Categories
мэдээ спорт цаг-үе

Стокхольмын мөсөн талбайд Орос охид гялалзлаа

Шведийн Стокхольм хотноо уран гулгалтын 110 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Үзэгчдийн зурагтын өмнө уядаг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн өрсөлдөөн энэ удаа онц сонирхолтой явагдлаа. ДАШТ-ний өмнө залуучуудын Дэлхийн хошой аварга Александра Трусава гэх охин ямар амжилт үзүүлэх нь спорт сонирхогчдын анхаарлын төвд байсан юм. Учир нь тэрбээр олимп, дэлхийн аварга Алина Загитова, дэлхийн аварга, олимпийн наадмын мөнгөн медальт Евгени Медведева нарын “хаанчлал”-ыг халж Стокольмын мөсөн талбайд гарах эрхийг олж аваад байв. Анх удаагаа насанд хүрэгчдийн дэлхийн аваргад өрсөлдөж буй түүнийг экспертүүдийн олонх нь шар өнгийн медаль зүүнэ гэж тооцоолж байв.

Гэсэн ч тэрбээр богино үзүүлбэрийн үеэр 3 лутц -3 тулуп каскад гүйцэтгэх үедээ бүдүүлэг алдаа гаргаж мөсөнд гараараа тулан босч ирэв. Бэлтгэлийн үеэр гайхалтай формтой байсан Орос охин үзүүлбэрийн үеэр төвлөрч чадсангүй 64.82 хон оноо авч арванхоёрдугаарт бичигдэв. Турусова олон улсын тэмцээнд оролцох үеэрээ ийм бага оноо авч байгаагүй юм.

Тэмцээний гол фоварит Турусувагийн бүтэлгүйтлийг өөр нэг орос Анна Щербакова овжин ашиглаж богино үзүүлбэрийн дараа л алтан медалиа бараг “халаасласан” юм.

Тэбээр гурвалсан лутц-гурвалсан риттбергер комбинацийг маш цэвэрхэн алдаагүй гүйцэтгэж 17 насандаа дэлхийн аваргын алдрын титмийг зүүх боломжийн өмнө хүрч ирсэн юм. Анна Щербакова уран гулгалт зөвхөн үсрэлт биш гэдгийг ч харуулсан.

Орос охидын гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байсан Японы тамирчин Кихира үүнийгээ нотолж гурвалсан флип-гурвалсан тулупын каскад, гурвалсан аксель, гурвалсан лутц амжилттай гүйцэтгэж алтан медалийн төлөөх өрсөлдөөнд үлдсэн юм. Түүний хувьд богино үзүүлбэрийн дараа тэргүүлэгч Анна Щербакова гаас хоёр оноо алдаж байсан юм.

Чөлөөт үзүүлбэр Анна Щербакова алдаа гаргасангүй. Богино болон чөлөөт үзүүлбэрийн нийлбэр 233.17 оноогоор Анна Загитова, Медведева нарын домгуудын эзгүйд алтан медаль зүүв.

Харин Елизавета Туктамышева 220.46 оноогоор мөнгөн медаль хүртсэн юм. 2015 оны дэлхийн аварга Елизабета зургаан жилийн дараа дэлхийн аваргын мөсөн талбайд гарч медаль зүүж буй энэ юм.

Богино үзүүлбэрт бүдүүлэг алдаа гаргасан Трусовад чөлөөт үзүүлбэрийн өмнө алдах зүйл байсангүй. Бүхий л боломжоо дайчлан , “шийдсэн мэх” хийхээс өөр аргагүй байлаа. Тиймээс эмэгтэйчүүдийн түүхэнд анх удаа таван дөрвөлсөн эргэлттэй үсрэлт хийхээр шийджээ. Алдаагүй гүйцэтгэсэн тохиолдолд алтан медалийн боломж түүнд байв. Тэрбээр хоёр дээр нь унасан ч гурван удаа дөрвөлсөн эргэлттэй үсрэлт амжилттай гүйцэтгэн, есөн байр урагшилж медалийн тавцанд хүрсэн юм. Ингээд Трусова хоёр үзүүлбэрийн нийлбэр 217.20 оноогоор хүрэл медаль зүүсэн юм. Гэхдээ түүнд Японы Рика Кихира тусалсныг энд онцолъё. Богино үзүүлбэрийн дараа тэргүүлэгчээс хоёрхон оноо алдаж байсан Кихира чөлөөт үзүүлбэрт ультра-си буюу хамгийн хүнд элементэд багтдаг хоёр ч үсрэлт гүйцэтгэх гээд бүтэлгүйтсэн юм. Өдгөө Швейцарт бэлтгэлээ базаадаг Кихира үзүүлбэрийн үеэр гаргасан алдаагаа цагийн зөрүүтэй холбож тайлбарлаж байлаа. Кихираг зарим хэвлэлд тэмцээний өмнө хөлдөө гэмтэл авсан талаар мэдээлж байсан нь үнэн байх магадлалтай. Тэрбээр бүтэлгүйтлийнхээ араас харуусалгүй, инээмсэглэсээр талбайг орхисон.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын гурван тамирчин түүхэнд анх удаа эхний гурван байрыг эзэлж буй энэ юм.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медалийн төлөөх өрсөлдөөн олимпийн хошой аварга, дэлхийн аваргын хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт, Японы Юзүрү Ханю болон дэлхийн хошой аварга, нэг үзүүлбэрт дөрвөлсөн эргэлттэй тав ба зургаан удаа үсрэлтийг амжилттай гүйцэтгэсэн түүхэн дэх анхны уран гулгагч Нэйтан Чен нарын хооронд болох нь тодорхой байв.

Чен богино үзүүлбэрээ тааруу гүйцэтгэсэн ч чөлөөт үзүүлбэртээ гялалзлаа. Тэрбээр дөрвөлсөн үсрэлт таван удаа ямар ч алдаагүй гүйцэтгэж 222.03 оноо авсан. Гол өрсөлдөгчийнхөө өндөр онооноос сүрдсэн Юзүрү Ханю бүтэлгүйтэж үзүүлбэрийнхээ үеэр хэд хэдэн бүдүүлэг алдаа гаргав. Тэрбээр 188.2 оноо авч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлэх боломжоо Нэйтан Чений өмнө “салхинд хийсгэсэн” юм. Түүний энэ бүтэлгүйтлийг төдийлөн олонд танил болоогүй 17 настай Япон хүү Юма Кагияма ашиглаж дэлхийн аваргын мөнгөн медалийн болзол хангалаа. Харин Ханью хүрэл медаль дээр буулаа. Ханю 2014 оноос хойш ДАШТ-д анх удаагаа алт болон мөнгөн медалиас мултарч буй нь энэ юм. Магадгүй энэ удаагийн ДАШТ-ний нээлт Юма Кагияма түүний халааг авч олимп дэлхийн аваргад оролцоод явах болов уу.

Мөсөн талбайн хааны титмийн төлөө Ханютай өрсөлдөж буй Чен Стокхольмоос ДАШТ-ний гурав дахь алтан медалиа зүүж байна. Нэйтан Чен багадаа балетын дугуйланд явж, гимнастикаар хичээллэж байсан юм. Өдгөө Йелийн их сургуулийн оюутан түүнд олимпийн алтан медаль л дутуу байна.

Бүжгийн хосын төрөлд Европын аварга, ОХУ-ын Виктория Синицина, Никита Кацалапов нар богино үзүүлбэрт гаргасан алдаагаа засч , чөлөөт үзүүлбэрээ төгс гүйцэтгэж, дэлхийн аварга боллоо. 12 жилийн дараа ОХУ-ын уран гулгагчид бүжгийн хосын төрөлд дахин ДАШТ-ээс алтан медаль хүртэж буй нь энэ юм. Тэртээ 2009 онд АНУ-ын Лос Анжелест болсон ДАШТ-д Оросын Оксана Домнина,Максим Шабалин нарын хос алтан медаль хүртсэнээс хойш “ах” нар энэ төрөлд ноёрхож чадахгүй байсан юм. Сонирхуулахад энэ улиралд Синицина хэд хэдэн удаагийн бэртэл авч, коронавирусийн халдвар авч тэмцээнүүдийг өнжөөд байлаа. Энэ бүх бэрхшээлийн хажуугаар тэд дэлхийн аваргын мөсөн талбайд гялалзаж алтан медаль зүүж Орос түмний цөсийг нь хөөргөлөө.

Бүжгийн хосын төрөлд мөнгөн медалийг АНУ-ын Мэдисон Хаббелл, Захари Донохью, хүрэл медалийг Канадын Пайпер Гиллес, Поо Порье нарын хос хүртсэн юм. ДАШТ-ний дөрвөн төрлийн гуравт нь ОХУ-ын тамирчид аваргалж, нийт 12 медалийн тэн хагасыг тэд зүүлээ. АНУ хоёр ( 1 алт, 1 мөнгө), Япон хоёр ( мөнгө, хүрэл) , БНХАУ нэг мөнгө, Канад нэг хүрэл медаль хүртлээ.

Оросын гулгагчид “Бээжин-2022” Өвлийн олимпод оролцох боломжит 10 квотоо бүгдийг нь баталгаажуулсан юм. Стокхольм хотын ордонд Орос тамирчид гялалзсан ч төрийн дуулал нь эгшиглэж, далбаа нь намирсангүй. Учир нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг, ОУОХ –ноос тэднийг төрийн зохион байгуулалттайгаар допинг хэрэглэсэн хэмээн үзэж бандаад байгаа билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Д.Цэрэнтогтох: Миний эрхийг хасч цолыг хурааж байгаа юм бол допинг хэрэглэсэн бусад бөхчүүдэд ч ижил хандах ёстой

Баянхонгор аймгийн Заг сумын харьяат улсын өсөх идэр начин Дашдоржийн Цэрэнтогтохтой ярилцлаа.


-Начин сайхан хаваржиж байна уу?

-Сайхаан. Сайхан хаваржиж байна уу. Би Баянхонгор аймагтаа ирээд бэлтгэлээ хийгээд л явж байна. Ирэх зун 100 жилийн ой болно. Хаврын урь уначихлаа. Нэг мэдэхэд л наадам хаяанд ирчихнэ шүү дээ. Бөхчүүд ч дор бүрнээ л хөдөө орон нутгаар явж бэлтгэлээ базааж байгаа сурагтай. Манайхан Баянхонгортоо ирээд чөлөөтийн н.Мөнхдуулдах багштай хамт бэлтгэл хийж байна. Цэвэр агаарт сайхан байна.

-2019 онд Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулахад Э.Оюунболд та хоёрын биенээс хориотой эмийн жагсаалтад багтдаг бодис илэрсэн. Та ямар төрлийн бодис хэрэглэсэн юм бэ?

-Яг ямар бодис илэрснийг би мэдэхгүй байна. Ямар ч л байсан хориотой бодис илэрсэн талаар Хууль зүйн яамнаас надад мэдэгдсэн. “Танаас ийм тунгаар илэрсэн байна” гэж л хэлсэн. Өнөөдрийг хүртэл миний цолыг хурааж, эрхийг хассан албан ёсны шийдвэр гараагүй. Ам дамжсан яриа төдий л зүйл явж байна. Улсын цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог учраас Ерөнхийлөгч өөрөө хураадаг.

-Цагаан тариа гэх зүйлийг хэрэглэсэн талаараа та хэлж байсан. Үүнийг хэзээ ямар зорилгоор хэрэглэсэн юм бэ?

-2019 оны тавдугаар сард шагайгаа мулталсан юм. Батлан хамгаалахын их сургуулийн ойролцоо “Цу эрдэнэ” гэж эмнэлэгт эмчилгээ хийлгэж шагайнаасаа цус авахуулаад, бариа засал хийлгэж бэртэл сайхан илааршсан. Нутагтаа очиж П.Сүхбат гардийнхаа нэрэмжит барилдаанд ч зодоглоод их сайхан болсон. Ингээд зургадугаар сард наадмын бэлтгэл хийж байхдаа өнөөхөө хөндчихсөн. Бэлтгэл сайн байсан болохоор цолоо баталж, харцага, заан цол хүртэнэ гэж төлөвлөж байлаа. Ингээд Д.Батням багшаас цагаан тариа авч 10 ширхийг хийлгэсэн. Хөл ч зүгээр болж наадамдаа сайхан барилдсан. 2018 оны наадмын өмнө ч булчингийн уутаа задалж өнөөх цагаан тариа хийж бэртлээ эдгээсэн. Тэр жил П.Бүрэнтөгс аваргаар тав давж улсын начин болсон шүү дээ. Допингийн шинжилгээнд хамрагдахад цэвэр гарсан. 2019 онд дахиад хийлгэтэл ийм асуудал болчихсон.

Энд нэг зүйлийг тодотгоход, Д.Батям багшийг буруутгаад байгаа асуудал огт байхгүй. Тэр хүн намайг 2018 онд ч, тэр 2019 онд ч тэр наадмаар барилдах уу үгүй юү гэж байхад л эмчлээд барилдуулсан. Би ч сайн барилдаж шөвгөрсөн. Намайг ядарч явахад л тусалсан хүн. Надад допинг хийгээд хорлочихсон асуудал огт байхгүй. Хүмүүс Д.Батням л хүнд тариа хийгээд алаад хаячихлаа гэх ойлголттой байх шиг байна. Тийм биш. Тэр цагаан тариаг допингийн төрлийн бодис эсэхийг Батням багш мэддэггүй юм уу, эсвэл мэддэг ч допинг биш гэж худлаа ярьдаг юм уу. Тэрийг нь мэдэхгүй. Ямар ч байсан энэ тариаг би 2018 онд хоёр ширхгийг хийлгэж өвчнөө намдаагаад барилдахад шинжилгээний хариу цэвэр гарч байсан.

-Таны энд яриад байгаа цагаан тариа чухам ямар үйлчилгээтэй юм бэ?

-Нэг их хүч тамир оруулах төрлийн тариа биш. Гэхдээ допингийн төрөлд ордог юм билээ. Допингийн эсрэг Үндэсний төвөөс сургалт зохион байгуулдаг л гэж яриад байдаг. Би лав мэдэхгүй. Хааяа нэг хийхдээ зар тараадаггүй. Наадмын бэлтгэлийн үеэр бөхийн галуудаар явж сургалт хийдэг л гэдэг. Худлаа байхгүй юу. Тэд нар жүдо, чөлөөтийн шигшээ багийнхантай л нягт холбоотой ажилладаг юм билээ. Өнөөдөр бөхчүүдийн ихэнх нь элэг хамгаалдаг лив 52, цистон гэж бөөрний эмүүдийг хэрэглэж байна. Мэргэжлийн хүмүүс удаан давтамжтай хэрэглэхэд допинг илэрдэг талаар мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээ. Анхаарууштай л санагдсан.

-Улсын аварга Э.Оюунболдын тухайд баяр наадам зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж гурван шатны шүүхээр явж асуудал цэгцэрч байх шиг байна. Өөрөөр хэлбэл барилдах эрх нь нээгдэж байх шиг байна. Таны асуудал юу болж байна вэ?

-Манайх тусгаар тогносон улс шүү дээ. Өнөөдөр “Таны цолыг хурааж эрхийг хаслаа” гэсэн албан ёсны шийдвэр гараагүй байна.

