Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Батжаргал: Гэр бүлийнхээ хүнийг ёврох төдийд 7-30 хоног баривчилна DNN.mn

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд хуульч Э.Батжаргалтай ярилцлаа.


-Тантай Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд ярилцах гэсэн юм. Өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг харахад онцлох хэд хэдэн заалтууд байна. Зарим нэг зүйлийг илүү тодорхой болгож оруулжээ.

-Шинээр ямар заалтууд орсон байна вэ. Гарах үр дүнгийнх нь талаар тодруулахгүй юу?

-Сануулах шийтгэл орж ирсэн байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол торгох, баривчлах, эрх хасах шийтгэлтэй. Сануулах, эсвэл торгоно гэсэн сонгох шийтгэлтэй байвал эхний ээлжинд сануулахаар шинэчилсэн найруулгад оруулсан байна. Өөр нэг онцлох өөрчлөлт байгаа нь хулгайлах, бусдын эд хөрөнгийг завших гэдэг заалтыг Зөрчлийн тухай хуулиас хассан байна лээ. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол бага хэмжээний хохирол учруулахад хулгайлах гэмт хэрэг гэж үздэггүй. Өөрөөр хэлбэл, гурван зуун мянган төгрөгөөс дээш хохирол учруулбал Эрүүгийн хуулиар, доош бол Зөрчлийн тухай хуулиар шийдэгддэг. Хуулийн төсөлд суулгаснаар бол бусдын 3000 төгрөгийн үзэг хулгайлахад л эрүүгийн хариуцлага хүлээдэг болохоор харагдаж байна. Бусдын жижиг эд зүйлсийг хулгайлахад л эрүүгийн гэмт хэрэгтэн болох дүр зураг харагдаж байна л даа. Үүний үр дүнд хулгайн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс л ихэснэ гэсэн үг. Эрүүгийн гэмт хэрэгтэн болсноор ял шийтгэгдэж байсан тодорхойлолттой болно. Иргэд үүнийг анхаарах хэрэгтэй. Бусдын утас хулгайлаад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээгээд л явдаг улсын үйлдэл хумигдах байх. Мөн торгох шийтгэлийг оногдуулахдаа хохирлыг хэрхэн арилгасан байдлыг нь харгалзаж шийдэхээр оруулсан байна. Хохирлыг барагдуулсан бол бага хэмжээний торгууль оногдуулахаар зохицуулсан байна лээ.

-Торгуулийн шийтгэл дээр өөрчлөлт орсон байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд хоёр дахин багасгахаар хуулийн төсөлд оруулсан байна. Хэрэв хугацаандаа төлөөгүй бол төрийн зарим үйлчилгээ авахыг хязгаарлахаар зохицуулсан байсан. Тодруулбал, жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, гадаад паспорт олгох, төрийн албаны шалгалтад оролцох, хуулийн этгээдийг тендер, сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлахаар зохицуулсан байна. Нэг талдаа торгууль барагдуулах хөшүүрэг болж байж болно. Нөгөө талдаа иргэдэд халгаатай заалт хуулийн төсөлд оруулсан байна. Жишээ татаад хэлье л дээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд 20.000 төгрөгөөр торгуулъя гэж үзье.

Хугацаандаа төлж амжаагүй, төлөх боломжгүй байсан бол төрийн албаны шалгалтад оролцох боломжгүй болгож байгаа юм. Төрийн албаны шалгалт өгөх нь тухайн хүний ажил амьдралтай холбоотой зүйл шүү дээ. Хүн ямар ч шалтгаантай байж болно. Мөнгөтэй, мөнгөгүй ч байж магадгүй, ийм байхад хугацаандаа төлж амжаагүй л бол төрийн үйлчилгээг хязгаарлах нь иргэн аж ахуйн нэгждээ сөргөөр нөлөөлнө. Үүнд уян хатан бодлого шаардлагатай. Торгуулийн төлбөр барагдуулах өөр шийдэл байж болно шүү дээ. Жишээлбэл, замын цагдаагаас эрх бүхий байгууллагын шийдвэр гаргуулаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад төлбөрийг барагдуулж болно.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээхтэй холбоотойгоор нарийн зохицуулалтууд суусан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хуулийн төсөлд илүү нарийвчилж суулгасан байна лээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд ерөнхий байсан юм. Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага, садар самуун гэмт хэрэг үйлдэхийг сурталчилсан, гэмт хэрэг зөрчил үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах арга хэрэгслийг нарийвчлан дүрсэлсэн, гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг нийтэлсэн, нэвтрүүлсэн бол торгуулийн арга хэмжээ авна гэж заасан байгаа юм.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллага гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой холбоотой хойшлуулшгүй мэдээллийг эрх бүхий байгууллагын хүсэлтээр үнэ төлбөргүйгээр яаралтай нийтэлж нэвтрүүлээгүй бол хэвлэл мэдээллийн байгууллагад арга хэмжээ авахаар төсөлд суулгасан байна лээ. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийг 500 мянгаас сая хүртэлх төгрөгөөр торгох арга хэмжээ авах нь.

Гэмт хэрэг хийх сэдэл төрүүлж болохоор нэвтрүүлэг хийсэн, нийтэлсэн бол торгуулийн арга хэмжээ авахаар болж байна. Цахимд дээрх сэдэл төрүүлсэн пост оруулахад бас арга хэмжээ авагдах нөхцөл байдал үүсч болохоор харагдаж байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиуд дээр зарим зүйлүүд ерөнхий байдаг. Шинэчилсэн найруулгын онцлог нь илүү тодорхой болж ирсэн байгаа юм.

-Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн асуудал шүүмжлэл дагуулж ирсэн. Багахан хэмжээний маргаан гаргахад л 7-30 хоногийн баривчилгаанд явсан жишээ олон бий. Шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн суусан бэ?

-Гэр бүлийн маргааны үеэр нэгнийгээ түлхэх ч юмуу, алгадаад л 7-30 хоногийн баривчилгаанд явуулдаг. Харин шинэчилсэн найруулгын төсөлд энэ мэт зүйлсийн ялгаа заагийг илүү тодорхой болгосон байна лээ. Төсөлд зөвхөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдсан тохиолдолд баривчлах шийтгэл оногдуулахаар оруулсан байна. Бусад үйлдэлд нь сануулах, торгох шийтгэл оруулсан байсан. Тухайлбал зүгээр ёврох төдийд 7-30 хоног баривчлах заалттай болж байна. Одоо мөрдөгдөж буй хуулиар хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэд халдах зэрэг үйлдэлд 7-30 хоногийн хугацаанд баривчлах санкцтай байгаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Түмэн: Бид хүннүчүүдтэй бие бялдар, дүр төрх, генийн сангийн хувьд ижил байгаа нь судалгаагаар тогтоогдсон байдаг DNN.mn

Шинжлэх ухааны доктор, профессор антропологич Д.Түмэн өчигдөр МУИС-ийн уулзалтын танхимд “Монголчуудын угсаа гарал” нэртэй лекц тавилаа. Түүнтэй лекцийнх нь үеэр ярилцсан юм.


-Өнөөдөр тантай монголчуудын угсаа гарлын талаар ярилцах гэсэн юм. Эхлээд антропологийн шинжлэх ухааны талаар тодруулъя. Энэ шинжлэх ухаан ямар ач холбогдолтой юм бэ?

-Энгийнээр тайлбарлавал, хүн төрөлхтнийг судлах байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хүнийг нийгэм, соёлын амьтан гэх талаас нь буюу яаж аж төрж, юу эрхэлж, нийгэмд хэрхэн оршиж байгаа, нийгэм нь өөрөө хүний бүтээл гэдэг талаас судалдаг юм. Энэ шинжлэх ухаан хүн төрөлхтний цаашдын хувь заяаг шийдэхэд тодорхой хэмжээний үүрэг, гүйцэтгэх ач холбогдолтой. Зарим орнуудад арван жил тутамд хүн судлаачид төрдөө тусгайлан хүсэлт тавьж, ард түмнээ судлуулдаг жишиг бий. Тухайн орны бие хүн яаж хөгжиж байна, хоол унд, орчин зэрэг нь хэрхэн өөрчлөгдөж байна гэх мэтээр. Эдгээр өөрчлөлтөд хүн хэрхэн дасан зохицож байна гэдгийг ч судалдаг. Тухайн ард түмний бие бялдрынх нь өсөлт хэвийн явагдаж байна уу гэдгийг биологийн талаас нь судалж антропологийн стандартчилал гаргаж, цаашид авах арга хэмжээг нь боловсруулдаг. Гэх мэтээр олон талын үүргийг нийгэмд гүйцэтгэдэг.

Нөгөө талаас тухайн ард түмний гарал үүслийн асуудлыг эртний хүнээс авахуулаад өнөөг хүртэл судална. Тодруулбал, тухайн ард түмний хөгжиж ирсэн түүхийг судалж тэр ард түмний угсаа гарвал, соёлын өөрчлөлт, хөрш зэргэлдээ бүс нутгийн ард түмний харилцаа холбоо гэх мэтчилэн маш олон түүхэн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээнд шинжлэх ухааны үндэслэл болдог. Ялангуяа тэр соёлыг бүтээсэн хүн нь хэн байв, тэр нутагт нь одоо амьдарч байгаа ард түмэн тэр эртний соёлыг бүтээгчидтэй гарал үүсэлтэй ямар холбоотой талаас нь антропологийн үүднээс маш нарийн түвшинд гаргаж өгдөг.

-Монголчууд “Хүннү, Сүннүгийн үеэс уламжлалтай” гэж ярьдаг. Та Хүннүгийн үеийн судалгаанаасаа танилцуулахгүй юу?

-Соёлын талаас нь гүнзгий судалсан. Язгууртны болон, жирийн иргэдийн булш гэх мэт олон олдворыг олж илрүүлж, соёлын харилцаа холбоог нь судаллаа. Эдгээр олдвороос Ромын шилэн аяга олдсон. Энэ нь Хүннү гүрэн ямар өргөн харилцаатай байсныг нь л гэрчилж байгаа юм л даа. Хүннүчүүдээс бид гарвалтай юу гэдгийг антропологийн шинжлэх ухааны биологийн буюу биеийн антропологиор нь тогтоодог. Илүү тодруулбал, Хүннүгийн үеийн оршуулгын олдвороос олсон ясыг судлаад энэ улсууд өнөөгийн монголчуудтай юугаараа адилхан байна гэдгийг нүүр царайны төрх, бие бялдрын хөгжлөөс авахуулаад генийн түвшинд судалдаг. Судалгааны дүнгээс хүннүчүүдийн ген бидэнд хэрхэн тархаж, удамшиж ирснийг тогтоосон байгаа.

-Бид хүннүчүүдтэй хэр адилхан байна вэ. Илүү тодруулбал генийн түвшинд ижил тал ажиглагдав уу?

