Categories
мэдээ цаг-үе

Шинжлэх ухааны хосгүй эрдэнэ болсон академич Д.Цэрэнсодномынд өнжлөө

Олон улсын Алтай судлалын төвөөс Монголын хоёрхон эрдэмтэнд “Алтан медаль”-иа хүртээсэн билээ. 1963 оноос дэлхийн эрдэмтдэд олгож эхэлсэн тус шагналыг 1965 онд нэрт эрдэмтэн Бямбын Ринчен гуай хүртэж байжээ. Харин үүнээс тавин жилийн дараа академич Далантайн Цэрэнсодномд энэхүү шагналыг олгосон байдаг. Түүхийг нэхэн дурссаны учир гэвэл энэ удаа Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Далантайн Цэрэнсодном гуайнд өнжсөнөө тодотгосон хэрэг л дээ. Үнэндээ Д.Цэрэнсодном гуайн гэрт гэхээсээ илүүтэйгээр түүний номын буюу ажлын өргөөнд илүү цагийг өнгөрөөсөн гээд хэлчихэд болно. Сайн эрдэмтэн улсын баялаг гэдэг. Баялгийн уурхай болсон Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн хоёр давхарт энэ эрхмийн ажлын өрөө байх аж. Болзсон цагтаа үүдийг нь тогшлоо. “Ор ор хүү минь” гэх хариугаар дотогш ороход бичиг, ном дүүрэн хураасан ширээний араас академич Д.Цэрэнсодном гуай өндийж ирээд “Та нарыг ирэхийг хүлээж суулаа” гэв. Түүний өрөөний хойморт Чойжи-Одсэрын хөрөг зураг залаастай харагдана. Чойжи-Одсэр бол XIV зууны яруу найрагч бөгөөд Монголын хэл, соёл, уран зохиолын гарамгай төлөөлөгч гэгддэг. Уг хөргөөс харц салгаж үл чадах намайг академич маань анзаарсан бололтой. “Миний анхны ганц сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл бол билгүүн Чойжи-Одсэр. Энэ бүтээлийн редактороор Цэндийн Дамдинсүрэн багшийг томилсон юм. Багшийн гэрт бүтээлээ бариад очлоо.

Тэгсэн багш “Тэнд тавьчих, уншиж байж редакторлох эсэхээ шийднэ” гэдэг юм байна. Хэд хоногийн дараа утсаар ярьж “Хүрээд ир” гэж дуудлаа. Гэрт нь очтол “Уншиж үзлээ. Чи арай ч үхэр шиг хивчихдэггүй юм байна” гэж хэлээд редакторлож байлаа” хэмээн сэтгэлдээ өнөөг хүртэл хадгалж явдаг ховор хийгээд сайхан дурсамжаасаа хуваалцлаа.Академич Д.Цэрэнсодномыг монголын хэл, соёлын арвин сан гээд тодорхойлчиход маргах хүн ховор биз ээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди монгол айл бүрийг “Монголын нууц товчоо”-той болгох зарлиг гаргаж байсан. Тэр цагаас эхлэн монголчуудын гэрийн хоймор залагдаж буй “Монголын нууц товчоо”-г боловсруулж, эрдэм шинжилгээний судалгаа хийх ажлыг академич Д.Цэрэнсодном гуай ахалсан байдаг. Түүний болон түүнтэй гар нийлж баг болон ажилласан Төмөртогоо, Чоймоо, Дашцэдэн тэргүүтэй эрдэмтдийн хишиг буянаар бид өдгөө эх түүхийнхээ нэгээхэн хэсгийг үр хойчдоо өвлүүлэн үлдээж байгаа билээ. Эрдэмтдийн өөр өөрийн өнцгөөс өлгийдсөн “Монголын нууц товчоо”-ны судалгааны олон хувилбар байдаг.

Гэхдээ дээр дурдсан нь эдгээр эрдэмтдийн бүтээлийг нэгтгэж хамгийн түүхийн үнэнд ойртсон бүтээл гэж хэлж болох аж. Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хувилбараар анх Монголын ард түмэн “Монголын нууц товчоо”-той танилцаж байсан. Тухайн үед судалгаа, шинжилгээ хийхэд хүнд, одоогийнх шиг “бэлэн хоол” болчихоор ном бүтээл ховор байхад Ц.Дамдинсүрэн гуай өөрийн хосгүй авьяас билгээр ард түмэндээ ойлгогдохоор энгийн бөгөөд уран яруу тансаг бүтээл бүхий ном гаргасан болохыг академич Д.Цэрэнсодном гуай их л нямбай тайлбарлав. Ингээд академичийн ном бүтээлийн яриаг түр засварлаж ар гэр, ахуй амьдрал руу нь яриа хазайлгахаар болов.

АРСЛАН, ЗААН ТӨРСӨН АЛДАРТ БӨХИЙН УДМААС АНГИД МӨР ХӨӨСӨН АКАДЕМИЧ

Академич Цэрэнсодном гуайн туулж өнгөрүүлсэн амьдралын зам тийм ч олон салаа бус. Аравдугаар ангидаа шарлаж айхтар өвдөж байсныг эс тооцвол басхүү бартаат даваа, толгод ч үгүй мэт. Эрдмийн мөр хөөсөн хүүгийн эгэл амьдрал дардан хийгээд дээш тэмүүлсэн замналтай аж. Цэрэнсодном гуай Сүхбаатар аймгийн Халзан суманд төржээ. Түүний аав Чойдорын Дамдинсүрэн хүүгээ мэндлэх үед цэргийн албанд татагджээ. Тиймээс өвөө нь ээж Долгорыг нь өөр хүнд богтлоод өгчихсөн гэнэ. “Тухайн үед цэргийн албыг таван жил хаадаг байсан. Гэвч хугацаагүй, эргэж ирэх нь ч тодорхойгүй учир залуухан охиныхоо амьдралыг бодоод өөр хүнд богтолж намайг нагац ах маань өсгөсөн юм болов уу” гэв. Хар багадаа эцэг, эхээсээ хагацсан хүү үнээний сүүгээр угжуулж хүн болсон нь хожим харамсах бус харин ч ард түмэндээ хүндлэгдсэн эрдэмтэн болох зам мөрийг нээсэн байж болох юм. Түүний нагац С.Далантай үлгэр тууль ярьдаг, нутаг усандаа нэлээд алдартай дархан хүн байжээ. Тиймээс хүү улаан үнээний сүүнээс гадна үлгэр домгоор угжуулж өссөн гэнэ. Далантай хүүхдүүдийнхээ эрдэм мэдлэгт их анхаардаг сүрхий хүн байсан бөгөөд тооны хүрдгийг ягштал цээжлүүлдэг байж. Тиймээс Цэрэнсодном хүү нэгдүгээр ангид ороход үе тэнгийнхнээсээ мэдлэгээр хол давсан байлаа. Багш нарын зааж буй хичээл хүүгийн сонирхлыг татахгүй байсан тул хоёрдугаар анги руу дэвшин оруулсан байна. Улмаар сум, аймгийнхаа сургуулийг дүүргэж 1957 онд одоогоор МУИС-ийн Монгол хэлний ангид элсэн орсон байдаг. Тэрээр өөрийгөө болон үеийнхнийгээ их азтай хүмүүс гэв. Яагаад гэвэл Хэл шинжлэлийн агуу эрдэмтдийн төлөөлөл болох Т.Пагма, Ш.Гаадамба, Д.Чойжилсүрэн нараар хичээл заалгаж байсантай холбоотой юм. Ингэж л тэрээр эрдмийн замд эргэлт буцалтгүй орсон байна.Угтаа Цэрэнсодном гуай гайгүй сайн бөх болж болох байсан аж. Түүний аав Ч.Дамдинсүрэн цэргийн заан хүн. Дүү нь Цэрэнтогтох гээд аймгийн арслан бөх байжээ. Тиймээс түүнд бөхийн удам байсан боловч энэ талын авьяас, сонирхол нь дутмаг байсан гэхэд болно. Тэгээд ч “Над шиг бие жижигтэй бөх гэж юу байхав. Миний сонирхдог зүйл биш” хэмээн Цэрэнсодном гуай егөөдөөд авав.

Уламжлалт анагаах ухааны музей. Бэр хүү хоёрын хамт

ШИНЖЛЭХ УХААНЫ ЭРДЭМТЭН ЯРУУ НАЙРАГЧИЙН ШАГНАЛ АВЧ, ШИНЭ ХРОМОН ГУТАЛТАЙ БОЛСОН НЬ

Үнэндээ эрдэмтэн болохоос ихээ өмнө өрнөсөн түүх. Цэрэнсодном гуай хэл шинжлэлийн ухаанаар сурахын хажуугаар утга зохиолын дугуйланд явдаг байж. Академичаас “Та яруу найраг бичдэг байсан юм уу” гэж асуухад “Сурагч ахуйдаа “Суралцах замд” нэртэй өгүүллэг бичсэн. Манай уран зохиолын багш Д.Гомбожав. Нэг өдөр манай аймагт гурван том зохиолч ирсэн юм. Найруулагч С.Гэндэн, Ч.Лхамсүрэн,С.Дашдэндэв гээд. Би ч багшийнхаа дуудлагаар очиж энэ том хүмүүст өгүүллэг уншиж өглөө. Миний өгүүллэг гайгүй болсон юм байлгүй, хот руу аваад явчихсан. Харин оюутан болсныхоо дараа Лхамсүрэн гуайтай таарсан чинь “Чи өгүүллэгийнхээ шагналыг аваа юу” гэж байна. Би ч мэдэхгүй болохоор шагнал өгдөг эсэхийг нь лавлаад Лхамсүрэн гуайгаар заалгаж аваад Хэвлэх үйлдвэрийн ойролцоо нэг хаалгаар орлоо.Хаалгаар орох гэж явтал өмнөөс сэгсийсэн үстэй хүн зөрөөд гарлаа. Би ч тухайн үед дотроо их гайхав. Содон туссан хэрэг л дээ. Цаашаа өөр нэг өрөөний үүдээр шагайж ямар зорилготойгоо нэг хөгшинд хэлтэл надад өгүүллэгийн шагнал гэж 400 төгрөг өгөв.Миний амьдралдаа үзээгүй их мөнгө шүү дээ. Бөөн баяр болж өөртөө шинэ хромон гутал авч өмсөөд үлдсэнийг нь үрж дуусгах гэж зовсон шүү” хэмээн харааны шилээ дээш өргөж ирээд л хөхрөв. Түүнийг цочоож зөрсөн эрхэм бол Бямбын Ринчен гуай байсан гэнэ. “Үүрийн туяа” романыхаа шагналыг аваад гарч байсан нь тэр байж л дээ. Энэ тохиолдлын дурсамжийг академич их бэлгэшээдэг байна. Амьдралдаа авсан хоёр томоохон шагналыг Б.Ринчен гуайн араас хүртэх хувьтай байж.

Хүү Ц.Сүмбэрийн хамт

МОНГОЛЫН ХЭЛ, СОЁЛЫН АГУУ ЭЗЭД Ц.ДАМДИНСҮРЭН, Б.РИНЧЕНИЙ ҮРГЭЛЖЛЭЛ…

Их сургуулиа төгсөөд Цэрэнсодном Хэл зохиолын хүрээлэнд анх ажилд оржээ. Түүнээс авьяас билиг цухуйж буйг Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нар аль хэдийнэ ажигласан байж. Ажилд ороод удаагүй байхдаа өнөөх айж гайхшруулсан сэгсийсэн үстэй Б.Ринчен багштай Увс, Ховдын хязгаарт судалгаа, шинжилгээ хийж хоёр сар хамт явсан нь тэднийг нэлээд ойр дотно болгожээ. Ринчен гуайг хамт хөдөө орон нутгаар явахад нутгийн хүмүүс их хүндэлдэг, хүүхдэдээ нэр хайрлаач гэж их ирдэг байсан тухай хуучлав. Д.Цэрэнсодном “Нэг удаа орон нутгаар салж ажиллах болоод эргэж уулзах болж Ринчен багшид цахилгаан явууллаа. Хоёр талаасаа уулзъя гэсэн утгатай захиа.Тэгсэн тэр цахилгаан захиаг багш барьчихсан “Энэ захиа тэдэн төгрөг төдөн мөнгө болох байлаа. Цэрэнсодном нуршуу бичсэнээс болж улсад тэдэн төгрөг, төдөн мөнгөний хохирол учрууллаа” гэж ирээд хошигнож билээ. Үгийн хазгай андахгүй. Багш надад “Насны нарыг жаргахаас өмнө амжихын төлөө шинжлэх ухаанд яардаг юм шүү” гэж захисныг би өдгөө ч мартдаггүй. Хичээж явна” гэв. Харин Ц.Дамдинсүрэн гуайгаар анхны ганц сэдэвт бүтээлээ редакторлуулснаас хойш дотно харилцаатай болжээ. Ц.Дамдинсүрэнтэй 1959 онд анх танилцаж байжээ. Тэрээр “Би 1985 онд Дамдинсүрэн багштай Германы Боннын их сургуульд болсон хуралд оролцсон. Аян замдаа сайхан ч яриа өрнүүлж байсан дурсамж бий. Бас л шударга, шулуун хүн. Миний шүтээн болсон хүмүүс юм даа. Албан тушаалд дургүй. Аль болох өөрийгөө чөлөөлж уран бүтээл, судалгаа шинжилгээний ажилдаа зориулах хүсэлтэй. Ш.Лувсанвандан багш байна.Монголын хэл, уран зохиолын гурван том сүмбэр уул” хэмээн санаа алдан бид чинь алтан үеийнхнээсээ маш бага зүйл авч үлдэж. Шанагаар хутгах эрдмээс халбагын төдийг л хутгасан байна шүү дээ” гэлээ.Академич Д.Цэрэнсодном гуай үнэхээр л багш нарынхаа хийж дуусгаагүй ажлыг залгуулж, Монголын агуу эрдэмтдийн үргэлжлэл болсон хүн гэж хэлмээр. Их мэргэдээс авч үлдсэн мэдлэгээ өдгөө Монголын үр хойчид түгээж яваа хүн билээ. Гэвч энэ биений сурч мэдсэн зүйлээс атгаад аваад үлдэх залуус ховор болсон нь түүний ганц эмзэглэдэг зүйл бололтой.

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙГ АВАРСАН АЛТАЙ СУДЛАЛ

Түүнийг Алтай судлалын төвөөс “Алтан медаль” хүртсэн хоёр дахь монгол хүн гэж дээр дурдсан билээ. Тэгвэл түүний Алтай судлалын ачаар Шинжлэх ухааны академи татан буугдаж их сургуулийн бөөрөнд наалдахаас аврагдсан гэмээр сонин дурсамж үлджээ. Төрийн эрх мэдэлтнүүд гадна дотно үзсэн зүйлээ Монголд шууд буулгах гэж зүтгэж Шинжлэх ухааны академид юу ч хийдэггүй хэдэн эрдэмтэнг цалинжуулж байна хэмээн их сургуулийн харьяа болгох оролдлого их явж. Яг энэ эгзэгтэй үеэр эртний өвөг алтай хэлнээс салаалж гарсан манж, тунгуз, түрэг, ирэн, монгол, уйгар, перс эрэг хэл соёлыг судалдаг Алтай судлалын ажилд судалгааны үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн олон улсын хүрээлэнгээс нэр хүндтэй шагналыг Д.Цэрэнсодном академичид олгожээ. Үүгээр Монголын эрдэм шинжилгээний судалгаа дэлхийд дээгүүрт явдаг гэдгийг нотолж чадсан байна. Мөн Цэрэнсодном гуайн томоохон судалгаа бол “Турфаны цуглуулга”. Энэ тухай академич “Дамдинсүрэн багш Герман явж ирэхдээ эрдэмтэн Э.Хэйнишийн бичсэн номыг өгсөн нь “Турфаны цуглуулга” л даа. Цуглуулга доторх уранхай, дутуу эх бичгүүдийг судалж эхэлсэн. 1963 оноос цуврал өгүүлэл бичсэн. Манай багш нар төдийгүй германчууд миний судалгааг дэмжиж, тоосон. Ингээд Германд жил зургаан сар судалгааны ажил бичсэн. Э.Хэйнишийг өөд болсных нь дараа ширээн дээр нь сууж судалгаагаа бичсэн. Тэгэхээр би их азтай хүн байгаа биз. Их буянтай хүний ширээн дээр суусан учраас надад тэр бага ч гэсэн буян заяа нь шингэсэн байж таараа” хэмээн хуучлаад цагаа харангаа “Хэдүүлээ одоо гэрийн зүг хөдөлье” гэлээ.


НЭГ СУРГУУЛИАС АМЬДРАЛАА ХОЛБОСОН ХОСУУД

Цэрэнсодном гуай хөл нь жаахан тааруу учир таягтай явах. Гэхдээ түүний явах зам маш тодорхой. Гэр, музей, Шинжлэх ухааны академи. Долоо хоногийн гурван өдөр ажлын өрөөндөө сууж эрдэм шинжилгээний судалгаандаа төвлөрдөг байна. Эрдэм шинжилгээний судлаач сууж сурсан байх хэрэгтэй хэмээн ёжтой инээнэ. Одоогоор академич маань докторын зэрэг хамгаалж байсан “Дундад зууны үеийн монголчуудын бичгийн яруу найргийн эх ундарга хийгээд өвөрмөц шинж” бүтээлээ ганц сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл болгохоор ажиллаж байгаа аж. Ингээд машинд өнөөгийн нийгмийн талаар ойр зуурын хэдэн үг солив. Тэрээр “Ард түмэн эсэргүүцээд ирэхээр төр засаг буруу ажиллаж байгаагийн том илрэл гэдэг. Хаашаа ч юм бэ дээ. Би ч улс төр хүсдэггүй болохоор олон юм яримааргүй байна” гэв.

