Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

М.Дэлгэрхүү: Бассейнаар дамжиж коронавирусийн халдвар авсан тохиолдол нэг ч байхгүй

Токио 2020” олимпийн наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Монгол Улсаас 41 тамирчин Токиогийн олимпийн наадамд оролцох болзол биелүүлж, цугларалтад гарч бэлтгэлээ базааж байгаа юм. Монгол Улсаас усанд сэлэлтийн төрөлд хоёр тамирчин өрсөлдөх болзол хангаад байгаа. Тэгвэл цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж тамирчид олимпийн наадмын бэлтгэлээ Туул голд базааж байна. Бид олимпийн эрхээ аваад буй спортын мастер М.Дэлгэрхүүгээс тодруулга авлаа. Түүний хувьд 2019 онд усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, олимпийн эрхээ аваад байгаа юм.


Олимпийн наадмын бэлтгэлдээ хэзээ гарсан бэ. Өмнө нь хаана бэлтгэл базааж байв?

-Олимпийн бэлтгэлд гараад гурван сар орчим болж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж усан бассейны үйл ажиллагааг зогсоож бэлтгэл хийх боломжгүй болсон. Олимпийн наадам хаяанд ирээд буй энэ үед бэлтгэл сургуулилтгүй байж хэрхэвч болохгүй. Цаг үеийн нөхцөл байдалд тааруулаад л Туул голд бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Тамирчин хүний тухайд олимпийн наадам хаяанд ирээд буй өдрүүдэд өдөр хоног бүр л үнэ цэнэтэй байх. Ер нь усан спортын тамирчдын тухайд бэлтгэл хийх боломж нөхцөл хэр байдаг вэ?

-Тийм. Нэг өдөр ч бидний хувьд үнэ цэнэтэй. Өнөөдрийн хувьд УОК-ын зүгээс олимпийн наадамд оролцох хоёр тамирчинд зөвшөөрлийн бичиг гаргаж өгч байна. Мэдээж үүнд талархаж байгаа. Гэсэн хэдий ч Монголын усан спорт сонирхогчдын холбоонд өөрсдийн гэсэн бассейн байдаггүй. УОК-ын зүгээс улсад харьяалалтай усан бассейнд бэлтгэл хийх чиглэл өгсөн байна лээ. Харамсалтай нь манайд олон улсын стандарт хангасан бэлтгэл хийх боломжтой бассейн ганцхан л байдаг. Тэр нь хувийн “Орчлон” сургуулийн бассейн. Маргаашнаас тухайн бассейнд бэлтгэл хийх байх. Гэхдээ бидний ард энэ спортод зүрх сэтгэлээ зориулсан олон мянган залуус бий. УОК-ын зүгээс ямар үндэслэлээр бассейнуудыг хааж байгааг ойлгохгүй байна. Монголоос бусад бүх улс оронд усан бассейныг нээчихсэн. Коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш бассейнаар дамжиж халдварласан удаа байхгүй. Ийм байхад л аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хааж боосон шийдвэр гаргаж байгаад нь харамсаж байна. Үнэхээр бассейнаар халдвар дамжаад байдаг бол үйл ажиллагааг нь хязгаарлахаас өөр арга байхгүй.

Зориулалтын бассейнд бэлтгэл хийх хүсэлтээ УОКт хэзээ хүргүүлсэн бэ?

-Шийдвэр гарснаас хойш гурав дахь хоногт хүсэлтээ өгсөн. Өнөөдөр асуудлыг маань шийдэж өгч байна. Үндсэндээ таваас зургаа хоногийн бэлтгэл алдагдчихлаа. Гурван долоо хоногийн дараа л олимпийн наадмын нээлт болно. Энэ бол бидний хувьд асар үнэтэй цаг хугацаа. Олимпод явчихаад ирэхэд биднийг амжилт гаргасангүй гэж ад үздэг. Бодит байдал дээр ийм нөхцөлд л бэлтгэл сургуулилт хийж байна. Энэ бүхнийг харгалзаж биднээс амжилт нэхэж сэтгэл зүйн дарамтад битгий оруулаач ээ.

Туул голд хэдэн удаагийн бэлтгэл хийв. Ямар үр дүн гарав?

-Дахин онцлоход, олимпийн наадам хаяанд ирчихээд байхад зүгээр суух эрх байхгүй. Олимпийн эрхийн ард олон жилийн хөлс хөдөлмөр явж байгаа болохоор тэр шүү дээ. Арга ядахдаа л өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж Туул голд гурван удаагийн бэлтгэл хийсэн. Цаг хугацаа хором мөч бүр надад үнэтэй байсан болохоор л тэр.

Бэлтгэл сургуулилт базаахад дэмждэг байгууллага бий юү?

-Бассейны бэлтгэлийн хажуугаар хүчний бэлтгэл сургуулилт базаах шаардлагатай байдаг. Хамгийн багадаа сард 300-400 орчим мянган төгрөгийг бэлтгэлдээ зарцуулдаг. Энэ бүхэн бидний халааснаас гарна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Шагдарсүрэн: Газар тариалангийн гол бүс нутагт хангалттай чийгтэй байлаа

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэнтэй ярилцлаа.


-Энэ зуны тухайд хотын ойр орчимд хур тунадас элбэг байгаа ч баруун тал руугаа, тэр дундаа Завхан аймгийн зарим нутгаар ногооны гарц муу, гантай байна гэх юм. Ер нь энэ зуны тухайд нөхцөл байдал ямар байна вэ?

-Зуны тухайд зөвхөн хот орчим төдийгүй ер нь нутгийн зүүн хагастаа хур бороо ихтэй, ялангуяа газар тариалангийн гол бүс нутагт хангалттай чийгтэй байлаа. Цаг уур орчны шинжилгээний газраас 2021 оны зургадугаар сарын 18-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай тариалсан талбайн хувьд Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Орхонтуул, Орхон, Баянгол, Дархан-Уулын Хонгорын 6 дугаар бригад, Алтангадас, Цайдамын талбай, Хөвсгөлийн Тариаланд хангалттай, Дорнодын Халхгол, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Увсын Баруунтуруун, Хэнтийн Гурванбаянд дунд зэрэг байна гэж мэдээлсэн байна.

Уринш болон гуурстай талбайд чийгийн нөөц Дархан-Уулын Хонгорын Алтангадас, Цайдамын талбай, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Тариаланд хангалттай байна.

Төмсний талбайн хувьд Өвөрхангайн Хархорин, Төвийн Баянчандмань, Жаргалант, Сэлэнгийн Мандал, Баянгол, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Хэнтийн Өндөрхаанд хангалттай, Архангайн Төвшрүүлэх, Дорнодын Баян-Уул, Сүхбаатарын Баруун-Урт, Төвийн Угтаалцайдамд дунд зэрэг, Дорнодын Чойбалсанд хангалтгүй байна гэжээ.

-Ямар хүчин зүйлээс шалтгаалж ган болдог вэ. Сүүлийн жилүүдэд төвийн аймгуудын нутгаар ган болох үзэгдэл ажиглагдаж байна?

-Бүс нутгийн 30 хүртэлх хувийг хамарсан ган гурван жил тутам болдог гэсэн судалгааны дүн бий. Ер нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, уул уурхай түрэмгийлэл, бэлчээрийн хүрэлцээ, даац хэтрэлт гээд олон хүчин зүйлээс өвс ургамал оройтож гарах, шөнөдөө хэт хүйтэн хонож байгаагаас ургамлын өсөлт удаашрах, зогсох гээд ган болох нөхцөл их байна. Ер нь намрын салхи өн дууддаг, хаврын салхи ган дууддаг гэдэг юм. Энэ хавар тэр чигээрээ, зуны тэргүүн сарын дунд хүртэл тал хээрийн болоод говийн нутаг их салхитай байснаас зөвхөн таны мэдэрсэн хот орчмын нутаг төдийгүй баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгууд, төвийн бүс нутгийн өмнөд хагас тэр чигээрээ гандуу байсан. Харин сүүлийн хэд хоногийн борооны хүчинд говийн бүсийн хойд тал болоод зүүн аймгуудын нутгаар зуншлага эрс сайжирлаа. Хэнтий, Хянганы нуруунаас эх авсан гол мөрөн үерлэж, сүйд байна шүү дээ.

-Малчид гантай нөхцөлд хохирол багатайгаар давж гарахын тулд авч хэрэгжүүлбэл зохих ямар арга хэмжээ байна вэ?

-Ган болсон нутагт зуд болох нь ойлгомжтой. “Ганд бүү суу, зудад бүү нүү” гэдэг юм. Эртхэн л аятай нутаг бараадах хэрэгтэй. Үүний тулд нэгд малчид өөрсдөө отор нүүдэлд эртхэн анхаарах. Хоёрт баг, сум, аймгийн удирдлагууд цаг агаарын нөхцөл байдалд дүгнэлт хийж өвс хадлан бэлтгэх, отор нүүдэл хийх ажлаа эрт төлөвлөж очих, буух газрынхаа удирдлагуудтай гэрээ хэлцлээ эрт хийгээсэй. Коронагийн нэг сайн тал нь зунжин, намаржин үргэлжилдэг их найр наадам харьцангуй цөөрөх тул өвөлд бэлтгэх боломж, цаг хугацаа хангалттай байна. Нөгөө талаар малчид маань өөрсдөө хариуцлагатай байгаасай. Өнгөрсөн жил Булган аймгийн нутагт отроор очсон зарим малчид буурь буудлаа цэвэрлэхгүй новширч орхисон мэдээлэл ирж л байна. Иймэрхүү ганц нэг хариуцлагагүй, залхаг заваан нөхдөөс болж аймаг сумынхаа бүх малчдын нэрийг гутааж, дахиж нутаг гуйж очих нүүргүй болж байна. Тийм нөхдийг дахиж хэн нутагтаа хүлээж авах юм бэ? Ёстой “Хохь чинь” гээд хөөх хэрэгтэй.

-Таны тухайд олон жил цаг уурын талаар судалгаа хийж хүмүүст мэдээлэл, нэвтрүүлгүүдийг хүргэсэн. Монголын цаг уурын сүүлийн жилүүдийн нөхцөл байдлыг дүгнэхгүй юү?

-Энэ бол миний хариулах асуудал биш. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЦУОШГ-аас албан ёсоор асуувал зохино. Би бол нүүдэлчин түмний олон мянган жилийн турш ажиглаж судалж ирсэн цаг агаарын нөхцөл байдлын талаар хуримтлуулсан мэдлэгийг л олон түмэнд дамжуулж явдаг хүн. Жишээ нь, XVII жарны 35 дахь “цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн шороон үхрийн зурагт үхрийн хоёр эвэр, сүүл нь хөх, толгой цагаан, дөрвөн шийр улаан, их бие тэр чигээрээ шар гарсан байдаг. Цагаан өнгө цас, мөндөр, хөх өнгө хур бороо, улаан өнгө салхи бас өвчин, шар өнгө ган хуурайшилт зөгнөдөг гэдэг юм.

-Ер нь ямар шинж тэмдэг илэрвэл байгалийн гамшигт үзэгдэл болдог вэ?

