Categories
мэдээ спорт

Лондонгийн олимпийн аварга Каори Мацүмото: Монголын бөхөд унасан нь надад том сургамж боллоо

Лондонгийн олимпийн аварга, Токиогийн дэлхийн аварга, Парисийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, Их дуулгын гурван удаагийн аварга, “Чингис хаан” гранпригийн хүрэл медальт Каори Мацүмототой 2015 оны “Чингис хаан” гран при тэмцээний үеэр манай сэтгүүлч Д.Даваасүрэн ярилцаж байсан юм. “Өдрийн сонин”-ы архивыг нээн ярилцлагыг хүргэж байна.

Өчигдөр болсон “Рио-2016” олимпийн наадмын шигшээ барилдаанд манай тамирчин Д.Сумъяа Каори Мацүмотог ялж, мөнгөн медалийн болзол хангасан билээ.


-Хүрэл медалийн төлөө Австрийн жүдочтой таарч сайхан барилдаан харууллаа. Өрсөлдөгчийнхөө мэхний хийг хүлээж байв уу?

-Тийм ээ. Би Австрийн жүдоч Сабринатай өмнө хэд хэдэн удаа таарч барилдаж байсан. Барилдааныг нь сайн мэднэ. Эхлээд шууд мэхээ хийх гэсэн боловч чадаагүй. Тэгтэл өрсөлдөгч маань өөрөө вазари алдчихсан.

-Хүрэл медаль хүртсэндээ сэтгэл дундуур байгаа юм уу. Медалиа зохион байгуулагч залууд өгсөн гэсэн?

-Үгүй ээ. Тайван байна. Сэтгэлээр унаагүй. Гол нь удахгүй болох ДАШТ-д л амжилт гаргах нь чухал. Ер нь би татамид гарахдаа хэзээ ч заавал алтан медаль авна гэж шунадаггүй. Зөвхөн урдаа зогсч буй өрсөлдөгчтэйгөө тайван барилдах нь чухал гэж боддог. Байнга би ялах ёстой гэж бодоод байхаар өөрийгөө хэт их барьчихдаг муу талтай.

-Таны жинд түрүүлсэн Монголын бөх Д.Сумъяатай та хагас шигшээд таарч ялагдсан. Энэ барилдааныхаа тухайд…

-Хамгийн сургамж болсон барилдаан байлаа. Монголын бөх бусад орны бөхчүүдийг бодвол их бяртай байсан. Би хичнээн зүтгээд ч дийлэхгүй цэвэр ялагдсан.

-Д.Сумъяатай учраа таарна гэж тооцоолж байсан уу?

-Тооцоолсон байсан. Гэвч түрүүлж барилдаан гаргаж чадсангүй. Өмнө нь хоёр удаа таарч байсан. Энэ удаа харин ялагдлаа. Тиймээс цаашид илүү их хичээж, хүчний тал дээр бэлтгэлээ түлхүү хийе гэж бодлоо. Дахиж ийм алдаа гаргахгүй ээ.

-Таны хувьд 2012 онд Лондонгийн олимпийн аварга болсон. Олимпийн аваргын мөрөөдөл юу бол?

-Ирэх сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох. Өөрийнхөө жинд дэлхийд номер нэг тамирчин болох хүсэлтэй.

-Таны жинд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байна?

-Португалийн жүдоч байх аа. Монтиро. Бас Монголын жүдоч.

-Таны барилдааны арга барилыг сонирхож болох уу. Дэвжээн дээр их тайван харагддаг?

-Би дэвжээн дээр гарахдаа аль болох тайвширч, тогтож барилдахыг хичээдэг.

-Тэгэхээр барилдах үедээ дасгалжуулагчийнхаа хажуугаас өгч буй зөвлөгөөг сайн сонсдог байх нь ээ?

-Тийм.Сайн сонсдог. Тайван барилдахад орчноо сайн мэдэрч чаддаг. Дасгалжуулагчийн үг маш сайн сонсогддог. Барилдах үед миний алдаа оноог дасгалжуулагч сайн харж байдаг учраас түүний үгийг маш сайн сонсч барилддаг.

-Жүдогоор хичнээн жил хичээллэж байна вэ?

-22 жил.

-Одоо хэдэн настай юм бэ?

-27 настай. Би 1987 оны есдүгээр сарын 11-нд Японы Ишикава аймгийн Каназава хотод төрсөн. Таван настайдаа анх жүдо бөх сонирхож хичээллэсэн.

-Өдөрт хичнээн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Өглөө нэг цаг, өдөр хоёр цаг, орой гурван цаг бэлтгэл хийдэг.

-Түлхүү ямар бэлтгэл хийдэг бол?

-Өглөө гүйдэг. Өдөр хүчний дасгал хийнэ. Харин орой жүдогоор барилдана. Одоо хүчний бэлтгэлээ илүү хийе гэж бодож байна. (Инээв)

-Монголд ирээд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Уужим сайхан орон байна. Анх ирэхэд цагаан хөвсгөр зүйл хийсээд нэг тийм санагдсан. Тэгсэн тэр зүйл модноос гардаг гэсэн.

-Ямар санагдав?

-Гоё. Би өөрөө хөвсгөр зөөлөн зүйлд дуртай.

-Үзэгчид тантай хамт зураг даруулах гэж нэлээд бүчсэн. Та их сандарч байсан ч таатай хүлээж авсан шүү?

-Мэдээж гоё байсан. Манайд бол хүмүүс намайг таньж байгаа ч зураг авахуулж болох болов уу яах бол гээд эмээгээд хэлж чадахгүй өнгөрдөг. Харин монголчууд шууд хүрч ирээд хамт зураг авахуулъя гээд цуг зогсчихсон. Нээлттэй, шулуухан хүмүүс санагдлаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сумъяа: Миний хамгийн том зорилго олимп

Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа “Рио-2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж монгол түмнээ баярлууллаа. Энэ торгон мөчид “Өдрийн сонин”-ы архивыг нээж, түүнтэй хийж байсан нэгэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.


“World masters” тэмцээний хошой алт, “Чингис хаан” дэлхийн цомын аварга, Чиндаогийн гран пригийн аварга Доржсүрэнгийн Сумъяагийн жүдогийн татамид гаргасан амжилтыг нэрлээд барамгүй. Тэрээр хамгийн сүүлд Дэлхийн оюутны спортын наадам болох Универсиадаас жүдо бөхийн 57 кг-ын жинд алтан медаль хүртсэн сайхан амжилт үзүүлсэн билээ. Энэхүү амжилтыг нь төр засаг үнэлж 30 сая төгрөгөөр шагналаа. Мөн тус наадмын буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Э.Даваахүүд 36 сая, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгт 10 сая, буудлагын төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн О.Төгөлдөр, Э.Бадамгарав нарт тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагнал олгосон байна. Энэ үеэр Олон улсын хэмжээний мастер Д.Сумъяатай уулзаж сэтгэгдлийг нь хуваалцлаа.


-Баяр хүргэе. Жүдогийн дэвжээнд гаргасан амжилтыг тань төр засаг үнэл­лээ. Сэтгэл хэр хөдөлж байна?

-Маш их баяртай байна. Монголын Жүдо бөхийн холбоо, Монголын оюутны спортын холбоо, гэр бүл, намайг үргэлж дэмждэг бүх хүмүүст баярласнаа хэлмээр байна.

Түүнчлэн Балжинням, Баттулга, Эрдэнэт-Од, Цэвэлмаа, Дашдаваа багш нартаа хамгийн их талархаж явдгаа хэлье. Х.Эрдэнэт-Од багш маань бидэнтэй байнга хамт байж бидний бэлтгэл сургуулилтыг ч сайн хийлгэдэг. Багш өөрийнхөө бүхий л эрдмийг надад өгсөн. Энэ бүхэн багш нарын минь л ач. Тиймээс цаашдаа илүү их амжилт гаргаж багшийгаа баярлуулж, Монголынхоо нэрийг дэлхийн дэвжээнд мөнхлөхийг хүсч байна.

-Энэ сард хоёр том тэмцээнд амжилт гаргалаа. “Чингис хаан” гранпригаас шууд Универсиадын татамид гарахад хэцүү байв уу?

-“Чингис хаан” гранприд оролцож алтан медаль авсан. Маргааш нь шууд БНСУ-ыг зорьсон. Долдугаар сарын 6-нд барилдах хуваарьтай байсан болохоор ганц өдөр амрах ч боломж гараагүй. Дэлхийн оюутны универсиад наадамд анх удаа оролцож барилдаад аварга болсондоо сэтгэл өндөр байна.

-Нэлээд хүчтэй өрсөлдөгчдийг өвдөг шороодуулж аварга болсон шүү?

-Мэдээж өрсөлдөгч болгон хүчтэй. БНСУ, Франц, Хорват, Япон гээд бүх л өрсөлдөгчид маш сайн байсан.

Муу өрсөлдөгч гэж хэзээ ч байхгүй. Би эхний тойрогтоо Солонгосын бөхтэй барилдсан. Тэр тамирчинтай өмнө нь барилдаж байсан удаатай. Ялж, ялагдаж өгөө аваатай барилдаж байсан. Энэ удаа ерөнхийдөө даагаа нэхэх барилдаан хийж би давсан.

-Удахгүй ДАШТ болно. Бэлтгэлээ хэр хангаж байна?

-Маргааш шигшээ багтайгаа бэлтгэлдээ гарна.

-Бэлтгэлээ хаана хийх вэ?

-Уламжлал ёсоор шигшээ багийнхантайгаа хөдөө гарч сар бэлтгэл хийнэ. Ирэх сард Казахстаны Астана хотод болох ДАШТ-ээс олимпийн эрх олгох оноо цуглуулах хамгийн чухал. Одоо яг л нэг сарын хугацаа үлдсэн байна. Тиймээс бэлтгэлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлчихээд байна.

-Одоогоор хэчнээн оноо цуглуулсан бэ?

-Эрэмбээрээ дэлхийд гуравт бичигдэж байгаа.

-Таны хувьд өмнө нь Лондонгийн олимпод оролцож байсан туршлагатай бөх. Тиймээс Рио Де Жанейрогийн олимпод ингэнэ, тэгнэ гэж бодсон санасан зүйл байгаа болов уу?

-Мэдээж миний хамгийн том хүсэл бол олимпийн аварга болох. Хүссэн бүхэн олимпод оролцдоггүй. Хамгийн их хүч хөдөлмөр зарцуулж хөлс гаргасан тамирчин л тэр наадамд очдог юм байна гэдгийг нүдээрээ үзсэн.

Өмнө нь оролцож байсан учраас тодорхой хэмжээний туршлагаас гадна бодсон юм байгаа. Тиймээс өөрийн чадах бүхнээ ирэх оны олимпод үзүүлнэ дээ.

-Өөрийн тань жинд Японы олимпийн аварга Мацүмото Каоригоос эхлээд олон хүчтэй бөх бий. Гэхдээ Мацүмото Каориг сая эх орныхоо дэвжээнд буулгаж авсан. Тэгэхээр олимпийн аварга болох шаанс ер нь бий гэж бодож байна…

-Баярлалаа. Лондоны олимпийн аварга Мацүмото Каори мундаг бөх. Каоригийн барилдааныг одоо бол сайн мэднэ. Хэд хэдэн удаа барилдаад үзчихлээ. Давж ч үзлээ. Тамирчин хүн өөрийгөө хэзээ ч голж болохгүй. Өрсөлдөгчөө надаас илүү гэж бодохгүй харин ч зоригтой байх ёстой. Жүдо бол цаг хугацааны тэмцэл. Эрсдэл маш ойрхон байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Хотын дарга С.Батболд хууль бус барилгыг буулгах шийдвэр гаргалаа. Цонхоо таглуулж эрх ашиг нь зөрчигдсөн иргэд одоо л нэг нар үзэх цаг нь иржээ

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга С.Батболд нэгэн шийдвэрийг гаргасан нь иргэдийн талархлыг ихэд хүлээгээд байна. Ард түмэн түүнийг “Зоригт дарга” хэмээн шагшин магтах боллоо. Учир нь энэ сарын 27-ны өдөр Хотын дарга С.Батболд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх “Хүннү” хорооллын нутаг дэвсгэрт байрлах дөрвөн давхар барилгыг буулгах шийдвэр гаргасан юм. Тус барилга иргэн Ц.Оюунцэцэгийн эзэмшлийнх бөгөөд ойр орчмын нийтийн орон сууцны айлуудын цонхыг таглаж барьсан байв. Энэхүү шийдвэрээ Хотын захирагч нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр танилцуулсан билээ.Иргэн Ц.Оюунцэцэгийн дөрвөн давхар барилга ямар ч зураг төсөлгүйгээс гадна галын аюулгүй байдлыг зөрчсөн байна. Уг барилгыг 2014 онд баригдахад л хэд хэдэн шалтгаанаар хууль зөрчиж байгааг барилгын эзэнд анхааруулсан боловч үл ойшоож өдийг хүрчээ. Том “толгой”-той энэхүү барилгын эзэн 250-500 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрч. Улмаар торгууль төлсөн байдлаа гарцаас мултарсан мэт ойлгож барилгаа үргэлжлүүлэн барьж. Орон сууцны голд, айлуудын цонх таглаж, 1.5 метрийн зайд дээрх дөрвөн давхар барилга баригдсан байсан юм.

Тухайн шийдвэртэй давхцан бас нэгэн барилгыг албадан буулгах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн баруун талд байрлах иргэн Ц.Машбатын барилга. Тус барилга нь Баянгол дүүргийн засаг даргын захирамжаар 96 м.кв газар эзэмших эрхтэй болж. Гэвч тэрээр дур мэдэн талбайн хэмжээгээ явган хүний зам руу сунгаж өргөтгөл барьсан байна. Өргөтгөлийг буулгаж явган хүний гарцыг чөлөөлөхийг шаардсан ч одоо хүртэл биелүүлээгүй тул нийслэлийн удирдлагууд тус барилгыг мөн л албадан буулгах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ.

