Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Сүрэнчулуун: Охины маань тархины яс цуурч, цус хурсан байна

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсээс “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн биелэлт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж саяхан мэдэгдсэн.

“Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжсэн Улаанбаатарт өнөөдөр нялх үрсэд аюултай орчин бүрдээд байна.

Бага насны хүүхэд осолдсон хүнд, хөнгөн гэмтсэн мэдээллүүд өдөр алгасахгүй ар араасаа гарах болж. Тавдугаар сарын 27-ны өдөр арваад хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо тоглохоор очсоны дөрөв нь тогтоол усанд живж нас барсан хэрэг гарсан.

Талийгаач хүүхдүүдийн ар гэрийнхний нулимс гүйцэд хатаагүй байхад л дахин нэг хүүхэд тоглоомын талбайн савлуурт даруулж хүнд гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд байна.

Зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Эх үрсийн баяраар Баянгол дүүргийн XV хороо, 1,000-н нэрийн барааны дэлгүүрийн зүүн талын 23 дугаар байрны гаднах тоглоомын талбайд 12 настай охин савлуурт даруулж хүнд гэмтсэн хэрэг гарчээ.

Осол болсон тоглоомын талбай руу очиход бүх тоглоомуудыг хураагаад аваад явчихсан, шороо бужигнаж байлаа.

XV хороо 23 дугаар байрны орчимд хүүхэд тоглох газар тун ховор юм. Халтар хултар будсан хашаа, том сагсны талбайгаас өөр тав тухтай салхилах цэвэр орчин энд алга. Осолд орсон охин Дөрөвдүгээр хорооллоос тоглохоор ирээд байжээ. Хүүхдийн тоглоомын савлуур дээр сууж ганц савлаад л даруулж унасан байна.

Бид охины аав Н. Сүрэнчулуунаас тодруулга авлаа.

-Охин тань савлуурт даруулж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэж сонслоо. Биеийн байдал нь ямар байна вэ?

-Манайх дөрөвдүгээр хороололд амьдардаг. Охин маань хүүхдийн баяраар эмээтэйгээ хамт Гуравдугаар хороолол руу ирж тоглохдоо савлуурт дарууллаа. Тархины яс нь цуурч, тархинд нь цус хурсан байна. Одоогоор хэвтрийн дэглэм сахиж байна.

-Тоглоомын талбайн гүйцэтгэгч компаниас тантай холбогдсон уу?

-Хоёр залуу ирж уулзаад охины маань биеийн байдлыг асуугаад явсан. Энэ талбай ашиглалтад ороод удаагүй юм билээ. Чанар муутай гүйцэтгэлээс нь болж охин маань амь насаа ч алдахад ойрхон байлаа. Гүйцэтгэгч компанийн төлөөлөл буруугаа хүлээж хариуцлагаа хүлээнэ гэж хэлж байсан.

-Гүйцэтгэгчээр нь ямар ямар компани ажилласан бэ?

-Энэ тухай надад огт мэдэгдээгүй. Хоёр залуу л ирж уулзсан. Ах нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Охин хагалгаанд ч орж магадгүй. Эмч нарын хурлаар шийдэгдэнэ” гэлээ.

ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИ ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ТУХАЙН БАЙРНЫ СӨХ-Д ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨӨГҮЙ ГЭВ

Бид 23 дугаар байрны СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Н.Отгонбаяраас тодруулга авлаа.


-Танай байрны хажууд тоглоомын талбайн савлуураас хүүхэд унаж хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Энэ сарын 1-нд хүүхдээ дагуулаад тоглоомын талбай руу очиход тойруулаад цагдаагийн тууз татчихсан байсан. Тухайн үед цаагуур наагуур нь хүүхдүүд гүйлдээд тоглож л байсан. Цагдаа нар ирээд ослын газрын зургуудыг дарчихаад “Одоо наад тоглоомуудаа хураа” гэж хэлээд явсан байна лээ.

-Энэ тоглоомын талбай хэзээ ашиглалтад орсон юм бэ?

-Манай байрны ойр орчимд хүүхдийн тоглоомын талбай байдаггүй байсан даа.

Хүүхдүүд шороон дээр л бужигнадаг байсан. Өнгөрсөн намар СӨХ-оос байрны урдах талбайг тохижуулахаар төлөвлөгөөг нь гаргаад ажил эхлэх гэж байхад л хүмүүс ирээд тоглоомын талбайг хэмжиж үзээд байсан юм.

Очоод лавлаж асуухад “Нийслэлээс төсөв тавьж байна, 30 сая төгрөгөөр танай байрны ойр орчмыг тохижуулна” гэж гэсэн юм. Сагсны талбайг будаж, жижиг гулсуурыг л 30 саяын төсвөөр хийнэ гэж байсан. Өнөөх гулсуур нь хоёр сарын өмнө ашиглалтад орсон. Сая бол сандалнуудынх нь түшлэг хугараад уначихсан, зарим нэг тоглоомууд нь эвдэрчихсэн байсан.

-Ямар компани гардаж гүйцэтгэсэн юм бол. Та бүхэнд хүлээлгэж өгсөн үү?

-Ямар компанийн гүйцэтгэгчээр ажилласныг нь сайн мэдэхгүй юм. Тоглоомын талбайн ажилд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хяналт тавьж ажилласан. Гүйцэтгэл бол хангалтгүй байсан. Хүүхдийн дээрээс унасан савлуурыг газар ухалгүйгээр бетонд цутгаад л цементэн дээр тавьчихсан байсан. Чанар муутай тоглоомын талбай барьж байгаа нь хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа хэрэг” гэсэн юм.

Ердөө хоёрхон сарын өмнө л 30 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж тохижуулсан тоглоомын талбайд өнөөдөр төмрийн үртэс ч алга. Хэдэн тийшээ хэмхэрч салж унасан тоглоомуудаа бүгдийг нь ачаад явсан талаар эндхийн оршин суугчид хэлж байна.

Манайд хүүхдийн тоглоомын талбайн стандарт байдаг ч түүнийг мөрдөж ажилладаг байгууллага ховор гэнэ. Хүүхдийн тоглоомын талбайн ажлыг гүйцэтгэгч компаниуд нүглийн нүдийг гурилаар хуураад алга болж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна.

2020 он гарснаас хойш 451 хүүхэд биеийн тамир, хүүхдийн тоглоомын талбайд тоглож байгаад гэмтжээ. Дээрх тоон үзүүлэлт тоглоомын талбайн чанар стандартад хатуу хяналт тавих цаг ирснийг илтгэж байгаа юм.

571 ТОГЛООМЫН ТАЛБАЙ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАЙНА ГЭВ

Бид энэ талаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуулаас тодруулга авлаа.


-Тоглоомын талбайд хүүхэд унаж гэмтсэн тохиолдол ар араасаа бүртгэгдэж байна. Тоглоомын талбайд дагаж мөрддөг стандарт байдаг ч хэрэгжилт сул байдаг юм шиг?

-Өнгөрсөн жил хүүхдийн тоглоомын талбайн стандартыг баталсан. Өмнө нь хүүхдийн тоглоомын талбайг хэрхэн тохижуулах, ямар тоглоом байх ёстой вэ гэдэгт нэгдсэн стандартгүй байсан. Тоглоомын талбай гэхээр өөртөө таалагдсан тоглоом авч тавиад хашаа татдаг. Үүнийгээ тоглоомын талбай гээд л явж байсан.

Харин өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Стандарт хэмжил зүйн газраас хүүхдийн тоглоомын талбайн MNS6751 2019 стандартыг баталсан. Одоо тоглоомын талбай хүлээж авахдаа энэ стандартыг барьж ажиллаж байна.

-Өнгөрсөн жил баталсан тоглоомын талбайн стандартын хэрэгжилт хөрсөн дээрээ ямар байна вэ?

-Нийслэл хотын Стандартын аюулгүй байдлын газрыг шинээр байгуулсан. Тус байгууллагатай хамтарч Нийслэлийн мэргэжлийн хяналт болон манайх нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын хэмжээнд байгаа тоглоомын талбайд үзлэг шалгалтыг хийж байна.

Тоглоом нь стандартыг хангаж байна уу, хүүхдийн нас насанд тохирсон тоглоом байна уу гэдгийг шалгаж байгаа. Одоогийн байдлаар 571 тоглоомын талбай стандартын шаардлага хангаагүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Стандарттай болсноор бүх тоглоомын газар эзэнтэй болно. Тухайн тоглоомын талбай дээр хүүхэд тоглож байгаад гэмтэж бэртэх, магадгүй амь нас нь эрсдэх тохиолдолд хариуцлагыг тухайн талбайн өмчлөгч өөрөө хүлээнэ.

Тухайлбал, орон сууцны хорооллын тоглоомын талбай дээр хүүхэд бэртсэн тохиолдолд СӨХ хариуцлага хүлээнэ. Тиймээс тоглоомын талбайг жил бүр засварлаж, стандартын шаардлагыг хангуулах ёстой” гэсэн юм.

Хаа хамаагүй хараа хяналтгүй тоглоомын талбайнуудыг нэн даруй цэгцлэх цаг ирээд байна. Эцэг эхчүүд хүүхдээ салхилуулахдаа тоглож буй орчныг хянаж шалгах шаардлагатай байгааг Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Т.Батболд: Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудсуудыг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ

Харилцаа холбооны зохицуулах хорооны хэлтсийн дарга Т.Батболдтой ярилцлаа.


-2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодроод байна. “Ковид-19” дэлхий нийтийг цочроогоод буй энэ үед сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулах боломж хомс. Сурталчилгаа хийх арга хэлбэрүүдийн талаар танилцуулахгүй юу?

-Энэ оны сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 02-нд эхэлж 21 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Сонгуулийн сурталчилгаа явуулах найман төрлийн арга хэлбэрийг хуулиар зөвшөөрсөн байгаа. Тухайлбал, хэвлэмэл материал сонгогчдод тараах. Мөн өдөр тутмын сонин болон бусад сэтгүүл ашиглаж сонгуулийн сурталчилгаа хийж болно. Үүнээс гадна сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз, цахим орчин, тээврийн хэрэгсэл ашиглах, сонгогчидтой уулзаж хурал цуглаан зохион байгуулж болно гэж хуульчилсан.

-Хэвлэмэл материалын хэмжээ болон телевиз, радиогийн нэвтрүүлэгт хэмжээ хязгаар тогтоож өгсөн үү?

-Тогтоосон. Сонинд гэхэд нийт гаргасан хэвлэлийн эх нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байх ёстой. Мөн сэтгүүл гаргалаа гэхэд гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй. Үүнээс гадна ухуулах хуудас хэвлэж тараах, тогтоосон байршлуудад тавих плакат нь нэг хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байх ёстой. Хэвлэлийн нэг хуудас нь А4 хэмжээтэй найман нүүр гэсэн үг.

Телевизийн тухайд нэг хоногт 60 минутын л сурталчилгаа хийнэ. Тухайн телевизтэй зургаан нэр дэвшигч сурталчилгааны гэрээ хийсэн бол нэг нэр дэвшигчид 10 минут ногдоно гэж ойлгох хэрэгтэй. Нэг нэр дэвшигчийн сурталчилгаа 15 минутаас хэтрэх ёсгүй. Энэ хэмжээ хязгаарт баригдаж сонгуулийн сурталчилгаа явуулна. Үүнд нь давталт хамаарна.

-Нэр дэвшигчид олон нийтийн сүлжээний цахим орчинг сонгуулийн сурталчилгаанд хэрхэн ашиглах вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйл дээр цахим орчин ашиглаж сонгуулийн сурталчилгаа явуулах бүлэг заалт оруулж өгсөн. Тухайн заалтын дагуу цахим орчинд хяналт тавьж ажиллана. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 9-д заасны дагуу цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах түүнд хяналт тавих журмыг Цагдаагийн ерөнхий газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслээд Сонгуулийн ерөнхий хороо баталж гаргаж байгаа. Энэ журмын хуулийн хүрээнд сонгуулийн сурталчилгааг явуулна.

Нэр дэвшигч гурван төрлийн цахим хуудас ашиглана. Нэр дэвшигч өөрийн цахим хуудсаа ашиглаж болно. Мөн олон нийтийн сүлжээний цахим хуудас буюу фэйсбүүк, инстаграм, твиттерийг нэг нэр дэвшигч тус бүр нэгийг ашиглаж боломжтой. Энэ тохиолдолд тухайн цахим хуудасны холбогдох мэдээллийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх ёстой. Гэхдээ сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаас хойш хоёр хоногийн дотор бүртгүүлэх учиртай. Бусад цахим хуудас гэдэгт мэдээ, мэдээллийн вэб сайтууд орно. Үүнд баннер хэлбэртэй сурталчилгаа явуулна гэсэн зохицуулалтууд бий.

-Ирэх сарын 2-нд сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Нэр дэвшигчдийг харлуулах зорилготой худал үнэн нь мэдэгдэхгүй постууд цахим орчинд ар араасаа л гарч байна. Үүнд дээр танайхаас хяналт тавьж байгаа юу?

-Сонгуулийн тухай хуулийн 47.7-д заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагууд санал хүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэж санал дүгнэлтийг гаргаад зохицуулах хороонд ирүүлнэ. Зохицуулах хороо эрх бүхий байгууллагаас ирүүлсэн санал дүгнэлтийн дагуу холбогдох технологийн арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, вэб сайт байвал сонгуулийн хугацаа дуустал Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлана. Хоёрдугаарт, цахим орчин дахь олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк хуудас байвал тухайн хуудсыг сонгуулийн хугацаанд хязгаарлана.

Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн заалтыг зөрчвөл Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.Хувь хүн 5 саяас дээш, хуулийн этгээд 50 саяас дээш төгрөгийн торгуультай байгаа. Мөнгөн торгууль өндөр дүнтэй байгааг анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна эрүүгийн шинж чанартай худал мэдээлэл тараавал Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага оногдуулна. Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс технологийн арга хэмжээ авна.

-Фэйсбүүк хуудсууд сонгуулийн сурталчилгаа явуулахдаа Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Сонгуулийн хуулийн 47 дугаар зүйлийн 3-т заасан бусад цахим хуудас гэдэг нь зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин сонгуулийн сурталчигаанд цахим хуудас ашиглах журамд заасны дагуу Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх шаардлагатай.

Нэг төлөөллийг хөдөлгөөнт болон, суурин утас, и-мэйл хаягийг бүртгүүлнэ.

Тухайн вэб болон цахим хуудсуудаар сонгуулийн сурталчилгаатай холбоотой хууль бус мэдээ мэдээлэл цацах юм бол бид яаралтай холбоо барьж устуулах, хязгаарлуулах арга хэмжээг нь авна гэсэн үг.

-Хувь хүний аккаунт хамаарах уу?

-Хамаарахгүй.

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос Фэйсбүүк компанитай хамтарч ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Фэйсбүүк компанитай хамтарч ажиллана. Өнгөрсөн дөрөв болон тавдугаар сард видео цахим хурал хийж сонгуулийн хугацаанд хэрхэн хамтарч ажиллахаа тохирсон. Хууль зөрчсөн тохиолдолд илүү богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахаар болсон.

-Сонгуулийн сурталчилгаа хаагдсан байхад фэйсбүүк, твиттер хаягаар нэр дэвшигчийн сурталчилгаа яваад байдаг шүү дээ. Энэ асуудал дээр ямар зохицуулалт хийж байна вэ?

-Санал авахаас 24 цагийн өмнө сурталчилгааг зогсоодог. Үүнийг бүгд дагаж мөрдөнө. Хэрэгжилт дээр бид идэвхтэй ажиллана. Сошиал компаниудтай урьдчилсан хэлэлцээр хийж байна. Хуулийн дагуу нам, эвсэл нэр дэвшигчийн бүртгүүлсэн цахим хуудсуудыг түр хугацаанд хязгаарлана. Цахим хуудсууд зөрчвөл торгуулийн арга хэмжээ авна.

