Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Ц.Магалжав: Б.Ууганбаяр хурандаа нэр төрд минь халдаж худал мэдээлэл тараасан тул шүүхэд өгнө


МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-“Монгол бахархлын өдөр”-ийн бөхийн барилдаан боллоо. Цаашид МҮБХ-ны зүгээс цаг үетэйгээ дасан зохицоод барилдаануудаа зохион байгуулаад явахаар болж байна уу?

-Монгол үндэстэнг дэлхийд тунхагласан мянганы суут хүн, Их Чингис хаан бол монгол хүн бүрийн бахархах эрхэм зүйлийн оргил манлай нь. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оноос эхлэн энэ өдөр бүх нийтээр амарч, үндэсний бөхөө барилдуулан тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн барилдаан маань ч сайхан боллоо.

-Барилдааны өмнө МҮБХ болон УОК-ын хооронд үл ойлголцол байв уу. Таныг бөхөө барилдуулахгүй гэх байр суурийг илэрхийлсэн талаар УОК-оос гаргасан мэдээлэлд дурдаж байна лээ.

-Би барилдааны дараа УОК-ын шуурхай штабын лайв гэдгийг бүрэн эхээр нь үзлээ. Харамсалтай байна. Энэ тухай үнэн зөвөөр тодруулж тайлбар хийхээс аргагүй болж байх шиг байна. Б.Ууганбаяр “Бөхийн холбоо барилдааны бэлтгэлээ хангаагүй учраас намайг өөрөө очиж бөхийн барилдаанаа цуцалъя” гэсэн санал оруулсан мэтээр Тагнуулын ерөнхий газрын ажилтнаар миний яриаг зориуд бичүүлж аваад дараа нь тэр бичлэгээс хоёр секундийн өөрт ашигтай хэсгийг тасдан аваад, түүнийгээ олон нийтэд шууд лайв хийж үзүүлэхдээ намайг “Өөдөөс харж сууж ярьж тохирсон атлаа жудаггүй зан гаргалаа” гэж давхар гүтгэсэн нь төрийн албаны ажилтанд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл болсон. Шадар сайдад буруу мэдээлэл хүргэсний улмаас С.Амарсайхан сайд өөрийн цахим хуудсаараа миний талаар ташаа мэдээллийг яаран дамжуулсанд харамсаж байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга хүн доод ажилтнаасаа үнэн бодит мэдээлэл авч байж дүгнэлтээ олон түмэнд түгээж байх учиртай. Гэтэл Шадар сайд бөхийн холбооны тэргүүн “… бөхийн барилдааны бэлтгэлээ өөрөө хангаагүй тул хойшлуулах санал гаргасан…” гээд худал мэдээлэл гаргасан. Зүй нь миний хэлсэн зүйлийг УОК-ын штабын дарга Б.Ууганбаяр тусгайлан бэлдүүлж хийлгэсэн гэх тэр бичлэгийг ТЕГ-ын ажилтнаас авч бүрэн сонссон бол тэгж гоомой мэдээлэл яаран гаргахгүй байсан л даа. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр зарим иргэд лайв хийдэг үзэгдэл ихэд дэлгэрч. Үүнийг одоо УОК-ынхон даган дуурайж, үүндээ Төрийн албан тушаалыг урвуулан ашиглаж үндэслэлгүй гүтгэж байгаа нь тун таагүй байна.

Б.Ууганбаярын хэлснээр “Бөхийн холбоо барилдааны бэлтгэл ажлаа хангаагүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Холбооны зүгээс 30 жил зохион байгуулаад ирсэн, бидний бүрэн чадах үндсэн ажил маань шүү дээ. Харин барилдах бөхчүүд ба үзэгчид вакцины хэдэн тун хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх эсэх талаарх ямар шийдвэр цаасан дээр байгаа, зарим шийдвэр бодит амьдралд огт авцалдахгүй байгааг би тэр уулзалт дээр хэлсэн. Вакцины гуравдугаар тун, шинжилгээтэй холбоотой асуудлаас болж УОК-ынхонд энэ барилдааныг явуулахад хүндрэл байсан байх.

Иймд надаас тэд эхэлж “Барилдааныг цуцалж болох уу” гэж асуусан би “болно…” гэтэл Б.Ууганбаяр, хотын менежер Т.Гантөмөр нар “…заа баярлалаа…” гэж хоёул зэрэг хэлсэн. Энэ талаарх мөн уулзалтын үеийн бичлэг надад бас байгаа. Би үргэлжлүүлээд ярихдаа “барилдаан цуцлах мэдээллээ оруулахдаа вакцины гуравдугаар тун, шинжилгээтэй холбоотой асуудал нэгдсэн байр суурьт хүрээгүй гэж ойлголоо, тиймд энэ тухай мэдээлэлдээ оруулж бичиж, үзэгч олноос уучлалт гуйна” гэж хэлсэн. Б.Ууганбаяр “Хэн нэг рүүгээ бурууг чихээд яах вэ…” гэсэн. УОК-оос эргэж буцсан буруу шийдвэр олныг гаргадаг. Дараа нь Бөхийн холбоо буруутан нь болдог учир би хэлсэн ёсоороо л мэдээлэл оруулсан. Ингээд уулзалт нь тарах шиг болж би гарсан. Тэд хоорондоо юу ярилцаж үлдсэнийг мэдэхгүй. Удалгүй над руу танихгүй олон дугаар залгасан, мөн манай дархан аварга Г.Өсөхбаярт ч тэд дарамт үзүүлсэн бололтой “…мэдээллээ авчих гээд нөхдүүд яриад байна…” гэж хоёр удаа надтай ярьсан. Иймд би утсаа салгасан.

Хэсэг хугацааны дараа тэд лайв хийж миний яриаг тасдаад олон нийтэд тараан, маш ажил хэрэгчээр хандан сууж байсныг хараад ой гутан, Бөхийн өргөө дээр ирсэн сэтгүүлчдэд тайлбарыг өгсөн. Манай холбооны мэдээллийн дараахан Шадар сайдын Ажлын албаны дарга Ц.Уртнасан надтай холбогдож “Өглөө барилдааныг зохион байгуулах талаар уулзаж шийдвэрлэе” гэсэн. Нэг ч гэсэн төрийн албан хаагч ийм шуурхай хандаж байсан нь харин сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Барилдааны өмнө Б.Ууганбаяр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, мэргэжлийн хяналтын ажилтан н.Алтантуяа, БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Болд нарын албан хаагчид бөхийн өргөөнд ирсэн. Тэдний хамт байсан манай холбооны ажлын албаны хүмүүсийн дэргэд би Б.Ууганбаярт хандан “…чи миний яриаг тасдаж улмаар жудаг ёсгүй хандлаа гэх мэтээр худал мэдээлэл олон нийтэд тараасан тул чамайг шүүхэд өгнө…” гэж би хэлсэн, үүнийхээ дагуу Б.Ууганбаярыг шүүхэд өгч байгаа. УОК-ын шуурхай штабын уулзалт дээр миний ярианы бичлэгээс Б.Ууганбаяр өөрт ашигтай гэсэн хоёр секундийн яриаг тасдан авч зохион байгуулалттайгаар намайг гүтгэж олон нийтэд тараасан.

Иймд олон нийтэд зөв мэдээллийг хүргэж нэр төрөө сэргээх нь зүйтэй гэж үзсэн. Төрийн албан хаагч хүн цар тахлыг даван туулах талаарх ажлаа зөв зохион байгуулж ажиллахын оронд иргэн миний яриаг ТЕГ-ын ажилтнаар бичүүлэн аваад дараа нь хэсэгчлэн тасдан, мэдээллийг гуйвуулж тараан, ажил хийж байгаа дүр эсгэн сууж байгаа нь үнэхээр харамсалтай. Дахин хэлэхэд, би МҮБХ -ны мэдээллийг Шуурхай штабын ажилтнуудад өөрсдөд нь хэлж байгаад оруулсан.

-Барилдааны өмнө УОК-ын Штабын дарга Б.Ууганбаяр та хоёрын гар барьж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр явж байсан шүү дээ.

-Гар барих бол өөр асуудал. Хүний нэр төрд үндэслэлгүйгээр халдан, гүтгэлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байна гэдэг бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг шүү дээ.

Ер нь болж байгаа бүх зүйлийг үгүйсгэдэг залуу үеийн хэсэг бий болсон. Тэд ард түмэн, төр засаг, үндэсний өв соёл гээд бүх л зүйлийг харлуулж байхад шийдвэр гаргагчид сул дорой хандан буулт хийж эхэлдэг. 3 сая илүү хүнтэй улс 30 хүн жагсахад л өв соёл, бахархал, бусдаас ялгарал болох наадмаа ч хийж чадахгүйд хүрсэн. Бөхийн холбоог удирдаж байгаагийн хувьд бухимдал байна. Нэгдүгээр сард Цагаан сар, зургадугаар сард наадам болно гэж бэлтгэл ажлыг хангуулж байгаад гэнэт больдог, бид тоглоомын байгууллага биш. Өөрсдөө 3000 хүн цуглуулаад намын хурлыг, шоуг бол хийчихэж байна. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болсон АН-ын хурал дээр дурын иргэн гаднаас хурал руу нь ороод лайв хийгээд хоорондоо хэрэлдэж, зодолдоод гарцгааж байна. Тэнд УОК-ынхон хаана нь байна. Гуравдугаар тун шалгаж байгаа, бас шинжилгээ авч байна уу? Үгүй л байхгүй юу. Очихоос айж байгаа. Тэд ч хөөгөөд явуулна. Очих албан тушаалтан ч байхгүй. Харин үүнээс 20 дахин бага хүнтэй спортын уралдаан тэмцээн гэхээр элдэв зүйл шаарддаг. Шаардсан шигээ цар тахлаа хумьсан уу гэвэл үгүй. Урсгалаараа л өвдөөд, эдгээд байцгааж байна.

Одоо төрийн ихэнх албан хаагчид нь шат шатандаа дээд дарга нартаа таалагдах, тэднээсээ айх айдаст автсан мөн зөвхөн нэр алдар, өнөө маргаашийг аргацааж ажиллаж байгаа учир ковид цар тахал эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд эргэж буцсан ба буруу шийдвэр маш олныг гаргаж байгаад олон нийт бухимдаж байна.

Иргэд, залуучууд хэн нэгний хийрхэл, жагсаал цуглаан, үймээн самууныг л сошиалаас үзэж түүнд автаж, дасан зохицож байна. Гэтэл нийгэмд маш их эерэг нөлөө үзүүлэх спорт, урлаг соёлын арга хэмжээг ялгавартай хандаж, зохион байгуулж болохгүй байна. Бүгдэд ижил тэгш хандах ёстой байх. Үүнийг л залуучууд эсэргүүцэж жагсан “No double standart” буюу монголоор алагчлал, өөрсдөдөө бусдаас илүү боломж битгий олго гээд байна даа.

-Допинг илэрсэн гэх дөрвөн бөх “В” сорьцоо шинжлүүлэх хүсэлт өгсөн үү?

-Одоогоор өгөөгүй байна. Мэдэгдлийг өгснөөс хойш 10 хоногийн дотор хариугаа өгөх журамтай. Маргааш тэр хугацаа нь дуусна. Гурван бөх Допингийн эсрэг үндэсний төвөөс хориглосон ямар эм бэлдмэл илэрсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч байгаа байх. Нэг бөх аваагүй байна. Допингийн шинжилгээ авах, зөрчил гаргасан талаарх мэдээлэл өгөх, “В” сорьц өгөх эсэх талаарх мэдээлэл, хариуг зарлах зэрэг процессыг журмын дагуу шийдвэрлэж, асуудал үүсгэхгүй нягт нямбай байх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Амарцэнгэл: Худалдааны хуулийн шинэчилсэн найруулга эрх мэдлийг хэт төвлөрүүлэх чигтэй боловсруулагдсан нь илэрхий харагдаж байна

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХын намрын чуулганаар хэлэлцэнэ. Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээндМонголын сүүний нэгдсэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн О.Амарцэнгэлтэй ярилцлаа. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эрх мэдлийг нэг байгууллагын дор зангидахад чиглэж байгаа тухай шүүмжлэл дагуулаад байгаа юм.


Худалдааны аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ намрын чуулганаар орно. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эрх мэдлийг нэг байгууллагын дор зангидахад чиглэж байгаа тухай шүүмжлэл газар аваад байна. Энэ асуудал дээр таны байр суурийг сонсъё.

-Эрх мэдлийг хэт төвлөрүүлэх чигтэй боловсруулсан нь илэрхий харагдаж байна. Тухайлбал, Худалдаа аж үйлдвэрийн танхимыг яаж байгуулах вэ гэдэг дээр явцуу хүрээгээр маш тодорхой зааж. Заавал төв танхимдаа харьяалалтай байх тухай заалтыг тусгажээ. Нэг бол ААНүүд заавал төв танхимын гишүүнээр элссэн байна гэж заасан байна. Эндээс үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх үзэгдлийг захиргааны шинжтэйгээр хумьсан агуулга харагдаж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг гэсэн долдугаар зүйл, үүнийг дэлгэрүүлсэн 8, 9, 10, 11, 12 дугаар зүйлд заасан чиг үүргүүдийн олонх нь зөвхөн танхим биш, бусад төрлийн төрийн бус байгууллагуудын гүйцэтгэх боломжтой чиг үүргүүдийг зөвхөн танхим явуулах эрхтэй гэж ойлгогдохоор найруулга орчихсон байна.

Тухайлбал…

7.1.5д мэргэжлийн боловсрол, сургалт, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих гэж байгаа юм. Үүнийг задлахдаа 12 дугаар зүйлд “Аж ахуй эрхлэгчдэд эрэлттэй мэргэжилтэн, боловсон хүчний судалгааны үндсэн дээр хүний нөөцийн сургалт, судалгаа зохион байгуулах” гээд бичсэн байгаа юм. Иймэрхүү заалтуудыг зөвхөн танхим биш бусад төрийн бус байгууллагууд бүгд л хийдэг. Хуулийн ерөнхий үзэл санааг ажиглахад энэ үйл ажиллагааг зөвхөн танхим хийх эрхтэй мэт харагдахаар оруулсан байна.

Зөвхөн танхим гүйцэтгэх эрхтэй зарим нэг үйл ажиллагаануудыг танхимаас бусад байгууллагууд гүйцэтгэх боломжтой үйл ажиллагаатай нэг дор бүлэглээд хийчихсэн байгаа юм. Сургалт судалгаа, инновацийг дэмжих, гадаад хамтын ажиллагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэх ч юмуу. Энэ бүгдийг нэг тогоонд бичиж. Үүнийг агуулгаар нь харахад бусад төрийн бус байгууллага гардан гүйцэтгэдэг, экспортын барааны гарал үүслийн гэрчилгээ олгох ч гэдэг юм уу, энэ бүгдийг нэг тогоонд байгааг харахаар зөвхөн Худалдаа аж үйлдвэрийн танхим гүйцэтгэх гээд байгаа ч юм шиг. Ийм ойлголт төрөхөөр оруулжээ.

Магадгүй саалийн фермийн чиглэлээр ажилладаг сүүний холбоо сургалт зохион байгуулахад Худалдаа аж үйлдвэрийн танхимын эрх рүү халдаад ч байгаа юм шиг. Ийм ойлгомжгүй заалтууд оржээ.

Танхимыг ямар зарчмаар байгуулах нь ааНүүдэд ээлтэй вэ. Олон улсад ямар зарчим үйлчилдэг юм бол?

-Танхим байгуулахад олон улсын жишиг ихэнхдээ орон нутгийн зарчмаар байгуулагддаг. Европын холбоо, АНУынхыг анзаарахад муж, дүүрэг, хот гэсэн тогтолцоогоор байгуулагдсан байх юм. Миний санал бол хүмүүс эвлэлдэн нэгдээд байгуулж л байг. Заавал үүнийг хуульчилж, хязгаарлах шаардлага байхгүй. Харин байгуулагдсан танхим үндсэн худалдаа аж үйлдвэрийн танхимын эрх, үүргийг хуваалцахын тулд үндсэн гишүүн байх гэсэн агуулгаар хуульд оруулбал зүгээр болов уу.

Таны хэлж байгаагаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын эрх үүргийг хэрэгжүүлэхийн тулд л гишүүнчлэл шаардлагатай байх нь

-Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухайлсан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, түүнд хамран оролцохын тулд л гишүүн байх хэрэгтэй. Дахин онцлоход, танхим байгуулах зарчмыг хуульчлах шаардлага байхгүй. Саналаараа байгуулдаг нь байгуулаад, орон нутгаараа байгуулдаг нь байгуулаад яваг. Танхимын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой бол танхимын гишүүн болоод явж болно.Тухайн орон нутагт нь үндсэн танхимын эрх үүргийн хэмжээний үйл ажиллагаа явуулах эрхээ гишүүн байгууллагууд нь эдлээд явна биз. Гишүүн биш бол үндсэн танхимын эрх үүргийг хэрэгжүүлэхгүй л явж л байг л дээ. Тэд тус тусын орон нутгийн төр захиргааны байгууллагатай харьцахдаа үндсэн танхимаас зөвшөөрөл авдаг хатуу зохицуулалт оновчтой биш.

Хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал ааНүүдэд ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-ААН-үүд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, эвлэлдэн нэгдсэн хүрээгээрээ төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай харьцах нь чөлөөтэй байх тухай асуудал хумигдах гээд байна.

