Categories
мэдээ цаг-үе

Б.Хашчулуун: Монголд байхгүй уушгины ЭКМО аппарат Солонгост 1600 гаруй байдаг

БНСУ-д ажиллаж буй Зүрх судас, цээжний хөндийн мэс заслын эмч АУ-ны доктор Б.Хашчулуунтай ярилцлаа.


-Саяхан та цахим хуудсандаа Солонгос руу үйлдсэн эхний чартер нислэгийн талаар шүүмжлэлтэй хандсан байсан.Тус нислэгээс хоёр ч хүнээс коронавирусийн халдвар илэрсэн.Харин та тэр хүмүүсийг шинжилгээнд хамруулж болох байсан талаар бичсэн байсан.Боломж байсан уу?

-Дэлхий даяар тархаж буй цар тахал болох “COVID-19” өвчлөлийн үед Монгол Улс гадаадад суугаа монгол иргэдийн эх орондоо буцах хүсэлтийн дагуу ард иргэдээ хүнд байдалд удаан байлгахгүйн тулд татах ажиллагааг маш түргэн шуурхай хийсэн нь мэдээж талархууштай. Эхний яаралтай чартер нислэгийн хувьд урьдчилан сэргийлэх бэлтгэл ажиллагаан дээр дутагдалтай байж хоёр хүн дээр “COVID-19” халдвар илэрсэн нь ихэд харамсалтай явдал болсон.Мэдээж анхны чартер нислэгийн бүртгэлдээ “COVID-19” халдварын шинжилгээг өгсөн байх шаардлагыг ард иргэддээ тавьсан бол магадгүй өвчин тархалтын тоо нэмэгдэхгүй байх боломж байсан гэж миний өөрийн хувьд бодож дүгнэсний дагуу сошиалаар илэрхийлсэн юм л даа.Анх бол Солонгост шинжилгээ, эмчилгээ үнэгүй байсан. Тиймээс иргэдээ шинжилгээнд хамруулах хүсэлт бүхий бичиг баримт л хавсаргачихад болох байсан.Одоо харин чартер нислэгээр авах иргэдээ шинжилгээнд хамруулж байгаа юм билээ.

-Өмнөд Солонгост “Covid-19” халдварын нөхцөл байдал ямар байгаа вэ.Таны хувьд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа учраас бодит байдлыг харж байгаа болов уу?

-Дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар БНСУ-д нийт 10,156 хүнд халдвар илэрч, эмчлэгдсэн хүний тоо 5828, нас баралтын тоо 177 байгаа. Үүнээс дүгнэхэд нийт халдвар авсан иргэдээс эдгэсэн хүний тоог харьцуулж харахад эдгэрэлт нь 58 хувьтай байгаа нь БНСУ-ын эрүүл мэндийн систем, техник технологи, эмч мэргэжилтнүүдийн чадварын түвшинг харуулж байгаа.Одоогийн байдлаар ид дэлгэрч байх үетэй харьцуулахад тогтвортой түвшинд буурч байгаа.

-Та одоо хийж буй ажлынхаа талаар танилцуулахгүй юу.Таны ажилладаг эмнэлэг Солонгостоо хэр томд тооцогддог вэ?

-БНСУ-ын эмнэлгийн тогтолцоо нь гурван шатлалтай байдаг. Нэгдүгээр шатлалын эмнэлэгт анхан шатны үзлэг оношилгоо үзүүлдэг, манайхаар бол өрхийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийг хамруулсан байдаг. Хоёрдугаар шатлалын эмнэлэгт нэг төрлийн үйлчилгээг үзүүлдэг(гоо сайхан, үр шилжүүлэн суулгах гэх мэт хувийн эмнэлгүүд). Гуравдугаар шатлалын эмнэлэгт хувийн болон улсын харьяа их дээд сургуулийн эмнэлгүүд ордог.Энэ нь сургалт, судалгаа, бүх төрлийн хагалгаа хэвтэн эмчлүүлэх бүгд багтсан 1000-гаас дээш бүх эмнэлгүүд хамрагддаг.Миний хувьд одоо Гванжу хотын Чосуны Их сургуулийн эмнэлэг Зүрх судас, цээжний хөндийн мэс заслын тасагт мэргэжил дээшлүүлэх эмчээр ажиллаж байна.

-Таны нэг өдрийн ажлын хуваарийг сонирхож болох уу?

-Нэг өдрийн эхлэл маань өглөөний 6:30-аас эхэлдэг. Өмнөх өдрийн хагалгаа хийлгэсэн үйлчлүүлэгч нарын биеийн байдлыг шалгаж, ар гэрийнхэнд нь мэдэгдэх ажлаар эхэлнэ.Түүний дараагаар тухайн өдрийнхөө төлөвлөгдөж буй үйлчлүүлэгч нарын урьдчилсан үзлэг бэлтгэл хийж хагалгаандаа бэлдэж хагалгааг эхлүүлдэг.Нэг өдөртөө дунджаар зүрх судас, цээжний хөндийн хагалгаа 4-5 орчим хийгддэг.Бүх хагалгаа дуусгасны дараагаар эмч нарын нэгдсэн оройн үзлэг хийнэ.Оройн цагаар өөрийн судалгааны ажил дээр түлхүү ажилладаг.

-Та Монголоос анх удаа Азийн зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэгийн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх сургалтад тэнцсэн эмч юм байна.Энэ сургалтад хэрхэн тэнцэж байв?

-Азийн зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг гэж бий. Тэднийх жил бүр нэг эмчийг сонгон шалгаруулалтаар авч нарийн мэргэшүүлдэг.Энэ эрхийг авахын тулд Азийн хэмжээнд өрсөлдөөн явагддаг.Харин тэдэн дундаас ялгарах чадвартай байх нь чухал.Миний хувьд солонгос, англи хэлний мэдлэг болон идэвхтэй байдал маань давуу тал болсон гэж боддог.Өөрийгөө зөв илэрхийлэх хэрэгтэй.Намайг яагаад сонгох ёстой вэ, энэ нийгэмлэгт орж мэс засалчаар ажиллахад юу хийж чадахаа бүрэн, зөв илэрхийлэх хэрэгтэй.Өнөө үед дипломын дүн тийм ч чухал биш.Харин яагаад чамайг сонгох ёстой вэ, багаар ажиллаж чаддаг уу, намайг сонголоо гэхэд улс орондоо хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл гэх мэт зүйлсийг л чухалчилдаг.

-Дээрх сургалтад сууснаар ямар боломж нээгддэг вэ?

-Энэхүү сургалтад сууснаар Азийн хэмжээний томоохон эмнэлгүүдэд очиж ажиллах бүрэн боломж нээгддэг. Миний хувьд Сөүлийн их сургуульд очиж ажилласан.Хөтөлбөрийн хүрээнд Солонгосын Бунданг, Москвагийн Нэгдүгээр Төв эмнэлэг, Сингапурын “Heart Center” мөн Энэтхэгийн эмнэлгүүдэд богино хугацаагаар очиж ажиллаж өөрийн хийсэн судалгаагаар илтгэл тавьж байсан. Мөн Японы “Tokyo Medical Univer­sity hospital”, “The University of Tokyo Hospital”, “National can­cer center” гээд Японы гурван том эмнэлгийн Зүрх судас, цээжний хөндийн мэс заслын эмнэлэгт сар гаруйн хугацаатай ажилласан. Өнгөрсөн жил цээжний хөндий, уушги, улаан хоолойн хавдар, голтын хавдар, цээжний хөндийн дурангийн мэс заслаар мэргэжил дээшлүүлсэн.Ингэхдээ 4-5 орноор явж судалгаа хийж, хагалгаанд оролцож, профессор, эмч нартай нь уулзаж туршлага судалдаг.

-Та дунд сургуулиа Солонгост сурсан атлаа их сургуулиа эх орондоо дүүргэсэн байх юм. Хаана төрж өссөн, мөн хаана мэргэжил эзэмшсэн гээд өөрийгөө тодорхой танилцуулахгүй юу?

-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. Хүүхэд нас маань УБ хотын III,IV хороололд өнгөрсөн. Бүрэн дунд сургуулийн боловсролыг БНСУ-ын Сөүл хотын “Тэшин” сургуульд эзэмшсэн. Түүний дараагаар эмч болох, тэр дундаа зүрхний мэс заслын эмч болохыг хүсдэг байсан учраас Монголд “Ач” анагаах ухааны их сургуулийг дүүргэж, АШУҮИС-ийн ерөнхий мэс заслын резидентийг дүүргэж доктор болон нарийн мэргэжлээ БНСУ-д эзэмшсэн.

-Монголд ажиллаж байсан уу.Азийн олон оронд ажилласан байсан.Тухайн орнуудын эрүүл мэндийн тогтолцооны талаар?

-Монголд Улаанбаатар Сонгдо эмнэлэгт ажиллаж байсан. Азийн орнуудаар очиж ажиллаж байхад эмч нарын ажиллах орчин, эмийн чанар, эрүүл мэндийн даатгалын систем ихээхэн сонирхол татаж байсан.Тухайн орны хөгжлөөс шалтгаалан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хамаарч байдаг.Европын орнуудтай харьцуулахад Азийн орнуудын дундаж наслалт өндөр, хүн амын тоо ихтэй учир эрүүл мэндийн даатгалын төлбөрийг урт хугацаагаар төлж, эмчлэгч болон эмчлүүлэгчийн харилцан үйлчилгээний чанарыг төрөөс зөв зохицуулалт хийж өгсөн байдаг. Жишээ нь, эрүүл мэндийн даатгалаас эмнэлгийн үйлчилгээг авахад нийт төлбөрийн 70-80 хувь нь төлөгдөнө. Мөн хувь хүн өөрөө хувийн даатгалд хамрагдсан тохиолдолд нэг хүн эмнэлэгт хэвтээд гарахад бараг л орлоготой болоод гардаг. Ингэснээр бүх эмнэлэгт даатгал үйлчилж үйлчлүүлэгч аль эмнэлэгт, хаана, ямар эм сонгохоо өөрөө сонгох боломжтой болдог.Үүнийгээ дагаад эмнэлгүүдийн хооронд менежмэнтийн өрсөлдөөн болж үйлчлүүлэгчдэд илүү тав тухтай, дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэхийн төлөө өрсөлдөж, үүнийгээ дагаад анагаахын шинжлэх ухааны салбар хөгжихөд нөлөөлөх томоохон хүчин зүйл болно.

-Зүрх судасны өвчлөл Монголд өндөр үзүүлэлттэй байдаг.Манайх эмчилгээ болоод техник технологийн хөгжлийн хувьд хэр түвшинд яваа гэж боддог вэ?

-Зүрх судасны өвчлөл нь зөвхөн Монголд гэхгүйгээр хүн төрөлхтөн хотжисонтой холбогдсон хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, таргалалт, сахарын өвчин, стресс зэрэг хүчин зүйлүүд нь зүрх судасны өвчлөлийг дэлхий нийтэд нэгдүгээр байрнаас буух боломжийг олгохгүй байгаа юм. Манай эмч нарын хувьд Олон улсын эмч нарын адил стандартад нийцсэн ном сурах бичгийг яг л адилхан үзэж байна.Харин хэрэглэгдэж буй эм, техник технологийн хувь хоцрогдолтой байгаа нь үнэн.Өөрөөр хэлбэл, адил зам дээр шинэ машинтай явах, хуучин машинтай давхих хоёрын ялгаа ямар билээ. Тийм л байна.

-Коронавирустэй холбоотойгоор манай улс уушги орлуулах аппарат анх удаа авахаар болсон.Солонгост энэ төрлийн аппарат түгээмэл байдаг уу?

-Энэхүү аппарат сэхээнд байгаа уушги болон зүрх судасны хүнд өвчтэй хүнд хэрэглэгддэг ЭКМО гэдэг аппарат юм. Коронавирусийн хувьд амьсгалын хурц дутагдалд оруулдаг учир хууч болон уушгины өвчлөлтэй хүмүүс маш хурдан эндэж байгаа.Энэ үед уушги орлуулах аппарат буюу ЭКМО-г заалтын дагуу ашигладаг.Одоогоор миний ажиллаж байгаа эмнэлэгт коронавирустэй дөрвөн хүнд энэхүү аппаратыг хэрэглээд гурав нь бүрэн эдгэрч, нэг хүнд эмчилгээ явагдаж байгаа.Солонгост 1600орчим аппарат эмчилгээнд хэрэглэгдэж байгаа. ЭКМО аппаратыг ХӨСҮТ-д амьсгалын дутагдалтай хүнд хэрэгтэй, ер нь бол Монгол Улс даяараа олон хэрэгтэй. Ялангуяа Улсын Гуравдугаартөв эмнэлэгт зүрх судасны төв байгаа учраас хэд хэдэн аппараттай болгох хэрэгтэй болов уу.

-Аппаратыг ажиллуулахын тулд заавал сургалтад хамрагдах шаардлагатай байдаг уу?

-ЭКМО аппарат нь түрүүний хэлсэнчлэн зүрх судас, амьсгалыг бүрэн орлодог аппарат ба хүний бие дэх цусыг аван хүчилтөрөгчжүүлэн биеийн хэмд, зүрхний цохилтын хэмд тааруулан эд эсийн эвдрэл гэмтэлгүйгээр үйлчлүүлэгчийн эд эрхтэнд хүчилтөрөгч, бодисын солилцоог хүргэх аппарат юм.Иймд зүрхний мэс засалд оролцдог зохиомол эргэлтийн эмч зайлшгүй шаардлагатай.Монголд бол энэ талын мэргэжлийн эмч нар бий.

