Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Энхбаяр: Осол гаргасан жолооч машинаасаа буухдаа хөл дээрээ зогсч чадахгүй гуйваж байсан DNN.mn

Одоогоос хоёр жил орчмын өмнө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гуравдугаар багийн нутагт согтуу жолооч айлын гэр дайрч гэр бүлийн хоёр хүний амь насыг хохироосон осол гарсан. Ослын улмаас 15 настай хүү зургаан настай дүүгийн хамт өнчирч үлдсэн байдаг. Тухайн өдрийн ослын талаар иргэн О.Энхбаяртай ярилцлаа. Түүний тухайд талийгаачтай гэр бүлийн найзууд байжээ.


-СОГТУУ ЖОЛООЧИЙН ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ЖИЛД 150 ОРЧИМ ХҮН АМЬ НАСАА АЛДАЖ БАЙНА-


-Хөлөнбуйр суманд авто ослын улмаас хоёр хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг хоёр жилийн өмнө гарчээ. Тухайн ослын талаар мэдэх хүрээндээ ярилцах боломж байна уу?

-Бусдад сэрэмжлүүлэх үүднээс ярьж бололгүй яах вэ. Дээрх эмгэнэлтэй осол гараад хохирогчдын гэр бүлийн нулимс гүйцэд хатаж байхад л сумын төвийн гудамжаар согтуу залуус жолооны ард суучихаад гуйвж дайваад л явах юм. Согтуугаар жолооны ард суусан хүний балгаар нэг бүлийн амьдрал нүдэн дээр нь сүйрчихээд байхад л сургамж авахгүй байгаад нь харамсах юм. Таны асууж байгаа ослын тухайд 2020 оны намар аравдугаар сард болсон юм. Шөнийн 00:00 цаг өнгөрч байхад “приус 20” унасан согтуу залуу айлын гэр дайрсан байдаг. Ослын улмаас гэртээ амарч байсан эхнэр, нөхөр газар дээрээ нас барж, бага насны хоёр хүүхэд хүнд гэмтээд үлдсэн. Тухайн үед 24-хөн настай залуугийн болчимгүй үйлдэл л бүтэн бүлээн гэр бүлийн амьдралыг нүд ирмэхийн зуурт л сүйрүүлээд хаячихсан. Ид хийж бүтээх насан дээрээ явсан гэр бүл ертөнцийн мөнх бусыг үзүүлнэ гэдэг дэндүү харамсалтай байгаа биз. Осол гаргасан залуу машинаасаа бууж ирсэн даруйдаа хөл дээрээ зогсож чадахгүй гуйвж байсныг ойр байсан хүмүүс нь гэрчилдэг. Энэ жишээнээс согтуурсан үедээ жолооны ард сууна гэдэг цэнэглэсэн ака буу бариад гудамжинд шүршиж байгаатай ижилхэн гэдэг нь харагдаж байна л даа.

-Талийгаачтай та гэр бүлийн найзууд байсан гэв үү?

-Тийм. Гэр бүлийн найзууд байсан юм. Бие биенийхээрээ өдөр тутам орж гарна. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, амьдралын төлөө хамтдаа зүтгэдэг дайчин гэр бүл байлаа. Найз маань гэр бүлээрээ нийслэл рүү нүүж мужааны цех ажиллууллах талаар ярина. Өөрөө гарын уртай болохоор тэр шүү дээ. Энэ ажлаа гүйцэлдүүлэхээр зүтгэж яваад л согтуу жолоочийн балгаар 43-хан насандаа нас барсан даа. Үүнд нь харамсаад бардаггүй юм. Одоо хоёр хүүхэд нь сумандаа бий. Ах, дүү нар дээр нь л байдаг байх. Тухайн ослын үеэр том хүү нь 15 настай байсан. Дүү нь зургаахан настайдаа л ээж, ааваасаа өнчирч үлдсэн дээ. Бүтэн бүлээн гэр бүлд өсөж торнисон хүүхдүүдэд энэ цохилт яаж туссан бол гэж бодохоос гол харладаг юм.

-Осол гаргасан жолоочийн асуудал яаж шийдэгдсэн бол?

-Амьдрал дөнгөж хөл тавиад байсан залуу нэг удаагийн болчимгүй үйлдлээс болоод л торны цаана суусан. Амьдрал нь гэрэлтэж байсан залуугийн, өөрийгөө хянаагүй болчимгүй үйлдэл л нэг гэр бүлийн амьдралыг сүйрүүлчихсэн.

-Иргэд аймшигтай ослоос сэрэмж авахгүй байгаа талаар та онцолж байна…

-Тийм ээ. Тухайн үедээ шуугиж, гашуудаж байгаад л мартацгаасан. Саяхан л гэхэд бараг өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон хоёр залуу дэлгүүрээс архи аваад л жолооны ард суугаад хэнэг ч үгүй яваад өгөх юм. Хэлэхэд өөдөөс “Чамд хамаагүй” гэж ээрч муураад хариулж байна лээ. Дахиад нэг гэр бүлийн амьдрал сүйрвэл яах вэ. Согтуугаар жолооны ард суух нь ямар их эрсдэл дагуулж байгааг огт ухамсарлахгүй юм. Согтуугаар жолоо барих зөрчил хөдөө орон нутагт илүү хор хөнөөлтэй байгаа нь харагддаг. Цөөхөн цагдаатай, согтуугаар жолооны ард суусан хүн бүрийг шалгаж зөрчлийг цаг тухайд нь илрүүлэх боломж хомс. Үүнд хяналт тавихад онцгой анхаарахгүй бол дахин хэдэн гэр бүлд дээрх шиг эмгэнэлтэй явдал тохиохыг таах аргагүй.

-Согтуугаар жолооны ард суух зөрчил буурахгүй, өсөх хандлагатай байгааг Тээврийн цагдаагийн албанаас онцолж байна л даа. Таны зүгээс үүний шалтгаан нөхцөлийг яаж харж байна вэ?

-Олон шалтгаан байгаа болов уу. Голлох шалтгаан нь хууль эрхзүйн орчин зөөлөн байгаатай холбоотой. Шал согтуугаар жолооны ард сууж бусдын амь нас, эрүүл мэндэд санаатайгаар заналхийлж буй этгээдийг торгоод өнгөрч байгаа нь толгойг нь илж байгаа хэрэг. Гудамжинд буу бариад шүршиж байгаа нөхрийг л торгоод өнгөрч байна гэсэн үг. Олон улсын жишгээр хатуухан хариуцлага тооцоод явахад ийм төрлийн гэмт хэрэгтнүүд ухамсарлана. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоод, жолоодох эрхийг нь хасаад л өнгөрдөг. Давтан үйлдэлд нь 7-30 хоног баривчлах ялаар шийтгэдэг. Энэ бол бусдад санаатайгаар заналхийлсэн этгээдийг өөгшүүлж байгаа явдал. Дахиад ч согтуураад бусдын хөрөнгийг сүйтгээд ир гэсэнтэй яг ижилхэн. Өнөөдөр ОХУ-д согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцвол 920-1600 ам.доллар аар торгодог. Жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасдаг. Бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол 15 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Манайд саявтар жүжигчин залуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын амь насыг хохироосон ноцтой осол гарсан. Өнөөх залуу жил гаруйн хугацаанд хоригдоод л гараад ирсэн байна лээ. Эрхзүйн орчин нь ийм зөөлөн, нялцаганасан болохоор л согтуугаар жолооны ард суух гэмт хэрэг буурахгүй байгаа юм шүү дээ. Ийм учраас л энэ үйлдлээс улбаалан учирч болох хор хохирлыг тооцоолохгүй байна. Хувьдаа согтуугаар жолооны ард суусан л бол багадаа гурван жилээр жолоодох эрхийг хасдаг байх ёстой. Хажуугаар нь өндөр торгууль тавьж байх хэрэгтэй. Ингэж хатуу хариуцлага тооцож байж л согтуугаар жолоо барьж болохгүй гэх ухамсар хүмүүст суух болов уу.

Г.Отгонтамир: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 76.2 хувиар өссөн

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 16588 зөрчил бүртгэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 76.2 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.

-Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож ноцтой осол гаргасан талаарх мэдээлэл өдөр тутам л гарах юм. Энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох зөрчил буурахгүй байна. Энэ нь статистикаас тодорхой харагддаг. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд согтуугаар жолоо барьсан 16588 зөрчлийг цагдаагийн алба хаагчид илрүүлж болзошгүй осол, аваараас урьдчилан сэргийлж ажилласан. Хувьчлаад авч үзэхэд үүний 7697 нь орон нутагт гарсан байгаа юм. 8891 нь нийслэлд илэрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 76.2 хувиар өссөн үзүүлэлт. Согтуурсан үедээ жолооны ард суух тохиолдол буурахгүй байгаа нь эндээс ил цагаан харагдаж байна.

-Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол байдаг шүү дээ. Ийм төрлийн зөрчил хэд бүртгэгдэв?

-Энэ тохиолдолд 7-30 хоногийн баривчилгаанд явуулдаг. Эрхээ хасуулсан үедээ жолооны ард суусан гэсэн үг л дээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийслэлд 632 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож баривчилгаанд явсан. Харин орон нутагт 1206 жолооч энэ төрлийн зөрчлийг давтан үйлдэж баривчлуулах шийтгэл хүлээсэн байна.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох төрлийн зөрчил буурахгүй байгаа шалтгаан нөхцөлийг та яаж харж байна вэ. Жолооч нар ухамсаргүй байна уу?

-Голлох шалтгаан нөхцөл нь үйлчилгээний байгууллагууд хязгаарлалтгүй ажиллаж байна л даа. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа хэн нэгэн жолооны ард суухаар завдахад үйлдлийг нь таслан зогсоох ухамсар дутмаг байна. Таслан зогсоосноор учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Энд нэг жишээг онцолъё л доо. Тавдугаар сарын 23-ны өдрийн оройн 23:00 цагийн орчимд согтуу жолооч 300-400 метр зам туулж зогсоолд байсан гурван машиныг мөргөсөн осол гаргасан. Магадгүй хороолол доторх хөдөлгөөн байсан бол хүний амь нас эрсдэх ч магадлал өндөр байсан. Согтуурсан үедээ жолооны ард суусан хариуцлагагүй үйлдэлтэй холбоотойгоор жилд 150 орчим хүн амь насаа алддаг гэх судалгаа бий.

