Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хар тамхины хэрэглээ өсөхөд нөлөөлж байгаа нэг шалтгаан нь ялын бодлого гэв

Гаалийн Ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт онол практикийн бага хурлыг “Новотел” зочид буудлын хурлын танхимд өчигдөр зохион байгууллаа.

Хуралд ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар, улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын ХБА-ны дарга Л.Мөнх-Амар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Эрхэсбаатар нар оролцлоо. Хурлаар залуу үеийнхэнд хар тамхины хор хөнөөлийг таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулсан юм. Монгол Улс өмнө нь хар тамхины дамжин өнгөрөх орон байсан бол өнөөдөр хэрэглэгч орон болсон талаар хуралд оролцогчид илтгэлийнхээ үеэр дурдаж байлаа.

Гаалийн байгууллага энэ төрлийн хэргийг илрүүлэх, таслан зогсооход гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм байна. Хар тамхитай холбоотой гэмт хэргийн дийлэнх нь Улаанбаатар хотод үйлдэгдэж байгаа аж. Үүний 90 орчим хувийг залуучууд буюу 15-35 насныхан эзэлжээ. Мөн насанд хүрээгүй дөрвөн охин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна. Хар тамхи хэрэглэж байгаа залуус гол төлөв найз нөхдийн хүрээнд уруу татагдаж гэмт хэрэгт холбогджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн тодорхой хувь нь гэмт хэргийг давтан үйлдсэн байсан талаар Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Эрхэсбаатар ярьж байна.

Өнөөдөр хар тамхины хэргээр ял эдэлж байгаа 100 орчим иргэн байгаа аж. Мөн хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа 200 орчим байгаа гэнэ. Хорихоос өөр төрлийн ял буюу тэнсэн харгалзах ялтай иргэд ялаа эдлэх хугацаандаа энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн тохиолдол хэд хэд бүртгэгджээ. Манай улсад оршин сууж байгаа, ажил эрхэлж буй гадаадын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол эрс өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.


ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатараас тодруулга авлаа.


-Сүүлийн үед улс хоорондын шуудан илгээмж ашиглаж хар тамхи зөөвөрлөх тохиолдол олон бүртгэгдэх болжээ. Энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-2010-2015 оны хооронд олон улсын иргэний агаарын тээврээр зорчсон зорчигчид биедээ болон хувийн ачаа тээшиндээ 20-100 гр хэмжээтэй хар тамхины төрлийн бодисыг нууж оруулдаг байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ үйлдлийн арга хэлбэр нарийсч улс хоорондын шуудан, илгээмжээр гараас гарт хүргэх үйлчилгээг ашиглаж хууль бусаар хар тамхи нэвтрүүлэхийг завдсан тохиолдол их гарч байна. үүн дээр гаалийн байгууллага, цагдаа, тагнуулын байгууллагатай хамтарсан арга хэмжээ, хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаж байна. Зөвхөн хил дээр гаалийн байгууллага илрүүлээд, таслан зогсоогоод арга хэмжээ авахдаа гол нь биш, тухайн хар тамхи мансууруулах бодисыг анх захиалсан, уг гэмт хэргийг зохион байгуулсан этгээдүүдийг илрүүлэх, хяналтан доор хүргэх арга хэмжээнүүд, хамтарсан ажлыг зохион байгуулж байна.

-Энэ төрлийн гэмт хэргийн арга хэлбэр нарийссан талаар та яриандаа дурдлаа. Хэргийг илрүүлэх тал дээр та бүхэн хэрхэн ажиллаж байна?

-Рентген аппарат, тусгай зориулалтаар бэлтгэгдсэн албаны нохой, хүний бие шалгах аппарат болон мансууруулах бодис илрүүлэх багаж тоног төхөөрөмжүүдээр хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлж байгаа. Мөн эрсдэл тооцогч системийг ашиглаж зорчигч болон шуудан илгээмжийн мэдээллийг урьдчилан авах, дүн шинжилгээ хийх аргачлалаар эрсдэлтэй бүс нутгаас ирсэн илгээмж, ачаа, зорчигчдыг хяналт шалгалтад хамруулж байгаа.

-Энэ онд шуудан илгээмж ашиглаж хар тамхи зөөвөрлөсөн хэдэн тохиолдлыг илрүүлээд байна вэ?

-2019 он гарсаар 11 удаагийн тохиолдлоор 4.5кг орчим мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсан 13 холбогдогчтой хэргийг илрүүлж холбогдох ажиллагааг явуулсан. Олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа хамгийн түгээмэл арга бол биеэс тусдаа улс хоорондын шуудан илгээмж болоод байгаа. Энэ асуудал дээр зөвхөн гаалийн байгууллага гэлтгүй цагдаагийн байгууллага өндөр хяналт тавьж ажиллаж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэлтийг нэмэгдүүлж байна.

-Санамсаргүй тохиолдлоор энэ төрлийн гэмт хэрэгт холбогдлоо гэх тохиолдол байдаг. Энэ талаар сэрэмжлүүлбэл?

-Гаалийн байгууллагын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулдаг. Энэ ажиллагааны хүрээнд гэрчээс мэдүүлэг авахад явцад тодорхой зорилго, сэдэлтэйгээр интернэт худалдаагаар дамжуулж захиалсан нь тогтоогддог.

-Ялын бодлогын талаар тодруулахгүй юу?

-Монгол Улсын эрүүгийн тухай хуульд заасны дагуу тухай хуулийн 20 дугаар бүлэгт хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд, улс хоорондын шуудан илгээмжийг ашиглаж өөрийн биеэрээ гаргаагүй ч гэсэн тодорхой зорилго, сэдэлтэйгээр захиалж авч үйлдвэл 2-8 жил хорих ялаар шийтгэдэг.

-Хар тахины хэмжээнээс үл хамаарч хариуцлага оногдуулдаг уу?

-Хэмжээнээс хамаардаггүй. Монгол Улсын эрүүгийн хуулийн зохицуулалт бол тухайн хар тамхи мансууруулах бодисын тоо хэмжээнээс үл хамаарч ял хариуцлага оногдуулдаг. БнХаУ болон оХУ-д бол хэрэгт холбогдсон этгээдийн мансууруулах бодисын тоо хэмжээнээс хамаараад ялгавартайгаар ялын бодлого хэрэгжүүлдэг.

-Энэ онд 11 тохиолдол бүртгэгдсэн талаар та яриандаа дурдсан. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарсан уу?

-Өмнөх онд синтетик бодисууд 200 гаруй граммыг хурааж байсан. Харин энэ онд 4.5 кг болж өсч байна. нэг хүнд үйлчлэх тун, үнийн дүнгээр нь авч үзэхэд хэдэн тэрбумаар тоологдог үнийн дүнтэй бодис. Мөс гэхэд л манайд грамм нь 450-500 долларын ханштай байдаг. ойролцоогоор сая орчим төгрөг гэсэн үг. 500 грамм мөс гэхэд л 500 орчим сая төгрөг болж байгаа юм.

-Энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа шалтгааныг та яаж харж байна вэ?

-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш дэлхийн бусад улс орнуудтай ижил түвшинд нээлттэй гадаад бодлого явуулж байгаа. Гадаад худалдаа эрхэлж байгаа хүмүүс чөлөөтэй бусад улсад зорчиж байна. Манай оюутан залуусч гадаадад сурч боловсрох болж. Үүнтэй холбоотойгоор хар тамхины хэрэглээ манайд нэвтэрсэн. Хэрэглээ байгаа тохиолдолд өндөр эрсдэлтэй ч нийлүүлэлт байгаад байна л даа. Их хэмжээний ашиг олдог учраас ял авч байгаа ч энэ төрлийн гэмт хэрэг хийгээд л байна. БнХаУ-д нэг грамм нь 20-50 мянган төгрөгийн ханштай байдаг мөс манайд орж ирээд сая төгрөгийн ханш хүрч байна. Хүмүүс ашиг олохын тулд ажил амьдралаараа дэнчин тавиад яваад байна.

-Хар тамхины хэрэгт холбогдсон урлаг соёлын салбарынхан гол төлөв тэнсэн харгалзах ял аваад салдаг жишиг тогтжээ. Мансуурч байхдаа баригдсан жүжигчин Н.Энхтүвшинг 100 мянгаар торгоод явуулсан байна лээ. Ялын бодлого сул байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тусам өсч байгаатай холбоотой юу?

-Миний хувьд ялын бодлогын талаар ярьдаг хүн нь биш л дээ. салбарт ажилладаг судлаачийн зүгээс харахад хөнгөдсөн гэж үздэг. Өмнөд, хойд хөрштэй харьцуулахад хөнгөн гэж хувьдаа хардаг юм. Үүнтэй холбоотойгоор 500 сая төгрөгийн ашиг олчихоод хэдхэн жил шоронд суучихъя гэсэн зорилготой хүн байхыг үгүйсгэхгүй.

Манайх руу Герман, испани, Голланд, Филиппин, Хятад, зэрэг найман улсаас илгээмжээр хар тамхи орж ирэх эрсдэл өндөртэй байдаг аж. испаниас олон улсын шуудан илгээмж ашиглаж хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан иргэн шоколадны набороор нуун далдалсан байжээ. Тодруулбал, хар тамхийг шоколад шиг хэлбэр оруулан гурван кг бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ. Мөн БнХаУ-аас хананд өлгөдөг календарийн төмөрний голд чихэж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон байна.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд данстай тамирчдын анги

“Аварга” биеийн тамирын дээд сургуулийн үндэсний бөхийн ангийн 2015 оны төгсөлтийн хамт олныг “Нэг ангийнхан” буланд онцолж байна. Онцлохын учир нь энэ ангиас дэлхийн хошой аварга Б.Бадралаас авахуулаад тив дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц ур чадвартай олс таталтын олон улсын хэмжээний мастер Т.Дүгэрдорж, Э.Сумъяабат, Ч.Энхмөнх нарын шилдэг тамирчид төрж гарсан юм.

2012 он. Улсын арслан Б.Ганбат улсын наадамд түрүүлж байсан үе. Аралтай арслангийн ид хавыг харж бахархсан олон хүүхэд бөх болохоор зориг шулуудаж зодог өмсөж байв даа. Үндэсний бөхийн шинэ үеийн шилдгүүд төрж гарсан “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн үндэсний бөхийн ангид Увс, Архангай, Булган, Баян-Өлгий, Ховд, Завхан, Дорнод, Хэнтий гээд эх орны өнцөг булан бүрээс цугласан 30 гаруй залуус элсэж байж, тэр жил. Сум орныхоо дов дошинд тодорчихсон хүүхдүүд том бөх болох зорилго өвөртөлж гавьяат багш Бүдээбазарын Адьяахүүд шавь орсон нь энэ ажээ.

Зарим нь бөх болох дүрээ олж ядаж яваа, хэсэг нь ч барилдах эв дүй хараахан сууж амжаагүй хүүхдүүдээр эхлээд уян хатан чанар суулгах, тэвчээрийн дасгал түлхүү хийлгэнэ. Ирээдүйд бэртэл гэмтэл авахаас нь сэргийлсэн багшийнх нь ухаан энэ байж. Эд дээд курсийн ах нартайгаа бэлтгэл хийнэ. Улсын аварга Э.Оюунболд, аймгийн хурц арслан Э.Номиндалай, аймгийн арслан Л.Жамбал нарын шилдгүүдтэй гэсэн үг шүү дээ. Эхэндээ ч гарыг нь ч нугалж чадахгүй өнхрөөд өгнө. Аажимдаа бас чиг дугтрахад нь тохойлдчихооргүй хэмжээнд хүрсэн байна. Алсуураа чангарч байсан нь тэр байж. Сумын цолтнуудын барилдаанд хаа нэг гарна. Эв нь таарвал ганц нэг давчихдаг болжээ.

