Categories
мэдээ цаг-үе

Хүүгийн минь амь секундээр хэмжигдэж байхад заставын дарга “Дээрээс зөвшөөрөл авах ёстой” гээд завиа өгөөгүй

-БУЙР НУУРАНД ОСОЛДСОН ЗАГАСЧДЫН ЭМГЭНЭЛТ ХЭРГИЙГ МӨРӨӨР-

Буйр тосгоныхон хоёр цагийн турш ямар ч арга хэмжээ авч чадалгүй хоёр загасчны нэгийг нүдэн дээрээ алдчихаж. Хоёрын хоёр хүн амь тавьж буйг нүдээрээ хараад хуруугаа ч хөдөлгөж чадаагүй гэж бодохоор өнөөх өрөвдөх, энэрэх сэтгэлтэй хүн гэгч ямар хувиа хичээсэн, араатнаас дутахааргүй хэрцгий юм бэ гэж толгойгоо шаан зогссоноо өвгөн загасчин ярьж байсан. Тосгоныхон хилийн застав руу завинд явсан хэдийгээ хүлээх зуур хижээл насны эр үгийн зөрүүгүй модон завьтайгаа усанд яваад орчихож. Эрэг дээрх хүмүүс эрс эсэргүүцэж, дахин нэг хүний амь золихоос сэрэмжилж хориглосон ч өнөөх эр “Хангалттай. Хараад зогсч зүрхлэхгүй нь” гээд эргээс 300-гаад метрийн зайд хагарсан мөсөн дээр хэвтэх загасчны зүг хөдөлжээ. Ард хоцорсон хүмүүс амьсгалаа түгжих шахам түүний араас нүд салгалгүй харж, завьтайгаа давалгаанд хоёр тийш савлахад нь дагаж дайвалзах. Бараг л хийсэх шахам сэлүүрдэж явсаар өнөөх загасчны мөсөнд 100 метр орчим дөхөөд цаашлах боломжгүй салхинд шидэгдчих гээд байсан учир эргээд ирж. Гэхдээ хэн болохыг нь таньж амжжээ. Дөнгөж 27-хон настай Ш.Баттулга мөсөн дээр хажуу тийш харсан байрлалтай үхсэн амьд нь мэдэгдэхгүй хэвтэж байсан байна. Тэр үед л загасчдын гэр бүлийнхэн бүх зүйлийг ойлгож, хань ижлээ эргэж ирэхгүй болохыг ойлгожээ. Энэ хооронд тосгоны ардхан талд байрлах хилийн “Буйр” заставаас хоёр дахь удаагаа завь гуйсан боловч гар хоосон буцаж. Энэ тухай Ширмэнтогоо гуай “Хүүгийн минь амь секундээр хэмжигдэж байхад ”Буйр” заставын дарга дээрээс зөвшөөрөл авах ёстой гээд завиа өгөөгүй” гэж хэлээд “Улсын баялаг иргэн. Гэвч төр иргэнээ хийлдэг завьнаас дор үзлээ” хэмээн ярисан. Тэр агшинд хөгшин эцгийн нүднээс эцэс төгсгөлгүй харуусал шаналал, уй гашуу тодорно.

Хилчдийг хийлдэг завьтай очиходзалуу аль хэдийнэ амьсгал хураасан байжээ

“Буйр” застав тосгоноос ердөө хагас км зайтай. Тосгоныхонд хилийн хийлдэг завинаас өөр боломж харагдаагүй учир гурав дахь удаагаа заставыг царайчилж. Энэ удаа харин хилийнхэн завиа гаргаад хийлээд бэлдчихсэн байсан гэнэ. 09:00 цагийн үед хилийн заставын алба хаагчид, нэг усчинтайгаа ирж мөс хүрч загасчинг аврахаар очсон боловч нэгэнт оройтсон байж. Хөөрхий залуу аль хэдийнэ амьсгал хурааж, эвэрч хөлдсөн хүйтэн хөшүүн цогцос хилчдийг угтсан байна.

Ослоос есөн цагийн дараа цагдаа, 13 цагийн дараа онцгой байдлын аврагчидирсэн байна

Буйр нуур Халхгол сумаас 90 гаруй км-ийн зайтай. Сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Ц.Санчир, эмчтэй хамт 13:00 цагийн үед ослын дуудлага хүлээж аваад 15:00 цагийн үед ирсэн гэх. Харин аймгийн Онцгой байдлын аврагчид 19:00 цагийн үед ирсэн болохыг нутгийнхан ярив. Цагдаа, Онцгой байдлын аврагчдын хэлснээр бол нутгийн иргэд 13:00 цагийн орчимд осол болсон тухай дуудлага өгсөн гэсэн. Аврагчид, хилийн заставын усчинтай хамтарч таван метрийн гүнд шумбалт хийж нууранд живсэн эхний цогцсыг олж, хоёр дахь цогцсыг 14 хоногийн дараа олсон бололтой. Харин гурав дахь цогцсыг сарын дараа олсон нь гурван сая дахь иргэний аавынх байж. Эрлийн багийнхан түүний цогцсыг олоогүй бөгөөд нуурын мөс хайлах үеэр Хятадын хилээр гарсан байж болзошгүй гэж таамаглаж байжээ. Харин Д.Намхай гуай хоёр хүүгийнхээ хамт бүтэн сар нуурын эрэг сахиж нүдээ ширгэтэл ус ширтэн хүүгийнхээ цогцсыг гарч ирэхийг хүлээжээ. Өглөө гараад нар шингэхтэй зэрэгцэн гэртээ ирээд шөнө унтах ч үгүй үүр цайнгуут нуурын зүг нуруугаа үрээд алхчихдаг байсан тухай нутгийнхан нь ярьсан юм. Зарим нь “Энэ хөгшин амьдаараа яс махтайгаа хатчих гэж хөөрхий” гэж уулга алдан, халаглахыг өөрөө ч сонсдог байж. Ямартай ч түүний цөхрөл хоосон байсангүй. Биднийг очих үед “Хүүгээ нутаглуулаад ирлээ. “Ядаж л сүнс нь амраг” гэж санаа алдаж суусан.

Өмнө нь Буйр нуурт 13 жилийн зайтай хоёр осол болж 11 хүн амиа алдсан байна

Буйр нуурт болсон энэ эмгэнэлт ослын өмнө хоёр ч томоохон осол болжээ. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны өвөл “УАЗ-469” машинтай арваад хүн Буйр нуурт ирж загасчлаад шөнө буцахдаа төөрч нуурын мөсөнд яваад орчихож. Машин мөсөнд цөмрөх үед жолооч хаалганы цонхыг хагалж амжсан бол хажуугийн суудалд явсан эр машины урд цонхыг хага цохиж амь мултарчээ. Усан дотор машины цонх хагардаггүй юм байна. Харин үлдсэн долоон хүн энджээ. Ослын дараа нуурнаас машиныг гаргахад загасчид дээврийг нь хутгаар юу ч үгүй сийчиж амь гарч чадалгүй эндсэн байж. Загасчид байнга хутгатай явдаг боловч тухайн машины дээврийг аргелитаар доторлосон байсан нь үхлийн шалтгаан болсон бололтой. Яг үүнээс 13 жилийн өмнө дөрвөн хүн фургон машинтай нуурын мөсөнд мөн л цөмөрч эндсэн аймшигт осол болсон удаатай. Энэхүү осолд эндсэн Мөнхжаргалын хадам ээж 13 жилийн өмнө болсон ослоор төрсөн хоёр хүүгээ алджээ. Түүний хувьд насаараа нуурын эрэг дагаж загасчилж амьдарсан бөгөөд “Нуурандаа гомдож байна” гэхээс өөр юм ярихыг хүссэнгүй.

Мөсөн дээр гарсан загасчдыг аврах боломж байсан

Мөсөн дээр хоёр цаг гаруй үхэлтэй тэмцсэн загасчдыг аврах бүрэн боломж байсан гэдгийг талийгаачдын ар гэрийнхэн хэлсэн. Нийт гурван удаа хилийн заставаас хийлдэг завийг нь гуйсан боловч эхний хоёр оролдлогод бүтээгүй байна. Хэрвээ хэлсэн даруйд цаг алдалгүй завь гаргаж өгсөн бол хоёуланг нь эсэн мэнд аврах байсан гэдгийг ахин дахин харуусан ярих. Загасчдын хувьд хоёр залуу нь усанд чамгүй сайн, тэгээд ч насны аагаар хүйтэн уснаас мөсөн дээр гарч чадсан. Гэвч туршлага дутсан байж болох. Тэд бие биенээ анзаарч, хоорондоо тэврэлдэн илчээ арай удаан хадгалах боломжтой ч байж болох байсныг нутгийн загасчид хэлсэн. Нуурын эрэг элсэрхэг, тийм ч гүн биш. Нутгийнхны зуны цагт сэлдэг л газар гэсэн. Харин дөч гаруй настай хоёр загасчны хувьд хүйтэн усанд унангуут шууд л шоконд орж, шөрмөс нь татсан байж магадгүй гэсэн таамгийг ар гэрийнхэн нь дэвшүүлэн ярьж сэтгэлээ зогоож сууна. Харин “Буйр” заставын орлогч дарга Э.Бат-Эрдэнэ “Тосгоныхон заставын дарга руу хоёр удаа утасдсан юм билээ. Дараа нь нутгийнхнаас загас худалдаж авдаг Хамер жийптэй эрэгтэй ирж хэлсэн. Яг юу болоод байгаагаа тодорхой яриагүй юм билээ. Осол болсон гэж. Цэргийн байгууллага учраас завийг шууд гаргах боломжгүй. Заавал төв болох Мэнэнгийн отряд, улмаар отрядаас яам руу мэдэгдэх ёстой. Гэхдээ заставын дарга эхлээд утсаар ярихад нь л завиа агуулахаас гаргаж хийлүүлсэн. Дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд загасчлах хориотой байдаг. Энэ үед бид ч нууранд завь гаргах хориотой. Тиймээс завь агуулахад байсан хэрэг. Заставын дарга харуулын цамхгаас нөхцөл байдлыг дурандаж харсан байсан. Ингээд манай алба хаагчид очиж загасчны цогцсыг нуурнаас гаргаж, үлдсэн цогцсыг хайж шумбалт хийсэн” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр загасчин “Завь аваад ирээч дээ. Амь авраач, гуйя” гэж цөхрөнгөө бартал хашгирчээ

-БУЙР НУУРАНД ОСОЛДСОН ЗАГАСЧДЫН ЭМГЭНЭЛТ ХЭРГИЙН МӨРӨӨР…-

Түрүүч нь №143 (5408) дугаарт

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд Буйр нууранд осолдож амиа алдсан дөрвөн загасчны хэргийн мөрөөр бэлтгэсэн цуврал сурвалжлагаа уншигчдадаа хүргэж байгаа билээ. Буйрынхан өвөл арванхоёрдугаар сар, нэгдүгээр сарын үед загасчлаад дахин загасчлах үе ирэхийг хүлээж байжээ.Нуурын мөс хайлахыг хүлээж байсан гэсэн үг. Хил дамнан орших Буйр нуурын мөс гол мөрөн шиг ганц, хоёрхон өдрийн ээх наранд гэсчихгүй. Эрэг хавь захаасаа уяран ханзарч хэдэн өдөр хагарсан мөсөө соронз мэт нааш, цааш түлхэж байгаад нэг л өдөр хар цайнд хийсэн ёотон шиг л уусчихдаг байна. Харин ослын өмнөх өдрийн орой нуурын мөс эргээсээ нэлээд ханзарч, цаг агаарын байдал ч их тогтуун, нар ээгээд нутгийн зон олонд урин цагийн аяс цаанаа л сайхан санагдаж байж. Осол болохын урьд өдрийн орой нар шингэхээс өмнө талийгаачид хамт явж нууранд загас барихаар тор тавьжээ. Нэг торонд дунджаар 5-10 загас ордог юм байна. Аз таарвал таван загаснаас дээш ордог хэмээн нутгийнхан ярьж байсан. Тэд хэд хэдэн удаа гар нийлж загасчилж байсан учраас хэн хэнийхээ ааш араншинг андахгүй. Тус тосгонд хүргэн болж ирээд таван жил амьдарч буй гэх Мөнхжаргал портер машинтай. Түүний машинаар нуур гэр хоёрын хооронд хөл дүүжилж, ангийн олзоо ч мөн зөөдөг байв.Талийгаачид хаврын анхны ан хийнэ гэж хөөрцөглөн тор тавьж ирэхдээ ихэд сэтгэл хангалуун байцгаажээ. Ингээд шөнөдөө гэр гэртээ амраад өглөө 06:00 цагийн үед тохирсон ёсоор талийгаач Мөнхжаргал “Портер” машинаа унаад бусдыгаа гэр гэрээс нь очиж авчээ. Тэрээр гэрээсээ гарахдаа “Анхны ан ёндоорох байх аа” гэж эхнэртээ хэлээд инээмсэглээд гарч. Гурван хүүгийн эцэг Т.Ганболд эхнэртээ “Би тороо татчихаад, ханийнхаа өмнөөс нууранд ажиглалт хийчихээд ирье. Чи минь унтаж бай” гээд бага хүүгээ үнсэн, бурхан тахилдаа мөргөөд гарчээ. Түүний эхнэр нуурын ажиглагч харуулын ажилтай. Өдөр бүр 09:00 цагт нуурын эрэг дээр очиж ажиглалт хийж тэмдэглэл хөтөлдөг байна. Харин Ш.Баттулгыг явах үед аав, ээж нь аль хэдийнэ босчихсон байв. Түүнийг “Жагаа ах ирчихлээ. Би тороо эргээд ирье” гээд гарахад ээж нь араас нь гарч “Тэнгэр муухайрч магадгүй шинжтэй байна шүү хүү минь. Хурдан ирээрэй” гэж захисан байна.Эхийн зөн зовин татаад байсан уу, яагаад ч юм хүүгээ явахад нэг л дурамжхан байсан гэсэн. Талийгаач Н.Болдбуйрын гэр нуураас 20 орчим км зайтай Халхгол сумын Ялалт багт байдаг учраас аавындаа мотоцикльтой ирж хоносон байж таарав. Н.Болдбуйр “Ээж загас авчрахаар сайхан шараад өгөөрэй. Бас өчигдрийнх шигээ мантуу хийхээ мартав аа. Дахиж загасанд явах шаардлагагүй болно. Хүү нь сумандаа ажил хийгээд сайхан амьдарна аа” гээд их л хөөрч, догдолсон байдалтай ээждээ хэлээд явжээ.

ЗАГАСЧДЫН ЗАВЬ ХҮЧТЭЙ САЛХИНД ШИДЭГДЭЖ МӨС МӨРГӨЖЭЭ

Талийгаачид эрэг дээр машинаа үлдээгээд жижиг завьтай нууранд гарчээ. Тухайн үед цаг 07:00 болсон байж. Талийгаачдаас гадна тэр өглөө дөрөв, таван завь мөн тороо эргэхээр нууранд гарсан юм байна. Тэднийг тороо эргэж байх зуур тогтуун байсан салхины эрч төд удалгүй нэмэгдэж нуурын давалгаа ихэсчээ. Салхины чиг ч өөрчлөгдсөн байна.Энэ нутагт салхи байнга баруунаас зүүн рүү сэвэлздэг. Харин тухайн үед гэнэт зүүнээс баруун зүг рүү чиглэн хүчтэй салхилсан гэнэ. Загасчид ч сандарцгааж эрэг рүү гарахын тулд завиа яаран сэлүүрдэж унаж тусан завиа чирсээр ирцгээж. Нуурын мөс эргээсээ 200 метр зайд л хайлсан бөгөөд цаашлах тусам мөсөн бүрхүүлтэй байсан үе. Гэтэл нэг завь салхинд эрчилсэн давалгаанд хөөгдөн эрэг рүү биш нуурын гүн рүү дотогш мөс рүү шидэгджээ. Яг энэ үед нуурын эрэг дээр байсан бусад загасчид одоо яах бол гэж амьсгаа даран харж зогсоцгоосон байна. Энэ бүх явдал хэдхэн секундын дотор яах ийхийн зуургүй болж өнгөрч. Завь салхинд шидэгдэх үед мөстэй мөргөлдөж нуур руу живж. Харин завин дээр явсан дөрвөн хүний хоёр нь мөснөөс зуурч амжсан байна. Тэд хоёр гэрийн буйртай тэнцэх дайны мөсөн дээр гарсан юмсанж. Харин хоёр нь завинаасаа бууж харагдсан боловч усанд толгой нь цухуйх төдий нэг өндөлзөөд живж бараа сураггүй алга болчихож. Мөсөн дээр үлдсэн хоёр хүн өмсч явсан комбинзоноо тайлж, хамаг хувцсаа тарааж шидэлсэн бололтой. Бээрч, осгохгүйн тулд мөсөн дээр нааш, нааш гүйлдэж эхэлжээ. Тэднийг харсан загасчид очиж аврахын тулд завьтай нууранд орохыг хэд хэдэн удаа оролджээ. Гэвч хүчтэй салхитай байсан учраас өндөрт хүчээ авах нуурын давалгаанд завьтайгаа шидэгдэх гээд хэн ч зориглож орж чадсангүй. Өмдний түрий норгох төдий давалгаалдаг нуурын ус салхины хүчээр давалгаагаа эрчилж, улам өндөрт усаа түрэх нь загасчдын зүрхэнд орж. Орсон ч эргээс 50 метр хүрэхгүй газар яваад “Явж чадахгүй юм байна” гээд ирцгээж байсан байна. Харин нөгөө хэсэг нь “Тэсч байгаарай. Хоорондоо тэврэлдээд суу. Одоохон очиж та хоёрыг аварна” гэж хашгиралдаж. Харамсалтай нь тэдний хэлэхийг мөсөн дээр нааш, цааш гүйлдэх хоёр хүн тогтож сонсоогүй бололтой.

