хүмүүс, хүүхдүүд их таньдаг болсон юм шиг байна лээ. Гадуур явахаар Мишээл гээд байдаг. Надтай хамт энэ кинонд тоглосон Хүслэн бид хоёр сургуулийнхаа 2015 оны шилдэг сурагч болсон ш дээ.

-“Х-ТҮЦ” продакшны “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжигт тоглохдоо хэдэн настай байсан бэ?

-Есөн настай байсан. Манай дугуйлан дээр Онон ах, Баттулга ах, Одончимэг эгч ирээд шалгаруулж авсан. Зохиолынхоо хэсгээс өгөөд намайг уншаад өөрийнхөө ойлгосноор жүжиглэ гэсэн.

-Хамгийн анх ямар кинонд тоглосон бэ?

-Б.Чингүүн ахын найруулсан “Мама миа” кинонд тоглосон. Бас “Миний сарнай” кинонд тоглосон.

-Ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ?

-Алдартай жүжигчин болохыг хүсдэг.

-Хэн шиг?

-Яг И.Одончимэг эгч шиг. Би Холливудын сургуульд жүжигчний мэргэжлээр сураад Холливудын хэмжээ­ний алдартай жүжигчин болохыг хүсдэг.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна?

-Би зуны цагт зусланд амардаг. Би ном унших дуртай. Бас дуулах дуртай.

-Ямар төрлийн ном уншдаг вэ?

-Шекспирийн сонгодог зохиол унших дуртай.

-У.Шекспирийн ямар зохиолыг уншсан бэ?

-“Ромео Жульетта”-г уншсан. Өөр зөндөө зохиол уншсан. Бэрх нэртэй болохоор мартчихжээ.

Дашрамд дуулгахад “London short film awards” шилдэг дүрүүдээ шалгаруулахдаа олон нийтийн саналыг авах үүднээс facebook, twitter орчинд санал хураалт явуулах ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Саят Исембаев: Саян эцэг, эх гэр бүлийнхээ төлөө эргэж ирсэн

Казахстаны “Рэкетир” киноны хоёрдугаар анги өнгөрсөн баасан гаригт Монголд нээлтээ хийлээ. Нээлт “Өргөө” кино театрт болсон бөгөөд уг киноны нэгдүгээр ангийн гол дүр Русланд тоглосон Мурат Бисенбин, Саянд тоглосон Саят Исембаев нар болон “Сатай фильм”-ийн гүйцэтгэх захирал Анна Чакиртова нар иржээ. “Рэкетир” киноны уран бүтээлчдийг “Тэнгэрийн Модун” ТББ урьж авчирсан бөгөөд цаашид “Сатай фильм”-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж албан ёсоор Монгол болон Казахстаны кино контентуудыг хоорондоо солилцохоор болсон аж. Тус киноны нэгдүгээр анги 2007 онд нээлтээ хийж байжээ. Харин “Рэкетир-2” кино ийнхүү Монголд нээлтээ хийлээ. Уг киноны дууг реппер GEE, Desant нар хамтран дуулжээ. Ингээд “Рэкетир” киноны уран бүтээлчид нээлтийн үеэр сэтгүүлчидтэй цөөн хором ярилцсаныг хүргэе.

-“Рэкетир” киноны гол дүр бодит дүр гэсэн байх аа?

Саят Исембаев: Энэ киног ЗХУ задарснаас хойших үеийн энгийн ардын амьдралыг харуулахаар Саяна Беккаримова гэх тамирчин залуугийн бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээсэн.

-Хоёрдугаар ангид Саян яах бол?

Саят Исембаев: Хүн бүр түүнийг үхсэн гэж бодсон. Энэ ертөнцөд үнэгүй зүйл байдаггүйг Саян ойлгож байгаагаар хоёрдугаар анги эхлэх болно. Хүнд ганц л амьдрал заяадаг. Тэгвэл Саянд хувь заяа нь хоёр дахь амьдралыг бэлэглэнэ. Русланы үнэнч туслах байсан Саян бохир ертөнцөөс холдон амьдралаа шинээр эхэлсэн. Гэвч нэг өдөр талийгаачийн дүү өс хонзонд автсан Була гарч ирнэ. Ингээд дахин түүний амьдрал ээдрээтэй болж байгаагаар кино маань үргэлжилдэг.

-“Рэкетир”-ээр дамжуулж үзэгчдэд юу хүргэхийг зорьсон бол?

Саят Исембаев: Гол зорилго нь залууст гэмт хэрэг, мафийн бүлэглэлийн хор уршгийг ойлгуулах, мэдрүүлэх.

-Киноны нэгдүгээр ангид ямар үйл явдал өрнөснийг товчхон сэргээж өгөөч?

-Мурат Бисенбин:Киноны нэгдүгээр ангид тэртээх 1990-ээд оны үед Алма-Атад өсөж торнисон авьяаслаг боксчин Саяны тухай гардаг. Түүний хувьд амьдралыг нударгаараа цэгцлэхээр шийдэж бохир ертөнцөд өөрийн мэдэлгүй уусан орж буй үйл явц сонирхолтой адал явдлаар өрнөдөг.

-Киног үзсэн хүн бүхэн түүнийг үхсэн гэж бодож байсан байх?

-Мурат Бисенбин:Тэгж бодож байна. Энэ эргэлзээг тайлахын тулд хоёрдугаар анги хийгдсэн. Руслан нас бараад арван жил өнгөрсөн байна. Харин Саян эргэн ирснийг монголчууд та бүхэн манай “Рэкетир-2” киноноос үзэх болно.

-Гуравдугаар анги хийгдэх болов уу?

Мурат Бисенбин: Одоохондоо хэлж мэдэхгүй байна.

-Монголын кино урлагийг сонирхож үзэв үү. Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Монголчууд маш элгэмсэг хүмүүс санагдлаа. Ямартай ч танай улсад зочилсондоо баяртай байна. Монголын кино урлаг цаашид өргөжиж хөгжинө гэдэгт тун итгэлтэй байна. Бид цус нэгтэй хүмүүс. Тиймээс хамтдаа олон уран бүтээл дээр амжилттай ажиллана гэдэгт найдаж байна.

Ингээд Монголын бүх кино театруудаар гарч буй “Рэкетир-2” киноны жүжигчдийг танилцуулж байна.

Саят Исембаев

1975.10.14-нд төрсөн 1993 Селезневийн нэрэмжит Хореографын сургууль төгссөн. 2000 оноос Урлагт хөл тавьсан нэгэн. Казахстаны урдаа барьдаг жүжигчдийн нэг.

“Рэкетир-2”-д гэр бүлийнхээ төлөө зүтгэж яваа Саяны дүрийг бүтээсэн.