-Согтуугаар жолооны ард суух эрсдэлийн талаар хэвлэл мэдээллээр нөлөөллийн ажил тогтмол явдаг. Гэсэн ч энэ төрлийн зөрчил буурахгүй, өсөх хандлагатай байна л даа. Энэ төрлийн зөрчил тулгах ялын бодлого зөөлөн байна уу.

-Бодлогын чанартай асуудлыг Хууль зүйн яамнаас тодруулах шаардлагатай болов уу. Гэхдээ нэг зүйлийг онцлоод хэлэхэд манайд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд арга хэмжээ тооцож байгаа хуулийн санкц олон улстай харьцуулахад зөөлөн байдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Г.Мөнгөнбаатар: Зургадугаар сард тариалангийн бүс нутгаар хур орох төлөвтэй байна DNN.mn

Цаг уур орчны шинжилгээний мэргэжилтэн Г.Мөнгөнбаатартай ярилцлаа.


-Энэ зуны цаг агаарын төлөв ямар байх нь вэ. Малчид, тариаланчдын зүгээс онцолж байгаагаар бол нийт нутгийн дийлэнх нь хуурай, гандуу байна гэх юм.

-Ерөнхий төлөв олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар хуртай харагдаж байна. Харин тавдугаар сарын тухайд нийт нутгийн 90 орчим хувьд нь хуурай байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад бага хур тунадас орлоо. Өнгөрсөн жил намар орой болтол хур тунадастай байсан. Тэр нөөц нь сая хэрэг боллоо. Цаашид нөхцөл байдал хүндэрч мэдэхээр байгаа юм. Гэхдээ зургадугаар сарын урьдчилсан төлөвөөр тариалангийн бүс нутгаар хур орохоор харагдаж байна. Үүнд найдаж байгаа. Энэ хаврын тухайд онцлоход нийт нутгийн 60 орчим хувь нь гандуу байлаа. Мэдээж үүний дийлэнх нь говийн аймгуудад хамааралтай. Яг одоогийн байдлаар бол ихэнх нутаг хуурайшилтын байдалтай байна.


-Нийт нутгийн дийлэнх нь хуурайшилттай байгааг та онцолж байна. Цаг уурын байгууллагаас хур тунадас оруулах тал ямар ажиллагаа явуулж байна вэ?

-Манайд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг сүүлийн 30 орчим жил явуулж байна. Энэ ажил Засгийн газрын тогтвортой хөтөлбөрт 2007 онд орсон байдаг. Өнөөдөр улсын хэмжээнд 46 ширхэг экспедиц ажиллаж байна. Цаг агаарт зориудаар нөлөөлөх энэ үйл ажиллагааг буруугаар ойлгодог хандлага манайд нийтлэг байдаг. Аливаа дусал цөмтэй байж үүсдэг.

Тэр цөмийг нь үүлэнд хүргэж байгаа л үйл явц юм. Манайх далай тэнгисээс хол, хуурай уур амьсгалтай орон. Дээрээс нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нөлөөтэй холбоотойгоор үүлний усархаг чанар илэрхий муудсан. Үүнтэй тэмцэх гол ажил нь цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа гэж харж байгаа. 1999-2000 оноос хойш Монгол орны газар нутгаар хуурайшилт идэвхжиж ирсэн. 2006 онд малчдын санаачилгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын суурь тавигдсан. Үр дүнд нь сүүлийн жилүүдэд боломжийн ургац хурааж байна. Засгийн газраас ч ач холбогдол өгч байгаа.

-Энэ жилийн тухайд цаг агаарт нөлөөлөх үйл ажиллагаа явуулав уу. Хаана ямар байршилд экспедиц ажиллуулав. Ямар үр дүн гарав?

-Тавдугаар сарын 5-наас эхэлж экспедицийн үйл ажиллагаа явууллаа. Одоогийн байдлаар 15 аймагт давхардсан тоогоор 28 экспедиц ажиллаж байна. Говийн аймгуудын тухайд процесс орж ирэхгүй юм. Орж ирсэн тохиолдолд хүчтэй салхилаад үүл нь тогтохгүй зэрэг бэрхшээл гарч байна. Гол төлөв Сэлэнгэ, Булган гээд тариалангийн бүс нутгуудад экспедиц ажиллаж, үүл буудсан. Саяхан л гэхэд Булганд ажиллуулахаар төлөвлөсөн ч хүчтэй салхилаад ажиллуулж чадсангүй.

-Энэ үйл ажиллагаанаас бодит үр дүн байна уу. Энэ ажил бага биш хэмжээний төсөв зарцуулдаг болохоор л тодруулж байна л даа. Та бүхэн үр дүнгийн судалгаа хийж байсан уу?

-Хуучин байгалийн үүл ирээд л бороо ороод өнгөрдөг байлаа. Бидний зүгээс явуулж байгаа үйл ажиллагаа бол тодорхой хэмжээнд орж байгаа тунадсыг нэмэгдүүлэх, орохгүй байгааг нь оруулахад чиглэж байна. Төв суурин газар болон говийн зарим сумдад жаахан үүл ирэхэд л салхилаад хөөгөөд явуулдаг. Ийм тохиолдолд бид албадлага хэрэглэж хур тунадас оруулж байгаа юм.

Бидний зүгээс 2016 онд ХХААЯ-тай хамтарч газар тариалангийн бүс нутагт үйл ажиллагаа явуулсан юм. Тэр жил хангалттай хэмжээний ургац хураасан. Гарсан үр дүнд судалгаа хийхэд орох хур тунадсыг 1 мм-ээр нэмэгдүүлэхэд 2 центр ургац нэмэгдсэн үр дүн гарсан. Үүнээс гадна бэлчээрийн ургамлын тухайд хамгийн багадаа л 4-5 мм хур тунадас унаж байж тодорхой хэмжээгээр өндөр нь нэмэгддэг. Үүнийг шинжлэх ухааны тооцооллоор гаргаж ирсэн.

-Экспедицийн үйл ажиллагаа явуулахад цаг уурын хүчин зүйл бэрхшээл учруулдаг юм байна.

-Тийм. Тодорхой хэмжээний бороо оруулдаг. Гэтэл тухайн бүс нутагт өдөртөө халаад шөндөө хасах хэм рүү орж сэрүүсэх тохиолдол бий. Энэ тохиолдолд шөнөдөө хайрагдана. Ингэхэд ургамлын өндөр нэмэгддэггүй. Мөн хур ороод байхад салхилаад байвал хэцүү. Таримал ургамлын үндсийг нь сунгачихдаг. Үрийн боловсруулалт явагдахад үндэс нь бага байвал авах ургацын хэмжээ багасна л гэсэн үг. Ийм бэрхшээлүүд бий. Мөн гайгүй ургац аваад хураах болоход зогсоо зайгүй бороо ордог хүндрэл бий. Нэг бол гэнэт цас ороод дарчихдаг. Энэ мэтийн хүндрэлүүд сүүлийн жилүүдэд түгээмэл гарч байна. Үүнд үндэслээд хэлэхэд газар тариалангийн технологио сайжруулах цаг ирсэн. Өөрийн орны хөрсөнд тохиромжтой ургамлуудыг богино хугацаанд ургуулах тал дээр анхаарах хэрэгтэй байна л даа. Уур амьсгалын өөрчлөлт газар тариалангийн салбараас технологийн шинэчлэлтийг шаардаж байна. Монгол орны уур амьсгалд тохирсон бордоог ашиглах нь чухал. Юм хөгжсөн шүү дээ. Тариалангийн салбарынхан маань хур хүлээгээд л суудаг, цасанд даруулаад л уруу царайлж суудаг цаг ард үлдсэн.

-Энэ жил цаг агаарт зориудаар нөлөөлөх пуужингийн нөөц ямар хэмжээнд байна вэ?

-Өнгөрсөн жилийн тухайд ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад пуужингуудаа авч чадаагүй. Бидний тухайд урд хөршөөс авдаг юм. Энэ жил авахаар Засгийн газар, Байгаль орчны яам зэрэг холбогдох газруудад хандсан байгаа. Оруулж ирэхэд тодорхой хэмжээний асуудал үүссэн. Энэ маань тэсэрч, дэлбэрэх бодисын ангилалд багтдаг нь нөлөөлсөн болов уу. Одоогоор тэдийд орж ирнэ гэсэн сураг гараагүй л байна. Энэ жилийн тухайд өнгөрсөн жилийн нөөцдөө тулгуурлаж хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа. Энэ нь бидний цаашдын үйл ажиллагааны үр дүнд тодорхой хэмжээнд нөлөөлөхөөр болчихоод байна л даа.

-Буудсан үүл бүрээс хур тунадас ороод байхгүй болов уу. Үүнд та бүхэн тандалт хэрхэн хийдэг вэ?

-Бид цаг уурын мэргэжлийн улс. Ямар хэмжээний процесс ирж байна вэ, ямар фронт явж байна, ямар үүл үүсэв, харвах ёстой мөн үү, биш үү гэх мэт зүйлсийг судална. Хамгийн гол нь гурваас тавдугаар сард их салхитай байдаг. Үүнтэй холбоотойгоор “Эд нар гарч ажилласангүй, үүлээ хөөгөөд явуулчихлаа” гэх зэргээр шүүмжлэх нь бий. Тийм зүйл байхгүй. Үүлэнд гурван грамм бодис очоод л тардаг. Уурыг өөртөө нэгтгэх дуслын цөмийг бий болгож байгаа юм. Усны дуслуудыг өөртөө нэгтгээд томорч эхэлнэ гэсэн үг л дээ. Ингэснээр доош унах хэмжээнд хүрнэ. Унагаж чадахгүй бол бороо орохгүйгээр салхинд хөөгдөөд л яваад өгнө. Энгийнээр тайлбарлахад ийм л үйл явц.

-Манай орны дээгүүр дамжин өнгөрч буй үүлний усархаг чанар ямар байна вэ?

