Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Оюун: Ц.Нямдорж сайдын 143 м.кв байр наана чинь байх ёстой шүү гэж дарамталж хэлж байсан

ЦЕГ-ын захиалгаар барьж буй алба хаагчдын “Хууль сахиулагч” хотхоны тендерийг худалдсан, захиалагч тал гэрээний үүргээ зөрчсөн, их хэмжээний авлига нэхсэн талаар “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюунтай ярилцлаа.


-ЦЕГ-ын “Хууль сахиулагч” хотхоны тендерийг яаж авсан бэ?

-Эд нар хоёр тэрбум орчим. төгрөг өгөх юм бол тендерт авна гэсэн шаардлага тухайн үед “Бавгар” компанийг хариуцаж байсан ээжид маань тавьж байсан. Ингэхдээ өдөрт нь л 150 саяыг бэлнээр гаргаж өг гэсэн шаардлагыг ээжид маань тавьсан.

Шаардлагынх нь дагуу 150 сая төгрөг өгөөд л тендерийг нь авсан. Тус мөнгийг аваачиж өгөхөд Одгэрэл, Давааням, Анхзаяа, Цэвээнээ гээд хүмүүс хамт явсан. Гэрчлэхэд бэлэн байгаа. Урьдчилгаагаа өгөөд гэрээ байгуулахад “Алба хаагчдын мөнгө оронгуут ярьсан мөнгөө өгөөрэй” гэж хэлж байгаа нь дектафонд бичигдэж үлдсэн байгаа.

Энэ тендерийг тохирч байгаад худалдсан нь эндээс харагдаж байна. Миний хувьд Нийгмийн даатгалд ажилладаг байсан ч тухайн үед жирэмсний амралттай байсан учраас хөндлөнгөөс оролцолгүй орхичихсон юм. Ингэж тендерт шалгараад ажил цаашаа явахад урьдчилгаанд их хэмжээний мөнгө авчихаар барилгын ажил удааширна биз дээ.

Ээж маань 2017 оны арванхоёрдугаар сард авто ослоор нас барсан. Ингээд би 2018 оны нэгдүгээр сараас “Бавгар” ХХК-ийн захирлаар ажиллах болсон.

-“Барилгын арматурын төмөр нийлүүлнэ” гэж 927 сая төгрөг авсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-927 сая төгрөгийг 2016, 2017 онуудад дөрвөөс таван удаа хувааж авсан. Одоо дампуурчихсан байгаа компани руу дансаар манай компаниас шилжүүлэг хийлгэсэн. Энэ гүйлгээ нь хөдөлшгүй баримттай. Намайг ажлаа авах үед угсралтын ажил эхэлчихсэн байлаа. Манай компани арматураа “Улаанбаатар менежмент” компаниас авсан. Баримт нь ч тооцоотойгоо таарч байгаа.

Гэтэл тэнд буугаагүй арматурын үнэ болох 927 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Би үүнийг мэддэг байсан ч хурдан ажлаа дуусгахын тулд чимээгүй байсаар өдийг хүрсэн. Мөн тэд энэ талаар яривал хохино шүү гэж дарамталдаг байсан. Гэхдээ одоо би тэд нарт дарамтлуулмааргүй байна. Зүгээр л ажлаа хийхийг хүсэж байна.

-Гэрээний үүргээ зөрчсөн гэж та хэлж байна уу?

-Тийм.

-Тэгээд ямар арга хэмжээ авав?

-Эхний ээлжинд бичгээр ажлын хэсгийн гишүүн хурандаа Б.Цогтбаярт хүсэлт хүргүүлэхэд хүлээж авахгүй буцаачихдаг байсан.

“Чи бид хоёр ойлголцоод байж болох юм чинь бичгээр яах билээ”-гэж хэлнэ. Нийт есөн удаа бичгээр хүсэлт хүргүүлсэн. Ингээд 2018 оны арваннэгдүгээр сард “Танай алба хаагчид мөнгөө өгөхгүй учраас барилгын ажил удаад байна” гэсэн шаардлагыг ЦЕГ-ын санхүү аж ахуйн албаны дарга Ж.Эрдэнэболдод тавьсан байдаг.

Эрдэнэболд дарга “Арваннэгдүгээр сарын 7-ны өдөр гэхэд төлбөрөө төлж барагдуул” гэсэн бичиг ажлын хэсэгт хүргүүлсэн ч өнөөдөр үр дүн нь гараагүй байна. Б.Цогтбаяр гэдэг хүнд хандаж уулзалт товлож албан ёсоор гэрээгээ дүгнэх хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй.

-Барилгын ажлын үйл явц өнөөдөр ямар шатандаа явж байна вэ?

-Эхний барилгаа 2018 оны гуравдугаар сард улсын комисст хүлээлгэж өгсөн. Хоёр дахь барилгаа ирэх хоёрдугаар сард улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөөд явж байна.

“Ариг”, “Хаан” зэрэг банкуудаас зээл авч барилгын ажлаа үргэлжлүүлээд явж байгаа. Одоо манайх дээр лифт угсрагдаж байна, заслын ажлууд 95 хувьтай явж байна.

-Цагдаагийн хурандаа нар танай компаниас өндөр үнэтэй хоёр барилга нэхсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ асуудал нь анхнаасаа зохион байгуулалттай байсан гэж үзэж байгаа. Барилгын зураг төслийн ажил дээр ЦЕГ-ын ажил хэсгийнхэн ирж “Гэрэг” гэдэг компанийг шалгаруулсан. “Гэрэг” компани барилгын зураг төслөө хийхдээ “А” блок дээр хоёр давхар 380 орчим м.кв-ын хоёр пентхаус төлөвлөчихсөн байсан. Үүнийг тухайн үеийн цагдаагийн дарга Р.Чингис, одоогийн Замын цагдаагийн газрын дарга Д.Амарсайхан гэж хоёр хүнийх гэж ярьж байсан.

Би ч гайхаад “Та нар ядаж м.кв-ыг нь 800 мянгаар аваа ч” гэхэд мөнгө өгдөггүй ийм л байсан. Өөр нэг сонирхолтой асуудал ярьсан нь “Энэ байранд Ц.Нямдорж сайдын 143 м.кв талбайтай байр байх ёстой. Чи өг” гэж хэлсэн.

143 м.кв байрыг нь мөнгөө өгсөн зорилтот бүлгийн алба хаагчид өгөх хэрэгтэй биз дээ. Тэр хүнд өгчихсөн чинь “Сайдын байрыг зарж үрлээ” гэж заналхийлж байна лээ.

-Одоогоор хэчнээн байр нь ашиглалтад ороод байгаа вэ?

-Нэг блок нь ашиглалтад орсон. 61 байраас 59 оршин суугч бий. Үүнээс 41 алба хаагч байгаа.

-Уг байранд зорилтот бүлгийн хүмүүс нь орж чадсан уу?

-Зорилтот бүлгийн хүмүүс бүгдээрээ ороогүй. Ойролцоогоор 30 хувьд нь шаардлагагүй хүмүүс орчихсон байгаа. Нэрсийг нь түүгээд өгсөн ч болно. Нэг жишээ ярихад, Н.Дэлгэрмаа гээд үйлчлэгчийн ажил эрхэлдэг иргэн байсан. Энэ үйлчлэгч “А” блокт гэрээ байгуулсан байсан ч гэрээг ч хүчээр цуцлаад оронд нь өөр хүн оруулсан.

Тухайн иргэн гэрээг цуцалсны дараахан над дээр ирээд “Битгий цуцлаач ээ. Манайх тэтгэвэрт байдаг хүнтэй юм. Амьдралын сүүлийн баталгаа маань энэ” гээд гуйж л байсан. Гэрээг нь цуцлалгүй дараагийн барилга руу шилжүүлж өгсөн. Ийм хүмүүсийн гэрээг би цуцалж чадахгүй. Оронд нь олон байртай дарга нарын гэрээг цуцалсан нь үнэнд нийцэх байх.

-Цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр танай компаниас их хэмжээний мөнгө авсан гэсэн. Энэ талаар бодитой баримт байна уу?

-Ажил тендер олж өгсөн гэх нэрийдлээр 2 тэрбум төгрөг нэхэмжилсэн. “Бид та нарт ажил олж өгсөн, ийм дүрэм байдаг” гээд л нэхсэн. Энэ ч бүх компаниуд дээр яригддаг асуудал шүүдээ. Бүгд мэддэг ч ил гаргаж хэлдэггүй. Том мөнгөн дүнтэй ажил авахад л цаагуураа тодорхой хувийг нь өгч байж ажлаа ав гэсэн шаардлага тавьдаг.

-Цаашдаа та яах төлөвлөгөөтэй байна вэ?

-Шаардлагатай баримтуудыг АТГ-т өгсөн. Арга хэмжээ авахгүй бол авлига нэхсэн хурандаа нарын нэрийг бүгдийг нь ил болгоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Хишигжаргал: БНСУ-д бусдын өгзөгний зургийг нууцаар дарахад л 5-10 сая воноор торгуулж, тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай


Хишиг трейд компанийн захирал С.Хишигжаргалтай ярилцлаа. Тэрбээр БНСУ-д хувиараа бизнес эрхэлдэг юм.


-Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн өгзөгт хүрсэн асуудал БНСУ-д хөдөлмөрлөж, бизнес эрхэлж байгаа монголчуудад сөргөөр нөлөөлж байна гэх мэдээлэл гарах боллоо. Таны хувьд БНСУ-д бизнес эрхэлдэг. Цэцийн дарга асны дуулиан таны бизнест яаж нөлөөлж байна?

-Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалтай хүн онгоцны үйлчлэгчийн биед халдсан асуудалд БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг ичгүүртэй байдалд оруулж, нэр нүүрийг нь шавартай хутгачихаад байна л даа.

Миний хувьд БНСУ-д бизнес эрхэлдэг. Бизнесийн олон ч түнш бий. Харилцагчид маань компанийн Монгол гэсэн нэр хараад Д.Одбаяртай холбоотой мэдээллийг илгээж байгаа юм. Хүмүүсийн харилцааны хэм хэмжээний наад захын ёс суртахууныг мэдэхгүй хүн танай улсын Цэцийн даргаар ажилладаг юм уу, танай төрийн албан хаагчдын ёс зүй ийм юм уу гэх асуудал алхам тутамд л монгол иргэдийг дагаж байна.

-Д.Одбаяр өндөр албан тушаалтай учраас асуудал ингэж өндөр авав уу. Ер нь БНСУ-д санамсаргүйгээр ч юм уу эмэгтэй хүний өгзөгт хүрсэн тохиолдолд ямар шийтгэл хүлээдэг вэ?

-БНСУ-д бол зөвшөөрөлгүйгээр хүний биед хүрэх нь байж болохгүй асуудал. Тэр дундаа эмэгтэй хүний өгзөгт хүрсэн асуудлыг БНСУ-ын хуулиар гэмт хэрэг гэж үзнэ.

Хэн нэгний өгзөгний зургийг зөвшөөрөлгүй дарахад л 5-10 сая воноор торгуулж, тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай. Ийм хатуу хуультай байдаг учраас л БНСУ-д нийгэм цочир хүлээж авч байгаа юм. Ёс зүйн лекцэн дээр хүртэл Д.Одбаярын жишээг дурдаж байгаа юм.

-Д.Одбаярын гаргасан үйлдэл жирийн ажилчдад яаж туссан бол. Та юу анзаарав?

-Үйлдвэр, зочид буудлын дарга нар нь монгол ажилчдад бэлгийн дарамт үзүүлээд байж болно гэсэн ойлголттой болчихсон юм шиг санагдсан. Монгол эмэгтэйчүүд ийм асуудалтай тулгарч ажлаасаа гарсан хэд хэдэн тохиолдлыг нийгмийн сүлжээнээс уншсан.

-Бэлгийн дарамтад өртсөн юм бол хуулийн байгууллагад хандаж болдоггүй юм уу. Хатуу шийтгэлтэй байдаг талаар та яриандаа дурдлаа шүү дээ?

-Тэнд ажиллаж байгаа монгол эмэгтэйчүүд дээрх хуулийн заалтыг тэр бүр мэддэггүй юм шиг санагдсан. Зарим нэг нь хараар ажил хөдөлмөр эрхэлдэг учраас айж эмээдэг байх. Ингээд л ажлын байраа өөрчлөхөд хүрдэг юм билээ.