-Ижил талууд байна. Бид хүннүчүүдтэй бие бялдар, дүр төрх, генийн сангийн хувьд ижил байгааг судалгаагаар тогтоосон. Өнөөгийн монголчуудад байгаа ген хүннүгийн үед байжээ. Хүрэл, төмрийн эхэн үеийн гээд маш олон соёл манай нутагт байсан. Баруун Монголд долоо, найман соёл, Дорнод Монголд дөрвөлжин булшны соёл байна. 2008 онд бид Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Дэлгэрхаан ууланд хүрлийн үеийн цоо шинэ хэлбэр маягийн соёлын хэлбэрийг илрүүлж, судалсан. Ер нь бид буган чулуун хиргисүүр соёл, дөрвөлжин булш, тэвшийн, баруун Монголын чемурчукын гээд нэр бүхий соёлуудыг судалж яг аль нь генийн хувьд өнөөгийн монголчуудтай ижил байна уу, эсвэл өөр байна уу. Өөр байсан бол хэдий үеэс ижилсэж эхлэв, бидний нүүр царайны хэлбэр төрх, генийн сан хэдийд бүрэлдэж эхлэв гэх зэргийг судалсан. Ингэснээр цаашаа хөөхөд хэдэн ч арван мянган жилээр ярих боломжтой болж байгаа юм. Аливаа ард түмний гарал үүслийн асуудлыг маш нарийн гаргаж өгдгөөрөө биологийн антропологийн шинжлэх ухаан онцлог. Мөн нөгөө талаас нь дээр дурдсан шинэ чулуун зэвсгийн үеэс эхлээд төмрийн эхэн үе, Хүннүгийн үеийн оршуулгын зан үйл бидэнд хэрхэн уламжилж ирсэн гэдгийг нийгэм соёлын антропологи судалдаг. Өөрөөр хэлбэл угсаатны зүйчид. Өнөөгийн монголчуудын тодорхой угсаатны бүлэгт байгаа оршуулгын зан үйл хэдий үеэс ямар хүмүүсээс яаж уламжилж ирсэн гэдгийг угсаатны зүйчид тодруулдаг. Энэ мэтээр археологийн дурсгалууд бидэнд асар их мэдээллийг өгдөг.

-Хүннүгийн өмнө төрт улс оршиж байсан талаар зарим түүхчид онцолдог шүү дээ. Энэ талаар та судалж байв уу?

-Байсан байж болно. Төр улс гэхээс илүү томоохон овог аймаг тодорхой бүс нутагт оршиж байсан байж болох юм. Археологийн дурсгалуудын тархацыг анзаарахад хүрлийн үеийн дөрвөлжин булш Дорнод Монголын нутаг, Өвөр байгаль, Зүүн хойд Хятадын нутгаар нэлээн өргөн тархсан нэг хэв шинжийн дурсгал байдаг. Энэ нь өргөн тархсан соёл, тэгээд нэг газар оршиж байгаа учраас тэр үед ямар нэгэн овгийн байгуулалттай улс амьдарч байсныг илтгэдэг юм.

-Буриадууд өөрсдийгөө Иранаас гаралтай гэж тодорхойлох юм билээ. Тэд монгол үндэстнүүд мөн юм уу?

-Ямар ч улсуудын дотор янз бүрийн үзэл баримтлал байдаг шүү дээ. Шинжлэх ухаан талаасаа хэр зэрэг батлагдаж байгаа юм гэдгээрээ л яригдана. Манайхны тухайд үндэстэн гэж юу вэ, угсаатан гэж юу вэ гэдгээ ялгахгүй байна л даа. Буриад, халимгууд бол монгол угсаатнууд. Буриад хэл, дөрвөд хэл, баяд хэл бол монгол хэлний аялгуунууд юм. Монгол угсаатнуудын бүрдэл гэж ойлгож болно. Бие даасан үндэстнүүд биш. Үндэстэн гэхлээр арай өөр тодорхойлолт бий.

-Урианхайн хязгаар буюу тувачууд монголчууд мөн үү?

-Манайхтай гарал үүслээрээ нарийн холбоотой. Алтай урианхайчууд гэдэг Ховдын Дуут, Мөнххайрхан сумын урианхайчууд байгаа юм. Алтайн тувачууд гэдэг мөн л тэр нутгаараа байсан хүмүүс. Түүхэн зохиолд ойн ард түмэн ч тэмдэглэсэн нь бий. Бидэнтэй хэл соёлын маш өргөн харилцаатайгаар нааш цааш нүүдэллэж явсан улсууд. Ерөнхийдөө Тувагийн хүн ам бол эртний түрэг хэлний бүлэгт ордог. Дуут, Мөнхайрханы урианхайчууд бол Монголын хойд хэсгээр оршиж байсан нь “Нууц товчоо”-нд гардаг шүү дээ. Урианхайчууд уугуул нутаг нь Буйр нуурын тэр хавиар байсан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвсүрэн: Манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дайн, зэвсэгт мөргөлдөөнтэй улс орнуудтай эн зэрэгцэж ирлээ DNN.mn

– Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээс ухарна гэдэг ардчиллаас л ухарч байгаагаа гол үзүүлэлт-


“Глоб интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргажээ. Манай улс энэхүү индексээрээ ухарсан шиг байна.

-Өчигдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиолоо. Энэ өдөртэй холбоотойгоор “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарлалаа. Энэ индексээр Монгол Улс 90 дүгээр байрт жагссан байна. Өнгөрсөн жил 68 дугаарт жагссан бол энэ жил 22 байраар хойшиллоо. Ингэснээр дайн самуун, зэвсэгт мөргөлдөөнтэй улс орнуудтай эн зэрэгцэж ирлээ. Энэ индекст манайх 2013 онд анх бүртгэгдсэн. Тэр жилээ 98 дугаарт жагсаж байлаа. Үүнээс хойш 53-86 дугаар байрын хооронд жагсаж ирсэн. Үндсэндээ хэвлэлийн хагас эрх чөлөөтэй явж ирсэн гэсэн үг л дээ.

-Энэ судалгааг юунд үндэслэж гаргадаг юм бэ?

-Үндсэн 87 асуулга бүхий гол дөрвөн индекс байдаг. Нэгдүгээрт, эрх зүйн орчинг харна. Эдийн засгийн баталгаа, улс төрийн орчинг хардаг. Хамгийн сүүлд олон нийтийн итгэл буюу хэвлэл мэдээллийн хандлагыг харна. Үндсэндээ улс төр, эрх зүй, эдийн засаг, олон нийтийн хандлагад тулгуурлаж судалгааг гаргадаг.

Манайх хэвлэлийн эрх чөлөөнд анхаарахгүй байгаа нь энэ судалгаанаас харагдаж байна л даа. Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиудаар баталгаажсан боловч хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг, аливаа акцыг хийхгүй байна.

Улс төрийн хүрээнд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хумья, хязгаарлая гэж ярьж байгаа боловч дэмжих, хамгаалах тал дээр ач холбогдол өгөхгүй байна. Гэтэл дэлхий өнгөрсөн 10 жилд хэвлэлийн эрх чөлөөнд өндөр ач холбогдол өглөө. Үүнийг хоёр жишээгээр нотолъё л доо. Дэлхийн Энх тайвны шагналыг Нобелийн хороо Филиппиний Мариа, Оросын Дмитрий Муратов нарт олголоо. Энэ бол дэлхий дахинаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө тэмцэж буй нийт сэтгүүлчдийн төлөөлөл болгож олгосныг зарласан. Мөн Юнеско-гийн тэмдэглэлт өдөр болох арваннэгдүгээр сарын 2-нд тохиодог. Энэ бол ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын эрхийн өдөр. Энэ өдрийн хамгийн сүүлийн концепци бол эрэн сурвалжлах мэдээ нийтлэл бэлтгэж байгаа сэтгүүлчийг хорьж цагддаг биш, хамтарч ажилладаг, хамтарч ажиллахдаа тухайн бэлтгэж гаргасан нийтлэл, нэвтрүүлэгтэй нь холбогдуулаад мөрдөн шалгах байгууллагууд ажиллагаа явуулж хэрэг бүртгэлтийг цаг алдалгүй нээх тал дээр анхаарч ажиллахаар болсон. Ингэхдээ олон улсын прокурорын байгууллагатай хамтраад зөвлөмж гаргасан байгаа юм. Гэх мэтийн жишээгээр нотолж болно.

-Манайх ардчилсан тогтолцоотой улс. Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дайн самуунтай улс орнуудын хэмжээнд үнэлэгдэж байгаа нь харамсалтай л сонсогдож байна.

-Манайх ардчилсан улс орон. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулаад амь насаа алдсан сэтгүүлчид бараг байхгүй. Цөөн тохиолдол л бий. Хэвлэлийн эрх чөлөөний ухралтад орсон шалтгаануудыг онцолъё л доо. Өнгөрсөн хугацаанд цар тахлын үе тохиолоо. Улс төрийн сонгуулиуд боллоо. Хууль эрх зүйн орчин тогтвортой байгаа хэдий ч аливаа гарч байгаа захиргааны байгууллагын шийдвэр тушаалууд, захиргааны хэмжээний актууд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлалаа. ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан журмууд нь хязгаарласан. Илүү тодруулбал сонгууль, цахим орчин, цар тахлын хуулиудыг энд онцолж болно. Мөн цар тахлын үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ялгавартай хандаж зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж квот олголоо. Нэг цэгийн мэдээллийн урсгал гэх зүйл гарлаа. Улмаар эх сурвалжийн дутагдалд орсон. Үүнийг хэвлэл мэдээллийн зөвлөлийн судалгаагаар тогтоогдсон. Үүний хажуугаар парламентын сэтгүүлчид чөлөөтэй зорчиж мэдээ бэлтгэж чадахгүй байлаа.

-Нөхцөл байдал ийм дээрээ тулчихаад байхад л Доромжлох заалтыг Эрүүгийн гэмт хэрэгт оруулахаар хуулийн төсөлд суулгасан байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Доромжлох зохицуулалт 2017 он хүртэл Эрүүгийн хуульд байсан. Шинэ ойлголт биш. Энэ заалтын хэрэгцээ шаардлага байна уу. Тавхан жилийн дотор эргүүлж оруулах шаардлага байхгүй шүү дээ. Доромжлох заалтын хэрэгцээ шаардлага байна уу гэдэгт хууль тогтоомжийн тандалтын судалгаа хийдэг. Энэ судалгаа нь алга. Мөн 2020 нэгдүгээр сарын 10-наас орсон илт худал мэдээлэл тараах гэмт хэрэг байна. Үндсэндээ илт худал мэдээлэл гэж байгаа боловч гутаан доромжлох ойлголтыг агуулж байгаа. Чи тэнэг, чи бүдүүн гэвэл энэ доромж үг. Ижил зохицуулалтаар шийдвэрлэх нь үр дүнгүй. Одоогийн Эрүүгийн хууль доромжлохтой холбоотой 10 орчим зүйл байдаг. Тодруулбал, биеийн хөгжлөөр нь доромжилж ялгаварлан гадуурхах, бэлгийн дур хүслээ ёс бусаар доромжилж үйлдсэн, хууль сахиулагчийг албаны үүргээ гүйцэтгэх явцад нь доромжилсон ч гэх юм уу.

-Ийм ижил төстэй зохицуулалт байхад дахин оруулж ирж байгаа нь ямар ашиг сонирхол байна вэ?

-Улс төрийн захиалгаар орж ирж байна л гэж харж байна. Доромжлох гэдэг ойлголтыг Эрүүгийн хуульдаа бичсэн орон маш цөөхөн. Ардчилсан байна уу ямар ч дэглэмээс үл хамаарч доромжлох заалтыг Эрүүгийн хуулиас хасч байгаа. Харин илт худал мэдээллийг олон оронд янз бүрээр томьёолох гэж оролдож байна. Эрүүгийн хуульдаа оруулаад л, зөрчилдөө хийгээд буцааж хасаад л. Тэр бүү хэл тусгайлан хууль гаргаж шийдвэрлэх гээд явж байна.

