Categories
мэдээ цаг-үе

“Киви” хамтлагийн ахлагч Ука: ханьдаа хэлэх гэсэн үг болгоноо “Зүрхэн тэмдэг” дуундаа шигтгэж өгсөн

“Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу Ука бие даасан хоёр дахь цомгоо танилцуулав. Түүний анхны цомог “I am Love” нэртэйгээр сонсогчдын хүртээл болж байсан билээ. Тэрээр шинэ цомгоо “11.06” хэмээн өөрийн төрсөн өдрөөрөө нэрлэсэн байна. Ука амаржсанаасаа хойш төдийлөн хэвлэлээр ярилцлага өгөөгүй бөгөөд энэ удаа уран бүтээлийн болон хувийн амьдралынхаа талаар сонирхолтой яриа дэлгэсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Шинэ цомгийнхоо талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу. Цомгийн баяртаа зориулж тоглолт хийнэ гэж сонссон?

-Баярлалаа. “Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хоёр дахь бие даасан цомог “11.06” бэлэн болоод байна. Шинэ цомгоороо сонсогч, фэнүүдтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Шинэ цомгийн баяр өнөөдөр “Marquee 27 club”-т 20:00 цагаас болно. Багахан хэмжээний тоглолтод маань “Киви” хамтлаг, “Хар сарнай” хамтлагийн Амараа болон дуучин Наагий, Оки, Цэрэн нар оролцох болно.

-Цомогт ямар хэмнэл, өнгө аястай дуунууд багтсан бол?

-Шинэ цомогт маань “Мөрөөдөл бид хоёр”, “Амжиж хөтөлье гараас чинь” зэрэг зургаан дуу орсон байгаа. Ерөнхийдөө гэгээлэг дуунууд бий. Гэрэл гэгээ, аз жаргалыг тусгахыг зорьсон. Учир нь хүн бүхний өдөр тутмын амьдралд их бага хэмжээгээр ямагт азтай, жаргалтай, баяр баясалтай үйл явдал тохиож байдаг шүү дээ. Харин хэмнэл, дуугаралтын хувьд орчин үеийн, арай шинэлэг байх болно.

-Ихэнх дуу клиптэй болчихсон уу?

-“Амжиж хөтөлье гараас чинь”, “Мөрөөдөл бид хоёр”, “Зүрхэн тэмдэг” дуунуудаа клипжүүлсэн байгаа. “Эрвээхэй зангиа” студи “Мөрөөдөл бид хоёр” дууны клипийг хийсэн. Нөгөө хоёр дуугаа мөн өөр продакшнд бичүүлсэн. Тоглолтын дараа “Араас минь тэврээч” дууныхаа клипийн зурганд орохоор төлөвлөөд байна. Ер нь цомгийн бүх дуугаа клипжүүлнэ.

-Өөрийн тань дуу ихэнхдээ гал цогтой, эрч хүчийг илэрхийлсэн байдаг. Мөн романтик маягийн дуу ч цөөнгүй бий. “Араас минь тэврээч” их тачаангуй дуу болсон гэж байсан?

-Реппер Цэцэтэй хамтарч 16-гаас дээш насныханд зориулсан “Араас минь тэврээч” гэсэн “халуухан” дууг хийсэн байгаа (инээв). Та бүхэн энэхүү уран бүтээлийг сонсвол арай өөр зүйлийг мэдрэх байх гэдэгт итгэлтэй байна.

-Таны шинэ уран бүтээлээс сонсч байхад үг, хэллэгийн хувьд их донжтой санагдсан?

-Яруу найргийн өнгө аястай шүлэг байдаг л зүйл. Тиймээс репперүүдтэй хамтарч залууст арай ойр үг хэллэг хэрэглэхийг бодолцож ажилласан. Реппер Цэцэ, D.N.K буюу Danka, Тэмүүлин зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан. Хэлэх гэсэн санаагаа яг таг илэрхийлсэн үгтэй дуунууд надад таалагддаг. Би өөрийнхөө дууг ч гэсэн мөн тийм байгаасай гэж хүссэн. Харин “Ocean Grey” продакшн цомогт орсон ихэнх дууны ая дээр ажилласан байгаа. Манай “Киви” хамтлаг ч репперүүдтэй их гар нийлж ажиллаж байгаа шүү.

-Зарим уран бүтээлчдийн цомог олон дуу чихсэн, хүнд санагдах тал бий. Харин таны цомог зургаан дуутай, ерөнхийдөө цомхон санагдлаа?

-Цомгийн санаа орж ирээгүй байхад л “Амжиж хөтөлье гараас чинь” дуу маань бүтсэн байсан. Тэгсэн “Ocean Grey” студийн Ариука, Нацагаа хоёр маань “Чанартай дуутай л бол цомогт хэдэн дуу байхыг зохиогч өөрөө шийддэг” гэж надад хэлсэн. Энэ нь нэг талаараа надад урам өгсөн. Нөгөө талаараа цомог гаргах сэдэл болсон. Дээрх яриа болсны дараахан наймдугаар сараас төрсөн өдөртөө зориулсан цомгийн ажилдаа орсон доо.

-Та “Зүрхэн тэмдэг” дуугаа ханьдаа зориулж бичсэн гэсэн?

-Тийм ээ. Энэ дуу “Зөвхөн чамдаа зориулсан…” гээд эхлээд дуустлаа үнэхээр гоё үгтэй болсон дуу. Би хайртдаа зориулж хэлэхийг хүссэн бүхнээ энэ дуундаа шигтгэсэн учраас илүү дотно, гоё уран бүтээл болсон санагддаг. Дуулаад эхлэхэд л сэтгэл зүйрлэшгүй сайхан болчихдог. Зөвхөн өөрсдийн аз жаргалаас гадна ертөнц дээрх бүх хосын аз жаргалтай мөч бүхнийг дуундаа шингээхийг хүссэн дээ. Над руу хань маань залгахад миний гар утас дээр “Зүрхэн тэмдэг” дууны зураг гардаг.

-“Киви” хамтлаг ч тэр, таны бие даасан өмнөх цомог ч тэр дизайны хувьд өвөрмөц шийдэлтэй юм. Илүү чөлөөт стилийг илэрхийлсэн хувцастай?

-Энэ “десант” бол миний нөхрийн цамц /инээв/. Зураг авалтын өмнө хамтдаа дэлгүүрээр явж байгаад авсан юм. Ийм хувцас надад маш их таалагддаг. Хүүхэд байхын л ийм хувцас өмсөх дуртай байсан. Манай нөхөр бас надтай адилхан сонирхолтой ш дээ.

-“Киви” хамтлагаар уран бүтээлийн сонин юу байна?

-Хамтлаг шинэ уран бүтээлүүдээ энэ тоглолтод дуулна. Зургаан хоногийн өмнө “Киви” хамтлагийн шинэ клип хүрсэн байгаа. Ер нь уран бүтээл өндөр байгаа шүү. Шинэ жилийн захиалга ч их байна.

-Таны хувьд үрийн зулай үнэрлээд багагүй хугацаа өнгөрчээ. Цахим ертөнцөд хүү эсвэл охинтой болсон гэх юм…

-Хүүтэй болсон.

-Одоо хэдэн сартай вэ?

-Манай хүү энэ сарын 9-нд нэг нас хүрнэ. Хүүхэд эхийн хэвлийд байх хугацаандаа л удаан санагддаг болохоос төрсөн хойноо нүд ирмэхийн зуур л өсч, торнидог юм байна.

-Хүүдээ ямар нэр хайрласан болохыг сонирхож болох уу?

-Бид хүүдээ Сүбээдэй гэдэг нэр хайрласан. Түүхэн хүн. Баруун Еропыг эзэлж байсан маш их ухаантай, эрмэг зоригтой, урт насалсан баатар юм билээ. Энэ утгаараа хүүдээ баатрын нэр өгсөн дөө.

-Хүүдээ хэр их цаг гаргаж байна?

-Уран бүтээлч хүн болохоор тийм ч хангалттай цаг хугацааг хүүдээ өгч чадахгүй байна. Шинэ цомог гээд ажил ихтэй байгаа болохоор үдээс өмнө л хүүтэйгээ хамт байдаг.

-Эх хүн болно гэдэг эмэгтэй хүний хорвоод ирсэн утга учир гэдэг. Танд ямар сэтгэгдэл төрж байна?

-Гайхалтай сайхан байна. Өдөр болгон хүүхдээ үнсэж сэрэх шиг сайхан юм байдаггүй гэдэг яасан үнэн үг вэ. Хүүгээ харахаар хорвоогийн юм бүхэн гэрэлтэж цацраад явчихдаг. Бүсгүй хүн ээж болоод бусдыг улам ихээр хайрладаг юм байна. Энэ хүн яг л над шиг эх хүнээс төрсөн байгаа, энэ над шиг л үрээ хайрладаг…гээд л бусдыг илүү их боддог, хайрладаг болсон юм шиг санагддаг. Бас ээжийгээ, эгчийгээ, эмэгтэй дүүгээ өмнөхөөсөө илүү ойлгож, хүндэлдэг болсон.

-Хүү тань таныг их зөөлөн болгожээ?

-Ээж болсон хүн бүр над шиг их өрөвч зөөлөн болчихдог байх. Эх, үрийн элбэрэл хайрын талаар юм ярихаар хүртэл өөрийн эрхгүй уйлчих гээд байдаг болсон.

-Хүүхдээ хөхөөрөө хооллодог биз дээ?

-Тэгэлгүй яахав. Бас өөрөөрөө төрсөн гэж байгаа /инээв/.

-Ганц бие амьдралдаа цэг тавьж гэр бүл зохионо гэдэг амаргүй. Ялангуяа таны хувьд уран бүтээл, ар гэрийн ажил гээд завгүй яваа байх. Өөртөө цаг гаргаж байна уу?

-Хүүг маань хамаатны дүү нар асарч байгаа. Өглөө эрт босоод л нөхөр, хүү хоёрынхоо хоолыг хийж өгөөд, өдөр ажлаа амжуулаад л, орой хурдхан шиг л гэртээ харихыг хичээдэг болсон. Сүүлийн долоо хоног цомгийн ажил гээд хоногийн 24 цаг надад хүрэлцэхгүй байгаа юм шиг санагдаж байсан. Аль алиныг нь амжуулахын тулд бүх зүйлээ л цагийн хуваарийн дагуу хийж, цомгийнхоо ард гарлаа. Гэхдээ ар гэрийн ажлаас эхлээд миний хань маш их тусалж дэмжиж байсан. Миний амьдрал сайн сайхан байна. Эмэгтэй хүн сайн хань, сайхан үр хүүхэдтэй болоход их аз жаргалтай болдгийг одоо л биеэрээ мэдэрч байна.

-Ханиа танилцуулахгүй юу?

-Эх орондоо өөрийнхөө хувь нэмрийг тодорхой хэмжээгээр оруулж яваа хүн бий. Миний нөхөр ханьдаа халамжтай, үр хүүхдэдээ хайртай сайхан залуу байгаа. Уран бүтээлийг минь байнга дэмжиж, өдөр болгон намайг сайхан үгээр тэтгэдэг. Ер нь нөхөр маань намайг “сайн усалж” байгааг та нар харж байгаа биз дээ /инээв/.

-Уран бүтээлч бүсгүй амаржсанаасаа хойш амархан хэвийн хэмжээндээ ирсэн харагдлаа. Өмнө багагүй жин нэмсэн байсныг нь харж байсан. Яаж жингээ хассан бэ?

-Би төрөхийнхөө өмнө бараг 75 кг жинтэй болсон байсан. Харин амаржсаныхаа дараа сүү, гурил хоёрыг хэрэглээнээсээ хасаад л маш хурдан хугацаанд хэвийн жиндээ хүрчихсэн. Сүү, гурил хамт хүний биед ороод задрахдаа сахар болж шингэдэг гэсэн. Бас өдөрт 2-3 цаг дасгал хийдэг байсан.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Багачууд зул сарын баярыг хэрхэн төсөөлдөг вэ?

Шинэ жил айсуй энэ өдрүүдэд томчуудаас илүү хүүхэд багачууд хөөр баяр болж, зул сарын өдрийг хоног тоолон хүлээдэг. Багачууд өвлийн өвгөнийг цана чаргандаа цаа бугаа хөлөглөн цасан охин, ан амьтдаа дагуулсаар ирэх болно хэмээн дор бүрнээ ургуулан бодож, хүсэл мөрөөдөлдөө автаж суугаа болов уу. Ингээд бяцхан уншигчидтайгаа уулзаж зул сарын талаарх сэтгэгдлээс нь хуваалцсанаа хүргэж байна.

23 дугаар сургуулийн 6е ангийн сурагч Ц.Ананда:

Өвлийн өвөө байдаг эсэхийг сүүлийн удаа туршиж үзнэ ээ

Би өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг. Өвлийн өвгөн цасан охинтойгоо хамт Хойд туйлд амьдардаг байх. Тэр газарт нь байнга цас орж чаргаар гулгаад их л хөгжилтэй байдаг гэж боддог. Жил болгон би өвлийн өвгөнд захиа бичдэг. Захиандаа авахыг хүсч байгаа бэлгээ бичээд ээжтэйгээ хамт хаягаар нь явуулдаг. Өнгөрсөн жил би “I Phone5” гар утастай болмоор байна гэсэн чинь надад яг тэр утсыг өвлийн өвгөн бэлэглэсэн ш дээ. Гэхдээ энэ жилээс итгэхээ больсон. Яагаад гэвэл саяхан өвлийн өвгөн их дэлгүүрээс хүүхдүүдэд өгөх бэлгээ бөөний

үнээр авч байсан гэж ээж хэлсэн. Мөнгө муутай, хямарчихсан байгаа гэж ээж хэлсэн. Ямар ч байсан сүүлийн удаа өвлийн өвөөгөөс мотортой чарга гуйж захиа бичиж туршиж үзнэ дээ. Хэрвээ надад бэлэг маань ирэхгүй бол үнэхээр өвлийн өвгөн байдаггүй гэж бодох болно. Хүмүүс өвлийн өвөө байдаггүй гэж ярьдаг. Харин өвлийн өвөө өөрт нь итгэж захиа бичсэн хүүхдэд л бэлэг явуулдаг юм шиг санагддаг. Би өвлийн өвөөгөөс бэлэг авахын тулд хичээлдээ онц сурч, ээжийнхээ үгэнд ч сайн орж байгаа.

CXД-ийн Үндэсний лаборатори бүрэн дунд 12 дугаар сургуулийн 1в ангийн сурагч Ш.Эрхсаран:

Өвлийн өвөө маш олон хүүхдэд бэлэг тараадаг

-Шинэ жил миний хамгийн дуртай баяр. Хүүхдийн баяраас ч гоё. Манайх гацуураа засчихсан. Өвлийн өвөө надад барби, гоё эрвээхийтэй даашинз бэлэглэсэн. Би одоо цасан охиных шиг цагаан өнгөтэй, пони морины зурагтай даашинз авахыг хүсч байна. Дүүдээ өгөх гэж байгаа юм. Миний дүүг Анхзул гэдэг. Намайг сургуульд орсон гээд ээж тийм даашинз авч өгсөн. Харин дүүг цэцэрлэгт явдаг гээд авч өгөөгүй. Дүү маань миний даашинзыг өмсөх их дуртай. Ээж намайг хүслээ бичээд оймсон дотор хийгээд дэрэн дороо хийгээд унтаарай гэсэн. Тэгвэл өгнө. Би орой болгон өвлийн өвөөгөөс гуйж байгаа. Шинэ жил болохоос олон хоногийн өмнө хэлэхгүй бол өвлийн өвөө олон хүүхдэд бэлэг тараагаад амждаггүй гэсэн.

3а ангийн сурагч Ч.Хишигтөгөлдөр:

Ээж “өвлийн өвөөгөөс хамаагүй үнэтэй бэлэг гуйж болохгүй шүү” гэж хэлсэн

-Би дээлтэй өвлийн өвөөд дуртай. Гадаадын улаан хувцастай санта клаус гоё л доо. Гэхдээ монгол дээлтэй нь илүү гоё. Манай ангийн найзууд “Өвлийн өвөө байдаггүй. Намайг худалч” гээд байсан. Миний бодлоор өвөө байдаг. Бас хүүхэд бүрт хайртай болохоор хичнээн хүнд, хэцүү байсан ч хүссэн бэлгийг нь заавал хүргэж өгдөг юм. Өвлийн өвөөгийн хүүхдүүдэд өгөх бэлгийг хийдэг одой хүмүүс хүртэл байдаг юм билээ. Би зурагтаар гарсан киноноос харсан. Бас их хөгжилтэй амьдардаг санагдсан. Би хоёр дүүтэй. Ээж “Манайд гурван хүүхэд байгаа учраас өвлийн өвөөгөөс хамаагүй үнэтэй, том бэлэг гуйж болохгүй шүү” гэж хэлсэн. Олон хүүхдэд бэлэг тараадаг болохоор их мөнгө ордог байх. Тийм болохоор би нэг их том бэлэг гуйхгүй. Уг нь унадаг дугуй бэлгэнд авах бодолтой байсан юм.