-Гамшигт үзэгдэл гэдгийг хэрхэн ойлгож байгаагаас л хамаарна. Аянга цахилгаан, шороон болон цасан шуурга, үер, мөндөр, цочир хүйтрэл зэрэг богино хугацааны үзэгдэл тэр болгон урьдчилж таамаглах хугацаа өгдөггүй түргэн зуур болоод өнгөрдөг. Гэвч өнгөрсөн гуравдугаар сарын 14-15-ны гамшигт шороон шуурга шиг үзэгдлийг өнөөдөр цаг уурын шинжлэх ухаан маш тодорхой илрүүлэн урьдчилж мэдээлж байна.Харин ган зудыг бол байгалийн үзэгдэл, эд юмс, амьтан, жигүүртэн, огторгуйд орчих од эрхсийн хөдөлгөөний гээд маш олон талаас нь шинжих арга бий. Жишээ нь, намар сүрэг хонины тоос холоос харахад цайвар бөгөөд босоо байвал зуд болно, бараантаж харагдвал өн болно гэж ярьдаг.

Гэтэл өнөөх нь яг цаг агаарын нөхцөлийг хэлж байна уу? Харин малын тарга хүчийг илэрхийлж байна уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тарга гүйцээгүй малын тоос цайвар хийгээд өндөрт хөөрдөг, сайн тарга авсан малын тоос өтгөн бөгөөд намхан байдаг. Үүнийг цаад утгаар нь тайлбарлах гээд үзвэл тарга гүйцээгүй мал явамхай, хөдөлгөөн ихтэй, тарга хангалттай авсан малын хөдөлгөөн бага, тогтуун, налгар байгааг хэлж байгаа юм биш биз? Тэгж үзэх юм бол тарга гүйцээгүй мал зуд болсон болоогүй өвөл зутарна. Үүнийг мэдээгүй малчин бурууг өөртөө биш, өвөлд тохож таарна. Энэ мэт яриад байвал мөн ч их юм бий дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Төмөр: Бидний хэн маань ч мөрөөрөө явж байгаад цагдаа нарын гарын шүүс болохоор цаг үе ирж

Номын баярын үеэр цагдаа нарт хүчирхийлүүлсэн гэх зохиолч С.Төмөртэй ярилцлаа.


Сая Сүхбаатарын талбайд номын баяр болсон. Тухайн үед та цагдаа нартай үл ойлголцож эмх замбараагүй байдал үүсгэсэн юм билээ. Болсон үйл явдлын талаар тодруулахгүй юу?

-Тухайн өдрийн оройн 18:00 цагийн орчимд болсон явдал шүү дээ. Номын баяр тарах дөхөөд хүмүүс лангуугаа орхиод явж байсан. Энэ үед эзэнгүй саравчинд нь ороод барьж очсон гурван номоо дэлгээд суусан юм. Удсан ч үгүй 20 орчим насны хоёр охин ирээд “Түрээсийн мөнгөө төл. Үгүй бол эндээс яв” гэх шаардлага надад тавьсан. Би ч “Үзэсгэлэн тарж байна. Үлдсэн цөөхөн минутад номоо зарж болохгүй юу” гэх хүсэлт тавьсан юм. Гэсэн ч зөвшөөрөөгүй. Ингээд би номоо аваад саравчнаас нь гарч сайн дураараа ном зарж байсан иргэдийн хажууд нь очоод суулаа. Удсан ч үгүй өнөө хоёр охин маань хоёр цагдаа дагуулаад хүрээд ирсэн. Сүүлд тодруулахад, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа н.Ууганбат, н.Батдэлгэр нар байсан юм билээ. Миний бие ямар нэгэн нийтийн хэв журам зөрчөөгүй, номоо танилцуулаад сууж байхад л “Та энд ном зарж болохгүй. Таныг журамлана. Цагдаагийн путик рүү явъя” гээд л чирсэн. Би “За би тэгвэл номоо аваад эндээс явъя” гэтэл явуулахгүй гээд л хүч хэрэглэж газар унагаад толгой болон хавирга руу маш хүчтэй цохисон. Газар унасан үед Ууганбат гэж цагдаа хавирга дээр биеийн жингээрээ өвдөглөж сууж байгаа юм. Нийтийн хэв журам зөрчөөгүй байхад л энгийн иргэнийг хүчирхийлсэн. Тухайн цагдаа нар надад хэвийн шаардлага тавьсан бол яваад л өгөх байсан. Гэсэн ч заавал арга хэмжээ авна, торгоно гэж миний биед халдсан. Би өнөөдөр 58 настай. Эргүүлийн цагдаа нар 20 гаруйхан настай чийрэг эрчүүд байсан. Миний тухайд маш гомдолтой байна.

Хажууд тань олон хүмүүс байсан шүү дээ. Ямар үйлдэл гаргав?

-Тухайн үед цагдаа нар болон иргэдийн хооронд жижиг хэмжээний үймээн гарсан юм шүү. Миний дээрээс өвдөглөөд дарж байхад тэнд байсан залуус цагдаа нар луу хэдэн талаас нь дайрсан. Өнөө хоёр цагдаа ч зугтаад сураггүй алга болсон. Ингээд би Цагдаагийн дотоод хяналт руу хандсан юм. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ахмад н.Батболд гэж хүн ирсэн. Цагдаагийн путик руу ороход зугтаасан хоёр цагдаа сууж байгаа юм. Харин дуудлагын дагуу ирсэн Батболд надад хандаж “Та цагдаа нарт зодуулсан гэж дуудлага өгсөн. Үүнийг нотлох баримт алга. Бичлэг байхгүй байна. Та өөр газар ондоо хэн нэгэнд зодуулсан юм байна. Харин та цагдаа нарын шаардлагыг эсэргүүцэж, эрх чөлөөнд нь халдсан байна. Таныг хорино” гэж дарамталсан. Үүнээс Батболд гэдэг ахмад эргүүлийн хоёр цагдаа миний биед халдсан хэргийг нуун дарагдуулах зорилготой байгаа юм байна гэж ойлгосон. Миний эхнэрийн утсанд байсан зурган баримтыг дарамталж устгасан. Ингээд надаар “Миний бие гомдолгүй, хохиролгүй” гэсэн бичиг хийлгэж авч байгаа юм. Би ч хоригдохгүйн тулд дарамт доор хэлснийг нь л гүйцэтгэсэн. Гэтэл гомдолгүй гэсэн бичиг хийлгэж авчихаад өнөөх ахмад Батболдын зан хувирч анх намайг баривчлуулсан хоёр охиныг дагуулж орж ирээд “Таныг хорино” гэж хэлээд мөн л хүч хэрэглэж цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Улмаар болсон үйл явдлын талаар хэнд ч, ямар ч өргөдөл гаргахгүй байхыг анхааруулсан. Товчхондоо хэргийг март. Тэгээд яв гэж байгаа юм. Цагдаагийн дотоод хяналтын ахмад ирчихээд миний биед халдсан хоёр цагдааг ил цагаан өмгөөлж байсан нь нотлох баримтуудыг устгаж надад хэрэг тохохоор зэхэж байна гэх хардлагыг төрүүлсэн.

Цагдаагийн дотоод хяналтаас танд байсан нотлох баримтуудыг устгасан юм байна шүү дээ. Товчоор хэлбэл тэдгал”-ыг унтрааж. Хэрэг хэрхэн сөхөгдөв?

-Тэнд байсан хүмүүс бичлэг хийж, зураг дарсан юм билээ. Тэр нь нийгмийн сүлжээнд цацагдаж цагдаа нарын энгийн иргэнийг яргалсан үйлдэл олонд ил болсон. Олонд ил болж байгаа нь л энэ үйлдэл шүү дээ. Цагдаа нарт яргалуулсан ч дарагдаад өнгөрч байгаа маш олон жишээ бий. Хүмүүс тэр бүрийг ил гаргаад байх боломжгүй. Миний бие л гэхэд 200 мянган төгрөг төлж хэвлэлийн бага хурал зарлалаа. Ийм боломжтой иргэн хэд билээ. Ер нь цагдаа нар гэм зэмгүй иргэдийг дарамталдаг, яргалдаг үйлдэл хэвийн үзэгдэл болчихсон байна. Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ. Нийтийн эзэмшлийн талбайд хоёр гуравхан ном барьж суусан өндөр настан цагдаа нарт хүчирхийлүүллээ. Энэ ямар нийгэм юм бэ. Өнөөдөр намайг хүчирхийллээ. Маргааш гэм зэмгүй явж байгаа таны ойр дотнын хэн нэгэн эргүүлийн цагдаа нарын гарын шүүс болоход ойрхон байна. Магадгүй дараагийн удаа энэ хүчирхийлэгч нар хэн нэгний амь насанд халдахгүй гэх баталгаа алга. Эрх чөлөөт нийгэмд ийм бусармаг зүйл байж хэрхэвч таарахгүй. Цагдаа нар чинь ард иргэдэд үйлчлэх байгууллага биз дээ. Өнөөдөр тэр үүрэг ухамсраа мартчихсан байна. Төрийн хувцас өмсөж иргэдийг дарангуйлдаг, байгууллагаараа үгсэн хуйвалдаж гэмт халдлага үйлдсэн нэгнийгээ өмгөөлж, бусдад хэрэг тохох гэж оролддог газар болчихсон юм байна. Би үүнийг хурцаар эсэргүүцэж байна. Энэ үйлдлийнхээ төлөө өнөөдөр би дарамтад орчихоод байна. Эл хэрэг олонд ил болсноос хойш Батболд гэж ахмад өдөр бүр над руу утасдаж уулзах санал тавьж, айлган сүрдүүлж байна. Тэр бүү хэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга хүртэл утасдаж уулзах санал тавьж байна лээ. Одоогоор би гомдол гаргасан байгаа. Хэрэг дээр мөрдөн байцаагч томилогдоход би очиж уулзана. Наана нь ямар ч хүнтэй уулзахгүй, ямар ч нөхцөлд би гомдлоо татахгүй.

Тухайн үед таныг согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байсан гэх мэдээлэл гарсан байна лээ.

Би эрүүл мэндийн шалтгаанаар архи тамхи огт хэрэглэдэггүй. Манайхан удам дагасан хэл бичгийн улсууд. Миний гэр, бүл ойр дотнынхон хуулийг ягштал дагаж мөрддөг улс.

Та зөвшөөрөл эрх авалгүйгээр номын баярт оролцсон юм байна. Энэ үйлдэл тань хуулийн зүйл заалт зөрчсөн үү?

-Үгүй. Би ямар ч хууль зөрчөөгүй. Ном худалдаалахыг хориглосон хууль тогтоомж байхгүй. Төв талбайд байж болохгүй гэж хөөгөөд байгаа нь утгагүй байхгүй юу.

Номын баяраар талбай дээрх саравчнуудыг нийслэлээс үнэ төлбөргүй гаргаж өгдөг биз дээ

-Үгүй шүү дээ. 400 мянган төгрөг төлж түрээсэлдэг юм байна. Үүний ард нэг эрхтэн дархтаны бизнес явж байна л даа. Нийтийн эзэмшлийн талбайг ашиглаж байж ганцхан асрыг хамгийн доод тал нь 400 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа юм. Тэнд хэдэн асар барьдаг билээ. Тооцоод үзвэл аманд багтахгүй их мөнгө гарч байгаа биз. Дахиад онцолъё. Нийтийн эзэмшлийн талбайг ашиглаж байж “Номын ертөнц” гэж асар их мөнгөний бизнес хийж байгаа нь өөрөө хүнлэг бус үйлдэл. Иргэдийг соён гэгээрүүлэхийн тулд яагаад үүнийг үнэгүй гаргаж өгч болдоггүй юм. Би шууд хэлье. 400 мянган төгрөг төлсөн иргэдийн олонх нь ашиг олоогүй шүү. Зардлаа нөхөөд салсан бол их юм.

