Categories
мэдээ цаг-үе

Манай хотод шилдэг циркчид ирж байна

“Дэлхийн цирк Монголд-2016” тоглолт энэ сарын
26-наас эхлэх гэж байна. Энэ талаар “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус
байгууллагаас мэдээлэл хийсэн юм. Тус байгууллагын хувьд дэлхийн тодотголтой уг
циркийн тоглолтыг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Үүний ачаар бид
циркийн урлагтай танилцаж байна. Тухайлбал, энэ удаагийн циркийн тоглолтод
зөвхөн халуун оронд амьдардаг арслан, сармагчин, лам гөрөөс, одой морь зэрэг
олон ховор сонин амьтад оролцоно. Мөн орон орны төлөөлөл болсон шилдэг циркийн
уран бүтээлчид манай циркийн тайзнаа гарах нь ээ. Ингээд хэвлэлийн хурлын үеэр
тус төвийн тэргүүн Н.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Дэлхийн цирк Монголд-2016”
тоглолтод 15 орны уран бүтээлчид оролцоно гэсэн. Аль улсын циркчид ирэх вэ?

-Энэ сарын 26-наас дөрөвдүгээр
сарын 10-ны өдөр хүртэл тоглохоор тов гараад байна. Нийтдээ 15 орны 70 гаруй
циркчид оролцоно. Хятад, Орос, Америк, Румын, Бразил, Испани, Итали, Франц,
Этиоп, Украин, Беларусь, Казахстан, Узбекстанаас циркчид ирэх юм.

-Энэ жилийн тоглолтын онцлог юу
вэ?

-Дэлхийн цирк гэж тодотгосны
учир бол олон улсын чанартай тэмцээнүүдэд алт, мөнгө, хүрэл цом хүртсэн
авьяаслаг циркчдийг Монголд урьж тоглолтоор нэгтгэдгээрээ онцлогтой. Тоглолтын
нэр жил бүр адилхан байдаг боловч үзүүлбэрүүд давтагдахгүй байх болно гэдгийг
энд хэлэх таатай байна.

-Ямар амьтадтай үзүүлбэрүүд
байгаа вэ. Өнгөрсөн жил арслантай үзүүлбэр гэж байгаад арслан ирээгүй санагдаж
байна?

-Энэ жилийн тоглолтод лам
гөрөөс, арслан, сармагчингууд, одой морь, сургуулилттай нохой зэрэг олон
төрлийн амьтад оролцоно. Эдгээр амьтад ерөнхийдөө ховорт тооцогддог гэж хэлж
болно. Дээрх амьтдыг эх орондоо авчрахаар бэлтгэл ажил бүрэн хангагдчихаад
байна.Өнгөрсөн жилийн тухайд хил дээрээс арслан буцаагдсан харамсалтай
тохиолдол болсон. Бид ямар учраас, ягаад буцаагдсаныг мэдэхгүй шүү дээ. Цаад
хариуцсан газар нь л мэдэж байгаа.

-Амьтад хэзээ ирэх вэ?

-Хэрвээ амьтдын талаар ямар нэг
эргэлзээ байгаа бол амьтад маань аль хэдийнэ манай улсыг зориод ирж байгаа
учраас эргэлзэх хэрэггүй гэж хэлмээр байна.

-Тоглолтод оролцох гэж буй
амьтдыг хаана байршуулах вэ?

-Амьтдын байрлах байрыг бид
зохих стандартын дагуу барьж байгуулж байна. Арслан, лам гөрөөс, одой морь
зэрэг нь ховорт тооцогддог халуун орны амьтад шүү дээ. Бидний зүгээс амьтдын
аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах хамгийн чухал. Байрлах байрнаас эхлээд
хоол тэжээлийн хувьд ч тодорхой арга хэмжээг авч байна.

-Халуун орны уур амьсгал
тодорхой хэмжээгээр амьтдад нөлөөлөх байх даа?

-Тэгэлгүй яахав. Манайх шиг эрс
тэс уур амьсгалтай орны цаг агаар мэдээж амьтдад нөлөөлнө. Ялангуяа арслан
нэлээдгүй дулаан орчинг шаарддаг амьтан л даа. Тийм учраас бид байрлах орчинд
их ач холбогдол өгч ажилласан, бэлтгэл ажил маань дуусчихсан байна.

-Шинэ содон үзүүлбэрүүдийн
талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өмнөх жилүүдийн үзүүлбэр
давтагдахгүй. Онцлох үзүүлбэрүүд гэвэл үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байгаа
амьтдын үзүүлбэр байна. Мөн “Дэлхий циркийн хаан” гэж нэрлэгддэг агаарын
гимнастикийн үзүүлбэр байна. Энэ үзүүлбэрийг өмнөх жил хойд Солонгосын циркчид
тоглож байсан бол энэ удаад Беларусь, Украин улсын циркчид үзэгчдэд хүргэх гэж
байна. Агаарын гимнастикийг газрын үсрэлттэй хослуулж анх удаа гэж хэлж
болохуйц үзүүлбэр тоглоно.

-Ямар журмаар олон орны
циркчдийг эх орондоо урьж тоглолт зохион байгуулдаг юм бол?

-Миний бие өөрөө Монгол Улсын
тамирчдаа олон улсын тэмцээнд оруулах тал дээр нэлээд санаа тавьж ажилладаг. Би
олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллах үедээ гадаадын циркчдийн үзүүлбэрээс
сонгож албан ёсоор Монголд тоглох урилга өгдөг байгаа. Тэгэхээр энэ тоглолт яг
энэ бүрэлдэхүүнээрээ Монголд л ганцхан болно гэсэн үг.

-Дэлхийд алдаршсан циркчин
байгаа юу?

-Бүгд олон улсын тэмцээнд
оролцож алт, мөнгө, хүрэл цом хүртсэн циркчид байгаа. Тухайлбал, Оросын их
нэртэй алиалагч ирж байгаа. Энэ алиалагч олон улсын дөрвөн тэмцээнээс нэг
мөнгөн цом, гурван хүрэл цом хүртсэн мундаг алиалагч юм. Мөн Испаниас агаарын
гимнастикийн жүжигчин ирнэ. Дэлхийд цор ганц маш их эрсдэл дагуулдаг
элементүүдийг гүйцэтгэдэг жүжигчин ирж байна. Ер нь улс орны шилдгүүд ирнэ.

-Монголын циркчид ямар үзүүлбэр
үзүүлэх вэ?

-Монголын үндэсний циркийн
Номунбаатар ахлагчтай жүжигчид саяхан олон улсын тэмцээнээс алтан цом хүртсэн.
Шидэх банзнаас үсрэгчид гэсэн үзүүлбэрээрээ үзэгчидтэйгээ уулзах болно. Мөн Сэлэнгэ
багштай уран нугараачдын баг “хунгийн бүжиг” гэх цоо шинэ уран нугаралтын
үзүүлбэрээ үзүүлнэ. Монголын үндэсний циркийн агаарын гимнастикийн жүжигчид
оролцоно.

-Өмнөх жилүүдэд үзэгчдийн
хүсэлтээр өдрөө сунгаж дахин тоглож байсан. Ер нь циркчидтэй хичнээн хоногийн
гэрээтэй ажилладаг вэ?

-Циркчидтэйгээ 10+7 хоног гэсэн
гэрээ байгуулсан. Хэрвээ үзэгчид хүсвэл өдрөө сунгаж тоглох бүрэн боломжтой.

-Тоглолтын эхний өдрийн
тасалбар зарагдаж дууссан гэсэн. Хэдэн төгрөг гэж байна?

-Тасалбар 15000-30000 төгрөгийн
үнэтэй байгаа. Ийм үнээр дэлхийн хэмжээний циркийн үзүүлбэрийг үзнэ гэдэг маш
том боломж, бэлэг гэж ойлгож болно. Үзэгчид ч гэсэн их хүлээлттэй байх шиг
байна.

-Монголын циркчид олон улсын
тэмцээнд чамгүй амжилттай оролцож байгаа. Одоогоор ямар амжилт үзүүлээд байна
вэ?

-Өнгөрсөн оны есдүгээр сард
Москвад болсон олон улсын циркчдийн тэмцээнд Монголын үндэсний циркийн
Номунбаатар ахлагчтай “Шидэх банзнаас үсрэгчид, шидэлттэй акробат” үзүүлбэрээр
оролцсон. Энэ тэмцээнээс мөнгөн цом хүртсэн. Нийт 15 орны 130 гаруй циркчид
оролцсон. Бидний хувьд олон улсын анхны тэмцээн байсан л даа. Өнгөрсөн хоёр
сард болсон тэмцээнд алтан заан цом хүртсэн. Дараагийн тэмцээн маань энэ сарын
8-ны өдөр өндөрлөсөн. Тус тэмцээнээс “Алтан баавгай” цомыг эх орондоо авчирсан
байгаа.

-Таны хувьд олон улсын
тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж байгаа. Ер нь шүүгчээр ажиллах урилга их ирдэг
гэж сонссон?

-Олон улсын тэмцээний шүүгчдийн
бүрэлдэхүүнд ажиллаж байгаа шүүгчдээс насны хувьд би хамгийн залуу нь байсан.
Жүжигчдээ авч яваад олон улсын тэмцээнүүдэд оролцуулах, өөрөө шүүгчээр ажиллах
хоёр их ялгаатай юм байна. Жүжигчдийн хувьд өөрийн улсын шүүгч байлаа гээд ямар
нэг ялгаа байхгүй. Тэмцээнд хамгийн шилдэг жүжигчид оролцож байгаа учраас
шилдгийн шилдгүүдийг л тодруулж шагнадаг. Нөгөө талаас ганц надтай холбоотой
асуудал биш юм. Монголын циркийн урлагийн түүхэнд улсаа төлөөлөн шүүгчээр
ажилласнаараа манай циркийн урлаг дэлхийд хаана яваа, хэр нэр хүндтэй байгааг
харуулж чадсан гэж би ойлгож байгаа. Одоогоор он дараалан гурван тэмцээнд шүүгчээр
ажилласан. Яг одоо хоёр ч олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллах санал ирсэн
байна. Тоглолт эхлэх гээд цаг хугацааны хувьд давхцаж байгаа учраас зарим нэг
тэмцээнд шүүгчээр ажиллах боломжгүй байгаа.

Э. АРИУНЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Латифийн Байзада: Аавыгаа дурсахаар үүлэн чөлөөний нар үзэгдээд өнгөрөх шиг болдог

Соёлын тэргүүний ажилтан, поп дуучин Л.Байзадатай ярилцлаа. ТэрээрЧиний зураг”, “Танилцъя охин”, “Үүрдийн наранзэрэг дуугаараа бүсгүйчүүдийн сэтгэлд хоногшсон дуучин билээ.

Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна. Саяхан тоглолт хийсэн байсан?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би саяхан олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолт хийлээ. Хөлбөмбөгийн залуус цугладаг, ерөнхийдөө хөнгөн сайхан уур амьсгалтай “Sta­dium” гээд ресторан байдаг юм байна. Энэ ресторантой гэрээ байгуулж хамтран ажиллахаар тохироод олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан хоёр өдөр тоглолт хийсэн. Хүмүүс ч тоглолтыг маань их сайхан хүлээж авлаа. Би хуучин дуунуудаа дуулсан болохоор бүсгүйчүүд их хөгжөөн дэмжлээ. Энэ тоглолтод дуучин Амина, “Sync” хамтлагийн Амараа, дуучин Одко, “FLY” хамтлагийн уран бүтээлчид уран бүтээлээ хүргэсэн байгаа. Тоглолт их халуун дотно, сайхан уур амьсгалтай байлаа. Үзэгчид, уран бүтээлчид бие бие рүүгээ тэмүүлсэн үнэхээр гоё тоглолт боллоо. Удахгүй цэргийн баярт зориулсан тоглолт хийнэ. Тус тоглолтыг залуус та бүхэн ямар ч таксгүйгээр үзэх боломжтой гэдгийг энэ дашрамд хэлчихье.

Шинэ уран бүтээл хийж байна уу. Таны дуунуудыг зарим залуу хамтлагууд сэргээж дуулж байдаг?

-Сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд нэлээд хэдэн дуу хийсэн. Тухайлбал, “Синк” хамтлагийн “Хөөрхөн шүү чи минь”, “Гурван бүдүүн” хамтлагийн “Хайр татам, “Аав минь ирж яваа” зэрэг хэд хэдэн дуу хүүхэд залуучуудын дунд дуулагдаад хит болоод явж байна.Өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан МУГЖ Сарантуяа, “Гурван бүдүүн” хамтлагтай хамтран дуулсан “Гэрэлт нарны ээж” дуу. Бид ээжийнхээ ачийг яаж хариулах вэ гээд байхаас ээж минь юунд санаа зовж байна, яаж байна гэж тэр болгон асуудаггүй. Энэ агуулгыг илүү харуулахыг хичээсэн уран бүтээл л дээ. Саяхан хэрэг болгож өөрийн үг, аяыг нь зохиосон дуугаа тооллоо. Дуулсан, үгийг нь, эсвэл аяыг нь бичсэн гээд бүгд нийлээд 130 гаруй уран бүтээл болсон байна.Би дууныхаа үгэн дээр өөрөө ажиллах дуртай. Поп хөгжим дээр өөрийн гэсэн илэрхийлэл байх ёстой юм шиг санагддаг. Өөрийнхөө бодлыг шингээж хийсэн дуу хүмүүст илүү хүрдэг юм шиг.

Та дүү Нурбулантайгаа хамтарч аавынхаа дурсгалд зориулжЛатифсан байгуулсан. Сангийн үйл ажиллагаа нэлээд эрчимжиж байгаа гэж сонссон?

-Өөрийнхөө уран бүтээл гэхээсээ илүүтэйгээр аавынхаа нэрэмжит “Латиф” сангийн үйл ажиллагаанд илүү ач холбогдож өгч ажиллаж байна. Саяхан л сан байгуулсан. Өнөөдөр таван жил болчихсон байна. Өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө өөрсдийнхөө хүчээр хөрөнгө босгож хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж залуучуудын ирээдүйн урлагт орох боломжийг нээх зорилготой ажиллаж байлаа. Тэгэхээр энэ жил миний тайзан дээр гарсан 20 жил, сан байгуулагдсан таван жилийн ой тохиож байна. Миний аавын нэрийг дурсахад л хүмүүст гэрэл гэгээтэй сайхан дурсамж сэргэдэг. Энэ нэрийг цаашдаа газарт унагачихгүй л авч явахыг хүсдэг. Таван жилийн хугацаанд дандаа орон нутагт тоглолт хийжээ. Орон нутгийн замд төөрөөд машин тэрэг эвдрээд зогсчихсон байхад хүртэл малчид маань ирээд тусалж байсан удаа ч бий. Энэ бол миний аавын л буян. Яг одоо би хэн нэгнээс надад туслаач гэж хандивын мөнгө гуйгаагүй. Мэдээж аавын нэрэмжит санг дэмжиж хамтарч ажиллахаар бол хүлээж авах болно. Учир нь энэ жилээс би нийслэлд түлхүү ажиллах төлөвлөгөөтэй байна. Сургууль, байгууллага дээрээ жинхэнэ, гоё амьд тоглолтыг үзье гэвэл гоё тоглолтыг бид барих болно. Яахав Байзада дуугаа дуулаад явбал явна л даа. Гэхдээ залуусыг сайн сайхны төлөө уриалах сонирхолтой. Бидний амьдарч буй нийгэм саарал харагддаг. Ардчиллаас өмнөх нийгэм оюун санааны хувьд хавчигдмал, баригдмал байсан гэдэг. Гэхдээ сайхан зүйл ч байсан. заримдаа тэр үеийг санагалздаг. Өнөөдөр хүмүүс өнгө мөнгөний хорвоод жинхэнэ тулалдаж байна. Хүн чанар энэ завсар гээгдээд байх шиг. Энэ нийгмийг сайн сайхан болгохын тулд залуус өөрсдийн дуу хоолойгоо оюунлагаар хүргэх хэрэгтэй.

Таны цаашдын үйл ажиллагаа залуусын төлөө байх болно гэсэн. Тэгэхээр дуучин Байзада залуусыг уран бүтээлээрээ уриалах бодолтой байна гэж ойлгож болох уу?

-Төрийн эрхийг олон жил барьж ирсэн эрхмүүд өөрсдийгөө хөгширсөн, үеэ өнгөрөөж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх л ёстой байхгүй юу. Миний хувьд зөвхөн урлагийн салбараа л барьж ярина шүү дээ. Би аавынхаа үргэлжлэл болж олон сайхан зүйл хийхийг хүсч байгаа боловч өр зээл, татварын дарамт, гадаад руу зорчих визний дарамтаас эхлээд олон асуудал бий. Нүдэндээ гал цогтой хийж бүтээе гэсэн олон сайхан залуус байна. Заримдаа эерэг хуулиуд гарах юм аа. Гэхдээ л сайн наалдахгүй байх шиг. Наад зах нь залуус өр зээл тавин байж арай гэж машинтай болж байхад ганц дохио зөрчихөд 19 мянган төгрөгөөр торгодог жишээтэй. Машинтай болоод ч урамгүй байна ш дээ. Залуучуудын оюуны, сэтгэлгээний уналтыг гадныхан ашиглах вий гэхээс санаа зовних юм. Урлагийнхан бид энэ амьдралын, хүмүүсийн тухай л уран бүтээл хийдэг. Миний хувьд залуучуудад зориулсан гэгээлэг уран бүтээл хийж ирсэн. Цаашдаа ч энэ чиглэлээ барина.