-Уур амьсгалын дулаарлын өөрчлөлтөөс шалтгаалж багассаныг би дээр онцолсон. Тодорхой хэмжээний албадлага зайлшгүй шаардлагатай. Экспедиц ажиллахгүй л бол дамжин өнгөрөх үүлнээс хур авч чадалгүй өнгөрүүлэх эрсдэл бий блчихоод байна л даа. Ингэхдээ бид хамгийн хямд технологи ашигладаг. Хүн барьж очоод л ажиллуулдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn

Морины уралдаан болоход л бандгар, бандгар жийпнүүд хэдэн арваараа дагадаг жишиг манайд тогтоод удаж байна. Хэдхэн морины давхил болох төдийд л хар теньтэй жийпнүүд дагаж давхиад эрүүл хөрсийг сүйтгэж байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлддэг болж. Ийм гажиг жил бүрийн өдийд орон нутагт хурцадмал хэлбэрээр илрэх юм. Хамгийн ноцтой нь морь, машин холилдож давхиад улаан тоос татаад ирэхэд унаач хүүхдийн эрүүл мэнд үндсэндээ хутганы ирэн дээр ирж байна л даа. Тэнд ч унаач хүүхэд мориноос унаж бэртлээ, энд ч унаж нас барлаа гэх мэдээ зогсолтгүй хөврөх болж. Дийлэнх нь л хөдөө орон нутагт овоо тахилгын наадмын үеэр тохиосон байх. Мөрөөр нь холбогдоод сурахад морины уралдааныг машин дагаснаас л боллоо гэж нулимс унагаж байх юм. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудын анхаарлын төвд орж морины уралдааныг хориглох талаар ч шат шатны байгууллагууд хэлэлцээд эхэлж.

Хүүхдийн эрхийг хамгаалагч гэх хэн бүхэн л монгол наадам, тэр дундаа морины уралдаантай дайсагнах болж. Үндсэндээ хориглоход тун ойрхон байна. Одоо морь дагаж давхилддаг бандгар жийптэй нөхдүүдийн хүний мөсгүй, хар амиа хичээсэн үйлдлийг хуулиар хатуу хориглох цаг ирээд байна. Эс бөгөөс монгол наадмын чимэг морины уралдаан хоригдох нь. Мод хулгайлахдаа ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгодог шиг морины уралдаан дагаж хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулсан том жийпнүүдийг журамлаж улсын орлого болгох талаар Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд суулгаж өгье. Хөлс хөдөлмөрөө зарцуулж авсан төмөр хүлгээ морины уралдаан дагах төдийд ашиглаж хураалгах хүн бараг байхгүй болов уу. Үүнийг л хуульчлаад өгчихвөл хүүхдүүд эрүүл саруул наадах гээд байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Балжинням: Баяр наадмын тухай хуульд жар орчим бөхийн цолыг нөхөж олгохоор тусгасан DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбоо, “SPS HD” телевиз хамтран энэ цагт ид сайн барилдаж байгаа бөхчүүдийн дунд “Үндэсний цомын төлөөх багийн барилдаан”-ыг зохион байгуулахаар болжээ. Тус барилдаанд 21 аймаг, есөн дүүргийн баг оролцох талаар МҮБХ-ноос мэдээлж, хэвлэлийн хурал хийлээ.


– Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэнгээсэн талаар ямар нэгэннэгэн албан бичиг хүлээж аваагүй байна –


Барилдаанд оролцох нэг баг таван гишүүнтэй байх бөгөөд сэлгээний нэг тамирчин оролцох боломжтой аж. Барилдааны шагналын сан 650 сая төгрөг байх юм. Энэ төсөл 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сар хүртэл нийт есөн сарын хугацаанд үргэлжлэх гэнэ. Энэ хугацаанд багийн 52 барилдааныг зохион байгуулж, үндэсний цомын аварга багийг тодруулна. Түрүү баг 200 сая төгрөгийн шагнал гардах юм байна.


МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжиннямтай энэ талаар болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Тантай уулзсаных асууж тодруулах хэд хэдэн зүйл байна. Допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилийн хугацаагаар хасах шийдвэрийг МҮБХ-ноос өнгөрсөн өвөл гаргасан. Гэтэл Үндэсний спортын арбитр гэх байгууллагаас танай шийдвэрийг цуцалжээ. Юу болоод байна вэ?

-Э.Оюунболдын тухайд

өнгөрсөн зун болсон МЗХ-ны 100 жилийн ойд зориулсан барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад зөрчил гаргасан нь тогтоогдсон. Энэ нь хоёр дахь удаагийн тохиолдол. Уг зөрчилд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж барилдах эрхийг нь найман жилийн хугацаанд хасах шийдвэр гаргасан юм.

Өнөөдрийн байдлаар дээрх шийдвэрийг цуцалсан талаарх ямар нэгэн албан бичиг МҮБХ-нд ирээгүй байна. Ямар нэг бичиг ирвэл бид хуралдаад тодорхой шийдвэр гаргах болов уу.

-Үндэсний спортын арбитраас гаргасан шийдвэрийг танайх хэрхэн хүлээж авсан бэ. Допингийн зөрчлийн шийтгэлийг үгүйсгэдэг субьект нь Үндэсний спортын арбитр мөн үү?

-Хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тус байгууллагын зүгээс эхлээд шийдвэрээ танилцуулахыг нь хүлээж байна. Улсын

Ямар үндэслэлээр допингийн зөрчлийн шийдвэрийг цуцалсныг нь эхлээд сонсъё.

Энэ өдрүүдэд Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төсөлд үндэсний бөхөд тулгамдаад буй допингийн асуудлыг цэгцлэх чухал заалтууд суусан байгаа. Нарийвчилж тодорхой заасан. Энэ хуулийн төсөл батлагдахад допингийн зөрчил гаргасан тамирчинд олон улсын жишгийн дагуу WADA-ын дүрмийн хүрээнд хариуцлага тооцож шийдвэрлээд явна. Ингэснээр Баяр наадам зохион байгуулах комисс, МҮБХ-оо допингтой холбоотой хэрүүл маргаанд оролцож, шүүхийн байгууллагаар явдаг асуудал үндсэндээ цэгцэрнэ. Хууль зургадугаар сард багтаад батлагдчих болов уу. Наадмаас хойш допингтой холбоотой шүүхийн маргаан гарахгүй. Допингийн зөрчил гаргасан тамирчинд тооцох эрх зүйн орчин илүү боловсронгуй болно. WADA-ын дүрмийн хүрээнд допингийн зөрчил гаргасан тамирчин ямар хариуцлага хүлээх юм, яг тэр хариуцлагыг л тооцоод явна гэсэн үг.

-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дөрөв давсан бөхийг допингийн шинжилгээнд хамруулах заалт суусан байв уу. Допингийн шинжилгээг өндөр зардал гаргаж хийдэг шүү дээ. Илүү зардал юм биш үү. Ямар үндэслэлээр ийм заалт суулгасан юм бэ?

-Улсын баяр наадамд тав давсан бөхөөс допинг илэрвэл дөрвийн даваанд тухайн бөхөд өвдөг шороодсон тамирчинд цол чимгийг нь нөхөж олгодог. Дөрөв даваад допингийн шинжилгээнд хамрагдаагүй бөх улсын цол авах цоорхой энд харагдаж байгаа биз. Үүнийг цэгцлэхийн тулд л Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад дээрх саналыг суулгаж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, допинг хэрэглэсэн бөх улсын цол авах боломжийг нь хязгаарласан гэж ойлгож болно.

-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой өөр нэг асуудал нь хэд хэдэн бөхчүүдэд цол чимгийг нь нөхөж олгох тухай яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор бөхийн цол үнэ цэнэгүй болох нь гэх шүүмжлэл нийгэмд ид өрнөж байна. Үндэсний бөхийн цолыг дүйцүүлж авах нь хэр зохимжтой юм бэ?

-Эхлээд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энд үндэсний бөхийн цолыг хавтгайруулж олгож байгаа асуудал биш. Хэлмэгдүүлэлтийн хар шуурга бөхчүүдийг ч тойроогүй юм шүү дээ. Тухайн цаг үедээ амжилт үзүүлсэн бөхчүүдэд цол чимгийг нь нөхөж олгож байгаа л асуудал. 1930-аад он буюу хэлмэгдүүлэлтийн үед амжилтаа үнэлүүлж чадаагүй үлдсэн олон бөх бий. Тухайн бөхчүүдэд л нөхөж цол олгох асуудлыг Баяр наадмын тухай хуулийн төсөлд суулгасан. Цол үнэгүйдэх асуудал огт биш.

Үндэсний бөхөд гарьд, харцага гэх цол шинээр сүүлд орж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Дээр үед улсын наадамд найм давсан ч гарьд цолоо аваагүй, зургаа давсан ч харцага цолоо аваагүй жишээ байдаг. Тэд хэдийгээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч үр хүүхдүүд нь өнөөдөр амьд сэрүүн явж байна. Би энд жишээ татаад ярья л даа. 1924 оны улсын баяр наадамд 10 давсан Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат С.Шагдар гэж хүн улсын арслан цолтой. Энэ хүнд аварга цолыг нь яагаад нөхөж олгож болохгүй вэ. Мөн 1929 онд 10 давж түрүүлсэн, 1928 онд найм давж үзүүрлэсэн Архангайн Өлзийт сумын О.Аюур гэж бөх улсын арслан цолтой. Энэ хүнд улсын аварга цол нөхөж олголоо гээд бөхийн цол үнэгүйдэх үү. Гээд асуудлуудыг эргэцүүлэх хэрэгтэй. Энд ганц, нэгхэн жишээг л онцоллоо. Энэ мэтээр гаргасан амжилтаа цаг тухайд нь үнэлүүлээгүй жишээ олон байдаг.

-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд нийт хэдэн бөхийн цол нөхөж олгохоор тусгагдсан юм бэ?

-60 орчим бөхийн цолыг нөхөж олгохоор тусгасан байгаа. Гэхдээ дээр дурдсан амжилтаа цаг тухайд нь үнэлүүлээгүй бөхчүүдтэй холбоотой асуудал юм шүү.

-Таны тухайд улсын даян аварга цол авах болж байх шиг. Үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Болзлыг нь биелүүлсэн бөхчүүдэд цол чимэг нөхөж олгох нь зөв гэсэн л байр суурьтай байна.

-Өнгөрсөн жил баяр наадам тэмдэглээгүй өнжсөн. Сүүлд наймдугаар сард 512 бөхийн барилдааныг Хүй долоон худагт зохион байгуулсан. Энэ барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд улсын цол нөхөж олгох тухай яригдаж байна л даа. Энэ асуудалд бөхийн хүрээнийхэн янз бүрийн л байр суурийг илэрхийлж байна. Таны тухайд?

-МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж Хүй долоон худагт болсон барилдаанд цол олгох эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Ингээд Баяр наадмын тухай хуульд санал оруулсан байгаа. Тухайн барилдаанд амжилт үзүүлж шөвгөрсөн бөхчүүдэд цол олгохыг дэмжих эсэх нь Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрхэн батлахаас л шалтгаална. Бид зөвхөн санал л өгсөн. Түүнээс цол олгох, олгохгүйг МҮБХ шийдэхгүй.

