Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбаяр: Хулгайн 57 удаагийн үйлдэлтэй бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Ганбаяртай ярилцлаа.


-Халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Оны эхний долоон сарын байдлаар нийслэл хотын хэмжээнд халаасны хулгайн гэмт, хэрэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 1714 бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулахад гэмт хэргийн шинжтэй 1040, зөрчлийн шинтэй 674 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байгаа. Гомдол мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад 402 гомдол мэдээлэл буюу 19 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

-Хичээлийн шинэ жил хаяанд иржээ. Энэ үеэр хулгайн гэмт хэрэг идэвхжиж ирдэг. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Хичээлийн шинэ жил дөхөхөд хөдөлгөөн эрс нэмэгэддэг. Манайхаас халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн алба хаагчидтай хамтарч хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Мөн дүүргүүдийн нутаг дэвсгэрүүдэд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг нөхөн илрүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байна. Эзэн холбогдогч нь тогтоогдсон хэргүүдийг хуулийн хүрээнд түргэн шалгаж шийдвэрлэх талаар анхаарч ажиллаж байна.

Энэ үеэр оюутнууд сургалтын төлбөрөө бэлнээр хийх тохиолдол байдаг. Хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд халаасны хулгайн талаар мэдээлэл тааруу байдгийг хулгайчид олзолдог. Мөн дунд сургуулийн хүүхдүүд хулгайд эд зүйлсээ алдсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн. Хичээлийн ээлж солигдох бужигнаантай үеэр хүүхдүүдийн утас хулгайлдаг асуудал түгээмэл байна. Бид дунд сургуулиудын ойр орчимд эргүүл шалгалт зохион байгуулах ажлыг үе шаттайгаар төлөвлөөд явж байна.

-Халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг нийтийн тээврийг камержуулсан. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд камержуулалт хангалттай байна уу?

-Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн компаниудтай хамтарч камержуулах ажлыг “Улаанбаатар смарт карт” компани өөрийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Одоо хүний бөөгнөрлийг дагаад гудамж талбай олон нийтийн газар, зах худалдааны төвүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихэснэ. Иргэд камертай гэдэгт найдаж сонор сэрэмжээ алдахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Бөөгнөрөл ихсэх тусам энэ төрлийн гэмт хэрэг гарах магадлал ихэсдэг.

-Иргэд гол төлөв юугаа хулгайд алдаж байна вэ. Их хэмжээний бэлэн мөнгө халааснаасаа алдсан тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх тал дээр учир дутагдалтай байна гэх иргэдлийн гомдол гарч байгаа харагддаг…

-Хохирол нөхөн төлүүлэлт урьд онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт гарсан. Гарч байгаа халаасны хулгайн гэмт хэргийн 80-90 хувьд гар утас алдагддаг. Одоо цагт их хэмжээний бэлэн мөнгө цүнхлээд явдаг хүн ховор болсон. Бүх зүйлс цахимжиж иргэд интернэт банк, мобайл банкаар гүйлгээ хийдэг болсон шүү дээ. Халаасны хулгайчид өндөр настнуудыг онилдог болсон. Тэтгэврийн мөнгөө авч яваад суйлуулсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн. Ер нь тэтгэвэр буудаг өдөр халаасны хулгайчид банкны ойр хавиар өндөр настнуудыг хохироох тохиолдол бий. Мөн оюутан сурагчид нийтийн тээврээр зорчихдоо нөүтбүүкээ хулгайд алдсан хэрэг хэд хэд гарсан.

-Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй иргэд хэд байдаг вэ. Тэдний үйлдэлд цагдаагийн байгууллагаас хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагын цахим санд 2017 оноос хойш хулгайн гэмт хэрэг үйлдэж бүртгэлд орсон 507 этгээд бий. Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн гэмт хэрэг илрүүлэх үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор цахим санг байгуулсан. Нийслэлийн зарим хөл хөдөлгөөнтэй газруудад царай таних камеруудыг туршилтын журмаар байршуулж өгсөн. Сэжигтэй этгээд камерт орж ирэхэд тухайн байгууллагын хамгаалалтын албанд мэдээлэл ирнэ. Цагдаагийн байгууллага тухайн байгууллагын аюулгүй байдлын албатай хамтарч ажилладаг. Царай таних камер ашиглаж улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан хэд хэдэн этгээдийг олж тогтоосон.

-Царай таних камерыг хаана ямар газруудад байршуулаад байна вэ?

-Хулгайн хэрэг ихээр үйлдэгддэг зах худалдааны төвүүдэд байршуулах албан мэдэгдэл хүргүүлээд хамтарч ажиллаж байна. Эхний ээлжинд Хархорин худалдааны төвд туршитын журмаар байршуулсан нь үр дүнгээ өгсөн. Цаашид “E Mart” сүлжээ худалдааны төвүүдэд царай таних камер байршуулахаар холбогдох мэргэжилтнүүдтэй ярилцаж байна. Ингэснээр хулгайч нар алхах гишгэх газаргүй болж байгаа юм. Тав алхахгүй баригдана гэсэн үг. Цаашид томоохон зах худалдааны төвүүдэд байршуулахаар холбогдох хүмүүстэй ярилцаж, камержуулах ажлыг тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Хөл хөдөлгөөн их байдаг аж ахуйн нэгжүүд камержуулах тал дээр та бүхнийг хэр дэмжиж ажиллаж байна вэ. Үйлчлүүлэгчид рүүгээ чиглэсэн бус зөвхөн өөрсдийн эрх ашгийг илүүд үзсэн байр суурьтай байгаа анзаарагддаг шүү дээ?

-Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд өөсдийнхөө аюулгүй байдлыг хангах чиглэлээр камер суурилуулдаг. Тус газраас иргэдийг ая тухтай үйлчлүүлэх тал дээр анхаарч чанар стандартын шаардлага хангасан камерыг суурилуулахаар мэдэгдлүүдийг өгч хамтарч ажиллаж байгаа.

-Эд зүйлсээ хулгайд алдсан иргэд өөрсдөө камер шүүх эрх зүйн үндэслэл байдаг уу. Аж ахуйн нэгжүүд камер шүүлгэхээс татгалздаг юм билээ?

-Эд зүйлсээ хулгайд алдсан тохиолдолд мөрдөн шалгаж буй эрх бүхий албан тушаалтан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд камерыг шүүж шалгалтын ажиллагаа явуулдаг. Иргэд өөрсдөө шүүнэ гэвэл ямар нэг санаа зорилгоор, хувийн ашиг сонирхлоор камер үзэх гээд байж болно шүү дээ. Үүний цаана олон хүний эрх ашиг хөндөгдөж болох учраас хязгаарлалттай байх нь зөв.

-Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг дөрвөн холбогдогчтой бүлэг этгээдүүдийг илрүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээр явж зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн байранд орогнож байхад нь баривчилсан. Уг этгээдүүд 57 удаагийн үйлдлээр иргэдэд 88.1 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Мөн уг этгээдүүдтэй ижил төстэй аргаар үйлдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эзэнгүй хэргүүд дээр холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байна. Хулгайч нарын арга улам л нарийсч байна. Хулгайч нар хуучин гудамжинд явж байгаад л хулгай хийдэг байсан бол тээврийн хэрэгсэл ашиглаж хөл хөдөлгөөнтэй газар луу дөхөж зогсоод л хулгай хийчихээд яваад өгдөг болсон.

Хаана хэний анхаарал сарниж байна, хэн бэлэн мөнгөтэй байна гэдгийг судалж байгаад хулгай хийдэг. Удахгүй ханиад томууны улирал эхэлнэ. Энэ үеэр иргэд олноор улсын томоохон эмнэлгүүдээр үйлчлүүлдэг. Хулгайч нарын анхаарал эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүс рүү чиглэж эд зүйлсийг нь хулгайлдаг. Иргэд энэ үеэр эмнэлгээр үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя.


Categories
мэдээ цаг-үе

Улсын начин Н.Мустафа: Нуугаад яах вэ. Наадмын өмнө начин цол өгчих юм биш биз гэж дотроо горьдож л суусан

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат Зэвсэгт хүчний 013 дугаар анги, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх улсын начин Н.Мустафатай ярилцлаа.


-Их ойн босгон дээр улсын начин цол хүртлээ. Санасандаа хүртэл наадаж чадав уу та?

-Зодог, шуудаг өмсөж, хөлсөө дуслуулж хөдөлмөрлөж буй хэн бүхэн л улсын цол хүртэхийг зорьдог байх. Энэ их ойн босгон дээр улсын начин цол хүртлээ. Сайхан байна. Аав, ээж минь их баярласан. Жил бүр л намайг дэмжихээр цэнгэлдэх хүрээлэн ордог юм. Энэ жил цар тахлын улмаас хөдөө талд үзэгчгүй наадам зохион байгуулагдсан болохоор, зурагтаараа миний барилдааныг харсан байна лээ. Начин болоод гэртээ ирэхэд их сайхан тосч авсан.

-Сая цол нэмсэн нэгэн бөх “Өглөө сэрэхэд ч, орой унтахад сэтгэл дүүрэн сайхан байх юм” гэж хэлсэн байна лээ. Дэлтэй болгон уралдсан ч айраг амсдаггүй, дээлтэй бүхэн зодоглосон ч начин болдоггүй наадам гэдэг шүү дээ. Улсын начин цолоор дуудуулах танд ямар мэдрэмж төрж байх юм?

-Сайхан байлгүй яахав дээ. Гэхдээ тэгж өглөө үдэшгүй бодогдоод догдлоод байгаа зүйл алга. Цаашдын амжилтандаа зорьж бэлтгэлдээ орохоор төлөвлөөд явж байна. Энэ спортод бүх зүйлээ зориулж байгаагийнх хол явж том цолд хүрнэ гэж зорьж бэлтгэл сургуулилтаа базаадаг юм. Ямартаа ч эхний алхмаа амжилттай хийж улсын цолтны гэр бүлд багтлаа. Өөрийгөө бүрэн дайчлаад зүтгэнэ дээ.

-2019 оны наадмаар улсын начин цолны даваанд тулж ирсэн ч түрүү бөхөд өвдөг шороодсон. Улсын цолны босгонд тулч ирээд бүдрээд буцахад амар байгаагүй болов уу?

-2019 онд бэлтгэлжилт үнэхээр сайн байсан шүү. Заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байгаад улсын наадамдаа барилдсан. Улсын цол хүртэнэ гэж их ч хичээж тэмүүлсэн, болоогүй. Гэлээ гээд шантраагүй ээ. Наадмын дараахан бэлтгэлдээ орсон. Үр дүн сая гарч улсын цол хүртлээ гэж бодож байна.

-Энэ жил бэлтгэл сайхан таарсан байгаа харагдсан. Наадмын дэвжээнд сандарч тэвдэлгүй барилдаж байна лээ. Хаана бэлтгэлээ базаав?

-Өнгөрсөн өвөл заал танхимын барилдаан зохион байгуулагдаагүй. Хувийн бэлтгэлээ гэртээ л базаасан. Энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлэх тал дээр их анхаарлаа. Улсын наадам зохион байгуулах шийдвэр гарахад Өлгийн хүчтэн дэвжээний хамт олонтойгоо бэлтгэлдээ гарсан. Дасгалжуулагч нартайгаа зөвлөөд системийнх нь дагуу бэлтгэлээ базаасан.

-Нэгэн цагт Баян-Өлгийгөөс сайн барилдаж байсан улсын харцага О.Бахыт “Манай нутгаас улсын цолтон төрвөл онгоц бэлэглэсэн ч яадаг юм” гэж хэлж байсан шүү дээ. Та сонссон л байх?

-О.Бахыт харцага ч ард түмнийг басаж хэлээгүй болов уу. Тухайн үед барилдаж байсан бөхчүүдийнхээ байр байдлыг анзаараад “Ойрын хугацаанд улсын цолтон төрөхөөргүй байна гэж хэлсэн юм билээ. Хэрвээ төрвөл яах вэ гэж асуухад нь “Онгоц өгсөн ч яадаг юм” гэж хариулсан гэдэг. Олон жил сайн барилдсан харцага дүү нараа илүү хурцлах үүднээс хэлсэн болов уу гэж боддог юм. Өнөөдөр Өлгийн хүчтэн дэвжээний бөхчүүд сайн барилдаж байна.

-Хоёулаа өнгөрсөн наадмын талаар ярилцъя. Оноолтын даваанд улсын харцага Н.Золбоотой оноолт таарч хүч үзсэн шүү дээ. Барилдаанаа хэрхэн төлөвлөж гарсан бэ?

-Н.Золбоо харцага чөлөөт бөхийн сайн тамирчин. Өндөр темптэй ажиллаж хүнийг цуцааж давдаг онцлогтой бөх. Миний хувьд лав барьцанд хүрч барилдахаар төлөвлөж байсан. Барилдаан ч тооцоолсноор болж золгооноос хөмрөөд даваа авсан. Чухал даваанд хүнд барилдаан хийсэн шүү.

-Улсын цолны даваанд уран барилдаант улсын өсөх идэр начин Э.Энхбат таныг амласан. Бас л амаргүй өрсөлдөгч шүү дээ. Барилдахаар гарахад багш нар тань юу зөвлөж байв?

-Миний хувьд тайван өөртөө итгэлтэй л барилдахыг бодож дэвжээнд гарсан. Барилдаан удааширч барьц сонгож шоо шидэхэд миний талаар буусан. Гэхдээ Энхбат ах унаж яваад мэх хийдэг элдэвтэй бөх учраас нэг баярлаж, дэвхцээгүй ээ. Гарцаагүй давах л барилдааны хувилбар сонгож туг тойрсон. Начин болчихоод буцахад дотор уужраад толгойд юм юм бодогдоод мөн ч сайхан байдаг билээ. Цаашаа даваа байгааг бодож гар хуруугаа гозолзуулж гүйгээгүй.