Энд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргаануудыг дурдъя л даа. Манайхаас 1999 оноос 2021 оны Эрүү, иргэний журмаар нэр төр алдар хүндийг гутаах, хуучин байсан гүтгэх, доромжлох, одоогийн илт худал мэдээлэлтэй холбоотой шүүхийн шийдвэрийн судалгааг хийхэд нийт 1146 шүүхийн шийдвэр гарсан байна. 1146 шүүхийн шийдвэрийн 42 хувь нь сэтгүүлч хэвлэл мэдээллийн эсрэг гомдол гаргасан байгаа юм. Гомдол гаргаж байгаа хүмүүсийг нь судлаад харахад 30 орчим хувь нь төрийн байгууллага, төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрд нөлөө бүхий этгээдүүд хэвлэл мэдээллийн эсрэг гомдол гаргасан байна л даа. Шууд хэлэхэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг гомдол гаргаж байгаа хүмүүс нь төрийн өндөр албан тушаалтнууд л байна. Энэ судалгаанаас хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах хүсэл сонирхол эрх баригчдад байхгүй нь тодорхой харагдаж байгаа биз. Нэр төр, алдар хүндтэй холбоотой маргаан жилээс жилд тасралтгүй өсч байна. Нэг талдаа амьдралын орчинтой холбоотой байх. Хүмүүс нэр төрөө хайрладаг болж байна шүү дээ. Энд нэг зүйл сонирхол татаж байгаа нь сонгуулийн жилүүдэд огцом өссөн байгаа юм. 2020 онд улсын хэмжээнд 106 хэрэг иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

2021 оны тухайд 56 хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэгдсэн дүн мэдээ бий. 56 хэргийг задлаад үзэхэд 22.5 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг төрийн өндөр албан тушаалтнууд гомдол гаргасан байна. Өөр нэг анхаарал татсан кэйс нь хэвлэлийн бага хурлыг хувийн цахим хаягаараа дамжуулсан иргэнийг буруутай гэж үзсэн байна.

Тухайн иргэн мэдээ, нийтлэл бэлтгээгүй. Өөрийн үзэл бодлоо оруулалгүй болсон үйл явцыг л цахим хаягаараа шууд дамжуулсан. Шүүхийн шийдвэр тухайн хаягаараа залруулга гаргаж, няцаалт хийхийг даалгасан байна лээ.

-Энэ онд сая орж ирсэн илт худал мэдээлэл тараахтай холбоотойгоор хэдэн хэрэг шийдэгдсэн байна вэ?

-15 хэрэг шийдэгдсэн байна. Үүний хоёр нь хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчийн эсрэг байгаа юм. Нэг тохиолдол нь УИХ-ын гишүүн сэтгүүлчийн эсрэг гомдол гаргаж хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийг сая төгрөгөөр торгосон байна лээ. Нөгөө тохиолдол нь шүүхээс хэрэг бүртгэлт, нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаасан байгаа юм. Жирийн иргэдийг ч энэ зүйл ангиар арга хэмжээ цагдан хорьсон тохиолдол байна. Тодруулбал, 53 хоногийн хугацаанд цагдан хоригдсон хоёр иргэн байгаа юм. Худал мэдээлэл түгээсний төлөө тэр шүү дээ. Үүнээс гадна сайтын мэдээний дор сэтгэгдэл бичсэн иргэнийг төрийн алан хаагчийн гомдлоор торгосон тохиолдол ч байна. Тухайн иргэн үзэл бодлоо илэрхийлээд л торгуулсан. Тухайн мэдээг ч бэлтгээгүй. Өнөөдөр түгээх, тараахаа ч ойлгоогүй хэмжээнд хуулийг буруу тайлбарлаж байна л даа.

-Хэвлэл мэдээллийн индексээр тэргүүлж байгаа улс орнуудын ямар туршлага байна вэ?

-Хэвлэлийн эрх чөлөөний концепци Уругвай улсад гурав хоногийн хугацаатай “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” гэх уриан дор зохион байгуулагдаж байгаа юм. Ингэхдээ гол гурван асуудалд төвлөрч хэлэлцүүлэг өрнөсөн. Нэгдүгээрт цахим дайралт, хоёрдугаарт ил тод байдал, гуравдугаарт, хэвлэл мэдээлэлд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтвортой орших уу гэх гурван асуудалд төвлөрч байна. Цахим халдлагатай холбоотой асуудал бол технологиос өгөгдөж гарсан. Хүнийг хууль бусаар мөрдөн тагнах, чагнах асуудал дэлхий нийтэд түгээмэл байна. Манайд ч бий. Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж байгаа ч хэрэгжилтийг харж амжаагүй байна. Сэтгүүлчдийг тодорхойгүй хаягаас гутаан доромжилдог, заналхийлдэг асуудал ч түгээмэл байна л даа.

Монгол Улсын тухайд шийдэл юу байж болох талаар хуульчийн зүгээс байр сууриа илэрхийлье. Олон хууль гаргаад шийдэлд хүрэхгүй. Хүний эрхийг хамгаалагчийн хууль өнгөрсөн онд батлагдаж долдугаар сарын 1-нээс хэрэгжиж байна. Хэрэгжилт алга. Хороо нь ч алга, механизм нь ч бүрдээгүй байна. 2021 оны намрын чуулганаар цахим орчинд Хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. Ямар шаардлагатай юм бэ энэ. Сая нэгдүгээр сард хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуулийг өргөн барьсан. Энэ ч гэсэн ямар хэрэгтэй юм бэ. Хууль батлаад хэрэгжилтийг нь хамгаалах биш, сонгуулийн үеэр урвуугаар нь ашиглах гээд байна шүү дээ. Өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид гомддоггүй төрийн өндөр албан тушаалтныг тоолох нь илүү амар байна. Шууд хэлэхэд, төрийн гурван өндөрлөг гомдол гаргасан байдаг. УИХ-ын гишүүн, яам агентлагийн дарга, прокурорын байгууллага, тэр бүү хэл улсын дээд шүүхийн шүүгч хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг гомдол гаргаж байгаа юм. Энэ бол ардчилсан улсад байж болохгүй хандлага. Энэ хуулиудыг буруугаар ашиглах эрсдэлтэй. Цахим орчны мэдээллийн шуурга дэлхий нийтэд явж байна. Үүний эсрэг хатуу хууль гараад үр дүнгүй талаар илтгэгчид онцолж байгаа. Үр дүнтэй байж болох шийдэл нь технологитой холбоотойгоор гарсан юм бол технологийн өөрийн зохицуулалтаар нь шийдвэрлэж болно. Фэйсбүүк, Твиттер өөрийн гэсэн дотоод зохицуулалттай. Хүчирхийлэл, аллага сурталчилбал блоколдог зохицуулалттай. Энэ механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Нөгөө талд мэргэжлийн сэтгүүл зүй цахим орчин, үзэл бодлын талбараас ёс зүйн зохицуулалтаараа ялгарах хэрэгтэй.

Өнөөдөр хэвлэл мэдээллийн индексээр Норвеги, Дани гэх мэт Скандинавын хойгийн орнууд тэргүүлж байна. Эд нарын туршлага нь, эрх зүйн соёл, сэтгэлгээ нь өөр байдаг. Сэтгүүлчийн алдаанд торгууль шийтгэл байхгүй. Өөрийн зохицуулалтыг маш амжилттай хийсэн. Энд нэг зүйлийг онцлоход, хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээс ухарна гэдэг ардчиллаас л ухарч байгаа гол үзүүлэлт.

-Эрх баригчид өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн амыг барихын тулд ажиллаж ирсэн нь энд дурдаж байгаа индексээс харагдаж байх шиг.

-Сэтгүүлчдэд хэн гомдоод байгааг дээр миний дурдсан судалгаа харуулж байна шүү дээ. 1146 шүүхийн шийдвэрт судалгаа хийхэд 40 гаруй хувь нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эсрэг төрийн өндөр албан тушаалтнууд гомдол гаргасан байна. Хэвлэл мэдээллийн амыг барих, өөрсдөдөө нийцүүлэх зорилготой байгаа нь эндээс харагдаж байгаа биз. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалахын тулд санал нэгтэй дуугарах цаг ирсэн байна.

Манайд өнөөдөр 512 мэдээллийн хэрэгсэл бий. Үүнд эзэмшил өмчлөлийн хууль алга. Судалгаа хийхэд улстөрчид юмуу, бизнесийн бүлэглэлийнх л байгаа юм. гурван сая гаруй хүн амтай улсад 512 хэвлэл мэдээллийн байгууллага байх боломжгүй. Манайх өөрөө хэвлэлийн эрх чөлөөг хараат бус байлгаж чадахгүй байна л даа. Бие даасан чөлөөт олон ургальч байлгаж чаддаггүй. Нэг намын ч юм уу, Засгийн газрын дуу хоолойг хүргэх зорилгоор байлгадаг. Хэвлэл мэдээлэлд цаггүй байгууллага ховор болж. Засгийн газрын цаг, шүүхийн цаг, прокурорын цаг гээд л. Уул нь олон нийтийн байх ёстой шүү дээ. Өнөөдөр улстөрчид хэвлэл мэдээлэлтэй ойр байх уралдаанд гүйж байна. Янз бүрийн баримт дэлгүүлэхгүй, харилцан ашигтай байхын тулд л тэр шүү дээ.

-Олон улсад хэвлэл мэдээллийг төрөөс дэмждэг ямар жишиг байдаг юм бэ?

-Жишиг байдаг. БНСУ -ын тухайд тусдаа сангийн зохицуулалттай. Норвеги гэх мэт улс орнууд улс төрд нөлөө бүхий этгээдүүд хэвлэл мэдээллийн эсрэг гомдол гаргах эрхгүй. Тухайн улс орнуудад төрийн өндөр албыг хүсч хашдаг. Жишээ нь, Б.Пүрэвсүрэнг хэн ч даргын албан тушаалд томилоогүй. Хүсч хашдаг. Ингэхлээр мэдээлэлд хүлцэнгүй ханддаг. Хүлцэнгүй байж чадаагүй тохиолдолд албаа өгөөд иргэний журмаар гомдлоо гарах ёстой. Энэ туршлага манайд хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Мөнх-Оргил: Доромжлох заалт шинээр орж ирснээр нийгмээрээ эрүүгийн гэмт хэрэгтнүүд болох нь DNN.mn

Эрүүгийн хуульд орж буй нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар “LPC CONSULT­ING” хуулийн фирмийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилтой ярилцлаа.


-Хууль зүйн яамнаас боловсруулж буй Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй танилцаж амжсан уу, та. Хуульчийн зүгээс байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Танилцсан. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь сайн зүйл гэж ойлгогдож болох ч эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулж байгаа зарим зүйлүүд дээр нь санал нийлэхгүй тохиолдол байна.

-Жишээлбэл?