Танд асар түрээслэх боломж байгаагүй юм уу?

-Би түрээслэхээр хандсан ч саравч нь дуусчихсан байсан.

Categories
булангууд их-уншсан мэдээ туслах-ангилал удам-судар цаг-үе

Улсын заан Ө.Тулгаагийн хүү Сүрэнжав: Наадам дөхсөн өдрүүдэд аавыгаа их үгүйлэх юм

Увс аймгийн Малчин сумын харьяат улсын заан Өлзийн Тулгаагийн хүү аймгийн арслан Сүрэнжавтай ярилцлаа.


-XX зууны үндэсний бөхийн тод од нь таны аав Өлзийн Тулгаа заан. 30-аад жилийн өмнө л барилдаж байсан таны аавыг бөхийн хүрээнийхэн өнөө хэр нь дурсаж явдаг. Тантай аавын тань тухай хуучлах гэсэн юм

-Манай аав дуу цөөнтэй, хүнд маш тусархуу, хүнийг ялгаж харьцдаггүй сайхан эр хүн байсан. Өдий хүрэхдээ аавынхаа тухай муу үг олж дуулаагүй явна. Улсын том цол хүртсэн хойноо ч бусдад ихэрхэж, дээрэнгүй хандаж байсныг нь би мэдэхгүй юм. Ийм л даруу төлөв төвшин хүн байсан даа. Тийм ч учраас түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн болов уу гэж би боддог юм. Хүч бяртай хүмүүс бусдад дээрэнгүй хандах гэдэг нийтлэг үзэгдэл байдаг шүү дээ. Аав минь тийм хүн биш.

Аав тань цэргийн албан хаагч байхдаа улсын наадамд зодоглож, Д.Дамдин аваргын аманд гарч байсан гэдэг. Анх зодоглосон наадмынхаа талаар аав тань хэрхэн хуучилж байв?

-Миний аав Улаанбаатарт дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хаасан юм билээ. Улсын начин Д.Дашжамцтай онжав. Зав чөлөөгөөрөө барилдаж, ноцолдоно. Ингэж явахдаа дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Ж.Хайдав гээд тэр үеийн мундгуудыг харж л дээ. Тэр үед л бөхийн замд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг. 1974 оны наадмаар аав хуучин цэрэг зодоглосон гэдэг. Хоёрын даваанд Архангайн улсын заан Ч.Адьяаг хоёр хөлд нь давхар хамаад суулгачихав гэнэ. Ингээд гурвын даваанд гартал Д.Дамдин аварга амлаж, домог болсон аваргын мөрнөөс атгах хувь тохиосон талаараа аав минь сүүлд хуучилж билээ. Хал цэрэг төрийн наадамд зодоглож дархан аваргад амлуулна гэдэг бахархмаар шүү дээ. Сүүлд аавын зодоглосон наадмуудын оноолт дансыг анзаарч байхад гол төлөв тунаж барилдсан байдаг. 1980 онд улсын цол хүртсэн жилээ долоогийн даваа хүртэл тунаж хүч үзсэн байдаг.

-1980 онд Тулгаа заан онцгой байсан талаар тэр үеийн бөхчүүд хуучилдаг. Аав тань тэр жилийн наадмын талаар юу хэлж байв?

-Тэр жилийн наадмаар зургаа давсан. Дөрвийн даваанд Увсын Зүүнхангайн Д.Жанчивдорж начинг, тавд Ж.Ганболд зааныг, зургаад Хөвсгөлийн Д.Лхагва-Очир начинг тунаж даваад долоогийн даваанд М.Мөнгөн арсланд унасан юм билээ. Ганболд заан, аав хоёр хоёулаа улсын цолгүй залуу бөхчүүд начны даваанд тунаж байсан гэдэг. 1984 онд Говь-Алтайн С.Эрхэмбаяр начин, Булганы Д.Амгаа заан нараар тав, зургаа давж зааны даваанд дахин тулж ирээд Хадбаатар аваргад өвдөг шороодсон. Бөхийн торгон дэвжээнд хазайлгаж үзээгүй аварга, арслан ховор.Баянаа аваргаас аваад А.Сүхбат аварга хүртэлх бүх аваргыг аав өвдөг шороодуулсан байдаг. Бат-Эрдэнэ аваргыг арслан цолтой байхад нь 1988 онд өвдөг шороодуулж байсан. Жижиг Сүхбат аваргыг 1997 онд улсын заан цол авчихсан, ид мундаг үед нь Увс аймагт болсон аваргуудын нэрэмжит барилдаанд түрүү үзүүрт үлдээд хөлийг нь авч хөндлөн дайраад давчихаж билээ. А.Сүхбат аварга толгой сэгсрээд босоод ирж байсан. Зааланд цугласан олон ч их хөөрч баярлаж байсан. Тухайн үед ааваараа их бахархаж байсан даа.

Олон тойрог барилддаг улсын аварга шалгаруулах тэмцээнээс заан цол хүртсэн цөөхөн бөхийн нэг нь Тулгаа заан шүү дээ.

-1988 оны үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 33 бөхөөс 30 давж хоёрдугаар байрт шалгарч улсын заан цол хүртсэн. Өмнөх жилийнх нь улсын аваргаар Р.Давааням агсан заан цолны болзол хангаж байсан юм билээ. Улсын аваргад тасралтгүй 11 удаа барилдахдаа гуравт нь медаль хүртэж, шагналт байрт таван удаа шалгарснаараа давтагдашгүй амжилт тогтоосон байдаг. Сүүлд Г.Намсрайжав харцага ”Манай Тулгаа Увсын хязгаараас тээврийн тэрэгтэйгээ ирээд их спортын шигшээ тамирчидтай ана мана үзэлцдэг байлаа. Хөдөөгийн бүсээс шалгараад ирсэн бөхчүүдийг бол үзэхгүй шүү дээ” гэж дурсаж байсан.

Аав минь жил жилийн Цагаан сарын барилдаанд зодоглоно гээд л том тэрэгтэйгээ өвлийн сүүлч сараар нутгаасаа гарч “Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх Өлзийн Тулгаа” гэж цоллуулаад л гардаг байсан даа. Аяны тоосоо гүвж буугаад л барилдаж байсан тухайгаа ярьдагсан. Бид аавынхаа барилдааныг радиогоор сонсоно. Манайд цугласан аавын ах дүү нар “Увсын Тулгаа давлаа” гэхэд гэрээр нэг баяр хөөр болно.

Та аавынхаа захиасыг биелүүлж бөх болсон уу?

-Аав намайг бөх болгоно гэж огтоос хэлээгүй. Өөрийнхөө сонирхлоор л барилдаж эхэлсэн. Мэдээж аавыгаа дуурайсан хэрэг л дээ. Аавтайгаа үзсэн наадмууд өнөө хэр нь санаанаас гардаггүй юм. 1996 онд аавынхаа ЗИЛ-130-ын тэвшин дээр суугаад гурав хонож Улаанбаатарын барааг харж билээ. Аав улсын наадамд зодоглохоор ирж байгаа нь тэр л дээ. Би хажуугаар нь хүүхдийн барилдааныг зорьж хот руу ирж байгаа юм. Нар салхинд цохиулаад түнтгэр бор амьтан хүүхдийн барилдаанд хоёр давж билээ. Тэр жил сумогийн их аварга Д.Дагвадорж түрүүлж байсан санагдаж байна. Харин аав минь гурав даваад улсын харцага Ц.Бэгзсүрэнд унаж байлаа.

Улсын наадмын дэвжээ үзсэн хүү сумын цол хэдэн онд хүртэж байв?

-2004 онд санагдаж байна. Бөхмөрөн сумын наадамд түрүүлж миний бие сумын заан цол хүртэж байлаа. Тэр жил Бөхмөрөнгийн ой болсон юм. Ч.Чулуунбаатар, Г.Намсрайжав, Д.Жавзанжамъян, Ө.Сумъяа гээд улсын цолтнууд цугласан жигтэйхэн том наадам болж байсан санагддаг юм. Хоёрын даваанд аймгийн арслан Цэдэндамбааг, гуравт аймгийн заан Цэдэнбалыг давчихлаа. Дөрвийн даваанд аавтайгаа оноолт таарчихдаг байгаа. Аав надад тахимаа өгсөн. Ингээд үзүүр түрүүнд Ч.Чулуунбаатар харцагыг давж түрүүлээд мотоциклоор шагнуулж билээ. Бөхмөрөн сумын Засаг дарга “Сүрэнжав аа, уучлаарай. Сумын заан цолны үнэмлэх байхгүй шүү. Улс, аймгийн цолтой олон бөхчүүд ирсэн болохоор үнэмлэхний хэрэггүй юм байна гэж бодтол өөрөө түрүүлчихлээ” гэж хэлж байсан.

Миний аав ч баяр хөөрөө ямар ил гаргах биш. Эрхбиш намайг нэг үнэрлэсэн байлгүй.

Та төрөлх нутгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байх аа?

-Тийм. Хүмүүс намайг аавынхаа дэмжлэгээр аймгийн арслан болсон гэдэг юм. Тийм биш л дээ. “Бөх хүн авсан цолондоо эзэн байх ёстой. Цолоо ахиулдаггүй юм аа гэхэд батлах хэрэгтэй” гэж аав нэг удаа Сумъяа ахад хэлж байсан. Тийм бодолтой хүн чинь хүүгээ өөрийнхөө хүчээр цолонд хүрэг гэж боддог юм билээ. Аймгийн арслан болчих санаатай олон жил зүтгэсэн. Олон ч наадамд зодоглосон. Ингэж яваад сүүлд 2008 онд Увс аймгийнхаа наадамд түрүүлсэн. Аав дөрвийн даваанд сумын заан цолтой нэг залууд унасан юм. Тэр жилийн наадамд цэргийн арслан Бадрахын Ганзориг үзүүрлэж, улсын аварга П.Бүрэнтөгс их шөвөгт шалгарч аймгийн начин цол хүртэж байлаа.

Тулгаа заан их бяртай хүн шиг санагддаг. Том чулуу өргөж байгаа зураг нь цахимд харагдаж байдаг. Тэр хэдэн киллограмм чулуу вэ?

-156 киллограмм жинтэй чулуу. Одоо Тувагийн музейд байдаг юм. Уг нь цэнгэлдэх хүрээлэнд нь байсан. Уг чулуун дээр “Монголын хүчит заан Өлзийн Тулгаа өргөсөн” гэж бичсэн байдаг. Түүх нь их сонин. 1985 онд Монгол, Тува Эв модны баяр болсон юм. Орос, Монголын дарга нар хоёр улсын хилийн зааг дахь уулан дээр уулзалдсан гэдэг. Аав Тувагаас будаа зөөж яваад таарсан байгаа юм. Гэтэл Оросын нэг дарга хилийн зааг дахь уулан дээр байсан чулууг заагаад “Үүнийг өргөөд 100 алхсан хүнд 500 рубль өгье” гэж ам гарчээ. Монгол мөнгөөр 2500 төгрөг л дөө. Тувагийн том биетэй залуу эхэлж өргөөд арав орчим алхаад бараагүй гэдэг. Дараа нь аав өргөөд хэлсэн ёсоор нь 100 алхаад амласан мөнгийг нь авч байсан түүхтэй. Тэр үеийн 2500 төгрөг гэдэг их мөнгө. Сүүлд тэр чулууг нь би өргөж үзсэн. Газраас хөндийрүүлж ирээд л орхисон. Өргөөд алхана гэдэг барахгүй шинжтэй санагдсан. Тэгж л аавынхаа бяр тэнхээг биширсэн дээ.

