Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал үндэсний-бөx

Цагаан сараар бөх барилдуулахыг бөхийн холбоо, бөхчүүд, үзэгч олон дэмжиж байна

-УЛСЫН ЗААН М.БАДАРЧ: УЛАМЖЛАЛАА ТАСАЛДУУЛАХГҮЙ САР ШИНИЙН БАРИЛДААНАА ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ ЗӨВ-

100 орчим аймгийн арслангууд нэмэгдээд ороод ирэхэд бусад цолтнуудын төлөөлөл оролцох боломжгүй болдог. Иймээс 2020 оны улсын наадам, намрын улиралд зохион байгуулагдсан барилдаануудад оролцсон бөхчүүдийн үзүүлсэн амжилтыг харгалзаж цол цолны төлөөллөөс оролцуулаад барилдуулж болно. Сумын заан, аймгийн начин, харцага, заан, арслан гээд цол цолтнуудаас сайн барилдсан бөхчүүдийг оролцуулах боломжтой.

-МҮБХ-оо, бөхчүүдийн зүгээс бол зохион байгуулахад ямар нэгэн асуудалгүй, УОК-оос чиглэл ирэхэд ажилдаа ороход бэлэн гэж ойлгож болох уу?

-Ер нь бол зохион байгуулах магадлал өндөр. Гэхдээ өвчин хаашаа ч эргэж болно. Ковид хавтгайраад хяналтаас гарвал заавал барилдаан хийнэ гээд байж болохгүй гэлээ. МҮБХ-ны зүгээс бусад улс орон цар тахалтай дасан зохицоод амьдарч байна. Манайх ч дасан зохицохоос өөр арга байхгүй. Халдвар хамгааллын дэглэм сахиж барилдаан зохион байгуулна гэх байр суурийг илэрхийлж байна. Гэхдээ хэсэг хугацаанд нөхцөл байдлыг ажиглаж удахгүй албан ёсны мэдээллийг гаргах бололтой.

Бид энэ талаар бөхчүүдийн төлөөллийн байр суурийг сонслоо.

УЛСЫН ЗААН М.БАДАРЧ: УЛАМЖЛАЛАА ТАСЛАЛГҮЙ САР ШИНИЙН БАРИЛДААН ЯВУУЛАХ НЬ ЗӨВ

Архангай аймгийн харьяат улсын заан М.Бадарчаас тодруулга авлаа.


-саяхнаас сар шинийн барилдааныг зохион байгуулна гэх мэдээлэл гараад байна. МҮБХ-ны зүгээс ч нөхцөл байдлыг ажиглаж байгаад барилдаан зохион байгуулах боломжтой гэх байр суурийг илэрхийлж байна. Энэ асуудал дээр таны байр суурийг сонсох гэсэн юм.

-Би хувьдаа барилдахад бэлэн байна. Сар шинийн барилдааныг зохион байгуулах хэд хэдэн шалтгаан байна. Бид эртнээсээ л өвлийг өнтэй давсны баяраа хаврын тэргүүн сарын шинийн 1-нд өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Өндөр ач холбогдол өгдөг энэ баяраараа бөхөө барилдуулж баярлаж цэнгэж ирсэн сайхан уламжлал бий. Үүнийг тасалдуулж боломгүй санагддаг юм. Ялангуяа хөл хорио тогтоосон, хүмүүс гэр гэртээ байгаа энэ цаг үед сар шинийн барилдааныг зохион байгуулбал монголчууд үзэх харах юмтай сайхан наадах байх. Зарим тохиолдолд үзэх харах юм хомс бухимдах үе гарч байгаа шүү дээ, манайханд. Бөхөө үзээд гэр гэртээ баярлавал их л сайхан биз дээ.

Хоёрдугаарт, дэлхийн бусад улс орон цар тахалтай дасан зохицоод явж байна. Спортын уралдаан тэмцээнээ хэвийн явуулж байна. Иргэд нь үзэх харах юмтай сайхан байх шиг. Манайх яагаад болохгүй гэж гэв.

УЛСЫН НАЧИН Б.ДАВАА-ОЧИР: ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААД БАРИЛДМААР БАЙНА. ХЭДИЙ БОЛТОЛ ХҮЛЭЭХ ВЭ

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Б.Даваа-Очирын байр суурийг хүргэе.


Сар шинийн барилдааныг зохион байгуулна гэх мэдээлэл гарлаа. Холбогдох газрууд ч судалгаа явуулж байгаа бололтой. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Дан ганц Цагаан сарын барилдаан гэлтгүй бөхчүүдээ шинжилгээнд хамруулаад заал танхимын барилдаанаа хэвийн явуулаасай гэж хүсч байна. Жил бүрийн энэ өдөр Шинэ Үндсэн хуулийн том барилдаан явагддаг байлаа шүү дээ.

Өнөөдөр (өчигдөр) барилдаан болсонгүй. Японд л гэхэд сумо барилдааныг 5000 үзэгчтэйгээр явуулж болоод л байна. Сая олон улсын жүдо бөхийн холбооноос их дуулга тэмцээн зохион байгуулж 60 гаруй орны тамирчид оролцож байна. Дээрх жишгийн дагуу л барилдаанаа явуулах нь зөв.

-Хөл хорионы үед бэлтгэл сургуулилт хэрхэн базааж байна вэ?

-Гэрийн нөхцөлд л базааж байна. Бөх барилдах чинь бидний ажил.

Хэдий болтол ингэж хорих юм бэ. Цаашид энэ өвчин хэдэн сар, жил үргэлжлэхийг бид мэдэхгүй. Бөх барилдана гэдэг залуу насны л ажил. Цаг хугацаа бидэнд асар үнэ цэнэтэй. Ирэх зун Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадам болно. Бөхчүүдийн замналд ховор тохиох боломж. Сар шинийн барилдаан зохион байгуулагдвал 100 жилийн ойн наадмын том сорил болно гэлээ. Энэ цагт барилдаж буй бөхчүүдийн олонх нь бусад орны жишгийг дагаж халдвар хамгааллын дэглэм баримтлаад барилдаануудыг зохион байгуулаад явах байр суурьтай байна.

АЙМГИЙН АРСЛАН П.ЭРХЭМЖАРГАЛ: ХАМТ БЭЛТГЭЛ БАЗААДАГ БӨХЧҮҮД МААНЬ САР ШИНИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА

Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат аймгийн арслан П.Эрхэмжаргалын байр суурийг хүргэж байна.


Сар шинийн барилдаан зохион байгуулах асуудал яригдаж байна. та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Бүрэн дэмжиж байна. Хамт бэлтгэл сургуулилт базаадаг бөхчүүд маань ч үүнийг дэмжсэн байр суурьтай байгаа. Гаднын улс орнуудад бол спорт урлагийн арга хэмжээг халдвар хамгааллын дэглэм сахиад хэвийн зохион байгуулаад явж байна. Манайд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш барилдаан огт зохион байгуулагдсангүй.

Үүний ард зөвхөн бөхчүүд биш, бөх сонирхогч олон мянган хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Тэр дундаа Цагаан сарын барилдаан чинь уламжлал болж ирсэн зүйл. Үүнийг тасалдуулах хэр зохимжтой юм бол доо. Энэ сайхан уламжлалыг тасалдуулж хэрэггүй л санагдаж байна гэсэн юм.

БӨХИЙН ЗҮТГЭЛТЭН С.ДАРАМСҮРЭН: САР ШИНИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ ГАР ХӨЛИЙН ҮЗҮҮРЭЭР ХИЙХ ХЯЛБАРХАН АЖИЛ

Мөн бөхийн зүтгэлтнүүдийн төлөөллийн байр суурийг сонслоо. Энэ удаа бид иргэн С.Дарамсүрэнгээс тодруулга авсан юм.


-Сар шинийн барилдааныг халдвар хамгаалллын дэглэм сахиж зохион байгуулах ажил яригдаж байна. Энэ асуудал дээр таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Сар шинийн барилдааныг зохион байгуулах нь зөв. Нөхцөл байдал хамгийн хүнд байсан Итали улс өнөөдөр хөлбөмбөгийн лигийн тэмцээнээ хэвийн явуулж байна. Ийм байхад бид ковид гээд ухраад хойш суугаад байж болохгүй. Холбогдох албаны хүмүүс бол гар хөлийн үзүүрээр л хийх ажил шүү дээ. 128 бөхөөс шинжилгээ авч, цөөхөн хоног тусгаарлаад л барилдуулж болно. Нэг их зардал ч шаардахгүй дээ. Өдөрт 10 гаруй мянган хүнээс шинжилгээ авч байгаа тухайгаа өглөө бүр л зарладаг. 128 бөхөөс шинжилгээ аваад барилдуулахад болохгүй нь юу байх вэ дээ.

Сар шинийн барилдаан бол үндэсний хэмжээнд зохион байгуулдаг уламжлалт баяр. Орон даяар олон мянган хүн хүлээж байгаа. Сар шинийн үеэр аягүй бол хатуу хөл хорио тогтоож таарах байх. Гэр гэртээ байгаа хүмүүст үзэх харах юм хомс байна. Иймээс барилдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Битүүний өдөр бөхөө үзэж суух иргэд гарч орж гүйгээд алба хаагчдын ажилд хүндрэл учруулахгүй нь лавтай гэсэн юм.

УОК-оос өнгөрсөн зун баяр наадмыг хөдөө талд халдвар хамгааллын дэглэм баримталж аюулаас ангид өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлсэн. Монголчууд ч бөхөө үзэж, морио хараад сайхан баярласан. Дээрх жишээнээс харахад л манайхан спорт, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах туршлагатай нь анзаарагдаж байна.

Энэ удаад ч үзэх харах юмаар хомс, гэр гэртээ зурагтын өмнө суугаа үзэгчдэд зориулж чансаа өндөр бөхийн барилдаан зохион байгуулбал цар тахлын нөлөөгөөр бухимдуухан байгаа иргэддээ нэг орой ч болов сэтгэлийн цэнгэл эдлүүлэх юм даа.

Categories
мэдээ спорт цаг-үе

Г.Ганбаяр: Шигшээ багийн өмсгөлтэйгөө талбайд гарна гэдэг гайхалтай мэдрэмж шүү

Өнгөрсөн онд Монголын багийн спорт, тэр дундаа хөлбөмбөгт том дэвшил гарлаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын тамирчин Ганболдын Ганбаяр хөлбөмбөг өндөр хөгжсөн Европ тивд мэргэжлийн багтай гэрээ байгуулсан нь онцлох үйл явдал байв. Энэ жил 20 нас хүрч буй тэрбээр мэргэжлийн клубтэй гэрээ байгуулмагцаа дээд лигийн тоглолтод гарааны бүрэлдэхүүнээс оролцсон нь Монголын хөлбөмбөгийн түүхэнд өөр нэг шинэ хуудас нээсэн юм. Ингээд Унгарын мэргэжлийн хөлбөмбөгийн лигт Монгол Улс төдийгүй Ази тивийн төлөөлөл болж ур чадвараа гайхуулж буй Активал Чаквар клубийн довтлогч Ганболдын Ганбаяртай ярилцсанаа хүргэе.


-Дэлхийн хөлбөмбөгийн хөгжлийг тодорхойлж буй Европ тивд ур чадвараа таниулж мэргэжлийн клубтэй гэрээ байгуулсанд баяр хүргэе. Сэлэнгэ аймгийн өсвөрийн шигшээ багийн хүү Унгар явах боломж хэзээ хэрхэн бүрдэж байв?

-Их баярлалаа. Анх 2016 онд Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачилж өсвөрийн тамирчдын дунд шалгаруулалт явуулж нэрт хөлбөмбөгчин Пушкашийн нэрэмжит академид суралцаж ур чадвараа хөгжүүлэх боломж олгосон нь мэргэжлийн тамирчин болох үүдийг надад нээж өгсөн. Би тухайн үед шалгаруулалт болох зарыг сонсооч үгүй найзындаа унтаж байхад “Хоромхон” клубийн Жийгээ (Пүрэвсүх) багш дуудаж шалгаруулалтад оруулж байлаа.

