Categories
мэдээ цаг-үе

Улсын заан Н.Жаргалбаярын ангийнхан

2008 оны намар цаг. Монголчууд олимпийн аваргатай болсон жил “Шонхор” дээд сургуулийн Үндэсний бөхийн багш дасгалжуулагчийн ангид 54 шижигнэсэн залуу элссэн байдаг. Бие бялдар нь илтэд хөгжиж, бөхийн эрдмийг хар бага наснаасаа заалгачихсан, аймаг, сумынхаа наадамд зодоглодог унаж даваад сурчихсан хүүхдүүд нэг ангид оржээ.

Дээд сургуулиа төгсөж, том бөх болох хүсэл эрмэлзэл өвөртөлсөн залуусын ангийн багш нь засуул, дуучин Батмэндийн төрсөн ах аймгийн начин Баасанхүүгийн Батбаатар.

Увс, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтайдаа сайн барилдаж нэр нь түгчихсэн залуус бөхийн өргөөний барилдаануудад тус тусын нутгийнхаа нэрийг дуурсгаж сайн барилдаад эхэлсэн байна.

Увсын Д.Энхбаяр гэж үндэсний бөхийн өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд түрүүлсэн уран барилддаг залуу ангийнхнаасаа хамгийн түрүүнд буюу 18-хан насандаа аймгийн арслан цол хүртэж нөхдөө хурцалж өгсөн байна.

Бөхийн бэлтгэлээ цалгардуулалгүй өдөр бүр хийж байсан энэ ангийн залуусын ур чадвар өдрөөс өдөрт л ахиад ирж. Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол 3-4 давж, зарим тохиолдолд шөвгөрдөг болжээ.

Өдөржин бэлтгэл сургуулилт хийгээд хөлсөө гаргачихаар хамаг хоол унд нь шингэчихдэг. Өглөө хичээлдээ ирэхдээ цайгаа уулгүй ирдэг болохоор их өлсдөг. Тэр болгондоо сургуулийнхаа ойр хавийн цайны газруудад очно. Ихэнх нь мөнгөгүй. Тиймээс цайны газрын эгч нарыг панаалдаж хоол идэх гэж аргаа бардаг байж. Мөн ангийнх нь нэг хүү виза карт авчихсан байжээ. Тэгсэн ангийнх нь хүүхдүүд хоорондоо “За ингээд нийтийн унаанд үнэгүй явдаг болж байгаа юм даа” гэж хэлжээ. Тэгсэн нөхөр таксинд үнэгүй явж болох юм байна гэж ойлгоод таксинд суугаад гэр рүүгээ явчихсан гэнэ. Таксины жолооч гэрийнх нь гадаа ирээд “За 4500 төгрөг” гэхэд өөдөөс нь виза картаа үзүүлж байжээ. Картаа яагаад үзүүлж байгаа юм гэсэн үнэгүй явдаг гэсэн биз дээ” гээд таксины жолоочтой ам мурийж хөглөж байсан аж.

Ангийнхан наадмын бэлтгэлд ч хамтдаа гарна. Ойр хавийн уул, овоо тахилгын наадмуудад зодоглож түрүүлж үзүүрлээд байныхаа мөнгөөр ойр зуурын хүнсээ цуглуулчихдаг байжээ. 2010 оны зун наадмын бэлтгэлд ангиараа гарч Дугана хаданд зохион байгуулагдсан Эрдэнэ хайрханы тахилга наадамд барилдсан байна. Шөвгийн найман бөх үлдэхэд бүгд эдний ангийнхан байсан гэнэ. Тэр жилийн наадмын бэлтгэл ч үр дүнгээ өгч бүгд сум аймгийнхаа наадамд цолоо ахиулцгаасан гэнэ.


Б.Батбаатар багш ангийнхаа хүүхдүүдийн талаар “Манай ангийн хүүхдүүд бөх болно гэдгээ бүгд мэдэрчихсэн. Үүрэг хариуцлагатай болчихсон, бэлтгэл сургуулилт тасална гэсэн зүйл огт байхгүй. Бэлтгэл дээр бие биенийхээ дээр гарах гээд үзэж тарна. Тэр тийм мэх сурчихсан байна лээ. Би сурна. Тэр мэхийг тэгж хамгаална гэнэ. Эхний жилүүдэд бие биенийхээ барилдааны онцлогийг мэдчихэж байгаа юм. Дараа нь тэрийг тийм мэхээр давах боломжтой гээд тус тусдаа мэх боловсруулчихсан байдаг. Тийм ч болохоороо оюутан байхдаа аймгийнхаа наадамд түрүүлчихдэг болсон. Бүгд цолонд хүрцгээсэн” гэж ярьж байна.

“Шонхор” дээд сургуулийнхнаас ангиараа цолд хүрсэн тохиолдол байдаггүй гэнэ. Улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Д.Энхбаяр, Ш.Шинэбаяр гээд гурван улсын цолтой бөх энэ ангиас төрж гарсан.

2011 онд гуравдугаар курсийн оюутнууд монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд ангиараа зодогложээ.

Тэр үед залуу бөх байсан улсын заан Н.Жаргалбаяр ангийн багшдаа хандаж “Би том цолтой бөх болж энэ дэвжээн дээр нэрээ дуурсгана” гэж амлаж байсан нь өнөөдөр биеллээ олоод байгаа юм. Заан Жаргалбаяр ийм л өөртөө итгэлтэй, бэлтгэлээ цалгардуулдаггүй оюутан байсан гэнэ. Ангийнхан нь Жагаа зааныг наадамд түрүүлэх бүрэн бололцоотой гэж үнэлдэг юм билээ.

Мөн улсын начин Шоовдойхүүгийн бага хүү, улсын начин Ш.Тогтохбаярын төрсөн дүү Шинэбаяр гиннесийн номонд бүртгүүлэх ойн барилдаанд сайн барилдаж байжээ.

Гуравдугаар курст ороод л энэ ангийн оюутнууд улс аймгийн цолтнуудыг айлгадаг болж ирсэн гэнэ.

2012 онд Увс аймгийн харьяат аймгийн арслан Л.Цээсүрэн тухайн үед аймгийн начин цолтойдоо Богд ханы хишиг барилдаанд улсын арслан До.Ганхуяг, Ц.Содномдорж, улсын харцага А. Бямбажав, улсын начин Ц.Одбаяр нарын шилдгүүдийг орхиж түрүүлж том шуугиан тарьж байжээ. Ангийнхан нь бөөн баяр болж сургууль дээрээ хүндэтгэлтэйгээр хүлээж авсан байна.


Дорноговь аймгийн арслан М.Бямбадорж, Ховдын Г.Хишигбат, Увсын Л.Цээсүрэн нарын улсын цолны эрэмбэтэй залуус энэ үед бие биенээ хурцалж хамтдаа сайжирч байсан гэнэ. Эдгээр залуусыг улсын том цолд хүрнэ гэж бөхийн хүрээнийхэн үнэлдэг. М.Бямбадоржийн тухайд улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай нарын мундаг бөхчүүдийг өвдөг шороодуулж цаашид сайн барилдах бололцоотойгоо баталж харуулсан байдаг. Үүнээс гадна Ховд аймгийн харьяат аймгийн арслан Г.Хишигбат энэ ангийн төгсөгчдийн нэг. Ховдын наадамд түрүүлж үзүүрлэж байсан залуу арсланг дараагийн улсын цолтноор нэрлэх хүмүүс олон.

Хөвсгөл аймгийн заан Г.Бат-Эрдэнэ, Баян-Өлгийн аймгийн заан С.Бат-Үүл, Увс аймгийн харцага Б.Мөнх-Эрдэнэ, Өмнөговь аймгийн харцага Б.Амар-Амгалан нарын сайчуул ч энэ ангид дөрвөн жил суралцаж төгсчээ. Мөн сумын цолтнуудын барилдаанд тогтмол шөвгөрч сайн барилддаг байсан Өвөрхангайн аймгийн харцага Б.Мөнх-Өрнөх мөн эдний ангийнх. Оюутан ахуйгаасаа л тодорсон тэрбээр өдгөө аймагтаа ажиллаж амьдарч байгаа гэнэ.

Ангийн багш Б.Батбаатар сургууль дээрээ багийн бооцоот барилдааныг тогтмол зохион байгуулдаг байжээ. Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Б.Бат-Өлзий гээд өнөө цагийн шилдэг бөхчүүд бүгд оролцдог байсан гэнэ.

Барилдаанд зодоглохын хэрээр л ур чадвар өсч байсан талаар ангийн багш нь хэлж байна. Сайн барилдсан оюутнуудыг багш нь хувиасаа урамшуулдаг байжээ. Тус барилдаанд сайн барилдсан оюутнууд Бөхийн өргөөнд дээгүүр үздэг байсан гэнэ.

Батсуурь аваргын аав улсын харцага Г.Намсрайжавын уран, сийрэг барилдаан энэ ангийнхнаас харагддаг билээ. Намсрайжав харцага тэдэнд бөхийн эрдэм зааж байжээ.

Мөн Увс аймгийн арслан Навааны Хүрэлсүх, Дорнод аймгийн арслан Ганбаатарын Эрхэмбаяр, аймгийн заан Б.Батжаргал нар энэ төгсөлтийнх учир хамт бэлтгэл хийдэг байсан гэнэ. Сонирхуулахад, Г.Эрхэмбаяр Б.Батжаргал нар өнгөрсөн зун аймгийнхаа баяр наадамд түрүү үзүүрт шалгарч Эрхэмбаяр давж аймгийн арслан цол хүртсэн юм. Ер нь аймгийн арслан болох эрэмбэтэй залуус энэхүү ангид хэд хэд бий. Ховд аймгийн харьяат аймгийн нэмэх начин О.Очбат гэж залууг бөхийн хүрээнийхэн том цолд хүрнэ гэж үнэлдэг. Тэрбээр аймгийнхаа наадамд гурван удаа шөвгөрч байсан юм. Мөн Ховдын Н.Амарсайхан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол амжилттай барилдаж явна. Түүнийг цол ахихыг хүлээж буйгаа Батбаатар багш дуулгаж байна лээ.

Түүнчлэн нэг ангид суралцаж төгссөн 60 орчим залуусын тэн хагас нийслэлд бэлтгэл сургуулилтаа базааж заал танхимын барилдаанд зодоглож байна. Харин үлдсэн нь хөдөө орон нутагт багш дасгалжуулагчаар ажиллаж үндэсний өв соёл, үндэсний бөхийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж явна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав: МҮБХ-ны ээлжит бус Их эеийн хурал хуралдтал Б.Бат-Эрдэнэ аваргыг орлоно

МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай ярилцлаа.


-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны тэргүүнээсээ саяхан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаж танд холбооны тэргүүний эрх, үүргийг дараагийн Их эеийн хурал хуралдтал шилжүүллээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-МҮБХ-г 1990 оны хавар өмнөх удирдлагууд болох Р.Нямдорж, Д.Данзан, улсын заан Д.Мягмар мөн улсын арслан П.Дагвасүрэн, улсын заан Р.Давааням агсан, соёлын гавьяат зүтгэлтэн Даваасамбуу гуай нар анх санаачлан үүсгэн байгуулсан. Тэд анхны ТББ-ын нэгийг байгуулж Монголын спортын томоохон холбоог бий болгоход олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсан байна. Олон жил ажилласан болохоор үзэл бодол зөрөлдөөнтэй бас тунирхаж, гомдсон нөхдүүдтэйгээ ч зэрэгцэж явж ирсэн. Бас олон ч ахмад бөхчүүдийн амьдралд тус дэм болж цолны хишиг гэж тодорхой хэмжээний мөнгийг жил бүр өгч, бас тэднийг алдаршуулж, нийгмийн шилжилтийн үед уугуул орон нутаг, найз нөхдөөс нь УАЗ 469 машин гэх мэт тэр үедээ их том зүйл бэлэглүүлж эхэлсэн. Энэхүү давлагаанд бөхийн дунд болон залуу үеийнхэн ч хамрагдсан. Одоо барилдаж байгаа залуучуудыг шагнаж, урамшуулаад байгаа ”лексус” машины эхлэл гэж болно доо. Бөхийг ингэж алдаршуулахаас гадна тогтмол барилдаан зохион байгуулж, бай шагнал гарган үе үеийн олон бөхчүүдийн амьдралд шууд нөлөө үзүүлнэ гэдэг их чухал, бас хүнд ажил юм байна. Бөхийн барилдаан зохиогдож, бөхчүүд нь түүндээ барилдаж байж, бай шагналаас гадна нэр дээрээ барилдуулдаг дэмжигч байгууллага нь тогтмол цалин өгч амьдралд нь эерэг нөлөө үзүүлж ирсэн. Энэ бүгдийг алдагдуулахгүй үргэлжлүүлэн авч явах нь амар ажил биш. Дээр дурдсан үзэл бодол зөрүүтэй нөхөдтэйгөө хэл амаа ололцох ч бас хэцүү байх. Энэ амаргүй байдал 2002 оноос үргэлжилснийг бөх сонирхогчид бүгд мэддэг болж. Энэ бүх зөрчил, үл ойлголцлуудыг 2018 онд 21 аймгийн бөхчүүдийн төлөөлөл болох 200 төлөөлөгчөөс тэргүүнээр сонгогдсон дархан аварга Б.Бат-Эрдэнэ эе эвэнд оруулах гэж уйгагүй хичээж зүтгэж эвлүүлсэн гэж болно. “Гацуурт” компанийн Л.Чинбат захиралд болон бидэнд байсан нэг нь шинэ, нөгөө нь 29 жил ашиглагдаж байгаа гэрчилгээ тамга, өөрөөр хэлбэл ”хүчинтэй, хүчингүй холбоо” гэгдээд байсан хоёр холбоог нэгтгэж чадсан юм. Б.Бат-Эрдэнэ аваргатай 2019 оны есдүгээр сард Л.Чинбат захирал уулзаж, өөрт байсан гэрчилгээ, тамгаа хүлээлгэн өгөхдөө”…Tа үндэсний бөхийн холбооны тэргүүн мөн…” гэж бичиж гарын үсгээ зурцгаасан бичгээ аварга маань сая л бидэнд ажлаа өгөхдөө үзүүлж байгаа юм. Тэр бичиг нь энэ байна. Энэ тухайгаа бидэнд тойм төдий зүйл л хэлээд ”Xолбооны ямарваа нэг зүйлд алдаа битгий гаргаарай” л гэж хэлж захиж иржээ. Бүх зүйлд аварга маань ийм тэвчээртэй ханддаг нь үнэхээр гайхалтай. Энэ зургаан сарын хугацаанд ажиглалт хийсэн ч юм уу гэмээр. Ингээд олон жил үргэлжилсэн талцал маргаан одоо үгүй боллоо, энэ цар тахлыг дуусахад ”Их эе” хурал хийхэд ямар ч маргаан, асуудалгүй гэж тооцон, мөн төрийн албаны ажил их байгаа тул хүсэлтээ өгсөн.