Ганц нэг давсан хүүхдүүд амжилтандаа урамшина. Барилдаан бүрийг хүлээнэ. Харамсалтай нь хөдөө орон нутгийн тарчигхан оюутнуудад автобусны мөнгө тэр бүр олдохгүй. Бөхийн өргөө орж барилдахын тулд “Аварга” лицей сургуулийн доод ангийнхныхаа автобусны картыг авна. Ингээд л цүнхээ үүрээд Бөхийн өргөө рүү явдаг байж. Нэг удаа эдний ангийнхан доод ангийнхныхаа картыг аваад л автобусанд сууж л дээ. Алтангэрэл гэж Архангайн сумын заан залуу картаа уншуулахад “Хүүхэд” гэж дуугарахад нь жолооч “Сахал үс болчихоод яахлаараа хүүхдийн картаар яваад байдаг юм” гэж уцаарлаад хөөгөөд буулгаж байсан удаатай гэнэ. Өнөөх нь ч нөхдийнхөө араас алхаж очоод шаггүй сайн барилдаад байныхаа мөнгөөр зардал хийгээд нүүр бардам харьж байж байсан удаатай гэнэ.

Эдний ангийнхны ихэнх нь дотуур байранд амьдардаг байж. Дотуур байрны хүүхдүүдэд хоногийн хоолоо залгуулах гэж амаргүй ажил бий. Барилдаж ноцолдоод байнд авсан таван төгрөгөөрөө хоол аваад хуваагаад идчихнэ. Харин хоёрдугаар курсийнхээ намар Багануурын тийш жуулчны баазад өндөр байтай барилдаан болох сураг дуулдаж л дээ. Эдний ангийн Ч.Энхмөнх, Б.Бадрал, Э.Сумъяабат, Э.Алтангэрэл нар чимээгүйхэн байж байгаад л барилдаан дөхөнгүүт гараад явчихаж. Ангийн дөрөв ч үзсээр байгаад л их шөвөгт ч шалгарч. Сүүлдээ Энхмөнх нь түрүүлж Бадрал нь үзүүрлэсэн байна. Байнд ирсэн дугтуйнуудаа нээгээд хартал тус бүрт нь 100 доллар хийчихсэн байжээ. Өнөө хэд тэр дор нь “Барс” зах орж өвлийн идшээ базааж гэдэс цатгалан онд орж байсан гэнэ.

Дэлхийн хошой аварга Б.Бадрал багш Ш.Наранбатын хамт

Хоёрдугаар курст анги удирдсан багш Б.Адьяахүү шавь нарыгаа олс таталтын спортоор давхар хичээллүүлжээ. Т.Дүгэрдорж, Э.Сумъяабат, Ч.Энхмөнх, Э.Цэнд-Аюуш, Ц.Чинзориг нарын баг улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод түрүүлчихэж. Ингэснээр эх орноо төлөөлж тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан байна. Монгол орноо төлөөлж тивийн дэвжээнд өрсөлдсөн залуус гялалзаж хэсэгтээ ур чадвараа олон улсад гайхагддаг Тайванийн багийг хожиж шуугиан тарьжээ. Тайванийн багийн тухайд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихсэн Азидаа л ноёрхдог байжээ. Харин байнд авсан мөнгөөрөө өвлийн идшээ зохицуулдаг монгол оюутнуудад ховх татуулж хулхи нь бууж байжээ. Тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж төрийн далбаагаа Тайванийн тэнгэрт мандуулж байсан түүх эдний ангийнханд бий. Өнөө хэд дараа жил нь тивийн аварга шалгаруулах тэмцээнд дахин оролцож амжилтаа бататгажээ. Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд мандуулсан залуусыг олон улсын хэмжээний мастер цолоор шагнасан байна. Гартаа бүлтэй, шуундаа бяртай хүн сайн бөх болдог гэх хууччуулын яриа байдаг. Энэхүү ангийнхан энэ цагт сайн барилдаж байгаа нь үүнтэй холбоотой байдаг биз. Олс таталт нь гарын атгалт, тэнцвэр бас тэвчээр шаарддаг спортын төрөл юм.

Ангийнхны Азийн дэвжээнд үзүүлсэн амжилтыг сийрүүлэхэд ийм. Харин Дорноговь аймгийн харьяат Баасандоржийн Бадрал гэж залуу сумо бөхөөр дэлхийн хошой аварга болж том гавьяа байгуулж байсан. Сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2015 онд Улаанбаатарт зохион байгуулагдахад дөрөвдүгээр курсийн оюутан Б.Бадрал аварга болохыг зорьж барилдсан ч санасандаа хараахан хүрсэнгүй, хүрэл медаль хүртжээ. Харин 2017 онд Польш улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад олон орны шилдэг тамирчдаас говийн хүчтэн онцгойрч дэлхийн аварга болж дутуугаа гүйцээсэн байна. Аварга хүүгээ нутаг орныхон ч хүлээн авч найр наадмыг нь өргөн дэлгэр тэмдэглэжээ. Ангийн нөхөд нь ч бүгд очиж найзынхаа баярыг хуваалцсан байна. Тэрбээр энэ онд сумо бөхийн эх орон Японд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад мөн л түрүүлж амжилтаа бататгажээ. Б.Бадралын хувьд сонирхогчдын сумо бөхөөр дэлхийд танигдсан бол үндэсний бөхөөр ч шаггүй сайн барилддаг нэгэн. Улс аймгийн цолтнуудын нэгэн барилдааны үеэр улсын арслан П.Бүрэнтөгс дунд зэргийн нуруутай зассан шагай шиг биетэй залуутай оноолт таарав. Арслан шилдээд дугтрахад нь давхар хамаад зассан шагай шиг залуу тугны зүг гүйж байсан нь дэлхийн хошой аварга Баасандоржийн Бадрал байсан юм. Арслан ч инээд алдаж, толгой сэгсрээд элэг бүсээ тайлж байсныг бөхийн хорхойтнууд санаж байгаа байх. Тэр зунаа Дорноговьд болсон томоохон барилдааны гурвын даваанд Бүрэнтөгс арслан өнөөх залуугаа дахиад амлах нь тэр. Бадрал хорьсон ч хийдэг, хориогүй ч хийдэг ганц мэхээ даалгаад нутгийн олныхоо уухайн түрлэг дор туг тойрч байсан удаа бий. Тэрбээр өнгөрсөн зун аймгийнхаа наадамд зургаа давж аймгийн харцага цолд хүрсэн билээ.

ХОС АРСЛАНТАЙ БОЛОВ

Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Э.Сумъяабат 2018 онд аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн нь ангийнхны тухайд аз өм нь нээгдсэн хэрэг байжээ. Үүний дараа 2019 оны бүх цэргийн наадамд Завхан аймгийн Отгон сумын харьяат Т.Дүгэрдорж Өвөрхангайн Б.Цэдэнсодномоор найм даван түрүүлж цэргийн арслан цол хүртсэн юм. Мөн өнгөрсөн зун Чулуунтөмөрийн Энхмөнх төрөлх нутаг Сүхбаатар аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна.

Аварга сургуулийн үндэсний бөхийн энэ ангийн хамт олон анх “Аймгийн цолыг бол авчихна. Амьдралаа зориулж зүтгэж байгаагийнх улсын цолтой л бөх болно” гэж өөр хоорондоо ярилцдаг байжээ. Өнөөдөр Баян-Өлгийн Б.Бейбит, Баянхонгорын Цэрэндорж, Дорноговийн Б.Бадрал нар аймгийн харцага, Завханы Д.Баярбат аймгийн начин цолд тус тус хүрээд байна. Харин Хэнтий аймгийн харьяат Ц.Чинзориг аймгийнхаа наадамд хоёр ч удаа дөрөв давжээ. Харин сумын баяр наадамд дөрвөн удаа түрүүлж манлай сумын заан болсон байна. Тэрбээр энэ оны аравдугаар сарын сумын цолтнуудын барилдаанд үзүүрлэсэн юм.

Эдний ангийнханд дутуу зүйл нь улсын цолтон л байна. Булган аймгийн Биеийн тамирын дунд сургуулиас “Аварга” сургууль руу элсэн суралцаж төгссөн Энхбатын Сумъяабат гэж элдсэн сур шиг хийцтэй арсланг улсын том цолд хүрнэ гэж ангийн нөхөд нь итгэл хүлээлгэдэг юм билээ. Сумъяабатын тухайд өнгөрсөн наадмаар гурав даваад улсын аварга С.Мөнхбатад тахим өгсөн. Шуурхай барилдаантай арсланг удахгүй том бөх болно гэж багш дасгалжуулагчид үнэлдэг юм билээ. Т.Дүгэрдорж, Д.Баярбат, Ч.Энхмөнх нараас өгсүүлээд том цолд хүрэх ирээдүйтэй залуус энэ ангийн төгсөгчид дунд олон байна. Тэд том цолд хүрсэн цагт Б.Адьяахүү багшийн хөдөлмөр үнэлэгдэж ардын багш болох цаг тийм холгүй л санагдах.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Олимпод оролцох сагсчдын бэлтгэлийн нэг өдөр

Хүн төрөлхтний баяр цэнгэл олимпийн их наадамд монголчууд анх удаагаа багийн спортын төрлөөр оролцох болзол биелүүлснийг олон улсын сагсан бөмбөгийн холбооноос энэ сарын 1-нд зарласан. Бид 3х3-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн нэг өдрийн бэлтгэлийн үйл явцаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ.


Шигшээ багийнхан бэлтгэлээ бидний нэрлэж заншсанаар 64-т байрлах “Орчлон” сургуулийн ойролцоох зааланд хийдэг юм байна. Жил хүрэхгүй хугацааны дараа эхлэх олимпийн наадамд оролцохоор болоод буй эмэгтэйчүүдийн шигшээ баг эрчимжүүлсэн бэлтгэлдээ оржээ. Бэлтгэл 19:00 цагт эхлэхэд баг тамирчид бүрэн жагсжээ. Сагсан бөмбөгийн спортын мастер Д.Ганзул, спортын мастер Э.Чимэддолгор, спортын мастер Б.Болор-Эрдэнэ, О.Хулан, П.Цэрэнлхам, Б.Нандинцэцэг, Г.Минжин шигшээ багт дуудагдаад байгаа юм байна.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Тулга “3х3-ын сагсан бөмбөг 2017 онд олимпийн хөтөлбөрт багтсан. Энэ цагаас хойш л сагст дур сонирхолтой хүүхдүүдийг цуглуулаад л багийн спортоор олимпод оролцох том зорилго өмнөө тавиад хамтдаа зүтгэсэн. 160 гаруй багаас шилдэг найман багт шалгарч олимпод оролцох болно гэдэг биелэгдэхэд хэцүү л санагдаж байсан. Гарч болох эрсдэлүүдийг зөв тооцоолж бодлогоо зөв тодорхойлж байж энд ирлээ. Одоо олимпод амжилт гаргах зорилго өмнөө тавиад явж байна” гэв.

Тэд дэлхийд сагсан бөмбөгийн хөгжлөөр тэргүүлдэг ОХУ, АНУ, Серби зэрэг хүчирхэг багуудын эсрэг хэрхэн тоглох, бид тэднээс ямар чанараар давуу болохоо зөвлөлдөж сууна. Багийн ахлагчаар спортын мастер Д.Ганзул ажиллаж байгаа юм байна. Тэрбээр “Энэ жил тамирчны замналд нөлөөлөх олон чухал тэмцээнтэй байсан. Тэр ч утгаараа багийнхан маань бүгд ажлаасаа гарч зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаарсан. Давхар ажил хийдэг байхад амжилт ахихгүй байсан. Ажлын ачааллаа больж бэлтгэлээ хийснээр амжилт эрс ахисан. Бие сэтгэл зүйд ч өөрчлөлт ордог юм билээ. Багийн тоглогчид ч бие биенээ илүү сайн ойлгож, гар нийлдэг болсон” гэв. Сагсан бөмбөгийн спортоор 10 орчим жил хичээллэж буй тэрбээр Хөгжлийн банкинд мэргэжилтнээр ажиллаж байжээ. “Гэр бүлийн хүн маань БНСУ-д ажиллаж байгаа. Харин охиныг минь Дарханд аав, ээж маань хардаг юм. Манай гэр бүл гурван талд л амьдарч байна. Спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн маань үргэлж дэмждэг” гэж Д.Ганзул ярилаа.