-Доромжлох гэмт хэрэг шинээр орж ирж байна. Мөн зах зээлийн манипуляци хийхийг гэмт хэрэг гэж хуулийн төсөлд тусгажээ. Энэ үйлдлүүдийг Эрүүгийн хуульд оруулж ирснээр ямар эрсдэл үүсэх талаар байр сууриа илэрхийлье л дээ. Доромжлох гэдэг өөрөө эрх зүйн ойлголт биш. Нийгмийн харилцааны явцад бий болдог харилцааны нэг хэлбэр. Үүнийг л гэмт хэрэг гэж оруулж ирлээ. Том зургаар нь харвал нийгмээрээ л эрүүгийн гэмт хэрэгтнүүд болох нь

Энэ ялангуяа сэтгүүлчдэд илүү хор хөнөөлтэй гэж хувийн зүгээс харж байна. Сэтгүүлчид нийтийн мэдэх эрхийг хангах үүднээс мэдээлэл, сурвалжилга бэлтгэдэг. Жишээ татаад ярихад, нэг төрийн албан хаагчийг ажлаа муу хийлээ гэж бичье л дээ. Өнөөх нь “Миний нэр төрийг доромжиллоо” гэх үндэслэлээр гомдол гаргах эрх зүйн орчин бий болно.

-Доромжилсон эсэхийг яаж тогтоох нь ойлгомжгүй байна л даа.

-Ингэсэн тохиолдолд доромжлох гэмт хэрэг шүү гэдгийг хууль эрх зүйн хүрээнд тодорхойлох боломжгүй. Үүнийг тодорхойлох боломжгүй учраас доромжлуулсан гэх хүний хүслээр л алх тогшиж эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж байна л даа. Арай ч энэ хэвээр нь батлахгүй байлгүй дээ. Жишээ нь, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг тодорхойлохдоо зориулалтын төхөөрөмжөөр шалгадаг бөгөөд тэрхүү төхөөрөмжөөс гарч ирсэн үр дүнгээр согтуурсан гэх нөхцөл байдлыг тогтоож болж байна. Харин хүний нэр төрийг гутаан доромжилсныг тогтоох хууль зүйн ойлголт байхгүй байгаа юм. Ингэхлээр гомдол гаргагчийн л хүсэл сонирхол болж байгаа биз. Тухайн этгээд өөрийх нь тухай бусдын шүүмжлэлийг хэрхэн хүлээж авахаас л шалтгаалаад үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч “энэ намайг гутаан доромжиллоо” гэдэг байдлаар эрүүгийн гэмт хэрэгтэн болгох нөхцөл байдал үүсэх юм.

-Цахимд хувийн орон зайдаа хэн нэгний талаар үзэл бодлоо илэрхийлээд л эрүүгийн гэмт хэрэгтэн болох гээд байна уу?

-Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ингэж л суусан байна. Хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлэхэд л таны хэлж байгаагаар Эрүүгийн гэмт хэрэгтэн болох нь. Хэн нэгний талаар бичихэд тухайн хүнд таалагдахгүй л бол “Миний алдар хүндийг гутаан доромжиллоо” гээд л хуулийн байгууллагад хандах эрх зүйн орчин нээлттэй болно шүү дээ. Хуулийн төслийн агуулгыг харахад ийм дүр зураг анзаарагдлаа.

-Эрх баригчид эхлээд гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд оруулсан. Одоо доромжлохыг гэмт хэрэгт оруулахаар хуулийн төслийг нь боловсруулжээ. Энэ зүйл заалтуудыг эрүүгийн хууль руу оруулах ашиг сонирхлыг та хэрхэн харж байна вэ?

-Хууль тогтоох дээд байгууллагад суусан хүмүүс нэр төрдөө их хайртай юм. Албан тушаалтныг шүүмжлэх байдлаар үзэл бодлоо илэрхийлэхэд л эрүүгийн хуулиар шийтгэх нь. Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтойгоор халдаж байгаа үйлдэл л дээ. Дахин онцлоход, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд харшилтай зүйл заалт орсон байна. Гүтгэх гэмт хэргийн шинж нь илт худал мэдээлэл тараах байдаг шүү дээ. Харин доромжлох бол тухайн этгээдийн байгаа байдлыг нь түүнд таалагдахгүй өнцгөөр нь бусдад хүргэх, биеийн гаднах аливаа согог, түүнчлэн нас хүйс, арьсны өнгө, шашин шүтлэгтэй нь холбогдуулан гутаасан үйлдлийг ойлгоно.

2002 оны Эрүүгийн хуульд Гүтгэх, доромжлох нь гэмт хэрэг гэж байсан юм. 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хассан байсан боловч Эрх баригчид эхлээд гүтгэх гэдэг Зөрчлийн хуульд байсан заалтыг Эрүүгийн хуульд илт худал мэдээлэл тараах гэдэг байдлаар оруулж ирсэн. Сэтгүүлч болон албан тушаалтнуудын хооронд хуулийн хүрээнд үл ойлголцол гарч магадгүй тэдний хэвлэн нийтэлсэн үйл баримтууд илт худал биш учир гэмт хэрэг болохгүй буюу нөгөө сэтгүүлчид нь баримт бариад ирэхэд өнөө дарга нар арга мухардана. “Одоо яах вэ” гэж хэлэлцэж байгаад л олсон шийдэл нь “доромжлох” гэдэг зүйлийг эрүүгийн хуульд оруулсан үйлдэл юм болов уу даа. Хууль баталж төрийн эрх мэдлээр далайлгаж хүссэнээ хийх ашиг сонирхол үүний ард ил цагаан харагдаж байна.

-Зах зээлийн манифуляци хийхийг Эрүүгийн гэмт хэрэг гэж оруулж иржээ. Чөлөөт зах зээлийн нийгэмд энэ нь хэр оновчтой вэ. Таны зүгээс хэрхэн харж байна вэ?

-Энгийнээр тайлбарлахад, зохиомол байдлаар үнийг хөөрөгдүүлэх, үнийг буулгах үйл явцыг манифуляци гэж ойлгож болно. Компаниудын хувьцааны үнэ унахад нь эрэлт үүсгэх зорилгоор өөрсдөө худалдаж авч үнийг өсгөх нь хэвийн үйл явц шүү дээ. Үүнийг Эрүүгийн хуульд оруулж ирсэн байна. Эцсийн дүндээ төр хүртэл бараа бүтээгдэхүүний үнийг зохицуулаад байгаа биз дээ. Тэгэхээр төр нь хүртэл гэмт хэрэг үйлддэг болох гээд байна л даа.

-Таны зүгээс үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Ямар хор уршигтай юм бэ?

-Төсөлд өөртөө болон бусдад ашигтай байдал бий болгох зорилгоор зах зээлийн чөлөөт үйл ажиллагаанд зориуд нөлөөлөх зорилгоор худал мэдээллийг харилцаа холбооны хэрэгсэл, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр тарааж зохиомол байдал бий болгож төөрөгдүүлсний улмаас худалдааны хэмжээ өөрчлөгдөж бусдад хохирол учруулах нөхцөл байдал бүрдүүлсэн бол гэмт хэрэг гэж тусгасан байгаа юм. Хуулийн этгээд манай бүтээгдэхүүн сайн гэх байдлаар зар сурталчилгаа явууллаа гэж үзье л дээ. Ингэхэд ижил төрлийн өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдаалагч нар гомдол гаргаж болохоор эрх зүйн орчин бүрдэнэ. Өөрсдийн бүтээгдэхүүнээ сайн гэж рекламдаж байгаа нь бусдын бүтээгдэхүүний борлуулалтын үйл явцад саад учруулах нь гэж үзэхэд л зах зээлийн манифуляцийн гэмт хэрэг болж байна. Зар сурталчилгааны үндсэн зорилго нь бусдыг татах шүү дээ. Зохиомлоор зохицуулах нь байж болох хэвийн үзэгдэл гэдгийг энд онцолъё. Гэмт хэрэг гэж оруулж ирж байгаа нь учир дутагдалтай.

-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулахад хуульч, өмгөөлөгч нарын саналыг авсан уу?

-Хуульч нараас байр суурь авсан. Саналдаа энэ мэт асуудлуудыг нь онцлоод л явуулсан. Төслийг хэлэлцэх шат дарааллын явцад энэ бүхэн цэгцрэх болов уу гэж найдаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Г.Ган-Очир: Ж.Ганбаатар Э.Магнайбаярт 500 сая төгрөг амлаад, урьдчилгаанд нь 200 сая төгрөг өгч намдаа элсүүлсэн DNN.mn

Иргэн Г.Ган-Очир УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын хууль зөрчсөн үйлдлийг шалгуулахаар АТГ болон ТЕГ-т ханджээ. Түүнтэй ярилцлаа.


– Ж.Ганбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн –


-Таны зүгээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг шалгуулахаар хуулийн байгууллагуудад ханджээ. Үндэслэл нь юу байв?

-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг шалгуулахаар АТГ болон ТЕГ-т хандлаа. Албан тушаалаа ашиглан төрийн эрхийг хууль бусаар авсан гэх үндэслэлээр АТГ-т гомдол гаргасан. ТЕГ-т төрийн эрхийг үгсэн тохиролцож хууль бусаар худалдаж авах буюу 19.2-оор гомдол гаргаад байна. Дээрх гомдлуудаа нотлох баримтын хамт хүлээлгэж өгсөн. Ж.Ганбаатар 2021 онд бүлгийн хурал дээрээ Э.Магнайбаярт 500 сая төгрөг амлаад, урьдчилгаанд нь 200 саяыг өгч бүлэгтээ элсүүлсэн гэж ярьсан. Ингэж хэлсэн бичлэг нь ч надад бий. Эсрэг намаасаа гарч ирсэн хүнд мөнгө төлж хууль бусаар худалдаж авсан үйлдлээ энэ яриагаараа нотолчихож байгаа юм.

-Та дээрх байгууллагуудад хэзээ хандав. Ямар хариу ирүүлээд байна вэ?

-Би энэ сарын 20-ны өдөр нотлох баримтуудыг хавсаргаж хуулийн байгууллагуудад өгсөн. АТГ-аас хүлээж авснаас хойш хоёр хоногийн дараа мөрдөн байцаах ажиллагааг явуулж эхэлсэн талаараа надад мэдэгдсэн. ТЕГ-аас бол ямар нэгэн хариу мэдэгдэл одоогоор ирээгүй байна. Ойрын хугацаанд УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд гомдол гаргахаар төлөвлөсөн. Ж.Ганбаатарыг хууль тогтоох дээд байгууллагад суух ёс зүйгүй хүн гэж хувьдаа үзэж байна. Энэ хүн “Намдаа 2 тэрбум төгрөг төлж УИХ-ын гишүүн болсон” гэж өөрөө ч ил цагаан хэлдэг. УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгодог. Захын бизнесмэн нөхөр мөнгө цацаад л хууль тогтоох дээд байгууллагад гараад ирж байгаа нь сонгогчдын эрх ашгийг гутаан доромжилж байгаа үйлдэл. Энд иргэдийн сонгох эрх ноцтой зөрчигдөж байгаа нь тодорхой харагдаж байгаа биз. Ийм байдлаар УИХ-д суучихаад эсрэг намаас гарч ирсэн нөхөрт мөнгө амлаад л бүлэгтээ элсүүлдэг бусармаг тогтолцоо байж болохгүй. Ард түмний итгэлийг тээж явах хүн ингэж дураараа загнаж байгаа үйлдлийн хажуугаар чимээгүй өнгөрч болохгүй шүү дээ.

