Categories
мэдээ цаг-үе

М.Мөнхгэрэл: Манайхны хүний дор орохгүй гэсэн, яаруу адгуу зан нь зам тээврийн ослын гол шалтгаан болдог

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэлтэй ярилцлаа.


-Зам тээврийн осол гол төлөв хэний буруутай үйлдлээс шалтгаалж гарч байна вэ?

-Зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлийг ангилахдаа жолоочийн буруутай үйлдэл, явган зорчигчийн буруутай үйлдэл, замын нөхцөл байдлаас шалтгаалсан гэж гурван үндсэн төрөлд хуваан авч үздэг. Хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох зэрэг нь жолоочийн буруутай үйлдэлд хамаарна. Явган зорчигчийн буруутай үйлдлийг гарцгүй газраар зам гарах, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулах, согтуугаар замын хөдөлгөөнд оролцох гэж ангилж үздэг. Замын эвдрэл гэмтлийн улмаас улмаас зам тээврийн осол гарахыг замын нөхцөл байдлаас шалтгаалсан гэж үзнэ. Нийт гарч буй зам тээврийн ослын 98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж байна гэсэн судалгаа гарсан. 1.8 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдэл, үлдсэн нь замын нөхцөл байдлаас шалтгаалсан байдаг.

-Зам тээврийн осол буурахгүй байгаа шалтгаан нөхцөл нь юу бол. Гаргасан судалгаа байдаг уу?

-Нийслэл хотод бол анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцдог, хажуу хоорондын зай барьдаггүй, эгнээ байр буруу эзэлдэг гэх нийтлэг зөрчлүүд буурахгүй байгаа нь зам тээврийн осол гарах үндэслэл болж байна. Хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хүлээцгүй, амин хувиа хичээсэн үзэл нь осол гарах өөр нэг шалтгаан.

-Хүний амь эрсэдсэн ноцтой ослууд гол төлөв орон нутгийн замд гардаг. Нийгмийг цочроосон ноцтой ослууд ар араасаа гарч байгаа ч энэ төрлийн осол буурахгүй л байх шиг?

-Зам тээврийн ослын шалтгаанууд нийслэл болон орон нутагт харилцан адилгүй. Хүн амын нягтаршил, замын нөхцөл байдлаас шалгаална. Орон нутгийн түгжрэлгүй сэлүүхэн замд жолооч нар хурд хэтрүүлэх, жолоочийн ур чадваргүйгээс шалтгаалж ноцтой осол гардаг.

Замын хөдөлгөөн сэлүүхэн үед жолооч нар жолоо шилжүүлдэг нийтлэг зөрчил ажиглагддаг. Үүний улмаас нэг дор олон хүний амь нас эрсдэж, эд материалын хохирол амсаж байна. Орон нутгийн замд гарч буй осол гол төлөв гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед гарсан байдаг. Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 50 орчим хувь буруу талдаа жолооны хүрдтэй. Ийм тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэхдээ жолооч нар хугацаа зайгаа буруу баримжаалдаг. Мөн замын нөхцөл байдалд тааруулж хурдаа тохируулахаа мэддэггүй. Таны тээврийн хэрэгсэл өндөр хүчин чадал бүхий үзүүлэттэй байлаа ч замын нөхцөлд тааруулж хурдаа тохируулах хэрэгтэй. Баяр ёслолын үеэр орон нутгийн замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суух зөрчил буурахгүй байна.

-Жолооч нар холын замд гэрлээ шилжүүлэхгүй байна гэсэн гомдол их байдаг?

-Гэрэл шилжүүлэхгүй байх нь “Би л болж байвал бусад нь яасан ч яахав” гэсэн жолооч нарын аминчхан үзэл л дээ. Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь осол гарах томоохон шалтгаан болдог. Хол замд удаан жолоо барихад бие нь чилж зүүрмэглэдэг. Нүд ирмэхийн зуурт л осол гарна.

-Монгол хүний аминчхан үзэл осол гарах томоохон шалтгаан болж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Бусад орны жолооч нарыг судлахад бие биедээ хүлээцтэй хүндэтгэлтэй ханддаг. Монголчууд хүүхдээ “миний хүү хүний дор орж болохгүй шүү” гэж хүмүүжүүлж өсгөдөг. Энэ суурь хүмүүжлээ жолоо барьж замын хөдөлгөөнд оролцохдоо гаргаад байдаг. Хүний дор орохгүй, яаруу адгуу зан нь зам тээврийн ослын гол шалтгаан болж байна. Монгол хүн өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаг зан нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөө үзүүлдэг.

-Зам тээврийн осол жолоочийн тухайн үеийн сэтгэл зүйтэй холбоотой байдаг уу. Залуу жолооч нар осол хийх нь элбэг байгаа нь ажиглагддаг?

-2018 оны жилийн эцсийн байдлаар манайд 1,270690(нэг сая хоёр зуун долоон мянга зургаан зуун ерэн) жолооч бүртгэлтэй байдаг. Жил тутам 60-70 мянган хүн шинээр жолооч болж бэлтгэгдэж буй судалгаа бий. Осолд холбогдож байгаа, дүрэм зөрчиж буй иргэдийг жолооч болсон хугацаагаар нь ангилж үзэхэд 0-5 жил хүртэл хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүс зонхилох хувийг эзэлдэг. Залуу хүүхдүүдийн жолоочийн ур чадвар хангалтгүй, бие биенийхээ дээр гарах гэсэн үзлээс шалтгаалж зам тээврийн осолд хобогдох нь элбэг. Хоёр жолооч тутмын нэг нь 18-24 насны хүн байна. Ослын улмаас амь насаа алдаж буй иргэдийн гурван хүн тутмын нэг нь энэ насныхан байгаа юм. Залуус маань “Би” гэж хийрхдэг нийтлэг зантай болчихсон байна. 20 орчим жил жолооны ард суусан хүмүүс тайван хүлээцтэй, ур чадвартай байдаг учраас осол аваар хийх нь бага байдаг. Бусдын амь насыг хариуцаж яваагаа гүйцэд ухамсарласан болохоор тэр шүү дээ. Залуу жолооч нарын сэтгэл зүй бэлтгэгдээгүй учраас осолд холбогдож байгаа юм.

-Жолооч нарын сэтгэл зүй хангалтгүй бэлтгэгдэж байгаа шалтгаан юу вэ?

-Дээр дурдсан монгол хүн нэгнийхээ дор орохгүй,“би” гэсэн үзэл давамгайлсан байдагтай холбоотой. Мөн жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаа хангалттай бус байна. Замын хөдөлгөөний дүрэм заагаад, хотын жолоонд хагас дутуу гаргаад л үнэмлэх өгчихдөг. Аюултай нөхцөлд ямар арга хэмжээ авах, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг хэрхэн хүндэтгэх, осол хэргээс урьдчилан сэргийлэх хичээл ордоггүй. Сэтгэл зүй нь гүйцэд бэлтгэгдээгүй жолооч нар олноор гарч буй нь осол гарахад нөлөөлж байгаа. Жолооч нарыг адистатчилах шаардлагатай байна. Нэг жил болоод л шалгалт авдаг, тэнцсэнийх нь эрхийг нь сэргээгээд, унасаныг нь дахин сургалтад суулгадаг байвал зүгээр. Манайхан нэг жолооны курс төгсөөд л насаараа жолоо барьдаг. Хүн тээврийн хэрэгсэл жолоодохдоо өөрийнхөө болон бусад хүний амь насыг хариуцаж яваагаа ухамсарлах хэрэгтэй. Жолооч хүнд зөв дадал хэвшил суусан байх шаардлагатай. Ямар ч тохиолдолд дүрмээ баримтлана. Бусад хүмүүс дүрэм зөрчиж байгаа эсэх нь хамаагүй. Манайхан барьцаад л дайрдаг. Тухайн хүн өөрөө дүрмээрээ явж байхад өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж байна гэж үздэг.

-Сая галт тэрэгний урдуур ачааны машин орсон ноцтой осол гарсан. Шалтгаан нь юу байдаг юм бол?

-Тухайн ослын шалтгаан нөхцөлийг одоогоор тогтоогоогүй байгаа. Авто машины жолооч зүүрмэглэсэн, хэт ядарсан ч байж магадгүй. Анхаарал суларсан ч байж болно. Ослын шалтгааныг эцэслэж тогтоогүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарлаа бүрэн төвлөрүүлэхгүй байна уу?

-Нэг том эрсдэл нь энэ. Автомашинд ухаалаг хөгжим, зурагт хүртэл байдаг болсон байна. Жолоочийн анхаарлыг сарниулах том хэрэгсэл шүү дээ. Жолооч хүн хором ч анхаарлаа сарниулж болохгүй. Тэнд хүүхэд уйлж байна уу, утсанд дуудлага ирж байна уу хамаагүй. Бусдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хөдөлгөөнөө зогсоосны дараа бусад зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрийн болон бусдын амь насыг давхар авч яваагаа ухамсарлахгүй байна л даа, жолооч нар. Хөдөлгөөний үед фэйсбүүкээр аялна, утсаар ярина. Чанга хөгжим сонссон, утсаар ярьсаны дараа замын хөдөлгөөнд яаж оролцсоноо санахгүй байх тохиолдол байдаг. Жолооны ард суусан л бол ном, сонин, гар утас хэрэглэхийг хориглох тухай замын хөдөлгөөний дүрэмд заасан. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг хувь хүний аюулгүй байдлыг хангахад зориулж гаргасан зөвлөмж юм. Үүнийг л баримтлаад явахад зам тээврийн осолд өртөхгүй.


Categories
мэдээ цаг-үе

“Сити” сургуулийн шилдэг ангийнхан

1990-ээд оны сүүл, зах зээлийн ороо бусгаа цагт Монголжингоо нэртэйгээр байгуулагдаж байсан жижигхэн сургууль өнөөдөр урлаг уран сайхан, маркетинг менежмэнт, бизнесийн салбарт чадалтай боловсон хүчин бэлтгэдэг том их сургууль болжээ.

“Сити” их сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж буй энэ их айлыг 2016 онд төгссөн Бизнесийн удирдлагын сургуулийн хамт олныг “Нэг ангийнхан” буландаа онцоллоо.

2012 оны намар Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхмийн нягтлан бодох бүртгэл, олон улсын худалдааны менежмент, үйлдвэрлэлийн менежмент, маркетингийн менежментийн ангид 80 орчим хүүхэд элсч байжээ. Банк санхүүгийн салбарт цахиур хагалах хэтийн зорилготой охид хөвгүүдийг дэд профессор Б.Алтантовч багш хүлээн авч их эрдэмд сурах үйлст нь зүглүүлэхээр томилогдсон аж.

Юу сурч хаа хүрэх ёстойгоо бүрэн ухамсарлаж, гүйцэд төлөвшсөн хүүхдүүд нэг ангид орж ирсэн талаар ангийн багш нь ярьж байв. Спорт, урлаг болоод мэргэжлийн ур чадвартай, улсын томоохон сургуулиудтай эн тэнцүү өрсөлддөг авьяаслаг санхүүчид энэ ангид цуглаж дурсамж дүүрэн дөрвөн жилийг өнгөрүүлжээ.

Сити сургуулийн урлагийн наадам гэж нүсэр юм болно. Бизнесийн сургуулийнхан мэргэжлийн бус гээд хойшоо сууна гэж хэзээ ч үгүй, нийгмийн идэвх сайтай. М.Чингүнжав гитар хөгжмөөр ямар ч аяыг эвлэгхэн тоглочихдог. Харин Э.Энхмөнх нь тааруухан халтуурын дуучнаас дутахгүй. Задгай чөлөөтэй сэтгэдэг хэд нь урлагийн номер бэлдээд тайз дэлгэц, театрын ангийнхантайгаа урлагийн наадамд өрсөлдөхөд хол хоцордоггүй байжээ.

Харин спортод бол энэ ангийнхан сургуульдаа бусдаасаа хол тасархай. Улсын их, дээд сургуулийн оюутнуудтай л өгөө аваатай үзнэ. Сургуулиасаа баг бүрдүүлж лигийн тэмцээнд оролцох саналыг С.Барсболд, Ц.Батжаргал захиралдаа тавьснаар оюутны лигт алдартай “Сити” сургуулийн баг бүрдсэн түүхтэй гэнэ. Н.Ганболор дасгалжуулагчтай сургуулийн шигшээ багийн 15 оюутны ес нь Бизнесийн удирдлагын сургуулийн хүүхдүүд байсан гэнэ.Т.Хашхүү, Б.Батбуян, Д.Баярмагнай, А.Сумъяа, Г.Билгүүн, Ч.Энхмөнх, Ө.Хүдэрбат, Ц.Баянмөнх, Ц.Батжаргал С.Барсболд нар их сургуулиа төлөөлж сургуулиудын лигийн тэмцээнд өрсөлдөнө. Оюутны лигт тоглож буй багаа ангиараа очиж дэмжинэ. Спортын төв ордны “А” заалыг нураачих шахам юм болдог байсан талаар ангийн нөхөд нь дурсана лээ. Багийн амжилт гаргахад энэ ангийн хүүхэд бүрийн оролцоо чухал. Талбай дээр гараад бөмбөг залж гүйхгүй ч сургуулиа төлөөлж буй нөхдөө сэтгэлээрээ дэмжинэ. Уух ус, ундаа, халуун хоол цайг нь бэлдээд өгчихдөг байжээ. Хамтын хичээл зүтгэлийн хүчээр Сити их сургуулийн баг 2016 онд оюутны лигийн аварга болж нэгэн шинэ хуудсыг нээжээ. Оюутны лигийн 22 жилийн түүхэнд хувийн хэвшлийн их, дээд сургууль аварга болж байсан удаа үгүй аж. Тэд 2017 болон 2018 онуудад аварга цолоо хамгаалсан байна. Аварга боллоо гэж эдний хамт олон найрлаж архи дарс болж сүржигнэдэггүй нь бусад байгууллагуудаас ялгарах онцлог юм билээ. Сагсан бөмбөгийн хөгжлийн өнөө цагийн өнгийг тодорхойлж буй “Танан гарьд”, “Хасын Хүлэгүүд” зэрэг мэргэжлийн клубүүд оюутны лигийн аварга Сити багаас хэд хэдэн тоглогчдыг эгнээндээ элсүүлжээ. Г.Билгүүн өнөөдөр Танан гарьд багийн бүрэлдэхүүнд Б.Мөнхболд, О.Ууганбаяр нарын шилдгүүдтэй мөр зэрэгцэж дээд лигт өрсөлдөж байна.

Бизнесийн сургуулийнханд “Бид мартахгүй” киноны олны хэсэгт тоглуулах урилга иржээ. Өнөө хэд ч бараг л гол дүр бүтээж дэлгэцэд дүрээ мөнхлөх юм санаж л дээ. Үс зүсээ янзалж, нүүр амаа будахаас өгсүүлээд бөөн л юм болж байж автобусанд дүүрэн чихэж суугаад сургуулийнхаа үүднээс Тусгаар тогтнолын ордон руу хөдөлсөн байна. Очиход найруулагч нь өндөр дуугаар “Чи тийшээ зогс, энд суу” гэж зандраад л сүртэй гэж жигтэйхэн. Уран сайхны киноны зураг авалтад өдөржингөө шахуу оролцсон ангийнхан ч сэтгэл өндөр гэр гэртээ харьцгаасан гэнэ. Хэд хоногийн дараа “Бид мартахгүй” киноны нээлт болж өөрсдийгөө үзэхээр ангийнхан ч бүгдээрээ кино театрыг зорьсон байна. Харамсалтай нь өөрсдийгөө харж амжихгүй байсаар кино өндөрлөжээ.

Харин төгсгөлд нь олон хүний нэр гарахад тус тусын нэрээ олж харснаар гомдлоо багахан ч гэсэн тайлсан байна. Ийнхүү уран сайхны кинонд дүрээ мөнхлөхийг зорьсон ангийнхны хүсэл биелсэн түүх ийм. “Сити” сургуулийн оюутнууд ийм л нийгмийн идэвхтэй. Гэхдээ хичээлээ орхигдуулна гэж үгүй. Улсын чанартай олимпиадуудад тогтмол амжилттай оролцдог байсан гэнэ. Ийм л шилдэг ангийнхнаараа цаг тутам бахархаж явдаг талаараа ангийн нөхөд нь дурссан.