Асель Сагатова

“Рэкетир-2”-д Саяны эхнэр Аселийн дүрийг бүтээсэн. Тэрээр 1984 оны тавдугаар сарын 5-нд Семипалатинское-д төрсөн . 2000 онд “Мисс 31” канал өргөмжлөлийг хүртэж байсан бөгөөд 2004 оноос кино урлагт хөл тавьжээ.

Жан Байжанбаев

1961.1.5-нд төрсөн.1984оноос “Казах Фильм”-д жүжигчнээр ажиллаж байна.

“Рэкетир-2” кинонд Жаны дүрийг бүтээсэн. Жан бол бизнесийн өндөрлөгт бохир заваан замаар хүрсэн нэгэн. Мөнгө нэр хүндийн төлөө юу ч хийхээс буцахгүй, нэгдүгээр ангид нэгэн цагт нөмөр нөөлөгт нь багтаж явсан Русланыг хөлсний алуурчнаар алуулсан билээ.

Аружан Джазильбекова

1986.2.25-нд Алма-Атад төрсөн. 2004 онд Ford Models Supermodel of the Kazakhstan миссийн тэмцээнд тэргүүн байр эзэлж байжээ. “Рэкетир-2” кинонд Альбина буюу (Жаны) баян айлын эрх дураараа ч нөгөө талаараа гэнэн шударга охины дүр бүтээсэн.

Д.Даваасүрэн

Г.Даваамаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэд чанартай гэхээсээ хямд бараа хайж “Нарантуул” захыг зорих болжээ

Оюутан сурагчдын зуны амралт дуусч хэдхэн хоногийн дараа хичээл эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүд хүн ихтэй байна. Энэ жил улс орон эдийн засгийн хямралтай байгаа гэх нэрийдлээр наймаачид хүртэл худалдан авалт муутай байна гэж барааныхаа үнийг нэмэх хандлага ажиглагдаж байгаа. Ингээд “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс сурвалжлага бэлтгэлээ. Тус худалдааны төв хөл хөдөлгөөн ихтэй байна. Ялангуяа хөдөө орон нутгаас ирсэн, хичээлийн хэрэглэлээ бэлдэхээр яваа оюутнууд их байлаа.

Мөн цэцэрлэг, сургуулийн насны хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд ч олон байв. Хүнс, цахилгаан бараа, ахуйн хэрэглээний барааны лангуунаас өмд, гутал, цамц гээд хувцасны лангуу үйлчлүүлэгч их байна. Хүүхдийн хувцасны тасаг, тэр дундаа цагаан цамц, юбка, хослол худалдаалдаг лангуу дүүрэн хүнтэй байна. Зарим худалдагчид дуугарах ч сөхөөгүй наймаа хийж харагдана. Бүр өмнөх хүндээ үйлчлээд хажуугаар нь хүн юм асуухад бухимдах аястай.

Оюутнууд 150 мянган төгрөгөөр бүрэн хувцаслав

Ингээд хөдөөнөөс ирсэн болов уу гэмээр нэгэн оюутныг дагаж зах тойрохоор шийдлээ. Хамт “Нарантуул” захаар худалдан авалт хийхээр болсон шинэ танил маань энэ жил хоёрдугаар курст орно гэнэ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Алдар нэрээ танилцуулаач. Аль сургуулийн оюутан бэ?

-Хулан. МУБИС-д сурдаг.

-Ямар мэргэжлээр сурдаг вэ?

-Нийгмийн ажилтан.

-Эндээс юу юу худалдаж авах төлөвлөгөөтэй байна?

-Пүүз, ботинк, даашинз, цүнх авна.

-Өөр…

-Өөр үү. Аан үсний индүү, нүүрний тос авна. Тэгээд мөнгө хүрвэл бас нэг юм авна гэж бодож байгаа.

-Юу?

-Будаа агшаагч.

-Таны хувьд будаа агшаагч тийм чухал зүйл үү?

-Би оюутны байранд байдаг болохоор будаа агшаагч хамгийн их хэрэгтэй. Өнгөрсөн жил би нэг шинэ агшаагч хичээл эхлэхэд аваад хулгайд алдчихсан. Хичээлтэй үед ч тэр, мах дууссан үед ч тэр будаа агшаагаад идчихэд л амар байдаг юм.

-За тэгвэл хоёулаа төлөвлөсөн зүйлсийг чинь авахаар явах уу?

-Тэгье. Ингээд бид хоёр эхний ээлжинд гутлаа авахаар захын гутлын лангуунуудаар хэсэг явлаа. Хулан хоёр гутал авна. Тэгээд ч бусдаасаа арай үнэтэй байдаг учраас эхэлж гутлаа аваад үлдсэн мөнгөндөө тааруулж бусад хэрэглээгээ зохицуулах гэнэ. Пүүзний хувьд нүд хужирламаар саатай саагүй, гялтгар гээд олон төрлийн сонголттой юм. Бас өсгийтэй, өсгийгүйгээрээ ялгаатай. Загварын хувьд энэ жил алтлаг, мөнгөлөг өнгийн өсгийтэй пүүзнүүд моодонд оржээ. 25-45 мянган төгрөг. Үнийн хувьд ямар ч загварын гутал байсан 50 мянган төгрөгөөс хэтрэхгүй юм. Бүгд л Эрээнээс авчирсан бараа учраас нэг их үнэтэй биш гэнэ. Хүмүүсийн авч байгааг харахад 30 мянган төгрөгөөс доош үнэтэй гутал сонгож байсан. Ингээд Хулан гурван өөр пүүз өмсч үзээд биеийн тамирын хичээлдээ өмсөнө гээд шууд ултай, шагайнаас доогуур татсан түрийтэй тод ногоон өнгийн торон пүүз 20 мянган төгрөгөөр авлаа. Энэ жил тод улбар шар, шар ногоон өнгө эрэлттэй байгаа аж. Хулан пүүзээ авчихаад өндөр өсгийтэй туфль авахаар өөр нэг лангуун дээр очлоо. Худалдагч нь “Манай гуталнууд ориг арьс, Солонгосоос ирсэн, энд өөр ийм лангуу байхгүй. Авбал эгч нь 5000 төгрөг шууд татаад өглөө” гэж ирээд л найрч байна. Хулан ч ягаан өнгийн туфль 25 мянган төгрөгөөр авчихав. Тэрээр хөдөөнөөс 350 мянган төгрөгтэй ирсэн гэнэ. 150 мянган төгрөгөөр шинэ утас авсан байна. Сургалтын төлбөрийг ээж нь араас нь явуулах гэнэ. Ногоо хураах ажилд өдрийн 30 мянган төгрөгөөр есдүгээр сарын сүүл хүртэл ажиллаад олсон мөнгөө охиндоо өгөх юм байх. Цаашаа даашинз авахаар явлаа. Гутлын хэсгийг бодвол арай хүн багатай, хүнтэй зөрөх зайтай байна. Хулан “Би өнгөрсөн жил хоёр ээлжийн жинсэн өмд, малгайтай цамц авсан. Тэгсэн хотын охид чинь дандаа гоё даашинз өмсдөг юм билээ. Тийм болохоор ямар ч байсан нэг даашинз авна аа. Оюутныхаа 70 мянгыг буухаар дахиад шинэ даашинз авна” гэж байна. Ингээд цагаан торон материалтай даашинз 25 мянган төгрөгөөс буулгаад 18 мянган төгрөгөөр авав. Цүнх мөн л 18 мянган төгрөгөөр авлаа. Үсний индүү, нүүрнийхээ тосыг ч авчихав. Түүнд бодсоноос нь илүү мөнгө гарсан учраас 23 мянган төгрөгөөр будаа агшаагч авч хүрэв. Ингээд тэр хичээлдээ ороход бэлэн. Дэвтэр балны тухайд гэвэл өнгөрсөн жилийн үлдэгдэл бий бололтой. Тэрээр оюутныхаа байр руу явахаар автобусны буудал руу зүглэв.

Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгджээ

Оюутан охин 120 мянга орчим төгрөгөөр бүрэн хувцаслачихлаа. Харин эрэгтэй оюутан хэдэн төгрөгөөр хувцаслахыг сонирхохоор шийдлээ. Ингээд наймаа хийж яваа олон хүний дундаас ээж, дүүтэйгээ яваа нэгэн залуутай уулзлаа. Түүний хувьд энэ жил төгсөх курсийн оюутан юм байна. Нэр нь Төмөрхүлэг. Төмөрхүлэгийн ээж хүүгийнхээ хувцас хунарыг авч өгөх зуураа зургадугаар ангийн охиныхоо хичээлийн хэрэглэлийг давхар бэлдэх ажилтай яваа гэнэ. Тэд Булган аймгаас иржээ. Төгсөх курсийн оюутан Төмөрхүлэг хослол дээр өмсөхөөр нэг гутал 40 мянган төгрөгөөр авсан байна. Мөн биеийн тамирын цамц 25 мянган төгрөгөөр авчээ. Одоо тэрээр намрын сэрүүнд өмсөх куртка авахаар лангуунуудаар хэсч явна. Тэр жижигхэн, эвхээд уутанд нь хийдэг “умс” загвартай нимгэн куртка авахаар сонирхож байгаа юм. Хайсан куртка нь ч лангуу болгон дээр өнгө өнгөөрөө харагдана. Эхний лангуунаас л өмсч үзээд авахаар болов. Ээж нь цүнхнээсээ худалдагчид 30 мянган төгрөг авч өглөө. Эрэгтэй хүүхэд болохоор нэг их нарийн хэрэглээний юм авсангүй бололтой. Одоо дүүгийнх нь хувцсыг авах гэнэ. Охин дүү нь алтлаг өнгийн саатай пүүз, биеийн тамирын хослол, хоёр ээлжийн цагаан цамц авахад нийтдээ 78 мянган төгрөг зарцууллаа. Ээж нь хоёр хоногийн дараа нутаг буцах учраас гэртээ гурил будаа гээд хоол ундныхаа материалыг бас авах юм байна. Тиймээс хүнсний лангууг зорив. Хөдөөний хүн байнга хот орж ирээд байх зав олдохгүй учраас нэг ирсэн дээрээ гээд 50 кг-ын “Алтан тариа” компанийн үйлдвэрлэсэн гурил, 10 кг-аар савласан зааны зурагтай будаа авав. Гурил кг нь 1000-1250 төгрөгийн үнэтэй. Будаа кг нь 2500 төгрөг. Гэхдээ Хятад, Орос, Монголд үйлдвэрлэсэн гэдгээрээ үнийн хэлбэлзэлтэй. Төмөрхүлэгийн ээж Нараа “Би наадмын үеэр орж ирэхэд гурил кг нь 850 төгрөг гэж байсан. Дээд гурил 1100 төгрөгөөс хэтрэхгүй байсан ш дээ. Үнэ нь нэмэгдчихсэн байна. Тогтмол орлогогүй хөдөөний бид гурилын үнэ дийлж авахаа байх нь ээ. Яана даа” гэв. Түүний ярьснаар бол энэ жил эдийн засгийн хямралтай гээд мөнгөгүй гэх хүн олон болж. Хөдөөгөөр мал авахаар явдаг наймаачид нэг хонийг 50 мянган төгрөгөөс дээш үнээр авахгүй байгаа гэнэ. Харин хотод болохоор нэг кг хонины махны үнэ 6500 төгрөгөөс дээш үнэтэй гээд мэдээллийн хэрэгслээр яриад байхаар хэдэн хонио зарж үрж чаддаггүй юм байх. Мөн сумын төвийн дэлгүүрүүд барааныхаа үнийг хотынхоос нэг дахин нугалаад зардаг учраас орон нутгийнхан зарлага өндөртэй амьдардаг бололтой. Ийн ойр зуурыг ярьж явсаар гэр рүүгээ явахаар микронд суулаа.

Чанартай гэхээсээ хямд зүйлийг хайж захыг зорих болсон байна

Ингээд хүн ихтэй лангуунуудаар орж сонирхлоо. Сурагчийн цагаан цамц материал хийцээсээ шалтгаалаад 15-20 мянган төгрөгийн үнэтэй байна. Хүүхдийн жинсэн өмд 15-25 мянган төгрөг. Харин дэвтэр 12 хуудастай нь 150, 24 хуудастай нь 260, 32 хуудастай нь 380 төгрөгийн үнэтэй. Дэвтрийн хавтас 10 ширхэг нь 400 төгрөг. Зургийн дэвтэр 1500 төгрөг гээд хичээлийн хэрэгслийн үнэ харилцан адилгүй юм билээ. Сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд их байв. Хоёр охин, нэг хүүдээ өмд авч өгөхөөр зогссон эгч “Ихэнх нь л мөнгө муутай учраас нэг ээлжийн хувцас авч өгөөд хүүхдийнхээ хичээлийг нь эхлүүлэхээр явж байгаа” гэнэ. Тэрээр “Өмнөх жилүүдэд хүүхдүүдийнхээ хувцсыг хотын төв орчимд байрлах дэлгүүр ороод л бэлдчихдэг байсан. Энэ жил юун тэгж тансаглах. Цалингаа ч бүрэн авч чадахгүй юм. Дарга хямралтай гэх шалтаг тоочин цалин бүтнээр өгдөггүй бага багаар нь цувуулж өгөх юм. Цалингаас цалингийн хооронд хоногийн хоолоо залгуулахын оронд хүүтэй мөнгө хүнээс зээлээд цалингаа өрөндөө өгөөд таарна. Ямар мөнгөгүй гээд үр хүүхдээ түмний нүдэн дээр нүцгэн гүйлгэлтэй биш гээд хямдхан ч гэсэн шинэ хувцас авч өгөхөөр хүүхдүүдээ дагуулж явна” гэв. Иймэрхүү зүйл ярих олон хүн таарсан. Харин наймаачдын хувьд худалдан авалтын ид эрэлттэй үе. Үүнтэй холбоотойгоор урд хөршийг зорих зорчигчдын ачаалал ч ихэссэн гэнэ. Зуны цагт долоо хоногт нэг урагшаа явдаг байсан бол наймдугаар сар гарснаас хойш долоо хоногт хоёроос дээш удаа Эрээнийг зорьж байгаа сурагтай.