Ер нь шинэ дуу дуулъя гэхээр үгүй ээ хуучин дуугаа дуулаач гэдэг л дээ. Гэхдээ би энэ бүхнийг ганцаараа бүтээчихсэн юм биш. Монголын хөгжмийн төлөө зүтгэж яваа хүмүүс болох хөгжмийн зохиолч Халиун, Арзак, Аранзаа нартаа баярлаж явдгаа хэлмээр байна.

Та нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрч Казахстан явсан. Тухайн үед таны дуулсан дуу болгоныг хүмүүс сонсох дуртай байлаа. Яагаад ийм сайхан уран бүтээлүүдээсээ хэсэг хөндийрсөн юм бэ?

-Би хүүхэд байхын л дуунд хайртай байсан. Тэгээд УБИС-ийг хөгжмийн мэргэжлээр төгссөн. Миний уран бүтээлийн оргил үе гэвэл 1995 он. Би дуулдаг, бүжиглэдэг хамтлагтай байсан. Бидний тоглолтыг хүмүүс их үзэх дуртай байлаа. Их гэгээлэг, шинэлэг байсан байх. Яг энэ үед би Казахстан явсан. Тус улсыг зорьсон учир гэвэл би ямар нэгэн зүйлд хэмжээ байх ёстой гэж боддог. Тэгээд л юм үзэж нүд тайлахаар явсан. Мэдээж хэсэг хугацааны дараа эх орондоо ирж уран бүтээлдээ орсон. Эргэж ирэхэд ч сонсогчид маань өмнөх шигээ л сайхан хүлээж авсан.

Та нэг хэсэг ёстой хит болж байлаа. Энэ үед танд хаягласан хайрын захиа их ирдэг байв уу?

-Надад хувийн нууцаа хадгалдаг жижигхэн хайрцаг байдаг юм. Тэнд амьдралын минь нандин дурсамжууд бий.

Та нэг удааНадад тайрмал үстэй, үүргэвч үүрсэн охид таалагддаггэж хэлснээс хойш охид үсээ тайрч байсан гэдэг?

-Үнэн (инээв). Тухайн үед Европт revel буюу яг тийм стиль моодонд орж байсан юм. Тэгээд л хэлчихгүй юу. Гэхдээ тайрмал үстэй, үүргэвч үүрч явдаг нэг охин таалагддаг байсан л даа (инээв). Одоо харин зарим бүсгүйчүүд тааралдаад “Чамаас болж үсээ тайрч байсан” гэдэг юм. Намайг тэгж хүндэлдэг байсныг бодохоор сайхан санагддаг.

Миний мэдэхийн л та урт үстэй байсан. Одоо ч бас. Энэ бас таны нэг имидж юм аа?

-1994 оноос л үсээ ургуулсан. Би поп урлагт хайртай. Миний шүтдэг бурхан хүртэл Майкл Жексон. Тэгэхээр хэнийг дуурайсан байх нь уу. Хүмүүст миний энэ имидж таалагддаг юм.

Аавыг тань циркийн Латиф гэдгээр нь хүмүүс андахгүй. Их сайхан дуулдаг, хөгжим тоглодог байсан гэдэг юм билээ?

-Миний аав Ховдын Булган сумын уугуул хүн. Байгалиас заяасан урлагийн мэдрэмжтэй. Домбор хөгжмийг их сайхан тоглоно. Бүтээсэн дүр, хөдөлгөөн, алхаа гишгээ нь хүртэл ахин давтагдахааргүй гайхалтай хүн байсан. Баян-Өлгийн Дэлүүн сумын 10 жилд сурч байхдаа дууны аварга болоод Унгар улсын хүүхдийн зусланд хүртэл амарч байсан гэдэг.

Аавынх нь тухай олон сайхан дурсамж танд үлдсэн байх. Зарим дурсамжаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?

-Миний сэтгэлд тодорч үлдсэн ганцхан шинэ жил байдаг нь аавтай байхдаа тэмдэглэсэн шинэ жил. 1979-1983 оны хоорондох шинэ жил буюу би тав, зургадугаар ангид байсан үе. Манайх орос маягаар шинэ жил тэмдэглэдэг байлаа. Тэр үеийн сүлд модны чимэглэл, жүржийн амт ямар гоё байсан гэж санана. Цас, цаг агаар нь хүртэл өөр байсан. Улаанбаатар чинь үлгэрийн хот шиг л сайхан байлаа. Цирк дээр Б.Бадрууган агсны найруулсан “Гайхамшигт цаг” гээд хөтөлбөр болдог байсан юм. Тэр жилүүдийг их үгүйлдэг дээ. Аавыгаа дурсахаар үүлэн чөлөөн дундаас дөнгөж нар харагдаад эргээд бүрхэж бороо асгаж байгаа юм шиг тийм саарал мэдрэмж төрдөг.

Аавынхаа гэгээн дурсгалд зориулж уран бүтээл хийж байна уу?

-Би 1999 онд “Дэлхий дүүрэн инээд” нэртэй дуу хийсэн. Аавыг минь байхад дэлхий дүүрэн байж. Байх байхдаа дэндүү дүүрэн байж гэж боддог. Би энэ үгийг хаана ч явсан хэлэх дуртай.

Алтан наран ээсэн

Ахин ирэх амьдралыг дуудсаар

Болор тунгалаг нэгэн зүрх

Бүхнийг тойрон эргэлдсээр

Таны эгэл явсан тал шиг уужим сэтгэл

Таны уярааж үлдээсэн тайз чинь инээдээр бас цэцгээр дүүрэн байна

Шүлгийг нь Д.Дэлгэрсайхан бичиж аяыг нь би өөрөө хийсэн байдаг. Ер нь нэрлээд байвал бүтээл бий.

Танайх ам бүл хэдүүлээ юм бэ. Латиф гуай гэртээ хэр их хөгжөөн наргиантай хүн байв?

-Манайх дөрвөн бахиал, нэг туфльтэй айл ш дээ. Манай аав гэртээ нэг их олон юм яриад байдаггүй. Ялангуяа биднийг хүмүүжүүлэх тал дээр. Нэг дуугарвал хэлсэн үг нь жинтэй тусна. “Хичээлээ л хий. Наадах чинь чамайг нэг юманд заавал хүргэнэ” гэж бидэнд хэлдэг байсан. Аав маань гэртээ өнжих нь даан ч ховор. Энэ нь нэг талаараа бидний хувьд харамсалтай санагддаг. Илүү олон өдрийг аавтайгаа хамт өнгөрөөсөн ч болоосой. Яалт ч үгүй ажил ихтэй байсан учраас болдоггүй л байсан болов уу. Миний аав хөлсөө дуслуулж эх орныхоо төлөө урлагт зүтгэж байсан байна. Миний аав шиг тийм мундаг хүмүүс их байсан. Залуу хойч үе бид санан дурсах хэрэгтэй. Сүүлийн үед гадаад дууны тэмцээн их болж байгаа. Энэ хүүхдүүд чинь эх хэлээ ч олигтой эзэмшээгүй. Зөв сайхан ярьж чадахгүй байхад гадаад дууны тэмцээн уралдаан гэж ирээд л зохиомлоор туйлшруулах нь зөв юм уу? Би асууж байгаа юм шүү. Түүнээс хэн нэгний үйл ажиллагааг энд шүүмжлэх гэсэнгүй.

Хэрвээ үнэхээр англи хэлийг сүрхий эзэмшүүлэх, дуучин болгох сонирхолтой юм бол тэр гадны тайзан дээр нь очоод өрсөлд л дөө. Тэнд нь очоод ёстой түрүүлнэ үү, хог шороо болоод үлдэнэ үү. Тэгж л байж хүн болно шүү дээ. Урлаг өөрөө ийм шалгууртай байхгүй юу. Зохиомлоор уран бүтээлчийг хэзээ ч бий болгодоггүй. Хөлсөө урсган хөдөлмөрлөж байж урлагт өөрийн гэсэн орон зайтай болдог.

Ааваасаа зэмлэл хэр сонсдог байв?

-Зөндөө ш дээ.Гэхдээ зодож нүдэхгүй л дээ (инээв). Агуу хүмүүсийн үг үнэ цэнтэй байдаг гэдэг. Би аавынхаа үг бүрийг тунгааж явдаг. Бас агуу зохиолч Р.Чойном гуайн хэлсэн энгийн сайхан үгнүүд байна. Бавуугийн Лхагвасүрэн гуай, зарим эдийн засагчдын үгийг их сонсох дуртай. Бас гадаадын монголч эрдэмтдийн үгийг сонсох дуртай. Арай өөр өнцгөөс юм ярина.

Танай гэр бүлийнхэн хамтарч тоглолт хийх бодол байдаг уу?

-Бодож үзээгүй юм байна. Болохгүй юм байхгүй л дээ. Нээрээ тоглолт хийвэл миний аавыг таньдаг хүмүүс Латифийн хүүхдүүд алдаж онож, унаж, тусаад ч гэсэн хүн болж л байгаа юм байна гэж харах байх даа. Үзэгчид манай гэр бүлийн гишүүдэд их хайртай юм билээ. Ялангуяа манай Нураад, аавтай ч их адилхан. Би нэг удаа Пүрэвбадам гуайтай уулзсан. Тэгэхэд “Энэ өргөөний үүд хаалга миний хоёр дүүд нээлттэй шүү. Аавынхаа уран бүтээлийн тоглолтыг хийгээрэй” гэж хэлж байсан.

Э.Ариунзул

Categories
мэдээ цаг-үе

Т.Билгүүн: Тамирчдын чадвар хэдий чухал ч сэтгэл зүрхээрээ нэгдэж баг болно гэдэг илүү чухал

Монгол Улсын шигшээ баг , “СБЛ Хасын хүлэгүүд” багийн тамирчин Б.Билгүүнтэй ярилцлаа.

-Энэ жилийн “Бүх одод”-ын тоглолтын сонин сайхнаас хуваалцаач. Таны хувьд дөрөв дэх жилдээ тасралтгүй орсон байгаа?

-Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдаад дөрөв дэх жилдээ “Бүх одод”-ын тоглолтыг зохион байгуулж байна. Жил ирэх тусам илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй, легионер тамирчдын чадвар ч улам өндөр болсон байна. Энэ жилийн хувьд Хандгайтын шинэ ордонд “Бүх одод”-ын тоглолтоо хийсэн. Хотын захад байрлах спорт ордонд болсон учраас үзэгчдийн тоо харьцангуй бага байлаа. Түүнээс бусдаар бол легионор тоглогчидтой тоглох өрсөлдөөн яг хэвээрээ байсан. Зохион байгуулалтын хувьд ч гэсэн жил ирэх тусам сайжирсаар байна.

-Та энэ үеэр хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорсон байх аа?

-Намайг үнэ цэнтэй тоглогч болоход багийн тамирчид маань их тус болсон л доо. Оноо авах боломжийг бүрэн тавьж өгч, тусалсан болохоор тэрхүү шагналыг авсан гэж бодож байна. Мөн легионер тамирчдыг тусад нь шалгаруулсан учаас энэ шагналыг авахад нэлээд нөлөөлсөн юм болов уу.

-Тухайн багт нэг тамирчин 2-3 жил ажиллана гэдэг ч юм уу, баг тамирчдын хоорондох асуудал гэрээ хэлэлцээр ямархуу байдаг юм бол?

-Нэг багт заавал тэдэн жил тоглоод гар гэсэн зүйл байхгүй. Тухайн тамирчин, баг хоорондох асуудал л даа. Монголын сагсан бөмбөгийн ихэнх тамирчид жил жилээр гэрээгээ хийгээд явдаг. Ямар нэгэн нэмж хавсаргах зүйл байвал дараагийн жилдээ гэрээнд өөрчлөлт оруулдаг байх жишээтэй. Иймэрхүү замаар хамтран ажилладаг. Тухайн гэрээн дээрээ юу гэж дурдсанаас хамаараад тамирчдад тусах өнцөг ч гэсэн өөр өөр байдаг.

-Танай багийн зарим гишүүд яагаад өөр баг руу явчихав аа. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Инчеоний Азийн наадамд Монгол Улсын шигшээ баг явсныг та бүхэн мэдэж байгаа. Шигшээ багийн бүрэлдэхүүнд “Хасын хүлэгүүд” багаас таван тамирчин байсан. Холбооноос Инчеоний Азийн наадамд нэг багийн гурван тамирчин шигшээ багт байна гээд заачихсан. Энэ шийдвэр нь бусад багуудын хувьд ашигтай боловч манай багийн хувьд хохиролтой шийдвэр байсан. Үүнээс болоод О.Бадрах, Д.Дэлгэрням, Т.Санчир гэх тамирчдаа өөр багт алдсан л даа.

-Таны хувьд оюутан байхдаа Солонгос улсад сурч, амьдарч байсан. Монголд бэлтгэл хийх, Солонгост бэлтгэл хийх ялгаатай юу?

-Түрүүнд хэлсэнчлэн заал танхимаас авахуулаад бүх зүйлээрээ өөр. Солонгост мэргэжлийн тамирчин гэдэг утгаараа өглөө, өдөр, оройдоо зөвхөн сагсан бөмбөгөө тоглодог. Монголын сагсан бөмбөгчид орой зургаан цаг хүртэл өөрсдийн ажлаа хийгээд орой найман цагаас бэлтгэлээ хийдэг. Жилийн бараг зургаан сар нь иймэрхүү өнгөрдөг. Бид лиг эхлэхээс хоёроос гурван сарын өмнө л бэлтгэлдээ гардаг. Тэгээд зуны гурван сар амардаг.

-Инчеоний Азийн наадамд явсан талаараа ярихгүй юу, Монголын баг тамирчид маш амжилттай оролцсон шүү дээ?

-Монголын шигшээ багийн тамирчдын тухайд 2010 оноос хойш бүрэлдэхүүний хувьд нэг их өөрчлөлтгүйгээр, тасралтгүй хамт шигшээ багт зүтгэж байна. Олон жил хамт тоглосон учраас нэг нэгнээ маш сайн ойлгодог. Тамирчдын чадвар хэдий чухал ч гэсэн сэтгэл зүрхээрээ нэгдэнэ гэдэг их чухал. Бид тийм баг байж чадсан. Бүгд өөрсдийн гэсэн ажил амьдрал, үр хүүхэдтэй хүмүүс ч гэсэн эх орныхоо нэрийг гаргаад ирье гэсэн зорилготой байсан. Тийм ч учраас зорилгоо марталгүй зүтгэж шилдэг наймд үлдэж чадсан.

-Азийн наадмын эргэн тойронд мэдээж хүндрэлтэй зүйлүүд байсан л байх?

-Хүндрэлтэй зүйл гэвэл байрны асуудал байсан л даа. Хоёр холбоодын асуудлаас болсон. Хоёулаа байр гаргаж өгнө гэсэн боловч эцсийн дүнд аль аль нь байраар хангаагүй. Тэр үед бодит тусламж үзүүлсэн байгууллага, хувь хүмүүс байгаа л даа. Тухайн нөхцөл байдалд шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт маань өөрийнхөө хувийн зардлаар тамирчдын тэмцээнд явах хүртэлх хоол унд, Солонгост очоод байрлах байраар хангаж өгсөн. Сагсан бөмбөгийн холбоо ирж очих зардал, тамирчдын хувцас гэх мэт зардлыг гаргасан.

-Энэ үеэр Б. Билгүүнд олон улсын лигийн тэмцээнд оролцох эрх ирсэн гэх яриа гарсан. Үнэн үү?

-Надад албан ёсоор гэрээ хийх санал ирээгүй. Би өмнө нь Солонгос улсад сурч, амьдардаг байсан учраас тэндхийн дасгалжуулагч, тамирчид намайг тодорхой хэмжээнд таньдаг. Тэр хүмүүс маань буцаад Солонгост ирж тоглох бодол байна уу, өөр ийм ийм улсуудад тоглох боломж байна гэж хэлсэн. Тэрнээс биш аль нэг орноос албан ёсны хүсэлт ирээгүй.

-Таны хувьд ид мандаж яваа тамирчин. Энэ утгаараа рекламны санал их ирдэг байх. Энэ байдалд багийн зүгээс хэр уян хатан ханддаг вэ?

-Тамирчид лигийн багтай гэрээ хийхэд иймэрхүү зүйл анги байдаг. Багийн зүгээс ямар нэг хаалт хийх нь харьцангуй бага. Холбоонд монополь ивээн тэтгэгч хоёр байгууллага байдаг. Тэр хоёр байгууллагаас өөр компаниуд ийм ажлын санал тавихад биднийг тоглуулдаггүй. Хэрвээ нэг рекламанд тогловол тодорхой хэмжээний мөнгө төлнө. Тэр нь бидний амьдралд хэрэгтэй шүү дээ. Ивээн тэтгэгч байгууллагуудаас бидэнд ийм санал тавиад тамирчид түүнээс тодорхой хэмжээний ашиг олж байвал өөр хэрэг. Ямар нэг шалтгаангүйгээр ийм хаалт тавина гэдэг тамирчдын эрхийг зөрчиж байгаа таагүй асуудлуудын нэг.

-Таны хувьд лигт тоглохын хажуугаар ямар ажил эрхэлж байна?

-Өмнө нь “Хасбанк”-нд ажилладаг байсан. Сүүлийн үед гэр бүлийн бизнес хийж байна.

-Гэр бүлтэй юу?

-Би хоёр жилийн өмнө гэрлэсэн. Эхнэр хүүхэдтэй. Гэрлэхээсээ өмнө тийм ч ил тод байгаагүй болохоор зарим хүмүүс намайг гэр бүлтэй гэдгийг мэддэггүй л дээ.

