Categories
мэдээ цаг-үе

Ц.Аззаяа: Миний амжилт бүхний цаана ээж маань байдаг

“Мисс Монголиа” холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Miss Mongolia” тэмцээний ялагчаар Ц.Аззаяа тодорлоо. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Баяр хүргэе. “Мисс Мон­голиа” тэмцээнд хичнээн мисс өрсөлдсөн бэ?

-Өнгөрсөн есдүгээр сарын 8-нд эхний шалгаруулалт болсон. Эхний шатанд нийт бүртгүүлсэн охидоос 20 нь тэнцсэн. Дараагийн шат бүрт хасагдсаар байгаад шилдэг 11 охин финалын төлөө өрсөлдсөн. Зарим охид тэмцээний үеэр шантарч замаасаа гарч байсан.

-Өмнө нь энэ тэмцээнд оролцож байсан гэсэн. Ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Би 2013 онд анх оролцсон. Тэмцээн мисс фото, мисс авьяас, мисс биккини, мисс спорт, мисс оюунлаг, модель гэсэн зургаан төрлөөр шалгаруулалт явуулдаг. Би анх оролцохдоо тусгай байранд орсон. Мөн мисс авьяас шагналыг хүртэж байсан.

-Тэгвэл сая зөвхөн түрүүлэхийн төлөө зүтгэжээ?

-Тэгэлгүй яахав. Энэ жилийн “Мисс Монголиа” зохион байгуулалтын хувьд ч маш сайн боллоо. Миний хувьд зөвхөн шилдгийн төлөө өөрийн бүхий л нөөц бололцоогоо дайчилж бүх шалгаруулалтад шилдэг нь болно гэж өөртөө зорилго тавьсан байсан.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?

-Хоёрдугаар байранд орсон Энхжин гээд охин бие хаа, гоо үзэсгэлэн, мэдлэг оюунаараа үнэхээр тодорч байсан. Мундаг өрсөлдөгчтэй болохоор өөрийгөө илүү их дайчилдаг юм билээ. Англид төгссөн. Унаган англи хэлтэй. Би “Радуга” Орос сургуулийг төгссөн болохоор орос хэлтэй, мөн англи хэл сайн эзэмшсэн. Гэхдээ л шүүгч нар Энхжинг магтахаар шар хөдлөөд би юугаараа дутах вэ гэж бодож илүү их хичээсэн. Үүний үр дүнд тэргүүн миссээр шалгараад зогсохгүй биккини, фото, авьяас гэсэн төрөлд шилдэг гуравт орсон байгаа. Надаас өөр олон төрөлд жигд амжилт үзүүлсэн охин байхгүй.

-Эртнээс бэлдэж, зорьж оролцсон тэмцээндээ түрүүлж, тэргүүн миссээр тодрох агшинд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Үгээр илэрхийлэхийн аргагүй гайхамшигтай мэдрэмж төрсөн. Үүл мэт хөвөх мэдрэмж төрсөн. Хэдий би түрүүлнэ гэсэн өөртөө итгэх итгэл маань бардам байсан ч яг тэргүүн миссээр Ц.Аззаяа тодорлоо гэж зарлах тэр агшинд ёстой мэлмэрүүлсэн дээ. Уг нь өөрийгөө их барьж байсан. Тэгсэн үзэгчдийн дунд суугаа ээж рүүгээ хартал доошоо харчихсан нулимсаа арчиж байхыг хараад өөрийн эрхгүй нулимс урсаад ирсэн.

-Хэр сандарч байв?

-Ер нь гайгүй шүү. Анх 2013 онд би тэмцээнд оролцоход насаар хамгийн бага байсан. Тухайн үед хамаг бие салганаж, гишгэхэд хүртэл бие хөшчихөөд сандарч байсан.Харин энэ удаа бол илүү туршлагатай болоод ч тэр үү огт сандраагүй. Тайзны ард миний хажууд зогсч байсан оролцогч нар хэлэх үгээ мартаж, хоолой нь зангирч ирээд л сандарч байгаа нь анзаарагдсан.

-Энэ тэмцээнд түрүүлс­нээр өмнө чинь ямар боломж нээгдэж байна вэ?

-Энэ сарын 16-нд Японы Токио хотод болох “Мисс Интернэшнл” тэмцээнд материалаа явуулчихлаа. Одоо урилга ирэхийг хүлээж байна. Тус тэмцээн дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг. “Дэлхийн мисс”, “Оюутны мисс” тэмцээний дараа ордог. Тиймээс эх орноо төлөөлөн олон орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх гэж байгаадаа маш их баяртай байна. Гэхдээ нэг талаараа өндөр хариуцлага.

-Өөрийнхөө ямар давуу талыг илүүд гаргана гэж бодож байна?

-“Мисс Монголиа” тэмцээнд авьяасын төрөлд Кармен дуурийн Хабанерагийн ариг дуулж, бас танго бүжиглэсэн. Одоо хамтрагчгүй болохоор яах ийхээ багш нартайгаа ярилцана даа.

-Өмнө нь ямар нэгэн тэмцээнд оролцож байсан уу?

-Үгүй.

-“Miss world Mongolia” тэмцээнд оролцож үзсэн үү?

-“Miss world Mongolia” тэмцээн мисс болох хүсэлтэй охин бүрийн мөрөөдөл. Энэ тэмцээний ялагч эх орноо төлөөлөн “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй энх тайван, эв найрамдлын төлөө өрсөлддөг. Миний хувьд энэ тэмцээнд ороход хараахан бэлэн биш байна. Өөрийгөө илүү их бэлдэж, цэнэглэх ёстой. Ганц тэмцээнд түрүүлсэн гээд өөрийгөө шилдэг гэж бодож дутуу дулимаг хандахыг хүсэхгүй байна. Өөрийгөө бэлэн болсон гэж үзсэн цагтаа би оролцох болно.

-Одоо хэдэн настай вэ?

-Би 20 настай. “Miss world” тэмцээнд 18-25 насны гоо бүсгүйчүүд ордог. Тиймээс “Miss world Mongolia” тэмцээнд оролцоход надад цаг хугацаа байна.

-Биеийн харьцаа хэд вэ?

-88:59:91. Өндөр 180 см.

-СУИС-ийн оюутан гэсэн. Хэддүгээр курс вэ?

-Би СУИС-ийн Мюзиклийн төгсөх курс. “АСА” циркийн ерөнхий найруулагч Батнайрамдал багшийн шавь. Миний мэргэжил жүжигчин, дуучин, бүжигчин гэсэн гурван мэргэжлийн хослол. Энэ нь надад тэмцээнд түрүүлэхэд маш том давуу тал байсан болов уу. Тайзны алхаа, тайзан дээр үзэгчдийн анхаарлыг татах зэрэгт мэргэжлийн онцлог бусад охидоос арай илүү байсан гэж бодож байгаа.

-Таны ээжийг гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа гэж сонссон?

-Тийм ээ. Миний ээж Булган аймгийн уугуул, Монгол Улсын гавьяат жүжигчин Ширмэнтуяа.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би хоёр дүүтэй. Дүү нар маань гурав, хоёрдугаар ангид сурдаг.

-Тэмцээний турш ээж тань хамгийн үнэнч шүтэн бишрэгч, дэмжигч тань байсан болов уу. Тайзан дээр гарахын өмнө ээж тань юу гэж захиж байв?

-Тэгэлгүй яахав. Намайг түрүүлсэн чинь найзууд нь утсаар яриад надад гэхээсээ ээжид маань илүү их баяр хүргэж байгаа. “Мундаг охин төрүүлсэнд баяр хүргэе” гэж ирээд л. Урлагийнхан маш их сэтгэл хөдлөлтэй байдаг шүү дээ. Миний ээж ч бас л тийм. Ямар нэгэн тэмцээнд орохоор гэрээсээ гарах болгонд ээж маань бурхандаа залбирдаг. Тэмцээний өглөө ээждээ үнсүүлээд гарсан. Ээждээ үнсүүлээд гарахад ямар ч тэмцээнд амжилт гаргаж чаддаг. Энэ завшааныг ашиглаад ээждээ маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Миний ээж их ухаалаг, мундаг эмэгтэй. Миний амжилт бүхний цаана ээжийн минь хатан ухаан бий.

-Ээж тань Монголын чадалтай дуучдын нэг. Ер нь бага нас тань урлагийн ертөнцөд л өнгөрсөн биз?

-Чуулгад өссөн гэхэд болно. Миний ээж СУИС-ийг төгсөөгүй байхдаа л Үндэсний дуу бүжгийн чуулгын дуучин болсон. Чуулга, драмын театр хоёр нэг дор байрладаг болохоор миний бага нас тэр хоёр тайзны ард л өнгөрсөн дөө. Тийм ч учраас өөр мэргэжилтэй болно гэсэн ойлголт ч байгаагүй. Зөвхөн урлагийн хүн, ээж шигээ мундаг хүн болно гэж мөрөөддөг байсан.

Азаар СУИС Мюзиклийн ангидаа найман жилийн дараа буюу хоёр дахь элсэлт авахад нь шалгалт өгч тэнцсэн. Бага байхдаа ээжийнхээ урлагийн гоё гялтганасан даашинз, гялалзсан өндөр өсгийтийг өмсч үзээд л тольдоод зогсдогсон. Хурдан том болж, энэ хувцаснуудыг нь өмсөх юмсан гэж боддог байсан. Урлагийн хүмүүс чинь их ганган чамин зүйл хэрэглэдэг болохоор нүдэнд тусдаг байсан байх л даа. Одоо харин зарим нэг хувцсыг нь дуулж, бүжиглэх үедээ өмсдөг болсон шүү/инээв/. Ер нь ээжийн хувцас их эмх цэгцтэй нямбай байдаг байсан. Их олон дээлтэй.

-Дээлээ өөрөө урладаг уу?

-Тэгнэ. Өөрөө л оёдог. Ээж загварын дээлийг нэг их таашаадаггүй. Халх загварын үндэсний дээлийг л өмсөх дуртай. Аливаа арга хэмжээнд оролцохдоо ч дээлээ өмсөнө. Дээл ч ээжид их сайхан зохидог. Би хүүхэд байхдаа дээлнүүдээс нь мөн ч их өмссөн дөө. Одоо ч гэсэн. Зарим нэг тэмцээний үеэр ганц нэгийг нь өмсдөг.

-Ээжийнхээ дуулсан ямар дуунд нь илүү дуртай вэ?

-За бүх л дуунд нь дуртай. Тэр дундаас гавьяат Ө.Уянгаа эгчтэй хамтарч дуулсан “Эжий улирал” дуунд маш их дуртай. Нэг талаараа дуурийн дуучин, уртын дуучин хоёрын хоолойны гайхалтай зохицол нь намайг өөрийн эрхгүй гайхшруулдаг. Нөгөө талаараа дууны ая, үгний хувьд маш сайхан утгатай. Дахин дахин сонсоод л баймаар. Хэд дахин сонсоод ч уйддаггүй. Улам л сонсох хүсэл дэвэрдэг.

-Ээж тань юуг хамгийн ихээр захиж зөвлөдөг бол?

-Төлөв даруу байхыг л хамгийн их захьдаг. Урлагийн хүн хөдөлгөөнтэй, галзуу байхаасаа илүүтэйгээр даруухан байж олны хүндэтгэлийг хүлээх нь чухал гэж байнга захидаг. Ер нь ээж бид хоёр яг л найзууд шиг элэн далангүй харилцаатай. Аливаа зүйлд байнга л хамтарч ярьж шийдвэр гаргадаг. Би ээжийнхээ хатан ухаанаар ихэд бахархаж явдаг.

-Мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Мэргэжлээрээ зөвхөн Монгол төдийгүй дэлхийд танигдсан мюзиклийн жүжигчин болохыг хүсч байна.

-Ямар нэг клип, кинонд тоглож байсан уу?

-Тоглож байгаагаагүй. Манай анги бусдаас илүү чанга. Гуравдугаар курсээс ганц нэг клип, кинонд тоглохыг зөвшөөрдөг. Тэгээд ч манай эмээ намайг хамаагүй уран бүтээлд тоглохыг хориглодог.

-Яагаад. Танай эмээ Мон­гол Улсын гавьяат жүжигчин Чаминчулуун гэдгийг хүмүүс мэдэх байх?

-Хоёрын хооронд уран бүтээлд тоглож болохгүй гэдэг. Жүжигчин хүн сайн уран бүтээлээс гараагаа эхлэх ёстой гэж эмээ зөвлөдөг. Тиймээс ямар нэг уран бүтээлд тоглох бол эмээтэйгээ, ээжтэйгээ их ярьдаг. Энэ тал дээр ер нь эмээ л хамгийн их анхаарал тавина шүү дээ.

-Танайх урлагийн гэр бүл гэдэг утгаараа гэртээ ч гэсэн дуу, хуур дүүрэн байдаг биз?

-Хааяа найзуудындаа очихоор нэг их намбалаг ч юм уу уйтгартай ч юм шиг санагддаг. Харин манайх бол эсрэгээрээ шүү дээ. Бөөн хөгжөөн, наадам. Ямар сайндаа намайг сая тэргүүн мисс болсон гээд хамаатнууд цугларч бараг л найр болсон ш дээ. /инээв/

-Загвар өмсөгч хүүхнүүд биедээ их анхаарал тавьдаг. Зарим нь цагаан хоолтой гэж ч ярьдаг. Таны хувьд хэрхэн жингээ хадгалдаг вэ?

-Зөв хооллоод байхад хоолоо сойх шаардлагагүй. Зарим бүсгүйчүүд завгүй гээд гадуур хооллодог, түргэн хоол хэрэглэдэг. Хоол түргэн болсныхоо хэрээр хүний биед сөрөг нөлөөтэй юм шиг. Тиймээс аль болох гэртээ хоол идэхийг хүсдэг.

-Ээжийнхээ хийсэн ямар хоолонд илүү дуртай вэ?

-Манай ээж чинь бүх хоолыг сайхан хийнэ шүү дээ. Муухан тогоочоос илүү. Би ногоотой шөлөнд илүү дуртай. Манай гэрийнхэн болохоор гурилтай шөлөнд илүү дуртай. Би “Ээж та ногоотой шөл хийгээд өгөөч” гэхээр “Ёо дахиад л уу” гээд инээгээд хийгээд өгдөг. Бараг өдөр болгон ээжийнхээ хийсэн ногоотой шөлтэй хоол иддэг ш дээ.

-Таны багш “Гоёл” наадмын отгон топ модель Х.Бадамцэцэг гэсэн үү?

-Би топ модель Х.Бадамцэцэг багшийн “Андра модель” загварын агентлагт ороод хоёр жил болж байна. Би багшаараа үнэхээр бахархдаг, мундаг бүсгүй. Надаас таван насаар л эгч. Тэгэхэд тэр эмэгтэйгээс авах зүйл их. Ийм залуудаа Монголын топ модель болчихлоо, гэр бүл нь тэнцвэртэй, бусдад үлгэр дуурайл болж яваа гээд олон давуу зүйлийг багшаасаа би хардаг.

Топ модель болох үед нь би багшийнхаа солих даашинзыг бариад л гүйж байсан. Харин сая тэмцээнд багш миний даашинзны бараг нэг зангилаа бүрт анхаарал тавьж “Энийг ингэ. Яг одоо янзлуул. Тэгвэл л гоё харагдана” гэж зөвлөгөө өгч байлаа. Ер нь их хариуцлагатай хүн л дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шинэ Монгол” соёлыг түгээгч нэгэн сургуулиас ном сонссон өдөр

Ургахын улаан нартай уралдан нэгэн их айлын зүг хөдөлж төд удалгүй зорьсон газартаа дөрөө мулталлаа. Үнэндээ тийм ч хол биш л дээ. арван минут яваад л “Шинэ монгол” сургууль дээр хүрсэн хэрэг. гэхдээ “Шинэ сургуулийг нэгэн их айл хэмээн онцолсон нь цаанаа учир утгатай юм шүү. дүн өвлийн хүйтэнд тохиодог багш нарын баярыг өнгөрсөн жилээс аравдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэж байхаар болсон билээ. Тиймээс энэхүү баярыг тохиолдуулж ганцхан багш гэлтгүй эрдмийн уурхай болсон сургуульд, тэр дундаа өөрийн гэсэн өнгө төрх, хэв шинж, соёлтой “Шинэ монгол” сургуулийг сонгож өнжсөн юм.

МЭНДЛЭХ, ХҮНДЛЭХ ЭРХЭМ ЁСОН

Сургууль аль хэдийнэ үүдээ нээж, анги бүр эзнээ хүлээн цэлийнэ. Яг энэ мөчид сургуулийн хашаанд дуу шуугиан хадаад ирэх нь тэр. Учир нь сурагчдын автобус ирсэн байж. Тус сургуульд хотын өнцөг булан бүрээс хүүхдүүд ирж сурдаг. Эдгээр хүүхдүүдийг нийтдээ арван автобусаар өглөө бүр авч, өдөр, оройд хүргэж өгдөг байна. Зөвхөн сурагчид гэлтгүй багш нар ч гэсэн автбусандаа сурагчдынхаа хамт суугаад ирчихдэг юм байна. автобуснууд ээлж дараалан орж ирсээр хамгийн сүүлийн автобус сурагчдаа буулган зогсоолд байраа эзэллээ. ингээд дотогш ортол үүдэнд нь хорь орчим хүүхэд хоёр талд хуваагдаад зогсчихсон япон хэлээр “Өглөөний мэнд” хэмээн орж ирж буй хүүхэд бүрт мэхэсхийн мэндлэх бөгөөд нөгөөдүүл нь ч бас хариу мэндлэх аж. багш нар нь ч ёсчлон мэндлэх хүүхдүүдийнхээ өмнөөс тонгойн мэндчилэх нь онцгой сонин. үнэндээ хүүхдүүддээ багш нар нь хүндэтгэл үзүүлж байж тэднийгээ ийм ёсонд сургах шүү дээ хэмээн бодогдлоо.

Орох хаалганы үүдээр эгнэн зогссон ахлах ангийнхан багш нар нь орж ирэх болгонд “Багшдаа баярын мэнд хүргэе” гэж нэгэн дуугаар хэлэх нь сэтгэл хөдөлгөм.

Энэхүү найрсаг, дотно мэндчилгээ нь ямар нэг арга хэмжээнд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэв. Энэ зуур биднийг угтахаар “Шинэ Монгол” сургуулийн архивын ажилтан Б.Эрдэнэтуяа ирлээ. Тэрээр “Манай сургууль онцгой үед сурагчдын өөрсдийн санаачилгаар ийм угталт хийдэг. Энэ өдрүүдэд багш нарын баяр болж байгаа учраас ингэж хүлээж авч байгаа юм. Харин энгийн өдрүүдэд сурагчдыг тухайн өдрийн хариуцлагатай жижүүр багш ингэж угтдаг” хэмээн тайлбарлав. Ингээд бид ч гаднаас орж ирж буй багш, сурагчдыг даган анги танхимаар явах санаатай ухасхийлээ. Гэвч тэд хувцсаа өлгүүлж, гутлаа солихоор хувцасны өрөө рүү явж байх юм. Уг нь аль ч шатны сургуульд гадуур хувцсаа хүсвэл өлгүүлнэ, эсвэл тэр чигээрээ л “туучихдаг”. Тэгвэл энэ сургуульд тийм зуршил байхгүй харин өөр хэвшилтэй ажээ. Тус сургуулийн багш, сурагч аль нь ч бай хувцасны өрөөнд орж гадуур хувцсаа тайлж, гутлаа сольдог юм байна. Сурагч бүр өөрсдийн шүүгээ, өлгүүртэй. Шүүгээндээ тусдаа гутлын хайрцагтай. Хайрцагнаасаа сургууль дотор өмсөх зориулалттай хөлд эвтэйхэн гутал гаргаж өмсч байв. Ихэнх сурагч эсгийгээр хийсэн бойтог маягийн улавч өмсдөг юм байна. Хөлөнд нь ч эвтэйхэн байдаг бололтой, харахад. Энэ сургуулийн үүдээр орж ирмэгц анзаарагдсан хүндлэх мэндлэх ёсон ингээд зогссонгүй. Давхар бүрт, хаана ч тэр ер нь сургуулиас гаран гартлаа ийм хүндлэлийг мэдрэх болно. Сурагчид үйлчлэгч, багш, захирал, жолооч, танихгүй хүн байсан ч бөхийж ирээд л мэндлэх юм. Сургуулийн бусад ажилтнууд ч мөн адил. Сургуулийн гол бодлого бол сурагчдад сайн боловсрол эзэмшүүлэхээс гадна зөв хүн болгон төлөвшүүлэх явдал гэдгийг багш нар дуу нэгтэй хэлж байв. Сурагчдад багаас нь л өөрөөсөө ахмад хүнийг хүндэтгэх, хэрхэн зөв мэндлэх ёсыг зааж, хэвшүүлдэг. Тиймээс хүүхэд зөвхөн сургуульд гэлтгүй гэрт, гадаа гудамжинд ч өөрөөсөө ах хүнийг хүндлээд наад зах нь зөв сайхан мэндлээд сурчихдаг нь тодорхой харагдаж байлаа.