ТАЛИЙГААЧИД “ЗАВЬ АВААД ИР. АМЬ АВРААРАЙ” ХЭМЭЭН АВРАЛ ЭРЭН ХАШГИРЧЭЭ

Эрэг дээр байсан зарим хүмүүст мөсөн дээр амь гарсан хоёр хүний хашгирч, орилох нь сонсогдсон байна. Тэд “Завь аваад ир, завь аваад ир” гэж нэлээд удаан хашгирчээ. Загасчид нууранд орохдоо брезентэн материалаар хийсэн комбинзон өмсдөг байна. Комбинзоны оймс хэсэг нь хатуулгатай болохоор гутал багтдаггүй, хөл нүцгэн өмсдөг байна. Тэгэхээр мөсөн дээр гарсан хоёр загасчин норсон комбинзоноо барьцалдаж хөлдөхөөс сэргийлж тайлсан учраас хөл нүцгэн байсан гэсэн үг. Тэгээд ч хэний ч санаанд оромгүй аймшигт осол нүд ирмэхийн зуур болсон учраас цочролд орсон бололтой. Нэг нэгнийгээ байгааг ч харах сөхөөгүй ганц ганцаараа нааш, цааш гүйлдэж байхыг нутгийнхан харсан байна. Энэ хооронд эрэг дээрх загасчид тосгон нуур хоёрын хооронд яах учраа олохгүй дэмий л гүйлдэж. Тосгоны загасчид бүгд л гараар хийсэн модон, эсвэл том төмөр завьтай байдаг. Модон завь нь хийсчих гээд, эсвэл төмөр завь нь шууд живэх тул илүү дэвшилттэй, хүчин чадалтай завь хэрэгтэй болох нь хэнд ч ойлгомжтой байв. “Завь аваад ир” гэхийг сонссон учраас ямар ч байсан завь хэрэгтэй гээд завины эрэлд гарчээ. Харин энэ хооронд загасчдын “Завь аваад ир, завь аваад ирээч дээ. Амь авраач, гуйя” гэж цөхрөнгөө баран хашгирах сонсогдож байсан байна. Ингэхдээ хоолой нь сөөж, хамаг тамир нь барагдсан бололтой сонсогдох төдий орилж байжээ.

ДЭЭР НЬ ГАРЧ АМЬ АВРАГДСА МӨС ЦАМАРЧ НЭГ НЬ УСАНД ЖИВЖ, ӨНӨӨХ НЬ АРАЙ ХИЙН МӨЛХӨЖ БАЙВ

08:30 цагийн үед тосгоныхон бараг бүгд нуурын эрэг дээр ирсэн байжээ. Нэг хэсэг нь нуураас км хүрэхгүй зайд байрлах Буйрын заставаас завь гуйхаар явсан байв. Харин үлдсэн хүмүүс дэмий л уйлалдаж, мөсөн дээрх хоёр загасчинг нүд салгалгүй харж, дэмий л ингэ, тэг гэж хашгирна. Гэтэл гэнэт нэг нь харагдахаа больчихов. Цаг гаруй аврал эрэн мөсөн дээр нүцгэн шахуу гүйж амьд үлдэхийн төлөө тэмцсэн загасчны тэмцэл даан ч хайран, халаглаад ч барамгүй. Тэр мөс цөмрөхтэй хамт усанд унасан бул хар чулуу шиг л бараа сураггүй живж алга болчихжээ. Харин амьд үлдсэн өнөөх загасчин мөсөн дээр дөрвөн хөллөн арай хийн мөлхөж байгаа нь эрэг дээрх хүмүүст тод харагджээ. Гэвч өөрсдөөс нь аврал эрэн эцсийн хүчээ шавхан мөлхөж буй түүнийг хэн болохыг тосгоныхон таньж амжаагүй л байлаа…

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Буйр нууранд осолдсон загасчдын эмгэнэлт хэргийн мөрөөр…

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд Буйр нууранд загасчилж явсан дөрвөн хүн эндсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Олон нийтийг цочроосон уг ослын дуулиан одоо ч намжаагүй байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө дөрөв дэх загасчны цогцсыг нуурын эргээс олоод байгаа. Тухайн үед дээрх дөрвөн иргэнийг нууранд завьтай загасчилж явах үеэр хүчтэй салхи гарч хоёр нь завьтайгаа живж, хоёр нь нуурын хагарсан мөсөн дээр гарч амжсан байна. Харамсалтай нь мөсөн дээр гарсан хоёр загасчин хоёр цаг гаруй хөл нүцгэн гүйж аврал эрсэн боловч үхэл амьдралын заагт хөөрхий залууст хэн ч авралын гар сунгаж чадалгүй амиа алдсан байдаг. Нутгийн иргэд нуурын эрэг дээр тэднийг хэрхэн амь тавихыг хараад зогсч байжээ. Эл хэргийн мөрөөр Буйр нуур хүрч газар дээрээс нь сурвалжлага бэлтгэлээ. Улаанбаатар хотоос Чойбалсан хүртэл 668 км. Чойбалсангаас Халхгол сум хүрэхэд 360 км зайтай бол тус сумаас баруун хойш 65 км-ийн зайд Буйр нуур оршино. Ингэхдээ Халхгол сумын төвөөс машинаар явахад 90 гаруй км туулдаг юм байна. Урт нь 40 км, өргөн нь 21 км Буйр нуурын эргийн шугамын урт 118 км бөгөөд Хятадын хил дамнан оршдог. Буйр нуур манай орны хамгийн олон зүйл загастай нуур гэгддэг. Тиймээс олон жилийн турш иргэд нуур бараадан амьдарч иржээ.


Гурван сая дахь иргэнд өгсөн байшин (Ялалт баг)

ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНИЙ ААВ МӨНГӨ ОЛЖ БАЙШИНГИЙН НАЙРАА ХИЙХИЙН ТУЛД ЗАГСАНД ЯВЖЭЭ

Буйр нууранд эндсэн загасчид нутгийн иргэд. Халхгол сумын Ялалт багийн нутаг дэвсгэрт харьяалагдах Буйр нуурын эрэг бараадан амьдардаг жижиг тосгоны оршин суугчид аж. Талийгаач Н.Болдбуйр бусдаасаа хамгийн нас залуу нь. Түүний эцэг Д.Намхай Буйр тосгонд 1964 оноос амьдарчээ. Насаараа Буйр нуурын эрэг түшин загасчилж ирсэн тэрээр 18-30 насны зургаан хүүхэдтэй. Дөрөв нь хүү бөгөөд нэрний төгсгөлийг ижилхэн Буйр нуураар нэрлэжээ. Отгон хүү нь өдгөө ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа бол дөрөв дэх хүүхэд нь Н.Болдбуйр юм. Дөнгөж 25 нас хүрсэн Н.Болдбуйр ах, эгч нар дундаа хамгийн сэргэлэн цовоо хөдөлгөөнтэй нэгэн байж. Талийгаач Дорнод аймгийн 0327 дугаар ангид цэргийн алба хаасан бөгөөд 2014 онд цэргээс халагджээ. Энэ үеэр эхнэр П.Хандмаатайгаа танилцаж, улмаар 2015 онд гэр бүл болсон байна. Түүнийг эрүүл чийрэг, өсгөлүүн биетэй, тэсвэр хатуужилтай залуу байсан талаар найз нөхөд нь ярьж байлаа. Талийгаач Улаанбаатар хотод хоёр жилийн өмнө ажил хийхээр ирсэн юм. Ингээд “Дельта” автомашин засварын газар засварчнаар ажилд оржээ. Түүний төрсөн ах уг засварын газар инженерээр ажилладаг юм байна. Болдбуйрын хувьд өнгөрсөн онд олон баярт явдал тохиожээ. 2015 оны нэгдүгээр сарын 24-нд залуу хосууд шинэ хүн өлгийдөн авчээ. Түүний гэргий Дорнод аймагт амаржсан бөгөөд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндлэх үед хүү нь хэдхэн минутын зөрүүтэй төржээ. Тиймээс түүний хүүг гурван сая дахь иргэний эн чацуутнаар тодруулж төрөөс гурван сая төгрөгөөр шагнасан байна. Ингээд орон нутгийн зүгээс байр орон сууцаар шагнахаа бас амлаж. Бараг жил тойрсны эцэст аймгаас амласан байраа өгөхөөр шийдвэр гаргаж. Яг осол болохын өмнөх өдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Буйр нуураас 20 гаруй км зайд орших Ялалт багт 5:7 хэмжээтэй байшингаа хүлээж авчээ. Тэр өдөртөө байшингийн найр хийж нутгийн удирдлагууд, хамаатан садан, найз нөхдөө оруулж цайлж нэлээд хөл хөөр болцгоож. Ингээд орой нь байшингийн цайллаганд ангийн хоёр, гуван найз нь ирээгүй хэмээн эхнэртээ хэлээд Буйр нууранд тор тавьж загас авчирч шарж өгнө. Бас тав арван төгрөг олно гэж яваад буцаж ирээгүй байна.

ТАЛИЙНГААЧ Т.ГАНБОЛД ГУРВАН ХҮҮТЭЙ, МАЛЧИН НЭГЭН БАЙВ

Талийгаач Т.Ганболд эхнэр Н.Байгальмаатайгаа ханилаад 18 жил болжээ. Тэд гурван хүүтэй. Тосгондоо л өнөр өтгөн, сайн сайхан амьдралтай, бусдадаа үлгэр дуурайлтай ажилсаг гэр бүл. Том хүү нь 19 настай, ШУТИС-ийн тавдугаар курсын оюутан бол дунд хүү нь 17 настай, Ерөнхий боловсролын сургуулийн XII ангид энэ намар орох юм байна. Харин бага хүү нь таван настай. Талийгаач архи, тамхи хэрэглэдэггүй, нутаг усандаа хүндлэгддэг, алиа хошин зантай хүн байжээ. Эхээс ах, дүү арвуулаа. Ар гэр, ах дүү нарынхаа амьдралд анхаарал тавьж, авч явдаг ганц хүн нь байсан тухай гэр бүлийнхэн нь ярьж байна. Гэргий Н.Байгальмаагийн эцэг, эх олон жилийн өмнө Баян-Өлгий аймгаас ирж нутаглажээ. Н.Байгальмаа нуурын ус ажиглагч хийдэг. Сардаа 400 мянган төгрөгийн цалинтай. Орон нутагт тогтмол цалинтай ажилтай байна гэдэг хөдөөний иргэдийн хувьд том завшаан. Тиймээс эхнэрийнхээ ажлыг бараадан Буйр нуурын тохойд амьдарч ирсэн. Талийгаач Т.Ганболд тосгоны иргэд шиг өдөр бүр загасчлаад байдаггүй нэгэн байж. Хэдэн малынхаа араас шогшиж өдрийг бардаг малчин. Хаа нэг нутгийнхныгаа даган нууранд тор тавьж загасчилдаг ч усанд завиар яваад сүйд болохгүй, бусдын дэмжлэгээр болчихдог байсан бололтой. Ихэнхдээ малын бэлчээрээр явсан тэрээр усанд сэлэхдээ ч маруухан. Загасчлахдаа ч тааруухан хүн байсан гэнэ. Хар мөртэй тэр өдрийн өмнөх орой нар шингэхийн өмнө тэнгэрийн хаяа улаарч, гойд сайхан болжээ. Ямартай ч маргааш сайхан өдөр болох нь гээд орой нь нууранд тор тавиад ирж. Энэ нь түүний энэ хаврын анхны тор тавьсан явдал байв. Ингээд өглөө эхнэрээ унтаж байхад тороо эргэхээр гэрээсээ гараад эргэж ирсэнгүй.

Буйр тосгон. Буйр нуурын эргээс километр хүрэхгүй зайтай. 2016.06.13

ТАЛИЙГААЧ УСАНД САЙН СЭЛДЭГ БАЙСАН ГЭВ

М.Ширмэнтогоогийнх найман хүүхэдтэй. Харин талийгаач Ш.Баттулга түүний тав дахь хүүхэд бөгөөд 1989 онд төржээ. Ширмэнтогоо гуайнх мөн л энэ тосгонд олон жил амьдарчээ. Анх тус тосгонд Загасны цех байгуулагдахад л тракторын жолоочоор ирж байсан байна. Хүү Ш.Баттулгын тухайд гэвэл 2011 онд Дорнод аймгийн Сүмбэр сум, одоогийн Халхгол суманд Ерөнхий боловсролын сургууль төгсчээ. Тэрээр багадаа гэмтэж тулгуур эрхтний бэрхшээлтэй болсон учраас үеийнхэнтэйгээ зэрэгцэн их, дээд сургуульд суралцах боломжгүй байсан гэнэ. Тиймээс эцэг, эхээ бараадан загасчилж, амьдралаа залгуулах болж. Сардаа халамжийн хэдэн төгрөг авдаг байсан бөгөөд аав, ээжийгээ юугаар ч дутаахгүй сайн амьдруулах болно гэж үргэлж хэлдэг байжээ. Гэтэл өнөө жил халамжаас хасагдчихсан байна. Тиймээс хавар нуур гэсэхээр загасанд явж мөнгө олно гэж ярих болж. Хэдий тулгуур эрхтний бэрхшээлтэй ч талийгаач усанд тун сайн сэлдэг байсан гэсэн. Хүүгээ усанд алдана чинээ санасангүй хэмээн түүний аав М.Ширмэнтогоо ярихдаа хоолой нь зангирч байлаа.

ХҮРГЭН ХҮҮГЭЭ АЛДСАН ЭХ 2003 ОНД ХОЁР ХҮҮГЭЭ МӨН Л БУЙР НУУРАНД АЛДСАН БАЙНА

Буйр нууранд эндсэн дөрвөөс тус тосгонд өсөөгүй цорын ганц хүн нь талийгаач Мөнхжаргал. Тэрээр Дорнод аймгийн Баянтүмэн сумаас Буйрт хүргэн болж ирээд таван жилийн нүүр үзсэн байна. Мөнхжаргал өнөө жил 41 настай. Түүний эхнэр Т.Болормаа, талийгаач хоёр хожуу амьдрал зохиож айл гэр болохоор их ч зүтгэсэн тухай хөршүүд нь ярьж байлаа. Эхнэр Т.Болормаагийн аав Төмөрбаатар Буйрт анх Загасны цех байгуулагдахад даргаар томилогдож ажиллажээ. Товчхондоо Буйр нуур бараадсан энэ хэсэг айлын үүсгэн байгуулагчдын нэг гэсэн үг. Өдгөө аав нь өөд болж, ээж Дарьсүрэнгийн хамт амьдардаг байна. Түүний ах ч мөн гэр бүлээрээ энэ тосгонд амьдардаг аж. Т.Болормаа Халхгол сумын нутаг дэвсгэрт газрын тосны олборлолт явуулж буй “Дайчин тамсаг” компанид хятад хэлний орчуулагч ажилтай гэнэ. Харин нөхөр Мөнхжаргал нь сүүлийн хэдэн жил тосгоныхныг дагаж загасчилдаг байж. Яг арван гурван жилийн өмнө Буйр нуурт аймшигт осол болж долоон хүн машинтайгаа нуурын мөсөнд цөмөрч эндэж байжээ. Тэдний дунд Дарьсүрэнгийн хоёр хүү явсан юм байна.

Талийгаач Мөнхжаргал олон таван үггүй, даруу төлөв нэгэн байсан гэнэ. Архи, тамхи хэрэглэдэггүй, найз нөхөд гээд байх хүнгүй, дуу цөөтэй хүн байсан бололтой. Эзэмшсэн мэргэжил, тогтсон ажилгүй ч хар бор ажилд хэнийг ч дагуулахгүй нэгэн байжээ. Осол болдог өдөр ч мөн бусад өдрүүдтэй л адил тавьсан тороо эргэхээр гурван загасчнаа “Портер” машиндаа суулгаад явсан байна.