Бизнесийн удирдлагын ангийнхан болохоор ч тэр үү, өлсөхийн зовлон үзэлгүй оюутны дөрвөн жилийг элээсэн байна. 1980-аад оны сүүл үеэр төрсөн нөхөд нь аль хэдийнэ хувийн бизнестэй болж хөл дээр нь босгочихсон, халаасны мөнгөөр тасардаггүй байжээ. Дүү нараа өлсгөнө гэж бараг л үгүй. Дагуулж гараад л хоол аваад өгчихдөг байж. Нягтлангийн ангийнхан ч нарийн тоцоотоотой, мөнгөө бодлоготой зарцуулдаг учраас халаас хоосорно гэж байхгүй. Хэтэвч нимгэрсэн үед нягтлангуудаа дагаад хоолонд ороход ходоодоо борлуулчихаад л гараад ирдэг байж.

Эдний ангийн Т.Анар, Э.Энхтөр нар хичээлийнхээ хажуугаар томоохон ресторанд тогоочоор ажилладаг байсан гэнэ. Хааяа нэг ангийнхан нь очиж хоёр найзыгаа хүндрүүлнэ. Д. Оргил-Эрдэнэ бол ангийг гол нийлүүлэгч, хөгжилтэй зүйл хүүрнэн ярьдагаараа алдартай, ахмад гэж бааварладаг томоохон яриатай том нүдтэй, бие нь жижигхэн ч бэлчээр нь том нэгэн байсан гэнэ.

Энэ ангийн хамт олны өөр нэг хобби нь аялах гэнэ. Ялангуяа М.Чингүнжав, Ч.Батзориг нар бол цэлгэр уудам талтай Монгол орныхоо ихэнх аймгаар байтугай дэлхийн ихэнх орноор аялачихсан юм билээ. Хонхны баяраараа хөвгүүд нь гоёлын хувцастайгаа шахуу Хөвсгөл явж далайн эрэгт ромбо, дипломтой зургаа даруулж байсан сайхан дурсамж тэдэнд бий. “Аялал зугаалгад явахдаа бид рестораны тогоочийн гарын хоол иддэг азтай оюутнууд” гэж ангийн нөхөд нь дурссан юм.

Энэ ангийн М.Дамдинжав, Д.Цэндзэсэм нар гэр бүл болжээ. Өдгөө Хэнтий аймгийн Бор-Өндөр хотын Хаан банкинд гэр бүлээрээ ажилладаг бөгөөд хөөрхөн хүүтэй ч болсон юм байна. Эдний хамт олноос хилийн чанадад мэргэжил дээшлүүлж буй хүүхдүүд олон. Т.Анар Швейцарьт, Н.Баяржаргал АНУ-д, Э.Энхтөр Японд, О.Одгэрэл БНХАУ-д тус тус мэргэжил дээшлүүлж байгаа ажээ. Мөн Б.Буян-Ундрах төрөлх сургуульдаа бизнесийн удирдлагын магистрт суралцан эрдмийн зэргээ ахиулж Европын холбооны оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Францийн Ницца хотыг удахгүй зорих гэж байгаа гэнэ.

2012 онд Сити их сургуулийн босгоор алхаж байсан жаахан хүүхдүүд өнөөдөр сайн мэргэжилтнүүд болж тус тусын ажил албаа нэр төртэй гүйцэтгээд явж байгаа аж. Энэ хамт олноос хэд хэдэн залуус арилжааны банкуудад ажилладаг юм байна. Б.Бурмаа “Хаан банк”-нд, Б.Буян-Ундрах “Голомт банк”-ны олон нийттэй харилцах албанд, Б.Уярал “Таван богд” группийн хүний нөөцийн албанд, Б.Батзаяа “Бодь даатгал”-д Б.Бямбахишиг “Монос” группт маркетингийн менежерээр тус тус ажилладаг юм байна. Харин М.Чингүүнжав ИНЕГ-т ажилладаг гэнэ. Н.Янжиндулам мэргэжлээ сольж “Стар” мэдээллийн албанд сэтгүүлчээр ажиллаж байна. Мөн төрөлх сургуульдаа ажиллаж, түүхэн хөгжилд нь хувь нэмрээ оруулж буй оюутнууд ч байдаг гэнэ.

Эд маань тус тусын амьдралаа хөөж тал тал тийш тарж одсон ч багштайгаа өдөр бүр холбоотой байж, бие биедээ тус дэмтэй явцгаадаг талаар ангийн багш нь ярив.

Дуу, хуур, инээд хөөрөөр дүүрэн дөрвөн жилийг хамт өнгөрүүлсэн шавь нараа Б.Алтантовч багш нь төгсөлтийнхөө таван жилийн ойгоор 2020 онд төрөлх сургууль дээрээ уулзах урилга хүргүүлснийг энд дуулгая.


Categories
мэдээ цаг-үе

Хамарын хийдийн Ловон лам С.Борхүү: Лицензийг нь иргэд эсэргүүцэхээр цуцлуулж, оронд нь том орд авдаг заль энд явж байна

Хамарын хийдийн Ловон лам С.Борхүүтэй ярилцлаа.


-Сүүлийн үед Хамарын хийдийн орчимд лиценз олгосон, олборлолтоо эхлүүлж байгаа талаар хэл ам тасрахаа болилоо. Энэ ямар учиртай вэ. Тусгай хамгаалалтад байдаг газар биз дээ?

-Хамарын хийдийн бүс нутагт анх 2007 оны наймдугаар сард 12925, 12922, 12923 гэсэн ашигт малтмал ашиглалтын гурван лиценз “Оуяашиёоу” гэдэг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид олгогдсон байдаг. Уг нь Хамарын хийдийн газрыг 1998 онд, дараа нь 2010 онд, сүүлд нь 2014 онд тус тус орон нутгийнхаа тусгай хамгаалалтын газарт авч байсан л даа. Ингээд үзэхэд ямар учраас ямар ч хайгуул хийгээгүй байж “Оуяашиёоу” ХХК нь ашиглалтын лицензийг тусгай хамгаалалттай газарт авч чадсан юм. Ашигт малтмалын тухай хуулийг /АМТХ/ судлахад энэ бүхэн хориотой л юм билээ.

-Ямар шалтгаанаар цуцалсан бэ?

Эдгээрээс 12923 А ашиглалтын лицензийг АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны наймдугаар сарын 3-ны өдөр 516 дугаар шийдвэрээр, 2009 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 1055 шийдвэрийн дагуу 12925А, 12922А тоот лицензүүдийг цуцалсан байдаг.“Оуяашиёоу” компани 2012 онд 12922А,12925А лицензүүдийг цуцалсан шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. 2012 оны тавдугаар сарын 9-нд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд ялагдсан. Давж заалдах шатны шүүх хурал дараа нь долдугаар сарын 8-нд болоход мөн л ялагдсан. Сүүлд 2012 оны аравдугаар сарын 1-нд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатанд давж заалдаад ч амжилт олоогүй, гурван шатны шүүхээр яваад 12922А,12925 А лицензүүдийг цуцалсан шийдвэр хууль зүйн хувьд зөв үндэслэлтэй болохыг тогтоож өгсөн. Энэ зөвшөөрлүүд одоо ч цуцлагдсан хэвээр байгаа.

-“Оуяашиёоу” компани 12923А лицензийг цуцалсан талаар шүүхэд хандаагүй юм уу?

-Тухайн үедээ 12923А лицензийн талбай нь Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газарт байсан юм болохоор орхисон бололтой юм. Гэтэл энэ компанийн тэр үеийн үүсгэн байгуулагч өөрчлөгдөж, шинээр компанийн хувьцааг худалдан авсан тал 2017 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийг гаргахаас өмнө АМГТГ-ын даргад гомдол гаргасан юм билээ. Захиргааны хэрэг шийдвэрлэх ажиллагааны талаар хуульд тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 1 сарын дотор гомдол гаргахаар хуульчилсан байдаг боловч Төрийн байгууллага болох агентлаг нь ч, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь харгалзалгүй шийдвэрлэж “Оуяашиёоу” компанийн нэхэмжлэлийг хангасан шийдвэрийг гаргажээ. Энэ анхан шатны шийдвэрийг ч давж заалдалгүй Кадастрын хэлтсээс 2017 оны есдүгээр сарын 18-нд хүчингүй болгосон лицензийг сэргээсэн шийдвэр гаргасан байна л даа. Энэ шүүхийн шийдвэр болон Кадастрын хэлтсийн шүүх хуралдаанд оролцсон байдлууд маргаантай, ойлгогдохгүй асуудал их олон байгаа. Энд юу нуугдаж байна гэдгийг шалгадаг тогтоодог газар шалгах л хэрэгтэй.

-Тухайлбал ямар асуудлууд байгаа вэ. Анх олгогдсон гурван лицензийг адилхан шалтгаанаар хүчингүй болгосон гэж та яриандаа дурдсан?

-Нэхэмжлэгч “Оуяашиёоу” компани бол Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийг шүүхэд өгөхдөө бичсэн нь “Бид нар хуульд заасны дагуу төлбөрөө бүрэн төлж байсан. 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газар очиж кадастрын хэлтсийг мэргэжилтнээс асууж лавлаад цуцлагдсаныг мэдсэн” гэж цуцалсан шийдвэрээ саяхан мэдсэн болгож маргаанаа эхэлсэн байна лээ л дээ. Өмнө нь цуцлагдсаныг мэдээгүй байгаад л гэнэт мэдсэн гэжээ. 12922А,12925А лицензүүдийг цуцлагдсаныг мэдээд гурван шатны шүүхээр ялагдаад, 2011 оны хувьцааг нь худалдаж авсан хөрөнгө оруулагч юу авч байгаагаа шалгаж үздэггүй гээд тэр компанийн зүгээс 12923А лицензийг 2009 онд цуцлагдсаныг мэдэхгүй байна гэдгийг үгүйсгэх олон баримтууд жирийн хүний ойлголтоор хүртэл их байна даа.

Бас энэ шүүх хуралдааны үеэр кадастрын албаны дарга н.Мөнхтамир болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 12923А дугаартай лиценз нь тусгай хэрэгцээний газарт давхцалтай, наад компани чинь яг ижилхэн үндэслэлээр цуцлагдсан 12922А, 12925А лицензүүдээ яг ингэж маргаад гурван шатны шүүхээр ялагдсан байгаа ш дээ гэдгийг ерөөсөө шүүхэд танилцуулаагүй байдаг нь их сонирхолтой. Хамарын хийдийн тусгай хэрэгцээний газрын бүртгэл Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн санд одоо хүртэл бүртгэлтэй байгаа. Мөн “Оуяашиёоу” компанийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрүүд www.shuukh.mn олон нийтэд нээлттэй сайтад тавиастай л байна.

-Хамарын хийдийн ойр орчмын газрыг хэзээ хамгаалалтад авсан юм бэ. 2009 онд лиценз олгоход тусгай хамгаалалттай байсан уу?

-1998 онд, дараа нь 2010 онд мөн 2012 онд гурван шатны шүүхийн шийдвэрээр энд яригдаж буй гурван лиценз бүрэн цуцлагдаж, чөлөөлөгдсөн үед нь 2014 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор тус газрыг тусгай хамгаалалтад авч кадастрын албанд илгээж бүртгүүлсэн. Кадастрын албанаас энэ тусгай хэрэгцээний газрыг бүргэлээ шүү гээд аймгийн ЗДТГ болон ИХ-д явуулсан бичигтэй бид танилцсан. Тийм атлаа 2017 оны есдүгээр сарын 18-нд “Оуяашиёоу” компани нэхэмжлэгч болж шүүхэд хандсан шүүх хурлын үеэр кадастрын газрын дарга итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тусгай хамгаалалтад авсныг мэдэгдээгүй байгаа юм даа. Тусгай хамгаалалттай газар лиценз авах гэж буйг шүүх хуралдааны үеэр огт дурдаагүй. Мөн Хамарын хийдийн тусгай хамгаалалтын газар гэж хууль тогтоомж заагаад байхад манай хийдээс гуравдагч этгээд болгон төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт ч гаргаагүй. Дээр дурдсан гурван лиценз яг адилхан үндэслэлээр цуцлагдсаныг дахиад хэлье. 12922,12925 А-ийн лиценз дээд шүүх хүртэл яваад ялагдсан шүү дээ. Гэтэл 12923А ижил шалтгаантай байж яагаад ийм шийдвэр гаргаад байдаг юм. Өмнөх дээд шүүх буруу ажилласан юм уу. 2017 оны шүүхэд асуудал байна уу. Энэ асуудал ээдрээтэй байна. Хуулийг нэг мөр хэрэглэдэг зарчим үйлчлэх ёстой.

-2017 онд явагдсан шүүх хурал ямар үндэслэлээр “Оуяашиёоу” компанийн эрхийг сэргээсэн юм бэ?

-Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд бас учир байна л даа. Одоогийн хуулиар нотлох баримтыг цуглуулах үүргийг Захиргааны хэргийн шүүх хариуцдаг юм билээ. Шүүхээс тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан заалтыг хэрэглэсэн байдаг. Захиргааны ерөнхий хууль гэдэг маань үндсэн дээ 2016 оноос мөрдөгдөж буй хууль. Үүнийг 2009 оны асуудал дээр ашиглаж болохгүй байх л даа. Буцаж үйлчилдэг хууль байх уу. Мөн АМТХууль нь төлбөр, мэдэгдлийн талаар өөртөө нарийвчилсан зохицуулалт байсаар байхад Захиргааны Ерөнхий хуулийн заалтыг баримтлахгүй гэдгийг шүүгч, шүүх маань мэдэхгүй байна гэж үгүй байх л даа. Олон хуульчдаас асуухад нарийвчлан зохицуулсан хууль байвал Захиргааны Ерөнхий хуулийг баримтлах ёсгүй гэж заасан юм билээ. Мөн тухайн лицензийн талаар нотлох баримт цуглуулахдаа Кадастрын хэлтсийн зурган болон мэдээллийн санг шалгалгүй, тусгай хэрэгцээний газар давхацсан эсэх, хэрэв тус тусгай зөвшөөрөл сэргээгдвэл өөр гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхол хөндөгдөх үү гэдгийг нарийн шалгах ёстой байсан гэж үзэж байна. Манай Хамарын хийдийг ч гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй.

-Тусгай хамгаалалттай газар лиценз авсан тохиолдолд олборлолт хийх боломжгүй. Үүнд ямар зохицуулалт хийдэг юм бол?

-Тухайн лиценз сэргээгдээд гарахад “Оуяашиёоу” өөрийнхөө бүрэн эрхийг бүхэлд нь Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” компанид шилжүүлж шинэ тусгай зөвшөөрөл авсан. Лицензийг хаяж үрэгдүүлсэн тул 20873 гэж шинэ дугаар авсан. Шинээр авсан 20873-ыгаа хэсэгчилж “Олон ихт баян” компанид өгсөн. 21248А дугаарыг дахиад өгсөн байна лээ. Маш олон дугаар өөрчилж анхны 12923А дугаарыг өөрчилж байгаа нь ч их сонин. Мөн энэ лиценз нөөц тогтоогдоогүй байхад ашилалтын лиценз болсон, тусгай хамгаалалттай газар давхацсан, нөөцгүй ашиглалтын лиценз хэзээ ч дараагийн компанийн эзэмшилд шилждэггүй гэсэн.Энэ компани нь 2018 оны зургадугаар сард бүхэлд нь шилжүүлэн аваад 6 сарын дотор буюу 2018 оны арванхоёрдугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулж амжсан гээд цаг хугацааны нөхцөл байдалд хардлага төрж байгаагийн адил хамгийн сүүлд 2018 оны 1 сард хэсэгчлэн шилжүүлэн авсан “Олон ихт баян” компанийн үүсгэн байгуулагч нь нэгэн УИХ-ын гишүүний дүү аваад байгаа юм. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлт гаргахтай холбоотой бүрдүүлдэг бичиг баримтуудад ч аймаг, орон нутгийн зүгээс татгалзаагүй дэмжсэн тохиолдолд л баталдаг болохыг мэдлээ. Бензиний сав байрлуулах, ажилчдын байр байгуулах, уурхай нээх асуудлууд нь орон нутгийн зүгээс зөвшөөрөлгүй явдаггүй юм байна.

