Categories
мэдээ цаг-үе

Нямын Баттөмөр: Төрж өссөн нутгаа зарлуулж, улсад гурван адуу айрагдууллаа. Сайхан байна.


Айрагдана чинээ санаагүй хүрэн хязаалангийнхаа хамт

Өнөө жилийн наадмаар Баянхонгорын Бууцагаан сумынхан одтой сайхан наадаж улсын алдарт уяачаа угтаж авсан. Нямын Баттөмөр гэх залуу улсын наадамд гурван адуу айрагдуулж өндөр амжилт гаргасныг наадамчид өнөө хэр нь ярьцгааж байна. Сартай хонгор азаргаа аман хүзүүнд давхиулж, хар морио айргийн дөрвөөр хурдлуулсан нь наадамчдын баяр бахдалыг төрүүлсэн. Унаган адуу хүрэн хязаалан нь айргийн гуравт хурдалсан нь Н.Баттөмөрийн баяр дээр баяр нэмж өгсөн. Эдгээр хүлгүүдийн уяач аймгийн алдарт уяач Галсангийн Болдбаатар тааруулдаг аж. Нутгийнхаа бахархал болсон хоёр залуугаа нутгийн зөвлөлийн дарга М.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс хүндэтгэл үзүүлж байхад нь таарч Н.Баттөмөртөй хөөрөлдлөө.


-Улсын алдарт уяачийн болзол хангасан танд баяр хүргэе. Малд ойр өссөн үү. Хэзээнээс моринд оров?

-Баярлалаа. Бууцагаан сумаас Б.Цэдэв, И.Золбоо нар улсын алдарт уяачийн болзол биелүүлж байсан. Энэ нутгаас төрсөн гурав дахь алдарт уяачаар би тодорч байна. Өвөө, эмээ ойр тойрныхон малчин улс. Ах нь сумандаа малын дэргэд өсч хүмүүжсэн хүүхэд. Тийм учраас л малд хайртай байдаг юм.

-19 жилийн дараа Бууцагаан сумаас улсын наадамд морь айрагдлаа?

-2000 онд Б.Цэдэв ахын алаг морь улсын наадамд аман хүзүүдэж байсан юм билээ. Тэр цагаас хойш 19 жил өнгөрчээ. Сая төрж өссөн нутгаараа зарлуулж гурван ч насны морь айрагдууллаа. Их баяртай байна. Нутаг орныхон маань ч огшсон байлгүй. Бууцагаанд маань хүн малын зоо тэнэгэр, дэлгэр сайхан зун болж байна лээ.

-Г.Болдбаатар ах та хоёр багын найзууд уу. Хэзээнээс хамтран ажиллах болов?

-Бид хоёр чинь дунд сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Сургуулиа төгсөөд л зах зээлийн шилжилтийн үед Улаанбаатар луу орж ирсэн. Сүүлийн таван жил хамтарч ажиллаж байна даа.

-Өнгөрсөн жил та Хангайн бүсийн даншигт сайхан наадсан даа. Хар морь тань түрүүлсэн бил үү?

-Тийм ээ, Булганд их том наадам болсон. Олон ч том уяачид цугласан. Хар морь маань түрүүлээд, хонгор азарга аман хүзүүнд давхисан. Эрдэнэтийн даншигт өөр нэг үрээ айрагдуулж ганзага дүүрэн буцаж байлаа, бид хоёр.

-Таны гол зөвлөхийг би тод манлай уяач Д.Онон гэж ойлгож байна. Энэ их уяачтай яаж танилцаж байв?

-Улсын алдарт уяач Цэндийн Бямбадорж ах бид хоёр адуугаа Өлзийт хороолол руу авчирч байлаа. Хамар хашаа нь Онон ахынх. Энэ цагаас хойш л “Түмэн эх” галд айлсч морь уях болсон доо.

-“Түмэн эх” гал өнөө жил сайхан наадлаа. Дээд гурван насанд энэ галын л морьд давхилаа шүү дээ?

-Үнэхээр сайхан наадлаа. Нэг уяаны гурван азарга дараалж орлоо шүү дээ. Их хурдад бас “Түмэн эх” галын гурван азарга цувж орсон. Эрлийз дээд насанд бас эхний байранд энэ галаас морьд орсон байгаа.

-Улсын наадамд гурван адуу оруулчихна чинээ санаж байв уу?

-Ер нь бол уяа нь эвлэг сайхан таарсан. Болдбаатар маань ч наадмын өмнө “Энэ жил айргаас мултрахгүй байх аа. Сайн байна” гэж хэлж л байсан. Гэхдээ арай ч гурав дөрвөөрөө орчихно чинээ санаж байсангүй ээ. Хязаалангаа айрагдахад их баярласан.

-Хүрэн хязаалан таны унаган адуу байх аа?

-Тийм ээ. Морь уяна гэдэг чинь давхар үржүүлгийн ажил явагдаж байдаг шүү дээ. Үржүүлгийн ажил хийж гаргаж авсан унаган адуу маань айргийн дөрвөөр хурдалсан.

-Хонгор азарга ч энэ цагт тодорч байна даа. Та хаанаас авсан бэ, энэ адууг?

-Азарга маань сайхан уралдаж байна аа. Би дархан аварга А.Сүхбатын дүү Төгсбатаас авч байсан. Сүхбаатарын Халзангийн адуу л даа. Хүүгийн Түмэнбаяр ахын хонгор азарганы төл. Эх нь Төв аймгийн Эрдэнэ сумын хонгор гүү бий.

-Том уяачид том морьдоороо л нааддаг шүү дээ. Аман хүзүүнд ороод ирэхэд нь ямар сэтгэгдэл төрж байх юм?

-Тийм ээ. Их морь, азаргандаа хүч хаядаг. Миний хонгор азарга ч битүү адуу л даа. Төрийн наадамд азарга аман хүзүүдүүлнэ гэдэг чинь тэр бүр заяахгүй, том хувь заяа шүү дээ. Их баярладаг юм билээ.

-Та хар мориныхоо талаар ярихгүй юу. Сүхбаатарын Халзангийн адуу бил үү?

-Тийм ээ. Халзан сумын Дулмаагийн Эрдэнэбулган гэж хурдан адуутай хүн бий. Түүний дүү Энхтайван гэж залуугаас авч байсан юм. Сайхан хурдалж байна аа.

-Улсын наадамд айрагдаж түрүүлсэн 30 адуунд цэвэр монгол адуу хоёр гуравхан л байна гэх яриа яваад байна. Нэг нь таны хар морь?

-Яах аргагүй цэвэр монгол адуу л даа. Болдбаатар бид хоёр зөвлөж их олон адуунаас сонгож авч байлаа. Авч ирэх гэж их ч хол замыг туулж билээ. Болдбаатар маань жилийн дөрвөн улиралд л тулж ажилладаг юм.

-Таны адуун сүргээс гурван адуу төрийн наадамд орчихлоо. Үнэ цэнэ нь ч өсч байгаа биз?

-Үнэ цэнэ ч юу байх вэ дээ. Магнайгаа хагартал баярлаад л явж байна.

-Адууны орчинд та хэдэн айлын аж амьдралыг залгуулж явна вэ?

-Морь уяна гэдэг бүтэн багийн ажил. Цаана нь олон хүний хичээл зүтгэл хөдөлмөр бий. Бүгд хичээж байж л морь хурдаж байна гэж ойлгодог. Ах нь адууны орчинд 10 гаруй айл өрхийн амьжиргаанд тус нэмрээ өгч яваа болов уу гэж боддог юм.

-Адуу уях таны дуртай ажил байх. Нөгөө талаас нь харвал адууны аж ахуй, бизнес гэж ойлгож болох уу?

-Бизнес гэхээс илүү ахынх нь дуртай ажил, хобби юм даа.

-Ламын гэгээний наадамд та одтой сайхан наадсан шүү дээ. Улсын алдартын болзлоо энэ наадамд хангасан?

-Нутгийнхаа том гэгээнтний наадамд эртнээс зорьж байгаад очиж наадсан даа. Хар морь маань түрүүлсэн. Хонгор азарга маань аман хүзүүнд давхисан. Өөр нэг даага айргийн таваар давхилаа. Нутгийн гэгээнтний наадамд хийморьтой сайхан наадаад ирсээн, бид хоёр. Хонгор нутгийн зон олноо баярлуулъя гээд энэ жилдээ Их хурдаа өнжчихсөн юм.

-Адуу өөрөө их хөлийн мал. Гарын дор амьтан биш. Хэрхэн хариулж байна?

-Арыг минь хариуцаж дааж явдаг хүмүүс бий. Тэр хэд маань л аваад явдаг юм. Адуу маань Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд бий.

-Жилийн 365 хоногийн хэдэн өдрийг адууны дэргэд өнгөрүүлж байна вэ, та?

-Би ч тусдаа ажилтай хүн. Болдбаатар маань жилийн турш л адуутайгаа тулж ажилладаг юм. Энэ их ажлын үр дүнд л өнөөдрийн амжилт ирж байна шүү дээ. Сайхан байна аа.

-Та хурдан моринд, ер нь адуунд хэр зардал гаргаж байна?

-Нүдэнд туссан адуунд нэг их гар татддагүй. Сонирхож байгаа хойно, боломж гарвал авахыг л боддог юм.

-Унаач хүүхдийн асуудлыг яаж шийдэж байна?

-Хүүхэд чухал шүү. Сайн моринд, туршлагатай сайн унаач байж л сая нэг амжилт ирнэ. Чухал асуудал.

ГАЛСАНГИЙН БОЛДБААТАР: Д.ОНОН МАНЛАЙ ХОНГОР АЗАРГЫГ ХАРЧИХААД “ДАВХИЛ НЬ ТОГТСОН БАЙНА, САЙН ДАВХИХ ДЭЭ” ГЭЖ ХЭЛСЭН

Бид энэ үеэр нохой жилийн шилдэг уяачаар шалгарч байсан аймгийн алдарт уяач Галсангийн Болдбаатартай хөөрөлдлөө.


-Таны хувьд нохой жилийн шилдэг уяачаар шалгарч байсан. Сая наадмаар шилдгээ баталлаа. Ер хэзээнээс улсын наадамдаа морь уях болов?

-Баттөмөр бид хоёр багын найзууд. 2015 оноос хойш тууштай морьж уяж байна даа, би. Өөрөө хэдэн адуутай, дээрээс нь найзынхаа адууны уяа сойлгыг нь тааруулаад явна. 2016 оноос эхлээд улсын наадамд морьдоо сойж эхэлсэн дээ. Тэр жил соёолонгоо 11-т хурдлуулчхаад “Болох юм байна шүү” гэж урам авч байлаа. Дараа жил нь хавчиг морь, улсын наадамд айрагдуулна гэж бэлдээд хасуулсан. Тэр жил чинь их олон морь хассан шүү дээ. Эрлийз адуу ч хасагдсан, сайн байсан монгол адуунууд ч хэлмэгдсэн. Гурван сунгаандаа түрүүлчихсэн, уяа сойлго нь эвлэгхэн сайхан морио хасуулж билээ.

-Өнгөрсөн жилийн наадмаар таны морьд их хурдан байсан. Айргийн архан талаар давхиад байсан санагдана?

-Уяа эвлэг сайхан байсан ч айрагдуулж хараахан чадаагүй. 20 дотор гурван адуу давхиулаад буцсан даа.

-Ер нь морь уяна гэдэг бүтэн жилийн ажил биз. Одоо морьдынхоо хариу уяаг тааруулж байна уу?

-Ах нь 365 хоногийн 330 өдөр л адууны ажил хийдэг юм. Уралдуулсны маргаашнаас л дараа жилийн наадмын ажил эхэлдэг юм даа. Тавил ажил, хариу уяагаа хийгээд явж байна. Үүнийгээ сайн хийж тавихгүй бол өвөл мах, муутай, дал шил нь годойсон юмнууд л орж ирнэ. Уяа буруу болно гэсэн үг л дээ. Одоо 20-доор адуугаа тавиад хадлан тэжээлийн ажилдаа гарна даа. Арваннэгдүээр сард л жаахан амарна.

– Хар морины уяа сойлгыг та гардаж хийдэг. Шинэ цагийн монгол адуунууд цээжинд давхиж байгаа энэ цагт монгол адуугаар ийм хэмжээний амжилт үзүүлж байгаа тань олны талархал хүлээж байна. Уяа сойлгыг нь яаж тааруулж байна вэ?

-Хар морь ч их хурдан адуу л даа. Ямар ч бариа татаа байхгүй, хөнгөхөн адуу. Зөөлөн уяагаар уядаг. Доогуураа суга цавины зай томтой, их хурдтай. Цуцаалтыг нь гүйцэд аваад л биеийн амраараа байж байгаад л уралдчихдаг онцлогтой.

-Улсын наадамд гурван адуу оруулчихаад сууж байхад юу бодогдож байх юм?

-Уяач хүний мөрөөдөл чинь улсын наадамд морь айрагдуулах байдаг шүү дээ. Өнгөрсөн жил бүсийн наадамд морио түрүүлгэсэн хүн чинь улсын наадмын айраг авчих юм сан гэж зорьж байгаа юм. Өнгөрсөн жилийн наадмаас хойш л өнөө жилийн наадамдаа бэлдсэн дээ. Их ч хөдөлмөрлөсөн.

-Ер нь сартай хонгор азаргаа айрагдуулна гэж санаж байв уу?

-Горьдлого байсан. Азарга уяна гэдэг өөрөө их ухаан, мэдрэмж шаарддаг л даа. Жаахан чангалаад уячихвал давчих гээд, дутуудвал дутчих гээд, эцэг малын уяа эмзэгхэн байдаг. Тэр утгаараа азарган дээрээ их анхаарч ажилласан даа.

Морь уяна гэдэг их ухаан. Та хэнээс өвлөж авсан бэ?

-Миний аав өөрөө уяач хүн. Одоо байхгүй л дээ. Ах нь 13 нас хүртлээ хурдны морь унаад л томдсон. Тэгээд өөрөө морь уяад л энд тэндхийн наадам хэсээд явдаг болсон доо. 20 гартлаа ингэж явж байгаад л хэсэг завсарласан. Эргээд морь луу орохдоо шинэ цагийн төв халхын ханагар уяаг тод манлай уяач Д.Онон, О.Батбилэг нараас л сурч явна даа. Онон ах “Ахтайгаа ойрхон яв. Юм сур” гэж хэлдэг юм.

-Их уяачийн эрдэм аугаа биз?

-Их шүү. Дан ганц морь уях ч биш, амьдралын ухаан, төлөв түвшин байж өрх гэрээ авч явахаас авахуулаад их юмыг Онон ахаасаа сурч явна даа.

-Онон уяач наадмын өмнө таны морийг хараад юу гэж байв?

-Хонгор азаргыг хараад “Давхил нь тогтсон байна, энэ жил наадах чинь сайн уралдана” гэж хэлсэн. Сунгаанд бүгд л тархинд давхиж байсан. Би ч азаргаа мордуулчихаад “Ямар ч байсан айрагдчих байх аа” гэж Баттөмөртөө хэлсэн. Харин хязаалангаа айрагдахад огшоод хачин болсон шүү. Нэг их найдаагүй, мордуулсан юм.

-Ногоо эрт идсэн адуу хурдалдаг гэх туршлагатай уяачдын яриа байдаг. Энэ жил та хаана адуугаа барив?

-Төв аймгийн Цээл суманд ногоо эрт гарсан шүү дээ. Хаврын Дүнжингаравын уралдаанд оролцчихоод тийшээ гарсан. Наадам дөхөөд ирэхээр Налайхын ойролцоо Буурлын давааны өвөр лүү ирсэн. Ногоо эрт идсэнээрээ уяач ажилдаа эрт орно гэсэн үг л дээ. Тэр хэрээрээ морь эрт онгойдог сайн талтай.

-Бууцагааны наадамд сүүлд хэзээ очиж наадав. Нутгийн наадам сайхан биз?

-Сайхан шүү. 2015 онд адуугаа цуглуулаад хамгийн түрүүнд сумын наадмаа зорьж байлаа. Тэр жил нутагт маань жаахан гантай байсан. Соёолонгоо айрагдуулчихаад л эргэж байсан даа.


Categories
мэдээ цаг-үе

Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат: Уран сайхан барилдаж олон хүнийг үндэсний бөх рүү татах нь бидний үүрэг

Булган аймгийн Могод сумын харьяат “Хангарьд” спорт хорооны бөх улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбаттай ярилцлаа. Тэрбээр өнөө жилийн наадмаар улсын начин Баатарын Амарзаяагаар тав давж улсын наадамд дөрөв дэх удаагаа шөвгөрсөн юм. Энэ амжилтаараа өнөө цагт барилдаж буй улсын начингуудын манлайд гараад байгаа юм.