Миний шинжилгээнээс нэг төрлийн бодис бага хэмжээгээр илэрсэн. Өнгөрсөн жил допингийн шинжилгээнд бүдэрсэн Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нар ирэх наадмаар барилдах болж байх шиг байна. Би хоёр жилийн хугацаанд барилдаагүй. Хүлээлгэж байгаа хариуцлага нь өөр хоорондоо харилцан адилгүй байх юм. Ц.Магалжав зааны ярьснаар бол сайд, дарга нарын нөлөө орж шийтгэлгүй өнгөрч байгаа юм шиг байна. Би хэл ам хийхгүй хүлээцтэй хандсанаараа хохироод үлдэж болохгүй биз дээ. Энэ жил допинг хэрэглэсэн хүмүүс ч ижил хариуцлага хүлээх хэрэгтэй хэрэгтэй.

-Ер нь допингийн шинжилгээ хэр шударга явагддаг вэ?

-Олон улсын дүрмэндээ допингийн шинжилгээний өрөөнд гадны хүн байх ёсгүй байдаг юм билээ. Намайг шинжилгээ өгөхөд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар улсын начин Ж.Ням-Эрдэнийг дагаад явж байсан. Анзаараад харахад Ч.Насанбат эмч гэх мэтийн хүмүүстэй уулзаад байгаа юм. Допингийн шинжилгээний өрөөнд эрх бүхий албан тушаалтантай уулзах ямар шаардлага байсан юм бол. Би хувьдаа Ж.Ням-Эрдэнийн шинжилгээнд нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байгаа. 2018 оноос хойш шинжилгээний өрөө рүү гэрчтэй оруулах аа больсон шүү дээ. Намайг ийм зүйл ярилаа гэж олон хүн үзэн явах байх. Би хоёр нүдээрээ харсан аа л хэлж байна. Шударга байх хэрэгтэй.

-Бөхийн хүрээний хүмүүсийн ярьж байгаагаар бол допингийн шинжилгээ чинь мөнгө угаах хэрэгсэл болчихсон юм биш үү. АТГ-аас Баяр наадам зохион байгуулах хороонд орж ажилласан хоёр эмчид эрүүгийн хэрэг үүсгэсэн талаараа мэдээлж байсан. Энэ хүрээнд 38 бөх допинг хэрэглэчхээд эмч нарт авлига өгч нуун дарагдуулсан байж болзошгүй нөхцөл байдал үүсчихээд байгаа юм билээ…

-Энэ допинг хэрэглээд нуун дарагдуулсан 38 бөх гэх яриа хуулийн хяналтынхан дунд яваад байна. Энэ бол үнэн байх магадлалтай шүү дээ. Үнэхээр тийм бол хуулиараа одоо барилдаж байгаа аварга, арслангуудын ихэнх нь аймгийн арслан болчих гээд байна. Асуудлын үнэнийг илрүүлээсэй гэж хүлээж сууна.

-Залуу бөхчүүдийн тархийг угааж допинг зардаг бүлэглэл бий болчихоод байна уу?

-Энэ талаар ярихад намайг өөрөө авч хэрэглэдэг гээд л ярих байх л даа. Надад бол элдэв янзын бодис хэрэггүй. Хэрэгцээтэй витаминаа эмч нараас зөвлөгөө аваад уучихдаг юм. Өнөөдөр допингийн бизнесийг захын фитнессийн багш л хийдэг болж дээ. Залуу бөхчүүд бэлтгэл хийгээд өндөр ачаалал авна, ядарна. Бие нь сулраад ирэхээр багшдаа хандана. Өнөөх нь “Тариа хийлгэхгүй бол чи хэн ч биш. Надад тийм үйлчилгээтэй тариа ийм үнэ ханштай байна” гэх маягаар тархийг нь угаана. Энэ бол захын фитнесст л өрнөдөг яриа. Нуугаад байх асуудал биш.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаа танд амаргүй байсан болов уу. Хүнд үед дэргэд тань хэн байв?

-Допингийн асуудалд орсноос хойш хэн нь хүн бэ, хэн нь хүн биш вэ гэдгийг би мэдэж авлаа. Цол аваад сайн сайхан явахад минь олон хүн намайг дагаж далдганаж байсан. Олон нөхөдтэй сайхан явлаа. Амаргүй цаг үеийг ганцаараа л давж гарлаа. Сэтгэл санаа гундуу явахад минь хүмүүсийн харц хүртэл эрс өөрчлөгддөг юм билээ. “Энэ ингээд л дууслаа. Дахиж барилдахгүй” гэх хандлага гаргаж байгаа юм. Тэр бүр хүн амьтантай найз нөхөд гээд яваад байх шаардлагагүй гэдгийг ойлгож авлаа.

-Та сумын заануудын барилдаанд их мундаг барилдаж байсан юм шиг санагддаг. 2014 онд хаалтын барилдаанд түрүүлж байсан бил үү.

-Миний гол зорилго сумын заануудын барилдаанд түрүүлэх байлаа шүү дээ. Ур чадвар ойролцоо залуус сайхан харгүй үзнэ. Би 2013 оны аравдугаар сарын 13-нд цэргээс халагдаж байлаа. Хоёр хоногийн дараа 15-нд нь сумын заануудын барилдаан болдог юм. Цэрэгт ч өдөр бүр дасгал сургуулилт хийдэг болохоор ямар ч тамиргүй болчихдог юм билээ. Тэр барилдаанд гурав даваад Архангайн Л.Жамбалд (хожим аймгийн арслан болсон) унаж байлаа. Дараа сарын барилдаанд өнөөх л Л.Жамбалдаа унасан. Харин арванхоёрдугаар сараас нь дээгүүр барилдаж эхэлсэн. Бэлтгэл ч сайхан жигдэрч ирсэн. 2013 оны хаалтын барилдаанд түрүүлж зорилгоо биелүүлж байлаа. Маргааш нь бүх цэргийн баяр наадамд шөвгөрч цэргийн начин цол хүртсэн. Би сумын заан цолтойдоо нэг удаагийн бэлтгэл тасалж үзээгүй. Зарим тохиолдолд багш нарын зөвлөмжөөр амардаг байлаа.

-Таны барилдааныг анзаарахад давхар ачих мэх том бөхчүүдэд их халтай юм аа. Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага О.Хангай гээд бөхчүүд танд ачуулаад жинтэйхэн газардахыг дэргэдээс нь харж байлаа.

-Би хөдөөнөөс ирээд гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшид шавь орсон юм. Жил орчим бэлтгэл хийгээд Япон руу сургуульд явсан. Тэнд л давхар ачаа, хөмрөө мэхийг яс рефлекс болтлоо давтсан даа. Өдөрт багадаа 2000 орчим давтдаг байсан. Ингээд л нэг мэдэхэд давхар ачдаг болчихсон байсан. Их спортоор хичээллэсэн хүмүүс мэхэндээ тэсрэлттэй, бэлтгэлийн ачаалал даах чадвар сайтай болдог. Улсын цол авч өдий зэрэгтэй амжилттай барилдаж яваа минь багаасаа их спортоор хичээллэсний ач гэж боддог юм.

-2018 оны улсын наадмаар улсын начин цолны даваанд улсын аварга П.Бүрэнтөгс таныг амлаж барилдсан. Аваргыг давхар тохоод л дээш нь харуулж байсан. Та тийм барилдаан төлөвлөж гарсан уу?

-Хэн нэгний дэмжлэггүй өөрөөрөө зүтгээд улсын цол авсандаа баярладаг юм. Найраа хийж, бөхийн цол үнэгүйдүүлж байгаа улс цөөхөн бий байх. Бөхөд сэтгэлтэй монгол ард түмэн хэн нь яаж байгааг мэдэж байгаа шүү дээ. П.Бүрэнтөгс арслангаас барьцаа авахаар хөөгөөд хоёр ч удаа гаргасан. Жаахан зай гарвал л атгаж авчих гээд хөөгөөд байсан хэрэг. Тухайн үед надаас яагаад зугтаад байгаа юм бол гэж бодож л байлаа. Өөрийгөө хурцалж байсан л хэрэг л дээ. Аварга надаас айж зугтана ч гэж юу байх уу. Ингэж өөрийгөө зоригжуулж итгэлтэй барилдаж санасан мэхээ хийж улсын цол хүртсэн. Хүмүүс гарахын өмнө “Чи наадмын түрүү бөхтэй таарчихлаа. Бодолтой барилдаарай” гэх зэргээр л зоригжуулж байсан.

-Энэ жил таны бэлтгэл сургуулилт хэрэг зэрэг байна вэ?

-Ямар нэгэн бэртэл гэмтэлгүй, боломжийн сайн байгаа. 130 орчим кг байсан ч жингээ хасаад 110 кг болчихсон байна. Барилдаад ирэхэд жин тавигдах болов уу. Миний хувьд наадмаар хэнтэй таарчих бол, тэр эвгүй энэ ч эвгүй гэж барилдаан бодож нервтдэггүй. Тухайн цаг үедээ л санасан бодсоноо хийгээд барилддаг.

-Барилдаан бодож нервтдэггүй хүн ирэх наадмаар шөвгийн даваанд амархан гарах болов уу гэж харж байна.

-Энэ жил бэлтгэл дажгүй сайн байгаа. Цолоо ахиулж цаашлаад батлахаар зорьж байна.

-Танд барилдаан таардаггүй бөх бий юү?

-Хэнтэй ч таарсан санасан бодсоноо хийгээд л барилдчихдаг юм. Харин Б.Гончигдамба гарьдтай барилдах их эвгүй байдаг юм. 2018 оны наадмын дөрвийн даваанд Гончигдамба гарьдаас л зөрчхөөсэй гэж залбирч суусан. Аз таарч зөрж таарсан. Улмаар сайн барилдаж улсын цол хүртсэн дээ.

-Таныг дэмждэг олон хүн бий байх.

-Дэмждэг олон хүн бий. Тэр бүртэй уулзаад талархсан сэтгэлээ илэрхийлээд байж чадахгүй юм. Надад итгэж дэмжиж суудаг та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

М.Болдсайхан: Танхимаар судалсан хичээлийн агуулгад суурилж шалгалтын сэдэв, даалгаврыг боловсруулна

ЭЕШын бүртгэлийн бэлтгэл ажил, шалгалтын агуулгын талаар Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.


Элсэлтийн Ерөнхий шалгалтад өнөөдрийн байдлаар хэдэн шалгуулагч бүртгүүлээд байна вэ?

-Энэ жил ЕБС-ийн арванхоёрдугаар ангийг 35997 хүүхэд төгсөнө. Өнгөрсөн жилүүдэд төгссөн ч Их, дээд сургуульд элсэж чадаагүй 4000 гаруй хүүхэд нэмэгдээд 40 орчим мянган хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэж тооцож бэлтгэл ажил хангаад явж байна. Өнөөдрийн байдлаар 12800 орчим хүүхэд бүртгэлд хамрагджээ. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад хэвийн хэмжээнд явж байна. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын мэдээллийг өөрийн сайт болон help.eec.mn-ээр цаг тухайд нь хүргээд явж байна. Мөн гол анхаарах зүйлийн талаар сургалтуудыг цаг алдалгүй олонд хүргэж ажиллаж байгаа. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цагт дуусна.

Бүртгэл дуусахад сар орчмын хугацаа үлдсэн байна. Манайханд цагийг нь тулгаж байгаад бүртгүүлдэг нийтлэг хандлага байдаг. Улмаар буруу зөрүү ойлголт үүсч цаг алддаг шүү дээ. ЭЕШ өгөх хүүхдүүдэд анхааруулах гол зүйл юу байна?

-ЭЕШ-д бүртгүүлэхдээ дөрвөн төрлийн бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Нэгдүгээрт иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэх бичиг баримт. Хоёрдугаарт, интернэт гүйлгээ хийх эрх бүхий карт, эсвэл утсандаа интернэт гүйлгээ хийх аппликэйшн суулгасан байх. Гуравдугаарт, 3х4-ийн хэмжээтэй цээж зургийг файл хэлбэрээр бэлдсэн байх шаардлагатай. Хүүхдүүдийн түгээмэл гаргадаг алдаа нь зургаа урьдчилан бэлдээгүйгээс шалтгаалж шаардлага хангахгүй зураг гар утсаараа дарж оруулдаг. Энэ нь бүртгэлийн явцад хүндрэл учруулна. Мөн манайхаас гаргаж буй мэдээлэлтэй бүрэн танилцаагүйгээс арилжааны банкууд дээр очиж гүйлгээ хийх гээд байдаг. ЭЕШ-ын бүртэл онлайнаар явагдаж байгаа. Хүүхдүүд цаг хугацаа, орон зай харгалзахгүйгээр интернэт банкаар гүйлгээ хийж төлбөр төлөх боломжтой. Үүнээс гадна элсэн суралцагч сурах сургууль эзэмших мэргэжлийн талаар судалгаа хийгээгүйгээс шалтгаалж хичээл сонголтоо буруу хийх тохиолдол гардаг. Өөрөөр хэлбэл, хичээл сонгочихоод солих хүсэлт тавьдаг. Бүртгэлийн явцад хичээл нэмэх боломжтой, хасах шилжүүлэх боломжгүй байдаг.

Шалгалтуудын тов гарах уу. Энэ жил Их, дээд сургуульд элсэн суралцагчид монгол хэл, бичгийн шалгалт өгөх үү?

-Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элдсэн суралцаж байгаа хүүхдүүд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх шаардлагатай байдаг. Энэ шалгалтыг ирэх тавдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаад явж байна. Тухайн үед ковидын нөхцөл ямар байхыг харгалзаж үзээд Улсын онцгой комиссоос бидэнд чиглэл өгөх байх. ЭЕШ-ын товыг Боловсролын үнэлгээний төвөөс санал гаргаж Боловсролын яамны сайд баталдаг. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа болон ковидын нөхцөл байдлыг харгалзаж үзээд зарлахаар төлөвлөөд байна. Бидний хувьд зургадугаар сарын 20-ны өдрөөс хойш зохион байгуулвал тохиромжтой гэж үзэж, бэлтгэл базааж байна.

Боловсролын яам, УОКоос гаргасан зөвлөмжийг баримтлахад шалгалтын олон байр хэрэг болох байх. Та бүхэн тооцож үзсэн үү?

-Өнгөрсөн жил 30 мянган хүүхэд шалгалт өгөхөд улсын хэмжээнд 85 шалгалтын байрны хэрэгцээ үүссэн. Нэг ангид суух хүүхдийн тоо цөөрөхөд шалгалтын байр нэмэгдэж байгаа юм. Шалгалтын байрны тоо нэмэгдэхэд тэнд ажиллах хүн хүч, эмч эмнэлгийн ажилтнуудын тоо нэмэгдэж ирсэн. Энэ жилийн хувьд 40 орчим мянган хүүхэд ЭЕШ өгөх төлөвтэй байна. ЭМЯ, УОК-оос өгч буй заавар зөвлөмжийн дагуу ширээ хоорондын зайг 1.5-2 мет болгож, нэг ангид суух хүүхдийн тоог 12-оос хэтрүүлэхгүй байлгахаар тооцоолоход 110 гаруй шалгалтын байрны хэрэгцээ үүсч байна лээ. Эндээс Боловсролын үнэлгээний төвд эдийн засгийн хувьд бэрхшээл үүсэх зураг харагдаж байна. Ойролцоогоор 23 орчим мянган хүн ажиллах шаардлага үүснэ. Мөн хөдөө орон нутагт томилолтоор ажиллах хүний тоо нэмэгдэж, тэдний зардал ч нэмэлтээр шаардлагатай болж байна.