Аавыгаа өөд болсны дараа Монголын ард түмэн аавд минь ямар их хайртай юм бэ гэдгийг илүүтэй мэдэрсэн. Намайг хаана ч очсон “Тулгаагийн хүү” гээд хүмүүс халуун дотноор хүлээж авдаг юм. Аавынхаа нэрийг сэвтээлгүй явахыг хичээдэг дээ. Баяр наадам дөхсөн өрүүдэд аавыгаа илүү санадаг юм. Би айлын ганц хүү. Тэр ч утгаараа тэр хүний нөмөр нөөлгийг их үгүйлдэг юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

А.Даваадорж: Гангийн үйлдвэр байгуулбал дотоодын эдийн засгийг 30-40 хувь тэлэх боломжтой

Ган төмөр импортлогчдын холбооны тэргүүн А.Даваадоржтой ярилцлаа.


Засгийн газраас дотоодын төмрийн үйлдвэрүүдийг дэмжих бодлого баримталж байгааг салбарын сайд нь мэдэгдлээ. Төмөр үйлдвэрлэгчдэд ямар дэмжлэг шаардлагатай байна вэ?

-Монгол Улсад жил бүр 300 гаруй мянган тонн ган шаардлагатай байдаг. Барилгын салбарт өргөн хэрэглэгддэг арматур төмөр гэхэд 200 мянган тоннын хэрэгцээ гарна. Жилд 300 гаруй сая ам.долларыг гадагш нь урсгаж байна. Дотоодын үйлдвэрүүд нийт хэрэгцээний 30 хүрэхгүй хувийг л хангадаг. Манай үйлдвэрүүдийн гол түүхий эд нь хаягдал төмөр. Ингээд бодоход дотоодын үйлдвэрүүдэд дэмжлэг гэхээс илүү манайх үйлдвэрлэгч улс болох цаг нь аль хэдийнэ ирчихсэн.

Манай улс олон жил гангийн үйлдвэр байгуулах асуудлыг ярьж, төлөвлөж ирсэн л дээ. Биеллээ ололгүй олон жил болж байна. Ган боловсруулах үйлдвэр байгуулах нь үйл явц тийм түвэгтэй юү?

-Гангийн үйлдвэр байгуулахын тулд эхлээд аж үйлдвэрийн парк байгуулах хэрэгтэй. Төмрийн хүдэр, коксжих нүүрс, шохойн чулуу, жоншоо ашиглаад анхдагч ширэм гаргах шаардлагатай. Ингээд ширмээ ган бэлдэц болгоно. Энэ гангаар л бүх төрлийн төмөр хийх боломжтой. Дараагийн үйл явц нь “Таван толгой”-оос гарч байгаа коксжих нүүрсийг шууд ширэм боловсруулахад хэрэглэхэд тохиромжгүй. Буталж боловсруулаад барьцалдуулагч бодистой хольж, хүчилтөрөгчгүй орчинд шатаана. Ингээд л саарал өнгөтэй жинхэнэ кокс гарна. Үүний тулд коксын үйлдвэр байгуулах шаардлага гарч байгаа юм. Коксын үйлдвэр байгуулснаараа төмрийн хүдэр хайлуулах хоёр дахь том алхмаа хийлээ гэж ойлгож болно. Дээрээс нь шохойн чулуу, жонш хэрэгтэй. Энэ дөрөв нь манайд бий. Нэмэгдээд температур өсгөгч ферманган шаардлагатай. Энэ нь бол манайд байхгүй.

Том үйлдвэр дагасан эрчим хүчний асуудал тулгарах байх…?

-Гангийн үйлдвэрийг ажиллуулахад 42 мГв-ын хүчин чадалтай цахилгаан станц шаардлагатай.

Өнөөгийн эрчим хүчний тулсан хэрэглээнд үүнийг шийдэх боломжгүй л дээ. Үүнийг шийдэх хэрэгтэй. Ажил хэрэг болгочихвол бид жилд 500-800 мянган тонн ган үйлдвэрлэнэ. Эхний хоёр үйлдвэр барихад 450 орчим сая ам.доллар хэрэгтэй. Харин 30-40 мГв-ын цахилгаан станц байгуулахад ойролцоогоор 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Бидэнд 600 орчим сая ам.доллар байхад гангийн цогцолбор үйлдвэртэй болно гэж ойлгож болно.

Ийм хэмжээний хөрөнгө болгоход амар биш байх?

-Бид эрдэс бүтээгдэхүүнээ экспортолж, улс орны орлого нэмэгдэж байна. Энэ орлогын өсөлтийг дэд бүтэц рүү л зарцуулна. Манайх шиг өргөн уудам газар нутагтай оронд барилга байгууламж, зам гүүр нэн тэргүүнд шаардлагатай. Энэ дэд бүтцийг шийдэхэд цемент, арматур гэсэн хоёр зүйл хэрэгтэй. Цементийг бол дотоодын зах зээлээс хангаж болно. Харин 600 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт байвал төмрийн үйлдвэрийг ойрын 3-4 жилийн хугацаанд л байгуулах боломж харагдаж байна. Үүнд төр засаг анхаарал хандуулах шаардлагатай байна. Дээрх санхүүжилтийг босгох хэд хэдэн гарц гаргалгаа байна. Эхнийх нь бартерын гэрээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээтэйгээр дараа төлбөрт нөхцөл байж болно.

Бид жилд л дунджаар 300 сая ам.доллар гаргаж байгаа талаар яриандаа дурдсан. Хоёр жилийн импортоор гаргах хэмжээний хөрөнгөөр л дотоодын эдийн засгийг 10-15 хувь тэлэх хэмжээний цогцолбортой болно гэсэн үг. Гэхдээ үүнийг ерөнхий дүр зураг гэж ойлгох нь зөв байх.

Үйлдвэр байгуулснаар хамгийн гол нь бүх төмөр хийцийн үйлдвэрлэл, зам гүүр, барилга байшинг дотоодын бүтээдэхүүнээр хийх боломж бүрдэнэ. Үүнийг дагаад ажлын байр, жижиг дунд үйлдвэрүүд хөгжих юм.

Үйлдвэр байгуулсан зардлаа богино хугацаанд нөхөх өөр ямар боломж байна вэ?

-Анхдагч ширмээ экспортод гаргахад нээлттэй. БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад ширэм экспортлох боломж бүрдэнэ. Манайх дэлхийд эхний тавд орохоор зэсийн баяжмал экспортлогч орон. Зэсийн баяжмалын үйлдвэрлэлд шаардлагатай чухал орц нь ган бөмбөлөг байдаг. Үйлдвэр байгуулснаар үүнийг дотооддоо хийнэ гэсэн үг. Өнөөдөр “Оюу толгой” компани ойролцоогоор 50 орчим сая ам.долларын ган бөмбөлөг хэрэглэж байна. “Эрдэнэт” үйлдвэр ч тэр хэмжээний ган бөмбөлөг хэрэглэдэг. Энэ өөрөө том зах харагдаж байгаа биз. Энэ үйлдвэрийг байгуулах нь стратегийн өндөр ач холбогдолтой. Ирэх 10 жилд Монгол Улс хөгжих үү, уруудах уу гэдэг гангийн үйлдвэртэй шууд холбоотой.

Дэлхийн зах зээлд төмрийн үнэ тэнгэрт хаджээ. Дагаад барилга орон сууцны үнэ өсч таарах байх. Бүтээн байгуулалт ч өндөр үнээр босох нь, бид цаашид яах вэ?

-Хөл нийлүүлээд алхана. Уул уурхайн супер цикль эхлэх үед нийгмийн тодорхой хэсэг ашиг олж бусад нь хохирч үлддэг. Энэ байдлаас гарахын тулд үйлдвэрлэгч улс болохоос өөр гарц бидэнд байхгүй. Үйлдвэрлэгч улс болсноор уул уурхайн компаниуд ашиг хүртэнэ. Үйлдвэрээс гарч байгаа эцсийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн байгаа тул үйлдвэрүүд ашиг олох боломжтой. Ингэснээр улсын эдийн засгийн 50-60 хувийг уул уурхай үйлдвэрүүд тогтвортой хангаад явах бололцоо бүрдэнэ.

Үнийн өсөлт хэр хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна вэ?

-Улс орнууд ковидоос болж хямралд орсон эдийн засгаа сэргээхээр бүх хүчин чармайлтаа гаргаж байна. Энэ хүчин чармайлтаар нэг жилд бүх асуудлыг шийдээд сэргэчихгүй л дээ. Тодорхой төлөвлөгөөтэйгөөр гурваас таван жилийн хугацаанд сэргээх төлөвлөгөө гаргасан байгаа. Дэлхийн эдийн засаг хэр богино хугацаанд тогтворжино, төдий хэмжээнд түүхий эдийн үнийн хөөрөгдөл арилна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг Мөөеө аварга надад даалгаж байлаа

ШШГЕГынСүлдспорт хорооны жүдо бөхийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвтэй ярилцлаа.


Таны дасгалжуулагчийн замнал хэдэн онд эхэлж байв?

-1994 оноос л хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн. Би 1980 онд цэргийн албанаас халагдсан даруйдаа хүндийг өргөлтийн спортоор хичээллэж, хажуугаар нь үндэсний бөх барилддаг байсан. Ингэж яваад л үндэсний бөхөөр дагнаж хичээллэсэн дээ. Улсын арслан М.Мөнгөнтэй их ойр. Олон жилийн наадмын бэлтгэлд нь хамт гарсан. Мөнгөн арслан цэвэр өөрийн хөдөлмөрийн үр шимээр тэр өндөрлөгт гарсан мундаг хүн.


М.Мөнгөн арслангаас их зүйл сурч дээ, та?

-М.Мөнгөн арслан бэлтгэл сургуулилтаа тааруулахдаа бусадтай тэгж их зөвлөөд байдаггүй. Өөрөө л базаана. Алдаа оноотой зүйл байсан л байх. Тэр бүрээсээ л надад хэлнэ. Хожим их хэрэг болсон шүү. Мөн Баянхонгорын Ц.Нацагдорж гавьяатаас их зүйл сурсан.

Та шавь бэлтгээд 30 орчим жил болжээ. Таны шавь нараас дэлхийн дэвжээнд дийлж барилдаж байгаа тамирчид олон байна. Шавь нараа хараад огших үе олон биз?

-Бэлтгэсэн шавь нар сайн сайхан явна гэдэг багш хүний баяр баясгалан юм шүү дээ. Олон жилийн хөдөлмөрийн үр дүн гарч байгаа юм. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Л.Отгонбаатар, улсын харцага Д.Анар, улсын начин Б.Серик нарын олон шавь нар маань өнөөдөр сайн барилдаж байна. 30 орчим кг жинтэй жаахан хүүхдүүд бөх болохоор хөдөөнөөс ирж байсан нь саяхан л санагдах юм.

Өсвөр насны хүүхэдтэй ажиллана гэдэг амар биш болов уу. Арга барилаасаа хуваалцвал уншигчдад сонин байх?

