Categories
мэдээ цаг-үе

Н.Сувдмаа: Тусгаарлах нь дотны хүмүүсийг нь хамгаалж буй ажил гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас зарим зүйлийг тодрууллаа.


-ХӨСҮТ дээр өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор яг ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Нэгдүгээр сараас ДЭМБ-аас өндөржүүлсэн байдал зарлаж хоёрдугаар сарын дунд үеэс эрсдэлийн үнэлгээ хийгдлээ. Энэ утгаараа бид нэгдүгээр сараас эхлэн тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжиж ажиллаж байгаа. Улсын хэмжээнд Улсын онцгой комиссоос гамшгийн тухай хуулиар хагас өндөржүүлсэн байдалд шилжлээ. Дээрх захирамж, журмын дагуу бид 24 цагийн бэлэн байдалтай ажиллаж байна. Нэгдүгээрт, 24 цагаар иргэдэд зөвлөгөө өгөх утас ажиллаж байна. Хоёрдугаарт, шуурхай хариу арга хэмжээний таван баг агаарын хил, төмөр зам зэрэг нэвтрэн орох цэгүүдэд хилийн мэргэжилтнүүдтэй хамтран 24 цагаар ажиллаж сэжигтэй тохиолдол болон тусгаарлах шаардлагатай иргэдийг зохион байгуулалтад оруулж ажиллаж байна. Төлөвлөлтийн баг, эрсдэлийн харилцаа холбооны баг, санхүүжилтийн баг, шуурхай хариу арга хэмжээний багуудад хуваагдан ажиллаж байна аа. Ингэснээр тодорхой бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх, мөн 21 аймаг, есөн дүүрэг дэх улс хувийн хэвшлийн эмийн нөөц, хувийн хамгаалах хэрэгслийн нөөц, тоног төхөөрөмжийн нөөц, нөөцийн дутагдалтай газруудад Эрүүл мэндийн яамтай хамтран хангах зэрэг ажлуудыг хийж байна.

-Иргэдэд чиглэсэн ажлын тухайд?

ДЭМБ-аас өгч буй гол зөвлөмж бол ерөөсөө л гараа тогтмол сайн савандаж угаах, амны хаалтаа зөв зүүх, зөв тайлах. Одоо бол иргэд амны хаалт зүүх нь зүйтэй гэсэн ойлголтыг авчихсан байгаа. Дараагийн асуудал нь амны хаалтаа хэрхэн зөв тайлах юм бэ гээд дэс дараалалтайгаар бид зөвлөмжүүдийг өгсөөр байна. Мөн зөв ханиаж найтаах, гудамж талбайд нус цэрээ хаяж болохгүй юм байна гэсэн ойлголтуулыг авснаар зөв дадал зуршил бий болох юм. Ингэснээр иргэд шинэ коронавирусийн халдвараас гадна бусад амьсгалын замын болон ханиад томуу багасах ач холбогдолтой гэдгийг харж байна. Томуу, томуу төст өвчний халдварууд буурсан үзүүлэлттэй гарч байна.

-Иргэдийг тусгаарлалтад, ажиглалтад авсан хэрнээ шинжилгээ авахгүй удаж байна гэдэг ч юм уу мэр сэр шүүмжлэл гардаг. Иргэдийг тусгаарлах, ажиглалтад авах арга хэмжээний талаар тодруулахгүй юу?

-Хилийн мэргэжлийн хяналттай хилийн нэвтрэн орох цэг дээр бид хамтарч ажиллаад зорчигчдыг эрүүл мэндийн хуудас болон асуумж бөглүүлж байгаа. Мөн биеийн халуун хэмжих, бусад шинж зовиур илэрсэн эсэхийг асуумж судалгаагаар аваад ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч байна. Бусад өвчлөлтэй бүс нутаг болон эрсдэлтэй бүс нутгаас буюу Итали, Хятад, БНСУ-аас ирсэн иргэдийг эмнэлэгт ажиглалтад авч байгаа. Бусад улс орноос ирсэн иргэдийг гэрт нь тусгаарлалтад авч байна.

-Сүүлийн үед иргэдийн дунд коронавирусийн халдвар ороод ирчихсэн байх магадлалтай. Шинжилгээ авч буй оношлуурт итгэхгүй байна гэх эргэлзээ үүсэх боллоо. Энэ тал дээр хариулт өгөхгүй юү?

-ДЭМБ-ын лавлагаа лабораторид бид бүх лабораториудыг жилд 1-2 удаа гадаад хяналтад оруулдаг. Манай вирус судлалын лаборатори буюу томуугийн лаборатори бол жил бүр олон улсын лавлагаа лабораториудаас ирсэн сорьцоор гадаад хяналтад орж байнга 100 хувийн үнэлгээ авдаг. Оношлуурыг эхний ээлжинд Японоос 200, дараа нь 2000, 1000 гээд ДЭМБ-аас тасралтгүй нийлүүлж байна. Тэгэхээр оношлуурын хувьд тасрахгүй хангалттай байгаа гэж ойлгож болно. Мөн вирус судлалын лабораторт сургагдсан мэргэжлийн боловсон хүчин ажиллаж байгаа. Дараагийн нэг зүйл бол томуу, томуу төст өвчний 21 вирусийг илрүүлдэг. Үүн дээр нэмээд коронавирусийг илрүүлэх шинжилгээг хийж байна.

-“REMAX” –ын 24 ажилтан дэлхийн 6000 гаруй хүн оролцсон хуралд оролцож ирснээ нуусан байсан. Энэ мэтчилэн иргэдийн зүгээс хүндрэл үүсгэж буй өөр асуудал гарч байна уу?

-Ганц нэг тохиолдол нуун дарагдуулсан асуудал гаргасан. Гэхдээ бид тэр дор нь илрүүлээд тусгаарлалтад авсан байгаа. “REMAX”-ын 24 ажилтны 16 нь ирээд тусгаарлалтад орсон байгаа. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ дашрамд иргэдэдээ хандаж хэлэхэд өвчлөл гарсан улс оронд аялахгүй байгаач ээ гэж хүсэх байна. Бид хоёрыг ярих зуур ч гэсэн шинээр улс оронд халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа энэ үед иргэдийг албан болон албан бусаар онцгой шаардлагагүй бол халдвар гарсан орнууд руу явахгүй байхыг зөвлөж байна. Үнэхээр онцгой нөхцөл байдлаар яваад ирсэн бол эрүүл мэндийн хуудас болон асуумжаа үнэн зөв бөглөөч ээ гэж хүсэх байна. Хэрвээ тусгаарлалтад орсон бол иргэний хариуцлага, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж эрүүл мэндийн байгууллагаас тавьж буй заавар, зөвлөгөөг чанд сайн сахиач ээ л гэж хэлмээр байна. Энэ нь нэгдүгээрт улс орондоо өвчлөл оруулахгүй байх, хоёрдугаарт таны болоод хайртай дотны хүмүүсийн чинь төлөө тэднийг хамгаалж хийж буй ажил юм шүү гэдгийг ойлгох нь чухал байна.

-Хэдийгээр коронавирусийн халдвар өнөөдөр манай улсад орж ирээгүй байгаа ч орж ирсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагууд ямар арга хэмжээ авах, ямар эмчилгээ хийх талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хамгийн гол нь иргэд өөрсдийнхөө сэтгэл зүйн бэлэн байдлаа хангах, эмнэлгүүд бэлэн байдлаа хангах чухал юм. Өдөр бүр 11:00 цагаас хийж буй хурлаар улсын болоод хувийн бүх л эмнэлгийн хүний нөөц, вирусийн эсрэг эм, тоног төхөөрөмжийн нөөц, байрны нөөцийн бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаарх мэдээллийг тогтмол өгч байна. ДЭМБ-ын баг Германаас ирж манайд ажиллаж байгаа. Энэ хүрээнд манай бүх шатны эмнэлгүүдэд бэлэн байдлыг маш сайн хангаж ажиллаж байна гэсэн дүгнэлтийг өгсөн.

Categories
мэдээ цаг-үе

О.Хишигбаатар: Энэ цагаан сараар бөх барилдсан бол Б.Бат-Өлзий, О.Хангай хоёрын давсан нь түрүүлэх байсан


Бөх сонирхогч О.Хишигбаатартай ярилцлаа.


-Энэ жил коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор цагаан сарын барилдааныг хориглосон. Таны хувьд уг шийдвэрийг хэрхэн хүлээж авав?

-Японы сумогийн холбоо гуравдугаар сарын Харү башёг үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон. Уг нь үүн шиг үзэгчгүйгээр цагаан сарын барилдааныг явуулж болох л байсан. Энэ жил үзээгүй юмаа л үзлээ. 1963 онд анх зохион байгуулагдсан цагаан сарын барилдаан үүнээс өмнө хэзээ ч өнжиж байгаагүй. Наадам шиг морь уралдаж, нум сум харвахгүй учраас битүүний өдрийн бөхийн барилдаан цагаан сарын баярын ганц цэнгэл нь шүү дээ. Монголчууд битүүний өдөр бөхөө үзэж л баясдаг. Цагаан сарын барилдаан эрэмбээрээ наадмын дараа орох том барилдаан. Цол олгодоггүй учраас шударга сайхан өрсөлддөж тухайн жилийнхээ өнгийг үздэг гэх утгаараа магадгүй наадмаас ч илүү чансаатай барилдаан юм.

-Хэрэв энэ жилийн цагаан сараар бөхийн барилдаан явагдсан бол та хэнийг түрүүлнэ гэж таамаглаж байв?

-1990-ээд оны үед Б.Бат-Эрдэнэ аварга барилдсан л бол түрүүлдэг байсан. Харин өнөө үед тэр бөх түрүүлнэ гэж таамаг хэлэхэд маш хэцүү. Улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай хоёр шөвгийн найм юм уу, эсвэл шөвгийн дөрөвт тунаж барилдаад давсан нь түрүүлэх байсан байх аа. Энэ хоёр бөх заалны барилдаануудад тогтмол сайн барилдсан учир бэлтгэл сайтай байсан. Мөн Батсуурь аварга ч бас түрүүлэх өндөр магадлалтай. Гэхдээ одоо үед ямар ч барилдааныг таахад хэцүү болсон.

-Та Улсын аварга, арслангуудыг хэр сайн барилдах байсан гэж таамаглаж байгаа вэ?

-Наадмаас хойш зохион байгуулагдсан заалны барилдаануудад Улсын аварга Ч.Санжаадамба, Э.Оюунболд, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын гарьд Б.Гончигдамба нар бараг барилдсангүй. Харин Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар нэлээд олон барилдаанд зодоглосон. Заалны барилдаанд зодоглоно гэдэг бэлтгэл сайн хангагдана гэсэн үг л дээ.

-Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр Улсын баяр наадмаас хойш зохиогдсон гурван том барилдаанд дараалан түрүүлсэн шүү дээ. Ер нь Улсын харцага, начингуудаас хэнийг дээгүүр барилдана гэж таамаглаж байв?

-Улсын харцага Д.Анар, Улсын начин Ч.Хөхчирэнгэр, Б.Амарзаяа, Б.Даваа-Очир нар дээгүүр барилдана байх. Ч.Хөхчирэнгэр өмнө нь төдийлөн олон барилдаанд түрүүлж үзүүрлэдэггүй байсан. Харин энэ жил маш сайн байгаа. Ч.Хөхчирэнгэр начин Чөлөөт бөхийн суурьтай л даа.


-Аймгийн цолтнууд цагаан сарын барилдаанд цахиур хагалах нь сүүлийн жилүүдэд их болсон шүү дээ?

-Би сүүлийн хориод жил тасралтгүй бөх үзэж, бөхтэй холбоотой сонин хэвлэлүүдийг цуглуулж байгаа. Сүүлийн жилүүдэд улс, аймгийн цолтой бөхчүүдийн хооронд ялгаа байхгүй болсон. Ч.Санжаадамба цэргийн арслан цолтой, Ш.Мөнгөнбаатар аймгийн арслан цолтой байхдаа цагаан сарын барилдаанд түрүүлж байлаа. Түүнчлэн О.Хангай аймгийн арслан цолтой зодоглож цагаан сарын барилдаанд хоёр удаа үзүүрлэсэн. 1980, 1990-ээд оны үед Улсын цолтой бөхтэй барилдахдаа залуучуудын өвдөг нь чичирдэг байсан. Харин одоо бол энэ үзэгдэл өөрчлөгдсөн.

-Улсын заан Б.Пүрэвсайханы барилдах эрх цагаан сарын барилдааны өмнөхөн сэргээгдээд байлаа. Б.Пүрэвсайхан зааныг хэр дээгүүр барилдана гэсэн хүлээлттэй байв?

-Б.Пүрэвсайхан зааны барилдах эрх нь сэргээгдээд байлаа. Тэгэхээр эхний том барилдаандаа зодоглох байсан. Уг нь цагаан сарын барилдаан хагас өдөр л зохион байгуулагдах үйл ажиллагаа шүү дээ. Томоохон худалдааны төвүүд бүгдээрээ ажиллаж байхад цагаан сарын барилдааныг хориглосон явдал нь арай л оновчгүй шийдвэр болсон л гэж харж байгаа.

-Та залуу бөхчүүдийн барилдааныг хэр их үздэг вэ?

-Би Улсын цолтой бөхчүүдийн барилдаанаас илүү аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг үзэх дуртай. Уран мэх, уран барилдаан үзье гэвэл аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг үзэх хэрэгтэй. Залуу бөхчүүдийн хооронд түргэн шуурхай, уран гоё барилдаанууд их гардаг.

-Таны сэтгэлд тод үлдсэн цагаан сарын барилдаан хэдэн оных байсан бэ?

-Монголчууд шинээр цахиур хагалан гарч ирж буй залуу бөхчүүдийг харж, дэмждэг. Тэр утгаараа 2000 оны цагаан сарын барилдаан сэтгэлд тодхон үлдсэн. Тэр жилийн цагаан сарын барилдаанд Улсын заан Ц.Магалжав аймгийн арслан цолтой зодоглож тухайн барилдааны шөвгийн дөрөвт өмнөх жилийнх нь цагаан сарын барилдаанд түрүүлээд байсан А.Сүхбатыг хөндлөн дайрч давж байлаа. Ер нь иймэрхүү залуу бөхчүүд шуугиулсан барилдаанууд л сэтгэлд тодхон үлддэг дээ.

