Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийг багийн спортоор хүмүүжүүлье

Хүнээр хүн хийнэ гэх амаргүй ажил бий. Хүүхэд л юм хойно, дүрсгүйтнэ. Тэр бүрт нь толгой руу нь тоншдог арга хоцрогдчихсон. Хүүхдээ зөв хүн болгож төлөвшүүлж, нийгэмд хөрөнгө оруулалт хийх нь эцэг, эхчүүдийн үүрэг. Үүний тулд хүүхдээ спортоор хичээллүүлдэг болжээ. Тэр дундаа багийн спортыг сонгох нь олонтаа. Хүүхдийн өнчин тархи хөгжих үед юм юм л сонирхдог. Тамхи татна, эсрэг хүйстнээ сонирхоно гээд л. Энэ үед нь л спорттой найзлуулчихвал элдэв зүйлд уруу татагдаад байдаггүй аж. Хүүхдийн чөлөөт цаг зааланд өнгөрснөөр өв тэгш бие бялдартэй, эрүүл биетэй, сэтгэл зүйн бядтай болно гэсэн үг. Хамгийн гол нь багаар ажиллах арга барилыг спортоос олж авч байгаа нь өөртөө хийж буй том хөрөнгө оруулалт. Та хүүхдээсээ том амжилт хүлээх нь гол биш. Таны хүүхэд зөв хандлагатай болж, багаар ажиллах чадварт суралцаж байгаа нь ирээдүйд манлайлагч болох эхний алхмаа хийж байна л гэсэн үг. Өнөөгийн нийгэмд ур чадвараас илүү хувь хүний хандлагыг чухалчилдаг болсон доо. Өөрөөр хэлбэл хандлага зөв байхад ур чадварыг суулгаж болно гэсэн үг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын харцага Д.Анар: Б.Серик маань “Миний найз гар амар даваад том цолд зүтгэ” гэж хэлсэн

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Монгол Улсын харцага Доржийн Анартай ярилцлаа.


-Наадмын өмнө амтай бүхэн л Анар цолоо ахиулна гэж хэлж байсан нь ёсоор боллоо. Санаандаа хүртэл сайхан барилдаж чадсан уу?

-Сайхан наадлаа. Олны үг ортой гэдэг. Сайн барилдаж улсын харцага цол хүртлээ. Манайхан бөхөө сайн шинжих юм. Анар цолоо ахиулна гэж олон хүн хэлж байхыг нь сонссон. Тэр олон хүний амны бэлгээр цолоо ахиуллаа. Долоогийн даваанд гурван аварга, гурван арслан гарч ирсэн өндөр чансаатай наадам боллоо шүү дээ. Энэ шилдгүүдтэй хамт жагслаа, сэтгэл өндөр байна. Дорнодоос төрсөн анхны улсын харцага цолтон нь би юм билээ. Сүүлд мэдсэн.

-Улсын наадамд хэд дэх жилдээ барилдаж байна. Бэлтгэл сургуулилтаа хаана базаав?

-Улсын наадамд тав дахь жилдээ барилдаж, улсын харцага цол хүртлээ. Наадмын бэлтгэлээ улсын начин Д.Цогзолдорж, аймгийн арслан Б.Батхуяг нарын удирдлагад базаасан. Бэлтгэлийн ир сайхан таараад наадамдаа барилдсан.

-Улсын наадмын дэвжээнд та хэдэн удаа тунаж барилдсан бэ. Анх улсын заан Н.Жаргалбаярыг хурц арслан цолтой байхад нь тунаж барилдаж хөмрөөд цэнгэлдэхийг шуугиулж байсан санагдаж байна?

-Би улсын наадмын дэвжээнд нийт долоон удаа тунаж барилджээ. Дандаа л чанга хүмүүстэй үлдэнэ. Давах ч үе байсан, унах ч үе бас бий. Анх одоогийн улсын заан Н.Жаргалбаярыг 2015 оны наадмын гурвын даваанд аймгийн хурц арслан цолтой байхад нь тунаж барилдаад сэнжиг элэг бүсний барьцнаас хөмрөөд давж байсан. Дараа жил нь Ш.Мөнгөнбаатар харцагыг аймгийн хурц арслан цолтой байхад нь тунаж барилдаад улсын начин болж байлаа. Наадамчдын хандлага ч Мөнгөө ахын талд байгаа нь мэдрэгдэж л байсан шүү. Яс үзээд л даваа авсан даа. Ах маань хожим нь улсын харцага болсон. Мөнгөө ахыг давчихаад харцага цолны төлөө Б.Бат-Өлзийтэй бас л тунаж барилдаад начин цолтой хоцорч байлаа. Ер нь би тунаж барилдах дуртай байдаг юм. Ам авахаар гарын даа нарын зүг хандахад сайн барилддаг цөөхөн хүнээс л нэр сонсоно. Тэр нь тийм мэхтэй, энэ ийм мэхтэй эвгүй гэж бодогдоод шийдвэр гаргахад их хэцүү. Тунаад барилдахад шулуухан амар байдаг юм.

-Харцага цолны төлөө барилдаад өвдөг шороодсон Б.Бат-Өлзийтэйгөө энэ жил хариуцлагатай даваанд дахиад л тунасан. Ер нь цол ахих даваанд хэнтэй барилдана гэж тооцоолж байв?

-Зургаагийн даваанд Б.Бат-Өлзий, О.Хангай хоёрын хэн нэгэнтэй тунана гэж тооцоолж байлаа. Тэр хоёрт ч зориулж бэлдсэн юм байсан. Хангай тавын даваанд унахад нь Бат-Өлзийтэй тунах нь тодорхой болсон доо. Бэлтгэл дээр бэлдсэн мэхний хувилбараа хийх гэсэн чинь Бат-Өлзий мэдэрчихээд болж өгөөгүй. Шоо шидэхэд харцагын талд буусан. Надаас атга дүүрэн барьц сонгоод барилдаан үргэлжилсэн. Тавиулаад миний ээлж ирэхэд нь санасан мэхээ даалгасан даа. Барилдааны өмнө цол бодож болохгүй шүү гэж дотоод хүнтэйгээ яриад гарсан.

-Давчихаад туг тойрч байгааг тань харахад их тайван байсан шүү дээ. Цол ахилаа гээд гар хуруугаа гозойлгоод, сагсалзаж гүйгээгүй?

-Би 12-ны өглөө түрүү, үзүүр бодож л цэнгэлдэхэд очсон. Нэг том даваагаа давлаа. Цаана илүү өндөр даваа бий л гэж бодож байсан.

-Долоогийн даваанд түрүү бөхтэй тунаж барилдсан. Та уул нь эхлээд барьц сонгосон шүү дээ. Аргалж болоогүй юу?

-Түрүү бөхтэй таарчихсан. Яаж ч чадаагүй ээ. Тэр хүний хичээл зүтгэл, хөдөлмөр нь үнэхээр мундаг. Би Э.Оюунболдыг барилдах л гэж төрсөн хүн гэж боддог юм. Унасандаа ч нэг их харамсаагүй. “Миний найз аварга болоорой” гэж хэлээд тахимаа өгсөн. Барилдаанаа дуусгаад л Оюунболдынхоо дээлний захыг дотроо мушгиад суучихсан. Найз маань ч аварга цолтнуудын тоог нэгээр нэмсэнд их баяртай байгаа. Оюунболд аварга ч Сэцэн хан аймгийн бөхчүүддээ элэгтэй, өмөг түшиг болж явдаг юм.

-Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багштай хэрхэн танилцаж байв. Багшийнхаа арга барил онцлогоос хуваалцахгүй юу. Гараас нь Монголын өнөө цагийн олон шилдэг тамирчид төрж гарсан байдаг шүү дээ?

-2008 онд л доо. Хөдөөнөөс орж ирээд ээж маань намайг дагуулж Ц.Шийрэв багшид шавь оруулсан. Багшийнхаа удирдлагад жил орчим жүдо бөхөөр хичээллээд л Япон руу сургуульд явсан. Ц.Шийрэв багш их итгэл хүлээлгэж явуулсан болохоор надад алдах эрх байгаагүй, их ч хичээсэн. Энэ зэрэгтэй яваа минь багшийн минь хичээл зүтгэл гэж боддог юм. Баярлаад баршгүй мундаг хүн. Дэлхийн аваргын хүрэл медальт, аймгийн заан Л.Отгонбаатар, мэргэжлийн сүмод озэки цолтой барилдаж байсан Теронафүжи Ган-Эрдэнэ, улсын начин Б.Серик, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар гэх өнөө цагийн мундаг тамирчид жаахан хүүхэд байхдаа л Шийрэв багшийн гараар дамжиж энэ өндөрлөгт хүрсэн. Би ч энэ хэдтэйгээ хамт зүтгээд энд ирчихээд сууж байна. Сайн багшаас гадна сайн сурган хүмүүжүүлэгч гэж боддог юм. Амьдрал дээр төлөвшүүлж өгнө. Шавь нар нь элдэв асуудалд холбогдож байна гэж би сонсоогүй.

-Б.Серик найзтайгаа сая дөрвийн даваанд оноолтоор таарсан. Барилдаан ямар болов?

-Бөхийн спортод цуг хөл тавьж, оргил руу хамтдаа алхаж яваа найзтайгаа наадмын дэвжээнд, чухал даваанд оноолт таарна гэж бодож байгаагүй ээ. Б.Серик маань надад “Миний найз гар амар даваад дээшээ том цолонд зүтгэ” гэж санал тавьж байсан. Адилхан залуу хүмүүс цолоо ахиулахаар зүтгэж байж яаж бие биенээсээ авах вэ гээд л яс үзсэн. Барьц халахад нь өшиглөөд давсан даа. Б.Серик начны бэлтгэл ч энэ жил их сайн байсан. Дараа жил цол ахиулах байхаа гэж харж байна.

-Тавын даваанд та гурван бөхөөс ам авсан. Улсын начин Д.Амарсайханыг амлаад аймгийн цолтой хоёр залууг тунааж байсан?

-Би өөрөө тунаж улсын цол авч байсан. Ам авахаар нэр сонсоход олон юм бодогдож байсан л даа. Тусалж дэмжих хүнгүй, цолны даваанд гар амар даваа өгчих ах нар нь байхгүй болохоор тунаж үлддэг. Цол авах хүсэл их байдаг. Харж хандах хүнгүй байх их хэцүү. Би энэ зовлонг биеэрээ амссан учраас амлаж зүрхлээгүй юм. “Хоёр сайхан залуугийн хэнийг л ялгах уу, тунаж барилдаад одтой нь цол аваг. Амрааг авъя” гэж хэлээд л эргэсэн дээ.

-Анх хэний ч танихгүй Анар гэж залуу “Аврагч” спорт хороогоор зарлуулж Бөхийн өргөөнд гараад сайн аймгийн арслангуудыг давхар тохоод давж байсныг нь санаж байна?

-Япон явж ирээд удаагүй байсан үе л дээ. Тухайн үед “жүдо бөхөөр л дагнаж хичээллэе” гэж боддог, үндэсний бөхийг нэг их тоодоггүй байлаа. Дорнод аймгийн нэрэмжит барилдаан болоход багш нар барилд гэж загнаад оруулчихсан. Зодог шуудгаа цүнхлээд л анх удаагаа шахуу “Бөхийн өргөөн”-д очлоо. Ерөнхийдөө монгол бөхийн зодог шуудагтай л жүдо барилдчихсан даа. Гурвын даваанд одоогийн улсын начин А.Алтанхуяг амлахад нь давхар тохоод унагачихсан. Дөрвийн нугалаан дээр улсын арслан Р.Пүрэвдагватай оноолт таарсан. Тэр үед аймгийн хурц арслан цолтой байхад нь залуу бөх таарч барилдаад өвдөг шороодож байлаа. Энэ цагаас хойш л заалны барилдаанд гараад байвал болох юм байна гэсэн урам зориг төрсөн дөө. Сумын цолтнуудын барилдаанд алгасалгүй гарна. Тэр үед чинь аварга Э.Оюунболд, улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Г.Ганжад, аймгийн арслан Д.Тогтохжаргал, Ш.Пүрэвгарьд, цэргийн начин Б.Энхсайхан ижилхэн сумын заан цолтой хоорондоо гоё өрсөлддөг байлаа шүү дээ. Аварга Оюунболд бид хоёр их олон удаа тунаж барилдсан. Энэ маань 2011 оны өвөл шүү дээ. Энэ цагаас хойш л миний амжилт шат шатаар ахисан. 2012 онд аймгийн начин цол, дараа нь түрүүлж аймгийн арслан тэгээд л улсын начин болсон доо.