Categories
мэдээ цаг-үе

Н.Пүрэвдорж: “Ковид-19” халдварын дэгдэлттэй холбоотойгоор жолооны үнэмлэхний бэлдэц бэлтгэдэг үйлдвэрүүд зогсоод байна

Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Жолооны үнэмлэхийг ирэх наймдугаар сар хүртэл олгохгүй гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Бүртгэл хяналтын төв жолооны үнэмлэх олгох үйл ажиллагааг хариуцдаг. Жил бүр улсаас төсөв авч жолооны үнэмлэхний бэлдэц захиалдаг. Өнгөрсөн онд захиалсан бэлдэц дууссан. Энэ оны бэлдэцийг нэгдүгээр сард захиалсан. Дэлхий нийтээр “Ковид-19”-ын цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор үйлдвэрүүр хаагдсан. Саяхнаас нээгдээд хагас ажиллаж эхлээд байна. Мөн шууд үүргийн онгоц явахгүй байгаа учраас тээвэрлэлт зогссон. Энэ мэт шалтгаануудын улмаас жолооны үнэмлэхний бэлдэц тасалдсан байна. Бид нарын тооцоогоор өнгөрсөн гуравдугаар сард ирэх байсан юм.

Цар тахлаас шалтгаалаад тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна. Долдугаар сарын 15-наас хойш бэлдэц ирнэ гэсэн мэдээлэл бидэнд байна.

-Үнэмлэх захиалсан иргэд хэрхэн замын хөдөлгөөнд оролцох вэ. Үүн дээр ямар зохицуулалт хийж байна?

-Манай төвд одоогоор үнэмлэхээ гээсэн болон солиулах хүсэлтэй 8000 гаруй захиалга ирээд байна. Эдгээр иргэдэд түр зөвшөөрөл хэвлээд эхэлсэн. Үнэмлэхээ манайд захиалсан иргэд жолоо барих шаардлагатай бол Дүнжингарав худалдааны төвөөс очоод түр үнэмлэх авч болно. Үнэ төлбөргүй олгогдож байгаа. Тухайн хүний үнэмлэх хэвлэгдэхэд түр зөвшөөрлөө өгөөд үнэмлэхээ авч болно.

-Жолооны үнэмлэхээс бусад төрлийн үнэмлэх захиалахад хэдхэн хоногийн дотор л гардаг шүү дээ. Заавал гадаадад захиалж хугацаа алдах ямар шалтгаан байна вэ?

-Жолооны үнэмлэхний бэлдэц дэлгүүрийн лангуун дээр бэлэн байдаггүй. Цагдаагийн байгууллагаас тавьсан шаардлагыг хангасан чип, нууцлалтайгаар захиалдаг. Үйлдвэрлэгчид ганц манай улсынхыг үйлдвэрлэдэггүй. Манайхтай ижил захиалдаг олон улс байгаа. Захиалгын дарааллаар энэ үйл ажиллагаа явж байна.

-Манайх жолооны үнэмлэхний бэлдэцийг хааш нь захиалдаг юм бэ?

-Сайн мэдэхгүй байна. Бид бэлдэц бэлтгэдэг улстай шууд харилцдаггүй. Дунд нь дистрибьютер компаниар дамжуулж харилцдаг. Герман, Франц, БНХАУ, Хонконг гээд жолооны үнэмлэхний бэлдэц бэлтгэдэг олон улс байдаг.

-Энэ жилийн тухайд “Ковид 19”-ын тархалттай холбоотойгоор бэлдэц тасарсан байна. Өнгөрсөн жилүүдэд ч жолооны үнэмлэхний бэлдэцтэй холбоотой маргаан тасардаггүй байсан шүү дээ…

-Өнгөрсөн жилүүдэд тендер зарладаг байсан. Олон компани өрсөлдөнө. Ингээд маргаан гарч шүүхдэлддэг байсан юм.

Үүнээс шалтгаалж цагдаагийн байгууллага хохирдог байсан. Энэ жилийн тухайд цар тахлаас шалтгааж хугацаа алдлаа.

-Үнэмлэхгүй жолоо барилаа гэх үндэслэлээр торгууллаа гэж бухимдах иргэд олон байсан. Энэ асуудалд ямар зохицуулалт хийж байна вэ?

-Иргэдийн тухайд бухимдах шаардлагагүй. Бүх цагдаа нар шалгах төхөөрөмжтэй. Тухайн иргэн үнэмлэхээ захиалчихаад жолоо бариад явж байхад үнэмлэхгүй гэх үндэслэлээр торгохгүй. Цагдаагийн багажин дээр захиалсан гэх мэдээлэл нь гараад ирнэ. Ямар нэгэн дүрэм зөрчсөн учраас л торгуулийн арга хэмжээ авч байгаа. Үүнийг жолооны үнэмлэхгүй учраас торголоо гэж буруу ойлгоод байна. Өнөөдрийн байдлаар нэг ч жолоочийг жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөн оролцлоо гэх үндэслэлээр торгоогүй. Жолооны үнэмлэхний хугацаа дуусч хүчингүй болчихоод байхад манайд захиалга өгөөгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна.

-Ирэх жилүүдэд жолооны үнэмлэхний бэлдэц тасалдуулахгүйн тулд танай байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Энэ жилийнх шиг давагдашгүй хүчин зүйл гарч ирэхгүй бол хугацаанд нь үнэмлэх хэвлэж ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

О.Ганбат: Өвөрхангай аймгийн хэмжээнд гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байгаа

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбаттай ярилцлаа.


-Аймаг орон нутаг болгон нутаг дэвсгэр, хүн амын төвлөрлөөсөө шалтгаалж эрүү, хэв журмын нөхцөл байдал янз бүр байдаг. Өвөрхангай аймагт нөхцөл байдал ямар байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Өвөрхангай аймаг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 111 багтай.116600 мянган хүн амтай. Хүн амынхаа тоогоор улсдаа эхний гуравт эрэмбэлэгдэж, нийт хүн амын 30.9 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 60.1 хувийг 15-64 насныхан, есөн хувийг 65-аас дээш насныхан эзэлж байна.

Манай аймагт мал аж ахуй голлосон хөдөлмөр эрхлэлт ихтэй улирлын болоод цаг уурын нөхцөл байдал дулаахан өвөл хүйтрэлт багатай учир мотоциклын хэрэглээ өндөр байдаг. Үүнийгээ дагаад мотоциклтой иргэд аваар осолд орох амь насаа алдах, гэмтэж бэртэх нь их бүртгэгддэг.

-Ер нь эрүү хэв журмын нөхцөл байдал ямар байна вэ?

-Аймгийн хэмжээнд нэгдүгээр улиралд 57 холбогдогчтой 150,9 сая төгрөгийн хохиролтой, 106 гэмт хэрэгт бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 91 хэрэг буюу 46,2 хувиар буурч, хэргийн илрүүлэлт 20,1 пунктээр өссөн үзүүлэлттэй гарсан. Хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 39 бүртгэгдэж 20.4 хувь, авто тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 28.5 хувь, Хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг 35.3 хувь, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 62.5%, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 47.6%, Мал хулгайлах гэмт хэрэг 40.0 %, Хулгайлах гэмт хэрэг 65.6%, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 5.6 дахин, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг хоёр дахин, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг нэг дахин тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Мөн 10051 зөрчил бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад 2545 аар буюу 33,9 хувиар өссөн. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 509, хэв журмын болон бусад зөрчил 1372, зөрчил илрүүлж, Зөрчлийн илрүүлэлт 33,9 хувиар өссөн байгаа нь зөрчлийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг болохоос нь өмнө таслан зогсоох бодлого хэрэгжүүлж ажилласнаар гэмт хэрэг буурах зөрчил илрүүлэлт нэмэгдэх үндсэн шалтгаан болсон.

Бид гэмт хэрэг, зөрчлийн судалгааг сүүлийн 5 жилээр буюу 2015-2019 оны хооронд харьцуулж үзэхэд гэмт хэрэг 2015 онд 542, 2016 онд 508, 2017 онд 492, 2018 онд 670 гэмт хэрэг бүртгэгдэж өссөн бол 2019 онд 613 гэмт хэрэг бүртгэгдэж 8,5 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ оны эхний улирлын байдлаар 146 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 43,4 хувиар буурсан нь сайшаалтай байна.

-Харин зөрчлийн хувьд?

-Зөрчил 2015 онд 9036, 2016 онд 8846, 2017 онд 20753, 2018 онд 24568, 2019 онд 43498 зөрчил бүртгэгдэж өмнөх жилүүдээсээ хэд дахин өссөн байгаа юм. Энэ тоо мэдээнээс харахад зөрчлийн илрүүлэлт сайжрах тусам гэмт хэргийн гаралт буурч байгаа сайн үзүүлэлт гарч байна. Өөрөөр хэлбэл, бид гэмт хэрэг болохоос өмнө зөрчлийн үед нь таслан зогсоож чадаж байна гэсэн үг юм. Жишээ нь, Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2015 онд 58, 2019 онд 27 бүртгэгдэж хоёр дахин буурсан байх жишээтэй. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 2015 онд 587 бүртгэгдсэн бол 2019 онд 2259 зөрчил илрүүлэн энэ гэмт хэргийг бууруулж чадсан байгааг тоо мэдээнээс тодорхой харж болох юм.

-Гэмт хэргийн илрүүлэлт хэр байна вэ?

-2020 оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 40,3 хувь нууц далд аргаар үйлдэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 19,6 пунктээр өссөн байгаа. Энэ нь бусад бүсийн аймгуудтай харьцуулахад гуравт байна.

-Та сая хэлсэн цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг ахиулахад бодитой ажил хийсний илэрхийлэл төдийгүй нутгийн өөрөө удирдах байгууллагын дэмжлэг, иргэд, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны үр дүн, хамт олны маань хөдөлмөр зүтгэл юм гэлээ энэ талаар тодорхой ярина уу?

-Энэ сэдвийн хүрээнд “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөр “Архидалтгүй-Өвөрхангай” хөтөлбөрийн талаар тодруулж ярих нь зүйтэй байх. Төрийн үндсэн чиг үүргийн нэг нь иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж хамгаалах, хууль зөрчигчдөд хариуцлага тооцох, хэрэг маргааныг таслан шүүх замаар нийгэмд шударга ёс, дэг журмыг тогтооход оршдог.

Тиймээс зөвхөн хууль, шүүх эрх мэдлийн байгууллагууд төдийгүй, төрийн төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааг явуулж байх нийтлэг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэд оршин суугаа нутаг дэвсгэртээ зохион байгуулж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох, аж ахуйн нэгж байгууллага нь дотоод болон гадаад үйл ажиллагаандаа гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг арилгах талаар тодорхой ажил арга хэмжээ авах, хууль сурталчлах үүрэг хүлээдэг хуулийн үндсэн зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор миний бие 2017 оны 06 сард томилогдон ажил хүлээж аваад нэн түрүүнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал анхдагч түвшин бол хувь хүн болон гэр бүлийн орчин байдаг гэж үзээд аймгийн ГХУСАЗСЗ-тэй хамтран, төрийн оролцоотой цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг явуулъя гэсэн зорилго, чиглэл баримтлан, иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бүх шатны байгууллага, иргэдээс дөрвөн асуумж бүхий харилцах дэвтрээр санал асуулга авахаас ажлаа эхлүүлж, аймгийн ГХУСАЗСЗөвлөлийн дэмжлэгтэй Дотоод хэргийн Их сургуулийн цагдаа судлалын хүрээлэнгээр аймгийн хэмжээнд бүртгэгдсэн сүүлийн 10 жилийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлуулах ажлыг хийлгэсэн.

Энэхүү санал асуулгад 19 сумын 111 багийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, алба хаагчдыг хамруулсан бөгөөд бид саналыг нэгтгэж үзэхэд 13500 иргэний 10800 санал бичигдэн ирснээс хамгийн олон удаагийн давтамжтайгаар давхардсан эхний 10 саналыг эрэмбэлж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогын баримт бичиг “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийг 2017-2020 он хүртэл 5 зорилтод чиглэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрэлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг ИТХ-ын тэргүүлэгчид аймгийн Засаг даргад даалгаж өгсөн нь манай хамт олон өнөөдрийн амжилтанд хүрэх алхам болсон.

-Сая та хөлбөрийн талаар ярилаа. Энэ талаараа тодруулбал?

-Хөтөлбөрийн үндсэн таван зорилтоо аймгийн хэмжээнд дийлэнх бүртгэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр оруулж өгсөн. Тухайлбал, нэгдүгээр зорилтыг бид гудамж талбай, олон нийтийн газарт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүлийн үйл ажиллагаанд орчин үеийн техник хэрэгсэлийг ашиглах гэж оруулсан.

Үүний хүрээндээ сумдын төвийг телекамерт холбож, Арвайхээрийн төвийн телекамерыг өргөтгөх ажлыг зохион байгуулсан. Мөн “Камержуулалт-2” аяныг зарлаж бүх аж ахуйн нэгж, байгууллагуудыг камержуулах, чанар стандартыг ахиулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодитой ажлуудыг хийж өнөөдрийн байдлаар Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд шинээр нийтийн эзэмшилийн талбай хянасан телекамеруудыг тавьж, одоогоор Арвайхээр сумын төвд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд 34.080.000 төгрөгний өртөгтэй, 185 телекамерыг шинээр суурилуулсан нь иргэдийг сэдэлжүүлээд иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангахад хөрөнгө гаргадаг сайн жишиг тогтож байна.

Цаашид Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа томоохон худалдааны төв, Шатахуун түгээх станцуудыг сүүлийн үеийн стандарт нийцсэн авто машины дугаар илрүүлэгч болон хүний царай танидаг телехяналтын камер тавих ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Мөн энэ хугацаанд хөдөлгөөнт эргүүлийн автомашинтай цагдаа нарыг шинээр ажлуулж 24 цагийн эргүүл шалгалт хийдэг болсноор гэмт хэргийн гаралт буурч зөрчлийн илрүүлэлт ахисан гэж дүгнэж байгаа.

-Сумдыг камержуулсан талаар ярьсан энэ ажлын үр дүнд гэмт хэргийг гаралт буурсан уу?

-Дээр ярьсанчлан урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах чиглэлээр бүх сумын төв суурин газруудыг камержуулсан. 2018 онд “Камержуулалт-1” аяныг өрнүүлсэн. Энэхүү аянд иргэд, аж аж ахуйн нэгж байгууллага идэвх санаачлагатай оролцсон. Тухайлбал: Аяны хүрээнд объектын гадна 730, объектын дотор 3882, гудамж талбайд 28, иргэд, аж ахуйн нэгж байгууллага санаачлан 3853 телехяналтын камерыг нэмж суурилуулсан байна.

2019 онд Арвайхээр сумын хоёр байрны оршин суугчид хамтран байрныхаа гадна, дотор орчныг бүрэн камержууласан, орон нутгийн хөрөнгө оруулалтаар онгийн голын гүүрэн гарц, постонд автомашины дугаар танигч LPR /нүүр танигч/ камеруудыг суурилуулсан гээд сайн жишээнүүд байна.

Сүүлийн 3 жилийн байдлаар телехяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэн гэмт хэрэг, зөрчил 20 гэмт хэрэг, 2545 зөрчил, 18 эд зүйл, 8 сэжигтэн этгээдийг олж тогтоосон. 2019 онд гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралд 14.3 хувиар буурч, зөрчлийн илрүүлэлт 4,5 хувиар нэмэгдсэн.