Д.Даваасүрэн

Гэрэл зургуудыг

Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Г.Баяртогтох: Би энэ тулааны дараа Ази, цаашлаад дэлхийн аварга болох зорилготой байна

Мэргэжлийн боксын Залуучуудын дэлхийн аварга Г.Баяртогтохтой ярилцлаа. Тэрээр энэ сарын 23-нд “Буянт-Ухаа” цогцолборт Солонгосын боксчинтой халз тулаан хийхээр болжээ.

-Энэ удаагийн өрсөлдөгч тань хэн гэдэг боксчин бэ?

-Ирэх ням гаригийн 16.00 цагт “Буянт-Ухаа” цогцолборт Солонгосын мэргэжлийн боксчин Ан Жи Хёнтой халз тулаан хийх гэж байна.

-Хүнд жинд гэсэн. Хэдэн кг-д вэ?

-80-90 кг-ын хооронд. Хагас хүнд жин гэсэн үг л дээ.

-Халз тулаанд хэн дуудсан бэ. Та юу?

-Хоёр талаас гэх үү дээ. Бид хоёрт хоёуланд нь тулалдах сонирхол байна.

-Тэгэхээр өрсөлдөгчөө сайн мэддэг байх нь ээ?

-Өрсөлдөгч маань намайг сайн судалсан байх. Би түүний үзүүлэлт, зураг хоёроос өөр зүйлийг мэдэхгүй. 187 см өндөр. Надаас 17 см өндөр юм билээ. Ерөнхийдөө надтай тулалдах тактикийг нь гадарлаж байгаа.

-Өрсөлдөгч чинь танаас өнгөрсөн тулалдааны хариуг авах зорилготой байгаа гэж сонссон. Үнэн үү?

-Тиймээ. Өнгөрсөн жил АСА циркт Солонгосын шилдэг боксчдын нэг Кым Кы Намтай халз тулалдсан. Кым Кы Намыг таван үеийн турш хүнд цохилтоор буулгаж авсан юм. Энэ удаа Ан Жи Хён надаас түүний хариуг авна гэж мэдэгдсэн.

-Өрсөлдөгч тань танаас дүү юу?

-Би 1980 онд төрсөн. Өрсөлдөгч надаас дөрвөн насаар дүү юм билээ.

-Таны хувьд энэ удаа ч ялалтын цохилтуудыг гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа биз дээ?

-Надад сул өрсөлдөгчтэй тулалдах хүсэл сонирхол байхгүй. Сайн тамирчидтай л зодолддог. Тиймээс өрсөлдөгч хэдий чинээ хүчтэй байна намайг төдий чинээ хурцлах болно.

-Та мэргэжлийн боксын залуучуудын дэлхийн аварга. Ер нь хэдэн оноос боксоор хичээллэж эхлэв?

– Би 1994 онд Дорнод аймгаас боксын спортын гараагаа эхэлсэн. Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбат багшийн удирдлагад боксын спортоор анх хичээллэсэн.

-Нэг хэсэг улсын шигшээ багийн тамирчин байсан гэсэн. Яагаад мэргэжлийн боксыг сонгосон юм бэ?

-1997-2000 онд улсын шигшээ багийн тамирчин байсан. Хорин настайдаа мэргэжлийн бокс руу орсон. Америк, англи, солонгос, япон багш дасгалжуулагчидтай хамтарч ажиллаж байлаа. Мэргэжлийн бокс 12 раунд тулалддаг хүнд спорт. Тэсвэр тэвчээр ч их шаарддаг. Эрсдэл өндөр. Мэргэжлийн боксоор тулалдаж, тив, дэлхийн жинхэнэ тулаанчидтай рингэнд гарч байж жинхэнэ тулаанч боллоо гэж үздэг ийм л спорт. Би мэргэжлийн боксын 1998 оны дэлхийн залуучуудын аварга, 2002 оны WBC холбооны залуучуудын дэлхийн аварга. 2002-2007 оны өмнөд Солонгосын хоёр жингийн аварга. 2000-2007 оны хооронд Азийн мэргэжлийн боксын рейтингээр тогтмол 1-3 дугаар байрт явж ирсэн. Америкийн Лас Вегасаас эхлээд дэлхийн олон оронд тэмцээнд орж байлаа. Гадны орнуудаас олон ч санал ирж байсан. Гэхдээ би эх орныхоо нэрийн өмнөөс тулалдах дуртай. Монголынхоо нэрийг хаана ч явсан эрхэмлэдэг хүн. Одоо 23-нд мэргэжлийн боксын 31 дэх тулаанаа хийх гээд хүлээж байна. Би сонирхогчийн боксыг орхисондоо харамсдаггүй.

-Таны эхнэр бас тулаанч бүсгүй. Манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Манай гэр бүлийн хүн боксын спортын мастер, дасгалжуулагч, шүүгч Л.Мандах гэж бүсгүй бий. Монголын анхны эмэгтэй боксчдын нэг. Одоо шавь нар нь шигшээ багт хүч үзэж л явна.

-Аав тань бас боксчин. Танай удам ер нь боксчид ихтэй гэдэг юм билээ?

-Тиймээ. Манай аавын тал олон боксчинтой шүү. Аав маань чөлөөт бөхийн ОУХМ, хоёр олимпод оролцсон тамирчин, 52-ын Ганбат гэхээр хүмүүс андахгүй. Миний авга ах МУ-ын гавьяат тамирчин, дасгалжуулагч, Азийн хошой аварга Х.Алтанхуяг гэж боксчин хүн бий. Мөн Пан Азийн аварга, ОУХМ Нэмэхбаяр, спортын мастер Хосбаяр, Ольга нарын сайн боксчин олон бий.

-Та хэдий нас явж байгаа ч ойрын дөрөв таван жилдээ л зодог тайлахгүй гэж ярьсан байсан. Тэгэхээр их зүйл төлөвлөжээ?

– Би хагас хүнд жинд дэлхийн аварга болох зорилго тавиад байгаа. Энэ тэмцээн миний дэлхийн аварга болох замд гэрэл гэгээ татуулж өгөх юм. Энэ тэмцээний дараа Азийн аваргын төлөө тулалдана гэж төлөвлөсөн байгаа.