“Шинэ Эрин” сургуулийн 7б ангийн сурагч Г.Зөнбилэг:

Манай аав өвлийн өвөө байсан

-Өвлийн өвөө Хойд туйлд амьдардаг гэж боддог байсан. Шинэ жилээр захиа бичиж, тавган дээр амттай жигнэмэг тавиад хонодог байсан. Харин жилийн өмнөөс өвлийн өвөө байдаггүйг мэдсэн. Нэг удаа манай гэрт санта клаус орж ирээд надад машин бэлэглэсэн. Яг тийм машин авахыг хүсч би захидал бичсэн юм. Тэгэхэд үнэхээр их баярласан. Гоё санагдсан. Харин өнгөрсөн жил миний захиаг ээж өвлийн өвгөний хувцас өмссөн хүнд өгөөд надад өгүүлдэг болохыг нь мэдсэн. Тийм болохоор жаахан урам хугарсан. Би бусад хүмүүсээс асуусан чинь өвлийн өвөөгөөс бэлэг авсан хүн бараг байдаггүй юм билээ. Манай аав санта клаусын хувцас өмсөөд л надад бэлэг өгдөг. Гэхдээ л шинэ жилийн баярт би дуртай.

Монгол III сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Б.Лхагважаргал:

Би дээлтэй өвлийн өвөөхарсан

-Манай өвөө надад цасан охин, өвлийн өвгөний тухай үлгэр ярьж өгсөн. Өвлийн өвөө цасан охиноос гадна их олон амьтадтай хамт явдаг. Би дээлтэй өвөө харсан. Манай хажуу айлын хүүхдэд бэлэг өгч байсан юм. Өвлийн өвгөнөөс гоё барби бэлэглээч гэж гуйна.

Нийслэлийн 16 дугаар сургуулийн 2д ангийн сурагч У.Номин:

Цасан охины даашинзтай болохыг хүсч байна

-Шинэ жилээр ээж амттан дүүрэн ширээ засаад гэр бүлээрээ тойрч суугаад зураг авахуулдаг. Би өвлийн өвгөн, цасан охины тухай хүүхэлдэйн кино зурагтаар зөндөө үзсэн. Цасан охин нь их гоё цагаан даашинзтай. Харин өвөө нь цагаан сахалтай. Яг тийм цагаан сахалтай өвөө манай сургууль дээр ирж бид нарт бэлэг өгсөн. Дотор нь алим, ундаа гээд олон гоё амттан байсан ш дээ. Онц сурах юм бол дахиад ирнэ гэж багш хэлсэн. Би өвлийн өвөөдөө олон хувцастай барби авах хүсэлтэй байгаа талаараа захиа бичих бодолтой байна. Өвлийн өвөөгөөс юу авмаар байна түүнийгээ л хэлчих гэж ээж хэлсэн.

14 дүгээр цэцэрлэгийн ахлах анги О.Ирмүүн:

Өвлийн өвөөгөөс робот машин авахыг хүсч байна

-Манай гэрт өвлийн өвөө, цасан охин бас баавгай, бар, сармагчин, туулай гээд олон амьтадтайгаа орж ирээд надад уралдааны машин өгсөн. Удахгүй шинэ жил болохоор робот машин өвлийн өвөөгөөс авмаар байна. Аав өвлийн өвөө удахгүй хүслийг чинь биелүүлнэ гэж хэлсэн гэсэн.

Монгол III сургуулийн 4г ангийн сурагч Н.Чингис:

Өвлийн өвөө үнэхээр байдаг бол надад захидал бичээрэй

-Өвлийн өвөөг бүхэлдээ цас мөсөөр хучигдсан оронд амьдардаг гэж боддог. Тэгээд шинэ жил болохоор дээгүүр цаа бугатай чаргаар нисээд л. Би эвлүүлдэг онгоцтой болмоор байна гээд өвлийн өвөөд захидал бичсэн чинь захидлын хариу манай эмээд ирсэн. Өвлийн өвөө байдаггүй юм байна лээ. Цэцэрлэгт байхад ээж өвлийн өвөөд миний бэлгийг өгөөд явуулчихдаг байсан юм билээ. Өвлийн өвөө үнэхээр байдаг бол надад захидал бичээрэй. Уг нь унадаг дугуйтай болохыг би маш их хүсч байгаа юм.

Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэг Ж.Сүбээдэй:

Томоотой байвал бэлэг өгнө

-Манай найз өвлийн өвөөтэй уулзсан гэсэн. Би бас зүүдэлсэн. Аав өвлийн өвөө надад бэлэг өгнө гэж хэлсэн. Харин намайг үймүүлж болохгүй томоотой байгаарай гэсэн. Би сүлд модонд дуртай. Гоё гэрэл асдаг. Аав, ээж хоёр авч өгсөн.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Топ модель Х.УЯНГА: Даль жигүүртэйсэн бол нисчихмээр сайхан мэдрэмж одоо хэр намайг эзэмдэж байна

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл-2016” наадам болж загварын шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн “Гоёл-2016” наадмын “Топ модель”-оор Х.Уянга шалгарсан юм. Ингээд шинэхэн топын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.

Танд энэ жилийн топ моделиор тодорсонд баяр хүргэе. Загварын тайзнаа алхаж буй хүн бүхэнд хүсээд ирэхгүй шагнал болов уу?

-Баярлалаа. Нэр хүндээсээ илүү асар их хариуцлага ирдэг юм байна. Тэгээд ч би топыг хариуцлагаас илүүтэйгээр амжилтад хүрэх боломж гэж харж байгаа.

Сэтгэл хэр хөдөлж байна?

-Даль жигүүр байдагсан бол нисчихмээр тийм сайхан мэдрэмж төрсөн. Одоо хэр намайг эзэмдэж байна. Тайзан дээр тэгж их сандарна гэж бодоогүй. Үнэхээр их сандарсан. Энэ дашрамд Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” агентлаг болон найз нөхөд, хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Мөн гэр бүл, найз залуудаа баярлалаа. Та бүхнийхээ дэмжлэгээр ийм хүндтэй шагналыг хүртсэн шүү.

Та өмнө нь “Гоёл” наадамд оролцож байсан уу?

-Би 13 настайдаа “Гоёл-2000” наадамд оролцож байсан. Өнөөг хүртэл тасралт­гүй 16 жил орсон байна.

Биеийн харьцаа хэд вэ?

-Өндөр 180 см. Биеийн харьцаа 90:60:93.

Топ болгон өөрийн онцлогтой гэгддэг. Таны хувьд…

-Гоё хөлтэй гэж ярьдаг. Дизайнерууд аль болох богинохон, хөл ил гарсан хувцсаа надад өмсүүлдэг ш дээ (инээв).

Хэдэн онд төрсөн бэ?

-1988 онд Улаанбаатар хотод мэндэлсэн.

Гэр бүлээ танил­цуулахгүй юу?

-Аав маань таван жилийн өмнө өөд болсон. Одоо ээж, ах, охин нартайгаа амьдарч байна. Ах, эгчтэй. Айлын хэнз охин. Ах, эгч хоёроосоо нэлээн хожуу төрсөн л дөө.

Нутаг ус хаана вэ?

-Манай аав Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул. Ээж Увс аймгийн хүн.

Ямар мэргэжлийн хүмүүс бол?

-Аав насаараа нам, улс төрийн ажил эрхэлж явсан. Харин ээж багш мэргэжилтэй. Манай ах социологич, нийгмийн сэтгэл зүйч мэргэжилтэй.

Таныг сурч байгаа гэсэн. Ямар мэргэжлээр сурч байна вэ?

-Олон улс судлалын дээд сургуулийг Олон улсын харилцаагаар төгссөн. Оюутан байхдаа санхүүгийн чиглэлээр ажиллах боломж гараад нэг байгууллагад хэсэг ажилласан. Гэхдээ мэргэжлээрээ ажиллахаас илүүтэйгээр санхүүгийн чиглэлээр ажиллах дуртай. Тиймээс одоо эдийн засаг, санхүүгийн чиглэлээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оройн ангид сурч байна.

Аль агентлагт харьяалагддаг вэ?

-Анх “Шилмэл загвар” агентлагт орж топ модель Цолмон багшийн шавь болсон. Ер нь нэг их агентлаг дамжаагүй. 2005 оноос Мон­голын дизайнеруудын холбоонд харьяа­лагдах болсон.

Загвар өмсөгч болох зам­нал хэрхэн тавиг­даж байв. Мэдээж хүсэл мөрөөд­лөөрөө тайзтай амьд­ра­лаа холбосон байлгүй?

-Тэгэлгүй яахав. Намайг 13 настай байхад аав маань дагуулж яваад “Шилмэл загвар” агентлагт оруулж байлаа. Аав их дэмжинэ. Ээж болохоор нас чинь арай бага байна. Боловсроогүй байна гээд хориг­лодог байсан. Тэгэхээр нь ааваа­саа гуйна. Айлын хэнз охин учраас их эрх танхи. Аавыгаа дийлдэг л хүн байлаа. Миний аав охиныхоо үгнээс гарахгүй ээжээс нууцаар агентлагт бүрт­гүүлж байсныг одоо ч мартдаггүй юм.

Аав тань байсан бол охиноороо бахархаж, хамгийн их баярлах байсан даа?

-Тэгэлгүй яахав. Тухайн үед охиноо өнөөдрийн энэ амжилтад хожим хүрнэ гэдгийг мэдээж бодоогүй байх. Эмэгтэй хүн биеэ аятайхан, зөв аваад явчихдаг болоосой гэсэн үүднээс л загварын агентлагт оруулсан болов уу. Өнөөдөр миний хажууд байсан бол надаас илүү баярлах хүн аав минь байх нь дамжиггүй.

Танай ээжийн талынхан их өндөр, биерхүү хүмүүс гэж сонссон?

-Ээжийн удмынхан их өндөр хүмүүс бий. Их өндөр шүү. Ээж маань залуудаа их сайхан бүсгүй байсан. Би ээжийнхээ үргэлжлэл юм даа.

Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай гуайтай ямар холбоотой юм бэ. Ураг төрлийн холбоо юу?

-Тийм ээ. Манай өвөө Жасрай ахын аав хоёр төрсөн ах дүүс.

Аль дунд сургуулийг төгссөн юм бэ?

-“Монген” сургуульд сурч байгаад 54 дүгээр сургууль руу шилжсэн. 54 дүгээр сургуулийг төгссөн.

Өндөр хүн спортод бас амжилт гаргах боломжтой байдаг. Яагаад заавал загварын ертөнцийг сонгов?

-Загварын тогоонд чанагдахаас өмнө их л гоё санагддаг байсан. Загварын ертөнцөд орж ирснээр мөрөөдөл маань зорилготой болж ирсэн. Цолмон багшийгаа л их шүтдэг байсан даа. Яасан гоё алхдаг, биеэ сайхан авч явдаг гээд л алхаж гишгэх тутамд нь биширнэ.

Олон жил энэ наадамд оролцсон гэлээ. Жил ирэх тусам л топ болох хүсэл төрнө биз. Бас өөртөө багагүй найдлага тавьдаг байв уу?

-Олон жил тууштай ажилласан хөдөлмөр л байдаг. Миний хөдөлмөрийг үнэллээ гэж бодож байна. Үе үеийн топууд загварын тайзнаа дор хаяж таван жил ажилласан туршлагатай байдаг. Миний үеийнхэн ер нь одоо харахад топууд болчихсон байна. Би “Гоёл-2012” наадамд шилдэг эмэгтэй загвар өмсөгч болж байсан. Үүнээс өмнө би ямар ч шагнал горьдож байсангүй. Аль болох туршлага хуримтлуулж, их зүйл сурахыг эрмэлзэж ирсэн. Харин шилдэг авснаасаа хойш бас надад боломж байгаа юм байна, топ ойрхон байна гэж харна. Аливаа юмны үнэ цэн цаг хугацаагаар хэмжигддэг юм шиг санагддаг.

Үе үеийн топ моделиудтай хэр дотно вэ?

-Сайхан найзууд. Сүүлийн үед залуу загвар өмсөгчид хүчтэй орж ирж байна. Манай загварынхан чинь өмнөх үеийнхэндээ их хүндэтгэлтэй ханддаг байхгүй юу. Би ч гэсэн өмнөх үеийнхнээ хүндлэх хүмүүжлээр өдийг хүрсэн.

Олон улсын тэмцээнд оролцож байсан уу?

-Үгүй. Нэг их гадагшаа, дотогшоо тэмцээнд ороод байдаггүй. 2002 онд Өмнөд Солонгос улс руу анх удаа Монголоос гурван загвар өмсөгч явсны нэг нь би. Тухайн үед 100 хүн шалгаруулалтад орж байсан. Гурван сар мэргэжил дээшлүүлж, Солонгосын загварын ертөнцтэй танилцаж, туршлага солилцсон.

Топ моделиудыг алтны магнат Ц.Мянганбаяр төрүүлдэг гэсэн яриа яг энэ үеэр сөхөгддөг. Хэр үнэний ортой вэ?

-Хоногийн дотор ийм ярианд өртлөө. Би өмнө нь энэ яриаг зөндөө л сонсч байсан. Гэхдээ нэг их ач хол­богдол өгөхгүй байна. Намайг мэдэх хүмүүс нь мэднэ. Мэдэх­гүй нэг нь өөрс­дийнхөөрөө л бодно биз. Загвар өмсөгч бол мэдээж гоё сайхан харагдах ёстой. Гэхдээ миний харж байгаа өнцөг бол гоо сайхны мэдрэмжээрээ хүмүүст нөлөө­­лөхийг илүүд хүсдэг. Дээрх элдэв ярианаас илүүтэйгээр цааш­даа хийж бүтээх миний ажил хамгаас чухал. Би их эрх танхил өссөн. Аавыгаа үгүй болсноос хойш миний дэгдэж, дэрвэж явсан амьдрал эцэслэсэн дээ. Аливаад хандах хандлага ч өөр болчихдог юм байна. Их зөөлөн ч болж. Тийм болоод ч тэр үү хажуугаар өнгөрсөн сэтгэл гундуухан яваа нэгнийг хараад бага ч гэсэн туслах юмсан гэж сэтгэл зовнидог. Тиймээс нэг их мөнгө, төгрөг хүнд өгөөд байхаас илүүтэйгээр нийгэмд чиглэсэн сайн үлс дэлгэрүүлэхийг зорьж байна. Ингэхдээ хүүхдийн тал дээр нэлээд юм хийхийг хүсч байна. Өөрөө хүүхэдтэй болохоор нөлөөлж байгаа байх л даа.

Охин тань сургуульд орчихсон бил үү?

-Тийм ээ. Найман настай. Охины маань аав хувиараа бизнес эрхэлдэг хүн. Охиныхоо ааваас тусдаа амьдраад удаж байна.

Гоёл-2016” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

Гоёл-2016” наадмын шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Б.Баяртогтох

Гоёл-2016” наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгч: А.Хулан

Гоёл-2016” наадмын шилдэг make-up artist: Аззаяа, Марина

Гоёл-2016” наадмын шилдэг үсчин: “Stylish” салон

Гоёл-2016” наадмын шилдэг залуу дизайнер: “Эртний Монгол хийц” коллекциороо дизайнер О.Уранцэцэг

Гоёл-2016” наадмын гоёлын хувцасны шилдэг дизайнер: “Отгон” салоны дизайнер Ц.Отгон

Гоёл-2016” наадмын үндэсний хувцасын шилдэг дизайнер: “Mon Couture” урлангийн дизайнер Х.Батзаяа

Гоёл-2016” наадмын Өдөр тутам чөлөөт хувцасны шилдэг дизайнер: “Урбан” жийнс брэндийн дизайнер Бямбасүрэн

Гоёл-2016” наадмын шилдэг уран сэтгэмжит хувцасны дизайнер: СУИС-ийн багш, дизайнер Мягмарбүрэн, Батсүрэн

Гоёл-2016” наадмын шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Говь” компани

Гоёл-2016” наадмын Гранпри шагнал: “Шилмэл загвар” ордны дизайнер Д.Өнөболор

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Илкка Какко: Монголчууд Хөвсгөл нуурын орчимд, эсвэл говьд байгальтайгаа холбогдсон шинэ нээлт хийвэл дэлхий нийтийн анхаарлыг татна

Манай улсад “Шинжлэх ухаан, технологи, иннова­цийн экосистем” олон улсын чуул­ган боллоо. Энэ­хүү чуулганаар шинжлэх ухаан технологи, инно­ва­цийн экосистем болон шинж­лэх ухаан техно­логийн паркийг хөгжүүлэх талаар гадны судлаач, эрдэмт­дээс туршлага суд­лах юм. Түүнчлэн тэдний гаргасан санаа, бодлыг Монголын шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвш­ний хүмүүс хэлэлцэж зорилтоо тодорхойлоход оршино. Тэгвэл мэдлэгийн эдийн засгийг бий болгож, мэдлэгийн үйлдвэрлэлд хэрхэн хурдан шилжих арга замыг тодорхойлж болох лекцийг гадны мэргэжилт­нүүд тавьж эхэллээ. Үүнээс чуул­ганд оролцогчдын анхаарлыг татаж буй нь Финландаас ирсэн “Оюу Каростеч” компанийг үүс­гэн байгуулагч, шинэ санаа дэвшүүлэгч, менежментийн зөвлөх Илкка Каккогийн тавь­сан илтгэл юм. Тэрээр чуулганд оролцох боломжгүй учир өмнө нь манай улсад ирж бизнес эрхлэгчид болон төрийн удирдлагуудтай илтгэлээ видео хэлбэрээр бэлтгэсэн байжээ. Илкка Какког тавих илтгэлээ бэлтгэж байх үед нь уулзаж ярилсанаа хүргэж байна.