Ингээд Цэрэнсодном гуайнд орлоо. Түүний гэргийг Доржийн Ичинхорлоо гэдэг.Тэрбээр МУИС-ийн химийн ангийг дүүргэжээ. Мөн Орост мэргэжлээ дээшлүүлсэн гэнэ. Сүүлд Хүнс, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.Гэр бүлээрээ Герман болон Хятадад амьдарч байсныг эс тооцвол Улаанбаатартаа ихэнх амьдралаа үдсэн хоёр буурай аж. Д.Ичинхорлоо гуайгаас “Эрдэмтэн, судлаач хүний хань байна гэдэг амаргүй байх даа. Ар гэрээсээ илүү албан ажилдаа ихэнх цагаа зарцуулдаг болов уу гэж асуухад “Хэлэх юм биш. Ар гэрийн амьдралд тусалсныг асуух ч хэрэггүй” хэмээн хошигноод авав. Эднийх гурван хүүхэдтэй. Том охин Хадаа хоёр хүүхэдтэй, эцэг эхийнхээ цай хоолыг ганц дөхүүлдэг хүн гэнэ. Хүү Баяраа Германд амьдардаг бол бага хүү Сүмбэр гэр бүлээрээ аавынхаа байгуулсан Уламжлалт анагаах ухааны музейг хариуцан ажиллуулдаг. Д.Цэрэнсодном гуай “Би “Данжуур”-ын 225 ботийг бүтэн уншсан. Энэ их хөлгөн судрын таван боть нь анагаах ухааных байдаг. Миний биеийн тал нь уламжлалт анагаах ухаан болсон гэхэд болно. Анагаах ухааныг хөгжүүлэх төслүүдийг удирдаж энэ чиглэлийн оюутнуудыг унших номтой болгосон. Бурхан шашны номыг монгол уншлагаар уншуулах зорилготой “Номунгэрэл” төв байгуулаад сүүлдээ энэ төв анагаах ухааны музей болсон л доо” гээд музейгээ танилцуулахаар гарав. Тус музейд уламжлалт анаагах ухааны ховор нандин өвс ургамал, жор гээд хүний биед тустай хэрэгцээтэй зүйл цөм бүрэн гэмээр харагдана.Монголчууд сүүлийн үед ургамлын гаралтай, байгалийн гаралтай гээд Хятадын уламжлалт эмчилгээ рүү хошуурах болсон. Тэгвэл хил давах шаардлагагүй жинхэнэ уламжлалт анагаах ухааны мэдээллийг эндээс авч болох санагдав. Нас өндөр гарсан хэдий ч академич Д.Цэрэнсодном гуай ухаан саруул, билиг оюун танхай хэвээр аж. Тэрээр орос, англи, герман, хятад зэрэг гадаад хэлтэй. Түүний эрдэм шинжилгээний маш олон судалгааны бүтээл Монголдоо төдийгүй гадаадын олон оронд олон хэлээр хэвлэгдэн гарсан билээ.

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Р.Отгонтулга: Манай IT инженер 30 удаа“E-barimt” сугалааны азтан болсон гэдэг нь худлаа

Манай улс татварын асуудлыг цэгцэлж “E-ba­rimt” системд шилжсэн. Энэхүү систем хэрэгжсэнээр ихэнх аж ахуйн нэгжийн данс, тооцоо ил болж товчхондоо хуулийн дагуу татвараа төлдөг процесс бий болсон хэмээн олзуурхаж байгаа. Гэвч сүүлийн үед “E-barimt”-тай холбоотой сөрөг мэдээллүүд цацагдах боллоо. Тиймээс Гааль, татварын мэдээлэл технологийн төвийн захирал Р.Отгонтулгаас дараахь тодруулгыг авлаа.

-“E-barimt” системийг иргэд хэр идэвхтэй ашиглаж байгаа вэ. Энэхүү системийн талаар хамгийн сүүлийн үеийн баримт мэдээллийг та хүргэхгүй юу?

-Энэ системийг хэрэглэж байгаа 800 мянган айл өрх бий. Мөн 56 мянган аж ахуйн нэгж “E-barimt” системийг хэрэглэж байна. Хуучин НӨАТ-ын падаан ашигладаг байсан байгууллага хоорондоо одоо энэ системийг ашиглаж байна. Бид дунджаар 18 сая баримт хэвлэдэг, цуглуулдаг томоохон системийг Монгол Улсад бий болгочихоод байна шүү дээ. Улсын төсөвт бүрдүүлэх төлөвлөгөөгөө 96 хувьтай биелүүлээд явж байна. Гол нь НӨАТ. Энэ ачааллыг иргэдийн оролцоотой хийж өгч байна. Та худалдан авалт хийгээд баримтаа гэртээ очоод бүртгүүлээд сууж байна гэдэг чинь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны ажлыг хийж байна гэсэн үг. Бүртгүүлэх тоолонд та тухайн байгууллагын орлогыг бүртгүүлж, мэдээлж байгаа юм. Иргэн маань буцаагаад хоёр хувиа авах эрх хуулийн дагуу үүснэ. Ийм том тогтолцоог хэрэгжүүлж байна.

-Сүүлийн үед НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орно. Иргэдийн хоёр хувийн буцаан олголт болон “E-barimt” сугалааны тохирол ч зогсоно гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Иргэдийг ингэж үндсээр нь хөдөлгөчихөөд зүгээр л зогсоочих ажил байсан юм гэж үү?

-Анх удаа иргэд НӨАТ-ын хоёр хувийн ойлголтоо авах боломж үүссэн. Өнгөрсөн есөн сарын турш ажилласнаа бид эргэн харвал маш том үр дүн харагдана. Хуулийн талдаа ч иргэдийн идэвх талдаа ч ийм өндөр байхад энэ системийг зогсооно, өөрчилнө гэдэг маш буруу. Энэ бол худал, цуу яриа. НӨАТ-ын хуулийн өөрчлөлтийн талаар огтхон ч яригдахгүй байгаа. Тиймээс иргэд 2017 оны эхний улиралд НӨАТ-ын хоёр хувийн буцаалтаа авах тал дээр бат итгэлтэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл хууль маань байна.

-Хууль яагаад өөрчлөгдөхгүй гэж. Таны иргэдэд өгч байгаа баталгаа ямар үндэслэлтэйг сонирхож болох уу?

-Огтхон ч яригдахгүй байгаа. Ташаа мэдээлэл. Иргэд элдэв худал мэдээлэлд битгий итгээсэй гэж хүсч байна. Ерөөсөө л аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх механизм боловсронгуй болсон. Энэ том ололт. Хуучин НӨАТ-ын падаанаас болж хичнээн аж ахуйн нэгж ямар асуудалд орж байсан билээ. Бид бүхэн мэдэж байгаа шүү дээ. Ийм нөхцөл байдал руу, буцааж ухарсан алхам хийхийг оролдсон нөхдүүд л худал яриа гаргаж байгаа нь ойлгомжтой.

-Та татварын системд 56 мянган аж ахуйн нэгж бүртгүүлсэн байгаа гэсэн. Ер нь татвар төлөх ёстой хичнээн мянган аж ахуйн нэгж байдаг юм бэ?

-Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мянган аж ахуйн нэгж байдаг. Үндсэндээ 70 орчим хувийг нь НӨАТ-ын системд хамруулсан гэж хэлж болно.

-Бараг жил болох гэж байхад бусад нь яагаад энэ системд нэвтрэхгүй байгаа юм бэ?

-Бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд ихэнх нь хувь хүний нэр дээр бүртгэлтэй байх жишээтэй. Тухайлбал, Нарантуул олон улсын худалдааны төв баримтын системд ороогүй байна. Зуун айлд байрлах барилгын худалдааны төвүүд байна. Энэ мэтчилэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 22 худалдааны томоохон төв энэ системд хамрагдаагүй байгаа.

-Ямар нэг шаардлага тавьдаг юм уу. Энэ худалдааны төвүүд иргэдийн худалдан авалтын гол хэсэг шүү дээ?

-Манай байгууллагын хувьд мэдээлэл, технологийн иннавоцийг хөгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж, мөрдүүлэх үүрэгтэй агентлаг нь Татварын ерөнхий газар. Тэгэхээр дээрх газрууд энэ чиглэлдээ төлөвлөсөн тодорхой ажил хийж байгаа байх. Мэдээж дээрх асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Хамгийн гол нь бүгд хуулиа тэгш мөрдөх ёстой. Нэг хэсэг нь хуулиа идэвхтэй хэрэгжүүлж, нөгөө хэсэг нь ард хоцроод улсын ажлыг хойш татаад байж болохгүй.

-Саяхан танай IT инженер 30 удаа “E-barimt” сугалааны азтан болсон гэх мэдээлэл байна. Үнэхээр тийм зүйл болсон уу?

-Манай IT инженер 30 удаа “E-barimt” сугалааны азтан болсон гэдэг нь ор үндэсгүй худал мэдээлэл.

-Дэлгүүрийн касс, шатахуун түгээх газрын ажилтнууд хэдэн мянган сугалаа бүртгүүлж, олон удаа азтан болж байгаа. Үүнийг мөн л зохицуулах хэрэгтэй юм шиг?

-Татварын ерөнхий газар хариуцна л даа. Манайхаас мэдээж ямар сугалаа азтан болсон зэрэг холбогдох бүх мэдээллийг явуулдаг.

-“E-barimt”-ын сугалааг хэрхэн явуулдаг юм бэ. Инженерүүд программ дээр ажиллаж байгаа юм чинь өөрийн сугалааны дугаарыг унагаах боломжтой юм биш үү?

-Иргэд сугалааны тохирлыг их амархан схемээр явагддаг юм шиг ойлгодог. Би яг ямар журмаар сугалааны тохирол явагддаг болохыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгье.Бөмбөг үлээх замаар бид сугалааг зохион байгуулдаг. Тухайн үед хяналтын хэд хэдэн байгууллага ажилладаг.Татварын ерөнхий газар, Гаалын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Сангийн яам, иргэдийн төлөөлөл гэсэн хяналттай сугалааны тохирол явагддаг. Эдгээр төлөөллийн гарын үсэгтэйгээр тухайн үлээгдсэн тоог баталгаажуулаад азтан болсон иргэдийн систем дээр та азтан боллоо гэсэн мэдээллийг нэгдсэн журмаар илгээдэг. Мөн системд бүртгэлтэй гар утасны дугаар руу нь та азтан боллоо гэсэн мессэжийг нэгдсэн журмаар явуулдаг болсон байгаа. Дараа нь орж ирсэн тоонуудыг ялгаад Татварын ерөнхий газрын Орлого хяналтын газар очно. Ингээд Сангийн яамны Төрийн сангаар хянагддаг. Энэ бүхний эцэст Төрийн сангаас азтан болсон иргэдийн мөнгийг гуйвуулах ажлыг гүйцэтгэдэг. Үндсэндээ таваас зургаан хяналтын механизмын шатлал дор сугалааны тохирол явагддаг. Иргэдийн яриад байгаа шиг шүүрэн шанага шиг, хаа хамаагүй хүссэн хүнийг азтан болгодоггүй. Бүх зүйл хууль, журмын дагуу л маш хатуу хяналттай явагддаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Энэ нэг компанийн ажил биш. Төрөөс зохион байгуулж буй том ажил. Ташаа мэдээллээс болж иргэдийн оролцоо буурах вий гэдэгт санаа зовж байна.

-Анх худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлээгүй байсан ч сугалааны тохиролд оролцдог байсан. Гэтэл журамд өөрчлөлт оруулж баримтаа системд бүртгүүлсэн тохиолдолд сугалаанд оролцдог болсон. Яагаад журамд ийм өөрчлөлт оруулах болов оо?

-Иргэд баримтаа бүртгүүлж байж сугалаанд оролцох эрх үүсэх журмын өөрчлөлтөөр зохицуулагдах болсон. Яагаад гэвэл баримтаа сугалааны тохирлоос өмнө системд бүртгүүлээгүй нөхөж бүртгүүлдэг байсан нь хуурамч баримт гарч ирэх гол шалтгаан болсон шүү дээ. Тэгэхээр нөхцөл байдалд тааруулж журамд өөрчлөлт оруулсан.Харин хоёр хувийн буцаан олголт бол та худалдан авалт хийсэн баримтаа тухайн жилдээ л амжаад бүртгүүлчихвэл таны НӨАТ-ын буцаан олголт хуулийн дагуу орох боломжтой.

-Журамд өөрчлөлт оруулсан нь нэг талаараа иргэдийн эрхийг хязгаарлаж байгаа мэт. Худалдан авалт хийсэн л бол сугалааг хонжворт тохиролд оруулж болдоггүй юм уу?

-Өмнө нь иргэдээс их гомдол ирдэг байсан. Зөвхөн баримтаа бүртгүүлсэн иргэдийн дунд сугалааны тохирлыг явуулж болдоггүй юм уу, сугалаагаа бүртгүүлэхгүй хаячихаад байгаа тэр хүмүүсийн баримтыг заавал сугалаанд оруулах хэрэг байна уу гэхчилэн. Харин журамд өөрчлөлт оруулснаас хойш ямар нэг гомдол иргэдийн зүгээс ирэхээ больсон. Тэгэхээр шинэ журам иргэдийн эрхийг ямар нэг байдлаар хязгаарлаж байгаа гэж бодохгүй байна. Харин ч сугалаа шударга явагдаж байгаа гэж ойлгодог. Иргэд итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Энэ хэсэг бүлэг хүмүүс, нэг компанийн ажил биш. Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй том ажил. Татварыг цэгцэлж буй том схем. Бид үр дүнг бодитоор харж байна. Энэ л том амжилт.

-Одоогоор иргэдэд хичнээн төгрөгийг сугалааны хонжвороор олгоод байна вэ?

-Наймдугаар сарын сугалааны тохирлын дараагаар 53 мянган айл өрх азтан болсон байна. 14 удаагийн сугалаа явагдаж иргэдийн дансанд нийт 2.2 тэрбум төгрөг орсон байна. Цаашдаа томоохон худалдааны зах, төвүүдийг энэ системд шилжүүлэх хэрэгтэй. Ингэснээр иргэдийн татварын буцаан олголтын хувь хэмжээ өснө. Олон улсад системийг их үнэлж байгаа. Манайхан дотроо элдэв цуу яриа гаргаж шүүмжлээд байгаа боловч хийчихсэн технологийг аваад үзэх юм бол их том амжилт. Олон улсад үнэлэгдэж байна. Уганда, Славок, ОХУ зэрэг улсууд ийм татварын системд шилжихийг хүсч, судалж байна. Тиймээс бид ийм том ажлыг эхлүүлчихсэн учраас технологио илүү боловсронгуй болгохын төлөө ажиллаж байна. Иргэд заавал баримт авч явахгүйгээр бүртгүүлэх хувилбарыг бид бий болгохоор ажиллаж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Ипотекийн зээл үргэлжилнэ

Сүүлийн өдрүүдэд Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ, үргэлжлүүлэхгүй зогсооно гэсэн янз бүрийн мэдээлэл цацагдах болсон. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат банкны удирдлагуудыг хүлээн авч уулзан ипотекийн зээлийн талаар санал бодлоо солилцсон. Энэ үеэр ард түмний анхаарлыг татаад буй ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээ ямартай ч амласан. Харин журмыг шинэчлэхээр санал бодлоо солилцсон билээ. Үүний дараахан ипотекийн зээлийн шинэ журам батлагдсан тухай зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Харин бодит байдал дээр ипотекийн зээлийн асуудал чухам ямар шатандаа явж байгааг хүргэхийг зорилоо.

Ипотекийн зээлийн шинэ журам батлагдаагүй

Монголын ипотекийн корпораци одоогоор ипотекийн зээлийн журам өөрчлөгдөөгүй болохыг албан ёсоор хэлж байна. Учир нь Засгийн газраас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орох, холбогдох шийдвэр гаргасан тохиолдолд хамгийн түрүүнд Монголын ипотекийн корпорацид мэдэгдэж, цаашдын үйл ажиллагаа дамжина гэсэн үг. Тиймээс ипотекийн найман хувийн зээлийн журамд ямар нэг өөрчлөлт ороогүй, өмнөх журмын дагуу банкууд зээл олгож байгаа аж. Мөн Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “Ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулсан тухай энэ сарын 22-нд зарим хэвлэлд мэдээлжээ. Уг мэдээлэлд Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хамтран ипотекийн зээлийн олголтын журамд өөрчлөлт оруулж, батлагдсан гэжээ.

Харин Монголбанк энэхүү журмыг батлахад хамтран оролцох байр суурьтай байгаа ч албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах тухай саналаа Монголбанкинд албан тоотоор ирүүлсэн бөгөөд уг саналыг Монголбанкны холбогдох удирдлагуудын түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд хариу шийдвэр гаргаагүй байна. Иймд ипотекийн зээлийн журам нь Монголбанкны байр суурь биш болохыг мэдэгдэж байна. Монголбанкны Захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногоос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар илүү тогтвортой механизмыг бүрдүүлэхээр хуралдаж, зарчмын саналуудыг хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна” гэжээ. Ипотекийн найман хувийн зээлийн журамд шинэчлэл хийгдээгүй байгаа гэдгийг Барилга хот байгуулалтын яамны зүгээс мөн өглөө.

Арилжааны банкууд ипотекийн зээлийг олгож байна

Харин арилжааны зарим банкууд найман хувийн зээлийг зогсоогоод байсан. Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк зэрэг ихэнх банкууд ипотекийн зээлийг хэвийн олгож байна. Ингэхдээ зарим банкууд орон сууцны ипотекийн зээлийг гаргахаас гадна шинээр зээл хүссэн иргэдийн материалыг ч хүлээн авч байгаа гэв. Гэхдээ хэд хоногийн өмнө Монголбанкнаас ипотекийн найм болон таван хувийн хүүтэй орон сууцны зээлийг зогсоосон. Улмаар ипотекийн зээлийн санхүүжилтийг олгохыг түр хугацаагаар зогсоогоод байгаа. Тэгвэл зарим банкууд өөрсдийн нөөц хөрөнгөөсөө санхүүжилт хийж ипотекийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг гаргаж өгч байгаа бололтой. Нөгөө хэсэг нь ипотекийн зээл үргэлжлэх нь тодорхой ч шинэ журмыг хүлээж зөвхөн материал хүлээн авч байгаа гэсэн мэдээллийг ч өгсөн юм.