-Бусад орны тамирчид өөр ажил хийлгүйгээр зөвхөн бэлтгэл сургуулилтдаа л анхаардаг. Манай орны хувьд хараахан ийм нөхцөл бүрдээгүй байна. Энэ байдал тамирчдын ур чадварт их нөлөөлдөг болов уу?

-Мэдээж нөлөөлөлгүй яахав. Лигийн тамирчин байх 10-15 жилийн хугацаанд цалинжаад өөрийгөө боломжийн түвшинд аваад явчихна. Сагсан бөмбөг тоглохоо болиод 30,35 нас хүрээд ирэхээр юу хийж амьдрах вэ гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ. Бусад орны хувьд сагсан бөмбөгийн карьер нь дууссан тохиолдолд үлдсэн амьдралд нь хүрэлцэхүйц санхүүг босгох боломж олгодог.Бидний хувьд тийм боломж байдаггүй. Тийм болохоор хажуугаар нь заавал ажил хийх шаардлага гарч ирдэг. Сөхөөд байвал цэвэр тамирчны тал дээр асуудал их байдаг.

-Сүүлийн үед сагсан бөмбөг улстөржөөд байх шиг. Энэ тал дээр тамирчин хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Миний харснаар зарим нам нэг баг бүрдүүлээд лиг рүү оруулаад байх шиг байгаа юм. Гэхдээ тэр багийнханд буруу байхгүй л дээ. Удирдлагууд намын харьяалалтайгаас зөрчилдөөний асуудал их байна. Зарим нь дээд удирдлагаасаа шууд хамааралтай болчихсон. Хэрүүл тэмцэл болно. Ямар нэг зүйлээр нь хааж боох ч асуудал их гардаг. Энэ бүхэн дээр тамирчны эрх ашиг яригдана, хөндөгдөнө. Миний хувьд сүүлийн гурав, дөрвөн жил тоглосноос хойш иймэрхүү асуудал, хэрүүлд зөндөө өртсөн. Үүнээс болоод хохирох тохиолдол ч гардаг байлаа.

-Лигийн тоглолтын үеэр шүүгчид “Хасын хүлэгүүд”-тэй ойлголцохгүй тохиолдол гарсан…?

-Монголд шүүгчдийн асуудал нэлээн хүнд. Мэргэжлийн, олон улсын шүүгч бараг байхгүй. Олон улсын шүүгч гэсэн сертификаттай боловч наад зах нь легионер тоглогчтой шууд холбоо тогтоох чадвартай байх ёстой. Тэгэхэд Монголын шүүгч нар хэл усны асуудалтай, олон улсын шүүгч гэсэн түвшиндээ хүрч чаддаггүй. Шүүгч нарын асуудлаас болоод баг тамирчид хохирох асуудал их гардаг. Лигийн тэмцээн бол тамирчдын бүтэн нэг жилийн хөдөлмөр шүү дээ. Тамирчин хүний хувьд нэг жилийн хугацаа бол маш урт хугацаа. Шүүгчийн хайхрамжгүй байдлаас болоод тамирчид хохирох явдал их гардаг.

-Легионер тоглогчид лигт тоглох нь зөв үү, энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Одоо нэг багт гурван легионер тамирчин, талбайд хоёр легионер тоглоно гэсэн дүрэмтэй. Багийн онооны талаас илүү хувийг легионерууд авдаг. Миний бодлоор цааш цаашдаа нэг баг хоёр легионертой, талбайд нэг легионер тамирчин тоглоно ч гэдэг юм уу иймэрхүү зохицуулалт хийвэл монгол тамирчдын тоглох орон зай арай өргөн болох болов уу гэж боддог.

-Тэднээс сурах зүйл бадйаг л биз дээ?

-Легионер тамирчид ирснээрээ Монголын тамирчдын ур чадвар харьцангуй дээшилж байгаа. Одоо бид легионеруудтай тоглоод дараа нь олон улсын тэмцээн, Ази тивийн тэмцээнд ороход илүү задарсан байдаг. NBA, NCA гээд лигүүдэд орж байсан тамирчидтай тоглоод хамгаалаад сурчихдаг. Буцаад Ази талдаа тоглоход илүү хялбар, маш давуу талтай байдаг.

-Монгол Улсад олон улсын стандарт чанарт нийцсэн заал танхим байна уу. Заалны чанар тамирчдын ур чадварт нөлөөлдөг байх?

-Монгол Улсын хэмжээнд стандартад нийцсэн заал гэвэл саяхан МУИС-ийн Эдийн засгийн сургуульд америк стандартын зууралт сайтай, талбайн хэмжээ болон бүх зүйл нь олон улсын стандартад нийцсэн заал шинээр байгуулагдсан. Халтирдаггүй, тоос шороогүй зааланд бэлтгэл хийх, энгийн зааланд бэлтгэл хийх хоёр маш их ялгаатай. Хэдий сайхан тоглолтыг гаргая гэж бодож байсан ч халтирах тохиолдол гараад чадахгүй байх нь бий. Стандартын зааланд бол санаж бодсон бүх зүйлээ хүссэнээрээ гүйцэтгэж чаддаг.

-Монголын спортын төв ордны зааланд тоглоход бэрхшээл гарч байна уу?

-Спортын ордны шал нь ойдоггүй. Шал нь тэгш хэмтэй биш, дэгэн догон гээд олон асуудал байна. Ойлт муутай учраас бөмбөг залаад гүйхэд бөмбөг ард үлдэх ч юм уу, тиймэрхүү тохиолдол гардаг.

Э. Ариунзул

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Керри эгч

Америкийн натурализмын гол төлөөлөгчдийн нэг, нэрт зохиолч Теодор Драйзерын томоохон бүтээлийн нэг болох “Керри эгч” романаас хүргэж байна. 1889 он. Зохиолын гол дүр болох Керри Чикаго дахь эгчийндээ очихоор галт тэргэнд суулаа. Түүний зүрх хүчтэй цохилно. Ядуу тарчиг амьдралд өссөн арван найман настай охин их хотод очиж хүсэл мөрөөдлөө биелүүлж хотын охидтой хөл зэрэгцүүлэн гялалзана гэхээс хөл нь газар хүрэхгүй догдолно. Керри Чикаго дахь эгчийнхээ гэрийн хаягийг тэмдэглэсэн цаасыг байн байн гаргаж харна. Керрид энэ өдөр олон азтай явдал тохионо. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн охин галт тэргэнд нэгэн ганган, ихэмсэг залуутай танилцана. Энэ эр нэлээд хөрөнгө чинээтэй. Юм үзэж нүд тайлсан, худалдаа наймаа эрхэлдэг зальжин нөхөр. Түүний ганган, хээнцэр хувцасладаг гол зорилго нь Керри шиг нүд тайлаагүй, хорвоо ертөнцийн үнэн мөн чанарыг бүрэн гүйцэд таниагүй залуу бүсгүйчүүдийг зальжин урхиндаа оруулах. Дрүэгийн энэ удаагийн урхидалт нүдээ олж, амжилттай эхлэв. Залуугийн уран гоё яриа хөөрөөнд автсан Керри хэсэг хугацаанд хамтран амьдарна. Гэвч нэг өдөр хамтран амьдрагчийнхаа найзтай танилцсанаар Керри галт тэргэнд танилцсан зальжин эрээс арай ухаалаг залуу олсондоо баярлана. Шинэ танилынхаа элгэмсэг харьцаа, эелдэг зан аашинд татагдаж нэг л мэдэхэд дотносно. Өнөөх залуу эхнэртэй, бүр хүүхэдтэй. Гэвч шинэхэн хосууд хамаг зүйлийг огоорч өөр нэг хот руу зугтана. Керри гэрээсээ гарсан өдрөөсөө хойш хэрэндээ л тансаг чинээлэг амьдрахыг хичээж, хайр халамжаар ч айхтар дутаж, гансраагүй. Тэр илүү баян чинээлэг болж, үнэтэй тансаг зүйл хэрэглэхийг хүснэ. Өөрийгөө дурласан гэж бат итгэж буй дурлалт залуу нь гэр бүлээ орхин, нэр хүндтэй ажил албаа ч хаяж Керритэй хамт Нью-Йорк явна. Ингэж зугтахдаа мөнгө хулгайлна. Ингээд залуу хэсэг хугацаанд дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч байтал эрхэлж буй бизнес нь дампуурна. Энэ мөчид өнөөх элгэмсэг сайхан чанар салхинд туугдаж Керриг дарамталж эхэлнэ. Тэдний харилцаа хүндэрч хоёр тийш болохоос өөр зам үлдсэнгүй. Өнөөг хүртэл эд хөрөнгө, гоёл чимэглэл, тансаг амьдралд шунаж ирсэн Керригийн хувьд хүнд цохилт болов. Харин энэ үед Керригийн нүдийг нэгэн хүн нээнэ. Тэр бол Эмс гэгч боловсролтой, эрдэм мэдлэгтэй залуу юм. Эмс өмнөх залуусыг бодвол ганган чамин хувцасладаггүй.Тансаг сайхан амьдрал ч хөөдөггүй. Бүсгүйчүүдтэй танилцахдаа худлаа ярьж, дүр эсгэдэггүй нэгэн. Энэ нь баян тансаг амьдрал хамгаас чухал хэмээн үзэж ирсэн Керригийн хувьд шинэ ертөнц байлаа. Өнгө мөнгөний хорвоод өөрийгөө хараахан таньж амжаагүй бүсгүйд нээлт байв. Эмс бол эрдэм мэдлэгтэй төдийгүй эмэгтэйчүүдийг ихэд хүндэтгэдэг. Бас бүсгүй хүнийг өөрийн болгох гэж улайран зүтгэдэггүй нэгэн. Энэ чанар нь Керригийн сэтгэлийг улам өөртөө татна.

Керрид түүний хэлсэн үг бүр хүчтэй нөлөөлж, аливааг эргэцүүлэн бодоход хүргэдэг байв. Үнэндээ элдэв гоёл чимэггүй эгэл амьдрал илүү амар амгалан, үнэ цэнтэй гэдгийг Керри ухаарах болно. Эмс Керрид хандан “Хорвоо хүсмээр зүйлээр дүүрэн байдаг ч нэг зэрэг олныг хүсч эрмэлзэж болдоггүй. Тэгэхээр сунгаад ч гар хүрэхгүй юманд сарвайх хэрэг юу байна” гэсэн нь түүнийг амьдралынхаа хамгийн том мөрөөдлийг биелүүлэхэд хүргэнэ. Учир нь Керри нэр алдартай жүжигчин болохыг хүсдэг байлаа. Өөртөө итгэлгүй байсан учраас мөрөөдлөө биелүүлэх зүрх зориг түүнд байгаагүй юм. Бас боломж ч гараагүй хэрэг.

Харин Эмс түүнд мөрөөдлөө биелүүлэх хүч, урам зориг өгөх болов. Ингээд мөрөөдөл биелж алдартай жүжигчин болдог. Энэ мөчид Керри амьдралын утга учрыг мэдрэх болно. Чухамхүү бусдын хөрөнгө мөнгө, тансаг амьдрал түүнийг татаж байснаас тэдгээр залуус татаж байгаагүй юм байна хэмээн Керри ойлгоно.Ухаалаг Эмсийн ачаар Керри жинхэнэ аз жаргалыг хэрхэн мэдрэхийг энэхүү номноос уншаарай.

Categories
мэдээ цаг-үе

Т.Баясгалан: Өнгөрсөн хугацаанд айлын эхнэрийн үүргээ л сайн авч явахыг хичээж ирлээ

Хонгорхон үр минь”, “Насны хайрзэрэг дуугаараа олонд танигдаж нэгэн үе нийтийн дууны ертөнцөд цахиур хагалж явсан С.Жавхлан, Т.Баясгалан нарыг үзэгчид үгүйлж байгаа нь үнэн. Тэгвэл хоёр гавьяат дахин хамтарч уран бүтээл хийгээд зогсохгүй аялан тоглолт хийж малчдад туслахаар шийдээд байгаа билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалантай ярилцсанаа хүргэе. Тэрээр арав гаруй жилийн дараа ийнхүү дэлгэрэнгүй ярилцлага өглөө.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ олон жилийн дараа эргээд уран бүтээлдээ орсныг тань харахад сайхан санагдлаа?

-Хэвлэл мэдээллийнхэн, ард түмэн та бүхэнтэйгээ уулзалгүй удсан байна. Та бүхэнтэйгээ өнөөдөр уран бүтээлээрээ дахин учран золгож байгаадаа баяртай байна. Миний хувьд олон жил уран бүтээлээсээ завсардсан нь үнэн. Энэ хугацаанд айлын эхнэр боллоо. Ээж боллоо. Өнгөрсөн хугацаанд гэр бүлдээ өөрийнхөө бүх зүрх сэтгэлээ зориулж амьдарч байлаа. Хүүхдүүд ч гэсэн гараас гараад том болж байна.

Хүүхдүүд тань сургуульд орсон уу?

-Хүү нэгдүгээр анги. Би өөрөө сургуульд орчихсон юм шиг л гүйж явна.

-“Мөнхийн дэргэд ээж миньдуунаас эхлээд таны олон сайхан эхийн тухай дуу бий. Тэгвэл өнгөрсөн хугацаанд яг л дуугаараа амьдарч. Эх хүний жаргалыг биеэрээ амссан тэр мэдрэмж бас өөр санагдсан биз?

-Ээж болох нь энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл юм. Ээж болсныхоо дараа ээжийн тухай дуунуудаа өөрөө сонсч чаддаггүй байсан.

Яагаад тэр вэ. Харин ч нүдээ аниад л сонсохоор сайхан санагдмаар юм?

-Ямар үнэн үгтэй юм бэ гээд. Тухайн үед өөрийгөө эхийн тухай дуу дуулахдаа аягүй мэдрээд дуулаад байна даа гээд боддог байсан. Тэгсэн чинь ээж болсныхоо дараа нэг хэсэг сонсч чадахаа байсан ш дээ. Эх хүн гэдэг тийм л нандин ертөнц байдаг юм байна.

Таны хань Японы мэргэжлийн сумогийн алтан хараацайнуудын нэг Кекүшюзан Батбаяр. Нэг хэсэг төр түшилцэж ч явсан. Хараад байхад төрийн түшээгийн гэргий болж, нэр төр, гэр бүлээ ганхаахгүй авч явна гэдэг амаргүй ажил бололтой?

-Төрийн хүний гэргий болно гэдэг нэг талаараа эмэгтэй хүнээс их хариуцлагатай байхыг шаарддаг юм байна.Тэр болгон би ардчилсан нийгэмд амьдарч байгаа эрх чөлөөтэй хүн гээд үс гэзгээ сэгсэлзүүлээд гүйгээд байж болохгүй. Дээрээс нь манай гэр бүлийн хүн дэлхийн хэмжээний хүн. Японы сумо бөхөд олон сайхан залуу аваргуудыг татан оруулж, гаргаж ирсэн булган сүүлтэй, өөрийн гэсэн имижтэй хүн. Яг энэ байр суурийг нь ганхуулахгүй, хажууд нь түшиг болоод амьдарч ирнэ гэдэг надад маш чухал байсан. Би уран бүтээлч хүн. Тодорхой хэмжээнд олонд танигдчихсан. Миний уран бүтээлийг сонсох, миний дуу хоолойг сонсох дуртай ард түмэн минь байна. Хэдий ийм байлаа гээд санал тавьсан телевиз болгоны нэвтрүүлэгт оролцоод, хүсэл тавьсан хэвлэл мэдээллээр тэр болгон яриа өгөөд, эсвэл байн байн өөрийнхөө үзэл бодлыг яриад ч юм уу явахыг хүсээгүй. Хэт их нөхөртэйгөө зэрэгцэхийг хүсээгүй. Айлын эхнэрийн үүргээ л сайн авч явахыг эрмэлзэж ирсэн.

Хэдий гэрийн эзэгтэй ч гэсэн хүсэл зорилго чинь тайзнаа аргамжаатай, тайзан дээрээ гарах юмсан гэсэн тэмүүллээр дүүрэн байсан биз дээ?

-Би тайзнаасаа холдчихлоо. Уран бүтээлээ хийхгүй бол болохгүй нь гэж бодож шаналж байсангүй. Би чинь өөрөө сэтгэлийнхээ хүчээр явдаг хүн ш дээ. За уран бүтээлдээ оръё гэж бодвол хийнэ, за яахав одоо болно доо гэвэл больчихно. Нэг их өөрийгөө хүчлээд заавал тэгэх ёстой, ингэх ёстой гээд зүтгээд байх дургүй. Тайван ханддаг.

Анх та хоёрыг гэр бүл болоход хүмүүс шүүмжилж, зарим нэг нь дэмжиж байсан. Гэхдээ дэмжиж байсан нь тун ховор. Ихэнхдээ л өөрийг тань буруутгах хандлагатай байсан. Тухайн үед та ганц ч ам нээгээгүй?