-Начин болохынхоо өмнөх жилийн наадмын дөрвийн даваанд Г.Эрхэмбаяр аваргыг ид сайн байхад нь давхар тохож унагачихаад гүйж байсан шүү дээ. Энэ барилдааныхаа талаар дурсахгүй юу?

-Анх удаагаа улсын наадмын дэвжээ үзсэн минь тэр жил. Нэгэнт өөрөөсөө хол илүү өрсөлдөгчтэй таарсан юм чинь санасан мэхээ зоригтой хийнэ л гэж бодож гарсан. Уначихвал сүүлд нь харамсахгүй шүү дээ. Өрсөж гарыг нь татаж тохоод л даваа авсан. Дараагийн даваанд нь Н.Ганбаатар гарьдад өвдөг шороодсон.

-Та том цолтой бөхтэй таарлаа гээд нэг их бэргэлгүй барилдаж байгаа харагддаг. Барилдааны сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Би үүнийг их спортын ач тус гэж боддог юм. Дэлхийн дэвжээнд олон шилдэг тамирчинтай өрсөлдөж байсан болохоор нэг их айж сүрдээд байдаггүй. Ер нь тэгээд бэлтгэл сайн хийсэн хүн чинь элдэв янзын юм бодоод байдаггүй, сэтгэл зүй өндөртэй байдаг. Б.Ганбаатар, Б.Жаргалсайхан хоёр багш маань надад итгэл хүлээлгэж том тэмцээнүүдэд олон ч удаа авч явсан даа. Намайг их хурцалж өгнө. Тунасан хүнд барилдааны үед энэ хоёр багшийн маань бэлтгэлийн арга барил бас хэрэг болдог гэж боддог. Б.Ганбаатар багш чинь Х.Цагаанбаатар гавьяатыг 19 настай байхад нь бэлдэж олимпийн хүрэл медаль авахуулсан хүн шүү дээ. Олон мундаг шавьтай хүн. Баярлаж явдаг юмаа, багшдаа.

-Сумын наадам сайхан шүү дээ. Сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Сумын наадам сайхан, дэндүү сайхан. Наадам дээр таарсан хүн бүр мэнд устай. Би ч жаахан хүүхэд зодог өмсөж бэлтгэл хийдэг байсан болохоор сумынхаа наадмыг илүү их догдолж хүлээнэ. Нойргүй хонох үе ч бий. Би залуу бөх байхдаа Дорнод аймгийнхаа Чулуунхороот сумын наадмыг зорьж очиж барилдав аа. Сумын цол горилж очсон минь тэр л дээ. Үзсээр байгаад л нэлээн ахимаг насны сумын начин ахтай түрүү байрын төлөө гараад ирлээ. Өнөө ах маань шууд л тахимдаад дөрвөн хөллүүлчихдэг юм байна. Дамжиж ард гарч дайраад л өвдөглүүлчихлээ. Би уначихлаа гээд босоод ирэх гэсэн чинь өнөө ах маань барилдаанаа үргэлжлүүлэхээр нь эргэж хараад л хаячихгүй юу. Наадамчид миний өвдөглөснийг олоод харчихсан л байгаа юм. Ингээд л сумын Засаг даргын захирамжаар надад сумын начин цол олгосон. Би одоо боддог юм. Удаан жил сайн барилдсан ахад элэг бүсээ тайлаад өгчихдөг байж дээ гэж харамсдаг юм. Би өгчихсөн бол ах сумын заан цол авах байсан байхгүй юу. Ёстой л хол явж барилддаггүй, нутаг орныхноо баясгадаг сайхан бөх байсан даа. Би тэр үед жаахан хүүхэд давах хүсэлтэй байсан юм байлгүй дээ.

-2018 оны наадмаар аймгийн арслан Б.Суманчулуун та хоёрын барилдаан их сонин болсон. Та дэвсэн хэрнээ элэг бүсээ тайлаад яваад өгсөн шүү дээ?

-Сонин барилдаан болсон шүү. Суманчулуун арслан намайг тахимдаад өвдөглүүлсэн байхгүй юу. Арслан үүнийг анзаараагүй, мэхээ гүйцээнэ гэж дайрахаар нь би давчихгүй юу. Ийм л барилдаан болсон. Сумка ах олон жил улсын цолны төлөө зүтгэж сайн барилдаж байгаа болохоор нь элэг бүсээ тайлаад явуулчихсан. Барилдааны дүрмээрээ бол идэвхтэй үргэлжилсэн учраас би давах байсан юм билээ.

-Таны начин болдог наадмын дөрвийн даваанд Б.Сугаржаргал начин та хоёр оноолт таараад хуруудаж байгаад та туг тойрсон. Юу болсон юм бэ?

-Начин бид хоёр амьдрал дээр сайхан ах дүү нар. Хамт бэлтгэл хийдэг, хэн, хэнийхээ барилдааныг сайн мэддэг. Хэд хэдэн удаа барьц сонгоод давалцаагүй. Хоёр талаас шийдвэр гаргаад хуруудахад миний аз таарсан. Ах маань “Миний дүү цолонд заавал хүрнэ шүү” гэж хэлээд элэг бүсээ тайлаад явуулсан. Амных нь билгээр би ч улсын цол хүртсэн.

-Та бэлтгэлийн ирээ хэрхэн тааруулдаг вэ. Бэлтгэлийн торгон ирийг долдугаар сарын 12-нд тааруулна гэдэг их ур ухаан юм шиг санагддаг?

-Одоо цагт өндөр хэмжээнд барилдаж байгаа бүх бөх өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг байх. Хэдийд ачаалалтай бэлтгэл авах уу, хэдийд нь биеэ амраах вэ гэдэг их чухал. Хувь хүний онцлогтой холбоотой юм даа. Амраад сайн барилддаг хүн байхад ачаалалтай бэлтгэл хийгээд сайн барилддаг бөх байна. Хүн хүний биеийн онцлогийг мэдэрч бэлтгэл хийлгэнэ гэдэг дасгалжуулагчийн ур ухаан. Хоол ундыг нь тааруулахаас эхлээд их ажил бий. Надад бол амралт зохидоггүй. Хөдлөөд хөнгөхөн бэлтгэл хийж байгаад л ирийг нь тааруулдаг.

-Гэр бүлийн хүн тань их спортоор танаас дутахааргүй өндөр амжилт үзүүлсэн тамирчин байдаг гэсэн. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Эхнэр бид хоёр хамтдаа Ц.Шийрэв багшийн удирдлагад бэлтгэл хийдэг байлаа. Кураш бөхөөр дэлхийн аварга болж байсан. Ижилхэн спортын хүн учраас намайг сайн ойлгоно. Намайг хөөрөх гээд ирвэл чангалаад буцаагаад буулгачихна. Сэтгэлээр унасан үед дэмжээд өгнө, түшигтэй.

-Өнөө цагт дэмждэг байгууллага байхгүй бол амжилт ирэхэд хэцүү. Таны ард олон байгууллага байдаг байх?

-Онцгой байдлын албан хаагчид болон “Аврагч” спорт хорооны хамт олон, “Стеф гоулд” компанийнханд гүн талархал илэрхийлье. Би “Кьюкшюү сан”-гийн нэр дээрээс барилдаж байгаа. Д.Батбаяр ахдаа баярлаж явдаг юм. Энэ амжилтад та бүхнийхээ хичээл зүтгэлээр хүрсэн юм шүү. Цаашдаа хичээж өндөр цолонд хүрч нааадамчин олноо баярлуулж явах болно оо.

-Төрийн наадмын түрүү танд хэр хол харагдаж байна?

-Ойрхон санагдаж байна. Болно гэж бодож байгаа. Хувь хүний бэлтгэл сургуулилт, хувь төөрөг нийлж байж л наадмын түрүү ирдэг гэж боддог юм.

Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв: НААДАМД ТҮРҮҮЛЧИХ БОЛОЛЦОО АНАРТ БҮРЭН БАЙГАА

Улсын харцага Д.Анарын багш гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Ц.Шийрэвтэй ярилцлаа.


-Д.Анар харцага анх ямар хүүхэд тан дээр ирж байв?

-Анарын маань ээж нь намайг таньдаг байсан юм билээ. 2008 онд олимпийн аварга төрдөг жил эднийх хөдөөнөөс орж ирээд л намайг хайж очоод шавь оруулсан байдаг. Сумынхаа бөхийн секцэнд явдаг, том бөх болох сонирхолтой хүү ирж байсныг тод санагддаг юм. Их зүтгэлтэй, жилийн дотор л илт сайжирсан.

-Япон руу сургуульд яваад хэр өөрчлөгдсөн бэ?

-Бэлтгэлээ сайн хийж байгаа зүтгэлийг нь үнэлээд гавьяат тамирчин, талийгаач Ц.Дамдин багштай ярьж байгаад Япон руу сургуульд явуулчихсан юм. Тухайн үед Б.Тэмүүлэн Японд их сайн барилдаж байлаа. Хоёр жил орчим хичээллэж ирээд л жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр жил дараалаад түрүүлсэн. Ингээд л өөр дээрээ бэлдсэн дээ. Л.Отгонбаатар, Ц.Цогтбаатар хоёр бол нэг үеийн сайн хүүхдүүд, над дээр бэлтгэл хийж байсан.

-Их спортоос яагаад хөндийрөв?

-Жин хасахад хүндрэлтэй болсон л доо. Надад “Багшаа би үндэсний бөхөөрөө дагнаж хичээллэе. Жин хасахад амжилтад сөргөөр нөлөөлж байна” гэж хэлсэн. Би дэмжсэн.

-Өнгөрсөн жил наадмаар доор даваанд унаж байсан. Багш шавь хоёр ямар алдаа гаргав?

-Хүчний бэлтгэл хэтэрхий их хийж, төмөр өргөөд байсан юм. Анар шиг барилдаан мэдэрдэг хүнд хүчний бэлтгэлийг тааруулж хийхгүй бол болохгүй. Өнөөгийн залуус төмөр их өргөдөг, их уураг уудаг болсон байна лээ. Би үүнийг ерөөсөө ойшоодоггүй юм. Дотор эрхтэн, эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй.

-Энэ жил Б.Бат-Өлзий харцагатай тунаад гарахад нь юу зөвлөж байв?

-Начин болчихоод зургаагийн даваанд тунаад өвдөг шороодож байсан. Өөрөө өвдөг шороодсон барилдааныхаа алдааг ухаж ойлгосон учраас давна гэдэгт нь бүрэн итгэлтэй байсан.

-Шавийнхаа ирээдүйг яаж харж байна?

-Наадамд түрүүлчих бололцоо бүрэн бий гэж хардаг. Хоёр талаараа барилддаг миний шавь шиг авьяаслаг бөх одоо цагт ховор. Дээрээс нь сэтгэл зүй асар өндөртэй. Олон улс, тив дэлхийн аваргын тэмцээнд медалийн төлөө барилдаж байсан хүн сэтгэл зүй өндөртэй байх нь ч зүйн хэрэг.

-Хамт тэмцээнд явсан сайхан дурсамж байгаа байх. Тэр бүхнээсээ хуваалцахгүй юу?