-Дараагийн “Их эе” хурал хэзээ болох вэ. Хорио цээр дуусахад болох уу?

-Тийм, эхлээд дүрмийн дагуу Цэцдийн зөвлөлийн хурал болж ”Их эе” хурлын тов тогтооно.

-Сая аварга танд эрх шилжүүлэх гээд Бөхийн өргөөнд очиход та бүхнийг бөхийн өргөө рүү тэнд байгаа гэрээт хамгаалагч нар оруулаагүй гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү. Дархан аварга Г.Өсөхбаяр аваргыг оруулаагүй гэж байсан?

-Тийм, маш ойлгомжгүй зүйл болсон. Холбооны тэргүүн гүйцэтгэх захирлыг тэргүүлэгчдэд санал болгож, бид дэмжиж тэргүүн гэрээ хийж ажилласан. Өөрөөр хэлбэл, холбооны гүйцэтгэх захирал бол гэрээгээр ажил гүйцэтгэгч. Бас тэргүүлэгчид ордоггүй. Тэргүүлэгчдийн хурлыг Тэргүүн мөн дэд тэргүүн нь зарлан хуралдуулж ирсэн уламжлалтай. Тэр өдрийн өглөө нь гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр заанд холбооны ажлын алба буюу нягтлан, менежер, аж ахуйн дарга зэрэг хүмүүстэйгээ тэргүүлэгчдийн хурал дуусахад байж байгаарай гэж хэлсэн. За гээд явсан. 17:00 цагт хурал болоход хэнийг ч оруулахгүй гэсэн хамгаалагч нар гарч ирсэн. Мөн гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр 16:00 цагт зарим тэргүүлэгчид рүү “Өнөөдрийн хурал болохгүй юм байна” гэж утсаар хэлсэн байсан.

-Огт ойлгосонгүй. Танай гүйцэтгэх захирал биз дээ?

-Хэмжээнээс хэтэрсэн зүйл байж болохгүй. Б.Сайнбаяр миний сайн найз ч гэсэн гүйцэтгэх захирлыг өөрчлөх асуудлыг би тэргүүлэгчдийн хуралд оруулна. Тэргүүлэгчдийг бас тэргүүн, цэцдийн зөвлөлийн даргыг оруулахгүй гэж хүмүүсээр хэлүүлж, өөрөө ирэхгүй байна гэдэг нь түүнд хүлээн зөвшөөрөхгүй ямар нэг зүйл байна гэсэн үг. Хуралд ирсэн тэргүүлэгчид ч их гайхсан. Бид өнгөрсөн хугацаанд холбооны гаднах цагдаа, шүүхийн асуудалд илүү анхаарч, дотоод асуудлыг орхигдуулж, түүнд буруу ойлголт төрүүлсэн байж болох талтай. Хамт ажиллагсдаас нь ч өргөдөл гомдол ч нэлээд ирсэн. Энэ хорио цээр хэзээ дуусах нь тодорхойгүй байна, тиймээс энэ цаг хугацаанд нь засвар үйлчилгээг хийх хэрэгтэй. Өмнөх хоёр жил цагдаа, шүүх дээрх маргаан гээд засварын ямар ч ажил хийж чадаагүй. Буруу зүйл бодож, буруу зүйл хийж байгаа бол найз нөхөд, нутаг ус гэж өмөөрч огт болохгүй.Одоо бид дүрэм, журам нь алдаагүй, ойлгомжтой, хариуцлагын ижил тэгш тогтолцоотой, шинэчлэгдсэн ТББ-ын суурийг зөв тавьж өгөхийг хичээх хэрэгтэй. Ер нь монгол хүмүүсийг харахад найз нөхөд, ах дүү, нутаг ус, жалга дов, танил тал, авлига мөнгө гээд холбогдохоор эргээд эдгээр нөхөд болон бусдадаа юу ч хэлэх, шаардах эрх, чадваргүй болж энэ ялзарсан тогтолцоог албан байгууллагадаа, цаашилбал улс орондоо үүсгэдэг юм байна.

-Хэсэг залуус нэр бүхий аварга цолтой бөх допинг авч мөнгийг нь өгөөгүй гэж мэдэгдэж байсан. Мөн 38 бөх допингтой холбогдсон гээд та бүхэнд өргөх бичиг барьж байсан. Энэ юу болсон бэ?

-Сүүлийн асуултад чинь эхэлж хариулж болсон явдлуудыг ярья. Н.Батсуурь, Ч.Санжаадамба нарын аваргууд 38 бөх допингтой холбогдсон гэх асуудал мөн Цэцдийн зөвлөлийн хурал, Их эе хуралдуулах шаардлага тавьсан. Хурал хуралдуулах гэдэг зүй ёсны зөв шаардлага, тухайн үед хурал зарлах, товлох асуудал дээр бүгд гацаад байсан. Өөрөөр хэлбэл, хоёр талаас удаа дараа уулзалдаж, нөгөө талаас Л.Чинбат захирлаас хурлын талаарх бичиг авах,дараа нь Баянаа багшийг (дархан аварга Х.Баянмөнхийг хэлэв. сурв) шууд холбооны үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах санал тавьсан. Бид тэгье гэсэн. А.Сүхбат аварга Л.Чинбат захиралтай холбогдсон, тэрээр би оролцохгүй гэж өмгөөлөгчөөрөө хэлүүлсэн байсан. Баянаа багшийг шууд холбооны үүрэг гүйцэтгэгчээр ажлуулах саналыг нь бид зөвшөөрөхдөө “Нэгэнт Л.Чинбат захирал холбооны асуудлаар эргэж холбогдохгүй гэсэн тул та нэр төдий, дүрмийн бус үүрэг гүйцэтгэгч гэж байснаас Улсын бүртгэлийн газар бүртгэлээ Б.Бат-Эрдэнэ аваргаар бүртгүүлчих, бүртгүүлэхийн өмнө Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүнээс татгалзаад танд эрх шилжүүлэхийг баталгаажуулаад, бичиг үйлдье” гэж ярилцсан. Баянаа багш “Болох байх аа” гэсэн. Бид ч дотроо болж дээ Бүртгэлийн газрын дарга Б.Баасандоржийг нутгийн дүү нь гэж сонсож байсан болохоор асуудал цэгцрэх нь дээ гэж бодоцгоосон. Баянаа багш хэд хоног судалж үзээд “Арай болохгүй байна” гэсэн. Ингээд байж байтал залуучууд шаардлага авч ирсэн. Төвөгтэй байгаа учир шалтгаанаа хэлсэн. Тэд Л.Чинбат захиралтай уулзаад бүх асуудлыг дор нь цэгцэлнэ гээд явцгаасан. Ярианы эхэнд дурдсанаар Л.Чинбат захирал аваргад бидний саяхан үзсэн бичгийг үйлдэж өгсөн байсан тул мэдээж тэдэнтэй уулзахгүй гэсэн байж. Тэгээд аварга ирж, залуучуудтай уулзаад хурлыг хоёдугаар сарын эхээр хийе гэж хэлээд явсан. Гэтэл хорио цээрийн асуудал үүсээд хурал болоогүй. Хурлын асуудал ийм болсон. Нөгөө асуудал нь буюу допингтой 38 бөхийн асуудал гэх зүйлийг тодруулж өгнө үү гэсэн хүсэлтийг 262 бөхийн гарын үсгийн хамт АТГ-ын дарга З.Дашдаваад нэгдүгээр сарын 30-нд өгсөн. Яагаад АТГ-д өгөв гэхээр тус газарт наадмын бөхийн салбар комисст орж ажилладаг, допингийн шинжилгээ авдаг, түүний хадгалалт, тээвэрлэлтийг хариуцдаг БТСГ-ын нэр бүхий эмч нарыг шалгаж байгааг АТГ-ын ахлах комиссар Т.Баярхүү мэдээлэл хийж олон нийтэд танилцуулсан байсан. 38 бөхийн асуудал нь сүүлийн 10 жилд болсон гэдгийг анх сэтгүүлчид гаргаж тавьсан юм билээ. Төрийн байгууллага нь иргэд, байгууллагаас ирсэн санал хүсэлт, гомдолд хариу өгөх хуулийн хугацаатай байдаг тул бидэнд АТГ-аас хариу ирэхгүй болохоор нь, мөн олон нийтийн зүгээс ч хариу хүсч, нэхэж байсан тул гуравдугаар сарын 6-ны өдөр, өмнө нь нэгдүгээр сарын 30-ны өдөр өгсөн албан хүсэлтдээ хариу хүссэн албан бичгийг дахин АТГ-ын даргад хүргүүлсэн боловч одоог хүртэл тус газраас ямар ч хариу ирүүлээгүй байна. Телевизээр ярьдаг залуучуудыг мөн АТГ-д шалгуулахаар өгсөн. Учир нь яг тэр цаг үед допингийн асуудлаар АТГ-д хэрэг үүсээд шалгагдаж эхэлсэн байсан. бид Цагдаагийн байгууллагад энэ асуудлыг шалгуулахаар хандахад үр дүн бага, хугацаа алдсан асуудал болно гэсэн хариу өгсөн тул АТГ-д бусад асуудалуудтай нь нэгтгэж шалгуулахаар өгсөн юм. Тэд бол яах вэ хүнд байдаг л араншинг ил гаргасан залуучууд. Бөх ч бай дуучин ч адил байгалиас, бас бурхнаас ч гэх үү тодорхой нэг өгөгдөл нь жирийн хүнээс илүү төрж, ухаан тэвчээр, авьяас, хөдөлмөрөөр амжилт гаргаж байдаг хүмүүс. Одоогийн зарим залуус буюу тэдгээр залуучууд илүү өгөгдөлтэй буюу үе тэнгийн насны аварга, арслан болсон залуучууддаа атаархах гэх юм уу даа эсвэл хийж бүтээсэн зүйлгүй мөртлөө шүүмжлэгч, завтай хүмүүсийн дэмий ярих цугларал байсан тул АТГ нь тодруулах зүйл байвал асууг гээд тэднийг шалгахыг албан бичигтээ дурдаад орхисон.

-Допинг гэснээс Э.Оюунболд аваргын асуудал юу болж байгаа вэ. Аварга тантай холбогдсон уу?

