Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Дашням: Машин ачдаг компаниудыг буруутгахаас өмнө машинаа зориулалтын зогсоолд байршуулах ухамсартай байх хэрэгтэй DNN.mn

Сүхбаатар дүүрэг дэх машин ачлагын “УСТЕХ” компанийн менежер Э.Дашнямтай ярилцлаа.


-Машин ачдаг компаниудын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудал байна л даа. Орон сууцны гаднах зогсоолоос л машин ачаад явчихлаа, улсын дугаарыг нь дуудахгүй, хулгайлаад аваад явчихлаа гэх шүүмжлэл нийгэмд байх юм. Эхлээд бусдын тээврийн хэрэгслийг ямар тохиолдолд ачдаг талаар танаас тодруулъя.

-Иргэд замын хөдөлгөөний дүрмийг сайн уншиж ойлгохгүй байна л даа. Зарим тохиолдолд хэнэггүйтээд мартчихдаг ч байж болох юм. Хороолол дундах зам буюу орон сууцнуудын дундаас машин ачлаа гэж их шүүмжилдэг. Гэтэл тэр нь улсын батлагдсан зам байдаг. Аль нэг байгууллага, хувь иргэний өмч биш гэсэн үг. Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг. Нэг хүний эрх ашгийг хамгаалахын төлөө явдаггүй. Хорооллын дундах зам бол улсын батлагдсан зам гэдгийг дахин хэлье. Тэнд замын хөдөлгөөний дүрэм мөрдөгддөг. Мөн тэнд хууль дүрэм мөрдөгдөж л байвал бид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл саатлыг арилгахын тулд ажиллах ёстой. Товчхондоо бидний үүрэг зам чөлөөлөхөд л чиглэдэг. Бидний тухайд замын хөдөлгөөнд саад учруулж машинаа байршуулсан, орц гарц хаасан, явган хүний зам дээр тавьсан унааг л ачдаг.

-Автомашины эзэн гарч ирчихээд байхад машиныг нь аччихдаг асуудал бий. Жолоочийг нь түлхэж холдуулаад л ачаад явчихаж байгаа бичлэг ч байдаг шүү дээ. Жолооч гарч ирсэн тохиолдолд машиныг нь хүлээлгээд өгчихөж болдоггүй юм уу?

-Хууль зүйн сайдын зүгээс гаргасан журмын зохицуулалтаар машиныг ачихаас өмнө 3-аас доошгүй удаа чанга яригчаар зарлан мэдээлээд ачих ёстой. Зарлан мэдээлсний дараа тухайн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн машиныг зөөн шилжүүлэхийн тулд бэхэлгээ татлага хийнэ. Энэ хугацаанд жолооч гарч ирсэн тохиолдолд үнэ төлбөргүй буцаан олгодог. Харин зөөн шилжүүлж байх явцад эзэн холбогдогч ирвэл өгөхгүй. Журмын хашаанд очиж байж тэндээ асуудлыг шийдвэрлэнэ. Гэтэл иргэд автомашиныг нь ачаад гэрлэн дохио дээр ч юм уу, түгжрэлд зогсож байхад хойноос нь гүйж ирээд асуудал үүсгэдэг. Хаалга руу өшиглөнө, жолоочоос татаж чангаана. Иргэд ачигч машин хөдлөхөөс өмнө ирээд үнэ төлбөргүй авна гэдгээ ойлгох хэрэгтэй.

-Иргэдийн зүгээс гаргадаг түгээмэл алдаа нь юу байна вэ. Зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулах ухамсар алга байна уу?

-Түгээмэл харагддаг алдаа нь үйлчлүүлэх гэж буй байгууллагынхаа үүдэнд тээврийн хэрэгслээ байршуулдаг. Энэ нь зорчих хэсгийн хөдөлгөөнд саад учруулдаг тул ачихаас өөр арга байхгүй. Ганцхан хүний хариуцлагагүй үйлдлээс шалтгаалаад өөр олон хүний цаг зав үрэгддэг. Хэдхэн метрийн зайд л төлбөртэй зогсоол байхад л үйлчлүүлэх ёс суртахуун жолооч нарт байдаггүй. Бусдын хөдөлгөөнд саад учруулчихаад л гарч ирээд хэрүүл хийнэ. Амиа хичээсэн зан л ил цагаан харагдаад байдаг юм. Өөр улс оронд очхоороо бол дүрэм журмыг нь ягштал биелүүлнэ. Улаанбаатарт ирэхээрээ л хаа, хамаагүй тээврийн хэрэгслээ үлдээж болдог гэх ойлголт яваад байгаа юм. Зогсоол байхгүй биш байдаг шүү дээ. Онцлоод хэлэхэд 100 айлын авто зам маш их ачаалалтай. 100 айлын гудамжинд байрлах дэлгүүр лүү орохдоо нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ үлдээчихдэг. Ингээд л гацаа үүснэ. Тэр орчимд Арьс өвчин судлалын үндэсний төвийн ард 5 мянган метр квадрат авто зогсоол байдаг. Одоо очоод харвал зогсоол хоосон л байгаа. Тэр зогсоолд машинаа тавих ухамсар иргэдэд байдаггүй.

Машин ачлагын компанийн ажилтнууд ажиллахдаа бусадтай зодолдож байгаа харагдах юм. Нөхцөл байдал ийм хурц дээрээ тулчихсан хэрэг үү?

-Бид цагдаагийн зөвшөөрлөөр машин ачдаг. Дур мэдэж бусдын машинд гар хүрдэггүй. Гурван удаа цагаан хоолойгоор зарлаад жолооч гарч ирээгүй тохиолдолд ачдаг. Бүх үйл ажиллагаа холбогдох журмын хүрээнд л явагддаг. Ажиллагааны явцад иргэд янз бүрээр доромжилж, заналхийлэх тохиолдол бий. Дахин онцлоход, бид зам чөлөөлөх л чиг үүрэгтэй. Иргэдийг түгжрээгүй зорчуулахын тулд л тэр шүү дээ. Машин ачлагын компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж, саад учруулдаг иргэдэд хандан хэлэхэд эхлээд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөх хэрэгтэй. Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулдаг, хоёр эгнээтэй замын нэг урсгалыг нь бөглөөд үлдээдэг бүдүүлэг ёс суртахуунаа гээхэд түгжрэлгүй зорчих боломжтой шүү дээ. Замын хөдөлгөөний дүрмээ л биелүүлэх хэрэгтэй. Ачилт бол хувь хүний өмчлөх эрхэд халдаж байгаа асуудал биш юм шүү.

-Бусдын тээврийн хэрэгсэлд халдаж, ачиж байгаа нь иргэний өмчид халдсан үйлдэл гэх байр суурийг зарим хуулчид хэлдэг. Хууль дээгүүр алхсан журам гаргачихаад бусдын өмчид халдаад байгаа юм биш үү?

-Хууль зүйн сайдын гаргасан журам буюу нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуух тогтоолууд бүгд ажлын хэсэг байгуулагдаж байж гардаг. Түүнээс биш хэн нэгэн хүн гэнэт гаргачихдаг журам биш. Өмчлөх эрхэд халдаж, хураан авч буй зүйл биш. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буюу нийтийн эрх ашгийн төлөө л бид түр хугацаагаар тухайн автомашиныг зөөн шилжүүлж буй хэлбэр юм шүү дээ. Хаа таарсан дуртай газраа тээврийн хэрэгслээ байршуулаад эмх замбараагүй байвал хэзээ мөдгүй 0 зогсолт болно. Иргэдийн хооронд ч үл ойлголцол үүсч асуудал хурцаар яригдах байх шүү. Ер нь тэгээд машины ачлагын компанийг жигшээд ажиллагаанд саад учруулж байгаа хүмүүс бол бусдын эрх ашгийг хүндэлдэггүй, бүдүүлэг, амиа хичээсэн хүмүүсийг өөгшүүлж байгаа үйлдэл.

-Ачлагын компанийн ажилтнууд ачсан машиныхаа тоогоор цалинждаг уу. Зарим тохиолдолд ачихаар улайрч байгаа харагддаг. Ямар хэмжээний татвар төлдөг юм бэ?

-Төрөөс оногдсон бүхий л татвар мөнгөө төлж явдаг. НӨАТ, хүн амын болон орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл гээд л. 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Нийслэлийн авто замын хөгжлийн газарт ачилтын 14 компани 60 мянган төгрөгийн 10 хувийг өгөх саналтай байна гэх саналаа хүргүүлсэн. Ачилтын 14 компанийн гаргаж буй санал бол бидний зүгээс 10 хувиа өгье, түүнээсээ нийслэлийн хэмжээн дэх авто зогсоолыг нэмэгдүүлэх, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, нийслэлийн замын санд төвлөрүүлье гэсэн саналтай байгаа юм. Зогсоол байгуулах нь эргээд жолооч нарт л ашиг тустай шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Магалжав: Хэдхэн бөхөд цол олгоход улс, нийгмээрээ хохироод байх зүйлгүй шүү дээ DNN.mn

Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй батална. Энэ үеэр өнгөрсөн оны наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан МЗХ-ны 100 жилийн ойд зориулсан барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох асуудал яригдаж байгаа юм. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн барьсан юм. Тус барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох эсэх талаар МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжаваас тодруулга авлаа.


-МХЗ-ын холбооны 100 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол чимэг олгох асуудал яригдаж байна. МҮБХ энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Наадам болоогүй жил наадамтай дүйцэхүйц барилдаан болсон. Барилдах боломжтой ид байгаа бөхчүүд бүгд барилдсан.

Харин Хүй долоон худгийн наадмын гэж болох барилдаанд 680 улс, аймгийн цолтой бөхчүүд бүртгүүлж, 168 аймгийн начин цолтой бөхийг хасч 512 бөх барилдсан. Үүнийг дэмжихээс өөр аргагүй.

-Зарим бөхчүүдийн зүгээс байгууллагын ойд зориулсан бөхийн барилдаанд цол олголоо. Бөхийн цол чимэг үнэгүйдэх нь гэх асуудлыг ярьж байна л даа.

-Ганц нэг хувийн ядмаг бодолтой бөхчүүд эсэргүүцэж болно. Тэр байдаг л үзэгдэл. Дээр нь нэмж хэлэхэд, хэдэн залуус бөхийн цол чимэг авахад улс нийгмээрээ, бас бөхчүүд хохироод байх зүйл юу ч байхгүй.

