Categories
мэдээ цаг-үе

Ч.Чинбат: Замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт бий

Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбаттай ярилцлаа.

-Замын хөдөлгөөнд оролцох явцдаа усаар цацуулж, эд материал, эрүү мэндээрээ хохирох тохиолдол байдаг. Үүнийг зөрчилд тооцдог уу. Тооцдог бол хохирсон иргэн цагдаагийн байгууллагад хэрхэн хандах вэ?

-Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ гар утас хэрэглэх, жолооч, зорчигч хамгаалалтын бүс хэрэглэлгүйгээр зорчих, замын хөдөлгөөний дүрэм зөрчин бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлүүд нь бүгд зөрчил. Мөрөөрөө замын хажуугаар алхаж яваа иргэнийг усаар цацаж, эд хөрөнгөд нь хохирол учруулсан тохиолдолд жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 100 мянган төгрөгөөр торгодог.

Иргэд усаар цацуулсан тохиолдолд тухайн машины улсын дугаарыг тогтоогоод цагдаагийн байгууллагад хандаж болно. Мөн хамт байсан гэрч болон камерын тусламжтайгаар хэргийг илрүүлэх боломжтой. Хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.

-Орон сууцанд амьдардаг иргэд оройн цагаар засвар хийх, бөөгийн зан үйл хийх зэрэг нь хөрш айлынхаа амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Энэ тохиолдолд Зөрчлийн хуулиар хэрэг нээх үү?

-Шөнийн цагаар хөгжим чангаар тавих, засвар хийх нэрийдлээр иргэдийг амраахгүй байх, бөөгийн зан үйл гэж тайлбарлан шөнийн цагаар иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдлүүд бүгд зөрчилд тооцогдоно гэдгийг манай иргэд ойлгох хэрэгтэй. Бусад иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэж байх үүрэгтэй.

Мөн хог хаягдлыг зориулалтын бус газарт хаях, ил задгай шатаах зэрэг ч зөрчлийн хэрэг. Энэ заалтыг иргэд тэр бүр анзаардаггүй юм билээ. Гэр хорооллын иргэд ил задгай хогоо шатааж байгаа харагддаг. Энэ цаашлаад гал алдаж түймэр тавих ч эрсдэлтэй үйлдэл.

Түүнчлэн иргэд нийгмийн харилцаанд оролцогчын хувьд батлагдсан хууль тогтоомжийг судалж хүний нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зүй тогтол, ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг мөрдөж, зүй зохистой биеэ авч явбал танд зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх харилцаа хэзээ ч үүсэхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.


Categories
мэдээ цаг-үе

Алтгүй ирлээ жудо, аштай юу даа

Бөхийн жүдо барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод болж өндөрлөлөө. Монголын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон ч гавьяат тамирчин М.Уранцэцэг л ганцаараа хүрэл медаль хүртлээ. Аштай юу даа, амар амар. Тамирчдыг олимп, дэлхийн аварга болохоос нь айдаг болсон байна.

Дэлхийн аварга болсон тамирчинд сар бүр хоёр сая төгрөг олгодог. 25-тай дэлхийн аварга болсон залуу 80 насаллаа гэж тооцъё л доо. Тэр хугацаанд тамирчинд нэг тэрбум дөрвөн зуу гаруй сая төгрөг төрөөс олгоно гэсэн үг. Олимпийн аварга болчихвол сар бүр дөрвөн сая төгрөгийн тэтгэмж авна. Дээрх тоо хоёр тэрбум найман зуун мянга гараад явчихна. Чөлөөт, жүдо, боксын тамирчид нэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалиудыг хэд хэдээр нь ихэрлүүлдэг болсон. Өнөө нэг тэрбум маань хэд хэд үржигдэнэ.

Эд нарт мөнгө өгөөд Монгол Улс хөгжсөн юм хаана байна вэ. Өчнөөн тамирчинд хичнээн ч тэрбумын хөрөнгө зарав. Спортоор хичээллэх нь тухайн хүний хувийн ашиг сонирхол, хувийн амжилт. Эд нар амжилт гаргаад Монгол Улс дэвждэг бол аль хэдийнэ л хөгжих цаг нь болсон. Тамирчдын урамшуулалд ганхан сард л хамгийн багаар бодоход 150 орчим сая төгрөг зарлагадаж байна. Жилд тэрбум найман зуун саяыг зөвхөн тамирчдын урамшуулал тэтгэмжид зарцуулж байгаа юм. Ганцхан жилд шүү дээ. Хэдхэн жилийн цалингаар нь л сургууль, цэцэрлэг, сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглосон эмнэлэг байгуулчихаар харагдаж байгаа биз. Монголын хөгжилд үртэсийн төдий нэмэргүй спортод ийм их хэмжээний хөрөнгө цацдагаа зогсоомоор байна.

Монгол залуусын 60 орчим хувь нь биеийн хүчээр амьдралаа залгуулахаар олимп дэлхийн медаль руу зүтгэдэг болжээ. Арай ихдэх гээд байх шиг. Эд маань сургуульд сурахаас илүү бэлтгэл хийж гүйж байгаад ганц медаль зүүгээд л сарын гурав, дөрвөн сая төгрөг аваад хэвтэж байх хүсэл эрмэлзэлтэй болсон байна шүү, эр эмгүй.

Сүүлийн үед тамирчид дэлхийн аваргад ганц ёндоорчих юмсан гэх болж. Аргалж байгаад л ДАШТ-ээс ганц медаль авахаа хэлж байгаа нь тэр л дээ. Үүний тулд допинг хүртэл хэрэглэж улсынхаа нэр нүүрийг “матарлаж” байна. Ганц медаль авчихаад л тэтгэмж аваад хэвтэж байдаг тамирчид ч гарын арван хуруунд багтахаа больсон байна. Ингэхийн тулд тамирчид нэгнийхээ хоолойг огтлоход ойрхон болжээ. Сая чөлөөтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх хэл ам, хэрүүл шуугиан үүнийг харуулж байна.

Хамгийн гайтай нь тамирчид зодог тайлсныхаа дараа улс төр лүү зүтгэж айлгадаг боллоо. А.Сүхбат гэж улс төрд орсон дархан аварга байна. Эд нарыг барилдахдаа л сайн гэснээс биш, удирдах ухаантай гэж хэн ч хэлээгүй. Уран хурц барилдааныг нь л хүндэлдэг. Энэ хүндлэлийг нь далимдуулаад “Та нарыг удирдана, захирна” гэж давхиад байдаг нь аюултай. Улс төр лүү бөх, дуучин улсыг хавьтуулмааргүй юм билээ.


Categories
мэдээ цаг-үе

Хүүхдээ нүхэн жорлонд унагаж амь насыг нь эрсдүүлж байгаа эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэе

Энэ сарын 17-ны өдрийн 10:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны нутагт ой зургаан сартай охин нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг гарчээ.

Өнгөрсөн зургаадугаар сараас хойш бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж нас барж буй дөрөв дэх тохиолдол нь энэ болж байна.

“Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн иргэн О-гийн хоёр настай хүү нүхэн жорлонд унаж нас баржээ” гэх мэдээлэл одоогоос гуравхан сарын өмнө цацагдаж байлаа.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд “Аварга тосон” нуурын ойролцоо “Эвтэй дөрвөн амьтан” амралтын газарт эмээтэйгээ хамт амарч явсан зургаан настай охин нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг наадмын өмнөхөн л бүртгэгдсэн.

Баянгол дүүргийн X хороо, Зүүн нарангийн аравдугаар гудамжны … дугаар тоотод энэ сарын 3-ны өдөр ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан хэргийн мөрөөр манай сонины сурвалжлах баг ажиллаж сэрэмжлүүлж л байсан.

Эмгэнэлт явдлаас хоёрхон өдрийн дараа хэргийн газарт очиход ой таван сартай хүүгийн амь авч одсон хар жорлонгийн хаалга нь дэлгээстэй л байсан. Энэ хэргийн жишээнүүд манайханд сургамж болохгүй л байна.

Ой таван сартай нялх үрээ нүхэн жорлонд алдсан гэр бүлийн нулимс гүйцэд хатаагүй байхад дахин нэг хүүхэд хар нүхэнд унаж тарчилж нас барлаа.

Нэг үе манайхан нялх үрсээ хэдэн арваар нь халуун тогоонд шалзалж байсан бол нүхэн жорлон гэх аюулын харанга нүүрлээд байгааг дээрх жишээнүүд илтгэж байна.

Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд ой зургаан сартай охин нүхэн жорлонд унасан хэргийн мерөөр сурвалжиллаа.

Тус хороонд 2,510 өрхийн 11,365 иргэн амьдардаг ажээ. Энэ нь нийслэлдээ томоохонд тооцогдох үзүүлэлт юм байна.

Хүн амын дийлэнх нь гэр хороололд аж төрдөг тус хороонд хүн амын нягтаршил их. Улсаас олгосон 0.7 га газарт амьдарч байгаа айл өрх энд ховор юм.

Улсаас олгосон 0.7 га газраа хэд хуваачихсан байх тохиолдол олон. Алга дарам газарт амь тэмцэж амьдарч байгаа айлууд энэ хороонд хэдэн зуугаараа байна.

Гэрээс гарахад л хамар дээр нь хаалга нь саваатай жорлон байх нь энэ хороонд бол энгийн үзэгдэл бололтой.

Ой зургаан сартай охин эндсэн хэргийн газарт очиход ч ийм л зураг харагдлаа. Жижигхэн модон хашаанд нэг давхар тоосгон байшин барьжээ. Байшингаас гараад л баруун урагш тав алхмын зайд модон жорлонг барьсан байна. Эрүүл ахуйн тухайд яриад ч хэрэггүй.

Гүйцэд хөлд ороогүй нялх хүүхэд түүртэх юмгүй мөлхөөд очих зайд хоёр метр орчим гүнзгий хар нүхтэй жорлон харагдлаа.