Ер нь бүртгэгдэж байгаа гэмт хэргийн 40 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн хэрэг буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 40 хувийг, үлдсэн 20 хувийг бусад гэмт хэргүүд зонхилон бүртгэгдэж байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт жилээс жилд өссөн дүн мэдээтэй байсан хэдий ч 2019 онд гэмт хэргийн гаралт 8,5 хувиар буурсан, мөн тодорхой төрлийн гэмт хэргүүдийн гаралтууд буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргийн гаралт урьд оны мөн үеэс 30-50 хувиар буурсан эерэг үзүүлэлтээрээ улсын дүн мэдээгээр дээгүүрт орсон судалгаа харагдаж байна.

Хөтөлбөрийн гуравдугаар зорилт бол хулгайлах болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг цогц хэлбэрээр явуулах гэсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлынн талаар ярьвал:

Манай улсын гэмт хэргийн бүтцэд “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн хоёр бүлэг гэмт хэрэг сүүлийн 30-аад жил зонхилсоор ирсэн. Энгийнээр нэг дэх бүлэг нь хулгай, дээрэм, залилан гэх мэт өмч хөрөнгө эзэмших эрхэнд халдсан хэргүүд, хоёр дахь нь зодооны цохионы хэргүүд гэж ойлгож болно.

Нийт гэмт хэргийн дийлэнх буюу 40 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу орон байр болон малын хулгай, тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэргүүд эзэлж байна.

2020 оны эхний улиралд нийт 42 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан. Үүнээс гэмт хэргийн 33, зөрчлийн 9 гомдол шалгаж байна. Бат-Өлзий суманд хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийн 21, зөрчлийн шинжтэй 2 гомдлыг шалгаж байна. Бугийн эвэр түүсэн 3 гэмт хэрэг бүртгэгдсэн. Богд суманд өнгөт байгалийн өнгөт чулуу хууль бусаар олборлосон гэмт хэрэг 2 бүртгэгдэн шалгаж байна. Газрын хэвлийд халдаж хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэрэг 4 бүртгэгдэж шалгаж байна. энэ нь урд оны мөн үетэй харьцуулахад 54,7 хувиар өссөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, ХЗДХсайдын 2020 оны А/09 дугаар тушаалаар экологийн цагдаагийн албыг байгуулаад Цагдаагийн ерөнхий газар алба хаагч нараа сургаад энэ оны 1 сард томилсон. Энэ алба хаагч нар суманд томилогдон очиж ажиллаад энэ төрлийн гэмт хэрэг автоматаар өсөж байна.

Яагаад гэвэл хариуцсан эзэнтэй болоод илрүүлэлт сайжирч байна.Хяналт шалгалт хийж байна. Энэ бол зөв зүйтэй шийдвэр байсан. Эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах хууль болон бидний нүдэн дээр устаж байсан, аливаа газрын бэлчээрийг хашаажуулснаас өвс ургамал тохой орчим ургаж байна. булаг шандны эхийг хашаад хамгаалахаар урсаж байна.

Ургамал ургахгүй байгаа чинь бэлчээрийн даац хэтэрсэн, далхлалт маш их байна. үүнтэй холбоотой байгалийн эко систем хүний төсөөлшгүй байдлаар өөрчлөгдөж байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр үүнтэй уялдсан маш сайн зөв ажил байлаа.

-Танай аймагт хэрэгжүүлж байгаа нэг хөтөлбөр нь “Архидалтгүй-Өвөрхангай” хөтөлбөр байгаа энэ талаар танилцуулна уу?

-Архидалт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх үндэс суурь болоод байна. Энэ утгаараа “Архидалтгүй-Өвөрхангай” хөтөлбөр-ийг лоозон хэлбэрээс нь гаргаж хүнд наалдацтай, амьдралд хэрэгждэг, ард иргэд төвөггүй ойлгогдох хөтөлбөрийг батлуулж нутагшуулах хэрэгцээ шаардлага гарч ирсэн учраас олон шүүмжлэл дундуур шантралгүй зүтгэж ажилласны үр дүнд манай хамт олон Өвөрхангайн ард иргэд тодорхой үр дүнд хүрч нааштай үзүүлэлтүүд гарч байгаа.

Хамгийн энгийн жишээгээр тайлбарлахад айл гэр элэг бүтэн байж, үр хүүхэд амар амгалан байвал тэр гэр бүл ямар аз жаргалтай байх вэ? Нөхөр нь архи ууж гэр бүл үр хүүхдээ сэтгэлийн дарамтад байлгаж, ажилдаа эрүүл явсан нөхөр нь согтуу ирж, согтуу хань ижил нь машин жолоодож бусдын эрхийг хөндөж, цаашлаад гэмт хэрэгтэн болох, аль эсвэл өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох хэнд сайхан байх вэ? Монгол Улсын баталж байгаа хууль бүрт иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалсан, хамгаалахыг шаардсан, үүрэг болгосон заалтууд бий. Үүнийг хүн бүр ойлгож хуулийг биелүүлж өөрийн эрхийг хамгаалуулж бусдын эрхийг хөндөхгүй байхыг чухалчлах хэрэгтэй. Ийм шаардлага байгаа учраас “Архидалтгүй-Өвөрхангай” хөтөлбөрийг батлуулсан. Хөтөлбөрийн зорилт хоёр зорилттой явагдаж байна.

-Хөтөлбөрийн зорилтуудаас дурдвал?

-2017 оны сүүлээр Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 01 тоот албан даалгавар батлагдаж дагаж мөрдөж эхэлсэн. Бид хөтөлбөрөө албан даалгавар гарахаас өмнө батлуулсан байсан. энэ нь нэгэн зэрэг дагаж мөрдөх боломж бүрдсэн. Төрийн алба хаагчдын дунд байгаа архидан согтуурах явдлыг бууруулах таслан зогсоох зорилгоор олон аян, туг, дэвтрийг төрийн байгууллагуудаар аялуулсан. Үүний нэг цагдаагийн газраас санаачлан “Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага” аяныг аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд зохион байгуулан явуулж дүгнэсэн. Мөн төрийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилд холбогдоход тухайн байгууллагад албан мэдэгдэл, албан бичиг хүргүүлэн хариуцлага тооцон ажиллаж байна.

2019 онд гэмт хэрэгт 11, зөрчил гаргасан 175 төрийн алба хаагч үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 110 төрийн алба хаагч байна. 2020 оны эхний улиралд гэмт хэрэгт 2, зөрчил гаргасан 39, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 байгаа нь, сүүлийн 2 жилтэй харьцуулан үзэхэд төрийн албан хаагч нараас гэмт хэрэг, зөрчилд холбогдсон алба хаагчийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан байгаа юм.

Гол зорилго нь төрийн албан хаагч хууль дүрэм журам сахин биелүүлдэг, ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, манлайлалтай байлгах, энгийн иргэнээс илүү хариуцлагатай байх, бусад албан хаагч нарт нь сургамж болох зөрчил гаргасан албан хаагчийн алдааг давтан гаргахгүй байх гэсэн санаа юм.

-Мөн хөтөлбөрийн хоёрдугаар зорилтын хүрээнд хийсэн ажлын талаар?

-Бид энэ зорилтыг хангахыг тулд архины хамааралтай иргэдийг архинаас татгалзуулах, сургалт сурталчилгаа зохион байгуулах үүрэг бүхий “Мэргэжлийн баг”-1, сумдад “Аддиктологийн баг”-22-ыг байгуулан 28 иргэнийг архинаас татгалзуулж нийгмийн идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулсан. Нэг үеэ бодвол архитай холбоотой ойлголтыг дан ганц Цагдаагийн байгууллагын ажил мэтээр ойлгож, хүлээж авдаг байсан бол одоо архинд донтсон иргэдээ төр эмчлэх, сургалтанд хамруулах, соён гэгээрүүлэх, ар гэртэй нь ажиллах, ажлын байраар хангах гэх мэтээр төрийн үйлчилгээг үзүүлэхэд анхаардаг болсон нь сайшаалтай.

Гэвч ихэнх тохиолдолд цагдаагийн байгууллага санаачилга гарган, хэрэгжилт хангах гэж зүтгээд тодорхой амжилтанд хүрэхгүй нь тодорхой байна. Архины албадан эмчилгээнд цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу БОЭТ-д архидан согтуурсан, давтан зөрчил гаргасан иргэдэд архинд донтох өвчтэй эсэхийг тогтоолгох, дүгнэлт гаргуулдаг. Тухайлбал: 2020 он гаргаад архины албандан эмчилгээнд 1, сайн дурын эмчилгээнд 30 орчим иргэнийг явуулж, эмчилгээ хийлгэсэн боловч тэднийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангах тал дээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сул, хангалтгүй байдаг. Энэ ажлыг нутгийн захиргааны байгууллага гартаа авч, манлайлал үзүүлсэн цагт илүү их үр дүн гарах тул аймаг орон нутгийн удирдлагуудаас, төрийн алба хаагч нараас их зүйл шалтгаална. Манай аймгийн Сэтгэц наркологийн тасагт сэтгэл зүйчийн орон тоо нэмэгдсэн, мөн эмч, сувилагч нарыг мэргэшүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа нь энэ хөтөлбөрийн бас нэг зорилго нь биелэж байна гэж харж байна.

Хөтөлбөр хэрэгжээд дуусахад бид архинд дөнтөх өвчтэй эсэх дүгнэлтээ гаргадаг, өвчтэй нь тогтоогдвол эмчилгээ үйлчилгээ үзүүлээд нийгэмшүүлчихдэг байвал хамгийн том үр дүн гарч байна гэж үзэж болох байгаа юм.

2019 онд аймгийн БОЭТ-ийн наркологийн тасагт сэтгэл зүйчийн орон тоо шинээр нэмэгдүүлж, ажлын байрыг зарлаад байна. мэргэжилтэн томилогдсоноор архинд донтох өвчтэй иргэдийг эмчлэх гарц нь аймаг орон нутагт бүрдэх юм.

-Нутаг орондоо ажиллах хугацаандаа сайтар бэлтгэгдсэн боловсон хүчинтэй болох тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Мөр зэрэгцэн ажиллаж байгаа 200-аад алба хаагчдын 80 гаруй хувь нь эрчүүд, айлаар төсөөлж үзвэл олон эрэгтэй хүүхэдтэй айл л гэсэн үг. Энэ олон хүүхдийн 90 орчим хувь нь 25-35 орчим насныхан гээд бодохоор ямар залуу боловсон хүчинтэй, ямар залуу байгууллага вэ гэдэг нь ойлгогдоно. Би залуучуудаа “бөмбөг шиг бөөрөнхий шил”-тэй зүйрлэдэг. Түлхэж орхивол өнхрөөд хагарна, зүлгэж өнгөлбөл өнгө орж гялалзаж гүйгээл байна. Тэд өмрөх зүрхтэй, халуун сэтгэлтэй ард түмний нэг хэсэг, Монгол Улсын иргэн хүн шүү дээ.

Тийм учраас зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчмыг баримталдаг, энэ нь цагдаагийн нэгжийг удирдаж байгаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргад байх ёстой зан төлөв болов уу. Өөрийн төрж өссөн нутагтаа ажиллах хугацаандаа сайн боловсон хүчнийг бэлтгээд үлдээчих хүсэл тээж явна. Учир юун гэвэл ажил сураагүй алба хаагч нараас манлайлагч, чиглүүлэгч төрөх нь ховор, ачаа үүрч ажил хийдэг хамт олноос эрдэм мэдлэгтэй, эрч хүчтэй лидэрүүд төрөх нь тодорхой. Тийм учраас ажлын байрны сургалтыг чухалчилж, ажлын цаг ашиглалтанд ихээхэн анхаардаг, аль болох сэтгэл зүрх, тархи оюунтай нь ярихийг хичээж байна. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэгчээр хүний шаардлагыг зөв хүлээгээд авчих хүн байхад, буруугаар мушгих хүн ч мундахгүй, олон хүний араншинд тааруулахаас илүүтэйгээр нэг зарчим баримталж түүндээ цэгц байвал олны хүүхэд ойлгоод л хүрээ үүсгэчихнэ.

Ард иргэд нь хууль дүрмээ хэрэгжүүлдэг, цагдаагийн алба хаагч нь өөртөө өндөр шаардлага тавьж чаддаг болчихвол Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар ард иргэдээ зөв чиглүүлээд явах боломж нээгдэнэ гэж нутгийн хүний сэтгэл зүрх гарган ажиллахыг хичээдэг.

-Та Цагдаагийн газрын “Сургалт дадлагын төв”-ийн талаар танилцуулна уу?

-Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын санаачилгаар 2017 онд Цагдаагийн албаны тухай хуулийн 17.1-д заасан алба хаагчдын бие бялдрын стандартын түвшинг хангах, мэргэжлийн бэлтгэл албаны болон давтан сургалт зохион байгуулж байх “Сургалтын төв”-ийг барихаар сэтгэл шулуудан эхлүүлж байлаа. Өнөөдөр 2,5 газар дээр 236,1 сая төгрөгний бүтээн байгуулалт хийгдэн, цаашид 100 хүнтэй вакумжуулсан бүсийн сургалт авахад түүртэхээргүй болжээ.

Сургалтын төвийн бүтээн байгуулалтад цагдаагийн ерөнхий газар, аймаг орон нутгийн дэмжлэгээс гадна манай хамт олны санаачилгаагаар маш олон ажил хийгдэж цаашид буудлагын тийр, авто дрон, саадтай гүйлтийн талбай байгуулахаар төлөвлөхийн зэрэгцээ одоо тарьж ургуулаад байгаа 4000 мод, бутаа ургуулах, нэмэж ногоон төгөл байгуулахаар ажиллаж байна.

-Цагдаагийн харилцаа хандлагын талаар шүүмжилдэг хүмүүс олон байдаг. Таныхаар цагдаа хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Цагдаагийн алба бол нийгмийн гэгээлэг гэхээсээ илүүтэй сүүдэртэй талтай илүү харилцдаг үнэлэмж нь хүнд ойлгогддоггүй алба. Тиймээс цагдаа гэдэг нэр төрийг авч явахын тулд хувь хүнээс маш их сэтгэл, хичээл зүтгэл, чармайлт шаарддаг. Миний бодлоор хэчнээн мэдлэг, боловсролтой байсан ч хүний номгүй хүн энэ алба, нэр төрийг тээж авч явахад хүндрэлтэй. Иргэн төвтэй нийгмийн харилцаанд орж байгаа мөрдөс зүүсэн төрийн хувцастай цагдаа хүн өөрөө манлайлагч байж, сайн талаараа үлгэр дуурайл үзүүлдэг, хариуцлагатай байх ёстой. Хүмүүс цагдаагийн албыг хүнд алба гэж ярьдаг. Гэхдээ хуулийг зөв хэрэгжүүлээд, зөв зарчим бариад, хүмүүстэй зөв харилцаж, ойлголцоод явбал энгийн бөгөөд тодорхой алба юм.

Би өөртөө зөв гэж бодсон зарчимаа баримтлаж хуулийн хүрээнд ажилласнаар цагдаагийн алба хаагчдын боловсролын түвшин, харилцаа хандлага, ёс зүйн төлөвшилд өөрчлөлт орж байгаа гэж дүгнэдэг. Энэ онд Цагдаагийн ерөнхий газраас “Өнгө нэмье” аяныг өрнүүлж байгаа энэхүү аяны хүрээнд алба хаагчдын сургалт, соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг сайжруулах ялангуяа бага бүрэлдэхүүнийхээ ажлын байрны хандлагыг өөрчлөх, боловсролыг сайжруулах чиглэлээр ажлын байрны сургалтуудад сүүлийн үед орчин үеийн цахим техник хэрэгслийг ашиглан цаг үеийн нөхцөл байдалтайгаа холбогдуулан төвөөс төлбөртэй сургалтууд буюу лектор /доктор/ багш нарыг урьж видео болон цахим онлайн хэлбэрээр сургалтуудыг зохион байгуулж, алба хаагчдын харилцаа хандлага ёс зүйд ихээхэн анхаарч ажиллаж байна.Үүний үр дүн ч архи, тамхи, хорт зуршлаасаа татгалзаж байгаа олон алба хаагч байна. Энэ бол манай хамт олны томоохон амжилт бөгөөд иргэд олон нийтэд хорт зуршлаас татгалзах бололцоо байгааг харуулсан зөв уриалга, үлгэр дуурайл гэж үзэж байна.