-Та докторын судалгааныхаа талаар товч танилцуулаач. Олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн гэсэн?

-Хавдрын олон төрлийн маркерууд дундаас СЕА гэдэг хортой хавдрын үед ихэсдэг хавдрын маркерын талаарх судалгаа юм. Энэ нь уушгины хавдарт хэрхэн нөлөөлж байгаа, хавдрын аль үе шатанд нь ихсэхтэй холбож эмчилгээний протоколын үр дүнг сайжруулах зорилготой гэж ойлгож болно.Сөүлийн их сургуулийн “Бунданг” эмнэлгийн профессортой хамтарч хийгдсэн судалгаа маань “PUBMED” Америкийн олон улсын сэтгүүлд хэвлэгдэж докторын зэргээ хамгаалсан.

-Таны хэтийн зорилго?

-Ер нь эмч хүн бүрийн зорилго бол үндсэн нэг чиглэлтэй байдаг болов уу. Үйлчлүүлэгчдэдээ дэвшилтэт аргаар, өвдөлт зовиургүй, үр дүнтэй үйлчилгээг үзүүлэхийн төлөө байдаг байх гэж би хувьдаа боддог.Үүнийхээ төлөө зорилго тавин гадаадын орнуудад доктороо хамгаалан, зүрх судас, цээжний мэс заслыг хичээнгүйлэн суралцаж байна. Үүнд цээжний хөндийн дурангийн мэс заслыг шаргуу суралцан өөрийн ажиллаж байгаа Чосуны их сургуулийн эмнэлэгт “Single Port” буюу 1.5см жижиг зүслэгээр уушгийг тайрах мэс заслыг анх удаа энэ жил 100 гаруйг хийлээ. Зүрхний мэс заслын том зүслэгээр хийгддэг хагалгааг суралцсан ч цаашдаа зүрхний мэс заслын жижиг зүслэгээр хийгдэх хагалгаануудыг илүү түлхүү суралцъя гэсэн зорилготой байгаа.

-Монголдоо очиж ажиллах бодол бий юү?

-Ирэх жилийн эхний хагаст Монголдоо очих бодолтой байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Амаржаргал: Би хүүхдүүддээ хувцас байвал илүүчлээч л гэсэн болохоос хоногийн хоол, мөнгө төгрөг гуйх гээгүй юм шүү

“Халамж ба Хүүхдийн мөнгө” фэйсбүүк группт нэгэн өрх толгойлсон эмэгтэй тусламж хүсч бичсэн нь иргэдийн анхаарлыг нэлээд татав. Тус эмэгтэйг Б.Амаржаргал гэдэг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.


-Өөрт тань туслах хүсэлтэй олон хүн байх шиг байна. Хүмүүс холбогдож байна уу?

-Хүмүүс чатаар их холбогдож байна. Одоохондоо ганц, хоёр хүн очно оо л гэж байна. Гэхдээ ихэнх хүмүүс үнэхээр тусламж хэрэгтэй хүн юм уу, эсвэл худлаа хаягнаас юм бичээд байна уу гэдгийг их асууж байна. Фэйсбүүкээр видео чатаар холбогдъё, царайг чинь харъя гэж ярьж байна. Би өмнө нь нэг ч ийм сэтгэгдэл оруулж байгаагүй. Тэгсэн хүмүүс залуу хүн байж луйвар хийх гэж байна гээд их загнадаг юм байна.

-Өөрийнхөө хаягнаас сэтгэгдэл бичээгүй болохоор тэгсэн болов уу?

-Би яагаад өөрийнхөө хаягнаас бичээгүй гэхээр муу, зүдэрч яваагаа бусдад харуулахыг хүсдэггүй. Юу ч болсон шүд зуугаад ард нь гарахыг хүсдэг. Тийм болохоор өөр хаяг нээж бичсэн юм. Би гурван охинтой. Өрх толгойлсон эмэгтэй. Ажил хийгээд гурван охиноо өсгөөд л байна. Өлсгөчихгүй байх юмсан гээд хоол ундандаа хамаг цалингаа зарцуулчихдаг. Тийм болохоор шинэ хувцас авч өгөөгүй удаж байна. Бараг солих хувцас ч үгүй болчихож. Тэгсэн уржигдар охид маань “Ээж минь мөнгөгүй хэцүү байгаа юм чинь бид гуравт хавар болохоор нэг, нэг подволк л аваад өгчихөд болно” гэж хэлсэн. Үүнийг сонсоод үнэхээр бачуурсан.

-Тэгээд л та хүмүүсээс тусламж хүссэн хэрэг үү?

-Тийм ээ. Хүнд хэлэхэд жаахан ичмээр ч охидоо бодоод фэйсбүүк группт бичсэн юм. Хүүхдүүддээ шинэ хувцас авч өгч чадахгүй байгаа болохоор охидынхоо шинэ хуучин ч хамаагүй хэрэггүй хувцаснаасаа илүүчилж туслаач л гэж хүссэн юм. Тэрнээс би хоногийн хоол, мөнгө төгрөг гуйх гээгүй юм шүү. Тэгээд ч миний энэ гачигдал бол түр зуурын л зовлон.

-Хүүхдүүд нь хэдэн настай вэ?

-Том охин 11, дунд охин 8, бага охин 6 настай.

-Одоо хаана амьдарч байна вэ?

-Манайх Баянхошууны эцэст байдаг. Би цалингаа цуглуулж байгаад дөрвөн ханатай гэр 300 мянган төгрөгөөр худалдаж авсан. Өнөөдөр гэрээ барьж байна. Хүүхдүүд маань бөөн баяр. Бид өмнө нь хамаатны эгчийндээ түр зуур байсан юм.

-Өрх толгойлоод хэр удаж байна?

-Гурван жил гаран болж байна.

-Хүүхдүүдийн эцэг салаад явсан гэсэн. Охидоо эргэж тойрдог уу?

-Үгүй ээ. Нөхөртэйгөө найман жил амьдарсан. Анх салснаасаа хойш хааяа ирдэг байсан. Би охидоо бодоод эргээд ирэх болов уу гэж их харсан. Гэвч ирээгүй. Өмнө нь ирэхдээ ч тэр охидоо бодож мөнгө төгрөг өгч, хувцас хунар авч өгч байгаагүй.

-Тэтгэмж авдаг уу?

-Үгүй ээ. Сүүлийн үед би тэтгэмж тогтоолгоё гэж боддог болсон. Шүүхээр орохын тулд 70, 80 мянган төгрөг ордог гэсэн. Цалингаасаа нэг илүүчилж байгаад хөөцөлдөх бодолтой байна. Ер нь юм хөөцөлдөх гэхээр тэдэн төгрөгөөр тийм, ийм бичиг авчрах ёстой гээд их чирэгдэл ихтэй байдаг.

-Та хаана ямар ажил хийдэг вэ?

-Би улсын эмнэлэгт үйлчлэгч хийдэг. Сарын 420 мянган төгрөгийн цалин авдаг. Цалингаа хоёр хувааж авна. 10 мянган төгрөгөөр автобусны картаа цэнэглээд цахилгааны мөнгөнд 20 мянган төгрөг төлдөг. Бас гэрийн түрээс гэж 30 мянган төгрөг сар бүр төлнө. Тэгээд үлдсэнээр нь гурил будаа, саван вока, түлээ нүүрс гээд ахуйн хэрэглээгээ аваад таардаг. Цалин хааччихав гэмээр л дуусдаг. Ямар ч байсан хүүхдүүдээ өлсгөчихгүй юмсан л гэж их хичээдэг.

-Цалингаас өөр орлого бий юү. Хүүхдийн мөнгө ч юм уу?

-Өөр байхгүй. Хүүхдүүдийн мөнгийг нь би хадгаламж нээгээд холбочихсон. Шууд хадгаламжиндаа ордог. Би ерөөсөө авдаггүй. Миний охид нэг л мэдэхэд сургууль төгсөнө. Тэр үед би бүр хоосон байж болохгүй гэж боддог.

-Хүнсний талонд хамрагддаггүй юу?

-Баянхошуунд амьдарч байгаа ч өмнөх хаягаасаа шилжүүлэг хийлгэж чадаагүй байгаа болохоор тиймэрхүү халамжид хамрагддаггүй. Минйи бодлоор бидний амьдарч буй нийгэм ээж, хүүхдийг илүү сайн сонсдог байгаасай. Дүүрэг, хороо нь биднийг харж үздэг, сонсдог байгаасай гэж их хүсэх юм.

-Хүүхдүүд нь сургуульд явдаг биз дээ. Таныг ажилтай үед хэн хардаг вэ?

-Миний ажил 16 цаг ажиллаад 72 цаг амардаг. Тийм болохоор хүүхдүүдээ хараад сургууль номонд нь хүргэж өгөөд болоод байдаг. Ажилтай үедээ хажуу айлынхаа эгчид захиад үлдээдэг. Одоо харин карантинтай үед жаахан хүнд л байна.

-Охид чинь аль хэдийнэ тусд орсон байх даа?

-Тэгэлгүй яахав. Миний гурван охин надаар гэрийн ажил хийлгэдэггүй. Би хувцсыг нь л угааж өгдөг. Надаас нэг ч удаа амттан, тэр битгий хэл талх нэхэж байгаагүй. Их ухаантай. Бэрхшээл бол мэдээж их. Гэсэн ч би бол жаргалтай эмэгтэй. Ядраад, уйлаад суух бүртээ гурван охиноо хараад л баясч, инээж хөөрөөд тайтгарчихдаг. Яагаад гэхээр миний гурван үр өвчин зовлонгүй байна гэдэг чинь хамгийн том аз жаргал юм даа гэж би бодож өөрийгөө зоригжуулдаг.

-Хамаатан садан гэж бий юү?

-Ах эгч нар уг нь бий. Гэхдээ өөрсдийгөө л болгосон хүмүүс. Би ч ямар авах албатай ч биш дээ.

-Таны хамгийн их санаа зовдог зүйл юу вэ?

-Хүүхдүүд маань томроод байдаг. Би гэдэг хүн байр суурь, орох орон ч үгүй явж байгаадаа санаа их зовдог. Уг нь би тал бүрээр л хичээж охидоо өсгөх гэж хичээж байна. Заримдаа бүр хэцүү, яахаа ч мэдэхээ байх үе гарах юм.

-Орон нутгийнх уу, хотын иргэн үү?

-Би Хөвсгөлөөс ирээд яг 11 жил болж байна. 12 дугаар ангиа төгсөөд 17 настайдаа том охиноо төрүүлсэн болохоор ямар нэг сургуульд сурч мэргэжилтэй болж чадаагүй. Одоо гурван охиныхоо төлөө сурахаас илүү ажиллах л сонголт надад үлдсэн.

Categories
мэдээ нийгэм

С.Алтансүх: Манайд хөнжил гудастайгаа ирэхэд л болно

Италид ажиллаж амьдарч буй нэгэн залуу цахим хуудсаараа дамжуулж гэртээ байрлаж болохыг хэлсэн нь монголчуудын сэтгэлийг ихэд хөдөлгөөд байна. Түүнийг С.Алтансүх гэдэг бөгөөд Италийн Наполи хотод амьдарч байгаа аж. Түүнтэй холбогдож ярилцлаа.

-Та цахим хуудсаараа дамжуулж монголчуудыг гэртээ байж болно хэмээн мэдээлсэн. Үүнээс хойш танайд хүн ирсэн үү?

-Одоогоор манайд хүн ирээгүй л байна. Ганц нэг хүн холбогдож байна.

-Таны байгаа хотод монголчууд хэр их байдаг вэ?

-Сайн мэдэхгүй. Бусад хотуудыг бодвол бага байгаа. Ром, бас коронавирус эрчимтэй тархаад байгаа Милан хотод монголчууд их байдаг. Ялангуяа оюутнууд. Тэнд байгаа залуус миний зарыг олж хараасай гэж хүсч байна.

-Танайд хичнээн хүн байрлах боломжтой вэ. Бүр монголчууддаа зориулаад хоол хүнсээ базаасан гэсэн?

-Манайд 30 гаруй хүн амьдарчих байх шүү. Хоол ундны зүйлд санаа зоволтгүй. Би бараг 30 кг мах, гурил будаа гээд нөөцөлчихсөн. Наймаа хийдэг Итали найз нартаа хэлэхээр гэрийн хаягаар явуулчихдаг юм. Харин гудас, хөнжлөө л авч ирэхэд болно.

-Өөрсдөө ч эрсдэлд орж болох энэ хүнд үед гэргий тань таны санааг яаж хүлээж авсан бэ?

-Өрхийн тэргүүн гэдэг утгаараа би шийдвэрийг гаргасан. Харин эхнэр маань эргэлзээгүй дэмжсэн. Нөхцөл байдал зөвхөн энд ч биш, дэлхий дахинд л хүнд хэцүү байна. Монгол хүний айлсаг халуун дулаан сэтгэл байна даа. Яагаад ядарч яваа нэгэндээ тусалж болохгүй гэж бодсон үүднээс л ийм санаа гаргасан. Италид эмчлүүлэхээр ирсэн, оюутан, түр ирсэн гээд мөнгө муутай асуудалтай яваа хүмүүс зөндөө бий. Улс бүр хөл хорио тогтоогоод байгаа энэ үед олон сараар хүний нутагт мөнгө муутай байх хэцүү. Тиймээс байдал намжтал хэдэн хүн ч гэсэн байранд санаа зовохгүй байвал болох нь тэр.