Энэ жилийн ЭЕШын агуулгад арванхоёрдугаар ангийн хичээлийн хөтөлбөрийг оруулахгүй гэх мэдээлэл гарсан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-2021 оны ЭЕШ-ын агуулгад арванхоёрдугаар ангийн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг оруулахгүй гэх мэдээлэл гарсан байна лээ. Ийм буруу ташаа мэдээлэл гарч олон хүүхдийг төөрөгдүүлж, багш нарыг бухимдуулсанд харамсаж байна. Бидний хувьд энэ жилийн ЭЕШ-ын хөтөлбөрийн агуулгыг тодорхойлж гаргаж өгнө. Үүнийг тавдугаар сарын 15-нд нийтэд ил болгоно. Тэр болтол өөрийнхөө сайтаар дамжуулж хичээлээр агуулгын алдагдлыг нөхөх ямар боломж байгааг судлаад явж байна. Энэ жилийн шалгалтын агуулгыг боловсруулахдаа танхимаар судалсан хичээлийг агуулгад түшиглэнэ. Энэ жилийн хүүхдүүд өнгөрсөн жил хоёр улирал хичээллээд карантилагдсан. Энэ жилийн тухайд эхний улирал хичээллэсэн. Иймээс танхимаар судалсан агуулгад түшиглэж даалгавар боловсруулна. Хүүхдүүд тодорхой хэмжээнд шалгалтдаа бэлтгэж байгаа байх.

Өнөөдөр хөдөө орон нутагт хичээл эхлээд явж байгаа. Улаанбаатарт тийм боломж алга. Үүн дээр тэгш бус байдал үүслээ гэж шүүмжлэх хүмүүс байна лээ?

-Хөдөө орон нутагт ихэнх сумдад давтлага өгөөд эхэлсэн байна. Улаанбаатар хотод танхимын хичээл алга. телевиз болон онлайн хичээл үзээд явж байна. Магадгүй хөдөө орон нутагт онлайн хичээл үзэх боломжгүй байхад Улаанбаатарт танхимын хичээл явуулах боломжгүй байгаа байх. Бид тавдугаар сарын 15-нд шалгалтын агуулга тавигдахаас өмнө хичээл, сургалтын агуулгын судалгааг хийнэ. Өөрөөр хэлбэл аймаг, нийслэлийн боловсролын газруудаар дамжуулаад арванхоёрдугаар ангийн судлах ёстой агуулгын хичнээн хувийг судалж амжсан, аль агуулгыг судалж амжаагүй зэргийг мэдчихнэ. Ингээд ЭЕШ-ын агуулгыг боловсруулна.

Хоёр жил дараалан ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хүүхдүүд танхимын хичээлд бүрэн хамрагдаж чадсангүй. Энэ нь элсэгчдийн онооны чанарт яаж нөлөөлж байна вэ. Дундаж оноо буурсан уу?

-2019 онд ЕБС төгсөөд ЭЕШ өгсөн хүүхдүүд арванхоёрдугаар ангийн хөтөлбөрийг бүрэн судлаад шалгалтдаа орсон. Гэтэл 2020 онд ЭЕШ өгсөн хүүхдүүд хичээлийн агуулгын 50 хувийг судлаад шалгалтад орсон. Энэ жилийн хүүхдүүд хичээлийн 30 хувийн агуулгыг судаллаа. Энэ бүхэн тухайн жилийн шалгалтыг зохион явуулахдаа ямар агуулга судалсан, тухайн хүрээнд нь даалгаврыг боловсруулж байгаа учраас 2019 оны улсын дундаж хэмжээст оноо 2020 оныхтой харьцуулахад бараг ижил байсан. Төдийлөн ялгаа гараагүй. Хүүхдүүдийн батламж хуудас таван жил хүчинтэй. Ингэж байж хүүхдүүдийн эрх ашгийг эн тэнцүүлж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ноолуурын үнэ кг нь 110 мянган төгрөгөөс эхэлж байна

Энэ жил ноолуурын үнэ ханш ямар байгаа, цаашид хэрхэх талаарх сурвалжлагыг уншигчдадаа хүргэе.


Улаанбаатар хот дахь түүхий эдийн төвлөрсөн цэгЭмээлтзах дээр ноолуурын ханш 110 мянгаас эхэлж байна. Бид ноолуурын ченж С.БатЭрдэнээс үнэ ханшийн талаар тодруулга авлаа.

Энэ жил ноолуурын үнэ ямар байна вэ?

-Энэ жил ноолуурын эрэлт их байна. Өнгөрсөн долоо хоногт ноолуурын ханш 90 мянган төгрөг байсан бол өнөөдөр 110 мянган төгрөг болж өссөн. Хог багатай сайн чанарын ноолуур бол 120 мянган төгрөгийн ханштай байгаа.

Цаашид ч үнэ өсөх хандлага ажиглагдаж байна.

Өнгөрсөн жилийн тухайд үнэ ханш ямар байсан бэ?

-Ноолуурын ханш жил бүр адил байдаггүй. Өнгөрсөн жилийн өдийд ноолуурын ханш 70-80 мянган төгрөг байсан. Өнөөдөр нөхцөл байдал өөр байна.

Ноолуурын үнэ өсөхөд юу нөлөөлөв?

-Ноолуурын эрэлт их байгаа учраас олон хүн авч байна. Ноолуурын зах зээлд өрсөлдөөн их байна гэсэн үг л дээ.

Өнгөрсөн жил салбарын сайд Ч.Улаан гэж хүн малчдад хандаж “105 мянгаар засгийн газар ноолуур авна. Ченжүүдэд ноолуураа битгий өг” гэж турхирч энэ төрлийн бизнес эрхлэгчдийг хохироосон. Амласан үнээрээ ч ноолуураа аваагүй шүү дээ. Өнөөдөр малчид бүтэн жил дарсан ноолуураа чирч ирж байна. Ноолуураа тушаачхаад өнөөг хүртэл мөнгөө аваагүй хүмүүс ч олон байгаа.

Эмээлт рүү ирж багаа ноолуурын хүртээмж хэр байна вэ?

-Цаг үеийн нөхцөл байдал нөлөөлж байна. Мөн ямаа өөрөө бэлчээр тахалдаг амьтан. Бэлчээрийн даацаас шалтгаалж малчид ямаа маллахаас зайлсхийдэг болжээ. Энэ нь ноолуурын хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр лав ноолуур ачсан машин энэ хавиар үзэгдсэнгүй. Малчид бүтэн жилийн хугацаанд дарсан ноолуураа ачиж ирж байна. Өнөөх нь ч дагтаршаад эсгий шиг болчихсон байх юм. Бид авлаа гэхэд цаана очоод гологдох учраас эрсдэлтэй л дээ. Үнэ тохироод л авч байна” гэлээ.

Эмээлт зах дээр ноолуурын ханш өдөр өдөрт хэлбэлзэж байгааг ченжүүд хэлж байна. Цаашид ч өсөх хандлагатай байгааг онцоллоо. Энэ жилийн тухайд ноолуур ховор хүртээмж муу байгаа нь үнэ өсөхөд голлох нөлөө үзүүлж байгаа гэнэ.

ХЭНТИЙ АЙМАГТ НООЛУУРЫН ХАНШ 145 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

Эмээлт зах дахь ченжүүд зүүн аймгийн ноолуурт ам сайтай байна. Тэр ч утгаараа нэг их гар татахгүй үнэ цохиж авдаг гэнэ. Өнөөдөр Дорнод аймагт ченжүүд малчдын гар дээрээс кг ноолуурыг 130 мянган төгрөгөөр худалдаж авч байна.

Тэгвэл Хэнтий аймагт энэ сарын эхээр кг ноолуур 130 мянган төгрөгийн ханштай байсан бол энэ сарын 18-ны өдөр 145 мянган төгрөгийн ханштай байна. Тэр дундаа Өмнөдэлгэр суманд илүү үнэтэй худалдаж авч байгааг ченжүүд хэлж байлаа. Хэнтий аймагт ноолуурын ханш цаашдаа ч өдрөөс өдөрт өсөөд явах хандлагатай байгааг тус бүс нутагт ноолуур авч буй ченжүүд онцлов.

Харин Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод ноолуур 130 мянган төгрөгийн ханштай байна. Хөдөө сумдаар явж малчдын гар дээрээс авч буй ченжүүд илүү хямдаар худалдаж авч байгааг иргэд хэллээ. Малчид ч олны хөл бараадаж эрсдэлд оролгүй, хотноосоо худалдаалах сонирхолтой байгаа аж.

Баян-Өлгий аймагт 85 мянган төгрөгийн үнэтэй байна. Ноолуурын үнэ ханшийн талаар орон нутгийн ченжүүд “Одоогоор цөөхөн хүн бага хэмжээний ноолуур өгч байна. Их хүйтэн байгаа учраас малчид саяхнаас л ямаагаа самнаж эхэлж байна. Энэ жил ноолуурын эрэлт их байгаа. Цаашид өсөх байх аа” гэлээ.

Завхан аймагт ноолуурын ханш Улаанбаатарынхтай ойролцоо буюу 100 мянган төгрөгийн ханштай байгаа гэнэ. Тус бүс нутагт өвөлжилт хүндэрснээс шалтгаалж ноолуур тун ховор байгааг нутгийн иргэд хэлж байна. Ченжүүд өнжсөн ноолуурын чанарыг харгалзаж байгаад 90-95 мянган төгрөгөөр үнэлж байгаа гэнэ. Ч.Улаан сайдын тогтоосон 100 мянган төгрөгийн ханшид итгэж бүтэн жил ноолуураа “дарсан” малчид мухардалд орж 95 мянган төгрөгөөр зарахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм байна.

Бид хөдөө орон нутгийн ченжүүд рүү холбогдож ноолуурын үнийн мэдээлэл авлаа.

-Өвөрхангай аймагт 100 мянган төгрөг,

-Өмнөговь аймагт 120 мянган төгрөг,

-Дорноговь 115 мянга

-Ховд аймагт 90 мянган төгрөгийн ханштай байна гэх мэдээллийг өгсөн юм.

Энэ жил ноолуурын эрэлт их байгаа учраас тэр хэмжээгээр ноолуур сурагласан ченжүүд ч олон байгаа аж. Зарим бүс нутагт их хэмжээний цас унаснаас шалтгаалж ямаагаа самнаж эхлээгүй тухай мэдээлэл байна. Ирэх сарын эхээр ноолуурын ханш өсөх хандлагатай байгааг ченжүүд онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуучин нийгмийн үеийн цэргийн яргалалт өнөө хэр нь арилаагүй байна

Цэрэгт алба хаах хугацаандаа учир шалтгаангүйгээр зодуулж, сэтгэл санаа, бие махбодын хохирол амсдаг жишиг өнөө хэр нь арилаагүй байна. Армийн удирдлагуудын зүгээс цэргийн ангид дэг байхгүй гэж ам бардам хэлдэг ч байлдагч нар хүний ёсноос гажууд үйлдлийн золиос болж сэтгэл санааны гүн хямралд орж амиа егүүтгэдэг тохиолдол ардчилсан Монгол Улсын армид тасрахгүй л байна. Саяхан л гэхэд Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032 дугаар ангид алба хааж буй цэргүүд бие биетэйгээ ёс бусаар харьцаж, нэгнээ ялгаварлан гадуурхаж, яргалж буй бичлэг цахим сүлжээнд түгсэн нь олны зэвүүцлийг хүргэлээ.

Хүндэт харуулын тусгай рот 032 дугаар анги нь манайд гадны орны төрийн тэргүүн болон Элчин сайдууд айлчлах үед ёслол хүндэтгэлийн үүргийг гүйцэтгэх тусгай байнгын салбартай болох зорилгоор анх байгуулагдаж байжээ. Тус анги дөрвөн салаатай бөгөөд салаа бүр нь 30 цэрэгтэй.

Цахим сүлжээнд цацагдсан бичлэгт хал цэргүүд хоёр цэргийг дуудаж нэгнийх нь толгой дээр зайдалж суух аж. Нөгөө цэргийнх нь дух руу хуруугаараа чичилж дарамталж дуулуулж байлаа. Нэгнийх нь толгойн тус газар цохиод авч байгаа үйлдэл ч зурвас харагдаад өнгөрөв.


032 дугаар ангийн цэргүүд нэгэнтэйгээ ёс бусаар харьцаж, дэглэж, ялгаварлан гадуурхсан явдал өнгөрсөн оны аравдугаар сард болжээ. Хал цэргүүд намар халагдахынхаа өмнөхөн шинэ цэргүүдийг яргалах явцдаа бичлэг хийсэн нь сая ил болж. Харин хүчирхийлэлд өртсөн цэргүүд өнгөрсөн оны тавдугаар сард 032 дугаар ангид татагдсан гэнэ.

Бид тус бичлэгт гарч буй 032 дугаар ангийн байлдагч Б.Шинэбаярын багын найз С-ээс зарим зүйлийг тодрууллаа.


-Таны найз Б.Шинэбаяр өнгөрсөн тавдугаар сард цэргийн албанд татагджээ. Хаанаас татагдсан юм бэ?


-Миний найз өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотоос цэргийн албанд татагдсан. Өөрөө Хүндэт харуулын ангид алба хаана гэж зорьж байгаад 032 дугаар ангир уу очсон юм. Хүндэтгэлийн жагсаал болоход л очиж хардаг, хүндэтгэлийн харуулын цэргүүдийн сүр жавхааг биширдэг эх оронч сэтгэхүйтэй хүн л дээ, миний найз. Сурч боловсрохоо хойш тавьж чөлөө авч байж зорьж очсон ангидаа ийм байдлаар ялгаварлан гадуурхагдаж, дарамтлуулж байгааг нь хараад нүд халтирлаа. Сая ар гэрийнхэн рүү залгаж мэдэгдсэн. Миний найз фитнессээр хичээллэдэг, бие бялдрын хөгжил сайтай, гүйгээд хүнд гүйцэгдэхгүй залуу. Ганц нэг хүнд бол дээрэлхүүлэхгүй том биетэй. Хал цэргүүд нь олуулаа зодож, эрхшээлдээ оруулж дарамталсан болов уу гэж бодож байна. Энэ чинь шорон биш биз дээ. Адилхан аавын хүүхдийг олуулаа нийлж доромжилж гадуурхаж байгаа нь яавч зүгээр өнгөрөөх асуудал биш.

-Цэрэгт татагдсанаас нь хойш та эргэлтээр очиж уулзсан уу?

-Хөл хорио тогтоосон үед тэр бүр уулзаад байх боломжгүй юм билээ. Цэргийн албанд гаргаж өгснөөс хойш өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр очиж уулзахад сэтгэл зүйн дарамтад байгаа нь анзаарагдаж байсан. Тухайн үед юу тохиолдсоныг нь асуухад “Зүгээр” л гэсэн. Уулзалтаар гарч ирэхэд нь нэгээс хоёр хүн дагадаг юм билээ. Тэдний хажууд дуу ч гарч чадахгүй харж сууж байгаад буцаад орсон.

-Тантай утсаар ярихдаа ч юмуу дарамтанд байгаа талаараа өмнө хэлж байв уу?

-Найз маань хэд хэдэн хүн рүү мөнгө гуйж залгасан байна лээ. Над руу ч “10-20 мянган төгрөг яаралтай шилжүүлээч” гэж хэд хэд залгасан. Цэрэгт алба хааж байгаа хүнд мөнгөний ямар хэрэгцээ гардаг юм бол гэж гайхаад очиж уулзсан юм. Найзад маань ийм зүйл тохиолдоод байсныг мэдсэнгүй” гэсэн юм.