Гэхдээ энэ хуулийг бүхэлд нь үгүйсгэж байгаа асуудал биш гэдгийг энд онцлох нь зүйтэй. Зарим нэг хатуу заалтыг нь өөрчлөх шаардлагатай байгаа юм. Худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль байх ёстой. Арбитр ч юм уу, барааны гэрчилгээ олгох, Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн санаа бодлыг зангидаж төрд танилцуулах гэх мэт үүрэг Худалдаа аж үйлдвэрийн танхимд байх ёстой. Тухайн салбарын нийтийн эрх ашгийг нэгтгэж зангидаад төрд танилцуулах үүрэг Худалдаа аж үйлдвэрийн танхимд байх ёстой. Тухайлбал, түүхий сүүний үнийг тогтворжуулах тухай асуудал тавихад нэг талаас шууд засагтай харьцдаг байхад, нөгөө талд Худалдаа үйлдвэрийн танхимаар дамжаад харьцахад “Хэрэглэгч талаасаа түүхий сүүний үнийг ийм байлгах нь ийм ашигтай, эдийн засагт ийм ач холбогдолтой, тухайн салбарын хөгжилд ач холбогдол нь ийм” ч гэдэг юмуу асуудлыг цөмөөр нь харж төртэй харьцдаг байвал зөв. Явцуугаар өөрийнхөө эрх ашгийг дөвийлгөж тавьж асуудалд хандах нь бий. Худалдаа аж үйлдвэрийн танхим маань улсын эдийн засгийг бүхэлд нь харж байгаа учраас тэр бүр тухайлсан явцуу эрх ашиг, дөвийлгөсөн байр суурийг илэрхийлж төрд хандаж болохгүй. Үндэсний танхим олон талаас нь харж ажиллах ёстой. Зөвхөн худалдаа гэхээс илүү энэ өөрчлөлтийн ард хэрэглэгч талд ямар сөрөг нөлөө гарч болох вэ ч гэдэг юм уу. Магадгүй хүнсний нэг чиглэлийн худалдааг ярьж байхад нөгөө чиглэлийн хүнсний худалдаа хоорондоо зөрчилдөөд хэт монополь байдал үүсдэг ч юмуу энэ талаас нь Худалдаа аж үйлдвэрийн танхим том дүр зургаар нь харж, нийтлэг эрх ашгийн үүднээс тухайн салбарын хөгжлийг анзаарч том ажиллах хэрэгтэй.

Нэг аймгийн худалдааны танхимын эрх ашгийг үндэсний танхим бариад туг эргүүлээд гүйж болохгүй. Монгол Улс 21 аймагтай. Бусад аймгийн эрх ашгийг хохироодоггүй юм аа гэхэд тодорхой хэмжээгээр хойш тавих нөхцөл байдал үүсгэж Үндэсний танхим яваад байж болохгүй. Тухайн аймгийн танхим яг өөрийнхөө эрх ашгийг урдаа бариад явах нь зүй ёсны асуудал. Тэгж байж тухайн асуудлыг онцгойлж гаргаж ирж шийднэ. Үндэсний танхим бол хэт явцуурч болохгүй учраас нийгэм эдний засгийн талаас улсын хүрээнд харах ёстой. Ийм утгаар бүх зүйлийг үндэсний танхимаар дамжуулна гэдэг хуулийн хатуу зохицуулга дор монополь шинж чанартай зохион байгуулалт үүсгэх юм бол төрийн бус байгууллагууд уян хатан байж, бусад ажлаа хийхдээ төр засагтай харьцах асуудал нь нээлттэй үлдэх юм болов уу гэж харж байна.

Categories
xурдан-морь мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Ариунболд: Монгол адууг генийн түвшинд ялгаж бүртгэлжүүлснээр хурдан морины уралдаан тойрсон хэрүүл цэгцэрнэ

Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболдтой Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд ярилцлаа. Намрын чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцэж батлах юм.


-Баяр наадмын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах сураг гарсаар нэлээд хугацаа өнгөрчээ. Яг ямар үйл явц өрнөж энэ ажил гацаад байна вэ?

-Дэлхийд Монгол гэх үндэстэн байдаг гэдгийн баталгаа болгож ЮНЕСКО 2010 онд биет бус соёлын өв Монгол наадмыг хүн төрөлхтний соёлын жагсаалтад бүртгэж авсан байдаг. Үндсэн зарчмын тухайд өв соёлыг хуульчилж болдоггүй. Өв соёл гэдэг

Энэ хуулийн төслийн хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн Засгийн газрын 57 дугаар тогтоолоор Засгийн газар өөрөө энэ хуулийг санаачилсан. Явцын дунд 2018 оны үеэс УИХ-ын гишүүн Х.Болорчулуун сэрвээний хуулийг боловсруулчихсан явж байгаад Засгийн газрын ажлын хэсгийг хоёр ч удаа тарааж байлаа. Хуулийн төслийг нь бэлдчихээд байхад л тухайн үеийн Шадар сайд Я.Содбаатарын зүгээс “Баяр наадмын тухай хуульд Морьтой холбоотой хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулахгүй” гэсэн төслийг Засгийн газрын хуралдаанаар оруулж байлаа. Засгийн газрын хурлаар орсон өдөр нь төв талбайд жагсаал болж, орой нь Шадар сайд огцрох өргөдлөө өгч байсан удаатай. Харин 2021 оны хавраас Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах арга, аргачлалын дагуу боловсруулсны үндсэн дээр Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Шадар сайд С.Амарсайхан нараар үзэл баримтлалыг нь батлуулсан хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байна.

-Баяр наадын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор үндэсний морин уралдаанд томоохон өөрчлөлтүүд орж байна. Нэгдүгээрт баяр наадмын хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн ангиллаар зохион байгуулах тухай заасан байдаг. Тэгвэл энэ зургаан насны ангиллаар ямар морь уралдахыг нарийвчилж заагаагүй байсан юм. Ямар морь уралдахыг зааж өгөөгүй учраас “Морьдыг ялгахгүй уралдуулах юм биш үү” гэх ойлголт яваад байдаг. Энэ төсөлд “Монгол наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан зохион байгуулна” гэж тодорхой хуульчилсан байгаа. Ёс заншил гэдэг зүйлд тулгуурлаад үзэхэд зөвхөн монгол морь уралдах ёстой болж байгаа юм. Хуулийг үгийн шууд утгаар нь тайлбарладаггүй. Хуулийг хэрэглэж буюу тодорхой бусад зүйл заалтуудтай уялдуулж тайлбарладаг. Яг монгол морь уралдана гэж заагаагүй ч концевцийн хувьд монгол морь уралдахаар заасан байгаа.

-Гол маргаан адуу ялгахад л гардаг шүү дээ. Эрлийз, монголын асуудал хурцаар яригддаг. Энэ асуудлыг шийдэх ямар гарц хайж олов?

-“Монгол үүлдрийн стандартад нийцсэн адуугаар уралдаж зохион байгуулна” гэж энэ төсөлд суусан байгаа. Дараагийн асуудал бол уралдах морьдоо заавал урьдчилж бүртгүүлнэ. Улсын хэмжээнд цахим бүртгэл хийх юм. Уралдах морийг амьдралынх нь турш нэг удаа л бүртгэлжүүлнэ. Тэр морь хаана ч очсон бүртгэлийн үнэмлэхээ үзүүлээд л уралдана. Морины бүртгэлийн дэд хороог байгуулах тухай заалтууд энд тусгагдсан байгаа.

Шинэчилсэн найруулгад орсон өөр нэг том өөрчлөлт нь уяачийн үүргийг нэмэгдүүлж өгсөн. Ёс жудаг хууль тогтоомж журамтай холбоотой үүргийг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг цахим систем рүү шилжүүлж Зөрчлийн бүртгэл, мэдээллийн сан үүсгэх заалтуудыг энэ хуульд тусгасан.

Манай үндэсний холбооноос өгсөн өөр нэг санал нь баяр наадам зохион байгуулж байгаа хүмүүст өөрсдөд нь хүлээлгэх хуулийн зохицуулалт байдаггүй. Журам зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх ямар ч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, зохион байгуулж байгаа морины даамал нөхөр хууль тогтоомжоо зөрчиж эрлийз адуу уралдуулахад хүлээлгэх хариуцлага байхгүй. Хариуцлага хүлээх боломжтой субьект нь бөх, уяач, харваач гурав л байгаад байдаг. Өнөөдөр хурдан морины салбар дахь завхралыг наадам зохион байгуулж байгаа нөхдүүд л үүсгэдэг. Хууль тогтоомжийг зөрчсөн хэн ч хариуцлага хүлээх боломжтой байдлаар хуульчилж өгсөн. Хариуцлага, зөрчлийн асуудал ил тод цахимжаад ирэхээр энэ салбарт үүссэн гажуудал тодорхой хэмжээнд буурна.

-Монгол морины стандарт гэж та бүхэн юу яриад байна вэ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн адуугаар уралдана гэж тодорхой зааж оруулсан. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад зөвхөн ямар адуу уралдахыг нь заагаад өгчихөж байгаа юм. Адууг ялгаж бүртгэх субьект нь Хөдөө аж ахуйн яам, түүний харьяа агентлагууд. Малыг бүртгэлжүүлэх журам бий. Малын генетик нөөцийн хуулийн дагуу гаргасан журам л даа. Энэ журмын дагуу малыг үүлдрээр ялган бүртгэлжүүлнэ. Монгол бол монголоор нь, эрлийз бол эрлийзээр нь, цэвэр цусных бол цэвэр цусныхаар нь бүртгэнэ гэж заасан. Малын генетик нөөцийн тухай хуульд хоёр буюу түүнээс дээш үе нутагшсан үүлдрийг нутагшсан үүлдрээр бүртгэж болно гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, эрлийз адууг тодорхой нэр оноогоод нутагшсан үүлдрийг үүлдэр болгож бүртгэлжүүлж болно гэх зүйлийг нээлттэй болгосон. Хамгийн түрүүнд удам зүйн түвшинд л бүртгэлжүүлэх шаардлагатай байгаа юм.

-Генийн түвшинд бүртгэлжүүлэх хэрэгтэй гэж та ярилаа. Харин З.Мэндсайхан сайд монгол адууг физик хэмжигдэхүүнээр тодорхойлдог шүү дээ. Үүний ялгаа зааг, ач холбогдол нь юу вэ?

-Малыг генетикийн түвшинд бүртгэлжүүлнэ гэх хуулийг 2018 онд батлаад 2019 оноос хойш хэрэгжүүлээд явж байна. Энэ хуулийн хүрээнд адууг геномын өвөрмөц дарааллаар бүртгэлжүүлнэ гэж хуульчилсан. Геномын өвөрмөц дараалал гэдэг бол монгол адуу генийн түвшинд бусад адуунаас өвөрмөц дараалалтай байдаг. Тэр дарааллыг олж тогтоогоод бүртгэлжүүлнэ гэх хуулийн төслийг баталсан. Үндэсний холбооны зүгээс энэ хуулиа хэрэгжүүлэх хүсэлтийг ХХААЯ-нд 2019 оноос хойш удаа дараа тавьсан. 2020 оны сайдын багц дээр тодорхой хэмжээний мөнгө төсөвлөгдөж монгол адууг генетикийн түвшинд тогтоох ажлын хэсгийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, монгол адууны геномын өвөрмөц дараалал гэдэг энэ юм гэдгийг тогтоох гээд байна шүү дээ. Нөгөө талд хүмүүс харьцуулах эх сурвалж байхгүй болохоор та нар ялгаж чадахгүй гээд байгаа юм. Харьцуулах эх сурвалжийг нь шинээр бүтээж байгаа л ажил. Ингээд улсын хэмжээнд 1500 адуунаас төлөөлөл болгож монгол адууны 60-70 жил бүрдүүлж бий болгосон эрдэмтдийн судалгаанд тулгуурлаж, 10 сумаас 1500 адууны цусны дээж авсан. Энэ ажил хэрэгжээд дуусах шатандаа орж байхад эрлийз морь уядаг, ашиг сонирхлын зөрчилтэй Загджавын Мэндсайхан гэж хүн “Төсөв санхүү байхгүй” гэх шалтгаанаар зогсоосон. Ингээд З.Мэндсайхан 2010 онд баталсан монгол үүлдрийн адууны стандарт гэдэг зүйлийг 2020 шууд шинэчлэн баталсан байдаг. 2010 онд баталсныг хүчингүй болгоод шинээр баталж байгаа юм. Шинээр батлахдаа геномын түвшинд батлах ёстой. Гэтэл генийн түвшинд тогтоох ажлыг гацааж байгаад зөвхөн физик хэмжигдэхүүнээр нь монгол адууны стандартыг баталсан. Адууг геномын түвшинд бүртгэлжүүлэх ажилд физик хэмжигдэхүүн нэг их чухал биш. Тэр олон шалгуурын нэг л үзүүлэлт нь. Тухайн асуудлыг шийдвэрлэхэд оновчтой гарц, шийдэл биш л дээ. Салбарын сайд нь монгол адууг геномын түвшинд бүртгэлжүүлэх ажлыг өөрөө гацаана. Тэгээд эрлийз морь уяна. 2021 онд Ховд аймагт зохион байгуулагдсан уралдаанд З.Мэндсайхан сайд монгол ангилалд эрлийз морь түрүүлгэсэн байдаг. Нутгийнх нь дов дээр нь нутгийн уяач нь сайдын морийг хассан тохиолдол ч гарсан. Үндсэндээ энэ завхралыг адууны фермер хийдэг, адуугаа уядаггүй уяачид хурдан морины салбарт орсноор бий болгож байгаа юм. Ингэснээр үндэсний гэх тодотголтой өв соёл малчдын наадмыг булааж байна л даа. Наадах эрхийг нь хязгаарлаж байна. Зөвхөн спортын чиглэлээр хөгжлүүлж бий болгосон адуутай эрлийзжүүлсэн адууг монгол морьтой хольж уралдуулснаар тухайн наадамд шударга бус байдлыг бий болгож байгаа юм. Шударга бус байгаа учраас малчид наадамдаа ирэхээ ч больж. Төрийн наадмын үнэ цэнэ ч унасан.

-Таны хэлж байгаагаар Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар малчид, уяачдад л таатай нөхцөл бүрдэх нь дээ.

-Үндэсний их баяр наадам бүх ард түмэнд тэгш хүртээмжтэй, бизнесийн ашиг хонжоо олох зорилгогүй байх ёстой. Ийм ч учраас ЮНЕСКО албан ёсоор бүртгэж авсан. Бизнесийн зорилготой үйл ажиллагаа болж эхлэх юм бол ЮНЕСКО бүртгэлээ хүчингүй болгодог журамтай. Сүүлийн үед НҮБ-аас “Танай өв соёл, баяр наадамд унаган төрхөө алдаж байна. Бизнесийн зорилготой болж хөгжих гэж байгаа бол үүндээ хүүхдүүдийг битгий оролцуул” гэсэн шаардлага л тавьж байгаа юм билээ.

-Сэрвээний өндөөр хэмжиж уралдуулна гэж шинэ цагийн монгол адууг хамгаалаад байгаа Х.Болорчулуун, З.Мэндсайхан нарын тэргүүтэй хүмүүст ямар ашиг сонирхол байна вэ. Эрлийз адууны бизнесээ хамгаалаад байна уу?

-Шууд хэлэхэд тийм. Адууны фермер хийдэг хүмүүст эрлийз адуугаа борлуулах үндэслэл хэрэгтэй шүү дээ. Эрлийз адуу уралдаад байхад малчны хотноос биш, фермерээс адуу авах сонирхол төрнө. Фермер эрхэлж байгаа хүмүүс малчидтай харьцуулахад хагас мэргэжлийн түвшинд хүрсэн. Харин дэлхийд бол адууг эрлийзжүүлэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Эрлийз адуутай өөр ангиллын адуу уралдуулахыг хориглодог.

-Шинэ цагийн монгол адуу унаач хүүхдэд халтай байх шиг. Өөрөөр хэлбэл, эрлийзжүүлээд фермерт тэжээсэн адуу мэдрэмжээ алдчихдаг талаар өвгөн уяачид хэлдэг.

-Монгол адууг туурайдаа мэлмийтэй гэж ярьдаг. Тухайлбал, газрын бартаа саадыг харж давхидаг адуу. Тарваганы нүх байвал тойрдог, хөндлөн зам байвал хурдаа сааруулна. Газарт амьд амьтан таарвал монгол адуу гишгэдэггүй. Мөн нуруун дээрээ яваа хүүхдийг мэдэрч давхидаг. Яг энэ шинж чанарууд нь эрлийзжээд ирэхээр алдагдаж байгаа юм. Тарлаж байгаад хөлийг нь хугалчихлаа гэх харуусал уяачдын дунд хаа сайгүй бий. Үндсэндээ монгол адууг эрлийзжүүлэхэд мэдрэмжээ алдчихдаг. Үр төлөө таньдаггүй, гүүний хээлтэй хээлгүйг мэдрэхгүй гишгэдэг гэх мэтчилэн мэдрэмж гэх зүйл нь бүрэн алдагддаг. Галзуу юм шиг давхидаг эрлийз адуу хүүхдийн эрхийн байгууллагуудад өгөөш болж байгаа нь үнэн. Үндсэн хуульд соёл бол ард түмний өмч, төр соёлыг хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг. Төр гажуудсан соёлоо унаган төрхөөр нь авч явах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн байдаг. Төр өөрөө хууль гаргаж соёлын гажуудлыг арилгах үүрэгтэй.

-Соёлоо аварч үлдэхийн тулд адууг бүртгэлжүүлэх гэж асар их ажил байна даа, бидний өмнө…

-Тийм ээ. Тодорхой хэмжээний зардал ч гарна. Салбарт үүссэн маргааныг шийдвэрлэхийн тулд нэг удаа л хийх ажил. Ирээдүйд гарах нөр их ажлыг хэмнэж байгаа юм. Ер нь гол маргаан наадмын өглөө морьдыг ялгаж хасдагт байгаа юм. Тухайн уяачдын бүтэн жилийн хөдөлмөр, хөрөнгийг үнэгүйдүүлж болохгүй. Бүртгэлжүүлснээр наадамд таны морь уралдана гэдгийг баталгаажуулж байгаа юм.

-Шинэ цагийн монгол адуу манайд 2000-аад оны дунд үед нэвтэрсэн байдаг. Тод манлай уяач Д.Ононгоос авахуулаад хүч хөрөнгөө зарцуулсан олон зуун уяач бий. Энэ хүмүүсийн эрх ашиг л хурцаар хөндөгдөх нь дээ.

-Тэр хүмүүс маань эрлийз адуугаар дэлхийд гарч уралдана гэж ярьдаг юм. Цаана нь дэлхийн том уралдаанууд байна, тэрийг нь хар гээд л хэлдэг. Тэд нар өөрсдөө дэлхийд гарч уралдах боломжгүй гэдэг ээ маш сайн мэдэж байгаа. Англи азарга, монгол гүүнээс төрсөн төл дэлхийд гарч уралдах боломжгүй. Харин Англи азарга, англи гүүнээс Монголд төрсөн унага паспорт аваад л уралдах боломжтой. Тэд монгол маягийн морин тойруулгыг бий болгож, эрлийз адуунд таарсан уралдааны зай, тойруулгад уралдааны дүрмээ зохиогоод спортын чиглэлээр хөгжүүлж болно. Энэ бол нээлттэй. Морин уралдаан гэдэг спорт. Морин уралдааны спорт гэдэг том бизнес болж хөгжиж үзэгчдийг татах бүрэн боломжтой. Морин уралдааны спортоор дамжуулж эдийн засгаа тэлэх боломж манайд бий. Тэр хөгжлийг түргэтгэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь Монгол наадмаас тусдаа байх ёстой. Монгол наадамд зөвхөн монгол адуу л уралдана.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хил хаагдсанаар мөнгөн эдлэлийн түүхий эдийн үнэ нэмэгджээ

Өмнөд хөршид коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Эрээний хил хаагдаад 10 гаруй хонолоо. Энэ хугацаанд барааны импорт бүрэн зогссон. Үүсээд буй нөхцөл байдал дотоодын үйлдвэрлэгчдэд ч дарамт учруулаад эхэлжээ. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн олонх нь түүхий эдээ урд хөршөөс татдаг. Тэдний дийлэнх нь түүхий эдийн хомстолд орж, бараа материалаа хангалттай хэмжээнд үйлдвэрлэх боломжгүйд хүрээд байгаа юм байна. Энэ асуудлын хүрээнд дотоодын бизнес эрхлэгчдийн байр суурийг сонссон юм.

“Дарьганга” гоёл компанийн худалдааны зөвлөх С.Болдгэрэлтэй ярилцлаа.


-Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалж урд хөрш хилээ хаалаа. Дээрх шийдвэр үндэсний үйлдвэрлэгч та бүхэнд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Мөнгөн эдлэлийн бизнес эрхлэгчид хил хаагдсанаар түүхий эдийн хомсдолд ороод байна. Энэ төрлийн бизнес эрхлэгчдийн гол түүхий эд нь үрлэн мөнгө байдаг. Хил хаагдсанаар үрлэн мөнгөний хомсдол үүсч үнэ нь тэнгэрт хадчихлаа.

Хэвийн үед үрлэн мөнгө нэг лан нь 89 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан юм. Өнөөдөр лан нь 112 мянган төгрөгийн ханштай байна. Хил хаагдсанаас хойш долоо хоногийн хугацаанд л 21 мянган төгрөгөөр нэмэгдчихлээ. Цаашид үрлэн мөнгөгүй болж, бараа материалын үйлдвэрлэл зогсох эрсдэл ойрхон байна.

-Манайд Салхитын мөнгөний орд бий. Мөнгөн эдлэлийн бизнес эрхлэгчид эндээс түүхий эдээ авч болдоггүй юм уу. Заавал урдаас захиалах шаардлагатай юу?

-Манайд цэвэршүүлэх үйлдвэр байхгүй. Дотооддоо үрлэн мөнгө боловсруулах боломжгүй шүү дээ.

Манайх эдлэлээ 999 сорьцтой үрлэн мөнгөөр хийдэг. Үүнийгээ урдаас л захиалж авдаг юм.

-Монголбанкинд үрлэн мөнгө зардаггүй бил үү?

-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас үрлэн мөнгө худалдаалж эхэлсэн. Монголбанкинд тушаасан мөнгийг Урд хөрш рүү авч очиж цэвэршүүлээд, металл эрхлэгчдэд зардаг юм билээ.

-Салхитын мөнгөний ордоос гарсан мөнгөөр үнэт эдлэл хийх боломжгүй гэсэн үг үү?

-Боловсруулаагүй мөнгийг ашиглаж эмээлийн мөнгөн чимэг, аяга, хийх боломжгүй.

-Хэвийн үед нэг мөнгөн аяга хийхэд ямар ханшаар бүтэж байв. Одоо хэдэн төгрөг болсон бэ?

-Цар тахлаас өмнө лан мөнгө 55 мянган төгрөгийн ханштай байсан юм. Нэг аяганд ойролцоогоор 15 лан мөнгө орууллаа гэж үзэхэд сая орчим төгрөгийн металл ордог байсан. Өнөөдөр түүхий эдийн үнэ өссөн. Одоо 15 лангийн мөнгөн аяга 1.9 сая төгрөгөөр бүтнэ. Зөвхөн түүхий эдийн үнэ л хоёр дахин нугарсан байгаа биз. Бид хаа хаанаа хүндрэлтэй байгааг сайн ойлгож байгаа. Бараа бүтээгдэхүүний үнээ нэмж үйлчлүүлэгчдийн нуруунд ачаа үүрүүлэхгүйг л бодох юм. Энэ хүнд үед илүү зардлуудаа танаад хичээгээд л ажиллаж байна. Цар тахлыг хамтдаа давж гарахаар л зүтгэж байна.

-Мөнгөн аяга, эмээл, хазаар, ташуур зэрэг эртнээс өв уламжилж ирсэн зүйлсийг хийхэд яг юуг нь урдаас татаж байна вэ?

-Энд эмээл, хазаар, ташуур худалдаалагдаж байна. Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зөвхөн түүхий эдийг нь л урдаас татдаг. Бусдаар бол монгол дархны ур ухаан шингэсэн бүтээл мөн. Зарим тохиолдолд аяганы тагшийг урдаас татдаг. Манайд үйлдвэрлэдэг ч чанарын шаардлага хангахад хэцүү. Үнэт эдлэл гэдэг үе дамждагаараа онцлог. Гол үнэт зүйл нь л энэ. Хүний аавынх нь эдэлж байсан эмээл, ээжийнх хэрэглэж байсан аяга гэдэг хэнд ч үнэ цэнэтэй. Ийм ч учраас бат бөх тал дээр анхаарах шаардлагатай байдаг.

-“Урд хил хаалттай байж л байг. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье” гэх байр суурийг илэрхийлэх хүмүүс байна. Үүн дээр таны байр суурийг сонсъё.

-Хүмүүсийн зарим нь хил хаагдлаа гээд талархаж хүлээж авч байгаа нь анзаарагдах юм. Бизнес эрхэлж байгаа хүний нүдээр харъя л даа. Хил дээр жимс ногооноос авахуулаад амархан муудах хүнсний бүтээгдэхүүн хэдэн тонноороо гацчихаад байна. Энэ бүтээгдэхүүнүүд гаалиар орж ирэхэд чанарын шаардлага хангахгүй болчихлоо. Ард нь бизнес эрхлэгчид асар өндөр хохирол хүлээж байна. Энэ хүмүүсийн эрх ашгийг бодох хэрэгтэй. Олон хүний амь амьдрал яригдаж байна. Үндэсний үйлдвэрлэлийг дэжих нь зөв. Үйлдвэрлэлийг хөгжүүлж байж ажлын байр бий болно. Олон хүн орлоготой байна. Нөгөө талдаа манайх гуравхан сая хүний зах зээлтэй. Зарим зүйлийг дотооддоо үйлдвэрлэх нь ашигтай юу, урдаас авах нь зөв шийдэл үү гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлийн олонх нь түүхий эдээ урдаас татаж байгаа нь үнэн шүү дээ. Миний тухайд ийм л байр суурьтай байна.

-Импортлогчдын амь тасарч байх шиг байна.

-Тээврийн хөлс өсч байна. Ийм хүнд үед хил хаагдлаа. Ингэснээр импортлогчдын аж амьдрал нурж байна. Олон улстай хэлэлцээр хийх Гадаад хэргийн яам, тээврийн асуудал хариуцсан Зам тээврийн яам, худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах Худалдаа аж үйлдвэрийн танхим гээд газрууд ажиллаж байна. Дээрх хүмүүс маань ийм хүнд цаг үед гараа хумхиад суухгүй байлгүй дээ. Ухаантай хүмүүс олон бий. Тус тусынхаа чиг үүргийн дагуу ажиллаж л байгаа нь мэдээж. Үр дүн удахгүй гарах байх аа” гэв.

Манайх том мөнгөний ордтой ч боловсруулах боломжгүй учраас урагш нь гаргаж хайлуулдаг байна. Ингэснээр мөнгөн эдлэлийн түүхий эд бэлэн болно. Харин буцаж манай зах зээлд нийлүүлэгдэхдээ үнэ нь хэд дахин нэмэгддэг аж.

Мөнгөн эдлэлийн бизнес эрхлэгчдийн гол түүхий эд үрлэн мөнгө хомсодсоноор захиалгыг цаг тухайд нь гаргах боломжгүй болохоос өгсүүлээд олон хүндрэл гарч байгаа талаар хэлж байна.


Мөнгөн эдлэлийн дархан С.Саруул-Эрдэнийн байр суурийг сонссон юм.


-Урд хил хаагдлаа. Мөнгөн эдлэлийн дархчуудад яаж тусч байна вэ?

-Хөл хорио тогтоосон өдрүүдэд амар биш байлаа. Карантилсан өдрүүдэд өөрт байсан жаахан эмээлийн мөнгөн чимэг, бага оврын аяга зэргийг дархаллаа. Сүүлийн үед гол түүхий эд үрлэн мөнгө ховордох боллоо. Олдож байгаа нь тэнгэрт тулсан үнэ хэлэх юм. Хил хаагдсан нь зөвхөн импортлогчид бус үндэсний эдлэл хийдэг хүмүүст ч хүндээр тусч байна.

-Захиалга хэр орж ирж байна вэ?

-Энэ намар бол захиалгад дарагдлаа. Гол түүхий эд үрлэн мөнгө ховордсонтой холбоотойгоор хүмүүсийн захиалгыг удаах зэрэг асуудлууд гарч байна. Цаашлаад бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүйд хүрлээ гэсэн юм.

Монгол дархчуудын гар урлал гэдэг дахин давтагдашгүй гэдгээрээ онцлог. Дахин давтагдашгүй зүйлийг үйлдвэрийн бус гар аргаар хийдэг. Үнэт эдлэл гэдэг учир нь үе дамждагт байдаг талаар энэ төрлийн бизнес эрхлэгчид онцолж байна. Мөн гар хийцийн мөнгөн эдлэлийн өртөг дотоодын зах зээлд шингэдгийг ч хэлж байлаа. Мөнгөн эдлэлийн түүхий эдийг гаднаас авдаг ч эмээлийн мод, гөлөм, дөрөө зэргийг дотоодын дархчуудаас авдаг юм байна. Сүүлийн үед хуурамч мөнгөн эдлэл зарах хүмүүс олширсон. Мөнгөн эдлэл худалдан авахдаа сорьцыг албаар баталгаажуулсан эдлэл сонгохыг бизнес эрхлэгчид сануулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар: Олимпийн аварга Ооно Шоохэйг цаг сунгасан барилдаанд ялах тактик боловсруулж гарсан ч санаснаар болсонгүй

“Токио 2020” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатартай ярилцлаа.


-Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нийгмийн сэтгэл зүй амар биш байлаа. Олимпийн дэвжээнд тамирчдаа харж сэтгэл зүйн дархлаагаа ч тогтоох шиг боллоо. Токиогийн олимпийн татамид барилдсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Цаг үеийн хүнд нөхцөлд тамирчдын эрх ашгийг өмнөө тавьж олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсанд ОУОХ-нд хувийн зүгээс баярлаж байна. Тамирчны ид үе богинохон. Олимпийн наадмыг цуцална гэдэг тамирчдад асар хор хохиролтой. Токиогийн олимп зохион байгуулагдах сураг сонсоод л зарим тохиолдолд гэрийн нөхцөлд бэлтгэл сургуулилтаа базаалаа. Үр дүн ч гарч хүрэл медаль хүртлээ. Бөхөд сэтгэлтэй монгол түмнээ баясгалаа. Сэтгэгдэл өндөр байна. Уг нь Олимпийн аварга болох зорилготой Токиогийн татамид гарсан юм. Орон орны шилдгүүдтэй өрсөлдлөө. Санаснаар болж өгсөнгүй, хүрэл медаль хүртлээ.

-Олимпийн татамид хийсэн барилдаануудын талаар сэтгэгдлийг тань хуваалцмаар байна.

-Сугалаагаа анзаарахад Косовагийн Гежаковатай шөвгийн наймд барилдах зураглал харагдаж байсан. Кососвагийн бөхчүүд энэ удаагийн олимпод үнэхээр сайн бэлтгэлтэй оролцсон. Токиогоос олимпийн аваргатай болсон шүү дээ. Гежакова ч олимпийн наадамд сайн бэлтгэсэн байна лээ. Хүнд барилдаан хийж нэмэлт цагт ялалт байгуулсан. Ерөнхийдөө төлөвлөж байснаараа л барилдаж үүрч үнэлгээ авсан. Ингээд л шөвгийн дөрөвт шалгарсан.

-Олимп, дэлхийн аварга Ооно Шоохэй, Цогтбаатар нарын барилдаан олон хүний анхаарлын төвд өрнөсөн. Та ямар барилдаан төлөвлөж гарав. Санасан хэмжээндээ барилдаж чадав уу?

-Олимпийн аваргатай нутгийн дэвжээнд нь өрсөлдөөд ялагдал хүлээлээ. Цаг сунгасан барилдаанд ялна гэж төлөвлөсөн ч санаснаар болсонгүй. Боловсруулсан тактиктаа баригдсан ч юмуу, үндсэн цагт явж үнэлгээ салгаж чадсангүй. Үнэлгээ алдаж ялагдлаа. Цаашид олон удаа таарч барилдана. Алдаагаа давтахгүйг хичээнэ ээ.

-Оонотой өмнө нь бэлтгэл дээр ч юмуу гар зөрүүлж байв уу. Анх удаа учраа таарсан нь олимпийн татами байв уу?

-2018 онд Токиод болсон хамтарсан бэлтгэл дээр барилдаж үзсэн юм. Дөнгөж л жин өгсөж 73 кг-д ороод удаагүй байсан үе л дээ. Гар зөрүүлж үзээд “Ер нь боломжийн юм байна. Нэг их илүүрхүүлээд байх юм алга” гэсэн бодолтой үлдсэн. Токиогийн олимпод очихдоо Оонотой хэрхэн барилдахаа судалж, төлөвлөсөн байсан. Магадгүй жаахан мэх цөөхөн хийж барилдсан тал бий. Энэ формоо хадгалж, өөрийгөө сайн бэлдэж чадвал Ооно аваргыг ялах боломжтой.

-Үндсэн цагийн төгсгөлд хэвтэн цохио хийгээд мөрөөр нь унагасан шүү дээ. Шүүгч барилдаан зогсоох дохионы дараа мэх хийсэн гэж үзэж таны вазари үнэлгээг цуцалсан. Шүүгчийн заалт планд орж ирээгүй. Дэвжээний шүүгч мате дохио өгсөн юм уу?

-Би барилдаандаа бүрэн төвлөрчихсөн байсан юм. Миний мэх, шүүгчийн дохио зэрэг л байсан юм болов уу даа. Мөрөөр нь унагачихаад босоод иртэл шүүгч мате заасан. Шийдсэн мэхээ хийсэн минь л тэр. Бага зэрэг харамсалтай л санагдсан. Цаашид алдаагаа давтахгүй.

-Хүрэл медалийн төлөө Канадын бөхтэй барилдсан. Ялагдлаа мартчихаад л гарч ирэх шиг болсон.

-Ялагдалдаа шаналаад тийлтрээд байвал барилдаандаа төвлөрч чадахгүй шүү дээ. Үүнийг ч багш дасгалжуулагч нар, арын албаныхан маань маш сайн мэдэж байсан. Ялагдаад бууж ирэхэд хурдан мартаад медалийн төлөөх барилдаандаа төвлөрөхийг анхааруулж байлаа. Олимпийн наадамд өөрийгөө сэтгэл зүйн хувьд ч бүрэн бэлтгэсэн учраас өмнөх барилдаандаа л бүрэн төвлөрсөн. Медалийн төлөө барилдаан шүү гэх дарамт надад байгаагүй. Боловсруулсан тактикаараа ажиллаж барилдаад л ялсан. Их баярласан шүү. Татамигаас буухдаа тэнгэрт байгаа аавыгаа их үгүйллээ. Аав минь 2020 оны олимпийг их хүлээсэн ч хойшлоод үзэж чадалгүй бурхны орныг зорьсон юм. Намайг медаль хүртчих болов уу гэж хүлээж байгаа нь харцнаас нь л ойлгогдож байлаа. Олимпийн наадмаас медаль зүүхийг минь тэнгэрийн орноос харсан байх аа. Аавыгаа алдсаны дараа юм бүхэн л утгагүй санагдаж байсан. Жүдогоос ч хэсэг хугацаанд хөндийрсөн. Тэр үед шинэ хүнээ хүлээж авах баярт мэдээг сонсоод л цүнхээ үүрээд бэлтгэлдээ гарсан даа. Хүүхдэдээ зориулж олимпийн медаль заавал авна гэж амласан минь биеллээ оллоо.

-Токио руу явахдаа гэр бүлийнхэндээ амлалт өгөөд явсан гэж дуулсан. Юу амлав?

-“Аав нь чадна аа” гэж хэлсэн. Өмнөө таарсан бүх өрсөлдөгч нараа ялна гээд л Токиогийн онгоцонд суусан даа. Амласандаа ч хүрлээ. Хүү минь хожим “Миний аав олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчин хүн” гэж бахархаж явна гэхээр л омогших сэтгэл төрөх юм. Хүүгийнхээ төлөө илүү их хичээж хөдөлмөрлөнө өө. Өөрт ямар нөөц бололцоо байна, тэр бүгдийг дайчилна.

-Та хоёр дахь олимпдоо зодоглож хүрэл медаль хүртлээ. Токиогийн татами дахь бусад барилдаанууд тань ямар болов?

-Ц.Шийрэв багш минь надад нэг зүйлийг үргэлж захидаг юм. “Эхний хоёр барилдаанаа л зөв хийж шөвгийн наймд үлдчих юм бол цаашаа сайн барилдаж чадна” гэж хэлдэг. Сая олимпоор барилдаан бүртээ л алдаа гаргахгүйг хичээж байлаа. Надтай хэсгийн аваргын төлөө барилдсан Косовогийн бөх Акил Гежаковатай хийсэн барилдаан хүнд болсон. Өмнө нь гурав таарахдаа хоёр ялж, нэг хожигдоод байсан юм. Атгалт сайтай, бяртай тамирчин л даа. Энэ удаа таарахдаа санаачилгыг авч, нэмэлт цагт өөрийн дархан мэхээ даалгаж яллаа. Өмнө нь жаахан бярдуулах гээд байсан юм. Энэ удаа бэлтгэл таарсан учраас нэг их бярдуулсангүй.

-Цогтбаатар багийн барилдаанд олимп, дэлхийн аваргуудыг илүүрхэж ялсан шүү дээ. Багийн барилдаан ямар болов?

-Олимпийн багийн барилдаанд БНСУ, ОХУ, Германы бөхчүүдийг ялсан. Гурав ялаад 30 мянган ам.доллараар шагнуулсан. Монголын багийн хувьд Өмнөд Солонгосыг ялж үзээгүй юм билээ. Токиод анх удаа манайхан 4:2-оор хожиход Дэлхийн аварга Ан Чан Римийг ялж, багтаа хувь нэмрээ оруулсан. Түүнтэй өмнө нь дөрвөн удаа таарч, гурав ялагдаж байлаа. Хамгийн сүүлд 2019 оны Азийн аваргаар алтан медалийн төлөө үлдээд хожиж байлаа. Сая дахин таарахад мэдээж олимпоос медаль авчихсан байсан болохоор сэтгэл зүй сайтай, өөртөө итгэлтэй барилдсан. Өмнө нь Ан Чан Римд барьц алдаж, торгуулиар хожигдчихоод байдаг байсан. Сая харин яг тэр аргаар нь өөрийг нь хожлоо. Дараа нь Оросын бөх олимпийн аварга Муса Могушковыг вазари үнэлгээгээр, хамгийн сүүлд Германы Игор Вандткег цаг сунгаад хөмрөөд ялсан. Германы бөх багийн барилдаанд Ооно Шоохэй аваргыг ялсан шүү дээ. 73 кг-ын шилдэг бөхчүүдийн нэг.

-Цар тахлын улмаас олимпийн эрхийн тэмцээнүүд цуцлагдсан. Олимпийн оноогоо хэрхэн цуглуулав?

-Миний хувьд 2019 оны хавар өвдөгний бэртэл аваад хэсэг хугацаанд тэмцээнд оролцоогүй. Харин 2020 оны улсын аваргад түрүүлээд Парисын Их дуулгаас мөнгө, түүнээс долоо хоногийн дараа Дюссельдорфоос хүрэл медаль авсан. Тухайн үед оролцсон тэмцээн бүртээ медаль аваад жиндээ оноогоороо эхний арван хэдэд ороод ирсэн. Гэтэл хил хаагаад, хатуу хөл хорионы улмаас тэмцээн уралдаанд явж чадахаа больсон. Харин Европт тэмцээнүүд зохиогдоод, тамирчид оноо аваад байдаг. Тэгээд өндөр түвшний формоо алдахгүйн тулд гэртээ бэлтгэлээ хийж байлаа. Харин 2021 он гарсаар хилийн чандад гурван тэмцээнд оролцсон. Дохагийн “Мастерс”-т тааруухан барилдсаныхаа дараагаар хоёр ч Гранд слам-д түрүүлсэн. Нэг Их дуулгын түрүү нь чансааны 1000 оноо авч байгаа юм. Ингээд чансаагаараа 14-т бичигдэх болж, ерөнхийдөө олимпийн эрхийг авсан гэхэд болно.

-Олимпоос сарын өмнө насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан. Таны тухайд Унгарын бөх Миклош Унгварид ялагдсан. Ахмад тамирчинд ялагдлаа гэх шүүмжлэл гарч байсан…

-ДАШТ-д орон орны шилдгүүд цугладаг. Өндөр түвшинд бэлтгэгдсэн тамирчид шүү дээ, санаснаар болохгүй үе бий. Миний тухайд Унгварид ялагдаад тэмцээнээ өндөрлүүлсэн. Санасандаа хүртэл барилдаж чадаагүйдээ сэтгэл дундуур л нутагтаа ирж байсан. Илүү хичээх хэрэгтэйгээ ойлгосон. Унгваригийн тухайд Дакар раллид уралдаж байдаг чанга эр л дээ. Бяртай, хэцүү өрсөлдөгч.

-2016 оны олимпод 20 настай Цогтбаатар хоёр гавьяатын үнэ цэнээр явсан. Харамсалтай нь ганзага хоосон ирсэн. Таныг газар ортол л шүүмжилж байсан цаг саяхан санагдаж байна. Танд амар байгаагүй болов уу?

-Гол буруутан нь би өөрөө л дөө. Итгэлийг нь дааж чадаагүйдээ сэтгэлээр нэлээн унасан. 2016 оны олимпийн өмнө би жин их хассан. 71 кг-аас 60 хүртэл хассан. Их ч ядарсан. Г.Болдбаатар, Д.Амартүвшин гээд дэлхийн шилдгүүдийг үлдээж олимпийн наадамд зорьсон учраас надад алдах эрх байгаагүй. “Рио 2016”-гийн өмнөхөн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга “60 кг-ын жинд Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар нарын хэн явах нь тодорхойгүй байна. Тиймээс олимпийн өмнө улсын аваргаа зохиож, энэ жинд түрүүлснийг нь явуулна” гэсэн юм. Би гавьяат ах нарыгаа ялж олимпийн эрхээ авсан. Тэр мундаг хүмүүсийн үнэ цэнээр олимпод явчихаад медалиас мултарсандаа их гутарсан. Сая Токиогоос медаль зүүчихээд чээжинд буглачихаад байсан том зүйл алга болчихсон юм шиг мэдрэмж төрсөн шүү.

-Таны тухайд Рустам Оружов, Лаша Шавдатуашвила гээд олимп, дэлхийн аваргуудыг ялж өөрийнхөө потенциалыг олон улсад зарлаад байлаа. Гэсэн ч медаль зүүж хараахан чадахгүй яваад байлаа шүү дээ. Өөртөө ямар дүгнэлт хийв?

-Шилдэг гэх тодотголтой бүх тамирчдыг ялаад л байлаа. Гэсэн ч чухал барилдаануудад жижиг алдаа гаргаж ялагдаад байсан юм. Хичээгээд л байдаг. Санаснаар болохгүй үед хэцүү шүү. Багш нартайгаа л зөвлөнө. Ингээд мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтарч ажиллахаар шийдсэн. Өмнө нь чухал барилдаануудын өмнө бүрэн төвлөрч чаддаггүй байлаа. Сая олимпийн үеэр сэтгэл зүй тогтвортой байж барилдаандаа бүрэн төвлөрлөө.

-Парисын олимп нэг мэдэхэд л хаяанд ирнэ. Юу төлөвлөж байна?

-Миний урсгасан хөлс хөдөлмөрийг төр засаг болоод бөхөд сэтгэлтэй түмэн олон маань үнэллээ. Одоо ар амьдралдаа санаа зовох асуудал надад алга. Зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаарч олимп, дэлхийн аварга болох зорилго өмнөө тавиад хөдөлмөрлөж явна. Намайг энэ зэрэгт хүрэхэд тулж түшиж ирсэн гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшдаа талархал илэрхийлье. Бүх талаар дэмждэг “Наран мандал” компанийн хамт олонд баярлаж явдгаа илэрхийлье.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар: Надад сүүлийн боломж олгооч. Дэлхийн аварга болоод ирье

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, Олимпийн наадмын IV байрын шагналт Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатартай ярилцлаа.


Таныг удаа дараа сахилга батын алдаа гаргасан гэх үндэслэлээр шигшээ багаас хасах шийдвэрийг монголын боксын холбоо гаргажээ. Дээрх шийдвэрийг хэрхэн хүлээж авав?

-Эхлээд үе үеийн боксчидоосоо уучлалт хүсье. ДАШТ-ий сорил тулж ирсэн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь миний буруу. Миний тухайд сорил тэмцээний бэлтгэлээ базааж байхад дээрх үйл явдал боллоо. Жингээ хасаад л байж байсан юм. Би сахилга бат алдсан нь үнэн. Хувийн зүгээс холбооны шийдвэрийг буруутгах арга алга. Холбооны удирдах зөвлөлд 19 хүн байдаг. 100 хувийн саналаар намайг шигшээ багаас хөөсөн байна лээ.

Тэр өдөр архи уухад Боксын холбооны удирдах зөвлөлөөс хүн байсан уу?

-Тамирчдын багийн ахлагч Б.Чинзориг ах л хамт явж байсан. Хүндэлдэг шигшээ багийн ах минь юм. Удирдах зөвлөлийн хурал дээр “Цэндбаатарыг эрхлүүлж, толгойг нь илээд байна. Одоо болсон, хөөе” гэх санал өгсөн байна лээ. Нүд рүү хараад гэмгүй сайхан инээмсгэлдэг ах маань л цаагуураа ийм зүйл ярьсан байна лээ. Амжилт гаргаад ирэхэд тэнгэрт тултал хөөргөдөг хүмүүс намайг өмгөөлсөн ганц үг амнаасаа унагаагүйд нь жаахан гомдох л юм. Өндрөөс унахад хүмүүсийн хандлага харагдаж байна. Өөртөө гомдохоос яах билээ. Одоо урагшаа хараад л зүтгэнэ дээ.

Тухайн өдөр боксын гэр бүл шинэ ерөнхийлөгчөө сонгосон. Орой нь тамирчид дарвиж яваад л асуудалд орж. Хурлын дараа юу болсон юм бэ?

-Тэр өдөр холбооны хурал болж Хууль зүйн яамны сайд Х.Нямбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр сонгосон. Шинэ ерөнхийлөгч тамирчидтай хамт оройн хоол идсэн. Тухайн үед архи дарс уулгүй тарсан. Үүний дараа гавьяат тамирчин П.Сэрдамба, Д.Отгондалай, Б.Чинзориг гээд холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй хамт баяраа тэмдэглэсэн юм. Тэдний найзууд ч хамт байсан. Ингээд л согтууруулах ундаа хэрэглэсэн. Тарах болоход гаднаас Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат гээд дээд үеийн хоёр ах ороод ирсэн.

Тэгээд?

-Би Д.Идэрбат ахтай юм яриад зогсож байсан юм. Цаана Мөнхчулуун ах хүн амьтантай муудалцаад түжигнэж байсан. “Ах нар яагаад муудалцаад байгаа юм бэ” гэхэд л үгийн зөрүүгүй намайг цохиод унагасан. Би ч гайхаад явах гэтэл Идэрбат ах надаас зуураад явуулаагүй. Ингээд түлхэлцээд л асуудал үүссэн. Миний уур ч их хүрсэн. “Би муу ч үгүй гавьяат шүү. Зүгээр явуулаач” гэсэн юм. өөдөөс “Чам шиг гавьяат байдаг юм уу” гэж хэлээд миний нүдэн дээр тэмдгийг маань тас татаад хаячихсан. Зодоон ингэж л эхэлсэн. Тэр том хүн миний дээрээс дараад л унасан. Тэнд хамт явсан хүмүүсийн хэн нь ч намайг зодуулж байхад ирээгүй. Ах нар зөрж өнгөрөхдөө л цохиж аваад байсан. Гурван ч удаа ухаан алдсан. Би тэр өдөр болсон бүх үйл явдлыг тод санаж байна. Тэгж их согтоогүй. Зодуулаад ухаангүй хэвтэж байхад хэн ч намайг өмөөрөөгүй, хэн ч зодооныг салгаагүй болохоор гомдсондоо хэдхэн секундийн лайв хийчихсэн юм. Хоёр гуравхан хүн л үзсэн. Хэн яаж татаж авсан юм мэдэхгүй. Гэртээ хариад унтаад сэрэхэд бөөн асуудал үүссэн.

Та өөрийн биеэр цагдаад дуудлага өгсөн байна лээ.

-Тийм. Цагдаа нар ирээд хоёр ахыг баривчлаад эрүүлжүүлэх байр руу аваад явсан. Би ч гэртээ хариад амарсан. Асуудал ингэж өндөр авна гэж үнэндээ төсөөлөөгүй. Эргээд бодоход ах нартай архи уусан нь миний буруу. Хэрэв би эрүүл байсан бол асуудлыг тойроод л гарах байсан.

Чамайг зодсон хүмүүс эргэж холбоо барьсан уу?

-Эрүүлжүүлэхээс гараад л надтай ирж уулзаад “Дүүгээ баллаад хаячихлаа” гэж хэлээд уучлалт гуйсан. Хоёр ах маань холбоонд хандаж намайг ДАШТ-д оролцуулах талаар хүсэлт хүргүүлсэн байна лээ. Миний зүгээс ах нарт гомдоод байх асуудал алга. Хууль шүүхээр яваад байх сонирхол надад алга.

Холбооны зүгээс удаа дараа сахилга бат зөрчсөн талаар онцолж байна лээ. Сүүлд л гэхэд Эрдэнэтэд багшийгаа зодсон гээд л. Яагаад удаа дараа асуудал үүсгээд байдаг юм бэ?

-Эрдэнэтэд зохион байгуулагдсан олимпийн эрхийн тэмцээний сорилын үеэр болсон асуудал л даа. Эхний даваанд гол өрсөлдөгч Х.Энх-Амар ахтай оноолт таарсан юм. Тоглолтын сүүлийн үед хөлөө бэртээчихсэн юм. Алхахад хүртэл зовуурьтай байсан ч шүд зууж байгаад ялчихлаа. Тулааны дараа холбооны н.Батнасан ах надад хандаж “Гол өрсөлдөгчөө ялсан юм чинь тэмцээнээ дуусгачих. Олимпийн эрхийн тэмцээнд чи яваарай” гэж хэлсэн юм. Тэмцээн дууссаны дараа найзтайгаа паб орж хоёр лааз шар айраг уучихаад буудалдаа амрахаар явж байсан юм. Ингэж яваад өнөөх багтай тааралдаад мэндлэхэд “Чи муу уучихсан байна” гээд л алгадаж авсан. Би ч нэг их тоогоогүй. Өнөөх маань сүржигнээд л “Маргааш чамайг байхгүй болгоно” гээд л занаад эхэлсэн. Уур хүрээд эргэж хараад цохих гээд халтираад уначихсан юм. Миний толгой руу өшиглөөд л чирж гулдраад л бөөн юм болсон. Тухайн үед цагдаа ирж салгаснаар би өрөөндөө ороод унтаад өгсөн. Маргааш нь цагдаад мэдүүлэг өгөөд л өнгөрсөн. Надад ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учраас гомдол гаргаагүй өнгөрсөн. Багшийгаа зодсон гээд л мэдээлэл цацагдсан. Хүн тэгээд арьсаа хамгаалаад л өнгөрдөг юм билээ. Би багшийгаа зодоогүй.

Та гудамжаар нүцгэн гүйсэн. Үүний ард хар тамхи хэрэглэсэн гэх асуудал хөндөгдсөн

-Одоо үнэхээр харамсдаг юм. Тухайн өдөр найзууд маань дуудсан. Очоод аяга юм уугаад л цаашаа юу болсныг санахгүй байна. Эмнэлэгт л сэрсэн. Хоёр хөл маань хөлдчихсөн, үнэхээр аймшигтай. Тухайн үед гэр бүлийнхэн минь л миний дэргэд байсан даа. Би хар тамхи хэрэглэх нь бүү хэл барааг нь харж байгаагүй. Найзууд миний уух зүйлд мансууруулах бодис хийсэн юм болов уу даа. Эмнэлгээс гарахдаа би амиа хорлохоор шийдчихсэн байлаа. Одоо бодоход ээж, ааваас заяасан эрүүл саруул бие байна, эхнэр, хоёр охин минь байхад тийм бодол толгойд минь орж ирдэг. Үнэхээр тэнэг байж. Одоо би гэр бүлийнхээ төлөө зөвхөн урагшаа хараад л зүтгэнэ. Архи гэж зүйлийг жигшлээ.

Э.БадарУуган мансуурагч гэх утгатай мэдэгдэл хийж байна лээ.

-Надаас мансууруулах төрлийн бодис илэрсэн нь үнэн. Би хариуцлагаа хүлээж 20 хоногийн баривчилгаанд явсан. Энд нэг зүйлийг онцлоход, би хар тамхинд донтчихсон хүн биш. Миний бие өнөөдөр дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдэж байна. Хоёр долоо хоногт нэг удаа допингийн шинжилгээнд хамрагддаг. Ийм хяналт дор байгаа хүн хар тамхинд мансуураад явах боломжгүй.

Олимпийн наадмын тулаануудын талаар ярилцмаар байна.

-Би 10 орчим кг-ыг хасч олимпийн наадамд оролцсон. Эхний даваанд Кенийн тамирчинтай оноолт таарсан. Өмнө нь хэд хэдэн Кенийн тамирчинг хялбархаан ялж байсан юм. “Дутуу гаргачихна даа” гэх ухааны юм бодоод л гарлаа. Гэтэл өнөөх маань хурдтай, тэсрэлттэй, үнэхээр хэцүү өрсөлдөгч байсан. Энд тэнд гараад л бужигнуулаад байдаг. Би ч бүр шоконд орчихсон. Тоочны цохилтуудаа оноо болгосны ачаар ялалт байгуулсан. Олимпийн дэвжээнд өрсөлдөгчөө дутуу үнэлж том алдаа гаргасан шүү. Буугаад иртэл дасгалжуулагч “Наад Кенийгээ арай муухай хийчихлээ дээ, чи” гэж шар малтдаг юм. Шигшээ багийн дасгалжуулагчийн амнаас тийм үг сонсоод үнэхээр гайхсан. Чи Кенийг луйвардчихлаа гэх зүйлийг хэлж байгаа юм.

Хачирхалтай юм. ОХУын тамирчинтай хийсэн тулаан ямар болов?

-Эхний үед би илт илүүрхсэн. Хоёрдугаар үед тэнцүүхэн тулалдсан. Завсарлагаанаар ялж байгаа эсэх талаар дасгалжуулагчаас лавлахад надад тоймтой хариу хэлээгүй. Гуравдугаар үед урагшаа ажиллаад харамсалтай нь ялагдсан. Хэрэв буланд суусан дасгалжуулагч ялж байгаа талаар тодорхой хэлчихсэн бол би Бадар-Ууган ах шиг бүжиглээд л амархаан ялчих байсан. Ялагдаад буугаад иртэл дасгалжуулагч “Арчаагүй хар пизда” гэхээс өөр зүйл надад хэлээгүй. Намайг луйвардсан Орос энэ удаагийн ДАШТ-нд мэдүүлгээ явуулсан байна лээ. Одоо очоод хэн нь олимпийн медальтан бэ гэдгийг мэдрүүлмээр байна.

Сахилга батын асуудал гаргаж ДАШТд өрсөлдөх боломжоо бараг үгүй хийчихлээ. Одоо яах вэ?

-Холбооноос хүсэх ганц л зүйл байна. Надад сүүлийн боломж олгооч, дэлхийн аварга болоод ирье. Би үндсэн жин болох 60 кг-д бүх өрсөлдөгч нараа хожно. Бүрэн итгэлтэй байна.

Та Дэлхийн аварга болно гэж амлаж байна. Хэрэв ялагдвал таныг газар дор ортол л дэвсэх байх даа?

-Би дахиад онцолъё. Үндсэн жингийн бүх тамирчдаа би ялна, итгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Рэнцэн-Амгалан: Монгол Улсын хөгжлийн түүхтэй МХЗЭ-ийн түүх салшгүй холбоотой

Улаанбаатар хотын ХЗЭийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ж.Рэнцэн-Амгалантай ярилцлаа.


-Монголын хувьсгалт залуучуудын эвлэл(МХЗЭ)-ийн 100 жилийн ой энэ өдөр тохиож байна. МХЗЭ, тэр дундаа Хотын эвлэлийн байгууллага хэдэн онд анх байгуулагдаж байсан юм бэ. Байгуулагдсан түүхийг нь хүмүүс тэр болгон мэдэхгүй болов уу. Энэ талаар та товч мэдээлэл өгөхгүй юү?

-МХЗЭ-ийг 1921 оны наймдугаар сарын 25-нд Нийслэл хүрээнд хэсэг залуус Ц.Гүрсэдийнд цугларч байгуулсан түүхтэй. 1921 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр МАН-ын Төв хороонд “Хувьсгалыг бадруулагч”, “Жавхланг бадруулагч”, “Дайсныг номхотгогч”, “Эрдэнийг элбэгжүүлэгч” нэртэй анхны дөрвөн үүр байгуулагдсан юм билээ. 1922 оны долдугаар сард МХЗЭ-ийн Төв Хорооны анхдугаар их хурал хуралдаж, “МХЗЭ-ийн үндсэн зорилго оршмой” хэмээх анхны мөрийн хөтөлбөр, дүрмээ баталж байсан нь тэмдэглэгдэж үлдсэн байдаг.

Нийслэл Хүрээнд байгуулагдсан үүрүүд нь 1921-1923 он хүртэл МХЗЭ-ийн Төв Хорооны шууд удирдлага дор ажиллаж байжээ. Энэ талаар эвлэлийн түүхийн судлаач С.Даш “Шинээр байгуулагдсан ХЗЭ-ийн үүрүүд нь Нийслэл хүрээнд зохиогдож байсан төрөл бүрийн ажилд үлгэрлэн оролцож байсан, тэр чанараараа МХЗЭ-ийн түүхийг эхнээс нь бүтээлцсэн” гэж дүгнэсэн байдаг. МХЗЭ-ийн хоёрдугаар их хурлаас баталсан “Аймаг, хот, хошууны залуучуудын эвлэлийн хороо байгуулах дүрмийн 4-т “ Эвлэлийн Төв хороо зөвхөн Нийслэлийн доторх хэдэн багахан үүрийн хэргээр л ноцолдсоор бусад олон аймаг хошууд дахь залуучуудын их хэргээ саатуулахад хүргүүлдэг тул зүй нь Хотын хороо байгуулБаас зохино. Энэхүү хороо бол Төв Хороонд захирагдах бөгөөд Хотын доторх олон салбар үүрүүдийн хэргийг удирдана” гэж заасан байдаг. Энэ шийдвэрийн дагуу Нийслэл хүрээний ХЗЭ-ийн бүх гишүүдийн анхны хурал 1923 онд хуралдаж, анхны даргаар нь ардын хувьсгалын партизан Г.Дугар сонгогдон ажиллаж байсан юм билээ. Харин 1928 онд нийслэлд Пионерын товчоог үүсгэснээр Нийслэлийн хүүхэд, залуучуудын ууган байгууллагуудын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.

-ХЗЭ-ийн нийгэмд гүйцэтгэж байсан үүрэг нь юу байв?

-Өнгөрсөн 70 шахам жилийн хугацаанд ХЗЭ-ийн байгууллага нь эх орныхоо хөгжлийн үе шат бүхэнд өмнөө тавигдсан зорилго, зорилтоо хэрэгжүүлэх үйлст залуучуудыг татан оролцуулж, тэднийг түүчээлж, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж гайхамшигтай түүх бүтээсэн шүү.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийн түүхтэй МХЗЭ-ийн түүх салшгүй холбоотой. МХЗЭ-ийн байгууллагын бодлого, шийдвэрээр үе үеийн эвлэлийн ажилтнууд, эвлэлийн гишүүдийн хүч, хөдөлмөрөөр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа бүр тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал, 1920-30-аад оны үйл ажиллагаа нь шинэ тутам Ардын хувьсгалын ололтыг хамгаалан бэхжүүлэх үйл хэрэгт чиглэгдэж, хувьсгалын дайсантай тэмцэхэд залуучуудыг уриалж, тэднийг цэргийн эрдэмд сургаж, эх орноо хамгаалах хэрэгт гардан оролцох, ард түмнээ боловсон цагийн соёл, боловсрол,эрүүл мэндийн чиглэлээр сургаж, соён гэгээрүүлэх, шинэ эргэлтийн бодлогын хүрээнд мал аж ахуйн хөгжлийг дэмжих явдал байсан. 1940-өөд оны залуус эх орныхоо дуудлагаар дэлхийн хоёрдугаар дайны үед фронтод туслах хөдөлгөөнийг өрнүүлж, эх орноо чөлөөлөх хоёр ч дайнд оролцож, тусгаар тогтнолоо баталгаажуулах тэмцэлд манлайлан оролцож, харийн дайсантай байлдаж, халуун амиа алдахдаа эвлэлийн батлахаа хадны завсар нууж, тангарагтаа үнэнч явсныг эвлэлийн гишүүн, улсын баатар дайчдын баатарлаг гавьяа гэрчилдэг. Харин 1950-60-аад оныхон бол эх орныхоо социалист бүтээн байгуулалтад залуучуудыг хөтлөн уриалж, хөдөөд соёлын үр тарьж, хашаа, худаг барьж, атрын шан татаж, 70-80-аад оныхон эвлэлийн илгээлтээр эх орон дуудсан газар очиж, шинэ хот, үйлдвэр байгуулж, Дархан, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр хотуудыг сүндэрлүүлж шинэ амьдралыг цогцлоон хөгжүүлэхэд манлайлж явсан түүхтэй. Энэ бүхнийг гэрчилж, МХЗЭ-ийн гишүүн залуусын уриа дуудлага болж байсан гал улаан туг дээр нь Монгол Улсын төрийн алдар гавьяаны зургаан одон гялалзаж байдаг.

Нийслэлийн залуучуудын хувьд энэ бүх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсаар ирсэн, нийслэлийн хүүхэд, залуучуудад өв тэгш хүмүүжил олгох, амьдралын идэвхтэй байр суурийг төлөвшүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлж, нийслэл хотын удирдах дөрвөн байгууллагын нэг болтлоо хөгжин дэвшиж, эх орныхоо нийгмийн хөгжил, нийслэлийнхээ бүтээн байгуулалтад залуучуудын хүчийг удирдан зохион байгуулж, бодитой хувь нэмэр оруулж байлаа. Үүний баталгаа нь ардын хувьсгалын дараах үйл хэрэгт оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн Хороог 1931 онд Аж үйлдвэрийн гавьяаны одонгоор, 1973 онд үүсч хөгжсөнийг нь 50 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаснаар төрийн Хос одонт ХЗЭ-ийн анхны хороо болсон түүхтэй.

-Таны бие хэдэн оны үед тэргүүнээр нь ажиллаж байсан бэ?

-Олон жилийн зузаан түүхтэй Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороо гэдэг манай улсад танигдсан энэ байгууллагад ажиллах хувь заяа тохиосонд, өндөр боловсролтой, овсгоо самбаатай, сэтгэлгээ сайтай, урамтай зоригтой, дайчин шударга олон сайхан залуучуудтай, эвлэлийн ажилтнуудтай хамт ажиллаж байсандаа би ямагт баярлаж явдаг юм. Эрхүүд анагаахын дээд сургуулиа төгсөөд Улаанбаатарт АУДС-д багшлахын зэрэгцээ багш нарын ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдон ажиллаж байлаа. Харин 1984 оны хавраас Анагаахын дээд сургуулийн ХЗЭ-ийн хорооны даргын орон тооны нарийн бичгийн дарга болж, жинхэнэ эвлэлийн ажилтан байх гараагаа эхэлж байсан юм. Дарга нартаа загнуулж, зэмлүүлэх үе олон. Гэлээ гээд бидэнд ердөө ч муу зүйл болоогүй харин ч ухаажиж, хэрсүүжиж, дараагийн ажлаа зөв, сайн хийхийн төлөө оюун бодлоо чилээж, ухаанаараа, чадвараараа уралдан хөдөлмөрлөж байлаа. 1986 оны хавар юмдаг. Намайг хотын намын хорооны дарга Б.Алтангэрэл гуай хүлээн авч уулзаад, миний ажил төрлийн талаар сонирхож, миний биеийг хотын ХЗЭ-ийн хорооны хоёрдугаар даргаар дэвшүүлэн ажиллуулахаар судалж байгааг хэлж, төд удалгүй Майн баярын дараахан намын хорооны товчооны хурлаас энэ ажилд томилогдсон юм. Улмаар 1988 оны намраас нэгдүгээр нарийн бичгийн даргаар тус тус ажилласан. Энэ үед хотын ХЗЭ-ийн хорооны аппаратад нэгдүгээр нарийн бичгийн даргаар Б.Энхмандах нарийн бичгийн даргаар М.Мөнхбуянт, Хэлтсийн даргаар Ч.Оргилболд, Л.Байгал, Г.Батхүрэл, Б.Тогтохжаргал, Д.Сэнгээ нар ажиллаж байлаа. Манайхан гар сэтгэл нийлсэн үнэхээр сайхан хамт олон бүрэлдэж чадсанаар эвлэлийн түүхэнд олон ажлуудыг санаачлан бий болгож, залуучууддаа тустай, түшигтэй явснаараа бид бахархах эрхтэй гэж боддог юм.

-Тэр үед залуусын хөгжил, төлөвшилд хэрхэн анхаарч байв. Ямар үр дүн гарч байсан юм бэ?

-Эвлэлийн байгууллагын үндсэн үүрэг бол хүүхэд, залуучуудад өв тэгш хүмүүжил олгох, тэдэнд амьдралын идэвхтэй байр суурийг төлөвшүүлэхэд оршиж байлаа. Өв тэгш хүмүүжил гэж оюуны өндөр боловсрол, мэдлэг, чадвартай, цэвэр ариун ёс суртахуунтай, бие, бялдрын хөгжилтэй, гоо зүйн өндөр мэдрэмжтэй, эх оронч үзэлтэй шинэ иргэнийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэж байв. Энэ нь тухайн үеийн залуусын “модуль” болж байсан. Үүнийг төлөвшүүлэхийн тулд боловсрол, соёл, урлаг, биеийн тамир спорт, найрамдал, хамтын ажиллагааны чиглэлээр хүүхэд, залуучуудын онцлогт тохирсон хөтөлбөрийн дагуу олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, хүүхэд, залуучуудын оролцоог идэвхжүүлж ажилладаг байлаа. Залуусыг шилдэг залуучуудын үлгэр дуурайллаар, ахмад үеийн үнэт уламжлалаар хөгжүүлэх нь үр дүнгээ өгдөг байсан юм шүү. Манай эвлэлээс маш олон шилдэг тэргүүний, тухайн цаг үеийнхээ бахархал болсон алдартнууд төрж гарсан. Залуучуудыг хөгжүүлэхэд ахмад тэргүүний хүмүүст хариуцуулж, хамтран ажиллуулдаг, зөв үйл хэрэгт сургадаг халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөн их үр нөлөөтэй байсан. Манай үеийн залуусаас ажил амьдралгүй, амар хялбарыг боддог, арчаа муутай нь цөөхөн байсан шүү. Бүгд л ажил, амьдралаа аятайхан авч явдаг, нийгэмтэйгээ хөл нийлүүлж, идэвхтэй гишүүн нь болцгоосон нь нийтлэг дүр төрх нь болж байлаа. Үүнд ХЗЭ-ийн байгууллагын үүрэг онцгой рольтой байсныг үгүйсгэх хүн байхгүй дээ.

-Тухайн үед бүтээн байгуулалтад хошуучилж байсан байгууллага бол Хотын эвлэлийн хороо. Ямар ямар бүтээн байгуулалтуудад манлайлал үзүүлж оролцож байв?

-Манай байгууллага цаг тутам л ачаалалтай явж ирсэн. Анх Улаанбаатарт аж үйлдвэрийн комбинат байгуулагдахад хотын эвлэлийн хороо онцгой өндөр, шахуу үүрэг даалгавартай ажиллаж байсан түүх бий. Төр, олон нийтийн байгууллагын хосолмол шинжтэй үйл ажиллагаа эрхэлж байсан хотын ХЗЭ-ийн хороо нь Нийслэлийн нам, захиргаа, үйлдвэрчний эвлэлийн байгууллагатайгаа эрч хүчтэй хамтран ажиллаж, санаачилсан, сэдсэн ажилдаа томоохон дэмжлэг авч чаддаг байсан. Залуучуудын байгууллагаа дэмждэг, хийсэн бүтээснийг нь үнэлдэг Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Бат-Очирын Алтангэрэл, Лхамсүрэнгийн Лантуу, Ардын депутатын Хурлын Гүйцэтгэх захиргааны дарга С.Мөнхжаргал нарын “лут” дарга нарын удирдлага дор хамтран ажиллаж, Нийслэл хотдоо хүч, хөдөлмөрөө харамгүй зориулсан нь тухайн үеийн эвлэл, пионерийн ажилтнуудад нэр төрийн хэрэг байлаа. Хэлснээ бид ажил болгоно, хийснээ бид бүтээл болгоно гэсэн уриан дор нэгдсэн хотын эвлэлийнхэн нийслэлд хүүхэд, залуучуудын чөлөөт цагийн төвүүд байгуулах, залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх шинжлэх ухаан бүтээлийн төв бий болгох, Зөвлөлтийн комсомолын туршлагаар залуучуудын орон сууцны цогцолборыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх, бүтээн байгуулалтын томоохон ажлуудад залуучуудын хүчийг төвлөрүүлж, ажил мэргэжлийн уралдаан, субботник зарлаж, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллуулах, эвлэлийн шуурхай отряд байгуулах зэрэг шинэлэг ажлуудыг нийслэлийн удирдлагуудтайгаа “гар нийлэн” амжилттай хэрэгжүүлж, тэдний итгэлийг дааж чадсан нь бидний бахархал юм. Тэр үед эвлэлийн гавшгай хөдөлмөрийн барилга байгууламжийг улс, аймаг, хотоор гаргаж, мэргэжилтэй ажиллах хүчийг бэлтгэхээс эхлээд бүхий л ажилд залуучуудын эвлэлийн байгууллага тусгай төлөвлөгөөгөөр ажиллаж, цаг хугацаанд нь ашиглалтад оруулахад онцгой анхаардаг байсан юм шүү. Ер нь нийслэлийн шинэ бүтээн байгуулалтад залуучуудын байгууллагын оролцоогүй баригдсан зүйл бараг байхгүй гээд хэлчихвэл нэг их буруудахгүй болов уу. Хүүхдийн парк байгуулах ажил манай онцгой анхаарлын төвд байсан. Хүүхэд, залуучуудын олон барилга, байгууламжийг залуучуудын эвлэлийн байгууллагын оролцоотой барьсан. Жил бүрийн наймдугаар сарын 25-нд эвлэлийн гавшгай хөдөлмөрийн өдрийг зохион байгуулж, ашиглалтад ороогүй, хүн хүч шаардлагатай барилга байгууламж барих, олны хүч шаардсан ажлуудыг гүйцэтгэхэд эвлэлийн байгууллага, залуучууд өргөн фронтоор манлайлан үнэ төлбөргүй ажиллаж, том ажлуудын ард гарч байлаа.

-Тэр үеийн залуус, өнөөгийн залуусын дунд ялгаа байгаа байх. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё.

-Бидний залуу үе одоогийн залуусынхаас эрс ялгаатай байж. 60-70-аад оны үед тэр бүр “шинэ сайхныг олж үзэх боломж” хязгаарлагдмал байж дээ. Бид чинь телевизор үзэж, гэрийн утсаар ярьж эхэлсэн нь тухайн үедээ том дэвшил байлаа.Бидний үеийнхэн амьдралаа өөрсдийн гараар босгохын төлөө тэмцэж, өөрсдийгөө хурцалж, сурч боловсорч, номтой их нөхөрлөж, урлаг, спорт, соёл урлаг гээд бүхий л чиглэлээр чадахгүй юмгүй шахуу байж. Гадаад хэлийг орос хэлнээс эхлэн суралцаж, их идэвхтэй амьдарч чаддаг байсан шүү. Залуучууд бие биендээ тусархуу, эвтэй, атаархуу зангүй, ахмад үедээ хүндлэлтэй хандаж, хамт олныхоо төлөө үүрэг хүлээж чаддаг, хариуцлагатай байж. Өөрөөр хэлбэл, нийгмийнхээ төлөө өөрсдийгөө зориулах бүх талын хөгжилтэй, хүмүүжилтэй байлаа. Үүнд эвлэлийн байгууллагын ажил ач тусаа өгсөн гэж үздэг хүн дээ, би. Өнөөгийн залууст бидний үеэс илүү их боломж байна. Техник, технологийн, мэдээллийн шинэ эрин зуунд тэд амьдарч байна. Өөртөө зөв зорилго тавьж, түүнийхээ төлөө тэвчээртэй ажиллаж, сурч чадвал болохгүй, мэдэхгүй, чадахгүй гэх саадгүй болсон байна шүү дээ. Интернэт, ухаалаг техник технологи, цахим сүлжээ гээд шинэ орон зай хязгааргүй хөгжиж байна. Тэдэнд цагийг хэмнэх, чөлөөт цагаа илүү үр дүнтэй өнгөрүүлэх, атаархмаар их цаг хугацаа бий болж. Бидний заавал зорьж очдог, их цаг хугацаа зарцуулдаг байсан ажлыг онлайнаар хялбархан хийж байна. Тиймээс залуустаа дэлхийн монгол болохын төлөө л өөрсдийгөө дайчлаарай гэж захимаар байна. Даяаршиж байгаа ертөнцөд дагнаших үнэт зүйл болсон ёс заншил, хэл соёл, гайхам түүхээрээ гоёж явцгаагаарай гэж хүсмээр байна.

-Нийслэлийн эвлэл, пионерийн байгууллагын өнгөрсөн 70 шахам жилийн үйл ажиллагааны гол үнэ цэнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-1923 онд анх байгуулагдахдаа ХЗЭ-ийн хороо нь эвлэлийн 10 үүр, 500-гаад гишүүнтэй байсан бол 1989 оны байдлаар Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороо нь эвлэлийн нийт гишүүдийн 1/3 буюу 84000 шахам гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн, 4 районы, 6 их, дээд сургуулийн, 2 нэгдлийн / АШҮН, НҮН/ ХЗЭ-ийн 92 хороотой, анхан шатны 199 орон тооны хороотой, орон тооны 430 ажилтантай, үүнээс 105 пионерийн ахлах удирдагчтай, удирдлага, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн хувьд бэхэжсэн, 1980-аад оноос төсөвт аж ахуйн тооцоог нэвтрүүлж, улсын төсвөөс дотаци авахгүйгээр ажиллаж эхэлсэн, МХЗЭ-ийн хамгийн том, хамгийн хүчтэй, шинэлэг ажлуудыг зохион байгуулагч, өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээний уур амьсгалтай, хүүхэд, залуучуудын дунд өндөр нэр хүндтэй, тухайн цаг үеийнхээ хүүхэд, залуусыг жинхэнэ манлайлагч байгууллага болсон юм.

-Бидний үед “эзэнгүй”, залуу хүн байсангүй, буруудсан нэгэндээ бултаар зөвлөж, залуу хүний ажил амьдралыг нь өөд нь татаж явсан сайхан түүх манай эвлэлд л байсан.

-Нам, эвлэлийн удирдах дээд байгууллагын чиглэл, зөвлөмж, нийгмийн шаардлагад нийцүүлэн, тухайн цаг үеийн хүүхэд, залуучуудын эрэлт хэрэгцээг мэдэрч, тэдний гүнд нь орж, оюун санаа, бие бялдар, гоо зүй, ёс суртахууны цогц арга хэмжээг бүтээлчээр зохион байгуулснаар эдүгээ цагт хийсэн, бүтээсэн ажил үйлстэй, олон сайхан уламжлал, туршлагыг бий болгож, үе үеийн өсвөр, залуу үеийг хүмүүжүүлсэн, хөгжүүлсэн, тэдний хувь заяаг өөрчилсөн, бүтээлч, амьд түүхэн замналыг үлдээж чадсанд манай байгууллагын ажлын үнэ цэнэ оршино гэж үздэг.Цаг, цагийн уртад шигшигдэн шилэгдсэн эвлэл, пионерийн олон ажлууд, тухайлбал, соёл, урлагийн наадмууд, цэрэг эх оронч хүмүүжил олгох дуут жагсаал, Дөл, Шонхор тоглолт, улс төрийн дууны тэмцээн, цэнгээнт бүжгийн хөдөлгөөн, өнөөгийн шоуны эхлэл болсон задгай талбайн “шөнийн” тоглолтууд, “Туриад” явган аялал, техник сэтгэлгээний тэмцээн, төрөл бүрийн ажил мэргэжлийн уралдаан, залуучуудын орон сууцны цогцолбор буюу ЗОСЦ-ын хөдөлгөөн, “Оюутны хавар” наадам, нийтийн субботник, хөдөлмөрийн чуулган гээд олон сайхан арга хэмжээнүүд өнөө үед ч уламжлалаа хадгалж, арга хэлбэрийн хувьд баяжигдан , залуучууд, хүүхдүүдийн хүртээл болсоор л байна. Энэ бүхэн бол хотын эвлэл, пионерийн байгууллагын бий болгосон үнэт өв мөн юм шүү.2018 онд зохион байгуулсан Нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын гурван үеийн чуулганаар манай байгууллагынзалгамж халаа өнөөгийн хүүхэд, залуучуудын байгууллагадаа ахмад үеийн эвлэл, пионерийн ажилтнууд бид өөрсдийн бүтээлч хөдөлмөрөөр тэтгэж ургуулсан, хийж бүтээсэн ажил үйлс, өв уламжлалаа албан ёсоор залгамжлуулан хүлээлгэж өгсөн. Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны үе үеийн ажилтнуудын дундаас төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг, О.Дашбалбар, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Т.Ганди, М.Билэгт, Д.Арвин, С.Баярцогт, Ч.Жаргалсайхан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Монгол Улсын Ардын багш Б.Цэрэндорж, Гавьяат багш О.Цэвэгдорж, Д. Цогзолмаа, Г. Бадам, Ж.Соронзон, Ч.Үржинбадам, Ж.Цэцэгмаа, Гавьяат эдийн засагч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Г.Батхүрэл, Үйлчилгээний гавьяат ажилтан С.Майнбаяр, Байгал орчны гавьяат ажилтан И.Батцэцэг гээд нэр алдраа улс даяар цуурайтуулсан олон алдартнууд төрөн гарсан нь бидний бахархал болж байна.

-Ингэхэд тэр үед Хотын эвлэлийн хороонд ажиллаж байсан хүмүүс өнөөдөр юу хийж байна вэ?

-1988 оноос МХЗЭ-д өрнөсөн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу райодын ХЗЭ-ийн байгууллагыг бие даан ажиллуулах шийдвэр гарч, 1989 оны гуравдугаар сард Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороог татан буулгасан нь алсын хараагүй харалган шийдвэр болсон юм. Гэвч тухайн цаг үеийн нийгмийн өөрчлөлттэй зэрэгцэн үүссэн Монголын залуучуудын эвлэлийн байгууллагын хямрал, задралын улмаас Хотын эвлэлийн хорооны үйл ажиллагаа 1991 он гэхэд бүрмөсөн зогсчээ. Иймээс хотын эвлэлийн хорооны орон тооны олон ажилтнууд эрхэлж байсан ажлын байраа алдаж, шинэ орчинд дасан зохицож, ажиллаж, амьдрахаар мөр мөрөө хөөж, салан одоцгоосон бараан түүх ч бас бий. Тэртээ 28 жилийн өмнө улиран одсон цаг хугацааг эргүүлэн авчирч, залуу насны эрч хүч, инээд баясал бэлэглэх анд нөхөдтэйгээ байнгын холбоотой байх боломжийг бий болгох зорилгоор эвлэл, пионерийн ажилтнуудаа шинэчлэн бүртгэж, Хотын эвлэлийн хороогоо онлайнаар байгуулж, 280 шахам ахмад ажилтнуудаа нэгтгэн ажиллаж байна. МХЗЭ-ийн ахмад ажилтны холбоонд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны ахмад ажилтны зөвлөл нэрээр гишүүнээр нэгдлээ. Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйлсэд Нийслэлийн залуучууд, хүүхдийн байгууллагууд, үе үеийн эвлэл, пионер, хүүхэд, залуучуудын ажилтнуудын оруулсан хувь нэмэр, бүтээлч хөдөлмөрийн үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхэд, залуучуудын байгууллагын үйл ажиллагааны уламжлал, шинэчлэл, залгамж халаа, өв уламжлалыг сэргээн хөгжүүлэх, ахмад, дунд, залуу үеийнхний уламжлалт харилцааг бэхжүүлэх зорилгоор түүхт ой давхацсан 2018 онд “Нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын гурван үеийн хүндэтгэлийн чуулган”-ыг зохион байгуулахаар нийслэлийн эвлэл, пионерийн байгууллагын удирдах ажилтнуудаас гаргасан санаачилгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан С.Батболд дэмжсэнээр уг арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Энэ чуулганы хүрээнд эвлэл, пионерын ахмад ажилтнуудынхаа урлагийн наадам, спортын тэмцээн зохион байгууллаа. Мөн нийслэлийн эвлэл, пионерийн байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагаа, 200 гаруй ахмад ажилтны дурсамж, түүх өгүүлсэн ховор нандин гэрэл зураг бүхий “ Оргилд хөтөлсөн залуу нас” анхны номоо өлгийдөн авлаа. Цаг хугацаа улиран одсон ч нийслэлийн залуучуудын төлөө залуу халуун нас, хүч хөдөлмөрөө зориулсан, эвлэлийн байгууллагын бүтээлч ажил үйлс, амжилт бүтээлээсээ сэтгэлдээ үлдсэн олон сайхан дурсамжаараа өнөө ч залуу яваа манай хотын эвлэлийнхэн гайхалтай сайхан хүмүүс шүү. Бид хоёр жилийн дараа байгууллагынхаа 100 жилийн ойг зохион байгуулах ажлаа эхлүүлээд МХЗЭ-ийн 100 жилийн ойгоо угтаж байна. Ингээд үе үеийн залуучууд, эвлэл, пионерийн ажилтнууд, гэр бүлд нь Монголын залуучуудын ууган байгууллага МХЗЭ байгуулагдсаны 100 жилийн ойн мэндчилгээ хүргэж, урьдын адил нийгмийн сайн сайхныг түүчээлж, цог золбоотой, эрүүл чийрэг гялалзаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Ц.Магалжав: МҮБХ-ны зүгээс бөхчүүдэд цол, чимэг олгуулахаар хичээн ажиллаж байна

-ЦЭЦИЙН ЗҮГЭЭС ДАХИН БАРИЛДУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАСАН Ч АВАРГА Э.ОЮУНБОЛД ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛААД ЯВЧИХСАН НЬ АНХААРАЛ ТАТСАН-

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-МҮБХ долоон худагт 512 бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгууллаа. Барилдааны онцлог юу байв?

-Засгийн газраас долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар задгай талбайд спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг УОК-т өгсөн. Үүний дагуу МҮБХ гишүүд болох бөхчүүдийн эрх ашгийн үүднээс УОК, НОК, бусад хариуцсан байгууллагуудад удаа дараа хүсэлт санал өгч зөвшөөрлийг авч зохион байгууллаа.

Хууль журмын хүрээнд зөвшөөрлийг өгсөн УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт нийт бөхчүүд, бөх сонирхогчдын өмнөөс гүн талархал илэрхийлье.

Тусгаар улсын баталгаа нь үндэсний гол онцлог зүйлс байдаг. Үүний нэг нь дэлхийд ганц эрийн гурван наадам. Үүний дагуу бөхийн барилдаанаа тасалдуулахгүй зохион байгуулсандаа таатай байна.

-Бөхийн барилдааны үеэр бөхчүүдийн хооронд үл ойлголцол гарлаа. Тодруулбал, барилдааны гурвын даваа 9:00 цагт эхлэх байсан ч бөхчүүд ам авахдаа асуудал үүсгэснээс шалтгаалж түр хойшилсон. Үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-МҮБХ энэхүү наадмыг зохион байгуулахад туйлын хичээж ажилласан. Үүний үр дүнд зохиогдсон. Сүүлийн жилүүдэд бөхийн нэр хүндийг хамгийн их унагаж байгаа допингийн асуудлаас болж аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд допингтой холбоотой Улсын дээд шүүхийн тогтоол, түүнээс шалтгаалж ам авах эрэмбэ дарааллын талаар хэсэг ярилцаж саатсан. Шийдлийг яг тухайн үед гаргах боломжгүй байсан л даа. Бөхийн холбооноос хүчин чармайлт гаргаж барилдаан зохион байгуулж байна. Бөхчүүд ч хариуцлагатайгаар ч хандаж барилдаж байгаа. Түүнчлэн бөх сонирхогч үзэгч олон орон даяар бөх үзэхийг хүлээж байна.

ТВ-ийн эфирийн цаг зэрэгт хүндэтгэлтэй хандах хэрэгтэйг ярилцаад ам авч барилдаан үргэлжилсэн. Энэ нь допингийн асуудлыг үнэн зөв, шударгаар, хуулийн дагуу шийдвэрлэхгүй бол хойшид наадам яаж саатахыг харуулсан үйлдэл боллоо.

-Бөхийн барилдааны гурвын даваанд улсын аварга Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлаж барилдлаа. Энэ үеэр мөн л допингийн асуудал хөндөгдөнө лээ…

-Бөхчүүд нэгнийгээ амлах нь эрхийн асуудал гэж харах боловч энэ амласан үйлдэл нь нөгөө л допингийн маргаан.Тэгээд хоёр бөх хоорондоо бусад бөхчүүд, хөлийн цэцийн дэргэд барилдааныхаа дараа допингийн шинжилгээ өгье гэж шийдвэрлэсэн. Энэ барилдаан МҮБХ-ноос зохион байгуулж байгаа барилдаан. Удирдамжиндаа шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авна гэж заасан, мөн бүртгүүлсэн 680 бөхтэй миний бие “Хариуцлагын гэрээ”-г хийсэн. Энэ нь МҮБХ-ны хурлуудаас явцын буюу тэмцээний үеийн шинжилгээг авна гэж дүрмэндээ заасан тул хоёр бөх шинжилгээг өгөх бүрэн боломжтой.

-Барилдааны өмнө шөвгөрсөн бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах тухай мэдээлэл гаргасан байсан. Гэтэл тавын даваанд аварга, арслангууд бүгд өвдөг шороодсон. Дээрх үйлдэл нь том цолтнууд допингийн шинжилгээнээс зугтааж байна гэх хардлага төрүүлээд байна л даа.

-Бөхийн амжилт гэдэг бэлтгэл сургуулилт, сэтгэл зүй зэргээс шалтгаална. Залуу бөхчүүдийн бэлтгэл илүү сайн байна. Баяр наадмын үеэр улсын цолгүй бөхчүүд эмээдэг, барилдаанаа гүйцэд гаргаж чадахгүй байх тохиолдол бий. Харин сая тэд сэтгэл зүйн талаас чөлөөтэй сайхан барилдаж байна. П.Бүрэнтөгс, С.Мөнхбат аваргуудтай барилдсан залуучууд маш сайн барилдаж давцгаасан.

-Баяр наадмын барилдааны үеэр улсын аварга Э.Оюунболд допингийн шинжилгээнээс татгалзсан гэх мэдээлэл гарсан байна лээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Допингийн шинжилгээ өгсөн. Допингийн шинжилгээнд хамрагдахаас татгалзвал хэрэглэсэнд тооцно гэж хэлээд гаргасан.

-Бөхийн барилдааны тавын даваанд Өмнөговийн Э.Нямаа гэх залуу улсын аварга Э.Оюунболдын араас нь дайраад унагаачихна лээ. Энэ асуудал дээр МҮБХ-ны тэргүүний хувьд үзэл бодлоо илэрхийлэхгүй юү?

-Үндэсний бөхийн барилдааны дүрэмд зааснаар бол талбайд хоёр бөх барилдаж байгаад хэн нэг нь барилдааныг засуул зогсоогоогүй бол орхиж болохгүй. Хэрэв тийм үйлдэл гаргавал нөгөө бөх барьц аван хаяж болно гэж байгаа. Дээрх хоёр бөхийн хувьд бол нэг нь санаачилга авч түрж талбайн захад ирсэн. Э.Оюунболд захад ирлээ гээд цааш эргэсэн, Э.Нямаа араас нь барьж хаясан үйлдэл харагдаж байгаа.

Хөлийн цэцүүд үүнийг хэлэлцээд талбайн голд бол Э.Нямаагийн зөв, захад ухарч байгаад цааш эргэхэд засуул бариагүй ч барьж давсан тул дахин барилдуулах шийдвэрийг хянаж байсан хоёр цэц, ерөнхий цэцийнхээ хамтаар гаргасан. Үүн дээр манай цэцүүд дахин барилдуул гэсэн зөв шийдвэр гаргасан. Ерөнхий цэц дахин барилдуул гэж хэлэхэд Э.Оюунболд элэг бүсээ тайлаад яваад өгнө лээ. Энэ үйлдэл анхаарал татсан шүү.

-Энэхүү баяр наадмын онцлог нь МҮБХ-ноос шинэчлэн баталсан дүрмээр зохион байгуулагдлаа. Барилдааны үед нэг ч удаа барьц сонгосонгүй шүү дээ.

-Бөхчүүд маань барилдааны дүрмээ өөрчлөөд барьц сонголт, цагийг арай багасгасанд дасан зохицсон үр дүнтэй байна. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд нягт барилдаантай юм. Бидний арай өмнөх үеийн, бүр дээр үеийн ахмад бөхчүүдийн сайхан буйр суурьтай зан, бөх хүний ухаантай байдал Б.Бат-Өлзий, Э.Ууганбаяр, Ч.Батчулуун нараас харагдаж байлаа. Бөхийн торгон ногоон дэвжээ их учиртай гэж ахмадууд хэлдэг юм. Энэ залуучууд цаашдаа улам их амжилт гаргана гэдэг эргэлзэхгүй байна.

-Монгол Үндэсний бөхөөр олон жил тууштай сайн барилдсан бөхчүүд шөвгөрлөө. Өнөөх найраа гэх зүйл ил цагаан анзаарагдсангүй. Шөвгөрсөн бөхчүүдэд улсын цол чимэг олгох ямар боломж байна вэ. Үүнийг маш олон хүн сонирхож асууж байна л даа.

-МҮБХ-ны зүгээс бөхчүүдэд цол, чимэг олгуулахаар хичээн ажиллаж байна.

-Барилдааныг олон сувгаар шууд нэвтрүүллээ. Хоёр хоногийн хугацаанд манайхан бөхөөр амьсгаллаа шүү дээ. Дараагийн барилдааныг хэзээ явуулахаар төлөвлөөд байна вэ?

-Ойрын хугацаанд бөхийн барилдаан явагдаагүй, наадам ч өнжөөд байсан учраас олон хүн үзсэн болов уу. Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс гишүүдийнхээ эрх ашгийн төлөө энэ удаагийн 512 бөхийн барилдааныг зохион байгууллаа. Хажуугаар нь аймгуудад 128 бөхийн барилдааныг зохион байгуулах саналыг гаргаж ажилласан. Үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Төр засгаасаа төсөв зардал авч хүндрүүлэхгүй наадмын бөхийн барилдаанаа хийж болохыг өнгөрсөн зургадугаар сард хэлж байсны дагуу бид 512 бөхийн барилдааныг амжилттай хийж гүйцэтгэлээ. Барилдааны талаар сайн зүйл олон, саар зүйл ч гарлаа. Товчоор хэлбэл, энэ барилдааныг олон хүн анхаарч үзсэн бол бидний амьдарч байгаа одоогийн нийгмийн тусгал. Хөдөлмөрлөж байгаа хүмүүс байна, хууль шүүхийн байдал, нэгэнтэйгээ харьцах байдал, хар хор гээд бүх л зүйл харагдана. Тэгэхээр бүгд л үүнийгээ засаж сайжруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй болох нь. Дараагийн барилдаан хэзээ болох нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална.

Сүүлд нь онцлоход, барилдааныг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн УОК, НОК мөн хяналт тавин ажилласан Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Биеийн Тамир спортын хороо, Нийслэл, дүүргийн цагдаагийн газар, оролцогчдоос шинжилгээг хоёр өдөр авч ажилласан СХД-ийн Эрүүл мэндийн төвийн ажиллагсдад дахин талархал илэрхийлье. Мөн хамтран ажилласан Монголын Залуучуудын Холбооны хамт олон, удирдлагууд, ерөнхийлөгч О.Гэрэлт-Оддоо талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд их амжилт хүсье.

-Орон нутгууд аймгийн цол чимэг олгох бөхийн барилдаанаа зохион байгуулаад эхэлсэн байна. Дорнод болон Сэлэнгэ наадамд шөвгөрсөн бөхчүүдийг эрэмбэд оруулахгүй гэх мэдэгдлийг МҮБХ-ноос гаргасан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Аймгуудын наадмын тухайд хэд хэдэн зөрчил гаргасан. Дорнод аймаг бөхийн оноолтыг заасан хугацаанд ирүүлээгүй. Мөн бүртгэл болон эрэмбэ хийлгээгүй. Үүнээс гадна барилдааны дүрэм зөрчиж, бөхийг барьц сонгож унагаж хохироосон зэрэг зөрчлүүд гаргасан. Хөвсгөл аймаг ч оноолт бүрэн хийлгэлгүй бөхийн барилдааны оноолтыг санаатайгаар зөрүүлж, зарим бөхчүүдийг хохироосон. Оноолтын зориулалтын программыг хоёрын даваанаас цааш ашиглаагүй. Өөр нэг ноцтой зөрчил байгаа нь өөрөө хандаагүй бөхчүүдийг бүртгэж, хий даваа гаргасан байна лээ.

Сэлэнгэ аймгийн тухайд Аймгийн Онцгой комисс, Засаг дарга нь барилдаан хийх захирамж гаргаагүй юм билээ. Засаг дарга нь хууль журмын дагуу барилдаанаа хийнэ гэж МҮБХ-нд хандаад байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Улсын харцага Б.Бат-Өлзий: Ард түмэн маань арслан цолтон төрлөө л гэх юм. Төр цолыг минь өгөх байлгүй дээ

Ардын хувьсгалын 100 жилийн ой, МЗХ-ны 100 жилийн ой, МҮБХ-ны 30 жилийн баярт зориулсан хүчит 512 бөхийн барилдааны түрүү хүчтэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзийтэй ярилцлаа.


-Хамаг Монголын хүчтэнүүд цугласан наадамд түрүүллээ, танд баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Их баярлалаа. Цар тахалтай холбоотойгоор цаг үеийн нөхцөл байдал амар биш байгааг хаа хаанаа л ойлгож байгаа. Ийм хүнд үед МҮБХ-ны зүгээс бөхчүүдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хичээл зүтгэл гаргаж сайхан барилдаануудыг зохион байгууллаа. МҮБХ-ны удирдлагуудад эхлээд талархал илэрхийлье. Таны хэлж байгаагаар хамаг Монголын хүчтэнүүд Хүй долоон худгийн дэнжид чуулж хоёр өдөр сайхан наадамлалаа. Санасан бодсондоо тултал барилдаж түрүүллээ. Ховд нутгийнхаа зон олны магнайг тэнийлгэлээ. Сэтгэл дүүрэн сайхан байна.

-Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд түрүүлэх тухай олон жилийн өмнөөс бодож төлөвлөсөн байх. Ард түмэн аль эртнээс л таныг наадмын түрүү бөхийн тааварт нэрлэж байсан нь ёсоор боллоо. Үүний ард олон жилийн хөдөлмөр яригдах байх.

-Би 2009 онд Ховд аймгаас Улаанбаатар хот руу бөх болохоор ирж байлаа. Үеийнхнээсээ намхан нуруутай жаахан хүүхэд цүнхээ үүрээд танил ахындаа бууж байсан маань санаанд тод үлдэж. Тэр цагаас хойш зөвхөн үндэсний бөхөд зүрх сэтгэлээ зориулж тууштай зүтгэсний үр дүн өнөөдөр гарлаа. Улсын харцага цол хүртээд заан цолны даваанд боссоноос хойш наадмын дэвжээнд дээшээ барилдаж болох сэтгэл орсон. Заал танхимын барилдаануудад ч аварга, арслан ах нартайгаа эн тэнцүүхэн барилдаад ирэхээр бөхийн хүрээнийхэн наадмын түрүү бөхийн тааварт оруулах болсон. Ард түмнийхээ тэр их хүслийг гүйцэлдүүлж төрийн наадамд түрүүлэх хүсэл их байсан ч болж өгөхгүй л яваад байлаа. Шантралгүй зүтгэсэн хүнийг бөхийн дэвжээ ивээдэг гэдгийг биеэрээ мэдэрлээ. Манайхан ч амны бэлгэтэй, бөхөө таньдаг, мэдэрдэг хүмүүс юм.

-Наадмын барилдаанууд ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Харах юмтай, хариад ярих юмтай сайхан наадам боллоо шүү дээ. Баяр наадмын барилдаануудынхаа талаар уншигчидтай хуваалцахгүй юу?

-Урьд өмнө нь болж байгаагүй өндөр чансаатай бөхийн барилдаан боллоо гэж хувьдаа үзэж байна. Улсын цолтой 100 гаруй бөх зодоглолоо. Аймгийн арслангууд ч олон бүртгүүлсэн байна. Аварга, арслангуудын аманд цэрэг юм уу, залуу бөх гарч барилддаг жишиг бий. Сая бол сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд Монгол үндэсний бөхөөр дагнаж хичээллэсэн аймгийн начингууд аманд гарч байх жишээтэй. Ийм л өндөр чансаатай барилдаан болж өндөрлөлөө. Бөхчүүдийн хүч хөдөлмөрийг үнэлж сайхан өрсөлдүүллээ. Ард түмэндээ сэтгэлийн цэнгэл эдлүүлж, баяр наадмын барилдаанаа дэг журамтай сайхан зохион байгууллаа. Манайхан бүтэн хоёр өдөр л бөхөөр амьсгалах шиг боллоо. Миний тухайд эхний даваанаас л чанга өрсөлдөгч нартай туллаа. Алдаа гаргалгүй нягт барилдаж түрүүллээ.

-Цар тахлын нөхцөл байдалд баяр наадмын бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаав. Таны тухайд Сүүж ууланд бэлтгэлдээ гарсан сураг дуулдаж байсан?

-“Ховд” дэвжээний залуустайгаа Сүүж ууланд баяр наадмын бэлтгэлээ базаасан. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад бэлтгэл сургуулилтаа дасгалжуулагч нарынхаа гаргасан төлөвлөгөөний дагуу л базаасан. Их сайхан таарсан шүү. Энэ жилийн тухайд Ардын хувьсгалын 100 жилийн их ой тохиож байна. Ийм онцгой цаг үед барилдаж байдаг бид их сайхан хувь зохиолтой улс юм.

Бөхчүүд ч энэ их ойд зориулж бэлтгэл сургуулилтаа маш сайн хийсэн байна. Аймгийн цолтнуудын бэлтгэл ч онцгой сайн байгаа нь анзаарагдлаа. Манай залуу бөхчүүд цолтой нь биш, биетэй барилддаг болж. Том цолтой бөхчүүдээс сүрдэж, биеэ барьдаг цаг ард үлдсэн байна шүү.

-Наадмын барилдааны өмнөхөн Сутай хайрханы тахилга наадамдаа түрүүлээд ирсэн байна лээ.

-Тэгсэн. Нутгийнхаа төрийн тахилгатай улсын наадамд амжилттай барилдаж түрүүлсэн. Дараахан нь Ховдод баруун бүсийн том уралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан. Энэ үеэр ч улс аймгийн цолтнуудын барилдааныг бөхчүүдээ шинжилгээнд хамруулж халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад амжилттай явуулсан. Аймгийн цолтой залуу бөхчүүдийнхээ эрх ашгийн үүднээс цол чимэг олгож, эрэмбэ тогтоох барилдааныг ч тусад нь явуулсан. Ховд аймгаас энэ цаг үед сайн барилдаж байгаа Ганбаатарын Ганхуяг гэж залуу гайхамшигтай уран барилдаан үзүүлж түрүүллээ. “Ховд” дэвжээнээс өсөх ирээдүйтэй залуу хүчтэн тодорч байгааг нь хараад баярлаж л суулаа. Их спортоор хичээллэдэг, тив дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцдог Ганхуяг дүүгээсээ том амжилт хүлээж байна даа. Нутгийн зон олон маань ч дээлнийх нь захыг мушгиж л суугаа байх.

-Ховд нугтгаас 81 жилийн өмнө Шаравын Ванчинхүү арслан төрийн наадамд түрүүлж байлаа. Ардын хувьсгалын 100 жилийн ойн түрүү бөх Ховдын хязгаараас тодорлоо. Баруун хязгаар нутгийн зон олон баяр жаргалаар бялхаж л суугаа байх.

-Мэдээж шүү дээ. Нутгийн зон олноо баясгах гэж бид их хөдөлмөрлөлөө. Энэ их ойд Ховдын бөхчүүд ч сайн барилдлаа. Шөвгийн найман бөхийн дөрөв нь “Ховд” дэвжээний хүчтэнүүд байлаа шүү дээ. Улсын харцага Н.Батзаяа, Г.Алтангэрэл гээд багш нарын маань хөдөлмөрийн үр дүн, залуусын хичээл зүтгэл нь энд гарч байна.

-Үенч сумын Б.Уртнасан гэж залуу баяр наадмын таавар эвдэж улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулсан нь 100 жилийн онцлох үйл явдлын нэг байлаа.

-“Ховд” дэвжээний арслан, заанууд маань гялалзтал сайхан барилдлаа. Улсын том цолтнуудтай айж бэргэлгүй эн тэнцүүхэн өрсөлдөөн үзүүлж өндөр даваанд гарч ирлээ. Олон жил уйгагүй хөдөлмөрлөж үндэсний бөхөд зүрх сэтгэлээ зориулж яваа аймгийн арслан Н.Батсайхан ах маань чансаа өндөр наадамд зургаа давлаа. Хамт бэлтгэл сургуулилтаа базаадаг Ц.Адьяа арслан маань сайхан барилдаж зааны даваанд бослоо. Б.Уртнасан заан ч энэ цагийн өнгийг тодорхойлж яваа бөхчүүдийг өвдөг шороодуулж дээшээ гарч ирлээ. Нутгийн зон олныхоо итгэлийг эвдсэнгүй. Бидэнд үүнээс илүү баяр баясгалан гэж юу байх билээ. Манайханд ямар их нөөц бололцоо байгаа нь сая тодорхой харагдлаа. Цаашид илүү хөдөлмөрлөж, үзүүлсэн амжилтдаа эзэн болж ахиулах даалгавар бидний өмнө байна.

-Долоогийн даваанд зүүний манлайд босч цолоо дуудуулсан. Ямар сэтгэгдэл төрж байв?

-Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмаар зүүний манлайд гарч цол дуудуулна гэдэг ховор хувь зохиол юм даа. Аварга, арслангууд зодоглосон наадмын зүүний манлайд босоод ирэхээр өөртөө ч итгэж өгөхгүй байсан шүү. Жингүйдээд л ирж байгаа юм (инээв).

-Аймгийн хурц арслан Э.Ууганбаяртай хийсэн барилдааны талаар асуумаар байна. Өмнө нь ч хэд хэд барилдаж байсан шүү дээ. Түрүү, үзүүрийн барилдаан ямар болов?

-Э.Ууганбаяр анх намайг хаяж улс аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлж байлаа. Үеийн аймгийн арслангуудаасаа тодорч сайн барилдаж байгаа залуу. Бид үндэсний бөхийн оргил руу хамт зүтгэж яваа нэг үеийн тамирчид. Наадмын түрүү байрын төлөө харгүй сайхан хүч үзсэн. Миний тухайд төлөвлөж байснаараа барилдаад л даваа авсан.

-Баяр наадмын бөхийн барилдаан МҮБХ-ноос баталсан шинэ дүрмийн дагуу явагдлаа. Үүн дээр таны байр суурийг сонсох гэсэн юм.

-Бүх баяр наадам шинэчлэн баталсан дүрмийн дагуу явагдаж байна. Над шиг нуруу намтай бөхчүүдэд ашигтай юм уу гэж би анзаарлаа. Цаашид илүү тэвчээртэй бөхчүүд л сайн барилдах юм билээ. Үндэсний бөхийн барилдааны дүрэм шинэчлэгдсэнээр үзэгчдийн хүлээдэг уран хурц барилдаанууд олон гарах байх. Хүлээж тулж зогсож байгаад л барьц сонгодог явдал байхгүй болсон. Өмнө нь тулж зогсоод л ганц хоёр золгож шоо шидээд нэг нь араас нь тэвэрч аваад чулууддаг байлаа. Дүрэмтэйгээ уялдаад бөхчүүдийн бэлтгэл сургуулилт ч өөрчлөгдөж байна.

-Наадмын гурвын даваанд улсын аварга Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлаж үнэн хүчийг үзсэн нь наадамчдыг цэнгүүллээ. Энэ асуудал дээр түрүү бөхийн байр суурийг сонсъё.

-Тухайн үед бөхийн эрэмбэ гэж зүйлийг харуулж байна л гэж бодсон. Миний хувьд бага цолтой залуу хүн. Тэр нь тийм, энэ ийм гэж дүгнэх нь зохимжгүй байх. Ямартаа ч энэ цагийн шилдэг хүчтэнүүд шударга сайхан өрсөлдөж наадамчдыг баярлуулсан. Наадмын нэг чимэг нь байлаа шүү дээ.

-Хоёр өдөр наадам үзэж суулаа. Бөхчүүд ёс зүйтэй болсон юм болов уу гэж анзаарлаа. Э.Энхбат начны төрсөн дүү Э.Энх-Амгалан гэж залуу зургаа давлаа. Энэ үеэр гаргаж буй бөхчүүдийн хандлага сайхан л санагдаж байлаа.

-Сайн муу нийлж сав дүүрдэг. Зарим нэг асуудал байгаа л байх. Энх-Амгаланг сайн барилдахад нь их баярласан. Ер нь улсын цолны дүүрэн эрэмбэтэй сайхан бөх гэж дотроо үнэлдэг юм.

-Наадам хойшлох шийдвэр гарахад яаж хүлээж авав?

-Уул нь бид өв соёл, эрийн гурван наадмаараа ондоошдог ард түмэн. Эрийн гурван наадам бол монгол үндэстний дархлаа шүү дээ. Баяр наадмаараа л сэтгэлийн дархлаагаа тогтоодог ард түмэн. Дайны бэрх цагт тасалдаагүй монгол наадам 100 жилийнхээ босгон дээр тасалдахад сэтгэл гонсгор л байлаа. Цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа ч төсвөөс зардал гаргалгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлаад баяр наадмаа тэмдэглэчих боломж байсан ч хэсэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч хойшилсон. “Тэвчээр тасарлаа” гээд л лоозон бариад хүмүүс яваад байсан. Үнэндээ бөхчүүдийн ч тэвчээр тасарч байлаа шүү дээ. Бөхийн барилдаан гэдэг бидний ажил, амьдрал.

-Тэмцээн уралдаан хоригдсон үед амар байгаагүй л болов уу…

-Нуугаад яах вэ, тэмцээн уралдаан хоригдсон үед хүндхэн л байлаа. Сайхан бизнес хийгээд яваа бөхчүүд байгаа л байх. Гэхдээ ар амьдралаа орхиж бөхийн спортод чин сэтгэлээ зориулж байж л олноос онцгойрч амжилт гаргадаг. Цар тахлын улмаас бизнес зогссон үед энд тэндээс цалинжуулаад байх боломж хомс. Ивээн тэтгэгч нарын маань ч бизнес орлого зогсчихсон хүнд үе байлаа. Гэхдээ эрүүл байхад учир нь олдож л байгаа юм.

-Сар шинийн барилдаанд түрүүлсэн. Сая баяр наадамдаа түрүүллээ. Түрүүлж үзээгүй ямар барилдаан байна вэ?

-Байгаа байх аа. Ямартаа ч төрийн хэмжээний том хоёр барилдаанд түрүүлчихлээ. Малчин айлын 17-хон настай хүү хотод анх ирж байлаа. Улсын цол чимэг гэдэг бол айхавтар хол л санагддаг байж. 12 жил хөдөлмөрлөсний үр шимийг үзлээ. Үнэхээр сайхан байна. Ганцаараа зүтгээд өнөөдрийн Бат-Өлзий бий болчихсон юм биш. Миний ард бат зогсдог аав, ээждээ гүнээ талархаж байна. Өдий хүртэл дэмжиж ирсэн “Мон тед” констракшн, “Импраль кастл” компанийн хамт олонд талархал илэрхийлье. Намайг дэмждэг олон байгууллага, хүмүүс бий. Тэр бүрийг дурдана гэхлээр та бид хоёрын ярилцлага дуусахгүй үргэлжлэх байх. Намайг ойлгож дэмждэг бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж явдаг аа “Өдрийн сонин”-оороо уламжилъя.

-Энэ наадамд шөвгөрсөн бөхчүүдэд улсын цол чимэг олгох тухай асуудал яг одоогоор бол бүрхэг байна.

-Ард түмэн минь арслан Бат-Өлзий л гэж дуудах юм. Төр улс минь харж цол чимгийг олгох болов уу гэж хүлээж сууна. Ганц миний эрх ашиг ч биш л дээ. Хамаг Монголын хүчтэнүүд цугласан чансаатай наадамд шөвгөрсөн 16 залуу байна. Энэ бүхний хөлс хөдөлмөрийг төр засаг үнэлнэ гэдэгт нь эргэлзэхгүй байна. Уяачдын тухайд улсын чанартай уралдаануудаа явуулчихлаа. Бөхчүүд ч аймаг аймагтаа барилдаад цол чимгээ авчихлаа. Сая бол улсын наадмаас дутуугүй өргөн цар хүрээтэй барилдаан боллоо. Хүмүүс нэг жилийн хөдөлмөр гэж ярьдаг. Төрийн наадамд түрүүлэхийн тулд багадаа л 10 гаруй жил хөдөлмөрлөдөг. Үүний үнэ цэнийг орхигдуулахгүй байх. Цол чимэг олгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Ц.Хосбаяр: М.Анхцэцэгээ медалиас мултарсны дараа цахим орчинд эерэг сэтгэгдлүүд хөвөрч байгааг хараад бахархсан шүү


Хүндийг өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяртай “Токио 2020” олимпийн наадмын эргэн тойронд хөөрөлдсөнөө хүргэе.

МОНГОЛЫН ТАМИРЧИД БАЙГАЛИАСАА ГОЛ ЯСНЫ БЯРТАЙ ТӨРДӨГ УЧРААС ҮҮНИЙГ НЬ СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААНТАЙ ХОСЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ-


-Хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчин М.Анхцэцэг олимпийн наадмын медалийн төлөө ширүүн өрсөлдөөн үзүүллээ. Шагналт байр эзэлж түүхийн шинэ хуудас нээлээ. Токиогийн олимпийн наадмыг шигшээ багийн дасгалжуулагчийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Олимпийн наадамд арай өөр зорилготой явсан даа. Медаль зүүчихье гэж санасан юм.Санаснаар болсонгүй. Эмэгтэй баг маань анх удаагаа хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй олимпийн наадамд оролцлоо. Хоёулаа шилдэг 14 -т шалгарна гэдэг чамлахаар амжилт биш. М.Анхцэцэг маань бага зэргийн бэртэлтэй байлаа. Боломжийнхоо хэрээр л өрсөлдлөө.

-Гавьяат тамирчин М.Анхцэцэг жаахан охин байхдаа л 2016 оны олимпийн наадмаар шилдэг наймд шалгарч байлаа. тухайн үед алдаа оноогоо хэрхэн дүгнэж байв. Энэ олимпийн цикльд ямар ахиц гарав?

-Олимпийн дараа төлөвлөгөө гаргаад 2016 оны олимпийн дараахан есдүгээр сард бэлтгэлдээ орж байлаа. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж олимп нэг жилээр хойшилсон. Бидний төлөвлөгөөнд бага зэргийн өөрчлөлт орж ирсэн. Ахмад багш нартайгаа зөвлөж байгаад л бэлтгэлийн төлөвлөгөөгөө бага зэрэг өөрчилсөн. Өнгөрсөн олимпийн циклд ДАШТ-ээс медаль хүртлээ. Олимпийн наадамд ч медалийн төлөө ширүүн өрсөлдлөө. Хувь тамирчны тухайд ахиц дэвшил гарсан гэж харж байна.

-Сая олимпийн үеэр хүндийг өргөлтийн тэмцээн үзээд сууж байхад БНХАУ гэх мэт том гүрний тамирчдыг арын албаныхан нь сүргээрээ дагаад явж байх юм. Манайхан тэнд гурвуулаа л гүйгээд байсан…

-Олон улсын олимпийн хорооноос ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хоёр тамирчин нэг дасгалжуулагчтай байх цензур тавьж өгсөн. БНХАУ-ын багийн тухайд найман тамирчин оролцсон. Анзаарахад, өөр өөрсдийнх нь багш нар нь тамирчдаа дагаад явж байна лээ. Ер нь хүндийг өргөлтөд гурван дасгалжуулагч ажилладаг. Нэг нь тамирчныхаа бие халаалт хийлгэнэ. Нөгөөх нь захиалгын самбар хяналт дүн шинжилгээ хийнэ. Нэг нь бусад багийн өрсөлдөгч тамирчдыг ажигладаг. Дасгалжуулагч ганцаараа явахад гурван хүний л ажил хийнэ гэсэн үг. Сая Э.Билэгсайхан маань өглөө нь орчихоод үдээс хойш Анхаадаа (М.Анхцэцэг) тусалсан. Зааланд олимпийн хорооны Б.Баяртуяа маань тус дэм болоод сууж байлаа.

No description available.

-Хүндийг өргөлтийн шигшээ багт хоол зүйч, сэтгэл зүйч байдаг, терапист гэх зайлшгүй шаардлагатай мэргэжилтнүүд ажилласан уу?

-Сая олимп дээр Нийгмийн сэтгэл судлалын хүрээлэнгийн Б.Золзаяа багш ажилласан. Сүүлд жүдогийн шигшээ баг дээр ажиллаж байсан Нишида гэж терапист долоо хоног орчим хамт ажиллаж булчин суллах гэх мэт ажлууд хийж байлаа. Хэдийгээр богино хугацаанд ажилласан ч боломжийн үр дүн гарсан гэж үзэж байна. Өмнө нь энэ бүхнийг дасгалжуулагч л амжуулдаг байсан. Цаашид ийм төрлийн мэргэжилтнүүд шигшээ багт зайлшгүй шаардлагатай байна.

-Хүндийг өргөлтийн тэмцээнийг анзаарахад, арын өрөөнд захиалга дээр айхавтар өрсөлдөөн явагддаг юм билээ. Нарийн ур ухаан шаарддаг юм шиг.

-Олимпийн наадмын хүндийг өргөлтийн төрлийн тэмцээнийг анх удаагаа орон даяар шууд дамжуулсан юм билээ. Их том бөхийн зүтгэлтэн надад хандаж “Монголчууд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэж чадсангүй. Танай охин, та хоёр монголчуудыг дэлгэцийн өмнө хоёр цаг уялаа. Наадмаа үзэж байгаа юм шиг их догдоллоо. Нулимс гарлаа” гэж хэлнэ лээ. Сонсоод монголчууд маань зүрх сэтгэлээрээ дэмжиж дээ гэж бодсон. Хүндийг өргөлтийн спортыг их ойлгодог болж. Таны асууж байгаа захиалга дээр том тулаан болдог. Есөн хүний захиалгыг тооцоолно. Зургаан оролт хийхэд 54 оролтыг тооцоолох шаардлага гарч байгаа биз. Гүйлгээ ухаан шаардлагатай. Хажуугаар нь тамирчнаа мэдэрнэ. Сэтгэл зүйг нь тогтвортой байлгахаас өгсүүлээд ажил их шүү.

-М.Анхцэцэг сая 112 кг-ыг өргөхдөө барьсан шүү дээ. Шүүгч нар тооцоогүй. Яагаад тооцсонгүй вэ. Тэр өргөлтийг тооцсон бол медаль ч авчих боломж харагдаж байсан шүү дээ?

-112 кг дээр өргөөд барьсан л даа. Энгийн хүний нүдээр бол өргөчихлөө л гэж харах байх. Анхаа маань барихдаа тохойгоороо бага зэрэг шахчихсан юм. Жижиг техникийн алдаа гаргасан л даа.

-Ер нь манайд хүндийг өргөлтийн спортын хөгжил ямар түвшинд байна вэ?

-2016 онд шигшээ баг маань нэг тамирчинтай, нэг дасгалжуулагчтай байлаа. Өнөөдөр үндэсний шигшээ багт 10 тамирчин байна. Биеийн тамир спортын улсын хороо гэх том статустай болсноор 10 тамирчин хоёр дасгалжуулагчтай 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа.

Өсвөр үе залуучуудын 50 орчим тамирчин бэлтгэл хийж байна. Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын сургуульд хүндийг өргөлтийн анги нээлээ. Энэ өөрөө том дэвшил. Олимпийн наадмын маргаашнаас л хүндийг өргөлтийн спортоор хичээллэх хүсэлтэй олон хүүхэд холбогдлоо. Ирээдүй гэрэлтэй байна.

Би 2012 онд хүндийг өргөлтийн спортод орж ирснээс хойш ДАШТ-ээс өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд 14 медаль авсан байдаг. Монголын хүндийг өргөлтийн спорт 65 жилийн ой энэ онд тохиож байна. 2012 оноос өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ганц л медальтай байлаа. Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Энхбаатар гэж ах маань хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс 73 медаль хүртжээ. Энэ үзүүлэлт хүндийг өргөлтийн спорт, хаана ямар түвшинд байгааг илэрхийлнэ. Манай холбоо “Бид нэг баг” гэсэн уриатай ажилладаг юм. Хамтдаа л урагшилж байна.

-Гавьяат тамирчин М.Анхцэцэг маань өнгөрсөн олимпийн цикльд амаржсан. Багаас бэлдсэн багшийн тухайд ямар байр суурьтай байна. Амжилтад яаж нөлөөлдөг юм бол?

-Эмэгтэй хүн болж төрснийх ээж болно гэдэг хамгийн том шагнал. Бурхны бэлэг хүртэж сайхан үртэй болсон. Охиныгоо ээж болоход нь их баярласан. Бэлтгэл сургуулилт завсардлаа, цаг хугацаа алдлаа гэж огт харамсаагүй. Анхаа маань төрөөд дөрвөн сар болоод л бэлтгэл сургуулилтаа базааж, олимпийн эрх олгох тэмцээнүүддээ өрсөлдөөд эхэлсэн.

-2024 оны олимпийн наадам Парис хотод болно. Ямар зорилго тавьж байна вэ?

-Зорилгоо тодорхойлоод олимпийн циклийн бэлтгэлээ төлөвлөөд сууж байна. Эхний ээлжинд эмэгтэй дөрвөн тамирчин олимпийн эрх авах, эрэгтэй 1-2 тамирчин эрх авах зорилго тавьж байна.

Эрэгтэй тамирчдыг дээш нь гаргаж ирэх төлөвлөгөөтэй ажиллах болно. Олимпийн эрх авах эмэгтэй дөрвөн тамирчны хоёр нь медаль хүртэх, тэр дундаа алтан медаль хүртэх зорилго тавиад байна. Ахмад үеийнхэн, туршлагатай дасгалжуулагч нартайгаа зөвлөж илүү боловсруулна.

-Ахмад дасгалжуулагч нарын зөвлөгөө үнэ цэнэтэй байх…

-Бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Метр хэрийн цасанд зам гаргаад өгсөх хэцүү. Гаргасан замаар алхах амархан. Бидний буурлууд тэр замыг засч өгсөн юм шүү дээ. Алдаа оноо нь дүгнэгдсэн замаар алхаж яваа учраас ахмад үеэсээ зөвлөгөө авдаг юм. Ахмад тамирчин, багш дасгалжуулагч нартаа их талархдаг.

-Шууд хэлэхэд хувийн спортын тамирчид, дасгалжуулагч нараас “Би” гэх үзэл нэвт ханхалдаг. Би л бүгдээс илүү гэх үзэл гаргаж ахмад үеэ үгүйсгэх хандлага анзаарагддаг.

-Шавь нартаа энэ талаар цаг тутам хэлдэг юм. Би л гээд ирэхээрээ болохоо больдог байхгүй юу. Манай уриа бол бид. Бид хамтдаа л урагшилна.

-Хүндийг өргөлтийн спорт монгол хүний бие организмд хэр зохимжтой спорт вэ?

-Монголчууд Хүннүгийн үеэс л эр бяраа үзэж наадаж, цэнгэж ирсэн улс. Ийм хүч тэнхээтэй хүмүүстэй генийн холбогдолтой байдаг нь бидний хувьд том давуу тал. Монгол хүний яс хүнд байдаг. Гол ясны бяр сайн гэсэн үг л дээ. Бусад улсын тамирчдаас ялгарах онцлог нь энэ. Монгол тамирчдын гол ясны бярыг спортын шинжлэх ухаантай холбоод хөгжүүлэхэд амжилт бэлэн байна. Мэдээж тамирчдын нийгмийн асуудал шийдэгдсэн байх шаардлагатай шүү дээ.

-Гавьяат тамирчин М.Анхцэцэг хөдөө өссөн үү?

-Нисэхэд өссөн. Аав, ээж нь цэргийн хүмүүс. Одоо тэтгэвэртэй гарсан. Аав, ээжийгээ томилолтоор явахад нь дагаад л хөдөө гадаа явж өссөн хүүхэд.

-Спорт, шинжлэх ухаан салшгүй холбоотой болсон нь олон удаагийн тэмцээн уралдаанаас анзаарагдаж байна. Спортын шинжлэх ухаан манайд ямар түвшинд байна вэ?

-Сүүлийн хорь орчим жил спорт, спортын анагаах ухаан салшгүй холбоотой явж ирлээ. Барилдаан, тулаан тэр чигтээ л шинжлэх ухаан болчихоод байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайд байхдаа Спортын анагаах ухааны үндэсний төвийг байгуулсан. Бид энэ байгууллагаас их зүйл хүлээж байгаа. Илүү амжилт үзүүлэхэд тус дөхөм болно.

-Та үндэсний бөхийн тамирчдыг дасгалжуулдаг юм билээ. Шавь нараас тань аварга, арслангууд ч төрсөн байдаг шүү дээ. Энэ талаар яривал сонирхолтой болов уу?

-Би мэддэг чаддаг зүйлээ хүнд хүргэе л гэж санадаг юм. Мэддэг, чаддаг зүйлээ нуугаад байдаг хүмүүс бий. Бусдад хуваалцалгүй байсаар тэнгэрт явчихдаг тохиолдол байдаг. Миний тухайд мэдлэг туршлагаа аль болох олон хүнд хуваалцахыг хичээдэг. Үндэсний бөх, чөлөөт бөх, сагсан бөмбөгийн хүүхдүүдийн хүчний бэлтгэлийг нь тохируулдаг юм.

Мөн мөсөнд авиралтын Ази тивийн хошой аварга Н.Хэрлэн над дээр бэлтгэл хийсэн. Миний гараар дамжиж улсын цол хүртсэн 30 орчим залуу бий. Манлай нь Г.Эрхэмбаяр, Э.Оюунболд гээд аваргууд байна. Хамгийн сүүлд Д.Алтанцоож гэж залуу Хэнтий аймагт түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. Цаашид цол ахина гэж итгэл хүлээлгэж байна.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна.

-Олимпийн үеэр сэтгэл зүрхээрээ хамт байсан монгол түмэндээ их баярлалаа. Анхаагаа медалиас мултарсны дараа цахим орчинд эерэг сэтгэгдлүүд хөвөрч байгааг хараад бахархсан шүү. Э.Билэгсайхан маань ч анхны олимпдоо оролцсон гэхэд чамлахааргүй амжилт үзүүлсэн гэж харж байгаа. Цаашид ч амжилт нь ахих байх. Монгол түмнийхээ эерэг сайхан сэтгэлийг бид амжилтаар хариулна.

О.Дашням