Categories
мэдээ цаг-үе

Улсын наадмын түрүү, үзүүр булаацалдсан онжавууд

“Нэг ангийнхан” буланд энэ удаа 2009 оны ардын хувьсгалын 88 жилийн ойн их баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн он жав бөхчүүдийг онцолж байна. Онцлохын учир нь энэ баяр наадмаар улсын цол хүртсэн бөхчүүд хожим нь бүгд цол чимгээ ахиулж, улсын наадмын түрүү үзүүр булаацалдаж байсан удаатай. Нэг жилийн наадмаар улсын начин цол хүртсэн бөхчүүд бүгд цол ахисан тохиолдол шинэ мянган гарсаар нэг бүртгэгдсэн нь энэ юм.

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга Сүхбаатарын Мөнхбат 2009 оны хавар бүх цэргийн наадамд түрүүлсэн ирэн дээрээ улсын наадамд зодоглож начин цол хүртсэн түүхтэй. Тэрбээр улсын наадмын гурвын даваанд Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Даш-Очирын Энхбаттай тунаж халз хутгаад суулгасан барилдааныг бөх сонирхогчид санаж байгаа байх. Тухайн үед хэн хэн нь л соёолон адуу шиг тийм цог золбоотой, зоригтой барилддаг байсан үе л дээ. Газрын хөрсөнд гал ноцтол ширүүн барилдсан залуу арслангуудын тулаанд шийдсэн мэхээ урьтаж даалгасан Мөнхбат нь дээр нь тусч Ламын гэгээний нутгийнхны найдвар тээж наадмын дэвжээнд гарсан Энхбат арслан харууслын нулимстай наадмаа өндөрлүүлж байсан удаатай. Тэр жилийн наадмын нэг чимэг нь залуу арслангуудын барилдаан байсан талаар хожим бөх сонирхогчид хэлдэг. Оноолтын даваанд боссон цэргийн арслан С.Мөнхбат улсын харцага Ганзоригийн Ганхуягтай нугарч барилдахдаа ганцхан тахимдаад суулгаж байв. С.Мөнхбат улсын цолны босгонд хоёр дахь удаагаа тулж ирсэн нь энэ байсан юм. Улсын заан Ч.Батзориг тэр наадмаар иртэй сайн барилдсан ирээдүйн аварга С.Мөнхбатыг таньж амлан авч их амжилтын аяны дөрөөг нь чангалж байсан түүхтэй. Их баяр наадмын зургаагийн даваанд улсын харцага Л.Пүрэвжав С.Мөнхбатыг амлаж барилдсан. Барилдааны явцад Мөнхбат хагалж өшиглөөд Пүрэвжав харцагыг өвдөглүүлсэн байдаг ч хөлийн цэц, засуулуудын шийдвэрээр дахин барилдсан. Пүрэвжав харцага шахаж татаад тэр жилийн наадмаар цолоо баталж байв. Хэрэв тэр үед өнөөдрийнх шиг бөхийн барилдааны шүүлтэд камер ашиглаж үнэн зөвөөр шүүсэн бол Мөнхбат цаашаа яаж ч барилдах боломжтой байсныг бөхийн хүрээнийхэн хэлдэг.

С.Мөнхбат дараа жил нь буюу 2010 оны наадмаар улсын аварга Г.Эрхэмбаяраар тав, улсын гарьд М.Баяржавхлангаар зургаа давж цол ахиж байсан. Харин 2011 онд ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмаар мянган бөхийн манлай болж улсын аварга цол хүртэж байсан билээ.

Монгол бөхийн өнөө цагийн тод өнгө улсын арслан Цэдэвийн Содномдорж 2009 оны наадмаар улсын цолны өндөр босгоор алхаж байсан. Бавуудоржийн Баянмөнх начингаар гурав давсан Содномдорж оноолтын даваанд элдэвтэй харцага Түмэннасангийн Амартүвшинг орхиж начны даваанд босох эрхтэй болсон байдаг. Бороотой наадмын хариуцлагатай даваанд Цэдэвийн Содномдоржийг зориглоод амлачих аатай хүчтэн байсангүй. Давааны төгсгөлд тунаж Түвдэндоржийн Өсөх-Ирээдүйтэй тунаж барилдахаар үлдсэнийг тайлбарлагч зарлахад түмний уухай цэнгэлдэх даяар цуурайтаж байв. Заал танхимын барилдаануудад алгасалгүй шөвгөрдөг, туршлагатай болчихсон байсан Өсөх-Ирээдүй харцагын аманд аймгийн цолтой залуу багтсан бололтой, тэрбээр барилдааны эхнээс л шийдэмгий өрсөн. Сугадаж дайраад л, барьцгүй өшиглөөд л. Харин том бөхчүүдтэй тогтож барилдаад сурчихсан, заримынх нь арга эвийг олчихсон байсан Содномдорж урьтаж ер хөдлөхгүй, зугтаагаад л байв. Хашир харцага Өсөх- Ирээдүй өрсөлдөгчийнхөө хий зайг нь анаж байгаад л хашиж мордов. Үүнийг нь мэдэрсэн Содномдорж таазаа эргүүлж сунгаж татаад дороо хийчихдэг бороотой наадмын ширүүн барилдааныг бөхийн хүрээнийхэн наадам дөхсөн энэ өдрүүдэд өөр хоорондоо өнөө хэр нь ярилцаж л байдаг.

Энэ цагийн шилдэг бөхчүүдийн нэг улсын гарьд Ө.Бат-Орших мөн л 2009 онд өөрийн галын багш улсын гарьд Б.Гантогтохоор тав давж улсын цолны шалгуур өндөртэй босгоор алхаж байсан. Улмаар дараагийн даваанд нь Ц.Содномдоржийг тахимдаж давснаар улсын харцага цол хүртэж байсан түүхтэй.

Энэ хоёр хүчтэн хожим 2017 онд ардын хувьсгалын 96 жилийн ойн их байр наадмын түрүү бөх булаацалдаж Ц.Содномдорж нь даагаа нэхэж улсын арслан цол, Ө.Бат-Орших үзүүр улааж улсын гарьд цол хүртсэн юм. Тэд улсын наадмын их шөвгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяр, Н.Түвшинбаяр нарын шилдгүүдийг өвдөг шороодуулсан билээ. Улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Ө.Бат-Орших нар цаашид ч наадмын дэвжээнд олон удаа таарч барилдах боломжтой.

Мөн 2009 оны наадмаар Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Нямаагийн Батзаяа нутгийн ах улсын заан Ц.Мягмарсүрэнгээр тав давж улсын начин цол хүртэж байсан юм. Хожим энэ бөх 2015 оны улсын наадмаар дархан аварга Г.Өсөхбаяраар тав, улсын аварга Н.Батсууриар зургаа даван шуугиулж хуртай наадмаас харцага цол хүртэж байсан билээ.

Булган аймгийн Могод сумын харьяат улсын өсөх идэр өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбат энэ наадмаар улсын гарьд И.Доржсамбуугаар тав давж улсын начин цол хүртсэн. Тэрбээр улсын наадамд дөрвөн удаа тав давж цолоо баталснаар бүх цаг үеийн начин цолтнуудаа амжилтын эрэмбээр тэргүүлдэг юм. Энхбат начин хамгийн сүүлд 2019 оны улсын наадмаар улсын начин Баатарын Амарзаяагаар тав давж шөвгөрсөн билээ.

ОНЖАВУУД ХООРОНДОО УЛСЫН НААДМЫН ДЭВЖЭЭНД ХЭРХЭН БАРИЛДАЖ БАЙСАНБЭ?

Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат 2013 оны улсын наадмын тавын даваанд онжав улсын харцага Н.Батзаяаг амлан барилдаж өвдөг шороодуулж байсан юм. 2012 оны улсын наадмын тавын даваанд Ц.Содномдорж, Ө.Бат-Орших нар тунан барилдаж Ө.Бат-Орших давж байсан аж. Энэ хоёр хүчтэн улсын наадам болон заал танхимын барилдаанд 17 удаа таарч барилдаж Ө.Бат-Орших есөн удаа давжээ.

Та бүхэнд онжав начингуудын хоорондын барилдааны харьцааг танилцуулъя.

Улсын аварга С.Мөнхбат 4:4 улсын арслан Ц.Содномдорж

Улсын аварга С.Мөнхбат 2:5 улсын гарьд Ө.Бат-Орших

Улсын арслан Ц.Содномдорж 8:9 улсын гарьд Ө.Бат-Орших

Улсын арслан Ц.Содномдорж 1:1 улсын харцага Н.Батзаяа

Улсын арслан Ц.Содномдорж 5:4 улсын өсөх идэр начин Э.Энхбат


Categories
мэдээ цаг-үе

Наадмын түрүү бөх харцага цолтнуудаас тодрох магадлал өндөр байна

Дэлгэр Монголын наадам дэргэд ирээд айлсчээ. Бөхчүүд тус тусын галдаа гарч наадмын бэлтгэлээ базаагаад эхэлсэн байна.

Энэ жил бугын сангийн аж ахуйд Дорноговь аймгийн бөхчүүд бэлтгэлд гарчээ. Дорнын говийн хүчтэнүүдийг өнөө жил аймгийн хурц арслан Ёндонгийн Эрдэнэжаргал ахалсан байна. бид бага үдийн алдад тус галаар ороход 20 орчим бөх барилдааны бэлтгэлээ базааж байв. Тэд өглөө кроссонд гүйж, өдөр барилдааны бэлтгэл базааж байгаа талаар тус галын ахлах, аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал хэлж байна. Тэрбээр “Хутагтын хүчтэн дэвжээний бөхчүүд наадмын сэргээлтийн бэлтгэлд гараад удаагүй байна. Манайхан хөл хорионы үед гол төлөв хүчний бэлтгэл хийжээ. Барилдааны арга техник талаас нь түлхүү анхаарч ажиллаж байна. Өнөө жилийн наадмаар сайн барилдаж улсын цолд хүрэх боломжтой хэд хэдэн залуу аймгийн арслан манай галд бий” гэв.

“Хутагтын хүчтэн” дэвжээнд бэлтгэл базааж буй аймгийн арслан Мөнхжаргалын бямбадоржийн бэлтгэл энэ жил сайн байна. Түүний хувьд өнгөрсөн жилийн наадмаар сайн барилдаж гурав давсан ч оноолтын даваанд улсын харцага О.Хангайтай нугарч өвдөг шороодсон.

“Хутагтын хүчтэн” дэвжээний бөхчүүд бэлтгэлийн Чулуунгэрэл

Дорноговь аймгийнхан өнөө жилийн наадмаар М.бямбадоржийг улсын цол хүртэнэ хэмээн итгэл хүлээлгэж байна.

Б.Бат-Өлзий, О.Хангай гээд өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг бөхчүүдийг өвдөг шороодуулж байсан Б.Бямбадоржийг бөх сонирхогчид том цолд хүрнэ гэж таамаглаж байгаа юм.

Мөн энэ галд Б.Баатархүү, Б.Батзориг, Т.Буянжаргал нарын аймгийн арслангууд цолоо ахиулахаар бэлтгэлээ базааж байна. Үүнээс гадна үндэсний бөхийн өсвөр үе залуучуудын улсын таван удаагийн аварга аймгийн заан Б.Бат-Эрдэнэ энд бэлтгэлээ базааж байна. Түүний хувьд өнгөрсөн жил аймгийнхаа үзүүрлэсэн амжилтаа ахиулах зорилготой байгаа гэнэ. Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга аймгийн харцага Баасандоржийн Бадралаас авахуулаад Дорнын говио дуурсгах ирээдүйн сайн бөхчүүд энэ галд олон байна. Улсын харцага А.Цацабширээс хойш улсын цолтой бөх Дорноговиос төрөөгүй байгаа. Галаасаа улсын цолтон төрүүлэхээр хичээж буйгаа дасгалжуулагч Ё.Эрдэнэжаргал хэлж байлаа.

Аймгийн арслан Т.Чулуунгэрэл

Бугын сангийн аж ахуйн урдхан талд Баруун дэлгэрийн аманд Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүд бэлтгэлээ базааж байна. Улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Б.Бадам-Очир нараар ахлуулсан 20 орчим бөх тэнд бэлтгэлд гарчээ. Даваабаатар харцагын тухайд анх удаагаа аймгийн бөхчүүдээ ахалж галд гарч буй нь энэ гэнэ. Биднийг очиход бөхчүүд өдрийн хоолондоо орж байсан юм.