-Та чөлөөт цагаараа бөхчүүдийн хөргийг зурдаг гэсэн. Хамгийн сүүлд, ямар бөхчүүдийн хөргийг зурсан бэ?

-Би Аваргуудын зургийг цувралаар зурж байгаа. Одоо Д.Цэрэнтогтох, Н.Батсуурь хоёрыг л зурах дутуу үлдээд байна. Хамгийн сүүлд, 2018 оны оны Улсын баяр наадмын долоогийн даваанд Улсын заан Жаргалбаярын Содномдорж арсланг хавирч унагааж байгаа барилдааныг зурсан. Б.Бат-Эрдэнэ аваргын зургийг зураад дуусч байтал таараад миний зурган дээр гарын үсэг зурж өгсөн.

-Монголын Үндэсний бөхийн холбоо сүүлийн үед нэлээд будлиантай байна. Та бөх сонирхогчийн хувьд уг нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Зах зээлийн хүнд хэцүү цаг үед Р.Нямдорж, Д.Данзан хоёр хандив цуглуулж бөхийн өргөөг байгуулсан.Тэр үед хүмүүс нийтийн төлөө зүтгэх байтугай өөрийнхөө хоногийн хоолыг олох гэж зовж байсан шүү дээ. Тийм хэцүү цаг үед энэ хоёр хүн бөхийн өргөөг байгуулж, бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлдэг болсон. Түүнчлэн “цолны хишиг” хэмээн мөнгөн тэтгэмжийг жил болгон ахмад бөхчүүддээ олгож байгаа. Эдгээр хүмүүсийн үйл ажиллагаанд жаахан алдаа дутагдал байсан л байх. Гэхдээ л энэ хоёр хүн үлгэр жишээ сайн ажилласан.

-Ингэхэд та өөрөө хэр барилддаг вэ?

-Би ч овооны л бөх дөө. Хүүхэд байхдаа нутгийнхаа овооны наадамд түрүүлж даага авч байсан.Тогтмол бэлтгэл хийхгүй болохоор олигтой амжилт гаргаж чадаагүй ээ. Гэхдээ унасан ч хамаагүй наадмаар зодоглож байж л баярласан болдог юм. Олон жил уралдсан морь шиг наадам дөхөхөөр л догдлоод байдаг даа.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Залуу эрдэмтэн Д.Заяабаатарынд өнжлөө

Амралтын өдрөөр нэлээд эртлэн “Олимп” хотхоныг зорьж нэгэн айлын хаалга тогшлоо. Биднийг хүлээж байсан бололтой “Хэн бэ” ч гэж асуусангүй гэрийн эзэн уриалгахан хаалга тайлав.Дуу хоолой цалгиун, алхаа гишгээ хөнгөн, үйл бүтээл арвин энэ эрхмийг Далайн Заяабаатар гэдэг. Заяабаатар Монголын залуу эрдэмтдийн төлөөлөл, монгол судлал, хэл шинжлэлийн салбарт хүчин зүтгэж яваа хүмүүсийн нэг билээ.

Тиймээс энэ удаагийн “Танайд өнжье” булангаа залуу эрдэмтний гэрээс бэлтгэхээр ирсэн нь энэ. Түүний товч танилцуулгыг хүргэвэл монгол хэл-уран зохиол судлаач, багш мэргэжилтэй, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D), Монгол Улсын ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга гээд хашиж буй албан тушаалыг нь тоочоод барамгүй аж. Монгол Улсын ардын багш, төрийн шагналт, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Шаравын Чоймаа түүний нагац гээд удам дамжсан бичгийн хүмүүн гэж ч хэлж болох байх.

Гэрийн эзэд биднийг ирэхээр хамт өглөөний ундаа уухаар хүлээж байж. Ингээд хоолны ширээний ард хэсэг тухлан хөгжилтэй яриа дэлгэв. Д.Заяабаатарын эхнэрийг М.Түмэнжаргал гэдэг. Түмэнжаргалын аав багш мэргэжилтэй Х.Мягмардаш гэж хүн байдаг бол ээж нь малын эмч мэргэжилтэй Ж.Баасанхүү гэж хүн бий. Өдгөө алтай хотдоо амьдарч байгаа аж. Залуу хос ихэр хүүтэй.

Ихэр хөвүүдийн нэрийг Дөлгөөн, Долгион гэдэг юм байна. Өнөө жил есдүгээр ангид орно. Зэрвэс харахад андуурахаар ч тогтож ажиглавал Дөлгөөн ах нь учир арай биерхүү. Гэрийн эзэн Заяабаатар “Сүүлийн үед манай гэрийнхэн бууз, хуушуур, шөлтэй хоол гээд элдэв амтлагчгүй хоол идэхийг илүүд үзэх болсон.

Намайг урилгаар Солонгост багшилж байхад манай хэд кимчинд орохоо шахсан. Тухайн үед монголчууд ер нь солонгос хоолонд их дурлаж байлаа. Одоо харин монгол үндэсний хоолоо идэх их сонирхолтой болж” гээд өмнөө тавьсан тавагтай бууз руу заагаад Дөлгөөн хүүдээ хандан “Хоол сайн идэж харагдахгүй юм. Дахиад хоёрыг идчих” гэв. Энэ хооронд гэрийн эзэгтэй “Дөлгөөн Хойд солонгосын асуудал юу болж байна” хэмээн яриа дэлгэв. Хоёр ихэр хоёулаа япон хэлний мэдлэгтэй. Ялангуяа Дөлгөөн Японы сувгаар гарч буй мэдээ үзэх дуртай. Япон хэлээр дамжуулж буй гадаад мэдээг их сонирхдог аж. Тэр дундаа Хойд Солонгосын тухай мэдээллийг илүү сонирхдог гэнэ.

Дөлгөөн “Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун пуужин харвах туршилтаа түр зогсоогоод байгаа. Учир нь Америкийн ерөнхийлөгч Трампт энэ байдал нь таалагдаагүй. Бусад орнууд ч гэсэн Ким Жөн Уны гаргах шийдвэр, үйл хөдлөлийг их сонирхож байгаа” хэмээн дэлхий дахинаа өрнөж буй сүүлийн үеийн мэдээллээс ширээ тойрон суух хүмүүст сонирхуулав. Хоёр хүүгийн өрөөний хаалган дээр японоор “Осакагийн их сургуульд сурна” гэсэн бичиг наасан байлаа. Дөлгөөн, Долгион хоёр япон хэлний хамгийн дээд түвшний оноог өнгөрсөн жил авч чаджээ. Түүнчлэн физикийн хичээлд сонирхолтой төдийгүй чөлөөт цагаараа сагс тоглох дуртай юм байна.

Ингээд ундны дараа гэрийн эзний хамт номын өрөөнд нь зочиллоо. Учир нь залуу эрдэмтний гэрт зочилсон хэн ч бай номын өрөөнд нь саатахаас аргагүй. Номын сан дахь номыг тоолоод барамгүй. Гэхдээ их эмх цэгцтэй. Тэрээр ном болгоныг цуглуулаад байдаггүй. Зөвхөн өөрийн ажил мэргэжилд хэрэгтэй, чухал гэснийг л худалдаж авдаг. Эсвэл найз, нөхөд, багш нар нь бэлэглэдэг гэнэ. Номын шүүгээний наад буланд япон хэлний ном товхимол их харагдах аж. Хоёр хүүгийнх нь уншдаг номууд гэнэ. Бичгийн хүн болоод ч тэр үү гэрийн тохижилт их энгийн. Бурхан шүтээн гээд сүйд болдоггүй гэнэ. Зочны өрөөнд өвөөгийнх нь зураг байх бөгөөд жаазны дээр сэмэрч гандсан цагаан саарал хадаг харагдана.

Ардын багш Ш.Чоймаагийн хамт

Өвөөгийнх нь барьж байсан хадгийг ээж нь хүүдээ уламжлуулсан аж. Энэ гэрийн ганц шүтдэг бурхан бол өвөөгийнх нь хөрөг. Түүний өвөөгийн алдар нэрийг Шарав гэх бөгөөд нутгийн зон “Цагаанморьт” лам ах гэж авгайлан дууддаг байжээ. Д.Заяабаатар энэ тухай “Өвөө маань нэртэй лам хүн байсан юм билээ. Манай гэрийн ганц шүтдэг бурхан энэ зураг. Хөдөө, гадаа холыг зорихоор бол өвөөгийнхөө зурганд залбираад л гарна. Залуу улс мэдэхгүйгээсээ болж бурхан тахил буруу залчихвий гэж санаа зовдог юм. Ер нь хэдэн номоос өөр хүнд сонирхуулаад байх цуглуулга, хобби болсон юм байхгүй дээ. Харин хэл шинжлэл, сурвалж судлалын сонин содон ном бол бий шүү. Номын мөр хөөсөн бид чинь ном харж, ном ярьж баярлана. Хамгийн хүндэтгэлтэй, үнэ цэнтэй бэлэг ном. Басхүү номоо өгсөнгүй гэж нэгэндээ туньж гоморхоно” хэмээн инээмсэглэв. Түүний бусдаас авч байсан хамгийн том бэлэг нь Хөдөлмөрийн баатар Т.Дашцэдэн багш нь өөрийн хэрэглэж байсан хэл шинжлэлийн чиглэлийн ховор номуудаа өвлүүлэн үлдээсэн явдал гэнэ. Бичгийн хүрээнийхний дунд ховор, нандинд тооцогдох ном, бүтээлийг шавьдаа өвлүүлэн, захиж үлдээх ёсон бишгүй бий гэсэн. Энэ мэтчилэн сонин содон зүйлээс хөврөх яриа залуу эрдэмтний номын мөр хөөх болсон тэр он цаг руу эргэлт буцалтгүй оров.

СУМЫН ЗААНЫ ХҮҮ БИЧИГ, НОМЫН МӨР ХӨӨСӨН ТҮҮХ

Заяабаатар Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул. Түүний эцэг Ж.Далай сумын заан цолтой бөх төдийгүй хурдан моринд хорхойтой нэгэн байжээ. Харин эх нь Ш.Гампил нь нас сүүдэр 70 гарсан бөгөөд өдгөө ч Шарга сумандаа малын буян заяагаа түшиж яваа аж. Эхээс наймуулаа тэрбээр “Би одонгийн хүүхэд байхгүй юу” хэмээн хошигнох. Хөдөө нутгийн хүүхдүүд хангай, говиороо л ялгаатай болохоос биш өсч торнихдоо хийсч, тоглож гүйсэн ерөнхий дүр зураг адилхан хойно. Заяабаатар ч мөн Шаргын говийн халуунд халж, чөмөг царцам хүйтэн өвөлд жиндэж эрийн цээнд хүрсэн нэгэн. Харин эцэг эх нь олон хүүхдийнхээ дундаас онцгойлон хайрлаж хонь муулахаас эхлээд хуруу эвдрэх ажил хийлгэдэггүй байж. Одоо ч найз нөхөд нь хөдөө өссөн гэхэд хүүхэн хүнийх шиг гартай гэж цаашлуулдаг байна. Багынхаа дурсамжийг Заяабаатар ийн хуваалцав. “Аав маань их сайхан, хөдөөний хээгүй цөлх эр байлаа. Сумын заан гэдэг чинь зэлүүд нутгийн бидэнд тухайн үедээ улсын аваргатай л дүйх цол шүү дээ. Миний аав тийм л олон түмэнд хүндлэлтэй хүн байлаа. Харин би багаасаа бие жижиг болоод ч тэр үү барилдах, ноцолдоход огт сонирхолгүй байсан.Хурдан морь бол олон жил унасан шүү. Ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

Гэхдээ найман наснаас урагших зүйлээ нэг их санадаггүй. Бодвол дурсаж санахаар онц гойд зүйл болоогүй юм байлгүй” гэж гэр дэх хүмүүсийг хөгжөөгөөд авлаа. Түүний санаанд үлдсэн тод дурсамж нь өсвөр насандаа голынхоо малчидтай тэмээгээ хураах аянд мордох ажил байлаа. Зундаа тэмээн сүрэг зэргэлдээ сум дамнан бэлчээрлээд явчихдаг байж. Харин намар гол саахалтаараа тэмээгээ хураахаар хэд хоногийн аянд хэдэн боорцог, ааруул өвөртлөөд л хээрээр гэр хийн явдаг байсан нь Заяабаатарт их сайхан санагддаг байжээ. Заяабаатарын хувьд Шарга суманд есдүгээр анги дүүргээд аймгийн төвд арван жилээ төгсчээ. Ингээд Алтайгаас Улаанбаатарын зүг эрдэм өвөртлөхөөр ирсэн байна. Аав нь түүнд цаг ямагт “Миний хүү багш болох ёстой” гэж захидаг байж. Тухайн үед хамгийн өв тэгш, үлгэр дуурайлал болсон хүмүүс бол багш нар байлаа. Тиймээс малчны хүү тэр мундаг хүмүүс шиг болно гэсэн мөрөөдөл өвөртлөн их хотыг зорьсон бололтой.

Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор профессор С.Дуламын хамт

ЭРДМИЙН ТАНХИМААСЭХНЭРЭЭЧ, ЭРДЭМ НОМОО Ч ОЛЖ АВСАН ОН ЖИЛҮҮД

Анх Заяабаатар МУИС-ийн түүхийн ангийн хуваарь авчээ. Сургуульдаа орохоор ирэхэд нь түүний нагац Чоймаа кирил бичгээр бичсэн жижиг текст монгол бичгээр буулгаадах гэсэн даалгавар өгч. Хөрвүүлгийг нь улаан эрээн болгож зассан боловч магтаал зэмлэл алиныг нь ч хэлсэнгүй. Маргааш нь МУИС-д дагуулж очоод түүхийн анги биш монгол хэл, уран зохиолын анги руу оруулсан аж. Ингээд1998 онд монгол хэл, уран зохиолын ангийг төгссөн байна. Тэрээр эхнэр Түмэнжаргалтайгаа нэг ангид сурдаг, басхүү оюутны байранд амьдардаг байсан гэнэ. Ингээд хосууд гуравдугаар курсээсээ албан ёсоор үерхэж эхэлсэн түүхтэй. Харин сургуулиа төгсөөд Заяабаатар Говь-Алтай аймагтаа хуваарилагдсан байна. Учир нь тухайн үедээ төрийн зээлээр сурсан бөгөөд хуваарилагдсан газраа хэдэн жил ажиллаж зээл барагдах гэрээтэй. Энэ нь хот газар төвхнөх санаатай хосуудын сэтгэлийг нэлээд чилээж. Ямартаа ч тухайн үеийн аймгийн боловсролын байгууллагын удирдлагад учир байдлаа ойлгуулж,тэд дэмжсэнээр хот руу явах эрхтэй болж. Яг энэ мөчид аз болоход МУИС-ийн Эх бичиг-Алтай судлалын тэнхимд туслах ажилтны орон тоо гарчээ. Ингэж л сургуулийнхаа мэргэдийн тогоонд анх багтаж байсан түүхтэй. Хоёр жил гаруй туслах ажилтнаар нойр хоолгүй ажиллаж хичээсний эцэст магистрын зэрэг амжилттай хамгаалж, багшлах эрхтэй ч болжээ.

Багш болохын тулд тийм ч амар байгаагүй талаар тэрээр ярьсан. “Намайг МУИС-д туслах ажилтнаар ороход аз болж орон тоо гарсан. Өөр нэг хүчин зүйл бол нагац ахын дэмжлэг ч гол нөлөө үзүүлсэн байж таарна. Ямар ч байсан ажлын гараагаа их сургуулиас, туслах ажилтнаас эхлэх болсон минь их завшаантай хэрэг байлаа. Туслах ажилтан байхдаа заавал багш, эрдэмтэн болно гэж өөрийгөө хэрдээ л хурцалж суудаг байсан. Миний өдий зэрэгтэй явж байгааг нагацын дэмжлэгтэй холбон ярих егөөдөл одоо хүртэл салахгүй дагадаг л юм. Гэхдээ өөрийнхөө амьдралыг босгох, өдий зэрэгт хүрэхийн тулд хувьдаа их л хичээсэн. Хүн ер нь өөрийнхөө юу хүсч байгааг мэдэж мэдэрч, түүндээ хүрэхийн төлөө чардайх ёстой. Хүсч буй мэргэжлээрээ сурсан хүн хамгийн дээд оргилд нь хүрэхийн тулд хамаг бүхнээ дайчлах эрмэлзэлтэй байх нь чухал.

Нэг хэсэг төрөөс улсын сургуулиудыг санхүүжүүлэхээ больж сургууль сургалтын төлбөрөөрөө амь зогоох болоход мөнгөтэй л бол хүссэн сургууль, ангидаа орж болдог байлаа. Сонирхолтой, сонирхолгүй нь хамаагүй. Хуулийн анги эрэлттэй бол хүн бүхэн тийшээ зүтгэнэ. Мэргэжлээ сайн эзэмшээгүй хүн ямар нэг газар ажилд орлоо гэхэд систем тэр чигээрээ доголдоно гэсэн үг. Харин одоо овоо дээр болсон.

Хүүхдүүд мэргэжлээ сонгочихоод зорилготой орж ирж байна. Энэ бас л урагштай алхам. Хүн хүссэн мэргэжлээ хичээж эзэмшсэн л бол амжилтад заавал хүрдэг. Би ийм л замаар явж ирсэн. Бусдаас онцгой гойд төрсөндөө өдий зэрэгт хүрээгүй. Би хүсэл тэмүүлэлтэй, энэ мэргэжлийнхээ эзэн нь байхын төлөө хичээсэн учраас л тэр. Аав, ээж маань миний бичгийн хүн болох суурийг тавьж өгсөн бол олон сайхан багш нар маань намайг зөв чиглүүлж өгсөн гэж би боддог. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт,доктор, профессор Цэвэлийн Шагдарсүрэн, Хөдөлмөрийн баатар Т.Дашцэдэн,бага ангийн багш Тэрбиш, дунд ангийн багш Чулуунбат, арван жилийн ангийн багш Чинзориг гээд олон буянтай багш нарынхаа нэрийг энд дурдаж болно. Номын багш нартаа их талархаж явдаг даа” хэмээн яриа дэлгэв.

БНСУ-д урилгаар багшилж байх үе

АЖИЛ АМЬДРАЛЫН ИХ СОРИЛТ БУЮУ ӨӨР ЕРТӨНЦ

Тэрээр 2001-2004 онд МУИС-ийн Монгол хэл судлалын сургуулийн багш 2004-2006 онд БНСУ-ын Дангүг Их Сургуульд урилгын профессор, 2006-2008 онд Монгол хэл, соёлын сургуулийн Сургалтын албаны эрхлэгч, 2008-2011 онд Монгол хэл, соёлын сургуулийн захирал, 2011-2014 онд Япон улсын Осака их сургуульд урилгын профессор, 2014 оноос өнөөг хүртэл МУИС-ийн ШУС-д профессор хийхийн зэрэгцээ Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Үүний сацуу МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, бүрэлдэхүүний сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, “Монгол судлал”, “Акта Монголика” эрдэм шинжилгээний сэтгүүлийн эрхлэгч, Олон улсын Монгол Судлалын холбооны зөвлөлдөх товчооны гишүүн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, “Хэл зохиол судлал” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, Японы Монгол судлалын нийгэмлэгийн гишүүн, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсад хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн гээд залуу хүн гэхэд ахадсан гэмээр олон сонгуульт ажилд тэрбээр сонгогдон хариуцлагатайгаар ажиллаж яваа эрдэмтний нэг юм.

Харин БНСУ, Япон улсад урилгын профессороор ажиллахдаа ажлын ч, амьдралын ч туршлага хуримтлуулсан гэх. 28-хан насандаа Солонгосын Дангүг их сургуульд урилгаар ажиллахаар очиход тэндэхийн багш нар их гайхсан гэдэг. Тус улсад дор хаяхад 35 нас хүрч байж их сургуульд багшлах хэмжээнд хүрдэг нийтлэг жишиг бий. Гэтэл Монголоос хорин хэдхэн настай залуу ирэхэд ихэд гайхаж оюутан уу гээд л асуудаг байсан гэх. Солонгосоос ирээд салбар сургуулийнхаа Сургалтын албаны эрхлэгчээр ажилласан байна. Хүний нутагт өөр орчин, шинэлэг систем олж харсан залуу эрдэмтэн ирэнгүүтээ сургуульдаа ч мөн салхи оруулахаар нэлээд хичээж. Мэдээж түүний хүсэл болгон биеллээ олсонгүй. Сургуулийнхаа сургалт, орчин нөхцөлийг дээшлүүлэх, сайжруулахад эрх мэдэл дутаж байлаа. Эрх ямбаны төлөө бус бусдаас олж харсан ололттой зүйлийг нутагшуулахын тулд түүнд тамга дарах эрх мэдэл дутагдаж байсан болоод л тэр. Тиймээс бүрэлдэхүүн сургуулийнхаа захирлын сонгон шалгаруулалтад орж, хамт олныхоо үнэмлэхүй дэмжлэгээр захирал болсон байна. Олон ч шинэчлэлийг хийж. Мэдээж хүн бүр таатай хүлээн аваагүй нь ойлгомжтой. Дөнгөж 30 гарч байгаа залууд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг удирдана гэдэг чамгүй хүнд даваа.

Энэ талаар Заяабаатар “Би уйгагүй хичээл зүтгэлийн эцэст амжилтад хүрсэн. Гэхдээ залуу хүний омголон зан бас байдаг юм билээ. Нэг ёсондоо багахан амжилтдаа ханаад биеэ тоох өвчинд автаж л байсан. Эхнэрээсээ нэг удаа хүндхэн жавтий хүртсэн. Эхнэр нэг удаа “Чи ер нь биеэ тоож, их зан суух боллоо. Одоо наад ажлаа өгөөд гадагш явж өөрийгөө жаахан зас” гэж зэмлэж билээ. Тэр зэмлэл надад яггүй хүнд туссан. Тиймээс орчноо солиод гадагш явж жаахан цэнэг авъя гэж бодох болсон.Яг энэ үеэр Япон улсын Осака их сургуулиас урилгын профессорын сонгон шалгаруулалт зарласан. 20 орчим багш шалгаруулалтад материалаа явуулж, би тэнцсэн юм. Зарим хүн намайг захирлын албан тушаалаа ашигласан гэж боддог байх. Харин миний хувьд тийм албан тушаалаа урвуулан ашиглах бодол байгаагүй, Осака их сургууль ч юу гэж тийм шалгаруулалт хийхэв. Бусдын л адил шалгаруулалтад орсон. Ингээд 2011-2014 онд гурван жил Японд гэр бүлээрээ амьдарсан. Өөрийгөө нэг сайн чагнаж, оношилж, их ч зүйлийг сурсан даа” гэв. Харин хажуугаас эхнэр Түмэнжаргал “Харин аавыгаа дагаж явсан бид гурав нэг хэсэг нусаа хацартаа наасан. Хоёр хүү маань дөнгөж нэгдүгээр ангиа төгсөхөд Япон явсан. Томчууд ч яахав аливаад дасахад амархан. Харин хоёр хүү маань хэлний бэрхшээлээс эхлээд олон сорилттой тулгарсан. Гэхдээ аавтайгаа адилхан юм сурахдаа онцгой юм шиг байгаа юм. Зургаан сарын дотор чөлөөтэй япон хүүхдүүдтэй ярилцдаг болсон. Багш нь “Ийм онцгой ой тогтоолттой хүүхдүүд төрүүлсэн эцэг, эхэд нь баярлалаа” гэж хүртэл талархал илэрхийлсэн шүү. Гэвч орчиндоо яг дасч ирэхэд бид хэд нутаг буцах болсон. Энд ирээд дахиад л орчин солигдож, хүнд байсан” хэмээн ярив.

Заяабаатар доктор “Би үндсэндээ энэ гэрт үүрэг оролцоо багатай. Олсон хэдэн төгрөгөө сардаа тушаах үүрэгтэй. Харин хоёр хүүгийн хичээл сурлага, гэр орны ажил төрлийг Түмээ маань л амжуулдаг. Эр хүний амжилт эхнэрээс нь шалтгаалдаг гэдэгтэй би маргахгүй санал нийлнэ шүү” гэж ирээд инээлдэв. Эхнэр М.Түмэнжаргал нөхөртэйгээ монгол хэлний анги хамт төгссөн ч МУИС-д санхүү, эдийн засгийн мэргэжлээр сурчээ. Улмаар Үндэсний стандартчилал хэмжил зүйн газарт нягтлангаар ажиллаж байгаад нөхрийнхөө томилгоог дагаж Япон явсан аж. Хоёр ихэр “Шинэ Монгол” сургуулийн есдүгээр ангид орох тул нааш, цааш сургууль, дугуйланд хүргэж өгөх их ажилтай. Харин үүнээс өмнө хоёр хүүхдээ агаарт гаргах ажилтай гэсээр бидний яриа өндөрлөв.

Categories
мэдээ цаг-үе

Даатгалаар эм олгодог эмийн сангуудад хөнгөлөгдөх эмийн үнийн жагсаалтыг тавьдаг болъё

Image result for Даатгалаар эм олгодогЭрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд эмийн хөнгөлөлт олгоод багагүй хугацаа өнгөрч байна. Өөрт ойрхон даатгалаар хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудаас эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ очоод хэрэгцээтэй эмийг зах зээлийн үнээс 20, 30, 50 бүр 90 хувь хөнгөлүүлээд авах боломжтой. Гэвч нэг зовлонтой болж. Даатгалаар олгогддог хөнгөлөлттэй эм авахын тулд сарын эхний өдрүүдэд л эмийн санд дугаарлах хэрэгтэй болно. Сарын бараг эхний хоёр, гурав хоногоос бусад өдрүүдэд хөнгөлөлттэй эм олж авна гэдэг нүдний гэм болж. Эмийн сангууд “Лимит дууссан. Сар эхлэхээр ав” гэсэн ганцхан ижилхэн хариулттай. За энэ ч яахав. Даатгалаар хөнгөлж байгаа нь их юм гээд сарын эх хүлээдэг юм байж. Зарим эмийн сангууд даатгалаар олгодог эмийг хөнгөлөлтгүй шахуу өгч байна.

Тэгсэн хэрнээ даатгалаас хөнгөлсөн нь энэ гээд. Ялангуяа элэг, цөс, ходоод, зүрхний эм арай үнэтэй. Тиймээс хэн хүнгүй л хэдэн төгрөг хөнгөлөөд авчих санаатай. Нэг элэгний эм хайж хэдэн өдөр эмийн сангаар явлаа. Үндсэн үнэ нь 41500 төгрөг. Хөнгөлөгдөөд 16000 төгрөг орчим болох юм байна. Гэтэл зарим эмийн сангууд “Наадах чинь 50 орчим мянган төгрөг гэдэг. Хөнгөлөгдөөд 30 гаруй мянган төгрөг” гэж байна. Учир нь даатгалаар эм олгох эмийн сангууд ихэнх нь ямар эм хэдэн төгрөгийн үнэтэй, хэдэн төгрөгийг нь даатгалаар хөнгөлж байгаа гэсэн эмийн жагсаалт, мэдээлэл байдаггүй. Иргэд эм зүйчийн хэлсэн үнэнд багтдаг. Мэдээж эмийн сангууд тодорхой ашиг харж ажилладаг. Гэхдээ иргэдэд хоёр, гурван мянган төгрөг хөнгөлсөн болоод дахиад эмийнхээ өртгийг даатгалаас тодорхой хэмжээгээр гаргуулаад авчихаж байна. Бараг л үндсэн эмийнхээ мөнгийг дахиад нугалаад завшчихдаг гэсэн үг. Тиймээс эмийн сангуудад хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг, хэдэн төгрөгөөс хэдэн хувь хөнгөлөгдөх үнэтэй нь хамт тавь гэж холбогдох газрууд шаардаж өгмөөр байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Ууганбаяр: Манай иргэд яасан ч хайхрамжгүй, амь насандаа хайргүй, үр хүүхдээ хайрладаггүй юм

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Одоогоор түймрийн нөхцөл байдал ямар байна?