-Харцага цолны даваанд улсын заан Б.Пүрэвсайхан таныг амласан шүү дээ. Зааны хөл шүүрдэг дархан мэхийг та тооцоолж л байсан байх. Аргалж болсонгүй юу?

-Заан миний хөлийг шүүрч авна гэдгийг маш сайн мэдэж байсан. Би хувьдаа шуудагнаас л барилдана гэж л төлөвлөж байлаа. Барилдаан санаснаар болоогүй ээ. Миний гарыг татаад л хөл шүүрчихсэн. Хүний дархан мэхийг хориход бэрх юм билээ. Төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадалгүй унаад их харамссан. Элэг бүсээ тайлаад эргээд алхаж байхдаа “Ямар амархан уначихав даа” гэсэн бодол толгойд эргэлдэж дотор харанхуйлж байсан.

-Өнгөрсөн наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд допингийн асуудалд холбогдсон. Наадмын өмнөхөн аваргад өвдөг шороодсон бөхчүүдэд цол чимгийг нөхөж олгох тухай асуудал яригдаж байсан. Үүнийг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Нуугаад яах вэ. Шүүхийн анхан шатны шийдвэр гарахад хүн болгон утастаж баяр хүргээд л нээрээ ч улсын цол авчихаж байгаа юм болов уу гэж дотроо горьдож л суусан. Сүүлдээ давж заалдахад л цол хүртчих юм биш биз гэсэн горьдлогоо мартаж бэлтгэлдээ л гол анхаарлаа хандуулсан. Холбогдох байгууллагууд нь шийдвэрлэх байлгүй дээ. Би өнөөдөр ийм тийм гэж юм яриад яахав.

-Наадмын дараа холбогдоход нутагтаа байна гэж хэлж байсан. Нутгийн зон олон шинэ начингаа хэрхэн хүлээж авав?

-Төрсөн нутгийн зон олон минь сайхан хүлээж авсан шүү. Наадмын дараа нутагтаа очиж тааваараа амарч байгаад ирсэн. Миний хувьд Дэлүүн сумаас төрсөн анхны улсын цолтон болж байгаа юм. Нутгийн олон улсын цол хүртэхийг хараад их баярласан байна лээ. Удахгүй цолны мялаалга наадмаа хийнэ.

-Та ингэхэд бөхийн замд хэрхэн орж байв?

-Өвөө минь амьд сэрүүн ахуйдаа “Миний ач мундаг бөх болно шүү” гэж захиж байсан юм билээ. Миний аав хүндийг өргөлтийн тамирчин хүн л дээ. Ухаан орсон цагаас хойш л аав минь “Миний хүү бөх болно” гэж цаг тутам хэлдэг байсан юм. Би ч дүрдээ итгээд нээрээ ч бөх болчих юм болов уу гэж санана. Хүүхдийг урамшуулаад дэмжээд байхад хичээдэг юм билээ. Миний хүүхэд нас Өлгий хотод өнгөрсөн. Тухайн үед зурагт үзэж, компьютер тоглохгүй. Өглөө гараад бөмбөг хөөнө. Зарим тохиолдолд голд сэлнэ. Үргэлж хөдөлж байсан болохоор бие хөгжиж байсан юм болов уу гэж ойлгодог юм. Бөх болоход л бэлтгэгдэж байж л дээ, одоо бодоход.

-Та бөхийн удамтай юу?

-Манай өвөөгийн үеэл ах нь аймгийн хурц арслан цолтой бөх байсан юм билээ. Аймагтаа зургаан удаа түрүүлсэн байдаг. Тухайн үед баруун аймгаас нийслэл рүү ирж барилдах боломж хомс байсан юм билээ. Одоогийнх шиг зам харилцаа хөгжөөгүй байсан үе шүү дээ.

-Та анх жүдо бөхийн бэлтгэл хийж байсан гэсэн шүү дээ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Анх жүдогийн бэлтгэл хийдэг байсан. Үндэсний бөхөөр өсвөр үеийн насны ангилалд барилддаг. Сая надтай хамт улсын начин цол хүртсэн Ш.Пүрэвгарьд, Д.Хүдэрбулга, Х.Цогтгэрэл, Ц.Мөнхбаяр бид хэд нэг насанд өрсөлддөг байлаа. Хүдэрбулга биднийгээ бодвол арай илүү байсан. Нэг үеийн хүчтэнүүд хамтдаа цол хүртэхэд сайхан л байдаг юм байна.

-Өнөө цагийн шилдгүүд сумын заануудын барилдаанаас амжилтын гараагаа эхэлж байсан шүү дээ. Таны хувьд ямар амжилттай барилдаж байв?

-Би сумын заануудын барилдаанд анх удаа зодоглосон юм. Бас ч гэж сум орон нутгийнхаа аймаг цэргийн цолтнуудыг тонгойлгодог, бөх болох дүр суучихсан үе шүү дээ. Өргөөнд гартал Архангайн У.Батгэрэл ахтай оноолт таардаг юм. Ойгүй их бяртай айхавтар хурц барилддаг хүн байж билээ. Миний хаа гуяыг ханз татчих шахаад л унагаж байлаа. Ийм их бяртай хүн байдаг аа гэж гайхаад өнгөрсөн. Надтай ижил цолтой ч ур чадвар арал бяраар хол тасархай байсан даа. Уначихаад би ер нь амжилт гаргах юм болов уу даа гэж дотор хүнтэйгээ ярилцаж билээ. Сүүлд Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтнуудын барилдаанд түрүүлчихээд их баярлаж, сая нэг дажгүй бөх боллоо гэж өөрийгөө тоож билээ. Нутгийн зон олон минь ч ямар их итгэл найдвар хүлээлгэж байсныг илүү ухамсарласан.

-Та нэг үе дархан аварга А.Сүхбатын удирдлагад бэлтгэл базааж байсан шүү дээ. Тэр их бөхөөс ямар эрдэм сурсан бэ?

-Дархан аварга А.Сүхбат уран дайчин эрэмгий барилддаг хүн. Миний хувьд лав барьцанд хүрч барилддаг. Аваргын уран хурц мэхийг хийхэд хэцүү. Тэр хүн миний бодолд их зүйл хийсэн шүү. Бөх хүн ямар сэтгэл зүйтэй барилдах, шийдвэрлэх даваанд хэрхэн барилдахыг багцлаад хэлчихдэг хүн байна лээ.

-Энэ жил бид шинэ аваргатай боллоо. П.Бүрэнтөгс аваргатай таарч барилдаж л байсан байх?

-Бүрэнтөгс аварга намайг бөхийн замд орж байхад л аймгийн арслан цол хүртэж байсан. Тэр дундаа Баян-Өлгий аймагт түрүүлж байсан юм. Манай нутгийнхан ч аваргыг дэмждэг. Бүрэнтөгс ч итгэлийг нь алдалгүй сайн барилдаж өндөр цолд хүрлээ.

-Шинэ начин гэр бүл зохиож амжсан уу?

-Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Миний эхнэр “Бэлтгэлээ л сайн хий. Ар амьдралдаа санаа зоволтгүй гэж захидаг юм. Бэлтгэлийн хажуугаар амьдрал зохиогоод ирэхэд эхнэр ойлгохгүй байвал амжилт гаргахад хэцүү шүү дээ. Зарим тохиолдолд сэтгэлээр унаад ирэхэд намайг их дэмжинэ. Түшиг тулгуур минь миний хань юм даа.

Түрүү жилүүдэд наадмын бэлтгэлд гарахдаа эхнэрээ нутаг руу явуулчихдаг байсан юм. Наадмаар доогуур даваанд унаад эзэнгүй гэрт ирэхэд ч сэтгэл хоосон хэцүү шүү. Гэр бүлийнхнийгээ хөдөө явуулахаа больсон.

-Та улсын начин Ш.Зоригтын шавь билүү?

-Би олон багшийн гар дамжсан шүү. Анх “Алдартан” бөхийн дэвжээнд улсын заан Д.Бумбаяр багшийн удирдлагад бэлтгэл базаадаг байлаа. Оюутан ахуйдаа хажуугаар нь бэлтгэлээ базаахад амар байгаагүй, хааяа цалгардуулна. Гавьяат багш Б.Адъяахүүгийн удирдлагад ч хоёр жил бэлтгэл хийсэн. Энэ мундаг хүнээс их зүйл сурсан шүү. Гараар нь орсон хүмүүс том цол хүртдэг шүү дээ. Сүүлийн үед улсын начин Ш.Зоригтын удирдлагад бэлтгэлээ базааж, заавар зөвлөгөөг нь дагаад явж байна. Багш миний барилдааны алдаа дутагдлыг цаг тухай бүрт нь хэлж, зөвлөдөг юм. Утсаар ч хамаагүй хэлдэг.

-Таныг дэмжиж тусалдаг байгууллага хамт олон байдаг байх.

-Олон хүн бий. Өлгийн хүчтэн дэвжээ, Дулааны хоёрдугаар цахилгаан станцын хамт олон гээд намайг ивээн тэтгэж дэмждэг байгууллагууд бий. Итгэлийг нь алдалгүй сайн барилдахыг зорьж байна. Ирэх жил их ойд амжилттай барилдаж цолоо ахиулахыг зорьж байна даа.

Categories
мэдээ цаг-үе

“Урианханы хөх чоно” Д.Жамъян зохиолчийнд өнжлөө

Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон нацагдоржийн шагналт, ШУА-ийн дээд шагналт зохиолч, нийтлэлч Дамдины Жамъяныд өнжлөө. Эрхэм зохиолчийнх XIII хороололд амьдардаг юм байна. Тэрбээр “Манайх энэ сууцанд 30 жил амьдарч байна. Энэбиш гуай хотын дарга байхдаа надад энэ сайхан байшинг өгч байсан юм” гэсээр биднийг угтав. Тэднийх дөрвөн өрөөтэй ажээ. үүднээсээ авахуулаад л бага насны хүүхдүүдийн гутал хувцас, цүнх, тоглоом энд тэндгүй өрөөстэй байв. “Манайх гэдэг айл олон ач, нэг зээтэй. Тэд маань хааяа ирнэ. хүүхдүүд шуугилдахаар сайхан байдаг юм” гэж Д.Жамъян гуай хэлж байлаа.

Биднийг очиход гэрийн эзэгтэй Н.Лхагва эгч байсангүй. Тэрбээр “Их зайсан уул” хувийн эмнэлгийн захирал аж. өдрийн ихэнхийг ажил дээрээ өнгөрүүлдэг бололтой. Д.Жамъян зохиолч говь-алтай аймгийн бугат сумынх. Тэртээх 1954 оны бар жилийн бар сарын бар өдөр буюу зуны эхэн сарын шинийн 15-нд өндөрийн булаг хэмээх зусланд цас бороо холилдон ингэн туйлаадас тавьж байх үед урианханы дархлагдсан бөө, тарнич ламын алган дээр эцгийн буун дуутай цуг хашгиран төрсөн талаараа эрхэм зохиолч хуучиллаа.

Зуны тэргүүн сард түүний аав Дамдин гуайнх Өндрийн булаг хэмээх газарт нутаглаж байжээ. Тухайн үед Дамдин гуайн эхнэр цэвэл юу юугүй төрөх дөхсөн байв. Тэнгэр хангай муудаж, тулгар биетэй Цэвэл өвдөж эхэлжээ.

Ганц гэрээрээ зусландаа буучихсан байсан болохоор Дамдин гуай дэмий л сандарч байтал гадаа дөрөө хангинах чимээ сонстжээ. Нутаг усандаа хүндлэгдсэн мундаг эрдэмтэй Эрдэнэсүрэн гуай ороод ирж гэнэ. Түүнийг нутгийнхан нь бүтэн нэрээр нь барагтаа бол дуудахгүй, Жүмбэ гэж авгайлдаг байжээ. Тэрбээр гэрийн эзэгтэйг төрөх дөхсөн байна гээд гараа угааж, хүүхдийг эх барьж авчээ. Ингээд шинээр мэндэлсэн хүүг хөдсөнд ороож, хөгнөөтэй ишгэн дунд тавьчихжээ. Түүнийг Жамъян гэж нэрлэсэн байна. Өндрийн булгийн хажууд хоёр шовх уул байдаг бөгөөд Их, Бага Жамъян гэдэг ажээ. Энэ хоёр уулын дунд нь Жамъян зохиолч төрсөн болохоор эх барьсан Жүмбэ гуай ийн нэр хайрласан бололтой юм.

Өнөөдөр Жамъян гуай энэ тухай “Тэр хүний эрдэм надад нөлөөлсөн гэж боддог юм. Би таван настайгаасаа нэг сүм зүүдэлдэг байсан. Нуурын хөвөөнд байдаг тэр сүм рүү ороод явж байна гэж 60 нас хүртлээ зүүдэллээ. Улсууд их гайхдаг юм. Тэр хүн Бугатад ганцхан намайг л эх барьж авсан. МСНЭ-ийн тэргүүн асан Б.Галааридын нагац ах нь байгаа юм. Өөрийнхөө ураг төрлөөс нэг ч хүн эх барьж аваагүй нь сонин шүү. Миний үеийн нэг өвгөн “Тэр хүн миний ээжийн ах шүү дээ. Намайг эх барьж авахгүй мөртлөө очиж, очиж, хамаатан нь ч биш, чамайг яагаад эх барьж авдаг билээ” гээд тоглоом хийдэг байлаа” гэв.