Асран хамгаалагч, эцэг эхийн хайхрамжгүй, хэнэггүй зангийн хар гайгаар хоёр метр гүнзгий хар нүхэнд ой зургаан сартай охин унаж амь насаа алджээ.

Хэргийн газарт Нийслэлийн аврах 105 дугаар ангийнхан ажиллаж охины цогцсыг гаргасан байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Ахуйн ослоос болж хүүхдийн амь нас хохирч байгаа хэргийн цаана олон асуудал байгаа.

Өнөөдөр хүүхдэд аюултай орчин үүсчихээд байна. Хүнд тэр бүр анзаарагдахгүй байна л даа. Энэ асуудал дээр төр засгаас айхавтар том зүйл шаардахаас илүү өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Та, би гэлтгүй хүн бүр гэрээ нэг тойруулаад ажиглачих.

Аюултай зүйл юу байна анзаарчих хэрэгтэй. Өнөөдөр таны хашаан дахь жорлонгийн хаалганы түгжээг танаас өөр хэн хийх юм бэ.

Хорооны Засаг дарга юм уу, хэсгийн байцаагч очоод “Жорлонгийнхоо хаалганд түгжээ хий” гэж хэлэхгүй биз дээ. Та ус буцалгачхаад ширээний буланд тавьж байгаагаас л энэ аюул осол эхэлдэг. Жаахан хүүхэд очиж татаад л түлэгдэнэ шүү дээ.

Аж ахуйн нэгж байгууллагууд барилгаа тойруулаад хар. Цахилгааны утас ил байна уу анзаар. Саяхан л жаахан хүүхэд тогонд цохиулаад нас барсан.

Орон сууцын иргэд ч анхаарах хэрэгтэй. Цонхондоо хаалт хийсэн байна уу, таны хүүхэд дамжиж авираад уначих юм биш биз гээд аюулыг илрүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Ийм хүүхэд ингэж нас барсан байна гэж халаглахаас илүү, сэрэмжлэх хэрэгтэй байна. Аюултай зүйл юу байна. Зас” гэсэн юм.

Нэг үе хүүхдүүд халуун тогоонд хэдэн арваараа түлэгдэж байхад НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч манайд ажиллах үеэрээ “Эцэг эхчүүд хүүхдээ халуун тогоонд түлж байгаа нь нялх үрсийнхээ эсрэг үйлдэж буй гэмт хэрэг мөн” гэж хэлж байсан удаатай.

Барууны оронд бага насны хүүхэд ахуйн осолд өртсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчдад нь хуулийн хариуцлага хүлээлгэдэг юм байна.

Хүүхэд төрүүлсэн бол эрүүл аюулгүй орчинд, өлсгөлгүй өсгөх эцэг эхийн үүрэг гэж Үндсэн хуульд заасан байдаг.

Хүүхдээ хараа хяналтгүй орхиж, хайхрамжгүй, хөнгөн хуумгай хандаж үүргээ биелүүлээгүй асран хамгаалагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх цаг ирсэн байна.

Хайхрамжгүй эцэг эх, асран хамгаалагчдын хар балгаар нэг зуны дотор л цэцэг, цэврүү шиг дөрвөн нялх үр хар нүхэнд унаж тарчилж нас барлаа. Өмнө нь энэ ч төрлийн хэрэг цагдаагийн байгууллагад хэдэн зуугаараа бүртгэгдэж байсан юм байна.

Нийслэлд нүхэн жорлонтой 200 гаруй мянган өрх бий. Хөдөө орон нутагт ч олонх нь нүхэн жорлон л хэрэглэдэг. Цаашдаа хэдэн зуун хүүхэд хар нүхэнд унаж амь насаа алдахгүй гэсэн баталгаа алга.

Гэр хороолол руу ороод захын айлын хашааны завсраар шагайхад л жорлонгийн хаалга дэлгээстэй байгаа нь илт харагдана. Нялх үрсийг нүхэн жорлонд дахин алдахгүйн тулд стандарт тогтооё.

Хороо дүүргийн цагдаа нар хяналт тавьж жорлонгийн хаалга нь дэлгээстэй айл өрхүүдэд сануулга өгч, алдаа дутагдлаа арилгаагүй тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч байя.

Гудамжид нус, цэрээ хаях, тамхи татах, замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч руу ус цацах төдийд л шууд торгодог болсон шүү дээ.

Хүүхдийн аминд халтай стандарт бус жорлон ашиглаж байгаа айл өрхүүдийг торгох зүйл заалтыг Зөрчлийн тухай хуульд суулгаж өгье. Хаалга нь дэлгээстэй жорлонд таны хүүхэд биш юм аа гэхэд, танайд зочилсон хэн нэгний хүүхэд унаж амь насаа алдахгүй гэх баталгаа алга.

Хүүхдээ нүхэн жорлонд унагаж амь эрсдүүлж байгаа эцэг, эхчүүд бол хүний амь бүрэлгэж байгаа гэмт хэрэгтнүүд мөн.

Categories
мэдээ нийгэм

Н.Батцэнгэл: Камер байршуулснаар автобусанд үйлдэгддэг гэмт хэрэг эрс буурсан

Нийслэлийн цагдаагийн
удирдах газрын мөрдөн
шалгах газрын халаасны
хулгайн гэмт хэрэгтэй
тэмцэх хэлтсийн эрүүгийн
мөрдөгч цагдаагийн
ахмад Н.Батцэнгэлтэй
ярилцлаа.


– Халаасны хулгай
гол төлөв үйлдэгддэг,
автобусны буудал болон
тодорхой цэгүүдэд камер
байршуулах ажлыг зохион
байгуулсан. Энэ ажлын
үр дүнгийн талаар
танилцуулахгүй юу?

-Халаасны хулгайн гэмт
хэрэг гудамж талбай, олон
нийтийн газар, нийтийн
тээврийн хэрэгсэл буюу том
оврын автобусны буудал,
зах худалдааны төвүүдэд
үйлдэгддэг. Үүний олонх нь
олон нийтийн газар, нийтийн
тээврийн хэрэгсэлд үйлдэгдэж
байгаа юм. Нийтийн тээврийн
хэрэгсэлд үйлдэгдэж буй
халаасны хулгайн гэмт хэргийн
гаралтыг бууруулах зорилгоор
автобуснуудыг камержуулах
ажлыг Улаанбаатар смарт карт
компани, Нийслэлийн нийтийн
тээврийн газартай хамтарч
Нийслэлийн цагдаагийн
газраас зохион байгуулсан.
1227 автобусанд тус бүрт
нь дөрвөн камер суулгаж
өгсөн. Ажлын үр дүн гараад
эхэлж байна. Автобусанд
хүний халаас ухдаг, гэмт хэрэг
үйлддэг иргэд эрс буурсан
байна. Өмнөх жилийн мөн
үеийнхтэй харьцуулахад 60
хувиар буурсан. Хулгайн гэмт
хэргийг илрүүлэх зорилгоор
Хархорин худалдааны
төвд царай таних камер
байршуулаад байна. Үүнээс
гадна Нарантуул зах, “Sunday”
худалдааны төв орчимд
30 гаруй камер суурилуулж
өгсөн. Энэ нь үйлдэгдсэн гэмт
хэргийг түргэн илрүүлэхэд
чухал ач холбогдолтой.

-Нийслэлд халаасны
хулгайн хэрэг хийдэг,
шийтгүүлж байсан
цагдаагийн байгууллагад
бүртгэлтэй хэдэн
иргэд байдаг вэ. Камер
байршуулснаар тэдгээрийн
үйлдлийг хянах боломж
бүрдэж байна уу?

-Нийслэлийн хэмжээнд
халаасны хулгайн гэмт хэрэг
үйлдээд шалгагдаж байсан,
шийтгэгдсэн бүртгэлтэй 500
гаруй иргэд байдаг. Бүртгэлтэй
иргэдийг насны тухайд авч
үзвэл дийлэнх нь хөдөлмөрийн
насны иргэд байдаг юм. Ажил
хөдөлмөр хийгээд явах бүрэн
боломжтой ч амар хялбар
аргаар мөнгө олохыг урьтал
болгодог нөхдүүд байна. Эд
маань сүүлдээ хил даваад
визгүй улс орон руу зорчиж
хулгай хийдэг болсон.
Пабуудад бохь, тамхи зарж
хүний анхаарал сулруулж
байгаад утас түрийвч суйлдаг
байсан хүүхдүүд өнөөдөр
нас биед хүрч улмаар арга
хэлбэр нарийсан дэлгүүр
хэсч лангууны араас эд зүйлс
хулгайлдаг болсон байна.
Тухайн үйлдлүүдийг илрүүлж
шалгаж байгаа.
Мөн халаасны хулгай
хийгээд явдаг удаа дараагийн
үйлдэлтэй өндөр настнууд
ч бий. Энэ жил гэхэд 70
орчим насны хоёр иргэнийг
саатуулж, үйлдсэн гэмт хэрэгт
нь хариуцлага тооцсон байгаа.
Олон удаа ял шийтгүүлж
байсан иргэд л дээ. Нэг нь
таван ч удаа ял шийтгүүлж
байсан юм билээ.

-Халаасны хулгайн
гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх, энэ гэмт
хэргийг ор мөргүй арилгах
чиглэлээр Нийслэлийн
цагдаагийн газраас ямар
ажил явуулж байна вэ?