Сүүлд 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг наймд шалгарсан багийн гишүүд зааланд цуглажээ. Эдгээр охид бүгд оюутан аж. Хэдий хичээлтэй ч бэлтгэлээс минут ч хожигдолгүй ирцгээжээ. Тэд нэг баг, нэг гэр болсон нь харилцаанаас нь ажиглагдана. Бөмбөг чадварлаг эзэмшиж, багийнхаа довтолгооныг найруулах намхан охин бол Ганбатын Минжин. Шигшээ багийн хамгийн залуу тамирчин тэрбээр МУИС-ийн оюутан юм байна. Мэргэжлийн сагсан бөмбөгч болохоор сэтгэл шулуудсан түүнийг гэр бүлийнхэн нь ч дэмждэг юм билээ. Түүний хувьд энэ оны 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Германы эсрэг хожлын шидэлт амжилттай болгож монголчуудыг огшоож байсан гавьяатай охин.

Таяг тулж, зүүн хөлөө зузаанаар боосон охин багийнхаа бэлтгэлийг анхааралтай үзэж суусан нь 23 хүртэлх насны шигшээ багийн гишүүн П.Цэрэнлхам ажээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөлний зөөлөн эдээ бэртээсэн нь илааршиж байгаа гэнэ. Гэмтэлтэй байгаа ч хэрэгжүүлж буй хувилбар комбинацыг нь харж, суралцах нь залуу тамирчны цаашдын хөгжилд нь хэрэгтэй талаар багийн эгч нар нь хэлж байв. П.Цэрэнлхамын тухайд Тайваньд сагсан бөмбөгийн боловсрол эзэмшжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд шалгарсан хөвгүүдийн 18 хүртэлх насны шигшээ багийнхан эмэгтэй шигшээ багийн бэлтгэлийг хангаж өгч байгаа юм байна. Олон улсад өрсөлдөх хэмжээнд хүрчихсэн залуусын эсрэг эмэгтэй шигшээ багийнхан ч бэлтгэл дээр ширүүн өрсөлдөөн үзүүлж байна лээ. Энэ нь эмэгтэй шигшээ багийн тамирчдын тэвчээр болоод эрэгтэйчүүдийн шигшээ багийн залгамж халааг бэлтгэхэд ач тустай талаар дасгалжуулагч С.Тулга ярьж байна. 18 хүртэлх насны шигшээ багт газар газрын залуус байдаг юм байна. Жил гаруйн өмнө нь Завханд хонио хариулаад явж байсан Авирмэд гэж хүү 3х3-ын өсвөрийн шигшээ багийн гол тамирчин, салшгүй хэсэг нь болжээ.


ШИГШЭЭ БАГ СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Манайд спортын сэтгэл зүйчийн үүргийг лам бөө нар гүйцэтгэдэг гэх яриа тамирчдын дунд байдаг. Тамирчдын сэтгэл зүй тааруу байдаг нь ч олон улсын тэмцээний үеэр анзаарагддаг. Эцсийн шүгэл дуугараагүй байхад баярлаж медалийн үзүүрээс атгаад алдсан жишээ манайханд хэд хэд бий.

Харин 3х3-ын шигшээ багийн тамирчид спортын сэтгэл зүйч Б.Золзаяатай хамтарч ажиллаж байгаа юм байна. Түүний хувьд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяатай хамтарч ажиллаж олимпийн мөнгөн медальд хөтөлж байсан туршлагатай нэгэн юм.

Тэрбээр “Спортын тэмцээн уралдаанд оролцож буй тамирчид нэг түвшинд ирсэн өнөө үед сэтгэл зүйн асуудал чухал. Нэг техник, нэг тактик бэлтгэхдээ сэтгэл зүйг хамтад нь суулгаж өгснөөр богино хугацаанд илүү сайн үр дүн гардаг. Өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцож байгаа тамирчдад айдас байх ёсгүй. Ийм байж өрсөлдөгчөө, сэтгэл зүйн дайн тулааныг давж гарна. Миний хувьд энэ талаар зөвлөгөө өгч ажиллаж байна” гэв.

Багийн сэтгэл зүйч тамирчдад хандаж өдрийн тэмдэглэл тогтмол хөтлөх, гар утасны хэрэглээгээ хязгаарлах, сайн нойртой байх, гадуур хоол идэхгүй байх, хүнсээ өөрсдөө бэлтгэж байх зэрэг зөвлөмж өгч байсан юм. Үүнээс гадна чөлөөт цагаараа хүнтэй улзаж явахыг хориглож байв. Шигшээ багийн тамирчдыг хамт амьдруулахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн Леброн Жеймс, Коби Брайнт гэх мэт алдартай тамирчид ямар замаар явж өндөрлөгт хүрсэн талаар шигшээ багийнханд лекц уншдаг юм билээ.

Шигшээ багт монгол арга барил хэрэгжүүлж энэ амжилтад хүргэсэн талаар дасгалжуулагч С.Тулга хэлж байна.

Тэрбээр “Шигшээ багтаа хувь тамирчдын онцлогт тохирсон хувилбарыг хэрэгжүүлж энэ амжилтад хүрсэн. Гадны тамирчид өндөр нуруу, булчингийн массаар илүү байдаг ч манайхан хурдаараа үүнийгээ нөхөж чаддаг. Мөн тэнцвэрээ хадгалахдаа манайхан илүү. Энэ чадварт тулгуурласан хувилбаруудыг хэрэгжүүлдэг. Бэлтгэл дээр хэдэн мянга давтана. Манайхан ч талбайд гараад харцаараа л ойлголцдог болсон. Магадгүй эмэгтэй шигшээ баг олимпод орсон шилдэг найман багийн хамгийн доогуур чансаатай нь байх. Гэхдээ жилийн дараа юу болох нь уу харъя. Бид хичээж байгаа” гэж хэллээ.

Монгол арга барилыг 5х5-ын шигшээ багт ч хэрэгжүүлж Азийн хэмжээнд өрсөлдөх боломж байгаа талаар ярьж байна. Тэрбээр 2013 онд ОХУ-д зохион байгуулагдсан оюутны олимпийн наадамд залуучуудын шигшээ багийг дасгалжуулж амжилттай оролцож байсан юм. Сагсан бөмбөгийн холбоодын хэл амнаас шалтгаалж дасгалжуулахгүй байгаа талаар хэлж байлаа. Одоогоор олимпийн эрх аваад буй шигшээ багт гол анхаарлаа хандуулаад байгаа гэнэ.

3х3-ын сагсан бөмбөгийн холбооноос тус спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Сум бүрт хэд хэдэн удаагийн давтамжтай тэмцээн зохион байгуулж, дотоод өрсөлдөөнийг бий болгосноор нэг шат ахина гэж харж байгаа юм байна. Мөн үндэсний хэмжээний томоохон пүүс компаниуд сагсан бөмбөгийг дэмжээд эхэлжээ. “МСS” групп болон “Энержи ресурс” компаниуд тамирчдын тэмцээн уралдаанд оролцоход бүх талаар дэмжиж ажилладаг гэнэ. Шигшээ багийн тамирчид “Гадагшаа тэмцээнд явахаар болоход байгууллагуудын үүд сахиж мөнгө гуйгаад явж байсан удаа олон байгаа. Тэр цаг өнөөдөр ард хоцорсон. Монголд зөвхөн сагс тоглоод аж амьдралаа залгуулаад явах боломж бүрдээд байгаа” гэж байлаа.

“МСS” группийн захирал Л.Мягмаржавын тухайд 3х3-ын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна. 3х3-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн тухайд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт мөнгөн медаль, дэлхийн цуврал тэмцээнүүдээс алт мөнгө хүрэл медаль хүртэж байсан. Гэсэн ч төр засгаас, дорвитойхон дэмждэггүйд нь тамирчид сэтгэл дундуур явдаг юм билээ.


ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

Улаанбаатар Энержи ресурс баг олимпийн эрх авсан ч зохион байгуулагч Японы баг давуу талаа ашиглаж шууд оролцохоор болжээ. Ингэснээр эрх олгох тэмцээнүүдэд оролцож байж олимпийн эрх авах юм байна. Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар нарын бүрэлдэхүүнтэй Улаанбаатар Энержи ресурс багийн залуус ч бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Хагас жил орчим талбайд гараад Г.Цэнгүүнбаярын бэртэл илааршиж багтайгаа нэгджээ.

Бид олимпийн дэвжээнд бөхчүүдийн тулаан, барилдааныг харж баясдаг. Тэгвэл ирэх онд Японд зохион байгуулагдах олимпийн наадамд чадварлаг сагсчдынхаа уран гоё тоглолтыг харж баясах нь ээ.


Categories
мэдээ цаг-үе

Допингийн шинжилгээний хариуг албан тушаалтнууд нуун дарагдуулж байсан уу?

Өнөө жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын допингийн шинжилгээнд бүдэрсэнтэй холбоотой дуулиан өнөө хэр нь татраагүй байна. Гэхдээ энэ хэрэг илүү өргөн цар хүрээг хамарсан байж болох сэжүүр үүссэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн паян нь олонд илчлэгдсэний дараа 2009-2019 оны наадмуудын допингийн шинжилгээний хариуг нийтэд ил болгохыг шаардсан бичгийг Баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлсэн байдаг. Тус хорооноос дорвитой шийдвэр гаргаагүй учраас Э.Оюунболд допингийн шинжилгээний ард явагддаг хууль бус үйл ажиллагааны талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ. Түүний гомдлын мөрөөр АТГ-аас шалгалт явуулж “Допингийн шинжилгээнд гадны нөлөө ордог, шээс сольдог” байж болох ул мөр илэрсэн талаар мэдээлэл цацагдаад байна.

Ямартай ч бусадтайгаа барьцсан залуу аваргын гомдолтой холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Допингийн эсрэг үндэсний төв болон баяр наадам зохион байгуулах комиссын эрх бүхий хэд хэдэн албан тушаалтнуудаас байцаалт аваад эхэлсэн байна. Эдгээр албан тушаалтнууд дунд манайдаа л урдаа барьдаг спортын эмч, анагаах ухааны доктор эмч Н-ыг байцаагаад эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж допингийн шинжилгээг санаатайгаар өөрчилдөг, допингийн шинжилгээгээр шантаажилж бөхчүүдээс мөнгө нэхдэг байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаад эхэлсэн бололтой.

Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас 2009-2019 онуудын допингийн шинжилгээний хариуг шалгаж, дахин нягталж үзэхээр болоод байгаа юм байна. Спортын анагаах ухааны доктор Н-ыг дээрх жилүүдэд бөхчүүдийн шинжилгээг өөрчилсөн байж болзошгүй гэж үзжээ. Тэрбээр хэд хэдэн бөхчүүдээс эхнэрийнхээ дансаар дамжуулж мөнгө авдаг байсан нь ил болоод байгаа гэнэ. Ямартай ч хэд хэдэн улсын том цолтнууд авлига өгч допингийн шинжилгээний хариугаа нуун дарж байсан талаар эх сурвалжууд ярьж байна.

Допингийн шинжилгээг бизнес болгосон гэх барьцгүй яриа ор үндэслэлгүй худлаа зүйл биш бололтой.

Допинг тойрсон асуудлын талаар улсын манлай начингуудын нэгээс тодруулга авлаа.


-Наадмын түрүү бөх допингийн шинжилгээнд бүдэрлээ. Залуу аварга 2009-2019 оны баяр наадмын допингийн шинжилгээг олонд ил болгох хүсэлт гаргасан байна. Допингийн шинжилгээг нуун дарагдуулах, гар хүрэх асуудал байж болох уу?

-Э.Оюунболд аварга ор хоосон зүйлд гомдол гаргаагүй байлгүй дээ. Улс төр, бизнесийн том улсуудын нөлөөллөөр шинжилгээ өөрчлөгддөг байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд дөрвөн ч удаа допингийн шинжилгээ өгч байсан. “Таны шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэнгүй” гэж Допингийн эсрэг үндэсний төв, Баяр наадмын зохион байгуулах хорооноос мэдэгдэж байсан удаа байхгүй. Илэрсэн ч юм уу илрээгүй ч юм уу, таг чимээгүй л байдаг. Цаагуураа ямар үйл явц өрнөдгийг сайн мэдэхгүй юм. Уул нь допингийн асуудалд баяр наадам зохион байгуулах комисс энэ тэр гэлгүй Монголын үндэсний бөхийн холбоо хариуцаад ажиллаад явбал зөв зүйтэй юм шиг санагддаг.