Энэ лицензийг цуцалбал нөхөн олговор олгох тухай л дарга цэрэг, ажил хашсан хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриад байгаа юм. Нөхөн олговрын тухай судлаад үзэхэд АМТХуульд 2014 онд орсон өөрчлөлтөөр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах улсын засаг, нийгэм хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцэж тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн ажлын судалгааны явцад тогтоогдсон. Эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9 зааснаар тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан байдаг. Үүн дээр л тоглолт гаргах алсын зорилготой энэ лицензийг сэргээж цуцалсан болоод баахан газруудыг авах сонирхол өвөртөлсөн байх магадлал өндөр болоод байна. Нөхөн олговроо өөр газраас улсын хөрөнгөөр гүйцэтгэсэн, геологийн судалгааны явцад тогтоогдсон, эрдсийн том том ордуудыг өгөх ажиллагаа байж магад. Улсын хамгаалалттай газар лиценз аваад иргэд тэмцэхэд нь цуцлуулж нөхөн олговорт нь томоохон орд газрыг авчихдаг тохиолдлууд урьд гарсан бөгөөд тэр аргаар дахин орд газруудыг авах нөхцөл рүү шилжүүлэх вий л гэж харж байна.

-Ашиглалтын талбайг хамгаалалтад авч хураахад нөхөн олговорт нь өөр газар авах сонирхол томоохон компаниудад байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Энэ асуудалтай холбоотой гол материал нь Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолын дагуу цуцлагдсан болон олгогдсон тусгай газрын зөвшөөрлийн зураг л даа. Энэ тогтоолыг www.legalinfo.mn сайтаас бэлхэнээ харж болно. Энд нөхөн олговрын замаар тусгай зөвшөөрөл шинээр олгох солбицол гэж компаниудын нэрийг тусгаад баахан лиценз өгсөн байна. Цуцлагдсан нөхөн олговрын оронд шинээр лиценз олгож буй газрууд байгаа. 2017 онд “Азаргын чоно гол” гэдэг компани 2 лицензээ цуцлуулаад 8 лиценз шууд нөхөн олговортоо авсан жишээтэй мөн “Билгүүн эрдэнэс”, “Safe mandal”, “Мөнхийн номхон далай” гэсэн компаниуд ч лицензээ цуцлуулж шинэ лиценз авсан байна. Гуравхан лицензийг цуцлаад нөхөн олговорт нь 10 лицензийг олгосон байгаа юм. Ингэхдээ талбайн хэмжээ нь дандаа томроод явчихсан. Эндээс харахад Хамарын хийдийн газарт олгосон лицензийг цуцалсан болж, өөр газар орныг ухах хэрэглүүр болгон ашиглах арга ажиллагаанд санаархаж байвал бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Юу гэж хэлэх гээд байна гэвэл иргэд олон нийтийн эсэргүүцлийг хүлээн авч лицензийг цуцлаад нөхөн олговорт нь өөр том орд газрыг арга зальтай хүмүүст лиценз болгон шинээр өгөх гээд байна уу гэж хардаж байгаа. Бид хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Үнэн зөв мэдээллийг өөрсдийн баримт дээр тулгуурлаж дэлгэж тавьж байна.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд данстай тамирчидтай ангийнхан

МУБИС-иас төрсөн алдартнууд олон. Урлаг спорт, хэл шинжлэлийн салбарт ч тэр. Ардын багш, гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт Данзандаржаагийн Сэрээтэр, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, гавьяат тамирчин Доржнямбуугийн Отгондалай нар энэ сургуульд боловсорч дэлхийн дэвжээнд гялалзсан түүхтэй. Энэ эрхмүүдийг залгамжилж өнөө цагт эх орны нэрийг олон улсын тавцанд сайнаар дуурсгаж буй хамт олныг “Нэг ангийнхан” булан онцолж байна.

2012 оны намар цаг. Монгол Улсын боловсролын их сургуулийн Биеийн тамир эрүүл мэндийн багшийн ангийг магистр багш Э.Баатарсүрэн дааж авчээ. Эх орны өнцөг булан бүрээс цугласан 35 хүүхэд МУБИС гэх их айлын хаалгаар алхаж эрдэмд сурах аян замдаа хамтдаа гарсан байна. Спорт хүнийг төлөвшүүлж өгдөг. Тэр жилийн биеийн тамир эрүүл мэндийн багшийн ангийн оюутнуудын олонх нь спортоор хичээллэдэг, сум орон нутаг дүүргийн хэмжээнд амжилт гаргаад тодорчихсон хүүхдүүд байжээ. Өөр өөр орчинд өсч торнисон ч зөв хүмүүжилтэй хүүхдүүд хамт олон болоход их хугацаа авсангүй. Сарын дараа л нэг гэр бүл шиг халуун дулаан уур амьсгалтай нийтэч болчихсон байжээ. Ийм нийтэч нэгнээ гэх уур амьсгалтай хамт олны дундаас олон одод гялалзаж сургуулийнхаа нэрийг улсдаа, улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулжээ.

Э.Баатарсүрэн багшийн анги эрийн гурван наадамд төлөөллөө илгээдэг. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Даш-Очирын Батболд, аймгийн арслан Энхбат нарын бага дүү Батсүмбэр энэ ангийнх. Тэрбээр өнгөрсөн жил төрөлх аймгийнхаа баяр наадамд зургаа давж аймгийн харцага цолны болзол хангасан юм. Мөн Завханы Отгон сумаас ирж суралцаж төгссөн М.Лувсандорж гэж залуу Сэлэнгийн наадамд тав даван аймгийн начин цол хүртэж их амжилтынхаа эхний шатаар амжилттай алхжээ. Н.Сүрэнжаргал гэж охин сурын харвааны тэмцээнд тогтмол оролцдог гэнэ. Зүгээр ч нэг тоо гүйцээж биш тодорхой хэмжээний амжилт үзүүлж, спортын дэд мастер цол хүртжээ. Хөдөө орон нутгийнхаа наадмуудад хурдан хүлэг сойж хаа нэг айраг амсчихдаг залуус ч хэд хэд байдаг аж.

Энэ ангид волейболын спортоор хичээллэдэг хүүхэд олон байдаг нь эвсэг нийтэч байхад нөлөөлсөн талаар ангийнхан ярилцаж байна лээ. Атгасан гар шиг нэгдмэл хамт олон сургуулийнхаа сагс, волейболын тэмцээнүүдэд тогтмол түрүүлдэг байсан гэнэ.

Ширээний теннис, бокс, сагсан бөмбөг гээд бүх төрлийн спортоор хичээллэдэг хүүхдүүд биеийн тамир, эрүүл мэндийн багшийн ангид бий. Зүгээр нэг байгууллагын тэмцээнд оролцдог биш. Улс аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцдог тамирчид шүү дээ.

Эрдэнэтээс төрсөн алдартай боксчдын нэг спортын дэд мастер Барихаан энэ ангид суралцаж төгссөн байна. Бокс тоглодог гээд ангийнхандаа аархаж байсан удаа Барихаанд үгүй. Харин ч хамгийн даруухан нь гэсэн.

Ирэх оны олимпийн хөтөлбөрт багтаад буй 3х3-ын спортоор амжилттай хичээллэж олон улсын тэмцээнүүдэд алгасалгүй амжилттай оролцож буй Ариунболдын Сүхбат гэж хүү Сүхбаатараас ирж суралцаж төгсчээ. Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУБИС-иа дуурсгасан энэ залуу ирэх жил олимпийн наадамд эх орноо ч дуурсгаж мэдэх юм. Бэлтгэлдээ шамдахын хэрээр ур чадвар нь өдрөөс өдөрт ахиж байгаа юм билээ.

Сонирхогчдын шатрын дэлхийн аварга Э.Хулан

Сонирхогчдын шатрын дэлхийн хошой аварга, олон улсын шатрын холбооны мастер Энхсайханы Хулан энэ ангид суралцаж төгсчээ. Оюутан ахуйдаа л дэлхийд өөрийгөө таниулчихсан. 2015 онд сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түргэн тоглолтын төрөлд түрүүлж алтан соёмбот төрийн далбаагаа харийн тэнгэрт мандуулсан түүх бий. Дараа жил нь эрэгтэйчүүдийн төрөлд орж өрсөлдөөд мөн л түрүүлж монгол эмэгтэй хүний оюуны чадамжийг олон улсад гайхуулжээ. Сүүлд 2017 онд оролцоод мөнгөн медаль зүүсэн аж. Олимпийн наадмын хүрэл медальт Чимэдбазарын Дамдиншарав, ардын багш Насантогтох нарын ойрын хамаатан энэ охиныг бөх болсон бол юм дуулгах байсан гэж олон хүн хэлдэг юм билээ. Сонирхлоо дагаж оюуны спортыг сонгосон Э.Хулан дэлхийд данстай шатарчин болжээ. Ангиас төрсөн дэлхийн аваргаа ангийнхан нь “Аварга аа” гэж хүндэлдэг гэсэн.

ОУХМ Г.Алтанбагана

Биеийн тамир, эрүүл мэндийн багшийн ангийн жүдогийн бэлтгэлийг олон улсын хэмжээний мастер Одсүрэнгийн Болд-Эрдэнэ удирддаг байжээ. Ур чадвартай багшийн гараас ч дэлхийд данстай олон жүдочид төрсөн байна. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын шигшээ багийн тамирчин олон улсын хэмжээний мастер Гантулгын Алтанбагана энэ ангийн хамт олны дунд дөрвөн жил суралцаж төгссөн гэнэ. Гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарын ойрын хамаатан тэрбээр энэ ангиас дэлхийд гарч өрсөлдөж буй өөр нэг хүчтэн. 2017 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -90кг-ын жинд өрсөлдөж шилдэг наймд шалгарч шуугиулсан. Ганц ялахад медаль зүүх байсан ч дэлхийн чансааг тэргүүлж буй Сербийн Кукочид хожигдож шагналт байр эзэлсэн. Гантулгын Алтанбагана дэлхийн шилдэг жүдочид чуулдаг Парисын их дуулгад түрүүлж, олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальд ойрхон ойрхон очсоноо батлаад харуулчихсан. Дэлхийн шилдгүүдийн зүрхэнд шар ус хуруулаад эхэлчихсэн энэ залууг Токиогийн олимпоос медаль зүүгээд ирнэ гэж итгэл хүлээлгэж цай сүүнийхээ дээжийг өргөж байгаа. Дан ганц жүдо бөхөөр ч биш монгол үндэсний бөхөөр ч шаггүй үзчихнэ. Өнгөрсөн жилийн наадмаар гарч улсын арслан Доржпаламын Ганхуягаар хоёр давж цэнгэлдэхэд шуугиулсан. Улсаар өөрийн багш улсын аварга О.Балжиннямаар гурав даваад дархан аварга Г.Өсөхбаярын аманд гарч өвдөг шороодсон.

Баянмөнхийн Гаажадамба гэж дэлхийн данстай тамирчин залуу мөн энэ ангид суралцаж төгссөн. Тэрбээр олимпийн хөтөлбөрт шинээр багтаад буй самбо барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан удаатай. Харин жүдо барилдааны 81кг-ын жингийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алгасалгүй медаль зүүж байгаа. Б.Гаажадамба Отгонбаатарын Ууганбаатар, Нямсүрэнгийн Дагвасүрэн нарын дэлхийд танигдсан жүдочдыг ялж байж олон улсын тэмцээнд өрсөлдөх учиртай. Ирэх онд самбо бөхийн төрлөөр эх орноо төлөөлж Токиогийн олимпийг зорьж мэдэх л юм. Мөн Гонгорын Пүрэвбаатар гэж энэ ангийн хамгийн шооч залуу бас л дэлхийн дэвжээнд нэрээ дуурсгачихсан эр. Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тэрбээр үндэсний бөхөөр муугүй үзчихнэ. Өнгөрсөн жил үндэсний их баяр наадмын нэгийн даваанд бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер аймгийн харцага Өлзийсайханы Батзултай оноолт таарч хөлд суугаад босоход тэр чигт нь түлхчихээд дэвж байсан бяртай залуу. Адилцэцэг гэж бүстэй барилдаанаар тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож мөнгө, хүрэл медаль зүүсэн мундаг охин энэ ангийнх.

Энэ мэтчилэн ангиас төрсөн алдартнуудыг дурдаад байвал дуусахгүй. Тэд өнөөдөр сургуулиа төгсөж тус тусын амьдралын мөрийг хөөн одсон ч спортын тэмцээн уралдаан дээр цугладаг гэнэ. Оюутан байхдаа л спорт хороодод харьяалагдаж цалин авдаг байсан тэд өлсөхийн зовлон мэдэлгүй сургуулиа төггсөн гэнэ лээ. Цалингаа авсан нөхөд нь ангийнхнаа дайлна. Харин бие биедээ зээлсэн цөөхөн хэдэн төгрөгөө буцааж өгдөггүй гэж өөр хоорондоо ярилцаж хөгжилдөж сууна лээ.

Categories
мэдээ цаг-үе

ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан: VII их хурлаар баяр наадмаа эрлийз монгол гэсэн хэл ам, хэрүүл шуугиангүй хийх гарцаа олсон

Монголын морин спорт уяачдын холбооны шинэ ерөнхийлөгч, Монгол Улсын Тод манлай уяач Цогтын Батсайхантай ярилцлаа.


-Монголын сум бүрт салбартай Монголын морин спорт уяачдын холбоо (ММСУХ)-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Энэ том ТББ-ын удирдлагыг авч явах хүний хувьд ямар ажил хийхээр төлөвлөөд байна?

-24 жилийн түүхтэй том холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Анх байгуулагдсанаас хойш дөрөв дэх тэргүүний нүүрээ үзэж байна. Үе үеийн тэргүүнүүд морины хөгжил, Монголын өв уламжлалыг авч хойч үедээ үлдээх бодлогыг барьж ирсэн. Миний хувьд үүнийг үргэлжлүүлнэ. Өнөөдөр бидний тулгамдсан асуудал бол эрлийз, монгол морьдыг ялгах явц. Морины хөгжлийн үе шатад нөлөөлж эрлийз монгол адууны хэрүүл маргаан сүүлийн 10 гаруй жил тасарсангүй. Үүнийг бид урьд нь боломжийн хэрээр олонхын эрх ашигт тааруулаад зохицуулж явж ирсэн л дээ. Эрлийз, монголыг тусад нь уралдуулж, бай шагналыг нь ижилхэн болгож өгсөн. Улсын наадмаар гурван насны эрлийз морь уралдууллаа. Бүсийн наадамд ч тусад нь ялгаж уралдуулдаг болголоо. Амжилт гаргасан морины эзэн нь цолны болзолд ордог болсон. Эрлийз гэх адууны тоо төв орон нутаг төдийгүй хөдөө орон нутагт олноор тархсан. Сум, овооны наадам гэлтгүй л эрлийз, монголын хэрүүл гардаг асуудлыг бид сая их хурлаараа хэлэлцэж хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдах нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан. Өнөөдөртөө сэрвээний өндрөөр хэмжих нь зүйтэй гэсэн саналыг хуралд оролцсон төлөөлөгчид хэлсэн. Энэ удаагийн их хуралд 700 орчим төлөөлөгч оролцсон. Урьд жилүүдийнхээс даруй гурав дахин олон төлөөлөгч оролцсон гэсэн үг.

-Та морьтой холбогдоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Анх ямар наадамд морь сойж байв?

-Би адуутай их ойр өссөн хүн. Амралтаараа өвөө эмээ дээрээ очно. Хонины ганц нэг морийг нь унаж ойр зуурын ажил амжуулна. Ингэж явахдаа л адуутай болох хүсэл надад төрсөн юм даа. 1990-ээд оноос хойш 20 гаруй жил л хурдан морины хөгжлийн төлөө явж байна. 1994 онд юм даа. Сумын наадамд морио гаргачихаад догдлоод хүлээж байсан цаг саяхан санагдаж байна. 2000-аад оны эхээр улсын наадамд адуугаа мордуулдаг болсон. Богино хугацаанд амжилт үзүүлж 2011 онд Монгол Улсын тод манлай уяач цол хүртсэн. Үүндээ ч баярлаж явдаг юм. Энэ их өв соёлыг хойч үе, үр хүүхдэдээ үлдээх хүсэлтэй байдаг. Залгамж халаа болж буй залуус цахим тоглоомын газар, шөнийн цэнгээний ертөнц гэхээс илүү морины уяан дээр хийморио сэргээж чөлөөт цагаа өнгөрүүлээсэй гэж боддог юм.