-Халаасны хулгайтай дан
ганц цагдаагийн байгууллага
тэмцээд алга болохгүй л дээ.
Иргэд гудамж талбай, олон
нийтийн газар, зах худалдааны
төвүүдээр явахдаа сонор
сэрэмжтэй байх хэрэгтэй.
Иргэдийн анхаарал сарнисан
үед л эд зүйлс хулгайд
алдагддаг. Цагдаагийн
байгууллагаас энэ төрлийн
гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх чиглэлээр олон
нийтийн газар, гудамж
талбайд сэрэмжлүүлэх зурагт
хуудсуудыг байршуулж өгсөн.
Мөн “Улаанбаатар смарт”
компанитай хамтраад хулгайн
гэмт хэргээс сэрэмжлүүлсэн
зурагтай 20 мянган ширхэг
автобусны картыг хэвлүүллээ.
Иргэд автобусанд суухдаа
картаа уншуулахад л өнөөх
зургаа харна шүү дээ. Эд
зүйлсээ хямгадна. Ингэснээр
автобусанд хулгай хийдэг
нөхдүүдийн боломж улам л
хумигдаж байгаа хэрэг.

– Энэ төрлийн гэмт
хэрэг гол төлөв ямар үед
үйлдэгдэж байна. Жуулчид
энэ төрлийн гэмт хэргийн
хохирогч болох тохиолдол
байдаг шүү дээ. Урьдчилан
сэргийлэх чиглэлээр ямар
ажил явуулж байна вэ?

-Халаасны хулгай баяр
ёслолын үеэр их үйлдэгддэг.
Иргэд их хэмжээний бэлэн
мөнгөтэй зах, худалдааны
төвүүдээр худалдан авалт
хийхээр явдаг нь тэдэнд
өгөөш болж байгаа юм. Мөн
жуулчид ихээр цугласан
газар гадаадын иргэдээс их
хэмжээний эд зүйлс хулгайд
алдагдах гээд байдаг. Үүнтэй
холбоотойгоор халаасны
хулгайгаас сэрэмжлүүлэх
зурагт хуудсыг англи хэл дээр
хэвлүүлж тодорхой газруудад
байршуулж өгсөн.

-Иргэд их хэмжээний
бэлэн мөнгөө хулгайд алдах
тохиолдол байдаг. Хулгайч
баригдсан ч “төлбөрийн
чадваргүй” гээд сууж байдаг
шүү дээ. Энэ тохиолдолд
иргэдийн хохирлыг хэрхэн
барагдуулдаг вэ?

– Тухайн гэмт хэрэг
үйлдэгдээд иргэд алдсан эд
зүйлээ олдохгүй гээд хаячихдаг
шүү дээ. Энэ нь гэмт хэрэг
үйлдсэн этгээдийг өөгшүүлж
байгаа хэрэг. Иргэд халаасны
хулгайн гэмт хэргийн хохирогч
болсон тохиолдолд заавал
цагдаагийн байгууллагад
хандаж байх хэрэгтэй. Хулгайн
хэргийг илрүүлсэн тохиол­
долд иргэдийн хохирлыг
барагдуулах бүрэн боломжтой.
Их хэмжээний олон сая төгрөг
алдсан тохиолдолд шүүхээс
хохирол барагдуулах шийдвэр
гаргадаг. Буруутай этгээдийн
эд хөрөнгийн лавлагаа
гаргана. Хохирогч Иргэний
хэргийн шүүхэд хандаад
хохирлоо барагдуулах бүрэн
боломжтой.

-Камерын тусламжтайгаар
халаасны хулгайгаас
өөр ямар төрлийн гэмт
хэргийг илрүүлж байна вэ.
Камержуулалтын ач тус
өөр ямар тохиолдолд гарч
байна?

-Халаасны хулгайн гэмт
хэргийг илрүүлэх олон
арга байдаг л даа. Камер
байршуулснаар, түргэн
шуурхай, амар хялбараар
илрүүлж байна. Хулгайд эд
зүйлсээ алдсан даруйдаа
цагдаад мэдэгдэхэд хугацаа
алдалгүй илрүүлэх боломж
бүрдэж байгаа юм. Хэрэг
үйлдэгдсэн газар тухайн
цаг мөчид сэжигтэй ямар
этгээдүүд явж байсныг
шалгачихна. Илрүүлэхэд
хялбар болж байна гэсэн үг.
Мөн манай хэлтсийн ажилчид
гүйцэтгэх ажлын шугамаар
мэдээ мэдээлэл цуглуулсны
үндсэн дээр энэ сарын 14ний
өдөр Баянзүрх дүүргийн
нутагт приус 20 маркийн
автомашинтай дөрвөн
залууг саатуулж шалгасан.
Шалгалтын явцад машинаас
нь гурван кг сэтгэцэд нөлөөлөх
эм бэлдмэл, канабиссын
төрлийн ургамал, хулгайн
байж болзошгүй алтан
нуухтай, шүрэн толгойтой
цагаан хөөрөг олдсон. Энэ
дөрвөн этгээдийн хоёр нь
өмнө нь хулгай, дээрэм,
хуурамч мөнгөн дэвсгэртээр
гүйлгээ хийж ял шийтгэгдэж
байсан юм билээ. Хэргийг
Баянзүрх дүүргийн цагдаагийн
хоёрдугаар хэлтэст
үргэлжлүүлэн шалгуулахаар
хүлээлгэж өгөөд байна

Categories
мэдээ цаг-үе

Б.Мягмаржав: Иргэд гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай утас зэргийг хэрэглэх нь гал түймэр гарахад нөлөөлдөг

Ойрын өдрүүдэд гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа. Энгийн үед өдөрт гурван дуудлага бүртгэгддэг бол энэ тоо даруй хоёр дахин өсөөд байгаа юм байна. Тэр дундаа айлын гэр шатах тохиолдол нэмэгджээ. Нийслэлийн онцгой байдлын газрын Галын аюулын хор хөнөөл урьдчилан сэргийлэх талаар гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Мягмаржавтай ярилцлаа.


-Ойрын өдрүүдэд айлын гэр шатсан тохиолдол олон гарч байна. Галын шалтгааны нөхцөл нь юу байна вэ?

-Энэ оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 2000 гаруй гал түймрийн дуудлага бүртгэгдээд байна. Үүний талаас илүү хувийг нь ил задгай хог, хогийн сувгийн гал түймэр эзэлж байгаа юм. Шалтгаан нөхцөлийг нь судлаад харахад иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэж гал гарсан байдаг. Нийт дуудлагын 40 орчим хувь нь барилга байгууламж буюу гэр хорооллын айл өрх галд өртсөн байна. Сүүлийн өдрүүдэд гэр хорооллын айл өрх гал түймэрт өртөх тохиолдолд нэмэгдэх хандлагатай байгаа нь хүйтэн сэрүүний улирал ойртож байгаатай холбоотой. Айл өрхүүд гал түлж, цахилгаан халаагуур хэрэглэж эхэлсэн. Иргэдийн санамсар болгоомжтой л холбоотой асуудал. Цахилгаан тоног төхөөрөмж, зуух нь галын аюулгүй байдал хангагдсан эсэхийг мэргэжлийн хүмүүс дуудаад үзүүлэх нь өөрийнхөө өмч хөрөнгийг эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг. Манай байгууллагаас айл өрх бүрт төлөвлөгөөт ажлын хүрээнд галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар анхааруулна. Гарч буй гал түймрийн дуудлага бүрт судалгаа хийж галын аюулын эрсдэлийг нь анхааруулаад байхад л хайхрамжгүй үйл явц гаргаснаар эд хөрөнгөөр хохирсон тохиолдол байгаа.

-Цахилгаан, монтажаас үүдэж гал гарах тохиолдол олон байх. Иргэд юуг анхаарах вэ?

-Гэр хорооллын түвшинд гарч байгаа галын дийлэнх хувь нь цахилгаан ашиглалт, угсралтын буруутай ажиллагаатай холбоотой байна. Энгийнээр тайлбарлая л даа. Ирэн Бат 2003 онд хувийн байшин барилаа. Тухайн үед шинээр цахилгааны утас тавина. Энэ утасныхаа дундын ашиглалтын засварыг хийдэггүй. Хэдэн жил хэрэглээд ирэхээр тухайн утсанд хэт ачаалал үүсч байгаа юм. Орон байрныхаа цахилгаан хэрэглээг хэтрүүлэн хэрэглэх тохиолдол олон. Мөн цахилгааны утсанд механик хэлбэрээр холболт хийнэ. Цахилгааны утасны голчийн эсэргүүцэл, ачаалал даах чадвар нь өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Манайхан энэ бүхнийг нарийн судлалгүй хооронд нь залгадаг. Энэ нь цахилгаанаас үүдэж гал гарах эсрдэлд хүргэж байгаа юм.

-Галын гамшиг хэлж ирдэггүй. Хувийн сууц барихаар зэхэж буй иргэдэд та ямар материалыг санал болгох вэ. Ямар материал галд тэсвэртэй байдаг юм бэ?

-Ямар хүн ямар түвшний байшин барилга барьж байгаагаас шалтгаалах байх даа. Зориулалтаасаа шалтгаалаад байшин барилгын материалын үнэ ханш өөр өөр тусна. Барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангахад нэн чухал зүйл нь барилга байгууламжийн хийц болон цахилгааны дотуур монтаж юм. Ачаалал даах сайн чанарын нэг утсаар төрөлжүүлж холбох хэрэгтэй. Барилга байгууламжийн галд тэсвэржилтийн зэрэг гэж байдаг. Модон барилга бол галд тэсвэржилтийн тавдугаар зэрэгтэй. Шаталт өндөртэй гэсэн үг шүү дээ. Нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа хувийн сууц бүхий барилга байгууламжийн цөөнгүй хэсэг нь тоосго, модон каркасаар хийсэн байдаг. Гал тэсвэржилтийн гуравдугаар зэрэгтэй гэсэн үг. Барилга барихаар зэхэж буй иргэд галд тэсвэржилтийн зэрэг өндөртэй, галд тэсвэрлэн шатдаг материалыг сонгох нь зохистой. Хувийн хэвшлүүд гаднаас барилгын материал оруулж ирэхдээ Гамшиг судлалын хүрээлэнгээр үнэлүүлж, шинжилгээ хийлгэх нь цөөнгүй байдаг. Харин томоохон аж ахуйн нэгж байгууллагууд нь барилга барихдаа материалаа галын сорьцын шинжилгээнд хамруулдаг болсон байна лээ. Энэ шинжилгээгээр дан ганц гал ч бус газар хөдлөлтийн үеийн тэсвэр нь ч давхар гарч ирдэг. Иргэд ч шинжлүүлээд хэвших л хэрэгтэй. Манайд өнөөдөр хэвшээгүй байна л даа. Өнөөгийн нийгмийн дутагдалтай тал гэж ойлгож болно. Гэхдээ хуучны үеийг бодвол тодорхой хэмжээнд байгууллагууд барилгын материалаа шинжлүүлдэг болоод байгаа.