-Олон тэмцээнд хамт явсан дурсамж бий. Бэлтгэлийнх нь ирийг тааруулж байгаад л Орос руу тэмцээнд явлаа. Манай хүн ч зүтгэсээр байгаад хэсгийн аваргын төлөө гараад ирлээ. Оросын тив дэлхийн аварга нөхөртэй оноолт таарахгүй юу. Ялбал аваргын төлөө гарна. Ярилцаж байснаараа л үзээд ялчихлаа. Гол хүнээ хожсон чинь өнөөх маань аварга болчихлоо гэж бааварлаад. Аваргын төлөөх барилдаан дээр цэвэр тавиулчихдаг юм даа. Би ч алдааг нь тэр дор нь хэлж өгсөн. Манай хүн ойлгосон дахиж ийм алдаа гаргаагүй. Алдаагаа давтдаггүй нь амжилтынх нь үндэс гэж боддог юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын аварга Н.Батсуурь: Чухал үед хариуцлага алдсан нь миний буруу

Өнөө жилийн үндэсний их баяр наадмын үзүүр бөх улсын аварга Н.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр улсын наадамд хоёр удаа ес даван түрүүлж, нэг удаа найм давж үзүүрлэсэн амжилтаар энэ цагт ид барилдаж буй бөхчүүдийн тэргүүнд эрэмбэлэгдээд байгаа юм.


-Аварга цолтой анхны наадамдаа зодоглолоо. Сэтгэгдэл ямар байна?

-Энэ жил заалны барилдаан алгасаагүй, бүтэн жилийн бэлтгэл сайн байсан. Сэргээлтийн бэлтгэл ч сайн сайхан таарсан. Аварга болчихсон учраас түрүүлнэ, дээшээ барилдана л гэж цэнгэлдэхэд очсон доо. Өндөр даваанд ам авах, оноолт зэргээс авахуулаад наадмын дэвжээнд аварга цолтой зодоглоход өөр юм билээ. Наадмын өмнө нутаг руугаа очиж санал сэтгэлээ дайгаад ирсэн.

-Наадмын бэлтгэлээ хоёр өөр газар базааж байгаа сураг дуулдсан?

-Тийм ээ. “Сүлд” спорт хороо болон “Увс нуур” галуудад бэлтгэлээ базаасан. “Увс нуур” галынхаа сорилго барилдаанд түрүүлээд л наадамдаа барилдсан даа.

-Долоогийн даваанд гурван арслан гарч барилдсан нь наадамчдын сэтгэлийг их хөдөлгөлөө. Ойрын 10-аад жилд ийм наадам болоогүй шүү дээ?

-Наадамд барилдах бөхийн тоо цөөрөхөд чанар нь сайжирдаг л даа. Чанартай цөөхөн начин төрнө. Том цолтой залуу хүчтэнүүд нэг үед олуулаа барилдаж байна. Бүгд л түрүү үзүүрийн төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлж байна шүү дээ. Өөрсдийгөө наадамд яаж бэлдэх вэ, бэлтгэлээ яаж тааруулахав гэдэгт суралцчихсан. Жигдхэн бэлтгэл сайтай байна.

-Та гурав дахь удаагаа наадмын түрүү байрын төлөө шалгарч барилдлаа. Өнөө жилийн түрүү үзүүрийн барилдаан шийдэгдэхэд хоёр салаад л гүйгээд явчихаж байсан. Тухайн үед юу бодогдов?

-Би баруун гараараа шуудагны барьц гүйцэд атгаж амжаагүй байхад хөлийн цэцүүд холдчихсон. Э.Оюунболд ч цэц холдонгуут л барьц халж дайрчихаад гүйчихсэн. Би өөрийн болгоомжгүйгээс л болж унасан.

Аав руу очоод болсон явдлыг хэлэхэд “Хохь чинь, чиний буруу ш дээ” гэж загнасан. Ингээд тахимаа өгсөн дөө. Оюунболд илүү хийморьтой байсан.

-Залуу аваргыг тэвэрч үнсээд тахимаа өгөхөд цэнгэлдэхэд цугласан олон халуун дулаанаар хүлээж авч байсан?

-Нэг талаараа монгол наадмаа хүндэлсэн л дээ. Монгол түмэн жилдээ ганц удаа баяр наадмаараа бөх, морио харж баясч тэр жилийнхээ эрч хүчийг авдаг. Энэ үеэр нь хэрүүл маргаан хийгээд байхыг бодоогүй. Наадамчдаа баясгая гэж санасан юм.

-Их шөвөгт Б.Гончигдамба гарьдтай 30 гаруй минут их хүнд барилдаан хийж гараад Э.Оюунболд аваргатай хүч үзсэн?

-Их шөвөгт барьц сонгодоггүй. Баруун зүүн давхар золгож байгаад барилдаан шийддэг дүрэмтэй. Гончигдамба бид хоёр ч хялайтлаа барилдсан. Чирч хутгаад давсан даа. Аймгийн цолтой байхдаа энэ мэхийг их хийдэг байлаа. Улсын наадмаар энэ мэхээр хүн давж үзээгүй байсан юм. Гончигдамбыг жаахан тонгойлгоод хөлөн дээр нь биеийн жин ирэхээр мэдрээд хутгачихсан. Өрсөлдөгчөө мэдэрч хийхгүй бол өөрөө дор нь орчих гээд байдаг эрсдэлтэй хэцүү мэх.

-Та долоогийн даваанд нэг галын бөх улсын аварга С.Мөнхбатыг амлаж барилдсан. Аварга үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Дараагийн даваанд аль давсан маань түрүүлж ам авна, түрүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж л аваргыг амласан. 2016 оны наадмаар С.Мөнхбат аварга, П.Бүрэнтөгс арслан бид гурав өндөр даваанд гарч ирчихээд ташраараа нурж байсан түүх бий. Аль нэг нь үлдээд дараагийн даваанд ам авах эрх байсан болохоор л аваргыг амласан.

-Та Ч.Санжаадамба аваргыг Б.Гончигдамбад унана гэж тооцоолсон юм уу?

/хариулсангүй/

-Тавын даваанд Б.Ганхуягтай хүч үзэхдээ эхний дүйзэд гарсан ч хамгийн сүүлд давалцаж байгаа харагдсан. Начингаас ямар хий зай харж амласан бэ?

-Бид хоёр нэг үед барилдаж ирсэн найзууд. Барилдааныг нь сайн мэдэх учраас эрсдэл багатай гэж харж амласан. Ганхуяг удаан барилдах тусмаа чангардаг, цуцдаггүй онцлогтой бөх. Би ч барьц сонгуулаад хүнд байдлаас гарч даваа авсан. Аймгийн цолтой бөх улсын цолны босгоор алхахын хэцүүг биеэрээ мэдэрсэн учраас залуу бөхчүүдийг амлаж зүрхлээгүй. Аймгийн арслангууд хоорондоо харгүй сайхан хүч үзээд цол аваасай гэж бодсон юм.

-Гурвын даваанд ам авсан талаараа ярихгүй юу. Ам авсан байдал тань олон бөхчүүдийн дургүйг хүргэж байгаа харагдсан?

-Хамгийн бага цолтойгоос нь л амлаж барилдсан. Шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөө том цолтой хөгшин бөхчүүдийг амлаж барилдаж байсан. Энэ маань олон хүний зэвүүг хүргэсэн байх. Үүний ард залуу бөхчүүд хоорондоо шударга барилдаж цол аваасай гэсэн хүсэл зорилго явж байсан л даа. Наадамчид залуу бөхчүүдийн гал цогтой барилдааныг харж баясдаг. Одоо хөгшрөөд барилдаж байгаа бөхчүүд ховор болсон байна. 40-өөс доош насны бөхчүүд наадамд барилддаг болсон байна шүү дээ.

-Наадмын өмнө та аваргуудын эрэмбэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан?

-Миний хувьд шударга зүйлийг л хүссэн. Наадмын зохион байгуулах комисс наадмын өмнө бөхийн галуудаар явахад нь “Би энэ жил барууны магнайд гарна” гэж хэлээд байсан юм. Наадмын өмнө зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга н.Жанчивдорж гэж хүн намайг дуудаж уулзахдаа “Та энэ жил цагаан сарын барилдаанаар Ч.Санжаадамба аваргын ард гарсан юм байна. Өнөө жилийн наадмаар энэ эрэмбээрээ барилдаад өгчих” гэж гуйсан юм. Би нэг их эсэргүүцээгүй. Дахиж түрүүлээд дээр нь гаръя гэж санаад л барилдсан.

-Энэ цагт ид барилдаж байгаа аваргуудын толгойд гарчихлаа. Үүнийг дагаад хариуцлага ирж байгаа?

-Тийм. Том цол авлаа. Тэргүүнд нь гарлаа. Бага залуу цолтнуудад унаад байж болохгүй. Өөрийнхөө чадах хэмжээгээр шударга сайхан барилдаад явна даа.

-Аварга цолны үнэ цэнийг та юу гэж ойлгодог вэ?

– Том үндэсний өв соёлыг нэгэн цагт тээж яваадаа бахархдаг юм. Их хөлс хөдөлмөр зарж энэ цолд хүрсэн. Японоос ирээд 10 дахь жилдээ барилдаад л том цолонд хүрлээ. 2009 онд ирээд л “Заавал улсын цолтой бөх болно” гээд л бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ хийдэг байлаа.

-Увс нуур дэвжээнийхэн энэ жил шинэ начинтай сайхан наадлаа?

-Шинэ начинтай боллоо. Аварга, арслан хоёр шөвгийн наймд шалгарлаа. Энэ цагийн бөхийн өнгөнд яваа олон бөхчүүд “Увс нуур” галд бэлтгэлээ базаадаг. Эдний маань хүч хөдөлмөр намайг өдий зэрэгтэй явахад нөлөөлдөг юм. Сайн бэлтгэл хангагчтай байна гэдэг бидний амжилтын үндэс.

-Увс аймгийг бөхийн өлгий нутаг гээд яриад байдаг. Х.Баянмөнх аваргаас хойш дархан аварга цолтон төрсөнгүй?

-Тийм. Хувь заяа байвал дархан аварга болох байлгүй дээ. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд формоо хадгалж чадвал дархан аварга цол ойрхон л харагдаж байна. Ирэх жил ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамтай. Хоёр есийн тоо давхацсан бэлгэшээлтэй ойд сайхан барилдана гэж төлөвлөж байна. Тэгээд 100 жилийн ойн баяр наадамтай золгоно. Ийм түүхт ойн баяр наадмууд миний ид барилдаж байгаа насан дээр тохиож байгаад үнэхээр баяртай байна.

-Таныг дагаж бэлтгэл хийдэг залуус сайн барилдаж байна. Хойч үеэ бэлтгээд байна уу?

-Өдий хүртэл бэлтгэл сургуулилт хийж сурсан мэдсэнээ залуустайгаа хуваалцъя гэж санадаг юм. Одооноос шавь нартай болоод явж байна. Эд маань эхнээсээ аймаг, цэргийн цол чимэг авсан. Сая хоёр нь цэргийн начин болсон. Цаашдаа том цолд хүрч нутаг орныхноо баясгаад явна гэж хүлээж байна. Ер нь тэгээд залууст үндэсний бөхийн чанар, үнэлэмжийг таниулах нийгэм рүү чиглэсэн ажил хийхээр төлөвлөсөн байгаа.

-Өнгөрсөн хавар Э.Оюунболд аварга та хоёр ээлжилж их шөвөгт шалгарч, түрүүлж үзүүрлээд байсан. Наадмын өндөр даваанд хоорондоо тулна гэж тооцоолж байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Бэлтгэл дээр бэлдсэн тактик ч байсан. Төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадаагүй. Э.Оюунболд надаас илүү хийморьтой байлаа. Э.Оюунболд бид хоёр чинь их гоё ш дээ. Хоёулаа 2013 онд улсын харцага болсон. 2014 оны наадмаар би түрүүлж улсын арслан болсон. Оюунболд 2015 онд түрүүлсэн. 2018 онд би түрүүлж аварга болоход 2019 онд Оюунболд түрүүлж аварга болж байна. Яг л миний араас мөрөөр маань дагаад алхаад байгаа.

-Аав тань тухайн үед уурсаж байсан ч гэртээ баяртай л хүлээж авсан байх?