Харин таван хувийн орон сууцны зээлийг цэвэр Монголбанкнаасс санхүүжүүлдэг байсан бөгөөд тус банкнаас энэ төрлийн зээлийг олгох нь хэт эрсдэлтэй гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр онцолсон. Тэрээр “Ипотекийн таван хувийн зээл бол эхнээсээ буруу шийдвэр байсан. Харин найман хувийн зээлийг анхнаас нь зөв явуулсан учраас буулгах шаардлага байгаагүй. Тиймээс Монголбанк таван хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжгүй. Найман хувийн тухайд цаашид үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэхийн тулд тодорхой алхмуудыг хийх шаардлагатай байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Энэ бол ипотекийн найман хувийн зээл цаашид үргэлжлэхийг харуулж буй бас нэг том хүчин зүйл билээ.

“Ипотекийн зээлийг зогсоовол байр авнагэдэг нь мөрөөдөл хэвээр үлдэнэ”

Банкны зээлийн эдийн засагчдын үүдийг сахих иргэд эрс нэмэгджээ. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, эс үргэлжлүүлэх талаар яригдахаас эхлээд орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн сэтгэл зовних болж. Тиймээс зээлийн эдийн засагчдаас биеэр ирж тодруулах болжээ. Төрийн банкны зээлийн эдийн засагчтай уулзахаар зогссон 40 орчим насны эмэгтэй Н “Би дөрвөн хүүхэдтэй. Нөхөр маань өөд болоод удаж байна. Насаараа л Дэнжийн мянгын гэр хороололд амьдарлаа. Харин энэ хавар хүү маань насанд хүрч, гайгүй ч ажил төрөлтэй болсон. Тиймээс байранд зүтгэх санаатай. Арай гэж хэдэн төгрөг өөрөөсөө нууж цааш хийсэн юм. Гэтэл найман хувийн зээлийг зогсооно гээд яриад байх юм. Ямар сайндаа ирж асуулаа. Хэрвээ найман хувийн зээлийг зогсоовол гэр хорооллын дундаж амьдралтай бидний хувьд байранд орно гэдэг мөрөөдөл хэвээр үлдэнэ” гэв. Мөн иргэн Ж “Би сая материалаа өгсөн. Авч л байна. Хэр удахыг нь харин мэдэхгүй. Төр түмэндээ хандсан бодлого хэрэгжүүлэх гэж байгаа бол, үнэхээр ард түмнийхээ амьдралыг сайжруулахыг хүсч байвал зээл үргэлжлэх байх даа” хэмээсэн юм.

Ипотекийн зээлийн журамд ямар шинэчлэл хийгдэх вэ?

Ямартай ч одоогийн байдлаар яг энэ гээд хэлчих өөрчлөлт ипотекийн зээлийн журамд хийгдээгүй байна. Харин ажлын хэсэг ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар ярилцаж байгаа. Үүний нэг тодорхой жишээ бол дээр дурдсан Ерөнхий сайдын, банкны төлөөллүүдтэй хийсэн уулзалт юм. Энэ уулзалтын үеэр Ерөнхий сайд ипотекийн зээлд хамрагдах орон сууцны метр квадратыг 120 болгож өөрчлөх санал гаргасан боловч банкны удирдлагууд метр квадрат ихсэх нь чанаргүй зээл болон эргэн төлөлтөд асуудал гарч иргэдийн хувьд хүнд ачаа болох болно. Ингэснээр бусад хэрэглээг хязгаарлах хэрэг гарна гэсэн байр суурьтай хандсан. Харин салбарын яамны зүгээс метр квадратыг 100 болгох нь илүү тохиромжтой хувилбар гэдгийг хэлсэн. Хэрвээ иргэд 100 метр квадратаас дээш талбайтай орон сууцийг ипотекийн зээлээр авахыг хүсвэл илүү гарсан метр квадратын мөнгөн дүнг нэмж төлөх талаар ярьсан. Одоогийн хэрэгжиж буй журамд ипотекийн зээлийн дээд хязгаар нь 80 метр квадрат. Тиймээс ийм шинэ заалт журамд нэмэгдэх нь тодорхой бололтой. Журмыг Монголбанк, Сангийн яам хамтран боловсруулж байгаа аж. Харин салбарын яамны зүгээс зах зээлд байгаа орон сууцыг иргэдэд ипотекийн зээлийн бодлогоор хүргэх байр суурьтай ажиллаж байгаа аж. Шинэ журамд яг ийм өөрчлөлт оруулна гэсэн яриа хараахан явагдаагүй болохыг баттай эх сурвалж мэдээлж байна. Харин ирэх долоо хоногийн лхагва гаригт Засгийн газрын хуралдаан дээр ипотекийн зээлийн журмын шинэчлэл, өөрчлөлтийн явцын талаар танилцуулахыг сайд ажлын хэсэгт үүрэгдсэн гэх мэдээлэл байна.

Ипотекийн зээл банкны системийн 30 хувийг эзэлж байна

Ипотекийн зээл нийт банкны системийн зээлийн 30 хувийг эзэлж байна. Банкууд 2016 оны долдугаар сард нийт 1592 зээлдэгчид 92.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Нийт зээлдэгчдийн тоо 85622-т хүрчээ. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сарын 7-ны байдлаар банкууд 10846 иргэний 665.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 3392 иргэний таван хувийн хүүтэй 161.3 тэрбум төгрөгийн, 6261 иргэний найман хувийн хүүтэй 420.4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Нэг хүн дунджаар 58.3 сая төгрөгийн зээлд хамрагддаг гэсэн судалгаа ч бий.

Categories
мэдээ цаг-үе

П.Цэвэгмид: Нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочийг торгох ямар ч үндэслэл байхгүй

-ТҮҮНИЙ НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЗОРЧСОН БҮХ ТОРГУУЛИЙН ХУУДСЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ-

фицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх төв замын нэгдүгээр эгнээгээр автомашинуудыг зорчихыг хориглосон байдаг. Тэгвэл нэгдүгээр эгнээгээр зорчсон ч тухайн торгуулийг төлөх үндэслэлгүй гэдгийг нэгэн иргэн Замын цагдаагийн газраар хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Улмаар торгуулийн хуудсуудыг нь хүчингүй болгожээ. Ингээд П.Цэвэгмидтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Танд замын хөдөлгөөн зөрчсөн гэх хичнээн торгуулийн хуудас ирээд байсан бэ?

-Тоогоо алдсан. Мэргэжлийн түвшинд асуудлыг тавиад үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг шиг Замын цагдаагийнхан үнэнд гүйцэгдсэн л явдал. Намайг энэ асуудлыг тавьтал өөрсдөө ч мэдээгүй явсан л байгаа байхгүй юу.

-Ихэвчлэн аль замд дүрэм зөрчсөн гэж торгууль ирэх үү?

-Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зорчих болгонд л ийм торгууль ирнэ. Та нэгдүгээр эгнээгээр явсан гээд л торгуулийн хуудас ирнэ. Би өдөрт энэ замаар өчнөөн удаа явдаг. Би ямар ч дүрэм зөрчөөгүй. Би замын тэмдэг, тэмдэглэгээний дагуу дүрмээ биелүүлээд явдаг. Нэгдүгээр эгнээг тусгаарласан тэмдэг тэмдэглэл гэж байгаа. Эгнээг тусгаарлах ёстой тэмдэглэлүүд хийхийн оронд зогсохыг хориглосон тэмдэглэл хийчихсэн. Нэгдүгээр эгнээг хориглох тэмдэг тавьж хориглох ёстой. Гэтэл одоо байгаа хориглосон тэмдэг нь нэгдүгээр эгнээгээр бус голын эгнээгээр зорчихыг хориглосон байх жишээтэй. Би Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг тэмдэглэгээг л баримталж хөдөлгөөнд оролцсон. Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 гэсэн заалтад үргэлжилсэн цагаан шугам гэж бий. Үргэлжилсэн цагаан шугамаар хэрвээ нэгдүгээр эгнээгээ тусгаарлачихсан бол тэр шугамыг давахыг хориглодог. Гэтэл үргэлжилсэн шар шугамаар хийчихсэн байгаа юм. Шар шугам бол зөвхөн зогсохыг л хориглодог болохоос биш эгнээг тусгаарладаггүй. Уулзвар болгоны эхэнд нэгдүгээр эгнээгээр орохыг хориглох тэмдэг тавих ёстой. Гэтэл тэр тэмдэг нь нэгдүгээр эгнээгээр бус хоёрдугаар эгнээгээр зорчихыг хориглочихсон байгаа. Тиймээс та нар намайг торгохдоо голын эгнээ буюу хоёрдугаар эгнээгээр явсан гэж торгох бол хүлээн зөвшөөрнө. Харин нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглоогүй байхад нэгдүгээр эгнээгээр зорчсон гэж үзэж байгаа бол би торгуулж чадахгүй гэж хэлсэн. Би дүрмийн дагуу л голын эгнээгээр зорчихгүй байгаа.

-Тэгэхээр нэгдүгээр эгнээгээр жолооч нар явахад ямар ч асуудалгүй гэж ойлгож болох уу?

-Тавьсан тэмдэг тэмдэглэгээний дагуу бол ямар ч буруугүй. Хэрвээ жолооч замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээг баримталж хөдөлгөөнд оролцох ёстой л юм бол. Би энэ замаар дээрх журам хэрэгжсэнээс хойш дөрвөн жилийн турш явж байна. Би Замын цагдаагийн бүх шатны хүмүүст нь хандсан. Ерөөсөө тоодоггүй. Замын тэмдэглэгээгээ засдаггүй. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн даргад хандсан. Батцоож дарга тэр бичгийг хүлээж аваад мэдээж холбогдох мэргэжлийн хүмүүстээ зөвлөлдөж байж хариу өгсөн болов уу. Захын эгнээгээр явж байгаа хүн хоёр эгнээний цаадах үргэлжилсэн хос шугамыг давсан учраас торгуулийн хуудас ирүүлсэн гэсэн байсан. Яаж ийм байж болох юм бэ. Би шууд Нийслэлийн замын цагдаагийн газар хандсан. Тэгсэн нөгөө намайг буруутгаад байсан олон зүйл заалт хасагдаад та Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчихдоо 7.2 заалтыг зөрчсөн байна гэсэн хариу өгсөн.

-Замын хөдөлгөөний дүрмийн 7.2 дахь заалтад яг юу гэж тусгасан байдаг вэ?

-Хашлагын дотуур тавьсан үргэлжилсэн өргөн шугам байдаг. Түүнийг давсан гэж үзэж байгаа. Харамсалтай нь тэр яриад байгаа зураас нь Энхтайваны өргөн чөлөөн дэх замд нэг см ч байхгүй. Ингээд би Замын цагдаагийн газарт хандсан. Яахаараа байхгүй тэмдэг, тэмдэглэгээн дээр хүн торгодог юм бэ гэж. Замын цагдаагийн газар хуралдаад буруугаа хүлээн зөвшөөрөөд энэ хүнд оноосон торгууль ямар ч үндэслэлгүй юм байна гэж үзээд надад ирсэн бүх торгуулийг хүчингүй болгосон.Би дүрэм зөрчдөггүй жолооч. Дүрэм зөрчихийг ч хүсдэггүй. Дүрэм зөрчинө гэдэг маань өөрөө зам тээврийн осол руу түлхэж байдаг.

-Та энэ чиглэлийн мэргэжилтэн байж таарах нь ээ?

-Би ОХУ-ын Замын цагдаагийн сургуулийг төгссөн. Улаанбаатарт ирээд Замын цагдаагийн газарт ажилладаг байсан. Замын цагдаагийн газарт замын хөдөлгөөний зохион байгуулалтын албыг анх бий болгосон хүн. Замын хөдөлгөөнийг аюулгүй, түргэн шуурхай зохицуулж явуулах үүрэгтэй инженерийн алба.Ганцхан эгнээний хөдөлгөөнийг зохион байгуулж чадахгүй байж сая гаруй хүнтэй мегаполис хотын замын хөдөлгөөнийг зохицуулна гэж юу байдаг юм бэ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалт яг галзуу хүний өдрийн тэмдэглэл л гэсэн үг. Юу ч ойлгох юм байхгүй. Хот дотор цагт 80 км хурдтай явж болно.

-Яагаад. Зөвшөөрөгдсөн дээд хурд нь цагт 60 км байдаг шүү дээ?

-Цагт 72 км хурдтай яваад торгуулаад тэр торгуулийн хуудсаа хүчингүй болгосон тохиолдол надад бий. Улаанбаатарт 80 км цаг хурдтай явах тэмдэг тэмдэглэгээ байхад 60 км явах ёстой гээд торгож байх жишээтэй. Хот суурингийн гадна мөрддөг зохион байгуулалтыг хот дотор хийчихсэн байгаа юм. Ийм зохион байгуулалт хийчихсэнээ өөрсдөө мэдээ ч үгүй байгаа, хөөрхийс. Тийм атал хэдэн мянган жолоочийг хурд хэтрүүллээ гэж торгож байна. Мөн 2016 оны долдугаар сарын 5-ны байдлаар нэгдүгээр эгнээгээр зорчсон гэж 648 мянга 807 жолоочийг торгосон байдаг. Хууль гаргахаас өмнө 8000 төгрөг байсан байх аа. Одоо бол 19200 төгрөгөөр торгож байгаа шүү дээ. Ингээд бодоод үзэхээр хичнээн мянган жолоочийн халаасыг хоослон улайм цайм дээрэм хийж байна вэ. Замын хөдөлгөөний зохион байгуулалтын тухайд авах юм үгүй. Замын цагдаагийн газраас дугаарын хязгаарлалт хийгээд нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг 20 хувь бууруулна. Томоохон зах, худалдааны төвийн ажлын цагийн хуваарийг өөрчилж 15 хувь, төр захиргааны байгууллагуудын ажлын цагийг өөрчилж 10 хувь гээд хөдөлгөөний ачааллыг нийтдээ 45 хувь бууруулна гэсэн байдаг. Үүн дээр нийслэлээс “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлж 40 хувь, техникийн захыг 22-ын товчоо руу нүүлгээд 40 хувь ачааллыг бууруулна гэж байсан. Техникийн зах нүүгээгүйг эс тооцвол дээрх бүх журам хэрэгжчихсэн байгаа. Үр дүнд нь замын хөдөлгөөний ачаалал 85 хувь буурсан байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр буурах нь битгий хэл бүр ихэсчихсэн явж байна. Би өнгөрсөн намар Замын цагдаагийн дарга Жаргалсайхан дээр ороод “Ингэж худлаа хэлж болохгүй ээ. Хөдөлгөөний ачааллыг хувиар хэмждэггүй. Чи намайг мэдэж байгаа. Би мэргэжлээрээ ажиллаж байсан хүн. Замын зохион байгуулалтын инженерийн боддог аргаар бол ачааллыг коэффициентээр хэмждэг. Ачааллын коэффициент 0.65-аас бага бол ачаалал бага байна гэж үздэг. 0.65-0,75-ын хооронд ачаалал хэвийн гэж үздэг. Ачаалал 0.75-аас дээш гарвал ачаалал хэтэрлээ гэж үздэг. Ачааллын коэффициент нэг болоход хөдөлгөөн зогсдог. Намайг ингэж хэлснээс хойш Замын цагдаагаас замын хөдөлгөөний ачаалал тэдэн хувиар буурлаа гэж ерөөсөө ярихаа больчихсон. Ийм худал зүйл ярьж очиход Засаг дарга нь итгээд ИХТ батлаад өч төчнөөн хөрөнгө урссан байж таараа. Одоо энэ явуургүй санаачилгыг гаргасан хүмүүстэй нь хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ.

-Одоо манай замын хөдөлгөөн хэдэн коэффициенттэй яваа бол?

-0.38 л байсан. Тухайн үед 60 гаруй мянган автомашин л явдаг байсан байх. Одоо Улаанбаатар хотын замын хөдөлгөөн эмх замбараагүй. Зүгээр хаус. Мэргэжлийн чиг баримжаагаа алдчихсаны хамгийн тод жишээ энэ. Хийдэг ажил нь интернэт ухаад л “Өө эмийн сантай байх ёстой юм байна. За нэг ослын гурвалжин хийчихье” гэх жишээтэй. Өөр бас юу гэлээ.

-Галын хор уу?

-Тийм. Галын хортой байх ёстой юм байна. Галын хор нэхчихье гэдэг ч юм уу. Иргэдийн халаас руу дайрахаас мэргэжлийн чиг үүрэг бүхий ажил хийж байгаа зүйл алга. Энэ байгууллагыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулаач ээ. Надад торгууль бичиж буй цагдаагаас даргаа хүртэл дүрэм журмаа ч өөрсдөө сайн мэдээгүй явсан. Манайхан гадагшаа дотогшоо яваад ирэхээрээ л тэр улсад тийм юм хэрэгжүүлж байсан гэж ирээд л ямар ч судалгаа, шинжилгээгүйгээр нутагшуулахыг оролддог.

-Таныг пост бичсэний дараа хүмүүс их хандаж байна уу?

-Хүмүүс их хандаж байна. Үнэндээ миний сөхөөд буй асуудал бол дээд түвшиндээ гаргасан шийдвэрийг дунд түвшиндээ хэрхэн завхруулдгийн л жишээ. Төрөөс гаргасан хууль, захирамжийг хаана замхруулж байна, тэнд хариуцлага тооцож сурах хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс талхныхаа мөнгийг олох гэж яаж зүтгэж байна. Гэтэл хууль бусаар халааснаас нь 19200 төгрөг дээрэмдэж байдаг. Би мэргэжлийн хүн учраас хажуугаас нь хууль бус үйлдлийг хараад тэвчээд сууж үнэхээр чадсангүй. Яахав, зарим танил нөхөд намайг “Чи Замын цагдаатай яах гээд зууралдаад байгаа юм” гэдэг. Би хариуд нь цэргээс нь эхлээд даргатай нь хамт “дээрэлхэж” байгаа юм гэж хэлсэн.