-Одоо цаг агаар улам л сэрүүснэ. Галлагаа нэмэгдэнэ. Тэр хэрээр гал түймрийн эрсдэл нэмэгдэх үү?

-Ес эхлэхэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байдаг. Өглөө гарахдаа зуухаа дүүртэл галлаад л эзгүй орхино. Энэ хооронд пийшин, зуухны аюулгүй байдал нь хангагдаагүй айл өрх галд автах өндөр эрсдэлтэй. Иргэд өөсрдөө орон байрныхаа галын аюулгүй байдлыг хангаад сурчих ёстой. Дараа нь урь ороход зусландаа буусан айл өрх зориулалтын бус газар өвс, хог шатааж байгаад гал алдах тохиолдол элбэг. Мөн гагнуур хийж буй иргэдийн сонор сэрэмжгүйгээс хамаарч галд алдах эрсдэл бий. Удахгүй шөнийн тариф хэрэгжинэ. Иргэд цахилгаан ашиглалт, угсралтын аюулгүй байдлаа хангаагүй байж цахилгаан халаагуур ашиглана. Үүнээс өмнө цахилгаан дамжуулах утас энэ хэрэглээг бүрэн дааж чадаж байна уу гэдгийг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар тодорхойлуулах хэрэгтэй. Мөн эвдрэл, гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай оруулгын утас зэргийг даруй шинэчлэх, үйлдвэрийн баталгаа, гэрчилгээтэй халаагуур сонгох, тоолуурын хайрцагнаас гэр, байр руу орсон утас халах, шалбарах, богино холбоо үүсэх, шатах, гал гарахаас сэргийлэн шалгаж байх, гэр сууцны цахилаан дотоод монтажийг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх, эсвэл хянуулах нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа нэг хэлбэр юм. Айл өрхийн цахилгаан хэрэглээ нь 25А-ын автоматын даах чадлаар хязгаарлагддаг тул цахилгаан хэрэгслийнхээ чадамжийг шалгуулах нь зөв. Чадамжаас үндэслээд халаагуур залгахад ерөнхий монтажны утас ачааллаа даах уу гэдгийг тодорхойлуулах нь чухал. Жишээ нь, нийтийн байранд амьдардаг иргэд тухайн сууцныхаа цахилгаан монтаж ямар зориулалтаар хийгдсэнийг тодорхойлсны үндсэн дээр халаагуур зэргийг залгах хэрэгтэй. Нэмээд хэлэхэд халуун үнс нурмаа хийх зориулалтын сав бэлтгэх, пийшин зуухны галын аюулгүй байдлыг хангах нь зүйтэй.


Categories
мэдээ цаг-үе

С.Дорждэрэм: “Буянт-Ухаа 2”-ын сонгон шалгаруулалтад гаднаас халдах оролдлого хийснийг илрүүлсэн

Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэмээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-970 айлыг орон сууцанд хамруулах ажил ямар шатандаа явж байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Мөн АТГ-аас сонгон шалгаруулалтын явцад танай байгууллагын ажилтан албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэдээлэл гараад байна?

-Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам энэ оны долдугаар сарын эхэнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан. Энэ цагаас хойш Нийслэлийн орон сууцны корпораци “Буянт-Ухаа 2” хорооллын 970 айлын орон сууцыг гурван хэлбэрээр олгохоор өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. 30 хувийг нь энгийн түрээсээр, 30 хувийг нь түрээслээд өмчлөх, 40 хувийг нь газар чөлөөлөлтөөр олгоно гэсэн журам батлагдсан. Энгийн түрээс, түрээслээд өмчлөх нөхцөл дээр бүртгүүлж байгаа иргэдийг Нийслэлийн орон сууцны комисс эрэмбийн дагуу юм уу, сугалаагаар шалгаруулна гэсэн журам бий. Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэхэд 35058 иргэн хамрагдсан. Ингээд наймдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд сонгон шалгаруулалтаа нээлттэй хийсэн. Манай байгууллагын ямар нэг албан тушаалтанг АТГ болон цагдаагийн байгууллагад шалгасан асуудал байхгүй.

-Шалгаруулалтыг танай байгууллага хариуцаж явуулсан уу?

-Нийслэлийн орон сууцны корпораци цахим бүртгэлийг зохион байгуулсан. Мөн сонгон шалгаруулалтын дагуу тэнцсэн иргэдийн материалыг нягталж, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байна. Орон сууцны комисс цахимаар бүртгүүлсэн иргэдийг журмын дагуу, сонгон шалгаруулах үйл ажиллагааг гүйцэтгэсэн. Сонгон шалгаруулах үйл ажиллагаа Тагнуулын ерөнхий газар, АТГ-ын хяналтад явагдсан. Бид наймдугаар сарын 13-нд NOSKubgo.mn корпорацийнхаа вэб сайтаар дамжуулж бүх иргэний бүртгэлийн дугаар овог нэрийг байршууллаа.

-Байршуулсан иргэдийн мэдээллийг харахад хэд хэдэн иргэдийн нэр давхардсан байсан шүү дээ. Энэ ямар учиртай вэ?

-Жижигхэн алдаа. Жишээ нь, хоёр А үсэг бичээд зай авахад гурван тэмдэгт болдог шүү дээ. Үүнтэй ижил ард, эсвэл урд талд нь зай авсан гэсэн үг. Ийм тохиолдол цөөхөн гарсан. Нэр давхардсан хүмүүс сонгогдоогүй.

-Одоо ямар үйл явц үргэлжилж байна. Сонгогдсон иргэдтэй хэзээ гэрээ байгуулах вэ?

-Шалгуурт тэнцсэн иргэд ирээд мэдээлэл зөвлөгөө аваад явж байна. Зарим хүмүүсийн материал нь зөрүүтэй байна л даа. Сонгогдсон иргэдэд орон сууц өмчлөлийн түүх гарч байна, залуу гэр бүлүүдэд гэрлэлтийн баталгаа алга, нийгмийн даатгал төлсөн жил цахим дээр бүртгүүлснээсээ зөрж байх жишээтэй. Энэ бүхнийг нэг бүрчлэн шалгаад явж байна. Цахим мэдээлэл нь цаасаар ирүүлсэн мэдээлэлтэйгээ зөрж байгаа тохиолдолд оронд нь эрэмбийн дагуу дараагийн хүмүүсийг нөхөх асуудлыг ярьж байна. Яг ийм үйл явц өнөөдөр үргэлжилж байна. Гэрээ байгуулах ажил удахгүй эхэлнэ.

-Авлигатай тэмцэх газраас шалгаруулалтын явцад Нийслэлийн орон сууцны корпорацийн систем хакердуулсан, сонгогдсон иргэдийн нэр өөрчлөгдсөн тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Манай цахим бүртгэл, сонгон шалгаруулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хүн нөлөөлөх ямар ч боломжгүй. Наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө бүртгүүлсэн 35058 ингэний материалыг эксел файлаар нь авчихсан. Үүнд дээр л сонгон шалгаруулалт явуулсан. Нийслэлийн орон сууцны корпорацид ажилладаггүй, бусад байгууллагын хүн системд халдах оролдлого хийснийг шалгаж байгаа гэсэн мэдээллийг АТГ-аас хийсэн. Үүнд Нийслэлийн орон сууцны корпорацийн ажилтан холбогдсон мэт мэдээлэл нийгэмд яваад байна. Бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл олонд нээлттэй байгаа. Бүртгүүлсэн иргэдийн дунд шаардлага хангаагүй хүн байвал та шаардаад мэдээллийг нь нягталж шалгуулах бүрэн боломжтой. 35058 иргэнээс 580 нь тэнцээд бусад нь үлдэж байгаа учраас гомдолтой байх нь аргагүй. 60 хүнээс нэг нь тэнцээд 59 нь хоцорч байна гэсэн үг шүү дээ. Энэ хүмүүс маань янз бүрийн юм яриад яваад байна. Нийслэлийн орон сууцны корпорацийн нэг ч ажилтан хэрэгт холбогдож АТГ-т шалгагдаагүй.

-АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан гэж мэдэгдсэн байсан шүү дээ. Танайх дотроосоо системдээ нөлөөлсөн юм биш үү?

-НОСК-д ажилладаггүй, бусад байгууллагад ажилладаг хүн гэж мэдэгдсэн байгаа. Энэ тухай мэдээллийг та бүхэн АТГ-аас лавлаж асууж болно. Манай байгууллагын албан тушаалтан шалгагдаж байгаа бол ингэж барим тавим худлаа хэлэхгүй шүү дээ. Бүх сонгон шалгаруулалт явсны дараа вэб хуудас, бүртгэлийн системд гаднаас халдаж, нэр өөрчлөх оролдлого гарсан. Бид үүнийг нь нийслэлийн мэдээлэл технологийн газартай хамтарч илрүүлээд АТГ, болон Эрүүгийн цагдаад мэдээлэл өгсөн. Энэ нь энгийн биш, мэргэжлийн хүн байх магадлалтай байсан. Бид зөвлөгөө авч АТГ-тай хамтарч ажиллаж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Чинбат: Замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт бий

Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбаттай ярилцлаа.