-Хэрэв олны дунд халдвартай хүн ирвэл утгаараа эрсдэл учрах тал бий.

-Манайд ирэх хүмүүс эрүүл гэдгээ мэдэх хэрэгтэй. Ирэх замдаа ч халдвар авч болохыг сайн бодож төлөвлөх байх. Манайхан чинь ухаантай шүү дээ. Мэдээж өвчтэй хүн бусдадаа халдаах гээд ирэхгүй нь тодорхой байх.

-Итали улс хөл, хориог хэдий хүртэл тогтоосон бэ?

-Уг нь энэ сарын 12-нд хөл хорио цуцлагдах байсан. Гэхдээ энэ нөхцөл байдлыг харвал хөл, хориог сунгах юм шиг байна. Итали найз нөхөдтэй утсаар ярихаар тоо нь өдрөөс өдөрт багасч байна гээд бөөн баяр. Ингэж өвчлөлийн тоо багасах нь хөл хорио тогтоосны үр дүн. Одоо бол энд өвчтэй хүмүүс нь тодорхой болоод өвчингүй нь гэртээ хөл хорионд орчихож байгаа юм. Манай улсын төрийн тэргүүнүүд энэ тал дээр маш сайн ажилласан гэж би бодож байна. Бүр монголчуудынхаа өмнөөс баяр хүргэмээр байна. Итали улс аль сүүлд хөл хорио тогтоосон. Халдварыг алдсан ганц шалтгаан л энэ шүү дээ. Итали хүмүүс ямар омголон гал цогтой хүмүүс билээ. Тэгэхэд одоо айж, уйлж, хямарч байна.

-Та нарын хувьд дэлгүүр орж гарахад ази гэдэг ч юм уу гадуурхах тал дээр ямар байна?

-Одоо бол хөл хориотой болохоор гэрээсээ гарахгүй л байна. Тэр тал дээр асуудалгүй. Гарсан ч машинтайгаа гараад буцаад ороод ирэх болохоор нэг их мэдэгдэхгүй байгаа байх. Анх манай хоёр хуурай дүүг хүүхдүүд харчихаад хятад хүн гэж бодоод “корона”, “корона” гэж дуудаж, шоолсон байсан. Ард иргэд нь хоёр хуваагдсан үзэл бодлын хувьд. Нэг хэсэг нь хятадууд өвчин тараасан гээд дургүй байхад нөгөө хэсэг нь манайд харин ч эм, тариа, эмнэлгийн тал дээр тусламж үзүүлж байна гээд сайн байх жишээтэй. Хаанахынх байх нь хамаагүй, хүний л араншин юм даа.

-Иргэд халдваргүй л бол амны хаалт зүүхгүй байгаа нь эрсдэл дагуулж байна гэсэн?

-Анх бол угаасаа амны хаалт ч зүүхгүй, хөл хорио ч тогтоохгүй тоохгүй байсан. Мэдээгээр харж байхад, хүмүүсийн ярианаас сонсож байхад юун сүртэй юм худлаа улстөржүүлээд гэж хүлээж авч байсан. Ингэж байгаад одоо 10 мянга гаруй хүнээ алдчихлаа шүү дээ. Одоо бол бүгд амны хаалт хэрэглэж, хорио цээрийн дэглэмээ яс дагаж байна. Бүгд л айдастай байна.

-Танай гэр бүлийн хувьд өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна вэ?

-Эхнэр, хамт ажилладаг хоёр хуурай дүүгийн хамт амьдарч байна. Хүүхэд маань эмээ, өвөөтэйгөө Францад амьдарч байна. Спирттэй гар ариутгагчаар ариутгана. Шөлөө хийж ууна. Мах чанаж иднэ. Хуушуур буузаа хийж идээд сүүтэй цайгаа уугаад байж байна.

-Италичууд халуун юм уудаггүй гэсэн. Энэ нь халдварын тархалтад нөлөөлж байж магадгүй гэж ярьсан. Үүийгээ сонирхуулаач?

-Италичууд кофе уухдаа хүртэл хүйтэн усан дээр хийж уудаг. Манайхан шиг том аягаар цай, кофе уудаггүй. Липтон цай ч уухгүй. Халуун юм уухгүй. Цай уухдаа хүртэл мөстэй ууна. Гар барихад гар нь хүйтэн байдаг. Ихэнхдээ гадуур хооллож янз бүрийн паста гоймон иднэ. Би бол эндхийн хүмүүстэй хоол идсэн ч үхрийн махтай хоол захиалдаг. Стейкний шүүрхий махыг хүртэл гүйцэд болгуулж иддэг. Манайхан халуун цай, хоол иддэг учраас дархлаа сайтай, вирусийн халдвар авах нь арай гайгүй байна уу гэсэн бодол надад төрж байна. Японы судлаач зөвлөсөн байсан. Халуун юм сайн уух нь вирусийг хоолойноос ходоод руу шууд оруулдаг. Ингэснээр ходоодны хүчил вирусийг дарангуйлж биеэс гадагшлуулдаг гэж. Тэр үнэн байх.

-Та хувийн бизнес эрхэлдэг гэсэн. Өөрийнхөө талаар танилцуулаач?

-Манай аав Баянхонгор, ээж Өвөрхангай аймгийнх. Би Улаанбаатарт төрсөн. Налайх дүүрэгт өссөн. 1990 оноос хойш манайхны хэлдгээр ганзагын наймаа хийж эхэлсэн. Европт амьдраад 12 жил болж байна. Бусдын адил цагаачилсан. Цагаачийн мөнгөөрөө зугаалдаг, Франц, Итали улсын хооронд ажиллаж, амьдардаг байсан. Харин хоёр жилийн өмнөөс Франц, Итали, Испанид үйлдвэрлэсэн гутлыг Монгол руугаа явуулж маш хямд борлуулдаг худалдааг хийж эхэлсэн. Хүүхдийн гутлын худалдааг эхлүүлсэн нь учиртай. Хэдэн жилийн өмнө Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн пүүз химийн найрлагатай, тэр нь үргүйдэлд хүргэдэг тухай мэдээллийг олж уншаад эмзэглэсэн юм. Тэгээд л Германд амьдардаг хуурай дүүтэйгээ хамтраад Европоос.ком сайтаа нээгээд захиалга авч Монгол руугаа гутал явуулдаг болсон.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Батсайхан: Манай улсын хүн амын 86 хувь нь газар хөдлөлийн долоогоос дээш баллын хүчтэй бүсэд амьдарч байна

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхантай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж эрс нэмэгдсэн байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Монгол орны нутаг дэвсгэр Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутгуудад багтдаг. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн зуунд балл нь долоо болон түүнээс дээш хүчтэй 20 гаруй газар хөдлөлт болсон. Үүний дотор балл нь найм хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа тохиосон нь газар хөдлөлтийн идэвхтэй бүст ордог гэдгийг батлан харуулж байгаа юм. 2019 онд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 46735 удаагийн газар хөдлөлт болсон байна. Балл нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 66 удаа болсноос тухайн газар хөдлөлтийн эпицентрт ойр орчмын ард иргэдэд 17 газар хөдлөлт нь мэдрэгдсэн гэсэн мэдээлэл байна.

-Он гарсаар энэ үзүүлэлт нэмэгдсэн үү?

-Энэ оны гуравдугаар сарын 15-ны байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 14895 удаагийн газар хөдлөлт болсон.Балл нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 19 удаа, ард иргэдэд 12 газар хөдлөлт нь мэдрэгдсэн байна. Зөвхөн энэ сарын 20-нд гэхэд л Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урагш 30 км зайд 5.8 баллын газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлт Говь-Алтай аймгийн бүх сумд, Ховд, Баян-Өлгий, Завхан зэрэг аймгуудын зарим сумдад мэдрэгдсэн байсан. Одоогоор давталд хөдлөлт 130 гаруй удаа, үүнээс балл нь 3.5 дээш хүчтэй хөдлөлт гурван удаа болоод байна.

-Тэгвэл саяхан дахин Говь-Алтайн Тонхил суманд хүчтэйд тооцогдох газар хөдөлсөн байна. Нэг газар ойр ойрхон газар хөдлөлтийн давтамж нэмэгдэх нь аюултай юу?

-Энэ сарын 24-ний 06:47:40 цагт Тонхил сумаас урд зүгт 32 км-ийн зайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд давтан хөдлөлтүүд болж байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлж байна. Тухайн бүс нутаг нь газар хөдлөлтийн нэлээд идэвхтэй голомттой байна л гэсэн үг. Хамгийн гол нь хэзээ, хаана, хэдэн баллын хүчтэй газар хөдлөх үү гэдгийг урьдчилж тодорхойлох боломжгүй. Ингэж байгаад хүчтэй хөдөлж ч болно. Эсвэл намжиж ч болох талтай. Тиймээс Одон орон геофизикийн хүрээлэн энэ тал дээр илүү нарийн мэдээллийг хэлэх байх.

-Манай улс газар хөдлөлтийн чичирхийллийг мэдрэх дэвшилтэт техник хэрэгслээр хэр хангагдсан байдаг бол?

-Анх 1957 онд газар хөдлөлтийг бvртгэх станц байгуулснаас хойш өнөөдөр ОХУ-д vйлдвэрлэсэн газар хөдлөлт бvртгэх фото бичлэгтэй цахилгаан соронзон системийн гурван байгуулагчтай есөн станц орон нутагт ажиллаж байгаа. Мөн 1994 оноос Франц улсын орчин үеийн электрон системтэй алсаас мэдээлэл дамжуулдаг тоон бичлэгтэй нэг байгуулагч бvхий 5-6 станцтай бичил сvлжээг Улаанбаатар, Ховдод байгуулсан. Мөн АНУ-ын геологийн албатай хамтран гурван байгуулагчтай тоон бичлэгтэй олон улсын өндөр зэрэглэлийн газар хөдлөлт бvртгэх автомат станцыг байгуулсан.

-Газар хөдлөлтийн бүсчлэлээр авч үзвэл нутгийн аль хэсэгт илүү идэвхтэй вэ?

-Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаанаас харахад манай улсын хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш бүс нутагт оршиж байна. Түүнээс дээш 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн есөн баллаас дээш баллын бүс нутагт оршиж байна. Долоо ба түүнээс дээш балл бүхий газар хөдлөлтийн бүс нутагт манай нийт хүн амын 86 хувь нь амьдарч байна. Хот байгуулалтын хувьд зургаа ба тvvнээс доош баллд хамрагдаж байгаа бол нэн тохиромжтой, 7-8 баллд хязгаарлагдмал тохиромжтой, ес ба тvvнээс дээш баллын ангилалд тохиромж муутай гэж vнэлгээ өгдөг. Газар хөдлөлт (чичирхийлэл)-ийн vнэлгээний дагуу хот, суурин газрын төлөвлөлтөд нэн тохиромжтой нөхцөлд Монгол орны өмнөд, зvvн өмнөд хэсэг, Дорнод Монголын тэгш тал нутгийг, тохиромж нутагт хамруулдаг.

-Улаанбаатар хот хэдэн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй вэ?

-Улаанбаатар хотыг газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй газарт тооцогдоно. Мөн өндөр нарийвчлалтай сансрын зураг, хээрийн ажлын судалгаагаар Улаанбаатар хот орчмын 200 км дахь хүрээнд хэд хэдэн шулуун ан цав тогтоогдсон учир болзошгүй газар хөдлөлтийн голомтууд болох боломжтой.Болзошгүй газар хөдлөлтийн улмаас хотын нийт барилга байгууламжийн 20-50 хувьд эвдрэл, гэмтэл, нуралт үүсч, 30000-60000 гаруй хүн өртөх магадлалтай гэсэн судалгаа гарсан байна.Монгол оронд газар хөдлөлтийн аюул бодитой оршин байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа, хүн ам олноор төвлөрсөн Улаанбаатар хотын ихэнх барилгууд нь хуучирсан бөгөөд засвар үйлчилгээ хийгдээгүй, шинээр баригдаж буй барилгууд нь зохих горимын дагуу баригдсан эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээг улсын хэмжээнд нэн ялангуяа нийслэлд хийх зайлшгүй шаардлага байгаа юм.

-Манайд газар хөдлөлтийн талаарх мэдээллийг төдийлөн айж сандрах хэмжээнд хүлээж авдаггүй. Учир нь хаа нэг чичирхийлэл төдий 3-3.5 баллын хүчтэй газар хөдөллөө гэсэн мэдээнд дасал болчихсон байх. Яг гамшгийн хэмжээнд газар хөдөлсөн тохиолдолд иргэд хэрхэн, яах талаар ойлголт хэр байдаг вэ?

