Categories
мэдээ цаг-үе

Д.Чулуунболор: Аливаа донгийн цаана ямар нэг асуудал нуугдаж байдаг

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Д.Чулуунболортой ярилцлаа.


-Дон гэж юуг хэлээд байна вэ?

-Хэрэгцээний онол гэж байдаг л даа. Хүнд зайлшгүй шаардлагатай дөрвөн төрлийн хэрэгцээ бий.Бие махбодын, нийгмийн, сэтгэлзүй, оюун санааны гэсэн хэрэгцээ байна. Эдгээр хэрэгцээ аль аль нь хангагдаж байж хүн бие махбодын хувьд ч сэтгэцийн хувьд ч эрүүл байна. Зөв зүй тогтолтой явж байна гэж хэлж болно.Гэтэл бодит байдал дээр дээрх хэрэгцээний аль нэг нь дутагдалд орсноос болж тэнцвэртэй, тогтвортой байдал алдагдаж зан үйлийн өөрчлөлтүүд гарч эхэлдэг.Үүний нэг нь донтолт. Донтолт гэдэг нэг төрлийн эмгэг, өвчин юм.

-Хамгийн түгээмэл болон ховор донтолтын хэлбэрүүдээс дурдахгүй юу?

-Хүнд зайлшгүй шаардлагатай 500 гаруй хэрэгцээ бий гэсэн судалгаа байна. Донтолт дотроо маш олон төрөл. Зан үйлийн холбоотой юу, эмгэгтэй холбоотой юу гэдгээрээ ялгаатай. Архинд донтох, тамхинд донтох нь сэтгэцийн эмгэгтэй холбоотой дон юм. Согтууруулах ундааг бид базаад архи гэдэг үгээр төлөөлүүлээд байна ш дээ.Тэрнээс биш архи гэдэг үгийн дор бүх төрлийн цагаан архи, шар айраг, вино төдийгүй айрагны дон хүртэл орно.Манайд л согтууруулах ундаа гэсэн ерөнхий нэрээр явдаг болохоос бусад оронд шар айраг, вино, цагаан архины дон гэж тусгайлан авч үздэг.Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 1987-2013 оны хооронд хийсэн судалгааг харахад архинд донтох иргэдийн тоо 40 гаруй хувиар нэмэгдсэн байсан. Үүнээс хойш тасралтгүй нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Манайд хандсан үйлчлүүлэгчдийн 80 орчим хувийг архи, тамхинд донтсон хүмүүс эзэлж байна.

-Айраг их уухыг донтолтын хэлбэрт авч үздэг гэж үү?

-Намрын айраг 25 градус хүртэл исдэг. Тэгвэл хэдэн градустай ундааг хэдий хэмжээний уух нь бүгд стандарттай. Ер нь донтолт дангаараа байдаггүй. Өөр донтой хавсарна. Тамхины донтой ч юм уу хавсарна.Монгол Улсын хуульд хоёр градус буюу алкоголиос дээш алкогол агуулсан бол согтууруулах ундаанд тооцно гэсэн байдаг. Тэгэхээр намрын айраг цаг үетэйгээ эсвэл исгэж буй зүйлтэйгээ холбоотой юм уу, 25 градус хүртэл исдэг. Тиймээс хүн ямар төрлийн зүйлийг яаж, ямар хэмжээгээр хэрэглэхээ өөрсдөө бодох хэрэгтэй.Цагаан архи 30 мл, шар айраг 280 мл, дарс 120 мл зэрэг нэг удаагийн уух тун гэж бий.Хүн нэг удаадаа хэрэглэхдээ хоёроос илүүгүй стандартыг л хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ энэ хэмжээнээс хэтэрвэл харилцаанд өөрчлөлт орж хяналтаа алдана, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ гээд өөрчлөлтүүд гарч ирдэг.Тиймээс онолын хувьд бол намрын айргийг нэг удаад 120 мл уух ёстой. Үүнээс их уугаад хүмүүс согтоод байна шүү дээ. Хувийн онцлог чанар байна. Монголжуу шар арьстай хүмүүсийн биед алкогол задалдаг пермент бага агуулагддаг. Харин европ хүнийх 4-5 дахин илүү байдаг. Тийм учраас монгол хүн гаднаас орж ирж буй согтууруулах ундааг задлах, шингээх чадвар муу байдаг нь донтох хэлбэрийн эмгэг үүсгэх гол хүчин зүйл болдог.Тэгэхээр эд ууж байхад би яагаад болохгүй гэх байдлаар хандаж болохгүй нь.

-Сэтгэцэд нөлөөлөх бодис буюу хар тамхи, мансууруулах бодист донтсон хүмүүс танай Наркологийн эмнэлэгт хэр ханддаг вэ?

-Архинд донтох эмгэгээс гадна сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын дон биднийг түгшээж байна. Янз бүрийн мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг болж. Энэхүү сэтгэцэд нөлөөтэй бодис хүний биед хамгийн хор нөлөөтэй. Эрүүл мэндээс гадна энэ төрлийн бодисоо маш өндөр үнээр худалдаж авдаг учраас мөнгө олохын тулд хулгай хийх, хүн алахаас буцахгүй байдалд хүрч гэмт хэрэг үйлддэг. Хэдий хугацаагаар яаж хэрэглэж байгаагаас шалтгаалаад эрүүл биегүй болсон байдаг.Эдгэрэлт маш муу. Таван хувь ч хүрдэггүй. Эмчлүүлэх хүсэл сонирхолтой, донтох эмгэгтэй болсон юм байна, зайлшгүй эрүүл мэндээ бодох хэрэгтэй болсон гэдгийг ойлгох нь маш чухал. Тэр чинээгээр эмчилгээний үр дүн сайн гарна. Тэрнээс биш өөрөө дургүй, албадлага, шахалтаар эмчилгээ хийлгэх юм бол ямар ч үр дүнгүй. Эмчилгээг оюун санаа, сэтгэл зүй гээд цогцоор нь хийнэ. Үзлэг, оношилгоо хийж ямар эмчилгээ хийх үү гэдгээ тогтооно. Тогтвортой байдалд орохын тулд маш удаан хугацаа зарцуулагддаг. Эмнэлэгт хандах тал дээр бол хаалттай. Хуулиараа хориотой зүйл учраас сэтгэцэд нөлөөлөх бодист донтсон хүмүүс хэзээ ч эмчид ханддаггүй. Хүнд хэлдэггүй.Үнэхээр хүнд шатандаа орсон үедээ л эмнэлэгт ханддаг.Зарим нь эмнэлэгт хандахгүй явсаар байгаад амиа алддаг. Өдөр болгон толгой дараалаад ирээд байхгүй.Эмнэлэг гэхээсээ илүүтэй Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдээ хамгаалъя гэх нийгэмлэгт ханддаг байгаа юм. Эмээх айдастай учраас тэр болгон эмнэлэгт хандахгүй л дээ. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд болохоор хар тамхи тээвэрлэсэн, хэрэглэсэн, санамсаргүй байдлаар хилээр авч гарахыг завдсан зэрэг гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн сэтгэцийн эмгэгийг тодруулахын тулд зайлшгүй бүртгэж шинжилгээ авдаг учраас өссөн тоог харж болох юм билээ.

-Тэгвэл ховор тохиолддог, хүмүүс тэр болгон мэддэггүй донтолтын хэлбэр бий юү?

-Мөрийтэй тоглоом, интернэт тоглоомонд донтох, ухаалаг утас, компьютер, зурагтад донтох зэрэг зан үйлийн өөрчлөлттэй холбоотой маш олон донтолтууд байна. Шатаахын дон, хулгай хийхийн дон зэрэг сэтгэцийн эмгэгтэй холбоотой донтолтууд эзлэх хувь бол харьцангуй бага. Юм шатаахын донг ховор тохиолдол гэж хэлж болно. Ер нь нийгмийн хөгжлөөс хамааралтай хүний санаанд оромгүй донгууд илрэх тохиолдол бий.

-Сүүлийн үед бараг хүн болгон ухаалаг утаснаас ямар нэг байдлаар хамааралтай боллоо. Энэ нь бас нэгэн төрлийн дон гэх юм. Утас удаан хугацаагаар ашиглахыг дон гэж ойлгож болох уу?

-Нэг хэсэг бид PC тоглоомын газар хүүхдүүд хонож тоглож донтож байна гэж их анхааруулдаг байсан.Тэгвэл өнөөдөр энэ байдал арай өөр хэлбэрт орж гэртээ тоглож, гар утсанд том, багагүй донтож байна. Гар утас хүрээлэн буй орчноос тийм чухал уу, үгүй юү гэдэг асуулт тулгамдаж байна.Ухаалаг утсанд донтсон өсвөр насныхан хичээлээ таслах, үе тэнгийнхнээсээ харилцаагаа таслах, зан авир өөрчлөгдөх, элдэв гэмт хэрэгт орооцолдох зэрэг сөрөг нөлөөлөл их ажиглагдах болсон. Томчууд найзтайгаа хэдэн минут ярихын тулд бага насны хүүхдэдээ утсаа өгч тоглоом, дуу тавьж өгөх байдал маш түгээмэл. Гар утасны туяа маш их хортой. Томчууд ч гэсэн ухаалаг утсанд донтсоноос болж ажилдаа явахгүй халагдах, гэр бүлдээ хүйтэн хөндий харилцаатай болох, айх, сэтгэн бодох чадвар нь буурах гээд янз бүрийн сөрөг нөлөө илэрдэг. Амьдралын чухал асуудлаас нь илүү нэгдүгээрт утас орж ирж байна шүү дээ.Дэлгэцийн дон гээд байгаа.Сэлфидэж өөрийнхөө төгс дүр төрхийг гаргаж авахын тулд янз бүрийн байрлалаар зургаа дарах. Тэр нь таалагдахгүй бол эцэстээ өөрийгөө голох, сэтгэл гутралд орох, бухимдах, бусдыг үзэн ядах зэрэг юу ч хийж болзошгүй байдал руу түлхдэг. Зурагтын дон байна.Гэр бүлдээ анхаардаггүй, гэрээ цэвэрлэдэггүй, ээж, аавтайгаа ярих сэтгэлээ нээх гэсэн асуудлыг сонсдоггүй.Аливаа юмны хэм хэмжээ хязгаар хэтэрсэн тохиолдолд дон болдог, эмгэг үүсдэг.Ялангуяа дээрх тохиолдлууд амьдралын хэвшилтэй холбоотой юм.

-Хамгийн эрсдэлтэй нь хайрын дон гэж сонссон.Хайрлах, дурлах нь хүний сэтгэл зүйтэй бүрэн холбоотой биз дээ?

-Хайрын донг бие хүний эмгэг талаас нь авч үзнэ л дээ. Би хэн бэ гэдгээ таних нь чухал. Өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл сонирхол, амьдралын мөрөөдөлтэй хүн аливаа зүйлд сатаарах нь бага. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд шат дараатайгаар тэмцэж байдаг. Харин өөрийгөө таньж мэдээгүй хүн бол аливаа зүйлд хөтлөгдөхөд амархан. Ялангуяа өсвөр насныхны дунд нэг хүнтэй үерхэж байгаад салаагүй байж дараагийн хүнтэй уулзах зэрэг тохиолдол байж болно.Хайрын дон гэж ярьдаг л даа.Хэн нэгэнд ухаангүй дурлаж араас нь хэдэн хоног гүйх, хайраа ямар нэг эрсдэлтэй байдлаар илэрхийлэх байдал цөөнгүй. Магадгүй хэн нэгэнд дурлаж бүтэлгүйтсэнээс болж амиа хорлох дээрээ тулна. Донгуудаас хамгийн эрсдэлтэй нь хайрын дон гэж үздэг. Сэтгэл зүйн хувьд их хөнгөн хийсвэр байдаг учраас ямар ч алхам хийж мэднэ. Гэхдээ тийм хүүхдийг эрсдэлт бүлгийн хүүхэд гэж тооцно.

-Яагаад?

-Энэ төрлийн хүүхдийг таньж ажиллах хэрэгтэй. Тийм хүүхдэд ингэж болно, тэгж болохгүй гэсэн дэнс хэрэгтэй байна. Хүүхдийн гэр бүл, амьдралыг судлах ёстой. Тэр хүүхэд оюун санааны, сэтгэл зүйн байнгын хүчирхийлэлд өртдөг үү, дарамтад байдаг уу, хэрэгцээ хангагдаж байна уу гэдгийг судлах хэрэгтэй.Ямарваа нэг хэрэгцээ дутагдсаны үндсэн дээр тэр хэрэгцээгээ нөхөхийн тулд өөр зүйлээр орлуулах, сатаарах байдал ажиглагддаг. Үүнээсээ таашаал авдаг байж болно. Гэр бүлд нь хайр энэрэл дутагддаг бол өөр хэн нэгнээр хайрлуулахыг хүсдэг.Үүнийгээ буруу илэрхийлдэг.Ер нь ямар ч донгийн цаана ямар нэг асуудал нуугдаж байдаг. Түүнийг олж илрүүлэх, шалтгааныг нь тодруулах хэрэгтэй. Тэгж байж урьдчилан сэргийлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Бага насны хүүхдүүд гэр бүлийн хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь ихэсч байна

Өнгөрсөн онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хүчирхийлэлд өртсөн 69 хүүхэд хандсанаас 1520 хувь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүд байна.Ер нь сүүлийн үед өсвөр болоод бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал эрс нэмэгдсэн гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна.Энэ талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэд дарга П.Золзаяатай ярилцлаа.


-Танайд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хэр ханддаг вэ?

-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ирж байгаа үйлчлүүлэгчдийн ихэнх нь ээжийгээ дагаж ирж байгаа хүчирхийллийн гэрч, хохирогч хүүхдүүд байна. Хүчирхийлэлд өртөж аюулгүй байдал нь алдагдсан хүүхдүүд ирж үйлчилгээнд хамрагддаг.Манай төвөөс эрсдлийн түвшин өндөр хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч шаардлагатай тохиолдолд хамгаалах байранд 7-90 хоног хүртэл хугацаагаар байлгах хүртэл үйлчилгээ үзүүлдэг. Өнгөрсөн онд 69 хүүхэд хүчирхийлэлд өртсөнөө өөрсдөө ирж хэлсэн байдаг.

-Ялангуяа сүүлийн үед бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх болсон гэх юм. Энэ талаар бодитой тоон мэдээлэл байна уу?

-Өнгөрсөн жил манайд хандсан 69 хүүхдийн 15-20 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд. Дийлэнх нь бага насны охид байна.

-Хүчирхийлэл хаана үйлдэгдээд байна. 12 наснаас доош насныхныг бага насны хүүхэд гэдэг биз дээ. Бэлгийн бойжилт ч бүрэн явагдаагүй, бараг цэцэрлэгийн насны хүүхдүүд хаана хүчирхийлэлд өртөөд байна гэдэг нь их анхаарал татаж байна?

-Хүчирхийлэл ихэвчлэн гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байдаг. Ялангуяа бага насны охид гэр бүлийн орчинд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Өсвөр насныхан ч мөн адил. Манайд хандаж буй охидын дийлэнх нь далд хэлбэрийн хүчирхийлэлд удаан хугацаагаар, даамжирсан байдалтай өртсөн байдаг. Хүчирхийлэгч нь хэн бэ гээд үзэхээр төрсөн эцэг, хойд эцэг, аавынх нь дүү, хамаатан садан ч юм уу, ураг төрлийнхөн нь байдаг. Хүүхэд гудамж талбайд хүчирхийлэлд өртлөө гэхэд яаралтай цагдаа дуудаад гэм буруутныг олоод хариуцлага тооцож арга хэмжээ авч болдог. Тэгвэл гэр бүл, ураг төрлийн хүчирхийлэл далд хэлбэрээр явагддаг учраас охид ихэвчлэн урт хугацаагаар буюу олон жил бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх нь их. 2013 онд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй 12 настай охиныг бид анхааралдаа аваад судлаад үзэхэд охины өргөж авсан аав дөрвөн настайгаас нь бэлгийн элдэв дарамтад оруулж, улмаар найман жилийн турш хүчирхийлж ирсэн нь тогтоогдсон. Охин найзтайгаа тоглох явцдаа энэ тухайгаа хэлсэн бөгөөд найзынх нь ээж манай төвд хандсан байдаг.