-Сайхан наадсан уу. Наадмаас хойш хаагуур явж барилдав?

-Сайхан наадлаа. Баяр наадмаас хойш ийшээ тийшээ явж зодоглосонгүй ээ. Эндээ л байлаа. Маргаашнаас хөдөө гадаа явахаар төлөвлөөд сууж байна.

-Таван жилийн дараа улсын наадамдаа дахин шөвгөрлөө. Шөвгийн давааны ам тань олон хүний сонирхол татсан шүү дээ. Аралтай начин Амарзаяагаас ямар хий, зай харж амласан бэ?

-Энэ жилийн тухайд бэлтгэл сайн байсан. Тавын даваанд би таван хүнээс ам авахаар нэр сонссон. Д.Амарсайхан начингаа амлачих юм бол нутгийнхан муу хэлээд унах биз. Б.Амарзаяа, аймгийн арслан Ц.Сандагдорж хоёрын нэгийг амлаад барилдъя гэсэн бодол толгойд бууж байгаа юм. Өмнөх даваанд Амарзаяагийн алхаа гишгээг анзаарахад давхар аччихаж болох юм шиг санагдаад болдоггүй. Ингээд л шийдсэн дээ. Барилдаан яг л миний төлөвлөж байснаар болсон. Анарын тухайд энэ жил онцгой сайн байсан. Б.Орхонбаяр гэж хүүгийн од нь гүйчихсэн байсан шүү дээ. Юу ч хийж мэднэ. Осолтой.

-Дөрвийн даваанд сайн найзтайгаа оноолт таарсан. Чанга гэхээс илүү барилдахад халгамаар оноолт басан болов уу. Г.Отгонбаатар арслангийн тухайд олон жил улсын цолны тааварт сайн барилдаж байгаа шүү дээ?

-Хэцүү байсан шүү. Бид хоёрын тухайд наадмын дэвжээнд хоёр дахь удаагаа оноолт таарч байгаа маань энэ. Отгоо олон жил тууштай хөдөлмөрлөж байгаа бөх. Улсын цол авах байх аа.

-Та 2012 оны наадмаар начин цолоо батлаад П.Бүрэнтөгс арсланд өвдөг шороодож байсан. Энэ жил харцага цолны даваанд дахиад л уналаа. Ямар барилдаан төлөвлөж гарсан бэ?

-П.Бүрэнтөгс арслангийн барилдаан надад эвгүй байдаг юм. Илүү хөдөлгөөн хийхгүй, хий зай гаргадаггүй онцлогтой сайн бөх. Энэ жилийн тухайд төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадахгүй зогсож байгаад өвдөг шороодсон доо. Бүрэнтөгс намайг амлах болов уу гэсэн тооцоо надад байсан нь зөрөөгүй. Болохгүй юм болдоггүй л юм байна шүү дээ. Наадам сайхан боллоо. Э.Оюунболдын тухайд энэ жил онцгой сайн байсан. Хүн болгон л хэлж байна.

-Таны нас 30 гараад явчихлаа. Цолоо ахиулчих боломж хэр байсан бэ?

-Надад начин цолтой дуусахад харамсаад байх зүйл алга. Хэн ч намайг муу начин гэж хэлэхгүй байх. Цолондоо дүүрэн байх сайхан шүү дээ. Том цол авч түрүүлж, үзүүрлэх сайхан л байх. Гэхдээ хүн сайн барилдах нь чухал. Нэг их том цол авчихдаг, унаад байж болохгүй биз дээ. Томдчихсон дээлтэй хүүхэд шиг онцгүй. Би ч өөрийгөө 30 гарчихлаа, хөгширлөө гэж санаад байдаг. Сая наадмаар дунд шөвөгт шалгарсан найман бөхийн зургаа нь манай үеийнхэн байсан шүү. Бас ч гэж юу юугүй зайгаа тавиад өгчих болоогүй ээ, манайхан (инээв).

-Ер нь ямар зорилго өвөртөлж бөхийн ертөнцөд орж ирэв. Зорилгодоо хүрч чадсан уу та?

-Бүүр бага байхад юм даа, өвөө маань орсон гарсан хүмүүст миний өвдгийг бариулж үзүүлээд л “Миний хүү улсын цолтой том бөх болно” гэж хэлдэг байсан нь миний санаанд тод үлджээ. Б.Бат-Эрдэнэ аварга манайхаар буугаад мордоход өвөө маань өнөөх үг л хэлж байсан. Хожим аваргын үүсгэн багуулсан “Аварга” дээд сургуульд элсч амжилтын гараагаа эхэлж байсан юм даа. Өвөө маань хүүгийнхээ сумын заан болохыг л харчих юмсан гэж хэлдэг байж билээ. Жаахан хүү байхад л би бөх болно гэсэн сэтгэхүй миний ой тойнд суучихсан байсан. Бөхийн спортоор оргилд нь гарна гээд л бэлтгэл хийж эхэлсэн дээ.

-Сумын наадам гэснээс энэ тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Гэр бүлийнхэнтэйгээ сумын наадам үзээд явж байсан олон дурсамж надад бий. Наадмын өглөө аавыгаа дагаад гарна гэдэг аз жаргал шүү дээ. Бага байхдаа хурдны морь их унана. Арай хүнддээд ирэхээрээ бөх үзээд суучихдаг болсон. Ноцолддог болоод ирэхээр наадам илүү гоё. Үеийнхээ залуусаас онцгойрч түрүүлнэ гэдэг амаргүй даваа. Түрүүлчхээд зогсож байх ч дэндүү сайхан шүү дээ. Наадамчид бүчээд л баяр хүргээд.

-“Бөхийн өргөөн”-ний барилдаануудад хэзээнээс гарч эхэлсэн бэ. Анх ямар бөхийг өвдөг шороодуулж байв?

-Жүдогийн бэлтгэл хийнэ. Завсар зайгаар нь заалны барилдаанд гарна. Бүтэн жил аманд гарч унасан байдаг юм. Ёстой нэмэргүй. Том бөхчүүдэд түлхүүлээд л унана. Гэхдээ тэр бүртээ хүн чинь чангараад л байдаг юм билээ. 2003 онд юм уу даа. Хаврын улирлын хаалтын барилдаанд Увсын Эрдэнээгийн Батбаатар харцагыг аймгийн арслан байхад нь өвдөг шороодуулж байлаа. Батбаатар чинь аймаг цэргийн цолтнуудын барилдаанд таван удаа түрүүлчихээд байсан босоо үе нь шүү дээ. Тэр жилээ улсын харцага цол хүртэж байсан санагдаж байна. Аймгийн арслан болж ирчихээд гайгүй үзсэн шүү. Өмнөговийн С.Идэрсүрэн арслантай үлдэж анх удаагаа аймаг цэргийн цолтнуулын барилдаанд түрүүлж байлаа.

-Булганы Энхбат гэж туранхай, нарийхан залуу И.Доржсамуу гардиар тав давж улсын начин болж байсныг тань санаж байна. Та начин болохдоо хэдэн кг-ын жинтэй байсан бэ?

-2009 онд шүү дээ. 80 гаруй кг жинтэй залуу улсын начин болж байлаа. Одоо бол захын сумын заан 80 гаруй кг жинтэй болсон. Тэр жил дөрвийн даваанд Г.Элбэг харцагатай оноолт таарч их хүнд барилдаан хийж туг тойрч байлаа. Элбэг харцага ч жин ихтэй, мэдрэмжтэй, биеэ сайн сулладгийг хэлэх үү. Амаргүй байсан шүү.

-Шинэ начин бөхийн өргөөнд бас л шуугиулж байсан шүү дээ?

-Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарч оролцдог, ачаалалтай бэлтгэл хийдэг, өндөр формтой байлаа шүү дээ. Анх улсын арслан До.Ганхуягийг өвдөг шороодуулж дөрвөн уулын хишиг барилдаанд түрүүлж байлаа.

-Ажиглаад байхад таныг улсын наадмын зургаагийн даваанд өвдөг шороодуулсан бөхчүүд түрүүлж үзүүрлэсэн зүй тогтол харагдаж байна?

-Зургаагийн даваанд их сайн бөхтэй л таараад байсан юм байлгүй дээ. 2012 онд Бүрэнтөгстэй тунаж барилдаанд унасан. Өнөөх маань тэр чигээрээ яваад түрүүлчихэж билээ. Сүүлд Б.Гончигдамбад унасан. Тэр жил үзүүрлэсэн байдаг байх аа.

-Жүдо бөхийн арга барил, мэх техникийг монгол үндэсний бөхөд ашиглаж өндөр амжилт үзүүлсэн хүн бол та. Энэ арга барилыг танд хэн суулгаж өгөв?

-Хөдөөнөөс орж ирээд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсч гавьяат тамирчин Халиуны Болдбаатарын удирдлагад бэлтгэл хийдэг байлаа. Энд л миний барилдааны суурь тавигдсан болов уу гэж ойлгодог юм. Миний ур чадвар өдрөөс өдөрт өсч удсан ч гүй улсын аварга шалгаруулах барилдаанаас медаль хүртэж үндэсний шигшээ багт багтсан даа. Ардын багш Ч.Насантогтохын удирдлагад бэлтгэл сургуулилт хийх болсон. Хүүхэд байхдаа бол Булганы Эрдэнэ-Очир багшийн удирдлагад улсын заан Н.Түвшинбаяр бид хоёр хамтдаа бэлтгэл хийдэг байлаа. Наймдугаар ангиасаа л хамтдаа явсан даа.

-Та Н.Түвшинбаяр аваргын бэлтгэл хангагчаар хоёр ч олимпийн наадамд оролцсон шүү дээ. Багын найзынхаа олимпийн аварга болох баярт мөчийг дэргэдээс хуваалцсан хүн бол та?

-Одоо бодоход дэндүү сайхан шүү дээ. 2008 онд аймгийн арслан цолтой хоёр залуу олимпийн наадмыг зорьж байлаа. Найз маань хэнтэй ч таарсан дайраад гардаг. Сэтгэл зүйн асар өндөр бэлтгэлтэй. Сэтгэл зүйгээрээ л бусдаасаа онцгойрч чаддаг. 2008 онд чинь эхний даваанд Кейжи Сузуки гэж домог болсон бөхтэй сугалаа таарч байлаа шүү дээ. Гараад л давхар хамаад чулуудчихсан. Ингээд түрүүлэх замаа зассан юм даа. 2012 онд бол медаль зүүх хамгийн өндөр магадлалтай нь л Түвшинбаяр байлаа. Манай хүн ч найдвар алдаагүй.

-Бөхийн дэвжээ рүү хамт алхаж орсон найзтайгаа наадмын дэвжээнд хоёр ч удаа оноолт таарч барилдаж байсан санагдаж байна. Амар биш биз?

-Хэцүү хэцүү. Бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Анх 2007 онд билүү дээ аймгийн арслан цолтой байхдаа улсын наадмын гурвын даванд нугарч барилдаанд Түшинбаяр давж байлаа. Сүүлд тавын даваанд Түвшээ намайг амлаад даваа ахисан байдаг.

-Бөх хүн ямар байх ёстой вэ. Танаас үлгэрлэж өгсөж яваа олон залуус бий дээ?

-Энэ их соёлыг өвлөж дараа үедээ залгамжилж үлдээж байгаа. Бидний ах нар зөв үлгэрлэж бидэнд үлдээсэн. Иймээс бид хазгай гишгэх эрхгүй юм даа. Залуу үеийн хүчтэнүүдэд зөв үлгэр дуурайл өвлүүлэх ёстой. Ингэж байж л төгөлдөр их монгол бөх мөнх оршино шүү дээ. Биеэ зөв авч явж уран сайхан барилдаж олон хүмүүсийг үндэсний бөхрүү татах нь бидний үүрэг гэж боддог. Бөх хүн “Би ингээд дуусч байна, маргааш монгол бөх ямар байх нь надад хамаагүй” гэж сэтгэж болохгүй. Энэ замаар явж энэ зэрэгт хүрсэн болохоор сайхнаар нь авч явж дараа үедээ үлдээх ёстой гэж боддог юм.

-Залуу үе гэснээс таны дүү Э.Энх-Амгалан гэж залуу шаггүй барилдаж байна?

-Тийм. Сая аймгийн арслан болчих болов уу гэж харж байсан болсонгүй. Хоёр ч аймгийн наадамд барилдаж Өмнөговьд үзүүрлээд, Дундговьд их шөвөгт шалгарсан байсан. Би улсын наадмын өмнө “Чи энэ жил аймгийн арслан болохгүй юм байна, улсын наадамдаа барилдаад аймгийн наадмаа нэг удаа өнжчих” гэж зөвлөсөн юм. Улсын цол авчих болов уу гэж харсан болохоор тэр лээ. Дөрвийн даваанд Г.Эрхэмбаяр аваргад унасан. Энэ жилдээ аймгийн заанаараа үлдэх байсан юм болов уу даа.

-Бөхөөр хичээллээд та юу хожив. Амьдралд хэрэгтэй ямар чанарыг өөртөө суулгаж авсан бэ?

-Үндэсний бөх хүн хүндлэх ухаан, тэвчээр хатуужил гээд амьдралд хэрэгтэй бүх л зүйлийг хүнд суулгаж өгдөг дөө. Энэ бүгдийг би үндэсний бөхөөс суралцсан.

-Одоо нөгөө допингийн шинжилгээний хариу ирэх дөхөж байгаа байх. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Байж болохгүй зүйл. Өнөөдөр допинг хэрэглээд барилдаж буй цөөхөн хүмүүс байгаа. Гэхдээ манай үзэгчид бөхчүүд бүгд хэрэглэж байгаа юм шиг ойлголттой болчихжээ. Хий хоосон хардаад л. Тэр тийм хэрэглэдэг. Тэдэн төгрөг өгөөд хариуг нь аргалчихсан ч гэх шиг. Монгол бөх өнөөдөр арай ийм дээрээ тулаагүй ээ. Бэлтгэлийн сайнаар цол чимэг аваад явж байгаа залуус олон бий. Халуун гал тогоонд нь байгаа хүний хувьд сайн мэднэ.

-Гарч ирсэн цагаасаа л “Хангарьд” спорт хороогоор зарлуулж байсан. Одоо хэвээрээ юу?

-Тийм ээ. Одоо ч хэвээрээ. Удирдлагууд нь солигдоод цалин мөнгөө өгөхгүй үе байсан л даа. Бусад спорт хороодоос надад санал тавьж байсан. Би зөвшөөрөөргүй. Залуу бөх Энхбатыг тоож дэмжиж байсан болохоор Хангарьддаа хайртай байдаг юм. Би дөрөв таван компани, байгууллагын нэр дээрээс зэрэг барилдаад байгаа бөхчүүдийг нэг их таашаадаггүй юм. Миний хувьд “UFC” группийн нэр дээрээс барилддаг.

Categories
мэдээ цаг-үе

Өнөр бүлийн тэргүүн улсын начин Г.Ганжадынх

Олон хоног үргэлжилсэн борооны ар дээр бага үдийн хурц нар эгц дээрээс толгой манартал төөнөнө. Найр хуримын сар эхэлсэн энэ цаг дор хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж хөдөө орон нутгийг зорьжээ. Битүү хүн холхидог хотын гудамж нэг л эль хуль.

Баяр наадмын тухай амттай яриа татарч хараахан амжаагүй үед улсын начин Галсан-Очирын Ганжадынд өнжлөө. Начингийнх 13 дугаар хороололд байрлах 12 давхар улаан байрны сэлүүхэн хоёр өрөө сууцанд амьдардаг юм байна. Ганжад начин наадмын дараахан хөдөө орон нутгийг зорьж хэд хэдэн барилдаанд зодоглочихоод сая нэг гэрийн бараа хараад байгаа нь энэ ажээ. Өмнөговийн Хүрмэн суманд болсон барилдаанд үзүүрлэж, Атрын сангийн аж ахуйд болсон Төв аймгийнхны барилдаанд улсын заан Б.Батмөнх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нарыг өвдөг шороодуулж түрүүлж, ганзага дүүрэн яваад иржээ.