-Өнгөрсөн жилүүдийн шинжилгээг дахин нягтлахад асуудал сөхөгдөж болох уу?

-Допингийн шинжилгээ олны нүднээс далд явагддаг. Шинжилгээний хариу сольдог, хүнийг өмнөөсөө шээлгэдэг гээд л янз бүрийн юм дуулдаж л байдаг. Асуудал байж мэдэх л юм. Нэг удаа нягталж шалгаад номонд нь оруулчихвал ичиж зовохгүйгээр хэрэглэдэг хүмүүст том дохио болох байх.

-Монгол бөхчүүд допинг хэрэглэж байгаа нь юутай холбоотой вэ. Та яаж харж байна?

-Олон шалтгаан байна. Монгол бөхийн бай шагнал өндөр болжээ. Ах нараараа дэмжүүлж байгаад улсын цол хүртчихвэл нутгийн зөвлөл нь найран дээр нь байр машины түлхүүр гардуулдаг болсон байна. Өндөр цолонд хүрвэл хэдэн өрөөгөөр нь байр өгнө. Нутаг орны нэрээ дуурсгаж байгаа бөхчүүдийнхээ хөлс хөдөлмөрийг үнэлж байгаа нь нэг талдаа сайн хэрэг. Гэхдээ бөхчүүд маань амьдралын баталгаатай болохын тулд допинг гэдэг хортой зүйлийг хэмжээ хязгааргүйгээр хэрэглэдэг хандлага бий болжээ. Байр машины төлөө эрүүл мэндээ золиосолж, өрсөлдөгч бөхчүүдийнхээ хөлс хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Зарим бөхчүүдийн энэ сонирхолд дөрөөлж хүчний багш дасгалжуулагчид нь бизнес хийдэг болсон. Үүнд хуулийн байгууллагын хараа хяналт хэрэгтэй байна.

-Допинг хэрэглэсэн бөхөд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Барилдахад мэдэгдэх үү?

-Цэцэрлэгийн хүүхдүүдтэй бага ангийн сурагч барилдаж байгаатай адилхан. Допингтой бөхтэй барилдахад чинь мод хад мөргөж байгаа юм шиг мэдрэмж төрнө шүү дээ. Биеэр нь яр шарх гарсан, ууртай нөхдүүдүүдээс халгаад барилдах сонирхол ч буурч байна. Энэ асуудалтай тэмцэж дорвитой арга хэмжээ авах цаг ирээд байна” гэв.

Баяр наадам зохион байгуулах хорооноос улсын аварга Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргаж Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдсэн юм. Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс “Манайд албан ёсоор хүсэлт ирээгүй байна” гэх тайлбарыг өгөөд байгаа юм. Допингтой холбоотой асуудал хаана ямар шатандаа яваа нь одоогоор тодорхой бус байна. Энэ асуудал шийдэгдэхгүй удсаар ирэх онтой золгох нь бололтой.


Categories
мэдээ цаг-үе

Г.Давааням: Мансууралтай тэмцэх ажилд оролцохгүй нэг ч төрийн байгууллага, алба хаагч байх ёсгүй

-ШҮҮХЭЭС ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАХГҮЙГЭЭР ТЭНСЭХ, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН 64 ЭТГЭЭДЭД АНХАН ШАТНЫ ТЕСТИЙН СОРИЛ ТАВИХАД 20 НЬ ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИС ДАХИН ХЭРЭГЛЭСЭН НЬ ТОГТООГДСОН-

Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Даваанямтай ярилцлаа.


-Үндэстнийг мөхөөдөг хар тамхитай тэмцэхэд яамд болон албан байгууллагууд ямар оролцоотой ажилладаг вэ. Яаж ажиллах шаардлагатай вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүргийг цагдаа, гааль, эрүүл мэндийн байгууллагаас гадна холбогдох хууль тогтоомж болон Засгийн газрын 2017 онд батлан хэрэгжүүлж буй Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон чиг үүргийн байгууллагуудын үүрэг, оролцоог зааж өгсөн байдаг. Тухайлбал, БОАЖЯ, ХХАХҮЯ мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархац, нөөцийг тогтоох, МХЕГ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын бүртгэл, үйлдвэрлэл, зарцуулалт, хадгалалт, түүхий эдийн олборлолт, ургамлын тархцад хяналт тавих, БСШУСЯ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс хүүхэд, залуусыг урьдчилан сэргийлэх мэдлэг олгох бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх гэх мэт. Цагдаагийн байгууллагаас чиг үүргийн байгууллагуудыг хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар мэдэгдэл, шаардлага, зөвлөмжийг удаа дараа хүргүүлж байгаа. Мэдэгдэл, шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байгууллага, албан тушаалтанд хуульд заасан арга хэмжээ тооцох болно. “Мансууралтай тэмцэх ажилд оролцохгүй нэг ч төрийн байгууллага, алба хаагч байх ёсгүй” гэж үздэг.

-Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид ямар ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны шийдвэр, Хууль зүй дотоод хэргийн сайдын энэ оны аравдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Дэд зөвлөлийг байгуулсан. Тухайн Дэд зөвлөлийг Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд ахлан ажиллаж байна.

Дэд зөвлөл байгуулагдсантай холбогдуулан тус зөвлөлийн анхдугаар хуралдааныг өнгөрсөн сарын 28-ны өдөр зохион байгуулсан. Хуралдаанаар мансууруулах эм сэтгэцэд, нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахын тулд судалгаа, дүн шинжилгээнд суурилсан, мэргэжлийн байгууллага, олон нийтийн дэмжлэг оролцоонд тулгуурласан үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж тогтож гурван чиглэлд үйл ажиллагааг чиглүүлж ажиллахаар шийдвэрлэлээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх нь бүх нийтийн үүрэг, оролцоон дээр тулгуурлах ёстой. Нэн ялангуяа төрийн байгууллагуудын үүрэг, оролцоо маш чухал. Өнөөдөр цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийг илрүүлээд хуульд заасан хариуцлага тооцоод байдаг. Харин иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох, хэрэглэгч болохоос урьдчилан сэргийлэх, хэрэглэгч, донтогчдод үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ, хорих ял эдлээд суллагдсан иргэдийг нийгэмшүүлэх гээд маш олон асуудал бий. Бүх систем зэрэг, жигд ажиллаж байж энэхүү гэмт явдал, нийгмийн сөрөг үзэгдэл, үр дагавартай үр дүнтэй тэмцэх, хүн ардаа хамгаалах учиртай.

-Үйл ажиллагааныхаа чиглэлийн талаар илүү тодруулахгүй юу?

-Гурван чиглэл байгаа талаар би яриандаа дурдсан. Эхнийх нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт борлуулах үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, хязгаарлах, хяналтад авах ажлыг эрчимжүүлэх, байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллана. Тэмцэх чиг үүргийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох ажлыг шуурхай болгож сэжигтэй бүлэг бөөгнөрөл, байр байгууламжийг илрүүлэх, тэдэнд цохилт өгч ажиллах үндсэн үүргийг хэрэгжүүлнэ.Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион байгуулахаар болсон. Үүнээс гадна донтогч, хэрэглэгч нарыг эмчлэх, хорт зуршлаас татгалзуулах, нийгэмшүүлэх гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

-Төлөвлөсөн зорилтуудын хүрээнд хийж гүйцэтгэх ажлуудынхаа талаар ярихгүй юу?

-Дэд зөвлөлөөс аливаа ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ судалгаа, дүн шинжилгээнд суурилсан, чиг үүргийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоог хангаж зорилтот бүлэгт чиглэсэн үр дүнтэй урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг төлөвлөж ажиллахаар зорьж байгаа.

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд хар тамхимтай тэмцэх, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг олон нийтэд сурталчлахгүй чиглэлээр уриалга гаргаж ажилласан?

-Хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага уриалга гаргаж бидний ажлыг дэмжин ажиллаж байгаа. Хэвлэл мэдээллийн бодлогод хар тамхины хор хөнөөл, учирч болох сөрөг үр дагаврыг таниулсан, соён гэгээрүүлэх зөв мэдлэг, мэдээлэл олгоход чиглэсэн байгаасай гэж санагддаг юм.

Цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллийн бодлого, агуулгад тогтмол хяналт тавьж байгаа. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, түүнийг тарих, түүж бэлтгэх, боловсруулах, худалдаалах гэх мэт хууль бус үйл ажиллагааны үйлдлийн аргыг харуулсан, сурталчилсан уран бүтээл хийхгүй, олон нийтэд түгээхгүй байх тухай мэдэгдлийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлсэн. Энэ нь өсвөр үе залуучуудад хар тамхи хэрэглэж үзэх сэдэл төрүүлдэг муу талтай. Энэхүү бодлогыг хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжиж, хамтран ажиллаж байгаа.

-Хар тамхитай тэмцэх газраас албан байгууллагуудад хандсан уриалга гаргаад хоёр сар орчмын хугацаа өнгөрсөн байна. Уриалгын үр дүн яаж гарч байна. Уриалгын ач холбогдол, онцлогийн талаар ярихгүй юу?

-Хар тахимтай тэмцэх газраас “Хар тамхигүй ажлын байр” гэх уриалгыг олон нийтэд гаргасан. Энэ нь олон улсад хэрэгжээд үр дүнгээ өгсөн арга хэмжээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд албан хаагчдаа мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг нь улиралдаа нэг шалгадаг байх, хэрэгцээт орон тоон дээрээ сонгон шалгаруулалтаар судалж буй хүнийг мөн шалгадаг байхыг л уриалж байгаа юм л даа. Энэ нь тухайн байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдлаа хангахад нь хэрэгтэй.

Үүний цаад зорилго нь далд хэрэглэгчдийг эрт илрүүлэх, хэрэглээг нь хязгаарлахад чиглэж байгаа. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг хүнийг төрийн алба, цаашлаад үндэсний хэмжээний компани, аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллах, ажилд орох боломжийг хязгаарлах юм. Цаашилбал, гадаадад суралцахад тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийн нэг нь хар тамхи хэрэглэдэг эсэхийг тестэлдэг тогтолцоо бий болгохыг зорьсон. Энэ нь ирээдүйд “Хар тамхи мансууруулах бодис хэрэглэх нь миний хөгжиж дэвших, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэхэд саад тотгор болно” гэсэн сэтгэхүй, ойлголт, хандлагыг хүүхэд залууст эртнээс суулгахад ач холбогдолтой гэж ойлгож болно.

-Хар тамхи хэрэглэсэн эсэхийг тестэлдэг багаж хэрэгслийн хүртээмж хэр вэ?

-Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест нь жирэмсний тесттэй л яг адилхан, биологийн дээж буюу шээсэнд дүрж үр дүнг шууд харах боломжтой байдаг. Эрүүл мэндийн байгууллагууд холбогдох хууль тогтоомж, зөвшөөрлийн дагуу оруулж ирээд зарахад нээлттэй. Харин энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх , хяналт шалгалт хийх чиг үүргийн байгууллагууд албаны үйл ажиллагаанд ашиглах тест хангалттай, хүрэлцээтэй байдаг. Ер нь энэ тестний хэрэглээг бүх төрийн байгууллагууд нэвтрүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж, уриалж байгаа.

-Цахим орчинд олон тооны дагагчтай хүмүүс зарим төрлийн мансууруулах бодисыг эрүүл мэндэд хоргүй, хуулиар зөвшөөрөх хэрэгтэй гэх мэт мэдээлэл, цацаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ нь өсвөр үе, залуучуудад буруу ойлголт хандлагыг төрүүлэх, мөн урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хор аюул, үр дагаврын талаар ухуулга, нөлөөллийн ажлыг нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, шинжлэх ухаанд суурилсан хэлбэрээр зохион байгуулахгүй бол зарим сургалт нэртэйгээр зохион явуулж буй урьдчилан сэргийлэх ажил нь хүүхдүүдийн сонирхол, шохоорхлыг өдөөсөн эсрэг сэдэл, сурталчилгаа болж болзошгүй байгаад анхаарч боловсролын байгууллагаас эрдэмтэн, судлаачдын оролцоотой сургалтын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж манай байгууллага үздэг. Дэд зөвлөлөөс энэ чиглэлд мөн ажлын хэсэг байгуулж ажиллахаар тогтсон байгаа.