Тэгвэл Мэргэжлийн хяналтын байцаагч, хууль, тогтоомжийг зөрчин байж оршин суугчдын аюулгүй, амгалан тайван байдлыг алдагдуулсан дээрх барилгын эздэд Хотын захирагч С.Батболд төрийн төмөр нүүрийг ёстой л нэг харууллаа. Хотын шинэ удирдагчийн гаргасан шийдвэр хуулийг уландаа гишгэсэн зарим нэгний хувьд эгдүүцлийг нь төрүүлж байгаа бол ард түмнийг гайхшруулж баатарлаг зориг гаргасан хэмээн “Зоригт дарга” гэсэн цолыг хүртэл өгөөд буй. Хотын даргын ард түмэнд таалагдах, таалагдахгүй нь чухал биш. Хамгийн гол нь хуулийг завхруулагч “том толгойт”-нуудын эсрэг зоригтой дуугарч, үүнийгээ үйлдлээрээ харуулж эхэлсэнд нь алга ташихад ч багадмаар санагдана. Учир нь Хотын дарга С.Батболд Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийг зөрчин нийтийн эрх ашгийг хөндсөн зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг шил дараалан нураахаа энэ үеэрээ мэдэгдсэн билээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод зөвшөөрөлгүй 27 барилга баригдаж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлж байна. Хот байгуулалтын тухай хуулиар барилга хоорондын зай 15 метр байх ёстой гэж заасан байдаг. Дээрх хоёр барилгыг албадан буулгахаар болж, үлдсэн 25 барилгыг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна. Мэргэжлийн хяналтын байцаагчдын мэдээлж буйгаар тухайн хууль зөрчсөн барилгын эзэн нь хувь хүн тохиолдолд 250-500 мянган төгрөгөөр торгох заалттай байдаг аж. Улмаар торгож, Мэргэжлийн хяналтынхан акт тогтоодог байна. Иймэрхүү зөрчилтэй барилгууд үйл ажиллагаагаа зогсоох нь битгий хэл нэмээд давхар барьчихдаг байна. Харин энэ удаагийн тохиолдолд хуулийн дагуу бол зөвшөөрөлгүй барилга барьсан эзэмшигч тус барилгыг нураах бүх зардлыг гаргах бололтой. Зөвхөн өөрийн ашиг орлогыг бодож хэдэн зуун айлын агаар салхи, үзэгдэх орчинг хаагаад олон давхар барилга барьж хар амиа бодсон нөхдөд зохих шийтгэлийг үүрүүлэх нь зүйтэй.

Ямартай ч нийслэлийн Засаг дарга С.Батболдын хууль бус барилгатай тэмцэх ажил дээрх шийдвэрээр зогсохгүй гэдэг нь тодорхой боллоо. Тэгэхээр энэ дөрвөн жил нийслэлийн мянга мянган айл, албан байгууллага цонхоо нээх хувь тохиох нь. Агаар амьсгалж, орчин тойрноо ажиглах бидний эрх ч сэргээсэй гэж хүсч байна. Учир юун гэвэл Сүхбаатар дүүрэгт “Өдрийн сонин”-ы байрны хойно бүх цонхуудыг нь хаан “Астра буйлдинг” компани Барилгын тухай хуулийг зөрчин 13 давхар оффис, орон сууцны барилга барьсан. Бараг бүтэн хоёр жил ажилчдынхаа эрх ашгийн төлөө тэмцээд дийлсэнгүй. Өдгөө ашиглалтад орчихоод байж байна. Тус барилга байгаа газар анх автомашины зогсоол байлаа. Төд удалгүй арван гурван давхар барилга сүндэрлэсэн. Энэ хугацаанд байшингийн цонх, хаалгаар байнга шороо тоос орж, хэд хэдэн удаа тус барилгаас юм унаж явган зорчигчдыг гэмтээж, зогсоолд байсан автомашиныг хүртэл сэвтээж байсан удаатай.

Тухайн үед “Өдрийн сонин” “Цонхоо нээе” төрийн бус байгууллага байгуулж холбогдох бүхий л газарт өргөдөл гаргаж, хууль бус ажиллагааг зогсоохыг шаардаж байлаа. Энэхүү төрийн бус байгууллагад цонхоо таглуулсан олон айл өрх, хувь хүмүүс ирж хууль бус, зөвшөөрөлгүй барилгатай тэмцэхээр нэгдэж байсан билээ. Ингээд Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хотын хэмжээнд баригдсан хууль бус барилгатай тэмцэхээ амлаж, шалгалт хүртэл явуулж байлаа. Тэр үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга П.Бат-Эрдэнэ “Өдрийн сонин”-д албан бичиг хүргүүлж, “Астра интернэшнл” компанийн барьж байгаа барилга “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн 2.11-д заасныг зөрчжээ” гэдгийг мэдэгдсэн. Тус заалтад “2-3 давхар орон сууцны барилгын хоорондох зай 15 метрээс багагүй байна. Дөрвөн давхар бол 20 метрээс багагүй. Харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай өрөөний цонхнуудын хоорондох зай 10 метрээс багагүй байх ёстой” гэх мэтээр дурдсан байдаг аж. Гэтэл “Астра буйлдинг” нь “Өдрийн сонин”-оос 8.4 метрийн зайд байгаа нь дээрх заалтыг зөрчсөн. Мөн тухайн үед Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан “Өдрийн сонин”-ы хажууд баригдаж байгаа орон сууцны барилгын захиалагч Л.Зундуй болон “Астра интернэшнл”, барилгын ажил гүйцэтгэгч “Тэлмэн констракшн” ХХК нь дур мэдэн барилгын байршлыг батлагдсан эх загвараас урагш шилжүүлэн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Иймд дээр дурдсан зөрчилд холбогдох арга хэмжээг авч ажиллана уу” хэмээн мэдэгдсэн байдаг.Сэтгүүлч бид хоорондоо ч ярьж чадахгүй тийм их чимээ шуугиан дунд ажлаа хийж, цонхоор шавар, шороо орж ирээд үнэндээ хүнд нөхцөлд нийтлэл, сурвалжлагаа бэлтгэх болсон. Одоо бид байгалийн гэрэлтүүлэггүй, цонхоороо салхи ханатал оруулах боломжгүй, орчин тойрондоо чухам юу болж байгааг харж чадахгүй хэцүү байдалд ажиллаж байна. Энэ бүх байдал бидний эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Хууль бус гэдгийг нь мэргэжлийн байгууллагууд нь тогтоочихоод байхад “Астра буйлдинг” барилгыг Улсын комисс хүлээгээд авчихсан гэсэн.

“Астра буйлдинг” компани ардаа нэг том даргатай болоод л ийм увайгүй, таахалзсан үйлдэл гаргаж хуулийг үл ойшоосон нь ойлгомжтой байлаа. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг. Нийслэлийн мянга мянган айл цонхоо таглуулж, эрх зөрчүүлсэн нэг өдөр байхад цонхоо нээх өдөр бас ирж л таараа. Тэр цаг хугацааны тохирол нь ирсэн бололтой. Үүнд ард түмэн итгэж байна. Учир нь “Өдрийн сонин” бидэнтэй адил цонхоо таглуулаад буй мянга мянган айлын төлөөлөл юм. Тиймээс хууль бус барилгатай тэмцэх “Цонхоо нээе” төрийн бус байгууллагын “Цонхоо нээе” хөдөлгөөнд эрх ашиг нь зөрчигдсөн олон хүн нэгдсээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Т.Дамдинсүрэн: Миний хүүг 26 удаа хутгалж хөнөөсөн алуурчин гэм буруугүй гээд цагаатчихлаа

Энэ сарын 27-нд болсон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар 19 настай хүүг 26 удаа хутгалж хөнөөсөн гэх сэжигтэн Б-г гэм буруугүй гэж үзэн, цагаатгажээ.

Хэргийг сануулахад 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр онц ноцтой хүн амины хэрэг гарсан билээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр зургадугаар “Бичил” хороололд байрлах автомашины гараашийн үүдэнд 19 настай хүүгийн цогцос байгааг иргэд цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Хэргийг шалгахад 19 настай хүүг 26 удаа хутгалж амь насанд нь хүрсэн байж. Цагдаагийнхан сэжигтэн Б-г хэргийн газраас холдоогүй байхад баривчилж, хэсэг хугацаанд хорьж байсан. Тэгвэл дээрх хэргийн анхан шатны шүүх хурал уржигдар болж талийгаачийг хөнөөсөн гэх 33 настай Б-г буруугүй хэмээн цагаатгажээ. Харин талийгаач М.Пүрэвсүрэнгийн ээж шүүх хурал будлиантай болсон хэмээн шүүмжилж байна. Ингээд талийгаач хүүгийн ээж Т.Дамдинсүрэнтэй ярилцлаа.


-Хоёулаа яриагаа хэрэг болсон өдрөөс эхэлье. Та өмнө нь манай сонинд тодорхой ярилцлага өгч байсан. Гэхдээ уншигчдад нэхэн сануулсан нь дээр гэж бодож байна?

-Тэгье. 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн XII хороо зургадугаар Бичил хорооллын 19 дүгээр байрны гараашны үүдэнд миний хүүг хөнөөгөөд хэргийн газраас гэмт этгээд зугтаасан байсныг цагдаагийнхан илрүүлсэн. Иргэд цагдаагийн газарт “Энд цусандаа хутгалдсан хүн байна. Амьсгалахгүй байна” гэж дуудлага өгсөн байдаг.

-Хэрэг 18:00 цагийн орчимд гарсан гэдэг. Талийгаач, сэжигтэн хоёр танилууд уу. Хоорондоо танил, танил биш гэж янз бүрээр л ярьдаг?

-Танилууд биш. Тэр гайтай өдөр л хүүтэй маань дэлгүүрт таарсан байгаа юм. Дэлгүүрийн камерт бичигдэж үлдсэн байсан. Хүү маань дэлгүүрт утсаар найз руугаа ярьж ломбарданд тавьсан утсаа эд зүйлс ломбарднаас чөлөөлдөг хүнээр авахуулъя гэж ярьсан юм билээ. Тэгсэн өнөөх залуу ирээд өдөж байгаад танилцаад “Би утсыг чинь авъя” гээд гарч “Приус” маркийн машиндаа суулгаад аваад явсан юм шиг байгаа юм. 15:40 цагт хамт гараад явах нь камерт бичигдсэн байгаа. Ингээд 17:43 цагт хүү минь нэг найз руугаа өнөөх залуугийн утсаар яриад “Ээжтэй холбогдмоор байна.

Ломбардны бичиг авах хэрэгтэй байна” гэж ярьсан байсан. Тэгж ярихдаа хоолойных нь өнгө нэг л айдастай, түгшсэн байдалтай байсан гэдгийг хэргийн дараа найз нь хэлсэн. Яг гурван минутын дараа эргээд нөгөө утас руу нь залгахад холбогдохгүй байсан гэсэн. Арваад минутын дараа нөгөө залуугийн утас холбогдож байсан. Надад цагдаагийн газраас хүү тань гудамжинд хүний гарт амиа алдсан байдалтай олдсон гэдгийг хэлж мэдэгдсэн. Буяннэмэх гэгч этгээдийг хэргийн газраас хөдлөөд холдоогүй байхад цагдаагийнхан илрүүлсэн байсан. Түүнийг харанхуйд машиныхаа гэрлийг асаалгүй явж байхад нь цагдаагийнхан илрүүлсэн. Тухайн үед цагдаа шалгах гээд машинд нь ороход хамаг хувцас хунар нь цус болчихсон хөл дор нь шар иштэй хутга байсныг цагдаа хэлсэн. Сэжигтэн ч “Намайг хүн хутгалчихлаа” гэж мэдүүлсэн байгаа юм.

-Сэжигтэнг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. Гэвч ямар үндэслэлээр батлан даалтад гаргасан юм бэ?

-Буяннэмэх өөрөө хутгалуулсан, гэмтсэн гээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хэвтсэн. Тус эмнэлэгт ажилладаг Мөнхбаяр эмчийн төрөл садан байсан юм билээ. Нэлээд нэр хүндтэй эмч байсан.13 хоногийн дараа “Танай хүүг алсан алуурчин хөзөр тоглоод сууж байна лээ” гэж надад хүн хэлсэн. Анхнаасаа мөрдөн байцаагч нь надад “Сэжигтэн сэхээнд байна” гээд бие нь хүнд байгаа гэж мэдээлсэн. Би танилаасаа сонсонгуутаа эмнэлэгт очиход энгийн тасагт хэвтэж байсан. Хамт нэг тасагт хэвтэж байсан өвчтөнүүд, эмнэлгийн цагдаа нь түүнийг хүний амь хөнөөсөн ч гэж мэдээгүй байсан. Зам тээврийн осолд өртөөд ирсэн гэж ярьсан байгаа юм. Намайг очсон шөнө эмнэлгээс Буяннэмэх оргосон. Би үүнийг мэдээд шууд Баянгол дүүргийн прокурорт өргөдөл гаргасан. Улмаар түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан. Гэвч удалгүй сэжигтний биеийн байдал муу гэх шалтгаанаар батлан даалтад гаргасан юм. Үүнээс хойш хагас жил гаруйн хугацаанд сэжигтэн этгээд сул чөлөөтэй явсаар анхан шатны шүүх хурлаар гэм буруугүйд тооцогдлоо. Энэ чинь юу гэсэн үг вэ. Бараг ялаа ч алж чадахгүй хүү маань өөрийгөө алсан болж таарч байна уу. Бүр 26 удаа өөр рүүгээ хутга дүрэх юм гэж үү.

-Шүүх хурлын явцад та шүүмжлэлтэй байгаа. Ямар учраас?

-Энэ сарын 27-ны 10:00 цагт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал эхэлсэн. Энэ хэргийн зүйл ангийг мөрдөн байцаалтын явцад өөрчлөн хөнгөрүүлээд, гурван жилийн хорих ял төлөвлөөд байсан юм. Хурлын үеэр шүүгч илт нөгөө талд ажиллаад, гурван жилийн ялыг нь ч өгөлгүй, бүр цагаатгах шийдвэр гаргачихлаа. Шүүх хурлын үеэр А.Алтанхуяг гэдэг шүүгч манай өмгөөлөгчийг үг хэлүүлэхгүй, хэргийн явцыг ярьж байхад товч ярь гэж загнаад байсан. Тэгсэн атлаа гэмт этгээдийг “Бие чинь гайгүй юу” гэхэд өнөөх нь “Хөл өвдөөд байна” гэж байх жишээтэй. Шүүгч “Заавал босох албагүй. Сууж байгаад мэдүүлгээ өг” гэсэн. Аав, ээждээ эрхэлж байгаа юм уу. Хүний аминд хүрчихээд хэнэг ч үгүй, бардам сууж байсан шүү дээ. Бараг л инээх нь холгүй байсан. Угаасаа шүүх хурлаас өмнө шийдвэрээ гаргачихсан байсан байна. Шүүх хурал биднийг хуурах төдий л ажиллагаа боллоо гэж манай өмгөөлөгч хэлсэн. Ер нь шүүх хурлын процесс хүртэл маш хурдан явагдаж шүүх хурлыг зургадугаар сард долдугаар сарын 5-нд гээд товлочихсон байсан. Надад мэдэгдээгүй. Би Хөвсгөлд явж байсан учраас очих боломжгүй гэсэн. Ингээд энэ сарын 20-нд болж хойшлогдсон. Тэгсэн шинжээч эмч нь ирэх боломжгүй гээд дахин хойшлогдоод сая болсон хэрэг. Асуудлыг ийм хурдан шийддэг гэмт хэргийн шүүх хурлыг би лав мэдэхгүй.

-Шинжилгээгээр гэмт хэрэг үйлдэхдээ өөрийгөө хянах бүрэн чадвартай гэж байсан. Яагаад эмчийн магадлагаа өөрчлөгдчихөв.Та юу гэж бодож байна?