Д.Жамъян гавьяат эхээс тавуулаа. Айлын таван хүүгийн хоёр дахь нь. Д.Жамъян гуайн хоёр ч дүү нь эмч. Харин отгон дүү нь Эрдэнэт үйлдвэрт белазны жолооч хийж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тэдний аав Дамдин жолоочийг нутаг усныхан нь андахгүй. Мөн байгалиас заяасан анчин хүн байжээ. Д.Жамъян гуай аавынхаа талаар “Эцэг маань өндөрдүү нуруутай дуу цөөтэй хүн байж билээ. Эрэгтэй хүүхдүүдтэй. Тэдний дэггүй нь дэндсэн бөгөөд аав бодол болон дуугүй сууж, хааяа ширүүхэн харц илгээж бид хэдийг номхон томоотой болгоно. Яагаад ганц ч үг хэлдэггүй байсан юм.Этгээд гөжүүд зан түүнд байгаагүй. Угаас их даруухан хүн. Эцгийг шүтэж хүндэтгэдэг анчид,жолооч нар олноороо цугларч түүнээс элдвийг шалгаан асууж тэрбээр инээд алдан дуу шуу орж, дайн байлдааны тухай, ан авын гайхамшгийг сонирхуулан ярьдагсан.

Үргэлж жолоо мушгиж, хэдэн дэггүй банди нар нь түүний чихийг халууцуулж ханахгүй атал тэднийг зоргоор нь орхино.

Намайг охин үртэй боллоо гэж эцэг маань баярласнаа нууж ядан хэлж билээ. Охин хүүхдэд их хайртай байсныг тэгэхэд би ойлгосон юм даа” хэмээн дурслаа.

Түүний аав 1945 оны чөлөөлөх дайнд явж, 1955 онд Алтан гадас одон авч байжээ. Харин түүний ээж Цэвэл 80 наслахдаа хүүхдүүддээ нэг ч удаа уурлаж байгаа харагдаагүй гэдэг. “Ээж маань хорвоогийн хамгийн амгалан хүн байсан даа” гэж тэрбээр ярьсан юм.

Тэдний зочны өрөөний хоймор дахь Д.Жамъян гуай болон түүний эхнэрийн цэргийн хувцастай зураг нүдэнд тод туслаа.

Зургийн талаар лавлахад “Би цэргийн албанд байхдаа зохиол бичдэг л байлаа. “Улаан-Од” сонинд ороод “Шинээлтэй хүмүүс” гэж цэргийн хэлмэгдүүлэлтийн талаар дөрвөн боть роман 20 хэдхэн насандаа бичиж Дотоод явдлын яамаар хянуулж байлаа. Энэ сонин намайг их хөгжүүлсэн дээ. “Улаан-Од” сонин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Унгарт суугаа Элчин сайд Т.Ганди, Генерал Пүрэвдорж гээд олон зохиолч, генерал төрүүлсэн газар даа” гэв.

Түүний бичсэн өгүүллэг, туужийг тоочоод байвал барахгүй. Өнөөдөр Монголд Д.Жамъян гуай шиг их хаадыг судалж, бичсэн зохиолч ховор. Тэрбээр “Чингис хаан”, “Хубилай сэцэн хаан”, “Галдан бошигт хаан”, “Амбагай хаан”, “Өгөөдэй хаан” гэсэн таван роман туурвиад буй. Мөн “Хулан хатан” байна. Тэрбээр түүхийн тухай ном бичиж эхлэхээс өмнө Хотын Намын хорооны төв хэвлэл “Улаанбаатар” сонинг үүсгэн байгуулалцсан гэдгээр нь хэвлэлийн салбарынхан андахгүй. Тухайн үед МСНЭ-ийн тэргүүн асан Б.Галаарид, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, “Өдрийн сонин”-ы Тамгын газрын дарга Т.Дашням нарын хамт “Улаанбаатар” сонинг амжилттай эрхлэн гаргаж байсан талаараа Д.Жамъян гуай дурсаж байлаа. Монгол орон ардчилсан нийгэмд шилжээд хүн бүр хэвлэн нийтлэх эрхтэй болонгуут тэрбээр “Чоно” хэмээх сонин эрхлэн гаргаж байв. Хаалттай байсан нийгэмд аливаа нууцлаг хайр дурлалын романс бүхий сонин нийгэмд гарангуутаа борлуулалтаараа тэргүүлдэг хэвлэлүүдийн нэг байжээ. “Миний тэр сонин бол сэтгэл зүйн эротик бичлэгтэй байсан. Ингээд Ц.Нямдорж Хууль зүйн сайд болоод тухайн үед сонинг маань хаачихсан. Би өөр өнцгөөс нь хараад бичээд байхад, Хууль зүйн яамныхан өөр өнцгөөс нь хараад байж л дээ. Ингээд 2000 оноос би их хаадын түүх рүү орсон юм. Үүнээсээ өмнө ариун библи, коран судар, буддын гүн ухааны сургаал уншиж судалсан. Эдгээр шашнуудын сургаалын 50 хувь нь зохиол, хүний далд ухамсар байна гэж харсан эндээс уран зохиолд хэрэгтэй зүйлийг дээжилж авсан нь зөн билэг. Зөн билэг гэдэг бол хүний ухамсрын чанадад байгаа нарийн нандин зүйл. Түүний их хаадын зохиолууд нь түүх биш. Тэрүүгээрээ бусад түүхийн номуудаас ялгаатай” гэж зохиолч маань өгүүлэв. Тэрбээр хаадын түүхийг уншиж байхдаа амьдрал нь уран зохиол байна гэдгийг олж харжээ. Түүхийг түүх чигээр нь хуулчихвал түүх болно. Тиймээс түүхийг зөн билгийн аргаар зохиол болгодог юм гэж Д.Жамъян гуай нэмж тайлбарлав. Дээрээс нь гавьяат маань хоёр ч түүхэн кинонд ажилласан аж. Япончуудтай хамтарч “Бөртэ чоно”, Орос, Америкчуудтай “Чингnс хааны нууц” хэмээх кино бүтээсэн нь дэлгэцэнд гарсан. “Монголын энэ баялаг түүхийг дэлхий ертөнцөд гаргах хамгийн дөт зам бол кино урлаг” гэж бодсоны үндсэн дээр киноныхонтой хамтарсан нь энэ ажээ.

Д.Жамъян гуай нутгийнхаа зохиолчдыг тэр дундаа Урианхайн гаралтай хүмүүсийг ихэд онцолж, тэднээрээ ч бахархаж суув. Тухайлбал,зохиолчдоос “Зулай цагаан Алтай”-г бичсэн эмч Л.Гүнсэн, түүний төрсөн дүү МУИС-ийн багш Л.Норовсүрэн, Төрийн шагналт Д.Норов, Зохиолчдын эвлэлийн шагналт, Д.Жамъян гуайн дүү Д.Пүрэв нарыг дурдаж байлаа. Тэрбээр зохиолчоос гадна зурхайч юм. Мөн МСНЭ-ий тэргүүн Б.Галаарид, доод үеийнхэн болох өвөрмөц шүлгүүдтэй Х.Нямхишиг нарын зохиолчдыг дурдав.

Д.Жамъян гуайн ажлын өрөөг сонирхлоо. Нэг хана нь тэр чигтээ номын сан ажээ. Нөгөө хананд нь төгөлдөр хуур, ширээ хашиж тавьсан байв. Ганц хүн л алхах чөлөөтэй. Энэ өрөөндөө зохиолч маань уран бүтээлээ туурвисаар иржээ. Хойморьтоо Галдан бошигтын хөргийг байрлуулсан харагдав. Мөн хүүхдүүдийнхээ гэрэл зургуудыг, танилууд, найз нөхдийнх нь бэлэглэсэн дурсгалын зүйлсийг ханандаа өлгөж, заримыг нь тавиур дээр байрлуулжээ. Тэдгээрээс номын багшийнхаа хөргийг өндөрт байрлуулжээ. Гурван жил мянбад суусан Заваадамдин Ренбүчи багш түүний бурхны шашны багш нь юм байна. Д.Жамъян гавьяат багшийнхаа тухай ярихдаа царайнд нь баяр баясал тодорч, “Манай багш дотроосоо гэрэлтдэг. Швейцарийн буддын гүн ухааны сургууль төгссөн. Англи, франц хэлнээс орчуулдаг. Дорно дахинд төвд, хятад, манж хэлнээс орчуулга хийдэг.Нэвтэрхий эзэмшсэн, төгс боловсорсон хүн. Одоо ШУА-ийн академичид байнга л очдог” гэлээ.

Зохиолч Д.Жамъян сонгодог уран зохиол, философи, түүх судалдаг болох нь энэ өрөөнөөс ажиглагдсан юм. Тэрбээр Япон, Хятад, Энэтхэгийн сонгодог зохиолуудыг уншиж байгаа аж. Ширээн дээрээ тэвхийтэл нь өрөөд тавьчихаж. “Орчин цагт уран зохиол оюун санааны уран зохиол руу шилжсэн. Хүний дотоод мөн чанар руу шилжсэн гэлээ. Одоо дэлхий дээр нэн шинэ цагийн уран зохиол бий болж байгаа” гэж тэрбээр яриандаа онцлов.

Д.Жамъян гуай Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн гайхамшигт үйлсийг нэлээд онцолж ярилаа. Ингэхдээ “Би бол яагаад ч зүгээр байдаггүй хүн шүү дээ, тэрийгээ ч өөрөө ойлгодоггүй юм” гээд гялгар уутнаас тамга гаргаж ирэв. “Хубилай хаан 800 жил үндэсний хороо” ТББ байгуулсан тамгаа үзүүллээ. Тэрбээр “Солонгосууд манай хаант улсыг үндэслэж байгуулсан гэж үзэж байна, оросууд Бат хааны дараа түүний байгуулсан Алтан ордон улсыг Хубилай бэхжүүлсэн гэж үзэж байна, Хятад бол энэ агуу их гүрнийг үүсгэн байгуулсан гэж үзэж байна. Цаашлаад Америк, Италид тэмдэглэж байна, Марка Поло баруунд цацсан. Монгол ийм том агуу хаантай байж нам жим байж болохгүй” гэж Д.Жамъян гуай толгой сэгсэрч байлаа.

Д.Жамъян гуай үеийнхнийхээ хажууд стильтэй хүн. Урт үстэй, этгээд чөлөөт хувцаслана. Залуудаа тун ч дэгжин эр байж. Энэ нь ч түүний ярианаас анзаарагдав. Мань эр “Уран бүтээлч хүн өөрөө ариун байвал тунгалаг бүтээл туурвина. Би нэг хувцсыг долоо хоногт нэг л өмсдөг. Би хувцсаа өдөр өдрөөр нь өмсвөл сар гаруй өмсчихнө” гэв. Харин гэзэгний тухайд ярихдаа “Би аль эртнээс үсээ ургуулж эхэлсэн. Ширүүн үстэй болохоор ингээд ургуулаад боочихоор амар юм. Миний ээж 80 хүрэхдээ борвио хүрсэн гэзэгтэй байж билээ. Би ч бас тэгэх байх” гээд инээлээ. Түүний шавийн талаар сонирхоход “Дэлхийн сонгодгийн хэмжээнд бичиж байгаа Б.Ойдов байна, орчуулагч Ж.Нэргүй байна. Харин зохиолчдоос Аюурзанын номыг их уншдаг, нэг л өөр өгүүлэмж, дүрслэлтэй” гэж байв.

Түүний гэргий Н.Лхагва Ховд аймгийн Цэцэг сумын харьяат ажээ. Тийм ч учраас эмнэлгээ нутгийнхаа шүтээн болсон хайрхан, “Их зайсан уул” гэж нэрлэжээ. Н.Лхагва гуай шүдний эмч мэргэжилтэй. Цэргийн госпитальд хамаг залуу халуун насаа зориулж хөдөлмөрлөснийхөө үр шимийг одоо хүртэж байгаа буянтан. Тэрбээр хөдөлмөрч, дайчин нэгэн болох нь өнөөдөр хувийн эмнэлэг байгуулж, өдий зэрэгт нь хүргэснээс тод харагдана. Эдний эмнэлэг хоёр ч удаа магадлан итгэмжлэгджээ. Мөн тэрбээр Монголынхоо шүдний өвчлөлд санаа зовниж, Японоос орчин үеийн техник, технологиудыг анх удаагаа оруулж иржээ. “Хэдийгээр хувийн эмнэлэг ч гэсэн юм бүхнийг зоосны нүхээр харахыг хүсдэггүй” гэж хэлсэн нь Н.Лхагва гуайн философи. Ер нь эдний эмнэлэг амьд¬ралын боломж тааруу хүмүү¬сийг үнэ төлбөргүй эмчилдэг байна. Мөн хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө шинэ технологийг Монголдоо нутаг¬шуулж ажиллаж байгаа юм байна.

Д.Жамъян, Н.Лхагва гуайн хүү, охин хоёр мөн л шүдний эмч гэсэн. Хүргэн, бэрүүд нь ч ялгаагүй шүдний эмч гэсэн. Зүгээр ч үгүй бүгд хилийн чанадад мэргэжил эзэмшжээ. Ингээд энэ гэр бүлийн зургаан том хүний тав нь эмч, нэг нь зохиолч болохоор гэр бүлээрээ уулзахаар олонхийн мэргэжил давамгайлдаг байна. Эрхэм зохиолч аль болох тэдний яриаг түүх рүү чиглүүлэхийг хичээдэг аж. Дээрээс нь Д.Жамъян гуайн дүү нар болон Н.Лхагва гуайн хамаатнууд дунд эмч нар олон бий. Ямар сайндаа тэд нутагтаа гэр бүлээрээ очиж л дээ. Тэгсэн нутаг усаар нь нэг Дамдин жолоочийн таван хүү ирээд явжээ. Нэг онцлог нь долоон эмч байна гэсэн яриа гарсан байжээ.