ЭХИЙНХЭЭ МӨӨМИЙГ САНАГАЛЗАХ ЗУРГААН НАСТНУУД БУЮУ ШИНЭХЭН СУРАГЧИД

Сургуулийн бүх анги танхим эзэдтэй болжээ. Сурагчид 07.50 минутад байраа эзэлж, хичээл эхлэхэд бүх юм жин тан болсон байх ёстой. Ингээд 08.00 цагт хонх дуугарч хичээл эхлэв. Үүнээс хойш аль ч ангийн хаалга дуугарч, “Багшаа би хоцорчихлоо, орж болох уу” гэсэн яриа гарсангүй. Бид ангийн багшаас нь зөвшөөрөл авч 1-1 бүлэгт орлоо. Тус ангийн сурагчид дэвтэр номоо гаргачихсан, зарим нь өнгийн харандаагаа ширээн дээрээ дэлгэчихсэн, нөгөө нэг нь аяны аягатай цайгаа ууж харагдана. Ангийн багш Г.Энхчимэг “Хүүхдүүд ээ, манай ангид Монголын өдөр тутмын хамгийн том сонин болох “Өдрийн сонин”-ы сурвалжлагчид ирсэн байна” гэхэд бүгд босч “Та сайн байна уу” гэж нэгэн зэрэг мэндлээд хоцорч дуугарсан нэгэн рүүгээ харж инээж, нударч харагдана. Тэгснээ багшийнхаа хэлсэн “Томоотой байгаарай хүүхдүүд ээ” гэсэн үгийг аль хэдийнэ мартсан бололтой шуугилдаж гарав. Ангийн багш Г.Энхчимэг “Манай сурагчид зургаан настай учраас анхаарал нь хараахан төлөвшөөгүй байдаг. Нэг хичээлийг 40 минут орох ёстой боловч хүүхдүүдийн анхаарлыг арай гэж 20 минут барьдаг. Сар гэж тайлбарлахын тулд самбар дээр сар зурж хэрвээ томоотой, багшийнхаа заасан зүйлийг дагаж хэлбэл чиний нэрийг энэ саран дотор хийнэ шүү гэх жишээтэй. Тэгэхээр “Би сар руу явна даа, гоё доо” гээд бөөн хөөр болдог юм” гэв. Зарим нь ээж, аавынхаа өврөөс ч гараагүй хүүхдүүд тал талаас цугларч нэг ангид суужээ. “Ээж” гэж дуудах ч бүр энүүхэнд хэмээн багш нь ярьж байлаа. Зургаан настнуудын сонирхлыг татахын тулд ангийг бүхэлд нь өөрсдийнх нь хийсэн цэцэг, навчаар гоёжээ. 1-1 бүлгийнхэн тогтож суух гэж бужигнах зуур 1-2 бүлэг спорт зааланд биеийн тамирын хичээл орж байв. Биеийн тамирын багш Г.Бурмаа хүүхдүүдийн анхаарлыг татахын тулд хөдөлгөөнт дасгал зааж, сайн хийж буй нэгийг багш болгож бусдад нь зааж байгаа харагдав. Энэ үед А.Уламтөгс хүү манай гэрэл зурагчны дуранд өртөх гэж элдэв янзын арга хайн, царай зүсээ хувиргаж зүггүйтнэ. Тэгсэн хэрнээ “Заавал миний зургийг авах ёстой юм уу” гэж нүүрээ хоёр гараараа дарж ичингүйрэх. Заалны нөгөө талд Б.Энхмаа багш 10-1 бүлэгт хичээл орох бөгөөд олс татчихсан өндрийн харайлтын шалгалт авч байгаа харагдав. Нэгдүгээр ангийнхан арвын ах, эгч нараа даган дуурайж дор бүртээ үсэрч цовхчиж гарав. Зургаан настнууд шинэ жилийн өмнө жинхэнэ сурагч төрхөндөө ордог гэхээр тэдний ингэж цовхчиж харайх хэсэгтээ үргэлжлэх бололтой.

ӨӨРСДИЙН БҮТЭЭЛЭЭРЭЭ ГОЁЖ, ӨӨРИЙГӨӨ НЭЭХ УХААН

Бага сургуулийнхан бужигнаж байх зуур ганц нэг дунд ангиар зочиллоо. Б.Цэцэгдэлгэр багштай 4-2 бүлгийнхэн англи хэлний хичээлдээ ихэд сонирхолтой, тоглоом заалгаж байгаа бололтой бүгд ихэд идэвхтэй оролцож байна. Тэд хоорондоо нэг ч монгол үгээр харьцахгүй нь гайхалтай. Женни, Мэри гэх зэрэг хүүхэд бүр англи нэртэй юм байна. Хэрвээ англи хэлний хичээл дээрээ нэг л монгол үг хэлэх юм бол торгуультай гэнэ. Ямар торгуультай вэ гэж сурагчдаас асуухад бүгд юу ч хэлэлгүй багш руугаа харав. Англи хэлний багш А.Баясгалан чанга багш шиг санагдсан. Шавь нараа зөвхөн англиар л хариулна шүү гээд англи хэлээр хатуухан хэлээд авав. Торгуулийг нь тухайн үед багш өөрөө мэдэж оноодог гэнэ. Гэхдээ хүүхдүүд энэ арга барилд илүү дуртай аж. Гадаад хэлний хичээлүүд илүү сонирхолтой байдгийг сурагчид хэлсэн. Тус ангиас гарч дараагийн ангиар шагайвал хүүхдүүд сургуулийнхаа ойд зориулж цаасан шувуу хийж байгаатай таарав. Тэд хэдэн мянган цаасан шувуу урлажээ. Энэ ажлыг Бага сургуулийн сургалтын менежер Н.Оюунтуяа хариуцаж байгаа аж. Ер нь ахлах, дунд, бага гэлтгүй сургуулийн давхар бүр сурагчдын зурсан зураг, зохиосон шүлэг, наасан бүтээлээр чимэглэгджээ. Үнэтэй зүйлд хэрэггүй зардал гаргахын оронд аль болох мөнгө төгрөг зарцуулахгүйгээр орчин тойрноо чимэх сонирхолтой байдгийг сургуулийн удирдлагууд хэлж байсан. Сургуулийн өнцөг тохой булан бүрт сурагчдын бүтээлийг нэр устай нь тавьж. Заримыг нь байр эзлүүлж дугаарлан байршуулсан байлаа. Энэ нь хүүхдэд их ач холбогдол өгдөг талаар зургийн багш Д.Энхбаатар ярив. Тэрээр хүүхдүүд өөрсдийнхөө хийж бүтээсэн зүйлээс томчуулын санаанд оромгүй тийм их урам авдаг тухай яриа өрнүүлэв. Сурагчдын хийсэн бүтээлийг бусдад таниулж дэлгэх нь хүүхдийг хөгжүүлэх бас нэгэн арга барил болох талаар Бага сургуулийн нийгмийн ажилтан Б.Шинэгэрэл ярив. Сурагчдын бүтээл өөрсдийнх нь дотоод ертөнц, илэрхийлэл байдаг. Наад зах нь байр эзлүүлээд тавихад л түүнээсээ их урам авч, ирээдүйн мэргэжилд нь нөлөөлөх тохиолдол ч байдаг гэнэ.


НОМТОЙ НӨХӨРЛӨХ СУРАГЧДЫН ТААЛАМЖИТ ОРОН ЗАЙ

Тус сургуулийн бүх анги дотроо номын сантай аж. Номын санг самбарын доорх ханын зайг ашиглан хийсэн байлаа. Учир нь номыг хүүхдүүдийн нүдэнд ил тавьж байж л тэднийг номонд дурлуулж болдог талаар Н.Оюунтуяа багш хэлж байсан. Үнэхээр ч энэ нь үнэн бололтой. Хичээл завсарлах зуур хүүхдүүд самбарын өмнө очиж гурав, дөрвөөрөө нийлж ном сонгож, уншсан номоо нэгэндээ ярьж өгч байв. Түүнчлэн сурагчдын ном унших тал дээр сургууль нэлээн санаачилга гаргаж, бүтээлч байдлаар ханджээ. Зориулалтын номын сангаас гадна бага, дунд, ахлах ангийн аль ч бүлгийн хүүхэд бай тусгай ном унших танхимд хүссэн цагтаа орж болно. Уг танхимд өвөрмөц өнгө дизайнтай ширээ, сандлаас гадна тав тухтай орчин бүрдүүлсэн гоёмсог, хүүхдийн анхаарал татахуйц буйдан сандлууд олноор байршуулсан байв. Биднийг ороход 6-3 бүлгийн сурагч А.Оюундарь охин ном уншиж суухтай таарав. Тэрээр хүн орж ирж байгааг ер анзаарсангүй. Түүнтэй ойртож ямар ном уншиж байгааг асуухад гэнэт цочиж улмаар түүндээ ичиж “Би бүр номондоо орчихсон байсан учраас сонссонгүй” гээд уучлал хүсээд уншиж буй номоо харуулав. Тэрээр адал явдалт зохиолд дуртай бөгөөд мөрдөгч Шерлок Холмсын тухай өгүүлсэн цувралын “Айдсын хөндий”-г уншиж байгаа аж. Төд удалгүй 8-4 бүлгийн хэсэг сурагч мөн л ном уншихаар орж ирэв. Сурагчид хэдий чинээ номтой нөхөрлөнө төдий чинээ оюун ухаан нь задарна хэмээн багш нар нь үздэг байна. Хүүхдүүдээ ном уншуулж, номд дурлуулах тухайд монгол хэл, уран зохиолын багш Ж.Мөнхсайхан хичээнгүйлэн ажилладаг ажээ. Тэрбээр зохиолч, уран бүтээлчдийг урьж хүүхдүүдтэйгээ уулзуулж, шавь нарынхаа хийсэн бүтээлээр хоёр ч удаа ном гаргажээ. Бас тэдэнтэйгээ нийлж сонин хүртэл хийжээ. Ном уншиж, юм бичих дуртай сурагчид нь багшийнхаа талаар ингэж ярьсан юм.

ХЭТИЙН ЗОРИЛГО ТӨЛӨВӨЧИХСӨН ТӨГСӨХ АНГИЙНХАН

Ингээд сурагчдын бүтээлээр гоёсон давхруудаар ээлж дараалан явсаар нэгэн ахлах ангид орлоо. 12-1 бүлэг Биологийн кабинетэд хичээл орж байв. Тус бүлэг 37 сурагчтай юм байна. Тэд биологийн багштайгаа хамтран хүний биеийн биологийн бүтэц, онцлогийн талаар харилцан яриа өрнүүлж байлаа. Хүний биологийн онцлогоос хамаараад зан авирын талаар яриа өрнөж, цаашилсаар мэргэжил сонголтод хувь хүний зан араншин нөлөөлдөг тухай ч багагүй яриа өрнөөд авлаа. Ингэхэд уг ангийнхан ирээдүйд суралцах мэргэжлээ бүгд сонгочихсон гэсэн шүү. Учир нь сургалтын хөтөлбөрт 11 дүгээр ангиас нь эхлээд хэрхэн мэргэжлээ сонгох талаар сургалт, зөвлөгөө, тусгай хичээл хүртэл ордог байна. Тэдний номын ах, эгч нар нь буюу сэмпай нар нь сургуулиа төгссөн ч дүү нар дээрээ ирж, уулзалт хийж зөвлөгөө өгдөг байна. Тэд амжилттай яваа түүхээсээ ярьж, тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар ч ярьж хэлдэг ажээ. Энэ сургуулийн хувьд номын ах, дүүгийн харилцаа тун чухал. Доод ангийн дүү нар нь нэг анги дээр гэлтгүй номын ах, эгч нарынхаа үгнээс гарахгүй. Томчууд нь ч коохай буюу дүү нараа үргэлж халамжилна. Эдний сургуульд дундаас нь шилжээд ирсэн хүүхдүүд энэ байдлыг анхандаа ихэд гайхан улмаар талархаж дагаж хэвшдэг ажээ. Өөр сургуульд дээд ангийнхандаа татаас өгдөг “зовлон” байдаг бол энд нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг нь сайхан гэж ярьсан нь ч бий.

Томчууд нь дүү нартаа зөвлөөд хэдийнэ мэргэжлээ сонгочихдог учраас зорилгогүй сурч байгаа нэг ч хүүхэд байхгүй гэдгийг багш томъёолов. Ё.Билгүүн гэх сурагч “Би археологич болно. Зургаан хичээлээр шалгалт өгнө. Манай ангийнхан ЭЕШ-даа бэлтгээд эхэлчихсэн байгаа” гэсэн бол хажуунаас нь Н.Номин-Эрдэнэ мөн л мэргэжлээ сонгочихсон байгаагаа хэлэв. Ахлах ангийнхны хувьд бүгд унаган япон хэлтэй болж төгсдөг байна. Хэнийг нь ч дуудаад орчуулга хийлгэсэн ямар ч мэргэжлийн хүнээс дутахааргүй гэнэ. Энэ сургуулийнхан төгсөхдөө япон, англи хэлээр чөлөөтэй болдог байна. Эцэг, эхчүүд ч хүүхдийнхээ ийм ирээдүйг бодолцож тус сургуульд суралцуулдаг бололтой. Японы боловсролын хөтөлбөрийн зөв талыг монгол ухаантай хослуулсан уг сургууль ирээдүйн шинэ цагийн Монголыг, монголчуудыг бий болгох зорилготой. Хэдийнэ өөрсдийн онцлогтой Шинэ монгол овогтныг бий болгоод эхэлсэн талаараа тэд ярьж байв.

Одоо аль ч их дээд сургуульд “Шинэ Монгол” сургуулийн төгсөгчид өөр гэсэн хүлээн зөвшөөрөлт бий болжээ. Гэхдээ үүнд монгол хүүхдийн аливааг хурдан хүлээж авах, сэргэлэн цовоо, үнэнч шударга зан чанар ихэд нөлөөлж буйг Японоос ирсэн Накамура Эйми онцлов.

ХААНА Ч ҮЛ МАРТАГДАХ “ШИНЭ МОНГОЛ” СОЁЛ

Ингээд нэг ангиас нөгөө ангийн хооронд аль болох олон зүйлтэй танилцахаар шатаар дээш, доош өгсөж, уруудсаар явтал бага ангийнхны үдийн цайны цаг болсон байв. Нөгөө сурагч болж амжаагүй байгаа гэх зургаан настнууд хүртэл хоёр хоёроороо хөтлөлцөн ар араасаа эмх замбараатай алхах ажээ. Тэднийг орж ирэхээс өмнө ширээ засч, цай хоолыг нь бэлджээ. Өдрийн хоолны меню төмстэй хуурга, далайн байцаатай шөл байлаа. Мөн хажуугаар нь талх, будаа, салат байх аж. Хоолны хувьд үдийн цай хөтөлбөрийн үнийн дүн дээр эцэг, эхчүүд хувиасаа бага зэрэг мөнгө нэмчихдэг учраас хүүхдүүд өдөрт боломжийн хоол идчихдэг байна. Сурагчид хоолныхоо өмнө “Тавтай сайхан хооллоорой” гэж төрөлх хэлээрээ болон японоор хэлээд хооллох бөгөөд хооллож дууссаныхаа дараа аяга тавгаа өөрсдөө хурааж, ширээн дээр болон доор нэг ширхэг будааны хог ч үлдээдэггүй байна. Үүнийг сургуулийн зүгээс мөн л чандлан сургасан. Сургуулиас гадна ангиараа тоглолт үзсэн байсан ч үзвэрийн дараа суудлын доорх хогоо шалгаад хамаад гардаг байна. Театрынхан хүртэл “Шинэ Монгол”-ын сурагчид өөр гээд андахаа байж. Тэгэхээр нэгэнт хийгээд хэвшчихсэн үйлдэл хүний амьдралд хэзээ ч мартагдахгүй гэдгийг тус сургуулийн ёс, дэг батлан харуулж байна. Түүнчлэн сургуулийнхаа бие засах өрөөнөөс гарахдаа хүртэл цэвэрлэгчдээ хандан “Баярлалаа. Таны энэ өдрийн ажилд амжилт хүсье” гэж хэлж байгаа олон сурагчтай таарсан. Энэ сургуулийнхан жилд нэг өдрийг “Ажилчдын өдөр” болгон зарладаг. Энэ өдөр хүүхдүүд бүх ажилчдын оронд өөрсдөө ажилладаг учраас тэдний хөдөлмөрийг ойлгож мэдэрч чаддаг байна.

Сургууль дотор бохь, хийжүүлсэн ундаа зарахыг хоригложээ. Хүүхдээ авахаар ирсэн нэгэн аавтай хэсэг зуур ярилцаж зогслоо. Тэрбээр “Манай хүү хоёрдугаар анги. Энэ жилээс тус сургуульд сурч байгаа юм. Хүүдээ өглөө болгон мөнгө өгч явуулдаг. Тэгсэн хэрнээ араас нь дандаа санаа зовдог. Ахлах ангийнхан нь дээрэлхээд, булаагаад авчихсан болов уу гээд. Хүүгээсээ асуухаар дээрэлхэх нь битгий хэл харин ч анхаарал тавьж хувцсыг нь сольж, мөнгөө зөв хариулж авахаас эхлээд бүх зүйлд нь ах, эгч шиг их анхаарал тавьдаг юм билээ” гэв. Ер нь эцэг, эхчүүд “Шинэ Монгол” сургуульд сурснаар хүүхэд нь гэртээ хүртэл дүүгээ асрах, аав, ээждээ туслахаас эхлээд орж ирсэн хүн болгонтой мэндэлдэг болсон гээд хүмүүжилтэй холбоотой олон зүйл өөрчлөгдөж байгаад ам сайтай байсан.

ЭРГЭХ АЛТАН ХОЛБОО

“Шинэ Монгол” сургуулийн алдрын буланд бүх төгсөгчдийнх нь нэр зурагтайгаа байх бөгөөд газрын зураг дээр аль улсын ямар хотод хэдэн сурагч байгааг хүртэл тэмдэглэжээ. Энэ талаар сургуулийн гүйцэтгэх захирал П.Наранбаяраас тодруулахад “Манай төгсөгчдөөс 301 оюутан Японы нэртэй их дээд сургуулиудад сурч байгаа бол 470 гаруй төгсөгч бусад оронд боловсрол эзэмшиж байна. Нийт төгсөгчдийн 70 хувь нь гадаадад сурч байгаа. Ер нь манай төгсөгчид сургуультайгаа алтан холбоотой ажилладаг. Учир нь манай сургуулийн гол зорилго сайхан сэтгэл, саруул ухаан, эрүүл бие махбодь гурвын шүтэлцээн дээр зөв хүн болгоход оршдог. Тиймээс төгсөгчид үе үеийн төгсөгчдөө хүндэлж харилцан холбоотой ажилладаг. Манай нэгдүгээр үеийн төгсөгч 15 дугаар үеийн төгсөгчөө мэддэг. Манай сургуулийн хувьд Японоос болоод дэлхийд хоцорч байгаа боловсролоор агуулгаа дэлгэрүүлж хөтөлбөрөө баяжуулж орчин цагийн мэдлэгийг олгодог. Үүний зэрэгцээ монгол уламжлалт, ёс заншлаа орхилгүй, түүнд суралцах нөхцөл байдлыг хангадаг” гэв. Сурагчдын ярьж буйгаар бол зун “Хөдөлмөр зуслан”-д амрахдаа малчин айлд үнээ сааж, үхэр тэргээр усанд явах, намар тариа, ногооны ажилд дайчлагдахаас эхлээд монгол ахуйтайгаа танилцах олон ажилд хамрагддаг гэсэн. Мөн сурагч солилцоо хөтөлбөрөөр хөдөө орон нутгийн сургуульд тодорхой хугацаагаар суралцдаг байна. Энэ нь хөдөөний амьдрал, монгол ахуйгаа мэдэхгүй хүүхдүүдэд ихээхэн ач холбогдол өгдөг талаар ч ярив. Түүнчлэн П.Наранбаяр захирал “2020 он гэхэд агуу сургууль руу дөхөх зорилготой байна. Одоо бол манайх сайн сургуулийн хэмжээнд явж байна. Энэ нь манайд элсэхээр шалгалт өгч буй сурагчдын тооноос харагдаж байна” хэмээн хэтийн зорилгоо тодорхойлж суусан.