-Газар хөдлөлт нь учруулах хор уршиг, хөнөөл ихтэй, урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт асар богино хугацаанд тохиолддог хамгийн аюултай байгалийн үзэгдэл юм. Монголчуудын хувьд газар хөдлөлтийн гамшгийн зовлон үзээгүй ард түмэн гэж хэлж болно. Тэгээд ч 1957 онд болсон газар хөдлөлтөөс хойш аюултай хэмжээнд тооцогдох үйл явц болоогүй нь иргэд ингэж тайван хандахтай холбоотой ч байж болох юм. Гэтэл XX зууны дэлхийд хүчтэйд тооцогддог газар хөдлөлтөөс манайд олон удаа болж байсан. Манай улсад 1957 онд Говь-Алтай аймгийн Гурван Богдод маш хүчтэй буюу 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болж 13 хүн амиа алдсан гашуун түүх бий. Энэ газар хөдлөлт Монголын бүх газар нутагт мэдрэгдсэн бөгөөд Улаанбаатар хотод таван баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна. Үүнээс хойш гамшгийн хэмжээнд тооцогдох газар хөдлөлт болоогүй. Тийм болохоор ойлголт их муу. Энэ талаарх мэдээллийг хүлээж авах нь ч муу байдаг. Үндсэндээ онцгой байдлын байгууллага л энэ ажлыг хийж, бидний амь насыг хамгаалах ёстой гэж боддог. Гэтэл олон улсад тохиолдож байсан гамшгийн туршлагаас харахад газар хөдлөлтийн гамшиг тохиолдоход мэргэжлийн байгууллагууд иргэдийнхээ гуравхан хувьд нь хүрч ажилласан байдаг. Харин үлдсэн 97 хувьд нь иргэд өөрөө өөртөө болон хамт байгаа хүмүүс нь тусламж үзүүлсэн байдаг.

-Тэгэхээр шаардлагатай тохиолдолд амьд үлдэх эсэх нь иргэдийн өөрсдийнх нь ойлголт мэдээллээс шалтгаална гэсэн үг үү?

-Товчхондоо бол тийм. Тиймээс иргэд маань аль нэг байгууллагад найдах биш, өөрөө өөрсдийнхөө аюулгүй байдалд анхаарч, мэргэжлийн байгууллагын явуулж буй сургалт дадлагуудад идэвхтэй оролцох зайлшгүй шаардлагатай юм. Судалгаанаас харахад, 2000 онд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэлт 200 гаруй удаа тохиолдож байсан бол 2016 оны тоон дүнгээр 1800 болж ес дахин өссөн байгаа юм. Энэ нь газар хөдлөлтийн гамшиг болох магадлал ихэсч байгааг харуулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй энэ үед иргэдийг ойлголттой болгож, чиглүүлэх нь мэдээж та бүхний үүрэг. Харин манайд ямар ажил хийгдэж байна вэ. Японд наад зах нь гэр бүлийн гишүүд гамшгийн хэмжээнд газар хөдөлсөн тохиолдолд тэнд цугларна гэсэн хоорондоо тогтсон байршилтай байдаг. Энэ нь аюул болохоос өмнө иргэн бүрийн мэдэж байх ёстой зүйлийн нэг байх жишээний?

-Онцгой байдлын байгууллага болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг жил тутам төлөвлөж бэлэн байдлаа ханган сургалт, дадлагыг хуваарийн дагуу зохион байгуулж ирсэн.Бид жилээс жилд орон нутагт явуулдаг сургалтынхаа арга барилыг өөрчилж, хүний хэрэгтэй шаардлагад нийцсэн, иргэдийг зөв хэвшилтэй болгох, аливаа гамшиг ослоос өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө авран хамгаалах аргад суралцуулах, анхан шатны мэдлэг мэдээлэлтэй болгох практик талын сургалтыг явуулахыг зорьж ажиллаж байна.

-Тухайлбал?

-НИТХ-ын 2016 оны 94 дүгээр тогтоолоор болзошгүй гамшгаас хамгаалах, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон байдаг. Есөн дүүргийн хэмжээнд 111 байршилд түр цуглах талбай байсан бол өнгөрсөн хоёрдугаар сард түр цугларах 81 байршилыг нэмж баталсан. Одоо нийт 192 түр цугларах талбайтай болсон. Мөн энэхүү дадлага сургуулийг зохион байгуулснаар иргэд, олон нийт цугларах талбайгаа хаана байгааг мэдэж авахаас гадна, цугларах талбайд очоод ямар арга хэмжээ авах талын мэдлэг мэдээлэлтэй болох давуу талтай.Мөн иргэдийг мэдлэгжүүлэх тал дээр анхаарч БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвтэй хамтран “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Аюулгүй-Өрх”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт теле хичээлийг энэ сарын 23-ны өдөр 11:45 цагт “STAR HD” телевизээр цацаж мэдлэг мэдээллийг өгсөн.

-Дуут дохио хангинуулж иргэдэд газар хөдлөлтийн аюулаас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгөх өдөр саяхан тохиосон. Гэвч хөл хорио тогтоосон учраас ийм зүйл болсонгүй юу.

-Монгол Улсын Засгийн газраас баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16:00 цагт орон даяар дохио дуугарч иргэд цугларах цэгт дадлага сургуулийг хийх болсон. Мөн “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг газар хөдлөлтийн аюулыг таниулах өдрийг жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригт байхаар тогтсон. Эндээс нэг учир холбогдол ажиглагдаж байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл, бид жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригт ард иргэддээ газар хөдлөлтийн аюулыг таниулах сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулаад маргааш нь дадлага хийхэд ухамсарлаж ойлгосон иргэдийн оролцоо ямар байхыг тодорхойлно гэсэн үг. Жил ирэх тусам иргэдийн оролцоо нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд“COVID-19” цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосон. Тиймээс бид дэглэмийг зөрчихгүй байх үүднээс дуут дохио дуугаргаж иргэдийг цугларуулж үйл ажиллагаа зохион байгуулаагүй.

-Тэгвэл ямар замаар иргэдэд газар хөдлөлтийн мэдээллийг хүргэж байна вэ?

-Энэ жилийн хувьд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг Монгол Улсын Шадар сайдаар нэгдүгээр сарын 28-нд батлуулсны дагуу телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах хэлбэрээр зохион байгуулж байна. Мөн телевизийн хичээлийн хуваарьт цагуудад “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг аврах, анхны тусламж үзүүлэх” сэдвээр сэрэмжлүүлэг, шторкийг хүргээд байна.

-Ер нь газар хөдлөлтийн аюул тохиолдохоос өмнө ямар бэлтгэл хангах вэ?

-Эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулж бэлэн байдлыг хангах ёстой. Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед хамтран ажиллах, дэмжлэг авах байгууллагын хаяг, утасны жагсаалт, холбоо тогтоох дарааллыг эртнээс бэлтгэнэ.Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хорооны нутаг дэвсгэрт буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулан боловсруулна. Мөн айл өрх, албан байгууллага бүр гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байх талаар заавар зөвлөгөө өгч, мэргэжлийн байгууллагын дэмжлэг туслалцааг авах шаардлагатай.Дээрх төлөвлөгөөний дагуу тодорхой хугацаанд, тодорхой хүрээг хамруулан танхимын болон практик дадлагыг хийж хэвших хэрэгтэй.

-Хэрэв газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед иргэд юу мэдэж байх ёстой вэ?

-Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед иргэд сандрахгүй байх шаардлагатай. Мөн “Суу, Нуугд, Хүлээ” гэсэн зарчмын дагуу байгаа газартаа аюулгүй байдлаа ханган чичэрхийлэлт намдтал ширээн доор, даацын хананы дэргэд, хаалганы доор, коридор, ариун цэврийн өрөөнд гэх мэт өмнө нь аюулгүй цэг гэж тогтоосон байрлалд байршина.Газар хөдлөлтийн чичирхийлэл зогссоны дараа бэртэл гэмтэл аваагүй бол барилга, орон сууцнаас “Гүйхгүй, Түлхэхгүй, Ярихгүй, Буцахгүй” гэсэн зарчмыг баримтлан аюулгүй талбайд нүүн гарах ёстой. Барилгаас гарахдаа цахилгаан шат ашиглаж болохгүй бөгөөд өрөөнөөс гарах, шатаар буухдаа баруун гар талаа дагана.Давтан хөдлөлт болох тул барилга руу буцаж орохыг хориглоно. Харин газар хөдлөлтийн дараа байгууллагын удирдлага, багш нар хүүхдүүд, сурагч, оюутан, ажиллагсдыг бүртгэж, бүрэн гарсан эсэхэд хяналт тавина. Мэргэжлийн байгууллагын заавраар ажиллаж нийтээр цугларах байранд дэглэм сахина.

Categories
мэдээ цаг-үе

П.Майнбаяр: Солонгост эрүүл мэндийн даатгалгүй л бол маск авч чадахгүй байна


БНСУ-д дахь Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн П. Майнбаяртай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


-Танай холбооны зүгээс коронавирустэй холбоотой аян өрнүүлж байгаа гэсэн. Яг ямар учиртай, хэнд чиглэсэн аян бэ?

-БНСУ-д үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж болон хувь хүмүүс нийлж санаачлан “Хайртай хүмүүсээ хамгаалцгаая” аяныг энэ сарын 13-наас эхлүүлээд байна. Аян маань энэ сарын 30 хүртэл үргэлжлэх юм. Энэхүү аянд зөвхөн Солонгос төдийгүй дэлхий нийтэд ажиллаж амьдарч буй бүх монголчууд нэгдэж оролцох боломжтой. Сайхан сэтгэлт монголчуудаасаа цугларсан хандивыг Элчин сайдын яамаар дамжуулж Эрүүл мэндийн яамд хүргүүлэх ба ажлын халуун голомтод ажиллаж буй, эмч сувилагч, ажилчдад хүргэх зорилготой.

-Одоогийн байдлаар аянд хичнээн хүн хамрагдаж байгаа вэ. Гаднаас хүмүүс хэр хамрагдаж байна?

-Өнөөдрийн байдлаар 44 хүн 1.218.000 вон, Монгол дансанд 280.000 төгрөг цугларсан байна. Солонгос болон Монголоос, Унгараас илгээсэн хандив байна. Мөн холбоод байгууллагууд ихэвчлэн нэгдсэн учраас Байгууллагууд дотроо хандиваа цуглуулж байгаад нэгдсэн дансандаа төвлөрүүлэх зохион байгуулалтаар ажиллаж байна.

-Манай улс Солонгос дахь иргэдээ татаж авч байгаа. Гэтэл вирус орж ирлээ хилээ хаа гэх бухимдал бас үүсэх болсон. Энэ тал дээр та ямар бодолтой байна. Наана чинь нөхцөл байдал ямар байна вэ?

-Энд нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байна. Харьцангуй халдвар авсан хүмүүсийн эдгэрэлт өндөр, нас баралт бусад орныг бодвол бага байна.Солонгосоос иргэдээ татах нь төр засгийн авч хэрэгжүүлж байгаа зөв бодлого гэж харж байгаа. Солонгосоос очсон иргэд бол энд суурин байдаг хүмүүсийг биш өндөр настан, нялх балчир хүүхдүүд, хүнд өвчтэй гээд зайлшгүй хүнд байдалд орж гацсан иргэдээ татсан. Эдгээр иргэдэд энд удаан байхад байрлах газар, эз, идэх хоолноос авахуулаад олон хүндрэл бэрхшээлийг хил хаалттай үед давж туулж очиж байгаа шүү дээ. Мэдээж бусад залуу хүмүүсийн хувьд эх орондоо, хайртай гэр бүлдээ эрс тээж очихыг хүсэхгүй байгаа. Бүгд л ар гэр ах дүү нар, эх орондоо санаа зовж байгаа учраас хандивын аянд идэвхтэй оролцож байна.

-Солонгост амьдарч байгаа хүмүүсийн сэтгэл санаа хэр байгаа бол?

-Ихэнх албан газрууд хаалгаа хаасан. Үйл ажиллагаагаа зогсоосон. Дээр нь сургууль, цэцэрлэгүүд карантилагдаад хөл хорионд удлаа. Хоорондоо утсаар интернэтээр холбогдож мэнд усаа мэдэх түвшинд л байна. Удаан хугацаанд хөл хорио тогтоосон болохоор сэтгэл зүйн хувьд ч эдийн засгийн хувьд ч хүндэвтэр байна.

-Гадаад иргэдэд хамгаалах хэрэгсэл маск авахад хүндрэлтэй байна гэсэн. Гадаад хүнд өгөхгүй гээд. Энэ үнэн үү?

-Эмийн сан, И-Март дэлгүүр, шуудангийн газруудад гадаад иргэний үнэмлэх, улсын эрүүл мэндийн даатгалтай гадаад иргэдэд л маск зарж байна. Гадаад иргэний үнэмлэхтэй ч даатгалгүй бол авах боломжгүй.

-Тэгэхээр хууль бус иргэд наад зах нь маск ч авч чадахгүй хэцүү л байгаа юм байна?

-Даавуун маск, эсвэл гадуур үнэтэй зарагдаж байгаа маскнуудыг хэрэглэж байгаа болов уу гэж бодож байна.

-Таны хувьд холбоо гэлтгүй Солонгост байгаа иргэдэд янз бүрийн тусламж үзүүлдэг. Сүүлийн үед иргэдийн нийгмийн асуудалтай ямар ажлуудад анхаарч ажиллаж байна вэ?

-Миний хувьд БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны тэргүүний албыг гүйцэтгээд гурав дахь жилдээ ажиллаж байна. Манай холбоо нь Солонгост ажиллаж амьдарч байгаа иргэдэд энд дасан зохицох, мэдээ мэдээлэл хүргэх, тусламж дэмжлэг хэрэгтэй иргэдийн дуу хоолойг сонсож холбогдох газарт нь холбож өгөх гэх мэт олон талын үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна Монгол Улсын соёл урлаг, хэл, ёс заншлыг гадаад оронд сурталчилан таниулах ажлыг хийгээд 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Мөн Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн удирдах зөвлөлөөр ажилладаг. Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн нэгдэл бөгөөд зөвлөлөөр дамжуулж гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ дуу хоолой болж төр засагтаа бодлогын асуудлуудыг өргөн барих, мөн улс орныхоо хөгжил дэвшилд дэвшилтэд санаа оноог хүргэж батлуулах үүрэгтэй газар юм. Түүнчлэн Сөүл хотын гадаад иргэдийн төлөөлөгчдийн хуралд дэд тэргүүний үүрэг гүйцэтгэж байна.