-2020 онд танай хамт олон ямар томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид цаашид 2020 онд цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн удирдлагын манлайлал, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, харилцааны соёлыг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлж, удирдлагууд нь манлайлалтай, алба хаагч нар нь мэдлэгт суурилсан ур чадвартай, харилцааны өндөр соёлтой байх бодлого барин ажиллаж байна. Манай хамт олон ч ихээхэн хичээж байгаа. Тухайлбал архи, тамхигүй удирдлагатай болох уриалгыг гарган, хэрэгжүүлээд байна. Энэ нь жижиг асуудал мэт боловч Монгол төрийн албанд ус агаар мэт хэрэгтэй байгаа “манлайлал” гэж дүгнэж байгаа.

Миний хувьд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага удирдаад гурав дахь аймагтаа ажиллаж байна. Цаашид сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын бүтэц, орон тоог эргэн хармаар санагддаг. Тухайлбал: Сум хариуцсан хэсгийн төлөөлөгч иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол хүлээн авах, шалгаж шийдвэрлэх, прокурорын хяналтанд хуулийн хугацаанд хянуулах үүрэгтэйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцохоос гадна хариуцсан нутаг дэвсгэртээ Гүйцэтгэх ажил явуулах үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл цаана нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчил илрүүлэх, шалгаж шийдвэрлэх, прокурорт хянуулах, төвөөс явуулж байгаа нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах, тайлан мэдээгээ өгөх, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах, дуудлага мэдээлэлд цаг алдахгүй очих гэх мэтээр өдөр дутам хийх нэг хүнд ахадсан олон ажлыг зэрэг хийх ур чадвар шаарддаг тул суманд үүрэг гүйцэтгэж байгаа хэв журмын цагдаа орон тоог офицер болгон цол олгож иргэд олон нийттэй харилцах, соён гэгээрүүлэх ажлыг ажлын байрны тодорхойлолтоор хариуцуулж өгөөд хэсгийн төлөөлөгч гэмт хэрэгтэй тэмцэх буюу хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажлуудаа хэрэгжүүлээд, гүйцэтгэх ажлаа дагнаж зохион байгуулаад явуул, гэмт хэргийн илрүүлэлтэнд ахиц гарч иргэдийн цагдаад итгэх итгэл нэмэгдэнэ гэж үздэг. Монгол Улсын Засгийн газрын баталсан 153 дугаар тогтоолын дагуу Жишиг нормитив тогтоосон байдаг боловч нийт хүн амдаа хүрч ажиллах цагдаагийн ажилтны орон тоо батлагдаж чадаагүй л байна. Жишээ нь 4000 хүн ам тутамд хэсгийн байцаагч байх, мөн 5000-аас доошгүй хүн ам тутамд сум дахь Цагдаагийн хэсэгтэй байхаар тогтоосон байдаг.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн хүний оролцоо маш чухал гэдгийг хуульчилсан боловч хэрэгжүүлэх шатандаа жигд шаардлага дутагдаж байгааг анхаарч иргэн хүн оршин суугаа нутаг дэвсгэртээ нийтийн эргүүлд гарч, байгууллага, аж ахуйн нэгж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дотооддоо хууль сурталчилан ажилтнуудаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг “тэргүүн ээлжинд тавьдаг” болсон үед иргэдийн эрх зүйн боловсрол сайжирч, гэмт хэрэг, зөрчил тэр хэмжээгээр буурахад тодорхой үр дүн гармаар санагддаг. Энэ ажлын хуулиараа нутгийн өөрөө удирдах байгууллага хариуцдаг бөгөөд иргэд олон нийтийн туслалцаанд тулгуурлан гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг бүх нийтийн үйлс болгосноор иргэдийн маань хандлага, хууль хэрэгжүүлэх сэтгэлгээ өөрчлөгдөж, хамтын ажиллагаанд эрс өөрчлөлт гарахын зэрэгцээ аюулгүй, амар тайван амьдрах нөхцөл бүрдэх юм. Мөн Монгол улсын Засгийн газар, харьяа яам, нутгийн захиргааны байгууллагуудаас цагдаагийн байгууллагын бодлого үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх, амьдрах нөхцөл бололцоог сайжруулах чиглэлээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа явдал ч гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр дүнд эерэгээр нөлөөлж байна гэж үзэж болно. Миний удирдлагад ажилладаг манай хамт олон бид иргэд олон нийтийнхээ илтгэлтэй туслагч нь байж, ажил үйлчилгээгээ шуурхай ил тод хүртээмжтэй хүргэж, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг эрхэмлэж Улс, орон нутгийнхаа дотоод аюулгүй байдлыг ханган ажиллахаар чармайж байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баатархүү: Фишинг сайт руу нэвтэрсэн бол нэн даруй нууц үгээ сольж хэвших хэрэгтэй

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүтэй ярилцлаа.


-Цар тахал дэгдээд буй энэ үед иргэд ихэнх цагийг гэртээ, цахим орчинд өнгөрүүлж байна. Үүн дээр дөрөөлж цахим залилангийн тохиолдол өсөх хандлагатай байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хөл хорио тогтоосон үед иргэдийн цахим хэрэглээ эрс нэмэгдсэн. Олон нийтийн цахим сүлжээг ашиглах нь хэрэгтэй мэдээллээ солилцох, шаардлагатай мэдээллээ шуурхай олж авах зэрэг олон сайн талуудтай. Үүний хажуугаар иргэдийг залилж хохироох, бусдын алдар нэрийг гутаах, худал мэдээлэл тараах зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна. Дан ганц Монгол Улсад тулгамдсан асуудал биш. Цахим орчин нэвтэрсэн бүхий л улсад энэ төрлийн хэрэг зөрчлүүд гарч байгаа.

Мөрдөн байцаах албанаас санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Ятгах тусам нягтал” арга хэмжээ зохион байгуулсан. Үүний үргэлжлэл болгож нягтлах тусам аюулгүй гэх арга хэмжээ зохион байгуулж байгаа. Үүнийг залилах төрлийн гэмт хэрэг, тэр дундаа цахим орчинд залилуулж байгаа иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байна.

-Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн арга хэлбэрийн талаар сэрэмжлүүлэхгүй юү?

-Олон нийтийн сүлжээнд “Таны мөнгийг богино хугацаанд өсгөж өгнө, танд сайн чанарын барааг хямдралтай үнээр худалдаална, цахим сургалтад хамруулна” гэх мэт хүний хэрэгцээнд тулгуурлаж шаардлагатай байгаа зүйлийг санал болгож залилах тохиолдлууд байна.

Иргэд цар тахлын үед аюулгүй байдлаа хангаж гадуур явахгүй байгаа. Ийм үед царайг нь хараагүй, биечлэн очиж шалгахгүйгээр цахимаар бичсэн зүйлд нь итгээд мөнгөө шилжүүлж хохирч байна. Залилагч нар таны мөнгийг авсныхаа дараа цахим мөрөө устгаад алга болдог. Иргэд ингээд цагдаагийн байгууллагад ханддаг. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд төвөгтэй.

-Шилжүүлсэн дансаар нь хөөгөөд илрүүлэхэд харин ч хялбар байдаг гэх ойлголт иргэдийн дунд байдаг.

-Дэлхий глобалчлагдаж байгаа. Интернэт сүлжээнд хил хязгаар гэж үгүй. Дэлхийн хаанаас ч таныг залилж магадгүй. Царайг нь ч хараагүй хаана байгааг нь мэдэхгүй байж дансны дугаар луу мөнгө шилжүүлчихдэг. Залилагч бусдын данс ашиглана, хуурамч данс ч ашиглана. Мөн гадаадын данс ч ашиглах эрсдэлтэй.

2020 он гарсаар цахим орчинд нийт 19 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 15 нь фэйсбүүк орчинд үйлдэгдсэн байна. Энд зөвхөн өндөр хохиролтой хэргүүдийн талаар ярьж байна. Үүний наана хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй хохиролтой олон хэргүүд Мөрдөн байцаах албан дээр шалгагдаж байна. 30-40 мянган төгрөг залилуулчихаад цагдаад хандалгүй орхидог тохиолдол бий.

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энгийн арга хэлбэр нь юу вэ?

-Хэрэв танд гайхалтай боломж санал болгож байгаа бол сайн нягтлах нь зөв. Эдгээр хүмүүс таны хэрэгцээнд тулгуурлаж хууран мэхэлж байдаг гэдгийг дахин анхааруулъя. Юу ч хийхгүй сууж байгаад л мөнгөө хэд дахин ахиулаад авах боломж байна гэх мэтээр өгөөш бэлддэг. Манайхан ч цахим сүлжээний цаана хэнийг нь мэдэхгүй хүн рүү мөнгө шилжүүлчихдэг. Залилагч нар удаан хугацаанд харилцаа тогтоож таны итгэл төрүүлэхүйц бүхий л боломжуудыг ашиглаж эд хөрөнгийг тань авчихаад ул мөрөө устгаад зугтах эрсдэл хажууханд байна. Иргэд хэр сайн нягтална, төдий чинээ аюулгүй.

-Бусдын фэйсбүүкийн нууц үгийг хулгайлсан тохиолдол гарсан байна лээ. Хувийн мэдээллийг ямар арга хэлбэрээр хулгайлж байна вэ?

-Бид нар цахим орчинд өөрсдийнхөө найз нөхөрлөлийн хүрээнд мэдээлэл авч байдаг. Мэдээллүүдийн дунд төрөл бүрийн сонирхолтой мэдээлэл, сонжоонууд харагддаг. Эсвэл олны танил хүмүүсийг ноцтой үйлдэл гаргасан мэтээр худал гарчиг тавьсан тохиолдол байдаг шүү дээ. Хүмүүс түүнийг нь сонирхоод орчихдог. Энэ нь таныг хувийн мэдээллээ алдах эрсдэлд хүргэж байгаа юм. Та фишинг, хортой холбоос руу нэвтрэх юм бол нууц үг тань хулгайлагдах эрсдэлтэй. Фишинг сайтууд урд талдаа хандалт өндөртэй тэргүүлэх зэрэглэлийн сайтуудын нэр тавьчихсан байдаг. Гэхдээ төгсгөлийн домайн нэр нь өөр. Фишинг сайтуудын домайн info гэх зэрэг худлаа байх нь элбэг. Иргэд үүнийг анзаарахгүй нэвтэрснээр өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг.

Жишээ нь, фишинг холбоос руу нэвтрэхэд хэрэгтэй мэдээлэл нь гарч ирдэггүй. “Энэ дээр дарна уу” гэх холбоос байдаг. Энэ бүхэн таны нууц нэр хулгайлагдаж байна л гэсэн үг. Фэйсбүүкийнхээ нууц дугаарыг бусдад алдана гэдэг хувийн мэдээллээ бусдад алдаж байгаа юм. Ойр дотны хэн нэгэнтэй харилцсан мэдээлэл чинь тухайн хүний мэдэлд очно. Хэрэв сэжигтэй холбоос руу нэвтэрсэн бол нэн яаралтай нууц үгээ сольж хэвших хэрэгтэй.

Мөн цахим дахь хувийн мэдээллийг маань дураараа ашиглаж байна гэх гомдлыг иргэд гаргадаг. Та хувийн мэдээллээ цахимд нийтэлсэн бол таны хувийн мэдээлэл байхаа болино. Хэн нэгэн таны хувийн мэдээллийг хуулбарлаад авч байгаа. Иймээс пост оруулахдаа сайтар бодох хэрэгтэй. Өнөөдөр өөрийнхөө амьдралыг цахим орчинд хүүрнэдэг хүмүүс олон болсон. Тэр хүмүүс эрсдэлээ бодож л байгаа байх. Зарим нь санамсар болгоомжгүйгээс гэр бүл, ойр дотнынхон, орон байр, үнэт эдлэлийнхээ зургийг цахимд байршуулдаг. Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд таныг халдлагын объектоороо сонгосон тохиолдолд таны цахим орчинд нийтэлсэн мэдээлэл олз болно гэсэн үг. Хувийн мэдээллээ байршуулах гэж байгаа бол эргэцүүлж бодохыг зөвлөж байна. Бусад хүн таны мэдээллийг хүлээж аваад таны эсрэг ямар ч байдлаар ашиглаж болно.

-Фэйсбүүкийнхээ нууц үг, хувийн мэдээллээ алдсан бол хаана хандах вэ?

-Харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад өргөдлөө өгч шалгуулна. Хувь хүн цахим орчинд халдлагад өртөхгүй байх бүрэн боломжтой. Та цахим орчинд хувийн сахилга бат, хувийн ариун цэврээ сайтар хангаж чадвал энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна. Хувийн ариун цэвэргүй замбараагүй, бохир байвал энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлтэй. Хувийн ариун цэвэр гэдэг маань мэдээллийн эх сурвалжаа нягтлах, танихгүй хүнтэй найз болохоос татгалзах зэргийг л хамаатуулж ойлгож болно. Та сахилга баттай байвал гэрэл гэгээтэй, сайн сайхан зүйлийг мэдрээд явах болно.

-Сүүлийн үед олны танил, улс төрд нэр нөлөөтэй эрхмүүд “Ц.Нямдоржийн цагдаа нар улстөрчийн заавар, захиалгаар ажиллаж байна” гэх ойлголтыг нийгэмд тараах боллоо. Цагдаагийн байгууллагын чиг үүргийн талаар тодруулахгүй юу. Үнэхээр Ц.Нямдорж сайд даалгавар өгч цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцох эрх зүйн зохицуулалт байдаг юм уу?

-Улс төрд нөлөө бүхий болон олон нийтэд танигдсан эрхмүүдийн зүгээс холбогдох хууль тогтоомжоо мэдсээр байж цагдаагийн байгууллагын хуульд нийцсэн үйл ажиллагааг мушгин гуйвуулах гэсэн мэдээллүүдийг цацаад байна. Цагдаагийн байгууллагыг салбарын сайдаар нь овоглож, тэрний цагдаа, энэний цагдаа гэсэн нэр хоч өгч улс төр хийх гэсэн хандлага гэж харж байгаа. Албан тушаалтантай холбоотой хэрэг шалгах, хууль зөрчин жагсаал цуглаан хийж байгаа асуудалд цагдаагийн байгууллагаас шаардлага тавихад өмнөөс “Та нар хэний даалгавраар явж байна” гэх байдлаар хандах тохиолдол байна. Монгол Улс хуультай улс, хууль зөрчсөн аливаа асуудлыг цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын чиг үүргийг хуулинд тодорхой зааж өгсөн байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд Цагдаагийн байгууллага нь “Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба” гэж заасан. Мөн цагдаагийн байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаанд хэн хэрхэн оролцохыг ч хууль тогтоомжоор тодорхой зааглаж өгчихсөн байдаг. Манай улсад өдөрт олон төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тэр бүрт олон нийт төдийлөн анхаараад байдаггүй. Өдөрт л 1000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Үүнийг цагдаагийн байгууллага хүлээн авч гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг. Тодотгон хэлбэл, цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд хараат бусаар явагддаг. Үүнд зөвхөн прокурорын байгууллага хяналт тавьдаг. Цагдаагийн байгууллага аливаа хэрэг зөрчлийг шалгахад хөндлөнгөөс хэн нэгэн улстөрч, албан тушаалтан нөлөөлөх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй, шалгаж байгаа хэргээ зөвхөн прокурорын байгууллагад танилцуулж прокуророос хяналт тавьж ажилладаг. Хууль зүй, дотоод хэргийн яам бол цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлаас бусад асуудлаар Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хяналт тавьдаг. Хэрэв мөрдөн шалгах ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох, мөрдөгч дур мэдэн аливаа үйл ажиллагаа явуулах юм бол хууль тогтоомж зөрчсөн асуудал болно. Цаашид хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг энэ мэтээр харлуулах, сулруулах гэсэн худал мэдээ, мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Хэвлэл, мэдээллийн байгууллага ч гэсэн энэ мэт худал мэдээллийг нийтэд мэдээлэхгүй байхыг уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Шинэ цагийн сэхээтэн инженер Г.Мөнхбатынх

Бурхан хүнийг бүтээдэг, бусдыг нь инженер бүтээдэг гэх үг бий. Улс орны хөгжил дэвшлийг инженерүүдийнх нь эрдэм мэдлэгээр тодорхойлдог цаг ирээд байгаа. “Танайд өнжье” булан энэ удаагийн дугаартаа улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй залуу инженерийн гэр бүлийг онцоллоо.