ТЭГ ЦЭГЭЭС ТЭНГЭРТ ТЭМҮҮЛСЭН МӨРӨӨДӨЛ

“Шинэ Монгол” сургуулиас гарахаасаа өмнө заавал нэгэн эрхмийн өрөөг олж, зорьж уулзах ёстой. Ингээд “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн найман давхар руу өгслөө. Энэ бол “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч өдгөө “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн”-гийн ерөнхийлөгч Ж.Галбадрах юм. “Шинэ Монгол” сургууль байгуулагдсаны 15 жилийн ойн баярын өдөр болоод сургууль даяараа хөл хөдөлгөөнтэй, зав зай муутай байгаа ч зорьж очсон бидэнд цаг гарган сургуулиа хэрхэн босгож өдий зэрэгтэй авч яваагаа дэлгэрэнгүй хуучиллаа. Одоогоос 15 жилийн өмнө буюу 2000 оны аравдугаар сарын 5-нд “Шинэ Монгол” ахлах сургуулиа гуравхан бүлэгтэй нээж байсан бол өдгөө “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургууль, “Шинэ Монгол” техник технологийн коллеж, “Шинэ Монгол” технологийн дээд сургуультай болж өргөжин, эрдмийн хүрээлэн хэмээн нэрийдэх болжээ.

Боловсролын бүхий л шатанд ажиллаж үзсэн Галаа багш 1995 онд анх Японд мэргэжил дээшлүүлэхээр очиж байжээ. Хүний нутагт төрөлх хэлээр нь мэндэлчихэж ч мэдэхгүй Ж.Галбадрахын хувьд хорвоо хатуу санагдахын хэрээр хүсэл мөрөөдөл нь хурцлагдаж байлаа. Тэрээр “Би эхнэр, дөрвөн охиныхоо хамт Японд суралцангаа амьдарч байсан. Гэр бүлээ тэжээхийн тулд өглөө эрт сонин түгээж, үдээс хойш ачигч хийж, үдшийн бүрийд зөөгч хийж байсан. Энэ хугацаанд би Японы дэлхийд гайхагдсан агуу боловсрол, мэдлэгийн нууцыг эх орондоо дэлгэрүүлж, сургууль байгуулж, ирээдүй залуу хойчдоо өвлүүлнэ гэсэн хүсэл эрмэлзлээ орхиогүй” гэв. Тэг цэгээс хэрхэн тэнгэрт тэмүүлсэн хүслээ биелүүлж өнөөг хүрснийг анхны багш Д.Алтангэрэл ч хэлж байлаа. Тэрээр тус сургуулийг байгуулагдахад анх математикийн багшаар ажилд орж байжээ. Ж.Галбадрах захирлыг Японд суралцангаа зөөгч хийж байхад нь Японы “Кахокү” сонины сурвалжлагч Мори Шүү таарч Монголоос ирсэн гэхэд нь ихэд олзуурхаж мөрөөдлийг нь сонсчээ. Удалгүй хоёр сарын дараа түүний тухай, мөрөөдлийнх нь тухай цуврал нийтлэл бичсэн байна. Ингэж л Ж.Галбадрах Японд танигдаж түүний мөрөөдлийг биелүүлэх хүсэлтэй, дэмжиж туслах олон сайхан сэтгэлт хүмүүс нэгдэж байжээ. Тэд “Багана нэг”-ийн холбоог байгуулж 2000 онд анх ахлах сургууль барихад гол хандив өгч байсан байна. “Шинэ Монгол” сургуулийн багана бүрийг босголцоход гар бие оролцсон гэж болохоор Японы салбар бүрт амжилттай ажиллаж буй 80 гаруй хүн тус сургуульд ойн баярт нь оролцохоор хүрэлцэн иржээ. Ж.Галбадрах захирал ч тэднийг айраг, сүү, ааруул, хайлмаг зэрэг цагаан идээгээ барьж угтаж байв. Эргээд харахад энэ бүх үйл хэрэг үүсэхийн гол шалтгаан болсон Мори Шүү сурвалжлагчийг олж уулзах ёстой юм байна гэж бодлоо. Түүнтэй уулзахад “Галаа сан бол өөрөө дайчин, шударга, тууштай, хариуцлагатай хүн. Монголын хүүхдүүд ч мөн адилхан. Би арав дахь удаагаа Монголд ирж байна. Монголчуудыг сумо барилдахаас гадна ямар оюунлаг хүмүүс юм бэ гэдгийг таниулах зорилготой ном хүртэл гаргасан. Монголчууд боловсрол, мэдлэгээрээ удахгүй дэлхийд эн зэрэгцэнэ гэдэгт би итгэдэг. Зэрэгцэж ч яваа” гэв. Мабүчи олон улсын тэтгэлгийн сангийн ерөнхийлөгч Камэй Шинжи гэх хүн Монголын 30 оюутанд тэтгэлэг олгохоор ирсэн байв. Учир нь Монголд “Мабүчи олон улсын тэтгэлгийн төгсөгчдийн холбоо” байгуулагдсан юм байна. Үүгээр дамжуулж МУИС, ШУТИС зэрэг сургуулиудаас нийтдээ 30 оюутан тус бүр 1500 ам.долларын тэтгэлэг өгөхөөр болжээ. Тэгэхээр “Шинэ Монгол” сургууль япон сургалтын хэлбэрийг Монголд дэлгэрүүлж монгол хүний оюуныг дэлхийд таниулахаас гадна Монголыг Японд сурталчлах нэгэн том гүүр болон ажиллаж байгаагийн илрэл энэ юм гэмээр. Камэй Шинжи “Шинэ Монгол” сургуультай олон жил хамтарч ажиллаж байна. Жилд 300 мянган ам.долларын тэтгэлгийг олон орны оюутнуудад олгодог. Одоогоор 100 гаруй монгол оюутан тэтгэлэгт хамрагдсан байгаа. Нэг оюутанд 50 мянган ам.долларын тэтгэлэг олгодог. Эдгээр оюутан эргээд ажлын байран дээр гарахаараа тэтгэлгээ эргүүлж төлнө. Энэ нь дараа дараагийн үедээ боловсрол эзэмших үүд, замыг нь нээж мөнхийн эргэх холбоотой явах учиртай юм. Бид өмнө нь дандаа Японд сурч буй оюутанд өгч байсан бол одоо дотооддоо сурч буй оюутнуудад тэтгэлэг олгохоор болж байна. Цаашдаа жил бүр энэ тэтгэлгийн хамрах хүрээ өргөжих болов уу. “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль, Мабүчи сан, Монгол дахь Мабүчигийн холбоо гээд гурвалжин хэлбэртэй хамтын ажиллагааны үр дүн юм шүү” гэв. Ингээд тэд ч төлөөлөгчдөө дараагийн уулзалтдаа урьж бидний эрдмийн их өргөөгөөс бэлтгэсэн сурвалжлага ч ийн өндөрлөв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүнийг 3D буюу хүүхэлдэй хэлбэрээр адилхан хувилдаг студи нээгджээ

Гадаадын урлаг соёл, спортын одуудын дүрс бүхий сувинерыг бид бишгүй л харж байсан. Тэгвэл ийм төрлийн үйлчилгээ Монголд нээгджээ. Тодруулбал, хүссэн хүн болгон өөрийнхөө дуурайлган хийсэн сувинертэй болох боломжтой болсон гэсэн үг. Энэ төрлийн үйлчилгээг “3D photo print” студи явуулж эхэлжээ. Монголдоо анхдагч болж буй дээрх студийн үйл ажиллагааг сонирхохоор “Улаанбаатар их дэлгүүр”-ийг зорилоо. Тус дэлгүүрийн В1 давхарт байрлах уг студид очих үед захиалга өгөхөөр хэдэн хүн ирсэн байв. Тэд энэ талаарх мэдээллийг нэгэн танилаасаа сонссон гэнэ. Залуус нэгнийхээ төрсөн өдөрт гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж өвөрмөц сонголт хийхийг хүсч байгаа талаараа студийн эзэнд хэлж байв.

Ингээд “3D photo print” студийн захирал Э.Түвшинтөгсөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Студийнхээ талаар танилцуулаач. Хэзээнээс энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэв?

-Манайх Монголд анх удаа 3D скан болон принт үйлчилгээ явуулж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 7-нд нээлтээ хийж, үйл ажиллагаа маань ерөнхийдөө жигдэрч байна.

-Тэгэхээр хүссэн хүн болгон өөрийнхөө жижгэрүүлсэн хүүхэлдэй хэлбэрийг хийлгэх боломжтой юу?

-Тэгэлгүй яахав. Та манайд захиалга өгснөөр бид тантай адилхан сувинерийг хийж өгнө. Ер нь энэ төрлийн үйлчилгээ Монголоос бусад оронд аль хэдийнэ нэвтэрчихсэн шүү дээ. Манай нөхцөлд л өнөөдөр анхдагч гэж байгаа болохоос биш.

-3D сувинерийн онцлог юундаа байна вэ?

-Монголд уламжлалт гар баримлын бүтээл хийдэг хүмүүс олон бий. 3D фото бол уламжлалт баримлаас цаг хугацааны хувьд хурдан гарах, үнэ төлбөрийн хувьд хямд, дээр нь орчин үеийн техник технологийг ашиглаж байгаа гэдэг утгаараа давуу талтай юм.

-Үйлчлүүлэгч хэр их байна?

-Хүмүүс 3D гэхээр их гайхаж, өөрийн биеэр ирж сонирхож байна. Найз нөхдийнхөө төрсөн өдрөөр өөрийнх нь сувинерийг бэлэглэж гэнэтийн бэлэг барих гэсэн юм гэж их ханддаг. Мөн эцэг, эхчүүд хүүхдийнхээ сувинерийг хийлгэж автомашиныхаа урд байршуулж, байнга харж явмаар байна гэж захиалга өгдөг гэв.

Энэхүү студийн хувьд таны зургийг 3D скайнераар нарийн хэмжээстэй авна. Үүний дараа компьютерт тусгай программаар засч янзлаад хэвлэх принтерт өгнө. Жишээлбэл та туранхай, гуалиг гарахыг хүсвэл засч өгнө гэсэн үг. Мөн хувцасны өнгө, хэлбэр хээг ч үйлчлүүлэгчийн хүсэлтээр өөрчилж болох талаар зураач Г.Энхтайван ярьсан. Дүрс хэвлэгдээд 3D принтерээр гарч ирэхэд нь нүүр царай болон хувцасны өнгийг зураач тодруулж будаж бэлэн болгодог байна.

Биднийг очих үеэр нэгэн эмэгтэй өөрийнхөө дүрсийг цэвэр мөнгөөр хийлгэхийг хүсч байсан. Гадны орнуудад ийм төрлийн сувинерийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр цэвэр алт, мөнгө, үнэт эдлэл, шилэн бүтээгдэхүүнээр хүртэл хийдэг юм байна. Харин манайд хараахан ийм төрлийн сувинер гаргах боломжгүй талаар Э.Түвшинтөгс хэлсэн. Тус студи одоогоор пластик материалаар хийж байгаа аж. Энэ нь арай хямд тусдаг байна.

Хэрэглэж буй скайнер, принтерээ Америкаас оруулж ирсэн бөгөөд одоогоор Э.Түвшинтөгс эхнэр Б.Анхбаяр, зураач Г.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. Одоохондоо тэр болгон хүмүүс мэдэхгүй учраас ачаалал багатай байгаа бололтой. “Улаанбаатар их дэлгүүр”-ийн түрээсэлж буй байранд багтахгүй учраас өөр газар үйлдвэрийн хэсгээ байршуулж байгаа талаар ч студийнхэн ярьж байсан. Э.Түвшинтөгсийн хувьд “Хүрээ” дээд сургуулийг 3D мульти медиа буюу график, дизайнерын чиглэлээр төгссөн бөгөөд өмнө нь телевизийн салбарт энэ мэргэжлээрээ ажилласан туршлагатай юм байна. Тэрээр 2012 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний Монгол дахь рекламны анимэйшнийг 3D программаар бүтээж байжээ. Бага насны хүү хашаанаасаа гараад хөлбөмбөг тоглодог реклам байдаг шүү дээ.

Өөрийнхөө сувинерийг хийлгэхдээ заавал бүтэн биеэрээ гарах албагүй. Биеийнхээ толгой, эсвэл цээж хэсгийг ч хийлгэж болно. Ихэнхдээ залуус бие нь жижиг, толгойг нь томруулсан хөгжилтэй хэлбэрийг илүүд үзэх болжээ. Бидэнтэй таарсан залуус найзынхаа фото зургийг өгөөд, сансрын нисгэгчийн хувцастай хийлгэхээр захиалга өгөв. Мэргэжлийн онцлогийг илтгэсэн янз бүрийн хувцастай хийлгэж болно гэнэ. Ингээд дараагийн үйлчлүүлэгч ирлээ. 20 гаруй насны эмэгтэй байх бөгөөд тэрээр давхар биетэй юм байна. Сүүлийн үед давхар биетэй эмэгтэйчүүд гэдсээ гаргасан зураг авахуулах моод дэлгэрээд байсан. Тэгвэл давхар биетэй сувинер хийлгэх шинэ моод дэлгэрч байгаа бололтой. Тэрээр “Ийм тохиолдол ховор шүү дээ. Тиймээс хэзээ ч мартагдахгүй энэ сайхан дурсамжийг санахын тулд 3D хэлбэрээр өөрийгөө хийлгэхийг хүсч байна” гэв. Сувинерийг 15-60 см өндөртэй хийлгэж болох бөгөөд хэмжээнээсээ шалтгаалаад үнийн хувьд харилцан адилгүй. Ийм сувинерийн үнэ 45 мянган төгрөгөөс эхлэх юм байна. Ингэхдээ толгойгоо томруулж хийлгэсэн тохиолдолд ажиллагаа их ордог учраас арай үнэтэй хийдэг гэсэн. Мөн зарим үйлчлүүлэгчид тэжээвэр амьтдаа 3D хүүхэлдэй хэлбэрээр хийлгэхийг хүсдэг. Гэвч амьтад байнга хөдөлгөөнтэй байдаг учраас хийх боломжгүй гэнэ. Учир нь 3D скайнераар эхлээд зургаа авахуулахын тулд тодорхой хугацаанд ямар ч хөдөлгөөнгүй зогсох юм байна. Түүнчлэн фото зурагнаас 3D сувинер буюу хүүхэлдэй хийж болох юм байна. Ингэхдээ нарийн хэмжээс хэрэгтэй учир аль болох олон зураг байвал сайн гэнэ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

А.Түмэн-Өлзий: Жүжигчин хүний хамтрагчийн хувьд чадлынхаа хэрээр жүжиглэнэ дээ

Соёлын тэргүүний ажилтан, дуучин А.Түмэн-Өлзийтэй ярилцлаа.

-Таныг жүжигчин Л.Сөрөлттэй хамтран тоглолт хийнэ гэж дууллаа…

-Тийм ээ. СТА, жүжигчин Л.Сөрөлт бид хоёр хамтран ирэх сарын 9-нд Монгол бөхийн өргөөнд “Хайрын тэнгэр диваажин” тоглолт хийхээр төлөвлөөд байна.

-Мэргэжлийн дуучин, жүжигчин хоёр хамтарч тоглолт хийнэ гэхээр их сонирхол татаж байна?

-Л.Сөрөлт бол мэргэжлийн жүжигчин. Харин миний хувьд мэргэжлийн дуучин. Жүжигчин хүнтэй хамтарч дууны тоглолт хийнэ гээд бодохоор үзэгчдэд ч гэсэн сонирхолтой байгаа болов уу. Энэ утгаараа бид хоёрын тоглолтыг тэсч ядан хүлээж буй хүн олон байна. Тиймээс бид хоёрын хувьд тоглолтоо илүү сонирхолтой, гэнэтийн бэлэг ихтэй, үзүүштэй зүйлээр дүүрэн байлгахыг хичээж байгаа. Сөрөлтийн хувьд дуулахаас гадна жүжиглэнэ гээд олон авьяасаа дэлгэх байх.Үнэхээр сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.

-Та жүжиглэх үү?

-Бид тоглолтдоо Дархад ардын харилцаа дуу дуулна. Харилцаа дуу дуулахад жүжиглэлт, нүүр хувиралт шаарддаг. Тэгэхээр тодорхой хэмжээний жүжиглэлт гаргаж л таарна даа. инээв/

-Тоглолтод сүүлийн

үеийн Монголын урлагийн нүүр царай гэгддэг уран бүтээлчид урилгаар оролцож байгаа гэж сонссон?

-Рок попын өнөө цагийн өнгө аясыг тодорхойлж буй залуу дуучин П.Баярцэнгэл, нийтийн дууны нүүр царай болсон СТА дуучин Э.Төрмандах эхнэр О.Гансувдын хамт тоглолтод маань ая дуугаа өргөнө. Мөн Азийн томоохон шоунд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирсэн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай”, “Маршал” хамтлагууд оролцоно. Түүнчлэн манай тоглолтод “Шинэ үе” продакшны уран бүтээлчид оролцохоос гадна циркийн уран бүтээлчид сонирхолтой үзүүлбэр толилуулахаар бэлтгэж байна. Тоглолтыг үзэгчдэд хүртээмжтэй, үзүүштэй болгох тал дээр их анхаарч байгаа. Энэ ч үүднээс урлагийн салбарт манлайлж буй бүхий л уран бүтээлчдийг нэгтгэхийг зорьж байна.

-Таны хувьд жүжигчин Л.Сөрөлттэй хамтран хичнээн уран бүтээл хийгээд байна вэ. Шинэ гэсэн дуу болгоныг хамт дуулж харагддаг?

-Бид хоёр дөрвөн ч дуу хамтарч дуулсан байна. “Хөөрхөн”, “Хайрын тэнгэр диваажин”, хамгийн сүүлд “Нандин” гээд дууг хамт дуулсан. Клип нь цацагдаад эхэлчихсэн. Хүмүүст нэлээд хүрч байх шиг байна.

-Жүжигчин Л.Сөрөлтийг та дуунд уруу татчихав уу. Анх хамт дуулах санааг хэн гаргаж байв?

-Сайн яривал бид хоёр чинь Хөвсгөл аймгийн нэг нутгийн хүмүүс л дээ. Би Завхан аймгийн Улиастай хотод төрсөн ч аав, ээж маань Хөвсгөлийн уугуул. Жүжигчин Л.Сөрөлт анх надад хамт дуулах санал тавьсан. Бид хоёр хамт уран бүтээл хийхэд нэлээд тохирч байгаа. Хоолой сайхан нийлж, хэд хэдэн дуу гаргачихлаа. Гаргасан дуу болгон маань ард түмэнд ч сайхан хүрч байна. Сөрөлт жүжиглэхээс гадна бурханаас заяасан их сайхан хоолтой залуу.

-Хамтын бүтээлийн анхны гараа “Хөөрхөн” дуу байсан байх аа?

-Тийм. Сөрөлт анх “Хөөрхөн” гээд их аятайхан дуу байна. Хоёулаа хамт дуулъя гэсэн.

-Ер нь та хоёрын дуулсан дуунууд их хөнгөн хэрнээ гэгээлэг өнгө аястай байдаг. Та хоёрын хоолойны өнгө, онцлогтой холбоотой юу?

-Тэгж хэлж болно. Бид хоёрын хувьд залуучуудад хандсан гэгээлэг уран бүтээл хийхийг зорьдог. Нийгэмд тэртэй тэргүй бусад нь бараг хар бараан зүйл ярьж, нийгмээ шүүмжилж байна шүү дээ. Тэгээд ч жүжигчин хүнтэй уран бүтээл хамтарч хйиж байгаа нь нөлөөлж байгаа байх л даа.