-Бага насны хүүхдийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг хүчирхийлэгчид олзолж байна уу. Яагаад заавал бага насны хүүхдийг гэж?

-Тэгэхээр хүүхэд насны онцлогоос шалтгаалаад юуг буруу, юуг зөв гэдгээ мэдэхгүй.Эцэг нь ингэж хайрлах нь зөв ч юм уу гэдгийг ойлгохгүй байх нь элбэг. Дээрх охинтой ярилцах тохиолдолд “Аав хүн хүүхдээ ингэж хайрладаг юм байх гэж бодсон. Миний доор нэг эмэгтэй дүү байгаа.Тэрийг минь яасан бол” гэж хэлсэн байгаа. Ялангуяа бага насны хүүхдүүд томчууд хамгаалдаг гэж бодохоос биш яаж хамгаалах, хайрлах ёстой талаар сайн мэдэхгүй учраас хүчирхийлэгч үүнийг ашиглан эрхшээлдээ оруулж улмаар “Ээждээ хэлбэл ална” зэрэг сэтгэл санааны дарамтад оруулдаг. Хүүхэд энэ дарамт, шахалтаас болж хэнд ч хэлэхгүй урт хугацааны туршид хүчирхийлэлд өртсөн байдаг. Илрэхгүй байгаа өөр нэг шалтгаан бий.

-Ямар шалтгаан байна?

-Хүчирхийлүүлэгч өөрийгөө гэм буруутай мэтээр хүлээж авснаар би хүнд хэлбэл намайг загнана, найзууд шоолно гэж сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсноос болж нуун дарагдуулах тохиолдол бас багагүй хувийг эзэлдэг. Хүчирхийлэлд өртсөнөө хэн нэгэнд хэлж чадахгүй явсаар байгаад жирэмсэн болчихсон 13, 14 настай хүүхдүүд ч их ирдэг. “Одоо би яах вэ”, “Миний охин ийм байдалд хүрчихлээ, туслаач” гэж хандах тохиолдол цөөнгүй бий. Хүүхдэд порно кино үзүүлэх, нууц газар нь хүрэх, хүсээгүй газар нь хүрэх, янз бүрийн үг хэлээр харьцах зэрэг хүчирхийллийн хэлбэрүүд байна л даа. Хүчирхийлэгч бага насных гэлтгүй хүүхдийг хүчиндэж байгаа нь хамгийн эмгэнэл. Ер нь ажиглаад байхад эцэг, эхийн хараа хяналт сул, хүүхдийнхээ үгийг сонсдоггүй, тоодоггүй, ярилцдаггүй байдлаас болж хүүхэд ийм байдалд ордог. Хоёрдугаарт, шөнийн ээлжинд ээж нь ажилладаг хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь их.

Ээжийг нь байх үед хүүхдийг халамжилж анхаарал тавьж, инээж хөхрөөд л дүр эсгэж ажилдаа явангуут нь хүчирхийлдэг байх жишээтэй. Ерөөсөө л хүчирхийлэгч бидний дунд, тэр гэр бүлд л байна гэдгийг хатуу ойлгох ёстой. Ээжүүд охидтойгоо ярилцаж, аль болох ойр дотно харилцаатай байх чухал. Хүчирхийлэгч эцэг, хойд эцэг, хамаатан садны эрэгтэй хүмүүс таны хажууд инээгээд сууж байна шүү дээ. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдээ гадуур явахдаа гудамж талбайд хүмүүсээс болгоомжтой яваарай гэж захидаг. Үүнд л гол анхаарлаа хандуулаад байдаг. Буруу биш л дээ. Мэдээж сэрэмжлүүлэх нь зүйтэй. Гудамж талбайд танихгүй хүнд хүчиндүүлсэн тохиолдол ихэнхдээ ганц удаа байдаг бол гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг хүчирхийлэл хэдэн жилийн турш үйлдэгдсэн байдгаараа хамгийн аюултай.

-Хүчирхийлэлд өртсөн охидод ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Эцэг, эх анзаарахгүй л байгаа болохоос биш зан ааш, сэтгэл санааны хувьд өөрчлөлт орж л байгаа шүү дээ?

-Хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэл санааны хувьд цочролд орчихсон байдаг. Хамаатан садныдаа очих дургүй, найз нөхөдтэйгөө тоглохоо болих, эрэгтэй хүнийг хараад айх, цочих зэрэг янз бүрийн зан авир ажиглагддаг. Эсвэл бүр эрэгтэй хүнтэй илүү нээлттэй ярилцах хандлага ажиглагдаж болно. Бие махбодийн хувьд хумсны сорви, энд тэнд хөхөрсөн сорви байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Магадгүй хүчирхийлэлд өртсөн гэдгийг эмчийн үзлэгт оруулахаас нааш мэдэх боломжгүй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ сайн ярилцаж байх хэрэгтэй. Хүүхдийг хэзээ ч буруутгаж болохгүй. Олон нийтийн дунд “Энэ өөрөө эрэгтэй хүнд их хандлагатай, өөрөө л дуртай юм чинь” гэсэн буруу хандлага байдаг. Тухайн хүүхэд сайн муу зүйлийг ялгахгүй. Хорвоотой л танилцаж яваа хүүхэд гэдгийг бодох хэрэгтэй л дээ. Загнахаа урьтал болголгүй зан байдал өөрчлөгдөөд ирвэл цаад шалтгааныг олж мэдэхийг хичээх нь зүйтэй. Хэрвээ ямар нэг хүчирхийллийн мэдээлэл байвал яаралтай холбогдох байгууллагуудад мэдээлэх хэрэгтэй.

-Танайхаас хүүхдийг шаардлагатай тохиолдолд гурван сар хамгаалах байранд байлгадаг гэсэн. Гэвч эргээд хүүхэд хүчирхийллийн орчиндоо буцдаг. Хүчирхийлэл дахин давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй биз дээ?

-Гол асуудал энэ. Бидний зүгээс хэсэг хугацаанд хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл санааг засах, шаардлагатай бол эмчилгээ хийлгэх зэрэг арга хэмжээ авч цагдаагийн байгууллагад ханддаг. Цагдаагийн байгууллагаас шалгаж хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол тухайн хүчирхийлэгч этгээдэд зохих арга хэмжээг авдаг. Харин хүүхэд хэсэг хугацааны дараа гэртээ эргэж очно. Энэ тохиолдолд эргээд хүчирхийлэлд өртөхгүй гэсэн зүйл баталгаа байхгүй. Ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн бол хамаатан садан нь чи худлаа ярилаа, тэглээ ингэлээ гэж дарамталдаг. Хүүхдийг сэтгэл зүйн хувьд илүү дарамтад оруулж болох. Хамгийн гол нь манайд хандсан хүүхдүүд, түүний эцэг, эх дараагийн удаа хэнд хаана хандахаа маш сайн мэдэж, мэдээлэлтэй болдог. Эцэг, эхчүүд хүүхдээ ямар нэг хүчирхийлэлд орсон бол үг, үйлдлээрээ яаж хэлж илэрхийлэх вэ гэдгийг сайн зааж, ярилцах хэрэгтэй.тэгж байж хүүхэд өөрийгөө дараагийн эрсдлээс сэргийлж чадна.

-“Чи яагаад хүнд хэлэв”, “Дахиад хэлээд үзээрэй” гэдэг ч юм уу хүүхдэд ирэх дарамт эрс нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Эцэстээ хавчигдмал байдлаасаа болоод магадгүй амиа хорлох шалтгаан болдог ч байж мэдэх юм. Тийм үү?

-Одоогоор манайд хандсан хүүхдүүдээс ийм байдалд орж амиа хорлосон зүйл байхгүй ч үгүйсгэх аргагүй. Өсвөр насныхан амиа хорлох байдал ихэссэн. Үүний цаад шалтгаан нь хүчирхийлэлд өртсөн байж болох шүү дээ.

Хүүхэд өөрийгөө хэнд ч хэрэггүй юм байна, би буруутай юм байна гэж сэтгэлзүйн гүн хямралд орсон байх магадлалтай.

Тэгэхээр эцэг, эхчүүд хараа хяналтаа л сайжруулах хамгийн чухал гэдгийг хэлмээр байна. Хүчирхийлэл гэр хороололд, нийгмийн эмзэг давхарга буюу ажилгүй, орлогогүй айл өрхөд үйлдэгддэг гэсэн ойлголт нийгэмд бий. Энэ бол буруу ойлголт. Хүчирхийлэл хаана ч үйлдэгдэж болно. Орон сууцанд дөрвөн хананы дунд юу болж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Хүчирхийлэгчдийг баян, ядуу гэж ялгах боломжгүй. Хэн ч байж болно. Тиймээс дүүрэг, хорооны цагдаа, нийгмийн ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын харилцаа холбоо маш чухал байна гэв.

ХҮЧИРХИЙЛЭГЧИД ОНОО ХЯЛ ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭЛБЭРЭЭС ХАМААРААД ХАРИЛЦАН АДИЛГҮЙ

Хуулиараа бол 14-өөс доош насны хүүхдийг бага насны хүүхдүүд гэж үздэг байна. Тэгвэл сүүлийн үед 4-7 насны хүүхдүүд гэр бүлийн хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал ихсэх хандлагатай байгааг мэргэжлийнхэн онцолж байна.

Тухайн хүчирхийлэгчийн үйлдэл илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллага, холбогдох байгууллагууд шалгалт явуулж тухайн хүчирхийлэгчид ял оноодог байна. Хүчирхийллийг нэг удаа юу, олон удаа юу, хохирогчид бие махбодийн ямар хохирол учирсан, бэлгийн замын өвчин туссан эсэх, жирэмсэлсэн эсэхээс хамаарч хүчирхийлэгчид оноох ялын хэмжээ тав, арван жил гээд харилцан ялгаагүй. Учир нь насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх нь онц хүнд гэмт хэрэгт хамаарагдах юм байна. Хамгийн гол нь хаана, хэн хүчирхийлэлд өртөж буй нь нуугдмал байгаа нь тулгамдаж буй асуудал юм.

Хэрвээ та хэн нэгнийг хүчирхийлэлд өртсөн болохыг мэдсэн л бол хүүхдийн 108, цагдаагийн 102 дугаарын утсанд хандах хэрэгтэй. Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хандаарай.Хэрвээ мэдээллийг нуун дарагдуулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг санах хэрэгтэй гэдгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуулийн зөвлөх Ч.Одончимэг хэлж байна.

ГУДАМЖНААС ИЛҮҮ ХАМААТНЫДАА ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР ГЭВ

Түүнчлэн нэг зүйлийг сануулахад удахгүй ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт эхэлнэ. Үүнтэй холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдүүдээ зуслан болон хөдөө орон нутаг руу хамаатан садных руугаа явуулдаг. Гэтэл хамаатан садныдаа очоод бэлгийн хүчирхийлэлд өртөх магадлал өндөр гэнэ. Ийм тохиолдол ч багагүй гарсан гэдгийг албаныхан хэлж байна. Хүчирхийлэл сургуулийн орчинд, зусланд, гудамжинд үйлдэгддэг гэсэн ойлголт нийгэмд байдаг хэдий ч хамгийн эрсдэлтэй нь гэр бүл, ураг төрлийн орчин гэдгийг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Таны хувийн мэдээлэл 50 мянган төгрөгийн үнэтэй юү?

Барьцаа шаардагдахгүй, барилга тойруулж гүйлгэхгүй таван минутын дотор хүүгүй зээл олгоно гэсэн мэдээлэл телевиз, радиогоор яваад байгааг та анзаарсан л биз дээ. “LendMN” банк бус санхүүгийн байгууллага иргэдэд гар утсандаа аппликейшн татаад хаа байгаа газраасаа зээл авахыг санал болгох боллоо. Энэ үйлчилгээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур албан ёсоор эхэлсэн гэх боловч 2016 оны арваннэгдүгээр сард туршилтаар явуулж 3000 гаруй зээлдэгч уг компанид хандсан гэх мэдээлэл байна. Одоо бол хэдэн мянгаараа тооцогдох болж. Ямартай ч эдийн засаг элгээрээ мөлхчихсөн, ард түмний амьдрал хүнд байгаа энэ үед гар утаснаасаа бүртгүүлээд хормын дотор зээл авахыг хэн хүнгүй л хүсэх байх. Энэ ч утгаараа иргэд “LendMN” банк бус санхүүгийн байгууллагад их хандах болж.Сүүлийн үед амтай бүхэн энэ зээлийн талаар ярих боллоо. Харин зээл олгогч тухайн хүний гар утсан дахь мэдээллийг барьцаа болгодог гэх мэдээлэл байна. Тиймээс таван төгрөг зээлэхийн тулд тантай холбоотой бүхий л мэдээлэл хэн нэгний гарт орж буруугаар ашиглагдах вий гэдгийг тунгаан бодож үзээрэй.

Зээлдэгчид ямар эрсдэл үүсч болох эсэхийг турших үүднээс дээрх аппликейшнийг гар утсандаа татаж үзлээ. Тус апп-ыг татахын тулд та заавал ухаалаг утастай байх ёстой. Учир нь зээл авахыг хүссэн хэн бүхэн гар утсандаа эхлээд “LendMN” аппликейшнийг татах ёстой. Үүнийг татсаны дараа зааврын дагуу овог, нэр, цахим шуудангийн хаягаа оруулна. Ингээд уг апп руу нэвтрэх нууц үг үүсгэж ороод тус компанийн үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зээлийн гэрээ байгуулах, бүртгүүлэх эсэхээ шийднэ. Тус аппликейшнд бүртгүүлээд 50,000-1,000.000 төгрөгийн зээл авах боломжтой юм байна.

Хамгийн гол нь үйлчилгээний нөхцөлд анхаарах хэд хэдэн зүйл байна. Тодруулбал, энэхүү үйлчилгээний нөхцөлийн хоёрт “LendMN ББСБ нь энэхүү аппликейшнээрээ дамжуулан гар утсанд байгаа мэдээллийг авахыг тухайн мэдээллийг зээлийн үйлчилгээтэй холбогдуулан ашиглахыг хүлээн зөвшөөрч байна”, гуравт “Бүртгүүлэх үед хэрэв би хүсвэл, өөрийн хүсэл сонирхлоороо өөрийн орлого тодорхойлох дансны хуулга харах интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ “LendMN” апликейшнд оруулснаар банкны дансны хуулгаа автоматаар “LendMN” ББСБ-д илгээх, хэрэв дансны хуулгаа автоматаар илгээсэн бол интернэт банкны нууц үгээ нэн даруй өөрчлөхөө хүлээн зөвшөөрч байна” гэсэн байх юм. Мөн зургадугаарт “Зээл олгох эсэх, зээлийн нөхцөл буюу шимтгэл, хугацааг “Lend­MN” ББСБ шийдвэрлэн санал болгохыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн нөхцөлүүдийг та хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зээл авах боломжтой.

Ингэхдээ зээл өгөхөөсөө өмнө Монголбанкин дахь таны зээлийн түүхийг судлах юм байна. Тэгэхээр та 500 мянган төгрөгийн зээл авахын тулд гар утсан дахь болон цахим банкны гээд бүхий л гол мэдээллүүдээ барьцаалж байна гэсэн үг. Мэдээж гар утсан дахь аппликейшндээ бүртгүүлсэн тохиолдолд таны бүхий л мэдээлэл “LendMN”-д хадгалагдана. “LendMN” таны зээлийг таван хормын дотор шийднэ гэж байгаа. Таны талаарх мэдээлэл тийм л дэлгэрэнгүй, нэг газар төвлөрч байна гэж ойлгож болох. Ер нь өөрийн мэдээллээ барьцаалж зээл авна гэдэг эргээд ямар нэг дарамтад орох магадлал өндөр. Харин “LendMN” ББСБ-ын мэдээллийн ажилтантай холбогдоход “Манайх ямар ч хүүгүй, барьцаагүй зээл олгодог. Иргэдийн гар утсан дахь мэдээллийг бид авдаггүй. Энэ тал дээр санаа зоволтгүй” гэв. Банк, ломбард бүгд зээл олгохдоо тодорхой хэмжээний хүү тооцож ашиг олдог. Тэгвэл дээрх байгууллага хүүгүй мөнгө зээлнэ гэх боловч хүү нь шимтгэл бололтой. Тухайлбал, та 1.000.000 төгрөгийн зээл авлаа гэхэд 30000-35000 төгрөгийн шимтгэл төлнө. Ингэхдээ хэдий хугацаатай гэдгийг “LendMN” ББСБ шийднэ. Хэрвээ зээлийн хугацааг хэтрүүлбэл үндсэн зээлийн таван хувьтай тэнцэж торгууль тооцох юм байна. “LendMN” нь Анд Системс компанийн Монголдоо анхдагч бие даасан технологийн бизнесийн судалгаа хөгжүүлэлт (R&D)-хийдэг компани гэх бөгөөд монгол инженерийн ур ухаанаар бүтсэн технологийн шийдэл гээд байгаа.