-Э.Оюунболд наадмаар түрүүлж аварга цол хүртсэн. Дараа нь допингийн асуудал гарлаа гэж зарлагдсан. Баяр наадмын комиссоос барилдах эрхийг хоёр жилээр хасч, Ерөнхийлөгчид цолыг нь хураах санал хүргүүлсэн байгааг бүгд мэдэж байгаа. Тэрээр наадмын комиссын хоёр жилээр эрхийг нь хассан шийдвэрт нь гомдол гаргаж Захиргааны хэргийн шүүхэд гуравдугаар сард хандсан гэж саяхан дам сонслоо. Ямар үндэслэлээр хандсаныг нь мэдэхгүй байна. Надтай нэг удаа л нэгдүгээр сард ярихдаа “Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй. Шинжилгээг хүмүүс будлиантуулсан” л гэж хэлсэн. Хэрэв түүний хэлсэн зүйл нь үнэн бол шалгаж байгаа газар нь гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Хэрэв түүний хэлсэн нь батлагдахгүй бол өөрөө л хаана хариуцлага алдсандаа дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ нь бэлтгэлийн явцдаа хориотой зүйлс хэрэглэв үү, эсвэл шинжилгээ өгч байхдаа анхааралгүй байж өөрийнх нь хэлснээр бусдад боломж олгов уу гэсэн үг. Иймд дээрх асуудлыг хурдан шийдэгдээсэй гэж бодож байна. Буруутай бол бусад залуучуудын амжилтыг хохироож огт болохгүй. Бид допингтой хатуу тэмцэнэ гэсэн бодлого баримталж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Үүнийг бид удаа дараа мэдэгдэж байсан. Бидний өмнөх холбооны удирдлагууд 2017 оны өвөл явцын шинжилгээ авч зарим бөхчүүд шинжилгээнд бүдэрсэн. Тэд Дүүргийн шүүхийн барилдуулах шийдвэр авч ирсэн ч бид барилдуулахгүй гээд хатуу зогссон. Тэгэхээр Э.Оюунболд аваргын энэ асуудалд ч МҮБХ-ны зүгээс хатуу байр суурьтай хэвээр байна.

-Нэгдүгээр сард Бөхийн өргөөнд бөхчүүд шаардлага хүргүүлэхдээ телевиз сайтуудтай хамт очсон. Тэр үеэр Ч.Санжаадамба аварга допинг хэрэглэсэн бөхчүүд эрх нь хасагдсан хугацаандаа орон нутагт барилдаад байна. Энэ үеэс нь дахиж эрхийг хассанаар тооцооч гээд байсан?

-Тэд шийтгэлээ хүлээсэн. Дахиж сунгаж эрх хасна гэдэг зүйл байхгүй гэдгийг хэлсэн. Холбоо маргаантай байсан. Нөгөө талд байсан бөх биш хүмүүс, бас танил өмгөөлөгчид нь тэднийг барилд, шүүхэд ханд гэсэн явдал байгаа. Тэд зөвлөгөө өгөхдөө бөхийн жудаг, ёс зүй гэдэг зүйлийг тооцоогүй. Буруу жишиг тогтоохгүйн тулд торгуулж, бөхчүүдтэй хамт барилдаанд оруулахгүй гэж, хэвлэлийн хурал хийж янз бүр л юм болсон. Тэгэхээр Э.Оюунболд аваргын энэ асуудалд ч хатуу байр суурьтай байна.

-Хорионы дараа болох Цэцийн хурал, Их эе хурлаар юу хэлэлцэх бол гэж та бодож байна?

-Цэцдийн зөвлөлийн хурлаар Их эе хурлын тов л тогтооно. Дүрмийн дагуу гэхээр 2002 онд батлагдсан дүрмээр 200 хүртэлх төлөөлөгч оролцоно гэж заасан байдаг. Тэр үеэс бөхийн тоо нэмэгдсэн, дэвжээд байгуулагдсан, гол нь 2002 оноос 17 жил маргасан маргаанд цэг тавих, мөн бөхийн их хуралдаа улсын цолтой бүх бөхчүүд оролцож өв соёл, уламжлал, бөхийн хөгжлийнхөө төлөө санал бодлоо хэлэх хүсэлтэй байдгийг харгалзаж, бүгдээрээ оролцох онцгой хурал хийхэд болохгүй ч зүйлгүй. Одоо 280 гаруй улсын цолтой бөх байгаа. Бас аймаг, сумын цолтой бөхчүүдийн төлөөлөл байж болно. Дээр нь 21 аймгийн салбар холбоод, дэвжээний удирдлагууд, засуул, Цэц, судлаачид, бөхийн зүтгэлтнүүдийн төлөөлөл гээд өргөн бүрэлдэхүүн байгаа. Нэмж спортын сэтгүүлчид ч орж болно шүү дээ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шиг. З.Энхболд даргын зөвлөснөөр АН-ын дүрэмд цөөнх болсон нь шүүхдэхгүй олонхоо дагах ёстой гэсэн заалттай адил заалт оруулж өгөх гэх мэт зөв зүйлүүд байж болох байх. Их эе хурлаар дүрэмд олон өөрчлөлт орох ёстой, хууль эрх зүйн талаасаа алдаагүй, тодорхой дүрэмтэй, удирдлага, бүтэц бүрэлдэхүүн нь шинээр сонгогдоно гээд олон зүйлүүд болох байх. Цэцдийн зөвлөлийн шинэ гишүүд сонгогдоно. Шинэ Цэцдийн зөвлөлийн хурлаараа барилдааны дүрэмд өөрчлөлт оруулах, зодог, шуудагны стандарт гээд их олон зүйлийг хийх шаардлагатай байгаа. Одоогийн манай дүрэм байтугай Баяр наадмын хууль нь ч тодорхой биш бүрхэг заалтуудтай, үүнээс нь болж маргаан үүсэхээр байгаа, эдгээрийг засч залруулах саналуудыг холбооноос гаргах гээд ажлууд гарна байх. Бөх бол амар зүйл биш, амьдралынхаа тодорхой цаг хугацаагаа зориулан, хөдөлмөрлөж амжилт гаргаж байсан ахмад, дунд үеийн бөхчүүд, мөн одоо барилдаж буй олон залуучууд байгаа. Тэгэхээр МҮБХ нэг ч бөхөө хохироохгүйг хичээх, бүх зүйлд шударга, адил тэгш байх хэрэгтэй гэсэн зарчим баримталж ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Н.Өнөрцэцэг: Ч.Чинбат хурандаа миний биед халдсан нь камерт бичигдэж үлдсэн

Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгтэй ярилцлаа.


-Дэд хурандаа Ч.Чинбат таны биед халдсан талаар та мэдээлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон явдал шүү дээ. Би Цагдаагийн ерөнхий газрын нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбаттай уулзах хүсэлт тавьж өрөөнд нь орсон юм.

Ингээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Ч.Чинбат хурандаад хүлээлгэж өгсөн ТЕГ-ын дарга генерал Д.Гэрэлтэй холбоотой 40 гаруй хуудас баримт материалаа авах, эсвэл баримтын дагуу хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл авахыг хүссэн юм. Гэтэл Ч.Чинбат хурандаа гараас угзарч түлхэж өрөөнөөсөө хөөсөн. Гарах үедээ хаалганы бариулаас барихад гар луу цохисон. Улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст “Сэтгүүлч ажил хийлгэхгүй байна” гэх гомдол гаргасан.

-Дэд хурандаа Ч.Чинбат таныг цохисон гэх баримт байна уу?

-Дээрх үйл явдал Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны байрны хоёр давхрын камерт бичигдэж үлдсэн. Ч.Чинбат хурандаа цохисноо өөрөө ч үгүйсгээгүй шүү дээ. “Энийг цохих гэдэггүй юм” гэж хэлсэн нь миний биед халдсанаа нотлоод өгчихөж байгаа хэрэг.

-Дэд хурандаа Ч.Чинбат танаас баримт хүлээж аваагүй гэж байна лээ?

-Авсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ТЕГ-ын дарга генерал Д.Гэрэлийн хүү Г.Аранзал нь гурван компанийн ард нуугдаж Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн голыг алт ухаж сүйтгэсэн тухай нэвтрүүлэг бэлдэж олон нийтэд хүргэсэн. Үүний дараа дэд хурандаа Ч.Чинбат над руу холбогдож нэвтрүүлэгт гарч буй баримтуудаа аваад ир гэж хэлсэн юм. Ингээд баримтуудаа аваад өрөөнд нь очиж хүлээлгэж өгсөн. Миний хувьд баримтуудаа өгөхдөө ТЕГ-ын дарга генерал Д.Гэрэлийг шалгах нь гэж ойлгосон л доо. Тухайн үед Ч.Чинбат хурандаагаас “Намайг шалгах гээд байна уу, Д.Гэрэл даргыг шалгах гээд байна уу” гэж тодруулахад “Хэнийг нь ч шалгаж магадгүй” гэж хэлж байсан.

Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн улмаас Нарангийн гол ширгэснийг нутгийн малчид хэлдэг. Баримтыг нягталж шалгалтын ажиллагаа явуулаад үнэн бол байгаль орчныг нөхөн сэргээх ажил явуулах болов уу гээд баримтуудаа өгчихсөн юм. Тухайн үед Экологийн цагдаагийн алба ч байгуулагдаад удаагүй байсан үе шүү дээ. Баримт өгснөөс хойш таван сар өнгөрлөө. Надад юу ч мэдэгдээгүй.

-Баримтыг та өөртөө хувилж авсан байсан уу?

-Үгүй. Гэхдээ Улсын бүртгэлийн газарт хүсэлт тавьж гаргуулж авсан. Удахгүй шүүх хурал болоход нотлох баримт надад байгаа учраас айгаад байх юм алга.

-Сэтгүүлчийг залхаан цээрлүүлэх ажил хэрэгжээд байх шиг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн баасан гаригийн жишээ л дурдъя л даа. Өглөө 11:00 цагаас шүүх хуралд ороод л залгуулаад 15:00 цагаас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгч байгаа юм. Мөн Ч.Чинбат хурандаатай уулзсан. Ингээд л нэг өдрийн ажлыг авчхаж байгаа юм. Бид нарын үндсэн ажил мэдээлэл эрж хайх, олонд хүргэх шүү дээ. Мэдээлэл хайх цагаа хууль шүүхийн байгууллагын үүдээр л эргэлдэж өнгөрүүлж байгаа юм. Үндсэндээ сэтгүүлчийг хууль шүүхийн байгууллагаар залхаан цээрлүүлэх ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар амжилттай хэрэгжүүлж байна. Цаагуураа иргэдийн мэдэх эрхэд ноцтой халдаж байгаа асуудал шүү дээ.

-ТЕГ-ын дарга генерал Д.Гэрэл танд ямар үндэслэлээр гомдол гаргасан юм бэ?

-Д.Гэрэл генералын эхнэр Э.Даваасүрэнгийн нэр дээр “Ойрад импекс” компани байдаг. Тус компани тусгай хамгаалалттай Богд ууланд Арцатын аманд 1,79 га газар эзэмшдэг. Энэ тухай мэдээллийг Зариг.мн сайт нийтэлсэн. Гэрэл генерал ийм газар байдаггүй тухай гаргасан өргөдөлдөө дурдаагүй байна лээ. Уг мэдээллийг гаргаж тавьсан нь тагнуулын байгууллагын нэр хүндэд халдаж байна гэх үндэслэлээр гомдол гаргасан байсан. Бид нотлох баримтуудыг өгч, байцаалт өгсөн.

Бид мэдээллийн тэнцвэрийг хадгалах үүднээс Цагдаагийн ерөнхий газрын нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбатаас тодруулга авахад “Энэ хэрэг шалгагдаж байгаа. Үйл явдлын талаар удахгүй баримттайгаар мэдээлэл хийнэ” гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таксины жолооч нар үнээ буулгана гэв

Хаврын салхи хавирга нэвт үлээсэн жихүүн өдрийн ард нар ээсэн намуухан өглөө эхэллээ.

08:00 цагийн алдад л хотын төвийн хөдөлгөөн аль хэдийнэ бужигнаад эхэлжээ. Нэг удаагийн хөх өнгөтэй амны хаалтаар жигдэрсэн иргэд хотын гудамжаар түргэн алхална. Хаа нэг тийш яарсан иргэд ямар нэг зүйлд санаа зовсон, түгшсэн төрхтэй. Дэлхий нийтийг айдаст автуулаад буй тахал манайд ч дэгдэх аюул хажууханд байгааг иргэд ч ухамсарласан бололтой. Амны хаалтгүй гудамжаар алхах хүн нэг ч харагдсангүй. Дор бүрнээ л аюулт тахлаас урьдчилан сэргийлж амны хаалт зүүжээ. Саяхан “Сонгдо” эмнэлэгт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь иргэдэд том анхааруулга өгсөн аж. Харин маскаа эрүүн дээгүүрээ тохож хамраа ил гаргасан ахмадууд олон тааралдсан. Маск зөв зүүх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг тутам хүргүүлж байгаа. Харамсалтай нь иргэд мөрдөх тал дээр тааруу байгаа нь ажиглагдаж байсан. Улсын онцгой комиссоос халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр амны хаалт зүүгээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15-ын нэг дэх хэсэгт зааснаар 150 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргаад байгаа.

Шийдвэрийг хэрэгжүүлэхээр нийслэлийн 173 хорооны 1535 хэсгийн байцаагчийг сургалтад хамруулж, цагдаагийн үүргийг давхар гүйцэтгэх эрхийг олгоод байгаа юм. Шар хантааз өмссөн хэсгийн байцаагчдын ажил бага үдийн алдад эхэлж байна. Автобусны буудал, худалдааны төв зэрэг олон цугласан газруудаар явж маскаа буруу зүүсэн, бага насны хүүхэд дагуулсан иргэдэд анхааруулж явна лээ. Тэд юу юугүй ч шууд торгочихдоггүй бололтой. Маскаа авч бөөнөөрөө тамхи татах залуус руу очиж нөхөрсгөөр зөвлөгөө өгч байгаа харагдсан. Өнөө хэд нь ухамсартай хүлээж авч байна лээ. Торгохоо урьтал болгох бус сэрэмжлүүлэг өгч, аюул хажууханд байгааг анхааруулж байв.