-Хүрэн морь тань 2018 оны шилдэг хүлгийг шалгаруулахад дэд байрт эрэмбэлэгдсэн байсан.Таны унаган адуу юу?

-Миний унаган адуу л даа. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүүнд хурдалж, Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны 40 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Би сүүлийн үед адуу худалдаж авахаас илүү унаган адуугаараа наадаж байгаа. Миний 20 гаруй жилийн хөдөлмөр юм даа. Би өөрөө их насны моринд их дуртай. Хүнд хийморь, өм дагуулдаг болохоор тэр л дээ. Ганц хүрэн морь гэлтгүй, халзан мориноос авахуулаад олон сайн морь гарч байгаа.

-Долдугаар их хурлаар эрлийз адууг ялгахдаа үүлдэрлэг байдлыг харгалзахгүйгээр сэрвээний өндрийг хэмжинэ гэсэн шийдвэр гаргасан байсан. Нуруу нь нам эрлийз адуу улсын наадамд уралдахад нээлттэй гэж ойлгож болох уу?

-Бидний маргалдаад байгаа асуудал энэ шүү дээ. Өнөөдөр би өөрийнхөө адуунд яг ямар азарганы төл гарч байгааг тэр бүр харж чадахгүй. Шөнө болгон очиж аль гүүг ямар азарга гишгэж байгааг хянах боломжгүй. Иймээс хүний адуу намхан байхад эрлийз гэж хэлэх хэцүү шүү дээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд л сэрвээний өндрөөр ялгаж байгаа. Бид сэрвээний өндрийг дээш нь, доош нь гүйлгээгүй. Одоо мөрдөж буй стандартын дагуу л тогтоосон. Монгол адуутай сэрвээний өндрөөр ойролцоо эрлийз адуу орохыг үгүйсгэхгүй. Бидний хэрүүл маргаанаа тасалж наадмаа сайхан хийхэд чиглэсэн хамгийн эцсийн шийдвэр л дээ.

-Монгол уяачид маань монгол адуугаа үүлдэрлэг байдлыг нь хараад ялгаж чадахаа больчихсон хэрэг үү?

-Тэр болгон мэдэхгүй л дээ. Бид социализмын үеэс л эрлийз адуутай уралдаад ирсэн. Тойруулга адуу, Дорнод, Сэлэнгэ, Увс гээд хилтэй ойр адуу бүгд л эрлийз шүү дээ. Тойруулга адуунууд улсын наадамд түрүүлж байсан тохиолдол олон. Тэр үед адуу сайн хөгжөөгүй, малын тоо толгойг заагаад өгчихсөн, чөдрийн ганц мориороо уралдаж байсан.

-Сэрвээний өндрийг яаж хэмжих вэ. Механик метр бариад зогсоход ч улаан хэрүүл болж их цаг авдаг шүү дээ?

-Цаашдаа журамлана гэж төлөвлөж байна. Тухайн уралдааны журам гэж батлагддаг шүү дээ. Үүнд айргийн таван морийг ирэхэд нь баяр наадмын комисс дахиж хэмжинэ. Асуудалтай байвал хасаад дараагийн морийг хэмжиж байр эзлүүлнэ. Дээр нь хүний оролцоогүй шинэ технологи ашиглахаар судалж байна. Жишээ нь, лазераар хэмжихэд сэрвээний өндрийг нь дэлгэцэнд гаргачихдаг арга байна лээ. Үүнийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Шүдэлж байгаа үүлдэрлэж байгаа хоёр гурван хүн хоорондоо хуйвалдаж болно. Бүхэл бүтэн комисс, айргийн таван морины эздийг байлцуулаад дахиад хэмжинэ. Ийм ил тод байлгана.

-“Хакухо зээрд”, Т.Болдбаатарын “Манлай хариун” гэх зэрэг түмэнд танигдчихсан хүлгүүд сэрвээний өндрөөр хасагдах нь гэсэн яриа гарсан байна лээ?

-Тухайн үедээ хэмжээд л шийдэх асуудал.

-Шинээр бүрэлдсэн холбооны бүтэц зохион байгуулалтын тухайд ярихгүй юу?

-Шинээр байгуулагдсан холбооны бүтцийг том зургаар харахад өмнөхтэйгөө адилхан. Сая их хурлаараа дүрэм журамдаа бага зэрэг өөрчлөлт оруулсан. Бүтцийн хувьд зургаан дэд ерөнхийлөгчтэй, нэг тэргүүн дэд ерөнхийлөгчтэй, нарийн бичгийн даргатай. Би энэ том холбоог ажлыг нь чиглүүлж уялдаа холбоог ойртуулахын тулд доор нь хэвлэл мэдээлэл, орон нутаг, уралдааны зохион байгуулалт, санхүү хариуцсан албадыг байгуулж төрөлжүүлж өгсөн. Зургаан дэд ерөнхийлөгч энэ албуудыг хариуцаж ажиллуулна. Ингэж төрөлжүүлснээр бүх ажил эзэдтэй болж эмх цэгцтэй болно.

-2003 онд батлагдсан морин уралдааны тухай хууль батлагдсан байдаг. Үүнээс хойш зөвхөн цол олгох заалтыг л өөрчилсөн. Морин уралдааны тухайд өөрчлөгдөөгүй юм билээ. Дээр үед батлагдсан хууль өнөөгийн нийгэмтэй зөрчилдөөд байх шиг?

-Монголын хууль тогтоох дээд байгууллага бол Улсын их хурал. Бид саналаа Улсын их хуралд өгдөг.

-Бөх, сур зөвхөн наадмаар цол чимэг олгодог. Морины тухайд бүсийн наадамд амжилт гаргасан уяачдад цол өгдөг. Үүнийг өөрчлөх бодол танд бий юу?

-Уяачдаа бодсон, хурдан морины хөгжилийг дэмжсэн холбооны бодлого шүү дээ. Бүсийн уралдаан чинь цол олгох хэмжээний том уралдаан. Тухайн бүсэд байгаа бүх л цолтой том уяачид очиж хүлгийнхээ шандас шалгадаг. Дүнжингаравын тухайд оны өнгө шинждэг бас л том уралдаан. Мориныхоо өнгийг үзэх гэж олон ч уяач Дүнжингаравыг зорьж ирдэг. Сая их хурал дээр орон нутгийн төлөөлөгч хаврын морин уралдааныг зохион байгуулахгүй бол хөдөө орон нутгийн залуу уяачдын идэвх буурч, малаа өсгөх эрмэлзэлгүй болж, хот хороо орох хандлагатай болж байгаа талаар санал хэлж байсан. Хаврын уралдаан зохион байгуулах талаар уяачдаас санал хураахад 100 хувийн дэмжлэг авсан. Уяачид битүүнд бөх барилддаг шиг сар шинээр морь уралдуулах санал ирсэн. Үүнийг бид дээш уламжлах үүрэгтэй.

-ММСУХ-ны шинэ бүтэц бүрэлдэхүүн уяачдын эрх ашгийг яаж хамгаалж ажиллах вэ?

-Холбооны гол бодлого нь уяачдын эрх ашгийг хамгаалахад чиглэж байгаа. Бид зөвхөн төв холбоо биш аймаг сумдын салбар холбоогоор дамжуулж орон нутагт амьдарч насаараа адууны сүүл боож буй эрдэмтэй буурлууддаа хүрч ажиллана гэж төлөвлөж байгаа. Хойч үе залуусаа моринд татахад чиглэсэн ажил хийнэ. Эхний ээлжинд Өмнөд Монгол, Тува, Халимаг, Буриад зэрэг монгол үндэстнийг оролцуулсан Монгол туургатны уралдаан хийхээр ярилцаж байна. Өнөөдөр холын зайн уралдаанаас гадна сонгодог морин уралдаан руу орох цаг нь ирсэн гэж харж байгаа. Максын Д.Ганбаатар зэрэг хүмүүстэйгээ хамтарч тойруулгын уралдааныг хийхээр төлөвлөсөн. Монгол уяачид мориор дамжуулж дэлхийн түвшинд гарах боломжтой гэж харж байгаа. Үүний тулд зайлшгүй сонгодог морин уралдааны англи адуугаар уралдах ёстой. Энэ адуугаар дэлхийн дэвжээнд гарахын тулд хөгжүүлэх ёстой. Монгол уяачид эхнээсээ АНУ-д очиж уралдаад айрагдаж түрүүлээд нэрээ дуурсгаад явж байна шүү дээ. Энэ бол морьтон монголчууд бидний бахархал. Үүний тулд холбоо бодлогоо чиглүүлэх ёстой. Мөн бид залуу үеийг хүмүүжүүлэх тал дээр бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Дан ганц уралдаан биш. Уралдааны цаана олон юм байгааг олж харах хэрэгтэй. Ажлын байр жижиг дунд үйлдвэрлэл гээд олон зүйл бий. Наад зах нь айлын эзэн хазаар ногт зангидаад, эхнэр нь бүрээд л борлуулахаас өгсүүлээд олон ажлын байр бий. Үүнийг унтраачихвал ажлын байргүй болчих нь шүү дээ. Хүүхдээр шоу хийгээд байгаа хүмүүс цаад үр ашгийг нь харахгүй байна. Тэр хүүхдүүд өв уламжлалаа сурталчилж таниулаад явж байгаа. Морь унаж буй хүүхдүүд буруу зүйл, хорт зуршилд уруу татагдалгүй чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах шаардлага тавих нь зөв. Үүнийг зохицуулахаар түрүүчийн холбоо их ажил хийсэн. Иж бүрэн хамгаалалтын хэрэгсэлтэй уралдуулдаг болсон шүү дээ. Дээрээс нь морины унаач хүүхдүүдийг даатгалд хамруулдаг болсон. 50 мянган төгрөг төлж даатгуулна. Бэртэл гэмтэл авсан тохиолдолд таван сая төгрөг авч эмчилгээндээ зарцуулдаг болгосон.

-Өнгөрсөн хугацаанд ажилласан холбооны үйл ажиллагаанд та ямар дүгнэлт өгөх вэ?

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд би ММСУХ-ны тэргүүлэгчээр ажилласан. Холбооны үйл ажиллагаанд сайн дүн тавина. Хийсэн сайн ажил нь их л дээ. Алдаа дутагдал байлгүй л яахав. Бид 4000 гаруй морь уралдуулж 10000 орчим морь жагсаагаад Гиннесийн номонд бүртгүүллээ. Олон улсын болон Азийн морин уралдааны холбооны гишүүн болсон. Гадаад харилцаан дээр том алхам хийсэн гэж харж байна. Үүнийг бид цааш нь үргэлжлүүлэх ёстой. Ахмад уяачид морины зүтгэлтнүүд сайн ажиллаж байсан гэж дүгнэдэг.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

-Монголчууд биднийг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Саяны долдугаар их хурлаар баяр наадмаа эрлийз, монгол гэсэн хэл ам, хэрүүл шуугиангүй хийх гарцаа олсон. Уяачдадаа эрүүл энхийг хүсье. Монголын морин спорт уяачдын холбоо морьтон монгол уяачдынхаа төлөө гол бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана аа. Уяачдын дуу хоолой бидэнд хэрэгтэй. Морио гэсэн сэтгэлтэй хэнд ч холбооны үүд хаалга нээлттэй байгаа шүү.

Categories
мэдээ спорт

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?

XVII жарны “урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан эхэллээ. Цагаан сарын барилдааны түрүү бөх тэр жилдээ улсын наадамд ч сайн барилддаг гэж ярьдаг. Тиймээс өнөөдөр түрүүлсэн бөх энэ жилийн улсын наадмын түрүү бөх болох ч магадлалтай. XVII жарны “урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд хэн түрүүлэх бол.

Оргихын Хангай харцага Буянт Ухаа спорт ордонд одоогоор ѳвдѳг шороодоогүй байгаа. Сар шинийн барилдаанд хоёр удаа үзүүрлэсэн харцага ѳнѳѳдѳр түрүүлэх гэж зодоглох биз. Доогуур даваанд унахгүй бол түрүүлнэ дээ.

Ѳнгѳрсѳн жилийн түрүү Баярхүүгийн Бат-Ѳлзий Хангайтай тав дээр тунах магадлал ѳндѳр. Давсан нь аварга арслангуудтай тулна.

П.Бүрэнтѳгс арслан ѳнгѳрсѳн жил үзүүрлэсэн, ѳнѳѳ жил их шѳвѳгт гараад ирэх биз.

Аварга Батсуурь хоёр ч томоохон барилдаанд үзүүрлэсэн. Хангайд л хазайчихаад бусдыг нь аргалчихаад байгаа.

Энхтѳгсийн Оюунболд арслан онцгой сайн байгаа. Түрүүлдэг жилээ л ийм формтой байсан санагдана. Залуу арслан Сар шинээр сайн барилдаж амжаагүй л яваа. Ѳнѳѳ жил түрүүлж мэднэ.

Дорнодын Анар начин барилдаан алгасалгүй шѳвгѳрч байгаа. Нутгийнхаа сар шинийн барилдаанд ѳнгѳлсѳн байна лээ. Том барилдаанд яах юм бол. Харцагуудтай л тунах болов уу.

Сүхбат аваргын шагналыг хэн авах нь бас сонирхолтой. Б.Түмэндэмбэрэл ѳнгѳрсѳн жил тав дээр түрүү бѳхтэй тунасан ч шагнал авч чадаагүй. Бэгзсүрэн нь Ирээдүйн аварга
шагнал аваад наадмаар харцага болсон. Ѳлгийн Эркэбулан арслан шагнал магадлалтай шүү. Болдын Эрдэнэхүү, Увсын Ц.Мѳнхбаяр, Хутагийн Цогтгэрэл нарын арслангууд Ирээдүйн аварга шагналд яригдаж байгаа.
Санжаа аварга сар шинийн барилдаанд онцгой сайн барилддаг. Зүүнээ магнайлаад гарвал хѳнгѳхѳѳн дунд шѳвѳгт шалгарна даа. Цаашаа яах юм байгаая.

Нээрээ дархан аварга Ѳсѳхбаяр гурав давбал Сар шинийн барилдаанд 100 дахь даваагаа авах юм гэсэн шүү.