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

Хувийн их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт зарласан ч цөөн оюутантай байна

Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор жил бүрийн наймдугаар сарын 15-наас их, дээд сургуулиуд ерөнхийдөө хөл ихтэй байдаг. Учир нь ихэнх их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт авдагтай холбоотой юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид хавар нь ямар нэг их, дээд сургуульд элсч чадаагүй бол нэмэлт элсэлт эхлэх хоногийг хуруу даран тоолж, аль сургуульд ямар ангид элсэхээ аль хэдийнэ төлөвлөчихсөн байдаг. Ингээд элсэлтийн өдөр эхлэв үү, үгүй юу эцэг, эхийгээ дагуулаад л сургуулиудын хаалга татан горьдлого тээсээр явж өгнө. Ялангуяа орон нутгаас ирж буй шинэхэн оюутнууд эцэг, эхээсээ гадна яриа хөөрөөтэй, сургуулийн захиргаанд ажилладаг, эсвэл таньдаг мэддэг хүнээ дагуулж явдаг. Эцэг, эхчүүд ч үр хүүхдээ гайгүй сургууль бараадуулахын тулд байгаа хэдэн төгрөгөө халааслаад явдаг нь үнэн. Ийм л дүр зураг жилийн жилд ажиглагддаг.

Тэгвэл энэ жилийн тухайд арай өөр зураглал харагдах боллоо. Энэ жил 19 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгссөн бөгөөд өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 25 мянга гаруй хүүхэд л Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр хүсэлт гаргасан гэнэ. Харин улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 101 их, дээд сургууль, коллеж бий. Тэгэхээр эдгээр төгсөгчид дээрх сургуулиудад хуваагдаад орох нь тодорхой. АШУИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС гээд томоохон улсын сургуулиудад дийлэнх төгсөгчид нь орчихно. Тэгэхээр хувийн сургуулиуд яах вэ? Ямартай ч бид нөхцөл байдалтай танилцахаар зарим их, дээд сургуулиар орлоо.

Төгсөгч бага байгаа нь төрийн сургуулиудад мэдрэгдэхгүй

МУИС-ийн хичээлийн I, II байраар орлоо. Ерөнхийдөө хүн багатай байв. Сургуулийн жижүүр л орсон гарсан ганц нэг хүнийг хаашаа орох гэж байгааг асууж, шалгааж байгаа харагдав. Тус сургуулийн хувьд элсэгчдээ өнгөрсөн долдугаар сарын 2-н хүртэл бүртгээд дуусчихсан. Сургалтын албаны мэдээлснээр бол энэ жилийн элсэгчийн хяналтын тоо аль хэдийнэ гүйцчихсэн учраас нэмэлт элсэлт авахгүй гэнэ. Сургуулийн хонгилд нэгдүгээр курст орж байгаа болов уу гэмээр хоёр охинтой таарлаа. Тэд мэдээллийн самбар уншиж байв.

-Та хоёр энэ сургуулийн оюутнууд уу?

-Тийм. Нэгдүгээр курст орно.

-Ямар мэргэжлээр суралцах оюутнууд вэ?

-Эрх зүй. Бид дунд сургуулийн нэг ангийн найзууд.

-Танай ангийнхан бүгд их, дээд сургуульд орчихсон уу?

-Хоёр хүүхэд гадагшаа сургуульд сурна гээд явчихсан. Аав ээж нь гадаадад амьдардаг гэсэн. Нэг охин ажил хийж байгаа. Олон дүүтэй, тааруухан амьдралтай болохоор сургалтын төлбөр олоогүй байх. Уг нь онц сурдаг. Хувийн сургууль гэсэн байх аа урилга өгсөн юм билээ. Бас л ороогүй. Бусад нь бүгд сургуульд орсон.

-Хичнээн хүүхэд төгссөн юм бэ?

-37 хүүхэд.

-Бүгд улсын сургуульд орсон уу?

-Тэгсэн гэв. Эдгээр охид хичээл эхлэхээс өмнө сургуультайгаа танилцаж яваа юм байна. Ингээд тус сургуулиас гарч Хүмүүнлэгийн ухааны их сургуулиар оров. Мөн л нам жим. Гурав, дөрөвдүгээр ангийн бололтой хэсэг залуус хоёр давхрын цонхон дээр суучихсан юм ярьж байна. Зуныхаа амралтыг хэрхэн өнгөрүүлснээ ам уралдан ярьцгаах. Элсэлт авч байгаа эсэхийг асуухад нэг залуу “Манай элсэлт дуусчихсан ш дээ” гээд цааш харан “Нээрээ энэ жил нэгийн бацаанууд бага байгаа гэсэн ш дээ. Чи мэдсэн үү Алдараагийн сургууль бүр нэг ч оюутан элсээгүй гэсэн” гэхэд хажууд нь зогссон охин “За битгий худлаа бураад бай. Алдараа чинь аль сургууль билээ” гэхэд өнөөх залуу “За сураггүй сургуулиа” гэх нь сонстов. Ярианаас нь ажвал тэд төгсөх курсийн оюутан бололтой. МУБИС-ийн хичээлийн “А” байраар харин хөл ихтэй байна. Тус сургуулийн нэмэлт элсэлт энэ сарын 15-наас эхэлжээ. Мөн шинэ оюутнууд сургуулийнхаа дотуур байр, сургалтын төлбөрийн талаар сураглаж яваа гэнэ. Ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн болов уу гэмээр аав, ээжийгээ дагуулсан оюутнууд харагдана. Зарим нь хүрч ирээд “Сургалтын алба нь хаана юм бол”, “Хичээлийн дөрөвдүгээр байр нь хаана байдаг вэ” гэж асууцгаана. Тус сургуулийн хувьд элсэгчдийн дийлэнх хувь нь хөдөө орон нутгийн оюутнууд байдаг. Элсэгчдийн тоо өмнөх жилүүдийг бодвол харьцангуй бага хэдий ч салбар сургуулиудын элсэгчдийн хяналтын тоо ихэнх нь гүйцэж байгаа талаар холбогдох хүмүүс хэлэв. Санхүү эдийн засгийн дээд сургууль мөн л эл хуль байсан. Энэ жилийн төгсөгчдөөс нэлээд хувь нь Анагаахын шинжлэх ухааны их сургуульд элссэн гэх. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч бага оноо авсан, их, дээд сургуулиудын босго оноо давахгүй төгсөгчид ч энэ жил улсын сургууль бараадах нь баараггүй гэсэн яриа олны дунд явна. Тиймээс нэгэнт л оноо багатай байсан ч улсын сургуульд орох нь баараггүй хойно “босго өндөртэй” гэгддэг АШУҮИС руу зүтгэж байгаа сурагтай. Иймэрхүү тохиолдол олон байгааг эцэг, эхчүүд ч ярьж байсан. Бүр “Өнгөрсөн жил манай дүү Анагаахад орно гээд чадаагүй. Оноо нь хүрээгүй. Хувийн сургуульд орсон. Нэг жил өнжүүлдэг байж. Тэгсэн бол энэ жил орчих боломж бүрэн байсан байна” гэж сургуулийн үүдэнд суусан нэгэн эмэгтэй ярив.