Мөн эргүүлгээрээ маск тохож хамраа ил гаргасан ахмадуудад хэсгийн байцаагч нар зөвлөгөө өгч ажиллаж байсан юм. Ахмадуудын төлөөллөөс маскны ач холбогдлын талаар үзэл бодлыг нь сонслоо.


-Коронавирусээс таны хувьд өөрийгөө хэрхэн сэргийлж байна вэ?

-Эрүүл мэндийн яамнаас хийж буй мэдээллийг цаг тухайд нь үздэг. Гадуур явахад бол маск зүүж л халдвараас сэргийлж байна.

-Маск зүүхийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ. Найдвартай хамгаалалт мөн үү?

-Маск зүүгээд явж байхад хүний шүлс нүд ам руу үсэрчихгүй байх. Маск тогтмол зүүгээд явж байхад юу юугүй ханиад хүрчихгүй байлгүй дээ. Хүнд цаг удахгүй дуусах байх. Ер нь өвлийн улиралд маск зүүгээд хэвшчихвэл ханиаднаас сэргийлэх наад захын арга юм шиг санагдлаа” гэсэн юм. Аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх ахмадуудын ойлголт ийм байна.

Хотын төв хэсгээр ажиллаж буй хэсгийн байцаагч нар ч зөвлөгөө өгөөд л анхааруулж сэрэмжлүүлээд өнгөрч байна. Харин гэр хорооллын бүс Баянхошуу орчимд бол нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөж амны хаалт зүүхгүй байх зөрчил нийтлэг ажиглагдсан. Шар хантааз өмссөн хэсгийн байцаагч нар шаардлага тавьдаг ч тоодоггүй аж. Зарим иргэдийг торгоод л төлбөрийн чадамжгүй, бүр оршин суугаа хаяг нь тодорхойгүй байдаг гэх мэт хэсгийн ахлагч нарт тулгардаг бэрхшээл их байгаа талаар тэд хэлж байлаа. Маск зүүхгүй тавьсан шаардлагыг биелүүлэхгүй үл тоож байгаа иргэд бусдынхаа эрүүл мэндэд заналхийлж байгааг онцолж байв.

Сонирхуулахад, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг юм.

Өдөр тутмын 11:00-12:00 цагийн хооронд Онцгой байдлын ерөнхий газраас хүн олноос цугласан автобусны буудал, зах худалдааны төвүүдийн орчмоор эргүүл явуулж коронавирусээс дор бүрнээ урьдчилан сэргийлэхийг анхааруулж байсан юм.

Өдрийн цагаар таксигаар үйлчлүүлэх иргэд олон харагдана лээ. Харин жолооч нар нь огт амны хаалт хэрэглэхгүй байгаа дутагдал ажиглагдсан.

Ер нь тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож буй иргэд амын хаалт хэрэглэхгүй байгаа явдал нийтлэг байсан юм.


Такси үйлчилгээнд явдаг иргэн О.Хишигбат: ТАКСИНААС БУУХДАА МАСКАА ЗҮҮЧИХДЭГ ЮМ

Бид таксины үйлчилгээнд явж буй иргэн О.Хишигбаттай цөөн хором хөөрөлдлөө.


-Коронавирус дэлхий нийтийг айдаст автуулаад байна. аюулт тахлаас хэрхэн урьдчилан сэргийлж байна вэ?

-Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг л мөрдөж байгаа. Ер нь тэгээд онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй л байна. Хүмүүс ч гэртээ л байна. такси барих иргэд тэр бүр байхаа больсон байна. Би ээлжийн ажилтай, амрахдаа таксинд хүн зөөдөг юм.

-Машиндаа маск зүүхгүй юм. Эрсдэлтэй юм биш үү?

-Буухдаа зүүчихдэг юм (Машины толиндоо маскаа тохсон байв). Машинд битүү орчинд даавуун маск зүүхэд хэцүү. Анхаарал ч бүрэн төвлөрч өгдөггүй. Олон хүн орж ирэхэд бол зүүчихдэг.

-Шатахууны үнэ 300 төгрөгөөр буурчээ. Таны хувьд таксины үнээ буулгасан уу?

-Километрийг нь мянган төгрөгөөр л явж байна. Бүх колонкууд үнээ жигдхэн буулгаагүй байна лээ. Хүмүүс ч гэр гэртээ байгаа болохоор тэр бүр такси барихгүй юм. Олдсон цөөхөн хүн нь 1000 төгрөг төлөөд л явж байна.

-Иргэд үнэ буулгахыг шаардаж байна уу?

-Одоогоор надад мэдэгдсэн юм алга.

-Гадуур шатахууны үнэ өсөөгүй байхад ямар ханштай байсан бэ?

-800 төгрөгөөр явдаг байсан. Шөнийн цагаар бол 1000 төгрөгөөр явдаг байсан байх. Колонкууд бензиний үнээ жигдхэн буулгахад жолооч нар ч таксины үнээ буулгах байх” гэв.

Шатахуун түгээх станцууд үнээ жигдхэн буулгажээ. Super 92 шатахуун түгээх станцын салбаруудад А92 шатахуун хамгийн хямд буюу 1440 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Харин Петровис шатахуун түгээх станцын Энхтайвны гүүрний ойролцоох салбарт А92 шатахуун 1540 төгрөгийн ханштай худалдаалагдаж байна. “Сод Монгол” шатахуун түгээх станцын салбаруудад 1490 төгрөгийн ханштай байна. Түүнчлэн “Сод Монгол” шатахуун түгээх станцын зүгээс хөнгөлөлтийн карттай иргэдэд литр шатахууныг 1390 төгрөгөөр олгож байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Б.Бүрэнбаатар: Дээрэмдэх гэмт хэрэг 39 хувиар буурсан

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Бүрэнбаатартай ярилцлаа.


-Нэгдүгээр улиралд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгөхгүй юү. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ямар үзүүлэлт харагдаж байна вэ?

-Цагдаагийн байгууллага энэ оны нэгдүгээр улиралд иргэд, байгууллагаас 135.845 дуудлага, мэдээлэл хүлээн авч, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган шийдвэрлэсэн.

Энэ хугацаанд цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт 8003 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1902 буюу 19.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Нийслэлийн хэмжээнд 5260 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 1406 буюу 21.1 хувиар, орон нутгийн хэмжээнд 2735 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 474 буюу 14.8 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарсан.

Нийт гэмт хэргийн 65.7 хувь нь Улаанбаатар хотод, 34.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

-Үйлдэгдсэн гэмт хэргүүдийг задалж үзэхэд ямар төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?

-Өмчлөх эрхийн эсрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь нийт гэмт хэргийн 85.6 хувийг эзэлж байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл 28.0 хувийг хулгайлах гэмт хэрэг, 17.4 хувийг залилах гэмт хэрэг, 21.8 хувийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, 6.3 хувийг мал хулгайлах гэмт хэрэг тус тус эзэлж байна.

-Цахим гэмт хэргийн үзүүлэлт өссөн гэсэн. Энэ талаар тодруулаач. Юу нөлөөлөв?

-Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 93 бүртгэгдсэн нь 19.2 хувиар, хууль бусаар ан агнах гэмт хэрэг 38 бүртгэгдэж 81.0 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарсан. Мөн цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 34 бүртгэгдэж 2.1 дахин тус тус өссөн байна.

-Дээрх гэмт хэргүүд өсөхөд юу нөлөөлсөн гэж харж байна вэ. Согтууруулах ундааны хэрэглээ нөлөөлж байна уу?

-Нийт гэмт хэргийн 799 буюу 10.0 хувь нь согтуугаар, 416 буюу 5.2 хувь нь бүлэглэн, 279 буюу 3.5 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн. Мөн 2526 буюу 31.6 хувь нь шөнийн цагаар, 1351 буюу 16.9 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн байгаа юм.

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 11.4, нийслэлийн хэмжээнд 12.1 хувиар, орон нутагт 8.8 хувиар өссөн үзүүлэлт гарсан.

Гэмт хэрэгт 3216 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 409 буюу 14.6 хувиар өссөн үзүүэлттэй байгаа.

Холбогдогчдын 407 буюу 12.7 хувийг эмэгтэй хүн эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 89 буюу 28.0 хувиар өсч, 127 буюу ахуйн хувийг хүүхэд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 64 буюу 33.5 хувиар буурсан.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчсөн тохиолдол өндөр дүнтэй гарсан байна лээ…

-Нэгдүгээр улиралд нийт 545.862 зөрчил бүртгэгдсэний 91.9 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, 4.0 хувийг Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах төрлийн зөрчил эзэлж байна.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 77.6 хувь нь нийслэл хотод, 22.4 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 99.6 хувийг шалган шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.2 хувиар өссөн байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 27077 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1743 буюу 6.0 хувиар буурсан үзүүлэлт. Нийт эрүүлжүүлэгдсэн хүний 74.5 хувь нь Улаанбаатар хотод, 25.5 хувь нь орон нутагт эрүүлжүүлэгдсэн байна.

-Үзүүлэлтүүдийг ажиглахад дээрэмдэх төрлийн гэмт хэрэг өндөр хувиар буурсан нь харагдаж байна. Үүний шалтгаан юу вэ?

-Цагдаагийн байгууллага 2020 оны эхний улиралд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлээр “Ятгах тусам нягтал”, “Хайр өвтгөдөггүй”, “Дахин сэрэмжилье, дахин шалгая” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Нөлөөллийн ажлын үр дүн гэж харж болно. Нөгөө талаасаа иргэдийн хууль эрх зүйн боловсрол дээшилсэн байна.

Мөн дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусийнн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос хязгаарлалт, хорио цээрийн дэглэм тогтоон хэрэгжүүлж, иргэд, олон нийт төр засгаас тогтоосон дэглэмийг ухамсартайгаар сахин биелүүлж, төрийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг хэрэгжүүлж байгаа явдал нь энэ оны нэгдүгээр улирлын байдлаар гэмт хэрэг, зөрчил буурч үзүүлэлт эерэг гарахад нөлөөлсөн гэж цагдаагийн байгууллага үзэж байна.

Мөн хөл хорионы үед иргэд гэртээ байгаа нь орон байрны хулгайн гэт хэрэг тодорхой хэижээнд буурахад нөлөөлсөн гэж харж байгаа.

-Хөл хорио тогтоогоод буй энэ үед ахуйн хүрээнд архидах явдал өсөх хандлагатай байгаа гэх мэдээлэл байсан. Энэ нь гэмт хэргийн нөхцөл байдалд яаж нөлөөлж байна вэ?

-Ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал гарч байгаа энд анхааруулъя. Архи согтууруулах ундаа хэрэглэхэд хувь хүний дархлаа унаж таны эрүүл мэндийн эрсдэлд оруулна. Дархлаа сул хүн л өвчин тусах магадлал өндөр байдаг шүү дээ.

Цагдаагийн байгууллагаас иргэддээ хандан архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс аль болох татгалзах, аюулт цар тахалтай холбогдуулан төр засгаас тогтоосон дэглэмийг үргэлжлүүлэн чанд сахихыг уриалж байна.

-Ер нь хөл хорионы үеийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Иргэдийн ихэнх нь гэртээ байгаа. Ихэнх цагийг цахим орчинд өнгөрүүлж байна. Гэмт этгээдүүд үүнийг олзолж цахимд орчинд гол анхаарлаа хандуулаад байна. Короновирустэй тэмцэж байгаа төрийн байгууллага, алба хаагчид, хүнд өвчтэй хүнд хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн компанит ажил өрнүүлэн иргэдийг залилах явдал гарч байгаа.

Мөн бараа материал нийлүүлнэ хэмээн залилсан хэд хэдэн тохиолдол гарсан.

БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “Маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйлдэл шалгагдаж байна.

Мөн “Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улс руу 117.0 сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлэн залилуулсныг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.

Энэ мэт үйлдлүүд гарч байгаа учраас иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Х.Азжаргал: Хөл хорионы үеэр ахуйн хүрээн дэх архидалт нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл 34 хувиар өссөн

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалтай ярилцлаа.


-Оны эхний улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзэхэд 34.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. “Ковид-19” халдварын үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, тодорхой хэмжээнд хүмүүс гэрийн хорионд байна. Хүүхдийн тусламжийн утсанд ирсэн дуудлагад дүгнэлт хийхэд ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл нэмэгдсэн, мөн хүүхдээ үл хайхарсан, хараа хяналтгүй байлгах явдал их байгаа. Өдрийн цагаар ажилтай гээд хүүхдээ орхичхож байна. Цагдаагийн байгууллагаас ахуйн хүрээнд архидах явдал ихэссэн талаар мөн мэдээлж байгаа.

-Ямар асуудлаар холбогдож байна вэ?