Та энэхүү чуулганд ямар сэдвээр илтгэл тавихаар бэлтгэсэн бэ?

-Миний илтгэлийн гол сэдэв нь платформ сэтгэлгээ буюу “Гурав дахь үеийн шинжлэх ухаан, технологийн паркийн хандлага” юм. Платформ сэтгэлгээ нь хуучин зүйлээс ургаж гарсан. Хуучин зүйл нь гэдэг нь пайплайн сэтгэлгээг хэлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор би илтгэлээ тавихаар бэлдсэн. Чуулганы үеэр миний тавьсан илтгэлийг видеогоор хүргэнэ. Учир нь би өөрийн биеэр байж амжихгүй болохоор долоо хоногийн өмнө Монголд ирж бэлтгэлээ бэлдсэн л дээ.

Гурав дахь үеийн шинж­лэх ухаан гэдгээ тайлбарлаж болох уу?

-Энэ тун шинэ гарч ирсэн хэллэг. Финландад сүүлийн хоёр жил маш эрчим­тэй дэлгэрч байна. Шинжлэх ухаан технологийн хуучин парк гэсэн ойлголттой ямар ч холбоогүй шинэ ойлголт юм. Хуучин гурвалсан хэлхээ гэх зарчмаар явж ирсэн. Засгийн газар, шинжлэх ухааны бай­гууллага, аж үйлдвэрийн газ­рын уялдаа холбоотойгоор. Энэ зарчимд хүн төрөлхтөн бид итгэхээ больсон.

Гол давуу тал нь юундаа байна вэ?

-Одоо Финландад хэрэгжиж буй энэ арга барил бол түлхэж бус бизнестээ татаж авах замаар үйл ажиллагаандаа шинэ санааг ашигладгаараа давуу чанартай. Гурвалсан хэлхээ нь аливаа шинэ санааг татаж авах бус доош нь дар­сан, дарангуйлсан шинжтэй байсан. Харин гурав дахь үеийн шинжлэх ухаан бол аливаа шинэ содон санааг татаж авах, туршиж үзэх тал дээрээ маш нээлттэй.

Гурав дахь үеийн гэж яриад байгаа энэхүү технологийн паркийг бий болгоход гол анхаарах зүйл гэвэл юу байна?

-Хүмүүсийн чөлөөт ажил­лах хүчин хамгийн чухал. Тухайн хүн давхар ажил хийдэг байж болно. Ажлын байрандаа байнга суудаг бус дуудагдаж ажиллах нь илүү үр дүнтэй. Ийм байд­лаар ажиллах хэлбэр бусад орнуу­дад их дэлгэрч байна. Шаардлагатай мэр­гэжилтэн, ажилтнаа хэрэгтэй үедээ дуу­даж ажиллуулах зар­чим үйл­чил­дэг болбол нэн тохиромжтой. Гол нь мэд­лэгийн эдийн засагт суурилсан судалгаа юм шүү.

Монголд шинжлэх ухаа­ны паркийг хөгжүүлэх, бий болгох боломж байгаа юу?

-Би танай улсад ирээд Монголын шинжлэх ухааны салбарын болон зарим улс төрийн удирдлагуудтай уулз­сан. Нэлээд зүйлийг мэдэж авсан. Ингэхдээ Монголд гурав дахь үеийн шинжлэх ухаан буюу технологийн паркийг бий болгох боломж нөхцөл байна гэж харсан.

Ингэхийн тулд нэн түрүүн ямар алхам хийх ёстой юм бол?

-Оюутнуудтай шинэ санааг нь зохион байгуулалттайгаар гаргаж аваад. Цааш хэрхэн биежүүлэх вэ гэдэг тал дээр сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Хамтран ажиллах, зохион байгуулалтад оруулах байрыг Улаанбаатар хотод бий болгох хэрэгтэй. Эхний алхам нь шүү. Жишээлбэл, ШУТИС, МУИС зэрэг сургууль байна. Эдгээрийг нэгтгэж зохион байгуулалтад оруулах нь чухал гэж хэлэх гээд байна. Энэ хүмүүсийн мэдлэгийг нэгтгэхийн тулд тохиромжтой тохилог байрыг бий болгох. Өнөөдөр дэлхий даяараа ийм хэлбэрт шилжиж байна. 2004 онд Финландад ийм төрлийн байр байгуулахад дэлхий дээр тавхан газар байсан. Харин өнөөдөр 700 орчим ийм төрлийн газартай болсон байна. Дэлхийд нэг газар суурьшин ажилладаг хүмүүс бараг байдаггүй болсон.

Та Монголын бизнес эрх­лэгчидтэй уулзсан уу. Санаа бодлоо хуваалцсан уу?

-Өнгөрсөн шөнө Монголын гарааны компаниудын уулзал­тад суусан. Зарим хүмүүстэй уулзсан. Шинжлэх ухааны паркийг бий болгох хүсэлтэй маш олон хүн байсан. Хэдий би гадаадаас ирсэн ч эдгээр хүмүүсийг хооронд нь холбож өгөхийг хүсч байна. Хамтын ажиллагааг дэмж­сэн хүмүүсийн санал бод­лоо хоорондоо чөлөө­­тэй хуваалцах нөх­цөлийг бүрдүүлээд өгчих хэрэг­тэй. Иймийн тулд хотын удирд­лагатай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай бай­даг. Тиймээс Засгийн газрын санаачилгаар Улаанбаатар хотын захиргаатай хамтраад ийм төвийг бий болгох хэрэгтэй.

Санаа бодлоо солил­цох, ажиллах орчинг бүрдүүл­чихлээ гэж бодъё. Гэтэл ирээдүйд Монголын эдийн засгийг авч явах шилдэг менежментийг гаргаж ирэх мэргэжилтнүүд хамгийн чухал биз?

-Финландын туршлагаас харахад шинжлэх ухааны мэргэжилтэн, эрдэмтдээс илүү оюутан залуус шинэ санааг гаргаж ирсэн байдаг. Оюутнууд шинэ зүйл хийх хүсэл эрмэлзэл маш өндөр байдаг. Яг үнэнийг хэлэхэд эрдэм шинжилгээний ажилтнууд үүнийг хийх сэтгэлгээ, эрмэлзэл байхгүй.

Яагаад?

-Залуу хүн хүсэл эрмэлзэл, эрч хүчтэй байдаг нь гол онц­лог юм. Тэд цаашид гаргаж ирсэн санаагаа хөгжүүлэх нөөц бололцоо ч байдаг. Тиймээс залуусыг төвлөрүүлэх хам­гаас чухал. Финландын жишээнээс харахад шинэ сэтгэлгээ, санаа төрүүлж буй хүмүүсийн 95 хувийг оюутнууд эзэлдэг. Тэгэхээр таван хувь нь шинжлэх ухааны чиглэлийн эрдэмтэд байна гэсэн үг.

Монголд шинжлэх ухаа­ны чиглэлийн олон бай­гуул­лага бий. Эдгээрийн орол­цоо огтхон ч хэрэггүй гэж үү?

-Шинжлэх ухааны бай­гуул­лага оролцохгүй гэсэн үг биш. Гол барьж авах хүмүүс нь оюутнууд бол цаашдаа хэрхэн тэр санааг, ямар менежментээр өргөжүүлэх, чиглүүлж авч явах хүн нь шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж буй мэргэжилтнүүд, эрдэмтэд байх болно. Зөвхөн технологи биш. Бизнес моделын инноваци хэлээд байгаа юм. Жишээлбэл, зочид буудал байгуулах чиглэлийн нэг байгууллага байна. Энэ байгууллага нэг ч буудалгүй мөртлөө зочид буудлын менеж­ментийг хариуцдаг ком­пани. Ийм төрлийн таксины үйлчилгээг зохион байгуулдаг компани байна. Фэйсбүүк гэхэд л дэлхий дээрх хамгийн том мэдээллийн байгууллага. Гэвч өөрт нь мөн л нэг ч төгрөгийн хөрөнгө орж ирдэггүй. Энэ нь хамтран хуваалцсан эдийн засгийн нэг хэлбэр. Үүнээс харахад бизнес моделын загвар ямар. Дэлхийн нэртэй компаниуд дампуурлын ирмэг дээр байхад энэхүү арга л аварч байлаа.

Монголын хөрсөнд шинж­­лэх ухаан, технологийн инновацийг хэрэгжүү­лэх нь эдийн засагт ашигтай үр дүн өгөх бол. Таны хувьд дэлхийн олон орон шинэ санаа дэвшүүлэх тал дээр хам­тарч ажилладаг. Тиймээс зохих зөвлөгөө өгч болох уу?

-Маш энгийн үе шатуудаар энэ ажлыг зохион байгуулж болно. Хүмүүс нарийн прог­рамм төлөвлөгөө гаргачихдаг. Хотын 20 жилийн зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргачих жишээтэй. Миний хувьд энэ чиглэлээр ажиллаж шинэ санаа туршиж үзэх маш дуртай. Гол нь үр дүн тухай бүртээ нүдэнд үзэгдээд явахыг харах сайхан. Хэрвээ би танай улстай шинжлэх ухаан, технологийн инновацийн чиглэлээр хамтарч ажиллах бол эхний ээлжинд орчныг нь бүрдүүлж тусгай байрыг бий болгоно. Дараагийн ээлжинд ямар загвараар ажиллах вэ гэвэл чадварлаг платформ системийг, сэтгэлгээг нэвт­рүүлж өгнө. Ингэснээр яаж ажиллаж, ямар үр дүн гарах нь тодорхой болох юм. Товч­хондоо шинжлэх ухаан, техно­логийн парк байгуулах нь хамгийн зөв алхам. Энэ удаагийн чуулганаар ч мөн энэ асуудал гарцаагүй сөхөгдөх болно.

Сүүлийн үед манай улс шинжлэх ухааны үндэслэл­тэй­гээр эдийн засгаа хөг­жүү­лэх нь зүйтэй хэмээн энэ салбартаа анхаарал тавих боллоо. Шинжлэх ухаан технологийн паркийг бий болгож эх орноо хөгжүү­лэхийн тулд аль салбараа түлхүү барих хэрэгтэй вэ?

-Шинжлэх ухааны тех­но­логи дээр тулгуурлаж хөгжихийг би үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол Улсад өөрийн гэсэн онцлогтой уламж­лал байна. Одоогийн хөгжиж буй шинжлэх ухаа­ны байгууллагууд байна. Ялангуяа юу байна гэхээр уламж­лалт анагаах ухаан, эмийн ургамлын судал­гаанууд байна. Мөн “Happy meat” буюу “Аз жаргалтай мах” буюу байгалийн органик махыг амьдралынхаа өдөр тутамд хэрэглэж байгаа зэрэг олон сайхан технологууд байна. Үүнтэй холбоотойгоор хүсэл мөрөөдөлтэй, хийж бүтээх эрмэлзэлтэй залуусыг зөв бодлогоор дэмжих хэрэг­тэй. Би тийм ч хөгшин хүн биш л дээ. Гэхдээ хүсэл эрмэл­зэлтэй хөгшин хүн. Хүсэл эрмэлзэлтэй байх хөдөлгөх хүчийг л гаргаж өгөх нь чухал. Үүнийг л ойлгуулахын төлөө бид хичээгээд байгаа юм. Дэлхийн хаана ч хүсэл, эрмэлзэлтэй хүмүүс л шинэ санаа сэдэж гарааны компани байгуулдаг. Мэдээж академийн хүмүүс бас энэ салбарт хамтарч ажиллах ёстой. Эдгээр хүмүүс бол компани үүсгэн байгуулагчид биш. Хувьцаа эзэмшигч, зөвлөгөө өгдөг байж болно шүү дээ.

Бид шинжлэх ухааны эрин үед амьдарч байна. Харин бидний ирээдүй ямар байх талаар та бодож үзсэн үү. Шинжлэх ухаан ямар түвшинд очсон байх бол?

-Би хэвийн үеийн дараа­гийн үед сэтгэж байгаа хүн.

Тэр нь юу гэсэн үг вэ?

-Энэ нийгэмд ямар нэгэн зүйл өмнө нь байж байсан бус цоо шинээр гарч ирж байгаа эрин үе гэж ойлгож болно. Үүнийг хэвийн үеийн дараагийн үе гээд байгаа юм. Өнөөдөр шинэ нээлтүүд бүх аж үйлдвэрийг, дэлхий дахиныг өөрчлөөд хаячихлаа. Заавал нэг компанийн эзэн байх албагүйгээр өөр шугамаар бизнес хийх арга замаа олчихлоо. Ирээдүйгээ урьдчилан таамаглах аргагүй болчихлоо. Тэгэхээр би ямар нэгэн урьдчилан таамаглал хийж чадахгүй.

Ирээдүйд бидний төсөөлөөгүй зүйл гарч ирнэ гэж үү?

-Бидний хэзээ ч таамаг­лаагүй, санаанд оромгүй нээл­түүд гарч ирж байна. Та ирээдүй ямар байхав гэж асуусан учраас би таамаглаж буйгаа л хэлэх байна. Тэр­нээс ирээдүй яг тийм болно, тийм байна гэж хэлэх боломж­гүй. Үйлдвэрлэлийн тал дээр тайлбарлахад 3D принтер байдаггүй шүү дээ. Ямар нэг дэлгүүр орох шаардлагагүйгээр гэртээ сууж байгаад гурван хэмжээст принтерээр өөрт хэрэгтэй зүйлээ хэвлээд авах хэмжээнд технологийн хөгжил оччихоод байна. Хүссэн материалаараа хийж болно. Хятадад ийм төрлийн аргаар байшин хүртэл барьчихаад байна. Энэ зөвхөн аж үйлдвэрлэлийн орчны жишээ. Өнөөдөр аж үйлдвэрлэлийн чиглэлээр Хятад тэргүүлж байлаа гэж бодоход маргааш ч юм уу Монголд технологийн хөгжил нэвтэрч дээрх бүтээгдэхүүнийг нь гэртээ гаргаад авах хэмжээ­ний болохыг ч үгүйсгэхгүй. Магадгүй энэ салбарт Хятад алдагдалд орж Монгол тэр­гүүлэгч болж болно. Интер­нэттэй холбоотой үйл ажил­лагаа байж болно. Интернэт ашиглаад аливаа нэг зүйлийг тогтвортойгоор удирдаж, үйл ажиллагаа явуулах боломж бас нээгдэж байна. Би танай улсад маш их хэмжээний машины бөглөрөөг харлаа. Хэдхэн жилийн дараа дэлхийн жолоочгүй машин нэвтэрч өөрийгөө ямар ч асуудалгүй удирдаад явах байх. Монголд ч, манай Финландад ч үйл ажиллагаа явуулдаг энерги үйлдвэрлэгч томоохон цахилгаан станцууд ирээдүйд явцгүй болно гэж бодож байгаа.

Яагаад?

-Яагаад гэвэл тухайн нэгж байшин барилаа гэж бодъё. Тэр нь өөрийгөө цэнэглэдэг, өөрөө энергийг бий болго­чих­дог тийм л технологи нэвтэрч байна. Тэгэхээр өнөө цахилгаан станцууд хэнд ч хэрэггүй хог болж хувирна. Тиймээс дэлхийн нийтийн технологийн чиг хандлага ийм л байна. Ирээдүйгээ харж, таамаглаж чадахгүй байна. “Ирээдүй гэдэг бол ямар байсан яг тэр цагаас ирээдүй эхэлнэ. Тэгэхээр өнөөдөртөө л итгэ” гэж нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Энэ бол үнэн.

Ирээдүйг хэн ч таавар­лаж чадахгүй байгаа нь технологийн хөгжилтэй холбоотойгоор хүмүүсийн чөлөөт сэтгэлгээний хурдтай холбоотой юу?

-Магадгүй таны хэлсэн нь шалтгааны 50 хувийг бүр­дүүлнэ. Гол нь бүх юм хоорон­доо холбоотой болчихсон. Өчүүхэн зүйл өөрчлөгдөхөд дэлхий даяар үр дүн нь мэд­рэгддэг, нөлөөлдөг болсон. Цунами л гэсэн үг. Тасралтгүй уялдаа хэлхээтэй болчихсонтой холбоотой. Дэлхийн бизнесийн орчин маш өргөн хүрээтэй, нэг нэгнээсээ хамааралтай болчихсон. Америкийн ах дүү нар зээл олгодог системд өчүүхэн зүйл өөрчлөлт оруулахад л дэлхий даяар зах зээлд нөлөөлөөд маш олон банк дампуурч үүдээ барьж байх жишээтэй. Ийм комплекс байдалтай болчихоор гарах үр дүнг дахин жишээ авъя л даа. Орос, Украины асуудлыг бид таамаглаж байгаагүй. Европын холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээ ава­хад ганцхан өдрийн дотор Финланд Орос руу экспортолдог экспортынхоо 30 хувийг алдчихсан. Нэг л өдөр. Үүнийг өмнө нь хэн ч таамаглаж, төсөөлж байгаагүй.