-Ингэхэд одоогийн нийгэмд иймэрхүү гэгээлэг, хөнгөн кино, дуу үзэгчдэд илүү хурдан хүрч байх шиг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Тэгэлгүй яахав. Өнөөгийн залууст гэгээлэг, хөнгөн хэмнэлтэй, үг, ая нь амархан цээжлэгдэх тийм л уран бүтээл хурдан хүрч байна. Дагаад дуулахад хялбар. Энэ зөвхөн дууны уран бүтээлд ажиглагдаж байгаа зүйл.

-Саяхан цацагдсан “Нандин” дууг Сөрөлт та хоёрт зориулж бүтээсэн үү?

-“Нандин” дууг бид хоёрт зориулж аяыг нь саяхан Монгол бөхийн өргөөнд “Жаргалтай явна хоёулаа” тоглолтоо хийсэн хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ах бичиж, шүлгийг нь Э.Түдэв гэдэг хүн тэрлэсэн байгаа.

-“Хөөрхөн” дууг уран бүтээлчдээс нь зөвшөөрөл авалгүй дуулсан гээд та хоёрыг нэлээд шүүмжилж байсан. Үнэхээр зөвшөөрөл аваагүй дуулсан юм уу?

-Анх Сөрөлт Өвөрмонголд тоглолтоор явж байх үедээ “Хөөрхөн” дууг сонссон юм билээ. Тэгээд энэ дууг хэний дуу болохыг асуусан чинь мэдэхгүй байсан гэсэн. Тэгсэн хэрнээ хүмүүс маш их сонсох дуртай дуу болчихсон байсан юм билээ. Ингээд эх орондоо ирээд надад хамт дуулах санал тавихад нь би дуртай хүлээж авсан. Тухайн үедээ Өвөрмонголын хаанаас гэж уран бүтээлчдийг нь хайж олох билээ гэж бодсон. Бид хоёр энэ дууг дуулаад клип нь цацагдаад эхэлсэн чинь Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан гуай утасдаад “Та хоёр хүний уран бүтээлийг зөвшөөрөлгүй дууллаа” гэж загнасан.

-Д.Данзан гуай үг, аяыг нь бичсэн хэрэг үү?

-Олон жилийн өмнө Д.Данзан гуай шүлгийг нь бичиж, Ховдод амьдардаг Хүрэлбаатар гээд ах аяыг нь хийсэн байж таарсан.

-Тэгээд уучлал гуйгаагүй юу?

-Бид хоёр албан ёсоор МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, Хүрэлбаатар нараас уучлал гуйсан. Үнэхээр эндүүрэл гарлаа. Өвөрмонголчуудын уран бүтээл гэж бодсон гэдгээ хэлсэн. Хөгжмийн зохиолчтой нь дараа дахин холбогдсон. Бид хоёрыг ч дэмжсэн. Дараа бид хоёрт зориулж уран бүтээл хүртэл хийж өгөхөөр болсон.

-Та хоёрын “Хайрын тэнгэр диваажин” дууг мөн л хүний дуу гэх юм?

-“Хайрын тэнгэр диваажин” дууг хөгжмийн зохиолч Т.Сэр-Од багш олон жилийн өмнө хоёр оюутанд өгч дуулуулж байсан юм билээ. Бид Т.Сэр-Од багшид хэлж байгаад дуулсан дуу. Хүмүүс буруугаар ойлгоод байх шиг. Ер нь энэ дууг хэн дуулж, ард түмэнд хүргэж чадаж байна гэдэг нь чухал шүү дээ. Манайхан нэгнийгээ дэмжихээс илүүтэйгээр муулахаа урдаа барьдаг. Үнэндээ хүн хүнээ урмаар тэжээж байж амьдардаг хорвоо ш дээ.

-Таны хувьд драмын “Бүүвэй” жүжгийн дууг дуулсан. Ер нь сүүлийн үед нийтийн дуучдын дунд өөрийн өнгө аясаа тодорхойлж буй цөөхөн дуучдын нэг. Энэ эрчээ алдахгүйн тулд цаашдаа хийх уран бүтээлээ ч төлөвлөсөн байх гэж бодож байна?

-Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын ая, УГЗ Н.Ганхуяг багшийн шүлэг “Хайртай бүхнээ” гээд “Бүүвэй” жүжгийн дууг дуулж олонд хүргэсэн. Уран бүтээлч хүн дандаа шинийг эрэлхийлж, содон зүйлийг олж харах ёстой. Тиймээс өөрийгөө аль болох илүү олон зүйлд сорихыг хичээдэг. Үүний нэг нь энэхүү драмын жүжгийн дууг дуулсан явдал байсан.

-Цаашид уран бүтээлийн ямар төлөвлөгөө байна?

-Би СУИС-ийг мэргэжлийн уртын дуучин мэргэжлээр төгссөн. Тиймээс дан уртын дуунаас бүрдсэн цомог гаргахыг төлөвлөж байна. Ойрын үед энэ удаагийн тоглолтоос эхлээд мэдээж олонд чиглэгдсэн уран бүтээлээ хийгээд завгүй л явна.

-Өнгөрсөн жил өөрийг тань нэгэн хэвлэлийн компанийн захирал дотно харилцаа үүсгэхийг хүсч дарамталсан гээд нэлээд шуугиан тарьж байсан. Үнэхээр тийм явдал болсон юм уу?

-Тухайн үед “Хөх Монгол” хэвлэлийн компанийн захиралтай ярилцаад миний тоглолтыг ивээн тэтгэхээр болсон юм. Тус компани миний 21 аймгаар аялан тоглолт хийх талаарх мэдээлэл бүхий рекламны самбарыг бэлэн болгочихсон байсан. Би яг маргааш нь Архангай аймгаас тоглолтоо эхлэх гээд бүх бэлтгэлээ хангачихсан хөдлөхөд л бэлэн байлаа. Гэтэл орой нь надад тэр хүнээс “Хоёулаа илүү дотно харилцаатай баймаар байна” гэсэн утгатай мессеж ирсэн.Юу вэ, маргааш нь миний тоглолт эхлэх гэж байхад ийм юм ирэхээр ёстой гайхна биз дээ. Үнэндээ шоконд орсон. Голдоо ортол гомдсон.

-Өмнө нь таньдаг байсан юм уу?

-Ажил хэргийн журмаар л танилцсан хүн. Урлагийн хүмүүст тоглолтын ивээн тэтгэгч хамгаас чухал. Үүнд дөрөөлж хүнийг тэгж шантаачилж болохгүй биз дээ. Би чинь бас хүн ш дээ. Хүнд дээрэлхүүлээд доромжлуулаад баймааргүй санагдсан. Тэгээд фэйсбүүкт мессежийг нь тавьсан юм. Гэхдээ би өөрөөс нь асуулгүй тавиагүй. Та надад ингэж хандаж байгаа бол би таны мессежийг олон нийтийн сүлжээгээр цацлаа шүү. Эхнэр чинь харна биз гэж хүртэл хэлсэн. Тэгсэн өөдөөс асуудалгүй, өшөө олон хүнд түгээ гэсэн. Тухайн үед үнэхээр шар хөдлөөд фэйсбүүкт тавьчихсан. Гэхдээ таван минут болоод л хүний мууг үзээд яахав дээ гэж бодоод устгах хооронд олон хүнд хүрчихсэн байна лээ.

-Дараа нь танаас уучлал гуйсан болов уу?

-Үгүй. Харин ч хэвлэл мэдээллийнхэнд намайг огт танихгүй гэж ярьсан байсан. Миний хувьд уран бүтээлийн төлөө зүтгэж яваа, тэр дундаа эмэгтэй хүмүүсийг ингэж доромжилж болохгүй л гэж санасан. Тийм үйлдлийг нь хүлээн зөвшөөрмөөргүй санагдаад л нийтэд илчилсэн хэрэг. Би ер нь их шартай хүн шүү дээ, бас. Тэгээд ч цаашдаа эмэгтэй уран бүтээлчдийг ийм өнгө аясаар битгий хүлээж аваасай гэсэн үүднээс асуудалд хандсан.

-2013 онд таныг “Баясгалантай сайхан” тоглолтоо хийх гэж байхад тантай ярилцаж байлаа. Тухайн үед та хараахан гэр бүлтэй болоогүй байна гэж байсан. Харин өнгөрсөн хугацаанд ханьтай болж, амаржаад ч амжсан байна…?

-Сайхан ханьтай болсон. Баруун аймгийн уугуул. Дархан хотод сурч, амьдарч байгаад гадагшаа явсан байсан. Тухайн үед миний хань харийн нутагт байсан. Би ханийгаа удаан хүлээсэн. Бид хоёр хоорондоо хэдий харилцаатай байсан ч хүний амьдралыг тааж мэдэхгүй шүү дээ. Тиймээс нууцалж байлаа. Одоо бид хөөрхөн охинтой болсон.

-Охин тань хэдэн сартай вэ?

-Одоо гурван сартай. Эх хүн болно гэдэг үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй жаргал байдаг юм байна. Хором бүрийг охинтойгоо өнгөрүүлмээр байгаа ч залуу насандаа илүү сайхан олон бүтээл хийхийг хүсч, яалт ч үгүй уран бүтээлдээ ороод л явж байна. Хөгшрөх тусам намайг сонсох хүний тоо цөөрнө шүү дээ. Тиймээс залуу насандаа амьдралаа ч, ажлаа ч амжуулах гээд завгүй л явна даа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Энх-Учрал: “Салхи” хамтлаг үүнээс хойш залуусыг уриалан дуудсан уран бүтээл хийнэ

Монголын хөвгүүдийн
хамтлагийн анхдагч гэгддэг “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” хамтлагийнхан
хамтран “Мартагдашгүй” нэртэй тоглолтыг ирэх сарын 9-нд толилуулахаар болжээ. Уг
тоглолтын талаар “Салхи” хамтлагийн дуучин Б.Энх-Учралаас тодруулав.

-“Салхи” хамтлагийн
хувьд тоглолтоос гадна ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Манай хамтлаг саяхан
“1998” гээд хуучин дуунуудаасаа бүрдсэн шинэ цомог гаргалаа. Мөн жилийн өмнө дандаа
шинэ дуунууд багтсан “Эрхэмсэг хөг” цомог гаргасан. Эдгээр цомгуудад орсон дуунууд
үзэгч, сонсогчдод их хүрч байгаа. Тиймээс бид цомогт багтсан шинэ дуунуудаа клипжүүлэхээр
бэлтгэж байна. Зарим нь олон нийтэд цацагдахад бэлэн болчихсон.

-Танай хамтлагийнхан
тэр болгон тайзан дээр гараад байдаггүй. Ер нь хаагуур юу хийж явна вэ?

-Манай Д.Насанбат,
А.Алтанхуяг, Т.Дашдондог гээд бүгд л хувь хувийнхаа алба, амьдралыг хөөгөөд л, өөрсдийн
зурагдсан заяа төөргийнхөө замаар явж байна даа.

-Хамтлагийн гишүүд
ямар мэргэжилтэй билээ?

-Программист, орчуулагч,
бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн байгаа.

-Таны хувьд?

-Бизнесийн удирдлагаар
мэргэжил эзэмшсэн. Одоо өөрийн хувийн компанитай.

-Саяхан Солонгост
суугаа монголчууддаа зориулж тоглолт хийсэн гэж сонссон?

-Тийм ээ. Саяхан Солонгост
ажиллаж амьдарч буй монголчуудынхаа хүсэлтээр очиж тоглолт хийгээд ирсэн. Үнэхээр
сайхан тоглолт болсон. Монголчуудтайгаа нэг өдрийг халуун дотно сайхан өнгөрүүлсэн.
Харин Солонгосоос ирээд зарим чуулгын уран бүтээлч залуустай нэлээд хамтарч ажилласан.

-Хамтлаг байгуулагдаад
нэлээд олон жилийг ардаа орхиж. Олон ч дурсамж түүх болон үлдсэн байх. Анх байгуулагдаж
байсан үеэ эргэн дурсвал…

-Манай хамтлагийнхан
чинь III, IV хорооллын хүүхдүүд шүү дээ. Тэр үеийн хамтлагууд ч ихэнхдээ нэг дош,
довны хүүхдүүд байсан. Аль байранд ямар хүүхэд гайгүй гитар тоглож, дуулж байна
гэдгийг андахгүй. Нэг өдөр манай хамтлагийн ахлагч Насанбат, Дашдондог хоёр над
дээр ирж хамтлаг байгуулах санал тавьсан юм. Бид орцны гитарчид. Тэр сайн энэ сайн
гэж ам дамжиж бие биенээ олдог байхгүй юу. Ингээд “Мартагдашгүй хайр” дууг анх дуулж
байлаа. Анхны бүтээл маань ч хүмүүст хүрлээ. Араас нь “Ухаарч амжаагүй бүхний чинь
төлөө”,“Нандин хайр” гээд олон дуу гаргасан.

-Тухайн үед хэдэн
настай байсан бэ?

-17, 18 настай хүүхдүүд
байсан. Манай хамтлаг чинь 10 жилд байхдаа олонд танигдаж байлаа шүү дээ (инээв).

-Хэр биеэ тоож
байв. Үе тэнгийнхэн дундаа хит болоод ирэхээр ямар санагдаж байв?

-Их сайхан байсан.
Манай хамтлагийнхан энгийн. Хаана хүүхдүүд сагс, гитар тоглож байна хамт очоод тоглоно.
Гудамжинд ч хамаагүй. Бүтээлүүд олонд хүрээд ирсэн чинь таарсан хүн бүр л “Та нар
салж болохгүй шүү. Энэ эрчээрээ яваарай” гэж их урам өгдөг байлаа. Бид ч салах эрхгүй
ард түмний өмч болсон гэдгээ ойлгож улам урам зориг орсон доо.

-“Ухаарч амжаагүй
бүхний чинь төлөө…Ухаангүй дурласан хайрынхаа төлөө” дууг одоо ч залуус дуулах
дуртай. Энэ дууг анх эмэгтэй хүн дуулсан гэсэн?

-“Айзам-2” хамтлагийн
аргил гитарчин О.Хүрэлбаатар ахын дуу. Эмэгтэй хүн дуулдаг дуу, үнэн. Би бүр бэлтгэлээр
нь зөндөө сонссоор байгаад дурлачихсан. Тэгээд хамтлагийнхандаа хэллээ. О.Хүрэлбаатар
ахад ийм нэг дуу байна. Хэдүүлээ гуйвал яасан юм гэсэн чинь манай хамтлагийнхан
ч зөвшөөрлөө. Ингээд нэг өдөр Хүрэлбаатар ахад хэлсэн чинь “Үгүй. Энэ чинь эмэгтэй
хүний дуулдаг дуу” гээд хавьтуулдаггүй. Яахав анхнаасаа эмэгтэй хүнд зориулаад бүтээсэн
болохоор өнгө, ая хэмнэлийн хувьд ч эмэгтэй хүн дуулахад зохимжтой байсан л даа.
Тэгээд эцэстээ Хүрэлбаатар ахыг ятгаж, эмэгтэй хүн шиг нарийхан зөөлөн аясаар дуулсан.
Гоё ч үгтэй.Тийм болохоор хүмүүст их хүрсэн байх.

-“Айзам-2” хамтлагийн
гитарчин О.Хүрэлбаатар, гитарчин Гантөр хоёр танай хамтлагийн бараг бүх дууг хийсэн
гэдэг?

-“Ухаарч амжаагүй
бүхний чинь төлөө” зэрэг хэд хэдэн дуу Хүрэлбаатар ахынх. “Хагацал үзээгүй хайр”,
“Хайрын тухай яримааргүй байна” зэрэг дуу гитарчин Гантөр ахын дуунууд шүү дээ.
Анхнаасаа хамтарч ажиллаад сурчихсан болохоор нэг нэгийгээ их мэдэрч ойлголцдог
нь хамтын бүтээл туурвихад амар санагддаг.

-Хэзээ ч мартагддаггүй
тоглолт юу байв?

-Хамтлаг байгуулагдаад
удаагүй байхад “Ардын эрх” хит парад болдог байсан. Монголын хамгийн мундаг уран
бүтээлчид оролцож ая дуугаа өргөдөг.

Мөн хамгийн шилдэг
арван хамтлагийг шалгаруулна. Манай хамтлаг ч яахав хамгийн түрүүнд гарч дуулчихаад
үзэгчид дунд ороод суучихлаа.

-Тоглолт үзээд
л…ямар хамтлагуудыг шүтдэг байсан бэ?

-Ёстой үзэгчдийн дунд
ороод акулуудын тоглолтыг үзнэ ш дээ. Өөрсдөө хамтлаг гэдгээ ч мартчихна. Тэр үед
“Камертон”,“Номинталст” хамтлаг жинхэнэ шуугиулдаг байлаа. Хамгийн сүүлд “Никитон”
хамтлаг тайзан дээр бут ниргээд л дууслаа. Тэгээд шилдэг арван хамтлагийг сүүлээс
нь зарлалаа. Нэгт “Никитон” гэж зарлаад л араас нь тусгай байр “Салхи” хамтлаг гэдэг
байгаа. Бид хэд бөөн хөөр. Тусгай байр гэдэг чинь том амжилт шүү дээ. Тэгсэн хамтлагууд
тайзны араас гарч ирж шагналаа авч байхад манайхан үзэгчид дундаас үсрээд гарсан.
Хүмүүс нэрхийтэл инээж байсан. Тусгай байр эзлээд радиогийн алтан фондод дуугаа
бичүүлэх эрх, “Ардын эрх” сонинг бүтэн жил захиалах эрхээр шагнуулж байлаа.
Тэр л хамгийн гоё дурсамжтай бэлэг байсан даа.

-Хайрын тухай олон
жил дууллаа. Одоо сэдвээ өөрчилж уран бүтээл хийе гэж боддог уу?

-Энэ тоглолтын дараа шинэ дуун дээр ажиллана. Арай
өөр өнгө аястай бүтээл төрөх байх. Анх хайрын тухай дуу дуулж залуусыг уян зөөлөн
сэтгэлтэй болоосой гэж их хүсдэг байсан. 17 жил хайрын дуу дуулсан. “Салхи” хамтлаг
үүнээс хойш хайрын дуунаас илүүтэйгээр залуусыг уриалсан уран бүтээл хийнэ.

-Энэ удаагийн хамтарсан
тоглолтын онцлог юу вэ?

-Бид өөр өөрсдийн
хит уран бүтээлээ үзэгчдэд нэгэн дор хүргэх болно. Тийм болохоор хүмүүст ч илүү
мэдрэмж төрөх байх. Үнэхээр та бүхний хүсэн хүлээсэн сайхан тоглолт болно гэдэгт
итгэлтэй байна.1990-ээд оны залуусын дурсамжийг сэргээх зорилгоор, жүжигчилсэн хэлбэрээр
“Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбат зохион байгуулж байгаа гэдгийг онцолмоор байна.

-Нэг хамтлаг хичнээн
дуу дуулах бол?

-Таваас зургаан дуу
дуулна. Хамтлагийнхаа хамгийн хит гэсэн дуугаа сонгож хүмүүст хүргэх зорилготой.

-Тоглолтын тасалбарын
үнэ?

-Тоглолт “UB
Palace”-т болно. Тасалбар үнэ 40, 80 мянга гэсэн хоёр сонголттой байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Уулчин Г.Өсөхбаяр: Хэрвээ эвгүйтсэн бол тав битгий хэл 25 хүн бүгд амиа алдахаар аймшигтай нөхцөл байдал угтсан

Монгол
Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай ярилцлаа.

-Таны хувьд
энэ жил нэг зорилгоо биелүүлсэн гэсэн. Аль тивийн ноён оргилд гарсан бэ?

-Миний хувьд
дэлхийн тивүүд дэх ноён оргилуудад бүгдэд нь гарч үзэх зорилго­той. Энэхүү
зорилгоо бие­лүү­лэхийн тулд олон жил төлөвлөж байна. Цаг хугацаа, хөрөнгө
мөнгө ч их шаардагдах юм. Ямартай ч энэ зун Австрали тивийн ноён оргил
Коскиусзкод дөрөвдүгээр сарын 21-нд гарч чадлаа.

-Энэ удаагийн
авиралт бусдаас юугаараа онцлогтой байв?