-Ямар утгаараа?

-Над шиг “дээрэлхүү” улсууд олон гараасай. Зөвхөн энэ салбарт ч бус. Эдийн засаг, уул уурхай, боловсрол, зам тээвэр гээд бүхий л салбарт над шиг “дээрэлхүү” хүмүүс их гарч ирээсэй. “Дээрэлхүү” гэдэг нь мэргэжлийн чадамжийг хэлж байгаа юм.Төрийн албыг мэргэжлийн хүмүүс хаших ёстой. Сая баруун, зүүн дөрвөн зам дээр улаан гэрлээр баруун гар тийш эргүүлнэ гэсэн санал авч байгаа биз. Энэ саналыг санаачилсан, авсан хүмүүс эрүүл байгаадаа. Инженерийн шийдэл дээр иргэний саналыг авдаг гэнэ ээ. Инженерын шийдэл байхгүй юу. Баруун гар тийш эргүүлбэл аль замд хөдөлгөөний ачаалал нэмэгдэх үү гээд бүх зүйл инженерийн шийдэл. Удахгүй Энхтайваны гүүрийн нэг тулгуурыг авчихъя гэх вий дээ.

-Таныхаар бол хотын түгжрэлийг бууруулах ямар арга зам байна вэ?

-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж болох уу. Болно. Ингэхийн тулд таван чиглэлээр ажиллах ёстой. Хууль эрх зүй, зохион байгуулалт, хот төлөвлөлт, тээвэр зохицуулалт, хяналт шалгалт гэсэн цогц чиглэлээр ажиллавал түгжрэлийг зогсоох бүрэн боломж бий.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

“Арав дахь хавар”-ын төгсөгчид тавин жилийн дараа

50 жилийн дараа сургуулийнхаа үүдэнд

“Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн зочид бол Баян-Өлгий аймгийн төвийн арван жилийн II сургуулийн 1966 оны төгсөгчид. Тэд тавин жилийн дараа төрөлх сургууль дээрээ уулзсан юм.

10А ангийнхан ангидаа орж тус тусын суудалдаа суусан байлаа. Тэдний ширээн дээр “Баян-Өлгий аймгийн арван жилийн II сургууль, 1956-1966 он. 10 дахь төгсөлт” гэсэн зургийн цомог дэлгээтэй байв. Тэр л зураг дээрх цагаан цайлган, гэнэн томоогүй, харцанд нь хөнгөн инээмсэглэл тодорч, дүрэмт хувцсаараа гоёсон хөвгүүд, охид нас сүүдэр хэдийнэ жар хол гарч өвөө, эмээ болсон өөрсдийнх нь өөдөөс сониучирхан харах мэт сэтгэгдэл тэдэнд төрж байсан биз ээ.

Ангийнх нь анд Хусманы Хаваат, Жакейн Мизамхан, Дүгэрийн Тунгалаг, Хусаяны Кулзада нар нь уулзалтад оролцохоор холоос зорьж ирсэн ангийнхныгаа төрсөн нутагтаа хүлээн авсан байна. Тэдэн дээр долдугаар ангиа хамт төгссөн охин Шагыйн Казима, Чэгжээн Бижий нар нь нэмэгджээ. Улаанбаатараас Дүгэрийн Лхагваа, Тотойн Бадам, Батхуягийн Буянцог, Пэрэнлэйн Тогжил, долдугаар ангид тохой залган сууж төгссөн Лэгцэгийн Ядам, аравдугаар ангийн хөвгүүн Равсалын Заан Сэлэнгэ аймгаас, долдугаар ангийг цуг төгссөн Мэдээн Цогзолмаа Дархан хотоос ирж нөхөдтэйгөө нийлэн хот хоорондын автобусанд сууж хоёр хоногийг ардаа орхин Баян-Өлгийд буужээ. Тэгвэл Сампилын Дэжид Улаанбаатараас, долдугаар ангийн охин Цэвэгийн Эрдэнэчимэг Эрдэнэт хотоос гарч Улаанбаатарыг дайран Баян-Өлгийд онгоцоор ирсэн байв. Гондигийн Палмаа Увс аймгаас ирсэн байлаа. Г.Палмаа Багшийн сургууль төгсөж Баян-Өлгийд олон жил багшилж хэдэн зуун шавьтай болсон ажээ.

Нэгэн ангийнхан уулзсан даруйдаа биенийгээ бүртгэж эхлэв. Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж, Төв аймгийн Батсүмбэрт идээшсэн Чэжиний Даваасамбуу, Дархан хотод аж төрж буй Цэндийн Буядаа, Эрдэнэтэд суугаа Батшүлэгийн Тагтаа нар эрүүл мэндийн байдлаас болж уулзалтад ирж чадаагүй бол нутагтаа аж төрж буй хоёр охин Т.Манат, С.Макей хоёр эмчилгээ сувилгаанд явсан тул, С.Татъяана, Жамиш, Жазира гурав нь хилийн чанадад Казахстанд аж төрж байгаа учраас аян замын уртаас шалтгаалан мөн л ирж амжаагүй байна. Ангийн хамгийн өндөр хүү Жинлэвийн Тэрбиш, бас холбоотой мэт явдаг хоёр анд Риймэдийн Дамдинсүрэн, Цэвэгийн Мүсрэв нарын сургийг ангийнхан нь энэхүү уулзалтын өмнө ер гаргаж чадаагүй гэнэ. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд энэ ангийн долоон хүүхэд анд найзуудтайгаа эргэж хэзээ ч уулзахгүйгээр бурхны оронд оджээ. “Тэд маань нас биед хүрч, өвөө, эмээ болсон хойноо төдийлөн ангийнхантайгаа уулзаж учирч байгаагүй болохоор андууд минь хүүхэд ахуй насны тэр л дүр төрхөөрөө нүдэнд тодрон үзэгдэх нь зүрх өвдмөөр ч юм шиг ээ” хэмээн найзуудынх нь нэг харуусан ярьж байв. Ийн ангиараа өөд болсон нөхдөө эргэж нэгэнтээ дурсацгаалаа.

9а анги 1965 он. Бахлак бригадад.

Урд эгнээний зүүн гар талаас Ж.Тэрбиш, Бригадын дарга Ц.Ожиг, багш Хылаш, Р.Дамдинсүрэн, Б.Буянцог, Д.Лхагваа, багш Р.Баасандай, Ж.Нямгүр, Д.Намхай, Х.Хаваат, Ж.Баасанжав, З.Дорж, багш Х.Насер, Р.Заан, Ч.Даваасамбуу, Ц.Мүсрэв

Жүгдэрийн Баасанжав Багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын анги төгссөн. Түргэн хөдөлгөөнтэй, шоволзсон, жижгэвтэр биетэй бор хүү. Баян хуур дардаг, концертод оролцдог хүүхэд байжээ. Ховд аймгийн хөгжимт драмын театрынхан сургууль дээр нь ирж концерт тоглосны дараа Марат гэдэг дэггүй найз нь Баасанжавыг тус театрын нэг гоцлол хөгжимчинтэй зүйрлэн Магсаржав гэж дуудах болж гэнэ. Хараад байхнаа Баасанжав хөгжим дараад зогсож байгаа нь тэрхүү хөгжимчинтэй нээрээ адилхан ч юм шиг байдагсан хэмээн нөхөд нь өнөөдөр дурсан ярьцгааж байна. Даривханы Марат тавдугаар ангиас есдүгээр анги хүртэл хамт сураад гэнэт л нэгдүгээр арван жил буюу казах сургуульд шилжсэн байна. Хожим тэрээр МУИС-ийн Монгол хэл уран зохиолын ангийг төгсч аймагтаа багшилж, аймгийн төвийн бараан захад лангуу хүртэл ажиллуулж байгаад хэдэн жилийн өмнө өөд болжээ. Магирын Хорлоо нь Баасанжавтай нэг сургууль төгсч, Сэлэнгэд багшилдаг байжээ. Сургуулийнхаа хөвгүүдийн харцыг булаасан алаг нүдтэй, даруухан, сайхан охин байсан гэнэ. Тэрбээр өөрөөсөө нэг ангиар ах С.Пүрэв гэдэг залуутай гэрлэжээ. Харин Дистэйн Рааш улаа бутарсан сайхан охин байж. Сүүлд Хөтөлд аж төрж байгаад өөд болжээ. Жинлэвийн Нямгүр Тэрбишийн төрсөн дүү, цочмог, дүрсхийсэн зантай сэргэлэн хүү байсан аж. Одесст жин хэмжүүрийн мэргэжлээр техникум дүүргэж мэргэжлээрээ ажиллаж байжээ. Хөдөө орон нутагт томилолтоор их явдаг байж. Тэр болгондоо ангийнхантайгаа уулзахаа ер мартдаггүй байсан гэнэ. Д.Намхай гэж аажуу тайвуу намбатай хүү. Ленинградад эмнэлгийн багаж төхөөрөмжийн чиглэлээр техникум төгссөн. Түүнийг ажилдаа хариуцлагатай, сайн ажилладаг байсныг ангийнхан нь хэлсэн. Хулгана гэж даруу төлөв, намба төгс сайхан охин. Арьс ширний үйлдвэрт инженерээр ажиллаж байжээ. Зодогийн Дорж бахим чийрэг хүү. Тэгээд ч цэргийн дээд сургууль төгсөж цэргийн жавхалзсан дарга болсон байжээ. Ангийн андууд нь уулзалтынхаа эхэнд нэг хором дуугүй зогсож эдгээр нөхдийнхөө гэгээн дурсгалыг нь хүндэтгэлээ.

1966 оны төгсөгчид “Бид нэг ангийнхан” дурсамж уулзалтдаа зургаа, долдугаар ангийн анги даасан багш Баадайн Пунцагдаш, найм, ес, арав гээд гурван жил өөрсөдтэй нь “ажилласан” багш Хорхоны Рапиза нарыгаа хүндэтгэн урьжээ. Пунцагдаш багш нь Баян-Өлгийтэй хаяа залгаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумандаа зусаж байгаа болохоор өглөө мордоод үд хэвийж байхад хүрээд ирж. Харин Рапиза багш нь Казахстан улсад шилжин суурьшиж Павлодар хотод үр хүүхдүүдтэйгээ аж төрж байгаа учир ирж амжаагүй юм байна.

10а ангийн охид. Урд эгнээ зүүн гар талаас А.Хулгана, Т.Должинсүрэн, Д.Тунгалаг, Г.Палмаа, С.Дэжид, К.Жамиш, С.Макей, Д.Рааш, Т.Бадам, К.Жазира, С.Татъяана, О.Манат, Х.Кулзада, М.Хоролоо

Уулзалт эхэлж ангийн дарга Д.Лхагваа хоёр багшдаа мөн л хадаг, мөнгөн аягатай сүү мэлтэлзүүлэн өргөн барьсны дараа Б.Пунцагдаш багш мэндчилгээ дэвшүүлэхээр болоход мань хүн сэвхийтэл босч ангиас гарч одсоноо журнал юугаа сугавчилсан байдалтай намбалзтал алхалсаар орж ирээд шавь нартайгаа “Сайн байцгаана уу” хэмээн мэндлэхэд сурагчид суудлаасаа зэрэг босож “сайн” гэж нэгэн дуугаар хариулав. Б.Пунцагдаш багш “Миний дааж төгсгөсөн 7б ангийнхан хичээлдээ жигд сайн, харин хөвгүүд нь жаахан дүрсгүй талдаа байсан” гэв. Тэгээд Пунцагдаш багш шавь нартаа хандаж сургаалын сайхан үгээ хэлсэн юм. Тэрбээр “Би одоо нас сүүдэр 84 хүрч байна. Хориод жилийн өмнө тэтгэвэртээ суух болоход ингээд бүх зүйл дуусдаг байжээ, хийх ч юмгүй боллоо гэж бодож байв. Тэгсэн тиймгүй юм байна. Тэтгэвэрт сууна гэдэг чинь хамгийн их ажиллахыг шаарддаг юм байна. Би 1984 оноос судалгааны ажил хийж, Өөлдүүдийн овгийг ангилах талаар нийт дөрвөн боть ном бичиж хэвлүүллээ. Хүн ямагт сэтгэл өндөр байх хэрэгтэй. Уурлаж ердөө болохгүй. Дандаа баяр баясгалантай юм бодож байх хэрэгтэй. Энэ тархийг ер амрааж болохгүй. Зовоож байх хэрэгтэй. Ном их уншигтун. Би ном их уншдаг. Энэ хоёр хөл буюу аморжинийг амрааж болохгүй. Дандаа зовоож байх хэрэгтэй” гэж шавь нартаа захив.

Пунцагдаш багш 1956 онд УБДС-ийн Монгол хэлний анги төгсч Баян-Өлгий аймагт хуваарилагдаж, казах сургуульд хоёр жил, монгол буюу арван жилийн хоёрдугаар сургуульд зургаан жил багшилжээ. Нутаг усандаа Пу багш хэмээн хүндлэгдсэн энэ эрхэм Монголын багш нарын хоёр ч их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцжээ. Түүний ажил үйлсийг төр засгаас үнэлж Алтан гадас одонгоор шагнасан байна.

Дурсамж уулзалтад оролцохоор очсон ангийн дарга Лхагваа, түүний гэргий Т.Бадам, ангийн анд Б.Буянцог гурвыг ангийнх нь хүү Х.Хаваат гэртээ хүлээн авч тэр гурав тэдний томоо гэгчийн өргөө цагаан гэрт өглөө эхнэр Х.Зиягаар нь өрхөө татуулж хоол цай зөөлгөж хэдэн өдөр тухалсан бол Улаанбаатар, Дарханаас очсон охид ангийн анд Тунгалагийнхаа хоёр өрөөний нэгийг эзэгнэн төвхнөжээ. Тунгалаг ангийнхнаасаа хамгийн түрүүнд ээж болсон гэж байна. Нөхөр нь долдугаар ангид цуг сурч байсан З.Намжав гэдэг элдэвтэй, сэргэлэн хүү байжээ. Тунгалаг ангийнхнаасаа нэг жилийн дараа УБДС-ийн Монгол хэл уран зохиолын ангид элсэн орж төгсөөд насаараа нэгдүгээр арван жилийн казах хүүхдүүдэд монгол хэл зааж одоо насны тэтгэвэртээ гарч, ач зээ нараа тойруулсан шигээ жаргаж суугаа аж. Тус ангиас ердөө ганцхан хос төрсөн нь Лхагваа, Бадам хоёр юм байна. Тотойн Бадам Бая-Өлгий аймгийн Бугат сумын Ховд бригадын уугуул. Лхагваа 1971 онд тавдугаар курсын оюутан байхдаа Киев-Москва-Чита-Баянтүмэний галт тэргэнд сууж Чойбалсан хотод очиж ангийн охин Бадамтайгаа гэрлэжээ. Бадам тэгэхэд цахилгаанчин мэргэжилтэй, Чойбалсан хотын дулааны цахилгаан станцад ажиллаж байжээ. Нэг ангийнхан уулзалтын турш халуун дотно яриа өрнүүлж, хүүхэд нас, сурагч ахуйн он жилүүдийг дурсаж, өөрсдийнхөө тухай, багш нарынхаа тухай ёстой л шавайгаа ханатал ярьж, инээж хөхрөлдсөн. Ангидаа орж, өөрийн ширээнд очиж суусныхаа дараа тэдний дунд ийм нэг яриа өрнөв.

-Хөөе, энэ манай анги чинь ямар жаахан болчихсон юм бэ гэхэд хажуунаас нь:

-За ярьшиг чи өөрөө ангидаа хойноосоо хоёрт жагсдаг жижигхэн амьтан байсан бол харин одоо хөөрхөн гүзээлчихсэн өвгөн болчихоод анги чинь жижигдээд байхгүй юу даа.

-Тийм юм болов уу. Гэхдээ л. Химийн кабинетын олон үзүүлэн материал, шил сав, элдвийн бодис бүхий шүүгээтэй хэрнээ их л том өрөө санагддаг байсан юм даа. Жижигхэн Буядааг хичээл эхлэхийн өмнөхөн цонхон дээр гаргаад тавьчихаар тэндээсээ буух гэж тэвддэг, цонх нь ч тийм л өндөр байгаагүй бил үү.

-За тэр ч яахав, анги, химийн кабинет гэснээс манай ангийн багш бидний нэгийг цаанаасаа минзурк аваад өг гэхэд мань хүн мэдэмхийрч очсоноо хуруу шил бариад ирж байсан онигоог та нар санаж байна уу?

-Санаж байна аа, санаж байна. Тэгээд тэр минзурк гэдэг чинь юу юм бэ?

-Минзурк л байхгүй юу.

Энэ ярианы дараа дурсамж уулзалтад ирсэн ангийнхан Рапиза багшаа дурсацгаав.

-Манай багш үнэхээр л сайн сайхнаар дурсан санахгүй байхын аргагүй хүн байжээ, одоо бодохноо. Манай багш нүд шүд, үс зүс тэгш сайхан, гэрэл цацарсан царайтай, уурлаж уцаарлахыг мэддэггүй сайхан бүсгүй байж билээ. Гадаадад дээд сургууль төгссөн хэрнээ Улаанбаатар хотноо УБДС-д багшилж байсан болоод ч тэр үү, монголоор ямар ч аялгагүй ярина. Багш товор товор алхалсаар ангид орж ирээд цамцныхаа ханцуйг шамласнаа самбар дээр химийн томьёо бичдэг байсан, одоо ч нүдэнд харагдах шиг.