Үргэлжлэл бий

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

Ямаа самнахаар хотоос Алтанбулаг суманд очсон залуу нутгийн иргэний аминд хүрчээ

Төв аймгийн Алтанбулаг суманд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Хэргийн мөрөөр Алтанбулаг сумыг зорилоо. Тус сум Улаанбаатар хотоос 52 км-ийн зайд орших бөгөөд сумын төвийн чанх хойгуур Туул гол урсдаг. Алтанбулаг сумын Засаг дарга Б.Цэрэнбат ажлаар хот явсан учир Засаг даргын орлогч Н.Батмөнх дарга бидэнд сумынхаа талаар танилцуулав. Тэрээр 1999 оноос хойш сумандаа ажиллажээ. Өмнө нь Засаг дарга, Тамгын газрын даргын албыг хашиж байжээ. Албан бүртгэлээр сум 3084 хүн амтай. Хустай байгалийн цогцолборт газар, Олон улсын энхийг сахиулах төв, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги зэрэг томоохон байгууллагууд үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор 2000 орчим түр оршин суугч суманд харьяалагддаг байна. Тиймээс нутгийн ихэнх иргэн мал аж ахуй эрхэлдэг бөгөөд үүнийг дагасан үйлдвэр, үйлчилгээ явуулж амьдралаа залгуулдаг. Бусад сумтай харьцуулахад ажилгүй иргэд бага. Сүүний үйлдвэр, бяслагны үйлдвэр, сүү хөргөлтийн үйлдвэр, эсгий эдлэлийн үйлдвэр гээд жижиг дунд үйлдвэр олон бий. Эдгээр үйлдвэрүүд сумынхаа иргэдийг тодорхой хэмжээгээр ажлын байртай болгож байна. Мөн Туул голыг түшиглэн чацаргана зэрэг жимсний аж ахуй эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж хэд хэд байдаг юм байна. Энэ жил сумын 80 жилийн ой тохиож байгаа аж. Сумынхан ойдоо бэлтгээд нэлээд хөл хөдөлгөөнтэй байв.

СЭЖИГТЭН ТАЛИЙГААЧИЙН ЦЭЭЖИН ТУС ГАЗАР НЭГ ХУТГАЛЖ, УЛМААР АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ

Ер нь бол жилийн дөрвөн улирал идэвхтэй амьдрал буцалж байдаг сум бололтой. Ажилгүй иргэд ховор учраас архидан согтуурах дүр зураг, элдэв янзын гэмт хэрэг ч төдийлөн гараад байдаггүй тухай нутгийнхан ярьсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус суманд гарсан хүн амины ноцтой хэрэг нутгийн олныг нэлээд цочроогоод байна. Алтанбулаг сум Сумт, Аргал, Алтан-Овоо, Замт гэсэн дөрвөн багтай. Сумт нь төвийн баг бол үлдсэн гурав нь хөдөөгийн баг. Алтан-Овоо багийн нутагт уг хэрэг гарсан гээд байгаа. Угтаа хэрэг сумын төвд гарчээ. Хэрэг сумын төвд иргэн Т-ийн гэрт үйлдэгдсэн байна. Иргэн М, П нар маргалдаж улмаар нэгнийхээ аминд хүрчээ. Талийгаач М 30 гаруй настай. Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрт нутагладаг малчин аж. Тухайн өдөр сумын төвд орж ирээд таньдаг найз нөхөдтэйгөө уулзаж ганц, хоёр шил архи уусан гэх. Ингээд П-тай шалихгүй асуудлаас болж үл ойлголцоод салжээ. П-г унтаж байх үеэр М гэрт нь орж мотоциклийн каск буюу малгайгаар цохиж авсан бололтой. Дуг нойрондоо дугжирч байхад нь гэнэт цочоож сэрээсэнд П уурсан босч ирээд хариу цохилцож ширүүн маргаан үүсч улмаар хутга аван талийгаачийн цээжин тус газар хутгалж аминд нь хүрчээ. П хүний аминд хүрсэн гэдгээ гэнэт ойлгож шоконд орж улмаар амиа хорлохыг завдаж өөрийгөө хутгалжээ. Энэ үеэр ойр хавьд байсан хүмүүс М-ийг эмнэлэгт хүргэж, цагдаад дуудлага өгчээ. Харамсалтай нь түргэн тусламж ирэхэд М аль хэдийнэ амьсгал хураасан байсан ба сэжигтэн П их хэмжээний цус алдаж байсан гэх мэдээлэл байна. Ингээд сэжигтэнг эмнэлэгт ирэхтэй зэрэгцэн сумын хэсгийн төлөөлөгч иржээ. “Хэрвээ маргаан үүсч зодоон болох үед дуудлага өгсөн бол ийм байдалд хүрэхгүй байсан. Утсаар залгаж дуудлага өгч болдоггүй юм гэхэд гүйж ирээд яагаад дуудлага өгчихсөнгүй вэ” гэж хэсгийн төлөөлөгч ярьж байсан. Хэрэг болсон газар хэсгийн төлөөлөгчийн байрнаас хэдхэн гудамжны цаана байжээ. Сэжигтэн П нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн. Өдгөө 28 настай тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, тус суманд ямаа самнахаар ирээд байсан нь энэ юм. Энэ хугацаанд хамаатныхаа айлд байрлаж байжээ.

ТАЛИЙГААЧ ЧАМГҮЙ САЙН УЯАЧ БАЙЖЭЭ

Талийгаач М эхнэр хүүхэдтэй, тогтсон амьдралтай нэгэн байж. Эцэг, эхээс ах дүү олуулаа. Удам залгасан малчин төдийгүй хурдан морь уядаг уяач хүн гэдгийг таньж мэдэх хүмүүс ярьж байна лээ. Түүний уясан хурдан хүлэг сумандаа төдийгүй томоохон уралдаанд айрагддаг байж. Залуу хөдөлмөрч, ажилсаг нэгэн байжээ. Нутгийн хүмүүс ч М-ийг даруу төлөв зантай, олон таван үггүй гэдгээр нь андахгүй. Зарим нь “Би лав өдий олон жил энэ суманд амьдрахдаа түүнийг архи уучихсан согтуу явсныг харж байгаагүй” гэж ярьж байгаа бол зарим “Овоо хэдэн малтай. Амьжиргаатай, томоотой залуу л санагддаг. Хоорондоо шалихгүй зүйлээс болж муудалцсан гэсэн. Хайран сайхан залуу” гэв. Насаараа тус нутагт амьдарсан нэгэн хөгшин “Ганц юм хувааж уугаад хүний аминд хүрч байдаг яасан их омог вэ. Энэ залуус сүүлийн үед их омогтой болж. Сав л хийвэл ална, тална гээд хутга шөвөг барьдаг болчихож” хэмээн нэлээд бухимдангуй өгүүлэв. Ер нь энд ойрын хэдэн жил ноцтой хэрэг гарч байгаагүй гэнэ. Гэвч өнөө жил ийн хоёр дахь хүн амины хэрэг тус суманд гараад байна. Өнгөрсөн өвөл мөн нэг залуу хүргэнээ хутгалж аминд нь хүрсэн хэрэг гарсан байна. Хүргэнтэйгээ таарамжгүй харилцаатай байсан нь хэрэг гарах гол шалтгаан болсон гэх. Он гарсаар хоёр ч ноцтой хэрэг гарсанд нутгийн иргэд ч их түгшиж шөнө, орой гэрээсээ гарахдаа эмээх болсон талаар ярив.

ХОТТОЙ ОЙРХОН БОЛОХООР ЭЛДЭВ ЯНЗЫН ХҮМҮҮСИЙН ХӨЛ ТАСАРДАГГҮЙ

Сүүлийн үед Алтанбулаг суманд онц ноцтой хэрэг мэр сэр гарах болжээ. Саяхан тус сумын нутаг дэвсгэр Булгийн тохой гэх газраас шатсан цогцос олдож нийгэмд нэлээд шуугиан дэгдээсэн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат 50 гаруй хоёр хүү нь бүлэглэн амь насыг нь хороож улмаар шатаасан болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг. Биокомбинат, Шувуун фабриктай залгаа орших суманд гаднаас чиглэсэн элдэв хүмүүсийн хөл хөдөлгөөн тасардаггүй бололтой. Ялангуяа малын хулгай их гардаг байна. Биднийг очих үеэр сумын хэсгийн төлөөлөгч малын хулгайн араас мөрдлөг хийхээр яваад эзгүй байв. Алтанбулаг сум малынхаа тоогоор дээгүүрт бичигддэг. Тиймээс мал тэвээрэг авах үеэр хэсгийн төлөөлөгчид малын хулгайн дуудлагаар тасардаггүй гэсэн. Нийслэлээс машин тэрэг хөлөглөн бэлтгэлтэй гарсан хулгайч нар айлын адуу, үхэр шөнөөр тууж гол гатлуулан баруун тийш дамнуулан тууж зам дагуух томоохон гуанз, цайны газруудад нийлүүлдэг гэх мэдээлэл ч бий.

СЭЖИГТЭН ЮУНЫ УЧИР ХҮНИЙ АМИНД ХҮРЭВ

Сэжигтэн П ямар учраас хүний аминд хүрсэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байна. Түүнийг саатуулаад байгаа бөгөөд хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Нутгийн хүмүүсийн ярьж буйгаар талийгаач сэжигтэн хоёр бие биенийгээ танихгүй гэнэ. Тухайн өдөр хэдэн хүнтэй нийлж архи ууж, дарвих үед сэжигтэн хамт байсан бөгөөд улмаар согтуу хүмүүс нэгнийхээ үгэнд гомдож, үл ойлголцол үүссэн байж болзошгүй. Маргаан ширүүсч хэрэг гарах шалтгаан болсон гэх. Зарим эх сурвалжийн мэдээлснээр талийгаач цээжиндээ дөрөв хутгалуулж амиа алдсан гэж байгаа бол албан эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн талийгаачийн цээжин тус газар нэг хутгалсан нь амин тус газар нь тусч үхлийн шалтгаан болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Гэр хорооллоос орон сууцанд орсон зам

“АМЬД ЯВАА НАСАНДАА БАЙРАНД ОРНО ЧИНЭЭ САНАСАНГҮЙ”

Нийслэлийн 2012-2016 оны үйл ажиллагаанд нэгэн том хөтөлбөр тусгагдсан нь агаар болон, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой гэр хорооллын иргэдийг орон сууцтай болгох дахин төлөвлөлтийн төсөл юм. Энэ төсөлд хамрагдан газраа чөлөөлөн орон сууцтай болж буй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Үүний нэг болох “Шинэ Амгалан” хороолол Баянзүрх дүүргийн VIII хороонд сүндэрлэлээ. Шинэ хорооллын анхны оршин суугчид нь газраа чөлөөлж өгсөн иргэд байв. Алд цэнхэр хадаг, аягатай сүүгээ барин хөл хөөр болсон эдгээр айлаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Уг хорооллын гүйцэтгэгчээр “Гангар инвест” компани ажиллажээ. 168 айлын орон сууц ашиглалтад орсноос одоогоор 70 орчим айл шинэ өргөөнд нүүж ороод байгаа аж. Бүгд газраа чөлөөлж өгөөд оронд нь орон сууцанд орж байгаа айлууд. Тэдний нэг бол Б.Хандмаагийнх. Б.Хандмаа 0.07 га газрынхаа оронд гурван өрөө байранд орохоор “Гангар инвест” компанитай гэрээ хийжээ. Тус байрны хамгийн том талбайтай айл нь 52 метр квадрат аж. Хаалгыг нь тогштол их л уриалгахан хүлээж аваад дотогш оруулав. Охид нь бололтой 20 гаруй насны хоёр эмэгтэй мэндэлчихээд “Сониноос хүн ирчихээд байхад хувцсаа солихгүй бол болохгүй нь” гэж ээждээ хандан шивнээд өрөө рүүгээ орчихов. Харин Б.Хандмаа “Шинэ байрандаа ороод удаагүй болохоор олигтой тохижиж амжаагүй л байна” гэлээ. Хананд өлгөсөн зургаас харахад өнөр өтгөн бүл ажээ. Б.Хандмаа цай аягалах зуураа “Байранд орчихсон үнэхээр сайхан байна. Хөл газар хүрэхгүй л хэдэн сар гүйлээ.

Амьдралдаа анх удаа ингэж сайхан амьсгаа авч, бүтэн нойртой хонож үздэг юм байжээ” гэж ирээд их л баярлах аж. Тэрээр Зэвсэгт хүчний 026 дугаар ангид нярав хийдэг байж. Тус ангид анх нөхөртэйгөө танилцаж, тэр л ангид амьдралынхаа 20 гаруй жилийг холбосон гэдэг. Түүний нөхөр ангийн зэвсгийн нярав байж. Хорин хэдхэн настай залуу хосууд анги хамт олныхоо дэмжлэгтэйгээр өдий зэрэгтэй явааг Хандмаа хэлсэн. Хосуудыг өрх тусгаарлаж гарахад ангийн зүгээс таван ханатай гэр бэлдэж өгч. Ингээд ангийн тэр болгон ашиглаад байдаггүй талбайд алба хаагчдынхаа адил амьдрах болжээ. Удсан ч үгүй өнөөх талбайг өмч хувьчлалын үеэр айлуудад нь хуваагаад өгчихөж. Өөрийн гэсэн хөрөнгөгүй залуу хосууд ингэж л газартай болж, нийслэлийн гэр хороололд нэгэн айл гал голомтоо бадраасан түүхтэй. Хүний гар хараад, хоногийн хоолоо аргацааж яваа хосуудаас Хандмаа, Батжаргал хоёр огт өөр ертөнц байсан аж. Гурван жилийн хугацаанд ангиас бэлэглэсэн хашаандаа 12:6 метрийн хэмжээтэй байшин бариад авч. Таван ч хүүхэдтэй өнөр өтгөн айл хоёр идэж, хоосон хонолгүй болоод л байдаг байв. Гэвч түүний нөхөр 2003 онд хүнд өвчний улмаас өөд болжээ.Тэрээр энэ тухай ярихдаа үе үе санаа алдаж, толгой сэгсэрч “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдаж байсан үе мөн ч олон тохиолдсон доо” гэв. Хажуу өрөөнөөс охин Б.Бат-Оюун “Ээж минь ийм сайхан өдөр бараан дурсамж сэргээгээд яахав. Таныхаа ач, буянаар манайх гэдэг айл паартай байшин, паалантай жорлонтой байранд насан туршдаа амьдрах боллоо шүү дээ” гээд ээжийгээ үнсээд зурагт үзэж суусан хоёр дүүгээ “зурагтныхаа дууг багасгаарай” гээд гал тогоо руу эргэв. Эднийх таван хүүхэдтэй. Том хүү Б.Батсуурь өрх тусгаарлаж тусдаа амьдардаг бөгөөд гурван хүүхэдтэй юм байна. Батсуурийн том охин Ариунтуяа хичээлдээ явчихсан. Харин Батцоож, Батцэцэг хоёр өглөө нойроо харамлаж унтсаар байгаад цэцэрлэгээсээ хоцорчихсон болохоор ийн гэртээ өнжиж, өдөржин хүүхэлдэйн кино үзэж байгааг эмээ нь хэлэв. Зураг авах сургаар хүүхэлдэй үзэж суусан Батцэцэг охин год хийн босоод нөгөө өрөөнд орж гангарчихаад ирэв. Манай зурагчин зураг дарах болгонд өмнө нь очиж инээн хоёр хуруугаа гозойлгоно. Бас болоогүй ээ, ахыгаа “Тийшээ хар” гэж камер руу заана. Хандмаагийн удаах охин Б.Бат-Оюун Санхүү эдийн засгийн дээд сургуулийг нягтлан мэргэжлээр төгсчээ. Нөхөр Б.Уламбаяр мөн нягтлан мэргэжлээр сурч байгаа бөгөөд Анужин гэх хөөрхөн охинтой юм байна. Дунд охин Б.Батцэрэн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг хүнсний технологичоор төгссөн бөгөөд өдгөө “Гачуурт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газар, буудалд тогоочоор ажилладаг аж. Дүү Отгонцэрэн Олон улсын бизнес, эдийн засгийн харилцааны дээд сургуулийн төгсөх курсийн оюутан юм байна. Тэрээр татвар гаалийн мэргэжлээр суралцжээ. Найз залуу А.Даваадорж нь нэг анги бөгөөд тун удахгүй бүл нэмэхээр зэхэж байгаа юм билээ. Отгонцэрэн есөн сартай бие давхар болохоор хичээлээсээ чөлөө авчихсан байгаа бол нөхөр нь хичээлдээ явчихсан учраас хараахан ирээгүй байв. Харин хамгийн бага охин Оюунзул ирэх намар оюутан болох юм байна. Хандмаа “Бага охиноо сургуульд сургаад төгсгөчихвөл боллоо доо. Хэдэн хүүхдээ хүний гар харуулахгүйн тулд бүгдийг нь их, дээд сургууль төгсгөлөө. Мэргэжилтэй, ажилтай хүн алзахгүй. Одоо чинь тогтмол орлоготой залуучуудад орон сууцанд орох асуудал биш болжээ. Би ч энэ яваа насандаа байранд орж, хэдэн хүүхдүүдээ гялайлгаж чадахгүй нь. Хойд насандаа л байртай болдог байх даа гэж бодож байлаа. Ингээд хүүхдүүдтэйгээ бужигнаад сууж байх чинээ санасангүй” гээд хөлсөө арчив. Хандмаа таван хүүхдээ мэргэжилтэй, боловсролтой болгохын тулд олон ч ажил хийжээ. Ёстой л хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөж явсан гэдгийг түүний гэр бүлийнхнээс гадна хамар хашааны айлууд нь ч андахгүй бололтой.