-Миний аав улсын харцага цолтой бөх хүн. Хүүгийнхээ том цол аваад явж байгаад баяртай байдаг гэж найддаг юм. Ах, дүү эргэн тойрныхон маань ч сэтгэл өндөр байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, Дулааны цахилгаан станцын “ТЭЦ 3”, “Химон” констракшн зэрэг байгууллагуудын дэмжлэг сэтгэлээр өдий зэрэгтэй явна даа. Энэ хүмүүст талархаж явдаг юм.

-Дархан аварга болохоор нь эргээд уулзъя.

-За. Баярлалаа


Categories
мэдээ цаг-үе

Н.Батцэнгэл: Иргэд эд зүйлсээ алдчихаад цагдаад бүртгүүлдэггүй нь хулгайчдыг өөгшүүлдэг

Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Улаанбаатар смарт карт” компани хамтран нийтийн тээврийн 93 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг, 28 аж ахуйн нэгжийн 1200 гаруй автобусыг бүрэн камержуулжээ. Ингэснээр автобусны камерууд нэг сүлжээнд холбогдож байгаа юм. Мөн аппликэйшнээс хянах боломж бүрдэж байна.

Энэхүү аппликэйшнийг энгийн иргэн ашиглахгүй. Зөвхөн цагдаагийн байгууллага, нийтийн тээвэр үйлчилгээний газар, тухайн автобус баазууд ашиглах юм байна. Ингэснээр халаасны хулгай болон бусад төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд ач холбогдолтой болж байгаа ажээ.

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, ахмад Н.Батцэнгэлээс зарим зүйлийг тодрууллаа.


-Халаасны хулгайн гэмт хэргийн 18 орчим хувь нь автобусанд үйлдэгддэг гэсэн судалгаа байсан. Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт одоогоор хэдэн хувьтай байна вэ?

-Халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 39 хувиар өссөн байгаа. Тухайн үед халаасны хулгай гаарах хандлагатай байсан учраас Нийслэлийн цагдаагийн газраас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулснаар халаасны хулгайн гэмт хэрэг 60 хувиар буурсан байна.

-Камер байршуулснаар ямар үр дүн гарна гэж тооцоолж байна?

-Бүх автобусыг камержуулснаар халаасны хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах үүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудал шийдэгдэх ач холбогдолтой. Мөн нэгдүгээр эгнээгээр зорчсон, автобусны буудал дээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдийн зөрчлийг давхар илрүүлэн хянаж, торгуулийн арга хэмжээ авна. Камерыг авто тээврийн улсын байцаагч нар өдөр бүр хянаж ажиллана. Шалгагч нар давхар ажиллаж бэлэн мөнгөөр зорчих зөрчилд хяналт тавина.

-Бүх чиглэлийн автобусанд суурилуулсан уу?

-Улаанбаатар хотод ажлын өдрүүдэд 970 орчим, амралтын өдрүүдэд 650 орчим автобус үйлчилгээнд явж байна. Нийтдээ 1226 автобусанд суурилууллаа. Автобус бүрт дөрвөн ширхэг камерыг суурилуулсан.

-Автобусны камеруудтай холбогдсон аппликэйшний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эрх бүхий байгууллагын ажилчид аппликэйшн ашиглаж автобусны камерыг гар утаснаасаа хянах боломжтой. Камерын бичлэг 15 хоног хадгалагдана. Иргэн автобусанд эд зүйлсээ алдсан бол яаралтай цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай. Улмаар цагдаагийн байгууллага цаг алдалгүй хяналтын камерыг шүүж үзнэ. Ингэснээр автобусан дахь халаасны хулгайч гишгэх газаргүй болж байгаа юм. Цаг алдахгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд хулгайлагдсан эд зүйлсийг олоход илүү хялбар болно гэсэн үг.

-Камерыг хэдэн жил ашиглах боломжтой вэ. Камер суурилуулсан автобус хэрэглээнээс гарлаа гэхэд дараагийн автобусанд суурилуулж болох уу?

-15 жилийн эдэлгээтэй. Хэдэн ч автобусанд сольж суурилуулж болно.

-Томоохон аж ахуйн нэгж худалдааны төвүүдэд царай таньдаг камерыг суурилуулсан. Энэ камерын тухайд царай таних боломжтой юу?

-Одоогоор үгүй. Цаашдаа хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдвэл илүү боловсруулах боломжтой. Одоогийн байдлаар Хархорин худалдааны төв дээр л царай таньдаг камер суурилуулсан байгаа.

-Автобусанд эд зүйлээ алдсан иргэн камер яаж шүүлгэх вэ?

-Эхлээд цагдаагийн байгууллагад хандана. Өргөдөл гаргасны дараа цагдаагийн байгууллага яаралтай арга хэмжээ авч ажиллана.

-Цагдаа нар сэжиг бүхий, бүртгэлтэй этгээдүүдийг зүс мэддэг ч гар утсаа алдсан иргэдийн хохирлыг барагдуулахад хойрго ханддаг гэх шүүмжлэл байдаг шүү дээ?

-Иргэд эд зүйлсээ хулгайд алдчихаад цагдаагийн байгууллагад бүртгүүлэлгүй өнгөрөх тохиолдол олон. Энэ нь өөрөө халаасны хулгайчдыг өөгшүүлээд байдаг талтай. Энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь илрүүлэхэд хүндрэл гардаг байсан л даа. Гудамжны камер, автобусны буудлуудын камерыг шүүнэ гээд ажиллагаа их байсан. Зарим нь тэр бүр шаардлага хангахгүй байх тохиолдол бий.

Одоо автобусанд халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэхэд камерууд нь нэгдсэн сүлжээнд холбогдсон учраас шүүгээд ямар сэжигтэй этгээдүүд тухайн цаг мөчид автобусаар үйлчлүүлсэн нь тодорхой болно. Гэмт хэрэг үйлдсэн байж болох этгээдийг олж илрүүлэхэд шуурхай байдал хангагдана гэсэн үг. Ер нь технологийн дэвшлийг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд ашиглаад эхэлсэн. Камераар хэргийг түргэн шуурхай илрүүлэх ажиллагаа явагддаг. Нийтийн тээврүүд бүрэн камержуулагдлаа. Нийтийн тээвэрт үйлдэгдсэн гэмт хэргүүд баримт болон бичигдэж үлдэх болж байна. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ аливаа асуудал гаргахад таны үйлдэл баримт болж үлдэх нь гэдгийг ойлгох хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Монгол залуус евро стандартыг нутагшуулж байна

Хаалга, цонх үйлдвэрлэлийн европ стандартыг Монголд нутагшуулахаар ажиллаж буй “MAK Euro Windoor” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Сэргэлэн сумыг зорилоо.

Баянзүрхийн товчооноос цааш гараад л эргэлдсэн улаан шороотой золгов. Улаанбаатар хот болон Налайх дүүргийг холбосон зам засварын ажил ид дундаа өрнөж байна. Налайх дүүргийн урдхан талаар баруун гар тийш салж жаахан яваад л үйлдвэрийн байранд хүрч очлоо. Өнгөрсөн оны долдугаар сард л барилгын ажил нь эхэлж байсан талбайд өнөөдөр хоёр давхар цэвэрхэн цагаан байшин сүндэрлэсэн байна. Үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын эхээр болжээ.

Үйлдвэрийн байрны гаднах орчны тохижилтод ач холбогдол өгсөн бололтой. Тойруулаад ногоон байгууламж байгуулахаар зэхэж 10000 орчим м квадрат талбайг зүлэгжүүлж, 1000 гаруй мод тарьжээ. Ажилчид амьдарч ажиллахад таатай орчин бүрдүүлснээр хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ гэж үзжээ. Зүгээр мод суулгаад арчлалгүй орхичихоогүй байна лээ. Гаднах орчны тохижилтын ажлыг зүлэгжүүлэлтийн “Соёолж” компани хариуцаж байгаа аж.

“Скай ресорт” цанын баазын гольфын талбай шиг байгууламж энд бүрдэх гэнэ. Евро стандартыг нутагшуулахаар ажиллаж байгаа нь гаднах ногоон байгууламжаас нь л харагдана. Үйлдвэрийн босгоор алхахад л гоёмсог сийлбэртэй бүдүүн багана, шилэн байгууламжуудыг харахад барууны орны хаа нэгтээ очсон мэт сэтгэгдэл төрж байна.

Бүрэн автомат “МАК Euro Windoor” үйлдвэр үндсэн гурван хэсэг болон офиссын хэсгээс бүрджээ. Долоон мянган метр квадрат талбайг хамарсан гэдэг утгаараа энэ чиглэлийн үйлдвэрийн объектууд дундаа Монголдоо томд тооцогддог юм байна. Зөвхөн хөнгөн цагаан хүрээтэй хаалга, цонх, фасад үйлдвэрлэх хэсэг нь жилдээ 30 мянган метр квадратыг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх боломжтой. Мөн шил боловсруулан вакумжуулах тасаг нь жилд 30 мянган метр квадратыг үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Харин модон цонх хаалганы тасаг нь жилд зургаан мянган метр квадратыг боловсруулж зах зээлд нийлүүлэх ажээ. Ирэх намар цонх, хаалганы рамыг хуванцар бэлтгэж гаргах тасаг нээхээр төлөвлөсөн байна. 10 мянга орчим сая долларын хөрөнгө оруулалтаар боссон энэ үйлдвэр таван жилийн хугацаанд ашгаа нөхнө гэх тооцоо гаргажээ. Аль хэдийнэ захиалгад дарагдаад эхэлсэн бололтой. Ажилчид нь үйлдвэрийн байрандаа завгүй харагдсан. Томоохон бүтээн байгуулалт болох 2021 онд Яармагийн дэнжид ашиглалтад орох мөсөн ордны шилэн байгууламжийг энэ үйлдвэр байгуулах юм гэсэн. Үйлдвэрийн гурван хэсэг 56 ажилтантай юм байна. Ажлын цаг өглөө 8:00 цагт эхэлж 20:00 цагт өндөрлөдөг гэнэ. Энд гол төлөв Налайх дүүргийн иргэд ажилладаг юм билээ. “МАК Euro Win­door” үйлдвэрийн ерөнхий менежер Х.Батцэнгэл “Иргэд байр гэхээс илүү амины орон сууц сонирхдог болсон. Үүнийгээ барихад хаалга, цонх нь цантаж дулаан алдах, доогуураа гажихаас эхлүүлээд олон асуудалтай тулгардаг. Энэ нь манай байгаль цаг уураас шалтгаалдаг. Зөвхөн цонх хаалган дээр ч биш, барилгын материал дээр евро стандарт дэлхийд үнэлэгддэг. Тэр утгаараа дэхийд үнэлэгдсэн стандартын тоног төхөөрөмжийг суурилуулж хаалга, цонх үйлдвэрлэж байгаагийн зорилго хэрэглэгч айл өрх, албан байгууллагын ая тухыг хангахад чиглэж байна. Манайд зундаа 40 градус хүртэл хална, өвөлдөө тэр хэмжээнд хөрдөг эрс тэс уур амьсгалтай. Ийм нөхцөлд зориулж эд материалаа сонгосон” гэв.

Үйлдвэр л дуу чимээтэй, тоос шороотой орчин байдаг гэх хэвшмэл ойлголт манайханд байдаг. “МАК Euro Windoor” үйлдвэрийн ажилтнууд саруулхан том зааланд тааваараа ажилладаг юм билээ. Энд мод өргөөд хэдэн талаас дамжлаад дааж ядан явах шаардлага алга. Ажилтнууд нь машинуудынхаа дэргэд дэлгэц хараад л команд өгөөд сууж байдаг юм билээ. Бүх тоног төхөөрөмж нь бүрэн автомат учраас үйлдвэрлэлийн явцад технологийн алдаа гарна гэсэн ойлголт байхгүй. Гар хийцийн аргаар хаалга болон цонхны рам бэлтгэхэд жаахан л тооцоо алдахад гажилт үүсч, сийгэж эхэлдэг аж.