-Яг үнэн. Багш гол нь биднийг ахлах ангид маань гурван жил дааж, аравдугаар ангийг төгсгөж ажил амьдралын алтан шар замд үдэж өгсөн гавьяатай хүн. Ангийн багш маань хэнд ямар мэргэжил тохирохыг дотроо тооцоолчихсон байсан юм билээ гэж ангийнхнаас нэг нь ярив.

Энэ ярианд С.Дэжид оролцож “Харин тийм. Намайг л гэхэд зээрэнцэг шидэлтийн тэмцээнд оролцоод Ховд аймагт явж байх хойгуур Эдийн засгийн дээд сургуульд хуваарилчихсан байсан ш дээ” гэв. С.Дэжид дээд сургуулиа төгсөөд Батлан хамгаалах яамны Санхүүгийн хэлтэст тасралтгүй 30 гаруй жил ажилласан бөгөөд ангидаа ганц цэргийн цолтой нь Дэд хурандаа С.Дэжид юм байна.

Аравдугаар ангиа төгссөнөөс хойш тавин жилийн дараа болж байгаа “Бид нэг ангийнхан” дурсамж уулзалтад оролцогчид Толбо нуурын жуулчны баазад ирж амрахаар тухалсан байлаа. Ангийнхан математикийн улсын шалгалтаа хэрхэн өгсөн тухай хөгжилтэй явдлаасаа хуваалцав.

Шалгалтын өмнөх өдөр Ависхан захирал догширч, биеийн тамирын заалыг улсын шалгалтад зориулж тусгайлан засуулжээ. Тэгээд “Та нар нэг нэг метрийн зайтай сууцгаана. Нэг нэгнээсээ хуулна гэж бодож байгаа бол санасны гарз” гэхчилэн сүрдүүлжээ. Шалгалт эхлээд удаагүй байтал ширээнүүдийн хооронд үзүүрт нь “шпи” уяж дамжуулахаар бэлтгэсэн утас илэрч хэрэг мандсан байна. Захирал тэрхүү утсыг хөвж аваад ширээн дээрээ тавьчихаж. Түүний харцанд хуулах гэж горьдож байгаа бол бүтэхгүй шүү гэсэн хатуурхал илт байсан гэнэ. Үүргээ гүйцэтгэж чадаагүй тэр утсан холбоог тус ангийн хэн гэдэг тоочин чухам хаана, хэнд хүргэхээр тавьсан эсэх нь өнөө хэр тайлагдаагүй ангийнхны нууц хэвээр үлджээ. Харин шалгалт эхлээд дундаа орж байтал сурагчдад ашигтайгаар эргэж. Ангийн тоочид бодлогуудаа бодож дуусч байхад Ависхан багш гэнэт танхимаас гарч хянагчийн үүрэг гүйцэтгэж байсан ангийн багш нь үлджээ. Багш ч яаралтай тусламжийг зохих эздэд нь цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх үүргээ биелүүлж, “шпи”-г зөөх ажилдаа оржээ.

Долдугаар ангийн анд Ш.Казима нь ангийхныгаа гэртээ урьж өдрийн зоог барив. Өлгийн захад орших тэдний олон тасалгаатай байшингийн зочны өрөөнд том ширээ засч казах заншлаар идээ будаа дүүрэн өржээ. Казимагийн нөхөр ч эхнэрийн ангийнхан ирлээ гээд сүйд болов. Ангийнхан нь “Ингээд Казима маань алдарт эх болчихдог байжээ” хэмээн гайхлаа. Тэгснээ “Ер нь бидэн дотор Мизамхан, ангийн дарга хоёрыг эс тооцвол алдарт эх, гавьяат эцэг болоогүй хүн байгаа юм уу? Заан маань арван хүүхэдтэй гэж байна. Манай ангийнхнаас хамгийн түрүүлж эцэг болсон юм байна. Хориодхон настай байхдаа Алтай нутгийн охины толгойг эргүүлж аваад суучихсан байгаа юм даа” хэмээн хөөрөлдөв. 1966 онд тус ангийг 15 хүү, 15 охин төгсчээ. Төгсөгчдийг хамгийн интернационалч анги байсан гэж хэлж болно. Учир нь энэ ангид 11 дөрвөд, найман урианхай, найман казах, хоёр тува хүүхэдтэй байсан бол ганцхан халх охинтой байжээ. Ганц халх охин нь Түдэвийн Должинсүрэн. Тэрээр урт үстэй, булцгар цагаан охин байж. Должинсүрэн нөхрийнхөө буяны үйлийг гүйцээхээр Увс аймаг руу явах болоод энэ уулзалтад харамсалтай нь оролцож чадаагүй байна.

Энэхүү ангиас хоёр эрдэмтэн төржээ. Тэр нь Дүгэрийн Лхагваа, Жинлэвийн Тэрбиш нар юм байна. Одоо дахиад хоёр гавьяаттай болохыг мөрөөддөг байна. Хусмааны Хаваат хэзээний л техник сэтгэлгээ сайтай хүүхэд байжээ. Юм юмыг эвлүүлээд засчихна. Гарын их дүйтэй. Хар цагаан телевиз түвэггүй засч Өлгийн ард түмэнд буян болж байсан гэдэг. Мөн Хотгорын уурхайд орон тооны бус инженер. Хаваат Барилгын хүнд машин механизмын инженер мэргэжлээр олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад зах зээл гүнзгийрэхийн хэрээр аймагтаа хамгийн том машин засварын газар нээн ажиллуулжээ. Машин оношилж, засах ажилд хөвгүүдээ сурган дадлагажуулж одоо өөрөө зөвлөх хийж байна. Бөхөн уулын ар дахь Хаваатын засварын газрын том хашаа дүүрэн төрөл бүрийн маркийн машин засварт орох, сэлбэг хэрэгсэл ирэхийг хүлээн зогсож байгааг харсан хүн тэнд ямар их ажил ундарч байдгийг аяндаа ойлгоно.

Харин ангийн дарга Дүгэрийн Лхагваа багын л нягт, нямбай хүүхэд байж. Арван жил онц сурчээ. Улмаар Украины Киев хотын Политехникийн дээд сургууль, Патент судлалын дээд сургуулийг зэрэг төгсөж Радио электроникийн зохион бүтээгч, Патент судлалын инженерийн диплом өвөртөлжээ. Монголын холбоо ашиглалтын чанарын асуудлаар докторын цол хамгаалсан байна.

Лхагваагийн ажил Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институттэй салшгүй холбоотой юм. Тэрээр тус институтэд техникч, инженер эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч захирлыг нь хүртэл хийжээ. Завсарт нь сайд нарын Зөвлөлд референтийн албыг хашиж байгаад Москваг зорьж Эдийн засгийн харилцан туслах Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газарт шинжээчээр таван жил ажилласан байна. Лхагваа Монголдоо анх удаа өнгөт кодыг нэвтрүүлснээс гадна холбооны тосон кабелийн залгааны анхдагч болсон “Мандваа” компанийг 1996 онд байгуулжээ. Тэр цагаас хойш Монголын есөн аймаг, 25 дүүрэг, сум, суурин газарт гар утас, интернет ажиллуулах боломжийг нээж, 1000 гаруй км шилэн кабель сурилуулж, ингэхдээ цоо шинэ олон төхөөрөмж нэвтрүүлснээр хөдөлмөрийн бүтээмжийг хорь гаруй дахин нэмэгдүүлсэн тооцоо бий.

Ангийн уулзалтын үеэр

Униар татсан хавьрын орой

Урьхан салхи шивнэхдээ

Удахгүй сургуулиа төгсөх бидний

Урдах зам минь хаагуур зурайна вэ… хэмээн байн байн аялах. “Арав дахь хавар” дуу тус ангийнхныг төгсөх жил олны хүртээл болсон түүхтэй. Тиймээс тус ангийнхан энэ дууг ихэд бэлгэшээж, өөрсдийгөө “Арав дахь хавар”-ын жилийн төгсөгчид гэж хэлэх дуртай юм байна.

Тавин жилийн дараа уулзсан ангийнхан 2021 онд Улаанбаатарт дахин уулзахын ерөөл тавин салсан юм. Мөнхүү ангийн толгой математикч Ж.Мизамхан “Таван жилийн дараа бид бүхний аравдугаар ангиа төгссөний 55 жилийн ой болно. Дээрээс нь Хүннү гүрэн хийгээд Их Монгол Улс үүсэн байгуулагдсаны, Ардын хувьсгалын, манай аймаг, сургуулийн гээд олон тэгш ой давхацсан жил тохиох болно” хэмээн бэлгэдэж уулзалтыг тооцоолсон байв.

Categories
мэдээ цаг-үе

П.Чулуун: Дүү нартаа аврах хантааз өмсүүлчихгүй даанч яав даа, хүү минь

Үргэлжлэл…

-“САНАА ЗОВОЛТГҮЙ ЭЭ. САЙН ЯВААД ИРЭЭРЭЙ, ЭЭЖ ЭЭ” ГЭЭД ҮЛДСЭН ХӨВГҮҮД МИНЬ ХЭЗЭЭ Ч ИРЭХГҮЙГЭЭР ЯВААД ӨГӨХ ЮМ ГЭЖ ХЭН САНАХ БИЛЭЭ.-

Хөвсгөл нууранд осолдсон талийгаач 26 настай Нямдалай, 15 настай Баттулга нарын ээж П.Чулуунтай цөөн хором ярилцлаа. Түүнийг Мөрөн хотод байхад нь уулзсан юм.

-Осол гарах үед та гэртээ байсан уу. Энэ талаар хэдийд мэдсэн бэ?

-Би осол болох үед байгаагүй. Хажууханд байдаг амралтын газрын захирал нь Мөрөн хот руу явж барилгын материал авчрах гэсэн ганцаараа болчихоод байна гэхээр нь би хамт дунд хүүгээ дагуулаад явсан. Ядаж наана, цаанаас нь өргөөд дуслаад ирье л гэж бодсон.

Том хүү өглөө завиа далайгаас татаж гаргаад “Салхитай байна. Өнөөдөр далайд гарахгүй ээ” гээд дунд дүүтэйгээ үлдсэн. Би та хоёр өдөр хоол хийж идээрэй гээд явсан. Хүмүүсийн ярианаас сонсоход өдөр цаг агаар тогтуун сайхан болсон юм шиг байгаа юм. Том хүү завьтай далайд ганцаараа гарахыг хүмүүс харсан байна лээ. Улаан хантааз өмссөн байсан гэсэн. Харин бага хүү нуурын захад, зогсоолын хажууханд нь байдаг сагсны талбай дээр тоглож байсан юм билээ. Миний таамаглаж байгаагаар том хүү маань завиа зогсоолд тавих хоорондоо дүүгээ дуудаж хамт харьж хоол хийж идье гэсэн болов уу. Ингээд манай хүүг завиа уях хооронд л дүүгийн хүүхдүүд гүйж очсон байх. Хүүхдүүдийн тоглож байсан тоглоом, дугуй зэрэг нь далайн хажууханд байсан нь олдсон. Яахав жаахан хүүхдүүд хойно “Ах аа завинд чинь сууж үзье” л гэж гуйсан байх. Хүү ч юм бодолгүй дүү нараа ганц тойроод баярлуулъя л гэж бодсон байх. Хүү минь дүү нартаа аврах хантааз ядаж өмсүүлэхгүй ч яав даа.

-Завины урдаас арваад хантааз олдсон байсан гэсэн?

-Харин тийм байна лээ. Гэрт завины сургалтад суухад нь өгсөн хантааз хүртэл шинээрээ байсан. Ойрхон эргээд ирье гэж бодтол завь нь тийрээд хол явчихсан болов уу. Мотор нь л асуудалтай. Хүүгийн маань хуруунууд тос болсон байсан. Мотороо янзлах гэж оролдсон юм шиг байна лээ. Янз бүрийн л юм бодох юм.

-Та аймгийн төвөөс хэдийд ирсэн бэ?

-Тав, зургаан цаг болж байхад ирсэн шиг санагдаж байна. Бүх зүйл дууссан байсан.

-Осол болсныг мэдсэн байсан биз дээ?

-Мэдсэн. Хадам дүү залгаад “Чиний хүү миний хүүхдүүдийг минь ус руу авч яваад алчихлаа” гэж хашгирч уйлсан. Би чухам юу болоод байгааг тухайн үед ойлгоогүй. Тэгээд хамт явсан дунд хүүгээ Одгэрэл эгчтэйгээ яриад юу болсныг асуугаадах гэсэн. Яахав хадам дүү маань хоёрын хоёр хүүхдээ алдсан хүн тухайн үед сэтгэл санаа нь тогтворгүй байсан учраас надад тэгж хандсан байх. Би юм бодоогүй ээ. Адилхан л эх хүн шүү дээ. Өглөөхөн “Санаа зоволтгүй ээ. Сайн яваад ирээрэй, ээж ээ” гээд үлдсэн хөвгүүд минь хэзээ ч ирэхгүйгээр яваад өгөх юм гэж хэн санах билээ. Би ч бушуухан Мөрөнгөөс гарсан. Иртэл онцгой байдлын аврагчид дөрвөн хүүхдийн цогцсыг уснаас гаргасан байсан. Дүүгийн маань хоёр хүү, бас хүү, тэгээд миний 26 настай хүү. Харин бага хүү маань байгаагүй. Хамаатан садангийн хүмүүс “Биеэ бариарай. Таны бага хүүг хамт явсан. Цогцос нь олдохгүй байна” гэсэн. Надад үнэхээр хүнд байсан. Хайран сайхан хүүхдүүд. Яагаад ийм юм болчихов оо гэж бодохоос үлдсэн насандаа ч харуусаад барахгүй байх. Миний нөхөр хэдэн жилийн өмнө бас завьтай нууранд яваад амиа алдсан. Би хамгийн ойрын гурван сайхан эр хүнээ би энэ нуурандаа алдчихлаа. Олон жил загасчилж, амьдралаа залгуулж буй далайгаа буруутгалтай биш. Хайхрамжгүй орхиод явсан өөрийгөө буруутгаад л сууж байна.

-Хүүхдүүд тань завь унах туршлагатай юу. Ер нь аавыгаа дагаж далайд их гардаг байсан гэж сонссон?

-Манайх нэг завьтай байсан. Ханийгаа өөд болоход тэр завийг зарчихсан. Харин хэд хоногийн өмнөөс том хүү завь худалдаж авъя, тэгвэл бид мөнгөөр гачигдахгүй болно гээд байхаар нь өөрөө мэд гээд орхисон. Харин ах, дүү нар жаахан дургүй байсан. Дэмий гээд. Би ч хүүгээ зүтгээд байхаар нь хориглоогүй. Аавыгаа дагаж далайд гарч, завь ч жолооддог байсан болохоор болох байлгүй гэж бодсон. Хүү эхний өдөр 65 мянган төгрөг, дараагийн өдөр 75 мянган төгрөг олсон.

-Завиндаа хүн суулгаад уу?

-Тийм. Нэг хүн 15-20 мянган төгрөгөөр суулгаж байгаа гэсэн байх аа. Эхний өдөр гурван хүн ирээд гуйгаад байхаар нь хоёроос нь мөнгө аваад нэгнээс бонус гээд мөнгө авсангүй гэсээр орж ирсэн. Харин осол болдог өдрийн өглөө энэ жил 12 дугаар ангид орох дүүдээ “Ах нь мөнгө олоод дүүдээ гайгүй өвлийн куртик, гутал авч өгнө өө” гэж хэлж байсан. Гэтэл ийм юм болчихлоо. Ганцаараа үлдсэн хүү маань сэтгэлээр унаад дуу ч гарахаа байсан. Хамтдаа эрхэлж, тоглодог байсан ах, дүү хоёроо алдсан болохоор ямар л олиг байхав.

-Том хүү тань эхнэр хүүхэдтэй гэсэн. Талийгаачдын ажил явдлын үеэр ирсэн үү. Та холбогдож амжсан уу?

-Хүүгийн эхнэр хүүхэдтэйгээ тусдаа амьдарч байгаа. Жаахан түнжин тааруу. Энэ намар хүү хэдэн төгрөг олж гэр авч тусдаа гарч Мөрөнд амьдрахгүй бол эхнэр, хүүхдээ алдах нь гэж байсан, хөөрхий. Би ч хажуугаас нь олигтой дэмжээд өгч чадахгүй юм. Өвөлдөө эсгийгээр таавчиг, бойтог гэх мэт гар урлалын юм хийж зарж хэдэн төгрөг олдог.Зундаа амралтын газруудад ойр зуурын ажил хийж хэдэн төгрөг олно. Хоол унднаасаа ч илүү гарахгүй, муу хүүгээ ч тусад нь гаргаж чадахгүй явсаар алдлаа. Сая худуудтай утсаар ярьж эхнэр, хүүхдэд нь номын дуу ч болтугай сонсгоё гэж хэлсэн. Хамт явж ном уншуулсан. Ард үлдсэн алгын чинээ үрийг нь харахаар өр өмрөөд байх юм.

-Ер нь хөвгүүд тань тантай хэр дотно байсан бэ?

-Байнга л санаа бодлоо хуваалцдаг байсан. Миний хүүхдүүд уг нь хүнд муу зүйл хийхээр, элдэв ааш зантай хүүхдүүд биш. Их зөөлөн. Яахав боломж бололцоогүй болохоор эрдэм номын мөр бүтэн хөөлгөж чадаагүй. Дунд хүү өнгөрсөн жил сургуулиа дүүргэсэн. Их, дээд сургуульд оруулж чадаагүй хар бор ажил хийгээд л явж байна. Харин хоёр ах нь дүүгээ эрдэм, номтой хүн болгоно гэж их ярьдаг байсан. Бага хүү маань цахилгааны инженер болох сонирхолтой. Харин ах нар нь барилгын инженер болбол зүгээр гэж зөвлөдөг байсан. Гэтэл ингээд нус, нулимс болоод сууж байх гэж. Би хүүхдүүддээ байнга хэлдэг байсан. Далайд заавал хантаазтай гарч бай гэж. Миний нөхөр ч бас хэнэггүй зангаасаа болж эндсэн. Энэ нутгийн хүмүүс ч гэсэн цаашид ийм алдаа гаргаж, насаараа харамсах зүйл битгий хийгээсэй гэж бодож байна гэв.