-Бэлгийн дарамтад өртөөд ажлаасаа гарчихсан бодит жишээ байна уу?

-Үйлдвэрийнх нь эзэн бэлгийн дарамт үзүүлээд байгаа талаар надад нэг эмэгтэй мэдэгдэж л байсан. Миний хувьд хуулийн байгууллагад хандахыг зөвлөсөн л дөө. БНСУ-д чинь хохирогчийг хамгаалдаг хуультай талаар мэдээлэлгүй байдаг юм билээ. Хараар ажиллаж байгаа учраас бариад хорьчихно гэж айгаад ажлаасаа гарчихсан байна лээ.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол визний асуудлаас шалтгаалж хорихгүй шүү дээ. Надтай холбогдож байсан эмэгтэйд хаана, ямар ажил олох уу гэдэг асуудал үүсэж байгаа юм. Энэ мэтээр БНСУ-д хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн эрх ашиг их хохирч байгаа. Монголын Үндсэн хуулийн Цэцийн дарга нь ийм ёс зүйтэй юм чинь энд ажиллаж байгаа хүмүүс бүр доод түвшний гэж ханддаг болсон байна лээ.

Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас огцорсон ч БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа 48 мянган иргэдэд ажиллаж амьдрах эрх ашгийг ингэж хохироосондоо уучлалт гуйсангүй.

-Ер нь БНСУ-д ёс зүйн асуудал гаргасан албан тушаалтан хариуцлага хүлээсэн жишээ юу байна?

-Ёс зүйн алдаа гаргасан л бол хариуцлагаа хүлээж уучлалт гуйдаг жишиг БНСУ-д бий. “Кореа Эйр” компанийн захирлын охин нь онгоцны үйлчлэгчтэй зүй бусаар харьцсан байгаа юм. Үүний төлөө захирал нь охиноо дагуулж гарч ирээд уучлалт гуйж байсан удаатай.

Захирлынх нь охин манай Цэцийн дарга шиг бэлгийн дарамт үзүүлээгүй шүү дээ. Ийм байхад л уучлалт гуйж хариуцлага хүлээж байгаа юм. Одбаяр бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргачихаад Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байна.

Монгол Улсын нэр нүүрийг шившиглэснийхээ төлөө Одбаярыг онгоцны буудал дээр буугаад л уучлалт гуйх болов уу гэж харж байлаа. БНСУ болон Монголын нийгмийн ялгааг л харуулсан хэрэг болж байна л даа. Уул нь адилхан л ардчилсан нийгэмтэй улс.

Солонгост охин нь ёс зүйн зөрчил гаргасных нь төлөө уучлалт гуйж байхад гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан Цэцийн гишүүн чимээгүй ажлаа хийгээд явж байна. Үүнд нь БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд бухимдалтай байгаа. Одбаяр гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасныхаа төлөө 7 сая воноор торгуулаад л өнгөрч байна.

-Цэцийн дарга асан Д.Одбаяр “Би хэлмэгдчихлээ, намайг гүтгэлээ” гэх утгатай ярилцлага хэвлэлд өгсөн байна лээ?

-БНСУ бол хууль, дүрмээ дээдэлдэг улс. Хэрэв БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Д.Одбаярын нэр төрд халдсан, гүтгэсэн бол хэдэн тэрбум ч вонын нэхэмжлэл гаргах боломжтой шүү дээ. Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэзээ ч баталгаагүй мэдээ материал нийтэлж хүний нэр төрд халдахгүй.

Хүний зургийг зөвшөөрөлгүйгээр авч нийгмийн сүлжээнд тавихыг хуулиар хориглодог улс шүү дээ. Та анзаарсан бол телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн дүрс нэвтрүүлэхдээ царайг нь бүдгэрүүлдэг. Жижиг асуудалд дээр л ийм ач холбогдол егдөг улс бүхэл бүтэн улсын Үндсэн хуулийн Цэцийн даргыг огт хийгээгүй хэргийнх нь төлөө хэлмэгдүүлж, бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ цацах үндэслэл байхгүй.

БНСУ-д ажиллаж амьдарч, нийгмийн харилцаанд оролцож байгаагийн хувьд үүнийг баттай хэлнэ. Д.Одбаяр хэлмэгдсэн бол Солонгосын шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх эрх нь нээлттэй байгаа. Д.Одбаяр хийсэн хэргийнхээ төлөө 7 сая вонын торгуулиа төлөөд ирсэн.

-Д.Одбаярын өгсөн мэдүүлгийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Миний ойр дотно харилцаатай байдаг дүү маань Д.Одбаярыг байцаалтад ороход нь орчуулагчаар ажилласан. Тэрбээр болсон үйл явдлыг зохион байгуулалттай хэрэг гэж мэдүүлсэн байсан.

Байцаалтын үеэр орчуулагч эмэгтэй рүү дайрч хэл амаар доромжилсон байна лээ. Болсон үйл явдлын дүрс бичлэгийг үзээд торгуулиа төлсөн нь гэм буруугаа хүлээж байгаа үйлдэл. Улс эх орныхоо нэрийг гутаачихаад Үндсэн хуулийн алх тогшоод сууна гэдэг хэрхэвч болохгүй зүйл.

Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

Энэ цагт барилдаж буй аварга арслангууд заалны барилдаанд зодоглохоо болиод байгаа. Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар өнөө жилийн улсын наадамд зургаа давж шөвгөрснөөсөө хойш нэг ч барилдаанд зодоглосонгүй. 2017 онд улсын наадмын түрүү бөх Ц.Содномдорж бөхийн өргөөнд барилдаагүй. Тэрбээр Өмнөд Монголын Ордос хотод зохион байгуулагдсан мэргэжлийн бөхийн барилдаанд зодоглосон. Энэ үеэрээ “Допингийн асуудлаа яаралтай шийдмээр байна” гэх тайлбар хийж байсан удаатай. Мөн Б.Гончигдамба гарьд ч намрын барилдаануудад барилдаагүй. Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж өндөр цолтнуудыг барилдаанд оролцуулах журмыг баталжээ. Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журмыг 2020 оны нэгдүгээр сараас мөрдөхөөр тогтоод байгаа юм байна. Тэргүүлэгчид хэлэлцээд улсын алдар цолтой бөхчүүдийн барилдаанд заавал оролцох хувийг дараахь байдлаар өөрчлөлт оруулан баталжээ.

Журамд зааснаар:

-27 хүртэлх насны бөхчүүд нийт барилдааны 80 хувьд

-28-33 насны бөхчүүд нийт барилдааны 70 хувьд

-34-37 насны бөхчүүд нийт барилдааны 50 хувьд заавал барилдах ёстой гэж заажээ.

Харин 38-аас дээш насны бөхчүүд сайн дураараа барилдах бөгөөд эдгээр хувьдаа хүрээгүй бол наадам болон цагаан сараар барилдуулахгүй байх журмыг мөрдөхөөр тогтсон байна.

Улсын аварга Ч.Санжаадамбын тухайд өнөө жил 35 настай. Нийт барилдааны 50 хувьд зодоглоогүй тохиолдолд улсын наадмаар барилдах боломжгүй болно гэсэн үг. Харин 32 настай Н.Батсуурь аварга нийт барилдааны 70 хувьд оролцох ёстой болж байгаа юм. Б.Гончигдамба гарьд, Ц.Содномдорж арслан нийт барилдааны 50 хувьд барилдах шаардлагатай болж байна.

Улсын аварга С.Мөнхбат: МҮБХ ГЭХТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА БӨХЧҮҮДИЙН БАРИЛДАХ ЭРХЭД ХАЛДАЖ БАЙГАА НЬ ХУУЛЬ БУС

Шинэ Үндсэн хуулийн барилдаанаас эхэлж хэрэгжээд буй журмын талаар Монгол Улсын аварга С.Мөнхбатын байр суурийг сонслоо.


-Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн барилдааны идэвхийг нэмэгдүүлэх журам баталж гаргажээ. таны хувьд нийт барилдааны 50 хувьд нь барилдаж байж цагаан сар болон улсын баяр наадамд барилдахаар болж байна. одоогоор та нэг ч барилдаанд зодоглоогүй байна?

-Монголын Үндэсний бөхийн холбоо ямар чадамжтай байгууллага билээ, бөхчүүдийнхээ төлөө юу хийж байгаа билээ. Төрийн бус байгууллага бидний эрхэд халдаж багаа нь хууль бус. Бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах байгууллага бэртэж гэмтэж байгаа бөхчүүдээ харж үздэггүй шүү дээ. Энэ мэт олон зүйл дээр дутагдалтай ажиллаж байгаа.

Өнөөдөр Монголын Үндэсний бөхийн холбоо ганцхан хүн дээр зангилагдсан байж нэг ч удаа хурал хийгээгүй. Үндэсний бөхийн нэр хүнд нийгэмд унаж байна. Үүний эсрэг дорвитой ажил хийвэл зүгээр санагдах юм. Зөвхөн бөх барилдаад амьдарна гэдэг хэцүү болсон. Олон шалтгааны улмаас бөхчүүд барилдахгүй байгаа. Нийгэмд таалагдахын тулд бөхчүүдийн эрхэд халдаж байгааг ойлгохгүй юм. Хэрэгжихэд хэцүү журам.

-Өнөө жилийн наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд допингийн шинжилгээнд бүдэрснийг Баяр наадам зохион байгуулах хорооноос зарласан. энэ асуудлыг шийдэгдтэл барилдахгүй гэсэн байр суурьтай бөхчүүд байна лээ. таны хувьд ямар шалтгаанаар барилдахгүй байна вэ?

-Бид бөхөөр амьдарч байгаа улс. Бөх барилдаж л өдий зэрэгтэй яваа. Бөхийн нэр хүнд унасан нь Монголын Үндэсний бөхийн холбоо өнөөдөр доголдолтой ажиллаж байгааг илтгэж байна. Допингийн эсрэг ч дорвитой арга хэмжээ авахгүй байна шүү дээ” гэв.

Улсын арслан Ц.Содномдорж: 37 НАСТАЙ БӨХ АЧААЛАЛТАЙ БЭЛТГЭЛ ХИЙЖ БҮХ БАРИЛДААНД ЗОДОГЛОХ БОЛОМЖГҮЙ

Энэ асуудлаар улсын арслан Ц.Содномдоржоос тодруулга авлаа. Тэрбээр наадмаас хойш нэг ч барилдаанд зодоглоогүй байгаа юм.

-МҮБХ-ноос өндөр цолтой бөхчүүдийн барилдааны идэвхийг нэмэгдүүлэх журмыг баталжээ. Журмын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Гаргасан журмыг нь харсан. Өмнө нь хэрэгжиж байсан журмыг шинэчлээд хэрэгжүүлэхээр болсон байна лээ. Ингэхдээ 37 настай бөх нийт барилдааны 50 хувьд зодоглож байж наадам, цагаан сараар барилдах эрхтэй гэж байна лээ. 35,36 настай бөхчүүд нийт барилдааны 50 хувьд барилдаад явахад хүндрэлтэй. Өндөр ачаалалтай бэлтгэл даахад хэцүү. аварга, арслан цолтой бөхчүүд бэлтгэл сайтай байж л гарч барилдахгүй бол залуучуудыг давахад хэцүү. Том цолтой бөх нэг хоёрын даваанд унаад байж болохгүй биз дээ. Цолны нэр хүнд гэж бий. Их спортод ч гэсэн 30 гараад л эрүүл мэндээ бодож тааллаараа тэмцээнд оролцдог биз дээ.

-Та наадмаас хойш нэг ч барилдаанд зодоглосонгүй. Ямар шалтгаанаар барилдахгүй байна вэ?

-Өнгөрсөн жил улсын наадамд барилдаж байхад гуяны арын булчингийн уут задарчихсан. Тэр бэртэл маань одоо л илааршиж байна.

-Допингийн асуудал хэрхэн шийдэгдэх нь өнөө хэрнээ бүрхэг хэвээр байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Монголын үндэсний бөхийн холбоо барилдааны идэвх гэх мэтийн жижиг асуудал хөөцөлдөж байхаар допингийн асуудал дээр анхаарал хандуулмаар юм. Холбогдох газруудад хүсэлт гаргаж асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй байна” гэв.