Үйлдвэрийн хоёрдугаар давхарт ажилтнуудад чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх орчинг бүрдүүлж өгчээ. Ажлын алжаалаа тайлаад суух кофе шоп, зурагт үзэнгээ, интернэтээр аялаад тухлах амралтын өрөө, салхилаад суух тавцангаас авахуулаад тэнд байхгүй юм алга. Мөн эсрэг талын корпусдаа спорт заал, бялдаржуулах танхимтай юм билээ. Ажилтнуудынхаа тав тухтай орчинг бүрдүүлэхэд дээд зэргээр анхаарсан нь илт мэдрэгдэнэ

Энд Германы Schueco брэндийн хөнгөн цагаан хаалга, цонх, фасадыг Schucal программын дагуу үйлдвэрлэдэг юм байна. Харин модон цонх, хаалга үйлдвэрлэх хэсгийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Германы Weinig компаниас нийлүүлжээ. Энэ нь нэг ээлжинд л энгийн хийцтэй 20-25 цонх үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлийн шугамтай гэнэ. Үйлдвэрт модон болон хөнгөн цагаан хосолсон загваруудаар захиалагчийн хүссэн хэмжээгээр үйлдвэрлэх юм байна.

Өндөр чанарын шаардлага хангасан модыг ОХУ-ын Сибирээс татаж герман технологиор боловсруулдаг аж. Энэ нь хүний эрүүл мэндэд сайн нөлөөтэй юм байна. Модон хаалга, цонх хэрэглээний явцад гаждаг гэх хэвшмэл ойлголтыг хуучирсан технологийн хамт халах ач холбогдолтой гэнэ.

Шилэн багц үйлдвэрлэх автомат тоног төхөөрөмжийг Австрийн Lisec компаниас нийлүүлжээ. Шил зүсэх, багцлах шугам нь 2400мм х 3600мм хүртэл хэмжээтэй энгийн болон түрхлэгтэй шилийг хүлээн авч битүүмжлэн хоёр болон гурван давхраар шилэн багц үйлдвэрлэдэг юм байна. Шил багцлах шугам нь аргон хий шахах болон бусад үйлдлийг автоматаар хийж гүйцэтгэснээр дулааны алдагдал багатай шилэн багц үйлдвэрлэх боломжийг олгодог юм байна.

Харин цонх үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эдээ хойд хөршөөс татдаг гэсэн. Үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлсэн Германы Weinig, Австрийн Lisec компаниас мэргэжилтнүүд ирж монгол ажилчдад сургалт явуулжээ. Улмаар цонх хаалга үйлдвэрлэх хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр ажиллах чадварыг манай залуус чадварлаг эзэмшсэн байна.

Шил зүсэхэд л ухаалаг компьютерийн тооцооллын дагуу эдийн засгийн хувьд хэмнэлттэй хэмжээгээр зүсэж, тааруулж хаягдал бага гаргадаг юм билээ. Зүссэн шилээ дараагийн шат дамжлагын машинд оруулснаар хоёроос гурван давхраар нь вакумжуулан гаргадаг аж. Вакумжуулсан шилний хооронд аргон хий шахсанаар дулаан алдагдал гарахгүй давуу талтай байдаг юм байна.

“Манайд энэ төрлийн тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчин байхгүй. Барилгын инженерийн мэргэжилтэй залуусыг ажилд аваад л тоног төхөөрөмж нийлүүлсэн компаниудаас мэргэжилтнүүдийг урьж сургалт явуулсан. Манайхан ч богино хугацаанд эзэмшиж авсан. Монгол залуус дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг чадварлаг эзэмшиж, чанартай цонх хаалга үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна” гэж үйлдвэрийн ерөнхий менежер Х.Батцэнгэл ярилаа.

Эрүүл мэндэд тустай гэх модон хаалга үйлдвэрлэхэд сайн чанарын цавуу чухал байдаг юм байна. Энэ шаардлагын дагуу Германы компанитай хамтарч зориулалтын цавуу хэрэглэдэг гэнэ. Зах зээлд нийлүүлэгдэх үнийн тухайд чанар муутай цонх хаалганаас илүү тусах ч өрсөлдөхүйц хэмжээнд байхыг удирдлагууд нь онцолж байлаа. Зуслангийн байраа шинэчлэхээр зэхэж хаалга, цонхоо солих шаардлага гарсан бол “МАК Euro Win­door” –ийг зориход боломжийн үнээр чанартай бүтээгдэхүүн авах боломжтой юм билээ. Гол нь та өөрийн таалалд нийцүүлж загвар дизайнаа захиалж болно. Нарны хэт ягаан туяанаас сэргийлсэн, дулаан алдалтаас сэргийлсэн металлын түрхлэгтэй төрөл бүрийн шилнээс сонголт хийх боломжтой аж. Шилний технологийг өөрчилснөөр л дотор нь амьдрах хүмүүсийн тав тухтай орчинг шийдэх боломжтой байдаг ажээ.

“МАК” группийн бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир “Монгол Улс барилгын материалынхаа 50 орчим хувийг өмнөд хөршөөсөө худалдан авч байна. Иймд барилгын материалын худалдан авалтад зориулагдсан гадаад валютын урсгалыг багасгах, өндөр чанартай бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх бодлого зорилтыг МАК компани үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлдээ тусгасан. Бид ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн өндөр автоматчилал бүхий тоног төхөөрөмжтэй, жилдээ 30000 м квадрат хаалга, цонх, шилэн фасад үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэ үйлдвэрийг манай монгол залуучууд ажиллуулж, хөнгөн цагаан, мод, хуванцар хүрээтэй, хийн дүүргэлт бүхий хоёроос гурван давхар шилэн суулгацтай цонх, хаалга, шилэн фасадыг хэрэглэгчдэд санал болгохоос гадна ганжуулсан төрөл бүрийн хэлбэр дүрс бүхий шилэн хийцийг нугас түгжээний хамт багцлан угсарч үйлдвэрлэх болно. Энэ бүтээгдэхүүнүүд маань манай орны байгалийн эрс тэс уур амьсгалд бүрэн зохицсон, угсралт суурилуулалтын цаг хугацааг хэмнэсэн, евро стандартын шаардлагыг хангасан, хийц загварын хувьд олон сонголттойгоороо онцлогтой. Цаашид эх орныхоо эрдэс түүхий эдийг ашиглаж барилгын интерьер, гоёл чимэглэлийн хавтан, бетоны хийн хоёроос гурван жижиг үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх дараагийн зорилтоо тодорхойлоод байна” гэж хэлсэн юм.

“МАК Euro Windoor” компанийн мод болон хөнгөн цагаан рамтай цонх хаалга, фасадны захиалга авч зах зээлд нийлүүлэхэд бэлэн болжээ. Хуванцар рамтай цонх, хаалгыг ирэх аравдугаар сараас эхэлж худалдаанд гаргах гэнэ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ном ярьж өгье: Андре Пирло “Би сэтгэдэг учраас тоглодог”

“Дэлхийн аварга”, “Аваргуудын лиг”-ийн хошой аварга, Италийн “Сери А”-гийн зургаан удаагийн аварга, Андре Пирлогийн “Би сэтгэдэг учраас тоглодог” номыг спортын сэтгүүлч Г.Баярсайхан орчуулжээ.

Хөлбөмбөгийн ногоон талбайд “жанжин” гэж хүндлэгддэг Андреа Пирлогийн 1990-ээд оны эхнээс 2014 он хүртэлх хөлбөмбөгчний баялаг замналын тухай, AC Милан, Ювентус, Интер Милан клубүүд, Италийн үндэсний шигшээ багт тоглож байсан сонирхолтой түүхийг эндээс унших болно.

Фанатууд хөлбөмбөгийн талбай дахь Пирлог сайн мэднэ. Харин талбайн гаднах Пирлог төдийлөн сайн танихгүй. Энэ ном таныг агуу, цуут хөлбөмбөгчийн өвөрмөц сэтгэмж, дотоод ертөнц, ертөнцийг үзэх үзэлтэй ойртуулна.

2005 онд Ливэрпүүлд хожигдсоны дараа “Босфорын гүүр”-нээс нисчихмээр санагдсан Истанбулын гунигт үдэш, 2006 онд Зенедин Зиданий Францыг хожиж Дэлхийн аварга цом өргөсөн гэрэлт дурсамж, Пеп Гуардиолатай хийсэн нууц уулзалт, төрөлх баг “АС Милан”-ыг орхисон шалтгаан, Рино Гаттузог хэрхэн шоглодог байсан инээдэмтэй түүх, нарлаг Испанид тоглох бага насны мөрөөдөл нь бүгд энэхүү номд бий.

Тэртээ 2005 онд аваргуудын лигийн шигшээ тоглолтод Английн Ливерпүүл клубийг 3:0-ээр хожиж аваргуудын лигийн цом атгачихаад, хоёрдугаар үед ялагдсан харамсалтай түүхийнхээ талаар “2005 оны Аваргуудын лигийн финаль Истанбулын гунигт үдэш Ержи Дудекийн зэвүү хүргэм бүжиг. 69 мянган үзэгч эргэн тойронд байгаагүй бол би тэр алиалагчид жинтэй шанаа өгчихмөөр санагдаж байлаа. Тэр биднийг давс, кетчупээр амталж байгаад нэг нэгээр нь “Циклоп” шиг зажлалгүй залгичихсан юмдаг. Тэгээд л тэр. Эхлээд Сержиньо, тэгээд би, дараа нь Шева торгуулийн цохилтоо алдсан. Шевченко сүүлийн цохилтыг алдаж, копуудын уухай Ататурк цэнгэлдэхийг дөжрүүлэхтэй зэрэгцэн сэтгэлийн тэнхээгээр хооллодог шимэгч хорхой миний зүрх рүү часхийтэл хошуугаа шигтгэх нь тод мэдрэгдэж билээ” гэж дурсчээ.

Сүүлд 2007 оны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод өнөөх Ливерпүүлтэйгээ дахин тулж 2:1-ээр хожиж “даагаа нэхсэн” талаараа ч дэлгэрэнгүй бичжээ.

Мөн тухайн үеийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчид болох Кака, Украины домог Андрей Шевченко, Бразил хаалгагч Дида нартай мөр зэрэгцэн талбайд гарч байсан дурсамжаасаа хуваалцсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан

Түргэн тусламжийн машин замын хөдөлгөөнд оролцох үед санаатайгаар саад учруулсан явдал сүүлийн долоо хоногт хэд хэд бүртгэгджээ. Яаралтай тусламж үзүүлэх машинд зам тавьж өгөлгүй саатуулсны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж ухаан алдсан тохиолдол хүртэл бүртгэгджээ. Мөн ДК дугаартай тээврийн хэрэгсэл гарц эмнэлгийн гарц хааж тавьснаар түргэн тусламжийн төвийн ажилчдад хүндрэл учруулжээ. Энэ талаар Нийслэлийн түргэн тусламжийн авто баазын ерөнхий инженер З.Орхонсүрэнтэй ярилцлаа.


-Иргэн хутгалуулсан дуудлагад явж байсан түргэний тэрэгт саад хийсэн явдал гарсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ сарын 24-ний өдөр л дөө. “Хутгалуулсан иргэн цус алдаад байна” гэх дуудлага хүлээн авсан юм. Яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд амь нас нь эрсдэх ч аюултай. Манай ажилтнууд яарч явахад нь өмнө саарал өнгийн жижиг тэрэг саад болсон байгаа юм. Нарийхан зам дээр зөрөх боломж байхгүй. Манай ажилтан “Хутгалуулсан хүн цус алдаад байна. Яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай ” гэхэд ахимаг насны эрэгтэй “Надад хамаагүй. Би бас ажилтай явж байна” гэж хэлээд бууж ирээд утсаараа зураг дарж, бичлэг хийсэн байгаа юм. Цаг алдсаны улмаас өвчтөн гүн шоконд орж ухаан алдсан байсан. Эмч шаардлагатай үед зөв арга хэмжээ авснаар амь нас нь аврагдсан.