-Д.Буяннэмэхийг хорих 461 дүгээр ангид саатуулах хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч нар үзээд өөрийгөө бүрэн хянах чадвартай гэсэн магадлагаа гаргасан.

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Уламбаяр гэдэг хүн энэ хэрэг дээр ажилласан юм. Мөрдөн байцаалт өнгөрсөн сарын сүүлээр дууссан. Уг нь мөрдөн байцаалт анх эхэлж байхад энэ хэргийг Эрүүгийн хуулийн 91.1 буюу онц хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар зүйлчилсэн байсан. Энэ зүйл анги нь 20-25 жилийн хорих ялтай байдаг юм байна. Мөрдөн байцаагч ч гэсэн энэ бол яах аргагүй 91.1 мөн. Хүнийг санаатай онц хэрцгий аргаар алсан гэж хэлж байсан юм. Яагаад гэвэл хүү үхэхээсээ өмнө маш их тэмцэлдээд гар хуруу нь хүртэл тасарсан байна лээ гэж байсан. Ийм атал мөрдөн байцаалтын явцад зүйл ангийг нь өөрчлөөд 93.1 буюу цочирдон давчидсан үедээ хүн алсан гэсэн зүйл анги болгоод хорих ялыг нь гурван жил болгочихож байгаа юм. Эцэстээ гурван жил хорих нь битгий хэл бүр гэм буруугүйд тооцоод цагаатгачихаж байна.

-Эмч нар зориуд Д.Буяннэмэхийн талд үйлчилсэн гэх гээд байна уу?

-Тэгэлгүй яахав. Би бол Д.Буяннэмэхийг яллагдагч гэнэ. Тэр хүн алчихаад гадуур зугаалаад явж байна шүү дээ. Түүнийг 2016 оны нэгдүгээр сарын 28-нд суллачихсан. Нэг ёсондоо эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргачихсан. Д.Буяннэмэх суллагдсанаасаа хойш эмч, цагдаа, прокурор гээд энэ хэрэгт холбогдох бүхий л байгууллагын гаргасан шийдвэрийг өөрчилж эхэлсэн.

Би яагаад зүйл ангийг нь өөрчилсөн юм бол гэж асуусан. “Шар хад”-ны эмнэлгийн эмч “Энэ хүн цочирдсон байсан учраас хүн алсан” гэсэн дүгнэлт гаргаад өгчихөж. Өмнө нь хэрэг болсны дараахан яг тэр эмнэлгийн гурвын гурван эмчийн дүгнэлтээр “Энэ хүн хэрэг гарах үед өөрийгөө жолоодох чадвартай байсан, хэрэг үүрэх чадвартай” гэсэн дүгнэлт гараад хавтаст хэрэгт нь хавсаргаад явж байсан юм шүү дээ. Гэтэл мөрдөн байцаалтын явцад бүх зүйлийг ингээд эргүүлчихэж байгаа юм.

-Та үүнд мөрдөн байцаагч холбоотой байж магадгүй гээд байгаа?

-Тийм ээ. Хэрэг гараад сар ч болоогүй байхад манай мөрдөгч Уламбаяр өөрөө надад “Энэ бол гарцаагүй онц ноцтой, санаатайгаар хүний амь хөнөөсөн хэрэг” гэж хэлж байсан. Гэтэл одоо мөрдөгч хүртэл зөвхөн нөгөө талд ажиллаж байна. Зүйл ангийг өөрчилсний дараа Эрдэнэцогт гээд дарга дээр нь ороод мөрдөгчөө өөрчилмөөр байна гэхэд хэргийг анхнаасаа мөрдсөн хүнийг одоо өөрчлөхгүй гэсэн. Д.Буяннэмэх гэдэг хүн бүгдийг мөнгөөр худалдан авч байна. Харамсалтай байна. Би хүү, охин хоёртой.

Гэтэл ганц хүүгээ алдаад шар махтайгаа хатаж байхад хүүг минь хөнөөсөн этгээд гэм буруугүй гээд зугаалаад явж байна.

-Та хүүг тань хөнөөсөн гэх Д.Буяннэмэхтэй биечилж уулзсан уу?

-Үгүй. Хоёр удаа барааг нь л харсан. Ах, эгч гэх хоёр хүнтэй нь харин уулзсан.

-Тэд тантай уулзаад юу гэх юм?

-Хүүгийн буяны ажилд зарцуулагдсан мөнгийг өгсөн.

-Хичнээн төгрөг өгсөн бэ?

-Есөн сая төгрөгийг бараг арав хувааж увуулан, цувуулан өгсөн. Энэ мөнгө буяны ажилд зарцуулагдсан. Тэгсэн хэрнээ намайг гомдолгүй гээд өргөдлөө буцаагаад авбал буяны ажилд зарцуулагдах мөнгийг нь өгье гэж шантаажилсан. Энэ мөнгөөр миний хүү босоод ирэх юм уу. Яасан хүний үнэргүй хүмүүс вэ. Би үнэн мөнийг тогтоож буруутай этгээдийг зохих хариуцлагаа хүлээгээсэй гэж хүсч яваа эх хүн. Магадгүй дахиад хэдэн ч хүний аминд хүрэх юм билээ. Хэн ч мэдэхгүй шүү дээ.

-Та давж заалдах шатны шүүхэд хандана гэсэн?

-Хандана. Хууль зүй, дотоод хэргийн яам гээд хандаж болох ямар л газар байна бүгдэд нь хандана. Хүүгээ алдсан эх хүний шаналангаар энэ хүмүүс тохуурхаж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ч хандана гэж бодож байгаа. Гэхдээ би айдастай байна. Энэ алуурчин мөнгөтэй юм байна. Танил талтай хүн байна. Хүүг минь хорин хэд хутгалж хөнөөчихөөд “Би алаагүй ээ, намайг л хутгалсан, тэр хүү өөрийгөө хутгалсан” гэж хэлээд та бидний дунд чөлөөтэй сэлгүүцээд амьдарч байна. Намайг ирээд алахыг хэн байг гэх юм бэ. Хамгаалдаг газар байна уу. Би энэ хэргийг яаж шударга үнэнээр шийдүүлэх вэ. Хэргийг илтэд буруу шүүж байгаа энэ шүүгчийг хэн томилсон юм бэ. Би хаана хандах ёстой вэ. Бид ардчилсан оронд амьдарч байгаа юм бол үнэн хэзээд ялах ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Тецуро ШимизҮ: Монголд авсан миний зураг Монголд үлдэх ёстой

Монголд 19 дэх жилдээ зураг авч байгаа Японы гэрэл зурагчин Тецуро Шимизү монголчуудын амьдрал, аж байдлыг харуулсан гэрэл зургаараа 2012 онд “Өөрчлөлт”, 2015 онд “Шинэ аялал” фото альбомоо гаргажээ. Японы гэрэл зургийн ертөнцөд Монголын гэрэл зургаар танигдаж, Монголын гэрэл зургийн томоохон төлөөлөл шиг үнэлэгддэг түүний хоёр альбом бүхэлдээ манай хөдөөгийн аж амьдрал, нүүдэлчдийн өвөрмөц ёс заншил, ховор ан амьтны зургаас бүтсэн байна. Эхний альбомд гэрэл зурагчны 15 жилийн аяллын 253 зураг байх агаад эндээс Тецуро Шимизүг хотод биш тал нутгаар явж гэрэл зураг авдаг нэгэн болохыг харуулна. Энэхүү альбомд гэрэл зурагчин “Би 1997 оны зун буюу Ардчилсан хувьсгалаас хэдхэн жилийн дараа анх Монголд очсон. Энэ үед гудамжаар зөрөх автомашины тоо цөөхөн байсан бөгөөд Улаанбаатар хотын булан бүрт социалист үеийн ул мөр нэлээдгүй ажиглагддаг байв. Хотын яг зүрхэнд орших Улсын их дэлгүүрт бараа ч үгүй, үйлчлүүлэгчид ч үгүй хоосон лангуунууд их байлаа. Тэр дэлгүүрээс би “командирский” гэдэг танк тулаан, төрийн далбаа дүрсэлсэн цэргийн цагийг өөртөө дурсгал болгон худалдаж авсан нь одоо ч надад бий. Хэдийгээр өнөөгийн хөгжил олон сайхан зүйлийг авчирч байгаа ч монголчууд үнэт зүйлсээ бага багаар алдсаар байна” гэх мөрүүдийг тэмдэглэжээ. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

-Таны 19 жилийн ажил Монголтой холбогдож байна. Яагаад өөрийнхөө амьдралын бараг нэг үеийг Монголын тухай гэрэл зурагт зориулахаар шийдсэн юм бол?

-1997 онд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтсоны 25 жилийн ойгоор миний багш Тoshinobu Takeuchi Улаанбаатарт гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Энэ үед би багшийнхаа туслахаар анх удаа Монголд ирсэн. Багшийн танил гэрэл зурагчид, ховор ан амьтны зураг авдаг хүмүүсээс шилүүсний тухай сонсоод дахин ирж энэ ховор амьтны зургийг авна даа гэж бодоод буцсан. Дараа жил нь ирээд ирвэсийнхээ зургийг авахаар говь руу анх удаа явсан. Тэгээд ирвэсээ олж, зураг аваад очиход багш миний хальсыг үзээд “Чи юу ч авч чадаагүй байна” гэж голж билээ. Би маш их хичээгээд гайгүй зураг авлаа гэж бодсон юм. Их холоос авсан ирвэс гэрэл зурагт тун жижигхэн буусан байсан. Тэгээд дахин очиж сайн зураг авна. За за, ирвэс, ховор амьтны зураг ийм хэцүү юм чинь хүмүүсийн зураг, Монголын амьдралын зураг авъя. Монголын тухай нэлээн ойлголттой болъё. Хүмүүст ч Монголын тухай зургаа үзүүлье. Ирвэсийн зургаа дараа сайхан авна гэж бодоод Монголоор тойрч эхэлсэн.

-Таны хальсанд хотын амьдрал, нийслэлийн өөрчлөлт биш дандаа хөдөө орон нутгийн амьдрал буусан байдаг. Очих газраа өөрөө товлож байсан уу?

-Монголд зураг авснаас хойш хангай, говийн маш олон газраар явсан. Анх ирж байхад нэртэй гэрэл зурагчин, талийгаач Ц.Батзориг амьд байсан. Ц.Батзориг болон С.Цацралт ахаас хаана очиж зураг авахад сайхан бэ гэдэг талаар зөвлөгөө авч явах чиглэлээ тодорхойлдог байв. Хөдөө малчин айлд очиход манай энд гоё газар бий, тийшээ очих уу гэж асуудаг. Тэднээс сонсоод сайхан газруудаар явж зургаа авч эхэлсэн. Мянга сонсохоор нэг үз гэдэг үг байдаг шүү дээ. Энэ үг миний тархинд хадагдсан. Сонсож байхаар очоод үзнэ гэж зорьдог. Тэнд очоод дараагийн газар руу явах. Тэгээд өвөл очвол сайхан зураг гарах уу, зун нь зүгээр үү, эсвэл намар гоё уу гэх зэргээр төлөвлөлтөө хийдэг. Анх хөдөө явахдаа Оросын пургон машинаар, жолоочтойгоо хоёулхнаа, орчуулагчгүй явдаг байсан. Намайг ирж байхад япон-монгол хэлний харилцан ярианы ном гэж байдаггүй байв. Тэгээд хэрэгцээтэй үгээ өөрөө түүж японоор бичээд, монгол хэл мэддэг япон хүнээр эсвэл япон хэл мэддэг монгол хүнээр орчуулж авдаг байсан. Хэдийгээр би Монголын эгэл жирийн хүмүүсийн амьдралын тухай зургийг хальсандаа буулгадаг ч энэ ажлаа Ц.Батзориг агсны ажлын үргэлжлэл гэж боддог. Талийгаач монгол зурагчдаас монголчуудынхаа амьдралыг хамгийн сайхан харуулах хүн байсан. Намайг Монголын ховор амьтны зураг авна гэж мөрөөдөөд явж байхад Ц.Батзориг өөд болсон. Тэгэхэд Японд байсан над дээр энэ хүний бүх хальс нь ирсэн юм. Энэ зургуудыг угаалгаад сайхан зураг болгоод аваад ирээч гэж хүмүүс захисан. Тэр зургуудыг цэгцэлж байхдаа “Ийм сайн зурагчин бурхан болчихлоо. Энэ ажлыг үргэлжлүүлэхгүй бол болохгүй юм байна” гэж бодсон.

-Траншейны хүүхдүүдийн тухай таны авсан цуврал зураг 2005 онд Японы Гэрэл зургийн холбооны ирээдүйтэй гэрэл зурагчны шагналыг хүртсэн байдаг. Амьрал ч хэцүү, хүүхдүүд ч их байсан даа. Зураг авахдаа хэр их цаг зарцуулсан бэ?

-Тэр үед миний охин мэндэлсэн юм. Нэг удаа охиныхоо зургийг хараад сууж байхад Монголд цөөнгүй таардаг траншейны хүүхдүүд нүдэнд харагдсан. Айлын хүүхдүүд гэртээ тав тухтай байхад энэ хүүхдүүд тийм биш. Хүүхдүүдэд яаж туслах вэ гэж бодохоор надад мөнгө байхгүй. Тийм учраас энэ хүүхдүүдийн амьдралыг зургаараа гаргаж, хүмүүсийн анхааралд оруулж тусалъя гэж бодоод зураг авахаар Монголд дахин ирсэн. 2004 оны есдүгээр сар, 2005 оны нэгдүгээр сард авсан зургууд. Ирээд аппаратгүйгээр, хүүхдүүд хаана ямаршуухан амьдардаг юм бол гэж нэлээд хайсан. Нэг удаа эмнэлгийн хажуугаар явж байхад хэдэн хүүхэд гүйж ирээд “Ах аа, мөнгө байвал өгөөч” гэсэн. Та хэд хаана амьдардаг юм бэ гэсэн чинь энэ хажуугийн траншейнд гэдэг юм байна. Та хэдийн зургийг авч болох уу гэсэн чинь болно гэсэн. Есөн сард бараг зунаараа байсан учраас гадаа авч болсон. Нэгдүгээр сард хүйтэн үед траншейн дотор авсан. Бас өнчин өрөөсөн, асрамжийн газрын хүүхдүүдийн зургийг авсан. Найман настай, 14-15 настай ч хүүхдүүд байсан. Одоо хааяа тэднийг яаж амьдарч байгаа бол гэж би боддог. Сайн л явж байвал болно доо.

-Монгол нутгаар хөндлөн гулд 20 орчим жил аялсан хүнд энэ ард түмний тухай өөрийн гэсэн дүгнэлт байх нь тодорхой. Түүнээсээ хуваалцахгүй юу?