Улсын заан Б.Батмөнх, улсын өсөх идэр начин Б.Батчулуун нарын шилдгүүд энэ галд бэлтгэлээ базааж байна. Бөхийн хорхойтнууд энэ галаас улсын начин Галсан-Очирын Ганжадыг цолоо ахиулна хэмээн таамаг дэвшүүлжээ. Түүний хувьд өнгөрсөн улирлын заалны барилдаануудад тогтмол шөвгөрч амжилттай барилдсан юм. Ч.Санжаадамбыг аварга цолтой зодоглосон анхны наадамд нь өвдөг шороодуулж улсын цолны босгоор алхаж байсан Г.Ганжад начин өнөө жилийн наадмаар шөвгийн даваанд гарч барилдах л болов уу. Бэлтгэл нь ч жигдэрч өнгө зассан байна лээ.

Мөн энэ галд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн, олон улсын хэмжээний мастер, аймгийн арслан Доржхандын Хүдэрбулга бэлтгэлээ базааж байна. Хүдэрбулга арслан өнгөрсөн жил Налайх дүүрэг болон, Төв аймгийн баяр наадмуудад амжилттай барилдаж үзүүрлэсэн юм. Ө.Даваабаатар харцага Хүдэрбулга арсландаа том итгэл хүлээлгэж байгаагаа энэ үеэр дуулгаж байлаа. Түүний бэлтгэлийг анхааралтай ажиглаж алдаа оноог нь тухай бүрт нь сануулж гардаж ажиллаж байсан юм.

Мөн Баянчандмань сумын харьяат аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр гэж арал бяртай залуугийн баяр наадмын бэлтгэл жигдэрчээ. Өнгөрсөн өвөл улс аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлсэн Ууганбаярыг улсын начин цолоор тогтохгүй том цолд хүрэх нөөц бололцоотойг багш нар нь онцолж байлаа. Тэр жил П.Бүрэнтөгс гэж аймгийн цолтой залуу улсын наадамд түрүүлсэн түүх энэ удаа давтагдаж Ууганбаяр гэж улсын арслантай болж ч магадгүй юм. Аварга арслангуудыг ч айлгадаг Ууганаа арслан улсын цолны даваанд шилдэг харцага, начингуудтай тунаж барилдах магадлалтайг галынх нь бөхчүүд ярьж байлаа.

Мөн Угтаалцайдам сумын харьяат аймгийн хурц арслан Ганболдын Өсөхбаярын бэртэл илааршиж наадмын бэлтгэлээ базааж байна. Уран, мэдрэмжтэй барилддаг арслан улсын цол хүртэхэд ойрхон байгааг бөхийн хүрээнийхэн хэлж байна.

Дархан аварга Ж.Мөнхбатын удмын бөх аймгийн харцага Идэрийн Мандах удмаа дуурсгаж улсын цол авах зорилго өвөртөлж бэлтгэлээ чамбайруулж байлаа. Эхний ээлжинд аймгийн наадамдаа түрүүлчихмээр байна гэж Мандах харцага хэлж байна.

Аймгийн арслан П.Эрхэмжаргал, аймгийн заан М.Тэгшбаяр,аймгийн харцага НДашдаваа нарын өсөх ирээдүйтэй залуу бөхчүүд “Дүнжингарав” дэвжээнд бэлтгэлээ базааж байна. Хадбаатар аваргын хүү аймгийн начин Мягмарсүрэн “Дүнжингарав” дэвжээнд бэлтгэл сургуулилт хийж байсан юм. Харин дархан аварга А.Сүхбатын хүү Хангай наадмын бэлтгэлд гараагүй байна.

“Дүнжингарав” дэвжээний бөхчүүд хорио цээрийн үед бөхчүүдийн эрх ашгийг хамгаалж баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулж байгаад талархаж буйгаа дуулгаж байлаа.

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд жил бүр Бугын сангийн аж ахуйд бэлтгэлээ базаадаг байсан бол өнөө жил буурь сэлгэжээ. Тэд Төв аймгийн Батсүмбэр сум Сөгнөгөрийн голд баяр наадмын бэлтгэлд гарчээ. Өнгөрсөн жил тааруу наадсан “Их Монголын хүчтэн” дэвжээний зөвлөхөөр дэлхийн хошой аварга хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов гуай ажиллаж байгаа юм байна.

Энэ галаас улсын шинэ залуу начин Баянзулын Цэдэнсодномыг дээгүүр даваанд гарч барилдах боломжтой хэмээн багш дасгалжуулагчид нь онцолж байлаа. Мөн Нарийнтээл сумын харьяат аймгийн арслан Батжаргалын Лхагвадоржийг наанадаж начин цолд хүртэнэ хэмээн улсын арслан Бандийн Ганбаатар багш хэлж байна. Улсын дархан аварга А.Сүхбатын гараас Ирээдүйн аварга шагналыг хүртэж байсан бөхчүүдийн олонх нь улсын цолд хүрсэн байдаг. Өнгөрсөн жил Б.Лхагвадорж Ирээдүйн аварга шагнал хүртэж байсан билээ.

“Их Монголын хүчтэнүүд” дэвжээнээс аймгийн арслан О.Наранбаатар, Ж.Наранбаатар, Т.Ядамсүрэн нарын шилдэг бөхчүүд улсын наадамд барилдана. Нэг биш нэлээн хэдэн бөх улсын цол хүртэх бололцоотойг дасгалжуулагчид онцолж байлаа.

Монгол Улсын арслан Цэдэвийн Содномдорж баяр наадмын бэлтгэлээ “Чингисийн хүрээ” амралтын газарт базааж байна. Энд улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр, аймгийн арслан Ц.Сандагдорж нарын шилдэг бөхчүүд Содномдорж арслангийн хамтаар бэлтгэлд гарчээ. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэрийг бөхийн хүрээнийхэн өнөө жилийн наадмын түрүү бөхөөр нэрлэж буй. Түүний хувьд өнгөрсөн жилийн заалны барилдаануудад амжилттай барилдаж гурван удаа түрүүлсэн юм. Содномдорж арслангийн өвдөгний бэртэл нь бүрэн илааршжээ. Өнгөрсөн жил их шөвгийн даваанд боссон Содномдорж арслан өнөө жил түрүүлж аварга цол хүртэх зорилготой бэлтгэлээ базааж байна. Мөн өнгөрсөн наадмаар улсын арслан Р.Пүрэвдагваар дөрөв давж улсын цолны босгонд тулж очсон аймгийн арслан Ц.Сандагдорж дутуугаа гүйцээхээр шаргуу хөдөлмөрлөж байгаа гэнэ. Тэрбээр улсын наадмын тавын даваанд улсын начин Б.Орхонбаяртай тунаж барилдаад өвдөг шороодсон билээ.

Улсын наадмын түрүү бөх тодордог “Увс нуур” дэвжээний бөхчүүд уламжлал ёсоор Харзтайд бэлтгэлдээ гарчээ. Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нар гал ахалж байгаа юм байна. Харин дасгалжуулагчаар нь улсын заан О.Одгэрэл ажиллаж байгаа аж. Энэ галын аймгийн цолтнууд сонгуульдаа оролцохоор нутаг руугаа явжээ. Улсын наадамд барилдах цөөхөн бөхчүүд бэлтгэл базааж байгаа юм байна. Увс нуур галд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр нарын түрүү бөхийн тааварт нэрлэгдэх шилдэг азлуу хүчтэнүүд бэлтгэлээ базаадаг. Гэхдээ гарьд, заан хоёр наадмын бэлтгэлдээ гарч амжаагүй байгаа ажээ.

Мөн улсын харцага Баасанхүү, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нарын хүчтэнүүдийг цолоо ахиулна хэмээн итгэл хүлээлгэж буйгаа Одгэрэл заан онцолж байлаа. Эднийхтэй айлсаж Баян-Өлгий аймгийн бөхчүүд бэлтгэлээ базааж байгаа юм байна.

Төрхурхын аманд “Сүлд” спорт хорооны бөхчүүд бэлтгэлдээ гарчээ. Улсын аварга Г.Эрхэмбаяр нутагтаа сонгуулийн ажилтай байгааг галынх нь бөхчүүд хэлж байв. Энд Ховд аймгийн харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий бэлтгэлээ базааж байна. Тэрбээр “Наадмын өмнө нутагтаа очиж уул овоондоо гараад ирсэн. Бэлтгэлдээ гараад удаагүй байна. Ачаалалтай бэлтгэлдээ орж хараахан амжаагүй байгаа. Энэ жил урд жилүүдийнх шиг өндөр формтой наадамд зодоглож чадахгүй нь шиг байна. Хөл хорио тогтоосон үед барилдааны бэлтгэл хийж чадсангүй. Гэхдээ ийм үед бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийг хүндэлж наадам зохион байгуулж байгаад талархаж байна” гэсэн юм.

УЛСЫН АВАРГА, АРСЛАНГУУДЫН ЗАРИМ НЬ БЭЛТГЭЛД ГАРЧ АМЖААГҮЙ БАЙНА

Хүчтэний өлгий Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөхчүүд Сүүж уулын ойролцоо бэлтгэлдээ гарчээ. Гэхдээ улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва нар бэлтгэлдээ гарч амжаагүй байгаа гэнэ. Аварга Санжаадамба Өмнөговьд, Пүрэвдагва арслан Дархан-Уул аймагт сонгуулийн ажилтай явж байгаа аж. Аварга арслангуудын эзгүйд галыг улсын харцага Мягмарын Бадарч ахалж байгаа юм байна. Мөн Ховд аймгийн харьяат улсын заан Б.Пүрэвсайхан наадмын бэлтгэлд хараахан гарч амжаагүй байгаа гэнэ.

Бөхчүүд хаана ямар галд гарсан талаарх мэдээллийг багцлахад ийм байна. Бөхийн хүрээнийхэн өнөө жилийн баяр наадмын түрүү бөх харцага цолтнуудаас тодрох магадлалтайг хэлж байна. Тэр дундаа Б.Бат-Өлзий, О.Хангай нарын бөхчүүд цол ахиж төрийн наадмын түрүү, үзүүрт гарч барилдах цаг болсныг дуулгаж байсан юм. Мөн аварга арслангуудтай хүчтэй өрсөлдөөн үзүүлэх бөхөөр Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын харцага Д.Анарыг нэрлэж байна. Үүнээс гадна улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр нар түрүүлэх магадлал өндөртэй байгааг багш дасгалжуулагчид онцолж байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосон үед баяр наадмыг өнжилгүй зохион байгуулж байгаад бөхчүүд талархалтай хандаж байлаа. Мөн залуу бөхчүүд аймгуудын баяр наадмыг улсын наадамтай нэг өдөр тэмдэглэхээр болсныг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Улсын том цолтой бөхчүүд аймгийн наадам хэсч найраа хийдэг буруу тогтолцоог зогсоосон зөв алхам болсныг аймгийн цолтнууд хэлж байв.


Categories
мэдээ цаг-үе

Улсын начин Б.Онх: Өвчин тарааснаас үзэгчгүй наадсан нь дээр гэж бодож байна

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Монгол Улсын начин Баасангийн Онхтой ярилцлаа. Тэрээр Зөвлөлт холбоот улсад дулааны инженерийн мэргэжил эзэмшсэн боловсрол өндөртэй бөхчүүдийн нэг юм.


-Та 1979 оны улсын наадмаар начны цолны даваанд Өвгөнхүү харцагад амлуулж барилдсан байдаг. Тухайн үед Ч.Өвгөнхүү харцага улсын наадмын шөвгийн давааны л тааварт ид сайн барилдаж байсан үе нь шүү дээ. Барилдаан ямар болов?

-Цол хүртэж сайн барилдсан цаг үеээ эргээд санахад мөн ч сайхан байдаг юм. Тэр жилийн наадмаар өрийнхөө хэмжээнд тултал бэлтгэлээ хийгээд л зодоглосон. Начны даваанд ам сонсоод сууж байтал аварга арслангуудын амнаас мултарлаа. Заанууд ч үлдээлээ. Тэгтэл Ч.Өвгөнхүү харцага З.Дүвчин, Д.Амгаа, Ө.Тулгаа, Ё.Ишгэн А.Баатархүү гээд бөхчүүдээс намайг амласан юм. Бид хоёр 10 гаруй жил самбо бөхийн улсын шигшээ багт хамт хичээллэсэн, бие биенийхээ барилдааныг андахгүй мэддэг улс. Тухайн үед лавхан золгоон дээрээс л хаяна гэж төлөвлөж байсан. Барилдааны засуулдаа “Би ард нь гарвал яаруулж болохгүй шүү. Шуудганд хүрч лавхан барьж хаяна” гэж захисан юм. Барилдааны явцад би гарыг нь таллаад ард нь гарчихаад хаяж чадалгүй алдчихсан. Ингээд хоёулхнаа давааны төгсгөлд үлдсэн. Шуудганд хүрэх болоход бага цолтой бөх талаа сонгодог дүрэмтэй байсан юм. Гэтэл хөлийн цэцүүд зоос хаяж тал шийдэх шийдвэр гаргасан. Би ч гайхасхийгээд туг руу алхаж байхад засуул маань “Онхын талаар буулаа” гээд хашхирч байна. Би ч төлөвлөж байснаараа хутгаж дайраад залгуулаад дэгээ ороогоод зүтгэчихсэн. Үл ялиг дээр нь туссан. Мөн ч их баярлаж билээ. Өвгөнхүү бид олон ч жил нөхөрлөсөн дөө. Бие биенийхээрээ орж гардаг байсан. Найз маань өнгөрсөн жил өөдөө одлоо.