Монгол улс орныхоо онцлогоос хамаарч шинжлэх ухаанаа хөгжүүлж дэлхийн зах зээлд гарах боломж бий юу?

-Монголын эдийн засаг тодорхой юман дээр тулгуурлаад байна. Газрын тос түүхийгээр нь экспортлох, уул уурхайн олдвороо гадагш гаргаж ашигтай ажиллаж эдийн засгаа хөгжүүлье гээд нэг талыг бариад яваад байж болохгүй. Эдийн засгаа олон талын гарцтай болгох хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаан, эмийн ургамал, нарны гэрлийг ашиглах тал дээр монголчууд санаа тавьж ажиллаж болно шүү дээ. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Монголын говьд хамгийн их нар тусдаг газар гэж би сонссон. Монгол, Финланд хоёр улсын хувьд байгаль, газар зүйн тогтцоороо адилхан. Өнөөдөр ихэнх улс орон хотжоод, хэт төвлөрөлт үүсчихсэн. Нэг үгээр хэлбэл байгалиасаа холдчихсон байгаа юм. Тиймээс Хөвсгөл нуурын орчимд, эсвэл тэр говьд байгальтайгаа хол­богдсон шинэ нээлт хийвэл дэлхий нийт сонирхох болно. Үүнийгээ түшиглээд эдийн засгаа хөгжүүлэх боломжтой.Мэдээж дэлхий дахинд маш олон аж үйлдвэрийн салбарт гарчихсан, амжилттай явж буй салбарт монголчууд өрсөл­дөж гарч ирнэ гэдэг тийм ч зөв арга биш. Харин түрүүн миний хэлсэн салбаруудад анхаарч ажиллавал жинхэнэ нээлт хийх боломжтой. Үүнийг дэлхий нийт сонирхоно. Тэгж л би харж байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Буцаад очиход буух айл олонтой хурандаа М.ЭНХ-АМАРЫНХ

“Танайд өнжье” булангийнхаа энэ удаагийн дугаараар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амарыг онцоллоо. Баасан гаригийн өглөө 08.30 минутад Онцгой байдлын ерөнхий газар дахь түүний ажлын өрөөнд яваад орлоо. Хурандаа М.Энх-Амар хэдийнэ ирчихсэн ширээний араас “Амрыг эрье” хэмээн угтлаа. Биднийг мэнд мэдэлцээд дуусмагц хаалга тогшив. Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, мэдээллийн төвөөс хоногийн мэдээг илтгэхээр Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператор, ахлах ахлагч Б.Должинхорлоо орж ирэв.

Тэрээр хоногийн мэдээг хурандаад өгч “Эх орон тайван хоножээ” хэмээн ёслоод гарч явав. Хурандаагийн ажил өглөөний мэдээ хүлээж авахаас эхэлдэг байна. Хурандаа хоногийн мэдээг эхнээс нь дуудав. “Баян-Агт суманд нуурын усанд “ЗИЛ-130” машин цөмөрч орсныг аймгийн онцгой байдлын аврагчид татаж гаргажээ. Нуурын гүн гурван метр. Өвөрхангай аймагт Айлын хот руу галзуу чоно дайрч 17 настай залуу долоон удаа хазуулж, эмнэлэгт хүргэгджээ. Галзуурсан чоныг устгалд оруулсан. Хөвсгөл аймагт мөн галзуу чоно айлын мал руу дайрчээ. Энэ залуу үнэхээр зоригтой. Галзуу чонотой ноцолдож 17 удаа хазуулсан байсан. Одоо бие нь тааруу байгаа” гэв. Цааш энэ жил уурхайн ослоор 24 хүн амиа алдаж, 22 цогцос гаргасан байна” гээд монголчууд нас барсан хүнээ заавал оршуулах гээд байдаг ард түмэн. Уурхайн нурангид дарагдсан хүнээ гаргаж авах гэж байж өөрсдөө амиа алдах тохиолдол их гардаг” гэдгийг онцлов. Тэрээр мэдээ уншиж дуусаад “Эх орон тайван сайхан хоножээ” гэв. Түүнчлэн арванхоёрдугаар сарын эхээр цаг агаар хасах 28 хэмээс дээш хүйтрэх боловч эргээд багагүй дулаарах төлөвтэй байгаа гээд ханан дээрх газрын зургийн зүг босов. Түүний өрөөнд болон туслахынх нь өрөөнд зайлшгүй байх ёстой зүйл бол газрын зураг. Онцгой байдлын ямар ч албан хаагчаас ар дахь газрын зургийг заагаад “Таны ард юу байна” гэж асуувал “Эх орон”, “Монгол Улс” байна гэж хэлж байсан.М.Энх-Амар хурандаа газрын зураг дээр заагаад малын гоц халдварт өвчин гарсан аймаг, сумдын нэр дээр шар өнгийн цаас наасанг харуулаад онцгой үед тийм тэмдэглэгээ хийдэг болохыг хэлэв. Тэрээр энэ өвөл багагүй хүйтэн жил болохыг ч ярив. Ялангуяа Баян-Өлгий, Завхан зэрэг хойд захын аймгуудад намрын борооны дараа их хэмжээний цас орсон учраас мөсөн бүрхүүл үүсчихсэн байгаа гэнэ. Цаг хүйтэрч хүндэрвэл тус газруудад ёстой л “шилэн зуд” болох аюултай байна. Гэхдээ Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комиссын зүгээс дээрх аймгуудад эртнээс анхаарал тавьж бэлтгэсэн хадлан тэжээл дээр нь нэмж нөөцлүүлэх арга хэмжээ ч авч ажиллаж байгаа юм байна. Энэ яриа өрнөх зуур Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен орж ирэв. Тэрээр аймагтаа арай хямд өртгөөр нэмж өвс авах хүсэлтэй байгаагаа хэлэхээр ирсэн тухайгаа яриад гарав. Өвлийн хүйтнээр тулгарсан гамшигтай бус гамшгийг давахын тулд урьдчилж бэлтгэлтэй байх нь чухлыг хурандаа онцлов. Малчдын өөрсдийн санаачилга ч чухал аж.

Дөрвөн Засгийн газар, таван шадар сайдын нүүр үзсэн нарийн бичиг

М.Энх-Амар дарга Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргын үүргийг 2009 оноос өнөөг хүртэл хашиж байгаа аж. Тэрээр тав дахь албан ёсны нарийн бичгийн дарга гэнэ. Байгалийн давагдашгүй хүчин зүйл аливаа гамшгийн үед улс орныг нэгдсэн удирдлагаар хангадаг, асуудлыг зохицуулдаг гол хүн бол нарийн бичгийн дарга. Тиймдээ ч тэрээр анх энэ албан тушаалд томилогдохдоо Улсын онцгой комиссын ажиллах журамд өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг шинэчилж байжээ. Ингэснээр өнөөдөр гамшгийн үед шаардлагатай хөрөнгө мөнгийг Засгийн газраар оруулж Сангийн яам, Хууль зүйн яамны саналыг нэн даруй авдаг болтол дэвшилд хүрчээ. Энэ нь наад зах нь гамшигт нэрвэгдсэн, гэр орноо алдсан хүмүүс тэр даруй орох оронтой болохыг хэлээд байгаа юм. Түүний ажлын өрөөнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нартай хамт татуулсан фото зураг харагдана. Улсын онцгой комиссыг тухайн Засгийн шадар сайд тэргүүлдэг бөгөөд Энх-Амар хурандаа таван шадар сайдтай хамтарч ажиллажээ. Таван шадар сайдтай авахуулсан зураг ч мөн түүх болон түүний өрөөнд үлджээ. Тэрээр “Улсын гол тулгуур болсон цэргийн болон чухал газруудад төр хуруу дүрмээргүй байна. Даргатайгаа арай гэж ойлголцож гар нийлэх гэж байтал төрийн эрхмүүдээ нааш цааш болгочихдог. Дахиад ажлаа мэдэхгүй шинэ хүн. Томилогдож байгаа хүний буруу биш. Гол ийм газруудынхаа дарга нарыг улс төрөөс ангид байлгамаар байна” хэмээн сэтгэл зовниж явдгаа бухимдангуй хэлэв. Хурандаа 016 дугаар ангид алба хаасан бөгөөд багаас цэргийн хүн болох сонирхолтой байж. Тиймээс энэ хүсэлдээ хөтлөгдөн байлдааны зэвсэг, танк, онгоц зэрэг цуглуулдаг байна. Мөн гал морин жилд төрсөн учраас морийг ихэд эрхэмлэдэг бөгөөд олон сийлбэр, уран зураг харагдсан.

18 аймгийн хүндэт иргэн

Ажил албаны шаардлагаар түүнд ороогүй аймаг үгүй. Бүр Монгол Улсыг өнгөрсөн хугацаанд зургаан удаа бүтэн тойрчээ. Орж үзээгүй хэдхэн сум л байгаа аж. Малын гоц халдварт өвчин, үер усны гамшиг, зуд турхан, гал түймэр гээд ихэнх гамшгийн хэмжээнд хүрсэн үед шийдвэр гаргах түвшинд ажиллаж иргэдийг нэг ёсондоо аюулаас ангижруулдаг хүний нэг. Тиймээс хөдөө орон нутгийнхан түүнийг ихэд хүндэлдэг. Тэр бүү хэл 18 аймаг хүндэт тэмдгээр шагнаж, зарим нь нутгийнхаа дахиж шүтдэг уул усыг уран зурагт буулган бэлэглэснийг хурандаа ч ихэд нандигнан дээдэлж өрөөндөө залсан байна. Түүнийг шөнө гэртээ унтаж амарч байх үед эх орон дуудах үе зөндөө. М.Энх-Амар “Дорнод аймагт түймэр гарч нэг л өдөр дөрвөн цэргээ галд алдчихыг харах ямар хүнд гээч. Саяхан Багануурын Онцгой байдлын дарга, орлогч дарга, ерөнхий нягтлан, байцаагч дөрөв хурал тараад буцах замдаа осолд орж өөд болоогүй юу. Тухайн үед бүх дарга нараа алдчихсан дүүргийнхэнтэй, гэр бүлийнхэнтэй нь уулзаж царайг нь харна гэдэг үнэхээр хүнд. Бидний үүрэг учраас уулзахаас аргагүй. Хэдэн өдөр нойр хүрэхгүй шүү дээ” гээд санаа алдав. Тэгснээ ширээн дээрх нэгэн сийлбэрийг аваад “Уурласан, бухимдсан үедээ үүнийг л харж тайвширлыг олдог юм даа” гээд эмээл дээр нүцгэн суун бүүрэг дэрлэн амгалан унтаж буй жанжин малгайтай хүүгийн сийлбэрийг заав. Ингээд хурандаа удахгүй ашиглалтад орох өргөтгөлд нүүж орох Шуурхай удирдлагын төвөө танилцуулав. Уг төв ОБЕГ-ын өргөтгөлд нээгдэж байгаа юм байна. Тус төвд хаана, хэдэн баллын хүчтэй газар хөдөлж байгаа мэдээлэл шууд ороод ирдэг юм байна. Ингээд хурандаа үдээс хойш өвлийнхөө идшийг бэлтгэж ирэхээр хөдөө явах гэж байгаа тул албаны ажлаа амжуулаад дуусгачихлаа.

Ярихын муухай шивнэх

Түүнтэй хамт Орос гуравдугаар сургуулиас бага охиныг нь аваад гэрт нь хүрлээ. Эхнэр Ч.Баасанжав хэдийнэ гэртээ ирчихсэн цай чанаж байв. Гэрийн эзэгтэй бага охин Хатан-Эрдэнэд хандан “Хайраа хөдөө явах хувцасаа бэлдсэн үү” гэхэд охин толгой дохив. Охин Ариунболор “Шинэ Эрин” сургуульд сурдаг бөгөөд “Найрамдал” зуслан явсан гэнэ. Харин том охин Уянга тусдаа гарсан бол хүү Төгөлдөр Ирландад зургийн сургуульд сурч байгаа аж. Эхнэр Ч.Баасанжав Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын албаны дарга юм байна. Аав Чулуунбат Завханы хүн бол ээж Ичинхорлоо Ховд аймгийн уугуул аж.Тэрээр “Хань маань ажлаас нь дуудсан л бол шөнийн хэдэн цагт ч босоод л явна. Заримдаа хэдэн өдөр, хоногоор гэртээ ирэхгүй. Утас нь холбогдохгүй бол хүүхдүүд ч надаас асуугаад санаа нь амрахгүй. Ямар сайндаа нэг холбоо баривал хүүхдүүдтэйгээ баяраа тэмдэглэж ширээ засна шүү дээ” хэмээн өгүүлэв. Гэрийн эзэгтэй ханийгаа цаг ямагт дэмжиж, тулж түшиж явдгаа хэлээд “Ер нь би л ханийгаа дэмжиж дэмнэхгүй бол хэн тэгэх билээ. Тийм учраас бид хоёр зовлон жаргалын алинд ч хамтдаа зогсдог” гэж ихэд тогтуунаар өгүүлэв. Энэ хооронд цай буцаллаа. Охин нь ээжийнхээ чихэнд шивнэхэд аав нь хажуугаас “Ярихын муухай шивнэх. Хоёулаа зарим зүйлийг болохгүй гэж тохирсон байх аа” гээд чанга дуугаар сануулаад авав. Түүний гэрт олон орны хүүхэлдэй, мөнгөн аяга, сэрээний цуглуулга төдийгүй Үндсэн хуулийн Цэцийн дэд дарга Жанцангийн бэлэглэсэн хаш чулуун хөөрөг байна. Жанцан аавынх нь дүү гэнэ. Харин аавынх нь ах мэс заслын тодотголтой анагаах ухааны доктор, профессор М.Өлзийхутаг байжээ.Солонгосын Онцгой байдлын газрын даргын бэлэглэсэн цаг хүртэл байна. Ер нь хурандаагийн цуглуулга ихэнхдээ бэлэгнийх аж. Хуучны болон сүүлийн үеийн арваад сэлэм харагдсан. Дэлхийн жишгээр генерал, хурандаа цолтнуудад сэлэм бэлэглэдэг уламжлал ч байдаг байна. Бүр нөхөд нь түүнд зориулж алтан мөрдөс хүртэл хийлгэж бэлэглэсэн байна. Баяр ёслолоор алтан мөрдсөө хаддаг байна. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, хурандаа Т.Дуламдорж, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр зэрэг мөрдөс нэгт андуудын бэлэг тун ч олон ажээ.

Сумын даргын хүү шугам зургийн багш болсон нь

М.Энх-Амар хурандаа Сүхбаатарын уугуул, Сэлэнгэ, Баянхонгорын суугуул, Өвөрхангайн өнжүүл, Улаанбаатарын оршин суугч гэж ярих дуртай нэгэн. Учир нь 1966 онд Сүхбаатар аймагт Мангалсүрэнгийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр найман дүүтэй. Мангалсүрэн насаараа сум нэгдлийн дарга хийгээд тэтгэвэртээ гарчээ. Харин ээж Төмөрчулуун 1000 хүүхэд эх барьсан гавьяатай нэгэн. Энх-Амар багаас сурлага сайтай байсан бөгөөд Москвагийн аюулгүйг хамгаалах сургуульд суралцах хуваарь авах гэсэн боловч эцэг, эх нь зөвшөөрөөгүй байна. Ингээд хуучнаар Цагдаагийн академийн хуваарийг мөн л авахуулаагүй. Тэгэхээр нь тэгвэл Казаны утга зохиолын сургуульд явлаа гэхэд бас л хоригложээ. Орост сургуульд сурвал архичин болно гэсэн шалтгаанаар ийн хориглосон байна. Харин шугам зургийн багш болбол ажилд ороод ч найдвартай, найман дүүгээ чи л тэжээх ёстой гэдэг байж. Эцгийнхээ үгнээс зөрж үзээгүй учраас МУБИС-ийг Шугам зургийн багш мэргэжлээр төгссөн тухайгаа Энх-Амар хуучлав. Ингээд Сэлэнгэд хоёр жил багшилжээ. Энэ хугацаанд хичээлдээ тааруухан сурдаг сурагчдын бусад авьяасыг нээж гаргахын тулд олон ч ажлыг зохион байгуулж, бүр аймагтаа тэргүүний багш гэгдэх болжээ. Харин найман дүү өдгөө сайхан амьдарч явна. Удаахь дүү Энхбаяр Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлох хяналтын байгууллагын дарга хийдэг байна. Улсын төсвийн 87 хувийг бүрдүүлдэг газрын дарга. Тэрээр “Дүү бид хоёр Монголд ганц ганцхан байдаг газрын дарга нар байхгүй юу” хэмээн хошигноод авав. Дэлхийн аваргын мөнгөн медальт боксчин Отгонбаатар түүний төрсөн дүү гэнэ. Мөн Гэрэлмаа, Батбилэг нар малын эмч, Болормаа хүний эмч мэргэжилтэй бол Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Шинэбаяр дүү нь инженер ажилтай гэнэ. Отгонбаяр цагдаа, Ариунтөгс анаагахын салбарын хүн гээд дүү нарыгаа хүний зэрэгтэй явахад гол суурийг тавьсан хүн бол том ах. Тэрээр өөрөө шулуухан яриатай, шударга үйлдэлтэй нэгэн гэгддэг бөгөөд дүү нар нь ахыгаа дуурайсан хөдөлмөрч, шударга болон хүмүүжсэн гэдгийг түүний аав Мангалсүрэн хэлэв. Аав нь түүнд “буцаад очиход буух айл олонтой хүн” яваарай гэж захидаг байж.