Эднийх амралтын өдөр халуун бүлээрээ цугласан байна. Гэрийнхээ хойд хананд медалийнхаа туузыг өлгөчихөж. 10 жилийн жаахан хүү байхаасаа л тэмцээн, уралдаанд орж түрүүлж үзүүрлэсэн олон медаль цуглуулгад нь харагдлаа. Эдэн дунд дээхнэ үеийн үнэ цэнэтэй жижигхэн хар, хүрэн өнгөтэй медаль өлгөөстэй нь начингийн аавынх нь ажээ. Үндэсний бөх, олс таталт, гимнастик, математикийн олимпиад, урлаг, уран сайхны гээд төрөл бүрийн медалийг эгнүүлээд битүү өлгөчихсөн байв. Хажууханд нь байрлах сервантны дээхнэ талд Ерөнхийлөгчөөс улсын начин цолны үнэмлэх тэмдгээ гардаж буй торгон агшинг, тав даваад туг тойрч буй зурагтайгаа хамтад нь залжээ. Доод талд нь аймгийн арслан болон улсын начин цолны тэмдэгтэй хоёр малгайгаа зэрэгцүүлээд тавьчихаж. Начин олон малгай сольж өмсдөггүй юм билээ. Улсын цол хүртээд л шинэ малгай авсан гэнэ лээ. Харин доохно талд нь нямбайлж эвхсэн зодог шуудаг хэд хэд харагдсан шүү. Багадсан зодог шуудгаа хувцас шиг үрэн таран хийгээд амьтан хүнд тараачихалгүй, эвхээд хадгалдаг юм билээ. Хажууханд нь өнгө өнгийн хадаг давхарлаад тавьчихсан байв. Барилдааны байнд ирсэн хадаг аа цуглуулсан нь энэ ажээ. Барагцаалбал 30 орчим хадаг давхарлаастай харагдсан шүү.

Улсын аварга Ч.Санжаадамбыг өвдөг шороодуулсны дараа. Улсын заан Б.Батмөнх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нарын хамт

ЛАМ БОЛОХ ХҮҮ БӨХИЙН СПОРТЫГ СОНГОЖЭЭ

Ганжад начин Төв аймгийн Сүмбэр суманд төрж, өсчээ. Начинг хүүхэд байхад нь мэргэн хүнд үзүүлэхэд “Энэ хүү мундаг лам болно” гэж айлдаж байсан аж. Хэлсэн ёсоор нь лам болохоор сэтгэл шулуудаад байсан ч өвөө нь бурхны оронд одсоноор нийслэл орж номын дуу сонсох төлөвлөгөө нь жилээр хойшилсон байна. Энэ хугацаанд шийдвэрээ өөрчилж аав, ээж нь том хүүгээ бөх болгохоор зорьж “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсүүлж улсын начин Б.Адьяахүүгийн шавь болгожээ. “Аав маань сум орон нутагтаа сайн барилдаж байсан сумын заан цолтой бөх хүн байсан. Өвөө маань ч нутаг орондоо наадам алгасалгүй барилддаг, түрүүлж үзүүрлэдэг бөх байсан гэдэг. Удмынхаа зодогны хөлсийг хатаахгүй гэсэндээ намайг бөхийн сургуульд оруулсан юм билээ, аав маань.

Улсын начин Б.Сангисүрэн, Өмнөговийн Б.Шоовдор начны хүү Б.Дарханбат, аймгийн хурц арслан Б.Баттүвшин, аймгийн арслан Ж.Наранбаатар, Б.Тайван, У.Батгэрэл, Г.Ганцоож нарын өнөө цагийн мундаг бөхчүүд нэг ангид орж байсан юм даа. Тухайн үед бүгд л 60 гаруйхан кг жинтэй жаахан хүүхдүүд байлаа” гэж начин оюутан ангийнхаа нөхдийг дурслаа. “Аварга” дээд сургуулийн үндэсний бөхийн ангийн анхны элсэгчид болох эдний ангийн хамт олноос Б.Сангисүрэн, Г.Ганжад, Б.Дарханбат улсын начин цол хүртсэн юм. Улсын цолны тааварт нэр нь орж буй олон шилдэг аймгийн цолтнууд эдний ангийнхан дунд бий. “Нэгдүгээр курст орсон жилээ өвлийн амралтын үеэр сумынхаа цагаан сарын барилдаанд түрүүлчихээд данагар амьтан аав ээждээ очиж байлаа. Тэр жилийн зун төрж өссөн нутаг Сүмбэр сумын маань түүхт 30 жилийн ой тохиосон юм. Би ч бүтэн жил бэлтгэл хийгээд бие хаа чангарчихсан сумынхаа наадмын түрүүг алдахгүй гэж тооцож зодоглолоо. Тэгш ойтой жил зэргэлдээ Зүүнхараа, Хонгор, Борнуур сумдаас ч олон бөх цугласан том наадам болж билээ. Би шөвгийн дөрөвт үлдээд Зүүнхараагийн аймгийн арслан Б.Нямлхагва ахад уначихсан юм. Залуу хүүхэд ааг омогтой, хор шартай ч байж. Наадамчид дунд суугаа аав руугаа уйлаад очиход “Аавыгаа алдчихсан уу чи, юундаа уйлдаг юм” гээд зандарч байсан нь санаанаас гардаггүй юм. Аав маань миний сайн сайхан явааг харж чадаагүйд нь харамсдаг юм. Сүүлд аймгийн наадамдаа түрүүлж арслан болж аавынхаа нэрийг Цэнгэлдэхэд дуудуулаад асгартал уйлсан даа” гэж Ганжад начин аавынхаа талаар дурсав. Шилдэг сумын заан Г.Ганжад 2012 онд Төв аймгийнхаа наадмын даваа бүрт тунаж барилдсаар аймгийн заан Х.Мөнхжаргалыг давж түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан юм.

Сар шинийн баярт зориулсан сумын цолтнуудын барилдаанд түрүүлэв. Зүүн гар талаас Т.Баттулга, Б.Энхсайхан, Т.Эрдэнэбаатар нарын хамт. 2011 он.

ӨНӨР БҮЛИЙН ТЭРГҮҮН Г.ГАНЖАД

Эднийх дөрвөн хүүтэй өнөр бүл. Начингийн гэргий Д.Азжаргал өнгөрсөн жил одонгийн хүүхдээ өлгийджээ. Инженжер мэргэжилтэй тэрбээр наадмын өмнөхөн Төрийн ордондоо бараалхаж Ерөнхийлөгчийн гараас авсан “Алдарт эх”-ийн одонгоо ханын шүүгээндээ хүндэтгэн байршуулжээ. Дунд сургуулийн сурагч Ганжад Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу зуны амралтаараа авга ахындаа очих үедээ ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ. Арван хэдхэн настайдаа эхлүүлсэн эдний үерхэл арав гаруй жил үргэлжилж хөнжлөө дүүрсэн хүүхэдтэй, аз жаргалтай өнөр бүл болжээ өнөөдөр. “Бид оюутан байхдаа байр түрээслээд л өрх тусгаарлаж байлаа. Бэлтгэлээ хийнэ, хичээлдээ явна, хажуугаар нь амьдрал ахуйгаа зохицуулах хариуцлага нуруун дээр бууж байгаа юм. Ар гэрийнхэн маань жижиг машин авч өгсөн юм. Өнөөхөөр нь л халтуур хийж аж амьдралаа залгуулдаг байлаа. Өдөр нь бэлтгэлээ хийж орой нь таксинд явдаг их л завгүй оюутан байсан даа, би. Ингэж явахад л бидний том хүү мэндэлсэн. Амралтын өдрийн барилдаануудыг их хүлээнэ. Хүлээж байгаад очиход “Бөхийн өргөө”-ний хамгаалагч нар нь “Ийм бөх гэж юу байдаг юм” гэж хэдэрлээд ойртуулахгүй. Эртхэн очоод завсар зайгаар нь шургаад орчихвол аманд гарна. Ингээд л ангийн нөхөр Сангисүрэнгээ дэмжээд суучихна шүү дээ. Биднийг бодвол аймгийн арслан цолтой заалны барилдаанд хэд давдаг болчихсон байлаа. Туг тойроход нь нижгэнэтэл алга ташина. Оюутан ахуйн өдөр хоног нэг иймэрхүү л өнгөрнө. Бэлтгэлээ хийж яваад нэг мэдэхэд л илт сайжирсан байсан. Үеийнхээ залуусаас хэнтэй ч таарсан эн тэнцүү сайхан барилдчихдаг, сумын цолтнуудын барилдаанд түрүүлж, үзүүрлэдэг болсон” гэв. Биднийг ийн хөөрөлдөх зуур гэрийн эзэгтэй гарын хоолоо бэлтгэжээ. Өнөр бүлийн үдийн зоогийн ширээний ард амттай яриа өрнөнө. Санжаадамба аваргыг давж улсын начин цол авсан барилдаан руу ярианы сэдэв чиглэжээ. “Тэр жил Завханы Ш.Жаргалсайхан гарьдтай дөрвийн даваанд оноолт таарсан юм. Гарьд ч улсын наадамд үзүүрлэчихсэн иртэй байсан үе. Арайхийж аргалчихаад амраад хэвтэж байхад манайхны зарим нь “Чамайг Санжаадамба аварга амласан байна. Ингээд дууслаа даа” ухааны юм ярьж байна. Би ч нэг их ач холбогдол өгч хүлээж авсангүй. Хажууд том шилэн савтай хоол байхад нь бүгдийг нь идчихээд гарлаа. Аваргатай үзсээр байгаад зүүн давхар золгоонд хүрлээ. Шуудагны барьцыг маань халж тавиулаад алсын сүвээний барьц атгачихлаа. Хашаад мордоход нь дэгээ ороогоод эргэчихсэн. Босоод ирсэн чинь засуул Гантогоо ах “давсан” шүү гэж байна. Би ч туг руу гүйчихлээ. Эргээд иртэл Б.Бадам-Очир ах дуудаж баяр хүргээд “Давсан шүү, очиж тахимаа ав” гэж хэлсэн дээ. Ингээд олон жилийн хөлс хөдөлмөрийн минь үр шим гарч улсын цол авсан юм даа” гэв. Начны эхнэр “Би гэр бүлийн хүнийхээ барилдаж байгааг харж чаддаггүй юм. Түгшээд их хэцүү. Манай хүн чинь их тайван шүү. Уналаа гээд харамсаад байхгүй. Давлаа гээд “дэвээд” байхгүй. Тэр жилийн наадмаар Санжаадамба аварга амласныг сонсоод зурагтаа унтраачихсан. Гарч цайныхаа дээжийг өргөчихөөд л энэ тэр ажлаа хийж байгаад улсын цол авсан мэдээг нь сонссон. Их баярласан даа” гэв. Энэ гэр бүлийн хоёр том хүү нь бөх гэхээс илүү оюуны спортод дуртай юм билээ. Ширээн дээр нь даамын хөлөг наагаад өгчихөж. Барилдаж “гэрээ нураахаас” илүү шатрын хөлөгний ард сууж өдрийн талыг өнгөрүүлдэг гэсэн. Том хүү Мөнх-Эрдэнэ нь тооны хичээлдээ шаггүй юм билээ. Олимпиад алгасалгүй орж авсан медалиуд нь ч аавынх нь туузанд гялалзаж байсан. Арвин-Эрдэнэ нь ч ахтайгаа адилхан. Харин Очир-Эрдэнэ хүү бөхөд их дуртай. Аавынхаа өврөөс сална гэж үгүй. Барилдаанд явахад нь л дагаад машинд нь суудаг аж. Начин хүүгээ намраас “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаанд сойх юм гэсэн. Дөрвөн хүүгээсээ бөх болчих болов уу гэж горьдож хардаг нь Очир-Эрдэнэ юм билээ. Ах нарыгаа айлгадаг “атаман” бол бага хүү Номин-Эрдэнэ. Ахтайгаа барилдахаар өрөөд зогсох энэ хүү хэзээний бөх болчихсон юм шиг л эвсэлтэй. Аавынхаа малгайг хазгай тавьчихаад ширээ тойрч дэвэх нь өхөөрдмөөр.

Гэрийн эзэгтэй Д.Азжаргал ч бөхийн гэр бүлд өсч хүмүүжжээ. Түүний өвөө нь Баатар гэж сум орныхоо наадмуудад алгасалгүй барилдаж түрүүлж, үзүүрлэдэг бөх хүн байсан гэнэ. Аав нь ч арал бяраараа гайхагддаг сумын заан цолтой бөх хүн ажээ. “Бөх хүний гэргий байна гэдэг том хариуцлага дагуулдаг. Дэвжээнд гарч барилдахгүй ч арынх нь ажлыг бат даана. Бэлтгэлээс ядраад ирэхэд нь хоол цайг нь халуун байлгахаас эхлээд ажил их. Наадамд барилдахаар явахад нь цайныхаа дээжийг өргөөд л хүлээнэ” гэж хэлсэн юм. Тэрбээр Хүүхдүүдээ заавал бөх бол гэж албадахгүй ээ. Хүсэл сонирхлыг нь харж байгаад дэмжээд өгнө дөө” гэж хэлсэн юм.

Ганц нэгхэн наадамд барилдчихаад нутгийн ах нараараа дэмжүүлээд улсын цол авчихдаг бөхчүүд бий. Ганжад тийм биш. Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд олон жил тогтвортой сайн барилдаж байсан шилдэг хүчтэн. Тэр сумын заан цолтой байхдаа аймгийн цолтнуудын барилдаанд шөвгөрч байсан зартай бөх юм. 10 гаруй жилийн хөлс хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж улсын цолтнуудын эгнээнд багтсан. Начин цолны даваанд нутгийн ах нараа царайчилж, гуйж, гувшиж гүйгээгүй. Өөрийн чадлаараа үнэн хүчийг үзэж энэ цагийн идэр хүчтэн улсын аварга Ч.Санжаадамбатай тэнцүүхэн барилдаж дээр нь туссанаар Төв аймгийн Сүмбэр сумаас төрсөн анхны улсын цолтой бөхөөр өргөмжлүүлсэн юм. Г.Ганжадын улсын цол авах зам тийм ч дардан байгаагүй. Хоёр ч удаа хүнд бэртэл авчихаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдаж байсан үе түүнд бий. Гэхдээ тэр бууж өгөлгүй зүтгэсэн учраас түмэндээ хүндлэгдсэн том бөх болоод байна.

Тэрбээр “Аймгийнхаа наадамд түрүүлчихээд одоо улсын наадамд барилдана гэж их баярлаж билээ. Бэлтгэлийн ачааллаа ч нэмж өгсөн. Гэтэл гарынхаа савх ясыг хугалчихсан. Нарийхан яс учраас бороолох гэж их уддаг юм билээ. Их тэвчээр шалгасан даа. Арайхийж илааршуулаад сая нэг юм зодгоо өмслөө. Бэлтгэлийн үеэр дахиад л өвдгөндөө хүнд гэмтэл авсан. Жил орчим бөхийн дэвжээний гадна үлдэх шаардлага гарч байгаа юм. Үеийнхэн улсын цол аваад дээшээ яваад байхад бэртэлтэй гээд зүгээр суугаад байж чадаагүй ээ. Фитнесс зааланд очоод бэртэлтэй хөлөндөө ачаалал өгөхгүйгээр хөнгөхөн бэлтгэл хийдэг байлаа. Энэ хөдөлмөрийн маань үр шим гарч цол хүртсэн болов уу гэж одоо боддог юм. Зүгээр хэвтээд байсан бол жин масс нэмнэ. Намайг ямар ирээдүй хүлээж байсныг таашгүй ” гэж ярьсан юм. Түүнчлэн өнөөдөр дан ганц бөх барилдаад амьдрал ахуйгаа зохицуулаад явах боломж хомс. Спорт чинь залуу насны л ажил. Ах нь хөдөө хэдэн малтай. Үүнийгээ л бараадах байх даа. Одоо намрын ажилдаа явахаар зэхэж байна. Эргээд ирэхэд заалны барилдаанууд эхлэх байх. Бэлтгэлээ хийж байгаад л барилдаан алгасахгүй зодоглоно доо. Нас 30 гарчихсан байна. Одоо хэдхээн жил бэлтгэлээ чамбай базааж байгаад зүтгээд дуусна даа гэсэн юм.

2000 оны оны эхэн үед Сүмбэр суманд үхэр тэрэгтэй мод зөөж явсан хүү өнөөдөр том бөх болжээ. Өнөөгийн нийгэмд зөв үлгэрлэж яваа залуу үеийн нэгэн төлөөлөл, түмэндээ хайрлагдаж, төрдөө хүндлэгдсэн үлгэр жишээ өнөр бүлийн нэг өдрийг сурвалжлахад ийм байна.

Гэрэл зургийг Б.НАМСРАЙ


Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважаргал: Мотоцикл малчдын амь насанд заналхийлж байна

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргалтай ярилцлаа.