-2017 он гарсаар 151 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар бол долоон түймэр асч, 12 түймрийг цурманд оруулчихлаа. Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдуудад гарч байгаа түймэр, Төв аймгийн Эрдэнэ суманд хоёр түймэр асч байгааг унтраахаар ажиллаж байна. Одоогоор түймрийн голомтод онцгой байдлын 448 алба хаагч, хүчний байгууллагаас 308 алба хаагч, орон нутгийн гамшгаас хамгаалах алба хаагч, дайчилгаагаар ажиллаж байгаа 432 хүн байгаа. Нийтдээ 1200 орчим бие бүрэлдэхүүн түймрийг унтраах ажилд дайчлагдаж байна. Нийт түймрийн 68 нь долдугаар сар гараад тохиолдсон байгаа. Бид Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүргийн дагуу зургадугаар сарын 27-нд улсын хэмжээнд бүх түймрийг унтраасан байсан. Энэ их утаа униар тэр тусмаа долдугаар сарын 10-наас хойш гарсан. 20 гаруй түймэр шинээр гарсан байх жишээтэй.

-Засгийн газраас ч холбогдох байгууллагуудаас ч тэр түймрийг унтраах арга хэмжээг оройтуулсан нь нөхцөл байдал хүндрэхэд нөлөөлсөн гэх шүүмжлэл байна?

-Аливаа ажлыг зохион байгуулахдаа сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэрлэж болохгүй. Бид чинь улстай, улс нь удирдлагатай. Бүх зүйлийг шат дараалсан зохион байгуулалттайгаар хийх ёстой. Түймэр гарлаа гэхэд эхний ээлжинд тухайн орон нутгийн харьяа онцгой байдлын алба хаагчид ажиллана. Үүнтэй зэрэгцэн орон нутгийн Засаг дарга түймэр унтраах арга хэмжээ зохион байгуулна. Хэрвээ хүч хүрэхгүй бол бид хоёр шатны арга хэмжээ буюу үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтарч ажиллана. Улсын онцгой комисс хуралдаж чиг үүрэг өгнө. Үүний дагуу түймрийн нөхцөл байдалтай холбогдуулаад шуурхай арга хэмжээ авч Шадар сайд тодорхой үүрэг даалгавар өгсөн. Засгийн газар ч энэ асуудлыг хэлэлцлээ. Улсын онцгой комиссын хуралдааныг зохион байгуулж чиглэл бүрт тодорхой үүргүүдийг өгсөн. Хууль зүйн сайдад түймэр дэгдээсэн нөхдүүдэд хариуцлага тооцох, Эрүүл мэндийн сайдад түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай эрүүл мэндийн тусламжийг үзүүлэх хэрэгтэй, Зам тээврийн сайдад яаралтай нисдэг тэрэг галын голомтод ашиглах хэрэгтэй байна гэх мэтчилэн салбар бүрт үүрэг өгсөн. Ингээд түймрийн нөхцөл харьцангуй тайван байдаг Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг аймгуудаас хүч нэмж, тэндээ нэг ээлжийн бүрэлдэхүүн ар талаа хариуцаж үлдээсэн. Дээр нь Өвөрхангай, Архангай аймгуудаас нэмж алба хаагчдаа татсан. Манай аврах тусгай ангийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймаг дахь Хүдэр, Ерөө гээд гурван том түймэр дээр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан түймрүүдэд одоо ч ажиллаж байгаа. Мөн зэвсэгт хүчний 300 гаруй бие бүрэлдэхүүн түймрүүд дээр ажиллаж байна. Маш богино хугацаанд дайчилгаа зохион байгуулаад түймрийн голомтуудыг дарж авлаа.

-Суурин газартай ойрхон байна гэсэн яриа гарсан. Ийм тохиолдол байна уу?

-Сэлэнгийн Түнхэлд ой хээрийн түймэр суурин газартай нэлээд ойртсон тохиолдол бол гарсан. Түнхэл тосгон нь ой модон дунд байдаг онцлогтой учраас түймэр нэлээд ойртсон. Гэхдээ яг айлын иргэн, аж ахуй нэгжийг хохироосон, айлын хашаа галд өртсөн зүйл бол гараагүй. Хажууханд нь Мандал суман дээр онцгой байдлын хэлтэс байдаг. Тиймээс энэ бие бүрэлдэхүүн шуурхай очиж ажиллаж түймрийг унтраасан. Батсүмбэр суманд бол суурин газраас 6-7 км зайтай түймрийг дарсан байгаа.

-Долдугаар сар буюу наадмын үеэр ихэнх түймрүүд дэгдсэн гэсэн. Гол шалтгаан юу байв?

-Түймрийн эцсийн шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоодог. Өмнөх жилийн цагдаагийн байгууллагаас гаргасан түймрийн шалтгааны дүн мэдээллийг харж байхад нийт түймрийн 70-80 хувь нь хүний буруутай үйлдлээс болж гардаг. Татсан тамхиа дутуу унтраагаад орхидог, аялал зугаалгаар явж байхдаа галаа дутуу унтраадаг, бага насны хүүхдүүдийг шүдэнзтэй их ойр байлгадаг. Үүнээс болоод хөдөөний айлын хүүхдүүд гэрээсээ шүдэнз авч гараад жалганд зурж гал алддаг тохиолдол гарсан. Цогтой үнсээ гаргаад асгачихдаг, машин техникийнхээ аюулгүй байдлыг хангадаггүй. Зарим машины яндан оч баригчгүй явснаас болж түймэр гардаг. Байгалийн хүчин зүйлүүд бас байна. Салхитай үед мод хоорондоо үрэлт үүссэнээс болж гал гарсан тохиолдол хүртэл бий. Гэхдээ энэ бүх шалтгаанаас 80 хувь хүний буруутай үйлдлээс болж гал гарсан байдаг. Мэдээж халалт нөлөөлсөн.

-Өнөө жил арай л их түймэртэй байх шиг. Хэдий хэмжээний га талбай түймэрт өртөөд байна вэ?

-Энэ жил өмнөх жилүүдийг бодвол түймрийн гаралт 80 хувиар илүү байна. Гэхдээ 1996 онд Монгол Улс 450 гаруй түймэртэй байсан. Үндсэндээ бүхэлдээ шатаж байсан. Яг тиймэрхүү цаг агаарын нөхцөл өнөө жил тохиолдож байна.

-ОХУ-аас агаарын тусламж авах талаар яригдаад чимээгүй болчихлоо. Энэ асуудал юу болсон бэ?

-ОХУ-аас энэ талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэсэн хариу ирүүлсэн. Гэсэн хэдий ч энэ цаг мөчид байгаль, цаг агаарын хувьд таатай нөхцөл бүрдсэн. Бороо хур орсон. Ер нь олон жилийн туршлагаас харахад байгалийн хүчин зүйл бороо түймрийг унтраахад асар их нөлөөлдөг. Тухайн үед Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс орон нутгуудад ажиллаж тодорхой хэмжээгээр үүлэнд нөлөөлж пуужингаар харвах ажиллагааг зохион байгуулсан. Үүний дүнд бороо орлоо. Зөвхөн онцгой байдлын газар бус бүхий л салбар байгууллагуудын хамтын ажиллагаа чухал л даа. Олон хүний хүч хөдөлмөр орж байгаа. Байгалийн таатай боломж үүссэн учраас бид дэмжлэг авахаа түр азнасан.

-Монголд жижиг эйр компани олон бий. Тэдний онгоцыг ашиглах боломж байгаагүй юм уу?

-“Томас эйр” гээд компани хоёр онгоцоор өөрсдийнхөө зардлаар түймрийн голомттой газруудад ус цацсан. Өөрсдөө санаачилга гаргасан, бид дэмжсэн.

-Энэ удаагийн нөхцөл байдал ямар ч байсан нэн түрүүнд онгоцтой болох хэрэгтэй гэдгийг харууллаа. Онгоцтой болох талаар яриа хэр урагштай байна вэ?

-Ой хээрийн түймэр, энэ нөхцөл байдал үүсэхээс өмнө онгоцны асуудал яригдаж байсан. Онцгой байдлын газар нисэх нэгжтэй болох асуудлыг тавьсан байгаа. Онцгой байдлын газарт нисдэг тэрэг маш хэрэгтэй. Зөвхөн ой хээрийн түймэр гэлтгүй бусад болзошгүй аюулын үед нисдэг тэрэг хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ. Газар хөдлөлөө гэхэд маш хурдан хугацаанд газар хөдлөлтийн бүст өртсөн иргэдийг зөөх, нүүлгэн шилжүүлэх, гэмтсэн хүмүүсийг зөөх гээд ач холбогдол өндөр. Өмнө нь бид түймэрт өртсөн, төөрөөд алга болсон, хүнд гэмтсэн хүмүүсийг нисдэг тэргээр зөөж байсан тохиолдол бий. Усанд хүн осолдлоо гэхэд маш шуурхай очоод аврагч хүргээд аврах боломж байх юм, ой хээрийн түймрийг гарахаас нь өмнө тандалт хийж болж байна.

-Түймрийн үеэр монголын төр хөрөнгөтөн ихтэй байж ганц нисдэг тэрэг авч чадахгүй бол ард иргэд хандив босгоод авч өгье гэсэн яриа газар авсан. Ер нь хэр их хөрөнгө шаардах вэ?

-Нисдэг тэрэгний үнэ харилцан адилгүй. Тухайлбал, “МИ-171” гээд нисдэг тэрэгний орчин үеийн хүчин чадал сайтай нь 20 орчим тэрбум төгрөгийн үнэтэй байгаа. Зөвхөн нисдэг тэрэгний үнэ. Үүнийг бид авахын тулд захиалга өгнө. Түргэн тусламж үзүүлэх, өвчтөн зөөх хэлбэрээр ашиглана гэвэл дотор нь суурилуулах тоног төхөөрөмж нэмж захиална, эсвэл ус цацах, гал түймрийн чиглэлээр гэвэл мөн л нэмэлт тоноглол захиална гээд үнэ нь нэмэгдээд явна. Жижиг оврын нисдэг тэргүүд аль улсад үйлдвэрлэгдснээсээ шалтгаалаад арай бага үнэтэй байх жишээтэй. Маш олон улс орны нисдэг тэрэгний судалгааг хийж байна. Илүү тохиромжтой нь “МИ-171” гээд ОХУ-д хэрэглэж байгаа нисдэг тэрэг. Манай улсад ч хоёр ажиллаж байгаа. Нисдэг тэрэгний асуудал тун удахгүй шийдэгдэх байх.

“МАНАЙ ЗАЛУУС
ҮНЭХЭЭР НЭГДЭЖ, ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ БИД ХАРЛАА”

-Ард иргэд сайн дураар түймэрт дайчлагдсан. Гэхдээ сайн дураараа оролцсон иргэдийг түймрийн голомт руу орохыг хориглосон нь иргэдийн урмыг хугаллаа гэж их яригдсан…?

-Иргэнийхээ амь насыг нэн түрүүнд хамгаалах нь бидний үүрэг. Шаардлагатай тохиолдолд хувь хүн, аж ахуй нэгжийг дайчилна гээд Засгийн газрын тогтоолд тусгаад өгчихсөн байгаа. Гамшгаас хамгаалах тухай хуульд иргэн хүн дээрх мэргэжлийн байгууллагуудын чиг үүргийг дагана гэж. Энэ хүрээнд бид ард иргэдийг түймэрт дайчилсан. Гол нь энэ удаа ард иргэд түймэрт их санаа зовниж, түймэр унтраах ажилд идэвхитэй нэгдлээ. Гэхдээ манайхаас сайн дураараа түймрийн голомт руу явахыг хориглосон. Учир нь бид хамгийн түрүүнд иргэнийхээ амь насыг хамгаалах үүрэгтэй. Түймрийн голомтод ажиллана гэдэг иргэн бүрийн очоод хийчих зүйл биш. Өнгөрсөн онд салхитай шуургатай үед зургаан метр өндөр галын багана үүсчихээд хуйларч байсан. Тэгэхээр дэмжье, тусалъя гээд ирсэн иргэдийг галын фронт руу оруулчихвал ямар ч нөхцөл байдал үүсэхийг хэлж мэдэхгүй шүү дээ. Ойн түймэр гурван хэлбэрээр шатдаг. Нэгдүгээрт модны дээд үзүүрээр асдаг. Биднийг унтрааж байхад дээгүүр шатаад цаана тархчихдаг. Хоёрдугаарт газрын доогуур модны үндэс, хөвд шатаад газар авчихдаг. Зарим газраа хөвд өвс хүний бэлхүүсээр татдаг. Гурав дахь нь газар дээр ил харагдаж байгаа түймэр. Харагдаж байгаа галыг цохиод унтраагаад байж байтал ард 20, 30 метрийн цаана газар доороос гал авалцаад ирдэг. Ингээд галд хашигдах аюул гарах нь бий. Энэ талаар би Сүхбаатарын талбайд цугларсан залууст хэлсэн. Тэдний зарим нь сандаалтай, шорттой ирсэн байх жишээтэй. Залуус түймрийн талаар мэдлэг мэдээлэл дутмаг явж гэж маш сайхан хүлээж авсан. Харин бид хоол хүнс, хандив тусламж үзүүлэхийг хориглоогүй. Үнэхээр манай иргэд сайхан сэтгэлийн угаас боломж бололцоогоороо бээлий, хүрз, чийдэн бариад ирж байсан. Хоёрхон хоногийн өмнө талбай дээр цугларсан залуус яриад “түймэрт ажилласан хүмүүсээ татахаар хоёр автобус явуулчихлаа” гээд их сайхан зохион байгуулалттай оролцож байгаа залуус. Тиймээс Засгийн газар, Онцгой комисс, Онцгой байдлын байгууллагын нэрийн өмнөөс энэхүү тусламжийн аян өрнүүлсэн, хандив өргөсөн, гар биечлэн оролцсон хүмүүстээ талархсанаа илэрхийлье. Монголчууд, манай залуус үнэхээр нэгдэж, эх орныхоо төлөө дуугарч, босч чаддаг юм байна гэдгийг бид харлаа.