Э.Оюунболдын өмгөөлөгч Ч.Даваасүрэн: Э.Оюунболдоостайлбар авалгүй эрхийг нь шуудхассан

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэн асуудалд бөхчүүд, бөхийн хүрээнийхэн өөр хүрээнийхэн өөр хоорондоо харилцан адилгүй тайлбар хэлж байна. Яг одоогоор түүнийг ирэх зуны наадмаар барилдуулах эсэх нь тодорхой бус байгаа юм. Бид Э.Оюунболдын өмгөөлөгч Ч.Даваасүрэнгээс ямар үндэслэлээр түүний барилдах эрхийг сэргээсэн талаар тодруулга авсан юм.

-Допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэн асуудалд хүмүүс янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Түүний эрхийг ямар үндэслэлээр сэргээсэн юм бэ?

-Энэ асуудлыг ярихын тулд эхлээд допингийн эрх зүйн зохицуулалтын талаар ярих нь зөв байх. Допингийн эсрэг дүрмийн зөрчил буюу допинг хэрэглэсэн гэх хэргийг Дэлхийн допингийн эсрэг дүрэм гэх цогц бичиг баримтаар зохицуулдаг. Энэ дүрэмд допингийн эсрэг зөрчил гэж юу болох, шинжилгээг хэрхэн авах, өгөх, хэрэв зөрчил илэрсэн бол ямар шийтгэл оноох, допинг хэрэглэсэн тамирчин ямар үүрэг хүлээх, түүнчлэн ямар эрх эдлэх гэх мэт бүх зохицуулалтыг багтаасан байдаг. Үүнийг спортын ертөнцийн Үндсэн хууль нь гэж ойлгож болно. Манайх олимпийн хөдөлгөөний гишүүн болохын хувьд хуулиараа энэ дүрмийг дагаж мөрдөх, улсдаа хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

-Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг ямар үндэслэлээр сэргээсэн нь анхаарал татаж байна л даа.

-Допингийн зөрчил гаргасан тамирчин гэм буруутай ч учир шалтгаанаа тайлбарлах, нотлох баримт гаргаж өгөх, сонсгох ажиллагаанд оролцох, хэргээ шударгаар шүүлгэх, тамирчин болон иргэний үндсэн эрхээ эдлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, чиний биеэс допинг илэрвэл “Яагаад илрээд байна вэ” гэдэг талаар тайлбар мэдүүлэг өгөх ёстой. Тайлбар мэдээллийнхээ нотлох баримтаа гаргаж өгнө. Нотлох баримтад тулгуурлаж МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүд дүн шинжилгээ хийнэ. Сүүлд нь эрх хасах асуудал яригдах ёстой. Өөрийг нь оролцуулж тайлбарыг нь сонсох ёстой. Э.Оюунболдын жишээнд ийм үйл явц болоогүй. МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралдаад л шууд эрхийг нь хасчихсан.

-МҮБХ-ны зүгээс допингийн шинжилгээ авахдаа Дэлхийн допингийн эсрэг дүрмийг баримтлаагүй гэж хэлж байна уу, та?

-Баримталсан. Энэ дүрмийн хүрээнд шинжилгээгээ авчихаад хариуцлага тооцохдоо дүрмийн заалтыг баримтлаагүй. МҮБХ-ны зүгээс хариуцлага тооцсон үндэслэлээ тайлбарлахдаа Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3 гэсэн заалтыг баримталсан гэж хэлдэг. Энэ заалтад эхлээд хэрэглэвэл дөрвөн жил, давтан бол найман жил барилдах эрхийг нь хасах талаар заасан байгаа юм. Энэ нь Дэлхийн допингийн эсрэг байгууллагын дүрэмд нийцэхгүй байна гэж манай зүгээс үзэж байгаа. Хоёрдугаарт, оролцоог хангуулах ёстой байсан. Биенээс нь илэрсэн бодис яагаад биед орсон тухай тамирчнаас өөрөөс нь тодруулах ёстой байсан юм. Энэ эрхээр хангаагүй.

-Одоогоор МҮБХ-ны зүгээс Э.Оюунболдыг барилдуулахгүй гэх байр суурийг илэрхийлж байна л даа. Яах вэ?

-Арбитрын шийдвэр эцсийнх. Олон улсын допингийн эсрэг дүрэмд ч спорт холбоод арбитрын шийдвэрийг гүйцэтгэх талаар тусгасан байдаг” гэх байр суурийг илэрхийлж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гүнбилэг: УИХ-ын гишүүдийн тооноос үл хамааран ажиллах тийм улс төрийн намын санхүүжилтийн тогтолцоог ердийн хуулиар эхлээд хий DNN.mn

Хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орж байлаа. Өнөөдөр дахин оруулахаар яригдаж байна л даа. Тодруулбал, сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор. Үндсэн хуульд ойр ойрхон нэмэлт өөрчлөлт ороод байгаа энэ үйл явцыг та хэрхэн харж байна вэ?

-2019 онд өөрчлөлт оруулахад зарим зүйл заалт дээр нь нийгмийн сэтгэл зүй бэлэн биш байсан. Жишээ нь, 76 гишүүний тоог нэмэх асуудлыг огт дэмждэггүй байлаа. “76 авлигачид, хулгайч нарынхаа тоог нэмэх нь” гэх байдлаар хүлээж авч байсан. УИХ-ын гишүүн агсан М.Батчимэг, хуульч О.Мөнхсайхан нарын хийсэн судалгаанаас манайх шиг хүн амтай улс 120 гишүүнтэй байж болно гэсэн үр дүн харагддаг. Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд улс төрийн намууд ч 120 гишүүнтэй байх нь зөв, сонгуулиа холимог тогтолцоогоор хийе гэдэг дээр санал нэгдэж байх шиг байна.Нөгөө талд хоёр танхимтай байна гэх асуудлыг хүмүүс хэлж байгаа. Хуучин бол 430 депутаттай Ардын их хурал байгуулдаг байлаа.

Ардын их хурлаасаа 50 гишүүнтэй Улсын бага хурлыг байгуулдаг байсан. Үүнийг зөв гэх хандлага байдаг. Холимог тогтолцоогоор сонгогдсон олон гишүүнтэй нэг танхимтай байх юм уу, жижиг мажоратораар сонгогдсон хоёр парламенттай явах нь зөв юм уу. Яаж үнэлэх юм гэдэг асуудал бий. Миний үзэж байгаагаар хоёр парламенттай танхим байж болно. Гэхдээ энэ нь эрсдэлтэй.

-Хоёр парламенттай болбол ямар эрсдэл гарч болох вэ?

-76 гишүүнээ хянаж чадахгүй байна шүү дээ. 76 гишүүн үндсэндээ мөнгөний зодоон дундаас л гарч ирж байна. Сая гэхэд л сонгуулийн өмнө эд хөрөнгө тараасан жишээ бий. Мотоцикл, мешок, дуран, шатахууны карт зэргийг айл бүрд тараасан хүн л сонгогдоод гараад ирсэн. Ийм хүмүүс 430 депутат сонгох жижигчилсэн мажоратораар өрсөлдвөл нэг сумыг хөнгөхөн залгих эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, сонгогчдын сэтгэл зүй мөнгө тараахад илүү дуртай байна л даа. Ийм нөхцөлд 430 мөнгөтэй нөхдүүд нэг нэг сумыг худалдаад авчих боломжтой. Жижигсэх тусмаа мөнгөний сонгууль болох эрсдэлтэй л гэсэн үг. Мөнгө цацаж хууль тогтоох дээд байгууллагад гарсан хүмүүс Үндсэн хуулиар баталгаажсан улсын аюулгүй байдлын төлөө, эдийн засгийн зөв зарчим баримталж ажиллах уу гэдэг нь эргэлзээтэй. 76 хулгайч гэж харааж байгаа бол 430 хулгайч гээд зогсож байх ойрхон. Бүлэг фракцаараа хуваагдаад л ашиг сонирхлын төлөө нэгдээд явчихна. Ийм эрсдэл байна.

-Сонгууль зөв явдаг байх ёстой гэх байр суурийг та илэрхийлдэг шүү дээ. Тодруулбал, намын санхүүжилт ил тод байх ёстой гэх асуудлыг онцолдог.

-Сонгуульд өрсөлдөж буй улс төрийн намын санхүүжилт нь ил тод, сурталчилгаа нь зөв явдаг байх хэрэгтэй. Дан далд мөнгөний сонгууль, сонгогчдын зарим хэсэг нь юу өгөх бол гээд сууж байдаг болсон. Яаж сонгуулийг бага зардалтай хийх вэ. Яаж бие даагч нэртэй, хэн ч танихгүй хүмүүс, хэн нэгэн мөнгөтэй хүнд үйлчилж байгааг зогсоох вэ, гэх мэтийг түрүүлж бодох хэрэгтэй байна. Нэг сэтгүүл дээр бүх нэр дэвшигчдийн материал, мөрийн хөтөлбөрийг нэг стандартаар тараадаг, хямд өртгөөр сонгууль хийдэг байж болно шүү дээ. Ийм зүйлсийг хийхгүйгээр УИХ-ын гишүүдийн тоог 120 болгоод үр дүн гарах уу, үгүй юү гэдэг өөрөө асуудал.

-Нэр бүхий УИХ-ын гишүүдийн зүгээс санаачилж Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоотой холбоотой хэлэлцүүлэг хийсэн. Үндсэн хуульдаа гар хүрч байж л улс төрийн намын санхүүжилтийн тухай асуудлын зохицуулалтыг хийнэ гэх зүйлийг энэ ярьж байна л даа. Энэ асуудалд таны байр суурийг сонсъё.