-Би өмнө нь Хойд
Америкийн ноён оргил Маккенлиа, Африкийн дээвэр Килиманжаро уулын оргил зэрэгт
дандаа л ганц, хоёроороо гарч байсан. Харин энэ удаа зөндөө олон монголчуудтай
гарсан. Австралид амьдарч буй монголчууд хамт гарсан. Бараг 20 гаруй хүн гарсан
байх. Миний хувьд энэ удаагийн авиралт үнэхээр сайхан дурсамж үлдээсэн гэдгийг
хэлмээр байна. Нутаг нэгтнүүдтэйгээ, олуулаа нэг ч гэсэн тивийн оргилд
гарсандаа баяртай байна. Аяллын тухай нэвтрүүлэг удахгүй телевизээр цацагдах
байх. Одоо Өмнөд Америкийн Аконкагуагийн оргил, Антарк­тид тивийн Винсон Массиф
оргилд гарах үлдээд байна.

-Монголдоо
ямар ави­ралт хийв. Аль аль ууланд авирав?

-Ерөнхийдөө Алтай
Таван богд ууланд гарсан.

-Хэдэн удаа?

-Алтай Таван
богдод гурав… бараг дөрвөн ч удаа гарсан юм байна. Монголын ууланд зуны
гурван сар гарахад л цаг агаарын хувьд ч тэр хамгийн тохиромжтой үе байдаг. Нэг
авиралт хийхэд дунджаар 10 хоног зарцуулдаг.

-Сошиал дахь
хүмүүсийг хараад байхад бараг амрал­тын өдрөө тааруулаад ийм ууланд авиралт
хийгээд ирье гэж харагддаг. Тийм боломж бий юу?

-Ямар ууланд
авиралт хийхээс шалтгаална. Хотоос урагшаа Богд ууланд явган алхах, мөс, цастай
Алтай Таван богдод авиралт хийх хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий.
Ялангуяа мөсөн голтой ууланд авирна гэдэг маш их эрсдэлийг дагуулж байдаг.
Яахав манай монголчуудад нэг давуу чанар байдаг. Маш их эрч хүчтэй, тэвчээртэй.
Харамсалтай нь үүнийгээ буруу ашигладаг. Гадныхан бол ууланд гарахаар
төлөвлөвөл дүрэм журмынх нь дагуу олон хоног, сар сургалтад хамрагдаж, хувийн
бэлтгэлээ хангадаг. Харин манайхан бол шууд л өнөөдөр шийдээд маргааш явчихдаг
байх жишээний. Энэ нь наад зах нь эрүүл мэндээрэй хохирч үлдэх хор уршигтай.
Нэгэнт алдсан эрүүл мэндийг хэзээ ч нөхөж авч чадахгүй шүү дээ. Цаашлаад амь
насаараа хохирох аюулыг дагуулж байдаг.

-Өнгөрсөн зун
Алтай Таван богдод Монголын таван уулчин эндсэн харамсалтай явдал болсон. Дээрх
хүмүүс мөн л сошиалд нэг­дэж, ямар ч бэлтгэл сур­гуу­лилтгүй явсан гэсэн?

-Фэйсбүүкээр
нэгдсэн хүмүүс гэсэн. Энэ зун үнэхээр монголын түүхэнд, уулчдын түүхэнд хар
бараанаар тэмдэг­лэгдэх том гарз тохиож, таван хүн эндлээ. Энэ тухай дурсахаас
ч бэрх байна. Уулчдын хувьд үнэхээр эмзэг асуудал болоод байгаа. Олон жил
ууланд авирсан, манай туршлагатай уулчин
МУ-ын гавьяат тамирчин Болд­баатар ах уг ууланд авиралт хийж яваад эндсэн.
Даанч манайхан анзаараагүй. Одоо ч анзаарахгүй хайнга хандсан хэвээр л байна.
Хэрвээ энэ чигээрээ замбараагүй яваад байвал энэ жагсаалт улам л уртсах болно.
Дараагийн ээлжинд би ч байж болно. Хэн ч мэдэхгүй. Осол хэлж ирэхгүй шүү дээ.

-Тухайн
хүмүүсийн зарим нь мэргэжлийн уулчид байсан гэдэг. Та таних уу?

-Нэг эгч, нэг
залуу хоёрыг нь л зүс танина. Хаа нэг уулч­дын цугларалт дээр таарч байсан.
Тэрнээс сайн мэдэхгүй. Бусад нь бол бараг анх удаа ууланд авирсан хүмүүс гэсэн.
Нэг залуу нь бүр гадаадад сурдаг. Монголд ирэнгүүтээ шөнөдөө ууланд авирах гээд
гараад явчихсан гэж сонссон. Гэрийнхэн нь ч мэдээгүй байсан. Тухайн үед
“Монголиан экспедишн” компаниас зохион байгуулсан уулчдын багт ороогүй сайн
дураараа баг бүрдүүлж явсан хүмүүс юм билээ. Ер нь сүүлийн үед фэйсбүүкээр
хараад байхад ууланд гарахыг их уриалдаг болж. Гэхдээ ямар ууланд гарах гэж
байгаагаа ядаж судлах хэрэгтэй. Мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ядаж л авирах гэж
байгаа уулынхаа зүг наанадаж хоёр хоног харж, бүх зүйлээ тооцоолох ёстой шүү
дээ. Ялангуяа мөсөн голтой ууланд авирна гэдэг тэр чигээрээ эрсдэл.

-Алтай Таван
богд ууланд хичнээн мөсөн гол байдаг вэ?

-Монголд мөсөн
голтой уул хэдхэн бий. Үүний нэг нь Алтай Таван богд уул. Мөнх хайрхан бага
зэрэг мөсөн голтой. Бас Увс аймагт байрлах Цагаан дэглий уул байна. Ууланд
авирагчдын хувьд хамгийн хэцүү эрсдэл бол мөсөн гол. Ийм төрлийн ууланд авирах
тусам халширдаг, айдаг бол­чих­дог. Уулчид ууланд авирах тусам л өөрийгөө
жижигхэн гэдгийг мэдэрдэг. Ялангуяа мөсөн голтой ууланд авирахын тулд уулаа маш
их мэддэг, дадлага, туршлагатай байх ёстой.

-Хүйтний
оргилд гарах тогтсон зам байдаг уу?

-Алтай Таван богд
ууланд авирах гурван ч зам байдаг. Бүр олон жил яваад дадал болчихсон зам.
Ихэвчлэн уулынхаа ар шилээс өгсөж гардаг. Өдөрт зургаан цаг авиралт хийнэ гээд
бодохоор Хүйтний оргил дээр гарахад гурав хоног зарцуулагддаг.

-Осол болохоос
өмнө­хөн таныг амиа алдсан уулчид­тай замд таарсан гэсэн?

-Нэг л замаар
явдаг учраас ууланд авирах үед авиралт хийж буй бусад хүмүүстэй таардаг. Тухайн
үед ч бас тэдэнтэй таарсан. Нэг л замаар өгсөж, уруудаж байгаа юм чинь
таарахаас аргагүй.

-Хэдэн цагийн
үед таарсан юм бэ?

-Үдээс хойш замд
зөрсөн. Уулын бичигдээгүй дүрэм байдаг. Ямар ч ууланд өглөө эрт авиралт хийгээд
үдээс хэтрэхгүй оргил дээр нь гараад хурдхан бууж орой­ноос өмнө отогтоо хүрсэн
байх ёстой. Үдээс хойш болчихоор цаг агаарын хувьд таагүй болчихдог. Миний
хувьд тухайн өдөр 12 хүний бүрэлдэхүүнтэй хоёр багтай өглөө эрт оргилд нь
хүрчихээд бууж явсан. Тухайн хүмүүстэй явсан багийнхны хувьд хэтэрхий оройтсон
болов уу.

-Та хэзээ нь
ослын талаар мэдсэн бэ?

-Буусан хойно
мэдсэн. Араас таван хүнтэй нэг багийнхан олдохгүй байна, төөрчихлөө гэж хэлсэн.
Үнэ­хээр харамсаад ч барахгүй байна. Цасан шуурга шуурч байсан болохоор буцаад
явж хайх ямар ч боломжгүй байсан.

-Тогтсон зам ч
гэсэн төөрөх магадлалтай юу?

-Цасан шуургатай
үед хэцүү. Төөрөх бол энүүхэнд. Таван метрийн зайтай явж байгаа хүн харагдахгүй
бол­тол цасаар шуурах тохиолдол ч бий. Ийм үед нэг алхам ч хазгай гишгэхгүй,
өмнөх хүнийхээ мөрөөр явах хэрэгтэй.

-Ер нь оргил
хүртэл зам хэр бартаа ихтэй вэ?

-Маш их. Гишгэсэн
мөрөө­рөө эргэж бууна шүү дээ. Мөсөн голтой уулын хамгийн гол эрсдэл бол цасан
шуурга, мөсөн ангал. Хэрвээ 50 метрийн ангал руу нэгийгээ алдахад дэлхийн
хамгийн шилдэг уулчин байгаад ч татаж гаргаж чадахгүй. Бусдыгаа эрсдэлд
оруулахгүйн тулд орхиод явсан тохиолдол зөндөө байдаг.

-Таны хувьд
эрлийн багийн­хантай хамт ажилла­сан хүн. Талийгаачдыг ангал руу унаагүй,
эрлийг эрт эхлүүлсэн бол аврах боломжтой ч байсан гэсэн яриа тухайн үед гарч
байсан. Үнэхээр тийм боломж байв уу?

-Ангал руу
унаагүй. Одоо хэлэхэд хэцүү л дээ. Үнэхээр аймшигтай газраар явсан байсан. Тэд
Хүйтний оргилд гарчихаад буух замдаа төөрсөн юм шиг байна лээ. Цасан шуургатай
үед хэцүү шүү дээ. Шуурганаар асар том хунгарлаад тогтчихсон цасны яг доогуур
багийнхан бүгд явж өнгөрсөн байсан. Эхний багийнхан явахад цас бага багаар сууж
ан цав үүссэн байх. Ингээд яг сүүлийн баг гарах үед цас нурж дээрээс нь унасан
юм шиг байсан. Сүүлийн хүмүүс л дарагдсанаас биш эвгүйтсэн бол тэнд явсан 25
хүн бүгд амиа алдаж болохоор тийм аймшигтай нөхцөл байдал угтсан. Осол болох
үед өмнөх багийн хүмүүс бусдынхаа орилох дууг сонссон гэж ярьж байсан.

-Төөрснөө
мэдсэн бол ямар арга замыг сонгох нь зүйтэй байсан бол оо?

-Ямар ч үед
оргилоо буцаад олох хэрэгтэй.

-Хүйтний оргилоос
хэр зайнд осол болсон байсан бэ?

-200 метр орчим
юм уу даа. Төөрөлтийн гол шалтгаан цас. 2009 онд санагдаж байна. Ерөнхийлөгч Н.Энхбаяр уг ууланд
авираад буух замдаа төөрөөд эргэж оргилоо олох шийдвэрт хүрсэн байгаа юм. Бид
нар очих үед оргилоос 50 метрийн зайтай байсан. Тэр хооронд л хэдэн цаг холхиод
бүр мөр гаргачихсан байсан. Хажууд нь явсан ахмад уулчид яахаа мэдэхгүй байхад
тэр хүн ууланд хэрхэн гарах, төөрсөн тохиолдолд яах вэ гэдгээ уншчихсан
мэдээлэлтэй байгаа байхгүй юу. Хэрвээ ууланд төөрвөл оргилоо олох нь хамгийн
зөв шийдэл.

-Ер нь Алтай
Таван богдод цаг агаар байнга сэрүүвтэр байдаг уу?

-Янз бүр. Майк,
богино өмдтэй гарчихмаар дулаахан өдөр байна. Куртиктай гар­чихаад байхад
даарах өдөр ч байна. Гэхдээ өглөө эрт гараад оргилд нь хүрлээ, зургаа
дарууллаа, эргээд шууд буух ёстой. Гэтэл манайхан архи, сүү өргөх болоод
явчихна. Зарим нь бүр дуулна. Манайхан багахан найр хийчих гээд байдаг. Тэгж
болохгүй шүү дээ. Цаг агаар яаж ч өөрчлөгдөж болно. Хурдхан л буух ёстой. Миний
хувьд ихэвчлэн гадныхантай гардаг. Гадаадын уулчид бол дүрэм, журмын дагуу
явдаг. Тэгж болохгүй гэсэн л бол шууд хүлээж авна. Наад зах нь Хүйтний оргилоос
буух замд дөнгөж авирч яваа хүмүүс ч таардаг. Тухайн үед та нар хэтэрхий
оройтсон учраас эрсдэлтэй, маргааш авир гэж хэлдэг. Харамсалтай нь төдийлөн
хүлээж авдаггүй. Гадныхан бол шууд л хүлээж аваад бууна. Монголчууд “Энэ Өсөхөө
өөрөө оргилд нь гарчихаад биднийг ингэж хэлээд. Өсөхөө гарч байхад яагаад би
гарч болдоггүй юм” гэсэн байдлаар ханддаг. Үнэндээ ууланд авирах бүр уулын
бүтэц хүртэл өөрчлөгдчихсөн байдаг.

-Хэзээ хамгийн
таатай үе вэ?

-Мэдээж цаг агаар
тогтуун үед гарахад байгалийн хувьд үнэхээр үгээр илэрхийлэмгүй үзэсгэлэнтэй.
Зөвхөн тавхан оргил байдаггүй. 50, 60 уулын оргил харагдана ш дээ. Үнэхээр
гайхамшигтай. Би гарах болгондоо л дуу алддаг. Найман сарын дундуур оргилд нь
гарахад нар сар зэрэг гарчихсан харагддаг. Гэхдээ жил, сар болгон уулын бүтэц
өөр. Зургаан сард мөсөөр хучигдсан хөрс хатуувтар байсан бол долдугаар сард
суларчихсан байна. Энэ өнгөлөн далдлалтыг хүмүүс мэддэггүй. Харин наймдугаар
сард бүх ангалууд нь ил гарч ирдэг. Тиймээс наймдугаар сард нэлээн олон удаа
авирч үзэх хэрэгтэй. Гэхдээ тэр ангалуудыг
нүдээрээ харсан хүн тэр болгон уул руу зүглээд байдаггүй.

-Таны хувьд
тийм ангал олон харж байсан уу?

-Доошоо харахад
ёроолгүй харанхуй ангал ш дээ. Алтай Таван богдод тоолохын аргагүй тийм ангал
бий. Олон жил ууланд авирсан мэргэжлийн уулчин учраас туршлагаараа л явна. Ангалтай газрын цасны
өнгө ямар байх, хаанаас нь ямар судал орж ирсэн байна гээд нарийн ажиглана.
Тэрнээс энд нэг ангал байдаг, энд бас гээд тойроод гүйгээд байхгүй ш дээ. Мөсөн
голын эрсдэлүүд хамгийн аймшигтай. Алтай Таван богдын мөсний зузааныг 150 метр
гэдэг байх аа. Японы эрдэмтэд, Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийнхэнтэй
хамтраад мөсний судалгаа хийж байгаа. Мөс маш их хайлж байна гэсэн мэдээлэл
байгаа. Мөс хайлна гэдэг уулчдын хувьд улам их эрсдэл хүлээж байна гэсэн үг.
Жил ирэх тусам аюул нэмэгдээд л байна.

-Ер нь ууланд,
тэр дундаа мөсөн голтой ууланд гарахдаа ийм багаж хэрэгсэл, тийм хувцастай явна
гэсэн стандарт байдаг биз дээ?

-Байлгүй яахав.
Яахав сошиал ертөнц дэх хүмүүсийг хараад байхад Алтай Таван богд руу бараг
дээлтэйгээ гүйгээд гарчихлаа. Пүүзтэй гараад ирлээ би гээд л ярьдаг. Мэдээж
ууланд гарч байгаа нь сайн байна. Ууланд гарах тусам эр зориг нэмэгдэнэ.
Туршлагатай болно. Гэхдээ нэн тэргүүнд аюулгүй байдлаа хангах нь чухал.
Стандартаараа бол наад зах нь гурван төрлийн гуталтай байх ёстой. Доор амрах
үедээ сандаал, тавчиг, авирахдаа өөр гутал, оргилд гарахдаа бас нэг гуталтай
байх шаардлагатай. Гэвч манайхан ганцхан гутал­тай явчихаад доор шавар
шалбааганд гутлаа норгочихдог. Чийг авсан гутал дээш гарах явцад хөлдөнө,
хайрна. Ингээд хөлөө хөлдөөх тохиолдол хүртэл гардаг.

-Мэдээж мөсөн
голтой ууланд авч явах ачааны тогтсон жин байдаг байх?

-Зарим хүмүүс би
уулын оргил руу 40 кг ачаатай гарлаа ш дээ гэдэг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд
үнэхээр инээд­тэй хэрнээ сонин санагддаг. Өөртөө мундаг санагдаж байгаа боловч
ямар ч хэрэггүй ачаа яах гэж үүрдэг юм бэ. Тийм ачаатай гарч байгаа нь өөрийнх
нь л буруу. Стандартын дагуу 20 кг ачаатай л байх ёстой. Ууланд таван кг
нэмэгдэнэ гэдэг аймшигтай зүйл байхгүй юу. Манайхан хэрэгтэй, хэрэггүй баахан
юм цүнхэндээ хийчихсэн байдаг. Цүнхнийхээ аль талд ямар ачаагаа хийхээс эхлээд
цүнхний нэг бүч хүртэл нарийн учиртай байдаг байхгүй юу. Жижигхэн алдаанаас
болж өөрийгөө, цаашлаад бусдын амийг хамт аваад явах тийм эрсдэлийг өөрсдөө бий
болгодог. Би Эверестийн оргилд 21 удаа гарч Гиннесийн номонд бичигдсэн нэгэн
уулчинтай хамт Монголын Бүргэд хайрхан гээд ууланд хамт авирсан. Би түүнтэй
өмнө нь далайн түвшнээс дээш 8848 м-т орших Эверестэд хамт гарч байсан юм.
Гэтэл 4100 метрт орших ууланд гаран гартлаа амандаа маань мэгзэм тасралтгүй
уншиж байсан. Тэр хүн тийм өндөр ууланд олон удаа гарчихаад биеэ тоогоод энэ юу
байхав гэж болох шүү дээ. Үүнийг сүүлийн үед уулын спорт сонирхож буй залуус
сайн ойлгох ёстой. Уул чихтэй, нүдтэй, амьтай гэдэг. Би үүнд 100 хувь итгэдэг.
Хэзээ ч уулыг бүү бас.

-Сүүлийн үед
ганц, нэг удаа ууланд явган аялал хийсэн хүмүүс өөрсдийгөө уулчин гэдэгт итгэж
энэ нь эргээд эрсдэл дагуулж байх шиг…

-Миний хувьд би
хэдий мэргэжлийн уулчин ч гэлээ байнгын бэлтгэл сургуулилт­тай байдаг. Алхана,
хүчний бэлтгэл хийнэ. Ууланд авира­хад сэтгэл зүйн бэлтгэл бас хамгийн чухал.
Алтай Таван богдод авирах явцад ажиглагддаг л даа. Саяхан нэг явахад цасаар
шуураад өнгөцхөн дарагдчихсан ангалын хажууханд хүний мөр байсан. Үнэхээр ганц
нэг ууланд явган аялал хийгээд, эсвэл ганц удаа хүн дагаж авирчихаад дараа нь
“өө би мэднэ, амархан” гээд баахан чадахгүй хүн дагуулаад явчихдаг. Ядаж
олсныхоо зангилааг зөв зангидаад сурчихгүй байж шүү дээ. Олсны нэг зангилаа
хүртэл чухал. Яахав сүүлийн үед мэргэжлийн багаж хэрэгсэл их орж ирдэг болж.
Мөнгөтэй байлаа гээд яаж ашиглахаа мэдэхгүй баахан багаж авчихдаг. Очоод нэгийг
нь ч ашиглаж чадахгүй байх тохиолдол зөндөө гардаг. Тэгэхээр мэргэж­лийн
хүмүүст хандаж, зөвлөгөө авч сургалтад хамраг­дах ёстой. Өөрийнхөө аминаас
гадна бусдын амийг аюулд учруулж байна гэдгээ хүмүүс ухамсарлах хэрэгтэй байна.