-Суурийг нь зөв тавьж өгөх нь чухал. Эхлээд хөдөлгөөний эвсэл суулгаж өгнө. Бэртэл гэмтлээс сэргийлж байгаа нь тэр шүү дээ. Зөв техник сурсан бол бэртэж гэмтээд байх нь ховор. Бэртэл гэмтлээс ангид, эрүүл байж гэмээнэ тухайн тамирчин өндөр амжилт гаргана. Миний тухайд өсвөр насны хүүхдийг ачаалалтай бэлтгэл хийлгэхээс татгалздаг. Оронд нь сэтгэл зүйтэй нь тулж ажилладаг юм. Бэлтгэлд ирж байгаа хүүхэд цаанаасаа ямар нэгэн өгөгдөлтэй байдаг. Түүнийг нь нээж илрүүлэх, хөгжүүлэх тал дээр илүү ач холбогдол өгдөг. Сүүлд нь өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн хат суулгана. Өөрийгөө ялахгүй бол өрсөлдөгчөө дийлэхгүй шүү дээ. Ингээд зорилгыг нь тодорхойлоод хамтарч ажилладаг. Хамгийн гол нь өөрийгөө ялах сэтгэлийн хүч л чухал. Тэнд найзууд ийшээ, тийшээ явж наргих болно. Тамирчин хүн дагаж явмаар байвч өмнөө тавьсан зорилгоо ухамсарлаж өөрийгөө ялах хэрэгтэй. Ирсэн хүүхдүүддээ эхний ээлжинд ийм л зүйлд сургадаг юм. Товхондоо хэлэхэд, тамирчны замналд тохиолдох аливаа бэрхшээлийг давж гарах сэтгэлийн хат суулгах тал дээр нь л ажилладаг.

Өнөөдөр мэргэжлийн сумогийн ертөнцийн гол анхаарал Г.ГанЭрдэнэ дээр тогтоод байна. Доод зиндаа хүртэл буугаад байсан хүн эргэн эрэлт хийж дээд зиндааны түрүү байрын төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлж байна шүү дээ. Анх таны гарт бэлтгэл хийж байгаад л Япон явсан бил үү?

-Тийм. Дархан аварга Ж.Мөнхбат гуай Ган-Эрдэнийг надад авчирч хариуцуулж байсан юм. Өндөр том биетэй ч сулавтар бие хаатай хүү байж билээ. Анх гар дээрээ нэг суниаж чадахгүй ч бөх болно гээд салдаггүй хүүхэд байсан. Ингээд эхлээд гар дээрээ цэвэр суниаж сурах зорилго тавиад л бидний бэлтгэл эхэлсэн. Жилийн дараа гэхэд л торох юмгүй 100 суниадаг болчихсон байж билээ. Барилдаад ч баргийн хүнд унахааргүй болсон үедээ Япон явсан. Тэнд очоод ч нэг их удаагүй дээд зиндаанд гарч ирсэн дээ.

Дээд зиндаанд гарч ирээд удаа дараагийн хүнд бэртэл авч хэдэн зиндаа доошилсон шүү дээ. Тэр бүх бэрхшээлүүдийг давж эргэн ирэлт хийлээ. Шавьдаа юу зөвлөж байв?

-Бөхийн жүдо барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японд зохион байгуулагдахад шавь нар маань намайг авч очсон юм. Ингээд Ган-Эрдэнэтэй шөнийн турш ярилцаж суусан. Тухайн үед дээд зиндааны дээд хэсэгт хүч үзэж байсан хүн удаа дараагийн хүнд гэмтэл авч бүүр доод зиндаа руу уначихсан, сэтгэл зүй нь хэцүү л байсан. Гурван ч туслах дагуулж явж байсан хүн чинь өөрөө маушигаа бариад л явж байгаа юм. Ингээд жаахан байхаас нь мэдэх шавийнхаа сэтгэлзүйг нь л дэмжиж өгсөн. Ган-Эрдэнэ маань өөрөө сэтгэл зүйн хувьд асар хүчтэй тамирчин. Буцаад дээшээ гараад ирэх чадалтайг нь мэдэж байсан учраас л сэтгэл зүйг нь дэмжсэн хэрэг л дээ. Бага байхаасаа л өөрийгөө ялан дийлж, зорилгоо тодорхойлж түүнийхээ төлөө тууштай зүтгэдэг чанараараа л өмнөө тулгарсан том бэрхшээлүүдийг ялж, эргэн ирэлт хийлээ. Энд нэг зүйлийг онцлоход Г.Ган-Эрдэнэ архи, дарс хэрэглэж, танхайрч ёс суртахууны зөрчил гаргаагүй. Залуу хүн өөртөө эрдэж хэтэрхий ачаалалтай бэлтгэл хийж бага зэрэг горим алдаад л бэртлүүд авсан болов уу. Энэ бүхнийг нь өөрт нь сайн ойлгуулж хэлсэн. Ямартаа ч дээд зиндаанд гарч ирээд түрүү байрын төлөө өрсөлдөөн үзүүлж байна. Шавиараа бахархаж л сууна.

Г.ГанЭрдэнэтэй та сүүлд хэзээ холбогдов. Гэмтэл нь бүрэн илааршиж уу?

-Цаг үе ч сайхан болж дээ. Хүссэн үедээ л онлайнаар холбогдоод ярьчихаж байна. Ган-Эрдэнийн бэлтгэл тун сайн байна лээ. Ямар нэгэн зовуурьгүй, төлөвлөсөн барилдаанаа гаргаж байна. Баргийн эр хүн л сөхрөөд өгөх хүнд гэмтэл авсан шүү дээ.

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Нармандах таны шавь бил үү?

-Анх над дээр ирж бэлтгэл хийж байсан юм. Малчин айлын жаахан охин бөх барилдана гэж зорьж ирж байлаа. Цаанаасаа онцгой өгөгдөлтэй, бусдаас илүү төрчихсөн хүүхэд байж билээ. Бас бус шалтгааны улмаас хэмжээндээ хүртэл барилдаагүй дээ. Олимпийн аварга болчих боломжтой л байсан. Өнөөдөр жаахан харамсах сэтгэл төрдөг л юм.

Танаас 2016 оны олимпийн наадмын талаар асуумаар байна. Таны гарын шавь Ц.Цогтбаатар гэж жаахан хүү гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарыг ялж Риогийн олимпод өрсөлдсөн шүү дээ. Тухайн үедээ хэл ам дагуулсан сонголтуудын нэг байсан. Та шавьдаа итгэж байв уу?

-Медалийн боломж байсан шүү. Ерөнхийлөгч Х.Баттулга улсын аварга шалгаруулах тэмцээний өмнө надаас “Бэлтгэл нь ямар байна” гэж асуусан юм. Би ч “Маш сайн байгаа” л гэж хариулсан. Цогоо маань ч хоёр ахыгаа цэвэр ялаад л олимпийн наадамд оролцсон.

Тэр олимпод таны дөрвөн шавь өрсөлдсөн байх аа

-Тийм. Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар, Б.Тэмүүлэн нарын шавь нар маань эх орноо төлөөлж олимпийн наадамд өрсөлдсөн.

Л.Отгонбаатар медалийн оосроос атгаад л алдсан

-Тийм шүү. Медалийн төлөөх барилдааны өмнө дасгалжуулагч нь торгуулчихсан юм. Манай Отгоо чинь олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаандаа дасгалжуулагчгүй гарч ирсэн шүү дээ. Бага зэрэг алдаа гаргаад гараа ханз татуулчихсан. Үндсэндээ өрөөсөн гартай барилдаад л юуко үнэлгээгээр ялагдсан. Манай хүний тухайд өрсөлдөгч БНХАУ-ын тамирчнаа хоёр ч ялж байсан юм. Жаахан л бодолтой барилдсан бол ялах бүрэн боломжтой байсан.

2016 олимпийн наадамд би өөрөө шавь нарыгаа дагаж явсан бол гэж одоо жаахан харамсах сэтгэл төрдөг л юм. Д.Төмөрхүлэгт маань ч медалийн боломж бүрэн байсан. Сэтгэл зүйн тал дээр бага зэрэг алдаа гаргаад л хожигдсон.

Таныг гавьяат дасгалжуулагч болох үед олимп, дэлхийн аварга Шёохэй Оно мэндчилгээ дэвшүүлсэн гэдэг байх аа?

-Миний нэрэмжит тэмцээн болсон юм. Тэр үед надад мэндчилгээ дэвшүүлсэн байсан. Манай Тэрүнофүжитэй дотно найзууд юм билээ. Шёохэйо Оно мэндчилгээндээ “Таны шавь нартай олимп, дэлхийн аваргын тэмцээнд барилдаж үзмээр байна” гэж бичсэн байсан. Өнгөрсөн жилийн Токиогийн дэлхийн аварга дээр Ц.Цогтбаатар тэр хүслийг нь биелүүлэх дөхсөн шүү.

Шавь нартаа та юу захидаг вэ. Манай спортынхон зарим тохиолдолдоддын өвчинтусчих гээд байдаг гэмтэй шүү дээ.

-Манайхан ч хүнийг хөөргөөд “алаад” хаячихдаг гэмтэй. Би шавь нартаа “Та нар цол гуншин л авсан болохоос биш адилхан хүн шүү” гэж хэлдэг юм. Миний гараар орсон хүүхдүүд түмэнтэйгээ ойрхон хаана ч, хэнтэй ч мэнд, устай л явдаг. Хүн чанараа гээдэггүй гэх юм уу даа. Миний шавь Г.Ган-Эрдэнэ ч над дээр ямар хүүхэд байсан, тэр зангаараа л өнөөдрийг хүрсэн.

Удахгүй Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Д.Анар харцагаас өгсүүлээд л таны шавь нар шөвгийн даваанд босно доо.

-Д.Анар, Б.Серик нарыгаа дээшээ барилдах болов уу гэж харж байна. Аймгийн хурц арслан Б.Лхагвадорж гэж залуу бий. 17-хон настайдаа аймгийн баяр наадамд түрүүлж байсан юм. Энэ жил Өвөрхангайн галдаа бэлтгэлээ базааж байгаа. Лхагвадоржийгоо цолд хүрэх боломжтой гэж харж байна. Мөн Булганы Түвшинтөгс гэж дээшээ барилдах боломжтой залуу бий. Эдний дараагийн үеийн хүүхдүүд ч бэлтгэгдээд гарч л байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Бүрэнбаяр: Би нэг ойтой хүүхэдтэй, гэвч тангараг өргөсөн эмчийн хувьд голомтод сайн дураар ажиллахаар шийдлээ

Ковид 19” цар тахлын үед улаан бүсэд сайн дураараа ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгээд эхэлжээ. Ингээд сайн дурын армид нэгдсэн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Бүрэнбаяртай ярилцлаа.


Таны тухайд цар тахлын эсрэгдайндсайн дураараа ажиллахаар шийджээ. Тус шийдвэрийг гаргахад юу нөлөөлөв?

-Улсын хэмжээнд өдөрт л 1000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, эмнэл зүйн шинж тэмдгээр хүнд болон маш хүнд хүмүүсийн тоо хурдацтай өсч байна. “Ковид 19” халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо ч цаашид өсөх хандлагатай байгаа. Тангараг өргөсөн эмч хүний хувьд ийм хүнд үед хараад зүгээр сууж тэвчихгүй байна шүү дээ. иймээс л цар тахлын эсрэг сайн дураар ажиллах шийдвэр гаргасан. Энэ хүнд үед улс орондоо оруулах хувь нэмэр минь энэ юм даа.

Танд өмнө нь цар тахлын эсрэг ажиллаж байсан ямар туршлага байна вэ?

