Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Ирмүүн: ОУ-ын олимпиадаас медаль хүртэж хаана, ямар ч их сургуульд элсэх боломжийг өөртөө нээлээ

Японы Хигашиосака хотноо болсон Олон улсын химийн олимпиадаас Монголын баг хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртжээ.

Олон улсын хэмжээнд зохиогддог нийт зургаан олимпиад байдгаас энэ жил манай улсын баг тамирчид математик, мэдээлэл зүй, хими, биологи, физик гэх таван төрөлд оролцож 19 шагнал хүртсэн юм. Үүнд хоёр алт, зургаан мөнгө, долоон хүрэл медаль, дөрвөн тусгай байрын шагнал тус тус багтжээ. Олон улсын химийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн “hobby” сургуулийн сурагч А.Ирмүүнтэй ярилцлаа.


-Олон улсын олимпиадад амжилттай оролцсон танд баяр хүргэе. Тэмцээний талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Баярлалаа. Олон улсын 53 дугаар олимпиад Японы Хигашиосака хотод зохион байгуулагдлаа. Нийт 79 орны 309 хүүхэд ур чадвараа сорьсон. Дэлхийн бүх л шилдэг сурагчид чуулдаг том олимпиад л даа. Манай улсаас дөрвөн хүүхэд оролцлоо. Миний тухайд анх удаагаа оролцож хүрэл медаль хүртлээ. Энэ тэмцээнд улс орнуудаас шилдэг дөрвөн хүүхдийг л шигшиж оролцуулдаг. Би эхлээд сургуулиасаа шалгарсан. Улмаар дүүрэг, нийслэл, улсын олимпиадуудад амжилттай оролцсон. Эндээс эхний 10 хүүхэд шалгаруулж сорил аваад хамгийн өндөр оноотой дөрвөн хүүхдийг шалгаруулж олон улсын олимпиадын эрх олгосон.

-Химийн шинжлэх ухаанд анх хэрхэн татагдаж байв. Хэдэн жил судалж байна вэ?

-Анх тавдугаар ангид ороход бодис холиод л өнгө нь өөрчлөгддөг талаар судалдаг хичээл их сонирхолтой санагдаж байлаа. Өмнө нь кинон дээрээс л бодис холиход өнгө нь өөрчлөгддөг талаар харж байсан л даа. Судлаад үзэхэд их сонирхолтой санагдсан шүү. Ингээд л химийн элемент, томьёо цээжлээд л гэр бүлийнхэндээ шалгуулдаг болсон. Намайг долдугаар ангид ороход Сосорбарам гэж багш манайд шинээр шилжиж ирсэн юм. Намайг их дэмжинэ. Янз бүрийн сурах бичиг нэмэлтээр өгнө. Жаахан гүнзгий судлаад үзэхэд үнэхээр сонирхолтой. Намайг химийн шинжлэх ухаанд хөтөлж, суурийг маань зөв тавьж өгсөн хүн бол Сосорбарам багш маань гэж талархаж явдаг. Ингээд Энхбаяр багштайгаа нийлж илүү лавшруулж судалж тэмцээн уралдаанд ордог болсон. Наймдугаар ангидаа есдүгээр ангийн хүүхдүүдтэй өрсөлдөж улсын олимпиадаас мөнгөн медаль хүртэж байсан маань санаанаас гардаггүй юм. Улсын олимпиадад оролцож хүрэл медаль хүртэж байлаа. Энэхүү шинжлэх ухааныг илүү цааш нь судлах сэдэл тухайн үед төрж байсан шүү.

-Олон улсын олимпиадад анх удаагаа оролцоод л хүрэл медаль зүүжээ. Тэмцээндээ хэрхэн бэлтгэв?

-Сорил авахад дөрвөн хүүхэд л шалгарч үлдсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж гэрийн нөхцөлд л бэлтгэл хийсэн. Өдөрт дөрвөн цагийг зарцуулсны үр дүн гарч медаль хүртлээ.

-Цар тахал биднээс амьдралын шинэ хэв маяг шаардаж байна шүү дээ. Танд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Компьютерийн ард удаан хугацаанд суух амар биш юм. Нөгөө талдаа гэрээс сургалтад хамрагдахад хувиараа бэлтгэл хийх цаг их гарсан. Жаахан эргэлзээтэй зүйлсээ бататгах хугацаа гарч байсан гэж ойлгож болно. Менделеевийн нэрэмжит олон улсын олимпиадад оролцсон маань сая том туршлага болсон шүү.

-Д.И.Менделеевийн олимпиадад ямар амжилттай оролцов. Өргөн цар хүрээтэй том тэмцээн шүү дээ.

-Д.И.Менделеевийн олон улсын олимпиадын тэмцээнд туршлага маягаар орсон л доо. Саяны тэмцээнээс ч илүү өргөн цар хүрээтэй тэмцээн Унгарт зохион байгуулагдсан юм. Энэ тэмцээнд онлайнаар өрсөлдөж хүрэл медаль хүртсэн. Монгол сурагчдаас медаль хүртсэн анхны тохиолдол нь энэ юм билээ. Миний аав боксын олон улсын хэмжээний мастер цолтой хүн. Хоёр ч олимпийн наадамд орж өрсөлдөж байсан хүн л дээ. Аав маань анх Унгарт анхны олон улсын тэмцээндээ тулалдаж байсан юм билээ. Би ч Унгарт болсон Д.И.Менделеевийн тэмцээнээс хүрэл медаль хүртээд их бэлгэшээсэн. Их ч баярласан.

-Таны тухайд химийн шинжлэх ухааныг дагнаад судлаад явж байна гэж ойлголоо. Судлахын ач холбогдол нь юу юм бэ?

-Анх өнгөлөг гоё зүйлс гаргаж авдаг юм байна. Эм зүйтэй холбоотой юм байна гэж боддог байлаа. Судлаад үзэхэд бүх л зүйл хими юм байна гэдийг ойлгож авсан. Хүмүүс бид өөрсдөө бүгд л химичид. Жишээ нь, агаар дахь хүчилтөрөгчийн хийг аваад буцаагаад нүүрсхүчлийн хийг гаргаж байгаа. Энэ дунд олон үйл явц өрнөнө. Энгийнээр тайлбарлавал хүмүүс химийн үйлдвэр л гэсэн үг. Хими бол эргэн тойрон дахь бүх зүйл. Судлаад үзэхэд үйл явц хэрхэн үргэлжилж байгаа нь үнэхээр сонирхолтой.

Миний сонирхлыг татсан гол зүйл нь хими харилцан үйлчлэлээр яагаад өөрчлөгдөж байна, үйл явц нь хэрхэн үргэлжилж байгаа явдал нь гэж хэлж болно. Жишээ нь, нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг азон хэрхэн үүсч, хэрхэн уусч алга болдгийг химийн урвалаар тайлбарлаж өгдөг. Тухайн үйл явц хэрхэн үргэлжилдэг нь илүү сонирхолтой. Тусгай бэлтгэгдсэн схемчлэлээр ийм бодистой ийм бодис хольж халааж урвалд оруулбал бүтээгдэхүүн нь иймэрхүү байх боломжтой гэх мэтчилэн судалгаа байдаг л даа.

Түүнчлэн H1N1 вирус хүний биед орж хэрхэн хуваагддагийг судалж байсан л даа. Хуваагдал нь хүний эмзимтэй холбоотой юм байна. Түүнийг нь блокловол тухайн вирус олон хуваагдахгүй, хүний эмзимийг блоклодог бодисыг гаргаж авч байсан. Ингэснээр тухайн вирус нэг их аюулгүй болж ирж байгаа юм. Сүүлийн үеийн судалгаагаар металл шинжлэх ухаан маш хөгжиж байна.

-Та дэлхийн хэмжээний олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн оролцож хүрэл медаль хүртлээ. Өмнө тань ямар боломж нээгдэж байна вэ?

-Оролцож байгаа нь өөрөө том амжилт. Оролцохын тулд бэлтгэнэ, олон бодлого бодно. Илүү туршлагажиж, илүү өөрийгөө нээнэ, илүү хөгжинө л гэсэн үг. Би олон улсын олимпиадаас медаль хүртсэнээр дэлхийн хаана ч, ямар ч сургуульд орох үүд хаалга нээгдлээ гэж хэлж болно.

-Цаашид өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ. Ямар мэргэжил эзэмшихээр төлөвлөөд байна?

-Онолын химич болно. Онолын химич илүү физик хими талдаа ажилладаг мэргэжил. Физик химийг кинетик тал руу нь судлах илүү сонирхолтой. Кинетик хими нь урвал хэрхэн явагддаг талаар судалдаг л даа. Кинетик хими цаашлаад механизм тал руугаа ордог. Тухайн кинетик урвалын хурдыг хэмжсэний үр дүнд молекулууд нь ингэж харилцан үйлчилж байна гэдгийг судалдаг.

-Одоогоор сонгож буй мэргэжлийн чинь ач холбогдол юу вэ. Улс орны хөгжил дэвшилд ямар хэрэгтэй вэ?

-Би танд сая суурь ойлголт л хэлсэн л дээ. Энэ мэргэжил үйлдвэрлэлд маш хэрэгтэй. Эрчим хүчтэй ч холбоотой. Нарийвчлаад хэлбэл, эрчим хүчийг илүү ашигтайгаар хэрхэн ашиглаж болох вэ, кинетикийг ахисан түвшинд судалснаар технологи илүү хөгжинө гэж ойлгож болно. Үүнээс гадна эмзүй дээр ч чухал нөлөөтэй. Жишээ татаад ярихад, ДОХ гэж аймшигтай өвчин бий. Хүний биед яагаад хортой вэ гэхээр ДОХ-ын молекулууд өөрчлөгдөөд яваад байдаг. Тийм судалгааг кинетик судалдаг хүмүүс л хийдэг. Хурдыг хэмжсэнээр тухайн өвчнийг хэрхэн удаашруулах вэ, ийм үед нь ямар бодисоор дайрсан нь дээр вэ гэх мэтчилэн судалдаг. Энэ талаас нь харвал үйлдвэрээс гадна эрүүл мэндийн салбарт чухал үр нөлөөтэй.

-Өнөөгийн нийгэмд шинжлэх ухаанд тархиа гашилгах хүүхэд цөөрч. Заал тойрч гүйж байгаад л олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль зүүж амьдралын баталгаагаа бий болгочих сонирхолтой хүмүүсээр нийгэм дүүрсэн байна. Цаашдын хөгжил дэвшилд мэдээж инженерүүд хэрэгтэй. Химийн шинжлэх ухааны салбар луу залуусыг хэрхэн татах вэ?

-Хими бол биологи, физик хоёрыг холбож өгдөг. Хими сурснаар хүрээлэн буй орчны нууцыг тайлна. Жаахан хүүхэд эцэг эхээсээ асуудаг шүү дээ. Тэнгэр яагаад цэнхэр өнгөтэй юм бэ, ус яагаад буцалдаг юм бэ? Юм яагаад унадаг юм бэ? гэх мэтчилэн асуултыг тогтмол асуудаг. Энэ үед нь асран хамгаалагч тайлбарлаж байх нь чухал. Манайхан дараашаагаад, үзэл бодлыг нь няцаагаад хаячихдаг. Тухайн үед нь тайлбарлаад өгвөл сонирхолдоо хөтлөгдөөд хүүхдийг нээж өгдөг ач холбогдолтой. Сониуч занг нь дэмжээд өгмөөр санагддаг. Шинжлэх ухаанаар явах хүн сониуч, эрмэлзэлтэй байх нь хэрэгтэй. Эрмэлзлийг нь өдөөж өгөх нь чухал гэж хэлээд байна л даа. Өнөө үед бол google-ээс хайгаад л тайлбарлаад өгөх боломжтой.

-Олон улсын олимпиадад монгол сурагчид өндөр амжилт үзүүлж байна. Цааш нь хөгжүүлээд чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд ямар дэмжлэг шаардлагатай вэ?

-Манай сурагчид олон улсад өндрөөр үнэлэгддэг. Энэ нь сая тод харагдлаа. Цааш нь хөгжүүлэхэд бааз хэрэгтэй. Үүнийг ойлгож дэмждэг хүмүүс нь ховор байна л даа. Шинжлэх ухааны салбараа дэмжээд өгвөл соёл урлаг, спортоос илүү үр дүн гарна. Улс орны хөгжлийн түвшинг шинжлэх ухаан л тодорхойлно шүү дээ.

-Та ямар хоббитой вэ?

-Би марк цуглуулдаг. Миний төрсөн өдрөөр өвөө, эмээ минь надад бэлэглэж байсан юм. Олон улсын үзэсгэлэнд тогтмол явуулдаг. Алгасалгүй шагнал авдаг. Цуглуулгаа үргэлжлүүлээд явж байна.

-Бидний ярилцах цаг энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн Ирмүүнийг бүтээхэд олон хүн тусалж дэмжсэн байх.

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Хамгийн түрүүнд намайг бүх зүйлд дэмждэг хайртай гэр бүлийнхэндээ талархал илэрхийлье. Би сайн багш нартай учирсан азтай хүн. “Хобби” сургуулийн хамт олон, удирдлагууддаа их баярладаг. Намайг олон улсын олимпиадад бэлтгэсэн МУИС-ийн багш нарт талархал илэрхийлье. Дэлхийн хэмжээний сурагч нарыг л МУИС-ийн багш нар бэлтгэж байна шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Дөлгөөн: Чоно хүүхэд рүү дайрахыг нүднийхээ булангаар хальт хараад л буу шүүрээд, шууд гох дарсан

Энэ оны зургадугаар сарын 12нд шилжих шөнө А.Дөлгөөн гэх залуу Завхан аймаг руу явах замдаа Шатахуун түгээх станцын ажилтан халдлагад өртөж байхад аварсан. Цаашлах замдаа тэрбээр дөрвөн настай охин руу дайрсан чоныг алдалгүй буудан унагаж баатарлаг гавьяа байгуулсан билээ. Түүнд тохиолдсон адал явдлынх нь талаар хөөрөлдсөнөө хүргэе.


-Өнгөрсөн зун Завханы Нөмрөгт халдлагад өртсөн ШТС-ын ажилтанд тусалсан гэх мэдээлэл цахимд гарсан байна лээ. Тухайн үед ямар үйл явдал болсон юм бэ?