-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон урлаг соёлынхон, олны танил эрхмүүд тодорхой хуулийн дагуу ял шийтгэл хүлээдэг ч олонх нь тэнсэн харгалзах ялаар шийтгүүлээд үлддэг юм билээ. Тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн хүмүүст танайхаас ямар хяналт тавьж ажилладаг вэ?

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн Прокурорын газартай хамтраад өнгөрсөн сард Шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 64 этгээдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад 20 этгээд хар тамхи, мансууруулах бодис дахин хэрэглэсэн нь тогтоогдсон. Эдгээрийн дөрвөн этгээд биедээ мансууруулах бодистой явсныг илрүүлж хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа. Мансууруулах бодис хэрэглэсэн 16 этгээдэд “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй” гэх үндэслэлээр одоогийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хорих ял оногдуулах тухай саналыг холбогдох байгууллагад хүргүүлээд байгаа.

Шүүхээс энэ төрлийн хэрэгт холбогдсон гэм буруутай этгээдэд тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ тухайн этгээдэд засрал хүмүүжил олгох үүднээс “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээг давхар оногдуулж байгаа. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагаас хэрэгжүүлж буй энэ төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд манай байгууллагаас мэргэжил арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллах болно.

-Дуучин Б.Амархүү, жүжигчин Б.Энхтүвшин нар хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэх явцдаа баривчлагдсан байсан. Дээрх хэргүүдийн талаар тодруулбал?

-Холбогдох хуулийн хүрээнд л шийдвэрлэгдэж байгаа асуудал. Цагдаагийн байгууллага нь олны танил, нийгмийн давхаргаас нь үл хамаараад гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа.

-Манайд үйл ажиллагаа явуулдаг гадаад хэлний сургалтын төвийн хоёр ч багш хар тамхины хэрэгт холбогдсон. Та бүхэн хэлний сургалтын төвийн багш нарт ямар хараа хяналт тавьж ажилладаг вэ?

-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа, үйлдэж байж болзошгүй талаарх мэдээллийг хүлээж авч шалгалтын ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд л шалгаад явдаг. Сургуулийн орчинд гадаад багш нартай холбоотой асуудал яригдаж байна. Энэ нь тухайн сургууль, боловсролын байгууллага нь гадаад багш урьж ажиллуулах эрх нь нээлттэй байгаа. Гол нь тухайн багшийнхаа хувийн байдлыг маш нарийн судалж байх шаардлагатай. Боловсролын байгууллага энэ тал дээр анхаарал хандуулж ажиллах зайлшгүй шаардлагатай. Цагдаагийн байгууллагаас хамтран ажиллах бүрэн боломжтой.

Эцэг, эхчүүддээ хандаад хүүхдийнхээ зөн төлөвт гарч буй өөрчлөлтийг маш сайн ажиглаж, нээлттэй сайн ярилцаж байхыг зөвлөж байна. Аливаа сэжигтэй зүйл илрэх тохиолдолд тестээр шалгаад үзэхэд илүүдэхгүй. Эрт илрүүлэх тусам түүнийг эмчлэх, хорт зуршлаас нь татгалзуулахад үр дүнтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Надад бодлоо дэлгэсэн бөхчүүд

“Бөх” сонины сэтгүүлч, сурвалжлагч С.Бадамгаравын “Надад бодлоо дэлгэсэн бөхчүүд” номыг энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа онцолж байна. Тус ном гурван цуврал болж бөх сонирхогчдын гарт хүрээд буй.

Энэ цагт барилдаж буй бөхчүүдийг амжилтаараа тэргүүлж буй дархан аварга Г.Өсөхбаяраас авахуулаад сүүлийн үед хүч түрэн гарч ирж буй шинэ залуу улсын цолтнуудын сонирхолтой ярилцлагыг “Надад бодлоо дэлгэсэн бөхчүүд” номоос уншиж болно. Мөн монгол бөхийн түүхэнд тодоор бичигдэж үлдсэн зургаан залуу зааны тод төлөөллүүд хоорондын гал гаргасан өрсөлдөөнийхөө талаар нүдэнд харагдтал ярьсан нь бөх сонирхогч хэн бүхний анхаарлыг татах нь лавтай. Гал цогтой барилдаанаараа үзэгчдийг өндөлзүүлдэг зургаан залуу зааны хоорондын өрсөлдөөн болоод дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нарын монгол бөхөд тогтоогоод байсан ноёрхлын эсрэг тэд хэрхэн тэмцэж, монгол бөхөд шинэ өнгө төрхийг авчирч байсан тухайгаа дэлгэрэнгүй өгүүлсэн байна лээ. Ерөнхийдөө 2000-аад оны улсын их баяр наадмын гал цогтой барилдаануудын үнэн түүхийг нэмэлт хачиргүйгээр та эндээс уншиж болно.

Энэ номонд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар, С.Мөнхбат, улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, улсын арслан До.Ганхуяг, улсын арслан Д.Азжаргал нарын аварга арслангуудын ярилцлага бий. Монгол бөхийн түүхэнд тодоор бичигдэж үлдэх эдгээр бөхчүүдийн дээд үедээ ямар удамтай, заал танхимын барилдаануудад ямар амжилттай барилдаж байсан зэрэг нь бөх судлаачдын цуглуулгыг баяжуулж өгнө. Залуу аварга Намсрайжавын Батсуурь 2014 онд улсын наадамд түрүүлснийхээ дараа сэтгүүлч С.Бадамгаравт ярилцлага өгч байсан нь энэхүү номд багтжээ. Н.Батсуурь аварга тухайн жилийн наадамд улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Д.Рагчаа, улсын гарьд Ш.Жаргалсайхан нартай ямар мэх тактик боловсруулж, амжилтад хүрч байсан талаараа дэлгэрэнгүй ярьсан байна. Энэ бүхэн нь үндэсний бөхийн спортыг сонирхон хичээллэж буй хүүхэд залууст гарын авлага болно.

Мөн эдгээр аварга арслангуудаас гадна уран барилдаант улсын харцага Т.Баасанхүү бусгаа, зайлаа, хутгаа зэрэг даацтай мэхүүдээрээ монгол бөхөд өөрийн гэсэн өнгө төрхийг нэвтрүүлсэн улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, өвөрмөц барилдаанаараа үзэгчдийг татдаг улсын өсөх идэр начин Э.Энхбат нарын бөхчүүдийн дэлгэрэнгүй ярилцлага энд бий.

Өнө эртнээс уламжилж ирсэн монгол бөхийн түүхийг хойч үед нь үнэн зөвөөр өвлүүлэн үлдээхэд “Надад бодлоо дэлгэсэн бөхчүүд” ном чухал ач холбогдолтой хэвлэмэл материал болжээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Түвшиндаваа: Замын санхүүжилт саатахгүй бол баруун таван аймаг ирэх жил бүрэн холбогдоно

Нийслэл хот 21 аймагтай хатуу хучилттай замаар холбогдож дуусахад тун ойрхон байна.

Энэ түүхэн ажлын сүүлчийн төсөл болох Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замын бүтээн байгуулалт ажлын талаар”Макс рөүд” компанийн ерөнхий инженер Б.Түвшиндаваатай ярилцлаа.


-Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замын бүтээн байгуулалтын ажлын явц хэр байгаа вэ?

-Манай компани концесс эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу тавдугаар сарын 13-нд замын ажлаа албан ёсоор эхлүүлсэн.

Өнөөдөр хүртэл дөрвөн сарын хугацаанд бид 30 км хатуу хучилттай авто замыг бүрэн дуусгаад байна. Дээр нь 80 км далан, газар шорооны ажлыг гүйцэтгэлээ. 88 цэгийн ус зайлуулах бетон хиймэл байгууламжийн ажил хийгдсэн байгаа. Нэг гүүрийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ бол нүсэр том бүтээн байгуулалт. Нийт төслийнхөө хувьд гүйцэтгэл 50 гаруй хувьтай байгаа гэж хэлж болно.Хамгийн гол нь өөрийн хөрөнгөөр дотоодын компани асар богино хугацаанд том бүтээн байгуулалтын ард гарч байгааг дуулгахад таатай байна.

-Маш богино хугацаанд шахаж ажиллаж байгаа юм байна. Хүн хүч, техникийн хувьд ямар зохион байгуулалттай ажиллаж байгаа вэ?

-Өмнө дурдсанчлан, бид маш өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүнд энэ 30 км замыг тавхан сарын дотор дуусгаж чадсан. Ийм амжилт үзүүлэлт түүхэнд байгаагүй. Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 замын хувьд нөхцөл байдал өөрөө их хүнд. Том том боржин хаднуудаас эхлээд намгархаг газар нутаг элбэг.

Инженерийн шийдэл, ухаан, ур чадвар шаардсан ажил ихтэй. Дээр нь бид энэ замаар зорчих иргэдийнхээ ая тухыг бодон, зураг төсөлд тусгагдаагүй ажлыг өөрийн хөрөнгөөр сэтгэл гарган хийж байна. Амралтын зогсоолыг иж бүрнээр бүтээн байгуулах ажлыг манай компаниас санаачлан зураг төслийг эхлүүлээд байгаа.

-Зам дагаж хөгжил гэдэг. Энэ хоёр аймаг хатуу хучилттай замаар холбогдчихвол эдийн засгийн үр өгөөж өндөр байх нь гарцаагүй. Иргэд ч хүлээлттэй байгаа биз?

-Тэгэлгүй яах вэ. Ардын хувьсгалаас хойш 99 жилийн түүхэндээ бид анх удаа 21 аймагтайгаа хатуу хучилттай замаар холбогдох гэж байна. Сүүлчийн төсөл нь ийнхүү амжилттай өрнөж байна. Цаг хугацаандаа саадгүйгээр хэрэгжиж дуусвал жилдээ 500 мянган иргэн энэ замаар ая тухтай, саадгүй зорчино.

Дээрээс нь цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй. Шороон, түр зам бол тоосжилтоос эхлээд байгаль орчинд маш их халтай байдаг. Засмал замтай болсноор энэ нөлөөлөл байхгүй болно. Машин тэрэгний эвдрэл үгүй болж, бараа таваарын эргэлт ч түргэсэж эдийн засгийн үр өгөөж өндөр байх нь гарцаагүй. Иргэд ч таны хэлснээр өндөр хүлээлттэй байгаа.

-Энэ замын төсөл дээр өмнө нь өөр компаниуд ажиллаж олон ч удаа хойшилсон байдаг.

-Засгийн газраас 2012 онд тендер зарлаж, тухайн үед нэг компани шалгарсан боловч, төслийн санхүүжилтийг улсын төсөвт суулгаж чадаагүйгээс ажил хийгдээгүй. 2015 онд мөн л санхүүжилтийн асуудлаас болж 2018 оныг хүртэл багахан хэмжээний газар шорооны ажил гүйцэтгэсэн байсан төслийг манай компанид шилжүүлэн өгсөн.

Олон жил гацсан учир иргэдийн хувьд итгэл алдрааг байсан. Замын ажил эрчтэй өрнөөд ирэхээр одоо л иргэдэг маань итгэл төрж, өндөр хүлээлттэй байгаа. Бид маш өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүнд энэхүү 30 км замыг тавхан сарын дотор дуусгаж чадлаа.

30 км-т хоёр үе асфальт хучилт хийсэн Энэ бол замын технологи чанарт үсрэнгүй дэвшил юм Авто замын түүхэнд таван сарын хугацаанд 30 км хоёр үе асфальттай авто замыг хийж тус салбарын үүсэж хөгжсөний 90 жилийн ойгоо угтаж байгаадаа бид баяртай байна.


-Хэзээ бүрэн ашиглалтад орох вэ?

-126.7 км зам маань хоёр хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээр хэсэг нь Байдрагийн гүүрээс Харганы худаг хүртэл 87 км, Харганы худгаас Говь-Алтайн Дэлгэр сум чиглэлийн 47.8 км зам байгаа. Би түрүүн хэлсэн.