Тиймээс иргэдийн мэдээллийг нэг дор хуримтлуулж буй явдал хэр хууль ёсны вэ, эцэстээ иргэдийн эрх ашиг яригдахвий гэдгийг хууль хяналтынхан анхааралдаа авахад илүүдэхгүй л болов уу.


Categories
мэдээ цаг-үе

Иргэдийн болгоомжгүй байдал хар тамхитай холбогдох гол шалтгаан болдог

Манай улсад хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт болоод хэрэгт холбогдогчийн тоо жилээс жилд өссөөр байгааг албаныхан хэлж байгаа. Хар тамхитай холбоотой хэрэг онц хүнд гэмт хэрэгт тооцогддог. Тодруулбал, хар тамхи улсын хилээр гарах болон улс хооронд тээвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар гурван сараас 25 жилийн ял эдэлнэ. Харин ОХУ-д гурваас арван жил, Хонгконгт 8-23 жил, БНХАУ-д долоон жилээс цаазаар авах хүртэл ялаар шийтгэдэг онц хүнд гэмт хэрэг юм. Гэвч үүнийг иргэд төдийлөн мэддэггүй, мэдсэн ч биеэ зовоохгүй хэдэн төгрөг олж байвал гэсэн охорхон сэтгэлээр хандаж эцэстээ эрх чөлөөгөө хэдэн жилээр хасуулж, өргөст торны цаана суудаг.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар авч үзвэл 19-25 насны залуучууд зонхилох хувийг эзэлж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн байдлаар хэрэгт холбогдсон 00-18 насны буюу насанд хүрээгүй хүүхдийн тоо хоёр дахин ихэсчээ. 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6 дахин өссөн гэх тоон үзүүлэлт байна.

БНХАУ-ААС ЧИГЛЭСЭН ХАР ТАМХИНЫ УРСГАЛ

Тэгвэл нийгмийг төдийгүй манай улсын ирээдүй болсон өсвөр насныхан, залуусыг хар тамхи хаанаас даллаж байна вэ. Энэ төрлийн хилийн зөрчилтэй холбоотой мэдээллийг Гаалын ерөнхий газрын Гаалын зөрчилтэй тэмцэх хэлтсийн улсын байцаагч Б.Сүхбаатараас тодрууллаа.


-Хар тамхитай холбоотой зөрчил ихсэх хандлагатай байгаа энэ үед гаалийн зүгээс шаардлагатай гэсэн хяналтыг тавьж ажиллаж чадаж байна уу?

-Сүүлийн таван жилийн байдлаар манай улсын иргэд лабораторийн нөхцөлд гаргаж авсан хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг ачаа тээш, эд зүйлс, халаасандаа хийж хууль бусаар хилээр нэвтрэхийг завдсан хэрэг ихсэх хандлагатай байна. 2016 оны байдлаар Замын-Үүд, Буянт-Ухаа зэрэг боомтоор БНХАУ-д зорчсон иргэд нийтдээ таван удаагийн үйлдлээр 200 орчим грамм мөсний төрлийн бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдаж үйлдэл дээрээ баригдаж хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгаж байсан. Тэгвэл 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар нийтдээ гурван удаагийн үйлдлээр мөн урд хөршөөс, Хонгконгоос мөсний төрлийн бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгаж байна.

-Гаалийн шалгалтад ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ. Манай гаалийн хяналт шалгалтын төхөөрөмж хуучных учраас иргэд энэ байдлыг ашиглахыг оролддог гэж их ярьдаг?

-Өнөөдрийн байдлаар хяналт, шалгалтад ашиглаж байгаа багаж төхөөрөмж, технологийн хувьд уламжлалт арга барилыг ашиглаж байгаа боловч олон улсад ашиглагдаж буй хүний бие шалгах гаалийн скайнер буюу рентген тоног төхөөрөмж, зорчигчийн гар тээш шалгах скайнер гээд сүүлийн үеийн технологийг ашиглаж байгаа.Үүнийг төдийлөн зорчигчид мэддэггүйгээс болж “Хилээр аргалаад гарчихна” гэж бодох тохиолдол бий. Үүнээс нарийн нууцын зэрэглэлд хамаарагдах технологийг ч ашиглаж байна. Мөн мансууруулах бодис шалгах тусгай тестерүүд, эрэлч ноход, эрсдэлтэй зорчигчийн мэдээллийн санд тулгуурласан судалгаа зэргийг ашиглаж хилийн зөрчлийг илрүүлж байна.

-Аль боомт дээр илүү их хэрэг зөрчил гардаг вэ?

-Замын-Үүдийн авто замын боомтоор хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой зөрчил их гарах болсон. Сүүлийн хоёр жилд зорчигч тээврийн автобусаар зорчиж буй иргэд биедээ болон тээврийн хэрэгслийн зай хөндийд мөсний төрлийн бодис нууж хилээр нэвтрэхийг завдсан гурваас дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байдаг. Тухайлбал, 2016 оны арванхоёдугаар сард урд хөршөөс зорчиж ирсэн манай улсын иргэн С гэгч Бээжингийн зах дээрээс худалдаж авсан гэх компьютерийн процессор дотроо мансууруулах бодис нууж явж байгаад илэрч саатуулагдсан байдаг.

-Хилээр нэвтэрч буй зорчигчид хүний гуйлгын ачаа, тээш авснаас болж гэмт хэрэгт холбогддог гэсэн мэдээлэл бий?

-Хоёрдугаар сарын 26-нд Хонгконгоос ирсэн Монгол Улсын иргэн мөсний төрлийн бодис авч ирж байгаад саатуулагдсан байгаа. Одоо зөвхөн Хятадаас гэлтгүй Хонгконг руу зорчсон монголчууд энэ төрлийн зөрчил гаргах хандлага их байна. Учир нь монголчууд Хонгконгоос гар утас их хэмжээгээр оруулж ирэх болсон. Татвараас, гаалийн байцаалтаас зугатах зорилготой ч юм уу, наймаачид иргэдээс “Хоёр ширхэг утас, гурван ширхэг утас хилээр аваад орчих. Хилээр гарсан хойно чинь авчихъя” гэдэг ч юм уу ятгалга, гуйлга их байдаг. Үүнд нь зорчигчид өөрийнхөө ачаа тээшиндээ хийчихдэг. Гэтэл дотор нь магадгүй хар тамхины төрлийн мансууруулах бодис байхыг үгүйсгэхгүй юм. Тиймээс хүний ачаа, бараа, бэлэг дурсгалын зүйлст зорчигчдыг маш болгоомжтой хандаач ээ гэж хэлмээр байна. Түүнчлэн энэ үүднээс манай Гаалийн ерөнхий газраас хар тамхитай тэмцэх түүний хор уршгийг таниулах үүднээс хар тамхитай тэмцэх фэйсбүүк хуудас ажиллуулж байгаа. Ялангуяа өсвөр насныхан болон зорчигчдод мэдээлэл олгох зорилготой юм. Мөн Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл Гаалийн ерөнхий газар хар тамхитай тэмцэх тусгай алба байгуулж албан хаагчдаа мэргэшүүлэх тал дээр ажиллахаар бэлтгэж байна.

-Гадны иргэд манайд хар тамхины хэрэгт холбогдох тохиолдол байдаг уу?

-Ихэвчлэн манай улсын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог. Харин 2012 оны дөрөвдүгээр сард Филиппин улсын иргэн Филиппин-Энэтхэг улсын Дели- Өмнөд Солонгос улсын Сөүл-Улаанбаатар гэсэн маршрутаар зорчин ирэхдээ нийтдээ 5.4 кг хар тамхи чемодандаа нуусан байсныг илрүүлсэн байдаг. Бусад тохиолдолд хар тамхитай холбоотой зөрчил урд хөршөөс чиглэсэн байдаг. Ингэхдээ дандаа манай улсын иргэд байна.

-Манай улсын иргэд гадаадын улс оронд хар тамхитай холбоотой гэмт хэрэгт хэр холбогддог вэ?

-Манай улсын иргэд 2006 оноос хойших байдлаар БНХАУ-д 94, ОХУ-д тав, Казахстанд гурав, Германд нэг, Малайзад тав, Унгарт гурав, Бангладешт гурав, Грект нэг, Болгарт нэг, Словак улсад нэг нийт 117 хүн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан нэг иргэн тус тус шүүхээс ял шийтгэгдсэн байна. 2016 онд гадаадын улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт Монгол Улсын 18 иргэн саатуулагдан шалгагдсанаас БНХАУ-д 17 иргэн байна.

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ХАР МӨРТЭЙ БЭЛЭГ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд манай улсын нэгэн эмэгтэй ой гаруй насны хүүхдийн хамт “Буянт-Ухаа” боомтоор хил нэвтэрч орж ирсэн байна. Гаалийн хяналт шалгалтын үед тухайн эмэгтэйн хүүхдийн тэрэгний суудал дороос 45 гр мөс илэрчээ. Харин эмэгтэй мэдүүлэг өгөхдөө өөрөө хүүхдийн тэргээ угсраагүй болохоо хэлжээ. Учир нь ахынх нь найз нутаг буцахаас нь хоёр хоногийн өмнө хүүхдэд нь тэрэг бэлэглэсэн гэнэ. Мөн нэг гашуун түүх дурдъя. 2012 онд Бээжин рүү зорчихоор нэг охин явахад нь таньдаг хүн нь ачаа дайжээ. Тэрээр охинд “Эгч нь брэнд бараа авсан чинь охинд маань багадчихлаа. Чи аваад явчих.Хилээр гарангуут чинь манай танил тосоод авчихна” гэж хэлээд цүнхтэй зүйл өгч. Охин тухайн ачааг ч шалгаж үзэлгүй танилдаа итгээд орсон боловч Буянт-Ухаа боомтод хяналт, шалгалтын үеэр баригдсан байна. Гэтэл нөгөө брэндийн бараа гээд байсныг шалгаад үзэхэд нэг килограмм геройн гарч иржээ. Ингээд тус охин улсын хилээр хууль бусаар хар тамхи тээвэрлэсэн хэргээр эрүүгийн хэрэгт холбогдсон байдаг. Иймэрхүү санаандгүй байдлаас болж гэмт хэрэгт холбогдох тохиолдол их гарч байгааг Гаалийн ерөнхий газраас анхааруулж байна.


Categories
мэдээ цаг-үе

Хар тамхины эсрэг тэмцлийг “хар шилтэн”-үүдээс эхэлье

Хар тамхи байнга хэрэглэж мансуурч байгаа хүний тоо 76 мянгад хүрээд байгаа. Өнгөрсөн жил Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллага болон хар тамхи, мансуурлын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага хамтарч судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар нийт 76 мянга гаруй хүн хар тамхи хэрэглэж мансуурч байна. Үүний 60 гаруй мянга нь өсвөр насны хүүхдүүд болон 19-35 насны залуус байна гэх нарийвчилсан судалгааг гаргажээ. Хууль хяналтын байгууллага мансуурагчдыг хяналтаасаа алдаад олон жил болж байгааг холбогдох газрынхан хүлээн зөвшөөрдөг болсон. монголд хар тамхинд мансуурагчдын тоо 2005 оноос өмнө тэгтлээ их биш байсан. Анх урлагийнхан хар тамхи хэрэглэж, ар араасаа цагдаа нарт баригдах болсон. Мөн мансуурах нь хамгийн дээд мэдрэмж авдаг. Хамгийн гоё зүйл нь мансуурах гэх утга агуулсан дуу хийж, түүнийгээ олон нийтэд түгээх болсон. Тайзан дээр гарч ирээд л “Нүдээ аниад тэнгэрт нис. Хүчтэй сороод үз мансуурна, чи” гээд л дуулах болсон. Түүнчлэн олны хайр хүндлэлийг хүлээсэн дуучид хар тамхи хэрэглэж байгаа талаарх яриа 2000 оны дунд үеэс эхлэн урлагт анх хөл тавьж байгаа залуусын дунд гарч байсан. Сүүлдээ дуучдын хар тамхи хэрэглэж байгаа нь өсвөр насны сурагч, залууст хүрч эхэлсэн байдаг. Дуучид хар тамхи хэрэглэж эхэлснээс хойш монголын хүүхэд, залуус хэдэн мянгаараа хар тамхинд орж донтох болсон байдаг. Тэгвэл хар тамхины хэргээр сүүлийн гурван жилд хэдэн хүн шалгагдаж байгаа талаарх мэдээллийг хүргэе. 2014 онд нийт 61 хэрэгт 53 хүнийг холбогдуулан шалгасан бол 2015 онд 79 хэрэгт 168 хүнийг шалгасан байдаг. Тэгвэл өнгөрсөн 2016 онд 109 хэрэгт 224 хүн мансууруулах төрлийн гэмт хэрэгт шалгагдсан байх юм. Одоогоор 13 улсад манай улсын 114 иргэн гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээг Гадаад харилцааны яамнаас өгч байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд жүжигчин Б.Баатархүүгийн хүү Б.Хүслэн хар тамхи хэрэглэсэн үедээ 12 давхар байрнаас унаж амиа алдсан. Тэрээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас унаж амиа алдсан байдаг. Тус байр УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн гэр байсан бөгөөд хэрэг гарах үед байранд 11 залуу хоносон байдаг. Тэдний хоёроос бусад нь хар тамхи хэрэглэж мансуурсан болохыг Шүүх эмнэлгээс хийсэн шинжилгээгээр тогтоосон. Мөн залуусын байрласан гэрээс хар тамхи, тариур зэрэг эд зүйлс нэгжлэгийн үед олдсон билээ. Талийгаач Б.Хүслэн 22 настай, харин найзууд нь 21-28 насныхан. мөн дээрх хэргээс хэдэн сарын өмнө 18 настай залуу хар тамхи, мансууруулах бодис хэрэглэн амиа алдсан байдаг. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн бөгөөд эмчилгээ авалгүй байсаар амиа алдсан. Талийгаачтай хамт 18-22 насны хоёр залуу мансууруулах төрлийн бодис болох каннабисыг татаж, мансуурсан болохыг цагдаагийнхан тогтоосон. Талийгаачийг тун хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзсэн билээ. Энэ мэтчилэн хар тамхитай холбоотойгоор амиа алдсан залуусын хэргийг сөхөхөд дундаршгүй. Учир нь Эрүүгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах газарт хар тамхи байнгын хэрэглэдэг 17 мянга орчим хүн бүртгэлтэй байдаг аж.

ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ТӨРИЙН БОДЛОГО

Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 7-ны хуралдаанаараа “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хар тамхи, мансууруулах бодисын чиглэлээр ажиллах төрийн болон бусад байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах явдал юм. Мөн үндэсний хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагын энэ төрлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хар тамхитай тэмцэх хэлтсийг өргөтгөн Хар тамхитай тэмцэх газар болгосон билээ. Тэгвэл дээрх газар хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ICE буюу мөсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг дөрвөн бүлэг этгээдийг гуравдугаар сарын 13-26-ны хооронд илрүүлж баривчилсан байдаг. Тухайлбал, 50 настай эмэгтэй Б гэгч гуравдугаар сарын 17-нд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 200 гр орчим хар тамхи нэвтрүүлж, бусдад зарж борлуулж байхад нь 38 настай эрэгтэй А, 33 настай эрэгтэй Э мөн Г гэгч эмэгтэйн хамт саатуулсан.Мөн 35 настай эмэгтэй Х гэгч нь 2017 оны гуравдугаар сарын 23-нд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар 70 гр орчим хар тамхи нэвтрүүлсэн үйлдлийг “Буянт-Ухаа” боомтын Гаалийн албатай хамтран илрүүлсэн. 26 настай эрэгтэй Б, 26 настай эрэгтэй Э, 29 настай эрэгтэй А, 24 настай эрэгтэй А нар гуравдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 14 гр орчим хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлсэн. Түүнчлэн 37 настай эрэгтэй А, 24 настай эмэгтэй М нар нь гуравдугаар сарын 26-нд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар 45.41 гр хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг “Буянт-Ухаа” боомтын Гаалийн албатай хамтран илрүүлсэн байдаг. Мөн энэ сарын эхээр 37 настай эмэгтэй О, 37 настай эмэгтэй А нар нь 40 гр орчим хар тамхи, мансууруулах бодисыг 31 настай эмэгтэй М, 30 настай эмэгтэй М нарт зарж борлуулсан хэргийг тус тус илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.Ямартай ч дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр бодит үр дүнгээ өгнө гэдгийг албаныхан хэлж байна. Гэхдээ хар тамхины эсрэг ганцхан цагдаагийн байгууллага бус төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо маш чухал гэдгийг онцлон хэлж байгаа.