-Завхан аймгийн Нөмрөг сум орохоос 17 км-ийн наана миний машин эвдэрсэн юм. Ус нь халаад явах боломжгүй болсон л доо. Хөл хорио тогтоочихсон үе учраас замд унаа ч тааралдахгүй байлаа. Хоёр цаг орчим алхаж Нөмрөг сум руу шөнийн 01:00 цагийн алдад орсон юм. Ингээд “Шунхлай” ШТС руу очиж түгээгч эмэгтэйгээс тосол асууж, авахаар боллоо. Бие засах газар луу ороод гараад иртэл “Приус 30” маркийн машинтай хоёр залуу банкаа дүүргэчихээд түгээгчид мөнгөө өгөхгүй, картын нууц дугаараа буруу хэлээд хэрэлдээд зогсож байна. Энэ зуур өнөөх хоёр залуу хоорондоо “Зугтчихъя” гэж ярилцаж байхыг нь би сонссон юм. Тухайн үед цагдаад мэдэгдье гэж санаад машин руу нь очоод түлхүүрийг нь авчихлаа. Ингээд бидний хооронд маргаан дэгдсэн. Өнөө залуусын нэг нь намайг цохиход нь түлхэж унагаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Нөгөө залуу нь ч “Ална даа” гэж хашхираад л гүйгээд ирэхэд нь мушгиж унагаад өччихсөн юм. Өнөө хоёр ч газар хэвтээд өглөө. Түгээгч эгчид “Приус 30”-ын түлхүүрийг нь өгчихөөд “Цагдаа дуудаарай, та” гэж хэлээд тосолоо аваад машин дээрээ очиж хонохоор зам дагаад алхчихсан. Ингэж алхаж явахад холын тээвэрт явдаг бололтой “HOWO”-той ах над руу хүрч ирээд зогслоо. Өнөөх ахад хандаж машин эвдэрсэн тухайгаа дуулгатал надад тусалсан. Машины маань радиотрын цоорсон хэсгийг цавуудаад өглөө. Жолооч ахад талархал илэрхийлж, тодорхой хэмжээнд урамшуулаад цааш явсан юм. Тухайн үед үүр хаяарч байсан.

-Цааш явахдаа дөрвөн настай охиныг чонын халдлагаас аварсан талаар та ярьж байсан. Энэ тухай яриач?

-Миний тухайд удаан хугацаанд хоол унд идээгүй, нэлээн ядарч өлссөн учраас айл бараадаад нүдний хор гаргаад цааш явъя гэж санасан юм.

Төв замаас жаахан хазайтал хоёр эсгий гэртэй айлаас хүн гарч ирж байгаа нь харагдлаа. Яваад очиход нэг ах морио барьчихсан эмээллэж байсан. Өнөөх ахтай таван үг сольж байх зуур цаахан талд нэг их холгүй цөөн тооны хонийг жаахан охин туугаад явж байв. Удсан ч үгүй гэрийн гадаа хэвтэж байсан хэдэн нохой хуцаад эхэлсэн. Ах ч “Чоно” гэж хашхираад гэр лүү гүйж ороод калибр бариад гараад ирлээ. Чоно ч яах ийхийн зуургүй зуургүй л хонь руу дайраад ороод ирсэн. Хонин сүрэг ч тал тал тийшээ тарчихдаг юм билээ. Би ч хүүхдийг нь шүүрчихье гэж санаад л моринд мордож гуядаад ухасхийсэн. Чоно ч хүүхэд рүү дайрч байгаа нь нүдэнд зэрвэс харагдлаа. Морь ч даялаад явж өгдөггүй. Өмнө нь хангайн амьтанд хөөлгөж байсан морь чоно руу ойртдоггүй юм билээ. Ингээд өнөө ахын бууг шүүрч аваад л шууд буудчихсан. Хүүхэд рүү дайрсан чоно ч урагшаа годройтоод л унасан. Чоно доороо эргэлдэж байхад нь морио хаяж гүйж очоод бууныхаа бөгсөөр толгой руу нь хэд цохиод л алсан. Нар мандахын өмнөхөн болсон явдал л даа. Гэрийн эзэн ахаас яагаад эрт боссон талаар асуухад овооны тахилгад явахаар зэхэж нар битүүд босоод байсан нь тэр юм билээ. Ах ч надаас нэр алдар асуухад нь алсан чоноо ардаа ачаад шалавхан хөдөлсөн.

-Нүдний хор гаргахаар айл бараадсан талаар та хэлсэн шүү дээ. Юунд яарсан юм…

Нэгдүгээрт, би хууль бус ан хийчихсэн. Хоёрдугаарт, шатахуун түгээх станц дээр хүн зодчихсон болохоор асуудалд орохыг хүсэлгүй, ахаас тэвнэ аваад шууд цааш хөдөлсөн. Мөн хөл хорионы үе байсан учраас өөрөө асуудалд орохоос сэргийлсэн хэрэг л дээ.

-Тэвнэ авсан нь ямар учиртай юм бол?

-Авласан ангийнхаа аманд эрхий хурууны цусаа дусаадаг талаар өмнө нь ааваасаа сонсож байсан юм. Байгалийн бус жамаар чамаас болж үхэж байгаа амьтанд ямар нэгэн төлөөс төлөх ёстой. Үгүй бол байгаль чамаас төлөөс заавал авдаг тухай аав минь захиж байсан. Үйлийн үрэнд өртөхгүйн тулд цус нэхэж ирсэн чононд өгч байгаа төлөөс минь тэр л дээ. Ингээнд хангайн амьтныг хангайд нь нутаглуулахаар чоноо ачаад цааш хөдөлсөн. Зайдуухан уулын энгэр бараадуулаад жаахан үүрч явж байгаад л үлдээсэн.

-Таны ярьж байгаа үйл явдал энэ оны зургадугаар сарын 2-нд болсон юм билээ. Тухайн үед цар тахлын нөхцөл байдал хүнд, зам хаалттай байсан шүү дээ. Та ямар зорилгоор Завхан руу явсан юм бэ?

-Миний дотно нөхөрлөж өссөн найз маань. Харамсалтай нь бусдын гарт амиа алдсан. Тэр маань айлын ганц хүү л дээ. Хамаатан садан гэх хүн бараг байхгүй. Би найзынхаа ээжийнх нь сургийг гаргахаар л Завхан руу явсан юм.

-Найзын тань ээж Завханд байгааг та яаж мэдсэн юм?

-“Нарантуул” дээр явж байгаад танил эгчтэйгээ санамсаргүй тааралдсан. Тэр эгч найзын маань ээжийг бой хийхээр Завханаас ирсэн хүнтэй танилцаад хамт явсан тухай хэлсэн юм. Завханд хамт амьдарч айлын мал маллаж байгаа тухай дуулсан. Өнөө хүн нь ч найзын минь ээжийг зодож нүдээд байдаг талаар танил эгч маань хэлсэн. Найзынхаа ээжийн талаар таагүй мэдээлэл сонссон миний сэтгэл ч нэг л тогтож өгөхөө больчихсон. Муу найз минь ч бодогдоод байх болсон. Тэгээд найзынхаа ээжийг Улаанбаатар луу авчирч дэргэдээ авч хамт амьдрахаар шийдсэн юм. Хүн гэдэг мөнх биш. Настай хүнийг сэтгэл амар байлгах бодол тээгээд л замд гарсан.

Хэрэв би хорвоогийн мөнх бусыг үзүүлээд миний ээжийн талаар таагүй мэдээлэл сонсвол найз минь зүгээр суух хүн биш л дээ. Ийм учраас өвөр түрийндээ орж өссөн найзынхаа ээжийн эрэлд гарсан минь энэ. Энэ тухайгаа ханьдаа дуулгахад ч дэмжсэн.

-Аян замд гарсан хэрэг зориг тань бүтсэн үү. Найзынхаа ээжтэй уулзсан уу?

-Сүүлд нь уулзсан. Дажгүй сайн явж байгаа. Одоо холбоотой байдаг. Өнөө зах дээр тааралдсан эгч маань надад хөндлөн мэдээлэл дуулгасныг нь сүүлд мэдсэн. Завхан руу дагаж явсан хүнээсээ хоёр жилийн өмнө салсан юм билээ. Одоо нэг байгууллагад үйлчлэгчээр ажилладаг.

-Өөрийн чинь талаар сонирхмоор байна л даа. Юу хийдэг вэ?

-Та миний талаар сонирхож байна уу (инээв). Би өөрийнхөө талаар нэг их яриад баймааргүй байна л даа, уучлаарай. Сайхан дурсамж байдаг бол яриад суухсан. Миний өнгөрсөн амьдрал хар дарсан зүүд гэж хэлж болно. Би хэзээ ч хүүхэд насаа дурсахыг хүсдэггүй. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол хүн бүр сууна даа гэж ярьдаг. Би тийм галт тэргэнд хэзээ ч суухгүй. Би амьдралдаа дусал архи амсаж үзээгүй. Энэ ундааг би жигшдэг. Энэ гашуун ундааны үр дагаврыг би сайн мэддэг, биеэрээ мэдэрч өссөн болохоор тэр. Миний ээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажилладаг, дэслэгч цолтой хүн байлаа. Өөд болсон. Аав минь салаад явсан. Миний очих газар тодорхой шүү дээ. Сүүлд насанд хүрсэн хойноо аавтайгаа уулзсан. Бид 500 цаг хүрэхгүй хугацаанд л хамт байсан. Тэр богино хугацаанд аав минь надад их зүйл зөвлөсөн. Ингээд л хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Миний аав бүх л хүчний байгууллагад ажиллаж байлаа. Дэд хурандаа цолтой хүн. Манай удмынхан бүгд цэрэг, цагдаагийн хүмүүс. Миний өвөө Сундуйсүрэн тусгай хүчинд бэлтгэгдэж байсан хүн. Энэ хүний аав нь хоёр чөлөөлөх дайнд оролцож явсан юм билээ. Миний ээжийн аав Амарбаяр гэж хүн 013 дугаар ангид ахмад цолтой хүн байлаа. Энэ хүмүүсийн удмаас төрж гарсан ганц эрэгтэй хүүхэд нь би.

-Та ямар ажил эрхэлдэг вэ?

-Би эрүүл нийгмийн төлөө төрийн бус байгууллага ажиллуулахаар дарга нар, бизнесмэнүүдийн хаалгыг татаж үзлээ. Миний төсөл тэдэнд таалагддаг ч нас минь таалагдахгүй юм. Хүн залуу насандаа л хийж бүтээнэ шүү дээ. 40 нас хүрээд бүтээх юм уу. Асаж байгаа залуу насандаа л хийж бүтээнэ. Би чинь өрхийн тэргүүн хүн ш дээ уул нь. Миний насыг онцлоод таалдаггүй хүмүүсийг би ойлгодоггүй юм.

-Та өмнөө тулгарсан саад бэрхшээлийг хэрхэн туулж байна вэ?

-Саад бэрхшээлийг сөрж зогсоод л тэсч үлдэнэ. Тойрч гарахгүй. Өөр сонголт байхгүй. Энэ орчлонд би ханьдаа, хоёр гартаа л итгэдэг. Өөр юунд ч итгэдэггүй.

-Өнөөдрийн залуусын хандлагын талаар байр суурийг тань сонсох гэсэн юм.

-Би анх удаагаа хүний амь аварч байгаа нь энэ тохиолдол биш л дээ.

Зам тээврийн осол болоод хавчуулагдсан гурван хүнийг татаж гаргаж байхад хажуугаар машинууд зүгээр л зөрөөд өнгөрч байсан. Хараад зогсож байсан хүнээс тусламж хүсэхэд шууд зугтаж байгаа юм. Залуус би л болж байвал бусад нь үхэж байсан ч надад хамаагүй гэдэг үзэл сурталтай болчихсон нь олон жишээнээс анзаарагддаг. Үнэхээр аминчхан үзэлтэй болчихож. Хэн ч хэнийгээ зараад идэхэд бэлэн тийм нийгэмд бид амьдарч байна.

-Таны зорилгыг сонирхъё?

-Амьсгал хураахын өмнө үг ч дуугарч чадахгүй хэдхэн хором байдаг. Тэр үед харамсах зүйлгүй байхыг боддог юм. Тухайн мөчид хэн нэгнийг гомдоосон доо гэж харамсахгүй байхыг л хичээдэг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Т.Амарсайхан: Найраагүй наадахын тулд л улсын цолтнуудыг барилдуулахаас татгалзлаа


Засгийн газрын зүгээс спортын уралдаан тэмцээнийг задгай талбайд үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргасан. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс салбар холбооддоо хандаж баяр наадмын бөхийн барилдааныг наймдугаар сард багтаан тус тусын орон нутагтаа зохион байгуулах санал хүргүүлсэн юм.

Улмаар Ховд аймаг баяр наадмын бөхийн барилдаанаа наймдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулах тов гарчээ. Бид Ховд аймгийн үндэсний бөхийн холбооны гарын даа Т.Амарсайханаас тодруулга авлаа.


-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж аймгуудын баяр наадам хойшлоод байсан. Харин Ховд аймгийн тухайд баяр наадмын бөхийн барилдаанаа зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс 21 аймгийн салбар холбооддоо хандаж наймдугаар сард багтаан баяр наадмын бөхийн барилдаанаа зохион байгуулах санал хүргүүлсэн байгаа. Энэ ажлын хүрээнд бид аймгийн онцгой комисстоо хандаж хүсэлт гаргасан юм. Аймгийн комиссын зүгээс халдвар хамгааллын дэглэм баримтлаад зохион байгуулах шийдвэр гарсан.

-Баруун бүсийн наадмыг наймдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулах шийдвэр гарсан байна лээ. Наадмын талаар тодруулахгүй юу?

-Бүсийн наадмыг наймдугаар сарын 6 болон 9-ний өдрүүдэд хоёр барилдааныг зохион байгуулах шийдвэр гараад байна. 6-ны өдөр аймгийн цол чимэг олгох 128 бөхийн барилдааныг зохион байгуулна. 9-ний өдөр бүсийн уралдаанд зориулсан улсын аймгийн цолтнуудын 128 бөхийн барилдааныг тусад нь явуулна. Гурав хоногийн зайтай хоёр барилдааныг явуулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна.

-Аймгийн цол чимэг олгох барилдаан бөхчүүдийн анхаарлын төвд байна л даа. Ямар журмаар явуулахаар шийдвэр гараад байна вэ?

-Энэ удаа аймгийн цол чимэг олгох барилдаанд зөвхөн Ховд аймгийн бөхчүүдийг барилдуулах шийдвэрийг аймгийн бөхийн холбооны зүгээс гаргасан. Барилдах бөхчүүдээ PCR шинжилгээнд хамруулаад л аймгийн цол олгох барилдаанд оролцуулна.

-Аймгийн цол чимэг олгох барилдаанд улсын цолтнуудыг барилдуулахгүй гэх шийдвэр гарсан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу. Ямар учраас зөвхөн аймгийн цолтнуудыг барилдуулах шийдвэр гаргасан юм бэ. Нөгөө талд улсын цолтнуудын эрх ашиг зөрчигдөөд байна шүү дээ?