Цагаан сарын барилдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн 10 бөх:

Увс аймгийн Наранбулаг сумын харъяат улсын аварга Одвойгийн Балжинням цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 1987 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)

Үзүүр:

  • 1992 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
  • 1994 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
  • 1995 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)

Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 1999 онд түрүүлсэн (үзүүрт Б.Бат-Эрдэнэ)
  • 2001 онд түрүүлсэн (үзүүрт Д.Сумъяабазар)

Үзүүр:

  • 2003 онд үзүүрлэсэн (түрүү Д.Сумъяабазар)

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 2002 онд түрүүлсэн (үзүүрт И.Доржсамбуу)
  • 2003 онд түрүүлсэн (үзүүрт А.Сүхбат)

Үзүүр:

  • 2001 онд үзүүрлэсэн (түрүү А.Сүхбат)
  • 2005 онд үзүүрлэсэн (түрүү Г.Өсөхбаяр)
  • 2006 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
  • 2007 онд үзүүрлэсэн (түрүү Г.Өсөхбаяр)

Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 1980 онд түрүүлсэн (үзүүрт Д.Долгорсүрэн)
  • 1984 онд түрүүлсэн (үзүүрт Ё.Ишгэн)
  • 1985 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)

Архангай аймгийн Хашаат сумын харъяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 2010 онд түрүүлсэн (үзүүрт Г.Өсөхбаяр)
  • 2015 онд түрүүлсэн (үзүүрт М.Өсөхбаяр)
  • 2017 онд түрүүлсэн (үзүүрт О.Хангай)

Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 2004 онд түрүүлсэн (үзүүрт И.Доржсамбуу)
  • 2005 онд түрүүлсэн (үзүүрт Д.Сумъяабазар)
  • 2007 онд түрүүлсэн (үзүүрт Д.Сумъяабазар)

Үзүүр:

  • 2009 онд үзүүрлэсэн (түрүү Б.Ганбат)
  • 2010 онд үзүүрлэсэн (түрүү Ч.Санжаадамба)

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 1978 онд түрүүлсэн (үзүүрт Ж.Мөнхбат)
  • 1983 онд түрүүлсэн (үзүүрт Д.Амгаа)
  • 1986 онд түрүүлсэн (үзүүрт М.Мөнгөн)

Үзүүр:

  • 1979 онд үзүүрлэсэн (түрүү Х.Баянмөнх)
  • 1981 онд үзүүрлэсэн (түрүү Ж.Мөнхбат)
  • 1985 онд үзүүрлэсэн (түрүү Д.Хадбаатар)
  • 1987 онд үзүүрлэсэн (түрүү О.Балжинням)
  • 1990 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)

Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат дархан аварга Жигжидийн Мөнхбат цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 1963 онд түрүүлсэн (үзүүрт Ч.Бээжин)
  • 1964 онд түрүүлсэн (үзүүрт Л.Дашдаваа)
  • 1968 онд түрүүлсэн (үзүүрт Х.Баянмөнх)
  • 1973 онд түрүүлсэн (үзүүрт Ж.Хайдав)
  • 1976 онд түрүүлсэн (үзүүрт Л.Сосорбарам)
  • 1981 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)

Үзүүр:

  • 1966 онд үзүүрлэсэн (түрүү Х.Баянмөнх)
  • 1974 онд үзүүрлэсэн (түрүү Х.Баянмөнх)
  • 1975 онд үзүүрлэсэн (түрүү Х.Баянмөнх)

Увс аймгийн Хяргас сумын харъяат дархан аварга Хорлоогийн Баянмөнх цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 1966 онд түрүүлсэн (үзүүрт Ж.Мөнхбат)
  • 1967 онд түрүүлсэн (үзүүрт Ч.Бээжин)
  • 1972 онд түрүүлсэн (үзүүрт У.Пүрэв)
  • 1974 онд түрүүлсэн (үзүүрт Ж.Мөнхбат)
  • 1975 онд түрүүлсэн (үзүүрт Ж.Мөнхбат)
  • 1977 онд түрүүлсэн (үзүүрт П.Дагвасүрэн)
  • 1979 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)
  • 1982 онд түрүүлсэн (үзүүрт М.Мөнгөн)

Үзүүр:

  • 1968 онд үзүүрлэсэн (түрүү Ж.Мөнхбат)
  • 1970 онд үзүүрлэсэн (түрүү Д.Дамдин)
  • 1989 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
  • 1993 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
  • 1987 онд үзүүрлэсэн (түрүү Д.Цэрэнтогтох)

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 1988 онд түрүүлсэн (үзүүрт Б.Ганбаатар)
  • 1989 онд түрүүлсэн (үзүүрт Х.Баянмөнх)
  • 1990 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)
  • 1991 онд түрүүлсэн (үзүүрт Б.Ганбаатар)
  • 1992 онд түрүүлсэн (үзүүрт О.Балжинням)
  • 1993 онд түрүүлсэн (үзүүрт Х.Баянмөнх)
  • 1994 онд түрүүлсэн (үзүүрт О.Балжинням)
  • 1995 онд түрүүлсэн (үзүүрт О.Балжинням)
  • 1996 онд түрүүлсэн (үзүүрт Д.Мөнх-Эрдэнэ)
  • 1997 онд түрүүлсэн (үзүүрт Ц.Цэрэнпунцаг)
  • 1998 онд түрүүлсэн (үзүүрт Б.Ганбат)
  • 2000 онд түрүүлсэн (үзүүрт Ц.Магалжав)
  • 2006 онд түрүүлсэн (үзүүрт Д.Сумъяабазар)

Үзүүр:

  • 1999 онд үзүүрлэсэн (түрүү А.Сүхбат)
Categories
мэдээ цаг-үе

“Морин уралдааны уламжлал шинэчлэл хөдөлгөөн”-ийн тэргүүн М.Ариунболд: Монголын уяачдын 90 хувь нь монгол адуугаараа уралдах хүсэлтэй байгаа

Монголын морин спорт уяачдын холбоо (ММСУХ)-ны 7 дугаар их хурал энэ сарын 24-ний өдөр болох гэж байна. Эгнээндээ хамгийн олон гишүүнчлэлтэй, монголчуудын анхаарлын төвд байдаг тус холбооны их хурал урьд нь хэдэнтээ товлогдсон ч хойшилсоор сар шинийн босгон дээр ийнхүү болохоор болжээ. Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаантай холбоотой маргааны гол сэдэв нь эрлийз, монголоор нь морьдоо ялгаж уралдуулна, уралдуулахгүй гэсэн зөрчил. Их хурлаараа энэ бүх маргааныг нэг мөр шийдэх зорилт тавьжээ. Бүтэц зохион байгуулалтдаа ч өөрчлөлт оруулах бололтой. Ингээд их хурлын бэлтгэл ажилд голлох үүрэгтэй оролцож буй “Морин уралдааны уламжлал шинэчлэл хөдөлгөөн”-ийн тэргүүн М.Ариунболдтой ярилцлаа.


-Монголын олон мянган уяачдын төлөөлөл Их хурлаа хийх гэж байгаа юм байна. Таны хувьд энэ их хурлаар ямар асуудлуудыг шийдээсэй гэж бодож байна. Ер нь ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Энэ их хурлаас Монголын олон мянган уяачид маш олон өөрчлөлт шинэчлэлтийг хүсч харж байгаа. ММСУХ-ны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийх ёстой, мөрдөгдөж буй хууль дүрэмд өөрчлөлт оруулах саналаа гаргаж тавина. Энэ асуудал дээр манай Морин уралдааны уламжлал шинэчлэл хөдөлгөөн (МУУШХ)-ийнхөн бусад хүмүүстэй хамтраад “Монголын хурдан морины уралдааны дүрэм, ММСУХ-ны дүрэм, салбар хороодын дүрэм, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт” гэсэн үндсэн дөрвөн хууль зүйн бичиг баримт дээр нухацтай ажиллаж байна.

Уяачдын холбоо бүх талаараа шинэчлэгдэх ёстой гэсэн байр сууринд тулгуурлаж, зөвхөн монгол адуугаараа уралдах нь зүйтэй гэдгийг хууль эрх зүй, дүрмийн хүрээнд баталгаажуулахыг зорьж байгаа. Энэ бүгд дэмжигдэж батлагдах нь их хурлын төлөөлөгчдийн шийдэх асуудал. Монгол адуугаа дэмжих нь зүйтэй, үндэсний өв соёл, уламжлалаа хадгалах нь зүйтэйг олон нийтэд хүргэх нь бидний бас нэг үндсэн ажил болчихоод байна. Тэгэхгүй бол хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй зарим хүмүүс, тэдний төлөөллүүд нийгэмд нэг талын буруу ойлголт өгөөд байна шүү дээ.

-Таны тэргүүлж байгаа энэ хөдөлгөөн хэзээ байгуулагдсан, ямар зорилго чиглэлтэй газар вэ?

-“Морин уралдааны уламжлал шинэчлэл хөдөлгөөн” нь монгол адууны төлөө , монгол соёлын өв уламжлалын төлөө үйл ажиллагаагаа явуулах зорилго чиглэлтэй өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдсан юм.

-Хөдөлгөөнийг чинь монгол наадамд зөвхөн монгол адуугаараа уралдана гэдгийг хамгийн эхний зорилго болгосон уяачдын нэгдэл гэж ойлгож болох уу?

-Ер нь товч тодорхой л хариулъя. Тус хөдөлгөөн нь өнөөдрийн ММСУХ-ны бодлого, үйл ажиллагаатай санал нийлэхгүй байгаа гэж ойлгож болно. Монгол адуу монгол наадмын үнэт зүйл гэдгийг л хэлэх байна.

-ММСУХ нь монгол адууны төлөө, Монголын уяачдын төлөө ажиллаж чадахгүй байгаа юм байна, эрлийз адууг монгол адуутай уралдуулах үйл ажиллагаанд анхаарал бага хандуулж иржээ гэж ойлгох уу?

-Өнгөрсөн оны хавар “Дүнжингарав” хаврын бүсийн уралдаан зохион байгуулагдсан. Засгийн газрын тогтоолгүй, цагдаа хүчний хамгаалалтгүй, зохион байгуулалт муу байсны улмаас “Шөнөжингарав уралдаан” гэж хэлэгдэхэд хүрсэн. Тус уралдаан дээр эрлийз, монголоор нь ялгах асуудал удааширч цаг их алдсан. Энэ нь эрлийз адууг монгол адуутай уралдуулсан хэсэг бүлэг хүмүүсийн жудаггүй үйлдлээс эхтэй. Ер нь ганц энэ удаагийн Дүнжингаравын уралдаан ч бус ерөөсөө Монгол орон даяар болж буй их бага бүх уралдаан дээрх маргаан энэ асуудлаас үүддэг болсоор удлаа. Үүнийг л хууль дүрмийн хүрээнд, уламжлалаа хадгалсан, өв соёлоо дээдэлсэн тийм үндэсний хурдан морины уралдаан байх чиглэлд үйл ажиллагаагаа явуулахаар манай хөдөлгөөн үүсгэн байгуулагдсан. Манай хөдөлгөөн байгуулагдсаны дараахан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Гантулга нарын хүмүүс Үндэсний баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслөөр бол баяр наадамд уралдах морьдыг үүлдэрлэг байдлыг харгалзахгүйгээр зөвхөн өндрөөр нь хэмжиж уралдуулах саналыг оруулсан байсан. Энэ нь цэвэр монгол адуутай эрлийз адууг хамт уралдуулахыг албан ёсоор хуульчлах гэсэн санаархал. Энэ хуулийг батлуулахгүйн тулд манай хөдөлгөөн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж, холбогдох байгууллага, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга бусад хүмүүс рүү Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа тухай баримт, хүсэлт тавьсан. Улмаар 2018 оны Үндэсний баяр наадмын зохион байгуулах комиссынхонд санамж өгч Улсын баяр наадмаар хурдан морийг гарааны зүг гарахын өмнө эрлийз, монголоор нь ялгах үйл явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулдаг болгох санал хүргүүлсэн юм. Бидний саналыг хүлээн авч анх удаагаа шууд дамжуулсан шүү дээ. Өмнө нь энэ бүх процесс хаалттай, хэний ямар эрлийз морь нь мордож, ямар эрх мэдэлтэн, албан тушаалтан түүнд нь нөлөөлж байгаа нь нүднээс далд болдог байлаа. Ялгах явц ил тод болоод ирэхээр эрлийз морио ил цагаан мордуулах нь багассан. Гэхдээ манай байгууллагын зүгээс морь ялгалтын комисст төлөөллөө оруулахыг хүссэн ч хүлээж аваагүй.

-Өнгөрсөн жилийн улсын баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар комисс тэгээд санаанд хүртэл ялгаж чадсан уу?

-Зохион байгуулах хорооноос зөвхөн монгол адуу уралдана гэсэн мэдээлэл гаргасан. Гэвч санасанд хүрээгүй. Манай хөдөлгөөнөөс улсын баяр наадмын хурдан морьдын салбар хороон дээр жагсаал хийсэн. Хүй долоо худагт жагсаал хийсэн анхны тохиолдол энэ байх. Улсын баяр наадам гэдэг нүүдэлчин ард түмний урин цагт нэг цуглаж, налгар өдрүүдэд сэтгэлийн их цэнгэл эдэлдэг, ойрд уулзаагүй ах дүү, хамаатан садан, ураг удмынхантайгаа уулздаг баяр. Энэ маань утгаа алдаж ач холбогдол нь буурсныг наад захын жишээгээр хэлж болно.

-Тэгээд ямар жишээ баримт байна?

-Жишээ нь, сүүлийн үеийн улсын наадамд уралдаж буй адууны тоог хэлж болно. Миний хувьд хувьд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын гаралтай хүн. Бага балчир насандаа хөдөө хурдан морь унаж өссөн. Одоо ч морио уяад явж байгаа залуу уяачдын төлөөлөл. Тухайлбал, 1993 оны Улсын наадмаар азаргаа унаад гарааны зурхай руу хөдлөхөд 750 гаруй азарга мордож байлаа. Тухайн үед ямар олон морь уралдаж байна вэ гэж хэн ч гайхаж байгаагүй. Хэвийн л үзэгдэл байсан. Өнөөдөр Улсын их баяр наадамд уралдах азарганы тоо 200-д л арай гэж хүрч байна. Бага насны адуу 300 хүрч байна уу, үгүй юу. Талыг нь хасаад хаячихна. Танил тал, эрх мэдэлгүй нэгний эрлийзийг бол хасчихаж байгаа юм. Харин томчууд бол өөрсдийнхөө эрлийз хурлийз адууг монгол морьдтой мордуулчихаж байгаа байхгүй юу. Ингэхээр жирийн сайхан монгол уяачид маань гомдож, наадамд морио уяж ирэхээ больж байна шүү дээ.

-Тэдгээр томчууд чинь аливаа уралдааны гол ивээн тэтгэгчид байдаг болохоор яах аргагүй давуу эрхтэй болчихдог юм биш үү?

-Наана чинь буруу асуудал бий. Бүсийн том наадмуудад санхүүжилт байдаггүй. Үүнээс шалтгаалж томоохон бизнесмэнүүд хандив өгөөд эрлийз адуугаа монгол адуутай уралдуулчихдаг шударга бус тогтолцоо бий болчихсон. Ганц бүсийн наадамд ч биш л дээ. Сум, орон нутаг, овоо тахилганы жижиг наадамд хүртэл хэвийн үзэгдэл болчихлоо. Хамгийн эмгэнэлтэй нь их бага ямар ч уралдаан хэрүүл зодоонгүй байхаа больчихсон байна. Тэгж байгаад биенийхээ аминд хүрвэл яана.

-Гэхдээ аливаа малыг чанаржуулах, цусыг холтгох, тэр бүү хэл гаднаас шилмэлийг авчирч шинэ үүлдэр омог хүртэл бий болгодог практик бий. Адуунд тийм үржлийн ажил явагдаж байна гэж харж болохгүй юу?

-Шинжлэх ухаанч хандлага, судалгаа, бодлогоор л үүнийг хийдэг. Монголын хурдан адуунд бол тийм юм байхгүй. Ямар ч судалгаа, паспортгүй орж ирж байгаа адуугаар зарим уяачид адуугаа эрлийзжүүлсэн нь монгол адууны үндсэн генийг устгах аюулд хүргэлээ. Нэг зуднаар, тэр байтугай нэг шуурганаар бүх адуу нь үхэх эрсдэлтэй байна. Энэ нь эрлийзжүүлснээр монгол адууны чанар муудаад байна л гэсэн үг. Монгол адууны генийн санг хадгалах, хамгаалах, тэсвэр тэвчээртэй монгол адуугаа авч үлдэнэ гэдэг үнэндээ хамгийн чухал асуудал болсон. Улсын наадамд монгол адуугаар наадаад эхэлбэл ядаж хөдөө орон нутгаас наадмаа зорих уяачдын тоо нэмэгдэнэ. Монгол адууны үнэ цэнэ бас нэмэгдэнэ. Энэ нь мал аж ахуйн салбар дахь том эдийн засгийн эргэлт. Мундаг эрдэмтэй уяачид олон бий. Энэ асуудал дээр улсаас анхаарч дорвитой шийдвэр гаргахгүй бол сүүлийн 10 орчим жилийн хугацаанд үндэсний энэ их өв соёлын утга учир алдагдлаа. Уг нь бол Монголын хурдан адууны энэ их өвийг хадгалж, цаашид улам төгөлдөржүүлэн авч явах ёстой гол байгууллага ММСУХ юм. Монгол орны бүх сум сууринд гишүүнчлэлтэй, салбартай байгууллага. Гэтэл ММСУХ энэ үндсэн ажлаа хийхгүй, дээр нь бүр монгол морио эрлийзүүдээс ялгаж уралдуулах ажлаа ч хийхгүй, хий дэмий яриа болгоод өнгөрдөг болсон. Мөнгө төгрөгтэй хүмүүсийн эрлийзүүдийг монгол морьтой уралдуулснаас шалтгаалж холбооны нэр хүнд, цаашдын баримталж буй бодлого алдагдчихсан. Хэдэн бизнесмэнүүд уяачдын холбооны тэргүүлэгчдээр сонгогдсоноор үндсэний уламжлалаа хадгалсан бодлого чиглэлгүй болчихлоо. Хэнд ч илэрхий харагдаж байгаа зүйл бол тус холбооны бодлого нь эрлийз адууг уралдуулахад чиглээд байгаа юм. Ингэхээр уламжлалт монгол адуу үгүйсгэгдээд эхэлж байна. Тэр үгүйсгэгдэж байгаа хэсгийн ард Монголын нийт уяачдын 90 хувь нь хохирч байгаа юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор хөдөө орон нутаг, сумдаар зөвлөгөөн хийж саналыг нь авлаа. Нийт уяачдын 90 хувь нь монгол адуугаар уралдах ёстой гэсэн байр суурин дээр хатуу байна. Эндээс харахад өнөөдрийн ММСУХ нь нийт уяачдынхаа эрх ашгийг хамгаалахаа больсон, бүр төлөөлөх чадамжгүй болжээ.