-Нэг олсонд
хэдэн хүн явах стандарттай байдаг юм бэ?

-Мөсөн дээр явж
байгаа тохиолдолд нэг олсонд хоёрхон хүн л явах ёстой. Олсны диаметр, замаасаа
шалтгаалж олсонд хэдэн хүн орохоо тооцоолдог. Дунджаар олсныхоо диаметрээс
хамаарч 5-6 хүн л нэг олсонд ордог. Харин манайхан нэг олсонд 10, түүнээс дээш
хүн чихчихдэг нь хамгийн аймшигтай алдаа. Олсны хоорондын зай таван метр байх
ёстой. Гэтэл 50 метрийн олсонд арван хүн оруулсан байдаг. Гэтэл нэг, хоёр эгнээ
явлаа, дараагийн хүмүүс татагдаж доошоо унах эрсдэл маш их. Хэдий таван метрийн
зайтай ч аюул арилчих юм биш. Амь алдах эрсдэл чинь өндөр болж байна гэсэн үг.
Миний хувьд сайн итгэсэн хүндээ нэг багаа хариуцуулаад тав таван хүнтэй хоёр
олсонд хуваадаг. Түүнээс илүү бол би хяналт тавьж чадахгүй шүү дээ. Тиймээс
залуустаа олсноосоо хэзээ ч гарч болох­гүй, ахлагчийнхаа үгнээс гарч болохгүй
зэрэг уулын бичигдээгүй алтан дүрмээ л дага гэж захимаар байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Базаррагчаа: Готов, Аюушийн дүрээр минь намайг хүмүүс санагалзаж байсан нь мэдрэгдсэн

Жүжигчин Б.Базарраг­чаат­ай ярилцлаа. Тэрээр “Бид мартахгүй”, “Ирж яваа цаг”, “Мандах нарны туяа”, “Уул усны үр сад” зэрэг олон киноны гол дүрийг бүтээсэн юм. Түүнийг цаг үеийнхээ төлөөлөл болсон уран бүтээлч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Б.Базаррагчаа нэлээдгүй хугацаанд харийн нутагт ажиллаж амьдарч байгаад ирсэн билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-“Бид мартахгүй”, “Ирж яваа цаг” зэрэг киногоор тань хүмүүс өөрийг тань андахгүй. Эдгээр кинонд тоглож анх жүжигчин болох гараагаа эхэлсэн ч гэдэг. Тухайн үед гол дүрийн жүжигчдийг хэрхэн сонгодог байсан юм бэ?

-Би 1985 оноос кино урлагийн босгыг алхсан хүн. Энэ зам мөрийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Халтарын Дамдин найруулагч нээж өгч байлаа. 1985 онд Х.Дамдин найруулагч “Бид мартахгүй” киногоо хийх гээд дүрээ хайж явахад нь азаар би таарч сонгогдсон юм. Гэхдээ дүр сонгох асуудлыг ганц найруулагч шийдчихдэггүй байсан. Дүрийнхээ ач холбогдлоос хамаараад Монгол кино үйлдвэр, Соёлын яам, Намын төв хороо шийддэг байсан үе. Ямар ч байсан фото шалгаруулалтад орлоо. Олон ч хоног өнгөрлөө. Хүн л юм чинь кинонд тоглохыг мөрөөдөж байлаа. За кинонд тоглох өнгөрч. Ямар ч байсан цэргийн хувцастай уран сайхны ганц гоё зурагтай болж үлдэх юм байна гэсэн ухааны юм бодож байтал 45 хоногийн дараа дахиад шалгаруулалтад ороодох гээд дууддаг байгаа. Анх удаагаа камерын өмнө гарч байгаа нь тэр. Шалгаруулалтад богино хэмжээний видео тоглолт хийгээд орлоо. Тэгсэн тэнцчихсэн. Ингэж л “Бид мартахгүй” киноны Аюушийн дүрийг бүтээж байлаа.

Тэр үед та армийн хүн байсан гэв үү?

-Тийм. Иргэний хамгаа­лалт­тай 122 дугаар ангийн офицер байлаа шүү дээ. Дараа нь алдарт найруулагч Бунтар гуайн “Ирж яваа цаг” киноны Готовын дүрд тоглох болсон. Үүнтэй зэрэгцээд ангиасаа хөөгдөх асуудал яригдаж эхэлдэг юм байна.

Яагаад?

-Цэргийн хүн урлаг уран сайхан хөөгөөд төрийн ажлыг цалгардуулж болохгүй шүү дээ. Би ч нэлээн сахилгагүй офицер байсан (инээв). Ингээд “Ирж яваа цаг” кинонд тоглосныхоо дараа эргэлт буцалтгүй кино урлагийн тогоонд нэгдсэн дээ. Армиасаа хөөгдөхөд Х.Дамдин найруу­лагч мөн л намайг дагуулж Монгол кино үйлдвэрт оруул­сан. Миний өдий зэрэгтэй яваа маань Х.Дамдин найруу­лагчийн гавьяа. Би хэзээ ч мартдаггүй. Цаг ямагт Х.Дамдин найруулагчдаа баярлаж явдаг. Намайг кино үйлдвэрт жүжигчнээр ороход Дамдинбазар гуай, Дагийранз гуай, Карма эгч, Элбэгсайхан, Нэргүйбаатар гуай гээд кино урлагийн аваргууд бүгд п байсан.

Та чинь тэгэхээр мэргэжлийн жүжигчин биш байж таарах нь ээ?

– Хүмүүс надаас асуудаг л даа. Та мэргэжлийн жүжигчин үү, аль сургууль төгссөн гээд л. Надад жаахан эмзэг тусдаг л даа. Мэдээж би хэн бэ гэдгийг үзэгчид, ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Яахав тэр агуу уран бүтээлчдийн дунд шууд усанд хаясан чулуу шиг хаячихаар болгохоос өөр замгүй шүү дээ.

Өмнө нь нэг кинонд тоглоод үзчихсэн учраас “Ирж яваа цаг” киноны Готовт тоглоход нэг их бэрх­­шээл тулгараагүй биз дээ?

-Сандрахаас илүүтэйгээр залуу насны биеэ тоох одооныхоор бол “од”-ын өвчин тусах аядаж байсан юм болов уу. Гэхдээ Лувсан, Дашпэлжээ ахаас эхлээд мундгууд намайг юу гэж давраах вэ. Тухай бүрт нь хандыг маань дардаг байлаа. Одоо бодоход тэр болгон сургалт болдог байж дээ. Энэ кинонд Маралмаа хэлдэг ш дээ. Готов нь авна уу, Шадав нь авна уу. Би лав аавыгаа асрах минь гээд. Үүгээр үзэгчид сайн мэддэг. Тэр үедээ би мэдээгүй. Сүүлд харж байхад сайн ч болсон, үзэгчдэд ч их хүрсэн байсан.

-“Мандах нарны туяа” кинонд жанжин Сүхбаатарын дүрийг бүтээсэн байдаг. Та Д.Сүхбаатар жанжны дүрийг бүтээхдээ судалгаа их хийсэн үү?

-Тухайн үед найруулагч Х.Дамдин гуай намайг урлагт оруулахаас гадна кино урлагт цохих хүч болсон бүтээлүүдийнхээ гол дүрд тоглуулж байсан. Жил бүрийн наадмаар гардаг “Тод магнай”, “Цэц магнай”, “Гарьд магнай” цуврал кино шиг Х.Дамдин гуай Сүхбаатартай холбогдолтой “Үүр цайхын өмнө”, “Тэмцэл”, “Өглөө” гээд цуврал кинонууд хийж байсан юм билээ. Нэг цуврал болох “Мандах нарны туяа” киноныхоо жанжин Сүхбаатарын дүрд тоглуулсан. Түүхэн, тэр дундаа монголын домог болсон агуу жанжны дүрийг бүтээнэ гэдэг хэн бүхэнд олдоод байх хувь заяа биш байх. Түүхэн дүрийг бүтээхдээ жүжигчин бүр өөрийн арга барилаар гаргахыг зорьдог. Уулын мод өндөртэй, намтай гэдэг шиг нэг хэвэнд цутгасан юм шиг адилхан байхгүй шүү дээ. Тэгээд ч Дамдин гуай надад “Чи Сүхбаатарын тухай нэг ч кино үзэж болохгүй. Сүхбаатарын дүрд тоглосон жүжигчинтэй ч уулзаж болохгүй. Зөвхөн өөрийнхөө өнцгөөр л жанжны дүрийг бүтээ” гэсэн. Яагаад гэвэл ганц хоёрхон кинонд тоглосон хүн бусдын тоглохыг харчихаад дагаж, дуурайх гээд байдаг муу талтай гэж зөвлөсөн. Багшийнхаа дагуу хэрвээ би амьдрал дээр эх орон, ард түмнээ удирдсан жанжин байсан бол гэж бодож тоглосон доо. Эцсийн мөчид сайн тоглосон үгүйг үзэгчид л шүүдэг шүү дээ. Ер нь ямар ч уран бүтээлд тоглосон хүн нийгмээ сайн таних нь чухал. Хулгайч хүн ямар харцтай байх уу, худалч хүн ямар зальтай байх уу гээд мундаг жүжигчдийг хараад байхад нэг ёсондоо сэтгэл зүйч л болчихож байгаа юм шиг.

Эндээс харахад Х.Дамдин найруулагч таны нэг чанарыг нэлээд олзолсон юм шиг. Танд энэ тухайгаа хэлж байсан уу?

-Мэдээж надаас бага ч гэсэн авьяас олж хараад тоосонд үнэхээр баярладаг. Би нэг удаа Дамдин найруу­лагчийг телевизэд ярилцлага өгч байхыг үзсэн. Тэгэхэд “Би ихэнх кинондоо яагаад Базаррагчааг авч явдаг байсан бэ гэвэл түүний нүд их ухаалаг” гэж хэлж байсан. Зурагт үзэж суусан хүн чинь өөрийгөө магтахыг сонсоод их эвгүй болдог юм байна лээ. Ичээд, нүүр улайгаад, ийш тийшээ хүн харчихвий дээ гээд л (инээв).

Таныг жүжигчин Золбоот­той их андуурдаг гэсэн. Үнэн үү?

-Намайг кинонд тоглох болсноос хойш хоёр жилийн дараа Золбоот гэдэг жүжигчин гарч ирсэн. Би нэг удаа Монгол кино үйлдвэрт нэг кинонд дуу оруулангаа телевиз үзэж суутал “Хүүе энэ кинонд чинь би хэзээ тоглолоо” гэж бодсон ш дээ.

Ямар кино юм бэ?

-“Эзэнгүй айл” гээд олон ангит кинонд Золбоот тоглож байсан хэрэг л дээ. Намайг Солонгост байхад Золбоот ирж уулзаж байсан. Би энд ирээд ч түүнтэй уулзсан. Манай хүн “Базаррагчаа, би хоёр хүний хос морьтой явдаг ш дээ. Намайг хөдөөгөөр тоглолтоор явахад хүмүүс нөгөө Аюуш, Готовт тоглосон жүжигчин мөн биз дээ гэдэг. Би мөн гээд л хэлчихдэг” гэж ярьж байсан. Надаас бас зарим хүн “Эзэнгүй айл” кинонд тоглосон биз дээ гэж асуудаг. Залуудаа үнэхээр адилхан төрхтэй байсан санагдсан.

Та аль нутгийн хүн бэ?

-Аавыгаа дагавал Завханы Цагаан­чулуутын хүн болно.Ээж бол Сүхбаатар аймгийн хүн. Аав Л.Бямбажав, ээж Г.Бүлтэн гээд сайхан буурлууд бий.

Нийгэм өөрчлөгдөх үед зөвхөн та гэлтгүй урлагийн олон сайхан авьяаст­нууд амьдралын эрхээр Солонгосыг зорьсон байдаг. Таны хувьд харийн нутагт хэдэн жил болоод ирэв?

-Эх нутгаа орхиод 17 жил болсон. Би 1997 онд эхнэр­тэйгээ хамт хоёр жил болоод 20 мянган ам.доллартай болоод ирье гэсэн зорилготой хилийн дээс алхсан. Тэгсэн хорин жилийн хугацаанд хоёр хүүхэдтэй болоод ирлээ дээ.(инээв). Монголдоо үнэхээр сайхан байна.

Тэнд ямар ажил хийж байсан бэ?

-Солонгост монголчууд ямар ажил хийдэг үү, тийм л ажил хийнэ.

Хэр мөнгө хураасан бэ?

-Удсан хүмүүсээс мөнгөний талаар битгий асуугаарай. Цөөхөн жил бол хэдэн төг­рөг гүрийгээд цааш нь хий­дэг. Олон жил болоод ирэхээр цалингаа аваад л байр, хүүхдийн цэцэрлэгийн төлбөр гээд л хэрэглээндээ өгөөд таардаг. Хүнээс гуйхгүй болоод л байдаг. Харин тэндээс би ганц авууштай юмтай ирсэн. Би интерьер дизайны чиглэлээр чамгүй юм сурсан.

Барилгын салбарт ажиллаж байжээ?

-Тийм. Миний ажиллаж байсан компани дампуураад гурвуулаа ажлын байр ч үгүй үлдчихсэн. Нөгөө хоёр нь Солонгос. За ингээд яах вэ гэж бодож байтал хоолны газар байгуулах гэсэн юм, танайх энэ чиглэлийн компани биз дээ гээд нэг хүн хүрээд ирлээ. Би чадахгүй мөртлөө “Тийм ээ. Би хийж чадна” гээд хэлээд захиалга авчихсан. Манай нөгөө хоёр Монголд дизайнераар төгссөн хүн гээд намайг хэлчихсэн. Ямар ч байсан зургийг нь гаргаад хийгээд өгсөн чинь санаанд нь нийцсэн. Тэрнээс хойш нэлээн олон хоолны газрын интерьерийн ажлыг гүйцэтгэсэн шүү. Монголд ирээд хүртэл зүгээр явахгүй энэ баганыг нь ингээд, тэр хананд нь ийм өөрчлөлт хийгээд, ингэж гэрэл суурилуулаад гээд бүр хобби болчихсон.

Кино хийхээр Солонгост очсон уран бүтээлчдэд та нэлээн сэтгэл гаргаж тусалж, зарим асуудлыг нь зохицуулж өгдөг байсан гэж ярихыг хэд хэдэн хүнээс сонсч байсан?

-Тэгэлгүй яахав. Урлагийн­хантайгаа холбоо, харилцаатай байсан. Найруу­лагч, жүжигчин О.Бат-Өлзий “Чиний эзгүйд” киноныхоо зураг авалтаар Солонгост очиход эхнэр бид хоёр бага­хан хэсэгт тоглосон. Мөн “Өдөр өдрийн нар” олон ангит киноны­­хон очсон. Ер нь Монголоос мэргэжил нэгт нөхдөө очиход эхнэр бид хоёр банштай цай чанаад халуун саванд хийгээд л хаана зурганд гарч байна тэнд нь яваад л очино. Их гоё халуун уулзалт болдог байлаа.

Одоо юу хийж байна. Эргээд кино урлагтаа иржээ?

-Эхнэр “Сити” дээд сургуульд багшилж байгаа. Би интерьерийн ажил хаа нэг хийнэ. Ерөнхийдөө ирсэн жилээ ажиглах маягтай байлаа. Яаж, юу хийж амьдар­­вал боломжтой вэ гэж. Киноны тухайд өнгөрсөн хав­раас ганц нэг дүр бүтээлээ. Найруулагч Б.Чингүүний “Учрал” кинонд аавын дүр, Боловсрол телевизийн бүтээл “Хөгжилтэй гэр бүл” олон ангит кинонд туслах дүр, О.Бат-Өлзийгийн “Маш нууц” киноны хорих ангийн даргын дүрийг бүтээгээд байна. Одоо “ТВ5” телевизийн бүтээж буй хоёр хурандаагийн амьдралыг харуулсан олон ангит киноны гол дүрд тоглож байна. Зураг авалт явагдаж байна.

Олон жилийн дараа эргээд энэ салбарт ирэхэд ямар мэдрэмж төрж байна вэ?

-Дахиад төрсөн юм шиг л мэдрэмж төрж байна. Өмнө нь би натурт гарахад томчуудад сандлыг нь зөөж, цай хоолыг дөхүүлдэг байлаа. Тэгсэн яг эсрэгээрээ эргэчихэж. Өөрөө цай зөөлгөдөг болж (инээв). Дүрийн хуваарилалт хүртэл шижигнэсэн сайхан залуугийн дүрд тоглодог байсан бол огцом уналт хийж золтой л өвөөгийн дүрд буучихсангүй. Арай гэж л нэг согтуу аавын дүрд буулаа. Ямар сайндаа зарим кино албаны ганц нэг менежер “Та удахгүй “од” болно. Зүтгээд байгаарай” гэдэг. Би ч цаашлуулаад “Ах нь “од” болно гээд их хичээж байгаа шүү” гэнэ. Хуучны зарим нэг жүжигчин нүд ирмээд л. Хөгжилтэй юм их тохиолдож байна (инээв).

Урлагт таны орон зай хэр үгүйлэгдэж вэ?

-Би өөрийгөө тас мартагд­сан гэж бодож байсан. Гэтэл Готов, Аюушийн дүрээр минь намайг хүмүүс санагалзаж байсан нь мэдрэгдсэн. Яахав танихгүй нь мэдээж танихгүй. Тэр үедээ би жүжигчин хүний мэдэрч чадаагүй зүйлийг мэдрээгүй өнгөрсөн байсан.

Юуг тэр вэ?

-Базаррагчаа гэдэг хувь хүнээс илүүтэйгээр бүтээсэн дүр минь нийтэд хүрч, дүрээрээ ард түмэнд хайрлагдаж явдаг юм байна. Тэрнээс Базаррагчаа хэн байх нь чухал биш.

Энэ олон жил хүний нутагт хар ажил хийхийн оронд урлагтаа зүтгэсэн бол гэсэн харамсал төрдөг үү?

-Ирээд бодогдсон. Гэхдээ би харамсах дургүй. Ер нь хүмүүс гавьяа шагнал талаас нь илүүд харж чи байсан бол өдийд гавьяат болчихсон байхгүй юу гээд ярьж байна. Би гавьяат болох гэж жүжигчин болоогүй. Хүний хорвоо мөнх биш шүү дээ. Хожим үр хүүхэд, нутаг усныхан маань намайг ийм дүр бүтээсэн гээд ярьж байх надад юунаас ч илүү сайхан санагддаг. Тийм л дурсамж үлдээхийг хүсч байна. Тиймээс би өнгөрөөсөн цаг хором бүрээ нөхөж олон сайхан дүр бүтээхийн төлөө эрч хүчээр дүүрэн ажиллах болно.

-“Түмэн эх” чуулгын дуучин Батжаргал гээд дүү тань усанд үйж амиа алдсан гэдэг?

-Би дүүгийнхээ тухай бодох, дурсах бүртээ их эмзэглэдэг. Дүү минь миний сэтгэлд том хэрнээ хоосон орон зайг үлдээгээд одсон. Дүү маань дуучдынхаа дунд өсч өндийж яваад яг эрин үедээ золгүй явдлаар хорвоогийн мөнх бусыг үзсэн нь үнэхээр харамсмаар. Би тухайн үед ирж чадаагүй.

Тухайн үед яг юу болсон юм бол оо?

-Миний дүү чуулгынхан­тай­гаа тоглолтоор Эрдэнэт орчихоод буцах замдаа Орхоны гүүрний ойролцоо саатсан юм билээ. Их халуун байсан гэсэн. Сэрүүцэх гээд голд ороод үйчихсэн гэсэн. Хэрвээ өнөөдөр байсан бол…(хоолой нь зангирч яриагаа өндөрлөв).

Categories
мэдээ цаг-үе

Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга С.Батцэцэг: Барилдаан бүрээ төлөвлөж, бүтэн жил хүлээсэн дээ

Саяхан АНУ-ын
Лас Вегас хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж өнгөрсөн билээ.
Энэхүү тэмцээнээс манай тамирчид нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль
хүртэж, олимпийн зургаан эрх авсан. Дэлхийн аваргад амжилттай оролцсон баг
тамирчдыг өчигдөр салбарын сайд болон Монголын чөлөөт бөхийн холбоо­ны
удирдлагууд хүлээн авч алтан медаль хүртсэн С.Батцэцэгт нэг кг алт, мөнгөн
медальт Б.Номин, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд нарт 500 гр алт, хүрэл медальт
Э.Бэхбаярт 300 гр алт тус тус бэлэглэв. Мөн “Рио-2016” олимпийн наадамд
зодоглох эрхээ авсан Г.Мандахнаран, Ж.Чулуунбат, О.Насан­бурмаа нарт хоёр сая
төгрөг, дасгалжуулагч багш нарт тус бүр 2000 ам.доллар өгчээ. Ингээд Лондонгийн
олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, “Универсиад” их наадмын алтан
медальт, гавьяат тамичрин С.Батцэцэгтэй ярилсанаа хүргэе.