ХАР ТАМХИТАЙ ХОЛБОГДСОН УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛЪЁ

Монголын рок попынхон 2006 оноос хар тамхитай холбогдох болсон. Ингэхдээ “Ice Top” хамтлагаас эхлэлтэй гэж үздэг. Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр “Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайжаргал нар хар тамхитай холбогдож шүүхээс ял сонссон. Тэд өмнө нь ял эдэлж байсан түүхтэй. Ш.Батбаяр 1998 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар буюу садар самууныг сурталчилсан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр гурван жилийн ял сонсч байсан юм. Шүүх түүнд оноосон ялыг тэнсэн харгалзаж, ялтай хугацаа 2001 онд дуусч байсан билээ. Дараа нь 2013 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар олж авсан, хадгалсан хэргээр шалгагдаж, цагдан хоригдсон. Ингэж хоригдож байхдаа буюу 2013 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байдаг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөг санаатайгаар галдан шатаасан хэрэгт холбогдсон. Тухайн үед түүний ойрын хүмүүс “Бааварыг гаднаас нь галдан шатаасан” талаар мэдээлэл хийж байсан ч өөрөө гал тавьсан болох нь тогтоогдож ял сонссон боловч давж заалдах шатны шүүх түүнийг цагаатгасан. Гэвч түүнээс хойш нэг их удалгүй Чойрт тоглолтоор явах үедээ “Ice top” хамтлагийн гишүүдтэй хамт цагдаагийнханд баривчлагдсан байдаг. Баривчлагдах үедээ цагдаагийн албан хаагчийн биед халдаж шүүхээс дахин ял сонссон. Шүүх хуралдааны үеэр тэрбээр “Би урлагт зүтгэж, олон залууст үлгэр дуурайл болж байгаа. Намайг зохион байгуулалттайгаар яллаж байна” гэж мэдүүлсэн байдаг. Харамсалтай нь түүний үлгэр дуурайл өсвөр насныхныг хар тамхи, гэмт хэрэгт уруу татах магадлал өндөр гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж, ард түмэн шүүмжлэх болсон.Мөн “Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайбаатар танхайн хэргээр гурван жилийн тэнсэн харгалзах ял шүүхээс сонсож байжээ. Гэтэл тэрээр тэнсэн ялтай байхдаа мансууруулах бодис хэрэглэжээ. Тодруулбал, Чойрт тоглолттой явах үеэр түүний машинаас “Ice” буюу мөсний төрлийн мансууруулах бодис олдсон байдаг. Мөн шээсний шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэдэг. Тиймээс Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар ял оноож, өмнөх тэнсэн харгалзах ялтай нь нэгтгэн 3.6 жил хорих ял оноосон байдаг. Мөн “Making the band 2” реалити шоунаас төрсөн охидын “Extacy” хамтлагийн нэг гишүүн хар тамхины хэрэгт холбогдсон. Тэрээр хар тамхи татсан бөгөөд мөрдөн байцаагчид “Манай хамтлагийн нэр угаасаа хар тамхины нэр. Мэдээллийг хаанаас бол хаанаас олж авч болж байна” хэмээн мэдүүлсэн гэх боловч хэргийг нөлөө бүхий эрхмийн хүсэлтээр тухайн үед хаасан гэдэг. Мөн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байсан. Гэвч түүнд хожим Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдэг олгосон. “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн мөн л хар тамхи хэрэглэсэн, бусдад дамжуулсан хэрэгт холбогдож нэг хэсэгтээ шуугиан тарьсан. Мөн Дижи Өөжий буюу Б.Ганболд гэх залуу Монгол Улсын хилээр удаа дараа хар тамхи оруулж ирсэн болох нь тухайн үед нотлогдож байсан удаатай.

Ер нь “Ice Top”, “Guys”, “А-Сареllа” зэрэг тухайн үедээ “од” болж байсан хамтлагууд хар тамхитай холбогдож байсан нь түүх болон үлдсэн байдаг. Тэд Монголын олон мянган залуусыг хар тамхи хэрэглэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн. Дууг нь сонсдог, шүтэн биширдэг дуучин, хамтлагийнхан хар тамхи хэрэглээд эхлэхээр тэднийг даган дуурайх болсон. Монголын нийгэмд бидний хойч ирээдүй болсон хүүхэд залуусын амьдралд хар толбо авчирсан дуучид өнөөдрийг хүртэл огт хариуцлага хүлээгээгүй. Харин тэд өдгөө ч уран бүтээл хийсээр байна. Нийгэмд үлгэр дуурайл үзүүлэх урлагийнхныг хар тамхитай холбогдсоных нь төлөө хариуцлага тооцдог байвал яасан юм бэ. Энэ талаар Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал Ш.Лхагвасүрэн “Монголын маш олон хүүхэд, залуус олны танил хүмүүсийн үлгэр дуурайлаас болж мансууруулах төрлийн бодис хэрэглэж эхэлсэн” гэж хариулсан байна лээ. Тэгэхээр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт орсон олны танил дуучид одоо мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар хүүхэд, залууст сурталчилгаа хиймээр байна. Тэд нийгэмд маш хортой зүйл хийж, хүүхэд, залуусыг уруу татаж оруулсныхаа төлөө олон нийтийн өмнө гарч ирээд “Хар тамхи битгий хэрэглэ, хүмүүс ээ” гэж хэлэх цаг нь болсон” хэмээн саяхан дуугарсан. Гэтэл манайд хар тамхи хэрэглэдэг байсан эсэх нь хамаагүй харин ч уран бүтээлийг нь хийлгэж, шагнаж урамшуулж, өөгшүүлсээр байна. Товчхондоо хар тамхиныхаа мөнгийг олоход дэмжиж байгаа. Үнэндээ телевизээр гэгээн цагаан өдрөөр тас хар шил зүүсэн урлагийн тодотголтой нөхдүүд таахалзаж ирээд л ярьдаг.Тэд хар тамхи хэрэглэдэг болоод магадгүй шил зүүж байж мэдэх юм. Учир нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд хамгийн түрүүнд нүдэнд буюу хүүхэн хараанд өөрчлөлт өгдөг байна. Үүний дараа нь сэтгэцэд нөлөөлнө. Улмаар бие нь хамааралд орж уналт таталт өгч эхэлдэг бөгөөд эцэстээ эрүүл нэг ч эрхтэнгүй болдог талаар мэргэжлийнхэн онцолсон. Тэгвэл хар шилтэй урлагийн нөхдүүд маань мансуурсан, улайж, талимаарсан, гөлийсөн харцаа үзэгчдээс нуух гэж дээрх аргаа хэрэглэдэг юм болов уу гэх хар төрөх. Ямартай ч хар тамхитай холбогдсон урлагийнхныг тайзан дээр гарахыг хориглох нь хүний эрхийг зөрчих гээд байгаа тул энэ төрлийн хариуцлага тавьж чаддаггүй гэдгийг хууль, хяналтынхан хэлээд байгаа. Хэрвээ тийм юм бол хар тамхитай холбогдсон уран бүтээлчийг урьж, залсан, тоглолт зохион байгуулсан байгууллагад нь хариуцлага тооцдог болъё. Хүүхэд залуусыг анх хар тамхинд уруу татсан дуучид, хамтлагуудаас эхэлж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй юм. Эх үндсээс нь эхэлж хар тамхитай тэмцэж чадвал олон мянган хүүхэд залуусын ирээдүйд гэрэл гэгээ өгөх юм. Хар тамхи хэрэглэж ял шийтгэл авсан дуучдыг тайзан дээр гаргахгүй, уран бүтээл хийх эрхгүй болгох хэрэгтэй юм. Нийгэм даяар хар тамхи хэрэглэсэн бол олны танил байсан ч гэсэн хэн ч биш болдог юм гэдгийг ойлгуулах нь гол юм.


Categories
мэдээ цаг-үе

Драмын театрын залуу гэр бүл

Гэгээн дарь эхийн сүм гэгддэг драмын театрт Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр болон Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарын хоёр сайхан гэр бүл бий. Тэгвэл драмын театрын тайзнаа гурав дахь гэр бүл гал голомтоо бадраагаад байна. Драмаар овоглосон шинэ айл бол залуу жүжигчин Г.Алтангэрэлийнх. Түүний гэргий залуу жүжигчин Г.Номуун. Г.Алтангэрэлийг “Зангараг”, “Ану хатан”, “Аав” зэрэг киногоор нь үзэгчид андахгүй биз ээ. Харин гэргий Г.Номуун өнгөрсөн жил ганц хүний жүжгээр “Гэгээн Муза”-гийн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртэж байсан бөгөөд “Ромео Жульетта” жүжгийн Жульетта гэдгээр нь үзэгчид мэдэх байх. Ингээд энэ удаагийн “Танайд өнжье” булангийнхаа зочидтой уулзахаар Улсын драмын эрдмийн театрыг зорилоо. Театрын үүдээр ормогц дээл өмсч, монгол гутал жийсэн залуу жүжигчид хүнгэнэсэн дуугаар амандаа текст уншиж зөрнө. Харин тайзнаас орчин цагийн Ромео гэгддэг залуу жүжигчин Б.Шинэбаяр гар утсаа барьсаар яаран гүйж гарч ирэв. Тэрээр шатны хажууд очиж “Байна уу. Хайрт минь…” гэж утсаар ярих нь тод сонсогдов. Хэсэг чимээгүй цаад хүнийхээ яриаг сонссоноо шатны бариул тас атгаж нулимсаа тэсч ядан гаргаж мэгших нь харагдав.Ахин утсаа шүүрч “Бие нь яаж байна. Чамдаа хайртай шүү” гэж хэлээд утсаа салгав. Юу тохиолдсоныг нь мэдэхгүй ч хэрэгт дурлаж хэсэг түүнийг харж зогслоо. Жүжигчин залуу орос бакал холхигнуулан өмссөн агаад хонгилоор пар пар хийтэл чимээ гарган алхаж басхүү хоёр тийш хана цохин үсрэх.

Харин царайд нь ялимгүй инээмсэглэл тодорно. Энэ зуур жүжигчид өрөөнөөсөө цуварч гарч ирэн “За яасан төрчихсөн үү” гэж асуухад “Тэглээ” гээд нулимсаа арчив. Жүжигчид дуу дуугаа авалцан Б.Шинэбаярыг тэвэрч “За аав болсонд баяр хүргэе” гэсээр ард хоцров. Дашрамд дуулгахад энэ цагийн Ромео бүл нэмж шинэ хүнтэй болсон баярт мэдээг уншигч та бүхэндээ дуулгахад таатай байна. Ингээд бид түүнд баяр хүргэх олны дундаас “Танайд өнжье” булангийнхаа зочдыг олж уулзаад өрөө рүү нь алхав. Жүжигчин Алтангэрэл, Номуун нар драмын театрт ид мандаж яваа залуу жүжигчдийн төлөөлөл. Тэд нэг хүүтэй. Уран бүтээлдээ ч, амьдрал дээр ч өөрсдийн гэсэн бүхний эхлэлийг тарьж ургуулж яваа залус юм. Биднийг очих үеэр Их Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн түүхэн эмгэнэлт “Жаргаагүй нар” жүжиг мөн “Царцаа намжил” жүжгийн сургуулилт явагдаж байв. Жүжигчин Шинэбаярыг аав болсон гээд найруулагч уран бүтээлчдэд арван минутын завсарлага өглөө. Энэ хооронд бид танилцаж, уран бүтээлийн яриа өрнүүлэв. Жүжигчин Алтангэрэлийн аавыг Ганболд, ээжийг Амарбаясгалан гэдэг. Түүний аавыг хөгжмийн зохиолч Түзэлийн Ганболд гэдгээр нь ард түмэн андахгүй биз ээ. Алтангэрэл эхээс гурвуулаа. Аавынхаа зам мөрийг дагаж урлагийн мөр хөөсөн нь Алтангэрэл гэнэ. Тэрээр “Би аав, ээжээ дагавал Баянхонгор аймгийн уугуул. Удам угсаагаа хөөвөл Архангай аймгийн хүн. Манай өвөг, дээдэс хэлмэгдүүлэлтийн үеэр Архангай аймагт нутаглаж байсан гэдэг. Аав, ээж маань Орост сурахаар явахдаа намайг хөдөө эмээ, өвөө рүү “цөлсөн”. Намайг багадаа төмөр орны хөлөөс уяатай өнждөг хүү байсан гэж эмээ ярьдаг.Хоёр хөгшинд багын элэгтэй болохоор сургуулийн амралт эхлэнгүүт л хотын хүүхдүүд шиг зуслан гэж ярихын оронд хөдөө өвөөгийндөө очдог байлаа. Бас болоогүй ээ, айл саахалтын хөвгүүд дунд эмнэг сургадгаараа дээгүүрт бичигддэг байлаа ш дээ” хэмээн хүүхэд ахуй насаа дурсав. Тэрээр нийслэлийн Эрдмийн ундраа цогцолборыг төгссөн бөгөөд 2007 онд СУИС-д шалгалт өгч Б.Мөнхдорж багшийн удирдлага дор жүжигчний ангид оржээ. Түүнийг төгсөх жил Улсын драмын эрдмийн театрт “Тэнгэрийн хүү” жүжиг тайзнаа тавигдаж дөнгөж төгсөж буй оюутанд арван баатрын нэгд тоглох завшаан олджээ. Хэдий олны хэсгийн дүр ч уран бүтээлийн хамгийн том ордны үүд хаалгыг нээж өгсөн болохоор их олзуурхдаг гэнэ. Энэ тухайгаа Алтангэрэл “Намайг төгсөх жил театрын 80 жилийн ой тохиож “Тэнгэрийн хүү” жүжгийг тайзнаа тавьсан юм. Тус жүжигт аравтын баатруудын нэгэнд тоглосон. Баатрууд зэрэг дуугаар “Хүн, хүн, хүн” гэж ухайлдаг хэсэг байдаг. Гурван удаа энэ үгийг хэлдэг. Олуулаа хэлэхээр их сүрлэг сонсогдоно. Гэтэл нэг тоглолт дээр би ганцаархнаа нөгөө хэдээсээ зөрөөд орилчихсон.Их л сонин сонсогдсон байх. Тайзан дээрх жүжигчид шоолж инээж буй нь мэдэгдээд, би ч их эвгүй байдалд орж байсан юм. Би тэр жилдээ театрын дэргэдэх студид дагалдан жүжигчнээр орж хоёр жил ажилласан. Тухайн үед таван жүжигчин байсан. Баярмаа, Дөлгөөн-Аюуш, Баяржавхлан, Цэнгэлжаргал бид тав байсан.Бид “Солиотой” жүжгээр шалгалтаа өгч үндсэн жүжигчнээр орсон” хэмээн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаад амжив. Хэн нэгэн хаалга их хүчтэй татаж “Тайзан дээр гарах цаг чинь боллоо” гэв. Алтангэрэл ч яаран сандран гарч одлоо. Харин гэргий Номуун бид хоёрын яриа цааш үргэлжлэх. Номууны хувьд нөхрийгөө бодвол арай хожуу театрын гэр бүлд багтжээ. Номууны аав Гантөмөр Сэлэнгэ аймгийн харьяат бол ээж нь Төв аймгийн харьяат аж. Тэрээр нийслэлийн 31 дүгээр сургуулийг төгссөн байна. Төгссөн жилээ л багаас мөрөөдөж ирсэн жүжигчний мэргэжлээр СУИС-д шалгалт өгсөн хэдий ч тэнцээгүй байна. Гэвч тэрээр жүжигчин болох хүсэл, мөрөөдлөөсөө няцахгүй дараа жил нь дахин шалгалт өгч. Хоёр дахь оролдлого нь бүтэлгүйтсэнгүй. Тэрбээр хүссэн ангидаа орж чаджээ. Бүр хүндэлж явдаг Л.Дэмидбаатар, Л.Чаминчулуун багшийн ангид орсондоо их баярласан гэдэг. Номуун “Би сургуулиа төгсөөд “Эмоци продакшнд найман сар ажиллаад театрын босгыг алхсан. Гэхдээ нөхөр бид хоёр бусдын л адил хоёр жил дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад шалгалт өгч тэнцээд жинхэлсэн” гэв. Энэ зуур хаалга тогшив. Нэгэн эмэгтэй “За миний охин дажгүй юу. Хүү тайз руу гарчихав уу” гэсээр орж ирэв. Энэ эмэгтэй Номууны ээж Байгалмаа аж. Байгалмаа театрын эмэгтэй жүжигчдийн хувцасны эрхлэгч юм байна. Тиймээс Номуун ухаан орохын л энэ театрт ээжийгээ дагаж ирдэг байж. Тэрээр “Хүүхэд байхдаа үзсэн жүжгийнхээ дүрд одоо өөрөө тоглоод явж байна гэж бодохоор их сайхан мэдрэмж төрдөг. Миний мөрөөдөл театрын жүжигчин болох. Энэ мөрөөдөл минь биеллээ олсонд маш их баяртай байдаг” хэмээн ярив.