-би сэлэнгэ аймгийн хүдэр сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг. 2020 оны наймдугаар сард энд ажилд орсон юм. ажилд орох үед л “Ковид 19”-ийн нөхцөл байдал хүнд байсан. ингээд сайн дураараа ажиллах саналаа аймгийн Эрүүл мэндийн газарт өгөөд байсан юм. Он гараад л нөхцөл байдал хурцдаж ирсэн. миний тухайд гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд Дулаанхааны постод халдварын бүс нутгаас ирсэн хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч ажилласан. Дараахан нь аймгийн төв Сүхбаатар суманд иргэдэд нэгдүгээр тун вакцин хийхэд мөн ажиллалаа. сумынхаа иргэдийг ч дархлаажуулалтад хамруулсан.

Улаанбаатар халдварын бүс болсон. Хаанаас ч, хэн чКовид 19”-ийн халдвар авах эрсдэлтэй нөхцөлд байна. Ийм үед хувийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулж цар тахлын эсрэг улаан шугамд ажиллах шийдвэр гаргаж байгаа тань эрсдэлтэй санагдаж байна л даа. Олон эмч, сувилагч халдвар авсан. Аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ?

-Миний хүүхэд ой гаруйтай л даа. Гэвч эмч хүн учирч болох эрсдэл яриад гараа хумхиад чимээгүй суугаад байж болохгүй. Цар тахлын эсрэг улаан шугамд дайтах үүргээ ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэм баримталж, иргэдийн аюулгүй байдлын төлөө сурч мэдсэнээ гаргаж ажиллах нь тангараг өргөсөн эмч хүний ёс зүй гэж боддог юм. Эмч, эмнэлгийн ажилтнуудын үүрэг оролцоо одоо чухал байна хэрэгтэй шүү дээ, эх оронд минь.

Халдварын голомт болох улаан бүсэд ажиллах амар биш шүү дээ.

-Мэдээж хэцүү. Иж бүрэн хамгаалах хэрэгсэл өмсөөд л улаан бүсэд нэвтэрнэ. Ингээд өвчтөнүүдэд эмчилгээ сувилгаа үзүүлнэ. Улаан бүс рүү нэвтэрсэн бол хүнд өвчтөнг орхиж гарах эрх бидэнд байхгүй. Зузаан хамгаалалтын хувцастай бүтэн 24 цаг зогсолтгүй ажиллах ч тохиолдолд бий. Хүнд өвчтөний биеийн байдал хэзээ тогтворжино, тэр цагт л голомтоос гарна. Улаан голомтоос халдвар хамгааллын дэглэмээ сахиад гарна гэдэг өөрөө асар өндөр хариуцлага байдаг.

Тэр хүнд хөдөлмөрийг ойлгодог хүн цөөхөн байх шиг. Улс төрийн албан тушаалтнууд ч халдвар дэгдсэнийг эмч, сувилагч нар руу чихэх хандлагыг ил цагаан гаргаж байна шүү дээ

-Улаан шугамд эрүүл мэндээ золиосолж ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд руугаа дайрч байгаад нь үнэхээр урамгүй байна. Улс төртэй холбож байгаа нь бүр утгагүй. Төдийгөөс өдий хүртэл нойр хоолоо хугасалж зүтгэсэн эмч нарын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна шүү дээ, нэр бүхий хүмүүс. Эмч, сувилагч нар урдах өвчтөнүүдээ л асарч байгаа. Улс төр ямар ч хамаагүй. Хүнд үед галын шугамд ажиллаж байгаа эмч, сувилагч нарт ажлын эрч хүч, урам зориг л дутагдаад байх шиг.

Цахим орчинд өөрийн хүрээлэл үүсгэсэн хүмүүсКовид 19”-ийг байдаг л ханиад гэх ойлголтыг нийгэмд өгч байна л даа. Голомтод ажиллаж байсан хүний тухайд байр суурийг тань сонсох гэсэн юм

-Энэ цар тахал дэлхий нийтийг хамраад байна шүү дээ. Зарим хүмүүс энгийн л ханиад гэж үзээд төдийлөн ач холбогдол өгөхгүй байх шиг. Манайх битгий хэл дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг том гүрнүүд энэ тахлын өмнө сөхөрсөн шүү дээ. Хүнд, маш хүнд гэсэн эмнэл зүйн шинж тэмдгүүд өдрөөс өдөрт нэмэгдэж хүмүүс нас барж байгаа нь хангалттай баталгаа биз дээ.

Энэ бүхнийг давж гарахад эмч, сувилагч нарын хичээл зүтгэлээс гадна хүмүүсийн ухамсар чухал байх.

-Энэ өвчнийг давж гарахад хүмүүсийн ухамсар чухал. “Хүмүүс хөл хорилоо” гээд л хэл ам хийгээд байна. Мэргэжлийн эрдэмтэд голомт хумихын тулд л гаргаж байгаа шийдвэр. Хүнд нөхцөлд завгүй ажиллаж байгаа эмч, сувилагч нарын хөдөлмөрийг ойлгож хэдхэн хоног гэртээ л байх нь чухал. Одоогийн нөхцөлд хамгийн том тус нь энэ. Гадуур гарах зайлшгүй шаардлагатай хүмүүс нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад маск зүүж, зайгаа бариад явах нь зөв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

А.Даваадорж: Бид хүсвэл гурван жилийн дотор гангийн үйлдвэртэй болж чадна


Монгол Улсад жил бүр 300 гаруй мянган тонн ган шаардлагатай байдаг аж. Барилгын салбарт өргөн хэрэглэгддэг арматур төмөр гэхэд 150-200 мянган тонны хэрэгцээ үүсч, хоёр хөршөөс импортолж байна. Энэ бүхнийг оруулж тооцсоноор төмрийн худалдаанд жил бүр 300 орчим сая ам.долларыг гадагш нь урсгаж байгаа аж. Тэгвэл дотооддоо гангийн үйлдвэр барих боломжийн талаарҮүр тээлкомпанийн захирал А.Даваадоржтой ярилцлаа.


Манай улс олон жил гангийн үйлдвэр байгуулах асуудлыг ярьж, төлөвлөж ирсэн. Гэвч бодит биеллээ олохгүй байна. Ган боловсруулах үйлдвэр байгуулах нь хэр төвөгтэй үйл явц вэ?

-Гангийн үйлдвэр байгуулах шаардлагатай. Үүний тулд эхлээд аж үйлдвэрийн парк байгуулах хэрэгтэй. нэгдүгээрт, төмрийн хүдэр, коксжих нүүрс, шохойн чулуу, жоншоо ашиглаад анхдагч ширэм гаргах ёстой.

Гаргасан ширмээ ган бэлдэц болгоно. Энэ гангаар бүр төрлийн төмөр хийх бололцоотой. Хоёрдугаарт, “Таван толгой”-оос гарч байгаа коксжих нүүрсийг шууд ширэм боловсруулахад хэрэглэхэд тохиромжгүй. Буталж боловсруулаад барьцалдуулагч бодистой хольж, хүчилтөрөгчгүй орчинд шатаана. Ингээд саарал өнгөтэй жинхэнэ кокс гарна. Үүний тулд коксын үйлдвэр байгуулах шаардлагатай болж байна. Коксын үйлдвэр байгуулснаараа төмрийн хүдэр хайлуулах хоёр дахь том алхмаа хийчихлээ гэсэн үг. Дээрээс нь шохойн чулуу, жонш хэрэгтэй. Энэ дөрөв нь манайд бий. Нэмэгдээд температур өсгөгч ферманган шаардлагатай. Энэ нь бол манайд байхгүй.

Үйлдвэр дагасан эрчим хүчний асуудал тулгарах байх…?

-Тийм. Энэ үйлдвэрийг ажиллуулахад 42 мГв-ын хүчин чадалтай цахилгаан станц шаардлагатай. Өнөөгийн эрчим хүчний тулсан хэрэглээнүүдийг шийдэх боломжгүй. Цаашид шийдэх хэрэгтэй. Шийдчихвэл бид жилд 500-800 мянган тонн ган үйлдвэрлэнэ гэсэн үг. Эхний хоёр үйлдвэр барихад 450 орчим сая ам.доллар хэрэгтэй. Харин 30-40 мГв-ын цахилгаан станц байгуулахад ойролцоогоор 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Бидэнд 600 орчим сая ам.доллар байхад гангийн цогцолбор үйлдвэртэй болно.

-600 сая ам.долларыг босгоход хэр хүндрэлтэй вэ. Хэдийгээр өндөр дүн ч урт хугацааны үр ашиг, стратегийн зорилтоо харвал босгож болох мөнгө байх?

-Бид эрдэс бүтээгдэхүүнээ экспортолж, улс орны орлого нэмэгдэж байна. Энэ орлогын өсөлтийг дэд бүтэц рүү л зарцуулна. Манайх шиг өргөн уудам газар нутагтай оронд барилга байгууламж, зам гүүр нэн тэргүүнд шаардлагатай. Энэ дэд бүтцийг шийдэхэд цемент, арматур гэсэн хоёр зүйл хэрэгтэй. Цементийг бол дотоодын зах зээлээс хангаж болно. Харин 600 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт байвал төмрийн үйлдвэрийг ойрын 3-4 жилийн хугацаанд л байгуулах боломжтой. Үүнд төр засаг анхаарал хандуулах шаардлагатай байна. Бид санхүүжилтийг хэд хэдэн аргаар босгож болно. Нэгдүгээрт бартерын гэрээ. Бид Гашуунсухайтын төмөр замыг барихын тулд 600 сая ам.долларыг дараа төлбөрт нөхцөлтэйгөөр гаргаж байгаа. Үүнтэй ижил бартерлаж болно. Өнөөдрийн ханшаар 90 ам.доллар гэж тооцоолоход 8 сая орчим тонн төмрийн хүдрээр бартерлах боломж бий. Ингээд цогц үйлдвэртэй болох боломж байна.

Үндсэн түүхий эд нь манайд байна шүү дээ. Бид жилд л дунджаар 300 сая ам.доллар гаргаж байгаа. Хоёр жилийн импортоор гаргах хэмжээний хөрөнгөөр л дотоодын эдийн засгийг 10-15 хувь тэлэх хэмжээний цогцолбортой болно гэсэн үг. Гэхдээ үүнийг ерөнхий дүр зураг гэж ойлгох нь зөв. Энд дахин онцлоход бүх төмөр хийцийн үйлдвэрлэл, зам гүүр, барилга байшинг дотоодын бүтээдэхүүнээр хийх боломж бүрдэнэ гэсэн үг. Үүнийг дагаад 5000 орчим иргэнийг ажлын байраар хангана. Жижиг, дунд үйлдвэрүүд хөгжинө. Хажуугаар нь анхдагч ширмээ экспортод гаргахад нээлттэй. БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад ширэм экспортлох боломж бүрдэнэ. Энэ үйлдвэрийг байгуулах нь стратегийн өндөр ач холбогдолтой. Ирэх 10 жилд Монгол Улс хөгжих үү, уруудах уу гэдэгтэй холбоотой.

Манайд төмөрлөгийн үйлдвэр бий. Хаягдал түүхий эд дахин боловсруулах замаар үйлдвэрлэл явуулж байна. Уг үйлдвэрийн хүчин чадал дотоодын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг яагаад ч хангаж чадахгүй байна?

-Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд л 100 сая ам.доллараар боссон. Зөвхөн хаягдал төмрийг хайлуулж бүтээгдэхүүн гаргаж байна. Дотоодын хэрэгцээг хангаж чадахгүй.Манайх дэлхийд эхний тавд орохоор зэсийн баяжмал экспортлогч болсон. Зэсийн баяжмалын үйлдвэрлэлд шаардлагатай чухал орц нь ган бөмбөлөг байдаг. Үйлдвэр байгуулснаар үүнийг дотооддоо хийнэ гэсэн үг. Өнөөдөр “Оюу толгой” компани ойролцоогоор 50 орчим сая ам.долларын ган бөмбөлөг хэрэглэдэг.“Эрдэнэт” үйлдвэр ч тэр хэмжээний ган бөмбөлөг хэрэглэдэг. Энэ өөрөө том зах зээл. Бид өмнөх 10 жилд үүнийг хийчихээр байсан л даа. Сэтгэл л дутаад байна.

Бид “Эрдэнэс Таван толгой”-г 600 орчим тэрбумаар босголоо. Ойролцоогоор 200 орчим сая ам.доллар гэсэн үг. Энэ асуудал дээр бонд босгох юм уу, бартерын гэрээ, зээл тусламжийн замаар санхүүжилт босгох бүрэн боломж харагдаж байгаа. Манайх олон улсын айлчлалаар хүнд хүртээлгүй жижиг сажиг төсөл барьж явахаа одоо болих цаг иржээ. Өөрсдөө шийдэх боломжтой зүйлийг гаднаас хайгаад хэрэггүй. Харин үйлдвэр барих бодлогоо боловсруулаад л санал болгоод явах хэрэгтэй.

Та гурван жилийн дотор барих боломжтой гэж байна.Бидэнд боловсон хүчин байгаа юм уу?

-Тэр нэг их асуудал биш ээ. Гурван жилийн дотор бэлтгээд гаргаж болно. ОХУ-д бэлтгэгдсэн суурь боловсон хүчин ч манайд бий. Үйлдвэр барьж байх явцад сургаад авчихаж болно. Бид машин үйлдвэрлэх гэж байгаа асуудал огт биш. Хольж шатаах л үйл явц. Хэдэн мянган жилийн өмнө ч хүн төрөлхтөн газар доор домен зууханд юм шатаагаад явж л байсан.

Үүнтэй ижил технологиор явах үйл явц. Идэвх санаачилга, зүрх зориг л хэрэгтэй. Төрийн удирдлагууд хаана ч очсон үүнийг л яриад явмаар санагдах юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

Хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач Э.МӨНХ-ЭРДЭНЭ: Эцсийн шүгэл дуугартал зүтгэдэг япон хүмүүжил гайхамшигтай юм

Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргаАтлетик 2020” болон Монголын үндэсний шигшээ багийн хаалгач Энхтайваны МөнхЭрдэнэтэй ярилцлаа.


Та анх ДарханУулын Шарын голын багт тоглож байсан бил үү. Ер нь хөлбөмбөгт хэрхэн татагдаж байв?

-Манай Шарын гол сум уурхайтай. Уурхайчид өдөр бүр цуглаж волейбол, хөлбөмбөг тоглодог юм. Хүүхэд байхдаа очоод л үзээд суучихдаг байлаа. Мундаг тоглодог хүмүүс олон байсан шүү. Тэр хүмүүсээс баг бүрдүүлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог байсан. Миний тухайд үзэж суусаар байгаад хааяа тоглодог болсон. Ингэж яваад л хөлбөмбөгт татагдсан даа. Эргээд бодоход өссөн орчин маань хөлбөмбөгийн спорттой ойр байжээ.

Сүүлд хоёрдугаар лигт Шарын гол сум баг бүрдүүлж оролцож байсан. Том лигийн тэмцээнд баг бүрдүүлж оролцоно гэхээр эрт үеэсээ спортын уламжлалтай газар юм даа

-Тийм шүү. Сумаасаа ирээд л улсын хэмжээнд ширүүн өрсөлдөөн үзүүлдэг байсан юм билээ. 2016 онд хоёрдугаар лигт Шарын гол сумын залуус баг бүрдүүлж өрсөлдөж байлаа. Миний бие тус лигийн шилдэг хаалгагчаар шалгарч байв. Төрсөн нутгаа зарлуулж ногоон талбайд гарна гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан байдаг юм билээ. Манай Шарын голынхон ч ганцаарчилсан төрлийн спорт гэхээс илүү багийн спортыг дэмждэг хүмүүс байдаг.

Хоёрдугаар лигийн шилдэг хаалгачаар шалгараад үндэсний шигшээ багт дуудагдсан бил үү?

-Тийм ээ. Шарын гол сумынхаа багаас тоглож өөрийгөө нээж, цааш тоглох замаа засч байсан. Улмаар зэрэглэл ахиж дээд лигийн “Атлетик 2020” клубтэй гэрээ байгуулж цалинтай тамирчин болж байлаа. Энэ бүхний ард арваадхан настай хүүхэд мөрөөдлөө хэлээд очиход намайг хүлээж авсан Жавхлантөгс багшдаа их талархаж байсан. Мөн хөлбөмбөгийн спортын дөр суулгасан Баттулга багшдаа их баярладаг юм.

Тэр арваадхан настай хүү өнөөдөр үндэсний шигшээ багийн ноён нуруу болсон том тамирчин болжээ. Өнгөрсөн долоо хоногт шигшээ багаа төлөөлж Японы дэлхийн шилдэг багийн эсрэг тоглолт хийлээ. Тоглолтын талаар ярихгүй юу?

-Японы шигшээ бол 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алгасалгүй оролцож байгаа Азийн чансааг тэргүүлдэг, дэлхийд 27 дугаарт эрэмбэлэгддэг баг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд анх удаа шалгарсан бидний хувьд дэлхийн шилдэг багтай оноолт таарч, том тэмцээний утаа үнэрлэж, туршлага судалсан нь ялалт байлаа. Үргэлж чансаа ижил, тааруу багуудтай тоглоод байвал бид цааш хөгжихгүй. Дэлхийн хэмжээний багийн эсрэг тоглож байж л цааш алхана.

Ковидын дэгдэлттэй холбоотойгоор хөл хорьсон амаргүй цаг үеийг давж дэлхийн шилдэг багуудын нэгтэй тоглосон ч 14:0-ээр ялагдлаа. Хөл хорионы үед бэлтгэл хэрхэн базаав?

-Заал хаалттай үед үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагчаасаа зөвлөгөө авч гэрийн нөхцөлд бэлтгэл хийсэн. Ингээд хоёрдугаар сарын 28-нд Турк улсад очиж 21 хоногийн хамтарсан бэлтгэлд хамрагдсан. Тэндхийн цаг агаар бэлтгэл хийхэд их тохиромжтой санагдсан шүү. Хэтэрхий халуун биш, хүйтэн ч биш. Тэндээс Тажикистан руу тоглолт хийхээр ниссэн.

Японы шигшээ багтай хийсэн тоглолтыг энд онцолмоор байна. Тоглолтын эхний 20 орчим минутын хугацаанд бөмбөг эзэмшиж урагш довтолсон тоглолт үзүүлж байсан шүү дээ. Урагшаа шахахад гарсан ар талын зайг Японы баг ашиглаж тоглож байна лээ. Тоглолтын агуулгыг анзаарахад манайх өмнөхөөсөө өөр тоглолт үзүүлж байсан шүү дээ.

-Хамгаалж байгаад л гоол алдахыг бид хүсээгүй юм. Тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн учраас эхнээсээ л бөмбөг түлхүү эзэмшиж, довтолж тоглохыг эрмэлзэж байлаа. “Бид ч хөлбөмбөг тоглож чадна” гэдгийг харуулахыг зорьсон юм. Ерөнхийдөө айлын талбай руу шахаад амжилтгүй болсон тохиолдолд буцна гэсэн даалгавартай талбайд гарсан.

Японы шигшээ баг манай эсрэг бүх шилдгүүдээ талбайд гаргаж байна лээ. Шахуу хуваарьтай үед манайх шиг чансаа сул багийн эсрэг гол тамирчдаа амраах болов уу гэж харж байлаа. Гэсэн ч тэгсэнгүй. Энэ нь бас хүндлэл юм шиг

-Нэг талдаа тийм байж болно. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд Японы шигшээ багт тоглолт бүр маш чухал. Ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ямар тактик боловсруулахаа туршиж хэрэгжүүлээд л явж байгаа. Бидэнтэй тоглохын өмнө зэрэглэл ойролцоо БНСУ-ын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн бүрэлдэхүүнээ манай эсрэг гаргасан байна лээ.

Таны хувьд тоглолтын эхэнд Японы багийн хоёр ч удаагийн маш аюултай довтолгоог няцааж байсан. Та энэ тоглолтод өөрийгөө хэрхэн бэлтгэсэн бэ?

-Тоглолтын өмнөх өдөр хүү минь “Аав аа, сайн тоглоорой. Битгий гоол алдаарай гэсэн” зурвас илгээсэн байсан. Хүүгийнхээ захиасыг уншаад их урам зориг авч өөрийгөө дайчилсан. Ингээд л өөрийгөө хурцлаад талбайд гарсан. Эхлээд хаалгачийн эсрэг ганцаараа гарсан боломжийг хамгаалаад илүү өөртөө итгэлтэй болж ирсэн шүү. Аавыгаа зоригжуулсан хүү минь хөлбөмбөгт их дуртай. Миний тоглолтыг анхааралтай үздэг юм.

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнАваргуудын лиг”-ийн зургаан удаагийн аварга АнглийнЛиверпүүлклубт данстай Такуми Минамино эхний гоолыг оруулсан шүү дээ. Энэ гоолын талаар?

-Манай багийн хоёр ч хамгаалагч миний өмнүүр орж харах орон зайг хязгаарласан юм. Би тухайн мөчид цохилтын чигийг нь харж чадаагүй. Сүүлд анзаарахад жижигхэн зай л гарсан юм билээ. Ердөө секундийн хугацаанд жаахан зай гарахад түүнийг ашиглаж байгаа юм. Өндөр зэрэглэлийн мэргэжлийн тамирчид гэдэг олдсон боломжийг өндөр хувьтай алдалгүй ашигладаг юм билээ.

Манай багийн хаалганд найман гоол орчихсон, тоглолтын хувь заяа үндсэндээ шийдэгдчихсэн байхад л Японы шигшээ баг довтолсоор л байсан. Манайхан суралцмаар л чанар шиг анзаарагдсан шүү.

-Япончууд хожиж байсан ч, хожигдож байсан ч эцсийн шүгэл үлээтэл өөрт байгаа бүх зүйлээ шавхаж биеэ дайчилдаг нь үнэхээр гайхалтай. Япон үндэстний мөн чанар гэх юм уу даа. Нэмэлтээр гурван минут сунгахад л гурван гоол нэмж оруулсан шүү дээ. Эцсийг нь хүртэл зүтгэдэг. Сүүлд сэлгээгээр орж ирсэн залуус нь өөрийгөө нээж дараагийн тоглолтод оролцохоор бүх хүчээ шавхаж байсан. Нэгэнт ойлгомжтой болчихсон тоглолтод хоорондоо дамжуулаад цаг дуусгаж болно шүү дээ. Тэгэхэд л дайраад л байгаа юм. Энэ бүх чанаруудаас манай багийнхан суралцсан. Энэ бүхэн л бидний ялалт юм даа.

Европын лигүүдэд хүч үздэг олон тамирчид талбайд гарсан. Хамгийн шилдэг нь хэн байв?