Ханиа өөд болсны дараа насанд ч хүрээгүй хүүхдүүдээ хүн болгохын тулд “Улаанбаатар нэгтгэл”-д тогооч хийж хажуугаар нь Дэлхийн зөнгийн хүүхэд хөгжлийн мэргэжилтэн хийж хорооныхоо 250 гаруй хүүхдийн нийгмийн асуудалд анхаарал тавьдаг байж. Өөрийнхөө хэдэн хүүхдээс гадна хэний хүүхэд хоосон хонож байгаа бол, хэний хүүхдүүд мөр бүтэн өмсөх хувцастай байна гээд л уйгагүй айл болгоноор орж судалгаа хийдэг байжээ. Үүний төлөө сард 70 мянган төгрөг авдаг байсан гэнэ. Улмаар хогийн байцаагч хийж бага ч гэсэн орлого олно. Угаас нийгмийн идэвхтэй, хичээл зүтгэлтэй, ааш зан сайхантай учир хорооныхон ч түүнийг андахгүй. Сонгуулийн үеэр сурталчилгаа хүртэл тараагаад хэдэн төгрөгтэй болчихно. Энэ мэтчилэн өдөр, шөнөгүй ажиллаж явсаар өдгөө биегүй болж, юм л бол хэвтчих гээд байдаг болсон талаар түүний охид ярив. Харин хүний хөгжлийн 20 мянга, 1072 хувьцааны журмаар олгосон сая төгрөг зэрэг нь ээжийнх нь нуруун дахь ачааг бага ч гэсэн хөнгөлсөн болохыг хүүхдүүд нь ярьж байлаа. Том хүү нь барилгын мэргэжилтэй. Дүү нараа тэжээхийн тулд ээжтэйгээ ажлын төлөө өөд уруугүй гүйсэн ганц насанд хүрсэн энэ айлын эр хүн байсан цаг саяхан. Ийн өдөр хоногийг өнгөрүүлж явах хооронд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээр болж барилгын компаниуд айлуудаар явж санал тавьж, гэрээ байгуулах болжээ. Хандмаа ч хороотойгоо харилцаа холбоотой нийгмийн идэвхтэй иргэн учраас шуудхан л зөвшөөрч. Охид ч “Бид ээжид юу ч хэлээгүй. Ээж маань амьдрал сайхан болно гээд гэрээ хийхэд хэн ч юм хэлээгүй. Битүүхэндээ яах бол, бүр хашаа ч үгүй болчихвий дээ гэж айж л байлаа. Гэхдээ ээжийнхээ өмнөөс үг сөрөг эрх бидэнд байхгүй. Тэгээд ч ээжийн минь гаргасан шийдвэр ямагт зөв байдаг. Тиймээс бид ээжийгээ дэмжинэ, хэлсэн үгээр нь л явдаг” гэсэн юм. 2013 оны зургадугаар сард гэрээ хийж арваннэгдүгээр сард “Гангар инвест” компанийн зүгээс түрээсийн байранд нүүлгэж оруулжээ. Ингээд байр ашиглалтад ортол түрээсийн хоёр өрөө байрны төлбөрийг хүртэл олгож байсан тухай ярьсан. “Байр бэлэн болсон сургаар байшинд тавьж байсан хэдэн хуучин тавилгаа, хуучин хувцастайгаа чирээд л ирсэн дээ” гэв. Хоёр өрөөнд нэг нэг компюьтер, хүүхдийн шүүгээ, гал тогооны жижиг тавилга, хуучны модон сандлаас өөр эд хогшил ч гээд байх юм харагдсангүй. Их л цомхон, цэлгэр зайтай байлаа. “Байрны айл болж тохижиж амжаагүй л мунгинаж байна. Одоо л байрандаа дасч байна. Болоогүй ээ энэ хэдийгээ усаа хэмнэж хэрэглээрэй. Гэрлээ унтрааж бай гээд хангинаад сууна” гэж ээжийгээ ярих зуур ач хүү Батцоож “Эмээ та бас худгаас ус ав, гал түл гэж загнахгүй байгаа тийм ээ” гэж хэлээд бөөн инээдэм болов. Хөгжөөн хөөр үүгээр дуусдаггүй бололтой. Хэдий бага метр квадраттай гурван өрөө ч гэсэн хүүхдүүд нь тусдаа гарч амжаагүй байгаа болохоор нэг нэг өрөөнд хаалгаа хаачихдаг амар болсон гэж ярьцгаав. Энэхүү байранд орсон айлууд бүгд л хамар хашааны хөршүүд. Тиймээс шинэ байрандаа орчихоод “Танайх ямар байна. Орж үзье”, “Манайх ийм” гэж ирээд л харьцуулан ярьдаг гэсэн. Бараг л хаалгаа дэлгээстэй гэрээсээ ярилцах нь холгүй байдаг гэв. Хандмаагийнх газраа чөлөөлөхдөө байшингаа буулгаж аваад материалыг нь том охиндоо байшин босгож аваарай гээд өгчээ. Том хүүгийн хувьд Гачууртад хашаа байшинтай боловч хүүхдүүдийнхээ цэцэрлэг сургуулийг бараадаад ээжийнхээсээ хэдэн гудмын урд айлын хашаа, байшин түрээсэлж амьдарч байгаа гэсэн.

“ЗҮҮД БИШ БАЙГАА ДАА

Газраа чөлөөлж орон сууцтай болсон С.Батсайханыд орлоо. Үүдээр оронгуут л эмх цэгцтэй, ам бүл цөөхүүлээ айл бололтой харагдав. 31 метр квадрат нэг өрөө байрыг үндэсний уламжлал хадгалсан сийлбэртэй цэвэр модон тавилгаар тохижуулжээ. Хувцасны шүүгээ, хоолны ширээ, сандлыг эс тооцвол бүгд үнэр нь ханхалсан модон тавилгатай харагдав. Түүний эхнэр Д.Равсал ер зүгээр суухгүй юм. Ширээний хажууд суувал ширээгээ алчуураар зүлгэж, орон дээр суувал орны бүтээлгээ тэнийлгэж, босч зогсохоороо цэцэг услаад л. Батсайхан “Бид хоёр хөдөөний малчин улс. Байранд орно гэдэг чинь сонин л юм байна. Хийх юм ч олдохгүй” гэснээ “Өглөө сэрээд л зүүд биш байгаа даа гэж өөрсдийгөө чимхэж хүртэл үзсэн” хэмээн хошигнов. Гэхдээ хэдий ярихдаа хошигнож байгаа боловч үнэхээр л түүний амьдралд зөвхөн зүүдэнд нь ордог үйл явдал тохиосон гэдэг. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Батсайханых сумандаа мал маллаж ирсэн байна. Хүү Б.Доржзовд, охин Б.Лхамсүрэн нарыгаа оюутан болоход нь дагаж хот орж иржээ. Хэдэн малаа айлд тавьчихаад хот газар бараадсан Батсайханых эхний хоёр, гурван жил хүндхэн л санагдаж. Түм түжигнэж, бум бужигнасан газар багталцаж шингэхийн аргагүй ч юм шиг л байсхийгээд л хөдөө мал руугаа явчихдаг байж. Хамаатныхаа айлын хашаанд хоёр жил амьдраад хажууханд нь айлын хашаанаас 150 метр квадрат газар тасдаж худалдаж авчээ. 2010 оны үед нэг сая 200 мянган төгрөгөөр авсан юм байна. Гэтэл гурван жилийн дараа өнөө бодож ч үзээгүй байртай болох таатай санал тавьсан байна. Эхнэр, нөхөр хоёр ч дуун дээр зөвшөөрч. Алдхан газрын юунд харамсахав. Үзээд алдъя л гэж бодсон тухай нөхөр нь яриа дэлгэв. Тэгсэн удсан ч үгүй газраа чөлөөлж өгөөрэй гээд төсөл хэрэгжүүлэгч компанийнхан иржээ. Батсайхан “Энэ менежер Б.Цолмон, Д.Дөлгөөн нарт их талархаж байгаа. Бас улс эх орондоо сэтгэлийнхээ гүнээс баярлаж байна. Үнэхээр сайхан ажил санаачилж бидэн шиг мянга мянган айлыг мөрөөдөөд ч биелэхгүй байранд оруулж байна шүү дээ. Энэ л бодит ажил. Таньдаг мэддэг хүмүүс их гайхаж байгаа. Зарим нь итгэхгүй хөдөөнөөс ирсэн шүү дээ, манайд” гэв. Үнэхээр ч таван ханатай гэр арай гэж багтдаг байсан газар тохилог сайхан, дулаан байр болж хувирна гэдэг тэдний хувьд юутай ч зүйрлэшгүй аз гэдгийг тодотгож байсан. Батсайханы хүү Батлан хамгаалахын их сургуулийг төгссөн. Өдгөө 26 настай Өмнөговь аймгийн Шүүлэнгийн заставт орлогч дарга хийдэг бөгөөд гэр бүлийнх нь хүн мөн л тус заставд ажилладаг байна. Охин нь ЭМШИУС-ийг төгсч, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмч хийдэг байна. Мөн л гэр бүлтэй болжээ. Тиймээс хоёулхнаа шинэ байрандаа амьдарч байгаа аж. Гэрийн эзэн барилгын компанид засварчин, мужаан, заримдаа харуул хүртэл хийдэг бол эхнэр нь гэрийнхээ хажууханд байрлах цэргийн ангид үйлчлэгч хийж байгаа гэнэ. Хөл дүүжлэх унаатай, сардаа нийлээд дунджаар 800 мянган төгрөгийн цалин авчихдаг учраас санаа зовох зүйлгүй, бидэндээ бол хангалуун сайхан л амьдарч байна гэсэн юм. Эхнэр нь Батсайханыг нударч “өнөөхөө яриач” гэж ирээд л жуумалзах. Юу юм бол гэж их л сониучирхаж асуутал эхнэр нь угаалгын өрөөнөөс цоо шинэ угаалгын машин гаргаад ирэв. Учир нь байрны нээлт хийх үеэр “Гангар инвест” компани оршин суугчдынхаа дунд азтан шалгаруулжээ. Батсайхан энэ үеэр угаалгын машины азтан болсон юм байна. Эхнэр нь “Байртай болчихлоо. Гал түлж, үнс нурамтай ноцолдохоо болилоо. Бас гараар хувцсаа угаахаа больж байна. Өмнө нь ч ажилдаа ядарч орж ирээд хоол хийнэ, гал түлнэ, хувцсаа угаана гээд зутруухан л байдаг байж, одоо бодоход. Хүн гээч амар хялбар амьдралд хурдан дасдаг ямбатай ч юм аа даа” гээд инээмсэглэв. Компанийнхан энэ гэр бүлийг хамгийн азтай, одтой хүмүүс гэж цоллодог аж. Аливааг эергээр хүлээж авдаг, чих зөөлөнтэй хүмүүс гэж байсан. Хоёр хоногийн дотор газраа суллаарай гэсэн бол хэлсэн даруйд нь л нүүчих жишээтэй. Бүх зүйл зовлонгүй хурдан бүтдэг. Хэл ам хийгээд байгаа хүмүүсийн ажил улам л хойшлогдоод гацаад байхад энэ гэр бүлийн ажил тэр аяндаа л бүтээд байдаг. Сая байранд орчихоод азтан болчихож байна. Тэгээд ч хамар хашааныхантайгаа хүртэл эв түнжинтэй. Бусдад гэм хоргүй ёстой л хийморьтой хүмүүс хэмээн тодотгов. Тэд ч байрныхаа найрыг хэзээ хийх талаар яриа дэлгэн хоцров.

“МАНАЙ ГАЗРЫГ АВААД ТЭР БАЙРАНДАА ОРУУЛААД ӨГӨӨЧ”

“Гангар инвест” компанийн төслийн менежер Б.Цолмон, С.Дөлгөөн нарыг байрныхан андахгүй аж. Бүгд л төслийн ашиг тусыг магтах бөгөөд үүнээс илүүтэй гэрээ хийж байранд оруулсан хэмээн өнөөх хоёрыгоо ихэд хүндэлдэг. Бараг л бурхан дээрээ зургийг нь тавихын холгүй шүтчихэж. Өнөө хэд нь хүүхдүүд, хамаатан садан нь аятай байнга мэнд ус мэдэлцэж, яажшуухан байгааг асуух аж. Тэд анх төслөө танилцуулаад явахад тэр болгон хүмүүс ойлгохгүй, бүр газрыг минь авах гэлээ гээд харааж зүхдэг байж. Эсвэл арай зам дагуу гэмээр айлууд нь га хүрэхгүй газраа 200-300 сая төгрөг, хэдэн тэрбумаар үнэлдэг байсан гэнэ. Эхний ээлжийн барилга ийн ашиглалтад ороод ирсэн чинь өнөөх аашилж загнаад байсан иргэд “Манай газрыг аваад тэр байрандаа оруулаад өгөөч” гээд гуйх болсон тухай компанийн ажилчид ярив. Хажуу айл нь нүдэн дээр нь байранд оронгуут хүмүүс их барьцаж байгаа аж. Дараа дараагийн айлууд их шуурхай газраа чөлөөлөөд өгчээ. Дахиад 168 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд зургаан блок барихаар мөн л бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн. Дээрх төслийн нийслэлийн 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах ажил өрнөж байна.

Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд 588 айлын орон сууцыг мөн 2015 онд 1656 айлын орон сууцны барилгыг тус тус ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 615 өрхийн нийт 2583 иргэнийг орон сууцаар хангасан билээ. Харин 2016 онд нийт 4044 айлын орон сууцыг барьж, ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

“Өнөр бүл өнөө цагт”

Монголын хуучны уран сайхны кинонууд ихэнхдээ үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Эдгээр уран бүтээлийн нэг бол 1980-аад оны үед гарсан “Өнөр бүл” кино юм. Тэгвэл тус киноны орчин цагийн хувилбар болох “Өнөр бүл өнөө цагт” нэртэй киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. “Хүлэгү пикчерс” кино компани, “Монгол кино нэгтгэл” хамтран “Эдүгээчилсэн монгол кино” төслийг санаачлан эхлүүлээд байгаа бөгөөд тус кино анхны бүтээл нь юм байна. Одоогоос 36 жилийн өмнө “Өнөр бүл” киног анх Дожоодоржийн зохиолоор найруулагч Д.Жигжид найруулж олны хүртээл болгож байсан түүхтэй. Тэгвэл тус киноны зохиолыг “Өнөр бүл өнөө цагт” болгон Т.Номуунзул шинэчлэн бичиж Соёлын тэргүүний ажилтан С.Баттулга найруулагчаар ажиллажээ. Тус кино багийнхан энэхүү бүтээлийнхээ талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр хуваалцсан сэтгэгдлийг хүргэж байна. Найруулагч С.Баттулга “Хуучны киног шинэчлэн найруулах, сэргээх гэж л зорилоо. Дэлхийн кино урлагт олны таашаалд нийцсэн хуучны киног дахин бүтээж, дэлгэцнээ гаргах явдал өргөн түгсэн байна. Тухайлбал,ОХУ-ын “Ийм нэгэн явдал” киног нэрлэж болно. Энэхүү киног найруулагч Эльдар Рязановын найруулгаар 1977 онд анхлан бүтээсэн байдаг. Харин 2011 онд найруулагч Сарик Андреасян дахин сэргээж дэлгэцнээ гаргасан. Монголын киноноос гэвэл 1985 онд Балжинням найруулагч найруулж олны хүртээл болгосон “Би чамд хайртай” кино байна. Тус киног 2010 онд найруулагч Б.Баатар үргэлжлэл хэлбэрээр дахин бүтээсэн байдаг шүү дээ” гэсэн юм. Цаашдаа “Эдүгээчилсэн монгол кино” төсөл “Аман хуур”, “Сэрэлт” зэрэг киногоор үргэлжилж магадгүй аж. Харин тус кинонд үйлдвэрийн дарга Ардын жүжигчин Г.Мягмарнаран “С.Баттулга надад ийм кино байна гээд санал тавихад би их гайхаж, цочирдсон. Тэгээд 1980-аад оны үеийн аварга уран бүтээлчид, тэр дундаа Жигжид найруулагчийн бүтээлийг энэ хүү барьж авч хийнэ гэдэг чинь юу билээ гэж эргэцүүлж бодлоо. Энэ кинонд нь би оролцвол хүмүүс сайнаар хүлээж авахгүй дээ. Сүүлд нь яаж шүүмжлүүлэх бол гэж шаналсан шүү. Гэхдээ надад нэг л зүйл сонирхолтой санагдсан. Урьд нь “Ардын элч”, “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” зэрэг хуучны киног барьж авч өнөө цагт шинэчлэн найруулсан нэг ч кино уран бүтээлч байхгүй. Залуу уран бүтээлчдийн тэр халуун зориг надад ташуур болсон. Одоо дүүрсэн. Ямар ч байсан ичиж зовохгүй үзэхээр хэмжээний бүтээл болж чадсан байх” хэмээн ярьж байсан. “Өнөр бүл” киноны гол дүр болох Гармаад Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий тоглосон. Түүнийг үзэгч түмэн “Сахиул уу, сахиус уу” киноны Баатар, “Үүрийн цолмон” киноны Нямбуу “Эргэж бодох бодол” киноны Эрдэнэ зэрэг олон дүрээр нь таних биз ээ. Харин киноны хамгийн гол зангилаа, чимэг болсон дүр бол Цэрмаа. Түүний дүрд өдгөө Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Ц.Чулуунцэцэг тоглосон байдаг. Дундговь аймгийн тэмээчин бүсгүйг нэгдэлчдийн их хурлын тоглолтод оролцоход нь гярхай найруулагч харсан гэж ярьдаг. Харин нөгөө Гармаад цэргийн чуулгын дуучин Жанчив тоглосон. Мөн жүжигчин Б.Цэцэгбалжид, Гармаагийн ээжид Ардын жүжигчин Долгорсүрэн гуай тоглосон юм. Тэгвэл орчин цагийн “Өнөр бүл өнөө цагт” киноны Гармаад Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглосон бол Цэрмаад Б.Болормаа хэмээх сэтгүүлч тогложээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, гавьяат жүжигчин Д.Мэндбаяр, Ш.Алтанцэцэг, Ж.Оюундарь зэрэг уран бүтээлчид тогложээ. Киноны анхны хувилбарт дөнгөж төрсөн хоёр хүүхдийг төрөх эмнэлгээс гарахад нь зургийг нь авч тоглуулж байсан бол одоогийн хувилбарт гурван ихэр хүүхдийг тоглуулжээ. Учир нь хоёр ихэр хүүхэд өнөө цагт тийм ч содон үзэгдэл биш болсонтой холбоотой аж.