-Үндсэн хуульд гар хүрэхийн өмнө юу болохгүй байна вэ гэдгээ зөв оношлох хэрэгтэй. Ердийн хуулиа хэрэгжүүлэхгүй байна шүү дээ. Улс төрийн намын санхүүжилтийг тойрсон янз бүрийн асуудал гарна. Улс төрийн сонгуульд оролцож байгаа намын генсекүүд нь бараг гэмт хэрэгтний түвшинд оччихлоо. Санхүүжилтээ хэрхэн яаж зарцуулж байгаа нь худал, ил биш. Шуудхан хэлэхэд, ил цагаандаа гарсан байгаа, ухуулагчид нь архи барьж гүйнэ. Сонгогчдыг ийш нь тийш авч явна. Нөгөө талд сонгогчид ийм жишээнд дасчихаж. Хувь сонгогч “Би төр барьж байна” гэдгээ тоохоо больж л дээ. Ийм жишгээр сонгууль явдаг бол УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөөд ахиц гарахгүй. 76 байна уу, 120 байна уу, 430 байна уу үндсэндээ ялгаа байхгүй. УИХ-ын гишүүдийн тоог 120 болгохыг дэмжиж байгаа. Гэхдээ ердийн хууль дээрээ л сонгуулийг хэрхэн зөв явуулах тухай зохицуулалтаа сайн хийх хэрэгтэй. Үгүй бол эцсийн бүлэгтээ Үндсэн хууль буруутай юм шиг байнга өөрчилдөг, тогтворгүй байдал руу орно. 120 гишүүнтэй нэг танхим боллоо, энэ ерөөсөө бүтэхгүй юм байна. Одоо хоёр танхимаар тоглож үзье, Үндсэн хууль болохгүй байна гээд эхэлнэ.

Ер нь Ардын их, бага хуралтай хоёр танхимтай байх нь зөв гэж мэтгэж болно. Нэг танхимтай 120 гишүүнтэй байх нь илүү гэж мэтгэж болно. Энэ бүхэн аль ч зөв байж болно. Гол нь хэрэгжүүлэхдээ асуудал байгаа. Тогтолцооны шинэтгэл гэхээс өмнө ердийн хуулиудыг хэрэгжүүлдэг байх ёстой. Ердийн хуулиудаа хэрэгжүүлээгүй байж Үндсэн хууль буруутай байж таарахгүй.

-Хоёр парламенттай болъё гэвэл ард нийтийн санал суулга явуулж таарах уу?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ардын их хурал, бага хурал гэсэн парламенттай болъё гэвэл одоогийн хүчин төгөлдөр байгаа эрх зүйн зохицуулалтаар ард нийтийн санал асуулга явуулахаас өөр арга байхгүй. Харин УИХ-ын 76 гишүүний тоог нэмж 120 болгоё гэвэл арай хялбар аргаар хийж болно. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын их хуралд хадгална” гэдэг өгүүлбэрийг өөрчлөхгүйгээр 21 дүгээр зүйлийн 1-д байгаа “УИХ нэг танхимтай 76 гишүүнтэй” гэсэн заалтыг л “Нэг танхимтай 120 гишүүнтэй” гэж өөрчлөөд явж болох асуудал.

-Сонгуулийн холимог тогтолцоог хийхийн тулд Үндсэн хуульдаа гар хүрэх ёстой гэж үзэх хүмүүс байх юм.

-2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр холимог тогтолцоотой байх уу, пропорционал байх уу, мажоратор байх уу гэдгээ УИХ өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдээд явах боломжтой гэж оруулсан. Тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульдаа гар хүрэх ёстой гэж ойлгох нь өрөөсгөл.

Энд нэг зүйлийг онцлоход, 76 гишүүн цөөхөн байна гэдгийн сөрөг тал нь Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол ард түмний илч мөн бөгөөд нийт иргэд, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасантай холбогдоно. Гэтэл одоо өөрийнхөө сонгогдсон тойрог руу төсөв татах уралдаан болдог болжээ.

мажоратораар сонгогдсон учраас үүнээс өөрөөр байж чадахгүй байна гэж тайлбарлах гишүүн ч байх юм. Энэ үйлдлээрээ өөрсдөө хуулиа зөрчиж байдгаа хүлээн зөвшөөрч байгаа л асуудал. 76 байгаад ард түмний өмнө ард түмний элчүүд улсын ашиг сонирхлоо баримтлаад явж чадахгүй байгаа бол 120 болоод, маш сайн парламент болж чадах уу? Харамсалтай нь хувь хүний хүчин зүйл, хажуугаар нь улс төрийн намын санхүүжилт, хэт намчирхах тогтолцоо, сонгогчийн боловсрол, дахин сонгогдох дон зэрэг хүчин зүйлс нийлээд мажоратораар явбал бүх ард түмний элч байх боломжгүй гэж нийгмээрээ хүлээн зөвшөөрч байх шиг байна. Тэрийг нь пропорционал тогтолцоог оруулж ирснээрээ даван туулна гэсэн найдлагатайгаар улс төрийн хүчнүүд яриад байх шиг. Тэгэхээр улс төрийн намын санхүүжилтийн асуудлаа эхлээд ярь. УИХ 120 гишүүн байна уу, 76 байна уу, тооноос үл хамааран ажиллах тийм улс төрийн намын санхүүжилтийн тогтолцоог ердийн хуулиар эхлээд хий. Тэрнээс биш Үндсэн хуульдаа гар хүрчихээд дараа нь хуулиа гоё болгоно гэвэл 120 гишүүнтэй бол яаж санхүүжилтээ намуудад ашигтайгаар хийх вэ гэдэг арга залиа бодож хуулиа батлах болно.

-Та Булганд нэр дэвшсэнээс хойш хэвлэл мэдээллээс хол байлаа. Одоо та юу хийж байна вэ?

-МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байна. Үндсэн ажил маань шүү дээ. Хажуугаар нь ном бүтээл, судалгааны ажлууд хийж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn

Малын түүхий эд, арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Дээрх шийдвэртэй холбоотойгоор “Эмээлт” захын хашаанууд арьс, ширэнд битүү хучигджээ. Мах бэлтгэн нийлүүлэгчдийн онцолж байгаагаар бол хонины нэхий шиг хэрэггүй эд Эмээлт захад алга болсон гэнэ. “Эмээлт” зах дээрх нөхцөл байдлыг сурвалжиллаа.

Их үдийн алдад хүрч очиход портертой малчид хонь зарахаар цуглажээ. Амьд хонь 190-300 мянган төгрөгийн ханштай зарагдаж байна. Иргэдийн худалдаж авсан хонийг газар дээр нь янзлаад хаа, гуяар нь салгаад өгөх аж.

Зарим нь бүтнээр нь хуйхлуудаад үүрээд гарч байгаа харагдлаа. Нэг хонийг 40.000 төгрөгөөр хуйхалдаг аж. Толгой, шийрийг нь хүртэл цэвэрхэн хуйхлаад торонд боогоод өгөх юм. Үндсэндээ нэг дороос цогт үйлчилгээ үзүүлж байна.


Мах бэлтгэн нийлүүлэгч Б.Дуламсүрэн: Хонины нэхий шиг хэрэггүй зүйл энд алга


Мах бэлтгэн нийлүүлэгч Б.Дуламсүрэнтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Иргэдийн худалдан авах чадвар ямар байна вэ?

-Дулааны улиралд иргэд амьд мал авах дуртай байдаг юм. Тэр дундаа хонь илүү авдаг. Өөрийн нүдээр харж, шилж сонгоод авна. Хонийг нь ажиллаад махыг нь гүйцэд эвдээд хөргөгчиндөө шууд хийхэд л бэлэн болгоод өгдөг учраас иргэд эндээс авах илүү дуртай байдаг. Сүүлийн өдрүүдэд хүний хөл тасрахгүй л эргэлдэж байна. Иргэдийн худалдан авах чадвар нь ч боломжийн байна. Өдөрт хамгийн багаар бодоход л нэг лангуунаас дөрвөөс таван хонь гардаг. Өнөөдөр л гэхэд өглөөнөөс хойш гурван хонь зарлаа. Өнгөрсөн хавар олон аймгуудад шүлхий өвчин гарсан. Үүнтэй холбоотойгоор зарим аймгуудаас мал орж ирэхгүй байсан юм. Хориг нь өчигдрөөс (Тавдугаар сарын 15) хэвийн болж байх шиг байна.

-Адуу, үхрийн мах энд харагдахгүй юм. Орж ирээгүй байна уу?

-Одоогоор орж ирээгүй байна. Тарга тэвээрэг гүйцэд авч амжаагүй үед малчид бод малаа оруулж ирдэггүй л дээ. Зургадугаар сар цухуйж, наадам дөхөөд ирэхээр бойны газруудаар адуу, үхэр орж ирдэг. Өнөөдрийн байдлаар энд цөөхөн газар л бой хийж байна. Эндээс “Дэнжийн мянга” гэх мэт захуудад нийлүүлдэг.

-“Эмээлт захын хашаагаар арьс шир дүүрэн байх юм. Их л үнэгүйдэж дээ.

-Өнөөдөр энд хонины арьс шиг хэрэггүй зүйл алга. Хураалттай хонины нэхий эхнээсээ муудаад өмхий үнэртэж байгаа биз. Дан ганц хонь ч биш үхэр, адууны шир ч үнэгүйдсэн. 2018 оны аравдугаар сард малын арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглох шийдвэр Засгийн газраас гарсан юм. Дотооддоо боловсруулж чадахгүй байж ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасныг нь ойлгохгүй юм. Өмнө нь хятадууд эндээс шууд л аваад урагш нь гаргадаг байлаа. Үхрийн шир 35-40 мянган төгрөгийн ханштай байсан шүү дээ. Адууных ч тийм л ханштай байлаа. Хонины нэхий л гэхэд 20-25 мянган төгрөг байсан. Гэтэл өнөөдөр хэнд ч хэрэггүй зүйл болчихлоо. Уул нь тодорхой хэмжээний хөрөнгө зах зээл рүү татдаг зүйл нь үхэр, адууны шир байсан юм. Өнөөдөр хэнд ч хэрэггүй болсон. Ийм шийдвэрээ төрийн зүгээс эргэж харах болов уу гэж найдаж байна гэв.

Мах бэлтгэн нийлүүлэгчдийн зүгээс арьс шир угааж, боловсруулах үйлдвэргүй мөртлөө боловсруулж гаргана гэх Засгийн газрын шийдвэрийг эрс эсэргүүцсэн байр суурийг илэрхийллээ. “Эмээлт” зах дахь түүхий эд ханган нийлүүлэгчид сүүлийн гурван жилийн хугацаанд авсан адуу, үхрийн ширээ урагш нь гаргаж чадахгүйд хүрсэн аж. Өмнө нь адууны арьсыг угаахгүйгээр шууд хилээр гаргадаг байсан гэнэ. Бусдыг нь тодорхой хэмжээнд угааж, цэвэрлээд гаргадаг байжээ. Мах бэлтгэн нийлүүлэгчид нэг удаагийн тээвэрлэлтээр ч хамаагүй арьс, ширийг урагш нь гаргах сонирхолтой байгаагаа дуулгалаа. “Дархан минж”, “Дархан нэхий” зэрэг томоохон үйлдвэрүүд үхрийн ширийг дотооддоо боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч их хэмжээгээр боловсруулах боломж хомс учраас шир үнэгүйдэж байгааг ченжүүд хэлж байгаа юм.