Содномдорж арслангийн бэртэл илааршсан учраас удахгүй барилдах бололтой. Тэрбээр допингийн асуудал өнөө хэр шийдэгдээгүй байгаад сэтгэл дундуур байгааг хэлж байлаа.

Улсын аварга Н.Батсуурийн байр суурийг сонсоход “Онцгүй л юм. 37 настай бөхийг нийт барилдаануудын 50 хувьд барилдана гэж журманд заасан байна лээ. Өмнөх журмын заалтаасаа насыг нь ахиулчихсан байна лээ. 30 хол гарсан хүн ачаалалтай бэлтгэл хийгээд залуучуудтай барилдахад хүнд л дээ. Наанадаж л бэртэл гэмтэл авах эрсдэлтэй” гэв.

Монголын Үндэсний бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар “Үнэхээр бэртэл авсан бол эмчийн бичиг, акт үзүүлээд цагаан сар, наадамд барилдах боломжтой. Үнэхээр мэс засал хийлгээд гам барьж байгаа бол барилдах аргагүй шүү дээ” гэж мэдэгдсэн юм.

Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Н.Жаргалбаяр нарын бөхчүүд наадмаас хойш одоогоор нэг ч барилдаанд зодоглоогүй байгаа. Шинэчлэгдсэн журмын дагуу ирэх наадмыг идэр цолтнууд өнжиж магадгүй болоод байна.


Categories
мэдээ цаг-үе

Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов гуайнх

Цас хялмаалж хоножээ. Амралтын өдрийн өглөө идэр есийн жавар тачигнаж хацар хайрах ч агаар тунгалаг юм.

Монголын зохиолчдын эвлэлийн 91 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож буй. Бид ахмад үеийн төлөөлөл төрийн шагналт , зохиолч Далхаагийн Норов гуайнд өнжлөө. Норов гуай аравдугаар хороололд байрлах есөн давхар цэнхэр байрны нэг өрөө сууцанд эхнэртэйгээ амьдарч байна.

Гэрийн хаалгаар ороход л урд хананд байрлах номын сан нүдэнд туслаа. Дэлхийн сонгодог зохиолуудаас авахуулаад Монголын үе үеийн шилдэг уран бүтээлчдийн зохиолын дээжис энд байна.

Гэр бүлийн хамт 1980-аад он.

Биднийг очих сургаар хоол зэхжээ. “Жаргалын булаг”, “Хөх туульс”, “Хөх тавилан”, “Сэрвэгэр хадны зэрэглээ” зэрэг шилдэг бүтээлүүд туурвисан үргэлжилсэн үгийн зохиолчдын том төлөөлөл болсон эрхмийн сонирхолтой үүх түүхийг өөрийнх нь амнаас сонсох болсондоо сэтгэл тэнэгэр зоогийн ширээний ард тухаллаа.

Норов гуайн нас сүүдэр хэдийнэ 70 гарсан ч зохиол бүтээлээ туурвиж л явна. Бидний очихын өмнөхөн л Зохиолчдын эвлэлийн 91 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсан “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд “Хэрээний нүд”-өгүүллэгээ сойсон нь өнгөлжээ.

“Би Говь-Алтайн Бугат сумын хүн. Аав, ээж маань малчин удмын улс. Аавын талынхан олон үеийн уран дархчууд, анчид байснаас баян түшмэл, тайж язгууртан байгаагүй. Манай аав Далхаа цэрэгт мордоод, дөчин таван оны Чөлөөлөх дайнд явж Жэхэ хот ороод ирж байсан хүн. Ирэхдээ хоёр бөөр нь буудуулчихсан юм шиг цоорхой, ус гоожсон юм л ирж байсан гэдэг. Малын санитарын зургаан сарын курст суугаад цэргийн хорооны мал эмнэлгийн цэргээр явсан юм билээ. Идэш, унааны малын эрүүл ахуйг хариуцдаг байж. Японы хордуулсан худгууд замд нь их тааралдах. Ямар ч даргынхаа тушаалаар юм бүү мэд, хортой ус ууж морь нь газар дээрээ үхээд, аав хордсон ч амьд гарч, хоёр бөөргүй болоод ирж байсан байгаа юм. Ямар азаар тэр аюултай хор нь гадагшаагаа цохиж амь аврагдсан юм бэ дээ. Сумаар нэвт буудуулчихсан юм шиг сорвитой байдаг байсан. Аав харин хожим “Бөөр өвдөөд” гэж дуугарч байгаагүй, Манайхан чинь эцэг эхээс арван хоёруулаа. Аав минь арван хоёр хүүхдээ хулгай хийхээс бусдыг хийж л хүн болгосон доо. Би чинь зулай дээрээ гишгэж төрсөн нэг эгчтэй, дороо арван дүүтэй хүн” гэв. Норов гуайг уран зохиолд татагдахад нутаг усны хүмүүсийнх нь харилцаа нөлөөлсөн гэнэ.

Баруун гар талаас багш Д.Сүръяа

“Аравхан настай байхдаа дунд сургуулиас гарсан надад нутгийн ардын дуулдаг дуу, хонины бэлчээрт уулзаж учрахдаа ярьдаг үгс л зохиолч болоход нөлөөлсөн байдаг юм. Нагац ах Хамуутын маань үдэш орой ярьж өгдөг үлгэр, аав, ах нарын ярьсан газар усны түүх домог нөлөөлсөн” гэж байна.

Тэрбээр хүүхэд ахуйдаа Зөвлөлтийн зохиолч Афанасовын “Алтан одны эзэд” гэдэг том номыг амтархаж уншдаг байжээ. Гол дүрийн хоёр баатар Ирина, Ира гэдэг хоёр бүсгүйд дурлаж уншдаг байсан талаараа ярилаа.

Аав Ү.Далхаа ээж М.Бааст нар

“Халхын голын байлдаанд биечлэн оролцож явсан зохиолч Константин Симоновын “Зэвсэг нэгт ахан дүүс”-ийг цуврал гурван романтай нь, И.В.Сталины арван хэдэн ботийг уншиж л хүн болсон. Одоотой адилхан өөр унших юм байсан биш. Манай нутгийнхан чинь ярихдаа дандаа үлгэрлэж, адилтгаж ярьдаг учраас хийсвэр сэтгэлгээ сайн хөгждөг байж. “Өлсөхөд өл бугын эвэр зөөлөн, Цадахад цагаан хурганы сүүл хатуу” гэж цамаан зантай хүнийг зүйрлэж хэлдэг байж, “Айсан хүнд аргал хүртэл хөдөлдөг” гэж хүүхдүүдийнхээ айдсыг үргээдэг байсан юм. “Ууланд адуу үргэхэд, талд илжиг үргэв” гэж бусдыг дуурайдаг улсыг хэлж байх жишээтэй. Энэ бүхэн чинь л надад сургууль болж байж дээ” гэв.

Норов гуай Анагаахын дунд сургуульд элсэж төгсөөд Шарга суманд бага эмчээр ажиллаж байхдаа “Наранбулаг” өгүүллэгээ хэвлэлд нийтлүүлж байжээ. Залуучуудын сонингоос өөрийн өгүүллээ харчихаад баярлаж байсан талаараа хэлж байна.

“Яаж зохиолч болох вэ гэж бодож явснаас биш яаж эмч болох вэ гэж бодож явсангүй ээ. Авга ахынхаа тусламжтайгаар долоогийн гэрчилгээ аваад л Анагаахын дунд сургуульд орсон. Эмнэлгийн ажлаас холдох гээд аймгийн сонинд гурван сар хэртэй ажилласан даа. Аймгийн намын хороо дуудаад болдоггүй. Ингээд л Анагаахдаа ажиллаж байгаад багш болсон” гэв.

Түүнчлэн хотод хоёр хавтас дүүрэн өгүүлэл сугавчилж орж ирээд уран зохиолоор өвчилсөн нөхдөдөө уншиж өгч байсан талаараа дурсав.

“Би анх ирэхдээ төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтав гуайтай уулзах гэж том, бага хоёр шил “Бигэр” дарстай ажлынх нь жижүүр дээр гурав хоног хүлээгээд ирэхгүй болохоор гэрийнх нь утсаар ярьж байгаад очиж билээ. Сэнгийн Эрдэнэ баавайтай хамт сууж байна. Гайтав гуайн “Дайн энх” номын шагнал буугаад тэд хоёр гурав хонож байгаа юм байх. Би Дамдины Жамьянтайгаа очсон юм. Шүлгээ ч уншлаа. Эрдэнэ гуай нэг их тоосон юм алга. Гайтав гуай “Залуучууд та нар архи битгий уу. Архичин Гайтав хэллээ гэж бодно уу, өөрсдөө мэдэцгээ” гэж байна.

Норов гуайн гэргий Д.Гүндэгмаа мөн эрдэм номын хүн ажээ. Нас өндөр гарсан ч ном уншаад л сууж байна лээ. Тэд Анагаахын сургуульд багшилж байхдаа нөхөрлөж гэр бүл болжээ.

Орос хэлний багш тэрбээр насаараа эрдэм шинжилгээний ажил хийж, докторын зэрэг хамгаалжээ. Албан бус боловсролыг Монголд анхнаас нь л онолын хувьд ч, амьдрал дээр ч хэрэгжүүлэх ажил хийжээ. Эднийх хоёр хүүтэй. Ууган хүү Эрдэнэ нь нанотехнологийн инженерийн мэргэжил эзэмшжээ. Сөүлд докторын зэрэг хамгаалсан байна. Бага хүү Дэлгэр ээжтэйгээ ижилхэн орос хэлний багшийн мэргэжилтэй. Норов гуайнх дөрвөн ч ачтай гэнэ. Удахгүй тав болно гэж буурлууд хэлж байна.

Бугатын гурван зохиолч. Баруун гар талаас СГЗ З.Гүнсэн, Д.Жамъян нарын хамт

Л.Түдэв гуай “Зохиолч хүний уран бүтээлийн тогооноос уншигчид шанаганыхаа хэрээр хутгаж авдаг юм. Тогоонд чинь юу байна даа” гэж асуусныг нь мартдаггүй юм.

Би Москва явах боллоо. Гэтэл “Үнэн” сонины эрхлэгч Л.Түдэв гуай өрөөндөө дуудуулж байна. Яваад ороход том оо урт ширээний ард сууж байна. Нэг талд нь сонин овоолчихож, нөгөө талд олон ном өрчихөж. “Би Москва руу хоёр хүнд өчүүхэн ачаа дайх гэсэн юм” гээд хоёр боодолтой юм өгч байна. Монголын уран зохиол судалсан эрдэмтэн Людмилад дайж байсан юм билээ. Би ч өнөөхийг нь аваад гарахад “Намсрай та хоёрыг авьяастай л гэлцэх юм. Зохиолч хүний уран бүтээлийн тогооноос уншигчид шанаганыхаа хэрээр хутгаж авдаг юм. Та хоёрын тогоонд юу байна даа” гэж асуухад нь хэлэх үг олдолгүй гарч билээ. Үүнийг мартдаггүй юм. Тухайн үед ч юу билээ л гэж бодож байсан. Одоо ч шанага хоосон буцахааргүй болжээ” гэж өвгөн зохиолч дурсаж байлаа. Ажлынхаа шугамаар Норов гуай хөрш улсууд руу олон явжээ. Оросын нэрт зохиолч Валентин Распутинтэй Москвад уулзаж ярьж байсан удаа түүнд бий гэнэ.

Зохиочдын эвлэлийн шагналыг 1990 онд авчихаад л сая нэг зохиолч боллоо гэж өөртөө итгэж байж. Сүүлд их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал аваад гайгүй бүтээл туурвих чадамжтай хүн хэмээн үнэлэгдлээ гэж хүлээж авчээ. Харин төрийн шагнал аваад л гайгүй зохиолчдын тоонд орлоо гэж өөрийгөө тоосон талаараа ярьж байв.

Монголын Үндэсний олон нийтийн телевизэд 25 жил ажилласан Норов гуайн “Босго тотго” хэмээх түүхэн кино нь олны талархлыг хүлээсэн байдаг.