-Хүүхдийн тусламжийн утсанд хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллээс гадна сурагчид, эцэг эхчүүд холбогдож теле хичээлийн талаар, мэргэжил сонголт, анги дэвших улсын шалгалтын талаар, гэр бүлийн харилцаа, зөрчлийг хэрхэн шийдвэрлэх зэрэг олон асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авч байна. Манайхан урьд нь теле хичээл үзэж байсан дадлага байхгүй шүү дээ. Үүнтэй холбоотойгоор төгсөх ангийн сурагчид, тэдний гэр бүлийнхэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авч байгаа.

-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлынхаа талаар товч танилцуулахгүй юу?

-Ажлын 60 орчим хувь гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэдэг.

Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд анхан шатанд үйлчилгээ үзүүлж байгаа хамтарсан багийг чадавхжуулах, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог чадавхжуулах зэрэг ажлуудыг явуулж сургалт зохион байгуулж ажиллаж байгаа.

Мөн хүүхэд, гэр бүл, залуучууд руу чиглэж урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сургалт, зөвлөмж мэдээллийн хэлбэрээр явуулдаг. Улсын хэмжээнд залуучуудын хөгжлийг дэмжих 32 төв ажиллаж байна. Тус төвөөр өсвөр үе, залуучуудыг дэмжих, амьдрах ухааны боловсрол олгох, зөвлөгөө мэдээллүүдийг өгөхөөс гадна ажил хөдөлмөрт зуучилдаг.

Гэр бүлийн хөгжлийг дэмжих 14 төв улсын хэмжээнд ажиллаж байна. Энэ төвүүдээр дамжиж гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагааг явуулна. Илүү эрсдэлтэй байж болзошгүй, архины хамааралтай гэр бүл рүү чиглэж хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэхээс өмнө тухайн гэр бүлийн зан үйлийг засах, сайн дурын сургалтад хамруулах ажлуудыг хийдэг.

Бүх шатны боловсролын байгууллага, хүүхдийн зуслан, ордны үйл ажиллагаагаар дамжуулан урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг тасралтгүй явуулж ирсэн.

Үүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг сурталчилж ажиллаж байгаа.Хүчирхийлэл хаалганы цаана далд үйлдэгддэг учраас хүмүүст таньж мэдүүлэх нь чухал. Хүүхэд, өсвөр үеийнхэн рүү чиглэж хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хүүхдийн биед хэн хүрэх ёстой, хүүхдийн биеийн аюулгүй байдал гэж юуг хэлж байгаа тухай мэдээллийг хүргэж хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулиар гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл цахим орчин, олон арга хэмжээ үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын асуудлыг зохицуулсан. Бид эдгээр орчинд үйлдэгдэж байгаа хүчирхийллийг илрүүлэх, хуулийн дагуу аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ авсан хүүхдийн 80 гаруй хувь нь гэр бүлийн орчинд эцэг эх асран хамгаалагчдын зүгээс хүчирхийлэлд өртөж хохирсон байдаг. Улсын хэмжээнд хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 19 түр хамгаалах байр, 10 нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна. Эдгээр төвүүдийг арга зүйгээр хангах, төвөөр үйлчлүүлсэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, хууль эрх зүйн болон нийгмийн ажил үйлчилгээ үзүүлж нийгэмд даан амьдрах чадварт сургахад анхаарч ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, Хүүхэд хамгааллын тухай хуулиар мэдээллийг хүлээн авах, илрүүлэх шалгах үйл явцаас нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хангах, дэмжих холбон зуучлах, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйлчилгээ үзүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээний үе шатыг хуульчилсан, энэ дагуу үйлчилгээ төлөвлөгдөж, хэрэгждэг. Гэр бүлийн нөхцөл байдал сайжирсан, эрсдэлийн түвшин буурсан, хүүхдийн аюулгүй байдал хангагдсан гэж үзвэл гэр бүлд нь эргэн нэгтгэдэг. Эргэн нэгтгэсний дараахь хяналт тавих, дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтарсан баг, аймаг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд зохион байгуулж ажилладаг.

Хэрэв эцэг эхийнх нь зан үйл өөрчлөгдөхгүй хүүхдээ удаа дараа хүчирхийлж байгаа нөхцөлд бид хуулийн байгууллагад хандаж эцэг эх байх эрхийг түдгэлзүүлэх гэх мэт ажлууд хуулийн хүрээнд хийгддэг.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмзэг байдаг. сэтгэл зүйн дарамтад байгаа хүүхэд хаана хандахаа ч тэр бүр мэддэггүй шүү дээ.Тэр бүрт хүрч ажиллаж чадаж байна уу?

-Анхан шатанд ажиллаж байгаа хамтарсан баг мэдээлэл зөвлөгөө өгөх, судалгаа тандалт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. Эрсдэлтэй өрх гэрийг хяналтдаа авах, хүүхэд эрсдэлт нөхцөлд байгааг мэдсэн тохиолдолд яаралтай шуурхай анхан шатны үйлчилгээ үзүүлдэг. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн мэдээллийг хүүхэд өөрөө 108 утсанд хандаж мэдээлэх, гэр бүлийн гишүүд, ангийн багш, хөрш айл, иргэдийн зүгээс мэдээлэл дуудлага өгдөг. Сүүлийн гурван жилд хүүхэд мэдээлэх байдал тасралгүй өсч байгаа.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв 2018 шуурхай үйлчилгээний багтай, автомашинтай болсон. Улаанбаатар хотод хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээллийн дагуу хүүхэд хамгааллын шуурхай тусламж үйлчилгээг үзүүлж байна. шаардлагатай тохиолдолд Цагдаагийн байгууллага руу дуудлагыг давхар шилжүүлж аюулгүйн зэргийн үнэлгээг нь хийлгэнэ. Шуурхай тусламжийн багийн нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээг хийж хүүхдийг хүчирхийлэлтэй орчноос тусгаарлаж, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ рүү холбон зуучилж ажилладаг. Хөдөө орон нутгаас 108 утсанд холбогдоход харьяа аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтэс, цагдаагийн байгууллагаруу дуудлагыг шилжүүлж, холбон зуучилж ажиллаж байна.

-“Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллага”-д байрлаж байгаа иргэд хүчирхийлэлд өртдөг тухай мэдээлэл гарч л байсан. Сая тус төвийн тэргүүн Г.Загдааг баривчиллаа. Тус төвийн ажиллагаанд танай байгууллагаас хяналт тавьж зөвлөмж хүргүүлж байсан уу?

-Бид “Зөв амьдрах ухаан” төвд 2018 дөрөвдүгээр сараас хойш мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч тодорхой шаардлага тавиад ажиллаж байсан. Засаг даргын захирамжийн биелэлтийг хангаж хүүхдүүдийг төрийн байгууллага хяналтдаа аваад үйлчилгээ үзүүлээд явж байна. Хүүхдүүдийг тус төвөөс аваад түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлж байна. Цаашид хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээ үзүүлэх, гэр бүлтэй нь ажиллах гээд ажлын төлөвлөгөө өргөн хүрээнд гаргаад ажиллаж байна. Хүүхдүүдийг богино хугацаанд нөхөн сэргээх, нийгмийн амьдралд бие даах итгэл бий болгох чиглэлээр ажиллана. Мөн боловсролын хувьд хоцрогдсон байсныг нөхөн олгох гээд олон ажлууд төлөвлөж эхлүүлсэн байгаа.

-Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ч тэр бүр илчилж хуулийн байгууллагад ханддаггүй шүү дээ. үүний үр дагаврын талаар сэрэмжлүүлэхгүй юү?

Эмэгтэйчүүдэд “Би эргээд дарамтад өртөж магадгүй, дахиад л хүчирхийллийн хохирогч болно, төрийн байгууллага хамгаалж чадах уу” гэсэн эргэлзээ байдаг. Хүүхдээ бодоод тэвчээд явах тохиолдол бий. Зөвхөн нөхрийн зүгээс дарамт үзүүлэхээс гадна нөхрийнх нь ах дүү, хамаарал бүхий этгээдүүдийн зүгээс дарамт ирэхээс айдаг.

Хүчирхийлэл гэдэг далд хэлбэрт байх тусам л даамжирдаг. Магадгүй хэн нэгэн нь амь насаа алдах аюул эрсдэлтэйг бүх насны хүмүүс ойлгох нь чухал.

Иймээс энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагад хандах нь чухал.

Холбогдох мэргэжлийн байгууллагууд хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл давтагдсан, даамжирсан зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол хуулийн хүрээнд шалгах ажлууд хийгддэг.

Гэр бүлийн маргаан, үл ойлголцлоос үүдэлтэй зөрчлийн үед гэр бүлтэй ажиллаж зөвлөгөө, сургалтад хамруулах, зан үйл, харилцаа хандлагыг өөрчлөх чиглэлийн ажлуудыг хийдэг.

Манайд эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж үг байдаг. Эхнэр нь нөхөртөө удаа дараа хүчирхийлүүлээд илчилж чадахгүй тохиолдолд хажуу хөрш нь мэдээлэх, туслах нь чухал байна. Ялангуяа хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн, ажигласан, таамагласан тохиолдолд иргэн хүн “заавал мэдээлэх” үүргийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн байдаг.

Сүүлийн үед иргэдээс хүчирхийллийн тухай мэдээллийг хуулийн байгууллагад мэдэгдэж тусалж дэмжих хандлага сайжирсан. Үүний үр дүнд далд байсан хүчирхийллийн илрүүлэлт нэмэгдэж байна. Илрүүлэлт сайжрахын хэрээр бид дараа дараагийн учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, үйлчилгээ үзүүлдэг. Иймд иргэн та Хүүхдийн тусламжийн 108 утас, цагдаагийн байгууллагын 102 утас руу, эсвэл хамтарсан багт заавал мэдээлээрэй.

-Та гэр бүлийн хүчирхийллийг бууруулах арга замыг хэрхэн харж байна вэ?

-Хүчирхийллийг зөвхөн архидалттай холбож авч үзэж болохгүй. Тухайн хүний төлөвшил боловсрол, зан үйл, харилцаа сэтгэц эмгэгийн байдал нөлөөлдөг. Мэдээж ажилгүйдэл, эдийн засгийн байдал ч, нийгмийн бусад хүчин зүйл ч нөлөөлж болно.

Суурь шалтгааныг арилгах, хүнийг зөв хүн болгож төлөвшүүлэх ажлыг боловсролын системээр, амьдрах ухааны хөтөлбөрөөр, гэр бүлийн боловсролоор дамжуулан хүүхэд ахуй наснаас нь эхлэн хүргэх нь чухал. Үүнийг боловсролын системээр нь өгөх ёстой гэдийг эрдэмтэд тогтоосон байгаа. Бусад оронд нь ийм жишиг бий.

Бид хүнийг төлөвшүүлэх чиглэлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг боловсролын системээр дамжуулж олгож байна. Цаашид улс орны эдийн засаг сайжраад, ажилгүйдлийн түвшин тодорхой хэмжээнд буурч, хүн рүү чиглэсэн үйлчилгээ илүү сайжирч, нийгэмдээ хүргэх төрийн үйлчилгээний чанар илүү сайжирсан үед хүчирхийлэл гэдэг зүйлийг бодитойгоор бууруулж чадна. Хүнээ хөгжүүлэх механизм илүү сайжирна гэж харж байна.

Categories
мэдээ цаг-үе

Х.Хатанбаатар: Цахим орчинд иргэдээс мөнгө хурааж азтан шалгаруулах нь залилах төрлийн гэмт хэрэг

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Х.Хатанбаатартай ярилцлаа.


-Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл гарчээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-2017 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар мөрийтэй тоглохыг гэмт хэргээс хасч зөрчлийн хуулинд оруулсан байсан. Энэ үеэр мөрийтэй тоглоом зохион байгуулсан, орон байраар хангасан бол зөрчлийн хуульд заасны дагуу 500 мянгаас хоёр сая хүртэл төгрөгөөр торгох санкцтай байв.

Сүүлийн гурван жилийн хугацаан дахь статистик мэдээллийг харахад тогтмол 40-50 хувиар нэмэгдэж ирсэн байдаг. Энэ хугацааны туршид мөрийтэй тоглоом манайд хөгжиж байсан нь тоон үзүүлэлтээс харагдаж байгаа юм.