-Тэр нь ямар учиртай алба бэ?

-Энэхүү хурал нь 22 орны 45 гишүүдтэй олон орны холбоод клубийн лидерүүдээс бүрдсэн хурал юм. Сөүл хотод ажиллаж амьдарч буй гадаад иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бий болгох, тэдэнд зориулсан бодлогын асуудлыг хэлэлцэн холбогдох газар хүргэх үүрэгтэй. Мөн Сөүл хотын хөгжил дэвшилд шинэлэг санааг дэвшүүлдэг гэсэн үг.

-Амьдрах эрхтэй иргэдээс илүүтэйгээр хууль бус иргэдийн хувьд асуудал их байдаг. Ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ?

-Ажилласан газраасаа цалингаа авч чадахгүй тохиолдол ихэвчлэн тохиолддог. Мөн эмнэлгийн үйлчилгээ авахад даатгалгүй бол гадаад иргэдэд маш өндөр үнээр үйлчилдэг. Тиймээс иргэд ихэвчлэн тэвчих, эсвэл Монголоос эм тариа захиж дур мэдэн өөрсдийгөө эмчлэн, хүндрэх гэх мэт хүндрэлүүд гардаг. Мөн ажлын байрны төрөл бүрийн дарамтад өртөх асуудал ажиглагддаг. Хэл амаар дарамтлах, бэлгийн дарамтад орох үзэгдлүүд их байдаг.

Түүнчлэн ажлын байранд гэмтэж бэртсэн тохиолдолд хуулийн мэдлэг дутмаг, мэдээлэл хомсоос болж хохирч үлдэх тохиодолууд ч их. Ажлын байранд гэмтэл авсан тохиолдолд хууль ёсны, хууль бус ч бай үүнийг харгалзахгүй тухайн ажил олгогч талаас эмчилгээ болон, ажлаагүй өдрийн цалинг олгох хуультай байдаг. Харамсалтай нь иргэд үүнийг тэр болгон мэддэггүй.

-Үнэхээр хөдөлмөрлөсөн хөлсөө авч чадахгүй тохиолдолд тухайн иргэн яах ёстой вэ?

-Гадаад ажилчдын эрхийг хамгаалах төвүүд их байдаг.Сөүл хотод Хөдөлмөр нийгмийн хамгаалал үйлчилгээний төв байна. Энд гэрээт ажилчдад үйлчлээд зогсохгүй хууль бус оршин сууж байгаа иргэдэд ч мэдээлэл үйлчилгээ үнэгүй өгдөг.

-Тэгвэл эмэгтэйчүүдтэй холбоотой асуудалд хэр анхаарал тавьж байна. Ажлын байран дээрх бэлгийн дарамтааас эхлээд эмэгтэйчүүдтэй холбоотой маш олон асуудал байдаг?

-Энэ бол их нарийн асуудал. Энэ тохиолдолд бид шууд Гадаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвд холбож өгдөг. Сэтгэл зүйн хувьд ч тэр олон талын хямралд орсон байдаг. Нарийн мэргэжлийн байгууллага хүлээн авч арга хэмжээ авах нь аль аль талдаа аюулгүй байдлыг хангаж буй явдал. Олон төрлийн асуудалтай иргэд ханддаг. Жишээлбэл, нэг эмэгтэй бусдын гарт их хүнд бэртэж эмнэлэгт хэвтсэн. Тухайн эмнэлэгтэй холбооны зүгээс маш нягт хамтарч ажилласан ба тухайн эмэгтэйн амь нас аюулгүй болж эмнэлгээс гараад гадуур эмчилгээ заалгаад гарсан. Эмэгтэй хэвтэрт байсан учраас заавал тусгай түргэн тусламжийн машинаар л явах боломжтой байсан. Дээр нь эмнэлгээс гараад байрлах газаргүй хүнд байдалтай. Тухайн үед шууд Гадаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв рүү холбогдож эмэгтэйчүүдийн түр хорогдох байрандаа байрлуулж өгөхийг хүссэн. Холбооны хүсэлтийг хүлээн авч 119 буюу түргэний тэргээр очиж эмнэлгээс авч байрандаа оруулсан. Нутаг буцтал эмнэлэг ирж очих тоолонд тухайн төвөөс зардал бүх зардлыг дааж байсан. Энэ мэтчилэн хүнд асуудал их гарна.

-Хууль бус учраас цагдаад баригдчих болов уу гэсэн айдсаас болж эмэгтэйчүүд ихэнхдээ хохирч үлдэх, эсвэл асуудлаа бүр дордуулдаг гэж байсан?

-Тийм шүү. Ажил хийж байхад ихэвчлэн удирдах ажилчид нь биед нь зөвшөөрөлгүй хүрч илж таалах гэх мэт биеэр болон хэл амаар бэлгийн дарамт үзүүлэх тохиолдол их. Үйлдвэрийн даргадаа удаа дараа хүчиндүүлж, эсэргүүцэл үзүүлвэл зодож хүч хэрэглэсээр их удаан явсан хохирогч байдаг. Сүүлдээ тэсэхгүй найздаа мессэж бичиж мэдэгдсэнээр бидэнд холбогдсон тохиолдол бий.

-Манай улсаас нэг эмэгтэй Солонгост ял эдэлж байгаа гэж сонссон. Танай холбооны зүгээс тухайн иргэнийг очиж эргэсэн байсан. Энэ талаар?

-Тийм ээ. Бид холбоонд дотроо хандив өрнүүлээд бас ном, сэтгүүл цуглуулаад эргэж очсон. Биднийг очиход төрсөн эгч дүүсээ ирж байгаа юм шиг л баярлан. Цөөхөн хором ч гэсэн дотно ярилцсан. Хувь хүний нууц, аюулгүйн байдлыг бодолцож бид холбоон дотроо чимээгүй зохион байгуулаад өнгөрсөн. Хөл хорио тавигдвал дахин очно гэж бодож байна.

-Юунаас болж ял сонссон юм бол. Хэзээ эрх чөлөөтэй болох вэ?

-Хувь хүний нууц учраас бид хэлэх боломжгүй. Нэлээд хэдэн жил тэнд хоригдож байгаа юм билээ. 2022 онд суллагдана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ууганбаяр: Хоол хийгээд боорцогтой өгөхөд ажилтны нүүр рүү шидсэн тохиолдол ч гарсан


Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтыг хаасан. Үүнтэй холбоотойгоор хүсэлт гаргасан иргэд орж ирж чадсан уу?

-Үндсэндээ хил дээр ирсэн оюутнуудыг бүгдийг л оруулсан.

Хэдийгээр боомтыг 20:00 цагт хаах байсан ч Оросын талаас хил дээр байгаа иргэдээ бүгдийг ямар ч байсан өнөөдөртөө багтаагаад танайх оруулчих гэсэн саналын дагуу бид тухайн оройдоо хил дээр ирсэн бүх иргэнээ авсан байгаа.

-Хэчнээн иргэн орж ирсэн бэ?

-33 хүн орж ирсэн. Ихэнх нь оюутнууд ганц нэг хувиараа орж ирсэн хүмүүс дунд нь байсан.

ОХУ-тай хиллэдэг Монгол Улсын хойд хилийн боомтуудаар орж ирэх гэж байсан иргэд бүгд болиод Сэлэнгийн Алтанбулагийн боомтоор орж ирэх гэж байна.

Алтанбулагийн боомт 24 цагийн үйл ажиллагаатай явагдаж байгаа учраас хүмүүс цагт баригдахгүй гэдэг үүднээс энэ боомтоор орж ирэх сонирхол их байна.

Энэ утгаараа Алтанбулагийн боомтоор орж ирэх хүний тоо тасралтгүй нэмэгдсээр байна. Дийлэнх нь оюутнууд.

Бидний авсан мэдээллээр гэхэд Москвагаас шууд Улаан-Үүд рүү нислэгээр ирж байгаа оюутан их байгаа сурагтай. Маргааш нэлээд ачаалалтай байх төлөвтэй байна.

-Алтанбулагийн боомтыг Бямба гаригт хаахаар үндсэндээ орох гарах хөдөлгөөн хязгаарлагдана. Тэгэхээр тусгай үүргийн онгоцоор гадаад дахь монголчуудаа авсан шиг ажлыг хэзээ зохион байгуулахаар ярьж байгаа вэ?

Алтанбулагийн боомт хаагдсан тохиолдолд бид БНХАУ-ын иргэдээ татсан тэр аргаар төмөр замаар, эсвэл автобусаар иргэдээ авах ажлыг зохион байгуулахаар ярилцаж байна.

Энэ сарын 28-ны өглөөний 06:00 цаг хүртэл Монгол Улсын иргэд Алтанбулагийн боомтоор чөлөөтэй нэвтэрч орж ирэх боломжтой. Бусад боомтууд дээр ирсэн иргэд Алтанбулаг боомт руу ирж нэвтэрнэ л гэсэн үг.

-Итали, Испани зэрэг орнуудад байдал нэлээд хүнд байгаа. Үүнтэй холбоотойгоор дараагийн тусгай үүргийн нислэгийг Итали руу үйлдээч гэсэн иргэдийн санал их байгаа болов уу?

-Хүсэлт их ирж байна. Урьдчилсан байдлаар судалгаа гарсан байгаа.

Эхлээд 14 хоногийн тусгаарлалтын арга хэмжээгээ дуусгаж байж дараагийн иргэдээ татна.

Хэзээ хаашаа тусгай нислэг үйлдэж иргэдээ авах эсэхийг одоогоор ярилцаж төлөвлөж байгаа учраас тодорхой болсон үедээ бид хэвлэлийн мэдээллийн байгууллагаар дамжуулан албан ёсоор мэдээлэл өгөх болно.

Одоогоор ОХУ-аас орж ирэх иргэдийн хувьд Бямба гараг хүртэл саадгүй нэвтэрч байна. БНХАУ-аас орж ирэх талаар иргэд бас хүсэлт гаргаж байна.

Үүнийг бид Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт хэрхэн ажиллах талаар чиглэл өгчихсөн байна.

-Зарим иргэдийн зүгээс гэр бүл Орост байдаг. Өөрөө энд хөл хорионд ороод буцаад харих гэхээр гарч чадахгүй байна гэдэг ч юм уу асуудлууд мэр сэр гарч байгаа. Монголоос гарах хүсэлтэй иргэд яах ёстой вэ?

-Бусад улс руу агаарын тээврээр гарч байгаа иргэдийг бид хориглоогүй. Өмнө нь тусгай үүргийн онгоцоор иргэдээ авахдаа гадагшаа гарах хүсэлтэй тасалбараа захиалчихсан бүх хүмүүсийг л явуулсан.

Тэрнээс Улсын онцгой комиссоос ч юм уу тэр хүнийг явуулна зөвшөөрөл өгнө гэсэн ажиллагаа бол явагдаагүй.

Одоо гагцхүү нислэг зогсчихсон учраас хүмүүс гарч чадахгүй байгаа. Хэрэв нислэг үйлдэхээр бол гарах хүсэлтэй иргэд тасалбараа захиалчихсан л бол бид авч явахаас татгалзахгүй.

Харин ОХУ-ын хувьд гадаадын иргэдэд хилийн хориг тавьчихсан учраас гарч чадахгүй тохиолдол бол байгаа. Энэ тохиолдолд ямар ч арга байхгүй шүү дээ.

-Тусгаарлах иргэдтэй холбоотой асуудлууд тасрахгүй байна. Үүнтэй холбоотойгоор та бүхэн хэрхэн ажиллаж байна вэ?

-Улаанбаатар хотод байгаа тусгаарлах байрны иргэдийн санал гомдол ерөнхийдөө жигдэрсэн.

Эхэндээ байр хүйтэн байна гэсэн гомдол гарч байлаа. Хоол идэхгүй байна, хоол хийгээд боорцог өгөхөд нь нүүр рүү шидсэн тохиолдол хүртэл гарсан. Маш хүндрэлтэй байсан.

Оюутнууд маань залуу хүүхдүүд учраас хөдөлгөөн ихтэй, тусгаарлах байрны дэг журам сахихгүй, дамжин өнгөрөх байранд олон цаг байлгалаа гэдэг ч юм уу асуудал байна.

Варень түрхээд өгсөн талхыг идэхгүй гээд шидсэн тохиолдол ч байна. Энэ мэтчилэн асуудал их гарсан. Энэ бүхэнд манайхаас гадна цагдаагийн байгууллагаас хяналт тавьж ажиллаж байгаа.

Зарим тохиолдолд бид эцэг, эхчүүдэд хүүхдэдээ анхаарал тавьж ойлгуулж хэлэхийг хүртэл мэдээлэл хийхдээ зөвлөж байна. Одоо овоо жигдэрч байна.

Тусгаарлалтын эхэнд иргэдийн зүгээс иймэрхүү асуудлыг гаргаж байгаад хоёр гурав хоногоос дасаад ирэхээрээ арай өөр болж төрийн зүгээс хийж буй ажлыг ойлгож хүндэтгэх хандлага ажиглагддаг.