-Зуны улиралд усанд осолдож амиа алдах тохиолдол эрс нэмэгддэг. Өнөө жил ч гэсэн усны ослоор амиа алдах тохиолдол их байгаа гэсэн?

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Он гарсаар 72 хүн усанд амь эрсэдсэн байна. Үүнээс 13 нь хүүхэд байна. Зургаан сард хүн усанд үйж амиа алдсан 30 тохиолдол гарлаа. Өдөр бүр нэг хүн усанд осолдсон гэсэн үг. Олон жилийн судалгаанаас харахад баяр наадмын өдрүүдэд усны ослын тоо нэмэгддэг. Нийслэлийн хэмжээнд өнөө жил энэ байдал гайгүй байсан бол хөдөө орон нутагт ослын тоо их байсан.

-Ослын шалтгааныг тодруулвал?

-Амь эрсэдсэн 72 тохиолдолд дүн шинжилгээ хийгээд үзэхэд усанд сэлэх гээд осолдож байна, голд тоглож байгаад осолдож байна, амиа хорлох гээд осолдож байна. Тэрбүү хэл нууранд хонио угаах гэж ороод хонь нь живэнгүүт дагаж ороод амиа алдсан тохиолдол гарлаа. Гэр бүлийн ах дүү хүүхдүүд усанд осолдож байна. Тогтоол усанд осолдох тохиолдол гарлаа. Гэртээ хүүхдээ торхтой усанд оруулж байгаад осолдох тохиолдол гарлаа. Аав ээж нь хөзөр тоглож байхад хүүхэд нь усанд осолдсон тохиолдол хүртэл гарч байсан.

-Усны осол ч тэр, зам тээврийн осол ч тэр иргэдийн хайнга, хайхрамжгүй үйлдлээс л үүсч байна. Энэ байдлыг хэрхэн цэгцлэх ёстой юм бол оо?

-Сэтгэл эмзэглүүлэм осол их байна. Онцгой байдлын газраас гол усны ослоос сэрэмжлүүлэг хүргэдэг хэдий ч манай иргэд нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачих юм. Хайхрамжгүй, амь насандаа хайргүй юм, үр хүүхдээ хайрлахгүй юм, өөрийгөө хайрлахгүй юм. Өнөөдөр манай улсад хямрал, янз бүрийн аюулт гамшиг тохиолдоогүй. Гэтэл зүгээр явж байгаад усанд явж ороод амиа алдчих юм. Ер нь энэ тал дээр томоохон үндэсний хэмжээний бодлого гаргахгүй бол төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага тайлбарлаж, сэрэмжлүүлээд байсан ч жилдээ 100 гаруй хүн усанд осолдож байна. Буурахгүй байна. Авто ослууд байна. Дийлэнх нь эцэг, эхээ дагаж хөдөө орон нутаг яваад осолдож байна. Өвөл болно. Салхи, шуурга, хальтиргаа гулгаатай байна гээд хэлээд байхад замд гарч төөрч, осол аваарт ордог. Иргэдийн оюун санааг өөрчлөх, ёсзүйтэй болгох, эх орноо хайрлах, иргэнийхээ үүрэг хариуцлагыг ухаарах зэрэг асуудлыг бодлогоор нь, системээр нь өөрчлөх хэрэгтэй гэж би хувьдаа бодох болсон. Иргэдийг зөв систем, бодлогоор зохион байгуулаад, уриалаад ажиллавал үр дүнд хүрч болно гэдгийг бид сая түймрээр харлаа шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

А.Баярцэцэг: “Монголын миссээр тэмцээнээ шүүлгэмээр байна” гэж Америкаас хэлэх чинь бидний хувьд нэр төрийн хэрэг

“Miss World-2016” буюу Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд Монголын мисс Алтангэрэлийн Баярцэцэг эх орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг XI байрт шалгарсан юм. Тэрээр дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцсоноос хойш эх орондоо нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн ажил тасралтгүй хийсээр ирсэн билээ. Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сард үе үеийн дэлхийн миссүүд оролцсон томоохон арга хэмжээнд оролцоод ирсэн байна. Ингээд Дэлхийн миссийн шилдэг XI байрт шалгарсан мисс А.Баярцэцэгтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Саяхан дэлхийн миссүүдийн томоохон цугларалтад очоод ирсэн гэсэн. Энэ талаараа бидэнтэй хуваалцахгүй юу. Ямар зорилготой арга хэмжээ вэ?

-Зургадугаар сарын 21-нд Италид дэлхийн дөрвөн том миссийн тэмцээнд амжилттай оролцсон үе үеийн миссүүд цугларсан томоохон арга хэмжээ болсон. Энэхүү арга хэмжээнд мисс Бадамгэрэл бид хоёр оролцсон. Үе үеийн миссүүд нэгэн дор цугларч хандив, хөрөнгө оруулалт босгох зорилготой юм. Газар хөдлөлтөд үгүй болсон нэгэн том цэцэрлэгт хүрээлэнг дахин барьж байгуулах санхүүжилтыг босгох ажилд 40 гаруй орны 60 гаруй мисс оролцсон байгаа.

-Дэлхийн миссийн тэмцээнээс хойш их л завгүй яваа сурагтай. Ялангуяа нийгэм рүү чиглэсэн хүмүүнлэгийн ажил их хийж байгаа харагддаг?

-Надад их сургуульд байхаасаа эхлүүлсэн ажлууд бий. “My club” гээд онлайн клуб байдаг. Бид сүүлийн 10 жилийн хугацаанд бараг 3000 сайн дурын ажилтан хүүхдүүдтэй хамтраад цөлжилтийн эсрэг Монгол Улсынхаа дөрөв, таван газар ойролцоогоор 250 гаруй мянган мод тарьсан байна. Цаашдаа сая мод тарих зорилт тавьсан байгаа. Мод тарихаас гадна тарьсан модоо усалж эргэж тойрох нь чухал байдаг. Жилээс жилд их халуун болж байгаа учраас олон хүний хайр шингээж ургуулж буй модоо үхүүлчихгүйн тулд долоо хоногийн бямба гариг болгон явж модоо усалдаг.

-Та нэг хэсэг хувцас цуглуулах аян өрнүүлж байсан санагдаж байна. Энэ аян хэр амжилттай болсон бэ?

-Би ихэнхдээ байгаль орчин, өнчин хүүхдүүдтэй холбоотой хүмүүнлэгийн ажлуудад оролцож яваа. Би хавар гадаад руу ажлаар явчихаад гэртээ ирээд өвлийн хувцсаа далд хийж зуны хувцсаа гаргасан чинь өмсдөггүй маш их хувцас байсан. Хаядаггүй, хүнд өгдөггүй /инээв/. Шинэ хэрнээ шүүгээндээ хадгалаад байдаг. Тэгэхээр нь өмсдөггүй хувцасаа цуглуулах аян өрнүүлбэл ямар вэ гэсэн чинь маш олон хүн дэмжсэн. Хүн болгон л өмсдөггүй хэрнээ хадгалаад байдаг хувцас маш их байсан. Хоёр долоо хоногийн турш хувцас цуглуулах аян өрнүүлсэн чинь 50 гаруй хайрцаг болсон. Хэрэгцээтэй хүмүүст нь өгье гэж фэйсбүүкээр ярилцаад дөрөв таван бүлгийн хүмүүст өгсөн. Тэр дундаас хогийн цэгийн 30 гаруй өнчин, хагас өнчин хүүхдүүдийг тэжээж дэмжиж явж байгаа Сарнай гэх эмэгтэйд хувцас бэлэглэсэн. Тэр эмэгтэй улсын хийж чадахгүй байгаа зүйлийг заавал их хөрөнгө шаардахгүйгээр сайхан сэтгэлээр хийж болдог юм аа гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлж, харуулж чадаж байгаа болов уу гэж бодсон. Хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдэд бэлэглэсэн. Яагаад гэвэл Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж гэмтсэн бэртсэн эмэгтэйчүүд их олон ирдэг юм билээ. Тэд гэрээсээ янз бүрийн л дарамт, шахалтаар зугтаж гарсан байдаг учраас заримдаа хувцасгүй ирэх тохиолдол ч байдаг юм билээ. Ер нь жил бүр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд яаралтай тусламж үзүүлэх тасгаар 1000 гаруй хүн үйлчлүүлдэг гэсэн судалгаа байсан. Өнгөрсөн жил гэхэд 1000 хүн ирснээс 993 нь эмэгтэй, долоо нь эрэгтэй хүн байсан гэсэн. Тэгэхээр өнөөдөр нийгэмд хэн хүчирхийлэлд өртөж байна гэхээр дандаа эмэгтэйчүүд. Харин долоон эрэгтэйгийн хувьд дандаа өндөр настай хүмүүс. Ихэвчлэн хүргэндээ, бэрдээ хөөгдсөн байх жишээтэй. Зөвхөн илэрсэн тохиолдол нь энэ юм чинь хаалганы цаана хэдэн мянган эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаа бол гэхээс үнэхээр эмзэглэмээр санагдаж байсан.

-Дэлхийн миссийн тэмцээний дараа Америкт багагүй хугацааг өнгөрүүлсэн. Энэ үеэрээ нэлээд олон ажил амжуулсан гэж сонссон. Киноны шалгаруулалтад оролцсон гэсэн үү?

-Тийм ээ. Америкт хэдэн сар болсон. Лос Анжелост “Мулан” зэрэг хэд хэдэн киноны шалгаруулалтад оролцсон.

-Шалгаруулалт хэр амжилттай болов?

-Кино шалгаруулалтын хариу аравдугаар сараас гарна. “Дисней”-гийн хийх энэ кинонд Азийн чамгүй их жүжигчидтэй өрсөлдсөн. “Дисней”-д шалгаруулалтад орно гэдэг уран бүтээлч хүний хувьд боломж төдийгүй туршлага болсон. Олдож байгаа боломжийг ашиглаж, зарим үед боломжийг бий болгож байж л өсч хөгжих болов уу. Мөн “Уорнер Брос” студи болоод алдарт жүжигчин Стивен Сигалийн кинонд шалгуулж тэнцсэн.

-Алдарт жүжигчин, бидний сайн мэдэх Стивен Сигалийн кинонд тоглоно гэхээр их сайхан санагдаж байна. Ямар дүр бүтээх вэ?

-“Netflix”-ээр гарах Стивен Сигалийн найруулж, продюсерлаж, тоглох адал явдалт энэ кинонд би туслах дүрд тоглоно. Уг кинонд хүний наймаанд өртсөн охидыг тосгонд нь авчирч байгаа “баатарлаг” үйл явдал гардаг. Дэлхийн миссийн тэмцээний үеэр жүжигчин Стивен Сигал “Монголын миссийг дэмжээрэй” гээд шейрлэж их дэмжсэн. Тухайн үед энэ алдартай хүн намайг дэмжиж байна гэж бодоод их баярлаж байлаа. Нөхрөө намайг дэмжихийг түлхсэн хүн нь гэргий Эрдэнэтуяа эгч болохыг мэдсэн. Намайг гэртээ хүртэл урьсан шүү. Зураг авалтууд ерөнхийдөө яригдаж байгаа. Киногоо хүлээх явцдаа өөрийгөө хөгжүүлэх, жүжиглэлтийн уран чадвараа хөгжүүлэх тал дээр их цагаа зарцуулах бодолтой байна.

-Мэргэжлийн ажилдаа хэр анхаарч байна?

-Хувийн ажил болон нийгэм рүү чиглэсэн ажилдаа баланстай явахыг хичээж байгаа. Ялангуяа Дэлхийн миссийн тэмцээнд орж ирснээс хойш аливаа арга хэмжээнд оролцох урилга, хүсэлт их ирдэг болсон. Ажиллах санал гэхээсээ илүү оролцоод өгөөч гэнэ. Тэр болгонд оролцоод яваад байхаар би чинь бас хүн учраас яаж амьжиргаагаа залгуулах билээ /инээв/. Тиймээс аль болох л мэргэжлийн ажилдаа анхаарахыг хичээж байгаа боловч тэр болгон зав гарахгүй л байна.

-Танд Америкийн миссийн тэмцээнийг шүүх санал тавьсан гэсэн. Дэлхийн хамгийн том гүрэн гэгддэг Америкийн миссийн тэмцээнийг Монгол хүн шүүнэ гэхээр их бахархалтай санагдаж байна?

-Тийм ээ. Ирэх наймдугаар сард Америкийн эх дэлхийн миссийн тэмцээнд шүүгчээр ажиллах санал ирсэн байгаа. Ер нь тэмцээнд оролцоод амжилт гаргах юм бол дараа дараагийн ажлын үүд хаалга нээгддэг. Олон улсын томоохон тэмцээний үеэр аль улсын мисс хэрхэн оролцож, ямар амжилт гаргаж байна гэдгийг гадны томоохон агентлаг, улс орны мэргэжилтнүүд ажиглаж байдаг. Түрүү жил Мьянмарын мисс эх дэлхийн миссийн тэмцээнийг шүүж байсан. Өнөө жил Америкаас заавал Монголын миссээр тэмцээнээ шүүлгэмээр байна гэдэг чинь бидний хувьд их нэр төрийн хэрэг гэж бодож байгаа. Их баяртай байгаа.

-Ер нь гадны тэмцээн, уралдаанд оролцох бодол байна уу?

-Би дэлхийн миссийн хамгийн том дөрвөн тэмцээний гуравт нь ороод үзчихсэн. Гурван жил дарааллаад олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Одоогоор Ертөнцийн мисс тэмцээнд оролцох эрхийг манай улс хараахан аваагүй байгаа учраас миний хувьд одоо өөр тэмцээнд орох сонирхол бол байхгүй. Харин миссийн чиглэлээр хийхээр төлөвлөж буй ажил олон бий.