-Өөрийн зах зээлээ олсон бизнесмэнүүд улс улс төр рүү зүтгэдэг, УИХ-д суучихаад хамаарал бүхий компаниуддаа давуу байдал олгодог жишиг тогтчихоод байна л даа. Энэ үйл явцыг та хэрхэн харж байна вэ?

-Бизнесмэнүүд хууль тогтоох дээд байгууллага руу зүтгэж байгаа үйлдлийг бизнесээ өргөжүүлэх, хууль эрх зүйн орчинг нь таатай болгох зорилготой л гэж хардаг. Ж.Ганбаатар шиг бизнесмэнүүд мөнгө цацаад л гараад ирнэ. Ийм хүмүүс нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолой болж ажиллана гэдэг эргэлзээтэй. Цацсан мөнгөө олж авахын тулд юу ч хийхэд бэлэн байгаа нь дээрх үйлдлүүдээс нь харагдаж байна шүү дээ. Жишээ татаад ярья л даа. Өнөөдөр Баянгол дүүрэг Ж.Ганбаатарын вант улс болчихсон байна. Энэ хүний сонгуульд ажиллаж байсан хүмүүс нь л дүүргийн ИТХ-д суучихсан явж байгаа. Дүүргийн эмнэлэг, сургууль гэх мэт төрийн байгууллагууд нь Ж.Ганбаатарын хамаарал бүхий хүмүүсээр дүүрчихсэн. Уул нь сонгон шалгаруулалт явуулж мэргэжлийн хүмүүс ажиллах нь эрүүл зарчим биз дээ. Харин Баянгол дүүрэгт Ж.Ганбаатаргүй юм алга. Энэ бүхэн нүдэнд ил байгаа ч хөндөөд явах хүн байхгүй байна. Хууль хяналтын байгууллагууд нь ч нүдээ аниад л өнгөрнө. Ийм гажуудалд бид ижил дасал болчихож. Иргэдийн дуу хоолой болж хууль тогтоох дээд байгууллагад сууж байгаа хүн туслахаа төсвийн мөнгөөр Дубай руу аялуулдаг жишиг байж болохгүй биз дээ.

-Та сүүлд дурдсан кэйсээ тодруулахгүй юу?

-Туслахаар нь ажиллаж байсан нөхөр Баянгол дүүргийн төсвөөс 40 орчим сая төгрөг гаргаад л Дубайд аялаад явж байна шүү дээ. Эдийн засаг ийм хүнд цаг үед дураараа явж болох уу. Эрх баригчид энэ мэт үр ашиггүй зардлыг өч төчнөөн гаргаж байгаа. Би ганц жишээг нь л энд дурдлаа. Ийм байж ард иргэдийг хэмнэ гэж уриалахад доромжлуулж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. Коронавирус гарах нь гэж нэг жил, коронавирус гарсны дараа хоёр жил хорионд суусан хүмүүсийн юуг нь хэмнүүлэх гээд байгаа юм бэ.

Энд нэг зүйлийг онцлоход, төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага хүлээх ёс зүй алга. Энэ мэт хууль бус үйлдлүүдийг нь баримттай илчлэхэд л өөдөөс ярзганаад, хэрэлдээд сууж байна. Бусад улс орнуудад бол иймэрхүү үйлдлийн сургаар л ёс зүйн хариуцлага хүлээж уучлалт гуйгаад бүрэн эрхээсээ татгалздаг жишиг бий. Манайд бол хамаарал бүхий компаниудаараа зээл авсан гишүүд ямар ааш гаргаж байгааг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Ийм ёс суртахуунтай хүмүүсийг хууль тогтоох дээд байгууллагаас хол байлгахын тулд л ингээд явж байна. “Би намдаа мөнгө төлж гишүүн болсон” гээд зогсож байдаг гажуудлыг засах зорилготой л хуулийн байгууллагад хандлаа. Ард түмэн дэндүү хүлцэнгүй юм. Үзэл бодлоо илэрхийлж ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудаас хариуцлага нэхдэггүй. Дээр суусан хэд нь дураараа доромжлоод л сууж байдаг. Ийм байдал л өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн юм шүү дээ.

-Та сая НҮБ-ын хуралд суугаад ирсэн шүү дээ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Ази, Номхон далайн орнуудын хуралд хамрагдлаа. Энд үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцуулсан. Хуралд оролцогчдын зүгээс сонгуулийн тогтолцоонд гол асуудал байгааг онцолж байна лээ. Манайд сонгуулийн үеэр ашигладаг “Dominion Vot­ing” компанийн хар машиныг шалгуулахаар АНУ-ын 50 гаруй мужийн зүгээс шүүхэд хандсан юм билээ. Хакердаж сонгуулийн үр дүнд нөлөөлөх боломжтой эсэхийг шүүх тогтооно.

НҮБ-ын хуралд нөхцөл байдлыг танилцуулаад буухад хамгийн түрүүнд миний болон гэр бүлийн маань аюулгүй байдалд анхаарч ажиллах талаараа мэдэгдэж байна лээ. Олон улсад хүний эрхийг ингэж л эрхэмлэдэг юм байна.

-Өнөөдөр манайд шүгэл үлээгчийн эрх зүйн орчин ямар байна вэ?

-Шүгэл үлээгчийг хамгаалдаг эрх зүйн орчин манайд байхгүй. Улстөрчдийн хууль бус үйлдлийн талаар шүгэл үлээхэд залхаан цээрлүүлнэ. Би өнөөдөр нэг хүний хулгайг илчлэхэд л хилс хэрэг авчраад тохно. Удаан хугацааны турш байцаана. Хэрэг тохож залхаан цээрлүүлэх байдлаар л шүгэл үлээгчдийг дарна. Надад л гэхэд 10 гаруй эрүүгийн хэрэг тохох гэж оролдсон. Гэртээ унтаж байхад л хүн хутгалсан гээд л баривчлаад аваад явж л байлаа. Аавыг минь сэрүүн тунгалаг ахуйд нь гэр бүлээрээ хар тамхичин гэж цоллосон. Иймэрхүү байдлаар л дарж авдаг жишиг тогтоод удаж байна. Баримттай зүйл дээр шүгэл үлээхэд л гомдол гаргасан асуудлыг шалгахгүй. Зөрүүлж өөр хэрэг тохоод л шалгана. Гэлээ гээд дуугүй сууж болохгүй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Золбаяр: Эрх баригчид жагсаал зохион байгуулж ажлаа сурталчилдаг шинэ хэв маяг бий болчихсон юм уу DNN.mn

Төв талбайд үзэл бодлоо илэрхийлж буй иргэн Т.Золбаяртай ярилцлаа.


-Авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл эрх баригчдад алга-


-Залуус “Ажлаа хий” гэх жагсаал зохион байгуулж Засгийн газарт шаардлага хүргүүлээд хоёр долоо хонолоо. Үр дүнд нь НӨАТ-ын сугалааг л цуцаллаа. Өөр ямар ч үр дүн гарсангүй.

-Шаардлагыг хэдхэн залуус л хүргүүлж байна лээ. Нийгмийн хүсэл эрмэлзэл тусгагдсан гэж үзэхгүй байгаа. Тухайн үед Засгийн газрын тэргүүнтэй хэлцэл хийнэ гэж нийтээс санал аваагүй. Залуусын төлөөлөл гэж цагаан хоолой барьж гүйсэн нөхдүүд хоорондоо ярьж байгаад л орж уулзаад гарч ирсэн. Уулзалтын үр дүнгийн талаар ч гарч ирээд тоймтой хариу өгөөгүй алга болсон. Тухайн шаардлагад 20 метрийн радиуст хамт зогсож байсан хүмүүсийн санаа л тусгагдсан. Төв талбайд цугласан залуусын санаа бодол тэнд тусгагдаагүй. Тэнд дурдагдсан шаардлагуудаас үр дүн хүлээгээд хэрэггүй байх.

-Та өнөөдөр “Ажлаа хий” гэсэн лоозон бариад энд сууж байна. Ямар асуудал тавьж байгаа юм бэ?

-Авлигатай тэмцэх газар ажлаа хий л гэсэн шаардлага тавьж дөрөвдүгээр сарын 8-наас хойш энд сууж байна. Улс орны хөгжлийг хойш нь татаж байгаа гол зүйл нь авлига, хээл хахуулийн асуудал. Авлигатай тэмцэх хүсэл, эрмэлзэл эрх баригчдад алга. Нам дамжсан авлигачдыг авч хаяагүй цагт мянга жагсаал хийж, дуу хоолойгоо хүргээд үр дүн гарахгүй. Дөрөвдүгээр сарын эхээр болсон залуусын жагсаалын үеэр цугласан залуусын хандлагыг нь анзаарахад тэгш эрх алдагдсаныг хөндөж байна лээ. Шаардлагад энэ талаар тусгасан зүйлийг би анзаарч хараагүй. Өнөөдөр нийгэмд залуусыг бухимдуулж байгаа гол асуудал нь тэгш эрх алдагдсан явдал. Ганц жишээг л энд онцолъё л доо. УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол”-ын захирлаар ажиллаж байх үедээ тэрбум төгрөгийн авлигын хэрэгт холбогдсон нь бүх баримттайгаа нийтэд ил болсон. Энэ үйлдэлдээ 40 сая төгрөгөөр торгуулаад, төрийн албанд ажиллах эрхээ хасуулаад л өнгөрсөн. Гэтэл нэг тэрбум бүү хэл нэг сая төгрөгийн л үнэлгээтэй гар утас хулгайлсан залуу ял аваад шууд торны цаана суудаг. Утас хулгайлахыг зөв гэж байгаа юм биш шүү. Наад захын жишээг дурдахад л ийм. Нөгөө талд тэрбумын авлига авсан дарга сул чөлөөтэй явж байна. Авлигачдын толгойг илсэн ийм байдлаар төрийн ажил урагшаа явахгүй. Өндөр албан тушаалтнууд бүгд л авлига авч торгуулаад өнгөрөхийг бодно шүү дээ. Би үүнийг эсэргүүцэж л энд сууж байна.

-Хэдэн мянган залуус цуглаад үр дүнд нь НӨАТ-ын татварыг л цуцалсныг түрүүн хэлсэн. Өнөөдөр бараг ганцаараа сууж байна. Ямар үр дүн хүлээж байна вэ?

-Нэг өдрийн дотор үр дүн гарахгүй. БНСУ-д хоёр сар жагссан ч тохиолдол байдаг. Жагсаал, цуглаанаар үзэл бодлоо илэрхийлсэн хэлбэр тууштай байх ёстой гэж боддог юм. Хоёрдугаарт, шаардлагууд нь үр дүн гаргахаар хэмжээнд байх хэрэгтэй. Сайд дарга нар, төрийн түшээд эрх мэдлээрээ нөлөөлж бусдын боломжийг хулгайлдаг ёс зүйтэй байж болохгүй. Эрх мэдлээ ашиглаж бусдын боломжийг хулгайлсан асуудалд холбогдсон л бол ажлаа өгөөд шалгуулдаг ёс зүй эрх баригчдад алга. Үүнийг эсэргүүцэж байна. Үр дүнд хүрэхэд тодорхой хугацаа хэрэгтэй. Үзэл баримтлалаараа надтай нэгдэх хүмүүс байвал нээлттэй гэдгийг энд онцолъё.