-Юуны өмнө
дэлхийн хошой аварга болсонд баяр
хүргэе?

-Баярлалаа. Би
дэлхийн хошой аварга болсондоо маш их баяртай байна.

-Аваргын
төлөөх барилдаанд Японы бөхтэй таарч илт давуу буулгаж авсан. Ер нь аварга
болно гэдэгтээ бүрэн итгэлтэй барилдаж харагдсан?

-Тийм ээ. Би
өөртөө бүрэн итгэж байсан. Энэ удаагийн дэлхийн аваргаас заавал алтан медаль
хүртэх төлөвлөгөөтэй эх орноосоо мордсон. Бүтэн жилийн турш дэлхийн аварга
болохын төлөө бэлтгэл хийж, өрсөлдөгчдөө судалж, барилдаан бүрээ төлөвлөж
дэвжээн дээр гарсан. Тиймээс өрсөлдөгчид барилдааны явцад надаас хий олж
хараагүй байх. Тийм боломж ч би өгөөгүй.

-Өнгөрсөн
жилийн дэлхийн аваргын тэмцээн нэлээн сургамж үлдээжээ?

-Би тухайн үед
санасандаа хүртэл барилдаж чадаагүй. Ташкентад болсон дэлхийн аваргын үеэр
эхний тойрогт Японы бөхтэй барилдаж, дараагийн барилдаанд АНУ-ын бөхөд
ялагдсан.Мөн Латвийн бөхөд дагах барилдаанд харамсалтайгаар өвдөг шороодсон.
Тэр ялагдал надад маш том сургамж болсон. Би ялагдах эрхгүй гэдгээ голдоо ортол
мэдэрсэн. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын тэмцээнээс хойш өнөөдрийг хүртэл
зөвхөн дэлхийн аваргыг мөрөөдөж, хүсч ирсэн. Хамгийн ихээр хүсч байсан
амжилтдаа хүрсэн болохоор үнэхээр сэтгэл хангалуун байна.

-Барилдсан
бөхчүүдээ бүгдийг нь судалсан байсан гэлээ. Өмнө нь барилдаж байсан бөхчүүд хэр
олон байв?

-Би эхний тойрогт
Унгар, хоёрдугаар тойрогт Турк, гуравдугаар тойрогт Латвийн бөхийг ялж хагас
шигшээд үлдсэн. Харин мөнгөн медалийн төлөө Болгарын бөхийг давж аваргын төлөө
Японы бөхийг буулгаж авсан. Японы бөхөөс бусадтай нь ерөнхийдөө өмнө нь
барилдаж байсан. Зарим нь хамтарсан бэлтгэлд ч гарч байсан. Барилдаж байсан
бөхчүүд учраас иймэрхүү тактикаар барилдана гэсэн тооцоололтой дэвжээнд гарсан.

-Аваргын төлөө
Японы Р.Кавайтай барилдаж өвдөг шороодуулсан. Түүнийг олимпоос медальтай ирнэ
гэдэгт япончууд их найдлага тавьж байгаа гэсэн. Өсч яваа залуу сайн бөхчүүдийнх
нь нэг гэх юм билээ?

-Японы бөхтэй анх
удаа таарч барилдсан. Р.Кавай залуучуудын дэлхийн аваргад түрүүлсэн. Ирээдүйд
олимп, дэлхийн аваргын тэмцээнд аваргална гэдэгт найдлага тавьж байгаа
бөхчүүдийнх нь нэг гэдэг нь үнэн. Энэ удаа ч маш сайн барилдаж финалдсан нь
үүний нотолгоо болох байх. Миний хувьд түүнтэй таарч байгаагүй ч олон япон
бөхтэй барилдаж үзсэн. Тэгээд ч бага зэрэг судалгаа хийсэн байсан учраас айх
зүйл байгаагүй.

-Ер нь
барилдааны арга барилын тухайд хэр бөх байв?

-Зөвхөн Кавай
гэлтгүй Японы бөхчүүд сүүлийн жилүүдэд маш сайн барилдаж байгаа. Ерөнхийдөө япончууд хариуцлагатай хий багатай
барилддаг. Хөлд орох мэхэндээ сайн.

-Аварга болох
тэр агшинд юу бодогдох юм?

-Жилийн турш
хүсч, мөрөөдсөн медалиа авсан учраас үнэхээр сайхан байсан. Сэтгэлээс уяатай
хүнд хар чулуу аваад хаячих шиг л болсон. Лас Вегас хотын тэнгэрт эх орныхоо
төрийн дууллыг эгшиглүүлж байх үед өөрийн эрхгүй нулимс цийлгэнэсэн шүү.

-Тухайн үед
шүүгч ялалтыг өгөхөд дасгал­жуулагч Батбаяр өөрийг тань мөрөн дээрээ суулгаад
дэвжээг тойрч гүйж байсан. Үнэхээр чөлөөтийн түүхэнд анхдагч гэх олон амжилтыг
гаргалаа шүү дээ?

-Надаас
дутахааргүй манай баг тамирчид, дасгалжуулагч багш нар хөөрч баярласан. Их л
сайхан байсан даа. Манай тамирчдын хувьд ч сайхан амжилт үзүүлсэн. Цагийн
зөрүү, уур амьсгалын өөрчлөлт хүндхэн туссан ч эмч, дасгалжуулагч багш нар
тухай бүрт сайн ажиллаж чадсанд талархмаар байна.

-Барилдааны
үеэр Дүвчин багш ухас ухас хийгээд л хашгирч харагдсан. Багш тань дэвжээний
хажуугаас яаж барилд гэж зөвлөгөө өгч байв?

-Багш илүү юм л
хийж болохгүй шүү гэж захисан. Алдаа гаргаж болохгүй гэсэн. Барилдааны үеэр
идэвхтэй байж угсраа мэхүүдийг маш хурдан хийхийг зөвлөсөн. Би ч багшийнхаа
захиасын дагуу өөр өөр мэх залгуулж хийсэн учраас төвөггүйхэн давсан.

-Дэлхийн
аварга болох үед Монголоос хамгийн түрүүнд хэн баяр хүргэсэн бэ. Аав, ээжтэйгээ
холбогдсон уу?

-Тэгсэн. Гэхдээ
хамгийн түрүүнд Асашёрюү Д.Дагва­дорж ах утсаар холбогдож “Мундаг байлаа.
Дэлхийн аварга болсонд баяр хүргэе” гэж хэлсэн.

-Эцэг, эх тань
Архангай аймгийнх. Дэлхийн аварга охиныхоо баярыг хуваалцахаар хөдөөнөөс ирсэн
байгаа юу?

-Манай аав, ээж
хоёр бөөн хөл хөөр. Намайг онгоцны буудал дээр тоссон. Аав маань “Миний охин
мундаг шүү. Дэлхийн аварга болно гэдэгт чинь итгэж байсан. Яаж барилдах бол гэж
ерөөсөө санаагаа чилээгээгүй” гээд сүү барин угтаад үнссэн. Манай хоёр хөл
газар хүрэхгүй л яваа.

-Ингэхэд
дэлхийн аваргад хэд дэх удаагаа зодоглож байна вэ?

-Анх 2009 онд
Данийн Хернинг хотод болсон дэлхийн аваргад барилдаж байсан. Үүнээс хойш таван
удаа дэлхийн аваргад зодоглосон байна.

-Таны гаргаж
буй амжилт бүхэн гавьяат тамирчин, дасгалжуулагч З.Дүвчин багштай холбоотой
болов уу. Анхны багш тань өөрийн биеэр З.Дүвчин багшид шавь оруулж байсан
гэдэг. Энэ тухайгаа дурсахгүй юу?

-Миний анхны багш
Архангай аймгийн Хашаат сумын дунд сургуулийн биеийн тамирын багш Д.Дондов.
Дондов багш намайг анх чөлөөтийн дэвжээ­тэй танилцуулж анхны мэдэгдэхүүнийг
зааж өгсөн. Өсвөрийн улсын аваргад хүртэл түрүүлсэн. 2008 онд дунд сургуулиа
төгсч оюутан болсон. Ингээд “Замчин” спорт клубт гавьяат тамирчин З.Дүвчингийн
удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Тухайн үед Д.Дондов багш
намайг өөрөө дагуулж З.Дүвчин багшийн шавь болгож байсан. Хоёр багш минь миний
өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэх гол шат, гүүр минь юм. Харин 2012 оноос “Хилчин”
спорт хорооны тамирчин болсон.

-Амжилтын
буухиа оюутан болсноос хойш эхэлжээ?

-Тийм ээ.
Өсвөрийн улсын аварга байсан бол насанд хүрэгчдийн улсын аварга, залуучуудын
Азийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аваргын мөнгө, насанд хүрэгчдийн дэлхийн
аварга, олимпийн хүрэл медаль гээд олон ч тэмцээнд оролцож финалдсан
байна.

-Таны багш
З.Дүвчин алдарт З.Ойдов аваргын дүү. Ер нь
арга барилын хувьд ч тэр дасгалжуулагчдаас арай ангид зүйл зааж өгнө биз?

-Багш их өвөрмөц
барилдаантай. Тиймдээ ч бусад орны бөхчүүд хийгээд дадал болчихсон мэх заагаад
байдаггүй. Хурдан шаламгай барилдахыг илүүд үздэг. Барьцтай барилдахыг
чухалчилдаг. З.Ойдов аваргын гэгдэх олон сайхан мэхнээс ч зааж өгнө. Толгой
уургалаад суйлдаг мэхийг зааж өгсөн.
Миний хувьд даацтай мэх хийж барилдах дуртай болохоор тэр мэхийг нь их
хурдан сурсан. Заримдаа зааж өгсөн мэхийг нь сурахгүй удах тохиолдол ч бий.
Манай багш ер нь их агуу хүн дээ. Багшаасаа сурах зүйл тоймгүй их байна даа.

-З.Дүвчин багш
өөрийн тань тухай “Миний шавь шантарч байсан удаа ховорхон доо” гэж хэлсэн
байсан. Эмэгтэй хүн тэр дундаа бөхөөр хичээллэж амжилтад хүрнэ гэдэг амар­гүй.
Дэвжээгээ орхимоор үе гарч байв уу?

-Мэдээж шантрах
үе гарал­гүй яахав. Гол нь түүнийгээ давж гарч байж л амжилтад хүрэх байх.
Ялангуяа эмэгтэй хүн барилдаж ноцолдоно гэдэг хэцүү. Гэхдээ миний хувьд өөрөө
хүсч тэмүүлж, өмнөө зорилго тавьсан учраас шантрах, ухрах эрх надад байхгүй.
Ялагдах үедээ дасгалжуулагч, багийн нөхдөөсөө урмын үгээр тэжээгдэж хүч
сэлбэдэг. Тэгээд ч ялагдсан тохиолдолд багш
юун дээр алдсан тэр мэх, барилдааныг өөрөө давтан алдаа дутагдлыг
ойлгуулдаг. Ер нь тамирчин болсноор зөв хүмүүжил, тэсвэр тэвчээр, сэтгэлийн
хатуужилтай болдог юм байна.

-Олимпийн
эрхээ өвөртөллөө. Одоо зөвхөн амжилт гаргах л үлдлээ…

-Дэлхийн аваргын
хошой алт, мөнгөн медальтай боллоо. Олимпийн хүрэл медальтай. Тэгэхээр давсан
амжилт үзүүлэх чухал байна. Монголын ард түмэн намайг амжилт гаргаасай гэж хүсч
байгаа. Би ард түмнийхээ итгэлийг алдахгүй.
Миний амжилт бүхний ард гэр бүл, шигшээ багийнхан, багш дасгалжуулагчид,
Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам, Спортын бэлтгэлийн төв, “Хилчин” спорт
хороо, “Хишиг Арвин” компани, “Гацуурт” компани, Үндэсний хөрөнгө оруулалтын
банк зэрэг олны хүч шингэсэн байдаг. Тиймээс энэ завшааныг ашиглаад бүгдэд нь
чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.

-Холбооны
зүгээс та бүхнийг хүлээж авч алтаар урамшуулсан гэсэн. Үнэн үү?

-Монголын чөлөөт
бөхийн холбооны удирдлагууд биднийг хүлээж авсан. Надад дэлхийн аваргаас алтан
медаль хүртсэн гээд нэг кг алтаар урамшуулсан.

-Мөн гурван
өрөө байраар мялаасан байсан?

-Гурван өрөө
байрыг ивээн тэтгэгчээр ажилладаг Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас бэлэглэсэн.

Categories
мэдээ цаг-үе

“Марко Поло”-д амжилттай тоглож холливудын улаан хивсний ёслолд оролцохыг мөрөөддөг

“Нэтфликс” компанийн бүтээл “Марко Поло” кино­ны хоёрдугаар
ангийн зу­раг авалт өнгөрсөн зургадугаар сард Унгарт эхэлсэн бөгөөд одоогоор
Европын орнуудын зураг авалт дуусч байгаа аж. “Маркo Поло” киноны хоёрдугаар
ангид олны хэсэгт тоглосон монголчууд саяхан эх орондоо ирсэн. Тус киноны
туслах дүрд сонгогдсон жүжигчин Ц.Цэрэн­болд, Баярцэцэг, Ц.Эрхэмбаяр нар
удахгүй зураг авалтад оролцохоор Малайз улсыг зорих гэж байна. Ингээд тус
киноны Хубилай хааны бага насны дүрд тоглох 11 настай Цогтбаярын Эрхэмбаяр
хүүтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө баяр хүргэе. Өөрөө гадаадын кинонд тэр тусмаа Монголын түүхэн
дэх агуу хааны бага насны дүрийг бүтээх гэж байна. Сэтгэл хэр догдолж байна вэ?

-Маш гоё санагдаж байгаа. Би гайхалтай, эр зоригтой агуу баатрын дүрд
тоглох юмсан гэж боддог байсан.

-Тэгвэл хүсэл нь биелж байна шүү дээ?

-Тийм.

-Анх дүрийн шалгаруулалтад хэрхэн тэнцсэн тухайгаа ярьж өгөөч?

-“Марко поло” киноны хоёрдугаар ангид жүжигчин шалгаруулж авна гэсэн зар
телевизээр явсан. Бас манай дугуйлан дээр зарлал ирсэн. Манай драмын
дугуйлангийн багш Ө.Нямсүрэн 12 настай хүүхдүүдийг МҮОНРТ дээр очиж
шалгаруулалтад оролцоорой гэж захисан. Яг тэгэхэд би 10 настай байсан. Тэгсэн
аав ээж хоёр маань “Юу ч байсан очиж дүрийн шалгаруулалтад оръё” гээд намайг
дагуулж очсон.

-Хэчнээн хүүхэд байсан бэ?

-Зөндөө хүүхэд байсан.Зарим хүүхдүүд багштайгаа хамт ирчихсэн байсан.
Миний өмнө жүжигчин Аглуу ах, Онон ах хамт ирсэн хүүхдүүддээ ингээрэй, тэгээрэй
гээд л яаж жүжиглэхийг зааж өгч байсан.Аав ээжийг дотогш оруулаагүй болохоор би
ганцаараа телевиз рүү орсон байхгүй юу.

-Тэгээд яасан. Цаанаас нь дүр өгсөн юм уу?

-Шалгуулах бүх хүүхдэд цаасан дээр хэвлэсэн өгүүлбэр өгсөн. Тэр
өгүүлбэрийг нь өөрсдийнхөөрөө ойлгож унших ёстой.

-Ямар өгүүлбэр байсан бэ. Уншиж өгч болох уу?

-“Өвөө эднийг яах гэж байгаа юм бэ? Та тэрэгний голоор шийдэх гэж байгаа
юм уу. Энэ хүүхдүүдийг алахгүй биз дээ”
гэх мэт өгүүлбэрүүд байсан. Аглуу ах миний өмнө гарах хүүхдэд энэ хэсэг
дээр нь ингэ, тэг гэж зааж өгч байхыг би харсан. Би тэрийг нь сонсоод ингэх
ёстой юм байна гэж бага зэрэг санаа авч уншсан. Тэгсэн шүүгчид сайн байна
гэсэн.

-Хоёрдугаар шатны шалгаруулалтад юу үзүүлсэн бэ?

-Хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцохоор боллоо гэж ээж рүү маань
утасдсан. Тэгээд интернэтээр хэдэн өгүүлбэр англи хэлээр болон монгол орчуулгатай
нь хамт явуулсан. Түүнийгээ аваад драмынхаа багш дээр очиж зөвлөгөө аваад
дуудсан газар нь очиж шалгуулсан. Тэгэхэд гадаадаас “Марко поло” киноны
найруулагч ирсэн байсан.

-Англиар шалгаруулалт өгөх ямар санагдсан. Бас гадаадын хүмүүсийн өмнө
гараад шалгуулахад сандарсан уу?

-Сандарсаан, сандарсандаа үгээ мартчихвий дээ л гэж айж байсан. Уг нь
англиар мундаг ярьдаг нэг хүүхэд байсан. Харин би зөвхөн цээжилсэн
өгүүлбэрээсээ өөр англиар ярьж мэдэхгүй ш дээ.Тэгсэн шүүгчид над руу хараад
эрхий хуруугаа өргөөд good good гээд л.
Хажууд нь байсан монгол ах “хүү минь сайн байна шүү яваад байгаарай” гэсэн.

-Хубилай хааны дүрд тоглохоо хэзээ нь мэдсэн бэ. Танай гэр бүлийнхэн
хэрхэн хүлээж авав?

-Тэр шалгаруулалтаас хойш хоёр сарын дараа бараг хэлсэн байх аа. Манай
аав, ээж хоёр бөөн баяр хөөр болж хүүгээрээ бахархаж байна гэж хэлсэн. Эхлээд
зургадугаар сарын 22-нд явна гэж байгаад дараа нь долдугаар сард наадмын үеэр
явна гээд чимээгүй болчихсон. Манайхан юу болсон юм бол гэж зөндөө хүлээсэн.
Харин саяхан аравдугаар сарын эхээр явна шүү гэж Оргил ах хэлсэн байна лээ.

-Оргил ах гэж хэн бэ?

-“Марко Поло” киноны Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан продюсер, том
сайд ах байдаг гэж аав хэлсэн. Оргил ах Иргэний боловсрол төвийн Нарангэрэл эгч
хоёр тэндээс ирж байгаа мэдээлэл мэдээг манай гэр бүлийнхэнд дамжуулдаг юм.

-Одоо хаана зураг авна гэж байна. Зураг авалт хэд хоног үргэлжлэх бол?

-Малайзад 10-14 хоногийн хугацаанд зураг авна гэсэн.

-Гэр бүлээс нь хамт хүн явах уу?

-Аавтайгаа хамт явна. Аав бид хоёрын зардлыг цаанаас нь даана гэсэн.

-Зураг авалтад зориулж хувцас бэлдэж байгаа юу?

-Үгүй. Очоод надад тааруулж бэлдэнэ гэсэн. Харин үсийг чинь хусаж болох
уу гэж асуусан. Би зөвшөөрсөн. Намайг энд иртлээ үсээ сайн ургуулж байгаарай,
засуулж болохгүй шүү гэж захисан.

-Киноны аль хэсэгт нь тоглох бол. Цээжил гэж зохиол өгсөн байгаа юу?

-Шалгаруулалтын үеэр өгсөн зохиолыг уншсан. Тэр байх үгүйг мэдэхгүй
байна. Зохиол дээр Жаха Хамбуу баатар хасаг тэрэгний дугуйнаас дээших хүний
толгойг ав гэдэг хэсэгт тоглох болов уу. Тухайн үед Хубилай хаан хүүхэд байсан.
Түүнийг хараад сууж байгаад их айж байгаа гардаг гэсэн.

-Хубилай хааны том болсон дүрд ямар орны жүжигчин тоглож байгаа бол,
мэдсэн үү?