Д.Баттөмөр: Ч.АЛТАН-ӨЛЗИЙ АХЫГ ДУУРАЙХААС ИЛҮҮ ОРЧИН ЦАГИЙН ГАРМААГ ГАРГАХЫГ ХҮССЭН

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөрөөс зарим зүйлийг тодруулсан юм.

-Найруулагч таныг Гармаагийн дүрд аль талаас нь илүү тохирно гэж харсан бол?

-Найруулагчийн л сонголт. Миний хувьд хуучин цагийн Гармаа ямар байсан бэ гэдгийг дуурайж давтахаас илүүтэйгээр орчин цагийн Гармаа ямар байх вэ гэдгийг өөрийнхөөрөө дамжуулж, өөрийн харсан өнцгөөрөө гаргахыг л хичээсэн.

-Яг юугаараа ялгаатай байх нь үзэгчдэд сонин байх болов уу?

-Бүх юм өөрчлөгдсөн байна. Би 1980-аад оны хүүхэд. “Өнөр бүл” кино намайг төрөхөөс өмнө хийгдсэн кино. Тэр үеийн Улаанбаатар, өнөөдрийн Улаанбаатар хот хоёр бол танигдахааргүй өөрчлөгдсөн. Тэгээд бас Гармаа хүнд тусархуу, маш сайхан сэтгэлтэй хүн. Өнөө цагт ийм сэтгэлтэй, аливаад сэтгэлээрээ ханддаг хүн ховордсон. Тиймээс такси барьж явснаа замын хажууд зогсож байгаа эмэгтэйг хараад л машинаа зогсоогоод эмнэлэгт хүргэж өгөх тийм хүн байгаа юу гээд л найруулагч зохиолчтойгоо багагүй зөрчилдсөн. Урлаг бол хүмүүсийг соён гэгээрүүлж байдаг учраас ийм хүн байгаасай, олон байгаасай гэдэг санааг энэ дүрээрээ дамжуулан хүргэхийг зорьж ажиллалаа. Бас Гармаа, Цэрмаа хоёрын уулзалтыг харилцаа холбоо хөгжсөн энэ үед зохицуулж дүрсэлнэ гэдэг хүндхэн байлаа.

-Анхны Гармаа буюу Алтан-Өлзий гуай Цэрмаатай үнсэлцэхэд маш их ичсэн гэж ярьсан байдаг. Харин таны хувьд?

-Энэ удаа Цэрмаагийн дүрд Болормаа гээд бүсгүй тоглосон. Түүнтэй үнсэлцдэг хэсэгт зураг авахуулахдаа нэг их ичээгүй ээ (инээв). Хамгийн хэцүү нь Гармаа бороонд нороод, гаднаас даарч орж ирээд шатар тоглодог хэсэг бэрхшээлтэй, хүнд санагдсан. Цас ороод л, бороо ороод л эрс тэс уур амьсгалтай хаврын улиралд зургаа авсан даа.

Ч.Алтан-Өлзий: ХҮҮХЭН ЭРГҮҮЛДЭГ ДҮРД ТОГЛОЧИХЛОО ГЭЖ ИХ ИЧСЭН

Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий Өнөр бүл киноны тухай ийн дурсдаг юм.

Таныг Гармаагаар л төсөөлдөг. Гармаагийн дүрийг та тодорхойлохгүй юу?

-Гармаа бол жинхэнэ хүний тухай дүр байж. Хүний төлөө өөрийгөө золиосолж чаддаг, хүн чанартай нэгэн. Би Гармаад хааяа атаархдаг юм. Одоогийн энэ нийгэмд Гармаа шиг хүн ховор шүү дээ.

-Кино зураг авалтын хамгийн хүнд хэсэг гэвэл?

-Кино зураг авалт арваннэгдүгээр сард эхэлж байсан. Гармаагийн амралтанд согтуу орж ирдэг хэсгийн зургийг эхэлж авч байсан. Тэр хэсэг л одоо бодоход хүнд байсан юм болов уу. Кинонд бараг машин явахгүй, цэлгэр зам гардаг. Энэ нь кино багийнханд бэрхшээл болж байлаа. Хотын хэсгээр машинтай явдаг хэсгийг авах гэтэл машин явдаггүй. Тэр үед Д.Жигжид гуай Замын цагдаагийн газар очоод Төв шуудангийн замын хөдөлгөөнийг 15 минут хаах зөвшөөрөл гуйжээ. Цагдаа дугуй төмөр дээрээ зогсоод 15 минут хөдөлгөөн хааж байгаад олон машинтай болохоор явуулсан гэнэ. Гэхдээ л их боллоо гэхэд 10 гаруй машин явж харагддаг. Энэ бол Улаанбаатарын сонин, содон зураглалын нэг юм.

-Киноны хамгийн гол хэсгийн нэг нь таны Цэрмааг үнсдэг хэсэг. Тэр зургийг авахуулахад ичиж байв уу?

-Хамгийн хэцүү, хөлс гаргаж авсан хэсэг шүү. Д.Жигжид гуай үнс гээд байдаг. Би яах юм бэ гээд ичээд байдаг. Тэгээд үнсэхээр л ингэж үнсдэг юм уу гээд загнана. Амралтынхан ирээд шавчихсан. Олон хүний хажууд хүүхэн үнсэнэ гэхээс л нүүр улайгаад болдоггүй. Дараа нь хүүхэн эргүүлсэн кинонд тоглочихлоо гэж ичиж байсан юм даг. Харин цаг хугацаа өнгөрөх тусам дүрдээ улам дурлаж, Гармаа гэж дуудахад нь эргэж хардаг болсон байна. Харин “гажиг” Гармаа гэхэд их эвгүй, дургүй хүрмээр санагддаг шүү гэжээ. Тэрээр “Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийг хийх бодолтой явдаг гэсэн.

Categories
мэдээ цаг-үе

Д.Хүрэлхүү: Бид их зөв дуугарч, зөв мессежийг нийгэмд өгөх ёстой

“Ядуугийн зовлон-2” уран сайхны кино саяхан нээлтээ хийсэн бөгөөд үзэгчдийн дунд хамгийн эрэлттэй киногоор нэрлэгдээд байна. Тус киноны нээлтийн үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбарэнцэнгийн Хүрэлхүүтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Та “Ядуугийн зовлон-2” киноны гол дүрд дахин тоглохоос гадна продюсероор ажиллажээ?

-Киноныхоо нээлтийг хийж үзэгчдэдээ хүргэлээ. Маш их сэтгэл хөдөлж байна. “Ядуугийн зовлон-2” кино маань миний төсөл удирдаж, продюсероор ажиллаж буй зургаа дахь бүтээл. Энэ удаа киноныхоо гол дүрд тоглолоо, баяртай байна.

-Нээлтэд ирсэн үзэгчид сэтгэл хангалуун байна. Шинэ бүтээл үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөнө гэдэг уран бүтээлчдийн хувьд юутай ч зүйрлэшгүй жаргал болов уу?

-Үзэгчдэдээ юуны өмнө сайн сайхныг хүсье. Би яг киноны нээлтийн үеэр үзэгчидтэйгээ хамт байж амжсангүй. Гэхдээ үзэгчид сэтгэл өндөр хүлээж авч байгааг би орж ирээд харлаа. Үүнийг уран бүтээлч бидний зорилго биеллээ оллоо гэж ойлгож байна. Үзэгчдэд маань таалагдсанд баяртай байна. Киногоо бага зэрэг айдастай нээж байсан. Одоо айдас маань дарагдлаа. Сэтгэгдэл өндөр байна. Бидний бүтээсэн “Ядуугийн зовлон -2” киног үзэж амжаагүй бол та бүхэн тухлан сууж таалан соёрхоорой. Цаашдаа үзэгчдийнхээ оюун санааны хэрэгцээг хангасан сайхан бүтээл, тэр дундаа кино бүтээхийг зорьж байна.

-Энэ олон жилийн дараа киноны хоёрдугаар ангийг хийх гол шалтгаан юу байв?

-Киноны нэгдүгээр анги нь 18 жилийн өмнө гарч байсан. Хоёрдугаар ангиараа өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байгаа гол утга санааг бид хэлэхийг зорьсон. Хүний амьдрал гэдэг эд хөрөнгө, мөнгө төгрөг биш гэдэг санааг энэ кинонд тод тусгаж өгсөн. Найруулагч Ц.Хүсэлбаатар, зургийн дарга С.Өлзийхүү болон манай кино багийнхан энэ цаг үед бид их зөв дуугарч, зөв мессежийг нийгэмд өгөх ёстой гэдэг үүднээс бид энэхүү киноныхоо төгсгөлийг маш их бодож хийсэн. Тухайн үед ч, хойшид ч ийм зүйл байх болно. Хүн эд хөрөнгө, өнгө мөнгөнд хэт шунавал юунд хүргэдгийг бид энэ киногоороо харуулахыг зорьсон. Харин мөнгө, эд хөрөнгөөс илүү сайхан аз жаргал, сайхан амьдрал байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон.

-Киноны нэгдүгээр ангийн Хүдэр, хоёрдугаар ангид эрс өөрчлөгдөж, ухаажиж гэх үү дээ. Төгсгөл нь өмнөх ангиас илүү гэгээлэг юм?

-“Ядуугийн зовлон-1” кинон дээр Хүдэр алт, эрдэнэс олж л баяжих сонирхолтой. Бодол санаагаа захирч чадахгүй шуналд хөтлөгдсөн нэгэн байлаа. Залуу ч байж. Харин энэ олон жилийн дараа Хүдэр эргэн ирэхдээ сэтгэцийн эмнэлгээс оргож улмаар нэгэн хүүтэй танилцана. Хүүгийн ээж бие муутай учраас тэр хоёрт хань болсон нь хуучин эхнэрийнхээ гэрт ирсэн байж таардаг. Ийн цааш үйл явдал улам сонирхолтой үргэлжилдэг. Хамгийн эцэстээ өнөөх олон жил хөөцөлдөөд байсан алт, эрдэнэс ч Хүдэрт наалдалгүй, бүх зүйл сайн сайхнаар эргэж кино төгсдөг. Гадаадын аймшгийн төрлийн кино гэхээр ихэнхдээ ид шид, эсвэл ямар нэгэн хар гарагийн амьтан ч юм уу, гадны биет төсөөлөгддөг. Харин монголчуудын хувьд дээр үеэс зарим тохиолдолд хүн бурханы оронд очсон ч эд хөрөнгөндөө хоргодоод тайван нойрсож чадахгүй үзэгддэг, тухайн эд хөрөнгөө байнга дагадаг гэж үздэг. Ахуй байдлаас сэдэвлэсэн кино болохоор тэр юм уу хүмүүст илүү хүрсэн болов уу гэж боддог. Энэ утгаараа Монголын анхны аймшгийн кино гэж хүмүүс ярьдаг байх.

-Киноны зураг авалт өмнөх ангитай харьцуулбал их өвөрмөц, технологийн хувьд шинэлэг болсон талаар үзэгчид ярьж байна. Зураг авалтын нууцаасаа хуваалцахгүй юу?

-Кино маань хүнд зураг авалтуудтай байсан. Гэхдээ их гоё, сонирхолтой төсөл явсан байгаа. Кинонд 18 жилийн өмнө тоглож байсан уран бүтээлчид хүртэл тоглосон шүү. Мөн Ц.Алдармаа гол дүр бүтээсэн гээд маш олон сайхан уран бүтээлч энэхүү бүтээлд нэгдлээ.

-Таны бие даасан ээлжит уран бүтээл хэзээ мэндлэх бол?

-Бид дөнгөж киноныхоо нээлтийг хийгээд байна. Түр амсхийж байгаад дараагийнхаа ажлыг төлөвлөнө дөө.

-Та гавьяатынхаа найрыг хэзээ хийх гэж байна?

-Одоохондоо бодсон юм алга. Гэхдээ болохгүй гэх юм байхгүй.

-Та үеийнхээ уран бүтээлчдийг хүүхдүүдийнх нь хамт нэгэн дор нэгтгэж “Тагнуулч аав” уран сайхны киног хийж байсан. Хүмүүст ч нэлээд хүрсэн. Дахин иймэрхүү уран бүтээл хийх бодол байна уу?

-П.Эрдэнэзаан, О.Бат-Өлзий, И.Одончимэг, Д.Бямбацогт бид хэд хүүхдүүдийнхээ хамт “Тагнуулч аав” инээдмийн уран сайхны кинонд тоглосон. Хийж болно. Цаг арай болоогүй байна. Надад өөрийн гэсэн бодол байгаа.

Categories
мэдээ цаг-үе

1072 хувьцаа зарах хийрхэлд даруйхан арга хэмжээ авахгүй бол тоглоом биш болох нь

Шинэ 22-ын товчоо, Эмээлт 2016.05.02-ны 24:00 цаг

Монгол Улсын Засгийн газраас иргэн болгонд “Эрдэнэс Таван толгойн” 1072 хувьцааг олгосон байдаг. Тэгвэл сүүлийн үед энэхүү хувьцаагаа иргэд бэлэн мөнгөөр бусдад худалдаж байгаа талаар цуу яриа гарах боллоо. Эдгээр хүмүүс Урт цагаан, Их дэлгүүр, 100 айл, Эмээлтэд бөөгнөрч хувьцаагаа зарахын тулд шөнөжин бужигнаж байгаа бололтой. Тиймээс бид бодит байдал дээр ямар нөхцөл байдал үүсээд байгааг сурвалжлахаар Эмээлтийг зорилоо. Оройн 22:00 цагийн орчимд хуучин 22-ын товчоогоор цааш гарав. Засмал замын хоёр талаар хоёр, гурваараа бөөгнөрсөн хүмүүс бүр сандал тавиад суучихаж. Зузаан хүрэм, малгай, өвлийн гутал өмссөнөөс нь харахад нэлээд бэлтгэлтэй ирсэн бололтой. Шинэ 22-ын товчоо, Эмээлт гээд цаашлах тусам зам дагасан хүмүүс нэмэгдэж байв. Хэд хэдээрээ бөөгнөрч зогссон хүмүүс машины гэрэл тусангуут бараг урдуур гүйж зогсоох нь холгүй дөхөж гүйлдэнэ. “Оргил”, “Элбэг төв” гэсэн хаягтай хоёр дэлгүүрийн гадаа очлоо. Төв цэг нь бололтой. Машин тэрэг ч тоймгүй. Харанхуй шөнийг эс тооцвол сунгаа болж байгаа гэлтэй. Замын хажуугаар эгнүүлэн тавьсан машинуудын дэргэд зогстол дөрвөн эмэгтэй хүрч ирээд цонхоор сүрхий шагайж харав. Бусдаасаа арай эгчмэд нэг нь “Биш юм шиг байна” гэвэл цаанаас нь өөр нэг эмэгтэй “Наанаасаа холд. Өөр газар машинаа тавь” гэж уцаарлангуй дуугарч байна. Яагаад тавьж болохгүйг нь лавлавал “Машин зогсохгүй ш дээ. Явган хүмүүсийг л машин ирж авч явдаг гэсэн” гээд ширэв татаад цаашаа алхав. Дэлгүүрийн ойролцоо машин битгий хэл хүн багтах ч зай алга. Энд, тэнд тойрч зогссон хүмүүс. Зарим нь ширээ сандал тавиад тухалчихаж. Хажуудаа халуун савтай цай, хоол хүртэл тавьжээ. Эмээлтээс гарч байгаа, орж ирж байгаа ямар ч машин явсан дээрх хүмүүс нүдээ ширгэтэл харах аж. Дэлгүүрийн үүдэнд очлоо. Арваад эрчүүд цугларчихсан хоорондоо хувьцааны талаар ярьж байна. Ахимаг насны эртэй цөөн хором ярилцлаа.