-Саян таны ярьсан тохиолдлоос гадна ДК дугаартай машин түргэн тусламжийн тэрэг хөдөлгөөнд оролцоход саад учруулсан гэсэн. Тухайд үед юу болсон юм бэ?

-“Зүрх муутай иргэний нуруу нь хугарлаа” гэсэн дуудлага энэ сарын 25-ны өдөр бүртгэгдсэн юм. Дуудлага хүлээн авсан даруйдаа богино хугацаанд хүрч шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж эмнэлэгт хүргэж ирсэн байгаа юм. Гэтэл ДК дугаартай машин түргэний машины гарцыг нь хаагаад зогсчихсон байсан. Өвчтөнд яаралтай эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Манай ажилтнуудад их хүндрэл учруулсан байна лээ.

-Энэ мэт түргэн тусламжийн машинд саад учруулсан тээврийн хэрэгсэлд хариуцлага хүлээлгэх хуулийн ямар заалт байдаг вэ?

-Ийм хар амиа хичээсэн бүдүүлэг зан суртахуун гаргасан хүмүүст хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт дутмаг байна. Торгоод, сайндаа л жолоодох эрхийг нь хасаад явуулдаг. Иймд хүмүүс эмнэлгийн түргэн тусламжийн машинд тоомжиргүй хандаад байдаг юм. Цагдаагийн машинаас бол айгаад сүнс нь зайлна. Тэдэнд дүрэм зөрчсөн жолоочид шууд хариуцлага тооцох эрх нь байдаг. Харин 103-ын түргэний тэрэгний жолоочид торгоод явуулах эрх байдаггүй болохоор тоохгүй.

Түргэн тусламжийн машинд саад болсноор та нэгэн гэр бүлийн элэг бүтэн амьдралд заналхийлж байгаа хэрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Түргэний машин таны хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж цаг алдаж хүний амь эрсэдвэл хариуцлага нь Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирдэг. Бид үүргээ биелүүлж чадаагүй мэт нийгэмд ойлголт өгдөг. Гэхдээ 10 жилийн өмнөхийг бодвол замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд соёлтой болсон шүү. Болдоггүй хүмүүс ч бас байна.

-Нийслэлийн түргэн тусламжийн төвд өдөрт хэдэн дуудлага бүртгэгддэг вэ. Дуудлага хүлээн аваад явахад замын хөдөлгөөнд оролцогчид ямар хүндрэл учруулж байна?

-Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс хоногт 43 машин үйлчилгээнд явдаг. Үйлчилгээнд явахад ачаалалтай үед дуудлага түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд замын түгжрэл хүндрэл учруулдаг. Мөн иргэдийн ухамсрын асуудал байдаг л даа. Яаралтай дуудлага үйлчилгээнд явж байхад зам хаших, гарц хааж тээврийн хэрэгслээ байршуулах зэргээр саад бэрхшээл учруулдаг. Зарим нь энэ талын мэдээлэл хомс байдаг байх. Зориудаар ч зам хааж, хаших тохиолдол байдаг. Түргэн тусламжийн машин хүний амь аврахаар минут секундтэй уралдаж ажил үүргээ гүйцэтгэдэг.

-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал яригдаж байгааг ухамсарлахгүй байна уу?

-“Би” гэсэн үзэл өнөөгийн нийгэмд давамгайлаад байна. “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн үзлээр замын хөдөлгөөнд оролцдог. Би энэ уулзварыг түрүүлж нэвтэрч л байвал цаана нь хүн нас барна уу, тахир дутуу болно уу гэдэг хамаагүй байна л даа, манай зарим жолооч нарт. Өөрсдийнхөө амраг садан, ах дүүсээр зүйрлэж үзэх хэрэгтэй. Зай л гарвал хамраа чихэх гэж дайрдаг улс байдаг шүү дээ.

-Маяакийг зориулалтын бусаар ашиглаж байна гэх гомдол их байдаг?

-Нийслэлд олон хувийн эмнэлгүүд бий болсон л доо. Тэр бүхэн дуудлагын түргэний машинтай. Жолооч нар нь хувийн хэрэгцээндээ ашигладаг, үгүйг би мэдэхгүй юм. Мэргэжил арга зүйгээр хангагдаагүй, хэн нэгэн дурын нөхрийг жолоочоор ажилд авсан байдал нь иргэдэд буруу хандлага өгөөд байдаг. Нийслэлийн түргэн тусламжийн машинууд тусдаа логотой, таних тэмдэгтэй байдаг. Зориулалтын дагуу л ашигладаг. 103-ын тэргийг жолооч нь ганцаараа жолоодоод хөдөлгөөнд оролцож явахад “Энэ хувийн ажлаа хийж явна” гэж хардаад байдаг. Шаардлагатай үед эмч нарын тасалгаанд өвчтөн тусламж үзүүлээд явах тохиолдол байдаг. Жолооч бол замын нөхцөл байдлыг зөв тодорхойлоод хурдан шуурхай эмнэлэгт үзүүлэх гээд л явж байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадам зүүдэлж зүүрмэглэсэн “Наран хонгор”-ын уяанд саатлаа

Тод манлай уяач Д.Даваахүүгийн уяа Хүй долоон худаг. 2019.06.25

Өнө эртний түүхтэй Хүй мандалын ногоон дэнжид уяачдын их ажил ид өрнөж байна. Даага эргэдэг Цагаан хөтөлийн орчмоор уяачид гэр, майхнаа бариад хурдан хүлгийнхээ уяа сойлгыг нь засч сууна. Хүлгүүд нь уяан дээрээ үүрсч, хүүхдийн гийнгоон дуу цангинатал шуранхайлж сэтгэл баясгаад монгол наадам удахгүй болох нь ээ.

Энд Монгол Улсын тод манлай уяач Н.Даш-Өлзий, Монгол Улсын тод манлай уяач Б.Энхболд, улсын манлай уяач Б.Энхтөр, “Дааган Цэндээ” нэрээр олонд танигдсан манлай уяач Ц.Цэнд-Аюуш нарын гал айлсжээ.

Бид төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн хөдөлмөрийн баатар, улсын тод манлай уяач Данзаннямын Даваахүү гуайн галд саатлаа. Өвгөн уяачийн уяа өнөр байна. Гол төлөв, хул хонгор зүсмийн 30 орчим морьд уяатай харагдлаа. Бүгд л улс, бүсийн чанартай томоохон наадмуудад дээгүүр давхиж танигдсан хүлгүүд аж.

Уяатай морьдын хамгийн дээд талд нь өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын азарганы уралдаанд айргийн гуравт хурдалсан “Наран хонгор” азарга нь налайгаад тайван гэгч зогсож байна. Хажууханд соёолон насандаа улсын наадамд арваннэгээр давхисан “Саран хонгор” азарга уяатай зогсоно. Өнөө жил хавчиг азарга тун хурдан байгаа гэсэн.

Наран хонгор азарга

Д.Даваахүү гуайн хүү улсын алдарт уяач Баянбат уяан дээрээ ирчихжээ. Аавынхаа ажилд туслаад заавар зөвлөгөөг нь анхааралтай сонсож, санаа оноогоо нэгтгэж сууна. Энэ өдөр эдний уяаныхан бага сунгаагаа хийж байна. Эцэг малаа эхэнд нь мордуулдаг монгол ёсоор азаргаа сунгаж байна. 10 орчим азарга гарааны зурхай руу хөдөллөө. Зургаан км-ээс сунгахад “Наран хонгор” өнгөндөө, бөгтөрдүү жижигхэн хээр азарга зуузай холбоод л хөл чангатай орж ирлээ. Д.Даваахүү гуайн унаган адуу энэ хээр азарга өнөө жил анх удаагаа л Хүй мандалын ногоон дэнжид тоосоо өргөж том адуунуудтай шандас сорихоор сойгдож байгаа юм байна. Алдарт Тогоруу халтарын төлийн төл энэ азарга төрийн наадамд дээгүүр давхих хүлгүүдийн тооцоонд байгаа юм гэсэн.

Хүрэн азарганы ард үүдэн хойморын зайтай “Саран хонгор” азарга нь орж ирж байна лээ. Энэ уяаны азарганууд ер нь хурдан байсан шүү. Тод манлай Д.Даваахүү “Наадам дөхөөд сайхан байна аа. Хүүхдүүдтэйгээ энэ дэнжид гарахаар бага нас бодогдоод сайхан байдаг юм. Ах нь 1956 оноос эхлээд энэ сайхан дэнжид гарч наадаж байна даа. Таван настай жаахан хүү аавынхаа хурдан буянгуудыг унаж уралдаж эхэлсэн. Тэр цагаас хойш 63 жил өнгөрсөн байна. Энэ уяанаас мордсон 14 азарга төрийн наадамд өнгөлж байсан юм даа. Засгийн, хүний, өөрийнх гээд 10 гаруй их насны морь наадамд сойж түрүүлгэсэн” гэж дурслаа.

Энэ уяаны бүгд л Даваахүү манлайн унаган хүлэгүүд ажээ. Сүүлийн үед хэл ам татлаад буй эрлийз монгол морь ялгах асуудал дээр сэтгэл дундуур явдаг бололтой. “Монгол наадамд, монгол хөрсөнд монгол адуу л давхиж ирсэн ирсэн уламжлалтай. Сүүлийн үед чинь дэнхийсэн өндөр, нарийхан урт хөлтэй жигтэйхэн амьтад үзэгдэх боллоо. Ийм морио тэгээд монгол гээд л уралдуулчих юм” гэж хэлж байна. Их уяач “Наран хонгор” азарганыхаа талаар “Өнгөрсөн жил жаахан дутуу мордоод айраг амссан. Өнөө жил өнгө нь аятайхан байна. Хонгор азаргаа өвөл, хаврын уралдаануудад хайрлаад мордуулдаггүй юм. Хөлийг нь авчихна. Ингэж гамнаж байж л уяач, хүлэг хоёр сая нэг юм санасандаа хүрнэ дээ” гэж хэлээд уяа руугаа алхлаа. Саяхан сунгаад ирсэн хонгор азарганы хөлс нь гүйцэд хатаагүй эвшээж байна. Төрийн наадамд түрүүлчихээд Төв цэнгэлдэхэд эвшээж мэдэхээр хүлэг энэ уяанд сойгдож байна. Өнгөрсөн жилийн дутуугаа энэ жил гүйцээж мэднэ дээ. Д.Даваахүү манлайн уяаны хул хонгор азаргануудын аль нь наадмаар цоллуулж мэднэ.

Өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын алдарт уяач Б.Баттөрийн Бидэрт халиун азарга түрүүлж улс даяар л шуугиулсан. Сумын алдартын уяанаас мордсон азарга улсын наадамд түрүүлсэн содон сонин явдлыг одоо хэр нь морь сонирхогчид ярьж л байдаг. Төрийн наадамд түрүүлсэн хөлс нь гүйцэд хатаагүй байхад “Мон Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн нэр дээр давхиулах болсныг монгол түмэн мэдэж байгаа. Давхар уяагаар уралдаж Хангайн бүсийн даншиг наадамд түрүүлж гүйцэгдэхгүй хурднаа баталсан энэ хүлэг өнөө жил Угтаалцайдамдаа сойгдож байгаа юм байна. Аймгийн шинэхэн алдарт Б.Баттөр Бидэрт халиуныхаа уяа сойлгыг тааруулж байгаа гэсэн. Булганы хангайн бүсийн даншиг наадмаас хойш давхиагүй энэ азарга Хүй мандалын дэнжид түрүүлнэ л гэж үзнэ дээ. Бороотой, газар балчигтай байвал халиун азарга өнгөлөх байх шүү гэж морь шинжээчид ярьж байна.