-Ардын хувьсгалын тэгш ойгоор бөхчүүдэд цол чимэг нөхөж олгох асуудал яригдаж байна лээ.

-Ардын хувьсгалын 100 жилийн ой болно гээд олон бөхийн цолны асуудал яригдахаар байгаа.

Бидний зүгээс бөхчүүдийн цол чимэгний асуудлыг түүхт их ойн өмнө дэмжээд өгөөч гэж зохих түвшинд ярьж байгаа. Дэмжих ч байх. Төр асуудлаа томоор харах нь дамжиггүй. Үе, үеийн төрийн тэргүүнүүд их ойнууддаа онцгой анхаардаг. 100 жил бол 50, 90 жилээс ч утга агуулгын хувьд онцгой. Төр засаг маань ч үүнд анхаарч 1951 он буюу энх цагийн эхлэлд бүх бөхчүүдээ урьж (үүнд хилс хэргээр хэлмэгдэж хоригдсон М.Лхагва арслан гэх мэт бөхчүүдээ суллаж) мөн 50-иас дээш настай бөхчүүдээ барилдуулсан байдаг. Төр өв соёлдоо өгөөмөр байх ёстой.

Бөхийн холбоо ч үүнийг дэмжиж хүндэтгэн бүх шийдвэрийг дагана. Бид ч бас зарим зүйлийг уучилж чадна. Тиймдээ ч бид энэ 100 жилийн ойгоор наадмын бөхөө сайхан зохион байгуулъя. 1024 бөхөөс гадна ахмад бөхчүүдээ мөн тэднийхээ дэмжигчдийг баярлуулж 50, 60-аас дээш насны бөхчүүдээ барилдуулъя гэж Ерөнхийлөгчдөө санал хүргүүлсэн. Түүхт ойн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх байх аа бид.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цементийн үйлдвэрүүд уутгүй болж, хомсдол үүсчээ DNN.mn

-ХӨТӨЛИЙН “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК ТӨРИЙН МЭДЭЛД ОЧСОНООС ХОЙШ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ДОГОЛДСОН ГЭВ-


Гурвалжинд байрлах 44 барилгын материалын захаас сурвалжилга бэлтгэлээ. Энэхүү захад цементийн хомсдол үүсчээ. Цементийн худалдаа эрхлэгчдийн онцолж байгаагаар бол хомсдол үүсээд хоёр долоо хоног орчим болж байгаа гэнэ. Өчигдөр очиход цөөхөн агуулах нь л буландаа хэдэн шуудай цемент өрөөд тавьчихаж. Цементийн агуулахуудын олонх нь хоосон, цемент зөөдөг хүмүүс нь хөзөр тоглоод сууж байх аж. Ховордсон цементийн үнэ ч тэнгэрт хадчихаж. Цемент сурагласан улс толгой сэгсрээд гарч харагдлаа. Энд саяхан төрийн мэдэлд очсон Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн бүтээгдэхүүний бараа ч алга. “МАК”, “Мон цемент” зэрэг үйлдвэрүүдийн цемент бага хэмжээгээр худалдаалагдаж байсан юм. Өчигдрийн байдлаар тус захад тонн цемент 380-400 мянган төгрөгийн ханштай зарагдаж байлаа. Шуудай цемент 20-22 мянган төгрөгийн ханштай байна.


Цементийн худалдаа эрхлэгч О.Дуламрагчаатай цөөн хором хөөрөлдлөө.


-Манайх цементийн хэрэгцээгээ дотоодоосоо хангах боломжтой гэж яриад олон жил болж байна. Өнөөдөр хомсдол үүсч. Үүнд юу нөлөөлөв?

-Энд өдөрт л 30-40 вагон цемент орж ирж хэрэгцээ хангадаг юм. Өнөөдөр вагоноор цемент оруулж ирэхгүй байна л даа. Цементийн худалдаа эрхлэгчид өөрсдөө үйлдвэрээс нь бага хэмжээгээр татаж аваад худалдаалж байна. Цементийн үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүрэн чадлаараа ажиллахгүй байна л даа. Ачааны машинтай очиход л дүүртэл ачаад өгч чадахгүй байна.

-Дотоодын үйлдвэрүүд бүрэн чадлаараа ажиллахгүй байгааг та онцолж байна. Үүнд ямар шалтгаан байна вэ?

-Манайх “МАК”-аас цементээ татдаг юм. Тэдний үйлдвэр бүрэн чадлаараа ажиллахгүй байгаа. Үүнийгээ уутгүй болсон гэж тайлбарлаж байна лээ.Уут нь урдаас орж ирэхгүй байгаа гэх мэдээлэл л надад байна.Өөр шалтгаанууд ч байхыг үгүйсгэхгүй. Тэр бүрийгээ бидэнд тайлагнахгүй шүү дээ. Өмнө нь “МАК”-ын цементийн үйлдвэрийн гаднаас л вагон хөдлөөд манайд буудаг байлаа. Одоо тэгэхээ больсон. Өөрсдөө очиж байж л бага хэмжээгээр татаж байна.

-Вагоноор зөөхөө больсон шалтгаан нь юу вэ?

-Нэгдүгээрт их хэжээгээр үйлдвэрлэхгүй байна. Хоёрдугаарт, ачааны вагонууд Замын-Үүдэд оччихоод байгаа. Урд хил дээр гацсан чингэлгүүдийг зөөхөөр тийш нь татсан байх. Цемент зөөх вагон одоогоор алга байна.

-Цементийн үнэ тэнгэрт хадаад байна л даа. Жилийн өмнөхөөс 100 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

-Жилийн өмнө тонн цемент 240 мянган төгрөгийн ханштай байсан юм. Өнөөдөр 380-400 мянган төгрөгөөр зарагдаж байна. Үнэ өссөн шалтгаан нь энд вагоноор орж ирэхгүй байгаатай холбоотой. Бид Дорноговийн Даланжаргалангаас өөрсдийн унаагаар татаж байгаа. Шатахууны мөнгө, жолоочийн хөлс гээд л зардлууд гарна. Энэ бүхнийг шингээгээд л тогтоосон үнэ нь энэ.

-Хөтөлөөс цемент орж ирж байна уу?

-Сүүлийн хоёр сар орчмын хугацаанд орж ирсэнгүй. Өөрөөр хэлбэл, тэр үйлдвэрийг төр мэдэлдээ авснаас хойш энд цемент орж ирсэнгүй. Өмнө нь бол долоо хоног бүр л ирдэг байсан юм. Төр мэдэлдээ аваад л ийшээ ирэхээ больсон. Үйл ажиллагаанд доголдол үүссэн талаар худалдаа эрхлэгчид хэлж байна лээ. Төрийн гар хүрсэн бүхэн үйл ажиллагаа нь доголддог жишиг байдаг. Хөтөлийн цементийн үйлдвэр ч тэр замаар л орж байна. Өмнө нь бол Хөтөлийн цемент хангалттай хэмжээгээр л ирдэг байлаа. Чанар нь ч сайн, хүмүүс их авдаг байсан юм. Төр мэдэлдээ аваад л ийм зүйл боллоо.

-Цементийн үнийг ченжүүд өсгөөд байна гэх зүйлийг хүмүүс хэлж байна л даа.

-Үгүй шүү дээ. Үнэ өссөн шалтгааныг сая танд тодорхой тайлбарласан.

-Та “МАК”-ын үйлдвэрээс нь цемент татаж зардаг талаар дурдсан. Үйлдвэрээс нь ямар ханшаар авч байна вэ?

-Тэр бүрийг тодорхой хэлэх боломж алга” хэмээв.

Шуналтай ченжүүдцементний үнийг тэнгэртхадаажбайнагэв

44 захын орчим цемент сурагласан хүмүүсийн хөлд дарагджээ. Байгаа жаахан цементийг нь булаацалдаад л ачаад гарч байна.

Цемент ачаад гарч буй иргэнээс тодруулга авсан юм.

-Та хэдэн тонн цемент авав?

-Тонн гаруй цемент л авлаа. Олдоц муу байна. Өдрийн турш хайж яваад л эндээс авлаа.

-Манайх цементийн хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой гэж олон жил ярьж байна шүү дээ.

-Тийм. Дотоодын үйлдвэрүүд бүрэн чадлаараа ажиллахгүй байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна. Мөн Хөтөлөөс цемент орж ирэхгүй байгаа нь хомсдол үүсэхэд гол нөлөө үзүүлж байгааг ченжүүд ярьж байна лээ.

-Цементийн үнэ өссөн шалтгааныг та яаж харж байна вэ?

-Тодорхой шүү дээ. Ченжүүдийн л хийж байгаа ажил. Ченжүүд л үнийн хөөрөгдөл бий болгож байгаа. Өнөөдөр “МАК”-ын үйлдвэрээс тонн цемент 260000 төгрөгөөр л гарч байгаа. Энд ирээд 380000-400000 төгрөг болж худалдаалагдаж байна. Үйлдвэрүүд өөрсдөө төвлөрсөн худалдааны цэгтэй болох хэрэгтэй.Борлуулах цэг цөөхөн байдаг ч очоод авах гэхэд жаахан цемент нь тэр дороо дуусчих юм. Борлуулалтын цэгүүдээ нэмэх хэрэгтэй. Тэгвэл шуналтай ченжүүд аманд орсон үнээ хэлээд зогсож байхгүй шүү дээ. Үүнээс гадна цементийн хэрэгцээг хангаж байгаа үйлдвэрүүдээ төрийн зүгээс янз бүрийн байдлаар дарамталдаг явдлаа болих хэрэгтэй. “Тийм зээл авсан, ийм ч зээлээ төлж барагдуулаагүй” гээд л дарамталж байгаа харагддаг. Авсан зээлийнх нь үр дүнд дотоодын хэрэгцээг хангаад явж байна шүү дээ. Нэг ч гэсэн зүйл дээр айл царайчлахгүй өөрсдөө хийж байгаа нь сайн хэрэг гэв.


МАК евро цемент ХХК: Сав, баглаа боодол хилээр орж ирэхгүй байна


Бид “МАК евро цемент” үйлвэрийн ажилтантай холбогдож мэдээлэл авсан юм.


-Танай цементийн үйлдвэр хэвийн ажиллаж байна уу?

-Үйл ажиллагаа хэвийн явж байгаа.

-Нийслэлд цементийн хомсдол үүсээд байна л даа.

-Өнөөдрийн байдлаар цементийн сав баглаа, боодол хилээр орж ирэхгүй байна. Удахгүй шийдэгдэх байх.