-Зөрчлийн тухай хуулийн зорилго, ач холбогдол, зохицуулалтын онцлогийн талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Урьд нь Монгол Улсад захиргааны зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал зэрэг олон байгууллага хэрэгжүүлдэг байсан бөгөөд эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Гаалийн болон Татварын ерөнхий хууль зэрэг салбарын хууль тогтоомжоор зохицуулж ирсэн.

Иймээс дэлхийн улс орнуудын эрх зүйн тогтолцооны ололт, эрх зүйн соёл, зохицуулалтын оновчтой арга хэлбэрийг судалж нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох шаардлага тулгарч эхэлсэн.

Мөн зөрчил шалгах ажиллагааг төрийн хяналт шалгалтаас ялгаатай байдлаар зохицуулаагүйгээс салбарын онцлог нэрийн дор салбар бүрд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны өөр өөр стандартыг тогтоон хэрэгжүүлж байсныг эрх зүйн зохицуулалтын хүрээнд өөрчилж, нэг стандарт, ажиллагаанд оруулсан төрөлжсөн Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулиудыг баталж дагаж мөрдөж эхэлсээр хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ.

Зөрчлийн тухай хуулийн зорилго нь шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн дэг журмыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх явдал гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл хүний амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгэмд дэг журам, сахилга, хариуцлагыг тогтоодог гол эрх зүйн зохицуулалт бол Зөрчлийн тухай хууль юм. Тэгэхээр ямар ач холбогдолтой хууль болох нь ойлгогдож байгаа байх гэж бодож байна. Мөн уг хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчил бүрийг илрүүлж шийдвэрлэж чадвал гэмт хэргийн гаралт багасч, бусад ноцтой үр дагавар авчирдаг сөрөг зүйлүүдийн учруулж болох хор аюулаас сэргийлэх боломж олгодог нь уг хуулийн гол ач холбогдол юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 27 эрх бүхий байгууллага, албан тушаалтанд зөрчил шалган шийдвэрлэх эрх олгож харьяалал тогтоосны дагуу цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд Зөрчлийн тухай хуульд заасан 214 зөрчлийг шалган шийдвэрлэж, мөн уг хуулиудад заасны дагуу шүүхээс хянан шийдвэрлэх 13 зөрчлийн тусгай журмаар явуулдаг хэрэг бүртгэлийн ажиллагааг гүйцэтгэж байна. Нийт улсын хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн 95 гаруй хувийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд илрүүлж, шалган шийдвэрлэж байгаагаас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд цагдаагийн байгууллага голлох үүргийг гүйцэтгэж байгаа нь харагдаж байна.

-Иргэд Зөрчлийн хууль батлагдсанаас хойш торгууль төлж байгаа талаараа ихээхэн гомдол гаргаж байна. Зарим заалтууд нь өнөөгийн нийгэмтэй зөрчилдөөд байх шиг. Энэ талаар таны байр суурийг сонсъё?

-Нийгмийн амьдралд эрх зүйгээс гадна зан заншил, ёс зүй, ёс суртахуун зэрэг олон төрлийн хэм хэмжээ үйлчилж бидний хоорондын харилцааг зохицуулж байдаг. Харин эрх зүйн зохицуулалтын гол чиг үүрэг, ач холбогдлын нэг нь ямар үйлдлийг гэмт хэрэг, зөрчилд тооцохыг шийдвэрлэж, хууль тогтоох үйл ажиллагааны үр дүнд хэлбэржин эрх зүйн хэлбэр буюу хууль тогтоомж болон батлагдаж нийгмийн харилцааг зохицуулдагт оршдог. Иймээс нийгмийн хөгжилтэй уялдан зарим үйлдэл гэмт хэрэг, зөрчилд шинээр тооцогдож, зарим нь хасагдаж байдаг нь хэвийн үйл явц гэж хэлж болно.

Мөн манай иргэдийн эрх зүйн ухамсар, соёлын түвшин нөлөөлж байгаа болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл нийгмийн хэв журам, бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан зарим үйлдлийг хэвийн үзэгдэл мэтээр ойлгох,тайлбарлах явдал түгээмэл гарах боллоо.

Түүнчлэн урьд нь бидний зөрчил гэж үздэггүй байсан зарим хууль бус үйлдлүүдийг зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэж байгаа нь нөлөөлж байгаа гэж үзэх үндэстэй.

-Тэгвэл хүмүүсийн мэддэггүй тоодоггүй байсан ямар үйлдлүүдийг зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэж байна вэ. Иргэд санаандгүй байж байгаад л хэрэгтэн болчихоод байна шүү дээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тодорхой хэлэх боломжтой байлгүй яахав. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчинд бие засах, нус, цэр, тамхины иш хаясан үйлдлийг зөрчилд тооцож нарийвчлан хуульчилсан.

Мөн хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг зөрчлийг танхайрах зөрчлөөс ялгамжтайгаар зохицуулсан. Цаашилбал, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлийг тусгайлан зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа.

-Замын хөдөлгөөнд оролцох явцдаа усаар цацуулж, эд материал, эрүү мэндээрээ хохирох тохиолдол байдаг. Үүнийг зөрчлийн хуульд тооцдог уу. Тооцдог бол хохирсон иргэн цагдаагийн байгууллагад хэрхэн хандах вэ?

-Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ гар утас хэрэглэх, жолооч, зорчигч хамгаалалтын бүс хэрэглэлгүйгээр зорчих, замын хөдөлгөөний дүрэм зөрчин бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлүүд нь бүгд зөрчил. Мөрөөрөө замын хажуугаар алхаж яваа иргэнийг усаар цацаж, эд хөрөнгөд нь хохирол учруулсан тохиолдолд жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 100 мянган төгрөгөөр торгодог.

Иргэд усаар цацуулсан тохиолдолд тухайн машины улсын дугаарыг тогтоогоод цагдаагийн байгууллагад хандаж болно. Мөн хамт байсан гэрч болон камерын тусламжтайгаар хэргийг илрүүлэх боломжтой. Хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.

-Орон сууцанд амьдардаг иргэд оройн цагаар засвар хийх, бөөгийн зан үйл хийх зэрэг нь хөрш айлынхаа амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Энэ тохиолдолд Зөрчлийн хуулиар хэрэг нээх үү?

-Шөнийн цагаар хөгжим чангаар тавих, засвар хийх нэрийдлээр иргэдийг амраахгүй байх, бөөгийн зан үйл гэж тайлбарлан шөнийн цагаар иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдлүүд бүгд зөрчилд тооцогдоно гэдгийг манай иргэд ойлгох хэрэгтэй. Бусад иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэж байх үүрэгтэй.

Мөн хог хаягдлыг зориулалтын бус газарт хаях, ил задгай шатаах зэрэг ч зөрчлийн хэрэг. Энэ заалтыг иргэд тэр бүр анзаардаггүй юм билээ. Гэр хорооллын иргэд ил задгай хогоо шатааж байгаа харагддаг. Энэ цаашлаад гал алдаж түймэр тавих ч эрсдэлтэй үйлдэл.

Түүнчлэн иргэд нийгмийн харилцаанд оролцогчын хувьд батлагдсан хууль тогтоомжийг судалж хүний нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зүй тогтол, ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг мөрдөж, зүй зохистой биеэ авч явбал танд зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх харилцаа хэзээ ч үүсэхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.


Categories
мэдээ цаг-үе

Монголын үрсийн аминд модон жорлон заналхийлж байна


Хэргийн газар

Баянгол дүүргийн X хороо, Зүүн нарангийн аравдугаар гудамжны … дугаар тоотод энэ сарын 3-ны өдөр ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг гарчээ. Энэ тухай дуудлага оройн 18:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс тухайн хэргийн мөрөөр сурвалжиллаа. Хэрэг болсон газар очиход хааш хаашаагаа 10 метр зайтай хашаанд гэр бариад хажууханд нь амбаар барьчихсан байна. Гэрээс арван алхмын зайд л хаалга нь дэлгээстэй модон жорлон харагдлаа. Ой таван сартай хөлд ч гүйцэд орж амжаагүй нялх амьтан мөлхөж яваад хаалга нь онгорхой модон жорлонд унаж эндсэн бололтой. Нүхэн жорлонд унасан үрээ бие засахаар орохдоо харж цагдаагийн байгууллагад хандсан ч аль хэдийнэ оройтсон байжээ.

Асран хамгаалагчдын хайхрамжгүй байдлаас үүдэж тус эмгэнэлт хэрэг гарсан байна. Бид гэрийн эзэн бололтой 30 эргэм насны залуугаас тодруулга авах гэсэн ч аашлаад ойртуулсангүй. Хаалга нь салхинд савах нүхэн жорлон руу өөр нэг нялх амьтан мөлхөж очоод унаж тарчилж нас барахад ойрхон л харагдана лээ. Монголчууд бид л хайхрамжгүй улс ажээ. Энэ хавийн айл өрхүүд бүгд л нүхэн жорлонтой юм билээ. Эмгэнэлт хэргээс сургамж аваагүй л бололтой. Гэрийнх нь үүднээс таван алхмын зайд л өнгө гандсан модон жорлонгуудын үүд нь дэлгээстэй байсан юм. Эдгээр айл өрхүүд бага насны хүүхэдгүй байж болох ч эднийд зочилсон хэн нэгний хүүхэд цай уух зуур л жорлон руу мөлхөж очоод унаж амиа алдахаар харагдаж байна лээ.

Баянгол дүүргийн X хорооны оршин суугчаас тодруулга авлаа.