Өөрийн хөрөнгөөр монгол компани бүтээн байгуулалт хийж байна. 200 гаруй техник, 15 үйлдвэртэй, техник хүн хүч бүгд бэлэн байна. Материал болон санхүүжилтийн хувьд саадгүй байвал ирэх онд баруун чиглэлийн зам ашиглалтад 100 хувь орно. Одоо бид 30 км замаа улсад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Энэ жилийн хувьд одоо агаарын температур буурчихлаа.

Цемент, бетоны ажил зогссон. Хучилт суурийн ажлууд ч зогсоод байна. 10-аас дээш хэмийн дулаантай өдрийг харж байгаад хучилтын ажлаа ахиулж байгаа. Харин ухмал болон газар шорооны ажил бол ус хөлдтөл үргэлжилнэ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Ц.Содномдорж: Бөх барилдах шиг аз жаргал надад байхгүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын арслан Ц.Содномдоржтой ярилцлаа.


-Арслан сайхан намаржиж байна уу. Бэлтгэлдээ орж амжсан уу. Ямар наадмуудад зодоглов?

-Сайхан намаржиж байна аа. Наадмаас хойш Тосонцэнгэл сумандаа очиж барилдлаа. Нутагт маань хүн малын зоо тэнэгэр дэлгэр сайхан зун намар болоод улирч байна. Хөнгөхөн бэлтгэл хийж байгаад сая л барилдааны бэлтгэлдээ орсон. Бэлтгэл жигдрэхээр заалны барилдаануудад гарна даа.

-Наадмын тухай хууч яриа татарч амжаагүй л байна. Өнөө жилийн наадмын талаар ярилцлъя л даа. Таны хувьд их шөвөгт шалгарч чимэг нэмлээ?

-Шилдэг аварга, арслангууд бүгд өндөр даваанд гарч ширүүн өрсөлдөөн үзүүллээ. Хэдэн жил яригдах сонинтой, чансаа өндөр сайхан наадам боллоо. Миний хувьд их шөвөгт шалгарч саруул сайжрах чимэг нэмсэн. Сайхан байна.

-Долоогийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгс гурван бөхөөс таныг амлаж барилдсан нь олон хүний анхаарлыг татсан. Барилдаан ямар болов?

-Долоогийн даваанд гурван аварга гарч ирсэн. Улсын арслан П.Бүрэнтөгс бид хоёр нэг үед сайхан өрсөлдөж байгаа бөхчүүд. Сая Э.Оюунболд, Д.Анар бид гурваас намайг амлаж барилдсан. Тэнцүүхэн л барилдаан болсон. Шоо шидээд миний талд буухад барьц сонгоод л давсан. Арслан хий зайгүй нягт барилдаж байна лээ. Шоо П.Бүрэнтөгсийн талд буусан бол боломжоо алдахгүй л байсан байх.

-Зургаагийн даваанд Б.Орхонбаярыг амлаад хонгодоод хялбархан давж байсан. Наадмаар том цолтнууд ир нь орсон залуу начингаас бэргэж амлахаас жийрхэж тойроод байсан шүү дээ. Б.Орхонбаяраас ямар хий зай харж амласан бэ?

-Чансаа өндөртэй наадам болсон талаар би яриандаа дурдсан. Зургаагийн даваанд таван бөхөөс л нэр сонссон. Эрэмбээр нь харж байгаад л шийдвэрээ гаргасан. Сэнжигэнд хүрвэл хонгодож болно гэж тооцсон хэрэг.

-Таныг ажиглахад наадмын дэвжээнд гол төлөв тунаж барилдаж байгаа харагддаг. Сая П.Бүрэнтөгс арслан амласан нь анхны тохиолдол уу?

-Би улсын наадамд хоёр удаа л амлуулж барилдсан. Өмнө нь Б.Баянмөнх начин намайг амлаж байсан. Сая П.Бүрэнтөгс арсланд амлууллаа.

-Анх та улсын цолтой ямар бөхийг өвдөг шороодуулж байв?

-Яг тодорхой санахгүй байна. 2003 онд бэлтгэл хийж эхлээд байхад цолтнууд ч сүрдмээр байсан шүү. Тухайн үед цэргийн арслан Т.Мөнгөнцоож ахад унаж байснаа мартдаггүй юм. Давсан гэхээс илүү өвдөг шороодсон барилдаанууд санаанд тод үлджээ.

-Улсын наадамд анх зодоглож байсан дурсамжаа хуучилбал. Таны хувьд улс аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлчихсэн хойноо улсын наадамд барилдсан санагдаж байна?

-Аварга арслангуудтай хамт дэвээд гарахад хийморь сэргээд сайхан байсан шүү. Цэнгэлдэх дүүрэн хүн цуглачихсан. 2008 онд аймгийн хурц арслан цолтой залуу улсын наадамд анх барилдаад хоёрын даваанд аймгийн заан Ч.Бямбадорж ахад унаж байлаа. Өмнө нь улс аймгийн цолтнуудтай барилдаад дадчихсан байсан л даа. Наадмын дэвжээ гэдэг өөр юм билээ.

-Дараа жил нь л улсын цол хүртэж байсан санагдаж байна. Тэр жилийн шинэ начингуудын олонх нь цолоо ахиулжээ. Онжав цолтнуудынхаа талаар ярихгүй юу?

-2009 оны наадмаар шүү дээ. Дөрөв давчихаад ирсэн чинь аадар бороо асгараад л. Хэсэг амраад гараад ирэхэд тайлбарлагч улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй тунасан талаар хэлж байлаа. Бороо орсон, халтирчих гээд их эвгүй барилдаан болж байсан даа. Хашиж мордоход нь мэдрээд дээр нь тусч байсан. Харцага цолны төлөө Ө.Бат-Оршихтой тунаж барилдаад унасан. Шуудганд хүрэхийн өмнөхөн л тахимдуулаад суучихаж билээ. Улсын аварга С.Мөнхбат, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Э.Энхбат нар тэр жил шинээр улсын цол хүртэж байлаа. Хожим нь бүгд цолоо ахиулсан байна. Энхбат начингийн тухайд сая дөрөв дэх удаагаа тав давж бүх начингуудын манлай боллоо.

-Таныг том цолд хүрнэ гэж жил бүр л тааварт оруулж байсан. Гэсэн ч улсын харцага цолтой их удсан даа. Юу нь болохгүй байв. Тухайн үед өөрийн барилдаандаа ямар дүгнэлт хийж байсан бол?

-Намайг цолоо ахиулчихаасай гэж олон хүн дэмжиж байсан. 2009 онд начин болоод шантралгүй зүтгэсээр байгаад л 2017 онд улсын наадамд түрүүлсэн. Их шүүслүүлж байж улсын наадамд түрүүлсэн шүү. Бэлтгэлээ өөрийнхөө хэмжээнд тултал базаагаад л наадамдаа зодоглодог. Яаж ч болохгүй л уначихаад байсан. Түрүүлдэг жилээ заан цолны төлөөх даваанд Бадарч харцагатай тунаж барилдсан. Давчихаад гүйж байхад нуруун дээрээс ачаа авчихсан юм шиг санагдаж байсан шүү. Наадамчид ч үерийн ус шиг давалгаалж уухайлаад, мөн ч сайхан байж билээ. Гантай зун хур асгарч байгаа юм шиг л. Намайг дэмждэг хүмүүсийн тэр их хүлээлтийг тайлсандаа баярладаг юм. Цаашдаа цолоо ахиулахын тулд хөдөлмөрлөөд л явж байна.

-Жүдогийн н.Жамсран багштай хамтарч ажилласнаас хойш таны барилдааны арга техник илүү баялаг болсон юм шиг санагддаг. Багшийнхаа талаар ярихгүй юу. Хэрхэн багш шавийн барилдлага барьж байв?

-Цолоо ахиулах хүсэл их байдаг. Нэг л болж өгдөггүй. Бодож байгаад л барилдаан арга хэлбэрээ шинэчлэхээр Жамсран багш дээр очсон доо. Дөрвөн жил хамтарч ажиллаад л улсын наадамд түрүүлсэн. Өнөөдрийг хүртэл зааж зөвлүүлээд л явж байна. Надад их нөмөр нөөлөг болдог хүмүүсийн нэг. Хутгаа, хөмрөө, хавираа гээд хөл мэхнүүдийн нарийн техникийг миний барилдаанд суулгаж өгсөн. Мэх техникийг нь уйгагүй бэлдээд байхад рефлекс болчихдог л доо. Арслан цолны төлөөх шийдвэрлэх даваанд өөрийн мэдрэмжээрээ л хөмрөөд даваа авсан.

-Хөвсгөлийн Уйлган голын гурван аваргаас хойш аварга цолтон нутгаас тань төрсөнгүй. Танд аварга цол хэр ойрхон харагдаж байна?

-Жил жилийн наадмаар л сайхан барилдъя гэж зорьж бэлтгэлээ хийгээд явж байна.

-Та хамгийн олон дэмжигчтэй бөх. Энэ их хүлээлт нэг талаараа танд дарамт болж байсан удаа бий юу?

-Үгүй. Харин ч намайг гэсэн тэр хүмүүсийн сэтгэлийн хүчээр өдий зэрэгтэй явна гэж ойлгодог.

-Өнөө жилийн наадмын түрүү бөх маань допингийн асуудалд холбогдлоо. Улсын арслан цолтой бөхийн хувьд яаж харж байна?

-Эрийн гурван наадам гэдэг сайхан шүү. Манай нутгаас тийм бөх цол хүртлээ, тийм хүлэг айрагдлаа гэж аймаг хошуугаараа баярлаад хүн болгон л гэрэл цацруулсан эерэг энергитэй сайхан наадсан. Наадмын архан тал дээр ийм таагүй мэдээ сонсогдлоо. Төрийн наадмын түрүү бөх допингийн асуудалд холбогдсон нь харамсмаар юм. Түрүү бөхийн өөрийнх нь хариуцлагатай холбоотой асуудал гэж үзэж байна. Мэдээллийн эрэн зуунд мэдээлэлгүйгээс допингийн төрлийн бодис хэрэглэнэ гэдэг боломжгүй асуудал. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхийн галуудаар явж хориотой эмийн жагсаалтын талаар танилцуулж сургалт хийдэг. Үүнийг мэдсээр байж допингийн асуудалд холбогдож байгаа нь нэг талаараа төрөө хүндлэхгүй, ард түмнээ үл тоож байгаа хэрэг л дээ. Энэ их өв соёлыг нуруундаа тээж, манлайлж яваа хүний хувьд байж болохгүй асуудал.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага хүлээлгэх тал дээр хойрго хандаад байх шиг. Бөхийн салбар хорооноос цол хурааж, барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргасан ч Баяр наадмын комисс дээр очоод гацчихаад байна. Допингийн асуудалд холбогдсон нэг бөхийн нэр өнөөдрийг хүртэл нууц хэвээр байна шүү дээ?

-Бид мэдэхгүй юм. Төрийн түшээд шийдвэрээ гаргах биз. Баяр наадам зохион байгуулах комисс нягтлаад, эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.

-Наадамд шөвгөрсөн бөхчүүд допингийн шинжилгээний хариугаа зарлаж Бөхийн салбар хорооноос шинжилгээний хариуг яаралтай зарлахыг шаардсан. Зохион байгуулалттай гэмээр хийсэн энэ мэдэгдлүүд цаагуураа бөхчүүд шинжилгээний хариугаа нуун дарагдуулдаг гэх хардлагыг нийгэмд төрүүлсэн. Шинжилгээний хариуг нуун дарагдуулах тохиолдол байдаг юм уу?

-Тэрнээс допинг илэрлээ, тэр шинжилгээний хариугаа нуулаа гэсэн барьцгүй яриа ам дамжаад явж л байдаг. Би Тосонцэнгэл сумынхаа сургуулийн ойн баярт барилдаад явж байсан л даа. Таньдаг хүмүүс “Хоёр, гурван хүнээс допинг илэрсэн гэнэ. Тэдэн дунд чиний нэр явж байна” гэх яриа дуулдаж байна. Харин бөхийн салбар хорооноос “Таны допингийн шинжилгээ цэвэр гарсан” гэж мэдэгдсэн. Үүнийг сонсоод л мэдэгдэл хийгээд цахим хаягаараа түгээсэн.