-Танай үйлдвэрээс тонн цемент ямар үнэтэй гарч байна вэ?

-Үйлдвэр дээрээс 260600 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин Улаанбаатар хот дахь борлуулалтын цэгээс 275000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа.

-Даланжаргалангийн үйлдвэрээс цементээ вагоноор зөөж байна уу. Вагоноор тээвэрлэхээ больсон гэх мэдээллийг цементийн худалдаа эрхлэгчид хэлж байна лээ.

-Бид бүтээгдэхүүнээ нийслэл рүү вагоноор зөөж байгаа. Өмнөхтэйгөө л ижилхэн. Сав баглаа боодлын асуудалтай холбоотойгоор цементийн олдоц ховордсон. Манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх үйлдвэрүүдэд энэ төрлийн бэрхшээл тулгарч байна” гэв.

Цементийн хомсдол үйлдвэрүүд сав баглаагүй болсонтой холбоотойг худалдаа эрхлэгчид онцолж байна. Тодруулбал, цементний уут хилээр орж ирэхгүй байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Агар-Эрдэнэ: Согтуу жолоочид хүлээлгэх хариуцлага хэтэрхий зөөлөн байна DNN.mn

Хуульч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


-Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь манайд түгээмэл үзэгдэл болж. Ганц шөнийн хугацаанд л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 655 зөрчил илэрч байна. Согтуу жолоочид хүлээлгэх хариуцлага зөөлдөөд байна уу. Энэ асуудалд таны байр суурийг сонсъё.

-Эхлээд согтууруулах ундааны хэрэглээний талаар товчхон дурдъя. Согтууруулах ундаа нь тухайн хүний хариу үйлдэл аа үзүүлэх болон самбаачлах чадварыг хязгаарладаг. Тиймээс тээврийн хэрэгслийн осолд орох эрсдэл нэмэгддэг. Ингэснээр та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хувь заяаг согтуу ухаандаа найдаж байгаа хэрэг юм. Монгол Улсад архи, согтууруулах ундааны хэрэглээний улмаас гарч буй гэмт хэргийн тоо өдрөөс өдөрт гэрлийн хурдаар өсч байгааг энд онцолъё. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралт болох Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг.

Замын хөдөлгөөний дүрмийн Гуравдугаар зүйлийн 3.7-ын а/-т “… согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох …”-ыг хориглоно гэж заасан. Жолооч нь дээрх хориглосон хэм хэмжээг зөрчиж, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар хариуцлага үүрдэг.Мөн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зохицуулсан байдаг.

-Согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд болон зохих журмын дагуу шалгуулахаас татгалзсан бол эрх хасах, торгох хариуцлага байдаг. Ямар тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулдаг юм бэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “…жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг……зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан…” бол тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж байдлыг харгалзан үзэж гурван төрлийн ялаас сонгож, ял оноодог.

Дээрх зохицуулалтын гол нөхцөлүүдийн нэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаардаж байгаа юм. Хохирогчид хүндэвтэр хохирол учирсан эсэхийг Шүүхийн шинжилгээний байгууллагаас тогтоо но.

Хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл гэдэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар “… гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, …”, 2.3.2-т “… ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан…” гэх шалгуур үзүүлэлтийг шаарддаг.

Хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан жолоочид торгох, эрх хасах болон нэг сараас нэг жил хүртэлх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байна. Харин согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдвэл хүндрүүлэх нөхцөлтэй үйлдсэнд тооцон жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэлх хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Дээр дурдсан гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэлх хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зохицуулсан байна. Согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэлх хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зохицуулсан.

-Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял шийтгэлийн хувьд хүндэвтэр гэмтэлд оногдуулах ялын хэмжээ, хүнд гэмтэлд оногдуулах ялын хэмжээ болон амь нас хохирсон тохиолдолд оногдуулах ялын хэмжээг чангатгах шаардлагатайг хуульчид онцолдог. Таны байр суурийг сонсъё.

-Дээр дурдсанаар хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдуулсан тээврийн хэрэгсэл жолоодож, хууль зөрчсөн хүнд оногдуулах хариуцлагын дээд хэмжээг зорчих эрхийг хязгаарлахаар тогтоосон. Нэг талд бүхэл бүтэн хүн хөдөлмөрийн чадвараа 15-30 хувь алдчихаад байна шүү дээ.

Нөгөө талд холбогдогч торгуулах, эсхүл зорчих эрхээ хязгаарлуулах гэдэг нь хохирогчийн зүгээс шударга санагдахгүй байх тохиолдлууд ч байдаг. Шүүхийн байгууллага хуульд заасан хэмжээнд л ял шийтгэл оногдуулдаг. Иймд манай улсын хувьд хуульд заасан хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх эсэхийг судлах шаардлагатай байна.

Хүндрүүлэх зүйлчлэл буюу энэ төрлийн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.Энэ нь эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “… Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил…” гэж заасан гэмт хэргийг Хөнгөн гэмт хэрэг гэж үзнэ гэдэг тодорхойлолтод нийцэж байгаа юм.

Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэлх хугацаагаар тэнсэн харгалзах ял оноож болно” гэж зохицуулсан.

Нэг үгээр бол Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдын амь насыг хохироосон хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч болно гэсэн үг юм.Миний зүгээс энэ зохицуулалтыг сайтар нягталж, судалгаа хийж, ялын дээд хэмжээнд өөрчлөлт оруулахыг хүсдэг.

Нэг талд хохирогч амь насаа алдсан бол нөгөө талд хорих ял эдлэхгүйгээр тэнсэж байгаа биз. Согтууруулах ундаа хэрэглэсэн, хоёр ба түүнээс олон хүний амь нас хохирсон бол тэнсэхдээ орохгүй ч оногдуулах хорих ялын хэмжээ нь хоёр жилээс найман жил хүртэлх хугацаатай байхаар заасан. Ямар үйлдэлтэй гэмт хэрэгт хоёр жил, ямар үйлдэлд найман жил оногдуулах вэ? гэдэг асуултыг гагцхүү шүүх, прокурорын мэргэн ухаанд л даатгахаар болж байгаа юм. Харин хүн бүр мэргэн ухаанд захирагдаж чаддаг билүү гэдгийг бодох л асуудал байх.

-Бусад улс оронтой харьцуулахад манайд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд хүлээлгэх хариуцлага зөөлдөж байна уу?

-Монгол Улсын эрх зүйн эх сурвалжуудыг Герман улсаас эхтэй гэж үздэг. Герман улсын замын хөдөлгөөний дүрэмтэй харьцуулж үзэж болох юм.Германы архины хууль, хар тамхины хууль маш хатуу байдаг тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсвэл хар тамхи хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд оногдуулах шийтгэл маш хатуу байдаг. Торгуулийн хэмжээ нь 500-гаас 1500 еврогийн хооронд хэлбэлздэг. Нэмж дурдахад, жолоо барихыг удаан хугацаагаар хориглож, олон оноо авдаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Оюун: Формальдегид хорт хавдар үүсгэгчийн жагсаалтад ордог аюултай бодис DNN.mn

-ДЭМБ-аас“Формальдегидыг хамар, залгиурын тогтолцоонд хорт хавдар үүсгэгч” гэж тодорхойлж бүрмөсөн хорьсон байдаг-


Эмээлтэд мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт оруулахад махны цардуулаас нь формальдегид гэх бодис илэрснийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж онцолсон юм. Формальдегид илэрсэн цардуулыг хүнсний бүтээгдэхүүний зориулалтаар хэрэглэдгийг МХЕГаас хэлж байгаа юм. Формальдегид гэх бодисын үйлчилгээний зориулалт болоод эрүүл мэндэд нөлөөлөх хор хөнөөлийн талаар мах, махан бүтээгдэхүүний технологич Б.Оюунтай ярилцлаа.


-Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг мах бэлтгэх үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжээс шинжилгээ авахад формальдегид гэх бодис илэрснийг МХЕГ-аас зарлалаа. Танаас энэ бодисын талаар тодруулмаар байна. Хүнсэнд хэрэглэж болох уу? -Би химич биш л дээ. Гэхдээ үүсээд байгаа асуудлын хүрээнд энэ бодисыг судаллаа. Формальдегид өөрөө хурц үнэртэй хийн төлөвт, усанд амархан уусдаг, уусмал байдлаараа өнгөгүй, хортой бодис. Гол төлөв бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт маш бага хэмжээгээр хэрэглэдэг. Тодруулбал, даавууг бөх бат, будаг амархан авдаг, будгийн тогтвор сайжруулах зорилгоор хэрэглэдэг юм байна. Хэрэглээний шинж чанарыг сайжруулах зорилгоор гэсэн үг л дээ. Үүнээс гадна барилгын материал, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэгт хэрэглэж болно. Хүнсний технологичийн үүднээс хэлэхэд хүнсэнд хэрэглэхийг хориглодог. Хүний эрүүл мэндэд маш хортой бодис.

-Хүнснийбүтээгдэхүүнд бүрэн хориглодог юм байна. Зарим мэргэжилтнүүдийн зүгээс махыг муутгахгүй байх зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй гэх байр суурийг илэрхийлж байна л даа.

-Формальдегид хорт хавдар үүсгэгч бодисын жагсаалтад ордог, аюултай бодис.Энэ бодисын хүчтэй ариутгах чанарыг ашиглан хүнсийг нөөшлөгч бодис болгон хэрэглэж байсан юм билээ. 2016 онд ДЭМБ-аас “Формальдегидыг хамар, залгиурын тогтолцоонд хорт хавдар үүсгэгч гэж тодорхойлж бүр мөсөн хорьсон байдаг.

-Формальдегид гэх бодисыг манайд хүнсэнд хэрэглэж байсныг МХЕГ-ын дарга нь онцолж байна л даа. Бид хорт хавдар үүсгэгч бодистой мах хэрэглэж байсан юм уу?

-Одоо хөндөгдөж буй үйл явцыг анзаарахад логикийн хувьд алдаатай байх шиг. Махны агуулахад ажилласан байцаагч нь цардуулд формальдегид гэх бодис агуулсан гэсэн. Мөн нянгийн ерөнхий тоо хүлцэх хэмжээнээс хэдэн мянга дахин өндөр байсан талаар онцолж байна лээ. Хэрэв формальдегид хэрэглэсэн бол нянгийн тоо маш бага байх ёстой. Үүнийг ойлгохгүй байгаа юм.