Шугам зургийн багшаас төрийн түшээд хүртэлх зам

Тэрээр Сэлэнгэ аймагт багшилж байтал өдгөөгийн УИХ-ын дарга З.Энхболд намын шугамаар ирсэн байна. Энэ цаг үеэс түүнтэй андын барилдлагатай болжээ. Сайхан ч нөхөрлөж, сайн ч суралцаж. “Би Энхболдоосоо их зүйл сурсан. Улстөрч болох хүслийг тэр л асааж нүдийг минь нээсэн” гэв. З.Энхболдын хоёр ч удаагийн сонгуулийн ерөнхий менежер хийж явсан, БОАЖЯ-ны сайд Л.Гансүхийн зөвлөх, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх гээд түүний улс төрд зүтгэсэн үүрэг роль их. Олон ч аймаг, дүүргийн намын хорооны дарга, гишүүн явсан нэгэн. 2008 онд НИТХ-д хүртэл С.Одонтуяатай хамт Баянгол дүүргээс нэр дэвшиж байсан аж. Таньдаг нөхөд нь тэр хоёрыг сурталчилгаагаа хийж явахад нь Юндэн, Нансалмаа ирж явна гэж цаашлуулдаг байж. Эдгээр түүхийг өгүүлэх зураг зургийн цомогт их харагдсан. Ер нь З.Энхболд, Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, яруу найрагч Б.Ариунсан зэрэг олон хүний жинхэнэ ардчиллын төлөө хүн, шилдэг улстөрч, шударга журамт нөхөр гэдгийг гэрчилж хэлсэн үг түүх болон үлджээ. Харин тэрээр өдгөө улс төрд зүтгэхгүй, эх орноо амгалан тайван авч явах нь чухал хэмээн ярих. “Би цэргийн хүн. Харин улс төр миний байх ёстой орон зай биш” хэмээн даруухан өгүүлэв. Нөхөд нь түүнийг

Торой бандийн улс төрд хувилсан сүнс

Тогос Чүлтэмтэй урьд насандаа нөхөрлөж явсан эр

Товруу мөнгөн хазаарыг үзгээр сольсон ухаан

Тольтой мөнгөн эмээлийг сэнтий болгосон хөдөлмөр

Хүний мөсний туйл

Хэлсэндээ хүрдгийн хууль… хэмээн түүнийг тодотгон бичсэн шүлэг ажлын өрөөнд нь харагдсан. Тэрээр хаана ч томилогдсон хаяа сайтай дарга гэдгийг нөхөд нь хэлж байсан. Түүний энэ занг ихэд үнэлдэг Тэрбишдагва, М.Энхболд зэрэг журмын нөхөр олон. Сүхбаатар аймгийн засаг дарга Батсуурийг анх ажлаа хүлээж авахад нь иргэний үнэмлэхийг нь шалгаад “Аймгийн дарга хийх гэж байгаа бол эхлээд энэ Улаанбаатараасаа шилжиж ир” хэмээн ширүүхэн загнаж ч явсан удаа бий.

Харин шугам зургаа одоо хэр орхиогүй гэнэ. Ажлын өрөөндөө нэгэн сонгодог зургийг балаар буулгаж зурж байгаагаа харуулав. Зураагүй удсан үедээ зураг барьж авахдаа балаар зурдаг гэсэн. Бал харандаа шиг баллуурдаж болохгүй учраас сайн, муу зурсан нь шууд л цаасан дээрээс харагдана.

Хүүхдийн” Энх-Амар

Энх-Амар ажилласан салбар бүртээ жинхэнэ удирдлагын гайхамшгийг харуулж явсан гэдэг. 2000 оноос эхлэн нэг хэсэг “Монгол-Болгарео” төрийн өмчит хамтарсан үйлдвэрийн дарга явах хугацаандаа улсын төлөвлөгөөг давуулан биелүүлж байсан цорын ганц дарга. Учир нь тухайн үед улс орон хүнд байдалд орж, ихэнх үйлдвэр, уурхай алдагдалтай ажиллаж байсан гэдэг.

Мөн “С1” телевизийн захирлаар ажиллаж байсан. Хаана ч ажилласан ажилчдынхаа нийгмийн байдалд санаа тавьж бодитой ажил хийж байсан нэгэн. Мөн 2006 онд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр Хүүхдийн төлөө үндэсний төвийн харьяа Хүүхэд хамгаалал төвийн захирлаар томилогджээ. Энэ албыг хашиж байхдаа анх удаа монгол дахь траншейний хүүхдүүдийг цуглуулж, хаягжуулж 2500 хүүхдийн асуудлыг шийдэж байсан удаатай. Тэрээр “Миний өдий зэрэгтэй яваа маань тэр олон хүүхдэд хүргэсэн буяны хариу болов уу. Би хүүхдийн асуудалд их эмзэглэдэг хүн. Хоногийн мэдээнээс хүүхэд эндсэн байхыг харсан өдөр их дүнсгэр өнгөрнө. Бүр 100 гр татчихмаар санагдана. Гэтэл өнөөдрийн хүүхдийн байгууллагууд төрөөс өгдөг мөнгө төгрөгөөс нь болдог юм уу. Тэнэмэл, гэр оронгүй хүүхдийг нэмэгдүүлэх гээд байх хандлага ажиглагддаг” гэв.Ингээд бидний яриа ч өндөрлөж хурандаа ч хөдөөг зорихоор бэлтгэв. Энх-Амар “Хүний амьдрал хойно үнэтэй мах аваад байлтай биш, идшиндээ явж ирэхээс. Хэрвээ хол явчихвал эх орон хэцүүдэх нь” гэсээр гэр бүлээрээ гаргаж өгөв. Хэн ч зочилсон явахад нь заавал бүгд үүднээсээ үдэж өгдөг уламжлалаа чандлан хадгалж яваа гэр бүлийн нэг ажээ.

Гэрэл зургуудыг Г.Лх агвадорж


Categories
мэдээ цаг-үе

С.Өлзийхүү: Монголын хошин урлагийнхан бүгд л ”Өнгөт инээд”-ээс гараагаа эхэлсэн

“Шилдэг өнгө” продакшны дэд захирал, жүжигчин С.Өлзийхүүтэй ярилцсанаа хүргэе.

-Танай продакшн хорин жилийн ойтойгоо золгож байгаад баяр хүргэе.

-Хорин жил гэдэг үнэхээр урт хугацаа боловч маш хурдан өнгөрчээ. “Өнгөт инээд” продакшн Хошин урлагийн театрын дараа байгуулагдсан ууган продакшнуудын нэг. Энэ ч утгаараа Монголын урлаг, соёлын бүхий л уран бүтээлчид манай продакшны уран бүтээлд ямар нэг хэмжээгээр оролцож, хамтдаа олон ч уран бүтээл туурвисан байна. Хамтлагийнхаа ойн хүрээнд хийж бүтээсэн уран бүтээлээ нэгтгэлээ. Өнгөрсөн хугацаанд шоу тоглолт, кино, мюзикл зэрэг маш олон уран бүтээлийг хийсэн байна. Өмнө нь ерөөсөө тэдэн уран бүтээл хийчихлээ гэж тоолж үзэж байгаагүй юм билээ. Ийм сайхан уран бүтээлүүдийг Монголын урлаг, тэр дундаа хошин урлагийнхантайгаа, уран бүтээлчидтэйгээ хамтарч ард түмэндээ хүргэсэн гээд бодохоор сэтгэл маш их хөдөлж байна.

-Хичнээн уран сайхны кино хийсэн бэ?

-Хошин урлагийн продакшнуудаас хамгийн анх “Өнгөт инээд”-ийнхэн “Бүтэлгүй новш” инээдмийн киногоор үзэгчдэд бэлэг барьж байлаа. Монголын анхны аймшгийн кино гэгддэг “Ядуугийн зовлон” киног мөн л бид бүтээсэн. Түүнчлэн “Аюултай харилцаа”, “Бор чоно”, “Ядуугийн зовлон”, “Сүүлчийн бүжиг”, “Дурлалын сум”, “Зугтаарай”, “Сая долларын олз” зэрэг нийтдээ есөн бүрэн хэмжээний уран сайхны кино хийгээд байна.

Зөвхөн томчуудад зориулсан уран бүтээл хийгээд зогсохгүй “Баавгай дуулах уу” хүүхдийн жүжгийг мюзикл болгон тавьсан. Мөн “Алладиний шидтэн” хүүхдийн бүтээл “Гэгээн муза-2015” наадмаас шагнал хүртсэн. Үүнээс харахад манай продакшн урлагийн бүхий л төрөлд хүч үзэж, шинэ содон уран бүтээл хийхийг эрмэлздэгийн илрэл болов уу. Мөн “Ногоон ой” төслийн хүрээнд Монгол орныхоо баруун аймгийг хоёр удаа тойрсон. Малчдын бэлчээрийг хамгаалах зорилготойгоор Швейцарь, Монголын хамтарсан төслийн хүрээнд ийн тоглолтоор явж байлаа. Мөн “Үнэгүй юм”, “Зөн билгийн тулаан” зэрэг нэвтрүүлгийг хүртэл санаачилж байлаа.

-Танай продакшны алдартай хошин цуврал нэвтрүүлэг бас байгаа байх аа?

-“Өнгөт инээд” продакшн “12 давхар” нэртэй хошин урлагийн телевизийн нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдэд хүргэдэг байсан. Өчигдөрхөн дөрвөн өдөр, дөрвөн шөнө сууж уг нэвтрүүлгийн бүх дугаарыг нэгтгэлээ. 200 хальс нэвтрүүлэг хийсэн байна. Энэхүү нэвтрүүлэгт ахмад, дунд, залуу гээд гурван үеийн төлөөлөл өөрөөр хэлбэл Монголын урлагийн салбарын ихэнх уран бүтээлчид ямар нэг байдлаар дүр бүтээж оролцсон байна. Бурхны оронд одсон мундаг жүжигчид ч их байна.

-Тэр дундаа хошин урлагийнхнаас танай продакшнд хөл тавиагүй жүжигчин бараг байхгүй болов уу?

-“Шинэ үе”, “Маск” зэрэг манайхаас салаалж нахиалж гарсан хамтлаг, уран бүтээлийн гараагаа манайхаас эхлүүлж байсан уран бүтээлчид олон бий. Мөн манай продакшнтай хамтарч ажилладаг жүжигчид ч цөөнгүй бий. Туяа эгч, “Шинэ-Үе” продакшны Бооёо, Алтангэрэл, тус хамтлагийг үүсгэн байгуулалцсан Лхагваа ах, “Маск” продакшны Онон, Баярмагнай, Эрдэнэзаан, Гэрэлээ гээд олон жүжигчинг нэрлэх байх. “Маск”-ын Дэлгэрсайхан манай хамтлагийн телевизийн нэвтрүүлэгт оператороор ажилласан байхад “Эмоци” хамтлагийн Тэмүүжин “Үнэнээ хэлээч” жүжгийн бүжигчнээр гарч байсан гээд. Драмын Амгаа зэрэг залуучууд оюутан байхдаа манай жүжгийн туслах дүрүүдэд тоглож байсан, маш олон уран бүтээлчид “Өнгөт инээд” гэх энэ айлаар орж гарсан байдаг. Өнөөдөр ард түмэнд уран бүтээлээрээ танигдаж, тодорхой хэмжээний байр суурь, өнгө төрхөө олчихсон жүжигчдийн ихэнх нь манайхаас гараагаа эхэлж байсан. Нэг ёсондоо бид тэднийг хурцалж өгчээ гэж бодохоор бахархах сэтгэл төрж байна.

-Ойгоороо үзэгчдэдээ ямар бэлэг барихаар зэхэж байна вэ?

-Хошин урлагийн зургаан продакшн хамтарсан томоохон хэмжээний тоглолт хийнэ. Бэлтгэлээ ерөнхийдөө хангачихлаа. Мөн тоглолтод Чапи, Суурь гээд уран бүтээлчдээс гадна манай киноны уран бүтээлчид уран бүтээлээ хүргэх болно.

-“Өнгөт инээд” хамтлагийн хувьд эргээд харахад өнгөрсөн хугацаанд хошин урлагт нэлээд олон зүйлийн анхдагч байсан. Энэ талаар хуваалцахгүй юу?

-Хүсэлээ бид хоёр оюутан байхдаа танилцаж байлаа. Би Улсын драмын эрдмийн театрт жүжигчин байхад Хүсэлээ маань оюутан байсан. Ингээд Хүсэлээ сургуулиа төгсч найруулагч болж продакшнаа байгуулаад би жүжигчин нь боллоо. Нэг өдөр Хүсэлээ “Францад тайз дэлгэц хосолсон дэглэлт байдаг юм байна. Бид ч гэсэн ийм төрлийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэе” гэсэн санааг дэвшүүлж “Өнгөт инээд” тайзан дээр үзүүлж болохгүй үзүүлбэрийг дэлгэцээр гаргаж уран бүтээлчид харилцан тоглолт хийх болсон. Жүжигчин Дэмидбаатар ирэх боломжгүй бол дэлгэцээр түүний тоглолтыг урьдчилан авч тоглолтын үеэр тайзан дээр гаргахад нь би харилцан байгаа мэтээр тоглох энэ л санааг анх нэвтрүүлсэн хэрэг.

-Ер нь хошин урлагийнхантай эргэх холбоотой биз?

-Хошин урлагийн тогоонд орохдоо манай тоглолтод заавал орсон байх жишээтэй. Хүний амьдралд жаргал зовлон ямар ч явдал тохиож болно. Магадгүй гаднаас нь харахад уран бүтээлийн өрсөлдөгч юм шиг боловч манай хошин урлагийнхан нэгэн цул болж сэтгэлээрээ нэгдмэл байж чаддаг.

-Тухайн үед жүжгийн сэдвээ хэрхэн сонгодог вэ?

-Сэдэв сонголтын үед амьдарч буй нийгэмдээ хурц, мэдрэмжтэй байх нь чухал. Үзсэн харсан зүйлээс гадна, ном зохиолоос санаа авна, үүн дээрээ баяжуулж нэмж хачирлаж бичнэ. Ялангуяа манай Хүсэлээ жүжгийн зохиол тусгайлан бичнэ.

-Хошин урлагийг хамгийн хүнд урлаг гэж ярьдаг. Хүн инээлгэх уйлуулахаас хэцүү гэж үү?

-Байгаа онохгүй юм яриад өнөөх нь инээх ч биш, ярвайх ч биш юм болж хувирдаг. Хошин урлаг бас л байгаа онохгүй бол юу ч биш болж хувирдаг.Тун хачрыг нь хэтрүүлбэл амтгүй. Ер нь уран бүтээлчдээс маш өндөр мэдрэмж шаардсан урлаг.

-Хэдий анхдагч гэх боловч ахмад үеийнхнээсээ заавар, зөвлөгөө авдаг байсан болов уу?

-Туяа эгч, Чаминчулуун эгч, Сосорбарам ах болон манай Драмын театрын бурхад гэгддэг Дорлигжав, Цэвээнравдан, Дорлигжав зэрэг олон сайхан ахмад уран бүтээлчдээс зөвлөгөө, заавар авна. Аль ч урлаг дээд үеийнхнээсээ үлгэр дуурайл авдаг. Бид мөн л ийм замналаар уран бүтээлээ хийж ирсэн дээ.

-Тэр үеийнхээ сайхан дурсамжаас хуваалцахгүй юу. Хошин урлагийнхан хоорондоо хошигнох, нэгнийгээ чадах зүйл чамгүй л их гардаг байлгүй?

-Хөдөө уран бүтээлийн тоглолтоор явж байлаа. Тэгсэн миний өмсөх хувцсыг хооронд нь холбож зангидаад хэц шиг болгоод уячихсан байсан. Аз болоход дараагийн үзүүлбэр дээр ганц малгай солиод гарах байж таараад гайгүй өнгөрсөн. Дараа хэргийн эзнийг нь тогтоосон чинь одоо “Маск”-ын МС буюу Мөнхсайхан байдаг байгаа. МС их сахилгагүй. Дандаа хүн амьтан чадаж, шоглож явдаг байсан байхгүй юу. Тэгэхээр нь би хариугаа авах гээд хорон санаа худалдаж авлаа. Тэр үед бид нэг нэгнийгээ чадах шилдэг хорон санаа мөнгөөр худалдаж авдаг байсан.

-Хэдэн төгрөгөөр?

-Хорон санааныхаа ач холбогдлоос хамаараад 5000, 10000, 15000 гээд тус тусдаа үнэтэй бас. Надад нэг хорон санаа байна 5000 төгрөгөөр зарна гээд л. Би нэгнээс нь санаа аваад Мөнхсайханы тоглолтоо дуусгаад өмсдөг өмдийг нь оёдолчноороо нэг см зайтай ойр ойрхон хэрээд оёулчихсан. Яг тоглолт дуусаад Мөнхсайхан өмдөө өмсч чадахгүй бөөн инээдэм болж байсан. Одоо хэр нөгөө өмднийхөө оёог ханзалж чадаагүй байдаг гэсэн. Эхнэр нь ганц хоёр оёо ханзлаад л залхаад “Ёо ямар хэцүү юм бэ” гээд шидчихдэг гэж байсан. Иймэрхүү байдлаар нэгнийгээ чадах зүйл зөндөө гарна.