-Амралт зугаалгын үе үргэлжилж байна. Орон нутгийн замын нөхцөл байдал ямар байна вэ?

-Зуны улиралд амралт зугаалга, хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөнтэй холбогдуулаад орон нутгийн замд гарах осол хэргийн тоо өсдөг. Энэ жил өмнөх жилүүдийг бодвол осол хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа ч хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсаар байна. Өчигдөр л гэхэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Тоёото Рав 4” маркийн авто машин осолдож найман сартай охин нас барсан хэрэг бүртгэгдлээ. Бид орон нутгийн замд гарч байгаа осол хэргийг өнгөөр нь авч үзвэл онхолдох хэлбэр зонхилж байна. Онхолдохын цаад талд хурд хэтрүүлэх, аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зогсоох арга хэмжээ авч чадахгүй, шөнө оройн цагаар гэрлийн гялбаанд орох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцох зөрчлүүд байгаа юм. Мөн хэт удаан жолоо барьж ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцох нь зүүрмэглэж зам тээврийн ноцтой осол хийх эрсдэл дагуулдаг. Ядарсан, нойр хүрсэн тохиолдолд зам чөлөөлж амарч байгаад явах шаардлагатай.

-Жолооч нар аюул саад тулгарсан үед хурдаа хасч зогсоох арга хэмжээ авч чадахгүй байгаа нь ослын нэг шалтгаан болж байгаа талаар яриандаа дурдлаа. Жолооч нарын ур чадварт асуудал байна уу?

-Жолооч замын хөдөлгөөнд оролцож явахад гэнэтийн саад тулгарсан тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг л хасах ёстой.

Ингэснээр өөрт болон бусдад аюул учрах эрсдлээс хамгаалах боломжтой. Манайхан морь мал урдуур гүйх, гэрлийн гялбаанд орох зэрэгт тойрч гарахаар жолооны хүрдээ эргүүлж байгаа нь замын хажуу руу унах зэрэг ноцтой осол хэргүүд рүү оруулж байгаа юм. Гэнэтийн саад тулгарахад жолооны хүрд мушгихаас өмнө таны хөл тоормосон дээр очих ёстой. Хурд тодорхой хэмжээгээр саарсны дараа хажуу тийш нь дарах гэх зэрэг үйлдлээ хийж болно шүү дээ.

-Зам тээврийн айхавтар осол хэргийн мэдээ, мэдээлэл өдөр бүр л дуулдах юм. ТЦа-наас аян хүртэл өрнүүлж байна. Манайхан анхааруулаад байхад л осолдоод байна. Хэнэггүй байна уу?

-Ноцтой хэргүүд ар араасаа гарч байна. Онцлоод хэлэхэд мотоциклтой осолдож нас барж байгаа хэргүүд хөдөө сумын төвд бараг өдөр бүр л шахуу гарч байна. Манайхан чинь малаа мотоциклоор хариулдаг болсон шүү дээ. Батлагдаагүй зам тээвэр буюу шороон зам дээр бүрэн бус мотоциклтой хурд хэтрүүлж яваад осолдож амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа юм. Орон нутгийн замд л гэхэд мотоциклоос унаж хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд олон бий. Тэр бүр цагдаагийн байгууллагад бүртгүүлдэггүй. Хөл гараа хугалах бол энүүхэнд. Өнгөрсөн онд л гэхэд 138 хүн мотоциклтой зорчиж яваад амь насаа алдсан тоон судалгаа бий. Үүний 97 нь орон нутгийн замд ямар нэгэн бүртгэл судалгаагүй мотоциклтой зорчиж яваад амь насаа алдсан байгаа юм. Монголчлоод зассан бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй уул, хадаар хүртэл явж малаа хариулна. Ингэж яваад л осолдож амь насаа алдана. Энэ асуудал дээр бодлогоор анхаарч цэгцлэхгүй бол малчдын амь насанд мотоцикл тодорхой хэмжээгээр заналхийлж байна. Малчид морио унаад малаа хариулах нь эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа хэрэг.

-Ар араасаа ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдэж байгаа нь жолооч нарын сэтгэхүйтэй холбоотой юу. Нэгнийхээ дор орохгүй гэх сэтгэхүйгээр замын хөдөлгөөнд орж байгаа харагддаг?

-Хөдөлгөөний эрчимтэй үед уралдах хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байна. Хурд ямар эрсдэл дагуулдгийг ухамсарлахаа больчихсон байгаа юм. Орон нутгийн замд гүйцэж түрүүлж сүлжиж давхиж байгаагаас л осол хэргийн олонх нь үйлдэгдэж байгаа шүү дээ. Ялангуяа гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэж байгаа их эрсдэл дагуулдаг. Нэг машин гүйцээд ирэхээр нь “Энэ яахаараа миний урд гардаг юм” гээд дагаад хурдаа нэмдэг муухай сэтгэхгүй манайхны тархинаас арилахгүй байна. Зам тээврийн осол хэрэг гэдэг бол санамсар болгоомжгүйгээс үйлдэгддэгээрээ бусад хэргээс ялгаатай. Жилдээ 500-600 хүн нас бараад, 1200-1300 нь насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэж байгаа чинь ерөөсөө анхаарал болгоомжгүй үйлдэгдэж байгаа хэргүүдтэй шууд холбоотой.

-Ханбогдод машин осолдож найман сартай охин амь насаа алдсан талаар та яриандаа дурдсан. Манайхан хүүхэд тээвэрлэх тал дээр ойлголт дутмаг байна уу. Бага насны хүүхдүүд орон нутгийн замд цонхоороо толгойгоо гаргаад л зорчих юм?

-Тийм. Хүүхэд тээвэрлэх тал дээр ямар ч ойлголтгүй байна. Өнгөрсөн жил 47 хүүхэд зам тээврийн ослоор нас барсан. Үүний 90 орчим хувьд нь орон нутгийн замд эцэг эхтэйгээ зорчиж яваад осолдсон байгаа юм. Орон нутгийн замд зорчихдоо эцэг эхчүүд бага насны хүүхдийг өвөр дээрээ авч явдаг. Хөдөлгөөнд оролцож явахад гэнэтийн аюул саад тулгарахад таны өвөр дээрх жаахан хүүхэд тань жийргэвч болж байгаа юм. Хөнгөхөн ослын үед л урд салхины шил очоод мөргөнө шүү дээ. Та хамгийн хайртай хүмүүсээ өвөр дээрээ асарч хамгаалаад явж байна гэж ойлгодог. Энэ бол эсрэгээрээ. Хамгийн хайртай хүмүүсээрээ жийргэвч хийж амь насыг хохироож байна гэсэн үг. Бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх ёстой. 10 хүртэлх насны хүүхдийг зориулалтын суудалд бүс тохируулагчтайгаар тээвэрлэх хэрэгтэй. Зориулалтын суудалд тээвэрлээгүй тохиолдолд Тээврийн цагдаагийн албанаас арга хэмжээг цаг тухай бүрт нь авч байгаа. Бүх постон дээр энэ төрлийн хяналтыг тавьж ажиллаж байна.

-ТЦа-наас 21 аймагт хурд хэмжигч байршуулсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-ТЦА-наас 21 аймгийг нэг км-ийн зайнаас тээврийн хэрэгслийн хурдыг бүрэн тодорхойлох чадамжтай хурд хэмжигчээр хангасан. Орон нутгийн замд 88-120 км хүртэл хурд хийхэд таны гэрийн хаягаар торгуулийн хуудас очих болно. 120-иос дээш км цаг хурдалбал тухайн газар цагдаа зогсоож эрх хасах арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэд орон нутгийн замд зорчихдоо энд цагдаа алга гэсэн сэтгэхүйгээр ханддаг цаг ард хоцорсон. Цагдаа байхгүй ч хурд хэмжигч ажиллаж таны гэрийн хаягаар торгуулийн хуудас очно шүү гэдгийг дахин анхааруулъя.

-Хөдөө гарч байгаа жолооч бүхэн л авто машинаа өндөрлүүлнэ гэж ярих болж. Энэ нь осол хэрэг гарах шалтгаан болж байна гэх юм. Энэ талаар жолооч нарт зөвлөхгүй юу?

-Үйлдвэрийн стандартыг нь эвдэж өндөрлөх нь осол хэрэг гарахад нөлөөлж байгаа. Өндөрлөсөн тээврийн хэрэгслээр орон нутгийн замд зорчиж явахдаа хурдаа зөв тохируулах нь чухал. Эргэлтэн дээр өндөрлөсөн, болон үйлдвэрийн стандартаараа яваа тээврийн хэрэгслийн ялгаа гардаг. Үүнийг ухамсарлаж орон нутгийн замд хурдаа зөв тохируулах хэрэгтэй байна. Ер нь тэгээд 80 км цагийн хурдтай явахад осол хэрэгт өртөх магадлал эрс буурна гэж ойлгож болно.

-Гол төлөв ямар насны жолооч нар зам тээврийн осол хэрэгт өртөж байна вэ?

-Сүүлийн нэг сарын хугацаанд үйлдэгдсэн осол хэргээс шүүхэд 20-30 насны залуус өртөж байна. Амралт зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Цэдэнсодном: Батмөнх зааныг лавхан сугадаад л авчихвал учиртай гэж бодож байлаа

Өнөө жилийн улсын их баяр наадмаар тав давж улсын цолны болзол хангасан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат залуу начин Баянзулын Цэдэнсодномтой ярилцлаа.


-Баяр наадмын өмнөхөн болсон Бүх цэргийн баяр наадамд үзүүрлэж бэлтгэл сайн байгаагаа харуулсан. Наадмаар начин болно гэж багцаалж байв уу?

-Өнгөрсөн жилийн 365 өдрийн турш бэлтгэлтэй байсан даа. Барилдаантай өдөр нь Бөхийн өргөө орно. Бэлтгэлийн формоо сайн хадгалсан. Бүх цэргийн наадамд л цол чимгээ ахиулна гэж төлөвлөж бэлтгэл сургуулилтаа хийсэн дээ. Санасандаа хүртэл барилдаж үзүүрлэсэн. Бүх цэргийн наадмын үзүүр, түрүүнд үлдсэн бөх улсын цол авчихаад байдаг шүү дээ. Үүнийг дотроо бодож бэлгэшээж байлаа. Эрэмбээ ахиулаад 40-50 хүний урд гарчихсан болохоор цол авна даа гэсэн зорилготой төрийн наадамдаа бараалхсан.

-Улсын наадамд хэд дэх жилдээ барилдаж улсын цол хүртэв?

-Улсын наадамд хоёр дахь жилдээ л барилдаж байгаа минь энэ. Өнгөрсөн жил анх удаагаа наадмын дэвжээнд гарахад олон хүний өмнө сандарч, биеэ бариад олигтой хөдөлж ч болдоггүй юм билээ. Орой нь ч нойр хүрэхгүй гэгэлзэж, элдвийн юм бодоод тун хэцүү. Нойр муутай хүн ч яаж барилдах билээ дээ. Сая наадмын өмнө нойр хоолондоо ч их сайн байсан шүү. 11-нд хоёр давчихаад бөх гэгч сайхан унтаж амраад л барилдаанаа үргэлжлүүлсэн. Ер нь бэлтгэл сайн байхад ийм, тийм юм бодоод, нервтээд байдаггүй, сайн төвлөрдөг юм билээ. Өөртөө ч итгэлтэй, санасан барилдаанаа л гаргадгийг сая наадмаар ойлголоо.

-Таны “Их Монголын хүчтэн дэвжээ”-нээс улсын цолны тааварт байсан Ж.Наранбаатар, О.Наранбаатар, Б.Лхагвадорж гээд арслангууд бүгд л наадмын эхний өдөр барилдаанаа өндөрлүүлсэн. Мөн дэвжээний тэргүүн бөхчүүдийн нэг Б.Сангисүрэн начин ч энэ даваанд тахим өгч байгаа харагдсан. Энэ нь таны сэтгэл зүйд яаж нөлөөлөв?

-Энэ жилийн тухайд манай аймгийн наадам эрт болсон л доо. Улсын наадамд “Их Монголын хүчтэн” дэвжээнээс 77 бөх барилдсан. Улсын цол авна гэж тооцоолж байсан сайн аймгийн арслангууд маань хоёрын даваанд уначихаар дотор эвгүй болж л байлаа. Яаж хөдөлмөрлөснийг нь нүдээрээ харж биеэрээ мэдэрсэн болохоор тэр шүү дээ. “Нэг ч гэсэн цол авахгүй бол болохгүй шүү” гэж дотоод хүнтэйгээ яриад л барилдсан даа. Манайхан ч намайг хурцалж зоригжуулж өгч байсан.

-Аймгийн арслангуудад хоёрын давааны оноолт хэцүү гэж бөхчүүд ярьдаг. Таны хувьд Дорнодын Д.Ариунмөрөнтэй оноолт таарсан шүү дээ. Барилдаан ямар болов?

-Улсын цолны төлөө зүтгэж байгаа залуу бөхчүүд энэ даваанд хоорондоо нугардаг. Энэ ч утгаараа бөх сонирхогчдын анхаарлыг татдаг л даа. Би Ариунмөрөнтэй таарч барилдсан. Бид хоёрын барилдааны хэв маяг үндсэндээ яг адилхан. Түрүүлж сугадсан нь л даваа авна гэж тооцоолсон. Гараад л сугадаж мушгиад даваа авсан даа. Өмнө нь заалны барилдаанд нэг удаа өвдөг шороодож байсан. Сая чухал даваанд би даагаа нэхсэн.

-Дөрвийн даваанд та Б.Батмөнх заантай оноолт таарч барилдсан. Ер нь наадмын өмнө энэ оноолтын даваанд хэнтэй барилдана гэж тооцоолж байв?

-Бэлтгэл гайгүй болохоор гурав бол давчихна, ямартай ч оноолтын даваанд гарна гэж дотроо тооцож байгаа юм л даа. Цэргийн наадмаар эрэмбээ ахиулсан учраас арслангуудаас зөрж Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан гээд гардиудтай барилдана гэж төлөвлөж бэлтгэлээ базаасан. Б.Батмөнх заантай оноолт таарснаа сонсчихоод “Зааныг лавхан сугадаад л дайрчихвал учиртай” гэж бодож байлаа. Санасан барьцандаа хүрээд л мэхээ даалгасан даа. Батмөнх ахыг анх удаа л давж үзсэн минь энэ. Өмнө нь өрсөж чадалгүй тахимдуулаад л уначихдаг байсан.

-Начны даваанд нутгийн тань харцага Х.Гантулга амлаж барилдсан?

-Харцага ах маань намайг цаашдаа сайн барилдана гэж итгэл хүлээлгэж цолны даваанд амласан. Итгэлийг нь алдчихгүйн тулд илүү хичээж том цолд хүрэх даалгавартайгаа ухамсарлаж байгаа. Нутгийн ахдаа талархаж буйгаа энэ завшааныг ашиглаж хэлье.

-Зургаагийн даваанд түрүү бөхийн аманд очсон. Улсын цол авчихаад ханасан уу. Баярлаад барилдаанаа гаргаж чаддаггүй гэж ахмад бөхчүүд ярьдаг юм билээ?

-Ханаагүй ээ. Э.Оюунболд аварга бид хоёр нэг үеийн бөхчүүд. Сүүлд нь харамсахгүйн тулд санасан бодсоноо хийгээд зоригтой барилдана даа гэж төлөвлөөд гарсан. Сэрвүүгээс барилдаан шийдэх гээд болоогүй ээ. Давхар шуудагнаас мөргүүлээд унасан. Тэр барьцыг задалчихсан бол шоо шидээд азаа үзэх байсан. Бидний үеийн төлөөллөөс улсын аварга цолтон төрсөнд нь баяртай байгаа. Аварга болоод гүйхэд нь өөрөө болчихсон юм шиг л баярласан даа.

-Шинэ цол хүртсэн эхний баяраа хэнтэй хуваалцав?

-Гэр бүлийнхэнтэйгээ л хуваалцсан даа. Хүү маань намайг цэнгэлдэхэд очиж дэмжсэн юм. Тав давчихаад ирэхэд их л баярлаж байсан шүү.

-Аав, ээж тань их баярласан байх. Наадмын дараа хэзээ нутагтаа очив?