-Махыг муутгахгүй байх зорилгоор хэрэглэж байсан байж болох уу. Ийм тохиолдолд хүний эрүүл мэндэд хэр хортой вэ?

-Хүнсний бүтээгдэхүүний найрлагад бага хэмжээгээр агуулагдахад маш хор хөнөөлтэй. Хорт хавдрын суурь болж өгдөг. Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалж тогтоосныг дээр дурдсан. Ийм ч учраас бүрэн хориглосон байдаг. Үнэхээр ийм бодис хүнсний гол бүтээгдэхүүн махнаас бага хэмжээгээр ч болов илэрсэн бол маш ноцтой асуудал. Шинжилгээний хариунд нухацтай хандах хэрэгтэй болов уу. Мэргэжлийн байгууллагын зүгээс аманд орсноо шууд зарлаад л нийгмийг түгшүүрт автуулж байгаа нь ноцтой асуудал” гэв.

Мөн формальдегид гэх бодисыг хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах зорилгоор хэрэглээд хордсон тохиолдол байдаг ажээ. Энэ талаар ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал доктор Т.Төрмөнх “Зарим улс орнуудад 100 орчим жилийн өмнө хүнсний бүтээгдэхүүнийг муутгахгүйн тулд формальдегидыг ашиглаж ирсэн тохиолдлууд байдаг юм байна. Жишээ татаад ярихад, 1890-ээд оны үед Америкт мах, сүүг нянгаас хамгаалахын тулд формальдегидыг ашигладаг байж. Ингээд Индиана мужид олон зуун хүн формальдегидэд хордож нас барсан тохиолдол гарч 1906 онд формальдегидын хэрэглээнд хориг тавьж байсан юм билээ. 1902 онд Германы эрдэмтэд мах болон хиаманд формальдегидын хэмжээг тодорхойлох аргыг боловсруулж, хүнсний хяналт шалгалтад нэвтрүүлж байсан. Улмаар техник технологи хөгжиж формальдегидыг хүнсэнд ашиглах нь эрс багассан. Зарим улс орнууд формальдегидыг бүрэн хорьж, түүнийг илрүүлэх шинжилгээний стандартыг баталсан. Хоол хүнснээс гадна бусад бараа, материал дахь формальдегидын стандартууд бий болсон” гэв.

Хүнсний технологчдын зүгээс формальдегид хүний эрүүл мэндэд онц аюултайг онцолж байна. Хүнсний бүтээгдэхүүний агууламжид бага хэмжээгээр ороход л хамар, залгиурын тогтолцоонд хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлжээ.

Монгол Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүнд формальдегид илрүүлэх стандарт, арга зүй байхгүй

“Эм Ди Си Пи” ХХК-ийн махны дээжийг “Гарааны Праймер”ХХК-ийн лабраторид шинжилжээ. Тус компанийн зүгээс “Эмээлтээс ирсэн махны дээжинд молекул биологийн аргаар буюу PCR-ын шинжилгээг, (MNS 6931:2021 стандарт дагуу) мултиплекс PCR-ын цомог ашиглан зооноз ба хүнсний халдвар, хордлого үүсгэгч найман төрлийн бактерийн тандан шинжилгээ хийлээ.

Үүнд нэгдүгээр дээжээс Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд, хоёрдугаар дээжээс Salmo­nella spp, Aeromonas hydro­phila болон Pseudomonas spp нянгууд илэрсэн болно. Sal­monella spp бол зооноз өвчин үүсгэгч нян, Aeromonas hydro­phila болон Pseudomonas spp нянгууд нь тохиромжой нөхцөл бүрдсэн үед буюу махны эрүүл ахуй, хадгалалтын горим алдагдсан үед үржин олшрох чадвартай ашигч бактериуд бөгөөд малаас бус орчны бохирдолтоос үүдэлтэй өсөж үрждэг хүйтэнсэг эмгэг төрүүлэгчид юм.

Жич:

Монгол Улсын хэмжээнд мах болон махан бүтээгдэхүүнд формальдегид илрүүлэх стандарт, арга зүй байхгүй учраас тус компанийн Махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори нь бусад (сав баглаа боодол, хуванцар сав) төрлийн дээжинд формальдегид илрүүлэх аргыг туршин хийсэн шинжилгээнд формальдегид илрээгүй болно. Энэ нь стандарт бус арга учраас маргаан таслах хэмжээнд дүгнэлт гаргах боломжгүй юм” гэв. “Гарааны Праймер” ХХК-ийн зүгээс онцолж байгаагаар Монголд мах болон махан бүтээгдэхүүнд формальдегид илрүүлэх стандарт арга зүй байдаггүй юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Батхүү: Хөвсгөлийнхөн “Бэлтэс мөрөн”-гийн удирдлагуудыг бурхан шиг хүндэлдэг байлаа DNN.mn

Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Нэмэх даатгал” нэрээр иргэдийн мөнгийг татан төвлөрүүлж, мөнгийг залилж байсан гэх үндэслэлээр “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж, цагдан хориод байгаа юм. Хөвсгөл аймгийн хэмжээнд тус компанийн дансанд 5-10 сая төгрөг байршуулаад эргүүлэн авч чадаагүй 3000 гаруй хохирогч байгаа юм. “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагууд тэтгэврийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгийг өсгөж өгнө гэх байдлаар итгүүлэн татаж дансандаа төвлөрүүлснийг иргэд хэлж байна.

“Бэлтэс мөрөн” ХХК болон тус компанийн хамаарал бүхий иргэдийн 11 дансанд жилийн хугацаанд л 227 тэрбум төгрөгийн орлого орсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ

Уг компанийг үүсгэн байгуулсан этгээд нь өөрийн төрсөн аав, ээж, ах, эгчийн нэр дээр 12 үл хөдлөх хөрөнгө, зургаан тээврийн хэрэгсэл худалдан авсныг нь илрүүлээд байгаа юм. Эдгээр хөрөнгүүд нь ах, дүүсийнх нь нэр дээр байдаг боловч мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэг нутгийн хүний нэр дээр худалдан авсан тээврийн хэрэгсэл, нэр нь шилжүүлээгүй үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй хаус зэрийг худалдан авсан болохыг тогтоожээ. Тухайлбал “Бэлтэс мөрөн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр 2021 оны зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 1-ний өдрийн хооронд нийт 105.3 сая төгрөгийн гүйлгээ хийж prius 30, harrier, klugger зэрэг дөрвөн тээврийн хэрэгслийн худалдан авах гүйлгээг хийсэн байна. Тэдний хамаатан Н.Уяабор нь компанийн арилжааны дансан дахь мөнгөөр 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр БЗД-ийн 26 дугаар хороо “Кристал таун” хотхонд орон сууц, гараж худалдан авсан байна.


Бид тус компанийн дансанд мөнгө байршуулаад эргүүлэн авч чадаагүй хохирогчдын төлөөлөл Э.Батхүүтэй ярилцлаа.


-Та “Бэлтэс мөрөн” ХХК-ийн дансанд мөнгө байршуулаад буцааж авч чадаагүй талаараа хэлж байна. Тус компанийн дансанд хэдэн төгрөг байршуулсан юм бэ?

-Өнгөрсөн өвөл ах, дүү олуулаа нийлж 100 сая төгрөг тус компанийн данс руу шилжүүлээд авч чадаагүй байна. Анх өөрөө санаачилж ойр орчмын хүмүүсээ уриалж мөнгө хийсэн. Тэднийхээ нүүрийг харж чадахгүй л явж байна.

-Танд ямар боломж амлахад нь тэр их мөнгийг дансанд нь хийсэн юм бэ?

-Энэ байгууллага олон улсад үйл ажиллагаа явуулдаг топ таван биржийн нэг Binance хөрөнгийн биржээр дамжуулан татан авалт хийж ажилладаг талаараа анх хэлж байсан. Койн аваад л үнэ нь өсөхөөр энэ биржид борлуулаад тэр дор нь мөнгөө тоолоод авна гэх ойлголтыг өгч байсан юм. Ийм сүлжээний луйврыг гадарладаг л юм. Гэхдээ эхэлж орсон хүмүүс нүдэн дээр л мөнгөө өсгөж аваад байсан л даа. Таван сая төгрөг оруулсан найз маань л сар хүрэхгүй хугацааны дараа зургаан сая хоёр зуун мянга болгоод л авчихсан. Энэ мэт жишээ компанид олон бий. Эхэлж хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс нь гадаад руу аялаад л, өндөр хэмжээний мөнгө төлсөн хүмүүс нь орон сууц ч авсан тохиолдол бий. Ингээд л зориглоод өндөр мөнгөн дүнгээр мөнгө хийгээд авчихъя гэж санасан юм.

-100 сая төгрөг бага мөнгө биш. Шийдвэр гаргахад тань юу нөлөөлөв?

-Энэ компани жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан. Мөнгө оруулсан хүмүүсийн хүүг ч тэр дор нь олгоод явж ирсэн байдаг. Хамгийн гол нь аймгийн цагдаагийн газар болон аудитын байгууллагаас энэ компанийн үйл ажиллагаанд нь тогтмол хяналт, шалгалт оруулж байсан юм. Ямар нэгэн зөрчил илрүүлээгүй. Ийм байхад хэн ч мөнгөө өсгөөд авахыг бодно шүү дээ. Тогтмол ордог шалгалтууд нь зөрчил илрүүлсэн бол би өнөөдөр ингээд сууж байхгүй. Хүмүүс шуураад л нүдэн дээр мөнгө аваад л байсан. Гэтэл нэг өдөр л өнөөх компанийнх нь данс хаагдаад алга болсон. Хүмүүсийнх нь ч утас холбогдохгүй, зугтаад л нөхцөл байдал буруу тийшээ эргэсэн.

-Ийм хэмжээний мөнгийг хөндлөнгийн хүний дансанд хийсэн үйлдэл анхаарал татаж байна л даа. Энэ хэрэгт холбогдсон С.Ганбаатар, Г.Нямдэлгэр гэх хүмүүсийг та сайн таних уу?