-Танай ангийхан ингээд харахад бүгд л урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгожээ?

-СУИС-ийн багш нар маань ярьдаг л даа. Нэг ангиас сайндаа хоёр, гурван хүүхэд л чадвартай уран бүтээлч болж олонд танигддаг гэж. Харин манай ангийн 15 оюутан бараг бүгд олны дунд танигдсан, чамгүй уран бүтээл хийж яваа гэж би боддог. Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Хүрэлхүү, Дэмидбаатар, Бямбацогт, Сарантуяа болон дуучин, жүжигчин Энхзаяа, Улсын ардын дуу бүжгийн чуулгын дуучин Оюунжаргал гээд сайхан уран бүтээлчид байна. Мөн талийгаач Ганхуяг, Мягмаржав зэрэг гайхалтай жүжигчид байна. Манай ангийнхан урлагийн төлөө ёстой л хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Амьдрал дээр ч гэсэн сайхан найзууд явдаг.

-Драмын театрт байсан үеэ дурсахгүй юу. Одоогийн хошин урлагийн мундгууд бүгд л байсан биз дээ?

-Тухайн үед Одончимэг Жульеттад, би Жульеттагийн ээжийн дүрд, Бооёо, Онон, Дэмидбаатар бүгд л дүр бүтээж байлаа. Би театрт ажиллах дуртай. Нийгэм өөрчлөгдөхөд ханьтайгаа өөрсдийн уран бүтээлээ хийгээд явсан. Мэдээж театрт ажиллах чин хүсэлтэй байсан. Ер нь бидний амьдрал театртай салшгүй холбоотой. Учир нь Оюундарь бид хоёр “Аргагүйн эрхэнд оточ” жүжгийг хамт театрт үзчихээд гарахдаа Хүсэлбаатартайгаа танилцсан. Тэр цагаас өнөөг хүртэл хамтдаа уран бүтээлийн төлөө сайхан л байна. Хадам аав жүжигчин, нөхрийн дүү нар мөн уран бүтээлч, охин уран бүтээлч гээд гэр бүлийн 90 хувь нь урлагийнхан. Гэртээ хүн шиг юм ярьж яваад л урлаг яриад хадуураад явчихна шүү дээ (инээв). Гэр бүлийнхээ хүнийг зөв сонговол уран бүтээл хийхэд ч амгалан, аж төрөхөд ч сайхан байх болно гэдэг аргагүй үнэн юм байна.

-Та Драмын театрт арав гаруй жил ажилласан. Ихэвчлэн ямар дүрд хуваарилагддаг байв?

-Ихэвчлэн гадаадын шилдэг жүжгийн гол дүрийн эмэгтэйн дүр оногддог байсан шүү. Мөн олон сайхан монгол хатны дүрийг бүтээсэн дээ. Драмын театрт би арван жил ажиллахдаа олон сайхан сонгодог жүжигт тоглосон. Тухайн үед Шекспирийн “Ромео Жульетта”, “Хүслийн трамвай”, “Буудлын авхай”, “Өглөөний тэнгэрийн одод”, “Хаан түүх”, “Би эрчүүдийг хүснэ” гэх мэт олон жүжигт тоглосон. Нэг үед гарч ирсэн авьяаслаг сайхан жүжигчидтэйгээ хамтарч цөөнгүй уран бүтээл хийж байлаа.

-Сувилагчаар ажиллаж байгаад гэнэт л жүжигчин болохоор шийдсэн нь алдаагүй, харин ч оносон гээд ер нь хүний амьдрал гэж урьдаас тааварлашгүй зүйлээр их юм аа?

-Тийм ээ. Би хаа ч явсан, сайхан хамт олонтой явдаг юм шиг. Энэ ч утгаараа, өдий зэрэгтэй явж байгаа байх. Сувилагчийн сургуулиа төгсөөд клиникийн нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хуваарилагдсан. Сураагүй зүйл их болохоор эмч нарт гологдож, загнуулна.Судас олохгүй сандраад өвчтөнийхөө дэргэд уйлж ч байлаа. Бас жижүүрт гарч байхдаа унтаад толгойгоо эргэтэл загнуулсан удаатай. Урлагийн тогоонд мөн л олон сайхан авьяаслаг хүмүүсээс суралцаж, найз нөхөд, сайхан ханьтай болсон гээд амьдрал их зүйлийг надад өгсөн.

-Анх СУИС-ийн оюутан байхдаа нөхрийгөө дагаад хичээл хийхгүй багшдаа айхтар зэмлүүлсэн гэдэг?

-Хүсэлээ тэр үед Драмын театрт жүжигчин байсан. Уран чадварын хичээл орох бүрт ирнэ. Би ичээд хичээлээ хийж чадахгүй сандарна аа. Ямартаа л, бид хоёрыг хамт явж байхыг түүхийн багш харчихаад “Өөрөөсөө есөн хуруу өндөр залуутай явж байхаар хичээлдээ анхаарвал зүгээр байх шүү” гэж загнахав дээ.

-Нөхөр тань өөрөөс тань тийм өндөр гэж үү?

-Хүслээ надаас 10 см өндөр. Багшийгаа хэлэхээр нь үзсэн чинь нээрээ л есөн хуруу өндөр байсан шүү.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Цагаан соёот”

Амьдрал, хөдөлгөөний шинж тэмдэггүй энэ хязгаар даанч хоосон агаад хүйтэн байх нь энэ нутгийн сүр сүлдийг бөхийлгөх ажээ.Зэлүүд энэ нутаг бол голт зүрхэндээ хүртэл хөлдөж орхисон Алс Умардын элчилгүй хязгаар билээ. Эзэнгүй хязгаарт Билл, Генри хоёр ноход хөлөглөн бусдын шарилыг чирсээр ой дундуур довтолгоно. Харин тэдний араас өлсгөлөн чонын сүрэг өдөр, шөнөгүй нэхэх. Бүр харцны хөдөлгөөн ажиглагдам тийм зайнд тулж ирэв. Өлсгөлөн чонын сүрэгт нэгэн гичий чоно явах бөгөөд шөнө дөлөөр эздийг нь зүйрмэглэх хойгуур чарганы нохдыг ойр уу шарваганан дагуулж явсаар эцэстээ Генри ганцаараа үлдэнэ. Түүнийг хэсэг хүмүүс аврах болно. Харин олзоо алдсан гичий чоно ихэд уурсан өөрийн эрхгүй хүмүүсийг орхин сүргийн цуг холдож явав. Ингээд чонон сүрэг ан амьтан ихтэй нутагт ирж хэсэг хэсгээрээ салсаар гичий чоно Ганц нүдэт хөгшин чонотой үлдэж цааш явав. Ганц нүдэт гичий чонотой ханьсахын тулд сүрэг дундаа ширүүн тулаан хийж түүний хажууд шогших эрхийг олж авсан сан. Тэд үр удмаа энэ хорвоод үлдээх нь нэгэнт тодорхой болжээ. Гагцхүү эндээс л Жек Лондоны бичсэн “Цагаан соёот” хэмээх зохиолын эзний ээдрээт амьдрал эхэлдэг юм. Цагаан соёот бол чоно, нохойн эрлийз бөгөөд байгалийн төдийгүй хүмүүсийн хатуу хахир араншинг ханатлаа амсч мэдэрч буй амьтны дүр билээ.

Саарал бэлтрэг ах дүү нараасаа их л ялгаатай. Ганц нүдтийг дуурайжээ. Ялгаа нь зөвхөн бэлтрэг хоёр нүдтэй, эцэг нь ганц нүдтэйд л байв. Саарал бэлтрэг нүдээ нээгээд удаагүй боловч сайн харна. Тэр ч байтугай нүдээ нээгээгүй байхдаа үнэрлэх, хүртэх, амтлах мэдрэхүйгээрээ юмыг сайн ялгадаг онцгой нэгэн байв. Яг энэ үеэр өлсгөлөнгийн үе нүүрлэж ан амьтан олдохоо байна. Бэлтрэгээ тэжээхийн тулд ганц нүдэт анд яваад шилүүсэнд бариулж, үүрнийхээ үүдэн дэх хэвтэртээ нэгэнт ирэхээсээ өнгөрөв. Бусад бэлтрэг ч амь тавьж, саарал ганцаар эхийн хамт үлдэв. Саарал өдрөөс өдөрт өсч ан хийдэг болов. Нэг өдөр хүнтэй анх удаа нүүр учирлаа. Эд бол индиан омгийнхон. Хүмүүс өөдөөс нь үсрэн боссонгүй, шүдээ ярзайлгасангүй, архирсан ч үгүй. Тэд бэлтрэгээр тоглож байгаад нэг нь гараа хазуулсандаа уурсан толгой дундуур нь тас хийтэл цохиод авав. Бэлтрэг гаслантайгаар ульж дайсантай тулалдаж, тэднийг устгаж чаддаг, аймшиггүй чин зоригт эхийгээ хүлээв. Гичий бэлтрэгийнхээ гаслах дууг сонсоод түүнд туслахаар давхин иржээ. Гичий бэлтрэгээ хаан хүмүүсийн өөдөөс архиран зогсов. Гэтэл нэг индиан Кичи! гэж чанга хашгирав.

Энэ дууг сонссон эх нь гэнэт зөөлөрч улмаар индианчууд гичий чоныг бэлтрэгийн хамт тэжээж гаршуулав. Учир нь бэлтрэгийн эхийн эцэг нь чоно, эх нь нохой байсан аж. Бэлтрэг цав цагаан соёотой учраас индианууд түүнийг Цагаан Соёот гэж нэрлэх болов. Ингэж байтал омгийнхон салж нүүхээр болж эх, бэлтрэг хоёр хагацлаа. Хожим эхтэйгээ хальт таарахад шинэ бэлтрэгнүүдтэй болж Цагаан соёотыг таньсангүй. Энэ хооронд Цагаан соёот их зүйлийг үзэв. Их өлсгөлөн дахин болж индианууд нохдоороо хүртэл хооллох болж зарим ноход зугтаж чадав. Цагаан соёот ч мөн зугтсан боловч нэгэнт хүний гарыг хараад сурчихсан учир зэрлэг байгальдаа идээшиж чадсангүй. Ингээд эзэн Саарал минж дээрээ ирнэ. Саарал минж нохдыг чарганд хөлөглөн Юконы боомтод хүрч авласан ангийнхаа арьс, үсийг борлуулж наймаа хийдэг байв. Нэг удаа тус боомтын оршин суугч Цагаан соёотыг харж ихэд олзуурхаж элдэв заль хэрэглэж, Цагаан соёотыг өөрийн болгоно. Ингээд чарганд зүтгэж сурсан Цагаан соёот зодоонч болж “Дайчин чоно” хочтой ч жинхэнэ араатан болох нь тэр. Шунахай, ааш муут “Сайхан” Смит түүнийг бусад ноходтой зодолдуулж мөнгө олох боловч нэг өдөр ширүүн өрсөлдөгч нохойд тас зуулгуулж золтой л алчихсангүй. Үүнийг үзэж суусан ноён Скотт гэх нөлөө бүхий нэгэн эрхэм Цагаан соёотыг атгаг муу эзнээс нь үхэл амьдралын зааг дээр салгаж авна. Үнэндээ 150 ам.доллараар шүү. Багаас хүний харгис муу занг бишгүй үзсэн Цагаан соёот нэг хэсэгтээ л шинэ эзнийхээ сайхан сэтгэлд дасч ядна. Тэрээр өмнөх эздийн зодуурыг тэвчиж эцэстээ хүнд тал засах уян зөөлөн зангаа гээж, араатан болсон байсан юм. Гэвч Скотт түүний сайн сайхан амьдралын түлхүүр байлаа. Скоттын энэрлээр Цагаан соёот амьдралын гэрэл гэгээтэй бүхнийг мэдрэх болжээ. Хязгаар нутагт чарганы ноход толгойлогчоо мөнхөд тасчиж хаяхыг хүсч араас нь архиран давхидаг байсан бол шинэ нутагт нь харин ч толгойлогч эрхэм хэмээн бусад ноход ихэд хүндэтгэдэг болохыг мэдээд тааламжтай байлаа. Түүнийг угаас араатан гаралтай учир Скоттын гэр бүлийнхэн болон ойр дотныхон нь ад үзнэ. Харин Скотт Цагаан соёотод сэтгэлийн угаас бат итгэнэ. Цагаан соёот ч үлдсэн амьдралдаа нотлон харуулах болно. Хатуу хүнд бэрхшээл саадуудыг халшралгүй давсаар, эцэстээ сайн эзэнтэй болж, түүний хайр халамжийг хүртэж байгаа Цагаан соёотын гайхалтай амьдралыг өгүүлэх Жек Лондоны бичсэн энэхүү зохиолыг орчуулагч А. Гантулга эх хэлнээ буулгасан байдаг билээ.


Categories
мэдээ цаг-үе

Хаа хүрэхийг минь салхи надад шивнэнэ Хэнд уусахыг минь совин надад хэлнэ…

“Tigerfish” буюу “Бар-Загас” хамтлагийнхан үкүлэлэ буюу Хавайгаас гаралтай гитараар тоглодог билээ. Тус хамтлагийн залуусын тусламжтайгаар монголчууд үкүлэлэ хөгжимтэй анх танилцсан гэхэд болно. Тэгвэл тус хамтлаг өнөөдөр “ХХ зууны үдэш” нэртэйгээр хуучраагүй хуучны бүтээлүүдээр тоглолтоо тавих юм байна. Ингээд “Tigerfish” хамтлагийн дуучин Б.Аззаяатай сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе.

Яриагаа
хамтлаг бай­гуу­лагдсан он цагаас эхэлсэн нь зүйтэй болов уу?

-“Tigerfish” хамтлаг
2011 онд үүсэн байгуулагдсан Монголын
анхны үкүлэлэ хөгжмийн хамтлаг
юм. Хавайн арлаас гаралтай
дөрвөн чавхдаст үкүлэлэ хөгжмөөр үндэснийхээ
аялгуу дуунаас гадна орон
орны үндэсний дуу хөгжмийг тоглож
байна. Энэхүү хөгжмөөр дамжуулан
Монголынхоо уран бүтээлийг гадны
улс оронд таниулах, эх
орондоо үкүлэлэ хөгжмийг дэлгэрүүлж
хүүхэд залууст хөгжмийн боловсрол
олгох туйлын зорилготой.

Манай хамтлагийн хувьд folkrock, poprock, rock төрлөөр уран бүтээлээ
туурвидаг.

Танай
хамтлаг байгуу­лагдаад удаагүй ч үкүлэлэ хөгжмөөр нэлээдгүй уран бүтээл туурвиж. Хүмүүст ч нэлээд хүрсэн юм шиг санагддаг. Учир нь танай фэн хуудас болон уран бүтээл интернэт орчинд хандалт ихтэй байдаг?

-Ер нь үкүлэлэ хөгжмийг
залуус их сонирхдог. Хамтлаг
байгуулагдаад дөрвөн жилийн хугацаанд
үкүлэлэ хөгжмийг таниулах сурталчлах үүднээс сэтгэлд хоногшсон
гадаад, дотоодын олон дуу болон
аялгууг энэхүү хөгжим дээрээ
найруулан тоглолт, клип, цомгийн хэлбэрээр
бусдад түгээсээр ирсэн. Тийм ч
учраас маргааш /өнөөдөр/ “ХХ
зууны үдэш” нэртэйгээр тоглолт
хийх гэж байна.

-“Байгалиас
ирсэн охин” нэртэй танай хамтлагийн цомог хүмүүсээс нэлээд үнэлэмж хүртсэн. Тоглолтын үеэр уг цомогт орсон уран бүтээлээ үзэгчдэд дахин хүргэнэ биз дээ?

– Өнгөрсөн
жил бид өөрсдийн бие
даасан “Байгалиас ирсэн охин” хэмээх
монгол дуунуудаас бүрдсэн цомог гаргаж
байсан юм. Цомгийг гаргасан
гол зорилго нь энэ
хөгжмийг таниулах, сурталчлахаас гадна ард түмний
сэтгэлд шингэсэн хуучны сайхан дуунуудыг
сэргээх зорилготой байлаа. Энэ цомог
гарснаас хойш дуунууд маань
тодорхой хэмжээгээр сонсогч нарт хүрч,
тоглолт хийх санал хүлээж
авах болсон. Тиймээс тоглолтод
цомогт орсон дуунаас гадна
шинэ уран бүтээлүүдээ хүргэх
болно.

Тоглолт
хаана болох вэ?

-“Central Tower”-ийн
гуравдугаар давхарт байрлах “Square Grill&Pub”-д тоглолтоо хийнэ.

Танай
хамтлагийн тоглолтыг зорин ирсэн үзэгчдэд ямар уран бүтээлээрээ бэлэг барих гэж байна?

-1970-аад оноос хойш амьд
хөгжмөөр тоглодог байсан үе үеийн
хамтлаг дуучдын уран бүтээлүүдээс
энэ хөгжмөөрөө найруулан хүргэх болно. Дуугаралтын
хувьд бид нэмэлт хөгжимчидтэй
бүрэлдэхүүнээр тоглох болно. Ямар
хөгжим нэмэгдэхийг энд нууцалъя. Үзэгчдэд
сюрприз хэвээр үлдэг.