-Баясгалан гэдэг эмэгтэй яг хүнтэй суух, гэр бүлтэй болох агшинд гэлтгүй өмнө нь арваад жил хэл ам, хэвлэл мэдээллээр балбуулаад сурчихсан, дархлаа суучихсан байсан учраас энэ миний зөв, тэр миний буруу гэж нэг ч удаа гарч ирээгүй. Миний ээж ч надад юм хэлээгүй.Бараг бүх хүн миний эсрэг байхад ганцхан миний ээж л охиноо зөв замаар явж байгаа гэдгийг мэдэж байсан.Одоо бол хань маань намайг бүх зүйлд дэмждэг. Ер нь монголчууд өөрсдийнхөө зоргоор ард түмэн ш дээ. Жавхлан бид хоёрыг хослон дуулаад явахад энэ хоёр хамт дуулаад яваа юм чинь гэр бүл болчихоосой гэж бодоод өөрсдөө л яриа гаргадаг. Бид нэг ангийн хүүхдүүд. Нэг ангиас төрсөн хамтран дуулдаг уран бүтээлчид зөндөө л байдаг. Бид хоёр сургуулиа төгсөөд тус тусдаа уран бүтээлээ хийгээд явсан. Хонхны баяраас хойш өөрсдийн зам мөрөө хөөгөөд л явсан шүү дээ.Тэрнээс өдөр болгон уулзаад наалдан падаар наачихсан юм шиг юм гэж хаа байхав.

Дуучин БатЭрдэнэ, С.Жавхлан та гурав нэг өдөр хамт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн. Үүнээс хойш БатЭрдэнэ та хоёрын хувьд уран бүтээл бараг хийгээгүй. Цолондоо ханачихаад уран бүтээл хийхгүй байна гэсэн үзэгчдийн шүүмжлэл яваад байгаа?

-Түүхэнд гоё үйл явдал болсон. Манай ангиас гурван хүүхэд нэг өдөр хамт гавьяат гэх эрхэм цолыг хүртэж байсан. Уртын дуучин Хонгорзул эгч, Жавхлан, бид гурав нэг анги.Нэг ангиас гурван гавьяат зэрэг төрнө гэдэг ер нь Монголын түүхэнд байхгүй байх. Гавьяат авч байх үед би хөл хүнд болчихсон байсан. Тэгээд л амаржаад, дахиж амаржаад цаг хугацаа алдсан нь үнэн. Гэхдээ гавьяат цолтой хүн зөвхөн дуулах ёстой биш. Энэ цолыг авчихсан л бол цаашдаа байнга дуулаад яв гэсэн үг бүр биш. Миний хувьд энэ цолыг хариуцлагаа ухамсарлаж нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоосой гэж олгодог гэж ойлгоод байгаа.

Би хэдий тайзнаа гарахгүй байгаа ч гэсэн ерөнхий боловсролын сургууль, манай сумогийн сургууль, эмнэлэг гээд манай гэр бүлийн бизнес дандаа нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.

Та эмнэлгээ өөрөө удирдаж байна уу?

-Мэргэжлийн хүн удирдаж явуулдаг. Анх хөрөнгө оруулалт хийж үүсгэн байгуулсан. Одоо бол өөр мэргэжлийн хүмүүс хариуцаад явж байна.

Өөр нийгэмд хандсан ямар үйл ажиллагаа явуулж байна?

-Манай хүн чинь Монгол Улсын сумо бөхийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг. Энэ жил дэлхийн сумо бөхийн аварга шалгаруулах барилдаан зохиогдох гэж байна. Монголд зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа манай бөхчүүдийн хувьд илүү их боломж нээгдэх байх. Мөнгө төгрөгийн асуудлаас болоод тэр болгон тамирчин гадагшаа тэмцээн уралдаанд ороод байдаггүй шүү дээ. Харин энэ удаа дэлхийн сумогийн аварга нэлээдгүй олон төрөх болов уу гэж би хувьдаа харж байгаа. Түүнчлэн сумогийн том спорт заал нээсэн. Ховдын бөхчүүд, сумогийн бөхчүүд өдөр алгасахгүй бэлтгэл хийж байгаа. Манай нөхөр болон Батзориг нар толгойлдог.

Батбаяр та хоёр аливаа баяр наадмаар үндэснийхээ хувцсаар хослон гоёдог. Та өөрөө урлаж байна уу?

-Би сайн оёдоггүй. Амаараа бол үндэсний хувцасны талаар сайн ярьдаг (инээв). Манай гэр бүл Монгол Улсаараа овоглож гавьяат тамирчин Батбаяр, гавьяат жүжигчин Баясгалан гэж явдаг болохоор тэр тусмаа төрийн наадмаар үндэснийхээ хувцсыг өмсдөг. Энэ нь нэг ёсондоо хүндэтгэл. Ерөөсөө дээл өмсч үзээгүй гэсэн найз нөхөд бидний хүрээнд байсан. Одоо бүгд баяр наадмаар үндэснийхээ хувцсыг өмсдөг болсон байна. Жавхлан шиг өдөр тутам өмсч чадахгүй ч гэсэн ямар нэг баяр ёслолын үеэр үндэснийхээ дээлийг өмсдөг. Энэ байдал хүмүүст, залууст нэлээд сайн үлгэр дуурайл болж, бодит үр дүн гарч байгаад баярладаг.

Саяхан сар шинийн баяраарХаврын найрагдууг гавьяат С.Жавхлантай хамтран дуулсан нь үзэгчдийн сэтгэлийг нэлээд хөдөлгөлөө. Олон жилийн дараа дахин уран бүтээл хийх санаа хэнээс нь гарсан бэ?

-“Хаврын найраг” дууг дуулах саналыг Жавхлан надад тавьсан. Гучин жил ард түмний амнаас ам дамжин ардын дуу шиг болчихсон дуу. Тиймээс би Жавхлангийнхаа саналыг гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгөө ярилцаад сайхан хүлээж авсан. Бид хоёр нэг үе өнгөрөөж дахин хамтын уран бүтээлээ хийж байна. Биднийг анх хослон дуулж гарч ирж байхад хит болж байсан дуунуудыг минь сонсч байх үед гэр бүл болж гал голомтоо бадрааж байсан залуус, тэр хүмүүсийн бас нэг сайхан дурсамжийг сэргээх, бидний тоглолт дээр очсон хүмүүсийн сайхан дурсамжууд сэргэх болов уу. Хүмүүс бид чинь сайхан дурсамжаараа хөглөгдөж амьдардаг улс шүү дээ. 30, 40 нас гарчихсан. Монголыг яг нуруун дээрээ үүрч яваа хүмүүс гэж ойлгож байгаа. Бид ч гэсэн адилхан. Хорин хэдхэн настайгаа бодвол одоо дуулж байгаа дуугаа хүртэл ямар нэг зорилготой түмэнд хүргэдэг болсон байна. Хийхээсээ өмнө үр дүнг нь хардаг болсон байна.

Энэ олон жилийн дараа эргээд хослон дуулахад хүлээж авч буй үзэгчдийн сэтгэл өмнөх шигээ өндөр байна шүү. Танд ямар сэтгэгдэл төрж байна?

-Клип цацагдаж эхлээд хоёр хоногийн дараа би гадагшаа явчихаад ирсэн. Гэхдээ эхний хоёр хоногийн хугацаанд маш өндөр сэтгэгдэл төрсөн. Их сайхан сайхан сэтгэгдлүүд хүмүүс бичиж байсан. Тэр хүмүүст баярлалаа. Энэ олон жилийн дараа биднийг хүлээсэн хүлээлттэй байсан та бүхэнд баярлалаа. Бид клипний зураг авалтыг эх орныхоо таван аймгаар явж хийсэн. Сар шинийн өмнөхөн цаг агаарын хувьд хүйтэн байсан. Угтаж авсан хүмүүсийн сэтгэл их халуун байсан болохоор бид нэг их даарч хөрөлгүйгээр зураг авалтаа дуусгасан.

Та хоёрын анх дуулж олонд танигдсан дуунуудыг залуу дуучид мэр сэр дуулдаг. Үүнд ямар бодолтой явдаг вэ?

-Ихэнх тохиолдолд шинээр гарч ирж буй залуу дуучид асуухгүй дуулдаг байсан. Бидний хувьд дуу гэдэг үр хүүхэд. Хайрлаж нандигнадаг зүйлийн нэг. Тэр уран бүтээлийг хийхийн тулд надаас ямар их хүч хөдөлмөр, цаг зав, мөнгө төгрөг орсон байхав. Тэгэхэд шууд л өөрийн юм шиг аваад л дуулчихдаг байдал надад таалагддаггүй.

Бие даасан уран бүтээлээ хийх бодол байна уу?

-Бие даасан уран бүтээл хийнэ гэж ерөөсөө бодоогүй. Сая бол яалт ч үгүй хөдлөхгүй бол болохгүй гээд сэтгэлийн уг мухраас аяндаа хөтлөөд энд авчирлаа. Монголын ихэнх, ялангуяа баруун аймгуудад цас их орж цагийн байдал нэлээд хүндэрсэн байна. Яалт ч үгүй хөдөө өссөн, малчны хотонд өссөн болохоор сэтгэлийн мухарт бас эмзэглэл төрөөд байгаа. Миний уран бүтээлдээ эргэн орох гол шалтгаан нь малчин түмэн минь байлаа. Малчин түмэн маань намайг хориод жил уран бүтээл хийх хугацаанд баяр баясгалан, жаргал зовлонтойгоо хамт байж, биднийг үргэлж дэмжиж ирсэн. Тиймээс уран бүтээлчид бид өөрсдийнхөө чадах чинээгээр сэтгэл санаа, эд материалаар ямар л туслах боломж байна түүнийгээ дайчлан малчид дээрээ очъё гэж С.Жавхлан бид хоёр ярилцсан.

Таны хувьд багадаа мал маллаж байсан гэсэн. Зуданд малаа алдаж, хот харлахын зовлонг мэдэх байх ?

-Мэдэхийн дээдээр мэднэ. Миний буурал аав, ээж, эмээ, өвөө маань бүгд л малчин хүмүүс. 13 жилийн өмнө бичин жилийн зуднаар Баянхонгор аймгийн Бууцагаан сум дахь буурал аав, ээж, хамаатан садан маань хамаг малаа алдсан. Ер нь бод мал үлдээгүй. Намайг очиход үнэхээр хүнд угтсан. Нүдний нулимс цийлэгнээд хоолой зангираад л тэр сэтгэлзүйн дарамтыг аав, ээж, ах дүү нартайгаа амсч байсан учраас энэ ажлыг санаачилсан. Бидний ажлыг маш сайхан хүлээж авсан яам тамгын газрууд болон холбогдох байгууллагуудад бүгдэд нь баярлалаа. Олны тус оломгүй далай гэдэг. Хамтын хүчээр сайн цаг удахгүй ирж малчин түмний нуруу тэнийнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү санаачилгыг таны хань хэр дэмжиж байна?

-Би малчин удамтай бүсгүй, ийм аян эхлүүлэх гэж байна гэхэд намайг их сайхан дэмжсэн. Өөрөө ч гэсэн хувийнхаа зүгээс бидний ажлыг дэмжиж ажиллана. Найз нөхөд, нутгийн зөвлөл, Япон дахь бөхчүүдийг энэхүү аянд уриалж байгаа. Батзориг заанаас эхлээд хандивлах мөнгөнийхөө тоог хэлсэн байгаа. Бүр ачуулах өвснийхөө тоог хүртэл хэлээд байна.

Зуданд нэрвэгдсэн малчдад туслах зорилготой энэхүүИлгээлтийн эзэдтоглолтын онцлог юу байх бол?

-Энэхүү тоглолтдоо тухайн үед дуулж хит болж байсан дуунуудаа үзэгчдэдээ хүргэх болно. Жавхлан сүүлд хит болсон дуугаа гэхээсээ илүүтэйгээр “Насан багын дурсамж”, “Алсад суугаа ижий” зэрэг дуу, миний хувьд “Зөвхөн чамдаа”, “Ботгоны дуу” зэрэг дуугаа дуулах болно.

Цаашдаа та хоёр дахин уран бүтээл хийх үү?

-Уулзсан хүн болгон хийгээч ээ гэж санал тавьдаг байсан. Тэр болгонд сайхан л байсан. Одоо энэ санаачилсан ажлынхаа ард гарчихвал цаашдаа хамт уран бүтээл хийнэ. Ард түмнээ баярлуулах, өөрсдийн уран бүтээлийн сангаа арвижуулах журмаар уран бүтээл хийх болно.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Таны хувьд энэ өдөр ээжийгээ хэрхэн баярлуулдаг вэ?

-Заавал баяраар гэлтгүй би ижийгээ баярлуулаад л явдаг. Зөвхөн баяраар уулзчихаад бэлэг авч өгчихөөд явдаг хүүхэд би биш л дээ. Ээжийнхээ бүх юманд оролцоод л явдаг. Буурай ээжийгээ баярлуулж байгаа нь ээжийгээ баярлуулж байгаа бас нэг хэлбэр болов уу. Одоо бас нэг баярлуулах ээж нэмэгдчихсэн байна. Манай хоёр ээжийг Жавзандулам гэдэг. Түм буман нэр байхад ингэж таардаг нь бас ерөөлтэй юм шүү. Монголынхоо бүх ээжүүдийг л дуу хуураараа баярлуулах юмсан гэж боддог байсан. Одоо харин сайхан ээжийн тухай шинэ дуу хийх бодолтой байна. Хараахан бэлэн ирчихсэн дууны үг бол байхгүй байна. “Ботгоны дуу”, “Мөнхийн дэргэд ээж минь” дуу шиг сайхан үг, аятай бүтээл ирвэл би дуулна. Энэ жил ээж нар маань илүү их баярлах нь.

Охиноо тайзан дээрээ гараасай гэж олон жил харж, хүлээсэн байх даа?

-Ер нь нэг их тулгадаггүй. Өөрийнхөө шүүлтүүрээр шүүгээд ажлаа хийгээд явж байгаа гэж ээж маань боддог шиг байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

С.Жавхлан: Энэ аянаа амжилттай хэрэгжүүлж ард нь гармаар байна. Өөр юу ч бодох завгүй явна

Баруун бүсийн аймгуудад өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтранИлгээлтийн эзэдаяныг зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд энэ сарын сарын 14, 16, 19-нд Монгол бөхийн өргөөнд тоглолт хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин С.Жавхлантай ярилцлаа.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан та хоёр ямар учраас энэхүү аяныг санаачилж, хэрэгжүүлэх болов оо?

-Энэ жил өвөлжилт хүндэрч байна. Хавар сунаад, цаг агаар хүйтэрч, салхи шуурга болох магадлалтай байгаа юм билээ. Гэтэл төлийн дуу ойртоод байдаг. Хахир хүйтэн өвлийг арай гэж давсан малчид хүнд байдалд орно шүү дээ. Миний хувьд малчин удмын хүн. Би малын махыг нь идэж, дээлийг нь өмсч, хөдөө нутагт морин дэл дээрээ хийсч явсан хүний хувьд энэ асуудал малчдад ямар хүнд тусдгийг мэднэ. Яс махаараа мэдэрсэн хүн. Ганц С. Жавхлан ч биш, монгол хүн бүр малчин удмаас гаралтай. Тэгэхээр энэ аянд ард иргэдээ идэвхтэй оролцоорой гэж “Өдрийн сонин”-оор уриалмаар байна.

Тоглолтын бэлтгэл хэр хийж байна?

-Т.Баясгалан бид хоёр “Хонгорхон үр минь”, “Мөнхрөх ч биш дээ хоёулаа” гэх мэт хит дуунуудаа тоглолтод дуулах болно. Цаг үеийн байдал маш шахуу, малчдын байдал хүндээр эргэх магадлалтай байгаа учраас бид тоглолтынхоо бэлтгэл зэргийг огоороод ганцхан зүйл рүү л зүтгэж байна. Хүнд сэтгэл байхад болно. Бид ямар ч гэсэн хэдэн дуугаа эвлүүлээд чадлынхаа хэрээр дуулна. Бүх зүйл сайхан болох байх аа гэж найдаж байна.

Т.Баясгалантай хамт дахин хослон дуулсан нь үзэгчдэд их хүрч байгаа. Эхнэртэйгээ дуулснаас илүү хандалт ирж байх шиг. Цаашдаа эхнэртэйгээ уран бүтээл хийх үү. Эсвэл Т.Баясгалантай хамтдаа уран бүтээлээ хийгээд явах уу?

-Хийлгүй яахав. Уран бүтээл гэдэг бидний хувьд томоохон бодлого төлөвлөлт, ажил хэрэг шүү дээ. Тийм учраас тухайн үедээ тэр үеийнхээ мэдрэмжээс хамаарч зөв, түмэн олонд нийцтэй, хүмүүст хэрэгцээтэй тийм л уран бүтээлийг хэнээс ч хамааралгүй хийнэ.Хэрэгтэй гэсэн үед би үүн дээр нээлттэй ханддаг л даа. Жишээлбэл, би Г.Хайдав багштайгаа хамтран дуулсан байдаг. Мөн гавьяат жүжигчин Амаржаргал, Дэлгэрмаатай дуулсан байдаг. Олон сайхан уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Цаашдаа Баясгалантай ч, эхнэртэйгээ ч хамтдаа уран бүтээл хийнэ.

Бие даасан ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Одоогийн байдлаар яг энэхүү аяндаа л анхаарлаа хандуулж байна. Нэн шаардлагатай байгаа ажлаа л хамгийн түрүүнд хийе.

С.Жавхлангийнх гэдэг айл нэлээд өнөр өтгөн болсон байх. Хэдэн хүүхэдтэй болсон бэ. Ахиад бүл нэмэх бодол байна уу?

-Миний хувьд үр хүүхдийнхээ асуудлыг нууцалдаг. Яагаад гэхээр надад ирж байгаа янз бүрийн хэл ам их байна. Тэр дотор сайн ч юм байна, муу ч зүйл их байна. Монголын ирээдүй хойч гэдэг утгаар нь миний хүүхдүүдэд энэ муухай зүйл битгий очоосой гэсэндээ би хүүхдүүдийнхээ талаар мэдээллийг нууцалдаг. Энэ хэл ам надаар дуусаасай гэж боддог. Тэд том болоод угаасаа бурхны заасан тавилан төөрөгөөр өөрсдийнхөө амьдралыг зохиогоод явна шүү дээ.