Categories
мэдээ цаг-үе

​Жолооч нарын буруугаас болж жилд 500 гаруй хүн хорвоогоос одож байна

Улсын хэмжээнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар 21808 зам тээврийн осол бүртгэгдсэний 2088 буюу 9.6 хувь нь орон нутгийн замд, 19720 осол Улаанбаатар хотын замд гарсан осол байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын 21312 буюу 97.7 хувь нь жолоочийн буруугаас, 475 буюу 2.2 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 21 буюу 0.1 хувь нь замын нөхцөл байдлаас гарчээ.

Тэгэхээр зам тээврийн ослын гол буруутан нь жолооч өөрөө гэдгийг дээрх тоо баримт илтгэж байна. Үнэндээ манай жолооч нар унаж яваа машиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг анхаардаггүй. Хөдөлж л байвал болоо гэсэн шиг зарим эд ангийг монголчилж, зориулалтын бус тос, масло хэрэглэх нь энүүхэнд. Үнэндээ хагас жилийн байдлаар тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг хангаагүй 771 гэмт хэрэг бүртгэгдэж, ослын улмаас 205 хүий амь нас хохирч, 530 хүн гэмтсэн байна. Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар 40 хүн амь насаа алдаж, 290 хүн гэмтсэн бол орон нутгийн замд 165 хүний амь нас хохирсон нь улсын хэмжээнд амь насаа алдсан хүний 80.5 хувийг эзэлж байна. Сүүлийн таван жилийн судалгаанаас харахад зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 550 гаруй хүн амиа алддаг байна. Ослын шалтгааныг бүр нарийвчилж үзвэл хүний амь нас хохирсон осол, хэргийн 83.3 хувь нь анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон, хурд хэтрүүлсэнээс гарсан байх юм.

Манай улсад гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувь жолоочийн буруутай үйлдлээс болж гардаг болохыг дээр дурдсан. Тэгвэл зарим сэтгэл зүйчдийн үзэж буйгаар монголчууд замын хөдөлгөөнд оролцохдоо сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаггүй. Товчхондоо ямар ч сэтгэл зүйн бэлтгэлгүй байдагтай холбоотой гэнэ. Тухайлбал, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Хоёрхон хундага уусан”, “Би урдах замаа зүгээр л харж байна”, “Мэдрэлээ алдчихаагүй юм чинь гэрээ олоод оччихно” гэсэн сэтгэлгээгээр ханддаг байна. Харин гадны ихэнх орнуудад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь өөрийгөө егүүтгэх, бусдын амь насыг санаатайгаар хөнөөх гэсэн оролдлого гэдгээс өөрцгүй хүлээж авдаг тул ямар нэг эрсдэл дагуулахгүйн тулд дуудлагын жолооч дууддаг ч юм уу өөр хувилбаруудыг авч хэрэгжүүлдэг байна. Нөгөөтэйгүүр хууль эрх зүйн орчин нь иргэдийнхээ сэтгэлгээнд ингэж суулгаж өгсөн байдагтай холбоотой юм. Түүнчлэн манай жолооч нар хөдөө амарна, зугаална гээд гэр бүлийнхнийгээ суулгаж аваад гараад явдаг. Ингэхдээ бусад зорчигчдын суудлын бүс зүүсэн эсэхийг шалгадаггүй, шаардлага тавьдаггүй. Басхүү машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангадаггүй. Өөрийнхөө амь наснаас гадна бүхэл бүтэн гэр бүлийнхээ амь насыг хариуцаж явж байж 100 хол давсан хурдтай давхидаг. Замдаа машин гүйцэж түрүүлэх гэж хажуугаар нь уцаарлаж дайрна, хараана, зүхнэ. Үр ,хүүхэд, эцэг, эхээ суулгачихаад бусдыг элдвээр харааж зүхэж хэрэлдэнэ. Бусад зорчигчдын амь гарт нь байгааг огтхон ч санахгүй. Тэсрэх бөмбөг зүүснээс өөрцгүй ийм л сэтгэл зүйн байдалтай хөдөлгөөнд оролцож байна. Үүний тод илрэл болон зам тээврийн ослын тоон мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

-ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ИХЭНХДЭЭ ӨДРИЙН ЦАГТ ГАРДАГ-

Зам тээврийн ослын 65.5 хувь нь өдрийн цагт, 34.5 хувь нь шөнийн цаг буюу 22.00-06.00 цагуудад гардаг байна. Замын цагдаагийн газарт бүртгэгдсэн нийт ослын 46.8 хувь нь онхолдох хэлбэрээр гарчээ.

Улсын хэмжээнд нийт 21808 зам тээврийн осол бүртгэгдсэн болохыг дээр дурдсан. Тэгвэл үүнээс 90.4 хувь нь мөргөлдөх, 5.6 хувь нь явган зорчигч мөргөх, 1.5 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх /хашаа, хайс, гэр, шон мөргөсөн/, 23 осол нь зорчигч унагах, 53 нь дугуйтай хүн мөргөх, 51 осол нь мал, амьтан дайрах хэлбэрээр бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол ихэнхдээ иргэдийн идэвхитэй цагаар буюу өдрөөр гардаг. Тэгэхээр жолооч нар мэдсээр байж, харсаар байж өөрсдийн буруугаас үүдэн осол аваар гаргадаг гэсэн үг. Жишээ дурдъя. Энэ сарын 16-ны буюу ням гаригт Замын цагдаагийн газарт нийт 237 дуудлага, мэдээ мэдээлэл ирснээс 164 нь зам тээврийн ослын дуудлага байжээ. Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж 15 хүн гэмтсэн байна. Үүнээс тав нь бага насны хүүхэд байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг Морингийн давааны замд амины “H.Fit” маркийн автомашин онхолдож зорчигч 18 настай И, 19 настай Ч, 19 настай Н нарын гурван хүн гэмтсэн бол Партизаны сангийн аж ахуйн замд амины “Toyoto Landcruiser” маркийн автомашинаас зорчигч 53 настай О унаж амиа алджээ. Энэ өдөр гарсан зам тээврийн ослоос хамгийн ноцтой нь Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны тойрог дээр “Beiben” маркийн ачааны автомашины ачиж явсан контейнер унасан явдал. Тухайн замд зорчиж явсан “Pruis-10”, “T.Pruis-11” маркийн автомашинууд дээр унаж зорчигч 36 настай М, 36 настай Б, гурван настай Б, долоон сартай Г нарын таван хүн гэмтэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор долоон сартай хүүхдийн биеийн байдал муу байгаа. Дээрх ослын шалтгаан нь ачааны машины хурд сааруулагч гэнэт ажиллагаагүй болсон гэх. Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэгтэй. Гэтэл хөдөлгөөн ихтэй уулзвар руу хурдтай уруудан орж ирчихээд ийм шалтгаан хэлээд сууж байна. Эрдэнэт хүний амь эрсдээгүй нь зол гэлтэй. Нөгөөтэйгүүр контейнерт даруулсан хоёр машинд явсан хүүхдүүд хамгаалалтын бүсгүй байсан гэх мэдээлэл байна. Бид ийм л хайнга улс. Дээрх тохиолдлууд бол зөвхөн нэг өдрийн ослын мэдээлэл. Өдөрт энэ мэтчилэн хэдэн арван хүний амь нас авч одсон аймшигт ослууд гарсаар л байна.

-ЗАМ ТЭЭВРИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮҮХДИЙН ТОО ӨМНӨХ ЖИЛИЙНХЭЭС ӨСЧЭЭ-

2017 оны хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 491 бүртгэгдэж ослын улмаас 31 хүүхэд амь насаа алдаж, 484 хүүхэд гэмтэл авснаас 90 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтжээ. Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нас барсан хүүхэд 63.2 хувиар өсчээ. Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд Замын цагдаагийн газарт нийт 1236 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, 70 хүн гэмтсэн байна. Үүнээс 18 нь бага насны хүүхэд. Ихэнхдээ ослын үед хүүхдээ урд суудалд авч явсан, хүүхдийг зориулалтын суудалд суулгаагүй, хамгаалалтын бүс зүгээгүй байжээ. Ийм байдлаар хүүхдийг замын хөдөлгөөнд оруулцуулах нь нэг талаараа тэдний эрхийг ноцтой зөрчиж, санаатайгаар амь насыг нь хөнөөх зорилгоор авч явсантай ялгаагүй. Учир нь гадны зарим орнуудад яг энэ хэлбэрийн хууль хатуу мөрдөгддөг. Хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдалд оруулсан тохиолдол бүрт нь эцэг, эх, асран хамгаалагч хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. ОХУ-д замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүйн бүс зүүгээгүй тохиолдолд 500 рубль, 12 хүртэлх насны хүүхдээ зориулалтын суудалд суулгаж тээвэрлээгүй бол 3000 рубль хүртэлх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг байна. Түүнчлэн хүүхдээ зориулалтын бус суудалд суулгаагүй тохиолдолд мөнгөн торгууль ногдуулахаас гадна ял хүртэл оноох тохиолдол зарим орнуудад бий. Иймэрхүү хариуцлага, торгуулийн систем нь зам тээврийн ослыг эрс буруулахад үр дүнгээ өгнө гэж үздэг байна.

-ОРОН НУТГИЙН ЗАМД НААДМЫН ӨДРҮҮДЭД НАЙМАН ХҮН АМИА АЛДЖЭЭ-

Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнтэй зэрэгцэн осол аваар ч эрс нэмэгддэг байна. Өнгөрсөн баярын өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас найман хүний амь нас хохирч, нэг хүн гэмтжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын шинэ замд А жолоочтой амины “Мустанг” маркийн мотоцикль онхолдож, зорчигч 32 настай Б-н амь нас хохирсон бол Баянгол дүүргийн нутаг Телевизийн эцэс рүү нийлдэг даланд амины “Prius” маркийн автомашины жолооч Ч нь далан руу унаж жолооч, зорчигч нарын хоёр хүн гэмтсэн байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Хоёр даваа” гэх газар асфальтан замд “Nissan sun¬ny” маркийн Ө жолоочтой автомашин H.Accent маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 31 настай Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарчээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 238 жолоочийг илрүүлжээ. Энэ сарын 16-нд 46 согтуу жолоочийг илрүүлсэн байна. Ер нь зуны улиралд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох тохиолдол эрс нэмэгддэг болохыг албаныхан хэлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хусуурны гангараа буюу нэн ховордсон хотонгийн мөхөл

Өнгөрсөн долоо хоногт улсын хилээр олон тооны хотон шувууны хошуу гаргахыг завдсан этгээдүүдийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлсэн билээ. Уг хэргийг Ховд сумын харьяат С, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат А, С нар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдоод байгаа. Хууль бусаар гэдэг нь хотон шувуу нь Монгол Улсын нэн ховор, ховор амьтдын “Улаан ном”-д орсон төдийгүй Олон улсын нэн ховор амьтны “CITES” жагсаалтад бүртгэгдсэн байдаг аж. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас “Монгол Улсын Амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар борцгор хотон гэх шувууг нэн ховордсон амьтдын жагсаалтад оруулсан, нэн ховор амьтны түүхий эдийг худалдах, худалдан авахыг хуулиар хориглосон байдаг” талаар мэдээллээ.

ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ ХАР УС НУУРЫН ОРЧИМД ЕРДӨӨ 20 ХОТОН ТООЛОГДЖЭЭ

Дэлхий дээр долоон зvйлийн хотон байдгаас манай улсад зөвхөн борцгор хотон л нутагладаг байна. Борцгор хотонг дэлхий дээрх хамгийн том усны шувуу ч гэж ярих нь бий. Түүний далавчны дэлгэцийн урт 310-350 см, хошууны урт 37-45 см, биеийн жин 9.5-12 кг байдаг аж.Хотон шувуу манай орны Ховд, Увс зэрэг баруун аймгийн цэнгэг уст Хар Ус, Айраг зэрэг нууруудаар үүрлэж өндөглөдөг бөгөөд өвөлдөө Хятадын зүүн өмнөд хэсэг, Хонконгийг зорьдог юм байна. Дэлхий дээр нийт 4000-5000 хос хотон шувуу байдаг гэх боловч манай оронд хоёр жилийн өмнө Хар ус нуурын орчимд ердөө 20 гаруйхан тоологдсон, түүний өмнөх жил 30 гаруй хотон тоологдож байсныг тухайн үед Зэрлэг амьтан хамгаалах төвийн захирал, шувуу судлаач Б.Нямбаяр хэлсэн байдаг. Шувуу судлаачдын хэлж буйгаар 1970-аад онд Их нууруудын хотгорын томоохон нууруудад хэдэн зуугаараа тоологдож байсан хотон шувуу өнөөдөр бараг устах хэмжээнд хүрсэн нь олон хүчин зүйлээс болсон гэдгийг хэлж байна. Тухайлбал, борцгор хотонгийн гол тэжээл нь загас. Тиймээс хотон нутагладаг, өндгөө гаргадаг нуурын загас ховордож үгүй болсон нь уг шувуу цөөрөх шалтгаан болсон аж. Гэхдээ хулгайн ан болон уг нутаг усанд айл өрх ихээр нутаглах болсон нь хотонг үргээх, хорогдох хамгийн том шалтгаан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

ХОТОН ШУВУУНЫ ХУСУУРТАЙ 100 ГАРУЙ УЯАЧ БАЙДАГ ГЭВ

Хотон шувууны хошуу их урт тул хурдан морины уяачид хусуур хийж эдэлж хэрэглэх нь элбэг. 1980-аад оны сүүлээр олноор нь буудаж хусуур хийх болсон гэдэг. Мөн хотонгийн хошууны доор байх загасны уутаар морины дэл сvvлний боолт хийж, доод эрvvний ясаар дэлний хавчаар хийдэг аж. Зэрлэг амьтан хамгаалах төвийн тайланд дурдсанаар хэдхэн жилийн өмнө Увс аймгийн баяр наадмын үеэр хотон шувууны хошуугаар хийсэн хусууртай 100 гаруй уяач тоологдсон байдаг.Тэгэхээр одоо энэ тоо эрс нэмэгдсэн байх нь тодорхой. Зарим уяачтай холбогдож үнэ өртгийн талаар тодруулж үзвэл “Хотонгийн хусуурны үнэ хоёр, гурван жилийн өмнө гурван сая төгрөгөөс эхэлдэг байсан. Алт, мөнгөн гээд үнэт чимэглэлээс хамаараад хамгийн үнэтэй нь 10 сая төгрөг байсан санагдаж байна. Харин одоо 700-800 мянган төгрөгийн үнэтэй байна лээ. Казахстанаас сүүлийн үед хотон шувуу их нүүж ирдэг болсон гэж сонссон” гэв. Харин өөр нэг уяачийн ярьснаар бол уг шувууны хошуугаар хийсэн хусуур бат бөх эдэлгээ удаан байдаг гэнэ. Анх баруун аймгийн уяачид энэ төрлийн хусуурыг хэрэглэж эхэлсэн бөгөөд хотон шувууны хошуугаар хийсэн хусуураар хурдан морины хөлсийг хусах нь илүү хурдан, цог жавхлантай байдаг гэсэн элдэв яриа уяачдын дунд байдаг аж. Хусуурыг хотон шувууны хошуу, толгойн хэсгээр хийдэг байна. Ямартай ч баруун аймгийн уяачдын дунд дээрх моод дэлгэрснээр хотон шувууны тоо толгой цөөрөх болсон юм байна. Тиймээс нэн ховор амьтны тоонд бүртгэгддэг хотон шувууны тоо толгойг аврахын тулд энэ төрлийн хусуураар гангардаг уяачдын тоог эхлээд гаргах хэрэгтэй гэдгийг зэрлэг ан амьтан судлаачид, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хэлж байна. Түүнчлэн тэдгээр уяачдыг торгох эсвэл байнгын бүртгэлжүүлж татвар авдаг болох нь хотон шувууны хууль бус антай тэмцэх нэг хэлбэр гэдгийг онцлов.