-Бөхийн салбар хорооноос шинжилгээ нь цэвэр гарсан хүмүүс рүү утасдаж мэдэгддэг юм уу?

-Мэдэгддэг.

-Допинг хэрэглэчихээр тэгж их бяр ордог хэрэг үү. Хүний биед ямар үйлчилгээтэй эд вэ?

-Энгийнээр тайлбарлахад гурван настай хүүхдүүдийн дунд тав зургаан настай хүүхэд ороод л барилдаж байна гэсэн үг.

-Өнөөдөр сумын заан цолтой бөх допингийн шинжилгээнд бүдэрч байгаа нь монгол бөхөд допингийн хэрэглээ хавтгайрлаа гэх айдсыг төрүүлээд байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Бөхчүүдийг баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээнд хамруулах хэрэгтэй байна. Улиралдаа нэг удаа допингийн шинжилгээ аваад байхад энэ асуудал цэгцэрнэ л дээ. Өнөөдөр үндэсний бөх өндөр түвшинд хөгжсөн байна. Залуу бөхчүүд долоо хоногийн бүх өдөр бэлтгэл хийж байна. Өдөрт хоёр удаагийн бэлтгэл хийдэг залуус ч байна. Ямар нэгэн ажил эрхлэхгүй бүх цаг заваа амжилт гаргахад зориулж байна. Үндэсний бөхийн хөгжлийн түвшин дээд цэгтээ ирчихлээ. Сумын заанууд гарын үзүүрээр унадаг үе ард хоцорсон. Бяр жингээрээ улсын цолтнуудаас нэг их ялгаагүй болжээ. Улсын наадамд ямар ч бөх түрүүлэх боломжтой болчихсон байна. 1990-ээд оны үед бол тэр тэр түрүүлж үзүүрлэнэ гээд хэлчихдэг байлаа шүү дээ. Одоо бол таашгүй болсон. Энэ чанараараа үзэгчдийг их татаж байна л даа.

-Өнөө цагт төр түшилцэж буй нэгэн эрхэм “Монгол бөхийн тал хувь шоу драмын чанартай болсон. Допингийн шинжилгээ авах хэрэг байна уу, үгүй юу” гэх утгатай мэдэгдэл гаргасан байна лээ. Энэ талаар ямар бодолтой байна?

-Харин тийм байна лээ. 2500 жилийн түүхтэй энэ их өв соёлыг төрийн түшээ хүн ийм мэдэгдэл хийж үгүйсгэж болохгүй. Төрийн наадам гэж ярьдаг шүү дээ. Төрийн түшээ хүн ийм мэдэгдэл хийж байгаа нь утгагүй байна. Үндэсний спортыг спорт биш гэж байгаа нь эмгэнэлтэй хэрэг. Ямар үндэслэлээр шоу драм гэж байгааг нь ойлгохгүй юм. Бодвол найраа өгөө, аваа газар авсан гэж хэлж байгаа юм болов уу даа. Энэ их өв соёл тээж байгаа аварга, арслангууд, залуу бөхчүүд ч тэр бөхчүүд дор бүрнээ бодолцож нэрээ хичээж явах хэрэгтэй байна. Энэ их өв соёлыг тээж дараа үедээ хүлээлгэж байгаагаа ухамсарлах хэрэгтэй.

-Ирэх амралтын өдөр Баянзүрх хайрханы хишиг барилдаан болно. Та зодоглох уу?

-Саяхан л үндэсний бөхийн бэлтгэлдээ орсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд л хөлөндөө хоёр ч удаагийн мэс ажилбар хийлгэсэн. Баруун хөлний урд талын чагтан холбоос тасарлаа. Сэдрэхээр нь дахиж эмчлүүлсэн. Ойрын хугацаанд барилдаж амжихгүй байгаа маань бэртэл гэмтэлтэй холбоотой. Ямар нэгэн бэртэл гэмтэлгүй бол барилдахаас илүү аз жаргал гэж надад байхгүй. Өдөр тутам дуртай зүйлээ хийх сайхан шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд данстай тамирчин гэр бүл

Аэробик гимнастикийн олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч, олон улсын хоёрдугаар түвшний дасгалжуулагч, ШУТИС-ийн багш Галбадрахын Ерөөлбатынд өнжлөө. Ажлын долоо хоногийн сүүлийн өдөр эднийх халуун ам бүлээрээ цуглажээ. Г.Ерөөлбатынх 19 дүгээр хороололд амьдардаг юм байна. Биднийг очиход гэрийн эзэгтэй Цогтбазарын Энхжаргал гарын хоолоо зэхчихсэн угтлаа. Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны медаль хүртэж байснаар нь спортын салбарынхан Энхээ гавьяатыг анддаггүй юм билээ. Гэрийн эзэн Г.Ерөөлбат ч дэлхийд данстай тамирчин бас дасгалжуулагч. ШУТИС-д башилдаг тэрбээр оюутнуудыг бэлтгэж аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл, Ази тивийн гурван удаагийн аваргыг хүртэж байсан том гавьяатай. Инженер оюутнуудыг л уйгагүй бэлтгэж үр дүнд нь Азийн шилдэг баг, төдийгүй Дэлхийн тоглолтод тивээ төлөөлөн 2013, 2017 онуудад оролцож шагналт байрт шалгарчээ. Өдгөө гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй тэрбээр ДАШТ-д явсан тамирчныхаа араас санаа тавиад завгүй сууна лээ.

Эднийх цом, медалийн арвин цуглуулгатай. Тив дэлхийн хэмжээний томоохон тэмцээний медалиуд эдний сервантанд ярайтал гялалзаж байна. Битүү өрөөстэй гоёмсог цомуудыг нь харахад музейд орсон мэт сэтгэгдэл төрж байлаа.

Г.Ерөөлбат, Ц.Энхжаргал нар тус тусын салбартаа анхдагч гавьяа байгуулсан улс. Тэртээ 2005 онд бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод зохион байгуулагдахад Цогтбазарын Энхжаргал хүрэл медаль хүртэж байв. Үүний дараахан л эмэгтэйчүүдийн шигшээ байгуулагджээ. Өнөөдрийн олимп дэлхийн медальтнуудын үүд нээгдсэн түүх ийм.

Эмэгтэй хүн барилдахыг цээрлэдэг, барилдаж байхыг нь харвал загнаж зандардаг баригдмал сэтгэхүйтэй нийгмийн дундуур шантралгүй зүтгэсний шанд Ц.Энхжаргал монгол эмэгтэй дэлхийн дэвжээнд өрсөлдөх боломж бололцоо байгааг нээж өгчээ. Соронзонболдын Батцэцэг, Пүрэвдоржийн Орхон, Сүхээгийн Цэрэнчимэд нар Энхээ гавьяатын зассан замаар зүтгэж дэлхийн аварга цол хүртээд буй. Цаашдаа ч олон ч аварга төрөх биз.

“Анх 2001 онд “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн оюутан болж байлаа. Бөхөд л их дуртай байсан. Тухайн үед жүдо бөхийн ангид элсчихсэн н.Буянхишиг гээд найз маань чөлөөт рүү уруу татсан. Ингээд л Т.Сүхбаатар багшийн шавь болж байлаа. Сүхээ багш Японд ажиллаж байхдаа эмэгтэй шавь бэлдэх санаа төрсөн юм билээ. Ингээд л найзтайгаа хоёулаа оргил өөд зүтгэсэн дээ” гэж чөлөөт бөхөд орж байсан тухайгаа хуучилж байна. Энхээ гавьяат хэдхэн сар бэлтгэл хийгээд л насанд хүрэгчдийн улсын аварга болж байжээ. Улмаар 2002 онд Солонгосын Бусан хотод зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь ирээдүйн их амжилтын аянд мордоход нь ташуур болж өгчээ.

Баруун гар талаас Гавьяат тамирчин Ц.Энхжаргал. ДАШТ Унгарын Будапешт хот. 2005 он.

Ц.Энхжаргал олон улс, олимп дэлхийн аваргын тэмцээнд бэлтгээд амсхийх завгүй гүйж явахдаа л ханьтайгаа танилцжээ. Энхээ гавьяатын хань Г.Ерөөлбат ч тухайн үед аэробик гимнастикийн шилдэг тамирчин болчихсон, энэ спортын хөгжлийг шинэ шатанд дэвшихэд гар бие оролцоод явжээ. Бөх эхнэртэй гимнастикчийн гал голомт тэртээ 2003 онд бадарч байсан гэнэ.

Хэн хэн нь улсдаа төдийгүй тивдээ танигдчихсан, дэлхийн дэвжээнд амжилт гаргах зорилготой тамирчдын дэр нэгтгэсэн түүх ийм. Өнөөдөр тэдний хэн хэн нь зорилгодоо хүрчээ. Ханын шүүгээнд нь өрөөстэй медалиуд үүнийг тод гэрчлэх мэт.

Аэробик гимнастикийн спортод нэг насны амьдралаа зориулсан Г.Ерөөлбатын олон жилийн их хөдөлмөрийн шим 2012 онд Болгарын Софигийн тэнгэр дор гарчээ. ШУТИС-ийн инженер залуусыг бэлтгэж дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр тив алгасч Болгарын Софиг зорьсон байна.

“2012 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгч дасгалжуулагчийн статустайгаар оролцож байлаа. Тэмцээнээ шүүнэ, хажуугаар нь өнөө хэдийнхээ жижиг сажиг алдааг хэлнэ. Тив алгасч ирснийх зүгээр нэг ёсолчихоод буцмааргүй байдаг. Тэмцээний турш шавь нарыгаа хэн нэгэнтэй уулзах, утсаар ярихыг нь хатуу хориглосон доо. “Хоорондоо л зөвлөлд, хэн чинь ямар алдаа гаргаж байна, ярилцаж ойлголц” гэдэг байлаа. Манайхан ч төвлөрч байгаа хүүхдүүдэд очиж янз бүрийн юм хэлээд үймрүүлээд хаячихдаг улс шүү дээ. Аль ч спортын төрөлд манайхны нийтлэг ажиглагддаг алдаа нь энэ. Хожсон ч, хожигдсон ч бэлдсэн багш нь л хариуцлага хүлээх учраас бусад нь хөдөлмөрийг нь хүндлэх хэрэгтэй. Тухайн үед ордонд цугласан манайхан намайг янз бүрээр хэлж л байсан. Даруулгатай, дэг журамтай байсан учраас оюутнууд маань бэлдсэн үзүүлбэрээ алдаагүй, чамбай үзүүлж хийж насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын гимнастикийн 98 жилийн түүхэнд анхны хүрэл медаль хүртсэн. Залуу хүүхдүүд тэмцээний үеэр эмоци гаргачих гээд хэцүү. Медалийн тавцангаас буусны дараа баяраа тэмдэглээрэй гэж хэлж байлаа. Тухайн тэмцээнийг дэлхийн олон оронд шууд дамжуулж байсан. Монгол гэсэн нэр гарч байхад орилж чарлаад янз бүр болоод байж болохгүй биз дээ” гэж түүхэн амжилт үзүүлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар дурсаж байна. Медаль зүүгээд буухад нь л зрительд суусан монголчууд үсэрч харайж гүйлдэж ирээд л тамирчдаа бүчээд авсан даа. Биднийг чинь дээш нь авч чулуудаад тэрүүгээр нэг юм болж байсан. Манайхаар бол БуянтУхаа спортын ордон шиг л том ордны давхар суудлаас яаж үсэрч буусан юм гэж үргэлжлүүлэн ярьж байна. Тэнд очсон монголчууд одоо ч гэсэн энэ талаар дурсан ярьдаг шүү.