-Та энд юу хийж зогсч байгаа юм бэ. Хувьцаагаа зарах нь уу?

-Тийм л санаатай зогсч байна.

-Хэр удаан зогсч байна?

-Долоон шөнө зогслоо. -Найдвар байна уу?

-Мэдэгдэх юм л алга. Нэгэнт олон хоног зогсчихсон юм чинь зарж байж л явна даа.

-Танд хэдэн ширхэг хувьцаа байгаа вэ?

-Манай ам бүлийн дөрвөн хувьцаа байна. 4288 ширхэг хувьцаа. Уг нь зарчихвал овоо хэдэн төгрөг болчих гээд байдаг.

-Ер нь энд ингэж зогсоод хувьцаагаа зарсан хүн байна уу. Та хүмүүс мөнгө авч байхыг нь нүдээрээ харсан юм уу?

-Одоохондоо яг тэр мөнгө авч байна лээ гэсэн хүн харсангүй. Хүмүүс арван шөнө нойргүй хонож байж нэг юм зарлаа, гурван шөнө зогсоод зарлаа л гэх юм байна.

-Хэдэн төгрөгөөр авч байгаа юм бол?

-Өчигдөрхөн нэг эмэгтэй 1.8 сая төгрөгөөр зарсан гэсэн яриа байна. Би 800 мянган төгрөгөөр өгчихвөл болоо гэж бодоод байгаа. Энэ хавиар байгаа хүмүүс 500 мянгаар хүн авч байна гээд байгаа. Хэрвээ тийм хүн таарвал өгсөн ч яахав. Хар хүйтэнд хэдэн шөнө бээрч зогсох хүнд байна ш дээ гэв. Тэрээр эхнэр, садангийнхаа хоёр дүүтэй ирсэн гэнэ. Өөрөө хэсэг амарч эхнэрээ замын хажууд зогсоохоор “ээлж солигдоно” хэмээн машин руугаа яваад өгөв. Хажууд зогссон нэг дээлтэй ах “Өөрөө хэд хоног энд зогсч байгаа юм” гэж асууж байна. “Сая л ирлээ” гээд түүний асуултад хариулангаа бас хэдэн асуултад хариулт авлаа.

-Ямар хүмүүс ирж хүмүүсийн хувьцааг авдаг юм бол?

-“Ланд-200”, “Приус-20” болон хар ногоон өнгийн нэг микротой хүмүүс ирдэг гэсэн. Би тав хоног зогсохдоо лав барааг нь харсангүй. Ямар азтайнууд нь хувьцаагаа зараад байгаа юм бүү мэд. Хууль бус наймаа болохоор сэмхэн ирээд л тав, зургаан хүн ачаад аваад явдаг гэсэн.

-Хаашаа?

-Энэ өргөн гудамж руу ороод нэлээн явдаг гэсэн. Хурганат гэл үү дээ тэр газарт л очдог гэсэн.

-Авч явсан хүмүүсээ эргэж авчирч буулгадаг уу?

-Үгүй байх аа. Энд ирээд би хувьцаагаа зарчихлаа гэсэн хүнтэй лав таараагүй. Эмээлт өнгөрөхийн наахна нэг овоо байгаа биз дээ. Тэр овоон дээр буулгадаг гэж л ярьдаг. Энд ихэнх нь эмэгтэй хүмүүс байна. Харж байгаа биз дээ. Монголын эмэгтэйчүүд харанхуй шөнөөр зогсоод, юунаас ч айхаа байж. Нэг бодлын энэ бол эмгэнэл.

-Ямар хүмүүс хувьцаа авдаг гэх юм?

-Хэдэн залуучууд гэнэ лээ. Ард нь хятад хүмүүс байдаг гэж сонссон гэв. Ийн ярьж зогстол Эмээлтээс хот руу орох хөтөл рүү машинууд бөөгнөрөөд явчихав. Өнөөх залуу ч санд мэнд гүйгээд явчихлаа. Хүмүүс явган нь явган, унаатай нь унаагаа асааж бөөн юм болж очтол зам дагасан хүмүүсийн ар гэрийнхэн нь хоол авчрахаар ирсэн байж таарав. Цугларч, шавааралдсан хүмүүс тарцгаав. Хоорондоо “Би энд зогсч байсан. Чи энд байгаа” гэж маргалдах янзтай. Хэсэг эмэгтэйчүүд дээр очиж байр байдлыг ажиглавал “Хувьцаагаа зарчих юм бол хүүхдийнхээ хонхны баярын юмыг бэлдчих юмсан”, “Ингэж олон хоног зогссоных мөнгөний бараа харж байж явна даа”, “Хэд хоног энд хоосон хүлээж зогсоод ар гэр хэцүүдлээ. За яахав гэрийн ажил гэхээс ямар албан ажилтай биш”, “Мөнгөө аваад нэг сайхан саунд хонох уу бөөнөөрөө” гэж хоорондоо ярьцгаан тас тас хөхрөлдөх аж. Энд зогсох эмэгтэйчүүд ихэнх нь хөлөөрөө зузаан бүтээлэг ороож, өвлийн куртик өмсч, амны хаалт зүүжээ. Эрчүүд нь харин хөвөнтэй дээл өмссөн харагдана. Шөнийн 01:00 цагийн орчимд хувьцаагаа зарах сонирхолтой машинтай хүмүүс улам л нэмэгдэв. Харин авч байгаа гэх ямар ч машин ирсэнгүй. Замын хоёр талаар бүчсэн хүмүүс өнгөрсөн машин бүрийг угтаж, горьдлого тээсэн харцаар үднэ. Зарим нь хурдаа багасгаж явсан машинд хүртэл ороод сууж байгаа нь харагдав. Тэдний яриагаар бол ганц, хоёрхон машин чимээгүйхэн ирээд нууцаар дөрөв, таван хүн суулгаад аваад явчихдаг гэх. Гэхдээ зөвхөн эмэгтэй хүн авч байна. Эрчүүд авч явахаар мөнгө өгсөн хятадуудаа зодчихдог гэнэ. Тиймээс эмэгтэйчүүдийг авч яваад мөнгийг нь өгөөд симийг утаснаас нь салгаж хугалж хаяад “Симээ сэргээгээрэй” гээд 5-20 мянган төгрөг өгдөг гэх. Хувьцаагаа зарахын тулд брокер дилерийн газраас данс нээлгэж, хувьцаагаа баталгаажуулсан эрхийн бичиг, иргэний үнэмлэхтэйгээ байхад хангалттай гэнэ. Харин Эмээлт орчимд амьдардаг иргэн “Хүмүүс шөнөжин бөөгнөрөөд сар орчим боллоо. Үнэхээр төвөгтэй байна. Хүүхдээ ч салхилуулж чадахгүй. Ихэнхдээ л архи, дарс уусан, зодоон цохион хийсэн хүмүүс байх шиг байна лээ” хэмээн ярив. Цагдаагийнхан ирээд тараахыг хэд хэдэн удаа оролдсон боловч “Өөрийнхөө хөрөнгийг зарна уу, байна уу та нарт хамаагүй” гээд иргэд хавьтуулаагүй бололтой. Хэн, хэзээ, хаанаас гарч ирж хэдэн төгрөг өгөх бол гэсэн олон шөнө нойргүй хоносон хүмүүс 03:00 цагийн үед багширсаар үлдлээ.

ХУВЬЦААТАЙ ХОЛБООТОЙГООР ТӨР ЗАСАГ ЯМАР АЛБАН МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

1072 хувьцаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс хамтран өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга Т.Жамбаажамцаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааг иргэд худалдах, бэлэглэх боломжтой юу?

-Ямар ч боломжгүй. 1072 хувьцааг олон нийтэд арилжаалж байна, гар дээрээс худалдаж авч байна гэсэн яриа сар гаруй хугацаанд яригдаж хүмүүсийг тодорхой газруудад цуглуулаад байна. Засгийн газраас үнэгүй тараасан энэ хувьцаа өнөөдрийн байдлаар анх бүртгүүлж эзэмшсэн хүнээс өөр хүнд шилжихгүй байх нөхцөл нь хэвээр хадгалагдаж байна.

-Хэрвээ худалдаж авсан тохиолдолд өөр хүн ашиглах боломжтой юм биш үү. Эсвэл ямар ч үнэд хүрэхгүй зохиомол эрх юм уу?

-Энэ хувьцааг хэн нэгэн худалдаж авсан тохиолдолд ямар нэгэн байдлаар өмчлөх эрх үүсэхгүй, ашиглах боломжгүй. 2.5 сая хүний нэр дээр байгаа хувьцаа худалдах, худалдан авах, захиран зарцуулах бүх эрх Засгийн газрын шийдвэрээр хязгаарлагдсан байгаа. Энэ бол хүмүүсийг төөрөгдүүлсэн зохиомол явуулга. Холбогдох хууль хяналтын байгууллагууд нь шалгаж байгаа байх.

-Тэгвэл хэзээнээс ашиглах, зарж борлуулах боломжтой болох вэ?

-Хэзээнээс зарж, үрэх нь тодорхойгүй байна. Засгийн газар “Эрдэнэс Таван толгой”, “Эрдэнэс Монгол” зэрэг шийдвэр гаргах түвшний эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарч байж Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж дээр бүртгүүлээд хувьцаа олон нийтэд зарагдахад бэлэн болсны дараа өнөөдрийн яриад байгаа худалдах, бусдад бэлэглэх эрх үүсэх юм. Одоогоор ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй.

-Брокер дилерийн компаниудын хувьцааны данс нээлгэх үйлчилгээг түр зогсоосон байгаа гэсэн. Үнэн үү?

-Хэвийн ажиллаж байгаа.

-Хүмүүс хувьцааныхаа дансыг нээлгээд эрхийн бичиг авч байна гээд байгаа. Үүнийгээ худалдаж байгаа гэх юм?

-Тухайн иргэн арилжааны дансаа нээлгээд гэрээ байгуулна. Гэрээний нэг хувь л иргэдийн гарт очно. Тэрнээс ямар ч эрхийн бичиг олгох үндэслэл байхгүй. Харин брокер дилерийн газрууд арилжааны дансыг нь нээж өгөөд хувьцааг нь баталгаажуулж өгсний хураамж 5000 төгрөг авч байгаа. Хуурамч, худлаа, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл шүү гэж хэлмээр байна. Зарим нэг үнэт цаасны компани, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн болох нь тогтоогдож хуулийн хүрээнд хариуцлага тооцох болсон байгаа.

-Ямар компаниудад хариуцлага тооцсон бэ?

-Нийгэмд үймээн дэгдээсэнтэй холбоотойгоор зарим газрын үйл ажиллагааг зогсоочихсон, эрхийг нь түдгэлзүүлчихсэн байгаа. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас энд нэрийг нь дурдах хэрэггүй болов уу. Нэмж хэлэхэд Хөрөнгийн биржээр хувьцааны арилжаа явагддаг. Хувьцаа гар утас, гутал хувцас шиг гар дээрээс гарт дамжуулаад гэрээ байгуулаад худалддаг эд бараа биш. Ямар ч боломжгүй. “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 83 хувийг төр, 17 орчим хувийг 2.5 сая иргэн, 0.06 хувийг 553 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр тус компани хуралдсан. Энэ хурлаараа ажлынхаа тайлангийн талаар болон дээрх хувьцааны талаар яригдсан гэсэн. Энэхүү хуралдаанаар компанийн зүгээс үнэн бодитой мэдээллийг олон нийтэд хүргэх байх. Үндсэндээ бүх талаас нь холбогдох байгууллагууд нь мэдээлэл өгөөд байхад энэ үйл ажиллагаа улам даамжраад, улам их хүн цуглаад байгаад харамсч байна. Худлаа ярьж байгаа хүмүүс бүгд л хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлийн төвийн дарга Б.Баатархүү:

-Хэчнээн газар иргэд хувьцаа худалдах нэрээр бөөгнөрөөд байна вэ?

-Нийслэлийн дөрвөн газар одоогоор ийм асуудал үүсгээд байна. Хаана гэдгийг нь хэлэх боломжгүй.

-Хувьцаагаа зарсан тохиолдол гарсан уу?

-Цагдаагийн ерөнхий газар холбогдох шалгалтыг хийсэн. Одоогийн байдлаар хувьцаа худалдан авсан, хувьцаагаа зарсан нэг ч тохиолдол тогтоогдоогүй. Энэ бол худал цуурхал. Иргэдийн ам дамжсан яриа.

-Та нарын зүгээс албадан тараах ч юм уу арга хэмжээ авч байгаа юу?

-Иргэдээс маш их гомдол ирж байгаа. Тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчид бөөн хүн бүчиж аваад явуулахгүй, түгшүүртэй байгаа талаар удаа дараа гомдол гаргаж байна. Хэрвээ дүүргүүдийн Засаг даргууд албадан тараах захиргааны шийдвэр гаргавал цагдаагийн байгууллага холбогдох ажлыг зохион байгуулахад бэлэн байна.

-Хүмүүс олноор ингэж цугларах нь гэмт хэргийн шалтгаан болж болох. Зарим хүмүүс хүчингийн хэрэг, хүн хулгайлсан хэрэг гарсан хэмээн ярьж байна?

-Одоогоор ноцтой хэрэг гараагүй байгаа ч цаашид энэ замбараагүй байдал даамжирвал ноцтой хэрэг гарахгүй гэх газаргүй. Гудамж талбайд хог ил задгай хаях, архидан согтуурах явдал их гарах болсон. Тиймээс Цагдаагийн байгууллага үргэлжлүүлээд иргэдэд санаатай цуурхал тарааж, иргэдийг цуглуулж байгаагийн цаана ямар хүмүүс байгааг тогтоож илрүүлэх болно. Ямар санаа зорилготойгоор ийм зүйл тарааж байгааг тогтоож улмаар хариуцлага тооцох алхмуудыг шат дараалан зохион байгуулна. Иргэдийн ам дамжсан бүх яриан дээр шалгалт хийж байгаа. Нийгмийн дэг журам зөрчигдөж, цаашдаа жагсаал цуглаан болж хувирах вий гэдэг дээр анхаарч ажиллах болно. Мөн ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Хувьцаатай холбоотой мэдээллийг ард иргэдээс цагдаагийн 102 болон тусгай дугааруудад авах болно.

-Саяхан машинтай нөхөр мөнгө тараасан. Үүнтэй холбоотой юм биш үү?

-Анх А гэгч иргэн 1072 хувьцааныхаа бүртгэлийг идэвхжүүлэхдээ энэ мэдээг цацаж эхэлсэн болохыг бид тогтоосон. Энэ иргэнийг шалгаж, мэдүүлэг авсан байгаа. Харин машинтай залуус мөнгө тараасан тухай мэдээллийг бид өмнө хүргэсэн. Тухайн иргэн согтуурсан үедээ эхнэртэйгээ муудалцаж мөнгө тараасан болох нь тогтоогдсон гэсэн хариулт өгсөн юм. Харин “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа хариуцсан мэргэжилтэн Ц.Төмөрсүх “Манайх өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Байгууллагын жилийн тайлан, тооцооны талаар хуралдсан. Одоогоор нэг ч хувьцаа арилжаанд гараагүй байгаа. Тиймээс хүнд дамжуулах эрхгүй гэсэн үг. Мэдээж арилжаанд гараад иргэдэд хүрээд эхэлбэл таатай байх болно” хэмээн байр сууриа илэрхийлэв.

1072 хувьцааны хийрхлийн ард юу байна. Бодитбайдал дээр ямар байгаа вэ?