-Амьсгаагаа гүйцэд дарж амжаагүй байхад тань л Х.Баянмөнх аварга амласан гэдэг…

-Начны даваанд хүнд барилдаан хийгээд гүйцэд амьсгаа дарж амжаагүй, сууж байхад Баянаа аварга “Начинг амлалаа шүү” гээд босч билээ. Дархан аварга хүнээр начин гэж дуудуулах сонин л мэдрэмж байдаг юм билээ.

Би чинь их хожуу 32 настайдаа улсын цол хүртсэн шүү дээ.1973 оны наадмын өмнөхөн “Барилдахаа больё, нас ч явлаа” гэх ухааны юм бодоод урт цагааны ойролцоо алхаж явтал Баянаа аваргатай халз таарчихдаг юм. Аварга “Наадам болох гэж байна. Яахлаараа барилддаггүй юм. Явж бэлтгэл хийе” гээд дагуулаад явж билээ. Ёл хаданд хэд хоног бэлтгэл хийгээд улсын наадамд барилдаж дөрвийн даваанд Г.Дэмүүл арсланд унаж байлаа.

-Тэр жил Г.Дэмүүл гуай тэр таныг амлахгүй үлдээнэ гэж ам гарч байсан гэсэн шүү дээ. Яагаад амлачихсан юм бэ?

-Дөрвийн давааны өмнөхөн Г.Дэмүүл арслан надад “Би Д.Нэгдэлийг амлана” гэж хэлсэн юм. Үүнийг сонссон би нэг голд өссөн У.Пүрэвээ заан маань амлах болов уу гэсэн горьдлоготой хүлээж байлаа. Гэтэл Ө.Эрдэнэ-Очир арслан Нэгдэлийг амлаад Дэмүүл арслан намайг амлаж миний төлөвлөгөө нурсан юм.

-Г.Дэмүүл арслантай их сайн барилдаж өвдөг шороодсон гэдэг…

-Дэвээд гарахад Дэмүүл арслан ч мөн ч сүртэй харагдаж билээ. Хажууд зогссон У.Мижиддорж арслангаас яаж барилдах талаар асуувал “Баруун ташаагаа тавиад ширвээд гуд тат” л гэж байна. Тийм бяртай жинтэй аралтай хүнийг 70 гаруйхан кг жинтэй би ширвэж гуядана гэхэд санаанд нэг л буухгүй байсан л даа. Тэндээс П.Дагвасүрэн арслан “нүд рүү нь тас ширтээд зогсчих” л гэж байна. Би ч ном ёсоор болголоо. Арслан ч огцом хөдөлгөөн хийсэнгүй, ирийг дараад авлаа. Миний засуулаар ажиллаж байсан “жижиг” Санжаа гуай “Яарч л болохгүй шүү” л гэж байна. Би сүвээний барьцнаас нь атгаад л тун ч аятайхан болж иржээ. Ингэж өөртөө дасгаж байгаад л өхийлдчихсөн чинь тийрчихэж билээ. Би суун тусаад босоод ирсэн. Гишгэж болдоггүй. Эмч дээр очиж өвчин намдаах тариа хийлгээд шүдээ зуугаад гарсан. Очоод өрөөд зогсож байхад зүүн хөл дээр зөөлхөн товшиход нь өвдөглөчихсөн.

Миний ээрцгийг задартал тийрсэн байж байсан шүү. Хоёр жил хэртэй хүний гарт байсан. Дэмүүл арслан удаан зогсоод газартай тас наалдчихсан байсан даа.Тийм суурьтай хүнийг өхийлдөж байдаг би ч түүхий байж.

Наадмын дараа хүмүүс Дэмүүл арслан руу “Та зөндөө л улсуудыг цолонд хүргэсэн. Онх олон жил сайн барилдаа. Дэмжиж болоогүй юм уу” гэж шалгааж байсан гэнэ лээ. Хариуд нь арслан “Миний начин болгосон улс тийм ч сайн явж байгаа нь дуулдахгүй юм. Тэгээд л Онхыг дэмжиж чадаагүй. Цаадах чинь хүн сайтай” гэж хэлсэн байсныг нь миний нутгийн залуу сонссоноо надад дуулгасан. Үүнд нь их баярласан. Арслан ЗИЛ 130 унаад л явж байна.Хиргүй цагаахан сэтгэлтэй сайхан хүн дээ. Бид мөн ч хуучилдаг байж. Өмнөговийн бөхчүүд наадмын өглөө төв цэнгэлдэхийн зүүн урдаас орж байгаа нь таргалсан атан тэмээнүүд шиг мөн ч сүр бараатай харагддаг байж билээ. Үзэгчид ч шуугилдаад л гоё хүлээж авна.

-Дархан аварга Д.Дамдинтай ойр нөхөрлөдөг байсан бөхчүүдийн нэг нь та. Аваргын талаар ном бичиж гаргаж байсан шүү дээ. Аварга ямар хүн байв?

-Дамдин аваргыг сайн мэднэ. Хөгшин залуу хоёр инээлдээд сайхан нөхөрлөдөг байлаа. Түргэн шалмаг, үзүүштэй барилддаг мөн ч сайхан бөх байж билээ. Нэг үед бол бөхийн дэвжээг эзэгнэж байлаа шүү дээ. Таван жил дараалж улсын наадамд түрүүлж байсан. Сүүлд “Бөхийн гэргий” гэж Цэрэндулам эгчийн тухай номыг Дамдин аваргаар яриулж бичиж байлаа. Аваргатай нөхөрлөж, явсан олон дурсамж надад бий.

-С.Цэрэн аваргыг тантай их ойр харилцаатай байсан тухай бөхийн ном товхимолд тэмдэглэж үлдээсэн байдаг…

-Аварга бид хоёр наадмын бэлтгэлд хамтдаа гардаг байсан юм. Самбо бөхийн улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд хамтдаа орно. Надад зааж зөвлөнө. Тэр үед одоогийнх шиг сайхан залуу шалгаруулах тэмцээн явагддаг байсан бол Цэрэн аварга олон түрүүлэх байсан байх шүү. Өтгөн хар хөмсөгтэй, сартгар уужим хамартай, гараа дэвээ сайхантай монгол бөхийн сонгодог төрхтэй хүн байсан шүү. Их зөөлөн, даруухан зантай хүний сайхан шинж цогцолсон даанч мундаг хүн дээ. Засуул дээрээ гараад байгааг нь сайхан эмээл хазаартай, дэлийг нь цэвэрхэн зассан аргамаг хүлэг шиг харагддаг байж билээ. Сүүлд миний элэг тааруу эмнэлэгт хэвтэж байхад аварга эргэж ирдэг юм. Бор аргаар анагаах тухай хуучилж байгаад л гарсан. Бидний эцсийн уулзалт тэр байсан юм билээ. Намайг хөдөө яваад ирэхэд аварга маань өнгөрчихсөн байсан. Одоо ч нөхөрлөж явсан үеийн бөхчүүдээс минь Л.Сосорбарам арслан л үлдэж дээ. Жам юм даа. Сосорбарам бид хоёр их ойр байдаг юм.

-Таны үед гайхагдаж явсан хүчтэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох. Аваргатай нөхөрлөж явсан сайхан дурсамж танд байдаг л байх?

-Их тогтуухан ааш зантай, хааяа тас тас инээх нь мөн ч золбоотой. Гайхалтай уран барилддаг угсраа мэхтэй бөх байж билээ. 1972 оны наадмаар улсын заан Ё.Ишгэн надад гурвын даваанд унадаг юм. Би дэгээ ороож эргээд даваад цаана нь унасан. Өнөөх маань тахимаа өгдөггүй. Туг тойрох гэсэн чинь хуруунаас чангаагаад явуулдаггүй. Засуул ирсэн чинь Ё.Ишгэн малгайгаа булааж аваад туг тойрчихдог юм. Өнөөх маань тав дээр Ч.Өвгөнхүүд уналаа. Миний шар хөдөлсөн гэж жигтэйхэн. Ишгэн рүү очоод “Би чам шиг ингэж унахгүй. Өвөөг дийлэхгүй байсан юм бол яах гэж намайг луйвардсан юм” гээд хэлчихлээ. Хажууд сууж байсан Д.Цэрэнтогтох аварга “Олон наадам байгаа, дахиад олон таарч барилдана” гэж хэлээд өнөөх л тогтуун зангаараа тас тас хөхөрч биднийг тэр дор нь эвлэрүүлж билээ. Ишгэн бид ч их сайхан найзууд болсон. Цэрэнтотох аварга барилдаан нь хурц ширүүн ч, зан тогтуун дөлгөөхөн бөх байсан даа.

-Таны хувьд сүүлийн үеийн залуу бөхчүүдийн талаар ямар бодолтой явдаг вэ. Дээр үеийн хөнгөн шаламгай дайчин барилддаг бөхчүүдийн энд хүрэх хүчтэн өнөө цагт ховор байгааг шүүмжлэх хүмүүс байдаг юм билээ?

-Сайхан залуус олон байна. Сэлэнгийн улсын начин Б.Орхонбаяр гэж жаахан хүү мөн ч эрэмгий барилдах юм. Махтай улсуудтай жаахан удахад л ядраад байдаг юм. Жин багатай улс давъя л гэвэл ажиллаж, давшиж барилдах хэрэгтэй. Орхонбаярыг харахад л миний ид үеийн барилдаанууд нүдэнд харагддаг юм. Ах нь яг тийм л галбиртай байсан даа. Энэ мэт сайхан зүйлс байна. Гэхдээ саар зүйлс бас ажиглагдах юм. Залуус допинг хэрэглээд байна. Эрүүл мэндийг устгадаг эд шүү дээ. Говь-Алтайгаас маань гэхэд л таван залуу допингийн шинжилгээнд уналаа. Ийм муухай зүйл байж хэрхэвч болохгүй. Допинг хэрэглэсэн дэвжээний бүх бөхчүүдийн барилдах эрхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж байвал зүгээр гэж боддог юм. Говь-Алтай байна уу, Увс байна уу, Завхан байна уу хамаагүй. Тус дэвжээний харьяалалтай л бол наадмаар барилдуулахгүй байх хэрэгтэй. Ийм хууль эрх зүйн орчин шаардлагатай байна. Энэ нь нэг талаараа хүний эрхэнд халдаж байгаа асуудал боловч хүний эрүүл мэндийг нэн тэргүүнд авч үзэх ёстой. Допинг хэрэглэсэн бөх сайн барилдаад наадамд цол авахад түүний ард шударгаар хөдөлмөрлөж яваа олон арван бөхийн эрх ашиг хөндөгдөж байдаг байхгүй юу. Хатуу хариуцлага тооцож байж л бөхчүүдийг допингоос ангижруулна.

Мөн гарьд харцага цолыг нэмж оруулсан нь байж байж болохгүй зүйл. Харин цолоо баталсан хүн түрүүлж ам авах нь зөв жишиг. Начин, заан, арслан, аварга гэдэг бөхийн цол бол Монголын ард түмний оюуны өмч. Үүнийг өөрчилж байгаа нь ард түмний оюуны өмчийг сүйтгэж байгаа асуудал. Зургаа давсан начин чинь чимэгтэй л начин. Хоёр удаа тав давсан нь хүн илүү амжилт шүү дээ. Өнөө үед бөхчүүдийн ёс жудагт ч сөргөөр нөлөөлж байна.

-Сүүлийн үеийн залуусын барилдааныг үзэж байна уу. 20-иодхон хоногийн дараа наадам болох нь. Энэ жилийн наадмын өнгийг та яаж харж байна вэ?

-Зурагтаар алгасалгүй үздэг юм. Өнөө үед таавар дэвшүүлэхэд хэцүү болж дээ. Сайхан аварга арслангууд олон байна. Дээшээ барилдах боломж бололцоотой залуус ч олон байна. Э.Оюунболд гэж хүү сайхан гарч ирсэн ч допингийн асуудалд хутгалдчихлаа. Бөхчүүд ч түүнийг барилдуулахгүй биз. Санжаадамба аваргаас авахуулаад допингтой тэмцэж байгаа нь зөв жишиг гэж хувьдаа үздэг юм. Энэ жилийн наадмаар сайхан барилдаад цол ахихаар харцагууд хэд хэд байна. Заалны барилдаанууд явагдсангүй. Бөхчүүд хувь хувьдаа тус тусын бэлтгэлээ базаасан байх. Хорио цээрийн үед бэлтгэлээ цалгардуулаагүй, формоо барьсан бөхчүүд л цол ахиж сайн барилдах байх даа.