АНХНЫ ҮНСЭЛТ

Цаг мөч бүр театрын тайзнаа ажиллаж, амьдарч буй хосуудад нэгнийгээ хардахаас эхлээд хүнд хэцүү зүйл бишгүй л байдаг болов уу. Наад зах нь жүжигт өөр хэн нэгэнтэй үнсэлцэх ч юм уу, гэж сониучирхан асуухад Алтангэрэл “Бид уран бүтээлч. Тиймээс учиргүй хардаж сэрдээд байх зүйлгүй.Гэхдээ “Ромео Жульетта” жүжигт эхнэр маань Шинээтэй үнсэлцэхийг хажуунаас нь хараад зогсч байхад их сонин мэдрэмж төрдөг. Бидний анхны үнсэлт санаанд ордог.Бас болоогүй ээ, эхнэрийгээ хөлөө жаахан өргөвөл гоё харагдана даа гэж бодох үе бий шүү” хэмээн наргив. Хоёулаа хамт ажилладаг болохоор уран бүтээлийн алдаа оноогоо дэнслээд явахад их амар гэнэ. Басхүү өөрсдийн багш нараасаа үлгэр дуурайл авна. Алтангэрэл “Залуу жүжигчид багшдаа хадаг тавьж багш, шавийн барилдлага тавьдаг байсан. Харин энэ жаяг хэсэг мартагдаад яг намайг театрт орох үед эргэж сэргэсэн. Би Цэрэндагва багшдаа хадаг барьж багш шавийн барилдлага тавьсан. Харин манай хүн Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь эгчийн шавь. Ер нь багштай байна гэдэг их аз шүү” гэв.Харин амьдралын үлгэр дуурайлыг Ардын жүжигчин Цэрэндагва, Мэндбаяр гуай нараас авдаг гэнэ. Хосууд “Дагва ах, Мэндээ эгч хоёр их сайхан хосууд. Залуус бидний хувьд жинхэнэ үлгэр дуурайл санагддаг. Тэд гэрээ ч, театрыг ч их гоё гэгээлэг гэрэлтүүлж чаддаг. Бид яг л тэдэн шиг гэр бүл болохыг хичээдэг” хэмээн хэлэв.

ҮЗЭГЧДИЙН ӨМНӨ ЭХНЭРТЭЭ ГЭРЛЭХ САНАЛ ТАВЬЖЭЭ

Ингээд жүжигчдийн нэг өдрийн сургуулилт дуусч тэдэнтэй хамт гэрийнх нь зүг хөдлөв. Залуус харих замдаа дурлалын түүхээсээ хуваалцав. Алтангэрэлийн аав хөгжмийн зохиолч учир тэдний гэрээр тухайн үед О.Дашбалбар, Т.Галсан, Бирваа гуай зэрэг алдар нэртэй хүмүүсийн хөл тасардаггүй байж. Аав нь шинэ ая бичихээрээ хүүдээ сонсгож хоёул гэртээ хөгжмийн аянд хөгжилдөн бүждэг байсан нь одоо хэр санаанаас нь гардаггүй аж. Хүүхэд ахуйн хамгийн нандин мөч хэмээн жүжигчин залуу ярих. Тиймдээ ч дуучин болно хэмээн боддог байж. Наймдугаар анги төгсөх жил нь аав нь түүнд жүжигчин болбол зүгээр гэж зөвлөжээ. Хүү ч аавынхаа зөвлөсний дагуу СУИС-д шалгалт өгч тэнцсэн байна. Харин түүнийг дөрөвдүгээр курст орох жил Г.Номуун оюутан болж орж иржээ. Нэгдүгээр курсийн оюутанд харц, сэтгэл алдарсан залуу дурлалынхаа төлөө их ч явсан гэнэ. Тэднийг оюутан байхад телевизийн олон ангит хилийн цэргийн тухай өгүүлэх “Босго тотго” киноны зураг авалт явжээ. Залуу жүжигчид нэг нь османы дүрд тоглож нөгөө нь цэргийн албан хаагчийн эхнэр Янжинлхамын дүрд тоглосон байна. “Энэ кино л биднийг бие биедээ дотносох боломжийг олгосон доо” хэмээн хоёр биен рүүгээ инээмсэглэн харах аж. Тэгсэн Номуун “Манай хүн анх надад гэрлэх санал тавихдаа хэзээ ч мартагдахааргүй гэнэтийн бэлэг барьсан. Тэр өдрийг би хэзээ мартдаггүй” гэв. Харин Алтангэрэл “Би “Хэлж амжаагүй хайр” жүжгийг тайзнаа тоглох үеэр найруулагч, уран бүтээлччидтэй хуйвалдсан юм. Тэгээд жүжгийн төгсгөлд оюутнууд гар гараасаа барилцаад амьдралын их зам руу хамтдаа гээд хэлдэг яг тэр үед манай хүн ганцаараа тайзан дээр үлдэхэд нь би эхнэртээ гэрлэх санал тавьж бөгж бэлэглэсэн. Үзэгчид шуугилдаад эхнэр маань ч их баярласан. Бидний амьдралын хамгийн анхны дурсамжтай өдөр тэр байсан” гэв.

“БИД ӨӨРСДИЙНХӨӨ ТҮҮХИЙГ ДӨНГӨЖ БИЧИЖ ЭХЭЛЖ БАЙНА”

Уран бүтээлч гэр бүлийн хувьд бүхий л цаг мөчид хамтдаа байдаг хэдий ч ар гэрийн амьдрал орхигдох гээд байдаг тухай гэрийн эзэгтэй Номуун ярьсаар гэртээ ортол өөдөөс нь хүү нь бөөн хөл хөөр болсоор гүйж ирэв. Нүдээ гараараа дарж ээж, аавдаа эрхлэн тоглоно. Хүү өдгөө хоёр ой хүрч байгаа аж. Хүүг өвөө, эмээ нар нь нүүрний хувирал сайтай жүжигчин болно хэмээн өхөөрддөг байна. Гэрийн эзэгтэй хөргөгчнөөс хөлдөөж бэлдсэн бууз гаргаж харагдав. Тэрээр “Бид хоёр амралтын өдөр бууз, банш чимхээд хөлдөөчихдөг.Ажлын өдрүүдэд гэртээ хоол хийж амжихгүй бол бэлдсэн буузаа жигнэнэ, ажилдаа авч явна. Харин завтай үедээ сайхан жигнэсэн гурилтай шөл хийнэ. Нөхөр маань их дуртай. Бас эрчүүд болсон хойно цуйванд нугасгүй. Завтай үедээ аль болох нөхрийнхөө захиалсан хоолыг хийнэ. Харин ажил ихтэй бол цаг бага зарцуулдгаар нь будаатай хуурга хийчихдэг юм” хэмэн инээмсэглэнгээ “Аав ээж нар аль болох шөлтэй устай хоол ид. Дандаа хуурч хайрсан хоол идээд байвал ходоод муутай болно гэдэг юм. Даанч тэр болгонд даалгаврыг нь биелүүлэхгүй юм даа” гэв. Хосууд байрандаа нүүж ирээд удаагүй байгаа бололтой. “Хараахан төвхнөж амжаагүй л байна” хэмээн санаа зовнингуй хэлэв. Харин уран бүтээлийн үеэр тайзнаа авахуулсан зураг хананд хэд хэд өлгөөтэй харагдах. Гэрийн эзэн чөлөөт цагаараа нум сум харвах, сагс тоглох дуртай бололтой спортын хэрэгсэл харагдав. Харин эзэгтэй зураг зурах хоббитой юм байна. Гэрийн эзэн Алтангэрэл “Бид залуу гэр бүлийн жишгээр л явж байна. Өөрсдийнхөө түүхийг бичээд явж байна. Бид хоёрын амьдрал маш сайхан эхлээд үргэлжилж байна. Дагва ах, Мэндээ эгч хоёр шигээ залуу үедээ үлгэр дуурайл болсон айл болно гэж боддог. Хамгийн гол нь эрүүл саруул, элэг бүтэн байх нь чухал. Энэ бүхний ард бидний эцэг эх, хамаатан садан яг л асаалттай арван танк гэдэг шиг тусалж дэмжиж байна. Мөн уран бүтээлийн ах, эгч нар найз нөхөд маань байна” гэсэн юм.

АМЬДРАЛ ДЭЭРХ ХОСУУДЫН УРАН БҮТЭЭЛ ДЭХ ХАМГИЙН АНХНЫ ХОСЫН ДҮР

Уран бүтээлд тоглосон зургийн цомгоо үзэх зуур хосууд хоёулаа нэг театрт ажилладаг уран бүтээлч гэдэг утгаараа дотроо нэгэн зүйлийг битүүхэн хүсч явдаг тухайгаа ярив. Энэ нь хамтдаа дурлалт хосын дүрд тоглох. Гэхдээ хүслээ биелүүлнэ гээд хамаагүй уран бүтээлд тоглохыг хүсдэггүй гэнэ. Өөрсдийн гэсэн уран бүтээлийн цензур тэдэнд бий. Хосуудын дүрд тоглох кино уран бүтээлийн санал мэр сэр ирдэг ч уран бүтээл дэх анхны хосын дүрээ их сайхан, бусдад үлгэр дуурайл болох тийм дүр байгаасай гэж хүсдэг байна. Ялангуяа түүхэн хаан, хатны дүрд тоглох бодолтой гэнэ. Харин саяхан “Царцаа намжил” хүүхдийн жүжигт буга, согоо хоёрын дүрд тогложээ. Тэд “Бид хоёрын уран бүтээл дэх хамгийн анхны хосын дүр гэх үү дээ” гэж хошигноод авав. Хүүхдийн уран бүтээлийн санг арвижуулах зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч хамт олон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хүүхдэд зориулсан уран бүтээлийн төслийн уралдаан явуулсан бөгөөд үүнд Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг тэргүүлсэн учир ийн тайзнаа амилуулаад байгаа аж. Тэд жүжигчин хүний дүрд тоглох шунал барагдахгүй байх л даа. Уран бүтээлч хүний сэтгэл нь байнга “өлөн” явж байдаг хэмээн инээлдэв. Уран бүтээлийн тухайд гэвэл Номуун өнгөрсөн жил моно жүжгийн төрөлд “Гэгээн муза” хүртсэн билээ. Түүний хэлснээр бол ганц хүний жүжгийн давуу тал нь жүжигчин өөрийгөө задалж, өөртэйгөө ажиллаж сурахад маш онцлогтой гэнэ. Тиймээс ганц хүний жүжгийн төрлөөр цаашдаа уран бүтээлд тоглох төлөвлөгөөтэй байгаа бололтой. Мөн театрын хуваарийн дагуу энэ сарын 21-23-ны хооронд Дорнод аймагт, 27-нд Эрдэнэт, Дарханд тоглогдох “Жаргаагүй нар”, “Царцаа Намжил” зэрэг уран бүтээлд тоглохоор бэлтгэл сургуулилт хийж байгаа аж.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хэрэглэгчдэдээ дуулгалгүй төлбөрөө нэмдэг “Юнивишн”-тэй хариуцлага тооцъё

“Юнивишн” үйлчилгээний төлбөрөө өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс нэмсэн байгаа. Гэвч үйлчилгээний төлбөрөө нэмснийг иргэд саяхнаас мэдэж гомдол гаргах болжээ. Тодруулбал, “Юнивишн”-ий багцууд үйлчилгээнээсээ хамаараад 29900, 39900, 54900, 89900 гэсэн үнэтэй байсан.

Тэгвэл 29900-гийн багц 33900, 39900-гийн багц 43000, 54900-гийн багц 58000, 89900-гийн багц 93000 төгрөг болж нэмэгджээ. Ийн үнээ нэмсэн нь хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлэх болжээ. Хамгийн гол нь хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр нэмлээ хэмээн бухимдаж байна. Харин “Юнивишн” тодорхой сонин хэвлэл, өөрийн боломжит сүлжээгээ ашиглан мэдэгдэл гаргасан гээд байгаа. Үүнээс болж олон мянган хэрэглэгч “Юнивишн”-ий 77118811 дугаарт зогсоо зайгүй гомдол гаргаж байгаа бололтой. Манайд ирүүлсэн гомдлын дагуу зарим хэрэглэгчдээс тодруулга авлаа.

ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛЪЯ ГЭЭД ЗАРГАЛДАХААР “ХОЁР САР ХЭРЭГЛЭЭД ҮЗ. БИД ХУУЧИН ҮНЭЭР НЬ ТӨЛБӨРИЙГ ТАНЬ ТООЦЪЁ” ГЭЖЭЭ

Баянгол дүүргийн хэрэглэгч Э:

-Танайх “Юнивишн”-ээс хэдэн төгрөгийн ямар үйлчилгээ авдаг вэ. Төлбөр хэдэн төгрөгөөр нэмэгдсэн гэлээ?

-Манайх хамгийн бага буюу 29900 төгрөгийн төлбөртэй багц сонгож тавиулсан. Гэтэл 33900 орчим болж нэмэгдсэн байсан. Би лавлах дугаар руу нь залгаж яагаад үнээ нэмсэн талаар асуухад гадаад спортын хэдэн суваг нэмэгдсэн гэж тайлбарласан. Манайх өдөржин зурагт үзээд суудаг айл биш. Орой ажлаасаа тарж ирээд хэдэн суваг гүйлгэж мэдээ үзээд л унтдаг. Тэр спортын сувгуудыг сонирхдог ч үгүй. Гэтэл биднээс асууж, санал хүсэлт авах ч үгүйгээр төлбөрөө 4000 төгрөгөөр нэмчихэж байгаа юм. Ингэж шахаж үйлчилгээ үзүүлдэг байж болох уу.

-Хэрэглэгчдэд мэдэгдсэн гэсэн?

-Би лав мэдээгүй. Би ганцхан мэдээгүй юм болов уу гэхэд хажуу хөршүүд ч мэдээгүй бухимдалтай байна лээ. Тэр мэдэгдлээ чухам яаж мэдээлснийг мэдэхгүй. Өөрийн цахим хуудсандаа тавьсан гэсэн. Өдөржин ажилтай хүн тэр цахим хуудсыг нь ухаад сууж байх уу. Интернэтэд ороод байдаггүй хөгшин биднийг орж үзээгүй бол хохь нь гэж байгаа юм уу тэгээд. Хэрвээ үнээ нэмэхээр бол хүн их уншиж үздэг сонин, телевизээр цацах хэрэгтэй шүү дээ. Хэн ч мэдэхгүй, хэдхэн уншигчидтай сониноор шүлс шиг юм гаргачихаад биднийг та нар уншихгүй яасан юм гээд загнаад байж болохгүй биз дээ.