032 дугаар ангид алба хааж буй цэргүүдийн ар гэрийн төлөөллийн ярьж буйгаар бол тус ангид алба хааж буй цэргүүд ар гэр лүүгээ тогтмол мөнгө захидаг гэнэ. Учир нь хал цэргүүд шинэ цэргүүдийг дарамталж тогтмол орлоготой байлгахыг шаарддаг ажээ. Дарамтад орсон цэргүүд яргалуулахгүйн тулд эхний ээлжинд найзууд руугаа, дараагийн удаа ар гэрийнхэн рүүгээ залгаж хүний данс руу мөнгө шилжүүлэхийг гуйдаг байна. Шинэ цэргүүдээс татаас авч гаршсан зарим нь “Өнөөдрийн дотор 50 мянган төгрөг олж өгөхгүй бол халагдахдаа чамайг ална шүү” гэж дарамталсан тохиолдол ч өмнө нь олон удаа гарч байжээ.

Ядруухан нэгнийгээ толгой дээр зайдлан доромжилж ёс бусаар бах таваа хангадаг, боломжийн амьдралтай заримыг нь заналхийлж мөнгө нэхдэг, сэтгэл зүйн гүн дарамтад оруулах зэрэг нь наад захын дэглэлт гэдгийг тус ангид алба хаасан хүмүүс хэлж байна. Алба хаагчид энэ мэт ёс бусын хүчирхийлэлд тогтмол өртдөгийг ч онцолж байгаа юм.

Дарамтад орсон цэргүүдэд эргэлт ирэхэд халуудаас нэг нь заавал дагаж очдог юм байна. Шинэ цэрэг ч халынхаа хажууд гэрийнхэнтэйгээ чөлөөтэй ярьж чадахгүй сууж байгаад л ордог аж. Ар гэрийнхэнтэйгээ ч харгалзагчтайгаар уулздаг шорон шиг жишиг 032 дугаар ангид тогтоод удаж байгаа гэнэ. Зөвхөн 032 дугаар анги ч биш бусад ангиудад ч ийм жишиг тогтоод буйг цэргүүдийн ар гэрийн төлөөлөл онцолж байлаа.

Хагас жилийг ийм байдлаар дарамтад өнгөрүүлсэн цэргүүд ч шинээр ирж буй дүү нарын толгой дээр зайдалж ёс бусаар бах таваа хангадаг жишиг энэ ангид тогтоод байгаа нь дээрх бичлэгээс харагдаж байна.

Бид 032 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяраас тус ангийн цэргүүдийн харилцааны талаар тодруулга авахаар хандсан ч мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм.

Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч хурандаа Б.Отгонбаяраас тодруулга авлаа.


-032 дугаар ангийн цэргүүд нэгнийгээ ялгаварлаж гадуурхдаг, эрхийг нь ноцтой зөрчиж байгаа бичлэг цахим орчинд тархаад байна. Тус ангид юу болоод байна вэ?

-2020 оны нэгдүгээр ээлжинд ирсэн дайчидтай зүй бусаар харьцсан зөрчил гарсан. Манай албан тушаалтнаас тавигдах хяналт буурсны улмаас энэ хэрэг гарчээ. Бид ийм хэрэг бусад цэргийн ангиудад гаргахгүй байх талаас анхаарч ажиллаж байна. Ёс зүйн алдаа гаргасан дайчид халагдаад явсан, дарамтлуулсан хоёр дайчин үргэлжлүүлэн албаа хааж байгаа.

-Хүнлэг бус үйлдэл гаргаж бусдыгаа дарамталсан цэргүүдийг олж илрүүлэх, хариуцлага хүлээлгэх тал дээр ямар арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?

-Халагдсан дайчдын гаргасан ёс зүйн алдааг цагдаа болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж илрүүлэх арга хэмжээг авах байдлыг зохион байгуулах болно. Бид хэрхэн шийдэж байгаа талаар цаг тухайд нь ард иргэддээ мэдээлэл өгнө гэлээ.

Цэргийн ангид дэг байхгүй гэж үе үеийн сайдууд хэлдэг ч ачир дээрээ байлдагч нар ахлах албан тушаалтнууд болон хал цэргүүдэд яргалуулж сэтгэл санааны дарамтад орж зарим нь амиа хорлож байна.

Цэргийн албанд амиа алдсан хамгийн ойрын жишээ дурдъя. 2021 оны хоёрдугаар сарын 7-нд Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэрэг нас барсан хэрэг гарсан. Уг цэрэг хашааны шургааг модноос мяндсан уяагаар боомилж нас барсан бөгөөд эх сурвалжийн хэлж буйгаар “Ээж, аав аа уучлаарай би түрүүлээд явлаа” гэх утга бүхий гэрээслэл үлдээсэн гэх. Талийгаачийн нас барахаасаа өмнө гэрийнхэн рүүгээ залгаж “Намайг эндээс аваач ээ” хэмээн ярьсан талаар ар гэрийнхэн нь мэдэгдээд байгаа. Уг хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа.

Мөн 2019 оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 0336 дугаар ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэрэг нас барсан хэрэг гарсан. Шалтгаан нь тухайн цэрэгт ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид нь гар хүрч, жагсаалд гүйгээд бахардаад унахад нь дэвсэлж зодсон байдаг. “Цэргийн албанд дэглэлт гэж байхгүй” хэмээн салбарынхан нь мэдээлж байв.

2019 оны хоёрдугаар сард Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг харуулын байраа орхин зэвсэгтэй оргосон ч нас барсан байдалтай олдсон.

2019 оны тавдугаар сард Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А адуунд яваад сураггүй болсон ч моринд чирэгдэн амиа алдсан.

2019 оны зургадугаар сар Тэмээ хайхаар явсан цэрэг бутнаас өөрийгөө боомилсон.

2020 оны гуравдугаар сар Дорнод аймгийн Халх гол суман дахь Хилийн 0198 дугаар ангийн алба хаагч Г амиа хорлосон байдалтай олдсон. Иргэний үүргээ биелүүлэхээр эр цэргийн албанд мордоод амиа алдсан харамсалтай тохиолдлуудын сүүлийн цөөхөн жишээг дурдахад л ийм байна.

ХЭҮК: Дарамтлуулсан цэргүүдэд нөхөн олговор олгохоор нөхцөл байдал тогтоогдсон

Бид цэргүүдийн амьдрах орчин нөхцөлд ямар хяналт тавьж ажилладаг талаар Хүний эрхийн үндэсний комиссоос тодрууллаа.


-Сүүлийн хоёрхон жилийн хугацаанд 10 орчим цэрэг өөрийгөө боомилж нас баржээ. Зарим нь ч гэрээслэл үлдээгээд амиа егүүтгэсэн байна. Хүний эрхийн үндэсний комиссоос хугацаат цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах тал дээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Өмнө нь гарсан тохиолдлууд тус бүр дээр л хариуцлага тооцож явж ирсэн. Цэргийн ангиудад төлөвлөсөн хуваарийн дагуу шалгалтын ажиллагаа явуулдаг. Ингэхдээ хугацаат цэргийн албан хаагчдаас нууцаар судалгаа авдаг юм. Ер нь цэргийн ангид байгаа ёс бус харилцаа, дэгийг ил гаргахад амар биш. Цэргийн алба хаагчид удирдах албан тушаалтнуудаас айгаад тэр бүр бодит байдлыг хэлээд байдаггүй. Зарим тохиолдолд цэргийн албан хаагчидтай ганцаарчилсан уулзалт хийдэг юм. Харин ирсэн гомдлын мөрөөр шалгалтын ажиллагаа явуулж ангийн удирдлагуудад санамж бичиг хүргүүлж ажилладаг.

-Сүүлд зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчид нэгэнтэйгээ ёс бусаар харьцаж ялгаварлан гадуурхаж буй бичлэг олонд ил боллоо. Дарамтлуулсан цэргийн ойр орчмоос тодруулахад ийм жишиг тогтоод удаж байгааг хэлж байна. Тус ангид сүүлд хэзээ шалгалт оруулсан бэ?

-Сүүлд 2019 оны аравдугаар сард тус ангид манайхаас шалгалтын ажиллагаа явуулсан. Ноцтой зөрчил илрээгүй. 032 дугаар ангийн тухайд хотын төвд байрладаг цэргийн анги. Ийм ёс бус харилцаа гарсанд харамсаж байна.

-Олонд ил болсон бичлэгт гадуурхагдаж буй албан хаагч сэтгэл санааны гүн дарамтад орж уйлж байгаа нь анзаарагдаж байна лээ. Тус хүүхдүүдийн сэтгэл санааны хохиролд нөхөн олговор олгох хууль эрх зүйн орчин манайх бий юү?

-Бичлэгээс харахад сэтгэл санааны гүн дарамтад орсон нь анзаарагдаж байна лээ. Эхний байдлаар дүгнэхэд хохирсон байлдагч нарт сэтгэл санааны нөхөн олговор олгохоор хэд хэдэнд нөхцөл байдал тогтоогдсон. Манайхаас баг гарч шалгалтын ажиллагааг явуулж байна гэв.

Зэвсэгт хүчний хүндэт харуулын 032 дугаар анги бол үндсэндээ хотын төвд байрладаг цэргийн анги. Бие бялдар сайтай шилэгдсэн хөвгүүд тус ангид очдог. Ийм ангид л дарамт дарангуйлал хэрээс хэтрээд байгаа нь бичлэгээр нотлогдлоо. Хаа холын баруун хязгаар Увс, Ховдын цэргийн ангиудад алба хааж буй хөвгүүд хэрхэн хүчирхийлэлд өртөж эрх нь зөрчигдөж, зайдлуулж байхыг хэн ч таашгүй. Зэвсэгт хүчинд шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Гавьяат дасгалжуулагч С.Тулга: Эрэгтэй шигшээ баг олимпийн эрхээ авах л юм бол медалийн тавцанд зогсоно гэдгийг ам бардам хэлье

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 3х3-ын шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулгатай ярилцлаа. Тэрбээр Сар шинийн босгон дээр гавьяат дасгалжуулагч цол хүртсэн юм. Түүний удирдсан шигшээ баг олон улсын тэмцээнүүдээс найман алтан медаль, есөн мөнгөн медаль, 11 хүрэл медаль аваад байна.


-Гавьяат дасгалжуулагч болсон танд баяр хүргэе. Сагсан бөмбөгийн спорттой холбогдоод хэдэн жил болж байна вэ?

-Их баярлалаа. 2004 онд л хэдэн хүүхэд өөр дээрээ аваад бэлтгэж эхэлсэн юм. Тэр цагаас хойш 17 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд олон ч шавь бэлтгэж. Тэдний маань ур чадвар өнөөдөр тив дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байна. Шавь нарынхаа сайн сайхныг харж бахархахаас илүү аз жаргал гэж юу байх вэ. Үнэхээр сайхан байна.

-Баярт мэдээг сонсоод ямар сэтгэгдэл төрөв?

-Ерөнхийлөгчийн тамгын газраас залгаад “Сүхбаатарын Тулга мөн үү. Таныг Монгол Улсын гавьяат дасгалжуулагчаар тодорхойлжээ” гэж хэлсэн. Тухайн мөчид туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү бүхэн нүдний өмнүүр зурсхийгээд л өнгөрсөн.Ингээд баярт мэдээгээ эхлээд ээждээ дуулгасан. Чимээгүйхэн байя гэж санасан ч зарлиг дээр орсон болохоор гавьяат болсон тухай мэдээ цахимаар шуураад эхэлсэн. Аав минь амьд сэрүүн байсан бол их баярлах байжээ гэх бодол төрж байлаа.

-Ерөнхийлөгч танд юу хэлэв?

-“Залуу дээрээ гавьяат боллоо. Урьдчилгаа болгож өглөө шүү. Үлдсэнийг нь олимпод очиж гүйцээгээрэй” гэж хэлсэн. Залуу хүний тухайд хийж бүтээх үйлсэд минь ташуур болж өглөө. Ямар их итгэл найдвар тавьж байгааг илүү ухамсарлалаа. 3х3-ын сагсан бөмбөгийн гэр бүлийн хийж бүтээснийг төр үнэллээ. Илүү ихийг хийж бүтээхийн төлөө зүтгэнэ ээ.

-Өнгөрсөн онд 3х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг олимпийн наадамд оролцох эрх авсан нь Монголын спортын онцлох үйл явдал байлаа. Та эмэгтэйчүүдийн шигшээ багийг хэрхэн бэлтгэв?

-Багийн спортоор олимпийн эрх авлаа гэхэд хүмүүс итгэж өгөхгүй байсан шүү. Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй 206 улс бий. Үүний шилдэг найм нь л олимпод өрсөлдөнө. Монгол охид маань шилдэг наймд багтаж олимпийн их наадамд өрсөлдөх эрхээ аваад байна. Миний тухайд монгол тамирчдын онцлогт таарсан хувилбар зурж шигшээ багаа бэлддэг юм. Хажуугаар нь спортын сэтгэл зүйчтэй хамтарч ажилладаг. Энэ маань үр дүнгээ өгч олимпийн наадмын эрх авлаа. Одоо олимпийн наадамдаа амжилт гаргахын тулд бүх анхаарлаа хандуулж ажиллаж байна. Бид заал хаалттай гэж шалтаглаад зүгээр сууж олон хүний итгэлийг эвдэж болохгүй. Цаг үедээ дасан зохицоод л бэлтгэлээ базааж байна. Сая халдвар хамгааллын дэглэм баримтлаад Өмнөговь аймагт “Энержи ресурс”-ын кемп дээр очиж 20 орчим хоног бэлтгэл хийгээд ирсэн. Одоогоор бол гэрийн нөхцөлд л тус тусын бэлтгэлээ базааж байна. Охид маань таван давхар байшингийн шатаар өдөрт 15 удаа гүйж гарч байна. Олимпийн дэвжээнд монгол түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд цаг мөч бүрийг л бэлтгэл хийж өнгөрүүлж байгаа. Хичээл зүтгэлийн үр дүн олимпийн дэвжээнд гарна байх гэж найдаж байна даа.

-Эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах боломж байна уу?

-Эрэгтэй шигшээ баг маань олимпийн эрхээ авсан ч тэмцээнийг зохион байгуулагч Японы багийг шууд оролцуулах шийдвэр гаргасан. Ингэхлээр манай байр нэгээр ухарч байгаа юм. Олимпийн эрх олгох тэмцээнүүдэд амжилт үзүүлж эрх авах болсон. Эрх авах боломж дүүрэн байгаа. Нэг зүйлийг ам бардам хэлэхэд эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах юм бол медалийн тавцанд зогсоно. Дэлхийн Гранприд түрүүлсэн ганц ази баг нь манайх шүү дээ. Манайхны ур чадварыг дэлхий хүлээн зөвшөөрсөн.

-Таны ажлын арга барил юу вэ?

-Миний хувьд өглөө босоод бэлтгэлдээ гарч, өдөр нь хүмүүстэй уулзах, харилцах зэрэг санхүү, менежмэнттэй холбоотой ажлуудаа амжуулдаг юм. Өглөө гэрээсээ 8:00 цагт гарч шөнө 12:00 цагт харих өдрүүд ч бий. Ийм амьдралын хэв маягаар сүүлийн арван жилийн турш явж байна. Гэхдээ сүүлийн үед Монголдоо тогтвортой байх нь ховор болчихоод байгаа. Гадагшаа тэмцээнд явах шаардлага байнга гарна. Шигшээ баг нэг жилийн хугацаанд нийт 300 цагийн нислэг хийсэн байна лээ.