-Монголын хөдөөний хүмүүс сэтгэл татдаг. Анх ирвэсийн зураг авах гэж ирээд говьд очиход зүгээр замд тааралдсан хүн хамт яваад, хоёр, гурван удаа уул тойроод газарчин хийж өгсөн. Тэгэхэд би их гайхсан. Энэ хүн яагаад надад туслаад байгаа юм бол. Би газарчин хийж өгсөн гээд мөнгө өгч чадаагүй. Бэлэг өгөөгүй байхад яагаад тусалж байна вэ гэж бодож билээ. Тэгээд их баярласан. Хөдөөний эрчүүд нэг их юм ярьдаггүй. Харин эмэгтэйчүүд нь өөр. Японд хэн нэгэнд загнуулна гэсэн ойлголтгүй. Монгол эмэгтэйчүүд жинхэнээсээ уурлаад загнадаг. Анх ирээд хөдөө очоод “Жаахан хүүхэд хүртэл хийж чадаж байгаа юмыг чи чадахгүй байхдаа яадаг юм. Чи энэ ажилд тусал л даа” гэж загнуулсан. Өөрийгөө насанд хүрсэн том хүн гэж бодсон ч загнуулсан чинь гоё ч юм шиг. Хөдөө их сайхан. Тэнд очихоор гэртээ очсон юм шиг, нэг гэр бүлийнхэн шиг л сайхан байдаг. Яг тийм байдаг учраас миний зураг зүгээр нэг жуулчин очоод авч чадахгүй, яг монголчуудын амьдралыг гадаад хүний нүдээр харсан тийм зураг болж чаддаг байх.

-Гэрэл зурагчнаас тэр тусмаа гэрэл зургийн аппарат үйлдвэрлэлээр толгой цохидог Японы гэрэл зурагчнаас яг одоо ямар аппарат хэрэглэж байгааг асуухгүй өнгөрч болохгүй. Та аль фирмийн камер барьж байна?

-“Olimpus”-ийн сүүлийн үеийн загварын камер барьдаг. Хөнгөн, авсаархан, авч явахад бас ашиглахад их эвтэй. Камерын хувьд өндөр хурдтай, дүрс чанарын хувьд сайн. Бороо, цастай ямар ч үед зураг авахад дүрсний хувьд бэрхшээлгүй, нэмэлт линз, шүүлтүүртэй. Над шиг хөдөө явдаг хүнд тохирсон эд. Гэрэл зурагчид бол сайн мэднэ.

-Таны хоёр альбомоос Шимизугийн дуранд монголчуудын амьдралын хэв маягт гарсан өөрчлөлтүүд он жилээрээ үлдсэн нь харагддаг. Ийм санаа, шийдлээ яаж олсон бэ?

-Японд 2011 онд цунами болсон. Тэр үед Токиод том цунами орж ирж магадгүй гэцгээж байв. Би бүх хальс, гэрэл зургуудаа гэртээ хадгалж байлаа. Цунами болсон зүүн хойд мужуудад комьпютер хардаас эхлээд бүх юм устсан. Тэгээд Монгол хамгийн аюулгүй, Монголд авсан зураг Монголдоо үлдэх ёстой гэж бодоод Улаанбаатарт “Өөрчлөлт” альбомоо хэвлүүлсэн. Тэнд нэлээн хэдэн жилийн өмнөх зургууд багтсан. Өнөөдрийнх шиг цахим ертөнц, гар утас, хэрэглээний бусад электрон бүтээгдэхүүн зэрэг юмс байхгүй байхад хүмүүс их аз жаргалтай, амьдаръя, зүтгэе гэсэн бодолтой байсныг энэ альбомоос харна. Би 22 настайдаа Монголд ирсэн. Тэр үед би өөрийгөө том болчихсон, хоол хийнэ, гал асаана, бүгдийг чадна гэж бодож байсан ч яг Монголд ирээд чаддаг гэж бодсон бүх юмаа хийж чадахгүй байсан. Тэгэхэд хөдөөний малчин айлын гурван настай хүүхэд өөрөө хувцсаа өмсөөд, бакиалаа тосолж байгааг хараад энэ улсаас сурах юм их байна даа гэж бодож байлаа. Хүмүүс ажлын багаж нь ихсэх тусам юу ч хийж чадахаа больчихдог юм шиг. Орчин үед амьдралын бүх хэрэгцээ нэвтэрсэн байхад хүмүүс их тайван, хүсэх юмгүй болчихсон юм шиг. Түүнийг харуулах гэж хоёр дахь альбомоо гаргасан. Япон жуулчдыг хараад байхад хэлэх ёстой үг юм шиг “Би заавал дараа дахин ирнэ” гэдэг. Тэгээд ирдэггүй. Би ирээд буцахдаа бас “Дараа ирнэ ээ” гэж хэлдэг. Хүмүүс энэ ч ирэхгүй дээ гэж боддог гэсэн. Тэгээд дараа жил нь хүрээд ирэхээр “Хүүе чи хүрээд ирсэн үү” гээд цочдог. Тэгээд бүр сайн найз болдог. Монголын хаа сайгүй ийм найзууд бий. Гаднаас ирсэн зурагчид өөртөө болсон өөртөө хэрэгтэй зургаа аваад явдаг, болчихлоо гэж боддог байх. Би зургаа зураг авахуулсан хүн, тэр айлд хамгийн гоё гэж тооцогдохоор авахыг хичээдэг. Тэр зургуудаа Монголд нь үлдээсэй гэж боддог. Зургаа аль болохоор авчирч өгөхийг хичээдэг. Номоо ч гэсэн Монголд нь үлдээе гэж хийсэн.

-Монголын хөдөө талын өвөл япон хүнийг байтугай хотынхноо ч хашраадаг. Өвлийн хүйтнээс халширдаг уу?

-Өвөл ирж зураг авдаг. Зун бол хэн ч гоё зураг авахаар хэтэрхий гоё. Нэг удаа өвөл ирээд 40 градусын хүйтэнд Хөвсгөл нуурт майханд хоносон. Энэ их сайн мешок, -35 градуст яах ч үгүй гэхээр нь шинэ мешок худалдаж аваад ирсэн байлаа. Тэгээд майханд хоносон. Жолооч машиндаа пирмуск асаагаад унтсан. Шөнө дунд машиныг ямар нэг юм самардаад байх шиг болоход жолооч хаалга онгойлгосон гэсэн. Тэгэхэд би хөлдөж үхэх гээд хаалга тогшсон юм. Манай жолооч хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд унтчихаж. Тэгээд арай гэж оруулж, гэсгээж дулаацуулсан. Монголын өвөл үнэхээр хүйтэн. Тэгэхэд өвлийн хүйтнийг жинхэнэ мэдсэн. Тэрнээс хойш бэлтгэл сайтай ирдэг болсон доо. Одоо хүйтнийг ажрахаа байсан. Би тэр хүйтэнд үхээгүй, тэгээд хүний амь ч бас бөх юм байна. Миний амь ч их бөх болсон байх гэж бодсон шүү. Түүнээс хойш өвөл Монголд ирэх бүр ч дуртай болсон.

-Хөдөөгийн хүмүүсээс та анзаарсан байх. Уул усаа эзэнтэй, савдагтай гэх мэт хэлэлцдэг. Ямар нэг ер бусын тохиолдолтой таарч байв уу?

-Тийм, монголчуудын энергитэй газар, эзэнтэй уул, ус гэдэг үгэнд би шууд итгэдэг. Япончууд Шинто шашин шүтдэг. Энэ шашинд ч уул ус эзэнтэй гэсэн ойлголт байдаг. Би нэг удаа Японд байгальд зураг авах гэж яваад өглөө эрт зурганд гарах ёстой ч нойр хүрээд жаахан унтах гээд зүүрмэглэхдээ “Хүүе чи чинь унтаад байгаа юм уу” гэж хэн нэг хүн хэлэх шиг болоход сэрсэн. Эхлээд зүүдэлж байна уу даа гэж бодсон ч тэр уулын савдаг, эзэн ч юм уу, бурхны ч юм уу дууг би сонссон. Японд ууланд авирч яваад яг унах гэж байхад модонд гогдогдоод үлдчихдэг ч юм уу ийм юм надад таардаг. Японд ч гэсэн тийм юм болдог, Монголд ч тохиолддог болохоор би айж цочирддоггүй.

-Монголын аж амьдрал талаас зургийг нь авч амжаагүй, үлдсэн сэдэв танд бий юу?

-Анх бодож ирсэн ирвэснийхээ зургийг л аваагүй. Ховд, Баян-Өлгий гээд хөдөөгүүр явахдаа ирвэстэй гэсэн уул болгон руу явдаг. Би тааралдаагүй л байгаа. Авна гэж байнга боддог. Тэр бол миний ажил шүү дээ. Одоо болтол таараагүй болохоор миний энд хийх ажил дуусаагүй ч юм бил үү (инээв).

Categories
мэдээ цаг-үе

Атрыг амилуулж баатрыг төрүүлсэн ЦЭЭЛ сум

Майхан уул

Улаанбаатар хотоос баруун тийш хатуу хучилттай замаар 100 км яваад Төв аймгийн Баянхангай сумын Атар сууринд ирнэ. Тус суурингаас баруун хойш салж шороон замаар 60 км давхиад Төв аймгийн Угтаалцайдам сум хүрнэ. Харин уг сумаас цааш 20 км давхиад Төв аймгийн Цээл суманд хүрнэ. Энэ бол манай нутаг. Хуучнаар бол Залуучууд сангийн аж ахуй гэдэг нэрээр нь хүмүүс андахгүй. Гэхдээ залуу үеийнхэн бол Цээл сумаар нь сайн мэднэ. Цээл сум 1976 онд Угтаалцайдам сумаас тасарч өнөөгийн төрхийг олсон бөгөөд анх атрын шинэ аж ахуй байгуулах зорилгоор өрх тусгаарласан гэсэн үг. Харин 1977 онд албан ёсоор Цээл сум болж Монгол Улсад нэгэн сум нэмэгдсэн түүхтэй. Өдгөө Цээл сум 40 жилтэйгээ золгож байна. Тэгэхээр байгуулагдсан түүхээс харахад л сумын уугуул иргэд нь тариачин ард түмэн болж таарна. Сумын иргэдийг тариаланч, ногоочин, малчин гээд гурван бүлэгт хуваачихаад болно. Газар нутгийн хувьд Орхон, Сэлэнгийн сав газрын ойт хээрийн бүст хамрагдах боловч сумын төвийн баруун хэсэг, хойд талаараа говь нутгийг санагдуулам элсэрхэг. Энэ элсэрхэг бүсээ нутгийнхан “Элсэн цагаан” гэж нэрлэдэг. “Элсэн цагаан” мойл жимс ургадаг монос мод ихтэй. Наймдугаар сар жаахан гаргаад л сумынхан том, жижиг гэлтгүй битон сав бариад л явган алхчихна. Сумын төвөөс баруун тийш ганц гүвээ даваад л мойл жимс сагуулсан моностой хөндий угтана даа. Хүүхэд байхад ангийнхаа охидтой мөн ч их явдаг байж дээ. Орой нар шингэх үед л хар ам, шүдтэй амьтад л ирдэгсэн. Атрын буянаар энэ хөндийд олон сайхан залуус ажил, амьдралын гараагаа эхэлж өдгөө үр хойч нь тариачдын үргэлжлэл болон амьдарч явна. Хөнгөн сийрэг, хүрэн хөрстэй учраас тариа тарихад нэн тохиромжтой нутаг. Ган гачгаас л биш бол газрын хөрснөөс болж ургац хураасангүй гэж би лав сонсоогүй. Цээл суманд тариа тарьдаг иргэн, аж ахуйн нэгж, компани нэлээдгүй бий. Өдгөө аймгийнхаа улаан буудайн гуравны нэгийг бүрдүүлж байна. 2010 онд Цээл сум улаан буудайн ургацын хэмжээгээрээ аймагт тэргүүлж байсан удаатай. Энэ мэтчилэн олон сайхан амжилтыг энд дурдаад барамгүй. За тэгээд хамгийн олон Улсын аварга тариаланч төрсөн сум шүү дээ. Хамгийн анх сумын маань тулгын гурван чулууг тавилцаж сумын сангийн аж ахуйн даргаар ажилласан хүн бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бэгзийн Батчулуун юм. Батчулуун гуай бол манай сумын хувьд домог болүсон хүн. Түүний талаар захын хүнээс очоод асуухад л тийм хүн байсан гээд хэлээд өгнө. Хийсэн ажил, байгуулсан гавьяа нь түүнийг мөнхжүүлсэн юм. Ард түмэн түүний гавьяаг хойч үеийнхэндээ мөнхөд сануулсаар ирсэнтэй холбоотой. Цагтаа Б.Батчулуун дарга эх орныхоо гурил тэжээлийн сан хөмрөгт 550 гаруй мянган тонн дээд зэргийн чанартай улаан буудайг нийлүүлж явжээ. Энэ амжилт нь түүнийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар болгосон гэдэг.

Түүний араас улсын ургацын таван удаагийн аварга, гавьяат механикжуулагч Х.Лхагважав, гавьяат эдийн засагч О.Дашдэндэв, ЗХУ-ын хошой баатар, гавьяат агрономич Д.Дамдинсүрэн, улсын дөрвөн удаагийн аварга Ц.Чулуун, Б.Дамдин нарыг нэрлэж болно. Мөн Б.Борхүү, Х.Шаалай, Б.Жасрай, Д.Цогтгэрэл, Б.Лхамсүрэн нар улсын хошой аваргууд юм. Тэгвэл Б.Базарсад, Э.Төмөрбаатар, Ц.Очир, Ч.Цэндсүрэн, С.Адъяа, Д.Халиунхүү, Ж.Пүрвээ, Ч.Пүрвээ, Ж.Бямбадорж, Ж.Баатар, Л.Доржпагма, Б.Гомбодорж, С.Адъяа, П.Цэнд-Аюуш, Х.Батжаргал нар аймгийн хошой аваргууд юм. Энд мөн нэгэн амжилтыг дурдахгүй өнгөрч болохгүй. Д. Хэнчбиш, Л.Нэргүй, Б.Баасандорж, Ц.Билэгтсайхан, Д.Баатарцогт, Б.Далайжаргал, Ш.Амарсанаа зэрэг тариаланчид Монгол Улсын ургацын залуу аваргаар тодорч байжээ. Миний өвөө Г.Пунцаг-Осор ч мөн атарчдын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Эдгээр хүмүүс бол Цээл сумын бүхий л цаг үеийн энх цагийн баатрууд юм. Өдгөө ч сумынхаа нэрийг улсад цуурайтуулж буй олон сайхан хөдөлмөрч хүмүүсийн нэрийг энд жагсаавал даанч багтамгүй. Үүнд насаараа үйлдвэрчний эвлэлийн дарга хийсэн Маам гуайг дурдахгүй өнгөрч боломгүй. Тэрээр атарчдын өлгий нутаг сумынхаа тухай хоёр ч цуврал ном гаргасан сэхээтэн хүн. Сум сургалтаараа бусад сумаас ихэд ялгардаг. Бүхий л аймаг, бүсийн олимпиад, тэмцээний тэргүүн байрыг Цээлийн сурагчид хамна. Улсдаа тэргүүлэгч “Монгол контент”-ыг үүсгэн байгуулагч Г.Гантуяа Цээл сумын уугуул, түүн шиг амжилттай яваа бизнесмэн олон бий. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж Цээж бодолтын дэлхийн аварга болсон Т.Мягмарсүрэн Цээлийн уугуул хүү. Түүнчлэн Гардан тулааны олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Галсандорж мөн л энэ нутгаас төрөн гарчээ. Энэ мэтчилэн энд нэр нь дурдагдаагүй олон сайхан мундаг залуус бий. Цээл сумын тухайд тариалангаас гадна хадлан бэлчээрийн газар нутгаараа алдартай. Ойт хээрийн сав газар гэдэг утгаараа үржил шимт ургамал ихтэй аж. Тиймээс Увс, Баян-Өлгий зэрэг олон аймгийн олон ч сумаас отроор малчид ирдэг. Зарим нь бүр идээшин суурьшиж араасаа төрөл саднаа хүртэл авчирдаг. Хааяа нутагтаа очихоор бараг таних хүнгүй болсон ч юм шиг, таньдаг царай цөөхөн харагддаг. Хавар намрын улиралд сумын төв бараг хүнгүй болчихдог. Хүүхэд хөгшчүүл л үлддэг. Учир нь энэ үеэр ид ажил оволздог юм. Тариа, ногоо тарих нь талбайгаа бараадаж, намартаа нэг хэсэг нь хадлан бэлтгэж, тариагаа хурааж, ажилгүй хэсэг нь хэдэн төгрөгөөр будаа шигших зэрэг их ажилд дайчлагдана. Ийм л зураглалаар ард түмэн жилийн дөрвөн улирлыг угтаж, үднэ.