Сонирхуулахад, Д.Жамъян зохиолч гэргийнхээ хамт 1986 онд Германд очоод нэг зочид буудалд буухдаа их зохиолч Д.Нацагдорж 1929 онд байрлаж байсан өрөөнд гурав хонож байжээ. Тэр өрөөнд их зохиолч маань буудаллаж байсныг хоёр хоногийн дараа орчуулагчаасаа мэдэж байсан гэнэ. Тэдний өрөөнд нэгэн пайз хадчихсан байсан дээр энэ тухай бичсэн байжээ. “Би Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал аваад зогсож байхдаа тэр өрөөнд хоносных гэж бэлгэшээдэг байлаа” гэж Д.Жамъян зохиолч өгүүлж байлаа. Түүний том ач охин зохиол бичдэг авьяасыг нь өвлөх тун их магадлалтай харагдаад байгаа аж. Д.Жамъян гуай найман настайгаасаа шүлэг бичиж байжээ. Тэрбээр анх “Түмэн олны хөгжил Түүдэг галаас түргэн, Төрүүлж өсгөсөн Чойбалсан” гэж бичиж байсан гэнэ.Төрийн шагналт, Д.Норов гуайн хамт хадан дээр суугаад иймэрхүү шүлэг, зохиол их бичдэг байжээ. Харин, түүний ач охин эссэ бичлэгийн уралдаанд сургуульдаа түрүүлж, шүлэг зохиодог авьяаслаг болохыг өвөө нь бахархан ярив.

Хүний амьдрал, жаргал зовлон ээлжилдэг болохоор том хүүгээ харамсалтайгаар хүний нутагт алдаж, маш их шаналалд автсан ч хөл дээрээ эргэн зогсож чаджээ. Ийм тэнхээ эр хүнээс биш, гэргийгээс нь гарч байсныг Д.Жамъян гуай өгүүлж байв. Тэрбээр хүүгээ Оросын мафиудын гарт алдчихаад цөхөртлөө явсан боловч төр засаг огт анхаараагүйд одоо хэр нь гомдож явдаг юм билээ. Арга ядаад гадаадад цагаачлахаар шийдсэн байхад нь Нямгаваа найруулагч ухааруулж, эх орон руу нь урвуулж чаджээ. Хамгийн гол нь сэтгэлийн хат, амьдралын ухаантай гэргийнхээ хатуужлаар хөл дээрээ зогсож чаджээ. Мөн түүнд бурхны сургаал маш их хүч хайрлаж, сэтгэл зүйн эмч болж чадсан байна. Одоо энэ хоёр хөгшин хүү, охин хоёртой, олон ач, зээтэй өнөр бүл болжээ. Тэднийхээ төлөө хийж, бүтээх үйлс арвин байгаа гэсэн. Уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж, эрүүл энхийг эрхэмлэгч сэхээтэн гэр бүлд өнжсөн тэмдэглэлийг хүргэхэд ийм байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Өсөхбаяр: Аялагчид түүх соёлын өв, дурсгалд хүндэтгэлтэй хандах тал дээр дутагдалтай байна

Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяртай ярилцлаа.


-Аялал жуулчлалын идэвхтэй улирал үргэлжилж байна. Экологийн цагдаагийн албанаас хоггүй цэвэр аялахыг уриалж аян зохион байгуулж байгаа юм байна. Аяны хүрээнд хийгдсэн ажил арга хэмжээний талаар тодруулахгүй юу?

-“Ковид 19”-ийн нөлөөгөөр дотоодын аялал эрчимжиж ирэх нь судалгаанаас харагдаж байсан. 560 мянга орчим аялагч Монгол Улсын түүхэн болон байгалийн өвөрмөц тогтоцтой бүс нутаг, хилийн зурвас газруудаар аялна гэсэн судалгаа гарсан. Үүнтэй холбогдуулаад Экологийн цагдаагийн албанаас Байгаль орчны яам, Жайка олон улсын байгууллагатай хамтраад байгальд “Ирлээ, явлаа цэвэр” аяны арга хэмжээг хариуцлагатай аялцгаая уриалгатайгаар зохион байгуулж байна. Аян наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотоос гарч байгаа төв замуудад хоггүй цэвэр аялахыг уриалсан стикер наалтуудыг байршуулсан. Мөн дотоодын аялал жуулчлалын компаниудтай хамтарч ажиллаж байна. Нийслэл хотоос орж гарах замуудад хогийн том сав байршуулж өгсөн. Дүүрэг тус бүрийн тохижилт үйлчилгээний хэлтсийн компаниуд хогийг нь ачдаг.

-Аян хэрэгжээд сар орчмын хугацаа өнгөрсөн байна. Гарсан үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Арга хэмжээний үр дүнд тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан гэж үзэж байна. Мэдээж өргөс авсан юм шиг бүх зүйл сайхан болчихгүй. Үр дүнд аялагч нар хогоо ачаад явах, хогийн зориулалтын саванд хийх ухамсартай болжээ.

-Та бүхэн шалгалтын ажиллагааг тогтмол явуулж ажиллаж байгаа. Аялагчдын гаргаж байгаа гол зөрчил юу байна вэ?

-Аялагчид түүх соёлын өв, дурсгалд хүндэтгэлтэй хандах тал дээр дутагдалтай байна. Сүг зурган дээр очоод л эрээчээд, янз бүрийн юм сийлсэн зөрчил олон бүртгэгдсэн. Мөн голын усанд тээврийн хэрэгслээ угаах асуудал их байна. Үүнээс гадна тарваган тахлын өндөр эрсдэлтэй нөхцөл байдал бүртгэгдээд байхад л эд эрхтэнг нь худалдаалах, зөөвөрлөх зөрчил тасралтгүй бүртгэгдэж байна. Ойн дагалдах баялаг самарыг бэлтгэсэн зөрчил хэд хэд бүртгэгдлээ. Аяны хугацаанд 11 удаагийн гэмт хэрэг гарсан. 164 зөрчил бүртгэгдээд байна.

-Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг ямар байдлаар явуулж байна вэ?

-Улаанбаатар хотын ногоон бүсүүдэд анхаарч ажилласан. Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Туул голын ай сав газар, Нийслэлийн аврах 105 дугаар анги, Нийслэлийн цагдаагийн газрын морьт эргүүл гэх байгууллагуудтай хамтарч эргүүл шалгалтын ажиллагааг явууллаа. Илэрсэн зөрчлүүдэд тухай бүрт нь арга хэмжээ авч ажилласан.

-Гол усанд машин тэргээ угааж байгаа зөрчилийг илрүүлэхэд иргэдийн идэвх, оролцоо чухал байдаг байх.

-Экологийн цагдаагийн албаны пэйж хуудас, групүүдэд иргэдээс мэдээлэл авч байгаа. Тээврийн хэрэгслийн дугаар, эзэмшигч нь тодорхой бол дуудаад холбогдох арга хэмжээг авч ажилладаг. Зөвхөн тээврийн хэрэгслээ голд угаасан 132 зөрчил бүртгэгдээд байна. Үүнд 6.4 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Мөн голын ай сав газарт том миксэр машинууд цементний үлдэгдэл хогоо асгах ноцтой зөрчил гарч байна. Тухай бүрт нь арга хэмжээ аваад явж байна.

-Хөдөө хээр талд замгүй газраар зорчиж экологид хохирол учруулах тохиолдол их гардаг. Үүн дээр ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Хяналт тавьж ажиллаж байгаа. Бидний зүгээс анхааруулна, шаардана. Яг зүлгэн дээгүүр зөрчиж байгаа тохиолдол бүрт цагдаа зогсож, хяналт тавих боломжгүй шүү дээ. Энд хувь хүний ухамсар чухал. Зүлгэн дээгүүр зорчиход байгаль экологид учрах хор хөнөөлийг иргэн ухамсарлах ёстой.

Энд нэг зүйлийг анхааруулахад замгүй газраар зорчино гэдэг өөрсдийн эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулж байгаа хэлбэр. “Би энэ газрыг мэддэг” гэж бардам зан гаргаад осолдсон, машин тэргээ голд урсгасан тохиолдол бий. Баталгаагүй зам талбайгаар зорчиж амь насаа алдсан зургаан ч хэрэг бүртгэгдсэн. Мөн хүнд, хөнгөн байдлаар бэртсэн найман тохиолдол байгаа. Энэ асуудалд анхаарч баталгаат замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

-Байгаль орчинд хамгийн ойр байдаг улс бол ойн цагдаа, байгаль хамгаалагч нар. Тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Экологийн цагдаагийн албаны гол хамтрагчид нь байгаль хамгаалагч, ойн байцаагч нар байдаг. Бид аймаг сумын байгаль орчны газруудтай тогтмол хамтарч ажилладаг. Ойн байцаагч нар уулын аманд гарч буй зөрчил дутагдлын талаар бидэнд мэдээлж нүд чих болж байдаг. Дээрх улсуудын дэмжлэгтэйгээр бидний ажил хурдацтай явдаг юм.

-Иргэдийн олноор аялдаг газруудад хог их байна лээ. Энгийн жишээ татахад л Хяргас нуурын эрэг орчимд зарим хөл хөдөлгөөнтэй хэсэг хогонд дарагдсан байгаа харагдсан. Хариуцлагагүй аялагчдын нарын хогийг хэн цэвэрлэх вэ. Энэ асуудлыг ямар байгууллага хариуцах вэ?

-Хяргас нуурын захиргаа хариуцах ёстой. Тухайн байгууллага иргэдийг соёлтой аялахыг сануулж байх үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүйгээс хог хуримтлагдсан газрууд байгаа. Мөн өмнөх жилүүдийн хог хаягдлууд ч байгаа. Энэ асуудалд санаа зовсон иргэд зохион байгуулалттайгаар цэвэрлэж, бусдадаа уриалга гаргасан байна лээ. Үүнээс иргэдийн хандлага өөрчлөгдсөн нь харагдаж байгаа юм.

-Аялагчдад юуг уриалах вэ?

-Аялал жуулчлалаар явахдаа байгаль орчинд ээлтэй байхыг л хүсээд байгаа юм. Бусад аялагчийн эрх ашгийг хамгаалах нь аяллын гол дүрэм. Аялал жуулчлалаар явахдаа төлөвлөх нь чухал. Аялахдаа fail Mongolia аппликэйшн хэрэглэхийг санал болгож байна. Үүнд аялал жуулчлалын зам маршрутаас гадна кэмпүүд бүртгэлтэй байдаг. Аппликэйшнээсээ захиалга өгөх бүрэн боломжтой. Төгсгөлд нь байгалийн сайханд аялсан бол цэвэр үлдээхийг уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Улсын заан М.Бадарч: Гарьд цолны даваанд гарахад наадмын түрүү хажууханд л харагддаг юм байна

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол Улсын шинэ заан Мягмарын Бадарчтай ярилцлаа.


-Улсын заан болсонд баяр хүргэе. 512 бөхийн барилдаанд их шөвөгт шалгарч улсын заан цол хүртэнэ гэдэг амар ажил биш. Энэ наадмаар ийм том цолд хүрнэ чинээ санаж байв уу?

-“Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Энэ жил бэртэл гэмтэлгүй, бие хөнгөхөн, бэлтгэл сайхан таарсан. Том цол бодож нервтехгүй өөрийнхөөрөө сайхан барилдсан. 512 бөхийн барилдаанд долоо давж улсын заан цол хүртэж дүүрэн сайхан наадлаа. Миний бага байхад зургаан залуу зааны өрсөлдөөн монгол бөхийг чимдэг байлаа. Манай голынхон ч бүгдээрээ залуу заануудын барилдааныг шимтэж үзнэ. Тийм ч учраас улсын заан цол хүртвэл мөн ч сайхан юм даа гэж боддог байсан маань сая биеллээ оллоо, сайхан байна. Том цолны энд хүрч барилдах үүрэг хариуцлага дагаад ирж байна. Улсын заан цол хүртсэн хүн чинь доогуур даваанд унаад байж болохгүй. Том цолны нэр хүндийг өргөж явахын тулд илүү хичээж хөдөлмөрлөх үүрэг хариуцлага надад ирлээ. Эхлээд батлах, цаашлаад ахиулахын төлөө өөрийгөө дайчилна даа. Намайг дэмждэг, давахад баярладаг ямар олон хүн байдгийг харлаа. Олон хүнийг баярлуулахын төлөө хичээнэ дээ.

-Өнгөрсөн өвөл нэгдүгээр сараас хойш заал танхимын барилдаан зохион байгуулагдаагүй. Баяр наадмын бэлтгэлээ хэрхэн базаав?

-Формоо хадгалахын тулд гэрийн нөхцөлд хүчний бэлтгэлээ түлхүү хийсэн. Хааяа нэг зааланд барилдааны бэлтгэлээ цөөхүүлээ базаана. Дан ганц хүчний бэлтгэл хийгээд байвал барилдааны мэдрэмж алдагддаг сөрөг талтай. Өнгөрсөн наадмуудаар унасан барилдаанууддаа дүгнэлт хийж жингээ хассан. Барилдааны мэдрэмж ч илэрхий нэмэгдсэн нь амжилтад маань эергээр нөлөөллөө. Наадмын бэлтгэлд “Бөх билэгт” дэвжээнийхэнтэйгээ эрт гарсан. Багш нартайгаа алдаа оноогоо зөвлөж тухай бүрт нь засч залруулж байлаа.

-Наадмын барилдаануудынхаа талаар ярихгүй юу. Тавын даваанд Увс аймгийн арслан Навааны Хүрэлсүхийг амлаж барилдсан. Залуу арслангаас ямар хий, зай харж амлав?