Олон улсын чанартай тэмцээнд орж байгаа элэг нэгтнүүдээ харахад эцсийн шүгэл дуугараагүй байхад л дэвж гүйгээд олон жилийн хөлс хөдөлмөрөө салхинд хийсгэж байгаа жишээ нэг биш харагддаг. Олимпийн медалиа долоохон секундэд тавиад туучихсан тохиолдол байгаа. Тамирчдын сэтгэл хөдлөлийг хянаж хариуцлагад суралцуулдаг нь Г.Ерөөлбат багшийн нэг арга барил юм билээ. Хаана ч сэтгэл хөдлөлөө барьдаг хариуцлагатай арга барилаар төлөвшсөн тамирчид нь өнөөдөр олон салбарт амжилттай явдаг талаар багш нь сэтгэл хангалуун ам бардам ярьж сууна.

Г.Ерөөлбат багш сүүлд 2016 онд БНСУын Инчеон хотод зохион байгуулагдсан аэробик гимнастикийн 18 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа дасгалжуулан оролцож дахин хүрэл медаль хүртэж амжилтаа бататгажээ. Тэрбээр одоо хэр нь аэробик гимнастикийн спортын хөгжлийн төлөө ажилласаар л явна. Манай хүн “Аэробикийн хөгжилд амьдралаасаа илүү цаг зардаг хүн шүү” гэж Энхээ гавьяат оройн зоогийн ширээний ард хошигнож сууна.

Эднийх хоёр хүүхэдтэй. Том охин нь ээжийгээ дагаад бэлтгэлийн заалнаас салдаггүй гэх юм билээ. Ээжийнхээ дутууг гүйцээхээр трико өмсөөд дэвжээнд гарах цаг ойрхон биз. “Би 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа надад хүнд байсан шүү. Бэлтгэлийнхээ ирийг тааруулаад л шигшээ барилдаанд шалгарах зорилго тавиад очсон. Төлөвлөсний дагуу барилдаад л хагас шигшээд шалгарчихлаа. Венесуэлийн бөхийг 9:2оор илт явж яваад л цэвэр хожигдчихсон. Тухайн үеийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хариуцлага ч үүнд нөлөөлсөн л дөө. Тэмцээний дараа ч сэтгэлээр унаад хүнд өдрүүд үргэлжилсэн. Ингээд л хувийн амьдралаа бодсон доо. Том охин маань төрлөө. Тэглээ гээд дэвжээнээсээ холдчихож чаддаггүй юм билээ. Охиноо дагуулаад заал руугаа явна. Дүү нартаа зааж зөвлөнө. Спорт гэдэг залуу насны ажил. Зодог тайлах ёслолоо хийгээд тэмцээн хийх бодолтой байгаа. Тэмцээнээс урам авсан хүүхдүүд ирээдүйд том амжилт үзүүлэх боломжтой. Би тэмцээнээс л урам зориг авч энэ зэрэгт хүрсэн” гэж ярилаа.

Аэробик гимнастикийн ДАШТ-аас хүрэл медаль хүртэв. БНСУ Бусан хот 2015 он.

Гавьяат тамирчин Энхжаргалын тухайд чөлөөт бөхөөр нэгэн арванд гялалзсан. Тэрбээр тамирчны замналаа өндөрлүүлж буйгаа албан ёсоор зарлаж нэрэмжит тэмцээнээ хийгээд дасгалжуулагчийн албанд шилжихээр зэхэж байгаа юм байна. Тамирчин бүсгүй Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 12 медаль хүртжээ. Чөлөөт бөхийн төрөлд хоёр өөр жинд аварга болсон түүний амжилт өнөө хэр нь эвдэгдээгүй байгаа юм.

-Таны хувьд чөлөөтийн заалаар эргэлдээд 16 жилийг үджээ. Их ч хөлс гаргасан байх. Энэ хугацаанд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг л хүрэл медаль хүртэж байсан. Хааяа чамлах сэтгэл төрдөг үү?

-Олон жилийн хүнд ачаалалтай бэлтгэлийг давж зорьсон амжилтаа үзүүлж баяр баясгалан мэдэрч үзсэн би азтай хүн. Гэхдээ одоо бодоход ч гол харламаар харамсалтай барилдаанууд хийж л байсан. 2008 оны дэлхийн аваргаар түрүүлэх хэмжээнд бэлтгэгдэж очоод Казахстаны бөхөд сүүлийн оноогоор ялагдаад уйлаад дэвжээнээс бууж байлаа. Зүүд зэрэглээ шиг л санагдсан шүү. Тэр үед үеэр ялалт өгдөг байлаа. Чөлөөт бөхийн дүрэм цоорхой л юм даа. Аварга болох боломжоо салхинд хийсгэж байсан. Сүүлд 2013 онд дэлхийн аварга болохоор очоод Венесуэлийн бөхийг дутуу гаргахаар яарч яваад гишгэдлийн алдаа гаргаад цэвэр ялагдсан. Хожсон бол шигшээ барилдаанд шалгарах байсан юм. Ганц гишгэгдлийн алдаа л бүхнийг шийддэг айхтар шүү.

-Та барилдааныхаа арга барилдаа дүгнэлт хийж багш нартайгаа зөвлөж л байсан байх. Таны барилдааны сул тал юу байв?

-Өөрийгөө тамиртай юм болов уу гэж боддог юм. Гэхдээ барилдаанд маань алдаа байгаа. Гол өрсөлдөгчийнхөө хөлд орж шийдвэрлэх оноонуудаа авдаг байлаа. Ц.Нацагдорж багшаас сурсан мэх л дээ. Олон хүний хөл авч хожиж байсан. Би хөлд орохын өмнө нэг дохиод буцдаг зуршилтай. Үүнийг маань гол өрсөлдөгчид судалчихаж. Дохиод буцахад л дагаад хөлд суучихаад болж өгөхгүй байсан. Миний нэг алдаа энэ байсан юм билээ. Сүүлд л мэдсэн. Хүн барилдааны арга барил, техникээ цаг тутам шинэчилж, илүү боловсруулж байж л өндөр амжилт үзүүлнэ.

-Та эмэгтэйчүүдийн шигшээ багийн анхны гишүүдийн нэг. Эмэгтэй хүн барилдана гэхэд яаж хүлээж авч байв?

-Тэр үед эмэгтэй хүн барилдана гэсэн ойлголт байхгүй байсан шүү. Найзтайгаа зааланд бэлтгэл хийж байхад хүмүүс хялалзаад л өнгөрдөг байлаа. Шантралгүй зүтгэсний хүчинд ДАШТээс медаль хүртсэн. Миний араас ч олон хүүхэд энэ спортод орсон. Олон алдартан төрсөн байна. Дан ганц чөлөөт бөхөөс ч биш. Жүдогийн Уранцэцэг гэж мундаг охин байна. 2013 онд дэлхийн аваргад явахынх нь өмнө бэлтгэл дээр нь таарсан л даа. Тулаад үзэхэд л бэлтгэлийн ир орчихсон байгаа нь мэдрэгдсэн. Би ч бэлтгэл нь ханасан байгааг нь ойлгуулаад ирлэж өгөөд явуулсан. Урнаа дэлхийн аварга болж ирээд “Бэлтгэл ханасан эсэхдээ эргэлзээд сэтгэл зүй тогтохгүй байсан юм. Таны өгсөн урам зориг эх нэмэр болсон шүү” гэж хэлж байсан. Сайхан санагдсан даа.

-Жил хүрэхгүй хугацааны дараа олимпийн наадам эхэлнэ. Медалийн найдвар манайд байна уу?

-Сүхээгийн Цэрэнчимэд гэж охины бэлтгэлийг тааруулаад өгчихвөл хэнд ч дийлдэхгүй. Байгалиасаа авьяастай хүүхэд Энхээ гавьяат барилдааныхаа алдаа оноо, амжилтын тухай ингэж хуучилж байна.

Г.Ерөөлбатын тухайд аэробик гимнастикийн олон улсын тэмцээний шүүх эрхтэй цөөхөн эрхмийн нэг юм. Өнөөдөр тэрбээр олон улсын тэмцээнд явах тамирчдынхаа зардал мөнгө, визний асуудалд санаа тавихаас гадна олон улсын чадварлаг шүүгч бэлтгэхэд анхаарч ажиллаж байгаа талаараа дурдсан юм.

Олон жилийн ачаалалтай бэлтгэлийг хамтдаа давж, спортын гоё сайхан бүхнийг мэдэрч байсан нь эдний гэр бүлийн баяр баясгалан юм билээ. Энэ гэр бүлийн сэтгэл өнөө хэр нь спортын салбарын төлөө л цохилж байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монголын цагдаа, хууль хүчнийхэн иргэнээ багалзуурдаж, мөрийтэй тоглуулж, хар тамхи татуулж… Юу болоод байна вэ?

Монголын хууль хүчин, цагдаа, прокурорын байгууллагаас муу бүхэн гардаг боллоо. Саяхан гэхэд л Төв аймгийн Угтаалцайдам суманд өөрийнхөө өвөө шиг 60 гарсан тариаланч өвгөний амь насыг егүүтгэсэн хэрэгт сэжиглэгдэж байна. Хулгайн хэрэг мөрдөж явсан цагдаа нар тариалангийн ажилдаа гарахаар зэхэж байсан жирийн иргэнийг чирч, машиндаа суулгаж сумын төвөөс 10 гаруй км-ийн зайд аваачаад нас барсан хойно нь эмнэлэгт авчирчээ.

Тариаланч иргэнийг авч явахдаа цагдаа нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх магадлалтай юм байна. Цагдаа нарын машинаас архи, ууж байгаад үлдээсэн пиовны шил гарсныг талийгаачийн ар гэрийнхэн нь зургаар баримтжуулжээ.

Мөн энэ сарын 25-нд Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн байранд хууль бус мөрийтэй тоглоомын газар олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байсан нь олонд ил боллоо. Хууль бус автомат тоглоомын газрын ойр орчмыг бүрэн камержуулжээ. 2018 болон 2019 онуудад тухайн байгууллагад хэд хэдэн удаа торгуулийн арга хэмжээ авч байсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Тэр бүү хэл тухайн тоглоомын газар үйлчлүүлэгчдийнхээ байр, машиныг барьцаалж зээл олгодог байсан гэх. Тоглоомондоо халуурч, мөнгөө сэгсрүүлсэн нөхөр газар дээр нь л байр, машинаа барьцаанд тавиад үргэлжлүүлэн тоглож таарна. Мөрийтэй тоглоомонд донтож байр, машинаа алдсан иргэдийн ар гэрийнхэн нь тэнд очиж хэл ам хийн хаалгыг нь бариулдаг ч хэдхэн хоноод л үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлдэг байжээ. Ийм хэрэг өдөр болгон шахуу гарч байхад байрны эзэн хурандаа нь огт мэдээгүй байна гэдэгт үнэмших хүн өөрөөс нь өөр хаана ч алга.

Түүнчлэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нар 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, худалдан борлуулахыг завдсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдсан. Улс үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон юм. Энэ мэтчилэн цагдаа, прокурорын балаг тасрахгүй байх жишээтэй.

Ц.Нямдорж сайд таны шууд удирдлагад байдаг цагдаа, прокурорынхон чинь иргэнээ амьд авч яваад үхүүлээд авчирдаг, мөрийтэй тоглуулж, хар тамхи хэрэглэж, зарж борлуулж байна. Монголын хууль хүчин, цагдаа, прокурорын удирдлагуудыг оройгоос нь улыг нь хүртэл солих цаг нэгэнт болжээ. Сайд та яагаад дарга нарыг нь сольж, хариуцлага тооцохгүй байна вэ. Сайд нь шийдэж чаддаггүй юм бол хүний аминд хүрч, хууль бусаар мөрийтэй тоглуулдаг цагдаа, хар тамхи хэрэглэж зарж борлуулдаг прокурорын байгууллагын удирдлагууд өөрсдөө хариуцлага хүлээж огцрох ёстой.

Хар тамхи зарж борлуулсан гадаад иргэнийг өглөө нь цагдаагаас барьж хорьдог ч үдээс хойш нь прокурорын зөвшөөрлөөр суллаад явуулчихаж байна. Ийм завхарсан цагдаатай, прокурортой бид амь нас, аюулгүй байдлаа хэнд даатгах болж байна аа. Монгол Улсын иргэнийг үхүүлээд бай, мансууруулаад бай гэж бид нар татварын мөнгөөрөө та нарыг цалинжуулдаг хэрэг үү.