Харин 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар мөрийтэй тоглоом зохион байгуулах, байраар хангах үйлдлийг гэмт хэрэгт зүйлчилж 3-5 жил хорих ял шийтгэхээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага мөрийтэй тоглоом зохион байгуулсан, орон байраар хангасан этгээдүүдийг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар 12 этгээдэд дөрвөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Хэргийн газраас 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгө хураан авч битүүмжилсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж биетээр 250 сая төгрөг хурааж авсан. Мөн нөүтбүүк, макбүүк, процессор, гар утас, пос машин зэрэг 100 гаруй техник хэрэгслийг хэргийн газраас хурааж битүүмжлээд байна. Мөн дээрх этгээдүүдийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй 490 сая төгрөгийн өртөг бүхий зургаан орон сууц, 200 орчим сая төгрөгийн өртөг бүхий гурван тээврийн хэрэгсэл, хадгаламжид 840 сая төгрөг байсныг битүүмжилж авсан. Нийт 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрх этгээдүүдээс хурааж авсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
-Мөрийтэй тоглоомыг дагаж гардаг дам хохирол нь өндөр байдаг юм шиг. Зөрчлийн хуулиас эрүүгийн хуульд оруулснаар гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Мөрийтэй тоглоом тоглох гэдэг өөрөө хууль бус. Зөрчлийн тухай хуулийн 5.7-д зааснаар мөрийтэй тоглоом тоглосон этгээдэд торгуулийн арга хэмжээ авагдах ёстой. Мөрийтэй тоглоом гэдэг хар тамхи шиг хүнийг донтуулдаг, аюултай зүйл. Мөрийтэй тоглоомонд донтсон этгээд мөнгө олохын тулд залилан мэхлэх, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг үйлдэж мөнгө олдог. Мөн дээрээс нь өөрийн гэрийн эд хөрөнгийг зарж үрдэг хор уршигтай. Нийгэмд гарах дам хохирол нь өндөр байдаг учраас Эрүүгийн хуульд оруулсан нь зөв гэж харж байна.

Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авдаг байхад цахим тоглоомын газрын хэрэглэлүүдийг лацдах, хураах эрхгүй байсан. Торгоод л өнгөрнө. Ашиг орлогынхоо цөөхөн хувиар торгуулаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг байв. Одоо бол шууд лацдаж зохион байгуулсан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж хариуцлага тооцох эрх зүйн чадамжтай болсон.

Мөрийтэй тоглоомыг олон янзаар зохион байгуулдаг. Орон байранд цуглуулах хэлбэр байна. Нөгөө талаараа цахим орчинд программ бүтээгээд хүмүүсийг уриалан дуудаж код өгч 5-10 хүнийг бүлэг болгож покер тоглож байгаа юм. Цахим дахь операторын үүргийг зохион байгуулж байгаа этгээд гүйцэтгэдэг. Зохион байгуулах үүрэг гүйцэтгэсэн этгээдийг 3-5 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн шинэ заалттай болсон.

Үүнээс гадна тухайн этгээд нууц дугаар аваад мөрийтэй тоглож байна гэж итгэж байтал нөгөө талд нь цахим луйвар явж байдаг. Бүлэг этгээдүүд цахимд нийлж бусдын мөнгийг луйвардаж авах явдал бий.

Дээрх их хэмжээний мөнгө бол одоогоор ил болоод байгаа нь. Цаашид мөрдөн шалгах ажиллагааны явцад хэдий хэмжээний мөнгө луйвардаж авсан нь тогтоогдох байх.

Бохир аргаар олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд янз бүрийн арга хэрэглэсэн байна лээ. Жишээ нь, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани, хадгаламж зээлийн хоршоо байгуулж байна. Үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваад эргээд зарж борлуулах маягаар цэвэр мөнгө болгож байгаа юм. Дээрээс нь татвараас нуун далдлах гэмт хэрэг давхар үйлдэгдэж байдаг.

-Энэ төрлийн хууль бус үйл ажиллагаа явуулдаг хэдэн газрын үйл ажиллагааг түдгэлзүүлээд байна вэ?

-Сүүлийн гурван сарын хугацаанд цагдаагийн байгууллагас нийтдээ 126 ширхэг мөрийтэй тоглоом зохион байгуулдаг фэйсбүүк хуудас, хаяг, 46 төрлийн вэб сайтыг илрүүлж харилцаа холбооны зохицуулах хороотой хамтраад устгасан байгаа.

-1.9 тэрбум гэдэг их мөнгө. Энэ хөрөнгө мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөх хандлагатай байгаа талаар та яриандаа дурдлаа. Ер нь нэг иргэн дунджаар хэд орчим төгрөгөөр мөрийтэй тоглосон байна вэ?

-Янз бүр. Хамгийн багадаа л таван мянган төгрөг төлж код авсан байгаа юм. Тав арван мянгаар хожиж байгаад л ахиухан дүнтэй мөнгөн дүн дээр алдсан тохиолдол олон байна. Зөвхөн нэг удаа тоглохдоо л таван сая төгрөгөөр код авч тоглосон тохиолдол байсан.

-Цахим мөрийтэй тоглоом тоглосон иргэдэд Зөрчлийн хулийн дагуу арга хэмжээ тооцсон уу. Төрийн албан хаагч тоглосон тохиолдол байна уу?

-Одоогоор төрийн албан хаагч тоглосон тохиолдол бүртгэгдээгүй. Нэг данс руу нь л 10 орчим мянган хүн их бага хэмжээний мөнгө шилжүүлсэн байгаа юм. Тэр бүрийг нягталж шалгахад цаг хугацаа орно. Ямар ажил хөдөлмөр эрхэлдэг хүн тоглосон, төрийн албан хаагч эсэхийг нь шалгаж тогтооно.

-Ер нь хөл хорио тогтоосон, иргэд гэртээ байгаа энэ үед гол төлөв ямар төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?

-Иргэд ихэвчлэн цахим орчинд өдрийг өнгөрөөж байна. Гэмт хэрэгтнүүд үүнийг нь олзолж хууль бус үйл ажиллагаагаа явуулаад эхэлжээ. Иргэд гэртээ цахим орчинд цагийг өнгөрүүлэх болсноор онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, азтан шалгаруулах үйл ажиллагаа, сонжоо гэх мэт цахим гэмт хэргүүд эрчээ аваад байна.

Тэр дундаа иргэдээс 5-10 мянган төгрөг хурааж азтан шалгаруулж байгаа нь ашиг олох зорилготой, залилангийн шинжтэй үйлдэл гэдийг энд анхааруулъя. Эхлээд тодорхой хэмжээний мөнгө амлаад азтан шалгаруулдаг байсан бол энэ нь даамжраад байр, машин хурдан удмын адууны хонжвортойгоор явагддаг болжээ. Идэвхтэй группт лайв хийгээд л данс байршуулж иргэдээс 20 мянган төгрөг хурааж азтан шалгаруулдаг болж. Манайхан ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлээд авах сонирхолдоо хөтлөгдөөд хэдэн зуугаараа л оролцоно. Эдгээр үйл ажиллагаануудын ихэнх нь ашиг хонжоо олох зорилготой байдгийг иргэд ухамсарлахгүй, залилуулсаар байгаа нь харамсалтай. Лайваар азтан шалгаруулахад үйл явцыг нь та нарийн хянах боломжгүй байдаг. Хэдэн таньдаг хүмүүстээ л хонжвороо хувааж өгч залилдаг бүлэг этгээдүүд байна. Үүнээс сэрэмжлэхийг дахин анхааруулъя.

Мөн онлайнаар бараа зарж иргэдийг залилдаг тохиолдол одоо хэр нь байгааг энд дуулгая. Захиалсан барааны урьдчилгаа гэж мөнгө аваад л алга болдог жишээ олон байна.

Categories
мэдээ цаг-үе

Хуульч Ж.Эрхэмбаатар: Сэтгүүлч эх сурвалжаа нууцлахад л худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт буруутгагдана

Хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.


-Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах үүрэгтэй байдаг. Өнөөдөр манайд эх сурвалжаа нууцалсан сэтгүүлч ялтан болох нөхцөл бүрдчихээд байна. Сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж мэдээ материал нийтэлснийхээ төлөө хуулийн байгууллагад дуудагдахад хамгийн түрүүнд эх сурвалжаа хэлэхийг шаарддаг болжээ. Үүнийг хуульч хүний зүгээс хэрхэн харж байна вэ?

-Хэвлэн нийтлэх эрх чөлөө, нөгөө талаараа хувь хүний мэдээлэлтэй байх эрхийг хамгаалсан хуулийн зохицуулалт байдаг ч хийдэл, цоорхой ихтэй. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дөрөвхөн заалттай нэг нүүр хууль. Яаж, хэрхэн хамгаалах нь тодорхойгүй. Хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хязгаарласан хууль эрхзүйн орчин бий болгохгүй гэх хязгаарлалт байдаг ч баталгаа байхгүй. Өнөөдөр Монгол Улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөө баталгаатай хангагдаагүй байгаа. Сэтгүүлч баримттай ярих ёстой гэдэг. баримтаа дэлгэхэд хувь хүн байгууллагын нууц задруулсан хэрэгт ордог. Баримтгүй ярихад худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг үйлдсэн болж байгаа. Баримтынхаа араас хайж яваад олоход хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эсхүл хууль бусаар гүйцэтгэх ажил хийлээ гээд эрүү үүсдэг болчихоод байна. Хаашаа л гишгэнэ, цаана нь гэмт хэрэг тосож байна. Ийм орчинд ажиллаж байгаа сэтгүүлч нарын эрх чөлөө баталгаажсан, хамгаалагдсан гэж хэлж чадахгүй.

-Сар орчмын өмнө гүтгэх заалтыг Зөрчлийн тухай хуулиас аваад Эрүүгийн хууль руу оруулчихлаа. Энэ нь сэтгүүлч нарын ажиллах эрх зүйн орчинг бүр л дордуулаад байх шиг. Та энэ үйлдлийг хэрхэн харж байна вэ?

-Хоёр талтай. Хуульч хүний зүгээс харахад Эрүүгийн хуульд байсан нь дээр гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх заалтад гутаан доромжилсон агуулгатай мэдээ, мэдээллийг олон нийтэд тараах нэр төр алдар хүндэд халдах гэсэн заалт байсан.Сэтгүүлчийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгох санкцтай байсан.

Зөрчлийн хуулиар зөрчлийг тодорхойлсон зөрчлийг илрүүлж шалгах ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан процессын хүрээнд явагдана. Энэ хуулиар гүтгэсэн үү, үгүй юү гэдгийг тогтоох эрхийг цагдаад өгчихсөн. Зөрчилд холбогдогчийг дуудсан болоод л тайлбарыг нь ч авахгүй, баримтыг нь үзэхгүй шууд л торгодог байлаа. Олон ч сэтгүүлчийг торгосон доо. Өөрөө ирээд, нотлох баримтаа гаргаж, өөрийгөө хамгаалах тайлбар хийгээгүй байхад нь торгочихдог байсан шүү дээ. Сүүлд баримтаа аваад очиход нь “шүүхээр явж учраа ол” гэсэн хариутай нүүр тулдаг. Сэтгүүлч өөрийгөө хамгаалах бололцоо муу байсан гэж ойлгож болно. Хүн гүтгэснийг нь цагдаа нар аль хэдийнэ тогтоочихож байгаа юм. Эрүүгийн хоёр шатны шүүхээр явах хуультай. Дээд шүүхийн хяналтаас гадуур байсан. Үүнийг би сөрөг гэж харж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дахь процесс нь сэтгүүлчийг хамгаалах заалтууд нь байхгүй байгаа нь илэрхий харагдаж байна. Ийм учраас л эрүүгийн хэрэгт тооцон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн процессын хяналт, хамгаалалтад оруулах нь зөв гэж боддог.

-Сэтгүүлчид хазгай гишгэхэд л Эрүүгийн гэмт хэрэгтэн болох айдастай ажиллаж байна. Эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэх сэтгүүлчид олон байна лээ…

-Гэмт хэргийн шалган шийдвэрлэх ажиллагаанд нь цагдаа оролцож байгаа боловч зөвхөн нотлох баримт бүрдүүлэх ажлыг хийж байгаа. Сэжигтэн яллагдагч өөрийгөө хамгаалах, өмгөөлөгч авах эрхээр хангана. Мөн прокурорын хяналт хэрэгжинэ. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиас хавьгүй өргөн, хяналт, баталгаатай. Цагдаа материал бүрдүүлэх ажиллагаа хийгээд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүх тогтооно. Ингээд харьцуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл явцаар явсан нь илүү дээр байгаа юм. Дараагийн нэг үндэслэл нь гурван шатны шүүхээр гэм буруутай эсэхээ хянуулна. Энэ үед нь өөрийгөө хамгаалах тайлбараа өгөх, өөрт шаардлагатай гэрчүүдийг дуудах, бусад иргэн хуулийн этгээдэд байгаа нотлох баримтыг гаргуулах, үнэн зөвийг батлах бололцоо өргөн болж ирсэн. Гүтгээгүй ч байж болно шүү дээ. Гурван шатны шүүхээр гэм буруугаа дэнслүүлэх зэрэг процессын давуу тал, хамгаалалт байгаа.

-Хоёр талтай гэж та яриандаа дурдаж байсан. Сөрөг талыг нь та яаж харж байна вэ?

-Сөрөг тал гэвэл гутаан доромжилсон гэдэг агуулгын шаардлагыг нь аваад хаячихсан. Зөвхөн илт худал мэдээлэл гэдэг томьёоллоор оруулчихсан. Гутаан доромжилсон агуулгагүй байсан ч нийтэлсэн агуулга бодит байдал хоёр зөрөхөд л гэмт хэрэгт орооцолдчих нөхцөл байдал үүссэн. Зөрчлийн хуульд агуулгын шаардлага, үнэн зөвийн шаардлага, нэр төрд нь халдсан үйлдлийг шалгадаг байсан бол одоо больсон. Анхаарал алдаж жаахан худал мэдээлэл нийтлэхэд л гэмт хэрэг рүү халтирч орох гээд байна.