Өнгөрсөн баасан гаригийн их үдийн алдад зочинтойгоо уулзахаар Багшийн дээдээс урагш Буянгийн замаар уруудаж Юнион Буйлдингийн харалдаа очоод утас цохиход монгол загвартай цамц өмсөж, нүдний шил зүүсэн өндөр залуу биднийг тоссон нь “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн мэдээллэл технологийн хэлтсийн ахлах инженер Г.Мөнхбат байв. Түүний ажил хараахан тарах болоогүй байгаа бололтой. Оффисстой нь танилцахаар орлоо.

Г.Мөнхбат инженерийн аав Л.Ганхуяг, ээж Д.Цэцэг нар Хэнтий аймгийн Биндэр сумынх. Одоо хэр нь хувийн бизнесээ эрхлээд сумандаа аж төрдөг аж. Хот хороо бараадахыг урьтал болгодоггүй, сумандаа сайхан амьдрахыг илүүд үздэг талаар зочин маань ярив.

Г.Мөнхбат инженер Биндэр сумандаа 10 жилийн сургуулиа төгсжээ. “Би хангай газрын хүүхэд. Уран зураг шиг үзэсгэлэнтэй, онгон дагшин байгальтай нутагт төрж өссөн. Сумын сургуулиа 2004 онд төгссөн. Сургууль маань тухайн үед хоёр ширхэг л компьютертэй байв. Мэдээлэл зүйн хичээл ороход нэг хүүхэд гурван минут л компьютер ашигладаг байлаа. Тэр үед ногоон дэлгэцэн дотор багширсан жижигхэн жижигхэн зүйлс харагдаж байсан санагддаг юм. Компьютертэй анх иймэрхүү байдлаар танилцаж байсан” гэж 10 жилийн дурсамжаа хуваалцлаа.

Тэрбээр дунд сургуулиа төгсөөд Их сургуульд орохоор нийслэл хотод ирэхдээ Зуун айл орчимд цүнхтэй хувцсаа үүрээд “Элба” дэлгүүрийн ойролцоо бууж байжээ.

Г.Мөнхбат инженерийн аавынх нь төрсөн дүү тосч дэлгүүр лүүгээ дагуулж ороход битүү өрөөстэй компьютерууд угтсан нь түүнийг алмайруулж орхижээ. Ингээд хамаатныхаа дэлгүүрт ажиллахаар болсон байна. Бүтэн жил хэртэй ажиллахдаа компьютерийн талаар өөрийнхөө хэмжээнд л зузаан мэдлэг хуримтлуулж асван гэнэ. Ер нь энэ компьютерийн талаар илүү нарийн детальчилж судлах эрмэлзэл тухайн үед төрсөн талаар Г.Мөнхбат инженер хэлж байлаа. Улмаар ШУТИС-ийн холбоо мэдээлэл технологийн сургуулийн мэдээлэл хэмжлийн электроник ба мэдээллийн технологийн ангид элсжээ.

Компьютер, түүний бүтцийн талаар мэдээлэл хэмжлийн электроникийн мэргэжлээс нарийн ойлголтыг авчээ. Энэ мэргэжил нь электроник тал руугаа илүү судалдаг гэнэ. Харин мэдээллийн технологийн ангиас программчлал, программчлалын хэл, вэбийн талаар дэлгэрэнгүй судалжээ. Энэ хоёр мэргэжлийг хосоор нь эзэмшсэн хүн ямар нэгэн биетийг эцсийн түвшинд нь хүртэл бүтээх чадамжтай мэргэжилтэн болж боловсордог юм байна.

Энэ бүхнийг ярилцаж суухад ажлын цаг нь өндөрлөх тийшээ хандлаа. Мөнхбат инженерийн гэрт очихоор Баянзүрх захын ойролцоох есөн давхар ногоон байрыг зорьсон юм.

30 орчим насны эмэгтэй хаалга тайлсан нь Г.Мөнхбат инженерийн гэргий Н.Золзаяа. Тэд ижилхэн инженер мэргэжилтэй. Г.Мөнхбат, Н.Золзаяа нар оюутан ахуйдаа танилцжээ. Эхнэр нь мэдээлэл технологийн чиглэлээр хувиараа бизнес эрхэлдэг аж. Том охин М.Сувдансондор нь долоон настай. Плехановын нэрэмжит сургуульд суралцдаг гэнэ. Харин бага хүү Г.Молор-Эрдэнэ нь өнгөрсөн жил сургуульд оржээ. Эдний гэр бүл хүүхдүүдийнхээ хөгжил төлөвшилд ажил мэргэжлээсээ ч илүү ач холбогдол өгдөг гэсэн. “Хүүхдүүд эцэг эхийн сонголтын золиос болох гээд байдаг. Тийм хүн болгоно гээд л хүчилдэг хандлага ажиглагддаг. Хүүхэд өөрийнхөө дурлаж сонгосон чиглэлээр явбал амжилтад хүрэх магадлал өндөр. Цаг гаргаж ярилцаж байх нь чухал. Миний хувьд хүүхдүүдээ 18 нас хүртэл бүх боломжоор нь хангаад гурван төрлийн хэлтэй болгоно. Эрүүл бие бялдартай байлгах үүдээс йогоор хичээллүүлдэг юм. Сонирхлынх нь дагуу хөгжмийн дугуйланд ч явуулж байгаа. Ингэж яваад л өөрийгөө олох байх. Сонирхсон мэргэжлээр нь л дэмжээд боловсрол эзэмшүүлнэ дээ. Оюун ухаан, бие бялдар, эрүүл мэндийн хувьд төгс бүтээгдэхүүн нийгэмд бэлтгэж гаргахын төлөө ажиллана” гэж гэрийн эзэн Г.Мөнхбат хэлж байлаа. Коронавирусийн тархалт аюул дэгдээгээд буй энэ үед хүүхдүүдээ хөдөө өвөө, эмээ рүү нь явуулжээ. Хүүхэд байгальтайгаа ойр байх нь эрүүл мэнд, өсөлт хөгжилд нь сайнаар нөлөөлдөг талаар Мөнхбат инженер хэлж байлаа.

Оюутны дөрвөн жилд Г.Мөнхбат инженер чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгджээ. Дөрөвдүгээр курсээ төгсөөд л аж ахуйн нэгж албан байгууллагуудад камержуулалт суурилуулаад эхэлсэн байна. Захиалгад ч дарагдаад ирж. Төрийн байгууллагуудаас хүртэл камержуулалт суурилуулах санал хэд хэд иржээ. Ингээд хувийн компани байгуулахаар сэтгэл шулуудсан гэнэ. Байгуулсан компаниа хөл дээр нь босгох гэж багагүй саад бэрхшээлийг туулсан талаараа хэлж байв.

Түүний байгуулсан “UMCS” компани өдгөө хөл дээрээ бат зогсчээ. Баянгол, Баянзүрх гэх томоохон дүүргүүдийн камержуулалтыг хариуцаж ажиллаж байгаа аж. Мөн барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлийн ажилд хүч хаяхаар төлөвлөгөө гаргаж төсөл боловсруулаад байгаа гэсэн.

Г.Мөнхбат “Инженер болсноор сэтгэлгээний цар хүрээ тэллэгддэг юм шиг санагдсан. Инженер хүний гаргаж байгаа шийдэл, төсөөлөн бодох чадвар нь бусдаас илүү хөгждөг. Хийсвэрээр сэтгээд бодит байдал хоёрын хооронд анализ хийхэд өөр өнцгөөс харж, өөр шийдлүүд гаргаж ирдэг юм билээ. Асуудлын голыг шуурхай олж хардаг нь инженер хүний давуу тал” хэмээн мэргэжлийнхээ талаар ярьж байсан юм.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ

Шинэхэн мэргэжилтэн Г.Мөнхбат тухайн үед байгуулагдаад удаагүй байсан “Эрдэнэс Таван толгой” компанид ажилд оржээ. Тэрбээр хувийн компанийнхаа үйл ажиллагааг авч явахаас гадна “Эрдэнэс Таван толгой” ХХК-д мэргэжлээрээ ажилладаг.

“2010-аад онд мэдээллийн технологийн салбарыг нэг их ойшоодоггүй байсан. Компанийн удирдлагууд ч ач холбогдлыг нь тэр бүр ойлгодоггүй байсан л даа. Компанийн хөгжлийн тулгуур мэдээллийн технологийн салбар нь доошоо уначихдаг, компанийн хөгжил дэвшил зогсонги байдалд орох үе ч байв.

Сүүлийн үед мэдээллийн технологийн ч холбогдлыг ойлгож энэ чиглэл рүү хүч хаяад эхэлж байна” гэж Эрдэнэс Таван толгой ХХК-ын мэдээллийн технологийн хэлтсийн ахлах инжер Г.Мөнхбат хэлж байлаа.

“Эрдэнэс Таван толгой” ХХК дөрвөн ээлжээр ажилладаг. Нэг ээлжинд нэг л мэдээлэл технологийн инженер ажилладаг юм байна. Интернэт сүлжээ, компьютер тоног төхөөрөмж, радио станц, камер зэргийг бүгийг нь хариуцдаг ажээ. Ганц хүн ийм өндөр ачаалал авахад их хугацаа авдаг талаар Г.Мөнхбат ярьж байв. Үүнээс шалтгаалж компанийн үндсэн бодлого, хөгжлийн стратегийн асуудлыг барьж авах боломж хомс байдаг аж.

“Мэдээллийн технологигүйгээр үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа явах боломжгүй болсон. Мэдээллийн технологи хөгжсөнөөр бүх зүйл цахим болж байна. Дэлхий нийтээр цахим болох шилжилтийн дөрөвдүгээр хувьсгал эхлээд байна. Үүнийг дагаад бүх зүйл цахим болоод ирэхээр мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлд анхаарах шаардлага тулгарч байгаа юм.

“Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн хувьд стратегийн томоохон орд газар. Улсын төсөв бүрдүүлэлтээр тэргүүлдэг компани. Энэ компани руу долоо хоногт л 700-800 удаагийн цахим халдлага ирдэг. Компанийн дотоод үйл ажиллагаа, бүтээгдэхүүний үнэлгээ, гэрээний аюулгүй байдал зэрэг дотоод нууцлалтай мэдээллийг алдах эрсдэлтэй байдаг” гэв. Ихэвчлэн цахим халдлагууд БНХАУ, ОХУ, Канад зэрэг орнуудаас ирдэг ажээ. “Эрдэнэс Таван толгой компани”-ийн тухайд орчин үеийн firewall төхөөрөмжүүдээр цахим халдлагаас хамгаалдаг аж. Компанийн серверт байгаа чухал файлуудыг нь түүдэг, мөн түгжчихдэг аюул байдаг юм байна. Тайлах гэхээр биткойн нэхдэг аж. Компани үйл ажиллагаагаа явуулахын тулд нэхсэн мөнгийг төлөхөөс аргагүй байдалд хүрдэг гэх мэт олон эрсдэл байдаг гэнэ.

Харин дотоодоос халдсан тохиолдолд хаанаас ямар хаягнаас халдаж байгааг тусгай программын тусламжтайгаар хянадаг гэсэн.

ХУВЬ ХҮН ЦАХИМ ХАЛДЛАГААС ХЭРХЭН ХАМГААЛАХВЭ

Сүүлийн үед иргэд хувийн мэдээллээ алдаж гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэл дунд амьдарч байгаа.

Мэдээлэл технологийн инженер Г.Мөнхбат “Хувь хүн компьютер ашиглахдаа ямар сайт руу хандаж болох вэ, ямар сайт руу хандаж болохгүй вэ гэдгийг мэддэг байх ёстой. Тухайн сайт сертификаттай байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Хакерууд ямар урхи бэлдэж хүмүүсийн мэдээллийг авдаг талаар ойлголттой байх нь чухал. Хүмүүс нууц үгээ алдан данснаасаа хамаг мөнгөө алдчих тохиолдол байдаг. Иргэд хакеруудын урхинд орчихож байна гэсэн үг. Хакерууд сонирхолтой сонжоо явуулдаг. Хүмүүс сонирхоод нэвтрэхэд нь цаана нь mirror(толь) байршуулаад мэдээллийг нь хуулаад авчихдаг. Гэх мэтчилэнгээр хүмүүс мэдээлэлгүйгээс болоод алдаж байна. Мэдээллээ алддаг өөр нэг шалтгаан нь хаанаас ч хамгаагүй флаш авч ирээд комьпютертоо залгачихдаг. Тухайн флаш ямар ч вирустэй байж болно шүү дээ. Таны мэдээлийг гадагш нь дамжуулаад байх эрсдэлтэй. Энэ тал дээр хянамгай байх хэрэгтэй” гэв. Энэ нь өдөр тутмын амьдралдаа анхаарч, хэрэгжүүлбэл зохимжтой талаар тэрбээр хэлж байсныг онцолъё.

Улс орны хөгжилд инженерүүдийн оролцоо чухал үүрэгтэй. Мэдээлэл технологийн инжерүүдийн залуу үеийн төлөөлөл Г.Мөнхбат энэ тал дээр толгойгоо гашилгаж явдаг.

“Төрийн үйлчилгээний 40 орчим хувь нь цахим хэлбэрт шилжсэн байна. Цахим мэдээллүүд нэг серверт байрлана. Үүний цаана манай улсын мэдээллийн аюулгүй байдал яригдаж байгаа юм. Бид нар бүх комьютер тоног төхөөрөмжөө гаднаас авч байна. Захын наймаачин л дураараа компьютер зөөгөөд өнөөхийг нь төрийн байгууллагууд хэдэн зуугаар нь авч хэрэглэж байгаа. Компьютер мэдээлэл дамжуулах боломжтой байдаг. Нэг чип нэмээд үйлдвэрлэхэд л манайхан мэдэх боломжгүй. ТЕГ-т хянадаг лаборатори бий. Хил гаалиар орж байгаа олон мянган компьютерт ямар ч хяналт байхгүй. Хүссэн үедээ мэдээллээ алдах эрсдэл манайханд байгаа. Манайхаас бусад оронд ач холбогдол өгч стандарт тогтоож, дээрээс нь шалгалтын ажиллагаа хийдэг.

Хяналтгүй нэвтэрч байгаа компьютеруудыг шалгах лаборатори зайлшгүй хэрэгтэй байгаа. Үүний цаана Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал яригдаж байна.

АНУ, Хятад зэрэг том гүрнүүд таарамж муу байдгийн нэг шалтгаан нь энэ. Шинэ санаа, томоохон төслүүдийг нь хакердаад хулгайлчихдаг. Шинэ санааг нь түрүүлээд хэрэгжүүлчихдэг. Энэ асуудал даамжираад гүрнүүдийг зөрчилд хүргэдэг.