Уламжлалт ёс заншлаа дээдэлдэг таны хувьд хүүхдүүдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаарч байна. Уламжлалт гэдэг утгаараа бусад ааваас арай өөр арга барилаар хүмүүжилдэг байх?

-Ямар ч эцэг хүн үр хүүхдэдээ муу муухай зүйлийг хүсэхгүй. Би ч мөн адил. Аль болох зөв үзэл санаатай, шулуун шударга хүн болгож хүмүүжүүлэхийг хичээдэг.

Танай гэр бүл үндэсний дээл хувцсаар өдөр тутамд гоёдог гэдэг утгаараа бусдаас ялгардаг. Өдөр тутмын хувцсаа гэргий тань урлаж байна уу. Эсвэл захиалгаар хийлгэдэг үү?

-Миний эргэн тойрны хүмүүс бүгд л үндэсний хувцсаа оёцгоодог. Ээжийн минь дүү нар, төрсөн дүү гээд ихэнх нь л үндэсний хувцсаа өөрсдөө урладаг. Миний эргэн тойрны бүх хүн намайг, мөн миний хэрэгжүүлж буй хөдөлгөөн, өрнүүлж буй аян, уриалсан уриалгыг минь сэтгэл зүрхнээсээ сайхан дэмждэг. Ер нь эмэгтэй хүн үйл урлана гэдэг өөрийнхөө болон үр хүүхдүүдийнхээ энэ насны амьдралын үйлийн үрийг нимгэлж байдаг юм гэнэ лээ. Гэтэл сүүлийн үед бүсгүйчүүд үйлийн үрээ нуруундаа үүрч дийлэхгүй шахам болж. Магадгүй энэ үйл урлалаасаа холдсоноос болоод ур ухаанаасаа цааргалж, ташаараад байна. Ийм учраас Монголд өнөөдөр бидний амьдралд нөлөөлөөд байгаа эдийн засгийн хямрал ирж байгаатай ч энэ зүйл хамаатай шүү дээ. Бүх хүн энэхүү уриалгыг минь хүлээж авах хэрэгтэй. Энэ санааг минь амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй.

Та болон таны эхнэр олон нийтийн арга хэмжээ, аливаа газар үндэснийхээ хувцастай явж харагддаг. Үүнээс болоод ч гэх юм уу таныг эхнэрийнхээ юу хийх, юу өмсөх зэргийг хязгаарлаж, зааварладаг ч гэх яриа бий?

-Хүн юугаа хийнэ хүний эрх шүү дээ. Сэтгэлийг нь мэдвэл биеийг нь мэд, биеийг нь мэдвэл айлыг нь мэд, айлыг нь мэдвэл отгийг нь мэд , отгийг нь мэдвэл усыг нь мэд гэсэн үг байдаг. Хүн сэтгэл оюундаа юу тунгааж, юу хийнэ тэр хүний сэтгэл оюуны асуудал. Миний хувьд аль болох энэ төрлийн уриалгыг эхнэртээ зөвөөр ойлгуулахыг хүсдэг. Зөвхөн миний гэр бүлийн хүмүүс ч биш. Миний энэхүү уриалгыг зөв зүйтэй гэж боддог хүн маш олон болчихсон.

Өөрийнхөө үзэл бодлыг эхнэртээ тусгах бус харин ч эхнэр тань таны гаргаж буй үйл хөдөлгөөн бүрийг дэмждэг байх нь ээ?

-Тийм. Энэ бол хүний эрхийн асуудал. Би зөвөөр ойлгуулахыг хичээдэг. Оюундаа юу гэж тунгаах нь хувь хүний хэрэг. Иймэрхүү зарчмаар л эхнэртээ ханддаг даа. Би бусад хүмүүст ч ингэж л ханддаг.

Та намд элсч, улс төрөөр нэг хэсэг амьсгалсан. Удахгүй сонгууль болно. Та энэ талаар ямар нэг юм бодож, төлөвлөж байна уу?

-Би баттай шийдвэр гаргаагүй байна. Сонгууль болох дөхлөө гээд өмнөө хийж байгаа ажлаа хаяад сонгууль гээд хөөцөлдөөд явах нь утгагүй. Яг одоо энэ аяныхаа амжилттай хэрэгжүүлж ард нь гармаар байна. Өөр юу ч бодох завгүй явна. “Илгээлтийн эзэд” тоглолтоо хүргэх вэ, хүнд хэцүү байгаа аймаг, малчдад яаж олон хүмүүс, олон байгууллагыг хамруулж, яаж Монголын хэмжээнд бүх хүнийг оролцуулах вэ гэдэг талаар бодож байна. Магадгүй намрын бэлтгэл ажлыг хийх анхааруулга, сануулгыг энэ тоглолтоороо өгч, дараа дараагийн жилдээ бүгд анхаардаг байх ийм зүйлийг уриалж эхлүүлж буйгаараа онцлогтой байгаа юм. Ер нь монголчууд амин хувиа хичээгээд, нэг нэгнийхээ улыг шагайгаад, нэг нэгэнтэйгээ таарамжгүй байгаа зүйлийг өнөөдөр хаяж үлдэн хөөх хэрэгтэй. Бид бүхэн нэгдэж Монголынхоо төлөө ажиллах цаг нь ирсэн.

Хоёр гавьяатын санаачилсан аян нэлээд өргөн хүрээг хамрах шинжтэй байна. Телевизийн цуврал нэвтрүүлэг хүртэл хийнэ гэлээ?

-Аяны хүрээнд нэлээд олон цуврал дугаар нэвтрүүлгийг олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна. Тухайлбал, энэ жил хонь, ямаа буюу бог малын тухай, төллөлттэй холбоотой ч юм уу нэвтрүүлэг бэлтгэж хүргэнэ. Дараагийн удаад тэмээ, тэмээний төлийг яаж хүлээж авдаг тухай гээд төлөвлөсөн ажлууд байна. Үүнд хичнээн хүн яаж хамтарч ажиллах нь л хамгийн чухал. Олон нийтийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд яаж хамтарч ажиллахаас шалтгаална. Цаашаа үргэлжлэхийн хувьд үргэлжилнэ. Монголчууд малтайгаа л байвал “Илгээлтийн эзэн” аян үргэлжилсээр байх болно. Монголчууд юунаас үүсэл гаралтайгаа, юуны хүчинд өдийг хүртэл амьдарч байгаагаа мэдэх, хүүхэд залуучууд бахархах тийм нөхцөл бололцоог нь хангах талаар “Илгээлтийн аян”- аар дамжуулаад “Хамаг Монгол” төсөл хэрэгжих болно. Энэ бол мөнхийн сэдэв гэж хэлмээр байна.

Тоглолтын тасалбар хэзээнээс худ,алдаанд гарах вэ. Ямар үнэтэй байх бол?

-Тоглолтын дотоод бүрэлдэхүүний асуудлыг одоогоор ярилцаж байна. Боловсрол шинжлэх ухааны яамны дэргэдэх Соёлын газраас зохицуулж бидэнтэй хамтарч ажиллах чуулга, урлагийн байгууллагуудыг нэгтгэх талаар яриа хэлцлийг хийж байгаа. Тоглолтын тасалбарын үнэ 20-25 мянган төгрөгийн хооронд яригдаж байна. Тасалбар ирэх долоо хоногоос эхлэн Монгол бөхийн өргөөний кассаар худалдаалагдана. Тухайн үедээ олон нийтэд мэдэгдэнэ.

Та түрүүн тоглолтод ирэхдээ бэлэг хэрэггүй. Нэг нэмнээ, нэг боодол өвс ч болтугай авчраарай гэж байсан. Та бүхний аянд нэгдэх хүсэлтэй хүмүүс хүсвэл тоглолт дээр ч хамаагүй хандив өргөж болох нь ээ?

-Хоёр жилийн өмнө болсон миний “Монгол мэндэлсэн өдөр” тоглолт дээр хүмүүс ямар бэлэг тоглолт дээрээ авмаар байна гэж байсан. Тэгэхэд нь би монгол дээлээрээ л гоёод ирээрэй гэж хэлж байлаа. Тэгвэл Т. Баясгалан бид хоёр “Илгээлтийн эзэд” тоглолт дээр ямар нэгэн цэцэг, бэлэг авахгүй. Харин та бүхэн минь хадагныхаа оронд нэмнээ хийгээд аваад ир. Цэцэгнийхээ оронд нэг боодол өвс ч гэсэн бариад хүрээд ир. Хамаагүй, бид тайзан дээр өөрсдийн биеэр хүлээгээд авна. Тоглолтоос олсон ашиг шууд малчдад очно. Тэгэхээр албан байгууллага, хувийн компани, нутгийн зөвлөлүүд гээд бүх л малчин удмын Монголдоо хайртай, элэгтэй хүмүүсийг малчдадаа туслаасай гэсэнд бидний зорилго оршиж байгаа юм. Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүний хүчээр, бусад түмэн олны хүчээр тэнд хэцүүдэж байгаа газруудад яг гарт нь аваачиж хүргэж өгөх нь бидний нэн тэргүүний зорилго юм. Та бүхний авчирсан хандивын зүйлсийг бид тухайн нутаг усанд нь тоглолтоороо очихдоо нэр устай нь зарлаж, хүлээлгэн өгөх болно. Бүх хүн аянд идэвхтэй сайхан оролцоорой гэж уриалмаар байна. БСШУЯ-наас хөдөө орон нутагт амьдардаг оюутнуудыг хэрвээ өөрсдөө хүсэх юм бол мал төллөлтийн үеэр 7-14 хоногийн чөлөө олгож хичээлээс нь чөлөөлнө гэсэн. Арван жилийн сурагчид хүртэл нэмнээ оёх аян өрнүүлж өнөөдөр дээжээс нь бидэнд хүлээлгэн өглөө. Ер нь холбогдох газрууд дор бүрнээ л боломж бололцоогоороо хамтарч ажиллахаа мэдэгдсэн.

Орон нутгийн тоглолт хэзээнээс эхлэх вэ. Монголыг бүтэн тойрч тоглолт хийх үү. Зөвхөн өвөлжилт хүндэрсэн аймгуудад очих уу?

-Улаанбаатар хотын тоглолт дуусмагц орон нутагт хаана хэзээ тоглолтоор очихоо мэдээлнэ. Цаг хугацаатай уралдаж аль болох тусламж хэрэгтэй байгаа хүмүүстээ эхний ээлжинд хүрч ажиллах болно. Монгол бөхийн өргөөнд эцэж цуцатлаа тоглолт хийсэн ч цаг алдахгүйгээр орон нутгийг зорих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэн даруй хүндэрсэн аймгуудад очоод цугларсан зүйлээ хүргэж өгчихөөд шаардлагатай гэвэл цаашаа орон нутгуудаар явах төлөвлөгөөтэй байна.

Э.Ариунзул

Categories
мэдээ цаг-үе

У.Уранчимэг: “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” кино анх удаа Америкт гарах зөвшөөрлийг авсан

“Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино энэ сарын 5-нд нээлтээ хийнэ. Үүнтэй холбоотойгоор тус киноны уран бүтээлчид мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэгтэй ярилцлаа.

-“Атганд үлдсэн эрдэнэ” кино гадаадын тэр тусмаа Америкийн кино театруудад гарна гэж ойлгоод байгаа?

-Зарим зүйл дээр хүмүүс их андуурч ойлгож байна. Мэдээж манай продакшны хувьд Монголын уран бүтээлчдээс анх удаа дэлхийн стандартад нийцэх техник технологийг ашиглан мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллалаа. Гол нь Монголынхоо үзэгчдэд дэлхийд гарч буй киноны стандарт, техник технологийн шаардлагад нийцсэн бүтээлийг хүргэх юмсан гэсэн чин хүсэл байсан юм. Зургийн найруулагч Д.Ангарагийн санаачилгаар гаднын мэргэжлийн багтай хамтарч ажиллах боломж, нөхцөл бидэнд бүрдсэн юм. Олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгааг зарим хүн дэлхийд нээлтээ хийх гэж байна, цаашаа ингэх гээд байна гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол бидний дараагийн ажил. Мэдээж бид ийм том чин хүслийг өвөртлөөд явж байгаагийн хувьд тэр зам руу, тэр шат руу ахихыг хичээнэ. Үүний тулд нэг хоёр жилийн зохион байгуулалтын ажиллагаа шаардана. Харин өнөөдөр эхний шатыг давчихсан гэсэн үг. Цаашдаа яаж ажиллах вэ гэдэг нь одоо гэрээ хэлэлцээрийн түвшинд яригдаж байгаа.

-“Хувьсал” продакшн Монголын кино урлагийнхныг Холливудад гарах гарцыг нээж өгсөн гэж хэлэх гээд байна уу?

-Ойлгомжтой. “Хувьсал” продакшн Холливудад гарах цааш цаашдын кино бүтээлүүдийн жимийг гаргаж анхдагч болсондоо баяртай байна. Хоёр, гурав дахь Холливудын түвшинд хийгдэх кино, өөр кино продакшнтай ажиллах эхний төлөвлөгөө гараад эхэлсэн байна. Үүнд би маш их баяртай байгаа.

-Мэдээж дэлхийн стандарт бариад эхлэхээр их ажиллагаатай юм уу?

-Бидний дөрөв дэх уран бүтээл яг нэг жилийнхээ ой дээр нээлтээ хийх гэж байна. Өнгөрсөн жил киноны зохиол ерөнхийдөө гарчихсан, засварын ажил явагдаж байсан. Энэ хооронд киноны зургийн найруулагчаар ажилласан Д.Ангарагтай Америк руу холбогдсон. Зохиол хэдий бичсэн байсан ч холливудын заавал ийм байх ёстой гэсэн хэлбэрт оруулах ёстой болсон. Ангараг зохиол дээр санаа оноогоо ярилцаад задаргаа хийгээд зохиол дээр ажилласаар байгаад зураг авалт зургадугаар сарын эхээр эхлэх байсан бол нэг сар гаруй хугацаанд хойшилсон. Зуны сайхан ногоон өнгө хэрэгтэй гээд байгалийн өнгөө хүлээх гээд бэлтгэл ажил явсаар байгаад зургаан сарын сүүлээр зураг авалт эхэлсэн. Үндсэндээ хоёр сарын хугацаанд зураг авсан.

-Киноны сурталчилгаанаас харахад байгалийн их сайхан үзэсгэлэнт газруудыг сонгосон санагдсан?

-Мэдээж байгалийн үзэсгэлэнт газруудыг сонгох хэрэгтэй. Конины гол үйл явдал Сүхбаатар аймгийн Дарьганга суманд өрнөж байгаа. Сүхбаатар аймгийн Дарьганга, Төв аймгийн Эрдэнэ суманд, хамгийн сүүлийн зураг авалтыг Говь- Алтай аймгийн Шарга суманд хийсэн. Улаанбаатар хотоос 1000 гаруй километрийн зайтай газарт очиж үлдсэн зургаа авсан. Харин хаалтын зургийг хотын захад гэр барьж авсан байгаа.

-Зөвхөн кинонд зориулж том агуй бүтээсэн гэсэн. Үнэн үү?

-Монголын түүхэн болон хөдөөгийн ахуй байдлыг харуулсан кинонд хад, агуй харагдаж л байдаг. Харин зөвхөн энэ кинонд зориулаад сар гаруй хугацаанд ерөнхий зураач Хүрэлбаатар урт нь долоон метр, өргөн нь таван метр том агуйг бүтээсэн. Яагаад гэхээр киноны үндсэн үйл явдлын ихэнх зураг авалт агуй дотроос хийгдэх байсан учраас зураачдын баг сар гаруй ажиллаж зориуд агуй барьсан.

-Тэгэхээр кино зураг авалтаа дуусгаад дөрвөн сарын турш Америкт нэг ёсондоо шалгалт өгсөн байх нь ээ?

-Дөрвөн сарын хугацаанд өнгө шүүлт, color correc­tion, sound-ийн ажлууд зэрэг явагдсан байгаа. Ганчимэг бид хоёрын хувьд 45 хоногийн хугацаанд Америкт байрлаж ажиллаад ирсэн. Үлдсэн ажлыг зургийн найруулагч Ангараг, эвлүүлэгч Гантулга, орчуулагч Сант-Амар нар нэг баг болж киногоо хийж дуусгасан байгаа. Одоо эцсийн шатны ажил нь явагдаж байна. Кино үзлэг маргааш хийгдэнэ. Түүний дараа гуравдугаар сарын 5-нд Монголынхоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.

-Гаднын компаниуд танай киног сонирхож Америкт гаргах тал дээр холбогдож байна уу?

-Байлгүй яахав. Хэд хэдэн газар сонирхъё, үзье гэж санал тавьсан. Яг одоогийн байдлаар “Mongus pictures”-ийн Л.Нямжаргал Америкт энэ чиглэлээр ажиллаж байна. “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” кино анх удаа АНУ-д гаргах зөвшөөрлийг авсан. Энэ зөвшөөрлийг авахад тодорхой стандарт, шаардлага, бичиг баримтын асуудлууд гарч ирсэн. Энэ асуудлыг зургийн найруулагч Д.Ангараг бүрэн хариуцаж ажилласан. Үндсэндээ хүүхдийн насны зэрэглэл, уг кино гарч болох юм уу, болохгүй юм уу гээд бүгдийг нь шалгадаг байгууллагад нь шалгуулаад албан ёсны зөвшөөрлийг нь авсан. Клип, трэйлерийн өмнө мэдээлэл бүхий ногоон дүрс гарч байгаа. Тэр бол заавал тавигдах ёстой стандарт юм билээ. Үүний дараа дистрибютерийн ажлыг “Mongus pictures” болон АНУ-ын Кино зураглаачдын холбооны тойргийн дарга Сауле Молино хариуцаж ажиллаад цаашдаа энэ ажил эхэлнэ. Түүнээс биш зэрэг нээлтээ хийх гээд байна гэж ойлгоод байх шиг байна лээ. Аливаа зүйл чинь шат дараалалтай явагддаг. Цаг хугацаа их шаардана. Энэ бол дараагийн асуудал. Юун түрүүнд бид монголчууддаа хүргэе.