-Хүрэлсүх бид өмнө нь цөөн удаа таарч барилдаж байсан. Шуудганд хүрч барилдана гэж төлөвлөж байлаа. Давхар шуудагны барьц аваад түрэхэд Хүрэлсүх тосгуулаад хавирч байсан. Мэхийг нь мэдэрсэн учраас биеэ суллаад дээр нь туссан.

-Шинэ начин Х.Цогтгэрэлийг амласан барилдаан олны анхаарлыг татаж байсан. Хөмөрдөг хүнийг л хөмрөөд давж байна лээ. Барилдаанаа хэрхэн төлөвлөж гарав?

-Х.Цогтгэрэл бид нэг үеийн аймгийн арслангууд. Олон удаа таарч барилдаж байлаа. Гол төлөв би хаяж байсан.

Барилдааныг нь сайн мэддэг учраас л амласан хэрэг. Сугадахад нь элэг бүсдэж хөмрөөд давсан. Барилдааны явцад өөртөө итгэлтэй тайван байсан. Ер нь бэлтгэл сайн байхад сандарч тэвдэх асуудал гардаггүй юм билээ.

-Заан цолны даваанд улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арсланг тунаагаад таныг амлаж байна лээ. Нутгийн арслантай хийсэн барилдаан ямар болов?

-Арслан хөдөлгөөнтэй хүнийг амлаад дэмий гэж бодоод Б.Зоригтбаатарыг үлдээж, намайг авсан болов уу. Хоорондоо олон барилдсан болохоор надад ч амар байсан. Алдаа гаргалгүй өөрийнхөөрөө барилдаж хүчтэй арсланг давж заан цолны босго алхсан.

-Наадмаас хойш арслантай уулзсан уу та?

-Амжаагүй л байна. Утас руу нь хэд хэд залгахад холбогдохгүй байна лээ. Хөдөө амарч яваа байх.

-Улсын гарьд цолны даваанд улсын аварга Н.Батсуурьт амлуулж хүч үзсэн. Аваргатай хийсэн барилдааныхаа талаар ярихгүй юу?

-Аваргын бэлтгэл гойд сайн байна лээ. Мэхэндээ тэсрэлттэй, тун ч их бяртай байсан. Дээрээс нь барилдаанаа зөв тооцоолдог, алдаа гаргадаггүй онцлогтой бөх. Даваа ахих тусам л биедээ түүргүй сийрэгхэн барилддаг. Миний хувьд бөхийн өлгий нутгаа төлөөлөөд улсын наадмын өндөр даваанд гараад ирэхэд сайхан санагдсан.

-Шинэ заан нутагтаа очиж амжсан уу. Хэрхэн хүлээж авав?

-Наадмын дараа очоод цөөхөн хоног амраад ирсэн. Архангай аймаг дархан аваргатай, аварга, арслантай бөхийн өлгий нутаг. Заан болоод очиход нэг их сүржигнэхгүй байна лээ (инээв). Магадгүй надаас илүү том амжилт хүлээж байгаа болов уу.


-Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор 1024 бөх барилдана. Энэ цагт ид барилдаж байгаа бөхчүүдийн тухайд цол чимгээ ахиулах том боломж байх…Таны хувьд энэ их ойн босгон дээр цолоо ахиулж байдаг бэлгэшээлтэй л юм даа.

-Тийм шүү. Том боломж. Ашиглахын тулд наадмын дараахнаас л бэлтгэлдээ орсон. Энэ бэлтгэлийн формоо унагалгүй хадгалж байгаад их ойд зодоглох зорилго тавьж байна. Улсын заан цол хүртэхэд тав болон зургаагийн давааны тунаанаас гарчихаж байгаа юм.

-Анх 2012 оны улсын наадмын сорилго барилдаанд Архангайн Бадарч гэж залуу Бөхийн өргөөнд шуугиулж байсныг тод санаж байна. Заал танхимын барилдаанд анх удаа гарч барилдсан нь тэр үү?

-Хотод ирж бэлтгэл хийхдээ заал танхимын барилдаануудад гарч барилддаггүй байлаа. Сумын цолтнуудын барилдаанд цөөн удаа гарч барилдсан. 2012 оны хавар сумын начин цолтой залуу улс аймгийн цолтнуудын барилдаанд аманд гарч байсан маань санаанаас гардаггүй юм. Наадмын сорилго барилдаан байсныг ч хэлэх үү. Бөхчүүд бэлтгэлдээ гарчихсан бие нь чангарчихсан, их л сүртэй харагдаж байсан. Оноолтоо сонсоод сууж байтал Баян-Өлгийн улсын начин Б.Баатарцолтой оноолт таарсан тухай зарлаж байна. Өөрийнхөө хэмжээнд бэлтгэл сургуулилт хийчихсэн байсан учраас тэгж их тэвдээгүй. Барилдаад давчихлаа. Харин хоёрын даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнтэй оноолт таардаг юм. Шинэ гарьдтай тухайн үед яаж барилдсанаа одоо хэр нь сайн санадаггүй юм. Нэг мэдэхэд л туг тойрч байсан. Бөхийн өгөөнд цугласан олон уухайлаад л мөн ч сайхан байсан шүү. Том урам авч билээ. Тэр барилдаанд О.Хангай харцага сумын заан цолтой сайн барилдаж улсын заан Б.Соронзонболдоор хоёр давж байсан.

-Дараахан нь аймгийнхаа наадамд очиж барилдаад түрүүлсэн байх?

-Улсын том цолтой бөхчүүд давсныг маань нутгийнхан зурагтаар харсан юм билээ. Нутагтаа очиход тэр хавиар л хөл хөөр болж байсан. Гэтэл сумын наадамдаа түрүүлж заан болно гэж барилдаад гурвын даваанд уначихдаг юм. Манайхан ч “Гадны бөхөд түрүү алдлаа. Олигтой барилдсангүй” гээд их зэмлэж байна. Миний шар хөдлөөд тайван ч сууж чаддаггүй. “Нөгөөдөр би аймгийн наадамд түрүүлнэ” гэж том ам гарчихлаа. Хэлсэн амандаа ч багтаж аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр долоо давж түрүүлсэн. Нүүр бардам сумандаа очиж билээ. Одоо эргээд бодоход сайхан байдаг юм. Сая наадмаар Б.Мөнх-Эрдэнэтэйгээ дөрвийн даваанд оноолт таарч барилдаад давсан. Өмнө нь миний харцага цол хүртдэг наадмаар мөн таарч барилдаж байсан.

-Таны ах нар, тэр дундаа ээж тань их баярласан байх даа?

-Анх бөх болно гээд хөдөө гэрээсээ цүнхээ үүрээд гарахад ээж маань тун ч дургүй байж билээ.

Аймгийн арслан цол хүртээд гэртээ очиход “Одоо болно. Том цол хүртсэн юм чинь ирж малаа малла” гэж хэлж билээ. Тухайн үед ээждээ “Би улсын том цол заавал авна” гэж амлаж байснаа мартдаггүй юм.

Намайг улсын цол хүртсэнээс хойш л дэмждэг ойлгодог, барилдааныг маань анхаарч хардаг болсон юм даа, ээж минь. Одоо би ээжтэйгээ хамт амьдардаг. Бэлтгэлээ тараад харихад ээжийн хоол цай мөн ч сайхан шүү дээ. Ах нар маань бүгд сум орон нутагтаа барилддаг цолтой бөхчүүд. Намайг бодвол уртай барилддаг улс бий. Би ч тулж зогсохоос илүү унасан ч давсан ч хамаагүй уран хурц барилдаан үзүүлэхийг зорьдог юм. Үзэгч дэмжигчид бөхчүүдээс уран барилдаан л хүлээдэг шүү дээ. Нэг бол тойрч зугтаад, үгүй бол тулж зогсоод байж болохгүй. Үзэгчдээ хүндлээд үзүүштэй барилдаан гаргах нь бөхчүүдийн үүрэг гэж боддог.

-Таны хувьд гарьд цолны өндөр даваанд гарч барилдлаа. Ер нь наадмын түрүү хэр хол харагдаж байх юм?

-Даваад гарьд цол, дахиад ганцхан давахад л улсын арслан цолд хүрнэ шүү дээ. Хажууханд л харагддаг юм билээ. Анх аймгийн арслан цолтой улсын наадамд барилдаад тавын даваанд Х.Мөнхбаатар арсланд уначихаад улсын цолгүй үлдлээ гэж шантрах бус жаахан хичээхэд л улсын цол дэргэд байна шүү гэж өөртөө хэлж байсан. Сүүлд Э.Оюунболд аваргад мөн начин цолны даваанд унаж байсан. Жаахан хөдөлмөрлөхөд л улсын цол хүртэх юм байна гэж өөрийгөө хурцлаад л өнгөрсөн. Удсан ч үгүй улсын наадамд зургаа давж улсын харцага цол хүртсэн дээ. Энэ жилийн наадмаар заан цол хүртлээ. Миний хувьд бүх зүйлээ золиосолж бэлтгэл сургуулилтаа базааж байна. Нэгэнт амьдралаа зориулсных оргилд гарна л гэж зүтгэж байгаа. Надаас шалтгаалах нөөц бололцоо юу байна тэр бүгдийг л дайчилна. Зөв явахад болох байлгүй дээ.

-Таныг улсын заан Д.Хишигдорж бөхийн замд хөтөлсөн гэл үү?

-Би зургаан ахтай нэг дүүтэй. Тусад ороод л ах нартайгаа дээлний сугаа ханзартал ноцолддог байлаа. Эхлээд ч насны зөрүү гараад ах нартаа унана. Сүүлдээ ихэвчлэн давдаг, даваад сум овооны наадамд барилддаг, боломж нь олдвол түрүүлчихдэг болсон. Миний дээд талын ах Д.Хишигдорж заантай уулзаж “Дүүгээ бөх болгомоор байна” гэж хэлсэн юм билээ. Ингээд заантай уулзахад гайгүй барилдчихаар итгэл төрүүлсэн юм байлгүй, хотод ирж бэлтгэл сургуулилт хийхээр болсон.

-Сумын наадам сэтгэлд тод үлддэг шүү дээ. Анх аль сумын наадамд барилдаж ямар цол хүртэж байв?

-Сумын наадам сайхан шүү. Анх ээжийнхээ төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын наадамд үзүүрлэж сумын начин цол хүртэж байлаа. Сүүлд улсын харцага болчихоод дараахан нь очиж барилдсан. Бөхийн амжилтын гараагаа эхэлж байсан дэвжээндээ улсын цол хүртээд очиход мөн ч сайхан сэтгэлд дотно санагдаж байж билээ. Жаахан хүүхэд яаж барилдаж байсан маань нүдний өмнө харагдаад л.

-Бөхийн удамтай юу?

-Аав, ээжийн аль аль талдаа удамтай. Ээжийн талд Их монгол Шаравжамц аварга байсан юм билээ. Аавын талд орон нутагтаа сайн барилдаж явсан цолтой бөхчүүд бий.

-Энэ цагийн бөхчүүдэд үлгэр дуурайл болж буй дархан аварга Г.Өсөхбаяр “Бөх билэгт” дэвжээний бөхчүүдтэй наадмын бэлтгэлд хамт гарч алдаа оноог нь хэлж байгаа харагддаг. Аваргын нөмөр нөөлөг их биз. Наадмын өндөр даваанд гарч барилдах бололцоотой нутгийн дүүдээ өндөр аварга юу захидаг вэ?

-Нөмөр нөөлөг их шүү. Дэвжээний бөхчүүдээ их хурцална. Бэлтгэлээ сэтгэлээсээ хий, бүх боломжийг алдалгүй ашигла гэж зөвлөдөг юм.

-Энэ жилийн наадмаар шинэ аварга цолтон төрлөө. Шинэ аваргын талаар?

-П.Бүрэнтөгс аварга анх 2012 онд аймгийн арслан цолтой улсын наадамд түрүүлж шинэ мянганы гайхалтай түүх бүтээж байсан мундаг бөх. Улсын наадамд түрүүлснээсээ хойш найман жилийн хугацаанд өндөр ачаалалттай бэлтгэл хийж энэ хэмжээнд барилдаж байгаа нь түүнийг ямар хэмжээний бөх болохыг илтгэж байгаа хэрэг. Энэ жилийн тухайд бэлтгэл нь онцгой сайн байна лээ.

-Тэр жилийн наадмаар улсын арслан Ц.Содномдорж заан цолны даваанд таныг давчихаад их баярлаж байгаа харагдсан. Барилдааны талаар хуучлахгүй юу?

-Заан цолны даваанд анх удаагаа гарч барилдсан минь тэр л дээ. Содном арслан хавирахад нь шуудгаа тавиад дараад уначихъя гэж тооцоолсон юм. Гэсэн ч гарандаа хөшигдөөд уначихсан. Сургамжтай барилдаан болсон шүү.

-Та “Нутгийн буян” группийн нэр дээрээс барилддаг бил үү?

-Арагшаа санаа зоволгүй бэлтгэл сургуулилтаа базаана гэдэг амжилтын үндэс байдаг. Ийм боломжоор хангадаг “Нутгийн буян” группийн захирал Л.Бат-Орших ахдаа, гэр бүлд нь талархаж явдгаа хэлье.

-Архангай аймгийн Цэнхэр сумаар зарлуулж барилддаг. Таны төрсөн нутаг уу?

-Тийм. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт Орхон голын эхэнд төрсөн юм билээ. Боломж л гарвал нутгаа зорьдог. Сая наадмын өмнө төрсөн бууцан дээрээ очоод ирсэн. Унасан газраа эргээд буцахад ч бодол санаа цэгцрээд сайхан байдаг юм билээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Будзаан: Ахуйн ослоор амь насаа алдах хүүхдийн тоо буурахгүй байна

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.