-Энэ хавийн айл өрхүүд бүгд л модон жорлонтой юм. Тэр бүрийнх нь хаалга нь дэлгээстэй байна. Энэ нь нялх хүүхдүүдийн аминд халтай юм аа?

-Нүхэн жорлонгийн асуудал хүнд шүү. Газар нь жижигхэн учраас гэр, жорлон хоёр нь хаяа дэрлээд л байдаг юм. Зун бол үнэр танар нь дийлдэхгүй, хэцүү. Хүүхэд, нохой уначих гээд байдаг юм. Таван алхмын зайтай юманд чинь мөлхөөд л оччихно шүү дээ. Зарим нэг нь хаалгандаа түгжээ хийдэг л дээ. Салхинд саваад онгойчихдог байх. Өвөл бол халтираад уначих гээд байдаг. Банз нь мөстөөд асуудалтай шүү. Ер нь хүүхдээс хараа салгах аргагүй болсон үе л дээ. Бороо ороход халиад ирдэг аюул бий. Аймшигтай дүр зураг шүү дээ. Үүнээс шалтгаалаад халдварт өвчин гарч байна гэх юм билээ. Эмнэлэг домнолго бараадсан хүмүүс бишгүйдээ харагдах юм.

-Танай хөршийн нялх хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алдсан байсан. Ер нь энэ төрлийн хэрэг олон бүртгэгддэг үү?

-Сонсож амжаагүй л байна. Эцэг эх, асран хамгаалагчийн л хариуцлагатай холбоотой асуудал шүү дээ. Тэр нялх амьтан яаж зовж амьсгал хураасан бол, бодохоос ч зүрх эмтэрмээр юм. Эцэг эх нь хаана, юу хийгээд ухаанаа алдчихдаг юм бол доо. Өмнө нь хүүхэд модон жорлонд уналаа гэж би дуулаагүй юм байна. Гэр, жорлон нь ойрхон байдаг учраас мөлхөж яваад л очиж унах аюултайг мэднэ гэв.

Энэ жилийн тухайд ийм төрлийн хэрэг бүртгэгдэж буй эхний тохиолдол нь энэ биш юм. “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн иргэн О-гийн хоёр настай хүү нүхэн жорлонд унаж нас баржээ” гэх мэдээлэл одоогоос гуравхан сарын өмнө цацагдаж байлаа. Үүний дараахан нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд “Аварга тосон” нуурын ойролцоо “Эвтэй дөрвөн амьтан” амралтын газарт эмээтэйгээ хамт амарч явсан зургаан настай охин нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг бүртгэгдсэн. Тухай бүрт нь халаглаад өнгөрч байсан. Сүүлийн гурван сарын хугацаанд бага насны гурван ч хүүхэд модон жорлон гэх хар нүхэнд унаж нас баржээ. Үүнээс өмнө нь ч ийм төрлийн хэрэг хэдэн 100-гаараа л бүртгэгдэж байсан талаар Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Ой таван сартай хүүхэд жорлонд унаж амь насаа алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Энэ анхны тохиолдол биш л дээ. Ахуйн ослоос болж хүүхдийн амь нас хохирч байгаа хэргийн цаана олон асуудал байгаа. Хүүхдэд аюултай орчин үүсчихээд байна. Хүнд тэр бүр анзаарагдахгүй. Энэ асуудал дээр төр засгаас айхавтар том шаардахаас илүү өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Та, би гэлтгүй хүн бүр гэрээ нэг тойруулаад ажиглачих. Аюултай зүйл юу байна анзаарчих хэрэгтэй. Өнөөдөр таны хашаан дахь жорлонгийн хаалганы түгжээг танаас өөр хэн хийх юм бэ. Хорооны Засаг дарга юм уу, хэсгийн байцаагч очоод “Жорлонгийнхоо хаалганд түгжээ хий” гэж хэлэхгүй биз дээ. Та ус буцалгачихаад ширээний буланд тавьж байгаагаас л энэ аюул осол эхэлдэг. Жаахан хүүхэд тань очиж татаад л түлэгдэнэ шүү дээ. Аж ахуйн нэгж байгууллагууд барилгаа тойруулаад хар. Цахилгааны утас ил байна уу анзаар. Саяхан л жаахан хүүхэд тогонд цохиулаад нас барсан шүү дээ. Орон сууц хорооллын иргэд ч анзаарах хэрэгтэй. Цонхондоо хаалт хийсэн байна уу, таны хүүхэд дамжиж авираад уначих юм биш биз гээд аюулыг илрүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Ийм хүүхэд ингэж нас барсан байна гэж халаглахаас илүү, жишээ авч сэрэмжлэх хэрэгтэй” гэсэн юм. Олон улсад аюулыг илрүүлэх өдрийг зарладаг юм байна. Энэ өдрийн хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд ахуйн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилладаг гэнэ. Үр дүнд нь аюул ослын тоон үзүүлэлт буурсан жишээ байдаг юм байна.

Өнөөдөр нийслэлд 200 орчим мянган өрх гэр хороололд амьдарч байгаа. Тэр бүр модон жорлонтой. Орон нутагт ч олонх нь модон л жорлон хэрэглэдэг. Энэ бүхнийг орон сууцжуулж, боловсон жорлонгоор хангах боломж одоохондоо алга. Айл бүр орон сууцанд тухалтал хэдэн ч нялх хүүхэд энэ жишгээр амь насаа алдахыг тооцоолох аргагүй. Нүхэн жорлон эрүүл ахуй, байгаль экологид хор хохирол учруулж байсан бол өнөөдөр таны хүүхдийн амь насанд бодитоор заналхийлээд эхэлсэн байна. Өрхийн тэргүүн, хүүхэд асран хамгаалагчид модон жорлонгийн үүдийг түгжээд л хэвших юм бол таны нялх үр хар нүхэнд унаж тарчилж нас барахгүй гэсэн үг. Нүхэн жорлон гэх хар нүхэнд хүүхэд унаж амь насаа алддаг тохиолдлыг энэ хэргээр зогсооё. Үүний тулд иргэд жорлонгийнхоо хаалганд түгжээ хийгээд л хаагаад хэвших хэрэгтэй. Хотын ойр орчимд байрлах, иргэд гэр бүлээрээ очдог амралтын газрууд ч энэ асуудалд ач холбогдол өгч анхаарах ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Батцагаан цогчин дуганы нээлт боллоо

Монголд бурхны шашин гурвантаа дэлгэрсэн гэж үздэг. Хүннүгийн үеийн овог аймгуудын дунд анх дэлгэрч байжээ. Хоёр дахь үеийн түүх нь Чингисийн үеийн 32 их хаадын үед дэлгэрч байсан юм байна. Харин Түвэдийн Алтан хан болон Монголын гуравдугаар далай лам Содномжамц нар уулзсанаас хойш Монголын бурхан шашны гуравдугаар үеийн дэлгэрэлт эхэлсэн гэж үздэг юм байна. Үүнээс хойш Өндөр гэгээн Занабазарын үед хүчтэй дэлгэрч байжээ. Анх түүнийг таван настайд нь Ширээ цагаан нуурт шар усан орд өргөөг байгуулж, Өндөр гэгээнийг Богдод залж байсан юм байна. Үүнээс хойш 1654 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд Сарьдгийн хийдэд анхны цогчин дуганы суурийг тавьж, хурал ном хурж эхэлжээ. Энэ нь тухайн үеийн халх ойрадуудын зөрчилдөөнөөс болж Өндөр гэгээнийг дүрвэж явах үед Сарьдгийн хийд устсан байна. Үүний дараа Батцагаан цогчин дуганы эхлэл 1706 онд Эрдэнийн Цэнхэр хэмээх газар тавигдаж байжээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа нүүж Төв гандан хийдийн ойролцоо одоогийн Монголын Үндэсний их сургуулийн байранд сууриншил хэлбэрээр байх болж. Гэсэн ч хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж мөн л алга болсон байна. Харин 2006 оны үед сүсэгтнүүд болон гандан хийдийн зүгээс төрд удаа дараа хүсэлт тавьж байжээ. Энэ нь үр дүнд хүрч анхны их хурлын тогтоол 2007 онд гарч байсан юм байна. Үе үеийн Засгийн газар анхаарал тавьж ажилласнаар буддын соёл, монголчуудын өв соёлыг сурталчлах хэмжээний, 1,080 лам хурах бололцоо бүхий, Батцагаан цогчин дугана намрын эхэн сарын шинийн наймны билэгт сайн өдөр үүдээ нээлээ.

Батцагаан дуганы нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон УИХ-ын зарим гишүүд оролцсон юм.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, Монголын төрийн зүгээс “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хүндлэн дээдэлж, хэлмэгдүүлэлтийн үед хамгийн их хохирол амссан бурхны шашнаа дэмжих бодлого хэрэгжиж, түүхэн соёлын өвийг сэргээх үйл ажиллагааны хүрээнд уламжлалт Гандан хүрээний Батцагаан дуганы барилгын хөрөнгийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж дуусгаад хүлээлгэн өгч байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ шүтэж бишрэх эрх чөлөөг эдлэхэд тав тухтай орчин боломжийг бүрдүүлсэн, сүсэгтэн олны сэтгэлд нийцсэн үйл явдал болж байна” гэж хэлсэн юм. Дуганы нээлтийг тохиолдуулан “Самвад III” эрдэм шинжилгээний олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулсан бөгөөд бурхны шашинтай Энэтхэг, Япон, Бутан, Шри Ланк, Мьянмар, Тайланд, Бангладеш зэрэг 18 орны 80 гаруй шашны болон энх тайвны зүтгэлтэн, эрдэмтэн, судлаачид ирж оролцсон юм. Үүнтэй холбоотойгоор төрийн тусгай хамгаалалтынхан дуганы үүдэнд хамгаалалт авчихсан байлаа. Хандив өргөсөн сүсэгтэн олон үүдээр нь ч шагайж чадахгүй буцаж байсан юм. Нээлтийн ажиллагаа нь сүсэгтэн олонд ямар ч хүртээлгүй, мандат зүүсэн гадны зочид төлөөлөгчид л бужигнасан үйл ажиллагаа болсон. Мандат олгосон цөөхөн сэтгүүлчдээ л дотогш нь оруулсан юм.