-Өнгөрсөн онд Европ тивийн лигээс шигшигдсэн багууд оролцож дэлхийн шилдгүүд ур чадвараа гайхуулдаг “Европа лиг”-ийн тэмцээнд монгол тамирчин оролцсон нь онцлог байлаа. Тэр том тэмцээний уур амьсгалыг мэдэрснээ уншигчидтай хуваалцахгүй юу?

-Манай баг өнгөрсөн улиралд лигтээ гуравдугаар байр эзэлж Европа лигийн урьдчилсан шатны тэмцээнд өрсөлдөх эрх авсан юм. Миний тухайд тус лигт тоглох багийн бүрэлдэхүүнд багтаж оролцсон. Тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэнд тоглолт явагдсан. Мэдээж тамирчдын ур чадвар өндөр юм билээ. Өндөр ач холбогдолтой тоглолт байсан ч үзэгч хөгжөөн дэмжигчгүй цэнгэлдэх хүрээлэнд явагдсан учраас нөхөрсөг тэмцээн ч юм уу, хамтарсан бэлтгэлд оролцож байгаа юм шиг л мэдрэмж төрж байлаа. Удахгүй дүүрэн үзэгчтэй цэнгэлдэх хүрээлэнд тоглох цаг ирэх байх гээд л хүлээж байна.

-Ер нь Улаанбаатарт явагдсан шалгаруулалтад тэнцээд Унгарт очиход таныг ямар орчин угтаж байв. Ямар саад бэрхшээл тулгарав?

-Би Унгар явахаас өмнө хөлбөмбөгийн эх орон Англи улсад мэргэжлийн багийн шалгаруулалтад ороод тэнцэж байсан юм. Гэсэн ч тухайн үед 18 нас хүрээгүй байсан учраас гэр бүлийн харгалзах хүнтэй хамт байхыг шаарддаг юм билээ. Надад тийм боломж байгаагүй учраас Англид үлдэж чадаагүй. Хөлбөмбөгийн хөгжлийг тодорхойлж байгаа Английн багийн шалгаруулалтад тэнцэж байсан хүүхэд Унгарт очоод тухайн нөхцөл байдалд дасан зохицоход хялбар байсан шүү. Миний тухайд өсвөрийн тамирчин байхдаа л мэргэжлийн хөлбөмбөгчин болохоор шийдсэн байлаа. 15 настайдаа Монголын дээд лигийн “Хоромхон” багт Голланд дасгалжуулагчийн удирдлагад тоглодог байв. Тухайн үед багийн ах нар “Чи 19-20 хүртлээ талбайд гарахгүй дээ, чамд боломж олдохгүй” гэж намайг “унтраана”. Их хор шар хөдөлдөг байж билээ. Голланд мэргэжилтэн, Гансүх, Жийгээ гээд багш нар маань шударга, зарчимч хүмүүс байсан учраас хэн илүү хөдөлмөрлөнө тэр хүнд л боломж олгодог байсан юм. Харин Унгарт ирээд алдаж болохгүй боломж гэдгийг сайтар ухамсарлаж байсан. Өөрийгөө 200 хувь дайчилсан. Энд сар орчим бэлтгэл хийсний дараа дасгалжуулагчид нь гэрээ байгуулах боломж байгаа тухай надад хэлсэн. Унгарт өмнө нь Англид шалгаруулалтад орсонтой ижил бэрхшээл тулгарсан ч клубийн зүгээс бүх асуудлыг шийдэж өгсөн.

-Мэргэжлийн багууд тамирчидтай гэрээ байгуулахдаа мэдээж тамирчны ур чадварыг харгалзах байх. Өөр ямар чадвар харгалзаж үздэг вэ?

-Дасгалжуулагчид “Хандлага ямар байна. Үр дүн тийм л гарна” гэж хэлдэг юм. Хичнээн өндөр ур чадвартай хүүхэд байсан ч мэргэжлийн тамирчин болж чадахгүй байх тохиолдол бий. Багийн арын албаны хүмүүс зөвхөн ур чадвараас гадна тухайн тамирчны хандлагыг гярхай ажигладаг. Энэ бүх үзүүлэлтийг нь харж мэргэжлийн тамирчны гэрээ үзэглэдэг юм билээ. Гэрээ байгуулж чадаагүй нь өөр зам сонгоно. Ер нь томоохон компанид ажилд орохоор ярилцлагад орж байгаатай яг л ижилхэн. Багууд гэрээ байгуулаад өндөр шаардлага тавьдаг. Миний тухайд клубээс гадуур ямар нэгэн тэмцээнд оролцож болохгүй. Өөр тэмцээнд оролцоод бэртэл авбал өндөр торгуультай байдаг.

-Мэргэжлийн гэрээ байгуулахад хувийн ур чадвараас гадна багийн спорт гэдэг утгаараа хувь тамирчны сахилга бат, ёс зүйг харгалзаж үздэг байх.

-Тийм шүү. Сая л гэхэд манай клубийн гурван ч хүүхэд багаас хасагдсан. Тухайн тамирчид ямар нэгэн төрлийн зүйл нууцаар хэрэглэж байгаад баригдсан юм билээ. Уул нь Унгарын залуучуудын шигшээ багийн ахлагчаар тоглож байсан өндөр ур чадвартай тамирчид байсан юм. Энэ мэтээр сахилга бат алдах юм бол багаас хасдаг. Хөлбөмбөг өөрөө багийн спорт. Тиймээс хувь тамирчны хүмүүжил, ёс суртахууныг чухалчилдаг юм билээ.

-Ганбаярын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөөний цайгаа 11:00 цагт уугаад бэлтгэлдээ орно. Цаг орчим үргэлжилдэг юм. Шүршүүрт ороод гараад ирэхэд л үдийн хоолны цаг болно. Ингээд өдрийн бэлтгэл хүртэл амарна. 15:30 цаг эхэлсэн бэлтгэл 18:30 хүртэл үргэлжилнэ. Оройн амралтын цагийг өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг юм. Мэдээж би цаг үргэлж тамирчин байхгүй шүү дээ. Гэхдээ аль болох эрт унтаж амрахыг боддог. Клубээс ч нойроо хангалттай авахыг шаарддаг.

-Мэргэжлийн багийн бэлтгэлийн ачаалал ямар байдаг вэ. Хэрэглэж буй хоол хүнсний тухайд?

-Энгийн үед бол өдөрт хоёр удаагийн ачаалалтай бэлтгэл хийдэг. Харин тэмцээний үед бол биеийн ачаалал нэг их авдаггүй, хөнгөхөн бэлтгэл хийнэ. Гол төлөв тактикийн хичээл орно. Хоол хүнсний тухайд клубийн ресторанаас бэлтгэж өгдөг юм. Тахианы мах, ногоо түлхүү хэрэглэдэг.

-Европ тамирчид Азийнхныг бодвол өндөр байдаг шүү дээ. Танай багийнхан ч өндөр нуруутай юм билээ. Та энэ үүнийг хэрхэн нөхдөг вэ?

-Биеийн хүчний тухайд энэ клубт надаас илүү гарах хүн одоогоор байхгүй (инээв). Нурууны өндрийн дутуугаа бусад ур чадвараараа хангалттай нөхдөг юм. Ер нь анх энд ирээд л хүчний дасгалын сорил авахад л багш нар намайг хараад гайхаж байсан шүү. Багийн хүүхдүүдийн хандлага ч илт өөрчлөгдөөд ирж байсан. Өмнө нь миний тухайд фитнесст огт явж үзээгүй л дээ. Бүр жаахан байхдаа л том хүүхдүүдтэй шороон талбайд түлхэлцэж тоглож байсан нь надад эерэгээр нөлөөлсөн гэж ойлгодог юм. Миний тухайд олон талт тоглолттой учраас багийн хувилбарт дасан зохицоход ямар нэгэн асуудал тулгардаггүй. Энэ миний давуу тал болдог.

-Ачаалалтай бэлтгэлийн үед шантрах үе гарах уу?

-Үгүй. Хүүхэд байхад л төрдөг байсан хөлбөмбөг тоглох хүсэл минь одоо ч хэвээрээ. Өдөр бүр өөрийн дуртай зүйлээ хийж сэтгэл ханамж авна гэдэг үнэхээр гайхалтай. Ийм байхад юунд шантрах билээ.

-Монголын хөлбөмбөгчин гэхээр хэрхэн хүлээж авдаг вэ. Монголын хөлбөмбөгийн талаар европчууд ямар ойлголттой байдаг вэ?

-Монгол гэхээс илүү намайг л Ази гэдэг байсан. Харин дээд лигийн тоглолтод оролцсоноос хойш Монголын хөлбөмбөгчин гэдэг болсон. Монгол тамирчид хүчтэй хурдтай гэсэн ойлголттой болсон нь зарим тохиолдолд анзаарагддаг юм. Унгар дахь Монголын Элчин сайдын яамны төлөөлөл, элэг нэгтнүүд маань миний тоглолтыг хааяа ирж үзнэ. Харь оронд Монголын далбаагаа намируулан зогсох тэднийгээ хараад их омогшдог юм. Их урам зориг авдаг.

-Монголд хөлбөмбөг тоглодог олон хүүхэд бий. Мэргэжлийн гэрээ байгуулаад явах боломж хэр байдаг юм бол?

-Боломж хаана ч байдаг. Өнөөдөр дэлхийн топ зэрэглэлийн тамирчид дунд та нараас ч хүнд нөхцөл байдлаас зүтгэж гарч ирсэн олон хөлбөмбөгчид бий. Хорт зуршлаас хол тууштай хөдөлмөрч байхад боломж хаана ч олддог. Боломж олдсон үед нь урсаж буй цаг хугацааг алдалгүй өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй.

Миний тухайд олон эцэг эх хүүхдээ хөл бөмбөгөөр хичээллүүлж байгааг хараад баярладаг юм. Таны хүүхэд мэргэжлийн тамирчин болж амьдралаа аваад явахгүй ч зөв төлөвшлийг багийн спортоос олж авна. Өнөөдөр аль ч салбарт тавьдаг гол шалгуур бол багаар ажиллах чадвар. Үүнийг багийн спортоос олж авна. Хүүхдийг багийн спортоор хичээллүүлэх нь ирээдүйд нь хийж буй юм хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Та зөв төлөвшилтэй, багаар ажиллах чадвартай иргэнийг л улсдаа бэлтгэж байна гэсэн үг. Ер нь энэ спортод татагдсан хүүхэд өнөөдөр янз бүрийн хорт зуршлаас хол байдаг гэж ойлгож болно. Хорт зуршлаас нь холдуулахын тулд спорт руу уруу татаж болно шүү дээ.

-Г.Ганбаяр клубтэйгээ хэдэн он хүртэл гэрээ байгуулсан бэ. Хэд орчим төгрөгийн цалин авч байна. Нууц биш бол танилцуулж болох уу?

-Миний байгуулсан гэрээ 2022 онд дуусна. Удахгүй сунгах эсэх талаар ярилцах байх. Клубээс өгч буй цалингийн тухайд нээлттэй зарлаад байж болохгүй. Гэрээн дээр энэ тухай заасан байдаг. Миний цалин гэр бүлд маань хангалттай хүрэлцээд илүү гардаг.

-Нэрт хөлбөмбөгчин Пушкашийн академиар дамжиж гарсан нэр алдартай ямар тамирчид байна вэ?

-Салай гэж Унгарын шигшээ багийн довтлогч бий. Түүний хувьд АПОЕЛ багт тоглож байхдаа аваргуудын лигт Реалмадридын эсрэг тоглож байсан. Одоо Германы Фрайбург багт тоглодог.

-Та насанд хүрэгчдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдсан ч тоглолтуудад оролцоогүй. Ямар шалтгаан байсан юм бэ?