-Аав, ээж минь жирийн л малчин улс. Наадмын өмнө намайг цол авчих болов уу гэж их горьдож байсан юм билээ. Би ч бэлтгэл сургуулилт гэж яваад тухтай ярьж амжаагүй. Долдугаар сарын эхээр аав маань “Аав, ээж нь наадмаар хот орж Төв цэнгэлдэхэд бөх үзмээр байна” гэж хэлж байсан. Амжихаа болиод аймгаас 30 инчийн том зурагт худалдаж аваад хүүгийнхээ барилдахыг харсан байна лээ. Намайг тав давахад л манай хоёр хот гараад давхисан байгаа юм. Шөнөжин зүтгээд л 13-ны өдрийн өглөө гэхэд хотод ирчихсэн хүүгийнхээ баярыг хуваалцсан. Мөн ч сайхан байсан даа.

-Цолоороо дуудуулж ямар ямар наадамд барилдав?

-Аймгийнхаа цагдаагийн газрын 80 жилийн ойн баяр наадамд зодоглосон. Аймгийн цол хүртэж байсан цэнгэлдэхдээ улсын цол авчихаад очиход нутгийн зон олон минь мөн ч сайхан хүлээж авч байна лээ. Дараахан нь Баянхонгорт Ламын гэгээний 380 жилийн ойн баяр наадамд очиж барилдлаа. Бөхийн өргөөнд шинэ цолоороо дуудуулж барилдахыг хүлээж сууна даа.

-Шинэ начин анхны сумын наадмынхаа талаар хуучлахгүй юу. Зодог өмсдөг хүүхэд сумын наадмаа их л хүлээдэг байсан биз?

-Би хөдөө өссөн хүүхэд. Моринд их хорхойтой. Аавыгаа дагаад морь уях гэж оролдоно. 2010 онд юм даа. Төрөлх Зүүнбаян-Улаан сумынхаа наадамд морь уралдуулахаар болж хавар нь барьсан юм. Тэгсэн аав маань сумаас шинэ зодог шуудаг аваад өгсөн. Наадам ч боллоо. Өнөө зодгийг нь бүслээд л, хусуураа хавчуулчихаад сумын төв рүүгээ давхиж явснаа одоо бодоход сайхан байдаг юм. Наадамдаа ирээд өмнөх барилдаандаа анхаарна. Давааны зай завсраар морь луугаа нэг өнгийнө. Наадамдаа үзүүрлэж сумын начин болж, уясан хүлэг маань 13-аар давхиж одтой сайхан наадаж билээ. 17-хон настай хүү байгаа өвөртлөөд улсын наадамд үзүүрлэчихсэн юм шиг л сүр бараатай амьтан гэртээ харьсан даа. Энэ үеэс л хот орж бэлтгэл хийж том бөх болох бодол тээж эхэлсэн дээ.

-Хот руу хэдэн онд орж ирэв. Заалны барилдаанд гарч том бөхчүүдийг дэргэдээс нь харчихаад ямар сэтгэгдэл төрж байв?

-Анх хотод ирчихээд шинэ оюутан үндэсний бөхийн бэлтгэлийг өдөр бүр хийнэ. Заримдаа Спортын төв ордонд З.Дүвчин багш дээр ирж чөлөөт бөхийн бэлтгэл хийдэг. Заалны барилдааныг мөн ч их хүлээнэ шүү дээ. Арай хийж амралтын өдрийн барилдаан болоход бөхийн тоо нь гүйцчихсэн гээд, багтахгүй буцах тохиолдол их. Бэлтгэлээ шалгадаг ганц барилдаан маань сар бүр зохион байгуулагддаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан. Үеийн залуустайгаа энд барилдаад дөрөв, тав давсан нь улс аймгийн цолтнуудын аманд гарах эрхээ авдаг байлаа. Анх улсын цолтнуудын барилдаанд зодоглоод гарахад чинь том том бөхчүүдээс сүрдэнэ шүү дээ. Батмөнх заантай их олон таарч барилдаж байлаа. Эхлээд ч ганцхан тахимдуулчихаад үсрээд өгнө. Унасан барилдаандаа дүгнэлт хийгээд дараа дараагийн барилдаануудад нь гарынх нь аяыг даахтайгаа болж байгаа юм. Заантай дан, давхар золгоонд хүрдэг болоод л их урам орж байгаа юм. Улсын заантай давхар золгож барилдсан хүнд чинь өнөө сумын заанууд чинь жижигхэн харагдаад болдоггүй. Аймгийн цолтнуудтай ч барилдчихмаар санагддаг болж байгаа юм. Батмөнх зааныг давж чадаагүй ч сайн барилдаж унаад байхаар сэтгэл зүй их өөр болж байлаа. Өөрийн барилдааныхаа арга барилыг олж эхэлсэн нь л тэр юм билээ. Ингээд амжилт маань шат шатаар ахисан юм даа. Аймгийн харцага болоод, дараагаар нь аймгийн арслан цолд хүрсэн. Аймгийн арслан болчихоод л хурдхан шиг улсын наадамд барилдаж үзэх юмсан гэсэн хүсэл төрж билээ.

-Сугадаж дайрдаг, суйлдаг барилдааны хэв маягийг танд хэн суулгаж өгсөн бэ?

-Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат сумын заан н.Мөнхжаргал гэж хүн бий. Тэр хүнээр л анх бөхийн эрдэм заалгуулж байлаа. Дунд сургуульдаа чөлөөт бөхөөр барилддаг байлаа. Түргэн барилддаг маань үүнтэй холбоотой болов уу гэж боддог юм. Одоо бол улсын арслан До.Ганхуяг ахын удирдлагад барилдааны арга техник, барьц байрлалаа заалгуулаад явж байна.

-Барилдааны тань онцлог юу вэ?

-Барилдах гэж гарчихаад өрсөлдөгчөө налаад зогсоод байхыг хүсдэггүй. Түргэн барилдахыг боддог юм.

-Таныг дэмждэг олон пүүс компани байдаг байх?

-2014 оноос “АПУ” компанийн нэр дээрээс барилдаж байна. Лхагвасүрэн ахдаа, Эрдэнэбилэг захиралдаа бэлтгэл сургуулилт хийхэд дэмжиж тусалдагт нь их баярладаг юм. Мөн Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хамт олонд талархал дэвшүүлье. Намайг дэмждэг олон ах бий. Тэр бүгдийн сайхан сэтгэлийн үзүүрт би өдий зэрэгтэй явдаг юм. “Их Монголын хүчтэн” дэвжээний удирдлагууд До.Ганхуяг арслан, ардын багш Ч.Дамдиншарав, Т.Санчир заан нарын бөхчүүд сурсан мэдсэндээ харамгүй хэлж зөвлөж өгдөгт нь талархаж явдаг даа.

Бидний ярилцаж байхад хажууд жаахан хүү суусан нь шинэ начингийн хүү Жиндбаатар ажээ. Аавынхаа шинэ цолны баярыг хамгийн түрүүнд хуваалцсан тэрбээр бөхөд их дуртай юм билээ. Удахгүй зодог шуудаг авч үеийнхэнтэйгээ барилдах юм гэсэн. Цэдэнсодном начин хүүгээ том цолтой бөх болохыг бэлгэдэж аймгийн арслан цолтойдоо өмсөж олон наадамд зодоглосон малгайгаа бэлэглэсэн гэсэн. Үеийнхэн дундаа биерхүү гэмээр энэ хүү хэдхэн жилийн дараа монгол бөхийн ногоон дэвжээнд нэрээ цуурайтуулах биз ээ.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Чимэдбат: Хол замд жолооч нар зүүрмэглэж байгаа нь томоохон зам тээврийн ослын шалтгаан болж байна

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.


-Нийслэлд явагдаж буй зам засварын ажил болон бусад шалтгааны улмаас хэд хэдэн замыг хэсэгчлэн хааж байна. Энэ талаар тодруулахгүй юу. Хэдэн хүртэл хаах вэ?

-БНТУ-ын үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй зочид төлөөлөгчид долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үед цагдаагийн байгууллага чиг үүргийнхээ дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гудамж замыг хэсэгчилж хааж байгаа. Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг замуудыг хэсэгчилж тодорхой хугацаагаар хаасан. Гэхдээ хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хүндрэл учруулахгүй, бухимдуулахгүй байх үүднээс л чиглэж болох хөдөлгөөнүүдийг зохицуулаад ажиллаж байна.

Ачаалал их уулзваруудад Тээврийн цагдаагийн албаны хоёроос гурван албан хаагч ажиллаж хөдөлгөөн зохицуулж үүрэг гүйцэтгээд ажиллаж байна. Энэ талаарх мэдээллийг авто радио 96.3-аар иргэдэд шууд хүргэж байгаа. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтраад иргэдэд цаг үеийн нөхцөл байдлыг дамжуулж байна. Цаг уурын нөхцөл байдал, борооноос шалтгаалж зохиомол түгжрэл үүсч байгаа. Зорчих хэсэг нойтон үед хурдаа тохируулж, төв замыг сонгохгүй байхыг жолооч нарт зөвлөж байна.

-Зам засварын ажлаас шалтгаалж хэд хэдэн газар зам хаасан байсан?

-100 айлын зам буюу Цагдаагийн гудамжийг зам засвартай холбоотойгоор хэсэгчилж хаасан. 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх 1.6 км замд өргөтгөл шинэчлэл хийж, гурван хэсэг хувааж хааж байна. 32-ын тойргоос “Хангай хотхон” хүртэлх 0.3 км замыг зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 10-ны өдрүүдэд хаасан. “Хангай хотхон”-оос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-ны өдрөөс 28-ныг хүртэл хааж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг долдугаар сарын 28-наас ирэх сарын 15-ныг хүртэл хаана. Иймд тус чигийн авто замаар зорчих болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд барилгын ажил хийгдэх хугацаанд үйлдвэр үйлчилгээгээ төлөвлөөд явах хэрэгтэй байна.


-Олон хүн аймгийнхаа наадмыг зорьсон байх. Нөхцөл байдал ямар байв?

-Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд 366 мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 226 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгасан.

Осол хэргийн улмаас зургаан хүн гэмтсэн. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлж, цаашид гарч болох хор уршгаас урьдчилан сэргийлж, хуулийн дагуу шийдвэрлэж ажилласан. Энэ амралтын өдрүүдэд орон нутгийн замд ноцтой осол, хэрэг бүртгэгдээгүй. Гэхдээ амралт зугаалгын цаг үргэлжилж байгаа.

Усархаг бороо их хэмжээгээр орж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хурдаа тохируулах шаардлагатай байна. Албан хаагчид 21 аймгийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын хурдыг хэмжиж хөдөлгөөнт байдлаар хяналт тавьж ажлаа зохион байгуулаад явж байна. Жолооч нар маань энэ пост цагдаатай, өнгөрчихвөл цагдаа байхгүй гэсэн сэтгэхүйгээр хурд хэтрүүлж согтуугаар замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн ослын хохирогч болдог. Ийм учраас Тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтаа хөдөлгөөнт байдлаар зохион байгуулж байна. Нийт хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хаана ч явсан таныг цагдаа хянаж байгаа гэдгийг ухамсарлах хэрэгтэй байх. Хөдөө орон нутгийн замд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, хүүхдийг буруу тээвэрлэх зэрэг зөрчлүүд их илэрдэг.

-Сая том оврын автобус шатсан хэрэг гарсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу. Ойрмогхон хугацаанд л хэд хэдэн автобус шатсан хэрэг гарлаа. Ямар зөрчил гаргасны улмаас шатаж байна вэ?

-Төв аймгийн нутаг дэвсгэрт том оврын автобус шатсан хэрэг гарсан. Хөдөлгөөнд оролцож буй жолооч тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангахгүй бол том оврын автобус шатсан хэрэг нэг бус удаа гарлаа.

-Энэ сарын дундуур Тээврийн цагдаагийн албанаас өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан гэсэн. Энэ хугацаанд замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байв?

-Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Энэ хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 960 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 600 гаруй нь зам тээврийн ослын шинжтэй байсан. Зам тээврийн ослоос шалтгаалаад баяр наадмын үеэр 13 хүн амь насаа алдсан. Үүний 12 нь орон нутгийн замд байсан. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас “Яараад яахав дээ” аянг эрчимжүүлэн зохион байгуулж ажиллаж байна. Жолооч нар маань энэ аянд нэгдэж, замын хөдөлгөөнд хурдаа тохируулан оролцох хэрэгтэй. Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хүндэлж байгаа хэрэг. Хамт зорчиж яваа хүмүүсийнхээ амь насыг хариуцаж яваа гэдгээ ухамсарлаж 100 км цагийн хурдтай явж байгаа бол 80 км цаг болгоорой. Хурдан явж ирэв үү гэж биш сайн явж ирэв үү гэж мэнд мэддэг шүү дээ. Цагдаагийн байгууллага зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа ч хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын сахилга бат, ухамсар гэдэг зүйл чухал.

-Тав хоногийн дотор л 13 хүн зам тээврийн ослоос амь насаа алдана гэдэг харамсалтай юм. Хурд хэтрүүлснээр зам тээврийн ослын хохирогч болж байгааг иргэд ойлгож байгаа байх. Өөр ямар шалтгаанууд байна?

-Зөвхөн хурднаас шалтгаалж биш ядарсан, зүүрмэглэсэн үедээ зам тээврийн ноцтой осол хийсэн тохиолдол сая хэд хэд бүртгэгдлээ. Манайхан орон нутгаасаа оройхон гараад шөнөжин давхиад хар зам дээр гараад ирдэг. Шөнөжин жолооны ард суусан хүн ядарч нойр нь хүрнэ. Нойр хүрч байгаа ч зүүрмэглэхээ мэддэггүй. Хэсэг замыг зүүрмэглэж туулчихаад цочоод сэрж байгаа тохиолдол байдаг шүү дээ. Ингэж яваад л өөрийнхөө болон өрөөлийн амь насыг хохироож, эд хөрөнгийг нь сүйтгэдэг. Ядарсан л бол орон нутгийн замд битгий жолоо барь. Жолоо сэлгэх хүнтэй бай. Амарч ядаргаагаа гаргаж, нойроо сэргээгээд хөдөлгөөнөө үргэлжлүүлж болно шүү дээ. Ингэснээр та зам тээврийн ослоос өөрийгөө, хамт яваа хайртай хүмүүсээ хамгаална. Нүд ирмэхийн зуурт л та зам тээврийн ноцтой осол хийж хэдэн ч хүний амийг авч одох эрсдэлтэй. Үүнийг цаг тутам санаж, ухамсарламаар байна даа.

-Зам тээврийн осолд холбогдож байгаа тээврийн хэрэгслийг та бүхэн судалдаг байх. Манайд буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл олон байгаагаас нь зам тээврийн осол буурахгүй байгаа гэх яриа байдаг. Энэ талаар судалгаа мэдээлэл байдаг уу?

-Манай улсад 900 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүний 800 гаруй мянга нь автомашин. Өдөр тутам бол 400 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцог. Нийт бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийн 51-ээс дээш хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй, Японд үйлдвэрлэсэн автомашинууд байдаг. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед ийм жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд бүтэн орж байж л урдаас ирж буй тээврийн хэрэгслийг харах боломжтой. Эсвэл хажууд сууж буй зорчигчоороо замаа харуулж гүйцэж түрүүлдэг. Өнөөх нь тээврийн хэрэгслийг гүйцэд хардаггүй, ирж яваа тээврийн хэрэгслийг цаашаа явж байна гэж харах ч юм уу ийм байдлаар гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийж аваар хийх тохиолдол байдаг. Гэхдээ буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгсэл гэхээс илүү жолоочийн хариуцлагын асуудал яригддаг.

-Наадмын дараа намар гэдэг. Амралт зугаалгын цаг дуусна. Замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэнэ. Энэ үеэр ТЦА-ийн албанаас замын хөдөлгөөнийг бууруулах ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Сар орчмын дараа л хичээлийн шинэ жил эхэлнэ. Орон нутгаас 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл нийслэлд орж ирдэг. 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор томоохон худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн ачаалал их авдаг. Үүнтэй холбоотойгоор нийслэлд орон сууцны хоорондох таван цэгт зохион байгуулалтыг өөрчилж өгсөн. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Мөнгөн завьяа” дэлгүүрийн хажуугаар хойшоо Ард кино театр луу гардаг замыг хойш нь нэг чигийн хөдөлгөөнд оруулж өгсөн. Мөн “Компьютер ланд”-ыг нар буруу эргэх буюу ороод зүүн талаар хойшоо тойроод баруун талаар нь урагшаа гардаг болгож зохион байгуулсан. Мөн найман шарга худалдааны төв, 25 дугаар суваг телевизийн хоорондох замыг хойшоо С1 телевиз рүү гардаг гарц хүртэл хойшоо нэг чигийн хөдөлгөөнтэй болгож өгсөн. “Теди” худалдааны төвөөс урагшаа урт цагааны уулзвар хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж өгсөн байгаа. Мөн Баянзүрх нутаг дэвсгэр Жуковын музейн баруун талаас “Гялс” төв рүү явж байгаа орон сууцны хорооллын дундах замыг баруун тийш нь нэг чигийн хөдөлгөөнд оруулсан. Нийт хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тэмдэг, тэмдэглэгээг анхаарч замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.