-Аймгийн бөхийн холбоо хуралдаж байгаад л дээрх шийдвэр гаргасан юм. Шууд хэлэхэд, жил бүрийн өдийд улсын олон цолтнууд Ховд аймагт аялал зугаалгаар явж таардаг юм. Энд тэндхийн олон улсын цолтнууд аймгийн наадамд барилдахад өнөөх цолны найраа гэж асуудал их хэл дагуулдаг. Олны дургүйцлийг хүргэдэг. Улсын цолтнууд аймгийн цол авах гэж жижиг наадамд барилдахгүй нь хэнд ч ойлгомжтой. Тийм учраас залуусаа дэмжих зорилгоор зөвхөн аймгийн цолтнуудыг барилдуулах шийдвэр энэ удаа гарсан. Наадам найраа дагуулаад ирэхээр үүний цаана энэ их өв соёлын маань нэр хүнд асар их унадаг. Үзэгчид ч худлаа барилдаан үзэхийг хүсэхгүй биз дээ. Ховдын аймгийн арслан цолтнууд pcrшинжилгээнд хамрагдаад барилдахад нээлттэй. Цолоо хурцлаад эрэмбээ ахиулах боломжтой. Улсын цолтнуудын тухайд цол ахиулахаар аймгийн наадамд барилдахгүй нь хэнд ч ойлгомжтой асуудал. Энэ удаа бид залуу бөхчүүддээ боломж олгож найраагүй, шударга өрсөлдөөнийг дэмжсэн баяр наадмыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь энэ. Орон нутгийн телевизээрээ шууд дамжуулна. Үзэгчид ч аймгийн наадмаас шударга өрсөлдөөн л хүлээж байгаа. Цар тахлын хүнд нөхцөл байдалд зон олныг цэнгүүлж, дархлааг жаахан ч гэсэн дэмжээд өгөөсэй гэж л ийм шийдвэр гаргасныг улсын том цолтнууд маань ойлгоно гэж найдаж байна гэв.

Энэ үеэр урианхай болон үндэсний сурын харваа наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Түүнчлэн хурдан морины уралдаан нь Ховд аймгийн Буянт сумын нутаг “Цалуугийн дэнж” гэх газарт наймдугаар сарын 6-8-ны өдөр зохион байгуулагдах аж. Мөн төвийн бүсийн хурдан морины уралдаан “Сэлэнгэ хурд-2021” энэ сарын 6-наас 8-ны хооронд зохион байгуулагдана. Энэхүү уралдаанд морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар болжээ. ММСУХ-ны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны найман жилийн ойн хурдан морины уралдаан Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд наймдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд явагдана. Уг уралдаанд морьдыг мөн сэрвээний өндрөөр хэмжих аж.


Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Цэргийн начин Э.Мөнх-Эрдэнэ: Одоо бодоход Олимпийн домогт аварга Шохей Оно-г давж явжээ

“Токио 2020” Олимпийн наадмын жүдо бөхийн төрлийн -73 кг-ын жинд Японы тамирчин Шохей Оно бүх учраагаа илт илүүрхэж ялсаар Олимпийн хошой аварга цол хүртсэн. Оно аварга мэргэжлийн сумогийн аварга Ёкозуны Г.Ган-Эрдэнэтэй их сургуулийн найз бөгөөд хамт Монголд ирж байсан удаатай. Энэ үеэрээ бөхийн “Увс нуур” галаар зочилж монгол үндэсний бөхөөр барилдаж байсан юм. Өнөө цагийн жүдо бөхийн тод од Олимпийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга тамирчинг монгол үндэсний бөхөөр гурван удаа давж байсан Увс аймгийн Ховд сумын харьяат цэргийн начин Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Түүний тухайд 2019 оны бүх цэргийн баяр наадамд тав давж цэргийн начин цолны болзол хангасан юм. Э.Мөнх-Эрдэнэ улсын аварга Н.Батсуурийн үеэл дүү билээ.


-2019 онд санагдаж байна. Олимпийн аварга Оно “Увс нуур” галын бэлтгэлд хамрагдаж байсан шүү дээ. Та тухайн үед Олимпийн аваргатай хэд хэд барилдаж байсан. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Дэлхийн хошой аварга, Олимпийн аварга болчихсон үедээ Шохей Оно “Увс нуур” галаар ирж монгол үндэсний бөхөөр барилдаж байлаа. Мэргэжлийн сумогийн аварга Г.Ган-Эрдэнэ, Токусэгава Б.Ганболд нарын хамт манай галаар ирсэн юм. Тэр үеэр манай дэвжээний сумын заануудтай цөөхөн барилдаан хийсэн. Зодог шуудаг өмсчихөөд л сумын заанууд руу харж байгаад над руу заагаад барилдсан юм. Олимп, дэлхийн аварга хүн ч гэлээ үндэсний бөхөөрөө барилдаж байгаа учраас яасан ч унаж болохгүй шүү гээд л гарсан. Миний бэлтгэл ч их сайн байсан юм. Жүдо бөх ихэвчлэн босоо барилддаг учраас гуяны булчин нь айхавтар хөгжсөн хүн байна лээ. Гар, хуруу нь гэж хүрз шиг том. Айхавтар чанга атгана. Нэг атгачихвал тавина гэж байхгүй. Гараад барилдахаар өрөхөд давуулж бариад хөмрөөд шидчих гээд хэцүү санагдаж билээ. Урагшаа ганц алхахад л өнөөх бүдүүн хөлөөрөө тосгуулж өшиглөчих гээд, мөн ч халгамаар хүн байна лээ. Би элэг бүснээс нь тас зуурч аваад зогсчихсон. Бага зэрэг арагшаа хярж байгаад тахимдаж дайраад дарж унасан. Босоо өрөлттэй учраас хонгодож, тахимдаж унагахад боломжтой санагдсан юм. Гэхдээ хамаагүй дайрвал хөмөрчих гээд бас хэцүү. Хоёр дахиа барилдахад зүүн ташаагаа цөмөлж тавихад нь хонгодоод давсан. Дагуулж хөмрөх гээд л ташаагаа өгсөн нь тэр юм билээ. Би Оно аваргатай үндэсний бөхөөрөө гурав барилдаж давсан шүү. Анх удаа үндэсний бөхийн өмсгөл өмссөн болохоор барьц олж авах тал дээр аварга туршлагагүйтсэн болов уу. Зодог шуудгандаа дасаад ирвэл их сайн барилдахаар шинжтэй санагдсан.

-Тухайн үед та хоёрын биеийн жингийн харьцаа ямар байв?

-Яг тэр үед бол Оно жингээ тавьчихсан байсан л даа. Түр завсарлага аваад амарч явсан нь тэр байх. Миний жин 88 кг-тай байна гэж өөрөө хэлж байсан шүү. Би сумын заан цолтой. 90 кг л байсан санагдаж байна. Бид хоёрын биеийн жин их ойролцоо байсан.

-Таны “гар зөрүүлж” явсан Оно олимпийн аварга цолоо баталлаа. Юу бодогдож байх юм?

-Сайхан л санагдаж байна. Эхний тойргоос авахуулаад л бүх барилдаануудыг нь алгасалгүй харлаа. Жингийн өрсөлдөгч нараасаа үнэхээр хол тасархай юм. Барьц олж аваад л хүлээх юмгүй шууд л мэхээ хийж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Ер нь манай Ц.Цогтбаатар л үндсэн цагаа дуустал барилдлаа. Бусад бөхчүүдтэй нь бол зөрөөд л өнгөрөх юм. Монгол Үндэсний бөхөд авах зүйл их юм гэж хэлж байсан шүү.

-Онотой барилдахад “Увс нуур” галын дасгалжуулагч, гавьяат тамирчин О.Одгэрэл заан дэргэдээс тань чанга дуугаар л зөвлөж байгаа харагдсан. Юу хэлж байв?

-“Үкүн ээ (Мөнх-Эрдэнийн хоч нь) чи чарж, чарж байгаад л тахимдчих юм аа. Урагшаа яваад чөлөөтэй мэх хийгээд барилдаач чи” л гээд загнаад байсан. Хамаа замбараагүй явахаар хөмрүүлж уначих гээд байсан л даа. Оно Олимп, Дэлхийн аварга ч гэлээ би монгол үндэсний бөхөөр барилдаж байж яагаад ч унаж болохгүй гэх бодол миний дотор байсан л даа. Монгол үндэсний бөхөөр ямар чанга залуучууд барилддаг болохыг л мэдрүүлье гэж санасан юм. Ямартаа ч аваргад унаагүй, гурав даваад л явуулсан.

-Оно аварга нэг жижигхэн залууг хөмрөөд айхавтар жинтэй чулуудаж байгаа бичлэг цахим орчинд яваад байсан. Их өндөр хандалт авч байгаа харагдсан. “Оно аварга Монгол үндэсний бөхөөр барилдаж байна” гээд л шуугиулж байсан шүү дээ.

-Миний дараа “Увс нуур” галын Адьяа гэж жижигхэн залуутай Оно аварга барилдсан юм. Биеэр жижиг, уран барилддаг өсөх ирээдүйтэй залуу бөх л дөө. Адьяа маань Олимпийн аваргатай барилдахдаа дайраад л золгоод авсан. Эхлээд ойролцоо газардсан санагдаж байна. Хоёр дахиа өрөхдөө нүднийхээ булангаар над руу хяламхийгээд инээмсэглэдэг юм. Оно аварга тэр үед л хөмрөөд чулуудчихсан. Хүний хий зайг үнэхээр гярхай анзаардаг хүн байна лээ. Хормын төдийд сэрэмж алдахад л хөмөрч байгаа юм. Мэхний гүйцэтгэл, тэсрэлт нь үнэхээр гайхамшигтай. Аварга манай галын залуустай барилдаад ганц даваа авсан нь л тэр. Тэр хөмөрч байгаа бичлэг нь их олон хүнд хүрсэн байна лээ.

-Энэ жил бэлтгэл сургуулилт хэр зэрэг байна вэ?

-Н.Батсуурь аварга бид үеэлүүд. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд аварга ахыгаа дагаж бэлтгэл сургуулилтаа базаагаад явж байна. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж баяр наадам маань зохион байгуулагдсангүй. Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг. Энэ их ойд сайхан барилдчих санаа байсан минь талаар болж байна. Энэ жилийн тухайд “Увс нуур” дэвжээний бөхчүүд цар тахлын үед Харзтайд тусгаарлагдаж баяр наадмын бэлтгэлээ базааж байсан юм. Жигдхэн сайхан бэлтгэлтэй байлаа.

Categories
мэдээ нийгэм

Ж.Баянцагаан: Анх арван хүний бүрэлдэхүүнтэй баг Асралт Хайрхан ууланд авиралт хийж байлаа

Монголын уулчдын үндэсний холбооны хүндэт ерөнхийлөгч, зөвлөх, гавьяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Ж.Баянцагаан, Олон улсын уулчдын холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан нартай ярилцлаа. Монголын уулчдын түүх анх 1951 оны Асралт Хайрханы авиралтаас эхэлсэн гэдэг.


Анх Асралт Хайрхан ууланд авирах санаачилгыг хэн гаргаж байв. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

Ж.Баянцагаан: -Одоогоос яг 70 жилийн тэртээ Ардын хувьсгалын 30 жилийн ойг угтаж Монголын хэсэг залуучуудаас Хэнтийн нурууны ноён оргил Асралт Хайрханд (2800 м) авиралт хийх санаачилга гарч бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн.

Энэ тухайБНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Монголын биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны тогтоол гарсан юм билээ. Эдгээр залуучуудын анхны баг 10 хүнийбүрэлдэхүүнтэйбайв. Үүнд, Ж.Нямсүрэн (багийн ахлагч) Вагон депогийн машинист, Л.Раднаа Улсын их сургуулийн оюутан, Ш.Баасансүрэн Улсын их сургуулийн оюутан, Ү.Сийлэгдорж Улсын их сургуулийн оюутан, Г.Сандагдорж (Хүч нийгэмлэг), Д.Нацагдорж (Хүч нийгэмлэг), С.Зундуй(Хүч нийгэмлэг), Л.Дондог (Хүч нийгэмлэг), Х.Равдандорж (Хүч нийгэмлэг), Н.Ойдов (Хүч нийгэмлэг) нар багтаж байв. Тэд 1951 оны зургадугаар сарын 17-ны өдөр Улаанбаатараас хөдөлж, улмаар 1951 оны зургадугаар сарын 26-нд Асралт Хайрханы оройд гарч Монгол Улсынхаа далбааг мандуулсан аж.

-Энэ талаар ямар түүхэн баримт, дурдатгал байдаг вэ?

Ж.Баянцагаан: -Энэ тухайМонгол Улсын спортын гавьят багш, ахмад уулчин Р.Зориг агсны дурдатгал байна. Тэрээр “Тэр үед одоотойадилгүй, ямар ч багаж зэвсэглэлгүйбайсан. Тэр зоригтнуудын багажны дээд нь гэвэл цанын таяг, цанын гутал байсан. Энгийн ачааны олс үүргэвчилсэн эдгээр зоригтнууд байгалийн ямар ч бэрхшээлийг давж чадахаа илэрхийлж Туул, Тэрэлж, Заан, Хонгорын гол, бусад олон жижиг гол, горхийг гаталж Хэнтийн нурууны ноён оргил Асралт Хайрханы орчим ойртож, 1951 оны зургадугаар сарын 26-ны 4:00 цагт Асралт Хайрханы оргилыг эзэлж, БНМАУ-ын төрийн далбаа, Маршал Чойбалсангийн дүрст баримлын хамт тавьж, баяр ёслолын галт буудлага хийж, өөрийн орны уулын спортын түүхийн анхны ялалтыг байгуулсан юм” гэж бичжээ. (“Монгол ардын спорт” ном, “Уулын спорт” танилцуулга Р.Зориг, 189-196 хуудас, 1960 он, Улаанбаатар).

-Дээрх авиралтын талаар зарим хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг юм билээ.

Ж.Баянцагаан: -Онгон зэлүүд газар чоно, баавгайтэр үед элбэг байсан тул тэд буу зэвсэгтэйявсан гэдэг юм билээ. Тэгээд ч оргил дээрээс ёслолын буудлага хийх зорилготойбайсан аж. Магадгүйэнэ байдалтайхолбогдуулж энэхүү авиралтын талаар янз бүрийн яриа байдаг бололтой. Ямартайч энэхүү уулын анхны багийн авиралт нь манайулсад уулын спорт үүсч хөгжихийн эх үндэс болсон гэж хэлэх үндэстэй.

Энэхүү үйл явдлаас хойш Монголын уулчдын түүхэн замнал эхэлсэн бөгөөд эдүгээ Монголын уулчид Дэлхийн Долоон тивийн гол гол оргилууд дээр төрийн алтан соёмбот далбаагаа мандуулаад байна. Олон ч оргил манайуулчдыг хүлээсээр байгаа.

-Энэхүү авиралтын дараах нь Монголын уулчдын холбоо байгуулагдсан гэдэг шүү дээ?

О.Батсайхан: -Тийм ээ. Энэ авиралтаас хойш дөрвөн жилийн дараа 1955 онд Монголын уулчдын холбоо (МУХ) албан ёсоор байгуулагдсан. МУХ нь спортын бусад холбоодоос яах аргагүйанхдагч нь байсан юм.

-Өнөөдөр МУҮХ нь олон улсын ямар байгууллагын гишүүн бэ?

О.Батсайхан: -МУҮХ нь Олон улсын уулчдын холбоо (UIAA), Олон улсын спорт авиралтын холбоо (IFSC)-ны гишүүн бөгөөд ОУУХ-ны залуучуудын холбооны гишүүнээр минийбие МУҮХ-г төлөөлж 2015 оноос хойш сонгогдон ажиллаж байна. МУҮХ нь эдгээр олон улсын холбоодоос зохион байгуулж буйавиралт, тэмцээнүүдэд тогтмол оролцож ирсэн.