-Түүхэнд анх удаагаа үзэгчгүй наадам болох нь. Үүнийг та яаж харж байна вэ. Үзэгчдийн уухай баяр наадмын салшгүй нэг хэсэг биз?

-Төр хаашаа түмэн тийшээ гэдэг дээ. Өвчин тарааснаас үзэгчгүй наадсан нь дээр гэж бодож байна. Онцгой нөхцөлд бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж наадам зохион байгуулж байгаад талархаж л сууна. Бүтэн жилийн хөдөлмөр яригдана шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Танай нам, манай нам гэж талцсаар танхил үрсээ хөсөр хаяжээ, монголчууд

– СҮҮЛИЙН ХЭДХЭН ХОНОГТ 10 ХҮҮХЭД ЦАГ БУСААР ЭНДЖЭЭ –

Сүүлийн хэдэн сарын хугацаанд хөл толгойгүй л сонгууль ярилаа. Нийгэм тэр чигээрээ л улс төрийн мананд төөрч ар амьдралаа мартчихаад байх шиг. Гэтэл ердөө арваадхан хоногийн хугацаанд эцэг эх асран хамгаалагч, аж ахуйн нэгж байгууллагуудын хайхрамж, болгоомжгүй, хэнэггүй байдлын улмаас 10 орчим хүүхэд эндсэн харамсалтай тоо ар араасаа хөвөрч байна. Танай нам, манай нам гэж талцсаар танхил үрсээ хөсөр хаяжээ, монголчууд. Хамгийн эмзэглэмээр нь ой гарантай хоёр ч хүүхэд ахуйн хүрээний ослын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна.

• Тавдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд 8-12 насны дөрвөн хүүхэд живж нас барсан. Тус газарт ажил явуулж байсан “Хан талст” компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргаад байсан ч хэрэгжүүлж зөрчлөө арилгаагүйн хар гор гарч дөрвөн хүүхдийн амийг авч одсон.

• Зургадугаар сарын 1-ний өдөр буюу Эх үрсийн баяраар Баянгол дүүргийн XV хороо, 1000-н нэрийн барааны дэлгүүрийн зүүн талын 23 дугаар байрны гаднах тоглоомын талбайд 12 настай охин савлуурт даруулсан. Үүний улмаас охины тархины яс цуурч, цус хуралт үүсч хүнд гэмтэл авсан.

• Зургадугаар сарын 13-ны өдрийн 23:25 цагт Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 10 дугаар гудамжинд ой долоон сартай эмэгтэй хүүхэд таван метрийн гүн жолонд унаж амь насаа алдсан.

• Зургадугаар сарын 14-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг “Хар боом” гэх газарт сонгино түүхээр явсан 15-17 насны хоёр хүүхэд 600 орчим метр өндөр хадан хясаанаас унаж амь насаа алджээ.Тэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс Бүрэнтогтох суманд очоод байжээ.

• Зургадугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт нэг настай хүү шатахуун уусны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Сонгууль гэж шуугилдаж байх хооронд 10 хүүхэд амиа алдаад байна. Энд зөвхөн осолдож нас барсан, хүнд гэмтсэн хэдхэн жишээг л дурдлаа. Үүнээс гадна Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасаг хүүхдүүдийн хөлд битүү дарагдаад байна. Эцэг эх асран хамгаалагчийн хайхрамж болгоомжгүй, хэнэггүй зангаас болж жилд л 2500 орчим хүүхэд халуун тогоонд шалзлагдаж түлэнхийн тасагт хүргэгдэж ирдэг гэх тоон мэдээлэл байна. Тэдний дийлэнх нь сэхээн амьдруулах тасагт ирдэг талаар ГССҮТ-өөс мэдэгдлээ.

Өдөрт л нэг хүүхэд эндсэн гэх харамсалтай мэдээ олныг халаглуулж буй. Ийм хэрэг өдөр бүр шахуу бүртгэгдэж байгаа нь эцэг эх асран хамгаалагчид учирч болох аюулаас урьдчилан сэргийлэхгүй байгаатай шууд холбоотойг мэргэжилтнүүд онцолж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Ахуйн ослоос болж хүүхдийн амь нас хохирч байгаа хэргийн цаана олон асуудал байдаг. Хүнд тэр бүр анзаарагдахгүй хүүхдэд аюултай орчин үүсчихээд байна. Энэ асуудал дээр төр засгаас бодлого, зохицуулалт шаардахаас илүү иргэд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Та, би гэлтгүй хүн бүр амьдарч буй орчноо тойруулаад ажиглачих. Аюултай зүйл юу байна, анзаарчих хэрэгтэй. Өнөөдөр таны хашаан дахь жорлонгийн хаалганы түгжээг танаас өөр хэн хийх юм бэ. Хорооны Засаг дарга юм уу, хэсгийн цагдаа очоод “Жорлонгийнхоо хаалганд түгжээ хий” гэж хэлэхгүй биз дээ. Та ус буцалгачихаад ширээний буланд тавьж байгаагаас л энэ аюул осол эхэлдэг. Жаахан хүүхэд тань очиж татаад л түлэгдэнэ. Аж ахуйн нэгж байгууллагууд барилгаа тойруулаад хар. Цахилгааны утас ил байна уу анзаар. Хүүхэд тогонд цохиулаад нас барсан хэрэг түрүүхэн л бүртгэгдсэн шүү дээ. Орон сууц хорооллын иргэд ч анзаарах хэрэгтэй. Цонхондоо хаалт хийсэн байна уу, таны хүүхэд дамжиж авираад уначих юм биш биз гээд аюулыг илрүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Ийм хүүхэд ингэж нас барсан байна гэж халаглахаас илүү, сэрэмжлэх хэрэгтэй” гэсэн юм.

Олон улсад аюулыг илрүүлэх өдрийг тэмдэглэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлдэг жишиг байдаг. Энэ өдрийн хүрээнд эцэг эх асран хамгаалагчдад учирч болох аюул ослын тухай сургалт зохион байгуулж, нөлөөллийн ажил явуулж эрсдэлээс урьдчилан сэргийлдэг. Мөн амьдарч буй орчинд ямар аюул байгааг илрүүлж засч залруулж, сэрэмжлүүлдэг. Монголчууд баяр ёслол, найр наадмыг өндөр ач холбогдол өгч ёслол төгөлдөр тэмдэглэдэг ард түмэн. Аюулыг илрүүлэх өдрийн хүрээнд эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийг аюул ослоос урьдчилан сэргийлэх тухай жаахан ч гэсэн ойлголт өгчихвөл бага насны хүүхдүүдийг 600 метрийн өндөр хавцал руу сонгино түүгээд ир гэж явуулалгүй учирч болох эрсдэлийг урьдчилан тооцоолдог болох биз. Шөнийн 23:00 цагт ой гарантай охиноо анхааралгүй орхиж нүхэн жорлон руу мөлхүүлэхгүй байх. Нялх үрс хэдэн зуугаараа халуун тогоонд түлэгдэж, Түлэнхийн тасагт тарчлан хэвтэхгүй болов уу. Аюулыг илрүүлж, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авах талаар нөлөөллийн ажил явуулж эцэг, эх асран хамгаалагчдад багахан ч гэсэн ойлголт өгөхгүй бол сонгуульдаж байх хооронд дахиад хэдэн ч хүүхэд усанд осолдож, нүхэн жорлонд унаж тарчлан зовж нас барахыг таашгүй.

Өнөөдөр манайд хүүхдэдээ хайхрамжгүй хандаж үүргээ биелүүлэлгүй хүүхдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа эцэг эхчүүдэд хариуцлага тооцох эрхзүйн орчин дутмаг байна. Гэрийн гадаа шатахуун хаяж хүүхдийнхээ амийг авсан эцэг эхэд хүлээлгэх хариуцлага манайд алга.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “Манай улсын нийт хүн амын 36 орчим хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Бидний зүгээс хүүхэд аливаа эрсдэлд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй тасралтгүй зохион байгуулах нь чухал учраас нийт ажлынхаа 60 орчим хувийг энэ чиглэл рүү хандуулдаг. Хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд салбар болон байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байдаг” гэв. Хүүхдийг эрсдэлд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж ажиллахад байгууллага хоорондын уялдаа холбоо сайн байх шаардлагатайг ГБХЗХГ-аас онцолж байна.

Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийг тус тус үндэслэн эцэг эх, асран хамгаалагч хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй осол, гэмтлээс хамгаалах чиглэлээр байнга анхаарал хяналт тавьж байхыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас анхааруулж зөвлөмж гаргажээ.

Зөвлөмжид

• Хүүхдийн чөлөөт цаг, зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр анхаарч, тэднийг юу хийж байгаа, ямар хүүхэдтэй үерхэж, нөхөрлөж байгаад нь байнгын анхаарал хандуулах

• Өөрийгөө болон бусдыг гэмтээх тоглоомоор (үрлэн сумтай буу, чавх гэх мэт) хүүхдийг тоглуулахгүй байх

• Ус буцалгагч, халуун индүү, будаа агшаагч, халуун савтай болон данхтай цай, савтай халуун ус, тос зэргийг хүүхдийн гар, хөлнөөс хол байлгах

• Тагт, цонхны бэхэлгээг заавал хийж, бага насны хүүхдийг цонх, тагтаар хэт тонгойж болохгүй, унаж болзошгүй гэдгийг тогтмол хэлж сануулах

• Гол усны ойр орчимд харгалзах насанд хүрсэн хүнгүйгээр тоглож байгаа хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, зөвлөмж анхааруулга өгөх, мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Цагдаагийн байгууллагын 102 утас, Онцгой байдлын газрын 101 дугаарт заавал мэдээлэх

• Хүүхдээ тоглуулахаас өмнө тоглоомын талбайг шалгаж тоглоомын тоног төхөөрөмж эвдэрсэн эсэх, хүүхэд гацах, хувцсаараа гогдох, гэмтэх зүйлүүдийг аюулгүй болгох, урьдчилан сэргийлж, тоглоомын талбайн гадаргууд хурц ирмэгтэй, хагарсан шил зэрэг зүйлүүд байвал зайлуулсны дараа хүүхдээ тоглуулах” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Өсөхбаяр: Барилгын хогоо ашиглах тал дээр анхаарах цаг болсон

Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх,хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Өсөхбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед Экологийн цагдаагийн албанд гол төлөв ямар төрлийн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдэж байна вэ?

-Улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг энэ оны эхний таван сард нийт 365 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 165 хэргээр буюу 82.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн 365 хэргийн 330 буюу 90.4 хувь нь орон нутагт, 35 буюу 9.6 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад орон нутагт бүртгэгдсэн хэрэг 154 хэргээр буюу 87.5 хувиар, Улаанбаатарт бүртгэгдсэн хэрэг 11 хэргээр буюу 45.8 хувиар тус тус өссөн.

Сүүлийн үед үйлдэгдсэн гэмт хэргийг бүртгэгдсэн зүйлээр нь авч үзвэл, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 147 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 112 хэргээр буюу 3.2 дахин, хууль бусаар ан агнах гэмт хэрэг 52 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хэргээр буюу 67.7 хувиар, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 144 гарсан нь өмнөх оны мөн үеэс 38 хэргээр буюу 35.8 хувиар, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг зургаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс гурван хэргээр буюу нэг дахин өссөн, ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг найм бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс найман хэргээр буюу 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Албанаас хууль бус ан агнуур, ашигт малтмал олборлох, мод, ургамал түүх, бэлтгэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаатай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөө гарган хяналт шалгалтад хамтран ажилласнаар дээрх үр дүн гарч хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирч байна.

-Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

-Экологийн цагдаагийн албанаас сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг 1578 гэмт хэргийн судалгааг гаргаж, түүндээ төрөл мэргэжлийн албадаас бүрдсэн судалгааны баг ажиллуулж дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил нь хүний буруутай үйлдлээс хамаарсан дэлхийн байгаль цаг уурын эрчимтэй өөрчлөлт, нийгэм эдийн засгийн суурь үзүүлэлтээс хамаарч байгаль руу халдах иргэн, хувийн хэвшлийн тоо жил бүр нэмэгдэж, байгалийг ноцтой хохироодог техник хэрэгсэл, химийн хорт бодисын хэрэглээ, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн хохирогч субьектив шинжгүй зэрэг байдлаас хамаарч үйлдэгдэж байна гэж дүгнэсэн. Иймд хүрээлэн байгаа орчинд хандах иргэд, олон нийтийн ухамсар, дадал хандлагыг өөрчлөх, нөлөөлөхөд чиглэсэн ажил арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн.