Хаврын улирлаар хамгийн түрүүнд сумын төв өнгөө засна. Хил залгаа сум өвсний сөл ч цухуйгаагүй байхад манай нутаг ногоон ширдэг шиг л сайхан болдогсон. Ёстой нөгөө Цоодолын Хулангийн Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрахсан…шүлгийн мөрүүдийг санагдуулам. Сумын төвийн эргэн тойрон дахь байгалийн тогтоц их содон. Сумын хойморт Майхан гээд уул бий. Түүний араар сумын хойд хаяаг хашаалан байрлах Шахайт гээд уул байна. Харин сумын урд тал дунд багавтар хадтай цохио мэт харагдах боловч ар хоймроос нь нэлээдгүй мацуулчихдаг Талын хайрхан гээд уул байна. Баруун талд Их Хөшигт, Бага Хөшигт гээд хайрхнууд бий. Уулаар хүрээлэгдсэн хэсэгхэн хонхорт сумын төв байрлана. Сумын төвөөс зүүн тийш 30, 40 км-ийн зайд Хүүлэй хан уул баруун урагш сунайн үргэлжилнэ. Энэ уулын ар хормойгоор урсах гол бараадан малчин түмэн зунжин налайж намартаа намаржиж өвлийн түрүүчийн цаснаар өвөлжөө рүүгээ нүүдэгсэн. Одоо ч ийм л байгаа. Голын урсгал даган урагшлахад Бугын ам гэж бий. Уулын амнаас уруудан урсах булагт ам гэж хэлж болно. Хуучин тэр хавьд Бугын бригад байсан юм билээ. Одоо бол хэдэн малчин айл л зусна. Тэгвэл сумын төвөөс хойш 10 хүрэхгүй км зайд Бурхантай нуур бий. Хотынхон зундаа Туулын хөвөө бараадаж амарч зугаалдаг шиг манай сумынхан энэ нуурыг зундаа тойрон бүчиж амардагсан. Хажуудаа бурхны барималтай. Энэ нууранд хүн, малгүй л зуны халуун өдрийг барна даа. Нуурын зүүн хаяанд Хар нуур гэж бас бий. Тэр хэсэг дэрс ихтэй. Хэдэн мянган хонь байлаа ч дэрстэй хөндийд орвол харагдахгүй. Дэрстэй хөндий басхүү нэлээд үргэлжилнэ. Хар нуурт олон жилийн өмнө гаргасан ховооддог, эргүүлдэг худгийн суурь их бий. Энэ хөндийн өмнө харагдах уулыг давахад л сумын төв рүү тонгойгоод ороод ирнэ. Бага байхад манайх С.Лхагва өвөөгийнхтэй Хар нуурын дэрсэн дунд айл гэрээр бууж зуншдаг байлаа. Тэр үед “Халтар царайт” олон ангит кино гардаг байсан юмдаг. Эмээ маань кино гарах дөхөөд ирэхээр морин тэргээ хөллөөд намайг суулгаад л сумын төв рүү жолоо мэдэн шогшуулж өгнө. Томчууд нь морьтой явчихдаг байсан учраас би эмээтэйгээ явдаг байсан нь энэ. Нэг удаа Д.Цэвэлмаа эмээ маань их ууртай байна. Хүүхэд юм хойно хэрэгт дурлаад хонины хашааны хажуугаас эмээ, аав хоёрын яриаг чагналаа. Тэгсэн аав адуугаа олоогүй бололтой. Эмээ “Киногоо үзэж чадахгүй нь” гэж ирээд их л уурлаж билээ. Анх удаа л эмээгээ уурлаж байхыг харсан нь тэр. Эмээ ч уурлаад сумын төв рүү намайг хөтлөөд алхчихлаа. Төд удсангүй ах мотоцикльтой ирж төв рүү дөхүүлж билээ. Хар нуур, Бурхантай нуурын өмнүүр хотын дөрвөн замын уулзвар дундах төв зам шиг тод шороон зам бий. Тэр замаар нутгийнхан баримжаална. Хар нуураас баруун тийш Бурхантай нуур өнгөрөөд Баянбүрд гээд басхүү гол устай нутаг бий. Хурдан морь сумын төвөөс Баянбүрдийг хөндлөн гулд дайраад өнгөрдөгсөн. Миний бие гийнгоо цангинуулж, тоос босгон хурдлах хурдан морьдын тэрхүү уралдаанд мөн ч олон удаа оролцсон доо. Ерөнхийдөө сумын нутаг дэвсгэрт гол ус багатай хэдий ч хүн амьдрахад ихэд тааламжтай сайхан нутаг гэж өвгөд ярьдаг. 2000 оны эхээр сумаас хот бараадсан шилжилт хөдөлгөөн их эрчимтэй өрнөсөн. Хажуу хөрш айлууд бууриа харлуулаад нүүхэд, хашааны хэдэн шон л үлддэг байв. Харин саяхнаас хотоос эргээд сумандаа очиж амьдрах сонирхолтой хүмүүс их болсон шиг санагдсан. Онгорхой цоорхой гудамж ч байхгүй битүү хашаа хатгаад шинэ байшингууд ээлж дараалан босч байна. Төвийн баруун урд залуучуудын хотхон хүртэл байгуулах төлөвлөгөө гаргачихсан аль хэдийнэ хэрэгжээд эхэлж. Хуучин балгас өнгө муутай барилга гээд хаа газрын сумдын төрхийг тэндээс олж харахгүй. Хуучин барилга, байшинг буулгаад шинэчилж байгаа юм байна. Мөн захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт залуу боловсон хүчин түлхүү орж ирсэн нь ихэд таатай. Атар газрын сум орчин цагт хуучин өнгө төрхөө гээж шинэ амьдрал суманд нахиалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Зүүн хязгаар дахь Буйр түшсэн буйдхан амьдрал

Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошууны нутаг одоогийн Дорнод аймгийн Халхгол сум шинэ мянганы тооллоор 320 гаруй жилийн нүүрийг үзээд буй. Халхгол Монголын зүүн хязгаар бөгөөд газар нутгийнхаа хэмжээгээр дээгүүрт бичигддэг том сум. Халхгол баруун талаараа Матад сумтай, хойд талаараа БНХАУ-ын Хөлөнбуйр, зүүн талаараа БНХАУ-ын Хянган, өмнөд талаараа БНХАУ-ын Шилийн гол аймгуудтай хиллэдэг. Сүүлийн үед сум руу ирэх шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн зэрэг ерөнхий мэдээллийг сумын дарга В.Мөнхтайван өглөө. Сум гурван багтай. Ташгай баг газрын өгөөжөөр амьдардаг бол Ялалт баг мал дагаж ам тосддог гэдгээрээ онцлогтой. Үлдсэн баг нь суурин бараадсан сумын төвд амьдарч буй иргэд. Сумын төвийнхөн ч яахав захиргаа, сургууль, эмнэлэг, цэцэрлэг гээд төрийн байгууллага бараадаад нэг нь ажилд орчихвол ар гэрээ аваад явчихдаг улс.

Монголын ардын арми, Оросын улаан армитай хамтран Квантуны армийг бут нэргэсэн 1939 оны байлдаанаас эхлээд энэ сум үзэж туулсан түүх арвинтай. Энэ мэтчилэн тоочоод байвал Халхгол сумын олон онцлог дуусашгүй. Халхгол сум орж үзээгүй ч хүн бүр л түүхийн хичээлээс зохих хэмжээний мэдээлэлтэй болчихсон байх. Цагтаа таван рублийн оймс өмсч тансаглаж явсан халхголынхон өдгөө нэг их бүтээн байгуулалт сумандаа хийгээгүй. Байгаа бүхнээ балгас болгоод дуусгаж газар тариалан, мал аж ахуй бараадан бас болоогүй тус нутаг дахь газрын тосны компанийг царайчилж амьдарч байгааг тал нутагт очсон хэн ч төвөггүйхэн анзаарна. Гэхдээ энд Халхгол сумын зовлон, жаргалыг тоочихоо хойш тавья. Харин Буйр нуурыг бараадан нутаглах буйдхан тосгоныхны амьдрал ихэд сонирхол татсан юм.

Эдгээр иргэдийн амьдралтай танилцахын өмнө гол амин зуулга нь болох Буйр нуурыг онцлох нь зүйтэй болов уу. Ялалт баг хамрах хүрээгээрээ сумандаа голлох байр суурьтай. Буйр нуур энэ багийн нутаг дэвсгэрт харьяалагдах бөгөөд Хятадтай хиллэдэг цорын ганц усан хил гэдгээрээ онцлогтой. Нуурын 10 гаруй хувь нь Хятадын эзэмшил гэсэн үг. Аймгийн төвөөс 340 км, Халхгол сумаас 65 км зайтай уг нуур Дорнын талд мэлтэлзэн, цэлэлзэх нь зэрэглээнд саатсан саран лугаа үзэсгэлэнтэй. Нуурын эрэг далайн наран шарлагыг санагдуулам алтан шаргал элсээр хүрээлэгдэх. Тус нууранд зургаан овгийн зургаан зүйл загас байдаг аж. Үүнээс 12 зүйлийн загасыг агнаж, хэрэглэж болох юм байна. Тиймээс л нуурыг захлан өнгөрсөн жилүүдэд иргэд загасчилж амьдралаа залгуулж иржээ.

Буйр нууранд XIX зууны үеэс л загасчилж байж. Улмаар 1954 онд Буйр нуурын зүүн урд эрэгт загас агнуурын улсын үйлдвэр бий болгож загасны аж ахуйг өргөжүүлж суурин бий болжээ. Тухайн үед нэг га талбайгаас 6.5 кг загас агнахаар тооцоолол гаргаж жилдээ 300 тн загас олборлох нөөцтэйг тусгасан байдаг. Өдгөө сууринд 20 гаруй айл амьдарч байна. Загасны үйлдвэр гээд сүйд болоод байх юм алга. Айл болгон хувьдаа жижиг модон завьтай. Завь нь тэдний хамгийн үнэт эд хөрөнгө аж. Хорь гаруй айлын ихэнх нь хөгшчүүл. Мөн тэдний үр хүүхдүүд өрх тусгаарлан эцэг, эхээ бараадан өв залгамжлан загасчилж хорвоогийн өдөр хоногийг өнгөрүүлэх. Энэ хэдэн айл сайн яривал саахалт хамаатан болчихно. Тосгоныхон өвлийн ганц хоёр сарыг эс тооцвол нуурын хөвөөнд тор тавин өнжинө. Тавьсан торон дахь загасаа хамж сум, аймаг бараадан борлуулна. Нутгийнхны ярьснаар бол загасаа тэр болгон зараад хэдэн төгрөг болгоод байдаггүй гэсэн. Зун, намартаа барьсан загасаа идэж, уугаад үлдсэнийг нь жуулчдад кг-ыг нь 5000-8000 төгрөгийн хооронд зардаг тухай иргэд ярьсан. Харин өвлийн улиралд тонн тонноор нь загас агнаж нөөцлөөд хаврын тарчгаар мөнгө болгодог байна. Нэг айл дунджаар 1.5 тонн загас нөөцөлдөг юм билээ.

Тосгоны айлуудын ихэнх нь байшинд амьдрах бөгөөд хажуудаа заавал нэг модон амбаар босгосон харагдсан. Мөн модон, эсвэл төмрөөр хийсэн завь уяастай. Зарим айлын модон амбаарыг нээж хэрэгт дурлахад сэврээсэн тарган хонины гулууз мах өлгөсөн харагдана. Өвөлдөө бол энэ амбаарт тонн тонноор нь загас хурааж хадгалдаг бололтой. Тосгоныхны хувьд эрдэнэсийн хайрцаг нь л гэсэн үг. Иргэдийн хувьд уугуул нутгийн иргэд ч биш юм билээ. Улсын бодлогоор байгуулсан загасны үйлдвэрт илгээлтээр Хэнтий, Сүхбаатар, Баян-Өлгий зэрэг олон аймгаас иргэд ирж ажилласан байдаг. Мэдээж үүн дунд Дорнод аймгийн сумдаас ирсэн иргэд ч бий. Тэр үед илгээлтээр ирж байсан иргэд үйлдвэр татан буугдахад ихэнх нь бууриа сахиж үлджээ. Тэдний хүүхдүүд өдгөө 50 нас гарч зарим нь өвөө, эмээ болсон байна. Үйлдвэр байгуулагдахад даргаар нь Төмөрбаатар гэх залуу ирж байжээ. Түүний хань Дарьсүрэн одоо ч хүүхдүүдтэйгээ нуурын эрэг бараадан загасчилж амьдарсаар байна.