Л.Төмөртогоо: Ченж гэхцөөхөн шуналтай хүмүүс ноолуур үнэгүйдүүллээ


“Эмээлт” захад үнэгүйдээд буй өөр нэг түүхий эд бол ноолуур. Биднийг очих үеэр малчин Л.Төмөртогоо ноолуураа тушаахаар Дундговь аймгаас ирээд байсан юм. Түүнтэй ярилцлаа.


-Та хэдэн кг ноолууртай ирэв?

-200 орчим кг ноолууртай ирлээ.

-Дундговьд ноолуур ямар ханштай байна вэ?

-Манай аймагт ноолуур авч байгаа хүн бараг алга. Цөөхөн хүн л байна. Намайг гарахад кг ноолуур 60 мянган төгрөгийн ханштай байсан. Уул нь сарын өмнө нь 150 мянган төгрөгийн ханштай байсан шүү дээ. Гэтэл ноолуурын ченжүүд “Хил хаалттай, урагш нь гаргахгүй байна” гэх шалтгаан хэлээд үнэ нь огцом уналаа. Өнөөдөр ченжүүдтэй уулзаж үнэ судлахад 70-90 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Малчдын орлогын гол үүсвэр нь ноолуур байдаг. Гэтэл хил хаалттай гэх шалтгаанаар ингэж үнэгүйдэж байгаад нь харамсах юм. Шуудхан хэлэхэд, ченж гэх шуналтай хүмүүс л ноолуурын ханшийг тодорхойлоод байх шиг. Ердөө сарын өмнө л 150 мянган төгрөгийн ханштай байсан шүү дээ. Ийм богино хугацаанд ингэж огцом унана гэдэг боломжгүй санагдах юм. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд ингэж огцом унаж байсан удаа байхгүй шүү дээ. Ноолуур гарч эхлэхэд хил хаалттай л байсан биз дээ.

-Ажил болгож ачиж ирсэн ноолуураа та яахаар төлөвлөж байна?

-Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу л байна. Дундговиос гарахад “Эмээлт” захад ноолуур 100 мянган төгрөгийн ханштай байгаа мэдээ дуулсан юм. Ирээд уулзтал янз бүрийн шалтгаан хэлээд 70 мянгаас хэтрэхгүй гэх ухааны юм яриад зогсож байх юм. Ноолуурын борлуулалтын асуудалд төрийн зохицуулалт хэрэгтэй байна. Ченж нарын ярьж байгаагаар бол ноолуурын үнэ цаашид ч унана гэнэ. Ингээд 50 мянган төгрөг болох гэнэ.

-Төрийн зүгээс ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ?

-Малчид ноолуураа шууд үйлдвэрүүдэд нийлүүлж яагаад болохгүй гэж. Ченж гэх шуналтай хүмүүсийн гараар орох ямар шаардлага байна вэ. Төрийн зүгээс ийм зохицуулалтыг амархан л хийж болмоор санагдах юм. Өнгөрсөн жил компаниуд шууд малчдын гараас авч байсан. Тухайн үед ноолуур ингэж үнэгүйдээгүй шүү дээ. гэв.


Ноолуурын ченж: Хил хаалттай үед ноолуураа борлуулахболомж хомс байна


Харин ноолуурын ченжүүдийн зүгээс дараахь байр суурийг илэрхийлж байна.


-Ноолуурын ханш огцом унажээ. Үүнд юу нөлөөлөв?

-Хил хаалттай, урагш нь гаргаж чадахгүй байна шүү дээ. Бидний зүгээс өнгөрсөн сард авсан ноолуураа ч борлуулж амжаагүй байна. Экспорт нээгдлээ л бол эрэлт нэмэгдэнэ. Одоогоор бол урагш нь гаргах боломж алга. Түнш улсуудтайгаа холбогдоход урд ковидын нөхцөл байдал амар биш байгаа талаар хэлж байна.

-Цаашид ноолуурын ханш яах төлөвтэй байна вэ?

-Энэ хэвээр хил хаалттай байвал бүр л унах нь ойлгомжтой. Малчид ч ноолуур ийм хямд үед оруулж ирэхгүй байна. Ноолуурын үнэ дахиад ч унана. Удахгүй 50 мянга болох байх. Төрийн зүгээс удахгүй хил гаалийн асуудлаа шийдэх байлгүй дээ л гэх хүлээлттэй сууж байна” хэмээв.

“Эмээлт” захын нэг өдрийн үйл ажиллагааг сурвалжлахад товчхондоо ийм байна. Арьс шир боловсруулах үйлдвэргүй хэрнээ адууны ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон төрийн шийдвэрийг эсэргүүцсэн мах бэлтгэн нийлүүлэгчид өмхийрсэн арьс ширээ урагш гаргахын хүслэн болж сууцгаасаар.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ганц хормын уураа тэвчье DNN.mn

Хийж бүтээх насан дээрээ залуус гэмт хэрэг үйлдэж, эрх чөлөөгөө хасуулдаг жишээ бий. Тэр тусмаа залуус хүн амины хэрэг үйлдэж, олон жилийн хорих ялаар шийтгүүлж буй байдал жил ирэх тусам өсч байгаа нь дэндүү харамсалтай. Тэдний ноцтой хэрэг үйлдсэн шалтгаан нь ердөө л хэдхэн минутын дүрэлзсэн уур, омог, хийж байгаа үйлдлээ хянаж чадаагүйгээс үүджээ.

Залуус найз нөхөдтэйгөө нийлж архи, согтууруулах ундаа хэрэглэн, баар цэнгээний газар ордог. Ингэхдээ хэн нэгэнтэй ялихгүй зүйлээс болж маргалдаж хоорондоо гар зөрүүлдэг. Ямар ч зодоон ердөө 3-5 минутын хооронд л болж өнгөрдгийг мэргэжлийнхэн тогтоожээ. Гуравхан минутын уур хилэнгээ барьж дийлээгүйгээс хүн амины хэрэгтэн болж, амьдралдаа хэзээ ч арилшгүй хар толботой болж үлдэх нь их. Гэмт хэрэгтэн болж эрх чөлөөгөө хасуулсан залуусын олонх нь “Талийгаач намайг янз бүрээр хэлж, доромжилсон. Үүнээс болоод гэнэт уур хүрч, зодолдож эхэлсэн. Маш богинохон хугацаанд бүх зүйл болоод өнгөрсөн” хэмээн мэдүүлэг өгсөн байдаг.

Саяхан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хүний амь насыг хөнөөсөн мянга орчим гэмт хэрэгтнээс судалгаа авчээ. Судалгаанд хамрагдсан хоригдлуудын 90 гаруй хувь нь хэдхэн минутын уур хилэнгээ тэсвэрлэж чадаагүйгээс болж хүний амь нас хөнөөсөн талаараа ярьсан байна. Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд цэргийн баяр тэмдэглэж явсан найзууд хоорондоо зодолдож нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг Сүхбаатар дүүрэгт гарсан. Гэмт этгээд уураа барьж дийлээгүйгээс болоод талийгаачийг ширээний тавцангаар цохиж аминд нь хүрсэн байна. Энэ мэт хоромхон зуурын уураасаа болж олон мянган залуус гэмт хэрэгтэн болсоор.

Тиймээс ялангуяа залуус найз нөхдөө харж онгирч, хэт дэрвэх, мөн хэдхэн минутын дүрэлзсэн уур омгоо дараад сурчихвал өөрийнхөө эрх чөлөөг болоод бусдын аз жаргалыг ч бүрэн хамгаалж, хадгалж үлдэх юм шүү

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Агар-Эрдэнэ: Нэг зөрчилд давхардуулж хэд хэдэн шийтгэл оногдуулж байгаа нь завхрал DNN.mn

Хуульч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


-Манайд нэг үйлдэлд давхар шийтгэл оногдуулдаг жишиг байх юм. Замын хөдөлгөөнд оролцогч хурд хэтрүүлсэн тохиолдолд жолоочийн оноо хасаад, давхар торгуулийн арга хэмжээ авдаг шүү дээ. Нэг үйлдэлд давхар шийтгэл оногдуулдаг үйл явцыг та хэрхэн харж байна вэ?

-Эхлээд онцлоход, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэнд нэгдсэн бүртгэлд байгаа түүнд хуваарилагдсан оноог хасах, хуульд заасан хувь хэмжээ, нэгжээр торгох, зөрчил үйлдэхэд ашиглаж байсан тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд оруулах буюу ачих гэсэн хэд хэдэн давхар хариуцлага оногдуулж байгаа нь эрх зүйн хэм хэмжээний санкцыг хэтрүүлэн хэрэглэж байгаа үйл явц, хатуухан хэлэхэд завхрал юм. Даруухан хэлбэл, нэг зөрчилд олон хариуцлага оногдуулах хэм хэмжээ нь буруу гэж үзэж байна.

Аливаа иргэн, хуулийн этгээдийн үйлдсэн үйлдэл нь эрх зүйн хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, зөрчлийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд түүнд оногдуулах хариуцлага нь дээрх хэм хэмжээний зорилгод нийцсэн байхыг шаарддаг.

Дээр дурдсан хэм хэмжээний зохицуулалтуудын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нэгдсэн журам тогтооход оршдог.

Бодит байдал дээр болоод байгаа нэг үйлдэлд хэд хэдэн хариуцлага оногдуулах нь зорилгодоо нийцэж байгаа юу. эрх зүйн хэм хэмжээний хувьд тохиромжтой юу? Зохицуулалтынхаа ач холбогдлыг гаргаж чадаж байна уу гэдэг хэд хэдэн асуултыг тавьж үзэх хэрэгтэй.

Эрх зүйн онолын өнцгөөс харж үзье л дээ. Эрх зүй нь нийгмийн харилцааг хамгаалах, зохицуулах зорилгоор уг харилцаанд оролцогчдын эрх үүргийг тодорхойлно, тодорхой хүрээнд заавал биелэгдэх шинжтэй байна, төрийн албадлагаар хамгаалагдаж, зөрчигдсөн тохиолдолд эрх зүйн үр дагаврыг бий болгодог.