Одоо бол хоол, байрны дулаантай холбоотой асуудал гарахгүй байгаа. Мэдээж дийлэнх нь дүрэм журмаа дагаж мөрдөж байгаа ч олны дунд нэг, хоёр хүн өөр санал бодолтой байх, эсэргүүцэх үзэгдэл байх юм л даа.

Тиймээс цагдаагийн байгууллагатай хамтран иргэдэд мэдээлэл өгөх, таниулах ажлыг хийнэ. Хэрвээ бүр ноцтой зөрчил гаргах юм бол тусгаарлалтын арга хэмжээ дуусахаар хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох болно.

Одоогоор улсын хэмжээнд 24 цэгт 2,108 хүн тусгаарлалтад байна.

Улаанбаатараас гадна Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Хэнтий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудад иргэд тусгаарлагдаад байна.

Ялангуяа сүүлийн үед Дархан-Уул, Сэлэнгэ, Баян-Өлгийн аймагт ачаалал их байна.

-Оюутнуудын хувьд орох хүсэлтэй түмэн оюутан байхад гарах хүсэлтэй бас оюутнууд байгаад байдаг?

-Гарах хүсэлтэй оюутнууд байна. БНСУ-д сурдаг оюутнууд зарим нь очиж хичээлдээ суухгүй бол хасах гээд байна, явмаар байна гэж байгаа бол зарим нь хичээлээ цахимаар аваад явахаа больё ч гэж байна.

Энэ талаар Гадаад хэргийн яам анхаарч холбогдох Элчин сайдын яамдуудад хүргүүлж ярилцаж, ажиллаж байгаа.

Хэрэв дараагийн ээлжид гадаадаас иргэдээ татахаар бол тус нислэгээр гадагшаа явах иргэдийн эрх нээлттэй. Гол нь УОК-ын Шуурхай штабаас зөвшөөрөл авна гэдэг юм байхгүй.

Өөрсдөө л нислэгийнхээ тасалбарыг захиалсан байх ёстой гэдгийг дахин хэлье.

-Зарим иргэд тусгаарлалтаас болж ажлаас халагдах боллоо гэх. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

-Бид чиглэл өгчихсөн байна. Тухайн иргэнийг тусгаарлах байрнаас гарахад нь тэнд 14 хоногийн хугацаанд тусгаарлалтад байсан гэсэн тодорхойлолтыг гаргаад өг гээд үүрэг өгчихсөн байгаа.

Гэхдээ нийгмийг хамарсан халдварт өвчин гарсан энэ үед улсын хэмжээнд арга хэмжээ авч ажиллаж байгаа учраас тухайн иргэнийг тусгаарлалтад байлгаад гаргаж байгаа гэдгийг албан байгууллагууд ойлгох хэрэгтэй.

Тусгаарлалтад байгаа нь ажлаас халах үндэс болохгүй.

-Тусгаарлалтаас гараад дахин 14 хоног өөрийгөө тусгаарлах журам гарсан. Энэ тохиолдолд хэрхэн хяналт тавих вэ. Эрсдэлээ бодож өөрийгөө тусгаарлах нэгэн байхад зөвлөмжийг дагахгүй нэгэн ч бий шүү дээ?

-Тусгаарлах байрнаас гарахад нь заавар зөвлөмжийг өгч танилцуулаад баталгааны гарын үсэг зуруулаад явуулж байна. Яг энэ асуудал дээр бид их бодож, ярилцаж байна.

Наадаг сэрэмжлүүлэг, анхааруулгыг гэрийнх нь хаалга дээр наая гэж бодож байна. Тухайн хүн болж өгвөл гэрээсээ гарахгүй.

Гэртээ ч гэсэн халдвар хамгааллын дэглэмийг баримталж байх хэрэгтэй.

Дээр шат шатны төрийн байгууллага, орон нутгийн удирдлага, сайн дурынхныг дайчилна гээд зохион байгуулалттайгаар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна.

Баянгол дүүргийн XII хорооны Засаг дарга Ганхуяг гэж хүн над руу зурвас явуулсан байсан.

“Бид та бүхний мэдээллийг байнга авч байна. Та бүхний ажилд бид үүргийнхээ дагуу тусалмаар байна. Бид хүн хүч дайчлах зэрэг ямарваа ажилд туслахад бэлэн” гэсэн байсан.

Маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Энэ мэтчилэн бид тусгаарлах ажилд л анхаарч хамтарч ажиллана даа. Үүнээс гадна иргэдийн дэмжлэг хэрэгтэй байна.

-Тухайлбал?

-Гадаад улс орны туршлага байна. Нэг иргэн нэг өрх, нэг давхар нэг иргэн, нэг орц нэг иргэн, нэг гудамж нэг иргэн гэхчлэн хяналтад тавьчихдаг юм байна.

Тэгэхээр өөрийгөө тусгаарлах ёстой иргэний гэрийнх нь гадаа тэмдэг наачихаар хөрш, орц, байрныхан нь тухайн иргэнд давхар хяналт тавих нь байна ш дээ.

Гэхдээ тэр айлын тэмдгийг хүмүүс маань энэ өвчтэй, халдвартай гэж ойлгож болохгүй. Тэр хүнийг ийм өнцгөөс хараад гадуурхаад байж болохгүй.

Зүгээр л тухайн иргэн гарч олон нийтийн газраар явж байна уу гэдгийг л хянах зорилготой анхааруулга тэмдэг шүү дээ. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Нэг нэгэндээ санаа тавьж байна л гэсэн үг.

-Нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүд холбогдох газруудад хандив өгсөөр байгаа. ОБЕГ-т ирсэн хандивыг юунд зарцуулж байгаа вэ?

-Хандивыг тусгайлан хариуцаж байгаа тусгай нэгж ажиллаж байгаа. Хандивын тоо данстай, ширхэг бүрийг Шадар сайдад танилцуулж байгаа.

Зарцуулалтаа Шадар сайдаар батлуулж байгаа. Тиймээс энэ тал дээр хардах зүйлгүй. Тайлангаа олон нийтэд танилцуулна.

-Танай алба хаагчдын хамгаалах хэрэгслийн хувьд хэр хүрэлцээтэй байна?

-Алба хаагчдын хамгаалах хэрэгслийн хувьд бид ямар ч байсан хангаад явж байна. Ямар ч байсан таслахгүй байгаа. Нөөц ч бий.

Дараагийн нөөц ч гадаадаас тусламжаар ирж байна. Аль болох хомсдол үүсгэхгүй талаас нь зохицуулж ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тусгаарлагдаад гарч буй иргэд өөрсдийгөө дахин тусгаарлаад эхэлжээ

Бага баян амралтын газар 2020.03.10

Зөвхөн манайх биш, дэлхий нийтээрээ “Covid-19” буюу коронавирусийн халдвартай чадах чинээгээрээ тэмцэж байна. Ус, агаар, газрын хилээ хааж байна. Юуны тулд юм. Иргэний төлөө. Манай улс ч гэсэн иргэдийнхээ төлөө олон ажил хийж байгааг та бид ч сүүлийн гурван сар харж байна. Хүнд хэцүү цагт нөхрийн чанар танигдана гэгчээр зарим улс иргэнээ эмчлэхээс татгалзаж байхад манайх халдварын голомттой бүсээс иргэдээ авчирсаар байна. Гол найдвар нь тусгаарлалт. Тусгаарлалтын ажлыг аль эртнээс эхлүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор олон асуудал ч яригдах болсон. Тэгвэл бодит байдал дээр тусгаарлагдсан иргэд ямаршуухан байгааг тодруулахыг хичээлээ. Үнэндээ тусгаарлагдаж буй иргэд гэртээ байгаа иргэдээс илүүтэйгээр сэтгэл санааны хүнд нөхцөлийг туулан давж байгаа юм. Ингээд тусгаарлах байранд байсан болон байгаа иргэдтэй холбогдсоноо хүргэж байна.

“ТӨЛБӨРИЙН ТАЛААР БИДЭНД НЭГ Ч МЭДЭГДЭЭГҮЙ БАЙСАН”

Тусгаарлагдсан иргэн С-тэй ярилцлаа.


-Та хаана тусгаарлагдсан бэ?

-“Бага баян” энхийн төлөөх цогцолборт тусгаарлагдсан байсан. Гурав хоногийн өмнө тусгаарлалтаас гарсан.

-Тусгаарлах байрны орчин нөхцөл хэр байв. Өрөөндөө хэдүүлээ байсан бэ?

-Байр ерөнхийдөө дажгүй. Гэхдээ хана мөөгөнцөртэй, ариун цэврийн өрөө битүү аалзны тортой. Бас өрөө маш хүйтэн, дээрээс нь халуун усгүй байсан. Өрөөндөө бол надаас гадна нэг хүн байсан. Бусад өрөөнүүд, гурав болон дөрвөн хүн байх шиг байсан.

-Сэтгэл санаа хүнд байв уу. Нэг, хоёр хонох нэг хэрэг. 14 хонох өөр шүү дээ?

-Эхний хоёр өдөр бол маш хэцүү байсан. Гэхдээ яваандаа дасаад арай дээр болсон. Гаръя гэсэн ч гарч болохгүйгээс хойш байгаа орчиндоо дасаад байхаас өөр аргагүй байсан. Тэнд маш олон хүмүүс байсан. Гадаадад сурдаг, ажилладаг, аялж яваад ирсэн гээд. Бүгд л үр хүүхэд, гэр бүлээ санагалзан ирсэн хүмүүс. Зөвхөн би ч гэлтгүй тэдгээр хүмүүс 14 хоног тэсэхэд нэлээн бэрх байсан болов уу. Харин “Бага баян” амралтын газрын ажилтнуудын хандлага маш таатай, эелдэг байсан нь уур амьсгалыг арай зөөлрүүлж байсан байх.

-Хоол унд дажгүй юу?

-Хоол амттай, бас эрүүл санагдсан. Тиймээс ажилчдад нь баярлалаа гэж хэлмээр байна.

-Таны байсан газраас гарсан нэг ч хүн тусгаарлах үеийн төлбөрөө төлөөгүй гэсэн мэдээлэл бий. Та төлбөрөө төлсөн үү?

-Төлбөрийн хувьд асуудал үүссэн. Биднийг орсон өдрөөс гарах өдөр хүртэл нэг ч эмч, ажилтан төлбөрийн талаар дурдаагүй. Ямар нэг мэдээлэл өгөөгүй. Ямар сайндаа санаа зовоод эмчийг халуун үзэх үеэр “Төлбөр мөнгөний асуудал яригдаж байсан, яах юм бол” гэж асуухад “Төлбөр төлөхгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд л 14 хоног өнгөрсөн. Гэтэл гараад ирсэн чинь зарим сайт дээр “Бага баян” дахь тусгаарлагдсан 60 иргэний нэг нь ч төлбөрөө төлөөгүй, нэхэмжлэх явуулах болно гэх утгатай мэдээлэл гарсан байсан. Биднийг байх хугацаанд төлбөр гэж хэн ч хэлээгүй байж гарсан хойно бид өгөхгүй явсан юм шиг ойлголт нийгэмд өгсөн байсан.

-Тэгээд төлсөн үү?

-Гэнэт мэдээд хүмүүст хүнд туссан байх. Нэг өдрийн 50 мянган төгрөг. 14 хоног нь 700 мянган төгрөг. Би төлөөгүй. Ямар нэг нэхэмжлэл ирээгүй л байна. Би Тайландаас ирсэн, тэр үед Тайландын халдвар 42 байсан. Намайг тэнд байх үед нэг ч шинэ халдвар бүртгэгдээгүй. Миний өмнөх Бангкок – Улаанбаатарын нислэгээр ирсэн 250 хүнээс хорионд орсон хүн нэг ч байгаагүй. Тэгээд Москвагаас Улаанбаатар руу суухад тэнд байсан МИАТ-ийн төлөөлөгч хорионд зөвхөн Солонгос, Япон, Итали, Иранаас ирсэн хүмүүсийг оруулж байгаа гэж хэлсэн.

-Тэгээд?

-Тэнд дулаан орноос ирсэн нимгэн хувцастай хүмүүс зөндөө байсан. Би гэхэд л тусгаарлалтад орохгүй гэж бодоод дулаан хувцсаа ачаандаа хийгээд ачаагаа авахдаа сольж өмсөнө гэж бодож байтал ачааныхаа барааг автобусанд харсан. Автобусанд цаг орчим уур савсуулсаар даарч ирээд өрөөндөө ортол уух усгүй байсан. Гэрээсээ буцалгагч захиж гурав дахь өдрөө арай гэж устай залгасан. Тиймээс иргэдэд эхлээд анхааруулах нь зүйтэй байсан. Тусгаарлахгүй гэсэн болохоор Монголыг зорьсон. Энэ хугацаанд маш их ажлаа алдсан. Гаднаас ямар нэг цахилгаан төрөөхөмж, нөүтбүүк оруулаагүй.

-Гэхдээ ийм үед хууль журмаа дагах нь иргэн хүний үүрэг биз дээ?

-Үүрэг байлгүй яахав. Тиймээс тусгаарлагдаад гарлаа. Гэхдээ үүргээ биелүүлж байгаа иргэнийхээ эрхийг бас цаашдаа бодолцох нь зүйтэй байх.

-Одоо тусгаарлалтаас гараад ямар байна?