Үкүлэлэ
хөгжмийн онцлогоос сонирхуулаач. Их өвөрмөц, хөнгөн дуугаралттай хөгжим шиг санагддаг?

-Гитарын төрлийн хөгжим­дөө
орно л доо. Гэхдээ
өөрийн гэсэн арай өөр
дуугаралттай. Гитар зургаан утастай
байдаг бол үкүлэлэ дөрвөн
утастай. Авч явахад жижигхэн
авсаархан, бас сурахад хүртэл
арай хялбар. Энэ хөгжмийг
аз жаргалын хөгжим гэж тодорхойлдог.
Дуугаралт нь их хөнгөхөн
гэгээлэг сонсогддог, ямар ч хөгжимтэй
нийцдэгээрээ онцлогтой.

Тэгэхээр
та бүхний туурвиж буй бүтээл ихэнх­дээ хөгжим шигээ хөнгөн гэгээлэг аястай байдаг гэж ойлгож болох уу?

-Шууд тэгж хэлж болохгүй
л дээ. Бид
энэ хөгжмийн зэмсгийг л ашиглаж өөрсдийн
дотор байгаа аяыг гаргаж
ирдэг болохоос хөгжимд нь тааруулж
ая зохионо гэсэн ойлголт
байхгүй шүү дээ.

Ер
нь уран бүтээлээ ямархуу өнгө аястай туурвихыг боддог вэ?

-Тухайн цаг үед өөрсдөөс
юу гарч байна тэрийгээ
л гаргадаг, хөгжмийн
урсгал хэв маягт баригддаггүй
гэх үү дээ. Гэхдээ
дуу болгон маань үкүлэлэ
хөгжмөөр бүтэж байгаа болохоор
өөрсдийн гэсэн нэг хэв
маяг бий болсон байж
магадгүй.

-“Борооны
дуу” гээд сайхан уран бүтээл байдаг. Клип нь хүртэл их өвөрмөц. Ер нь шийдэл санаа нь их онцгой санагддаг?

-Анх хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хийх
санаа төрлөө. Найзууд хүүхдийн
хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа
явуулдаг. Тэр чиглэлийнхээ дагуу
богино хэмжээний кино наадам зохион
байгуулсан юм. Энэхүү наадамд
түрүүлсэн кинонд нь дуу
хийе гэх санаа төрөөд
хамтлагийнхаа Зандаатай ярьсан. Тэгсэн манай
хүн маргааш нь хөгжмийг
нь гаргачихсан байсан. Түүний хувьд
дан аяар нь байлгах
бодолтой байсан. Харин надад
бүрэн дуу болгохгүй бол
харамсалтай санагдсан.

Тэгээд дууны аяыг дахин
бичсэн. Нөгөө хүүхэд, хүчирхийллийн
сэдэв ор тас мартагдсан.
Дуугаа сонсоод байсан чинь
шал өөр сэдэвтэй болчихсон
байсан.

Тэгээд
л хамтлагаараа ярилцаж байгаад “Борооны дуу” бүтээл төржээ?

-Тэгсэн. Ус ууршаад тэнгэрт
хөөрөн очиж, бусад усны
дуслуудтай нийлэн алсыг зорино.
Харин хаана очиж хур
болон буухаа өөрөө хайгаад
явж байгаа юм. Тэгээд
хайсан хүнээ олон алган
дээр нь бууж байгаа
утгатай бичье гээд угтаа
хүний амьдрал дуусахад өөр
амьдрал эхэлдэг гэдэг санааг
л илэрхийлэхийг бид
хүссэн. Шашинд байдаг даа.
Тэрийг л бодож хийсэн
юм.

Харин
клип…?

-Клипний хувьд гэвэл Ирландийн
30 гаран уран бүтээлч нийлээд
CODA гэдэг нэртэй богино хэмжээний
хүүхэлдэйн кино хийсэн юм.
Энэ үгийн утга нь
хөгжмийн хэлээр “төгсгөл” гэсэн
үг. Хүүхэлдэйн кино нь олон
улсын олон ч кино
фестивалаас 30 орчим шагнал хүртсэн.
Үзэхээр яг л манай
дууны клип шиг санагдаад.
“Борооны дуу” ийм л
клиптэй байвал гоё юм
байна гэж хоорондоо ярилцаад
уран бүтээлчид рүү нь дуугаа
явуулаад бидэнд хүүхэлдэйн киногоо
ашиглуулахыг зөвшөөрөөч гээд захиа бичсэн.
Тэгсэн харин ерөнхий продюсероос
нь хариу ирээд. “Дууг
чинь сонслоо. Үнэхээр гоё дуу
байна. Энэ хүүхэлдэйн кинонд
ч яг таарахыг
би мэдэж байна, харин
ганцаараа шийдвэр гаргаж би
чадахгүй л дээ” гэсэн
байсан. Ингээд гурван сарын
дараа “Та бүхний саналыг
бид ярилцлаа. Энэ хүүхэлдэйн киног
ашиглаж болно” гэсэн юм.

Хүүхэлдэйн
киноны зохиол нь манай
дууны утгатай яр таарч
байсан, бас дүрсний хэмнэл,
өнгө гээд л. Гадны
уран бүтээлийг монгол дуутай хослуулсан
анхны клипүүдийн нэг байсан болов
уу. Өмнө нь “Алтан
ураг” хамтлаг
“Монгол” гээд Бодровын кинон
дээр ажилласан байдаг.

Хамтлагийнхныгаа
танилцуулахгүй юу. Мэргэжлийн сургуулийг нь дүүргэсэн үү. Өөрсдийн сонирхлоороо нэгдсэн үү?

-Бид багаасаа хөгжим сонирхож, хайрлаж
өссөн. Хөгжмөөр холбогдож олон жил найзалж
явна. Хамтлаг таван гишүүнтэй.
Мэргэжлийн хөгжимчин байхгүй. Бүгд сонирхлоо дагасан.
Миний хувьд хамтлагийн дуучин.
Хятад судлаач, орчуулагч мэргэжилтэй хэлний хүн. Харин
Г.Занданхүү “Tigerfish” хамтлагийн ахлагч. “Шөнийн
галт тэрэг” хамтлагийн соло
гитарчин, бизнесийн удирдлагаар мэргэжил эзэмшсэн. Тэрээр 2004 онд “Цэнхэр шувуу”
цомог, 2004, 2005 онд “Шөнийн галт
тэрэг” хамтлагийн Unplugged тоглолтод оролцож байсан. Б.Батбаяр хамтлагийн соло
гитарчин. Япон хэлний багш-орчуулагч. Мөн Б.Оддэлгэр
соло гитарчин.

П.Дамдинсүрэн хамтлагийн басс гитарчин. Дуу
хөгжмийн багш мэргэжилтэй.

Цаашдаа
ямар уран бүтээл түлхүү хийхээр төлөвлөж байгаа вэ. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэсэн?

-Мэдээж цаашдаа энэ хөгжмөөрөө
өөрсдийн уран бүтээлээ хийсээр
байх болно. Одоогийн байдлаар
хоёр шинэ дуун дээр
ажиллаж байгаа.

Нууц
биш бол шинэ дууныхаа сэдвийг тодорхойлж болох уу?

-Шинэ хоёр дууны маань
нэг нь маш цоглог
, аз жаргалтай дуу байгаа. Энэ
удаагийн тоглолт хөгжмөө таниулж
буй ковер тоглолтуудын сүүлийнх
байх болно.

Яагаад?

-Цаашид бид энэ хөгжмийг
сонсдог хүмүүстэйгээ зөвхөн өөрсдийн зохиосон
уран бүтээлээр уулзаж байх болно.

Таны
хувьд ийм жанраар дуулахад хүнд байдаг уу. Хэр ур чадвар шаарддаг бол?

-Бид төрөл жанрт баригддаггүй
болохоор тухайн дуу юуг
илэрхийлж байна, тэрийг л
чин сэтгэлээсээ гаргаад л дуулахыг
хичээдэг. Зарим дуу хоолойн
цар хүрээ шаарддаггүй, цэвэр
мэдрэмжээрээ илэрхийлэх хэрэгтэй байдаг болохоор өөрийнхөөрөө
л дуулна. Ур
чадварын тухайд дуучин гэхээсээ
манай хөгжимчид л чадвараа гаргах
шаардлага хамгийн өндөр байдаг.

Дөрвөн
утастай гитар гэхээр тоглоход бас өөрийн гэсэн онцлогтой, ур чадвар шаарддаг уу?

-Хөгжим маань дөрөвхөн утастай
болохоор тэр нарийн аялгуунуудыг
энэ дөрвөн утсаа ашиглаж
гаргана гэдэг жинхэнэ ур
чадвар.

Үкүлэлэ
тоглодог залуус та нараас гадна хэр байдаг бол. Та нар анх хэнээр заалгаж энэ хөгжмийг эзэмшсэн бэ?

-Үкүлэлэ дардаг залуус их
байгаа. Бидний хувьд ийм
хөгжмөөр хамтлаг байгуулъя гэж
шийдээд хөгжмөө захиж авчруулсан.
Ирэхэд нь л анх
удаа барьж үзсэн юм.
Тэгээд “youtube” ороод төрөл бүрийн
хичээл харж байгаад сурсан
даа.

Бидний хувьд
олон жил гитар тоглосон
болохоор сурахад хүндрэлтэй байгаагүй.
Анхлан суралцаж байгаа хүмүүсийг харахад
гитараас хурдан сурдаг.

Та
нар үкүлэлэг сонирхсон залууст зааж өгдөг үү. Сургалт явуулдаг уу?

-Нэг хэсэг явуулж байгаад
одоо түр завсарлаад байна.
Телевизээр үнэгүй сургалт явуулах
санаа яригдаж байгаа. Аливаа
хөгжмийг сурахад тэрэндээ зарцуулах
цаг л хамгийн чухал.

Categories
мэдээ цаг-үе

“Шинэ-Эрин” сургуулийн шилдэг анги 7б

“Нэг ангийнхан” буландаа энэ удаа БСШУЯ-ны харьяа “Шинэ Эрин” сургуулийн 7б ангийнхныг онцоллоо. Тус сургууль нь олон улсын Кембрижийн хөтөлбөрийн сургалттай бөгөөд бидний зочид сургуулийнхаа хамгийн шилдэг анги юм. “Багш аа, өөрийнхөө ангид орж зураг авахуулъя” хэмээн ангийн хөвгүүд шуугилдана. Харин охид багшийнхаа зааврыг хүлээн ажиглах аястай. Хөвгүүдийн саналыг хүлээж авсан багш хоёр давхрын зүг ангийнхныгаа дагуулан явж нэг ангийн үүдэнд очив. Тус ангид ахлах ангийнхан хичээлтэй байсан бөгөөд ном дэвтрээ хураан ангиас гарах мөчид үүдэнд хүлээж байсан нүдний шилтэй дэлдэн бор хүү “Та хэзээ үсээ ингээд засуулчихаа вэ. Янзтай” хэмээн ахлах ангийнхаа сурагч руу жуумалзана. Ингээд анги сулармагц сурагчид ширээ ширээндээ сууцгаав. Энэ бол “Шинэ Эрин” сургуулийн 7б ангийнхан. 13 хөвгүүн, долоон охинтой. Анги удирдсан багш нь П.Амартүвшин. Ангийн хөвгүүд “Манай сургуулийн захирлыг Амартүвшин гэдэг. Гэхдээ эрэгтэй. Харин манай багш эмэгтэй. Ийм л ялгаатай даа” гэж өөр хоорондоо хөөрцөглөнө. Багш хамгийн цэвэрхэн бичигтэй гурван хүүхдийг дуудаж, бичгийн хэвийг нь шалгав. Хүүхдүүд энэ ч гоё бичдэг, тэр ч гоё бичдэг хэмээн бие биенээсээ өрсөж дуугарах. Тус ангийн өнцөг, булан бүрт математикийн бодлого, томъёо бичсэн самбарууд харагдана. Учир нь ангийн багш П.Амартүвшин математикийн хичээлээр мэргэшчээ. Тэгээд ч бүх хичээл англи хэл, монгол хэлээр давхар ордог байна. Тэрээр “Шинэ Эрин” сургуульд 2012 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд хоёр дахь даан авсан анги нь 7б-гийнхэн. Тэрээр “Миний хувьд ахлах ангийнханд математикийн хичээл заадаг байсан. Харин энэ ангиа дааж авахад анхандаа дасч өгөхгүй байлаа.

Бүх зүйлийг надаас асууж шалгаана. Багшийнхаа гарыг харна. Аливаа зүйлийг нэг бүрчлэн тайлбарлах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл бага ангийн сурагчдыг бодвол арай бие даасан гээд бодохоор ахлах ангийнхнаас хамаагүй балчир. Тиймээс зөвхөн мэдлэг олгохоос илүү хүмүүжилд нь хамгийн сайн анхаарч, зөв үлгэр дуурайлал өгөх хэрэгтэй. Одоо ч ангийнхантайгаа нэг цул бие л болсон шүү дээ” гэж ихэд сэтгэл хангалуун ярина. Багшийгаа ийн ярих зуур сурагчид чив чимээгүй ном уншиж, юм бичиж тэмдэглэнэ. Гэхдээ бидний ярианд чих тавьж, анхааралтай ажиглана. 7б ангийнхан аливаа тэмцээн уралдаан, нийгмийн чиглэлийн үйл ажиллагаанд баг болж чаддаг учраас тэднийг сургуулийн тэргүүний ангиар үе тэнгийнхэн нь өргөмжилдөг байна. Өнгөрсөн оны зургадугаар сард VI ангиа төгсөхдөө нэг ч хүүхэд дунд, муу гэсэн үнэлгээ аваагүй бөгөөд бүх хичээлдээ ангиараа онц, сайн дүнтэй төгсч байжээ. Энэ нь мөн л бусад ангиудтай харьцуулахад тэргүүний үзүүлэлт болж чадсан байна. Тус ангийн сурагч Б.Түвшинжаргал математикийн олимпиадад оролцож, дүүргээс алт, нийслэлээс хүрэл медаль хүртэж байсан бол С.Өсөхбаяр дунд болон ахлах ангийнхантай хамт гар бөмбөгийн тэмцээнд орж дүүргийн аваргаар шалгарчээ. Гар бөмбөг маш чадварлаг тоглодог болохоор ахлах ангийнхан нь багтаа авч тоглуулдаг байна.