Манайхны хувьд кибер аюулгүй байдал тал руугаа онцгой анхаарах цаг болсон. Тусгай байдалд дуртай газар нь халдах гээд байна. Аюулгүй байдлыг хянадаг лаборатори, стандарт нэвтрүүлэх хэрэгтэй. Тэр цагт тулгамдаад байгаа асуудлууд шийдвэрлэгдэнэ” гэж Г.Мөнхбат инженер хэлж байна.

Манайх хяналтгүй нэвтэрч байгаа компьютеруудад хянах лабратори нэн тэргүүнд харэгцээтэй байгааг онцолсон. Үүнээс гадна компьютеруудийг бодлогоор нэг газраас нийлүүлж байх нь учирч болох эрсдэлээс сэргийлэх талаар ярьж байлаа.

Бидний урд хөрш гэхэд л дотооддоо үйлдвэрлэсэн компьютерээ хэрэглэж импортын компьютеруудийг хэрэглээнээс шахах дөрвөн жилийн төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгааг Г.Мөнхбат инженер онцолж байв.

Тэрбээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Төсөл хөгжлийн төвийг ажиллуулдаг юм байна. Тус төв нь жижиг дунд үйлдвэрлэл нь тодорхой хугацаанд явж байгаад уналтад орсон, цааш яаж хөгжихөө мэдэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгч ажилладаг. Тэрбээр нийгмийн дунд давхаргыг дэмжиж хөгжүүлснээр улс орны эдийн засаг урагшлахад тустай гэв.

Сум болгон л өөрийн онцлогт тохирсон үйлдвэрлэлтэй, иргэд нь ажлын байртай байж хөгжинө гэж Мөнхбат инженер үздэг аж. Тэрбээр мал аж ахуйн орон Биндэр сумандаа махны үйлдвэр байгуулахаар судалгааны ажлаа эхлүүлжээ. Үүнийг дагаад малын арьс шир,яс ясан бүтээгдэхүүнийг нь боловсруулах цогц үйлдвэр байгуулахаар төлөвлөөд байгаа гэсэн.

Инженерийн сэтгэхүй улс орны хөгжилд ус агаар мэт хэрэгтэй байдаг. Унасан газар угаасан усныхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хийж бүтээж, залуу үеийн төлөөлөлд үлгэр дуурайл болж буй шинэ цагийн сэхээтэн инженерийн гэр бүлийг өнжин сурвалжлахад ийм байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Зоригт: Оны эхний дөрвөн сарын гэмт хэргийн статистик мэдээ эерэг гарч, гэмт хэрэг буурсан

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа О.Зоригттой ярилцлаа.


-Гэмт хэрэг, зөрчлийн 2020 оны эхний дөрвөн сарын статистик мэдээ гараад удаагүй байна. Мэдээний тоймыг танилцуулна уу?

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай анги 20 бүлэг 214 зүйл, 553 хэсэгтэй. 2020 оны эхний дөрвөн сарын өссөн дүнгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 бүлэгт заасан гэмт хэргүүд 5.8-76.2 хувиар буурсан бол хоёр бүлэгт заасан гэмт хэрэг өсч, мөн хоёр бүлэгт заасан гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

Энэ хугацаанд нийт 10130 гэмт хэрэг бүртгэгдсэний 65.8 хувь буюу 6663 нь нийслэл Улаанбаатар хотод, 34.1 хувь буюу 3452 нь аймгуудад үйлдэгдсэн байна. 2019 оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 2802 буюу 21.7 хувиар, нийслэлд бүртгэгдсэн гэмт хэрэг 2110 буюу 24.1 хувиар, орон нутагт бүртгэгдсэн гэмт хэрэг 665 буюу 16.2 хувиар тус тус буурсан.

Засаг захиргааны нэгжээр нь авч үзвэл гэмт хэрэг 16 аймаг, нийслэлийн 8 дүүрэгт буурч, таван аймаг, нэг дүүрэгт өссөн байна.

Тодорхой төрлөөр нь авч үзвэл хүний амь хөнөөх гэмт хэрэг 8.2 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 30.4 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 80.4 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50.0 хувиар, хулгайлах гэмт хэрэг 20.2 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 43.2 хувиар, залилах гэмт хэрэг 19.7 хувиар, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 39.2 хувиар гэх мэтээр манай улсын гэмт хэргийн бүтцэд зонхилдог бараг бүх төрлийн гэмт хэргүүд буурсан үзүүлэлт гарсан.

Гэмт хэргийн улмаас хохирсон нийт хүний тоо өнгөрсөн оны мөн үеэс 2628-аар буюу 21.0 хувиар, нас барсан хүний тоо 167-оор буюу 35.2 хувиар, гэмтсэн хүний тоо 333-аар буюу 11.2 хувиар, учирсан материаллаг хохирлын хэмжээ 14.6 тэрбум төгрөгөөр буюу 22.2 хувиар тус тус буурчээ.

Энэ буурсан үзүүлэлт бүрийн ард бүтэн бүлээн амьдрал, гэр бүл, эрхээ хамгаалуулж чадсан иргэн хүн бий гэж ойлгох учиртай.

Зөрчлийн хувьд энэ хугацаанд 772.324 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 81.971 буюу 11.9 хувиар, 769.683 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 82.674 буюу 12.0 хувиар тус тус өссөн бөгөөд нийт зөрчлийн 91.3 хувь буюу 705115 нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих” зөрчил эзэлж байна.

Архи согтууруулах ундаа хэрэглэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 35288 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 22888 буюу 6.1 хувиар өссөн бөгөөд нийт эрүүлжүүлэгдсэн хүний 26429 буюу 74.9 хувь нь Улаанбаатар хотод, 8859 буюу 25.1 хувь нь орон нутагт эрүүлжүүлэгдсэн.

-Гэмт хэргийн илрүүлэлт хэр байна вэ?

-Бид гэмт хэргийн илрүүлэлтийн хувийг нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргүүдээс тооцдог аргачлалыг ашигладаг. 2020 оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 48.6 хувь нууц далд аргаар үйлдэгдсэн бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 35.9 хувь, нийслэлд 32.7 хувь, орон нутагт 42.8 хувь байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал улсын хэмжээнд 10.9, Нийслэлд 13.1, орон нутагт 4.7 нэгжээр тус тус өссөн байгаа.

-Өссөн гэмт хэргийн тухайд?

-Хүрээлэн байгаа орчны эсрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн хоёр бүлэг гэмт хэргүүд өмнөх оны мөн үеэс өссөн байна. Тухайлбал, Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг” гэмт хэрэг өнгөрсөн оны дөрвөн сард 20 бүртгэгдэж байсан бол энэ жил 41 болсон, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 162 байсан бол 274 болж өссөн. Ер нь гэмт хэрэг өөрөө нийгмийн үзэгдэл гэдэг утгаараа нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинтэй байнга уялдаж явдаг зүйл. Сүүлийн жилүүдэд манай улсад хүрээлэн байгаа орчны эсрэг болон цахим мэдээллийн аюугүй байдлын эсрэг гэмт хэргүүд тооны хувьд төдийлөн их биш ч өсөх хандлагатай байгаа.

Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны А/09 дүгээр тушаалаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Экологийн цагдаагийн алба”-ыг ЦЕГ-ын бүтцэд байгуулсан.

-Манай улсад ер нь ямар гэмт хэргүүд ихэвчлэн үйлдэгддэг юм бэ?

-Криминологийн шинжлэх ухаанд “тодорхой нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэргийн бүтэц” гэж ойлголт байдаг. Манай улсын гэмт хэргийн бүтцэд “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн хоёр бүлэг гэмт хэрэг сүүлийн 30-аад жил зонхилсоор ирсэн. Энгийнээр нэг дэх бүлэг нь хулгай, дээрэм, залилан гэх мэт өмч хөрөнгө эзэмших эрхэд халдсан хэргүүд, хоёр дахь нь зодоон цохионы хэргүүд гэж ойлгож болно. Сүүлийн 10 жилийн дунджаар өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нийт гэмт хэргийн 60-63 орчим хувийг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 22-25 орчим хувийг эзэлж ирсэн статистик бий.

Энэ хоёр бүлэг гэмт хэрэг нийлбэрээрээ нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг тогтмол эзэлдэг. 2020 оны эхний дөвөн сарын байдлаар 85.5 хувийг эзэлж байна. Гуравдугаарт, нийт гэмт хэргийн гурав орчим хувийг эзэлдэг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг ордог. Үлдэж буй 10 гаруй хувийг бусад төрлийн хэрэг эзэлдэг.

Гэмт хэргийн ангиллаар нь авч үзвэл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 81.4 хувь нь хөнгөн ангиллын, 18.6 хувь нь хүнд ангиллын гэмт хэрэг байна.

-хэргийн статистик мэдээний гол гол үзүүлэлтүүд эерэг гарсан нь юутай холбоотой гэж та үзэж байна вэ?

-Гэмт хэргийн тоо, түүний улмаас учирсан хохирол мэдэгдэхүйц хувиар буурч байгаа нь төр засаг иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, амар тайван нөхцөлд ажиллаж амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч, тэдний өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаагийн нэг илэрхийлэл юм.

Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үйл ажиллагааныхаа үндсэн бөгөөд тэргүүлэх чиглэл болгож, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ судалгаа, дүн шинжилгээний ажлын үр дүнд үндэслэх, техник, технологийн дэвшил, боломжийг ашиглах, иргэд, олон нийттэй хамтын ажиллагаагаа бүх хэлбэрээр өргөжүүлэх, тэдний дэмжлэг оролцоонд тулгуурлах бодлого чиглэл тууштай баримталж, энэ бодлогынхоо хүрээнд гэмт хэргийн бүлэг төрөл бүрт чиглэсэн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг шат дараатай төлөвлөн амжилттай хэрэгжүүлж ирсний үр дүн гарч байна гэж хэлж болно.

Аливаа ажлыг эцсийн дүндээ хүн л хийдэг учраас өнөөдрийн энэ эерэг үр дүн манай цагдаагийн байгууллагын бүх шатны алба нэгж, удирдах ажилтнуудын ажлын зөв зохион байгуулалт, ажилтан, алба хаагчдын идэвх санаачилга, цаг наргүй нөр их хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой. Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагын орон тоо хүн хүч Засгийн газрын 153 дугаар тогтоолоор тогтоосон норм нормативаас доогуур, ялангуяа нийслэл хотод хүрэлцээ муутай, алба хаагчдын ажлын ачаалал хэтийдсэн гэмээр их байгаа ч манай алба хаагчид ард олныхоо амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, тодорхой үр дүнд хүрч байна.

Мөн Монгол Улсын Засгийн газар, харьяа яам, нутгийн захиргааны байгууллагуудаас цагдаагийн байгууллагын бодлого үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх, амьдрах нөхцөл бололцоог сайжруулах чиглэлээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа явдал ч гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр дүнд эерэгээр нөлөөлж байгаа нь дамжиггүй.

Энэ дашрамд манай улсад сүүлийн 2-3 жил гэмт хэргийн статистик үзүүлэлтүүд тогтмол эерэг буюу бууралттай гарч байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Энхжаргал: Шинэ нөхцөл байдалдаа дасан зохицож цагаа ухаалгаар зарцуулах цаг үе ирээд байна

Менежментийн сэтгэл зүйч Ц.Энхжаргалтай ярилцлаа.


-Бид хоёр сар гаруйн хугацаанд хөл хорионд байлаа. Сая Улсын онцгой комиссоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг бүтэн сараар сунгах шийдвэрийг гаргачихлаа. Иргэд тийм ч таатай хүлээж авсангүй. “Ковид-19” иргэдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Бид нар эмч рүү очихдоо ханиалгаад байна, эм өгөөч гэдэг. эмч юунаас гаралтайг нь тодорхойлоод эмчилгээний жор бичиж өгдөг. Үүнтэй ижил бид нар хөл хорионоос үүдэлтэй ямар асуудал хүмүүст тулгараад байгааг зөв оношлох хэрэгтэй. “Ковид-19” дөрвөн бүлэгт өөр өөрөөр л тусч байна. Нэгдүгээрт хувь хүмүүст өөр өөрөөр л тусч байх шиг. Ажилтай, ажилгүй хүмүүс байгаа шүү дээ. Гэр бүлүүдэд ч янз бүрээр тусч байна. Гэр бүл дотор хосоороо амьдарч байгаа хүмүүс ч бий. Хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа хүмүүс ч байгаа. энэ бүхэнд ялгаатай бэрхшээлүүд тулгарч байна. мөн байгууллагуудад ч бэрхшээл тулгарч л байна. Байгууллагууд ажилчдын орон тооноос шалтгаалаад өөр хоорондоо харилцан адилгүй.Үүнээс гадна нийгэм буюу массад хүнд тусч байна. Нийтээр явж байгаа зүйлд дагаж хямраад байна.

-Тулгарч байгаа бэрхшээлүүдийг та хэрхэн харж байна вэ?

-Эхлээд нийтлэг асуудлыг ярих нь зүйтэй байх. Бүгдээрээ тодорхой хэмжээний санхүүгийн хохирол амсаж байгаа. Дэлхий даяараа л санхүүгийн хүндрэлтэй нүүр тулж байна. Хувь хүний тухайд яалт ч үгүй ахуйн хэрэглээ танах шаардлага тулгарч байна. Энэ нь нийгмийн эмзэг давхаргынханд илүү хүнд тусч байх шиг. Хоёрдугаарт, тодорхойгүй байдал нь бүх салбарыг стресстүүлж байна. Яах нь мэдэгдэхгүй байж байгаад л хөл хорионы хугацааг сунгачихаад байна шүү дээ. Долдугаар сар юм уу, аравдугаар сар хүртэл хөл хорионд байна гээд тодорхой хугацаа заачихвал ажил төлөвлөхөд ч хялбар. Сая бол тавдугаар сард чухал ажил төлөвлөсөн хүмүүс хохирч байна. Ийм тодорхойгүй байдал хүмүүсийг бүх түвшинд бухимдуулж байна. Мөн ажилгүй гэртээ байгаа хувь хүмүүс, оюутнууд их уйдаж байна. Монголчууд хийцгүйрнэ гэж ярьдаг шүү дээ. Ийм хүмүүс хий бодолд автаж, бодит биш зүйлд санаа зовж, хямраад байна.

Мөн гэр бүлүүд тогтмол гэрт суугаад байхаар үзэл бодлын зөрчилдөөн үүсч байна. Гэхдээ бүх айлыг хамаатуулж ойлгож болохгүй.

-Хаврын адаг сар гарлаа. Хүүхдүүд гадуур хөөрч гүйлдэж бужигнаж байдаг цаг шүү дээ. Ийм үед ч бага насны хүүхдүүд гэрийн хорионд суугаад байхыг хүсэхгүй байх. Үүнтэй холбоотойгоор ахуйн хүрээн дэх маргаан тасрахгүй байх шиг?

-Хөл хорио тогтоосон энэ үед ахуйн хүрээнд тулгамдаж байгаа нэг асуудал нь энэ мөн. Өвлийн улиралд бол гэрийн хорионд байж болоод байсан. Тухайн үед цаг хугацаа нь ч тодорхой байсан. Одоо бол тодорхойгүй байна шүү дээ. Гадаа дулаарахад хүүхэд зөнгөөрөө гарч орж гүйхийг хүснэ. Тэгэхэд нь л хорьчихож байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн зан ааш эрс өөрчлөгдөж маргаан зөрчилдөөн үүсч байгаа юм. Гэр бүлийн гишүүд хоорондоо нээлттэй байх нь чухал.