-Зураг авалтын үед М15 хэмээх сүүлийн үеийн технологийг ашигласан болохыг уран бүтээлчид ярьсан. Энэ технологийн талаар тодруулахгүй юу?

-Манай кино он дамжиж бүтээгдлээ. Яг киноны ажил эхлэх үеэр гэсэн үг. 2015 онд Америкийн Кино зураглаачдын холбоонд дөнгөж танилцуулагдаад байсан М15 технологийг кинондоо ашиглаж байсан. Монголд Movie running гэж нэрлэгддэг технологийг уран бүтээлчид кинонд ашигладаг. Дөрвөн талаас нь хөдөлгөөнийг удирддаг. Энэхүү шинэ технологи найман талт хөдөлгөөнөөр удирдагдана. Үүгээрээ технологийн маш том дэвшлийг уг бүтээлд ашиглалаа. Нэгэнт л киногоо Холливудын хэмжээнд хийнэ гэж байгаа бол анхнаасаа ийм техникээр зургаа авах шаардлагатай байна гэдгийг Д.Ангараг хэлсэн. Ингээд бид ярилцаад Сауле Молиногоор дамжуулж тус загварыг худалдаанд гарахаас нь өмнө захиалж авсан.

-Киноны сэдэв сошиалд их яригдаж байна. Шүүмжилсэн хандалтууд ч ажиглагдсан. Найруулагчийн өнцгөөс тайлбар өгөөч?

-Трэйлер, клип гарсны дараа хүмүүсийн сэтгэл хөдлөл, хандалт янз бүр байгаа. Зарим нь киног бүтэн үзээгүй, нээлтээ ч хийгээгүй байхад үзэл бодлоо илэрхийлж байна. Хүчирхийллийг өөгшүүллээ гэдэг ч юм уу. Кино гэдэг өөрөө бие даасан маш том урлаг. Кино өөрөө дотроо маш олон том задаргаатай. Маш олон төрөл жанр, урсгал, өнгө аястай. Түүнийгээ дагаад найруулагч нар нь хүртэл өөрсдийн гэсэн хэв маяг, өнгө, өөрсдийн хардаг өнцөгтэй. Аливаа кино найруулагч хүний эмзэглэл дээрээс бүтдэг. Инээдмийн кино хийдэг найруулагч байхад над шиг илүү драмын төрөлд өөрийгөө сорих гэсэн найруулагч бас байна. Хүний өөрийнх нь харах өнцөг, найруулагч хүний мэдрэмж кино бүтэхэд хамгийн түрүүнд тавигддаг.

-Тэгэхээр та бүхэн хүний эрх, хүчирхийллийн асуудлыг тусгасан бүтээлээр Холливудад гарах нь илүү ач холбогдолтой гэж харжээ?

-Энэ кино бол цэвэр хүчирхийллийн эсрэг, хүний эрхийн сэдэвтэй бүтээл. Энэ киног олон улсад гаргахад сэдэв нь өөрөө маш далайцтай. Хүчирхийллийн эсрэг хүний эрхийн талаар гэхээр ямархуу сэдэвтэйг нь клип, трэйлэрийг хараад үзэгчид ойлгосон байх. Үүнд битгий эмзэглэ. Энэ бол уран сайхны бүтээл, уран сайхны зохиомж. Романтик, гэгээлэг сайхан уран бүтээл хийдэг мундаг уран бүтээлчид байна. Тэднийг үздэг нь үзнэ.Миний, “Хувьсал” продакшны сонголтыг үздэг хэсэг нь мөн л үзнэ. Дэлхий ертөнц өөрөө тийм юм шаардаж байна.

-Кино зохиолыг та өөрөө бичсэн юм уу. Эмэгтэй хэрнээ эрэгтэй хүүхэд шиг хувцасладаг, ийм маягаар амьдардаг дүр таарч л байдаг. Харин таны барьж авсан өнцөг арай өөр юм?

-Би өөрөө тийм сайн зохиол бичдэг хүн биш. Ер нь киноны зохиолд “Хувьсал” продакшн багаараа оролцдог. Эхний анатац зохиолчоос гарна. Тэгээд судалгаа хийсний үндсэн дээр олон хүний санаа орж байж зохиол бүтдэг. Зохиол гэдэг өөрөө дүрэм журамтай. Тусдаа мэргэжил шүү дээ. Зохиолын санаа эртнээс бодогдож байсан. Энэ зохиол бичигдсэнээсээ хойших эцсийн байдлаар 14,15 удаагийн засвар орсон байдаг. Явцын дунд бидний амьдарч буй нийгэмд нөхөр нь эхнэрээ зодож, хүүхдээ ингэж гэмтээж, тэнд цэцэрлэгийн багш хүүхэд зодож гэсэн сөрөг мэдээллүүд их гарч байсан. Яагаад хүнээс ийм үйлдэл гардаг юм бол. Амьтан хүртэл үр хүүхдээ яаж хамгаалдаг билээ. Тэгэхэд хүнээс яаж ийм хүний санаанд багтамгүй үйлдлүүд гардаг юм бэ гэж бодохоор л зохиолч, найруулагчийн хувьд эмзэглэл ороод ирнэ. Кино зохиолтой холбогдсон өнцгүүд өөрийн эрхгүй төрнө. Дээрээс нь энэ бол баримтат кино биш, уран сайхны бүтээл. Уран сайхны кино гэдэг нь байгаа юмыг байхгүй болгож, байхгүй юмыг бий болгодог. Үүнийг бас үзэгчид тунгааж хүлээж авах нь зүйтэй. Эмэгтэй хүн эрэгтэй хүний дүрд тоглосон аш олон Холливудын, Монголын олон сэдэв санаа байдаг. Энд би нэг их мундаг болоод анх удаа сэтгээд гэж яримааргүй байна. Гол нь уран сайхны зохиомж нь ямар өнцгөөс, яаж бичигдсэн, яг юуг хэлэх гээд байна вэ гэдэг нь миний хувьд чухал. Нөгөө талаар Монголын өв соёл гээд байхаас илүү орчин цагт болж байгаа үйл явц энэ кинонд гарна. Үнэхээр орчин цагийн хүмүүс хөдөө ахуйгаа мэддэг үү? Өв соёлоо мэддэг үү? Хадгалж үлдэж чадсан уу? Ингээд задлаад яривал их юм байна.

-Дараагийн уран бүтээлдээ орчихсон уу?

-“Атганд үлдсэн эрдэнэ” киноны үлдсэн ажлыг Ганчимэг болон маркетингийн ажилчид хийж байна. Миний хувьд Ганцэцэгтэй хамт дараагийн уран бүтээлийн сюжет дээр ажиллаад эхэлчихсэн. Зураг авалт энэ зун Улаанбаатар хотод хийгдэнэ. Гол дүрийн жүжигчдийн тухайд “Хувьсал” продакшн анх удаа хөндлөнгийн найруулагч авч ажиллах гэж байна. Дараа дараагийн удаа бид баг, бүрэлдэхүүнээ сольж өөрсдөө хөгжиж байх хэрэгтэй. Бүх юм сайн болно гэж байхгүй. Дандаа сайжруулах гэж дараа дараагийн асуудал, эрсдэл зэргийг тооцох хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрсдөө уран бүтээл хийгээд сайн муу болоод байгаагаа мэдэхгүй яваад байж болохгүй.

-Таныг Улсын драмын эрдмийн театраас гарснаас хойш ямар нэг дүрийн санал ирж байна уу. Өнгөрсөн хугацаанд зөвхөн өөрийнхөө продакшны бүтээлд л ажиллалаа?

-Миний ааш авиртай холбоотой юм шиг санагддаг. Яг үнэндээ би уран бүтээлд их амбицтай хүн. Юунд орох ёстой, юунд орохгүй байх ёстой юм. Бүх зүйлд ороод яваад байх нь ер нь зөв юм уу. Би өөрөө бүхэл бүтэн продакшн хариуцаж ажиллаж байгаа болохоор өөр юм хийх завгүй байдаг. Яг одоо энэхүү киногоо нээгээд удаагүй байхад дараагийн киноны зураг авалтын бэлтгэл эхэлнэ. Бэлтгэл ажилд ямар их хүч хөдөлмөр ордгийг энгийн үзэгчид маань тэр бүр мэддэггүй. Бэлтгэл ажил хамгийн чухал байдаг. Энэ мэтчилэн завгүй явна.

-Залуу жүжигчин А.Ганчимэг гол дүрийг бүтээхийн сацуу хоёр дүрд хувирсан. Кино нээлтээ хийгээгүй байхад л түүний ур чадвар үзэгчдийг их татаж байх шиг?

-Энэ бүтээлийг гаднын мэргэжилтнүүд яаж хүлээж авч мэдэрч байна гэдгийг бид анзаарч байгаа. Миний хувьд хоёр зүйлийг итгэлтэй хэлнэ. Мэргэжлийн мундаг хүмүүс нь А.Ганчимэгийг сайн тоглосон байна гэж хэлсэн. Д.Ангараг зураглаачийг үнэхээр гайхалтай зураг авалтыг гүйцэтгэсэн байна гэсэн. Мэдээж тэр орчин нөхцөлд манай кинотой хамт өнгө шүүлтэд ороод нээлтээ хийхэд бэлэн болсон Холливудын бүтээлүүд байсан. Дөрвөн сарын хугацаанд яг мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаад манай эвлүүлгийн найруулагч их зүйл сурсан гэж ойлгож байна.

Categories
мэдээ цаг-үе

Залуучуудын өвлийн олимпийн алтан медальт Б.Сумъяа: Эхний гарааг би гүйцэтгэх учраас багийн амжилт надаас шалтгаалж байсан

Саяхан Норвегид болсон Залуучуудын өвлийн олимпийн наадмаас Монголын тамирчин, ОУХМ Б.Сумъяа эх орондоо өвлийн олимпийн анхны алтан медалийг авчирсан билээ. Түүнийг нутагтаа ирээд байхад нь ярилцлаа.

-Монголчуудынхаа өмнөөс, уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Өөрийг тань онгоцны буудал дээрээс олон хүн угтаж авлаа шүү?

-Тэглээ. Их сайхан угтаж авлаа. Ийм олон хүн байна гэж төсөөлсөн ч үгүй. Сая онгоцны буудалд гэр бүлийнхэн болоод Монголын үндэсний олимпийн хороо, Ч.Наранбаатар даргатай “Олимп хөгжил” сан, Дарханы дулааны станц, “Алдар” спорт хороо, Монголын тэшүүрийн холбооны хамт олон сайхан угтаж авлаа. Та бүхэндээ баярлалаа. Мөн Осло дахь монголчууддаа маш их баярлалаа. Норвегийн Осло хотод амьдардаг монголчууд бидэнд маш их тусалсан. Тэмцээний дараа биднийг хүлээж авсан.

-Залуучуудын өвлийн хоёрдугаар наадамд орох эрхийг хэрхэн авсан бэ?

-Залуучуудын өвлийн олимпод 2013 оноос эхэлж Д.Энхбаяр багштайгаа бэлтгэл хийсэн. Тэмцээнд орохын өмнө дэлхийн цомын эрхийг хийх ёстой. Тиймээс 2015 оны гурав, арванхоёрдугаар сард болсон цуврал тэмцээнүүдэд оролцож эрхээ авсан. Энэхүү залуучуудын өвлийн олимпод оноогоороо эхний 28-д орсон тамирчин оролцох эрхтэй байсан. Би 28 буюу хамгийн сүүлийн тамирчин нь болж байлаа.

-Ганцаарчилсан төрөлд ямар амжилт үзүүлэв. Улсын рекордыг шинэчилсэн гэсэн үү?

-500, 1500 метрт гүйсэн байгаа. 500 метрт хоёр удаа гүйсэн. Ганц удаа гүйсэн амжилтаараа хувийн, хоёр удаа гүйсэн Монгол Улсын насанд хүрэгчдийн рекордыг шинэчлэн тогтоосон байгаа. Миний хувьд багийн төрөлд алтан медаль авсандаа үнэхээр их баяртай байна.

-Багийн төрөлд алтан медаль хүртсэн. Хамт уралдаж амжилт гаргасан багийнхныгаа танилцуулаач?

-Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай нэг баг болж оролцсон. Манай багийн гурван тамирчин их мундаг залуус. Тухайлбал, Итали улсаас оролцсон охин 1500 км-ийн төрөлд гуравдугаар байрт орсон. Солонгос улсын тамирчин залуу 500 км-ийн төрөлд бас гуравдугаар байрт шалгарсан.

-Аль баг илүү хүчтэй санагдсан бэ. Багийн хуваарилалтыг хэрхэн сонгосон юм бэ?

-Багийн төрөлд хамгийн сүүлийн гараанд гарч уралдсан баг хүчтэй өрсөлдөгч байсан. Баг тус бүр хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчнаас бүрдсэн. Тус багийн хоёр эрэгтэй 500 метрт алт, мөнгөн медаль хүртсэн бол нэг эмэгтэй нь 500 метрт хүрэл медаль хүртсэнээрээ бусдаасаа илүү шилдэг санагдсан. Зохион байгуулагчдын зүгээс тухайн тамирчны үзүүлэлтээс хамаарч багийн хуваарилалт хийсэн байсан.

-Багийнхантайгаа хамтарсан бэлтгэл хийсэн үү, хэр ойлголцож байв?

-Багийнхаа итали охиныг өмнө нь тэмцээн дээр харж байсан. Ерөнхийдөө бид 1998 оны нэгдүгээр сараас 2000 оны арванхоёрдугаар сарын хооронд төрсөн тамирчид л даа. Тэмцээний өмнөх өдөр л хамтарсан бэлтгэл хийсэн. 13 баг гарч уралдсан. Минут 57 сек 87 долийн үзүүлэлттэй түрүүлсэн. Хоёр дахь баг минут 58 сек 80 долийн үзүүлэлттэй байсан. Бусад багууд ихэвчлэн долиор зөрүүтэй байсан. Бүгдээрээ эн тэнцүүхэн өрсөлдсөн.

-Өөрийн тань багш Д.Энхбаяр багийн төрөлд өрсөлдөхөд дасгалжуулагчаар хуваарилагдсан гэсэн. Энэ нь бас давуу тал болжээ?

-Тэгсэн.Багш дасгалжуулагчдыг мөн цаанаас нь багуудад хуваарилсан. Азаар багш маань манай багт дасгалжуулагчаар хуваарилагдсан.Тэмцээний үед багш байнга зааж, зөвлөж байсан.

-Багийн дүнг танилцуулахад их догдолж байв уу?

-Нийт 13 багаас манай баг гуравт гарсан. Дараа дараагийн баг манай амжилтыг эвдчих болов уу яах бол гээд их айдастай байсан. Багаараа тойрч зогсоод бусад багийн үзүүлэлтийг харах их хэцүү санагдсан. Самбар дээр манай баг тэргүүлсэн хэвээр л байсан. Хамгийн сүүлийн баг гүйхэд нь ямар ч байсан медаль авах юм байна гэж хүлээж байлаа. Тухайн үед багийнхаа нөгөө хоёр гишүүнтэйгээ байсан. Хятадын тамирчин гадаа гүйх гээд гарчихсан байсан л даа. Тэгээд хамгийн сүүлийн гараа барианд ороход бид их баярлаж, хөөрч, хоорондоо тэврэлдэж баярласан.

-Өөрөө багаасаа хамгийн түрүүнд гараанд гарсан байсан. Тэгэхээр бүх зүйл өөрөөс тань шалтгаалж байсан болов уу?

-Багийн уралдаанд гишүүн бүр л эн тэнцүү чадвартай байх ёстой. Тэрнээс нэг тамирчин нь сайн байлаа гээд багийн үзүүлэлт дээшээ гараад ирэхгүй шүү дээ. Бүгд л жигд сайн байж л амжилтад хүрнэ. Ялангуяа миний хувьд хамгийн эхэнд гараанаас гарсан. Багш хамгийн түрүүнд гарч байгаа тамирчны гараа маш чухал. Чи сайн байж бусад чинь ч гэсэн сайн байх болно. Тиймээс эхний салхийг маш зөв хагалах ёстой гэж захисан. Багшийнхаа хэлснийг биелүүлж, бусдынхаа итгэлийг алдахгүй байх хариуцлага надад ногдсон. Би нэг тойрчихоод замаас гарна. Дараагийн тамирчин миний хурдаас шалтгаална гэсэн үг. Эхний хурдыг яаж авахаас манай багийн амжилт шалтгаалсан. Тиймээс би хамгийн хүнд ачааг үүрсэн гэж хэлж болно.

-Гэр бүлийнхэн тань спортод их элэгтэй хүмүүс шиг санагдлаа. Энэ спортоор хичээллэхэд бас нөлөөлсөн болов уу?