Тосгоны зарим овсгоотой айлууд зөвхөн нуурын загас гэлтгүй мал маллаж, зарим нэг нь гахай, тахианы аж ахуй эрхэлнэ. Гахай малладаг хоёр, гурван айл байдаг юм байна. Харин айлуудын 50 хүрэхгүй хувь нь мал маллана. Тосгоноос магнайд нутаглах Даваажавынх хэдэн малтай. Жуулчдад зориулсан таван ханатай ганц гэртэй. Хаяаг нь шуугаад ор, ойр зуурын ганц нэг юм тавиад аяны хүн амарч тухлахад бэлэн болгочихож. Өөрсдөө харин хоол ундаа хажууханд нь байрлах амбаартаа хийдэг бололтой. Байгаль эх зуны улирлын ногоон ширдгээ дэвсч, таван ханатай гэрийн хаяагаар жаргаж буй нарны алтан цацраг тусч, монгол ахуй цаанаа л нэг амар амгалан. Аргалын утаа суунаглан, тугалын зэлнээс саалийн хувингаа барьсаар ирж яваа гэрийн эзэгтэй юутай хээнцэр. Ийм л ахуй амьдралыг харах гэж хаа холоос жуулчдын хөл тасрахгүй. Гэхдээ энэ бол Буйр нуурыг зорьсон гадаад, дотоодын жуулчдын хоёр дахь зорилго болно. Хил хязгаар нь үл үзэгдэх тэнгэрийн хаяанд мэлтэлзэх нуурын үзэсгэлэнтэй эн зэрэгцүүлэн зүйрлэх гайхамшиг юу сан билээ. Хотын түгжрэлээс залхсан хотынхны хувьд диваажин л гэсэн үг, тосгон. Нутгийнхан хотоос буусан хүнээс замын сонин, хотын соёлыг шалгаахдаа гарамгай яриа хөөртэй улс. Арга ч үгүй биз, жуулчид хүлээж аваад сурчихсан хүмүүс нүүр хагарсан байхаас ч яахав. Зундаа бол хот, сум бараадсан хүүхдийнхээ ач, зээг хараад хөгшчүүл нь уйдах завгүй. Гэхдээ нуур бараадан аж төрөх иргэдийг зөвхөн тосгоноор төсөөлж болохгүй. Нуурын зэргэлдээ саахалт айлууд их нутаглана. Гаднаа тэмээн жингийн цувааг санагдуулам нүүдэлд зориулсан амбаартай үхэр тэрэг, орчин үеийн малчны хөл дүүжлэх унаа мотоцикль, портертой малчин айл хагас км яваад л үзэгдэнэ. Буйр нуурыг тойроод есөн жижиг нуур байна. Адуу, үхэр зэрэг бод мал түлхүү. Тосгоныхныг бодвол арай өөр амьдралын хэмнэлтэй. Зундаа нуур бараадан зусаад өвөлдөө Ялалт баг бараадан өвөлждөг тийм л айлууд.

Харин тосгоныхны хувьд хэдэн жилийн турш суурин амьдарч, загасны агнуургүйгээр тэдний амьдралыг төсөөлөхийн ч аргагүй. Буйр нуур дагасан буйдхан энэ тосгонд чухам ямаршуухан амьдрал өрнөж буйг хэн ч мэдэхгүй. Хэн ч тоохгүй. Саяхан болсон эмгэнэлт хэргийн мөрөөр л тосгоныхны амьдралыг зах зухаас нь хүмүүс гадарлах болсон.

Учир нь энд засаг захиргаа гэж байхгүй. Хорин км зайтай Ялалт баг эргэж тойрч хамаатуулна. Тосгонд 30 гаруй жил аж төрж буй нэгэн эмэгтэй “Биднийг дурандаа нуур дагаж амьдардаг гэдэг. Тиймээс ямар ч асуудал үүссэн та нарын хохь гэсэн байдалтай ханддаг” гэсэн бол өөр нэг залуу “Би эцгийнхээ голомтыг орхилгүй энэ тосгонд үлдсэн. Хориодхон айлыг сум анхааралдаа аваад амьдрал ахуйг нь дээшлүүлэх олон гарц бий. Бидэнд адаглаад аялал жуулчлал хөгжүүлэх орчин нөхцөл байна” хэмээн санал бодлоо хуваалцсан. Эзгүй талд эзэнгүй мал шиг амьдарч байна гэх нэгэн ч байна. Угтаа хараа хяналтгүй. Хэн юу хүснэ, түүнийгээ хийдэг учраас саяхны эмгэнэлт осол болж энэ суурингийн дөрвөн хүн амиа алдсаныг үгүйсгэхгүй. Зарим хүмүүсийн ярьж буйгаар тосгоныхон хэзээ ч дүрэм, журамд баригддаггүй. Монгол Улсын иргэн хууль дүрмээ дагаж мөрдөх ёстой ч буйдхан энэ тосгонд албан гэсэн ойлголт байхгүй. Тиймээс загас түрсээ шахах үеэр хориотой ан хийж нуурын мандалд гарч амиа алдсан хэмээн буруушаах нэгэн ч байна. Энэ нь манайхны хайхрамжгүй, хэнэггүй зантай ч холбоотой гэх. Тосгоныхон хэдэн тонноор нь загас агнадаг боловч тийм хялбар зарчихдаггүй. Хэдхэн км зайд орших хилийн боомтоор орж ирж хятадуудад өгөх сонирхолтой боловч өнөө хэд нь хувь хүмүүсийн гар дээрээс загас авахдаа үнэгүйдүүлж оддог гэх.

Харин компанийн нэр барьж нутгийнхны загасыг аваад хятадуудад нийлүүлдэг нөхөд ч бий. Хөвсгөл, сэлэнгийнхэн загасаа голчлон утаж болгоод худалддаг бол эндхийнхэн шилэн саванд нөөшилж зардгаараа алдартай. Өөрсдөө нуур дагасан аялал, жуулчлалын бааз байгуулъя гэхээр орон нутгаас зөвшөөрдөггүй гэнэ. Хэрвээ явуулын хүн, хятадууд авахгүй бол урагшаа хэдэн км-ийн зайд байх газрын тосны “Дачин Тамсаг” компанийн хүнсэнд нийлүүлдэг байна. Нэг айл тав, арван км-ээс хэтрэхгүй л дээ. Иймэрхүү замаар агнасан загасаа хэдэн төгрөг болгож гурил будаагаа авна. Үлдсэнийг нь цааш хийж үр хүүхдээ их, дээд сургуульд сургана. Ер нь бол хилийн боомт ойрхон болоод ч тэр үү, хятадуудаас хараат болчихсон гэдгийг зөвхөн тосгоныхон гэлтгүй сумын иргэд ярьсан.

Хорь хүрэхгүй км-ын цаана Өмнөд Монголын Амгаланбаатар хотын боомттой манай улс хиллэх Баянхошуу боомт байдаг аж. Яг л Эрээнийг монголчууд хөл дээр нь босгосон шиг тус Амгаланбаатар хотыг ч хөгжин цэцэгжүүлж байгаа бололтой. Хил ойрхон болохоор тэр биз баг, сум гэлтгүй аятайхан байшинтай. Манайхан барилгын материалаас нь эхлээд салатаа хүртэл тэндээс татаж байна. Тэгсэн хэрнээ хаяанд нь байх Баянхошууны боомт таван хэсэг навсгар байшиндаа гааль, татварынхан нь талцаад орчихсон худалч хүнд нүүрээ буруулаад суучихсан жишээтэй.

Бас нэг зүйл байна. Халхгол сумынхаа ардуур баруун тийш хөндлөн гулд урсаж боомтыг хоймроор дайрч, Буйрт цутгадаг. Буйрын гол тэжээл нь Халхгол. Харин Буйр нуур гадагш цутгадаг. Байгалийн тогтцыг одоо яалтай билээ. Гэвч боомтын араар урсах голын урсгалын дундуур усан хилийг тогтоосон. Гэтэл Хятадын тал голынхоо цаад эргийг цементэлчихсэн байна. Нутгийн иргэд, хилийн учир мэдэх хүмүүс энэ тухай хэлсэн шүү. Гол жил ирэх тусам л цаашаа бус наашаа тэлж урсах болж. Ингэхээр хилийн зурвас яаж таарах бол. Буйр нуур ч мөн адил ийм байдалтай аажмаар нутгийнхаа зүг тэмүүлж байгаа гэсэн. Үүнд анхаарах л хэрэгтэй болов уу. Буйдхан орших энэ хязгаар нутаг зөвхөн сум ч биш улсын чухал бүс юм шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Хилчдэд ганц ч биш гурав, дөрвөн моторт завь байдаг гэв

Түрүүч нь №143, 145, 146, 147, 148 (5408, 5410, 5411, 5412, 5413) дугаарт

-БУЙР НУУРАНД ОСОЛДСОН ЗАГАСЧДЫН ЭМГЭНЭЛТ ХЭРГИЙН МӨРӨӨР …-

Хилийн заставын моторт завь

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Буйр нууранд нутгийн иргэд загасчилж яваад эндсэн эмгэнэлт хэргийн дуулиан одоо хэр намжаагүй байна. Загасчид тухайн үед модоор хийж төмрөөр гадарласан завьтай яваад салхинд шидэгдэж мөстэй мөргөлдөж улмаар хоёр нь нуурын усанд живж, хоёр нь хагарсан мөсөн дээр амьд гарч чадсан байдаг. Хорь гаруйхан настай хоёр залуу хоёр цагийн турш аврал эрэн мөсөн дээр нааш, цааш гүйсэн боловч хэн ч тэдэнд тусламж үзүүлээгүй. Улмаар нойтон хувцастайгаа барьцалдаж хөлдөн амьсгал хураасан. Тэр жил Сэлэнгэ мөрнөөр өлгийтэй нялх үрээ тэвэрсээр нэгэн эх Оросын хил руу урсаж ор сураггүй болсон эмгэнэлт түүх бий. Тэгвэл энэ удаагийн загасчдын хэрэг түүнээс ч илүү зүрх шимширмээр. Хоёрын хоёр залууг харсаар байгаад алчихаж. Тэдэнд туслах боломж байсан гэдгийг нутгийнхан онцолж байна.Учир нь хагас км зайд байрлах хилийн заставынхан өчүүхэн төдий сэтгэл гаргахад л өнөөдөр хоёр сайхан залуу инээж, хөхрөөд бидний дунд явж байх байлаа хэмээн тосгоныхон ам өрсөн ярьж байна. Тиймээс нуурын хажууханд байрлах “Буйр”-ын заставаас тухайн өдөр гарсан ослын талаар тодруулсан юм.

Э.БАТ-ЭРДЭНЭ: НУТГИЙНХАН АНХНААСАА ОСЛЫН ТАЛААР ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ

“Буйр” заставын орлогч Э.Бат-Эрдэнэ:

-Манай заставын дарга руу 10:20 цагт утсаар ярьсан. Дараа нь “Hummer” жийптэй нэг нөхөр ирээд “Нууранд хүмүүс осолдсон юм шиг байна” гэж хэлсэн. Яг тодорхой мэдээлэл өгөөгүй. Тэгэхээр нь бид эндээ бэлдэж байя, та тодруулаад хүрээд ирээрэй гэсэн. Тэр нөхөр дахиж ирээгүй.

-Тэр жийптэй ирж хэл дуулгасан хүн эндхийх юм уу?

-Үгүй. Дорнод аймгийн төв, Халхгол сум, Ялалт багийн дунд л явдаг. Ер нь нутгийн иргэд андахгүй л дээ. Загас худалдаж авдаг залуу.

-Тэгээд юу болсон?

-Дахиад 20-иод минутын дараа дахиад нэг машин ирсэн. Тэгэхээр нь ер нь болохоо байж гэж бодсон.

-Итгээгүй юм уу. Яагаад нууранд хүн үхэх гэж байна гээд байхад дөрөв, таван удаа дуудуулсан юм бэ. Шуурхай ажиллаж болоогүй юм уу?

-Анхны хэл ирэхэд л дарга ангийн төв рүү хэлээд ангийн төв Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авсан. Энэ хооронд бид агуулахаас завиа гаргаад хийлж ашиглахад бэлэн болгож байсан.

-Хамгийн гол нь застав заавал зөвшөөрөл авч байж завиа өгнө гээд өгөөгүйн улмаас цаг хугацаа алдсан гээд байгаа. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй завиа өгчихөд болмоор л санагдах юм?

-Цаг хугацаа алдсан юм байхгүй. Сүүлд машинтай хүн ирэхэд завь бэлэн болгосон байсан. Манай дарга, гурван алба хаагчтай машин дээр нь завиа ачаад хамт явсан. Бид цэргийн байгууллага. Цэргийн байгууллагад хэн ч тушаалгүйгээр хөдөлж болохгүй. Тэгээд ч яг тэр үед нууранд гарахыг хориглосон байдаг.

-Ямар учраас хэдий хугацаанд нууранд гарахыг хориглосон байдаг юм бэ?

-Тухайн өдөр нуур мөстэй байсан. Нуур мөстэй үед хилийн цэргийнхэн нуурын усанд гарахыг хориглосон байдаг. Мөн их хүчтэй салхитай байсан. Ийм тохиолдолд манай хилийн цэргийнхэн аюулгүй байдлын хангамж гэдэг утгаараа нуурын усанд гарахыг хориглодог. Нуурын усны долгион хоёр баллтаас дээш бол усанд гарахыг хориглоно. Тэр өдөр бараг дөрвөн баллтын үзүүлэлттэй байснаас гадна цуурч хагарсан мөс ихтэй байсан. Ийм нөхцөлд хүний амь эрсдэх аюултай.

-Тийм учраас л нутгийн иргэд мэргэжлийн байгууллага, мэргэжлийн моторт завь гуйж та бүхэнд хандсан шүү дээ?

-Хөдөлгөхийн тулд заавал зөвшөөрөл авдаг. Нутгийнхан ямар нөхцөл байдал үүсээд байгаагаа тодорхой тайлбарлаагүй. Нууранд осол болсон, завь хэрэгтэй байна гэсэн л юм хэлсэн. Манай дарга мэдээж дээрээс зөвшөөрөл авч байж завь гаргах боломжтой гэж хэлсэн. Гэхдээ энэ хооронд ор тоохгүй суугаагүй. Отряд руу мэдэгдэж, Ерөнхий газарт хандсан байсан. Хянах самбар руу дээшээ гарч мэдсэн. Жирийн үед хянах самбар дээр хүн гарахыг хориглодог. Төв ангидаа мэдэгдэж ерөнхий газраас зөвшөөрөл авахгүй бол бид хууль зөрчсөн болно. Магадгүй дур мэдэж гаргасан шийдвэр хүний аминд хүрэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Тухайн үед нуурын мөс гэсээгүй байсан учраас завиа хадгалалтаас гаргаагүй байсан л даа. Нуурын хорио тавигдаагүй, загасчлах хугацаа ч болоогүй байсан. Товчхондоо, усан дээр үүрэг гүйцэтгэх хугацаа болоогүй байсан.

-Хилчид усан дээр яг хэдийд үүрэг гүйцэтгэх боломжтой байдаг юм бэ?

-Мөс бүрэн гэсэхээр үүрэг гүйцэтгэж болно. Түүнчлэн нууранд дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд загасчлах хориотой. Нэг ёсондоо загасчид хориотой үед загасчилж явсан гэсэн үг.

-Нууранд танай алба хаагчдыг очиход мөсөн дээрх хоёр хүн амьд байсан уу?