Хувьцаагаа худалдах сонирхолтой иргэд сар гадаа хонолоо. Анх Урт цагаан дээр шөнө, өдөргүй хонож, бужигнаж байж хувьцаагаа зарлаа хэмээн цуурхдаг байсан бол Их дэлгүүр хүртэл газар авч хүмүүс бөөгнөрөх болж. Улмаар 100 айлын ойролцоо хувьцаа авдаг хүмүүс байна гэж бас хэсэг бужигнан 32-ын тойрог хүртэл даамжирч. Ингээд хотын төв, төвөөс гэр хороолол чиглэсэн цуглараан зогссонгүй. Харин ч хотын зах руу тэлж хуучин 22-ын товчоо, улмаар Эмээлт хүрч, Цанын бааз хүртэл хүмүүс зам даган шөнөжин асар олон хүн цуглаж байна. Эдгээр хүмүүс өлсгөлөн барс мэт ойр хавиар амьтан хүн явуулахгүй, машин тэргийг нь бүчиж нийгмийн амгалан тайван байдлыг эвдэх боллоо. Эдгээр хүмүүсийн бөөгнөрлийг дагаад хуушуур, шорлогийн наймаа, биеэ үнэлэгчид эргэлдэх болсон тухай мэдээлэл байна. Хэрвээ даамжрах юм бол хүний наймаа, хүчингийн хэрэг ч гарч мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгааг оршин суугчид хэлж байлаа. Нийгэмд ийм үймээн самуун үүсээд сар болж байхад хууль хяналтынхан нь яагаад ямар нэг арга хэмжээ авахгүй байна вэ. Ямар учраас шөнөжин хээр хонож байгааг цэгцлэхгүй байна вэ. Хувьцаагаа зарах сонирхолтой гадаа хонож буй эдгээр хүмүүс гэнэн тэнэгтээ тэнд зогсоод, дуртайдаа хээр хоноод байгаа гэвэл эндүүрэл. Ард түмний энэ үйлдлээс юу харагдаж байна. Гол шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл. Ард түмний ядуурал, ажилгүйдэл тартагтаа тулчихсан учраас ийм хэмжээнд хүрч байгаа болов уу. Учир нь хувьцаагаа зарахаар унтах нойргүй, идэх хоолгүй, нүдээ ширгэтэл хувьцаа авах хүн ирэх болов уу гэж горьдлого тээгсэд дандаа гэртээ суугаа ажилгүйчүүд. Ялангуяа эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байна. Тэд энэ мөнгийг авчихвал амьдрал нь шийдэгдэх гээд байгаа юм шиг л ярьж байна. Хэрвээ өөрийн гэсэн ажилтай, тогтмол орлоготой, дутагдах гачигдах зүйлгүй бол яалаа гэж ийн цөхрөнгөө барж, нийгэмд адлагдаж зогсох билээ. Орой ажлаа тарж ирээд л аль болох эртхэн амрахыг бодно. Гэтэл энэ хүмүүс шөнөжин сэлгүүцэж, хайран цагаа хумслан хэн нэгнийг царай алдан сууна. Тэдний буруу биш. Нийгэм ийм өнгө, төрхтэй болсны илрэл. Бодит амьдрал ийм л байна. Нөгөө талаар шөнө болгон хэн нэгэн ирж тодорхой хэмжээний мөнгө өгч байгаа болоод хүмүүсийг бүтэн сар тэнд уяад байгаа байх. Гэхдээ хаана, хэзээ, хэн, хэнд мөнгө өгсөн нь нууц үлдээд байдаг. Ямар ч байсан хэн нэг нь тодорхой хэмжээний мөнгө авчихаад бусдадаа ийм яриа тараасан байж таараа. Түүнчлэн ганц, хоёроор нь хэсэг бүлэг хүмүүс авч яваад мөнгө авсан мэтээр ярих болзолтойгоор 200-300 мянган төгрөг тарааж байгаа тухай яриа ч байна. Саяхан 00-06 УНК улсын дугаартай “Жи класс” машинтай нөхөр гэгээн цагаан өдрөөр хүмүүст 10000, 20000 төгрөгийн дэвсгэрт тараасан. Энэ ажиллагаа иргэдийг нэг газарт төвлөрүүлэх, гадаа байлгах бас нэгэн оролдлого юм биш үү. Сүүлийн үед ямарваа нэг жагсаал, цуглаан явуургүй, оролцогчидгүй болчихсон. Иргэд өргөн хүрээг хамарсан, ямар нэг байгууллага, аж ахуйн нэгжийн ашиг сонирхолтой жагсаалд оролцох сонирхол ч үгүй болсон. Тэгвэл хувьцаа нэрийн дор ингэж хүмүүсийн бөөгнөрөл үүсгэх нь хэнд ашигтай юм бол. Үүний ард байгаа хүмүүсийн эцсийн зорилго нь иргэдийг ямар ч хамаагүй байдлаар гадаа бөөгнөрүүлэх. Энэ их хүчийг хэрхэн юунд ашиглах гээд байгааг ухаж бодож үзсэн хүн байна уу? Авлигатай тэмцэх газар, Цагдаа, цэрэг хүчний байгууллагууд үүнийг нягтлан шалгах хэрэгтэй. Нийгэм тэр аяараа 1072 хувьцаагаар хийрхчихээд байна. Амтай болгон нь энэ хувьцааны талаар ярьж байна. Хэрвээ “Чингисийн талбайд хувьцаа тарааж байна” гээд цуу яриа тараачих юм бол цаг ч хүрэхгүй хугацаанд талбай багтах шингэх зайгүй болно. Ингэж иргэдийг үй олноор цуглуулчихаад дохио өгөх л үлдлээ. Тэднийг хэн нэгэн зохион байгуулалттайгаар ямар нэг дохион дор нэгтгэж байгаа нь хэн ч харсан тодорхой байна шүү дээ. Ингэх нөхцөл нь бүрдчихээд байна. Өгөх дохио ч тодорхой. Талбай дээр үй олон хүнийг цуглуулчихаад “Та нарын хувьцааг энэ ордонд сууж байгаа эрх мэдэлтнүүд өгөхгүй байна. Та бүхний өмч учраас нэхээд ав” гэсэн хоёрхон өгүүлбэр хэлэхэд л хангалттай. Үүний дараа юу болох нь ч тодорхой, маш ойлгомжтой болчихоод байна. Тиймээс төр засаг, холбогдох хууль хүчний байгууллагууд анхаарах цаг нь ирчихээд байна. Ямар нэг тодорхой алхмуудыг хийх хэрэгтэй. Тэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь байдаг юм бол яаралтай хуралдаж арга хэмжээ ав. 1072 хувьцааг нэхэх нь хэнд ашигтай вэ. Энэ үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Нийгмийн сэтгэл зүйгээр үнэхээр тохуурхаж, доог тохуу хийж байна. Золиос нь энэ ард түмэн. Улангассан ард түмэн. Нийгэм иргэдийнхээ мэдрэлээр тоглож тэсрэх хэмжээнд аль хэдийнэ хүргэчихээд байна. Хувьцаагаа зарахаар шөнөжин зогсч байгаа тэдэнд ганц шөнийн нойр, хоол юу ч биш. Улайрчихсан. Хувьцааг нь авахгүй гээд хажуугаар нь өнгөрсөн нэгнээ баян, тарганаар нь дуудаж хараан зүхэж байна. Бужигнасан хүмүүс дунд хоцорсон нэг нь “Би мөнгөнөөс хоцорчихлоо” гэж чарлан, хашгичиж, сэтгэл зүй нь чинээндээ тултал хөвчирч байгааг ойлгохгүй байна гэж үү. Хувьцааг тойрсон асуудал үнэндээ тоглоом биш болжээ.

Categories
мэдээ цаг-үе

М.Анхцэцэг: Мундаг ах, эгч нартай хамт эх орноо төлөөлөн олимпод орно гэж бодохоор гоё санагдаж байна

Узбекстанд болсон Азийн аварга шалгаруулах хүндийг өргөлтийн тэмцээнээс Мөнхжанцангийн Анхцэцэг алтан медаль хүртсэн билээ. Энэхүү тэмцээн нь олимпийн эрх олгохоороо онцлог байлаа. М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 75 кг-д аваргалсан бөгөөд Рио2016 зуны олимпийн наадамд оролцох эрхтэй болоод байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө баяр хүргэе.Азийн аварга болоод зогсохгүй олимпийн эрх өвөртөлчихлөө. Их догдолж байна уу?

-Баярлалаа. Үнэхээр сайхан байдаг юм байна. “Рио-2016” зуны олимпийн наадамд мундаг тамирчин ах, эгч нартай хамт эх орноо төлөөлөн оролцоно гэж бодохоор үнэхээр гоё санагдаж байна. Намайг сая тэмцээнээс ирэхэд онгоцны буудал дээр гэр бүлийнхэн, найз нөхөд гээд олон хүн маш сайхан угтаж авсан. Одоо болтол гар утсанд баярын мессэж ирсээр л байна.

-Олимпийн эрх олгоно гэдэг утгаараа энэ удаагийн тэмцээний оролцогчид хүчтэй байв уу?

-Тэгэлгүй яахав. Оролцсон тамирчин болгон л олимпийн эрх авах зорилготой. Өрсөлдөөн үнэхээр ширүүн өрнөлөө. Миний хувьд бэлтгэл сайн хангагдсан байсан учраас эмээгээд байх зүйл байсангүй. Өөртөө итгэлтэй байсан болоод ч тэр үү, сэтгэл зүйн хувьд тайван байлаа. Би огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөсөн. Ингэснээр Монголын анхны эмэгтэй туйванч болж чадлаа. Мөн энэ тэмцээнд манай хүндийг өргөлтийн эмэгтэйчүүд багаараа IV байрт шалгарч олимпийн нэг эрх авч чадлаа.

-Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байна вэ?

-Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурав, өсвөр үе, залуучуудтай нийлээд долоо дахь удаагаа оролцож байна. Энэ жилийн хувьд өөрийнхөө 69 кг-ын жинд биш жин ахиж 75 кг-ын жинд оролцсон байгаа.

-75 кг-д монголын тамирчин Б.Энхтамиртай хамт өрсөлдсөн. Нутгийнхаа тамирчинтай өрсөлдөхөд юу бодогдож байв?

-Нэг нэгнийхээ оролтыг харж чадахгүй, алдчих вий дээ гэж санаа зовсон.Бусдаар бол нэг их хүнд зүйл байгаагүй.

-Олимпод 75 кг-ын жиндээ үзэх үү?

-Үгүй ээ. Өөрийн үндсэн жин 69 кг-ын жинд оролцоно.

-Олимпийн бэлтгэлээ хэзээнээс хийх гэж байна?

-Өнөөдрөөс (өчигдрөөс) бэлтгэлдээ орсон. Багштайгаа ярьж байгаад бэлтгэлээ сайн хангахыг хүсч байна.

-Өөрийн тань үндсэн жинд аль орны тамирчин илүү хүчтэй бол?

-Азийн аварга, дэлхийн аварга, дэлхийн цомын тэмцээнд олон удаа орж байсан учраас ерөнхийдөө тамирчдаа гадарлана. Өөрийнхөө хэмжээнд судалгаа хийсэн. 69 кг-ын жинд Хятад, Хойд Солонгосын тамирчид хүчтэй өрсөлдөгчид. Дэлхийн хүндийг өргөлтийн тамирчдыг амжилтаар нь тоон үзүүлэлтээр жагсаасан судалгаа байдаг.Түүнээс харж байгаад аль нь илүү оноотой, хүчтэй өрсөлдөгч болж байна гэдгийг харчихдаг.

-Дэлхийн цомын тэмцээний үеэр бага зэрэг бэлтгэл авсан гэсэн. Бэртэл бүрэн эдгэрсэн үү?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сард Италид болсон дэлхийн цомын тэмцээний үеэр бэртэл авсан байсан. Сая тэмцээний өмнөхөн эдгэрч бэлтгэлдээ ороод байсан юм. Бүрэн эдгэрсэн байгаа.

-Хаанаа бэртэл авсан байсан юм бэ?

-Тохойндоо. Одоо бол эдгэрсэн.

-Хүндийн өргөлтийн спортоор хэчнээн жил хичээллэж байна вэ?

-Би 11 настайгаасаа хүндийг өргөлтөөр хичээллэсэн. Анхны багшийг маань Цэрэнням гэдэг. Харин ОУХМ Ц.Хосбаяр багшийн удирдлага дор гурван жил хичээллэж байна. Мөн Чинзориг, Чулуунпүрэв багш заавар зөвлөгөө өгч байна.

-Улсын рекордыг 60 гаруй удаа шинэчилсэн байдаг юм билээ. Өнгөрсөн хугацаанд хүндийг өргөлтийн төрөлд гаргасан амжилтаасаа хуваалцахгүй юу?

-Тийм ээ. Улсын рекордыг яг 63 удаа шинэчилсэн байдаг. Мөн Азийн өсвөрийн рекорд миний нэр дээр явдаг. ДАШТ-д 2014 онд анх удаа оролцон огцмоор 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарсан. Энэ амжилтаараа гавьяат тамирчин Н.Баярмаа эгчийн эзэмшиж байсан огцом өргөлтийн амжилтыг эвдэн, улсын рекордыг шинэчилж байсан. 2015 онд ДАШТ-д огцмоор 110, түлхэлттэй өргөлтөөр 133 кг шахаж, VIII байрт шалгарсан. Амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд оролцож 112 кг өргөж, IV байрт шалгарсан байгаа.

-Олон улсын хэмжээний мастер цолыг хэдэн настайдаа хүртсэн бэ?

-Би 2009 онд спортын дэд мастер, 2010 онд спортын мастер, 2011 онд олон улсын хэмжээний мастер цолыг хүртсэн. Олон улсын хэмжээний мастер цолыг 13 настайдаа хүртсэн.

-Одоо хэдэн настай вэ?

-18 настай.

-Аль Ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн бэ?

-Нисэхийн 114 дүгээр сургуулийг төгссөн.

-Одоо сурч байна уу?

-Монголын үндэсний их сургуульд хуульч, эрх зүйч мэргэжлээр сурч байгаа. Энэ жил хоёрдугаар курс.

-Яагаад заавал хүндийг өргөлтийн спортыг онцолж хичээллэх болов. Ялангуяа эмэгтэй хүүхэд хичээллэхэд хүнд спорт шүү дээ?

-Миний сонирхол л юм байлгүй. Уг нь манай аав, ээж цэргийн хүмүүс. Миний хувьд зурагтаар хүндийг өргөлтийн тэмцээн үзэх их дуртай байсан. Тэгээд л би Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан мундаг тамирчин болно гэж мөрөөддөг болсон. Миний мөрөөдлийг дэмжиж энэ бүх боломжийг нээж өгч байгаа ЭМСЯ, МҮОХ, МХӨХ-ны удирдлагууд, “Алдар” спорт хороо, “Ёкохома”, “Сувинер хаус”, “Үнэн анд”, “Есүүдийн Батууд”, “Монгол жонш”, “Солонго орд”, “Хүннү Эйр”, үндэсний шигшээ багийн хамт олондоо баярлалаа. Мөн хүндийг өргөлтийн спортыг сонирхдог, дэмждэг бүх хүнд баярлаж явдгаа хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Пүрэвбаатар: Эх орондоо болсон тэмцээнээс медаль авч чадаагүй нь тамирчдын өөрсдийнх нь буруу

Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хошой мөнгө, Дэлхийн цомын хүрэл медальт, Ази тивийн аварга Оюунбилэгийн Пүрэвбаатартай ярилцлаа. Тэрээр чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч билээ.

Монголд олимпийн эрх олгох тэмцээн болж өнгөрлөө. Харамсалтай нь манай тамирчид өөрийн дэвжээн дээрээ хоосон хоцорлоо. Та тамирчдын тухайд ямар дүгнэлт гаргав?

-Улсын наадмын начин цолны болзол хангах даваанд бөхчүүд хэт их хичээгээд биеэ барьчихдаг. Яг үүнтэй адил манай эмэгтэй, эрэгтэй тамирчид биеэ бариад бэлтгэлийн үед гаргадаг тэр сайхан барилдаанаа гаргаж чадсангүй гэж би хувьдаа бодож байна.

Эзэн орны тамирчид гэдэг утгаараа боломж бол дүүрэн байсан болов уу?

-Тэмцээн уралдаанд явлаа гэж бодъё. Гадаадад бол цагийн зөрүү, хоол унднаас боллоо гэж хэлж болно.Харин эх орондоо байгаа тохиолдолд энэ талын ямар ч асуудалгүй. Би дасгалжуулагч багш нарт бурууг тохохыг хүсэхгүй байна. Хамгийн гол нь тамирчдын бэлтгэлийг хангаад, барилдахад бэлэн болгоод өгчихлөө. Тиймээс тамирчдын өөрсдийнх нь л буруу. О.Бурмаа бол дэлхийн аваргаас гурван медаль авсан хүн. Тэгэхэд яагаад тактикийн алдаа мэдэхгүй байна вэ. Энд багш ямар ч хамаагүй биз дээ. Өөрөө л алдаа гаргаж ялагдлаа. Би өөрөө дэлхийн дэвжээнд олон удаа гарч барилдаж байсан хүн.Хүдэрбулга барилдааны эхэнд оноо алдчихсан. Онооны араас хөөж барилдана гэдэг хэцүү. Энэ л нөлөөлсөн. Түүнийг ялагдсанд хүн болгон өөр, өөрийн өнцгөөс харж дүгнэлт гаргаж байгаа байх. Хүдэрбулгын хувьд бэлтгэл сургуулилт асуудалгүй, сайн байсан. Бэлтгэлийн үед бүх юм сайхан жигдрээд болоод л байсан. Бусад тамирчид ч гэсэн бэлтгэл сайн болоод эрхээ аваад л явж байна. Тиймээс цэвэр тамирчны л хариуцлага.

Харин Ц.Намуунцэцэгийн хувьд дэлхийн шилдэг бөхчүүдийн дэргэд туршлага дутаж байгаа нь харагдлаа шүү дээ?