-Жагсаалын дараахь үйл явцыг анзаарахад эрх баригчид үймээн зохион байгуулж ажлаа сурталчилж байгаа ч юм шиг дүр зураг харагдаж байна л даа. Ажлаа сурталчлах, чих зөөлөнтэй имиж бүрдүүлэх ийм шинэ хэв маяг бий болчихсон юм биш үү?

-Байж болно. Сая өрнөсөн жагсаалын үеэр ийм өнгө аяс ил цагаан харагдсан шүү. Цагаан хоолой барьж хашхираад л, Ерөнхий сайдын чихэнд шивир авир хийж гүйгээд байсан нөхдүүд л шаардлага хүргүүлж байна лээ. Эрх баригчид хийх ажлынхаа сурталчилгааг хийхдээ тэднийг ашигласан ч байж болно. Ерөнхий сайд нь Хууль зүйн сайдтайгаа хамт гарч ирж үг хэлээд л өнөө нөхдүүд тойрч гүйлдээд л. Тавилттай ч юм шиг. Инээдтэй л харагдаж байсан. Эрх барчигдын ажлыг тайлагнадаг нөхдүүд залуусыг турхирч залуусыг цуглуулсан байх боломжтой. Тэр нөхдүүдийн шаардлагыг анзаарахад цаашид нийгэмд гэрэл гэгээ татуулахаар зүйл ер нь байгаагүй дээ. Гэхдээ тухайн үед итгэл үнэмшлээрээ ирсэн залуусыг энд үгүйсгэж болохгүй.

Харин харанхуй ордон тойрч хашхиралдаж эмх замбараагүй байдал үүсгэсэн нөхдүүдийг итгэл үнэмшлээрээ ирсэн гэж харахгүй байна. Таны хэлж байгаагаар эрх баригчдын гар хөл болсон улс байх магадлалтай. Энд нэг зүйлийг онцлоход, өнгөрсөн жил дуучин С.Жавхлан төв талбайд суулт хийх үеэр би ингээд л лоозон бариад сууж байлаа. Тухайн үед алгын чинээ лоозон бариад суухад л цагдаа нар ирж шалгаад л хөөж, туугаад л цаг үе хэцүү байсан шүү. Ингээд сэтгүүлчдэд яриа өгөхөд хүртэл хажуугаар цагдаа нар шалгаагаад л. Картон цаас дэвсээд суухад л булааж аваад зугтдаг байлаа. Сая залуус тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд хүчний байгууллагын зүгээс уриа лоозонг нь булааж янз бүр болсонгүй. Энэ бол жагсаалын нэг үр дүн гэж харж байгаа. Бид ямар ч үед Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хязгаарлуулж хэрхэвч болохгүй. Цаашид ч төрд үүрлэсэн авлигатай тэмцэж байгаа энэ үйлдлээ тууштай үргэлжлүүлэх болно. Энэ бол өргөс авахын хоромд л шийдэгдэх асуудал биш л дээ. Тууштай явж л үр дүнд хүрнэ. Үр хүүхдээ авлигагүй нийгэмд үлдээхийн тулд үзэл бодлоо тууштай илэрхийлж дуу хоолойгоо өргөж байх хэрэгтэй гэж боддог. Нэг асуудал нөгөө асуудлын чимээнээр дарагддаг загасны ой санамжтай байгаад бид юуг ч өөрчилж чадахгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаагийн хурандаа О.Амарсанаа: Жагсаалын үеэр ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчийг дотоод хяналтаас шалгалт явуулж АТГ-т шилжүүлсэн DNN.mn

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаатай алба хаагчдын сахилга, ёс зүй болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн үед цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн асуудалтай холбоотой нийтлэл нэлээдгүй гарах боллоо. Үүний нэг жишээ нь жагсаал, цуглаанд оролцсон иргэний биед цагдаагийн алба хаагч халдсан асуудал гарсан. Энэ талаар шалгалтын ажиллагаа ямар шатандаа явагдаж байгаа вэ, буруутай алба хаагчид арга хэмжээ авсан уу?

-Энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр иргэдийн зүгээс өргөн хэрэглээний бараа, материалын үнийн өсөлтийг эсэргүүцэж, “Монголдоо сайхан амьдаръя” уриатай жагсаал, цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Уг жагсаал цуглаан албан ёсны зөвшөөрөлгүй байсан хэдий ч цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх эрхийг нь хүндэтгэн ажилласан. Гэвч 10:00 цагт эхэлсэн жагсаал, цуглаан 18:00 цагаас хойш зорилго, чиглэл нь өөрчлөгдөж, олон нийтийг өдөөн хатгасан, эмх замбараагүй байдалд уриалсан хэсэг, бүлэг иргэдийн нөлөөгөөр нийтийн хэв журам зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Цагдаагийн байгууллага үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хуулийн дагуу зохих арга хэмжээг авч ажилласан. 22:00 цагаас хойш буюу шөнийн цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийн тоо нэмэгдэн, алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, алба хаагчдын биед халдах, төрийн тусгай хамгаалалтын объектод нэвтрэхийг завдах, автомашины цонх хагалах, ослын утаат дохио ашиглах зэргээр нийгмийн дэг журам зөрчигдөж, иргэдийн тайван байдал алдагдсан. Дээрх үйлдлийг таслан зогсоох явцад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Дулмаадорж нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон. Уг үйлдэлд хуулийн дагуу дотоод хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, материалыг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн байгаа. Ер нь цагдаагийн төв байгууллагаас алба хаагчдын хууль зөрчсөн ямар нэгэн зүй бус үйлдлийг нуун дарагдуулсан, хаацайлсан зүйл огт байхгүй гэдгийг хэлмээр байна.

-Жагсаал цуглааны үеэр цагдаагийн нэлээдгүй алба хаагчид гэмтэж бэртсэн гэсэн?

-Энэ сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан жагсаал цуглааны үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байсан есөн алба хаагч гэмтэж, бэртсэн. Үүнээс нэг алба хаагчийн биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд гавал тархины битүү гэмтэл, баруун нүдний салст эвэрлэг бүрхэвч урагдсан, торлогийн бүрхэвчний ханын судас гэмтсэн гэх оноштой мэс заслын хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн таван жилийн байдлаар алба хаагчдаас албан үүргээ гүйцэтгэх явцдаа давхардсан тоогоор 1025 алба хаагч халдлагад өртсөнөөс гурван алба хаагч амь насаа алдаж, 248 алба хаагчийн биед гэмтлийн зэрэг тогтоогдсон.

-Олон нийтийн цахим сүлжээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах албан тушаалд Хэнтий аймгийн гаралтай алба хаагчдыг томилох боллоо гэх нийтлэл гарсан. Энэ нийтлэл үнэн үү, үүнд тайлбар өгөөч?

-Уг мэдээлэл нь буруу ташаа гэдгийг албан ёсоор хэлэх байна. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын 40 хувь нь Улаанбаатар, 3.5 хувь нь Хэнтий, үлдсэн хувь нь бусад аймгийн харьяалалтай албан тушаалтнууд байгаа тоон судалгаа гарсан. ЦЕГ-ын удирдлагын зүгээс Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг удирдлага болгон шатлан дэвших зарчмын дагуу алба хаагчдыг томилдог. Энэ тал дээрээ ч хатуу байр суурьтай бөгөөд нээлттэй, ил тод байдлыг баримталдаг. Үүний тод жишээ нь, цагдаагийн алба хаагчийг тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ажлын туршлага, ур чадварыг үндэслэн албан тушаал дэвшүүлэх нөөцөд бүртгэдэг. 2021 онд албан тушаал дэвшүүлэх нөөцийн жагсаалтад 1300 алба хаагчийг бүртгэснээс 782 алба хаагчийг дараагийн шатны албан тушаалд томилжээ. Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь 10 гаруй мянган алба хаагчийн орон тоотой бөгөөд алба хаагчид цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах, албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, хүүхэд асрах чөлөө авах, халагдах, төрийн бусад байгууллагад сэлгэн ажиллах болон эрүүл мэндийн шалтгаанаар жилдээ 1000 орчим сул орон тоо гардаг. Энэ тохиолдолд дээрх сул орон тоог албан тушаал шатлан дэвшүүлэх нөөцөд бүртгэгдсэн алба хаагчдаас нөхөх зохицуулалттай. Өнөөдрийн байдлаар энэ онд нөөцөд орсон 1138 болон өмнөх онуудын нөөцөөс үлдсэн зэрэг 1600 гаруй алба хаагч албан тушаал дэвшүүлэх нөөцийн жагсаалтад бүртгэлтэй байгаа.

-Цагдаагийн алба хаагчдын боловсролын зэрэг, жендерийн тэгш байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж буй нийт алба хаагчдын 68.0 хувь нь бакалавр, 11.3 хувь нь магистр, 0.1 хувь нь доктор, 6.7 хувь нь тусгай дунд, 25.3 хувь нь бүрэн дунд боловсролтой. Алба хаагчдын 67.9 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Нийт бүрэлдэхүүний 14.4 хувь нь эмэгтэй алба хаагч байна.

-Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал үргэлж анхаарал татдаг. Цагдаагийн байгууллага алба хаагчдынхаа сахилга, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна вэ?

-Цагдаагийн төв байгууллага нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна алба хаагчдаа гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр мөн ажиллаж байна. Тухайлбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд ЦЕГ-ын даргын тушаалаар алба хаагчдынхаа харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Өнгө нэмцгээе”, “Харилцаа-Хандлага”, “Соёлыг түгээе” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Харин 2022 онд үйл ажиллагаандаа хүний эрхийг дээдлэх, хуульч ажиллагааг дээшлүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байна. Түүнчлэн бид улирал бүр сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулж, сахилгын зөрчил гаргаагүй хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдаа урамшуулах,зөрчил гаргасан алба хаагчдад хуулийн дагуу арга хэмжээг авдаг.

Үүнд ажлаас нь түр хугацаанд чөлөөлж, төлбөртэй сургалтад хамруулах, дахин зөрчил дутагдал гаргуулахгүй байх талаар сургалт, соён гэгээрүүлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Бид өнгөрсөн онд алба хаагчдаас гаргасан сахилга,ёс зүйн зөрчлийн төрөлд хяналт шинжилгээ хийж, бодит өгөгдөл дээр үндэслэсэн баримтад кино шторкуудыг боловсруулан анги, байгууллагын алба хаагчдад үзүүлж, дахин зөрчил гаргахаас урьдчилан сэргийлсэн. Алба хаагчтай холбоотой нийт зөрчлийн 67.1 хувийг өөрийн дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн. Энэ нь бид дотоод хяналт сайтай байгааг илэрхийлэх болов уу гэж харж байна. Цаашид ч алба хаагчдынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалах, ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх, зөрчил дутагдлыг арилгахын төлөө ажиллана.

О.ДАШ

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Л.Эрдэнэбат: Допингийн хэрэглээнд цэг тавихгүй бол бөхчүүд маань дэвжээн дээрээ эндэх аюул энүүхэнд байна шүү DNN.mn

Спортын анагаах ухааны эмч Л.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Өнөөдөр тантай тамирчдын эрүүл мэнд, тэр дундаа үндэсний бөхийн спортоор хичээллэж буй залуусын эрүүл мэндийн талаар ярилцах гэсэн юм. Допингийн хэрэглээтэй холбоотойгоор тэдний эрүүл мэнд эрсдэлд ороод байх шиг…

-Бөхчүүдийн эрүүл мэнд эрсдэлд орсон гэдэг үнэн. Онцлоод хэлэхэд, залуу бөхчүүдийн дунд допингийн төрлийн бодисын хэрэглээ хавтгайрсан байна. 20-25 насны залуу бөхчүүд л эмнэлгийн үүдээр эргэлдээд салахаа больчихсон. Шалтгаан нь элэг, ходоодны өвчлөл. Зүрхний үйл ажиллагаа доголдсон нь ч бий. Энэ нь тэдний хэрэглэж буй эм бэлдмэлүүдтэй шууд хамааралтай байна.