Хатгал сумынхан ихэнх нь нуураа бараадан амьдралаа залгуулдаг байна. Нуурын эрэг даган амьдардаг иргэд болон амралтын газраас гадна, аймаг, сум, цаашлаад аялах сонирхолтой ирсэн хүмүүс ихэнхдээ өөрсдийн завьтайгаа ямар ч зөвшөөрөлгүйгээр далайд гардаг гэнэ. Усан замыг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй учраас хэн нь ч мэргэжилтнүүдийн үгийг тоодоггүй бололтой. Аялал, жуулчлалын мэргэжилтэн Б.Амартүвшингийн мэдээлснээр бол Хөвсгөл далайд жилд дунджаар 8000 гадаадын жуулчин, 16-17 мянган дотоодын жуулчин ирж аялдаг байна. Гэвч эрэг дагуух амралтын бааз, хувь хүмүүс ердөө 1500 жуулчин хүлээн авах боломжтой. Харин үлдсэн нь өөрсдийн завь, майхантайгаа аялдаг гэхэд болно. Эрэг дагуух амралтын баазаас гадна Хатгалын сумын төв дээрх айл болгон хашаандаа дор хаяж хоёр шовгор байшинтай. Нэг хүн нэг өдөр хамгийн багадаа 50 мянган төгрөгөөр хонох тарифтай. Харин амралтын баазууд 120-250 мянган төгрөгийн ханштай. Өнөө жилийн хувьд жуулчид бага байсан гэнэ. Ер нь гадны жуулчид сүүлийн жилүүдэд эрс багасчээ. Аялал жуулчлалын мэргэжилтний яриагаар бол орчин нөхцөлтэй холбоотой аж. Гадны жуулчдад нутгийн хэтэрхий өндөр үнээр үйлчилгээ үзүүлэх, наад зах нь далайд гарах завь стандарт, шаардлага хангахгүй учраас дахиж ирээд байх сонирхолгүй бололтой. Учир нь гадны жуулчид аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьдаг байна. Харин монголчууд хямд үнээр тохиролцож л байвал ямар нэг стандарт шаардлага хамаагүй бололтой. Энэ тухай жуулчид ч ярьж байна. Канадын жуулчин “Би Монголын тухай, тэр дундаа Хөвсгөл далайг их гоё гэж найзаасаа сонссон. Найзуудтайгаа амрахаар зорьж ирсэн. Энэ аяллыг их удаан хүлээсэн. Байгаль бол үнэн гайхамшигтай. Надад зарим зүйл таалагдаагүй. Завь хөлслүүлдэг хүмүүс ихэнх нь хуучны завьтай. Хамаг хувцас ус болчихсон. Аврах хантааз байна уу гэж асуусан. Тэгсэн зүгээр уядаг оосортой хантааз өгсөн. Их эрсдэлтэй. Мэдээж жолооч нар нь их зоригтой” гэж сэтгэгдлээсээ хуваалцав. Эрэг дагуух амралтын газар ялангуяа завь хөлсөөр унуулдаг иргэдэд шаардлага тавихаар “Чи хэн юм.Би насаараа энэ далайд завьтай явлаа. Тэр үнэтэй тансаг завийг чинь бид худалдаж авч дийлэхгүй. Ажилгүй хүн өөр яаж гэр бүлээ тэжээх юм” гээд хавьтуулдаггүй бололтой. Бас нутгийн иргэд Хөвсгөлийнхөн их ашиг оллоо гээд байдаг үнэндээ болсон болоогүй хэдэн амралтын баазууд зундаа бужигначихаад яваад өгдөг. Бид нутгаа сахиж үлдсэн хог новшийг нь цэвэрлэж үлддэг. Далайн Захиргааны газар байдаг. Гэвч дорвитой зохицуулалт байхгүй гэдгийг хэлж байсан. Хэрвээ ямар нэг зохицуулалтгүйгээр, хараа хяналтгүй ийм маягаар яваад байвал хүн болгон дураараа аашилж, амиа алдах хүний тоо улам нэмэгдэх болно гэдгийг нутгийнхан онцолж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл нууранд завьтай яваад амиа алдсан таван хүн садан төрлүүд байжээ (II)

Үргэлжлэл…

Хөвгсөл нууранд яваад
осолдсон завинд нэг том хүн, дөрвөн хүүхэд байсныг бид мэдээлсэн билээ. Талийгаачид
осол болох үед ямар ч аврах хантаазгүй байсан гэдэг. Хэрвээ аврах хантаазтай байсан
бол… гэж харуусах олон хүн байна. Ослоос хоёр цагийн дараа аймгийн Онцгой байдлын
аврагчид болон Цагдаагийн газрын алба хаагчид, шүүх эмнэлгийн эмч нар ирсэн байна.
Улмаар нууранд шумбалт хийж 26 настай залуу болон 12 настай хүүгийн цогцсыг уснаас
гаргажээ. Мөн нуурын гүнээс осолдсон завийг гаргасан байна. Харин тус завины урд
хайрцгаас найман ширхэг аврах хантааз олджээ. Завь жолоодож явсан залуугийн ээжийн
яриагаар бол хүү нь далайд гарах болгондоо хантаазтай явдаг байж. Харин нутгийн
иргэд тэр хавиар завьтай явдаг хүмүүс ихэнхдээ хантааз өмсдөггүй болохыг дурдсан.
Хэн дуртай нь төмөр, модон, хамераар хийсэн ямар ч хамаагүй завь унаад өмсч байгаа
хувцастайгаа далайд гарч л байдаг гэнэ. Энэ нь тэдний хувьд хэвийн үзэгдэл бололтой.
Далайн эргээс 40 метр орчим яваад талийгаачдын гэрт хүрлээ. “Байкаль” амралтын газрын
хашааны урд буланд жижгэвтэр дүнзэн байшин байх бөгөөд хойно нь нэг гэр байна. Гэртэй
айл нь П.Чулууных, байшинтай айл нь Ш.Одгэрэлийнх. Хоёулаа хань ижлээ алдсан бэлэвсэн,
өрх толгойлсон эмэгтэйчүүд юм байна. Энэхүү ослоор мөн л хоёр хоёр сайхан хүүгээ
алдаад буй. П.Чулууныд ортол гэрийн эзэд байсангүй. Харин 15, 16 настай хоёр хүү
ийш тийш бүлтэлзэн, цай аягалангаа “Чулуун эгч Мөрөн рүү ном уншуулахаар явсан”
гэв. Энэ айл 26, 17, 15 настай гурван сайхан хүүтэй байжээ. Харамсалтай нь энэ ослоор
том хүү, бага хүү хоёроо алдаад буй. Харин гэр сахиж буй энэ хоёр хүү талийгаач
бага хүүгийнх нь ангийн найзууд гэнэ. Гэрийн эзэгтэй ганц үлдсэн хүүгээ дагуулан
ном уншуулахаар явсан тул гэрийг нь галлаж, зул таслалгүй өргөж суугаа нь энэ. Тэдний
нэг “Баттулга бид гурав багын найзууд. Тэр өдөр бид хоёр түүнийг хамт самарт явъя
гэсэн чинь дурамжхан байсан. Ийм муухай зүйл болохыг мэдсэн бол уурлуулаад ч хамаагүй
дагуулаад самарт явдаг л байж” гэж хоолой нь зангирч, хацар даган бөмбөрөх нулимсаа
буруу харан арчиж харагдав. Тэгээд “Та урд айлд орвол том хүн байгаа байх аа. Одгэрэл
эгч Чулуун эгчтэй хамт Мөрөн явсан байх даа” гэлээ.

“ЗАДЛАН ХИЙХГҮЙ
ОЧИХООР ДАРГА НАР ЯМАР АЖИЛ ХИЙСЭН ЮМ ГЭЭД ЗАГНААД БАЙДАГ”

Урд байшинд гурван ч
том хүн байна. Бүгд л талийгаачдын ажил явдалд иржээ. Зуны зориулалттай дүнзэн байшингийн
онгорхой, цоорхойгоор салхи сэвэлзэж, шүгэлдэх нь цаанаа л нэг хүйтэн. Орон дээр
дээл нөмөрч хэвтсэн 60 гаруй насны хөгшин “Тэнгэр хангай онгойх шинж алга. Осол
болсны оройноос л бороошиж эсвэл салхилж, далайн ус маань зэвхий өнгө даах боллоо.
Ямар үйлийн үр юм, хайран сайхан хүүхдүүд” хэмээн эрхи эргүүлж маань уншин, хүрд
эргүүлэх аж. Энэ хооронд галд түлээ нэмж суусан бүсгүй “Манай эгч гал дээр цай тавих
үедээ цонхоор харсан гэсэн. Тэгэхэд хүүхдүүд нь гэрийнхээ хажууханд тоглож байсан
юм билээ. Ерөөсөө л цай буцлахын хооронд л болчихсон зүйл. Эгч цайгаа буцалгачихаад
хартал хүүхдүүд нь харагдаагүй гэсэн. Энэ хавийнхан ер нь хүүхдүүдээсээ нүд салгадаггүй.
Нуур ойрхон учраас л байнга л ус руу ойртож тоглож болохгүй шүү гэдэг. Тэгтэл завьтай
хүмүүс живчихлээ гээд хүмүүс бөөн шуугиан болонгуут эгч ч юу болов, хэн хаана явж
байгаад осолдчихов гээд гарсан байсан. Эхлээд хүүхдүүдээ модон дотор, хаа нэгтээ
тоглож байгаа байх гэж бодсон юм билээ. Хүүхдүүдээ хайж баахан хашгиртал хүмүүс
тэр завинд суусныг харсан гэж хэлсэн юм билээ. Эгч ч ухаантай, ухаангүй нааш, цааш
гүйж ах, дүү нар руугаа утасдаж, тусламж хүссэн байсан. Ш.Одгэрэл эгч маань
4-15 насны дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага нь дөрвөн настай охин. Энэ гайтай ослоос
болж хоёр сайхан хүүгээ алдчихлаа. Нялх үрээ алдчихаад байхад орой нь шүүх эмнэлгийн
эмч гээд гурван эмэгтэй талийгаачдын цогцсонд задлан хийнэ гэж дайрсан. Осол юунаас
болсон нь тодорхой байсан шүү дээ. Тэглээ ч ар гэрийнхэн нь дургүйцээд байхад “Бид
заавал ингэх ёстой юм. Задлан хийхгүй бол очихоор дарга нар ямар ажил хийсэн юм
гээд загнаад байдаг. Та нар битгий ажилд саад болоод бай” гэсэн. Тэд адилхан эх
хүн, эмэгтэй хүн. Нүдний цэцгий мэт хайрлаж, хамгаалж ирсэн хүүхдүүд нь хорвоогоос
үгүй болчихоод байхад хөөрхий амьтдын биеийг тайван орхихгүй задлан хийсэн. Үүнээс
болж эгч нар маань их хямарсан. Харин Мөрөнгөөс ирсэн хүүгийн ар гэрийнхэн нь замд
авч явах боломжгүй болчихно гээд задлан хийлгээгүй” гэсээр яриагаа дуусгалгүй нулимсаа
арчсаар гараад явав. Харин түүний нөхөр “Ер нь эндхийн завинууд дандаа л энд тэндээс
зүйж эвлүүлсэн, гар аргаар янзалж сэлбэсэн завинууд харагддаг. Тэр унаж явсан завинд
ч бас зориулалтын бус том мотор тавьсан байна лээ. Миний сонссоноор бол өмнө бас
л тэр завинаас болж хүн амиа алдаж, бас бэртэж гэмтэж байсан юм уу даа. Тэгэхээр
далайд гарч буй бүх завийг хянадаг, аюулгүй ажиллагааг хангасанд нь зөвшөөрөл олгодог
болмоор юм. Эндхийн хүн бүхэн л мөнгө олохын тулд хямд төсөр аргаар завь хийж, хэдэн
хүн суулгаад эсвэл загасчилж таван цаас олдог. Харин аюулгүй байдал, амь насны баталгааг
яриад ч хэрэггүй. Ядаж л энэ мэт осолд орсон завиудаа шууд устгалд оруулах ёстой”
гэв. Талийгаачдын унаж явсан завь өмнө нь мөн осолдож, нэг эмэгтэй амиа алдсан бололтой.
Энэ тухай нутгийн бараг хүн бүхэн л мэдэх аж. Өнгөрсөн жил уг завинд бие давхар
эмэгтэй аялахаар суугаад завьтайгаа хөмөрч гэмтэж байжээ. Улмаар гэмтлээ даалгүй
өөд болсон гэх яриа байна. Түүний өмнөх жил мөн л хүн унаж хүнд гэмтэж байсан гэнэ.
Энэ мэтчилэн өмнө нь осол гаргаж, эвдэрч байсан завийг бие биедээ дамнуулан зардаг
бололтой. Тэр болгон завь олдоод байх нь ховор учир нутгийн иргэд ашиг хонжоо хайсан
нэгнийхээ аманд унадаг байна.

“ХЭРВЭЭ ЖААХАН АМЬСГАА
АВААД НЭГЭН ДЭЭР НЬ Ч БОЛТУГАЙ ТӨВЛӨРСӨН БОЛ АМИЙГ НЬ АВРАХ БОЛОМЖ БАЙСАН”

Талийгаач хүүхдүүдийн нагац эгч Ш.Отгон:

-Та ослын дараа нэлээд хүмүүс рүү гүйж завь
гуйсан гэсэн.
Хэр хугацааны
дараа осол болсон газар анхны тусламж хүрсэн бэ?

-Бараг 20-иод минутын
дараа манай нөхөр, эгч Туяа зэрэг дөрвөн хүн Чинбат гээд ахын хамт хийлдэг завьтай
явж хоёр хүүг авчирсан. Нялх амьтдыг харахад зүрх зүсэгдэх шиг болсон. Гүрээний
судас нь цохилж байсан. Эрэг дээр авчрах хооронд эмч доош нь харуулж нуруун дээр
нь баахан цохиж хиймэл амьсгал хийхийг оролдсон юм билээ. Бид хоёр хүүхдийн хооронд
дэмий л сандарч гүйгээд байсан. Хэрвээ жаахан амьсгаа аваад нэгэн дээр нь ч болтугай
төвлөрсөн бол амийг нь аврах боломж байсан гэж бодохоос өөрсдийгөө зүхээд ч барамгүй.

-Танай төрсөн эгчийн хоёр хүү, бэр эгчийн
тань хоёр хүүтэй хамт бас нэг хүүхэд явсан гэсэн?

-Нэг нь Одгэрэл эгчийн
хүргэнийх нь хүү. Маргааш нь Мөрөн буцах байсан. Миний төрсөн ах хэдэн жилийн өмнө
бас далайд завьтай явж байгаад амиа алдсан. Түүний эхнэр Чулуун эгч гурван хүүгийнхээ
хамт энд нутагладаг. Харин миний төрсөн эгч Одгэрэлийн нөхөр гурван жилийн өмнө
уушгины хорт хавдраар өөд болсон. Эгч маань дөрвөн хүүхэдтэй хоцорсон. Хоёр эгч
өнчирч хоцорсон хүүхдүүдээ хүн болгох гэж урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж
яваа ядарч яваа эмэгтэй хүмүүс. Хүүхдүүд нь эхнээсээ тусад орж, одоо л нэг нэмэр
болох нь гэж байтал ийм аймаар юм тохиолдлоо. Ямар хувь тавилан гэхээрээ энэ хоёр
эгчийн маань хүүхдүүдийг хоёр хоёроор нь авч одож, шар махтай нь хатааж, амьдын
шаналалд унагана вэ. Бид ийм л үйл лайтай учрах хүмүүс юм байлгүй. Уул ус, нууртайгаа
буруу харьцаж, буруу үйлээр амьдарч яваа хүмүүс юм болов уу гэж харуусч сууна. Ямар
өөрсдөдөө ирсэн зовлонгийн шалтгааныг бусдад нялзаалтай биш. Бид л дүү нартаа хатуу
ширүүн үг хэлж, дураар нь тавьдаггүй байж.

-Уг нь завиа зогсоолд уяж байсан гэсэн.
Яагаад гэнэт дахиад далайд
гарчихсан юм бол оо. Өмнө нь танай дүү нар завь жолоодож байсан юм уу?

-Талийгаач ах завьтай
байсан. Үр хүүхдүүд нь ч гэсэн аавыгаа дагаж загасчилдаг байсан болохоор бид нэг
их тоогоогүй. Хүүхдүүд завьтай эргээр тоглож л байдаг. Ядаж хантаазаа өмсчихгүй
дээ. Тэгсэн бол багачууд нь ч болтугай усанд хөвж амьд үлдэх боломжтой шүү дээ.
Өмнөх орой нь Одгэрэл эгч хүүгээ, мөн хүргэнийхээ хүүг дагуулж манай дэлгүүрт орж
ирсэн. Мөрөнгөөс хадмууд ирсэн гээд жаал жуул чихэр боов аваад, маргааш хүүхдүүдээ
сургуульд нь хүргэж өгнө дөө гээд гарсан. Хүү нь сургуульд орно гээд бөөн баяр явсан.
Гэтэл өдөр эгч “Миний хүүхдүүдийн явсан завь хөмөрчихлөө. Эгч нь одоо яах вэ. Завь
олоодхооч” гээд яриагаа ч дуусгалгүй утсаа тасалсан. Би гарч гүйгээд “Тойлогт” амралтаас
завийг нь хүнээр гуйлгасан. Гэвч хөдлөөгүй. Осол болсныг мэдээгүй. Хүн сууя гэнэ
л гэж сонссон гэсэн. Уг нь том завь. Тэр завь ирсэн бол бидэнд хүүхдүүдийг аврах
боломж байсан л байх. Тэнд хөөрхий хүүхдүүд аврал эрж амь тавьж байхад бид энд хүн
царайчлаад гүйхээс өөр юу ч хийж чадаагүй гэж бодохоор л…(нулимсаа барьж чадсангүй
бололтой мэгшив).