Ямартай ч төрийн өмчит сургуулиуд элсэгчдийн тоонд санаагаа чилээхгүй байгаа нь харагдаж байна. Өмнөх жилүүдээс бага зэрэг л буурсан үзүүлэлт байхаас биш анги дүүргэхгүй хэмжээний цөөрчихөөгүй гэнэ.

Хувийн их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт зарласан ч хүнгүй байна

Харин хувийн хэвшлийн сургуулиуд хаалгаа барих хэмжээний асуудал үүсээд байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна. Хувийн хэвш­лийнхэн дундаа тэргүүлдэг “Их засаг” олон улсын сургууль, “Отгонтэнгэр”, “Монголын үндэсний дээд сургууль” зэрэг цөөхөн хэдэн их, дээд сургууль л хяналтын тоогоо дөнгөн данган 50 хувь хүргэж байгаа сураг байна. Гэхдээ энэ бол баттай тоо биш. Ихэнх сургуулиуд элсэгчдээ алдахгүйн тулд нэр хүндэд нөлөөлнө гээд баттай тоо хэлэхгүй байна. “Этүгэн”, “Чингис хаан”, “Засагт хаан”, “Газарчин”, “Монгол дээд” гээд бүх л хувийн сургуулиуд нэмэлт элсэлт авч байна. Гэвч нэмэлт элсэлтэд бүртгүүлж байгаа нь ховор бололтой. Энэ жилийн тухайд төгсөгчид ч элсэгчид ч буурсан үзүүлэлттэй байна. Жилд дунджаар 30 гаруй мянган төгсөгчидтэй үед хувийн хэвшлийнхэн элсэгчдэд санаа зовох зүйлгүй зөвхөн сургалтынхаа чанарт анхаардаг байсан аж. Тэгвэл өнөөдөр хэрхэх нь одоохондоо тодорхойгүй байна.

Элсэгчдийн тоо сүүлийн хоёр жил огцом буурсан

Нэг судалгаа дурдъя. 2012 онд улсын хэмжээнд 39 мянга 200 гаруй сурагч ерөнхий боловсролын сургууль төгссөн бөгөөд элсэлтийн шалгалт өгөхөөр 43 мянга 87 сурагч бүртгүүлсэн байна. Харин 2013 онд 43 мянга 864 хүүхэд шалгалт өгчээ. Ингээд харахад 2012-2013 онд элсэгчдийн тоо бага зэрэг өссөн хандлага харагдаж байна. Харин сүүлийн хоёр жилд огцом буурчээ. Тодруулбал, 2014-2015 оны хичээлийн жилд 11 дүгээр ангийг 34 мянган хүүхэд төгссөн байна. Өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 38 мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгөх хүсэлт гаргажээ. Харин энэ жил ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоонд өөрчлөлт орсонтой холбоотойгоор анхны 12 дугаар анги төгсч байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ерөнхий боловсролын сургуулийг хамгийн цөөхөн буюу 19300 сурагч төгсөж байгаа жил. Энэ жил өмнөх оны төгсөгчидтэй нийлээд ердөө 25813 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байх юм. Ингэхээр сүүлийн хоёр жилд их, дээд сургуульд орох элсэгчдийн тоо 12 мянгаар, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо 14 мянгаар буурсан судалгаа гарчээ.

Хувийн сургуулиуд элсэгчгүй хэрнээ сургалтын төлбөрөө нэмснээр төгсөгчдийг үргээж байна

Элсэгчид бага үед сургалтын төлбөртэй холбоо­той асуудлууд зэрэгцээд яригдаж эхэллээ. Улсын их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-30 хувь нэмсэн гэх яриа байна. Гэвч сургуулийн удирдлагууд бүгд л “Одоохондоо хэдэн хувиар нэмэгдэх нь тодорхойгүй байна. Инфляцитай холбоотойгоор бага зэрэг нэмэгдэнэ” гэсэн хариу өгч байна. Ерөнхийдөө их, дээд сургуулиудын сургалтын төлбөр одоогоор 1.200.000-2300.000 хооронд хэлбэлзэж байна. Энэ нь кредит цагтай холбоотойгоор тогтоосон дүн. Харин хувийн хэвшлийнхэн энэ жил элсэлт багатай байгаа учраас сургалтын төлбөрөө нэмэх гэж яарахгүй байгаа гэнэ. Гэвч “Отгонтэнгэр”, “Газарчин”, “Монголын үндэсний их сургууль” зэрэг сургуулиуд сургалтын төлбөрөө 10 хувиас дээш нэмсэн байна. “Отгонтэнгэр” их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Н “Манай сургуулийн төлбөр 1.700.000 төгрөг байсан. Энэ жил 200 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Оюутнуудын ярьж байгаагаар бол энэ жил нэгдүгээр курст цөөхөн хүүхэд орно гэсэн. Ихэнх хүүхэд улсын сургууль гэж байгаа энэ үед сургалтын төлбөрөө нэмэх биш багасгавал элсэлтийн тоо нэмэгдэж болно шүү дээ” гэв. Оюутнуудын хэлж байгаагаар бол шинээр их, дээд сургуульд элсэхдээ мэргэжлээс илүүтэйгээр төлбөрийг анхаардаг бололтой.

Харин зарим сургуулиуд элсэгчдийнхээ тооноос хамаарч төлбөрийн асуудал ярих бөгөөд аль болох уян хатан нөхцөлтэйгөөр элсэгчдээ авах талаар ярилцаж байгаа бололтой. Мөн оюутны дотуур байр, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг зэрэг олон тал дээр хөнгөлөлт үзүүлж байгаа гэсэн.

Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд өнөө маргаашдаа хүн багатай байна. Энэ сарын 25-наас амарсан оюутнууд ирж, багш ажилчид ажилдаа орж, хөл хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй. Улсын сургуулиудын дотуур байр сураглах оюутнууд ч мэр сэр таарч байсан. Дотуур байр мөн л энэ сарын 25-наас үнэ төлбөрөө шийдэж, оюутнуудаа хэзээ хүлээж авах нь шийдэгдэх бололтой.