-Бөхчүүдийн хэрэглэж буй бэлдмэлүүдийн талаар тодруулахгүй юу. Бөхчүүд ямар бодис хэрэглээд эрүүл мэндээ эрсдэлд оруулаад байна вэ?

-Строидын төрлийн бодисын хэрэглээ түгээмэл болжээ. Энгийнээр тайлбарлавал масс авахын тулд янз бүрийн хортой бодис хэрэглээд байна л даа, манайхан. Масс авснаар бяр чадал нэмэгдэнэ. Стеройдын хэрэглээг зөвшөөрдөг спортын төрлүүд бий. Зарим төрлийн бодибилдингийн холбоодод зөвшөөрдөг. Энд анхааруулаад байгаа нь стеройдыг хэрэглээгээ болгосон тамирчид богино насалдаг. Ойролцоогоор 40 гараад л нас бардаг судалгаа гарсан байдаг. Зарим тохиолдолд цэл залуугаараа ч нас барах нь бий. Үндэсний бөхөд ийм аюул ойрхон ирээд байна гэдгийг л онцолъё. Допингийн хор уршиг ийм аюултай учраас л дэлхий нийтээрээ хориглодог.

-Асуудал ингэж хурцадсан хэрэг үү?

-Өнөөдөр үндэсний бөхөөр 30 орчим мянган хүн хичээллэдэг гэх судалгаа байдаг. Энэ том салбарт допингийн хэрэглээ хавтгайраад байгаа нь аюул. Монгол эр хүний үлгэр дуурайл болсон бөхчүүд тэр дундаа залуучууд нь допинг руу хошуурч байгаад нь сэтгэл эмзэглэх юм. Хамгийн харамсалтай нь хөдөлмөрийн насны залуус допинг хэрэглэж биеэ хордуулж байгаад нь гол харлаж байна. Одоогоос гурван жилийн өмнө Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах барилдааны үеэр 20 гаруйхан настай залуугийн бие огцом муудаж, тэр дороо эмнэлэгт хүргэгдээд нас барсан тохиолдол гарсан. Энд онцлоод буй янз бүрийн бодисын хэрэглээний гор нь энэ л дээ. Спортын талбарт ийм зүйлийн хэрэглээ хавтгайрахаар тамирчдын эрүүл мэндэд хор хохирол учирдаг бэлэн жишээ бий. Олон улсад уралдааны замд эндсэн ч гашуун туршлагууд байдаг. Хэрэв үндэсний бөхийн талбарт допингийн хэрэглээ хавтгайрсан хэвээр үргэлжилбэл эрүүл мэнд, цаашлаад амь насанд нь халтай нөхцөл байдал тулж ирээд байна. Бөхчүүд маань өөрсдөө ч үүнийг ухамсарлаж допингийн хэрэглээнээс татгалзах хэрэгтэй. Спортын түүхийг судлаад харахад л допингийг хэрэглээгээ болгосон тамирчид, тухайн спорт ч мөхөл рүү дөхсөн байдаг шүү дээ.

-Ийм хор хөнөөлтэй допингийн төрлийн бодисын худалдаа, наймаа манайд чөлөөтэй байдаг юм уу?

-Манайд допинг хэрэглэсэн бөхчүүдийг л нийгмээрээ зүхээд байна л даа. Гол шалтгааныг нь ухаад судлаад үзэх хэрэгтэй юм шиг. Энэ төрлийн бодисыг хэн худалдаалж бөхчүүдийн эрүүл мэндэд заналхийлээд байна ч гэх юм уу. Асуудлын шалтгааныг нь судлаад шаардлагатай арга хэмжээг нь аваад явах хэрэгтэй. Өнөөдөр хүчний багш дасгалжуулагч гэх хүмүүс хэдхэн халтар төгрөгийн төлөө залуу бөхчүүдийн тархийг угааж допинг нийлүүлээд байгаа нь нууц биш болсон. Допинг хэрэглэсэн тамирчинг адлахаас илүү энэ төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүсийг нь олж тогтоогоод тэмцвэл илүү үр дүнтэй санагдах юм.

-Допинг хавтгайрсан спорт мөхөл рүү явдаг гэж та онцоллоо. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үндэсний бөх дээр л жишээ аваад хэлье л дээ. Допингийн төрлийн бодис элэг, ходоод, зүрх гэх амин чухал эрхтнүүдэд маш хортой. Үүнээс гадна бэлгийн сулрал, цаашлаад үргүйдэлд хүргэдэг. “Допинг хэрэглэсэн бөх засуулсан төлөг шиг болно” гэж доктор Д.Данзан гуай голыг нь олж бичсэн байдаг. Өнөөдөр барилдаж байгаа бөхчүүдийн олонх нь удам залгаж барилдаж байгаа. Түүх харахад аав нь ч юмуу, өвөө нь бөх улс л энэ өв соёлыг тээж яваа. Өнөөдөр барилдаж буй бөхчүүдийн үр хүүхэд л цаашид авч явах учиртай. Гэтэл өнөөдөр допингийн хэрэглээ хавтгайрчихлаа. Үр үндсээ үлдээхэд тун асуудалтай болж байна шүү дээ. Ингээд л допинг хавтгайрсан спортын төрөл мөхдөг жишиг бий. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал байхгүй юу. Хүмүүс нэг их ач холбогдол өгөхгүй юм л даа.

-Үндэсний бөхөд допингийн хэрэглээ хавтгайрахад юу нөлөөлөв. Үүнийг та яаж харж байна вэ?

-Олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Үндэсний бөхийн бай шагнал өндөр болсон. Улсын цол авахад нь л нутгийн зөвлөлөөс нь унаа аваад өгчихөж байна. Өөр нэг компани байрны асуудлыг нь шийдчихнэ. Манайхан ч бөх, бөх гээд л дээшээ зална. Алдар сууг нь бишрээд л тэнгэрт гаргачихна. Ийм байхад бөхчүүд маань хялбар, дөт замаар нэр алдарт хүрэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна л даа. Энэ хүсэл эрмэлзэл дээр нь штангны багш гэх нөхдүүд тоглолт хийж ашиг хонжоо хайж байна. Өнөөдөр захын фитнесс заал руу шагайхад л “Тийм ч бяртай болгоно, ийм ч булчинтай болгоно” гэсэн багш нар дүүрэн байгаа. Залуу бөхчүүдийг ядартал нь төмөр өргүүлж байгаад л бэлтгэл нь унаад ирэхээр өнөөх эм бэлдмэлээ санал болгодог ийм муухай тогтолцоотой болчихсон байна. Допинг гэдэг зүйл өөрөө хар тамхи шиг хүнийг донтуулдаг. Допинг хэрэглэж бяр суусан залуу гялалзтал барилдана. Бусдынхаа хаа, гуяыг ханз татчих гээд л таахалзаж өгнө. Өнөөх допингийнх нь үйлчилгээ саармагжихаар хий нь гарсан шаар шиг болчихно. Ингээд өнөөхөө хэрэглэхгүй бол байж суухын аргагүй болно шүү дээ. Хэд хэдэн удаагийн давтамжтай хэрэглээд ирэхээр сөрөг үр дагавар нь гарч эмнэлгийн үүдээр эргэлдэнэ дээ.

-Допингийн шинжилгээнд бөхчүүд тогтмол хамрагддаг шүү дээ. Хавтгайрчихсан гэдэг нь арай өрөөсгөл юм шиг.

-Допингийн шинжилгээ гэдэг үндсэндээ мөнгө угаах хэрэгсэл болсон. Тэнд ажилладаг эмч нар нь бөхчүүдтэй хуйвалдаж, шинжилгээний хариуг нь янз бүр болгодог жишиг тогтоод байгаа. Бөхчүүдээс мөнгө авч шинжилгээний хариу аргалдаг эмч нарыг АТГ-аас шалгаж байгаа шүү дээ. Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав ч тодорхой хэлсэн. МҮБХ-ны зүгээс допингийн асуудалд хатуу байр суурьтай байдаг ч допингийн шинжилгээнд гардаж ажилладаг албан тушаалтнуудын янз бүрийн үйлдэл энэ ажлыг үр дүнгүйдүүлдэг нь нууц биш. Сүүлд нь онцлоход, бөхчүүд өөрийн эрүүл мэндээ золиосолж алдар нэрийн төлөө дөт замыг сонгохгүй байхыг уриалж байна. Нэгдүгээрт, бөхийн спортын тамирчдыг бэлтгэж буй багш нар ч эхлээд эрүүл мэнд чухал гэдгийг шавь нарынхаа тархинд нь кодолж өгөх шаардлагатай байна. Хоёрдугаарт, бөхчүүдийн тархийг угааж допинг зарж ашиг хонжоо хайдаг нөхдүүдтэй тэмцэх цаг нь болсон. Хил гаалиар ч допингийн төрлийн бодис оруулж гаргадаг асуудалд хяналт шаардлагатай байгаа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Тамирчдад олгодог төсвөө танаж, инженерүүдээ дэмжье DNN.mn

Дэлхийн аварга болсон тамирчинд сар бүр хоёр сая төгрөг олгодог. 25-тай дэлхийн аварга болж 80 насаллаа гэж тооцъё л доо. Тэр хугацаанд тамирчинд нэг тэрбум дөрвөн зуу гаруй сая төгрөг төрөөс олгоно. Олимпийн аварга болчихвол сар бүр зүгээр сууж байгаад л дөрвөн сая төгрөгийн тэтгэмж авна. Дээрх тоо хоёр тэрбум найман зуун мянга гараад явчихна. Чөлөөт, жүдо, боксын тамирчид нэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалиудыг хэд хэдээр нь ихэрлүүлдэг болсон. Өнөө нэг тэрбум маань хэд хэд үржигдэнэ.

Харамсалтай нь тамирчдад ийнхүү их мөнгө өгөөд Монгол Улс хөгжсөн юм алга. Өчнөөн тамирчинд хичнээн ч тэрбумын хөрөнгө зарав. Спортоор хичээллэх нь тухайн хүний хувийн ашиг сонирхол, хувийн амжилт. Эд нар амжилт гаргаад Монгол Улс дэвждэг бол аль хэдийнэ л хөгжих цаг нь болсон. Тамирчдын урамшуулалд ганцхан сард л хамгийн багаар бодоход 150 орчим сая төгрөг зарлагадаж байна. Жилд тэрбум найман зуун саяыг зөвхөн тамирчдын урамшуулал тэтгэмжид зарцуулж байгаа юм. Ганцхан жилд шүү дээ. Хэдхэн жилийн цалингаар нь л сургууль, цэцэрлэг, сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглосон эмнэлэг байгуулчихаар харагдаж байгаа биз. Монголын хөгжилд үртэсийн төдий нэмэргүй спортод ийм их хэмжээний хөрөнгө цацдагаа зогсоомоор байна.