Батцагаан цогчин дуганы шил, толь болсон хоёр давхар барилга Гандантэгчинлэн хийдийн сэлүүхэн хашаанд сүндэрлэсэн байна. Дуганы үүдээр ороход хамгийн түрүүнд музейн тасалгаа нүдэнд тусна. Музейд 150-иад жилийн өмнө монгол урчуудын хийсэн шавар бурхдыг залсан харагдлаа. Эдгээр бурхдыг өмнө нь үзмэрт гаргаж байгаагүй юм байна. Мөн Өндөр гэгээний Сосорбарам гэж өөрийнх нь гоц хийцтэй бурхан шүтээнүүдийг залжээ. 1000 гаруй жилийн түүхтэй Логишир бурхныг залсан байна. Логишир бурхныг энэрэн нэгүүлсэх сэтгэлийг даасан юм байна. Мөн үе үеийн есөн Богдын өөрсдийнх нь эдэлж хэрэглэж байсан дээл хувцсыг алтан сан хөмрөгөөсөө гаргаж музейдээ залсан байна. Батцагаан цогчин дугана байгуулагдсанаар олны хүртээл болгох боломж нь нээгдсэн талаар Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн, бурхан сангийн лам М.Ганхуяг хэлж байлаа. Мөн Сияанямбуу гавжийн 1900-1996 онд амьдарч байсан гэрийг үзмэрт байршуулсан байна. Энэхүү гэрийг Сияанямбуугийн хүүхдүүд нь музейд хандивласан гэнэ. Музейн үүдэнд бурханч лам Ч.Пүрэвбатын шавь нартайгаа хамтарч бүтээсэн макет орсон гарсан хэний ч хараа татах юм билээ.

Музейн хоёр талд олон улсын хурал зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах боломжтой заал харагдлаа. Тус бүр нь 100-120 хүний суудалтай юм байна. Энэ давхарт, лам нар болон сүсэгтэн олон тухлахад зориулагдсан кофе шопыг байршуулсан байна лээ. Харин хоёрдугаар давхарт лам нар ном хурахад зориулагдсан заал байна. Дугана, хийдэд олон хүн цуглахад тулгардаг бэрхшээл нь агааржуулалтын асуудал байдаг. Батцагаан цогчин дуганын лам нар хурдаг саруулхан зааланд агааржуулалтын асуудлыг төгс шийдэж өгсөн байна лээ. 1080 лам хурах бололцоотой гэнэ. Заалны хойморт завилж суусан хүнтэй дүйх хэмжээний том бурхныг залсан харагдлаа. Уг бурхныг Өндөр гэгээний гоц хийцтэй бурхан багшаас хэв авч бүтээсэн нь дуганы гол шүтээн болжээ. Уг бурхныг Энэтхэгийн Засгийн газраас өргөсөн юм байна. Ерөнхийлөгч Х.Баттулга болон дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам нарын залсан бурхдыг хоймортоо залсан харагдлаа.


Цогчин уншлагын талаар Гандантэгчинлэн хийдийн шашны дээд сургуулийн багш, Б.Жамбалаас тодрууллаа.

-Цогчин уншлага, хурлын ач холбогдлын талаар тодруулахгүй юу?

-Даян дэлхийн хүн, амьтан амар амгалан, энх тунх байхад зориулж өдөр болгон уншдаг ном. Үүнийг Цогчин буюу өдөр тутмын уншлагын хурал гэж нэрлэдэг. Бид хүмүүсийн төлөө залбирч ном уншина гэдэг нь тухайн хуралд ирсэн хүн өөрийнхөө сэтгэлд байгаа хиртэй зүйлийг наминчилахад, бусдын сайн сайхны төлөө өөрөө залбирал үйлдэхэд, өөрийнхөө дотоод сэтгэлийг наминчилж, гадна ертөнцөд бусад сайн сайхан байхын төлөө залбирч ерөөл тавьж байгаа уншлагын дээд хэлбэр бол өдөр тутмын цогчин хурал юм.

-Ер нь буян хураах ямар арга хэлбэрүүд байдаг вэ?

-Буяныг хураах олон арга бий. Чуулсан олон улс нэгэн сайн зүйлийг залбирч бодсоны үндсэн дээр бурханлаг оршихуй буюу бүгдийг тэгшитгэдэг амгалан зүйл байдаг. Иймийн тухайд хийд орон гэж байгуулагдаад, тухайн буяныг нийтэд хамруулж зохион байгуулж байгаа хэлбэр.


-Цогчин уншлагад бичиг үсэг, соёл шингэсэн байдаг гэдэг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Цогчин уншлагад монголчуудын өмсөж байсан өмсгөл, хувцас соёл, хэрэглээний бичиг үсгийн соёл зэргийг шингээсэн байдаг. Энэ утгаараа Цогчин хурал гэдэг бол манайхны тусгайлан хурдаг хурал. Жишээ нь, аврал одуулах уншлага гэдэг бол Чойжил гавжийн Ламиран сэмбрээ буюу үлгэрт тайлбар гэдэг номонд “Аврал одуулах уншлагыг монголчууд гаргасан, тэр дундаа Өндөр гэгээн гаргасан” гэж тэмдэглэсэн байдаг. Бидний уншиж байгаа уншлагыг нарийндаа Түвдээр уншиж байгаа гэж хэлж байгаа боловч дотор ороод үзэхэд монголчуудын өөрсдийнх нь ахуй болсон уншлага номнууд байдаг.

-Батцагаан цогчин дуганы нээлт олон хүний анхаарал татаж байх шиг. Олныг гайхшируулахаар ямар дурсгал байдаг вэ. Сонирхуулахгүй юу?

-Өндөр гэгээний өөрийн гараар бүтээсэн Очирдарь шүтээн гэхэд л Батцагаан дуганы гол шүтээн нь. Өндөр гэгээний өөрийн гараар бүтээсэн шүтээн. Уран дархчуудтай ярьж байхад энд тэндхийн музейнүүдэд тавигдсан бүтээл солигдох тохиолдлууд гарч байна гэж хэлдэг. Харин дархчууд ирээд залагдсан шүтээнүүдийг хараад “Яг Өндөр гэгээний хийц мөн байна шүү дээ” гэж уулга алддаг.

-Музейн үзмэр тогтмол байх уу. Эсвэл буцаагаад татах уу?

-Энэ үзмэрүүд тогтмол байна. Дуганы музейд газар газрын шүтээн байгаа. Бид бүгд 21 аймаг дүүргүүдээс улбаатай улс шүү дээ. Тэр газар бүрийн нандин шүтээнүүд бүгд Ганданд бий. Бид төсөл хэрэгжүүлээд цаашаа явахаар төлөвлөсөн юм бий. Музейг одоохондоо үнэ төлбөргүй үзүүлж байгаа. Алсдаа гадаад дотоодын жуулчдад зориулсан тусгай төлбөртэй үзүүлэнтэй болох байх. Бид музейгээ цаашид 5D болгочих юм сан гэж боддог юм. Нутгийнхаа нэрээр хайхад л шүтээн нь гараад ирдэг тохиргоотой болгочихвол гэж боддог доо. Ийм технологи манайд аль түрүүн нэвтэрчихсэн шүү дээ. Гандан хийд маань гадна дотноос санхүүжилтгүй, өөрсдийнхөөрөө явж байгаа тодорхой дараалалтайгаар асуудал шийдэгдэх байх. Аль болох хүн зоныхоо сэтгэлд нь хүрсэн сайхан зүйлийг хүргэх юмсан даа гээд санаж явна.

-Батцагаан цогчин хийдийн шүтээнүүд яг юу юу даадаг вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Амьтны ажил үйлсийг дээшлүүлэхийн тухайд цагаан, ногоон дарь эх, нас буяныг дээшлүүлэхийн тухайд цагаан дарь эх, үйлсийг дээшлүүлэхийн тухайд ногоон дарь эх ч гэдэг юм уу ийм үйлчилгээтэй байдаг.

Батцагаан цогчин дуганы музейд Энэтхэг, Япон, Бутан, Шри Ланк, Тайланд, Бангладеш зэрэг орнуудын бурхан шашны холбогдолтой үзмэрүүдийг дэлгэсэн байна. Эдгээр нь өмнө нь ямар нэгэн музейд дэлгэгдэж байгаагүй юм байна. Сонирхсон хэн бүхэнд Батцагаан цогчин хийдийн музей үнэ төлбөргүй үйлчилж байгаа ажээ. Эрт үеийн богдуудын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс болоод хувцас хэрэглэлийг сонирхсон иргэдийн хөлд музейн танхим дарагдсан байна лээ. Сүсэгтэн олон сэтгэлээ ариусгаад гарахад таатай орчин Батцагаан хийдэд бүрдсэн байна. Энд автомашины зогсоол, зоогийн газар, бие засах газар зэргийг цогцоор нь шийдэж өгчээ. Харин гаднаас нь харахад шил толь болсон гоёмсог барилга эгц өндөр шаттай юм билээ. Дуганыг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч зорьдог. Харин тэргэнцэртэй иргэнийг шатаар түрж гаргах боломжгүй харагдсан. Тэд дотогш нэвтрэхэд түвэгтэй юм билээ. Энэ талаар иргэд ам муутай байсан. Энэ мэтчилэн сүсэгтнүүдээ бодоогүй шийдэл хэд хэд ажиглагдсан юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ цаг-үе

И.Баттөгс: Иргэд автобусанд сууж, буухдаа халаасны хулгайд өртөж байна

Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, хурандаа И.Баттөгстэй ярилцлаа.