-Би 1999 онд Дархан-Уул хотод төрсөн. 2008 оноос тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн. Одоо зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд харьяалагддаг. Намайг багаас л аав, ээж их дэмжиж янз бүрийн дугуйланд явуулдаг байсан. Нэг хэсэг хөгжмийн дугуйланд явсан. Нэг удаа дугуйлангийнхаа мөнгийг өөрөө аваачиж тушаах боломж гарсан. Аав амжихгүй нь, намайг өөрөө багшдаа аваачаад өгчих гэсэн юм. Би тэр мөнгөөр нь замдаа мөсөн каток дээр тоглочихсон. Манай сургуулийн хажууханд каток байдаг байсан. Түүнээс хойш гулгах их дуртай болсон. Тэр үед Мандах, Нацагдорж багш нар маань намайг ер нь ирээдүйтэй юм байна гэж харсан юм билээ. Ер нь зургаан настайгаасаа л ээжтэйгээ хамт сургуулиас харих замдаа нэг цаг эсвэл 30 минут гулгачихаад харьдаг байсан.

-Гэр бүлээ танилцуулаач. Танай ах бас тамирчин гэж сонссон?

-Манай аавыг Г.Буянтогтох, ээжийг Г.Цэцэгээ гэдэг. Манай ээж физикийн багш. Аав жолооч. Эхээс дөрвүүлээ.Нэг эгч, хоёр ахтай. Манай гэр бүлийнхэн спортод хайртай. Ээж цанаар хичээллэж байсан. Олон ч спортод сонирхолтой, тоглох ч дуртай. Манай ах Хатанбаатар мотоспортын тамирчин, дэд мастер.Би бас дугуйн спортоор хичээллэдэг.

-Тэшүүрчин охины мөрөөдлийг сонирхмоор байна?

-Онгоцны нисгэгч болох хүсэлтэй. Одоохондоо спортдоо анхаараад мөрөөдлөө түр хойш тавьсан. Гэхдээ бодсон юм байгаа. Их, дээд сургуульд ч хараахан сурч амжаагүй байна. Тамирчин хүнд цаг зав бага гарах юм. Бэлтгэл сургуулилтаас эхлээд. Энд бас нэг юм хэлж болох уу?

-Тэгэлгүй яахав?

-Гадаадад олон тэмцээн уралдаанд оролцож байхад их гоё битүү мөсөн ордонтой байдаг. Тэмцээн болоод дуусангуут жирийн иргэд нь чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Би Монголд тийм гоё битүү мөсөн ордонтой болоосой гэж хүсдэг. Заавал тамирчид, мэргэжлийн хүмүүст зориулсан ордон гэлтгүй бүх хүмүүст зориулсан мөсөн ордонтой болчихвол сайхан шүү дээ. Тамирчид нь бэлтгэлээ хийгээд бусад цагаар иргэд нь гулгана.

-Бэлтгэлээ хаана, яаж хангасан юм бэ?

-Хандгайтад нэг талбайтай болсон байна лээ. Солонгост бэлтгэл хийсэн. Мөн Хятадын Чанчун хотод цугларалтад оролцоод ирсэн. Ингэж явна гэдэг зардал мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй. Тиймээс Монголд битүү мөсөн талбайтай болчихвол хүүхэд бүрт ирээдүйд сайн тамирчин болох боломж байгаа шүү дээ.

-Одоо ямар тэмцээнд оролцох гэж байна?

-Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн байгаа. Мөн бүх ард түмний спартакиад болно. Миний хувьд 2011, 2015 оны хүүхдийн наадмын аварга болж байсан. Тэшүүрээр улсын аваргад 2011 оноос хойш оролцож түрүүлээд байгаа.

Categories
мэдээ цаг-үе

М.Еркебулан: Дархан аварга А.Сүхбаттай бэлтгэл хийж, их ч зүйл сурч байна

Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат аймгийн арслан М.Еркебулантай ярилц-лаа. Түүнийг улсын цолонд ойрхон залуу бөхчүүдийн нэг гэдэг билээ.

-Үндэсний бөхөөр хичээллээд хэр удаж байна?

-Би үндэсний бөхийн спортоор хичээллээд найман жил болж байна. Аймгийнхаа ерөнхий боловсролын дөрөвдүгээр сргуулийг 2007 онд төгссөн. Төгссөн жилээ Улаанбаатар хотод ирж “Аварга” дээд сургуульд элссэн.

-Ямар мэргэжлээр төгссөн юм бэ?

-2011 онд “Аварга” дээд сургуулийг үндэсний бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

-Оюутан ахуйгаасаа л Монгол Улсын начин Адьяахүүтэй багш шавийн барилдлага барилцаж амьдралаа холбожээ?

-Тэгсэн. Завхан аймгийн харьяат Монгол Улсын начин Б.Адьяахүү багшийн удирдлага дор найман жил хичээллэж байна. Намайг анх бөхийн замд татан оруулсан багш бол яах аргагүй Адъяахүү багш. Одоо багшийнхаа хий гэсэн бэлтгэлийг хийж, өгсөн заавар чигээр нь л барилдаж байна. Огт барилдаж үзээгүй хүүхэд өнөөдөр үндэсний бөхөд хамаг амьдралаа зориулаад явж байна.

-Хүүхэд байхдаа хамар хашааныхаа хүүхдүүдтэй ноцолдож ч байгаагүй юм уу?

-Барилдаж байгаагүй. Би Баян-Өлгий аймгийн Алтай суманд 1989 онд төрсөн. Эцэг эхээсээ зургуулаа. Дөрвөн эгч, нэг дүүтэй. Эгч нартай болоод ч тэр үү ерөөсөө ноцолдож явсан удаагүй. Малчин айлын хүүхэд ч гэсэн мал нэг их маллаж байгаагүй. Аймгийн төвд л өссөн.

-Тэгвэл хэн таныг үндэсний бөх рүү тэгж их уруу татчихав аа. Үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Ерөөсөө бөх барилдаж үзээгүй. Анх 2006 онд манай аавын дүү Я.Сьез Алтай суманд болсон цол олгох барилдаанд намайг барилдуулна гээд дагуулаад явсан. Барилдаан хоёр өдөр үргэлжилж би түрүүлж сумын начин цол хүртчихлээ. Бөхийн спортод анх тэгж л дурлаж билээ. Түүнээс л анх барилдах урам зориг орсон. Ингээд дараа жил нь дахин нэг барилдаанд орж сумын заан цол авсан. Заан цолны хамт “Аварга” дээд сургуульд элсэж орох эрхийн бичгээр шагнуулсан юм.

-Арван жилээ ч төгсөөгүй байхдаа сумын заан цолонд хүрсэн юм байна ш дээ?

-2007 онд аравдугаар ангийн сурагч байсан. Тэр үед зургаан залуу зааны барилдаан гээд нэлээн сонирхолтой барилдаан болдог байсан. Аавтайгаа хамт зурагтынхаа өмнө сууж их л сонирхож үздэг байсан. Би “Аварга” биеийн тамирын сургуулийг 2011 онд төгсөөд, төгссөн жилээ аймгийн арслан болсон. Тухайн үед манай аймагт 256 бөх барилдсан. Увс, Хөвсгөл, Ховд зэрэг олон аймгаас бөхчүүд ирж барилдсан. Энэ барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.

-Аймгийн арслангуудын туйлын хүсэл нь улсын цолонд хүрэх. Таныг улсын цолонд ойрхон бөх гэж ярьдаг. Тэгээд ч Баян-Өлгий аймгаас улсын цолтон тасраад нэлээд олон жил болсон байх шүү?

-Яг одоо өмнөө тавьсан миний зорилго бол улсын цол авах. Манай аймагт 1982 оноос хойш улсын цолтой бөх төрөөгүй. Улсын харцага О.Бахыт ахаас хойш. Тиймээс улсын цолонд хүрч нутаг усныхныгаа баярлуулах юмсан гэсэн бодол тээж явдаг.

-Улсын цол хүртэхэд хэр ойрхон байгаа бол. Дотроо өөрийгөө шинжиж л суугаа байлгүй?

-Улсын цолонд гялс хүрчих юмсан л гэж бодож байна. Гэхдээ би заавал тэр цолыг авна гэж ярьж болохгүй. Улсын цолонд хүрнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Хэн сайн бэлтгэлтэй байна, тэр хүн л амжилтад хүрдэг гэж багш байнга захидаг. Бэлтгэлээ сайн хийгээд явбал улсын цолонд тэр чинээгээр хурдан хүрнэ гэж бодоод шамдаж байна.

-Танай аймгаас өөр улсын цолонд хүрэх магадлалтай бөхчүүд бий юу?

-Ойрын тав, зургаан жил манай аймгаас сайхан залуу бөхчүүд гарч ирж байна. Надаас нэг их дүү биш, ганц хоёр дүү тийм залуучууд байгаа. Аймгийн арслан Серик, аймгийн харцага Береке, Мустафа гээд сайхан залуучууд байна.

-Баян-Өлгий аймгийн бөхчүүд хоорондоо хэр холбоотой байна. Аймгуудыг хараад байхад нэгнийгээ улсын цолонд хүргэх гэж их л татаж, түлхэх юм?

-Манай аймагт улсын цолтой бөх гэвэл О.Бахыт ах. Хөгшин настай хүн. Тэгээд ч наадмаар хотод байдаггүй. Өөр улсын цолтой хүн байхгүй болохоор ийш тийшээ дэмжлэгээр явна, тэгж, ингэж зүтгэнэ гэсэн ойлголт байдаггүй. Бор зүрхээрээ л явна. Намайг улсын цолонд хүрээсэй, хүргэчих юмсан гэж боддог хүн нь ганц миний багш Адъяахүү. Намайг их дэмжинэ. Миний ааваас өөрцгүй санаа тавьж, хаана явна, юу идэж байна, бэлтгэлдээ хэзээ ирэх юм гээд хором бүр санаа тавьдаг хүн. Харин сүүлийн үед УИХ-ын гишүүн Телейхан, Бакей нар нутгийн бөхчүүддээ их анхаарал хандуулж, тусалж дэмждэг болсон.

-Үүнээс өмнө бэлтгэл хангахаас эхлээд их л хүнд байсан гэж сонссон?

-Улсын Их Хурлын гишүүн А.Телейхан гишүүн Дулааны IV цахилгаан станцад оруулж өгсөн. Мөн Алтай сумын нутгийн зөвлөлийн дарга Арманбек ах их тусалж дэмждэг. Бид хоёр хуурай ах дүүс. Гишүүд боломжоороо дэмждэг. Нутгийнхаа залуусыг улсын цолонд хүрээсэй гэдэг утгаараа шүү дээ. Наадмаар нэг их айхтар мөнгө төгрөг өгөөд байдаггүй ч бэлтгэл хангах боломж бололцоог бүрдүүлж, дэмжлэг үзүүлдэг. Сургуулиа төгсөөд бөхийн зам мөр хөөсөн надад нэг хэсэг хүнд байсан нь үнэн.Малчин эцэг, эх маань ямар тэр болгон мөнгө төгрөг явуулаад байх чадалтай биш. Эгч нар цалингаараа өнөө маргаашаа залгуулна. Өөрсдөө амьдралтай хүмүүс. Надад бэлтгэл хийх, амьдрах орон гэрээс эхлээд асуудал их тулгарна. Бэлтгэлдээ 100 хувь анхаарч чаддаггүй байсан. Учраа олохгүй, тулж түших хүнгүй яг л оюутан шиг бор хоногийг өнгөрөөж явсан.Береке, түүний дүү бид гурав хөлсний байранд амьдарч, барилдаангүй өдөр цагийн ажил хийж хэд гурван төгрөг олно. Нэгэнт л бөх болно гэж зүтгэсэн учраас буцах эрх надад байгаагүй.

-Одоо бэлтгэлээ хаана хийж байна. Дархан аварга А.Сүхбаттай хамт бэлтгэл хийдэг гэж сонссон?

-Манай аймгийн бөхчүүд “Таван богд”-ын дэвжээн дээр бэлтгэл хийдэг байсан. Тус дэвжээ татан буугдаад саяхан “Өлгийн хүчтэн” гээд дэвжээ байгуулагдсан. Одоо үйл ажиллагаагаа явуулаад гурван сар гаруй болж байна. Тэнд бэлтгэл хийнэ. Мөн Дархан аварга А.Сүхбатын “5D” фитнессд манай бөхчүүд аваргатай хамтарч бэлтгэл хийж байна.

-Залуу бөхчүүдийн хувьд их том боломж нээгджээ. Аваргаас их зүйл сурч байна уу?

-Өө их. Аваргаас сурах юм тун ч их байна. Аварга хэн дуртайтай нь бэлтгэл хийдэг хүн биш шүү дээ. Манай аймаг цөөхөн бөхтэй. Тиймээс Баян-Өлгийгөөс нэг биш, хоёр гурван улсын цолтой бөх төрөөсэй гэж биднийг аварга их дэмжиж байгаа.

-Бэлтгэлээ хэрхэн хийж байна. Бэлтгэлээс гадна ажил хийж байна уу?

-Дулааны IV цахилгаан станцаас цалингаа аваад явж байна. Хааяа бас ажил хийхгүй бол болохгүй шүү дээ. Тус станцын “Эрчим” клубийн зааланд гэрээт багшаар ажиллана. Зааланд хүүхдүүд тоглуулна гээд янз бүрийн л ажил хийнэ. Хааяа станцын засвар хүртэл хийдэг. Яг тогтсон ажил төрөл бол байхгүй. Хамаг амьдралаа бөхөд зориулж улсын цолны төлөө явж байгаа учраас бэлтгэлдээ л анхаарал тавина. Өдөртөө нэгээс хоёр бэлтгэлтэй. Нэг өдөр хүчний, дараа өдөр нь заалны, нөгөө өдөр нь А.Сүхбат аваргатай бэлтгэл хийнэ гээд их шахуу л үзэж байна. Улсын цолонд гялс хүрэх юмсан гээд бодоод л байна.

-Улсын цолонд хүрчихвэл өөрийн тань амьдрал алга урвуулахтай л адил өөрчлөгдөх нь ээ?

-Миний гол зорилго улсын цолонд хүрэх. Би өнөөдөр тогт-сон ажил ч үгүй, гэр бүл зохиож ч амжаагүй байна. Өөрийн гэсэн бүхнээ золиосолсон. Өөрийнхөө өмнө тавьсан зорилгоо биелүүлж улсын цол авчихвал нутаг усныхан ч гэсэн сайхан хүлээж авах байх. Тэгээд ч аав минь өнгөрсөн хавар өөд болоод ээж, дүү хоёроо хажуудаа авсан. Бүхнээс илүүтэйгээр ээжийгээ амьд сэрүүн дээр нь баярлуулж, магнайг нь тэнийлгэх юмсан гэж бодож явдаг.

-Наадмын бэлтгэлдээ хэзээнээс гарах уу?

-Наадмийн бэлтгэлийг Адъяахүү багшийн удирдлагад хийнэ. Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Дорнод, Завхан гээд аймгуудын хамтарсан бэлтгэл хийдэг. Бэлтгэл сайн хүнд аль ч цолонд хүрэх боломж байгаа.Тиймээс хичээх л хэрэгтэй байна.

-Таны өндөр, жин хэд байна вэ?

-Өндөр 178 см. Жин 120 кг.

-Улсын харцага Б.Пүрэвсайхан та хоёр нэг анги бил үү?

-Улсын харцага Пүрэвсайхан, аймгийн хурц арслан Сүхбат, Өвархангай аймгийн заан Дарханбат, сумын заан Цэрэндавга гээд манай ангийн сайхан залуучууд бий. Биднээс хамгийн түрүүнд улсын цолонд хүрсэн нь Пүрэвсайхан. Бид хоёр Адьяахүү багшийн удирдлагад хамт бэлтгэл хийдэг. Их сайхан ирээдүйтэй бөх.

-Та улсын наадамд хэдэн удаа зодоглоод байна?

-Би улсын наадамд гурав зодоглосон. Хамгийн сүүлд 2015 онд наадмаар зодоглож гурав даваад дөрвийн даваанд Увс аймгийн харьяат Бүрэнтөгс арсланд өвдөг шороодсон.Энэ жил жаахан азгүйтсэн. Бүрэнтөгс арслангаас өөр хүнтэй таарсан бол бас яах ч байсан юм билээ гэж боддог (инээв). Улсын арслан хүний барилдаан нэг өөр, аймгийн арслан нэг өөр шүү дээ. Бөх чинь мэргэжил болчихсон. Ч.Санжаадамба заан шиг жигд сайхан барилдаантай бөх тун ховор. Цолноос хамаарч бөхчүүдийн барилдаан хүртэл өөр өөр байдаг. Гэхдээ яахав, нэг их харамсаад байдаггүй. Өөрийнхөөрөө л сайхан барилдаад улсын наадамд гурав давна гэдэг болоо шүү дээ.

-Адъяахүү багш танд ямар мэх түлхүү зааж байна?

-Өөрийн мэдэх бүхнээ заадаг. Хутгах, шуудагнаас давуулж гуядах мэх зэргээс эхлээд олон юм зааж, сургаж байна. Адъяахүү багшийн хувьд миний ааваас өөрцгүй хүн. Өнгөрсөн хавар миний аав Малшы уушгины хорт хавдраар өөд болсон.Тиймээс багш маань аавын минь оронд аав болж нөмөр нөөлөг минь болж яваа хүн. Багшийнхаа ачийг хариулж улсын цолонд хүрэх юмсан гэж л бодох юм.

Categories
мэдээ цаг-үе

Э.Тодгэрэл: Баясгалан эгч бид хоёр жүжгийн зохиолоо авснаас эхлээд нээх хүртэл бараг л эхнэр, нөхөр шиг амьдарсан

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Э.Тодгэрэлтэй ярилцлаа.