Манай зурагчин зураг авах гэтэл нэгдүгээр салаанд суусан охин хажуугийн охиндоо хандан “Түвшинжаргал аа, пиджакныхаа дотуур өмссөн яагаан цамцаа тайлчих. Тэгэхгүй бол маргааш манай ангийнхны зураг сонин дээр гарахад чи ганцаараа өөр цамцтай харагдана” гэж ирээд л хариуцлагатай гэгч нь хэлэв. Ангийн багш ч түүнийг дэмжив. Охин дуулгавартайгаар давхарлаж өмссөн цамцаа тайлах зуур ангийн бусад охид үсээ цэгцлэн боож, хөвгүүд пиджакныхаа товчийг янзлаад авлаа. Тэгснээ “Манай ангийг яагаад сонгосон юм бэ”, “Аав, ээждээ хэлнэ ээ. Ямар сонин билээ” гээд их л нухацтай асууж ихэнх сурагч тэмдэглэж авав. Бидний зүгээс ч сургуулийн тэргүүний анги учир онцлон зочилсноо тайлбарлав. Үүний дараа ангийн багш сурагчдаас ирээдүйд ямар мэргэжилтэй болох талаар асуулаа. Сурагчид нэг нэгээрээ гар өргөн хариулцгаав. Хамгийн түрүүнд Б.Тэмүүлэн хүү босч ирээд “Би хүмүүстэй их чөлөөтэй ярилцах дуртай. Тиймээс би хуульч болно” гээд суув уу үгүй юу хоёрдугаар салаанд суусан М.Чингүн босон “Би эмийн үйлдвэртэй болно. Америкт зардаг эмийг манай улсад нэг ширхгийг нь маш өндөр үнээр авдаг тухай ээж надад хэлсэн. Гэтэл хорт хавдраар манай оронд маш олон хүн өвчилж, шаналж байна. Хэрвээ би эмийн үйлдвэртэй болчихвол тэр эмийг нь үйлдвэрлээд хямдхан зарж, олон хүнд буян болно” хэмээн ихэд хэрсүүхэн хариулт өглөө. Түүнээс хорт хавдрын талаарх мэдээллээ хаанаас авсан болохыг асуухад интернэтээс олж мэдсэн гэв. Сурагч бүр ирээдүйд хэн болохоо хэлэхийг ихэд хүсч байгаа нь илт. Нэг нэгнээсээ өрсөх гэж суудлаасаа байн байн өндөлзөнө. Ингээд Г.Номунд хэлэх эрх оногдлоо. Энэ охин архитекторч болох гэнэ. Учир нь аав, ээж нь барилгын инженер мэргэжилтэй төдийгүй хувийн компанитай аж. Тус компанид нь ах эгч хоёр нь бас ажилладаг байна. Тиймээс Г.Номун тэднийхээ хамт өөрийн хүссэн өнгө загварыг тусгасан сайхан барилга барих мөрөөдөлтэй гэнэ. Харин Н.Сүндэрьяа их л цовоо сэргэлэнгээр “Би уйлж буй хүнийг хараад инээлгэх юмсан гэж хүсдэг. Жүжигчин болчихвол би энэ хүслээ биелүүлж чадна” гэв. Түүний хувьд хошин урлагийн жүжигчин Ундармаа, Мөнхсайхан нарыг хүндэлдэг гэнэ. Ангийнх нь хөвгүүд хажуугаас “Бооёо ах гоё ш дээ”, “Онон бүр илүү” хэмээн хошигнолдож үймүүлэх янзтай. Гэтэл нэгдүгээр салаанаас Т.Нандин-Эрдэнэ шийдэмгий босч ирээд “Улстөрч болно. Уран илтгэгч болж хүмүүсийг байлдан дагуулах нь надад таалагддаг” гэхэд багш нь “Хэрвээ чамайг мундаг улстөрч болчихсон үед ангийнхан чинь очоод ажилд аваач гэвэл ажилд оруулна биз дээ” гэж асуухад “Үгүй. Би шударга улстөрч болно” гэв. Түүнийг сонссон ангийнхан нь “Өө” хэмээн уулга алдсан бол харин багш нь алга ташаад “сайн байна” гэж урамшуулав. Г.Баяржавхлан “Барилгын инженер болж шинэ барилга барихдаа хуучин барилгын хажууд барихгүй. Их үзэмжгүй, зохицолгүй харагддаг” гэсэн бол З.Үлэмж “Би ч бас хот төлөвлөдөг дарга болно. Одоо чинь зай гарвал байшин барьж, завсар гарвал гарааж барьдаг болж” гэж ирээд л ангийнхныгаа хөгжөөгөөд авав. Б.Түвшинжаргал, М.Болор-Эрдэнэ зэрэг охид эмч болох мөрөөдлөө хуваалцав. Харин Б.Галбадрах дэлхийн дулаарлын эсрэг нээлт хийж хүн төрөлхтнийг аврах бол Б.Бэлгүдэй, А.Очирбаяр нар хими, физикийн хичээлдээ илүү сонирхолтой учир олон шинэ нээлт хийх шинжлэх ухааны эрдэмтэд болох аж. Б.Мэнд-Амар нагац ахынхаа мэргэжлийг өвлөж замын инженер болох бол Б.Оргил онгоцны инженер болох тухайгаа ярив. Н.Ерлан тоо бодох маш дуртай. Түүнийг үеийн нөхөд нь “Нягтлан бодогч” хэмээн ирээдүйг нь өрсөөд тодорхойлчихов. С.Өсөхбаяр би зурагтаар олон гэмгүй хүн шоронд орж байна гэж сонссон. Тиймээс би буруугүй мөртлөө шалтгаангүйгээр шүүхэд дуудагддаг олон хүнийг өмгөөлөх өмгөөлөгч болно гэж бодож байна гэхэд нэлээд нухацтай бодож суусан А.Майдар “Би бүх хичээлдээ жигд сайн. Бүх мэргэжил надад сонирхолтой санагддаг. Тиймээс би Ерөнхийлөгч болно” хэмээн хэлэхэд ангид бөөн инээдэм болов. Түүнийг зарим найз нөхөд нь нударч “Чи чадах уу” хэмээн ёжлоход “Би чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж шулуухан дуугарав. Сурагчид ч маргасангүй. Тэрээр үнэхээр бүх хичээлдээ онц сурдаг учраас бүгд санал нийлсэн бололтой. Ийн сурагчид ээлж дараалан хэлсээр хоёр охин мөрөөдлөө хуваалцалгүй үлдсэн байв. Хоёрдугаар салаанд суух С.Цогзол охин “Би биологич болохыг маш их хүсдэг. Ургамал, амьтан гээд байгалийн амьд биетийг судлах нь надад таалагддаг” гэсэн бол өнөөх цамц давхарлаж өмссөн гээд ангийнхандаа зэмлүүлдэг охин А.Энгүүн их алдартай загвар зохион бүтээгч болохоо хуваалцав. Сурагч бүр ирээдүйн мэргэжлээ аль хэдийнэ сонгочихсон. Түүнийхээ төлөө сурч, боловсорч байна. Үүнээс гадна ангиараа онц сурч дэлхийн топ-50 сургуульд элсэх зорилготой гэсэн сурагчдынхаа нууцыг ангийн багш задлаад авна лээ. Ингээд хичээлийн цаг ч дуусч завсарлагааны хонх дуугарлаа. 7б ангийнхан энэ сарын 25-нд Одон орон судлалын төв орохоо ярьцгаав. Нэг хүүхэд 3000 төгрөгөөр од эрхсийг дурандах гэнэ. Мөн ангиараа кино үзэх тухай ярьцгаан хоцров.

Гэрэл зургуудийг

Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

А.Баярцэцэг: Миний сошиал дахь санал асуулга өндөр хандалттай байгаа

Австрийн нийслэл Вена хотноо “Эх дэлхийн мисс-2015” тэмцээн энэ сарын 18-нд эхлэх юм. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байна. Тэмцээн нийт 12 шалгууртай бєгєєд үүнээс хоёр нь интернэт орчин дахь санал асуулга юм. Тодруулбал, тухайн мисс өөрийн улс орныхоо эко танилцуулга бүхий видео болон фото зургаа интернэтэд байршуулсан байх ёстой. Дээрх хоёр тєрлєєр фэйсбүүк, твиттерт хамгийн олон дагагчтай, олон санал авсан оролцогч тэргүүлэх юм байна. Хэрвээ сошиал дахь санал асуулгад тэргүүлчихвэл шилдэг 16 оролцогчид үлдэх боломж нээгдэх аж. Тэгвэл Монголын мисс А.Баярцэцэг одоогоор сошиал дахь санал асуулгыг тэргүүлж байна. Энэ жилийн хувьд “Эх дэлхийн мисс” тэмцээн цаг уурын өөрчлөлт сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Мисс А.Баярцэцэгийн Монголын үзэсгэлэнт байгаль, ахуй амьдралыг танилцуулсан бичлэг “youtube” сайтад хандалтаараа тэргүүлж эхэлжээ. Одоогоор түүний бичлэгийг 75 мянга гаруй хүн үзээд байна. Дашрамд дурдахад, тус тэмцээнд түрүүлсэн улсын мисс тухайн жилийн хугацаанд байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тєсєл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог байна.

Ингээд мисс А.Баярцэцэгээс тодруулга авснаа хүргэе.

-“Miss Earth” тэмцээнд хичнээн орны мисс оролцох вэ?

-“Miss Earth” тэмцээнд нийтдээ 95 орны мисс оролцоно гэсэн.

-Энэхүү миссийн тэмцээнд оролцох эрхийг хэрхэн авсан бэ?

-Өнгөрсөн долдугаар сард зохион байгуулсан “Miss world mongolia-2015” тэмцээнд оролцсон. Энэ тэмцээнд мисс Н.Ану үндэсний ялагчаар тодорч, би тэргүүн миссээр шалгарсан юм. Түүний дараа “Mисс Монгол аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн, мисс Б.Гантогоо эгч маань холбогдож санал болгосноор “Miss Earth 2015”-д эх орноо төлөөлөн “Монгол” гэж дахин дуудуулах болсондоо маш их баяртай байна. Монгол гэж нэрээ дуудуулахаас илүү сайхан мэдрэмж байдаггүй. Би өнгөрсөн жил Япон улсад болсон 54 дэх “Miss International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байхдаа хуучин монгол бичгээр “Наран” гэж бичиж байсан. Тухайн үеийн үзэгчдийн алга ташилт, магтаал, бишрэл надад биш Монголын маань соёл уламжлал, агуу түүх, ёс заншилд дуу алдсан бахархал байсан. Тэр мөчид эх орныхоо нэрээр дахин дуудуулах юмсан, нэрийг нь өндөрт өргөх юмсан гэдэг хүсэл эрмэлзэл өөрийн эрхгүй төрсөн. Тиймээс “Miss world mongolia-2015” тэмцээнд оролцсон.

-Бэлтгэлээ хэр хангаж байна. Хэзээ эх орноосоо мордох вэ?

-Энэ сарын 18-нд явна. Тэмцээн ирэх сарын тавныг хүртэл үргэлжилнэ. Тиймээс хувцас, чимэглэл гээд материаллаг бэлтгэл, бие бялдар, авьяасын үзүүлбэрээс гадна тэмцээн дээр ярих илтгэл, шийдэл санаагаа маш сайн бэлтгэх шаардлагатай. Сэтгэл зүйгээ болон оюун санаагаа сайн бэлтгэж оролцохоор төлөвлөж байна.

-Эх дэлхийгээ хамгаалж, хайрлах зорилготой уг тэмцээнд ямар сэдвээр төсөл бичихээр төлөвлөж байна вэ?

-Өнөө жилийн тэмцээний хувьд гол ярилцах үндсэн сэдэв нь “Байгаль орчны өөрчлөлт”. Юуны өмнө уг асуудал зөвхөн манай улсад ч гэлтгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудал. Судлах тусам уг асуудал улам ихээр сонирхол татаж байгаа. Яагаад гэвэл энэ нь зөвхөн мод тариад шийдчихдэг асуудал биш юм байна. Мэдээж далайд дусал нэмрийн учир хүрээлэн буй орчинд тустай хэдий ч байгаль орчны өөрчлөлтийн хамгийн том суурь асуудал нь “Хүн чанар” байдаг юм байна. Хүний шунал, буруу шийдвэр, хариуцлага, ёс зүй, хүнлэг чанараас хамаарч дэлхийн дулаарал нэмэгдэх үндэс болж байгаа гэдгийг юун түрүүнд ойлгох хэрэгтэй. Энэ нь эргээд манай улсад, олон зууны туршид уламжлагдан ирсэн нүүдэлчин ахуйд хүртэл сөргөөр нөлөөлж, өвөл нь дулаахан, хонь ноос муутай, өвс олигтой ургахгүй, мал тэжээл багатай, хавар энддэг, зун нь илүү халуун, хуурай, намар шиг шар өнгөтэй, тэнгэр ажиж хараад байгалиа шинжихэд хүртэл хэцүү болж байна. Өнгөрсөн хавар соёлын өв уламжлалаа хайрлан хамгаалах “Язгуур лугаа” гэдэг баримтат киногоо хийхээр Архангай аймагт хоёр сар мал хариулж, ахуй соёлтойгоо танилцаж, монгол хүн эх дэлхийгээ хэрхэн хайрладаг, хорвоо дэлхийн бүх зүйл бие биедээ нөлөөлдөг учир байгаль тэнгэрээ хэрхэн дээдлэн шүтдэгийг биеэрээ мэдэрсэн. Ийм ч учраас тэмцээний төсөл хөтөлбөрөө нэг удаадаа зохион байгуулах хүмүүнлэгийн арга хэмжээ, бэлгэ тэмдэг байдлаар биш илүү ул суурьтай, ёс зүй, хүнлэг чанар талаас нь хэрхэн шийдэл гаргаж, сурталчилж болох талаас нь бодож төлөвлөж байна.

-Таны “Miss Earth Mongolia 2015 Eco-Beauty” видео youtube-д хамгийн их хандалттай байсан. Ер нь өөртөө хэр итгэлтэй байна вэ?

-Ер нь энэ тэмцээнд түрүүлэхийн төлөө хичээх болно. Гол нь интернэт дэх хоёр санал асуулгад тэргүүлж чадвал шилдэг 16 оролцогчид үлдэх боломж бүрдэнэ. Тиймээс “Miss Earth-2015” гэсэн фэйсбүүк, твиттер хаяг руу ороод намайг дэмжээд видео, зураг, постуудыг лайк, шэйр хийж, коммэнт үлдээгээрэй гэж монголчууддаа хандаж хэлмээр байна. Ямар ч байсан би та бүхнийхээ итгэлийг алдахгүй, эх орныхоо нэрийг гаргах болно.

-Олон улсын миссийн тэмцээнд сайхан биенээс гадна гадаад хэлний мэдлэг чухал үүрэгтэй. Учир нь өөрийгөө бүрэн илэрхийлэх гол шалгуур болдог шүү дээ…

-Би англи хэлийг маш сайн эзэмшсэн. Сая “Марко Поло” кинонд тоглохдоо англиар ярьдаг хэсэгт тоглосон. Мөн испани хэлтэй. Франц хэл бас сурч байна.

-Ямар мэргэжилтэй вэ?

-Би ШУТИС-ийг маркетингийн удирдлагаар төгссөн. Гэхдээ одоогоор жүжигчний мэргэжилд түлхүү ажиллах сонирхолтой байгаа. Одоо 24 настай. Тиймээс надад цаг ч бий. Амжилтад хүрэх боломж ч бий гэж бодож байна.

-“Марко Поло” киноны хоёрдугаар бүлэгт Монголоос гурван жүжигчин туслах дүрд тоглоод ирсэн. Нэг нь та. Энэ кинонд тоглосон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Монгол жүжигчдийн ур чадварыг олон улсад таниулан сурталчилж буй АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” киноны зураг авалт Малайз улсад болсон. Миний хувьд энэхүү зураг авалтад оролцоод өнгөрсөн сарын 24-нд эх орондоо ирлээ. Зураг авалтгүй үед харьцангуй чөлөөт цаг гардаг ч дүрээ судлах, бэлтгэл хийх, багштайгаа англи хэлний ярианы дуудлагын хичээлээ давтах гээд өдөр хоног маш хурдан өнгөрсөн дөө. Үнэхээр сайхан уран бүтээлд тоглосон.

-Кино багийн бүрэлдэ­хүүнд холливудын алдартай уран бүтээлчид нэлээд багтсан гэж сонссон?

-Кино багийнхан үнэхээр бахархам сайхан хүмүүс бий. “Spirit”-ээр Оскарт нэр дэвшиж байсан зохиолч Жон Фуско найман жилийн өмнө Монголд мориор аялж байхдаа уг киног хийх санаагаа олсон юм байна лээ. Тухайн үед талын Монголтой танилцуулж байсан хөтөч Бямбаа ах маань уг киноны соёлын зөвлөхөөр ажилласан. “Бөгжний эзэн”, “Game of Thrones” зэрэг киноны найруулагч, продюсерууд ажиллаж байна. Хувцасны хувьд “Гэтэж буй бар, унтаж буй луу” киногоороо Оскарын шагнал хүртэж байсан хувцас зохион бүтээгч Тим Ип, тайз засал дээр “Сүүлчийн Самурай” киногоороо Оскарт нэр дэвшигч Лили Килверт зэрэг гайхалтай хүмүүстэй ажиллаж байгаа. Очихоосоо өмнө нэрийг нь сонсоод сүрддэг байсан ч маш энгийн, хөгжилтэй, нөхөрсөг хүмүүс намайг угтаж авсан. Уг кино төсөл дээр 20 гаруй орны дэлхийн шилдэг баг хамтран ажиллаж байна. Эхний бүлэгт жүжигчин Б.Амарсайхан Ариг Бөхийн дүрийг бүтээж, “Алтайн Оргил”, “Хөсөгтөн” хамтлагийн гишүүд мөн оролцон тоглож байсан. Харин хоёрдугаар бүлгийн зураг авалтад Монгол талын үйл ажиллагааны продюсероор жүжигчин М.Оргил ах ажиллаж, илүү олон хүн оролцох боломжийг бүрдүүлж өгсөн нь үнэхээр бахархууштай. Хоёрдугаар бүлэгт Монголоос жүжигчин Ц.Цэрэнболд, Эрхэмбаяр хүү бид гурав туслах дүр бүтээж байгаа. Мөн Монголын киноны орлон тоглогчид, морьтон, олны хэсэгт тоглох ард түмэн, мэргэжлийн жүжигчдээс А.Цэгмэд эгч хөгжимчин, бүжигчин, уртын дуучин, бөх гээд нийт 25 монгол уран бүтээлчийн баг хамтран ажиллалаа.

-Та ямар дүр бүтээсэн бэ?

-Бэлэвсэн, залуу монгол эмэгтэйн дүрийг бүтээсэн. Киноны талаар хамаагүй мэдээлэл дэлгэж болохгүй.

-Цаашдаа кино уран бүтээлд ажиллах бодол бий юу?

-Цаашдаа мэдээж дэлгэцийн урлагаар дагнана. Миний их сургуульд эзэмшсэн мэргэжил маркетингийн удирдлага. Энэ мэргэжилдээ ч хайртай. Гэхдээ би өмнө нь үргэлж толгойгоо ажиллуулдаг байсан юм шиг санагддаг. Харин жүжигчний ажил намайг илүү ажигч, гүн бодогч, бага шүүмжлэгч болгосон юм шиг. Одоо зөвхөн толгой ажиллахаас гадна зүрх сэтгэл маань давхар ажиллаж байгааг мэдрэх болсон. Англи хэл сайн эзэмшсэн давуу талаа ашиглан ялангуяа АНУ-ын кино уран бүтээлд хүч үзэх сонирхолтой байна. Энэ тэмцээндээ амжилттай оролцчихоод гадны уран бүтээлийн шалгаруулалтад оролцож өөрийгөө сорино гэж бодож байгаа.