-Сэтгүүлчид хардах эрхтэй. Энэ эрх хөрсөн дээр хэрэгжихгүй байх шиг…

-Хардах эрхтэй л гэдэг. Одоогоор баталгаажсан хууль нь алга. Хэрэв энэ хүн гэмт хэрэг үйлдсэн байна гэж хардаж байгаа ч өөрт тань баримт байхгүй бол хэвлэн нийтлэх биш, хууль хяналтын байгууллагад хандаж болно. Тухайн эрх бүхий байгууллагууд иргэний өргөдөл, мэдээлэлд үндэслээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж таны хардлагын үнэн зөвийг тогтооно. Нөгөө талдаа хардаж байна гээд сонссон бүхнээ олон нийтэд цацаад байж болохгүй. Цаана нь хохирч буй иргэний нэр төр гэж байгаа шүү дээ. Мөн л хуулиар хамгаалагдсан эрх. Үүнд дур зоргоороо хандаж болохгүй.

-Сэтгүүлчид цаашид ажил үүргээ гүйцэтгэхдээ айх аюулгүй ажиллах гарц гаргалгааг хуульч хүний зүгээс та хэрхэн харж байна вэ?

-Дөрөвхөн заалттай нэг л хуулийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Ямар тохиолдолд сэтгүүлчийн хардах эрхийг хамгаалах, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хэрэгжүүлэх цар хүрээ, сэтгүүлчийн оролцоо ямар вэ гэх мэт зөвшөөрөгдөх нөхцөлүүдийг тогтоох ёстой. Эрэн сурвалжлах сэтгүүлч жаахан хазайхад л хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болох гээд байна. Тэгвэл эрэн сурвалжлах сэтгүүл зүйг ямар тохиолдолд зөвшөөрөх, аль тохиолдолд зөвшөөрөгдөхгүй гэсэн хэмжээ хязгаарыг тогтоогоод өгөх ёстой. Мэдээж нийтийн албан тушаалтны хууль бус үйлдлийг илчлэх хэцүү. Араас нь мөрдөж баримт цуглуулна. Энэ үед нь л сэтгүүлчийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гээд гэмт хэрэгт холбоод байвал нийтийн албан тушаалтны үйлдэл, шийдвэрийн сүүдэртэй хэсэгт хүрэхгүй биз дээ. Нийтийн албан тушаалтан олон нийтийн хяналтад байх ёстой. Хяналтыг хэрэгжүүлдэг субьект нь сэтгүүлчид. Энэ чиг үүргийг хууль ёсны болгох нөхцөлийг хуулиар тогтоож, хамгаалах ёстой. Энэ цагт л сэтгүүлчид баруун зүүн алхаад гэмт хэрэгт орчихолгүй ажил үүргээ гүйцэтгэнэ. Ажлын үр дүнд нийтийн албан тушаалтнуудын хууль бус үйлдэл илчлэгдэнэ. Ингэснээр нийтийн алба цэвэрших ач холбогдолтой. Хууль эрх зүйн орчноо сайжруулах талаар сэтгүүлчид ажиллах л ёстой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Чимэдбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах зөрчил нэмэгдэж байна

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.


-Согтуурсан үедээ жолооны ард сууж ноцтой осол үйлдсэн тохиолдол хэд хэд бүртгэгдлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжээд буй цаг үеийн замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байна вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолоодож осол хийж байгаа тохиолдол буурахгүй байна. Коронавирустэй холбоотойгоор цагдаагийн байгууллага нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулахгүй байгаа. Тухайн замаар явж байгаа жолооч нэг бүрийг толгой дараалан тандагч багажаар шалган согтуурлын зэргийг тогтоохгүй байгаа гэсэн үг. Гэхдээ гудамж замд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавиад шалгалтын ажиллагаа хийгдээд явж байгаа.

Тээврийн цагдаагийн албанд өдөрт дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үедээ зам тээврийн осол хэрэгт холбогдсон, ослын газрын санаатай болон санаандгүйгээр орхиж явсан осол хэргүүд олон бүртгэгдсэн. Тухайн жолооч хууль эрх зүйн мэдлэг дутуу, осолд холбогдоод сандарсан зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж ослын газрыг орхидог шалтгаан нөхцөлүүд бий.

Оны эрхийн хоёр сарын байдлаар Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 3974 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол улсын хэмжээнд 6.8 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхний хоёр сарын байдлаар зам тээврийн ослоос шалтгаалаад улсын хэмжээнд 47 хүн амь насаа алдсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан үзүүлэлт гараад байна. Гэсэн хэдий ч цагдаагийн байгууллага энэ тоог бууруулах, нэг ч гэсэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө хяналт шалгалтаа 24 цагийн турш гүйцэтгэж байна.

Зам тээврийн ослоос шалтгаалаад нийслэлд 262, орон нутагт 86 улсын хэмжээнд 351 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.

-Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. энэ хугацаанд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд бүртгэгдсэн үү?

-Оны эхний хоёр сарын байдлаар нийслэлд 27 хүүхэд зам тээврийн ослоос шалтгаалаад гэмтсэн. Хөл хорио тогтоож Ерөнхий боловсролын сургуулиуд амарсантай холбоотойгоор бага насны хүүхэд зам тээврийн осл хэрэгт холбогдож байгаа тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа.

Дээрх хугацаанд 3300 жолоочийн эрхийг хассан. Улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 678 жолоочийг баривчилсан. Жолоодох эрхээ хасуулсан, жолоодох эрхийн үнэмлэхгүй, огтын жолооч биш хүмүүс жолооны ард суусан, давтан үйлдэлтэй хүмүүст баривчлах шийтгэл оногдуулдаг.

-Эмэгтэй жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох, дээрх хэргийг давтан үйлдэж баривчилгаанд явах тохиолдол байгаа тухай мэдээлэл байсан. энэ талаар тодруулахгүй юу?

-Оны эхний хоёр сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3722 зөрчлийг цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналтаар илрүүлсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт гарсан. Гэхдээ согтуугаар тэээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах зөрчил нэмэгдэх хандлагатай байна.

Зөвхөн 2019 онд гэхэд 2400 эмэгтэй жолооч баривчилгаанд явсан. Өөрөөр хэлбэл давтан үйлдэлтэй, эрхээ хасуулсан үедээ жолооны ард суусан гэсэн үг.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэдэг маань санаатай үйлдэл. Учирч болох эрсдэлийг мэдсээр байж согтуугаар жолооны ард сууна гэдэг хувь хүний ухамсар, төлөвшилтэй холбоотой асуудал. Дээрх зөрчил гаргасан жолооч нарын золиос болж дүрмээрээ хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс зам тээврийн ослын хохирогч болсон жишээ олон байна.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжээд буй үед согтуугаар жолоо барих зөрчил өсөх хандлагатай байгаа талаар та яриандаа дурдлаа. Үүний шалтгаан нөхцөлийг та хэрхэн харж байна вэ?

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор тандагч багаж ашиглан үлээлгэхгүй байгаа гэх ойлголт жолооч нарын дунд яваад байна.

Цагдаагийн хяналт шалгалт байхгүй замуудад жолооч замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчил гаргаж байна. Цагдаагийн байгууллага зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, тухайн зорчих хэсэгт хяналт тавих зорилгоор хөдөлгөөнт байдлаар хяналт шалгалтаа зохион байгуулж байна. Хаана, ч хэзээ ч цагдаагийн хяналт байж болно гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Гудамж замын хяналтаар зогсооход хөл дээрээ тогтож чадахгүй, хаанаас хаашаа явж байгаагаа мэдэхгүй, өөрийгөө хянах чадваргүй болчихоод жолооны ард суугаад замын хөдөлгөөнд оролцсон тохиолдол бүртгэгдсэн. Хажуудаа жаахан хүүхдээ суулгачихсан явж байгаа юм. Гэр бүлээ ямар эрсдэлд оруулж байгаагаа тухай жолооч ухамсарлахгүй байгаа нь харамсалтай.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох битгий хэл явганаар хөдөлгөөнд оролцох нь эрсдэлтэй үйлдэл шүү дээ.

-Үүсээд буй нөхцөл замын хяналт шалгалтыг ямар арга хэлбэрээр зохион байгуулж байна вэ?

-Бид Германд үйлдвэрлэсэн согтуурлын зэрэг тогтоох багажаар жолооч нарыг шалгаж байгаа. Тухайн багаж нэг удаагийн урт, богино хоёр төрлийн хошуутай. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрсөн хошуу байгаа. Нэг жолоочид нэг л хошуу хэрэглэнэ. Тухайн хошуу лацтай, ариун цэврийн шаардлага хангасан байдаг. Үлээсэн хошууг нэгдсэн журмаар устгалд оруулж байгаа.

Хяналт шалгалтаа эрчимжүүлээд байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу тусгай арга тактикаар хяналт шалгалт зохион байгуулаад явна. Сүүлийн үед гарч байгаа зам тээврийн ослууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой байна.

Цагдаагийн байгууллага нийслэлийг торлосон хэлбэрээр буюу Нарны зам, Энхтайвны өргөн чөлөө, Залуучууд, жуулчны гудамж, Их, бага тойруу гэх газруудад шалгалтын ажиллагаа явуулж байна.

-Олон улсад согтуу жолоочид хариуцлага хэрхэн хүлээлгэдэг вэ. манайд хэрэгжүүлэх боломжтой ямар сайн жишээнүүд байна вэ?

-Гадаад орнуудад согтуугаар жолоо барьсан иргэдэд хариуцлага тооцдог олон жишиг бий. Тээврийн цагдаагийн албанаас төрийн байгууллагын алба хаагчдын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргавал ажлын газарт мэдэгдэл, албан бичиг хүргүүлдэг болох талаар ярилцаад хэд хэдэн арга хэмжээ зохиогоод явж байна. Тухайн байгууллагын ажилчид дахин ийм зөрчил гаргахгүй байх тал дээр анхааруулж, цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний дүрэм Зөрчлийн тухай хуулийн сургалт авч алба хаагчдад мэдээлэл түгээх шаардлагатай байна гэх мэдэгдэл хүргүүлдэг болохоор ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Шинэ мянганы “алтан үе”-ийн тамирчидтай ажиллаж байсан Л.Энхбаяр багшийнх

Хаврын сар гараад уджээ. Хотоос эртлэн гарсан бид бага үдийн алдад Төв аймгийн Зуунмод хотод ирлээ.

Уул толгодын цас хайлмагтаж, энтээ тэртээ цоохортоод, нялх төлийн дуу малчны хотонд цангинаад, бүлээн салхи зөөлөн сэвших нь урин цаг хэдийнэ ирснийг илтгэх.

“Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хот” гэх бичигтэй цагаан хаалгаар ороход л энэ удаагийн “Танайд өнжье” булангийн зочин чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Л.Энхбаяр багш биднийг уриалгахан хүлээж авав.

Мэнд мэдэлцсэн бид төв замаас зүүн гар тийш эргэж жаахан яваад л амины орон сууцнууд дундуур ороод явчихлаа.

“Миний аав Лувсандамба насаараа цагдаагийн байгууллагад ажилласан. Төв аймгийн Бүрэн сумынх. Ээж харин Төв аймгийн Эрдэнэ сумынх. 40 орчим жил эмнэлгийн байгууллагад ажилласан. Ахмад үеийнхэн Ц.Саранхүү гэхээр андахгүй мэднэ. Би Мөнгөнморьт сумын харьяат улсын арслан Лувсанмөрийн Чимэд арслантай ээжийн талаараа ойрын садан төрөл юм билээ” гэж Энхбаяр багш аав ээжийнхээ талаар дурсаж байна. Энэ зуурыг ярилцаж явсаар цэвэрхэн төмөр хашаатай хоёр давхар улаан тоосгон сууцны үүдэнд ирлээ.

Энхбаяр багшийнх дөрвөн хүүхэдтэй өнөр бүл ажээ. Гэрт ороход л хүүхдийн цэцэрлэг шиг шуугилдсан, инээд хөөр цалгисан орчин биднийг угтлаа. Гэрийн эзэгтэй Л.Одонтуяа хоол, хүнс зэхээд тун завгүй харагдана. Эднийх гэрийнхээ баруун хананд тууз хадаад медалиудаа зүүчихжээ. Оюутны дэлхийн аваргын хүрэл медалиас өгсүүлээд улсын бүсийн тэмцээнүүдээс хүртсэн 20 орчим медалиар туузаа чимсэн харагдана. Түүний дундаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн хүрэл медаль нь нүдэнд содон туслаа.

Урд хананд байрлах сервантад цомнуудаа өрөөд тавьчхаж. Энхбаяр багш 2000 онд 23 насандаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол биелүүлж, тухайн жилийнхээ шилдэг тамирчнаар шалгарсныг Монголын Үндэсний олимпийн хорооноос баталж цом гардуулж байжээ. Үүнийг нь сервантныхаа хамгийн дээд талд нь залжээ. Мөн оны шилдэг дасгалжуулагчийн цом ч тэнд харагдсан.