Ажиллах арга барилын хувьд бид Монголд төдийгүй олон улсад байхгүй арга барилаар ажилладаг гэж боддог. Цаашид сайжруулах зүйлс олон бий. Монгол сагсчид барууны орнуудыг бодвол нурууны өндрөөс эхлээд санхүү, хангамжаараа дутмаг боловч олон улсын тэмцээнүүдэд чансаагаараа илүү байдгийн шалтгаан нь бид монгол хүний онцлогтой уялдуулсан зөв систем боловсруулж, түүний дагуу бэлтгэл базаадагтай холбоотой байх.

Таны ажлын төлөвлөгөө 3х3 төрөлд төвлөрч байна уу. 5х5-ын сагсан бөмбөгөөр олон улсад өрсөлдөх боломж байна уу?

-Манай баг тамирчид 5х5 төрлөөр Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль эх орондоо авчирсан. ОХУ-д болсон Универсад наадамд Япон, Филиппинийг хожсон. БНСУ-ын Гуанжу хотод зохион байгуулсан наадамд таван тивийн багийг хожсон амжилттай яваа. Манайхан 5х5 төрлөөр дэлхийд гарч ирэх үндэс, сууриа сайн тавьсан. Одоо зөвхөн 3х3 төрөл гэлтгүй, цаашид 5х5 төрлөөрөө илүү амжилт гаргаж, дэлхийд гарах болно.

-Ингэхэд сагсан бөмбөгийн холбоодын маргааны асуудал шийдэгдсэн үү?

-Цэгцэрсэн гэж ойлгож болно. Өнгөрсөн жил Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан ур чадварын тэмцээнд монгол хүүхдүүд түрүүлсэн. Цаашдаа ч тэмцээнүүдэд оролцоод явна.

-Багийн спортын ач холбогдол юу вэ?

-Багийн спорт улс орны хөгжлийг тодорхойлдог. Манайх багийн спортоор дэлхийн дэвжээнээс медаль авах цаг нь ирчихсэн байна.

-Сагсан бөмбөгийн спортын хөгжлийг та хэрхэн харж байна вэ. Өнөөдөр шигшээ багт тоглож байгаа залуусын нас 30 руу дөхөж байна. Залгамж халаа бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-15 жилийн өмнө сагсан бөмбөгт хайртай, сэтгэл зүрхээрээ нийлсэн цөөн залуус нэгдэж байлаа. “TLG 13” багаа байгуулж байх үед манай улсын лиг гарын таван хуруунд багтах багтай, 80-90 хүн л өрсөлддөг байлаа. Харин одоо нэг л лиг гэхэд 40-50 багтай, 900 гаруй тамирчинтай болоод байна. Ийм лиг 10 гаруй байгаа шүү дээ.Монгол Улсын хүн амын 60 хувь нь буюу 1.6 сая хүн сагс тоглодог гэсэн тооцоо бий.Тиймээс бид энэ спортод бүр олон хүүхэд залуусыг дурлуулж, тив, дэлхийн олон улсын тэмцээнд оролцоход бүх талаар дэмжиж, бэлтгэлийг нь хангаж байна. Шигшээ багт орж, сагсан бөмбөгийн спортоор хичээллэж буй найман настай хүүхдүүд 2040 онд гэхэд 29 настай болно. Бид тэднийг 2040 оны олимпод 5×5 төрлөөр оролцуулахаар бэлтгэж байгаа. Ямар ч хүн спортоор хичээллэснээр зөв замд ордог. Хөгжил гэдгийг брэндийн хувцас өмсөх, үнэтэй машин унахаар, эсвэл зөвхөн эрдэм ном, боловсролтой болсноор үнэлж болохгүй. Ард иргэд хэр аз жаргалтай байгаа, сэтгэл зүй хэр сайтай гэдгийг бас тооцох хэрэгтэй. Спортоор хичээллэсэн хүн ялагдал, бэрхшээлийг давж гарахад бэлэн, сэтгэлийн хаттай болдог. Аз жаргалын индексээр тэргүүлж, хөгжлөөрөө манлайлдаг улс орнуудын иргэд спортдоо анхаарч, тогтмол хичээллэдэг шүү дээ.

Гэхдээ манай улсад спортын салбарт системийн өөрчлөлт хийхгүй бол ардчилал гараад 30 гаруй жил болсон ч социализмын үеийнх шигээ хуучинсаг хэвээр байгаа. Бид спортыг бизнесийн зарчимд оруулахгүй бол хэн нэгэн даргын цүнх барьсан хүмүүс спортын салбарыг удирдаж, тамирчдад зарцуулах мөнгөнөөс хулгайлах байдал зогсохгүй. Зарим хүмүүс сагсан бөмбөгийн салбарыг тэтгэврийн зогсоол мэт хардаг болжээ. Гэхдээ хэн нэгнийг буруутгахаас илүүтэй системийн гажуудлыг засах хэрэгтэй байна. Улс орны ирээдүй болсон олон тамирчин залуусаа харлуулахын оронд тэднийг урмаар тэтгэж, дэмжээд өгөөсэй л гэж хүсдэг.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx цаг-үе

Аймгийн харцага Баяраагийн Төрмагнай: Сар шинийн барилдааны үеэр аавынхаа дээлийн захыг гараа цуцтал мушгидаг байж билээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат удамт бөх аймгийн харцага Баяраагийн Төрмагнайтай ярилцлаа. Түүний хувьд улсын наадамд завсаргүй тав түрүүлсэн дархан аварга Дамдины ач хүү юм.


-Сар шинэдээ сайхан шинэлэв үү та. Баярын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна?

-Сайхан шинэлж байна уу. Баярын өдрүүдэд халуун ам бүлээрээ бужигнаад, дулаан уур амьсгал дунд л өнгөрүүлж байна. Өмнө нь бэлтгэл сургуулилт гэж яваад гэр бүлдээ тэр бүр цаг зарцуулж амждаггүй байж дээ. Хөл хорио тогтоосон өдрүүдэд өөрийгөө чөлөөлөөд хүүхдүүдтэйгээ шуугилдаад сайхан байна.

Хүүхэд байхад битүүний өдөр өглөө эртлэн босоод аавынхаа зодог шуудгийг арцаар ариулж сайхан эвхэж цүнхлээд ээжийнхээ хийсэн хоол цайг идчихээд аавтайгаа хамт Спортын төв ордон руу цүнхийг нь үүрээд гардаг байлаа. Аавын минь цүнх хүнд гэж жигтэйхэн. Өдөржин л бөхийн барилдаан дээр аавыгаа үзээд л тэрүүгээр тоглож гүйдэг байж. Аавыгаа барилдахаар гарахад дээлнийх нь захыг гараа цуцтал зангидаж эргүүлдэг байлаа. Бөх тараад л хоёулаа Спортын төв ордноос хойшоо гэр лүүгээ явна. Явах замдаа өнөөдрийн бөхийн талаар ярьж хөөрөлдсөөр гэртээ ирэхэд ээж, эгч нар минь идээ будаагаа засчихсан нэг л дулаахан сайхан гэр минь угтдаг байж билээ. Би ч ороод аавынхаа зодог шуудгийг гаргаж хатаагаад байны мөнгөө бурхан дээрээ өөрөө даваад мөнгө авчихсан хүн аятай л тавьдагсан. Өдөржин халуун зааланд ядарсан намайг унтаж байхад аав маань сэрээгээд гэрийн хоёр эр хүн гарч мөрөө гаргана гээд дууддагсан. Хоёулаа гарч мөр зүгээ гаргачихаад гэртээ ээж, эгч нартайгаа шинэлээд бүгдээрээ нар мандахтай зэрэгцээд өвөөгийндөө очно.

-Сар шинийн барилдаан зохион байгуулах тухай яриа хүчтэй гараад намжлаа. Барилдаан болох нь гэсэн хүлээлт байв уу, танд?

-Сар шинийн баярт зориулсан барилдааныг зохион байгуулагдах сургаар өөрийнхөө хэмжээнд бэлтгэлээ базаагаад догдолж л суусан. Харамсалтай нь, цуцлагдчихлаа. Жаахан эрт барилдах цөөхөн бөхөө шинжилгээнд хамруулж тусгаарлаад зохион байгуулчихсан бол гэж санах юм. Хатуу өвлийг өнтэй давснаа тэмдэглэдэг уламжлалт баяраар бөхөө барилдуулж цэнгэдэг энэ сайхан уламжлалыг тасалдуулалгүй зохион байгуулаад явчихсан бол хэрэгтэй байсан юм болов уу.

-Та аавынхаа улсын заан болдог өглөө нь мэндэлсэн гэдэг бил үү?

-Би Улаанбаатарт төрж өссөн. Манайх Бага тойрууд Монгол гуравдугаар сургуулийн хойно амьдардаг байлаа. Тэр хавьд л хүүхэд нас минь өнгөрсөн. Миний аав 1957 оны долдугаар сарын 13-нд төрсөн. Тэр жил нь дархан аварга Д.Дамдин миний өвөө улсын наадамд хоёр дахь удаагаа түрүүлж байсан юм билээ. Улсын баяр наадмаар төрсөн учраас аавд минь Баяраа гэх нэр хайрласан гэдэг. Миний тухайд 1988 оны долдугаар сарын 12-ны өглөө үүрээр 05:00 цагийн алдад төрж байсан гэдэг. Тэр өдөр нь миний аав улсын заан цол хүртэж байсан юм билээ. Аав минь улсын наадамдаа хоёр давчихаад гэртээ ирэхэд нь л ээж минь өвдөж эхэлсэн гэдэг. Маргааш өглөө нь нар мандаж байхад хүүтэй болсон баярт мэдээг дуулаад л аав минь Төв цэнгэлдэх рүү гарч байсан тухайгаа сүүлд хэлж байсан. Сонин түүх шүү.

-Сар шинийн баяраар өвөөгийнд тань дүүрэн хүн цуглана биз. Өвөөгийн өвөр дээрээс буудаггүй хүүхэд байв уу?

-Баяр жаргал бялхсан өдрүүд болдог байж. Шинийн нэгний өглөө бид аав, ээжтэйгээ золгоод л өвөөгийнх рүү очно. Өвөөгийнх Сансарын колонкийн урд талд 25 дугаар байранд амьдардаг байлаа. Тэнд л жинхэнэ Цагаан сар болно шүү дээ. Өвөөтэй золгохоор ирэх ах дүү нар нь олуулаа. Нутгийнхан нь, бөхчүүдийн төлөөлөл гээд л орцонд багтахгүй л шахцалдаж байдаг сан. Өвөө минь намайг дуудаад л өвөр дээрээ суулгана. Надаас өөр хүн тэнд суухгүй. Хүмүүс ч зай завсаргүй золгоно. Өвөөгийн өвөр дээр суувал л мөнгөтэй болно гэсэн ойлголттой хүүхэд байж билээ (инээв). Хүүхэд насны Сар шинийн өдрүүд иймэрхүү өнгөрдөг байсан даа.

-Аавыгаа дагаж наадмын бэлтгэлд гардаг байсан биз. Аварга Батсуурь та хоёр хамт явдаг байсан байх?

-Мэдээ орсон цагаасаа л аавыгаа дагаад наадмын бэлтгэлд гардаг байлаа. Бөхийн гал дээр мөн ч гоё өдрүүд үлдэж дээ. Бөхийн бэлтгэлд гарахыг их хүлээнэ. Аав минь намайг дагуулж бэлтгэлд гарах их дуртай. Нэг зун аав наадмын бэлтгэлд гарахаар шигшээ багийн цугларалтаас ирсэн юм. Би унтаж байж таарч л дээ. “Хүүгээ сэрээгээд яах вэ, энэ удаа үлдэг” гээд гарахад нь би сонсчихсон. Хувцсаа ч гүйцэд өмсөлгүй харайгаад аавынхаа машинд сууж байсан тухай манай гэрийнхэн хэлдэг юм. Аав минь монгол бөх гэх энэ их өв соёлын тухай ойлголт өгөх гэсэндээ л намайг дагуулж бэлтгэлд гардаг байсан юм болов уу даа.

Тэр үед улсын харцага Г.Намсрайжавын хүү аварга Батсуурь, Ч.Бямбадорж зааны хүү улсын начин Заяамандах, Ганболд зааны хүү аймгийн хурц арслан Ганням бид бөхийн гал дээр таарна. Өдөржингөө л хөөцөлдөж тоглодог байж дээ. Бага байхаас нь мэдэх найзуудыгаа сайн сайхан явааг нь хараад баярладаг юм. Батсуурийгаа аварга болоход нь жигтэйхэн их баярласан даа. Ямар хэцүү бэрхийг туулсныг нь эрт үеэс л мэдэх хүний хувьд огшоод л ирсэн. Бусдын сайн сайханд баярлах чанарыг аав минь надад сургасан юм болов уу гэж боддог юм. Өөрөө аливаа зүйлд тууштай, ноён нуруутай яваарай гэж хэлдэг байсан.

-Таны өвөө Дарийн Дамдин аварга Уйлган голын хүн. Гурван дархан аварга төрсөн монгол бөхийн голомт нутаг шүү дээ. Өвөө, аавынхаа нутгийн талаар ярихгүй юу. Зун болгон л очдог байв уу?

-Жил бүрийн наадмын дараа л гэр бүлээрээ Уйлган голдоо очдог байлаа. Хөвсгөлийн Цагаан-Үүр сум битүү модоор хүрээлсэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг. Тэр дундаа Уйлган голын хөндий онцгой сайхан газар. Тэнд одоо ч гэр бүлээрээ очдог. Аав, өвөөгийнхөө өссөн газраас амар амгаланг мэдэрдэг дээ. Аавын минь талын ах дүү нар Уйлган голын хөндийдөө л мал аж ахуйгаа эрхлээд аж төрдөг юм. Нутгийн зон олон минь намайг аваргын ач хүү гэж их хүндэлдэг нь үнэхээр сайхан.

-Та Хөвсгөл аймгийнхаа наадмаар харцага цол хүртсэн байх аа. Цол хүртсэн наадмынхаа талаар дурсвал…

-Хөвсгөл аймгийнхаа 80 жилийн ойн их баяр наадмаар зургаа давж аймгийн харцага цол хүртэж байлаа. Тэр баяр наадмын зургаагийн даваанд улсын начин цол хүртээд удаагүй байсан М.Эрдэнэбат ах маань намайг амлаж барилдаад элэг бүсээ тайлж билээ. Их аваргын удмыг дуурсгаж сайн барилдаасай гэсэндээ намайг дэмжсэн юм билээ. Тухайн барилдааны өмнө надад юу ч хэлээгүй байж байгаад амлаж барилдаад даваа өгсөн. Их л сайхан санагдаж байсан даа.

-Наадмын өглөө аавыгаа болон өвөөгөө дурсана биз?