-Намайг тоглуулаагүй. Нэг минут ч болтугай талбайд гаргах болов уу гэж горьдож л суусан. Яагаад надад боломж олгоогүйг ойлгоогүй үлдсэн. Одоо эргээд бодоход харамсдаг юм. Шигшээ багаас дуудлага ирэхэд би багтаа бэлтгэл хийж байлаа. Испани руу явж хамтарсан цугларалтад хамрагдах байлаа. Үүнийгээ цуцлаад шигшээ багтаа тоглохоор Улаанбаатар луу нисч байсан. Харамсалтай нь намайг талбайд гаргаагүй. Бэлтгэл дээр би хангалттай сайн байсан. Шигшээ багийн өмсгөлтэй хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө талбайд гарна гэдэг гайхалтай мэдрэмж байдаг шүү.

-Ингэхэд Унгарт коронавирусийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Миний тоглодог клубийн 10 орчим тамирчин коронавирусийн халдвар авсан. Тухайн тамирчид 10 хоног өөрийгөө тусгаарлаад л шинжилгээнд хамрагдаад бэлтгэлдээ орсон. Шинжилгээний хариу нь эерэг гарвал үргэлжлүүлээд тусгаарладаг юм билээ.

-Халдвар авсан тамирчдад бэлтгэлийн ачаалал даах чадвараас авахуулаад сөрөг нөлөө ажиглагдаж байна уу?

-Үгүй. Энд коронавирусээс тэгж их айгаад сандраад байгаа хүн алга. Ер нь хоруу чанар нь гайгүй гэж ойлгосон. Манай багийн тамирчид гэртээ 10 хоног л тусгаарлагдсан. Эмчилгээ ч гэж нэг их сүртэй хийлгээгүй. Гэрээс гарахгүй, чанартай хүнс хэрэглэж дархлаагаа дэмжиж байгаад л гараад ирдэг юм билээ. Халдвар авсан тамирчидтай тусгаарлалтын хугацаанд нь цахимаар холбоотой байсан. Ер нь тэгээд цаашдаа энэ вирустэй хүн төрөлхтөн дасан зохицоод л явах нь тодорхой болж байна шүү дээ.

-Таны хувьд юунд зорьж байна вэ. Мэргэжлийн тамирчин болсных Аваргуудын лигт тоглочих зорилго байгаа байлгүй?

-Өөрийгөө бүрэн дайчилна. Хаа хүрэх нь үү тэр хүртэл л зүтгэнэ. Хөлбөмбөгчдийн мөрөөдөл аваргуудын лиг шүү дээ. Үүнээс гадна шигшээ багтайгаа тив дэлхийн хэмжээнд өрсөлдөж амжилт гаргамаар байна. Үндэсний шигшээ баг маань Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд тодорхой хэмжээний амжилт үзүүлж Мьянмарын багийг хожлоо. Ур чадвар өндөр Киргизистаны багтай тэнцүүхэн өрсөлдлөө. Энэ бүхнээс үзэхэд тивийн хэмжээнд өрсөлдөх боломжтой нь харагдаж байна. Дахиад шат ахихад өөрийн хувь нэмрээ оруулмаар байна. Илүү олон хүүхэд хөлбөмбөгт татагдаж зөв төлөвшил олж аваасай гэж хүч байна.

-Нутгаа санаж байна уу?

-Их санаж байна. Өнгөрсөн жил очиж чадаагүй. Энэ жил ч мөд амжихгүй нь бололтой. Нутагтаа очоод ах дүү нартайгаа золгохыг юу юунаас илүү хүсч байна. Миний аав Унгарт байдаг юм. Их нөмөр нөөлөг болно.

Үргэлж миний талд зогсдог хайртай гэр бүлийнхэн, багш нар, найзууддаа талархаж явдгаа илэрхийлээд шинэ оны мэнд дэвшүүлье. Монголын ард түмэндээ хандаж улс орныхоо нэрийг өндөрт мандуулж явахаа амлаж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Дэлхийн шатрын холбооны мастер Э.Хулан: Хүүхдээ шатрын спортоор хичээллүүлэх нь ирээдүйд нь хийж буй том хөрөнгө оруулалт

Шатар сонирхогчдын дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, дэлхийн оюуны спортын их наадмын мөнгөн медальт Дэлхийн шатрын холбооны мастер Энхсайханы Хулантай ярилцлаа. Тэрбээр сая Иранд зохион байгуулагдсан шатрын оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд байгаа юм. Сонирхуулахад, түүний хувьд олимпийн их наадмын хүрэл медальт Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар Ардын багш Ч.Насантогтох нарын дүүгийн хүүхэд юм.


-Оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн танд баяр хүргэе. Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Энэ жилийн оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Иран улсад зохион байгуулагдлаа. Тэмцээнд Энэтхэг, БНХАУ, Казахстан, Иран гээд шатрын спортын хөгжлийг тодорхойлдог шилдэг улсын тамирчид өрсөлдлөө. Эмэгтэй ангилалд 37 тамирчин өрсөлдөж аваргаа шалгарууллаа. Өрөг бүр л ширүүн өрсөлдөөнтэй байлаа. Сүүлийн өрөгт Индонезийн тамирчинг ялж түрүүлэх болзлоо хангасан. Надтай оноо ижил өрсөлдөөн үзүүлж байсан Ираны тамирчин сүүлийн өрөгт Казахстаны тамирчинд ялагдаж байр ухарсан. Миний тухайд есөн өрөг тоглоход зургаа хожиж гурав тэнцэж 7.5 оноотой тэргүүлсэн.

-Таны хувьд өмнө нь онлайнаар олон улсын тэмцээнд өрсөлдөж байсан бил үү?

-Өмнө нь цахимаар зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд оролцож байгаагүй. Анхных нь саяны тэмцээн байлаа. Гэхдээ Монголд зохион байгуулагддаг тэмцээнүүдийг алгасалгүй оролцдог байсан юм. Манайд тивийн хэмжээнд өрсөлдөхүйц ур чадвартай олон тамирчид бий. Тэдэнтэйгээ өрсөлдөж байсан туршлага сая их хэрэг боллоо. Би спортын багш дасгалжуулагчийн мэргэжлээр суралцаж байгаа учраас энэ удаагийн тэмцээнд зориулж тусгайлан бэлтгэл хийж амжаагүй. Тэмцээний үеэр өрөг бүрийн өмнө их мастер Г.Мөнхгал ахтай зөвлөөд л тоглолтоо эхлүүлж байсан.

-Таны тухайд олон улсын тэмцээнд онлайнаар оролцож байгаагүй гэж байна. Бодит байдал дээр тоглохоос хэр ялгаатай байна вэ. онцлог давуу тал юу байна?

-Онлайнаар тоглоход өөрийнхөө тааваар сайтар бодоод нүүнэ. Интернэт л гацахгүй бол ямар ч асуудалгүй юм билээ. Сая сүүлийн өргийн үеэр техникийн саатал гарч бага зэрэг асуудал тулгарсан. Тухайн үед өөрийн илүүгээ мэдэрсэн байсан учраас нэг их сандраагүй шүү.

-Тэмцээний үеэр өөртөө ямар орчин бүрдүүлж тоглож байв. Тоглолтын үеэр хажуунаас хүн зөвлөхийг зөвшөөрдөг үү?

-Тэмцээний өрөг манай цагаар өдрийн 13:00 цагаас явагдаж байлаа.12:30 цагийн орчимд өрөөндөө ороод л чимээгүй орчинг бүрдүүлж, хажуудаа аяга кофе тавиад л суучихдаг юм. Screen share –ээр шүүгч нар хянаж байдаг учраас хажуу талаас хэн нэгэн зөвлөх, хэн нэгнээс туслалцаа авах ямар ч боломжгүй. Анхаарал сарниулах чимээ гаргах хориотой байдаг юм.

-Хоёулаа шатрын спортын ач холбогдолын талаар ярилцъя л даа. Мэдээж хичээллэсэн хүн бүр өндөр амжилт үзүүлээд байхгүй ч зөв хүн болж төлөвшихөд чухал үр нөлөөтэй байх… энэ спортын гол ач холбогдол, давуу тал юу вэ?

-Таны хэлдэг үнэн. Зөв хүн болж төлөвшихөд чухал үр нөлөөтэй. Шатрын спорт өөрөө шинжлэх ухааны тулгуур ойлголтууд дээр үндэслэн хүний зан чанар, амьдралын хэв маягийг харуулсан сэтгэхүйн ур чадварыг хөгжүүлэх танин мэдэхүйн салбар байдаг. Хүүхдийг багаас нь шатар тоглуулснаар нэгдүгээрт тэвчээр сууна. Мөн төлөвлөгөө гарган тооцоолон бодож аливаад дүн шинжилгээ хийж зөв сонголт хийх чадварт суралцдаг. Үүнээс гадна чухал мөчид оновчтой шийдвэр гаргахаас гадна сэтгэлгээний чадваруудыг эзэмшинэ. Математик болон байгалийн шинжлэх ухааны хичээлд илэрхий сайжирдаг нь батлагдсан байдаг.

-Таны хувьд шатрын спортоор хичээллээд 10 гаруй жил болж байна. Хулан гэх хувь хүн шатрын спортоос өдөр тутмын амьдралд хэрэгтэй ямар зүйлийг олж авсан бэ?

-Зөв төлөвшил гэж хариулъя. Төлөвшил чинь өөрөө бүх зүйлийн суурь байдаг. Багадаа их хөдөлгөөнтэй, тогтож суудаггүй хүүхэд байсан гэж аав минь надад хэлдэг юм. Тийм ч болохоор бөхийн бэлтгэлд явдаг байлаа. Тодорхой шалтгааны улмаас орхиж шатрын спортоор хичээллэх болсон. Ингээд л өөрийгөө нээсэн гэж ойлгодог юм. Шатар тоглодог хүмүүсийн аливаа зүйлийг харах өнцөг нь бусад хүмүүсээс ялгардаг л даа. Асуудлын шийдэл, гарц гаргалгаа олох тал дээр шатарчин хүмүүс бусдаас эрс ялгарч байгааг олон жишээн дээр анзаарч байлаа.

-Шатрын спортын ач холбогдлыг ойлгож хүүхдээ хичээллүүлж байгаа нь сайшаалтай юм даа.

-Тийм шүү. Бага насны хүүхдийг шатрын спортод дуртай сонирхолтой болгож хичээллүүлэх нь таны зүгээс хүүхдийнхээ ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Манайхан үүнийг ч ухамсарладаг болсон байна. Хөл хорио тогтоосон энэ цаг үед хүүхдээ шатрын спортод дур болгоход хамгийн тохиромжтойг онцолмоор байна. Шатар өөрөө бусад спорт шиг өндөр үнэ өртөгтэй хэрэглэгдэхүүн шаардахгүй. Онлайнаар сурахад тохиромжтой спорт.

-Шатар тоглох гоц авьяастай өнчин охин Бетийн талаар өгүүлэх “The Queens gambit” цуврал хүн бүрийн л ярианы сэдэв болж байна. энэ нь манайханд хүүхдээ шатрын спорт руу оруулахад нөлөөлж байх шиг…

-Тийм байж болно. Найруулагч Скотт Фрэнкийн “The Queens gambit” цуврал бүтээхэд шатрын их мастер Гарри Каспаров болон Брюс Пандолфини нар зөвлөхөөр ажилласан юм билээ.

-Ингэхэд та шатрын спортод хэрхэн орж байсан юм бэ?