-Амралт, аяллын үе эхэлжээ. Энэ үеэр эцэг эх асран хамгаалагчийн хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэж бага насны хүүхэд зам тээвэр болон ахуйн ослын улмаас амь насаа алдах тохиолдол байдаг. Энэ жилийн тухайд нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай улсад жилд 1500-2000 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болдог гэх судалгаа байдаг. Хүүхэд амь насаа алдаж, бэртэж гэмтэж байгаа осол хэргүүдийн хамгийн өндөр хувийг зам тээврийн осол эзэлдэг. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн осол хэргийг бууруулах үүднээс “Дураараа биш дүрмээрээ”, “Яараад яахав дээ” гэх нөлөөллийн аянуудыг зохион байгуулсан. Зам тээврийн осол хэрэг буурч байгаа ч энэ төрлийн ослоор хүүхэд эндсээр байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд л гэхэд зам тээврийн ослын улмаас 149 хүүхэд нас барсан. Тухайлбал, 2017 онд 55, 2018 онд 45, 2019 онд 49 хүүхэд нас баржээ. Энэ он гарсаар эхний хагас жилд л 26 хүүхэд зам тээврийн ослын улмаас хорвоог орхисон гэх мэдээлэл байна.

Үүнд нөлөөлж байгаа голлох шалтгаан нь эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэд машин барихыг зааж өгөөд байна. Хөдөө орон нутагт бол хятад мотоциклыг хүүхдүүд ахуйн хэрэглээнд ашиглаж байгаа юм. Ямар ч баталгаагүй, уул хадтай замаар зорчиж онхолдож эрүүл мэнд цаашилбал амь насаараа хохирох осол хэрэг буурахгүй байна.

Мөн өндрөөс унаж байна, гол усанд ч живж амь насаа алдаж байна. Үүнээс гадна гадны биетэд цохиулах, мориноос унах, халуун ус, галд түлэгдэх зэргээр хүүхдүүдийн амь нас хохирч байна. Энэ онд найман хүүхэд гол усанд живж, есөн хүүхэд өндрөөс болон мориноос унаж найман хүүхэд эндсэн харамсалтай тоон мэдээлэл байгаа.

Эцэг эхчүүд хүүхдээ ахуйн хүрээнд осол эрсдэлээс хамгаална гэж Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиар үүрэг хүлээсэн байдаг. Энэ зүйл хэрэгжихгүй байгаа асуудал бий.

-Үүрэг хариуцлагаа биелүүлээгүйгээс нялх хүүхдүүдийн амь нас хохирсон жишээ олон байдаг. Жишээ нь өндөр асга хавцал руу хүүхдүүдийг сонгино түүлгэхээр явуулсны улмаас өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг саяхан гарсан. Энэ тохиолдолд асран хамгаалагчдад ямар хариуцлага оногдуулах вэ?

-Бүх зүйлийг ээж аавын хариуцлага гэж авч үзэж бас болохгүй. Гэртээ халуун тогоонд түлэгдэж байгаа тохиолдлууд бол эцэг эх асран хамгаалагчийн хариуцлагын асуудал. Харин байрны гадаа тоглоомын талбайд тоглож байгаад хөндлөвч төмөрт цохиулаад нас барж байгаа асуудал бол тухайн нийгэм хүүхдэд ээлгүй аюултай байна л гэсэн үг. Энэ асуудал дээр тоглоомын талбайн гүйцэтгэл дээр ажиллаж байгаа компаниуд болон төрийн байгууллагууд онцгой анхаарах ёстой. Нөгөө талдаа гэр бүлийн орчинд эцэг эх асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлага гарч байгаа юм.

-Үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан асран хамгаалагчид хүлээлгэх эрх зүйн орчин манайд байдаг уу?

-Эрүүгийн гэмт хэрэг эсэхийг бүрэлдэхүүн шинжээр нь авч үзнэ. Хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд осолдсон байна уу гэдгийг харгалзаж үзнэ. Санамсар болгоомжгүйгээс үйлдэгдсэн бол гэмт хэрэг биш шүү дээ. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан эсэхийг шалгалтын явцад тогтоодог. Жишээ дурдаад ярья л даа. Таван настай хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээгээд эцэг эхийн хуралд явсан байдаг. Гэтэл хүүхэд цонхоор унаад нас барсан харамсалтай хэрэг Баян-Өлгий аймагт гарч байсан. Энэ жишээн дээр эцэг эхийн хариуцлагын асуудал яригдаж байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэг Хэнтий аймаг, Баянзүрх дүүрэгт ч гарсан. Шүүхээс эрүүгийн хэрэг үүсгэж 16 дугаар зүйлийн 16.11 дүгээр бүлэгт заасны дагуу асран хамгаалагчийг нь таван жил хүртэлх ялаар шийтгэсэн.

-Бага насны хүүхдийг аргамжиж аюул ослоос хамгаалдаг уламжлалт арга байдаг. Энэ нь өнөөдрийн нийгэмд хэр зохимжтой юм бол. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Амьдралын том философи шүү дээ. Хүүхдээ 6-7 нас хүртэл нь дагаад явах боломжгүй. Тиймээс хүүхдийг аливаа аюул ослоос хамгаалахын тулд орны хөлнөөс бүдүүн уяагаар аргамждаг байсан. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Өнөө цагт хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж аргамжиж болно. Үүнийг үгүйсгэж болохгүй. Монгол гэрт бол хүүхэд гурав алхаад л галын тулга руу орж түлэгдэх эрсдэлтэй. Өнгөрсөн жил цэцэрлэгийн багш гурван настай хүүхдийг үймүүллээ гэж харанхуй өрөөнд аргамжсан байсан. Тухайн багш нарт хэрэг үүсгэж шалгаад хариуцлага хүлээлгэсэн асуудал байгаа.

-Өнөөдөр эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан ямар хэмжээнд байна вэ?

-Хүүхдийг хүмүүжүүлэх асран хамгаалах уламжлалт олон аргууд байдаг. Өнөөдөр хүүхдийн эрх зөрчөөд, хохироогоод байгаа эцэг эх асран хамгаалагчдыг анзаарахад 20-40 насныхан байгаа юм. Энэ ээж аавууд хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга ухаанд суралцаагүй байна. Орчин үеийн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргад ч суралцаагүй байдаг. Бид гэр бүл, хүүхдийг төлөвшүүлэх хүмүүжүүлэх нөлөөллийн ажлуудыг төрийн захиргааны байгууллагуудад болон цахимаар нөлөөллийн ажлуудыг явуулж байна. Харамсалтай нь зорилтот бүлгийн эцэг эх асран хамгаалагч нар “Хоёр гурван хүүхэдтэй надад хэн юу заах гээд байна” гэх байдлаар хайхрамжгүй ханддаг. Өөрсдийнхөө сул тал, алдаа дутагдалтай эвлэрч чаддаггүй. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Хүнээр хүн хийнэ гэдэг өөрөө их ухаан байдаг. Манайхан хүүхэд эрүүл, өмсөх хувцастай, идэх хоолтой байвал болоо гэж үздэг. Хүүхдийн суурь хүмүүжилд анхаарал хандуулдаггүй. Хүүхдийн дэргэд архидан согтуурдаг, хүчирхийлэл үйлддэг. Ийм орчин мэдэрч өссөн хүүхэд ирээдүйд хүчирхийлэгч болох магадлал их өндөр. Гэр бүлийн халуун дотно харьцаатай байна гэдэг таны хүүхэд зөв хүн болж төлөвшихөд эхний алхам нь болж байдаг. Залуу гэр бүл үүнийг ухамсарлах хэрэгтэй.

-Сүүлийн хэд хоног өдөр алгасахгүй бороо орлоо. Холбогдох байгууллагууд өдөр тутам үер усны аюулаас сэрэмжлүүлж байгаа ч хүүхдээ дагуулаад аялал зугаалгад явах иргэдийн цуваа тасрахгүй үргэлжилж байна. Иргэд болзошгүй үер усны аюулаас хэрхэн сэрэмжлэх вэ?

-Үер усны аюулын эрсдэл өндөр байгаа. Таны өмнө нь гарч байсан гарам, сэлж байсан гол гүнзгий эрсдэлтэй болсон байж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Иргэд голын эрэг дагуу буудаллаад архидан согтуурч бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисны улмаас усанд живэх асуудал гардаг. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй.

Хоёрдугаарт, дэлхийн бусад орнуудад далайн эрэгт иргэдийн амрах цэгүүдийг бий болгосон байдаг. Тухайн цэгүүдэд аврах ажилтнууд бэлэн байдалд ажилладаг. Мөн тухайн өдөр хэдэн цагийн орчимд ямар хүчтэй давлагаа ирэхийг амарч буй иргэдэд сэрэмжлүүлж, далайд ороход тохиромжтой цагийг зарлаж анхааруулдаг. Тэр олон хүнийг ийм нарийн зохион байгуулалтаар ажиллаж хамгаалдаг.

Манайд бол Туул голын ай сав газраар л Онцгой байдал болон цагдаагийн хамтарсан шалгалт, завьт эргүүл явж сэрэмжлүүлдэг. Завьт эргүүл хоёр чиглэлд явж байхад хүмүүс олон чиглэлд сэлдэг. Улмаар архидан согтуурч усанд эндэх осол хэрэг буурахгүй байгаа юм. Дураараа очоод сэлээд байж хэрхэвч болохгүй, тодорхой зөвлөмж авч, хамгаалалтын хувцастай байх хэрэгтэй. Үүнийг сэрэмжлүүлж байна.

-Аж ахуйн нэгжүүд хүүхдэд эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд мэргэжлийн байгууллагууд сануулга өгч ажилладаг ч үүний биелэлт сул байгаа нь гарч байгаа осол хэргүүдээс анзаарагддаг. Үүнд ямар зохицуулалт шаардлагатай байна вэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт тавьж ажилладаг. Хүүхдэд эрсдэлтэй байвал мэдэгдэл шаардлага хүргүүлдэг. Байгууллагууд нь зөрчлөө арилгадаггүй жишиг байдаг. Сая дөрвөн хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цүнхээлд сэлж байгаад живж амь насаа алдсан эмгэнэлтэй хэрэг гарлаа. Тухайн нүхийг булж аюулгүй болгох шаардлага хүргүүлсэн байсан. Мэргэжлийн хяналтын байцаагч очоод цаас өгөөд орхих биш, харж байгаад зөрчил дутагдлыг нь арилгах ёстой байсан. Энэ асуудал дээр мэргэжлийн хяналтын байгууллага хариуцлагагүй хандсан.

-Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг осол хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ямар ажил арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?

-Хүүхдийн гэмт хэргийг хүн амын түвшинтэй харьцуулаад үзэхэд манайх дэлхийд 22 дугаар байранд явж байгаа. Бидний хайхрамжгүй, хэнэггүй, хүүхэд хамгаалах үйлчилгээ үр дүнгүй байгааг харуулж байна л даа. Монгол Улс хүүхэд эрүүл аюулгүй орчинд аж төрөх хууль тогтоомж олныг баталсан. Гэхдээ хууль батлаад бүх зүйл сайхан болчихгүй. Энэ чиглэлийн яамны бүтэц орон тоонд мэргэшсэн хүүхэд хамгааллын ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Энхболд: Баяр наадмын өдрүүдэд зам хаах шийдвэр гараагүй байна

Улсын баяр наадмын үеэр замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.


-Наадмын өдрүүдэд орон нутгийн зам хаана гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Цагдаагийн байгууллагаас иргэд “Наадмын үеэр орон нутгийн замыг хаах уу” гэж маш их лавлаж байна. Ер нь орон нутгийн болон аймгуудын замыг хаах шийдвэр Зам тээврийн хөгжлийн яам, мөн тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар гардаг. Өнөөдрийн байдлаар буюу баяр наадмын өдрүүдэд нийслэлээс гарах, орох болон орон нутгийн замыг хаах эсэх талаар албан ёсны шийдвэр, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй. Гэхдээ коронавирустэй холбоотойгоор долдугаар сарын 15-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан.

Тийм учраас гэнэтийн байдлаар өвчин эмгэгтэй холбоотой шийдвэр гарахыг үгүйсгэхгүй. Бусад шалтгаанаар замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргаагүй. Тиймээс иргэд хөдөө, орон нутагт зорчихдоо аюулгүй байдлаа хангаарай. Түүнээс биш, “Зам хаана, хаахгүй” гэсэн баталгаагүй мэдээлэлд эргэлзэх хэрэггүй. Иргэд энэ талаарх шуурхай мэдээллийг холбогдох төрийн байгууллагын вэб сайт болон Тээврийн цагдаагийн алба гэсэн цахим хаягнаас тухай бүрт нь авч болно.

-Ямар нэг байдлаар зам хаах эрсдэл үүслээ гэхэд хэсэгчилж хаана гэж ойлгож болох уу?

-УОК-оос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу онцгой байдлын үед зам хаана. Гэнэтийн тохиолдолд хэсэгчлэн зам хааж байгааг анзаарсан байх. Тухайлбал, Ховд аймагт тарваган тахал илэрсэнтэй холбоотойгоор Цэцэг, Жаргалант сумаас гарах, орох хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлалаа. Мөн Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хаасан. Түүнээс улсын хэмжээнд зам хаахгүй.

-Энэ жилийн Улсын наадам онлайнаар болно. Бөхийн барилдаан XIII зуун цогцолборт, хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно. Эдгээр чиглэлд хүмүүсийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлж зам хаах уу?