-Та Улсын драмын эрдмийн театрт орсны дараахан анх удаа гол дүр бүтээсэн нь “Чөлөөт хос” жүжгийн дүр. Тэгвэл таны гол дүрд тоглосон бүтээл дахин тайзнаа тавигдах нь ээ?

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Найдандоржийн бүтээл болох инээдмийн, дуутай, бүжигтэй, хөгжимтэй “Чөлөөт хос” жүжиг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ сарын 27, 28-ны өдрүүдэд тоглох гэж байна. Уг жүжигт миний бие УДЭТ-ын жүжигчин СТА Баясгалан эгчтэй хамтран тоглосон байгаа. Энэхүү жүжиг өөрөө Итали жүжиг. Нобелийн шагналт Италийн нэрт зохиолч жүжигчин Дарио Фогийн “Open Couple” гээд театр болон олон орнуудад тавигдсан байдаг.

-“Чөлөөт хос” жүжгийг үзэгчдэд хүргэх цаад зорилго юу вэ?

-Ерөнхийдөө хоёр хүний жүжиг гэж хэлж болно. Энэ жүжиг түрүү онд Төрийн соёрхолт найруулагч Наранбаатарын санаачилгаар хэрэгжүүлсэн бэсрэг жүжгийн өдөр буюу долоон өөр жүжиг, долоон өөр найруулагч, долоон өөр жүжигчин, долоон өөр сэтгэлгээг харуулахын тулд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд тавигдсан жүжиг байгаа юм. үүнийг гэр бүлийн жүжиг гэж хэлж болно. Гэр бүлийн дотоод асуудал, эхнэр нөхрийн хэнд ч хэлж болдоггүй нарийн нандин нууцыг ил гаргаж ирдгээрээ жүжгийн гол утга учир оршиж байгаа юм. Миний ойлголтоор миний эхнэр Антония өнгөрсөн нийгмийн төлөөлөл юм болов уу гэж хардаг. Миний дүрийн хувьд ардчилсан, эрх чөлөөтэй нийгмийг төлөөлсөн гэж хардаг. Жүжгийн нэрнээс нь яагаад “Чөлөөт хос” болох гээд байгаа юм бэ? Миний хувьд мэдээж эхнэртээ хайртай, хүүхдийнхээ төлөө зүтгэдэг боловч бусад биеийн болон сэтгэлийн жаргалыг амсмаар байдаг. Энэ тал дээр би эрх чөлөөтэй байж болно биз дээ? гэсэн асуултын хариуг жүжгийн турш эхнэрээсээ шаарддаг. Чи ч гэсэн адилхан өөр хүнтэй бол, би ч гэсэн адилхан өөр хүнтэй болъё. Гэхдээ хоёулаа эхнэр нөхөр хэвээрээ байна.

-Ардчилал, эрх чөлөөг хүсэмжилсэн өөрийнхөө дүрийг тодруулахгүй юу?

-Миний ажилласан дүрийн хувьд дөч гаран настай, гэр бүл зохиосон эр нөхрийн дүр Манбретто гэх итали залуу. Миний эхнэр мөн адил дөч гаруй настай Антония. Бид хорин найман настай хүүтэй. Энэ хоёр хүний гэр бүлийн дунд өрнөж байгаа асуудлын талаар гардаг.

-Хоёр хүний жүжиг гэдэг утгаараа ч юм уу тайз засал цомхон, өвөрмөц шийдэл бүхий харагдсан?

-Тайз ердөө хоёр сандал, хоёр ширээтэй. Жүжиг өөрөө бас хоёр л жүжигчинтэй. Тайз хувцас хэрэглэлийн хувьд нүсэр зүйл байхгүй. Яагаад вэ гэхээр энэ бол найруулагчийн шийдэл. Мөн энэ жүжгийг хаана ч, ямар ч албан байгууллага, дунд сургуулийн зааланд эсвэл зочид буудлын нэг өрөөнд очоод тоглочих боломжтой. Хөнгөхөн авсаархан. Жүжиг тавигдсан даруйдаа олон нийтийн ташаалыг хүртсэн уран бүтээл болж чадсан.

-Таны хамтран тоглогч жүжигчин Баясгалан энэ жүжгийн дүрээрээ тухайн ондоо “Гэгээн Муза”наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авсан байдаг?

-Тэгсэн. Мөн “Мөнгөн мод” шагналыг энэ дүрээрээ авсан. Миний хувьд бас “Гэгээн Муза” наадмаас оны шилдэг эрэгтэй дебют залуу уран бүтээлчээр шалгарсан. Олон сайхан шагналуудыг бидэнд авчирсан уран бүтээл болсон доо.

-Та хоёр насны хувьд ч амьдралын туршлагынхаа хувьд ч их зөрүүтэй. Энэ утгаараа хамтран тоглогчтойгоо ойлголцож ажиллахад бэрхшээл тулгарч байв уу. Жүжиг насанд хүрэгчдэд зориулсан төдийгүй зарим үзэгдэлд хамтран тоглогчоо хараах, доромжлох өнгө аястай үг хэллэг хэрэглэх тохиолдолд ч гардаг?

-Би хэлсэн. Жүжиг хоёрхон хүний л бүрэлдэхүүнтэй. Жүжгийнхээ харилцан яриаг бэлдэж ширээний уншлага хийдэг. Ширээний уншлагын явцад ямар ч хүндрэл гараагүй. Зөвхөн хоёр хүн харагдаж байгаа боловч цаанаа маш том уран бүтээлийн баг ажилладаг. Баясаа эгч амьдрал зохиосон үр хүүхэдтэй хүн. Миний хувьд хараахан гэр бүл зохиож амжаагүй нэгэн. Энэ утгаараа заримдаа “Үнэхээр ийм зүйл байдаг юм уу?” ч гэж асуух тохиолдол надад гарч байсан. Баясаа эгч намайг бодвол дүртэйгээ илүү ойрхон учраас надад маш их дэм болж байсан. Мэдээж хүндрэлтэй зүйлүүд гаралгүй яахав. Тэр бүхнийг нөмөр нөөлөгтэй хамтран тоглогчийнхоо хүчээр давж чадсан. Дүртэйгээ ажиллахад хамтран тоглогч маш чухал. Яг л эхнэр нөхөр шиг бие биеэ харж хайрлаж байж тухайн бүтээл үзэгчдэд халуунаараа хүрдэг болохоор яадаг ч байсан энэ дүр дээр ажиллах болсноос хойш энэ асуудлыг ярилцаж шийдсэн. Жүжгийн зохиолыг авснаас эхлээд нээх хүртэл бид хоёр бараг эхнэр нөхөр шиг болчихсон байсан (инээв). Машин явахгүй өдөр бие биенээ авна. Хаана юу хийж явна, өлсөж байна уу, цангаж байна уу гээд л. Тэр зүйл нь бид хоёрыг илүү дотно болгож, уусгаж эхнэр нөхөр гэх байр суурин дээр аваачихад тусалсан юм болов уу.

-Анх жүжгийн зохиолоо аваад уншихад ямар санагдаж байсан бэ?

-Амьд хөгжмийн хамтлаг, яруу найрагчийн шүлэг, тайз декрац, жижиг чимэглэл, хувцас гээд маш олон хүнтэй бүрэлдэхүүн тэр чигээрээ энэ хоёр хүний төлөө ажиллаж байсан учраас хичээхээс өөр замгүй л дээ. Миний хувьд оюутан насаа үдэж Улсын драмын эрдмийн театр гэх их айлтай холбогдоод анхны гол дүрээ авсан нь энэ. Найдандорж найруулагчаас зохиолоо аваад маш их эмээж байсан. Залуу уран бүтээлчийн хувьд маш их үүрэг хариуцлага ногдсон. Мөн залуу уран бүтээлч Тодгэрэл гэдэг хүн ямархуу чадвар чансаатай болж энэ урлагийн их айлд ирсэн бэ гэдгээ тодотгох шалгалт болсон гэж боддог.

-Найруулагч таныг сонгож тоглуулах болсон нь учир шалтгаантай л байж таараа. Та энэ талаар ер нь найруулагчаасаа сонирхож асууж байсан уу?

-Миний тоглосон дүр бодит амьдрал дээр надаас нэлээд хол. Жишээлбэл, гэр бүлийн амьдрал зохиосон, нууц амрагийн асуудлыг хөхиүлэн дэмждэг, 28 насны хүүтэй амьдрал нь боловсорчихсон хүний дүр л дээ. Би найруулагчаас “Насны зөрүү харагдах болов уу, надаас нэлээд хол юм? гэж асуухад найруулагч “Би энэ дүр дээр чамайг харсан. Найруулагч хүн хэзээ ч алдаж, буруу хардаггүй. Жүжигчид, жүжигчдийнхээ тавилт бүх зүйлийг нүдэндээ түрүүлээд харчихсан байдаг болохоор энэ зохиол бүтээл болдог юм. Тийм болохоор айгаад хэрэггүй, чи чадна. Чи чадах болохоор би чамайг сонгосон” гэсэн. Энэ хэдхээн үгэнд их урамшсан даа. Хүн гэдэг ер нь урмаар тэтгэгддэг амьтан шүү дээ.

-Нөгөө талаараа анхны уран бүтээл мюзикл чиглэлийнх байсан болохоор их авууштай байсан байжээ. Учир нь та 2012 онд “CITI” дээд сургуулийг мюзиклийн жүжигчний мэргэжлээр төгссөн юм билээ?

-Мюзикл гэдэг утгаараа жил бүр сонгодог бүжиг, олон ардын бүжиг, монгол ардын бүжиг зэргийг судалдаг байсан. Оюутан байх дөрвөн жилийн хугацаанд дуу хоолойны гам унших дасгал, дуулах ур зүйн хичээл ордог байсан. Биеийн уян хатан байдал, пластик хөдөлгөөн тал дээрээ сургууль түлхүү ажилласан болохоор найруулагчийн тавьсан тэр жанрыг нэлээн олзуурхсан.

-Үүний дараа дэлгэцийн анхны уран бүтээл “Бид гурвын болзоо” киноны гол дүрийг бүтээсэн. Киноны саналыг яаж хүлээж авав. Сэтгэлд тань хэр нийцэж байсан бэ?

-Продюсер надад анх зохиолоо өгч уншуулсан. “Бороо” гээд эмэгтэй хүн харахаараа сандардаг, найз гэх үгийн утга учрыг ойлгодог, найзынхаа төлөө юу ч хийхээс буцахааргүй, шаггүй компьютерийн мэдлэгтэй бас нэлээд будлиу залуугийн дүр. Уншингуут л миний сэтгэлд буусан. Би гадаад төрх байдлаараа эсрэг дүрд сонгогдчих гээд байдаг талтай. Уран бүтээлч хүн үргэлж нэг төрлийн дүр бүтээнэ гэж байхгүй. Бороо гэх залуугийн дүрийг гаргахын тулд их хичээсэн. Ямартай ч үзэгчдийн хандалтаас харахад дүрээ бүтээж чадсан юм шиг. Ер нь өнөөдрийн нийгэмд “анд” гэх гуравхан үсгийн утгийг таньж найзалж нөхөрлөдөг хүмүүс хичнээн байна вэ, нөхөрлөлийнхөө төлөө тэмцэж байгаа хүн ер нь байна уу, хэрвээ байвал ямар байх вэ гэдэг асуултад хариулсан кино. Залуу уран бүтээлчдээс бүрдсэн учраас “дуугарвал дуу нэг, дугтарвал санаа нэг” гэдэг шиг маш сайн нэгдэж ажилласан.

-Энэ сард хайрын баярын өдрөөр “Ромео Жульетта” ахин тоглогдлоо. Жүжгийн гол дүр гэхээсээ илүүтэйгээр Меркуциог бүтээсэн таныг үзэгчид их үнэлсэн байна лээ…

-Энэ бол сонгодог тэгээд маш алдартай зохиол. Сонгодог жүжиг тухайн нийгэмдээ тавигдах цаг хугацаа хүртлээ хүлээлт үүсгэсэн байдаг юм шиг. Өнөөдөр “Ромео Жулетта” жүжгийг тавих ёстой байсан болоод л үзэгчдийн хүртээл болгосон байх. Меркуцио гэх туслах дүрийг гол дүрийн энтэй авч бичсэнээрээ У.Шекспирийн гайхамшиг нь оршиж байгаа болов уу.

-Дүрээ сайн гаргахын тулд хэн нэгнээс зөвлөгөө, туслалцаа авч байв уу?

-Дэлхийн олон оронд тайз болон дэлгэцээр энэхүү жүжиг тавигдчихсан. Жаахан хүүхэд байхдаа энэ жүжгийн алдарт Леонардо Ди Каприогийн бүтээсэн хувилбарыг үзэж байсан. Тэгэхэд ирээдүйд жүжигчин болно ч гэж боддоггүй байсан үе. Ер нь аливаа дүр амьгүй байж байгаад амилдаг даа. Харин Меркуциогийн дүр нь аль хэдийнэ амилчихсан, Меркуцио ийм байх ёстой гэсэн загвар тогтсон байсан гэж хэлж болно. Надад үүнийг эвдэх эрх байхгүй шүү дээ. Тиймээс маш их судалгаа хийсэн. Өөрөө тодорхой хэмжээнд дүр дээрээ ажилласныхаа дараа бусад Меркуциог судална. Тэгэхгүй бол наана нь үзвэл би өөрөө ийм байна гэсэн хайрцганд орчих гээд байдаг тал бий.

-Таны хэлж буй уран цэцэн үгнээс гадна биеийн хөдөлгөөний илэрхийлэл, түүгээр гарч буй сэтгэлийн хөдөлгөөний уялдаа холбоо үзэгчдийн харааг яах аргагүй татаж байх шиг санагдсан?

-Манай театр энэ жилээс хөдөлгөөний найруулагч гэж тусдаа бие даасан статустай хүнтэй хамтарч ажиллаж эхэлсэн. МУСТА, бүжиг дэглээч Ган-Очир багшийг хөдөлгөөний найруулагчаар сонгож хамтарч ажилласан. Энэ хүн бараг найруулагчийн дайны хөдөлгөөний тавилтыг хийсэн байгаа. Тусдаа бие даасан бэлтгэл гэхээсээ илүүтэйгээр энэ жүжигт оролцож байгаа залуу жүжигчид, оюутнуудыг зуны зургаа, долдугаар сараас эхэлж биеийг хөнгөлөх дасгал, уян хатан байдлын дасгал зэргийг хийлгэж бэлтгэсэн. Энэ бүх хүмүүсийн хичээл зүтгэл салшгүй холбоотой. Сонгодог бүтээл залуу уран бүтээлчийг үнэхээр задалж өгдөг. Жүжигчний ур чадвар тал дээр маш их ахиц гардаг. Миний хувьд жүжиг нээснээс хойш хоёр сарын хугацаанд тоглосон. Мөн үзэгчдийн хүсэлтээр дахин дахин тоглогдож байна. Энэ нь их сайшаалтай хэрэг.

-Театрынхан “Үнэний хаан Будда” бүтээлийг тайзнаа амилуулахаар бэлтгэлдээ орсон гэж сонссон?

-Тийм. “Үнэний хаан Будда” гээд яам болон олон төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хийгдэж буй маш том төсөл байгаа. Жүжгийн бэлтгэл ажилд ороод явж байна. Энэхүү уран бүтээл бол Азидаа анх удаа тавигдах гэж байгаа, маш олон тэрбум төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрөнгө оруулалттай. Бурхан багшийн тухай жүжгийг театрын тайзнаа анх удаа тавихаар бэлтгэж байна даа.

-Та цахим хуудсандаа “УДЭТ-ын 85 жилийн ойгоор алтан тайзан дээр алтан үеийнхээ уран бүтээлчдээсээ эрхэм хүндэт үзэгчдийнхээ өмнө театрын жүжигчин хэмээн нэрээ дуудуулж үнэмлэхээ гардан авлаа” гэж бичсэн байсан. Театрын албан ёсны ажилтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх “Театр” гээд том статустай студи бий. Миний хувьд 2013 онд энэ студид орох шалгалт өгөөд жил зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаанд ажиллах гэрээ хийсэн. Дагалдан жүжигчин гэсэн үг л дээ. Энэ жил 85 жилийн ойн хүрээнд “Бид мартахгүй” гэж ахмад уран бүтээлчдэдээ хүндэтгэл үзүүлэх тоглолтод дээр энэ хүн бол “драмын театр”-ын жүжигчин мөн юм гэсэн мэргэжлийн үнэмлэхээ гардаж авсан. Миний амьдралын хамгийн мартагдашгүй сайхан мөч. Үнэмлэхээ гардаж авахад манай театрын ах, эгч нар “Мэргэжил нэгт анд нөхөр минь, тавтай морил, жүжигчин хэмээх жинхэнэ нэрээ авлаа шүү” гээд баяр хүргэж байлаа.

-Дөнгөж гараанаас гарч буй уран бүтээлчийн хэтийн мөрөөдлийг сонирхмоор байна?

-“Broadway” театрын нэг мюзиклд тоглох нь миний маш том мөрөөдөл. Уран бүтээлч хүн хүзүүгээ давсан зорилготой байж л түүнийхээ цаана дөнгөн данган гардаг гэдэг. Би мөрөөдөл биелдэг гэдэгт итгэдэг хүн шүү (инээв). Миний мөрөөдөл биелнэ гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд ч драмын урлаг бол хамгийн амьд урлаг юм шүү.

Э.АРИУНЗУЛ