Таны хүүхэд эдийн засаг хүнд үед янз бүрийн үнэт зүйл хүсвэл тайлбарлаж ойлгуулж болно. Хүүхдийг сонсож, ойлгож болох түвшинд нээлттэй байх хэрэгтэй. Үүнийг хэсэг зуурынх гэдгийг ойлгуулах нь чухал. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж байгаа ч үеийнхнийг нь орлохгүй. Магадгүй зарим найзуудынх нь эцэг эхтэй нь зөвлөлдөөд хувийн ариун цэврийг нь хангаж өгөөд хэсэг хугацаанд хамт тоглох орчин бүрдүүлж өгч болно. Ингэхдээ аюулгүй байдлыг нь сайтар хангаж зөвлөмж мөрдөхөө мартаж болохгүй.

Дахин онцлоход энэ хугацаанд хүүхэдтэйгээ ойр байж хүмүүжил төлөвшилд нь анхаарах л чухал. Хүүхэд нэгэнт насанд хүрчихвэл зан аашийг өөрчилж чадахгүй.

-Хувь хүн, гэр бүлүүдэд таны дурдсан асуудлууд тулгарч байна. Албан байгууллагуудад ч бэрх цаг ирээд байна…

-Ажлын цагийн хуваариас авахуулаад загвараа өөрчлөх цаг ирээд байна. Ер нь тэгээд менежмэнтийн хувьд ч асуудлууд тулгараад л байна.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах шийдвэр нэгэнт гарчихлаа. Хохирол багатайгаар давж гарах арга замыг та яаж харж байна вэ?

-Эхлээд хэсэг хугацаанд төвлөрч бодоод хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй энэ жилийг дуустал асуудал үргэлжлэх нь гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. Бага зэрэг тайвширна шүү дээ. Ингээд төлөвлөгөө боловсруулж болно. Энэ цаг хугацааны тэдэн хувийг нь цахим орчинд зарцуулна, тэдэн хувийг нь бизнес, шинэ санаа олоход зарцуулна гэх мэт төлөвлөгөө гаргаж болно. Өмнө нь завгүйгээ гайхаад байсан бол одоо танд зав чөлөө гарч ирлээ. Магадгүй энэ жилийг хувь хүний хөгжлийн жил болгож болно. Өөрөө бие дааж сурахад хамгийн тохиромжтой үе ирээд байна. Ирэх жилүүдэд амжихгүй байж болно шүү дээ. Өөрийгөө хөгжүүлэх боломж таны өмнө ирээд байна. Мөн хийж амжаагүй зүйлсээ бодож төлөвлөх хэрэгтэй.

Хүний тархи аливаа зүйлд хурдан дадал болдог. Бидний тархинд аль хэдийнэ өмнөх амьдралын загвар суучихсан байдаг. Өдөр тутмын тогтсон загвар байдаг. Тэр загвар маань өөрчлөгдөх шаардлагатай болоод байна.

-Хувь хүн сэтгэл зүйгээ тогвортой байлгахын тулд юуг анхаарах вэ?

-Хүмүүс өөртэйгөө ярилцаж чадахаа больсон болохоор л сэтгэл зүйч нарын хэрэгцээ их байгаа юм. Өөрийгөө ойлгохоо больсон учраас тэр шүү дээ. Тэгвэл одоо магадгүй өөрийгөө ойлгох боломжтой цаг гарч ирж байна. Юу хүсч байгаагаа чагна. Асуудлыг боломж болгож харах хэрэгтэй. Шинэ нөхцөл байдалдаа дасан зохицож цагаа ухаалгаар зарцуулах цаг ирээд байна. Дасан зохицох чинь байгалийн хууль шүү дээ. Бидэнд шинэ загварыг “Ковид-19” сануулж байна. Ямар боломж өгч байгааг ашиглая.

Одоо ингээд бодсон юм чинь алхам хийнэ. Суръя гэсэн бол сур. Бүтээе гэсэн бол бүтээлц. Өөрийгөө хөгжүүл. Асуудал дундаас боломжийг олж харах нь чухал. Ингэж байж л хүнд үеийг даван туулна.

Үлдсэн амьдралдаа юу хийж бүтээхээ ч төлөвлөж болно шүү дээ. Бусдад найдалгүй, бодож төлөвлөөд өөртэйгөө илүү ойр байх нь танд хэрэгтэй.

-Масс баталгаагүй мэдээлэлд хэт их автаж өнөөх 76-гаа зүхэж бухимдаад байх шиг. Мэдээлэлд шүүлтүүртэй хандах тал дээр манайхан дутагдалтай байгаа нь цахим орчноос анзаарагддаг. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд хар бараан баталгаагүй мэдээллүүд бүр л хүчээ авах байх. Үүнийг иргэд хэрхэн тусгаж авах вэ?

-Хүмүүс мэдээлэлд шүүлтүүртэй хандах нь чухал. Хамгийн энгийн алхам нь хэн нээсэн нь мэдэгдэхгүй пейж хуудас, хуурамч аккаунт дагахаа болих хэрэгтэй. Сэжигтэй худлаа мэдээллийн сувгуудыг хаа. Бодитой судалгаатай мэдээллийг хүргэдэг мэргэжлийн редакцын бэлтгэсэн мэдээ материалыг үз. Мэдээлэлд шүүлтүүртэй хандахгүй бол хүний тархи хогийн сав болж дуусна. Тархинд юу орох орохгүйг та л шийднэ. Магадгүй “Өдрийн сонин”-г уншиж болно шүү дээ. Мэргэжилтнүүдийн үгийг тэндээс уншиж болно. Сонгууль дөхөж байна. Үнэн худал мэдэгдэхгүй янз бүрийн мэдээлэл зах замбараагүй л хөвөрнө. Энэ бүхэнд автаад бухимдаад байж болохгүй. Хар бараан мэдээлэл уншиж бухимдаж байхаар сэтгэл зүйч нарын цахим хуудсаар зочилж эерэг мэдээлэл зөвлөгөө авч болно. “Менежмэнтийн сэтгэл зүйч Ц.Энхжаргал” гэсэн фэйсбүүк хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл авахад нээлттэй байгаа. Өнөө үед хүн бүр л фейсбүүк хаягтай, цахим орчинд чөлөөтэй аялдаг болсон шүү дээ.

-Өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы үеийг дагаад гарах сөрөг үр дагавар их байх шиг. Үүнийг сэтгэл судлаач хүний зүгээс яаж харж байна вэ?

-Хийцгүүрч байгаагаас үүдэлтэй асуудлууд гарч ирж байна л даа. Бар цэнгээний газруудыг хаасан ч ахуйн хүрээн дэх архидалт нэмэгдсэн. Хүнд баярлаж цэнгэх нийгмийн хэрэгцээ байдаг. Хянах хорихыг дагасан сөрөг үр дагаврууд энд илэрч байгаа юм. Хөл хорионд уйдсан иргэд амарч зугаалж байна. Салхинд гарч зугаалж буй иргэд түймэр тавих эрсдэлтэй. Энэ хөл хориог бүр удаан үргэлжлүүлэх тал дээр судлаачийн хувиас сөрөг байр суурьтай байна. Бид өнгөрсөн хоёр сарын хугацаанд ариун цэвэр сахиад сурчихсан бол хөл хориог бага багаар тавих хэрэгтэй. Хүмүүс хувийн ариун цэвэр сахиад маскаа зүүгээд явах дадал суучихсан байгаа гэж ойлгож байгаа. Европын орнууд хөл хориогоо тавиад эхэлчихлээ шүү дээ. Өвчлөл хянаад байгаа боловч нийгмийн ар талын асуудал хүндрээд байгааг харах хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрлэл баялаг бүтээгчид ар араасаа хаалгаа барьж байна. Ажилгүйчүүд эрс нэмэгдлээ. Үүнийг дагаад ахуйн хүрээн дэх архидалт нэмэгдээд ирлээ. Шууд эрсдэлээсээ айж байгаад урт хугацааны давагдашгүй эрсдэлийг үүсгэчих вий дээ. Улс орны хөгжлийн том хөшүүрэг нь эдийн засаг мөн. Дан ганц сэтгэл зүйгээ тайван байлгаад асуудал шийдэгдэхгүй.

-Улсын онцгой комиссоос зарим тохиолдолд гэр бүлээрээ хөдөө гар гэж зөвлөж байна лээ…

-Хэрэв хөдөө хүлээгээд авах орчин байгаа бол яагаад болохгүй гэж. Тийм боломж байгаа бол явж болно.Гэхдээ бүгд хөдөө явчихвал хэн хийж бүтээх билээ. Энэ талаас нь бодолцож үзэх хэрэгтэй

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Будзаан: Ар гэрийн таарамжгүй харилцаа, хүчирхийлэл даамжирвал хүүхэд амиа егүүтгэх эрсдэлтэй


ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.


-Өсвөр насны хүүхдүүд амиа егүүтгэх, оролдлого хийх тохиолдол олширчээ. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Өсвөр насны хүүхдүүд амиа егүүтгэх тохиолдол 2000 оноос хойш бүртгэгдэж эхэлсэн байдаг. Шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд ар гэрийн таарамжгүй харилцаа, өсвөр насны хүүхдүүдийн хоорондын харилцаа хандлага, гэр бүлийн төлөвшил хүмүүжилтэй холбоотой байдаг. Жилд дунджаар 15-20 хүүхэд амиа егүүтгэсэн тохиолдол бүртгэгддэг.

-Өсвөр насны хүүхэд амиа егүүтгэх нь нэг талаараа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой юм шиг…

-Ар гэрийн таарамжгүй харилцаа, хүчирхийлэл даамжирвал таны хүүхэд амиа егүүтгэх эрсдэлтэй. Хүчирхийлэл бол ээж аавын хүүхэдтэйгээ харилцах харилцаа хандлагатай холбоотой. Эцэг эхчүүд жижигхэн асуудал гарахад л зоддог, аливаа ялихгүй зөрчил маргааныг хүчирхийллийн замаар шийддэг. Гурав дөрвөн хүүхэдтэй болчихсон, 30-40 гаруй насны эцэг эхчүүд хүүхэд хүмүүжлийн талаар мэдлэггүй хэрнээ уншиж судлахгүй байна. Бүхнийг мэддэг юм шиг аашлах юм. Монголчуудын уламжлалт хүүхэд хүмүүжүүлэх арга ухаанд ч, орчин үеийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилд ч суралцаагүй байна.

Ер нь бага насандаа эцэг эхтэйгээ ойлголцоогүй хүүхэд өсвөр насандаа бүр л хөндийрдөг. Ингээд эцэг эх хүүхдийн харилцаанд ан цав үүснэ. Улмаар хүүхэд бусдын нөлөөнд автна. Хорт зуршилд татагдана гэж ойлгож болно. Халуун дулаан уур амьсгалд өссөн хүүхэд бол тэр бусдын нөлөөнд автаад байдаггүй. Хүүхдээ хүмүүжүүлэхэд иргэд цаг зав хангалттай гаргах хэрэгтэй.

-Эцэг эхчүүд хүүхэдтэй харилцахдаа гаргаж байгаа гол алдаа нь юу байна вэ. Хэрэгцээг нь хангаж өгчихөөд л орхидог дутагдал манайд нийтлэг ажиглагддаг. Энэ талаар та юу зөвлөх вэ?

-Анзаараарахад эцэг эхчүүд хүүхдийнхээ биет

хэрэгцээг нь хангаж өгчихөөд ярилцахгүй хаячихдаг. Дэвтэр үзгийг нь авч өгөөд л “сур” гээд орхичиж байна. Таны хүүхэд ганцаардсан байна уу, сэтгэл зүйн тал дээр ямар нэгэн асуудал гарч байгаа эсэхийг анхаарч байх нь чухал. Хүүхдэдээ цаг гаргаж ойрхон ярилцаж байж л ойлголцоно. Таны гэрт халуун дулаан уур амьгал бүрдэнэ. Аливаа бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хатыг хүүхэд гэр бүлийн хүрээнд олж авдаг. Энэ талаар эцэг эхчүүд асар бага мэдлэгтэй байх юм. Биет хэрэгцээнээс илүү хүүхдийг ойлгож ярилцах нь чухал.

Бага насандаа эцэг эхтэйгээ ойлголцоогүй хүүхэд өсвөр насандаа бүр л хөндийрдөг гэдгийг дахиад онцолъё. Хүүхэдтэйгээ ярилцахгүй, ойлголцохгүй байснаар ан цав үүснэ.

Нөгөө талаар хүүхэдтэйгээ ойлголцож ярилцаагүйн улмаас таны хүүхэд насанд хүрсэн хүмүүстэй танилцана. Зөвлөгөө авна. Тухайн этгээд хэн ч байж болно. Улмаар бэлгийн хүчирхийллийн хохирогч болох эрсдэл хажууханд нь байдаг. Өсвөр насны хүүхдүүд амиа хорлоход хүргэдэг нэг шалтгаан нь энэ гэж ойлгож болно.

-Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл өссөн үзүүлэлт гарсан байна лээ. Хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хүчирхийлэл нэмэгдсэн дөрвөн том шалтгаан нөлөөлсөн. Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор хүний энгийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор стресттэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхэд хүргэж байна.

Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор айл өрхүүдэд санхүүгийн асуудал үүсч байна. Хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгдэхэд нөлөөлсөн нэг шалтгаан нь энэ.

Иргэд гэрийн хорионд байхаар ахуйн хүрээний архидалт нэмэгдэж гэр бүлийн эсрэг гэмт хэрэг үйлддэг асуудал гарч байгаа юм.

2019 оны мөн үетэй харьцуулаад харахад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 50 орчим хувиар өссөн ч нөгөө талаараа энэ төрлийн гэмт хэрэг буурсан үзүүлэлт харагдаж байна.

Манайд гэр бүлд үүсч байгаа жижиг маргааныг эвийн аргаар шийддэг соёл нийгмийн хандлагыг бий болгох хэрэгтэй байна.

Гэр бүлд өдөр бүр л асуудал үүсдэг. Тэр болгонд л уурлаад сөрөг харилцаа үүсгээд байж болохгүй. Үг болгоныг өлгөж аваад хэрүүл болгоод байх хэрэггүй. Манайд хоолны давс бага байна гээд л эхнэрийнхээ хөмсөгийг сэтэртэл нь аягаар шидсэн хэрэг шалгагдаж байна. Хоолны давс бага байна гэдэг уурлахаар асуудал огт биш. Давсыг нь нэмээд идчихэж болно шүү дээ.

-Хүүхэдтэйгээ хөндлий харилцаатай, таарамж муутай байгаа бол хаана хандах нь илүү үр дүнтэй вэ?

-Гэр бүлийн зөрчилтэй, ойлголцохгүй байгаа асуудлаар сэтгэл зүйчид хандах нь зөв. Үл ойлголцол даамжирсан, удаа дараагийн давтамжтай, бие биедээ гэмтэл учруулсан бол цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.

Зөрчил маргаанаа эвийн аргаар шийдээд сурчихвал таныг харж буй хүүхэд ч таныг л дуурайна. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг орчинд өссөн хүүхэд ирээдүйд хүчирхийлэгч болох магадлал өндөр.

Хүн хоёр том боловсролыг эзэмшдэг. Нэг нь боловсролын системээр олж авч байгаа боловсрол. Нөгөө нь гэр бүлийн хүмүүжил. Хүмүүжил бол тэр хүүхдийн нэрийн хуудас байдаг. Та хүүхдээ ирээдүйд сайн хүн болоосой, баялаг бүтээгээсэй гэж хүсэж байгаа бол англи хэл сур, энийг хий, тэрийг хий гэхээс илүү зөв хүн болгох, зөв сэтгэлтэй болгох, хүнийг хүндэлдэг, сэтгэл зүйн хаттай, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай, өрсөлдөх чадвартай хүн болгож хүмүүжүүлээрэй. Аяндаа тийм хүн болгож төлөвшсөн хүн гэмт хэрэг үйлдэхгүй, буруу зүйлд татагдахгүй, өөртөө итгэлтэй, сурахыг эрмэлздэг, мөрөөддөг, амьдралаа төлөвлөхийг зорьдог.