-Аймгийн харцага цол хүртсэнээс хойш 10 орчим жил өнгөрчээ. Наадмаар миний төрсөн өдөр тохионо. Аймгийн наадмуудад л зодоглож таарна. Наадмын нээлтээр баярын жагсаал болж байхад өвөө минь, аав минь нүдэнд харагдаад л үнэхээр сайхан санагддаг. Хүүхэд байхад гараас нь хөтлөөд л Төв цэнгэлдэх рүү орж байсан үе санаанд буудаг юм. Одоогоор би цолоо ахиулж хараахан амжаагүй л явна. Гол төлөв дөрвийн даваанд л тахим буулгана. Сэтгэл дундуур үлдсэн наадмаас буцаж явахдаа “Өвөө минь, аав минь байсан бол хариуцлагатай давааны өмнө надад юу зөвлөх байсан бол” гэж их эргэцүүлдэг юм. Их л нөмөр нөөлөг болох байж дээ. Гэлээ гээд мөнх бусын хорвоог яалтай билээ. Тэр бүрийг бодоод биеэ бариад байвал өөрийгөө дайчилж барилдаж чадахгүй. Анхандаа ч аваргын ач хүү гээд л хүмүүс их анзаарна. Тэр нь сайхан ч барилдааны үеийн сэтгэл зүйд их нөлөөлдөг байлаа. Одоо ч сэтгэл зүйгээ бэлтгээд сурсан байна. Гэхдээ л наадмын дэнж рүү зүглэхэд аавыгаа, өвөөгөө дурсаж өөрийн мэдэлгүй л огшдог юм.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Миний эхнэр Эрдэнэчимэг Говь-Алтай аймгийн Тонхил сумынх. Бид хүү, охин хоёртой. Миний хадам аав түрүүлж байсан Галхүү гэж бөх хүн. Хүүгээ дагуулаад наадмын бэлтгэлд гарах юм сан гэж хүсдэг. Хүү минь гурван ой гарантай. Ирэх зун дагуулаад гарах бодолтой л байна. Өөрөө бөхийн орчны гоё сайхныг дэндүү сайн мэдэх болохоор хүү минь барилдаасай гэж хүсэх л юм. Гэхдээ хүү минь юу сонирхох нь уу, анзаарч л байна.

-Та барилдахын хажуугаар ямар ажил эрхэлж байна вэ?

-Спорт залуу насны л ажил. Бөхийн замнал өндөрлөхөд дахиад олон жилийн амьдрал ард нь бий. Миний тухайд их сургуулиа аялал жуулчлалын мэргэжлээр дүүргэсэн. Би 032 дугаар ангийн тамирчин хүн. Бэлтгэлийнхээ зай завсраар өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажил үүргээ гүйцэтгээд л явж байна.

-Дамдин аваргын удмын өөр ямар бөх барилдаж байна вэ?

-Өвөөгийн төрсөн ах Жамсран гэж хүн бий. Түүний охиных нь хүүхэд Нармандахын Жаргалбат гэж аймгийн арслан цолтой залуу бий, цэргийн ангид ажилладаг. Бид хамтдаа бэлтгэл сургуулилтаа базаадаг юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Улсын начин Д.Нэмэхбаяр: Улсын цолгүй бөх тэр жилийн Цагаан сараар гурван аваргатай их шөвөгт шалгарч байлаа

-ДАЛ НАЯАД ОНЫ ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ НЭГЭН ЧИМЭГ НЬ ЦАХИЛГААН МӨНХӨӨ ГУАЙ БАЙСАН ЮМ ШҮҮ-


Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын начин Дугарын Нэмэхбаяртай ярилцлаа. Түүний хувьд 1981 оны Сар шинийн барилдаанд аймгийн арслан цолтойдоо их шөвөгт шалгарч байсан хүчтэн юм.


-Сар шинийн баяр дөхсөн өдрүүдэд таныг зочноор урьсан нь учиртай. Таны тухайд 1981 онд аймгийн арслан цолтойдоо Сар шинийн барилдааны их шөвөгт шалгарч содон амжилт үзүүлж байсан шүү дээ. Тэр дундаа гурван дархан аваргатай үлдэж олны анхаарлыг татаж байсан. Сар шинийн барилдааны дурсамжаас тань хуваалцах гэсэн юм.

-Би хөдөө суманд амьдарч байсан хүн. зорьж бэлтгэл сургуулилт нэг их хийдэггүй байлаа. Бага наадамд би ганц удаа л барилдсан. Тэр жил үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор нутгаасаа онгоцоор нисч ирээд л маргааш нь Сар шинийн барилдаанд зодоглож таарсан. өмнө нь нутаг орондоо л зодоглодог байсан залуу анх удаа дархан аваргуудтай нэг дэвжээнд гарсан минь тэр. Цол олгодоггүй учраас бөхчүүд шударга барилдаж, ирэх наадмын өнгөө үздэг өндөр ач холбогдолтой барилдаан болдог байлаа. Тэр хэрээрээ үзүүштэй барилдаан ч олон гардаг.

-Орон нутгаас онгоцоор ирсэн залууд бага наадмын оноолт эхнээсээ л хатуу таарсан биз?

-Нэгийн даваанд улсын арслан Б.Ганбаатартай оноолт таарч байлаа. Арслан тухайн үед цэрэг байсан юм. Шавчихаад эргэтэл засуул маань “Хүү минь наадах чинь зааланд түрүүлээд байгаа цэрэг шүү” гэж хэлж билээ. Би ч залуу бөхтэй нэг их бэргэлгүй барилдаад давсан. Б.Ганбаатар тэр жилийнхээ наадмаар улсын начин болсон байдаг. ингээд бодоход шаггүй залуутай оноолт таарсан байгаа биз. Хоёрын даваанд Жамц начинг даваад туг тойртол Ж.Хайдав арслан намайг амладаг юм байна. Арслантай нэг их удаан барилдалгүй давсан.

-Дөрвийн даваанд манлай заан Д.Долгорсүрэнтэй хүч үзсэн гэдэг бил үү?

-Тийм. Долгорсүрэн заан зүүн зөрөх гээд би баруун зөрөх гээд л хэцүү барилдаан болсон шүү. Эцэстээ би зүүн золгоод хавирч давсан. Заан ч тухайн үед ид сайн байсан шүү дээ. Заантай хүнд барилдаан хийж даваад их ч баярласан. Ингээд бага наадмын шөвгийн наймд үлдэж билээ. Үзэгчид шуугилдаад л сүртэй байж билээ.


-Бага шөвөгт Булганы Д.Галдандагва начин та хоёрыг хүн амлалгүй тунаасан санагдаж байна. Аваргууд залуу аймгийн цолтныг амлахаас жийрхээд л байж дээ?

-Баруун бүсийн барилдаанд түрүүлчихээд байсан үе л дээ. Ирээд Д.Долгорсүрэн зааныг хаячихлаар аваргууд амлаад яах уу гэж санасан байх. Ингээд Д.Галдандагва начинтай тунаж таарсан. Дархан аваргуудын сэнжигнээс нь атгачихвал тавьдаггүй тийм л бяртай том биетэй бөх байсан шүү, Галдандагва начин. Түрүү бөхийн тааварт ч орж байсан байх. Бид хоёрын барилдаан бужигнаад л өнгөрсөн. Тухайн үедээ яаж давсан аа ч мэдээгүй. Сүүлд асуухад босоо өрдөг хүнийг баруун талд нь хонгодоод давсан байна лээ. Ингээд баруун Алтайгаас ирсэн аймгийн арслан гурван дархан аваргатай үлдэж их урам авч байлаа. Мөөеө, Баянаа, Цэрэнтогтох гэсэн гурван их аварга шүү дээ. Ингээд Ж.Мөнхбат аварга намайг амлаж барилдаад давсан. Тэр үеийн аваргууд хүчтэй, байгалиасаа бяртай төрчихсөн, биднээс илүү өгөгдөлтэй амьтад байсан даа. Мань мэтийн залуусаас бол хол илүү хүмүүс байсан санагддаг юм. Бага наадмын их шөвөгт үлдчихээд заалнаас гарч байхад хүмүүс баяр хүргээд мөн ч сайхан байсан шүү. одоо ч сар шинийн барилдаан болоход ид сайн барилдаж байсан үе минь нүдэнд харагддаг юм. Би шинийн барилдаанд нэг удаа барилдсан хүн.

-Улсын аваргад оролцохоор хот руу ирсэн гэдэг шүү дээ. Ямар амжилттай оролцов?

-Өөрийнхөө хэмжээнд сайн барилдсан. Тавдугаар байр эзэлж уран барилдааны тусгай шагнал авч байлаа. Ингээд хотод үлдэж бэлтгэл сургуулилт хийгээгүй, хөдөө сум руугаа буцсан. сумынхан радиогоор сар шинийн барилдааны мэдээ сонсчихсон байгаа юм. Нутаг орны нэр дуурсгалаа гэж бүгд баяр хүргээд л сайхан л байсан.


-Бага наадамд шөвгөрсөн залуу тэр дороо л бөхийн хүрээнийхний анхаарлын төвд орсон шүү дээ. Улсын цол хожуу авах шиг санагдсан…

-Тухайн үедээ дагнаад бэлтгэл хийгээд явсан бол гэж одоо хааяа харамсдаг юм. суманд хэнтэйгээ барилдах вэ дээ, гүйж харайж гимнастик хийхээс хэтрэхгүй. Том тэрэгний жолооч байсан учраас хүнд ачаа өргөнө. Тэр л миний бэлтгэл болдог байж дээ. Улсын наадамд долоон удаа л барилдсан. Нэг удаа тав, гурван удаа дөрөв давсан. Уул нь хоёр удаа тав давсан юм. Нэгийг нь тооцоогүй.

-Яагаад тэр билээ?

-1989 оны наадмаар тавын даваанд М.Мөнгөн арслан намайг амласан юм. Намайг давуулж гуядахаар нь тахимдаж хөөгөөд давчихлаа. Гэтэл арслан маань суучихаад намайгаа татаж унагаад дэвээд гүйчихдэг юм. Хөлийн цэцүүд ч нэг муу начинг тоохгүй, Мөнгөн арсланг давуулчихсан. Туг тойроод буцахад нь с.Эрхэмбаяр бид хоёр тосч очоод “Арслан уначихаад дэвээд явчих юм. Яаж байгаа юм” гэтэл өөдөөс “тэгсээн тэгсэн” гэчихээд хурдхан гүйгээд явчихаж билээ. Бид хоёр ч инээлдээд л үлдсэн. Эрхэмбаяр маань тухайн үед шигшээ багийн тамирчин байсан. Олимпийн наадамд зодоглож байсан хүн шүү дээ. Их гоё тонгордог дархан мэхтэй. Жин их хасдаг нь амжилтад нь бага зэрэг сөргөөр нөлөөлсөн гэж боддог юм. Наанадаж л заан болчихоор байсан шүү.

-Тухайн үед баруун бүсийн барилдаан их өрсөлдөөнтэй болдог байсан тухай ахмад бөхийн хорхойтнууд хуучилдаг, та ямар амжилттай барилдаж байв?

-Хоёр удаа зохион байгуулагдсан, би түрүүлсэн. Аймаг бүрээс шалгарсан шилдэг найман бөх тойргоор барилддаг. Улсын заан Ө.Тулгаа, Баянхонгорын А.Норов начин, Говь-Алтайн Ч.Амартүвшин, Цэрэндаш, Буянт начин гээд бөхчүүд тойргийн журмаар барилдаж аваргаа тодруулж, эхний зургаан бөх улсын аварга шалгаруулах барилдаанд оролцдог байсан.

-Та цэргийн алба хаана хаасан хүн бэ?

-Би 1971 онд Ардын хувьсгалын 71 жилийн ойгоор 10 хэдтэй хүүхэд сумандаа түрүүлж байлаа. Ингээд цэрэгт татагдаж Батлан хамгаалах яамны авто гараашийн ангид цэргийн алба хаасан юм. Чойдонгийн Пүрэвдорж генералын жолооч хийж байгаад л халагдсан. Их ажилтай учраас заалны барилдаануудад гарч чаддаггүй байлаа. Армийн аварга шалгаруулах барилдаанд 31 давахад ангийн захирагч цэргийн начин цолны үнэмлэх бичиж өгсөн нь одоо ч надад байдаг юм.

-Аймгийн наадамдаа олон жил сайн барилдсан байх…

-Цэргээс халагдаад сумын наадамдаа түрүүлсэн.Ингээд 1978 онд Говь-Алтай аймгийнхаа наадамд улсын начин Буянтаар давж түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан. 1979 онд Цэрэндаш начинтай үлдэж үзүүрлэсэн. Аймгийнхаа наадамд би таван удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн.

-1986 оны улсын наадмын талаар танаас асуумаар байна. Таны хувьд улсын цолны босго алхсан шүү дээ, тэр жил.

-Би улсын наадамд их цөөхөн барилдсан л даа. Сүүлийн хэдэн жил сумандаа биеийн тамирын багш хийсэн юм. Хичээл зургадугаар сарын дундуур амарна. Тэр хүртэл чөлөө олдохгүй, бэлтгэл хийх боломж гарахгүй шүү дээ. Хичээл амрахад л хөнгөхөн бэлтгэл хийж байгаад улсын наадамдаа барилдана. Тэр жил Пүрэвийн Дагвасүрэн арслангаар тав давж улсын начин болсон. Дараагийн даваанд нь Д.Цэрэнтогтох аваргын аманд гараад унасан. Аварга ч хурдтай, олон угсраа мэхтэй тэсрэлттэй ховор заяах өгөгдөлтэй хүчтэн байсан даа. Цагаан шүд гаргаад л яралзал сайхан инээдэг, сайхан бөх. Тэр жил Хадбаатар аварга хоёр дахь удаагаа түрүүлж байсан нь тод санагдаж байна.

-Ө.Тулгаа зааны талаар танаас асуумаар байна.

-Шагай шиг биетэй, дөрвөн мөчиндөө тэнцүүхэн бяртай гоё бөх байсан даа. Хоёр хөлд суудаг, эгзэг нь таарвал айхавтар өмсдөг, угсраа мэхтэй сайхан хүчтэн. Жолоочоо хийгээд л барилдаад явдаг, байгалиасаа засан авьяастай бөх. Бид гурван ч удаа таарч барилдсан. Эхэлж би унаад сүүлийн хоёрт нь би хаясан санагдаж байна. Баруун бүсийн тойргийн барилдааны үеэр гар дээрээ цохиж зайлж татаад туг тойрч байсан маань саяхан юм шиг санагдаж байна.

-Таны үед тодорч байсан хүчтэн бол Д.Хадбаатар аварга. Аваргын талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь …

-Би цэргийн алба хааж байхдаа “Алдар” спорт хороонд Тавхай гэж даргын тэргийг хэсэг барьсан юм. Тэр үед заалаар шагайхад буржгар үестэй, тарган шар цэрэг бэлтгэл хийдэг байсан нь хожмын аварга Д.Хадбаатар байсан юм билээ. Би Хадаатай гурван ч удаа барилдаж унаж байсан. Ойгүй их бяртай хүн гэж Хадбаатар аваргыг л хэлнэ дээ. Намайг сэрвүү барьцнаас л тохоод унагачихаж байсан. Хүүхэд шиг цайлган цагаахан сэтгэлтэй, хүн муу санадаггүй мөн ч гүндүүгүй сайхан эр дээ, Хадбаатар маань. Бид сайхан л нөхөрлөж явсан.

-Та Засагт ханы хөх харчуултай сайхан нөхөрлөж л явсан байх. Цахилгаан Мөнхөө гэж үзэгчдийг шуугиулдаг бөхийн тухай ахмад бөхийн хорхойтнууд хаа нэг дурсаж байдаг. Мөнхөө гуай Говь-Алтайн хүн байсан гэх юм билээ…

-Хавирга нь хэрзийсэн буурал толгойтой хөгшин нас өндөр болтлоо зодоглосон. Эгзэг нь таарвал эвгүй тойгддог мэхтэй хүн байж билээ. Хөх буурал толгойтой хөгшин ногоон торгон зодгоо өмсөөд гараад ирнэ. Дэвж байгаа гэж тунчиг сүртэй. Харцага шонхортой төстэй юм шиг.