-Их хурлаар хэлэлцүүлэх Улсын баяр наадмын тухай хуульд нэмэлтээр оруулах шинэчилсэн төсөл, дүрмийн гол зүйл заалт, үнэ цэнийн талаар яриач?

-Шинэчлэлийн талаар тодорхой хэдэн зүйлийг хэлье. Нэгдүгээрт, ММСУХ гэх ТББ-ын дүрэм байна. Энэ дүрэмд үндэсний их өв соёл, уламжлалаа хойч үедээ хадгалж үлдээх, өвлүүлэх гэдэг үгийг тусгайлан оруулж байгаа. Энэ талаар ММСУХ-оо сургалт судалгаа хийдэг, нийгэмд үйлчилдэг байгууллага болж байгаа. Гишүүддээ бус нийгэмд үйлчлэх нь байна шүү дээ. Өөрөөр хэлбэл зорилго зорилтоо шинэчилж байгаа. Энэ нь анхнаасаа байсан ч өөрчилж, шинэчлээд боловсронгуй болгож байна. Хоёрдугаарт, нь морийг ялгахдаа өндрөөр нь, бас үүлдэрлэг байдлаар ялгах журам гаргасан ч хэрэгждэггүй. Зөвхөн өндрөөр нь ялгаад байна. Зарчмын хувьд өндрөөр нь ч, бас үүлдэрлэг байдлаар нь ч ялгадаг журмыг улам сайн боловсруулахыг санал болгож байгаа. Амьтан дээр зөвхөн өндөр намын стандарт тогтооно гэдэг биологийн шинжлэх ухааны үүднээсээ байж боломгүй үзэгдэл юм байна. Тухайн амьтан өсч торнихдоо тухайн цаг үеийнхээ байгаль цаг уурын шинж төлөв, байгальтайгаа харьцах харьцаа, генийн удамшлаасаа давхар хамаардаг. Гэтэл амьтанг яг 141 см өндөртэй байх ёстой гээд хуульчлаад, Стандарт хэмжил зүйн газраас өндрийн ийм стандарт яс тас тогтоох ойлголт байж болохгүй нь. Тиймээс хурдан морийг зөвхөн өндрөөр нь ялгах асуудлыг ор тас орхиж байгаа. Зөвхөн үүлдэрлэг байдлыг харна.

-Үүлдэрлэг байдал нь тэгээд төгс шийдэл мөн үү?

-Яг ийм адууг монгол адуу гэнэ гэж тогтоосон тодорхойлолт байхгүй гэдэг яриа гараад байгаа юм. Уул нь 2010 онд “Монгол үүлдрийн адууны ерөнхий шаардлага” гээд стандарт хэмжил зүйн газраас баталсан стандарт бий. Энэ стандартыг уяачдын ихэнх нь мэдэхгүй байна. Тус стандартад монгол адууны ашиг шим, ерөнхий шаардлагыг дурдаад өгчихсөн байгаа. Үүний дараа 2014 онд хурдан моринд тавигдах ерөнхий шаардлага гэсэн өөр нэг стандарт баталсан. Одоо бол сүүлийн дурдсан шаардлагын дагуу өндрөөр нь ялгаад байна. Гэтэл 2010 онд батлагдсан Монгол адууны стандартын дагуу үүлдэрлэг байдлыг харж ялгаад уралдуулахад болохгүй юм байхгүй. Ер нь бол Малын генетик нөөцийн тухай хууль гэж батлагдаж 2018 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжсэн. Энэ хуулийн хүрээнд улсын хэмжээнд байгаа бүх малыг бүртгэлжүүлж, удмын генийн сан үүсгэх ёстой юм. Тэгэхээр Монгол Улс бүх малынхаа удмын сангийн дата баазтай болно. Ингэхлээр монгол адууны удмын сангийн дата бааз гэдэг зүйл хуулийн хүрээнд төрийн байгууллага дээр үүсч бий болох нь тодорхой. Хуулийн хэрэгжилтээр маргаангүй эрлийз, монголоор нь бодитой ялгах хүртэл бидэнд нэгээс хоёр жилийн хугацаа байна. Энэ хууль хэрэгжээд дата бааз үүсч, лаборатори байгуулагдаад явж байгаа юм билээ. Орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи, гадны орны туршлагатай хослуулаад уралдаж байгаа бүх морио цусаар нь дамжуулаад генийн түвшинд ялгах, бүртгэлжүүлэх ажлыг Монгол Улс хийх нөхцөл нь бүрдсэн. Энэ нь цаг хугацааны асуудал. Тэгэхээр тэр хүртэлх ойрын хоёр жилдээ үүлдэрлэг байдлаар нь ялгаад уралдуулъя. Дараагийн шатанд нь бүртгэлжүүлж, паспортжуулаад генээр нь ялгаж монгол адуугаа уралдуулъя гэдэг дүрмийн зохицуулалтыг боловсруулж оруулж өгсөн байгаа.

-Та уяачдын хариуцлагын тухай ямар бодолтой байна. Бас нэг чухал асуудлыг нэг мөн биз дээ?

-Мэдээж дараагийн яригдах гол асуудал нь хариуцлага. Хариуцлагын асуудал дээр ММСУХ-оо хажуудаа сахилгын зөвлөлийн бүтцийг бий болгож байгаа. Бүх салбар хороод хажуудаа сахилгын зөвлөлтэй байна. Уралдааны дүрэм зөрчсөн, гомдол саналыг хүлээж авч шийдэж хариуцлага тооцдог. Хариуцлагын төрөл хуулинд гурван төрөл зүйл байсныг нэмэгдүүлж зургаан төрөл болгож өөрчилсөн. Нэлээн чангатгаж байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч хариуцлага тооцоогүй. Хуулиндаа хурдан морины салбар хороонд хариуцлага тооцох эрх зүйн акт байхгүй. Хурдан морины салбар хороо гурван өдрийн наадмыг зохион байгуулаад татан буугдаад төв комисст үйл ажиллагаа нь шилжээд явчихдаг. Тэгэхлээр хариуцлага хүлээх субьект байнгын ажиллагаагүй. Гомдол гаргаад шийдвэрлүүлэх боломжгүй. Хуулийн зохицуулалтгүй, бодит амьдралд хэрэгжих бололцоо нь байхгүй байсан учраас хурдан морины уралдаантай холбоотой, уяачидтай холбоотой хариуцлага тооцох механизм байхгүй болчихсон. Иймээс ММСУХ-ны дэргэд байнгын ажиллагаатай хариуцлагын зөвлөл байгуулах нь зүйтэй. Энэ зөвлөл нь тогтмол гомдол санал авч, хариуцлагын төрлүүдээ нэмж байх удирдлагын хүрээний томоохон шинэчлэл хийж байгаа. Энэ нь ММСУХ-ны томоохон шинэчлэлийн нэг. Мөн уралдаан бүр дээр хяналтын зөвлөл гарч дүрмийн хэрэгжилтийг хянаж шалгаж байна гэсэн заалтуудыг шинэчилсэн дүрэмд тусгасан. Батлагдах эсэх нь хурлаар шийдэгдэнэ.

-Дараагийн шатанд ямар асуудлуудыг шийдэх бол?

-Манай хөдөлгөөний зүгээс монголчуудыг дэлхийн түүхэнд гаргаж ирэхэд монгол адууны гүйцэтгэсэн үүргийн талаар баримтат кино хийсэн. Энэ киногоор дамжуулж монгол адуу гэдэг Монголын өв соёлын салшгүй хэсэг юм аа гэдгийг ухамсарлуулахыг зорьсон. Мөн монгол адуу эрлийз адууны ялгааг олон нийтэд харуулж зөв ойлголт өгөхийг хүссэн юм. Ер нь бол энэ их хурлаар холбоогоо хэрхэн шинэчилж, үзэл баримтлалаа өөрчилж чадах эсэхээс шалтгаалж дараа дараагийн ажлаа төлөвлөж явуулна.

-Монгол адууг эрлийзжүүлсний хор уршиг юу байна?

-Монгол адууг эрлийзжүүлснээр хэрүүл маргаангүй наадам гэж байхаа больсон. Мөн манай орны бэлчээр хомс болж байгаатай холбоотойгоор эрлийзжүүлсэн адууны байгаль цаг уурын нөхцөлийг даван туулах боломж хомс болж ирсэн. Адуугаа эрлийзжүүлсэн хүмүүс бүгд бэлчээрээ дагаад Дорнод руу нүүгээд явах болсон. Өвөл зунгүй тэжээл өгч байх адуутай болох аюултай. Монгол адууны тэсвэр тэвчээр байхгүй болох эрсдэлтэй. Монгол адууны нутгаа гүйдэг, газрын гадарга мэдэрч давхидаг шинж чанар алдагдах гээд байна. Монгол адуу хэзээ ч үр төлөө гишгэдэггүй. Эрлийз адуу бол өөрийн үр төлөө ч мэдэхгүй. Монгол адууны энэ мэт томоохон генийн чадамжууд алдагдаад эхэлчихсэн. Өөр нэг санаа зовоож байгаа асуудал нь өвчин. Өвчлөл хяналтаас гараад явчихлаа. Өнөөдөр эрлийз адуу олноор очиж оторлоод байгаа Дорнодод өвчин дэлгэрсэн. Маш олон адуу үхэж үрэгдсэн байна. Монгол адууны ген, үнэт чанарыг алдагдуулсан сөрөг үзэгдэл энэ мэтээр үргэлжилж байна. Энэ бүхнийг таслан зогсоох алхмыг одоо болох 7 дугаар их хурлаар хийхийг зорьж байна.

-Цөөнгүй хүмүүс хөрөнгө хүч оруулан нэгэнт бий болгочихсон энэ олон эрлийз адууг одоо тэгээд яах ёстой юм бэ?

-Нэгэнт эрлийз адуу үржээд гараад ирсэн учраас тэдэнд зориулсан уралдаануудыг тусад нь, тогтмол зохион байгуулах хэрэгтэй. Өсгөөд үржүүлсэн хүмүүс байгаа учраас тэдний хөдөлмөрийг хүндэтгэж үзэх нь зөв. Нөгөө талдаа Монгол наадамд монгол адуугаа ялгаж уралдуулна. Ингэвэл 90 хувийн эрх ашгийг хамгаална, үлдсэн 10 хувьдаа ч хохиролгүй. Аль аль талдаа хөгжөөд л явна.

-Ер нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн тухайлсан ямар зүйл заалтууд өнөөдөр зөрчигдөж байгаа юм бэ?

-Хэд хэдэн заалт бий. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.1-дүгээр заалтад “Хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна” гэсэн заалт бий. Гэтэл манайхан улсын наадмаар нэмээд эрлийз бага, дунд, дээд насны хууль бус уралдаан хийдэг болчихсон. Улмаар бүр улсын зэрэг цол олгодог болсон. Энэ нь шууд Баяр наадмын тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Энэ асуудлыг цэгцлэхээр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа бүсийн уралдаанаас цол авна гэж хуулинд заасан байдаг. Гэтэл Үндэсний баяр наадмын тухай хуулийн 12.4.1 дээр “Зохион байгуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Энэ заалтаар Улсын баяр наадмаар үзүүлсэн амжилтыг үндэслэн үндэсний спортын төрлөөр улсын цол олгох гэж заасан байдаг. Зөвхөн Улсын баяр наадамд амжилт үзүүлж цол хэргэм авна гэсэн хуулийн тодорхой заалт юм. Гэтэл баяр наадмын хуульд заагаагүй Дүнжингарав, бусад бүсийн уралдаануудад бүгдэд цол олгоод яваад байгаа. Бөх, сурынхан бол зөвхөн улсын баяраараа цол авдаг шүү дээ. Нэг хууль дээр байгаа хоёр заалт зөрчилдөөд байдаг. Иймээс хууль тогтоомжоо өөрчлөх хэрэгтэй. Эсвэл бүсийн уралдаан, Дүнжингарав уралдаанаас цол олгох асуудлыг хуулинд суулгаж өгөх хэрэгтэй. Нэмэлтээр шинэчилж оруулах шаардлагатай. Дээр нь энэ хууль дээр сум, дүүрэг гэсэн ойлголт огт байхгүй. Жишээ татахад Нийслэлийн морин спорт уяачдын холбоо гэж бий. Налайх, Баянзүрх дүүргүүд наадмаа тэмдэглээд цол олгодог. Гэтэл энэ нь хуулиас гадуур үзэгдэл. Энэ мэт томоохон заалтуудыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Улсын баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдсан. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд 15 удаа нэмэлт орсон байдаг. Гэтэл хурдан морины уралдаантай хэсэгт нэг ч нэмэлт, өөрчлөлт оруулаагүй. Зөвхөн цолны асуудал дээр л ороод байдаг. Хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах тал дээр огт өөрчлөлт ороогүй. Хууль маань өөрөө нийгмийнхээ хэрэгцээ шаардлагаас хоцорчихсон. Төрийн баяр наадмаар эрлийз адуу уралдуулах юм уу, үгүй юм уу гэдэг асуудлыг Их хурлаар шийднэ. Их хурлаас ямар шийдвэр гарахаас хамаарч манай хөдөлгөөний зорилго, бодлого хамаарна. Төрийн их баяр наадмаараа монголчууд монгол адуугаараа наадаж сэтгэл тэнэгэр, хэрүүл уруулгүй, аз жаргалтай цэнгэн наадахын төлөө Морин уралдааны уламжлал шинэчлэл хөдөлгөөн зорьж тэмүүлж, Их хуралдаа идэвхтэй оролцоно.

Categories
мэдээ цаг-үе

А.Амбасэлмаа: Томуугийн вирусийн эсрэг вакциныг хийлгэхэд жилийн хугацаанд өвчлөхгүй

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаатай ярилцлаа.


-Хүйтний улиралд томуугийн вирусийн тархалт нэмэгддэг. Ийм үед өөрийгөө энэ төрлийн вирусийн халдвараас хэрхэн хамгаалах вэ?

-Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрнэ. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт байдаг. Томуу, томуу туст өвчний талаар манай ард иргэд тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байх. Томуугийн вирусийн тархалт аравдугаар сард эхэлж тавдугаар сар хүртэл үргэлжилнэ. Улирлын томуу гэх өвчин ганц манайд тохиолд-дог юм биш. Дэлхий даяар л гардаг. Манайд бүртгэгдэж байгаа тохиолдлуудын дийлэнх нь 0-4 насны хүүхдүүдэд тохиолдож байгаа юм. Ханиад томуу амьсгалын замаар халдварладаг учраас энэ төрлийн вирусийн идэвхжилтийн үед олны хөлийн газраар явах шаардлагагүй.

-Энэ төрлийн вирусээр хүүхэд өвчилж байгаа шалтгаан нь юу бол?