Энэхүү ажлын хүрээнд энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр “Ус ба уур амьсгалын өөрчлөлт” уриатай зохион байгуулагдах “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан иргэн бүрт байгаль дэлхийгээ шүтэн хамгаалж, байгаль орчинтойгоо зохицон амьдарч ирсэн үндэсний өв уламжлалаа шинжлэх ухаан, инноваци, технологийн ололтод тулгуурлан, тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалаар баяжуулан бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Усны төлөө-Зөв үйлдэл хийе” аяныг 10 хоногийн хугацаанд, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мөрдөн байцаах алба, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриан дор “Ногоон дуу хоолой” мэдээлэл сурталчилгааны аяныг энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл сарын хугацаанд зохион байгуулж давхардсан тоогоор 5,603,909 хүнд хүрсэн ажил болсон.

Хууль бус ан агнууртай тэмцэх чиглэлээр “Амьтны тухай хууль”-ийн 9.2 дахь хэсэгт “Ахуйн болон тусгай зориулалтаар жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд шувуу агнах, загас барихыг хориглох” тухай заалт байдаг. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр “Загас хамгаалал-2020” нэгдсэн арга хэмжээг төв орон нутгийн хэмжээнд зохион байгуулж дуусах шатандаа орж орж байна мөн ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн байгаль орчны газруудтай хамтран нэлээдгүй хяналт шалгалт, ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулсан нь үр дүнгээ өгч ой хээрийн гал түймрийн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан.

Урин дулаан болж иргэдийн амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотой Туул голын орчимд иргэд амрахаас гадна автомашин, хивс, бусад зүйлсийг угаах зөрчил их гарч байна. Өнгөрсөн долоо хоног хийгдсэн хяналт шалгалтаар 17 иргэн туул голд автомашинаа угаасан зөрчил гаргасан. Дээрх иргэдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7,15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ тооцож, иргэд олон нийтэд анхааруулах ухуулга, сурталчилгааны ажил хийсэн.

-Амралтын үеэр аялж буй иргэд хог хаяж, байгаль орчин бохирдуулах нь нийтлэг үзэгдэл болсон. Үүнийг ямар зохион байгуулалтаар хянаж ажиллахаар төлөвлөсөн бэ?

-Харьяа орон нутгийн байцаагч нар хяналт тавьж ажиллана. Улаанбаатар хотод өдөрт төвлөрсөн гурван хогийн цэг дээр 2,591 орчим тонн хог хаяж булдаг. Ангилан ялалтын нэгдсэн системгүйгээр хогийн цэг рүү шууд тээвэрлэж байна. Хүнд металлыг технологийн бус аргаар буюу ямар нэгэн устгал хийлгүйгээр байгальд шууд булж байна. Үүнээс улбаалж хөрсний бохирдол, гүний ус, агаарын замаар дамжин халдварт өвчин үүсэх эрсдэлтэй байдаг.

Иймээс тус албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг боловсруулсан. Энэхүү төсөлд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх” тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн дээрх төслийн “Амьдралын зөв хэв маяг” бүлгийн “Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд багтаж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд энгийн аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын талаар мэдээллийг олон нийтэд өгөх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор “Хогоор бүү хорло” хэсэгчилсэн арга хэмжээг 2020 оны зургадугаар сарын 10-аас долдугаар сарын 10-ны хооронд нэг сарын хугацаанд Шинжлэх Ухааны Академийн Хими, Химийн Технологийн хүрээлэн, “ЭМ СИ ЭС” Коко Кола ХХК, “Монкон Пропортиз” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж байна. Иргэдийг идэвхтэй оролцон дэмжиж байгаль хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Хог хаягдал үүсгэхгүй байх хамгийн энгийн бөгөөд эхний алхам бол шаардлагагүй худалдан авалт, хэрэглээнээс татгалзах юм. Худалдан авалт хийх бүртээ “Би үүнийг хэр удаан хэрэглэх вэ”, “Энэ надад зайлшгүй хэрэгтэй юү”, “Үүнийг дахин боловсруулах боломжтой юу” гэх мэтээр асууж хэвшээрэй. Дэлхийн нийт хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг. Тэгэхээр даавуун тор хэрэглэж хэвших нь хамгийн зөв. Хог хаягдал зөвхөн сав, баглаа боодлоор хязгаарлагддаггүй. Ус, цахилгаан, хоолны үлдэгдэл гээд байгалийн нөөц бүхнийг хэмнэж байж хог хаягдлыг бууруулж чадна.

-Барилгын хог хаягдлыг байгальд ээлтэйгээр зохицуулах ямар боломж байна вэ?

-Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 48 дугаартай тушаалаар Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах булшлах журам батлагдсан.

Улаанбаатар хотод жилд дунджаар 80000 тонн барилгын хог хаягддаг гэж БОАЖЯ-аас мэдээлсэн байдаг. Хэдий тийм боловч энэхүү тоо нь зөвхөн хогийн цэг дээр бүртгэгдсэн хэмжээ бөгөөд албан бусаар хаягдсан нийт барилгын хог хаягдлын хэмжээ тодорхойгүй байна. Мөн Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд барилгын салбарт хаягдалгүй технологи нэвтрүүлэх, барилгын хаягдлыг дахин ашиглах асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд Нидерланд, Дани, Бельги, Япон, АНУ зэрэг улсууд буулгасан барилгын хаягдлын 80-90 хувийг дахин боловсруулан ашиглаж байна.

Манай улсад барилгын хог хаягдлыг хаях төвлөрсөн цэг байдаггүй энгийн хатуу хог хаягдалтай цуг Улаанчулуут, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн нэгдсэн хогийн цэгт ангилалгүйгээр хүргэгдэн хаягддаг. Энэ төрлийн хогийг дахин боловсруулах үйлдвэр манай улсад байдаггүй.

Дахин боловсруулах үйл явц нь дахин ашиглах боломжтой, үнэ хүрэх хог хаягдлыг хогийн цэг дээр тодорхой хүмүүс цуглуулж авснаар төгсдөг. Дахин ашиглагдах баялагаа хог гэж хаясаар л байгаа нь асуудал болоод байна. Бид барилгыг хогоо ашиглах тал дээр анхаарах цаг болсон.

-Уул уурхайн компаниудын нөхөн сэргээлтийн ажилд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

“Байгаль эн тэргүүнд-Хогоор бүү хорло” арга хэмжээний хүрээнд Ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтаас үүссэн аюултай хог хаягдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. Уул уурхайн чиглэлээр нөхөн сэргээлтийг улсын хэмжээнд үлгэр жишээ хийсэн, хариуцлагатай уул уурхайн байгууллагыг төрийн болон төрийн бус байгууллагын хамтарсан дүгнэлтээр шалгаруулж урамшуулах, бусад байгууллагад үлгэр дуурайл үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. 2019 оны судалгаагаар улсын хэмжээнд 27,737 га талбайд уул уурхайн олборлолт хийснээс 11,284 га талбайд ямар нэгэн нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон байна. Энэ нь зөвхөн эрдэс баялгийг аваад нөхөн сэргээлт хийлгүй үлдээдэг хуучны явцуу эрх ашиг, хандлагыг халж хүрээлэн байгаа орчинд ээлтэй шинэ үзэл суртлыг нийтээрээ дэмжих томоохон ажил болох байх гэж бид зорьж байна.

Мөн аюултай хог хаягдлын талаар иргэд, олон нийтэд ойлголт өгөх чиглэлээр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн усыг хэрэглэхийг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад оруулсан.

Байгаль орчны сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар уул уурхайн үйлдвэрлэлд мөнгөн ус ашиглахыг хориглосон боловч гар аргаар алт олборлогч иргэд мөнгөн усыг хэрэглэх гэмт хэрэг бүртгэгдсээр байна.

Сүүлийн жишээгээр дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны урд талын зам дээр хэсэг бүлэг этгээдүүд 50 килограмм цагаан мөнгөн усыг тээвэрлэж явахад нь илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-Замын тэмдэг тэмдэглэгээгүй газраар зорчиж байгаль орчин сүйтгэх тохиолдол байдаг. Үүнд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Сүүлийн үед хөдөө орон нутагт тогтоосон зам маршрутыг өөрчлөх, замгүй газраас зам гаргах зэргээс хөрсний бохирдол, доройтол үүсгэх асуудал гарах болсон. Үүнийг таслан зогсоох чиглэлээр тус алба анхаарч хөрсний бохирдол, доройтлын асуудлыг хөндөж байна. Энэ зөвхөн орон нутаг ч гэлтгүй Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хороодод 1262.14 га талбайд нийт 46 аж ахуйн нэгж, байгууллага түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, био камбинатын хороолол дундах замаар тээвэрлэлт хийж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн асуудал гарсан. Үүнийг таслан зогсоох чиглэлээр Нийслэлийн байгаль орчны газартай хамтран “Түгээмэл-2020” хэсэгчилсэн арга хэмжээг энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж зөрчил гаргасан 23 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, хариуцлага тооцсон.

-Цаашид хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд юу хамгийн чухал гэж таны хувьд харж байна.

-Манай алба байгуулагдаад удаагүй байгаа тул Экологийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Мөн гадаад улс оронтой туршлага солилцох, Дэлхийд ховордсон зэрлэг амьтдын эд эрхтэнг таньж олох, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр сургалт, мэдээлэл, судалгааны ажилд дэмжлэг авах, Олон Улсын туршлага судлах шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийг мэргэшүүлэх ажлыг эхний шатанд түлхүү хийх хэрэгтэй байна. Мөн иргэд, олон нийтийн экологийн боловсролыг бүх шатанд дээшлүүлэх, нийгэмд нөлөөлөх далайцтай ажлуудыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай байна. Ажиллах хүчин сайн байвал энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэх ажил амжилттай болно гэж харж байгаа.

-Байгаль орчны эсрэг гэмт хэргээс үүдэн гарах хохирлыг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрээр л тогтоодог. Гэхдээ байгаль эх дэлхийд учруулж байгаа бодит хохирлыг тогтоох боломжгүй юм шиг санагддаг.

-Энэ төрлийн гэмт хэргээс үүдэн гарах байгаль орчинд учрах хор хохирлыг тооцож баршгүй. Жишээ татахад, санаатайгаар түймэр тавьсан тохиолдолд ой бүхлээрээ шатах аюултай тул ахиж нөхөгдөшгүй аюул гарч, зэрлэг ховор ан амьтан, ургамал устаж үгүй болох зэрэг хор хохирлыг тоолж баршгүй. Мөн хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсантай холбоотой хохирол гэхэд ихэвчлэн гол мөрний ой сав газрыг сүйтгэх, гол горхи ширгэх, ой модыг огтлох, унагааж байна. Энэ үйл ажиллагааны улмаас гол, горхи ширгэж цөлжилт явагдаж байна. Усыг эргүүлэн нөхөж чадахгүй учраас хор хөнөөлийг тооцох боломжгүй юм. Байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд амьтан, ургамал, мод бүгд харилцан уялдаатай оршиж байдаг.

Байгаль хамгаалах бол зөвхөн төрийн байгууллагуудын хийх ажил биш. Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн. Үүнийгээ ухамсарлаж, иргэд маань хандлагаа өөрчилж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журам үүрэг юм гэж зааж өгсөн байдаг. Байгалиа хамгаалах бол иргэн бүрээс л эхэлдэг. Та нэг удаа хогоо хогийн саванд хийх, нэг удаа татсан тамхины ишээ сайтар унтрааж хаях, усаа хэмнэхээс л эхтэй. хойч үедээ балчир наснаас нь эхлэн цэвэр агаар, цэнгэг ус, ой мод, хөрс шороо, ургамал амьтны ертөнцийн ашиг тусыг ойлгуулах нь нэн чухал. Хамгийн сүүлд нь дахин хэлэхэд иргэн бүр байгаль хамгаалагч, иргэн бүр экологийн цагдаа гэдгийг хэлмээр байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Осоржамаа: Би эрх чөлөөт нийгэмд хэнд ч гай бололгүй өөрийнхөөрөө л амьдарч байна

Цахим ертөнцөд авч буй хандалтаараа дуулиан тариад буй залуу О.Осоржамаатай ярилцлаа.

-Осоржамаагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Надад бусдынх шиг олон найз нөхөд байхгүй.