-Тусгаарлах байрнаас гараад гэртээ үргэлжлүүлэн өөрийгөө долоо хоног тусгаарлаж байна. Нэмж хэлэхэд цагаан хоолтой тусгай хэрэглээний хүнс зэрэг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг бол гаднаас ирэхдээ л авчрах хэрэгтэй шүү. Тусгаарлагдсан бол гаднаас юм оруулахгүй. Тусгаарлах нь нэг талаараа давуу талтай санагдсан шүү. Бясалгал хийж өөрийгөө олох аялал зэрэг зүйл турших сайхан 14 хоногийн боломж шүү. (Инээв).

Эмч мэргэжлийн байгууллагын харилцаа чухал байна

Бас нэгэн иргэн өчигдөр тусгаарлалтаас гарч байх үед нь холбогдсон юм. Мөн 14 хоног тусгаарлагдаад гарч байгаа аж. Түүний хувьд “Карантинд өнгөрүүлж буй 14 хоног” тэмдэглэлийг өнгөрсөн хугацаанд хөтөлж өдөр бүрийнхээ үйл явдал, сэтгэгдлийг хуваалцсан нь цахим орчинд нэлээд сэтгэгдэл хүлээгээд буй. Бүр байнгын уншигчидтай болжээ. Мөн түүнээс үлгэрлэн тусгаарлалтад нэмж орж буй иргэд ч тэмдэглэл хөтөлж өдрийг өнгөрөөх болж. Ингээд түүнээс тусгаарлалтын үеийн нөхцөл байдлыг тодруулахад “Харилцаа маш чухал. Эмч мэргэжлийн байгууллагын хүмүүсийн харилцаа чухал. Тусгаарлалтад буй хүмүүстэй хүн ёсоор хандах нь зүйтэй. Би энэ талаар тэмдэглэлдээ ч дурдсан. Түүнээсээ болж зарим хүмүүсийн уурыг хүргэж байх шиг байна. Тусгаарлалтын хугацаа дуусаад дахин өөрийгөө долоо хоног тусгаарлахаар буудалд ирж байна. Гэр бүлийнхээ төлөө ийм шийдвэр гаргаж байна” гэв.

ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглалтад буй нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа “Хөл хорио ерөнхийдөө тансаг талдаа байна. Эмч нар үзлэг хийлээ. Нөгөө айхавтар шинжилгээгээ авчихлаа. Хоол унд сайн байна. Муу юм бүхэн Монголоос минь холуур өнгөрөг” гэсэн утга бүхий сэтгэгдлээ илэрхийлсэн байв.


“ДУЛААН ХУВЦАС, АЛЧУУР ЗЭРЭГ
АХУЙН ЗҮЙЛЭЭ САЙН БЭЛДЭЭРЭЙ”

Тусгаарлах байранд буй нэгэн эмэгтэйгээс зарим зүйлийг тодрууллаа.


-Та тусгаарлагдаад хэд хонож байна?

-Гурав хонож байна.

-Та хаана байрлаж байна вэ?

-Нэг эмнэлэгт л байна. Хаана гэдгийг нь хэлээд яахав.

-Ямаршуухан байна?

-Анх ирэхэд яах нь мэдэгдэхгүй хэцүүхэн л байсан. Хоёр дахь хоногийн өглөө шинжилгээ авсан. Шинжилгээний хариу сөрөг гарлаа.

Жаахан тайвширлаа. Өөр онцын хийх зүйлгүй утсаа ухаад л, хурдан түгшүүртэй байдал намжаасай гээд л залбираад хэвтэж байна.

-Гэр бүлийнхэнтэйгээ холбогдсон уу?

-Ярьсан. Байгаа байшин л өөр болохоос сэтгэл зүрх маань гэрийнхэнтэйгээ л байна.

-Дараа дараагийн тусгаарлах хүмүүст юу анхааруулмаар байна?

-Дулаан хувцас, алчуур зэрэг хэрэглээний зүйлээ сайн бэлдэж ороорой. Хувийн ариун цэврийн байдлаа сайн хангаарай гэж захимаар байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Солонго: Онгоцноос буугаад мэхийн ёсолсон нь өөрийн эрхгүй л гаргасан сэтгэлийн минь илэрхийлэл байсан

Honeymoon хамтлагийн дуучин, Маск продакшны жүжигчин Б.Солонготой ярилцлаа. Тэрээр энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн байна.


-Таны биеийн байдал дажгүй юу. Хүнд хагалгаанд орсон гэсэн?

-Одоо бол биеийн байдал маш сайн байгаа. Сэтгэл зүй өндөр байхад ямар ч өвчнийг даваад гарах чадвартай байдаг юм байна. Эх орондоо гэр бүлтэйгээ ойр байгаа болохоор сэтгэл санаа эрс өөрчлөгдсөн.

-Өөрийг тань тусгай үүргийн онгоцоор хүүхэд хөгшчүүлтэй барьцаж ирлээ гэх иргэдийн шүүмжлэл нэлээд ирсэн бололтой. Юуны хагалгаанд орсон юм бэ?

-Олон хүмүүс над руу чиний оронд өөр өвчтэй хүн, хөгшин хүн ирэх байсан юм. Ичдэггүй амьтан гэх мэтээр элдэв зурвас явуулсан. Миний хувьд ёс журмаараа хагалгаанд орсон бичиг баримттайгаа бусдынхаа адил Элчин дээр дугаарлаж явах зөвшөөрлөө авсан юм шүү гэж хэлмээр байна. Гоо сайхны хагалгаа юмуу гэх юм. Олон жил би эрүү шүдний буруу зуулттай асуудалтай явж ирсэн. Яваандаа эрүү далийх аюултай гэсэн оноштой. Нэлээд судалсны эцэст Солонгосын “ID”эмнэлгийн эрүүний хагалгаанд орох завшаан надад тохиосон. Ингээд Солонгос руу явахад халдвар одоогийнх шиг тахлын хэмжээнд хүрээгүй байсан учраас хуваарийн дагуу эхний долоо хоног хагалгааны бэлтгэл шинжилгээнүүдээ өгч дараагийн долоо хоногт нь хагалгаандаа орсон. Дээд, доод эрүү хамт орсон учраас хүнд төрлийн хагалгаа болсон. Хагалгаа мундаг эмч нарынхаа буянаар амжилттай сайн болсон. Гэсэн хэдий ч хагалгааны дараах хүнд үетэй нүүр тулсан. Шокны байдалтай, дархлаа унаж, амаар дүүрэн оёотой гуурстай учраас хоол унд ч идэж чадахгүй байсан. Биеийн байдал хүнд байхад тахал газар авч эмнэлгээсээ ч гарч агаарт гарах боломжгүй сэтгэл санаагаар унаж эхэлсэн. Ингээд л ирэхээс өөр аргагүйд хүрсэн.

-Онгоцонд ирэхэд хүндрэлтэй байв уу?

-Хүндрэл мэдэрсэнгүй. Зүгээр л маш их догдолж хурдхан л эх орондоо бууж агаараа амьсгалахыг хүссэн.


-Онгоцноос буухдаа ёсолсон хүн та юу?

-Тийм ээ. Өөрийн эрхгүй л гаргасан сэтгэлийн минь илэрхийлэл тэр байсан.

-Яг тэр мөчид юу бодогдсон бэ. Хүмүүсийн сэтгэлд нэлээд хүрсэн, огшоосон байсан?

-Би зүгээр л эх орондоо ямар их хайртайгаа мэдэрсэн. Монгол Улс, монгол хүн, газар шороо, агаар минь ямар үнэ цэнэтэй вэ гэж бодсон. Бас эх орныхоо төлөө ажиллаж байгаа хүмүүсээрээ бахархаж, баярлаж хүндэтгэл үзүүлсэн.

-Өмнө нь төдийлөн анзаардаггүй байсан уу. Өвдөхийн цагт хүмүүсийн бодол бас өөрчлөгддөг шүү дээ?

-Үгүй ээ. Би ер нь их шүтлэгтэй хүн л дээ. Өглөө оройдоо цайныхаа дээжийг бурхан тэнгэртээ өргөчихнө, сэтгэл зүрхэндээ ер нь эх орон, эх дэлхий гээд л их л залбирч явдаг хүн. Үүнтэй холбоотой байх.

-Онгоцонд хамт ирсэн хүмүүсийн сэтгэгдэл ямар байсан?

-Маш өндөр байсан. Бүгд л их догдолсон байсан даа.

-Гэтэл тантай хамт ирсэн хүмүүсээс вирусийн халдвар илэрсэн. Цочирдсон уу?

-Цочирдолгүй яахав. Би гайгүй байгаа. Ойр байсан хүмүүс нь гайгүй байгаасай. Гэр бүлийнхэн нь санаа зовж байгаа даа. Хурдан эдгэрээсэй гээд л санаа зовсон.

-Та хэдэн удаа шинжилгээ өгсөн бэ. Эмчилгээний заалттай байгаа байх. Үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж авч байна уу?

-Сайн авч байгаа. Шинжилгээний хариу сөрөг гарсан болохоор тайван байгаа. Эх орондоо тусгаарлагдсан хүмүүс ядаж л айх аюулгүй амар тайван унтацгааж байна. Янз бүрийн шалтгаанаар гадаадыг зорьсон олноо битгий муулаарай. Амьдрах л гэж хичээцгээж байна. Бидний ард монгол хүнийхээ төлөө нойр хоолгүй ажиллаж байгаа төр засагтаа, эрүүл мэндийн салбарынхандаа, онцгой байдлынхандаа, сайхан сэтгэлт ахан дүүс та бүхэндээ маш их баярлалаа. Амьддаа бие биенээ хайрлая. Энэ хүнд цагийг бид хамтдаа туулж чадна.

-Энэ байдал намжвал та гараад хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна вэ?

-Эндээс гараад би өөрийгөө дахин 10 хоног тусгаарлах бодолтой байна. Тусгаарлагдаж байгаа хугацаандаа кино зохиол бичээд эхэлсэн. Үргэлжлүүлээд бичээд байна даа. Нэг нартай өдөр олонд хүрэх байх гэж найдаж байна. Бүтээл болгохын төлөө ажиллана.

-Сэдэв нь цар тахлын тухай юм биш биз?

-Тэр нууцаа дэлгэвэл давсгүй хоол шиг болчихно шүү дээ.

-Хамтлагийнхан тань хэр холбоотой байна вэ?

-“Маск” продакшин болон “Honeymoon” хамтлагийнхан гээд уран бүтээлчид маань байнгын холбоотой байж сэтгэлийн дэм, урам өгч байна.

-Тайзан дээр эргээд гартал хэр хугацаа шаардагдах бол?

-Биеийн байдал, дархлаа, ясны эдгэрэл хэр сайн байгаагаас шалтгаална. Хэлж мэдэхгүй байна. Аль болох хугацаа алдахгүй, гамаа сайн барьж эдгэж хурдан шинэ уран бүтээлүүдтэй үзэгч олонтойгоо уулзахыг хүсч байна.

-Гэр бүлтэй юү?

-Найз залуутай. Удахгүй гэр бүл болохоор төлөвлөж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Чулуунтамир: Иргэд тусгаарлах байранд архи уух битгий хэл архи авч орсон л бол 500,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай


Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамиртай цаг үеийн байдлаар ярилцлаа.


– Улсын Онцгой комиссын тогтоосон хөл хорионы үед цагдаагийн байгууллагаас ямар ажлууд хийж байна вэ?

– Улсын онцгой комиссын хуралдаанаар гарсан хорио цээрийн дэглэм, орон нутаг хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг бүхий л арга хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал, хязгаарлалт тогтоосон хугацаанд аймаг, нийслэлийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдээр 4,176 тээврийн хэрэгслээр 9,992 иргэн гарч, 4,275 тээврийн хэрэгслээр 6,028 иргэн нэвтэрсэн.

Зохих зөвшөөрөлгүй 2,844 тээврийн хэрэгсэлтэй 4,605 иргэнийг шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрүүлэлгүй буцаах арга хэмжээ авч ажилласан байна.

Мөн шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт, судалгаа, шинжилгээ хийх зорилгоор Налайх дүүрэг, Төв, Баян-Өлгий аймагт тус бүр нэг, Багануур дүүрэг, Орхон аймаг, Халдварт өвчин судлалын Үндэсний төвд тус бүр хоёр, нийт есөн иргэнийг тусгаарласан.

Мөн Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймагт тус бүр нэг, Орхон аймагт гурав, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт тус бүр дөрөв, Дорнод аймагт тав, Өвөрхангай аймагт зургаа, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 104, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа ангид 17, ХӨСҮТ-д 23, тусгаарлах эмнэлэгт 37, нийт 206 иргэнийг ажиглалтад авахад 24 цагийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн байна.

– Тусгаарлах байранд байгаа иргэдийн зүгээс багагүй зөрчил гаргах болсон. Иргэд ихэнхдээ ямар зөрчил гаргаж байна вэ?

-Тусгаарлах байранд одоогоор 500 гаруй иргэд хамрагдаад байна. Эдгээр иргэдээс орчин нөхцлөө голох, эмчилгээ шаардах, эмч асрагч сувилагч нарын шаардлагыг эсэргүүцэх, өрөөгөөр холхих зэрэг зөрчлийг дийлэнхдээ гаргаж байна.

Түүнчлэн иргэд гаднаас эргэлт авах, бусадтай уулзах зөрчил нэлээдгүй гарах болсон. Ер нь бол тусгаарлана гэдэг нь гаднын ямар ч харилцаагүй 14 хоног эрүүл мэндээ хянана л гэсэн үг шүүдээ.