“Манай нутаг Бугат хилийн сум. Миний мэдээ орсон цагаас л “Хасаг ирнэ шүү” гэж айлгадаг байлаа. Хасагаас нь биш, дээрэмчдээс нь айж байгаа хэрэг. Хүн малыг нь алаад л хүүхдийг нь аваад явчихдаг байсан тухай ахмадууд ярьдаг байсан. Миний элэнц эхийг 11 настай байхад нь дүүтэй нь цуг Хасагийн дээрэмчид аваад явчихсан юм билээ. Манай хөгшин ээж Гуанжу руу аваад явсан гэж ярьдаг байсан нь санагддаг юм. Тэр нь өнөөдрийн БНХАУ-ын Гуанжу хот юм билээ. Тэнд элэнц маань хасагийн хүүхдүүдтэйгээ танилцаад тэмээ хариулна. Ингэж явахдаа нуугдалцаж тоглодог байсан гэнэ лээ. Нуугдалцаж байхдаа ааруул идээ нууж хүнсээ бэлтгэж байгаад л нэг нуугдахдаа зугтчихсан байгаа юм. Жил орчмын дараа л хоёр хөлийн тавагных нь арьс хуулраад ясаараа гишгээд ирж байсан гэнэ лээ. Энэ мэт жишээ манай нутагт олон. Ерөнхий сайд П.Жасрай гуайн багад нь хасагууд ирж гэрийг нь дээрэмдсэн гэдэг. Тухайн үед аав нь Жасрай гуайг хураасан бараан дунд нуугаад амьд авч гарсан байдаг. Ийм учраас би хил гэдэг зүйлийг мэдээ орсон цагаасаа л мэдэрсэн. Хилийн чанартай бүтээл туурвихад надад ойр байдаг юм” хэмээн хуучлав.

Норов гуайн олны таашаалд хүрсэн өөр нэг бүтээл бол “Тэжээвэр” тууж. “Тэжээвэр” туужийг геологичдын тухай зохиолын уралдаанд зориулж туурвижээ. Геологичидтой уулзаж, судалсаар зохиогч гол дүр болох Гөлгөөгийн дүрийг босгожээ. Тус бүтээл “Цох” сэтгүүлд хэвлэгдсэний дараа уншигчид зохиогч руу хандаж Гөлгөөг асууж сураглаж байсан талаар ч Норов гуай дурслаа.

“Орлогч” гэж дараа нь “Тэжээвэр”-тэйгээ холбоотой тууж бичсэн. Тэр бол хүний орлогчийн тухай бүтээл л дээ. Нийгэм бол тэжээврүүдтэй. Тэжээврүүдээс бүтдэг. Тэгвэл нийгэм хүний орлогчийг бий болгож байдаг. Аавдаа хүүгийн орлогч, ханьдаа нөхрийн орлогч, хүүхдэдээ эцгийн орлогч, нийгэмдээ хүний орлогч, бүх юм орлогч. Хүн төрөлхтөн байх цагт аль ч нийгэмд ийм орлогчид байх учиртай байж магадгүй. Тэр тэжээвэр, орлогч хоёр л миний дотрыг их хорсгож явсан юм болов уу даа” хэмээв.

Өвгөн зохиолчийн гэр бүлийн хүний бие нь чилээрхэж жил орчмын хугацаанд кино зохиолоосоо түр завсарлага аваад байгаа ажээ. Сүүлийн үед эхнэрийнх нь бие тэнхэрч байгаад Норов гуай сэтгэл өндөр байна лээ. Удахгүй шинэ зохиол бүтээлээрээ ард олондоо бэлэг барих талаар хэлж байна.

“Зохиолч хүн утга зохиол судлал руу орох хэрэггүй юм шиг. Судлал гэдэг зүгээр л баримт. Баримтан дээр ажилладаг хүн болчихдог юм шиг. Намайг хүртэл их сургуульд эрдмийн хүн болгох гэж их үзсэн. Зохиолч гэдэг чинь жинхэнэ цэцэглэж, хөөрч бадарч байж уран бүтээл туурвидаг. Уртын дуучин хүнийг богино дуу дуулахыг хориглодог байсан. Хоолой, сэтгэхүй, амьсгаа гурав эвдэрдэг. Үүнтэй адил зохиол оролддог хүн утга зохиол судлалаар оролдоод дэмий санагддаг” гэж шинэ үеийн зохиолчдын талаар ярилаа.


Categories
мэдээ цаг-үе

“Дундговийн амьдрал” сонины эрхлэгч С.Пүрэвсүрэн: “Суудлын машины эрэл эзэгнэл хоёр” гэсэн нийтлэл хэвлүүлж дарга нарыг сандаргаж байлаа

“Дундговийн амьдрал” сонины эрхлэгч, Үйлчилгээний гавьяат ажилтан С.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр сонин хэвлэлд 47 жил ажиллажээ. Тэр дундаа орон нутгийн хэвлэлийн удирдах албан тушаалыг 38 жил хашсан байна.


-Та өөрийн амьдралынхаа хагас 100 жилийг сонин хэвлэлд ажиллаж өнгөрүүлжээ. Хэвлэл мэдээллийн салбарт бол таныг “сонин”-ы гэж тодотгодог юм билээ?

-Би өөрийгөө сонингүйгээр нэг л төсөөлж чаддаггүй юм. Уул нь Сандагдоржийн Пүрэвсүрэн боловч хүмүүс “Сонины” гэж овоглоод хэвшчихсэн байна.

-Сонины редакцид ойр өссөн үү. Анхны мэдээгээ хэддүгээр ангид байхдаа нийтлүүлж байв?

-Зургадугаар ангийн сурагч л мэдээ бичиж эхэлсэн дээ. Тэгээд л аймгийн сонины газарт хичээлийн чөлөөгөөр үсэг өрнө. Миний үсэг өрөгчийн багш нь М.Басбиш гэж эмэгтэй байлаа. Тэгтэл 1968 онд аймгийн “Улаан туг” сонины 20 жилийн ой майн баяртай давхцан болдог юм. Наймдугаар ангийн сурагч би сониныхоо тухай “Улаан туг” гэсэн шүлэг бичсэн чинь нийтлэгдчихээд майн баярын жагсаал дээр тэр үеийн мундаг нэвтрүүлэгч “Бүдүүн” Халтар гуай чанга яригчаар уянгалуулан уншихад мөн ч их сэтгэл хөдөлж билээ.

-Тухайн үед сэтгүүлчдийг хэрхэн бэлтгэж байсан бол. Таны хувьд ямар сургууль дүүргэсэн бэ?

-Сонины идэвхтэн бичигч, үсэг өрөгчөөс эхэлж сонины сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сургуульд явсан. Тухайн үед Намын дээд сургууль сэтгүүлчдийг бэлддэг байлаа. Дөрвөн жил суралцаад төгсөхөд намайг Хэнтий аймгийн “Урагшаа” сонины хариуцлагатай эрхлэгчээр МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр орж батлагдсанаас хойш 38 жил орон нутгийн сонин эрхэллээ.Сонины хариуцлагатай эрхлэгчээр томилогдоод хэдхэн сарын дараа Архангай аймагт болсон сонины эрхлэгч нарын зөвлөгөөнд очсоны орой надаар тангараг өргүүлэх юм болж Баянхонгорын “Хар” Рэнцэн олон олон гуншин давтан төгсгөлд нь “Аймаг, хотын сонины эрхлэгч нарыг цугларахад архи хоёр шилтэй ирэхээ тангараглая, тангараглая” гэж наргиа болгон “Элсүүлж” байлаа. Дорноговийн “Толгой” Гомбожав, Завханы “Муухай” Түдэв” Өвөрхангайн Самдан, Архангайн Цанжид… гээд тэр үеийн, аймаг орон нутагтаа оюун ухааны сор болсон, нутаг орон, хоч цолоороо нэршсэн хорин архаг, дархаг эрхлэгч нараас маань одоо ажил төрлөө хийж байгаа байтугай амьд яваа нь цөөрсөнд өр өмөрч сэтгэл шаналах юм даа. Энэ тухай яагаад дурднав гэхээр албан тушаалынхаа өмнө “Хариуцлагатай” гэсэн тодотголтой, тухайн сонинд албан байгууллага, иргэний зарлалаас бусад нийтлэгдсэн бүхний хариуцлагыг толгойгоороо хариуцахаа дугаар бүрийн дор нэрээ тавин баталгаажуулдаг тэр албыг хэн дуртай хүн хашчихдаггүй байсан юм шүү. Энэ том итгэлийг хэн дуртай хүнд хүлээлгэдэг ч үгүй байлаа. Намын Төв Хорооны олон давхар сорил, шалгалт, судлалтыг амжилттай давсан, сургууль соёлыг дүүргэсэн, дадлага туршлага хуримтлуулсан хүнийг сонгон томилдог байсныг хэлмээр санагдлаа. Бас дунд нь “Үнэн” сонины сурвалжлагчаар хоёр аймаг дамжин дөрвөн жил ажиллахдаа МОНЦАМЭ, Монголын радио, “Шинэ хөдөө” сонин, “Тоншуул” сэтгүүл гээд таван эзний нэг зарц явсан үе бий.

-Дөнгөж сургууль төгссөн шинэ сурвалжлагч орон нутгийн сонины өнгө төрхийг хэрхэн өөрчилж байв. Орон нутгийн хэвлэлүүд дундаа үлгэр жишээ байсан талаар ахмад үеийн сэтгүүлчид ярьдаг юм билээ?

-Би сургууль төгсөөд их дэврүүн, хийж бүтээх сэтгэлтэй очсон шиг байгаа юм. Сургуулиас өмнө дөрвөн жил аймгийн сонинд ажиллачихсан хүн чинь. Санжийн Батмөнх гэж гайхамшигтай эрхлэгчийн гарт дөрвөн жил нухуулчихсан, “Дэлт” Чимэддорж, Цогсүрэнгийн Ганболд, Дуламын Цэрэннадмид гээд асч дүрэлзсэн, халгиж цалгисан авьяастай залуустай нэг редакцийхан. Авьяас, залуу нас хоёртоо шатаж явсан тэд маань редакцийн ганц умгар өрөөнд яаж багтаж байсан юм бол оо гэж одоо бодогдох юм. Тийм сайхан хүмүүсийн хаялга, цацлага ч байсан л биз. “Урагшаа”-г эрхлэн гаргасан жилүүд миний ажил, амьдралын “Алтан” үе байж. Тэр үеийн “Үнэн” сонины тэргүүн өгүүлэлд сонины тухай бичвэл сайны жишээнд “Урагшаа” сонин л дурдагддаг, бүр миний найз Товуучийн Бямбадорж Өвөрхангайн “Хөдөлмөрийн төлөө” сонины хариуцлагатай эрхлэгч ахуйдаа намайг “Чи нээрэн цагаан хэл ам хүрэхээр магтагдаж байна шүү” гэж үнэн сэтгэлээсээ өгүүлж байсан даа. Тэр үед манай сонины нийтлэлийн зохион байгуулах, уншигчдыг хөтлөн дагуулах үүрэг үнэхээр өндөр байлаа. Тиймдээ ч “Урагшаа” сонин миний ажиллах хугацаанд мэргэжлийн байгууллагаас шалгаруулдаг уралдаанд тэргүүн байр өнжиж байсангүй. “Захиалгын хувь 4000 байснаа 10000 хүртэл суга өсч энэ тоогоо нэлээн жил хадгалснаас ч ямар түвшинд байсныг харж болно. Ингээд яриад байвал их юм бий ч “Өвгөн партизаны яриа” сонин биш байж мэднэ.

-“Урагшаа” сонины редакц ямар бодлоготой байв. Гол төлөв юу нийтэлж байсан бол?

-Тэр үед Горбачёвын өөрчлөн байгуулалт эхэлчихсэн, ил тод байдал гэж ярьж байсан. Шүүмжлэлтэй нийтлэл их гарна. Зарим хүмүүс “Ардчиллыг ардчилагчид эхлүүлээгүй, Үнэн сонин, Л.Түдэв эхэлсэн” гэж ярьдаг шүү дээ. Ийм маягаар эмзэг асуудлуудыг хөндөж байсан.

-Ямар асуудлууд байв. Сонирхож болох уу?