-Санал, гомдлоо хэлж “Юнивишн”-д хандсан уу?

-Хандалгүй яахав. “Танайх яагаад үнээ нэмж байгаа юм. Интернэтийн хурд муу. Заримдаа ганц кино үзье гэхээр дуу дүрс дулимаг гацчихдаг. Ийм үйлчилгээ муутай байж үнээ нэмлээ.Танайхтай хийсэн гэрээгээ яг одоо цуцалъя. Ирж төхөөрөмжөө салга” гэсэн.

-Тэгэхээр юу гэх юм?

-Цаашаа хэд хэдэн хүнтэй холбоод нөгөөдүүл нь уучлаарай суваг нэмэгдсэн, шинэчлэл хийсэн. Та манайхыг дахиад хоёр сар хэрэглээд үз л дээ. Бид хуучин үнээр нь төлбөрийг тань тооцъё” гэж хэлсэн. Хэл ам хийгээд заргалдаад яваад байхаар үнээ буцаагаад хасчихаж байгаа юм. Хэрвээ хэл ам хийхгүй бол чимээгүй л яваад байх нь байна шүү дээ. Ийм хулгайч зантай байж болох уу. Бид талхныхаа мөнгийг олох гэж өдөржин ажиллаж байхад ганц, хоёр цаг зурагт үзсэнийхээ төлөө гурав, дөрвөн талхны мөнгө төлөх шударга гэж үү.

БАЯР ИХТЭЙ САРД ХҮМҮҮСИЙН АНХААРАЛ СУЛ БАЙДЛЫГ АШИГЛААД ҮНЭЭ СЭМХЭН НЭМСЭН ГЭВ

Хан-Уул дүүргийн иргэн Я:

-Та “Юнивишн”-тэй хийсэн гэрээгээ цуцлах гэж байгаа гэсэн. Яагаад?

-“Юнивишн”-ийг анх гарч ирэхэд л манайх хэрэглэгч болсон. Одоо бол залхаж байна. Интернэтийн хурд удаан, ямарваа асуудал гарлаа гэхэд араасаа нэхэл дагуул болж байж шийдэж өгнө. Гэтэл сая үнээ нэмчихлээ. Энэ бүхний араас хөөцөлдөхөөс бүр залхаж байна. Бидэнд “Юнивишн”-ийг сонгохгүй байх эрх бий.

-Таны төлбөр хэд болж нэмэгдсэн бэ?

-39900 төгрөг байсан бол 43000 төгрөг болж нэмэгдсэн. Ер нь багц болгон нь шинэчлэгдээд нэмэгдсэн гэсэн. Эдийн засгийн хямрал гээд айл бүр халаасан дахь мөнгөө бодолцож хэрэглээний төлбөрөө тооцоолдог. Сард утас, байр, хоол, зурагт, интернэтийн мөнгөө яг тооцоолж хуваарилсан байдаг. Би лав тэгдэг.Гэтэл тооцоолсноос мянга ч мянгадахгүй илүү гараад явчихаар бас л хэцүү ш дээ. Анх гарч ирэхдээ суваг ухрааж, нөхөх, интернэт үнэгүй зэрэг сайхан юм яриад гэрээ хийсэн. Харин суваг ухрааж, нөхөж үзэх үйлчилгээ үнэгүй байсан чинь 1500 төгрөг болгосон. Тэгсэн хэрнээ “Авьяаслаг монголчууд” гэдэг ч юм уу, сонирхолтой шоу нэвтрүүлэг гараад ирэхээр ухрааж, нөхөж үзэх боломжгүй болчихдог. Гэрээний дагуу хэрэглэгчдээ хүндэтгэж, санал гомдлыг нь асууж аливаа шинэ үйлчилгээг эхлүүлдэг. Ийм байдлаар үнээ нэмдэг байх ёстой. Манайхан бол сайхан амлаж гарч ирээд овоо хүн сонирхоод ирэхээр одоо эд нар хүссэн, хүсээгүй төлнө гэсэн байдалтай бага багаар үнээ нэмж, хэрэглэгчдийнхээ халааснаас хумслаад сурчихсан. Ялангуяа өнгөрсөн гуравдугаар сард баяр ихтэй байсан. Хүмүүсийн анхаарал сул байдлыг ашиглаад үнээ сэмхэн нэмж байгаа байхгүй юу. Тэгээд сарын эхээр. Дараа сарын эхэнд төлбөрөө төлдөг болохоор тэр болгон хүмүүс мэдээгүй байгаа юм.

Хэрэглэгчдийн дийлэнх нь иймэрхүү гомдол гаргаж байгаа аж. Харин “Юнивишн” чухам юунаас болж төлбөрөө нэмэв. Тус газраас үнээ нэмсэн шалтгаан нь “Шинэчлэлийн давалгаа” нэртэйгээр 25 суваг нэмэгдсэн, хуучин 50 гаруй сувгийг ухрааж үзэх боломжтой байсан бол энэ тоо 100 гаруй болсон, спортын SPS сувгийн багц нэмэгдсэн. Ердөө л энэ.Нэмэгдсэн сувгууд ихэнхдээ гадаадын спортын сувгууд гэнэ. Хүмүүс дэлгүүрт цамц авахаар орлоо гэж бодъё. Худалдагч танаас “Та улаан, шар, хар өнгөний сонголтоос алийг нь сонирхож байна” гэж наад зах нь асуудаг биз дээ. Ядаж л дээрх өнгөнүүдэд дургүй бол цамц худалдаж авахаа болиод дэлгүүрээс гараад явчихаж болно. Эрх нь бий. Тэгвэл “Юнивишн”-д хэрэглэгчдийнх нь сонирхол сонин биш. Хэрэглэгчидтэй байгуулсан гэрээ ч чухал биш. Тухайн айл спортын суваг үзнэ үү, ганц хоёр суваг ухрааж үзнэ үү ерөөсөө ч хамаагүй бололтой. Гадаад спортын сувгийн багцын төлбөр 12000 төгрөг байсан. Төдийлөн хэрэглэгчид сонгохгүй болохоор нийт массын дунд хүчээр шахаж оруулаад “Та спортын суваг нэмэлтээр сонгох уу” гэж асуухын оронд “Таны үзэх хамаагүй. Төлбөр чинь ийм боллоо” гээд сонголт үлдээхгүй тулгачихаж байгаа юм. Ер нь “Юнивишн”, “Скаймедиа”-тай холбоотой гомдол тасардаггүй. “Юнивишн”-ий хэрэглэгчдийн зүгээс зарим сувгууд дээр кино үзэх гэхээр дуу, дүрсний чанар муу гэдэг. Өөрсдийн кино сангаас төлбөртэй кино үзүүлэхийн тулд зориуд ингэж чанар унагадаг ч байж болох. Мөн нөхөж үзэх үйлчилгээ нь хоногийн лимиттэй. Тэр хоногт нь үзэж амжаагүй нэвтрүүлэг, киногоо үзэх гэж бас сандраастай. За тэгээд интернэт хурдны тал дээр хамгийн удаанаараа дуудуулаад сурчихсан. Хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгаа байхгүй хэрнээ үнээ нэмэх сонирхолтой нь манайхны монополь компаниудын зан.Тэдэнд нэгэнт зах зээлийнхээ дийлэнх хувийг татсан байхад арав, хорин хүн гомдол гаргаж, хэрүүл уруул хийх хамаагүй бололтой. Тэгвэл нэг тоо бодож үзье. 2016 оны судалгаа гараагүй байгаа учраас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2015 онд хийсэн судалгааг харъя. Нийслэлийн нийт өрхийн 99.8 хувь буюу 375 мянга өрх зурагттай юм байна. Эдгээр айлуудын бараг тал хувь нь интернэт тавиулсан гэх судалгаа бий. “Юнивишн” монополь гэж үзвэл дээрх 375 мянга гаруй айлын 80 орчим хувь нь буюу бараг 300 мянган айл дээрх сүлжээг хэрэглэдэг. Интернэттэй, интернэтгүй нь хамаагүй. Багц тус бүр дунджаар 3000-4000 төгрөгөөр нэмэгдсэн бол дунджаар 3500 төгрөгийг 300 мянган айлд үржүүлээд үзье л дээ. 3500*300.000=1.050.000.000 гэсэн мөнгөн дүн гарч байна. Тэгэхээр үнээ нэмснээр “Юнивишн”-д дунджаар сардаа тэрбум гаруй төгрөг үндсэн төлбөрөөс гадна нэмэгдэж орж ирж байна гэсэн үг. Энэ бол дунджилж бодсон жишээ юм шүү.

Б.Мягмарнаран: СУДАЛГААГААР “ЮНИВИШН” МОНОПОЛЬ ГЭСЭН ТОХИОЛДОЛД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭД ХЯНАЛТТАВИХ БОЛОМЖТОЙ

Хэрэглэгчдийн дээрх санал гомдолтой холбоотойгоор Харилцаа, холбооны зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнарангаас тодруулга авлаа.


-“Юнивишн” компанийн үйлчилгээний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд нэлээд гомдол гаргах боллоо. Үнээ нэмэх эсэх талаар танайд урьдчилж мэдэгдсэн үү?

-Харилцаа холбооны зохицуулах хороонд “Юнивишн” компани хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулж байгаа болон хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний багцын үнэд өөрчлөлт оруулж байгаа талаар мэдэгдлийг хоёрдугаар сарын 16-нд ирүүлсэн. Гуравдугаар сарын 1-нээс гэрээнд оруулсан шинэчилсэн тарифаар явна гэсэн байсан.

-Тухайн газар үйлчилгээний үнээ нэмэхдээ ийм үндэслэлтэйгээр нэмэгдлээ гэсэн тайлбарыг хийдэг үү?

-Тухайн компаниас тийм тайлбар ирүүлсэн л дээ.Хэрэглэгчдэд хүргэж байгаа үйлчилгээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа байх.Олон сувгуудыг хэрэглэгчдэд үнэгүй хүргэж байгаа. Үүнтэй холбоотойгоор үнээ нэмсэн тухайгаа тайлбарласан байсан.

-Хэрэглэгчидтэй хийсэн гэрээний дагуу үнээ нэмэхээсээ өмнө мэдэгдэх ёстой байх. Үүнд иргэд их бухимдаж байна?

-Манай зүгээс үйлчилгээний үнээ нэмэх тохиолдолд ч юм уу, гэрээнд ямар нэг өөрчлөлт оруулсан тохиолдолд мэдэгдэх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Тухайн компанийн хэрэглэгчидтэй хийсэн гэрээний дагуу бол үйлчлүүлэгчдэдээ энэ тухай урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Гэрээний 8.2 дахь заалт дээр “Юнивишн компани хэрвээ хэрэглэгчдэдээ хүргэж байгаа үйлчилгээний үнэ тарифтай холбоотой өөрчлөлт орсон тохиолдолд арваас доошгүй хоногт мэдээллийн хэрэгсэл, өөрийн боломжит сувгуудаар хүргэнэ” гэж заасан байдаг. Үүнийхээ дагуу хэрэглэгчдэдээ хүргэсэн гэх мэдээлэл бий.

-Ямар мэдээллийн хэрэгслүүдээр, хэзээ хүргэсэн нь тодорхой бус байгаа. Тухайн компанийн зүгээс бол зарим сонин хэвлэлээр мэдэгдэл гаргасан гээд байгаа. Бас тэр өөрийн боломжит мэдээллийн суваг гэдгийг тодруулахгүй юу?

-Боломжит суваг гэдэг нь тухайн газрын үйлчилгээний цэгүүд байж болно. ”Юнивишн” компанийн лавлах утас байж болно. Мөн өөрийнхөө вэб сайтдаа мэдэгдэл тавьсан гэсэн. Харин олон нийтийн ямар мэдээллийн хэрэгслээр тавьсан эсэхийг бид тодруулахаар бичиг хүргүүлээд байгаа.

-Ер нь зөвхөн “Юнивишн” ч гэлтгүй хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг тухайн салбартаа монополь болчихсон компаниуд анх гарч ирэхдээ элдэв сайхан реклам цацдаг. ингэж хэрэглэгчээ нэгэнт татчихаад эргээд аажмаар үйлчилгээний төлбөрөө бага багаар нэмдэг буруу хэвшил тогтчихлоо. энэ нь хэрэглэгчдийг залилсантай ялгаагүй биш гэж үү?

-Давамгайлагч буюу монополь компанийг тогтоодог байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооноос судалгаа хийж өгөөд энэ компани давамгайлагч мөн учир үнэ тариф, бусад зүйлийг хянана гэсэн шийдвэрийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргадаг. Одоогоор “Юнивишн”-ийг монополь гэхгүй л дээ. Энгийн компанийн дагуу үйл ажиллагаагаа бидэнд танилцуулаад, үйлчилгээний өөрчлөлт хийх бол мэдэгдлээ хүргүүлээд явж байна.

-Гэхдээ монополь гэдэг нь хэн ч харсан ойлгомжтой шүү дээ.

-Давамгайлагч гэдэг бол зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг эзэлж байх ёстой.Одоогоор энэ талын судалгааг бид хийгээд явж байна. Удахгүй судалгааны хариу гарах байх.Тэр тохиолдолд ШӨХТГ-аас үйлчилгээний үнийн доод, дээд үнийг тогтоох эрх нь үүснэ л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Төрийн дарамт ямар аймшигтай болсныг Завханы эмэгтэйн үхэл харууллаа

-ИДЭР СУМЫН ТӨРИЙН САНГИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖЛААСАА ХАЛАГДСАНААС БОЛЖ ӨӨРИЙГӨӨ ШАТААЖ ҮХЖЭЭ-

2017.03.29. Завхан аймгийн Идэр суманд болсон жагсаал

Завхан аймгийн Идэр суманд 50 орчим насны эмэгтэй өөрийгөө галдан шатаажээ. Талийгаач Тэгшжаргал сумын төрийн сангийн мэргэжилтэн байсан бөгөөд түүнийг хэдхэн хоногийн өмнө ажлаас нь халсан байна. Ажлаасаа халагдсан тэрбээр шийдвэрийг хууль бус явдал хэмээн эвлэрэхгүй, улмаар амиа хорлоход хүргэжээ. Талийгаач сумын Тамгын газарт 20 гаруй жил нягтлангаар ажилласан бөгөөд сүүлийн хоёр, гурван жил төрийн сангийн мэргэжилтний албыг хашчээ.Олон жил төрийн албанд ажилласан тэрбээр ажлаасаа халагдах болсон шалтгаанаа намтай холбож, шүүхэд хүртэл өргөдөл гаргажээ. Амиа хорлохын өмнөх өдөр талийгаач аймгаас ирээд байж. шүүхээс түүнийг заргаа авах боломжгүй 50:50 хувьтай хэмээн буцаасан болохыг талийгаачийн ар гэрийнхэн ярив. Энэ шийдвэр талийгаачийг сэтгэлийн гүн хямралд оруулсан гэнэ. Ингээд энэ сарын 27-28-нд шилжих шөнө буюу 03:00 цагийн үед өөр дээрээ бензин цацаж галджээ. Талийгаачийг ар гэрийнхэн нь хэдий эмнэлэгт хүргэсэн ч тэрбээр түлэгдэлтийн шархаа даалгүй тухайн өдрийнхөө үдээс хойш амьсгал хураасан байна. Энэхүү харамсалтай явдлыг дуулсан нутгийн ард түмэн удирдлагуудаа эсэргүүцэж өчигдөр жагсаал зохион байгуулжээ.

Талийгаачийн төрсөн дүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танд гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаач юунаас болж өөрийгөө шатаахад хүрчихэв ээ. Ажлаасаа халагдсан явдлыг та бүхэн мэдэж байсан уу?

-Мэдэлгүй яахав. Хэдхэн хоногийн өмнө “Эгч нь ажлаасаа халагдчихлаа. Цалингийн зээлээ яаж төлж, оюутныхаа төлбөрийг хаанаас олно оо. Хууль бус томилгоо хийсэн. намайг хамаатан садан, ардаа танил талгүй болохоор хавчсаар байгаад халчихлаа. одоо яаж амьдарна аа” гээд л халагдсанаасаа хойш их сэтгэлээр унаж, шаналж байгаа нь илт байсан.