-Би чинь бөх болно гэж шийдчихсэн хүүхэд байсан шүү. Энэ тухайгаа Ч.Дамдиншарав(олимпийн наадмын хүрэл медальт) ахад хэлэхэд “Тамирчин хүн сэтгэн бодох чадвар, гүйлгээ ухаан сайтай байх хэрэгтэй. Бөхийн спортоор хичээллэхээсээ өмнө шатар тоглож оюунаа сайн хөгжүүл” гэж зөвлөсөн юм. Ингээд ааваараа шатар заалгаж энэ спорттой танилцаж байсан. Миний аав спортын дэд мастер цолтой шатарчин хүн. Одоо би бөхийн спортод их сонирхолтой шүү. Бөх гарахад л зурагтын өмнө суучихдаг юм.

-Таны хувьд сонирхогчдын ангиллын дэлхийн хошой аварга цол хүртэж байсан шүү дээ. Цаашид ямар зорилго тавьж байна вэ?

-Би дэлхийн шатрын холбооны мастер цолтой. Эхний ээлжинд олон улсын мастер, цаашлаад их мастер цол авах зорилго тавиад явж байна. Хажуугаар нь сайн шавь бэлтгэхийг зорьж өдөр тутам л ажиллаж байгаа. Гэхдээ хүүхэдтэй ажиллаад ирэхэд хувь тамирчны амжилт буурдаг гэх ойлголт шатрын спортод байдаг. Үүнийг өөр дээрээ мэдэрч байна шүү.

-Монголын өсвөрийн тамирчид тив дэлхийн хэмжээнд хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг. Насанд хүрэгчдийн ангилал руу ороод ирэхээрээ л амжилт мууддаг жишиг манайд байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Өнөөдөр манай нөхцөлд зөвхөн шатар тоглоод амьжиргаагаа залгуулаад явах нөхцөл алга. Цол зэрэг ахиулахын тулд тэмцээнд оролцох шаардлагатай. Тэмцээний үеэр шаардлагатай зардал мөнгөө хувь тамирчид өөрсдөө зохицуулна. Тэмцээн дөхөөд ирэхэд л санхүүгийн асуудал тулгарна, пүүс компаниудын үүдийг сахина, таньж мэддэг хүн рүү утсаар ярина. Энэ нь сэтгэл зүйн дарамт болж тухайн тэмцээнд зориулж хийсэн бэлтгэл ч цалгардах тохиолдол бий. Зөвхөн шатар тоглоод явахад тив дэлхийн хэмжээнд хүчтэй өрсөлдөөн үзүүлээд явах чадамжтай тамирчин манайд олон бий. Монгол хүүхдүүдийн тухайд зардал мөнгөний асуудлыг нь шийдчихвэл илүү өндөр амжилт үзүүлэх боломжтой гэж би хувьдаа хардаг юм.

-Таны тухайд дэлхийн топ зэрэглэлийн ямар тамирчинтай нүүж байв?

2013 оны ОХУын Казанд зохион байгуулагдсан дэлхийн оюутны универсад их наадмын үеэр Казахстаны их мастер Нахбаеватай тоглож хожиж байсан.

Categories
мэдээ спорт

​Ё.Басхүүг ялсан Денис Виеру допинг хэрэглэжээ


Өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр олон улсын хэмжээний мастер Ё.Басхүүг ялж хүрэл медаль хүртсэн Румын тамирчин Денис Виеру допинг хэрэглэсэн тухай Францын “Lesprit de judo” сайт мэдээлэлжээ.

Одоогоор уг асуудлыг Олон улсын жудо бөхийн холбооноос шалгаж байгаа юм байна. Хэрэв түүнийг допинг хэрэглэсэн гэж үзвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн хүрэл медалийг нь хураана. Улмаар түүнд ялагдсан олон улсын хэмжээний мастер Ё.Басхүүд ДАШТ-ний медаль шилжиж ирнэ.

Румын тамирчин Денис Виеру 2019 онд 45 барилдаан хийхдээ 37 удаа ялалт байгуулсан юм.

Categories
мэдээ спорт

​Аваргаа хамгаалж буй “Ливерпүүл” дахиад л оноо алдлаа

Английн прьемер лигийн арвантавдугаар тойргийн тоглолтууд амралтын өдрүүдэд явагдлаа. Лигийн хүснэгтийг 31 оноотой тэргүүлж байсан өнгөрсөн улирлын аварга “Ливерпүүл” “Анфильд рөүд” цэнгэлдэх хүрээлэндээ лигийн “хомоол хамж буй” “Уэст бром Альбион” багтай тоглож 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын нэгдүгээр үеийн 12 дахь минутад “Ливерпүүл”-ийн довтлогч Сайдо Мане гоол оруулж “Ливерпүүл” тэргүүлж эхэлсэн юм. Түүнд гоолын дамжуулалтыг төвийн хамгаалагч Жоел Матиф өгчээ.

Харин тоглолтын хоёрдугаар үеийн 82 дахь минутад “Уэст бром” клубийн хамгаалагч Ажаяын мөргөсөн бөмбөг гоол болж багтаа нэг оноо авчирлаа. Тус тоглолтын шилдгээр “Уэст бром” клубийн хаалгагч Сэм Жон Стоун шалгарчээ. Өнгөрсөн улиралд лигийн цомыг өргөсөн Ливэрпүүлийн тухайд арван гуравдугаар тойргийн тоглолтод “Брайтон Хов Альбион” клубтэй мөн 1:1-ээр тэнцсэн билээ. Аваргууд ахиад оноо алдлаа.

Мөн энэ тойрогт Лондоны “Тоттенхем” “Уолверхемтон” багтай 1:1-ээр тэнцэж лигийн хүснэгтэд байр ахих боломжоо үгүй хийв. Тус тоглолтод Лондоны агаас Бен Девис гоол оруулсан бол тэнцээний гоолыг Педро Нето оруулжээ.

Лигийн арван тавдугаар тойргийн хүрээнд “Арсенал” клуб Лондоны өөр нэг баг “Чельси”-г 3:1-ээр ялжээ.

Лигийн хүснэгтийг 15 тойргийн дараах байдлаар “Ливерпүүл” клуб 32 оноотой тэргүүлж байгаа бол Эвертон 29 оноотой удаалж байна. Харин “Шеффилд Юнайтед” хоёр оноотой, “Уэстброн Альбион” найман оноотой хүснэгтийн ёроолд бичигдэж байгаа юм.

Энэ тойрогт явагдсан бусад тоглолтуудын үр дүн

Манчестер Юнайтед 2:2 Лестер сити

Астон вилла 3:0 Кристал паласе

Фүлхем 0:0 Саутхемптон

Манчестер сити 2:0 Ньюкасл

Уэстхэм 2:0 Брайтон хов Альбион

Лийдс Юнайтед 1:0 Бөрнли

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-аас 40 гаруй эмчид хэрэг үүсгэж, 500 гаруй иргэнийг шалгаж байна

Эр бяр нь амтагдсан энэ цагийн казак залуус

Баян-Өлгий аймагт эрүүл саруул хүн ховор болжээ. Тэр тусмаа төрөлхийн хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй, сэтгэцийн эдгэршгүй өвчтэй иргэн хэдэн мянгаараа бүртгэлтэй байдаг юм байна. Үүнээс гадна хагас болон бүтэн өнчин хүүхэд олон байдаг аж.

Татвар төлөгчдийн мөнгөний тодорхой хувь нь нийгмийн халамжийн санд ордог. Тэгвэл тэр мөнгөний ихэнх хувийг Баян-Өлгий аймгийнхан авдаг гэнэ. УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ЭМД-ын сан үр ашиггүй зарцуулагдаж байгаа талаар дурдаад үүнд хяналт, шалгалт хийхийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайханаас хүслээ.

Тэрбээр “Хөнгөлөлттэй эмийг 10 гаруй жилийн өмнө хоёрхон эмийн сангаар олгодог байсан. Шуудхан хэлэхэд, энэ нь мөнгө угаадаг байсан гэсэн үг. ЭМД-ын үндэсний зөвлөлийн дарга нь сангаас зарцуулах хөрөнгө мөнгө зөв зүйтэй зарцуулагдаж байна уу гэдгийг хянах ёстой. Нэгдүгээр иргэдийн эрх ашгийн үүднээс үүнд нээлттэй, хяналттай болгох юм.

Ялангуяа ЭМД-аас олгогдож байгаа групп, тэтгэмжийн асуудалд тусгайлан хөндлөнгийн шалгалт оруулаасай гэж хүсэж байна. Монгол Улсад нийт хэдэн хүн группт байдаг, яг үнэн эсэхийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргах шаардлагатай байна.

Нэг аймгийн нэг сумын иргэдийн тал нь тахир дутуугийн групп, тэтгэмж авч байна. Бүхэл бүтэн нэг сумын тал нь тахир дутуу байх боломжгүй. Хэрэв тийм бол энэ нь үндэсний хэмжээнд эмгэнэлтэй зүйл. Үүний цаана үгсэн хуйвалдан худал дүгнэлт гаргаж, ЭМД-ын санг үр ашиггүй зарцуулж байна гэсэн үг. Тиймээс үүнийг бодитой эсэхийг та өөрөө шалгаж үзэх хэрэгтэй байна” гэсэн юм.

Хэрэг нь таслагдаж шүүхээр шийдэгдвэл Баян-Өлгий аймаг тэр чигтээ эмчгүй болох аюул нүүрлээд байгаа аж.

Дээрх асуудлын талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хяналтын тогтолцоог бид маш сайжруулах ёстой. Манай эмч нар групп тогтоон, олгогдох мөнгийг нь Нийгмийн халамжаас олгодог. Бид аймгуудад тооцоо судалгаа хийж үзсэн. Зарим аймгийн 60 хувь нь хүртэл группт орчихсон, халамжийн мөнгө авдаг хавтгайрсан байдал байна.

Шалгалт хийх тусгайлсан хяналтын багийг ажиллуулж, группт орох шаардлагатай хүн эсэхийг тогтоон, тухайн мөнгийг зөв зохистой зүйлд зарцуулах боломж бүрдэнэ. Нийт ард иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн бүртгэлийн цахим санг бий болгохоор ажиллаж байна.

Хэрэв энэ мэдээллийг цуглуулчихвал бид үүнийг хяналтдаа авах боломжтой болно. Мөн шалгалт хийх тусгайлсан хяналтын багийг ажиллуулж, сэжигтэй тохиолдол бүрт нь нягталж, группт орох шаардлагатай хүн эсэхийг тогтоон, тухайн мөнгийг зөв зохистой зүйлд зарцуулах боломж бүрдэнэ. ЭМ-ийн нэгдсэн санг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллуулж эхэлнэ” гэлээ.

Дээрх ноцтой асуудлаар Баян-Өлгий аймгийн зарим иргэдээс эрүүл саруул иргэд үгсэн хуйвалдаж авлигал өгч группт ордог тухай баримтыг АТГ-т хүргүүлжээ. Тодруулбал улсын бүртгэл мэдээллийн төвд Монгол Улсын иргэн гэсэн бүртгэлтэй мөртлөө Казахстан Улсад давхар иргэншилтэй, Монголоос өндөр настны тэтгэвэр, Казахстанаас мөн л тэтгэмж авдаг хүн олон байдаг гэнэ.

Мөн аймгийн төвийн эмч нар Нийгмийн даатгалын газрын дарга мэргэжилтнүүдтэй хуйвалдаж, эрүүл саруул хүнээс хахууль авч, хөдөлмөрийн чадвар алдалттай хэмээн тогтоож, иргэдийн хэлж заншсанаар групп буюу тахир дутуугийн тэтгэмж олгож байна. Эмч нар бүр сүүлдээ группэд оруулж егсөн хүмүүсээ дарамталж, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ашиглах болсон гэнэ. Үүнээс гадна улсаас халамж авахын.тулд ач, зээ нарыг нь өндөр настай аав, ээжээрээ овоглож байна” гэх гомдол хүргүүлсэн байна.

Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу АТГ-аас ажлын хэсэг гарч, Баян-Өлгий аймагт ажиллаж шалгалт явуулжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Нийгмийн даатгалын газраас олгож байгаа халамжийн асуудлыг нягталж шалгасан.

Хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсаас олгодог тэтгэмжийг хэрхэн олгож ирснийг он, cap, өдөр, тушаал шийдвэртэй нь шалгасан. Хэлгүй дүлий гэх оноштойгоор тэтгэмж авч буй хэд хэдэн иргэдтэй уулзаж шалгахад эрүүл саруул хүмүүс тэтгэмж аваад сууж байна.

Дараа нь эмчийн дүгнэлтээр хэлгүй гэсэн оноштойгоор халамжийн мөнгө cap бүр авч байгаа хүмүүсийн нэрсийг гаргаж шалгалтын ажиллагаа явуулсан.

420 орчим иргэнийг шалгахад 268 иргэн буюу 68 хувь нь эрүүл саруул мөртлөө хуурамч бичиг баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр улсаас мөнгө авч байсан нь тогтоогдсон.

Улмаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон гэх үндэслэлээр шалгаж байна. Мөн тус аймгийн 514 иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэв.
Эрүүл мөртлөө, улсад их хэмжээний хохирол учруулж, халамжид хамрагдсан иргэдээс мөрдөн байцаалт авч эхэлсэн байна.

Тэд нэг л зүйлийг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нарт мэдүүлжээ. Манай омгийн ахлагч өвгөнд “Ойр тойрны хамаатан садан хүмүүсийг халамжинд хамруулж өгч болно. Харин надад ахиухан мөнгө өгөөрэй. Дараа нь ямар нэгэн хэл ам болоод байхааргүй хүмүүс хэрэгтэй” гэж хэлсэн байдаг.

Тэгээд л намайг тэр эмчтэй уулз гэж хэлсэн. Би очиж уулзсан” гэсэн утга бүхий зүйлсийг ярьдаг байжээ. Иргэн Ж “Бид эмч нарт хоёр сая төгрөгийн авлига өгсөн. Эмч надтай уулзаад “Ямар нэгэн хэл ам гаргаж, хүн амьтанд энэ талаараа хэлээд байв. Чамайг эмч нарт үзүүлсэн болгоод, бүх үзлэг оношилгоо хурлын шийдвэр зэргийг бид зохицуулна. Харин чи хэлгүй болмоор байна уу, дүлий болох юм уу. Чамайг насан туршдаа улсаас cap бүр мөнгө авдаг болгох гээд байна. Надад харин мөнгөө даруйхан өгнө шүү.
Гэрийнхэндээ ч битгий хэлээрэй. Харин дараа нь ямар нэгэн байдлаар тус хүргэж байхгүй бол халамжаас шууд хасчихна шүү” гэж хэлсэн.

АТГ-аас 500 гаруй иргэнээс мэдүүлэг авч, эмч нарт авлига өгснийг тогтоогоод байгаа юм байна.

Би дүлий болмоор байна гэж хариулсан. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өмнө нь эмнэлэгт үзүүлж байсан өвчтөний түүх буюу эмчид үзүүлсэн дэвтрээ өгсөн. Тэгээд л хоёр сарын дараа гэхэд халамжаас cap бүр мөнгө авдаг болсон. Миний хувьд 280 мянган төгрөг сард авдаг байсан. Цагдаа нар ирээд намайг дүлий биш гэдгийг мэдчихсэн” хэмээн мэдүүлжээ.

Эрүүл хүнийг хэлгүй, дүлий хөдөлмөрийн чадваргүй, сэтгэцийн өвчтэй болгож байгаа хор уршгаас болж яг халамжид хамрагдах ёстой иргэд хохирч байгаа аж. Эмч нарын бусдаас авлига авдаг үйлдэл хэрээс хэтэрч, өвчтэй иргэдийн группийн хугацааг дахин сунгах, хясан боогдуулж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ. АТГ-аас 500 гаруй иргэнээс мэдүүлэг авч, эмч нарт авлига өгснийг тогтоогоод байгаа юм байна.

Баян-Өлгий аймгийн эмч нар эрүүл хүмүүсийг эмч нарын хурлаар оруулж, халамжид хамруулаад дундаас нь ашиг хүртдэг байжээ. Мөрдөн байцаагч нар хэн хэнээс хэдэн төгрөг хэрхэн авсан бэ гэдгийг нарийвчлан тогтоох ажиллагаа явуулж байгаа гэнэ. Баян-Өлгий аймгийн ихэнх эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаас болж иргэдэд хүндрэл учраад байгаа гэнэ.

Өөрөөр хэлбэл, хэрэг нь таслагдаж шүүхээр шийдэгдвэл Баян-Өлгий аймаг тэр чигтээ эмчгүй болох аюул нүүрлээд байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

У.Хүрэлсүх дарга аа, Нийслэлд ТЕГ-ын бичгээр халхавчилж тендергүй худалдан авалт хийдэг луйвар газар авчээ

Төрийн зүгээс хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн боломжийг дээрэмдэж байгаа тухай баримтыг дэлгэхээр манай редакцад нэрээ нууцалсан эх сурвалж хандсан юм. Түүний хэлж буйгаар бол “Улаанбаатар хотын хөгжлийн корпараци” сургуулийн автобус болон нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагааг ямар ч тендер зарлалгүйгээр зохион байгуулсан гэнэ. Ингэхдээ Тагнуулын Ерөнхий газрын бичгээр далайлгаж хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн боломжийг дээрэмдэж, дарангуйлсан байна.

Энэ хууль бус ажиллагааны ард нэр бүхий том албан тушаалтнууд байдаг талаар хэлж байсан юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Сургуулийн хүүхдийн болон нийтийн тээврийн автобуснуудыг энэ онд болон ирэх онд шинэчилнэ. Энэ ажилд тендер зарлалгүй төр шууд худалдан авалт хийж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн боломжийг дээрэмдсэн гэх мэдээллийг та хэлж байна. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Өнөөдөр Улаанбаатар хотод 1200 орчим автобус үйлчилгээнд явж байгаа. Тэдний олонх нь 2009 онд үйлчилгээнд гарсан. Энэ онд болон ирэх жил ашиглалтын хугацаа нь дуусна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө 2019 оны сүүлээр гарсан. Энэ төлөвлөөг 2020 оны тавдугаар сарын 29-нд дахин шинэчилж баталсан байдаг. Энэ төлөвлөгөөгөөр 2020-2023 онд нийтийн тээврийн шинэ шийдэл төсөл, парк шинэчлэлт, хүүхдийн сургуулийн автобус зэргийг шинэчлэхэд 350 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Түүнээс 2020 онд санхүүжих нь 26 тэрбум 50 сая төгрөг гэж баталсан байдаг. Үүнийг нээлттэй тендер шалгаруулалтаар худалдан авалт хийнэ гэж анх захирамж гаргасан. Тус төлөвлөгөөний дагуу үнэлгээний комисс зургадугаар сарын 27-нд байгуулагдаад, улмаар наймдугаар сарын 27-нд тендерт шалгарсан компанитай гэрээ хийх байсан юм.

-Гэтэл юу болов?

-Хүүхдийн сургуулийн болон нийтийн тээврийн автобусыг 26 тэрбум 50 сая төгрөгөөр худалдан авах ажиллагааг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” руу шилжүүлсэн. Гэтэл “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” нь тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийж байна. Энэ нь төсвийн Нийслэлийн ерөнхийлөн захирагчийн төлөвлөгөөгөө зөрчиж байгаа үйлдэл.

-“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн зүгээс дээрх төсөлд тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийж байгаа шалтгаанаа хэрхэн тайлбарласан бэ?

-“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК маань өөрөө Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар. Бид очоод тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийж байгаа шалтгааныг нь тодруулахад “Бид мэдэхгүй байна. Бидэнд ТЕГ-аас чиглэл ирсэн. Үүнийг Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц худалдан авалт гэж үзсэн” гэх тайлбар хэлж байгаа юм. Сургуулийн хүүхдийн, нийтийн тээврийн автобус ямар үндэслэлээр Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгааг лавлахад “Цаад учир шалтгааныг бид мэдэхгүй.Одоо яах билээ” гэж байсан. Үүнийг бүгд мэдэж байгаа ч хэн ч дуугараагүй.

-Энэ тендерт тэс хөндлөнгийн ТЕГ ямар үүрэгтэй оролцсон нь сонирхол татаж байна?

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай буюу тендерийн тухай хууль байдаг. Энэ хуулийн 3.4 дүгээр зүйл дээр хуулиар “Төрийн нууцад хамааруулсан болон Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж бараа хэрэгсэл, техник байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулж болохгүй” гэж заасан байдаг. “Улаанбаатар хөгжлийн корпораци” энэ зүйл заалтыг ашиглаж шууд гэрээ байгуулж байна. Сургуулийн хүүхдийн автобус, нийтийн тээврийн автобус ямар үндэслэлээр Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх билээ дээ. Нийтийн тээвэр, хүүхдийн автобусыг 3.4-рүү оруулах ямар ч үндэслэл байхгүй. Ямар зүйлийг Үндэсний аюулгүй байдалтай холбоотой тоног төхөөрөмж гэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг Засгийн газрын 2001 оны 122 дугаар тогтоолын хавсралтаар баталсан байдаг юм байна. Үүнд Батлан хамгаалах ба Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тусгай зориулалтын байгууламж, техник тоног төхөөрмж, галт зэвсэг болон үйлчилгээний жагсаалт гэж байгаа юм. Энэ жагсаалтад хүүхдийн автобус, нийтийн тээврийн талаар дурдсан зүйл нэг ч байхгүй. Тагнуулын байгууллагын чагнах төхөөрөмж бусад хэрэгсэл, цэргийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай тоног төхөөрөмж зэрэг зүйлс дээрх жагсаалтад багтсан байдаг. Сургуулийн хүүхдийн автобус, нийтийн тээврийн талаар дурдсан нэг үг, өгүүлбэр ч байхгүй. Сургуулийн хүүхдийн, нийтийн тээврийн автобусны тендерийг ТЕГ-тай нийлж 3.4 дүгээр зүйл рүү хүчээр нааж хувийн хэвшлийн боломжийг дээрэмдэж байна. Төр хувийн хэвшлийг ТЕГ-аар сүрдүүлж дарангуйлал тогтоож байна гэж л ойлгож байгаа.

-2009 онд автобуснуудыг шинэчилж байсан шүү дээ. Тухайн үед нийтийн тээврийн худалдан авалт хэрхэн явагдаж байсан юм бол. Та бүхэн судалж үзсэн үү. Тухайн үедээ шуугиан болоод л өнгөрч байсан санагдаж байна?

-Одоо удахгүй ашиглалтаас гарах гээд байгаа 400 ширхэг автобусыг 2009 онд авч байсан. Тэр үед Тендерийн тухай хууль дөнгөж л бий болоод байсан л даа. Ингээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй автобус компаниуд руу хязгаарлагдмал тендер зарлаж байсан юм билээ. С.Баяр гуай Ерөнхий сайд байсан шүү дээ. Улмаар Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 10 хувийг нь гарган урьдчилгаа төлбөрийг хийж байсан гэдэг. Тухайн үедээ нээлттэй тендер зарласангүй, Баярын хувийн бизнес мэтээр шуугиад л өнгөрсөн. Өнөөдрийнхтэй харьцуулахад тухайн үед тендер шударга явагддаг байжээ. 2009 онд Улаанбаатарт Hino, Nissan,Deawoo, Hyundai гэсэн дөрвөн төрлийн автобус явж байсан. Ингээд дээрх дөрвөн компани руу холбогдож хязгаарлагдмал тендер зарлаж байгааг дуулгаж, үнийн саналыг нь авсан юм билээ. Улмаар Deawoo-гаас 400 ширхэг автобус авч байсан. Харамсалтай нь өнөө хэд нь манай нөхцөлд бүрэн таардаггүй, туршигдаж байгаагүй автобус ороод ирсэн

Оруулж ирсэн 400 автобусныхаа 250-ыг нь улсын гурван компанид хуваарилж өгсөн байдаг. Үлдсэн 150-ыг нь хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгжид санал болгосон юм билээ. Тэдэнд автобуснуудын үнийг таван жилийн дотор лизингээр төлөх нөхцөлийг санал болгоход долоо нь шаардлага хангаж, гэрээ хэлцэл байгуулан автобуснуудаа хүлээж авсан.