-Хэнтий аймаг сааль сүүгээрээ орон даяар нэрд гарсан газар. Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонгоор олон саальчин шагнуулж байлаа. Тухайн үед 15 үнээ сааж норм хийдэг байсан юм. Нэг үнээнээс нь л 3000 литр сүү саалаа гээд баатар болдог байлаа шүү дээ. Газар дээгүүр явж үзэхэд өнөө хэд маань 40-50 үнээтэй, олон хүүхэдтэй байна. Олон үнээнээс саасан сүүгээ 15 үнээнд хуваагаад баатар болдог жишиг байсан. Ингээд “Нутгийн 15 үнээнээс гэдгийн цаана…” гэдэг том шүүмжлэлт материал нийтэлж байв. Бараг анхны шүүмжлэлт материал энэ байх. Манай залуухан баатрууд хурал номонд ирнэ. Нийтлэлийн дараа баатрууд маань надтай дуугарах нь цөөн болсон шүү/инээв/. Гэхдээ тухайн үеийн саальчид мундаг ажилтай хүмүүс байсан юм шүү. Мөн дарга нарын эрх ямбаны тухай шүүмжилнэ. Гэр, ажил нь 100 метрийн зайтай байхад л том дарга нар машинтайгаа ажилдаа ирж, буцна. Нөгөө талд жирийн иргэд аймгийн авто баазын дуудлагын машинаар явна. Тэд нь явахгүй эвдэрхий. Ингээд “Суудлын машины эрэл, эзэгнэл хоёр” гэж гэж нийтлэл бичсэн. Нэг талаар эрэл, нөгөө талаар эзэгнэл болж байгааг шүүмжилж бичсэн.

-Нийтлэлийг тань дарга нар яаж хүлээж авч байв?

-Аймгийн сонинд нийтлэхэд бол толгой авах шахна шүү дээ. “Үнэн” сонин руу бол халдаж чадахгүй. Л.Түдэв гуай ч иймэрхүү материалыг соргог анзаарч нийтэлдэг байсан.

-Тухайн үед Хэнтийд олон модны үйлдвэр ажиллаж байсан тухай ахмадууд ярьдаг. Ойг ч хядсан байх шүү?

-Үнэн. Хамгийн өндөр хүчин чадалтай техникүүд ойг нурааж байлаа шүү дээ. Батширээт, Бүрэнхааны үйлдвэрүүд чинь ойг нурааж байсан. Үүний хажуугаар зүгээр өнгөрөлгүй “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна” гэж нийтлэл бичиж байлаа. Тухайн үед их л өндөр үнэлгээ авч байсан санагддаг юм.

-Сонин хэвлэлд 48 жил зүтгэсэн хүн сэтгүүл зүйн гал тогоонд олон шавь бэлтгэж оруулсан байх?

-Миний гараар орсон, бичсэн, туурвиснаа миний улаан харандаагаар эрээчүүлж дөрөө олсон сэтгүүлч зөндөө, зөндөө. Нэг өдөр МУИС-ийн ромбо зүүчихсэн охин орж ирсэн нь Хэнтийн Индэрсүрэнгийн Байгальмаа. Сонины сурвалжлагчаас хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгчээр олон жил ажилласан. Хэвлэлийн хүрээлэнгийн Зүүн бүсийн төвийн захирал ч байсан. Одоо ч Хэнтийдээ ажиллаж амьдарч яваа, сайн сэтгүүлч. За тэгээд Хэнтийд дунд сургуульд багш байсан Л.Дашцэвэгмаа, Д.Нармандах, Дундговьд малын эмч байсан Ц.Чимэддорж, сургуульд жижүүр хийж байсан А.Лхагваа, сумын ИТХ-ын дарга байсан Д.Наранцогт… гээд олон хүнийг сонины редакцид сонгон авсан нь Монголын сэтгүүл зүйд нэртэй, мөртэй сэтгүүлчид болж дээ. Тэднээс М.Равдандаш, Ц.Чимэдорж нар Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртэж А.Лхагваа МЗЭ-ийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч болсон… гээд тоочиж болно.

-Дал наяад онд сонин хэвлэлд ажиллаж явсан үе тань одоогийнхоос их ялгаатай байх даа?

-Ялгаа байлгүй яахав. Би чинь тугалган үсгийн өндөр хэвлэлийн үеийн газетчик. Маш хүнд технологи. Шүдэнзний модны хугархай шиг тугалган үсгийг ширхэг ширхгээр нь түүж бүхэл бүтэн сонины бичвэрийг өрнө гэхээр одооны сонины хүмүүсийн санаанд багттахгүй. Цаана нь цайр зураг гаргана гэж олон дамжлагатай асар хүнд ажил бий. Үсэг өрөгч нэг хүний өдрийн норм нь А3-ын нэг нүүр байсан юм. Намайг 1981 онд Хэнтийд томилогдон очиход сониноо мөн л гараар өрж байлаа. Аймгийн сонины редакци 5-6 хүнтэй, хэвлэх үйлдвэр 30 шахам хүнтэй, нэг удирдлагатай, бүгд л сонины “Хар” ажилд сэтгэл, зүрхээрээ зүтгэсэн хүмүүс байсан даа. Одооныхтой зүйрлэхэд үнэхээр хүнд. Сониноо гаргах гээд өнжин хонон редакцийн өрөө, хэвлэлийн машины дэргэд халтар сарман царайтай өглөөний радио дохиог сонссон олон олон өглөөг одоо дурсах сайхан байдаг юм.

-Залуу сэтгүүлч нарт юу зөвлөх вэ?

-Одоо сонины ажлыг дэндүү хялбарчилж, интернэт шүүрдээд л болж байгаа харагдах юм. Үндэсний хэмжээний өдөр тутмын нэг сонинд хэдэн жилийн өмнө манай нутгаас төрсөн Ардын уран зохиолч С.Дашдооровын тухай нийтлэл дээр миний зургийг томоор тавьчихсаныг үзээд гайхлаа. Тэр суут хүний тухай би мэр сэр юм бичиж байсан юм. Тэгсэн Дооров гуайн тухай нийтлэл тавих болоод зургийг нэрээр нь интернэтээс хайтал миний зураг дунд нь байсныг мань хүний зураг гэж эндүүрээд аваад оруулчихсан байх жишээний. Ингэж хялбарчилж болохгүй л дээ.

Миний шавь нартаа, хамт ажиллагсдадаа хэлдэг нэг том өгүүлбэр байдаг юм. Түүнийгээ энд бас эш татъя.

Сонинд гарах хэдхэн мөр. Чухамхүү үүний төлөө хоёр гурван шөнийн нойр алдаж, чухамхүү үүний төлөө хагас зуу, зуун километр алхаж, үүний төлөө заавал очих ёстой хэн нэгний төрсөн өдрийн цайллаганд очиж чадалгүй гэр бүлдээ хэл ам татлах, чухам үүний төлөө л амралтын өдрөө алдаж өнжин хонон өлөн зэлмэн явж, өвөл бол хөлөө ч юм уу хамраа хөлдөөж, ам зөрөх ёсгүй хэн нэгэнтэй хэрэлдэж, чухам үүний төлөө л хийхгүйгээ хийж үзээгүйгээ үздэг юм. Үүнээс халширвал чи хэзээ ч сэтгүүлч болохгүй. Хэрвээ үүнээс халшрах юм бол аль нэг сонин, аль нэг редакцийн хаалгыг татаад ч хэрэггүй. Яагаад сонинд гарах хэдхэн мөр ийм их хөдөлмөрөөр бүтдэг гэж санана. Тэр хэдэн мөр түүх болон үлдэнэ. Түүхийн бичээс, эх сурвалж болж хэдэн зууны дараа ч үнэ цэнэтэй хэвээр байх болно. Ингэж бодохоор хүүхдүүдийн хэлээр “Аймаар” байгаа биз. Ер нь худалдагдаагүй, шантаажнаас хол, дуулиан шуугиан дагаж “Намирдаггүй”, улс төрөөс хөндий хэвлэл мэдээлэл гэвэл орон нутагт л байна шүү


Categories
мэдээ цаг-үе

Ч.Чимэдбат: Аав шиг нь насны хүн зам дээр ухаангүй хэвтэж байхад тойроод гарч байгаа нь дэндүү харамсалтай байна

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.


-Шинэ жилийн баярын үеэр замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байв. Тээврийн цагдаагийн алба хаагчид хэрхэн ажиллав?

-Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажилладаг. Тээврийн цагдаагийн албаны тухайд нийт 576 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 150 сонсогч замд иргэдийг тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл бололцоог хангаж үүрэг гүйцэтгэж ажилласан. Он гарах үед Сүхбаатарын талбай орчимд явган зоригчийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор талбайн баруун зүүн талын замын хөдөлгөөнийг бүрэн хаасан. Баярын цэнгүүн өндөрлөж 02:00 цагийн орчимд замын хөдөлгөөн хэвийн болсон. Иргэд нэгдүгээр сарын 1-ний өдөр оны эхний нар харах зорилгоор нийслэлээс зүүн тийш Бага хангай дүүргийг зорьдог. Үүнтэй холбоотойгоор 03:00 цагаас хойш Багахангай руу чиглэсэн хөдөлгөөний ачаалал нэмэгддэг.

Төв талбайд ажилласан бүрэлдэхүүн үүр цүүрээр ачаалалтай чиглэлийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилласан. Иргэдийн ухамсар, хөдөлгөөний соёл, цагдаагийн алба хаагчдын хамгаалалтаас шалтгаалаад зам тээврийн ямар нэг зөрчил дутагдалгүй нар хараад баярын өдөр өндөрлөсөн. Баярын өдрүүдээр Тээврийн цагдаагийн алба иргэдээс 517 дуудлага мэдээлэл хүлээж авсан. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Эдгээр өдрүүдэд зам тээврийн ослын улмаас таван иргэн гэмтэж, нэг иргэн нас барсан.

-Баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гардаг. Энэ жилийн тухайд ямар байв?

-Баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчлийг гудамж замын хяналт шалгалтаар илрүүлж, цаашид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол үйлдсэн гурван хэрэг бүртгэгдсэн.

-Хан-Уул дүүргийн нутагт замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган зорчигч дайраад, хэргийн газрыг орхиж зугтаасан ноцтой осол гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Наадам центр”-ийн зүүн замд 45-50 насны эрэгтэй тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн ноцтой зам тээврийн осол 21:40 цагийн орчим гарсан. Тухайн хэргийг үйлдсэн жолооч ослын газрыг орхиж явсан. Ойр орчимд ослыг харсан, гэрч байгаагүй. Зугтсан тээврийн хэрэгслийн улсын дугаар марк тодорхойгүй байсан. Ослын газарт автомашинаас жижигхэн пиавар хэсэг унаж үлдсэн байсан. Хэргийн мөрөөр тээврийн цагдаагийн албаны алба хаагчид шөнийн турш ажиллаж, нэгдүгээр сарын 1-ний өдөр зам тээврийн ослыг үйлдсэн жолоочийг олж тогтоосон. “Ниссан жуки” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа уг ослыг үйлдсэн байна лээ. Уг хэрэг дээр шалгалтын ажиллагаа явагдаж байна.

-Тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн ч удалгүй нас барсан гэсэн. Хүйтэнд зам дээр нэлээн хугацаанд хэвтсэн тухай мэдээлэл байсан. Оройн 21:40 цаг гэдэг замын хөдөлгөөн ачаалалтай байдаг үе шүү дээ. Тээврийн хэрэгслүүд зам дээр хэвтэж байхад нь тойрч яваад байсан хэрэг үү?

-Тухайн иргэн зорчих хэсгийн хоёроос гуравдугаар эгнээнд дээшээ хараад хэвтсэн байдалтай байсан. Энэ үед хөдөлгөөнд оролцохдоо хэвтэж байсан иргэнийг тойрч гарч явсан олон тээврийн хэрэгсэл байгаа. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд жолооч зам тээврийн осолд өртсөн иргэнд анхан шатны тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдээлэх, эмнэлгийн байгууллагад хүргэж өгөх тухай заасан байдаг. Эрүүгийн хуулинд ч давхар заасан нь бий. Гэсэн ч ес эхэлсэн хүйтэнд оройн цагаар өөрийнх нь өвөө, аав, хань ижил шиг нь хүн зам дээр хэвтэж байхад тойрч гарч байгаа нь монгол хүмүүс бие биедээ дэндүү хайргүйг, үндэстэн болж төлөвлөөгүйг илтгэж байгаа хэрэг. Тухайн иргэнийг тойрч гарсан тээврийн хэрэгслүүдийг шүүх, хуулийн хүрээнд арга хэмжээ тооцох ажиллагааг зохион байгуулаад явж байна. Хүйтний улиралд газар унасан хүн хормын төдийд л бээрэх, осгох эрсдэлтэй. Хэдхэн минутын өмнө л эмнэлгийн байгууллагад мэдэгдэж анхан шатны тусламж үзүүлсэн бол амь нас нь аврагдах магадлал өндөр байдаг.