-Нэг нутгийнх ч сайн танихгүй. Гэхдээ С.Ганбаатар, Г.Нямдэлгэр нарын хүмүүсийг Хөвсгөл аймгийнхан бурхан шиг хүндэлдэг байлаа. Үйлчилгээний байгууллагууд нь үнэ төлбөргүй үйлчилнэ. Захын ресторанд ороход нь хоолны төлбөрөөс чөлөөлөх жишээтэй. Иргэдэд хөрөнгө оруулалт хийж байсан болохоор тэр шүү дээ. Тэд иргэдийн ийм итгэл рүү л ус цацчихаад сууж байна. Байраа барьцаалж мөнгө аваад “Бэлтэс мөрөн”-гийн үйл ажиллагааг дэмжээд луйвардуулсан хүн олон бий. Байраа барьцаанд тавиад хураалгасан тохиолдол наад захынх нь. Орох оронгүй болсон хүмүүс ч түгээмэл байна. Гэтэл С.Ганбаатар нарын хамаарал бүхий этгээдүүд хотын төвийн “А” зэрэглэлийн тансаг хороололд байр аваад сууж байгааг нь харахаар багтрах юм. Энд нэг зүйлийг онцлоход, койн хэрэглээнд нэвтрэх нь цаг хугацааны асуудал юм шүү. Энэ олон койноос таних нь л чухал.

-Та бүхэн цаашид яах вэ?

-Ямартаа ч Ерөнхий сайдад иргэдийн хохирлыг барагдуулах тухай хүсэлт хүргүүлсэн. Энэ хэрэгт холбогдсон хүмүүсийг цагдан хорьсон байна лээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэдээс цугларсан мөнгөөр их хэмжээний хөрөнгө авсныг нь илрүүлсэн байсан. Тэр бүрийг нь битүүмжилж иргэдийн хохирол барагдуулахад зарцуулах хэрэгтэй. “Бэлтэс мөрөн”-д луйвардуулаад модоо барьсан хүмүүс олон байна” гэв.

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгоннямаас хэргийн талаар тодруулахад “Бэлтэс мөрөн” ХХК нь иргэдтэй хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулж, мөнгө авдаг байсан. Авсан мөнгөө нэг сарын дотор 30 хувиар өсгөж, буцааж олгодог байсан. Энэ нь хууль бус үйл ажиллагаа болох нь тогтоогдсон. Одоогийн байдлаар нийт 15 мянга орчим хүн мөнгө өгсөн нь тогтоогдсон. Тэдний 12 мянга орчим нь мөнгөө буцааж авсан. Харин гурван мянга орчим иргэн хохирсон нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Иргэдээс 5-10 сая төгрөг татдаг байсан” гэх мэдээллийг өгч байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Бэлтэс мөрөн” ХХК-ийн нэр дээр болон өөрсдийн нэр дээрх хувийн дансандаа шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэгт холбогдуулан Г.Пүрэвсүрэн, Г.Нямдэлгэр, Р.Бузмаа, С.Ганбаатар, Н.Уяабор нарыг яллагдагчаар татаад байгаа юм. Улмаар Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор нарт таслан сэргийлэх арга хэмжээ авч нэг сарын хугацаанд хорих шийдвэр гаргаад байна. Харин яллагдагч Г.Нямдэлгэрт тодорхой газруудад очихыг хязгаарлах арга хэмжээ аваад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Өлзийтогтох: Зөвхөн Эмээлтэд бус, олон мах боловсруулах үйлдвэрт бэлтгэгдсэн хортой мах зах, худалдааны төв, зоогийн газруудаар борлуулагдаж байгаа DNN.mn

Монгол Улсын гавьяат малын эмч, Монголын мал эмнэлгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.


-Махны аюулгүй байдлын баталгааг мал, амьтныг нядлахаас өмнө гаргаж тогтоох ёстой-


-Өнөөдөр махны эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоотой асуудал хурцаар яригдаж байна л даа. Иргэд аль ч зах, худалдааны төвийн лангуунаас мах, махан бүтээгдэхүүн худалдаж авахдаа айдас, түгшүүртэй байна. Манайд махны аюулгүй байдал алдагдчихаад байна уу?

-Монголын төр, засаг монгол хүний эрүүл мэндийг хорлох үйл ажиллагааг мах, сүүний аюулгүй байдлаар дамжуулж гүйцэтгээд өнөөдрийг хүрлээ л дээ. Харин хожуу ч гэсэн махны эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарал хандуулах болсон нь сайн хэрэг.

-Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй мах, махан бүтээгдэхүүн хортой гэж та хэлж байна уу?

-Шууд хэлэхэд тийм.

-Үүнд нөлөөлж буй хүчин зүйлс нь юу вэ?

-Нэгдүгээрт химийн гаралтай эм, эмийн бодисын замбараагүй, хяналтгүй хэрэглээ нөлөөлж байна. Хоёрдугаарт антибиотикийн хяналтгүй хэрэглээ. Шүлхий, цэцэг, мялзан гэх мэт вирусээр үүсгэгддэг мал, амьтны халдварт өвчнүүдийн үед ямар нэгэн антибиотикийн хэрэглээ огтхон ч шаардлагагүй байхад л төр, засгийн болон мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор өнгөрсөн жилүүдэд антибиотикийг маш ихээр хэрэглэж малын мах, сүүг хордууллаа. Энэ хэрээр малчдыг эдийн засгийн дарамтад оруулсан. Ирээдүйд дэлхийн гамшиг болохоор нэгэнт хаалга тогшоод эхэлчихсэн антибиотикт дасал болох замыг нь нээчихээд цөөхөн бүлэглэл, малын эм импортлогч, худалдагч компаниудын ашиг сонирхлыг дэмжсэн үйл ажиллагаа явуулаад байна л даа. Энэ бол нийт монголчуудын эрүүл мэндийн эсрэг хорлон сүйтгэл учруулж буй гэмт хэрэг юм шүү.

Мөн түүхий болон боловсруулсан, хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг Хятадын гялгар уутанд савлаад гаргаж буй нь тэндээс нэвчиж, шингэсэн хорыг хүмүүст идүүлж, эрүүл мэндийг нь хорлож буй гэмт үйлдэл. Энэ талаар ямар ч судалгаа байхгүй. Мах үйлдвэрлэгч, бэлтгэгчид олдсон гялгар уутандаа савлаж буй хэрэг шүү дээ. Ашиг л олж байвал үйлдвэрлэгчдэд хүний эрүүл мэндийг хорлож, хохироож байгаа нь огтхон ч санаа зовоох асуудал биш байна л даа. Өнөөдрийн тухайд хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартад нийцсэн нэг ч килограмм мах Монголоос олж чадахгүй. Зөвхөн махны аюулгүй байдлын талаар ойлголттой малчид л идэх боломжтой гэж хувьдаа харж байгаа юм. Малчид л малдаа хэзээ вакцин тарьсан бэ, хэдний өдөр антибиотик хэрэглэсэн бэ, хэдний өдөр химийн гаралтай эм хэрэглэсэн бэ гэдгийг сайн мэдэж байх ёстой хүмүүс юм. Вакцин тарьсан тохиолдолд 21 хоногийн дараа махыг нь идэх ёстой. Ивиомек тариад сарын дараа махыг нь идэх ёстой гэх мэтчилэн хугацаатай байдаг. Энэ хугацааг нь өнгөрсний дараа махаа идэхэд эрсдэл багатай.

-Төв суурин газрын иргэдийн тухайд махны аюулгүй байдлын асуудал хурцаар хөндөгдөж байгааг та онцолж байна. Хэрэглэж буй махныхаа эрүүл ахуйд хяналт тавих ямар боломж байна вэ?

-Махны аюулгүй байдлын баталгааг мал, амьтанг нядлахаас өмнө гаргаж тогтоох ёстой. Нядлаад тээвэрлэгдэж ирээд хөлдөөгчинд хэдэн сар хадгалагдсан, хөрөөдөж жижиглээд гялгар уутанд савлачихсан, ресторан, зоогийн газрын хоолны орцод хийгээд буцалгаад, жигнээд, шарчихсан үед нь тогтоох боломжгүй. Иймд мах худалдаж авахдаа болж өгвөл амьд малыг сонгох нь зөв. Эмээлт зах дээр амьд малын худалдаа бэлэн байдаг шүү дээ. Очоод худалдаж авахдаа хөдөлгөөн, сэргэлэн цовоо байдал, арьс, ноос мэтийг нь сайтар анзаарахад мал мэддэг хүн бол эрүүл, эсвэл өвчтэйг нь баримжаалах боломжтой шүү дээ.

-Иргэдийн зүгээс бар кодтой мах авах санал гаргаж байна л даа. Энэ тухайд?

-Энэ чинь өнөөдрийн Монголын тухайд хүнсний аюулгүй байдлын шаардлагатай огт хамааралгүй асуудал. Зөвхөн гарал үүслийг нь илэрхийлж байгаа юм. Өнөөдрийн түвшинд бар код махны аюулгүй байдлыг илтгэх ямар ч утга, агуулга алга. Олон улсын жишгээр бол бар код нь хүнсний аюулгүй байдлыг хангасныг нотлоход дөхөм болох баримт нь байдаг. Манайд бол зөвхөн аль нутгаас ирснийг нотлох гарал үүслийг тодорхойлох баримт төдий л байна.

Энд нэг зүйлийг онцлоход, өчигдөр нядалсан өвчтэй малын махыг шинэ, чанартай гэж хэлэхгүй. Зургаан сарын өмнө нядалсан эрүүл малын махыг хуучин муу чанартай гэх ойлголт биш. Ийм ташаа ойлголт нийтлэг байсаар байна.

-Мах бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг хүнс. Махны эрүүл, аюулгүй байдал хөндөгдөж байгаа нь ноцтой юм. Цаашид бид яах вэ. Таны зүгээс гарц гаргалгааг нь яаж харж байна?

-Зөв тогтолцоог нэвтрүүлэх энгийн ажил шүү дээ. Монгол хүн ямар мах идэж байгаа нь Монгол Улсад хэнд ч хамааралгүй байна. Саяны жишээнд махны экспортын асуудал яригдахад л хор нь гараад ирж байгаа биз. Эмээлт дээр бэлтгэгдэн худалдаж буй мах зах, дэлгүүр, гуанзуудаар түгээгдэж байгаа. Өдөр тутам л хортой мах идэж байна л даа. Ийм махыг иргэдэд зарах ёсгүй. Худалдааны хориг тавих ёстой. Харамсалтай нь хориглож чадахгүй байна. Мэргэжлийн салбарууд л ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Мал эмнэлгийн шинжлэх ухаан, хүнсний аюулгүй байдлын шинжлэх ухааны талаар ойлголттой мэргэжлийн яам, агентлагтай болох ёстой. Зөв ажиллавал хагас жилийн дотор л шийдвэрлэх бүрэн боломжтой асуудал.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмээлт дэх үйлдвэрүүдийн мах нийслэлчүүдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байна уу DNN.mn

“ХҮЧИТ ШОНХОР”, “ДЭНЖИЙН МЯНГА” ЗАХУУДЫН ЗАРИМ ЛАНГУУ ЭМЭЭЛТЭЭС МАХ АВЧ ИРГЭДЭД ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Эмээлт дэх “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Шалгалтын явцад тус үйлдвэрээс хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тодруулбал, боловсруулсан маханд илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байх ёстой бол “Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байжээ. Иймд тус компанийн 2018 онд авсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, агуулахад хадгалж байсан 175 тонн махыг битүүмжилсэн талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж онцолсон юм.