-Хүүхдийн дархлаа сул байгаа учраас энэ төрлийн өвчин тусаад байгаа юм. Хүүхдийн биеийн эсэргүүцлийг сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл эцэг эхчүүдэд байдаг ч өнөөдөр хэрэгжүүлж байгаа нь ховор байна. Цэцэрлэгийн насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулж байх хэрэгтэй. ХӨСҮТ-д ирээд л вакцинд хамруулахад нээлттэй.

-Томуугийн эсрэг вакциныг хийлгэснээр бүтэн жил ханиад хүрэхгүй байх боломжтой юу?

-ДЭМБ-д Монгол Улсын Томуугийн үндэсний төв тухайн жилд тархсан вирусийн омгийг мэдээлж, хүргүүлдэг. Манайх дэлхийн глобал сүлжээтэй нэгдсэн орон. Томуугийн тандалтын судалгааг хийж, вирусийн омгийг тодорхойлж явуулдаг байгаа. Монголд эргэлтэд байгаа вирусийн халдварыг эсрэг вакциныг захиалгаар хийлгэдэг гэсэн үг шүү дээ. Энэ жилийн тухайд томуугийн Н1, И1, Н3, И2 вирусийн эсрэг вакциныг захиалсан. Тухайн жилд давамгайлах томуугийн вирусийн эсрэг вакциныг хийдэг болохоор тэр вирусээр өвчлөхгүй гэж ойлгож болно.

-Томуугийн хүндрэл, үр дагаврын талаар ярихгүй юу?

-Амьсгалын хоолойд томуугийн вирус үржиж, амьсгалын замыг тоос шороо, бактерийг бусад зүйлээс цэвэрлэх үүрэгтэй сүүмэлзэх хөдөлгөөнт хучуур эдийг устгадаг. Сүүмэлзэх хөдөлгөөнт хучуур бүрхүүл устгагдвал хамгаалах үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүйгээс уушгинд нян их хэмжээгээр хялбархан нэвтэрнэ шүү дээ. Иймээс бактерит давхар халдвар гарах аюултай. Хүүхдэд ханиадны шинж тэмдэг илрэхэд яаралтай эмчид хандаж эмчийн заавраар эм уулгах хэрэгтэй. Эмийг эмчийн заавраар хэрэглэхгүй бол эм болохгүйг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.

-Томуугийн шинж тэмдэг илэрсэн хүүхдийг эмнэлгийн байгууллагаар дагуулж явахад өөр төрлийн вирусийн халдвар авах магадлалтай гэж үздэг юм билээ. Гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

-Томуу томуу туст өвчний үед томуугийн H1, N1, H3, И2 вирус их байдаг. Хажуугаар нь амьсгалын замын хүнд халдвар үүсгэх вирусийн үед хүүхдээ олны хөлийн газраар дагуулж явахад өөр төрлийн өвчин халдварлах магадлалтай. Хөнгөн үед нь өрхийн эмчээ дуудаад зөвлөгөө аваад эмчилж болно. Эрүүл шим тэжээлтэй хоол хүнсээр хүүхдээ хооллох нь чухал.

-Шим тэжээлтэй хоол хүнс гээд л яриад байдаг. Ямар хүнс илүү шим тэжээлтэй талаар хүмүүсийн мэдэгдэхүүн бага байдаг шүү дээ?

-Хүүхдэд зохистой насанд нь тохирсон хоол өгөх хэрэгтэй. Бүр нялх хүүхдэд бантан хийгээд өгөхөд болно. Хүүхэд нэмэлтээр витамин уулгах нь дархлааг дэмжихэд чухал үр нөлөөтэй. Сайн амрааж дулаан хувцаслаж амраах хэрэгтэй.

-Насанд хүрсэн хүний тухайд энгийнээр дархлаагаа хэрхэн хамгаалах вэ?

-Цагаар хооллох нь зөв. Өлсгөлөн явж явж гэнэт ихээр идэх хандлага манайханд бий. Энэ нь хүний дархлааг унагаад байдаг. Цаашлаад хорт зуршил, архи, согтууруулах ундаанаас зайлсхийх шаардлагатай. Өнөөдрийн тухайд утаанаас шалтгаалж харшлын гаралтай вирусийн тархалт их байгаа. Долоо хоногтоо нэг удаа ч болов цэвэр агаарт гарч уушгиа цэвэрлэх нь үр дүнтэй.

-Энэ жилийн тухайд ханиад хүрээд ямар ч эмийн эмчилгээ хийлгээд салахгүй байна гэх хүмүүс олон байсан. Эмчилгээний гам алдаад байдаг юм болов уу?

-Ханиад хүрлээ гээд эмнэлэг ордог хүн өнөөдөр ховор байна. Эрт үед нь эмчид хандаж зөвлөгөө аваагүйтэй холбоотой. Дээрээс нь бичүүлсэн эмийн эмчилгээний горимыг зөрчөөд байдаг шүү дээ. Нэг өдөр нь эмээ уугаад маргааш нь мартчих жишээтэй. Мөн ханиалгахаа болиход нь л эмийн эмчилгээгээ зогсоочихдог. Вирус гүйцэд арилаагүй байхад нь больдог гэсэн үг. Энэ нь эргэж сэдрэхдээ эмчлэгдэхгүй удах гээд байдаг талтай.

-Энэ вирус хүндэрснээр уушгины хатгаа өвчин тусах магадлал өндөр байдаг юм билээ?

-Томуугийн элбэг тохиолдох хүндрэл нь уушгины хатгаа. Энэ нь хоёрдогч бактерит халдвар Streptococ­cus pneumoniae, Hae¬mophilus influenzae, Staphylococcus aureus-ээр үүсгэгдэнэ. Мөн вируст болон бактерит уушигны хатгаа тусах магадлал өндөр. Анхдагч вируст уушгины хатгаа үхэлд хүргэх аюултай. Хэрэв томуугийн хоруу чанар өндөртэй вирусээр үүссэн бол энэ өвчлөл тохиолдоно. Цус харвалтат уушигны хатгаагаар өвчилбөл 2-3 өдрөөс хэтрэхгүй амь насаа алдаж болно. Зүрх, уушгины архаг өвчтэй, уушгинд цус тогтонгошилтой өвчтөнүүдэд анхдагч томуугаас үүдэлтэй уушгины хатгаа ажиглагдана.

-Томуугийн вирусийн үед дур мэдэж антибиотик хэрэглэх хандлага манайхан дунд байдаг?

-Буруу. Вирусээр үүссэн ханиадны эрт үед антибиотик хэрэглэх шаардлагагүй. Хүндэрч хатгаа туссан үед эмчийн заавраар антибиотик хэрэглэнэ. Эмийн сангуудаар худалдаалж буй томуугийн эсрэг эмүүдийг эрт үед нь авч хэрэглэж болно. Шинэхэн хонины махаар сармистай битүү шөл хийгээд уухад хөнгөн хэлбэрийн томуу арилна.

-Томуугийн вирусийг эрт үед нь хэд хоногийн дотор эмчлэх боломжтой бол?

-Хэлэхэд хэцүү. Эрт үед нь зохистой эмийн эмчилгээг хийвэл 5-7 хоногийн дотор л эмчлэх боломжтой. Эмийн эмчилгээгээ горим зөрчвөл дахиж амархан сэдэрнэ. Ханиад хүрвэл тэр дор нь эмчид хандаж эмчилгээ бичүүлж авах нь чухал. Эмчилгээний зардал ч хямд төсөр тусна шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Японоос 19 жилийн дараа төрсөн Ёкозунагийн замнал бүтэлгүйтлээр өндөрлөлөө

1990-ээд оны эхээр гавьяат тамирчин Кекүшюзан Д.Батбаяр, Кектёнхо Н.Цэвэгням, Кёкүнтэнзан Н.Энхбат тэргүүтэй залуус Японы үндэсний спорт мэргэжлийн сумод хүч үзэхээр мордож байсан. Ах нарынхаа гаргасан замаар монгол бөхийн аварга арслангуудын хүүхдүүд зодоглохоор арлын орныг зорьсон байдаг. Удсан ч үгүй Монгол Улсын манлай заан Долгорсүрэнгийн бага хүү Дагвадорж мэргэжлийн сүмогийн оргил цолд хүрчихлээ. Дархан аварга Ж.Мөнхбатын хүү М.Даваажаргал ч залгаад л гараад ирсэн. Р.Давааням зааны хүү Бямбадорж ч арлын орныг зорьсон хэргээ гүйцээж өмнөх аваргуудтайгаа ана мана үзэлцээд ёкозуна болчихсон. Ингээд л өнө эртний түүхтэй Японы мэргэжлийн сумогийн оргилд нь манайхан гараад суучихсан. Хоорондоо л үзнэ. Кайо, Чойэтаке, Точүозүма нар бусдыгаа бодвол монгочуудтай арай дөнгүүр өрсөлддөг байсан ч японуудын хүлээж байсан Ёкозүна цолыг авч чадалгүй зодог тайлцгаасан. Японы шилдэг озекинуудын замнал өндөрлөх тийшээ хандчихсан үед Кисэносато гэж 18-хан настай мэнтгэр улаан хүү доороос хүч түрж гарч ирсэн. Дэндүү ууртай, хор шартай. Үүгээрээ өөрийгөө ирлэж хурцалж өгдөг онцлогтой. Япончууд ч их аварга төрөх нь гэж найдвар тавина. Манайхныг давахдаа даваад, унахдаа унаад өдрөөс өдөрт л хөгжиж дэвшиж байлаа. 2012 онд гурван башёгийн нийлбэр даваа нь 33 хүрсэн учраас сумо бөхийн холбооны удирдлагууд Озеки цол олгов. Манайхаар бол улсын арслан цол шүү дээ. Арслан болсон хүн башёд үзүүрлэх гэж хүч үзэхгүй нь мэдээж. Аварга, Ёкозуна цолны төлөө зүтгэнэ. Тэмцээн бүрт түрүү байрын төлөө өрсөлдөөн үзүүлдэг ч шийдвэрлэх барилдаануудад уначихна. Өнөөх шатдаг чанар нь нөлөөлөөд байх шиг. Маэгэшира цолтон Кисинесато уурлаж шатаж өөрийгөө ирлээд болоод байсан бол аварга цолны төлөөх өрсөлдөөн өөр ажээ. Аваргын дайтай арслан л гэж Японд ч, сумод элэгтэй Монголд ч ярьцгаана. Кисинесатогоос япончууд Ёкозуна цол хүлээж байсан нь улам л дарамт болж байх шиг. Харин 2015 оны тэмцээнүүдээс хор нь гарав бололтой шатаж, өөрийгөө нервтүүлдэг чанар нь барилдааны өмнө, ажиглагдахаа болилоо. Шийдвэрлэх барилдаанд өөр сэтгэл зүйтэй босдог болсон юм.

16 насандаа мэргэжлийн сумогийн дохёод Хагивара нэртэйгээр хөл тавьсан хүү 2017 оны нэгдүгээр сарын тэмцээнд 14 даваатайгаар түрүүлэх зурагтай байжээ. “Хацу” башёгийн дараахан сумо бөхийн зөвлөл хуралдаж 72 дахь Ёкозунагаар Кисинесатог өргөмжлөв. Япон түмний 19 жилийн хүлээлт биеллээ. Үүнээс өмнө 1998 онд л япон хүн Ёкозуна цол хүртэж байсан юм. Барилдаандаа ч илүү төвлөрдөг болж.

Бэртэл гэмтэл гэдэг тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч, дайсан байдаг. Арлын Японы залуу аваргыг энэ дайсан тойрсонгүй ээ. Аварга цол хүртдэг тэмцээнийхээ 13 дахь өдрийн барилдаанд нэг үеийн өрсөлдөгч Харумафүжитэй хүч үзэхдээ бэртэл авчихсан. Зүгээр ч нэг бэртэл биш барилдахад чухал үүрэгтэй мөрөө бэртээчихжээ. Гэсэн ч нарийн ёс жаягтай мэргэжлийн сумод бэртэлтэй гээд тэмцээн өнжөөд байх боломж үгүй. Сумо бөхийн холбооноос аварга хүнийг тэмцээн бүрт л түрүү байрын төлөө өрсөлдөхийг шаарддаг. Үгүй бол зодог тайлуулдаг дүрэмтэй. Тэрбээр 2018 оны гуравдугаар сарын тэмцээнд 12 даваа гурван унаатайгаар түрүүлж аварга цолоо баталсан ч бэртэл нь зовоосоор л байсан.

Харамсалтай нь тавдугаар сарын тэмцээнээс эхлээд бүтэн башё барилдсангүй, амралтын өдрүүдэд нь эхэллээ. Олон башё дараалан өнжиж, бүр найман барилдаанд дараалж өвдөг шороодсон ч удаа бий. Энэ хугацаанд 18 удаа кинбоши алдаж өөрөөсөө бага цолтонд унажээ. Мэргэжлийн сумогийн түүхэнд өөр аваргууд 18 кинбоши алдаж байгаагүй юм. Олон тэмцээн дараалж өнжсөн Кисеносато арван нэгдүгээр сарын башёгийн эхний дөрвөн өдөр дараалж өвдөг шороодоод дундаас нь орхив. Өнөөх л мөрний бэртэл нөлөөлөөд тэр шүү дээ. Тэмцээний дараа Ёкозүнагийн зөвлөлөөс түүнд энэ оны нэгдүгээр сарын башёд заавал барилдах үүрэг өгөв.

Үүргийн дагуу барилдсан ч тэмцээний эхний өдөр макүүчи зиндаанд түрүүлж байсан Митаукүмиг барсангүй, түлхүүлчихэв. Дараа өдөр нь магаширагийн нэгээс барилдаж буй Ичижёо А.Ичинноров аваргыг шилдэж татаад өвдөглүүлчихлээ. Харин гурав дахь өдөр тэмцээнийг даваагүй үргэлжлүүлж байсан Точиозантай хүч үзсэн ч мөн л түлхүүлчихлээ. Өнөө хор шартай омголон зан, барилдаандаа гүйцэд төвлөрдөг чанарын аль аль нь алга болчихож. Цаст уулын цагаан бар цагаа тулахаар шоргоолжинд бариулна гэдэг л болох шиг. Дээд зиндааны залуу бөхчүүдэд өнхрөөд өгөх болов.

Тэмцээний дөрөв дэх өдөр Кисэносатогийн дэвжээний багш Тагоноүра ояката шавиа зодог тайлах болсон талаар зарласан юм. Тэрбээр “Ёкозүна цолтон ялах үүрэгтэй. Харин манай аварга олон барилдаанд дараалан ялагдлаа. Зодог тайлах шийдвэр гаргахад тийм амар биш байсан нь мэдээж” гэж ярьжээ. Кисэносато зодог тайлах болсон шалтгаанаа тодорхой хэлээгүй байна. Сумогийн холбооны хатуу дэг жаяг бэртэлтэй аваргаа ч өршөөлгүй зодог тайлуулав бололтой.

Япончууд 19 жилийн дараа Ёкозуна цолтноо өлгийдөж авсан ч замнал нь бүтэл муутайгаар жаргалаа. 2017 онд Кисэ Ёкозуна цол хүртсэнээсээ хойш ердөө 36-хан даваа авсан нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байж болох талтай.

Тэрбээр зодог тайлах хэвлэлийн хурлын үеэр “Ёкозүна цолтой бөхийн хувьд хүмүүсийн итгэл найдварыг хөсөрдүүлсэндээ харамсаж байна. Гэхдээ сумод үзүүлсэн амжилтуудаа эргээд харахад харамсах зүйл огт алга” гэжээ.

Тэрбээр Монгол бөхчүүдийн талаар “Их аварга Асашёорюү Д.Дагвадорж тэргүүтэй монгол аваргууд намайг илүү хурцалж, ур чадвараа ахиулж шинэ түвшинд гарахад тусалж ирсэн. Би тэдний бэлтгэлийг харж, барилдааных нь энд хүрэх гэж өөрийгөө их дайчилдаг байлаа. Дараалан ялагдсан хүнд үед нэгэн үеийн өрсөлдөгч Харүмафүжи Д.Бямбадорж үнэтэй зөвлөгөө өгч дэмжиж байсанд нь талархдаг. 2017 оны Хацү башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргалыг ялсан барилдаан миний сэтгэлд хамгийн тод үлджээ. Монгол бөхчүүдэд талархаж явдаг юм” гэж өгүүлжээ.

Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд Кисэносато 714 даваа авч 449 барилдаанд ялагдаж, 97 барилдааныг бэртлийн улмаас өнжсөн байна. Энэ хугацаанд дээд зиндаанд хоёр удаа түрүүлж Японы эзэн хааны цомыг гарджээ. Кантошо буюу дайчин барилдааны шагналыг гурван удаа, уран барилдааны шагналыг нэг удаа хүртэж байсан гэнэ. Мөн аварга цолтныг гурван удаа унагаж кинбоши хүртжээ. Тэрбээр үргэлжлүүлэн өөрийн дэвжээндээ ояката хийх гэнэ.

ЯПОНЧУУДЫН ДАРААГИЙН ЁКОЗУНА ХЭН БАЙХ БОЛ…

Японы ард түмний 19 жил хүлээсэн Ёкозуна Кисэносато мэргэжлийн сумод 17 жил барилдаад 33 насандаа зодог тайллаа. Сумо бөхийн эх орноос одоо хэн Ёкозуна цол хүртэх вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд байна. Сумо сонирхогчид Такаяасу гэж өнөө жил 28-тай залууд тун их итгэл найдвар хүлээлгэж буй. Тэрбээр сүүлийн хоёр башёд 11 болон 12 даваа авсан юм. Мөн Митакуеми гэж залуу сүүлийн үед гойд сайн барилдаж байгаа. Өнгөрсөн оны долдугаар сарын тэмцээнд 13 даваатай түрүүлж байсан тэрбээр энэ сарын тэмцээнийг таван даваатайгаар унаагүй тэргүүлж байна. Митакуеми дээд зиндаанд 167 даваа аваад байгаа юм.

Такакейшо гэж дээд зиндаанд түрүүлээд үзчихсэн залуу япончуудын хүлээлтийг тайлахаар хөдөлмөрлөж байгаа. 1996 онд төрсөн энэ хүү өнгөрсөн оны есдүгээр сарын тэмцээнээр аваргуудын эзгүйд эзэн хааны цом хүртсэн. Энэ сарын тэмцээнийг дөрвөн даваатайгаар тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.

Кисэносато монгол аваргуудын эсрэг хэрхэн барилдаж байв

Асашёорюү Д.Дагвадорж 13:4 Кисэносато

Хакүхо М.Даваажаргал 45:16 Кисэносато

Харүмафүжи Д.Бямбадорж 38:24 Кисэносато

Какүрюү М.Ананд 18:32 Кисэносато

Categories
мэдээ цаг-үе

Б.Батням: Бодибилдинг, фитнессээр анхлан хичээллэгсдэд уураг, нэмэлт тэжээл шаардлагагүй

“Динамик” фитнессийн захиарал Б.Батнямтай ярилцлаа.


-Залуус бодибилдинг,фитнессийн спортоор хичээллэхийг амьдралын хэв маягаа болгочихож. Энэ нь нэг талаараа сайшаалтай ч уураг, нэмэлт тэжээлийн хэрэглээ хэрээс хэтэрч залуусын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болжээ. Уураг, нэмэлт тэжээлийг хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ?

-Аливаа зүйл хэмжээнээс хэтрэхдээ л хор болдог. Хоол ч гэсэн хэмжээ хэтрэхээрээ л хор болдог. Бүх зүйл сайн муу хоёр талтай байдаг биз дээ. Үүнтэй адил уургийг зөв зохистой хэрэглэвэл үр дүнгээ өгнө. Уургийг тухайн хүн хийж буй бэлтгэлийнхээ ачаалалд тааруулж хэрэглэх ёстой. Жин хасч, өөх хайлуулах уураг ч байдаг. Залуучуудын дийлэнх нь жингээ нэмж булчинлаг болохоор фитнесст очдог. Эмэгтэйчүүдийн дийлэнх нь жингээ хасах зорилготой фитнессийн зааланд ирдэг. Өнөөдөр эмэгтэйчүүд өөхөө хайлуулж жингээ хасахын тулд нүдээ ухаад өгөхөд ч бэлэн болчихож. Багш нартайгаа зөвлөж байж бэлтгэл сургуулилтдаа уураг хэрэглэх нь зүйтэй. Ямар ур чадвартай багш дээр яаж бэлтгэл хийж буй нь чухал.

-Уураг олон янз байдаг байх. Монголд чанарын баталгаатай, хийж буй бэлтгэлдээ зохимжтой уургийг хаанаас олж авч болох вэ?

-Мэдлэгтэй багш дээр бэлтгэл хийх хэрэгтэй. Зөвлөгөөгөөр нь л хэрэглэнэ. Уураг зардаг дэлгүүр, хувиараа зардаг хүмүүс уургаа л санал болгоно. Хүний эрүүл мэндийг бус хувийн ашиг орлогоо боддог. Томоохон дэлгүүрүүд ч гэсэн бүтээгдэхүүн нь борлогдож л байвал хамаагүй гэсэн хандлагатай болчихож. Нэг тамирчин гаргаж ирчихээд л “Энэ тамирчин ийм бэлдмэл хэрэглээд ийм болсон” гээд сурталчилдаг. Өнөөх өндөр тунтай эдийг нь анхлан хичээллэгсэд авч эрүүл мэндээ хохироогоод байна. Уураг худалдаж буй хүн хэрэглэгчдэдээ уургийн орц найрлага, хэрхэн зөв зохистой уух талаар зөвлөгөө өгдөг байх ёстой. Ний нуугүй хэлэхэд уургийн мэдлэг мэдээлэл муутай хүн “Ийм уураг авъя” гээд ороход, худалдагч нь “энэ чинь алга оронд нь энийг авчих” гээд л хэлж байх жишээтэй. Ийм гаж тогтолцоо хаа сайгүй байна. Үйлчлүүлэгчид өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч энэ талын мэдлэг мэдээлэлтэй болсон хойноо уураг хэрэглэх нь зүйтэй. Уураг гэдэг химийн бүтээгдэхүүн. Хэрэглээ хэтэрвэл хор гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Төмөр өргөж эхэлж буй хүүхдүүд юу суралцах шаардлагатай вэ?

-Хамгийн эхлээд биеэ халааж сурах хэрэгтэй. Биеэ халааж хөлсөө гаргана гэдэг өөр эрдэм. Үндсэн дасгалуудаа зөв техниктэй хийх нь энэ спортын үндэс. Уураг гэхээсээ өмнө үүнийг эзэмших шаардлагатай. Тухайн өдрийнхөө бэлтгэлийн оргил ачааллыг авна. Ачааллын үед зүрхний цохилт өндөр болдог. Дараа нь амьсгал болон сунгалтын дасгалууд хийж биеэ суллаж тайвшруулах нь чухал. Бие организм хэвийн хэмжээнд очиход нь шүршүүрт ороод хувцсаа солиод гарах хэрэгтэй. Анхлан хичээллэгсдийн хувьд энэ эхний алхам. Тэгээд л өдрөөс өдөрт бэлтгэлийн ачааллаа нэмээд явна. Энэ хэрээр тухайн хүний бодисын солилцоо сайжирдаг.

-Жингээ хасах гэж бялдаржуулах төвийг зорьдог олон хүн байдаг. Хөлсөөрөө эрдэсээ алдаж байж л хоолоо сойгоод байдаг хүмүүс бий. Жингээ хэрхэн хаях вэ?

-Фитнесст явж буй залуусын 70 орчим хувийг жин хасах гэж буй иргэд эзэлж байна. Турах гэж байна гээд өлсөөд байж болохгүй. Алдагдсан энергиэ хоол хүнсээр нөхнө. Эрүүл зөв хооллох хэрэгтэй. Өнөөдөр тахианы мах, будаа, ногоог л эрүүл хүнс гэж ойлгоод байна. Эрс тэс уур амьсгалтай оронд амьдарч байж тахианы мах, будаа идээд яваад байвал таарахгүй. Үхэр, хонины махаа идэх хэрэгтэй. Хаа байсан далайн орны хоол хүнс энд хэрэглээд нэмэргүй. Өөх тос ч тааруулаад хэрэглэх хэрэгтэй. Өөх тосыг боловсруулж байх ёстой цөс ажиллагаагүй болоод ирэхээр чулуужна. Өөх тос чинь яс, зөөлөн эдэд тэжээл өгдөг байхгүй юу. Хүн хоёр цаг тутам тааруулаад хооллож байх хэрэгтэй. Идсэнээ дасгал хийж шатаахаа мартаж болохгүй. Жингээ хасмаар байвал давсны хэрэглээгээ тана. Энэ нэг зүйлийг онцлоход хүний турна гэсэн сонирхол дээр фитнесс клубүүд тоглолт хийж бизнес болгоод байна. Төдөн 100 мянган төгрөг төлж тийм өрсөлдөөнд ороод ялагч болоод 10 саяыг хож ч гэх шиг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас долоо хоногт хүн нэг кг-ыг л хасах нь зөв зохистой гэж зөвлөсөн. Хэтэрвэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Өнөөдөр манайд өдөрт 200-300 грамм хасна 10 хэдэн хоногт 10 кг хасна, сард тэгнэ гэсэн реалити шоунууд байна. Энэ бол хүний эрүүл мэндийг чимээгүй үхэл рүү хөтөлж буй хэрэг. Иргэд ч чимээгүй үхэл рүү мөнгөө төлөөд хошуураад байна. Энгийн жишээ л татъя л даа. 1960-70-аад оны фитнессийн мундаг тамирчдыг дурдаж болно. Тэд тэмцээнд орохдоо их хэмжээний жин хаядаг байсан. Өнөөдөр ахмад буурлууд маань хөл, гар нь татанхай, дотор эрхтнүүд нь бүгд өвчлөлтэй байна. Залуугаараа зүрх нь хаагдаж нас барсан ч тохиолдол олон.

-Уураг дотоод эд эрхтнүүдэд гэмтэл үүсгэдэг. Ялангуяа ходоодонд. Дотоод эд эрхтнээ гэмтээлгүй, үр дүнтэйгээр яаж хэрэглэх вэ?

-Химийн гаралтай бүтээгдэхүүнээр ходоодыг нүдээд байж болохгүй. Уурагнаас үүдэж ганц ходоод ч биш, дотоод эд эрхтнүүдэд гэмтэл үүснэ. Дээрээс нь зүрх өндөр ачаалалтай ажиллаж байгаа учраас зүрхний гажигтай болох тохиолдол олон. Уургийг хүлээж авах биеийн эзлэхүүнээ тодорхойлж байж л зохистой хэрэглэх нь зөв.

Үнэндээ фитнесст явж байгаа залуучууд ганц нэг оролт хийгээд толины өмнө эргэлдэж хэдэн зураг дарж, хов базаж байгаад л гарч явж байна. Уургаа шатааж чадахгүй байна гэж ойлгож болно. Ер нь тэгээд хүчтэй уураг хэрэглэж байгаа бол нэг сар хэрэглээд сар завсарлаж дотор эрхтнүүдээ амрааж байх хэрэгтэй. Бэлтгэл хийхэд систем чухал. Хагас сар ачаалалтай бэлтгэл хийчихээд сар хаяад буцаад уураг уугаад хүнд бэлтгэл хийгээд л байж болохгүй. Бэлтгэлийн төлөвлөгөөгөө бүтэн жилээр гаргах хэрэгтэй. Эхний гурван сард ийм төлөвлөгөөгөөр ийм хэмжээнд очно. Үр дүндээ тулгуурлаж дараагийн бэлтгэлийн циклээ гаргана. Үүнийг зөв гаргаж өгөх багш л хэрэгтэй. Багш хариуцлагатай мэдлэгтэй байх хэрэгтэй. Хүн бүр математикч болох албагүй, аав ээж болдог шиг фитнессээр хичээллэсэн хүн болгон тамирчин болдоггүй. Сайн тамирчин болгон дасгалжуулагч болдоггүй. Тамирчин байх, дасгалжуулагч байх гэдэг тусдаа ойлголт. Хүн хүний бие физиологи өөр шүү дээ. Өөр өөр горимоор бэлтгэл хийнэ гэсэн үг. Энэ бүхнийг багш мэдэрч таарсан бэлтгэлийг хийлгэх үүрэгтэй.

-Багадаа дотор эрхтэн нь өвчилж байсан хүмүүс фитнессээр хичээллэхдээ юу анхаарах вэ. Ялангуяа зүрхэндээ мэс засал хийлгэж байсан хүн хичээллэх боломжтой юу?

-Ачааллыг бага багаар өгөх ёстой. Алгуур дасгаж явж байна . Өнөөдөр 10 минут алхсан бол маргааш 11 минут гэх жишгээр алгуурхан дасгах хэрэгтэй. Манайхны хэт яардаг зан байдаг шүү дээ. Бизнес хийхдээ ч тэр. Өнөөдөр мөнгө гаргаад маргааш нь ашгаа ихээр авахыг боддог. Үүнтэй адил нэг багш дээр очоод л сарын дотор сайхан булчинлаг, эсвэл тураад жин хаяхыг илүүд үздэг. Манайхан үүнийг амласан багш нар, фитнесс клубийг шүтчихдэг. Очоод л зургаа дараад цахимд оруулдаг. Хүрээллийн хүмүүс нь шуураад л хамтдаа эрүүл мэндээ устгуулж буй хэрэг. Элэг, бөөр муутай, цаашлаад үр тогтоох чадваргүй болж байна. Би дахиад хэлье. Ийм юм амлаж байгаа багш дасгалжуулагч нараас зайгаа барь. Нэмж хэлэхэд цахимд янз бүрийн хүмүүс янз бүрийн зөвлөгөө өгөөд хүмүүсийг эрүүл мэндийг устгаад байгаа бүлэг хүмүүс байна.

-Уургийг хэдэн настайгаасаа эхэлж хэрэглэвэл зохимжтой вэ?

-Фитнессээр хичээллэж тодорхой хэмжээнд ачаалал авч, хоол хүнсээр алдагдсан энергиэ нөхнө. Булчин нэмэхээр зорьж байгаа хүн өдөрт 4-5 удаагийн хоол идэж байх хэрэгтэй. Энэ нь хүний биед аминдэм болж очдог. Ийм жишгээр бэлтгэл хийхэд булчин томорч хүч нэмдэг. Хоол, бэлтгэл ханахаар хүч ахихаа болиод эхэлдэг. Энэ үед бэлтгэлийн төлөвлөгөөг чухал тодорхой хэмжээнд өөрчлөөд үзэх хэрэгтэй. Хоолны чанараа ахиулаад бэлтгэлийн төлөвлөгөөг өөрчлөхөд ахиад зогсоно. Ахиад л өөрчилнө. Урагшаа ахина. Бэлтгэл хийж буй бол сайн унтаж байх нь чухал. Өдөр 20-30 минут унтвал илүү үр дүнтэй. Энэ жишгээр эхний нэг жил уургаас авдаг аминдэмийг хоолоороо зохицуулаад явж болно.

-Анхлан хичээллэгсдэд уураг шаардлагагүй юм байна шүү дээ?

-Юу юуны духанд хүрэлгүй уураг гээд байх хэрэггүй ээ. 1990-ээд онд манай бодибилдингийн тамирчид чинь лапшагаа идээд, усаа уугаад л тэмцээнд ордог байлаа. Юун тэр уураг, витамин. Тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс ороод явдаг л байсан шүү дээ. Бичлэгийг нь үзэхэд өнөөдрийн тамирчдаас нэг их дутаад байгаа юм анзаарагддаггүй.

-Допингийн төрөлд ордог уураг байдаг уу.Бодибилдинг, фитнессийн спорт үүнийг зөвшөөрдөг юм уу?

-Уурагнаас илүү стройд гэх допингийн асуудал манай спортод орж ирээд байна. Стройд бодибилдингийн спорттой маш нягт холбогдоод явж байна. Шинж тэмдэг нь илт мэдэгдчихсэн тамирчид зөндөө л байна. Стройд чинь хар тамхинд багтдаг элементүүд шингэчихсэн эд шүү дээ. Нүд нь тогтворгүй болоод сэрвээ нь босчихсон хүүхдүүдийг хараад гол харлах юм. Энэ төрлийн допингийг зардаг сүлжээ байна шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихлээ. Хуулийн байгууллага энэ тал дээр зохицуулалт хийх шаардлагатай.