Д.Сүрэн

Categories
мэдээ цаг-үе

Аюулын өөдөөс амиараа сөрсөн цагдаа

Хууль зүйн яамнаас өчигдөр цагдаа жолооч, Цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшинг “Цагдаагийн алдар” тэмдгээр, эргүүлийн офицер цагдаагийн ахмад Ш.Гантулгыг “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасан юм. Цагдаагийн алба хаагч Н.Энхтүвшинг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа онцоллоо. Түүний болон мэргэжил нэгт Ш.Гантулгын гавьяаг ард түмэн шагшиж байна. Тэд энэ сарын 3-ны орой 21.30 цагийн орчимд жолоочгүй өнхөрч явсан машиныг албаны машинаараа мөргөж зогсоосон билээ. Энэ үйл явдал Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Долоон буудлын замаас Чингэлтэй рүү салдаг уулзвар замд гарсан юм. “ММС Canter” маркийн том оврын авто машин жолоочгүйгээр уруудан өмнөх T.Prius маркийн авто машиныг мөргөж цааш өнхөрч явах үед Н.Энхтүвшин албаны машинаараа өмнүүр нь орж зогсоосон байна. Хэрвээ тухайн үед ийм шийдвэр гаргаж арга хэмжээ авч чадаагүй бол цааш хэчнээн хохирол учрах байсныг таашгүй. Тиймээс энэ сайн үйлсийг, тэр сайхан сэтгэлийг иргэд сайшаагаад зогсохгүй салбарын яам нь ийн “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнасан байна. Баргийн хүн гаргаад байхгүй эр зоригийг Н.Энхтүвшин гаргасан. Тэрбээр хүнд бэртэж гэмтэх, цаашлаад амь эрсдэж болох байлаа. Гэвч тэрээр өргөсөн тангарагтаа үнэнч байж цагдаагийн алба хаагчид иргэдийнхээ эрүүл мэнд, амгалан тайван байдлын төлөө амь биеэ хайхрахгүй ажиллаж чаддаг гэдгийг тод харууллаа.

Н.Энхтүвшин өдгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтэст эргүүлийн цагдаа жолоочийн алба хашиж байна. Тэрээр цагдаагийн албанд найман жил зүтгэж яваа туршлагатай нэгэн. Энхтүвшин Сэлэнгэ аймгийн Шаамар суманд Нүрзэд, Охинцэцэг нарын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр дөрвөн дүүтэй, айлын ууган хүү. Айлын том хүү учраас хэдэн дүү нараа хүмүүжүүлэхээс эхлээд аливаа ажилд хариуцлагатай хандаж сурчээ. Түүний энэ нямбай зан өдгөө ажлын талбар дээр нь илэрч байна хэмээн хамт олон нь ярьж байна. Тэрээр 2005 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсч, 2006-2007 онд хугацаат цэргийн алба хааж ирээд Цагдаагийн курст сууж Цагдаагийн ерөнхий газар хэмээх их айлд анх хөл тавьж байжээ. Анх ажлын гараагаа цагдаагийн явган эргүүлээр эхэлж байсан гэнэ. Ингээд 2013 оноос эргүүлийн цагдаагийн жолооч албанд хуваарилагджээ. Өдгөө эхнэр Ц.Удвалцэцэг, охин Э.Тэргэл нарын хамт амьдарч байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх машиныг цааш өнхрөх үед зам дээр нэлээд олон хүн, машин байжээ. Хэрэв цагдаа амжиж тухайн машиныг зогсоогоогүй бол хэрхэх байсныг төсөөлөхөд бэрх. Тиймээс амь насаа үл хайхран үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн түүгээр бахархахаас ч аргагүй. Учирч болзошгүй аюулыг эр зоригоороо хааж зогссон тэрээр болсон явдлын талаар “Жолооч нь машинаа газрын уруу тавьж орхиод явчихсан юм билээ. Ослын дараа ирээд түр ачаа буулгачихаад карданаа татсан гэж байсан. 30 орчим насны залуу байна билээ. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн үед замын хажуугаар олон хүн байсан. Хүүхдүүд ч явж байсан. Тэр машин чигээрээ явсан бол тэр хүмүүсийг очиж дайрах аюултай байсан. Тиймээс иргэдийг хамгаалахын тулд машинаараа хаах хэрэгтэй гэхээс өөр зүйл бодогдоогүй” хэмээн яриад “Би үүргээ л гүйцэтгэсэн” гэж даруухан өгүүлнэ. Түүний ярьснаар бол жолоочгүй машин 15-20 орчим км цагийн хурдтай урагшилж байсан бөгөөд ердөө хорьхон алхмын цаана хүмүүс байсан гэнэ. Ийм эр зоригтой алба хаагчаараа цагдаагийн байгууллага бахархаж хамт олон нь үлгэр дуурайл авч ажилдаа хандах хэрэгтэй гэх хүн олон байлаа.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“GUYS” хамтлагийн дуучин А.Төгсбаяр: Бид тоглолтоороо амьдрал үргэлж сайхан, гэгээлэг, олон өнгөтэй гэдгийг харуулна

“GUYS”
хамтлагийн “Хайрын бүжиг”, “Хөөрхөн охин”, “Амьдрал
үргэлж сайхнаараа” “Нулимс”, “Навч”, “Цас”,
“Чамдаа зориулъя” гээд бүхий л дуу нь хүүхэд залуусын дунд өнөөдөр ч
хит хэвээрээ байгаа. Тэгвэл тус хамтлагийнхан удахгүй тоглолтоо хийх гэж байна.
Энэ талаар “GUYS” хамтлагийн дуучин А.Төгсбаяртай ярилцлаа.

-Танай хамтлаг
фэнүүддээ зориулж томоохон шоу тоглолт хийх гэж байгаа юм байна. Тоглолт хэзээ
вэ?

-Манай хамтлаг
энэ сарын 28-нд “CROCUS event hall”-д тоглолтоо хийхээр ерөнхийдөө бэлтгэл
ажлаа хангаад дуусч байна.

-Хэдэн цагт
вэ?

-20.00 цагт
тоглолт эхэлнэ.

-Энэ тоглолт
танай хамтлагийн хэд дэх бие даасан тоглолт болж байна вэ?

-“GUYS”
хамтлагийн бие даасан зургаа дахь тоглолт болж байна.

-Энэ удаагийн
тоглолтын онцлог юу байх вэ?

-Зохион
байгуулалтын хувьд үнэхээр гайхамшигтай байх болно гэж амлая. Тоглолтын тайз
засалт, хөгжмийн дуугаралт гээд олон шинэлэг зүйлийг зохион байгуулагчид маань
сэдсэн байгаа.

-Тоглолтын нэр
юу билээ?

-“Амьдрал үргэлж
сайхнаараа” гээд дууныхаа нэрээр нэрлэсэн.

-Тэгэхээр
сайхан бүхнийг мэдрүүлэх нь ээ?

-Тэгэлгүй яахав.
Та бүхэн мэдэж байгаа, өнөөдөр хэвлэл мэдээллээр, олон нийтийн сүлжээгээр
дандаа л нийгмийн хар бараан, болж бүтэхгүй асуудалтай бүхнийг цацдаг. Хүмүүст
түгээдэг. Тиймээс бид нэг удаа ч гэсэн тоглолтоороо дамжуулж хүмүүст, залууст
баяр баясал, сэтгэл хөдлөл, амьдралын гэрэл гэгээтэй зүйлийг мэдрүүлэхийг зорьж
байна. Товчхондоо бол дуу хөгжим өнгөлөг гоё амьдралыг татдаг гэсэн утгатай л
даа.