-Ноцтой ослууд холын замд гардаг. Цус нь урсаад л хэвтэж байхад л жолооч нар тусламж үзүүлэхээс эрс татгалзаж тойрч зугтаад байх хандлага ажиглагдах болжээ. Яагаад ийм болчихов?

-Амь тэмцээд хашгирч байхад л тоохгүй өнгөрөөд явчихдаг болсон. Нэг талаараа манай монголчуудын мухар сүсэг, хар яриатай холбоотой. Хол замд явж байж элдэв юман дээр саатаад яах уу гээд л өнгөрдөг. Бие биедээ хайргүй, хүн чанаргүй болсныг л илтгэж байна. Эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй өнгөрч явсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх заалт бий. Магадгүй таны ойр дотны хэн нэгэнд тохиолдож болно шүү дээ. Энэ бүхнийг бодолцож тусламж үзүүлэх нь жолооч болон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг.

-Энэ хандлага нэг талаараа манай хуулийн зохицуулалттай холбоотой байж болох ч юм шиг. Хэргийг харсан гэрчийг залхтал дуудаж мэдүүлэг авдаг шүү дээ. Гэрч хүн ямар ч чухал ажил албатай байсан хуулиар далайлгаж тэр гэрчид залхтал нь чирэгдэл учруулах хандлага ажиглагдаад байдаг. Мөн гэрч болох нь өөрийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг…

-Цагдаа, эмнэлгийн байгууллага руу мэдээлэл өгөхөд нэг их цаг зав алдахгүй. Танаас нэгж ч суутгагдахгүй. Элэг бүтэн амьдрал гэдэг хүнд ямар чухал зүйл билээ. Та хормын зав гаргаад цагдаа руу мэдэгдээд, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллага руу хүргээд өгөхөд хүний амь аварч болно. Магадгүй тэр хүний ард хэдэн ч амьдралыг элэг бүтэн үлдээнэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас залхаан цээрлүүлдэг жишиг байхгүй. “Та хаана хэзээ харсан, хаашаа явж байгаад харав” гэх зэрэг зүйлсийг л тодруулдаг. Олон хоногоор байцаадаг асуудал байхгүй.

-Ер нь өнгөрсөн онд хэргийн газрыг орхиж зугтаасан хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ?

Эзэнгүй тээврийн ослын араас цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг алдалгүй шуурхай ажилладаг. Өнгөрсөн 2019 онд зам тээврийн осол хэрэг үйлдээд хүний амь нас хохироогоод ослын газрыг санаатай болон санамсаргүйгээр орхиж явсан 16 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлуудыг 100 хувь илрүүлсэн. Иргэд камерын хяналтгүй, гэрэлтүүлэггүй, ойр орчимд нь тээврийн хэрэгсэл байхгүй бол ослын газрыг орхиж явдаг. Гэсэн ч ослын ул мөр үлддэг учраас цагдаагийн алба хаагчид илрүүлдэг. “Жолооч нар би мэдээгүй, анзаараагүй” гээд ослын газрыг орхиод явах тохиолдол байдаг. Энэ нь Эрүүгийн хуулинд хүнрүүлэх заалттай. Явган зорчигч гарцгүй газраар гарсан тохиолдолд жолооч тээврийн хэрэгслээ зогсоох шаардлагатай бүх арга хэмжээг хуулийн хүрээнд авсан бол буруутахгүй байх боломжтой. Сандарсандаа ослын газрыг хаяж зугтааж байгаа нь ял эдлэх нөхцөлийг үүсгэдэг.

Categories
мэдээ цаг-үе

Дугуйн олгойн дээр хавтан бэхэлчихээд Хурхын голоор аялж байсан ангийнхан


Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн нэрэмжит Хэнтий аймгийн Биндэр сумын арван жилийн дунд сургуулийн 47 дугаар төгсөлтийн хамт олныг “Нэг ангийнхан” буландаа онцолж байна.

Арвин түүхтэй энэ сургуулиас төрсөн алдартнууд олон. Москвагийн олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Цэндийн Дамдин агсан, хөдөлмөрийн баатар н.Шириндэв, гавьяат жүжигчин Д.Ичинхорлоо нарын олон алдартнууд энэ сургуульд боловсорч амжилтын их аяндаа мордож байсан түүхтэй.

Тэртээ шинэ мянган гарч байхад л дөнгөж сургуульд орж байсан жаахан хүүхдүүд өнөөдөр өөр өөрсдийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж явна. А.Мөрөн, Б.Бадамгарав, Б.Жаргалмаа, Га.Ганцэцэг, Н.Мөнжаргал, Долгор нарын шилдэг багш нарын сэтгэл зүтгэлийн үр дүнд бэлтгэсэн шавь нар нь салбар бүрт л гялалзаж байна.

Энэ хамт олны төлөөллөөс дэлхийд данстай тамирчин, шилдэг барилгын инженер, архитектур, эмч, их сургуулийн багш, дасгалжуулагч, нар төрсөн. Түүнчлэн эх орны хилээ хамгаалж буй цэргүүд, төрийн албанд ажиллаж буй залуус ч бий.

Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин С.Батцэцэгийг “дээш нь харуулж” байсан цөөхөн тамирчдын нэг олон улсын хэмжээний мастер Зоригтын Болортунгалаг энэ ангийнх. Алдарт бөх Иван Яриганы нэрэмжит олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд түрүүлж төрийн дууллаа эгшиглүүлж байсан энэ охин дэлхийд нэрээ дуурсгасан шилдэг тамирчин юм. Мөн З.Тунгалагбаатар, Э.Асралт, Т.Баярмаа нар спорт аяллын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан гавьяатай.


АЯЛАГЧ АНГИЙНХАН

Байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн араараа модтой Биндэръяа нутгийн хүн зон байгальтайгаа уялдаатай аж төрдөг. Энэ ангийнхан ч тийм. Сургуулийн газарзүйн багш Г.Үржинсүх хүүхдүүдийг ширээний ард суулгаж, номын хуудас эргүүлэхээс илүү сум орон нутагтай нь танилцуулж, эх байгалиа хайрлаж хамгаалах сэтгэхүйг хүүхдүүдийн ухамсарт суулгахыг илүү үздэг байжээ. Энэ ч утгаараа ангийнхныг аялалд авч явдаг байж. Явганаар аялж байгалийн сайхантай танилцдаг байсан хамт олон сүүлдээ завьтай аялдаг болжээ. Тухайн үед зориулалтын завь байсангүй. Том дугуйны олгойн дээр хавтан бэхэлж уяад л, урт шургаагаар сэлүүр хийж Хурхын голын дагуу хэд хоног аялж байсан дурсамж энэ хамт олонд бий. Хүүхдүүдийн хүсэл сонирхлыг үнэлсэн АНУ-ын жуулчид 10 хүн сууж аялах зориулалттай рафтинг завь дурсгаж байсан нь одоо хэр нь сургуульд хадгалагддаг юм билээ. Аяллын завьтай болсон ангийнхан өргөн Ононгоо хөндлөн гулд туулж Биндэр нутгийн байгалийн сайхныг биширч явсан нь хүүхдүүдийг ирээдүйн мэргэжлээ сонгоход нь нөлөөлжээ. З.Тунгалагбаатар “Актив энд Адвенчер Турс Монгол” компанийн маркетингийн менежерээр ажилладаг. Энх байгалиа хайрлах сэтгэлтэй болж төлөвшихөд газарзүйн багш Г.Үржинсүхийн байгуулсан гавьяа их хэмээн ангийнхан ярьж байна лээ. Д.Содном цаг уурчийн мэргэжлээ завьтай аялж явахдаа л сонгосон аж.

Энэ хамт олны хүүхэд насны ихэнх хугацаа нь Онон голын ойролцоо л өнгөрчээ. Зун нь хужиртталаа усанд сэлнэ, хясаа барьж иднэ. Хажуугаар нь загас барина, сумын дэлгүүрт зарж чихэр боохор аваад идчихдэг байж. Харин өвөл нь сумын хойд талын уулнаас цүнхээ дороо хийгээд л үдэш болтол гулгана. Арай том болоод ирэхээрээ цанаар гулгадаг болсон аж. Толь шиг тунгалаг Онон голын мөсөн дээгүүр өдрийн турш гулгаж тоглох нь тэдний хувьд аз жаргал. Хавар, намартаа бол Нарсан хонгил, Яргуй хавцал гээд үзэсгэлэнтэй газруудаар аялчихна. Интернэтгүй үеийн эдний бага нас ингэж л өнгөрсөн байна. Биндэр нутгийн зон олон ажилсаг, эдний хамт олон ч тэр. Хөдөлмөрийн баатар Доржхандбаатарын зээ Г.Мөнх-Оргил эдний ангийнх. хөдөлмөрийн баатрын зээ хүү нь хөдөлмөрч бүтээлч хүүхэд байсан талаар ангийнхан нь ярьж байлаа.

Хөвгүүд нь хадлан бордоо, охид нь жимс ногоо түүхээс авахуулаад ажил мундахгүй. Чацаргана хураалтад анги хамт олноороо явж хөглөж байсан дурсамж ч бий гэнэ. Ийм л эгэл орчинд өссөн хамт олон салбар бүрт сайн ажиллаж, манлайлж явна.

Энэ хамт олны төлөөллүүдээс багш нар олон. Х.Оюун-Эрдэнэ Их засаг их сургуулийн багшаар ажилладаг бол Т.Баярмаа, У.Мөнжаргал нар мөн л багшийн мэргэжил эзэмшжээ. Э.Мэргэн Монгол Улсын их сургуульд ажиллаж байна. Буриад үндэстэн ястнаараа бахархдаг тэрбээр “Амин тоонто” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Э.Асралт нийслэлийн 63 дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг. Түүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дасгалжуулж тусгай олимпийн наадамд заалны хоккейн төрлөөр өрсөлдөж шагналт байр эзэлж байжээ.

Эмч нар ч хэд хэд бий. Х.Биндэръяа АШУИС-ийг төгсөж өдгөө шүдний эмчээр ажилладаг гэнэ. М.Гэрэлтнаран, О.Даваасоёмбо, Г.Үүрийнтуяа, З.Хишигжаргал нар эрүүл мэндийн манаанд зогсож буй. Харин хилийн манаанд Г.Билгүүнтамир, Э.Ууганбаяр, Батжаргал, Мөнгөнзул нар зогсож байна. Усанд гавшгай сэлдэг тэрбээр үерлэж улаанаа эргэж байсан Онон голоос хүний амь аварч гавьяа байгуулж байсан удаатай. Түүнийг Онцгой байдлын алдар, Хан Хэнтийн алдартан, хөдөлмөрийн яамны жуух бичгээр шагнаж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдаршуулж байсан аж. Энэ мэт үлгэр жишээ залуус энэ хамт олон дунд олон бий. Мөн М.Хаш-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт алба хашдаг. Банк санхүүгийн салбарт Э.Урангоо ажилладаг. Б.Хатанбаатар, Э.Болд нар барилгын инженерийн мэргэжил эзэмшиж эх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж явна. Л.Ангарагсандуй аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд алба хашдаг юм байна.

Урлагийн авьяастнууд ч олон. Д.Ононцэцэг, Э.Жарантай “Ёохор” буриад бүжгийн наадамд удаа дараа амжилттай оролцож байсан. Д.Ононцэцэг аймгийнхаа бүжгийн аваргаар шалгарч байсан зэрэг амжилтуудыг нь дурдахад зай талбай их авна.