– Иргэд тусгаарлах байранд мэс, иртэй зүйл авч орж болохгүй гэсэн дотоод журам бий. Өөр юу юу авч орохыг хориглож байгаа вэ?

– Ер нь өмссөн хувцастайгаа л орно гаднаас цүнх саваа авч орох архи спирт, хоол хүнс, тэсэрч дэлбэрэх бодис гоо сайхны хэрэгсэл зэргийг хориглоно.

– Тусгаарлалтад байгаа иргэдийн ар гэрээс их хүндрэл учруулж байгаа талаар ярьсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

– Ар гэрийнхний хувьд эргэлт оруулах, уулзахыг шаардах зэрэг хүндрэлүүд гарч байна. Мөн хоол хүнс оруулахыг хүсдэг.

Тусгаарлалтад байгаа иргэдэд нэгдсэн зохицуулалтаар хоол унд өгч байгаа гэдгийг ар гэрийнхэн нь сайн ойлгох хэрэгтэй.

– Тусгаарлалтад буй иргэн зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авч байна вэ?

– Зөвхөн тусгаарлалт гэлтгүй коронавирустэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих буюу гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байгаа.

Үүний дагуу 43 хүнийг нийт 8.3 сая төгрөгөөр торгоод байна. Харин 14 гэмт хэрэгт бүртгэл нээгээд ажиллаж байна.

Тусгаарлалтын хувьд дээр дурдсан зөрчлүүдэд, Зөрчлийн хуулийн 6.7 дугаар зүйл: Эрүүл мэндийн тухай хууль зөрчсөн бол тухайн иргэнийг 500,000 төгрөгөөр торгоно.

Хэрвээ өвчинтэй байж түүнийгээ зориуд бусдад халдаасан бол Эрүүгийн хуулийн 15.6-д зааснаар 1-5 жил хорих, олон хүнд халдаасан бол 5-8 жил хорих ял шийтгэнэ.

Хөл хорио тогтоосон энэ үед олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон билээ.

Жишээлбэл Завхан аймгийн Хужирт гэх газар есөн хүн хоёрдугаар сарын 15-ны өдөр хурдан морины уралдаан зохион байгуулсан.

Нэр бүхий хүмүүсийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 150 мянган төгрөгөөр торгосон байна.

– Иргэдийн зүгээс үүсгэж буй хамгийн түгээмэл зөрчил юу байна вэ?

– Цуурхал тараах. Цахим орчинд яамны зүгээс тэгж мэдээллээ, тэр хүн ингэж нууц дэлгэлээ гэхчлэн иргэдийг төөрөгдүүлэх зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.

– Цахим хэрэгслээр худал мэдээлэл тараасан тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авсан вэ?

– Улсын хэмжээнд шинэ төрлийн коронавирусийн талаар цахим орчинд нийтлэгдсэн 21 мэдээллийг шалгаж, зургаан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн дагуу 4,600,000 төгрөгөөр торгоод байна.

– Тусгаарлалтад буй иргэд зөрчил гаргасан тохиолдолд хуулийн дагуу 500,000 төгрөгөөр торгоно гэлээ. Хэрэв иргэн тусгаарлалтын байранд архи уусан тохиолдолд 500,000 төгрөгөөр торгоно гэж ойлгож болох уу?

– Тиймээ. Тусгаарлалтад архи уусан битгий хэл архи авч орсон тохиолдолд 500.000 төгрөгөөр торгоно гэсэн үг.

Монгол Улсын иргэн хууль тогтоомж, гамшгийн үеийн хорио цээрийн дэглэмтэй холбоотой дүрэм, журмыг хуулийн дагуу дагах үүрэгтэй.

– Манай улс иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирч байгаа энэ үед тусгаарлагдах иргэд улам л нэмэгдэж байна. Тиймээс тусгаарлагдаж буй хүмүүс болон ар гэрийнхэн нь юуг анхаарах ёстой вэ?

– 14 хоног тэвчээртэй хүлээх хэрэгтэй, аливаа эрсдэлт үйлдэл гаргахгүй байж, Улсын онцгой комиссын шийдвэр төрийн алба хаагчдын үйл ажиллагааг дагаж мөрдөх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Хөгжил хөөртэй хоёрдугаар ангийнхан

Үсэглэлийн баяр. 2019 он

Манай сонины “Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн зочдоор Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 45 дугаар сургуулийн 2г ангийн бяцхан сурагчид маань орлоо. 2г ангийн анги удирдсан багшийг Б.Золзаяа гэдэг. Түүний хувьд боловсролын байгууллагад 2013 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа боловсролын удирдлагын магистр, арга зүйч зэрэгтэй багш юм. Харин энэ удаагийн бяцхан зочид бол Б.Золзаяа багшийн хоёр дахь удаагийн дааж авсан анги. Ангийн сурагчдыг танилцуулбал, А.Аззаяа, Н.Амин-Эрдэнэ, Г.Ананд, Б.Анударь, М.Ану-Үжин, О.Ану-Үжин, Г.Ариунбилэг, Н.Ариунхишиг, А.Уянга, Н.Батхолбоо, Э.Билгүүн, Д.Болорцэцэг, Э.Бүжин, Б.Ган-Эрдэнэ, Гүнжинлхам, Э.Золбаяр, А.Ирмүүн, Ч.Маргад, О.Мишээл, Г.Мөнх-Эрдэнэ, Н.Нарансолонго, Г.Номуунбилэг, Б.Номин-Эрдэнэ, Т. Одхүү, М.Очирбат, Х.Өүлэн, Н.Сайханбилэг, Н.Сарангоо, Ө.Сийлэн, Э.Тамир, А.Түшвинзаяа, М.Түвшинтөр, Э.Туяацэцэг, Ч.Увидас, Ц.Ундрах, А.Уянга, Э.Чингүүнбаяр, М.Цогт-Очир, Э.Ялгуунсайхан мөн Ба.Эрхэс, Би.Эрхэс, Ж.Эрхэс гэсэн гурван адилхан нэртэй сурагчтай. П.Номин, Я.Номин, М.Номин гээд гурван Номинтой. Их ховор тохиолдол шүү. Ингээд 2г анги маань нийт 45 сурагчтай. Үүнээс 29 охин, 16 хөвгүүнтэй. Сурагчдын гаргасан амжилтаас дурдвал 2018-2019 оны хичээлийн жилд хоёр сурагч “Гар зургийн ХI” олимпиадад оролцож Ч.Увидас тусгай байр, Э.Ялгуун сайхан дэд байрын шагнал авч байжээ. Тэгвэл П.Номин таэквондогийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргажээ. Мөн 2019-2020 оны хичээлийн жилд “Гар зургийн XII” олимпиадад 10 сурагч оролцоод бүгдээрээ “Бүтээлч хүүхэд” батламжийг гардан авчээ. Тэд хэдийгээр хорвоо ертөнцтэй танилцаж яваа бяцхан сурагчид боловч хоёрдугаар ангиа чамлахааргүй амжилттай суралцаж яваа авьяаслаг хамт олон гэдгийг ангийн багш нь онцолсон юм. Түүнчлэн амжилт гаргаад зогсохгүй ангиараа Чингэлтэй дүүргийн “Номын өргөө”-тэй танилцаж, нэг өдрийг номын ертөнцөөр аялж, ном уншиж мэдлэг оюунаа тэлэх, номын сайн нөхөр болох тухай сургалтад хамрагдсан байна. Ангийн багшийн хэлснээр энэ сургалтаас хойш сурагчид номонд их хайртай болсон. Их өгөөжтэй сургалт хэмээн сайшаав. Түүнчлэн сурагчид маань өөр өөрийн гэсэн цүнхэндээ байнга авч явдаг үлгэрийн номтой, мөн ангидаа номын булантай болсон байна. Ингээд долоо хоног бүрийн нэг өдөр тогтсон уншлагын цагтай болжээ. Хүүхдүүд уншлагын цагаа тэсэн ядан хүлээдэг гэнэ. Энэ цагаараа сурагчид үлгэрийн номоо сонгон авч уншаад уншсан номын тэмдэглэл хөтөлдөг байна.

Сурагчид ангийн номын буланд буюу уншлагын цагийн үеэр

Харин нэгдүгээр сарын 27-ноос хойш сурагчид маань гэртээ “Теле” хичээлээ үзэж сургалтаа ахиулж, эрдэм мэдлэгээ дээшлүүлж байгаа. Сурагчид маань теле хичээлийн даалгавраа өдөр бүрт нь хийгээд багш руугаа илгээж, багш нь үзээд буцаагаад хариу үзүүлж дүн болон урам зоригийн үгээр мялаан ажилладаг байна. Эцэг эхчүүдийн ярьж буйгаар сурагчид багшаас ирсэн урмын үгийг сонсоод, уншаад даалгавраа хийх илүү эрч хүчтэй, зоригтой болж сонирхож хийдэг тухай хэлж байна. “Теле” хичээлээ ойлгох нэгэн байхад ойлгохгүй нэгэн ч байна. Тухайлбал, нэг хүү “Би энэ хичээлийг чинь ойлгохгүй байна. Ангидаа очиж хичээлээ хиймээр байна” гэсэн бол өөр нэг сурагч “Манай багш хичээлээ зааж байгаад “За одоо бичээрэй” гэж хэлдэг. Энэ багш бич гэж хэлээгүй ш дээ” гээд ээжийгээ орой ажлаас ирэхэд нь гэрийн даалгавраа хийгээгүй хээвнэг сууж байсан гэнэ. Энэ мэтчилэн “Теле” хичээлдээ дасахгүй хөгтэй хөгжилтэй зүйл анхандаа их гарч байсан боловч одоо бол хүүхдүүд дасаад хичээлээ сайн хийж багш руугаа онлайнаар явуулж байгаа гэнэ. Харин сүүлийн үед “Ангийнхаа найзуудаа санаад байна”, “Найзуудтайгаа хичээлээ хиймээр байна”, “Хэзээ ангидаа очих юм”, “Багшийгаа санаад байна” гэх яриа тасрахаа байсан хэмээн багш нь инээв. Б.Золзаяа багш “Энэ анги миний бие даасан хоёр дахь анги. Анх нэгдүгээр ангид орж ирэхдээ учраа ч мэдэхгүй хөөрхөн хүүхдүүд байсан. Харин намар ороод ирсэн чинь бие биеэ саначихсан. Их том болсон хүн шиг томоотой дүр үзүүлнэ ээ бас. Тэгж байгаад бужигнана шүү дээ. Тэгээд “Та нар багшийгаа санасан уу?” гэж асуухаар зарим нь инээгээд жуумалзаад л, зарим нь санасан гэж байхад зарим нь эргэлзсэн харцаар хараад л. Анги ахих, зун амраад ирэхээр хүүхдүүд маань аливаа зүйлд хандаж байгаа хандлага, сэтгэж байгаа асуултууд, хариулж байгаа байдал зэрэг нь төлөвшиж байгаа нь илт анзаарагддаг ” гэв.

Ө.Сийлэн теле хичээлээ хийж байгаа нь

Харин ангидаа болсон нэгэн хөгжилтэй явдлыг сурагчид бүгд мартдаггүй гэнэ. Хоёрдугаар ангид орсон эхний өдөр багш нь цээж бичгийн шалгалт авахаар болов. Багш ч “За хүүхдүүд ээ монгол хэлний дэвтэр ном, цээж бичгийн дэвтрээ гаргаарай” гэж хэлчихээд буруу харан самбарт он, сар тавиад цээж бичгийн гарчгаа бичлээ. Гэтэл ангийн хүү Түвшинтөр газар хоёр өвдгөөрөө өвдөглөчихсөн цүнхээ ухаад байж, ухаад л байж. Багш ч анзаараагүй юм шиг “За хүүхдүүд ээ” гээд цээж бичгээ бичээд эхэлсэн байна. Өнөөх хүү цээж бичиг дуустал цүнхээ ухаж. Багш ч дотроо сандарч буй үйлдлийг нь харж зогссон болохоор инээдээ барьж ядан өхөөрдөнө. Гэтэл хүү нулимс нь гоожчихсон “Багш аа, миний цээж бичгийн дэвтэр алга” гэхээр “За яахав. Монгол хэлний дэвтрээ гаргаад дээшээ суу” гэхэд хүү баярлаж царайд нь гэрэл тодорч. Түвшинтөр маань ангийнхаа хамгийн эгдүүтэй, бас хөгжилтэй хүү болохоор багш нь ч, ангийнхан ч үйл хөдлөлийг нь андахгүй гэнэ. Хоёрдугаар ангийн нөгөө том болсон хүү чинь ингэж л хөглөсөн шүү дээ гэж багш нь сурагчдаа их л санасан бололтой сэтгэл нь хөдөлж санаа алдана. “Бага ангийн хүүхдүүдэд багшийн хичээл заах арга барилаас гадна зүрх сэтгэл, мэдрэмж маш чухал. Тэд чинь гэнэн томоогүй, хорвоотой дөнгөж танилцаж эхэлж буй цэцэг шүү дээ” хэмээн Б.Золзаяа багш ярьсан юм. Үнэхээр л хүүхэд гэдэг нандин ертөнц. Харин тэд маань ханиад, вирусийн уршгаар гэртээ хоригдож хичээлдээ явж чадахгүй байгаа нь уйтгартай байгаа болохоос үргэлж инээд хөөрөөр бялхаж явдаг багачууд юм шүү дээ.