Багаасаа ганцаараа өссөн болохоор зожиг болчихсон. Одоо ч гэртээ ганцаараа байдаг учраас хааяа уйдах гээд байдаг юм. Өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээдэг. Гэрээ цэвэрлэнэ. Ойр орчимд амьдардаг ахмадуудын усыг нь зөөж, түлээ түлшийг нь дөхүүлж өгдөг. Нэг өдөр иймэрхүү байдлаар өнгөрдөг. Цахим орчинд нэлээн хугацаа зарцуулдаг.

-Ямар ажил, хөдөлмөр эрхэлж байна вэ?

-Одоогоор гэртээ л байна. Хааяа лайв хийж үзэл бодлоо бусадтай хуваалцана хажуугаар нь инээд бэлэглэнэ. Би Төв аймгийн Эрдэнэсант суманд өссөн.

Хөдөөний айлуудад туслаад л наадам болохоор хурдан морь унаж яваад хүүхэд нас минь өнгөрсөн. Сүүлд Өвөрхангай аймагт амьдардаг ээжийнхээ хамаатан руу очсон юм. Хархорин суманд есдүгээр ангиа төгсөөд МСҮТ-д элсэн суралцаж тогоочийн мэргэжил эзэмшсэн. Өвөрхангайд ажил олдохгүй болохоор нь Улаанбаатар хот руу ирсэн.

-Улаанбаатарт ямар орчин угтав?

-Энд надад тусалж дэмжих хамаатан садан байхгүй. Зөвхөн өөртөө л найдахаас биш өөр хэн нэгэн надад туслах болов уу гэсэн горьдлого байгаагүй. Идэх хоолтой амьдрахын тулд хөдөлмөрлөх шаардлага тулгарч байгаа юм. Эхэндээ учраа олохгүй, ажил ч олдохгүй хэцүү байсан.

Хархорин зах дээр хуушуур зарлаа, дараа нь хог ухаад баян хүмүүсийн хаясан эд барааг нь угааж цэвэрлээд зарж ч үзсэн. Сүүлд шорлог зардаг байсныг хүмүүс мэдэх байх. Өлсөхгүй амьдрахын тулд юм юм л хийсэн дээ.

-Таны цахим орчин дахь амьдрал олны анхаарлын төвд байдаг. Лайв хийхэд л 20-30 мянган хандалт авч байгаа харагддаг. Үүнийг та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Анх бичлэг хийгээд фэйсбүүкт оруулахад л итгэмээргүй олон хандалт авсан. Ихэнх нь л шоолсон, тохуурхсан хандлагатай байсан даа. Тухайн үед ч гадуур дотуур явахад хүмүүс дээрэлхээд хэцүү л байлаа. Намайг өмгөөлж, хамгаалаад байх хүн байхгүй. Намайг хамгаалах цагдаа нар нь хүртэл дээрэлхэнэ, гудамжаар чирнэ. Одоо харин хандлага өөрчлөгдсөн шүү. Би айх аюулгүй гудамжаар алхдаг болсон. Зарим цагдаа нартай сайхан ах дүү болсон.

-Өөрийнхөөрөө байгаа байдал тань олны анхаарлыг татаад байгаа нь анзаарагддаг. 20-30 мянган хүн таныг үзэж байхад сандрах үе гарах уу?

-Эхлээд сандрах үе ч гарч байсан шүү. Одоо зүгээрээ. Өөрийнхөөрөө л байдаг. Өнөөдөр бүх хүмүүс багтай болсон шүү дээ. Хүн болгонтой өөр өөрөөр харьцана. Даргатай нэг нүүрээр, бусад хүмүүстэй бас өөр нүүр гаргаж харьцдаг.

Би ингээд хэлчихвэл тэгээд бодчих болов уу, ингээд яривал тэгээд бодчих болов уу гэх айдастай байдаг.

Намайг доромжлоод шоолоод байгаа хүмүүсийг би ойлгодоггүй юм. Би хэн нэгэнд гай болоогүй, хэнийг ч хохироогоогүй. Ардчилсан нийгэмд эрх чөлөөтэй өөрийнхөөрөө амьдарч байна.

Надад баг зүүх ямар ч шаардлага байхгүй. Миний лайвыг нас насныхан л үздэг. Доромжилж доог тохуу хийж байгаа хүмүүсийн хаяг руу ороод харахад ихэвчлэн залуучууд л байдаг. Харин гадаад улс орнуудад амьдарч байгаа монголчуудын зарим нь намайг дэмждэг юм.

Өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байгаад маань талархдаг гэх үү дээ. Монголд бол гадуур явахад цохиод авахгүй ч “Осоржамаа явж байна” гээд л инээлдэх ч юм уу тийм хандлага ажиглагддаг. Эвэртэй туулай үзсэн юм шиг л хандана шүү дээ, зарим тохиолдолд. Уул нь би бусдын л адил амьдрахын төлөө хөдөлмөрлөж яваа хүн шүү дээ. Тэнгэрээс унаад ирээгүй.

-Өнөөдөр Монголд лайв хийгээд 30 орчим мянган хандалт авдаг хүн одоогоор алга. Ямар ч нэр дэвшигч, нэр алдартай хүн цахимд ийм хэмжээний хандалт авч чадахгүй байна. Тантай гэрээ байгуулж бараагаа рекламдуулах санал ирж байна уу?

-Ирдэг болсон шүү. Үүнийг улс төрийн бохир аргаар ашиглах гээд байдаг талтай. Гэхдээ би тэр бүрт нь зөвшөөрдөггүй юм. Сая менежертэй болсон. Миний хувьд пүүзний дэлгүүртэй гэрээ байгуулж хэсэг хугацаанд ажилласан, мөн гоймон гэх мэт бараа бүтээгдэхүүнийг рекламдсан. Үр дүн нь ч тодорхой хэмжээнд гарсан гэж үзэж байгаа.

-Хуудсаа хөгжүүлэхдээ ямар арга технологи хэрэглэв?

-Ямар нэгэн арга хэрэглээгүй. Лайв хийхдээ өөрийнхөөрөө чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг, бага зэргийн хошин зан маань бусдыг татсан болов уу гэж бодож байна. Сүүлийн үед пэйжээ зараач гэх хүсэлт олон ирж байна лээ. Би үнэндээ яаж зардгийг нь ч мэдэхгүй.

-Цаашдаа энэ өндөр хандалтыг хэрхэн ашиглахаар төлөвлөж байна вэ?

-Ер нь хэдэн хүн үзэх нь надад тийм ч чухал биш л дээ. Үзэл бодлоо өөрийнхөөрөө чөлөөтэй илэрхийлж байгаа минь л чухал.

-Ирээдүйн зорилго тань юу вэ?

-Бодсон төлөвлөсөн юм их байна аа. Би өөрийн гэсэн гэртэй ч айлын хашаа түрээсэлж амьдардаг юм. Би их өрөвч. Олсон хэдэн төгрөгөөрөө сав үүрээд явж байгаа ядарсан хүнд хоол аваад өгчих тохиолдол ч байдаг. Өөрөө зовлонг нь мэддэг болохоор тэр л дээ.

Би айлын хашаа түрээслээд гэрээ бариад амьдардаг юм. Өөрийн гэсэн хашаа байшин авчихвал гэсэн зорилго надад байдаг. Бусдын бараа бүтээгдэхүүнийг сурталчлаад хэн хэндээ тус дэм болоод явах бодолтой байдаг юм. Ус цахилгаан, түрээсний мөнгөө ч лайв хийж реклам хийсэн орлогоороо зохицуулаад л байна.

-Тань руу дайрч доромжилж байгаа залуусыг хувьдаа юу гэж дүгнэдэг вэ?

-Эхэндээ эмзэг хүлээж авдаг байсан шүү. “Осоржамаа гэртээ боогоод үхчихсэн байна” гээд фэйсбүүкээр явж байгаа юм чинь. Одоо тэр бүхнийг тоохоо больсон. Над руу дайрч давшилж байгаа хүмүүсийг боловсролгүй, юм үзээгүй байна л гэж дотроо боддог юм. Дэлхий дээр чинь янз бүрийн хүмүүс амьдардаг шүү дээ.

Гадаадад байгаа боловсролтой, юм үзэж нүд тайлсан хүмүүс намайг ойлгож дэмждэг юм. Манай залуучууд л янз бүрээр доромжлох гээд байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Чинбат: Нэр дэвшигчийн нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээлэл тараавал иргэнийг таван сая, хуулийн этгээдийг тавин сая төгрөгөөр торгоно

Цагдаагийн ерөнхий газрын НХЖ, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбаттай ярилцлаа.


-Юуны өмнө та Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон түүнтэй холбогдон нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгнө үү?

-Улсын Их хурлаас 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудыг батлан гаргасан. Дээрх хууль тогтоомжийн онцлог гэвэл урьд нь сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн, Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулж байсныг өөрчлөн тус тусын хуулиар зохицуулахаар шийдвэрлэсэн. Мөн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг шалгах, хариуцлага хүлээлгэх асуудлыг урьд сонгуулийн тухай хуулиар зохицуулж байсныг өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал зэрэг олон салбар байгууллага хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Гаалийн болон Татварын ерөнхий хууль зэрэг салбарын хууль тогтоомжоор зохицуулж ирсэн. Дэлхийн улс орнуудын эрх зүйн тогтолцооны үнэт зүйл, эрх зүйн соёл, зохицуулалтын аргыг судалж нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг төрийн хяналт шалгалтаас ялгаатай байдлаар зохицуулаагүйгээс салбарын онцлог нэрийн дор салбар бүрд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны өөр өөр стандарт, жишиг тогтоон хэрэгжүүлж байсныг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд өөрчилж, нэг стандарт, нэг ажиллагааны журамд оруулсан төрөлжсөн Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сард батлан гаргаж 2017 оны долдугаар сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Иймд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлүүдийг томьёолж Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцон эдгээр зөрчлийг шалган шийдвэрлэх нэгдмэл стандарт буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалгах, шийдвэрлэх журмыг тогтоосон нь ихээхэн ололттой ажил болсон гэж боддог.

-Зөрчлийн тухай хуульд туссан сонгуулийн хуулийг зөрчих үйлдэлд ямар зөрчлүүд хамаарах вэ, иргэд, нэр дэвшигч, улс төрийн нам эвсэл ямар асуудлыг анхаарах вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Сонгуулийн хуулийг зөрчих” зөрчилд нийт 36 төрлийн зөрчлийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, 36 төрөл гэдэг нь зөрчлийн хэлбэр, шинжийг ерөнхийд нь тусгасан тоо бөгөөд задалж үзвэл зөрчлийн тоо илүү олон гэдэг нь харагдана. Тухайлбал, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан уг хуульд заасан 22 төрлийн 38 зөрчлийг шалгах, үүнээс Эрүүгийн хэргийн шүүх шийтгэл оногдуулах зургаан төрлийн 13 зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар хуульчлагдсан.

Зөрчлийн тухай хуульд заасан зарим зөрчлийн талаар тодруулан хэлбэл сонгуулийн хорооноос мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан, өөрөөр мэдээлсэн, мэдэгдэл хийх, сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах журмыг зөрчих, ухуулах хуудсыг байршуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож гудамж талбай, орчныг бохирдуулах, сурталчилгаанд радио, телевиз ашиглах талаар хуулиар тогтоосон журам зөрчих, эрх бүхий байгууллагаас баталсан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам зөрчих,сонгогч санал авах байрнаас саналын хуудас авч гарах,аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардах, шаардаж авах, ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах, санал авах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлэх, нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараах зэрэг олон үйлдлүүд зөрчилд тооцогдоно. Иймд иргэд, нэр дэвшигчид, улс төрийн нам эвслээс сонгуулийн сурталчилгаа явуулахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг зайлшгүй судалж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах нь зүйтэй юм.

Мөн Зөрчлийн тухай хуульд заасан сонгуулийн хууль зөрчих зөрчилд оногдуулах шийтгэл бусад зөрчлөөс ялгамжтай хуульчлагдсан бөгөөд энэ нь сонгуулийг шударга, хуулийн хүрээнд явуулахад зохих нөлөө үзүүлэх, шийтгэлийн урьдчилан сэргийлэх нөлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн буюу зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх талаар тогтоосон Зөрчлийн тухай хуулийн зорилгыг хангахад чиглэсэн зохицуулалт гэж хэлж болно.

Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан. Уг зүйлд заасан таван мянган нэгж дэг бол таван сая төгрөг, тавин мянган нэгж гэдэг бол тавин сая төгрөг гэсэн дүнг илэрхийлж байгааг зөв ойлгох хэрэгтэй юм. Хуульд заасан хариуцлагын талаар буруу ойлголттой байснаас шалтгаалан зөрчилд холбогдох, улмаар шийтгэл хүлээх явдал гардаг тул холбогдох хууль тогтоомжийг судалж мэдсэн байх нь чухал байна.