-Уулчдад зориулсан хөшөө байдаг гэж би сонссон юм байна. Энэ талаар уншигчдад танилцуулахгүй юу?

О.Батсайхан: -Монголын уулчдын холбоо байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд зориулсан “Уулчдын алдар-50 жил” чулуун хөшөө байдаг юм. Энэхүү хөшөөг Монгол Улсын спортын гавьят багш, ахмад уулчин Р.Зориг агсан санаачилж өдгөөгөөс 16 жилийн өмнө Монголын Уулчдын Үндэснийхолбоо (МУҮХ) байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан 2005 онд сүндэрлүүлсэн түүхтэйбилээ. Энэ хөшөө чухамхүү хаана байдгийг үнэхээр сонирхсон хүмүүс эрхбиш сураглаад олох байх гэж найдаж байна. Эзэнгүйболсон энэхүү хөшөөг биднийхэдэн нөхөд 2020 онд чадах ядахаараа арчилж тордож, бичээс бүхийчулуун самбарыг хуучин төрхөөр нь шинээр хийж суурилуулсан юм. Мөн Ус сувгийн удирдах газартайхамтарч энэхүү хөшөөнийусан оргилуурыг алдаг оног ажиллагаатайболгосон. Ирэх жилээс нэлээн даацтайзасвар тохижилтын ажлыг УСУГ-тайхамтран хийхээр ярилцаж байна.

Энэ дашрамд биднийсанал хүсэлтийг хүлээн авч энэхүү хөшөөнийусан оргилуурыг ажиллагаатайболгоход дэмжлэг туслалцаа үзүүлсэн УСУГ-ын удирдлага, хамт олонд МУҮХ-ны нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлье.

-Монголын уулчид түүхэн авиралтын ойгоо яаж тэмдэглэж байна вэ?

Ж.Баянцагаан: -70 жилийн тэртээх Асралт Хайрханы энэхүү авиралтын талаар жирийн иргэд төдийгүйманайуулчид ч төдийлөн сайн мэддэггүй, ярьдаггүй, өөр өөрийн ойлголттойбайдаг учраас өнөөдөр энэхүү ойг чимээгүй“тэмдэглэж” байх шиг. Уулчид өөрсдөө уулын түүхтэйхолбоотойтүүхэн гэх үйл явдал, авиралтуудын талаар мэдлэгтэйбайж, энэ талаар судалгаа хийж, олон нийтэд ярьж танилцуулахгүйбол өөр хүн энэ тухайбараг ярихгүйл болов уу. Ер нь, 1950-60-аад оны уулын авиралтуудын талаар цаашид нарийвчлан судлах шаардлагатай.

-Монголын уулчдын өдрийг тэмдэглэдэг үү?

О.Батсайхан: -Тийм өдөр одоогор байхгүй. Өнөөдөр захын нэг ОНБ, спортын холбоод өөрийн гэсэн тэмдэглэлт өдөртөө болсон байхад спортын олон нийтийн байгууллагын анхдагч гэгдэх МУҮХ нь өнөөг хүртэл Уулчдын өдөргүйявж ирсэн нь харамсалтай. Ер нь, Уулчдын өдөртэйболох цаг болсон бөгөөд энэ өдрийг жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдөр буюу Асралт Хайрханд анх удаа авиралт хийсэн өдрөөр тогтоох саналтайбайна. Энэ талаар манайүе үеийн уулчид санал бодлоо хуваалцвал сайн байна. Олны санаа оломгүйдалайгэдэг.

-70 жилийн тэртээх Асралт Хайрханы түүхэн гэх авиралтын талаар бидэнтэй ярилцсан та нарт баярлалаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Арвайхээрийн талаас Алтайн их уулс хүртэл

Алтайн өндөр уулсаар хүрээлэгдэх Ховд аймгийн Булган сум

Сүүлийн гурван жилийн хугацаанд Дарханы замын хэцүүг мөн ч их шуугив. Зөвхөн Дарханы замд тэдэн хүн ослоор эндээд байна, тэдэн хүн осолдож гэмтэл авчээ, төдөн сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, Засгийн газраас нөхөн төлбөр авна гэхчлэн дээрх замтай холбоотой хэл ам тасралтгүй явсаар өнөөдөртэй золгосон. Харин энэ их шуугианд Арвайхээр хүртэлх аймшигтай замын нөхцөл байдал дарагдсаар ирсэн юм уу даа.

Сөрөг урсгалаас ирэх тээврийн хэрэгсэл зөрөхөд ч бэрх нарийхан зам онгорхой цоорхойгоор дүүрчихэж. Удаанаар уухилан зүтгэх том тэргийг гүйцэж түрүүлэхэд өндөр эрсдэл дагуулах энэ замд засвар үйлчилгээ хийх цаг аль хэдийнэ иржээ. Хамгийн эмзэглэмээр нь “там” шиг болчихсон энэ зам аялагчдын хөлд дарагдчихаад байгаа юм.

Дугуйгаа солихоор зам чөлөөлсөн жижиг тэргүүд ар араасаа эгнээд зогсчихсон дүр зураг энд олон тааралдана. Хөл хорионд хэдэн сар суусан хүмүүс ч бөөн бөөнөөрөө хөдөөг зорьж байгаа бололтой. Гадаа үзэгдэх орчин хязгаарлагдмал болмогц бидний баг учирч болох эрсдэлээс сэргийлж ойр хавиараа хоноглоод ургахын улаан нарнаар аяллаа цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Ингээд аяллын маршрутаа бага зэрэг өөрчилж Архангайн Хашаат сумын Номгон багт саатлаа. Зам дагуух гэрээр орвол сумын алдарт уяач н.Сүрэнхорлоо гуайнх ажээ.

Арвайхээрийн тал

Цай цүй болсон бид ширээ тойрч суугаад гал дээр тавьсан мах болохыг хүлээх зуурт халуун яриа дэлгэлээ. Наадмын орой байж таарсныг ч хэлэх үү бидний яриа төд удалгүй Нийгмийн хонгор, Н.Дарамренчингийн алаг, Э.Эрдэнэчулууны шарга гээд л домогт хурдан хүлгүүд рүү явж орчихлоо. 20 гаруй жил адууны дэл сүүл боож буй уяач ах ч хурдан морь гэхэд л нүд нь гэрэлтээд ирэх юм билээ. Хөдөөний хөх уяач ах ковидын эрсдэлтэй бүсээс очсон биднээс цэрвэх болов уу гэх бага зэргийн айдас байсан ч огт тоосонгүй. “Манай багийн гурван ч хүн өнөөх гайхлыг зооглосон талаар энэ голоор л нэг шуугьсан. Сумын эмнэлэгт очиход нь витамин c уулгаж байгаад хэд хонуулаад гаргачихсан гэнэ лээ. Өнөө хэд нь ч тоосон шинжгүй явж л байна” гээд гаансаа нэрлээ.

Хашаат суманд энэ жил хүн малын зоо тэнэгэр дэлгэр сайхан зун айлсчээ. Эрт ногоо зуусан морьд нь ч тамиртай, баргийн наадамд л гүйцэгдэхээргүй хурдан байсан гэнэ.

Наадам үзэгчгүйгээр тэмдэглэх Засгийн газрын шийд сонссон Номгон багийнхны зарим нь ч 100 жилийн ойдоо тоосоо өргөхөөр улсын нийслэлээ зорьж. Харамсалтай нь Засгийн газар амнаасаа буцаж хулхидсанд нь өвгөн уяач сэтгэл дундуур байгаагаа хэлнэ лээ. Морь уях малчдын тоо сүүлийн жилүүдэд эрс цөөрснийг н.Сүрэнхорлоо гуай онцолж байна. Энэ нь өнөөх л цус холилдсон эрлийз адуунуудтай шууд холбоотой гэв. Малчин хүний их ажлын хажуугаар эрлийз адууг бөөцийлнө гэдэг боломжгүй талаар ярина лээ. “2000 оны дунд үед манай суманд нэг насанд л 80 орчим

морь уралддаг байлаа. Айл бүрийн эрчүүд л адууны сүүл боодог байсан юм. Сүүлийн жилүүдэд морь уядаг хүн байхаа больжээ. Эрлийз адуутай уралдуулж монгол адуугаа тамлахыг боддоггүй биз. Сумын наадамд нэг насанд эрлийз хурлийз нийлсэн 20 орчим амьтад л давхидаг болж. Малчид ч зарим нь тоохоо больсон байна. Нөгөө талд хүүхдийн аюулгүй байдлын асуудал хурцаар яригдах болж. Унаач хүүхэд эндсэн тухай мэдээлэл чих дэлсэх болж. Энэ нэг талаараа янз бүрийн тариа хэрэглэж бордуулаад газлуу юм шиг давхидаг эрлийз адгуустай холбоотой. Монгол адууны давхил зөөлөн учраас зайдан унаад л уралддаг байлаа шүү дээ. Мориноос хүүхэд унаж гэмтлээ гэж дуулдаггүй л байсан. Эрлийз адуу монгол өв соёлд нэвтэрснээс хүүхдийн амь нас эрүүл мэндэд заналхийлэх боллоо.

Энэ нь даамжирч хурдан морины уралдааныг хориглох дээрээ тулж ирээд байна. Эрлийз адууг мөнгөөр бөөцийлж уралддаг бизнесмэн улс тусдаа морин тойруулгад уралдаж байх нь зөв болов уу. Шинэ цагийн монгол адуу гэх цус холилдсон эрлийзүүдээс болж энэ их өв соёлд аюул нүүрлээд байна” гэж сэтгэл дундуур өгүүлж байна. Малчид морь уяхаас цааргалдаг болсон шалтгааныг н.Сүрэнхорлоо гуай ийн тайлбарлаж байна. Унаач хүүхдийн амь нас аюулгүй байдал ч нэг талаараа галзуу юм шиг хурдалдаг эрлийз адгуустай салшгүй холбоотойг тэрбээр шулуухан хэлсэн юм. Залуусыг хөдөөд уядаг зүйл нь хурдан морь гэдгийг энэ нутгийнхан дор бүрнээ л ярьж байна. Энэ өв соёл орхигдвол хөдөөд мал дагасан хэдэн хөгшчүүлээс өөр хүн үлдэхээргүй байгаа нь эндээс харагдаж ил тод байна. н.Сүрэнхорлоо гуайн хэд хэдэн ач зээ ч хот бараадсан гэнэ. Цаашид хэдэн малыг маань хэн адуулж явахыг хэлж мэдэхгүй байгаа талаараа өвгөн уяач халаглаж сууна.

Өглөө эртлэн боссон бид Арвайхээрийн уудам талаар аажуухан явсаар аймгийн төвийн бараа харлаа. Постоор нэвтрэхэд янз бүрийн зүйл асууж шалгаасангүй. Арвайхээр хотоос цааш гарангуут баахан морьдын хөшөө босгочихсон нь содон харагдана.

Байтаг богдын тулгаралт энд болсон

Цааш тонгойгоод Нарийнтээл сум орох замаар айлууд ярайтал буужээ. Хүн малын зоо тэнэгэр дэлгэр сайхан зун Өврийн хангайд болж байна. Харин Баянхонгорын Өлзийтийн суурин дөхөж ирээд зэлүүд талтай угтаж байна. Хаа нэг л ганц нэгээрээ буусан айлууд харагдана. Ногооны гарц дажгүй байгаа ч малчид нь бүгд нүүжээ. Малчидтай уулзахад энэ бүс нутагт өвсний чанар муудаж, шарилж их ургах болсон гэж байв. Бороо хур элбэг байгаа ч ургамлын чанар муу байгаа гэнэ. Үндсэндээ дүүрэн шарилж л ургаж. Энэ нь бэлчээрийн даац хэтэрсэнтэй шууд холбоотойг иргэд онцолсон юм. Малын тоо бус чанарт анхаарах цаг аль хэдийнэ ирснийг ч хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, олон мал өсгөсөн малчныг шагнаж урамшуулах бус, малынхаа үүлдэр угсаанд анхаарч ач холбогдол өгсөн малчдыг засгаас урамшуулах цаг ирснийг Хонгор нутгийнхан хэллээ. Дээрх жишиг рүү нэн даруй шилжихгүй бол нийт нутгаар бэлчээрийн хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Энэ янзаараа явбал Улаанбаатар тойроод битүү шарилж ургах аюул ойрхон байгаа аж. Магадгүй бид шарилжин дунд салхилдаг цаг үе ч ирж мэдэх нь.

Баянхонгор аймгийн төв рүү ороход цэрэг хувцастай нөхдүүд машины хаалганд лац хадчихаад “Битгий зогсоорой, гарахад чинь лац шалгана шүү” гэж ёоз муутайхан хэлээд хурдхан холдоно лээ. Аймгийн төвөөр ороход ч аж ахуйн нэгжүүд нь хаалттай байсан юм. Тус орон нутгийн иргэдийн зарим нь зуны цагт, тэр дундаа наадмын үеэр нь гайгүй ашиг орлоготой ажилладаг юм. Баруун аймгийг чиглэсэн аялагч нар зам дагуух зоогийн газраас хоол идээд, дэлгүүрээр орж жаал жуул хүнс базаагаад гарахад л шаггүй ашиг хийчихдэг талаар иргэд хэлж байлаа. Энэ зуны тухайд аймгийн удирдлагууд аж ахуйн нэгжүүдийнхээ ашиг орлогыг түгжиж хаячихаад байгаа аж.

Цааш явсаар Говь-Алтай аймгийн төв рүү ортол аялагчид дэлгүүрүүдийнх нь лангууг хоослоод орхижээ. Зоогийн газрууд нь аялагчдын хөлд дарагдаж. Дугуй засвар зэрэг газрууд нь ч дараалал ихтэй харагдлаа. Дэлгэрийн тал, Шаргын говь гээд газруудаар зуншлага тааруу, эл хуль байна лээ. Мал бүхий иргэд нь ч ногоо бараадаад нүүгээд явчихаж. Хаа нэг тааралдах хэдэн тэмээнээс өөр амьд амьтан энд алга.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нутаг Ховд аймгийн Зэрэг сум, Алтан тээлийн хөндийд хүрч очлоо. Баатархайрханы өвөр Жаргалант хайрхан уулсын бэлд орших энэ сум баяр наадмын өдрүүдэд эл хуль байна. Сумын төвийн айлууд нь бүгд шумуулнаас дайжиж уул руугаа нүүгээд явчихсан. Уулан дээрээ бол дэлгэр сайхан зун болж байгааг сумаа сахиж үлдсэн дэлгүүрийн худалдагч эмэгтэй ярьж байсан юм. Ингээд орой дээр үүл хурсан Сутай хайрханы барааг алсаас харчихаад баруун хязгаар Ховд аймгийн Булган сумыг зорихоор хүлгийн жолоо заллаа. Замдаа Манхан, Цэцэг, Мөст гээд сумдаар дайрч сүрлэг хадан хясаанууд сүлжиж явсаар Алтай суманд очлоо. Энд газар бүрийн аялагчид Бодончийн хавцал үзэхээр цуглажээ.