-Намуунцэцэг үнэхээр залуу хүүхэд. Тамирчны хувьд туршлага дутмаг байна. Би Намуунцэцэгийг дахиад Туркийг зориосой гэж бодож байна. Намуунцэцэгийн оронд Энхжаргалыг сая оруулсан бол эрх авах байсан байж магадгүй. Гэхдээ дараа нь энэ орсон бол, тэр орсон бол ингэх байсан юм гэдэг зүйлд би дургүй.

Энэ гурван тамирчны оронд чадах тамирчдыг нь оруулж болоогүй юм уу. Өөр сонголтгүй юм уу?

-Эмэгтэй жингийн хувьд олон тамирчин байгаа байх. Би эмэгтэй багийн дасгалжуулагч биш учраас тэрийг хэлж мэдэхгүй. Харин Хүдэрбулгын жинд бэлтгэл хангачих ч бөх үнэндээ алга.Ядаж Хүдэрбулгын бэлтгэлийг хангуулахын тулд энэ жинд хүүхдүүд олж ирдэг. Олж ирсэн ч Хүдэрбулгатай барилдаж байгаа дэлхийн бөхчүүд шиг бэлтгэл хангагч болж чадахгүй л байгаа байхгүй юу. Жиндээ ганцаараа л ноёрхчихсон бөх. Азийн аварга бөх шүү дээ. Монголд бол мундаг. Хүдэрбулга Узбекстаны бөхийг ялдаг байсан. Гэтэл энэ удаа тэд Тажикстаны легионер тамирчинг авчирч байх жишээтэй. Ер нь сүүлийн үед улсууд гадны легионерууд оруулж ирдэг болж. Үүнтэй бас холбоотой.

Удахгүй Туркийн Истанбул хотод болох тэмцээнээс үлдсэн гурван эрхээ авах боломж бий. Сая тэмцээнд ялагдсан гурван тамирчнаа дахиад явуулах уу?

-97 кг-ын жинд Хүдэрбулгаас өөр явуулах бөх байхгүй. Эмэгтэй жингийн хувьд яаж шийдэхийг би мэдэхгүй. Өмнө нь эрэгтэй, эмэгтэй баг хамт бэлтгэл хийдэг байсан. Ингэж бэлтгэл хийхээр эмэгтэйчүүд эрс сайжирдаг. Эрчүүдтэй бэлтгэл хийж байгаа эмэгтэйчүүд сайжрах нь ойлгомжтой. Гэтэл эрэгтэйчүүдийн барилдаан сулраад ирдэг. Бид шигшээ багийг 2013 онд авсан. Бэлтгэлийг салгаж хийх ёстой юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Үр дүнд нь манай эрэгтэйчүүдийн амжилт сэргэсэн.

Эмэгтэй шигшээ багийнхан ч амжилт гаргасаар л байгаа шүү дээ. Үгүй гэж үү?

-Эмэгтэйчүүдийг би нэг баг гэж хэлэхгүй. Тэд Соронзонболдын Батцэцэг, Сүхээгийн Цэрэнчимэд хоёрын далбаан доор яваад байж болохгүй. Намайг барилдаж байхад миний өмнөх үе том Сүхбат ах медаль авахгүй бол бусад нь медаль авдаггүй тохиолдол гардаг байсан. Дараа нь Цогтбаяр гэж хүн гарч ирсэн. Бас медаль авахгүй бол бусад нь авдаггүй. Араас нь Пүрэвбаатар, дараа нь Наранбаатар гээд мөн л ийм байсан. Ингээд нэг, хоёрхон хүний далбаан дор явдаг байсан. Би эмэгтэй тамирчдыг муулах, шүүмжлэх гээгүй юм шүү. Багаараа бэлтгэл хийх хэрэгтэй. Багийн амжилтын төлөө явах ёстой. Нэгдүгээр сард ОХУ-ын Красноярск хотод болсон Гран прид П.Орхон, Б.Одончимэг хоёр аваргалаад ирсэн. Тэр хоёр эрэгтэй багтай бэлтгэл хийсэн. Манай ахлах дасгалжуулагч Цогтбаярын шавь учраас багшийгаа дагаад эрэгтэй шигшээгийнхэнтэй бэлтгэл хийсэн хэрэг. Монголоос бусад газар эрэгтэй, эмэгтэй баг тусдаа бэлтгэл хангадаг. Манайх ч тийм л байх хэрэгтэй. Тиймээс эмэгтэй тамирчдыг нэг дор хамт, баг болж бэлтгэх хийх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчийн хувьд таны тамирчин байх үеийнхтэй эн зэрэгцэж бэлтгэл хийж чадаж байна уу?

-Арай дутуу гэж хэлнэ дээ. Цөмөрчихнө, уначихна, ядарчихна гэдэг. Би урьд нь хэлдэг байсан. Усыг буцалгачихаад хөргөж болно.Буцлаагүй усыг хүйтэн чигээр нь бүлээстэл байлгаж болно.Манай багийн тамирчид усыг буцалдаг болтол нь бэлтгэл хийдэг. Тиймдээ амжилт гаргаад байгаа юм. Дээрээс нь манай дөрвөн багш бэлтгэлд тамирчдынхаа дунд орж барилдаж нэг ёсондоо тулж бэлтгэл хийдэг. Энэ нь тамирчдын ур чадварт бас нөлөөлж байгаа болов уу. Эмэгтэй багийн дасгалжуулагч ч ингэдэг байж магадгүй. Би мэдэхгүй болохоор эрэгтэй багаа л яриад байгаа шүү. Гэтэл зарим хүмүүс энэ чинь төрчихсөн бөх гэдэг. Намайг ч гэсэн хүмүүс тэгж ярьдаг. Үүнтэй би санал нийлдэггүй. Хэн байх нь хамаагүй бэлтгэлээ сайн хийгээд хичээгээд, хөлс хүчээ гаргах юм бол адилхан л амжилтад хүрдэг байхгүй юу. Миний үед бэлтгэлээс гарч ирээд крантны хүйтэн ус уугаад гудамжнаас хуушуур авч идчихээд л явдаг байсан. Харин одоо энэ залуус витаминтай ус, элдэв юм идэж ууж байна. Сайхан юм идэж уусандаа амжилт гаргахгүй. Бэлтгэл хэр сайн хийнэ төдий чинээ амжилт гаргана. Зовлонгүй жаргал гэж байдаггүй шүү дээ.

Аливаа амжилт тамирчны бэлтгэлээс гадна холбооны бодлоготой уялдаа холбоотой байх учиртай. Танай чөлөөтийнхөн дотроо их л эв түнжин муутай байх юм. Өдийг хүртэл холбоогоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа таны шалтгаан юу юм бэ?

-Монголын чөлөөт бөхийн холбоо гэж дээр үед байсан. Одоо бол холбоо байхгүй. Д.Дагвадорж шинэ холбоо байгууллаа, өөрөө ерөнхийлөгч нь гээд яваад байгаа. Би хүлээн зөвшөөрөхгүй. Шалтгаан нь албан тушаалын наймаа. Чинбат үнэхээр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч байсан. Дараа нь Чинбат захирал, Д.Дагвадорж хоёрын хооронд албан тушаалын наймаа явсан байж магадгүй. Яг юу болсныг би мэдэхгүй байна. Яагаад холбооны их хурал болохгүйгээр ерөнхийлөгчөө сонгочихсон юм. Би дасгалжуулагчийнхаа үүргийг хэн нэгэнд “Би болилоо. Чи дасгалжуул” гээд л өгчихсөнтэй ижил зүйл. Одоо дэлхийд спортыг энх цагийн дайн гэдэг болж. Хятадууд зуны олимпийн наадамд аль болох олон медаль авч тэргүүлнэ гэж бэлтгэж байна. Энэ нь дайнд ялалт байгуулсантай адил.Бид өнөөдөр 80 гаруй орны тамирчдыг хүлээж авлаа. Энэ олон орны цаана олимпийн эрхээ аваасай гэж эх орон нь санаа тавьж, анхаарлаа хандуулж байна.. Тэр АСЕП-ийн хурлаас илүү манайд анхаарлаа хандуулж байлаа. Спорт бол өөр ухагдахуунтай.

Сүүлийн гурван жилд холбоо юу хийсэн юм. Тэр жил Катарт манай баг Азийн аваргаас алт авах хамгийн том боломж байсан. Гэтэл гурван тамирчин орж чадаагүй. Тэгсэн хүнд жинд манайх хэзээ медаль авдаг байсан юм бэ гэж ярьж байгаа холбоо шүү дээ. Гэтэл өмнө нь Азийн аварга болсон Хүдэрбулга, мөнгөн медаль авсан Золбоо, хүрэл медаль авсан байгаа ш дээ. Катар асуудалтай орон. Хил зөрчлөө гээд яаж буудчихаагүй юм. Холбооны дээд удирдлагууд бүгд нэг баг. Арчаагүй хэдэн хүмүүс. Хатуухан хэлэхэд гэр бүлээ авч явж чадахгүй хүн, холбоогоо авч чадахгүй, тэмцээн зохион байгуулж чадахгүй хүн баг тамирчдын талаар ярих ч хэрэггүй. Биеэ засаад гэрээ зас, гэрээс засаад төрөө зас гэдэг. Гэрээ засч, тогтвортой авч явж чадахгүй хүн биднийг хайрлах уу, авч явж чадах уу. Үгүй л байхгүй юу.

Саяын амралтын өдрүүдэд болсон олимпийн эрх олгох тэмцээнд төрөөс 400 орчим сая төгрөгийн төсөв баталж өгсөн гэсэн. Холбооны зүгээс Монголынхоо тамирчдын бэлтгэлд бага ч гэсэн мөнгө гаргаж өгсөн үү?

-Үгүй. Би лав мэдэхгүй. Хамгийн зэвүүн нь тэмцээнд эрэгтэй баг орохоор болонгуут Спортын төв ордны саун, бэлтгэлийн заалыг холбооноос цуцалчихсан байсан. Гадаадын тамирчид бэлтгэл хийх гээд ирэхдээ надаас “Оюунбилэг ээ, саун чинь яагаад ажиллахгүй байгаа юм бэ” гэж асууж байгаа юм. Намайг таньдаг гадны тамирчид Оюунбилэг гэж дууддаг шүү дээ. Тэгэхээр нь би ингэж болохгүй гээд асуухаар холбооноос өгсөн даалгавар гэдэг. Эрэгтэй багийн тамирчид маргааш нь болох гэж байхад яагаад тэр сауныг нь ажиллуулж болдоггүй юм. Би гадны тамирчдаас ичээд нүүрээ улайлгаад сауныг халаалгаад явж байх жишээтэй. Зохион байгуулалт муу болсон. “Буянт-Ухаа” спорт цогцолборт бол гоё болсон, нүдэнд ил харагдаж байгаа нь. Бэлтгэлийн заал байхгүй, автобус унаа гээд сэтгэл дундуур буцсан. Саун ч байхгүй. Өмхий үнэртсэн нөхцөлд бэлтгэл хийгээд буцсан. Дөрөв, тав хоног Спортын төв ордонд би зохион байгуулагч хийж хамаг ажлыг зохицуулах гэж гүйсэн. Холбооны гээд байгаа хүмүүс Буянт-Ухаа спорт цогцолборт л ажилласан байх. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг л энэ байх.

Нэг тамирчин өдрийн 130 швейцарь франкаар байрласан гээд бодоход 650 тамирчин, баг бүрэлдэхүүн гээд нийтдээ дор хаяж 800 гаруй хүнд үржүүлэхэд их тоо гарах нь ээ. Ихэнх нь арваад хоносон гээд бодохоор холбоо тэрбум хол давсан ашиг олжээ?

-Ямар хэдэн төгрөг оллоо гэж бидэнд хэлэх биш. Гэхдээ нэг хүний 150-180 швейцарь франк гээд тогтсон жишиг байдаг.

Ер нь холбоо аливаа орлого, зарлагаа тамирчдадаа, дасгалжуулагчдадаа тайлагнадаг уу. Одоо энэ тэмцээний орлогоос ч гэсэн тэмцээний бэлтгэл, сургуулилтад ингэж зарцуулна гээд хэзээ тайлагнах бол?

-Тэгж тайлангаа тавьж байхыг ёстой үзээгүй.Тайлагнасан нь гэвэл та нарын медалийг би тэдэн төгрөгөөр худалдаж авч өгсөн шүү гэж манай холбооны ерөнхийлөгч гэх Д.Дагвадорж хэлдэг ш дээ. Та нар чадлаараа авчихаагүй, би дэлхийн чөлөөт бөхийн холбоотой ярьж, худалдаж авч өглөө гэдэг. Хэрвээ үнэхээр худалдаж авч болдог юм бол энэ удаа эх орондоо зохиогдож байгаа тэмцээнээс олимпийн эрх худалдаад аваад өгөхөд харин ч хялбар байсан юм биш үү.

Би Д.Дагвадоржийн ах Д.Сумьяабазартай найз. Гэхдээ өнөөдөр би Д.Дагвадорж, Д.Сумьяабазар гэсэн хувь хүмүүстэй шөргөөцөлдөх гээгүй. Хамгийн гол нь чөлөөт бөхийн холбооны голдрил нь буруу байгаатай л тэмцээд байгаа юм. Яагаад гэвэл чөлөөт бөх гэдэг спортоор амьдралаа олсон. Надад амьдрал хайрласан энэ спортын хөгжлийг гоё байлгаасай л гэж хүсч байна. Тэрнээс би албан тушаалын төлөө ч яваад байгаа юм биш. Надад дасгалжуулагчаа хийгээд өөрийн сурсан, мэдсэн зүйлээ хойч үеийнхэндээ үлдээгээд явж байх шиг сайхан юм байхгүй. Хүн болгон л Д.Дагвадоржтой холбоотой олон зүйлийг ярьж байна. Бараг аль хэдийнэ торны цаана орохоор л юмнууд ярьж байна. Мөнгө идсэн, уусан гээд.

Яг барьж аваад зодож, зандрах дээрээ тулж байсан юм уу. Эсвэл дотооддоо л хэл амаараа худлаа үнэн үзэлцээд байдаг хэрэг үү?

-Нэг их тамирчдыг айлгаж, дарамтлаад байсан нь бага байх. Надад тохиолдоогүй учраас би мэдэхгүй байна. Гэхдээ Хүдэрбулгыг Азийн аваргад барилдаж байхад Д.Дагвадорж “Алт авахгүй бол чамайг ална шүү. Хохь чинь шүү” гэж хэлсэн. Би тэгж хэлэхийг нь сонсоод “Ингэж болдоггүй юм ш дээ, миний дүү” гэж хэлж байсан. Тамирчин хүн давж ч болно, унаж ч болно. Сэтгэлзүйн хувьд хүнд дарамт. Хэрвээ алт авахгүй бол алуулна, яана аа гэсэн айдастай хүнийг дэвжээн дээр гаргаж болохгүй. Харин аз болоход Хүдэрбулга алт авчихсан л юм даа.

Дасгалжуулагчид эсэргүүцлээ илэрхийлж Д.Дагвадорж аваргатай тулж уулзаж байсан удаа бий юу. Ер нь санал бодлыг чинь яаж хүлээж авдаг вэ?

-Холбооны удирдлагууд гэсэн хүмүүст хандахаар санал бодлоо албан бичгээр өг гэдэг. Албан бичиг бичээд өглөө. Биднийг гарангуут л хогийн саванд хийчихнэ. Д.Дагвадоржтой биеэчлэн уулзъя гэхээр ямар ч боломж олддоггүй. Ийм байна, ингэмээр байна гээд өрөөнд нь орохоор тэгсхийгээд л өнгөрнө. Тогтож ярилцдаг ч үгүй. “Оски юу байна” гээд л мөрөн дээр нэг цохиод мэндлээд өнгөрнө. Уг нь насаар бодоход би хоёр ахынх нь үеийн хүн шүү дээ. Зааланд бэлтгэл хийж байхад нэг ч ирж хараагүй байж гадагшаа тэмцээнд явах болохоор энэ тамирчинг хас, энийг яах гэж авч явж байгаа юм бэ гэх зэргээр ханддаг. Ядаж бэлтгэл дээр ирээд хэн ямар форумтай байгааг хардаг бол хамаа алга, бид хүлээн зөвшөөрнө. Тийм атал тамирчнаа арван хуруу шигээ мэддэг дасгалжуулагч бидэнд олон улсын тэмцээнд хэнийг авч явахаа мэдэх эрх байдаггүй. Ард түмний татварын мөнгөөр биднийг явуулж байгаа хэрнээ зардал өндөр байна, аль болох хас гэж тулгадаг. Хэрвээ авч явсан тамирчин амжилт гаргаагүй бол бурууг багш нар руу чихнэ, амжилт гаргавал холбооны гавьяа болоод дуусдаг.

Одоогийн байдлаар чөлөөт бөхийн төрөлд олимпийн есөн эрх авчихсан байгаа. Тэгэхээр энэ шийдвэрийг холбоо гаргачихвал та нарын санал хамааралгүй болох нь ээ?

-Хэн олимпод оролцохыг зөвхөн дасгалжуулагч багш нар л шийднэ. Хэрвээ холбоо санал зөрчилдөх юм бол бид үнэхээр хүлээцтэй байж, дуугүй өнгөрч чадахгүй.