ХАР УС, АЙРАГ НУУРЫН ОРЧИМ ДАХЬ ХҮН, МАЛ ХОТОНГИЙН ЭРЛЭГ

Шувуу судлаач Б.Нямбаяр “Хотон дөрвөн нас хүрч байж бие гүйцэж үржилд ордог. Хүний хөлөөс дайжин нутаглах газраа хайж явсаар байгаад хотонгийн өндөглөх хугацаа нь хойшлогддог. Өндөглөлгүй өнжих ч тохиолдол бий. Хавар нүүж ирэнгүүтээ үржилд орж өндгөө сар гаруй хугацаанд л тээдэг. Ихэвчлэн тавдугаар сард үүрээ засч хоёр өндөг гаргаж, 35 орчим хоног дарж ангаахай болгоно.Ихэнх шувууд өндгөө элгээрээ дарж бүлээцүүлдэг байхад хотон савраараа дардаг тул айлгаж цочоосон үед өндгөө бяцалж хагалах аюултай” гэсэн. Уг нь хотонгийн нутагладаг газар улсын тусгай хамгаалалттай газар ч тоо толгой нь ийн цөөрсөөр байгаагийн бас нэг гол шалтгаан нутгийн иргэд. Хотон нутагладаг бүс нутаг орчмоор айлууд ихээр буух болсноор мал, иргэдээс уг шувууд дүрвэж жилийн жилд нүүдэллэж ирэх хотонгийн тоо багассан гэнэ. Түүнчлэн Ховд, Увс зэрэг хотон нутагладаг ялангуяа Хар ус, Айраг нуурын орчимд нутагладаг иргэд хотонг агнаж уяачдад нэгийг нь 500 мянган төгрөгөөр худалддаг, мөн хилээр гаргадаг гэх яриа байна. Үүний нэг тод жишээ бол 2007 онд Хар-Ус нууранд ирж зусдаг 10 гаруй хотонгийн хоёрыг агнасан хэрэг гарч байсан. Ингэхдээ шувууны их биеийг нүхэнд булж, толгойг нь тасдаад аваад явсан байдаг. Уг хэргийг үйлдсэн хоёр залуу нутгийн хүмүүс байсан бөгөөд хотонгийн хошууг зарж мөнгө олох зорилгоор Хятад улс руу хил дамнуулан гаргах гэж байсан билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө хилээр хотон шувууны хошуу гаргахыг завдсан этгээдүүд ч мөн нутгийн иргэд байгаа юм. Тиймээс хотонгийн нутагт байнгын тооллого явуулж хорогдсон тохиолдолд нутгийн иргэдтэй хариуцлага тооцдог болмоор байна. Хууль бус ангийн эсрэг ингэж арга хэмжээ авснаар хотонгийн тоо толгойг хамгаалж чадна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нэн ховордсон амьтдыг хууль бусаар агнасан, барьсан бол Эрүүгийн хуулийн 203-р зүйлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг юм байна. Ямартай ч мөхлийн ирмэгт хүрээд буй хотонгийн тоо толгойг хамгаалахын төлөө бодитой ажил хийхгүй бол хэдэн уяачдын хусуурны гангараа болоод дуусах бололтой.


Categories
мэдээ цаг-үе

Ё.Лхагвацэрэн: Материал задарсныг мэдсээр байж шалгалтыг үргэлжлүүлсэн Боловсролын үнэлгээний төвд хариуцлага тооцох ёстой

“Өдрийн сонин”-й 2017.05.31-ний Лхагва гаригийн №122(5689) дугаараас авч нийтлэв.

Нийслэлийн 84 дүгээр сургуулийн сургалтын менежер Ё.Лхагвацэрэнтэй ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн математикийн шалгалтын материал задарсантай холбогдуулан ярилцлаа.


-Сургуулийн сургалтын менежерт шалгалтын материалыг бусдад дамжуулах, цааш задлах боломж бий юу. Та үүсээд буй нөхцөл байдалд ямар бодолтой байна вэ?

-Миний хувьд энэ жил сургуулийнхаа улсын шалгалтын комиссын даргаар ажилласан. Шалгалтын материалаа өрөөндөө ганцаараа сууж байгаад татдаг. Ингээд сургалтын менежерт хүргэж өгөхдөө битүүмжилсэн ууттай хүлээлгэж өгдөг. Дараа нь улсын шалгалтын комиссоор ажиллаж буй долоон гишүүнд битүүмжийг нь харуулж, шалгуулж өгнө. Улсын шалгалтын комисс тойроод сууж байхад дотор нь тухайн хичээлийн багш орж ирэх ёсгүй. Ингээд комиссын гишүүдийн гар утсыг хурааж авдаг. Энэ мэтчилэн шалгалт дуустал хариуцлагатай ажиллаж жижигхэн ч гэсэн алдаа гаргахгүйг хичээж ажилладаг. Дээрээс нь шалгалт авах, дүн засах, шивэх гээд гурван багш, тухайн ангиас төлөөлсөн хүүхэд гээд олон дамжлага, нарийн зохион байгуулалтын дор явагддаг. Энэ хооронд бүх цагийг минуттай нь би тэмдэглэж өөрөө хянадаг. Би буруу зөрүү хийж байгаад хоёр уншуулчих вий, хэн нэгэн намайг хувилж байх хооронд зургийг нь аваад тараачих вий, алдаа гаргачих вий гэж их хичээж байж ажилласан. Хүн л болсон хойно хариулт шивж байгаа багш аяга цай уух гэнэ. Тэр болгонд би “За цай асгачихав. Алдаа гаргачихав. Цайгаа хол тавь, боль” гээд л байнга хянана. Ингэж ажилласныхаа төлөө би өнөөдөр энэ багш нараасаа ичиж байна.

-Яагаад?

-2017 оны дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулагдсан математикийн хичээлийн XII ангийн шалгалтын материал задарсан. Энэ материал задарсан учраас шалгалт хүчингүй боллоо гэсэн мэдээллийг тэр орой 20:20 минутад сонссон. Би маш их бухимдсан. Манай сургуулийн шалгалтын материалын засалт дөнгөж дуусаад шивэлт хийх гэж байсан. Тухайн үед би их бухимдсан учраас холбогдох олон газар руу утасдсан. Би нэг их сүрхий хүмүүст үүрэгдээд, улсын нууцаас өөрцгүй хамгаалаад чухал царайлаад байдаг, гэтэл материалыг задалж, тарааж болдог юм байна гэдгийг харлаа шүү дээ.

-Шалгалтын материал задарсан нь сурагчдын хувьд сэтгэлзүйн болоод маш олон сөрөг нөлөөтэй гэдгийг багш нар хэлж байна?

-Нэгдүгээрт энэ жил нийтдээ 40 гаруй мянган хүүхэд төгсч байгаа. Энэ олон мянган хүүхдийн сэтгэл зүйгээр тоглосон явдал болсон. Хүүхдийн сэтгэлзүй гэж нэг юм бий. Хүүхдүүд л юм болохоор шалгалт өгөх гэж айна, эмээнэ, бэлтгэнэ, зүтгэнэ. Хоёрдугаарт, энэ хичээлийг заасан багш нарын бүтэн жилийн хөдөлмөр талаар болж байгаа юм. Гуравдугаарт, энэ хичээлээр сурагчдад илүү цаг гаргаж давтлага өгсөн, оройн цагаар үнэгүй хийсэн багш нарын давтлагуудын үнэ цэнэ. Дөрөвдүгээрт, тэр материалуудыг авч дуусаад засч буй шалгалтын комиссынхны хүч хөдөлмөр.Тавдугаарт, тухайн шалгалттай холбоотой сургуулиас гарч буй хөрөнгийн асуудал гээд бүгд ямар ч үр дүнгүй болж хувирсан. Манай сургууль дээр гэхэд V, IX, XII анги нийлээд 910 хүүхэд төгсч байгаа. XII ангийг 247 хүүхэд төгсч байна. 247 хүүхдийн шалгалтын материалыг ар өвөргүй нийлээд дөрөв таван хуудас хийнэ. Энэ бүгдийг бодоод би өөрийн эрхгүй бухимдсан.

-Шалгалтын материал задарсанд боловсролын үнэлгээний төв буруутай.Тиймээс тус төвтэй хариуцлага тооцох ёстой гэж та хэлж байсан?

-Тухайн материалыг задруулсан гэх сургалтын менежерийг би зөвтгөхгүй.Хариуцлага алдсан тэр хүний ард ямар мөнгөний асуудал, ямар зорилго байсныг бид мэдэхгүй. Тэрийг нь хууль хяналтынхан нь тогтооно биз. Харин тэр багшид тийм нөхцлийг олгосон Боловсролын үнэлгээний төвийг би буруутгаж байгаа. Сайд бямба гаригт болсон багш нарын форум дээр хэлж байна лээ. 49 дүгээр сургуулийн сургалтын менежер шалгалтын материалыг задруулсан гэдгийг мэдсэн гэж ярьж байсан. Мэдэнгүүтээ Боловсролын үнэлгээний төвд яваад очиход тухайн сургуулийн сургалтын менежер “V сургуулийн XII ангийн хүүхдэд материалыг дамжуулсан юм аа” гээд хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Тэр үед нь л хүчээр шалгалтыг зогсоох ёстой байсан. Ангиудад шалгалтыг материал тараагдаж эхлээгүй байсан. Би тэр үүднээс л Боловсролын үнэлгээний төв мэдсээр байж шалгалтыг үргэлжлүүлчихээд дараа нь ингэж байх ямар шаардлагатай юм. Тэр үедээ шалгалтыг зогсоогоод эцэг, эх, сурагчид, сурган хүмүүжүүлэгчдээс хариуцлага алдлаа ийм зүйл боллоо гээд Боловсролын үнэлгээний төвийн захирал хэвлэл мэдээллээр өөрөө уучлал хүсээд дахиад авч болох байлаа шүү дээ. Тэр уучлал гэдэг чинь хариуцлага юм шүү дээ. Захирлыгаа тэгж үг хэлүүлсэн хүн дараа дахиж алдахгүй. Би буруу бодоогүй байх аа.

-Ер нь төрийн албан хаагчид тэр дундаа улсынхаа ирээдүйг тодорхойлдог боловсролын салбарынхан хэдэн ч төгрөгт хөл алддаггүй баймаар санагдах юм. Энэ асуудал байнга л үүсч байдаг?

-Монголын төрийн албыг хэдхэн төгрөгөөр худалдаж болохгүй. Тэр сургалтын менежер ахиад Монголын төрийн албанд орох нүүргүй боллоо. Дээр нь тус сургуулийн захирал сургалтын менежерээ халсан тушаалаа сошиалд тавьсан байсан. Инээд ч хүрэх шиг. Сургуулийн захирал өөрөө сургуулийн улсын шалгалтын комиссын дарга шүү дээ. Би 2012 онд Солонгос руу Монголын 20 багшийг хариуцаад сургалтын журмаар авч явсан. Яг тэр үеэр буюу арваннэгдүгээр сард Солонгосын элсэлтийн шалгалт явагдаж таарсан.Тэгэхэд хүмүүс элсэлтийн ерөнхий шалгалт болоход бараг Солонгосын Ерөнхийлөгч онгоцтой нисэх ч эрхгүй гэж ярьж байсан. Анх ойлгоогүй. Боловсролын үнэлгээний төвийн хариуцлагатай, чанга байдал. Цагдаа нар эргүүл хамгаалалтад гарсан байдал үнэхээр сүрхий зохион байгуулалттай. Цагдаа хамгаалалтад гардаг учир нь гэвэл элсэлтийн шалгалт өгөх гэж байгаа хүүхэд замын түгжрэлд орвол шууд мотоциклиор хүргэж өгдөг юм билээ. Тэд хүүхдийн ирээдүйн шийдвэрлэх мөчид ингэж л хариуцлагатай, ач холбогдол өгч ханддаг юм байна гэдгийг харсан. Өндөр хөгжилтэй орон гэдэг хөгжлөөрөө биш ажлын хариуцлага, ёс зүйгээрээ ялгардаг юм байна гэдгийг ойлгож байсан.

-Шалгалтын материалын зарим вариантын түлхүүр таарахгүй асуудал гарсан гэж сонссон?