-Олон жилийн турш хамт тоглож байгаа учраас багийн систем нь нь гайхамшигтай юм билээ. Онцгойроод байх тамирчин нэг их байхгүй. Нэгийг нь онцол гэвэл багийн ахлагч Эндог нэрлэх байна. Довтолгоо эхлүүлэхдээ талбайг харж байгаа мэдрэмж үнэхээр төгс юм билээ. Хурд хүч ч гайхамшигтай. Талбайд биеэ авч яваа байдал нь бас их гоё. Ур чадвараар илүү байлаа гээд өөдөрхсөн хандлага гаргахгүй.

Японтой хийсэн тоглолтын дараа шигшээ багаа хайр найргүй л шүүмжилж байсан даа, манайхан. Үүнийг хэрхэн хүлээж авав?

-Нэг их ач холбогдол өгөөгүй ээ. Шүүмжлэл гэдэг шат шатанд л байдаг зүйл шүү дээ. Спортын нэг хэсэг нь. Роналдо, Мессиг хүртэл шүүмжилж л байдаг. Манайхны тухайд авах зүйлийг нь тусгаж аваад л, дайрсан доромжилсон зүйлийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн. Тамирчид гэдэг сэтгэл зүй нь бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Иймхэн зүйлд шантраад байдаггүй.

Унгарын дээд лигт тоглож буй Г.Ганбаяр маань Монгол Улсынхаа шигшээ багт тоглолт хийсэн. Ганбаярын талаар асуумаар байна?

-Хөлбөмбөг өндөр хөгжсөн Европ тивд мэргэжлийн багтай гэрээ байгуулсан тамирчин шүү дээ. Биднээс өөр түвшинд бэлтгэгдэж байгаа хүн. Ур чадвар ч гайхамшигтай санагдсан. Цаашид илүү хөгжиж, илүү өндөр зэрэглэлийн багт тоглож Монгол Улсынхаа нэрийг гаргах байх.

Нээрээ шигшээ багийн ахлагч Д.Төрбат өнгөрсөн тойргийн тоглолтод оролцоогүй. Ямар шалтгаан байв?

-Шар хуудасны торгуулийн улмаас өнжсөн. Манай багийн төвийн хамгаалагч, ноён нуруу болсон тамирчин маань оролцож чадаагүй.

Таны тухайдАтлетик 2020” багийн хамт 2020 оны хөлбөмбөгийн дээд лигт түрүүлсэн. Мартагдахааргүй мөч биз?

-Тэгэлгүй яах вэ. Дотоодын өрсөлдөөн ширүүн болсон шүү дээ. Манай томоохон компаниуд хөлбөмбөгт хөрөнгө оруулалт хийдэг, багууд нь ч хүчирхэг болсон. Дөрвөөс таван баг аваргын төлөө өрсөлдөж байгаа юм. Үзэгчид ч стадионд цуглаж үздэг. Энэ мэтээр хөлбөмбөгийн соёл манайд дэлгэрээд л байгаа. “Атлетик 2020” баг 2017 онд лигийн аваргаас хүрэл медаль хүртээд хоёр жил дараалж дөрөвдүгээр байр эзэлсэн. Харин энэ жил зорилгодоо хүрч дээд лигийн цом өргөлөө. Тамирчидтай мэргэжлийн гэрээ байгуулдаг, хөдөлмөрийг нь ч үнэлдэг клуб. Бүх клубүүд л ийм болчихоосой гэж санадаг юм.

Том багуудыг судлаад үзэхэд зөвхөн хаалгачийн мэргэшсэн дасгалжуулагчтай байдаг юм билээ. Манайд хаалгачийн дасгалжуулагч бий юү?

-Одоогоор үгүй. 2017 онд манайд Румын улсаас мэргэжилтэн ирж ажиллахдаа “Хаалгач гэдэг хөлбөмбөгт маш чухал. Мэргэжлийн дасгалжуулагчтай байх ёстой. Бусдаасаа өөр дасгал хийдэг” гэж билээ. Би ч тэр хүнээс их зүйл сурсан. МХБХ-ноос хаалгачийн мэргэжлийн дасгалжуулагчийн сургалт авсан. Эхний удаад 20 гаруй хүн хамрагдсан юм билээ. Удахгүй клубүүдэд ажиллаад эхлэх байх.

Хөлбөмбөгийн хөгжилд ямар дэмжлэг шаардлагатай байна?

-Зөв систем хэрэгтэй. Системийг хэрэгжүүлэхэд санхүүгийн шаардлага гарна. Бөх, морь руу оруулж байгаа асар их хөрөнгө оруулалтынхаа талыг нь болтугай багийн спортод зарцуулаасай гэж ивээн тэтгэгчдээс хүсдэг юм. Мэргэжлийн клубүүд тамирчдаа багаас нь бэлтгэж зөвхөн хөлбөмбөг тоглоод явах боломжоор хангах хэрэгтэй. Үүний тулд санхүү шаардлагатай.

Багийн спортод хөрөнгө оруулаад ямар ач холбогдолтой юм?

-Бөх барилдаад ч юм уу, бокс тоглоод ч ганц хүн л мандана. Шигшээ багийн ард тус улсын нэр хүнд, хөгжил харагдаж байдаг. Талбайд гарсан 11 тамирчны ард бүтэн баг ажилладаг. Тамирчин бүрээс өндөр хариуцлага шаардана. Багаараа ажилладаг учраас энэ спортоор хичээллэдэг хүүхдийн сэтгэ-хүйд асар сайнаар нөлөөлнө. Нэгдүгээрт, багаар ажиллах чадварт суралцана. Хоёрдугаарт, багийнхныхаа өмнө хариуцлага хүлээх чадвар эзэмшинэ. Энэ хүмүүжлийг эцэг эх бус багийн спортоос олж авна л даа. Амьдрал дээр ч багаар хамтарч ажилласан хүн илүү хол явж, өндөр амжилтад хүрсэн байдаг шүү дээ. Багаар ажиллах чадварт суралцаж, хамт олны өмнө хариуцлага хүлээж сурсан хүүхэд илүү хол явна л гэсэн энгийн ойлголт. Ганцаарчилсан спортоос ялгарах онцлог нь товчхондоо энэ. Таны хүүхэд хөлбөмбөг тоглоод өндөр ажилт үзүүлэхгүй байж болно. Хамгийн чухал нь багаар ажиллах сэтгэхүй гэдэг зүйлийг өөртөө суулгаж байгаа юм. Том зургаар нь харвал зөв төлөвшилтэй иргэн бэлтгэгдэнэ гэдэг маань нийгэм цэвэрлэгдэнэ л гэсэн үг. Үүний цаана улс орны хөгжил яригдана. Багийн спортын ач холбогдол нь энэ.

Та ямар мэргэжилтэй вэ?

-Би инженер мэргэжилтэй. Гэхдээ энэ чиглэлээр ажилладаггүй. Зөвхөн хөлбөмбөг тоглоод л явж байна. Өөрийн дуртай зүйлээ хийгээд, сэтгэл ханамж авч явна гэдэг аз жаргал шүү дээ. “Атлетик 2020” клубээс амьдралд хүрэлцээтэй цалин өгдөг юм. Манай гэр бүлд болоод л байдаг. Сүүлд нэг зүйлийг онцлоход нүүдэлчин сэтгэхүйтэй, аминч үзэлтэй монголчууд багийн спортоор амжилт үзүүлэхгүй гэх муухай хандлага манайд бий. Манайх сагсан бөмбөгийн спортоор олимпийн наадмын эрх авчихлаа. Одоо энэ сэтгэхүйгээ авч хаях хэрэгтэй. Монголын хөлбөмбөгчдөд ч амжилт ойрхон бий.

Categories
гадаад мэдээ спорт

Олимп, дэлхийн аварга Жордан Барроуз, дэлхийн хошой аварга Жейден Кокс нар олимпийн эрх авч чадсангүй

Жордан Барроуз, Кайл Дэк нар барилдааны дараа

Токио-2021 олимпод оролцох багийн бүрэлдэхүүнээ АНУ-ын бөхийн холбоо Техасын Форт-Уорт хотноо тодрууллаа. Шалгарсан 12 бөхөөс 11 нь Токиод барилдах эрхээ шууд авч байгаа бол зөвхөн эрэгтэй 65 кг-ын бөх Жордан Оливер л Болгарын Софид олимпийн эрхийнхээ төлөө хүч үзэх юм.

Чөлөөт бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан тус тэмцээн дуулиан шуугиантай болж өндөрлөлөө. 2012 оны олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга домогт бөх Жордан Барроуз 74 кг-д дэлхийн аварга Кайл Дэйкид 3:2-оор ялагдсан нь гол дуулиан байв. Ингэснээр мэргэжлийн тамирчны замналдаа 129 ялж ердөө 12 удаа л хожигдож байсан Жордан Барроуз аварга Токиогийн олимпийг зурагтаар үзэхээр болж байна.

Мөн 92 кг-ын жингээс жин өгсөж 97 кг-д барилдахаа зарласан дэлхийн хошой аварга Жейден Кокс жин үзүүлэхдээ хоцорч очиж тэмцээнээс хасагдсан нь өөр нэг шуугиан байлаа. Олимпийн наадамд түрүүлнэ, медаль авна гэдэг АНУ-ын бөхчүүдийн хувьд тун чухал байдаг. Зөвхөн нэр төрөөс гадна их хэмжээний мөнгөн шагнал дагалддаг. Улсын төсвөөс мөнгөн урамшуулал олгодоггүй ч “Мөрөөдлийн медаль” байгууллагаас олимпийн аварга бөхөд 250 мянга, мөнгөн медаль хүртсэн бөхөд 50 мянга, хүрэл медальтанд 25 мянган ам.доллар шагнал гардуулдаг юм.

Дээрх үйл явдлын талаар Жейден Кокс “Снайдерийг олимпод явуулах сонирхолтой хүмүүс надад саад хийлээ. Тэд санаатайгаар жин үзэх цагийг буруу хэлж, намайг хорлосон” гэж мэдэгдсэн байна. Орон нутгийн хэвлэлд Коксын дасгалжуулагч нь шавийнхаа эсрэг хуйвалдаж дээрх үйл явдлыг зохион байгуулсан байж болзошгүй талаар мэдээлж байгаа юм.

Гол өрсөлдөгчийн эзгүйд дэлхийн Снайдер олимпийн аварга цолоо хамгаалахаар Токиогийн олимпийг зорихоор болсон юм. Тэрбээр Коллин Мурыг 10:0, 5:1-ээр хялбархан ялсан юм. Хэрэв Жейден Кокс сорил тэмцээнд оролцсон бол Снайнедрийг ялна гэж мэргэжилтнүүд тооцоолж байсан юм.

Сэтгүүлчид ОХУ-ын бөх дэлхийн аварга Абдулрашид Садулаевийн гол өрсөлдөгчөөр Жейден Коксыг нэрлэж олимпийн наадмын шигшээд таарч барилдах талаар онцолж байлаа. Улмаар Жейден Коксыг олимпийн аварга болох магадлал өндөр байгаа тухай мэдээлж байсан юм.

Мөн 125 кг-ын жинд ДАШТ-ий хошой медальт Ник Гвяздовскиг өсвөр үе залуучуудын дэлхийн аварга Гэйбл Стивсон илт илүүрхэж Токиогийн дэвжээнд хүч үзэхээр болоо. Гэйбл Стивсоны тухайд өнөө жил 21 настай бөгөөд анх удаагаа олимпийн наадамд оролцохоор болж байна.