Нийгмийн харилцааг хамгаалах зорилгоор гаргаж буй зохицуулалт бүхий давхар хариуцлага нь нийгмийн харилцааг хэрхэн хамгаалж байгаа талаар тоон судалгаа байх зайлшгүй шаардлагатай. Замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, энэ төрлийн зөрчлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч байгаа үйлдлийг багасгаж, бодитоор урьдчилан сэргийлж чадаж байгаа эсэхийг заавал тодруулах хэрэгтэй.

Нэгэнт зөрчил гаргаж буй үйлдлийнхээ хариуцлагыг авч байгаа иргэнд давхар хариуцлага оногдуулснаар зөрчил дахин гаргахаас сэргийлж чадаж байгаа нь эргэлзээтэй байдаг. Нөгөө талаараа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нэрийдлээр иргэдийн эдийн засагт давхар хариуцлага, дарамт учруулаад байж болохгүй. Жишээ авч үзье л дээ. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно …”, тус зүйлийн 5-т “… Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос 30 хоног хүртэлх хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна …” гэж тус тус заасан байдаг.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т “… Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна …” гэж заасан бөгөөд шүүхээр хариуцлага оногдуулахдаа 5 дахь хэсгийг үндэслэн оногдуулж байна.

Мөн энэ заалтуудад дурдагдаагүй машин ачилт (тээврийн хэрэгслийг түр саатуулах) хариуцлага байгаа. Энэ нь өөрөө нийгмийн амьдралыг зохицуулж, аюулгүй байдлыг хамгаалах гэхээсээ илүү иргэдэд эдийн засгийн дарамтыг бий болгож, зөрчлийг ухамсарлах сэдлийг бус хариуцлагаас зугтах сэдлийг төрүүлдэг.

-Олон улсад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг юм бэ. Манайхтай ижилхэн үү?

Эрх зүйн хэм хэмжээний агуулгыг онолын түвшинд ойлгож, хэрэглэж зохицуулалт хийж байгаа улс орнуудын түвшинд эрх зүйн нэг зохицуулалтад нэг хариуцлага оногдуулж, түүний үйлдлийг ухамсарлуулах, дахин гаргахаас сэргийлэх зорилготой байдаг. Аливаа этгээдийн үйлдэлд тохирсон хариуцлага оногдуулах шаардлагатай. Гэвч тухайн этгээдийн үйлдэлд нэг л удаагийн шинж чанартай хариуцлага оногдуулах ёстой.

-Бусдад анзаарагдахааргүй газар хурд хэмжигч тавиад л жолооч нарыг торгодог жишиг манайд бий. Эдийн засаг ийм хүнд үед иргэдийн халаас руу гар дүрж байгаа энэ үйлдэлд шүүмжлэлтэй хандах нь бий. Таны байр суурийг сонсъё.

-Энэ асуултын хүрээнд нэгдүгээрт “Иргэдийн халаас руу гар дүрж байгаа” гэх агуулгын хүрээнд дараахь өөрийн хувийн байр суурийг илэрхийлье. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотойгоор иргэдэд оногдуулж байгаа хариуцлагыг хувь иргэн талаасаа харвал хэт их мөнгөн дүнгээр хэмжиж, иргэдэд эдийн засгийн дарамт үүрүүлж байна гэж харж байна. Дээр дурдсанаар эрх зүйн хэм хэмжээний зөрчилд оногдуулж байгаа хариуцлага нь урьдчилан сэргийлэх, ухамсарлуулах, зорилгодоо нийцсэн байх шаардлагаа алдаж байна гэж үзэж байна.

Хурд хэмжигчийн хувьд гэвэл иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо тогтоосон хурдыг хэтрүүлэхгүй байх нь зайлшгүй байх үүрэгтэй. Хурд хэмжигч байхгүй газраас хурд хэтрүүлж болно гэсэн үг биш шүү дээ. Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв л байх шаардлагатай гэдгийн адилаар замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдын дээд хязгаарыг аль ч замаар явахдаа дагаж мөрдөх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТОДРУУЛГА: Огт танихгүй этгээд хүүг минь дур мэдэн авч яваад осолд оруулчихлаа DNN.mn

Дундговь аймгийн Хулд сумын нутагт хурдан морины уралдааны үсэргээний үеэр 14 настай хүү амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 22-ны өдрийн баасан гаригт гарчээ. Тус үсэргээг Дундговь аймгийн Хулд сумын хэсэг уяачид хамтран зохион байгуулжээ. Үсэргээний үеэр 14 настай хүү мориноос унаж хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан оролгүй байсаар амьсгал хураасан байна. Талийгаач хүүгийн тухайд Дундговь аймгийн ,, дугаар сургуулийн наймдугаар ангид суралцдаг байжээ. Түүний ээжтэй холбогдож цөөн асуултад тодруулга авлаа.


-Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Тухайн өдөр болсон үйл явдлын талаар тодруулахгүй юу?

-Хулд сумын хэдэн уяач нийлж аймгийн төвийн ойролцоо морин уралдаан хийсэн юм билээ. Ингэхдээ сургуулийнхаа ойролцоо тоглож байсан хүүг маань дагуулж явсан байгаа юм. Хүү маань осолдсон талаарх мэдээллийг дөрөвдүгээр сарын 23-нд сонссон. Тухайн үед хөдөө айлд ямаа самнаад сууж байлаа. Сонссон даруйдаа аймаг руу ирэхэд хүү маань амьсгал хураасан байсан.

-Таны хүүхдийг дагуулж явахдаа гэр бүлээс нь зөвшөөрөл аваагүй юм уу. Авч явсан хүнийг нь та таних уу?

-Хүүгээ морь унахаар авч явсныг нь би мэдээгүй. Ах, эгч нарт нь ч мэдэгдээгүй байна лээ. Миний хүүг Жавхаа гэх хүний морийг унаж яваад осолдсон гэсэн. Тэр Жавхааг нь би танихгүй. Ор тас мэдэхгүй хөндлөнгийн хүн жаахан хүүг минь машиндаа суулгаж авч яваад л ийм асуудал боллоо. Гомдолтой байна.

-Таны хүү хурдан морь унадаг байсан уу?

-Таван настай байхаасаа л морь унасан. Зарим тохиолдолд айлын морь уналаа гээд мөнгө бариад орж ирдэг. Долоон жил орчим морь унасан. Миний хүүд ямар морь унуулаад аймшигтай хэрэг болсон талаар мэдэх юм надад үнэндээ алга.

-Та хэрэг болсон газар очиж танилцсан уу. Нөхцөл байдал ямар байв?

-Уралдаан аймгийн төвөөс ойрхон Хулд сумын нутагт болсон. Ослын газрыг очиж харах гэсэн ч хүүхдүүд маань санаа нь зовоод явуулахгүй юм. Өнөөдөр би отгон хүүгээ алдчихаад сууж байна. Сургуулийнхаа гадаа тоглож байсан хүүг маань огт танихгүй этгээд авч яваад ийм явдал боллоо. Гэтэл цагдаагийн байгууллагаас “Хаанаас ямар уралдаан зохион байгуулсан юм” гээд намайг байцаагаад байх юм. Уралдаан зохион байгуулсан этгээдийг тогтоох чиг үүрэгтэй байгууллага нь цагдаа нар биш юм уу. Гэтэл отгон хүүгээ алдчихаад шаналж яваа надаас байцаалт авна гэж дайраад байгааг ойлгох ухаан надад алга. Хэргийг аймгийн цагдаагаас шалгаж байгаа. Хууль журмаараа бол тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл морины уралдаан зохион байгуулахыг орон даяар хориглодог. Манай энэ хавиар бол өвөл, хаврын турш л морины үсэргээ, уралдаан болсон. Хэдэн уяач нийлээд л жижиг хэмжээний уралдааныг амралтын өдөр алгасахгүй зохион байгуулж байгаа. Хууль журам хүрч үйлчлэхгүй юм байна шүү дээ. Цас ороод мөстчихсөн газраар л жаахан хүүхдүүд морь унаад давхина. Ийм эрсдэлтэй нөхцөлд л уралдаан болоод байдаг юм. Тэр хууль журам нь хэрэгжихгүй явсаар миний хүү хохирчихлоо.

-Таны хүүхдийг авч явсан хүнтэй та уулзсан уу?

-Уулзсан. “Таны хүү өөрөө морь уная гэж гуйгаад байхад нь дагуулж явсан” гэж байна лээ. Тухайн үед цуг байсан найзууд нь хүүг минь шалсаар байгаад дагуулж явсныг нь гэрчилдэг. Хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоох байх аа. Хүүг минь авч явж амь насыг нь авчихаад ар гэрийнхэнд нь ийм зүйл хэлсэнд нь гомдолтой байна.

-Талийгаач ямар хүүхэд байв?

-Миний отгон хүү л дээ. Хүмүүжилтэй, хичээл сурлагадаа сайн хүү байлаа. Надад болоод ах эгч нарт нь үнэхээр хүнд байна. Энэ хэрэг хууль журмын хүрээнд шийдэгдэнэ гэж найдаж сууна. Ер нь цаашид өвөл, хаврын улиралд зах замбараагүй уралдаан зохион байгуулж, нялх үрсийн эрүүл мэндээр зугаа цэнгэл хийдэг муухай тогтолцоог халах шаардлагатай байна. Хууль хяналтын байгууллагууд ч энэ асуудалд хариуцлагатай хандаж хяналт шалгалт хийх хэрэгтэй. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд энэ мэт асуудлуудад анхаарч хариуцлагатай ажилладаг бол хүү минь мэнд сууж байх байлаа шүү дээ. Харамсаад барахгүй нь гэв.

Аймгийн алдарт уяач Б.Батдорж: Унаач хүүхдэдшалгуур тогтоож мэргэжлийнүнэмлэх олгох цагболсон

Талийгаач хүү долоон хүүхэдтэй айлын отгон нь бөгөөд хэрэг болдог өдөр ах, эгч нарын хамт гэртээ байсан аж. Харин ээж нь ямаа самнахаар хөдөө яваад байсан гэнэ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлж байгаагаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 13 хүүхэд морины уралдаан болон үсэргээний үеэр осолдож нас барсан байна. Ил болоогүй гэмтэж бэртсэн тохиолдол хэдэн зуу байгааг ч онцолж байв. Хамгийн сүүлд л Багануур дүүрэгт морины ажил хийж явсан хүү ачааны машинд дайруулж газар дээрээ нас барсан хэрэг гарсан юм.