Ёстой л нөгөө харцага шонхрын дэвэлтээр гэдэг чинь Мөнхөө гуайн дэвэлт болж таарч байгаа юм шиг. Мөнхөө гуай учраа бөхтэйгөө нэг сүрхий өрснөө буцаад алхчихна. Ингэж байгаад шүдээ тачигнуулж байгаад барилдана. Хэд хэд сүрхий хална. Тэгээд яахав цуцна даа, хөөрхий. Эрийг нас, уулыг цас гэдэг шиг залуусын хөлийг яаж гүйцэх билээ. Тахимаа өгчихөөд, өнөө залуугаа нэг үнсэж авчихаад хуучин ногоон далбааныхаа тоосыг гөвсөн шигээ алхаж явахад үзэгчид бас л алга ташина. Дал наяад оны Цагаан сарын барилдааны нэгэн чимэг нь Мөнхөө гуай байсан юм шүү. Ахмад бөхийн хорхойтнууд сайн мэднэ.

-Домог болсон хоёр Мөнх тантай нэг үед л барилдаж явсан хүчтэнүүд.

-Надаас эрт тодорсон улс л даа. Намайг барилдаж эхлэхэд л сар шинийн барилдаанд хамт их шөвөгт шалгарч үлдэж байсан. Бяртай бол бяртай, уртай бол уртай тийм л хүчтэнүүд. Миний тухайд хөдөөний хүн учраас тэр нарийн ширийн юмыг нь хэлж мэдэхгүй юм.

-Нутаг руугаа явж байна уу та?

-Хар азаргын нурууны өвөрт байршдаг Цээл сум үнэхээр сайхан нутаг шүү. Нас ахихаар нутгаа их санах юм. Жилд хоёр удаа очдог. Цээлээс сайн бөхчүүд олон төрсөн байдаг. Улсын начин С.Баатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Л.Гантулга гээд сайн бөхчүүд төрсөн. Бат-Эрдэнэ маань шөрмөсөө гэмтээгээд амжилт нь бага зэрэг уруудсан байх. Наадамд түрүүлчихээр хэмжээнд барилдаж байсан хүн шүү дээ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Дархан аварга Ж.Мөнхбатын удмын бөх аймгийн арслан И.Мандах: Их ойн наадамдаа амжилттай барилдаж цолоо ахиулахыг зорьж байна

Өнгөрсөн зуунд үндэсний бөхийн дэвжээнд тод гялалзсан оддын нэг нь Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат дархан аварга Жигжидийн Мөнхбат агсан. Улсын наадамд долоон удаа түрүүлсэн, аатай түүндээ багтаж барилддаг энэ их бөхийн удмыг залгасан хүчтэнүүд өдгөө ч нутаг усныхаа нэрийг улс даяар дуурсгаж сайн барилдаж байна. Бид энэ удаа дархан аварга Ж.Мөнхбатын удмын бөх аймгийн шинэ арслан Идэрийн Мандахтай ярилцлаа. Түүний тухайд 2020 онд төрөлх нутаг Төв аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм.


-Таны хувьд дархан аварга Ж.Мөнхбатын удмаас тодорч байгаа залуу бөх. Дархан аваргатай ээж талаараа садан болдог уу?

-Миний ээжийн аав, Ж.Мөнхбат аварга хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм билээ. Их ойр өссөн юм билээ. Энэ их бөхийн удам залгаж барилдаж явна гэдэг их заяа юм даа. Мөр бүтэн явахын тулд алхам тутам бүртээ л хичээж байна. Намайг хаана ч явсан хүмүүс Дархан аваргын удмаас тодорч байгаа бөх гэж хүндэлдэг нь их сайхан санагддаг. Би ээж талаараа аваргатай их ойрын хамаатан. Анх ээж минь хот руу авчирч бөхийн бэлтгэлд оруулж байсан нь саяхан юм шиг л санагдаж байна. Тэр их бөхийн удмыг залгаж сайн барилдчихаасай гэж бодсондоо л ээж минь өөрөө хөтөлж бөхийн бэлтгэлд оруулсан юм болов уу.

Сар шинээр манай гэр бүлийнхэн аваргынд очдог байлаа. Дархан аваргын удмаас аймгийн начин У.Цэндпүрэв гэж залуу сайн барилдаж байна. Мөн Эрдэнэсантын Төрболд гэж хүү өсвөр үе, залуучуудын насны ангилалд мундаг барилдаж байна лээ. Улсын начин Б.Бадам-Очир ах маань бидэнд их зүйлийг зааж зөвлөдөг юм. Аваргын ойрын хамаатан хүн шүү дээ. Ид барилдаж байхдаа Ж.Мөнхбат аваргаас их зүйлийг сонссон байх. Түүнээсээ л бидэнд зааж зөвлөж, түшиг тулгуур болоод явдаг хүн дээ, Бадамаа ах. Миний хувьд өнгөрсөн жил аймгийн арслан болж ахыгаа бага ч болов баярлуулсан болов уу. Барилдсан хүн бүр хүрээд байдаг цол биш шүү дээ (инээв).

-Хүүхэд байхад тань Мөнхбат аварга танайхаар ирдэг байсан биз. Бөх болно гэж урамшуулж байв уу?

-Манайх Эрдэнэсант сумын төвөөс баруун тийш Бадын голд зусдаг байсан юм. Хаврын амралтаас авахуулаад л хурга, ишиг хариулаад зунтай золгоно. Аварга манайхаар хааяа ирнэ. Бадам-Очир ах манайд очиж амардаг байлаа. “Миний дүү том бөх болно” гээд л эрхлүүлнэ. 10 гаруйхан настай намайг наадамд дагуулж явна. Энэ их өв соёлын зах зухаас танилцуулж байсан нь тэр юм билээ. Ахынхаа ерөөж байснаар том бөх болохын тулд хөдөлмөрлөж л явна.

2008 онд санагдаж байна. Улсын арслан До.Ганхуяг ах улсын наадамд түрүүлснийхээ дараахан манай гэрт очсон. Сургийг нь л сонсож байсан тэр том бөхийг дэргэдээс нь нүд салгалгүй харж зогссоноо мартдаггүй юм. Ганхуяг арслан Бадам-Очир начин нар их сургуулийн нэг ангийнхан юм билээ.

-Дархан аварга Д.Мөнхбатын тухайд таны ээжийн талын хамаатан юм байна. Аавын тань талд ч сайн барилддаг бөхчүүд олон байдаг гэж сонссон?

-Аймгийн заан Б.Чүлтэмпунцаг, сумын заан Т.Тэгшбат ах бид үеэлүүд. Хоёр ахтайгаа дээлний сугаа ханзартал ноцолдож л бөхийн дөр суусан. Ах нар маань сумын наадамд барилдана. Ойр байдаг улс маань түрүүлж, үзүүрлээд байхад их л баярладаг байсан даа. Одоо ч ах нартайгаа ойр байж бэлтгэлээ хамт базаадаг юм. Миний барилдаанд ямар алдаа дутагдал байна тэр бүрийг гярхай ажиглаж хэлж зөвлөдөг юм.

-Таны хувьд анх чөлөөт бөхийн бэлтгэл хийж байсан гэж сонссон. Ямар бөхчүүдтэй бэлтгэл хийж байв?

-Дархан аварга Ж.Мөнхбат их спортоор өндөр амжилт үзүүлсэн бөх шүү дээ. Тэр ч утгаараа чөлөөт бөхөөр барилдаж сууриа тавибал зөв болов уу гэж бодсон юм. Оюутан ахуйдаа гавьяат дасгалжуулагч Бямбаренчингийн Баяраа, Цэрэндагвын Цогтбаяр нарын удирдлагад чөлөөт бөхийн бэлтгэл хийж байлаа. Улсын начин Ж.Чулуунбат, улсын харцага Н.Золбоо, улсын начин Д.Хүдэрбулга гээд улсын шигшээ багийн тамирчидтай хамт бэлтгэл хийнэ. Тухайн үед хичээлийн хажуугаар тэр өндөр зэрэглэлийн тамирчидтай ачаалалтай бэлтгэл хийхэд хүнд л санагдаж байсан. Гэхдээ тэвчээд даваад гарсан. Би өөрийнхөө барилдааныг тэр бэлтгэлээс л олсон гэж боддог юм. Баяраа багш “Чиний гар урт, суйлаад сурчихвал чамд их хэрэгтэй” гэж зөвлөнө. Улсын начин Хүдэрбулга ахтай өдөрт л хэдэн зуун удаа суйлах мэхийг давтана. Ингээд л нэг мэдэхэд өрсөлдөгч бөхчүүдээ суйлаад унагадаг болчихсон байсан шүү. Олон чухал давааг сугадаж суйлах мэхээр авсан. Тухайн үед улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин О.Мөнх-Эрдэнэ, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар бид хамт бэлтгэл хийдэг байлаа. Өнөөдөр бүгд цолоо ахиулжээ. Мөн Ө.Батзул гэж залуу чөлөөт бөхөөр дагнаж сайн барилдаж байгаа. Сая Орхон аймгийн наадамд түрүүлсэн байна лээ. Бид нэг үеийн бөхчүүд.

-Өнгөрсөн жил Эрдэнэсант сумын зон олон шинэ аймгийн арслантай болоод их л баярлаж байгаа сураг дуулдсан. Шинэ арслангаа хэрхэн хүлээж авав?

-2016 онд аймгийн начин цол хүртэж байлаа. Тэр цагаас хойш Төв аймаг болон Багануур дүүргүүдийн наадамд их шөвөгт шалгарсан. Түрүүлчихээр хэмжээний бэлтгэлтэй барилдсан ч болж өгөхгүй л байлаа. Өнгөрсөн жил харин сайн барилдаж санасан цолондоо хүрлээ. Аймгийн наадамдаа түрүүлчихээд төрж өссөн уул усаа Цэнгэлдэхэд зарлуулах үнэхээр сайхан. Өдгөөгөөс 11 жилийн өмнө П.Иххантай ах аймгийн наадамд түрүүлж Эрдэнэсант нутгийн зон олноо баярлуулж байсан юм билээ.

Миний тухайд Ардын хувьсгалын 100 жилийн ойд аймгийн арслан цолтой зодоглоно гэсэн зорилго тавиад хөдөлмөрлөсөн. Санаснаар боллоо. Одоо их ойд дээшээ барилдаж цол ахиулмаар байна. Ид барилдаж байхад Ардын хувьсгалын 100 тохиож байдаг энэ үеийн бөхчүүд хувь ерөөлтэй юм.

-Энэ цагт Төв аймгаас аймгийн арслан цол хүртчихээр хэмжээнд сайн барилддаг залуус олон бий. Аймгийн заан М.Тэгшбаяр, аймгийн харцага Н.Дашдаваа, М.Жамсрандорж гээд залуусын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөсөн байна лээ. Арслан цол хүртсэн наадмынхаа талаар ярихгүй юу?

-Бэртэл гэмтэлгүй бэлтгэл сайхан таарсан болохоор түрүүлнэ гэсэн сэтгэл зүйтэй л наадамдаа зодоглосон. Барилдаанууд тун хүнд болсон шүү. Наадмын үеэр бороо орчихсон, нойтон зүлгэн дээр халтирч уначих гээд их эвгүй байж билээ. Нэгийн давааны учраатайгаа л барьц сонгож хаялцсан. Энэ нь өөрөө ямар чансаатай наадам болсныг илтгэж байгаа хэрэг л дээ. Гол барилдаануудаа дөрөв болон тавын даваанд хийж аймгийн харцага М.Жамсрандорж, М.Даваажамц нарыг өвдөг шороодуулсан. Эдгээр залуус маань наадмын түрүү бөхийн тааварт нэрлэгдэж байлаа. Алдаа гаргалгүй нягт барилдаж давсан.

-Бөхчүүдээс сумын наадамд түрүүлж байсан тухай нь асуухад сонин дурсамж ярьдаг юм билээ. Таны тухайд?

-Би Төв аймгийн Өндөрширээт сумын түүхт 90 жилийн ойн баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байлаа. Олон хүн цугласан өргөн дэлгэр сайхан наадам болж байсан нь санаанаас гардаггүй юм. Сумын заан цол хүртчихээд гэртээ иртэл гэр бүл, ойр тойрныхон маань бүгд цуглачихсан их л баяр хөөртэй угтаж билээ. Тухайн үед би 19 настай байлаа. Аав, ээж минь хүүгээ их л жаахнаар төсөөлж байсан юм байлгүй, сэтгэл нь их хөдөлсөн байсан. Надаас ч илүү баярласан байсан шүү. Тухайн үед би ч их том цол хүртсэн, ер нь хэнтэй ч барилдчихмаар санагдаж байлаа. Харин хот руу ирж зааланд барилдаад ямар өндөр оргилын бэлд нь зогсож байгаагаа ухаарсан.

-Мандахын тухайд энэ цагт барилдаж байгаа аварга арслангуудтай бүгдтэй нь барилдсан байх. Мянган бөхийн манлайд гарсан хүмүүсийн арга мэх гайхамшигтай биз?

-Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Э.Оюунболд, П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва гээд энэ цагийн шилдэг бөхчүүдтэй гар зөрүүлж байсан. Мянган бөхийн манлайд гарч байсан хүмүүс чинь аймаар байдаг юм билээ. Ч.Санжаадамба аваргын гар бол үнэхээр хүнд санагдаж байсан. Надтай өрөхдөө зөрөөд л өнгөрч байгаа юм. Миний тухайд нүд ирмэхийн зуурт л дээшээ хараад хэвтэж байдаг сан. Гэхдээ тэр хэрээр л сайжирч, туршлагажиж байдаг юм билээ. Анх Н.Батсуурь аваргатай барилдахад гарынх үзүүрт л өнхрөөд өгч байлаа. Дараагийн удаад зууралдаад, давхар шуудганд хүртэл тэссэн. Тэр барилдаанаас их урам авсан шүү. Нээрээ л би чангарараад байгаа юм болов уу гэж дотор хүнтэйгээ ярьж байлаа. Аймгийн начин цол хүртсэнийхээ дараахан Дорнодын Анар харцагыг давуулж гуядаж хаячихаад жигтэйхэн баярласан. Өөрөөсөө илэрхий илүү бөхийг давчихаар санаанд бууж өгдөггүй юм билээ. Улсын цолтой бөхчүүдээс ганц нэг бөхийг даваад ирэхээр үеийнхээ бөхчүүдтэй барилдахдаа өөртөө итгэлтэй болж ирсэн. Заавал давна гэж өөрийгөө хурцлаад л дэвжээнд гардаг болсон.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бизнесийн удирдлагын ангийг дүүргэсэн. Одоогоор бөхийн спортдоо гол анхаарлаа хандуулаад мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна.

-Бөхийн спорт залуу насны ажил. Цаашид юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Одоогоор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд харьяалагддаг. Цаашид зэсэгт хүчинд ажиллахаар төлөвлөсөн байгаа. Өөрөө ч энэ чиглэлээр ажиллах сонирхолтой. Намайг бүх зүйлд дэмждэг “Алдар” спорт хорооны хамт олондоо талархал илэрхийлье.

-Та үндэсний бөхөөс амьдралд хэрэгтэй юуг тусгаж авсан бэ?