Мөн гэрэл зургийн хичээлд авьяастай Ц.Баярсайхан одоо “Urban jeans” брэндийн дизайнераар ажиллаж байгаа аж. Э.Цолмонбаяр Төмөр замын дээд сургууль төгсөж мэргэжлээрээ ажиллаж байгаа юм. Шатрын спортоор аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцдог байсан Э.Энхцэцэг хуульчийн мэргэжил эзэмшжээ.

Өнгөрсөн зун Б.Түвшин Хурх тосгоны баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж сумын заан цол хүртсэн юм. Ер нь эдний ангид сум овооны наадамд зодоглож түрүүлж үзүүрлэдэг залуус олон би. Э.Оюун-Эрдэнэ, Г.Мөнхбаатар, Ж.Мөнх-Оргил нар овоо тахилгын наадмуудад ногт ганзагалж очиж шөвгөрчихөөд буцаж байсан удаа олон бий. Мөн Н.Гандаваа үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний шагналт байрт шалгарч байсан удаатай. Мөн уяачид ч олон. У.Анхбаяр уяа сойлгыг тааруулдаг шарга азарга Хэнтийн хойд бүсийн уралдаанд түрүүлж голынхноо баярлуулж байсан удаатай. Д.Хувьтай, Э.Алтанбагана гээд залуусын уясан хурдан хүлгүүд сум орон нутгийн наадамд тогтмол айрагддаг.

47 дугаар төгсөлтийн хамт олон спортын уралдаан тэмцээнд манлайлж оролцдог. Сумын засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Алтан цом” анхдугаар спортын наадамд багаараа түрүүлж байсан юм. Цомын эзэн болсон хамт олон дараа жилийнх нь наадмыг ивээн тэтгэж зохион байгуулалтад оролцсон байна. Дараагийн наадмуудад ч илүү өндөр ач холбогдол өгч оролцох талаараа ангийнхан ярьж байсан юм.

Энэ төгсөлтийн хамт олноос хоёр ч гэр бүл төрөн гарсан. Төмөр замчин Э.Цолмонбаяр М.Ундрал нар гэр бүл болсон байна. Мөн Б.Одхүү Х.Биндэръяа нар сурагчийн ширээний үерхлээ өдий хүртэл үргэлжлүүлж өнөр бүл болон аж төрж байна.

Шинэ мянганы эхэнд л эрдмийн аянд хамт мордож байсан нэг ангийнхны тухай сийрүүлэхэд ийм байна. Сонгосон мэргэжилдээ эзэн болж, нэр төртэйгөөр ажил албаа хийж буй энэ хамт олны нэгнээ гэсэн сэтгэл одоо хэр нь хөрөөгүй л байна. Уулзахаараа бага балчир үеийнх шигээ хөгжилдөж, хөнгөн дэггүйтдэг эдний нэгнээ гэсэн халуун сэтгэл хэзээ ч хөрөхгүй биз. Арван жилийн үерхэл, нөхөрлөл гэдэг ийм л бат бөх байдаг аж. Уулзалгүй удвал нэгээ үгүйлдэг энэ хамт олны дундаас О.Мөнх-Оргил, Булган нар нь ихийг хийж бүтээх насандаа тэнгэрт дэвшжээ. Хөдөлмөрч хичээнгүй нөхдөө ангийн хамт олон нь өнөө хэр нь сэтгэлдээ тээж л явна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Нэргүй: Иргэд үнс нурмаа ил задгай хаяснаас болж түймрийн эрсдэл үүсч байна

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.


-Өнгөрсөн онд нийслэлийн онцгой байдлын газар хэрхэн ажилласан бэ?

-Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 3148 удаагийн аюулт үзэгдэл буюу гамшигт ослын дуудлага ирлээ. Үүний 2890 буюу 91.8 хувийг объектын галт түймэр эзэлсэн. 251 буюу 7.9 хувийг хайх аврах ажиллагаа, үлдсэнийг нь ой хээрийн түймэр эзэллээ. Ер нь нийслэлийн гамшиг ослын дуудлагын ихэнхийг объектын галт түймэр эзэлж байна гэсэн үг л дээ. Ялангуяа гэр хороололд энэ үзэгдэл их байна. Үүний гол учир шалтгаан нь цахилгааны аюулгүй байдлаас үүдэлтэй байна л даа. Мөн зуух, пийшингийн аюулгүй байдалд тун чиг анхаарах хэрэгтэй байна. Үнс нурмаа иргэд ил хаяж байна. Үүнээс улбаалаад түймэр гарах эрсдэл ихээхэн үүсч байна. Объектын галт түймэр их гарч буй бас нэгэн шалтгаан бол бага насны хүүхдийг гэрт харгалзах хүнгүйгээр орхих. Хүүхдүүд цахилгаан утас, электрон бараа, лаа шүдэнзээр тоглож байгаад л гал гаргаж, тэндээс нь гал түймэр үүдэж байна шүү дээ. Үүнд эцэг эхчүүд анхаарах ёстой.

-Энэ бүгдээс хамгийн түгээмэл шалтгаан нь юу байна вэ?

-Мэдээж ил гал гаргах. Үнс нурмаа иргэд зориулалтын таглаатай саванд хиймээр байна. Ил задгай тавьчихаар цог нь салхинд туугдаад л хашаа, гэр, байшинд оч үүсгэж галт түймэр үүсгээд байна. Яндангийн цооролтоос хамгаалсан төмөр хамгаалалт мөн чухал. Бас нэг асуудал байдаг. Манай эрчүүд бараг бүгд өөрсдөө гэрийнхээ цахилгаанаа янзалчихдаг. Уг нь мэргэжлийн хүмүүсээр цахилгааны гэмтлийг янзлуулах ёстой шүү дээ. Цахилгаан хэрэгсэл, кабель утас шалбархай байхыг анзаарахгүй шүү дээ, иргэд. Энэ нь түймрийн харангыг дэлдэж байна. Мөн машин техникийн буруу ашиглалт хүртэл энд орно. Хүйтний эрч чангараад ирэхээр машинаа доороос нь ил галаар халааж, тэр нь машины моторыг шатаах, түүнчлэн машин шатаж, дэлбэрэх нөхцөлийг хүртэл бүрдүүлж байна.

-Өмнөх оноос дуудлага хэдэн хувиар өссөн бэ?

-2018 онд 3046 удаагийн гамшигт осол байсан бол энэ онд 3148 болж, дуудлага 3.9 хувиар өссөн. Объектын галт түймэр бүр 8.7 хувиар өсчихлөө. 2018 онд 1204 хүнийг гамшиг ослоос авран хамгаалж байсан бол, энэ онд 1345 болж өссөн. Аварсан хөрөнгийн хэмжээ мөн өссөн. 21 тэрбум байсан бол энэ жил 42 тэрбум бол өслөө.

-Галт түймэрт өртөж хэчнээн хүн амь насаараа хохирсон бэ?

-2018 оноос буурсан үзүүлэлттэй байгаа шүү. 38 байсан бол 2019 онд 21 болсон. Том хүн 17, хүүхэд дөрөв байсан л даа. Харин түлэгдсэн 33 байсан бол 2019 онд 18 болж буурсан байнаа.

-Ус цаг, уурын гаралтай аюулт үзэгдэл хэр байв?

-2018 онд хүчтэй салхи шуурга хоёр, аадар бороо тав байсан. Энэ жил хүчтэй салхи шуурга байсангүй. Харин хүчтэй аадар бороо хоёр байлаа.

-Биологийн гаралтай аюулт үзэгдлийн талаар ярихгүй юу?

-2018 онд шүлхий нэг удаа гарсан бол энэ онд шүлхий бол гараагүй. Харин гахайн мялзан гэх өвчний гурван удаагийн тохиолдол гарлаа. Хүний үйл ажиллагаатай осол мөн байгаа. Зам тээврийн осол 38 удаа гарсан. Усны ослын 16 дуудлага ирсэн. Үйлдвэрийн осол нэг гарсан. Барилгын осол бол гараагүй.

-Өнгөрсөн онд сайжруулсан түлштэй холбоотой нэлээн ачаалалтай ажилласан байх. Тийм үү?

-Засгийн газрын 62 дугаар тогтоол гарсан гэдгийг та мэдэж байгаа байх. Түүхий нүүрсийг хориглох тухай тогтоол шүү дээ. Өнгөрсөн аравдугаар сараас эхлээд л сайжруулсан түлшийг галлагаанд ашглаж ирсэн. Дөнгөж эхэлж байх үед тав, зургаан хүн амь насаа алдсан харамсалтай явдал гарсан. Бид бүгд мэдэж байгаа. Энэ үеэс эхлэн Нийслэлийн онцгой комисс онцгой байдал зарлаж, 24 цагаар нийслэлийн шуурхай штаб байгуулж ажилласан. Энэ штаб Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газар, онцгой байдлын газар, эрүүл мэндийн газраас албан хаагчид 24 цагийн жижүүртэй ажиллаж байгаа.

-Хүний амь нас юунаас болж эрсдэв ээ гэдэг асуулт бий шүү дээ. Сайжруулсан шахмал түлшнээс болчихов уу гэдэг асуудал яригдсан байх, мэдээж?

-Энэ түлшний дээжийг Монгол Улсын итгэмжилсэн таван том лаборатори шинжилсэн. Шахмал түлш бол стандартын дагуу байна. Хүнд хоргүй юм билээ гэдэг хариу гарсан. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ-ын лаборатори шинжилгээ хийхэд мөн л стандартын дагуу гэх хариу гарсан шүү дээ.

-Юундаа байсан юм бэ, тэгвэл?

-Галлагааны арга зааварчилгаа болон зуухны аюулгүй байдалтай холбоотой гэж үзсэн. Тэгээд мэргэжлийн байгууллагуудаар гурван төрлийн зөвлөмжийг нийслэл дүүргийн албан хаагчид хуваарийн дагуу хоёр удаа хүргэж ажилласан байгаа. Одоо бол сайжруулсан түлшийг иргэд хэрэглээд сурчихсан.

Хордлогын дуудлага зогсчихоогүй, ирж байгаа. Гэхдээ багассан. Энэ дуудлага өгч байгаа хүмүүс пийшин зуухны битүүмжлэлийг хангаагүй, цууралт болон онгорхой цоорхойг анзаардаггүй, янзалдаггүй, яндангаа хөөлдөггүй, яндангийн хаалтыг хаалттай орхидог гэх мэт түгээмэл асуудлаас болж, ийм асуудал гарч байгаа юм.

-Өчигдөр хэдэн дуудлага ирэв, энэ асуудлаар?

-Хоногийн мэдээ дээр 16 өрхийн дуудлага ирлээ. Гэрээр нь зөвлөгөө өгөөд буцаасан байгаа. Эмнэлэгт хордлогод орсон дөрвөн хүн хэвтэн эмчлүүлж байна.

-Түүхий нүүрсийг хулгайгаар түлэх хүмүүс бас байна шүү дээ. Та өөрөө ч энэ талаар мэдэж байгаа байх. Тийм үү?

-Тиймээ, байгаа. Энэ дээр Мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж, зөрчлийн хуулиар торгож, арга хэмжээ авч байна. Ноднин жил аваад хадгалчихсан байгаа иргэдийн нүүрсийг худалдаж аваад зөвшөөрөлтэй байгууллагуудад өгч байна. НМХГ, НОБГ, НЦГ хамтран сайжруулсан шахмал түлшийн түгээлт, нийлүүлэлт, борлуулалт, нөөцөд хяналт тавиад ажиллаж байгаа. Сайн картын хяналтыг мөн тавьж байна. Түгээлтэд Зил-130 автомашин 28 ширхэг гарчихсан ажиллаж байгаа. Өндөрлөг газар амьдардаг иргэдэд хүрч үйлчилнэ. Гэрт нь хүргэж байгаа гэх үү дээ.

-Та манай уншигчдад сайжруулсан түлш түлэх зааварчилгаа өгөхгүй юү?

-Юун түрүүнд иргэд пийшин, зуухныхаа онгорхой цоорхойг таглаж, бөглөх ёстой. Онгорхой, цоорхойгоор нь л угаарын хий гараад битүү орчинд угаар үүсч байгаа юм. Мөн яндангаа хөөлж, яндангийн агаар таталтыг байнга шалгах хэрэгтэй. Яндангийн хаалтыг мөн хаахгүй байх ёстой. Заавал хагас нээлттэй, зуухыг дүүртэл түлш чихэхгүй байх ёстой. Шаардлагатай гэвэл Таван толгой ХХК-гийн зөвлөмж өгөх бригад мөн бий. Энэ штабаас иргэд үйлчилгээ авч болно.