Тэрбээр “Эм Ди Си Пи” компанийн боловсруулдаг мах, махан бүтээгдэхүүн дотоодод худалдаалагддаг гэсэн баримт нотолгоо байхгүй. Зөвхөн экспортод гаргадаг нь хяналт, шалгалтын явцад тодорхой болсон” гэв.

Эмээлт захын махны үйлдвэр мах угаахдаа ашиглаж байсан нунтаг бодисоос Формальдегид буюу цогцос хадгалахад ашигладаг химийн бодис мөн илэрчээ. Маханд хольж байсан нунтаг цагаан бодист цардуулын агууламж 92.45 хувь, кальци магнийн карбонат 20.48 хувь, чийглэг 11.73 хувь, глутамат натри, нитрит, формальдегид илэрсэн байна.

Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг 32, экспортын тусгай зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийх аж. Махны үйлдвэрүүдийн асуудал нунтаг цагаан бодис хольсноор зогсохгүй. Шалгалт очих сурагтай зэрэгцээд махны үйлдвэрүүд хаяг, шошго нь тодорхой бус их хэмжээний махыг нийслэл рүү нэвтрүүлэхийг завдсан хэд хэдэн зөрчил гарчээ. Тухайлбал “Өргөө минт трейд” гэх компанийн агуулахаас хаана боловсруулсан нь тодохой бус, шошгогүй 8 тонн махыг шөнийн цагаар нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эл үйлдлийг таслан зогсоож, хаяг шошго байхгүй махнаас дээж авч шинжилгээнд хамруулаад байгаа аж. Тус махыг ачиж явсан жолоочийн ярьж байгаагаар Баянгол дүүргийн аравдугаар хорооны нутагт байрлах “Танан арвижих” компанийн агуулах руу зөөж байжээ. “Өргөө минт трейд” ХХК-ийн эзэн гэх хятад эрийн хэлж байгаагаар урагш нь хилээр гаргахаар зэхэж буйгаа хэлэв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт очих чимээнээр Эмээлт дэх ихэнх махны үйлдвэрүүд хаалгаа түгжээд алга болжээ. 2022 он гарснаас хойш махны үйлдвэрүүдийн эрүүл ахуйд төлөвлөгөөт бус шалгалт явуулаагүйг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэлж байгаа юм. Эмээлт дэх махны үйлдвэрүүд махаа ямар орчинд боловсруулдаг, хааш нь нийлүүлдэг талаар Эмээлт захын мах бэлтгэн нийлүүлэгч О.Долгорсүрэнгээс тодрууллаа.

-Танаас Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн талаар мэдээлэл авах гэсэн юм. Эндхийн үйлдвэрүүдийн мах гол төлөв нийслэл рүү орж байна уу?

-Энд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн дийлэнх нь хятад эзэнтэй. Энд боловсруулаад урагш нь гаргадаг байлаа. Гэхдээ 2021 оны долдугаар сараас хойш мах урагш нь гаргахгүй байгаа. Ковидын нөлөөгөөр л тэр шүү дээ. Одоогоор бол боловсруулсан махаа нийслэл рүү л нийлүүлж байгаа. “Дэнжийн мянга”, “Хүчит шонхор” захын лангуунууд бөөнөөр нь авдаг. Гэхдээ нийслэл рүү чанартай мах нь шилэгдээд ордог. Харин гологдож үлдсэн махыг нь савлаад экспортод гаргадаг байлаа. Экспорт зогссон нь махны чанартай ч холбоотой байж болох талтай.

-Энд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн эрүүл ахуйн орчин асуудал дагуулж байна л даа. Та яриандаа нийслэлчүүд өргөнөөр үйлчлүүлдэг “Хүчит шонхор”, “Дэнжийн мянга” захын лангуунууд эндээс махаа татдаг талаар онцолж байна шүү дээ.

-Мах боловсруулах үйлдвэр цэвэр байна гэдэг хэцүү шүү дээ. Тос, тортог болох нь энүүхэнд. Харин нэмэлт бүтээгдэхүүн бодис орлуулсан тохиолдол байгааг НМХЕГ-аас ярьж байна лээ. Зөрчил гаргасан үйлдвэрүүдэд цаг тухайд нь арга хэмжээ аваад явсан байх. Одоогийн байдлаар энд бэлтгэгдэж байгаа мах 100 хувь нийслэл рүү орж байгаа. Ер нь энд амьд мал худалдаалдаг цэг байдаг юм. Ийм эрсдэлтэй цаг үед өөрөө малаа харж шилж сонгоод амьд хонь авахыг иргэдэд санал болгох байна. Таны авсан хонийг газар дээр нь янзлаад зөөж авч очоод хөргөгчинд хийхэд л бэлэн болгоод өгөх цогц үйлчилгээг үзүүлж ажилладаг гэв.

Өнөөдрийн байдлаар Эмээлт дэх махны үйлдвэрийн мах 100 хувь нийслэл рүү орж байгааг онцолж байна. Ийм үед махны үйлдвэрт бэлтгэгдсэн махны дээжээс ноцтой зөрчлүүд илэрсэн нь олныг айдаст автуулаад байгааг иргэд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийн эрүүл мэндэд Эмээлт дэх үйлдвэрүүдийн мах эрсдэл учруулж байгааг хэлж байна.

Т.Балжинням: Нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсанмахны сав, баглааны битүүмжлэл алдагдсанбайна лээ

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжиннямаас үүссэн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Гарал үүсэл нь тодорхойгүй их хэмжээний мах нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байна. Нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсан найман тонн махнаас дээж авч Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори руу шинжилгээнд хамруулсан. Маргаашнаас (өнөөдрөөс) шинжилгээ эхэлнэ. Шинжилгээний үр дүнд үндэслэж дараа дараагийн арга хэмжээг авч ажиллана.

-Нийслэл рүү оруулахаар завдсан махны сав, баглаа боодлын битүүмж нь ямар байсан бэ?

-Яг одоо хөлдүү махыг хараад тийм, ийм гэж дүгнэх боломжгүй. Лабораторийн шинжилгээний дүнд үндэслэж дүгнэлт гарна. Ачиж явсан махны сав, баглаа боодлын битүүмж алдагдсан байна лээ. Доторх махны тухайд дулааны боловсруулалт хийсэн бор мах байгаа юм. Энэ нь хаяг шошго байхгүй гэх байр суурийг илэрхийлж байна. Хаяг, шошго байхгүй мах нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсан гэх “Өсөх минт трейд” ХХК нь дулааны аргаар мах боловсруулж урд хөрш рүү нийлүүлдэг байжээ. Өнгөрсөн жилээс махны экспорт зогссон тул боловсруулсан махаа Улаанбаатар хот руу нийлүүлэх болсон гэх мэдээллийг Эмээлт захын мах бэлтгэгчид онцолж байна.

Иргэдийн зүгээс дулааны аргаар боловсруулсан мах гэхээс илүү амьд мал худалдан авч төхөөрөөд хүнсэндээ хэрэглэх нь учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сануулж байлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Пүрэвдулам: Мөрдөн байцаагч шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр байцааж байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл DNN.mn


Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр иргэнийг байцаадаг, тэр бүү хэл таслан сэргийлэх арга хэмжээ авдаг жишиг манайд байх юм. Энэ асуудал дээр хуульч, хүний эрхийг хамгаалагчийн зүгээс байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэ төсөл орж ирж байгаа. Энэ хуулийн төсөлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас сэжигтэн яллагдагч болоод гэрч шинжээчийг дуудан ирүүлэх гэх заалт байна. Энэ заалтын ард хүний эрх хөндөгдөж байна л даа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа прокурорын зөвшөөрөлгүй яваад байна л даа. Өнгөрсөн жилүүдэд мөрдөн байцаагч эрүүгийн хуулийн тусгай ажиллагаануудыг авч таслан сэргийлэх ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн асуудал удаа дараа гарсан. Тухайн хүний өмгөөлөгч болон ар гэрийнхэнд нь ч мэдэгдэлгүйгээр хорих анги руу хийсэн жишээ ч бий. Шүүх, прокурорын зөвшөөрлөө араас нь нөхөн гүйцэтгэдэг. Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд төрийн ордонд болсон хуулийн байгууллагуудын нэгдсэн чуулганы үеэр “1964 ны Эрүүгийн байцаан шийтгэх хууль Монголын хөрсөнд тохирно. Үүнийг нутагшуулах нь зөв” гэх асуулгатай зүйл хэлсэн. 1990 оноос хойш хүмүүнлэг ардчилсан нийгэм шилжсэн үед ЦЕГ-ын дарга хүн ийм асуудал хөндсөн нь хүний эрхийг хамгаалагчдад айдас төрүүлсэн л дээ.

1960-аад оны үеээс хар баасан гариг гэж ярьж ирсэн зүйл бий. Энэ нь 1964 оны хуультай шууд холбоотой. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид прокурорын зөвшөөрөлгүйгээр хэрэгт шалгагдаж байгаа субьектийг шалгах шаардлагатай болоход л тав дахь өдрийг тааруулаад баривчилдаг. Прокурорын зөвшөөрлийг сүүлд нь нөхөж гаргана. Амралтын өдрүүдийн хугацаанд хэрэгт шалгагдаж буй хүний эрх ноцтойгоор зөрчигддөг байлаа. Энэ бол эрүүдэн шүүх ажиллагааны нэг хэлбэр. Хуульч, хүний эрхийн хамгаалагчдын зүгээс үүнийг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж ирсэн.

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд доромжлох гэж заалтыг шинээр оруулж иржээ. Хуульчдын зүгээс энэ асуудалд янз брийн л байр суурь илэрхийлж байна. Таны тухайд?