Сүүлийн жилүүдэд хүүхэд мориноос унаж эндэх, бэртэж гэмтэх тохиолдол нийтлэг гарч байгаа шалтгааны талаар Дундговь аймгийн алдарт уяач Б.Батдоржоос тодрууллаа.

-Морины уралдааны үеэр хүүхэд унаж бэртэх, амь насаа алдах тохиолдол нийтлэг гарах болжээ. Энэ юутай холбоотой вэ?

-Дээхнэ үедээ бол хүүхэд мориноос унаж амь насаа алдах тохиолдол бараг гардаггүй байлаа. 2005 оноос хойш нэр бүхий уяачид эрлийз адуу оруулж ирснээр шинэ цагийн монгол адуу гэх зүйлийг нэвтрүүлсэн байдаг. Гадаадаас цэвэр цусны адууг монгол адуутай эрлийзжүүлээд л уралдах болсон. Энэ нь даамжирсаар морины сүүл боодог хүн бүхэн л эрлийз адуу руу хошуурах болсон. Шинэ цагийн монгол адуу нь жилийн дөрвөн улиралд арчилгаа шаардана. Тогтмол зүчээнд хашдаг. Зүчээнд хашигдсан адуунд ажил хийхэд хүүхдэд их халтай. Хоригдож байсан адууг гаргаад тавихад галзуу юм шиг л давхидаг. Хүүхдийг тухайн морин дээр маш сайн боож баглахгүй л бол морьтойгоо хамт унаж эндэх эрсдэл их өндөр. Дээрээс нь эрлийз адууны давхил их хатуу. Энэ мэт шалтгаанууд л хүүхэд эндэхэд хүргэж байна. Цэвэр монгол адуугаа уралдахад аюул осол бараг гарахгүй шүү дээ.

-Цаашид яах вэ?

-Нэгдүгээрт, өвөл хаврын цагт нууцаар уралдаан хийдэг асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, унаач хүүхдийг маш сайн бэлтгэх шаардлагатай. Зориулалтын сургалтад суулгаж үнэмлэх олгож уралдуулах цаг нь ирсэн гэж хувьдаа харж байна. Мөн цус холилдсон адуу монгол шинжээ алддаг. Монгол адуу бол газар унасан хүүхдийг тойроод гардаг. Энэ бол монгол адууны мэдрэмж нь. Эрлийзжээд ирэхээр энэ чанарууд нь алдагдаад хүүхдийн эрүүл мэнд амь насанд халтай болж байгаа юм. Ийм эрлийз адууг зориулалтын тойрогт насанд хүрэгчид унаж уралдах нь зөв. Үүнийг цэгцлэхгүй бол цаашид олон хүүхдийн амь нас эрстэнэ гэх байр суурийг илэрхийлж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхцэцэг: Эрх баригчид өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийг нухчин дарахаар санаархаж ирсэн нь хэвлэлийн эрх чөлөөний индексээс тодорхой харагдлаа DNN.mn

“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргалаа. Монгол Улс 90 дүгээр байрт жагссан нь өмнөх онтой харьцуулахад 22 байраар ухарсан үзүүлэлт юм. Ингэснээр хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ дайны нөхцөл байдалтай орнуудтай ижил түвшинд очсоныг “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас онцолж байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, эрх зүйн орчны талаар хуульч Б.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Энэ оны хэвлэлийн эрх чөлөөний индекс гарчээ. Манай улсын тухайд огцом ухарсан үзүүлэлт харагдаж байна.Та энэ судалгаатай танилцаж амжсан уу. Манайх ямар үзүүлэлтийг нь хангахгүй болохоор ингэж хойшилсон юм бэ?

-Манайд хэвлэлийн эрх чөлөө туйлын хангалтгүй байгаа нь энэ судалгаанаас тодорхой харагдаж байна л даа. “Хил хязгааргүй сурвалжлагчид” төрийн бус байгууллагаас энэ судалгааг үндсэн дөрвөн үзүүлэлтэд тулгуурлаж гаргадаг. Нэгдүгээрт, улс төрийн нөхцөл байдлыг харгалздаг. Хоёрдугаарт, тухайн улс орны хууль эрх зүйн орчинг нь харна. Мөн эдийн засгийн нөхцөл байдал болоод нийгэм соёлын нөхцөл байдал гэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд нь үндэслэж судалгааг гаргадаг л даа.

Манай улсын тухайд хууль эрх зүйн орчин таагүй байдаг нь хойгуур орох гол үндэслэл боллоо. Төрийн өндөр албан тушаалтнууд сав л хийвэл хэвлэл мэдээллийн байгууллагатайгаа заргалддаг, торгуулдаг, ямар ч аргаар хамаагүй амыг нь үдэх гэж оролддог үйлдлүүд нь л хойш нь татаж байна. Илт худал мэдээлэл тараах, гүтгэх зэрэг шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдэд дүн шинжилгээ хийхэд тал орчим хувь нь төрийн өндөр албан тушаалтнууд сэтгүүлчид болоод үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эсрэг гомдол гаргаж торгуулсан үзүүлэлт харагдаж байгаа юм. УИХ-ын гишүүн нь хүртэл сэтгүүлчийн эсрэг гомдол гаргаад л торгуулсан жишээ бий.

Өөр нэг ухарсан шалтгаан нь ковидын нөхцөл байдалтай холбоотой. Хөл хорио тогтоосон үед тодорхой хэдхэн хэвлэл мэдээллийн байгууллагад зорчих мандат олгосон. Төрийн зүгээс ганцхан урсгалаар л мэдээлэл түгээж байлаа шүү дээ. Төрийн байгууллагууд тодруулбал, Цагдаагийн Ерөнхий газар, Мэдээлэл харилцаа холбооны газар, Сонгуулийн ерөнхий хороо гэх зэрэг байгууллагуудаас гаргасан журмууд нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халтай байсан нь дээрх үзүүлэлтээр сүүл мушгихад голлох нөлөө үзүүлсэн.

-Хэвлэлийн эрх чөлөөний индексийг сүүлийн жилүүдэд Норвеги, Швед гэх мэт Скандинавын орнууд тэргүүлж байна л даа. Тэдний тухайд хууль эрх зүйн орчин ямар байдаг юм бэ?

-Төрийн өндөр албан тушаалтнууд ардчиллын амин сүнс болсон хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг гомдол гаргахыг хуулиар хориглодог. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр тэргүүлдэг орнуудын гол шалтгаан нь ердөө л энэ. Тухайн улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд нэр төрд нь халдсан ийм асуудалд хүлээцтэй ханддаг. Үнэхээр ноцтой асуудалд бол албан тушаалаасаа бууж байгаад иргэний журмаар хуулийн байгууллагад ханддаг. Манайд бол Шадар сайд нь л сэтгүүлчийн эсрэг гомдол гаргаж яллахыг үүрэгдсэн жишиг саяхан гарлаа шүү дээ.

Гол ялгаа нь ердөө л энэ. Өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эсрэг гомдол гаргадаг. Ингээд тухайн сэтгүүлчээс удаа дараа байцаалт авч залхаан цээрлүүлнэ. Байцаалт авна гээд л үүдэндээ хүлээлгэчихдэг жишиг тогтоод байгаа шүү дээ.

Хэд хэдэн удаагийн давтамжаар тэр шүү. Ингээд тухайн сэтгүүлчийн бичих, нийтлэх зүрх зоригийг нь мохоодог. Ингэж л хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж байгаа юм. Эрх баригчид хэвлэн нийтлэх эрх чөлөө гээд ярьдаг ч өнөөдөр бодит нөхцөл байдал ийм л байгаа. Өнгөрсөн зун долдугаар сард нэр бүхий гурван УИХ-ын гишүүний зүгээс төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үзэл бодлоо илэрхийлсэн иргэний эсрэг гомдол гаргахгүй байх зохицуулалтын хуулийн төслийг оруулсан шүү дээ. Өнөөдрийг хүртэл таг чиг л байна. Эрх баригчдын нүүр царай л энэ. Удахгүй доромжлох заалтыг эрүүгийн хуульд оруулах нь бололтой. Хэвлэл мэдээллийн байгууллага чөлөөтэй ажиллах боломж хууль эрх зүй талаасаа бүр л хумигдах нь. Шууд хэлэхэд, өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрх баригчид хэвлэл мэдээллийн амыг барихыг санаархаж ирсэн нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексээс тодорхой харагдаж байна.

-Бусад улс орнуудын тухайд төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хараат бус байлгах тал дээр хэрхэн анхаардаг юм бэ?

-Би өмнө нь хэлсэн. Төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн эсрэг зарга үүсгэдэггүй. Харин БНСУ-ын тухайд бодлогоор дэмждэг юм билээ.

-Өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хэвлэл мэдээллийн хэрэгслээр тендерийн зар байршуулахаа больё. Төсвөө хэмнэе гэх утгатай зүйлийг хэлж байна лээ. Хэвлэл мэдээллийг боломжгүй байлгах л эрх ашиг ард нь байх шиг.

-Яг энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын байр суурь илүү бодитой байх болов уу. ЗГ-ын зүгээс хэмнэлт гэх уриалга гаргасан байна лээ. Энэ уриалгын хүрээнд хамгийн эхэнд хэвлэл мэдээлэл рүү л халдаж байгаа үйлдэл нь энэ юм болов уу даа. Хэвлэл мэдээллийн хараат бус ажиллах том шалгуур нь эдийн засгийн чадавх шүү дээ. Энэ орлогыг нь хуулиар хязгаарлачихаар эрх баригчдын үгэнд амархан орно л гэсэн ойлголт. Боломж тааруу нэгнийгээ гар хөлийн үзүүрээр хөдөлгөдөг жишиг байдаг. Үүнтэй ижил хэвлэл мэдээллийн байгууллагад хэдхэн төгрөг өгөөд л “захиалсан хөгжмөө тоглуулах” санаархал тодорхой харагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд эрх баригчид хэвлэл мэдээллийг нухчин дарах бодлого боловсруулж ирсний илрэл нь л энэ шүү дээ. Өнгөц харахад хэвлэл мэдээлэл шиг эрх чөлөөтэй байгууллага алга ч юм шиг. Гэхдээ энэ мэт үйлдлээр л хараат бусаар ажилладаг цөөхөн байгууллагын амийг таслахаар үзээд байх шиг. Нийтийн мэдэх эрхэд ноцтойгоор халдаж байгаа үйлдэл шүү.