-Сонгуулийн сурталчилгаа, санал авах үед гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хэрхэн хүлээн авах вэ, энэ талаар та тодорхой зохицуулалтыг хэлж өгнө үү?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5-14.9 дүгээр зүйлүүдэд хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүдийг хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэн амаар, эсхүл бичгээр гаргаж болно”, уг зүйлийн 2 дахь хэсэгт “Биечлэн, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гаргасан гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэж хүлээн авах ба түүнд тэмдэглэл үйлдсэн хүн гарын үсэг зурна” гэж хуульчлан тогтоосон. Түүнчлэн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаарх мэдээллийг бичгээр өгөх ба түүнд холбогдох баримт, материалыг хавсаргаж болно” гэж нарийвчлан зохицуулсан.

Дээр дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5-14.9 дүгээр зүйлүүдэд заасан хүний улстөрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тагнуулын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяалалтай байдаг.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид сонгуулийн сурталчилгаа болон санал авах үед гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэж, сонгуулийн хууль зөрчсөн зөрчлийг шалгах ажиллагаа явуулна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан байна”, мөн 4 дэх хэсэгт “Албан тушаалтан, хуулийн этгээд гомдол, мэдээллийг бичгээр гаргах бөгөөд түүнд холбогдох баримтыг хавсаргаж болно” гэж тус тус хуульчилсан.

-Цахим орчинд хүний нэр төрийг гутаан доромжлох, хууль бус сурталчилгаа явуулсантай холбоотой гомдол, мэдээллийг хэрхэн гаргах зохицуулалттай вэ?

-Хуурамч цахим хаяг, хуудас ашиглан хүний нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээлэл тараах зөрчил ихээр үйлдэгдэх болсон төдийгүй тухайн хохирсон хүн гомдол, мэдээлэл гаргахад чухам аль байгууллагад гомдлоо гаргах нь тодорхой биш байх тохиолдол байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх хуулиудад тодорхой зохицуулалтууд байдаг. Тухалбал Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно” гэж хуульчилсан.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж хуульчлан тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, цахим орчинд хүний нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээллийг тараасан зөрчлийн үйлдэгдсэн нутаг дэвсгэр тодорхойгүй бол хохирогч хүн, хуулийн этгээд нь уг зөрчлийн үр дагавар илэрсэн газрын харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргах боломжтой гэсэн үг юм. Түүнчлэн уг зүйлд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлүүдийг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудыг тодорхой заасан байгаа. Тиймээс иргэд, байгууллага, албан тушаалтнууд хуулийн уг зохицуулалтыг судлах нь зүйтэй гэж хэлэх байна.

Categories
мэдээ цаг-үе

Улсын гарьд Б.Гончигдамба: Халдвар хамгааллын дэглэмээ сахиад наадмаа зохион байгуулаасай

Тавдугаар сарын 22-ны өдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд түүх соёл, уламжлалын Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж, олон сар хорио цээрийн дэглэмд буй ард иргэдээ хүндэтгэж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн юм. Иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэлгүй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн, наадмаа цомхон зохион байгуулах нь зөв хэмээн шийдвэрлэсэн.

Наадмаар үзэгчид цуглахгүй бөх барилдаж, хурдан морь уралдаж, сур болон шагайн харвааны тэмцээн зохион байгуулагдах юм. Мөн наадмын нээлт, хүндэтгэлийн тоглолт ч болно.

Жил бүрийн өдийд л баярын уур амьсгал аль хэдийнэ орчихсон, наадмын тухай гэрэлт дурсамж амнаас ам дамжин хөвөрч байдаг үе. Бөхчүүдийнх нь эр бяр жагсаж, хүүхдийн гийнгоон дуу хөдөө цайдамд цуурайтаад наадам дөхсөн өдрүүд даанч сайхан. Энэ жилийн тухайд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад баярын уур амьсгал хараахан ороогүй байна.

Өнөө цагт ид сайн барилдаж буй хүчит бөхчүүдийн баяр наадмын талаарх байр суурийг хүргэе.


Улсын аварга Ч.Санжаадамба: Төрийн шийдвэрийг л хүндэтгэж үзнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд баяр наадмыг халдвар хамгааллын дэглэм сахиж зохион байгуулах нь зөв гэж үзжээ. Энэ тал та ямар байр суурьтай байна вэ?

-Хамгийн нэгдүгээрт төр засгийн шийдвэрийг хүндэтгэж үзнэ. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам зөв зохион байгуулалттай ажиллаж халдварыг дотооддоо алдсангүй. Нэгдүгээр сараас хойш заалны барилдаан зохион байгуулагдаагүй. Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний бөхчүүдийн тухайд төрийн шийдвэрийг хүндэтгэж зааланд цуглаж бэлтгэл сургуулилт хийсэнгүй. Бусад бөхчүүдийн ч бэлтгэл сургуулилт жигдрээгүй байгаа болов уу.

Өнгөрсөн сард спортын заал танхимыг нээх шийдвэр гаргасан. Монгол наадам ч болох нь шиг байна. Таны хувьд наадмын бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?

-Спорт заал фитнесс клубүүдийг нээсэн. Хүн сийрэг үед нь очиж хөлсөө гаргаад л явж байна. Гол нь аюулгүй байдлаа хангаад наадмаа хийвэл хаа хаанаа л хэрэгтэй байх. Үзэгчид ч хүлээж л байгаа байх.

Улсын гарьд Б.Гончигдамба: Халдвар хамгааллын дэглэмсахиад наадмаа зохион байгуулаасай

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах шийдвэр гаргажээ. Таны зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Наадам болох болохгүй талаар тодорхой мэдээлэл одоогоор надад алга. Хувьдаа бол халдвар хамгааллын дэглэм сахиад наадмаа зохион байгуулаасай гэж хүсч байна. Бөхчүүд ч наадам болоосой л гэсэн байр суурьтай байгаа. Тусгаар тогтнол түүхэн уламжлалаа бодсон ч олон жил тэмдэглэж ирсэн баяр наадмаа цомхон хийхэд болохгүй зүйл байхгүй болов уу. Гадны орнуудад спортын уралдаан тэмцээн явагдаад эхэлсэн байна лээ.

-“даян” дэвжээний бөхчүүд баяр наадмын бэлтгэл сургуулилтаа хэрхэн базааж байна вэ?

-Саяхнаас цөөхөн, цөөхнөөрөө барилдааны бэлтгэл хийгээд эхэлсэн. Цол амжилтаа ахиулах өсөх ирээдүйтэй залуус “Даян” дэвжээнд олон бий.

-Таны хувьд өнгөрсөн жилийн наадмаар их шөвөгт шалгарч цол ахих бүрэн бололцоотойгоо илтгэсэн. Өнөө жилийн тухайд бэлтгэл хийж амжив уу?

-Миний хувьд өнгөрсөн өвөл бэлтгэл хийж чадаагүй. Саяхнаас л зааланд ганц нэг бэлтгэл хийж эхлээд байна. Бөх хүний оргил үед цөөн наадам тохиодог. Энэ жилийн тухайд уламжлалаа хадгалж монгол наадам болдгоороо болно гэж найдаж байна.

-Сая зааланд үзэгчгүй барилдаан зохион байгуулаад орлогыг нь улсын онцгой комисс, эрүүл мэндийн яаманд хандивлаж байна лээ. үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Эхний удаад туршилт маягаар зохион байгуулсан. Амжилттай болсон гэж хувьдаа үзэж байна. Цаашдаа ийм барилдаан зохион байгуулаад орлогыг нь сайн үйлсийн аянд зарцуулаад явбал зөв гэж үзэж байна.

Улсын гарьд Ө.БатОрших: Наадамзөвхөн бөхчүүд, уяач, сур харваачдын баяр цэнгэл биш. Түүхийн хувьд өндөр ач холбогдолтой зүйл

-Иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэлүй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж баяр наадам зохион байгуулахаар болж байна. Энэ асуудал та ямар байр суурьтай байна вэ?

-Улсын онцгой комиссын шийдвэрийг л дагаж мөрдөнө. Үндэсний их баяр наадам бол зөвхөн бөх, уяач, сур харваадын л баяр цэнгэл биш. Улсаа тунхаглаж, тусгаар тогтнолоо олсны баяр. Түүхийн хувьд ч чухал ач холбогдолтой зүйл. Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж монгол наадам болоосой л гэж бодож байна.

-Увс нуурын хүчтэнүүд бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?

-Жил бүр зургадугаар сарын эхээр бөхчүүд гал галаараа надмын бэлтгэлдээ гардаг. Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж бөөнөөрөө бэлтгэл хийх боломж гарсангүй. Миний тухайд барилдааны бэлтгэлээ хувьдаа л базааж байна” гэв.

Мөн бид 2017 оны улсын наадмын түрүү бөх Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Ц.Содномдоржтой холбогдож тодруулга авсан юм.

Тэрбээр “Түүхэн өв соёлын дархлаа болсон Монгол наадмаа тасалдуулалгүй тэмдэглэх нь зөв. Энэ жилийн тухайд би амралтын байдалтай, гэрийн хорионд байлаа. Саяхнаас хувийн бэлтгэлээ базааж эхлээд байна. Урьд жилүүдийнхийг бодвол жаахан сул бэлтгэлтэй наадамдаа зодоглох нь шиг байна. Наадам зохион байгуулахыг хувьдаа дэмжиж байна. Бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөр шүү дээ. Наадмаа цомхон тэмдэглэх нь зөв” гэсэн юм.

Мөн Дархан-Уул аймгийн харьяат аймгийн арслан С.Ерөөлт “Наадам зохион байгуулахыг дэмжиж байна. Нарантуул захаар өдөрт хэдэн зуун хүн орж гарч байна шүү дээ” гэв. Бөхчүүдийн тухайд Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн байр суурьтай байна. Өнөө жилийн баяр наадмаар олон мянгуулаа цуглахгүй, цомхон зохион байгуулахыг дэмжсэн байр суурийг илэрхийлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Дөрвөн хүүхдийн аминд хүрсэн“Хан Талст”-ын эздэд хатуу хариуцлага тооцъё

Дөрвөн хүүхэд энд эндсэн

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан Талст” ХХК-ийн эзэмшлийн газарт байрлах усны толионд 11-15 насны дөрвөн хүүхэд живж амь насаа алдсан хэрэг энэ сарын 27-нд гарсан.

Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Амь насаа алдсан дөрвөн хүүхэд 11-15 насны хүүхдүүд байсан нь тогтоогдсон. Хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан. “Хан Талст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн тус газарт хүүхдүүд тоглож байхдаа живж амь насаа алдсан. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэлт нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед нь ах нь дүүгээ аврах гэж араас нь орж амь насаа алдсан байна” гэв.

Дээрх хүүхдүүд Дэнжийн 1000-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү тоглохоор очоод гэртээ харьсангүй.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар мэдээлэл хийсэн юм.

Тухайн газрыг “Хан Талст” ХХК 2014 оноос хойш эзэмшиж тохижилтын ажил хийж байжээ. Тус компанийн үйл ажиллагаанд шалгалт оруулж хоёр долоо хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай танилцан барилгын үйл ажиллагааг нь зогсоогоод байсан гэх мэдээллийг нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал өгөв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу “Хан Талст” компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан Талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч үүнийг үл ойшоосон. Бид “Хан Талст” компанид зохих ёсныхоо дагуу хяналт шалгалтыг хийж ажил цаашид үргэлжилнэ” гэв.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сэтгүүлчдэд тайлбар өгсөн юм.

-Энэ сарын 17-нд Хан талст” ххК-ийн эзэмшлийн газарт байрлах тогтоол усанд 11-15 насны дөрвөн хүүхэд живж амь насаа алдсан хэрэг гарлаа. Тухайн газарт та хамгийн сүүлд хэзээ очиж танилцсан бэ. Нөхцөл байдал ямар байсан бэ?

-Харамсалтай үйл явдал болж дөрвөн хүүхэд эндсэн. Ар гэрт нь эмгэнэл илэрхийлж байна. Ажил үүргийн хариуцлагатай холбоотой асуудлууд энд яригдана. Өмнө нь иргэдэд, тэр дундаа хүүхдэд эрсдэлтэй орчин байгаа талаар анхааруулж байсан. Хэзээ ч хэний өмнө аюул эрсдэл ирэхэд ойрхон байгаа учраас хүн бүр, бүх албан тушаалтнууд, аж ахуйн бүх нэгжүүд дор бүрнээ сэрэмжтэй байхыг сануулж л байсан.