-Эрүүгийн хуульд доромжлох, гүтгэх, худал мэдээлэл тараах гэсэн гурван зүйл заалт нэг дор орж ирлээ. Эрх зүйт нийгмийн жишгээр доромжлох, гүтгэх, худал мэдээлэл тараах нь иргэний хуулиар зохицуулагдаад явах бүрэн боломжтой. Тухайн этгээдийг эрүүгийн хэргийн ялтан болгох шаардлага огт байхгүй. Ингэхлээр иргэн хардах эрхийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх боломж хумигдаж байгаа юм. Үзэл бодлоо илэрхийлээд л ялтан болох гээд байна шүү дээ. Үндсэндээ шоронжсон нийгэмд шилжих нь. Хууль тогтоогч байгууллага, хууль санаачлагчид иргэний хууль, захиргааны эрх зүйн мэдлэг хомс байгаа нь энд анзаарагдаж байгаа юм. Юм л бол Эрүүгийн хууль руу чихэж оруулаад л амар хялбар аргаар шийдвэрлэх гэж байгаа нь хүмүүсийн дуу хоолойг хорих гэсэн л башир арга болов уу. Энэ бүхнийг эрх зүйт нийгмийн жишигт ойртуулаад иргэний хуулиар зохицуулаад хүмүүнлэг нийгмийн ардчилсан тогтолцоонд нэгтгээд явах боломж бий. Харамсалтай нь хэрэгжүүлж чадахгүй байна л даа. Дээрх үйлдэл бол эрэн сурвалжлах сэтгүүлзүйг нухчин дарах оролдлого гэж хувьдаа харж байгаа. Монгол Улс хуулиар засаглах ёстой улс орон. Өнөөдөр хуулиар дарангуйлсан зүйл рүү л явж байна.

-Цагдаа, прокурорын тогтолцооны өөрчлөлт хийх цаг ирээд байна уу?

-Цагдаагийн реформ буюу тогтолцооны өөрчлөлтийг хийх цаг нь болсон. Манайд шүүхийн шинэчлэл гэж ярьдаг. Үүний хажуугаар цагдаа, прокурорын шинэчлэлийн асуудлыг огт хийдэггүй. Шударга шүүхээр шүүлгэх суурь зохицуулалт нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт прокурорын шатанд явагддаг. Суурь зохицуулалтын тогтолцоонд өөрчлөлт оруулахгүйгээр зөвхөн шүүхийн тогтолцоонд өөрчлөлт оруулна гэдэг өрөөсгөл. Гүрж болон Казахстанд цагдаагийн байгууллагын тогтолцоог үндсээр нь өөрчилсөн. Ингэхдээ хамгийн түрүүнд цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг өндөр түвшинд хангаж өгсөн байдаг. Жишээ татаад ярья л даа. АНУ-д жирийн цагдаагийн цалин 18.000 ам.доллар байдаг бол манайд 650.000-аас эхэлдэг. 650.000-ын цалинтай алба хаагчид ачаалалтай орчинд стресстэй ажилладаг. Хамгийн түрүүнд цагдаагийн алба хаагчдын ахуйн хангамж, нийгмийн баталгааг сайжруулах хэрэгтэй. Энэ чинээгээр хүний эрхийн мэдлэг боловсролыг шалгуур болгож цагдаагийн албанд томилдог байх ёстой. Өнөөдөр цагдаагийн алба хаагчдад хүний эрхийн талаар мэдлэг боловсрол алга. Хүчний байгууллага гэх ойлголттой байх юм. Цагдаагийн байгууллага бол үйлчлэх чиг үүрэгтэй байгууллага. Эрх зүйн хэм хэмжээний актанд нь ч энэ талаар тодорхой заасан байдаг.

Хоёрдугаарт, боловсон хүчин, боловсролын асуудал бий. Цагдаагийн боловсон хүчинг ОХУ-д бэлтгэдэг. Хуучин нийгмийн школ өнөөдрийг хүртэл салахгүй явж байна л даа. Үүнийг буруу гэж хардаг юм. Мэдээж аль ч орныг сонгоод очиж суралцах эрх нээлттэй ч эрх зүйт нийгмийн жишиг болсон улс оронд боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай байгаа юм. Энэ төрлийн боловсон хүчин бэлтгэж байгаа дотоодын сургуулиуд нь ч Орос школтойг та мэдэх байх. Үүнийгээ өөрчлөх хэрэгтэй байгаа. Хүн эрх зүйн харилцаанд алхам тутамдаа орж явдаг. Бидний эрх зөрчигдөхөд цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх, хамгаалах чиг үүрэгтэй. Гэтэл эсрэгээрээ хүчний байгууллага гэдэг утгаараа үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэхэд хүний эрхийг хамгаалах гэхээс илүү эрх баригч нам, нөлөө бүхий хүмүүсийн тушаал шийдвэрээр хөдлөөд байна л даа. Дээд шатны байгууллагаас өгсөн хууль бус тушаал шийдвэрийг цагдаагийн алба хаагч биелүүлэхгүй байх үндсэн чиг үүрэгтэй. Үүнийгээ ч биелүүлэхгүй юм. Үүний тулгуур зүйл нь цагдаа нарын нийгмийн баталгаа болоод тогтолцооны шинэчлэл. Энэ чигээрээ цааш явбал хүний эрх гэж яриад хэрэггүй. Бусад салбар хуулиудаараа л хааж боогоод явчихаж байна.

-Ардчилсан нийгэмтэй оронд шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр байцаах ажиллагаа явуулдаг жишиг байдаг юм уу?

-Хүний эрхийг дээдэлсэн улс орнуудад иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгчдийн эрх, нөгөө талаасаа прокурорын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа эрх ижил тэнцүү байдаг. Иргэнийг хэрэгт хамааруулаад шалгаж байна гэж тооцъё л доо. Аль ч талаасаа Үндсэн хуульд зааснаар тэр хүн өмгөөлүүлэх эрхтэй. Өмгөөлүүлэх эрхээ эдлэхийн тулд яллах, цагаатгах тал ижил тэнцүү байж тэр хүний гэм бурууг эцсийн шатан дээр шүүхээр дэнсэлдэг. Гэтэл өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах боломж прокурорын шатанд дутуу байна.

Прокурор дээр хүний эрх хамгаалах манаанд хамгийн түрүүнд зогсдог улс бол өмгөөлөгчид. Энд прокурор давуу эрхтэй байдаг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор гээд шүүхийн шат руу явах хүртэл хэргийн материалыг задруулж болохгүй, хэргийн материалтай танилцах эрх байдаггүй. Прокурорт шилжээд шүүх рүү шилжихийн өмнө л өмгөөлөгч хэрэгтэйгээ танилцдаг. Бусад оронд прокурорын зүгээс тухайн хэргийг хянан шалгаж байгаа субьектэд даалгавар бичдэг. Үүнтэй ижил өмгөөлөгчид даалгавар бичих юм уу, хүсэлт гаргаад цугларч байгаа хэргийн материалтай нь танилцаад явдаг. Ингээд шүүхээс өмнөх шатанд нь цагаатгах болон яллах талын ижил тэнцүү баримтыг цуглуулж бэхжүүлсэн эсэхэд давхар хяналт ордог. Ажиллагаа хангагдаагүй тохиолдолд шүүх дээр очоод үнэн зөвөөр шийдвэрлэгдэхэд эргэлзээтэй байна гэж үзээд буцаадаг. Монголд ийм үйл явц байдаггүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Ц.Хосбаяр: Чөлөөт бөхийн холбоог 452 сая төгрөгийн өрөнд оруулаад хаалгаар гарсан Б.Батбаяр одоо тооноор орохыг санаархаж байна DNN.mn

Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяртай ярилцлаа.


-Монголын чөлөөт холбооны ээлжит их эе өнгөрсөн хавар болсон. Сонгогдсон дасгалжуулагчид ажилдаа орж амжаагүй байна гэх юм. Юу болоод байна вэ?

-Орж амжаагүй байна. Их хурлаар нэр бүхий 29 хүнийг тэргүүлэгчээр сонгосон байдаг. Тэргүүлэгчдээс шигшээ багийн дасгалжуулагч нарыг сонгохоор 11 хүнийг томилсон. Б.Болд, П.Буяндэлгэр, шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Б.Баттулга, улсын гарьд Б.Гантогтох, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын начин Ло.Энхбаяр, гавьяат тамирчин Н.Бүргэдээ, гавьяат тамирчин Б.Наранбаатар, Д.Алтанхуяг, П.Гансүх, Н.Батсайхан нарын зэрэг хүмүүс сонгогдсон юм. Ингээд тэргүүлэгчид ярилцаад шигшээ багийн сонгон шалгаруулалтад оролцохоор нэр дэвшсэн 22 хүнээс зургааг нь сонгож нэрийг дугуйлж шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгож ерөнхийлөгч рүүгээ явуулахаар шийдсэн юм билээ. Санал хураалтын үр дүн гарахад О.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр, Г.Мандахнаран, Ц.Баярсайхан, Т.Сүхбаатар, Э.Ням-Очир нар шигшээ багийн дасгалжуулагчаар сонгогдсон байдаг. Гэтэл энэ үр дүн Буяндэлгэрийн Болд гэж хүний санаанд нийцээгүй юм билээ. Болсон үйл явц товчхондоо ийм. Сонгогдоод хоёр сар болж байна. Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдоод хоёр сар болж байгаа ч ажлаа аваагүй явсаар өнөөдрийг хүрлээ.

-Өмнөх удирдлагууд тодруулбал, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарын хүмүүс их хэмжээний өртэй үлдээсэн гэх мэдээллийг та онцолсон байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үүнийг Монголын чөлөөт бөхийн холбооны санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Н.Батсайхан надад хэлж байна л даа. Ажлаа авахынх нь өмнө багш дасгалжуулагч нарын өргөтгөсөн хурлын үеэр Н.Батсайханд хандаж “Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч гэх албан тушаалд очлоо. Албаа хүлээж авахаас өмнө холбооны өр ширийн асуудлыг холбогдох байгууллагаар шалгуулаарай” гэж анхааруулж байсан юм. Өнөөх маань сая надад 452 сая төгрөгийн өртэй байна гэдгийг надад хэлж байна лээ. Өмнөх удирдлагууд олон улсын тэмцээнд шүүгчгүй явах зэргээр удаа дараа торгууль хүлээж байсныг нь сайн мэдэхийн хувьд би анхааруулсан юм. Тухайн үеийн МЧБХ-ны ЕНБД Б.Батбаяр “Чөлөөт бөхийн шүүгч олон улсын тэмцээнд явахад хамгийн багадаа долоо хонодог. Шүүгчдийн зардал гаргаж байснаас торгуулийг нь хүлээгээд өрөнд орсон нь амар байдаг юм” гэж хэлж байлаа. Ийм ойлголттой хүн чөлөөт бөхийг яаж хөгжүүлэх вэ. Шүүгч олон улсын тэмцээнд явна гэдэг ур чадвараа ахиулах, зэрэг цол авахаас өгсүүлээд олон талын ач холбогдолтой шүү дээ.