-Танайд ирж буй гал түймрийн дуудлага ихэсч байгаа байх. Хүйтний эрч чангарчихлаа…

-Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлээд л гэр хорооллын өрхийн цахилгааны үнийн тарифыг тэглэчихэж байгаа шүү дээ. Бүр дөрөвдүгээр сарын 1 хүртэл. Тэгэхээр манай иргэд цахилгаан хэрэгслийг шөнийн цагаар хэрэглэж, цахилгааны ачаалал үүсгэж, улмаар шөнийн цагийн гал түймрийн дуудлага ихэсч байна. Угаалгын машин шатахаас эхлээд л, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох асуудал үүсч байна. Шаардлагатай биш бол шөнийн цагаар олон цахилгаан хэрэгсэл залгаж хономооргүй байна. ЕБС-ийн амралт мөн эхэллээ. Гэр хороололд оршин суудаг эцэг эхчүүд бага ангийн хүүхдийг харгалзах хүнгүйгээр цоожлоод явчихдаг. Энэ үед хүүхдүүд нөгөө түймрийн эрсдэлийг гаргаад байна л даа.

-Баяр, амралтын өдрүүд эхэлж байна. НОБГ-ын бие, бүрэлдэхүүн өндөрсгөсөн бэлэн байдалд ажиллах уу?

-Тэгнэ. Манайхан баярын ёслолдоо орчихоод караокед ордог. Тэгчихээд нэлээн халсан хүмүүс тэндээсээ гараад хүйтний улиралд осгох, тохиолдол их байсан. Өнгөрсөн онд. Энэ давтагдахгүй гэх газаргүй. Тиймээс байгууллагууд шинэ жилээ тэмдэглэхдээ байгууллагынхаа албан хаагчдад тавих анхаарал халамжийг сулруулмааргүй байна. Үүнд төрийн байгууллагууд анхаарал тавьж байгаа. Түүнчлэн осол, гамшгаас байгууллага болон тухайн иргэн урьдчилан сэргийлж анхаарал тавих нь юунаас ч илүү чухал.


Categories
мэдээ цаг-үе

Оны онцлох алба хаагч Б.Мөнхжаргал: Би гурван үе дамжсан цагдаагийн алба хаагч

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнхжаргалтай ярилцлаа. Тэрбээр энэ онд онц ноцтой хүн амины хэргийг илрүүлж “Оны онцлох алба хаагч”-аар шалгарсан юм.


-Оны онцлох алба хаагч болсон танд баяр хүргэе. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв. Цагдаагийн албанд хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас ажлын гараагаа эхэлж байлаа. Тэр цагаас хойш 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд нийслэлийн дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд хэсгийн байцаагч, эрүүгийн төлөөлөгчөөр ажилласан. 2019 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн тушаалаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байна.

-Цогтцэцийд хэсгийн төлөөлөгчөөр томилогдож очсон уу. Таныг анх ямар нөхцөл байдал угтаж байв?

-Анх Цогтцэцийд томилогдож очиход Өмнөговь аймаг харьцангуй хөгжил сайтай аймаг учраас хангалтын байр болон орчин нь дажгүй сайн байсан. Тэнд жижүүрийн офицероор анх ажиллаж байсан.

-Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ямар хэргүүд дээр ажилладаг вэ?

-Хүн амины хэрэг, бага насны хүүхэд хүчиндэх, дээрэмдэх гэмт хэргүүд дээр ажилладаг. Дүүрэг болгон дээр л гарсан энэ төрлийн хэргүүд дээр эрүүгийн мөрдөгч нарыг чиг үүргээр хангаж, хамтарч ажилладаг.

-Онц ноцтой хэргүүд дээр ажилладаг юм байна. Хүнд, жигшүүртэй хэргийн газарт очихдоо сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Цагдаагийн байгууллагын алба хаагч бүр л онц ноцтой гэмт хэрэг дээр очиж ажилладаг. Тэр болгон дээр очоод харж чадахгүй, эсвэл сэжиглээд ч юм уу ажиллаж чадахгүй байна гэдэг өөрөө байж боломгүй зүйл. Төрийн соёмбо болон дүрэмт хувцсандаа итгэж найдаж явдаг болохоор муу юм бодолгүйгээр хийх ёстой ажил маань гэж бодоод л ажилладаг.

-Та 10 орчим жил цагдаагийн байгууллагад ажиллажээ. Энэ хугацаанд айдаст автуулсан ямар хэргүүд дээр ажиллаж байв?

-Хүн амины гэмт хэрэг, дээр нь бага насны хүүхдийн хүчингийн гэмт хэрэг бол өөрөө үргэлж иргэдийг айдаст автуулж байдаг жигшүүртэй хэргүүд. Бид гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр түргэн шуурхай ажиллах нь хамгийн чухал байдаг. Тиймээс хүнд гэмт хэрэг үйлдэгдсэн газар очоод нотлох баримт эрж хайх тал дээр бүх анхаарлаа хандуулан ажилладаг.

-Та ямар онцлох үзүүлэлтээр оны онцлох алба хаагчаар шалгарав. Энэ онд онцлох ямар хэрэг дээр ажиллав?

-2019 оны есдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу биедээ олон тооны шархтай эмэгтэйн цогцос олдсон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ хэрэг дээр дөрвөн хоног ажиллаж, нотлох баримт цуглуулж, мэдээ мэдээлэл авч гэмт хэрэгтнүүдийг Хан-Уул болон Сонинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Миний хувьд энэ жил дээрэм, хүн амь, хүчингийн нийт 105 хэрэг дээр ажилласан.

-Албаныхаа онцлогийн талаар танилцуулахгүй юу. Онц ноцтой хэрэгтнүүдийн араас хөөцөлдөнө гэдэг амар биш байх?

-Эрүүгийн цагдаагийн алба бусад албадаа бодвол онцлогтой. Эрүүгийн мөрдөгч хүнд маш олон чадвар, давуу тал байх ёстой. Тухайлбал, гэмт хэргийн мэдээ мэдээлэл, материал цуглуулахад хаана ямар танилтай байхаас шалтгаална. Танил талаа ашиглаад л эрэн сурвалжлахад ашиг тустай нотлох баримтуудыг олох боломжтой байдаг.

-Та дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд мөрдөгчөөр ажиллаж байсан гэсэн. Гол төлөв ямар хэргүүдэд ажиллаж байв. Онцлоод ярихгүй юу?

-Сүхбаатар болон Сонгинохайрхан дүүргүүд гэр хороолол ихтэй. Энэ ч утгаараа орон байр болон автомашины хулгайн гэмт хэрэг дээр голчлон ажиллаж байсан.

-Хэргийн мөрөөр ажиллаад мухардах тохиолдол гарах байх. Шантарч байв уу?

– Ихэвчлэн 4,5 хоног ч биш сар, жил тэрнээс ч их хугацаагаар нэг хэрэг дээрээ ажиллах тохиолдол гардаг. Хэргийн үнэн зөвийг олж тогтоохын тулд ингэж сар жилээр ч хамаагүй тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлэн ажилладаг. Гэмт хэрэг илрүүлэх үед мухардах үе байдаг ч шантарч няцаж орхилгүй дахин нягталж, юун дээр алдав, юуг дутуу орхив гэж дахин эхнээс нь шалгалтын ажлыг эхлүүлдэг.

-Та удам дамжсан цагдаа бил үү?

-Би гурван үе дамжсан цагдаагийн алба хаагч. Миний өвөө мөрдөгч байсан. Аав маань дотоодын цэрэг болон цагдаагийн байгууллагад насаараа ажиллаад цагдаагийн хурандаа цолтой гавьяаны амралтаа авсан. Би цагдаагийн гэр бүлд өссөн. Өвөө бүр эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг байсан. Бөх удамшдаг гэдэг шиг өвөөгийн ген цусанд маань байдаг болов уу гэж боддог юм.

-Ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Хүссэн мэргэжилээ эзэмшсэн болохоор санасан зорьсондоо хүрэх гээд л хичээж явна. Ажиллаж байгаа хугацаандаа улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, үүний тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр үргэлж толгойгоо ажиллуулж санаагаа чилээж явдаг юм. Онц ноцтой гэмт хэргийн илрүүлэлтийн хувийг нэмэгдүүлэх зорилго тавиад л ажиллаж байна. Энэ дашрамд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нийт бие бүрэлдэхүүн, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамт олондоо шинэ оны мэнд хүргэе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Төгөлдөр их монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн агшин”

Үндэсний бөхийн улсын ахлах тайлбарлагч, бөх судлаач Бямбадоржийн Цогтбаатарын “Төгөлдөр их монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн агшин” гэрэл зургийн бүтээлийг онцолж байна.

Монгол бөхийн түүхийг товчилж өгүүлэх энэ бүтээл долоон бүлгээс бүтнэ. Зохиолч өөрийн цуглуулга дахь гэрэл зургуудаасаа сорчилж номондоо 1400 гаруйг оруулжээ. Энэ бүтээлд аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтнууд хийгээд аймаг орон нутгийн наадамдаа олон удаа түрүүлж үзүүрлэж байсан цолтнуудын ид барилдаж байх үеийнх нь агшин бий. Далай даян аварга Ц. Буянтогтох, Их Монгол Хасын Шаравжамц гээд түүхэнд мөнхөрсөн аваргуудын ид барилдаж байх үеийн гэрэл зургийг энэхүү номд оруулсан нь бөх сонирхогч, судлаач хэн бүхний сонирхлыг татна.

1933 оны улсын их баяр наадамд түрүү бөх Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат “Боохой” хэмээх Данзан арслан түрүүлж, “Урт гарт” Маамын Лхагва арслан үзүүрлэж байсан зураг энэ номд бий. Мөн “Малига” бүргэд П.Бат-Очир арсангийн улсын наадамд түрүүлж байх үеийн ховор зургийг эндээс харж болно. Мөн 1944 оны улсын их баяр наадмын их шөвгийн дөрвөн бөхийн олонд хүрээгүй ховор зургийг энэ номноос та уншина.

Бөхийн тухай номонд нийтлэгдэж байгаагүй 1980-аад оны үеийн улсын аварга шалгаруулах спартакиадын гэрэл зургийн сурвалжлага ч энд бий. Идэр залуу дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох улсын аварга шалгаруулах барилдаанд түрүүлчхээд баярлан гүйж буй гэрэлт агшин ахмад үеийн бөх сонирхогчдын сэтгэлийг баясгах нь дамжиггүй. Спартакиадын барилдаанд гялалзаж, начин, заан цол хүртэж байсан бөхчүүдийн гэрэлт агшин гээд дурдахад олон.

Мөн бага наадам сар шинийн барилдааны түрүү үзүүр их шөвөгт шалгарч байсан шилдэг хүчтэнүүдийн залуу нас “Төгөлдөр их монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн ашин”-нд буужээ. Мөн сүүлийн үед сар шинийн барилдаануудад сайн барилдаж буй улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Пүрэвсайхан нарын зургуудыг та эндээс үзэж болох юм.

Үүнээс гадна аав хүү, ах дүү, садан төрлийн холбоотой бөхчүүдийн зургийг зохиогч номдоо оруулжээ. Дархан аварга Жигжидийн Мөнхбат хүү М.Даваажаргалын хамт номын хойморт заларчээ. Мөн дархан аварга Х.Баянмөнх улсын гарьд Гантогтох нарын ховор зураг, Дархан аварга Дарийн Дамдин, улсын гарьд Дамдингийн Баяраа нарын, улсын харцага Намсрайжав, улсын аварга Батсуурь нарын зургуудыг энэхүү номноос сонирхоорой.

Энэ мэт монгол бөхийн дэвжээнд эрт цагаас өдийг хүртэл эзэгнэж явсан их аваргуудын фото агшин бөх сонирхогч хэн бүхний анхаарлыг татах нь лавтай.

Монгол бөхийн үнэн түүхийг залуу хойч үеийнхэнд үнэн зөвөөр өвлөж үлээх зорилготой энэ бүтээл бөх судлаач, бөх тайлбарлагч хэн бүхэнд гарын авлага болох нь дамжиггүй.