Өнгөрсөн жил улсын их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Бидэрт халиунтай ширүүн уралдаж үзүүр дээр дайруулж аман хүзүүдсэн улсын тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн зээрд азарга Налайхын голын хөндийд байгаа гэнэ. Өвсний соргог, усны тунгалгийг харж гол төлөв Дорнодод хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулдаг Монгол Улсын тод манлай уяач Д.Онон өнөө жил Налайхын голын хөндийг барааджээ. Тэнд ногоо эрт гарсан гэсэн. Онон манлайн уяанаас төрийн наамдын аман хүзүү зээрд азарганаас өөр наадамд дээгүүр давхих азарга хэд хэд бий. Энэ хөндийд аймгийн алдарт уяач Билэгсайхан, улсын их хурлын гишүүн Ч.Улаан нар айлссан байгаа гэсэн. Улсын алдарт А.Алтангадас хурдан хүрэн азаргаа улсын наадамд сойх юм гэсэн. Хашир уяачийн хурдан азарга улсын наадмын өнгөнд давхиж мэднэ.

2017 оны улсын их баяр наадамд түрүүлсэн Хөвсгөл аймгийн харьяат улсын алдарч уяач Түдэндоржийн Болдбаатарын “Магнай халиун” азарга хурдны өлгий Сүхбаатар аймагт байгаа гэнэ. Уяа сойлгыг туршлагатай уяач Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ тааруулж байгаа юм байна. Наадам дөхүүлээд Жаргалантын аманд буух юм гэнэ лээ. Өнгөрсөн жил есд хурдалсан халиун азарга өнөө жил айраг амсах нь дамжиггүй гэж ахмад уяачид ярьж байна лээ.

Улс, бүсийн чанартай наадмуудаас 16 удаа айраг амссан дүү хээр азарганууд энэ жил Төв аймгийн Сэргэлэн сум, Авдарын уулын өвөрт сойгдож байгаа ажээ. Дүү хээрийн уяа сойлгыг тааруулж буй улсын алдарт уяач Б.Сүхбаатар сүүлийн жилд чамбайхан уяж байгаад чанартай тавьж мэднэ. Улсын наадамд айраг амсаж сурсан л хүлэг.

Бага сунгаанд Наран хонгор өнгөлж, хээр азаргатай аман хүзүүдлээ

Их хүлэгч Д.Даваахүү морины хөлс хусч байна

Унаач хүүхдүүд

Төрийн наадамд дээгүүр давхих магадлалтай хурдан хүлгүүдийн уяа сойлгыг тандахад ийм байна. Харин хурдан их насны морьдын уралдаанд Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул “Агт-Эрдэнэ” галын уяач Шаравын Мөнгөншагайн залуу зээрд морийг түрүү магнайгаар нэрлэх уяач олон байна. Өнгөрсөн жил хүй мандалын дэнжид гүйцэгдээгүй энэ хурдан ажнай ахиад ч торгон жолоо өргүүлж мэднэ.

Мөн Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Монгол Улсын манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн морь дээгүүр уралдаж мэднэ. Хүрэн морь өнгөрсөн жил айргийн гуравт хурдалсан.

Өөр нэг хурдан хүрэн морь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монголын Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын уяанаас төрийн наадамд уралдана. Өнгөрсөн жил айрагдсан энэ хурдан хүлэг өнөө жил амжилтаа ахиулах боломжтой гэж морь сонирхогчид үзэж байна.

Мөн Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын уяанд дээгүүр давхих олон хүлэг сойгдож байгаа юм байна. Төрийн наадамд хурдан хязаалан түрүүлгэж байсан залуу уяач энэ жил их нас түрүүлгэхэд байг гэх газаргүй.

Хүй мандалын ногоон дэнжид өнөө жил ногоо эрт цухуйжээ. Уяачдын сэтгэл тэнэгэр дэлгэр сайхан зун болж байна. Эрт ногоо зуусан адуу дийлж уралддаг гэх өвгөн уяачдын сургаал байдаг. Энэ чигийн адуу өнгөнд уралдах магадлал өндөр байгаа талаар уяачид ярьж байна. Уяач бүхэн л уясан хүлэгтээ битүүхэн найдаж, ирэх наадмын өнгийг өөр өөрийнхөөрөө л харж байгаа байх. Хэний хүлэг торгон жолоо өргүүлж, хэний хүүгийн магнайд азын од гийхийг тэр өдрийн тэнгэр л мэдэх байх даа. Монгол наадам өдөр өдрөөр л ойртож байна. Наадам сайхан даа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Тамираа: Гадаадад сурдаг оюутнууд хар тамхины сүлжээний гар хөл болох эрсдэлтэй байна

Хар тамхи мансууруулах төрлийн бодис хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Гаалийн Ерөнхий газар хэрхэн ажиллаж байгаа талаар улсын ахлах байцаагч Ч.Тамираатай ярилцлаа.


-Хар тамхи хууль бусаар нэвтрүүлэх хэрэг нэмэгдэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол Улсын Гаалийн байгууллага хар тамхи мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлээд байна. 2018 оны байдлаар хар тамхи, мансууруулах бодисыг хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдэл 18 бүртгэгдсэнийг илрүүлж таслан зогсоосон. Харин он гарсаар эхний зургаан сарын байдлаар найман тохиолдол илрүүлээд байна. Эндээс хар тамхи хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан давтамж нэмэгдсэн нь харагдаж байгаа юм. Нөгөө талдаа Гаалийн байгууллагын шинэ техник хэрэгсэл ашиглаж байгаа байдал, эрсдэлд тооцож байгаа үйл ажиллагааны тактик, Гаалийн улсын байцаагч нарын ур чадвартай холбоотойгоор тоо хэмжээ нэмэгдэж байна гэж үзэж болно.

-Манайд гол төлөв аль улсаас хар тамхи мансууруулах төрлийн бодис ирж байна вэ?

-Зүүн өмнөд Азийн улс орон буюу БНХАУ, мөн Европын холбооны улсуудаас Монгол Улсад зорчин ирж байгаа иргэд хар тамхийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүд гарч байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад л улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар Монгол Улсын иргэн Г гэгч гурван кг геройны төрлийн цэвэр мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн. Энэ илрүүлсэн үйлдэлдээ цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж цаашдаа түгээх гэж байсан сүлжээг нь илрүүлэх ажиллагаа давхар хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор Гаалийн байгууллага хилээр нэвтэрч байгаа, зорчиж байгаа иргэддээ дотоод үйл ажиллагааны хүрээнд эрсдэлд тооцож мэдээлэл цуглуулах, мэдээлэл цуглуулсны үндсэн дээр аль улс орнуудаар зорчин явж байна, эрсдэлтэй бүс нутгаас ирж байна уу, дамжин өнгөрсөн үү, эсвэл үл таних хүний дайвар ачаа хүлээн авч дамжуулж явж байна уу гэдэг дээр эрсдэлд тооцож ажиллаж байгаа. Хэн нэгний дайвар ачааг авч явахдаа дотор нь юу байгааг сайтар шалгах хэрэгтэй. Европын холбооны улс орноос танихгүй хүний дайвар ачааг авч явахаас эрс татгалзахыг зөвлөж байна. Хаврын улиралд хилийн чанадад суралцдаг оюутнууд Монголд ирдэг. Эд нар хар тамхины худалдаа наймаа эрхэлдэг сүлжээний гар хөл болох эрсдэл өндөр байдаг. Оюутнуудын туршлага муутайг далимдуулж дайвар ачааг өгч явуулдаг тохиолдол элбэг. Эцэг эхчүүд харь оронд суралцаж байгаа хүүхдүүддээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч олон байгааг анхааруулж, дайвар ачаанаас татгалзахыг цаг тутам сануулж байх хэрэгтэй.

-Монголчууд гол төлөв хар тамхи зөөвөрлөх төрлийн гэмт хэрэгт холбогддог гэсэн. Шалтгаан нь юу байдаг вэ. Манайд хар тамхины хэрэглээ тийм өндөр байдаг хэрэг үү?

-Зүүн өмнөд Азийн улс орон, Европын холбооны улс орон нь хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өндөртэй улс оронд тооцогддог. Энэ талаар Монголын Гаалийн байгууллагад Дэлхийн гаалийн байгууллагаас тогтмол анхааруулга ирдэг. Энэ хоёр том гүрэнг холбож буй улс нь Монгол. Өөрөөр хэлбэл манайх хар тамхийг зөөвөрлөхөд дамжин өнгөрөх бүс нутаг болж болзошгүй гэх сэрэмжлүүлэг тогтмол ирдэг. Тийм учраас Европын холбооны улс болон Зүүн өмнөд Азируу зорчиж байгаа иргэд рүү чиглэсэн эрсдэл тооцох үйл ажиллагаа тогтмол явуулдаг. Эндээс харахад Зүүн өмнөд Азиас орж ирж буй иргэдийн ачаанд хар тамхи мансууруулах төрлийн бодис байх эрсдэл өндөр байдаг.

-Шуудан илгээмжээр гол төлөв аль улсаас хар тамхи орж ирж байна вэ?

-Сүүлийн үед Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодисыг оруулахыг завдаж байгаа үйлдэл, урсгал чиглэл улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар дамжиж карго ачаа, эсвэл түүвэр ачаа шуудан илгээмжийн ачаанд мансууруулах бодисыг далдалсан, хэлбэр дүрсийг нь өөрчилсөн байдалтайгаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гарч байгаа. АНУ болон Европын холбооны улс орнуудаас ирж буй шуудан илгээмжийн ачаанд хар тамхи нууж хилээр давуулахыг завдсан үйлдэл зонхилж байна.

-Хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх магадлал бүхий иргэдэд тандалт судалгаа явуулдаг уу?

-Хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан, завдаж болзошгүй этгээдүүдтэй холбоотой эрсдэлийн судалгаа Гаалийн байгууллагаас тогтмол явуулдаг. Энэ мэдээллээ цагдаа болон тагнуулын байгууллагатай тогтмол солилцож ажилладаг.

Categories
мэдээ цаг-үе

Жаран жилийн өмнө Ховдын 10 жилийг төгссөн нэгэн онцгой ангийнхан

Тэртээ нэгэн жарны өмнө Ховд аймгийн 10 жилийн сургуулийг 1959 онд төгссөн хамт олныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа онцолж байна.

Тус ангийнхнаас Ардын их хурлын гишүүн хоёр, Улсын их хурлын гишүүн нэг, Монгол төрийн сайд хоёр, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нэг, Монгол Улсын гавьяат цолтон тав, Доктор, профессор ес төржээ.

Тухайн үед их, дээд сургуульд элсэж суралцана гэдэг өндөр босго байсан гэдэг. Харин тус төгсөлтийн 74 сурагч Монгол Улсын Их сургууль, Багшийн дээд сургууль, Хөдөө аж ахуйн дээд сургуулиудад хуваарь авч байжээ. Энэ төгсөлтөөс 11 сурагч дээд боловсрол эзэмшихээр хилийн чанадыг зорьсон байна.

Тэр үед сургуулийн захирлаар баруун Алтайн түмний дунд “гялаан багш” хэмээн хүндлэгдсэн гавьяат багш Зулын Цагаанхичиг ажиллаж байжээ. Ховдын арван жилийн сургуульд боловсорсон гавьяатнууд олон. Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал дарга энэ өргөөнд боловсорч их аяндаа мордож байсан түүхтэй.

1959 оны зургадугаар сарын 25-ны өдрийн захирлын тушаалаар “1958-1959 оны хичээлийн жилийн төгсөх ангийн шалгалтад бүх хичээлдээ онц сурлагын амжилт үзүүлсэн 10А ангийн сурагч Гомбын Цогбадрах, Дамдины Зинээмэдэр, 10Б ангийн сурагч Түвдэнгийн Гун-Аажав нарыг сайшаалын үнэмлэх ба номоор шагнасугай” гэсэн Цагаанхичиг захирлын гарын үсэг бүхий тушаал, дүнгийн хавтгайгаа дуурсгасныг жаран жилийн хугацаанд үрэгдүүлэлгүй, үнгэж үрчийлгэлгүй нандигнан хадгалж иржээ.

Жаран жилийн түүхтэй ангийнхныг төгсөхөд хичээлийн эрхлэгч нь нэрт сурган хүмүүжүүлэгч Моксын Дорж багш байж. 10А-гийн анги даасан багшаар түүхийн багш Нинжийн Баарай, 10Б-гийн багшаар А.Далхсүрэн нар ажиллаж байжээ.