-Яг нууран дээр гарахад нь манай усчин, ахлах ахлагч Чулуунсүх завьтай явсан байна лээ. Нуурын мөс рүү явахад эхний ээлжинд манай усчинтай хамт нутгийн хоёр ард явсан байсан. Дахиад хоёр дахиа явахад эхний явсан хүмүүс айгаад нутгийн ардуудаас дахиад өөр хүн авсан гэсэн. Эхний явалтаар нэгийнх нь цогцсыг авчирсан байсан. Хөлдөж осгосон байдалтай амиа алдсан байсан гэсэн. Хоёр хүн мөсөн дээр байсан гэсэн учраас дахиж яваад тэр хавьд мөсөн дээр байж магадгүй гээд явахад олдоогүй байсан.

-Хилчид эрэн хайх ажиллагаанд оролцсон уу?

-Дараа нь усанд шумбаж загасчдын цогцсыг эрэн хайх ажиллагаанд оролцсон. Анхнаасаа Онцгой байдлын ерөнхий газартай хамт эрлийн багт орж ажилласан. Хоёр автомашинтай, хоёр завьтай, нийт 16 хүн оролцсон байгаа.Манай заставаас усан дээр оролцоогүй, нуурын эргээр эргүүл хийж ажилласан. Харин онцгой байдлын аврагчид явсны дараа манай усчин, ахлах ахлагч Чулуунсүх орон нутгийн иргэдтэй хамтарч эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж хоёрынх нь цогцсыг олсон. Эрлийн дараа дөрөв дэх цогцос усан дээр хөвөөд гараад ирснийг нутгийн иргэд олсон гэсэн тайлбар өглөө.

Нутгийн иргэдийн сэлүүрддэг завь

Ц.САНЧИР: ИРГЭД ЯАХ УЧРАА ОЛОХГҮЙ ХУГАЦАА АЛДСАН БАЙСАН

Халхгол сумын Цагдаагийн хэсгийн дарга Ц.Санчир:

-Би Халхгол суманд томилогдоод хоёр жил болж байна. Улаанбаатар, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудад томилогдон ажиллаж байсан. Халхгол өөрийн гэсэн онцлогтой сум. 3200 хүн амтай. Гурван багтай. Ялалт баг сумын төвөөс 70 км. Буйр нуур багаас 20 гаруй км-ийн зайтай. Ташгай баг ч гэсэн сумаас их хол. “Петро Чайна Дачин Тамсаг” компани үйл ажиллагаагаа явуулдаг байхад хулгайн хэрэг их гардаг байсан. Малын хулгай зэрэг бусад хэрэг ер нь мэдэгдэхүйц буурсан. Золгүй ослоор харин дөрвөн хүн амиа алдаад байна. Буйр нуур өөрөө хараа хяналтгүй, нуур түшиглэсэн цех байхад суурьшсан айлууд одоог хүртэл үе удмаараа амьдарч байна.

-Танайд хэдэн цагт дуудлага өгөв?

-Надад Буйрын ослын тухай дуудлага 13:00 цагт ирсэн. Ингэхдээ 102 утсаар дамжиж дуудлага ирсэн. Хоёр хүн мөсөн дээр амь тэмцэж байх хооронд Онцгой байдлаас тусламж хүсээд хамаг цагаа алдчихсан юм билээ.

-Яах учраа олохгүй л онцгой, цагдаагийн яаралтай тусламжийн утсанд хандаж дээ?

-Тийм. Яах учраа олохгүй сандралдаж гүйж байгаад л хугацаа алдсан байгаа юм. Өөрсдөө аврах гэж үзээд чадахгүй болохоор хил, онцгой, цагдаад хандсан байгаа юм. Бид аймгаас дуудлага хүлээж аваад шууд гарсан. Ар гэрийнхэн нь сэтгэл санаагаар хямраад юу ч тохиолдож магадгүй шүү дээ. Яаралтай үед түргэн тусламж үзүүлэх эмч, сумын Тамгын газрын дарга, бид хамт гарсан. Биднийг очиход бүх юм дууссан байсан. Бүгд нь л зүс таних, гол усанд ороод сурчихсан нутгийн иргэд байсан. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. Гурван сая дахь иргэний эн чацуутны аав, найзуудынхаа хамт доргиод нуур явсан гэж. Ямар ч тийм юм байхгүй. Амьдрахын төлөө өөрсдийгөө эрсдэлд оруулж яваад л эндсэн хүмүүс. Нэг их ууж, идээд, хэрэг төвөг үүсгээд байдаг хүмүүс ч биш гэв.

“Буйр” застав нуурын усан хилийг манах үүрэгтэй. Үүнийх нь төлөө тэднийг төрөөс цалинжуулдаг. Гэвч тэд хил манах болохоос хүн аврах үүрэггүй гээд хөдөлсөнгүй. Хилийн зурвастай холбоотой зөрчил илэрсэн бол хилчид нууранд гарах хориотой гээд тоохгүй байсан бололтой гэж иргэд шүүмжилж байна. Хилийн заставт 3-4 хүн багтах хийлдэг мотортой завь ганц биш гурав, дөрөв байдаг тухай учир мэдэх хүмүүс хэлсэн. Нэг завьтай явах нь эрсдэлтэй учраас заавал хоёр завьтай нэг нэгнийгээ хамгаалах зорилготой явдаг байна. Хэрвээ хилийн заставын удирдлага нөхцөл байдлыг ойлгож шуурхай арга хэмжээ авч сүйхээтэй, хүн чанартай хандсан бол хоёр хүний амийг аврах бүрэн боломжтой байж. Буйр тосгонд засаг захиргаа, удирдлага гэж байхгүй. Ард түмнийхээ аюулгүй байдлыг бодоод ядаж ганц ч болов мотортой завийг нь тосгонд аваад өгчихсөн ч яахав дээ. Хорь гаруй айл амь залгуулахын тулд загасчилдаг. Тэднийг дурандаа ингэж буйдхан амьдарч байна гэх нэгэн ч байна. Уг нь тухайн иргэн амьдрах, нутаг дэвсгэрээ өөрөө сонгох эрхтэй. Үндсэн хуульд ч энэ тухай заалт бий. Монгол Улс иргэнийхээ амь насанд онцгой анхаарч аюулгүй амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Гэтэл хоёрын хоёр хүн амь насаараа хохирох гэж байхад төр төмөр нүүрээ харууллаа гэсэн гомдлын үгтэй буйрынхан үлдсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

М.Ширмэнтогоо: Хилийнхэн хууль зөрчиж явсан юм чинь тэдний буруу, үхэх нь зөв гэсэн байдалтай хандсан

Түрүүч нь №143, 145, 146, 147 (5408, 5410, 5411, 5412) дугаарт

Үр, хүүхдийнхээ араас гашуудсан эцэг, эхчүүд нуур манан зогсох энүүхэнд ажээ. Цэл залуухан насандаа хорвоог орхиод одсон хүүгийнхээ зурагны өмнө бөгтгөр өвгөн зул асааж хүрд эргүүлнэ. Энэ өвгөн мөсөн дээр амьсгал хураасан талийгаач Баттулгын аав М.Ширмэнтогоо юм. Тэрээр “Насаараа нуур түшин амьдралаа залгуулж, найман сөөсгөр хүүхдээ загасаар тэжээж хүний зэрэгт өсгөсөн. Эргээд хариуд нь хүүгээ өгөх юм гэж даанч санасангүй” хэмээн халаглах түүнтэй хэдэн хором ярилцаж, сэтгэлийн шаналлаас нь бага ч болов хувцаалцсан юм.

Талийгаач Баттулгын аав М.Ширмэнтогоо. Тэрээр цочирдож сэтгэлээр унаснаас болж өрөөсөн нүд нь ийм болжээ

-Таны бие яаж байна. Ослын дараахан таны зүүн нүд юм харахаа больсон гэж хүмүүс ярих юм?

-Яахав дээ, хүн амьд яваа цагт юм юм л үздэг юм байна. Муу хүүгээ эндсэнээс хойш хэдэн өдөр нойргүй хонож, тавгүйтээд өрөөсөн нүд хүртэл таталт өгөөд сүрхий хавдаад хаагдчихсан. Эмчид үзүүлсэн чинь ядаргаанд орсон, сэтгэл санааны хямралд орсноос болсон гэх юм. Өчигдрөөс хавдар нь овоо буугаад, нүд ч нээгдээд юм харахтайгаа болоод байна.

-Одоо тэгээд зүгээр үү?

-Айх юу байхав дээ зүгээр. Ингэж байгаад хэвэндээ орно биз.

-Хүүгээ хэзээ нутаглуулав. Мөнгө төгрөг хайж нэлээд зүдэрсэн сурагтай?

-Хүүгийнхээ буяны ажлыг элбэг, дэлбэг сайхан хийгээд айл, хөршийн хүүхэд хөгшчүүлийг оруулах гээд хэдэн төгрөг олчих санаатай хэд хоног явсан. Хүү тулгуур эрхтний бэрхшээлтэй. Тоглож байгаад юмнаас унаад түнхээ эвгүй болгочихсон юм. Халамжаас хэдэн төгрөг авдаг байсан чинь өнөө жил орж чадалгүй мөнгө төгрөг ч авахаа больсон. Ажил хийж байгаагүй болохоор халамжаас буяны ажлын ч мөнгө олддоггүй юм байна. Хөгшин бид хоёрын тэтгэвэр ямар хүрэх биш. Тэгээд ч зээлтэй. Ах дүү нарын буянаар хүүгээ нутаглуулж, хойдохыг нь чадах чинээгээрээ л уншууллаа.

-Талийгаач таны хэд дэх хүү юм бэ?

-Ах нь дөрвөн сайхан охин, дөрвөн сайхан хүүтэй баян өвгөн байхгүй юу. Баттулга маань манай дөрөв дэх хүүхэд. Хамгийн бага хүү сая арванхоёрдугаар анги төгссөн. Хоёр эгч нь хотод амьдардаг. Бусад нь аавтайгаа бараасаад айл явна. Би энэ тосгонд анх загасны цех байгуулагдахад л тракторын жолоочоор ирсэн. Цех татан буугдсанаас хойш арав гаруй жил загасчилж байна. Нуурын загасаар олон өдөр хоолтой хоносныхоо горыг амслаа. Миний үйлийн үрийг хүү минь үүрээд буцчихлаа гэж бодохоор үлдсэн насандаа бүтэн нойртой хонож чадах болов уу, үгүй л байх. Муу хүүгээ мөсөн дээр амь гуйж, яажшуухан тарчилж, эцсийн мөчид нүд анихдаа ч цэвдэг хүйтэнтэй тэмцэж байсан бол гэж бодохоос шар махтайгаа хатах юм.

-Ээж нь хүүдээ тэнгэр муудах шинжтэй байна гэж сануулсан гэсэн. Та тэр үед нуур руу явахыг нь хориглож болоогүй юм уу?

-Би хэлсэн. Салхи хүчтэй байна гэж. Яаж ийм аймшигт юм болно гэж санах вэ дээ. Өмнө нь өглөө зургаад гараад найман цагийн үед ирчихдэг байсан. Тэр өдөр ес болчихоод байхад алга. Тэгэхээр нь нуур руу явах санаатай гэрээсээ гартал хүмүүс гүйлдээд нэг л биш ээ. Ийш тийшээ машинтай давхиад л. Юу болов гээд хүнээс асуутал хоёр хүн мөсөн дээр гарчихсан, аврах хэрэгтэй байна. Нэг нь танай хүү мөн дөө гэсэн. Хартал завь байхгүй. Мөсөн дээр бүтэн хоёр цаг ийш, тийшээ гүйсэн байгаа юм. Тэгээд застав дээр очоод дөрвөн хүн ингэж гараад хоёр нь амьд мөсөн дээр байна. Аврах боломж байна гээд завийг нь гуйсан байна лээ. Миний хүүгийн амь секундээр хэмжигдэж байхад заставын дарга Дээрээс зөвшөөрөл авах ёстой, зөвшөөрөлгүй бол өгөхгүй” гэж хэлсэн байсан. Хэрвээ завиа өгсөн бол миний хүүг, нөгөө залуутай хамт аврах боломж байсан уу гэвэл байсан.

-Та хүүгээ мөсөн дээр гүйхийг харсан уу?

-Би хаа байсан 12:00 цагийн үед очсон. Харж чадаагүй. Угтаа миний хүү загасчид дундаасаа ганцаараа мөсөн дээр үлдэж, эцсийн мөчөө хүртэл үхэлтэй тэмцэлдсэн байгаа юм. Тийм аймар ослоос тэгж үлдэнэ гэдэг үнэхээр дайчин байгаа биз дээ. Хугацаа алдахгүй жаахан эртхэн тусалчихсан бол ч…үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Бүтэн хоёр цаг гүйсэн байгаа юм. “Завь аваад ир, завь аваад ир” гэж орилсныг зарим хүн сонссон байна лээ. Уг нь манайхан салхины дээрээс хашгирч байсан учраас сонсогдох ёстой. Гэвч айж сандарсан хүмүүс хүний хэлэхийг тогтож сонсохгүй шүү дээ.

-Заставынхан завьтайгаа ирж хүүгийн тань цогцсыг авчрахад ямар байдалтай байсан бол?

-Ядаж л хүүгийнхээ цогцсыг хаана байгаа бол гэж урд айлын хөгшин шиг нуур сахисангүй. Хүү комбинзоноо тайлаад ноосон цамц, нимгэн өмдтэйгөө осгосон байсан.

-Уг нь хүү тань усанд сайн гэсэн. Эрэг тийм ч хол биш байсан. Сэлээд эрэг рүү дөхөх боломж байгаагүй юм байх даа?

-Миний хүү усанд маш сайн сэлдэг. Сайн сэлдэг байлаа гээд яахав дээ. Тэр хүйтэн усанд унаад хамаг хувцас нь норчихсон, дээрээс нь бээрчихсэн хүн хагас км орчим сэлээд эрэг хүрэх нь битгий хэл, байрнаасаа ч хөдөлж чадахгүй живнэ шүү дээ. Аягатай халуун цай гаргаад тавихад минут ч хүрэхгүй зайрмагтах тийм л хүйтэн өдөр байсан. Бас их салхитай.

-Загасчлах хорио тавигдаагүй байхад загасчилсан гэж буруутгах нэгэн ч бий. Ер нь та нар хэдийд загасчилдаг юм бэ?

-Хавар загасчлах эрх бараг л өгдөггүй. Нуулгүй хэлэхэд хулгайгаар л загас барьдаг. Амьдрахын эрхэнд хууль зөрчиж яваад л ийм байдалд хүрчихлээ шүү дээ. Гэхдээ хууль зөрчиж явсан юм чинь та нарын буруу, үхэх нь зөв гэх гээд байгаа юм уу. Хилийн цэргийнхэн бараг л иймэрхүү байдлаар хандаж хөдлөөгүй шүү дээ. Хэн ч харсан ойлгомжтой байгаа биз дээ. Ямар ууж, наргиад, ааг омгоо гаргах гэж нуур явсан биш. Хэдэн төгрөг олж амьдралаа залгуулахын тулд л мөс ч бүрэн гэсээгүй байхад загасанд явсан байна.