Хажуугаас түүний нөхөр
“Бид сэлүүрддэг завьтай цаг хугацаа алдсан. Далайн эрэг дээр онцгой байдлын аврагчид
байсан. Тэд Сүхбаатар онгоц явахаа болингуут аврах багаа Мөрөн рүү татсан. Осол
яг маргааш нь гарсан. Гэтэл иргэд дунд усанд сайн сэлэх нь битгий хэл усанд живсэн
хүнд анхан шатны тусламж үзүүлэх нэг ч хүн байгаагүй. Бид ямар ч ойлголтгүй хэрнээ
ямар ч дүрэм журамгүйгээр усанд гарч загасчилдаг. Эндхийн хүн бүхэн л амьдралаа
залгуулахын тулд бүдүүн хадуун байдлаар үздэг. Бидний энэ буруугаас болж хүүхдүүд
ч буруу үлгэр дуурайл авч байна. Энэ осол хатуу сургамж үлдээлээ. Бас аврагчдыг
энд байрлуулах ёстой гэж бодож байна” гэв. Ямартай ч талийгаачдын унаж явсан завь
өдгөө Хатгал сумын Захиргааны хашаанд хэвтэж байна. Тухайн үед завинд байсан аврах
хантаазнууд ч харагдсан. Гурван хүүхдийн, дөрвөн том хүний хантааз байна. Гэхдээ
хантаазнуудын зарим нь оосор бүчгүй байв. Хоёр, гурав нь л зориулалтын хантааз харагдах
боловч гэдсээр бүсэлдэг ганц бүчтэй харагдав. Харин зарим нь давуун завсар хөөсөнцөр
хийснээс харахад гар хийцийнх бололтой. Тэгсэн атлаа ямар ч оосор бүчгүй бөгөөд
усанд орлоо гэхэд мултраад уначихмаар юм. Нуурын эрэг орчмоор аялал, жуулчлалын
үйл ажиллагаа явуулдаг хүмүүс ихэнх нь зорчигчдодоо ийм хантааз тарааж өгдөг болохыг
иргэд хэлж байна. Арай гайгүй гэсэн том амралтын бааз орчин үеийн хантааз тараадаг
бололтой. Харин хувь хүмүүс бол хөөсөнцөр хавчуулж оёсон хантааз, борооны ногоон
цув л өгдөг байна.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл нууранд завьтай яваад амиа алдсан таван хүн садан төрлүүд байжээ

Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл нууранд аймшигт осол болж таван хүн харамсалтайгаар амиа алдлаа. Ослын улмаас амиа алдсан таван хүний дөрөв нь насанд хүрээгүй хүүхэд байсан нь олныг цочирдуулаад байна. Эдгээр хүүхдүүд нэг айлын хүүхдүүд эсвэл тэд загасанд явж байгаад амиа алдсан зэрэг янз бүрийн л мэдээллүүд хэвлэлээр цацагдаж байв. Тиймээс Хөвсгөл аймгийг зорьж үнэн, бодит мэдээллийг хүргэхийг хүссэн юм. Улаанбаатараас Хөвсгөлийн Мөрөн хот хүртэл засмал замаар 800 км явж хүрнэ. Харин осол Мөрөн хотоос 100 орчим км-т орших Хатгал сумаас баруун урд зүгт 30 гаруй км-ийн зайд буюу Жанхайн давааны орчимд нуурын усанд гарчээ. Жанхайн давааны бэлд нуурын эрэг дагаад дөч гаруй амралтын газар байх бөгөөд нутгийн иргэд ч цөөнгүй нутагладаг юм байна. Салхины эрчээр эргийн чулуугаа цүл, пал хийтэл нүдэх далайн давалгаан чимээ, цахлай шувууны дуу хоёроос өөр юу ч үгүй мэт нам гүм. Модны навчис салхинд үе үе сэрчигнэхийг эс тооцвол шүү дээ. Аялал жуулчлалын сар дуусч, амралт зугаалгаар явагсдын хөл татарчээ. Эзгүй хоосон дүнзэн шовоохойнууд, цөөн тооны малтай иргэд л үлдэж. Хэдэн сарлаг нуурын эрэг рүү ус уухаар ойгоос гарч ирэх нь харагдав. Уйлагнах бороонд уулын оройд манан татаж, уйтгарт намрын нэг өдөр үргэлжилнэ. Далайн эрэг даган Жанхайн давааны өвөрт нутагладаг айлууд ч уй гашууд автжээ. Осол гэгээн цагаан өдөр, нутгийн иргэдийн нүдэн дээр болсон учраас амь насыг нь аварч чадаагүйдээ хэн хүнгүй л хөөрхий хүүхдүүдийн араас гэр гэртээ гаслан суугаа бололтой. Учир нь нутгийн айлууд ихэнхдээ хамаатан садан, олон жил хаяа дэрлэн нутаглаж байгаа айл хөршүүд. Харин талийгаачдын ар гэрийнхэн буяны ном хуруулахаар Мөрөн хотыг зорьсон байв.

Талийгаачдын сууж явсан завь

НУУРАНД ХӨВЖ ЯВСАН БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮГ ХҮМҮҮС АВРАХАД ЗҮРХ НЬ ЦОХИЛЖ БАЙСАН ГЭНЭ

Наймдугаар сарын 30 буюу өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт 14:00 цагийн үед нутгийн иргэдэд моторт завины чимээ тод сонсогджээ.Гадаад, дотоодын жуулчид нутаг буцсан тул далайд тэр бүр завь гарах нь багассан байна. Тиймээс хэн завьтай нууранд гарав, ямар сүрхий дуутай юм бэ гэж их л санаа зовингуй гэр гэрээсээ гарч харцгаасан тухай ярив. Завьтай хүмүүс нуурын эргээр хэсэг эргэлдэж байгааг харахад тоглож зугаацаж байгаа бололтой байсан аж. Ингээд нэг их удалгүй эрэгт ирж завиа уясан байна.

Тэгснээ төд удалгүй өнөөх завь дахиад нууранд гарчээ. Эргээс их чимээ хадаан хүчээ авч хурдалж 500-гаад метр яваад унтарчихсан байна. Завийг Ч.Нямдалай гэх 26 настай залуу жолоодож явсныг хамаатных нь ах харсан байна. Тиймээс их дуу хадаан хөдлөхөд нь санаа зовж эргээс харж зогсчээ. Гэтэл завь эргээс нэлээд хол очоод унтарчихаж. Хоёр, гурван удаа мотор асах чимээ сонсогдтол яах ийхийн зуургүй завиных нь хамар босч ирээд хөмөрчихжээ. Эргээр явсан хүмүүс шуугилдаж, завины эрэлд гарцгаажээ. Хүмүүс эрэг дагуу байрлах “Тойлогт” амралтын бааз руу гүйж завийг нь гуйсан байна. Ер нь гайгүй завьтай гэсэн бүхэн рүү ханджээ. Завинд чухам ямар хүмүүс явсныг энэ үед хэн ч мэдээгүй байж. Бүгд л үр хүүхдээ дуудаж, бөөн

орилоон хашгираан болсон байна. Тэгтэл суурингийн нэлээд захдуу нутагладаг Чинбат гэх хижээл насны эр хийлдэг завиа мотоциклиор аваад иржээ. Бушуухан завиа хийлж дөрөв, таван хүн сууж гараараа сэлүүрдсээр осолдсон завь руу дөхтөл хажуугаар нь бага насны хоёр хүүхэд хөвж байсан тухай хийлдэг завинд явсан хүмүүс ярив. Тэдний ярьснаар бол хөвж явсан хоёр хүүг эрэг дээр авчрахад гүрээний судас нь цохилж байсан гэнэ. Зүрх нь зогсоогүй байсныг олон хүн хэлж байна. Сумын төв, аймгийн төвөөс эмч, аврагчид ирэх хооронд цаг алдахгүйг хичээж “Байкал” гээд амралтын газрын эмчийг дуудсан байжээ. Гэвч анхны тусламж үзүүлж чадалгүй 6-8 насны хоёр хүү нутгийн иргэдийн гар дээр амьсгал хураажээ. Нутгийн иргэд “Завьтай хүмүүс явж хоёр хүүг эхлээд авчирсан. Тэгэхэд гүрээний судас нь цохилж байсан. Хүмүүс яах учраа олохгүй эмчийн юу хийхийг л дуурайж, дэмий л сандарч байж. Эмч хоёр хүүг доош нь харуулж ар нуруу руу нь хэд хэдэн удаа цохисон. Уг нь учир мэдэх хүмүүсээс сонсоход усанд живсэн хүнийг доош нь биш дээш нь харуулж хэвтүүлээд цээжин дээр нь дарсан бол амьсгалах боломжтой юм билээ. Доош нь харуулахаар амьсгаа авах нь битгий хэл бөглөрдөг гэсэн. Хар ухаанаар бодоход кинон дээр ч гэсэн дээш нь харуулаад л цээжин дээр нь балбаад байдаг шүү дээ. Бид устай газар амьдардаг хэрнээ ямар ч анхан шатны мэдэгдэхүүн байдаггүй юм байна” гэв.

ТАЛИЙГААЧДЫН НЭГ НЬ “АМЬ АВРААРАЙ” ГЭЖ ХАШГИРЧ УЛМААР 50 МЕТР СЭЛЖЭЭ

Нутгийн иргэд бага насны хоёр хүүг уснаас аварсан хэдий ч амийг нь аварч чадаагүй байна. Ингээд үлдсэн хүмүүсийг аврахаар дахин осолдсон завь руу явжээ. Гэвч ойр орчимд харагдах зүйлгүй бөгөөд далайн гүн рүү эрэн хайя гэхээр зориулалтын хувцасгүй, дээрээс нь салхи ихтэй тул давалгаанд шидэгдэх гээд хүндрэлтэй байжээ. Ингээд аврагчид ирэхийг хүлээж. Ослоос хоёр цагийн дараа аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, Цагдаагийн газрын алба хаагчид ирж бусад цогцсыг гаргаж авчээ. Аврагчдын мэдээлснээр бол ослын газраас 50 метрийн зайнаас нэг хүүгийн цогцос олджээ. Ямартай ч уснаас амьд гарахын тулд сэлсэн болохыг эрэг дагуух хүмүүс гэрчилж байна. Хүү “Амь авраарай, амь авраарай” гэж хэд хэдэн удаа хашгирах нь сонсогджээ. Талийгаач хүү өнөө жил 12 дугаар ангид орох байсан бөгөөд тус завийг жолоодож явсан 26 настай залуугийн төрсөн дүү юм байна. Хүүг гэрийнхэн нь усанд их сайн сэлдэг болохыг хэлсэн. Тухайд үед цэргийн гэгддэг изриал шар гуталтай явжээ. Тиймээс гутал нь талийгаачийг сэлэхэд нэлээд хүндрүүлж, саад болсон байх гэж байсан.

ОСОЛДСОН ЗАВИЙГ ГУРАВ ХОНОГИЙН ӨМНӨ ХУДАЛДАЖ АВЧ, ХҮЧТЭЙ МОТОР НЭМЖ ГАГНАСАН БАЙВ

Харин аврагчид завийг гаргахад бүх хүн осол чухам юунаас болсон гэдгийг төвөггүйхэн ойлгожээ. Прогресс хэмээх Оросын хуучны төмөр завинд 40-тэй мотор гагнасан байжээ. Уг завины зориулалтын мотор 20-той жижиг мотор. Ийм төрлийн завь хөнгөн учраас хүчин чадал ихтэй, хүнд мотор тавихаар завь тийрэлт өгнө, эсвэл хүндийн жин нь доош түлхэлт өгдөг байна. Хүмүүсийн таамаглаж буйгаар бол завины явах эд ангид гэнэт гэмтэл гарч унтарсан бөгөөд дахин асаахад доош түлхэлт өгч завинд ус орж хүндрэхэд улмаар хамар хэсэг нь өргөгдөж хөмөрсөн байх гэж таамаглаж байгаа аж. Энэхүү таамгийг батлах хэд хэдэн шалтгаан байгаа гэж үзэж байна. Завь жолоодож явсан залуугийн хуруу моторын тос болсон байжээ. Мөн ямар нэг хүндрүүлэгч, элс зэрэг ачаагүй нь тодорхой болжээ. Өөр нэг шалтгаан бол дандаа бага насны, хөнгөн жинтэй хүүхдүүд авч явсан нь завь хөнгөдөж хөмрөх гол шалтгаан болсон байх талтай гэнэ. Тус завийг талийгаач Ч.Нямдалай осол болохоос гурав хоногийн өмнө хүнээс худалдаж авчээ. Ингэхдээ хамаатныхаа хүнээс “X-Trail” маркийн автомашинаараа тулж наймаа хийж авсан байна. Худалдаж авсан завь нь моторгүй байсан учир дөрвөн сая төгрөгөөр өөр хүнээс мотор нэмж авчээ. Ээж, хоёр эрэгтэй дүүтэйгээ амьдардаг болохоор хэдэн төгрөг олж дүүгийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх зорилготой байж. Худалдаж авсан завиндаа хүчтэй мотор нэмж гагнаад дүү нартаа хандан “Сайхан амьтан байгаа биз. Одоо ч хэдүүлээ мөнгөөр дутахгүй сайхан амьдарна аа” гэж ярьж байсан тухай түүний төрсөн дүү Бат-Эрдэнэ дурссан. Худалдаж аваад угсарсан унаагаараа хоёр ч өдөр хүн аялуулж, нуурын баруун хойд эрэгт хүрээд буцаж ирсэн байна. Харин гурав дахь удаа түүний завь хэдэн балчир дүүтэй нь хамт үхэлд хүргэх юм гэж хэн санах билээ. Түүнтэй хамт 15 настай төрсөн дүү Баттулга, аавынх нь төрсөн дүү болох Ш.Одгэрэл эгчийнх нь зургаан настай хүү Д.Отгонхүү, 12 настай Д.Олонбаяр болон Мөрөн хотоос амрахаар ирээд байсан найман настай хүү харамсалтайгаар амиа алдсан юм.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Таван толгой” баруун Цанхиа Хятадын компанид нууцаар өгсөн үү?

“Таван толгой”-н нүүрсний орд нөөцөөрөө Монголд төдийгүй дэлхийд тэргүүлдэг. 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс гуравны нэг нь өндөр үнээр зарагдах коксжих нүүрс гэж геологичид ярьдаг. Урд хөршийн гангийн үйлдвэрүүдийн өндөр үнээр худалдаж авдаг коксжих нүүрсийг “Энержи ресурс” шиг угааж баяжуулаад гаргавал овоо үнээр худалдчих боломж бэлхнээ бий. Нүүрсээ тээх төмөр замаа урд хөрш рүү татчихвал монголчуудыг овоо хэдэн жил тэжээх нөөц өмнийн говийн хөрсөн доор байгаа. Мэдээж том орд гэдэг утгаараа Таван толгойн ард том эрх ашиг яваа. Австралид үер болж монгол нүүрс хаданд гарахаас бүр өмнө яригдаж эхэлсэн төмөр замын бүтээн байгуулалт нарийн, өргөн цариг гэсэн гэнэн гэмээр тайлбартайгаар өнөөг хүртэл ажил болоогүй нь энэ ордын цаана хэр том зодоон, хэчнээн их өрсөлдөөн өрнөдгийн наад захын нотолгоо. Өнгөрсөн засгийн үед М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Японы “Сумитома”, Хятадын “Шинхуа”-тай хамтарч Таван толгойг цогцоор нь ашиглах хэлэлцээр хийж байв. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурдгийн даваан дээр УИХ-ын дарга “Үгүй шүү” гэж алхаа тогшсон нь энэ ордод улс төрийн сонирхол хэр өндөр байдгийн хамгийн сүүлийн жишээ. Шинэ засгийн эхлээд дуугарч байгаа, улстөржүүлээд эхэлсэн сэдэв ч Таван толгой болж байна.

Саяхан гэхэд л эдийн засагч П.Хашчулуун Таван толгойг бараг л хятадуудад өгсөн, нууц гэрээ хийсэн гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн нь олны анхааралд байна. “Эрдэнэс таван толгой”-н TTJVCO-той хийсэн гэрээ өнөөдөр сөхөгдөж байгаа нь шинэ асуудал биш. Тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөр дээрээ бензин асгаж шатаах үеэрээ энэ асуудлыг ярьж байв. “Эрдэнэс Таван толгой” компанийн зүүн Цанхид Австралийн компани гэрээгээр олборлолт явуулж байсан юм. Нүүрсний зах зээл хэцүүдсэн өнгөрсөн жилүүдэд хэт өндөр өртгөөр олборлолт явуулж байсан Австралийн компанид төлбөрийг нь төлж хүчрэхээ байж, сүүлдээ өнөө компани нь олборлолтоо зогсоож байсныг уншигчид тод санаж байгаа байх. Дараахан нь өндөр өртгөөр олборлолт хийж байсан Австралийн компани ажлаа зогсоож, ТТJVCO компанитай гэрээ хийж хямд зардлаар олборлолт явуулах шийдэлд хүрсэн гэх мэдээлэл цацагдаж байв. Яг энэ үеэр өөрийгөө шатаадаг Эрдэнэ “Таван толгойн ажилчдыг Хятадын компани руу шилжүүлэх гэж байна” хэмээн шүүмжилж байв.