Эднийх шинэ байранд 2017 онд нүүж орсон гэнэ. Өмнө нь Улаанбаатарт амьдарч байжээ.

“Жаахан хүүхэд байхад л ах дүү армиудын чөлөөт бөхийн “Интернационал” тэмцээн зурагтаар гарна. Алгасалгүй үздэг байлаа. Ингээд л хөрш хашааны хүүхдүүдтэйгээ элсэн дээр өдөржин барилдана. Ингэж яваад л бөхөд татагдсан даа. “Таахай” Дамдин багшид шавь болж бөх болох сууриа тавьсан. Дараахан нь Зоригоо багшийн бэлтгэлд явдаг болсон. Зоригоо багшийн шавь нар нараас тив дэлхийд алдартай олон тамирчид гарсан. Гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Г.Шижир нар Зоригоо багшийн гараар дамжсан байдаг. Миний хувьд ялгаагүй” гэж Энхбаяр багш ярьж байна.

Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй. Сургуулиа төгссөн даруйдаа Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хэсэгхэн хугацаанд жижүүрийн офицероор ажиллаж байгаад л чөлөөт бөхийн спорт хөгжүүлэхээр төрсөн нутаг Төв аймгаа зорьжээ.

“Би оюутан байхдаа “Алдар” спорт хорооны тамирчин байсан. Сүүлд Хэнмэдэхийн Амараа начин дээр бэлтгэл хийдэг болсон.

Чөлөөт бөх бол их дуртай байж л хичээллэдэг хүнд спорт. Манай үеийнхнээс цөөхөн залуус л чөлөөт бөхөөрөө дагнаж хичээллэж үлдсэн. Миний хувьд 2009 оноос хойш л дасгалжуулагчаар ажиллаж байна” гэв.

Зүүн гар талаас гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр, Л.Энхбаяр нар.

Тэрбээр гавьяат тамирчин Б.Наранбаатар, улсын заан Д.Амгаланбаатар, улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар нартай нэг үеийн тамирчин ажээ.

“2009 онд чөлөөт бөхгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй болчихсон байсан л даа. Ингээд л нутагтаа бөхийн спорт хөгжүүлэхээр сэтгэл шулуудсан. Бөх болох сонирхолтой хүүхдүүдтэй тулж ажилласан” гэсэн юм.

Чөлөөт бөхийн спорт хөгжүүлэхээр ирснээ удирдлагуудад танилцуулахад нь ч дэмжиж өгчээ.

Бөх болох сонирхолтой 10 гаруй хүүхдүүдийг өөр дээрээ авч бэлдэж эхэлсэн байна. Тухайн үед шавь нараа амьдруулах орон байр асуудалтай байсан учраас хоёр өрөө байр түрээсэлж өгөөд бэлтгэл хийлгэж байсан гэнэ.

Энхбаяр багшийн шавь нар ч итгэлийг нь алдсангүй амжилт нь өдөр өдрөөр ахиад ирж. Эдүгээ хичээл зүтгэлийн үр шим гарч тив дэлхийд өрсөлдөх хэмжээний өрсөлдөхүйц ур чадвартай Шинэхүүхэн, Даваасүрэн нарын шилдэг тамирчид бэлтгэгдээд байгаа юм.

Шавь нарын амжилт гэрлийн хурдаар ахиж түүнд шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах боломж нээгдэж иржээ.

Энэ талаараа Энхбаяр багш “Гавьяат Б.Наранбаатар бид нэг үеийн тамирчид. Он жав маань БТСУГ-ын даргаар ажиллаж байхдаа шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад оролцох санал тавьсан юм. Үүнийх нь дагуу шалгаруулалтад нь тэнцэж 2012-2016 оны олимпийн циклд эрэгтэйчүүдийн шигшээ багт дасгалжуулагчаар ажилласан. Санаа нийлсэн хүмүүстэй хүсэл зорилгоо нэгтгээд зүтгэхэд амжилт хүрдэг юм гэдгийг биеэрээ мэдэрсэн дээ. 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон найман тамирчны маань тав нь шигшээд шалгарч медалийн төлөө барилдсан. Миний хувьд шинэ мянганы “алтан үе”-ийн тамирчидтай ажиллаж явснаараа бахархдаг юм” гэж шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан талаараа хэлж байна.

Түүний хувьд гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа нартай хамт эрэгтэйчүүдийн шигшээ багт ажиллах хугацаандаа уналтад ороод байсан эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийг сэргээж, тасраад байсан “медалийн хур” буулгасан юм.

Дээрх эрхмүүд 1990 оноос хойш Монголын чөлөөт бөхийг нуруундаа үүрч явсан гэхэд худлаа ярвсан болохгүй биз. Ц.Цогтбаяр гавьяат зах зээл солигдсон хүнд үед ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан удаатай. Түүнээс хойш тасраад байсан медалийг гавьяат тамирчин О.Пүрэвбаатар 2000 онд эх орондоо авчирч байсан түүхтэй. Үүнээс хойш мартагдах шахсан медалийг гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар 2005 онд Будапештийн дэвжээнээс зүүж байсан. Дасгалжуулагчаар нь Бямбаренчингийн Баяраа багш ажиллаж байсан юм. Б.Наранбаатарын тухайд энэ олимпийн мөчлөгт БТУСГ-ын даргаар ажиллаж байсан. Монголын чөлөөт бөхөд өөрийн амьдралаа зориулсан дасгалжуулагч нар баг болж нэг зорилготой ажилласнаар дэлхийн тавцанд өндөр амжилт үзүүлсэн юм.

2015 онд бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдахад эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид давуулах нь битгий хэл давтахад хэцүү амжилт үзүүлж ОХУ, АНУ болон Гүржийн багийн тамирчдын дараагаар дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Б.Анхбаяр маань бэртээгүй бол багаараа хүрэл медаль авах боломж байсан талаар Энхбаяр багш хэлж байна. Монголын баг Гүржийн багаас хоёр оноо л дутуу байжээ.

Шигшээ багт ажиллана гэдэг том хариуцлага байдаг. Жилийн 365 өдрийн цөөхөн хэдэд нь гэртээ өнждөг байжээ. Энэ үед ар гэрийн ачааг гэрийн эзэгтэй Л.Одонтуяа нугалж байсан талаар ярилаа.

“Бид хоёр 1997 онд өрх тусгаарласан. Тамирчид ч тэмцээн уралдаан бэлтгэл сургуулилт гээд гэрийн бараа харахгүй шүү. Шигшээ багт ажиллаж байхдаа гэртээ цөөн хонодог байсан. Харин олимпийн мөчлөг дуусч ажлаа өгснөөс хойш гэртээ суурин байдаг болсон доо. Өглөө оройдоо л бэлтгэлийн заал руугаа явдаг. Ихэнх цагаа гэр бүлдээ зарцуулдаг болсон” гэж Л.Одонтуяа хэлж байна. Тэрбээр хувиараа бизнес эрхэлдэг ажээ.

Энхбаяр багш 1980 оноос хойш тасраад байгаа олимпиин медальтан төрүүлэх зорилго өмнөө тавиад л эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчид ажилдаа орсон. Зорилгодоо хүрсэн гэж хувьдаа боддог юм. Мандахнаран гавьяат хүрэл медаль авсан шүү дээ. Том нөлөөтэй хүмүүст дээрэлхүүлчихсэн гэж Энхбаяр багш Рио-гийн олимпийн талаар дурслаа. Тэрбээр дөрвөн жилийн хугацаанд Мандахнаран гавьяат ямар тэмцээнд оролцох, ямар бэлтгэлд хамрагдах, ямар хоол хүнс хэрэглэх талаар төлөвлөгөөг бэлтгэж гаргажээ. Үр дүнд нь медалийн оосроос атгаад алдсан юм. Одоо тэд хөрш ажээ.

Дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэж өгсөн тэрбээр Төв аймгийн өсвөр үеийн тамирчидтай ажиллаад эхэлжээ.

Шавь нарын хамт.

Чөлөөт бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж Төв аймгийн 27 сумаас хүүхдүүдийг шалгаруулж элсүүлж байгаа гэнэ. Тэрбээр одоогоор 10 орчим сумдаас хүүхдүүдийг шалгаруулж гүнзгийрүүлсэн сургалттай ангидаа элсүүлжээ. Тэднийгээ дотуур байранд нэг дор байршуулж бэлтгэл сургуулилтыг нь хангаж байгаа гэнэ.

“Шигшээ багт ажиллаж байхдаа туршлагатай багш нараас их зүйл сурсан. Сурсан арга барилаараа аймагтаа ажиллаж залуу тамирчдыг бэлтгэж байна. Үр дүн нь сайн гарсан. 2018 онд өсвөр үе залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа дөрөвдүгээр байр эзэлсэн. Дараа жил нь амжилтаа ахиулж гуравдугаар байр эзэлсэн. Энэ жил түрүүлэх хэмжээнд хүүхдүүдийнхээ бэлтгэлийг хангаад байсан ч коронавирусийн тархалтын улмаас тэмцээн хойшлогдоод байна” гэсэн юм.

Хүүхдүүдийнхээ хийх бэлтгэл, оролцох тэмцээнүүдийг цаасан дээр буулгаж нарийвчилсан төлөвлөгөө гаргаж тамирчидтайгаа тулж ажиллах нь түүний арга барилын онцлог болдог талаар шавь нар нь хэлж байна.

Тэрбээр шигшээ багт ажиллаж байхдаа гол төлөв энэ чиглэлийн ажлыг гардаж хийдэг байсан талаараа ярилаа.

Чөлөөт бөхөөр хичээллэсэн хүүхэд бүр аварга болохгүй. Хүүхэд спортоор хичээллэснээр өөрийгөө ялж сурдаг. Ёс суртахуунаас авахуулаад хүнд байх ёстой бүх сайн чанаруудыг спорт суулгаж өгдөг. Амьдрал дээр гараад зөв явах суурийг нь спорт, тэр дундаа чөлөөт бөх тавьж өгдөг талаар Энхбаяр багш онцолж байна.

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бэлтгэлээ зогсоогоод байгаа ажээ.

“Заалаараа орохгүй, хүүхдүүдтэйгээ ажиллахгүй сар болоход л хэцүү байна шүү. Чөлөөт бөх амьдралын маань салшгүй хэсэг болсон. Гэртээ л цагийг өнгөрүүлж байна. Адууны мах чанаж шөлөнд нь аарц буцалгаж уугаад л дархлаагаа дэмжиж байна даа. Дархлаа дэмжээд байхад өвчин хууч тэгээд намжих байлгүй дээ. Завсар зайгаараа бэлтгэлийнхээ төлөвлөгөөгөө нягтлаад л сууж байна” гэж хэлсэн юм.

Эдний том охин Энхжин өнөө жил 12 дугаар анги. Хичээл ном гээд завгүй л суугаа харагдсан. Дунд охин Энхлэн зургадугаар анги. Чөлөөт бөхөөр хичээллэх сонирхолтой талаараа хэлж байна лээ. Аав нь “Өөр багшид нь даалгахаас биш, би сургахад хэцүү юм билээ” гээд инээд алдаж байв. Дүү Энх-Анир нь зургаан настай. Энэ намар сургуульд орох гэнэ. Харин бага хүү Энх-Анар гурван настай. Энхбаяр багш бага хүүгээ бөх болно гэж нууцхан хардаг л бололтой.

Лувсанмөрийн Чимэд арслангийн удмыг дэлхийн дэвжээнд цуурайтуулсан хүчтэн Энхбаяр багшийн гэр бүлээс төрөхийг хэн мэдлээ.

Энхбаяр багшийн шавь нар үндэсний бөхөөр ч амжилт үзүүлээд эхэлжээ. Алтанбулагийн П.Эрхэмжаргал аймгийнхаа наадамд түрүүлж арслан цол хүртсэн бол М.Жамсрандорж зургаа давж аймгийн харцага цол хүртсэн байна.

Төв аймаг 27 сумтай. Нөөц надад хангалттай байна. Авьяастай, хичээхэд сайн болох хүүхэд олон байгаа. Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчин дэлхийн аварга болохыг 1975 оноос хойш харсангүй. 1980 оноос хойш олимпийн медаль тасарчихаад байна. Энэ медалиудыг авах хэтийн зорилго тавиад л өсвөрийн тамирчидтай ажиллаж байгаа талаараа Энхбаяр багш дуулгалаа.

Түүний хичээл зүтгэлийн үр шим удахгүй гарч шавь нар нь Төв сайхан нутгаа олимп дэлхийн дэвжээнд алдаршуулах биз ээ. “Хөдөлмөрлөсөн хүнийг аз түшдэг” хэмээн Төв аймгаас төрсөн алдартан хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал нэгэнтээ хэлж байсан.

Лувсандамбын Энхбаяр гэх даруухан дасгалжуулагч чимээгүйхэн хөдөлмөрлөж байна. Хэтийн зорилго биелэх өдөр холгүй биз ээ.