Долоон компанийн дөнгөж гурав нь л төлбөрөө гүйцэд төлж барагдуулсан. 9 сая долларын автобуснуудыг хувийн компаниуд улсаас үнэгүй авчихаад ихэнх нь төлж барагдуулаагүй байдаг.

-Төлж барагдуулаагүй шалтгаан нь юу вэ?

-Улс мөнгөө нэхэхэд “Та нарын оруулж ирсэн автобус Монголын нөхцөлд тохиромжгүй байна. Ийм чанаргүй бараа бидэнд шахчихаад одоо битгий хачин юм ярь” гэдэг юм билээ. Одоо ч төлж барагдуулаагүй. Өнөөдөр дахиад л Монголд туршигдаагүй автобус оруулж ирэхээр зэхэж байна. 2009 оны гашуун түүх давтагдах нь тодорхой гэж би хувьдаа үзэж байгаа. Тагнуулын Ерөнхий газар ч өөрдийнхөө үндсэн ажлыг хийхгүй, хувийн бизнес рүү халдаж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл мөн.

-Та бүхэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан уу. Та бүхэнд ямар хариу өгч байна вэ?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан. Холбогдох баримт, материалуудыг цуглуулж дээрх хууль бус худалдан авах ажиллагааг цуцлуулах албан бичиг хүргүүлэхэд “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тус худалдан авах, ажиллагааг хамаарах болсныг мэдэгдсэний дагуу “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”–иас худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа 3.4 дүгээр заалтыг баримталсан байна. Ямар нэгэн хууль зөрчсөн асуудал алга. Гомдол үндэслэлгүй байна” гэх хариу ирүүлсэн. Бид хаана хандахаа мэдэхгүй байна.

-Төр худалдан авалтаа хийчихсэн үү. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-БНХАУ-аас шууд худалдан авалт хийх гэрээ байгуулчихсан гэх яриа гарсан байна лээ. Би гэрээг нь өөрийн нүдээр хараагүй. Урд хөршөөс түргэн нийлүүлэхээр яаравчилж байгаа сураг байсан.

Categories
мэдээ цаг-үе

Б.Мэргэн: Өмгөөлөгч нарыг прокурор эрхшээлдээ байлгах гээд байна

Өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.


-Таныг өмгөөлж байгаа хэргийнхээ талаар ярьж болохгүй зүйлсийг ярьсан гээд торгууль оногдуулжээ. Хэн нэгнийг шүүмжлэхэд л шүүхийн өмнө очдог, торгуулдаг жишиг тогтох гээд байна уу?

-Нийслэлийн Прокурорын газраас намайг “Хэргийн талаар олон нийтэд худал мэдээлэл өгч, төөрөгдүүлсэн учир Б.Мэргэнд та нар хариуцлага тооц” гэсэн албан тоотыг Хуульчдын холбоо руу анх явуулсан байдаг. Энэ дагуу Хуульчдын холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооноос өгсөн хариу албан бичигтээ “Энэ асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг, эсвэл зөрчил байх боломжтой учир баримтжуулаад авчрах шаардлагатай” гэсэн хариу өгсөн.

Ингээд Нийслэлийн Прокурорын газар Сүхбаатар дүүргийн цагдаа руу шилжүүлж намайг шалга, гэмт хэрэг үүсгэ гэсэн. Гэмт хэрэг үүсгэх ямар ч боломжгүй болохоор Зөрчлийн хэрэг үүсгэсэн. Цуглуулсан гээд байгаа баримтууд нь миний фэйсбүүк, твиттерээс, мөн хэвлэлд өгсөн ярилцлагаас таслаад, 45 гаруй орчим материал бүрдүүлж өгсөн байна лээ.

Тэр дунд байгаа, ҮАБЗ-д С.Зориг агсны амиа алдсан хэргийг ил болгож өгнө үү гэсэн хүсэлт өглөө гэж цахим хаягтаа бичсэн миний пост яахаараа гэмт хэргийн шинжтэй болчихдог юм. Мөн би өөрийн фэйсбүүк дээрээ “Зарим сэтгүүлч хүнийг хулгайн хэрэгт сэжиглэгдлээ гэхэд цагдаа шалгаж эхлээгүй байхад нь таван жилийн ял авна гээд түрүүлээд бичээд байх юм. Ингэж болохгүй, шүүхээс гэмт бурууг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй шүү. Мэдээ бэлтгэхийнхээ өмнө хуульчдаас зөвлөгөө авч байвал сайнсан” гэж бичсэн пост ч явж байгаа юм.

Би хэвлэлд ярилцлага өгөхдөө шүүхээр шийдэгдээгүй хэргийн талаар ярьж болохгүй. Гэхдээ надад хуулиар олгосон ярьж болох хэмжээ, хязгаар бий. Тэр нь олон нийтэд ил болсон мэдээлэл. Жишээ нь, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нар С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүгдэгч нарыг эрүүдэн шүүсэн талаар ярьсан. Тэд жинхэнэ төрийн нууц задруулчихаад байхад тэдний ярьсныг ярьсан надад ял өгөх гээд байх жишээний.

Хоёрдугаарт, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар, үйлчлүүлж байгаа хүнийх нь талаар нийгэмд сөрөг, буруу ойлголт өгвөл түүнийг нь залруулахын тулд ярьж болно гэсэн хуультай. Хуулиар олгогдсон эрхийн дагуу ярьсан байтал өмгөөллийн нууц задруулсан гэх үндэслэлээр зөрчил гээд 500 мянган төгрөгөөр торгосон.

Шүүх, прокурор шийдвэр гаргахдаа олон нийтийн нөлөөнд автах тохиолдол байдаг.Энэ хаана ч байдаг л зүйл. Хүн л юм чинь хэвлэлээр шуугиад, олон нийт яриад байхад тийм болов уу гэж мэргэжлийн үүднээс хууль зүйн дүгнэлт гаргахаас гадна хүмүүсийн ярианд автах тохиолдол их байдаг. Ялангуяа улс төрийн хэргүүд дээр нийгэмд сөрөг мэдээллүүдийг нь мөнгө төлж байгаад ч хамаагүй цацаад олон нийт иргэдэд буруутай гэх ойлголт төрүүлээд олон нийтийн дэмжлэгийг аваад тэр нь шүүхэд нөлөөлж шийдвэр гаргах магадлал байна.

-Танд хэзээ хэрэг үүсгэсэн юм бэ?

-Өнгөрсөн зургадугаар сард байцаалт өгөхөөр очиход цагдаа нь “Ийм хэрэг гэж юу байх вэ. Мэдүүлэг авах ёстой болохоор нь авчихъя. Гэхдээ хаах саналтай явуулна” гэж хэлсэн. Хаах саналтайгаар ч явуулсан байна лээ. Тэгээд л мартагдсан. Гэтэл наймдугаар сарын 31-нд Сүхбаатар дүүргийн цагдаагаас “Тан дээр зөрчлийн хэрэг үүссэн. Мэдүүлэг өг” гэж хэлсэн. Өмгөөлөгчтэйгөө яваад очиход долдугаар сарын 10-ны өдөр над дээр зөрчлийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Зөрчлийн хэрэг үүссэнээс хойш ажлын таван өдрийн дотор гомдол гаргах эрхтэй. Хэргийг нээснээс хойш хоёр сар өнгөрөөд байхад надад огт мэдэгдээгүй. Есдүгээр сарын 1-нд мэдүүлэг авч байгаа юм.

Авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй болохоор нь өмгөөллийн нууц задруулсан гэх үндэслэлээр Зөрчийн тухай хуулийн дагуу арга хэмжээ ав гэсэн байна лээ. Ямар нууц задруулсан гэдгийг нь үзэхэд шүүх хуралдааны үеэр прокоурорыг шүүгч загнасан асуудал өнгөрсөн жилийн долдугаар сард гарсан. Би шүүх хурал дээр шүүгч прокурорыг загнаад байж болохгүй, хурлаа л удирдахаас биш оролцогчийг загнах эрхгүй” гэж бичсэн юм. Үүнийг шүүх хуралдааны нууцыг задруулсан гэж үзсэн байна. Би хэргийн талаар огт яриагүй шүү дээ. Шүүгч прокурорыг загнаад байна л гэж үзсэн.

Яг үнэндээ тэр постыг цагдаа нь хайгаад олоо ч гүй байгаа юм. Би түүнийг нь миний хаяг биш, өөр хаягнаас жиргэсэн байна гэхэд яаж ч чадахгүй, эсвэл устгачихаад бичээгүй гээд гүрийхэд яаж ч чадахгүй. Гэхдээ хэргээр хууль бус зүйлийг зөвшөөрөөгүй учраас өөрөө хайж олоод цагдаад үзүүлсэн юм. Энэ хэрэгт хохирогч байхгүй. Хохирогч тогтоож өгөөч гэж прокурорт хандахад ийм ойлгомжтой зүйл дээр хохирогчоор яах гээд байгаа юм гэж байна лээ. Хүнийг яллахдаа, хүнийг торгохдоо ойлгомжтой гэдэг байдлаар торгоно гэдэг утгагүй биз дээ. Хууль зүйн үндэслэл байх ёстой.

Би нэг ч үйлчлүүлэгчийн нууц задлаагүй. Нэг ч үйлчлүүлэгч надад гомдол гаргаагүй. Энэ чинь үйлчлүүлэгчийн гомдлоор шийдэгдэх асуудал биз дээ. Гэтэл хаа байсан тэнд байгаа прокурорын байгууллага өмгөөллийн нууц задрууллаа гэж гомдол гаргаж байгаа нь инээдтэй.

-Прокурор тан дээр хэрэг үүсгэхээр улайраад дайрч байгаа шалтгааныг хэрхэн харж байна вэ?

-Би үүнийг өөрсдийн салбарыг нь шүүмжилж байгаа учраас амыг нь таглая гэсэн зорилготой байна гэж харж байгаа. Амыг нь таглахын тулд ямар нэгэн зөрчил ч юм уу тогтоогоод Өмгөөлөгчдийн холбоонд хандаж эрхийг маань хасуулах зорилготой байна. Ийм байдлаар өмгөөлөгчдийн амыг таглаж, хүссэнээрээ байлгавал хүний эрх, эрх чөлөө хэрэгжих ямар ч боломжгүй болно. Хүн өмгөөлүүлэхээр ирэхэд бид хуульд заасан хамгийн боломжит бүх хэлбэрээр эрхийг нь хамгаалах ёстой. Эрхийг хамгаалах гэхэд прокурор цагдаа ирээд “дуугай бай” гээд байвал үйлчлүүлэгчийн эрхийг яаж хамгаалах юм бэ. Нэг өмгөөлөгчийг ингээд торгочихвол өмгөөлөгчдийг торгодог жишиг тогтчих гээд байна. Ийм жишиг тогтоохгүйн тулд олон нийтийн анхааралд гаргаад энэ гажуудлыг засахын тулд явж байна. Энэ бол ганц Мэргэн гэж хүний хэрэг биш. Нийт өмгөөлөгчдөд хамаатай. Бүр цаашлаад иргэдийн эрхийг хамгаалах уу, үгүй юү гэдэг асуудал хөндөгдөнө. Өмгөөлөгч нар эрх зүйн асуудлаа хамгаалж байгаа асуудал.

-Таны шүүх хурал ямар шалтгаанаар хойшилсон юм бэ?