Физикийн Жамбын Түмэнжаргал, Математикийн Ч.Мудгаа, Б.Бааст гээд хүндтэй багш нараа өдгөө шавь нар нь дурсч байна. Хожим нь Ховд аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар нэр төртэй ажиллаж байсан Түмэнжаргал багш нь одоо сэрүүн тунгалаг байгааг шавь нар нь бахдан ярьцгаалаа.

Тэдний гадаад дотоодын их, дээд сургуульд элсэж байсан жараад он бол Монголын Улс ардын аж ахуйн бүхий л салбарт шинэ эргэлт ирсэн, улс орны хөгжил дэвшлийн жинхэнэ алтан он жилүүд байсан аж. Тиймдээ ч 10 жилийг 74-үүлээ төгссөн тэд бүгд дээд боловсрол эзэмшиж Монголын эдийн засаг, шинжлэх ухаан, улс төр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт дор бүрнээ хүчин зүтгэж иржээ.

Ангийн анхны гавьяат нь “Номин Холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулагч А. Шагдарсүрэн юм байна. Тэрбээр УИХ-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор, профессор цолтой нэгэн. Ховдын минжит Булганы торгууд дундаас тодорсон эл эрхэм “Үнэндээ бид 10 жилийг “А”, “Б” гэсэн хоёр бүлэг төгссөн хэдий ч хэн нь “А”, хэн нь “Б”-ийнх гэдгээ ялгадаггүй, нэг л ангийнхан. Хөдөө хээр цугларахаараа ёстой л дунд сургуульд байсан зангаараа тоглож наадаж,барилдаж уралдаж, янз бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Шатарт гэхэд Г.Лхамсүрэн (Гурилын үйлдвэрийн нэгдлийн дарга асан), С.Батхуяг (Эрчим хүчний яамны сайд асан), О.Чимэд (Ерөнхий сайд асан Сайханбилэгийн аав), Л.Чимэддорж (багш), Н.Мишигдорж (Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Улсын их хурлын гишүүн асан), С.Даваа (багш, шатрын спортын мастер) нарын нэг нь шалгарна. Дуу, бүжгийн тэмцээнд хүний их эмч Б.Ившинхүү (Гадаад хэргийн сайд асан, Улсын их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын ээж),Худалдааны тэргүүний ажилтан Л.Сумъяа (Монголын залуучууд оюутны их наадмын алтан медальт) нар тэргүүлнэ” гээд чухам нүдэнд харагдтал дүр дүрслэлтэй хуучлав. Мөн тэрбээр “Монголд биофизик хэмээх нэгэн шинэ шинжлэх ухааны салбарыг анх үүсгэн байгуулж, цааш олон жил удирдан хөгжүүлсэн нь манай ангийн Монгол Улсын гавъяат багш, ШУ-ны доктор, профессор Т.Гун-Аажав, ШУ-ны доктор, профессор Д.Нямаа нар ажээ. Т.Гун-Аажав бол биофизикийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан манай орны анхны эрдэмтэн. Нямаа маань ШУА-ийн Химийн болон Физик-техникийн хүрээлэнгүүдийн захирлаар ажиллаж байлаа” гэж ангийн хоёр нөхрөө тодотгов.

Гавьяат эдийн засагч Н.Мишигдорж МАХН-ын төв хорооны хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Хойд хөршдөө Монгол Улсаа төлөөлж Элчин сайдаар сууж байсан ахмад дипломатич, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины “Найрамдал” одонгийн эзэн Ардын их хурлын депутатаар хоёр удаа сонгогдож байсан, эдийн засгийн ухааны доктор профессор хүн. Түүний бичсэн ном товхимол, өгүүлэл нь орос, герман, польш, фин хэл дээр нийтлэгдсэн байдаг.

Ангийн таван гавьяатын нэг доктор, профессор Хоохдойн Чагдаа наяад оны эхэн үеэс Ховд дахь Улсын багшийн дээд сургуулийг байгуулалцаж хичээлийн эрхлэгч, багш, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллан, олон ном бичсэнээс “Монгол малчны амьдрахуйн ухаан” номыг нь Соросын сан үнэлж авсан байдаг.

Ховдын Булганы торгууд, эдний ангийн бас л “гавал” докторуудын нэг Цагаандайн Отгоо гавьяат нь МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд олон жил секторын эрхлэгч, төслийн удирдагчийн ажлыг хариуцаж ажилласан шинжлэх ухааны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн юм. Түүний хүү О.Батнасан нь өдгөө баруун Алтайн түмний итгэл хүндэтгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдон төр түшилцэж байна.

Эрчим хүчний үйлдвэрийг удирдах газарт инженерээс Эрчим хүчний Яамны сайд хүртэлх албыг хашсан Содовын Батхуяг нь 1997 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн эрчим хүчний хүрээлэнд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, Москвагийн Эрчим зүйн шинжилгээ, судалгааны Их сургуулийн хүндэт профессор нэгэн билээ.

Аграномич Түвшингийн Батжав “Ч.Сэмбээ, Г.Жудай, А.Чойжил, М.Ёндон, Д.Дамираа, Б.Цагаанхүү, Б.Дуламсүрэн, З.Далхжав нарын бидний хэсэг нөхөд ХААДС-д элсэж дотуур байранд хамтдаа амьдарч, хичээл номоо хамт хийж, бие биедээ туслан дотно үерхэж байсан нь сэтгэл зүрхэнд мөнхрөн үлджээ” хэмээн оюутан ахуй цагаа дурслаа. Мөн ангийн нөхөр Д.Баастын тухайд Геофизикч мэргэжил эзэмшиж Ховд аймгийн усны аж ахуйн удирдах газарт хайгуулын инженерээр ажиллаж мал сүргийг усаар хангах их үйлсэд хувь нэмрээ оруулан үр бүтээлтэй ажиллаж байсныг би нэг системийн байгууллагад ажиллаж байсны хувьд сайн мэднэ” хэмээн элгэн халуун сэтгэлээр хэлж байв.

Уг ангийнхнаас хэд хэдэн хос төрсний нэг нь Л.Сономцэрэн Г.Аюушжав нар юм. Л.Сономцэрэн нь ЗХУ-ын Ленинград хотын Репиний нэрэмжит Урлагийн дээд сургуулийн урлаг судлалын ангид суралцан төгссөн. Урлаг судлалын ухааны ууган докторуудын нэг юм. Аюушжав нь сүрьеэ өвчнийг эмчлэх, сүрьеэтэй тэмцэх байгууллагад нийт 40 жил тасралтгүй ажилласан цагаан нөмрөгтөн билээ. Энэ ангиас Р.Сүхээ(Барилгын инженер) Д.Пилжээсүрэн (Хүний их эмч) нар мөн гэр бүл юм. Бас ах дүү хүмүүс энэ ангид байжээ. Тухайлбал, Гун-Аажав дүү Аюушжавтайгаа , Пилжээсүрэн дүү Гармаабазартайгаа хамт сурч төгссөн гэнэ.

Энэхүү ангийнхны төгсөлтийн үед Ховд аймагт Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль ганцхан байсан бол эдүгээ 24 сургуультай болжээ. Тэдгээр сургуулиудын багш, сурагчдын дунд МУГБ Т.Гун-Аажавын нэрэмжит Физикийн олимпиад 11 дэх жилдээ зохион байгуулагдаад байгаа ажээ.

Худалдаа бэлтгэлийн яамны Санхүү төлөвлөгөөний хэлтсийн мэргэжилтнээс Улсын төлөвлөгөөний комиссын орлогч даргаар ажиллаж байсан Шилэгийн Пагваа,Улаанбаатарын гурилын комбинатад механик инженерээс ерөнхий инженер, Гурилын үйлдвэрийн нэгдлийн дарга Гомбожавын Лхамсүрэн, Гадаадтай Эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны тасгийн дарга Очирын Чимэд, Худалдаа бэлтгэлийн Яамны Боловсон хүчний дарга Ойдовын Нянгар, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Майдарын туслахаар ажиллаж байсан Хүрэлбаатарын Даваажав, Улсын их дэлгүүрийн даргаар олон жил ажилласан Гомбодоржийн Бадарч, Улаанбаатар Оюу- Эрдэм Их сургуулийн дэд захирлаар ажиллаж байсан профессор Туулайн Нагваанжамц, Архангай аймгийн цахилгаан станцын ахлах инженерээр ажлын гараагаа эхэлсэн Дамдингийн Зэнээмэдэр, Дарханы Ерөнхий боловсролын сургуульд 43 жил ажиллахдаа 23 жилд нь захирал, эрхлэгчийн албыг хашсан Чойномын Дуламжав, Авто нефть хангамжийн тоног төхөөрөмж угсралтын конторт ҮЭ-ийн даргаар ажиллаж байсан Бальдарын Цэндхүү, Барилгын материалын үйлдвэрийн яаманд Чанарын удирдлагын хэлтсийн дарга Рэнцэнгийн Сүхээ, Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнд ажилтан, лабораторийн эрхлэгч, Тээврийн сургууль, Механик инженерийн сургуулийн орлогч захирлаар ажилласан Нанзадын Дашням гэх эрхмүүд байна.

УБ хотын П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэгт нүдний эмчээр ажиллаж байсан Мижидийн Янжиндулам, Дарамын Пилжээсүрэн,Нэгдүгээр амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч Баатарын Ившинхүү, Зуунайн Ундрам, Налайхын эмнэлгийн их эмч Нанзадын Нямжав, Хүүхдийн нэрт зохиолч, сэтгүүлч, Дэлхийн ахмад настны хүндийг өргөлтийн аварга Зулын Далхжав, ШУА-ийн Физик математик, техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, сектор, лабораторийн эрхлэгчээр хорь шахам жил ажилласан Гаадангийн Гэрэлчулуун, Монгол кино үйлдвэрийг инженер, Үйлдвэрлэл-техникийн хэлтсийн дарга Сэнгээгийн Пүрэвсүрэн Архангайн багшийн техникум, Ховд аймгийн Булган сумын дунд сургуульд физикийн багшаар тасралтгүй ажилласан Мөнхдашийн Төмрөө, Ховдын ХАА-н техникумд олон жил багшилсан Зумбайн Тоодой, Гурилын үйлдвэрийн технологч Данзангийн Дуламсүрэн, Агрономич, багшаар ажилласан Басанжавын Цагаанхүү гээд бүгдийг нь тоочоод баршгүй.

Мөн Авирмэдийн Чойжил, Нанжидын Отгонбаяр, Мягмарын Дашзэвэг, Шаравын Бадам,Данзангийн Цэдэнбал, Батын Цэндсүрэн, Баадайн Орломжав, Мэндийн Тавинтай, Зулманы Дамдин, Лхамжавын Гуугандай, Цэндийн Даваацэрэн, Намсрайн Өлзийдаш, Мижидийн Зандан, Натавын Ням-Очир, Ендөнгийн Загдсүрэн, Пэрэнлэйн Норовсүрэн, Чой-Ишийн Хасбаатар, Архитектор инженер Үржингийн Цэрэндорж, Жигжиджавын Цэрэндорж, Олзтойн Баттөр, Гомбоогийн Цогбадрах, Натавын Ням-Осор, Лхагважавын Бааст, ”Минжит Булган” хоршооллын дарга Чулуундайн Сэмбээ, Манжийн Ёндон, Хими-биологийн багш Чүрэмийн Ичинхорлоо, Манжуудайн Лхагважав, Түвдэнгийн Дамдинсүрэн, Сунгаравын Молдоо, Мэндийн Тавинтай, Зурмангийн Дамдин, Аюушийн Жамбал, Чоймболын Баянбат гээд олон сайхан эрхмүүдийн нэр дурайж ирнэ.

Нэгэн жарны өмнө Ховдын арван жилийн сургуулийг төгссөн бахархалт ангийнхны тухай товчхон өгүүлэхэд ийм байна.

Тус ангийн төгсөгчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.