-Нийслэлд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлүүдийг ангилж үзвэл ямар төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?

-Ер нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийн дийлэнх хувийг зөрчлийн шинжтэй үйлдэл эзэлдэг. Тухайлбал, хоногт 1000-1800 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ гэж үзэхэд 80 орчим хувь нь зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл байдаг. Эдгээр нь ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байна. Хүний эрүүл мэндэд хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргасан дуудлага мэдээлэл зонхилдог. Энэ бүхнийг цагдаагийн байгууллага шуурхай шалгаж гэмт хэрэг зөрчлийн шинжтэй үйлдэлд тохирсон хариуцлага тооцдог. Ингэснээр нэг иргэн гэмт хэргийг давтамжтайгаар үйлдэх явдал багасдаг. Нэг согтуу нөхөр гэр бүлийнхнээ дарамталдаг, хүчирхийлэл үйлддэг, байдал багасна гэж ойлгож болно. Тэр хэмжээгээр цагдаагийн байгууллагад ирэх дуудлага мэдээллийн тоо буурч байгаа юм. Цагдаагийн байгууллагад ирж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 36000-аар буурсан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл 36000 гаруй иргэний эрх ашиг хохирохоос урьдчилан сэргийлсэн нь бидний ажлын үр дүн юм даа. Энэ эерэг нөхцөлийг улам бүр бүрдүүлэхийн төлөө дүүрэг, хороод, гудамж руу чиглэсэн бусад иргэд рүү хандсан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, албан хаагчдыг идэвхжүүлж, орон тоог нь нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа юм. Үүний тулд бүтцийн өөрчлөлт хийсэн.

-Жил бүрийн өдийд хөдөөнөөс хот руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг. Энэ үед ямар төрлийн гэмт хэрэг, зөрчил зонхилдог вэ?

-Шинэ хичээлийн жил эхэлж, оюутнууд цуглахад архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоон үзүүлэлт нэмэгддэг. Хулгай, тэр дундаа халаасны хулгайн гэмт хэрэг өснө. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэд хүүхдүүдээ сургуульд оруулаад буцахдаа энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байдаг. Тэдгээрийн анхаарал, болгоомжгүй байдал нь хулгайчдад боломж олгодог. Иймээс Нийслэлийн цагдаагийн газраас “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг Тээврийн цагдаагийн албатай хамтарч зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавих, мөн шөнийн эргүүл, шалгалтыг зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй тодорхой анхаарал татсан 770 гаруй цэг, орчин нөхцөлийг тодорхойлоод бүх нэгжийн албан хаагчдаа хуваарьт оруулаад эргүүл, хяналт шалгалт зохион байгуулж байгаа. Түүнчлэн халаасны хулгайн тухайд урьдчилан сэргийлэх ажил чухал байдаг. Хулгайн гэмт хэргээс өөрсдөө урьдчилан сэргийлэхийг л иргэдийн ухамсарт суулгаж өгөх хэрэгтэй байна. Үүний тулд шаардлагатай мэдээллийг нь тэдэнд өгөх нь чухал даа.Үүн дээр мэдээлэл өгөх хувилбар нь ямар байж болох талаас нь судалж үзсэн. Иргэд хаана, хаана хулгайн гэмт хэргийн хохирогч болж байна гэдгийг судалж үзэхэд гол төлөв автобусны буудал, автобусанд бууж суухдаа халааснаасаа эд зүйлсээ хулгайд алдсан байгаа юм. Үүнд үндэслээд автобусны картан дээр нь халаасны хулгайн гэмт хэргээс сэрэмжлүүлэх зурган тэмдэгт, өртсөн тохиолдолд хаана хандах тухай мэдээллийг байршуулж өгөхөөр болсон. Автобусанд суухдаа картаа уншуулах үедээ л өнөөх зургаа хараад сэрэмжилнэ шүү дээ. 20 мянган ширхэг сэрэмжлүүлэгтэй картыг БНСУ-д хэвлүүлсэн. Хэрэглэгчдийн гарт удахгүй хүрнэ.

-Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайтай тэмцэх чиглэлээр ажлуудыг шат дараатайгаар зохион байгууллаа. Тодорхой цэгүүдэд царай таних камер байршуулсан, мөн автобуснуудад камер байршуулж, нэгдсэн мэдээллийн сантай болгосон шүү дээ. Энэ ажлуудын үр дүн яаж гарч байна. Камер ашиглаж хулгайн хэдэн хэрэг, зөрчил илрүүлэв?

-Үр дүн гарч байгаа. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ төрлийн гэмт хэргийн гаралт 63 хувиар буурсан байгаа. Ер нь хулгай хийгээд явдаг нөхдүүд манайд бүртгэлтэй байдаг л даа. Автобусанд камер байршуулснаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хялбар болсон. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн газар тухайн цаг мөчид ямар ямар сэжигтэй нөхдүүд явж байсан гэдэг нь тодорхой болж байгаа юм. Хүн болгон ямар орчинд халаасны хулгайд өртөх билээ гэдгээ ухамсарлаж, эд зүйлсээ хямгадаад эхлэхэд л халаасны хулгайн гэмт хэрэг бүр багасна.

-Бэлэн мөнгөө хулгайд алдсан иргэд хэрхэн олж авах вэ. Хулгайчийг нь олж тогтоосон ч өнөөх нь төлбөрийн чадваргүй гээд сууж байдаг шүү дээ. Энэ тохиолдолд иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-Хохирол нөхөн төлүүлэхэд бид онцгой анхаарч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө битүүмжлэх ажиллагааг цаг алдалгүй авах гэх мэт.

-Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн бүтцэд өөрчлөлт оруулах шийдвэр гарчээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийг нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулж, нэгж дээрх орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

-Бүтцийн өөрчлөлтийн ач холбогдлыг та яаж харж байна?

-Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг хангах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий нэгж дээр ажиллаж байгаа алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагын бүтцээс 52 орон тоог дүүргүүдэд шилжүүлсэн. Хороодод цагдаагийн 16 хэсгийг шинээр нэмж байгуулснаар 154 хороо цагдаагийн 33 хэсэгтэй боллоо. Хэсгийн бүрэлдэхүүнд эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарыг тогтмол ажиллуулахаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж өгсөн. Тус байгуулагдсан хэсгүүд дээр эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарыг тогтмол ажиллуулах нь үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Дүүргүүдийн хэлтсүүдийн уялдаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, алба хаагчдын ажил ачааллыг тэнцэвэржүүлэх, сэлгэн ажиллуулах нөхцөлийг шуурхай болгосон. Мөн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу иргэдийн хурал, Засаг даргатай нэг бодлогоор харилцдаг болж байна.

-Шинэ бүтэц зохион байгуулалтад оруулах ажлын хэсэг хэрхэн ажилласан бэ. Албан хаагчдын санал дээр тулгуурлаж энэ шийдвэрийг гаргасан уу?

-Энэ удаад бүтцийн хувилбарыг хийхдээ алба хаагчдаас хоёр удаа санал авсан. Эхний удаад ажлын хэсгийн гишүүд буюу Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд нийслэлийн цагдаагийн газрын нэгж бүр дээр биечлэн очиж, алба хаагч нэг бүрийн санал хүсэлтийг сонсох ажиллагаа явуулсан. Тэднээс гарсан санал дээр тулгуурлан бүтцийн хувилбаруудыг гурван байдлаар гаргаж дахин тэднээр хэлэлцүүлсэн.

Хэлэлцүүлгээс гарсан саналыг анхаарч, мөн эрх зүйн үндэслэлийг баримтлан бүтцээ хийсэн. Ингээд Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд “Монгол Улсын засаг захиргааны нэгжийн удирдлагын тогтолцоо нийслэл дүүрэг, аймаг, хороо гэсэн бүтэцтэй байна гээд заачихсан байдаг. Үүнтэй уялдуулж энэ шийдвэр гаргасан. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 6.1-д цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллагад түүний харьяа албаны нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрдэнэ гэсэн заалт бий. Үүнээс гадна Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн долдугаар зүйлд харьяа нутаг дэвсгэртээ гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулна гэсэн заалт байдаг. Яг энэ хуулийн заалтуудад нийцүүлсэн. Дээр нь олон улсын зарим орнуудын бүтэц тогтолцоог давхар судлах ажлууд хийгдсэн.

-Өөрчлөлтийн үр дүнг та яаж харж байна?

-Ер нь үндсэн хэлтсийн бүтцэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй харин нэмэгдсэн, цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлуудыг нэгж хороон дээр иргэдэд ойртуулж байгаа хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл иргэн цагдаа хоёрыг ойртуулж байгаа юм. Иргэн цагдаа хоёрын хамтын ажиллагаа сайжирснаар хороо, дүүрэг, нийслэлийн иргэдийн амар тайван амьдрахад чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна. Цагдаагийн байгууллагын доод шатны нэгж дээр илүү бэхжих хэрэгтэй. Гүйцэтгэх үүрэг бүхий албан хаагчдыг өргөжүүлэх гэсэн үг . Өргөжих тусам л хороодын иргэд рүү ойртож, санал бодлыг нь сонсоно шүү дээ. Энэ ажлын эцсийн зорилго нь иргэн цагдаагийн хамтын ажиллагааг л бэхжүүлэх. Иргэд гэмт халдлагад өртөж хохироод цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өнгөрдөг ганц нэг жишээ бий. Энэ байдал арилна гэж харж байна. Цагдаагийн алба хаагчид хаана ямар гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүд байна гэдийг нарийвчлан олж тогтоогоод хяналтандаа авч, дүүрэг, нийслэлийн хэмжээнд бодлогын асуудлаа бүхэлд нь томоор харж ажиллах боломж, нөхцөл бүрдэж байгаа юм.