Тэнгэр баганадсан өндөр уулсын завсраар сэрүүн горхи мяралзан урсаад баруун Алтайн үзэмжийг эндээс л харах юм билээ. Саяхныг хүртэл хад асга дамжиж, хэцүү зам туулж хүрдэг байсан Бодончийн хавцал руу хар зам тавьснаар аялагчдын хөлд дарагдах болжээ. Энэ хавийн айл өрхүүд ч аялагчдад сүү цагаан идээ борлуулаад хөөрхөн ашиг олоод байх боломж бүрдчихэж. Сумын төвийн иргэд нь ч үндэсний дээл хувцсаа аялагчдад борлуулаад ойр зуурын хэрэгцээний мөнгөө зохицуулчихдаг бололтой юм. Баруун Алтайн гайхамшгийг сонирхсон аялагчдын цуваа ч энд тасрахгүй шинжтэй юм билээ. Өвлийн цагт илүү үзэмжтэй гэж нутгийнхан яхьж байлаа. Өгсөж уруудсан зам нь өвлийн цагт мөстчихвөл эрсдэл өндөртэй санагдсан. Ямартаа ч дэд бүтэц хөгжсөнөөр сумын иргэдийн амьжиргааны түвшин үлэмж хэмжээгээр дээшилснийг тэндхийнхэн дуу нэгтэй хэлж байна.

Алтай сумаас цааш 100 хүрэхгүй километр давхиад торгууд түмний нутаг Булган суманд хүрч очлоо. Булган голын хөвөөнд орших энэ сум БНХАУ-тай хиллэдэг. Сумын иргэдийн олонх нь жимс ногоо тариалж аж амьдралаа залгуулдаг гэнэ. Булган голынхоо салаа татаж усалгааны асуудлаа бүрэн шийджээ. Энд цар тахал гэж ажлаас хойш сууж байгаа хүн алга. Жимс ногоогоо

тордож, зэрлэгийг нь зулгааж тонголзсон хүмүүсийн дүр зураг олон тааралдсан юм. Сумын төвөөрөө битүү мод тарьчихсаныг нь харахад Өмнөд Монголын аль нэг аймагт ирчихсэн билүү ч гэж эргэлзэхэд хүргэх юм билээ. Энд тарвас, гүзээлзгэнэ, алим, лийрээс өгсүүлээд тарихгүй жимс гэж бараг алга. Удахгүй ургацаа хураах гэнэ. Заримыг нь БНХАУ-ын зах зээлд нийлүүлдэг аж. Заримыг нь долоо хоног бүр Улаанбаатар руу том оврын хүнсний машин ачаад явуулдаг гэв. Ямартаа тарьсан жимс ногоог нь хүн авахгүй муудах эрсдэл тариа ногоо эрхлэгчдэд байдаггүйг нутгийн иргэд хэлж байна. Эндээс харин хот руу дайжаад байх хүн бараг байдаггүй аж. Хөдөлмөрлөж хөлсөө гаргах л юм бол амьжиргаагаа өөд нь татаад явах боломж нээлттэй байдаг ажээ. Түм түжгэнэж, бум бужигнасан баруун хязгаарын Булган суманд 11 мянган хүн аж төрж байна. Аялагч нартайгаа нийлэх юм бол үүнээс ч хол давахаар юм билээ. Иргэд нь цаашид цар тахалтай хөл нийлүүлж алхахаа аль эрт ухамсарлажээ. Аялахаар ирсэн хүмүүст жимс, ногоо, талх тариагаа борлуулах талаар тархиа гашилгах юм билээ. Аялагч нарын тав тухыг хангах үүднээс буудлууд нь ч тав тухтай санагдсан.

Улсын нийслэлээс 1855 км-ийн алс баруун хязгаарт Алтайн уулсаар хүрээлэгдэн орших Булган сумыг жуулчид зорьж байгаа шалтгаан нь Байтаг богд уул. Саявтар тус газарт “Байтаг богд” уран сайхны киног бүтээснээс хойш очиж үзэх хүмүүсийн тоо ч эрс нэмэгджээ. Сум орон нутгийн удирдлагууд ч тулгаралт болж байсан газарт сүүдрэвч байршуулж, шат тавьж тохижуулсан байна. Тус тулаанд оролцсон 10 баатрын хөшөөн дээрээс гоминдануудын орж ирсэн Бүдүүн харгайтын гол болоод хилийн манаанд гарч байсан дайчдын байрлалаа эзэлж байсан хоёр толгой зэргийг бүрэн харах боломжтой юм билээ. Энэ газар нутаг ямар их үнэ цэнээр олдсоныг Байтаг богд ууланд очсон хүн бүр мэдрээд буцдаг байна.

Алс баруун хязгаар торгууд түмний нутаг Минжит Булганы хөдөлмөрч иргэд сумандаа сайхан амьдарч байна. Энэ нутгийн хөдөлмөрч зон олны дундаас төрсөн нэрт бизнесмэнүүдийн цуваа “Таван богд групп”-ийн захирал Ц.Баатарсайхан, “Номин Холдинг”-ийн захирал А.Шагдарсүрэн, “Дашваанжил ХХК”-ийн захирал Н.Баатаржав нараар үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Өсөхбаяр: Загасыг сэртэнгүй дэгээгээр агнахад ямар нэгэн гэмтэл учруулдаггүй

Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяртай ярилцлаа.



-Манай оронд хэчнээн төрлийн загас байдаг вэ. Зарим төрлийн загасны тоо толгой цөөрч ховордож байна гэх юм. Жишээ нь, тул загас ховордоход ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

-Монгол орны ан амьтны нөхцөл байдлын хувьд гурван ай савд 79 төрлийн загас тэмдэглэгдсэнээс 30 зүйлийг нь агнуурын ач холбогдолтой гэж үздэг. Агнуурын ач холбогдолтой загаснаас дөрөвний нэг орчим хувьд нь бүс нутгийн хэмжээнд ховордох аюул тулгараад байна. Ховордож байгаа шалтгааныг аваад үзэхэд хүний буруутай үйл ажиллагаа, нөгөө талдаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа юм. Мөн уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор гол усны бохирдол загас ховордоход голлох нөлөө үзүүлж байна.

-Загасыг үржлийн үед нь агнах их хор хохиролтой байдаг тухай мэргэжилтнүүд хэлдэг. Загасны үржлийн үе хэзээ явагддаг юм бэ. Олон загас байдаг шүү дээ. Өөр хоорондоо харилцан адилгүй байх уу?

-Ховордох аюул нүүрлээд буй загасны тоо толгойг өсгөхөд хамгийн гол зүйл нь үржлийн үед нь агнахгүй байж, хамгаалах явдал. Усны температураас шалтгаалаад жилийн дөрвөн улиралд загасны үржлийн үе тохиож байдаг. Тэр үед нь л агнахгүй бол нэг загас л 20 дахин үржих боломжтой. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт загасны 70-90 хувь нь үржилд орж гүйцдэг гэх судалгаа бий. Бусад тодорхой төрлийн загасны тухайд ярихад дархадын цагаан загас жил бүрийн наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 20 хүртэл үржилд ордог. Буйр нуурын загасыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл агнахыг хориглогдог. Үржлийн үе нь тохиож байгаа болохоор л тэр шүү дээ. Омоль гэж загасны тухайд наймдугаар сарын 30-наас аравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл үржилд орж байдаг. Харин зарам загас жил бүрийн есдүгээр сарын 5-наас дараагийн оных нь нэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үржилд орно. Энэ хугацааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж өгсөн байдаг. Энд нэг зүйлийг онцлоход, загас агнадаг хүмүүсийн дунд жил бүрийн зургадугаар сарын 15-нд л загасны үржлийн хугацаа дуусдаг гэх нийтлэг ойлголттой байдаг. Загасчлалын спортыг шинээр сонирхож байгаа залуус ялангуяа тухайн загасны төрөл зүйлийг мэдэхгүй агнаж буруудах магадлалтай. Өнгөрсөн онд л гэхэд хууль бусаар загас агнасан дөрвөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Зөрчил гаргасан тохиолдол маш олон бий.

-Ямар тохиолдолд гэмт хэрэг болдог вэ?

-Дархан цаазат газраас загас агнахад Эрүүгийн гэмт хэрэг үүсгэгдэнэ. Төрийн тусгай хамгаалалтад байгаа дархан цаазат газраас ан амьтан агнах, ургамал түүж бэлтгэх арга хэмжээг хуулиар хориглосон байдаг. Хамгаалалттай бүс нутагт зөвшөөрөлгүй ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан үйлдэл бүрт л Эрүүгийн хариуцлагад татна л гэсэн үг. Зөрчлийн тухайд цагдаагийн байгууллагад шалгадаггүй. Хуулийн харьяаллаар мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж шийдвэрлэдэг.

-Загас барих хоббитой масс бий. Загасны тоо толгойд хор хохирол багатайгаар агнах ямар болж байдаг вэ?

-Дэлхий нийтээр загасыг зөв боловсон агнах соёлыг түгээн дэлгэрүүлж ирсэн байдаг. Манайд ч хэрэгжүүлээд л явж байна. Хор хохиролгүйгээр агнахад сэртэнгүй дэгээ ашиглах нь зөв. Сэртэнгүй дэгээ нь загасны эрүү, амыг гэмтээдэггүй. Ямар нэгэн гэмтэл учруулахгүй гэсэн үг. Ер нь загас агнахад тухайн орон нутгийн байгаль орчны газар, Нийслэлийн байгаль орчны газраас тодорхой хэмжээний хураамж төлж загас агнах зөвшөөрөл авдаг. Тухайн зөвшөөрөлд ч хэдэн тооны загас агнахыг заагаад өгчихсөн байдаг. Зөвшөөрлөөсөө илүү тооны загас агнасан бол 30 секунд болоод л усанд нь тавих хэрэгтэй. Амьтан бүхнийг агнаад махыг нь идэх хэрэгцээ шаардлага байхгүй шүү дээ.

-Буцааж тавихад загасны хайрс ч тодорхой хэмжээнд гэмтэх үү. Яаж тавих вэ?

-Гэмтэх эсэх нь тухайн амьтантай яаж харьцаж байгаагаас л шалтгаална. Уснаас нь гаргаад голын эрэг рүү чулуудвал мэдээж тодорхой хэмжээнд гэмтэнэ. Загасны хэрэгсэл зардаг дэлгүүрүүд мэргэжлийн зөвлөгөө өгдөг болчихсон шүү дээ. Дэлхийн нийтэд түгээд буй аргачлалд л суралцах хэрэгтэй.

-Загас гол мөрний экологийн системд чухал ач холбогдолтой амьтан. Ховордох аюул нүүрлээд буй загасыг одоо яах вэ. Зохистой хэмжээнд барихын тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн загас байгааг би яриандаа онцолсон. Үүний дөрөвний нэгд нь ховордох аюул нүүрлэсэн. Загасны тоо толгойг зохистой хэмжээнд барих, хамгаалахын тулд мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмжүүдийг мөрдөөд явахад л тоо толгой амархан нөхөн сэргэх боломжтой. Иргэдийн зүгээс загасны үржлийн үед л агнахгүй байх нь чухал. Дахин онцлоход нийтлэг загасны тухайд дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны хооронд үржлийн үе явагддаг. Энэ хугацаанд агнаж болохгүй. Бусад тодорхой төрлийн тав зургаахан загасны тухайд Монгол Улсад маш ховор болсон. Нийтийн дунд яваад байгаа зургадугаар сарын 15-наас хойш л бүх загасыг агнаж болно гэсэн ташаа ойлголтын үр дүн л ингэж гарч байгаа юм. Иргэд үүнийг ухамсарлаж Буйр нуурын загасыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 1-ний өдрүүдэд агнахгүй байх хэрэгтэй. Энэ мэт эрх зүйн хэм хэмжээг мэдээд авчихвал хууль эрх зүйн ямар нэгэн асуудалд орохгүй. Нөгөө талд нь загасны тоо толгойг өсгөхөд оруулж байгаа хувь нэмэр нь л яваад байгаа юм.

-Уул уурхайн олборлолт улс орны эдийн засагт тустай ч нөгөө талдаа байгаль экологид тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлдөг. Уул уурхайн олборлолт явуулж буй компаниудын зүгээс ямар оролцоо шаардлагатай байна вэ?

-Уул уурхайн тухайн компаниудын зарим нь хортой бодис гол руу алдсан тодорхой хэмжээний зөрчлүүд шалгагдаж байгаа. Нийт аж ахуйн нэгжүүдийн тухайд нөхөн сэргээлт хийхдээ гол мөрөн нууранд байгаа загасыг үржлийн үед нь хамгаалах, энэ талаар олон нийтийг сэдэлжүүлэх ч юм уу арга хэмжээ явуулах нь үр дүнтэй. Энэ талаар үйл ажиллагаа явуулдаг загас үржүүлгийн төрийн бус байгууллагууд ч бий болсон байна. “Чулуут тул” ТББ-ын тухайд Чулуутын голд тул загасны тоо толгойг нэмэгдүүлэхээр олон улсын байгууллагаас дэмжлэг авч үйл ажиллагаа явуулж байна. Туул голд ч загас нутагшуулах арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ нь тухайн гол мөрөн, нуурынхаа экологийн системийг тэнцвэржүүлж, бохирдлоос сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Үүнд аж ахуйн нэгжүүд, иргэдийн оролцоо ч чухал үүрэгтэй. Загас үржлийнхээ үед богинохон хугацаанд л хэдэн зуугаар үржих боломжтой амьтан.

-Өнгөрсөн хугацаанд зах замбараагүй устгаж дээ. Үүний ард ямар хүчин зүйл байна вэ?

-Хүмүүсийн тухайд загасны ач холбогдлын талаар мэдээлэл хомс байдаг юм билээ. Орчин үеийн чиг хандлагыг анзаарахад загасны махыг ресторан, зоогийн газарт хэрэглэх гээд байдаг болж. Энэ нь ч залуусын дунд загасны мах идэх хандлагыг түгээжээ. Загасны талаар ойлголтгүйгээс шалтгаалж үржлийн үед нь ч их хэмжээгээр агнаж асуудалд орох тохиолдол гарсан. Өмнө нь бол тухайн бүс орон нутгийн цөөхөн иргэд л тодорхой хэмжээнд агнаж хоол хүнсэндээ хэрэглээд л ирсэн байдаг шүү дээ.

Categories
xурдан-морь мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Баянхонгорын Бууцагаан сумын уяач Б.Батдорж: Сонгуульд ялагдсан хүмүүс Засаг унагахыг санаархаж хүүхдүүдийг жагсаасан нь наадам цуцлахад хүргэлээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Батдоржтой ярилцлаа.


-Морь хурдан, уяа эвлэг байна уу. Таны тухайд Ардын хувьсгалын 100 жилийн ойд хаанаас зорьж ирэв?

-Морь хурдан уяа эвлэг сайхан байна. Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас 800 гаруй км замыг туулж ирлээ. Миний тухайд улсын наадамд мордуулахаар 10 орчим тооны адуутай ирсэн юм. Манай аймгаас 20 гаруй уяач ирсэн. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад эхнээсээ морьдоо ачаад буцаж байна.