Харин нэгэнт хохирогч болчихсон, ийм хүмүүжлийг авч чадаагүй хүүхэд бусдад уруу татагддаг, улмаар гэмт хэрэг үйлддэг, хохирдог, холбогддог. Хүүхдийн гэр бүлийн боловсрол олгох тал дээр өөрөө үлгэр жишээ байгаач, хүүхдээ хамгаалаач гэдгийг онцолъё.

Categories
мэдээ цаг-үе

Улсын начин Б.Сангисүрэн: Ууланд гарсан түймрийг унтраахад хүн хүч хамгаас хэрэгтэй байдаг юм байна

Өнгөрсөн ням гаригт Арцатын аманд түймэр дэгдсэн. Түймрийг унтраахад иргэд газар дээр нь ажиллаж хувь нэмрээ оруулсан. Тэр дундаа “Сүлд” спорт хорооны дарга улсын аварга Н.Батсуурь, улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Б.Сангисүрэн аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ, Б.Хашбат нарын бөхчүүд бусдыг уриалж ажилласан юм. Бид Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат улсын начин Б.Сангисүрэнтэй ярилцлаа.


-Арцатын аманд гарсан түймрийн үеэр иргэд очиж ус зөөж буй бичлэг цахим орчинд тархаад буй нь коронавирусийн халдвар олон нийтийг айдаст автуулаад буй энэ цаг үед нийгэмд эерэг хандлага түгээгээд байна. Таны хувьд түймэр дээр очиж ажилласан шүү дээ. Очиход ямар орчин таныг угтав?

-Хөвсгөлийн аймгийн хурц арслан Б.Баттүвшин бид хоёр дотно нөхөрлөдөг юм. Найз маань хөдөөнөөс орж ирж байхдаа түймэр гарч байгааг харсан юм билээ. Над руу утастахад нь далайд дусал нэмэр гээд ойр тойрны хүмүүсээ уриалаад Арцатын ам руу очсон. Миний хувьд өмнө нь түймэрт ажиллаж үзээгүй л дээ. Газар дээр очиход битүү утаатай, угаар үнэртээд л жаахан ойртоход л халуу төөнөж гутлын ул хайлчих гээд амаргүй байдаг юм билээ.

Түймэр ч машин техник очих боломжгүй бараг уулынхаа хяр дээр гарсан байсан. Гал командын машин дээш жаахан өгсөөд л цааш явах боломжгүй болсон тул шланкаар ус зөөж байсан. Энэ үед ус зөөхөд энгийн хүмүүсийн оролцоо чухал байдаг юм билээ. Цугларсан залуус алхам алхмын зайтай алдалж зогсоод л канистартай ус дамжуулаад л дээш нь зөөж байгаа юм. Сүүлдээ хүрз, жоотуу барьсан хүмүүс нь дээшээ очиж цурманд оруулсан.

Илүү олон хүн цугласан бол түймрийг хоёр талаас нь зэрэг ус зөөгөөд богино хугацаанд газар авахуулахгүйгээр унтраах боломж байдаг юм билээ. Түймэр гарсан газарт эмэгтэй хүмүүс хүртэл очиж тусалж ус зөөлцөж байгааг нь хараад бахархах сэтгэл төрж байлаа.

Эх дэлхийгээ гэсэн сэтгэлтэй залуус халуу төөнөсөн нурман дээгүүр канистартай ус үүрээд алхаж байгааг харахад сайхан л байсан. Эх оронч үзэл тэндээс харагдаж байгаа юм.

-Таныхаар эх оронч үзэл юунаас эхэлдэг юм бэ?

-Энгийн зүйлээс л эхэлнэ гэж боддог юм. Татсан тамхины ишээ машиныхаа цонхоор хаяхгүй байх нь л эх орноо гэсэн сэтгэл шүү дээ. Хаа нэгтээ дутуу татсан тамхины ишээ хаяж байгаа залуус харагддаг л юм. Тухай бүрт нь шаардлага тавьдаг. Зарим нь ч буруугаа ухамсарладаг. Өөдөөс уцаарлах нь ч бас бий.

Өчигдрийн тухайд Pаjero клубийн залуус сэтгэл гаргаж байгаа нь сайхан санагдсан шүү. Түймрийг хурдхан л унтраахын төлөө машин тэргээ ч хайрлахгүй зүтгэж байна лээ. Сүүлд харанхуй болоход Онцгойгийн алба хаагчид чиглэл өгч энгийн иргэдийг цурамнаас гаргаж өөрсдөө орсон. Угаартаад унах эрсдэлтэй гэж үзсэн байх. Цурам руу орсон хүмүүсийг доош буулгахад Pаjero клубийн залуус зөөж байна лээ.

Ер нь ийм осол гамшгийн үед иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллавал зөв юм шиг санагдсан. Монгол залуус нэгдээд зүтгэвэл юуны ч ард гарна гэдэг жишээг түймэр дээр цугласан залуус харууллаа.

Мөн тэр хавийн барилгын компаниуд том машинаар ус зөөж тус дэм болж байна лээ.

-Таны хувьд хувийн аюулгүй байдлаа хэрхэн хангаж очсон бэ?

-Очиход гал командын аврагч нар зохион байгуулж аюулгүй ажиллагааг хангадаг юм билээ. Хувцсаараа л гөвөөд л унтраах ухааны юм төсөөлж очсон. Өөр юм билээ.

-Одоо хоёулаа бөхийн талаар ярилцъя л даа. Нэгдүгээр курсээ төгссөн зунаа л аймгийнхаа наадамд түрүүлж байсан гэсэн. Тухайн наадмын талаар хуучлахгүй юу?

-Өвөрхангайн наадамд залуу бөхчүүд одтой барилддаг. Сүүлд Б.Лхагвадорж гэж 17-той залуу түрүүлж аймгийн арслан болсон. Миний хувьд 20 настайдаа очиж барилдаад түрүүлж байлаа. Тэр жил миний хувьд хатгаа тусаад, тохойгоо мултлаад их барцадтай байсан юм. Сүүлд бэлтгэл хийж байгаад хавиргаа хугалаад наадмын бэлтгэлд гаралгүй хөдөө гэртээ очоод хэвтчихсэн.

Тэр зун нутагт маань ган болсон. Айлууд гүний худгаас ховоо татаж мал хуйгаа усалж байсан юм. Би ч ховоо татаж л малаа усална. Хөршийнхөө мал хуйг ч услаад өгчихнө. Сар гаруй ховоо татахад ч бие чангараад ирсэн. Наадам дөхөх тусам л бөхийн сургуулийн оюутанд юм юм бодогдоно биз дээ. Ингээд Уянга сумынхаа наадамд зодоглож түрүүлчхээд удалгүй аймгийнхаа наадамд зодоглосон. Наадмын бэлтгэлээс буугаад ирсэн бөхчүүд ч бие хаа нь тэгширчихсэн сүрдмээр харагдаж билээ.

-Шийдвэрлэх даваануудад тунаж барилдаж байсан шүү дээ. Хийсэн барилдаануудынхаа талаар ярихгүй юу?

-Гурвын давааны төгсгөлд аймгийн арслан Т.Мягмарсүрэн, Б.Батдорж, Д.Болдбаатар бид дөрөв сумын заан цолтой тунаж үлдсэн. Давааны төгсгөлд үлдсэн сумын заанууд оноолтоор барилддаг дүрэмтэй. Харин тэр наадмаар ам авсан. Т.Мягмарсүрэн намайг амласан юм. Ах Б.Сосорбарам маань намайг дасгалжуулж байлаа. “Нөгөө хоёртой нь барилдвал чамд эвгүй. Мягмарсүрэнг чи амархан хаяна, сугадаад дайр” л гэж байна. Гараад сугадаж дайраад л мордоод давчихлаа. Ах руу ирэхэд инээчихсэн сэтгэл хангалуун сууж байна. Их ч зориг орсон доо. Сүүлд тунаж үлдсэн заанууд бүгд аймгийн наадамдаа түрүүлсэн байдаг. Батдоржийг тэр жилийн наадмын түрүү бөхөөр нэрлэж байсан санагддаг юм. Харин Болдбаатар аймгийн цэргийн цолтнуудын барилдаанд зургаа даваад үзчихсэн мундаг заан очиж барилдаж байсан.

-Начин цолны даваанд хурц арслан Д.Цэвэлсодномтой тунаж барилдсан санагдаж байна. Хүнд барилдаан болсон байх?

-Цэвэлсодном сугадаж мушгидаг. Би сугадаж дайрдаг дархан мэхтэй. Хэн түрүүлж сугадсан нь давна гэсэн тооцоотой барилдсан. Гараад өрөхөд л Цэвэлээ сугадаж мушгиад миний ард гарчихсан, дээш нь өргөж байна. Сандраад л савардсан чинь далбаанаас нь атгаад авчихлаа. Хөлөө тавиад зүтгэчихсэн. Сая нэг сэрэхэд дээр нь хэвтэж байсан. Цэнгэлдэх шуугиад л би ч их баярласан. Цол авчхаар чинь тайвширчихдаг юм билээ. Дараагийн даваанд Говь-Алтайн улсын начин С.Багахүүтэй тунасан. Өвөрхангайн бөхчүүд ч “нутгийн наадмаа алдаж болохгүй” гэж хурцлаад л тал талаас зөвлөж байгаа юм. Багахүү начинг дан золгооноос мордож дайраад хаяж байлаа. Үзүүр түрүүнд аймгийн заан Пүрэвчулуун гэж найзтайгаа барилдаад дайраад л хаяж байсан. Бодох санах юмгүй, зоригтой барилддаг байж дээ. Пүрэвчулуун ч дархан аварга А.Сүхбатын шавь болчихсон ховоо татаж байгаад ирсэн миний хажууд хав дөрвөлжин зузаан харагдаж байсан юм.

-Залуу арсланг Тарагт сумынхан хэрхэн хүлээж авч байв?

-Арслан болчихоод төрсөн нутаг руугаа мөн ч их яарсан даа. Аймгийн наадамд түрүүлчхээд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд барилдах гээд шөнө нь л хот руу гараад хүрээд ирсэн. Энд ирээд барилдаандаа огт төвлөрөөгүй ээ. Ах нар, нутгийнхан маань яаж хүлээж авах бол, аав ээж маань яаж байгаа бол гээд толгойд их юм эргэлдэж байсан. Эргээд бодоход мөн ч сайхан цаг үе юм даа.

-Шинэ аймгийн арслан улсын наадмын дэвжээнд ямар амжилттай барилдсан билээ?

-Хоёрын даваанд Сүхбаатарын улсын начин Б.Батжаргалтай оноолт таардаг юм. Тухайн үед хоёулаа аймгийн арслан. Би бодох юмгүй сугадаад л дайрсан. Өнөөх маань давуулж гуядаад би биеэрээ дээр нь туссан л даа. Гэтэл Батжаргал маань хар хурдаараа тугруу гүйчихсэн. Би ч бага зэрэг эргэлзээд л маргалдалгүйгээр тахимаа өгчихсөн. Тэр үед ч наадмын хоёрын даваа биш, шинэ арслан нутаг руугаа очих нь сонин байсан л даа. Аав ээж рүүгээ их яарсан.

-Таны оюутан ангийнхны ихэнх нь цолд хүрсэн мундаг бөхчүүд шүү дээ. Ангийнхныхаа талаар ярихгүй юу?

-Манай ангиас Г.Ганжад, Ш.Дарханбат бид гурав улсын цол хүртсэн. Аймгийн хурц арслан Б.Баттүвшин аймгийн арслан Г.Ганцоож, Б.Тайван гээд сайн бөхчүүд манай ангиас төрсөн байдаг. Хэн хэндээ унахгүй гээд бэлтгэлээ улам чамбайруулна. Бие биенээ хурцлаад л бүгд сайжирсан.

-Таны хувьд 2011 онд 90 жилийн ойгоор тунаж барилдаад улсын начин цол хүртэж байсан шүү дээ. Начны даваанд гарахын өмнө нутгийн ах нараасаа гар амар даваа горьдож байв уу?

-Надад горьдох хүн байгаагүй ээ. До.Ганхуяг ах тухайн үед өөрөө түрүүлэх хэмжээнд барилдаж байсан. Б.Сайнбаяр зааны тухайд бас л дээгүүр даваанд хүч үзэх бүрэн боломжтой байсан шүү дээ. Хэн нэгэнд найдаагүй. Начин болдог наадмаар улсын начин М.Жамьяанпүрэв ах зөвлөгөө өгч нөмөр нөөлөг болж байлаа.

-Улсын начин цолны даваанд Булганы А.Отгонбаатар арслантай барилдахаар гарахад тань юу зөвлөж байв?

-“Яарч болохгүй. Золгооноос барилдахад л хаяна” гэж байсан. Төлөвлөж байснаараа барилдаад л давсан даа. Отгонбаатарын тухайд өмнө нь начны даваанд хэд хэд барилдаад үзчихсэн. Бага зэрэг нервтэй барилдсан байх.

-Харцага цолны даваанд Ч.Санжаадамба аваргатай тунаж барилдсан шүү дээ. Та хоёр барьц сонгох гэж цаг орчим болсон. Наадамчдыг их чилээсэн. Аварга яагаад барьцаа өгөхгүй удаад байсан юм бэ?

-Санжаадамба бид цол хүртвэл тунаж барилдана гэсэн тооцоо наадмын өмнө байсан л даа. Тооцоолж байснаар ч болсон. Барилдаан удаашраад шоо шидэхэд миний талд буусан. Барьц авах гэж их ч удсан. Намайг барьц сонгох үеэр засуулууд “Болно” гээд холдоход нь хөнтөрч татаад хөндөлсүүлээд ирсэн. Санжаа аварга ч “Хүүе Сангиа байж байгаарай, байж байгаарай” гэхэд нь барьцаа задалчихаж байсан. Тэр барилдаанаа үргэлжлүүлээд давчихгүй дээ гэсэн бодол хааяа төрдөг л юм. Багш нартаа ч сүүлд их загнуулсан. Харцага болох хувь заяатай байсан бол хаячих байсан байх л гэж одоо боддог юм. Начин болох л байсан юм байлгүй дээ. Сүүлд нь тэврэлдээд бие биедээ амжилт хүсээд салсан. Ер нь хүнд цээжтэй бяртай хүнээс барьц сонгоход хэцүү юм билээ.

-Үндэсний бөхөөр хичээллээд амьдралд хэрэгтэй ямар чанарыг өөртөө олж авсан бэ?

-Спорт хүнийг зөв төлөвшүүлдэг. Хүлээцтэй, хүнийг хүндэтгэдэг чанарыг би монгол үндэсний бөхөөс олж авсан. Миний хувьд ажлын талбарт хэнтэй ч арга эвээ олоод хамтраад ажиллаад явчихдаг. Ийм чанар өдөр тутмын амьдралд л хэрэг болдог шүү дээ.

-Допингийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Эсрэг байр суурьтай байдаг. Манайхан ч наадмын дараа шинжилгээний хариу ирэх үеэр бужигнаад л чимээгүй болчих юм. Наадмын өмнө зарим нэг хэрэлээд байх магадлалтай бөхчүүдийг шинжилгээнд хамруулж байх нь зөв л дөө. МҮБХ-оо монгол бөхөө аварч үлдэхийн тулд Допингийн эсрэг үндэсний төвтэй нягт хамтарч ажилламаар санагддаг юм. Мэргэжлийн эмч нар бол хэн допинг хэрэглэж байгааг гаднаас шинж тэмдгийг нь хараад л мэддэг юм байна лээ. Наадмын өмнө сэжигтэй улсыг шинжилгээнд хамруулаад л эерэг гарвал наадмаар барилдуулахгүй байх арга хэмжээ аваад байвал энэ олон бөхчүүдийн эрх ашиг хохирохгүй биз дээ.