– “Хайрын
бүжиг”, “Навч”, “Цас” гээд танай хамтлагийн сайхан
дуунууд бий. Эдгээр хуучны уран бүтээлээсээ дуулна биз дээ?

-Мэдээж тэгэлгүй
яахав. “GUYS” хамтлаг анх гарч ирснээс хойш өдийг хүртэл гаргасан уран бүтээл
бүрийг маань үзэгчид тоглолт бүр дээр дуулуулахыг хүсдэг. Тиймээс бид энэ удаа
28 дуу дуулах бодолтой байна.

-Шинэ уран
бүтээл бий юу?

-Байгаа.
Тоглолтод нэлээд хэдэн шинэ уран бүтээл дуулагдана. Одоохондоо нууцалъя.
Үзэгчид тоглолтыг маань үзээд “GUYS”
хамтлаг ямар шинэ уран бүтээл хийсэн болохыг мэдэх болно. Тиймээс залуусыг
өнгөлөг, гэгээлэг бүхнийг мэдрүүлэх тоглолтдоо ирээрэй гэж урья.

-Тасалбарын
үнэ хэд бол?

-35 мянган
төгрөг.

-Тоглолтын
дараа гадаадад аялан тоглолт хийнэ гэж сонссон?

-Тоглолтоо
хийчихээд европын орнуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөж байна. Европын
орнуудад ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулж манай хамтлагийнхан уран
бүтээлээ хүргэх зорилготой ажиллаж байна. Түүнчлэн Японд тоглоно. Он гаргаад
Америк, Австралиар мөн аялан тоглоно.
2008 онд “Сайн уу амьдрал минь” кинонд ажилласнаас хойш дахиж уран
бүтээл хийгээгүй. Манай хамтлагийн төлөвлөгөөгөөр 2015 оныг аялан тоглолтын жил
болгоно. 2016 онд киноны уран бүтээлд орно. Харин 2017 онд “Guys” хамтлагийн 20
жилийн ой болно. 20 жилийн ойгоо угтаад цаг наргүй шахуу хөтөлбөрөөр ажиллаж
байгаа.

-Танай
хамтлагийн “Зун орсон цас” тоглолтыг тухайн үедээ хамгийн үнэтэй
тоглолт гэж шуугиж байсан.

-2005 онд
тоглосон тоглолт. Театрын номонд “Монголын анхны рок попын мюзикл”
гэж бичигдсэнд баярладаг. Энэ бол манай хамтлагийн хувьд нэр төрийн хэрэг. Бүх
дуунуудаа оруулах, хөгжмийн найруулгыг нь шинэчлэх, жүжиглэлт, тайз засалт гээд
их л хөдөлмөр зарсан тоглолт л доо. Яг “Валентины баяр”-ын өдөр 1000
ам.доллараар тоглосон. Нийтдээ 16 хос ирж үзсэн. Харин маргааш нь 100
ам.доллараар тоглосон. Тэрний дараа нэлээд их шүүмж ирж байлаа. Тухайн үед ямар
ч тоглолтын тасалбар 5000-8000 төгрөг л байсан.Ингээд шүүмжлүүлснийхээ дараа 10
мянган төгрөгөөр бүтэн сарын турш тоглосон. “Зун орсон цас” шиг бүтэн
сарын турш танхим дүүрэн үзэгчидтэй тоглосон тоглолт ховор шүү.

-“Guys”
–ынхан оюутан байх хугацаандаа хоёр ч тоглолт хийсэн байх аа?

-Оюутан байхдаа
манай хамтлаг хоёр тоглолт хийж амжсан. Бид 2001 онд СУИС-ийг Жигжидсүрэн,
Уртнасан, Ганхуяг гэсэн гурван багшийн удирдлаган дор төгссөн. Манай анги нэг
кино, хоёр жүжигтэй төгсч байлаа. “Бидний найзын дурлал” гэж кино
найруулаад, тэрнийхээ “Хайрын бүжиг” гэж дууг зохиож байсан. Кино
маань театрт гарч, “Гамлет”, “Цаг өөр болжээ” гэж хоёр
жүжиг тавьж байлаа.

-Ер нь
“Guys”-ынхан хэрхэн нэгдэж хамтлаг байгуулж байв. Дурсамжаасаа
хуваалцахгүй юу?

-Манай хамтлаг
анх “Зүгээр л”, “Сонсч бай” зэрэг дуугаа гаргаж байлаа. Би
анх СУИС-д орохоосоо өмнө “Нэг хороолол”, “Хэт даврагсад”
зэрэг хамтлагт дуулж байсан. Тэгээд СУИС-д оюутан болсны дараа манай ангийн
Лхагваа надтай их төстэй юм сонсоод байгаа харагдлаа. “East 17”,
“2Рас”, “TLC” гэх мэт тухайн цаг үеийн арай хэмнэлтэй
дуунуудыг сонсоод байна. Тэгэхээр нь Лхагваагаас “Би нэг ийм хамтлагтай
байсан. Тэгээд энэ дуунаасаа холдож чадахгүй байна. Чи надтай хамтлаг байгуулах
уу” гээд л асуучихлаа. Тэгсэн зөвшөөрч байна шүү. Ингэж л хамтлаг бүрдсэн.
Дараа дараагийн гишүүд ч хурдан нэгдсэн.

-Тэгэхээр
танай хамтлагийн анхны сонсогчид бол ангийнхан байж таарна биз?

-Яг л ангийнхан.
Бид хэд муу гитартайгаа ч дуулна, арай гэж хийлгэсэн фонограммтайгаа ч дуулна.
“Элькондор” хамтлагийн Амараа ах, Болорхүү ахаар бичлэгээ хийлгэнэ.
Тэд биднийг оюутан юм чинь гээд харж үзээд 10 мянган төгрөгөөр хийж өгнө. “Залуу нас”, “Дурсамж” дуугаа
гаргасны дараа ангийнхандаа сонсгосон чинь сайхан хүлээж авсан. Удалгүй
“Дурсамж” дуу маань FM радиогийн хитэд гурван долоо хоног тэргүүлээд
систем хөгжмөөр шагнуулж байлаа шүү дээ.

-Сүүлийн үеийн
шинэ уран бүтээлийнхээ талаар…?

-Бодсон ажил
байна. Цаг хугацааг зарлах болоогүй. Одоогоор өнгөрсөн хугацаанд гаргасан уран
бүтээлээ хүмүүст хүргэх нь чухал байна. Гэхдээ мэдээж шинэ уран бүтээл гаргана.
Илүү их цар хүрээг хамарсан буюу 18-45 насны бүх хүмүүст таалагдах уран бүтээл
хийнэ.

Д.Даваасүрэн

М.Мишээл