-Залуусын төлөөлөл “No Naadam” жагсаал зохион байгууллаа. Улмаар Засгийн газраас Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Уяачдын байр суурийг сонсох гэсэн юм?

-Жагсаал зохион байгуулж үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан нийгэмд нээлттэй. Аж ахуйн нэгжийн төлөөлөл үзэл бодлоо илэрхийлж тайван жагсаал хийж байгаа болов уу гэж бодсон юм. Газар дээрээ бол нөхцөл байдал тэс өөр байсан. Цэвэр улс төрийн зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаа болоод өнгөрлөө. Сонгуульд ялагдсан намын зүгээс залуусыг хөлсөлж жагсаалд оролцуулаад засаг унагахыг санаархсан нь талаар боллоо. Хамгийн хорлонтой Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмаа цуцлах шийдвэр гаргаж түүхэнд хар толбо үлдээлээ. Засгийн газраас гаргасан шийдвэр ч таван төгрөг авч талбайд жагссан хүүхдүүдийн өмнө сөхөрдөг болж. Ямар ч дархлаагүй болсон байна. Энэ шийдвэрийн ард олон мянган уяач, наадмаа хоног тоолж хүлээсэн олон зуун мянган иргэдийн эрх ашиг хохирлоо. Миний тухайд наадмыг Улаанбаатарт хийх шийдвэрийг сонсоод л сумаасаа гарсан юм. Харамсалтай нь тулгаж ирээд л амнаасаа буцчихлаа. Зургадугаар сарын дундуур л ийм шийдвэрээ танилцуулчихсан бол олон мянган уяач зардал чирэгдэл болж Улаанбаатар луу ирэхгүй байлаа шүү дээ. Уяач хүн туслах уяачаа цалинжуулна. Унаач хүүхдүүдээ ч цалинжуулна. Хажуугаар нь морины тэжээл, шатахуун гээд асар өндөр зардал гаргадаг. Уяачид бүгд хохироод үлдлээ. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Түүхэн ач холбогдол талаас нь харвал тэмдэглэхгүй өнгөрч болохгүй үйл явдал. Эхнээсээ л сум сумандаа баяр наадмаа цомхон тэмдэглэчих байсан юм. Аймагтаа наадах нь аймагтаа, сумандаа наадах нь сумандаа бөхөө барилдуулаад, морио уралдуулаад явчихсан бол хаа хаанаа хүндрэл гарахааргүй байлаа. Ингэж бөөгнөхөл үүсэхгүй байсан юм. Засгийн газрын ямар ч тооцоогүй шийдвэрийн хар гор ингэж гарлаа. Хөл хорио тогтоогоод аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хорьж цагдаад л байдаг. Ямар ч үр дүнгүй байна шүү дээ. Сонгуулиар бол цар тахалтай байсан ч тоохгүй, хэдэн зуун хүн цугладаг юм билээ.

-Цар тахлын улмаас өдөрт 10 хүн нас барж байхад баяр наадам ярилаа гэж дургүйцэж байна лээ?

-Энд нэг зүйлийг онцолъё. Энэ цар тахал цаашид хэзээ ч арилахгүй. Бид хөл нийлүүлж алхахаас өөр арга байхгүй. Вакциндаа хамрагдаад л цар тахалтай хамтдаа цаашилна. Олон улс ч өнөөдөр ийм л байгаа. Европ тивд олныг хамарсан үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хэдий болтол хааж боох юм бэ. Бидний тэвчээр ч үнэндээ тасарч байна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг ч нээх хэрэгтэй. Баяр наадмаа ч тэмдэглэх хэрэгтэй. Бид чинь өв соёлоороо ондоошдог ард түмэн. Баяр наадам бол бидний үндэсний бахархал. Өнөөдөр залуус үүнийг үгүйсгэх хандлага гаргах гээд байдаг болчихож. Тусгаар тогнолоо бид ямар их үнэ цэнээр олж авсан билээ. Өвөг дээдэс минь ямар их цус урсгаж эх нутгаа хамгаалж үлдсэн билээ. Үүнийг ухамсарлахаа больж. Өв соёлруугаа өшиглөж байгаа залуусыг хараад гол харлах юм. Биднээс цааш хэн авч үргэлжлүүлж авч явах гэж ч санах юм. Улс үндэстнүүд бахархлаа хамгаалдаг. Токиод олимп хойшлуулсан хэрнэ ээ сумогийн башёг хэвийн явуулаад байна шүү дээ. Сумо бөх бол тэдний өв уламжлал, бахархал нь болохоор л тэр шүү дээ. Залуус минь өв уламжлал руугаа нулимж хэрхэвч болохгүй. Дахин онцлоход бид өв уламжлалаараа ондоошдог үндэстэн шүү дээ. Үүнийг л ухамсарлах хэрэгтэй.

-Жагсаалд оролцож буй залуус наадмын төсвийг эрүүл мэндэд зарцуул гэх шаардлагыг тавьж байна лээ.

-Тийм. Наадмын төсвийг уяач бөхчүүд хуваагаад идээд уучихдаг гэх ойлголт нийгэмд яваад байх шиг байна. Тийм биш. Төсвийн 80 орчим хувь нь нээлтийн арга хэмжээ, дуучин, бүжигчин хүмүүст зарцуулагддаг. Бөхчүүд, уяач нарын байнд нэг их төсөв шаардаад байдаггүй юм шүү дээ. Анх Соёлын сайд “Наадмын төсвийг 10 тэрбум төгрөг” гэж хэлээд л хүмүүсийн хэнээг хөдөлгөчих шиг болсон. Хажуугаар нь төсвөөс хулгай хийдэг хүмүүс олон байх шиг байна. Энэ бүхэн л наадмыг үзэн ядагчдыг олшруулаад байна гэж би хувьдаа үзэж байна. Үр дүнд нь энэ олон жил тээж ирсэн өв соёл маань эрсдэлд орчихлоо. Энэ жилийн наадмын нээлтэд хэдэн төгрөг зарцуулсан, хэн нь хэдэн төгрөг авсан бүгдийг нь ил болгож гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдэн бөхчүүд, уяачид хуваагаад идчихсэн юм шиг ойлголт нийгэмд яваад байна. Бид нар бүх зардлаа хувиасаа гаргаж наадамладаг улс. Энэ жилийн тухайд нэг төсөв гэлгүйгээр цомхон тэмдэглэж болох гарц байсан шүү дээ. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад Хүй долоон худагт том гэрүүд бариад л тайз засч сүржигнэх шаардлага ерөөсөө байгаагүй. Хамаг төсөв чинь тийшээ урсчихдаг байхгүй юу.

-Хажуугаар унаач хүүхдүүдийн амь нас энддэг асуудал хүүхдийн эрхийн байгууллагуудын анхааралд өртөөд байна л даа. Сая л гэхэд хоёр ч хүүхэд мориноос унаж эндсэн байна лээ?

-Наадам дөхөхөөр л гарч ирж энэ асуудлыг хөнддөг хүмүүс бий. Тэдний ажил л байх л даа. Гэхдээ үндэсний спорт гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй болов уу. Нөгөө талдаа уяач нар ч анхаарах цаг ирчихээд байгааг хүлээн зөвшөөрнө. Энэ их өв соёлыг хадгалж цааш нь авч явъя л гэвэл хүүхдийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байна. Хүүхэд осолдоод байгаа голлох шалтгаан нь эрлийз адуу, шинэ цагийн адуутай нэг талаараа холбоотой. Цус орсон адууны давхил их хатуу байдаг юм. Хүүхдээ маш сайн боож баглаж л явуулахгүй бол эрсдэл өндөр. Монгол адууны давхил бол зөөлхөн байдаг юм. Өнөөдөр уралдаж байгаа адууны олонх нь цус орсон адуу уралддаг болж дээ. Энэ нь унаач хүүхдийг эрсдэлд оруулж байна. Нөгөө талдаа хүүхдүүд маань морь унах соёлоос бас холдчихож. Морь унаад тугал, бяруундаа явдаг үзэгдэл харагдахаа больсон байна. Айл бүрийн л гадаа портер, мотоцикл байх юм байна шүү дээ. Энэ нь ч нөлөөлөөд байх шиг.

-Цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Та нар халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж байна вэ?

-Бид нар бүгд вакциндаа хамрагдсан. Хоёр дахь тунгийн хоногоо ч гүйцээсэн. Сумандаа шинжилгээ өгөөд сөрөг гарахад нь л наашилсан. Зарим уяач нар түргэвчилсэн оношлууртай явж байгаа.

-Хөдөөгийн хөх уяачид хот тойроод олноор цугласан байна. 100 жилдээ өндөр ач холбогдол өгсөн байна даа…

-Морь айрагдаж түрүүлэх нь яах вэ. Бид 200 жилийн ойгоор амьд байхгүй шүү дээ. Уяач нар маань өнгөрсөн оны арванэгдүгээр сараас хойш л морьдоо барьж 100 жилдээ бэлдсэн. Урд жилүүдийнхээс ч илүү өндөр ач холбогдол өгч бэлдэж байсан юм. Хөдөөгийн малчид гурван улирал малын хойноос хөөцөлдөж яваад л зуны дэлгэр цагт наадмаар баярлаж дотоод эрч хүчээ авдаг юм. Наадмыг нь хориод хаячихаар тэр хүмүүс юу үзэж баясах вэ. Яахав хотод утас оролдож хэвтээд хүмүүс үүний ач холбогдлыг мэдэхгүй л болов уу. Хөдөөний улс дархлаагаа баяр наадмаасаа авдаг юм.

-Морь уяхад нэг адуунд хэд орчим төгрөгийн төсөв зарцуулдаг юм бэ?

-Би Ардын хувьсгалын 100 жилийн ойд гурван жилийн өмнөөс бэлдсэн. Морины ажлаа эхэлсэн гэх үү дээ. Нэг жилийн хугацаанд нэг моринд 3-5 сая төгрөг зарцуулдаг. Хамгийн багадаа л гурван сая төгрөг зарцуулдаг. Ганцхан адуунд л тэр шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ: Тусгаарлалтад байсан бөхчүүд хоёр өдөр барилдахад хүмүүст халдвар тараачихгүй байх

Засгийн газрын зүгээс Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэр гаргаад байсан. Гэсэн ч долдугаар сарын 1-ний өдөр төв талбайд болсон жагсаалтай холбоотойгоор шийдвэрээ цуцалсан. Улсын их баяр наадам хаяанд ирчихсэн байгаа энэ үед шийдвэрээ цуцалсан нь уяач, бөхчүүдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон талаар тэд үзэл бодлоо илэрхийлж байна.

Хантайширдэвжээний дасгалжуулагч, улсын гарьд Ж.БатЭрдэнийн байр сууриа илэрхийлснийг хүргэе. “Хантайширдэвжээний бөхчүүд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлахМандаламралтын газарт баяр наадмын бэлтгэлдээ гараад байсан юм. Тус галд аймгийн арслан Т.Сайханжаргал, Ж.Алтаншагай, Ч.Эрдэнэсайхан, Э.Даваажаргал, Я.Бумбаяр зэрэг улсын цол хүртэх магадлалтай залуу хүчтэнүүд баяр наадымн бэлтгэлээ базааж байсан юм.


Баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр гараад байсан ч цуцлах шийдвэр гарлаа. Энэ тал дээр таны байр суурийг сонсох гэсэн юм?

-“Хантайшир” дэвжээний 60 орчим бөх баяр наадмын бэлтгэлдээ гараад сарын хугацаа өнгөрөөд байсан ч Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмыг цуцлах шийдвэр гаргалаа.

Талбай дээр цуглаж жагсаал зохион байгуулсан залуусын нөлөөнд автаж Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргав бололтой. Бид Ардын хувьсгал ялснаас хойш 99 жилийн хугацаанд тасралтгүй баяр наадмаа тэмдэглэж, морио уралдуулж, бөхөө барилдуулж ирсэн түүхтэй. Дайн, байлдаан гээд ямар ч нөхцөлд энэ их өв соёлоо гээж, өнжиж байсан удаа байхгүй. Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн босгонд цар тахал дэгдэж улс орны нөхцөл байдал хүнд цаг үе тохиолоо.

Засгийн газраас цаг үеийн нөхцөл байдалд дасан зохицож үзэгчгүйгээр бөх барилдуулж, морь уралдуулах шийдвэр гаргаад байсан ч цагийг нь тулгаж байгаад цуцалчихлаа. Энэ шийдвэрээ ядаж 20 хоногийн өмнө гаргасан бол энэ олон зуун бөхчүүд, уяачид цаг зав, эд мөнгөөрөө хохирохгүй байлаа. Засгийн газрын шийдвэр үнэн ч биш байна. Сонгууль болоход л хэдэн мянган хүн цуглуулаад байдаг. 21 аймгаар тойрч уулзалт зохион байгуулаад л явдаг. Тэр үед халдвар хамгаалал нь хаашаа алга болчихдог юм. Наадам болохоор л зарим нь учраа ч ойлгохгүй хүмүүсийн ятгалгаар цуцлаад байж болохгүй биз дээ.

-Цар тахлын нөлөөгөөр цаг үеийн нөхцөл байдал амаргүй байгааг бөхчүүд ойлгож байгаа байх. Халдвар хамгаалал аюулгүй байдлаа Хантайшир дэвжээнийхэн хэрхэн хангаж байна вэ?

-Гудамжинд явж байгаад тал бүрээс цугласан хүмүүс энд барилдана гээд байгаа юм биш л дээ. Үүнийг ойлгох хэрэгтэй болов уу. Энд бэлтгэлд гарч байгаа бөхчүүд бүгд вакцины хоёрдуагар тунд хамрагдаад хоёр сар орчим болчихсон. Бэлтгэлд гарахдаа PCR шинжилгээнд хамрагдаад, тусгаарлагдаж бэлтгэл сургуулилт хийж байна. Хажуугаар нь түргэвчилсэн тестээр шинжилгээ өгч байна. Бид ч хариуцлагаа ухамарлаж хот хооронд зорчихгүй байгаа. Сар орчмын хугацаанд хамт байлаа. Манай галын бөхчүүдийн дундаас халдварын тохиолдол илрээгүй. Ер нь бусад галын бөхчүүд ч хариуцлагатай байгаа. Бөхчүүдийн дундаас халдварын тохиолдол илрээгүй байна. Бүгд тусгаарлагдаж хариуцлагатайгаар бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Дахин онцлоход тал бүрээс цугласан хүмүүс барилдах гээд дайраад байгаа асуудал биш. Ийм тусгаарлалтад байгаа хүмүүс хоёр өдөр барилдаад тарахад хүмүүст халдвар тараачихгүй болов уу гэж бодож байна.

-Цаг үе хүнд байхад баяр наадмын төсвөө эрүүл мэндийн салбарт зарцуул гэх шаардлагыг тавьж байна лээ. Нийгэмд бөхчүүд л наадмын төсвийг тэр чигээр нь идчихдэг гэх ойлголт яваад байна?