-Шүүх хуралд прокурор ирсэнгүй. Эмнэлэгт хэвтэж байгаа тул чөлөөлж өгнө үү гэх хүсэлт өгсөн байна лээ. Өвчтэй гэх хүсэлт өгч байгаа бол түүнийгээ нотлох эмнэлгийн даргын гарын үсэгтэй баримтаа хавсаргах ёстой. Тэгж байж үндэслэлтэй болдог. Өвчтэй гэж нэг бичиг өгөөд л шүүх хурлыг хойшлуулна гэж байхгүй. Өмгөөлөгч өвчтэй гэж бичиг өгөхөд шүүхээс эмнэлэг рүү залгаж лавладаг. Худлаа байвал шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулсан гээд 300 мянган төгрөгөөр торгох тохиолдол бий. Гэтэл өнөөдөр прокурор ганц цаас өгөөд л шүүх хурлыг хойшлуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Торгуулийг хугацаанд нь төлбөл 50 хувиар бууруулна

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өчигдөр хЗдхЯ-ны байранд боллоо.

хэлэлцүүлэгт хЗдх-ийн сайд х.Нямбаатар, ЦЕг-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа ч.чинбат, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор ү.содномцог нар илтгэл танилцуулсан юм.

2015 онд батлагдаж, 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль нь бие даасан хууль гэхээсээ илүүтэй манай улсын нийгмийн амьдралыг бүхэлд нь зохицуулж буй 280 гаруй хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг хууль билээ. энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар 5.2 сая зөрчил шийдсэн байгаа бөгөөд нийт зөрчлийн 96 хувь нь замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой байжээ.

Зөрчлийн тухай хуульд орох өөрчлөлтийн талаар хЗдх-ийн сайд х.Нямбаатар тавьсан илтгэлдээ “Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа дийлэнх зөрчилд сануулга өгч, торгууль шийтгэлийг хугацаанд нь төлсөн тохиолдолд оногдсон шийтгэл буюу мөнгөн дүнг 50 хувиар багасгана. Зөрчил арилгах хугацааг 7-10 хоног байхаар тогтоож, зөрчлийг арилгуулах тусгай нэгж иргэнд хяналт тавьдаг байхаар зохицуулна. Мөн 2300 зөрчлийг дахиж шинээр томьёолж, зөрчлийн давхардлыг арилгаж, оногдуулах шийтгэлийн дээд, доод хязгаарыг тогтооно. Учир нь зөрчил үйлдэгчийн хувийн байдал болон тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж, уян хатан шийдвэрлэх хэрэгцээ үүсээд байгаа юм” хэмээв. Мөн тэрбээр зөрчлийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байгааг хоёр хүн тутмын нэг нь шаарддаж байна. Тиймээс дараах байдлаар өөрчлөлт оруулна.

• Хүн зодсон, биед нь халдсан зөрчлийг ч шууд эрүүгийн хууль руу оруулахаар ярьж байна. хүний хамгийн том эрхэд халдаж байгаа энэ зөрчилд Зөрчлийн тухай хуулиар ердөө 100,000 төгрөгөөр торгохоор тусгасан байдаг нь буруу. Түүнчлэн торгууль шийтгэлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд оногдсон шийтгэлийг 50 хувиар бууруулдаг бусад улс орны эрх зүйн хөшүүргийг шинэчилсэн найруулгад оруулж ирнэ.

• Шийтгэлийг тодорхой бичих бөгөөд зөрчлийн шинж чанар, зөрчил үйлдэгчийн хувийн байдал, зөрчил гаргахдаа гаргасан үйлдэл зэргийг харгалзан үзэж байж, торгуулийг дээд, доод хязгаартай болгож оруулна.

• Зарим төрлийн зөрчлүүдэд баривчлах шийтгэл оногдуулах шаардлага байна. Тухайлбал, Шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд шүүгч захирамж гаргаж, баривчлах шийдвэр гаргаж болох юм. Ингэснээр шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах юм.

• Торгууль, шийтгэлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд шийтгэлийн төлбөрийн хэмжээг 50 хувиар бууруулдаг эрх зүйн хөшүүргийг оруулна. Жишээ нь, ОХУ-д замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөд торгуулийн тасалбар хүлээж авсан хүн долоон хоногийн дотор төлбөрөө төлбөл 50 хувиар бага торгууль төлөх хууль байдаг.

• Дийлэнх зөрчилд сануулдаг үе шатыг оруулна. Хүний амь, эрүүл мэндэд шууд хор хохирол учруулаагүй нөхцөлд эрх бүхий албан тушаалтнууд 7-10 хоногийн хугацаанд зөрчлөө арилгах албан шаардлага өгдөг болно. Харин энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй бол торгууль, шийтгэл ногдуулдаг болох юм. Гэхдээ дөрвөн замын уулзвараар улаан гэрлээр гарч байгаа үед сануулах арга хэмжээ авах боломжгүй учраас зөрчлийн байдлаас хамаарч, тодорхой төрлийн зөрчилд шууд шийтгэл ногдуулах гэнэ.

Харин цЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат “Зөрчлийн тухай хуулиар оногдуулж буй шийтгэлийн нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг бодож, иргэдийн хандлага руу чиглэсэн бодлого баримтлах нь чухал. Хувь хүн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа аль эсхүл улам мэлзэж, өөрийгөө өмгөөлж байгаа хоёр хүний хооронд хандлагын ялгаа бий. Энд төрөөс үзүүлж байгаа шийтгэл яагаад ялгаатай байж болохгүй гэж. Үүнийг шударга ёсонд нийцнэ гэж бодож байна.

Мөн төрийн шалган шийдвэрлэх зарим эрх бүхий байгууллагад хүний нөөц дутагдаж байгаа учраас зарим тохиолдолд цагдаагийн байгууллагад зөрчлийн хэргүүд харьяалагдаж ирээд байдаг. Гэхдээ үүнийг бид ачаалал нэмэгдлээ гэж хүлээж авдаггүй. Аливаа салбарт зөрчил үүссэн тохиолдолд салбарын дагнасан ур чадвар, мэдлэгтэй албан хаагч хэрэгтэй тул бид албан хаагчийг мэргэшүүлэх, дагнасан мэргэжилтнийг бэлтгэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажилд зарцуулах 281 сая төгрөгийн төсвийг боловсруулж, Сангийн яам руу илгээсэн. Энэ ажилд маш их зардал, цаг хугацаа зарцуулдаг. Албан хаагч өөрийнхөө халааснаас мөнгө гаргах үе ч тохиолддог. Нэг албан хаагчид төчнөөн хэрэг гэж тодорхой заасан норм байдаггүй. Гэхдээ ойролцоогоор нэг албан хаагчид 30-40 хэрэг хянан шийдвэрлэх үүрэг оногддог. Энийг багасгавал, ажлын үр дүнд эерэг өөрчлөлт гарах магадлал өндөр” хэмээв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тавьсан илтгэлийнхээ үеэр “Хариуцлагын нэгдсэн тогтолцоо”-г бүрэлдүүлэх нь чухал байгаа талаар дурдсан.

Хариуцлагын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх талаар Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Ү.Содномцог “Зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө Захиргааны хариуцлагын тухай хууль гэж байсан. Энд “зөрчил” гэдэг ойлголтыг маш ерөнхий байдлаар тодорхойлсон байсан. Шинэ зөрчлийн хуулиар яг ийм үйлдлийг ийм зөрчилд тооцно гэж нэг бүрчлэн тодорхой болгож өгсөн. Хариуцлагын нэгдсэн тогтолцоо гэдэг нь ямар ч зөрчлийг шалгасан тухайн эрх бүхий албан тушаалтан хүний эрхийг хангасан нэг процессоор явахыг хэлж байгаа юм. Тодруулбал, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлагаас мултрах боломжгүй байхаар зохицуулна гэсэн санаа. Заавал хуульд заасан хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага хүлээлгэхдээ энэ үйлдлийг давтан гаргах боломжгүй байхуйцаар зааж зөвлөж, зөрчлийн тоог бууруулахад анхаарна гэсэн утгатай” хэмээлээ.

Тэрбээр “Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт ба прокурорын хяналт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж хуулийн хэрэгжилтийн практик ахиц дэвшлийн тухай ярьсан юм. Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Ү.Содномцог хэлэхдээ “Зөрчлийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан бүрдэж, эрх бүхий албан тушаалтан нэгдсэн стандартын дагуу зөрчил шалгах ажиллагааг хэрэгжүүлж хэвшсэн. Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих бие даасан бүтэц прокурор ажиллах болсон. Мөн төрийн нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлд анхаарч, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулалт сайжирсан давуу талтай байна” хэмээсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Гавьяат тамирчин Галдангийн Жамсран багшийнх

1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхэн үеэр эрэмгий дайчин барилдаанаараа бөхийн хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлж, дэлхийн дэвжээнд ур чадвар уран гоё барилдаанаараа гайхагдаж явсан хүчтэн бол самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин, нэрт дасгалжуулагч Галдангийн Жамсран билээ.

Өдгөө Багахангай дүүргийн спорт хорооны даргаар ажиллаж буй Г.Жамсран багшийнхаас энэ дугаарын “Танайд өнжье” булан хүрч байна.

Амралтын өдрийн өглөө аажуухан босч Жамсран багш руу утас цохиход шавь нартайгаа л бужигнаж байгаа бололтой, шуугилдаж байна. Цаг товлож бага үдийн алдад Сансарын Баянцээлийн ойролцоох гэрт нь хүрч очиход халуун бүлээрээ цуглажээ. Г.Жамсран багш гэргий Б.Буянхишигийн хамт ач, зээгээ тойруулаад сууж байлаа.

“Өглөө хэдэн хүүхдүүдийн бэлтгэл хийлгэж байгаад сая тарлаа” гэсээр биднийг угтсан юм. Том өрөөнийхөө хойморт урт гэгч нь тууз хадаж, медалиудаа эгнүүлээд өлгөчихжээ. Бөхийн самбо барилдааны залуучууд болон насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж байсан хоёр мөнгөн медалиа зэрэгцүүлж хадсан нь нүдэнд тод туслаа. Дээрх хоёр медалийг нэг онд авч байсан талаараа Жамсран багш хуучилсан юм.

Залуучуудын ангилалд барилддаг байхдаа л жингийн ах нараа ялж дэлхийн дэвжээнд өндөр амжилт үзүүлж байж. Хананд өлгөөтэй туузан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн 11 медаль гялалзаж байна.

Г.Жамсран багш Увс аймгийн Тэс сумынх. Тэрбээр “Миний аав Галдан сургууль соёлын мөр хөөж сумандаа дарга хийж насыг элээсэн хүн. Увсын Тэс суманд Шараахан гэж овог байдаг юм. Дээд үедээ хүчтэй бяртай улс байсан гэлцдэг. Би ч Шараахан удмын хүн. Энэ удмаас тив дэлхийн хэмжээнд барилдаж өндөр амжилт үзүүлсэн хүмүүс олон бий. Миний төрсөн дүү Г.Баатарсүрэн дэлхийн залуучуудын аварга, ахын маань хүү гавьяат тамирчин Дамдинсүрэнгийн Нямхүү олон жил сайн барилдсан. Мөн эгчийн маань хүү гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир олимп, дэлхийн аваргын хүрэл медальтай тамирчин” гэсэн юм.

Ардын багш Д.Сэрээтэр, өөрийн шавь улсын арслан Ц.Содномдорж нарын хамт.

Г.Жамсран багшийг бөхийн замд Тэс сумын биеийн тамирын багш Д.Чойжилсүрэн хөтөлжээ. “Намайг дөрөв, тавдугаар ангид байх үеэс Д.Чойжилсүрэн багш бөхийн секц хичээллүүлж эхэлсэн. Суманд тусгай заал танхим гэж байхгүй. Нэг ангийг чөлөөлж байгаад бор эсгий давхарлаж дэвсээд л хоорондоо барилдана. Хичээлийн байр галлагаатай болохоор түлээ модоо ч өөрсдөө бэлтгэнэ. Баахан ноцолдож байгаад босоод ирэхэд өмссөн хувцас, ам хамраар л бөөн хялгас болчихно. Дур байхад тэр зэрэг бол юу ч биш. Манай секцнээс аймгийн арслан Балдорж, Гүржав гээд олон сайн бөх төрсөн” гэж бөхийн ертөнцтэй анх танилцсан дурсамжаа хуваалцлаа.