-Таны асуултад ёс суртахуун гэж хариулмаар байна. Залуусыг анзаарахад ахмад үеэ хүндлэх тал дээр асар дутагдалтай, ёс суртахууны доголдолтой байгаа юм шиг. Хажуугаар нь аливаа зүйлээс халширдаг, тэвчээргүй зэрэг чанарууд анзаарагддаг юм. Үндэсний бөх гэх энэ их өв соёлыг тээж яваа ах нар минь биеэ хэрхэн зөв авч явах, ах зах хүмүүсийг хэрхэн хүндлэхийг надад үлгэрлэсэн. Олон өдрийн ачаалалтай бэлтгэл аливаа бэрхшээлийг тэсч гарах тэвчээр суулгасан. Бөхчүүд ийм тийм гэж шүүмжлэх хүмүүс хаа нэг таарч л байсан. Энэ спортод бие сэтгэлээ зориулж яваа залуусын олонх нь зөв ёс суртахуунтай, хэнтэй ч мэнд устай төлөвшсөн хүмүүс байдаг юм шүү.

-Шинэ арслан гэр бүл зохиож амжсан уу?

-Миний эхнэрийг Т.Оюунбилэг гэдэг. Булган аймгийн Хялгант тосгоны бүсгүй. Бид удахгүй шинэ хүнээ тосч авна гээд гэр дүүрэн баяр хөөртэй сууж байна. Сая бэр гуйх ажилтай хөдөө явж байгаад ирсэн.

-Таны аав ээж барилдааныг тань Цэнгэлдэхэд ирж үздэг үү?

-Ээж аав минь Эрдэнэсант сумандаа амьдардаг. Зурагтаар бөх гарахаар хүүгийнхээ барилдааныг харна. Дүү минь эрдэм номын хүн.

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш барилдаан зохион байгуулагдсангүй. Хөл хорионы үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Гэрийн нөхцөлд боломжоороо бэлтгэлээ хийж байна. Хүчний бэлтгэлдээ түлхүү анхаарч байгаа. Баяр наадмын шийдвэрлэх давааны барилдаанууд шуудагны барьцнаас л шийдэгддэг. Энэ ч утгаараа хүчний бэлтгэл чухал. Хүчний бэлтгэл базаахад энерги их зарцуулна. Нөхөхийн тулд нэмэлт тэжээл, уураг шаардлагатай. Багын найз С.Болдгэрэл маань тэр бүрт л дэмжлэг үзүүлдэг. Миний зорилгыг ойлгож, дэмждэг найздаа их баярлаж явдаг. Олон наадамд баярлуулахын төлөө хичээнэ ээ.

-Сар шинийн барилдаан зохион байгуулагдах тухай асуудал УОК-ын хэмжээнд яригдаад эхэлж. Сар шинийн барилдаанд ямар амжилттай барилдаж байв?

-Сумын цолтнуудын барилдаанд зодоглож байсан. Сүүлд аймгийн харцага болоод улс, аймгийн цолтнуудын ангилалд гарч байлаа. Энэ жил Сар шинийн барилдааныг зохион байгуулаасай л гэж хүлээж байна. Бусад улс орныг анзаарахад нөхцөл байдалтай дасан зохицоод тэмцээн уралдаан явуулж л байна. Манайх ч халдвар хамгааллын дэглэм сахиад заалны барилдаануудаа зохион байгуулаасай гэж хүлээх юм. Би хувьдаа гараад барилдахад бэлэн байна. Бөхөөр барилдана гэдэг залуу насны л хөдөлмөр. Бидэнд тухайн цаг хугацаа асар үнэ цэнэтэй байна. Зөвхөн Сар шинийн барилдаан гэлтгүй заалны барилдаануудаа зохион байгуулаад яваасай л гэж бодох юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал үндэсний-бөx

Улсын аварга С.Мөнхбат: Баяр наадмын тухай хуулийн төслийн ард цөөхөн хүний ашиг сонирхол харагдаж байна


МҮБХ-ноос Баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулснаа олонд ил болгосон. Дээрх хуулийн төслийн ард нийт бөхчүүд бус цөөхөн хүний эрх ашиг яригдаж байна гэх шүүмжлэл гарсан. Бид Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбатаас тус хуулийн төслийн талаарх байр суурийг нь сонслоо.


-МҮБХ-ноос Баяр наадмын тухай хуулийн төслийг боловсруулсан байна лээ. Төслийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Харин төсөл гэх зүйлийг боловсруулаад олонд ил болгосон байна лээ. Хэн ийм төсөл боловсруулав гээд холбооноос тодруулахад “Зүгээр л бичсэн юм” гэх зүйл ярьж байсан. Зүгээр л бичээд олон нийтэд ил зарладаг зүйл биш л дээ. Хорио цээр гайгүй болоход бөхчүүд уулзаж санаа бодлоо нэгтгэж төсөлд саналаа оруулах төлөвлөгөөтэй байна. Төсөлтэй танилцахад ард нь цөөхөн хүний ашиг сонирхол л харагдаж байна лээ.

-Тус төсөлд улсын наадмаар 1024 бөхийн барилдаанд 10 давж түрүүлсэн бөхөд улсын хурц арслан цол олгох тухай дурдсан байсан. Үүнтэй холбоотойгоор 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн Д.Сумъяабазар, Ч.Санжаадамба гээд аваргуудын цолыг хурааж болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай бөхийн хүрээнийхэн ярьж байна. Энэ асуудлаар та тайлбар авсан уу?

-Улсын аварга Ч.Санжаадамба яг энэ асуудлаар МҮБХ-руу хандсан юм билээ. Өмнө нь 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхчүүдийн цолыг хураахгүйгээр цаашид мөрдөөд явна гэх байр суурийг МҮБХ-ны зүгээс илэрхийлсэн юм шиг байна лээ. Энэ заалт ч түрүү үеийн бөхчүүдийн амжилтыг үгүйсгэж байгаа л асуудал. Хувьдаа би огт дэмжихгүй байна. Дахиад л эрэмбэний маргаан үүсэх суурийг тавих гээд байна.

-Хуулийн төслийн ард хэд хэдэн хүний эрх ашиг анзаарагдаж байна. Хэрэв төсөл батлагдвал улсын гарьд Б.Гантогтох улсын арслан цол хүртэх зохицуулалт харагдаж байна лээ. Үүн дээр таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Тийм байсан. Цол дүйцүүлж олгох асуудалд болгоомжтой хандахгүй бол дагаж гарах хор уршиг их байдаг. Дээрх төсөлтэй танилцахад Б.Гантогтох гарьдад улсын арслан цол өгөх нөхцөл үүсэх юм билээ. Хэрвээ тийм бол улсын наадамд дөрвөн удаа тав давсан Булган аймгийн харьяат улсын өсөх идэр начин Э.Энхбатад улсын харцага, гурван удаа дөрөв давсан аймгийн арслан А.Отгонбаатарт улсын начин цол дүйцүүлж олгох бололцоотой ч болж байгаа юм шиг. Энэ мэт зүйлсийг сайтар тооцох хэрэгтэй. Хууль батлах дээд байгууллага УИХ-д суугаа гишүүд маань бөхийн талаар ямар ойлголттой байгаа билээ. Бидний эрх хаана ямар тохиолдолд хөндөгддөг билээ гээд энэ мэт зүйлсийн талаар ойлголт дутмаг байдаг шүү дээ. Бөхчүүд дотроо зөвлөж, нягтлаад төслөө өргөн барих нь зөв. Хэсэгхэн хүмүүсийн эрх ашгийнхаа төлөө төсөл бичээд бөхчүүдийн нэр барьж явах нь зүйлд нийцэхгүй. Ер нь тэгээд өмнөх тохиолдлуудыг анзаарахад цөөхөн хүний эрх ашигт нийцсэн төсөл боловсруулж батлуулдаг, зөвхөн өөрсдийнхөө барилдааны арга барилд зориулсан дүрэм гаргаж амжилт үзүүлж ирсэн байдаг шүү дээ.

Үр дүнд нь өнөөгийн монгол бөхийн үнэ цэн унаад байна. Энэ удаад бол чимээгүй өнгөрч болохгүй гэж хувьдаа үзэж байгаа. Жишээ нь, МҮБХ-ноос боловсруулсан энэ төсөл батлагдлаа гэж үзвэл улсын наадамд ганц ч удаа түрүүлж үзээгүй хүн аварга цол хүртэх нөхцөл байдал үүсэхээр байна. Үндэсний бөхийн энэ том цолны нэр хүндийг ингэж үнэ цэнийг алдагдуулж хэрхэвч болохгүй зүйл.

-Хуулийн төсөл энэ хэвээрээ батлагдлаа гэж үзэхэд эрэмбэний маргаан дахиад эхлэх төлөв анзаарагдаж байна лээ. Үүнийг засч залруулах гарц гаргалгааг та хэрхэн харж байна вэ?

-Эрэмбэний асуудал эргэлзээтэй хэвээр байна. Эрэмбэ тогтоохдоо эрт үед амжилттай барилдаж байсан хүмүүсийн амжилтыг үнэгүйдүүлдэг муухай жишиг тогтоод байна л даа. Жишээ нь, монгол бөхийг Гиннесийн амжилтад бүртгүүлэх барилдааны үеэр миний бие О.Балжинням багшийн өмнө эрэмбэлэгдэж гарч байсан. Би ч тухайн үедээ санаа зовж багшийнхаа өмнүүр алхаж зүрхлээгүй, холбогдох хүмүүст нь хэлж араас нь гарч байлаа. Энэ мэт алдаа дутагдлуудын гор нь ахмад үеийн сайхан бөхчүүдээ хүндэтгэдэг уламжлалыг эвдэж байгаа юм. Залуу бөхчүүдийн ухамсарт асар сөргөөр нөлөөлж байна. Цолтой улсаа хүндэлдэг уламжлал ч алдагдахад их ойрхон ирээд байна шүү. Тэр дөрвийн давааг оноолтоор барилдуулж байгаа асуудлыг би огт дэмждэггүй юм. Хүний олон жил хөдөлмөрлөж авсан цолыг үнэгүйдүүлж байна. Илүү хөдөлмөрлөж өндөр амжилт үзүүлснийг нэг талаараа үл ойшоож байгаа асуудал гэж хардаг юм. Өндөр цолтой хүн барилдах бөхөө амлаж авдаг уламжлагдаж ирсэн зүйлийг эвдэж байна. Нөгөө талдаа ид сайн барилдаж байгаа залуу аймгийн цолтнуудыг аварга арслангуудтай оноож урам зоригийг нь мохоох асуудал ажиглагдаж байгаа. Өнөөх залуус нь эрэмбээ ахиулж аварга, арслангуудын амнаас гарах гээд хөдөө орон нутгийн наадамд явна. Зарим тохиолдолд найраа ч хийж байна. Уул нь дөрвийн давааны оноолт чинь бөхийн найрааг таслан зогсоохын тулд хийгдсэн ажил биз дээ. Гэтэл үр дүн гарахгүй байна. Иймэрхүү асуудлуудын уршгаар нь үндэсний бөхийн нэр хүнд унаж байгаа юм. Энэ бол МҮБХ-ны өмнөх удирдлагууд нь ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, үндэсний бөхийн хөгжлийн төлөө бус Монгол бөхийн өргөө гэх байшингийн төлөө л тэнд сууж байсныг илтгэж байгаа хэрэг.

-Энэ их өв соёлыг цаашид хэрхэн авч явах вэ. Зөв замд орох гарц гаргалгаа юу байна?

-Мэдээж энэ цагт барилдаж буй бөхчүүдийн үүрэг оролцоо чухал үр нөлөөтэй. Үүний хажуугаар энэ их өв соёлыг хамгаалахад үндэсний бөхийн талаар мэдээ, сурвалжлага бэлтгэдэг сэтгүүлчдийн оролцоо чухал үүрэгтэй гэж хувьдаа үздэг. Сэтгүүлчдийн дуу хоолой үндэсний өв соёл монгол бөхийг зөв замд хөтлөхөд чиг нэг байгаасай гэж хүсдэг юм.

-Үндэсний бөхөд өөр нэг тулгамдаад байгаа асуудал допинг. МҮБХ-ноос сая боловсруулсан төсөлд допингийн эсрэг дорвитой арга хэмжээ авсан зүйл заалт харагдахгүй байна лээ. Допингийн хэрэглээ үндэсний бөхөд хавтгайраад байгаа нь олон жишээнээс харагддаг шүү дээ. Үүний гарц гаргалгааг та хэрхэн харж байна вэ?

-Хэсэг бүлэг хүмүүс үндэсний бөхөд допингийн хэрэглээг зөвшөөрье гэх зүйл яриад явж байгаа сураг дуулдсан. Ийм асуудал байж хэрхэвч таарахгүй. Энэ хортой бодис үндэсний бөхийг мөхөлд хөтөлнө. Үндэсний бөх удам дагадаг. Өнөөдөр барилдаж байгаа залуус бүгд л бөхийн удамтай. Аав нь ч юмуу өвөө нь нутаг орондоо барилдаж байсан л хүмүүс байдаг шүү дээ. Үүнээс цааш бидний үр удам л үндэсний бөхийг үргэлжлүүлээд авч явна. Харамсалтай нь энэ цагт барилдаж байгаа бөхчүүдийн зарим төлөөлөл есөн бусын хор хэрэглэж энэ өв соёлыг бараантуулж байгаад нь харамсах сэтгэл төрөх юм. Допинг гэдэг хүний үр удамд асар хор нөлөөтэй зүйл. Иймээс үндэсний бөхийг маань цаашид хэн авч явах билээ гэдэг асуудал дээр бөхчүүд маань ухамсарлаж энэ хортой зүйлээс татгалзахыг уриалж байна.

Хэсэг бөхчүүд допингийн эсрэг дуугарч тэмцэж шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудал дээр бөхчүүдийн байр суурь хуваагдмал байх шиг. Сүүлдээ гал дотроо ч үл ойлголцох байдал үүсэх гээд байна. Допингийн эсрэг дуугарсан хүмүүсийг хавчих бодлого ч яваад байна уу гэж зарим тохиолдолд бодох юм. Ер нь шуудхан хэлэхэд, үндэсний бөхийг одоо л цэвэрлэхгүй бол шударга бус байдал нүүрлэчихээд байна. Цөөхөн хүмүүс л хөдөлмөрлөж зүтгээд байдаг.

Нөгөө талд амар хялбар аргаар нэрд гарахыг санаархсан, бай шанд шунасан хүмүүс янз бүрийн бодис хэрэглэж бусдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг болжээ. Хүчтэй допинг хэрэглэснээ ч эрх мэдэлтэн албан тушаалтнуудтай хуйвалдаж нуун дарагдуулдаг болсон байна. Энэ бүхний эсрэг дуугарахад хоорондоо хэрэлдээд ч байгаа юм шиг ойлголт нийгэмд төрүүлэх юм. Удахгүй хөл хорио гайгүй болох биз. “Их эе”-ээ зарлаж энэ бүх асуудлаа нэн даруй цэгцлэхийн төлөө хуралдана даа.

-Цагаан сараар чансаа өндөр 128 бөхийн барилдааныг зохион байгуулна гэх мэдээлэл гараад байна. Өнгөрсөн жилийн тухайд Сар шинийн барилдааныг зохион байгуулаагүй өнжсөн шүү дээ. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ жилийн тухайд Сар шинийн барилдаан болох нь шиг байна. Мөн МАН-ын 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнд л ач холбогдол өгч том барилдаан зохион байгуулах гээд байна уу даа л гэж ойлгосон.