Монгол залуусын 60 орчим хувь нь биеийн хүчээр амьдралаа залгуулахаар олимп дэлхийн медаль руу зүтгэдэг болжээ. Арай ихдэх гээд байх шиг. Эд маань сургуульд сурахаас илүү бэлтгэл хийж гүйж байгаад ганц медаль зүүгээд л сарын гурав, дөрвөн сая төгрөг аваад хэвтэж байх хүсэл эрмэлзэлтэй болсон байна шүү, эр эмгүй.

Сүүлийн үед тамирчид дэлхийн аваргад ганц ёндоорчих юмсан гэх болж. Аргалж байгаад л ДАШТ-ээс ганц медаль авахаа хэлж байгаа нь тэр л дээ. Үүний тулд допинг хүртэл хэрэглэж улсынхаа нэр нүүрийг “матарлаж” байна. Ганц медаль авчихаад л тэтгэмж аваад хэвтэж байдаг тамирчид ч гарын арван хуруунд багтахаа больсон. Ингэхийн тулд тамирчид нэгнийхээ хоолойг ч огтлоход ойрхон болжээ.

Тамирчдад зарцуулдаг энэ их төсвийг танаж, инжерүүдээ дэмжье. Инженерүүд улс орныг хөгжилд хөтөлдөг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ховордоод буй доллар “Найман шарга”-ын ченжүүдийн гарт цаас шиг эргэлдэж байна DNN.mn

-Найман шаргын ченжүүд арилжааны банкны албан тушаалтнуудтай хамтарч долларын бизнес эрхэлж байна гэв үү-


-Цүнх үүрээд эргэлдээд байсан нөхөр хэдийг сонирхоод байгаа юм бэ. Дээрээс хойш холхилоо?

-Мөнгөтэй юм шиг байна аа. Олдох хэмжээгээр нь л авъя гэж байна. Сая 5000-ыг цүнхлээд гарлаа. Удахгүй буцаад ирнэ гэсэн. Санхүүгийн зохицуулах хорооныхон эргэлдээд байхаар нь явчихлаа…

Валют арилжааны “Найман шарга” худалдааны төвийн гудамжинд тамхилах ченжүүд хоорондоо ийн хөөрөлдөөд цааш эргэв. Энэ зах валют авах, зарахаар зэхсэн хүмүүсийн хөлд дарагдаад уджээ. Арилжааны банкнууд долларын гүйлгээнд хязгаарлалт тогтоох болсноор доллар хэрэгтэй хэн бүхэн энэ захаар гүйлдэж байна.

Хажуугаар зөрөх хүмүүсийн яриаг тандвал долларын ханш л сураглана. Тэмээний ноосон цамц өмсөж, хүрэн кепек духадсан том гэдэстэй хижээл насны эр доллар сурсан нэгний өөдөөс “Мөнгө чинь хаана байна. Хүссэн хэмжээгээр чинь гаргаад өгье” гэж пээдэлзэх. Энд валют авах зарах үнээ ил нээлттэй хэлэх нэг ч хүн алга. Хүзүү, сээрээрээ нийлж хэлхэлдэж ойролцоох машин руу ороод л хэлхгэр цүнх үүрээд гарч ирнэ. Цааш орж валют арилжааны лангуугаар шагайвал гандангийн үүд шиг тайван байна. Лангууны ард суух худалдагчид коридороор холхих нөхдүүдийг тоож байгаа ч шинж алга. Тэд Санхүүгийн зохицуулах хорооноос ирэх шалгалтын чимээгээр ханшийн самбаруудаа бүгд өөрчлөөд суугаа нь энэ аж. Худалдагчдаас ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг тандвал өнөөдрийн (өчигдөр) байдлаар 3170 төгрөгөөр зарж байгааг онцлов. Лангуунаас 1000-аас дээш долларын гүйлгээ хийхгүй байгааг хэлж байлаа. Дотор холхих хүмүүс ч шалгалт шүүлэг ирэх сургаар тарж бутраад алга болсныг худалдагчид хэлж байв. “Мөрөөрөө ажлаа хийгээд сууж байхад л цаг тутам шалгалт шүүлэг гэж үйлчлүүлэгчдийг үргээх юм. Өмнөх эрх баригчдын үед тааваараа л ажилладаг байж. Сүүлийн үед л хяналт, шалгалтынхан ээрээд ажил явуулахгүй, дарамттай байна” гэх гомдлыг худалдагчид мэдүүлж байлаа. Санхүүгийн зохицуулах хорооноос очсон мэргэжилтнүүд валютын нөөц, гүйлгээг нь шалгадаг гэнэ. Шалгалтынхны чимээгээр тарж бутраад алга болж байгаагаас нь анзаарвал нөхдүүд “НО”-той ч юм шиг.

Цонхоор нь “Найман шарга”-ын гудамж руу нүд бэлчээвэл өнөөх л доллар сурагласан нөхдүүд ченжүүдтэй уулзаж байгаа бололтой. Энд тэнд хэд гурваараа жиг, жуг гэцгээж дохио зангаагаар ярилцаж байгаад л ойролцоох машин руу орчихно. Төд удалгүй цүнх үүрээд гарч буй зураглал хаа сайгүй харагдана. Доллар нүдний гэм болсон ийм үед цаг “Найман шарга”-ын гудамжинд зогсдог ченжүүд “Мөнгөө аваад ир. Хүссэн хэмжээгээр чинь гаргаад өгье” гэж зогсож байгаа нь анхаарал татсан юм.


Ченжүүд 5000 АМ.долларыг нүд ирмэхийн зуурт зохицуулаад өгдөг


Доллар сурагласан хүмүүсийн байр суурийг сонссон юм.

-Долларын олдоц хэр байна вэ?

-Их хэмжээгээр авахад үнэтэй хэлэх юм. Мөнгөтэй цөөхөн хүмүүс нь ирээд л аваад явчихаж байна. Бага хэмжээгээр зарах сонирхол ченжүүдэд алга. Өнөөдөр банкнууд долларын гүйлгээнд хязгаарлалт хийгээд байна. Доллар хэрэг болсон бүхэн ийшээ ирж ченжүүдийн хэлсэн үнээр нь авахаас өөр сонголт алга.

-Ченжүүд юу гэж байх юм?

-“Ченжүүд мөнгөө гаргаад ир ээ. Хүссэн хэмжээгээрээ ав” гэж хэлж байна. Над шиг хэдэн зуун доллар хайсан хүнийг тоох ч үгүй юм. Би хэдэн цагийн турш энэ хавиар эргэлдлээ. Нэг ченжээс хамгийн багадаа л 3000 ам.доллар гарч байна. Тэрнээс дээш хэмжээтэй сонирхсон хүнд бол хэд хэдэн ченжүүд нийлж байгаад л гаргаад өгчих юм. 5000 ам.долларыг бол нүд ирмэхийн зуурт зохицуулаад өгч байна. Харин ханш нь доторхоосоо харьцангуй өндөр. 3200-аас л дээшээ, доошоо хэлбэлзэж байна” гэв. Ховордоод буй ам.доллар “Найман шарга”-ын гудамж дахь ченжүүдийн гар дээр цаас шиг эргэлдэж байгааг энэ хавийнхан дуу нэгтэй хэлж байна. Нөгөө талд арилжааны банкнууд долларын гүйлгээнд хязгаарлалт тогтоож 1000-ааш дээш долларын гүйлгээг хязгаарлаад байгаа юм. Зарим тохиолдолд итгэлтэй үйлчлүүлэгчдэдээ л бага хэмжээгээр гаргаж байгааг банкныхан ярьж байна.

Арилжааны банкнуудад үүссэн нөхцөл байдлын талаар Монголбанкнаас тодруулахад “Арилжааны банкнууд харилцагчидтайгаа өөрсдөө арилжаагаа хийдэг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед иргэдийн зүгээс гомдол их гарч байгаа. Тодруулбал валютын гүйлгээнд лимит тогтоосон талаар. Үүнийг Монголбанкнаас лимит тогтоож байна гэж ойлгодог. Монголбанкны зүгээс валютын арилжаанд лимит тогтоодоггүй. Банкууд харилцагчдадаа олгох валютын лимит тогтоох нь өөрсдийнх нь дотоод асуудал. Иймд Монголбанкны зүгээс банкнуудад холбогдох анхааруулга өгнө” гэх тайлбар хэлж байна.

“Найман шарга” орчмын зарим хүмүүсийн ярьж байгаагаар бол арилжааны банкнууд гүйлгээнд хязгаарлалт тогтоож “дарсан” ам.доллараа эндхийн ченжүүдээр дамлуулж зараад байгаа гэнэ. Тодруулбал, арилжааны банкнуудын албан тушаалтнууд “Найман шарга”-ын нөлөө бүхий ченжүүдтэй хамтарч хууль бус бизнес хийж байж болзошгүйг хэлж байгаа юм. Эндхийн ченжүүд ч “Мөнгөө бариад ир. Хүссэн хэмжээгээр чинь өгье” гэх нь үүнийг баталж байх шиг. Эндхийн ченжүүдээс үнэ цохиж авсан долларыг хойш нь цүнх цүнхээр нь зөөж байгааг хүмүүс ярьж байна. Долларын гүйлгээнд лимит тогтоож, үнийн хөөрөгдөл бий болоход голлох нөлөө үзүүлсэн арилжааны банкуудаас тодруулга авахаар хандахад мэдээлэл өгөхөөс эрс татгалзлаа. Үүнээс гадна цахимд “Доллар авна, зарна” гэх зарын группүүд нийтлэг тааралдаж байна. Энэ группүүдэд доллар авах, зарах зараар дүүрчихэж. Тэд гол төлөв тролл хаягнаас зар байршуулжээ. Тодруулбал, “50.000 ам.доллар бэлэн зарна” гэх зар ч тааралдаж байна. Зарын доор бусад нь өтний ялаа шиг л шавах аж. Энэ бүхнээс анзаарахад долларын ханшийг “Найман шарга” захын гудамжинд зогсдог эрхэлдэг ченжүүд тодорхойлж байна. Тэдний гараар дамжсан доллар хойд хөрш рүү чиглэж байгааг эдийн засагчид ч онцолж байгаа юм. Энэ явдал даамжирвал дотоодын нөөцийг хойш нь зөөгөөд шавхах эрсдэл тулж ирснийг ч тэд хэлж байгаа.

Долларын ханш өдрөөс өдөрт гэрлийн хурдаар өсч байгаа цаг үед зохицуулах чиг үүрэгтэй Монголбанкны зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй явсаар нөхцөл байдал ийм дээрээ тулж ирлээ. Монголбанкны зарим албан тушаалтнууд нь ч ченжүүдтэй холбоо, сүлбээтэй байж болзошгүйг ч эх сурвалж дурдлаа.

УИХ-ын гишүүн, Төсвийн Байнгын Хорооны дарга Ч.Хүрэлбаатарын зүгээс “Монгол Улс валютын хоёр ханштай болчихлоо. Энэ бол Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил үзэгдээгүй тохиолдол. Ханш унаж байгаа нь импортын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөөд байна. Мөнгөний бодлогоо зөв болгож, түргэн шуурхай ажиллах шаардлагатай байна. Инфляцид мөнгөний бодлого хамаагүй гэж ярьдаг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарт хариуцлага тооц гэж удаа дараа хэлж байна” гэх байр суурийг илэрхийлэв.