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед нэг их төсөв шаардалгүйгээр түүхэн өв уламжлалаа тасалдуулалгүйгээр аваад явчих боломж бидэнд байлаа. Бөхчүүдийн давааны байны мөнгө 20,30 мянган төгрөг наадмын төсөвт нэг их хүндрэл учруулдаггүй. Наадмын төсвөөс бөхчүүд татгалзаад эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөхөд бэлэн байна.

-Баяр наадмыг хойшлуулах санал яригдаж байна. Энэ талаар таны байр суурийг сонсъё.

-Уяачдад хүндрэлтэй болов уу. Уяа морьдынх нь сойлго жигдэрчихсэн байгаа шүү дээ. Наадмын дараа л уяачдын намрын ажил эхэлдэг. Бөхчүүдийн тухайд өвчин тахалтай үед заавал барилдъя гээд дайраад байгаа асуудал байхгүй. Энэ өвчний үед нийгмийн сэтгэлзүй тогтворгүй байгаа. Ийм цаг үед бөхчүүдийн зүгээс үзэгчдээ баясгая, сэтэл санааг нь тогвортой байлгая гэсэн зорилго тавьж байсан юм”. Бөхийн галуудын тухайд хоёр тунд хамрагдсан тамирчдыг PCR шинжилгээнд хамруулаад тусгаарлалтад байлгаж бэлтгэл сургуулилт хийлгэж байгаа юм байна. Ингэхдээ зарим тохиолдолд түргэвчилсэн оношлуур ч ашиглаж байгаа байгаа гэнэ.

Бид Дорноговь аймгийн Өргөн сумын харьяат “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Т.Буянжаргалаас тодруулга авлаа. “Хутагтын хүчтэн” дэвжээний бөхчүүд Төв аймаг явах замд “Тоорил ханы хүрээ” амралтын газарт тусгаарлагдаж баяр наадмын бэлтгэл сургуулилтаа базааж байна. Энэ галд аймгийн арслан Б.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ, Б.Баатархүү зэрэг улс аймгийн цолтнуудын барилдаанд дээгүүр амжилт гаргадаг залуус бэлтгэл сургуулилтаа базааж байна.

-Баяр наадмын ач холбогдолыг та юу гэж хардаг вэ. Цар тахалтай үед ч заавал тэмдэглэх шаардлагатай юу?

-Түүхэн ач холбогдол талаасаа Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмыг огт тэмдэглэлгүй өнгөрч болохгүй асуудал л даа. Халдвар хамгааллын дэглэм баримтлаад цаг үеийн нөхцөлдөө тохируулаад үзэгчгүйгээр тэмдэглэх шийдвэр гаргаад байгаа нь нүдээ олсон гэж хувьдаа харж байсан юм. Бөхчүүдийн тухайд өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд тэвчээртэй хүлээлээ. Цаашид коронавирус устаж алга болохгүй. Цаг үедээ дасан зохицоод явахаас өөр арга байхгүй. Олон улсад ч ийм л жишгээр явж байна. Дээрээс хэд хэдэн удаагийн давтамжтай хөл хориог удаан хугацаагаар тогтоолоо. Ямар ч үр дүн гарсангүй шүү дээ. Цаашид дархлаажуулалтад хамрагдаж, эрсдэлээ зөв тооцоолж халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад явахаас өөр арга алга байна. Бөхийн спорт гэдэг залуу насны ажил. Цаг хугацаа хором мөч бүр үнэ, цэнтэй. Хоёр жилийн хугацаа гэдэг жаахан нас ахиж яваа бөхийн тухайд их үнэ цэнтэй.

-Та бүхэн наадмын бэлтгэлийн үеэр аюулгүй байдлаа хэрхэн хангаж байв. Өндөр эрсдэл дунд бэлтгэл сургуулилт хийж байна шүү дээ.

-Бэлтгэлийг манай аймгийн дэвжээний зүгээс зохион байгуулж ажиллаж байна. Энд Дорноговь аймгийн 20 орчим бөхчүүд бэлтгэл сургуулилт базааж байгаа. Бид бүгд хоёрдугаар тундаа хамрагдсан. Бэлтгэлд гарахдаа хоёр удаагийн PCR шинжилгээнд хамрагдаж бүгд сөрөг гарсан. Бэлтгэлийн үеэр эрсдэлтэй газраас ямар нэгэн хүн очихгүй байлгахаар зохицуулсан. Бөхчүүдээс өөр хүн энд алга. Мэдээж бөхчүүдийн эрүүл мэндийг хянах мэргэжлийн хүн биднийг дагаж яваа. Мөн түргэвчилсэн оношлуур ч бидэнд бий.

-Наадмаар бөх барилдана гэхэд массын хандлага сөрөг талдаа байх юм. Бөх барилдахад л наадмын төсөв урсчихдаг гэх ойлголт яваад байх шиг.

-Гол төлөв хот суурин газрын хүмүүс л элдвээр хэлж байгаа харагдана лээ. Ийм хөл хорионы ард бөхчүүдийн, бөхөө үзэж сэтгэл ханамж авдаг иргэдийн эрх ашиг дагаж явдаг. Ялангуяа хөдөө хөхөрч, гандаж малын хойноос нүүдэллэж өв соёлоо тээж яваа түмэн жилд ганц наадмаар л сэтгэл ханамж авч, бүтэн жилийн дархлаагаа тогтоодог юм. Суурин газар шавар байшинд утас ширтээд суудаг хүмүүс үүнийг ойлгохгүй л болов уу. Бусдынхаа эрх ашиг сонирхлыг ингэж үгүйсгэж болохгүй болов биз дээ.

Энд нэг зүйлийг онцлоход та нарын хардаад байгаа шиг наадмын төсвийг тэр чигээр нь бөхчүүд идэж уугаад дуусчихдаггүй юм шүү. Төсвийн дийлэнх нь нээлтийн үйл ажиллагаанд, дуулж хуурддаг хүмүүст зориулагддаг байх.

Наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн бөх 15 сая төгрөгийн байтай. Үзүүр бөх нь 10 сая төгрөг байдаг.

-Дорноговийн бөхчүүдийг энэ жил А.Хатансайхан начин хариуцаж бэлтгэл хийлгэж байна уу?

-Хатансайхан начин нутагтаа төрийн албанд ажиллаж байгаа. Энэ жил манай галыг олон улсын хэмжээний мастер О.Болд-Эрдэнэ хариуцаж бэлтгэл сургуулилт хийлгэж байна.

-Танай галын бөхчүүдийн бэлтгэл сургуулилт хэр зэрэг хангагдаж байна вэ?

-Улсын харцага А.Цацабширийн бэлтгэл энэ жил их сайн байгаа. Энэ жил Харзтайд бэлтгэлд гарсан” гэлээ. Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд бөхийн галд гарсан бөхчүүдээс халдвар гарах магадлал бага гэж тооцоолж байсан юм. Тэрбээр “Энэ жил Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулна. Наадмыг зохион байгуулагчид болон оролцож байгаа уран бүтээлчид, бөхчүүд, сур харваачдаас бүгдээс нь коронавирус илрүүлэх шинжилгээ авч байгаа. Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, тогтмол шинжилгээ авч байгаа учраас эрсдэл бага гэж үзэжбайна” гэж мэдэгдэж байсан ч шийдвэрээсээ буцсан юм.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ахлах ахлагч Э.Даваажамц: Монгол түмнийхээ дэвссэн сэтгэлийн дэмээр энэ аяныг туулж явна

Эх орны баруун хязгаар түүхийн өлгий Ховдын хорооноос Богд Дүнжингарав уулын хаяа, Хатан Туулийн хөвөөг зорьж гүйсэн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Эрхэмбаярын Даваажамц Цаст Сутайг арлаж, Хар Азаргын нурууг налан, Шаргын уудам говийг туулж Хантайшир хайрханыг гаталж наашилсаар улсын нийслэл Улаанбаатар хотынхоо баруухан талд тулж иржээ. Амин бие бүү хэл аргамаг хүлэг цуцаж туулах хол замыг ажрахгүй гүйж буй идэр залуухан ахлах ахлагчийн аян замынх нь нэг өдрийг сурвалжлахаар өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Лүн сум руу хүлгийн жолоо залсан юм.

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Зэвсэгт хүчний 100 жил, Ардын Хатанбаатар, С.Магсаржав нарын нэрэмжит 123 дугаар ангийн 100 жил, Ховдын хорооны 90 жилийг ойн арга хэмжээг угтан бэлэг барихаар сэтгэл шулуудаж аян замд гарсан ахлах ахлагч Э.Даваажамцыг Лүн сумын төвийн наах нь талд явахад нь тосож очлоо. Өглөөний гүйлтээ өндөрлөж, үдийн хоолоо идэж түр амсхийгээд хөдөлж байхад нь бид очиж таарсан юм. Түүнд түшиг болж эхнэр М.Мөнхзаяа, их эмч Б.Золбоо нар хадам ахынх нь хамтаар дагаж явна.

Зорьсон зочинтойгоо уулзаж мэнд мэдлээ. Таван үг сольчихоод толгой дээрээс манартал төөнөх их үдийн халуун нарны элчинд армийн эрээн хувцсандаа түүртэлгүй гүйх ахлах ахлагчтай “дөрөө харшуулж” аян замынх нь өчүүхэн зайг хамт гүйж туулсан юм.

Барьсан талх шиг авсаархан цүнхэн дээрээ алтан соёмбот далбаа намируулан гүйх цэрэгтэй зөрсөн хүн бүр гар даллаж эелдгээр инээмсэглэж мэндчилнэ. Нэг бол дохиогоо анивчуулж, эрхий хуруугаа гозойлгож амжилт хүсэх аж. Хажууд нь суусан нэг нь бичлэг хийж мөн л инээмсэглэсээр зөрнө. Зарим нь бууж хамт зураг даруулж ус, ундаа зэргээр аяны богцыг нь мялаана.

Тэдэн дунд ёнгинотол сигналдах том машин ч олон тааралдах юм. Цочоод харахад кабинаас нь хижээл насны мариалаг эр малийтал инээмсэглээд гараа даллана. Тэр бүрт ахлах ахлагч маань эелдгээр инээмсэглэж гараа даллаад л гүйлтээ цааш үргэлжлүүлнэ.

Наадам цуцласан сургаар нийслэлээс баруун тийш чиглэсэн замын хөдөлгөөн уяачдын хөлд дарагджээ. Ардын хувьсгалын 100 жилийн ойд зорьж ирсэн уяачид унаач хүүхдээ дагуулж, удамт хурдан хүлгүүдээ ачаад урам муутайхан л буцаж явна. Тэдний л нэг бололтой. Алтан соёмбот далбаагаа намируулан баруун хязгаараас гүйж яваа цэргийг хараад омогшжээ. Том цэнхэр машины кабинаас үсэрч буусан хөдөөгийн хөх уяач ах ахлах ахлагч Э.Даваажамц руу гүйж инээд алдан тэвэрч байна. Бэтгэртэл санасан хүүгээ тэвэрч сэтгэлээ дэвтээж буй эцэг шиг л халуун дотно харагдана. Бүтэн жилийн хөдөлмөр нь үнэгүйдэж толгой гудгар яваа ахын дотор таван үг солиод л эргэхдээ цэлэмчихэв бололтой. Харц нь гэрэлтэж ирээд л хачин сайхан инээмсэглэчихээд цааш аян замаа үргэлжлүүлэхээр хөдлөлөө.

Гүйж яваа цэрэгтэй уулзсан учирсан бүхний нүүрэнд инээмсэглэл тодорно. Цар тахлын нөлөөгөөр бид бүгдээрээ л тун хэцүү цаг үеийг хамт туулж явна. Хаагдсан, хоригдсон, өр, зээл нэхүүлсэн, ажилгүйдэлд нэрвэгдсэн гээд л хэн бүхний дотор баргар л байх шиг. Нийгэм бараантсан ийм хүнд цаг үед гэрэл түгээж эр цэргийн тэсвэр хатуужлыг гайхуулж бусдад омогшил төрүүлж, сэтгэлд нь оч асааж яваа залуухан ахлах ахлагчийн урт аяллын 31 дэх өдөр ийм сонинтой үргэлжилж байна. Тэр жил үймээн самууны улмаас харанхуйлчихаад байсан нийгэм анхны олимпийн аваргаа хүлээж аваад л цэлмэж байсан. Тийм л гавьяаг эгэл ардын хүү, эх орны цэрэг Эрхэмбаярын Даваажамц байгуулахаар урагшилж явна.

Ховдын хорооноос гарч Шаргын говь, Дэлгэрийн талыг туулж ирсэн Даваажамцад эцэж цуцсан шинж ер алга. Хувцас, гутал нь ч шинэ юм шиг гялалзаад харайлгаж явах юм. Тэрбээр “Монгол түмнийхээ дэвссэн сэтгэлийн дэмээр л энэ их аяныг туулж явна. Сүү шиг сэтгэлтэй түмэн юм. Замд таарсан хүн бүрийн сайхан сэтгэлээр л дотоод эрч хүчээ авч явна. Замын гуанзны эмээ “Хар шөл уугаад яв хүү минь” гэх. Зөрж өнгөрөх хүмүүс ч сайхан үгээ харамлахгүй, ус ундаа гээд л янз бүрийн зүйлээр дайлна. Замд бороо, шороотой үе тааралдана. Тийм цагт хэн нь ч манайд тухтай амраад яв гэх юм” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байна. Энэ мэтийг хөөрөлдөж завсар зайгаар замд таарсан нэгэнтэй зураг даруулж явсаар аяллынх нь 10 орчим км зайг бид туулжээ. Ингээд амрах цэгт нь ирлээ. Улаанбаатараас төрөл төрөгсөд нь ирчихжээ. Мөнгөн аягатай сүү, хадаг бариад хүүгээ тосч байна. “Ховдын мөрдөстнүүд” төрийн бус байгууллагаас ч Бригадын генерал Т.Хүрэлбаатар, Хурандаа Г.Пушкин нар залгамж халаа нутгийн залуудаа амжилт хүсэхээр ирсэн харагдана. Цай цүй болсны дараа сая нэг зочинтойгоо тухтай сууж аян замынх нь “богц”-задлах боломж тохиолоо.

Ахлах ахлагч Э.Даваажамц Өмнөд Суданд хоёр удаагийн, Афганистан улсад нэг удаагийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байжээ. Сүүлийн ажиллагаанаас өнгөрсөн оны арванэгдүгээр сард халагдсан байна. Цар тахлын нөлөөгөөр хөл хөдөлгөөн хязгаарласан үед Афганистанаас ирж тусгаарлалтад олон хонохдоо 1500 гаруй км-ийн зайд гүйх хүний санаанд багтахгүй зүйлийг анх сэдсэн гэнэ.

Ингээд өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн биеэ бэлтгэж эхэлсэн байна. Тухайн үед 92 орчим кг-ийн жинтэй байсан Даваажамц өдөр тутам бэлтгэл хийсээр 10 орчим кг-ийг хасч гүйлтэд бэлэн болжээ. Улмаар бүтэн биеийн эмчийн үзлэгт орж, Зэвсэгт хүчний жанжин штаб, ангийн захирагчаасаа зөвшөөрөл авснаар гэр бүлийн хүндээ дуулгаж гүйлтийн замд гарчээ.

“Ховдоос нааш гараад зах хязгаар нь харагдахгүй хоёр том талыг тууллаа. Шаргын говиор хоёр хоног явлаа. Хүчтэй шороо шуурч байснаа гэнэт бороо шаагьж, төд удалгүй нар шараад л багахан хугацаанд л байгаль цаг уур нь хувирч байдаг газар юм билээ. Дараагийнх нь Дэлгэрийн тал. Зах хязгаар нь харагдахгүй зэрэглээтэх талд хүн мал битий хэл шувуу ч харагдахгүй. Хаа нэг гүрвэл хар хорхой үзэгдэнэ. Энэ их талыг гурав хоног гүйж туулсан. Ховд, Говь-Алтайн заагт явахад надад “Lowo” бэндээс гутал бэлэглэсэн юм. Анхандаа ч шинэ гуталд хөл дасах болов уу гэж эргэлзэж л байлаа. Өмсөөд гүйхэд пүүз шиг л хөнгөхөн. Гаднаасаа чийг нэвтрэхгүй, агаар нэвтрүүлээд тун аятайхан юм. Аяллын турш хамгийн ойр дотно байсан “найз” гэвэл гутлаа л онцлох байна” гэж холын сонин хуучилж байна.

Ахлах ахлагч Э.Даваажацмын холын зайн гүйлтийг олон улсад ч анхааралтай ажиглаж байгаа юм байна. Герман улсаас уулын хөнгөн ротын хоёр цэргийн алба хаагч Баян-Өлгий аймагт 331-дүгээр ангид сургалт явуулах үеэрээ Э.Даваажамцыг 1500 км-ын алс газар гүйх тухай дуулсан даруйдаа зорьж ирж уулзжээ. Ингээд нутаг буцсан даруйдаа Герман дахь уулын ротын удирдлагууддаа мэдэгдэж л дээ. Өнөө хэд нь Монголын зэвсэгт хүчин рүү өдөр бүр шахуу утас цохьдог бололтой юм. “Өнөөх гүйж яваа цэрэг юу болсон бэ, биеийн эрүүл мэнд нь яаж байна. Ямар өөрчлөлт гарав. Та нар наад цэрэгтээ юу идүүлж уулгасан юм бэ” гэх зэргийг шалгаагаад амар заяаг үзүүлэхгүй байгаа гэнэ. Э.Даваажамц шиг 1500 км-ын алсад олон хоногийн турш явган гүйсэн цэрэг дэлхийд байдаггүйг ЗХЖШ-аас баталж байна. Магадгүй монгол цэргийн тэсвэр тэвчээр олон улсын анхаарлыг татаж Дэлхийг дэлдгийлгэх нэг “од” -той ч болж байгаа юм билүү. Дотооддоо цар тахлын халдвар замаа алдаж бусад улс орнуудын зарим нь манайхаас нүүр буруулж хил гаалиа хаагаад эхэлчихсэн. Ийм үед Монголын тухай чихэнд чимэгтэй мэдээлэл гадаад орчинд тархвал манайд л тустай болов уу. Монголын армиас дахин давтагдахад бэрх амжилт тогтоосон хүмүүс олон. Саяхан л гэхэд хилчин хурандаа В.Дамдинсүрэн 53 насандаа эх орноо явган тойрч 8000 км алхсан гэнэ. Энэ мэт сонин содон амжилтаар Монголын зэвсэгт хүчин баялаг.

Алсын аянд Э.Даваажамцыг хазайхад тулж яваа эмэгтэй бол түүний гэргий М.Мөнхзаяа. Тэрбээр энэ их аяллын чухал хэсэг хоол, хүнсний асуудлыг хариуцаж яваа гэнэ. Өглөө, өдрийн гүйлтийн дараа ханийнхаа гарын хоол идээд л байвал ямар ч холын аянд гүйхэд бэлэн байгаагаа ахлагч Э.Даваажамц онцолж байлаа.

Аяллын арын албыг хариуцаж яваа эзэгтэйтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Таны хань Ховдын хязгаараас гараад 31 дэх хоногтоо гүйж 1372 км замыг туулчихаад байна. Өдөрт хамгийн багадаа 50

км-ийн зайд гүйж байна шүү дээ. Цаагуураа тамирдаж л байгаа болов уу. Хайрлах сэтгэл төрж байна уу?

-Хайрлах сэтгэл төрөх л юм. Ядрахвий дээ, хөл нь өвдөх вий гэсэн айдас байна. Гэхдээ ил гаргаад байж болохгүй. Сэтгэл санаагаар дэмжих үг л хэлдэг юм. Сэтгэл санааг нь унагах үг хэлэхгүйг л хичээх юм.

-Гүйхээр шийдсэнээ эхлээд ханьдаа л хэлсэн байлгүй та хэрхэн хүлээж авсан бэ?

-Тийм. Би ч дэмжиж хүлээж авсан. Бид 10 орчим жил хамт амьдарч байна. Тэр хүний бие организм, тэсвэр тэвчээрийг сайн мэддэг учраас дэмжсэн. Энэ хэмжээнд гүйнэ гэдэгт нь бүрэн итгэлтэй байсан.

-Энэ холын аяны хоол хүнсийг та хариуцаж байгаа гэсэн. Гол төлөв ямар төрлийн хүнс хэрэглэж байна?

-Холын замд гүйж яваа хүнд хүнс чухал. Гол төлөв шинэ мах, борцтой шөл ууж байна. Хажуугаар нь шар тостой цай, буцалсан ус уудаг юм. Дархлаа дэмжих тал дээр маш сайн үйлчилгээтэй.

-Өмнө нь та нөхөртэйгөө хаагуур аялж байв. Энэ зуныг танай гэр бүл адал явдалтай өнгөрүүлж байгаа болов уу?

-Том зорилго тавиад гарсан аялал маань адлал явдлаар дүүрэн үргэлжилж байна. Мартагдахааргүй дурсамж үлдээж байна. Нөгөө таалдаа хожим үр хүүхдүүддээ ярих түүх бүтээж байна л даа. Хажуугаар нь залуу хосуудад үлгэр дууриал үзүүлж байгаа болов уу.

Нөхрөө дагаад хээрийн салхинд сар орчмын хугацаанд явах эмэгтэй өнөөдрийн нийгэмд хэд байгаа бол. Эмэгтэй хүний тухайд нар, салхинд цохиулах гоо сайхан талаасаа ч амар биш. Гэхдээ зорилгоо даваад хамтдаа харина буцна гэж гэр бүлийн хүнээ зоригжуулаад л явж байна” гэсэн. Эдний гэр бүл бага насны гурван хүүхэдтэй. Тэднийгээ ээжийндээ үлдээгээд гарсан гэнэ. Урт аяллын турш хүүхдүүдээ санах нь амар биш байгааг тэд онцолж байна лээ.

Энэ багийн эмчээр уламжлалт анагаах ухааны их эмч Б.Золбоо ажиллаж байгаа юм. Багийн эмчтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Таны тухайд Зэвсэгт хүчний түүхэнд тодоор бичигдэж үлдэх үйл явдлын гэрч болж явна. Хол зайд гүйж яваа хүний эрүүл мэндийг хариуцна гэдэг хариуцлагатай ажил шүү дээ?

-Тийм. 2100 орчим км зайг явганаар гүйж туулна гэдэг түүхэн амжилт. Залуу хүний тухайд гэрч болж үлдэнэ гэдэг бахармаар хэрэг. Даваажамц ах маань анх санал тавихад эргэлзэж л байлаа. Ховдоос Улаанбаатар хүртэлх зайг машинаар туулахад л үнэхээр хол байдаг шүү дээ. Ийм зайд явган гүйнэ гэхэд нь санаанд буугаагүй юм. Хувьдаа бодож байгаад шийдвэр гаргасан. Гаргасан шийдвэртээ харамсахгүй байна.

-Эрүүл мэндийн тухайд ямар байна вэ?

-Өөрөө цэргийн хүн учраас эрүүл чийрэг байна л даа. Бие эрхтэний тухайд өвчилсөн зүйл байхгүй учраас л энэ хол замыг туулж байна. Энд нэг зүйлийг онцлоход Э.Даваажамц ах өөрөө нарийн бүрээчин хүн. Уушгины багтаамж сайн гэсэн үг л дээ. Энэ нь хол замд гүйхэд давуу тал болж байгаа болов уу.

-Эмч хүний зүгээс хоол хүнсэнд ямар зөвлөгөө өгч байна вэ. Хажуугаар нь нэмэлт тэжээл, уураг хэрэглэж байна уу?

-Хол зам туулж байгаа. учраас алсуураа ядарч байгаа. Энэ үед ямааны мах идээд байж болохгүй. Үхрийн мах ч зохимжгүй. Хамгийн шим тэжээлтэй нь болох хонины махыг тогоочдоо зөвлөсөн юм. Хажуугаар нь хол зам туулах хүнд шар тос цайнд хийж уух маш сайн. Ийм энгийн гар доорх зүйлсийг л хэрэглэж байна.

-Анх төрийн далбааны өдрөөр Улаанбаатар хотод барианд орно гэж төлөвлөж байсан юм билээ. Гэсэн ч төлөвлөгөө өөрчлөгдөж Дорнод аймаг Чойбалсан хүртэл гүйхээр шийдвэр гаргасан юм билээ. Дээрх шийдвэрийг эмч хүний тухайд хэрхэн хүлээж авсан бэ?

-1300 орчим км-ыг ямар ч асуудалгүй туулсан байна. Цаашаа 800 гаруй км-ыг туулж чадна гэдгийг ам бардам хэлье. Сүүлд Өвөрхангай аймагт орж ирэхэд гараанаас гараад 1032 км замыг туулаад байсан юм. Ингээд багийн эмчийн тухайд санал гаргаж “Чинмэнд” эмнэлэгт шинжилгээ өгөхөд маш сайн гарсан. Бага зэрэг эрдсүүд л дутагдсан байна лээ. Нөхөөд уучхад ямар ч асуудал гарахгүй” гэсэн юм.

Ахлах ахлагч Э.Даважамцыг анх Ховдоос гарахад л хэд хэдэн хүн хамт гүйх санал тавьж байсан ч тухай бүрт нь татгалзаж байсан гэнэ. Тэрбээр энэ талаараа “Энэ миний гаргасан санаачилга л даа. Анхнаасаа л ганцаараа гүйе гэж төлөвлөсөн. Бусадтай хамтрахад тухайн хүмүүсийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж цаг алдах магадлалтай. Гүйлтийн явцад хэн нэг нь шантрах ч магадлалтай шүү дээ. Миний ард Монголын зэвсэгт хүчин, нутгийн ард минь бий. Буцах эрх надад байхгүй” гэж байна.

Түүний хувьд энхийг сахиулах гурван ч удаагийн ажиллагаанд оролцож байсан юм. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан тухайгаа “Өмнөд Суданд 120 мянган дүрвэгсэдтэй дэлхийн хамгийн том лагерийг зөвхөн монгол цэргүүд хамгаалдаг юм. Өмнөд Судан тусгаар тогтноод 10 жил л болж байна. Дэлхийн хамгийн залуу улс. Энхтайван тогтож амжаагүй орон. Байгаль цаг уурын тухайд үнэхээр хүнд 50 гаруй хэмийн халуунд л үүрэг гүйцэтгэнэ. Манай цэргүүд аливаа зүйлд дасан зохицох чадвар маш сайн. Анх очход байн байн буун дуу гарна. Өдөр бүр шахуу л хүний амь эрстэнэ. Хэцүү байсан шүү. Сүүлдээ ч дассан. Өмнөд Суданд автомат буу хэрэглэж сумаар байлддаг. Харин Афганистанд тэсрэх бодис ашигладаг. Их эрсдэлтэй. Энхийг сахиулах ажиллагаанаас халагдаж эх орондоо газардахад “Ямар сайхан тайван оронд амар амгалан амьдардаг юм бэ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Эх орон ч үзэл илүү дэвэрдэг юм билээ. Сая гүйж явахдаа “Ямар их үнэ цэнээр, ямар олон эрэлхэг цэргүүдийн амь насаар олдсон газар билээ” гэж дотроо огшиж, нүдэнд нулимс хурж л явлаа” гэлээ.

Энэ мэтийг хөөрөлдсөөр үдшийн 23:00 цаг болжээ. Энэ өдөр 50 км зам туулсан ахлах ахлагчийн амрах цаг нь болж. Бид ч амрахаар хэвтлээ. Ахлах ахлагч Э.Даваажамцын өглөөний гүйлт 06:00 цагийн алдад эхэлдэг юм байна. Өлөн элгэн дээрээ шар тостой цай уугаад л өглөөний гүйлтэд гарна. Нар хөөрөөгүй байхад өдрийн замынхаа талаас илүүг нь туулчихдаг аж. Өглөө эрт машин ховор, цаг агаар сэрүүхэн учраас гүйхэд тохиромжтой байдаг юм байна.

Нар майхны толгойд тусахад л үсэрч боссон Даваажамц шалавхан хувцаслаад авсаархан цүнхэндээ төрийн далбаагаа хатгаад 32 дахь хоногийн гүйлтэндээ гарлаа. Энэ шөнө бороо ус ороогүй тул хувцас нь бүрэн хатжээ. Майхан барьж хоноглодог учраас бороотойд бага зэрэг зутардаг талаар эхнэр Мөнхцэцэг хэлж байна. Цай уугаад босохын зуураа аяллын багийнхантай таван үг солиод л босохын хооронд ахлах ахлагч Э.Даваажамцын бараа тасарчээ. Удахгүй тэр улсын нийслэл Улаанбаатарын бараа харахаар яарч яваа нь энэ ажээ.

Монголын зэвсэгт хүчний түүхэнд, Монголын түүхэнд магадгүй цаашлаад олон улсын түүхэнд ч шинэ түүхийн хуудас нээхээр зориг шулуудаж зүүн хязгаар Дорнодын талыг зорьж буй эх орны цэрэг, эгэл ардын хүү Эрхэмбаярын Даваажамцыг ард түмэн уухайлан дэмжиж, урмаар тэтгэж урагшлуулж байна. Эр цэргийн тэвчээрийг гайхуулж эх нутгийн баруун хязгаараас зүүн тийш хөндлөн гулд гүйж буй ахлах ахлагч “Өвөг дээдсийнхээ амь насаараа хамгаалсан эх нутгийнхаа төлөө би хөлсөө гамнахгүй” гэж амлаад алтан соёмбот төрийн далбаагаа намируулсаар гүйж одлоо.

Манай сонины дугаар шилжих мөчид Зэвсэгтхүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц 33 дахь өдрөө гүйж Улаанбаатар хотод орж ирсэн юм. Түүнийг Зэвсэгт хүчний удирдлагууд 326 дугаар ангид хүлээж авсан юм. Тэрбээр өнөөдөр аяллаа үргэлжлүүлж Чойбалсан хот руу гарах юм.