-“B” даалгаврын түлхүүр ирсэн чинь өгөгдөхүүнээ буруу өгөөд хариултаа буруу өгөөд явуулчихсан. Тэрийг математикийн багш нар холбогдох 88… дугаарын утас руу нь хэлсэн. Гэх жишээний түлхүүр нь буруу гарахгүй, түлхүүр задрахгүй гэж олны өмнө хэлчихээд алдаа гарахаар бухимдахгүй яах юм бэ. Өөр бас нэг зүйл намайг бухимдуулсан.

-Юу юм бол?

-Нэг хэцүү юм нь шалгалтын цагийг 12.00 цагаас гэж зарласан. Энэ цагийг ерөнхий боловсролын сургуульд багшилдаг хүн гаргаагүй байгаа даа, бурхан минь. 12.00 цагт зарим сургуулиудын өглөө, орой ээлж зөрдөг цаг байхгүй юу. Манайд 13.15 цагт тараад 13.30 цагт бага бүлэг ордог. Сая бид бүхэл бүтэн сургуулийн 13.00 цагт эхлэх хичээлийг 30 минут хойшлуулж шалгалтыг авлаа ш дээ. Ээлж солигдоход дор хаяж 1500 хүүхэд байгаа. Тэр олон мянган хүүхдийн дуу шуугианыг яаж хориод ч бид барьж чадахгүй шүү дээ. Тэгээд дээрээс нь 12.00 цаг бол хүний сэтгэхүй, чадвар яг уналтад ордог. Тэр үед нь шалгалт авчих юм. Ахиад дахин шалгалтын цагийг ингээд л зарлачих юм.

-Дахиж шалгалт өгөх нь сурагчдын хувьд олон сөрөг талтай гэдэг. Эхний шалгалтад сайн авсан хүүхэд дахин авахад тааруу өгөх магадлал өндөр гэж ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-Үнэн. Эд чинь хүүхэд шүү дээ. Тиймээс би өнөөдөр (өчигдөр) хүүхдүүдээ дахин шалгалтад ороход сэтгэлзүйгээр нь дэмжсэн.12.00 цагт эхлэх шалгалтад 11.00 цагт ангидаа бэлэн байгаарай гээд хэлчихсэн. Хүүхдүүд ангидаа шуугиг, хоорондоо яриг, инээг. Яагаад гэвэл хүүхдүүд дахиж шалгалт өгөх гэж байгаа учраас биеэ хэт барьсан айсан. Мөн шалгалт эхлэхээс 20 минутын өмнө ангиудаар ороод өмнөх хичээлийнхээ шалгалтыг амжилттай өгсөн хүүхдүүдэд хандан “Ерөнхий боловсролын сургууль амжилттай төгсч байгаа хайртай шавь нартаа баярлалаа, улсын шалгалтын комиссын нэрийн өмнөөс, сургуулийн бүх багш, сурган хүмүүжүүлэгч нарын нэрийн өмнөөс баяр хүргэе. Шалгалтаа тайван, яарч сандралгүй өгөөрэй” гээд хэлэхэд л хүүхдүүд нэг их гоё инээгээд нижгэнэтэл алга ташиж байгаа байхгүй юу. Алга хэдий чинээ чанга ташна төдий чинээ хүүхэд тайвширдаг.

Categories
мэдээ цаг-үе

Монголчуудын халаасыг сэгсэрч буй “Korean air”-ийг ШӨХТГ-аас шалгах боломжтой гэв

“Өдрийн сонин”-ы 2017.05.23-ны МЯГМАР гаригийн №115(5682) дугаараас авч нийтлэв

“Korean air” авиа компани монополь давуу эрхээ ашиглан монголчуудыг хэрхэн шулж буй ноцтой асуудлыг манай сонин өмнөх дугаартаа хөндсөн билээ.Тэгвэл энэ талаар болон сүүлийн үед олны анхаарал татаад буй бусад асуудлын талаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ШӨХТГ-ын удирдах албан тушаалтнуудаас тодрууллаа.

Солонгосын авиа компани болох “Korean Air”-тэй холбоотой гомдлыг өмнө нь Монголын хоёр ч иргэн гаргаж, холбогдох баримт сэлтийг дэлгэж байсан. Тэгвэл он гарсаар мөн тус компанитай холбоотой гомдол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ирсэн гэх мэдээлэл байна. Өмнөх хоёр тохиолдлыг нэхэн сануулбал, 2015 оны есдүгээр сард иргэн Х.Энхманлай Солонгосын “Korean Air” авиа компани монголчуудын эрхийг зөрчиж хэрхэн дорд үздэг болохыг дэлгэж уг компаниас нэхэмжлэл гаргаж байсан. Учир нь тэрбээр өвчтэй эгчийгээ Солонгост эмчлүүлэхээр авч явсан хэдий ч эгчийг нь хил нэвтрүүлээгүйн дээр олон цаг саатуулах өрөөнд хорьж улмаар Бээжин рүү нислэгийг шилжүүлж өгөхийг хүссэн боловч үл тоомсорлож нутаг буцаасан байдаг. Түүний эгч хүнд өвчтэй тэргэнцэртэй явсан байдаг. Эгчийнх нь бие муудсан учир Бээжинд эмчлүүлэхээр болсон юмсанж.Гэвч ийн хүсэлтийг нь авч хэлэлцэлгүй буцаасан нь хүний эрхийг уландаа гишгэсэн явдал хэмээн Х.Энхманлай олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаа мэдэгдэж байсан удаатай. Мөн иргэн С.Сүх-очир 2015 онд Солонгосын “Кorean Air” компанийг монголчуудад өндөр үнээр тийз борлуулж байна хэмээн тус улсын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд хандаж байсан удаатай.

Тэрээр “”Кorean Air” компани Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгт өөрсдийн монополь давуу эрхээ ашиглан багадаа хоёр дахин, ачаалал ихтэй үед дунджаар гурав дахин өндөр төлбөртэй тийз борлуулж байгааг шалгуулах талаар БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд хандсан. Зах зээлийн эдийн засагт монополь гэдэг нь аливаа нэгэн өрсөлдөгчгүй байдлаар бараа бүтээгдэхүүнээ борлуулах, үйлчилгээ үзүүлэх эрхийг хэлдэг.

Өрсөлдөгч байхгүй тул зах зээл дээр гаргах бараа бүтээгдэхүүний үнийг дангаараа, өөртөө ашигтай байдлаар тогтоох бололцоотой болно гэсэн үг. Энийг л “Корэйн Эйр”компани хэрэгжүүлж байгаа юм. Тэд сүүлийн 14 жил монополь эрхээ давуулан ашиглаж жилд дунджаар 14 сая орчим ам.долларын илүү ашиг хүртсэн хэмээн Солонгосын хэвлэл мэдээллээр, мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн чуулганаар парламентын хянан шалгах эрхээ хэрэгжүүлэх явцад мэдээлэл гарч байсныг уншиж байлаа. Эхлээд шударга бус өрсөлдөөн гэдгийг нь тогтоож өгөх хэрэгтэй. Хэрэв шударга бус өрсөлдөөн гэдэг нь нэгэнт нотлогдох юм бол өнгөрсөн хугацаанд илүү төлбөр төлж зорчсон иргэд илүү төлсөн төлбөрөө нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж бодож байна. Миний хувьд одоогийн борлуулж буй үнээ 40 хувиар буулгах, Монгол Улсын хууль дүрмийг чандлан сахих, давуу эрхээ ашиглаж илүү ашиг хүртсэнээ буцааж зорчигчдод олгох, мөн шударга бус өрсөлдөөний улмаас Монгол Улсын иргэдийг хохироож ирсэн гэдэгтээ албан ёсоор уучлалт гуйхыг хүсч байгаа юм” хэмээн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдаж байсан. Тэгвэл энэ удаа мөн л уг компанийн монополь байдалтай холбоотойгоор гомдол ирсэн бололтой. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Цоодолоос тодрууллаа.

-Танайд “Korean air” агаарын авиа компанитай холбоотой гомдол ирэх болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Одоогоор нэг л гомдол манайд ирсэн байгаа. Зөвхөн “Korean air” гэлтгүй Монголын авиа компаниудын тариф олон улстай харьцуулахад бараг хоёр дахин үнэтэй байсан гэсэн гомдол ирсэн. Энэ асуудлыг салбарын яам болон манай ШӨХТГ-аас судалж байна.

-Ер нь Монголд үйл ажиллагаа явуулж буй авиа компаниуд тэр дундаа МИАТ, “Korean air” компанийн тийзний үнэ хамгийн өндөр гэж иргэд бухимддаг. Энэ үнийг бууруулах боломж байдаггүй юм уу?

-Авиа компаниудын гол зардал нь шатахуунаас үүдэлтэй. Авиа компаниуд шатахуунаа гаднаас импортоор авч байгаа учраас тарифийн үнэ өндөр тогтоох аргагүйд хүрдэг гэдэг. Түүнчлэн агаарын орон зай ашиглах, дамжин өнгөрөх зэргээс хамаараад үнийн хувьд өөр байдаг юм шиг л байна лээ.

-Монголын авиа компаниудын хувьд тийм тайлбар хийж болдог юм байж. Харин “Korean air” компанийн хувьд монголчуудад хамгийн өндөр үндэслэлгүй тариф тогтоож үйлчилдэг. Тиймээс иргэд ШӨХТГ-аас тус компанийн үнэ тарифийг шалгаж, ямар нэг арга хэмжээ авч өгөхийг хүсч байна?

-“Korean air” компанийн одоогийн үнэ тарифийг бид зохицуулах хууль эрхзүйн орчин байхгүй. ШӨХТГ ямар үед үнийг тогтоох эрхтэй вэ гэвэл цэвэр монополь аж ахуй эрхлэгчийн үнэ тарифийг хянах боломжтой. Тухайлбал, Улаанбаатар төмөр замд шалгалт явуулж үнэ тарифийг бодит байдалд нийцэж байгаа эсэхийг тогтоох эрхтэй. Өөр энэ чиглэлийн өрсөлдөхүйц компани байхгүй байна шүү дээ. Гэтэл нэлээд хэдэн авиа компани үйл ажиллагаа явуулж байна. Мөн зах зээл нь өөрөө нээлттэй, тухайн салбарт хөрөнгө оруулалт хийгээд өрсөлдөхөд бусад компаниудад ч боломж байгаа.

-“Korean air” бол монополь гэдэг нь хэнд ч харсан тодорхой байна шүү дээ. Тус компани МИАТ-тай 18 жилийн гэрээтэй учраас Солонгосын талаас өөр авиа компани манай зах зээлд орж ирэх гээд ч чадахгүй байна гэдгийг зарим албаны эх сурвалжаас хэлж байна?

-Үүнийг шалгах л асуудал байна. Манайх хуульд заасан дөрвөн үндэслэлийн дагуу шалгалт явуулдаг. Уг компанийг зах зээл дээрх давамгай аж ахуйн нэгж гээд шалгаж болно.

-Ер нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа л юм чинь ШӨХТГ-аас “Ko­rean air”-ийг шалгах бүрэн эрхтэй биз дээ?

-Шалгах эрхтэй. Бид энэ асуудлыг авч хэлэлцэнэ.Тариф хэт үнэтэй байх нь хэрэглэгчдийг хохироогоод зогсохгүй эргээд манайд ирэх жуулчдын тоонд ч нөлөөлнө. Аялал жуулчлалын бизнест сөрөг үр дагаварууд үзүүлнэ.

-Туул гол, Богд уулын тодорхой хэсгийг нийтийн өмч болгож салхилж зугаалж болно гэж хотын дарга хэлсэн. Гэвч уг голыг хаа сайгүй хашаалж иргэдэд дээрх эрх нээгдэхгүй байна гэх гомдол бас ирэх боллоо?

-Манайх энэ талын шалгалт хийгээгүй учраас тодорхой зүйл яримааргүй байна.

-Сүүлийн үед танайд хэрэглэгчдийн зүгээс ямар төрлийн гомдол их байна?

-“Univision” компани үнээ нэмсэнтэй холбоотой гомдол их ирж байгаа.

-ШӨХТГ-аас энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна. Энэ гомдол гараад нэлээдгүй хугацаа өнгөрсөн шүү дээ?

-Давамгай байдалтай гэдгийг тогтоогоогүй байгаа.Тиймээс ямар нэг байдлаар шалгах боломжгүй.

-Гэхдээ Харилцаа холбооны газраас хэрэглэгчдийн дийлэнх хувийг дээрх газар эзэлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс шалгалт явуулаад иргэ дийн гомдлыг шуурхай шийдчихэж болдоггүй юм уу?

-Зөрчил гэж үзэх боломжгүй. Учир нь бид тухайн үед “Univision” компанитай уулзсан. Тус компани ямар нэг хуулийн заалт, иргэдтэй байгуулсан гэрээгээ зөрчсөн зүйл байгаагүй гэв.

Ямартай ч монголчуудад өндөр үнэтэй билет, хүнд сурталтай үйлчилгээ үзүүлдэг “Korean air”ийн үнэ тарифийг Монголын тал шалгах эрх нээлттэй юм байна. Тиймээс дээрх асуудлыг холбогдох газрууд анхааралдаа авч ямар нэг арга хэмжээ авч эхлэх бололтой. БНСУаас “Korean air”ийг монголчуудад өндөр тарифаар үйлчилж, түүнээсээ хэдэн мянган ам.долларын ашиг олж байгаа гэдгийг мэдээлж, эсэргүүцэж байгаа ч амжилтад хүрэхгүй байгаа билээ. Учир нь Монголын тал энэ тухай ам нээхгүй байгаатай холбоотой.Монголчууд эрх ашгийнхаа төлөө энэ байдлыг эсэргүүцээд эхэлбэл 18 жилийн монополь гэрээ байгуулсан “Korean air”-ээс татгалзах эрх нь монголчуудад бий.

Эцэст нь монголчуудын халаасыг үндэслэлгүйгээр тэмтэрсэн 18 жилийн ийм дампуу гэрээ хийсэн үүнийхээ хариуд “Korean air” компаниар зардлаа даалгаж гадаадад аялсан тухайн үеийн Засгийн газрын томоохон албан тушаалтнууд хэн байсныг бид нэхэн сурвалжилж эргэн мэдээлэх болно.