Categories
мэдээ цаг-үе

Хятадын хөнгөлөлттэй зээлээр авсан 336 усалгааны системээс ердөө 12 аж ахуйн нэгжид л нийлүүлжээ

-ҮЛДСЭН 309 УСАЛГААНЫ СИСТЕМ НЬ “ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН”-ГИЙН МЭДЭЛД, АГУУЛАХАД НЬ ХЭВТЭЖ БАЙГАА НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ. ХУУРАЙШИЛТТАЙ БАЙСАН ӨНГӨРСӨН ХАВАР ЭДГЭЭР СИСТЕМҮҮДИЙГ ОЛОН ЗУУН ТАРИАЛАНГИЙН КОМПАНИД ӨГЧ БОЛООГҮЙ ЮМ БАЙХ ДАА-

Бид энэ талаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Х.Кенжегүлээс тодрууллаа.


-Тариалангийн аж ахуй эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгардаг асуудал нь усалгаа. Өнгөрсөн онд БНХАУ хөнгөлөлттэй зээлээр цөөнгүй тооны усалгааны системийг оруулж ирсэн гэсэн. Нийт хэдэн систем оруулж ирсэн бэ?

-Манайх БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол орны усалгаатай газар тариаланг дэмжих зорилгоор усалгааны системийг оруулж ирсэн. Усалгааны систем нэвтрүүлж буй анхны тохиолдол нь энэ. Бид энэ төсөл дээр нийт 17 сая ам.долларын үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийг услах бага дунд том оврын бороожуулагчийг оруулж ирсэн. Том оврын систем 130 ширхэг. Энэ маань 9000 га-г услах хүчин чадалтай. Жимс жимсгэнийг услах зориулалттай жижиг усалгааны систем 90 ширхгийг оруулж ирсэн. Энэ 150 га-г услах хүчин чадалтай, дуслын усалгааны системийг оруулж ирсэн байгаа. Төмс, хүнсний ногоон дээр бол нэг га талбайг услах хүчин чадалтай 80 ширхэг бороожуулагч, дунд оврынх нь 36 ширхэг орж ирсэн олгогдож байна. Энэ маань 1-5 га-г услах зориулалттай.

-Өнгөрсөн хавар хэдэн иргэн, аж ахуйн нэгжид усалгааны систем суурилуулсан бэ. Усалгааны систем суурилуулах төсөл хэр их ирж байна?

-Эхний ээлжинд 12 аж ахуйн нэгж, нэг иргэнд 1775 га талбайг услах хүчин чадалтай 50-100 ширхэг бороожуулагч 27-г суурилуулж өгсөн. Усалгаагаа хийгээд явж байна. БНХАУ-ын инженерүүд газар дээр нь ажиллаж суурилуулалтад зөвлөгөө өгч туршилт тохируулгыг нь хийж байгаа. Увсын Баруунтуруун суманд 150 га-гийн төхөөрөмж, Тариалан суманд 300 га-гийнх, Говь-Алтайн Цогт суманд 200 га-гийн бороожуулагч суурилуулаад ажил нь жигдрээд явж байна.

-Аж ахуйн нэгж, иргэдэд ямар шалгуураар усалгааны системийг олгож байна вэ?

-Үүнийг иргэдэд жилийн хоёр хувийн хүүтэйгээр 12 жилийн хугацаатайгаар урьдчилгаа төлбөргүйгээр олгож байна. Эхний гурван жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөөд дөрөв дэх жилээс үндсэн зээлээ хүүтэйгээ төлөх нөхцөлтэйгөөр олгож эхлээд явж байгаа юм. 50 га-гаас дээш буюу үр тарианы чиглэлээр бороожуулагч худалдаж авахаар зэхэж буй иргэд нэгдүгээрт услалтын системийн зураг төсөл хийлгэх ёстой. Услалтын систем өөрөө барилга байгууламжид ордог учраас барилгын тухай хууль, усны тухай хуулиараа өөрийн гэсэн зураг төсөлтэй байхыг шаарддаг. Энэ зураг төслөө усалгааны систем, усны барилга байгууламжийн зураг төсөл зурах эрх бүхий инженерээр хийлгэнэ. Энэ нь төсөл биш шүү дээ. Инженерийн барилга байгууламж учраас эрх бүхий инженерийн байгууллагаар зураг төсөл хийлгүүлж төслөө ХХААЯ-нд ирүүлнэ. Бид үүнийг судалж үзсэний үндсэн дээр шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгч, санал шүүмжээ тусгаад “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” руу илгээнэ. Шаардлага хангасан тохиолдолд суурилуулна.

-Тавигдах шалгууруудын талаар тодруулахгүй юу?

-Хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байхыг шаарддаг. Авахаар зэхэж буй бороожуулагчийнхаа үнийн дүнтэй тэнцүү хэмжээний барьцаа хөрөнгөтэй байх хэрэгтэй. Энэ маань газар байж болно. Эсвэл өөр бусад техник, үл хөдлөх хөрөнгүүд ч байж болно.

-Усалгааны системүүдийн үнийн дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хүчин чадлаасаа шалтгаалаад хоорондоо харилцан адилгүй үнэтэй. Жишээ нь 50 га-гийн бороожуулагч л гэхэд 61 мянган доллар. 150 сая орчим төгрөг гэсэн үг шүү дээ. Аж ахуйн нэгжүүд үүнд таарсан барьцаа хөрөнгөтэй байж л төсөл бичиж зээлд хамрагдана гэсэн үг. Барьцаанд тавих хөрөнгө, газраа үнэлүүлнэ. Дүйцсэн тохиолдолд зээлээр олгоно. Гол нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон бусад газруудад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх хэрэгтэй. Мөн Монгол банкинд чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх шаардлагатай.

-Усалгааны систем суурилуулахаар бичиг баримт бүрдүүлээд ХХААЯ-нд хүргүүлэхэд л материалыг буцаагаад байна гэх гомдлыг олон иргэн гаргаж байна. Энэ нь цаагуураа өнөөх далд хэлбэрийн авлига нэхэж байна гэх хардлагыг иргэдийн дунд төрүүлээд байна?

-Авлига үүсэх нөхцөл байхгүй л дээ. Хүн болгонд нээлттэй байгаа. Дээр дурдсан шаардлагыг хангасан хэн бүхэнд усалгааны системийг суурилуулж өгч болно. Бага оврын бороожуулагч бол манай яаман дээр ирэх шаардлага байхгүй. Хүсэлтээ ТЭДС-нд гаргаад л тавьсан шаардлагын дагуу материалыг бүрдүүлээд л авна. Бид 50, 75, 125 га-гийн бороожуулагч дээр л зураг төсөл шаардаж байгаа. Манайханд зураг төсөл гэсэн ойлголт байхгүй байна л даа. Тариалангийн талбайн трактор шиг л ойлгоод байна. Услалтын систем инженерийн нарийн тооцоон дээр суурилсан барилга байгууламжийн чанартай зүйл учраас усны инженерүүдийн тооцоо судалгаанд үндэслэж суурилуулна. Судалгаагүй, зураг төсөлгүй манай талбайд энэ бороожуулагч тохирно гээд суурилуулчихдаг. Эргээд энэ нь усны хангамж нь хүрэхгүй байх тохиолдол гарах учраас эрсдэлээс сэргийлж байна гэсэн үг. Усаа худгаас авах юм уу, голоос татах юм уу энэ бүхнээс шалтгаалаад усалгааны системийн хүчин чадал өөрчлөгдөнө. Усны нөөцөөс шалтгаалж усалгааны системийн хүчин чадлыг тодорхойлно гэж ойлгож болно.

-Агуулахад хэдэн тооны бороожуулагч байна. Энэ бүхэн хэзээ хэрэглэгчийн гарт очих вэ?

-12 аж ахуйн нэгж нэг иргэнд усалгааны систем байгаа гэж яриандаа дурдсан. Үлдсэн нь бүгд агуулахад байгаа. Нийт 309 усалгааны агуулахад хэвтэж байна. Хэрэглэгчийн гарт төдийд, өдийд очно гэдгийг тооцоолох арга байхгүй л дээ. Тухайн аж ахуйн нэгж шаардлага хангаж байгаа бол авч очоод суурилуулаад өгнө.


Categories
мэдээ цаг-үе

Монголд байдаг ганц гимнастикийн заал нурахад ойрхон байна

Гимнастикийн спорт нүдэн дээр хөгжиж байгаа. Азийн аварга, Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнүүдийг жил дараалан эх орондоо зохион байгуулж тодорхой хэмжээний амжилт үзүүлж буй нь үүний илрэл. Үр дүнд нь Г.Эрдэнэболд гимнастикийн спортын төрлөөр залуучуудын олимпийн аварга болж биднийг огшоож байсан цаг саяхан. Энэ мөчөөс хойш гимнастикийн спортыг сонгож хичээллэх хүүхэд залуусын тоо ч хэдэн зуугаар тоологдох болсон. Монголын гимнастикийн холбоо ч хэрэглэл материалаа 100 хувь шинэчилж, тамирчдыг бэлтгэл хийх боломжоор нь хангаж өгчээ. Харамсалтай нь улсдаа цор ганц гэх гимнастикийн заал нурж унахад ойрхон байна. Спортын төв ордны хойно байрлах гимнастикийн заалаар шагайхад чийгний эхүүн үнэр хамар цоргино. Амьсгалахад ч түвэгтэй чийг үнэртсэн орчинд 50 орчим хүүхэд бэлтгэл сургуулилтаа базааж байлаа. Энэ зааланд зуны улиралд 200 орчим хүүхэд хичээллэдэг ажээ. Зааланд дусаал дусдаг болсоор ачаалал даахаа больсон байна. Бороотой үед бол хувингаар ус асгаж байгаа мэт л байдаг тухай багш нар нь хэлж байлаа. Заалны хоёрны нэг талбайд тамирчид шавчихсан бэлтгэлээ базааж байлаа. Үлдсэн талбайн зөөлөвчийг авч хулдаас дэвсчээ. Дээр нь тунасан усыг тамирчид нь бэлтгэлийнхээ завсраар арчиж авч байгаа харагдав.

Сүүлд 2011 онд улсаас төсөв баталж дээврийг засварласан байна. Гэсэн ч дээврийн төмөр нь гажиж, хар цаас нь хэд хэдэн газраараа сэмэрч урагджээ.

Гимнастикийн заалны хойд хананаас алхам хүрэхгүй зайд барилга барихаар нүх ухсан байна. Спортын заалны хананаас эгц доош нь хоёр метр хэртэй ухаж заалны суурийг ил гаргаж, хаяавч цементийг л сэтэлжээ. Зарим газраараа дөрвөн метр орчим ухсан нүхэнд их хэмжээний тогтоол ус гарсан байна. Шүүрсэн ус газрын хөрс сэндийлж хоёр давхар спортын заал хэзээ мөдгүй нурахад ойрхон болжээ. Энэ нь дан ганц гимнастикийн заал бус хажууханд нь байрлах 43 дугаар байрны оршин суугчдын аюулгүй орчинд аж төрөх эрхэд ч халдаж байгаа ажээ. Тус байрны подваль руу ус шүүрснээр хана нь мөөгөнцөртсөн байна.

Гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат “Манайд гимнастикийн ганц л заал бий. Спортын болон уран сайхны гимнастикийн 200-300 хүүхэд энэ зааланд бэлтгэл сургуулилт хийдэг. Өвөлдөө энэ тоо 500 хүрнэ. Одоогоор ирэх есдүгээр сард Азербайжаны нийслэл Бакуд зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид бэлтгэл хийж байна. Энэ тэмцээнд оролцож байж үргэлжлүүлээд олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд оролцох эрхээ авах учиртай. Гимнастикийн спортоор олимпийн наадамд оролцохыг зорьж тамирчид бэлтгэлээ базааж байна. Гэвч хажууханд нүх ухсантай холбоотойгоор барилгын ойролцоох газарт суулт өгч хана хотойсон. Улмаар барилгын дээврийн чанар муудаж ус дусаж эхэлсэн. Газрын суулт үүссэнээс дусаал дусч хэрэглэл материалынхаа талыг нь хураагаад байна. Арын газар маань өөрөө усны ундаргатай. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд “гулсаж нуралт үүсэх эрсдэлтэй” гэх үндэслэлээр барилгын ажлыг зогсоогоод байсан” гэв.

Заалны ард В.Баяржаргал захиралтай “Интер групп” ХХК гэх компани барилга барихаар нүх ухсан байна. Заалны хананд залгаж ухсан нүхний улмаас газарт суулт өгч хана нь хазайжээ. Дээврийнх нь ч чанар муудаж дусаал дусах болсон гэнэ.

Спортын гимнастикийн дасгалжуулагч Э.Оргилмаа “Ирэх есдүгээр сард спортын гимнастикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Бакуд зохион байгуулагдана. Энэ тэмцээнд оролцож байж олимпийн наадамд оролцох боломжоо хадгалж үлдэнэ. Ийм чухал үед заалны нөхцөл байдалд ийм байгаа нь тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлнө. Олимпийн наадмыг зохион байгуулж буй Японы тамирчид шууд эрхээ авах учраас дундаж багуудад боломж нэмэгдэж байгаа юм. Заалны тал хэсэгт л спортын болон уран сайхны гимнастикийн тамирчид бэлтгэл хийж байна. Заалны ачааллаас шалтгаалж нэг тамирчинд нэг л минутын цаг оногдож байна. Тамирчид маань олон улсын тэмцээнд хагас бэлтгэлжилттэй л оролцохоор болж байна даа” гэж хэлсэн юм.


Бид 43 дугаар байрны СӨХ-ны дарга Д.Даариймаатай ярилцлаа.


-Энэ газар анх ямар шугамаар олгогдож байсан бэ. Хэзээнээс барилгын ажил эхэлсэн бол?

-Иргэн Ц.Даваасүрэнгийн эзэмшил газар дээр “Интер констракшн”-ны гүйцэтгэлээр 2011 онд суурийн нүх ухсан байдаг. Дөрвөн метр орчим ухахад усны ундарга гарч ирсэн. Өнөө нүх нь усаар дүүрчихсэн. Ухсан нүх нь зуны цагт хоёрт талын байр луу нэвчиж ороод дотор талаасаа мөөгөнцөртчихсөн. Ийм байхад шат шатны байгууллагуудад хандаж мэргэжлийн хяналтын ерөнхий газрын акт гаргуулсан. Үүний дагуу барилгын жил нь бүрэн зогссон байдаг.

-“Интер констракшн” ухсан нүхээ бөглөсөн үү. Одоо ямар компани барилгын ажил эхлүүлээд байна вэ?

-Гүйцэд бөглөөгүй алга болсон. Чимээгүй байж байгаад л наадмын дараа л барилгын нүх ухаад эхэлсэн. Байгууламжийн гүйцэтгэл хийлгэж байгаа залуугаас шаардаж иргэн В.Баяржаргал 10 давхар байшин барьж байгааг нь мэдсэн. Энэ хүн барилга эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр нүх ухаж эхэлсэн юм билээ. Хэрэг нь прокурорт шилжсэн гэсэн” гэв.

Хотын төвийн “А” бүсэд байрлах гимнастикийн заал болон 43 дугаар байрны орчимд замбараагүй газар олгосон нь эмх цэгцгүй энд энд тэнд боссон өндөр барилгуудаас ил харагдана. Оршин суугчид машинаа тавих зогсоол ч харагдсангүй. Зогсоол барих талбайд нь өндөр барилга барихаар түрэмгийлсэн нь өндөр настай гимнастикийн заалыг нураахад хүргэжээ. 43 дугаар байрны СӨХ болон оршин суугчдын төлөөлөл тус газар хүүхдийн тоглоомын талбай бариулах саналыг нийслэлийн удирдлагуудад удаа дараа хүргүүлж байсан ч хэрэгжилгүй байсаар өнөөдөртэй золгожээ. Харин машины зогсоол хүүхдийн тоглоомын талбайгүй газарт 10 давхар барилга барих зай гаргасан нь иргэдийн ундууцлыг хүргэсэн бололтой.