Тухайн үед “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээ “Эрдэнэс Таван толгой” ХК Таван толгой ордын зүүн Цанхийн уурхайд 2011 онд сонгон шалгаруулалт зарлахад Австралийн “Махмахон” компани оператороор шалгарсан юм. Энэ компани Монголд бүртгэлтэй “TTJVCO” гэдэг компаниараа дамжуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. “Эрдэнэс Таван толгой” “TTJVCO” компанид олборлолтын өртгийг нь төлдөг байсан юм. Зүүн Цанхид ажилладаг хүмүүс нь манай компанийн ажилчид. Харин оператор компанийн зүгээс техник хэрэгсэл, менежментийг хариуцаж байсан” гэсэн тайлбар хийсэн байдаг.

Сая дэгдсэн дуулиан эдийн засагч Ч.Хашчулууны үгээс эхтэйг өмнө онцолсон. Тэрээр “Том төслүүдийг хөдөлгөхөд гацаа үүсч байна. “Таван толгой”-г аваад үзэхэд хөрөнгө оруулалт авах бүрэн боломжтой гэж ярьж байгаа боловч өнгөрсөн Засгийн газар 2015 онд Хятадын үл мэдэх компанитай гэрээ байгуулаад баруун Цанхийг үнэгүй шахуу өгчихсөн байх жишээтэй. Одоо энэ гэрээ хөрөнгө оруулалт татахад маш том асуудал болон гарч ирж байна. Ийм асуудлуудыг нэг нэгээр нь шийдэж Монгол руу оруулах долларын урсгалыг эрчимжүүлнэ. Хэрэв “Таван толгой”-н гэрээ амжилттай болбол дөрвөн тэрбум ам.доллар, ТЭЦ 5 төсөл хэрэгжвэл 1.5 тэрбум ам.долларын урсгал ирнэ. Томоохон төслүүдийг хөдөлгөж, бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг хурдан хугацаанд өөрчлөгдөж болно” хэмээн хэлсэн юм. Хүлээлт үүсгээд буй энэ чухал ордын нэг хэсгийг гадныхан үнэхээр эзэмшиж, үйл ажиллагаагаа өөрсдөдөө таатай нөхцөлөөр бодлогын түвшинд хэрэгжүүлээд эхэлчихсэн гэж үү. Шалтгаан нь хаанаас эхтэй, юу болохыг өмнө дурдсан “Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирлын үгнээс харчихаж болно.

МАН-ынхан эдийн засаг хүнд байна, танаж болох юу л байна танана гэж зүтгэж буй. Гэсэн хэрнээ “Оюу толгой”, “Таван толгой” тэргүүтэй томоохон төслүүдийг хөдөлгөнө гээд ханцуй шамлан дайрч буй. УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Ханцуйг ч яах вэ дандаа л шамлаж байдаг юм. Харин халаасанд нь цаадуулынх нь гар дүрээстэй байхад хэчнээн шамлаад яах билээ. Эхлээд байгаагаа авч сурах хэрэгтэй гэдгийг л олон жил ярилаа даа. “Том төслүүдээ хөдөлгөнө” гэдэг нэг сайхан нэр томьёотой болж авлаа шүү. Хөдөлгөх тусам л мөнгө нь гадагшаа урсаж, бидэнд дусал нь оногдож, өр нь нэмэгдэх болж дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Гишүүн асан Г.Уянгыг алдарт “поп”-уудын нэг гэж үзэж анхаарахгүй өнгөрч болох ч Таван толгойтой холбоотой хардлага, таамгууд ар араасаа гарах болсон учраас энэ талаар дуугарсан хүн бүрийн үгийг иргэд анхааран уншиж байна.

Угтаа “Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс Цанхийн уурхайн баруун хэсгийн уулын ажлын нарийвчилсан зураг төслийг боловсруулан талбайг нь ашиглалтад бэлтгэж, 2013 оны зургадугаар сард уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Цанхийн ордын баруун хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Цанхийн уурхайн баруун хэсгээс 2013 онд 1.2 тонн, 2014 онд 3.6 сая тонн, 2015 онд 3.3 сая тонн нүүрс тус тус экспортлоод байна гэсэн мэдээллийг өгч байсан удаатай. Мөн 2013 онд Цанхийн уурхайн баруун хэсгээс 1.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн ч төлөвлөгөөгөө хоёр дахин давуулан биелүүлж 2.5 сая тонн нүүрс, 2014 онд 4.5 сая тонн нүүрс, 2015 онд 3.8 сая тонн нүүрс олборлосон байдаг.

Олборлолт дажгүй байгаа ч Таван толгойн өр хэдэн тэрбумаар яригдсаар байгаа. Угшил нь МАН-ыг засаг барьсан 2008-2012 онуудаас эхтэй. МАН-ын Засгийн газар 2012 оны сонгуулийн өмнө иргэн бүртээ 21 мянган төгрөг тараах гэж Хятадын “Чалко”-гоос “Оронд нь Таван толгойн нүүрсийг аваарай” гэсэн болзолтойгоор их мөнгө зээлж байв. Өнгөрсөн дөрвөн жилийн тухайд “Эрдэнэс Таван толгой” тэр өрийг нь дарах гэж зүдсэн. Өнөө шуугиад байгаа TTJVCO-той хийсэн гэрээ ч ийм учиртай гэдэг. Өрөө өөрсдөдөө төвөг багатай төлөх гэж л гаргасан нэг хувилбар гэх нь бий.

Нэг хэсэг “MCS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалд Таван толгойг хувьчилж магадгүй гэсэн яриа тарсан. Мэдээж оргүй яриа биш. “MCS”-ийн ерөнхийлөгч “Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай хэлхэлдэх болсон нь ингэж хардахад хүргэсэн гэдэг. “Эрдэнэс-Таван толгой” компанийг хувьчлах болзолд үндэсний аж ахуйн нэгжид хувьчилна, нүүрс баяжуулах үйлдвэртэй байх ёстой гэж заасан нь ингэж хардах шалтгийг дэвэргэсэн байх. Тухайн үеийн УИХ-ын зарим гишүүд ч “Таван толгойд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийг татан оруулъя” гэж хэвлэлээр дуугарч байсан юм. Сонгуулийн өмнө энэ яриа биеллээ олно гэсэн хардлага ч олны дунд байв.

Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Цанхийн уурхайн баруун хэсэгт уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчоор “Хишиг Арвин Индустрал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэл шалгаран олборлолтыг гүйцэтгэсэн гэдэг. Тэгвэл Хятадын нэгэн компани нэмэгдэж тус баруун Цанхид олборлолт хийж байгаа гэх мэдээлэл байна. Ингэхдээ олборлолтын гэрээ байгуулсан гэх бөгөөд “Чалко”-гийн өрийг дарахын тулд ийн ажиллаж байна гэсэн сураг чих дэлсэж буй. Гэвч зарим эх сурвалжийн мэдээлснээр “Чалко”-д төлөх Таван толгойн өрнөөс нэг ч төгрөг хасагдахгүй байгаа гэх. Таван толгойг алдагдалтай ажиллаж байгаа харагдуулах замаар хувьчлах сонирхол байхыг үгүйсгэхгүй. Хоёр хоногийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрээр “Эрдэнэс Таван толгой” компанид шалгалт хийж байгаатай холбоотойгоор ажлаас нь яаран чөлөөллөө гэж мэдэгдээд байгаа. Ор үндэстэй байхыг үгүйсгэх аргагүй. Таван толгой Хятадын компанитай гэрээ хийсэн бол англи хэлээр хийгдсэн нь тодорхой. Гэрээний утга санаа манай улсын хувь заяанд нөлөөлөх эсэхийг тусгай хяналтын баг ажиллаж,албан ёсны орчуулга хийж байж л тогтооно. Энэ хүртэл урт хугацаа туулна. Энэ хооронд гадны компани олборлолтоо хийж, өөрт ашигтайгаар хөдөлсөөр байх нь гэсэн хар яваад байж мэдэх юм. Тэгэхээр “Эрдэнэс Таван толгой” тойрсон энэ хардлагыг тайлах нэг л гарц байна. Тэр нь TTJVCO-той хийсэн гэрээг албан ёсны орчуулгатайгаар бүрэн эхээр нь цаг алдалгүйгээр олонд танилцуулах.

Categories
мэдээ цаг-үе

С.Алтангэрэл: Охин их бухимдаж, сэтгэл нь тогтворгүй байсан. Бид тайвшруулахын тулд бүхий л аргыг хэрэглэсэн

Өнгөрсөн долдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Хангай” хотхоны 12 давхар барилгаас 17 настай охин үсэрч амиа хорлохыг завдсан билээ. Түүнийг онцгой байдлын аврагчид аварсан. Гэвч охин бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмчилгээ хийлгүүлж байгаа аж. Ямартай ч охины амийг аварсанд ард иргэд талархаж, онцгой байдлын алба хаагчдад талархаж илэрхийлээд байгаа. Охиныг аварсан аврах ангийн бүрэлдэхүүнд ажилласан Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа аврах ангийн аврагч С.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Саяхан 16 настай охин 12 давхраас үсэрч, амиа хорлох оролдлого хийж олон нийтийг нэлээдгүй цочроосон. Танай аврах бүрэлдэхүүн дуудлага аваад хэр хурдан очсон бэ?

-Найман цаг дөнгөж өнгөрч байхад л болсон үйл явдал. Манайд дуудлага ирэх үед бид өөр анги дээр байсан. Дуудлагыг аваад бүрэлдэхүүнээрээ хоёр хуваагдаад нэг хэсэг нь дуудлага өгсөн газар руу, нөгөө хэсэг нь анги руугаа хийлдэг гудас авчрахаар явсан. Дуудлага өгснөөс 5-6 минутын дотор л хүрэх ёстой газартаа очсон. Биднийг очиход цагдаагийнхан ирчихсэн байсан.

-Та бүхнийг очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-12 давхар байрны хамгийн дээд давхрын лифтний хэсэг дээр нэг охин гарчихсан байсан. Манайх хоёр эмч, хоёр жолооч, гурван аврагч, бүлгийн дарга гээд найман хүний бүрэлдэхүүнтэй эхний ээлж очсон. Гурван аврагч бүлгийн даргын хамт дөрвүүлээ орон сууц руу орж дээвэр дээр гарахад өнөөх охин “Наашаа нэг алхах л юм бол би үсэрлээ шүү” гэсэн.

-Охин өөр юу хэлж байсан бэ. Их өндөр дуугаар орилсон гэсэн?

-Бид аль болох тайвшруулахыг оролдож, харилцан ярилцсан.

-Юу гэж?

-“Буугаад ир”, “Үсэрч болохгүй”, “Чамд юу тохиолдов”, “Хамтдаа ярилцъя”, “Үсэрч болохгүй. Гэр бүлээ бодох хэрэгтэй” зэрэг маш олон зүйл хэлж, тайвшруулахыг хүссэн. Яагаад гэвэл охин маш их уурлаж, бухимдсан,сэтгэл хөдлөлтэй. Жаахан л хий алдвал үсэрнэ гээд дээврийн захаар нааш, цааш гүйгээд байсан.

-Уйлж байсан уу?

-Тийм ээ. Уйлж байсан.

-Хэдэн минут иймэрхүү байдалтай өнгөрсөн бэ?

-10-15 минут болсон.

-Ийм эрсдэлтэй үед олон минутыг зөвхөн ярилцахад зарцуулна гэдэг хэтэрхий эрсдэлтэй биш үү?

-Хамгийн гол нь хийлдэг гудас ирэхийг хүлээсэн. Их хурдан ирсэн. Энэ хооронд үсэрч болзошгүй учраас ямар нэгэн байдлаар цаг хожиж, охиныг сатааруулж тайвшууруулах л чухал байсан. Энэ үед байрны дор маш олон хүн цугласан. Охин тэдэн рүү орилж эхэлсэн.

-Цугласан хүмүүс аврах ажиллагаанд их саад учруулж байсан гэсэн. Яагаад тэр вэ?

-Бид тайвшруулж, боломж олдвол алхам алхмаар дөхөж түүнийг аврах оролдлого хийж байхад доор байсан зарим хүмүүс “Үсрээч тэгээд”, “Үсэрвэл үсрэхгүй юу” гэх мэт үгээр дайрч өнөө охиныг улам хурцалж, бухимдлыг нь төрүүлж, эгдүүцүүлж байсан.

-Аврах зориулалттай хийлдэг гудсыг хэр хугацаанд хийлдэг вэ?

-Гурван минутад л бүрэн хийлнэ. Манай ангийн хоёр дахь хэсэг гудас авчраад аль хэдийнэ хийлчихсэн байсан. Охин их бухимдалтай байсан учраас бид “Охин минь чи ийм хөөрхөн, жаахан охин байж үсэрч амь эрсдэж болохгүй” зэрэг үгийг хэлж, тамхи хүртэл өгсөн. Тайвшруулах ямар л арга байна хэрэглэж байгаа байхгүй юу. Охин жаахан тайвшраад хашгирсан хэвээр байсан. Тэгсэн гэнэт доош үсэрсэн. Ингэхдээ хийлдэг гудас руу үсэрчихсэн.

-Хийлдэг гудас дээр буусан хэрнээ бэртэл авсан гэх юм. Тийм эрсдэл байж болох уу?

-Гудаснаас хальж унаагүй. Харин дээш ойсон. Аврах хийлдэг гудас хоёр давхраас бүрддэг. Эхнийх нь арай сул хийтэй. Харин доод давхар нь маш хатуу хийтэй. Тиймээс хэт өндрөөс унасан тохиолдолд хүний биеийн жингээс хамаарч эргээд тийрэлт өгч болно.

-Охин ямар бэртэл авсан юм бол?

-Гудас дээр буунгуут манай бусад аврагч болон эмч нар анхан шатны үзлэг хийж зохих арга хэмжээг авч эмнэлэгт хүргэсэн. Охины хөл хугарсан байна лээ. Хөлийг мод тавьж боон, нуруу нугас гэмтсэн байж болзошгүй хэмээн сэрэмжилж хатуу биет барьж боолт хийдэг. Энэ төрлийн тусламжийг үзүүлж дараагийн арга хэмжээг авч эмнэлэгт хүргэж өгсөн.

-Охин юунаас болж амиа хорлохыг оролдсон бэ. Та мэдсэн үү. Дээвэр дээр энэ талаар юм хэлсэн үү?

-Нарийн юм яриагүй. “Би ийм амьдралтай яаж амьд явах юм бэ”, “Надад амьдрах утга алга” гэж байсан. Ар гэрийнхэнтэйгээ л маргалдсан шиг байна лээ. Би өмнө нь хэд хэдэн иймэрхүү аврах ажиллагаанд явж үзсэн. Ихэнхдээ л ар гэрийн асуудлаас болж, ар гэрийнхэнтэй ам зөрснөөс болж ийм үйлдэл гаргадаг шиг санагддаг. Гэхдээ тэр хүнийг бид шалгаах эрхгүй. Хамгийн гол нь ярилцаж тайвшруулах, энэ хооронд бусад аврагчид дараагийн арга хэмжээг авах үүрэгтэй ажилладаг. Өндрөөс үсэрч амиа хорлохыг оролдож буй хүмүүсийн дийлэнх нь сэтгэл зүйн хувьд маш хэцүү байдаг. Хэр барагтай хэлж буй зүйлийг хүлээж авдаггүй.Харилцан ярьж тайвшруулах л чухал.

-Дээрх тохиолдолд охиныг согтууруулах зүйл хэрэглэсэн гэж яриад байгаа?

-Магадгүй. Гэхдээ бид үүнийг тогтоодог хүмүүс биш шүү дээ. Ямар ч байсан сэтгэл хөдлөл ихтэй байсан. Ер нь сүүлийн үед амиа хорлолт их залуужиж байгаа. Ихэнх нь өсвөр насны охид. Тэдний хувьд амьдрал нь ид цэцэглэх нас. Уурлаж, бухимдана гэдэг цаг хугацааны л асуудал. Гэтэл юун түрүүнд амиа хорлоно гэх болж. Мэдээж энэ хүрээлэн буй орчноос, үзэж буй кино, нийгэмшилтэй л холбоотой. Эцэг, эхчүүд ялангуяа өсвөр насны хүүхдүүдээ байнга хараа хяналттай байлгах ёстой. Таны охин, хүү хэнтэй нөхөрлөж, хаана юу хийж явааг та мэддэг байх хэрэгтэй. Дээрх тохиолдолд гэхэд л гэр бүлийнхэн нь ийм эрсдэлтэй үед тэнд байгаагүй. Тиймээс янз бүрийн ааш зантай хүмүүс охины сэтгэл зүйд их сөргөөр нөлөөлж байх жишээтэй.

-Амиа хорлох тохиолдол ихэнхдээ архи, согтууруулах ундаатай холбоотой гэж ярьдаг?

-Миний очиж байсан ихэнх дуудлагад архи, согтууруулах зүйл хэрэглэсэн байсан. Нэг удаа Баянхошууны нутаг дэвсгэрт өндөр хүчдэлийн шон дээр согтуу хүн гарчихсан ойртохоор шил шидээд “Би үсэрлээ”, “Үхлээ” гээд болдоггүй. Тэгсэн удсан ч үгүй уусан архиндаа тасраад унтаад өгсөн. Дээшээ авирч гарахад шон түшээд унтчихсан, жаахан эвгүй хөдлөхөд л унах аюултай байсан. Зарим тохиолдолд хэт их хэмжээний архи хэрэглэхээр хүн хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй болдог. Энэ үедээ элдэв араншин гаргадаг. Гэхдээ иргэд ийм тохиолдолд ихэнхдээ цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг. Цагдаагаас харьяа дүүрэг, тэгээд манай онцгойд гээд цаг алддаг. Хоёр ч тохиолдолд цаг алдсанаас болж өндрөөс хүн унаж амиа алдсан байсан. Их харамсалтай.

-Та хичнээн жил аврагч хийж байна вэ?

-Би 12 жил ажиллаж байна. Дашрамд хэлэхэд өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж олон хүний алтан амийг аварсан хамт олон, аврагч ангийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна.