Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ

“Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг ирэх ням гаригт Итали улсад бизнесийн уулзалтад оролцохоор төлөвлөжээ. Гэсэн ч ШШГЕГ-аас түүнд тавиад байсан хилийн хоригоо цуцлаагүйн улмаас явах боломжгүйд хүрээд байгаа юм. Түүний тухайд төрийн байгууллагуудын ажил хоорондоо уялдаа холбоогүй, уян хатан биш байгаа нь бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байгааг онцолж байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Ажил хэргийн шугамаар Итали улсыг зорихоор төлөвлөөд байсан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас танд тавиад байсан хилийн хоригоо цуцлаагүйн улмаас асуудал үүсчээ. Болж буй нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хуульд өөрчлөлт орж 50 сая төгрөгөөс дээш өртэй хувь хүн, аж ахуйн нэгжид хилээр гарах хориг тавьсан юм байна. Өөрөөр хэлбэл маргаан шүүхээр орсон тохиолдолд хориг тавьдаг болж. Бизнес эрхлээд явж байгаа хүмүүс бие биенээсээ ч юм уу 50 битгий хэл тэрбум төгрөг зээлээд явдаг асуудал бий. Бизнес эрхлэгчид гадагшаа зах зээлээ тэлж байж л өр, зээлээ төлнө. Дотоодын жижиг зах зээлд өрсөлдөөд өр төлбөрөө барагдуулна гэдэг бараг боломжгүй. Энэ зөвхөн надад тохиолдож байгаа асуудал ч биш. Мянга мянган бизнес эрхлэгчид ийм асуудалтай хаана хандахаа мэдэхгүй явж байна.

-Таны тухайд хувь хүний өрөө төлөөд асуудлаа шийдсэн талаараа хэлж байсан. Тэгээд ямар асуудал үүссэн юм бэ?

-Г.Майцэцэг гэдэг хувь хүн 2021 онд өрөө төлөөд асуудлаа шийдсэн. Надаас авлагатай хүмүүс нь “Иргэн Майцэцэгээс өрөө авсан. Хэргийг нь хааж өгнө үү ” гэх хүсэлтийг цаасаар бичиж ШШГЕГ-т өгөх ёстой юм байна. Өнөөх хүмүүс байцаагч руу “Бид нар Майцэцэгээс мөнгөө авсан” гээд мессеж бичсэн байгаа юм. Гэтэл үүнийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй, өнөөдрийг хүртэл хориг тавьсан хэвээр явж ирж. Шүүхийн шийдвэрээс өр зээлээ төлсөн тохиолдолд

гомдол гаргасан хүнээс нь шаардаад бичиг авдаггүй юм уу гэж асуухад тэр “Чиний үүрэг” гэж хариулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар ч үүрэг хүлээдэггүй юм байна.

Хилийн хориг тавибал тавиад л. Өглөг авлагатай хүмүүс хоорондоо асуудлаа шийдчихээд байхад энэ байгууллага яхир хадам ээж шиг хооронд нь яс хаяж хагаралдуулаад сууж байна. Би өөрөө тодорхой хэмжээнд үйлдвэрлэл хийж хувийн үйлдвэрээ босгосон хүн. Зугтаагаад алга болохгүй шүү дээ. Эрх баригчид цахимжсан засаг гээд л яриад байдаг. Гэтэл хялбархан шийдэж болох асуудал дээр л заавал цаасан баримт нэхээд сууж байна. Өнөөдөр иргэдэд үйлчилдэг төр хэрэгтэй байна шүү дээ. Энэ мэт жижигхэн асуудлаар иргэн, аж ахуйн нэгжүүдээ хааж боож байгаад нь харамсах юм. Удахгүй Италид бизнесийн чухал уулзалттай байдаг. Одоогоор хаана хандаж асуудлаа шийдэхээ үнэхээр мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэрийнхэн ч хэл амаараа ойлголцож болох асуудалд ямар хахир хатуу ханддаг юм байна. Аргаа бараад сууж байна.

-Таны компани татварын өртэй байсан юм уу?

-Монголд компаниа дампууруулбал өрнөөс салдаг муухай жишиг тогтоод удаж байгааг та мэдэж байгаа байх. Компани дампуурахад бүх өр тэглэгддэг. Улсад төлөх мөнгийг салхинд хийсгэж байна гэсэн үг шүү дээ. Үүнийг хүмүүс тэр бүр анзаардаггүй юм билээ. Гэтэл графикийн дагуу өрөө төлөөд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дарамтлаад байгаа нь хэцүү юм. Миний “Эксклюзив” компани аль дээр 2015 онд л дампуурчихаар байсан шүү дээ. Өнөөдрийг хүртэл графикийн дагуу өр зээлээ төлөөд дампууруулахгүйн төлөө л ажиллаж ирсэн. Хийж бүтээхийн төлөө ажилласаар байгаад өрөнд ордог нийгмийг эрх баригчид бүтээжээ. Уг нь аж ахуйн нэгжүүд зах зээлээ тэлж байж л өрнөөс гарна.

-Хувийн бизнес эрхлэх, бизнесээ тэлэх орчин л хууль эрх зүйн хувьд хумигдмал болж байх шиг…

-2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эдийн засаг хүндэрсэн үед бизнес эрхэлэгчдээ дэмжиж хилийн хоригийг нь цуцалж, хаагдсан данснуудыг нь нээнэ гээд л ярьж байсныг нь тод санаж байна. Тухайн үед аж ахуйн нэгж дээр тавигдсан өр төлбөрт хилийн хориг тавихгүй юм байна гэж л ойлгосон. Гэтэл бизнесээ өргөжүүлэхэд хууль эрх зүйн орчин нь бүр л ярвигтай болж дээ.

-Та Италид ямар уулзалттай байв. Ямар үр дүн хүлээж байв?

-Бид массын үйлдвэрлэлийг Монголд нутагшуулах зорилготой ажиллаж байгаа. Үүний тулд олон жилийн түүхтэй том компаниудаас тусламж авах хэрэгтэй байгаа юм. Миний тухайд 20 орчим жил Польшид амьдарсан. Найман жилийн хугацаанд массын үйлдвэрлэлд ажилласан. Надад тодорхой хэмжээний туршлага байна. Хажууханд ОХУ, Хятад гэсэн том зах зээл байна. Ийшээ гарахаар л төлөвлөсөн ажлын эхлэлийг Итали улсад болох уулзалтаар ярилцах гэж байлаа. Харамсалтай нь нөхцөл байдал буруугаар эргэж ийм дээрээ тулаад байна. Явж явж би өөрөө л буруутан болж байх шив дээ. Би өөрөө хөөцөлдөж бичиг баримтыг нь шүүхийн шийдвэрт авч очих байж. Төрийн нүүр царай бизнес эрхлэгчдийн нүдээр ийм л хахир хатуу, уян хатан биш харагдаж байна даа. Уулзалт хийх хүмүүстээ түр хойшлуулах хүсэлтээ сая хэллээ. Нөгөө хэд маань ч зөвшөөрсөн. Бүтэн сайн өдөр явж чадахгүй бол олон жилийн хөдөлмөр үнэгүйдэх гээд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Баржав: Эрх баригчид утааны асуудалд иргэдийг буруутгаж байгаад хамгийн их зэвүүцэж байна

Иргэн С.Баржав гэр бүлээрээ АНУ-д амьдарч байгаад шинэ оны өмнөхөн эх орондоо иржээ. Тусгаарлалтаас гараад хэдхэн хоноод байсан ч зургаан сартай хүүхэд нь агаарын дутагдалд орж, тархины даралт өвчний шинж тэмдэг илрэх болсон байна. Энэ асуудалд бухимдсан тэрбээр Улсын их дэлгүүрийн өмнө үзэл бодоо тайван замаар илэрхийлж лоозон барьж гурван өдөр зогсчээ. Гэсэн ч энэ сарын 13-ны өдөр ЦЕГ-аас дуудаж мэдүүлэг авч, улмаар зөвшөөрөл авахыг шаарджээ. Энэ үеэр цагдаа нар зөвшөөрөлгүй үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч цаашлаад цагдан хорих хүртэл хуулийн зохицуулалттайг анхааруулсан байна. Иргэн С.Баржавтай ярилцлаа.


-Та АНУ-д хэдэн жил амьдарсан бэ. Эх орон руугаа яарав уу?

-Эх орноо их саналаа. Ирэх гэж их ч яарлаа. Намайг явахад л утаа гамшгийн хэмжээнд хүрчихсэн байсан. Тэнд байх хугацаандаа утааны асуудал цэгцэрсэн тухай мэдээллийг цахимаас хараад баярлаж байсан юм. Гэтэл онгоцноос буугаад л бухимдал төрсөн. Утаа арилаагүй, өмнөхөөсөө ч аймшигтай болчихсон байна.

-Та утааны эсрэг үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн байна лээ. Тантай хүмүүс нэгдсэн үү?

-Утаа гамшгийн нөхцөлд хүрчихсэн, эрүүл мэндэд заналхийлж байхад иргэд тэмцэхгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй, ийм нөхцөл байдалд дасан зохицоод амьдраад байна. Хамгийн зэвүү хүрмээр нь энэ ажлыг хариуцаж, шийдвэрлэх үүрэгтэй албан тушаалтнууд нь утааны асуудалд иргэдийг буруутгасан тайлбар хэлэх юм. Ингээд миний бие эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ төлөө гэрийнхээ ойролцоо УИД-ийн өмнө талбайд лоозон барьж үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн.

-Тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн тан руу цагдаагийн байгууллагаас хандсан байна лээ. Юу болсон юм бэ?

-Утааны асуудалд бухимдсан залуу надтай хамт үзэл бодлоо илэрхийлсэн юм. Ингээд лоозон авч надаас жаахан зайтай зогсож үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл удсан ч үгүй цагдаа ирж зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгууллаа гэх үндэслэлээр Цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр аваачиж гэрчийн мэдүүлэг авсан. Ингэхдээ хоёр ба түүнээс дээш хүн харьяа дүүрэгтээ мэдэгдэж байж эсэргүүцэл илэрхийлдэг тухай тайлбарлаж байсан. Бид барьж зогссон самбараа хураалгасан. Одоогоор биднийг шалгаж байна. Зөрчлийн үйлдэл байвал 500 нэгжээр торгох юм уу 7-10 хоног саатуулах хуулийн зохицуулалттай байдаг юм байна. Миний зүгээс тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх зөвшөөрөлд хүссэн бичгээ дүүрэгт өгсөн байгаа. Уул нь бид ардчилсан орны иргэд. Миний зүгээс бослого юм уу, үймээн самуунд өдөөн турхираагүй, тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн. Ийм нөхцөлд хууль сахиулагчид маань ч тайван байдаг бол зүгээр санагдах юм.

-Танаас хуулийн ямар зүйл заалтаар байцаалт авсан юм бэ?

-Байцаагч хуулийн олон заалт хэлж байна лээ. Заримыг нь санахгүй байна. Хэлж байгаа хуулиа нарийн тайлбарлаж өгөөгүй. Цар тахал болон Жагсаал цуглааны хуулийн тухай дурдана лээ.

-Та өөрөө эрх чөлөөний оронд амьдарч байгаад ирж. Эх орондоо ирээд тайван замаар үзэл бодлоо илэрхийлээд л цагдаагийн үүдээр эргэлдэх болж. Ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд хувь хүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гээд заасан байдаг. Би энэ эрхээ л эдлэхээр гарсан. Ганцаараа ч бай, хэдүүлээ ч бай үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж байгаа үйлдлийг хараад их гайхлаа. Би үзэл бодлоо тайван замаар чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлмээр байна. АНУ-д хар арьстай хүн цагдаагийн ажилтанд боолгож нас барсны эсрэг одоо ч иргэд тэмцсээр байгаа. “Хар арьстай хүмүүс амьдрах эрхтэй” гэж бичээд гэрийнхээ гаднаа, цонхон дээрээ байрлуулаад л тавьчихсан байдаг. Бид хуульд захирагдах ёстой. Тэгэхээр цаашид нөлөөлж болох хувилбараа олж тэмцэнэ. Ажлын газар болон гэрийнхээ гаднаа ч юм уу, уриа лоозон бичиж тавих төлөвлөгөөтэй байна. Одоогоор амны хаалт дээрээ биччихлээ. Цаашлаад олон нийтийн сүлжээгээр илэрхийлэх бодолтой байна.

-Та байцаагдсаны дараа Цар тахлын үеийн хуулийг эргэж харж амжсан уу?

-Энд нэг зүйлийг онцлоход дэлхийн аль ч оронд Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг цар тахлаас болж зөрчөөгүй. Харин Монгол Улсад цар тахлаар далимдуулаад хүний үзэл бодлоо эдлэх эрхийг боомилж байгаа нь эрх баригчдын бүдүүлэг үйлдэл. Бухимдлыг нь илэрхийлүүлэхгүй, хорьж цагдах тусам удаан тэвчиж байгаад гаргахдаа маш буруу арга замаар илэрхийлэгдэнэ. Хааж боох тусам л хүчтэй тэсэрч дэлбэрсэн жишээ олон бий. Тийм байдал үүсгэхгүйн тулд олон нийтийн хэлэлцүүлэг хийж, харилцан ойлголцож явах хэрэгтэй. Хуулийг буруу аргаар хэрэгжүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрсэн яндангийн хулгайч ченжүүдийн шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна

Хулгайлагдсан нүүрсэн яндан


ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн доктор, профессор Ц.Цэвэгжав “Нүүрсэн яндан буюу катализаторгүй тээврийн хэрэгсэл 300 орчим хорт бодисыг ялгаруулж агаар, орчин бохирдуулдаг” талаар онцолжээ. Тодруулбал, дотоод шаталтын хөдөлгүүрээс утаа гарснаар азотын исэл, нүүрс хүчлийн хийг үүсгэдэг аж. Түлш агаар холилдож бүрэн шатсанаар нүүрс хүчлийн давхар ислийг үүсгэдэг юм байна. Энэ нь хүрээлэн буй орчинд хоргүй. Харин дутуу шаталтаас үүссэн хорт бодисууд нь хүн, байгаль орчинд маш хортой. Дутуу шаталтыг катализаторгүй автомашинууд бий болгож, 300 орчим төрлийн хорт бодис ялгаруулдаг юм байна. Хамгийн хор хөнөөлтэй нь нүүрсхүчлийн хий болон азотын исэл гэнэ.

Авто тээврийн үндэсний төвийн мэдээлж буйгаар нийслэлийн хэмжээнд 730 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 500 орчим мянга нь замын хөдөлгөөнд тогтмол оролцдог аж. Эдгээрийн талаас илүү хувь нь prius маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Замын хөдөлгөөнд оролцож буй prius маркийн тээврийн хэрэгслийн олонх нь үйлдвэрээс гарсан нүүрсэн яндангүйгээр Улаанбаатарын гудамжаар нүүрсхүчлийн хий болон азотын исэл ялгаруулаад явж байна. Энэ асуудлын мөрөөр сурвалжиллаа. Эхлээд тээврийн хэрэгслийн төвлөрсөн худалдааны цэг “Да хүрээ” захыг зорьсон юм. Хил хаалттай ч тус захад тээврийн хэрэгслүүдийг ярайтал эгнүүлээд тавьсан харагдана. Эдгээрийн олонх нь өнгө өнгийн prius-үүд байх аж.


Тээврийн хэрэгслийн ченж залуугаас цөөн асуултад тодруулга авлаа.

No description available.

-Энд худалдаалагдаж буй prius маркийн тээврийн хэрэгслүүд катализатортой юу?

-Одоогоос тав зургаан жилийн өмнө тээврийн хэрэгслүүд үйлдвэрийн яндантайгаа орж ирдэг байсан юм. Одоо тэгэхээ больсон. Миний гар дээр хятад яндантайгаа л ирдэг.

-Үйлдвэрээсээ хятад яндантай гарч байна уу. Тээвэрлэх замд хэн нэгэн сольж байна уу. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Үйлдвэрээс бол катализатортой л гарч байгаа л даа. Бид эндээс захиалахдаа ч үйлдвэрийн яндантай нь л захиалдаг юм. Бидний гарт л хятад яндантай ирдэг. Тэр хол зам туулж ирсэн барааг буцаах арга байхгүй, тэр чигээр нь л худалдаалдаг.

-Гадуур нүүрсэн яндангийн эрэлт их байна уу. Энэ хавиар ч худалдаалдаг хүмүүс олон харагдлаа.

-Энэ хавиар авдаг, зардаг хүмүүс олон бий. Чамгүй үнэ ч хүрдэг. Сүүлийн үед бол ховордсон. Нүүрсэн яндантай машин ч цөөн болсон байх. Эрт онтой цөөхөн тээврийн хэрэгслүүдэд л байдаг. Тэр нь гол төлөв хөдөө орон нутагт байдаг гэх тайлбар хэлж байна.

“Да хүрээ” захын орчимд нүүрсэн яндангийн эрэлт хэрэгцээ өндөр байна. Зөвхөн энэ төрлийн худалдаа эрхэлдэг хүмүүс ч байдаг бололтой. Гол төлөв бусдын тээврийн хэрэгслээс тоногдсон, буруу гарын зүйлс энд ирдгийг ч машины ченжүүд онцолж байв. Нүүрсэн яндан авч дамладаг гэх ченжүүдтэй уулзахад тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Учир нь энэ төрлийн яндан худалдаалахыг хориглодог болжээ. Зарсан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авдаг болж. Гэсэн ч ил далд хэлбэрээр энэ төрлийн бизнес оршсоор л байна. Бүр тодруулбал энэ төрлийн худалдаа цахим орчинд эрчээ авчээ. “Нүүрсэн яндан авна зарна, нүүрсэн яндан авч, шүүлтүүртэй яндан суулгаж өгч чекний гэрэл унтраана” гэсэн зар түгээмэл анзаарагдана. Иймэрхүү худалдааны зарын бүлгэмүүд ч хэдэн арваараа бий болж.

Энэ төрлийн худалдаа эрхэлдэг хүмүүсийн хэлж байгаагаар бол нүүрсэн яндангийн ханш 800.000-2.000.000 төгрөгийн хооронд байна. Он болон машины төрөл маркаасаа шалтгаалаад үнэ нь өөр хоорондоо харилцан адилгүй байдаг аж. Хамгийн эрэлттэй нь сүүл оны prius 20-ын яндан гэнэ. Зарим тохиолдолд гурван сая төгрөг ч хүрдэг аж.


Prius 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэдийн байр суурийг сонслоо.


-Та энэ тээврийн хэрэгслийг унаад хэр удаж байна вэ. Таны гарт үйлдвэрийн яндантайгаа ирсэн үү?

-Шинэ машин буухад нь л аваад гурван жил болж байна. Хятад яндантай л миний гарт ирсэн. Шинэ машины үйлдвэрийн янданг хэн нь, хаана сольчихсон юм бүү мэд. Ийм яндан их амархан эдлэгддэг юм билээ. Машины явах ангид ч амархан гэмтэл үүснэ. Катализатор зарна гэх хүмүүс мэр сэр байдаг л юм билээ. Гэхдээ үнэ нь тэнгэрт хадчихсан. Шүүлтүүртэй хятад янданг нь сольж тавиад л явж байна.

-Та тээврийн хэрэгслээ оношилгоонд хэзээ оруулсан бэ. Энд хятад яндан шаардлага хангадаг юм уу?

-Ном журмынх нь дагуу ороод л явдаг. Ийм тийм яндантай гэсэн асуудал тавьж байгаагүй.

-Шүүлтүүртэй хятад яндан дутуу шаталт явуулдаг, эрүүл мэнд байгаль орчинд хортой талаар та мэдэх үү?

-Ийм мэдээлэл сонсож л байсан. Өнөөдрийн нөхцөлд шүүлтүүртэй хятад яндан хэрэглэхээс өөр гарц гаргалгаа алга байна шүү дээ. Үйлдвэрийн янданг нь хэн хаана сугалаад авчихдаг юм, надад мэдэх юм үнэндээ алга. Тийм л их хортой юм бол төрийн зүгээс бодлогоор анхаарах асуудал шүү дээ. Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношилгоо дээр энэ бүхнийг шалгаад хариуцлагатайгаар шаардлага тавих хэрэгтэй. Өнөөдөр бол тээврийн хэрэгслийн техникийн үзлэг хийхэд аюулгүй байдал, стандарт харахаас илүү мөнгө хураах л зорилготой болсон юм шиг. Өдөрт хэдэн удаагийн зам тээврийн осол гарч жолооч нар эд хөрөнгөөрөө хохирдог билээ. Хэдэн хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж байна. Нэг талдаа жолооч нарын ур чадвар, ухамсрын асуудал яригдах ч нөгөө талд техникийн аюулгүй байдал хөндөгдөнө. Энэ хятад яндан ч үүнд нөлөөлж л байгаа шүү дээ. Хол замд явахад хайлаад бараг боломжгүй юм билээ. Энэ бүхнийг жолооч нар тэр бүр анзаардаггүй. Ойлголттой байх шаардлагатай юм билээ. Мөн он хуучин тээврийн хэрэгслийнхээ янданг зарчихсан жолооч нар ч олон байна. Тэд шүүлтүүртэй хятад яндангийн байгаль орчин, эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийн талаар төдийлөн ойлголтгүй байдаг бололтой.

Бусад улс орнуудын тухайд энэ асуудалд ямар хяналт тавьдаг талаар автын инженер Ц.Амарсайханаас тодрууллаа. Түүний тухайд БНСУ-д авто механикийн чиглэлээр боловсрол дээшлүүлж ирээд хувийн засварын газар ажиллуулж байгаа юм.


-Нүүрсэн яндан буюу катализаторын үнэ өндөр байх юм. Зарим тохиолдолд 3 сая төгрөгөөр борлуулагдаж байна. Энэ талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юү. Яагаад ийм өндөр үнэтэй байна вэ?

-Катализатор өөрөө хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металлын бүтэцтэй. Энэ эд анги нь маш богино хугацаанд азотын ислийн долоон нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгах зориулалттай байдаг юм. Өндөр үнэ хүрч байгаа шалтгаан нь энэ.

-Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн дийлэнхийг prius маркийн тээврийн хэрэгсэл эзэлдэг. Гэсэн ч нүүрсэн яндантай тээврийн хэрэгсэл бараг алга. Олон улсад ямар байдаг юм бэ?

-Өндөр хөгжилтэй улс орнуудад тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт өндөр шалгуур тавьдаг. Тодруулбал Евро-2, Евро-3 гэсэн стандарт бий. Үүнийг мөрдөж ажилладаг. Засгийн газар нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байгаа үйлдэл шүү дээ. Манайд бол үүнд огт ач холбогдол өгдөггүй. Шүүлтүүртэй хятад яндан тавьж хорт хий ялгаруулаад түгжрээд зогсож л байдаг. Хаа нэгтээ машиндаа угаартаж нас барсан тухай мэдээ дуулдаж л байдаг. Үүнд анхаарч, ач холбогдол өгөх цаг нь ирсэн.

-Ямар гарц гаргалгаа байна?

-Хятад шүүлтүүртэй яндан бэхэлсэн автомашин үйлдвэрээс гарна гэж байхгүй. Ийм хорт бодис ялгаруулдаг яндантай тээврийн хэрэгсэл экспортлох ёс зүйтэй орон ч гэж байхгүй. Манай ченж гэх нөхдүүд л гаднаас орж ирмэгц нь янданг нь сольдог. Хил гааль, хууль хяналтын байгууллага үүнд онцгой анхаарах шаардлагатай цаг үе ирсэн. Энд ч хятад шүүлтүүртэй тээврийн хэрэгслийг торгох зохицуулалттай болж яагаад болохгүй гэж. Хүн ам төвлөрсөн газар бол энэ ноцтой асуудал шүү. Эхний ээлжинд тэр янданг сугалж гадагш нь гаргаж зараад байгаа ченж гэх нөхдүүдийг илрүүлж, зогсоох хэрэгтэй” гэв.

Түүний хэлж буйгаар бол хилээр орж ирсэн prius маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг сугалж аваад хятад яндан суурилуулдаг ченж гэх бүлэглэл байдаг болж. Сугалсан яндангаа бөөгнүүлж байгаад буцаагаад урагш нь гаргачихдаг байна.

Энэ талаар гаалиас тодруулсан ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Үүнд ямар нэгэн хяналт байдаггүй бололтой.

Хар амиа бодсон хэдхэн нүүрсэн яндангийн хулгайч нарын эрх ашгийн ард нийслэлийн сая таван зуу гаруй иргэний эрүүл мэндэд ноцтой хохирол учирч байна. Агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын утаа, үлдсэн 20 хувийг тээврийн хэрэгсэл болон үйлдвэрийн утаа эзэлдэг гэх судалгааг Байгаль орчны яамнаас гаргасан байна. Үүнээс хүний эрүүл мэндэд хамгийн хортой нь тээврийн хэрэгслийн утаа гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж байна. Нүүрсэн яндангийн хулгайч хэдхэн ченж нийслэлчүүдийн эрүүл мэндийг устгах нь. Тэдний хэдэн халтар төгрөг олох шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Өнөрмаа: Прокурорын байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ хүний эрхийг л хамгаалахад чиглэгддэг

УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа.


-Прокурорын байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ сургалт, судалгааны ажилд хэрхэн анхаарч байна вэ?

-Прокурорын байгууллагын хүний нөөц сүүлийн үед их залуужиж байна. Боловсон хүчин залуужихын хэрээр тэднийг сургах, дадлагажуулах шаардлага бий болж байдаг. Мөн олон жил ажилласан, дадлага туршлагатай ч гэсэн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, байнга ахиж дэвших хэрэгцээ хүн бүрт байдаг. Шинэчлэл гэдэг нь тасралтгүй хөгжих, хүнээ хөгжүүлэх, сургах дадлагажуулахыг хэлэх байх. Тиймээс Улсын Ерөнхий прокурорын газраас өнгөрсөн 2020 онд мэргэжлийн ур чадвар бүхий прокурор, ажилтныг төлөвшүүлж хөгжүүлэх зорилгоор “Прокурорын байгууллагаас сургалтын талаар баримтлах үзэл баримтлал”-ыг баталж, сургалтын хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлж байна. Сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч олон улсын нийтлэг жишигт тулгуурлан, орчин үеийн шинэлэг арга зүйг нэвтрүүлсэн хөтөлбөр гаргасан. Тухайлбал, сургалтын агуулгыг судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх шаардлага тавьж байна.

Үүнтэй холбоотойгоор прокурорын байгууллагаас тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийг хүн ам, газар зүйн шинжээр нь болон шүүх, прокурорын шийдвэрт дүн шинжилгээ хийх зэргээр суурь судалгааг тогтмол хийж байна.

Мэдээж сургалтыг явуулахдаа прокурор, ажилтнуудын ажлын туршлага, чиг үүргийг нь харгалзан зохион байгуулах нь үр дүнтэй байдаг учраас прокурорын сургалтыг гэхэд анхан, үргэлжилсэн болон ахлах, орлогч, дээд шатны прокурорын сургалт зэргээр төрөлжүүлсэн. Мөн туслах ажилтнуудыг прокуророор томилогдохоос өмнө сургалтад хамруулж байна.Түүнчлэн хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн сэтгэл зүйн болоод гадаад хэлний сургалтуудыг зохион байгуулж байна.

Хэдийгээр цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жил танхимын сургалт зохион байгуулах боломжгүй байсан боловч зайны сургалтууд тогтмол явагдсан.

-Саяхан Хүний эрхийн өдөр болж өнгөрсөн. Прокурорын байгууллага хүний эрхийг хангагч байгууллагынхаа хувьд хэрхэн ажиллаж байна вэ. Хүний эрхийн чиглэлээр хийсэн судалгааны ямар ажлууд байдаг вэ?

-Прокурорын бүхий л ажиллагаа хүний эрхтэй холбогдсон байдаг. Үндсэн чиг үүргийнхээ хүрээнд эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хүний эрхийг хангахаас гадна нийгэмд чиглэсэн буюу хүний эрх зөрчигдөж байгаа шалтгаан нөхцөлийг судалж, цаашид дахин гаргахаас урьдчилан сэргийлэх, засч залруулах арга хэмжээ авах боломж прокурорын байгууллагад бий.

Тухайлбал, “Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол”-ын суурь судалгаа, “Арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийн суурь судалгаа, “Зам тээврийн ослын нөхцөл байдал”, “Шүүхээс оногдуулж буй ялын бодлого” гэх мэт судалгааг дурдаж болно. Хамгийн сүүлд гэхэд “Зөрчлийн тухай хуульд заасан, хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл”, “Ялгаварлан гадуурхах гэмт хэргийг шалгах, нотлоход анхаарах асуудал”-ыг судалж гарын авлага, зөвлөмж зэргийг боловсруулан, сургалтууд зохион байгууллаа.Судалгаа хийгээд зөвхөн алба хаагчдад сургалт хийх нь бас хангалтгүй. Шаардлагатай бол бодлогын шинжтэй асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох яам, газруудад хандах арга хэмжээ авна. Нөгөө талаасаа,эдгээр арга хэмжээ нь бүхэлдээ л хүний эрхийг хамгаалахад чиглэгдэж байгаа юм.

-Прокурорын байгууллагыг зөвхөн яллах чиг үүрэгтэй гэж олон нийт хардаг. Прокурор доод шатны прокурортоо нөлөөлдөг гэх ч хандлага байдаг. Энэ талаар таны бодол?

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос прокурорын гаргасан шийдвэрийн талаар дээд шатны прокурорт гомдол гаргаж байгаа нь хүний эрхийг хангах нэг баталгаа. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргадагтай л ижил процесс. Хяналтын прокурорын гаргасан шийдвэр хуульд нийцсэн эсэх, мөрдөгч, прокурор хууль бус үйлдэл гаргасан эсэхийг дээд шатны прокурор хянаж байгаа нь хүний эрхийг хангахад чиглэсэн ажил.

Прокурорыг яллах байр сууринаас хандаж байна гэдэг хандлага цөөнгүй байдаг. Гэвч тийм биш. Эрүүгийн болон зөрчлийн хэргийг шалгах явцад мөрдөгч хууль зөрчсөн бол тухайн шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авдаг. Энгийн жишээгээр тайлбарлавал, мөрдөгчөөс хэн нэгэн иргэнийг баривчлах, цагдан хорих санал гаргахад тэр бүрийг хүлээж аваад байдаггүй. Үндэслэлгүй саналыг хүлээн авахаас татгалзана. Хэрвээ хууль бусаар баривчилсан бол даруй суллах арга хэмжээ авч, тухайн мөрдөгчид хариуцлага тооцох хүртэл асуудал яригддаг. Прокурор хяналтаараа тухайн зөрчлийг илрүүлж чадаагүй бол өөрөө ч мөн адил хариуцлага хүлээнэ.

Тухайлбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар 13547 яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авсны 1071 буюу 7.9 хувьд цагдан хорих, үлдсэн 90.2-92.1 хувьд нь хуульд заасан бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Мөрдөгчөөс ирүүлсэн цагдан хорих санал бүрийг прокурор хүлээж авдаггүй. Өөрөөр хэлбэл, цагдан хорих шаардлагагүй байхад үндэслэлгүй санал гаргасан байна гэж прокурор дүгнэж байгаа нь хүнийг үндэслэлгүйгээр цагдан хорихоос урьдчилан сэргийлсэн арга хэмжээ. Мөн гэмт хэргийн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан гэдэг нь цаанаа мөн л хүнийг үндэслэлгүйгээр шалгахаас татгалзсан гэсэн үг. Долоо хоногт дунджаар 300 хэрэг шүүхэд шилжүүллээ гэдэг нь цаанаа багадаа 400 хохирогчийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх шийдвэр гаргажээ гэдэг талаас нь хараасай гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл, хэрэг болгоны цаана хохирсон хүн байгаа гэж ойлгож болно.

-Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа заавал прокуророос зөвшөөрөл авах нь хэр оновчтой юм бол. Зарим зөвшөөрлийг шүүхээс авах нь хүний эрхийг илүү хамгаалж чадна гэсэн хандлага байна. Энэ талаар таны бодол?

-Баривчлах, цагдан хорих, улсын хилээр нэвтрэх гэх мэт хүний эрхийг хязгаарлаж буй зөвшөөрлийг шүүхээс авч байгаа. Харин үзлэг нэгжлэг хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах гэх мэт гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, гэм буруутай эсэхийг тогтоох үүднээс хийгдэж буй тодорхой ажиллагааны зөвшөөрлийг шүүхээс авснаар мөрдөн шалгах ажиллагаанд буюу нотлох баримт цуглуулах ажиллагаанд шүүх оролцоно гэсэн үг. Ийнхүү хуульчлах нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцэхгүй. Учир нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд прокурор хяналт тавьж, шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэнэ гэж тусганыг анхаарах ёстой. Тодруулж хэлбэл, Үндсэн хуульд заасан прокурорын “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах …ажиллагаанд прокурор хяналт тавих” чиг үүргийг шүүх хэрэгжүүлээд эхэлнэ гэсэн үг.

Түүнчлэн уг мөрдөн шалгах ажиллагааг явуулах зөвшөөрөл өгч буй шүүгч нь эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэгтэй урьдчилан танилцаж, явц байдал, үр дүнг хянаад дараа нь энэ хэргээ шүүхэд ирэхээр нь хянан шийдвэрлэнэ гэдэг нь урьдчилаад тухайн хэргийн талаар дүгнэлт гаргахаас эхлээд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөнө. Нөгөөтэйгүүр эрүүгийн хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг нотлох үүргийг улсын яллагч шүүхийн өмнө хүлээдэг. Гэтэл уг хэргийг нотлох ажиллагаанд оролцсон шүүх, шүүгч тухайн баримтыг яаж үнэлэх талаараа урьдчилаад төсөөлөлтэй болсон нь шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандах зарчимд нийцэх эсэх гэх мэт олон асуудлыг дагуулах болно.

Нэг зүйлийг төгсгөлд нь хэлэхэд, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зөвшөөрөл нь өмгөөлөх талын оролцоогүй явагддаг тул шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит байдлыг тогтооно гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимтай ч агуулгын хувьд нийцэхгүй юм.

.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Морь хөлсөлж явсан 13 настай унаач хүү ачааны машинд дайруулсан хэргийн мөрөөр…

Морины ажил хийж явсан 13 настай хүү машинд дайруулж газар дээрээ амьсгал хураасан хэрэг арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн бямба гаригт Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт гарчээ. Эл хэргийн мөрөөр сурвалжиллаа.


Өвлийн дунд сар гарч, жавар тачигнасан өдрүүдэд нийслэлийн Багануур дүүргийн уяачдын ажил ид үргэлжилж байна. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ойтой. Том уралдаанд эртнээс бэлтгэж буй нь энэ аж. Тус дүүргийн гэр хороолол, тэр дундаа “Тогос уул”, “Талын булаг” гэх газруудад зүчээ барьсан уяачид олон бий. Тэд морины ажил хийхдээ Багануурын зүүн тийш гарч Хэрлэн голын хөвөө “Девиз” гэх газарт очдог гэнэ. Хэсэг хэсгээрээ очиж ойрхон газарт морьдоо тарлаж, хөлсийг авдаг юм байна. Ээлжит удаагийн морины ажлын үеэр золгүй явдал тохиож, морь унаач 13 настай хүү мориноосоо унан машинд дайруулж эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амьсгал хураажээ.

Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга Ж.Мөнхцэцэгээс үйл явдлын талаар тодрууллаа.


-Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт танай хорооны нутагт золгүй явдал тохиожээ. Морь унаж явсан 13 настай хүү машинд дайруулж амьсгал хураасан байна. Талийгаач танай хорооны хүүхэд үү?

-Золгүй явдал болсон. Морины ажил хийж явсан хүүхэд машинд дайруулж, эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авч чадалгүй амьсгал хураасан талаар хорооны цагдаа өглөөний хурал дээр мэдэгдсэн. Тухайн мэдээг дуулсан даруйдаа холбогдох байгууллагуудаас мэдээлэл авахад хотоос ирж морины ажил хийж байсан хүүхдэд золгүй явдал тохиож амь насаа алдсан талаар хэлж байсан. Хэрэг манай хороонд үйлдэгдсэн нь үнэн. Гэхдээ уяач болон хүүхэд нь манай хороонд хамааралгүй. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Цагдаагийн хэлтсийн зүгээс бидэнд үүнээс илүү тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна лээ.

-13 настай хүүгийн амь нас хохирсон ноцтой хэрэг танай хорооны нутаг дэвсгэрт гарчихаад байна. Багануур дүүрэгт ч олон уяач байдаг. Цаашид хэдэн хүүхэд энэ жишгээр амиа алдахыг үгүйсгэх арга байхгүй. Сэрэмжлүүлэх үүднээс нийтэд мэдээлэл өгөх нь таны үүрэг байх.

-Манай хороонд олон уяач байхгүй. Өвлийн цагт зүчээнд морь тэжээдэг улсын олонх нь гуравдугаар хороонд бий.


-Тухайн өдөр юу болов?

-Яг тодорхой мэдээлэл надад алга. Мэдэж байгаагаар тухайн осол девизд болсон юм билээ. Мөнгөнморьт сум руу зам тавих ажил явж байгаа. Тус ажлын гүйцэтгэгч компанийн машин девиз рүү уруудаж явахдаа морины ажил хийж явсан хүүтэй таарсан юм шиг байна лээ. Машин наанаас уруудаж, хүүхэд цаанаас өгсөж явж таарсан юм шиг байгаа юм. Морь нь машинаас үргэж туйлаад хүү унахдаа машины дугуйн доогуур орж таарсан юмуу даа. Надад ийм л мэдээлэл байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Удахгүй олон нийтэд хүргэх байх гэх мэдээллийг өглөө.

Хүүхэд морь унах, тэр дундаа өвлийн цагт морь унах нь хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа үйлдэл гэдгийг тэрбээр онцолж байлаа. Уяаны ажил хийж буй хүмүүст шаардлага, сэрэмжлүүлэг хүргэдэг ч тусгаж авах тал дээр учир дутагдалтай байгааг арга ядсан байдалтай хэлж байсан юм. Уяач нөхөд морио хурдлуулахаа бодохоос бус хахир хүйтэн цагт бага насны хүүхдийг морин дээр давхиулж эрүүл мэндийг нь эрсдэлд оруулж байгаагаа юман чинээ тоодоггүй бололтой юм. Олон хавар нэгэндээ гэдгийн жишгээр энэхүү эмгэнэлтэй явдал болжээ.

Хэргийн газар битүү цусанд будагдсан байсан гэв

Хорооноос цааш хэрэг болсон газар луу хөдөллөө. Багануурын гэр хорооллоос цааш ганц километр яваад л даваа давахад девизийн хуучин барилгууд харагдана. Хэрлэн голын хөндийд орших энэ барилгуудын харалдаа улаан зам дээр золгүй явдал болсныг ойр орчмынхон хэлж халаглаж сууна. Төв замаас холгүй орших айлаар орж хэргийн талаар тодрууллаа. Хэргийг энэ орчмын уяачид ихэд нууцалж байна. Болсон явдлын талаар ам нээх хүн тун ховор юм.

Хэрэг болох үед дэргэдээс нь харсан эх сурвалжтай цөөн хором ярилцсан юм. Эх сурвалж болох иргэнийх девизд хэрэг болсон газраас холгүй өвөлжиж байгаа аж.

-Өнгөрсөн бямба гаригт танайхаас холгүй зайд золгүй явдал болжээ. Үйл явдлын талаар тодруулахгүй юу. Хэрэг болох үед та гэртээ байв уу?

-Нэг их яриад байхаар зүйл ч биш л дээ. Морь унаж явсан нялх амьтан аймшигтайгаар амь үрэгдсэн. Тухайн үед би гэртээ байсан юм. 13:00 цагийн алдад л болсон явдал. Хажууд шуугилдахад нь гараад харахад хүмүүс бужигнаж байсан. Нэг их удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан.

-Морь унаж яваад л машин доогуур орж дээ.

-Багануурын уяачид энд ирж морины ажил хийдэг юм. Өдөр бүр л нэмнээтэй морь унасан хүүхэд давхиж яваа харагддаг. Ингэж яваад л машинаас морь үргээд асуудал үүссэн бололтой. Тухайн хүүхэд бага насны морь унаж явсан талаар энэ голынхон хэлж байна лээ.

-Хэргийн газрын нөхцөл байдал ямар байв?

-Хэргийн газрын үзлэг гээд нэлээн юм болсон. Эндээс харахад хэргийн газар битүү цусанд будагдсан нь анзаарагдаж байлаа. Нүд халтирмаар л явдал болсон.

-Та өөрөө ч морь уядаг бололтой. Хүүхэд мориноос унаж эндээд байгаа асуудлыг та хэрхэн харж байна вэ?

-Ирэх жил их ойтой. Уяачид үүнд бэлдэж ажилдаа эрт орж байгаа бололтой. Багануурт уяачид олон байдаг. Морины ажил ч тогтмол хийдэг. Хүйтэнд хөлдүү газар давхиж байгаа учраас асар сонор сэрэмжтэй байж, морь унаж дадсан хүүхдээр унуулахгүй бол энэ мэт золгүй явдал дахиад хэд гарахыг үнэндээ таах аргагүй. Хүүхэд унаж эндээд байгаа гол асуудал нь монгол адуу бараг уралдахаа больсонтой холбоотой. монгол адууны давхил зөөлөн байдаг. Өөрөөр хэлбэл, газар мэдэрч давхидаг. Харин энд тэндхийн адуутай эрлийзжээд ирэхээрээ монгол адуу мэдрэмжээ алддаг. Газар мэдрэхгүй галзуу юм шиг л давхина. Хүүхдэд ч халтай. Энэ нь өөрөө энэхүү өв соёлыг устахад хүргэж байна. Ийм эгзэгтэй үед уяач бид хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай. Уяачдын хандлагыг анзаарахад дүүрэг юмуу, аймгийн наадамд морио айрагдуулаад өндөр үнээр зарахыг л боддог болж. Айрагдсан морийг бизнесмэн улс багадаа 10 саяар үнэлж авна. Үүний тулд жилийн дөрвөн улиралд морины ажил хийнэ. Зөвхөн мориндоо л анхаарна. Завсарт нь хүүхдийн аюулгүй байдал гээгдээд байна л даа. Эрлийз, хурлийз янз бүрийн адуу уяад л хотоос хүүхэд авчраад унуулна. Өнөөх нь моринд сайн дадаагүй хүүхэд байх ч тохиолдол гарна. Энд л хүүхдийн аюулгүй байдал хөндөгдөж байгаа юм” гэв.

Тэрбээр уяачид морины ажил хийхээс гадна амралтын өдрүүдэд ил далд хэлбэрээр бооцоот уралдааныг тогтмол зохион байгуулдаг талаар хэлж байна. Бэл бэнчинтэй нөхөд бооцоот уралдаан харж байгаад нүдэнд туссан адуугаа үнэ хаяж авдаг жишиг тогтоод удаж байгаа ажээ. Жавар тачигнаж байхад л нялх хүүхдийг морины нуруунд суулгаад хөлдүүс болсон газар дээгүүр уралдуулдаг аж.

Хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол ч нэг биш удаа гарч байж. Ийм эрсдэлтэй учраас уяачид өөрийн хүүхдээр морь унуулдаггүй ажээ. Унаач хүүхдүүдийг хөлсөлж унуулна. Унаач хийж амьдралаа залгуулдаг хүүхэд олон байдгийг иргэд онцолж байна. Энэ дунд адууны дэргэд өсөөгүй, морь сайн удаж чадахгүй хүүхэд ч олон байдгийг уяачид хэлж байгаа юм.

Өнгөрсөн бямба гаригт амь насаа алдсан хүү ч хотоос ирж морь унаж байсныг хүмүүс онцолж байна. Тухайн хүүхэд хотоос очиж сарын 500.000 төгрөгийн хөлсөөр морь унадаг байж. Ийм хөлсөөр морь унадаг хүүхэд олон байдаг аж.

Хэрэг болох үед ачааны машинтай зөрөхөд унаж явсан морь нь үргэж булгиснаар хүүхэд ард талын дугуйны доогуур орсон байна. Ачааны автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдээлжээ. Одоогоор жолоочийг хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байгаа аж.

Тухайн хүүг хөлсөлж морь унуулж байсан уяачаас тодруулга авахаар хандсан ч мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм. Түүний тухайд аймгийн болон дүүргийн наадамд хэд хэдэн морь айрагдуулж байсныг ойр орчмынх нь хүмүүс хэлж байна. Өөрөө морь уяхаас гадна бизнесмэнүүдийн морийг уяж цалин авдаг байсан гэх мэдээлэл байгаа юм. Уяач болон ачааны машины жолоочийг эрүүгийн хариуцлагад татаад байгаа гэнэ.

Ээжийнхээ өврөөс гараагүй насан дээрээ айлын ажилд тусалж, тасхийм морь унаж тэвчишгүй хөдөлмөр эрхэлж буй дүр зураг 21 аймаг 365 суманд байгааг хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас мэдээлдэг ч баян цатгалан улс хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж зугаагаа гаргадаг явдал тасрахгүй байгаа нь энэ жишээнээс ил цагаан харагдаж байна. Өвлийн цагт нууцаар бооцоот уралдаан зохион байгуулж хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг явдал гарсаар л байгаа. Гол төлөв амьжиргааны түвшин доогуур, харж хандах хүнгүй, асуудал боллоо гэж үзэхэд араас нь хэл ам хийгээд явах хүн хомс хүүхдүүдийг сонгож морь унуулдаг талаар ч унаачид хэлж байна. Өвлийн уралдааныг хориглосон тогтоолыг Засгийн газраас гаргасан ч хэрэгжихгүй, хэдэн арван хүүхэд гэмтэж бэртэж, цаашлаад амь насаараа хохирч байгааг хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас онцолж байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: МҮБХ-ны дотоод журам Баяр наадмын тухай хуультай нийцсэн байх шаардлагатай. Үүнийг харгалзаж шийдвэрээ эргэж харах байх

Улсын арслан Э.Оюунболд допинг давтан хэрэглэсэн нь БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Улмаар МҮБХ-ны зүгээс Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасах шийдвэр гаргасан юм. Дээрх үйл явдалтай холбоотойгоор УИХын Ёс зүйн байнгын хороон дарга, дархан аварга Б.БатЭрдэнэ байр сууриа илэрхийлснийг хүргэе.


“МҮБХ-ы Цэцдийн зөвлөл гэж 67 гишүүнтэй байгууллага байдаг. 2021 оны хавар гуравдугаар сард Цэцдийн зөвлөлийн хурлаараа допингтой хатуу тэмцэх өөрчлөлт оруулсан. Допинг давтан хэрэглэсэн тохиолдолд барилдах эрхийг нь найман жилээр хасах тухай заалт оруулсан юм билээ. Гэхдээ үүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Биеийн тамир спортын тухай хууль, Баяр наадмын тухай хуулиудад нийцүүлж авч үзэх шаардлагатай гэж хувьдаа үзэж байна. Гэхдээ допингтой хатуу тэмцэх ёстой. Нөгөө талдаа хууль зүйн шинжлэх ухаан талаас нь аваад үзэх юм бол ял шийтгэлийг давхардуулан олгож болохгүй. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм бол хүний нөхцөлийг дордуулах шийтгэлийг оногдуулж болохгүй гэх мэтчилэн хэд хэдэн зарчим бий. Энэ бүхнийг авч үзэх ёстой.

Э.Оюунболд хэдэн онд ч билээ дээ, Улсын баяр наадамд түрүүлэхэд допинг илэрсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу барилдах эрхийг нь хоёр жилээр хасч, цолыг нь хураасан. Өнгөрсөн зун болсон барилдааны үеэр мөн допинг илэрсэн бололтой. Үүнд зохих шийтгэлийг нь оногдуулах нь зүйн асуудал. Гэхдээ нэгэнт өмнө гаргасан зөрчилд нь зохих шийтгэл оногдуулсан бол дахин шийтгэл оногдуулж байгаа нь чухам ямар учиртай юм бол. Энэ бүхнийг харгалзаж шийдвэрээ эргэж харах болов уу.

Багшийн зүгээс хэлэхэд, өөрийнх нь бяр хүч, барилдааны мэдрэмж заяасан, ямар ч нэмэгдэл хэрэггүй байгалиас өгөгдөлтэй хүн гэж Э.Оюунболдыг ойлгодог юм. Өнөөдөр ийм хүнд нөхцөлд юу хэлэх вэ. МҮБХ, холбогдох байгууллага энэ үйлдлийг хууль зүйн үүднээс авч үзэж анхаарах болов уу гэж үзэж байна. Би жирийн монгол бөх хүн. Хүний нуруунд тохож болох бүх муу муухайг миний нуруунд тохож байлаа. Гэхдээ олон хүн биш, цөөхөн хэдэн хүн бий. Миний ард түмэн намайг хайрлаж, хүндэлдэг. Үүнийг цаг хугацаа харуулах байх. Би монгол ахуйдаа сайхан аав ээжийн хүү болж, сайхан ахан дүүсийн дунд зөв явах юмсан гэж хичээж 57 нас хүртлээ амьдарч явна” гэх байр суурийг дархан аварга илэрхийлсэн юм.

Ёс зүйн байнгын хороон дарга, дархан аварга Б.Бат-Эрдэнийн зүгээс МҮБХ-ы Цэцдийн зөвлөлийн гишүүдийн баталсан дотоод журам Баяр наадмын тухай хууль болоод БТСУ-ын хуультай нийцэж байх шаардлагатай, хууль зүйн шинжлэх ухаан талаасаа ял шийтгэлийг давхардуулж болохгүй гэх байр суурийг илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, хуулиас давсан дүрэм, журам байж болохгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуультайгаа нийцэж байх ёстой гэх байр суурь илэрхийлж байгаа юм. Харин улсын арслан Э.Оюунболдыг багаас нь бэлдсэн багш болох гавьяат багш Б.Адьяахүүгийн зүгээс дараах байр суурийг илэрхийлэв.

“Эр хоёр эндэж, эрэг нэг биш удаа нурлаа. Ямартаа ч бөхөө гэсэн олон түмнээсээ уучлалт гуйгаарай. Миний хувьд ч сэтгэлийг нь татаж өнөөдрийг хүртэл хажуудаа байлгаж чадаагүйдээ уучлалт гуйж байна.

Шавь минь 2013 онд улсын харцага цолонд хүрээд л багшаасаа жаахан дөлж эхэлсэн дээ. Дараа жил нь “Аварга” дээд сургуулийг 2014 онд төгсөөд наадмын бэлтгэлд аваад гарах гэтэл Г.Эрхэмбаяр аваргатай “Төр хурх”-ын амралтад бэлтгэлд гарна гээд захлаад эхэлсэн. Тэр жилээ доогуур даваанд унасан. 2014 оны намраас нь бага зэрэг гэмшээд бэлтгэл сайн хийж эхэлсэн. 2015 оны дөрөвдүгээр сард 1024 бөхийн барилдаанд түрүүлээд л бас хэд хоног олдоогүй. Долоо хоногийн дараа “Баянмонгол” орчмоос бүтэл муутайхан явж байхад нь олж авсан байдаг. Тэр үеэс л бид хоёрын нэг нь зугтаж, нөгөө нь араас нь хөөцөлддөг цаг үе ширүүхэн эхэлсэн юм. Яахав, чих нь арай зөөлөн байсан болохоор бэлтгэлд 2015 оны зургадугаар сард нэг юм аваад гарсан. Тэр жил бороо их оройтож нийт нутаг гантай байсаар долдугаар сарын 2-нд бороо орж эхэлсэн. Сүүж уулын наадмын бэлтгэлд миний бие их л ядарч, харшиж наадамтай золгосон ч Оюунболд харцага торолгүй түрүүлж магнай тэнийлгэсэн. Нуугаад яахав, баярласандаа нулимс гаргаж байсан. Ер нь бол Обо хүү 2007 оноос 2015 он хүртэл “Аварга” сургууль дээр тууштай бэлтгэл хийсэн ба тэр он жилүүд нь сурагч, оюутан цаг хугацаа байж дээ. Гол зорилго минь чөлөөт бөхийн хүнд жинд дэлхийн аварга болгох гэж бэлдсэн.

За тэгээд 2016 оны хавар шилдэг 16 бөхийн барилдаанд сайн барилдуулах гээд л гэрт нь манаж байж л Бөхийн өргөөнд авчирсан юмдаг. Гэх мэт багш, дасгалжуулагч, манаач, секурит, сэтгэл зүйч болж олон жил араас нь гуйж, гувшиж явсаан. Юу үнэн гэвэл энэ л үнэн. Өөрөө ч залхсан байх, надаас. Яагаад, юунаас гэхээр архи, бүтэл муутай, хумсаа нуусан муу хүмүүсээс хол байлгах гэж тэр л дээ. Дашрамд хэлэхэд, залуу бөх Оюунболд байхаас нь чамд юу хэрэггүй вэ гэвэл уураг, витамин хэрэггүй гэдэг байсан. Тарган мах, цагаан идээгээ идэж уугаад барилд л гэнэ. Допинг санал болгож байсан удаа надад байхгүй.

Нэг хэсэг холбоо тасраад наадмаар л тааралддаг болсон. 2019 оны наадмаар бараа бараандаа нэг сар хамт байх, бэлтгэлийг нь харах, алдаа оноогоо ярих боломж гар ч билээ. Миний бие 2018 оноос “Аварга” сургуулиас гадна “Даян” дэвжээний зөвлөх дасгалжуулагчаар давхар ажиллаж байгаа ба 2019 онд Б.Гончигдамба гарьд, Оюунболд арслан хоёрыг олон барилдааны бэлтгэл хийлгэж наадмаар түрүү, үзүүрт хосоор нь хүргэх зорилго тавьсан юмдаг. Гэвч санаснаар арай болоогүй. Б.Гончигдамба гарьд их шөвөгт үлдэж, Оюунболд түрүүлсэн. Наадмын дараа би Завхан аймаг руу, залуу аварга Хэнтий зүг рүү амрахаар явцгаасан. Наймдугаар сарын 10-ны үеэр сэргээшийн хариу ирж тэнгэр ниргэх шиг цочирдож билээ. Хүй долоо худагт болсон барилдаан дээр уулзаад л салсан. Үүнээс хойш хоёр жил дөрвөн сарын хугацаанд гурван удаа л тааралдсан. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд чөлөөт бөхийн ОУХМ Д.Батням багш дээр тасралтгүй бэлтгэл хийсэн байх. Өөрөө ч тэгж ярьж байсан, өрөөлөөс ч би сонссон. Товчхондоо ийм байна. Цаашид юу болохыг миний хувьд таамаглах юм алга. Гэхдээ би хүүдээ хайртай, миний том охинтой чацуу юм. Барилдахгүй ч хүрээд ирвэл тосоод л авна. Олон хүнд сургамж боллоо” гэсэн юм.

Гавьяат багш Б.Адьяахүүгийн зүгээс буруу замаар орсон шавийгаа татаж авахаар оролдоод дийлээгүй. Өөр багшийн гар дээр очсоноор асуудалд холбогдсон гэх байр суурийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, асуудлыг сүүлийн жилүүдэд гардаж бэлтгэсэн багш нар луу чихэх хандлага цухалзуулсан аж.

Сонирхуулахад, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, аймгийн арслан Б.Гончигтавхай гээд гавьяат багш Б.Адьяахүүгийн гардаж бэлтгэсэн шавь нар допингийн шинжилгээнд бүдэрсэн зүй тогтол харагддаг.

Э.Оюунболдыг сүүлийн жилүүдэд чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.Батням гардаж бэлдсэн байдаг. Д.Батням дасгалжуулагчийн ойр орчмоос улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох нарын бөхчүүд допингийн шинжилгээнд бүдрээд байгаа юм. Д.Цэрэнтогтохын тухайд дасгалжуулагч Д.Батнямаас сая орчим төгрөгөөр цагаан тариа худалдаж авсан баримтаа ил болгосон. Д.Батнямын тухайд өмнө нь чөлөөт бөхийн “Цастын барс” клубийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд үндэсний шигшээ багийн тамирчин эмэгтэйд допинг хэрэглүүлсэн гэх хэл аманд өртөж чөлөөт бөхийн спортоос зайгаа авч Э.Оюунболдтой холбогдсон байдаг.

Үүсээд буй асуудалд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын зүгээс “Барилдаж байгаа залуу бөхчүүд дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж, өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг хичээх хэрэгтэй. Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж, хамгийн дотно хүмүүс, гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаал” гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ц.Магалжав: Надад Э.Оюунболд юмуу, хэн нэгнийг хэлмэгдүүлж, хохироох эрх, бас шаардлага байхгүй

Э.ОЮУНБОЛДЫН ДЭМЖИГЧИД, МӨН НАМАЙГ ШҮҮМЖЛЭГЧИД ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ГЭЖ ХАРДААД БАЙГАА 38 БӨХИЙН НЭРИЙГ ПРОКУРОРООС ГАРГУУЛААД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ТАВЬЧИХ Л ДАА-

МҮБХны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан шийдвэрийг МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж гаргав уу. Үндэслэл нь юу байв?

-Тийм. МҮБХ-ны Бага хурал буюу Цэцдийн зөвлөлийн тав болон зургадугаар сард болсон хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн дагуу допинг хэрэглэвэл дөрвөн жил, давтан бол найман жил эрх хасна гэж заасны дагуу шийдвэрлэсэн. Үндэслэл нь энэ.

-Улсын арслан Э.Оюунболдыг хэлмэгдүүлж байна, МҮБХ-ны зүгээс захиалгаар ийм шийтгэл оногдууллаа гэх шүүмжлэл их явж байна. Энэ асуудал дээр таны байр суурийг сонсъё. Ер нь Ц.Магалжав Э.Оюунболдыг хэлмэгдүүллээ гэх байр суурийг олон хүн илэрхийлж байна шүү дээ.

-Надад хүнийг хэлмэгдүүлж, хохироох эрх бас шаардлага бүр байхгүй. Мөн би хэн нэгний захиалгаар ажил явуулж, түүнийхээ дагуу хурал удирдаж шийдвэр гаргахгүй. Ийм зүйлийг надад захиалга өгөөд сууж байх хүн ч байхгүй нь мэдээж. Энд хувь хүнийг онцолж ярих шаардлага ч үгүй. Харин монгол бөхөөс болж бүтэхгүй зүйлийг нь бага боловч арилгах үүргийг бөхийн хамт олноос надад өгсөн тул үүргийн дагуу хатуу хариуцлага тооцохоос аргагүй.

Энэ нь аль нутаг, хэний шавь, хүрээ нөлөөлөл ихтэй, ямар цолтой бөх байх нь нөлөөлөхгүй. Сарын 20 сая төгрөгийн цалин байтугай хольцгүй талх идээд, бэлтгэлээс гадна давхар ажил хөдөлмөр хийгээд, хотын захын гэр хороололд амьдраад бөхөөр хичээллэж байгаа мянга, мянган залуучууд байна. Эд нарын хүсэл тэмүүлэл, эрх ашиг гэж бий. Бөхөд шударга зүйл байх ёстой. Тохиолдлоор нэг хүн хоёр удаагийн үйлдэлтэй болсон нь сенсаац үүсгээд байна уу? Надад ч, бусад олон бөхөд ч энэ дөрвөн залуу шийтгэгдэж байгаа нь харамсалтай байна. Тэдэнд допинг хэрэглэхгүйгээр амжилт гаргах боломж байсан уу, байсан. Өөрсдийгөө ч хохироож, бас бөхийн нэр хүндийг ч харлуулах үйлдэл гаргалаа. Цахим сүлжээнд ямар зүйл бичигдэж байгааг би үзэх шаардлагагүй. Дэмжигчид нь харамсаж, бас хардаад байгаа бол аймгийн үндэсний бөхийн холбоо, “Хан Хэнтий” аварга дэвжээндээ санал хүсэлт гарга. Тэд асууж, тодруулах зүйл байвал МҮБХ-нд албан ёсоор ханд. Бид тайлбарлаад өгнө. Энэ тухай холбооны пэйж хуудсаар мэдээлсэн байгаа. Допингийн зөрчил гаргасан бурууг бөхийн холбооноос биш, ойрын хүмүүс, дэмжигчид мөн багш нараас нь асууж хайсан нь зөв байх.

-Э.Оюунболд улсын аварга цолоо хураалгаж, барилдах эрхээ найман жилээр хасууллаа. Нөгөө талд ижил асуудалд холбогдсон Н.Батсуурь барилдах эрхээ 11 сараар хасуулж, нөхөж даян аварга цол хүртсэн. Хүмүүс үүнд эгдүүцэж, бухимдаад байх шиг…

-Бухимдаад байгаа нөхөд нь бичиг үсэг мэдэх бол бөхийн цолыг Үндэсний бөхийн холбоо олгодог, дараа нь санал оруулдаг байсан нь болиод их олон жил болсоныг мэдэж авах хэрэгтэй. Одоо хуульчлагдаад цол олгодог газар нь өөр газар болсон. 11 сарын шийтгэлийг мөн бөхийн холбоо гаргаагүй. Бөхийн салбар хорооны гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргаж, түүнийг нь Баяр наадмын комиссын гишүүд дэмжиж баталсан. Дээрх шийдвэрүүдийг гаргасан Ерөнхийлөгчийн тамгын газар, Баяр наадмын комисс одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэр гаргасан. Харин 11 сар нь зөв үү, буруу юу гэдгийг шийдвэр гаргасан хүмүүсээс нь дэмжигч, бухимдагсад нь асуух хэрэгтэй. Нэг өнцгөөс харвал хэт жижиг гэхээр бөхийн шийтгэл, барилдах эрх хасах, цол чимэг олгох зэрэг иймэрхүү зүйлд төрийн нэрийн өмнөөс, төрийн хэсэг албан хаагчид оролцоод янз бүрийн шийдвэр гаргаад харин бухимдагсдыг бий болгоод байгаа нь эргээд төрийн болон өөрсдийнх нь нэр хүндэд ч халтай. Өөр хийх ажил их байгаа байх даа.

-АТГ-ын зүгээс 2009-2019 оны хооронд 38 бөх допингийн зөрчил гаргасан. өөрөөр хэлбэл, авлига өгч нуун дарагдуулж байсан байж болзошгүй хэргийг шалгаж байгаагаа мэдэгдсэн. Эмч, албан тушаалтнуудад холбогдох энэ хэргийг нийтэд ил болгохыг МҮБХ-ноос шаардсан байна лээ.

-Шаардаад байгаа бол анх 38 бөхийн допингийн зөрчил гэдгийг төрийн байгууллага гаргаж тавьсан. Миний зүгээс болон холбооноос энэ тухай Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газарт 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд энэ 38 бөхийн зөрчил, үүсгэсэн хэргийнх нь талаар зургаан удаа хандсан. Тэд нэг хариултаа гурван удаа хуулбарлаж өгсөөр 2021 оны тавдугаар сард иргэн Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Биеийн тамир спортын хорооны албан тушаалтан, эмч нарт үүсгэсэн хэрэг хаагдсан гэсэн хариуг өгсөн. Одоо Э.Оюунболдын дэмжигчид мөн намайг шүүмжлэгч хэсэг нь надаас бас холбооноос биш, Нийслэлийн прокурорын газраас 38 бөхийн нэр байдаг бол гаргуулж аваад хоорондоо мэдээлэл, хов яриа, таамгаа хөөрөлддөг олон нийтийн сүлжээндээ гаргаад тавьчих. Энэ дашрамд хэлэхэд, одоо барилдаж байгаа залуу бөхчүүд дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг тун хичээх хэрэгтэй. Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж, хамгийн дотно хүмүүс гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаал. Угаас монгол эр хүний арай дөнгүүр бие бялдартай залуучуудын дийлэнх нь тамирчид бас бөхчүүд та бүхэн. Бяр, хурд, авьяас хүн бүрд таарсан хэмжээндээ байгаа. Түүнийгээ л цэвэр шударгаар үргэлж өнгөлбөл хөдөлмөрийн үр дүнгээ хүртэнэ.

-Энэ удаа Э.Оюунболд нарын дөрвөн хүний эрхийг хассанаар допингийн асуудал цэгцэрнэ гэдэгт эргэлзэж байна. Явцын шинжилгээ тогтмол авах талаар МҮБХ-ны зүгээс мэдэгдсэн байна лээ. Та энэ талаар тодруулахгүй юу?

-Спортын холбоод тэмцээн уралдаан, бэлтгэлийн үед явцын шинжилгээ авдаг, зөрчил гарвал хариуцлага тооцдог журамтай. МҮБХ ч ялгаагүй 2017, 2018 онуудад нийт 42 бөхөөс шинжилгээ авсан байсан. Үүнээс долоон бөх, мөн чөлөөт бөхийн холбооноос тэмцээний үед 21 бөхөөс шинжилгээ авснаас үндэсний бөхийн хоёр бөх зөрчил гаргаж хариуцлага тооцогдсон. МҮБХ хоёр жилээр, чөлөөт бөхийн холбоо нэг жилээр эрх хассан. Допингийг багасгах, арилгах ажилд явцын шинжилгээ үр дүнгээ өгөх нь тодорхой тул барилдааны дүрэмд заасны дагуу дэвжээдийг татан оролцуулж шинжилгээг авна.

-Допингийн эсрэг үндэсний байгууллага бөхчүүдийн шинжилгээний хариуг удаадаг асуудал бий. Үүнд мөн л МҮБХ, Ц.Магалжавыг буруутгадаг.

-Допингийн эсрэг байгууллага допингтой тэмцэх, сургалт семинар таниулга хийх зэрэг төлөвлөсөн ажилдаа төсвөөс багагүй хэмжээний мөнгө болох 450 гаруй сая төгрөг жилд авдаг мэдээллийг өчигдөр гаргасан байсан. Наадмын бөхийн барилдаанд улсаас, бусад барилдаанд бөхийн холбоо шинжилгээний төлбөрийг хандив, өөрийн орлогоос гаргаж шинжлүүлдэг. Төлбөрөө төлсөн тул шинжилгээний хариуг бид хурдан гаргуулж авах зүй ёсны шаардлагыг тавьдаг. Харамсалтай нь тэд Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори шинжилж байна аа л гэдэг. Холбогдох хууль, хяналтын газрууд энэ байгууллагын мөнгө санхүү, ажиллагсдыг олон шалгасан байх. Тэд яаж шалгадаг, хоорондоо ямар харилцаа үүсгэдгийг даан ч мэдэх аргагүй. Шалгалтын үр дүнг манай холбоонд мэдээж тэд өгөхгүй. Харин одоо арванхоёрдугаар сарын 11-ний өдөр 11:00 цагаас МҮБХ, БТСУХ, Допингийн эсрэг байгууллагын дарга удирдлагууд ирж уулзалт, сургалт семинарыг багш дасгалжуулагчид, бөхчүүдэд нээлттэй хийхээр төлөвлөсөн байгаа. Олон зүйлд энэ уулзалтаар мэдээлэл авч болох байх гэж бодож байна.

-Допингийн асуудалд хариуцлага тооцохдоо цолыг хураагаад барилдуулдаг жишиг байж болох уу. Сумо бөхөд озеки цолтой бөх л хамгийн доод зиндаа хүртэл унаад л дээшээ гараад ирдэг жишиг байдаг шүү дээ. Тод жишээ нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ байна.

-Яг одоо энэ талаар тодорхой зүйл хэлж мэдэхгүй юм. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд л шийдсэн асуудал.

-Үндэсний бөхийн барилдааны дүрмээс барьц сонгоог халаад хагас жил орчмын хугацаа өнгөрлөө. Ямар үр дүн гарав?

-Бөхчүүд бэлтгэл нь өөрчлөгдсөн тул их жин хэрэггүй, мөн мэх давтах, ажиллах чадвараа дээшлүүлэх барилдааны бэлтгэлээ түлхүү хийж байгаа байх. Сүүлийн барилдаануудын нийт үргэлжлэх хугацаа 1-2 цагаар багассан, харьцангуй жин багатай бөхчүүд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрч байгаа нь анзаарагдаж л байна. Харин хоёр бөх хаялцахгүй удвал яах вэ гэдэг асуудалд хөлийн цэцүүд маань их үүрэгтэй ажиллах шаардлагатай болж байгаа. Үүнийг дахин дүрмэндээ нэг бүрчлэн зааж цэцийн шаардлага биелүүлэхгүй ухрах, барьц өгөхгүй байх, элэг бүсээ зориуд тайлж амарч зогсох, эмч рүү хоёроос дээш удаа явах зэргийг харгалзан эдгээр үйлдлүүдийг гаргасан бөхийг хасах гэдэг нэг талдаа хүчээр ч гэх юмуу барилдааны үр дүнг шийдвэрлэхээс өөр аргагүй болж байна. Төгс зүйл гэж байхгүй.

-Сүүлд нь нэг зүйл тодруулахад Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ төсөлд онцгой цаг үед наадам хэрхэн зохион байгуулах талаар заалт орсон байна лээ. Энэ төсөл батлагдвал МЗХ-ны 100 жилийн ойд шөвгөрсөн бөхчүүдэд цол чимэг олгох боломж бий юү?

-Хуулийн төсөлд тавдугаар сард саналуудаа хүргүүлсэн боловч хууль батлагдаж амжаагүй. Цаг үеийн нөхцөл байдал, гэнэт тархдаг энэ цар тахлын давагдашгүй хүчин зүйл зэрэг асуудлууд шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул ХЗДХЯ руу дахин санал хүргүүлж байгаа. Үүнийг маань хүлээн авч нягт нямбай сайн хууль гаргаасай гэж хүсч байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Түүхч Д.Анхбаяр: Дэлхийн хамгийн том номын санд манай түүхэн бичвэрийг “Хятадынх” гэж тодотгосон байна

Соёлын сайд асан С.Чулууныг Өндөр Гэгээн Занбазарын түүхэнд хамрагдах эх сурвалжийг Хятадын талд үнэгүй шилжүүлсэн гэх хэргээр Цагдаагийн байгууллагаас шалгаад эхэлсэн. Бид энэ асуудлын хүрээнд МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяртай ярилцсан юм. Түүний тухайд хоёр жилийн өмнөөс дээрх хэргийн талаар “шүгэл үлээж” мэдээллийг задлаад байгаа юм.


-Соёлын сайд С.Чулууныг Өндөр Гэгээн Занбазарын намтар түүхтэй холбоотой эх сургалжийг БНХАУ-ын талд шилжүүлсэн байж болзшгүй гэх үндэслэлээр шалгаад эхэлжээ. Энэ эх сурвалжийг ном болгон худалдаалж байна гэх мэдээллийг та хэлж байсан. Та өөрөөр тухайн номыг яг үзэж танилцсан уу?

-Урд хөршид худалдаанд гарсан Өндөр Гэгээн Занабазарын номд Монгол Улс гэсэн нэг ч үг алга байна лээ. Номыг эрхлэн хэвлүүлсэн байгууллага нь Өмнөд Монголын Шинжлэх Ухаан Техник Мэргэжлийн Хэвлэлийн хороо гэж тэмдэглэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, ном, хэвлэл оюуны өмчийн хувьд энэ байгууллагынх гэсэн утгыг шууд илэрхийлж байгаа юм. Ингэхээр олон улсад Хятадын оюуны өмч, Хятадын бүтээл гэж л үзнэ. Үүнээс гадна номын арын хуудсанд “Дундад их улсын Ардын их сургуулийг 2019 онд дэлхийн жишигтэй их сургууль болгож хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж хэвлэв” гэж бичсэн байгаа юм. Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндэсний номын санд байгаа, зохих хууль ёсны дагуу Монголын төрийн өмч болсон түүхийн ховор, онцгой сурвалжийг Хятадын сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд л ашиглаж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, энэ ном монгол хэлээр бичигдсэн шүү дээ. Гэтэл хаалтанд “Дундад улсын цөөн тоот үндэстний хэл” гэж тодотгосон байсан. Монгол Улсын төрийн албан ёсны хэл бол монгол хэл. Гэтэл монгол хэл, соёлыг дэлхийд түгээх ёстой хүн энэ номд монгол хэлийг цөөн тоот үндэстний хэл гээд хүлээн зөвшөөрчихсөн байна. Энэ үйлдлийг ямар ч нөхцөлд зөвтгөх үндэслэлгүй үйлдэл. Тус номд С.Чулуун болон Б.Оюунбилэг гэх хүмүүсийн нэр л бичигдсэн байна лээ. Монгол гэх нэг өгүүлбэр, нэг үг ч байхгүй.

-Сайд асан С.Чулууны зүгээс “Би бүтээлээ Хятадад хэвлүүлсэн” гэх тайлбарыг хэлдэг шүү дээ?

-Бүтээлийг ингэж туурвихгүй л дээ. Хэрэв С.Чулуун Үндэсний архивын санд байгаа 640 мянган хуудас түүхэн бичвэрийг шууд скайнердаж, хэвлүүлчихээд түүнийгээ бүтээл гэж байгаа бол хэн дуртай нь архивын газраас мянга, мянган хуудсаар нь хэвлэж, гаргаад өөрийгөө ном бичсэн гэж хэлээд сууж байж чадна. Ямар ч судалгаа, эрдэм шинжилгээний боловсруулалт байхгүй, зөвхөн өөрийнхөө нэрийг тавьчихсан байгаа юм. Өөрийнх нь судалгаа гээд байгаа зүйл нь Занабазар гэж ийм хүн байсан гэсэн агуулгатай арван ч хуудас хүрэхгүй юм байна лээ. Үүнийгээ Хятадад өөрийнхөө бүтээлээ хэвлүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь түүхчдийг доромжилж байгаа үйлдэл.

-Архиваас материал шүүгээд ном болгож хэвлүүлэх нь нээлттэй байдаггүй юм уу. Эх хувь нь архивдаа хадгалагдаж л байгаа шүү дээ.

-Архивын тухай хуулиар энэ бол төрийн өмч. Үүнийг хамтран судалж болно. Гэхдээ хамтран судлахаар бол Монголын Үндэсний номын сангийн нэрийг дурдах хэрэгтэй. Таван судрыг скайнардаад зарж байгаа үнэ нь 1200 юань буюу 550 орчим мянган төгрөг. Тэрбум хүнтэй зах зээлд борлуулагдаж үүнээс орж ирэх ашгаас Монгол Улс, Үндэсний номын сан ямар хувь хүртэх зэрэг асуудлыг огт тодруулалгүйгээр нэг хүн албан тушаалаараа далайлгаж авч яваад Хятадад аваачаад өөрийн нэрээ тавьж хэвлүүлнэ гэдэг байж болохгүй асуудал. Хэвлүүлэхээр бол хувилах журам, үүнд холбогдох зөвшөөрөл гэж бий. Үүний дараа ашиг хуваах хувь зэрэг нь ил цагаан байх ёстой. Зөвхөн С.Чулуун гэж нэрээ тавиад хэвлүүлнэ гэдэг өөрөө хууль бус үйлдэл. Чулуун гэдэг нь өөрөө Хятадын эрдэмтэн гэж ойлголтыг төрүүлж байгаа юм. Үүн дээр гэрээ огт харуулахгүй байгаа. Зөвхөн албан ёсны зөвшөөрөл гэх бичиг харуулдаг. Тэр бичигт Соёлын яамнаас үүнийг Түүхийн хүрээлэнд хэвлүүлэхийг зөвшөөрөв гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл үүнийг нь Хятадад авч очоод нийтэлсэн байгаа юм. Хууль зүйн талаас нь харахад энэ мэт олон зөрчил ил цагаан харагдаж байгаа.

-Соёлын сайд асан С.Чулууны тухайд “Хүрээ сайдын хөмрөг”-ийн архивын материалыг урд хөрш рүү шилжүүлсэн талаар та хэлдэг. Үүнийг Хятадын талаас ном болгон худалдаалж байгаа гэх юм. Хамгийн ноцтой нь АНУ-ын Конгрессын номын санд тус “Хятадын түүх” гэсэн тайлбартайгаар байршсан тухай мэдээллийг та нийтэлж байсан шүү дээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Хүрээ сайдын хөмрөг”-ийн 640 мянган хуудас бүхий номын эхний 10 мянган хуудсыг 20 боть болгож Хятадад хэвлүүлсэн. Энэ номыг АНУ-ын Конгрессын номын сангийн каталогт “Хятадын Хүрээ гэдэг нэртэй хошууны орон нутгийн түүх” гэсэн тайлбартай оруулсан байх юм. АНУ-ын Конгрессын ном сан бол 38 сая гаруй номтой, дэлхийн хамгийн том номын сан. Энд манай түүхийн бичвэрийг “Хятадынх” гээд тодотгочихсон байна шүү дээ. Үүний ард зөөлөн хүчний бодлого явагдаад байна. Үүнээс цааш бид 50, 100 жилийн дараа ямар үр дагаварт хүрэхийг тооцоолох аргагүй. Үүнийг нэн даруй таслан зогсоох ёстой” гэв.

Дээрх асуудалтай холбоотойгоор Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоогийн байр суурийг сонссон юм. Тэрбээр “Өндөр гэгээн Занабазарын таван дэвтрийг хэвлүүлэх талаар Үндэсний төв номын сан, Түүх археологийн хүрээлэн гэрээ байгуулсан. Соёлын яам нь соёлын биет өвийн өмчлөгч байгууллага. Үндэсний номын сан бол хадгалах үүрэгтэй байгууллага. Салбар яамны зөвшөөрөлгүйгээр номын сан ямар ч гэрээ хэлцэл хийдэггүй. Бидний зүгээс яамны зөвшөөрлийн дагуу Өндөр гэгээн Занабазарын намтар эх түүхүүдийг эрдэм шинжилгээний зориулалтаар хэвлэн нийтлэхэд татгалзах зүйлгүй болно гэх зөвшөөрлийг үндэслэн төрийн байгууллагынхаа үүргийг биелүүлсэн. Түүх археологийн хүрээлэнтэй гэрээ хийсэн учраас энэ хэрэгт холбогдоод байх шиг байна. С.Чулууны өмгөөлөгчийн хэлж байгаагаар “Хоёр жилийн өмнө энэ асуудлыг ярьж байсан. Бид бүх холбогдох баримтуудаа гаргаж өгсөн ч прокурорын зүгээс ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн” гэх тайлбарыг хэлж байна лээ” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Б.ГАНЧУЛУУН: Цахимд мөрийтэй тоглохоор мөнгө шилжүүлсэн бол танд эргэж олдохгүй. Харин ч Зөрчлийн хуулиар та хариуцлага хүлээнэ

ЦЕГ-ын ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуунтай ярилцлаа.


-Цахим орчинд онлайн мөрийтэй тоглоомыг зохион байгуулах тохиолдол их гарч, иргэд тэр хэмжээгээр херөнгөө алдаад байна. Үүний ард залилангийн шинжтэй үйлдэл байна уу. Цаагуураа хэн нэгэн тоглогчид давуу байдал олгох ч тохиолдол байдаг уу?

-Дэлхий нийтийн даяарчлалын өнөө цагт техник, технологи хурдацтай хөгжиж үүний зэрэгцээгээр нийгэмд үйлдэгдэж буй шинэ төрлийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна. Цагдаагийн байгууллагаас үндсэн чиг үүргийн хүрээнд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох тал дээр тусгай ажиллагаануудыг шат дараатай хийж байна. Тухайлбал, 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 326 цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 83 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа юм. Үүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд “Ковид-19” халдварын үеийн хөл хорио, хязгаарлалтын дэглэм, хурдацтай нэмэгдэж буй цахим хэрэглээ зэргээс шууд шалтгаант холбоотой юм. ЭЦА-аас цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдогч этгээдүүдэд чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тоглогч нарын хөзрийг компьютер дээрээсээ харах мөн хиймэл тоглогч оруулан хожуулах байдлаар програмчилсан нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг давхар агуулж байгаа юм. Мөн цахим мөрийтэй тоглоомонд донтсон иргэд нь бусад төрлийн гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг залилах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдын эд зүйлийг хулгайлах хэрэгт холбогдож эд хөрөнгө, сэтгэл санаа бусад байдлаар хохирох явдал нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Иймд иргэд мөрийтэй тоглоомоос мөнгө хожно гэсэн ойлголт байхгүй гэдгийг санаж харин бүрэн бүтэн босгосон амьдралаа үгүй хийх аюул хүлээж байдаг.

-Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглоход хүлээлгэх хариуцлага нь ямар байдаг юм бэ. Тоглоом зохион байгуулсан болон тоглосон этгээд ижилхэн хуулийн хариуцлага хүлээх үү?

-Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцож тоглох аль, аль нь хууль бус үйлдэл гэдгийг хэлье. Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэл нь 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд Зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг байсан бол Эрүүгийн хуулийн 2020 оны нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэх нэршлээр оруулан гэмт хэрэгт тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлогыг аливаа хэлбэрээр хувиргасан, нуун далдалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйлээр эрүүгийн хариуцалага хүлээлгэнэ. Хуульд зааснаар хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлаас шалтгаалж мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, торгох, зургаан сараас таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас таван жил хорих ял шийтгэл, мөнгө угаах гэмт хэрэгт зургаан сараас таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас 12 жил хүртэл хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай. Харин мөрийтэй тоглоом тоглосон этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд (Мөрийтэй тоглоом тоглох)-д зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Тиймээс иргэд, олон нийт мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглосон үйлдлүүд нь хууль зөрчиж байгаа гэдгийг ойлгох нь чухал.

-Иргэд энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулж байгаа талаар мэдээллийг өгөхдөө хаана хандах вэ. Үл хөдлөх хөрөнгөөрөө ч хохирсон тохиолдол олон байдаг юм билээ …

-Иргэдийн зүгээс мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой аливаа мэдээллийг харьяа дүүргийнхээ Цагдаагийн газарт мэдэгдэж болно.

Мөн 51261749 тусгай дугаарт мэдээллээ ирүүлж болно.

Мэдээлэл өгсөн иргэн, байгууллагын нууцыг хадгалж, хамтран ажиллах болно. Ер нь цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцож тоглох аль аль нь хууль бус үйлдэл учраас уг хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаа бусад байдлаар хохирох явдлаас сэргийлэх нь иргэдээс өөрсдөөс ихээхэн шалтгаална гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдииг олж илрүүлэх, урьдчилан сэргиилэх чиглэлээр ямар ажиллагаа зохион байгуулж байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газраас УЕПГ, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсоохоор “Хяналт” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан вэб сайтын Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах, арилжааны банкны дансыг битүүмжлэх, холбогдогч этгээдүүдийг тогтоох зэрэг арга хэмжээг үе шаттай тасралтгүй зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 132 вэб сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудын мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан арилжааны банкууд дахь 132 харилцах дансанд хязгаарлалт тогтоож, 1.5 тэрбум төгрөгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Түүнчлэн сайт дээрх дансанд иргэд мөрийтэй тоглохоор мөнгө хийснээр тухайн иргэнд дахиж тухайн мөнгө олгогдохгүй гэсэн үг.

Харин ч зөрчлийн хуулиар нэмэлт хариуцлага хүлээх заалттай гэдгийг дахин сануулъя. Цаашид энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр тасралтгүй хяналт тавьж ажиллана. Мөн бид хуулиар харъяалуулсан тодорхой төрлийн гэмт хэргүүдээс улс дамнан зохион байгуулалттайгаар үйлддэгддэг мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, таслан зогсооход онцгой ач холбогдол өгч сүүлийн жилүүдэд төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудтай хамтран бодлогын арга хэмжээ, мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлыг зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал, олон улсын байгууллагууд, гадаад улсуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж үндэстэн дамнасан мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж мөрдөн шалгасан ажлын үр дүн 2020 оны аравдугаар сард манай улсыг Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага (FATF)-ын “Саарал жагсаалт”-аас гарахад томоохон дэмжлэг болсон.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

н.Аюуш: Охин минь алга болчихоод байхад багш нар нь “Хайр дурлалдаа шатаж яваа” гэж тавлаад хөдөлж өгөхгүй байсан

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын дунд сургуулийн төгсөх ангийн сурагч охин бусдын гарт амиа алдсан хэрэг өнгөрсөн аравдугаар сард гарсан. Талийгаач охин сургуулийн дотуур байранд амьдардаг байсан бөгөөд аравдугаар сарын 21-ний оройн 21:00 цагийн орчимд тасгаасаа гарч яваад эргэж ирээгүй. Тэрбээр бусдад буудуулсан байдалтай нас барсан байсныг аравдугаар сарын 31-ний өдөр олсон байдаг. Талийгаач охиныг дотуур байрнаас дагуулж явсан “Б гэгч нь буудаж хороогоод өөрөө амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Талийгаач охины ээж н.Аюуштай ярилцлаа.


-Гэр бүлд тань эмгэнэл илэрхийлье. Тухайн хэргийн талаар тодруулбал?

-Хэрэг шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Гэхдээ буруу зөрүү мэдээлэл их явах юм. Бидэнд хүнд байгаа ч бодит мэдээллийг хуваалцах нь зөв байх. Жаахан охин минь зэрлэг этгээдийн гарт амь үрэгдчихээд байхад л өөрөө дагаж явсан гэх утгатай мэдээлэл гараад байх юм. Миний охин дөрөвдүгээр ангиасаа хойш өдийг хүртэл сумын төвийн дотуур байранд амьдарч байсан юм. Өнгөрсөн хугацаанд хэл ам таталж чихнээс хонх уяж байсан удаа нэг ч үгүй. Бидний хувьд ч тухтай байранд багш нарт нь даатгасан учраас санаа амар суудаг байлаа. Гэтэл дааж авсан багш нар нь хариуцлага алдаж бидэнд нөхөж барахгүй гарз тохиож охиноо алдчихаад байна.

-Охин тань дотуур байрнаасаа гарч явсан тухай мэдээллийг та хэзээ дуулсан бэ?

-Ангийн багш нь аравдугаар сарын 21-ний пүрэв гаригийн үдээс хойш над руу утасдаж ирж уулзахыг хүссэн. Юу болсон талаар лавлахад “Утсаар яриад байх асуудал биш” гэж л хэлсэн. Тухайн үед нөхөр маань Сэлэнгэ аймаг руу уурхайд ажиллахаар явчихсан байсан юм. Миний тухайд ажилдаа дарагдаад байсан учраас маргааш өглөө очъё гэж тохирсон. Өглөө нь үнээгээ саагаад орж ирэхэд багш нь над руу залгаад “Охин тань харьсан уу, тасагтаа алга” гэж хэлсэн л дээ. Ингээд сургууль руу очиход охин минь байгаагүй. Дотуур байрны хүүхдүүдээс асуухад өмнөх өдрийнх нь оройн 21:00 цагийн орчимд найз нь байрнаас нь авч гаргасан талаар хэлж байсан. Гарч явсан талаар нь жижүүр нь ч огт мэдээгүй байсан. Камер шүүхэд оройн 21:00 цагийн орчим ангийнх нь хүүхэд гаргаж өгсөн нь бичигдэж үлдсэн байна лээ. Ангийх нь хүүхэд гэдэг нь өнөөх танхай этгээдийн үеэл дүү нь байгаа юм. Охины минь утас холбогдохгүй болохоор тэр дүү рүүгээ утасдаж гаргаж ирэхийг шаардсан юм шиг байна лээ. Гаргаж өгсөн хүүхэд нь миний охиныг хааш нь авч явж байгааг нь мэдэж байсан юм билээ.

-Анги удирдсан багш нь тань руу утсаар ярьсан юм байна шүү дээ. Тухайн үед нь очоод уулзах боломж байгаагүй юм уу?

-Багш нь залгахдаа “Утсыг нь хурааж аваад, охиныг тань дотуур байранд нь хүлээлгээд өгчихлөө” гэж хэлсэн юм. Миний тухайд тэгээд л тайвширчихсан. Хамаатнууд нийлж байгаад л охиныг минь хөнөөчихлөө гэж хардаж байгаа. Дотуур байрны багшийнх нь нөхөр миний хүүхдийг хөнөөсөн гэх этгээдтэй ойрын хамаатан юм билээ. Ангийн багшийн зүгээс охиныг минь эргүүлээд байсан этгээдийг цагдаад өгөхөөр хандсан талаараа хэлж байсан. Харамсалтай нь байрны багшийн нөхөр нь татгалзаж цагдаа дуудалгүй өнгөрсөн юм билээ. Олон хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй байрны багш ажилдаа маш хайнга хандсан.

-Таны охин гэр бүлийнхэндээ хэр нээлттэй байсан бэ. Сэтгэл зүйн дарамт байсан талаар сургуулийн удирдлагууд хэлж байна лээ…

-Миний охин үг дуу цөөтэй. Дотор байгаа зүйлээ тэр бүр бусадтай хуваалцаад байдаггүй юм. Сүүлд нь анзаарч байхад охин минь ах,дүү нарын дунд дарамтад орсон байсан нь илэрхий харагдаж байна. Миний охин өмд цамц, углааштайгаа л гарч явсан юм билээ. Айхавтар дарамтад орсон байгаа юм. Гарч явахад коридорын гэрэл унтраасан байна лээ.

-Талийгаач дотуур байрнаас гарч явснаас хойш эрэн хайх ажиллагааг нэн даруй явуулж болоогүй юм уу. Багш нар нь энэ тал дээр ямар тайлбар хэлж байна вэ?

-Ангийн багшид нь дуудагдаад очиход удирдлага болон байрны багш нь нэг их тоохгүй байсан юм. “Өмнө нь ч дагаад явж л байсан. Тэрийгээ л дагаад явсан. Хайр дурлалдаа шатаж яваа” гээд алга болсон охиныг минь огт тоохгүй байсан (уйлав). Хүн алга болчихоод байхад огт ач холбогдол өгөхгүй, хөдөлж ядаад байсанд нь үнэхээр гомдсон. Өмнө есдүгээр сард миний охин дээрх этгээдийн эрхшээд орж дагаж явсан юм билээ. Үүнийг нь ч байрны багш болон сургуулийн нийгмийн ажилтан нь харсан ч тас нуугаад өнгөрсөн байгаа юм. Энэ бүхэн даамжирсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрлээ. Дотуур байрны хүүхдүүдийг багш нар үл хайхардаг нь энэ жишээнээс харагдаж байгаа юм. Ангийн багш нь миний охины утсыг хурааж авсан байдаг. Асаахад нь өнөөх танхай этгээдээс “Ингэхийг нь мэдсэн бол хоёр буу авдаг байж” гэсэн зурвас ирсэн байж л дээ. Ангийн багш нь гайхтал сургуулийн захирал н.Бодмаа гэж хүн “Энэ чинь орчин үеийн хэл. Ямар юмных нь буу байх вэ. Пиво, бэлгэвчээ л ярьж байгаа юм” гэж багш нарын нүдэнд дээр элдэвлэсэн байна лээ. Үнэхээр гомдмоор.

-Таны охиныг дагуулж явсан этгээдийг танай гэр бүл огт хүлээн зөвшөөрдөггүй байсан гэх юм.

-Миний охинтой ямар нэгэн харилцаатай байсан эсэхийг нь би мэдэхгүй. Өнгөрсөн долдугаар сард тухайн этгээдээс охин руу минь “Надтай үерхэхгүй бол өөрийгөө хорооно” гэх зурвас илгээж байсан юм билээ. Манайхан ч нэг их ач холбогдол өгөөгүй өнгөрсөн юм. Есдүгээр сарын 1-нд хэнтэй, ямар харилцаагүй хичээлдээ орж байсныг нь сайн мэдэх юм. Охиныг минь дагуулж явсан этгээдийн ар гэрийнхэн нь “Бидний хүүхдүүд дотно харилцаатай байсан. Охины ар гэрийнхэн хүүг маань огт хүлээн зөвшөөрдөггүй байсан” гэх зүйлийг ярьсан байна лээ. Үүнийг ойлгохгүй байна. Охиныг минь хороосон гэх Б-ын тухайд ойрын хугацаанд гэртээ ч орж бараагаа харуулаагүй юм билээ. Нутгийн айлаас буу, сум авсан зэргээс нь харахад охиныг минь эртнээс л алах зорилготой байсан гэж хардах юм. Ийм аюултай этгээд дотуур байр луу очиход багш нар нь анзаараагүй байна шүү дээ. Үнэхээр аймшигтай. Одоогоор хуулийн байгууллагын зүгээс бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт итгэж сууна.

-Талийгаач байрандаа дүүгийн хамт байдаг байсан талаар та хэлж байсан. Одоо хаана байгаа вэ?

-Дүү нь гуравдугаар анги. Уул нь гэртээ авчраад байсан юм. Сургуулиас нь шилжүүлье гэсэн ч хүү маань зөвшөөрөхгүй юм. Арваннэгдүгээр сарын 8-нд дотуур байранд нь хүргэж өгсөн. Гар утас авч өгөөд л үлдээсэн. Тогтмол холбоотой байгаа.