-Гэхдээ зөвхөн ажлаасаа халагдлаа гээд амиа хорлох дээрээ тулна гэж үү. Цаана нь ямар нэг нөлөө байсан байх гэж нутгийн хүмүүс ярьж байна?

-Тэрийг нь би сайн мэдэхгүй. Хорь гаруй жил сумандаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдралаа төрийн албанд зориулсан хүн гэнэт нэг өдөр ямар ч шалтгаангүйгээр ажлаасаа халагдахаар сэтгэл санааны хувьд ямар хүнд тусах нь ойлгомжтой шүү дээ.Гэрийнхээ ганц орлоготой хүн нь. нөхөр нь ажилгүй. Хоёр хүүхэдтэй, нэг охин нь хотод оюутан. Суманд айл гэрийн ядаж нэг нь ажилтай байхад амьдралаа залгуулаад байдаг. Гэтэл ийм байдлаар ажилгүй болчихоор хөөрхийд хүнд цохилт болсон байх. 14 сая төгрөгийн цалингийн зээлтэй байсан гэсэн.

-Талийгаач ажлаасаа хууль бусаар халагдсан гээд шүүхэд хандсан гэсэн.

-Тийм ээ. Талийгаач маань ерөөсөө аймшигт өдрийн урд өдөр байх аа, аймгаас ирсэн.Гуравдугаар сарын 14-нд халагдах шийдвэр гарснаас хойш л шүүхээр явсан.Харамсалтай нь шүүхээс эгчийг ялах ямар ч боломжгүй. 50:50 хувьтай гэж хэлсэн юм билээ. Тэгээд үүнтэй эвлэрч чадахгүй сэтгэлээр унаж өөрийгөө ийм байдалд хүргэсэн бололтой.

-Тухайн үед нөхөр нь дэргэд нь байгаагүй юм уу?

-Хэдэн өдөр эхнэрийнхээ сэтгэл санааг засах гэж дагаж явж, нойргүй хоносон болохоор жаахан унтчихсан байсан юм билээ. Шөнө 03:00 цагийн үед “Гарч бие засчихаад ирье” гээд гарсан байсан. Гэнэт л хашгираан сонсогдож, гартал эгч тэр чигээрээ галд авалзаж байсан гэсэн. Тэр даруйд галыг унтрааж эмнэлэгт хүргэсэн л дээ. Бид ч мэдээд сандарч гүйлдсэн.Бүтэн биеэрээ галд шатаад, толгойных нь үс хүртэл юу ч үгүй хуйхлагдчихсан байсан.Эмнэлгийн зүгээс яаралтай эм, тариа хийсэн боловч харамсалтай нь бид түүний амийг авч үлдэх хувьгүй байж.Миний эгч хэр баргийн зүйлд өөр дээрээ бензин асгаад галдчих хүн биш. Шударга бус зүйлтэй эвлэрч чадахгүй учраас л ийм байдалд хүргэчихлээ.Өглөө оюутан охин нь хотоос ирээд ээжийгээ биднээс нэхэж уйлж хашгичиж байгаад арай гэж тайвшраад байж байна. “Та нар ээжийг минь сайн харж байхгүй. Ганцхан хүнд анхаарал тавьж байхгүй арчаагүй юм бэ” гээд л бидэн рүү гомдоллож уйлаад байна гэв.

БУХИМДСАН ИРГЭД СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.БАЯРМААГ ҮСДЭЖ ӨРӨӨНӨӨС НЬ ГАРГАЖЭЭ

Нутгийн иргэд болон талийгаачийн ойр дотнын хүмүүс нутгийн удирдлагын шийдвэрээс болж дээрх эмэгтэй амиа хорлоход хүрсэн хэмээн эсэргүүцлээ илэрхийлж өчигдөр жагсаал хүртэл зохион байгуулжээ. Тэд сумын Засаг дарга Х.Баярмаа, орлогч дарга Болдбаатар зэрэг нутгийн удирдлагуудыг албан тушаалаасаа огцрохыг хүсч, эсэргүүцлээ илэрхийлжээ. Учир нь талийгаачийг ажлаас нь халж түүний оронд сумын Засаг даргын орлогч Болдбаатарын эхнэр Н.Нямжавыг томилсон юм байна. Энэ талаар нутгийн нэгэн иргэн ийн ярьж байна.Тэрээр “Манай суманд ажлын халаа сэлгээ гэж аймшигтай зүйл бий болоод байна. Хэн дуртай нь хамаатан саднаа баруун солгойгүй татаж ажилд оруулдаг. Олон жил ажлаа мөрөөрөө хийгээд явсан хүнийг хүртэл нэг л өдөр ямар ч шалтгаангүйгээр халчихдаг.Бид энэ байдлыг хараад сууж байгаа хэрнээ дуугүй байхаас аргагүй. Хэрвээ ам ангайвал ажлаас халагдчих гээд зовлонтой. Талийгаач Т ч гэсэн олон жил ажилласан туршлагатай. Гэтэл оронд нь долоон сард амаржих бие давхар эмэгтэйг томилчихож байгаа юм. Яахав, тэр эмэгтэй орлогч даргын эхнэр болохоор тохироо хийгээ л биз.Баярмаа, Болдбаатар гээд манай сумын удирдлагууд бүгд АН-ынхан. Тамгын газрын дарга Батчулуун хүртэл аймгийн Засаг дарга Батсайханы төрсөн ах. Энэ хүмүүс ардаа том хүнтэй гээд юу хүссэнээ хийж байх шиг байна. Гэвч төр түмэн нүдтэй. Улаам цайм хүний амиар тоглочихлоо шүү дээ.Хэлэхгүй л байгаа болохоос талийгаач шиг сэтгэл санааны хямралд орчихсон яах учраа олохгүй, хэндээ хандахаа мэдэхгүй олон хүн бий. Үүнээс өмнө сургуулийн нийгмийн ажилтан бас халагдсан. Бид өглөө ажилдаа ирэхдээ халагдчихгүй байгаа гэсэн айдас тээж явдаг болсон” гэв. Ардчилсан нам Завхан аймагт үнэмлэхүй ялалт байгуулж улмаар өнгөрсөн арваннэгдүгээр сард сумын удирдлагууд солигдсон байна. Үүнийг дагаад хуучин Засаг даргын үед ажиллаж байсан хүмүүс ээлж дараалан ажлаасаа халагдсан гэх. Энэ талаар Идэр сумын Засаг дарга асан Ч.Мөнххүрэл “Суманд 28 жил ажилласан туршлагатай хүнийг МАН-ын хүн, өмнөх Засаг даргын хүн гэх шалтгаанаар амиа хорлотол нь дарамталж, хавчин гадуурхсан байна. Ганцхан энэ хүн биш, манай Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, хөдөө аж ахуйн тасгийн дарга, санхүүгийн албаны дарга, жолооч гэх мэт маш олон хүнийг халсан” хэмээн ярив. Харин жагсаал зохион байгуулсан талийгаачийн ар гэрийнхэн болон нутгийн иргэдэд нутгийн удирдлагууд “2015 онд авсан төрийн албан хаагчдын шалгалтад талийгаач одоо ажиллаж буй хүнээс дутуу оноо авсан гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан” гэх тайлбарыг өгчээ. Жагсаалын үеэр сумын Засаг дарга Х.Баярмаа өрөөгөө дотроосоо түгжин гарч ирэхгүй байсан бөгөөд түүнийг талийгаачийн хоёр хүүхэд болон зарим иргэд үсдэж хүчээр гаргаж ирсэн гэх мэдээлэл ч байна. Удирдлагуудаа эсэргүүцсэн жагсаалд ар гэрийнхэн болон нутгийн иргэд нам харгалзахгүй оролцсон байна. Тэд дээрх болсон явдалд аймгийн Засаг дарга Батсайханыг буруутгаж байгаа аж. Сумын удирдлагууд бүгд түүний намын гар хөл болсон нөхдүүд гэж үзэх хүмүүс ч байна.

ТАЛИЙГААЧИЙГ АЖЛААС НЬ ХАЛАХ ШАЛТГААН ЮУ БАЙВ?

Сумандаа 28 жил ажилласан төрийн албан хаагч нэг л өдөр ажилгүй болж үүндээ шаналж амиа хорлох болсон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Талийгаачийн ар гэрийнхэн түүнийг ажлаас халж сумын Засаг даргын орлогч Болдбаатарын эхнэр Н.Нямжавыг томилсон нь хууль бус хэмээн үзэж байна.Талийгаач Тэгшжаргал МУИС-ийг санхүүгийн чиглэлээр улаан дипломтой дүүргэсэн. Их сургуулиа төгсөөд сумандаа ирж төвхнөсөн байна. Өнгөрсөн хугацаанд сумын нягтлан бодогчоор 20 гаруй жил ажиллахдаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байсан. Сумандаа чадвараараа эхний гуравт багтахаар боловсон хүчин гэдгийг хамт олон нь хэлж байна. Тэрээр хоёр хүүхэдтэй, нөхрийн хамт амьдардаг байжээ. Талийгаач бамбай булчирхайн хагалгаанд ороод удаагүй байж. Тиймээс эрүүл мэндээрээ тэнцэхгүй гэсэн шалтгаан хэлсэн бололтой. Харин түүний оронд томилогдсон Н.Нямжав гэгч хэн бэ. Нямжав сумын Засаг даргын орлогч даргын эхнэр болохыг дээр дурдсан. Н.Нямжав өдгөө давхар биетэй бөгөөд өмнө нь жирэмсний амралттай хүний оронд таван сар ажилласныг эс тооцвол төрийн албанд ажиллаж байгаагүй хүн гэнэ. Зарим иргэдийн өгч байгаа мэдээллээр бол Идэр сумын Засаг дарга Х.Баярмаагийн ард Бат-Өлзий гэх хүн аймагт дээгүүр алба хашдаг юм байх. Харин талийгаачийн оронд томилосон хүн нь Бат-Өлзий гэгчийн танил гэнэ. Үүгээр зогсохгүй Н.Нямжав сумын нягтлангаар ажилладаг эмэгтэйтэй ах дүүгийн хүүхдүүд юм байна. Мөн нөхөр нь сумын орлогч дарга. Тиймээс иргэд төрөл садны ашиг сонирхол явж байна хэмээн эсэргүүцэж байгаа аж.

Н.Нямжавын хувьд МАН-ын гишүүн боловч өнгөрсөн сонгуульд АН-ынхныг дагаж гүйсний эцэст төрийн албанд шингэх хүслээ гүйцээсэн гэж ярих хүмүүс ч олон байна.

ТАЛИЙГААЧ БОЛОН ТҮҮНИЙ ОРОНД ТОМИЛОГДСОН ЭМЭГТЭЙ 2015 ОНООС ЭХЭЛЖ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДЭЖ ИРЖЭЭ

Талийгаач болон түүний оронд томилсон эмэгтэй хоёрын хоорондох ажлын байрны төлөөх тэмцэл аль 2015 онд эхэлжээ. Энэ талаар аймгийн удирдлагуудтай холбогдож албан эх сурвалжаас авсан мэдээллээ хүргэе. Завхан аймгийн Идэр сумын Төрийн сангийн мэргэжилтэн сонгох сонгон шалгаруулалтыг 2015 оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан бөгөөд тус шалгалтад гурван хүн өрсөлджээ. Тэднээс хамгийн өндөр оноог иргэн Н.Нямжав 73, Б.Одхүү 70, харин талийгаач С.Т 65.67 оноо авсан гэнэ.

Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны мэргэшсэн шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүнийг томилох хуулийн заалттай байдаг ч тухайн үед сумын Засаг дарга асан Ч.Мөнххүрэл талийгаачийг томилжээ.

Төрийн албаны шалгалтад өндөр оноо авсан Н.Нямжав сумынхаа удирдлагад удаа дараа гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй учраас аймгийн удирдлага Д.Батсайханд хандан 2016 оны арванхоёрдугаар сард гомдол гаргажээ. Ингээд Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөл хамгийн өндөр оноо авсан Н.Нямжавыг Идэр сумын төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд томилох шийдвэр гаргасан байна. Төрийн албаны мэргэшлийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүнийг томилох нь хууль ёсны дагуу хэмээн албаны эх сурвалж хэллээ. Харин анх шалгалтад хамгийн өндөр оноо авсан ч Н.Нямжавыг төрийн албанд аваагүй Тэгшжаргалыг томилсон шалтгаанаа тухайн үеийн засаг дарга ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас тийм шийдвэрт хүрсэн болохыг тайлбарлав. Тухайн үед санхүү хариуцсан дарга нь Н.Нямжавын ойрын төрөл байжээ. Тиймээс хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн Тэгшжаргалыг томилсон гэх. Ердөө л ийм шалтгаан тэдний дунд хэдэн жил хөвөрч. Нам, засаг солигдоход дагаад төрийн албан хаагчдын халаа, сэлгээ сум орон нутаг гэлтгүй төрийн аль ч шатанд хийгддэг. Хамаатан садан, эсвэл сонгогдоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, цүнх баригчдаа төрийн аль нэг албанд шахах гэж хуйлардаг манайхны овилгогүй зангаас болж эрдэнэт хүний амь эрсэдлээ. Хариуцлагыг хэн хүлээх вэ. Ямартай ч цагдаагийн байгууллага тухайн хэргийг шалгаж байна.

ТЭС СУМЫН ЗАСАГ ДАРГА АЖЛАА ӨГӨӨД АМИА ХОРЛОЖЭЭ

Завхан аймгийн Идэр суманд төрийн албанаас халагдсан эмэгтэй амиа хорлосон явдал олон нийтийг цочроолоо. Гэтэл үүнтэй зэрэгцэн бас нэгэн таагүй мэдээлэл ил болсон. Энэ сарын 25-нд Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга Н амиа хорлосон байдалтайгаар олдсон байна. Тэрээр өнгөрсөн 2016 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, өнгөрсөн арваннэгдүгээр сард Засаг дарга болжээ. Ардчилсан намын хүн гэнэ. Гэвч талийгаач сарын өмнө Засаг даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч, хэд хоног ажилдаа ирээгүй байна. Нэгэн эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол талийгаач эхнэрийнх нь бие тааруу байсан учир Улаанбаатар хотод эмчлүүлэхээр болж ажлаасаа өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өгсөн гэх. Гэвч түүний цогцсыг хажуу айлынх нь хашаанаас өөрийгөө боомилсон байдалтайгаар олжээ. Ямартай ч цагдаагийн байгууллагынхан амиа алдсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Харин түүний амиа алдах болсон шалтгаан нь гадны нөлөөтэй байж магадгүй гэдгийг зарим иргэд ярьж байна. Тодруулбал, Тэс сумын Дооно хайрхныг уул уурхайн нэгэн компани хайгуул хийхээр зөвшөөрөл авчээ. Гэхдээ өмнөх Засаг даргын үед. Харин шинэ Засаг даргаар төлөвлөгөөгөө батлуулах ёстой байж. Гэвч үүнийг нь талийгаач эсэргүүцэж байсан бололтой. Үүнтэй холбоотой байж магадгүй хэмээн нутгийнхан хардаж байгаа бололтой.