Тэрбээр ахлах ангидаа нийслэл хотод ирж чөлөөт бөхийн шилдэг дасгалжуулагчдын нэг Хангайн Намшир багшийн шавь болжээ. “Намшир багш надад бөхийн үнэр, тамир суулгасан” хүн хэмээж хүндэлж явдгаа хэлж байв.

Г.Жамсран багш үндэсний бөхийн аварга, арслангуудын баяр наадмын бэлтгэлийг тааруулахдаа мэргэшсэн хүн.

Энэ цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй Увсын аварга, арслангуудын амжилтын ард Жамсран багшийн ур ухаан, эрдэм мэдлэг явдаг ажээ.

2012 онд П.Бүрэнтөгс гэж залуу аймгийн арслан цоорч улсын наадамд түрүүлэхэд бэлтгэлийнх нь ирийг Г.Жамсран багш тааруулсан гэнэ. Мөн улсын арслан Ц.Содномдоржтой хамтарч ажиллаж улсын наадмын түрүү хүртсэн байна. Өнөөдөр ч Ц.Содномдорж арслантай хамтарч ажиллаж байгаа гэнэ. Тэд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор том шуугиан тарихаар аль хэдийнэ бэлтгээд эхэлжээ.

“Би шавь нартаа холыг хар, хоёр жилийн дараа хэн байхаа төлөвлөж түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлө, өнөөдрийн ялагдал хамаагүй гэж хэлдэг юм. Өнөөгийн хүүхдүүд тэмцээнд ганц нэг ялагдаад шантрах гээд байдаг болчихсон. Надад Увс, Хэнтий, Хөвсгөл, Ховд гээд аймгуудын олон шавь бий. Тан дээр бэлтгэл хийе гээд ирсэн хүүхдийг буцааж чаддаггүй юм. Нутгархдаг, жалга довны үзэл гаргадаг багш дасгалжуулагч нар хаа нэгтэй таарж л байдаг. Багш хүн тийм байж болохгүй” гэв. Тэрбээр улсын арслан Ц.Содномдоржийн талаар “Содном сийрэг толгойтой, шатар сайн тоглодог хүүхэд. Барилдааны торгон мэдрэмжтэй, ямар ч хэцүү нөхцөл байдлаас, ямар ч мэх хийх чадамжтай онцгой бөх. Аварга болох боломж түүнд байгаа” хэмээв.

Түүнтэй өнгөрсөн наадмын талаар хуучлахад “Наадмын өмнө “Увс нуур” гал руу очиход П.Бүрэнтөгсийг Т.Баасанхүү харцага л хаячихаад байсан. Бэлтгэл нь таараагүй, нэг их сайнгүй л харагдаж байлаа. Би ч дотроо “Энэ жил Бүрэнтөгс дээшээ барилдахад хэцүү юм байна” гэж санаад л өнгөрсөн. Харин наадмаар богинохон хугацаанд сэргэлт аваад их гоё болоод гарч ирсэн” гэлээ.

Тэрээ цааш нь “Батсуурь аваргын аав Намсрайжав харцага бид дотно нөхөрлөдөг юм. Батсуурь чинь айлын эрх хүүхэд. Өөрийнхөө барилдааныг олчихсон, хэнтэй яаж барилдахаа оновчтой тооцоолдог бөх. Энэ цагт барилдаж байгаа бөхчүүдээс дархан аварга цолонд хамгийн ойрхон нь Батсуурь байсан юм. Харамсалтай нь наадмын дараа асуудалд холбогдчихлоо” гэж нутгийн бөхчүүдийнхээ талаар ярьж байна.

Жүдо бөхийн 81 кг-ын жинд олон жил сайн барилдсан Азийн наадмын аварга гавьяат тамирчин Д.Нямхүү Жамсран багшийн төрсөн ахын хүү юм.

“Нямхүү таван настай байхдаа л жижиг жудоги өмсөөд надтай хамт явдаг байсан. Жүдогийн орчинд л хүмүүжсэн хүүхэд. Олон ч жил сайн барилдсан даа. Олимп дэлхийн аварга бөхчүүдийг жирийн олон улсын тэмцээнд ялаад байдаг ч яг том тэмцээн дээр л бүтэлгүйтчихээд байдаг. Сүүлд зодог тайлахдаа үеэл дүү С.Ням-Очирыгоо мундаг жүдочин болж бэлтгээд явсан. Өнөөх нь ахынхаа дутууг гүйцээж олимп, дэлхийгээс хүрэл медаль хүртсэн” гэлээ.

Жамсран багш үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. Тэрбээр Увс аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд түрүүлж арслан цол хүртэж байсан гэнэ.

“Улсын заан Ж.Ганболд бид аймгаасаа шалгарч улсын аварга шалгаруулах барилдаанд ирж барилдаж би түрүүлж байлаа. Тэр чигээрээ үндэсний бөхөөр хичээллэсэн бол гайгүй дээшээ барилдчих байсан болов уу гэж боддог юм. Их спортоор хичээллэж эхэлснээс хойш үндэсний бөхийг нэг их тоохоо больсон. Наадмаар барилдаж хийморио сэргээнэ. Гурав даваад л сэтгэл ханачихна. Нэг жил Ж.Хайдав арслан намайг дөрвийн даваанд амладаг юм. Тэгснээ хэлж байна. “Увсын дөрвөн залуу гурав давчихлаа. Дөрөв давсныг нь би авдаг юм бил үү” гэж байна. Талбайд гарсан хойно “Цаадуул чинь дөрөв давж чадахгүй бол яана аа. Ер нь чи дөрөв давах юм уу” гэдэг байгаа. “Яалаа гэж, та дав” гээд би ч унаад өгсөн” хэмээн хуучиллаа.

ХҮНЭЭС ЮМ АСУУДАГ ХҮН Л АМЖИЛТАД ХҮРДЭГ

Ардын багш Ч.Насантогтох, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, ардын багш Ц.Дамдин, гавьяат тамирчин Г.Жамсран, улсын заан С.Хүрэлбаатар, улсын начин С.Эрхэмбаяр нарын улсын шигшээгийн тамирчид. 1980-аад оны эхэн үе.

Өөрийн дүү нар болох гавьяат тамирчин С.Ням-Очир, Д.Нямхүү нарын хамт.

2008 онд хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр олимпийн аварга болоход Г.Жамсран багш шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар нь ажиллажээ.

“Тэр жил 100 айлын ойролцоо машинаа угаалгаад зогсож байтал Түвшинбаяр “Багш аа, сая Европын цуврал тэмцээнд оролцоод ирлээ. Надаас хол тасарчихсан амьтан алга, боломжийн санагдлаа. Олимпод шаанс байна шүү” гэж хэлдэг юм. Ингээд л дасгалжуулагч гол өрсөлдөгч нарынх нь барилдааны бичлэгийг үзэж барилдааныг нь нарийн судалж арга тактик боловсруулсан. Ингэж очоод л олимпийн аварга болсон байдаг. Түвшинбаяр цаг тутам л багш нараасаа зөвлөгөө авч явдаг чанар нь надад таалагддаг юм. Ер нь хүнээс юм асуудаг, зөвлөгөө авч явдаг хүн амжилтад хүрдэг” гэсэн юм.

Г.Жамсран багшийн эхнэр Б.Буянхишиг мөн л Увс аймгийн Тэс сумынх. Тэрбээр Анагаахын шинжлэх ухааны дээд сургуулийг дүүргэж ХӨСҮТ-ийн сүрьеэгийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан байна. Насаараа эрүүл мэндийн салбарт ажилласан доктор Б.Буянхишиг өдгөө зөвлөх эмчээр ажилладаг юм байна.

“Намайг ид барилдаж байхад хань минь их түшиг болсон. Дэлхийн дэвжээнд үзүүлсэн амжилтуудын ард миний хань л зогсож байсан. Би бэлтгэл сургуулилт гээд гэрийн бараа бараг харахгүй, арын ажлуудыг миний эхнэр л зохицуулдаг байж дээ. Бэлтгэлээ хийгээд ядарсан амьтан гэртээ ирээд эхнэрийнхээ гарын хоолыг идээд л амрах үнэхээр сайхан” хэмээн Жамсран багш ярив.

Эднийх гурван хүү, нэг охинтой. Хоёр хүү нь инженерийн мэргэжил эзэмшжээ. Охин нь E-Mart худалдааны төвд ажилладаг юм гэнэ.

Том хүү нь жүдо бөхөөр хичээллэж, -100 кг-ын жинд олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын өсөх идэр начин Э.Энхбат хамт барилдаж байсан ч харамсалтайгаар амь насаа алджээ.

“Хүү маань залуучуудын улсын аварга болоод сайн барилдах нь гэж итгэл хүлээлгэж байсан ч харамсалтайгаар амиа алдсан. Хүүгээ алдсаны дараа их хэцүү байсан шүү. Тэнгэр нураад л ирэх шиг болсон. Хэсэг хугацаанд бор дарс ч амсаж явсан удаа бий. Хүн тэгээд ямар ч бэрхшээлийг даваад гардаг” гэж байлаа.

Жамсран багшийн зээ Э.Тэлмэн соробан сампингаар хичээлэдэг. Өвөө шигээ олон медаль цомтой. Соробан сампин хүүхдийн ой тогтоолтыг сайжруулахад онцгой ач тустайг өвөө нь онцолсон юм.

Ач хүүгээ жүдо бөхөөр хичээллүүлэхээр төлөвлөөд буйгаа Жамсран багш дурдана лээ.

1980-аад оны үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль хүртсэн тамирчинд гавьяат тамирчин цол олгодог байжээ. Эл нормыг Г.Жамсран багш 1984 онд биелүүлж Ю.Цэдэнбал даргаас гавьяатын тэмдэг авч байсан гэнэ. Улсын заанд З.Дүвчин, боксын Р.Отгонбаяр нарын хамт гавьяат тамирчин цол хүртэж байжээ.

“Гавьяат тамирчин болоод их баярласан шүү. Ю.Цэдэнбал дарга тамирчдад гавьяатын тэмдэг зүүж өгөөд өрөөндөө хүлээж авсан юм. Ширээн дээрх тавганд нь баавгайтай чихэр овоолоод тавьчхаж. Тухайн үед том хүү маань төрөөд байсан юм. Хүүдээ өгөхөөр нэг чихрийг нь аваад л тас атгачихлаа. Хуралдаад л суугаад байсан өнөөх чихэр маань хайлаад л хачин юм болж байгаа юм. Хүний нүд хариулж байгаад л халаас руугаа сэмээрхэн хийгээд л гарч билээ” гэж өөрт тохиолдсон хөгтэй явдлаа ярилаа.

Удахгүй болох орон нутгийн сонгуулийн дараа Г.Жамсран багш Багахангай дүүргийн спорт хорооны даргын ажлаа хүлээлгэж өгөөд дасгалжуулагчийн ажилдаа түлхүү анхаарах гэнэ. Түүний бэлтгэж буй залуу хүүхдүүд ч зэрэг дэвтэй тамирчдыг “айлгаад” эхэлсэн гэнэ. Хэнтийн Бор-Өндөрийн О.Уранбаяр гэж хүү сая зохион байгуулагдсан жүдо бөхийн тэмцээний үеэр дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбатын Болдбаатарыг цэвэр ялж хүрэл медаль хүртэж багшийгаа баярлуулжээ. Жамсран багш Уранбаярыг 73 кг-ын жинд сайн барилдаж хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэж итгэл хүлээлгэж байгаагаа онцолно лээ.