-Би сайн мэдэхгүй ээ. Би тэр жүжигчинг бас Хубилай хааныг фэйсбүүкээр
харсан. Хубилай хааны зураг дээрх царай нь нээрээ надтай адилхан юм байна лээ.
(инээв)

-Танайх ам бүл хэдүүлээ вэ?

-Манайх ам бүл тавуулаа. Манай аавыг Цогтбаяр, ээжийг Энхжаргал гэдэг.
Манай дунд дүүг Элбэгбаяр, бага дүүг Оюутсэцэн гэдэг. Миний бага дүү охин их
хөөрхөн. Харин эрэгтэй дүү их сахилгагүй. Намайг дагаж хүүхдийн ордонд очсоор
байгаад манай ордныхон бүгд таньдаг болчихсон ш дээ.

-Монголын хүүхдийн ордонд хэзээнээс явж эхэлсэн?

-Би 93 дугаар сургуулийн 6Б ангийн сурагч. Манай ангийн багшийг
Мөнхдаваа гэдэг. Намайг нэгдүгээр ангид ороход л ээж Монголын хүүхдийн ордонд
оруулсан. Би цэцэрлэгт байхдаа бүжиглэдэг
байсан юм. Жалам хар бүжиглээд л Баянгол дүүргийн хүүхдийн арга хэмжээнд их
ордог байлаа. Тэгээд л МХО-ы драм, бүжгийн дугуйланд оруулсан юм. Манай драмын
дугуйлангийн багшийг Ө.Нямсүрэн, бүжгийн дугуйлангийн багшийг Б.Хулан гэдэг.
Надад зөндөө зүйлийг зааж өгсөн.

-Чамайг
жүжигчин гэж бодож байтал бас бүжигчин юм уу?

-Би Хулан багш
дээрээ ирээд “Нарны домог” бүжгэн жүжигт гурван жил бүжиглэсэн. Мөн драмын дугуйлан
дээрээ хүүхдүүдийнхээ дунд янз бүрийн дүр бүтээж тоглосон.

-Багш нар чинь
Эрхэмбаяр манай хүүхдийн ордны гол сурагч гэж байна лээ. Ямар ямар уралдаан
тэмцээнд оролцож байв?

-Зөндөө орсон. Би
МХО-ы авьяас хүрэл, мөнгө, алтан медальтай. МХО-ыхоо шугамаар гадаадад хүртэл
явж тоглолтод оролцож байсан.

-Чамд өөр
хөгжилтэй явдал, хоч нэр байгаа юу?

– Намайг
дугуйлангийнхан манжин гэхээр андахгүй.

-Яагаад
“манжин” нэртэй болчихов оо?

-Анх дугуйланд
ороход би манжингийн дүрд тоглосон. Хамгийн жижигхэн биетэй байсан болохоор
тэр. “Манжин” гээд л хэлэхээр бүгд инээчихдэг байсан. Яагаад тэгдэг байсан юм
бүү мэд. Тэгсэн дараа жил нь бүжгийн багш Орос ардын үлгэр “Манжин” үлгэрээр
бүжгэн жүжиг тавьсан. Би “Манжин” бүжгийн гол дүрд бүжиглэсэн. Тэгээд л бүр
манжин болчихсон. (инээв)

-Хэд хэдэн
рекламанд тоглож байхыг чинь үзсэн. Бас кинонд тоглосон гэж сонссон?

-Байгаа. Сая
хавар Эрүүл мэндийн яамны төслийн богино хэмжээний кинонд тоглосон. PC тоглоом
их тоглодог хүүхдийн дүрийг бүтээсэн. Надад хичээл, дугуйлан гээд хэзээ ч PC
тоглох зав гарч байгаагүй. PC тоглоом тоглуулдаг газар ч орж үзээгүй гэсэн чинь
найруулагч гайхаад байсан. Хэд хэдэн
рекламанд тоглож үзсэн. Саяхан “Тооцоогүй тоглоом” киноны нэг хэсэгт
орсон.Жаахан байхдаа МҮОНТ-ийн “Ерелаш цуврал” хүүхдийн киноны “Хулгайчийг
барьсан нь” хэсэгт гол дүрд тоглосон.
Бас “Мэргэжил бүхэн сайхан” гээд телевизийн нэвтрүүлгийн одон орон судлаачийн
дүрд тоглосон.

-Ер нь
жүжигчдээс хэнийг шүтдэг вэ?

-Би кино
жүжигчдээс Цэрэнболд ах, “Марко поло” кинонд
тоглосон Амараа ах нар шиг мундаг жүжигчин болохыг хүсдэг. Мөн манай Хүүхдийн
ордонд жил болгон ирдэг өвлийн өвөө Жагаа ах шигээ мундаг жүжигчин болно. Мөн
хошин урлагийн Бооёо ах, Аглуу ах нартай адилхан ямар ч хамаагүй дүрд сайн
тоглодог болно гэж боддог.

-Эрхэмбаяр өөр
юу сонирхдог вэ?

-Би бүжиглэх
дуртай. Усанд сэлэх, хөлбөмбөг тоглох дуртай. Аялах дуртай. Бас кино үзэх
дуртай.

-Ямар кино
үзэх дуртай вэ?

-Бүх төрлийн кино
үзэх дуртай. “Зүрхээр наадагч” киног үзэх маш дуртай. Дүүтэйгээ хамт зөндөө удаа үзсэн.

-Юу нь тэгж
сонирхлыг нь татсан юм бол?

-Манай
дугуйлангийн найзууд асрамжийн газрын хүүхдүүдэд тоглосон. Уг нь “Хувьсал”
продакшны ах эгч нар дугуйлан дээр ирж дүрийн шалгаруулалт явуулсан юм. Би
шалгаруулалтад орж чадаагүй. Хэрвээ шалгаруулалтад нь тэнцсэн бол би ингэх
байсан даа гэж бодож байн байн үздэг.

-Тэгэхээр
тоглож чадаагүй шарандаа үздэг байх нь ээ?

-Яг тийм. Гэхдээ
багш “Миний хүү байсан ч тэнцэхгүй байсан. Тэр дүрд чинь мяраалаг хүүхэд
авахгүй байсан юм” гэж хэлэхэд л би тайвширсан.

-Амралтаараа
юу хийдэг вэ?

-Хичээлийнхээ
амралтаар дугуйландаа явдаг. Харин зуныхаа амралтаар хөдөө явдаг. Эмээ маань
Төв аймгийн Угтаалцайдам суманд амьдардаг. Эмээ дээрээ очиж хонь хариулж өгч
мөн малынхаа хашаа, хотныхоо баасыг цэвэрлэдэг.

-“Марко поло”
киноны шалгаруулалтаас өмнө жүжигчин Амараатай таарсан, дараа нь киноны
шалгаруулалт эхэлсэн гээд их азтай хувь тохиолууд ар араасаа тохиолдсон гэсэн
байх аа?

-Их азтай
тохиолдол болсон. Хамгийн анх “Чонон сүлд” гээд киноны нээлт дээр гэр бүлээрээ
очиход жүжигчин Амараа ахтай таараад хамт зураг авахуулсан юм. Тэгсэн Амараа ах
намайг харчихаад “Ямар бүдүүн юм бэ. Миний дүү тур тур гэж хэлж байсан. Түүнээс
нэг их удаагүй “Марко поло” киноны сонгон шалгаруулалт явагдана гэсэн зар гарах
болсон. Ямар ч байсан шалгаруулалтад очиж үзье гэж бодож очоод тэнцсэн. Үнэхээр
азтай тохиолдол байсан шүү.

-Эрхэмбаярын
мөрөөдөл?

-Их л олон юм
мөрөөддөг дөө. Тоёото компанийн захирал болж бүх машиныг нь унахыг хүсдэг гээд
л мөрөөдөл дуусахгүй. Бас Улаанбаатар хотынхоо бүх хогийг том тоос сорогчоор
соруулчих юмсан гэж мөрөөддөг. Одоо сүүлийн үед би “Марко поло” кинонд маш сайн
тоглож холливудад болох киноны нээлтэд оролцож улаан хивсний ёслолд алхаж
үзэхийг хамгаас их мөрөөдөж байна.

Монголын Хүүхдийн
ордны захирал П.Анхтуяа багш болон бүх багш, ажилчид, найз нартаа маш их
баярладаг шүү гэж хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Сайд, төрийн соёрхолт, ардын уран зохиолчтой нэг төгсөлтийнхөн

“Нэг ангийнхан”
булангийн энэ удаагийн зочноор Монголын эрүүл мэндийн салбарт үеийн үед
дурсагдах түүхэн гавьяа байгуулсан хамт олон уригдсан юм. Монгол Улсын их
сургуулийн хүн эмнэлгийн ангид 1950 онд анх удаа олон оюутан элсүүлэхээр болж
нийт таван бүлгийг нэгтгэн 150 оюутан нэг ангид хуваарилжээ. Тухайн үед
сургуулийн ректорын албыг Б.Ширэндэв хашиж байсан аж. Орос оюутнууд, Офицерын
сургуулийнхан гээд таван бүлгээс бүрдсэн хүн эмнэлгийн анхны олон төгсөгчтэй
анги сургуулиа дүүргээд өдгөө 60 жилийн ойтой­гоо золгож байна. Зуун тавин оюут­наас
ар гэрийн гачигдал болон шалгалтдаа унаж улирсан зэрэг олон шалтгаа­ны улмаас
хасагд­саар 93 оюутан 1955 онд хүн эмнэлгийн мэргэжил эзэмшин амьдралд хөл
тавьж байжээ.

Анагаахын шинжлэх
ухааны үндэсний их сургуулийн зөвлөх багш, эрдэмтэн Л.Буджав, Монгол Улсын гавьяат
багш профессор Т.Батсүх нар “Биднийг төгсөх үед Намын төв хорооноос шууд томилж
бүгд л хөдөө орон нутгийн эрүүл мэндийн төвд хуваарилагдсан. Манай ангийнхан Монголын
эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй өдгөө бидний
шавь нар энэ салбарыг авч явж байна. Яахав эмч гэдэг хүний алтан амийг аюулаас аврах
тангараг өргөсөн юм хойно ямар бид тэгсэн ингэсэн гээд нэг бүрчлэн ярих биш. Эргээд
харахад эмч мэргэжлээрээ бахархах сэтгэл хаа нэг төрнө” хэмээн даруухан өгүүлсэн
юм. Үнэндээ тус ангиас төрсөн алдартай төр нийгмийн зүтгэлтнүүд олон билээ. Эдний
ангиас Эрүүлийг хамгаалахын сайд асан Ч.Цэрэннадмид, дэд сайд С.Дүгэржав, хэлтсийн
дарга Л.Буджав, Т.Гомбосүрэн зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнууд төрөн гарсан
бол Төрийн соёрхолт дөрвөн хүн байдаг аж. Тодруулбал, Төрийн соёрхолт ардын уран
зохиолч С.Эрдэнэ, эмнэлгийн анхны Ардын эмч Р.Пүрэв, дэд профессор Г.Дэмид, эрдэмтэн
Ё.Бодьхүү нар юм. Мөн профессор Т.Батсүх, доктор профессор А.Өлзийхутаг, ардын эмч
Ч.Цэрэннадмид, Д.Бадарчин, О.Лхамсүрэн зэрэг таван гавьяат эмч, 18 эрдэмтэн, профессор,
дэд профессор долоон хүн энэ ангиас мэндэлжээ. Түүнчлэн нийслэл болоод орон нутгийн
эрүүл мэндийн байгууллагын даргаар ихэвчлэн ажиллаж байсан туршлагатай, манлайлагч
анги юм. МУИС-ийн хүн эмнэлгийн ангийг 1955 онд төгссөн тэд улс эх орныхоо эрүүл
мэндийн салбарт хэрхэн гар бие оролцож явснаа үечлэн дурсав. Тухайлбал,
1950-1960 оны үед нийслэл болоод аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг их эмчтэй болгож бэхжүүлэхэд
Намын төв хорооноос даалган тэднийг орон нутагт томилж байжээ. Тэдний төгсөлтийнхөн
орон нутгийн эмнэлгүүдэд томилогдсоноор аймгийн эмнэлгүүд анх удаа их эмчтэй болж
бүтцийн хувьд жигдэрсэн гэсэн үг. Ингээд 1970-1980 оны хооронд улсын нарийн мэргэжлийн
эмнэлэг төвүүдийг байгуулахад, сум дундын эмнэлгүүдийг байгуулахад гар бие оролцон
боловсон хүчний чухал суурь бааз болж өгсөн гэдэг. Үүнээс хойш эдний ангийн төгсөгчид
сурсан мэдсэн зүйлээ залуу үе, ирээдүй хойчдоо зааж сургах, өвлүүлэх ажилд түлхүү
анхаарлаа хандуулах болсон талаар ахмад эмч нар ярьж байлаа.

Учир нь тэдний туршлага
өнөөдрийн эрүүл мэндийн салбарт дахин давтагдашгүй үнэт өв болох юм. 1955 онд Монголын
эрүүл мэндийн салбарт ханцуй шамлан орж ирж байсан залуусаас өдгөө 16 нь л ажиллаж,
зарим нь тэтгэвэртээ гарчээ. Одоогоор АШУҮИС-д Л.Буджав, Т.Батсүх, Ч.Цэрэннадмид,
А.Өлзийхутаг, Ц.Тажаа зэрэг таван багш зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Оюутны
ширээнд мөр зэрэгцэн суух нандин үеэ тэд дурсахдаа “Тухайн үед өнөөдрийн залуус
шиг бүх зүйл нь бэлэн, нээлттэй байгаагүй. Техникийн хөгжил дэвшил ч маруухан байлаа.
Бид сургууль, номын сан, оюутны байр хооронд л таван жил жирийлгэсэн дээ. Европ
хувцас мода болж байсан үе. Саравчтай малгай, дан хослолтой л өвөлждөг байлаа шүү
дээ. Даарч хөрөхийг мэдэхгүй. Ёстой л галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй
байж дээ” хэмээн хуучилж нэгнээ цаашлуулан ёжтойхон инээнэ. Тэр үед сар бүр оюутны
тэтгэлэг өгдөг байж. Эцэг, эх нь оюутан хүүхдээ тэр болгон эргээд байх биш. Улирлын
амралтаараа л гэрийнхэнтэйгээ уулзана. Тийм болохоор оюутны тэтгэлгээрээ амьдарна.
Хичээлдээ онц сурвал сардаа 200 орчим төгрөгийн тэтгэлэг авчихна. Түүгээрээ сургуулийнхаа
ард байрлах хятад хоолны газарт орж хуйцаа, цуйван, хуушуур авч иднэ. Мөн хятад
дэлгүүр их байсан үе гэнэ. Ангийн хүүхдүүдийн 60 хувь нь хөвгүүд. Тиймээс ангийн
цөөнх охидоо бусад ангийнхнаас их өмгөөлж, хамгаална. Хааяа хөвгүүд охин найрахдаа
сургуулийн ойролцоох хятад дэлгүүрээс талх, нарийн боов авч өгдөг байжээ. Мэдээж
оюутнууд болсон хойно чөлөөт цагаа аль болох зугаатай өнгөрүүлэхийг хичээж Лениний
клубт очиж бүжигт ордог байж. Мөн “Улаанбаатар”, “Элдэв-Очир”, “Ард”, “Дека” гээд кино театрт шинэ кино ирэх
болгонд очиж үздэг байсан тухайгаа гавьяат эмч Т.Батсүх хэлэв. Ихэвчлэн Оросын кино
үзнэ. Намын түүх, нийгмийн ухааны хичээлээс бусад бүх хичээл орос хэл дээр орох
бөгөөд монгол багш нартайгаа ч оросоор харилцдаг байсан болоод тэр үү ангиараа оросоор
маш сайн ярьдаг гэнэ. Тухайн үеийн оюутнуудын бас нэг очдог газар нь Дотоод яам,
Улаанхуарангийн халуун усны газар. Эдний ангийнхан нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй
оролцдог байжээ. Тухайн үед улс нийгмийн асуудал хүнд байсан. Арьс өнгө, сүрьеэ
эмчлэхээр ажиллаж өвчилсөн хүн амын 80 хувийг эрүүлжүүлсэн гэнэ. Уг ажиллагаанд
ангиараа дайчлагдаж Оросын эмч нартай хамтарч ажиллаж байжээ. Мөн тарваган тахлын
голомтод ажилласан гэж ангийн нөхөр Ц.Чулуунбаатар “Шударга журам” медалиар шагнуулж
байсан бол Баянхонгор аймагт болсон газар хөдлөлтийн голомтод мөн л тус ангийн Ё.Бодьхүү,
Т.Гомбосүрэн, Ч.Цэрэннадмид, Г.Данзан нар ажиллаж хүн малд эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Үүнийг нь төр засаг үнэлж эдгээр оюутныг “Алтан гадас” одонгоор шагнаж байсан тухай
ярив. Хичээл сурлагадаа ч манлайлагч байсан байна. Хэрвээ хоёр шалгалтад унах л
юм бол одоогийнх шиг дахин шалгалт гэсэн ойлголтгүй учраас шууд л улирна. Тиймээс
ч бүгд л хичээнэ. Ямар сайндаа л практикт хэрэглэж байсан хүний гавлын ясыг гэр
рүүгээ авч яваад гэрийнхнийхээ зүрхийг зогсоох шахна. Эсвэл оюутны байрныхаа орон
доогуур хүний араг яс аваачаад хийчихнэ. Түүнийг нь цэвэрлэгээ хийж явсан жижүүр
хараад ухаан алдахаас эхлээд олон ч хөгтэй явдал тохиолддог байж. Бүр анх өөрсдөө
ч хүний цогцос дээр ажиллаж чадахгүй уйлж байсан тухайгаа ярив. Түүнчлэн Ч.Шарав
анатомийн хичээл дээр шалгалт өгч байх үедээ азаар онц, авсан тухай ангийн нөхөд
нь хуучлав. Багш нь шалгалт авч латинаар эрүүний ясыг юу гэж нэрлэдэг вэ гэж асуухад хашир
“Энэ моньдийг юу гэж хэлдэг билээ” гэсэн чинь багш нь онц суу гэжээ. Учир нь латинаар
эрүний ясыг “мандивул” гэдэг юмсанж. Энэ мэт хөгтэй явдал их гэнэ.

Энэхүү төгсөлтийнхөн
монголын эрүүл мэндийн бүхий л салбарт ажиллаж байсан талаар дээр дурдсан. Төрийн
соёрхолт, ардын эмч Р.Пүрэв энэ ангийн төгсөгч. Тэрээр Монголд анх томографикийн
шинжилгээ, оношилгоог нэвтрүүлсэн төдийгүй рентгений чиглэлээр гаргууд мэргэшсэн
нэгэн. Түүнийг мэргэжил нэгт нөхөд нь тархи нүд нь яг л “Компьютер” шиг гэж шагшдаг
байжээ. Мөн мэс заслын Б.Доржготов, Д.Жодов,
Г.Дэгмид, халдвар судлалын Т.Гомбосүрэн, Н.Багаажав, эх барихын Б.Лувсан-Ёндов,
эрүүл ахуйн Ц.Тажаа, хоол судлалын Ш.Чадраабал, био анаагах эмгэг судлалч Б.Гомбо,
хүүхдийн Ж.Самданцоодол, сэтгэц судлалын Б.Чойдог, цус судлалын Ч.Шарав нар эрдмийн
зэрэг хамгаалсан байдаг бол зүрх судлалаар
Ч.Дондог, Ч.Норовдорж, физик эмчилгээгээр
А.Уазера, А.Цэцэгдарь, гоц халдварт чиглэлээр Л.Даваа, Ц.Чулуунбаатар, Б.Цэцэг,
хүүхэд, эх барих чиглэлээр П.Ядмаа болон Н.Цэрэндулам, Ж.Аюушжав, Х.Дулмаа, Р.Ядамсүрэн,
Д.Цэрэндаш, Б.Жамсран, А.Пагма нараас гадна энд нэр нь дурдаагүй ард түмэнд танигдсан
эмч нар олон. Мөн гадаадад урилгаар ажилласан
эмч цөөнгүй бий гэсэн. Зүү төөнүүрийн мэргэжилтэй Д.Бадарч Оросын Кремлийн эмнэлэгт
уригдаж байсан гээд ангийнхны алдрыг дурдвал их ажээ.