-Хүү тань агнасан загасаа зарж мөнгө олно гэсэн зорилготой явсан гэлээ. Тосгоныхон загасаа хаана зардаг вэ?

-Шууд зарчихдаггүй. Өөрсдөө аваад хаа байгаа аймаг руу явдаг. Заримдаа зарна. Заримдаа буцаагаад авчирна. Хоол хүнсэндээ хэрэглэнэ. Хавар хятадууд энэ хавиар явж иргэдээс загас худалдаж авсан. Тэр үндсэн дээр л манайхан гурил будааны мөнгө хийх санаатай загасчилсан хэрэг. Тэгээд л ийм байдалд хүрчихлээ.

-Танайх өнгөрсөн өвөл хичнээн кг загас нөөцөлсөн бэ?

-Манайх тонн гаран загас барьсан. Өвөл хятадууд ерөөсөө загас аваагүй. Намар “Азийн бүргэд” гээд компанийн захирал гэж хүн ирээд та нар загасаа бариад нөөцөлж бай, хавар ирээд авна гэсэн. Тэгсэн хавар ирээд нэг нь таван кг-аас дээш жин татдаг загас л авна гээд хөдлөөгүй. Тонн загаснаас хэдхэн кг нь тавьсан шаардлагыг нь хангасан. Яаж тийм “загас их хэмжээгээр байхав дээ. Ингээд хаяхаас өөр нөхцөлгүй болсон.

-Хэдэн төгрөгөөр авах уу?

-Кг нь 5000 төгрөг. Уг нь энэ урд газрын тосны компани загас авдаг байсан, бас л авахгүй байгаа. Бид хэдхэн км зайд байгаа боомтоор Хятад руу нэг ч кг загас гаргаж чадахгүй байхад хятадууд ганцхан шөнийн дотор арван тонн загас хилээр гаргадаг гэж байгаа. Би бүр хэрэг болгож нэг очоод та нар ямар аргаар гаргадаг юм, бид нэг ч загас гаргаж чадахгүй юм гээд хятадууд руу уурласан чинь “Манайх зоосыг нь өгч гаргана аа” гэсэн. Хятадууд манай энд ганц шийдвэр гаргадаг эрх мэдэлтэй улс болчихоод байна.

Г.Дарьсүрэн: Хүргэн өглөө нь инээж хөхрөөд л утсаар ярьж байсан


Талийгаач Д.Мөнхжаргалын хадам ээж Г.Дарьсүрэн

Талийгаач Д.Мөнхжаргалын хадам ээж Г.Дарьсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Талийгаач тантай осол болдог өдрийн өглөө нь утсаар ярьсан гэв үү?

-Тийм. Өглөө би охинтойгоо утсаар ярихад хүүхдүүд бүгдээрээ хамт байсан. Цаана нь инээж хөхрөлдөөд бид босчихсон байна гээд ярьж байсан. Өглөө зүв зүгээр ярьж байсан болохоор нэг л итгэж өгөөгүй.

-Та хаана байсан юм бэ?

-Би энэ өвөл аймагт өвөлжсөн. Тэгсэн энэ сарын 24-нд үдээс хойш манай хүү утсаар яриад “Ээж Буйр дээр том осол болсон байна.Явахгүй бол болохгүй нь. Та хувцсаа өмсчих. Би очоод авъя” гэж хэлсэн. Хүүхдүүд л хоорондоо утсаар ярьсан байж л дээ. Юу болов, яав ийв гэсэн чинь дөрвөн хүн загасанд яваад завьтайгаа живчихэж. Хүргэн дунд нь явсан байна гэсэн. Дотор пал гээд л явчихсан. Замдаа даралт ихсээд арай гэж л ирсэн. Бүх юм дууссан байсан. Муу охин минь намайг тэврээд л их уйлсан даа. Дөнгөж хүнтэй ханилаад үрийн зулай үнэрлэж ч амжаагүй байхад ямар олиг байхав дээ.

-Танай хүргэн болоод хэр удаж байгаа вэ?

-Манай охин Т.Болормаатай талийгаач маань хамт амьдраад бараг дөрөв, таван жил болж байна. Дорнод аймгийн Баянтүмэн сумынх. Хүүхдүүд хамт аймагт нэг хэсэг амьдарсан. Саяхнаас л энд өвгөн бид хоёрын хуучин байшинд амьдрах болсон. Би зарим хүүхдүүдээ дагаад аймгийн төв бараадаад охиноо хүнтэй суугаад айл болсон юм чинь орох оронтой байг гээд байшиндаа оруулсан. Өөрсдийн гэсэн гэр оронтой болтлоо хоёр хүүхдээ эндээ амьдраг гэж бодсон юм. Манай нөхөр Төмөрбаатар энэ тогсонд анх загасны цех байгуулагдахад үйлдвэрийн даргаар ирж байлаа. Энэ газарт ч дасчихаж дээ. Үе удмаараа л амьдарч байна.

-Худууддаа болсон явдлын талаар хэзээ мэдэгдсэн бэ?

-Ах дүүст нь хэлэх л хүнд байсан даа. Манай хүргэн архи уудаггүй. Зан ааш сайтай. Тусч хүү байсан. Портертой. Портероороо ус зөөнө, айл нүүлгэнэ. Хар бор ажил голохгүй хийнэ. Аав, ээж нь өөд болоод удаж байгаа юм. Аавтайгаа адилхан сайхан хүү байсан. Ажил явдлынх нь үеэр хамгийн том эгчийнх нь нөхөр гээд хүн хэдэн хүнтэй хамт ирээд явсан.

-Охин тань ажил хийдэг үү?

-Охин газрын тосны компанид хятад хэлний орчуулагч. Охиноо харахаар өрөвдөх юм. Хүний хань ижил гэдэг чинь энэ амьдралд ах дүү хамаатан садангаас илүүтэй тулж түших багана байдаг юм шүү дээ.

-Танд хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ олон жилийн өмнөх нэгэн эмгэнэлт ослын талаар танаас асуухгүй өнгөрч болохгүй нь. 2003 онд болсон ослын талаар бидэнд ярьж өгч болох уу?

-Их удаж дээ. Гэхдээ надад өчигдөрхөн л юм шиг санагддаг. Одоогоос яг 13 жилийн өмнө Буйр нуурт бас аймшигтай осол болсон. Олон ч сайхан залуу амь үрэгдсэн. Арваад хүн машинтай явж байгаад орой нуурын мөсөнд цөмрөөд орчихсон юм билээ. Өвөл байсан юм даг. Хоёр хүн амь үлдэж долоон хүн машинаасаа гарч чадалгүй нууранд живж амиа алдсан. Талийгаачдын дунд миний хоёр сайхан хүү явсан. Хайран сайхан залуучууд. Хайран сайхан эрчүүд. Одоо бас охины минь нөхөр. Үнэнийг хэлэхэд би нуурандаа гомдож байна гэв.

Нутгийнхны ярьснаар бол 1999 онд Буйр нуурт бас осол болж дөрвөн хүн амиа алдсан байна. Анзаараад байхад 13 жилийн давтамжтай гурван удаа осол болж нийт 15 хүнийг авч оджээ. Эхний удаад дөрөв, хоёр дахь удаад долоо, гурав дахь удаа дөрвөн хүн амиа алджээ. Эдгээр тохиолдлоос өмнө осол болж байсан үгүйг бид сайн мэдэхгүй шүү дээ. Байгаль дэлхий өөрөө аливааг тэнцвэржүүлж байдаг ч гэж ярих нь бий. Магадгүй нутгийнхны ярьж буйгаар жилд хэдэн тонноор нь загасаа хядуулсан нуур өш хонзонгоо ийм хэлбэрээр авдаг байхыг ч үгүйсгэхгүй. Эсвэл хүний өөрийн хэнэггүй зан, буруутай үйлдлээс улбаатайгаар цаг хугацааны хувьд тэгж давхацсан ч байж болох. Хүмүүс чинь мөсөн дээр амь тавьж буй нэгнээ хараад өрөвдөх нинжин сэтгэлгүй, тусын тухай бүр ярилтгүй цэвдэг араатан болчихсон юм уу хэмээн Буйр нуурынхан гомдоллож сууна.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Талийгаачийн тавьсан тор эрэгт ойрхон байсан ч бусдадаа туслахаар цааш явжээ

Талийгаач Н.Болдбуйрын аав Д.Намхай сар гаруй хугацаанд ийн зогсохдоо нуурын эрэг рүү шидэгдсэн замгийг хүртэл барьж үздэг байжээ.

П.ХАНДМАА: МИНИЙ НӨХӨР ХҮНД “ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛЖ ҮЗЭЭГҮЙ

Талийгаач Н.Болд буйрын эхнэр П.Хандмаа:

-Осол болох үед өөрөө тосгонд байгаагүй юм уу?

-Хүү бид хоёр баг дээр гэртээ байсан. Урьд орой нь нөхөр маань нуур ороод тор тавиад ирье гээд мотоцикльтойгоо явсан. Орой утсаар яриад аавынд хоночихоод өглөө тороо эргэчихээд хүү та хоёр дээрээ очно гэсэн.

-Танд хэзээ хэл хүргэсэн бэ?

-Би өглөө найман цагийн үед утас руу нь залгахад холбогддоггүй. Утас нь цэнэггүй болсон юм болов уу, тороо эргэх гээд явсан юм байлгүй гээд тоогоогүй. Хоёр, гурав залгаад холбогдохгүй болохоор нь ирж яваа байх л гэж бодсон. Тэгсэн хадам аавын дугаараас дуудлага ирчихсэн байсан. Буцаагаад залгах гэж байтал манай ах ирээд “Миний дүү сэтгэлээ бариарай. Тэвчээртэй байдаг юм шүү” гэхээр нь би юугаа яриад байгаа юм. Юу хэлэх гээд сонин юм яриад байна гэтэл ах нөхрийн маань явсан завь осолдсон болохыг хэлсэн. Тэгээд л ахтайгаа машинтай очсон.Намайг очиход цогцсыг нь ч олоогүй. Мөс цөмрөөд алга болчихсон байсан. Сая хэд хоногийн өмнө л олсон.

-Таны нөхөр мөсөн дээр үлдсэн. Амь аврагдах боломж байсан тухай нутгийнхан ярьж байна…?

-Би сүүлдэж очсон болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай нөхөр амьд сэрүүн байхдаа “Хилчдийн завь янзтай юм билээ. Нэг мотортой завьтай болчихвол ч жаргал даа” гэж ярьж байсан удаатай. Хүмүүс хилийнхэн завиа эртхэн өгсөн бол нөхрийн тань амийг аврах боломж байсан гэсэн. Ер нь тэр ослоос өмнө амьд гарах боломж байсан гэж би бодож байгаа.

-Яаж тэр вэ?

-Миний нөхөр хүнд ерөөсөө “үгүй” гэж хэлж чаддаггүй хүн. Ахын дүү сумын төв ороод өгөөч гэвэл “за” л гэнэ. Манайд очоод тийм юм хийгээд өгөөч гэвэл “за” л гэнэ. Нутгийнхан залуу хүн гэхэд их дуулгавартай, чих зөөлөнтэй гэж үнэлдэг. Тэр өдөр ч гэсэн “за” гэж яваад л амиа алдсан байх. Нөхрийн маань тавьсан тор нуурын эрэг дээр байсан гэж аав хэлсэн. Тэгэхээр нөгөө хэд нь хамт тор эргээд ирье гэхээр нь “за” л гээд цаашаа явсан байх. Хүнд туслах гээд л явсан байж таараа.

-Урьд өдөр нь танайх байшингийн найр хийсэн гэсэн. Хүүд нь өгсөн байшин уу?

-Тэгсэн. Бид хоёр 2014 онд танилцсан. 2015 оны нэгдүгээр сарын 24-нд хүүхэдтэй болсон. Бүх юм их хурдан болж өнгөрсөн. Одоо ёстой сайхан амьдарна. Өнөр өтгөн айл болно гэж ярьдаг байсан. Уг нь байшингаа аймагт авах хүсэлтэй байгаагаа нөхөр маань хэлсэн ч боломжгүй гээд баг дээр өгсөн. Байшингийн найраа хийгээд нутаг усныхаа ах, дүү нарыг оруулсан чинь Болдоо маань “Хоёр найз орж ирээгүй үлдчихлээ” гээд нуур орж загас барьж шарж өгнө гээд явсан юм. Би нэг их хориогүй. Өмнө нь загасанд явж л байдаг байсан болохоор.

-Одоо хүүтэйгээ яая гэж бодож байна. Гэрийнхэн тань төв газар бараадуулна гэж ярьсан?

-Одоохондоо би эгчийнхээ ажилд туслаад явж байна.Намраас хүүгээ төв бараадуулж цэцэрлэгт өгөх бодолтой байна гэв.

Талийгаач Н.Болдбуйрын аав Д.Намхай “Хар толгой би харж зогсохоор хүүгийнхээ араас очих минь яав даа” гэж гасалж сууна. Тэрээр эрэг дээр портертой очих үед осол болсон байна. Завь живж, хоёр хүн мөсөн дээр гарахыг ч харж. Гэвч төрсөн хүүгээ тэгж үхэлтэй тэмцэж явахыг хэн мэдэх билээ. Тиймээс хүний хүн байна гэж хар толгойгоо бодож зогсохын оронд яаж ийгээд туслах минь яав даа гэж харамсч байгаагаа бидэнд хэлсэн. Тэр дөрвөн хүүтэй. Хоёр том хүү нь сар гаруйн хугацаанд аавтайгаа нуурын эрэг тохой бүрийг нэгжиж. Давалгаагаар эрэг рүү шидэгдсэн замгийг хараад хүүгийнхээ өмсч явсан хувцасны өөдөс юм болов уу гэж горьдон барьж үздэг байж. Нутгийнхны ярьж буйгаар Намхай энэ хэдхэн хоногийн дотор зүс алдаж гундаж хүнтэй ч ярихаа больсон гэнэ. Нуурын эрэг рүү хүн битгий хэл мал ч ойртуулахгүй манаж хэдэн цагаар хамаагүй суучихдаг байж. Нохой, шувуу идэхээс өмнө хүүгийнхээ цогцсыг олж нутаглуулна, чи өнгөтэй өөдтэй хувцаснаас нь байвал бэлд гэж эхнэртээ захиад гардаг байсан тухай хүүхдүүд Талийгаач

нь ярив. Нууранд өргөнө гээд ааруул, боорцог өвөртлөөд гарна. Үдшийн бүрийгээр орж ирэхдээ юу ч дуугаралгүй, юм ч идэлгүй хэвтээд өгдөг байсан бололтой. Ингэж л нойр хоолгүй нуурын эрэг харуулдсан хөгшин хүүгийнхээ цогцсыг олж нутаглуулсандаа сэтгэл нь жаахан ч гэсэн тайвширчээ.

Үргэлжлэл бий