Энэ хэсэг газарт усны судалтай учраас хэтэрхий өндөр барилга барихыг хориглосон мэргэжлийн хяналтын акт гаргажээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Чинбат: ОБЕГ-аас өдөр тутам сэрэмжлүүлж байгаа ч хоёр хоногт нэг иргэн усанд живж амиа алдаж байна

Урин дулааны үед иргэд голын эрэг барааддаг. Энэ үеэрээ согтууруулах ундаа хэрэглэснээр усанд осолдох тохиолдол элбэг. Жилд дунджаар 88 иргэн усанд осолдож амиа алддаг гэх тоон судалгаа бий. Энэ талаар Нийслэлийн ОБЕГ-ын сургалт судалгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Б.Чинбаттай ярилцлаа.


-Амралт зугаалгын үе эхэлжээ. Туул голын эргээр майхан барьж тухалсан иргэд олон байна. Өдөр тутам шахуу л усанд амь эрсэдсэн тухай мэдээ дуулдах юм. Гол төлөв ямар шалтгаанаар усанд эндэж байна вэ?

-Нийслэлийн ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн сүүлийн таван жилийн гол усны ослын талаар хийсэн товч судалгаа байдаг. Энэ судалгаанд үндэслээд харахад хүйтэн сэрүүн өдөр олон, бороо хуртай жил усны ослын тоо буурдаг. Үерийн аюул бол нэмэгдэнэ. аагим халуун нартай өдөр олонтой жил усны осол нэмэгддэг. 2017 онд гантай жил болоход усны осол их байсан. Нийслэлийн хэмжээнд 30 гаруй хүн амь насаа алдаж байсан. Харин 2018 онд хур бороотой жил 10 гаруй хүн л усанд осолдож амь алдсан байгаа юм. Энэ он гараад хавар жаахан цас ороод л дараа нь их халлаа. Халуун нар шарж байгаад л агшин зуурт ширүүн бороо орж байна. Энэ бүхэн цаагуураа дэлхийн цаг уурын өөрчлөлттэй хамааралтай.

-Энэ он гарсаар нийслэлийн хэмжээнд усанд амь насаа алдсан хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ?

-Амралт зугаалгаар явж байгаад 14 хүн амь насаа алдсан. Үүний 11 нь насанд хүрсэн хүн байгаа юм. Гурав нь бага насны хүүхэд байна.

-Нийслэлийн ОБЕГ-аас энэ аюул ослоос сэргийлсэн ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Нийслэлийн засаг даргын захирамжаар бид ес дэх жилдээ “Туул гол” гэх нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн цЕГ-тай хамтарч зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна. Иргэдийн амралт зугаалгын үе эхэлсэн улиралд гол усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул гол дагуу завьт эргүүлийг ажиллуулдаг. Завьт эргүүл маань Туул голын дагуу хоёр чиглэлд явдаг. Эхнийх нь Гачууртаас Маршалын гүүр хүртэл. Нөгөө хэсэг нь Маршалын гүүрнээс Сонгинын амралтын гүүр хүртэл эргүүлд гарна. Энэ жилийн тухайд бага зэрэг өөрчлөлт хийсэн. Нийслэлийн зургаан дүүргийн албан хаагчдыг хамруулах зорилгоор хуваарилж өгсөн. Тухайлбал Гачууртаас Баянзүрхийн гүүр хүртэл Баянзүрх дүүрийг ОБЕГ, Хан-Уул дүүрэгт бол Хан-Уулын ОБЕГ гэх мэтээр хуваарилж өгсөн юм. Голын эрэг дагуух амарч буй иргэдэд эргүүлийн ажилчид маань тогтмол сэрэмжлүүлж байгаа ч усны осол огт буурахгүй байна. Тавдугаар сарын 20-доос долдугаар сарын 20-ныг хүртэл хоёр сарын хугацаанд 14 хүн эндсэн байна. Хоёр хоногт л нэг хүн усанд живж байна гэсэн үг.

-Сэрэмжлүүлээд байхад энэ төрлийн осол гарсаар байгаа нь юутай холбоотой вэ. Иргэд хэнэггүй байна уу?

-Хэнэггүй, өөрсдийнхөө амь насанд дэндүү хайргүй байна л даа. Нийслэлийн ОБЕГ-аас голын эрэг дагуу эргүүл хийж сэрэмжлүүлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч өдөр бүр шахуу сэрэмжлүүлдэг. Ингээд байхад л гол руу очиж живээд байх юм. Мөн энэ талын мэдлэг хомс байх шиг санагддаг. Манайхан амралтыг архигүйгээр төсөөлөхөө больчихсон. Голын эрэг дээр очоод заавал архи ууж байж л таашаал авдаг болчихож. Усанд живж амь насаа алдсан хүмүүсийн 90 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Үүнтэй зэрэгцээд усанд осолдсон хүмүүсийн 90 хувь сайн сэлдэг байсан. Согтоход зориг орно. Эрдээд үсрээд ороход нь шөрмөс нь татаад урсчихна шүү дээ.

Таны биеийн халуун 35 градус, гадаа халуун 35 градус нийлээд 70 градус. Таны уусан архины 40 градусыг нэмэхэд 100 гараад явчихна. Үүний тал хувийг нь л авч үзье л дээ. 50 градус. Гадаа 30 гаруй градусын халуунд гол болон нуурын усны халуун 15 градус л байдаг. 50 градусын халуунтай бие усанд сэрүүцэхээр ороход бие тэлнэ. Та хичнээн мундаг сэлдэг байлаа ч нэг даллаад л шөрмөс тань татаад живнэ. Гол хүчин зүйл энэ байна. Аялж зугаалж явахдаа согтууруулах ундаа битгий хэтрүүлж хэрэглэ. Бага хэмжээгээр ч болов архи уусан үедээ гол, нуурын усанд битгий ор. Ингэснээр та амь насаа хамгаалж байгаа хэрэг.

-Усанд эндсэн 14 хүний гурав нь хүүхэд байсан талаар та яриандаа дурдсан. Эцэг, эхчүүд анхааралгүй байна уу?

-Нэгдүгээрт, анхаарал халамж дутсанаас осолдож байгаа юм. Эцэг, эхчүүд модны сүүдэрт хөзөр тоглоод сууж байдаг. Хүүхдүүд нь голын эрэг дагаж гүйж байгаад л хөл алдаад гол руу уначих тохиолдол их байна. Нэмээд хэлэхэд манайхан голын эрэгт очоод хүүхдэд шаар юм уу бөмбөг өгчихдөг. Харилцаж тоглож байгаад бөмбөгөө ус руу оруулчихдаг. Араас нь ороод л урсчихаж байгаа юм. Ийм тохиолдол олон бүртгэгдсэн.

-Энэ жилийн тухайд үерийн түвшин ямар байна?

-Усны түвшин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байгаа. УЦУОШГ-аас гаргасан мэдээллээр бол Алтай хангай, Хэнтийн уулсаас эхтэй голуудын түвшин зарим газраа 50 орчим см-ээр нэмэгдсэн байсан. Өмнө таны бүсэлхийгээр татдаг байсан ус л далд орох хэмжээний болсон байна гэсэн үг. Голын эрэг дагуу болгоомжтой аялж зугаалах хэрэгтэй. Энэ сарын 27-28-нд зүүн, баруун, төвийн болон хангайн даншиг наадмууд болно. Манайхан ч наадамлахаар нутаг орноо зорино. Нутгийн танил найз нөхөдтэйгөө уулзана. Өдөр наадамлаж байгаад л орой голын эрэг орно. Наргина. Уугаад зориг орж сэтгэл хөөрөөд ус руу үсэрнэ. Ингэж яваад л энддэг байхгүй юу. Хөдөө орон нутгийн наадамд зорьж байгаа иргэд үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Нэмээд хэлэхэд болзошгүй үер усны аюулаас сэргийлж, дулаан хувцас авч явах шаардлагатай. Дээрээс нь техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах нь жолоочийн үүрэг.

-Живсэн хүнийг уснаас гаргаад үзүүлэх анхан шатны тусламж нь юу вэ?

-Та усанд сэлж чаддаг бол түргэн хугацаанд уснаас гаргах хэрэгтэй. Гаргасан даруйдаа ухаан оруулах хэрэгтэй. Амьсгалж байгаа эсэхийг нь шалгаад хажуулдуулж хэвтүүлнэ. Шалгасныхаа дараа цээжин дээр нь 30 удаа дарж хиймэл амьсгаа хийнэ. Үүний дараа хоёроос гурван удаа хиймэл амьсгаа хийнэ. Үүний дараа дахиад л цээжин дээр дарна. Энэ үед хавь ойрд байгаа хүмүүст мэдэгдэж түргэн тусламж дуудах хэрэгтэй. Ийм байдлаар л ажиллана даа.


Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Би чинь Р.Чойномын алганы амтыг үзэж явсан хүүхэд шүү дээ


“Чингис хаан” хамтлаг

“Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин, гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайхантай ярилцлаа.


-Сайхан наадав уу та. Сая наадмын өдрүүдэд таны амьдрал, уран бүтээлийн Чингисийн Жагаа хөрөг нэвтрүүлгийг 25 дугаар суваг телевиз хийж цацсан нь олны хүртээл боллоо. Сайхан нэвтрүүлэг болсон байна билээ. Өөрийнхөө гэхээсээ өрөөлийн тухай, нөхдийнхөө тухай, Монголын рок хөгжмийн түүхээс хүүрнэсэн тань энэ хүн ингэж ярихаас өөр хэн ингэж түүх өгүүлж чадах билээ гэж бодогдсон шүү?

-Сайхан наадлаа, миний дүү. Нэлээн юм болж байж нэг ийм нэвтрүүлэг хийгдсэн дээ. Санаснаар болдоггүй хорвоо гэдэг шиг дутуу дулимаг зүйл байх шиг байна билээ. Монголын орчин цагийн хөгжмийн урлаг, түүнд залуу халуун насаа зориулсан ахмад дуучид, анхны хөгжимчдийн талаар ярих зүйл дуусашгүй л дээ. Бид хамтдаа түүх бүтээлцэж явснаа хожим ухаарч тэрийг асууж байхгүй яав аа, үүнийг лавлаж үлдэхгүй яав аа гэж харамсах нь олонтаа юм даа. Олон арван найз нөхөд минь тэнгэрт оджээ. Тэр бүрийг ганц цагт яаж өгүүлж барахав. Ер нь бол одоо бичигдэж байгаа “Монголын Рок нууц товчоо” гурван боть номоороо ХХ зууны монголчуудын соёл урлаг, тайзны амьдрал, хөгжим тойрсон өдрүүдээр цуврал түүхэн нэвтрүүлгүүд хийе гэж бодож сууна.

-Таны ээж гавьяат багш Г.Бадам, Хурхын голын хөндийгөөр үр хүүхэд, ач гучаа тойруулан олон жил зусаж ирсэн хүн. Энэ хөндийгөөс энэ жилийн наадмын түрүү бөх тодорлоо?

Тун баяртай байна. Нэгэн голын уснаас ундаалж өссөн улсын арслан Э.Оюунболд дүү маань төрийн наадамд түрүүлж аварга болсонд тун их баяртай байна. Шинэ аварга төрсөнд монгол түмэн тэр чигээрээ магнай тэнийлээ дээ. Өнгөрсөн зун Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд болсон аймгийн хурц арслан Г.Өсөхбаярын цолны найрны үеэр уулзаж “Жингээ хасах хэрэгтэй байна даа дүү минь” гэхэд тэрээр “Тийм ээ ах аа. Энэ жил их зүйл төлөвлөж байгаа, дүү нь. Жингээ хасна, хойшоо Орос руу явж тусгай бэлтгэл хийх санаатай. Зарим нэг бэртэл гэмтлээ ч сайтар шинжлүүлж, эмчлүүлээд авъя гэж бодож байна” гэсэн юм. Хэлж ярьж байсныгаа дүү маань хэрэгжүүлж чадсан. Ам ажил зөрөөгүйн учир аварга болж чадлаа хэмээн бодож сууна. Дахиад төрийнхөө наадамд хэд хэдэн удаа түрүү авах нас түүнд бий дээ.

-Та сая “Яг түүн шиг шоу”-ны шүүгчээр ажилласан. Энэ шоуны талаар ярихгүй юу?

2011 онд UBS телевизийн “Universe Best songs” уралдаанд шүүгчээр ажилласнаас хойш энэ удаа Боловсрол телевизийн “Яг түүн шиг” шоуны сүүлийн улирлын шүүгчээр уригдан ажиллалаа. Хэцүү ажил байдаг юм байна. Манай залуу уран бүтээлчид яасан ч их авьяастай болсон юм. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ гэдгийг ёстой үзүүлж өглөө дөө. Тэднээрээ бахархаж байлаа. Хүнд хэцүү давааг давж, санасандаа хүрэх гэж дор бүрнээ хичээн чармайж байгааг нь ойрхноос харж суухдаа шар үс босох шиг болж, бие загзайж байснаа нуугаад яахав. Хэдэн оноогоо хэнд өгнө гэдэг асуудал байсан. Та бүхэн харж, ойлгосон л биз дээ. Энэ бүхэн маань ард түмнээ баясгах гэсэн энтертайнмэнт шоу цэнгүүн шүү дээ гэж үе үе бодогдох боловч эцсийн эцэст авьяас чадвар, хөлс хүчийг үнэлэх үнэлэмж яах ч аргагүй нэхэгдэж байлаа. Боловсрол телевизийн хамт олон энэ мэт энтертайнмэнт шоу цэнгүүн хийхдээ гаршсан улс байна лээ. Монголчуудыг хоёр сар гаруйн хугацаанд найм хувааж чадсан, найрамдуулж дараа нь цэнгүүлж чадсан авьяаслаг найман дүүдээ танай сониноор дамжуулан уран бүтээлийн амжилт хүсэн ерөөж байна!


Д.Жаргалсайхан аав, ээжтэйгээ

-Таны аав нэрт уран барималч Чимидийн Дашзэвэг гэж хүн байсан. Аавынхаа талаар ярихгүй юу?

Ааваараа би бахархдаг. Халх голд цусаа урсган эх орноо хамгаалж явсан өвөөгөөрөө бас бахархдаг.

Халх голын дайны 80 жилийн ойн энэ үед би өвөөгөө дурсахгүй бол хэзээ дурсах билээ. Миний өвөө Авидын Наваан овогтой, Балжин Өндөрхааны долоодугаар дивизийн Бага даргын сургуулийг 1934 оны есдүгээр сард салааны туслах, жинхэнэ бага дарга цолтойгоор төгсгөөд 1939 оны Халх голын дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн наймдугаар морьт дивизийн 23 дугаар морьт хорооны хоёрдугаар сумангийн бие бүрэлдэхүүнд багтан Японы түрэмгийлэгчдийн эсрэг байлдаанд оролцсон юм. Зүүн эргийн элсэн манханд наймдугаар сарын 19-нд болсон ширүүн тулаанд хүндээр шархдах үедээ хорооны сургагч орос хурандаагийн орчуулагчаар ажиллаж байжээ. Тиймээс Зөвлөлтийн цэргийн хээрийн эмнэлэгт хүргэгдсэн ба үзлэг хийсэн эмч “Сумыг нь авах гэж оролдвол энэ хүн цус алдаж үхнэ. Эм тариа яаралтай хийж шархыг нь аниулах хэрэгтэй. Аз болж цус бага алдаж. Бие нь илааршиж чадвал ганц хоёр жил амьдарна” гэж хэлсэн гэдэг. Дайны дараа өвөө маань Хан Хэнтий аймгийн төв Өндөрхааны “Мөрөн” хоршоонд нягтлангаар ажиллаж байгаад цээжинд нь удсан япон сумны уршгаас болж 1944 онд идэр залуухан 35 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Эх орны эр цэрэг явсан өвөөгөөрөө уран барималч Дашзэвэгийн үр удам бид үүрд бахархаж явах болно.

Уран бүтээлийн минь гол санааг чиглүүлж өгсөн хүн бол миний аав. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 1930 онд төрсөн аав маань Улаанбаатар хотын Урлагийн сургуулийн уран баримлын ангийн анхны төгсөгчдийн нэг. Түүний эх загварыг нь гаргаж, газар дээр нь өөрийн биеэр, шавь нарынхаа хамт бүтээн босгосон эрэлхэг баатар охид, хөвгүүдийн хөшөө дурсгалууд монгол орны өнцөг булан бүрт сүндэрлэж байгаад бахархахгүй байхын аргагүй биз ээ. Би энд 1961-1991 оны хооронд барьж босгосон зарим томоохон бүтээлүүдийг нь дурдъя.