-Коронавирустэй холбоотойгоор улсын баяр наадмыг үзэгчгүй, онлайнаар зохион байгуулж, хэвлэл мэдээллийн өргөн сувгаар нэвтрүүлэх ажлыг наадам зохион байгуулах комиссынхон хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор Төв аймгийн Эрдэнэ сум, төв замаасаа XIII зуун цогцолбор хүртэлх чиглэлд хөдөлгөөнийг бүсчлэн хаана. Баяр наадмын үйл ажиллагаа болох тухайн хэсгүүдийг бүсчилж хаана. Иргэдийг тийш нь оруулахгүй байхаар хөдөлгөөний хамгаалалт хийх төлөвлөгөө гарч, бэлтгэл ажлыг хангасан. Мөн Төв аймгийн Хүй долоон худаг буюу Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн цаад талын Лүн чиглэлийн төв замаар хөдөлгөөн саадгүй зорчино. Харин хурдан морины бариа бүхий Хүй долоон худгийн Монгол наадам цогцолбор руу оруулахгүй.

Наадмын өдрүүдэд 24 цагийн турш харуул хамгаалалттай байна. Иргэд очоод гуйж морь, бөх, шагайн болон сур харваа үзчихнэ гэж бодож болохгүй. Тухайн хэсэг рүү хэнийг ч нэвтрүүлэхгүй. Зөвхөн наадам зохион байгуулах комиссынхон, бөхчүүд, уяачид тодорхой шалгуураар орно. Тэгэхээр XIII зуун цогцолбор, Хүй долоон худгийн чиглэлд хөдөлгөөн нэмэгдэх магадлалтай тул тусгай хамгаалалтын цуваа зорчих үед хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахыг үгүйсгэхгүй. Тиймээс морин уралдаан, бөхийн барилдаан эхлэх үед иргэд баруун тийш Лүн, зүүн тийш XIII зуун цогцолбор руу аль болох хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Аймгийн заан О.Түмэн: Удмаа дуурсгаж улсын цол авахыг зорьж байна


Наадмын сорилго барилдааны түрүү бөх, аймгийн заан О.Түмэн, үзүүр бөх улсын заан Б.Соронзонболд нар

“Увс нуур” галын наадмын сорилго барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон юм. Барилдаанд улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс нараар ахлуулсан 64 бөх зодоглож Увс аймгийн Тэс сумын харьяат “Арвижих Увс” компанийн бөх аймгийн заан Очирбатын Түмэн түрүүлжээ. Түүний хувьд бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбат, тавын даваанд улсын аварга Н.Батсуурь нарыг өвдөг шороодуулсан юм. Залуу хүчтэнтэй хөөрөлдсөнөө хүргэе.


-Улсын наадмын түрүү тодордог “Увс нуур” галын наадмын сорилго барилдаанд түрүүллээ. Танд баяр хүргэе.

-Баярлалаа. “Увс нуур” галын наадмын сорилго барилдаан сайхан боллоо. Бөхчүүдийн маань бэлтгэл сургуулилт жигдэрсэн байгаа. Миний хувьд аварга, арслангууд ахалдаг энэ том галын сорилго барилдаанд түрүүлнэ гэж санасангүй. Үлгэр дуурайл авдаг ах нартайгаа сайхан барилдаж наадмын сорилго барилдаанд түрүүллээ. Н.Батсуурь, С.Мөнхбат гээд аварга ах нарыг өвдөг шороодууллаа, сэтгэгдэл өндөр байна. Залуу бөхийн тухайд их урам зориг авлаа. Өнгөрсөн жил энэ галын сорилго наадамд Н.Батсуурь аварга түрүүлж, П.Бүрэнтөгс арслан үзүүрлэж байсан.

-Наадмын чимэг аваргуудыг өвдөг шороодуулжээ. Хөл хорионы үед бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаав?

-Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш заалтны барилдаан зохион байгуулагдсангүй. Хөл хорионы үед бол хөдөө гэртээ байсан. Адуу малтай ноцолдоод л биеэ чангаруулж байлаа. Хүчний бэлтгэл түлхүү базаасан. Наадам болох сургаар хот руу ирж “Увс нуур” галдаа бэлтгэлд гараад байна. Манай галынхан зургадугаар сарын 12-ноос бэлтгэлдээ гарсан. Энэ жилийн тухайд галын ерөнхий дасгалжуулагчаар дархан аварга Х.Баянмөнх, үндсэн дасгалжуулагчаар улсын аварга О.Балжинням, туслах дасгалжуулагчаар улсын заан О.Одгэрэл нар ажиллаж байна. Аварга, арслангуудын үнэ цэнэтэй үгийг сонсож, зөвлөгөөг нь дагаж бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байна.

-Өнгөрсөн намрын барилдаануудад ямар амжилттай барилдсан бэ?

-Өнгөрсөн жилийн тухайд миний бэлтгэл сургуулилт сайн байсан шүү. Аймаг цэргийн цолтнуудын намрын улирлын нээлтийн барилдаанд их шөвөгт шалгарч түрүү бөх аймгийн арслан Б.Зоригтбаатарт өвдөг шороодсон. Сүүлд нэгдүгээр сард дахин их шөвөгт шалгарсан. Заалны барилдааныг болж өгвөл алгасахгүйг хичээдэг юм. Бэртэл гэмтэлгүй байсан учраас сайхан барилдсан.

-Та энэ жил улсын наадамдаа барилдах төлөвлөгөөтэй байна уу?

-Уул нь улсын наадамд барилдчихмаар байна. Гэхдээ багш нар “Ирэх жил 100 жилийн ойгоор 1024 бөх барилдана. Энэ жилдээ аймгийн наадамд барилдаад арслан болчих. Ирэх жилийн наадмаар барилдахад оноолтод чинь хэрэгтэй” гэж зөвлөж байна лээ. Багш нарын зөвлөснөөр шийдэж Дундговь аймгийн наадамд барилдахаар бүртгүүлсэн. Харин бүртгэж авчихаад сүүлд гадны бөх барилдуулахгүй шүү гэж байгаа сураг дуулдсан. Үнэхээр тийм бол барилдах наадамгүй хоцрох гээд байна. Битүүхэн айдас төрж л байна. Арай ч ингэж залуу бөхчүүдийн эрх ашгийг хохироохгүй байлгүй дээ гэж найдаж байгаа. Уул нь 21 аймаг, есөн дүүрэг бүгд л Монгол нутаг дэвсгэр биз дээ. Бөх хүн хаана ч очоод барилдахад нээлттэй л баймаар юм. Нэг талаараа хүний эрхэд бүдүүлгээр халдаж байгаа асуудал биз дээ. Өөрийн аймгийн цөөхөн бөхийг хооронд барилдуулаад цол чимэг олгодог ийм явцуу асуудал байж болохгүй. Гадны аймгийн бөх барилдуулахгүй гэж явцуу бодлого гаргаж байгаа аймгийн бөхийн холбоодыг МҮБХ-ноос анхааралдаа авч асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсч байна. МҮБХ бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан зөв шийдвэр гаргах байх. Аймгийн наадмыг улсын наадамтай нэг өдөр зохион байгуулж байгааг дэмжиж байгаа. Эн тэнцүү бөхчүүд сайхан хүч үзээд хэн чадалтай, хэн илүү хөдөлмөрлөсөн нь цол авна. Үзүүштэй гоё барилдаанууд гарах байх.

-Энэ жил үзэгчгүй наадам болох нь. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Цар тахал дэгдээд буй энэ хүнд үед бөхчүүдийн эрх ашгийг хангаж наадмаа хийж байгаад сэтгэл хангалуун байна. Орон нутгийн наадам үзэгчтэй явагдах юм билээ.

-Ирэх жил 100 жилийн том ойн баяр наадам тохионо. Таны хувьд дотроо бодсон зүйл байгаа л байх…

-Би өөрийгөө азтайд тооцдог юм. Миний ид барилдаж байх үед энэ том ойн наадам тохиож байна. Энэ том боломжийг алдалгүй ашиглаж улсын цол хүртэж нутгийн олноо баярлуулах зорилго тээгээд бэлтгэлээ чин сэтгэлээсээ базааж байна даа.

-Өнгөрсөн жил Увсын наадамд Түмэнг түрүүлнэ гэж таамаглаж байсан ч талаар болсон. Түрүүлчихээр хэмжээнд барилдаж байсан шүү дээ. Ямар алдаа гаргав. Ямар дүгнэлтэд хүрэв?

-Аймгийн наадамд дөрвөн жил барилдлаа. Эхний хоёр жилд нь бэртэл гэмтлийн асуудлаас шалтгаалаад санасандаа хүртэл бэлтгэл сургуулилт хийж чадалгүй барилдаад унасан. Харин сүүлийн хоёр жилийн тухайд цэвэр өөрийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж өвдөг шороодсон. Өнгөрсөн жил дөрвийн даваанд аймгийн начин Т.Төгсжаргалтай оноолт таарч барилдаад унасан. Алдаа оноогоо багш нартайгаа зөвлөсөн байгаа. Энэ удаа алдаагаа давтахгүйг хичээж байна.

-Анх 2015 онд бүх цэргийн наадмаар шуугиулж сайн барилдаж байсныг тань мэдэх юм…

-Тэр барилдааны өмнөх өдөр нь сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд одоогийн улсын начин Д.Цэрэнтогтохтой үлдэж үзүүрлэж байлаа. Маргааш нь бүх цэргийн наадам болох сургаар цүнхээ үүрээд Бөхийн өргөө орлоо. Гайгүй барилдчихаж болмоорч юм шиг санагдаад. Гурав даваад дөрвийн даваанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал ахад унасан. Тэр ирэн дээрээ нутгийнхаа наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн. Тэр жил бэлтгэл сайн байсан шүү.

-Ямар бөхчүүдээс үлгэр дуурайл авч бэлтгэл сургуулилтаа базааж байна вэ?

-Улсын арслан Б.Ганбат ахаас үлгэр дуурайл авдаг юм. Даруу төлөв зантай мөн ч сайхан бөх шүү дээ. А.Сүхбат, Г.Өсөхбаяр зэрэг дархан аваргуудтай нэг үед хүчтэй өрсөлдөж улсын наадамд түрүүлсэн мундаг бөх. Мөн улсын гарьд Ө.Бат-Орших ахын эрэмгий дайчин барилдааныг үзэх дуртай. Гарьдын барилдаанаас сурах зүйл их байгаа. Мөн Булганы жижиг Амарсайхан начинг их хүндэлж, үлгэр дуурайл авдаг. Тэр жижиг биед баймааргүй элдэвтэй барилддаг авьяастай бөх. Энэ мэт олон сайхан бөхчүүдээс суралцаж цэх шулуун явахыг боддог.

-Та бөхийн удамтай юу?

-Удам бий. Аавын минь талд Төмөрийн Артаг гэж улсын начин цолтой хүн байсан. 1968 оны Мехикогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдааны төрөлд хүрэл медаль хүртэж байсан мундаг бөх байлаа.

-Ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Удмаа дуурсгаж, улсын цол хүртэж Увс нутгийн зон олноо цэнгүүлэхийг л зорьж хичээж явна. Улсын цол хүртээд дэвж байх юмсан гэж мөн ч их бодох юм.

-Улсын цол өөрт тань хэр хол харагдаж байна вэ?

-Хичээж хөдөлмөрлөсөн хүнд зүлэг ногоон дэвжээ ивээлээ хайрладаг. Үүний амьд жишээ нь аварга, арслан ах нар маань юм даа. Эднийгээ залгаж улсын том цол авах зорилго өмнөө тавиад хөдөлмөрлөж байна.

Нэгэнт л бөхийн спортод бүх зүйлээ зориулж байгаагийнх том цолд л хүрэх зорилго тавьсан байгаа. Болох байлгүй дээ.

-Улсын наадамд барилдаж амжсан уу?

-2016 оны улсын наадамд барилдсан. Хоёр даваад Говьсүмбэрийн аймгийн арслан Т.Пүрэвсүрэнтэй тунаж барилдаад өвдөг шороодсон. Барилдаан удааширч шоо хаяхад Пүрэвсүрэнгийн талаар бууж барьц сонгуулсан.

-Таны төрсөн нутаг Тэс сумаас улсын цолтой олон бөх төрсөн байдаг. Нутгийнхаа талаар ярихгүй юу?

-Сайхан нутаг шүү. Зундаа 40 гаруй градус хална. Өвөлдөө тэр хэмжээнд хүйтэрдэг. Ийм л байгалийн эрс тэс уур амьсгалтай нутгаас улсын цолтнууд олноор төрсөн байдаг. Энэ нутгийн хүн зон нь ч тэвчээртэй, хатуужилтай байдаг.

-Бидний яриа энд хүрээнд өндөрлөж байна. Хүссэн цолондоо хүрч сайхан наадаарай.

-Баярлалаа. Монгол түмэндээ, Увс нутгийнхандаа баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье. Нийт бөхчүүддээ хүссэн цолондоо хүрч сайхан наадахын ерөөл дэвшүүлж байна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Уянга: Эрх баригчид сонгогчийн боловсролыг муу байлгах бодлого баримтлаад байна


Цахим орчинд “Элийрэгч” нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянгатай ярилцлаа.


Сайн байна уу. Та Монголоос хэзээ гарсан бэ?

-Би Тайландын Чан мая хотод байна. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Улаанбаатараас гарсан. Энд гацаад зургаан сар гаруй болж байна.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит сонгууль болж өндөрлөлөө. Таны хувьд үр дүнтэй санал нийлэхгүй байгаагаа цахим хаягаараа мэдэгдэж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Хүлээлтээс тэс өөр үр дүн гарсан. Сонсоод л шоконд орчихсон. Одоо харьцангуй хүмүүсийн бухимдал, эмоц дарагдсан байна. Монголын ард түмэн л ийм сонголт хийсэн юм байлгүй дээ. Мажоритар систем нь массын санал хувааж, нэг намыг давамгай гаргахад тохиромжтой байдаг. Тойргийг нь л томсгосноос биш мажоритар системээр явж байгаа шүү дээ. Томсгосон мажоритар систем нь нэг намд санал төвлөрүүлэхэд нэн тохиромжтой, жижиг нам эвсэл, бие даагчдад боломж хомс олгодог. Миний хувьд сонгуулийн дүнд хар төрж л байгаа.