Categories
мэдээ цаг-үе

“Мөрдэс”-тэй ноход

Малина үүлдрийн Шуурга нэртэй нохой

“Шуурга суу”, “Шуурга томоотой байгаарай” хэмээн хэлэхийг сонссон нохой чихээ хулмалзуулан аажуухан гөлөгнүүдээсээ холдож оцойн суух зуураа басхүү эзнийхээ зүг горьдонгуй харах аж. Шуурга энгийн нэгэн нохой биш. Тэр бол цагдаагийн албан хаагч. Цагдаагийн албанд хар тамхины чиглэлээр гурван жил ажилласан малина үүлдрийн нохой юм. Харин түүний ажлын талбар дээр үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болжээ. Тиймээс ЦЕГ-ын Сургалтын төвийн нохой сургалтын албаныхан түүний үр төлийг авахаар үржилд оруулсан гэнэ. Учир нь Шуурга охин нохой хэдий ч эрэмгий, дайчин, эрэл мөрдлөгийн үед маш шуурхай үүргээ биелүүлдэг албаны шилдэг нохойны нэг тул түүний энэ чанарыг өвлөсөн үр төлийг гаргаж авахаар албаны нохой сургалтын төвийнхөн зорьсон хэрэг. Тэрээр таван гөлөг гаргасан бөгөөд биднийг очих үед гөлөгнүүд эхийнхээ хөхнөөс гарах өдөр таарсан нь энэ. Шуургыг байрнаас нь гаргаж гөлөгнүүдийг сүүлийн удаа хөхүүлж буйг тэр ч мэдэрсэн гэмээр үр төлөөсөө холдож ядан үнэрлэж, долооно. Харин сургагч нар нэг нэгэндээ “Сайн бариарай гөлгөө зуугаад зугтаах вий” гэж захих. Удсан ч үгүй гөлөгнүүдийг сургагч нар нэг нэгээр нь аваад явчихав. Харин эхийг нь байранд нь буцаан хийлээ. Тэр биеэ тэнхрэхээр бэлтгэл сургуулилтдаа ороход анхаарал тавих л үлджээ. Шинэ төлийг 45 хонуулаад хөхнөөс нь гаргаж сургагч нарын мэдэлд өгдөг. Эдгээр гөлөгнүүд дөрөвдүгээр сарын эхээр албаны бэлтгэл сургуулилтад орж эхлэх юм байна. Товчхондоо бие дааж эхэлнэ. Яг л хүн шиг.Багаасаа бэлтгэгдэнэ гэсэн үг. Нэг ёсондоо цэцэрлэгээс нь суралцаж бэлтгэлийн хашаа хороо, хэрэглэгдэх багаж хэрэгсэл, гүйж харайх зам, турниктэй танилцана. Албаны нохой сургалтын төвийн шинэ төл бүхэн ийм маягаар бэлтгэгддэг байна. Шуурга нэртэй уг нохойг Хятадын цагдаагийн сургуулийн сургалтын төвөөс авчирсан бөгөөд ирснээс нь хойш Д.Баттөр гэх залуу сургагчаар нь ажиллаж байгаа аж. Цагтаа тэрээр Толгойтод болсон нэгэн хэргийн газарт ажиллаж хар тамхины хэрэглэгдэхүүн, түүхий эдийг олж өгч байсан зэрэг олон гавьяа байгуулсан нохой аж.

Цагдаагийн ерөнхий газрын Албаны нохой сургалтын хэлтэс одоогийн байдлаар 60 гаруй нохойг хар тамхи, харуул хамгаалалт, эргүүл, эрэл, авран хайх ажиллагааны чиглэлээр бэлтгэн ажиллаж байна. Ажлын чадвараас хамаараад Шуурга, Аянга, Салхи зэрэг янз бүрийн нэртэй ноход байх. Энэ дунд нөгөө алдарт Руслан ч бий.

Энэ талаар Албаны нохой сургалтын хэлтсийн Ахлах дасгалжуулагч Г.Энхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Аль үүлдрийн нохой цагдаагийн албанд ашиглахад илүү тохиромжтой вэ. Үүлдрэээс нь хамаараад ашиглах чиглэл нь хүртэл өөр байдаг уу?

-Тэгнэ. Манай цагдаагийн албанд долоо, найман өөр үүлдрийн 60 гаруй нохой үүрэг гүйцэтгэж байна.Тухайн үүлдрээсээ хамаараад нохой бүр харилцан адилгүй мэдрэмж, чадамжтай байдаг. Тухайлбал, манайх 40 гаруй немц овчаркийг эрэл мөрдлөгийн чиглэлд түлхүү ашигладаг.Энэ үүлдрийн нохой дэлхий нийтийн найман стандарт шалгуурыг бүрэн хангасан байдаг. Өргөн, тархац ихтэй учир дэлхий нийт цэрэг хүчний байгууллагуудад эрэл, мөрдлөг, аврах, харуул хамгаалалтын чиглэлээр түгээмэл ашиглаж байна. Германаас гаралтай хоньч нохой. Харин малина үүлдрийн хоёр нохойг хар тамхины чиглэлээр сургаж ажиллаж байгаа. Бельги улсын Малина тосгоноос гаргаж авсан нохой л доо. Их хөдөлгөөнтэй, хурдтай, хүчирхэг шинж чанартай нохой.

-Саяхан олны танил жүжигчний хүү хар тамхинаас үүдэлтэйгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарч олныг цочирдуулсан. Тус хэргийн эд мөрийн баримтыг нохой илрүүлсэн байсан.Танай хоёр нохойг ашигласан уу?

-Тэгсэн. Өнгөрсөн жил авчирсан хоёр малина үүлдрийн нохойнуудын тусламжтайгаар эд мөрийн баримтыг илрүүлсэн байсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс холбогдоод хар тамхины том хэрэг гарсан.Хэрэгт холбогдох хүмүүс хар тамхи хэрэглэсэн нь шээсний шинжилгээгээр тогтоогдсон.Гэхдээ эд мөрийн баримт олдохгүй байна. Тиймээс нохой ашиглах хүсэлтэй байна гэдгээ мэдэгдсэн. Манайхаас дөрвөн алба хаагч үүний дагуу хоёр нохойтойгоо ажиллаж мансууруулах төрлийн өвс, мөс, амь витамин зэрэг олон төрлийн бодисыг олсон. Тухайн зүйлсүүдийг гэмт этгээдүүд ариун цэврийн өрөөний суултуурын бочки, хувцасны шүүгээ, гутлын түрий, хиртэй хувцасны дунд нуусан байсан л даа.

-Дээрх хоёр нохойг хар тамхины чиглэлээр ажиллуулаад хэр удаж байна?

-Хоёр нохой маань жил болох гэж байна. 2016 онд Хөх хотод сургалтад хамруулаад ирсэн.

-Ажиллах хугацаандаа хар тамхитай холбоотой хичнээн дуудлагад хэр үр дүнтэй ажилласан бэ?

-Дээрх нохдыг ажиллах хугацаанд хар тамхины чиглэлээр 15-16 дуудлагад очсон. Энэ бүхэнд мансууруулах төрлийн бодис илрүүлээгүй тохиолдол гэж байхгүй.

-Нохойг хар тамхины чиглэлээр бэлтгэхдээ тодорхой хэмжээний мансууруулах төрлийн бодис тарьдаг гэдэг. Үнэн үү?

-1990-ээд оны үед ОХУ-д энэ аргыг түлхүү хэрэглэдэг байсан л даа. Манайх ч гэсэн тодорхой хэмжээний тунгаар тарьдаг байсан нь үнэн. Гэхдээ цаг үе хөгжихийн хэрээр энэ арга ч гэсэн өөрчлөгдсөн.Яагаад гэвэл хар тамхины хор амьтанд ч мөн муу нөлөө үзүүлдэг. Сургалтын нохой албанд дөрвөн жил ажиллах чадвартай байдаг бол хар тамхинаас болж ердөө хоёр жил ажиллаж бие махбодын хувьд чадамж нь хэд дахин буурч ирсэн. Үнэртэх чадвар нь алдагддаг. Тиймээс сүүлийн жилүүдэд ОХУ-ын үйлдвэрлэсэн үнэр оруулагч бодис хэрэглэх болсон. Тухайн бодисыг нохойд үнэрлүүлж дасгах маягаар бэлтгэдэг болсон. Энэ бодис халуун цустай амьтанд ямар нэг гаж нөлөө үзүүлдэггүй. Ер нь хар тамхины хэрэг, хар тамхи илрүүлэх гэдэг нохой сургалтын хувьд ялгаатай ойлголт л доо. Нохой хэргийн гадна орчин, дотор эд зүйл олж хайхаас эхлээд хоорондоо ялгаатай. Хар тамхины чиглэлээр мэргэшсэн нохой эрэл мөрдлөгийн чиглэлээс арай өөр. Лифт, пракетин шал, гэрэл цацруулагч зэрэг анхаарал татахуйц зүйлд сатаарахгүй зөвхөн тухайн бодисыг үнэрлэж, хайж олоход бүрэн бэлтгэгдсэн байдаг гэв.

Мөн кокер спанель үүлдрийн нохойг хар тамхины чиглэлээр ашигладаг байна. Гэхдээ тус төвд ганцхан бий. Жижиг бие түүний гол онцлог.Бие жижигтэй учраас юмны завсар зай, доогуур мөрдлөг, эрэл хайгуул хийхдээ сайн бөгөөд их шаргуу зан чанартай гэнэ. Сонирхуулахад сургалтад ашиглаж буй хар тамхины үнэр оруулагч бодисыг хоёр сая 500 мянган төгрөгөөр гаднаас авдаг байсан бол саяхнаас дотооддоо инновацийн төвтэй хамтран 250 мянган төгрөгөөр гаргаж авч байгаа гэсэн. Харин Канадаас гаралтай лабрадор үүлдрийн хоёр нохой цагдаагийн албанд хөтчийн үүрэг гүйцэтгэхээр ажиллаж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран хараагүй хүмүүсийн хөтөч болгохоор төлөвлөж байгаа аж. Харин цагдаагийн байгууллагад тэсрэх, дэлбэрэх зүйл илрүүлэхэд хөтчөөр ашигладаг байна. Ихэнхдээ бэлтгэл сургуультай байдаг. Энэ төрлийн дуудлага тэр болгон гараад байдаггүй учраас бусдаасаа ялгарах ажлын онцлог нь энэ. Гол чанар нь дөлгөөн тайван зантай, элгэмсэг тул хүнтэй их ойр дотно гэнэ. Харин АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр тэсрэх, дэлбэрэх зүйл илрүүлэх чиглэлээр ажилласан байна. Ингэхдээ нэгэн гадны томоохон төлөөлөгчид үйлчилж байсан автомашинаас шингэн гоожиж байхыг илрүүлжээ. Тухайн шингэн бодис нь гал хүрсэн тохиолдолд автомашин дэлбэрэх аюултай байж. Энэ мэтчилэн дээрх үүлдрүүдээс гадна төрийн тусгай хамгаалалтад кавказ овчаркыг түлхүү ашигладаг бол Германаас гаралтай ротвейлер үүлдрийн нохойг дайралтын ажиллагаанд ашиглах жишээтэй.

Харин эдгээрээс харуул хамгаалалт, дайралтын чиглэлээр бэлтгэгддэг кавказ, ротвейлер зэрэг үүлдрийн нохойг гэрийн нөхцөлд тэжээх тохиромжгүй бөгөөд товчхондоо төрөлхийн догшин авир төрхтэй учир хэзээ нэг цагт таныг гэмтээж болох араатан тэжээж байгаа гээд хэлчихэд буруудахгүй аж. Харин малина, спанель, лабрадор үүлдрийн нохойг тэжээх тохиромжтой гэж мэргэжлийн хүн зөвлөснийг дуулгахад илүүдэхгүй биз. Тэгвэл монгол банхар аливааг удаан хүлээж авдаг учраас албаны нохойн шаардлага хангадаггүй гэдгийг ч сургагчид ярьж байв.

Сургалтын төвийн ноход өөрсдийн эзэнтэй. Нохой сургагчдын хувьд мэргэшсэн 10 гаруй алба хаагч бий.Тэдний дунд 23 жил ажилласан ахмад Ш.Бямбасүрэн, 24 жил ажилласан эмч, хошууч Я.Ёндонжамц нарыг дурдахгүй байх аргагүй. Нохой сургагчдын үр хүүхдүүд ч удам дамжиж ажиллах нь бий. Хамгийн гол нь нохой эзнийхээ зан араншинг яг дагадаг учраас хэт сэтгэлийн хөдлөлтэй, түүнийгээ барьж чаддаггүй, тогтворгүй хүн энэ албанд тохирохгүй аж. Тэд эзнийхээ гомдох, баярлах, уурлахыг андахгүй. Харахад эзнийхээ ааш аягийг их харж, зан засах аж. Бас гомдохдоо ч амархан гэнэ.Тэд цагийн хуваарийн дагуу бэлтгэл сургуулилтаа хийх бөгөөд өдрийн 4150 төгрөгийн хоолны нормтой. Адууны мах, шөл болон витаминт уураг ихтэй хоол иднэ. Ажлын талбарт их цагаар ажилласан үед тахианы мах чанаж шөл хүртэл өгч ядаргааг нь гаргадаг байна. Эргүүл, харуул хамгаалалтад гардаг нохдын хувьд өглөө эзнээ ирэнгүүт ажилдаа гарна. Нохойны тухайн өдрийн бэлтгэсэн хоолыг авч гарна. Харин охин нохойны үржлийн хувьд гэвэл төрөхийн өмнө, төрөхийн гээд тусдаа байртай. Мөн нэмэгдэл тэжээлтэй.Хээлтэй нохдыг өдөржин хашаанд хориод байж болдоггүй гэнэ. Яг л жирэмсэн хүн шиг арчилгаа шаарддаг байна.Тэгэхгүй бол хөдөлгөөний дутагдалд орж, дөрвөн мөчний шөрмөс нь хөших зэрэг эрсдэлтэй.Тиймээс тусад нь хашаа барьж цагаар ээлжилж салхилуулдаг аж.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар хөдөлсөн тохиолдолд суу, нуугд, тэгээд хүлээ

Японтой харьцуулахад манай улс газар хөдлөлтийн тал дээр харьцангуй тайван байж болох. Гэвч сүүлийн жилүүдэд их, бага гэлтгүй газар хөдлөх давтамж ихэссэн бөгөөд манай орны нийт нутаг дэвсгэрийн 55 хувьд 7-8 балл, 20 орчим хувьд ес ба түүнээс дээш баллын газар хөдлөх магадлалтай гэсэн судалгааг албаныхан гаргасан байна. Энэ дундаас нийслэлийн 75 орчим хувь нь газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш баллын газар хөдлөлтийн чичирхийллийн бүс гэж үздэг. Хэрэв нийслэлийн ойролцоо 6.6-7.6 баллын хүчтэй газар хөдөлбөл хотын барилга, байгууламжийн 22-50 хувь нь товчхондоо нурж унах юм байна.

Тиймээс газар хөдөлвөл иргэд амиа авч гарахын тулд хамгийн түрүүнд яах вэ. Японд өдөр болгон шахуу газар хөдөлж байдаг. Баллын хүчээс хамаараад эрсдэл харилцан адилгүй. Тус орны ард түмэн байнгын бэлэн байдалд байдаг гэдэг. Хэрвээ газар хөдлөлт мэдрэгдвэл иргэд хамгийн түрүүнд явж буй газраа хөдөлгөөнгүй суух ёстой. Дараа нь орчим тойрноо ажиглах Японы ард түмний дунд бичигдээгүй хууль байдаг. Айл бүр газар хөдлөлтийн гамшиг үүссэн тохиолдолд уулзах газраа урьдаас товлосон байдаг аж. Ар гэр рүүгээ сэтгэл зовниж явахынхаа өмнө тухайн газраа очиж бусдыгаа хүлээдэг байна. Энэ мэтчилэн улс орон бүр өөрийн гэсэн арга барилтай.

Харин манай орны хувьд энэ жилээс газар хөдлөлтийн өдөртэй болж байна. Өнөөдөр 16.00 цагт орон даяар Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор хэрхэн ажиллах талаар сургалт явуулах юм байна. ОБЕГ-аас гамшгийн дуут дохиог орон даяар зарласан тохиолдолд цаашдаа ийм дохио дуугарсан тохиолдолд та хэрхэн өөрийгөө гамшгаас хамгаалах вэ. Тэгвэл та бүхэнд албаныхан дараахь зөөлөгөөг өгч байна.

Гамшгийн дуут дохио эхний удаа дуугарахад иргэд “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох юм байна. Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, обьектыг орхин гарахдаа гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаална. Ингэхдээ гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүйгээр барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой аж. Орон сууцны иргэд цахилгаан шатаар бууж огтхон ч болохгүй. Монголчууд аливаа гамшгийн үед нөөтбүүк, цахилгаан хэрэгсэл, хувцас хунар гээд эд хөрөнгөө хамгаалах гэж хамаг цаг хугацаагаа алдаж өөрийгөө эрсдэлд оруулдаг талаар албаныхан хэлсэн. Тэгвэл газар хөдөлсөн тохиолдолд та бичиг баримт, шүдэнз, бээлий зэрэг яаралтай үед хэрэглэх зүйлээ хийж бэлтгэсэн үүргэвчээ авч гарахад л хангалттай. Хамгийн чухал нь та өөрийнхөө амийг аврах шүү дээ.