Аавынх нь барьсан хөшөө

Монголын анхны хүрэл цутгамал бүтээл болох их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг 1961 онд Л.Махвалын эх загвараар босгох ажилд аав маань баримлын тасгийн бүх уран бүтээлчийнхээ хамт гар бие оролцсон байдаг.

Н.Жамбаагийн эх загвараар Ховд аймгийн Манхан сумын төвд 1962 онд боссон БНМАУ-ын баатар Цэндийн Олзвойн хөшөө, Л.Дашдэлэгийн эх загвараар Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэрийн үүдэнд 1963 онд баригдсан Ардын хувьсгалын партизан Дамдины Содномдаржаагийн хөшөө, мөн Л.Дашдэлэгийн эх загвараар 1964 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд бүтээгдсэн их говийн хатан зоригт бүсгүй, БНМАУ-ын баатар Түвдэнгийн Борын хөшөөг тус тус газар дээр нь сүндэрлүүлж босгосон хүн шүү, аав минь. Хотын халуун паартай урланд сууж хөшөө баримлын эх загвар зохиох нэг ондоо. Тэрхүү эх загварын дагуу хөдөө орон нутагт явж, халуунд халж, хүйтэнд нь хөрөн байж, хөрс шороон дээр нь амьдруулж босгоно гэдэг асар хүнд хөдөлмөр байлгүй яахав. Их л хөдөлмөрлөсөн хүн дээ.

Дараа нь 1965 онд Ховд аймгийн Алтай сумын төвд Байтаг Богдын гурван баатар гэгддэг БНМАУ-ын баатар Лхүнэрэвийн Даваадорж, Баянбалын Тэгшээ, Самданжамцын Лхагвадорж нарт зориулсан нэгдсэн гэрэлт хөшөөг өөрийн эх загвараар, 1966 онд Ховд аймгийн төвд босгосон Үндэсний тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, зүүн гар улсын сүүлчийн хаан Амарсанаагийн морьт хөшөөг өөрийн эх загвараар, Ардын хөдөлгөөний нэрт удирдагч Ард Аюушийн хөшөөг Жамбаагийн эх загвараар бүтээн сүндэрлүүлсэн юм. Эдгээр хөшөөг тойрон хөгшид нарлан, хүүхдүүд тоглож, залуус болзож байдаг гэсэн. Хөшөө тийш одох ардын зам балрахгүй гэдэг чинь их үнэн үг шүү.

За тэгээд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1967 онд БНМАУ-ын баатар Хоролын Дамбын хөшөөг өөрийн эх загвараар, 1968 онд Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод БНМАУ-ын баатар Лхүнэрэвийн Даваадоржийн хөшөөг мөн өөрийн эх загвараар, 1969 онд Ховд аймгийн Чандмань сумын төвд БНМАУ-ын баатар Баянбалын Тэгшээгийн хөшөөг өөрийн эх загвараар тус тус сүндэрлүүлэн босгож байлаа. Эх орныхоо төлөө амь насаа хайрлаагүй эрэлхэг хөвгүүдийнхөө суу алдрыг мөнхжүүлэх үйлсэд аав маань хувь нэмрээ оруулсан нь бахдалтай санагддаг.

1970 онд Булган аймгийн төвд БНМАУ-ын баатар Самданжамцын Лхагвадоржийн морьт хөшөөг уран барималч Довчиндаваатай хамтарсан эх загвараар, 1972 онд Ховд аймгийн төвд эрэлхэг чекист, цогт эх оронч Цогтын Гомбын дурсгалын гэрэлт хөшөөг өөрийн эх загвараар, 1973 онд Увс аймгийн төвд БНМАУ-ын баатар Бэгзийн Гивааны хөшөөг өөрийн эх загварын дагуу, 1976 онд Улаанбаатар хотын Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнө Лениний идэр нас “Володя” хөшөөг уран барималч Д.Санжаагийн эх загварын дагуу, хамгийн сүүлд гэхэд 1991 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт домогт босоо аварга Самдангийн хөшөөг барьсан даа. Хөлс хүч, авьяас хөдөлмөрөөрөө нэрээ мөнхөлсөн аавын минь уран бүтээлийн Гэр музей төрсөн нутагт нь бий. 1999 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнагдаж биднийг баярлуулж билээ.


Д.Жаргалсайханы гэр бүлийн хамт

-Яруу найрагч Р.Чойном гуай таны аавтай их ойр байсан гэдэг?

Миний аав Хэнтий аймгийнх гэдэг утгаараа нутаг нэг гэж яруу найрагч Чойномтой андууд явсан нь үнэн. Ялангуяа 1960-аад оны дунд үеэр Урчуудын эвлэлийн хорооны хотын салбарт туслах зураачаар ажиллаж байхад нь аав маань ил, далдаар их тусалж байсан гэдэг. Тэдний гэр одоогийн Бөхийн өргөөний хойд уулзвар дээр байгаад саяхан нураагдсан Дугуй булант хэмээх алдарт байшинд амьдарч байсныг би санаж байна. Аавын минь шаахай-72 мотоциклийн ард сууж яваад тэр байрны гадаа буудаг байсан юм. Чойном туслах зураачаар ажиллаж байхдаа баяр ёслолын үеэр байшин барилга дээр чимэг болон өлгөгддөг байсан Ленин, Сүхбаатар болон МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд, сайд нарын зургийг даавуун дээр томоор зурж суудагсан. Тэр үед ямар өнөөдрийн хулдаасан хэвлэл гэж гайхамшигтай сайхан юм байсан биш. Нэг удаа Майн баяр ойртож байх үеэр аавыгаа дагаад ажил дээр нь очвол Чойном тэргүүтэй хэдэн зураач гадаа газар дээр дэлгэсэн том том даавуун дээр өнөө хүмүүсийн зургуудыг зурж таарсан юм. Нас бага байж дээ. Эхлээд дундуур нь сүлжээд л их соёлтой амьтан юм юм сонирхож хэрэгт дурлаж явснаа нэг мэдэхэд зурж байсан зурган дээгүүр нь гүйгээ биз. Нэг биш нэлээд хэд гүйсэн байх. Ингээд загнуулна. Сүүлдээ даварсан хүү гэх хэргээр таван салаа боов авсан даа. Авах авахдаа аавынхаа найз Чойномоос хүртсэн юмдаг. Арзайтал уйлж аргадуулаад, бүр болоогүй ээ түүнд хөтлүүлэн тэрүүхэн дор нь байсан “Нүхэн” дэлгүүрээр орж улаан ус, мөхөөлдсөөр дайлуулж байснаа мартдаггүй юм. Хожим 70-аад оны дундуур хуучнаар “Бамбарууш” кафе орж яваад түүнийг хэдэн хүний хамт босоо ширээний ард пиво уугаад зогсож байхыг нь хардаг юм. Гундуухан харагдсан даа, ах минь. “Барималч Дашзэвэгийн хүү Жагай байна” гэж хэллээ. Тэрээр “Өө…” хэмээн ихэр татан хоолойгоо хоржигнуулан аяар дуугараад над руу гараа сунгахад нь би духаа өгч үнсүүллээ. Сөрвөгөр сахал нь хатгаж, нус нулимс уу аль эсвэл пивоны хөөс байсан уу дух маань нэг л нойтон оргиод явчихсан санагдана. “Бамбарууш” кафенаас худалдаж авсан тэргүүн, торт зэргээс өгөөд “Нарийн боов ид, ах аа” хэмээхэд тэр халааснаасаа байдгаараа үрчийсэн нэг төгрөг гаргаж өгөөд “Печень идээд цадаагүй, бичиг үсэг сураад гавиагүй хүн дээ ах нь” гэж хэлж билээ. Энэ нь түүний зохиосон шүлгийн нэг мөр болохыг хожим би олж уншсан юм. Хэнтий аймгийн Дархан сумын төвд байгуулагдсан Чойномын музейд 1992 онд би зочилсон. Сумын хөдөлмөрчдөд тоглосон хоёр удаагийн концертын орлогоо бүгдийг нь музейд хандивласан. Тэр үед Чойном гэдэг агуу найрагч ямархан сайн зураач байсныг нь музейд тавигдсан түүний зурсан зургуудаас олж харж билээ.

Сайхан аавынхаа буянаар энэ мэт Монголын сор болсон олон арван уран бүтээлчтэй ойр дотно явсан бага залуу нас минь дурсамж дүүрэн өнгөрч дээ.

-Сүүлийн үед сошиал ертөнцөөр таны байгуулах гэж байгаа Монголын Рок музейн үзмэрүүдийн тухай мэдээллүүд их гарах болжээ. Энэ бүхнээс бид Монголын поп урлаг, рок хөгжмийн үүсэл хөгжилд хувь нэмрээ оруулсан ахмадуудын талаар мэдэж авч байгаа. Та монголын рок музейн талаараа манай уншигчдад бага ч болов мэдээлэл өгөөч.

-Манай музейн үзмэрт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол хөгжимчин, гавьяат жүжигчин, цахилгаан гитарын бүх үеийн “гол баатар” Д.Галсанбатын Герман улсад үйлдвэрлэгдсэн “Musima Eterna de Luxe” загварын гитар, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, олны дунд “Цэнхэр залаа”-г зохиогч гэж алдаршсан нэрт гитарч С.Баатарсүхийн ARIA PRO VANGUARD япон гитар, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын морин хуур, нэрт дуучин Б.Баярын багаас тоглож өссөн гармони хөгжим, “Инээмсэглэл” хамтлагийн гитарч, хөгжмийн зохиолч Д.Цогдэлгэрийн хэрэглэж байсан загасны уурга, супер саксафонч, хөгжмийн зохиолч, “Баянмонгол” чуулгын хөгжимчин Л.Батаагийн үлээж байсан Чехословакд үйлдвэрлэгдсэн альт саксафон, Монголын анхны мэргэжлийн ятгачдын нэг, “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч Б.Наранбаатарын ятга хөгжим, хөгжмийн найруулагч Н.Халиуны тоглож байсан БНАГУ-д үйлдвэрлэсэн “Вермона” орган хөгжим, “Харанга” хамтлагийн гитарч, хөгжмийн зохиолч Я.Одсүрэнгийн Gibson Les Paul загварын гитар зэрэг 200 шахам үзмэр нэгэнтээ цугларчээ. Цаашид ч энэхүү сан хөмрөг маань баяжсаар байх нь ойлгомжтой. Монголын Рок музей үндэсний төсөл маань төрийн дэмжлэг болон бусад ивээн тэтгэгчдийн гар харалгүй хэрэгжсээр 10-аад жилийн нүүр үзжээ. Хамгийн хайртай хөгжмийн зэмсэг, эд өлгийн зүйлсээ үзмэр болгон бидэнд хадгалуулсан хүмүүсийн итгэл дээр манай энэхүү үндэсний төсөл маань тогтож ирснийг онцлон тэмдэглэмээр байна. Монгол рокын түүх гэдэг бол Монголын залуучуудын түүх, Монголын хөгжмийн түүх, Монголын түүхийн нэгээхэн хэсэг гэж бид ойлгодог. Бид энэ төслийг хэрэгжүүлэхдээ Америк, Европын орнууд дахь рок музейг очиж сонирхон, судалгаа хийсний үндсэн дээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

-Долдугаар сарын 11-нд буюу наадмын үдэш та хамтлагаараа Эрдэнэт хотын хөдөлмөрчдийн өмнө гарч “Эрдэнэтчүүддээ баярлалаа” шоу-цэнгүүнд оролцсон байна билээ. Энэ жил “Чингис хаан” хамтлагийн 30 жилийн ой тохиож байгаа. Тоглолт их хийгдэж байна уу?

-30 жилийн ойн өдрүүдээ манай хамтлагийнхан үзэгч, сонсогчдынхоо хамт тоглолтын тайзан дээр тэмдэглэж байна гэхэд болно. Эрдэнэтийн наадмын шоу тоглолт сайхан боллоо. Дараагийн долоо хоногт бид Өмнөговь аймгийн Гурван тэс сумыг зорих гэж байна. Зуны саруудад Өмнөд Монголын нутагт монгол наадам ихээр зохион байгуулагддаг. Эдгээрт тоглох урилга мөн ирсээр байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд “Чингисийн Жагаа” уран бүтээлийн бие даасан тоглолтуудаа Эрдэнэт, Дархан, Чойр зэрэг газруудад хийлээ. Бас нэгэн сонирхолтой ажилд оролцсон маань Оросын холбооны Халимаг улс руу “Hero” энтертайнмэнтийн уран бүтээлч дүү нарын хамт таван сард одож, нэрт жангарч Цагаанзамын “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн продюсероор ажилласан явдал байлаа. Энэ хүний уран бүтээлээр төлөөлүүлэн Халимагийн ард түмний хэдэн зууны турш туулсан зовлон, жаргалыг тодорхой хэмжээнд үзүүлэх тус нэвтрүүлэг удахгүй нийтийн хүртээл болно.

Мөн ОХУ-ын Санкт-Петербург хотноо зургаадугаар сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын Соёлын өдрүүдэд оролцоод ирлээ. Дараа нь Хөх хот руу нисч Монгол-Хятадын шинэ үеийн найрамдалт харилцаа үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулсан “Одон” телевизийн “Тохой холбосон 70 жил” түүхэн цуврал нэвтрүүлгийн зочноор уригдаж, ярилцлага өглөө. Өмнөд Монголчууд маань манай хоёр орны харилцааны түүхэнд 1989 онд анх удаа Хөх хот, Ордос, Бугат зэрэг газруудаар хийсэн Монголын эстрад урлагийн жүжигчид бидний тоглолтыг ихэд үнэлэн дурсдаг юм билээ. Өнөөдрийн Өмнөд Монголын рок хөгжим, урлаг уран сайханд 30 жилийн тэртээх бидний тоглолт том нөлөө үзүүлсэн гэж онцлон тэмдэглэж байв. Тэр дундаа “Зургаа дөчин тав” дууны үлгэр эхэлсний 30 жил гэсэн уриан дор хийгдэх Өмнөд Монголын рок хөгжимчдийн нэгдсэн баярын цугларалтын үеэр манай “Чингис хаан” хамтлагийг урина гэдгээ илэрхийлж байсан.

Эрдэнэтийн Баяр наадмын шоу тоглолт Амарын талбай дээр сайхан болж өнгөрлөө. Хамтлаг маань гурван цаг гаруй хугацаанд тоглолтоо сонирхууллаа. Энэ үеэр манай хамтлагийн гоцлол гитарч Ц.Алтангэрэл (Атка) маань Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнагдсанд бид маш их баяртай байгаа.Хамтлаг байгуулагдсаны 30 жилийн ойн баярын өдрүүд иймэрхүү маягаар хөлс хүч гаргасан тоглолт, уулзалт, аялал, шагнал урамшууллаар үргэлжилж байна даа.

-Аялал гэснээс таныг удахгүй АНУ руу аялан тоглолтоор явах гэж байгаа гэж сонссон. Энэ талаар та дэлгэрүүлж ярина уу?

Вашингтон орчмын монголчуудын холбооныхонтой хамтарч Америкт ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулсан ёс заншил, уламжлалт соёл, дуу хөгжмийн түүхийг үзүүлэх цуврал арга хэмжээ, аялан тоглолтыг хийхээр төлөвлөж байна. Ганц, хоёр цагийн концертоор үйлчилсэн болоод хэдэн төгрөгийг нь аваад явахдаа гол биш, юмыг уг үндсээр нь хэлж ойлгуулж, таниулах, мэдүүлэхэд бидний энэ цуврал арга хэмжээний гол утга учир оршино. Ялангуяа хүүхэд залуу үеийнхэнд зориулсан Монголын түүх, соёл, уламжлалыг таниулах тоглолтууд болон уран бүтээлийн уулзалт ярилцлагууд тун сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Эхний ээлжинд бидний энэхүү арга хэмжээ Вашингтон орчмын монголчуудад зориулагдан хийгдэх юм. Үүнд “Монголын нүүдэлчний соёл иргэншил” уулзалт үдэшлэг, Монголын тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан хийх “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” тоглолт, Вашингтон орчмын монголчуудын шинэ жилийн Баярын цэнгүүн, Монголын уламжлалт үндэсний баяр болох “Цагаан сар”, монгол түмний их баяр “Наадам”, “Монголын эстрад урлагийн үүсэл хөгжил” илтгэл зэрэг бүтэн нэг жилийн хугацаанд үргэлжлэх арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байгаа. Энэ бүхэндээ Америкт ажиллаж, амьдарч буй ахмад болон залуу үеийн төлөөллийг урьж оролцуулах гэж байна.