-452 сая төгрөг гэдэг бага мөнгө биш шүү дээ. Ковидын үед тэмцээн уралдаан зохион байгуулагдаагүй. Энэ их өр яагаад үүсэв гэдэг нь анхаарал татаж байна л даа.

-Би сая тэмцээнд шүүгчгүй явдаг асуудлыг онцоллоо. Дээрээс нь нэмээд хэлэхэд, Б.Батбаяр өнгөрсөн зун олимпийн наадамд оролцож тамирчны буланд суусан асуудал байгаа. Энэ үйлдэлдээ торгууль хүлээсэн байх. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хүн олимпийн дэвжээнд зодоглож буй тамирчны буланд сууж байгаа нь илтэд дүрэм зөрчсөн үйлдэл. Тухайн үед Б.Батбаяр БЗД-ийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм. Энд ковидын нөхцөл байдал амар биш, дүүрэг нь усанд автчихсан үер болж байхад л Засаг даргын орлогч Б.Батбаяр олимпийн наадам үзэж тамирчны буланд суугаад алчуур сэвээд МЧБХ-г өрөнд оруулаад зогсож байлаа. Мөн Б.Төмөрбаатар гэж шүүгч нь дэлхийн бөхийн холбооны дүрмийг удаа дараа зөрчсөн. Энэ үйлдэлдээ торгууль хүлээсэн. Дэлхийн бөхийн холбооноос Б.Төмөрбаатарын шүүх эрхийг хоёр жилээр хассан байдаг. МЧБХ-ноос энэ үйлдлийг олонд зарлалгүй, дараад өнгөрөөсөн. Энэ бүхэн хуримтлагдаад л ийм хэмжээний өр үүсч. Энд онцлоод багаа хүмүүсээс өмнө Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаа хэвийн явж байлаа.

-Энд анхаарал татах өөр нэг асуудал байна л даа. Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн сая Улаанбаатарт болсон. Энэ үеэр санхүүгийн ноцтой зөрчлүүд гарсан байх юм.

-Тус тэмцээнд Засгийн газраас дэмжлэг болгож 930 орчим сая төгрөг төсөвлөсөн байдаг. Гэтэл нэг тэрбум хоёр зуун тавин сая төгрөгийн зардал гаргасан байгаа юм. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр гэж хүн гарын үсэг зураад л зарцуулаад байна лээ. Яг юунд зарцуулсан тайлан тооцоо нь ил биш. 900 гаруй сая төгрөг гэдэг бага мөнгө биш шүү дээ. Суманд бага сургууль барьчих хэмжээний төсөв. Ийм хэмжээний төсвийг Монголын чөлөөт бөхийн холбооны цөөхөн хүмүүс гар хөлийн үсэг зурж зарцуулчихаад тайлан тооцоогоо ил гаргахгүй байгаа нь ноцтой асуудал.

-Тэмцээнд оролцсон тамирчдаас хураамж авдаг шүү дээ. Дээрээс нь Засгийн газраас дэмжлэг авдаг хэрэг үү.

-Хажуугаар тамирчдын хураамж өдрийн 180 швейцарь франк авдаг. Нэг өдрийн 180-ыг дөрвөн өдрөөр тооцоход 720 швейцарь франк. Энэ мөнгийг Монголын чөлөөт бөхийн холбоо хурааж авдаг. Мэдээж эндээс тамирчдын буудал, тэднийг зөөх унааны мөнгө гарна. Заал чимэглэх гэх мэт ажлуудад зардал гардаг. Энэ мэт зардлууд их гарлаа гэхэд л 20 сая төгрөгөөс хэтрэхгүй. Энэ бүх тайлан тооцоо нээллтэй байх ёстой. Гэтэл хаашаа яаж зарцуулсан нь бүрхэг хэвээр байна.

-Их хэмжээний төсөв эргэлдэж байна шүү дээ. Аудитын байгууллагаас шалгалт ороогүй юм уу?

-Оруулах санал гаргахад өөрсдөө татгалзаад байх юм. Хяналт тавих чиг үүрэгтэй байгууллагууд нь үүнд анхаарал хандуулах ёстой. Ийм хэмжээний төсөв хаашаа орсон нь ил биш, тэгээд 452 сая төгрөгийн өртэй үлдээчихээд аудитын шалгалтаас зайлсхийж байгаа нь анхаарал татаад байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Батбаяр нарын хүмүүс чөлөөт бөхийн хөгжлийн төлөө ажилласан уу, эсвэл энэ мэтээр мөнгөнд шунаж байсан уу гэдгийг хуулийн байгууллага шалгах хэрэгтэй. Энд аудит оруулах зайлшгүй шаардлагатай нэг асуудал бий. Үүнийг би хардах эрхийн хүрээнд хэлж байгаа юм шүү. 2019 онд украин, орос дасгалжуулагчид ирж сонгомол бөхийн сургалтын талаар сургалт хийсэн. “Алдар” спорт хорооноос Ц.Цогтбаатар, Б.Одончимэг бид гурав сууж сертификат авсан юм. Үүний дараахан миний хоёр шавийг хэд хэдэн тэмцээнд багшгүйгээр явуулсан байдаг. Ингээд Казахстанд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө хоёр шавиа дагаж явахаар өргөдөл бичсэн юм. Холбооноос хоёр хоногийн зардал л хүссэн юм. Гэтэл зөвшөөрөөгүй. Монголын чөлөөт бөхийн холбооны зүгээс миний хоёр шавийг багшгүйгээр тэмцээнд явуулж нэр зүүж байсан нь тайланд тусгах л зориулалттай байсан болов уу. Энэ үеэр Дэлхийн бөхийн холбооноос их хэмжээний мөнгө орж ирсэн байх ёстой. Энэ нь хаашаа орсон нь мэдэхгүй. Үүнийг зайлшгүй шалгах ёстой.

Энд онцлоод байгаа 452 сая төгрөгийн өр бол ил байгаа нь. Хэрэв аудит оруулах юм бол хэд нугарсан их мөнгөний зөрчил гарна гэдгийг ам бардам хэлье.

Монголын чөлөөт бөхийн холбоог ийм хэмжээний өрөнд оруулж хаячихаад Буяндэлгэрийн Болд нарын хүмүүс үгсэн хуйвалдаж “Мэргэжлийн зөвлөл” гэх зүйлийг байгуулж чөлөөт бөхийн дахин гартаа оруулахыг санаархаж байгаа нь зэвүү хүргэж байна. Гэрийн хаалгаар гараад явсан Буяндэлгэрийн Батбаярыг тооноор оруулж ирэхийг завдаж байна л даа. Ингэхдээ мэргэжлийн зөвлөлийн даргаар энэ бүх булхай, будлианы хөрөнгө Буяндэлгэрийн Батбаярыг томилох гэнэ. Дэлхийн бөхийн холбооноос бандуулсан шүүгч Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр нар нь мэргэжлийн зөвлөлийн гишүүд болох юм байна. Чөлөөт бөхийг дахиад гартаа оруулж гадаад дотоодын тэмцээний төсвөөр гараа угаах гээд байгаа юм уу. Хэвийн ажиллагаатай байсан чөлөөт бөхийн холбоог авч 452 сая төгрөгийн өрөнд оруулаад орхисон хүн ямар нүүрээрээ чөлөөт бөх рүү харж байна вэ. Үүнийг хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Ийм сэтгэлээр ажилладаг хүмүүс чөлөөт бөхийн хөгжлийг урагш нь чиглүүлж чадахгүй.

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд дотоодын ямар тэмцээн уралдаанууд болов?

-Ковидын үед нас насны улсын аварга шалгаруулах тэмцээнүүд явагдлаа. Ингэхдээ тамирчдаас мандатны мөнгө гэж 20000 төгрөг хурааж авсан. Байнд нь өргөмжлөл л өгсөн. Жүдо, таэквондо зэрэг спортын төрлүүдийн тэмцээнүүд хэвийн явагдаж бай шагналаа олгож байсан. МЧБХ-ны зүгээс мандатны мөнгөөр л тэмцээнээ зохиосон. Шагнал өгөөгүй. 452 сая төгрөгийн өртэй холбоо юугаараа ч шагнах вэ дээ.

-Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр БНСУ-ын шүүгчдийн мөнгө хулгайд алдагдсан гэв үү?

-Одоо Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа П.Буяндэлгэр гэж хүн цүнхнээсээ мөнгө хулгайд алдсан гэж байна лээ. Тэр хүн хулгайд алдсан бол цагдаагийн байгууллагад мэдэгдэмээр юм. Бага хэмжээний мөнгө биш шүү дээ. Багаар бодоход л хэдэн арван саяар тоологдох мөнгө. Ийм мөнгө алдчихаад цагдаад мэдэгдээгүй байгааг болоход хувьдаа завшсан болов уу гэж хардаж байна. Үүнийг нуун дарагдуулах гэж их үзсэн байна лээ. Асуудал ил болоход нь асуудлыг өөрөө төлсөн гэж байгаа юм.

-МЧБХ-ны удирдлагуудын талаар хоёулаа түлхүү ярилцлаа. Та өөрөө холбоонд ажиллах ашиг сонирхолтой байгаа ч юм шиг өнгө аяс харагдаад байх юм.

-Үгүй дээ. Би өнөөдөр “Алдар” спорт хорооны дасгалжуулагчаар ажиллаж байна. 100 гаруй хүүхэдтэй ажиллаж байна шүү дээ. Надад холбоонд орж ажиллах зав зай алга. Ашиг сонирхол ч бахгүй. “Алдар” спорт хорооноосоо дэлхийн аварга төрүүлсэн. Одоо олимпийн медальтан төрүүлэхээр л ажиллаж байна. Сүүлд нь онцлоход, энэ бүхнийг хөндөөд байгаа минь Монголын чөлөөт бөхийн цаашдын сайн сайхны төлөө юм шүү.