Би Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү өнгөрсөн оны тавдугаар сард очиж байсан юм. ҮЦХ-тэй хамтраад наран шарлагын газар байгуулж байгаа тухай мэдэгдэж байсан. Иргэд амралтаа ая тухтай өнгөрүүлэх орчин бүрдүүлж зөв зүйтэй зүйл хийж байна гэж ажигласан. Байгуулсан гэрээг нягталж, аюулгүй байдлын талаар сайтар зөвлөөд өнгөрсөн. Харин сүүлд хоёр долоо хоногийн өмнө очиход хотоос тавьсан дугуйн зам эвдчихсэн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа эхлүүлээд явуулж байгаа юм. Тухайн үед нь ажлын хэсэг байгуулаад үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан. Энэ үед л дээрх харамсалтай явдал боллоо. Байгуулсан гэрээний асуудлаас авахулаад олон асуудал яригдана. Хариуцлага алдсан компанид хуулийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж хариуцлага тооцох байх” гэсэн юм.

“хан талст” ххК-ийг гавьяат барилгачин Ш.Бат-Энхийн гэр бүл эзэмшдэг

Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэл мэдээллийн санд “Хан Талст” ХХК Монгол Улсын гавьяат барилгачин Шагдарсүрэнгийн Бат-Энхийн бүртгэл дээр байдаг. Ш.Бат-Энхийн эхнэр нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан Ишбадамын Нарантуяа юм. И.Нарантуяа нь 2012-2015 оны хооронд Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллах хугацаандаа АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Хан Талст” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг тухайгаа мэдүүлж байжээ.

Э.Бат-Үүл нийслэл хотын дарга байхдаа 2014 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 01/2129 дугаартай албан бичгээр Төрийн өмчит байгууллага болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9.9 га газар олгож байжээ. Дээрх газраас 3.3 га-г нь тухайн үеийн Үндэсний цэцэрлэгт хүлээлэнгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Хан Талст”компанид ашиглуулахаар гэрээ байгуулж байжээ.

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан тус гаЗрын үйл ажиллагаатай танилцаж дэмжихээ илэрхийлж байжээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн оны тавдугаар сарын 12-нд “Хан Талст” компани руу очихдоо “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүс байгуулж буйтай танилцаж байсан юм.

Тухайн үед бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай явж байжээ. Энэ үеэр “Хан талст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энх “Бидний санаачилсан төслийг дэмжсэн хотын удирдлагууддаа баярлалаа. Бүтээн байгуулалт өрнөж буй эл газар урьд нь тэр чигтээ барилгын хогийн цэг байсан. Зөвхөн хур хогоосоо салах гэж бид нэг жил гаруйн хугацааг зарцуулсан.

“Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүсэд олон улсын стандартын шаардлага хангасан бүхий л үйлчилгээг багтаахаар төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, задгай театр, дугуйн зам, хиймэл нуур, ногоон байгууламж, жуулчдын байр, жилийн дөрвөн улирал мөнх ногооноороо байх халуун орны модлог ургамлыг ургуулсан шилэн байр гээд бүгд бий. Одоогоор бид энэ төсөлдөө гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна” гэж мэдэгдэж байсан аж.

Аж ахуйн нэгж, албан тушаалтнуудын ажилдаа хариуцлагагүй, ханддаг хайнга байдал дөрвөн хүүхдийн алтан амийг авлаа. Үүний хариуцлагыг байгууллагууд бие бие рүүгээ чихээд өнгөрдөг өмнөх жишиг энэ удаад ч давтагдахгүй гэх баталгаа алга. Өдөрт л хэдэн зуун хүүхэд холхидог Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хажууханд барилгын ажил зөвшөөрөлгүй явуулж дөрвөн хүүхдийн амийг алдахад хүргэсэн “Хан Талст” ХХК-тай хатуу хариуцлага тооцъё.


Categories
мэдээ цаг-үе

С.Ононбаяр: Үүрч явсан тогоо аминд орж дутуу ичсэн баавгайн савраас мултарсан

Хэнтий аймгийн Биндэр сумын иргэн С.Ононбаяртай ярилцлаа. Баавгайд бариулаад амьд үлдсэн гэх айдас төрүүлсэн адал явдлынх нь талаар түүнтэй хуучилсан юм.


-Уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Сэлэнгийн Ононбаяр гэдэг. Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. Миний аав ээж Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошуу, одоогийн Биндэр, Баян-Адарга сумын хүмүүс. Хүн бүр л төрсөн нутаг, өссөн газраа сэтгэлдээ тээж явдаг байх. Миний нутаг үнэхээр сайхан хангай. Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж, Монгол гэх нэрийг дэлхийд тамгалсан их хүмүүний унасан газарт төрж, өссөндөө бахархаж явдаг юм.

-Хүүхэд нас тань Биндэр суманд өнгөрсөн үү?

-Биндэр сумын Шаазгайн гол, Онон, Хэрлэн голын ойр орчимд л тоглож өссөн. Аавыгаа дагаад загас жараахай эргүүлж Онон голын хөвөөгөөр алхаж явсан минь сэтгэлд тод бичигдэж үлджээ. Түлээ мод, хадлан бордоо бэлтгэх, самар жимсэнд явахаас өгсүүлээд их ажил хийдэг байсан шүү. Бага байхаасаа л амьдралын амтыг мэдэрч өссөн.

-Нутгийн улсууд таныг баавгайтай улаан нүүрээрээ тулж, амьд үлдсэн гэдэг юм билээ. Болсон үйл явдлын талаар хуучлахгүй юу?

-1999 оны хавар арван жилийн сургуулиа төгсөн юм. Айлын том хүү Их сургуульд элсэж боловсрол эзэмшихээр хот орж ирсэн. 2001 онд самар үнэд орсон. Тухайн үед килограмм самар л 2000 төгрөгийн ханштай байсан.

Ингээд сургалтын төлбөрөө олохоор дүү нараа дагуулаад Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самарт явсан юм. Хүн бүхэн л самарт явдаг байсан даа, тухайн үед. Самар түүхээр тайгад очиход Нарантуул зах дээр байгаа юм шиг л олон хүн бужигнаж байсан. Ингээд нутгийнхнаа олоод оторлосон. Хүн их байсан учраас самар ч ховордож байгаа юм. Ингээд ойр зуурын ууж идэх хүнсээ цүнхлээд 10 хэдэн залуу оторлосон газраасаа цаашаа явсан. Өглөө үүр цайх алдад гарсан бид үдийн 12:00 цагийн алдад Оросын хил рүү дөхөж очлоо. Өвдгөөр татсан цастайд уул өөд мацаж алхсан бид ч их ядарсан.

Ингээд түр амарч түүдэг асаагаад гамбир хайрч идээд, цай чанаж уугаад цааш хөдөлсөн юм. Намайг түүдэгээ унтраагаад, тогоогоо гүйцэд хөргөж үүрээд араас нь хөдлөхөд манай хэд уул өгсөөд нэлээн хол явчихсан байсан.

Тэр газрын зам нь их хэцүү завсар зайгүй унасан модон дээгүүр дамжаад л явна. Нэг харвал урдхан талд явсан ах маань доошоо уначихсан. Гайхаад очоод хартал цасан дээр эсгий гутлынх шиг том том мөр гарсан байсан. Өнөө ах маань “баавгай” гэж чанга хашхираад л унасан модон доогуур шургаад орчихсон. Би ч сандарсандаа халтирч хөл алдаад уначихсан. Босох гэтэл өмнө маань үүдэн хоймрын зайд л том баавгай архирч байх юм. Би шоконд ороод хамаг бие хөшчихсөн. Хүүе гэхийн завдалгүй хормын зуурт л хүрч ирээд миний дээрээс дараад унаж байгаа юм.

Тухайн үед миний аз таарч түрүүлгээ харж унасан. Араас л савардаад байх шиг мэдрэмж төрж байсан. Өнөөх цай чанасан тогоог маань савардаад лааз шиг л болгочихсон байж билээ. Сая нэг сэрэхэд өнөөх баавгай зузаан ноосон малгайг маань бариад сэгсэрч байгаа нь харагдсан. Намайг ч нэг гараараа бариад л сэгсэрсэн. Ингээд л ухаан алдчихсан даа.

-Хөвчийн хүрний савраас яаж мултарсан түүх сонин байна?

-Хамт явж байгаад унасан модон доогуур шургасан ах маань зугтаад урд яваа хэдэд болсон үйл явдлын тухай хэл дуулгасан юм билээ. Өнөө хэд буцаж ирээд хашхиралдахад баавгай яах ийхийн зуургүй л уулын уруу хэд өнхрөөд алга болсон гэсэн. Хамт явсан хүмүүс маань “Чамайг тэр баавгай тэврээд л дараад авсан.

Сэгсэрч тавиад л үнэхээр аймшигтай” гэж хэлж байна лээ. Манай хэд киноноос хардаг үйл явдлыг л дэргэдээс нь бодитоор харсан гэж байсан. Энэ маань өвөл нэгдүгэр сарын сүүлээр болсон үйл явдал шүү дээ. Дутуу ичсэн баавгайтай тааралдсан юм билээ.

-Таны хувь биедээ ямар гэмтэл авсан бэ. Уулын мухарт анхны тусламж хэрхэн үзүүлж байв?

-Баруун гаранд авсан баавгайн соёоны сорви одоо болтол байдаг юм. Тухайн үе д цус алдаад тогтохгүй болохоор нь манай хэд хөвөн шатаагаад дарчихсан. Ууцан дээр нэг сорви бий. Баавгайн соёоных юм уу, саварных юм уу сайн мэдэхгүй. Цочролд ороод хурдхан алхаж ч чадахгүй байсан шүү. Эхний тааралдсан отог руу ороод цай уухад гар салгалаад барьж чадахгүй байж билээ.

-Өөдөөс тань том баавгай архираад босоод ирэхэд юу бодогдож байв?

-Цочролд ороод хөдөлж чадахаа больчихсон. Дээрээс дараад баруун мөрийг маань савардаад ч байх шиг. Ухаан ороход ээжийн маань цайгаа самарч байгаа дүр зураг нүдэнд харагдсаныг мартдаггүй юм. Өглөө цайны дээжээ “Хүү минь сайн яваад ирнэ” гэж сүслээд өргөсөн байсан юм билээ. Эх үр амин холбоотой байдаг гэдгийг тухайн үед ухаарсан. Отог дээрээ ирээд тохиолдсон явдлын талаар хэлэхэд тэврээд уйлчихсан. “Хүү минь одоо больё доо. Явъя” гэсэн дээ. Цуг явсан нутгийн улс баавгайтай барилдаад амьд үлдлээ гээд их л баяр хөөр болсон юмдаг. Надад чинь шуудай шуудай самар өгөөд л сургалтын төлбөрөө олоод уулнаас буусан. Дахиж очоогүй.

-Таны хувьд том цочролд орсон байх. Танд тохиолдсон аймшигт явдал зүүдэнд тань орж байв уу?

-Гүн шоконд орсон шүү. Өнөөх том баавгайн архираад босч байгаа нь харагдаад гурван өдөр унтаж чадаагүй. Ээж минь тэвэрч байж л тайвширч унтдаг байлаа.

-Ер нь баавгайд бариулаад амьд үлдсэн тохиолдол байдаг болов уу. Та сонсож байсан уу?

-Над шиг баавгайтай халз тулж, бариулаад амьд үлдсэн хүн байдаг л байх. Гэхдээ маш азтай тохиолдол гэж боддог юм. Амьд үлдсэндээ их баярладаг юм. Хүүгээ ирнэ гэж хүлээсэн эхийн сэтгэл, нутгийн минь уул, ус, аав ээжийн минь буян заяа түшиж, бурхан харсан гэж л сэтгэлдээ бодож, зөв мөртэй зөв явахыг зорьдог. Болсон явдын дараа нутгийн анчин өвгөд байцаагаад салахгүй байж билээ. Ахмадууд “Баавгайд бариулаад амьд үлдсэн тохилдол ховор байдаг юм шүү. Чи дэндүү азтай байна” гэж хэлж байсан. Цай чанасан тогоогоо ардаа үүрч явсан минь миний аминд орсон. Баавгай үүрч явсан тогоо руу л савардаад байсан гэнэ лээ. Баавгайд сэгсрүүлээд алгадуулахад амьд үлддэггүй гэж хэлж байсан. Тэнд оторлосон улс баавгайтай тулсан газар луу очиход тэр хавиас хандгай барьж идээд явсан байсныг хэлж байна лээ. Дутуу ичсэн баавгайнаас сэрэмжлэхгүй бол аюултай юм билээ.

Тэрбээр тохиолдсон аймшигт явдлынхаа талаар ийн өгүүлсэн юм. Дутуу ичсэн баавгайнд даруулаад хэвтэж байсан С.Ононбаяр өнөөдөр Нутгийн зөвлөлийн дэд даргаар ажиллаж байна.