-Сонгууль шударга бус явагдсан гэж хардаж байна уу та?

-Саналын хуудас, санал өгсөн хүний тоо зарим тойргуудад зөрөөд байгаа нь том асуудал. Мөн олон мянган хүнийг зургаан сар орчим хилийн гадна гацаачихаад иргэдээ татах тал дээр хойрго хандаж байгаа нь үнэмшил муутай санагдаж байна. Хойд хөрш халдварын голомтоос оюутнуудаа татсан шүү дээ.Ийм байж халдвар тархаагүй газраас иргэдээ татахгүй хойрго хандах юм. Халдвар авахыг нь хүлээгээд байгаа юм уу, үүнийг огт ойлгохгүй байгаа. Хилийн гадна байгаа хүмүүсийн саналыг ашиглаж байх боломжтой гэж хардаж байна.

-Нэр дэвшигчид сонгогчдод мөнгө тараасан, бие даан нэр дэвшигчдийн саналыг дарсан зэрэг зөрчлүүд гарсан байна лээ.

-Эргэлзээтэй тойргуудад гараар тооллого явуулаад сонгууль будилаантуулсан хөдөлшгүй баримт илэрвэл сонгуулийг хүчингүй болгож дахин явуулах нь зөв гэж үзэж байна. Ирэх намар орон нутгийн сонгуультай нэгтгээд явуулах боломжтой. Орон нутгийн сонгуулийг мажоритароор явуулбал бас л улаан хэрүүл болох нь энэ удаагийн үр дүнгээс харагдаж байна. Өөр систем хэрэгтэй. Нэг намын гарт орчихлоо шүү дээ. Сонгууль дахин явуулахад мөнгө төсөв үрлээ гэж шүүмжлэх л байх. Сонгууль будилаантуулсан хүмүүсийг дөрвөн жил дээрээ залж идүүлж, уулгаж байснаас хэдэн төгрөг зарлагадаад дахин сонгууль хийхэд болохгүй зүйл юу байна. Тэр байтугай л хулгай хийж ард иргэдийг боломжоос хумсалдаг биз дээ. Цахимд дэлгэгдсэн баримтууд баталгаатай бол сонгуулийг дахин явуулах хэрэгтэй.

Мөн гадаадад гацсан иргэд санал өгч чадаагүй. Гэртээ харих хүсэлтэй 10 мянган иргэн байгаа болохоос биш гадаадад 250 орчим мянган монголчууд байгаа шүү дээ. Эдгээрийн саналыг ч ашиглаж сонгууль будилаантуулсан байж болно.

-Халдвартай газраас иргэдээ татах нь дотооддоо халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзэх хүн олон байна лээ…

-Халдварын голомт ОХУ-аас оюутнуудаа татахад л огцом өссөн. ОХУ-ын тал хэдэн хүүхдийг автобусанд чихээд хил рүү авчраад хаячихсан байсан. Ийм нөхцөлд халдвар авах нь ойлгомжтой биз дээ. Хамгийн гол нь халдвар аваагүй иргэдийг хилийн гадна олон сараар гацааж байгаа нь сэжиг төрүүлж байгааг дахин онцолъё. Хорио цээрийн дэглэм тогтоосон үед сонгуулийн өдөр “The HU” хамтлагийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөөд байсныг МАН ялалтын баяртаа зориулсан байсан гэж хардаж байна. Сонгуулийн үр дүн тодорхой болчихсон байсан юм биш үү.

-Сонгогчийн боловсролын тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Сонгогчийн боловсрол тааруу байгааг сүүлийн хэдэн сонгуулийн үр дүн харуулсан. Энэ удаагийн үр дүн бүр дордож байгааг батлаад өгчихлөө. Манайхан жижиг бэлэг тараадаг, байрны гаднах тохижилт зэргийг хийчихэд л санал шууд өгчихөж байна. Нэр дэвшигч улс орны хөгжлийн бодлого чиглэлд хууль дүрмийн хувьд тулгамдсан асуудлуудыг боловсруулаад хөдөлгөдөг, улсын эдийн засгийн чадавх багтаамжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй байдаг. Сонгогчид энэ талаас нь харахгүй байна. Нэр дэвшигчид сонгуулийн хэдхэн сард л хэдэн байрны дээвэр туурга, хашаа хайс янзлаад л санал авчихаж байна. Сонгогчид үүнийг нэр дэвшигч хувийн хөрөнгөөрөө хийж байгаа буяны ажил гэж хараад байгаа нь харамсалтай. Ингэж санал авдаг жишиг манайд тогтчихоод байна.

Яг үнэндээ бидний татварын мөнгийг үр дүнтэй зөв зарцуулах хүнийг л сонгохын тулд сонгууль явагдаж байгаа шүү дээ.

Бид нарын халааснаас гарсан мөнгөний өчүүхэн хэсгийг нь гялайлгаж буянтай сайн хүн болж харагдаад байгааг иргэд ухаарах хэрэгтэй. Хоногийн хоол, хоёр километр замын төлөө санал өгдгөө одоо болих цаг ирсэн. Бидний сайхан амьдрах санхүүгийн эх үүсвэрийг булааж, хулгайлж байгааг иргэд ухамсарлахгүй байна. Та хувьдаа жаахан тооцоо хийхэд л таны ямар сайхан боломжийг хулгайлж хумсалж байгааг ойлгох болно.

-Сонгогчийн боловсрол иргэдийн амьжиргааны түвшинтэй салшгүй холбоотой юм шиг?

-Тийм л дээ. Эрх баригчид иргэдийн амьжиргааны түвшин доогуур байлгах бодлого явуулаад байна шүү дээ. Тиймээс иргэд рүү сонгогчийн боловсролгүй байна гээд чичээд байх бас хэцүү. Сонгогчийн боловсролыг муу байлгах бодлого баримтлаад байна. Би хувьдаа үүнийг өөрчлөх гэж л их “шатлаа”. Иргэд хэрсүү ухаантай байж, нэг намын тогтолцоо, дарангуйллыг хална.

Categories
мэдээ цаг-үе

Э.Пүрэв-Очир: Үргэлжилсэн борооны улмаас хэд хэдэн хэсэгт зам эвдэрсэн нь осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Э.Пүрэв-Очиртой ярилцлаа.


-Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын нөхцөл байдал ямар байв. Гурван ч хүний амь нас эрсэдсэн гэх мэдээлэл байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 506 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс 316 нь зам тээврийн ослын шинжтэй байсан. Бүртгэгдсэн ослын улмаас 10 хүн гэмтсэн. Үүний дөрөв нь хүүхэд байсан. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд гурван хүний амь нас хохирсон харамсалтай мэдээ байна. Тодруулбал, зургадугаар сарын 26-ны өдрийн 00:40 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт асфальтан замд “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож иргэн А нь явган зорчигч 45 настай иргэн Б-г мөргөж амь насыг нь хохироосон. Мөн зургадугаар сарын 28-ны өдөр 18:40 цагийн орчимд Булган аймгийн Бугат сумын нутагт асфальтан замд Toyota Prius маркийн автомашин онхолдож зорчигч 51 настай иргэн нас барсан. Тус өдөр Увс аймгийн Өмнөговь сумын нэгдүгээр багийн нутагт шороон замаар зорчиж байсан УАЗ маркийн автомашин онхолдож жолооч 37 настай Н-ын амь хохирсон харамсалтай хэрэг гарсан.

Амралтын өдрүүдэд Тэрэлж рүү чиглэсэн хөдөлгөөн өндөр ачаалал авсан. Ням гаригт Тэрэлжээс хот руу чиглэсэн хөдөлгөөн Офицерийн ордны тойрог хүртэл түгжирсэн.

-Амралтын хоёр өдөрт л гурван хүний амь нас эрсэднэ гэдэг харамсалтай юм. Ослын шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлж л зам тээврийн осол гаргаж амь нас эрүүл мэндээрээ хохирч байна. Ойрын өдрүүдэд үргэлжилж орсон борооны улмаас хэд хэдэн хэсэгт авто зам эвдэрсэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор эвэрсэн хэсгийг тойрч гарахдаа сөрөг урсгалын хөдөлгөөнд саад учруулах, хурдтай явж байгаад огцом дарж саадыг тойрохдоо онхолдох зэргээр осол гаргаж байна. Бороо орсон үед замын зорчих хэсэг халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй байдаг учраас хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг жолооч нартаа сэрэмжлүүлж байна.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүд хашаанд ахуйн хүрээнд осолдож амь нас нь хохирох тохиолдол олон гарч байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм шүү. Хашаандаа тоглож байгаад л эцэг эх асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүй, хэнэггүй байдлаас шалтгаалж машинд дайруулж амь нас нь хохирсон хэд хэдэн тохиолдол байгаа. Оны эхний зургаан сарын байдлаар 172 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 143 хүүхэд гэмтэж, 29 хүүхэд нас барсан харамсалтай тоон үзүүлэлт байна. Хамгийн сүүлд гэхэд л зургадугаар сарын 15-нд хашаандаа тоглож байсан нэг ойтой охиныг дайрч амь насыг нь хохироосон эмгэнэлтэй хэрэг бүртгэгдсэн. Энэ төрлийн хэрэг Дорнод аймагт тав, Төв аймагт нэг бүртгэгдээд байна.

Бага насны хүүхдийг тээврийн хэрэгслийн осол хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн хариуцлага чухал үүрэгтэй. Хашаа байрны гадна талбайгаас хөдлөхдөө ойр орчмоо ажиглаж аюулгүй байдлаа хангаж байх хэрэгтэй. Тээврийн хэрэгслээ нэг тойроод л хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд танаас 10 секундийн л хугацаа шаардана. Ингэснээр та өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлыг хамгаалж байгаа юм.

-Тээврийн цагдаагийн албанаас бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

-Тээврийн цагдаагийн албанаас дээрх тохиолдлуудыг судалж үзээд “Гарцаар гарцгаая”, “Бяцхан зорчигч” гэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд орон нутаг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд заавар зөвлөгөө өгч, хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт тараах материал бэлтгэн өгч байна. Осол хэргээс урьдчилан сэргийлж нөлөөллийн ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

-Гарцаар гарч буй иргэнд зам тавьж өгөөгүй тээврийн хэрэгслүүдэд дор бүр нь хариуцлага тооцож ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Гарцаар гарцгаая” арга хэмжээний хүрээнд дүрмээрээ гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөөгүй зөрчил гаргасан 4000 гаруй жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасанчлан арга хэмжээ авч, 20 нэгжээр торгож, хоёр оноо хассан. Дээрх арга хэмжээний үр дүнд явган зорчигч мөргүүлэх осол буурсан эерэг үр дүн гарсан.

Нөгөө талдаа явган зорчигч нар өөрсдийн аюулгүй байдлыг хангаж зөвхөн гарцаар гарч соёлд ч суралцсан байна лээ. Хэрэв гарцгүй газраар зам гарч тээврийн хэрэгсэлд мөргүүлбэл, тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг явган зорчигч төлж барагдуулна гэдгийг энд анхааруулъя. Иймээс дүрмийн дагуу гарцаараа гарч замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

-Арваадхан хоногийн дараа наадам болно. Иргэдийн олонх нь л хөдөө орон нутгийг зорьдог. Жилийн жилд л энэ үеэр зам тээврийн осол нэмэгдэж хандлагатай байдаг. Иргэд хөдөө орон нутгийг зорихдоо юу анхаарах вэ?

-Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орлоо. Зарим газруудад замын зорчих хэсэгт эвдрэл гэмтэл гарсныг энд дахин анхааруулж, хурдаа тохируулж болгоомжтой зорчихыг зөвлөе. Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд онцгой анхаарах хэрэгтэй. Наанадаж л таны тээврийн хэрэгслийн шил арчигч хэвийн ажиллаж байх ёстой. Шил арчигч ажиллаагүйн улмаас шөнө оройн цагаар гялбаанд өртөж, зорчих хэсэг харагдахгүй болж осол гарах нөхцөл бүрддэг. Хариуцлагагүй, хайхрамжгүй үйлдлээрээ хайртай хүмүүсийнхээ амь нас аюулгүй байдалд заналхийлж байгаа хэрэг.

Мөн шөнө оройн цагаар түр болон удаан зогсолт хийхдээ заавал ослын гурвалжин байрлуулж, аваарын гэрлээ асааж зогсох хэрэгтэй.

-Энэ жилийн тухайд зарим газруудад бороо хур элбэг, гол мөрөн үерлэсэн талаарх мэдээллийг ОБЕГ-аас анхааруулж байна. Ийм үед баталгаагүй гармаар гол гаталж эд хөрөнгөө эрсдэлд оруулах тохиолдол байдаг. Энэ талаар жолооч нарт сэрэмжлүүлэхгүй юү?

-Зарим газруудад гол мөрөн үерлэсэн байгаа. Жолооч нар өмнө нь гарч болж байсан юм чинь гээд үерлэсэн гол руу орох гээд байдаг. Ийм маягаар амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулдаг. Зарим тохиолдолд амарч зугаалахдаа голын эрэгт тээврийн хэрэгслээ байршуулдаг. Үерийн улмаас эрэг нурах эрсдэл өндөр байдаг. Эрэг нурч тээврийн хэрэгсэл үерт автсан тохиолдолд хэд хэд бүртгэгдсэн. Иймд аялж зугаалахдаа тээврийн хэрэгслээ гол мөрнөөс зайтай байршуулахыг зөвлөж байна.